“ЭХ ОРОНЧ” СЭТГЭЛ ХААНААС…

…”Хоёулаа нар жаргахаас өмнө амжиж 4 Ерөнхийлэгчийн хөшөөтэй уулыг үзэж амжаад, зургаа авахуулчихаад цаашаа хөдлөе”. Өдөр 2 цаг өнгөрөөгөөд Денверээс гарсан Зулаа бид хоёр Өмнөд Дакота руу ороод ингэж ярилцав. Машинаар Денверээс бараг 6 цаг орчим давхиад Өмнөд Дакота мужид орших Mount Rushmore National Park дээр очиход оройн 8 цаг өнгөрч нар хэвийх дөхөж байсан үе. АНУ-ын түүхэнд алдаршиж үлдсэн 4 Ерөнхийлэгчийн дүрийг уулан дээр дүрсэлсэн гэдгээр нь мэдэх бидний төсөөлөл, очсон газрын цогцолброос огт өөр байлаа. Машинаа зогсоол дээр тавиад уг цогцолбор дээр очиход хоолны газрууд, бие засах газар, бэлэг дурсгалын дэлгүүрүүдээс гадна уг дурсгалын хөшөөг харж бас зураг авахуулж болох харууцтай газруудыг тавцан болгон засч, сандлууд хүртэл хийсэн байв. Хэдийгээр орой болж байсан ч хүмүүс дүүрэн, юуг ч юм бэ хүлээсэн байдалтай байхаар нь дэргэдэх хүнээсээ лавлан асуувал “9 цагаас энд  ёслолын арга хэмжээ болдог юм” гэж хариулсан. Бид хүлээж уг арга хэмжээг сонирхохоор шийдлээ.
Яг 9 цагт том дэлгэцийн өмнөх тусгайлан зассан тавцан дээр хөтлөгч гарч ирэн, зорьж ирсэн зочдод талархал илэрхийлээд энэхүү цогцолбрын талаар танилцуулав. Дараа нь маш том дэлгэц дээр энэхүү ууланд дүрсийг нь мөнхжүүлэн сийлсэн АНУ-ын түүхэнд мөнхрөх гавьяа байгуулсан үе үеийн Ерөнхийлэгчид болох Жорж Вашингтон, Томас Жефферсон, Авраам Линкольн,Теодор Рузвельт нарын намтар хийгээд АНУ-ын хөгжил дэвшилд сайнаар нөлөөлсөн гавьяаг нь тод томруунаар илтгэсэн баримтат киног үзүүллээ. Баримтат киноны дараа өндөр уулын орой дээрх дөрвөн Ерөнхийлэгчийн баримал руу хүчтэй прожекторуудаар гэрэл тусгахад түнэр харанхуйн дундаас тэдний дүрс эрхэмсэг агаад бардам төрхөөр тодрон үзэгдэнэ. Энэ мөчид АНУ-ын төрийн дуулал эгшиглэж, бүх хүмүүс суудлаасаа босч цээжиндээ гараа аван хүндэтгэлтэйгээр дагаж дуулцгаав. Энэ мөч хамгийн гайхалтай байлаа. Цээжний гүнд омогшил төрж, хамар шархирах шиг тэр мэдрэмж “Эх оронч” сэтгэл гэдэг эндээс л эхэлдэг юм байна шүү дээ гэх бахархалтай сүлэлдэж байв. Хүндэтгэл бахархал гэдэг өнгөрсөн түүхийн цаг хугацаанд ч балардаггүй, улам ихээр тодордог аж. Төрийн дууллын дараа хөтлөгч, зочдын дундаас дайнд оролцсон ахмад дайчид болон цэргийнхэн болон ахмадуудыг тайзан дээр урьж Төрийн далбааг буулгах ёслолыг хамтдаа үйлдсэн.
Бидний энд зочилсон өдөр Монголд минь Төрийн сонгууль явагдаж дууссан өдөр байсан болохоор, буцаж явахдаа машины урд гэрэлд урсан урсах замын урсгалд сэтгэлд багтаж ядан үерлэх бодлуудаа эвхэнэ. Би зарим хүмүүстэй адил мундаг “эх оронч”, эх орноо цээжээрээ хамгаалах “цогт тэмцэгч” биш л дээ. Зүгээр л харь оронд цөөнгүй жил ажиллаж амьдрахдаа “Эх орон гэдэг бидний хувьд ямар их үнэ цэнэтэй зүйл болох”-ыг л элдэв реклам сурталчилгаагүйгээр зүрх сэтгэлээрээ мэдэрсэн хүн. Тэгээд л “Эх оронч” сэтгэл хаанаас эхэлдэг вэ?” гэдэг асуултыг өөртөө дандаа тавьдаг. Хуурамч хийгээд жинхэнэ “эх оронч”-дыг ялгахад бэрх болсон энэ цагт, эгэл жирийн монгол иргэнээс эхлээд хүн бүр эх орноороо бахархаж, эх орондоо чин сэтгэлээсээ хайртай байх эхлэл хаана байна вэ? гэдэг асуулт хариу нэхсээр. Надад юу бодогдсон гээч?
Аливаа улс үндэстний бахархал эх түүхээсээ эхэлдэг аж. Бид яаж тэмцэж, яаж зовж, яаж хөдөлмөрлөн зүтгэж байж энэ эх орныг босгоо вэ? Хэрхэн тусгаар тогтнож, хэрхэн энэ газар шороогоо авч үлдэж, хэрхэн оршин  тогтнож өдий хүрээ вэ? Би өнөөдөр хэний бүтээсэн эх оронд амьдарч, хэний цус, хөлс, нулимс шингэсэн газар шороон дээр гишгэж явна вэ? Эцэст нь би энэ эх орондоо хэн байх вэ? Энэ бүх асуултын хариуг бид ном болгон бичиж сургуульд заахаас эхлээд монгол хүн болгон зорьж очиж буй газар бүхэнд сануулж байх хэрэгтэй мэт. “Аль ч улс үндэстнээс дутуугүй түүхтэй монголчууд өнөөдөр сул дорой яваадаа уурлаж бухимдаад, улстөржөөд байгаа юм” гэж нэгэн гадаад хүний учирлаж өмөөрсөн үгийг би санаж байна. Тийм ч байж болох, үгүй ч байж болох. 200 гаруй жилийн түүхтэй Америк гүрний түүхийн бахархал, 800 гаруй жилийн түүхтэй Монголчуудын бахархалтай зэрэгцэн оршиж байна шүү дээ. Харин бид бахархам сайхан түүхээ яаж сийлэв? Бид өөрсөддөө болон хойч үедээ хэрхэн сануулга болгон үлдээв?
…”Монголын нууц товчоо”-ны өлгий болсон Хэнтий аймгийг “Түүхийн Дархан цаазат газар” болгон цогцлооё. Их эзэн Чингис хааны мэндэлсэн газар, Их хаанд залагдсан газар, бусад түүхийн гэрч газруудад түүхийн цогцолбор хөшөө дурсгалуудыг байгуулья. Бурхан Халдун ууланд их эзэн Чингис хаан 9 өрлөгийнхээ хамт гэрэлтэн заларч, сургааль юугаа айлдаж байвал юутай сайхан. 13-р зуунд Монголын төдийгүй Дэлхийн нийслэл байсан Хархорум хотыг “Түүхийн дархан цаазат газар” болгон хөгжүүлж яагаад болохгүй гэж? Хархорумын эргэн тойронд дэлхийн олон улс орнуудын “загвар хот” ууд байгуулж болно. Дэлхийн худалдааны эргэлтийн сүлжээ байсан “Торгоны зам”-ыг аялал жуулчлалын дэлхийн урсгал болгож яагаад болохгүй гэж? Бидэн шиг дэлхийн түүхэнд үлдсэн “баялаг” тай улс орон олон бий гэж үү? Баялаг түүхээ умартаад, газар доорх алт, мөнгө, нүүрс, зэсэнд шунан өрөөл бусдыг хардан өөр хоорондоо хэрэлдэн маргалдаад тусыг олов гэж үү? бид. Аугаа үндэстэн монголчууд гэхээсээ авах идэхийн донд хөтлөгдсөн хүн сүрэг болон хувирч байна бус уу? бид. Түүхээ мэдэхгүй хэрнээ их хааны нэр зүстэй дарс залгилан, согтохоороо цээжээ дэлдэн Чингисийн монгол хэмээн агсамнаж, үнэ цэнээ мэдэхгүй хэрнээ эрх мэдэлд шунан, шогтохоороо эх болсон газар шороогоо бусдад худалдан арилжиж болно гэж үү? Бидний бахархал омогшил хаана байна вэ?
“Эх оронч” сэтгэл хаа нэгтээгээс бус таны сэтгэл дэх ухамсраас эхэлдэг. Зүгээр л хийх гэж бодсон зүйлээ чин сэтгэлээсээ хийж чадахаас эхэлдэг. “Тийм мөнгө хаана байгаа юм бэ? тэнэгтээд бай” гэж загнах гэж байгааг тань мэдэж байнаа. Гэхдээ “Хийхийг хүссэн хүнд арга нь олдож, хийхийг хүсэхгүй хүнд шалтаг нь олдоно” гэдэг үг бийг мартаж боломгүй. Mount Rushmore National Park цогцолбрыг 14 жилийн хугацаанд барьж байгуулсан юм билээ. “Сэтгэлд гал байвал зууханд гал олдоно” гэдэгчлэн бидэнд хугацаа байнаа. Зориглоод эхлүүлэхэд монгол хүн бүр сэтгэлээрээ дэмжиж байхад бүтээж чадна даа. Эх орныхоо хэвлийг ухаж төнхөн байгаль орчноо сүйтгэж байхын оронд, эх орныхоо хөрсөн дээр зуу зуун , мянга мянган жил балрахгүй орших түүхийн хөшөө дурсгалаа босгож болноо доо. Магадгүй Монголчуудын түүх мөнхөд дуурсаж, энэ газар шороо мөнхийн мөнхөд “МОНГОЛ” нэрээр дархлагдах ч юм бил үү? “Аялал жуулчлалаас маш их мөнгө олж болох юм” гэдэг бодлоос илүүтэй “Монголчууд бидний эх оронч сэтгэл, бахархал, омогшил эндээс эхлэх юм байна” гэдэг санаа миний сэтгэлийг уужруулсан сан.
…Монголчууд бидний сэтгэлгээний ДАРХЛАА болсон монгол наадам айсуй. Монгол хүн болгон гарааны зурхай хөдөлсөн морьд шиг сэтгэл нь догдолж хүлээдэг наадам айсуй. Хаана ч байсан гэлээ “би монгол” хэмээн омогшиж, бусдын өмнө “эх оронч” сэтгэлээ илэрхийлдэг монгол наадам айсуй. Хүчит бөхчүүд нь эр бяртай байг, хурдан хүлгүүд нь эрэмгий хурдтай байг, харваач мэргэд нь уухайн түрлэгтэй байг. Монгол хүн бүрийн “эх оронч” сэтгэл нь эрийн гурван наадмаас эхэлдэг ажгуу. САЙХАН НААДАЦГААГААРАЙ.

Share Your Thoughts