Шударга ёс – хуулийн хэрэгжилт

Саяхан Монгол оронд болж өнгөрсөн ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч Ц.Элбэгдoрж, шударга ёсыг тогтоох уриа дэвшүүлснээр дийлэнх олны дэмжлэгийг авч сонгогдлоо. Өнөөгийн монголын нийгэм, улс төрийн амьдрал, хүмүүсийн аж амьдралд муугаар нөлөөлж байгаа, хүнд суртал, авилгал, хувийн ашиг сонирхлоо урьтал болгодог үзэгдэл, үүнийг бий болгож хөгжүүлсэн тогтолцооноос залхаж, энэ байдлыг өөрчлөх хүсэл, эрмэлзлэлээр хүмүүс сонголтоо хийсэн нь илүү үнэн.

Чухамдаа шударга ёс гэж юу болох, үүнийг хэрхэн бий болгох тухайд хүмүүс, улстөрийн хүчнүүдийн ойлголт, хандлага нь харилцан адилгүй байгаа. Шударга бус байдал, шударга ёс гэдэг нь өөрөө ч харьцангуй ойлголт юм.

Харин өнөөгийн нөхцөл байдлаас ажиглахад, шударга ёс, шударга бус байдал гэдэг нь, одоогийн мөрдөгдөж байгаа хууль, дүрэм журмыг сахин мөрдөж, биелүүлэхтэй шууд холбоотой. Хууль, дүрэм журмын заалтыг биелүүлэхгүй төдийгүй зөрчиж болдог, үүнийхээ төлөө ямар ч хариуцлага хүлээдээггүй энэ тогтолцоо нь, шударга бус байдал, хүнд суртал, авилгал хээл хахууль бий болон хөгжих үндэс нь болдог аж.

Бид яагаад хуулийг биелүүлдэггүй вэ?
… Замын хөдөлгөөнд оролцож явахдаа, тодорхой зай барьж яваагүйн улмаас өмнөө явж буй машины араас мөргөсөн жолоочийн буруу. Одоо Монгол Улсад мөрдөгдөж байгаа “Замын хөдөлгөөний дүрэмд” энэ тухай тодорхой заасан атал, мөргөсөн болон мөргүүлсэн 2 этгээд, маргаанаа хуулийн дагуу бус, ЗЦГ-т хэн нь сайн танилтай нь асуудлыг өөртөө ашигтай байдлаар шийдүүлдэг тохиолдол багагүй гардаг. Маргааныг шийдвэрлэж буй ЗЦГ-ын ажилтанд, мэргэжлийн нүдээр харахад байдал маш ойлгомжтой, шийдэх дүрэм журам нь тодорхой атал, араас нь мөргөсөн “танил”- ыгаа зөвтгөх өчнөөн шалтаг олж чадах.

Хууль зөрчиж, танил талдаа зөвийг өгөх нь, нэг талаас хэн нэгэн найздаа тус болж буй, нөгөө талаас үүнийхээ төлөө багагүй шан харамж авах хүслээс үүдэлтэй. Харин зөвтөн атлаа буруутан болж буй хохирогчийн хувьд, “энэ бол илэрхий хууль дүрэм зөрчиж буруу шийдвэр гаргалаа” гэх бодлоос илүүтэй, ЗЦГ-т танилгүй, хахуулд өгөх мөнгөгүй хувь заяандаа гомдож, “хүчтэний өмнө хүчгүй нь буруутай” болоод л өнгөрдөг. Иймэрхүү жишээ цагдаа, хууль хяналтын байгуулагынхны дунд дэндүү олон.

…Монгол Улсад бизнесийн үйл ажиллагаа явуулж, тодорхой ашиг олж байгаа хувь хүн, аж ахуйн нэгж, байгууллагууд олон бий. Тэд сар улирал, жилийн санхүүгийн тайлангаа 2 янзаар гаргана. Нэг нь жинхэнэ, нөгөө нь татварын байгууллагуудад зориулсан. Мэдээж татварын байгууллагад зориулсан тайланд, ашиггүй буюу эсвэл маш бага ашигтайгаар ажилласан мэтээр харагдуулахыг хичээнэ. Тайланг хүлээж авч буй байцаагч, мэргэжлийн хувьд энэ бол худлаа тайлан гэдгийг мэдсээр атал, “хүсэлт” ийг хүлээн авч, татвараас чөлөөлөх буюу эсвэл маш бага татвар тооцдог. Харин тэр татварын байцаагч маань уг компаны зүгээс багагүй таларх ал хүлээж, бэлэг сэлт авах ба, янз бүрийн арга хэмжээнд нь “хүндэт зочны” хэмжээнд уригдан оролцож, хүндлүүлэх. Санхүүгийн тайландаа бараг “дампуурах дөхсөн” гэж харагдах уг компани нь ямархан их ашиг олж, хичнээн их өргөжиж буйг өөрийн нүдээр харсаар атал, сар улирал, жилийн санхүүгийн тайланд ямар ч өөрчлөлт үгүй. Харин энэ үйлдлийн балгаар улс хохирч, татварын байцаагч, компаны эзэд баяжсаар л … “Татвар болон гаалийн албанд танилтай бол, тал бүү хэл далайн чинээ”. Taтвараа шударгаар төлдөг нэгэн, “тэнэг хүн” мэт бусдын нүдэнд харагдах болтлоо энэ тогтолцоо хөгжжээ. Иймэрхүү жишээ татвар болон гаалийнхны дунд дэндүү олон.
…1990 онд монголд ялсан ардчилалыг дэмжиж, гадаадын маш олон орон, байгуулалгаас их хэмжээний зээл тусламж, төслийг хэрэгжүүлжээ. Энэ бүхэн тодорхой болзол өөрийн журамтай. Ядуурал, боловсрол, эрүүл мэнд, эмэгтэйчүүд, хүмүүнлэгийн чиглэлийг нилээд хамарсан байх. Энэхүү төсөл болон зээлийн тухай мэдээллийг урьдчилж авсан хэсэг хүмүүс, бусдад төдийлэн боломж олгохгүйгээр өөр хоорондоо хуйвалдан тендер нэрээр ялагчийг “тодруулна”. Ийм тендерт ялалт байгуулан эрхээ авсан компани, ТББ, корпораци, баг гэгчийн эзэд нь ихэвчлэн УЙХ, Засгийн газрын гишүүд, нөлөө бүхий эрх мэдэлтэнгүүдийн эхнэр үр хүүхэд, хамаатан садан найз нөхөд байх нь даан ч элбэг. Тэр ч бүү хэл тендерийн нөхцөлд, олон жил үйл ажиллагаа явуулсан туршлагатай байх гэсэн заалт байсаар атал, сарын өмнө шинээр яаран сандран байгуулсан байгууллага, тендерт ялж байх жишээтэй.

Хамгийн харамсалтай нь, ийм зээл тусламж төслийн үр дүн нь монголын хөгжилд тодорхой хувь нэмэр оруулаагүйгээр барахгүй, гүйцэтгэгч болон хэрэгжүүлэгч нэртэй байгууллага, хувь хүмүүсийн амьдрал ахуйг дээшлүүлэхэд зарцуулагдсан байх нь олонтаа. Зөвхөн “Ядуурлыг бууруулах төсөл” гэгч, монголд хэдэн жил хэрэгжиж, ямар үр дүнд хүрсэн нь бидний нүдний өмнө ил байсаар…Иймэрхүү зээл тусламжийн зарцуулалт, төслийн тендертэй холбоотой жишээ дэндүү олон.

…Өдгөө төрөл бүрийн бизнес хийж, хурдан хугацаанд их хэмжээний ашиг олно гэдэг, жижигхэн зах зээлтэй монгол орны нөхцөлд амаргүй. Ард иргэд, аж ахуйн нэгжийн худалдан авах чадвар бага байгаа нөхцөлд, ийм ашиг олж болох ганцхан боломж байдаг нь “шахааны бизнес”. Улсын төсвөөс тодорхой хэмжээгээр санхүүжиж, хувьцааны тодорхой хувь нь төрийн мэдэлд байдаг, “Эрдэнэт” УБҮ, ТЭЦ-4, Монголын төмөр зам, МИАТ зэрэг томоохон газруудад “сэлбэг” нэрээр гадаадаас оруулж ирсэн материалуудыг өндөр үнээр шахаж, үнийн зөрүүгийн ашгийг нийлүүлэгч болон худалдан авагчид хувьдаа хуваан завшдаг, хууль бус энэ үйлдлийг “шахааны бизнес” гэж нэрлэдэг. Уг сэлбэг хэрэгслэл нь өнөөдөр тухайн байгуулагуудад амин чухал хэрэгтэй эсэхээс үл хамааран, нийлүүлэгч, худалдан авагчид эрх мэдлээ ашиглан, хувийн ашиг сонирхлын төлөө энэ бүхнийг хуйвалдан шийднэ. Тэр ч бүү хэл, төлбөрийн мөнгийг хурдан хугацаанд шийдэж буй эрхмүүд үнийн дүнгийн 10 хүртэл хувийг авдаг бичигдээгүй “хууль” ч бас бий. 1 сая $-ийн 10 $ гээд төсөөл дөө. Хууль зөрчсөн атлаа хувьд ашигтай, ийм бизнес хийх боломж, эрх мэдлийн төлөө өнөөдөр хүмүүс улайран зүтгээд байгаа юм шүү дээ.
Энэ бүхний сонгодог жишээ нь, “төрөөс төрсөн тэрбүмтангүүд”, уг газрын агуулах дүүрэн хэвтэх, хэзээ хэрэг болох нь үл мэдэгдэх “үхмэл хөрөнгө” үүд. Иймэрхүү жишээ төрийн албаны болон эрх мэдэлтэнгүүдийн дунд дэндүү олон.
…-Гадаадад ажиллахад зуучилна
-Гадаад хүнтэй гэр бүл болоход зуучилна
-Гадаадад суралцахад зуучилна
Ил гаргахгүй ч гэсэн “Зээл авахад зуучилна”, “Банкнаас бэлэн мөнгө гаргахад зуучилна”, ” гэмт хэргээс чөлөөлөхөд зуучилна”, “өр барагдуулахад зуучилна”. Энэ бүх зуучлалууд хууль ёсоор явагдана гэж төсөөлж байна уу? Төрийн хүнд сурталыг далимдуулан ийм төрлийн зуучлалууд өдгөө Монголд их хэмжээгээр хөгжин “залилж ” буй. Өөрөөсөө мөнгө гаргахгүйгээр, өрөөл бусдын зовлон шаналал, хүсэл мөрөөдөл дээр “мөнгөөр тоглон” баяжиж байгаа тэдэнд хүн чанар, хүлээх хариуцлага гэж даан ч үгүй. “Мөнгө цагаан, нүд улаан”, “чадаж байгаа юманд арга байхгүй”, ” Жаргасных нь аз, зовсоных нь хохь” гэхчилэн олон уриатай ийм байгууллага, хувь хүмүүсийн цаана, мөнөөх л мөнгө, эрх мэдэлд шунасан эрхмүүдийн ар гэр, ах дүү садан , анд нөхөд нь байх жишээтэй.
Учир нь ийм үйл ажиллагаа явуулах эрх бүхий зөвшөөрөл, батламж нь энгийн иргэнд олдох нь үгүй. Хүсэл мөрөөдөлдөө мөнгө төлж, амьдралдаа аз туршиж, харь оронд ажиллаж, амьдарч, суралцаж байгаа тэдний сэтгэл санаа, эрүүл мэнд, дарамт шаналлын төлөө, зуучилсан хэн нэгэн хэзээ ч хариуцлага хүлээж байсангүй.
УЙХ-д сонгогдохын тулд, тойргоосоо төдөн залуусыг гадаадад “худалдана” гэж амалдаг “шог үзэгдэл” Монголоос минь өөр хаана байдаг бол.
Зуучлал нэртэй хууль зөрчиж, хүмүүсийн амьдрал хүсэл мөрөөдлийг мөнгөөр худалдаж байгаа ийм жишээ дэндүү олон.
Монгол оронд сүүлийн 20 шахам жилд бий болж, өдгөө өндөр түвшинд хүртлээ хөгжсөн, төрийн албан хаагчид нь өөрсдөө хууль зөрчиж, хувийн ашиг сонирхлоо урьтал болгон, эрээ цээргүй авирлах болсон энэ үзэгдлүүд монгол оронд шударга ёсыг тогтооход жинхэнэ саад болж буй. Улс төрийг бизнес, хуулийг гууль болгон хувиргаж, шударга ёсыг уландаа гишигчэж буй ийм эрхмүүд Монгол орны хөгжилд үнэхээр саад болж буй.
“Дээдэх нь суудлаа олохгүй бол, доодох нь гүйдлээ олохгүй” гэдэгчлэн, хуулийг биелүүлдэггүй, зөрчиж, дураар авирлах энэ үзэгдэл, энгийн иргэдийг ч хуулийг биелүүлэхгүй “барьцах” сэтгэлгээг бий болгож байгаа.
-Тэд дуртай газраа, үерийн далангийн аман дээр хамаагүй гэрээ барьчихаад, дархан цаазат Богд уулын аманд барьсан тансаг харшууд руу гараараа заан , барьцаж байна.
-Бусдын хууль зөрчиж, дур зоргоор авирлахыг харж мэдрэх бүрдээ “эд хууль биелүүлэхгүй байхад, би яагаад биелүүлж байх ёстой” гэж дотор сэтгэлдээ барьцаж байгаа.
-“Хэтэрхий шударга сайн байлаа гээд чиний сайн сайхан явж байгаа нь хаана байнаа” хэмээн ойр дотныхондоо бухимдан үглэнэ.
-“Энэ цагт, эрээ цээргүй, арга зальтай хүмүүс баяжиж, шударга үнэнээр явж байгаа нь хохирч байна шүү дээ” хэмээн өөр хоорондоо хэлэлцэн, шүүмжилнэ.
-“Зөв шударга яваарай, үйлс тань бүтэмжтэй байдаг юм шүү” гэхээсээ “Амьтан хүний арга эвийг олж яваарай” гэж үр хүүхэддээ сургамжилан захина.

Үнэн биднээс холдож, шударга байдал хүнд суртлын мананд төөрч, итгэл биднээс өдрөөс өдөрт алсрах гэж үү? Хүн бүр дотор сэтргэлдээ шаналж, битүүхэндээ түгшиж, холын холд сүүмэлзэх итгэл найдвараа олж харахыг хичээж буй. Яг л ийм үзэгдлийн хар шуурган дунд бид, уурлан бухимдаж, бие биедээ хорсож, элдэв муу үйлдлээр хорслоо илэрхийлж буй. Алив зүйл ойлгомжгүй байх тусмаа хардлага төрүүлж, бие биедээ итгэх итгэлийг мөхөөж, зөвхөн өөрийн амийг хичээх, бусдад муу муухай хандлагаар бухимдлаа илэрхийлэх үйлдэл рүү түлхдэг.

Эрх мэдэл-хүнд суртал-авилгал
Хүмүүс яагаад өөрт нь боломж, чадал, чадвар нь байхгүйг мэдэрсээр байж, төрийн алба болон эрх мэдэл рүү ингэтлээ шунан зүтгэдэг юм бол? Бага цалинтай хэрнээ, амаргүй үүрэг хариуцлага шаарддаг энэ ажлууд, яагаад хүмүүсийн сонирхлыг ингэтлээ татдаг юм бол?

Та энэ тухай бодож үзсэн үү?
Та өөрийн өмнө тулгарсан олон асуудлуудыг шийдүүлэхдээ, хууль дүрэмд бус, яагаад заавал сайн таньдаг хүндээ найддаг юм бол? Хууль дүрэмийг уншиж судлахаасаа илүүтэй, уг асуудлыг шийдэх эрх мэдэл бүхий хүний сайн танилыг эрж хайн, судалдаг юм бол?
Та энэ тухай анзаарч, эргэцүүлж үзсэн үү?
Төрийн бүх ажил үйлчилгээ хичнээн хүнд сурталтай байх тусмаа төдийчинээн авилгал дагуулдаг. Энэ хэрээрээ хууль, дүрэм журмыг зөрчих хүсэл боломжийг олгоно. Энэ байдлын улмаас бид аливаа асуудлыг хууль дүрмийн дагуу шийдүүлж, шаардаж сурсангүй. Манай өнөөгийн шударга бус энэ тогтолцоо, ард иргэдэд ийм боломжийг олгохгүй байна.
… Хэрэв та хууль ёсоор өмчлөх эрх бүхий 0.7 га зуслангийн газрын асуудлаа шийдүүлэх гэж харьяа дүүргийнхээ газрын албанд хандаж үзвэл энэ дүр төрхийг жинхэнээр мэдэрнээ. Удтал хүлээлгэж, саяхан хэн нэгэнд дайлуулсан хоолныхоо амтаар хэхэрч, бас ч багагүй халамцсан тэрээр, таны хүсэлт өргөдлийг хайш яйшхан харж, тоомжиргүй харцаар ажиглана. Улсаас бус өөрөөс нь газар гуйж буй мэт царай алдан тоочих таны хүсэлтийг сонсох завсраа, хэн нэгэнтэй хөгжилтэй гэгчээр элдэв шалиг үгсийг утсаар хэлэлцэх зуураа, таны өргөдлийг ширээн дээрх эмх замбараагүй аль нэгэн хавтас руу шургуулах. Эцэгт нь албархуу төрхөөр “Тайван амгалан бай! учрыг магадлая” гэдэгт домогт төрхөөр “судалж үзье, сарын дараа ир” гэдэг үгээр яриа дууссанаа илэрхийлнэ.
Өдөржингөө хүлээж, арай гэж уулзаж, бүтэх эсэхийг мэдэхгүй ч нэгэн ажил бүтээсэн мэт гунигтай алхах таны хажуугаар, саяхан уулзсан байцаагчийн үнэтэй чамин машин тоос татуулан одохуйяа, “энэ байцаагчийн таньдаг хүнийг хаанаас олох билээ” гэж сэтгэлийн мухарт нэгэн шаналал төрөх аж.
Ийм гунигтай олон дүр зургийг өдөр бүр олж харсаар “нүд дасч”, сэтгэлдээ “байх л зүйл” мэтээр хүлээж авсаар дасч орхиж дээ. Та бидний төлж буй татвараар санхүүжиж, та бидний төлөө “хаан” шиг хандаж үйлчлэх учиртай, төрийн энэ хандлагыг өөрчлөхийн төлөө тэмцэх цаг болжээ.
эрх мэдэл-хүнд суртал-авилгалын тогтолцоог
эрх мэдэл-хариүцлага- шударга байдлын тогтолцоогоор солих хэрэгтэй байнаа.
Харин яаж? Бид өөрсдөөсөө л эхлэх хэрэгтэй болж байна.

Бүх зүйл биднээс хамаарна
Хүн бүр хуулийг судалж, хэрэгжүүлж, мөрдөж бас шаардаж сурах нь шударга ёсыг тогтоох ганц зам мөн.
1. Өндөр хөгжилтэй оронд хүмүүс яагаад тайван амьдардаг вэ? Тухайн орны төрийн тогтолцоо, ажиллагааны зарчим нь хүн бүр хуулийг тэгш биелүүлж сургахад чиглэдэг. Хууль зөрчсөн л бол тухайн хүн баян ядуу, хөөрхөн муухай, хөгшин залуу, хар цагаан ямар байхаас үл хамааран, хариуцлага хүлээдэг тогтолцоо. Таныг хэн нэгэн дарамтлах, доромжлох, заналхийлэх тохиолдолд та хуулийг хэрэгжүүлж хамгаалах үүрэг бүхий цагдаад хандахад, тэд таныг хамгаалж, асуудлыг хуулийн дагуу шийдэж өгөх болно. Тэгэхээр тэр хүнтэй та, хэрэлдэж хараалцаад, үсдэлцэж зодолдоод байх хэрэг үгүй. Бурууг үйлдсэн хүн хуульд заасан хариуцлагаа хүлээж, шийтгэлээ эдэлнэ. Бусдыг доромжилж, заналхийлсэнийхээ төлөө, ядахдаа сарын цалингаараа төргүүлаад байхыг хэн хүсэх билээ.
2. Ямар нэгэн асуудал тулгарахад, таньдаг хүн эрж хайн тэвдэж явснаас хуулийн заалтыг уншиж ойлгох нь илүү амар. Бүр сайн ойлгохгүй, бусдын туслалцаа авах хэрэгтэй бол, хахуулд өгөх мөнгөөрөө, хуулийн зөвлөлгөө өгөх төв болон өмгөөлөгчдөд хандах нь илүү хэрэгтэй төдийгүй, эргээд хариуцлага тооцох боломж тань бүрдэнэ. Гэхдээ одоогийнх шиг ор нэр төдий бус, жинхэнэ иргэдэд үйлчилж чадах мэргэжлийн төв, өндөр мэдлэг чадвартай, зөв сэтгэлтэй өмгөөлөгч хэрэгтэй болноо. Тийм болохоор өнөөдөр Монгол оронд минь,ард иргэдэд хуулийг сурталчлан ойлгуулах, тэдэнд мэргэжлийн туслалцаа, зөвлөлгөө өгөх төв, иргэдийн эрхээ хамгаалахад нь туслах сайн өмгөөлөгчид юу юунаас илүү хэрэгтэй.
3. Хүн бүр энэ цаг мөчөөс эхлэн дор бүрнээ хууль дүрэм журмаа судлан, хүнд суртал авилгалын бүх үйлдлээс татггалзан, хууль журмаараа ажиллахыг шаардах хэрэгтэй болж байна. Хэрэв та авилгал өгөхөөс, гар хүндрүүлэхээс татгалзаж, бүх л зүйлийг хуульд зааснаар байлгахыг шаардаж эхэлбэл, чадваргүй, сэтгэлгүй, цалингаас гаднах орлогогүй болсон тэд, төрийн албанаас гарах болно. Төрийн албан хаагчдын хууль бус үйлдэл, хүнд суртал авилгалыг илрүүлэн, тэдний хууль бус үйлчилгээнээс татгалзаж, шаардаж чадвал, монголын төрийг цэвэрлэх их үйлсэд бидний тус энэ болох аж.
4. Аливаа өөрчлөлтөд тодорхой хэмжээний золиос гардаг. Өв залгамжилж бус, монголын болон ард нийтийн хөрөнгө баялгийг эрх мэдэл, заль луйвраар ашиглаж завьшин баяжсан, “төрөөс төрсөн тэрбүмтангүүдыг” илрүүлэн шалгаж, хууль бусаар олсон хөрөнгө, мөнгийг хурааж, зохих цээрлэлийг үзүүлэх ажлыг шинэчлэгдэж буй Монголын төр хийх шаардлагатай. Энэ алхам нь цаашид ийм үйлдэл гарахгүй байхын баталгаа болж , ард иргэдэд хууль дүрэмийг ягштал мөрдөх сурталчилгаа болно. Энэ чинь ядаж л ирээдүйдээ итгэх итгэлийн үндэс нь юм шүү дээ. “Хэрэг хуучирдаггүй” гэдэг хэллэг бий.
5.Монгол оронд минь шударга ёс тогтож, хүн бүр хуулийн өмнө эрх тэгш байх, гарсан хууль тогтоомжууд нь амьдралд хэрэгжиж байхын баталгаа нь монгол иргэн бүрийн сэгтэл оюун, хүчин зүтгэлээс хамаарах болно. Өнөөдөр Монгол оронд шударга ёс тогтоохын эхлэл нь, шинэ ерөнхийлэгч Ц.Элбэгдөржийн санаачлага зүтгэлээс гадна монгол иргэн бүрийн дэмжлэг зүтгэлээс их хамаарна. Ц.Элбэгдөрж ганцаар шударга ёсыг тогтоох боломж үгүй. Бид хамтдаа л тогтооно. Харин үүний тулд дор бүрнээ хичээх цаг болжээ.
Саяын сонгуулиас хойш, хүмүүсийн сэтгэлийн гүнд нуугдаж байсан айдас, дарамт багасаж, нүдэнд нь итгэлийн оч гялалзаж буй. Ирж яваа сайхан цаг шиг мэдрэмж төрж буй. Энэ бол шударга ёс юм. Үүний төлөө хуулиа судалж, сахиж сурцгаах сан.
Таны сэтгэл амар амгалан байг.

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
2009-06-27

Share Your Thoughts