Шинэ он -аугаа боломж

2010 оны эхний өдөр. Энэ өдөр тогтуухан дулаан байгаа болохоор сэтгэл ихэд өөдрөг. Он үдэж байгаа мөчид хөөрч догдолж, баясан цэнгэж байсан бүхэн нэгэнт ард үлдэж,одоо бүх зүйлийг шинээр, өөрөөр харж, бодож эхлэх шиг. Яг л өглөө босоод, урдаас мандах нарны туяанд нүд нь гялбаж зогсоо бяцхан хүү шиг.
” За даа шинэ он гарчихлаа. Энэ жил юу амжих билээ” гэж бодох дор, нүүрэнд нь инээмсэглэл тодорч, нэг л сайхан мөрөөдөлдөө умбах мэт. Цаг хугацааг эвхэн эвхэх олон өдрүүдээс шинэ оны өглөө нэг л өөр. Угтах өдрүүд ар араасаа эвхэрч нэг л мэдэхэд жил өнгөрч, дахиад л “цаг хугацаа ямар амархан өнгөрчихөө вэ? юу ч хийж амжаагүй байтал шинэ он тулсан байдаг ” хэмээн гайхан бодно.

Энэхүү урсан урсах цаг хугацааны урсгалыг хэн ч юу ч зогсоож үл дийлнэ. Энэ урсгал бидний амьдралын хором мөч бүхнийг адил аван одох аж.

2010 он маш их боломжийн эхлэл
Сонин хэвлэл болгон 2009 оны онцлох үйл явдалдаа “Оюу толгойн гэрээ ” -г батламжилсаныг нэрлэж байв. Сайн муугаар хэлэгдэж, элдэв хардлага, хараал ерөөлөөр хачирласан энэ гэрээ, Монгол орны хөгжлийн түүхэнд нэгэн том боломжийг авчирч байгаа нь харин үнэн. Бүх зүйлийг мөнгөөр хэмжиж, мөнгөөр үнэлж, мөнгөөр харж буй энэ цэг дор… Монгол орны хөрсөн доорхи их баялагууд эдийн засгийн эргэлтэд орж, их мөнгөөр арилжигдах учраас, монгол орны хөрсөн доорхи баялаг нь бүх ард түмний өмч байна хэмээн үндсэн хуулйндаа тунхаглан зарласан учраас монголчууд бидэнд их боломжийг авчирч байгаа.
Зөвхөн Оюутолгой төдийгүй Тавантолгой, бас ураны олон ордууд ч адил эргэлтэд орох болж байна. Маш их баялаг, маш их мөнгө. Өөрсдийгөө аугаа их хувь заяатай хэмээн итгэдэг монголчуудад , энэ их баялаг нь их хувь заяаных нь бэлэг ч юм бил үү?

Харин энэ их баялаг, арилжигдаж олдох маш их мөнгүүдийг тойроод маш олон муу ёрын “сүнснүүд ” эргэлдэж байгаа. Зарим нь “бирд ” болох гэж, зарим нь “хүн ” болох гэж…Хувь хүний хагартлаа баяжиж, тасартлаа тансаглах гэсэн хүслээс илүүтэй, Монгол орны цаашдын хөгжилд буруу жишиг тогтож, монголчууд бид хүн мөс, эрхэм чанараа алдвал, үүнээс илүү “гамшиг ” гэж юусан билээ.
Их мөнгө заримдаа хүнийг ердөө л “амьтан ” болгон хувиргадаг гашуун жишээ олон бий. Булга минжээр өөрийгөө хучиж, үнэтэй машинд янцаглаж, өрөөл бусдад гайхуулан ихэрхсэн, хүн төөрөхөөр хаусандаа эхнэрээ ч олохгүй “будилж “, хүүхдээ мөнгөөр хучиж, “цаас ” болгосон “баячууд ” нэртэй бэртэгчингүүдээр бид, бахархан гайхаад ч яах билээ. Энэ бол монголчууд бидний хүсэл мөрөөдөл, боломж ч биш ээ.
Их мөнгө их боломжийг л авчирдаг. Энэ боломжийг хэрхэн зөв ашиглах нь ухааны хэмжүүр. Социализмын үед хөрөнгөгүй, ядуулаг дундаж амьдралтай байсан монголчууд бид, энэ их баялагийг ашиглан, “баяжих уу?” “хөгжих үү? “, орших уу? эс орших уу? гэдэг сонголт дээр ирээд байна. Энэ сонголтод хамаагүй монгол хүн гэж үгүй. Учир нь энэ баялагууд , энэ боломжууд таны, энэ ертөнцөд монгол хүн болж төрсөний төлөөх бэлэг.

Бид өөрсдөө өөрчлөгдөх хэрэгтэй
Мөнгөтэй баян хүний хүүхэд болгон баян байж чаддаггүй. Тэд өвлөж авсан их хөрөнгөө арвижуулах, үрж дуусгах нь тэр л хүнээс хамаардаг. Үүнийг мэдэрсэн ухаантай баячууд өөрсдийн үр хүүхдээ эрх дураар байлгахаас , хөгжүүлж, өндөр боловсрол олгохыг илүүд үздэг. Мөнгө, хөрөнгө бол баялаг биш, хөгжил боловсрол бол баялаг гэдгийг өдгөө олон олон монголчууд ойлгох болжээ. Тэгээд ч өнө эртнээс монголчууд “эрхэм баян, эрдэм мэдлэг ” хэмээн сургаж ирсэн. Тийм болоод өдгөө монголчууд, үр хүүхдийнхээ сайн сайхан ирээдүйг “эрдэм боловсрол ” хэмээн ойлгож, түүний төлөө зүтгэж, хөдөлмөрлөж зорьж буй. Мөнгөнөөс, мэдлэг хөгжил руу энэ дэлхий даяараа аажим аажмаар шилжиж байна.

Үүн лугаа адйл, энэ оноос ашиглаж эхлэх Монгол орны уул уурхайн баялагийн ашиглалт, түүний сайн үр шимийг монголчууд бид одоо байгаа сэтгэлгээгээрээ хүртэх боломжгүй. Яг өнөөдөр бидний хоцрогдсон, муйхар сэтгэлгээн дээр олон жил улс төрөөр “хичээллэж ” муу сайн элдэв заль мэхэнд мэргэжсэн бүлэглэлүүд тоглохоор зэхэж байна.
Харин бид үүний эсрэг, өөрсдөө өөрчлөгдөж тэмцэх хэрэгтэй байнаа.
-Хаа нэгтэй хатуу сархад ууж, улстөр ярин хөлчүүрхэж, хамаг бүхнийг муучилж, хараан агсамнаж байхын оронд, уух хэргэлээгээ багасгаж, эргэн тойрноо эрүүл нүдээр харж, уужуу ухаанаар сэтгэж байх хэрэгтэй байнаа.

-“Хулгайч, луйварчид хамаг бүхнийг идэж дуусгалаа” гэж өөр хоорондоо хов жив болгон ярьж, сургаар хуучилахын оронд их зүйл уншиж эргэцүүлж, харьцуулж ойлгож сурах хэрэгтэй байнаа.
-“Үнэн ” гэж энэ ертөнцөд үгүй болжээ, адилхан л хулгайлж завшиж, хуурч мэхэлж байсан нь дээр гэсэн ядмагхан атгаг бодлоосоо илүүтэй хууль, журмыг судалж, худал үнэн, буруу зөвийг дэнслэн тэмцэж сурах хэрэгтэй байнаа.
-Үнэнийг хэлж, зөвийг сануулж, үйл ажлаараа бусдад үлгэрлэж байгаа, олон сайхан залуусаа хотны ноход адил боорлон дайрч, итгэл урмыг нь хугалж байхын оронд дэмжиж, нэгдэж зөв сайн үйлсийн эхлэл рүү хамтдаа зүтгэж байх хэрэгтэй байнаа.
-Зоволгүй мөнгө олж, зогсолтгүй жаргаж цэнгэх гэсэн адбиш хүслээсээ татгалзаж, “хар ‘ гэлээ ажил хөдөлмөр хийж, хатуу бэрхийг даван байж, олсон бүхнээ
өөртөө хүргэж, бусдын өмнө нүүр бардам байж сурах хэрэгтэй байнаа.
Их баялагийг дагасан их боломжийг бид өнөөдрийн ахархан бодол, атгаг санаа, атаархал хорсол, хөлчүү сэтгэл, хөөрөл аархлаар ашиглаж чадахгүй ээ. Сэрцгээгтүн!
Өнөө байгаагаасаа илүү ухаарал, их хөдөлмөр, их тэвчээр, эв нэгдлээр л ашиглаж чадна. Бодогтун! Эс тэгвээс монголчууд бид, эх орныхоо баялагийг “үнс болгон хийсгэж байгаа “-гаас ялгаа юун. Ухаарагтун!

Яг одоо бид л эх орондоо хэрэгтэй байгаа
Харьд олон олон жил ажиллаж амьдарч байгаа монголчуудад, хүний газар “хар ажил ” хийж, бусдын төлөө хөдөлмөрлөж, өөрсдийн төлөө амьдрах цаг төгсгөл болох цаг айсуй. Өөрийн эх орон газар нутагтаа “эзэн хүн ” шиг хөдөлмөрлөж, өөрийн чинь хөдөлмөрийн хөлс монгол орны хөгжилд шингэж, дуссан хөлс тань монгол хөрс шороондоо шингэж, хөдөлмөрлөж олсон бүхэн тань, өөрийн бие сэтгэлд чинь шингэж байх цаг айсуй.
Энэ их баялагийн ашиглалтад хэрэг болох олон олон бизнес, үйлчилгээ, үйлдвэрлэл удахгүй бий болноо. Бидний бүх монголчууд бүгдээрээ эзэн болоод ч барахгүй, их ажлын байр бий болно. Саяхан их эмч Б.Болдсайханы www.news.mn цахим хуудсан дээр бичсэн “Ариун голомт ” нийтлэлд энэ санааг маш сайхнаар гаргасан байсан. Баялагийг дагасан их ажлын байранд монгол угсаатанууд болох олон үндэстэнгүүдээ татан авч ажиллуулья гэсэн санаа.  Энэ их боломж дэлхийгээр тархан суугаа монгол үндэстэнгүүдээ нэгэн дээвэр дор нэгтгэх түүхэн боломж ч юм бил үү?

Харьд байгаа монголчууд биднийг, эх орон минь хүлээж байна. Харьд хийж сурсан хөдөлмөр туршлагаараа, сурч мэдсэн эрдэм чадлаараа, хэл соёл, нэгдмэл чанараараа, хүнийг хүндэлж, үйлчилж сурсан сурцаараа, ажил хэрэгч, багаар ажиллах чадвараараа өөрийн монгол орондоо хөдөлмөрлөж, бүтээх боломж айсуй.
Харин өдгөө цаг дор бага гэлтгүй бэлтгэлээ базааж, өөр хоорондоо нэгдэж, судалж, хүчээ нэгтгэж байх хэрэгтэй байна.,
Монгол оронд өдгөө бүхний сэтгэлийг шаналган оршиж буй шударга бус байдал, авилгал хээл хахууль, хүнд суртлын эсрэг,бид нэгэн дуу хоолойгоор тэмцэх цаг болжээ. Тэд монгол орны аугаа хувь заяаны дэргэд юу юм бэ? Харин эв нэгдэл л өнөө цагт бидэнд улам улмаар хэрэгтэй болж байна даа. Монгол орныг, өнөө олдож буй энэ боломж дээр нь, монголчууд биднээс өөр хэн хөгжүүлж, өөрчилж чадах билээ. Тийм ээ! Яг одоо л та бид бүгдээрээ монгол орондоо хэрэгтэй болж байна.

Төгсгөл
2010 оны эхний энэ өдөр цастай, бас дулаахан байлаа. Сэтгэл минь нэг л өөдрөг сайхан. Нэг л сайхан хүсэл мөрөөдөл дунд, монголын минь тал нутаг, хөдөө ахуй, хүлэг морьдын янцгаан үүрсэх чимээ, танан цагаан гэрүүд, айраг тарагны амт мэдрэгдэх шиг…Бусад орны цагаачид чухам яадгийг би мэдэхгүй. Харин монгол хүмүүс эх орноо сэтгэл зүрхэндээ тээж, буцаад очих эх оронтойдоо омог бардам байдгийг би мэднэ. Тэд өнөө алжааж ядарч байвч, “нэг л өдөр монголдоо очно доо ” гэж сэтгэлдээ шивнэж өөрийгөө тайтгаруулдаг. Яагаад ч юм бэ? тэр л эх орондоо очоод сэтгэл нь амарч, алжаал нь тайлагдах юм шиг.
Гарч буй 2010 он монголчууд бидний хувьд их боломжийн эхлэл. Би үүнд итгэлтэй байна. Монгол хүн болгон сэтгэлдээ “монголдоо очих цаг ойртож байна” хэмээн шивнэж буй. Харин бид хоосон очихгүй ээ, эх орон минь.
Монголчууд та бүхнийг минь аугаа өвөг дээдсийн минь сүнс ивээж, эрүүл саруул, өнгөлөг өөдрөг, хүсэл мөрөөдөл бүхэн тань биелэж, хийморь босоо , зовхи өөдөө явахыг ерөөе.

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах

2010 -01-01

Share Your Thoughts