Энгийн хэрнээ аугаа

Хүмүүс бид, энэ орчлон ертөнц дээр амьдрахдаа сайн муу, ердийн бас гайхамшигтай олон хүмүүстэй учирдаг. Энэ ертөнцөд  муу хүнээс сайн нь олон, муу үйлээс сайн үйл нь олон байдаг болохоор, амьдрал гэрэл гэгээтэй, баяр баясгалантай, бас утга учиртай байдаг аж. Яг л алтан нар, дэлхийг элч гэрлээрээ гийгүүлж, дулаацуулж байдагтай адил.
…Харанхуй шөнө, дэрэн дээр нойр хулжин, элдэв зүйлийг бодох ахуйд, тэр л харанхуй орчлон бодлыг минь сүлж, бараан сүүдэр тусгана. Яагаад ч юм бэ? энэ үед хүн, ихэнхдээ гуньж, элдэв зүйлд санаа зовон шаналж, энэ амьдралынхаа мөчлөгийг, хааяадаа үхлийн тухай бодох нь олонтаа. Зарим үед гэгээлэг сайхныг бодох гэж хичээх авч, бодол маань түнэр харанхуйг нэвтэлж ядан, өөрөө ч бодолдоо
алжааж ядрах мэт, гүн нойронд автсан байдаг.

…Гэрэлтэй өдөр, урьд шөнийн хүнд, шаналалт бодол, ор мөргүй арилж, сэтгэл минь сэргэлэн хөгжүүн, бүх л бие болон бодол санаа минь, гэрэл гэгээнд сүлэгдэж, сэтгэл зүрх минь баяр бахадлаар бялхаж орхино.  Өдрийн цагт, бие болоод сэтгэл санаа минь хөнгөн, элдэв дарамт шаналал үгүй. Үргэлж өөдрөг сайхныг бодож, илүү өнгөлөг сайхан руу тэмүүлэх. Хааяа сэтгэлд минь орж ирэх, бараан бодол, гунигийг энэ л илч гэгээ үлдэн хөөж, өдрийн туршид эцэж ядрахаа ч умартан хөдөлмөрлөнө.

  Үүн лугаа адил:

…Бид муу хүмүүсийн уур хилэн, хараал зүхэл, хов жив, элдэв муухай араншинг мэдрэх бүрдээ, сэтгэл хиртэж, яг л харанхуй шөнө шиг сэтгэл жиндэнэ. Бүдүүлэг балмад, түрэмгий үйлдэл, муу араншингийн өмнө, заримдаа учраа олохгүй тэвдэж, тэдний бах тавыг хангах нь ч бий. Хэдий зөвт сайн хүн байвч, зарим үед хар бараан муу үйлдлийн өмнө хүч мөхөсддөг. Яг л харанхуй шөнийн айдас, шаналал, зовиур лугаа адил…

..Бид сайхан сэтгэлтэй, тусч, өгөөмөр шударга хүмүүсийн, сэтгэлийн илч гэрэл, хайр халамжийг мэдрэх бүрдээ, сэтгэл урам сэргэж, баяр бахадлаар дүүрч, амьдралын агуу сайханд баярлаж урамшина. Хүмүүс бие биеэ урамшуулан баярлуулах бүрд, энэ халуун илч гэрэл гэгээнд сэтгэл нь бүлээсэн дулаацаж, хариуд нь тэр сайхныг бусдад илгээхсэн гэж хүсдэг. Өвдөж зовж, ядарч зүдэрч, гуньж гутрах ахуйд, хэн нэгний сэтгэлийн халуун дулаан илч гэрэл, хайр халамжийг мэдрэхдээ, өвчин зовлонгоо умартаж, бие сэтгэл нь хөнгөрч, гуниг гутралаа таягдан хаядаг аж.
Хүмүүсийн бие биедээ өгч буй хайр халамж, итгэл урам, өршөөл энэрэл нь, хүний сэтгэлийг нар мэт гэрэлтүүлж, дулаацуулж, уяруулна. Энэ л илч гэрэл, хүний сэтгэлийн хар барааныг сүлэн, өөрчлөх увьдастай аж.

  Өгүүлэх нь:

-Саяхан Монголын ТВ-9 телевиз, Д.Оюунцэцэг захиралтай “Материал трейд”  ХХК хамтран, “Зүүд биш л байгаа даа”  нэвтрүүлэгээр УДЭТ-ийн жүжигчин, МУГЖ Ч.Алтан-Өлзийгийн амьдрал ахуйг харуулж, тэднийг баярлуулах гэж амьдран суудаг байрыг нь шинэчлэн засаж, сайхан болгосон тухай үзүүллээ. Олон хүн, энэ нэвтрүүлэгт баярлаж талархсан байх. Театр, киноны олон дүрээрээ олны танил болсон Ч.Алтан-Өлзий, “Өнөр бүл”  киноны Гармаагийн дүрээрээ ихэд алдаршсан.

Өөрийн авьяас, бүтээлээрээ МУГЖ цол хүртсэн, Ч.Алтан-Өлзийг, гэр хороололд хайрцагны мод, шургааг бүхий шавар, жижигхэн байшинд, ядруухан амьдран суудаг гэдгийг, энэ нэвтрүүлэгээс өмнө төдийлэн олон үзэгчид мэддэггүй байсан байх. Ийм их авьяас билэг, гайхам, бишрэм бүтээлүүдээрээ ард түмэндээ бишрэгдэн хайрлагдсан атлаа, төрдөө үнэлэгдэж, халамжлагддаггүй, “оддын” бус, эгэл амьдралтай олон авьяастнууд бий. Өөрийн авьяас билэг, алдар хүнд, гавьяа цолоороо бусдад гайхуулж, бусдын өмнө “од” болон гялалзаж харагдахыг хүсдэг заримаас огт өөр, эгэл хэрнээ аугаа ийм л хүмүүсийг, ард иргэд хайрлан хүндэлж, чин сэтгэлээсээ тус болон, баярлуулахыг хичээдэг аж. “Аугаа юм шиг хэрнээ, арчаагүй тэнэг нэгэн байхад, эгэл хэрнээ аугаа нэгэн байдагт” амьдралын утга учир, гэрэл гэгээ байдаг гэнэ.
Амьдардаг байрыг нь засаж, сайхан тохилог болгосныг үзээд, сайхан сэтгэлтэй хүмүүст баярлаж талархсан сэтгэлээ, нүднээс гарах нулимсаар чийглэн байж, “Их баярлалаа, энэ бол ард түмэндээ сайхан санаж явсны минь гавьяа юм”  гэж өгүүлэх Ч.Алтан-Өлзий, гэргий Г.Нансал нар, эгэл мөртлөө, ард олны хайр хүндлэл, чин сэтгэлийн талархалыг хүлээж авах эрхтэй хүмүүс.

“Сайн санааны үзүүрт тос, сайхан сэтгэлийн үзүүрт баяр”  гэдэгчлэн, ийм л хүмүүсийг баярлуулж, чин сэтгэлээсээ тусалж чаддаг нь монголчууд бидний эрхэм чанар гэлтэй. Эгэл хэрнээ аугаа хүндлэл.

…Монголын нэрт сэтгүүлч Г.Золжаргал, өөрийн хүүтэйгээ хамтран “ZOLJARGAL and SON film”  нэртэй студи байгуулж, энгийн амьдрал дундах, олон сайхан хүмүүс, хүсэл тэмүүлэл, тэмцэл, зүтгэлийг харуулсан баримтат кинонуудыг хийдэг. Тэдний бүтээсэн “Гарын таван хуруу”  баримтат киног үзээд, уйлахгүй баярлахгүй байхын аргагүй. Киног үзээд дуусах мөчид, сэтгэл нэг л хөнгөрч, “ийм сайхан хүмүүс олон байхад, бидний өнөөдрийн зовлон шаналал юу ч биш”  гэж бодогдох.

Тэртээ нэгэн цагт МИАТ-ын нисгэгч байсан Б.Дашдаваа, түүний эхнэр М.Энхжаргал нар, 1985 онд 3 настай байхдаа авто машины осолд орж, хүнд хэцүү бэртэл авсан хүү Д.Энхбаярыгаа хөл дээр нь босгох гэж, ямархан хүнд хэцүү, бэрхшээлийг даван туулж, зорьсондоо хүрсэн тухай өгүүлдэг юм. Хүүгээ л эрүүл саруул болгохын тулд, өөрсдийн залуу нас, амжилт бүтээл, хүсэл мөрөөдлөө ч орхиж, ОХУ, АНУ-д хүртэл зорьж очин, ямар их тэсвэр тэвчээр, зүтгэлээр энэ бүхнийг давж гарав?

Энэ өвчин зовлон, шаналал, тэднийг “ган”  мэт хатуужуулж, амьдралыг нь утга учиртай болгон, юуг ч даван гарах сэтгэлийн тэнхээтэй болгожээ. Хүүгээ хөл дээр нь босгосон хойноо ч өөрсдийн 3 хүүхэд дээрээ нэмж, асрамжийн газар өссөн, бас хүнд өвчтэй 2 хүүг үрчлэн авч, дахйад л бүх зовлонг туулан эдгэрүүлж, өөрийн болгон авч байгаа, тэдний сэтгэлийн илч гэрлийг зүйрлэх сайхан юм, үнэндээ олдоогүй.

Эгэл хэрнээ ийм аугаа хүмүүс л, өвчин зовлонг даван туулж, өрөөл бусдыг ч хайрлан энэрч, бусдад чин сэтгэлээсээ туслан, хайрлан энэрч явна. Чухам энд л амьдралын утга учир оршдог буй. Эгэл хэрнээ гайхамшигт тэсвэр тэвчээр.

-Саяхан УБТВ, “Мөрөөдөл биелдэг юм”  нэвтрүүлэгээрээ, зүрхний хүнд өвчтэй, Болор туяа гэдэг бүсгүйн тухай өгүүлж, түүний хэсэл мөрөөдлийг биелүүлж байгаа тухай гаргаж байсан. “Хэлж ирдэггүй, хийсч ирдэг” өвчин гэдэг, энэ амьдралд олон ч хүний мөн чанар, зүрх сэтгэлийн шалгуур болсон доо. Хүн, өвдөж зовох үедээ л бүх зүйлийг өөрөөр харж, өөрт нь хандах чин сэтгэлийн халамж, өрөвдөн “хөөрхийлэх”  хуурамч хуурай, сэтгэлийг дэндүү сайн ялгаж мэдэрдэг.
2 хүүхэдтэйгээ амьдарч, өөрийн хүнд өвчнөө ялан дийлэх хүслээр тэмцэж, өөртөө итгэж найдаж яваа энэ бүсгүй, өөрийнхөө тухай гэхээс, өвчтэй хүнд үед нь, өмөг түшиг, сэтгэлийн тулгуур болдог, эгч Ганхуягаа баярлуулах хүсэл нь хамгаас гайхамшигтай байсан. Хүнд хэцүү үед, бие биедээ өгч чаддаг, сэтгэлийн өглөгөөс илүү өгөөмөр сайхан нь хаа байх билээ.

Өмнө нь сэтгүүлч Алтантүрүү, “Танайд хоноё”  нэвтрүүлэгээрээ талийгаач Тунгалаг бүсгүйн тухай өгүүлж, хүмүүсийн зүрх сэтгэлд хүргэж байсныг санаж байна. Одоо Алтантүрүү энэ бүсгүйн амьдралаас сэдэвлэн, кино хийж олонд хүргэж буй.
Монголчууд бид, бие биеэ өвдөж ядарсан үед нь, чин сэтгэлээсээ өрөвдөн хайрлаж, чадал боломжоороо туслахыг хичээдэг. Өвчний зардалд илүүчлэх мөнгөгүй хэдий ч, өглөө цайгаа сүлэх сүүгээ бариад ирж байдаг. Өчнөөн сая төгрөгөөс ч үнэтэй сэтгэлийг нь, тэр болгон бид анзаардаггүй. Өвдөж шаналсан нүд рүү нь эгц харж байгаад л “чи эдгэнээ ”  гэж, урам тэвчээр өгч чаддаг, эгэл хэрнээ аугаа ард түмэн билээ бид.

Болортуяа бүсгүй, чин сэтгэлийн талархалаа, эгчдээ баярласан сэтгэлээ, баярын нулимстайгаа хамтад нь өгч байна билээ. Амьдарлын хүнд хэцүү үе, өвчин зовлон дунд л хүмүүс сэтгэл зүрхээрээ ижилдэн дасдаг аж. Үгээр бус харцаар, зүрх сэтгэлээрээ бие биеэ ойлгож, бас ярилцана гэдэг ямархан гайхамшиг гээч.

Өөрөө өвдөж шаналах хэрнээ, өрөөл бусдад талархаж, тэднийг хайрлаж, уярах нь , эгэл хэрнээ аугаа сэтгэл юм шүү.
-Саяхан “Орлоо.ком”  сайт, ээлжит “Манайд ирээрэй”  нэвтрүүлэгээрээ, АНУ-ын нийслэл Вашингтон хотод амьдарч, Дэлхийн банкинд ажиллаж байгаа Г.Батшүр гэдэг бүсгүйн тухай өгүүлсэн. Хаа байсан Баянхонгор аймгийн хөдөө суманд төрж өссөн бүсгүй, өмнөө зорилго тавьж, уйгагүй зүтгэж, цөхрөлтгүй хөдөлмөрлөж, АНУ-д төдийгүй, дэлхийд алдартай Cornell College  болон  Johns Hopkins University-г төгсөөд , дэлхийн банкинд ажиллаж байна гэдэг, “аз завшаан”  гэхээсээ ухаан, тэвчээр, уйгагүй хөдөлмөрийнх нь үр шим юм. Хичнээн олон залуус, аав ээж, ах дүүс, төр засгаас сургалтын төлбөрөө төлүүлж, зүтгээд ийм амжилтад хүрч чадахгүй байхад, ядарсан аав ээжийнхээ барьцаанд тавьсан зээлийн мөнгөөр зардал хийн ирээд, бүх сургалтын төлбөрөө өөрөө олж, амжилттай сурч чадна гэдэг тийм ч амар биш.

Өөрт нь итгэж найдсан аав, ээжийнхээ итгэл найдварыг алдаагүйгээр үл барам, баяр бахдал нь болж чадсан энэ бүсгүй, энгийн хэрнээ аугаа залуусын нэг л жишээ. Ийм энгийн хэрнээ, бусдын итгэл найдварыг алддаггүй, зорьсондоо хүрэхийн төлөө, алдхан биенээсээ ахадсан зориг тэвчээр гаргаж, зүтгэж хөдөлмөрлөж байгаа олон монгол залуус бий. Эд л маргаашийн монгол орны эзэд, бидний итгэл найдварын гэрэл гэгээ нь юм.

Тэд өнөөдөр өөрсдийгөө суталчилж, нэрд гарах, “од”  болохыг огтхон ч хүсдэггүйгээр үл барам, өөрсдийн сурч мэдсэн, хийж чадах бүхнээ монгол орныхоо хөгжил, сайн сайхан ирээдүйн төлөө зориулахыг хүсч байгаа. Бусдын итгэл найдварыг алдахгүй байна гэдэг, эгэл хэрнээ аугаа чанар.

-Миний танил нэгэн бүсгүй, монголын говийн нэгэн аймагт төрж, өссөн. Бутач төрсөн тэрээр, бага наснаасаа л элдэв дарамт, доромжлол, бусдад адлагдах, хүнд хэцүү амьдралыг туулжээ. Хичнээн хичээж сайн суралцсан ч, өнчин, ядуу, өлөн зэлмэг амьдралтай хэдэн дүү нар нь, хүсэл мөрөөдлийг нь хойш чангаана. Өөрийн хүсэл мөрөөдлөө даган, сургуульд сураад явчихаж чадахгүй, өсөж яваа хэдэн дүүгийнхээ “гарыг нь ганзганд, хөлийг нь дөрөөнд хүргэх”  гэж олон зүйлээс татгалзсан даа. Дунд сургуулиа “онц”  төгсөөд, гадаадын дээд сургуульд сурах боломжоосоо татгалзан, “илгээлтээр”  барилгачин болж, амьдралын хатуу хэцүүг туулахдаа, биедээ төдийгүй ухаандаа “бяд”  суулгаж асан.
Хөдөлмөрлөж, хүсэл мөрөөдлөөсөө ухраагүй тэрээр, хожим ОХУ-д дээд сургуульд суралцан төгсөж, хэдэн дүү нар нь ч амьдралд хөлөө олж, өөрөө ч хүссэн сайхан гэр бүл. амьдралтайгаа золгосон. Харин өдгөө тэрээр АНУ-д сургууль төгсөж, гэр бүлийнхээ хамтаар, эндээ ажллаж амьдарч байгаа. Хүсэл мөрөөдөл, тэвчээр, уйгагүй хөдөлмөр, зүтгэл хүнийг амжилтад хүргэдгийн жишээ энэ буй.

Хүнд хэцүү амьдрал гэдэг, заримд нь цөхрөл болдог бол, нөгөө нэгд нь ухаарал, тэмцэл, тэвчээр болдог аж. Амьдрал хүнд хэцүү байх үед, өөрийн хүсэл мөрөөдлөөсөө алхам ч ухрахгүй, сөрж, даван туулахдаа л хүн гэгч, “ухааны бяд”, ” тэмцлийн илд”, “тэвчээрийн хязгаар”-ыг мэдэрдэг гэнэм.

Багаасаа өнчин, хүнд хэцүү амьдралыг давж туулсан олон хүмүүс, өнөө цагт ямар ч хатуу бэрхээс ажралгүй, тэвчин давж, амжилтад хүрч байгааг бид мэддэг. Тэд энэ хэрээрээ, ядарч зүдэрч яваа хэн нэгэнд туслахаас огтхон ч татгалздаггүй. Туулж өнгөрүүлсэн амьдрал, зовлон бэрхшээл нь, өнөө ядарч зүдэрч яваа хэн нэгнийг ойлгоход арай л дөхөм.  Тэд эгэл хэрнээ аугаа, бас өөртөө итгэлтэй, бардам хүмүүс.

Бидний эргэн тойронд, ийм сайн, сайхан сэтгэлтэй хүмүүс олон олон байдаг болохоор, амьдрал маань гэрэл гэгээтэй, баяр баясгалантай, итгэл найдвартай байдаг юм даа.

   Харин бид:

Хэн нэгэн улстөрч, урлагийн авьяастан, мөнгөтэй бизнесмен, өнгөтэй гоо бүсгүй, эрх мэдэлтэй нэгэн, элдэвтэй нэгнийг “аугаа”  хэмээн сэтгэж, биширч, даган дуурайна.  Тэд нь хүн л юм болохоор, алдаа гаргах, буруу муу зүйл хийснийх нь төлөө, урам хугарч, элдэв муугаар хов жив болгон ярьцгааж, харааж зүхдэг. Тэр мөчид зарим нь “энэ орчлонд сайн сайхан юм юу ч алга, бүгд л худал хуурмаг” гэж үстэй толгойгоо үгтээж, бачимдан дуу алдах нь бий. Тэр бишрэгчээсээ болж, орчлон ертөнц хөмөрч, одот тэнгэр харанхуйлах мэт туйлшрах нь ч бас бий. Ингэж болно гэж үү?
Тэр л хүмүүсийн чамайг гайхан бишрүүлж, дуу алдуулж буй зүйл нь тэр хүний авьяас билэг, уран бүтээл, эсвэл бий болгосон зүйл нь байдаг. Тэд үүнийг өөрийн ухаан, авьяас чадвар, хөдөлмөр зүтгэлээр бий болгоогүй бол, бид тэднийг хэрхэн мэдэж, шүтэн бишрэх билээ. Хүн гэдэг гэгээрсэн бурхан биш болохоор, элдэв алдаа оноо байлгүй л яахав. Зарим нь үнэхээр гайхамшигт сайн хүн байх хэдий ч, зарим нь тэс өөр этгээд зантай ч байдаг. Тэр хүмүүсийн бүтээсээн нь танд таалагддаг бол, хувь хүнийг нь заавал “нүцэглэж”,  нэвт шувт ширтэх хэрэг юун.

Эгэл хүмүүс л хамгийн аугаа байдаг.

Харин өдөр тутам, бидэнд сайн сайхныг бэлэглэж, итгэл урмыг өгч, чин сэтгэлээсээ тусалж, зөвлөх хүмүүс бидний эргэн тойронд л байдаг. Эгэл хэрнээ аугаа хүмүүс даанч олон бий.

Тэд, өдөр бүр телевизээр гарч, сонинд бичигдэж, бусдын өмнө үг хэлдэггүй ч, бидэнд хамгийн ойрхон, бидний сэтгэлд хамгийн дотно байдаг хүмүүс. Тэд бидэнтэй л адил өглөө ажилдаа явж, үр хүүхдээ цэцэрлэг, сургуульд нь хүргэж өгч, орой нь бусдын адил гэртээ хоолоо хийнэ.

Тэд үнэтэй машин унаж, тансаг харшид амьдардаггүй ч, өөрсдийн хүч чадлаар бий болгосон энэ л амьдралдаа сэтгэл хангалуун төдийгүй, энэ амьдралаа л хайрлан хамгаалдаг. Тэд бусдаас ялгарч,  “од” болон гялалзаж, бусдын өмнө гайхуулахыг хүсдэггүй ч, ямагт хэлсэндээ хүрч, бусдын итгэлийг дааж, хайр талархлыг хүлээж байдаг юм.

Тэд тусламж хүссэн хэн нэгэнд, яг л чин сэтгэлээсээ хандаж, элдэв худал хуурмаг зан гаргахгүйгээр, хариу нэхэж мөнгө авалгүйгээр, өөрөөсөө хамаарах, өөрийн хийж чадах бүхнээрээ тусалдаг юм. Тэд танд яг л хэрэгтэй цагт, хэрэг болох үгийг хэлж, сэтгэлийг тань халуун дулаан илчээр гийгүүлж, итгэл найдвар, урам зоригийг бэлэглэж чаддаг юм.  Тийм ээ! Эгэл хүмүүс хамгаас аугаа байдаг .

  Төгсгөл:

Энэ ертөнцөд сайн хүмүүс муугаасаа олон, гэрэлтэй өдөр харанхуй шөнөөсөө олон байдаг болохоор, амьдрал гэдэг даан ч сайхан. “Дэм дэмэндээ, дээс эрчиндээ”   гэдэгчлэн, хүмүүс бид бие биейин сайхан сэтгэл, тус дэм, урмын үггүйгээр юусан билээ.

Бие биеэ ойлгож, бие биеэ хүндэтгэж,  хэрэгтэй цагт чин сэтгэлээсээ тусалж дэмжиж байх нь, өнөө цагт тун чухал байнаа. Энэ ертөнцийн хамгийн аугаа зүйл нь , мөнгө, эрх мэдэл биш, бие биедээ хандах сайхан сэтгэлийн илч юм. Яг л нарны илч шиг.

Та эргэн тойрноо хар даа! Ямар сайхан өнгөлөг, гэгээлэг гээч. Таны амьдрал, хүсэл мөрөөдөл тань үргэлж гэгээлэг байг. Та ч өөрөө эгэл хэрнээ аугаа хүн шүү.

Харнууд өвгийн Гомбосүрэнгийн Галбадрах

2009-05-22

Share Your Thoughts