Үндэсний дэмжлэг

Монгол Улсын ерөнхий сайд С.Баярын бие нь чилээрхсэний улмаас, шинжилгээ бас эмчилгээ хийлгэхээр БНСУ-ыг зорьж гэнэ. Монгол Улсын эрүүл Мэндийн сайд С.Ламбаа, ерөнхий сайдынхаа эрүүл мэндийн талаар ихэд санаа зовнисон байдлаар мэдээлэл хийж байна. Хичнээн жил тоглогдож буй энэ хошин жүжиг хэнд зориулагдаж, хэнийг доромжлоод байна вэ? Энэ талаар асуух асуулт надад байна.
-Нэгэн цагт монгол мориноос унаж бэртэл авсан, Монгол Улсын ерөнхий сайдаа эмчилж чадах монгол эмч, эмнэлэг монгол оронд байхгүй гэж үү?
-Хэн нэгэн, албан тушаал ахих тусмаа бие организмын хувьд бас өөрчлөгдөж, монгол хүнээсээ өөр болдог юм болов уу?
-Энэчлэнгээр мориноос унах бүү хэл, өөр ч хүнд бэртэл авч, хүндээр өвдөж байгаа жирийн монгол иргэд хаана очиж эмчлүүлэх юм бол?
-Ерөнхий сайд нь монголын эмнэлэг, монголын эмч нартаа итгэхгүй байгаагаа илэрхийлж харь орныг зорьж байхад, салбар хариуцсан сайд нь энэ үйлдлийг хүлээн зөвшөөрч тайлбарлаад сууж байдаг ямар гэгч “долдой” вэ?

 

-Энэ бүхнийг хараад, өөрсдийгөө доромжлуулаад сууж байдаг, монголын эмч нар ийм арчаагүй, дорой улсууд уу?
-Ингэж явах зардлаа монгол Улсын ерөнхий сайд С.Баяр хувиасаа төлдөг юм уу, эсвэл Монгол Улсын төсвөөс төлдөг юм уу?
Монголчууд бид ийм доромж, арчаагүй байдалдаа дасч, байх л зүйл мэт ханддаг болтлоо “дөжирчээ”. Ийм байж болно гэж үү?
Гадагшаа урсах мөнгөний урсгал
Гадаад хүн л бол “мундаг”,  монгол хүн л бол “мунхаг”  гэдэг өчүүхэн арчаагүй бодлоосоо бид хэзээ салах юм бэ? Энэчлэнгээр гадаад бараа чанартай сайн, гадаад сургууль, эмнэлэг чанартай сайн, гадаад жүжигчид авьяастай сайхан, гадаад…гадаад…гадаад…сайн, бас мундаг.
Өөрсдийгөө голж, гутааж, өрөөл бусдыг хий хоосон тахин шүтэх үзлээс л улс орны мөхөл эхэлдэг…Хэдий болтол бид ийм хийрхэл, солиорлын манан дунд тэмтчих билээ.
“Олон хүн сайнтай муутай, ой мод урттай богинотой” гэдэгчлэн гадаад орны хөгжилд сайн сайхан ч бий, саар муу муухай нь ч бий. Монголчууд бидэнд бас л адил сайн сайхан, саар муу ч адил буй. Харин олж харах, мэдрэх гэдэг л хүн хүний сэтгэл, мэдрэлээс шалтгаалах гэнэ.
Гадаад оронд ажиллаж амьдарч, хөдөлмөрлөж байгаа олон монголчуудын эх орондоо илгээж буй асар их мөнгө, харь бусдыг шүтэх урсгалын  давалгаанд гадагшаа урсаж байна. Яг л “гарын салаагаар урсах ус мэт”. Энэ их урсгалын эхлэлд нь нөгөө л улс орны минь удирдагчид,  улстөрч хэмээн өөрсдийгөө “цоллогчид”, бизнесмен хэмээн “горилогчид”, “од” хэмээн мөрөөдөгчид сэлж явна.
-Монгол Улсын ерөнхийлэгчээс авахуулаад, ерөнхий сайд, УЙХ-ын гишүүд, ЗГ-ын эрх мэдэлтэнгүүд, бас бизнесмэн, урлаг спортын  одод ихэнхи нь, “энэ бие минь чилээрхлээ” хэмээн “ёолж” харь орныг зорьж, “илааршлаа” хэмээн дуулж сурталчилж хариас ирдэг болсоор удаж буй.
Эцэстээ энэ бүхэн өргөн олныг хамарч ердийн үзэгдэл, үргэлжлээд хийрхэл, чамирхал, эцэстээ солиорол болж байна шүү дээ. Өвчнөөрөө гайхуулав гэдэг шиг ,гадаадад явж эмчлүүлэх нь зэрэг зиндааны , хөрөнгө чинээний илэрхийлэл, бас далд өрсөлдөөн болтлоо “хөгжиж”  байна бус уу?

Нэгэн цагт гайхуулж байсан Монголын Анагаах Ухаан ингэтлээ доорд орсон юм уу? Тэдэнд итгэх итгэл хаачаа вэ? Гадагшаа явах мөнгөгүй жирийн иргэд л монгол эмнэлэгээр үйлчлүүлж, монгол эмчээр эмчлүүлж байх ёстой гэж үү?
Хөгжил болгонд “мөнгөгүй” хэмээн тээг тавьдаг эрхмүүд, гадагшаа урсгаж байгаа энэ мөнгөөрөө, өөрийн монгол орондоо дэлхийн жишигт ойртсон эмчилгээ, оношлогооны нэгэн төв байгуулах боломж байж л байгаа. Яагаад энэ бүхнийг хийхийг хүсэхгүй байна вэ?
-Монгол Улсын төрийн өндөрлөгүүдийн, УЙХ-ын болон ЗГ-ын гишүүдийн, бас тодорхой эрх мэдэлтэнгүүдийн хүүхдүүд, хамаатан болон ах дүүс хаана ямар мэргэжлээр, ямар зардлаар суралцаж байгааг одоо ил гаргаж тавих цаг болсон.
Тэдний ихэнхийн хүүхдүүд гадаадын өндөр хөгжилтэй орнуудад, төрийн сангийн зардлаар суралцаж байгаа. Монгол Улсын төрийн сангийн зардлаар гадаадад суралцаад, тэр чигтээ алга болдог, төлөх ёстой зардлаа төлдөггүй тухай шуугиан гарч байгаад л “намжина”. Энэ бүхний ард “булхайгаа булах”  гэсэн олон оролдлого байгаа.
Өөрийн хүсэл сонирхлоор бус, эцэг эхийн албадлага шахалтаар гадаадад сурч байгаа нэртэй, элдэв хэрэг, муу зуршилд автан “нэр хугалж байгаа” олон хүүхдүүдийн “сураг” чих дэлсдэг. Яг үүнийг дагаад гадаадад хүүхдээ сургадаг “моод” дэлгэрээд удаж буй. Ядахнаа л Эрээний сургуульд хүүхдээ сургах нь “нэр төр”,  зэрэг зиндааны илрэл болсоор байна.
Монголын боловсролын чанар муу байлаа гэхэд ийм хийрхэл, төрийн сангийн үргүй зардлаараа, өөрийн монгол орондоо дэлхийн жишигт ойртсон нэг биш сургууль байгуулах боломж байж л байгаа. Харин үүнийг хэн яагаад хүсэхгүй байна вэ?

-Өнөөдөр Монгол оронд гадаад хүнийг шүтэх үзлийн дор, гадаад эзэнтэй олон баар, цэнгээний газар, сауна, худалдаа үйлчилгээний газар олноор бий болжээ. Тэр болгонд орж үйлчлүүлэн, мөнгөө төлж байгаа бидний мөнгө гадагшаа л гарч байгаа.
Тэр болгоныг дагаад хууль зөрчсөн, залилсан, үйлчилгээний чанар стандарт хангахгүй байгаа олон асуудал, гомдол тасрахгүй.
“Хойноос ирээд хот минийх, хотонд ороод хуц минийх”  гэдэгчлэн энэ бүхэнтэй тэмцэж байгаа бүхнийг авилгал, “арын хаалга”-аар мохоож орхиод, “монгол хүн хүний юм, үнэгүй юманд нугасгүй” хэмээн биднийг шоолж л сууна.
Өөрийн орондоо орших орон зайгүй тэд, өнөө монгол оронд минь өнгө мөнгөнд дуртай эрхэм түшмэдийн балгаар, тэдний хууль бус хамгаалалт дор, “дураар дургиж, дун чөмгөөрөө жиргэж”  сууна. Ядахнаа шүүрэн шанага шиг хуулийн цоорхойгоор татвараа шударга төлж байгаа нь хэд бол? Эзэнгүй айл шиг эх орон минь.
-“Мөнгөтэй хүн лаагаа иднэ үү? луувангаа иднэ үү?’ гэдэгчлэн, хууль ёсоор болон хууль бусаар олсон их мөнгөө барж ядан, гадаадын казино руу зорчин зугаацах “шинэ үейин цээж баячууд”ын мөр  балрах нь үгүй. Өнгөрсөн жилүүдэд зөвхөн Солонгосын казинод аваачиж тушаачихсан монгол төрийн их мөнгөнд харамсахгүй байхын арга үгүй. Үүнээс улбаалан, өр зээлээ ч бараагүй байж, “шинэ баян цээж өвчтэй” үлгэрээр олсон жаахан мөнгөө, харь орны казинод “өргөх”  хөдөлгөөн бас л багасахгүй бололтой.
Ямар ч улс орон гадагшаа урсах мөнгөний урсгалыг тогтоон, эх орныхоо хөгжилд зөв сайн бодлоготойгоор зарцуулж байж хөгждөг. Үүний тулд иргэддээ ухамсарлуулж, тэдэнд зориулсан үйлдвэр үйлчилгээгээ чанаржуулан сайжруулж байж, төрийн зөв мэргэн бодлогоо шүүн байж хэрэгжүүлнэ. Өндөр хөгжилтэй орнуудын иргэд нь үндэсний үйлдвэрлэл, үйлчилгээгээ дэмжиж, тэдний үйлчилгээ, бүтээгдэхүүнийг хүртэж байж сайжруулан хөгжүүлдэг. Улс орныхоо хүнд хэцүү цаг үед ч өөрийн өмч болсон ээмэг бөгжөө хүртэл хандивлан байж, дэмжин босгож ирсэн тэдэнд “эх орноороо бахархах бахархал” аас илүү үнэтэй нандин зүйл үгүй.
Монголчууд бид ийм байж яагаад болохгүй гэж? Улс орны удирдагчаасаа эхлээд жирийн иргэдээ хүртэл үндэсний үйлдвэрлэл үйлчилгээгээ дэмжин хөгжүүлж байж өөрсдийн бахархалаа бий болгоно шүү дээ.

Үндэсний үйлдвэрлэл үйлчилгээгээ дэмжье
Жил жилийн сонгуульд “үндсэний үйлдвэрлэлээ дэмжинэ” гэдэг үг ёс юм шиг орно. Үндэсний үйлчилгээ гэдэг ойлголт ч байхгүй. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжих нэрийн дор мөн ч их зээл тусламжийг авав даа. Үүнийгээ эрхэм дээдсүүд нэгэн цагт гаргаж тайлагнах биз ээ. Харин ойрноос “жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зээл”  гэгчээр жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхийн тулд 10 000$-50 000$ олгох гэж буй тухай мэдээлэл харж байсан. Монгол орны жижиг үйлдвэрлэл гэхээр  “jeep”  -ний үнэнд ч хүрэхгүй жижиг байх учиртай гэж андуураад байдаг бололтой.
Монголын маань үндэсний үйлдвэрлэл гэхээр хамгийн өндөр түвшинд хөгжсөн архи пиво, хааяадаа хүйтрэхээр санаанд ороод байдаг ноолууран бүтээгдэхүүн, бас хивсний бүтээгдэхүүн… тэгээд ер нь түгдрээд байх бололтой. Бусад олон боломжтой салбарууд нь яагаад хөгждөггүй юм бэ? гэхээр бизнесийн монополчлогдсон “хүлээс”, “мөнгөгүйн” мянган тайлбар, хувь хүртэх авилгалын “хүүдий”, хүсэл сэтгэлгүйн арчаагүй “бодлогө саад болоод байгаа хэрэг.
Тийм ээ! Өнөө цагт бидэнд асар олон боломжууд байгаа.

1. Гадаадад шинжилгээ хийлгэх, эмчилгээ хийлгэх нэрээр өөрсдийн халаас, улсын төсөв, бусдын хандиваар цуглуулан зарцуулж байгаа их мөнгөөр Монголдоо эмчилгээ оношлогооны дэлхийн жишигт хүрсэн төв байгуулья. Энд ажиллаж чадах  олон чадалтай залуус өндөр хөгжилтэй орнуудад ажиллаж байгаа. Ядаж л мориноос унаж бэртсэн ерөнхий сайдаа эмчилчих монгол эмч олдоно биз дээ.

2. Гадаадад хүүхдээ сургаж байгаа өндөр төлбөр, түүнд зарцуулж байгаа дагалт олон зардлууд, эзэн нь олдож, эргэж төлөгддөггүй төрийн сангийн мөнгөөрөө дэлхийн жишигт ойртсон монгол сургууль байгуулья. Жилийн 6500$ төлбөртэй монголд оршин тогтнож байгаа, гадаадын хөрөнгө оруулалттай дунд сургууль, энэ боломжийг бидэнд бэлэн нотолж байна бус уу? Дэлхийн өндөр хөгжилтэй өрны нэрд гарсан их дээд сургуульд багшилж байгаа монгол залууст ийм боломж олговол, шийдэж болох л асуудал.

3. Өдгөө дэлхийд ашиг орлогоороо тэргүүлж байгаа,  аялал жуулчлалыг монгол орондоо гайхамшигтай сайхнаар хөгжүүлэх бүрэн боломж байгаа. Бид чинь дэлхий нийтийн анхаарал, сонирхлыг татах түүх, зан заншил,  соёлтой ард түмэн. Бас өөрсдөө ч бахархах бахархалтай ард түмэн. Ядаж л энэ бахархалаа сэргээж, гайхуулахад дэлхийн жишигт хүрсэн аялал жуулчлалын төвүүд байгуулах хэрэгтэй байна. Бидэнд газар нутаг, боломж нь бүрэн байхад сэтгэл, санаачлага л дутаад байх юм даа.

4. Уудам газар нутагтай, хангалттай мал сүрэгтэй атлаа, хятад төмсөнд хордож, химийн урвалжтай сүү ууж, “хаданд гарсан”  үнэнд дарлуулж суух нь арчаатайн шинж бил үү? Ядахнаа л бидэнд байгаа мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлээ дэмжин хөгжүүлж болох шүү дээ.
“Малаа яаж маллахаа марксизмаар заалгахгүй” хэмээн омогшиж явсан малч ажилсаг өвгөдийн удам, сүү цагаан идээгээ хэнээр ч хэлүүлэхгүй боловсруулан ашиглаж байсан бүсгүйчүүдийн үр сад билээ бид. Хариас экспөртлөхгүй бэлэн боломж бидэнд байж л байгаа.

5. Энэчлэнгээр хичнээн олон үйлдвэрлэл үйлчилгээний газраа монголчууд бид өөрсдөө нээн ажиллуулж, хөгжүүлэх боломж байгаа. Гадаадад хичнээн жил ажиллаж, хөдөлмөрлөж, суралцаж, өөрсдийгөө хөгжүүлсэн монголчуудаа дэмжиж, тэдэнд ийм боломж олгох аваас, өнөөдөр харааж зүхээд байгаа хэрнээ үйлчлүүлээд, мөнгөө төлөөд байгаа харийхнаас “хол илүү ” гэдгий тэд нотолж чаднаа.
Ядахнаа л монгол тогоочтой ресторанд хооллож, монгол хүнээрээ үйлчлүүлж, баярлаж талархсан сэтгэлээ монгол хүндээ илчилж байх хичнээн сайхан гээ. Эндээс л үндсэний бахархал эхэлнээ.
Дэлхийн их спортын тавцанд эр зориг, хүч чадал, авхаалж самбаагаа гайхуулж, бишрүүлсэн боксчидынхоо амжилтад монголчууд хичнээн баярлаж, бахархан омогшив. Тэр л мөчид Монголчууд бидний зүрх сэтгэлд ямар их бахархал омогшил нуугдаж, бас асахад бэлэн байдгийг мэдэрдэг.
Монголоороо гоёж , бас гайхуулж, бахархан омогших монголчууд бид, “нэг л сайхан өөдрөг мэдрэмж төрж, бид сайн сайхан хөгжих цаг айсуй” хэмээн бэлэгшээж байгаа.
Үүний нэг хэсэг нь үндсэний үйлдвэрлэл, үйлчилгээ мөн. Харин үүний төлөө бид шаардаж тэмцэж, эвлэлдэн нэгдэж, өөрсдөдөө итгэж, хөдөлмөрлөж, өөрсдөө бий болгох хэрэгтэй байна даа.

Төгсгөл буюу “албан тасалгааны цонхоор…”
Монголчууд бидний үндсэний бахархлыг сэргээх, үндэсний үйлдвэрлэл, үйлчилгээгээ хөгжүүлэх цаг болжээ. Хүүхдүүд маань монгол сургуульдаа баяр хөөртэй суралцаж, өвдөж зовсон нэгэн монгол эмчээрээ эмчлүүлж, монгол хоолны газраа хооллож, монгол нутгаараа аялан бахархаж, монгол хүндээ баярлаж талархсанаа илэрхийлж, монголоороо бахархаж бас хайрлаж байхын муу гэж үгүй.
Өнөөдрийн энэ бухимдал, цухалдуу цаг мөчийг монгол үндэсний бахархал л зөөллөж байгаа. Үндэсний дэмжлэг, үндсэний бахархал л биднийг өөрчлөн хөгжүүлнэ.
Харин өнөөдөр “албан тасалгааны цонхоор амьдрал сайхан байгааг харж байгаа” эрхмүүдийн хэд нь монгол эмнэлэгээр үйлчлүүлж, хэд нь хүүхдээ монгол сургуульд сургаж, хэд нь монгол бүтээгдэхүүнээрээ гоёж, хэд нь жирийн иргэдтэй адил амьдарч байгааг ялгаж нэг харья л даа. Тэд л “үндэсний үйлдвэрлэл үйлчилгээг дэмжих” уриаг хоосон амлалтаар бус, бодит амьдралаар харуулах учиртай. Тэд монголчуудаа энэ үйлсэд үлгэрлэж, үүнийхээ хэрээр үндэсний үйлдвэрлэл, үйлчилгээг хэрхэн хөгжүүлэхийг санаа тавин шийдэж байх учиртай. Албан тасалгааны цонхоор алс орны хөгжлийг бус, ард иргэдийн бодит амьдарлыг харж байх учиртай.
Монголчууд бид харь оронд бишгүй л амьдарч, сайн мууг нь бишгүй л мэдэрч байгаа. Одоо харин монголынхоо үндэсний бахархалыг сэргээхэд хувь нэмрээ оруулцгаая. Монгол орондоо нэг хэсэгтээ ч болсон санаачлага гаргаж монголынхоо үндэсний үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжихийн төлөө чадах бүхнээ хийе л дээ.
Монголын үндсэний бахархлыг монголчууд биднээс өөр хэн сэргээж, хөгжүүлэх билээ.  Төр засгийн тэргүүнүүд минь та нар энэ бүхэнд санаа тавьж үлгэрлэл дээ. Монгол эмчдээ итгэж, тэднийгээ хөгжүүлж, монголдоо эмчллүүлбэл, ядаж л биейиг тань асуугаад цай хоолоо, сэтгэлтэйгээ хамтад аваад ирэх монголчууд олон байгаа.  Харь тэр оронд монгол сэтгэл үгүйлэгдэх л болов уу?
Үндэсний үйлдвэрлэл, үйлчилгээгээ дэмжицгээе. Энэ бол үндсэний дэмжлэг болноо. Энэ бол бидний эв нэгдэл, бахархлын эхлэл.

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
2009-09-18

Share Your Thoughts