“ШҮД” САЙХАН БОЛ “ЗҮС” САЙХАН, ПҮРЭВИЙН СОЛОНГО

Нэг: Намтрын товчоон

  • -Улаанбаатар хотод төрсөн
  • -23-р сургуульд 1-р ангид орж Сэлэнгийн Цагаантолгойд 10-р анги төгссөн
  • -АУДС-д шүдний эмчийн мэргэжлээр суралцаж төгссөн
  • -Шарын гол, Замын-Үүдэд эмчээр ажиллав
  • -1996 онд АНУ-д иржээ
  • -2000 онд Universoty of Pennsylvania, School of Dentistry-д элсэн орж суралцаж төгссөн
  • -“Mayo Clinic” эмнэлэгт шүдний эмчээр ажиллажээ
  • -АНУ-д Dental Healt Center of MN шүдний хувийн эмнэлэг байгуулан ажиллаж байна

Хоёр: Бага насны дурсамжууд

-Г.Галбадрах: Хаана төрж өссөн бэ?
-П.Солонго: Би Улаанбаатар хотод төрж өссөн. Аав ээж 2 минь оюутан байсан болохоор “оюутны хүүхэд”. Дутуу төрөлт буюу 7 сартай, 1,7 кг төрсөн гэдэг. Их ч өвчлөмтгий, туниа муутай, сахартай усаар угжуулж хүн болсон юм гэнэ билээ. Намайг багад өсгөсөн эмээ минь ” Чи ч хүн болох дуртайдаа л хүн болсон юм даа” гэж ярьдагсан. Миний өвчлөмтгий байдлаас болж ээж минь сургуулиасаа гарсан гэсэн. Тэр үед байсан 24 цагийн цэцэрлэгт хүмүүжсэн.

-Г.Галбадрах: Сургуулийн жилүүдээ дурсвал?

-П.Солонго: 23-р сургуулийн 1-р ангид элсэж орсон. Тэр үед орос сургалттай байсан болохоор 23-р сургууль шалгалт авч элсүүлдэг байсан юм. Туниа муутай хэрнээ бас ичимхий. Ангидаа байгаа үгүй нь тэгтлээ мэдэгдэхгүй. Сургуульдаа тийм ч дуртай байгаагүй. Боломж гарвал хичээлээ тасалчихна. Сурлагадаа тийм ч сайн байгаагүй ээ. Өөрийгөө” сайн”, “дунд” сурах ёстой гэсэн доогуур үзэлтэй. Ээж ааваасаа их ч айна. Одоо бодоход өөрийгөө сайн илэрхийлж чаддагүй байсан юм шиг байгаа юм.

-Г.Галбадрах: Мэдээж сонирхолтой, дуртай хичээл байсан байх л даа.

-П.Солонго: Биеийн тамир болон хөдөлмөрийн хичээлд харин дуртай. Намайг бие муутай байсан болохоор Гэндэнжамц эмч аав, ээж 2-т минь “намайг спортоор сайн хичээллүүлэх”ийг зөвлөсөн юм гэдэг. Тэгээд тэшүүрээр хичээллэсэн. Манай тэшүүрийн багш Цогзолмаа биднийг “Их тэнгэрийн ам” руу их гүйлгэнэ. Харин тэшүүрээр гулгах гэж автобусанд сууж Толгойтын тэнд байх нууранд очиж гулгадаг байсан юм даг. Дараа нь гүйлтээр бас цанаар хичээллэв. Нэг их амжилт үзүүлж байгаагүй ч хэрдээ боломжийн л “тамирчин” болсон доо. Бас газарзүйн хичээлд
дуртай байлаа. Газрын зураг дээр орон орны байрлалыг олж заах дуртай. Тэр үед тэгж мөрөөдөж байгаагүй ч одоо Америкт ирээд тэр үед зураг дээр зааж байсан газруудаа үзэж байхад сонин санагддаг юм. Одоо хэр нь би жилд ховор олдох амралтын өдрүүдээ шинэ газар нутагт очиж амардаг. Үүнийгээ жилийн өмнө төлөвлөж захиална. Аялах дуртай шүү
.
-Г.Галбадрах: 10-р ангиа хаана төгсөв?

-П. Солонго: Намайг 9-р ангид орох жил аав минь Сэлэнгийн Цагаантолгойн САА-д ажиллах болж бид хамт явцгаасан. Цагаантолгойд би жинхэнэ хөдөөний амьдралд суралцсан даа. Зуны амралтаараа аав ээждээ хэлэлгүй, өөрөө сураглаж яваад ажил олж хийнэ. Нэг зун хоолны газар ажил хийж байгаад гэнэт “татаж унан”, ээждээ “баригдсан” юм даг. Цагаантолгойн САА -д 10-р анги төгсөөд, конкурсын шалгалт өгөх гэж машинаар Сэлэнгэ аймаг руу ангиараа явж байлаа. Конкурсын шалгалтад сургуулиасаа ганцаараа АУДС-ийн шүдний эмчийн хуваарь авч их ч
хүндлэгдэв. Конкурсээс сумандаа буцаж ирэхэд “сургуулийнхаа нэр төрийг өргөсөн” гэж багш нар маань ихэд үнэлж байж билээ.

-Г.Галбадрах:Яагаад заавал АУДС-ийн шүдний эмчийн мэргэжлийг сонгосон гэж?

-П.Солонго: Ээж бас би өөрөө бие муутай байсан болохоор эмчийн мэргэжлийг сонгосон юм. Ер нь ээж минь зөвлөсөн. Би 14 настай байхдаа л судас тариа хийгээд сурчихсан байсан. Конкурсийн шалгалтын оноогоороо би 6-д орсон юм. Эхний 5 хүүхэд АУДС-ийн эмчилгээний ангийн хуваариудыг авч, намайг ороход “малын эмч”, “шүдний эмч”-ийн хуваарь үлдсэн байлаа. Тэр үед “шүдний эмч”-ийн хуваарийг тэгтлээ сонирхдоггүй байлаа шүү дээ. Ээж минь хуваарь сонгох болоход тэвдэж аав руу утасдсан гэдэг. Гэтэл малын эмчийн мэргэжилтэй аав минь “манайд нэг
л малын эмч байхад хангалттай” гэж хэлснээр би “шүдний эмч”-ийн хуваарийг авлаа. Дотроо бол нилээд дурамжхан. “Хотод очоод хуваариа солиулж болдог юм гэнэ” гэсэн үгэнд тайвширсан. Гэхдээ хотод очоод хуваариа солиулж чадаагүй л дээ.

-Г.Галбадрах: Хувь заяаны л сонголт байж дээ?

-П. Солонго: АУДС дээр хуваариа солиулах гэж хөөцөлдөж явахад багш минь “хэрэггүй дээ, шүдний эмч их ирээдүйтэй мэргэжил дээ” гэж хэлсэн. Үүнийг олон жилийн дараа ойлгосон доо. Харин 3-р курсдээ дадлагаар хүний шүд авчихаад мэргэжилдээ дуртай болж эхэлсэн дээ. Сонин шүү. Өвдсөн шүдийг нь авчихаад хүний тайвширч байхыг харахдаа сайхан байсан. Жаахан залхуу байсандаа “онц” сураагүй. Гэхдээ сайн сурсан. Нилээд хэнэггүй оюутан байсан юм шиг. Сангийн аж ахуй явахдаа яг эрэгтэй хүүхэд шиг хувцаслаад, бас болоогүй ээ тамхи ороож
татна.Бүжгэнд их орноо. Тэр цагийн оюутны амьдрал сайхан байсан.

Гурав: Хөдөөний эмч

-Г.Галбадрах: АУДС-иа төгсөөд?

-П.Солонго: 1990 онд АУДС-иа төгсөөд Шарын голд хуваарилагдав. Тэр үед дээд сургууль төгсөөд заавал хөдөө хуваарилагдан ажилладаг байсан юм. Надтай хамт Шарын голд Цагдаагийн Дээд Сургууль, АУДС, УБДС төгссөн 12 залуу хуваарилагдан очиж байлаа. Бид хэрдээ найзархуу. Хөдөөний эмч болоод жинхэнэ амьдралд орсон доо. Хөдөөнийхэн эмчийг их хүндэлнэ. Шарын голд хүмүүсийн шүдийг мөн ч их авсан даа. Нэг өдөр 58 шүд авч байсан гээд бод доо. Хөдөөнийхэн чинь эмчлүүлэх гэж биш, өвдсөн шүдээ авахуулах гэж л эмнэлэгт ирдэг юм шүү дээ. Харин
эмнэлэг маань ЗХУ-ын \хуучин нэрээр\ тусламжаар баригдсан сайхан барилгатай. Хүмүүс ч сайхан сэтгэлтэй, тусархуу байсан.

-Г.Галбадрах: Тэндээ хувийн амьдралаа босгосон уу?

-П.Солонго: Тийм ээ! Мэдээж залуу байсан болохоор нөхөрт гарч охинтой ч болсон. Охиноо нилээд зовж байж төрүүлсэн. Хордлогын улмаас бараг 9 сар эмнэлгийн хяналтад байж, бас эмнэлэгт хэвтэж байж төрүүллээ. Охин маань ч нилээд өвчлөмтгий, бас анхны амьдрал минь жаахан бүтэл муутай байснаас Шарын голоос явсан. Тэндээс явахад Шарын голын агаар нь нилээд бохир, утаа нүүрс ихтэй байсан нь ч нөлөөлөв. Гол нь охиноо л эрүүл саруул өсгөх хэрэгтэй байлаа. Ер нь хүн амьдралдаа сонголт хийх үе ирдэг юм билээ. Хичнээн амаргүй байсан ч
охиныхоо төлөө л ийм сонголт хийсэн.

-Г.Галбадрах: Мэдээж амаргүй хэдий ч зарим хүнд ийм сонголт ирдэг. Сонголтоо дагаад аав ээж рүүгээ явсан уу?

-П.Солонго: Хот руу аав ээж дээрээ ирсэн. Тэр үед нийтээрээ зах зээлд шилжээд амаргүй хүнд үе байсан л даа. Хичнээн хөөцөлдөөд хотод надад ажил олдоогүй. Ганзагын наймаа ихэд цэцэглэж, хүн болгон л Эрээн руу наймаанд явж байсан үе. Харин тэр үед Замын-Үүдэд хоолны газар бараг байгаагүй. Наймаачид галт тэрэг хүлээх зуур хоол олж идэхэд амаргүй байв. Аав ээжтэйгээ зөвлөлдөөд Замын-Үүдэд хоолны газар нээвэл “ямар байх?” боломжийг судлахаар, шуудай самар аваад Замын-Үүд рүү явлаа. Газар дээр нь очиж нилээд сайн судалж, шуудай самраа
ч зарж амжаад буцаж ирсэн.

-Г.Галбадрах: Тэр үеийг би ч санаж байна. Байнга элсээр шуурсан Замын-Үүдэд, Эрээн явах гэж байгаа болон Эрээнээс ирж байгаа өлсөж ядарсан наймаачдад хоол олж идэх гэдэг амаргүй даваа байсан даа.

-П.Солонго: 1994 онд аав ээжтэйгээ хамтад Замын-Үүдэд очоод 3 жил хоолны бизнес хийв дээ. Хоолны бизнес маань давгүй байсан ч эмчээрээ ажиллах хүсэл бас байв. Бас ээж минь ч ятгаж байсан. Эхлээд Замын-Үүдийн вокзал дээр зар тавилаа. Зарын дагуу 5 хүн ирсний нэг нь орос хүн байсан. Шүд нь нилээд өвдөж шаналсан бололтой байсан түүнийг эмчлээд явууллаа. Хэд хоногийн дараа тэр орос, эхнэрээ дагуулаад ирэв. Тэрээр Замын-Үүдэд баригдаж байсан Оросын барилгын компаны дарга нь байсан юм билээ. Надтай танилцаад өөрийн барилгын компанидаа
эмч, орчуулагчаар ажиллах санал тавилаа. Цалин нь тогтмол хэрнээ боломжийн, бас дээрээс нь байр өгсөн болохоор татгалзах аргагүй. Тэнд ерөнхий эмч хийхийн зэрэгцээ орчуулагч хийнэ. Бас яваандаа надад шүдний тасаг нээж ажиллуулах боломжийг ч олгосон.

-Г.Галбадрах: Боломжийн ажилтай болжээ.

-П.Солонго: Дарга нартаа орчуулагч хийж өдөр болгон шахам Эрээн явна. Эрээнд гэрээ хэлэлцээр болон ажлаа бүтээх гэж нилээд “ууцгаана”. Хэдийгээр боломжийн мөнгө олж байсан ч энэ байдал миний санааг зовоож байв. Тэр үед эгч минь Болгарт сургуулиа төгсөөд шууд Америкт ирсэн байсан л даа. Миний дотор ч гэсэн мөнгөнөөс илүүтэй ирээдүйн тухай бодол л эргэлдэж байсан. Гадагшаа гарч суралцах, үгүйдээ л англи хэл сурах санаа их төрж байлаа. Харин хаашаа яаж явах тухай их бодно. Эгч минь Америкт очсон нь надад АНУ явах боломжийг
олгосон.

Дөрөв: Америк дахь “хар ажил”-ууд

-Г.Галбадрах: АНУ-д хэзээ яаж ирэв дээ?

-П. Солонго: 1996 онд МУИС-ийн шугамаар 3 сарын хэлний сургалтад АНУ-д ирсэн. Эхэндээ бүх зүйл амаргүй байлаа. Учраа ч сайн олохгүй. Хэл сайн мэдэхгүй. Ажил хайж зарын сонин орчуулж уншина. Зараа словардаж уншсаар бага зэрэг хэл сурч эхэллээ. Юу юунаас илүү амжиргааны өртгөө олохын тулд ажил хийх хэрэгтэй байлаа.

-Г.Галбадрах: АНУ- д ирсэн хүн болгон нь л эндхийн амжиргааны зардлыг өөрөө олох гэж олдсон ажлыг голохгүй хийж эхэлдэг. Хүн болгон үндсэндээ олдсон ажлыг голох, өөр сонголт хийлгүйгээр ажиллаж эхэлдэг байсан байх шүү.

П.Солонго: Тийм ээ. Би эхлээд стекер наадаг ажил олж хийв. Гэхдээ илүү цалинтай ажил хайсаар. Нэг өдөр миний танил орос бүсгүй гутал тослох ажил санал болголоо. Тэрээр хэдэн жил энэ ажлыг хийгээд нилээд мөнгө олж, сургуульд орохоор болсон байсан. Жаахан ичингүйрсэн боловч яаж ажиллаж байгааг нь очиж харлаа. Тэр бол өөрийн гэсэн байрлалтай, үндсэндээ гудамжинд хүмүүсийн гутлыг тосолдог ажил байв. Эргэн тойронд нь “хар”-ууд ихтэй. Мэдээж надад сайхан санагдаагүй л дээ. Гэхдээ гутлаа тослоод мөнгөө шууд авч байгаа нь таалагдаад
байв. Өдөржин гутал тослоод бараг 100 доллар олж байв. Би “хариугаа маргааш нь хэлье” гэж хэлчихээд гэртээ ирээд их л бодов. Эгчдээ хэлсэн чинь эгч минь “хэрэггүй дээ” гэж зөвлөлөө. Өглөө босоод нилээд эргэлзсэн хэрнээ шууд л найз руугаа очиж гутал тослогчийн ажилд орсон юмдаг.

-Г.Галбадрах: Энэ сонголтод тань юу нөлөөлсөн юм бол?

П. Солонго: Өмнө нь би сүмд явж байгаад нэг испани эмчтэй танилцсан юм. Тэрээр надад англи хэлийг сайн сурч байгаад шалгалт өгч шүдний эмчийн licens авч болдог талаар өгүүлж зөвлөсөн юм. Ер нь АНУ-д ирсэн цагаас хойш энд суралцаж, шүдний эмчийн мэргэжлээрээ ажиллах хэтийн төлөвлөгөөтэй болсон байв. Мэдээж сурахад бэлтгэхийн тулд мөнгө, бас цаг хугацаа хэрэгтэй байлаа. Гутал тослогчийн ажил нэг талаас боломжийн мөнгө олох, нөгөө талаар хичээлээ уншиж амжих боломж болж байсан. Гутлаа тослуулах хүн ирэхийг хүлээх зуураа хичээлээ уншиж амжина.

-Г.Галбадрах: Хэдэн жил энэ ажлыг хийв дээ?

-П.Солонго: 2 жил хийсэн шүү. Би энд өдөрт 12 цаг ажиллаж байсан. Миний зогсдог газар минь боломжийн байрлалтай, гайгүй албан газрын дэргэд байсан. Байнга гутлаа тослуулдаг үйлчлүүлэгчидтэй. Тэдэнтэй танилцаж, тэд яваандаа надаар тослуулах гэж гэрээсээ гутлуудаа авч ирнэ. Ийм хүмүүстэй ярилцсаар англи хэл минь сайжирч байв. Өдөрт гутал тослох зориулалттай сандландаа 25 доллар төлнө. Түрээсийн мөнгөө төлчихсөн нөхцөлд бусад орлого минь минийх болно. Мөнгөө цуглуулсаар машин авсан. Зарим үйлчлүүлэгчид надтай “хууч хөөрч” янз
бүрийн асуудлаар зөвлөлгөө өгнө. Гэтэл нэг л өглөө ажлаасаа халагдсан.

-Г.Галбадрах: Яагаад ажлаасаа халагдсан гэж?

-П.Солонго: Мэдээж би энэ ажлаа чин сэтгэлээсээ сайн хийж, бусад гутал тослогчдийн үйлчлүүлэгчдэд нөлөөлсөн байх. Энэ байдал тэдэнд таатай санагдаагүй байх л даа. Намайг түрээсээр ажиллуулж байсан “эзэн” ямар ч тайлбаргүйгээр ажлаас халахад л би их ч зүйлийг эргэцүүлэн бодож, их ч зүйлийг ойлгосон доо. Хэдийгээр энэ ажлыг би удаан хийхгүй байсан ч энэ нийгмийн хандлагыг мэдэрсэн хэрэг. Би энд “өөртөө олдож болох бүх боломжоо маш сайнаар ашиглах хэрэгтэй юм” гэдгийг л ойлгосон. Эс тэгвэл би энд “хэн ч биш”.

-Г.Галбадрах: Тийм шүү. Гашуун ч энэ бол үнэн юм даа. Тэгээд өөр ажил олж хийв үү?

-П.Солонго: Өө тэгээд олон ч ажил хийсэн дээ. Гутал тослогчийн ажлаасаа гараад орос эзэнтэй ресторанд ажилд орсон. Эхний 3 сар амаргүй байсан ч тэнд 2 жил ажиллахдаа хоол их сайн хийж сурсан. Махгүй хоолны олон ч жор мэддэг боллоо. Гэхдээ энд хичээлээ унших цаг олдохгүй байлаа. Нэг вьетнам шүдний эмч надад тусалж, шалгалтад бэлтгэхэд хэрэгтэй бүх номыг олж өгсөн. Ажлаасаа гараад гэртээ сууж шалгалтандаа бэлтгэсэн. Энэ завсраа сонин зөөгчийн ажил олж хийв.Шөнийн 12 цагт сонингоо аваад өглөөний 6 цаг гэхэд тарааж дууссан байх ёстой. Гэхдээ их хариуцлагатай. Үйлчлүүлэгчдийн гомдол ч тасрахгүй. Нэг өглөө тараах ёстой гудамжныхаа дугаарыг андуурснаас болж цалингаа авч чадаагүй. Дараа нь айлын гэр цэвэрлэх ажил хийсэн. Тэр айлын хүүхэд нь астматай байв. Тоосноос болж өвчин нь сэдэрдэг болохоор бас л амаргүй. Тэгээд пиццаны гурил зуурах ажлыг 2 сар хийлээ. Бас сонины зараар шүдний техникчийн ажил олж 10 сар хийсэн. Ер нь их ч олон ажил хийсэн дээ. Харин энэ хооронд сургуульдаа бэлтгэж, шалгалтаа өгч тэнцсэн шүү. Сүүлд нь тооцож үзэхэд сургуульдаа
орохоос өмнө нийтдээ 12 ажил хийсэн байдаг юм. 1. Sticker наадаг ажил 2.Гутал тослогч 3.Ресторанд аяга таваг угаагч, хоол зөөгч, тогооч, цэвэрлэгч 4.Телемаркетинг 5.Сонин зөөгч 6.Пиццаны газар пицца бэлтгэгч 7.Шүдний техникч 8.Айлын гэр цэвэрлэгч 9. Шүдний оффис цэвэрлэгч 10.Шүдний сувилагч 11. Шүдний бага эмч 12. Оффис цэвэрлэгч. Олон төрлийн ажил хийсэн маань хэлний мэдлэгт их нэмэр болсон шүү.Дургүй ажлаа хийж байх үедээ хүн их юм боддог юм билээ. Тэр үед л хичээлээ сайн уншиж байгаад сургуульд орж, мэргэжлийнхээ ажлыг хийнэ гэж өөртөө “амалсан” даа.

Тав: Гутал тослогчоос шүдний эмч

-Г.Галбадрах: Үнэхээр мундаг байнаа. Нэгэн том зорилгын төлөө зүтгэж байсан болохоор амаргүй бүхнийг давж гарчээ.

-П.Солонго: Тэгэхээс өөр арга байгаагүй. Сургуульд ороод зардал хэрэгтэй болсон. Сургалтын төлбрөө өөрөө шийдэхийн тулд гүрийсэн дээ. Биеэ дааж тусдаа гараад хичээллэсэн. Бас амжиргаагаа залгуулахын тулд шөнийн кассчины ажилд орлоо. Өглөө 5 цагаас хичээлээ уншиж эхлээд шөнийн 11 цаг хүргэдэг. Тэгээд шөнөөр ажилдаа явна. Ингэж зүтгэсний хүчинд шалгалтаа амжилттай өгч, 2000 онд Пенсильваны Их Сургуульд шүдний эмчийн мэргэжлээр сурах боллоо. Тэр жил Пенсильваны Их Сургуульд гадаадын 1500 эмч нараас 21-ийг нь сонгож элсүүлэхэд, энд багтаж орсон анхны монгол эмч гэдгээрээ би одоо ч бахархдаг.Тэр сургуулийн программын дагуу шүдний сургуулийн сүүлийн 3,4-р курст суралцсан юм. Энэ үед охиноо Монголоос авчирсан байсан. Пенсильваны Их сургуульд суралцсан 2 жилд охин минь надтай хамтад “суралцсан” даа. Харах хүнгүй болохоор охиноо сургууль дээрээ аваад очно. Найзууд минь надад туслана. Биднийг сургуулиа төгсөхөд хамт суралцсан нэг залуу минь “Солонгоотой охин нь хамт сургууль төгслөө шүү” гэж хошигнож байсан юм даг.

-Г.Галбадрах: Энэ мэргэжлийг эзэмшихийн тулд хичнээн жил “гүрийв” дээ?

-П.Солонго:Би сургуульд орохын тулд 1.National Dental Board, Part1 2.Tofel exam  гэсэн 2 шалгалт өгчихөөд нийтдээ АНУ-ын 20 дээд сургуульд өргөдөл өгсөн юм.Үндсэндээ 2 жил шахам нийт 14-15 хичээлийн материалыг орос хэлнээс англи руу орчуулж, өдөрт 10-14 цаг сууж уншин шалгалтандаа бэлтгэсэн. Мэргэжлийнхээ шалгалтад анхныхаа оролдлогоор тэнцэж,Tofel-д өндөр оноо авахын тулд 12 удаа өгч байж билээ.Шалгалтад бэлтгэж байх үедээ “шалгалтаа давах болов уу?” гэж бэрхшээх үе байсан.Тэр үед охин минь 5 настай байсан.”Би өөрөө л эрдэм мэдлэгтэй болчихвол, охиндоо үлгэр жишээ болно” гэж бодоод л хичээдэг байв. Би Монголд АУДС төгссөн болохоор энэ мэргэжлийг эзэмшихийн тулд 2 жил нь онлайн сургалтаар, 2 жил нь сургуульдаа орж суралцсанаар нийтдээ 4 жил зарцуулсан юм байна.


-Г.Галбадрах:Америкийн шүдний сургууль, монголын шүдний сургуулиуд юугаараа ялгаатай, мөн Америкт оюутан байх Монголд оюутан байх ямар ялгаатай байна, таны бодлоор?

-П.Солонго: Монголын АУДС-д онолын мэдлэгийг их сайн өгдөг.Монголд оюутан байхад хөгжилтэй, сангийн аж ахуй, зуны дадлага, өвөл зуны амралт гээд сайхан мөчүүд их байсан шүү.Одоо бодоход хичээл тийм ч хүнд биш байж дээ.Би л өөрөө залхуу байж. АНУ-ын шүдний сургуульд онол дадлага аль алинд нь сайн сургадаг. Сургуулиа төгсөхдөө бүх төрлийн эмчилгээг хийж чаддаг болно. Мөн өвчтөнтэй харилцах харилцааг их заадаг.Сургалтын тоног төхөөрөмж нь үнэхээр мундаг. Сургалтын төлбөр нь өндөр болохоор сургалтын материалаар их сайн хангадаг юм билээ. Манай сургуулийн нэг багш орой хичээл дууссаны дараа оюутнуудын үлдээсэн хэрэглээгүй материалуудыг цуглуулдаг байж билээ. Америкийн оюутнуудын амьдрал нь хэцүү, бие дааж унших, судалгаа хийх мэтийн гэрийн даалгавар их өгдөг. Хажуугаар нь ажил хийж байр хоолныхоо мөнгийг олно. Тэгэхээр маш завгүй. Гэхдээ маш сайн бие дааж сурдаг юм даа.

-Г.Галбадрах: Сургуулиа төгсөөд хаана ажиллав?

-П.Солонго: Сургуулиа төгсөөд дэлхийн олон орны Ерөнхийлэгчид болон Хаан хатангууд хүртэл эмчилгээ хийлгэдэг “Mayo Clinic” гэдэг нилээд нэрд гарсан эмнэлгийн дэргэдэх шүдний эмнэлэгт шүдний эмчээр орж ажилласан.Тэнд ажилласан жил гаруй хугацаанд “нүд нээгдэж”, сургуульд сураагүй олон ч зүйлийг сурч мэдэж авсан. Хамтран ажилладаг хүмүүсийн харилцааны байдал надад таалагдаагүй. Тэгээд ажлаасаа гараад өөр ажил хайж байх үед минь миний нэг танил залуу хувийн шүдний эмнэлэг байгуулан ажиллах боломжийн тухай ярьж санал болгосон. Энэ үед ээж минь хавдар тусч, Монголд ходоодоо авахуулаад над дээр ирсэн байсан үе. Би ч ээжийнхээ хүслийг биелүүлж “эмч” болсоны хувьд, ээжийгээ эмчлүүлэхээр дэргэдээ авчирсан байлаа. Хувийн эмнэлэг байгуулах эсэх дээр тулсан амаргүй сонголтын үед ээж минь миний саналыг сонсоод “Ер нь боломж олдвол өөрийнхөө сурч мэдсэний сайн үр шимийг өөрөө л хүртэж байвал зүгээр дээ” гэж зөвлөсөн. Эх хүний зөн совин гэж аугаа юм билээ. Намайг зориг шулуудан энэ эмнэлгээ байгуулах гэж хөөцөлдөн, бүх зүйлийнхээ ард нь гарч
эмнэлгээ нээхэд бэлэн болсон тэр үед ээж минь нас барсан. Одоо хэр нь үүнийг л хүлээгээд байсан юм шиг надад санагддаг юм. Эх хүн ямагт зөн совинтой байж, эцсийн мөч хүртлээ бидний төлөө чилсэн сэтгэлээ орхидоггүй юм байна гэж би бодож
явдаг.

-Г.Галбадрах: Гайхалтай түүх байна. Эх хүн хүүхдийнхээ хувь заяаны төлөө чин сэтгэлээсээ зовинодог. Магадгүй одоо хэр нь таны хичээл зүтгэлд , бас амжилтад нөлөөлж яваа байх. Эмнэлэг байгуулахад амаргүй байсан байх
.
-П.Солонго: Нэг орос залуу надад хувийн эмнэлэг байгуулах бүх арга замыг зааж, зөвлөж тусалсан. Би тэр үед нэг ч үйлчлүүлэгчгүй хэрнээ эмнэлгээ байгуулсан юм даа. Эмнэлгээ байгуулахын тулд бизнес төлөвлөгөө хийж банкнаас зээл хөөцөлдсөн. Тэд ямар ч “арын хаалга” болон танил талгүйгээр бизнес төлөвлөгөөг л судалж үнэлдэг юм билээ. Энэ төлөвлөгөө хэр бодитой, итгэл төрүүлэхүйц, ирээдүйтэй юм бэ? гэдэг дээр анхаарлаа хандуулна. Тэд миний бизнес төлөвлөгөөг судалж үзээд санал болгосон 90 000 доллараас 30 000 долларыг л надад өгсөн.
Тэд “ойрын зорилт тань болж байнаа, ирээдүй тань бидэнд тийм ч тодорхой харагдахгүй байна” надад тайлбарласан.

-Г.Галбадрах: Тэгээд л ажиллаж эхэлсэн үү? Амаргүй хүнд үеүд тохиолдож байв уу?

solongo2

-П.Солонго:Шүдний эмч болчихоор л бизнес хийж чадна гэж боддог байлаа. Шүдний сургуульд хүний амны хөндийд яаж ажилладгийг заахаас бус бизнес яаж эрхлэх талаар заадаггүй шүү дээ. Бизнес хийхэд эхлээд онолын мэдлэгтэй байсан бол аливаа тохиолдсон бэрхшээлийг арай хялбар, дөт замаар туулж болох байсан байх. Бизнес эрхлэгч маань өөрөөсөө гадна санхүүч, менежер, бага эмч, сувилагч, ресэпшнист гэсэн бүрэлдэхүүнтэй ажилладаг. Энэ бүх хүнийг ажиллуулахын тулд эхлээд ажлын байраа гаргаж, хүнээ зөв сонгох,сонгож авсан хүнээ өөрийн зарчимдаа тохируулан ажиллах чадварт сургах, цалин тавих урамшуулал олгох, үйлчлүүлэгчээ олох, олон төрлийн даатгалын асуудлыг шийдэх, орлого зарлагын данс хөтлөх,татвараа хугацаанд нь төлөх гэхчилэн мэдэхгүй, чадахгүй зүйлтэй зөндөө л тулгарч байв. “Энэ удирдах ажлыг би хийж чадахгүй юм байна, больё” гэж бодох үе бас байсан шүү. Энэ үед ээжийн минь хэлдэг “ямар ч бэршээлийн өмнө битгий бууж өгч бай” гэсэн үг л чихэнд сонсогддог байлаа. Шүдний тоног төхөөрөмжөө банкны зээлээр авсан болохоор уг зээлээ төлж дуусахаас нааш “яг л уяатай нохой мэт” банкнаас салахгүй шүү дээ. Эхний 2 жилд банкны төлөө л ажиллаж байгаа мэт санагддаг байлаа. Миннесота муж татвар өндөртэй тул, татвараа хугацаандаа төлөөгүй гэдэг шалтгаанаар 2 ч удаа их хэмжээний мөнгө торгуульд төлөхдөө уйлж байж билээ.
Бизнесийн туршлагатай хүмүүс “Эхний 2 жил их хэцүү шүү, чи өөрөө цалингаа гэртээ авчирч чадахгүй шүү” гэж зөвлөж байсан нь “үнэхээр үнэн” гэдгийг би биеэрээ амссан. Эхний 2 жил би өөрөө цалингүй ажилласан. Миний хувийн бизнес болохоор хичнээн их татвар төлсөн ч, хичнээн мөнгөгүй байсан ч маргааш өглөө нь дахиад л ажилдаа явна. Би мэргэжилдээ дуртай байсан болохоор өглөө босоод л ажилдаа дуртай явна. Өнгөрсөн 8 жилийн хугацаанд “за байз, маргааш ажилдаа яаж явна даа” хэмээн халгаж бодсон удаа нэг ч байсангүй. Заримдаа
өдрийн хоолоо идэх завгүй ч ажиллана. Эцэстээ өөрийгөө ч биш хамтран ажилладаг хүмүүсээ бодоод л бизнестээ илүү санаа тавин зүтгэдэг болдог. Тэдний амьдрал орлого надаас хамаарч байгаа болохоор.
Жилийн эцэст такс бодох л надад хамгийн хэцүү байдаг. Одоо ч ялгаагүй. Шүдний багаж тоног төхөөрөмжийн үнэ өндөр байдгаас бага зэрэг засварын үнэ ч өндөр болдог болохоор заримдаа өөрөө ч механик болох тохиолдол бий. Жишээ нь, дээрээс тусдаг нэг гэрэл шатаад механик дуудахад цагийн хөлсний үнэ нь 80 доллар, дээр нь шинэ гэрэлний үнэ гээд 160 доллар нэхэх жишээтэй. Гэтэл гэрлийг солиоход 10 минут л зарцуулна. Миннесота мужид цас их ордог болохоор өвөл бизнес нилээд зогсонги байдалд орно. Манай хаалгаар үйлчлүүлэгч орж ирэхгүй бол би орлогогүй болно гэсэн үг шүү дээ. Би ганцаараа байгаад бизнес минь амжилтад хүрэхгүй учраас нилээд сайн баг бүрдүүлэх хэрэгтэй. Бизнес менежментийн бага зэргийн курст ажлынхаа дараа оройн цагаар суралцаж байж бага зэргийн мэдлэг туршлагатай болж авав.
“Өөдөө хаясан чулуу өөрийн толгой дээр” гэдэгчлэн би өөрөө л бизнес хийе гэж зорьсон болохоор тойроод гарах биш туулаад л жинхэнэ бизнесийн амтыг мэдэрч байна. Хэрэв улсад ажилладаг бол 8 цаг ажиллачихаад л юу ч бодож санахгүй, шаналахгүй амар байж болох. Хувийн бизнес бол 8 цагийн эмчийн ажлын дараа бичиг цаасны ажил, маргаашийн ажлын бэлтгэл гэх мэтээр үргэлжилж заримдаа хоногийн 24 цаг ч хүрэлцэхгүй байх нь элбэг. Гэхдээ хувийн бизнес хүнийг их тэвчээртэй, хариуцлагатай, хүлээцтэй, сахилга баттай, дэвшилт үзэлтэй, сурья мэдье гэсэн зорилго тэмүүлэлтэй, оюун санааг үргэлж сэргэг, их хатуужилтай болгодог юм билээ.

Solongo1


-Г.Галбадрах: Тийм ээ, энэ үнэн.Хувийн бизнес эрхэлж буй хүн бүх зүйлийг өөрийн нуруун дээрээ авч явдгаас хүнийг их хөгжүүлдэг. Бас их тэвчээртэй болдог гэдэгтэй санал нийлж байна.

-П.Солонго: Эмнэлгээ байгуулснаас хойш яг 6 жил энд монголчуудтай уулзаж үзээгүй л ажилласан л даа. Анх 2 монгол залуу орос сонин дээрээс зар уншаад надтай уулзах гэж орж ирж байсан. Түүнээс хойш л монголчуудтайгаа холбогдсон доо. Эмнэлгээ байгуулаад “хөл дээр нь босгох” гэж, өөрөө “хоцрогдож гологдохгүй” гэж, эмнэлгээ өнөөгийн шаардлагад нийцүүлэн “хөгжүүлэх” гэж их ч зүтгэсэн. Ажлын ачааллаасаа болж 2009 онд нуруу өвдөж, буруу эмчилгээ хийлгэсний улмаас хэвтэрт орж, бүх зүйлээ алдах дээр тулж байсан тэр үе надад хэцүү байсан.
Юм харахаа больж, бие минь мэдээгүй болж, амьдрал үхлийн зааг дээр тулж байхдаа л би маш их зүйл ойлгосон доо. “Үртэй хүн үхэж болохгүй” гэдгийг “Амьдрал ямар гайхамшигтай” гэдгийг мэдэрч өөрийн” сэтгэл санаагаа захирах”-ын чухлыг өөрийн бие болон зүрх сэтгэлээрээ мэдэрсэн. Хурааж хуримтлуулсан бүхнээ эмчилгээндээ зарцуулж, төрсөн ганц охин минь ачааны хүндийг үүрч, хатуужин тэвчиж байсны хүчинд бид “боссон”. Дөнгөж өндийх тэнхэлтэй болж байхдаа бизнесээ алдахгүйн тулд өдөрт нэг хүн ч болов эмчлэх гэж хичээж байсан. Гэхдээ бид боссон л доо.
-Г.Галбадрах:”Зовсоны эцэст жаргадаг” гэж хэллэг бий. Одоо бол зорьсондоо хүрч байгаа биз дээ?
-П.Солонго:Хүн ер нь өмнөө зорилго тавиад үйгагүй чармайж, шантралгүйгээр зүтгэвэл, манайхны хэлдгээр “Эзэн хичээвэл заяа хичээдэг” юм билээ. Хамгийн гол нь шантарч л болохгүй.Америк оронд хүн өөрийнхөө хүчийг үнэн чанараар нь мэдэрч болдог. Энэ орон хүн болгонд боломжийг нь мэдрүүлж чаддаг. Гэхдээ Монголд маань ч удахгүй ийм болно гэдэгт итгэдэг шүү.
Би зорьсондоо хүрч байгаа. Хамгийн гол нь надаар үйлчлүүлж байгаа хүмүүс миний мэдлэг чадварт итгээд манай эмнэлгийн үүдээр орж ирэхэд би баяртай байдаг.Энэ өрсөлдөөнтэй ертөнцөд оршин тогтнож, тодорч гарч ирнэ гэдэг амаргүй.Биднээр эмчлүүлэх гэж зорьсон хүмүүсээ маш сайн сонсож,ямар хүсэлтэй байгаа болон яаж өвчнөөс нь салгаж туслахыг ойлголцдог.Эхний зөвлөлгөө маань үнэгүй байдаг. Би хүн болгонтой зав гарган тулж ажиллах дуртай байдаг. Гол нь хүмүүстэй харилцах харилцаа их чухал.Хүмүүс манай эмнэлэгт уйлж орж ирээд инээгээд гарахыг харах ямар сайхан гээч.

Зургаа:
Үйлчлүүлэгч болон “чанар”-ын төлөө

-Г.Галбадрах: Тийм ээ! Хүн хэцүү, амаргүй хүнд үеүдийг даван туулж байхдаа өөртөө итгэж, илүү хүч чадалтай болдог. Үйлчлүүлэгчидээ яаж олдог вэ?

-П.Солонго: Яг одоогоор миний үйлчлүүлэгчдийн 70% нь америкчууд, 30% нь орос болон бусад үндэстнүүд. Тухайн хүнийхээ сэтгэлд нь хүртэл үйлчлэх ёстой. Хэрэв үйлчлүүлэгчдийнхээ сэтгэлд нь хүрч үйлчилж чадвал тэд бие биендээ дамжуулаад мэдээлэл түгээх замаар үйлчлүүлэгчид маань нэмэгдэнэ. Америкчууд нэг итгэсэн хүндээ маш сайнаар ханддаг. Тэд ер нь чанарыг л их үнэлдэг улс шүү дээ. Нөгөө талаар өөрөө бас хоцрогдохгүй өндөр түвшинд байх хэрэгтэй.

-Г.Галбадрах: Энэ их чухал шүү. Энд маш олон сургалтын батламжууд байна л даа. Тэгэхээр энэ бүхэнд маш их цаг болон мөнгө зарцуулах хэрэгтэй байх.

-П.Солонго: Тийм ээ! Энэ их чухал. Энд Их Сургууль төгссөний диплом гэдэг бол тухайн сургуульд суралцахдаа юу судалсныг илэрхийлэх баримт бичиг гэж үздэг. Нэг ёсны суурь мэдлэг юм уу даа. Харин үүний дараа л өөрийгөө хөгжүүлэх болон мэргэжлээ дээшлүүлэх маш олон боломжийг санал болгодог төдийгүй, “шаарддаг”. АНУ-д энэ талаарх шаардлага их өндөр. “Эзэн хичээвэл заяа хичээнэ” гэдэгчлэн өөрөө л хичээвэл энд бүх боломж нь байгаа. Гэхдээ ажлынхаа хажуугаар энэ бүхэнд цаг гаргаж суралцана гэдэг амаргүй. Харин залхуурч шалтаг
тоочоод байвал чи ердийн эмчээрээ байж болно. Хичээж ажиллавал чи илүү өндөр түвшинд хүрч болно. Гэтэл үйлчлүүлэгчид илүү өндөр ур чадвар, чанарыг сонгодог.

-Г.Галбадрах:Жишээлбэл?

-П.Солонго: Эмч болсон хүн мэргэжлээрээ цуглуулах кредит оноо 50-иас эхэлдэг. Би одоогоор 538 кредит оноо цуглуулсан байгаа. Хувийн эмнэлгийн licens 2 жил тутам сунгагдан шинэчлэгдэж байх ёстой. Энэ болгонд тодорхой шалгуур зааж шаардлага тавигдана. Сүүлийн үед дэлгэрч байгаа гоо сайхны \cosmetic dentist\ шүдний нарийн мэргэжил давхар эзэмших хүсэл, зорилготой байгаа. Америкийн косметик шүдний эмчийн холбоогоор батлагдсан албан ёсны эмч болоход 5 level сургалтад хамрагдсан байх ёстой. Би одоогоор 2 level -ийг аваад байгаа. Энэчлэнгээр маш олон сургалт болон мэргэжлээ дээшлүүлэх боломжууд байдаг. Хувийн эмнэлэгтээ бүх зүйлээ өөрөө хийж сурахын тулд
лазерын болон бусад шаардлагатай сургалтуудад сууж licens авах хэрэгтэй болно. Бас АНУ-д болон гадаадын орнуудын өндөр ур чадвартай эмч нарын лекц болон сургалтад хамрагдаж болно. Би 2010 оны 9 сарын 15-аас 20ны өдрүүдэд Бразилийн нэрт эмч Dr. Newton Fahe -гийн сургалтад оролцоод ирсэн. Энэ хүн ломбоны материалаар бүх зүйлээ хийдэг нь мэргэжилтнүүдийн анхаарлыг ихэд татаж байгаа. Ийм төрлийн сургалтууд жилийн өмнөөс төлөвлөгдсөн байдаг болохоор жилийн өмнөөс захиалгаа өгч, төлбрөө төлсөн байх ёстой.

-Г.Галбадрах: Харин эмнэлэг тань их ч тохижиж, сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон байгаа нь мэдрэгдэж байна.

П.Солонго: Сайн багажтай байж л ажил минь сайн явагддаг. Эмнэлгээ орчин үеийн техник, технологоор тоноглож, өөрсдөө ч хоцрогдохгүй байхын төлөө хичээж байнаа. Манайх өвчтөний шүдийг оношлохоос эхлээд эмчлэх, шүд хийх хүртэлх бүх үйлчилгээгээ бүрэн компьютержүүлсэн. Шүдний хэв авахаас хийх хүртэл үйлчилгээ ч бас адил. Эмнэлэгт хамгийн амаргүй нэг зүйл нь бичиг цаасны ажил байдаг. Үүнийгээ хүртэл баталгаажуулж, хамгаалагдсан мэдээллийн сүлжээнд оруулсан. Энэ нь өвчтөний түүх болон мэдээллийг найдвартай хадгалахад хэрэг болно. Нэг ёсондоо электрон архив юм даа. Бас өвчтөнд зөвлөлгөө өгдөг үйлчилгээг бий болгосон. За тэгээд “хорвоо дэлхий уудам, хийх ажил их байна” гэдэгчлэн цаашид ч хийх ажил их байнаа.

-Г.Галбадрах: Монголчууд маань хэр ирж үйлчлүүлж байна даа?

-П.Солонго: Би үйлчилгээний чанарыг ихэд эрхэмлэдэг. Хэрэв миний хийсэн шүд маань миний сэтгэлд хүрэхгүй бол дахиад л хийнэ. Надаар шүдээ хийлгэсэн хүн маань үргэлж толинд харж “Миний шүд их гоё болжээ, намайг их сайхан залуу харагдуулж байна. Миний санаанд нийцэж байна, би одоо үргэлж инээж, баяр баяслаар дүүрэн явах болно” гэж бодож, хэлж чадаж байвал миний шүдний эмч болсоны гавьяа юм даа. Үүнээс илүү урам хаана байх билээ. Монгол хүмүүс минь их шүд муутай улс юм. Монголчууддаа тусалж,”яралзсан сайхан эрүүл шүдтэй болохсон” гэдэг хүслийг нь биелүүлэхсэн гэж хичээж явна.Нэг үеэ бодвол биднийг монголчууд маань мэддэг болж, ирж үйлчлүүлэх нь нэмэгдэж байгаа. Монголчууд минь хүний газар мөнгөний төлөө ажиллахдаа өөрийнхөө бие болон эрүүл мэндэд санаа тавьдаггүй муу талтай. Би өөрөө өвдсөнөөс хойш үүнийг маш сайн ойлгосон болохоор “эрүүл байх нь хамгаас чухал шүү, эрүүл байж л их зүйлийг бүтээж, хүссэн мөнгөө олж чадна” гэж зөвлөдөг юм. Нөгөө талаар монголчууд минь бидэн дээр ирэхдээ “монгол эмч болохоор монголчууддаа хямд үйлчлэх ёстой” гэсэн бодолтой ирдэг нь анзаардагддаг.
“Чанартай юм үнэтэй, чанаргүй юм хямд” байдаг зарчим бий. Мэдээж хэлж зөвлөх юм байлгүй л яахав. Гэхдээ чанартай сайн эмчилгээ хийхийн тулд илүү үнэтэй материал зарцуулдаг гэдгийг мэдэж байх нь хэрэгтэй байх.

-Г.Галбадрах; Эмнэлгийг тань ингээд харж байхад үнэхээр бахархмаар санагдаж байнаа. Бас өөрийн тань зориг тэвчээр, уйгагүй зүтгэл, хөдөлмөр мэдрэгдэж байна.  Ганц бие амьдарч, охиноо ганцаараа өсгөж, энэ бүхний хажуугаар бизнес хийнэ гэдэг амаргүй.

-П.Солонго: Хүн амьдралдаа ямар нэгэн байдлаар шийдвэр гаргах үе ирдэг. Монголчуудын хэлдгээр “гадаа гарч эр, гэрт орж эм” болох үе бишгүй л байлаа.Амаргүй үе олон байсан. Ялангуяа шүдний дээд сургуульд сурч байхад охин минь дөнгөж 10 настай, хоол ундны мөнгө хүрэлцэхгүй,хоолгүй хонох үе цөөнгүй л тохиолдож байсан. Хүүхэд харж туслах хүнгүй үед хичээлдээ очиж чадахгүй өдөр ч байлаа.Охиноосоо далд уйлах ч үе байсан. Гэхдээ бүхнийг давж гарсан.Хичнээн завгүй байсан ч охинтойгоо үргэлж хамт байж, багаас нь биеийг нь даалгаж,монгол хэлийг нь мартуулаагүй юм шүү. Охин минь 4 жилийн өмнө амралтаараа Монголд очиж найз нөхөд ах дүүстэйгээ уулзаж ярилцан, театрт үзвэр үзэн бүгдийг нь монголоор сайн ойлгож байгаадаа баярлаад “та намайг заавал монголоор ярь” гэж шаардаж үглэдэг байсан үчрыг маш сайн ойлголоо гэж хэлж байсан. Охин минь сонсгол сайтай. 6 настайгаас нь хийлийн хичээлд нь хамт явж, хичээл болгоныг нь видеогоор авч өдөр болгон давтуулна.Би өөрөө хөгжмийн ямар ч эв дүйгүй болохоор хэцүү байсан. Нас нь өсөөд ирэхээр монгол дуу сонсгож, өөрөө сонсголоороо зарим монгол дууны нотыг бичиж, тоглож сурсан. Нэгэнт би өөрөө л охиноо өсгөнө гэж шийдсэн болохоор бүх л зүйлээ охиндоо зориулж, охин минь миний хамгийн дотно найз болж чадсан юм даа. Би охиноороо маш их бахархдаг.
-Г.Галбадрах: Таны охиноо үнэхээр сайн өсгөж, хөгжүүлж чадсан тань мэдрэгддэг юм. Энэ бол бусдад үлгэр болохуйц гайхалтай чанар шүү.Харин аав ээжийнхээ тухай товч танилцуулж болох уу?

-П.Солонго:  Миний аав ээж 2 минь хоёулаа Увс аймгийн Малчин сумд төрж өссөн. Залуугаараа эрдмийн мөрийг хөөж, тус тусдаа дээд боловсрол эзэмшсэн өндөр сэтгэхүйтэй хүмүүс байгаа. Ээж минь намайг их хөдөлмөрч, зорьсон зүйлдээ сэтгэлийн болоод биеийн хүчээ хайрлахгүй зүтгэж байх хүмүүжлийг олгож өгсөн. Түүнээс гадна өөртөө өндөр зорилго тавьж, цаг хугацааг идэвхтэй ашиглаж амьдрах хэрэгтэй гэж сургадаг байсан. Маш их ухаантай,үргэлж урмын үг хайрлаж, сэтгэлийн их дэм болдог байв. Ээжийгээ амьд дээр нь Америкт шинэ амьдрал эхэлж, хүсч мөрөөдсөн мэргэжлээрээ хувийн шүдний эмнэлэг нээн ажиллуулж байсандаа би охиных нь хувьд сэтгэл бахдалтай явдаг.Харин аавыг минь Сан.Пурэв гэдэг. “Соёлын гавьяат зүтгэлтэн” цолтой зохиолч гэдгээр нь хүмүүс сайн мэднэ. Насаараа малын их эмчийн мэргэжлээр ШУ-ны судалгааны ажил хийж ХААДС-д тэнхимийн эрхлэгч, багш мэтээр олон жил ажилласан. Тэтгэвэрт гарснаасаа хойш хол ойрын аялалын тухай тэмдэглэлүүдийн цувралыг Монголын сонин сэтгүүлд тогтмол хэвлүүлж байгаа. Аав минь хөдөлмөрийн соёлтой, хүнд хэцүү ажлаас огт төвөгшөөж халшралгүй чин сэтгэлээсээ зүтгэдэг их сайхан чанартай. Намайг өдий түвшинд явах амьдралын эх суурийг ээж аав 2 минь ухаалгаар тавьж өгсөн азтай хувь заяандаа би баярлаж явдаг юм.


-Г.Галбадрах:Та ажил ихтэй байдаг юм байна. Чөлөөт цагаараа юу хийдэг вэ?

-П.Солонго:Ажлын ачаалал их байдаг.Гэхдээ ажиллаад сурчихсан болохоор ачааллаас халширдаггүй. Харин унтах дуртай. Бүтэн сайн өдөр бүх л холбоогоо таслаад өдөржин унтаж дараа 7 хоногийн цэнэгээ авна. Бас янз бүрийн хоол хийх дуртай. Ажил маань биеийн хүчний ажилтай төстэй болохоор биеийн чилээгээ гаргахын тулд 7 хоногт 2-3 удаа бүжгэнд явна. 4 цаг зогсолтгүй бүжиглэхэд биеийн чилээ гардаг юм шүү. Бас аялах их дуртай. Би бага байхдаа ээж ааваараа гуйлгуулж байж ном уншдаг байлаа. Ном уншихын оронд ээжтэйгээ хамт гал тогоондоо хоол хийхийг илүүд үзнэ. Гэтэл одоо бол ном унших их дуртай болсон. Мэргэжлээрээ цаашид суралцах сонирхолтой байгаа.
-Г.Галбадрах: Монголдоо очиж мэргэжлээрээ ажиллах бодол бий юу? Бас монгол залуустаа хандаж хэлэх сургаалийг тань сонсвол.
-П.Солонго: Эхний жилүүдэд зав муутай байсан болохоор энэ талаар нэг их боддогүй байлаа. 2008 оны зун Монголдоо очих амрахад ямар сайхан байсан гээч.Охиноо сургуулиа төгссөний дараа Монголдоо очиж ажиллаж амьдарна гэж бодож байгаа.
Хүн үргэлж залуугаараа байж чаддаг бол их сайхан. Гол нь яамгт залуу сэтгэлгээтэй байх юм бол чи хэзээ хөгшрөхгүй. Хүн ямагт эрүүл мэндээ эрхэмлэж, эрүүл байж чадвал бүх зүйл сайхан болно. Эрүүл байхын тулд зөв хооллож, ажил амралтаа зөв зохицуулж байх нь их чухал. Хамгийн гол нь энэ залуу насандаа өмнөө зорилго тавин шантралгүйгээр зүтгэн түүндээ хүрэхийг хичээх хэрэгтэй. Тэгвэл чиний өмнө бүх л сайн боломжууд нээгдэх болно.
-Г.Галбадрах: Танд их баярлалаа. Алив зүйлийг ярих амархан ч хийж бүтээх бүр ч амаргүй. АНУ-д өөрийн мэргэжлээрээ хувийн шүдний эмнэлэг байгуулан амжилттай ажиллаж байгаад тань бахархан талархаж байна. Мөн өөрийгөө байнга хөгжүүлэн илүү өндөрлөг рүү тэмүүлж байгаа тань сайхан санагдаж байна. Танд илүү их амжилтыг ерөөе.

-П.Солонго: Танд ч бас их баярлалаа. Биднийг зорин ирж бидэнтэй уулзан сайхан яриа өрнүүлсэнд их баярлалаа., Зөвхөн би ч биш маш олон монголчууд амжилттай ажиллаж амьдарч яваа. Энэ бол их зүтгэл тэвчээрийн ач юм. Та нартаа амжилт хүсье.

ХҮНИЙ СЭТГЭЛД ГОО САЙХАН ОРШДОГ

Пүрэвийн Дэлгэржаргал

solongo3

-Г.Галбадрах: Би ээжтэй тань нилээд ярилцлаа. Ээжийнхээ тухай бодлоо хуваалцвал?

-П.Дэлгэржаргал: Би ээжээрээ маш их бахархдаг. Маш их хөдөлмөрч, бас их тэвчээр зоригтой, өөрийн зорьсон зорилгодоо заавал хүрдэг, их ч дайчин. Бас миний төлөө маш их санаа тавьж надтай яг л дотно найз шиг харьцдаг болохоор бид бие биедээ илүү ойр дотно байдаг.

-Г.Галбадрах: Чи сурахын хажуугаар энэ эмнэлэгт ээжтэйгээ хамтад ажилладаг юм байна. Тэгэхээр чиний хувьд ирээдүй тань тодорхой байгаа юм аа даа?

-П.Дэлгэржаргал: Их багаасаа л ээжтэйгээ хамтад байсан болохоор ээжийгээ маш сайн ойлгодог төдийгүй шүдний эмчийн мэргэжлийг ч маш сайн ойлгож мэдэрдэг. Сурахын хажуугаар зав чөлөөтэй бүх л цагтаа ээжтэйгээ хамтад шүдний эмчийн туслахаар ажиллана. Багаасаа мэддэг байсан болоод тэр үү? би энэ мэргэжилд дуртай. Ээжтэйгээ хамтад ажиллаж байхдаа би их зүйл сурдаг. Зөвхөн хүний шүдийг эмчлэх бус, хүнийг ойлгож хүнтэй зөв сайн харилцаж сурч байгаа. Би одоо Висконсинд энэ мэргэжлээрээ суралцаж байна. Тэгэхээр миний ирээдүй энэ
мэргэжилд шууд хамаатай. Тэгээд ч ээж минь энэ эмнэлгийг босгож, орчин үеийн шаардлагад нийцүүлэн авч явах гэж яаж зүтгэж, хөдөлмөрлөж байгааг би маш сайн мэдэрдэг.

Miss_Mongolia_127-Г.Галбадрах: Чамайг бас өнгөрсөн жил Чикагод болсон монголын миссийн тэмцээнд 2-р байр эзэлж,түүний дараа болсон АНУ дахь Ази гаралтай миссүүдийн тэмцээнд дэд мисс болон шалгарсныг мэдэж байгаа. Тэгээд энэ талаар түлхүү ярилцахыг хүсч байна л даа.

-П.Дэлгэржаргал: Мэдээж би залуу хүн болохоор гоо-сайхан байхыг бодолгүй яахав. Би өөртөө итгэлтэй, бас манлайлагч байхыг хүсдэг. Тийм болоод ээжтэйгээ зөвлөлдөөд Чикагод болсон миссийн тэмцээнд эхэлж оролцсон. Тэнд анх тайзан дээр гарч өөрийгөө илэрхийлэхэд суралцаж, бас олон найз, дэмжигчидтэй болсон доо. Анхны юм бүхэн амаргүй байдаг болохоор би тэр тэмцээнд 2-р байр эзэлсэндээ баяртай байлаа.

-Г.Галбадрах: Харин дараагийн буюу АНУ-ын Ази гаралтай миссийн тэмцээнд нилээд бэлтгэсэн үү?

-П.Дэлгэржаргал: Өө, тэр тэмцээнд их ч бэлтгэсэн. Гол бэлтгэл нь хувцас байлаа. Энд монголын үндсэний хувцастай үзүүлбэр байж, энэ хувцсаа тайлбарлах ёстой байв. Энэ үзүүлбэрт бэлтгэхийн тулд маш их юм уншсан. Ялангуяа монгол үндэсний хувцасны түүх болон загварын талаар уншиж судалж байхдаа өөртөө их мэдлэг олж авснаас гадна монголоороо маш их бахархах сэтгэл төрсөн шүү. Бас монголын түүхийн холбогдолтой маш олон зүйлүүд уншсан. Яг үнэндээ миний монгол хэл тийм ч сайн биш байсан хэдий ч энэ их олон зүйлийг уншиж судалж байхдаа монгол хэлний мэдлэгээ ч их сайжруулсан даа. Бас сонирхуулахад миний энэ тэмцээнд өмссөн гоёлын даашинзыг ээж минь өөрөө зохиож, өөрөө оёж өгсөн юм шүү дээ
.
-Г.Галбадрах: Тийм үү! Зураг дээр чинь нэг их гоё улаан даашинз байсан санагдаж байна.

-П.Дэлгэржаргал: Ээж минь их ч уран, ямар гоё хувцас оёдог гээч. Хэр баргийн зүйлээ худалдаж авахгүй өөрөө оёно шүү дээ. Бас хоолыг ямар сайхан хийнэ гээч. Ээж минь энэ тэмцээнд миний бүх л зүйлийг бэлтгэж, бид 2 машинаараа 2000 шахуу мил явж байж Лос-Анжелост очиж тэмцээнд оролцсон юм.

-Г.Галбадрах: Тэр тэмцээнийхээ тухай товч сонирхуулаач?

-П.Дэлгэржаргал: Энэ тэмцээнд АНУ-д байгаа Ази гаралтай 24 орны охид оролцсон. Зохион байгуулагчид нь их ч туршлагатай. Бид өөрсдийн тухай танилцуулгаа өмнө нь явуулсан байсан л даа. 2 өдөр үргэлжилж, 1.Үндэсний хувцас
2. Усны хувцас
3. Гоёлын даашинз
4. Ярилцлага гэсэн 4 төрлөөр 10 шүүгч үнэлж шалгаруулсан.

-Г.Галбадрах: Тэмцээнд оролцохоос өмнө ямар нэгэн зорилго тавьж байв уу?

-П.Дэлгэржаргал: Би усны хувцасны төрөлд амжилт үзүүлнэ гэж бодож их ч бэлтгэсэн. 7 хоногт 5-6 удаа дасгалд явж биеийнхээ ямар нэгэн илүүдэл хэсгийг хассан. Энд их ч хөдөлмөрлөсөн. Харин үүнийхээ ачаар энэ тэмцээнд усны хувцасны төрөлд цом авсан л даа.

-Г.Галбадрах: Би бас монголын миссийн тэмцээний асуулт хариултыг нэг удаа хэрэг болгож үзэж байсан л даа. Тийм болохоор энэ тэмцээнд чамд ямар асуулт ирж чамайг хэрхэн хариулсныг илүү сонирхож байна?

П.Дэлгэржаргал: Асуултууд нь бол өмнө явуулсан өөрийнх нь танилцуулгыг тойрсон асуулт байсан. Харин сүүлийн 10-т үлдэхэд: -Мисс хүн үлгэр жишээч байх ёстой юу? гэж асуусан. Харин би тэр асуултад нь: -Мисс хүн гоо сайхан байхаас гадна биеэ авч явах соёл, мэдлэгээрээ бусдад үлгэр жишээ байх ёстой гэж хариулсан. Харин сүүлийн 5-д үлдэхэд: -Хэрвээ чи Азийн мисс болбол яаж тэмдэглэх вэ? гэж асуусан. Би тэр асуултад нь: -Миний өвөө намайг дэмжиж Монголоос ирсэн байгаа. Бид ээжтэйгээ хамтад машинаар 2000 мил газрыг туулж, энэ тэмцээнд оролцохоор ирсэн. Энэ амжилтад миний гэр бүл хамгийн их тус дэмжлэг болсон. Тэгэхээр эхлээд би гэр бүлтэйгээ тэмдэглэнэ. Би монгол хүн учраас дараа нь энэ баяраа Монголдоо очиж монголчуудтайгаа тэмдэглэнэ гэж л хариулсан.

-Г.Галбадрах: Яг сүүлийн мөчид Солонгос бүсгүйтэй 2-уулаа үлдсэн байхдаа түрүүлнэ гэж бодож байв уу? Дэд мисс болохдоо жаахан харамссан уу?

-П.Дэлгэржаргал: Яг сүүлийн мөчид түрүүлэх байх гэж бодож байсан шүү. Харин дэд мисс болохдоо харамсаагүй ээ. Яг үнэндээ энэ тэмцээнд амжилттай оролцож, Монголынхоо нэрийг сайнаар гаргана гэж бодож байснаас бус яг түрүүлнэ гэж бодож байгаагүй болохоор тэгтлээ харамсаагүй. Хамгийн гол нь энэ тэмцээнд Монгол бүсгүй ямар байдгийг харуулж чадсандаа, бас бусад монгол бүсгүйчүүд болон охидууддаа их боломжийг мэдрүүлж чадсандаа баяртай байгаа.

-Г.Галбадрах: Дэд мисс гэдэг бага ч амжилт бус. Бид л алив зүйлд тэргүүн байрыг ихэд чухалчлан үзсээр байгаад жаахан буруу хандлагатай болсон байж магадгүй. Үүний дараа чамд бусад хүмүүсийн хандах хандлага өөрчлөгдсөн үү?

-П.Дэлгэржаргал: Миний найз нарын хувьд огт өөрчлөгдөөгүй. Зарим хүмүүс сонирхох хандлагатай, бас “чи намайг тоож харилцсанд баярлалаа гэх мэт”ээр бичдэг юм. Миний хувьд юу ч өөрчлөгдөөгүй. Би ажлаа хийгээд, сургуульдаа явж л байгаа. Харин энэ амжилт хүмүүсийн өмнө өөрийгөө үлгэр хишээ авч явах талаар өмнөхөөс илүү хариуцлага үүрүүлж байгаа гэдгийг мэдэрч байна. Тийм болохоор бүх талаар сайн байхыг хичээж байгаа. Хэрэв би алдаа гаргавал миний нэр бус Монголын минь нэр л гарна. Гэхдээ би байгаагаараа л байх дуртай.

-Г.Галбадрах: Чикагод болсон миссийн тэмцээн дээр чамайг хийл хөгжмөөр чадварлаг тоглож байхыг бичлэгээс үзсэн. Чи хөгжмийн энэ сайн боловсролыг хаана олж авсан бэ?

-П.Дэлгэржаргал: 5-6 настай байхдаа Монголдоо төгөлдөр хуураар хичээллэж эхэлсэн. Багш нар минь намайг сонсгол сайтай юм гэж үнэлдэг байсан. АНУ-д ирээд ээж минь надад төгөлдөр хуур авч өгсөн л дөө. Гэхдээ бид 2 зөндөө нүүсэн болохоор тэр төгөлдөр хуурыг авч явах амаргүй байлаа. Тэгээд авч явахад амар болохоор нь энд хийл хөгжмөөр хичээллэсэн л дээ. Мэдээж хичээж сайн сурч байгаа.

MongolKhuvtsas

-Г.Галбадрах: Мисс бүсгүйчүүдийн талаар хүмүүс янз бүрийн ойлголттой байдаг. Миний бодлоор мисс бүсгүйчүүд зөвхөн гоо-сайхан байхаас гадна соёлтой, өндөр мэдлэг, чадвартай байх ёстой гэж чиний хэлсэнтэй санаа нийлж байна. Чамайг ч бас ийм байж чадна гэдэгт итгэж байна. Чиний өмнө маш их ирээдүй байгаа. Чи ирээдүйгээ хэрхэн төсөөлж байна вэ?

-П.Дэлгэржаргал: Залуу хүн болгон мөрөөдөлтэй байх хэрэгтэй. Гэхдээ мөрөөдөл нь их л том байх тусмаа сайн. Хэрэв мөрөөдөл болон зорилго нь бага байвал хүн зорьсондоо хүрээд л сэтгэл нь ханаж орхино. Хэрэв их томоор мөрөөдөж байвал илүү их тэмүүлэх болно. Би бас бусдад туслахын хажуугаар үлгэр жишээч, манлайлагч байхыг хүсдэг. Миний бүх зүйл урд минь байгаа болохоор би улам л өндөр рүү тэмүүлэхийг хүсч байна.

-Г.Галбадрах: Маш сайхан санаа байна. Мэдээж чамайг өнөөгийнхөөс илүү өндөрт хүрч, бусдыг үлгэрлэн дагуулна гэдэгт итгэж байна. Чамд их баярлалаа. Хамгийн сайн сайхан бүхнийг хүсье.

-П.Дэлгэржаргал: Танд ч бас их баярлалаа. Өнөөгийн монгол залуус минь илүү мундаг байна гэдэгт би ч бас итгэдэг. Та нарт ч бас амжилт хүсье.

 

Share Your Thoughts