Үнэгүйдсэн шагнал

Шагналын гажуудал
Улс төр судлаач Баярхүү саяхан бичсэн нэгэн нийтлэлдээ, шагнал авсан нэгэн нулимс дуслуулан ”Амьд явсаны минь хэрэг бүтлээ” гэж өгүүлсэн тухай ёгтлон бичсэн байсан.  Шагнал алдар нэр, амьдралынх нь утга учир, зорилго болтлоо ”тархиа угаалгасан’ ард түмэнтэй улс Орос, Монгол хоёроос өөр бий билүү…
Нууцгүй хэлэхэд алив шагнал бүхэн нь араасаа заавал атаа жөтөө, хар хор, барьцах сэтгэлгээ дагуулдаг. Өөрт нь ”гавьяат’ цолыг цагт өгөөгүй учраас гутирч гуниж архинд орж, амьдралаа үрсэн хэн нэгний тухай, өөрсдөөс нь ур чадвар муутай мөртлөө өөртэй нь адилхан ”Соёлын тэргүүний ажилтан’ цол хүртсэн хамтлагтай нэгэн тайзан дээр дуулахгүй гэх аль нэгэн хамтлагын мэдэгдэл, өөрөөс нь хэдэн хувь дутуу мөртлөө цол хүртсэн жүжигчний авсан шагналаас өөрөө сайн дураар татгалзах тухай хэн нэгний ярилцлага гэх мэтийг хэвлэл мэдээллийн хэрэгслээрх дүүрэн жишээг дурьдаад яахав. Өнөөгийн шагналын систем энэ цаг үед тохирохоо больж, утга учраа алдаж, хүмүүсийн сэтгэл зүйд маш муугаар нөлөөлж байгааг бид хөндөхгүй бол болохгүй нээ. Сүүлдээ туйлшрал туйлдаа хүрч, норь уяж үзээгүй мөртөө өөрийнхөө нэр дээр морь уралдуулаад ”Манлай уяач’ цол авах, бөхийн цол өгсөнгүй гэж төр засагтаа гоморхох, аль нэгэн дуучин ”гавьяат” цолыг 30 сая төгрөгөөр авч байна гэх мэдээллүүд алдар нэрийн төлөөх хийрхлийн дээд цэг биш үү.
Дуучин хүн ”гавьяат дуучин’ бус тэс өөр ”гавьяат жүжигчин” цол хүртчихээд би дуулахдаа сайн жүжиглэдэг учраас энэ цолыг хүртсэн юм гэж тайлбарлах уу?

Эхлэл…

Ямар нэгэн тэмдэглэлт өдөр, баяр ёслол болохоор Монгол Улсын ерөнхийлөгчийн зарлиг гарч, хэсэг хүмүүсийг алдар цол, одон медалиар шагнадаг. Одон медаль хүртсэн хүмүүсийн, цэцгийн баглаа тэвэрч, баярлаж хөөрсөн царай, ”Төрдөө баярлалаа”, ”Энэ шагнал намайг биш хамт олныг минь давхар шагнаж байна гэж ойлгож байна”, ”Амьд явсаны минь хэрэг бүтлээ”, ”Аав ээж, ард түмэндээ баярлаж байна” гэх талархлын үгстэй хослон, ТВ-ийн экран дүүрнэ. Өчнөөн олон жил бид үүнийг үзэж дасчээ.

”Хөдөлмөрийн баатар’, ”Ардын’, ”гавьяат’ цолууд, Сүхбаатарын одон, Хөдөлмөрийн гавьяаны одон, Байлдааны  гавьяаны одон, Алтан гадас одон, Хөдөлмөрийн хүндэт медаль гэдэг төрийн шагналууд энэ л эрэмбээр шатлан олгогдох учиртай. Аль нэг нь бие биейин урдуур дараалал дайрах эрхгүйгээс гадна, хоёр шагналын хооронд давтамжийн хугацаа нь 3-аас доошгүй жил байх хязгаарлалттай. Та ажиглаад үзээрэй. Энэнхүү шагналын давтамж, шатлал нь хүний амьдралын давтамж шатлалтай мөн л адилхан байгаа биз. Өөрөөр хэлбэл, хүний амьдралын зорилго нь энэхүү гавьяа шагналыг шатлан хүртсээр оргилд нь хүрэх, насан хутаг болох үедээ хүндэтгэлтэйгээр ”Алтан өлгий”-д морилох болж хувирчээ гэхэд хилсдэхгүй байх. Монгол орон, социализмын материал техникийн бааз барьж байгуулах , улмаар ”коммунизм’-д шилжин орохоор итгэл төгс хөдөлмөрлөхөд зориулагдсан энэхүү шагналын систем, ардчилал ялаад 17 жил болж бүх зүйл үндсээрээ өөрчлөгдөж байхад, ”дархлагдан” үлдсэн цорын ганц систем.

МАХН ч, АН ч, Их эвслийн засгийн газар, Монголын төрийг барьж байхад ч энэхүү шагнал өөрчлөгдөөгүй нь хүмүүсийн алдар нэр, гавьяа шагналд ямар их дуртайн илрэл биш гэж үү. ”Байж байсаар бүх дэлхийг бүрхэж, зөвхөн нарыг л хэвээр үлдээх ОКТЯБР” гэдэг лоозонгийн үгийг ”Байн байсаар бүх Монголыг бүрхэж, гагцхүү шагналыг хэвээр үлдээх АРДЧИЛАЛ гэж хөрвүүлсэн юм биш байгаа манай төрийн жолоодогчид.

Хүн яагаад шагнагдах ёстой вэ?

Хүн бүр л өөрийн авьяас сонирхол, чадамжаараа хөдөлмөр эрхэлдэг. Бусдаас илүү сайн ажилласан хэн нэгнийг ”төрийн төлөөлөгчийн” тодорхойлсоноор төр сонгож авч шагнадаг. Хийх ёстой ажлаа сайн хийх нь хөдөлмөр эрхэлж байгаа хүн бүрийн үүрэг. Тэр хүн төрийн төлөө бус өөрийнхөө төлөө хөдөлмөрлөж байгаа учраас сайн ажиллах үүрэгтэй. Хэрэв муу ажиллах юм бол та бага цалин авч, амьдралд тань хүрэхгүйгээс гадна, ажилдаа тэнцэхгүй болж ажлаас халагдана. Энэ бол өнөөгийн нийгмийн бичигдээгүй хууль. Та сайн ажиллаж байж л өндөр цалин авч, амьдралаа авч явна. Та бусдаас илүү ажиллаж чадвал илүү л цалин авна. Гэхдээ энэ бол гавьяа биш. Сайхан амьдралын төлөөх таны тэмцэл.
Социализмын үед улсыг хөгжүүлэх тав таван жилийн төлөвлөгөө байх, таван жилийн эцэст замбараагүй их шагналын хур бууна. VI таван жилд дунд сургуулийн багш байсан миний бие хичээлээ л хуваарын ёсоор заасаар атал, чухал яагаад  ”VI таван жилийн гавшгайч” тэмдгээр шагнагдсанаа, хэвлэл мэдээллээр уншиж сонссоноор хэн нэгэн ажилчин 5 жилд 8, тэр ч бүү хэл 10, 15 жилийн ажлыг яаж хийгээд шагнагдаж байсныг ч өнөө хир ойлгоогүй юм.

Мэдээж тэр хүн, үйлдвэртээ бусадтай адил цагаар адил нормативаар ажиллаж байсан байж таарна. Бусад нь арай гэж 5 жилийн төлөвлөгөөгөө биелүүлж байхад адилхан нөхцөлд, 2-3 дахин илүү бүтээл гаргаж байсан нь ”ид шидтэйнх’-үү эсвэл хөнгөвчлөгдсөн нормативийнх үү гэдгийг чөтгөр л мэдэх байх. Сайн хөдөлмөрлөж байсан хүмүүсийг муучлах гэсэнгүй. Энд системийн асар том гажуудал байсан гэдгийг л хэлэх гэсэн юм. Сайн ажиллаж байсан хүмүүсийг  ”муу ажиллах’-ыг зөвшөөрч байсан гэсэн үг. Яг л дунд сургуульд ”онц сурлагатан”, ”муу сурлагатан” гэж ялгаварлан нэг нь нөгөөгөө сэтгэл зүйгээр нь дарамталж, урмыг нь хугалдагтай адилаар барах уу үргэлжлэл нь болж байсан хэрэг.
Хүн өөрийнхөө сайхан амьдралын төлөө сайн ажиллаж, их цалин авах ёстой, харин заавал шагнал авах албагүй, сайхан амьдрах албатай.     

Шагналын гажуудал
Улс төр судлаач Баярхүү саяхан бичсэн нэгэн нийтлэлдээ, шагнал авсан нэгэн нулимс дуслуулан ”Амьд явсаны минь хэрэг бүтлээ” гэж өгүүлсэн тухай ёгтлон бичсэн байсан.  Шагнал алдар нэр, амьдралынх нь утга учир, зорилго болтлоо ”тархиа угаалгасан’ ард түмэнтэй улс Орос, Монгол хоёроос өөр бий билүү…
Нууцгүй хэлэхэд алив шагнал бүхэн нь араасаа заавал атаа жөтөө, хар хор, барьцах сэтгэлгээ дагуулдаг. Өөрт нь ”гавьяат’ цолыг цагт өгөөгүй учраас гутирч гуниж архинд орж, амьдралаа үрсэн хэн нэгний тухай, өөрсдөөс нь ур чадвар муутай мөртлөө өөртэй нь адилхан ”Соёлын тэргүүний ажилтан’ цол хүртсэн хамтлагтай нэгэн тайзан дээр дуулахгүй гэх аль нэгэн хамтлагын мэдэгдэл, өөрөөс нь хэдэн хувь дутуу мөртлөө цол хүртсэн жүжигчний авсан шагналаас өөрөө сайн дураар татгалзах тухай хэн нэгний ярилцлага гэх мэтийг хэвлэл мэдээллийн хэрэгслээрх дүүрэн жишээг дурьдаад яахав. Өнөөгийн шагналын систем энэ цаг үед тохирохоо больж, утга учраа алдаж, хүмүүсийн сэтгэл зүйд маш муугаар нөлөөлж байгааг бид хөндөхгүй бол болохгүй нээ. Сүүлдээ туйлшрал туйлдаа хүрч, норь уяж үзээгүй мөртөө өөрийнхөө нэр дээр морь уралдуулаад ”Манлай уяач’ цол авах, бөхийн цол өгсөнгүй гэж төр засагтаа гоморхох, аль нэгэн дуучин ”гавьяат” цолыг 30 сая төгрөгөөр авч байна гэх мэдээллүүд алдар нэрийн төлөөх хийрхлийн дээд цэг биш үү.

Дуучин хүн ”гавьяат дуучин’ бус тэс өөр ”гавьяат жүжигчин” цол хүртчихээд би дуулахдаа сайн жүжиглэдэг учраас энэ цолыг хүртсэн юм гэж тайлбарлах уу?
Одоо сүүлдээ төр шагналыг ард иргэддээ өгөхгүй гомдоодог учраас нэгэн төрийн бус байгууллага ”ард түмний гавьяат” цолыг бий болгож, нөхөн олгож, ард түмний гомдлыг тайлж, талархлыг хүлээж байна гэж сурталчлах боллоо. Бид ингэтлээ оюуны хоосролд орж, доог тохууны бай болох гэж. Хүний амьдралын эрхэм зорилго нь гавьяа шагнал, одон медаль бус, өөрийн дуртай ажил, мэргэжил, авьяас чадлаараа хүмүүсийн сайн сайхан аз жаргалтай амьдралд  хувь нэмрээ оруулах явдал юм.

Шагналын дарамт
Одоо Монголын хүн амын бараг дөрөвний нэг нь ямар нэгэн гавьяа шагнал, одон медаль, цол хэргэмтэн гэдэгт эргэлзэхгүй байна. Тэгсэн атлаа улс орон маань хөгждөггүй, хүмүүсийн амьдрал дээшилдэггүй. Улсын наадмаар, цагаан сараар баахан л төмөр тэмдэг энгэртээ зүүчихээд нэг хэсэг нь халгиж цалгисан баян, нөгөө хэсэг нь хүргэж ядсан ядруухан хүмүүсийг хараад шударга ёс нь хаана байна гэж асуумаар. Гавьяа байгуулж, төрд үнэлүүлж шагнагдсан л юм бол яагаад бүгдээрээ баян байж болдоггүй юм бэ? Төр та авьяас, хөдөлмөр, ухааныг нь үнэлсэн юм бол яагаад тэдгээр хүмүүсэээ ивээлдээ авахгүй зөвхөн тэмдгээр хуурч байгаа юм бэ? Үнэхээр гавьяатай юм бол тэд бусдаас илүү хангалуун амьдрах ёстой биш гэж үү?

НАДАД САНАЛ БАЙНА

Одоогийн мөрдөж байгаа шагналын энэ бүх системээ хүчингүй болгоё. Төр хамгийн муу менежмент. Төр алив зүйлд хутгалдахаар л хамаг юм нь утга учраа алдчихдаг гэж агуу сэтгэгч Баабар нэгэнтээ бичсэнтэй санал нэг байна. Улсын баяр наадмаар бөх, харваач, уяачийн цолыг ерөнхийлөгч олгодогоо ч больё. Харин төр шагналын хувьд 2 л хувилбарыг сонгож авах нь зүйд нийцнэ.
Нэг: ”Чингис хааны шагнал”
-Алтан гэрэгэ
-Мөнгөн гэрэгэ
Монгол орны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан хүнд л олгох шагнал.
-Алтан гэрэгэ хүртсэн хүн бүх насаараа төрийн ивээлд байж, гадаад орнуудад зорчихдоо л дипломат хүндэтгэлд хамрагддаг байх.
-Мөнгөн гэрэгэ хүртсэн хүн бүх насаараа төрийн ивээлд байж, Монгол орон дотроо хаа ч зорчихдоо төрийн түшээдийн хэмжээнд хүндлүүлдэг байх.
Шалгуурыг нь маш тодорхой болгож, хатуу дагаж мөрдөхгүй дахиад л туйлширвал ачааллыг нь Монгол улс даахгүй болох биз ээ.

Хоёр: Монгол улсын хөгжилд нөлөөлөх аль ч салбарын оюуны бүтээлийг төр худалдан авч батламжилдаг байх. Мэдээж хөгжлийн төлөөх оюуны бүтээлийн үнэ цэнэ үр ашгаасаа, нөлөөллөөсөө хамаарч 1 сая доллароос дээш байх нь ойлгомжтой. Энэ хүндэтгэлийг хүртсэн хүн хөдөлмөрийнхөө үр дүнд сайхан амьдрах, цаашид илүү их зүйл хийх санхүүгийн боломжтой болно гэсэн үг. Тэгэхээр төрд гоморхоод байх шалтаг үгүй.
Энэ хоёроос бусад ямар ч шагнал, цол хэргэмд төр оролцох шаардлагагүй. Мэдээж урлагийнхан нэгдээд дотроо өөрсдийнхөө ”Оскар’ болох шагналаа, Спортынхон нэгдээд өөрсдийн шагналаа, Улсын баяр наадмын комисс нь бөх, харваач, уяачийн шагнал цол хэргэмээ, зохиолчид яруу найрагчид нэгдээд ”Болор цом”-оо ч олгодог болж л таарна. Мэдээж эхэндээ хэрүүл маргаан, элдэв бэрхшээл гарах л биз. Жилээс жилд сайжирсаар аяндаа хүлээн зөвшөөрөгдсөн ”одууд” тодорч л таараа. Төр оролцож, будлиан хутгачихгүй л бол хүссэн ч эс хүссэн ч бүх л салбарууд өөрсдийн ”од”-оо тодруулж гялалзуулж  чаддаг болно. Тэр цагт атаа жөтөөгөө цээжиндээ нууж биш, чин сэтгэлээсээ баярлаж, цэцэг барин хүндэтгэдэг болноо. Тодорч гарсан од нь ч од шиг байж нэр төрөө авч явж, сайхан амьдарч, шагналынхаа үнэлэмжээр илүү ихийг бүтээж, насан туршдаа л гялалзах болно. Тэд өөрсдөөрөө бахархаж, илүү их хөдөлмөрлөж, бусдад илүү ихээр туслах болно. Тэр цагт Монголчуудын ”тамын тогооны” үлгэр төгсгөл болж, хүн бүхэн өөдрөг сайхан руу тэмүүлж, гар гараа атгалцан бие биеэ дэмжиж сайхан амьдарцгаах болно. Алдар нэр шагналын төлөөх энэ солиорсон мэт хийрхлээсээ салах цаг болжээ.

Харнууд овогтой Гомбосүрэнгийн Галбадрах

12/24/07

Share Your Thoughts