Японы Цунамигаас бид юу ойлгож үлдэв?

Эх дэлхий нэгэнтээ шилгээв. Японд болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас Цунами болж, байгалийн гамшиг гэж юу болохыг хүн төрөлхтөнд ээлжит удаагаа мэдрүүллээ. Хүн төрөлхтөний бүтээж буй гайхамшигт хөгжил, байгалийн гамшiгийн дэргэд өчүүхэн мэт санагдаж байв. Далайн хүчит давалгаанд яг л модны холтос мэт урсах олон барилга байгууламж, машин техникийг харахад өөрсдийн өчүүхэн гэдгээ мэдэрч, нэгхэн хормын хугацаанд амьдрал үхэл зэрэгцээд өнгөрөхийг харахдаа л амьдралын үнэ цэнийг анзаарч байв. Үндсэндээ хүн төрөлхтөний хөгжил дэвшил, хүмүүн гэдэг бодьгалын мөн чанар, байгалийн гамшигийн өмнө шалгалт өглөө.
Болоод өнгөрсөн бүхний дараа сэтгэлд хургасан айдас намжихуйяа олон зүйлийг эргэцүүлэн бодно. “Юу болоод өнгөрчихөв өө?” гэж уулга алдахдаа биш, энэ үзэгдэл эхнийх биш бас эцсийнх ч биш гэдэг бодлоор олон ч хүн эргэцүүлэн бодож буй байх.

Нэг. Байгалийн араншин-монгол ухаан
…Яг энэ мөчид олон ч монголчууд Монгол эх орныхоо тухай бодсон байх. Бидний аугаа өвөг дээдэс дэлхийн талыг морин туурайгаар тамгалж, эр зориг, сүр хүчээрээ омогшиж явахдаа, энэ бүх аян дайны дараа эх нутгийн зүг жолоогоо эргүүлэн газар монгол нутгаа зорьдог байсан. Эзэлж, өөрийн их засгаа тунхаглаж байсан үзэсгэлэнтэй , үржил шимтэй, гайхамшигтай бусдын газар нутагт үл хоргодон, хатуу ширүүн уур амьсгалтай Монгол нутагтаа хүлэг морьд шигээ тэмүүлдэг байж. Хүчит далайн сүрлэг давалгаа, хүсэмжит зөөлөн нарлаг уур амьсгал, үзэсгэлэнт гайхамшиг цогцолсон газар нутаг тэдний сэтгэлийг аргамжиж үл чадах аж. Яагаад? гэдгийг өнөө бид мэдэхгүй хэдий ч, юугаар ч сольшгүй эх орон, газар нутаг байдаг гэдгийг тэд л бидэнд сануулж, үлдээсэн.

…Олон олон зуун жил монголчууд уул усаа шүтэж, овоо босгон дээдэлж, байгалаа аргадан залбирсаар иржээ. Өглөөний нарыг сүүн цацлаар угтаж, үдшийн нарыг саравчлан байж жаргааж, тэнгэрийн өнгөөр цагийн байдлыг шинждэг үндэстэн тэр болгон олон бий гэж үү? Цагийн хатууг сөрж давах учиртайг ухаарч, байгалийн гамшигийг шалгарал гэж хүлээж авч, хүнд хэцүү цаг мөчид сөхөрч суулгүй тэвчиж давах ухаан монголчуудад байсаар ирсэн.
Буруу муу үйлдэлд “байгаль хилэгнэлээ” хэмээн аргадаж, байгалийн олон араншинд нүүдэлчин ахуйгаа зохицуулж, байгаль дэлхийтэй хүйн холбоотой болохоор байгальдаа шингэж гэгээн алсад оддог нь монгол ухааных л байдаг. Хоцрогдсон бүдүүлэг гэж адлаад байгаа байгальтайгаа зохицож, байгалаа аргадаж,  байгалаа шүтэж байсан монгол ёс заншлаа энэ өдрүүдэд эргэн нэг санав. Нээрээ бид буруу “дэвээд” байгаа юм биш байгаа.

…Яагаад монголчууд хот суурин барилгүй нүүдэллэн амьдарч, Хархорумыг байгуулсан хэрнээ хаад нь нүүдэллэн төрийн хэргийг хээр талд хэлэлцэн шийдэж байсан юм бол? Хүчтэй газар хөдлөлтөд хэдэн унь толгой дээр унаж өвтгөх байсан байхдаа гэх сониучхан бодол сэтгэлд зурсxийгээд л өнгөрөв. Байгалийг захирч чадахгүйгээс хойш, байгальдаа зохицож амьдрах ухаан л нүүдэлчин амьдралыг бий болгосон байх. Байгалийн хэцүү гамшигаас нүүгээд л холдож орхидог, зайлшгүй тохиолдох аюул ослоос гарз багатай даваад гарчихдаг, болзошгүй муу үйлээс урьдчилаад дайжиж чаддаг нь нүүдэлчин амьдралын давуу тал нь юм уу даа.
Харин бид  энэ л гайхамшигаа тэгтлээ анзаарахгүй юм даа.
Байгаль хамгаалах болон байгалийн гамшигаас сэргийлэх асуудал өнөө нэг улс үндэстний бус нийт дэлхийн асуудал болжээ. Хөгжлийн их хурдац, суурин амьдралын стрессээс залхсан хүмүүс өдгөө онгон байгаль дунд тайван амьдрахыг илүүд үзэх болж. Тэд монголчууд бидний орхиж, зугатааж байгаа амьдралыг сонирхож байна. Харин бид ямар их үнэт зүйлээсээ дутааж буйгаа бас л анзаарахгүй. Хөгжил хэрэгтэй л дээ. Гэхдээ бүх л зүйлээ үгүйсгэн хаяад бусдын араас гүйх ямар л бол?. Байгалийн гамшиг болсон энэ өдрүүдэд Монголынхоо тухай зөндөө л бодож, олон ч зүйлийг анзаарч байв.

Хоёр. Эх орон-эв нэгдэл
Байгалийн гамшиг болсон энэ өдрүүдэд Японы ард түмэн, тэднийг удирдаж байгаа төр засгийн жинхэнэ “чанар”ыг бид анзаарч байв. Япончуудын өөртөө итгэлтэй бардам төрхийг бид мэдэрч байлаа.
– Тэд аюулд нэрвэгдсэн болон нэрвэгдээгүй бүх ард иргэдээ айж сандралгүй тайван байлгахад бүх анхаарлаа хандуулж байв. Тэд бодит байдлыг чин үнэнээр нь мэдээлж, гарч болох муу үр дагавар, авах гэж буй арга хэмжээнийхээ талаар олон нийтэд ойлгомжтой байдлаар тайлбарлаж ойлгуулж байлаа. Алив зүйл учир битүүлэг бус, ойлгомжтой байхад л хүмүүст итгэл төрдөг. Хүмүүс ч яах ёстойгоо маш сайн мэддэг. Энэ нь тэднийг итгэлтэй тайван байхад тусалж байсан байх.
-Япончууд хүнд хэцүү цагт ч эв нэгдэлтэй байж, иргэн бүр л үүргээ биелүүлэхийг хичээж байв. Төр засгийн удирдлагууд ч, энгийн нэгэн иргэд ч уурлаж уцаарлан, тэвдэж бухимдалгүй өөр өөрсдийн хийх ажлаа хийцгээж,бие биенээ чин сэтгэлээсээ ойлгон дэмжиж байлаа. Хүнд хэцүү цагийн зовлон шаналал хүмүүсийг нэгтгэдэг. Эв нэгдэлтэй байх гэдэг л хүмүүсийг энэхүү зовлон шаналлыг тэсвэрлэн давж гарахад тусалдаг аж.
-Тэд хүнд хэцүү цагтаа уйлж унжиж, зовлон шаналлаа тоочиж, бусдаас тусламж гуйсангүй. Тэднээс эх оронч сэтгэл, бахархал омогшил мэдрэгдэж байлаа. Тэд өөрсдөдөө тохиолдсон энэхүү гай гамшгийг өөрсдөө давж чадна гэж амалж, үүнийхээ төлөө бүхнийг хийж байсан. Одоо ч хийж байгаа. Тэд энэ дэлхийн хөгжилд өөрийн орон зайгаа бий болгож чадсантай бардамналтайгаа энэ л гамшигийн өмнө зогсч байна. Тэд эх орныхоо үнэ цэнэ, эх орноороо бахархал бахархал, үүнийхээ төлөө бүхнээ зориулж чадах сэтгэлээ бидэнд харуулж байна. Үүний төлөө тэднээр бахархаж, тэдэнд талархахаас өөр аргагүй.
Япончуудаас сурах зүйл их байнаа.

Гурав. Бидний араншин
Сүүлийн үед гарсан шинэ онигоо. “Moнголчууд аа! Тайван байцгаа гэж Япончууд хэлжээ”. Энэ онигоо миний мессежээр ирсэн юм. Энэ гамшгийн үеэр Япончуудаас илүү монголчууд тэвдэж, санаа нь зовов.

Японд болж байгаа гамшигийн талаар Америкт мэдээллийн үндсэн хэдэн сувгуудаас өөр сувгууд тэгтлээ сүржигнэн мэдээлсэнгүй. Үүний цаана өөрийн улсын ард иргэдээ айдас түгшүүрт автуулахгүй тайван байлгах бодлого байсан байх. Нөгөө талаар Японд болж байгаа гамшигийн үеэр улс орнууд, өөрийн орны иргэдийн амь нас, аюулгүй байдалд эн түрүүн санаа тавьж байв. Нэг иргэнийхээ ч амь насны төлөө төр нь анхаарал тавих учиртайн сонгодог жишээ энэ байлаа.
-Харин Монголд хэвлэл мэдээллийн хэрэгслэлүүд ямар их хийрхэл, айдас түгшүүр өдөөж чаддагийг харууллаа. Японд туслах хөдөлгөөн өрнөж, газар нутгаа хүртэл “бэлэглэж” туслах тухай санаачлага хүртэл гарсан бололтой. Хэдэн өдөр өөр юуг ч анзаарах сөхөөгүй Японы цунамигаар “амьсгалж” өөр хоорондоо маргалдан мэтгэлцэв. Өөр бусадтай биш өөр хоорондоо маргалдан мэтгэлцэж байгаа сэдэв нь Японы цунами болж, үүнийг өргөжүүлэн дэмжигчид нь хэвлэл мэдээллийн хэрэгслэл байсан нь хамгаас харамсалтай. Яг үнэндээ би энэ тухайд, Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслэлүүд олон нийтэд үзүүлэх зүйлгүй шахам байж байгаад энэхүү боломжийг хэтрүүлэн ашигласан болов уу?  гэж хардаж байлаа. Нөгөө талаас хэвлэл мэдээллийн ёс зүй болон бодлого ингэтлээ дорд түвшинд  оршиж байгааг ч харууллаа.

-Их ч олон байгууллага хувь хүмүүс их хэмжээний мөнгө хандивлан туслав. Энэ ч сайхан сэтгэлийн илрэл. Монгол оронд ардчилал ялснаас хойш хамгийн ихээр тусалсан нь Япончууд. “Аяганы хариу өдөртөө, агтны хариу жилдээ” гэдэгчлэн “тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас тэвдэж явахад тэвнээр тусла”лгүй яахав. Харин саяхан Налайхын уурхайд осол гарч хүний амь нас эрсдэхэд ингэж туслах хөдөлгөөн тэгтлээ өрнөсөнгүй. Бидний нэг муу тал нь гадныханд сэтгэл харамгүй туслах атлаа бие биедээ туслахыг тэгтлээ хүсдэггүй байдал. Энэ ч социализмын үеийн суртал ухуулгаар бидний сэтгэл зүйд бат тогтсон “гадаад хүн бол маш сайн, харин монгол хүн бол муу” гэсэн гажиг сэтгэлгээтэй холбоотой байх. Төр нь ч иргэд нь ч бие биедээ эн түрүүнд чин сэтгэлээсээ тусалж байвал юутай сайн.
Гэхдээ сайн талаас нь харахад энэ бол монголчууд бидний тусч сайн сэтгэлийн илрэл болой. Бас алив зүйлд чин сэтгэлээсээ санаа зовж, чин сэтгэлээсээ л хандаж чаддагийн илрэл байлаа.
Хэдийгээр бид багагүй хийрхсэн ч энэхүү гамшигаас олон зүйлийг харьцуулан ойлгов. Өөрийн монгол орны хил хязгаар болон дотоод сэтгэлийн хил хязгаараасаа даван байж олон зүйлийг ойлгосон. Энэ бол бага биш ололт.

Төгсгөл
“Гай гэдэг хэлж ирдэггүй хийсч ирдэг”. Бусдад тохиолдож байгаа гай гамшгаас бид ч сургамж авч л байх учиртай. Японд болж өнгөрсөн цунамигаас Монголчууд бид:
-Эв нэгдэлтэй байвал хүчтэй гэдгийг мэдрэв.
-Эх орон газар шороо гэдэг ямар их үнэ цэнэтэй гэдгийг ойлгов.
-Их гамшигийн өмнө хүмүүн бид өчүүхэн гэдгийг харав.
-Өнгө мөнгө өчүүхэн, амьд байх гэдэг аз жаргал, амьдрал гэдэг ямар гайхамшиг гэдгийг цэгнэв..
-Эдүгээ монголчууд бид ямар их хувь заяатай гэдгээ ухаарав.
Ухаарал бүхэн хэрэг болтугай.

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах

2011-04-01

Share Your Thoughts