Шоовдорлогдсон багш нар \цуврал-02\

Монголын боловсролын салбрын шинэчлэлд зориулсан цуврал нийтлэл-2
Жил бүрийн 2-р сарын эхний ням гаригт монголын багш нарын өдрийг тэмдэглэдэг уламжлал тогтоод удаж буй. Энэ уламжлалаараа энэ оны 2-сарын 1 нд тэмдэглэх нээ. Энэ өдрийг олон багш нар маань баяртай бас гунигтай өнгөрөөдөг юм. Ёс юм шиг энэ өдөр баярын хурлаа хийж, салбрын ээлжит шагналуудаа хуваарь ёсоор тарааж өгөөд, хүлээн авалтандаа орно. “Боловсролын тэргүүний ажилтан”, БСШУЯ-ны хүндэт жуух, “Багшийн алдар”, “Арга зүйч багш”, “Ахлах багш”  гэсэн салбрын шагналууд, дээр нь гомдоочих вий гэсэндээ хэн нэгэнд өгч болох “Цагаан лавай’, “Хүүхдийн төлөө” зэрэг тэмдэгүүд, бас заах аргын нэгдэл бүр өөрийн оны шилдэг багшаа тодруулж, удахгүй тэтгэвэрт гаргах бодлоор аль нэгэн ахмад багшийн “Хөдөлмөрийн алдар” тэмдэглэх гэхчилэн хөөрхий багш нарыг шагналаар “аргамжиж”, оюун санааг нь “тайвшруулан номхотгоно”. Хүлээн авалт цайллаганд шагнал авсан нь “баярласан сэтгэлээ”, шагнал аваагүй нь “гомдсон сэтгэлээ”  сархадаар даруулан баярлаж бас гунина.

Олон жил үргэлжилсэн энэ л байдлын хэмнэлээр нэг багшид ноогдох шагналын тоогоор Монгол орны боловсролын салбар Гиннесийн номонд орох тун ойртож буй.Жил бүрийн энэ өдөр аадар шиг буух шагналын хэмжээгээр боловсролын салбрын хөгжлийг тодорхойлох арга тун үгүй. Багш нарын хөдөлмөрийг бодитой үнэлэх тогтоцоо үгүйгээс ээлж өнгөрөөх хэлбэрт шилжсэн шагналын болхи тогтолцооны уршгаар амьдралд нь хэрэг болдоггүй шагнал, шинэчлэх урам зориг үгүй сэтгэл, ужирч муудсан орчинд ажилласан болж өдөр хоногийг өнгөрөөх билээ. Хэдий болтол бие биеэ хуурч хоосон хөөргөсөн, бас хооронд нь сөргөлдүүлсэн байдлаар энэ салбрын хөгжлийг хойш нь тавих вэ?
Аливаа салбрын хөгжлийн хөдөлгөгч гол хүч нь мэргэжилтэй ажиллагсад байдаг. Нэг ёсондоо тэд л мотор буюу зүрх нь юм шүү дээ. Энэ үүднээс харахад Монголын боловсролын салбрын шинэчлэл өөрчлөлтийн гол хүч нь багш нар мөн.
Монголын боловсролын салбрын хөгжилд багш нар их үүрэг гүйцэтгэсэн. Хөгжлийн эрэмбээс нь аваад үзэхэд багш нар маань:
1950-1970 оны хооронд Монгол улсын тэргүүлэх боловсон хүчин
1970-2000 оны хооронд Монгол улсын дундаж сэхээтэн
2000 -оноос хойш шоовдорлогдсон сэхээтэн болж дээ.
МАХН, АН Монгол төрийн эрхийг барьж байх цагтаа улс төр, уул уурхай, өнгө мөнгө гэж гүйсээр хөөрхий хэдэн багш нараа мартаж орхиж дээ. “Өнөөдөрийн өөхнөөс маргаашийн уушиг” гэдэг хэллэг лугаа өөрсдийн хувийн ашиг сонирхлын төлөө Монгол орны маргаашийг мартаж болно гэж үү? Цагтаа тэд бүгдээрээ багшаар заалган уншиж, бичиж , тоолж сурсан баймаар. Үгүй дээ л өдий зэрэгтэй сайн мууг үйлдэж яваад нь багш нар хэрэг болсон гэдгийг мартаж орхисон юм болов уу?

Өнөөгийн багш нар

-Өнөөдөр нэг багшид ноогдох сурагчийн тоогоор Монголын боловсролын салбар дэлхийд нилээд дээгүүр орох буй заа. Сургуулийн барилга хүрэлцэхгүй байна гэдэг шалтгаанаар өнөөдөр анги дүүргэлт хот суурин газраа 30-50 д хүрч байгаа. Нэг ангид хичээл заах 40 минутын хугацаандаа 30-50 сурагчтай хэрхэн хүрч ажиллах билээ. Нэг минутад нэг сурагчид хүрч ажиллаад үр дүнд хүрэх тухай ямар бөх зүрхтэн төсөөлөх вэ? Ийм нөхцөлд лекц унших төдий л өнгөрнө гэсэн үг. Гэтэл хичээл гэдэг чинь лекц унших бус хүүхэд бүрт хүрч ажиллах бас хянах туслах шаардлагыг агуулдаг юм шүү дээ. Олон олон сургууль шинээр байгуулагдаж багш нарын ачааллыг хөнгөлөх хэрэгтэй болж байнаа.
-Өнөөдөр Монголын багш нар шиг дарамт дор ажиллаж буй мэргэжилтэн бий гэж үү? Заах хичээлийнхээ төлөвлөгөө конспектийг бэлтгэж сургалтын менежэртээ шалгуулах, хяналтын ажил хийсэн сурагчдынхаа дэвтрийг засах, Захирлын болон дүүргийн бас яамны түвшин тогтоох шалгалтууд, хааяадаа хийгддэг МХГ-ын хяналт гээд тайван ч ажил хийх арга үгүй сэтгэлийн шаналал.Дээр нь хичээлийн бэлтгэл гээд нүд хуурсан үзүүлэн цаасны ажлууд. Багшаа сайн бэлтгэж, хөгжүүлж, өөрт нь итгэл өгч бие даалгаж сураагүйгээс үүдэлтэй энэ л хяналт шалгалтын тогтолцоо багш нарыг залхааж, өөртөө итгэлгүй, алив зүйлийг өнгөц, үзүүлэн маягаар аргалж өнгөрөөх хэвшилд сургаж байгаа нь нууц биш.
-Социализмын үед багш нарын мэргэжлийг 5 жил тутам шалгаж, давтан сургаж мэрэгжил дээшлүүлдэг тогтолцоо бүр мөсөн алга болсон. Өнөөдөр багш нарын мэргэжлийг дээшлүүлэх  нэрээр явуулж буй сургалт, уулзалт ярилцлага гэх мэтийн арга хэмжээнүүд  нөгөө л хуучирсан арга хэлбэрээр явагдаж байгаа болохоор төдийлэн үр дүн муутай. Ийм арга хэмжээнүүд нь багш нарын хүсэл сонирхолоос ангид, өөрийн сонголт байхгүй албадлагын шинжтэй байдгаас үр дүн нь эерэг байх магадлал  бага болж байна. Нэгэн үе СОРОС-ын сангийн ийм төрлийн сургалтууд арай шинэлэг хэлбэртэй байсан сан. Ядахнаа л багш нараа компьютержүүлж, тэдний зүгээс өөрийн сонирхол, сонголтоор мэдээлэл авч мэргэжил дээшлүүлэх боломжийг нь хангах гэхчилэн олон боломж байж л байна.
-Цахим хөгжлийн их хурдацтай энэ цаг үед багш нар хоцрогдож байна. Тэд интернет ашиглан мэдээлэл авах бүү хэл өмнөх бичиг цаасны араас гарахгүй шахам. Энэ хөгжлийн хурдыг самбар шохой,үзэг цаас, будаг өнгийн цаастайгаа хамтад гүйцэхгүй байна. Ядахнаа л мэргэжлээрээ хөрвэх чадал, боломж үгүй болохоор улиг болсон нөгөө хэдэн сэдвээ цээжээр шахуу үглэн зааж, хэдэн давхар будсан ширээ сандлынхаа ард, жиндүүхэн анги тасалгаанд бээрэнхэн зосоно. Бэлтэйхэн айлын интернет байнга ашигладаг хүүхдүүдэд гологдож эхэллээ.
-Ахуйн болон оюуны ядуурал тэднийг туйлдуулж, арга ядсандаа амьдралдаа нэмэрлэх гэж хэн нэгний номыг шахан авилгалчаараа дуудуулах шахна. Бусадтай л адил даржин хашаа байшинд амьдралаа авч явах, үр хүүхдээ өсгөх гэж ядарч зүдрэх тэдэнд “дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу” л байгаа. 1-р анги даасан багш үсэглэлийн баяраараа, 4, 8, 12-р анги бааж төгсгөж байгаа багш нар “хонхны баяр’-ааранги хамт олноос ахиухан бэлэг сэлт авч авилгалын хэрэгт орчих шахам, авсан өгсөн аль алинийх нь нүүр халуун л байгаа.

Өнөөгийн шинэ нийгэм ямар багшийг “захиалж”  байна вэ?

Үнэхээр авьяастай, сайхан сэтгэлтэй, өндөр ур чадвартай хүн хийх багшийн ажлыг хэн ч хамаагүй хийх болсон нь багш гэдэг мэргэжлийн үнэ цэнийг алдагдуулж байгаа.
Монголын багш бэлтгэдэг их дээд болон тусгай мэргэжлийн сургуулуйудын сургалтын талаар үнэлэх зүйл даанч бага.Тэнд мэргэжлийн онолын мэдлэгийг чухалчилахаас бус ур чадвар гэдэг ойлголтыг төдийлэн анхаардаггүй. “Сэтгэл судлал’, “Сурган хүмүүжүүлэх ухаан”  гэдэг хамгийн чухал ойлголтыг тэд ор нэр төдий сургаж байгаа.
Өнөөдөр энэ нийгэм авьяастай, ур чадвартай, бараг өв тэгш багшийг шаардаж байна. Энэ ойлголтыг аваад үзье:
-хууль эрх зүйн боловсролтой
-хэл харилцааны өндөр соёлтой
-Мэргэжлийн онолын өндөр мэдлэг, чадвартай
-сэтгэл зүйн өндөр мэдлэгтэй
-мэдээлэл хүлээн авч боловсруулах, ашиглах чадвартай
-сургах арга зүйн өндөр ур чадвартай
-гоо сайхны өндөр мэдрэмжтэй
-бие бялдрын зөв хөгжилтэй
-урлаг, урансайхны зохих авьяас чадвартай
-ёс суртахууны сайн чанартай
Чухам эндээс л багш бэлтгэдэг сургуулиуд суралсагсдадаа ямар чадвар эзэмшүүлэх шаардлагатай нь харагдана. Багш хүн хүүхдийн өмнө байгаа “амьд толь’ төдийгүй тэдний “шүтээн”, бахархан дуурайх хүн нь байх учиртай. Дээрх чанаруудыг эзэмшин бэлтгэгдэж байж л тэд хүүхдүүдэд хүндлэгдэх болно.

Үүний тулд юу хийх вэ?

-Монгол орны ирээдүйн иргэдийг бэлтгэх үүрэг хүлээж байгаагаараа бүх шатны сургуулийн багш нар төрийн албан хаагчид юм. Иймд эдний үр дүнтэй сайн ажиллах болон амьдралын баталгааг төр хариуцах учиртай. Ядахнаа л ямар нэгэн баяр ёслол, төгсөлт болон бусад арга хэмжээний үеэр шавь нараасаа хананд хадах хивс, чихэнд зүүх ээмэг гэхчилэн материаллаг зүйл аваад байх сонирхол, боломжийг хаан амьдралын баталгааг нь хангах хэрэгтэй. Авч буй цалин хангамж нь нийгмийн захиалгыг хэрэхн хангаж байгаатай нягт уялдаж байх учиртай.
-Сургууль төгсөөд “диплом’ авсан л бол багш гэж тооцдог тогтолцооноос татгалзах хэрэгтэй. Диплом гэдэг бол мэргэжлийн үнэмлэх болон баталгаа биш, харин уг сургуульд юу үзэж судалсныг тодорхойлж байгаа баримт. Дөнгөж сургууль төгсөөд ирсэн хүнйиг тодорхой хугацаанд “дадлагажигч’-aaр ажиллуулж, тавьж буй шаардлагад тэнцэхүйц чадвартай болсны дараа л багшлах эрх олгож байна гэсэн үг.
Хэрэв уг хүн ур чадвар, сэтгэлээсээ уг ажлыг хийж чадахгүй нь нотлогдвол багшлуулахаас татгалзах эрхтэй байх хэрэгтэй, Учир нь багшийн ажил бол “малчин’ бус хүүхдийг зөв бие хүн болгон төлөвшүүлэх өндөр үүрэг хариуцлага юм.
-Үнэхээр суралцаж, дадлагажиж, ур чадвар эзэмшсэн багш нартаа итгэл өгч, бие даан өөрийнхөөрөө ажиллах бүх боломжийг нь олгох учиртай. Багш хүн өөр өөрийн өөвөрмөц онцлогтой, өөр өөрийн арга барилтай байх эрхтэй тул тэднийг хэн нэгний ‘тэргүүн туршлага’ эзэмшүүлэх гэж шахаж шаардах хэрэг бүр үгүй.

Багшийн үйлдэл бүрийг хянаж шалгаад байх бус ,эцсийн бодит үр дүнг шаардана. Үүний тулд багшид өөрийнхөөрөө ажиллах эрх чөлөөг олгох учиртай.
– Багш цаг ямагт өөрийгөө хянаж, өөрийн боломж, сонголтоороо мэргэжлээ дээшлүүлэх боломжийг олгох нь хамгийн чухал зүйл. Хэрэв өөртөө санаа тавьж, өөрийгөө байнга хөгжүүлж байхгүй бол хоцрогдож энэ ажлыг хийх эрхгүй болно гэдэг ухамсрыг багш нарт төрүүлэх тогтолцоо байна гэсэн үг. Багш өөрийн сонголтоор өөрийгөө хөгжүүлж, мэргэжлээ дээшлүүлж болох маш олон интернет сургалтуудыг бий болгох нь мэргэжил дээшлүүлэх хамгийн сайн тогтолцоо байх болно. Ийм ажил албадлага гэж байх хэрэггүй юм даа.
-Багш нарт хоосон талархал, үе өнгөрөөсөн шагнал бус бодит дэмжлэг л хэрэгтэй. Өнөөгийн нөхцөлд сайн ажиллаж байгаа багш нартаа тэмдэг цол бус компьютер өгч урамшуулах нь үр дүнтэй алхам болно. Тэдний хөдөлмөрийг зөв үнэлж, бодитой урамшуулах эдийн засгийн сайн хөшүүрэг их чухал. Түүнчлэн ажлаа хийж чадахгүй байгаа бол хариуцлага тооцдог тогтолцоогоо сайжруулах хэрэгтэй болно.
Энэ бүхнийг хийж хэрэгжүүлэх амаргүй. Мэдээж урт удаан хугацаа, уян хатан бодлого хэрэг болно. Хийж чадна, чадахгүй гэж маргалдахдаа бус зайлшгүй хийх шаардлагатай байгаад хамаг учир байгаа юм. Тийм ээ! бид үүнийг заавал хийх болно.

Төгсгөлийн оронд

Маргааш монголын багш нарын өдөр. Таны сэтгэл зүрхэнд ойр дотно, бас сайн сайхнаар дурсагдаж байгаа багшдаа утасдаж баяр хүргээрэй. Өнөөдрийн хүнд хэцүү цаг дор таны талархал урмын сайхан үг тэднийг баярлуулах болно гэдэгт бүү эргэлзээрэй. Өдийг хүртэл монгол хүн бүрийг өөдрөг сайхан явахад тэдний өгсөн ач тус ихээ. Хүүхэд шиг л сэтгэл нь хөөрч явдаг тэдний зүрх сэтгэл,  дурсамжид өдгөө ч та сурагч хэвээрээ л байгаа. Таны дууг сонсоод зангирах хоолойн цаана нулимс нь дусалж , сэтгэлдээ “овоо доо муу шавь минь, сайн яваа юм байна”  гэж дуу алдаж байгаа. Тийм ээ! та заавал багшдаа утасдаарай.
Монголын багш нар монгол орны хөгжилд тэргүүлэх, үнэ хүндтэй болох тэр цаг тун удахгүй ирнээ.

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах.
2009-01-31.

Share Your Thoughts