Үндэсний бахархалт өнгө өнгийн архинууд \жижиг хэрнээ том асуудлууд\

…Нэгэн дэлгүүрийн гадаа 3 халамцуу залуу ярьж байна гэнэ. “Хар Чингис шаах уу? шар Чингис шаах уу?”.  “Түрүүчийн удаад “Соёмбо” хуссан юм чинь, энэ удаад “Гэрэгэ” хусвал яасан юм бэ?”.
Та нарт ямар сонсогдож байна даа? Иймэрхүү яриа хаа сайгүй, үүндээ ч бид дасаж орхиж дээ. Монгол хэл мэддэг гадаадынхан сонсвол “нүд нь орой дээрээ гарах” байх даа. За тэгээд “Чингис” нэртэй хуушуур буузнаас дээшлээд уушийн газар, урлагийн хамтлаг, дээд сургууль, зочид буудал, онгоцны буудал, одон тэмдэг,  Академи хүртэл бий. Тэмүүжинээс эхлээд Чингис нэртэй олон ч хүүхдүүд бий. Нэгэн цагт нэрийг нь чангахан хэлэхээс эмээдэг байсан цаг ард улирч “дураараа дургиж, дун чөмгөөрөө жиргэж” байгаа монголчууд бидний БАХАРХАЛ энэ.

Ардчилал ялснаас хойш Монголын үндэсний үйлдвэрлэлээс АРХИ-ны үйлдвэрлэл асар ихээр хөгжиж, дэлхийн хэмжээнд хүрч буй. “Хар”, “Шар”, “Морьтой” Чингис архиуд экспортод аль хэдийн нэр хүндтэй болсон бол сүүлийн үед “Соёмбо”, “Гэрэгэ” архиуд “толгой цохиж” эхэлжээ. Сав баглаа боодлынх нь гоёмсог чаминыг яана. Төмөр, арьсан гэрнээс гадна хаалга нь хоёр тийшээ дэлгэгдээн нээгддэг, алтан гэрэгийнх нь дээр “хар сувд” шигтэгсэн ч байх шиг. Дэмбэрэл шиг “юм үзээгүй хүн ” бол учрыг нь олохын арга үгүй. Хөдөөний хөгшчүүд бол гаднах гэрийг нь
авдрынхаа ёроолд хийж хадгалмаар. Уусныхаа дараа шилийг нь бурханыхаа авдар дээр залмаар. Бахархмаар ч юм шиг, баярламаар ч юм шиг Монголынхоо архилаг хөгжилд.
Монгол Улсад албан ёсны бүртгэлтэй архины 93, спиртийн 16, шар айрагны 21, дарсны 14 үйлдвэр үйл ажиллагаа явуулдаг гэнэ. Тэгээд Монгол Улсын нэг иргэнд жилд дунджаар 28 л архи ноогддог гэнэ. Импортын болон бусад архи согтууруулах ундаа, “шаг” зэргийг  оруулахгүйгээр шүү дээ. “Хэрвээ би уухгүй юм бол, хэрвээ чи уухгүй юм бол, хэрвээ бид бүгдээрээ уухгүй юм бол хэн энэ их архийг ууж барах юм бэ?” хэмээн халамцуу зарим нь шүлэглэж байна.  Энэ их архи согтууруулах ундааг зарж борлуулахын тулд л санаатайгаар Монгол оронд “үндэсний” болон
“үндэсний бус” маш олон баяруудыг албан бусаар болон албан ёсоор тэмдэглэдэг бололтой. Жилээс жилд улам өргөжсөөр байгаа энэ олон баяруудыг Монголын төр засгаас “дэмжиж” ажлын болон амралтын өдрүүдийг хүртэл хуулиар зохицуулдаг гэнэ.  Заримдаа  5-7 өдөр хүртэл зохицуулалтайгаар амарч цэнгэж байгаа Монголчууд зохион байгуулалтайгаар болон  зориудаар “ууж идэх”, “унтаж хэвтэх”ээс  өөр ч яах билээ. “Алсын Хараа”-тай Монголын Төр өө гэж.

Саяхан даа. УИХ-ын гишүүн Х. Тэмүүжин “хувьдаа архи согтууруулах ундааны бизнестэй” эрхмүүдийг сонгуульд “нэр дэвшүүлэхгүй” байх уриалга санаачлага гаргаад “тусыг эс олов”. Учир мэдэх хүмүүсийн хэлэх нь “улстөрчдийн орлогын ширгэшгүй эх булаг нь спирт, согтууруулах ундааны бизнес” байдаг гэнэ. Хичнээн жил ч “хав дарав” даа, одоо нэрийг нь олон нийтэд зарламаар юм. Жилээс жилд өргөжин хөгжсөөр байгаа энэ их гоёмсог чамин сав, баглаа боодол бүхий АРХИнууд тэдний “хичээл зүтгэл” болон “хөгжил”-ийнх  нь  үр дүн бололтой. “Ядаж байхад
яр” гэгчээр “Монголчуудын үндэсний бахархал”-уудаар нэрлэдэг нь ч юу билээ. Тэр нэрнүүдийнхээ учрыг өөрсдөө мэддэг юм болов уу? үгүй юм болов уу? Бидний эрхэмлэн дээдэлдэг бахархлууд маань тэдний хувьд , халамцуу үедээ дууддаг Навчаа, Цэцгээ, Уянгаатай нь адил санагддаг юм байх даа.
Монголчууд бидний төдийгүй дэлхийн хэмжээнд бишрэгдэн хүндлэгддэг их эзэн Чингис хаан тэргүүтэй МОНГОЛЫН ИХ ХААД,  тэдний энэ дэлхий ертөнц дээр анхлан дипломат эрх, журмыг тогтоосны бэлэгдэл баталгаа болох алт мөнгөн ГЭРЭГЭ, Өндөр Гэгээн Занабазарын сор бүтээл, өдгөө Монгол Улсын Төрийн далаан дээр залагдаж байдаг СОЁМБО зэргийг хэн дуртай нь ингэж ашиглаж болно гэж үү? Ууж согтсон нэг нь дээр нь нулимж , шээж байгаа, угаадас хогон дотор хутгаад хаяж л байгаа, татсан тамхиныхаа үнсийг дотор нь шүлстэйгээ хамтад хийж л
байгаа, тачаадаж мунхарсан зарим нь дээр нь гишгэж байгаа. Согтож солиорохдоо “би Чингисийн монгол хэмээн” орилж, шогтож агсамнахдаа савыг нь хага цохиж л байгаа.
ТЭГЭЭД ХААНА БАЙНАА, БИДНИЙ БАХАРХАЛ!
Асуудлыг ингээд сануулахаар ТӨР-ийг харааж зүхдэгээ больё. Бид өөрсдөө “ЧИНГИС”, “СОЁМБО”, “ГЭРЭГЭ” нэртэй архинуудыг худалдаж авахаа больцгооё л доо. Та уух дуртай байлаа ч Монголынхоо бахархлыг ууж, доромжлохоо больё, Mонгол хүн юм бол. Та архиар бизнёс хийж баяжих дуртай байлаа ч бидний бахархлаар архиа нэрлэхээ боль, Монголын иргэн юм бол.
Монгол Улсын Ерөнхийлэгч  Ц.Элбэгдорж та:
-Зарлиг гаргаж Монголчуудын бахархлыг гутаахыг болиулаач, бас энэ талаар хууль санаачлаач
-Монголын бахархлуудыг Монголын хүүхэд залууст заавал судлуулж байх талаар санаачлага гаргаач
-Уран бүтээлчдийг ивээн тэтгэж дэмжиж, Монголын бахархлуудын талаар баримтат болон хүүхэд залууст зориулсан хялбаршуулсан болон хүүхэлдэйн киног олон олноор хийлгэж тэдэнд байнга үзүүлж байгаач
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд та:
-Архи согтууруулах ундааны үйлдвэрлэлд хяналт тавьж , тоог нь цөөлж, зохист түвшинд аваачаач
-Хувьдаа архи согтууруулах ундааны үйлдвэрлэлтэй улс төрч бизнесменүүдийг олон нийтэд зарлаж, хууль бусаар баяжсан эрхмүүддээ хариуцлага тооцооч
-Төв суурин газруудад архи согтууруулах ундааг худалддаг цэгүүдийг нэг газарт төвлөрүүлж худалдах цагийг нь тогтоож, насанд хүрээгүй залууст худалдахыг хуулиар хориглооч

Худалдаж буй нэг шил архи, хундаганд мэлтэлзүүлэн өргөх сархадын ард СЭГЛЭГДСЭН АМЬДРАЛ, ЦӨХӨРСӨН СЭТГЭЛ, АРГАА БАРСАН НУЛИМС, БЭРТЛЭЭС ДУССАН ЦУС байдаг юм. Тэгж олсон мөнгө ЖАРГАЛ авчирна гэж үү?
Монголчууд бид архинь хэрэглээгээ багасгаж, ядаж л таацуулж сурцгаах сан. Үгүйдээ л МОНГОЛ БАХАРХАЛ аа бузарлахаа болих сон. Хаа хаанаа, хэн хэн нь АРАЙ Л ДЭНДЭЖ байна даа. Танд тэгж бодогдохгүй байна уу?

 

Xарнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
2012-03-23

Share Your Thoughts