Эр хүн

“Тань руу нүүж явна” нэртэй монголын уран сайхны кинонд, хүсч мөрөөдөж байж хүүтэй болсон эр, хөөрхий хүүгээ зуурдаар алдсан эх хоёрын зөрчилдөөнт шаналал дунд “хэрхэн яаж шийдэх бол”  хэмээн, анх үзэж суухдаа догдолж асан. Энэ хорвоо дэлхий дээр нэгийг нь баярлуулж, нөгөөг нь шаналгаж төрсөн тэр л бяцхан хүүг, өөр өөрийн сэтгэл зүрхээрээ “булаалдан”,  шаналах “монгол сэтгэл”-ийг үнэхээр гайхамшигтай харуулсан кино. Сэтгэлийн шаналал, зовлонгоо сэтгэл дотроо л “буцалгаж”, асаасан тамхиныхаа утаатай хамтад нь санаа алдан гадагшлуулах тэр эр, эцсийн эцэст хүүгээ алдан зовж шаналсан эхийн сэтгэл руу “нүүн очих”-ыг хараад өөрийн эрхгүй “эр хүн” гэж сэтгэл дотроо бахдан дуу алдсан сан.
“Монгол эр хүн” гэдэг гайхамшигтай дүрийг олон олон сайхан бүтээлүүд мөнхөлжээ. Уугуул нутагтаа эзэн шиг эзэн байж, уулс толгодоо давуулан бодлоо билчээдэг, үглэж яншаад байхгүй хэрнээ харцаараа л бүхнийг ойлгуулдаг, уйлж дуулаад байхгүй хэрнээ сэтгэл зүрхэндээ л бүхнийг багтааж явдаг монгол эрчүүд, шаналал ухаанаараа, зориг цусаараа өнөөгийн монгол орныг бидэнд хүлээлгэж өгсөн.
-Айл гэрийн ч, улс гүрний ч амьдрал, хувь заяаг нуруун дээрээ авч явах тавилангийн эрхээр арай л холыг харж, уужим сэтгэнэ. “Өнөөдрийн өөхнөөс маргаашийн уушиг” гэдэгчлэн, өнөөдөр болж байгаагаас илүүтэй, маргааш яаж амьдрах, нөгөөдөр хэрхэн хөгжиж, дээшлэхийг эр хүн л бодож олж, зориглон шийдэж байх учиртай. Тиймд ч ухаанаа төвлөрүүлж, бодлоо цэгцэлж, үгээ цэнэж, үйлээ дааж явах нь өөр хэний ч бус эр хүний л үүрэг гэнэм.
-Учирч буй баяр жаргалд, уухай хадуулан хөөрч орилоод байхгүй, уй гашуу зовлонд ч уйлж унжин, нус нулимс болоод байхгүй сэтгэлийн хат,  ухааны тэнцвэрийг эр хүн л барина. Ийм мөчид эр хүний хатуу болоод үнэн үг, нөмөр нөөлгийн хэн хүнгүй хүсч байдаг. Хамгийн хүнд хэцүү мөчид, эр хүний ханхар цээжийг түшиж, энхрий дотно үгийг сонсож, нөмөр нөөлгийн дулааныг мэдрэхийг л хүн бүр хүсдэг гэнэм.

-Уйлж бархирах нэгэнд ч, үглэж дуулах хэнд ч, агсарч хашхирах андад ч, атаархаж хорсох нөхөрт ч, хэрүүл өдөж, хараал урсгах жөтөөрхөгчид ч үйлдэл болгонд нь уралцан хэрэлдэж, барилцан зодолдоод байхгүй, хэрсүү ухаан, хат тэвчээр эр хүнд л байна. Тэвчээр бол хорслыг давах ухаан байдаг. Тэглээ гээд хохирсон хүн үгүй гэнэм.
-Хэлсэн үг, хийсэн үйлдэл, гаргасан шийдвэрийнхээ сайн муу үр дагаварыг эр хүн өөрөө л үүрнэ. “Эр хүн хэлсэндээ, эмээлт морь харайсандаа” гэдэгчлэн, хийсэн сайн үйлийнхээ төлөө, өөрийгөө магтаж хөөрцөглөөд байхгүй, саар муу үйлийнхээ төлөө гуниж гутраад байхгүй, зовсон ч зовоогүй юм шиг “зовхи нь өөдөө”, жаргасан ч сархадад сагаж “доош уналгүй” явах нь эр хүний эрхэм чанар гэнэм.
-Ханилсан хань, хайрлаж өсгөх үр хүүхдийнхээ өмсөх зүүх, идэж уух, хаа хэрхэн амьдрахыг эр хүн л шийднэ. Хатуудаа хатуу, зөөлөндөө зөөлөн, харьцуулан тэнцүүлэх ухаандаа хайр энэрэлээ авч явдаг. Үргэлж үнсэж, хөөрхийлээд байхгүй ч өр зүрхэндээ бүхнийг багтааж, ам хэлээрээ бус ачлал энэрлээрээ бүхнийг авч явдагт л эр хүний ухаан оршдог гэнэм.
Эрт цагаас эдүгээг хүртэл “монгол эр хүн”  гэдэг ийм л байсан. Ийм л эр хүний нуруун дээр монгол ахуй, монгол амьдрал, монгол төр тогтож иржээ.
Гэтэл өдгөө
-За эр хүн байна даа наадахаа уучих
-Эр хүн байж энүүнд дээрэлхүүлээд байх даа яахав дээ
-Эр хүн байж эхнэртээ толгойгоо мэдүүлээд байхгүй шүү
-Эр хүн юм бол гараад үзчихье
-Эр хүн байж новшрохгүй шүү
Өдгөө эр хүнийг үнэлэх үнэлгээ ихэд өөрчлөгдөө юу даа? “Энэ муусайн эрчүүд” хэмээн амьдралын хүндийг үүрч, өрх толгойлж яваа бүсгүйчүүд зэвүүцнэ.
-Өчүүхэн зүйлийн төлөө барьцалдан зодолдож, өөр хоорондоо муудалцана. Эвлэрч сайдсан хойноо ч өс санаж, энд тэнд очин өөрийгөө өмөөрч, өрөөл бусдыг муучлан ярих эрчүүд. Ухаанаар бус нударгаар бүхнийг шийдэх ядмагхан арга үгүй гэнэм.
-Өөрийн эхнэртээ бүхнийг мэдэмхийрэн зааж, үр хүүхэддээ хүртэл байнга үглэн шаналгана. Оролцохгүй мэдэхгүй зүйл үгүй хэрнээ, өөрөө юу ч хийхгүй, өчүүхэн өө сэвийн төлөө үргэлжид хэрүүл маргаан дэгдээх эрчүүд. “Уул үзээгүй хормой шууж, ус үзээгүй гутал тайлан”  сүржэгнэх нь “юм үзээгүй”  муу эрийн шинж гэнэм.

-Саад тотгор, бэрхшээл зовлонгийн өмнө сөхөрч, сархаданд толгойгоо мэдүүлэн, нус нулимстайгаа хутгалдана. Авааль эхнэр, үр хүүэддээ арслан бар шиг архирч, аагтай бусдын өмнө нохойн гөлөг шиг шарвалзах эрчүүд. Савнаасаа бусдыг дийлдэг сархаданд толгойгоо мэдүүлсэн эрийн хийморь нь, сархадны шилний ёроолд байдаг гэнэм.
-Ажил хөдөлмөр хийж, ар гэр , амьдрал ахуйгаа авч явахын оронд, амар хялбар аргаар амьдрахыг мөрөөднө. Зоволгүй мөнгө олж, зогсолтгүй жаргахыг хүсэн, бүтэлгүй муу үйлийнхээ төлөө, аав ээж, амраг ханиараа тэжээлгэн, бусдын нуруун дээр тарвалзан, буруу эрхлэх эрчүүд. Эр хүн “гутлаа чирж амьдрах” шиг, амархан атлаа гутамшиг үгүй гэнэм.
-Бүтээж хийсэн зүйлгүй, үүрч даасан зовлонгүй атлаа, энд тэндхийн хов живэнд эмс хүүхнүүдээс дутахгүй хутгалдаж, хийсэн бүтээснээ биш, хий мөрөөдлөө “бүлт бүлт үсрэх” эрчүүд. “Сайн эр явснаа, муу эр идсэнээ” гэдэгчлэн, хоногийн газар үг үнэнд гүйцэгдэнэ гэдгийг ухаарахгүйн харгайгаар, ярьсан худал үг, явсан муу үйлдээ үнэ хүндээ бардаг гэнэм.
Энэ цаг дор зарим монгол эрчүүдэд өв уламжилж ирсэн үнэт чанар үгүй болж, өрх толгойлсон эмэгтэйчүүд олширч, өрх гэр төдийгүй улс орны тулгуут багана нь ганхах болж дээ. Үг даадаггүй, үйлс бүтээдэггүй, сархадад толгойгоо мэдүүлж, сайхан сайхан “бүлт үсэрч”,  амьдралын хүнд ачааг бүү хэл алд биеэ авч явж чадахгүй эрчүүд олширвол улс гүрэн мөхөхийн цондон.
1990 оноос хойш эрчүүд маань хангалттай архидаж, элдэв хэрэгт орооцолдож, уруудаж доройтлоо. Харин энэ талаар ил гарган, идээ бээрээ шахалгүй өдий хүрлээ.
Шахалгүй удсан идээ бээр, цааш улам яргаж,цусанд ордог гэнэм. “Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас” гэдэг өтгөсийн мэргэн сургаалиар, ухаарч тэвчин, энэ цаг үейинхээ эзэн нь болж, өөрсдийн ачаагаа үүрсэн шиг үүрч, сэтгэлийн хаттай, уужим ухаантай, зовхи нь өөдөө, хийморь босоо явах цаг иржээ.
Харин маргааш
Нэгэн үе манай монголчууд “гал манах” охин үрдээ илүү анхаарал тавьж, “хил манах”  нуган үрдээ бага анхаарал тавьж байсан нь өдгөө буруу муу яваа олон эрчүүдийн өөрийгөө өмөөрөх шалтаг болж буй. “Гал манах”  амаргүй ч “хил манах”  түүнээс ч амаргүй. Өдгөө цагт өрх айлд байгаа үр хүүхдийн тоо цөөрч “гангар шаазан”  шиг хэврэг хүүхдүүд олширч буй. Ядахнаа л удам залган, хил манах “нуган үрээ”, эрх танхил биш “эр хүн”  болгон өсгөж хүмүүжүүлэх нь өөрт тань төдийгүй улс гүрэнд минь хэрэгтэй сэн.
-Албадаж шаардаж, аргадаж учирлаад ч болсон ажилч хичээнгүй, хөдөлмөрч болгож сургах сан.Бага гэлтгүй  ажил хөдөлмөр л хүүхдийг “аргыг нь олох” ухаан, хичээнгүй нямбай, тэвчээртэй болгон төлөвшүүлнэ.
-Уйлж дуулуулаад ч болсон үг дааж сургахсан. “Инээсэн бүхэн нөхөр биш, уурласан бүхэн дайсан биш” гэдэгчлэн өөрийнх нь алдаа оноо, үйлдлийнх нь буруу зөвийн төлөө уурлаж, учирлаж хэлсэн бүхнийг ухаарч тунгаан өөртөө шингээдэг болно.

-Эмэгтэй хүнийг энэрч хайрлах ухаанд сургахсан. Ээж минь төрүүлж өсгөсөн, эгч минь ачилж өсгөсөн, энэчлэнгээр энэ ертөнцийн эмэгтэй хүн бүхэн “ач буяны тэнгэр” юм шүү хэмээн ухаарна.
-Амьдрал авч явах ухаанд сургах сан. Алс хэтдээ амьдралын хүндийг энэ нуруун дээрээ үүрнэ гэдгийг ухааруулж, эрдмийн их далайд “гарыг нь ганзганд, хөлийг нь дөрөөнд”  хүргэнэ. Монгол хүн мориндоо мордсон бол ерөнцийн талд хүрч чаддаг гэдгийг бидний аугаа өвөг дээдэс харуулсан.
-Хамгийн муу муухай зуршил болох архи тамхинаас л хол байлгах сан. Өдгөө бид ууж идэх, угсарч татах олон наргиан наадмаа үр хүүхдүүдээсээ далд хийж, үүнээс үүдэлтэй олон ангид “жүжигүүдээ”  хүүхдүүддээ үзүүлэхгүй байхсан. Аль болохоор хүүхдүүдтэйгээ хамтдаа байж, аялж зугаалж, үзвэр үзэж, бас тоглож баймаар.
Энэ бусармаг цаг үейин золиос нь бид байж болох юмаа гэхэд хойч үе үр хүүхэд минь бидэн шиг байгаасай гэж хэн ч хүсдэггүй. Тэд биднээс илүү сайхан орчинд биднээс илүү сайхан амьдарвал тэдний үр хүүхэд бас л илүү амьдрах болно. Цаг цагт алсрах энэ л нугачаанд та бидний үр хүүхдүүд улам улмаар сайхан амьдарцгааж, удам угсааг тань таслахгүй. Эрдэнэт хүний энэ ертөнцөд үлдээх их мүр энэ буюу, Харин өнөөдөр та биднээс их зүйл шалтгаалах болж байна даа.
Эрчүүдээ хайрлацгаая
 Уул шиг нөмөр нөөлөгтэй атлаа, дуу шиг уяхан сэтгэлтэй, хайр халамжаа сэтгэл дотроо л тээж явдаг ханийн сайхан түшиг эрчүүдээ хайрла.
Өөрт тань “мундаг хүн”  харагдах гэж хичээвч, үнэндээ танаас хайр халамж битүүхэндээ горьдож л яваа, амьдралаа авч явах гэж өнөөдөр балчирдан будилавч, алсдаа уул шиг түшиг болох залуусаа хайрла.
Өсөхөд тань байнга үнсэж үлгэж байгаагүй ч, өөрийн тань хувь тавилан ирээдүйг өр зүрхэндээ тээж, үүний төлөө чадах бүхнээ хийсэн, өтөлж бууралраж яваа ааваа хайрла.
Хүнд хэцүү цагт бие биедээ түшиг болж, андын сайхан сэтгэлээр бие биеэ ачилж, айл гэрийн амьдрал, улс орныхоо хувь заяаны төлөө “дуугарвал дуу нэг, дугтарвал хүч нэг”  явдаг эрчүүд ээ! бие биеэ хайрла.
Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
2009-03-14.

Share Your Thoughts