ҮРЧЛЭЭ

…Би толинд туссан өөрийнхөө дүрсийг удаан гэгч ажиглав. Жаргал зовлон сүлэлдсэн энэ амьдралд туулж өнгөрүүлсэн өдөр хоногуудын минь баяр, гуниг үрчлээ болон нүүрэнд минь тогтож үлджээ. Буурал түүхийн сая, хэдэн зуун мянган жилийн ул мөрийг сархиаг болгон үрчлээтэж үлдээсэн уулсын сор суусан тэргүүн шиг, толгойд минь насны хяруу унажээ. Яг л цоролзон үсчих галын дөл шиг байсан нүдний минь гал, хэдэн зуун усны шувуудыг баясган зугаацуулах хэрнээ давалгаалж тэднийг цочоодоггүй нуурын тогтоол ус шиг мэлмэрэн хайлан тогтжээ. Санаа алдах төдийд салхины аясаар найган ганхах өвсний сорлог толгой шиг сэтгэл минь жигтэйхэн уяхан болж, зүрхний минь тэртээд баялаг намрын самар жимс шиг өгөөмөр хэрнээ амтлаг хайр амтагдах болж. Нуураа тойрон ганганалдах нүүдлийн шувуудын зэллэсэн ганганах дуунд нүдэн булгийн ус эргээ даван цалгих шиг мэлмэрээд байх болж. Энэ бүх л уярал хайр, ухаарал цөхрөлийн бэлэгдэл нь миний нүүрэн дэх үрчлээсүүд.
Туулж өнгөрүүлсэн амьдралын жаргал зовлонгийн хэрчээсэнд тунаж үлдсэн ухааны минь гэрч энэ үрчлээсүүд, тогорууны өндгөн дээрээ сүүдрээ тусгахгүй гэсэндээ тойрч өнгөрсөн ухаарлын минь баталгаа. Сайхан бүсгүйд сэтгэл алдран дурласан хэрнээ тоогдоогүй хаягдаж үлдсэн харууслын минь гэрч энэ үрчлээсүүд, зүрхнийхээ чанадад шархалсан шархыг зөвхөн чамайг хайрласандаа эдгээж аниулсан сэтгэлийн минь баталгаа. Нисэн дүүлэх шувууд далавчин дээрээ тээж одсон дурсамжуудыг хадгалж үлдсэн энэ үрчлээсүүд, нэгэн цагт харамсаж гунисан бүхнийг өдгөө тайлж тайтгаруулсан он цагийн тайлал. Ойворгон онгиргон явсан залуу насандаа өрөөл бусдыг гомдоон цухалдуулж байсны гэрч энэ үрчлээсүүд, он цагийн уртад бусдад гомдож дуусахдаа бусдыг бас өөрийгөө уучилж чадсаны гэрч. Зөндөө ихээр хуримтлуулан сэтгэлдээ нэрж дарсан дарс шиг амьдарлын минь туршлага болсон энэ үрчлээсүүд, бусдад ухаарлын амт болж шингэхийн учир буюу.
…Би толинд туссан өөрийнхөө дурсийг удаан гэгч ажиглан, уртаар санаа алдав. Ирээд буцдаг жамтай энэ орчлонд туулж өнгөрүүлсэн сайн муу бүх л үйлдлийн гэрч энэ үрчлээнүүдэд би хайртай. Элээд өнгөрүүлсэн бүхэн шингэж ууссан энэ үрчлээсүүд энэ орчлонд миний хэрхэн амьдарсаны минь нотолгоо. Цагтаа толигор сайхан байгаад хүн болгоны сэтгэлийн баяслыг төрүүлж бахдуулж байсан төрх бүхэн, цагийн шуурганд элж холцруутан үрчлээтдэг нь хорвоогийн жам. Сайхан байгаад муухай болж, бахадлыг өрөвдлөөр солиулдаг нь амьдралын жам. Үүнийг дайрдаггүй, тойрдог тавилан гэж үгүй. Сайхан цэцэгс нэгэн цагт  өнгөө алдан ганддаг шиг, моддын навчис нэгэн цагт газар хийсэн хөглөрдөг шиг, усны шувууд нь холын холд нисэн одоход нуурын мандал захаасаа зайрмагтан хөлддөг шиг бүх л зүйлс өөрийн цаг хугацаатай байдаг нь ертөнцийн жам. Үрчлээ болгоны цаана ухаарал буй, үгэлж дуулах болгоны цаана учирлал буй, өөрийн тань төлөө зориулж байгаа бүхний цаана их хайр буй.

Share Your Thoughts