ЭРХ ЧӨЛӨӨ ба ХАРИУЦЛАГА

…Ардчилсан хувьсгал, өмч хувьчлал хэмээн бужигнаж гайхаж тэвдсэн хүмүүс учраа олохгүй мунгинаж байсан 1990 ээд оны эхээр Монголд минь учиргүй олон хутагт, хувилгаад, харь гаригийн холбоос, газрын доорх баялгийг дээрээс нь хараад нэвт шувт мэддэг хүмүүс “тодорч”, иргэд олон нийт хуйлран хошуурч байв даа. Завханы Тосонцэнгэлийн “Марз” ууланд “унасан “онгоцны сүйрлийн талаарх тэдний мэрэг төлөг, таамаг нь, итгэмгүй зүйлд итгэж, “далдын хар хүч” инд сүсэлж байсан олон нийтийн урмыг шууд л хугалж орхисон. Шинжлэх ухаанаас ангид, учир битүүлэг юмс үзэгдлийн мөн чанарыг хүмүүс биш, цаг хугацаа л шүүн нотолж, худал үнэнийг нь дэнсэлдгийн бодит жишээ. Гэхдээ иргэд олон нийтийн сэтгэл зүй, итгэл үнэмшил дээр “тоглолт” хийн бизнес болгон “баяжсан” тэдгээр хүмүүс нэр хүндээ алдаж, бусдын доог тохуу болон хувирсан. Төр тэдэнд хариуцлага хүлээлгээгүй боловч, цаг хугацаа тэдэнд хариуцлага хүлээлгэдэг. Тэд бол мөнгөний шуналаар нэр хүндээ арилжсаны нотолгоо. Тухайн үедээ “алдартан” байсан ч хожим нь “хэн ч биш” болдог баримт, одоо эргээд харахад.

Ардчилсан тогтолцоо “арга эвээ” олж ядах хугацаанд их эзэн Чингис хааны нэр хүндийг “ашиглах”, газрыг бус тэнгэрийг шүтэх, ихэс дээдсийн сүнстэй харилцан Монголын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох оролдлогууд давамгайлах боллоо. Үүний тод жишээ нь Мөнхсаруул гэгч бүсгүйн цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулсан “Их эзэн Чингис хааныг тодруулах” ёслолын ажиллагаа юм. Хүмүүс шүтэж, дургүйцэн янз бүрээр хандаж байгаа хэдий ч, олон нийтийн сэтгэлд төрж байгаа эргэлзээ хардлагыг хэн ч тайлж, энэ үйлдлийн төлөөх хариуцлагын талаар хэн ч дуугарсангүй. Ийм үйл ажиллагааг төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулах зөвшөөрлийг хэн олгов? Хэдийгээр энэ үйл ажиллагаанд “хувиасаа 16 сая төгрөг зарцуулжээ” хэмээн мэдээлж байгаа ч, үүнээс ч олон дахин их зардлыг хэн санхүүжүүлэв? Олон нийтийн сэтгэл зүйгээр “тоглосон” ы төлөө тэднийг шалгаж, хариуцлага тооцох тухай яагаад хэн ч дуугарахгүй байна вэ? 2016 оны сонгуулийн сурталчилгаа хууль бусаар эхэлж байгаа энэ цаг үед олон нийтийн мухар сүсгээр дамжуулан “тандалт” хийж байгаа улстөрчид байж магадгүй юм хэмээн би л лав хардаж байна. Улстөрийн эрх мэдлийн төлөө мөнгөтэй эрх мэдэлтнүүдийн “цагаандаа” гарсан үйлдэл ч байж болох. “Аргаа барсан хүүхэд аавынхаа толгойг маажив” гэдэг үг бий.

Улстөрч нэртэй “шуналтнууд” ын хувиа хичээсэн увайгүй, эрээ цээргүй үйлдлийн улмаас Монголын төрийн нэр хүнд, хүндлэл, итгэл үнэмшил өдрөөс өдөрт “унасаар” л байна. Дуучин С.Жавхланг үндэсний бахархал, монгол хүний мөн чанарын төлөө илэрхийлж байгаа үзэл бодлынхоо төлөө өөрөө үлгэрлэн “тууштай” байдаг чанарыг нь би үнэлдэг. Өөртөө байгаа боломжоо ашиглаад Монгол туургатнуудын эв нэгдлийн төлөө хийж чадсан “Хамаг Монгол ” төслийг нь ч би үнэлдэг. Гэхдээ л монгол үг зүйг дураараа задлан тайлбарлаж, олон нийтэд “татвар төлөхгүй байх”-ыг уриалж, заримдаа биднийг гайхашруулах этгээд яриануудад нь шүүмжлэлтэй ханддаг. Хааяадаа ном бага уншдаг, сэтгэлийн хөөрлөөр асуудалд ханддаг чанарыг нь “архаг улс төрчид” ашиглаад байна уу даа хэмээн би харддаг. Ямартай ч танхим дүүрэн цугласан хүмүүст “түрийвчээрээ даллаад их мөнгө олж болох” аргыг сурталчлан, “хэдэн малынхаа буянаар сайхан амьдарч байнаа” хэмээн хээв нэг ярьж суудаг Сарандаваа гэдэг эмэгтэйгээс илүү “эх оронч” бас “тэмцэгч” гэдгийг миний л хувьд зөвшөөрдөг. Гэхдээ л ийм хүмүүсийн дур зоргоороо аашилж байгаа үйлдүүд нь хэсэг хугацааны дараа цаг хугацааны шалгуур дор сайн муугаараа үнэлэгдэх биз.

Ардчилсан нийгмийн хөгжлийн явцад бидний олж авсан муу зуршил нь эрхээ дүүрэн эдэлдэг хэрнээ, үүргээ бараг биелүүлдэггүй жишиг. Бидэнд боловсруулж баталсан хууль, дүрэм журам хангалттай байдаг хэрнээ иргэд нь түүнийг огт хайхардаггүй, төр нь түүнийг хэрэгжүүлэхийг шаардан хариуцлага тооцдоггүйгээс зарим хүмүүсийн “дураараа дургиж, дун чөмгөөрөө жиргэх” боломж нь болж байгаа. Хууль дүрэм, хариуцсан байгууллага нь байсаар атал “дархан аварга” А.Сүхбат, Г. Өсөхбаяр нарын “энэ жилийн наадамд хэн нь зүүн талын жигүүрийг магнайлах” тухай маргаан, олон нийтийн талцаан, сайн муугаа дуудалцан олон нийтийн өмнө “шившгээ дэлгэх” тэдний үйлдэл нь үүний тод жишээ. Монгол хүмүүсийн мөн чанар жудаг, хүндлэл нь хуулиа хэрэгжүүлдэггүй, хариуцлагаа тооцдоггүй “эзэнгүй төр”-ийн арчаагүй үйлдэл дор “хиртэж” байна. Монголчуудын үндэсний их баяр наадам нь эрх мэдэл, мөнгөтэй хүмүүсийн “будлиантуулдаг”, нутаг жалгын үзлээр цол эрэмбийн “найраа” хийж завааруулдаг, өмссөн өмсгөл зүүсэн зүүсгэл, эдэлж хэрэглэж буй материаллаг зүйлсээрээ өрсөлдөн гайхуулцгаах солиорлын дэвжээ болох нээ.

“Мисс” ийн тэмцээнд оролцож буй нэгэн гоо бүсгүй “Би зузаан ном унших дургүй” гэж хэлснээс хойш, “царайны сайхан цай сүлдэггүй” бүү хэл, сайдыг ч суудлаас нь “унагаж” болдгийг нүдээрээ харж, чихээрээ сонсож байгаа бидний хувьд “боловсрол” гэдэг “үгний зугаа” болж дээ. “Ном эрдэм яах вэ? нойр хоолондоо л сайн байвал барав” гэдэг үгний утга эсрэгээрээ хэрэгжих болсон энэ цаг үед “мөнгө цагаан, нүд улаан” гэдэг үг бодит төсөөлөл болох нээ. “Ядаж байхад яр” гэдэгчлэн цахим орчны fasebook, tvitter үүд их нөлөөлөх боллоо. Би дээрх үйлдлүүдийг харж уншиж суухдаа боловсролын тогтолцооны алдаанд л харамсдаг. Бид хүүхдүүдэд “хар багаас” нь зөв сайн хүмүүжил төлөвшүүлэхгүй бол, дэлхийн сонгодог зохиолууд, уран зургууд, сонгодог хөгжмүүдийг ойлгуулж, бидний амьдрах ирээдүйн нийгэмд зөв сайнаар бэлтгэхгүй л юм бол ийм харамсаж бухимдмаар үйлдүүд насан туршид минь биднийг шаналгаж зовоосоор л байх болноо. Их дээд сургуулиудаа төгсөөд нийслэлийнхээ төв талбайд “хонхнй баяр” аа тэмдэглэж байгаа халамцуу, хөөргөн залуус энэ л талбай дээр хогоо замбараагүй хаялж байгаа нь Монголын боловсролын тогтолцооны муу үр дүнгийн жишээ юм шүү дээ.

Газрын хэвлийн баялагтаа найдаад, эсвэл тэнгэрийн их хүчинд найдаад, нөгөө бол их хаадынхаа сүнсийг дуудаад би хөгжихгүй ээ. Энэ чинь 13-р зуун биш, 21-р зуун. Дэлхийн чиг хандлагаас “гажаад”, далдын элдэв ховсдлоор, хагас дутуу мэддэг түүхээрээ халамцуу байхдаа цээжээ дэлдээд бид хөгжихгүй ээ. Эрх мэдэлтэй хүмүүсийн цүнхийг барьж “далдаганаад”, мөнгөтэй хүмүүсийн “угаадсыг горьдож” зусардаад бид хөгжихгүй ээ. Ном их унш, хүмүүс ээ. Нүдийг тань нээж, ухааныг тань сэлбэдэг юм. Сэтгэлийн хөөрлөөр бус, бодит сэтгэлээрээ орчин тойрноо дүгнэ. Алив юмс үзэгдлийг нэг талаас нь бус олон талаас нь дүгнэж төсөөлж байж бид зөв гарцыг олдог юм. Мөнгөний зургуудыг “шэйрлээд”, могойн чуулгантай тааралдаад, эсвэл казинод өдөржин шөнөжин тоглоод “баяждаггүй” юм аа. Өөрийгөө хөгжүүлж, сэтгэлээ шаналган байж, хөлсөө урсгаж байж их мөнгө олон сайхан амьдардаг юм. Эрхээ сайн эдэлж, үүргээ түүнээс ч илүү биелүүлж байж сэтгэл амгалан сайхан амьдардаг юм. Буруу муу юм болгонд Монголын төр хариуцлага тооцохгүй байлаа ч хэзээ нэгэн цагт цаг хугацаа хариуцлага тооцуулдаг юм. Уг нь Монголын төр цаг тухайд нь хариуцлага тооцож чаддаг бол их л олон хүмүүсийг муу үйлдлээс татаж, ухааруулах байсан юм даа, харамсалтай. Жаахан ухаалаг байцгаая, монголчууд аа.

Share Your Thoughts