Ядуугийн зовлон

-Манай монгол залуус бор дарс ихээр хүртээд байх юм  -Ядуугийн зовлон
-Манай монгол бүсгүйчүүдийн зарим нь биеэ үнэлж байна  -Ядуугийн зовлон
-Манай монгол хүүхдүүдийн зарим нь хүмүүжил муутай байнаа  -Ядуугийн зовлон
-Манай улстөрчид их хэмжээгээр авилгал авдаг гэнэ  -Ядуугийн зовлон
-Үгүй ээ, энэ Улаанбаатарын утааг шийдэж болдоггүй юм болов уу? -Ядуугийн зовлон
-Улс орны хөгжил нэг л цэгцрэхгүй юм даа  -Ядуугийн зовлон
-Сүүлийн үед айхтар муухай гэмт хэргүүд гарах боллоо  -Ядуугийн зовлон

…Бид өөрсдийн амьдралд тохиолдож байгаа сайн муу элдэв үйлдлүүдийн шалтгааныг өөрөөсөө бус бусдаас хайдаг муу зуршилтай.

Зарим тохиолдолд шалтгаан нь өөр зүйлд байх авч, буруутгах шалтгаа өөр зүйлээс олж мэдрэхдээ сэтгэл бага боловч тайвширна. Энэ хандлага нь өөрийгөө өмөөрөх сэтгэлгээнээс үүдэлтэй юм уу даа.  Өөртөө бурууг өгөх аваас өөрийнхөө сул талыг мэдэрч, бусдад дорой харагдах нигууртай тул, сэтгэл тайвшрахгүйгээр  үл барам улам ч ихээр гунин гутарч болох. Харин бурууг бусдаас болон өөр зүйлээс олж харах нь өөрийгөө зөвтгөх түмэн шалтгийн эхлэл.

…Монгол оронд минь өнөөгийн нөхцөлд ядуурал ихээр нэмэгдэж, хүмүүсийн амьдрал доройтож байгаа тухай нилээд халаглан бичих болж.  Нүүдэлчин амьдралын хэв маягтай монголчуудын түүхэнд ядуурал тэгтлээ байгаагүй бололтой. Бидний багад сурах бичгээс уншиж байсан баримтуудад ядуу амьдралтай айлыг “таргийн таван ямаатай” хэмээн өгүүлдэг байж. Харин үүн дээр нь, монгол эр хүн бүрт байсан үнэт чулуун хөөрөг, хэт хутганы иж бүрэн хэрэгслэл болон айл бүрт байсан мөнгөн аяга болон мөнгөн тоноглолтой эд хэрэгслэлийг нэмбэл одоогийн бидний дундаж амьдралын түвшинд ч дүйцэж мэднэ.

…Хөгжиж буй өнөөгийн Монгол орон дахь ард иргэдийн ядуурал нь нийгмийн баялгийн шударга бус хуваарилалтаас, хэт шуналд автсан улстөрчдийн бий болгосон авилгал хүнд суртлын тогтолцооноос, энэхүү шударга бус байдалтай эвлэрсэн, зусардаж аялдан дагалдсан бидний арчаагүй сэтгэлгээнээс хамаарч байгаа юм. Тэртээ нэгэн цагт бидэнд харагдаж байсан “хонгилын үзүүр дэх гэрэл”-ээс  өнөө цагт “алтан дээр сандайлсан гуйлгачид” гэж нэрлүүлэх хүртэл лавтайяа 20 жилийг ардаа орхижээ.  20 жилийн цаг хугацааны урсгалд олон зүйл өөрчлөгдсөн хэдий ч,  монголчууд бидний, олон муу зүйлийн шалтгийг бусдаас хайдаг зүршил минь тэгтлээ өөрчлөгдсөнгүй. Бид буруугаа бусдаас бус өөрсдийн дотоод сэтгэлгээнээс хайх цаг нэгэнт болжээ.

АХУЙН ЯДУУРАЛ

Ямар ч улс орны нийгмийн байгууламж нь, ард иргэдийнхээ амьдралыг 100 хувь сайн сайхан болгосон нь цөөхөн.  Бусад улс орнуудтай харьцуулахад  байгалийн баялаг ихтэй орнууд, энэ баялгаа зөв зохистой ашиглаж, “бурханы энэ хишиг”-ээс ард нийтдээ ухаалаг хүртээснээр, ядуурлыг багасгасан жишээ зөндөө бий. Хүн болгон адилгүй байдагтай адилаар өөртөө олдсон боломжин дээр өөрийгөө хөгжүүлж, амьдралаа зөв сайнаар авч явах чадвар нь адилгүй. Бидний зорьж тэмүүлээд, хөгжлийг нь магтаад байдаг Америк оронд ч ядуучууд зөндөө бий. Тэднийг
нийгэм нь тэгтлээ “тэвэрч энхрийлээд” байдаггүй ч тодорхой хэмжээгээр хянаж, дэмжлэг үзүүлдэг өөрийн тогтолцоотой. Мэдээж тэд ядуу байгаагийнхаа төлөө “хүн алж, хүрээ талдаггүй” болохоор олон нийт тэгтлээ дургүйцдэггүй. “Би ядуу, муу хүн. Хаашдаа өнгөрсөн би яасан ч яах вэ ” гэх эрээ цээргүй, бүдүүлэг хандлага гаргадаггүй болохоор тэднийг “мөрөөрөө” байхад нь  сайхан сэтгэлээр жаахан дэмжлэг үзүүлэхээс хүмүүс татгалздаггүй.  Энэ бол байдаг л үзэгдэл.

Ардчилал Монгол оронд ялснаас хойш “Ядуурлыг бууруулах хөтөлбөр”-ийг Олон Улсын хичнээн олон байгууллага Монгол оронд “хэрэгжүүлэв”. Яг эндээс л угийн ядуу байгаагүй монголчуудыг “ядуурлын сэтгэлгээ”нд  дасгаж эхэлсэн юм даа. Энэ хөтөлбрийг ямар ухаантай “тэнэг” нь сэтгэсэн юм бол?. Энэ хөтөлбрийн үр дүн нь эсрэгээрээ. Нийслэл болон аймаг, сум болгонд байгаа “ядуурлыг бууруулах хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх “комисс”-ынхон “ядуучуудад” тараах учиртай элдэв бараа болон хувцсын “өрмийг нь өөрсдөө авч, хусмыг нь бусдад хувааж” эхэлснээр л жинхэнэ ядуурлыг бий болгож эхлэв. Олон улсын байгууллагынхан цаасан дээрх тайланд “итгэж”, магтан бахархаж байхад, амьдрал дээр ажил хийж, өөрийгөө зовоохгүйгээр өгөх бэлэн зүйлийг нь хүлээж суух “залхуурал” цэцэглэж байлаа. Бэлэн юмны “үлдэгдэл “-ээс авахын тулд “ядуу” гэсэн тодорхойлолт гаргуулах, “ядуу” байгаадаа ичихийн оронд “ядуугаараа бахархан зарлах” хөдөлгөөн өрнөв. Харин энэ хөтөлбрийн “ачаар” мөн ч олон эрхмүүд “баяжиж”, өнөөгийн олигархиудын эгнээг тэлсэн. Яг үнэндээ “Ядуурлыг бууруулах хөтөлбөр” гэгч л Монголчуудын нэгэн хэсгийг “завшин баяжих” боломжийг олгож, эгэл иргэдийг сэтгэлгээний ядууралд сургасан юм даа.

Олон ч хүн ядуурлын бурууг ардчилалд “тохдог”. Хуаранжсан нийгмийн байгууллыг халж, эрх чөлөөт ардчилсан нийгмийн үндэс суурийг тавьж өгснөөрөө Монголд ялсан ардчилсан хувьсгал ач тустай. Энэ бол хувь хүний “өөрийнхөөрөө байх” боломжийг олгодгоороо социализмаас ялгаатай. 1990 оны “ганзгын наймаа”наас өнөөгийн олон ч “баячууд” төрсөн. “Баяжих” боломжтой олон ч хүн архидалт, хийрхэлт, баярхалтаас болж “шатсан”. Өөрчлөгдөж  ядан буй улстөрийн тогтолцоог “бизнес” болгон хувиргаж, өөртөө олсон жаахан мөнгөө “эргэлдүүлэн арвижуулах”
боломж  болгон хувиргаснаараа Монголын улстөрчид,  өнөөдөр жинхэнэ байдлаар ядуурлыг бий болгож байна. Тэд хууль тогтоомжийг өөрсдийн бизнест “ашигтай” байдлаар “өөрчилж”, төрийн албан хаагчдын цалинг нэмэх мөртлөө өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг өсгөн “тохуурхаж”, шударга өрсөлдөөний оронд “авилгал, хээл хахуулын сүлжээ”-г бий болгож байна. Олигархиудын бий болгож байгаа Монголын улстөрийн буруу тогтолцоо болон бодлогоос болж “эзэн хичээгээд ч” ядуурлаас гарахад хэцүү болж байна. Ядаж л тэд үнэхээр ядуурч, хэцүү амьдралтай болж байгаа иргэддээ  үзүүлэх “нийгмийн халамж, үйлчилгээний” нэгдсэн бодлого, тогтолцоогоо ч бий болгож чадсангүй. Юу юунаас илүү “шударга бус байдал” ядуурлаас гарах боломж, зүтгэлийг хаагаад байгаа юм даа.
“Муу дээрээ муу, муухай дээрээ сохор” гэгчээр МАН-АН -уудын сонгуулийн сурталчилгааны үеэр ард олондоо олгохоор амалсан 1,5 сая төгрөгийн бэлэн мөнгөний амлалтууд монголчуудыг улам ч залхуу, бусдаас ямар нэгэн зүйл нэхэж суудаг, өөрийн арчаагүй байдлаас үүдэлтэй ядуурлынхаа бурууг Төрд тохож, өөрсдийнх нь төлөө “анхаарал халамж” тавихыг шаардаж суух сэтгэлгээнд сургалаа. Тэдний зарим хэсэг нь өөрөө хичээж хөдөлмөрлөхийн оронд аль болохоор амар аргаар мөнгө олж, олсон мөнгөнөөсөө илүү “баян” мэт харагдахыг хүсч, илүү “тансаг” амьдралыг мөрөөдөх болж. Биелдэггүй хоосон мөрөөдлөөсөө болж л олон нийтийн бухимдал “дэвэрч” байгаа нь нууц биш. Уг нь хүн болгон өөрийн боломжоороо хичээн зүтгэж, энэ хэрээрээ цаашид хөгжих боломжийг л Төр олгох ёстой юм шүү дээ. Харин ч эсрэгээрээ төр бүхэнд оролцохыг оролдож, улам ч ихээр  “амлалт” өгөх болсон нь, олон нийтийн сэтгэл зүйд муугаар нөлөөлөн улам улмаар “сэтгэлгээний ядуурал” руу түлхэж байна. Энэ бол Төрийн эрх барьж, өдрөөс өдөрт, жилээс жилд нэмэгдсээр байгаа нийгмийн баялгийг хуваарилах эрх мэдлийн төлөөх улс төрийн намуудын ил далд тэмцлийн муу үр дагавар мөн.

СЭТГЭЛГЭЭНИЙ ЯДУУРАЛ

-Хэрвээ чи тийм л ухаантай, бас авьяастай юм бол яагаад ядуу байгаа юм бэ? “Дөч хүрсэн тэнэгийг л жинхэнэ тэнэг гэдэг юм”. Ийм асуулт болон тодорхойлолтууд бишгүй нэг бий. Зөвхөн  өнгө мөнгийг шүтсэн өнөөгийн Монголын нийгэмд “ахуйн ядуурлаас” илүүтэй “сэтгэлгээний ядуурал” газар авч буй.  Бохир аргаар улстөрд орж, хууль бус аргаар “баяжсан” хэн нэгэн, өөрийн авьяас билгээрээ бүтээсэн бүтээлээрээ Монголд төдийгүй дэлхийд гайхагдаж байгаа “алдартнууд”-аас  илүү “хүндлэгдэж” байхад, найраагаар ч болов Улсын наадамд “цол”
ганзгалсан бөх,  багш эмч нарын насаараа шударгаар хөдөлмөрлөөд олж чадаагүй  орлогыг нэгэн өдөрт олж байхад, мэдлэггүй хэрнээ сайхан бие, хөөрхөн царайгаараа хэн нэгэн бүсгүй, мөнгөтэй нэгний “халамж,ивээл” дор хүссэнээ олж, мөрөөдлөөрөө “жаргаж” байхад ингэж асуун тавлаж болно гэж үү? Эрдэм мэдлэг, авьяас чадвар, хичээл зүтгэлтэй нь бус, арга зальтай, завших сэтгэлгээтэй, ичих “булчирхайгүй” нь эрх мэдэлд хүрч, элдэв муу аргаар “баяжин”, гайхуулж байгаа нь Монголын нийгмийн тогтолцооны том “ядуурал” болж байна.

1. Амар олдох мөнгө болон улстөрд шунахуй
Өнөөгийн манай улстөрчдийн бий болгосон “улстөрийн бизнес тогтолцоо”, бидний ирээдүй болсон залуусыг “хордуулж” эхэлжээ.  Энэ залуу насан дээрээ хичээж суралцан, хөдөлмөрлөж зүтгэхийн оронд, хэн нэгэн эрх мэдэлтний “гар хөл” болж, чадах чадахгүй ч бай албан тушаалд очин амар аргаар “баяжин”, өрөөл бусдад эрх мэдлээрээ гайхуулан “дарамталж” байхыг хүсэх залуус олон болж байна. Өдгөө улстөрийн намуудын дэргэдэх залуучуудын байгууллагууд болон “удам залган” улстөрд орох гэсэн оролдлогууд, танил тал болон “татаас”-аар төрийн
албанд очин “захиалга гүйцэтгэгсэд” бүгдээрээ л үүний жишээ.
Нэг үед “ноолуур”, “алт”, “спирт”-ны бизнест оруулсан мөнгө, өнөө цагт “элдэв шоу”,”концерт”,”кино”ны бизнест оруулсан мөнгө  хэд нугалан ашгаа олж байгаа бол, Монголын улстөрийн “бизнест” оруулсан мөнгө, мөнхийн мөнхөд ашгаа өгч байдаг гэдэгт олон залуус итгэж байна. Яг л энэ мэт эргэлдэж байгаа бизнесийн амар хялбар” ашиг”ийн төлөө, эрдэмд суралцан оюунаа “чилээж” яана, элдвийг санаж сэдэн өөрийгөө “зовоож” яана, эргээд өөрт хэрэг болохгүй зүтгэлээр” шаналж” яана. Эрх мэдэл, их мөнгөөр бүхнийг шийдэж, хүссэнээрээ амьдарч болох юм гэдэг бодол л өнөөгийн Монголын залуусын зарим хэсгийнх нь “сэтгэлгээний ядуурал” болон хувирч буй. “Зовж олсон бүхэн баялаг болж, амар олдсон бүхэн нэгэн цагт гай болдог” гэдгийг бид бас мартамгүй.

2. Бусадтай мөнгө, өнгөөр өрсөлдөх их хийрхэл Би нэг зүйлийг ихэд гайхдаг юм. Монголд хүмүүсийн амьдрал “ядуу хэцүү байна” гэх мөртлөө унаж буй машин, амьдарч буй орон сууц, өмсөж эдэлж буй хувцас зүүлт нь арай л дэндүү “тансаг”. Бас түүгээрээ ил далд “өрсөлдөцгөөнө”. Бие биенийгээ мэргэжил мэдлэг, ажил хэрэгч чанар, мөн чанараар бус, өмссөн хувцас зүүсэн зүүлт, унасан машин барьсан гар утас, амьдарч буй байр сууцаар нь хэмжиж харьцдаг харилцаа нь “сэтгэлгээний ядуурал”-аас халин “хийрхэл солиорол”-ын хэмжээнд хүрч буй. Үлгэрлэвээс  “чихрийн амтыг нь амтлахгүйгээр гаднах
гоёмсог цаасаар” нь үнэлэн худалдаж авах лугаа адил. Чихрийн амт нь хичнээн муухай байсан ч гоёмсог цаасанд нь цадаж чадахгүйн адил, гоёмсог хувцас, үнэтэй машины цаанаас хэн нэгний мөн чанарыг олж харж чадна гэж үү? Бидний энэ хийрхэлд зориулан гадныхан амт муутай, чанаргүй бүтээгдэхүүнийг гоёмсог чамин баглаа боодлоор хууран бидэнд “үнэ хүргэн” зарж, өндөр ашиг олоход гайхан эгдүүцэх зүйл огт үгүй болох нээ.
Юу юунаас илүүтэй энэ өрсөлдөөн дунд “орших” гэж, боломжоосоо давсан хэрэглээндээ “дарлуулж”,үүнийхээ төлөө “ахуйн ядуурал”-д орцгоож буй нь дэндүү олон. Сайдын цалингаар сая долларын хаус бариулж, төрийн албан хаагчийн цалингаар “Lexus 570” унаж, төсвийн ажилтны багахан цалингаар булган шуба авч өмсөж байгаад хэн ч гайхахгүй. Үүнийг анзаарч ойлгохыг хүсэхгүй болтлоо бид “шунацгааж”, үүний цаана ямар их хууль бус үйлдэл, авилгал хээл хахуулын сүлжээг “хөгжүүлж” байгаагаа “мэдрэхгүй” болтлоо л “ядуурцгааж” байна. Энэ хийрхэл дунд хичнээн олон эгэл иргэд бусдад “таалагдаж, тоогдох”-ын тулд өр зээл тавин, өлөн зэлмэгхэн амьдралаа “зогоож” байгааг мэдэх аргагүй. “Ахуйн ядуурлаас” илүүтэйгээр үнэтэй брендийн төлөөх солиорол, бусдаас илүү байх гэсэн адбиш хүсэл тачаал, өнгө мөнгөөр бүхнийг хэмжих хийрхэл л монголчууд бидний оюун ” сэтгэлгээний ядуурал”, арчаагүйдлийг нотолж байна даа.
3. Хүний юм, үнэгүй юманд “нугасгүй” Өнгө мөнгө сүлэлдсэн өнөөгийн Монголын нийгэмд бусдын шударга болон шударга бусаар бий болгосон баялагт дулдуйдан амьдрагсад цөөнгүй бий болж байна. “Үнэгүй бяслаг зөвхөн хулганы хавханд байдаг” хэмээн эгэл хүмүүс хэлэлцдэг. “Хэн нэгэн чамд өнөөдөр үнэтэй зүйлийг бэлэглэж байгаа бол маргааш чи үүний төлөө тэр хэмжээний зүйлийг хийх л болно” хэмээн бизнесменүүд хэлэлцдэг. Өнөөдөр хэн нэгнээс зүгээр авч байгаа бүхнийхээ төлөөсийг чи хэзээ нэгэн цагт заавал төлөх болдог. Энэ бол өнөөдөр бидний сонгож байгаа нийгмийн сул
тал нь. Социализмын үед Монголчууд бидний бүх л бүтээн байгуулалтууд “ах дүүгийн ган бат найрамдал” дунд явагдаж байв даа. Махны үйлдвэрийг минь Унгарууд байгуулж, Нэхий эдлэлийн үйлдвэрийг Болгарчууд барьж, орон сууцны хорооллуудыг Оросууд  байгуулж байх жишээтэй. Хэдийгээр ах дүү нар дундаа “аргаа олж” байсан ч адаг сүүлд нь баахан “өр”-ийн асуудал босч ирсэн. Энэ үед л бид “Үнэгүй юм гэж байдаггүй” гэдгийг сайтар ойлгов.
Харин монголд минь “бурханаас заяасан их баялаг” байгааг бүгдээрээ мэдэх дор бидэнд санаа тавьж туслах “ах дүү” нар, нинжин өглөгч сэтгэлтэй “дэмжигчид” мундахгүй л олон боллоо. Уул уурхайн ашиглалт дээр “туршлагатай” бас “дэлхийн хэмжээний” олон ч хамтрагчидтай болж, хамтран ашиглаж, харилцан завшилцах хөдөлгөөн өрнөв. Улс орны хэмжээний томоохон эрх ашиг дээр ч, “шунал”-д хөтлөгдсөн манай улстөрчид  “хулганы хавхан дээрх бяслаг”ийн төлөө уралдацгаана. Өөрт нь их юм шиг санагдах “авилгалын” олзонд, хожим олон нийтээр олж болох
ашгийг өрсөлдөн өрсөлдөн “арилжицгаана”. Харь нэгний өнөөдөр өгч байгаа мөнгөнд  сэтгэл цадахдаа “монголчууд бид өөрсдөө юу ч хийж чадахгүй шүү дээ” хэмээн учирлан тайбарлцгаана. Хахаж цацан, өөр хоорондоо булаалдан архиралдах энэ олз нь өдөр хоногоор монголчууд бидэнд “өр” болон хувирч, “хохирол” болон үлдэхийг ч үл тооно. Хүний юмыг үнэгүй авах тоолондоо хожмын өдөр бидэнд тохиох гарзыг огтхон ч санахгүй. Шуналд хөтлөгдсөн “сэтгэлгээний ядуурал” нь хожмын цагт Монгол улсыг жинхэнэ “ядууралд” аваачихыг ч тэд тооцохгүй бас тоохгүй. Яг үүний төлөө л тэд сонгуульд ямар ч аргаар хамаагүй ялах гэж улайраад байгаа юм шүү дээ.
ТӨГСГӨЛ

…Монголчууд бид түүхэндээ тийм ч их ядуу байгаагүй юм. Нүүдэлчин удмын омогт эрчүүд тааваар амьдрах амьдралдаа дутагдаж байсан зүйлээ бусдаас булааж авч байсны улмаас тэгтлээ ядарч байсангүй. Сэтгэлийн бачимдлаа өндөр уулсын хяр дээр эргэцүүлэн хаяж, тааваар нүүдэллэн зоргоор амьдрах тавиландаа унаган байгалаа аргадаж, гагц холыг харж уужуу ухаанаар бүхнийг шийдэж явсан.  Харь санаатныг өвдөг сөхрүүлэн номхотгож байснаас биш хамаг бүгдээ барин “царайчилж” байгаагүй юм. Харин өнөө цагт монголчууд бид “ахуйн ядуурал” төдийгүй “сэтгэлгээний ядуурал”д автаж орхижээ.

…Ядуу хүнд зовлон их. Хүссэнээр амьдрах гэвч дутагдахын зовлон, олохыг хүсэвч чадахгүйн зовлон, чадах гэвч бусдыг царайчлахын зовлон бүгд бий. Юу юунаас илүү сэтгэл дутахын зовлон  бий. “Сайн явна гэдэг санааных, муу явна гэдэг заяаных” гэдэг хэллэгээр ядуу байна гэдэг арчаагүйдлийнх байдаг.Өөртөө итгэхээ больж, өрөөл бусдад найдах тусмаа л хүн арчаагаа алддаг. Арчаагүйдэх тусмаа амьдрал болон ажил хэрэг нь улам улмаар бусдаас хамааралтай болно. Бусдаас хамааралтай болох тусмаа л бид сэтгэхээ болино. Бусдын үг зөвлөлгөөг “сохроор” дагана. Буруу муу үйл байсан ч хамаагүй гагц өнөөдрийн аяга хоолны төлөө юу ч хийхээс буцахгүй болно.

Монголчууд  бидний өмнө оршиж байгаа муу зуршил, муу үйлдлийнхээ бурууг бусдаас биш өөрсдөөсөө л олж харах хэрэгтэй болж байна. Бусдын нүдээр ч, бас өөрсдийн нүдээр ч харж, эргэцүүлж байх цаг болжээ. Уул уурхайн халууралд дагжин “шунаж” байгаа улстөрчдийг “өөгшүүлж” байгаа нь бидний буруу. Улстөрийн намуудыг даган “далдаганаж”, амалсан бүхэнд нь итгэж, амалснаа биелүүлэхгүй байхад нь дахин сонгож байгаа нь бидний буруу. Өнгө мөнгөөр бүхнийг хэмжин өөр хоорондоо өрсөлдөн арсалдаж байгаа нь бидний буруу. Өөрөө чадахгүй байж өрөөл бусдад атаархан хорсож, бас хорлож байгаа нь бидний буруу. Мөнгөтэй эрх мэдэлтэй нэгнийг зусардан дагаж, шударга ёсыг “уландаа гишгэж” байгаа бидний буруу. “Шударга байгаад нэмэргүй, зальжин байх нь чамд хэрэгтэй” хэмээн өөрийн үр хүүхэддээ захиж байгаа нь бидний буруу.  “Өнөөдөр л болж байвал хожим яах нь бидэнд хамаагүй” гэж “хувиа хичээн довоо шарлуулж” байгаа нь бидний буруу. Төрж өссөн нутгийнхаа унаган байгалыг сүйтгүүлээд “шаналахгүй” байгаа нь бидний буруу. Сэмхэн санаа алдаж буруу муу бүхэнтэй эвлэрч байгаа нь бидний буруу.

Ахуй болон сэтгэлгээгээрээ “ядуу” бус” баян” байх нь өөр хэнээс ч биш монголчууд биднээс л хамаарна.  Хөрсөн доороо хэдэн үеэ тэжээх баялагтай атлаа, хүн гээч гайхамшигийн оюун ухаандаа “ядуу” байх гутамшиг. Тэр тусмаа монголчууд бид. Бидэнд заяасан аугаа их буян хишгийг зөв сайнаар “хүртэн” ЯДУУ биш БАЯН амьдрах нь биднээс  л шалтгаална. Өөр хэнээс ч биш, зөвхөн монголчууд биднээс шүү дээ.
Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
2011-11-15

Share Your Thoughts