“ЯАГААД?” төслийнхэн АМЕРИКТ \талархалт тэмдэглэл\

“Яагаад?” нэвтрүүлэг маань өнгөрсөн оны 12 сарын дундуураас Монгол ТВ HD -ээр гарч эхэлснээс хойш ETV, Рояаль ТВ, УБТВ-ийн 2-р сувгуудаар үргэлжлэн гарч байна. you tube дээр “Яагаад нэвтрүүлэг” хайлтаар, фейсбуук дээр “Яагаад төсөл” хайлтаар үзэж болохоос гадна, www.orloo.com сайт, миний www.galbadrakh.com сайтаас, тун удахгүй www.medeelel.com сайтуудаас үзэж болно. Монгол орны хөгжилд хэрэгтэй санаа, иргэдийн сэтгэлгээний соёл, Төр иргэдийн харилцан хүлээх үүрэг хариуцлага хийгээд, өөрчлөлт шинэчлэлийг өөрөөсөө эхлэх санаачлагад чиглэсэн энэ нэвтрүүлгүүдэд тун хэрэгтэй сэдвүүдийг хамруулахаар зорьж буй. Нөгөө талаасаа улстөр, бизнесээс ангид хувь хүмүүсийн санаачлага хэрхэн ажил хэрэг болж болохыг нийт хүмүүст үлгэрлэн харуулахыг ч хичээж байгаа.
Өнгөрсөн оны 5, 8 саруудад АНУ-д багаараа ирж зураг авсан ажлаа үргэлжлүүлэн энэ оны 2 сард гурав дахь удаагийн зураг авах баг маань АНУ-д хүрэлцэн ирсэн юм. Нэвтрүүлгийн продюсер Т.Нарантунгалаг, менежэр Т.Баатарчулуун, зураглаач М.Төрманлай нар Монголоос ирж, Виржина мужид ажиллаж амьдарч байгаа Д.Түвшинжаргал бидэнтэй нэгдсэнээр энэ удаагийн баг бүрэлдэв. Бид энэ багаараа Нью-Йорк, Вашингтон ДС, Чикаго, Денвер, Лас-Вегас, Сан-Франциско, Лос-Анжелес хотуудаар сар гаруй хугацаанд аялан нийтдээ 17 сэдвийн зураг авалт хийж амжлаа. Багагүй ядарсан боловч бид хийсэн ажлынхаа бүтээмжинд сэтгэл хангалуун байгаа. Нэвтрүүлгийн санхүүжилт амаргүй байсан болохоор энэ удаагийн аялалын явцад АНУ-д ажиллаж амьдарч буй монголчуудтайгаа уулзан зорьж, хийж, бүтээж яваа төслийнхээ талаар танилцуулан багагүй хандив цуглуулан энэ удаагийн нэвтрүүлгийн зардлаа шийдэж амжсандаа баяртай байгаа. Олон хүмүүс биднийг чин сэтгэлээсээ дэмжин зураг авалтын ажилд туслан байр, хоол бусад олон зүйлээр тусалж байсанд бид чин сэтгэлээсээ талархаж байна.
1. Нью-Йорк хотод бид “Музей” сэдвээр зураг авалт хийлээ. Нью-Йоркийн “Байгалын Түүхийн Музей”-н судлаач доктор М.Болорцэцэг маань энэ сэдвийг хамтран бэлтгэсэн юм. Нью-Йоркийн “Байгалын Түүхийн Музей”-д зураг авалт маань эхэлж, орон нутгийн бэсрэг музейд үргэлжилсэн. Өдөржин авсан зураг авалтын дараа будар цас хаялсан шөнөөр М.Болорцэцэг бид хамтдаа Вашингтон ДС-д ирцгээв. Тэр өдөр Монголын уламжлалт цагаан сарын битүүний өдөр байсан болохоор ёсоо бодож манай гэрт идээ засч, боломжоороо “битүүрсэн”. “Шинийн нэгэн”-ий өглөө эртлэн босч “цагаан сар”-ын ёсоо гүйцэтгэж, золгож “шинэлсэн”-ий дараа баг маань Вашингтон ДС дахь улсын мэдлийн Смитсоны музей дээр зураг авалтаа үргэлжлүүллээ. Энэ зураг авалтаа дуусгаад л М.Болорцэцэг маань Нью-Йорк руу гэр рүүгээ буцсан. Цаг зав, сэтгэл зүтгэлээ шингээн байж энэ сэдвийн зураг авалтыг хийж дуусгасан М.Болорцэцэгтээ маш их баярласан шүү.
2.Вашингтон ДС хотод бид “Мэргэжил олгох сургалт” сэдвээр Арлингтоны Career Center дээр, “Хичээлийн дараах сургалт” сэдвээр Стерлинг дахь монгол эзэнтэй Sterling Ballet сургууль дээр болон бие хамгаалах урлагийн сургууль дээр тус тус зураг авлаа. “Мэргэжил олгох сургалт” сэдвээр бэлтгэж орчуулга хийж тусалсан Т.Болормаа, “Хичээлийн дараах сургалт” сэдвээр зураг авалт хийхэд дэмжиж тусалсан Өлзий, Туяа нартаа баярлалаа. Төслийг минь дэмжиж санхүүгийн дэмжлэг үзүүлсэн Амгаа, Баясаа, Чойжоо, Болдоо, Мэндээ, Хүдэрээ, Отгоо, Дашгай \дандаа чулууны бизнес эрхэлдэг найзууд минь\ болон авто засварын бизнес эрхэлдэг Нараа нартаа баярласан шүү.
3.Биднийг Чикаго хот руу ороход нилээд их цас орж байв. Чикаго хот дахь “Монгол эмч нарын Холбоо”-ны тэргүүн Нямсүрэн биднийг урьсан зоогийн газар саатаж хоол идэхдээ “Валентины өдөр” болж байгааг анзаарсан сан. Дараа нь Чикаго хотод байх хугацаанд бидний байр, хоолыг “даана” гэж амалсан EJ суши рестораны эзэн Цагаанаагийнд очиж тухалцгаав. Цагаанаа биднийг “гэртээ байгаа юм шиг байгаарай” гэж хүссэн болохоор бид гэртээ байгаа юм шиг л байсан даа. Маргааш орой нь Чикагогийн “Монголчуудын Холбоо”, “Монгол мэдлэг” сургууль, “Ану маркетинг” компаниуд хамтран “Буба” \эзэн нь Чинбаа\ ресторанд зохион байгуулсан Чикаго хотод ажиллаж амьдарч буй монголчуудтай уулзах уулзалт боллоо. Энэ уулзалтад хүрэлцэн ирж бидэнтэй санал бодлоо хуваалцан, санхүүгийн дэмжлэг үзүүлсэн бүх хүмүүстээ маш их баярласан шүү. Бүжигчин Батцэнгэл маань Лас-Вегасаас “дөнгөж ирээд”, нөхрөө дагуулан шууд хүрэлцэн ирсэн. Сайн сайхан бүхнийг чин сэтгэлээсээ дэмжин тусалж явдагт тань маш их бахархдаг шүү.  Биднийг дэмжиж санхүүгийн дэмжлэг үзүүлсэн “Монголчуудын Холбоо”, “Монгол мэдлэг” сургууль, “Мон Транс” компани болон Батцэнгэл, Байгалмаа Г, Байгалмаа Ц, Саранчимэг, Батцэцэг, Хулан, Долгорсүрэн, Цагаанаа нартаа маш их баярлалаа. Уранчимэг маань биднийг гэртээ урьж сайхан хоол, цайгаар дайлсанд талархаж байна.
Чикаго хотноо манай баг “Хүүхэд асрах үйлчилгээ” \Шинэбилэг, Энхжин\, “Таксины үйлчилгээ” \Гансүх, Зоригоо, Баясгалан\, “Хот хоорондын тээвэр” \Мон Транс Энхбаатар, Батбилэг\, “Хотын аялал жуулчлал” \Т.Сэргэлэнцэцэг\, “Эмийн хэрэглээ” \Эмч нарын холбоо\, “Эрсдлийн даатгал” \Цагаанаа\ сэдвүүдээр зураг авалт хийлээ. Чикаго дахь зураг авалтын бүх холбоосыг хийж, зохион байгуулж тусалсан Т.Сэргэлэнцэцэгтээ их баярлалаа, үргэлж биднийг дэмжиж байдагт тань байнга талархаж байдаг шүү.
4. Чикаго хотоос үүрээр гарсан бид замдаа хоноод Денверт очиход, уран үгсийн “Тулга” клубийнхэн маань Лхамаагийнд цуглаад биднийг хүлээж байлаа. Тэдэнтэй хамтдаа хооллож халуун дулаан үгсийг хэлэлцэв. Ш.Байгалмаа, Б.Амгаланбаяр хоёр бидэнд зочид буудал захиалж, төлбрийг нь хийсэн байлаа. Бид Денверт “Өндөр настны асрамжийн газар”, “Бохирын ус цэвэршүүлэх байгууламж”, “Олон нийтийн харилцаа” сэдвүүдээр зураг авалтууд хийлээ. Энэ сэдвүүдийн зураг авалтын бэлтгэл ажлыг Ш.Байгалмаа маань зохион байгуулж, “Эгч дүүс хот”-ын ажилтан америк бүсгүй оролцон, оюутан Азжаргал орчуулагчаар ажилласан юм. Биднийг үргэлж дэмжиж зураг авалтын ажлыг зохион байгуулж байдаг Ш.Байгалмаадаа талархаж байнаа. Денвер хотноо Пиццаны бизнес эрхэлдэг Отгоо нэг өдөр над руу утасдан ирж хоол идэхийг урив. Тэнд хоол идэнгээ нилээд зүйлүүдийг ярьж амжсан төдийгүй “Эрсдлийн даатгал” сэдвээр зураг авч амжсан. Бидний санаачлагыг дэмжиж санхүүгийн дэмжлэг үзүүлсэн “Тулга” клубийнхэн болон Отгоо, Мөөгий нартаа баярлалаа. Дараагийн хот руу гарахын өмнөх орой Мөөгий маань биднийг гэртээ урьж хоол цайгаар дайлав. “Муу хүн идсэнээ” гэдэг хэллэг байдаг хэдий ч хүмүүсийн сайхан сэтгэлийн дайллагыг дурдахгүй байж бас боломгуй.
5. Денверээс шөнө хагаслаж гарсан бид үдээс хойш Лас-Вегас хотод очиход Эрдэнэчимэг, Баясгалан хоёр маань бидэнд зориулан захиалсан зочид буудалдаа, өөрсдийн хийсэн хоолоо авчран хүлээж байв. Бид энд нэвтрүүлгийн зураг авах төлөвлөгөөгүй боловч, багийнхандаа дэлхийн шоуны том хот Лас-Вегасыг богинохон хугацаанд ч болов үзүүлэхээр саатсан хэрэг. Эрдэнэчимэг, Баясгалан хоёр маань бидний хийж зорьж байгаа бүхэнд талархан дэмжиж байгаагаа илэрхийлээд дараагийн удаад Лас-Вегасаас бэлтгэж болох сэдвүүдийг ч санал болгосон. Тэд багийн 4 залуусыг хоёр хоёроор нь “О” шоу, “Заркана” шоуг үзүүлэхээр бэлтгэсэн байлаа. Та хоёртоо маш их баярласан шүү. Алдартай шоу үзэж, казинод зохих “татвар”аа тушаасан багийнхнаа аваад Лас-Вегасаас шөнийн 3 цагт хөдөлж Сан-Франциског зорилоо.
6. Үүрийнтуяатай ярилцаж болзсон болохоор шөнөжингөө давхиж өдөр нь Сан-Францискод ирж амжив. Миний хувьд тэдний бэлтгэсэн “Зээл, Зээлийн кредит” сэдэв нь чухал байсан болохоор “зам хазайж” ийшээ зүтгэсэн хэрэг. Үүрийнтуяа, Амка, Мягмарсүрэн нарын гурван сайхан бүсгүйчүүд энэ чиглэлээр өөрсдийн компаниа байгуулан үйл ажиллагаагаа жигдрүүлж байгаа юм билээ. Тэд энэ сэдвээр маш сайн бэлтгэсэн байсан төдийгүй бидний Сан-Францискод байх хугацааны байр хоолны зардлыг ч шийдсэн. Мөн тэдний өгсөн санхүүгийн дэмжлэг ч бидэнд урам өглөө. Та нартаа маш их баярласан шүү, бүсгүйчүүд ээ. Зураг авалтаа дуусгаад Биэ-Ариагийн Монголчуудын Холбооны байранд цөөхөн монголчуудтай уулзан төслийнхээ талаар танилцуулан, санал бодлоо солилцлоо. Биднийг дэмжиж санхүүгийн хандив өгсөн “Монголчуудын Холбоо”, Ариунзаяат нартаа баярлалаа.
7. Дахиад л Лос-Анжелест цаг болзсон байсан болохоор үүрээр Сан-Францискогоос хөдөлцгөөв. Яг цагтаа амжиж Лос-Анжелес хотын “Бохирын ус цэвэрлэх байгууламж” дээр бидэнд орчуулагчаар ажиллах Хуягаа гэдэг залуутай уулзлаа. Жилдээ нэг л удаа “аялал”-ын маягаар үзүүлдэг энэ байгууламжийн зураг авалт сонирхолтой болсон. Хотоосоо бараг 60 мил алсад орших энэ байгууламжаас Лос-Анжелес хот руу орж Алтанхуяг андындаа очин хувцсаа солиод “Монгол зоог” -ийн газар зохион байгуулагдах уулзалтад очив. Нилээд олон монголчууд цугласан энэ уулзалт халуун дотно сайхан боллоо. Биднийг дэмжиж санхүүгийн дэмжлэг үзүүлсэн Хуягаа Ганаа, Хандаа, Бямбадорж, Энхтуяа, Вандан гуайн гэр бүл, Золжаргал, “Даян” хамтлаг, Баярмаа, Мөнх-Эрдэнэ, Баясгалан \DBN\ нартаа маш их талархаж байна. Энэ өдрийн маргааш нь Вандан гуайн гэр бүл, Золжаргалтай хамтран биднийг урьж зоог барихдаа “Яагаад” нэртэй бялуу бэлтгэсэн байсан нь бидний сэтгэлийг ихэд хөдөлгөв. Баярмаа маань зураг авалтын өмнө манай багийнхныг “алжаалаа тайлаг” хэмээн SPA- д оруулан хагас өдөр “тарвалзуулав”. Лос-Анжелес хотод байх хугацаанд биднийг гэртээ байлган хооллож, бас машинаар үйлчилсэн Л.Мөнхтөр, Ачмаа, Хуягаа Ганаа нартаа маш их баярласан шүү. Багийнхан маань зав гарган энэ хотод Universiad studio үзэж Холливуудын гудамжаар алхацгаасан.
Бид Лос-Анжелес хотод “Бохирын ус цэвэршүүлэх байгууламж” \орчуулагч Хуягаа\, “Ачаа тээврийн үйлчилгээ” \DBN Баясгалан\, “Автозамын түгжрэлийн шийдэл” \Баярмаа\, “Тээврийн ухаалаг систем” \Баярмаа\, “Суваг шуудууны байгууламж” \Ганцэцэг\, “Хог хаягдал боловсруулах үйлдвэр” \Ганцэцэг\, “Uber” \Мөнхтөр\ сэдвүүдээр зураг авлаа.
…”Галзуу юм шиг” ажилласан өдөр хоногууд ард үлдэж бид энэ удаагийн зураг авалтын ажлаа дуусгалаа. Зөндөө их ядарцгаасан боловч, хийж бүтээж амжсан болгондоо сэтгэл хангалуун байв. “Ямар сайхан хүмүүсийг бурхан бидэнтэй учруулсан”-ыг мэдрэх болгондоо бид талархаж байлаа. “Яагаад?” төсөл маань нийгмийн болон хүмүүсийн сайн сайхны төлөө зориулагдаж байгаа болохоор биднийг чин сэтгэлээсээ урамшуулан, халуун сэтгэлээр дэмжиж байгаа хүмүүсийн сэтгэлийн илч гэрэл, халуун дулааныг мэдрэх сайхан байсан шүү. Бид “амар”-ыг бодоод энэ нэвтрүүлгийн 52 дугаарыг зөвхөн Вашингтон ДС хотоос бэлтгэж болох боловч, энэ төсөлд монголчууд олноороо ажиллаж амьдардаг бүх хотуудаар орж олон, олон монголчуудыг хамруулах нь хамгийн чухал байв. Яагаад? гэвэл энэ бол Америкт ажиллаж амьдарч буй монголчуудын ХАМТЫН БҮТЭЭЛ, Монгол эх орныхоо хөгжилд оруулж буй ХУВЬ НЭМЭР юм шүү дээ. Энэ удаагийн зураг авалтад нэгэн баг болж “хамтдаа зовж, жаргаж, баярлаж, ядарч” явсан багийнхандаа их баярлалаа. Зөндөө олон онигоо зохиож, инээлдэж хөгжилдөж явсан өдрүүд сайхан гэгээлэг дурсамж болон үлдэнээ. Мартахааргүй дуу чимээ, бас танил үнэр хэхэхэ.
Бид нийтдээ 52 сэдвээр нэвтрүүлэг бэлтгэх гэж зорисноос одоогоор 40 сэдвийн ард гарч чадлаа. Үлдсэн 12 сэдвийн зураг авалт 6-р сард Сиэтл, Сан-Франциско, Лос-Анжелес, Лас-Вегас хотуудад хийгдэнэ. Зарим чухал сэдвүүдээр бусад хотуудад ч зураг авалт хийхээр бодож байгаа. Харин хамгийн их ачаалалтай ажлууд Монголдоо үргэлжилнэ. Бидний авсан сэдвүүдийн зураг авалтыг үзэж задаргаа хийх, Монголын талд судалгаа хийх, зураг авалтын зохиолоо бичих, харьцуулсан зураг авалт хийж монтажилж бэлэн болгох гээд энэ ачааллыг Монгол дахь баг маань “үүрнэ”. Би өөрийн хамтрагч Т.Нарантунгалагтаа маш их талархаж байгаа. Бид заримдаа ажлаасаа болж муудалцаж, дараа нь сайдалцах зөндөө асуудал гардаг хэдий ч түүний уйгагүй, тэвчээртэй, зүтгэлтэй олон сайхан чанарууд нь энэ нэвтрүүлгүүдийг олон нийтэд хүргэх боломж нь болж чадсан юм шүү. “Эхэлсэн л бол ажлаа дуусгаж чаддаг” чанар олон хүнд бий билүү? Нэг удаа муудалцахдаа “Чадахгүй бол болихгүй юу?” хэмээн уурлаж хэлсэн миний үгний хариуд, “Би хэзээ ч болихгүй, хийж дуусгана, за” гэж хэлсэн түүний шазруухан үг түүний мөн чанарыг илэрхийлсэн.
Aлс тэртээх Америкийн Атлантын далайд нар мандах зүүн эргээс наран шингэх Номхон далайн баруун эрэг хүртэл хүйт даасан цастай жихүүн өдрүүдээс хөлс дааварласан халуун өдрүүдийг хүртэл олон мянган бээрийг аялжээ. Денверийн өндөр уулсыг шөнөөр давахад өдөр мэт гэрэлтүүлж байсан саран, Лас Вегас хүрэх ээрэм талд алжааж ядарсандаа “хээр хонох”-ыг анзаарахдаа “Монголдоо нэг очих юм сан” гэж санаа алдахад аниргүй хээр талд адуу үүрсэх чимээг сонсох мэт санагдах. “Тэргэл саран туулж баралгүй хээр хонодог тэнүүн уудам Монгол нутаг минь” таныхаа орших, эс оршихуйн хязгаарт сэтгэлээ чилээн алд биесээ алжаан явна даа. Сайн сайхан үйлсийн төлөө бие биесээ дэмжин, нэгдэж чадвал ЦУВЖ ЯВСАН БАРСААС ЦУГЛАЖ СУУСАН ШААЗГАЙ ДЭЭР үлгэрийг үзүүлнэ дээ.

Share Your Thoughts