Ээжтэй хүн эрхэлдэг юм

Ээж минь
…Талын энгээр алаглан найгах цэцэгсийн шүүдрийг, нүцгэн хөлөөрөө үсчүүлэн гүйж би ээждээ ирсэн. Тэнгэрт мандах шаргал нарны бүлээн цацрагийг булбарай гартаа атган бууж би ээждээ ирсэн.Эрдэнэт хүний зүрх сэтгэлийн уянгыг хөглөж, жаргал. зовлонгийн айзам нэмэн, дуулж уйлж би ээждээ ирсэн.
Энэ сайхан ертөнцөд ингэж ирсэн болохоор, ээж минь намайг энгэртээ тэвэрч, хөхөөрөө хурайлж, бүүвэйн дуугаараа аргадан өсгөжээ. Өвдчих вий гэж үүлнээс хүтэл халхалж, өлсчих вий гэж бусдаас хүртэл харамлаж, зүрдэх вий гэж үйлээс хүртэл аргадаж, яг л өндгөө дарсан шувуу шиг л хайрлаж, харамлаж, энхрийлж өсгөж дээ ээж минь.

Хааяа зэмлэж үглэх сэтгэлд хайр нь дотроо л байдаг, айлгаж тунирхахдаа асгаруулан нэрэх нулимсыг минь, арчих хурууны өндөг нь хүртэл зөөлөн байдаг, “эвий үр минь ” гэж тэвэрч үнсэхэд хүртэл, элэг зүрхний гүнээс хайр нь ундран байдаг сүү шигээ цав цагаахан сэтгэл эх хүнээс өөр нэгэнд бий билүү.
Хорвоогийн жаргал зовлонг хүүхдүүдийнхээ жаргал зовлонгоор хэмждэг, хүсэл мөрөөдлийнхээ сайхан биелэлийг хүүхдүүдийнхээ ажил амьдралаас  хайдаг, санаанд нь хүрэхгүйн шаналал, хүлээлтийн шалтгийг сэтгэл дотроо л үглэж аргаддаг, хоёргүй ховорхон сэтгэл эх хүнээс өөр хэн нэгэнд бий гэж үү.
Өнгөтэй, амттай, сайхан бүхнээ өөрөөсөө харамлан байж үрдээ л хадгалдаг, үүд нээгээд ороод ирэхэд нь, уулга алдан тэвдэж, санасан сэтгэлээ нуудаг, өвдөж ядрах үед нь үгийн урмыг сүүн сэтгэлээр сүлэн эдгээдэг өгөөмөр ачтан, эх хүнээс өөр буй буюу.

Бид анзаардаггүй
… Ээжинхээ сүүг татрахгүй юм шиг, энхрийлэл хайрыг нь дуусахгүй юм шиг, энэрэл халамжийг нь дундрахгүй юм шиг санах, омголон хөөрүү насандаа даан ч олон зүйлийг анзаарч ухаардаггүй юм даа бид.
-Өөриинх нь төлөө үглэж зэмлэх сэтгэлийг нь “өө ээж яршигтай юм” гэж тээршээнэ. Өмөлзөж, гомдох сэтгэлийг нь үүдээ хаяад гарахдаа үл анзаарч, хамтад нь хааж одох. Өөрийнхээ төлөө бус үрийнхээ төлөө л гэж үглэн дуулах “буруу ч”, “тээртэй ч”  энэ л үгс хайр, хармын сэтгэлээс гарч байгааг бид анзаардаггүй.
-Хааяадаа ээждээ очихдоо “ээж сайн уу?”  гэсэн хайхармжгүйхэн мэндийн хариуд “ээж нь сайн” гэж хахаж цацан ханиалган хариулахад нь хүртэл “за, яамай даа”  хэмээн бодолдоо тайвшрана. Өөдөсхөн багадаа өвдөж халуурахад нь биедээ нааж өөртөө халууныг нь авдаг байсан тэр л ээжийнхээ, бүлээрсэн магнайг нь алгаараа дарах ухаан бас л дутмаг. ‘Үр минь. өвчингүй эрүүл байвал, өтөл миний өвдөх ч яамай”  гэж хайхрамжгүй хандах тэр л хандлагыг өөрөөсөө өмөөрөх сэтгэлийг бид анзаардаггүй.

-Хаа нэгтэй, харж үзэж байгаа мэтээр жаахан юм аваачиж өгөхдөө, “яахнав дээ хүүхдүүд минь, яасан ч их юм бэ?”  гэж уулга алдахад нь төрүүлж өсгөсний ачийг нь хариулж буй мэт нэг л маадгар. Өгсөн жаахан юмыг тань өөртөө бус өрөөл бусдад “хүүхдүүд авчирч өгсөн юм” хэмээн хөөрцөглөн түгээх эхийн сэтгэлд өнгө мөнгө бус хайр халамж үгүйлэгдэж байдгийг бид анзаардаггүй.
-Энд тэнд элдэв тоглолт үзэн, эзэн бусаар наргиж явахдаа эхийн тухай дуулж, шүлэглэхийг сонсон уярч, мансуурч суухдаа “шүүдрийн мөнгөн дуслаар”  биш сүүгээр сүлсэн цай чанаж, шөл хийж, хааяа ч болов ачлахаа санадаггүй. Хийх гэсэн үйлдэл бүхний хариуд “юүхэв хүүхдүүд минь” гэж татгалзавч, цаанаа ачлал энэрэл хүсч л суудгийг бид анзаардаггүй.
-Ажил амьдралдаа үүртэж, хааяа нэгтээ ээжтэйгээ утсаар л ярина. “Та минь давгүй юу?” гэх асуултын “давгүй хүүхдүүд минь, ээж нь алзахгүй, надад юунд санаа зовох вэ”  гэдэг хариултанд сэтгэл ханан тайвширна. Жилдээ ганц цагаан сар, бусад баяраар ёс мэт ээжийдээ очиж, өгч буй бэлэг сэлтээр сэтгэлийг нь аргадах. Өтөлж ганцаардаж, өвдөж ядрахдаа хүйн холбоотой хүүхдээ л хүлээж суух эх хүний сэтгэлийн чилэлтийг бид анзаардаггүй.
Энэ ертөнцөд бид өөрсдөө сонгодоггүй, сонгох ч эрхгүй хэдий ч эх хүнд үр нь болж ирэн, эмэхрэл, хайр халамжаар бие биеэ ачлах агуу хувь заяндаа бишрэхгүй байхын арга үгүй. Сайн муу, сайхан муухай ээлжилдэг энэ хорвоод, гагцхүү эх хүний сэтгэл юутай зүйрлэшгүй агуу дээд нь билээ. Энэ л агуу дээд сэтгэлийг тунгааж ойлгон. ухаарч мэдрэх нь эрдэнэт хэмээх хүн бидний үүрэг юм шүү дээ.

Ээжтэй хүн л эрхэлдэг
… “Эвий үр минь” хошуу цорвойлгон, гар сунган, эрхлүүлэх эхийн сэтгэлийн гүнд юутай ч зүйрлэхийн аргагүй энхрий, ялдамхан хайр оршиж байдаг юм. Энэ л хайраараа өөрөөсөө тасарч унасан үр хүүхдээ хайрлан эрхлүүлдэг агуу зөн совин бас байдаг ажээ. Буруу гундуу яваа үр хүүхдээ буруутгахаас илүүтэй, дотор сэтгэлдээ өөрийгөө л буруутгах хэрнээ өрөөл бусдаас ямагт өмөөрнө.
-Айлын хүүхэдтэй муудалцаад уйлж орж ирэх хүүхдээ “больж, чиний л буруу шүү дээ”  хэмээн зандравч, “хөөрхий үр минь өвдөө болов уу”  гэж дотор сэтгэлдээ “нулимс унагана”.
-Тааруухан сурч буй хүүхдээ “байг миний хүү, малд нүдтэй, ажилд сайн юм чинь”  хэмээн багшаас нь өмөөрч, дотор сэтгэлдээ “хэрэлдэнэ”.
-Сархадад хөлчүүрч, савлаж орж ирэх хүүгээ “согтуу толгой чи ”  хэмээн зэмлэвч ” маргааш толгой нь өвдөх байх даа ” хэмээн дотор сэтгэлдээ “эмчилнэ”.
-Салж сарнихдаа тултал муудалцаж ирсэн хүүхдүүдээ “хүний үрийг зовоогоод чи”  хэмээн зандравч, “хөөрхийс минь учраа олохгүй л байна даа” хэмээн дотор сэтгэлдээ “ярин шанaлна”.
Эх хүний үр хүүхдээ өмөөрч, өөрт нь хир халдаахгүй хамгаалж ирсэн энэ л сэтгэлийг бид зөвөөр ойлгож. зөв ухаанаар авч явахсан даа. Эрхэлж эрхлүүлэхийн энэ л зааг дээр өдгөө олон хүмүүс амьдралд хөлөө олохгүй “хазгай гишгэж”, “зовж зүдэрч”, ” хэлээ зажилж”, “нялхарч” яваа нь нууц биш. Энэ бүхэнд ээжийгээ л буруутгахтай би санал нийлдэггүй. Эх хүний үрээ хайрласан сэтгэлийг буруутгаж болно гэж үү? Холын холд одсон хойно нь гуутай зурагных нь өмнө, зул асаан хожимдсон гэмшлээ, нулимстайгаа холин байж ухаарах гэж үү?
Энэ хорвоод ээжтэй хүн л эрхэлдэг юм гэнэ лээ. Өтөл болсон хойноо ч шүү. Гэхдээ зөв л эрхлэцгээх сэн дээ.

Төгсгөл
Тун удахгүй олон олон жил бидний тэмдэглэж заншсан, “Мартын 8”  хэмээн нэрлэдэг баяр болно.
Амьдралын эрхээр харьд ажиллаж амьдарч яваа олон монголчуудыг ээж нь хүлээж суугаа. “Ажил үйлс нь бүтэмжтэй байг”  хэмээн аагтай цайныхаа дээжийг тэнгэт цацлан өргөж байгаа. Хаа нэгтээ илгээх харь мөнгөний дээжийг хэтэвчиндээ бус бурханыхаа өмнө тавьж,  “эсэн мэнд явж, энх тунх байж. их мөнгө олж, элбэг сайхан амьдраг”  хэмээн залбирч л суугаа. Элэг бүтэн. тайван амьдралыг, их мөнгөтэй давчуу амьдралаар сольж байгаа,  энэ бусармаг цагийн жихүүн салхи удаан үлээхгэй ээ.
Харьд байгаа та ээждээ нэг утасдаарай
Хайр энхрийлэл дүүрэн дууг нь нэг сонсоорой
Санаж шаналсан сэтгэлийг нь нэг дэвтэээгээрэй
Санчигных нь буурал үсийг утасны цаанаас илбээрэй
Эх болсон, эх болж байгаа, эх болох гэж байгаа олон сайхан монгол бүсгүйчүүддээ баярын мэнд хүргэж, сэтгэл тань үргэлж сүү шиг цагаахан байж, ажил үйлс тань өөдрөг сайхан байж, амьдрал тань хайр энхрийллээр дүүрэн байхыг ерөөе.
Хайртай үрээ элгэндээ тэвэрч, хайр энхрийллээр бүрэн гэрэлтэж, аз жаргалтай инээмсэглэж байгаа байгаа бүсгүй хүнээс илүү сайхан нь хорвоо ертөнцөд хаана байх билээ. Дээд тэнгэр та нарыг минь ивээг.

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах.
2009-03-06.

Share Your Thoughts