Эмнэлэг ба бохирын хоолой

…Сарын өмнө хагалгаа хийлгэх хуваарьт багтсан миний бие, яг тэр өдрөө заасан 11.10 цагаас 2 цагийн өмнө Вашингтон ДС-ийн ” Georgetoun University Hospital ” эмнэлэгт дүүгээрээ хүргүүллээ. Бас ч хөнгөн бус хагалгаа байсан болохоор эмнэлгийн бүртгэлийн өрөө рүү ганцаараа чиглэхдээ “монголдоо байсан бол өдийд хамаг л ах дүүсээ дагуулаад ирэх байсан байх даа ”  гэсэн бодол зурсxийгээд өнгөрөв.

Бүртгэлийн хэсэгт намайг монгол орчуулагч хүлээж байв. Тэнд урьдчилан өгсөн нэрийн дагуу намайг бүртгэж дуусаад, хагалгааны хэсэгт хүргэж өглөө. Хагалгааны хэсэгт намайг тосч авсан америк бүсгүй , нэгэн кабинд оруулж, зориулалтын сандал дээр суулгаад, эмнэлгийн халат бас оймсын хамт авчирч өгөв.
Намайг хувцсаа солисоны дараа тэр бүсгүй, зааврын дагуу олон асуултад хариулт авч бөглөх аж. 7 хоногийн өмнө эмнэлгээс над руу утасдаж, хагалагаанд биеэ хэрхэн бэлтгэх талаар тодорхой заавар, сануулга өгсөн болохоор би хэрдээ л бэлтгэсэн.
-Танд ямар нэгэн харшил бий юу?
-Ойрын үед ямар нэгэн эм уусан эсэх ?
-Архи, тамхи хэрэглэдэг эсэх ?
-Биед яг одоо ямар нэгэн зовиур шаналал байгаа эсэх ?
-Өчигдөр орой хамгийн сүүлд хэдэн цагт юм идсэн бэ?
-Ямар хагалгаа хийлгэхээ мэдэж байгаа эсэх ?
гэхчилэн олон асуултууд нь хагалгааны явцад гарч болзошгүй, ямар нэгэн  хүндрэлийн тухай урьдчилсан таамаглал бүрдүүлж буй бололтой.

Тун ч удалгүй пакистан бололтой нэгэн сахалтай нөхөр ирж, надад өөрийгөө нойрсуулагч эмч гэж танилцууллаа. Тэрээр миний даралтыг үзэж, дусал залгах явцдаа ” энэ хагалгаанд би таны нойрсуулагч эмчээр оролцох юм”  гэж надад тайлбарлалаа. Тэр эмч миний хажууд суугаад байн байна инээмсэглэж, бас ч янз бүрийн зүйл надаас асууж шалгаах.
Нилээд хугацааны дараа, миний ‘танил’ хагалгаа хийх эмч маань ирж, хагалгааны тухай тайлбарлан ярьж өгөв. Хагалгааны явцад гарч болох ямар нэгэн нэмэлтийн талаар надад сануулаад, нэгэн будгийн харандаа гаргаж ирэн , хагалгаа хийх газраа зурж тэмдэглээд явлаа. Энэ үед, Монголын гэмтлийн эмнэлгийн мундаг мэргэжилтэн, “гавъяат эмч” Даш гэдэг эмч,  нэгэн хагалгааны өмнө нилээд халамцсан байснаас өвчтөнийхөө эрүүл хөлийг тайрсан тухай санаанд орж, ” эд лав л андуурахгүй юм байна ” хэмээн санаа амарч суух.
Тун ч удалгүй нэг филиппин бүсгүй ирж, надад өөрийгөө, хагалгааны сувилагч гэж танилцуулаад, хагалгаанд ороход ямар нэгэн “aсуудал ” бий эсэхийг лавлав. Мэдээж “зориг шулуудсан”  намайг нэг талаас нойрсуулагч эмч, нөгөө талаас хагалгааны сувилагч бүсгүй  сугадсаар, энэ ертөнц болон нөгөө ертөнц 2 ын уулзварын байж магадгүй / мөхөс миний мунхаг төсөөллөөр/, хагалгааны өрөө рүү авч орлоо. Тэнд чив чимээгүй хэрнээ, бүх зүйл нь яв цав байх аж. Хагалгааны орон дээр хэвтэж, өөрийгөө “хүлүүлж” , бас нойрсуулагч эмч маань над руу нүд ирмэж, нойрсуулагч тариагаа надад харуулан, залгаж ахуй цаг дор цагийн зүү яг л 11.10 -ыг зааж байваа.

…Сэрэх ахул, миний бие энэ ертөнцөд, мөнөөх орон дээрээ, анхлан орж ирсэн нөгөө өрөөн дотроо байж байв. Хажууд байсан сувилагч бүсгүй надад инээмсэглэн, ‘та орноосоо бууж энэ сандал дээр сууж чадах уу ? ” гэж эелдгээр асуулаа. Монгол эрийн шийр зааж, америк бүсгүйн тусламжтайгаар мөнөөх сандал дээр суусан хойноо л хагалгаа амжилттай болсныг мэдрэх. Мөнөөх сувилагч бүсгүй маань надад хагалгаа хэрхэн хийгдсэнийг тайлбарлаж, анхаарах зүйлийг минь зөвлөн хэлж өгч, бас  хурдан эдгэх ерөөлийг, сайхан инээмсэглэлээр даруулан ерөөж, намайг анх хүлээж авсан сувилагчид хүлээлгэн өгөөд одов.
Сувилагч бүсгүй намайг хувцаслахад туслаад, даралтыг минь хэмжиж, бас ус авчирч өгөөд ” та энэ өрөөнд хоноод маргааш гарч болно, эсвэл гэртээ харьж болно ” хэмээн чөлөөт сонголтыг ” санал болгов”. Гэртээ харих тухай миний саналыг сонссон тэрээр, миний дүү рүү утасдаж, намайг гаргахад бэлтгэнэ. Энэ хооронд хагалгаа хийсэн эмч маань ирж, хагалгааны тухай нарийн зүйлсийг хэлж, 7 хоногийн дараа үзүүлэх талаар зөвлөөд, бас анхаарах зүйлийг минь хэлж сануулаад бас амжилт хүсээд явж одов. Хагалгаа хийсэн ” ачит эмч” -ийн араас талархал шингэсэн нүдээр харж байхдаа, монголд болдог, хагалгааны дараах талархал дүүрэн ” найрын тухай ” дурсаж амжив.

Удалгүй дүү минь ирж, цаашид намайг бүрэн хариуцах тухай, бас хэрхэн асран халамжлах тухай бичигтэй танилцаж, гарын үсэг зурснаар намайг авч явлаа. Тэргэнцэр дээр намайг суулган түрж, үүдэнд ирж зогссон машинд суулгаж өгсөн сувилагчдаа, школадны набор үгүй ч, чин сэтгэлийн талархал хэлж амжсан.
АНУ-д аз тохиож, биеэр үзсэн бэсрэг хагалгааны явцад миний мэдэрсэн, хамгийн гол зүйл нь эмнэлгийн  найрсаг, инээмсэглэл шингэсэн үйлчилгээ, бүх шатандаа мөрдөж байгаа хариуцлага нь байлаа. Энд бүх зүйл нь яг л цагийн механизм шиг яв цав байх аж. Урьдчилж хийсэн олон үзлэг, шинжилгээ, оношлогоо, хагалгааны явц болон түүний дараах үр дүн бүгдийг урьдчилан харж, яв цав тооцож, мөрдөж байх нь ” мундаг” гэж хэлүүлэх үндэс нь юм. Хамгийн гол нь аль шатанд хэн ямар зүйл хариуцаж, ямар хариуцлага хүлээх нь эмчлүүлэгч надад ч тодорхой ойлгогдож байсан.
Эмч, эмнэлгийн ажилтнуудад “гар цайлгаж”, хахууль өгөхгүйгээр ийм үйлчилгээ авах боломж нь “эрүүл мэндийн даатгал’ ын тогтолцоо нь юм. ЭМД -д төлөх төлбөр нь тухайн хүний наснаас нь хамаарч их бага хэмжээтэй байх боловч, “даатгал төлөх нь надад гарцаагүй ашигтай” гэх ойлголт, ам дамжсан яриагаар бус, яг бодит амьдрал дээр нотлогддог нь энэ тогтолцооны бодит үр дүн нь юм даа. Тэгээд ч энд ЭМД яг л зарцуулагдах зүйлдээ л зарцуулагддаг учраас эмч сувилагчдын цалин, ахуй хангамжийн талаар элдэв маргаан гомдол гардаггүй аж.

Монголын эмч нар
…Манай монгол эмч нар мундаг. Олон эмч нарыг мэддэг, тэдний заримтай нь найзалж байсны хувьд, би ам бардам ингэж хэлдэг.
-Монголын хөдөө нутагт ажиллаж буй эмч нар, бүх зүйлийг өөрөө л хийх хэрэгтэй болдог төдийгүй хийж ч чаддаг. Тэд хэцүү нөхцөлд ч эх барьж авч, мухар олгойн хагалгаа хийж, хугарсан ясыг чиг барьж боон эдгэрүүлж, бүх төрлийн эмчилгээг хийдэг. Тэд өвдөж зовсон хэнд ч чин сэтгэл, боломжоороо туслахыг хичээдэг төдийгүй ” би үүнийг хийх боломжгүй ” гэж хэзээ ч хэлдэггүй юм.
-Үндсэн мэргэжлээсээ гадна, монголын уламжлалт эмчилгээнээс ч суралцаж, өвчтөнийхөө төлөө хийж болох, өөрийн чадах бүхнээ хийхийг хичээдэг. Суурьшмал бус тархай байршилтай, бас нүүдэллэж амьдардаг монголын ахуй тэднийг ийнхүү мэргэшихийг  шаарддаг. Шаардлагатай үедээ тэд, сувилагч асрагчийн ажлыг ч цааргалалгүйгээр хийдэг юм.
-Тэдэнд өндөр хөгжилтэй орнуудынх шиг оношлогоо, эмчилгээний мундаг багаж, төхөөрөмж байхгүй хэдий ч, шаардлагатай үе, хэрэгтэй цаг мөчид ч бүх боломжоо ашиглан өвчнийг ялан дийлэхийн төлөө зүтгэдэг. Өвдөж зовсон нэгэнд туслахын тулд, онгоцоор, галт тэргээр, автомашинаар тэр ч бүү хэл мориор ч алжаалыг умартан зорьж очихоос татгалздаггүй.
-Өвчтөндөө аав ээж шиг нь, ах эгч, дүү шиг нь чин сэтгэлээсээ хандаж, өвдөхөд нь хамт өвдөн шаналж, эдгэдэхэд нь хамт  эдгэн баярлаж, хэзээ хойно ч дурсан санаа тавьж, ‘ачтан” гэж хүндлэгдэж явахдаа ч чин сэтгэлээсээ урамшиж байдаг. Тэдэнд хоосон магтаал шагналаас , эмчилж эдгэрүүлсэнийх нь төлөөх чин сэтгэлийн талархал хүндлэл үнэтэй байдаг.
Өдгөө цагт сайн муу олон үзэгдэл байгаа хэдий ч, монголын эмч нар маань өөрчлөгдөн шинэчлэгдэж, дэлхийн жишигт ойртсон хөгжлийн төлөө эрмэлзэж яваа гэдэгт би итгэдэг. Монголын эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэхэд санаа тавих учиртай эрх мэдэлтэн, эрхэм түшээд нь өөрсдөө буруу үлгэр үзүүлэн, өвдөж зовсон үедээ харь олон орныг зорьж, халаасаа гүвж байгаа ч, өндөр хөгжилтэй гадаадын олон оронд монгол залуус мэргэжиж, мэргэжил дээшлүүлэн хөгжиж байгаа.
Хүнд суртал авилгал, хоосон нэр алдар хийрхэл, их мөнгө эрх мэдэл, ашиглан завшихын төлөөх их шуурган дор ч, хүн гэдэг эрхэм сэтгэлийн төлөө, эрүүл бие саруул ухааны төлөө чин сэтгэлээсээ хөдөлмөрлөж, амжилт гаргаж, ард олны талархал хүндлэл хүлээж байгаа олон эмч нар бий.  Эд бүхэн нэгдэн нийлж, монголын эрүүл мэндийн салбар өргөжин хөгжиж, дэлхийн жишигт ойртож, “мундаг” болох цаг айсуй.

Бохирын шугам
Саяхан монголын хэвлэл мэдээллийн хэрэгслэлүүдээр, нялхасын эмнэлэгт халдвар гарч, хэд хэдэн нярай хүүхэд энэ ертөнцөд ирж амжилгүй ‘буцсан’ тухай гунигт мэдээ хөвөрлөө. Халдварт өвчин нь уг эмнэлгийн бохирын шугам задарснаас болсныг ‘таньж мэдсэн’ эрх баригчид, бас түшмэдүүд, их хурлын гишүүд нь ‘та нар минь даанч яав даа. Энэ тухай эртхэн мэдэгдсэн бол их мөнгө хуваарлах байлаа’ хэмээн үсээ зулгаах нь холгүй, шоолоод байгаа ч юм шиг, шогтоод байгаа ч юм шиг мэдэгдэл гаргаж буй бололтой. ”Ниргэсэн хойно нь хашгирав” гэдэгчлэн гэнэт хариуцлага тооцох учиртайгаа санацгааж, Ламбааг ч юм уу Дамбааг ч юм уу хэн нэгнийг ”золигт гаргах”  тухай ярьцгааж байгаа гэнэ.

Хэдэн арван жилийн тэртээд дулаан болон бохир дамжуулахаар тооцож, газар дор булсан хуучны төмөр хоолойнууд үүргээ нэгэнт гүйцэтгэж, элэгдэж нимгэрсээр, хуучирч муудсаар өдий болж, эхнээсээ задарч буй. Цаг цагт нь сольж, сайжруулж шинэчлээгүйн балаг, үүнд зарцуулах учиртай мөнгийг нь хувааж идэж, хулгайлж завшсаны гай өнөөдөр эмнэлгийн шалаар бохир болон урсаж байна. Бас эвгүй муухай үнэр тархааж, халдварт өвчин болон хувилж, нярай хүүхдийн аминд хүрч байна.
Үүн лугаа адил, монголын эрүүл мэндийн салбарт оруулах ёстои хөрөнгө оруулалт, дэмжлэг үгүйгээс, маргааш ч задарч болох олон олон бохирын шугамнууд байсаар байгаа. Авилгал хүнд суртал, хээл хахуулын сүлжээ, өнгө мөнгө шүтсэн мунхаг сэтгэл, шунал, хариуцлага хүлээдэггүй ялзарсан тогтолцоо бохирын ус мэт муухай үнэр ханхлуулан эмч нарыг чин сэтгэл, итгэл найдвар дундуур урсаж байна. Эрүүл мэндийн салбарт гаднаас өгч буй зээл тусламж, дэмжлэгийг “тендер” нэрээр будлиантуулан , ах дүү анд нөхөд, адил сонирхолтой завшигч нартайгаа хуваан завшихын тулд, сайд, дарга болж, эрх мэдэл бүлэглэлүүдийн эрх ашгийн төлөө улайрсан улайрал, энэ олон бохирын шугамыг ”задалж” байна.

Өнөөдөр энэ эмнэлэгт халдвар үүсгэн, олон нярайн амийг авч одсон  бохирын шугам, эрүүл мэндийн салбар дахь тогтолцооны бохирын шугам юм. Бүх эмнэлгийн байгууламжинд буй бүх бохирын шугамаа шинэчлэхгүй аваас, маргааш бүх л ийм хоолой задарч улс орон даяар эвгүй муухай үнэр ханхлуулж, хүн бүрийг бохирдуулж, бухимдуулбал яана.  Бохирыг нь арилгаад задарсан хоолойг гагнан аргацааж болох байх. Гэхдээ дараагийн удаад бүр ихээр задарч үүнээс ч илүү гамшиг тарих болно.
Тэгэхээр бүх бохирын шугамуудаа солих цаг болжээ. Монголчуудаа эрүүл бие, саруул ухаантай байлгахын тулд, эрүүл мэндийн салбараа бүрэн шинэчлэх цаг нь болжээ.
Бохирын шугам нь шинэчлэгдэж, бохир нь урсах газраараа урсаж, сайд дарга, эмч сувилагч, асрагч нар нь хийх ажлаа л хийж, хүлээх учиртай хариуцлагаа хүлээж байг. Харин тэдэнд боломжийг нь олгоод саад болохгүй байцгааг.
Эрдэнэт хүний амь гэдэг хамгаас үнэтэй. монголчууд бид бүгдээрээ амьд байж, бас эрүүл саруул байж хөгжинө.
Эрүүл биед саруул ухаан оршино гэдэг.

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
2010-02-07

Share Your Thoughts