ЭРДЭМД ОРОЙГҮЙ…

Баярын Түмэннасан
Эрхэмжамцын Отгонцэцэг

Нэг.Намтрын товчоон

Баярын Түмэннасан
1995 Монгол Улсын Техникийн Их Сургууль, Мэдээллийн технологийн бакалавр
1997 Монгол Улсын Техникийн Их Сургууль, Мэдээллийн технологийн магистр
1999 АНУ-ын Western Illinois University, Эдийн засгийн магистр
2005 Georgia State University, Эдийн засгийн Ph.D.
1996-1997 Холбооны Хөрөнгийн Компани (Шуудан Цахилгаан Холбооны Газар), Өгөгдлийн холбооны мэргэжилтэн
2006-өнөөг хүртэл АНУ-ын Bentley University-д Судалгааны ахлах зөвлөх, Эдийн засгийн тэнхимийн Adjunct Professor.

 
Эрхэмжамцын Отгонцэцэг
1995 Монгол Улсын Техникийн Их Сургууль, Мэдээллийн технологийн бакалавр
1997 Монгол Улсын Техникийн Их Сургууль, Мэдээллийн технологийн магистр
1999 АНУ-ын University of Idaho, Эдийн засгийн магистр
2005 АНУ-ын Georgia State University, Санхүүгийн Ph.D.
1996 Датаком компанид инженер
1996-1997 Канадын алтны хайгуулын Quincunx компанид оффис менежер
2006-2012 АНУ-ын Bentley University-гийн Санхүүгийн тэнхимд Assistant Professor
2012-өнөөг хүртэл Bentley University-гийн Санхүүгийн тэнхимд Associate Professor

Хоёр. Бага насны жилүүд

-Г.Галбадрах: Бага насныхаа тухай дурсвал?

-Б.Түмэннасан: Би Улаанбаатар хотын 2-р төрөх газарт төрсөн. Нэг дүүтэй. Аав маань геологч, ээж маань хүнсний технологч мэргэжилтэй. Намайг 2 настай байхад манайх 19-р хороололд байранд орсон юм билээ. Тэнд л миний бага нас өнгөрсөн дөө. Хосе Мартийн нэрэмжит 52-р сургуульд явдаг байлаа. Бага ангийн маань багш Тогтох гэж хүн байсан. Тогтох багш дан онц авсан дэвтрийн хавтсанд таван хошуу нааж өгдөг байсан учраас таван хошуу авах гэж их мэрийдэг байж билээ. Ээж маань миний багын дэвтрүүдийг хадгалчихсан байсан. Хааяа үзэхэд их
сонин байдаг юм шүү. Ээж аав маань эрдэм номын чухлыг байнга онцолж захидаг байсан болохоор онц сурах гээд л чармайдаг байсан даа. 7-р анги төгсөх жил аав маань Москвад худалдааны төлөөлөгчийн газар ажиллахаар болж бид гэр бүлээрээ явсан тул хуучнаар ЗХУ-д 10-р ангиа төгссөн.

-Э.Отгонцэцэг: Би бас Улаанбаатар хотын 2-р төрөх газарт төрсөн. Эцэг эхээс 5-уулаа. Аав маань барилгын машин механизмын инженер, улсын байцаагч, ээж маань нярав хийдэг байлаа. Манайх Гандангийн дэнжид амьдарч байгаад сүүлд нь 40 мянгатад байр авч нүүсэн юм билээ. 1-р ангиас эхлээд 10-р анги төгстлөө 1-р сургуульд сурсан. Тэр үед манай сургуулийн захиралаар МУГБагш Гомбосүрэн гуай, хичээлийн эрхлэгчээр МУГБагш Цэрэннадмид гуай байсан бөгөөд бага ангийн багш минь МУГБагш Бүтэд байсан. Дандаа сайн багш нарын гараар дамжсаныгаа азтайд тооцож явдаг. Бүтэд багш маань бидэнд эрдэм мэдлэгээс гадна олны дунд биеэ зөв авч явахыг зааж сургасан. Багаасаа л идэвхтэй хүүхэд байсан юм байлгүй дээ, бүлгэмийн зөвлөлийн гишүүн энэ тэр гээд л хөх эмжээртэй галстуктай хүүхэд явдаг байсан. Дунд ангид байхад математик зааж байсан Алтанцэцэг багшийнхаа урамшуулсны ачаар шалгалт өгч тэнцээд 8-р ангиасаа математикийн сонгоны ангид орж суралцсан юм. Сонгоны анги дааж авсан багш маань Нарангэрэл багш байлаа. Сурагчиддаа маш их анхаарал тавьж, хичээл номоор шахахын
хажуугаар эрүүл мэндэд нь хүртэл анхаарч явган аялалд их авч явдаг байсанд нь одоо хүртэл баярлаж явдаг юм.

Гурав. Эрдэм мэдлэгийн төлөө

 

Г.Галбадрах: 10-р ангиа төгсөөд хаана ямар мэргэжлээр суралцав?

-Б.Түмэннасан: Би 10-аа төгсөөд Техникийн Их Сургуулийн (ТИС) холбооны инженерийн ангид элсэн орсон. Биднийг сургуульд ордог жил ТИС бүтцийн өөрчлөлтөд орж манай сургууль Мэдээллийн Техникийн Сургууль нэртэйгээр кино үйлдвэрийн ард байрлах хуучин Холбооны Техникумын байранд шилжиж орсон юм. Эхний жил хичээл эхлэхээс өмнө шууд л Борнуурын САА-д явцгааж билээ. Бид ер нь бүх л талаар шилжилтийн үед таарсан гэх юмуу даа. Сургалтын систем өөрчлөгдөж эхэлж байсан ч, сангийн аж ахуй явна, стипенд авна гэх мэтээр хуучны системийг
жаахан ч гэсэн үзээд авсан. 2 жил тийм маягаар явснаа 3-р курсээс эхлээд төлбөр төлөх шаардлагатай болж бүгд л сандралдаж байлаа. Эргээд бодоход шинэ хуучин хоёрын зааг дээр таарсан, их сонин үе байсан.

-Э.Отгонцэцэг: Би ч гэсэн конкурс өгснийхөө дараа эмээ өвөө, ээж аавтайгаа зөвлөлдөж байгаад ТИС-ийн холбооны инженерийн ангид элсэж орсон. Оюутан байсан цагаа бодоход САА-д явж байсан дурсамжууд их сайхан байдаг. Тэнд л бие биенээ таньж мэдэж, анги хамт олон бүрэлдэж, найз нөхөд болцгоодог. Сургууль маань бүтцийн өөрчлөлтөнд орж байсан болохоор шаардлага өндөр тавигдаж байв. Эхний 2 жил ерөнхий эрдмийн хичээлүүд үзээд 3-р курсээсээ мэргэжлээ нарийвчлан сонгодог. Хуучин бол зөвхөн Холбооны инженер, АТС-ын мэргэжилтэн
бэлтгэж байсан бол биднийг орж суралцах үеэр мэдээллийн технологи, хэмжил зүй гэсэн 2 мэргэжил шинээр нэмэгдсэн.

-Г.Галбадрах: 3-р курсээсээ мэргэжлийн сонголтоо яаж хийв дээ?

-Б.Түмэннасан: Манай сургуульд багшилж байсан Цогоо багш бидэнд мэдээллийн технологийн мэргэжлийг сонгоход их нөлөөлсөн. Тэр үед “нэг компьютер дээр сууж байгаад л өөр газарт байгаа компьютерийг тэнд нь байгаа мэт хэрэглэх болно” гэж ярихаас гадна ер нь энэ мэргэжил “их ирээдүйтэй” гэж зөвлөдөг байлаа.

-Г.Галбадрах: Тэр үед мэдээллийн технологийн салбар монголд цоо шинээр орж ирж байсан байх шүү.

-Б.Түмэннасан: Тийм тийм. Монголд хамгийн түрүүнд өөрчлөгдөж шинэчлэгдэж эхэлсэн салбаруудын нэг нь холбооны салбар байсан. Цахилгаан холбооны шинэчлэлтээс гадна Интернет хэрэглээнд Датаком, үүрэн телефонд Мобиком гээд шинэ компаниуд гарч ирж байлаа.

-Г.Галбадрах: Тэр үетэй харицуулахад өнөөдөр мэдээллийн орон зай хязгааргүй болжээ.

-Б.Түмэннасан: Мэдээллийн технологи хөгжих тусам хүмүүсийн авах мэдээлэлийн хэмжээ улам нэмэгдэж байна. Монголд байгаа хүн Америкт байгаа хүнээс ялгаагүй ерөнхий мэдээлэл авах боломжтой болж эхэлж байна. Гэхдээ мэдээлэл авчихаар л бүх асуудал шийдэгдчихнэ гэж байхгүй. Хувь хүн дээр ярих юм бол мэдээллийг боловсруулах, зөв бурууг нь тунгаах, асуудлыг олон талаас нь харж чаддаг байх нь улам чухал болж байна. Нийгмийн талаас нь харвал мэдээллийн технологийг олон нийтэд хүртэцтэй болгох нь чухал. Тэгэхгүй бол мэдээллийн
технологийг хэрэглэж чаддаг чаддаггүй хүмүүсийн хооронд чинь мэдлэг чадвар, улмаар цалин мөнгөний ялгаа нь улам их болоод явчихна шүү дээ.

-Г.Галбадрах: Энэ их сонин хэрнээ анхаарууштай санаа байна шүү. Та 2 мэдээллийн технологийн чиглэлээр суралцаж төгсөөд хаана ажиллаж байв?

-Б.Түмэннасан: Би тэр үед шинээр байгуулагдсан Холбооны Хөрөнгийн Компанид ажилд орж өгөгдлийн холбооны мэргэжилтнээр ажилласан. Оюутан байхдаа англи хэл түлхүү үзэж, их дээд сургуулиудын хооронд болдог англи хэлний олимпиадад оролцож байсны маань хэрэг гарч гэрээ хэлэлцэл гадаадын төслүүд дээр нэлээн ажилладаг байлаа.

-Э.Отгонцэцэг: Би төгсөөд Датакомд ажилд орсон. Тэнд ажиллаж байхдаа карерь-аа цааш хөгжүүлэхэд англи хэлээ сайжруулах хэрэгтэй юм байна гэдгийг сайн ойлгосон. Хэдийгээр би ТИС-д сурч байхдаа МУИС-ийн англи хэлний ангид оройгоор сурч төгссөн байсан ч ярианы хэлээ улам сайжруулах сонирхолтой байлаа. Сонин дээрээс зар хараад Канадын алтны хайгуулын компанид ажилд орохоор өргөдөл гаргасан. Намайг ярилцлаганд орохоор очиход Үнэн сонин орчуулуулж шалгаж байж билээ.

-Г.Галбадрах: Англи хэл сурсан нь та 2-ын цаашдын сонголтод их нөлөөлсөн байх.

-Б.Түмэннасан: Намайг Холбооны Хөрөнгийн Компани-д ажиллаж байхад гадаадын компаниуд их ирж сургалт семинар зохион байгуулдаг байлаа. Нэг удаа хөрөнгө оруулалтын төслүүдийг сонгон шалгаруулахад санхүүгийн тооцоо хэрхэн хийх талаар семинар болов. “Өнөөдрийн доллар маргаашийн доллараас илүү” гэсэн ойлголтыг тайлбарласнаар семинар эхэлж байсан. Энэ бол барууныханд энгийн ойлголт хэрнээ, тэр үеийн төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаар амьсгалсан бидний хувьд шинэ ойлголт байлаа. Бүүр шинэ гэхэд ч хаашаа юм, монголчуудын
хэлдэг “маргаашийн өөхнөөс өнөөдрийн уушиг” гэдэг үгтэй дүйцэх хэллэг л дээ. Бид төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас болоод иймэрхүү энгийн ойлголтуудыг ч мартчихсан байсан байгаа юм.
Тэр үеэс л санхүү, эдийн засгийн ойлголтуудыг жаахан гадарлаж, сонирхож эхэлсэн. Эдийн засаг гүнзгийрүүлэн сурах сонирхолдоо хөтлөгдөөд АНУ-ын ЭСЯ-аар дамжуулж Фулбрайтын тэтгэлэгт 1996 онд өргөдөл гаргасан. Тэгээд л 1997 онд АНУ-д сургуульд ирсэн дээ.

-Э.Отгонцэцэг: Би Канадын алтны хайгуулын компанид ажиллаж байхдаа байхдаа ер нь бизнесийн талаар сурвал зүгээр юм байна гэж бодох болсон. 1997 онд сонин дээрээс гадаадын өндөр хөгжилтэй орнуудад магистрантурт сургана гэсэн зар байхыг олж хараад очиж шалгалт өгсөн. Их дээд сургуульд сурсан мэргэжлээс нь гадна англи хэлний шалгалт авч байсан. Аз болж тэр шалгалтуудад нь тэнцээд тэгээд л АНУ-д ирж суралцах болсон доо. Тэр үед санхүү эдийн засаг 2-ыг ялгаж салгаж ч мэдэхгүй эдийн засгаар суралцах хүсэлт гаргасан. Америкт ирсэн
хойноо л ялгааг нь ойлгосон шүү, хэ хэ.

Дөрөв. АНУ-д суралцсан жилүүд

three

-Г.Галбадрах: АНУ-д анх ирсэн тухайгаа хуучилбал?

-Б.Түмэннасан: Би тэгээд 1997 оны зун Ohio University-д хэлний дадлага хийж, намар нь Western lllinois University -д магистрантурт ирсэн. Эхний семестрт 4 эдийн засгийн хичээлд сууж нилээн стресстэй байснаа санадаг. Өвлийн амралтаараа Georgia муж руу явж Mr. and Mrs. Key хоёр багштайгаа уулзсан. Энэ 2 маань 1994 онд намайг Монголын Их дээд сургуулийн оюутнуудын англи хэлний олимпиадад оролцож байхад багшилж байсан юм. Намайг монголд байхдаа “далай үзэх юм сан” гэж ярьж байсныг минь сануулж Атлантийн далайн эрэгт аваачиж билээ. Анх далай хараад зогсож байхад
их гоё санагдаж байсан.

-Э.Отгонцэцэг: Би 1998 оны өвөл University of Idaho-д магистрантурт суралцахаар ирсэн. Нью-Йорк хот шиг л олон өндөр байшин байх юм бодсон үгүй байсан. Тэнд надтай цуг 2 Монгол оюутан суралцахаар ирсэн нь маш азтай хэрэг байлаа. Бид 3 Монголд шалгалт өгч байхдаа танилцаад найзууд болж энэ сургуульд хамт өргөдөл гаргасан хэрэг. Анх удаа гадаад оронд хөл тавьж, мэдэхгүй сургалтын системд орж сандарч байсан хэдий ч 3-уулаа байсан болохоор ханьтай, бие биендээ тус дэмтэй үнэхээр сайхан 2 жилийг тэнд өнгөрөөсөн дөө. Бид одоо ч гэсэн ярьж
инээлддэг нэг жишээг хэлэхэд Монголоос University of Idaho-руу онлайн өргөдөл гаргахад Монгол улс нийт орнуудын жагсаалтанд нь байхгүй, бид Олон Улсын Оюутнууд хариуцсан оффист нь хандаж Монгол улсыг нэмүүлж байж өргөдлөө гаргаж байж билээ.

-Г.Галбадрах: Докторантурт үргэлжлүүлэн суралцах болсон тухайгаа?

-Э.Отгонцэцэг: Бид магистрантурт суралцаж байхдаа цаашид суралцаж болох боломжуудыг судалж мэдлээ. Докторантурт суралцахад сургалтын төлбөр маш сайн хөнгөлөлттэй. Research assistantship /RA/, Teaching assistantship /TA/ гэж 2 янзын хөнгөлөлт байдаг. Өөрөөр хэлбэл тэр сургуулийн багш нарын хийж байгаа судалгааны ажилд туслах замаар, эсвэл хичээл заах замаар сургалтын төлбөрөө хөнгөлүүлж болдог. Энэ нь хэн хэндээ хэрэгтэй, харилцан ашигтай нөхцөл юм билээ. Багшийн хувьд өөрийн хийж буй судалгааны ажилдаа оюутнуудыг оролцуулж туслалцаа авснаар хурдан үр дүнд хүрнэ. Оюутны хувьд багшид туслах явцдаа өөрөө судалгааны ажил хийх арга барилд суралцаж, мэдлэгээ тэлнэ.

-Г.Галбадрах: Энэ талаар монголчууд бид бага мэдээлэлтэй байдаг юм шиг билээ. Та 2 үргэлжлүүлэн докторантурт суралцахдаа ямар чиглэлээр сонголт хийв?

-Б.Түмэннасан: Бид 2 хэд хэдэн сургуулиудад өргөдөл гаргасан боловч 2-уулаа орж чадсан сургууль нь Georgia мужийн Atlanta хотод байдаг Georgia State University байсан юм. Гэхдээ энэ удаад би эдийн засгийн чиглэлээр Отгоо санхүүгийн чиглэлээр өөр өөр тэнхимд элсэн суралцсан. Эдийн засаг бол нийгмийн шинжлэх ухаан. Товчхондоо бол эдийн засагчид хомсхон байдаг нөөц баялаг болон эцэс хязгааргүй хүний хүсэл хоёрыг хэрхэн яаж оновчтой зохицуулах вэ гэдгийг судалдаг. Харин санхүү бол бизнесийн салбарт орно. Компани болгон ашгийн төлөө ажилладаг. Өндөр ашиг олж тэр байдлаа удаан хадгалахын тулд өөрийн нөөц болон давуу талаа хэрхэн яаж зөв зохистой ашиглахыг /жишээлбэл олон төсөл дундаас яаж хамгийн сайныг нь сонгох, сонгосон төслөө яаж санхүүжүүлэх гэх мэт асуудлуудыг/ санхүүгийн ухаан судалдаг.

-Г.Галбадрах: АНУ-д Ph.D. хамгаалахын онцлог нь юунд байна вэ?

-Б.Түмэннасан: Тухайн мэргэжил болгон өөр өөрийн онцлогтой, тэрийгээ дагаад докторантурынх нь сургалтын системүүд хоорондоо ялгаатай. Тэгэхээр бид өөрсдийн мэргэжил дээрээ үндэслээд ярья. Эдийн засаг юм уу санхүүгийн чиглэлээр Ph.D. зэрэг горилохын тулд эхлээд тодорхой тооны хичээлүүдэд сууж шалгалт давсан байх ёстой. Ер нь бол эхний жил мэргэжлийнхээ дагуу ерөнхий хичээлүүд үзээд, жилийн эцэст шалгалт өгдөг. Энэ шалгалтыг давж чадахгүй бол докторантурт суралцах эрхээ алддаг. 2, 3-дах жилдээ нарийн мэргэжлийн семинарууд
үзээд, 3-р жилийнхээ эцэст энэ бүх семинарыг хамарсан том шалгалт өгнө. Нийтдээ 8 цаг сууж зогсолтгүй бичнэ дээ. Энэ шалгалтанд тэнцэхгүй бол докторантураас бас л хасагдана. Давчих юм бол Ph.D хамгаалах сэдвээ батлуулах ажилдаа орно. Тэгээд л судалгаагаа хийж эхэлдэг. Ер нь докторантурт суралцаж байхад их юм уншиж, олон мундаг хүмүүстэй уулздаг учраас өөрийгөө голох үе зөндөө гардаг. “Хүн юм сурч мэдэх тусмаа юм мэддэггүйгээ ухаардаг” гэсэн үг ч бий. Сэдвээ батлуулчих юм бол Ph.D. Candidate боллоо гэж үздэг. Өөрөөр “ABD” буюу “All But
Dissertation” ч гэж нэрлэдэг. Тэгээд л сонгосон сэдвээрээ 2-3 жил ажиллаж байгаад диссертацаа хамгаалж Ph.D. болно доо.

-Э.Отгонцэцэг: Диссертацийн хамгаалалт нийтэд нээлттэй болдог, тэгэхээр хэн ч ирж сууж, асуулт асууж болно. Удирдагч болон диссертацын комиссийн гишүүд бүгд байна, дээр нь тухайн сэдвийг сонирхож байгаа эрдэмтэн профессорууд, оюутнууд ирж сууна. Ирсэн хүмүүсээс хэн нь ч сонирхсон зүйлээ асууж болно, санал нийлэхгүй зүйл байвал түүнийгээ илэрхийлж ч болно. Ph.D. буюу Doctor of Philosophy гэдэг бол эрдмийн дээд зэрэг цол. Харин профессор гэж Их Дээд Сургуульд багшилж судалгаа хийж байгаа хүнийг нэрлэдэг. АНУ-д оюуны ажлыг үнэлж чаддаг
учраас тэр хэмжээгээрээ шинжлэх ухааныг урагшлуулж хөгжүүлж чаддаг. Тийм ч болохоор эрдэмтэн судлаачид энд дэлхийн өнцөг булан бүрээс ирж ажиллахыг хүсдэг байх.

-Г.Галбадрах: Та 2 Ph.D. хамгаалсан сэдвүүдийнхээ талаар товч танилцуулж болох уу?

-Б.Түмэннасан: Ph.D. хамгаалахад хамгийн гол шалгуур нь бусдын урд өмнө хийж байгаагүй шинэ соргог сэдэв олох хэрэгтэй байдаг. Шинээс гадна хэрэгтэй, өөрөөр хэлбэл тухайн салбарыг урагшлуулахад хувь нэмэртэй бүтээл гаргах ёстой гэсэн үг. Тэрхүү шалгуурыг хангаж байгаа эсэхийг диссертацын комисс нь шийднэ.  Миний хувьд  олон нийтийн санхүүгийн чиглэлээр судалгаа хийсэн. “Санхүүгийн төвлөрлийг сааруулах нь авилгалын түвшинд нөлөөтэй юу” гэсэн асуулт сонирхож судалж эхэлсэн. Тэгээд олон улсын өгөгдөл дээр үндэслэн харахад
санхүүгийн төвлөрөл нь авилгалын түвшинд нөлөөтэй юм, тэр тусмаа төсвийн орлогын төвлөрөл бага тохиолдолд авилгалын хэмжээ бага байдаг юм байна гэсэн дүгнэлтэд хүрсэн.

-Э.Отгонцэцэг: Би болохоор АНУ-ын хувьцаат компаниудын өгөгдөл дээр тулгуурлаж компаниуд яагаад өөрийнхөө үндсэн бизнесээс өөр бизнес худалдаж авдаг вэ гэдгийг судалсан. Ийм шийдвэрийг судлаачид голдуу диверсификацтай холбож тайлбарладаг бол би эрсдэл менежментэй холбож тайлбарласан юм. Компаниуд үндсэн бизнесийнхээ ирээдүйд итгэлтэй, цаашдаа энэхүү бизнесээ үргэлжлүүлэх сонирхолтой боловч тухайн салбар нь түр хугацааны хямралтай байх үед өөр бизнес худалдан авдаг нь харагдсан. Тэгж өөр бизнес худалдан авснаар үйл
ажиллагаагаа зогсоолгүй ажиллаж байгаад хямрал дуусангуут бусад компаниудыг бодвол буцаж үйл ажиллагаагаа хурдан сэргээж бизнесээ өргөжүүлж чаддаг юм байна гэсэн дүгнэлт гаргасан.

Тав. Бентли Их Сургуульд

-Г.Галбадрах: Сургуулиа төгсөж Ph.D.-гээ хамгаалаад хаана ажиллав?

-Э.Отгонцэцэг: Ph.D. хамгаалахынхаа өмнөхөн буюу сургууль төгсөх жилдээ ажил хайж эхэлдэг. Ph.D. авсны дараа хүмүүс нэг бол компанид орж ажиллаж болно, нэг бол их дээд сургуульд ажиллаж болно. Компаниас илүү их дээд сургуулийг сонирхсон шалтгаан нь эрх чөлөө гэж хэлж болох юм даа. Компанид ажилд орсонтой харьцуулахад их дээд сургуулийн профессорууд хийх юмаа ихэнхийг нь өөрсдөө шийддэг.  Жишээлж хэлэхэд ямар чиглэлээр, ямар сэдвээр судалгаа хийхээ өөрөө шийднэ, тухайн судалгааны ажил дээр ямар хүмүүстэй хамтарч ажиллахаа өөрөө
шийднэ, ямар хичээл заахаа өөрөө шийднэ, долоо хоногийн аль өдөр нь сургууль дээрээ аль өдөр нь гэрээсээ ажиллах вэ гэдгээ өөрөө шийднэ, гэх мэт. Харин бид 2-т тулгарсан амаргүй даваа бол нэг дор ажил олох явдал байлаа. Бостонд 40 гаруй их дээд сургууль байдаг болохоор бид 2 Бостон хавийн сургуулиудыг нилээд сонирхож байлаа. Олон ч сургуульд өргөдөл гаргасан, тэр дундаасаа 10 гаруй сургуультай ярилцлагад орсон.

-Г.Галбадрах: Ажилд орохын тулд яаж бэлтгэх хэрэгтэй юм бэ?

-Э.Отгонцэцэг: Түрүүний хэлсэнчлэн мэргэжил бүхэн өөр л дөө. Санхүү эдийн засаг 2-ийн хувьд бол ажлын зах зээл нь хоорондоо ойролцоо. Аль алинд нь жилд нэг удаа болдог бүх эрдэмтэн профессорууд цугларч бие биендээ хийж байгаа судалгааныхаа ажлыг танилцуулах, бусдаас санаа оноо авах зорилготой том конференс байдаг. Энэхүү том конференс-ийг түшиж “Ажлын зах зээл” маягийн үйл ажиллагаа бас давхар явагдана. Тэгээд хүн ажилд авахаар хайж байгаа их дээд сургуулиуд энэ конференс-ийн вебсайт дээр зараа тавина. Тэр заруудыг судалж
байгаад докторантурын төгсөх жилийн оюутнууд сонирхсон сургуулиуд руугаа өргөдөл гаргаж материалаа явуулдаг. Ихэвчлэн явуулдаг гол материалууд бол: 1. Авсан хичээлийн дүнгүүд, 2. Хичээл заалгаж байсан 2-3 багш нарын тодорхойлолт, 3. Хийсэн судалгааны ажлууд /бүтээлүүд/, 4. Заасан хичээлүүдийн оюутнуудаас авсан үнэлгээнүүд, 5. Тэгээд бүх хийсэн юмаа хамарсан эссе бичиж явуулна. Зар тавьсан сургуулиуд нь хүлээж авсан өргөдлүүдээ шүүгээд, сонирхсон хэдэн оюутантай холбогдож энэ конференс дээр ярилцлага хийхээр цаг товлоно.
Конференс дээр очоод товлосон хэдэн ярилцлагаа хийсний дараа ажилд авахад боломжийн гэсэн 2-3 оюутныг сургууль руугаа зардлыг нь дааж бүтэн өдрөөр урина. Тэр өдрөө тухайн оюутнаар хичээл заалгуулж харна, судалгааны ажлаар нь илтгэл тавиулж харна, тэгээд тэр тэнхимийн бүх профессорууд нэг нэгээрээ уулзаж танилцана. Тэд үндсэндээ сонгож авсан хүнээ “Хэн бэ?” гэдгийг бүх талаас нь маш сайн ажиглаж судална гэсэн үг. Ингээд энэ бүх шалгуурын эцэст сургуулийн хамт олон 1 хүнийг сонгож ажилд авна даа.two

-Г.Галбадрах: Энэ яриа надад их сонирхолтой санагдаж байна л даа. Ямар шалгууруудыг голчилж анхаарч байна гэсэн үг вэ?

-Э.Отгонцэцэг: Тухайн хүнийг мэргэжлээрээ сайн байхыг мэдээж хамгийн түрүүнд харна. Тийм ч учраас тухайн хүний бичсэн бүтээлүүдийг нь харж байна, заасан хичээлүүдийн үнэлгээ харж байна, тодорхойлолт өгсөн багш нар нь оюуны потенциалыг нь хэр үнэлсэн байна вэ гэдгийг харж байна. Энд нэг онцлох юм гэвэл мэргэжилдээ сайн байх нь зайлшгүй шаардлага байдаг боловч хангалттай шаардлага болж чаддаггүй. Өөрөөр хэлбэл мэргэжилдээ сайн атлаа хамт олон дунд ажиллаж чаддаггүй, хэтэрхий өөртөө эрдсэн бардам зантай, эсвэл өөрийгөө
илэрхийлж бусдад ойлгуулж чадахгүй хэтэрхий бүрэг ичимхий бол ажилд авахаас татгалздаг тохиолдлууд цөөнгүй бий. Аливаа ажил хэрэг хамт олны жигд зүтгэлээс их хамаардаг учраас багаар ажиллах чадварыг бас их үнэлнэ.

-Г.Галбадрах: За тэгээд ийм их сонголтын дараа хаана ямар ажилд оров?

-Б.Түмэннасан: Бид хоёр 2005 оны сүүлээр Bentley University-д ажиллахаар ирцгээсэн. Bentley University бол зөвхөн бизнесээр дагнасан их сургууль. Нягтлан бодох бүртгэл, санхүү, эдийн засаг, менежмент, болон маркетинг-ийн чиглэлээр оюутнууд сургадаг.  Би Bentley-д судалгааны ахлах зөвлөхөөр ажилд орсон. Миний хийдэг гол ажил бол судлаач багш нарт эконометрикс (статистик) аргачлалын талаар зөвлөлгөө өгдөг. Эдийн засгийн ухаан маань ерөнхий учраас ихэнх нийгмийн ухааны болон бизнесийн салбарын хүмүүстэй ярилцаж ойлголцож болдог (санхүү, нягтлан бодох бүртгэл, маркетинг, менежмент гэх мэт). Тэхээр янз бүрийн мэргэжлийн хүмүүстэй ажиллана, олон янзын судалгааны ажлуудад оролцоно. Мөн компаниудын захиалгаар профессоруудтай нийлж судалгаа хийж өгнө. Ер нь л их сонирхолтой ажил. Хажуугаар нь сургуульдаа эдийн засгийн хичээлүүд заадаг.

-Э.Отгонцэцэг: Би болохоор санхүүгийн чиглэлээр судалгааны ажил хийхийн хажуугаар санхүүгийн хичээлүүд заадаг. Их дээд сургуулийн профессорууд Assistant Professor, Associate Professor, Full Professor гэсэн албан тушаалтай байдаг. Анх ажилд орохдоо Assistant Professor гэж 5-6 жилийн гэрээтэй эхэлнэ. 5-6 жилийн дараа бүх хийсэн ажлыг нь харж байгаад /мэргэжлийн сэтгүүлүүдэд хэр олон бүтээл нийтлүүлсэн болох, хэвлүүлсэн сэтгүүлүүд нь чанартай нэр хүндтэй эсэх, заасан хичээлүүддээ оюутнуудаас сайн үнэлгээ авсан эсэх, гэх мэт/ сургууль нь тухайн багшид “Tenure”
өгөх эсэхээ шийддэг. Tenured professor болно гэдэг нь ажлаас халагдахгүй ажлын баталгаатай болж байна гэсэн үг юм уу даа. Би өөрөө л ажлаасаа гаръя гэвэл гарахаас биш ажлаас халчих вий, ажлаа алдчих вий гэж айх юмгүй гэсэн үг. Tenure авахаараа Associate Professor болж тушаал дэвшинэ, тэгээд дахиад хэдэн жилийн дараа Full Professor болж дэвших боломжтой болно.

-Б.Түмэннасан: Tenure өгнө гэдэг нь их дээд сургуулийн профессоруудын оюуны эрх чөлөөг хангаж өгч байгаа байдал юм. Ажлын байр нь баталгаатай болсноор судалгааны ажил, ер нь оюуны бүтээлээ гадны нөлөө дарамтанд оролгүй хийх боломжтой болж байгаа байдал юм. Сургуулийн удирдлага, төр засаг, хөрөнгө оруулагч ер нь хэнээс ч хамааралгүйгээр судалгааны ажлаа явуулна гэсэн үг. Тийм орчноос чанартай бүтээлүүд гарна, бусад их дээд сургуулиуд тухайн профессорыг үнэлж хүндэлнэ, тэр нь эргээд ажиллаж байгаа сургуулийн нэр хүндэд сайнаар
нөлөөлнө, нэр хүндтэй сургуулиуд сайн оюутан сурагчдыг өөртөө татна, орлого их олоод ирэхээрээ илүү мундаг профессоруудыг өөртөө татах боломжтой болно гэх мэт энэ систем олон талын ашигтай юм байна л даа.

-Г.Галбадрах: Энэ үнэхээр сайн тогтолцоо байна. Энэ бүхнийг өөрийн зүтгэлээр давж энэ нэр хүндтэй Их Сургуульд ажиллаж байгаа та хоёроор бахархаж байнаа. Мэдээж Монгол орныхоо тухай анхаарч, бодож байгаа байх.

-Э.Отгонцэцэг: Хэдийгээр эх орноосоо алс хол ажиллаж амьдарч байгаа ч Монголынхоо тухай байнга мэдээлэл авч байдаг. Бид 2 олон ч жил сурлаа. Боломжийнхоо хэмжээгээр өөрсдийгөө хөгжүүлж л байна. “Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас” гэдэг шиг сурч мэдсэн бүхнээ Монголынхоо хөгжилд зориулах цаг ирэх байхаа. “Эрдэмд оройгүй” гэдэг шиг сурахад хязгааргүй юм болохоор одоо ч гэсэн сурч л байна. Ер нь бол Монголдоо очоод боловсролын салбарт хувь нэмрээ оруулна гэж бодож явдаг.

-Б.Түмэннасан: Харин тийм, бид Монголынхоо тухай байнга сонирхож байгаа. Жишээ нь л гэхэд 2008 онд би Нээлттэй Нийгэм Форумын урилгаар очиж төрийн санхүүгийн талаар яриа хийсэн.

-Г.Галбадрах: Монголын эдийн засгийн талаар ямар сэтгэгдэл төрөв?

-Б.Түмэннасан: Монголд эдийн засгийн бүтцийн өөрчлөлт явагдаж байна. Мал аж ахуйгаас уул уурхай руу шилжиж байна. Сүүлийн арван жилд уул уурхайн салбарын дотоодын нийт бүтээгдхүүнд эзлэх хувь нь хоёр дахин нэмэгдсэн, ер нь цаашид ч энэ хувь нь улам нэмэгдэх нь ойлгомжтой болоод байна. Байгалийн баялаг ихтэй орнууд хөгжлийн янз бүрийн замыг туулсан байдаг. Уул уурхайд тулгуурласан эдийн засаг дэлхийн зээлийн үнийн цохилтонд өртөмтгий байдгаас гадна баялагийн хуваарилалт тэгш бусаас нийгэмийн хагарал үүсгэх аюултай гэх
мэт болгоомжлох зүйл олон. Гэхдээ бидэнд бусдын алдааг давтахгүй байх боломж бий. Ялангуяа төрийн оролцоо ихтэй манай шиг орон засгийн газраас явуулах бодлогоос их зүйл хамаарна.

-Г.Галбадрах: Та 2-той хамт байхад их сайхан байлаа. Аль залуу наснаасаа өдийг хүртэл хөгжиж дэвшихийн төлөө хамтдаа зүтгэж, амжилтад хамтдаа хүрч байгаа тань мэдрэгдэж байна.

-Э.Отгонцэцэг: Хүнд гэр бүлийн амьдрал хамгийн чухал байдаг юм байна. Бид 2 бүх л юманд хамтдаа зүтгэсний ачаар өдий зэрэгтэй явж байгаа л даа. Ойролцоо мэргэжилтэй болохоор бие биенийхээ зовлонг сайн ойлгоно, бие биедээ зөвлөж туслах тохиолдол зөндөө гарна.

-Б.Түмэннасан: Дэм дэмэндээ, дээс эрчиндээ гэдэг дээ.

-Г.Галбадрах: Миний хүсэлтийг хүлээн авч уулзан, чин сэтгэлээсээ ярилцсан та 2-т их баярлалаа. АНУ-ын нэр хүндтэй Их Сургуульд багшилж, судалгааны ажил хийж байгаад тань баяр хүргэе. Энэ бүхний үр шим нэгэн цагт Монгол оронд хүртээл болох байхаа гэж найдаж байна. Та нарын эрдмийн оргилд хүрэх зам тань дардан байг.

-Б.Түмэннасан: Бидэнтэй ирж уулзан сайхан яриа дэлгэсэн танд ч бас их баярлалаа.

…Бостоноос холгүй байх тэдний гэрт зочилж бид 3 нэгэн орой нилээд ярилцаж суулаа. Бараг жилийн өмнө би тэдний тухай мэдсэн л дээ. Хэдийгээр холбооны салбарын мэргэжилтэй ч АНУ-д эдийн засаг болон санхүүгийн чиглэлээр Ph.D. хамгаалж нэр хүндтэй Их Сургуульд багшилж байгаа нэгэн гэр бүлийн энэ залуустай уулзаж ярилцах гэж хэрэг болгон зорьж очсон юм. Харин тэдний ярианаас АНУ-ын Их Дээд Сургуулиудад магистр болон докторантурт суралцах боломж болон шалгууруудын талаарх мэдээллүүд нилээд сонирхолтой байв. Түүнчлэн улстөр гэж
бид холбон ярьдаг шиг санхүү-эдийн засаг гэсэн холбоо үгсийн ялгааны тухай яриа ч содон байв. Бид заримдаа өндөр хөгжилтэй орнуудад амжилттай яваа залуусын тухай сонсохдоо албатай юм шиг л “Эрдэм мэдлэгээ Монголынхоо төлөө зориулсангүй” гэж зэмлэх, шаардахыг хослуулан “үглэцгээдэг”. Юу юунаас илүү ийм залуус, өнөөгийн Монголын залууст “нээлттэй дэлхийн хязгааргүй боломж”-ийн үлгэр жишээ болж байгаа нь хамгаас чухал мэт.

Гэхдээ ийм залуус “биеэ засаад гэрээ, гэрээ засаад…” гэхчилэн шаталсан олон зорилтуудыг сэтгэлдээ тээж явдаг. Тэдний яриаг сонсож суухад Монголын боловсролын шинэчлэлийн төлөөх зовинол минь үе үе “сэдэрч” байсан шүү. Тэдний сэтгэлд ч бас ийм зовинол мэдрэгдэж байсан. “Эрдэмд оройгүй” гэдэг ч “оргил” руу тэмүүлж яваа тэдний зүтгэл нь өөдрөг байг. Та 2 тоо амжилт, сайн сайхан бүхнийг ерөөе.

Share Your Thoughts