“Эх оронсог” үзэлтэй байцгаая

Сүр жавхлан
Энэ намрын дунд сарын бэлэгт сайн өдөр, Монголын Засгийн газар “алдарт”  Оюутолгойн гэрээнд ёслол төгөлдөр гарын үсэг зурж, сүр жавхланг бадруулав.
Сүр жавхлан гэснээс тэр нэгэн жил, Монгол Улсаас Оросын холбооны Улсад төлөх учиртай байсан “их өр”-ийг төлж дуусав хэмээн яг энэ өдрийнх шиг ёслол төгөлдөр хөгжилдөж асан. Концерт тоглож, олон нийтийн өмнө чанга чангаар тэврэлдэж, уяхан зарим нь нус нулимстайгаа хутгалдаж байв даа. Харин өнөөдөр, сүр жавхланг бадруулан байж, ёслол төгөлдөр тунхаглаж байсан мөнөөх “их өр” төлөгдсөн эсэх нь эргэлзээтэй болж түмэн олныг гайхашруулав.
Харин энэ удаа, ашигтай ашиггүй, хэрэгтэй хэрэггүй хэмээн талцан маргалдаж байсан мөнөөх Оюутолгойн гэрээг баталлаа гэж, концерт тоглож, олон нийтийн өмнө тэврэлдэж,  хашир суусан бололтой камерийн өмнө арай “мэлмэрүүлсэнгүй.

Сүр жавхлан гэснээс хэдий болтол Монгол Улсын Засгийн газар, юм болгонд хөөрч догдолсон хүүхэд аятай “хүндээ хөнгөнөөс өгч”  байх юм бол.  Ядаж л Итгэлт баян шиг “юм үзсэн дамшиг”  аятай байж болдоггүй юм болов уу?

Алт ба авдар
“Алтыг нь аваад авдрыг нь хаяв”  гэж эрт үеэс монголчууд олон зүйл дээр жишээ аван сургадаг байсан. Авдраа нээж, алтыг нь авах эрхийг нь харийнханд өгч орхилоо.
Алт ба авдрын тухай маргаан нэгэнт ард өнгөрч, харамсах эс харамсахын дэнс л урд савлаж үзэгдэнэ. “Өглөө” нэртэй монголын урансайхны кинонд “сэлэм”  Тогмид
-Дуу муу хар хэрээ!  Буудчих уу жанжаан! Өө үхсэн, энэ муу баярлалаа ч бархирлаа ч цаана чинь ардын засаг яллаа гэж сүржигнэдэгчлэн, ард иргэд баярлалаа ч бархирлаа ч  Оюутолгойн гэрээнд гарын үзсэг зурж орхилоо.
Энэ гэрээний ачаар, алт нь гадагшаа гарч авдар нь монголд үлдэнэ гэдэг л маргашгүй үнэн. Эргээд дүүрэхгүй энэ авдранд хэр үнэ төлөх нь хувь заяаны бус хариуцлагын асуудал. Хожмын нэгэн цагт алтнаас ашиг бүү хэл, үртэс ч үлдэлгүй, хэмхэрхий хоосон авдартай үлдэх ахул хариуцлагыг нь хэн хүлээх вэ?
Арвин их баялагтай атлаа гадны хүчинд дулдуйдаж, арвитай хөгжиж чадалгүй хоосон үлдсэн олон орны гашуун туршлагыг олон олон хүмүүс сануулж буй.
Тийм ээ! Яг одоо бидэнд “эх оронсог”  сэтгэл хэрэгтэй байна.

Бүх монголчуудад хамаатай
Монгол Улсын үндсэн хуулинд зааснаар Монгол Улсын хөрсөн дээрхи болон хэвлийн бүх баялаг бүх ард түмний өмч байх учиртай. Өнөөдөр нээгдэж, дэлхий нийтийн анхаарлыг татаж байгаа энэ их баялагууд, өдгөө монгол оронд төрж, өргөн дэлхийгээр тархаж яваа, өөрийн эх орондоо амьдарч байгаа бүх монголчуудын ” монгол хүн болж төрсөн хувь заяаны бэлэг”.
-Яахав дээ! Баяжих нэг нь баяжиж, завших нэг нь завшиж л байг
-За даа энэ ч бидэнд нэг их хамаагүй зүйл дээ
-Энэ их баялаг байлаа гээд мөнөөх л луйварчингууд л баяжиж, бидний амьдралд нөлөөлөхгүй байхаа даа
Олон монголчууд янз янзаар бодож, өөр өөрийнхөөрөө л хандаж, зарим нь итгэж, зарим нь цөхөрч буй. Өөрсдийнхөө ирээдүйн сайханд итгэх итгэл, өөдрөг сайхан руу тэмүүлэх мөрөөдлөө алдсан хүмүүс хамгийн арчаагүй байдаг.
Үгүй ээ!. Оюутолгойн ч Тавантолгойн ч өөр бусад баялагууд ч монголчууд бидэнд бүгдэд хамаатай. Аугаа өвөг дээдсийн минь бидэнд өвлүүлж үлдээсэн энэ их баялагууд өнөөдрийн монгол хүн бүрийн өөрийн амьдралаа дээшлүүлэх, хүсэл мөрөөдлөө дээшлүүлэх боломж.
Энэ боломжийг л бид алдах эрхгүй. Эс тэгвээс, өдгөө Монгол оронд минь өдрөөс өдөрт газар авсаар байгаа авилгал хээл хахуул, хүнд суртал, баян хоосны ялгаа, ажилгүй анхиагүй байдал, архидалт, янхандалт, бие биедээ үзүүлж байгаа сэтгэл зүйн болон материаллаг дарамт, хязгааргүй шунал, тэчьяадал улам улмаар гаарах болно.
Хамгийн гол нь монгол хүний цог золбоо, хийморь лундаа, хүн чанар, итгэлцэл, үүн дээр эх орноо ч алдаж болзошгүй.
Тийм ээ! Яг одоо бидэнд “эх оронсог” сэтгэл хэрэгтэй байна.

Бидэнд гашуун туршлага бий
Ардчилал Монгол оронд ялснаас хойш, бүх монголчуудад 2 удаа баялагаа хуваасан.
-Анхны “өмч хувьчлал”  нэртэй тараасан хөх, ягаан өнгөтэй цааснуудыг санаж байгаа байх. Санаатай болон санамсаргүйгээр ард иргэддээ ухуулан ойлгуулж, тайлбарлан сурталчилалгүйгээр хийсэн энэ хуваарилалт хэнд ашигтай байсан бэ? Учраа ч сайн ойлгоогүй мунгинах ард иргэдийн гар дээрээс учрыг нь  сайн мэдэж байсан олон түшмэдүүд, тэдний үр хүүхдүүд, уг цааснуудыг хямд үнээр худалдаж авч, “Тамирын голын мөсийг нь долоолгүйгээр”  баяжицгаасан даа.

Тэр бүхний үр дүнд, өнөөдрийн олон олон олигархууд үүсэн хөгжиж, үржин дэлгэрсэн нь үнэн. Хамгийн харамсалтай нь энэ “өмч хувьчлал”  олон олон энгийн иргэдийн сэтгэл итгэлийг хамтад нь “хувьчилсан”  нь бас л үнэн.
-Удаах “газар хувьчлал” -ын үр дүнг бид өнөө ч амсаж байгаа. Хөрст, үржил шимт газар нутгаа “хүнд суртал”, ” авилгал”- аар бордож, уут уут лангаар худалдаж, язартлаа таргалж, хагартлаа баяжиж байна мөнөөх “түшмэд”  нэртэй “хувалзнууд”.
Зуслангийн газраас эхлүүлээд уулын ам, дархан цаазат газар, уудам сайхан билчээр нутаг, арвин эрдэнэт хөрс шороог ч ашиглан тордохын оронд, арилжин наймаалж байна харийнханд. “Суусан газраасаа шороо атгана” гэж ажилч хичээнгүйг магтдаг байсан монголчууд, атгасан шороогоо мөнгө болгоно гэж арчаагүй шуналыг эрхэмлэх болж дээ.
“Хойноос ирээд хот минийх, хотонд ороод хонь минийх”  хэмээн эрээ цээргүй заль луйврыг жигшдэг байсан монголчууд, бэлчээр нутгийг нь худалдаж аваад, хоттой хонийг нь хөөж орхиод, хөрс шороог нь онгичиж, хүй дарсан чулууг нь хагалж нүдэж байхад, авсан зоосондоо “сэтгэл цадаж”, арчаагүй сэтгэлдээ “баярхаж”  суух.
Энэ бүхний үр дүнд, өөрсдийгөө төдийгүй эх нутгаа ч худалдаж байна даа бид.
Өнгөрсөн гашуун бүхнээ эргэн санаж байхдаа, өмнөө байгаа “эрдэнийн хувь”, “эх орны хишиг”  гэсэн сайхан нэртэй “алаагүй баавгайн арьс” -ын хуваарилалтад анхаарлаа хандуулахгүй байхын арга үгүй.
Оюутолгойг хэрхэн ашиглаж, гарах үр ашгийг нь нийт олны төлөө хэрхэн шударгаар хуваарилан зарцуулах асуудал монгол хүн бүрт хамаатай. үүнд хамаагүй нэг ч хүн үгүй.  Тийм ээ! Яг одоо бидэнд “эх оронсог”  хэрэгтэй байна.

Талх идэх үү? Талх барьж сурах уу?
Өнөөдөр монголын төрийн эрхийг барьж байгаа МАХН, АН өнгөрсөн сонгуулийн бүх л сурталчилгаанд, Оюутолгойн ашиглалтаас иргэн бүртээ 1.5 сая төгрөг өгөх тухай баярламаар ч юм шиг, бахархмаар ч юм шиг амлалтуудыг өгч билээ. Эгээ л Итгэлт баян өврөө уудалж, айлын хүүхдэд хишиг түгээх гэж буй аятай. Нэр дэвшигчид нь бэлэн зэлэн амалж, бүр зарим нь хуудас тарааж ч алиалав. Хэний мөнгийг хэнд өгч буян болох гээд байгаа нь бас л ойлгомжгүй.

Яг үүнчлэн “амташсан хэрээ арван гурав дахина” гэдэгчлэн “өмч хувьчлал” ,  “газар хувьчлан наймаалцах”  аргаар баяжигсад, дахин дахин “тасартлаа” баяжихаар шүлсээ залгилж буй. Тэд зөвхөн үүний төлөө УЙХ, ЗГ -т ямар ч үнээр хамаагүй шургалахаар ард иргэдийн “тархийг угаацгаав”.  Тэд ард иргэдэд “талх” тарааж, ходоод нь өлөн зэлмэг, толгой нь хоосон тэнэг байлгахыг хүсч байна. Ингэж болно гэж үү?
Тийм ээ! Яг одоо бидэнд “эх оронсог”  сэтгэл хэрэгтэй байна.
Оюутолгойн ашиглалтаас орж ирэх ашгаас, ард иргэддээ “талх”  бус “талх барих”  боломжийг нь олгохын төлөө санаа тавих цаг болж байна. Олон олон мэргэдүүд үүнд санаа зовж, санал гаргаж байна. Нэгэнтээ улстөрч Б.Дэлгэрмаа “тэргүүлэх салбарын тухай” Сингапурын хөгжлөөс жишээ авч тодорхой санал дэвшүүлсэн байна билээ. Энэ баялагуудын ашиг нь монгол орны зөв сайн хөгжил, монгол хүний үнэт хөгжлийн төлөө зарцуулагдах учиртай гэдэгтэй эрүүл ухаант хэн ч маргана гэж үү? Энэ бол Монголчууд бидний насан туршдаа өөрсдөө “барьж идэх талх” юм.
-Энэ баялагийн ашгаас монгол орны хөгжилд хэрэгтэй шинэ техник технологид зарцуулагдах учиртай.
-Энэ баялагийн ашгаас ирээдүйн хөгжсөн монгол хүний төлөө, боловсролын салбарын шинэчлэлд зарцуулагдах учиртай.
-Энэ баялагийн ашгаас Монгол орны байгаль орчныг хөгжүүлэх, нөхөн сэргээхэд зарцууулагдах учиртай.
-Энэ баялагийн ашгаас өнөөгийн монгол хүний, эх орондоо чадлаараа хөдөлмөрлөн, хүссэнээрээ тайван амьдрах боломжийн төлөө зарцуулагдах учиртай
-Энэ баялагийн ашгаас эрүүл саруул, өөртөө итгэлтэй, өөдрөг хүсэл тэмүүлэлтэй монгол хүний хөгжилд зарцуулагдах учиртай.

Энэ бүхнийг хэрхэн бий болгох нь зөвхөн эрхэм түшээдийн хэрэг бус, эгэл бидний ч шаардлага санаачлага байх учиртай. Эс тэгвэл энэ их баялагийн хэрэг, ач тус юун.
Тийм ээ! Яг одоо бидэнд “эх оронсог” сэтгэл хэрэгтэй байна.

Эх орон гэдэг
Хүн энэ ертөнцөд төрөхдөө, төрүүлж өсгөх эцэг эх, тосож авах эх орноо өөрөө сонгодоггүй. Тохуутай ч юм шиг хувь заяаны эрхээр баян ядуу, сайхан муухай хэн нэгэн эцэг эхээс төрж, говь цөл, тэнгис далай, ой ширэнгэ, уулс хавцал бүхий ямар нэгэн эх оронд унадаг.
Энэ ертөнцөд ирснээ зарлан чарлах улаан нялзрай тэр л “амьтан”-ыг уулга алдан тосох нүцгэн гар, амьсгал юуг нь тэтгэх цэнгэг агаар, нүд юуг нь гялбуулах бүлээхэн нарны илч, хожим хөлд орох цагт нь тосон угтах газар шороо гэдэг юутай ч зүйрлэшгүй, халуун дотно өлгий болдог.

Хөлд орж, ухаан тэлж, хорвоо ертөнцийг хэрэн бидэрч, элдвийг үзэн, эрээн мярааныг гайхан биширч явахдаа ч энэ бүхнээ өөрийн төрж өссөн нутагтайгаа жишин сэтгэлдээ сэм “голно”. Хөлд орохдоо гишгэж асан хайрга чулуу нь, хамгийн тансаг зүлэгнээс ч “зөөлөн”, хүй ертөнцөд анх амьсгалсан тэр агаар, хамгийн амтат дарснаас ч “амтлаг”, хархан нүдээрээ анхлан харсан тэр нар, хамгаас гэгээлэг бас “илчлэг”.
Монголчууд бид “өсөж төрсөн нутаг”,  “хүй дарсан чулуу”  хэмээн ихэд бэлэгшээн ярилцдаг. Төрүүлсэн эхээсээ төдийгүй, төрсөн нутагтайгаа “хүйн холбоотой” байдаг монголчууд бид элгэмсэг бас нутагсаг ард түмэн. Төрсөн нутгийнхаа өндөрлөгт овоо босгон сүсэлж, тунгалаг цэнхэр ус ундаргад нь бохирыг цээрлэн ариглаж, хүй дарсан чулуундаа нас тоолон мөргөж, хөрст газар шороогоо амандаа шившин хайрладаг монгол гэдэг аугаа ард түмэн. Зуун зуун дамнан атга шороогоо цусаараа хамгаалж, завсрын юм шиг “тэрлэгхэн зайг”  суу залиараа үлдээж өнөөгийн бидэнд өвлүүлсэн өвөг дээдэс минь бүр ч аугаа.
Ухаан цусаар сүлэн байж, энэхэн орчлонд тамгалагдан үлдсэн Монгол газар шороо , эх нутаг гэдэг юутай ч зүйрлэшгүй халуун дулаан өлгий. Хайр элбэрэл дүүрэн бүлээн дулаан агаар.
Энэ л халуун дулаан өлгий, хайр элбэрэл дүүрэн агаагүйгээр эрдэнэт хүмүүн оршиж чадна гэж үү?
МОНГОЛЧУУД АА! ЯГ ОДОО БИДЭНД “ЭХ ОРОНСОГ” СЭТГЭЛ ХЭРЭГТЭЙ БАЙНА.     Эх орон чинь чиний төлөө юу хийхийг хүлээх биш, эх орныхоо төлөө чи юу хийж чадахаа харуулах цаг ирж байна.

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
2009-11-02

Share Your Thoughts