Өвлийн өвөөгийн мөрөөдөл

Хүн болгон зүрх сэтгэлдээ мөрөөдөл тээж явдаг. Мөрөөдөл нь хэнд ч хамаагүй, бас ямар ч байж болох ч, тэр хүнийг урагш нь хөтөлж явдагт ид шид нь оршдог байх. Заримдаа огт биелэхгүй ч ямар нэгэн сайхан зүйл, сэтгэлийн далд орших хүслээ мөрөөдөж байхад ч хүний сэтгэл дэвтэж, бас ч сэтгэлийн тайвшрал ханамж авах нь бий. Дотор сэтгэлдээ мөрөөдлөө дүрсэлж байхдаа хэн нэгнээс ичих, бас айх , нэрэлхэх зүйлгүй болохоор аз жаргалтай байдаг аж.
Гадаадад ажиллаж амьдарч байгаа монголчууд мөнгөнөөс гадна бас олон зүйлийг мөрдөөддөг. Орхиод гарсан эх орон бас гэр бүл, аав ээж амраг садан, анд нөхдөөс гадна зорилгоо биелүүлээд, хүссэн амьдралаараа амьдрах тухай гээд…

Мөрөөдлөө биелүүлэхэд мөнгө дутахын зовлон, хүслээ биелүүлэхэд сэтгэл дутахын зовлон, зорилгоо биелүүлэхэд тэвчээр дутахын зовлон гээд юу эс байх билээ.
Буцья гэвч нэг л зориг дутна. Бас ард үлдсэн сэтгэлийн олон уяа чангаах. Гэвч юу юунаас илүү нэгэн цагт хүчирхэг байсан аугаа Монголын үр сад ингэж яваадаа илүү их шанална.
Хаа хаагүй, хэн хүнгүй энэ шалтгаан шаналлаа сэтгэлдээ эрж бидэрнэм.  Буруугаа бусдаас хайвч, монгол цус нь арай л өөр зүйл нэхэж зовооном.
АНУ-ын Арлингтонд аж төрж, амаргүй хөдөлмөрийнхөө үүлэн чөлөөгөөр сэтгэлийн шаналал, баяр бахадлаа хөг аялгуу, айзам хэмнэл, уран сайхан сэтгэмжээр хөглөгдөж суудаг, хөгжмийн зохиолч С.Сансаргэрэлтэх, жүжигчин Б.Болдбаатар, Алтанбагана нар хамтдаа “Өвлийн өвөөгийн мөрөөдөл ” нэртэй кино зохиомж бүтээжээ. АНУ-д ” Би хэн бэ?” нэртэй анхны драмын жүжгийг бүтээж, олон хүмүүст хүргэж байсан тэд, энэ л урам эрчээрээ, дараагийн бүтээлээ толилуулж буй нь энэ. Хэдийгээр тэд киноны мэргэжлийн бүтээлчид бус хэдий ч, цахим мэдээлэл өндөр хөгжсөн энэ цаг үед, аль болох олон хүнд өөрсдийн сэтгэлийн өчлөө хүргэхийг зорьсон биз.

2005 онд хэсэг уран бүтээлчид анх зориглон үүсгэж байсан энэхүү сэтгэмж, их л олон саад бэрхшээл дундуур 4 жил “бидэрсэн “-ий эцэст олны хүртээл болж буй. Сэтгэл догдлол, мөрөөдөл, шантрал, бас их хөдөлмөр зүтгэл, тэвчээр бүхний эцэст, “нэгэнт эхэлсэн зүйлээ дуусгах гэж хичээсэн юм ” хэмээн найруулагч, продюсер С.Сансаргэрэлтэх өгүүлнэ билээ. Харин зохиолыг нь жүжигчин Б.Болдбаатар бичсэн гэсэн. Б.Болдбаатар өнгөрсөн зун тоглогдсон ” Би хэн бэ?” жүжгийн зохиолыг бичсэн гэхээр бас ч яггүй уран бүтээлч болох төлөвтөө орж буй бололтой.
Гадаадад ажиллаж амьдрахаар эх орноо орхиод одсон олон олон монголчууд, “буцаад очих эх орон, түшээд авах төрхөмдөө ” эргэж ирэхгүй удсаар…
Аргалд явсан эжий, адуундаа мордсон аавыгаа үгүйлэн үгүйлж, харуулдан харуулдах  бяцхан хүүхэд шиг эх орон минь, бас биднийг санан санан бэтгэрч харуулдсаар…Харь оронд “аз жаргал “, “их мөнгө “, “сайхан амьдрал ” хайн бэдэрсэн “аз жаргалын эрэлчин ” монголчууд маань эх нутгаа санасан сэтгэлдээ шаналан шаналавч, эргэцээ морь шиг эргэн хургасаар…

…Жил жилийн яг өдийд хүн, бүрийн сэтгэлдээ хүлээж байдаг “өвлийн өвгөн аав “-ын виз нь албан ёсоор дарагдаж АНУ-д морилон ирж монголчуудтайгаа уулзана. Яагаад эх орондоо буцаж ирхэгүй байгаа тэдний “учрыг нь олж, хужрыг нь тунгаахаар ” бодож ирсэн тэрээр, харьд буй монголчуудынхаа дутуу гундуу амьдралыг харж мэдрэхдээ, аугаа өвөг Чингис хаанд очиж ховлохоор алс тэртээ 1206 он руу “төмөр хүлэг ” -ээр зорчин одох.
Бидний аугаа өвөг “Чингис хаан ” өнөөгийн бидэнд хэрхэн зарлигласан бол…
Та тэдний бүтээсэн энэ бүтээлийг заавал үзээрэй. Гэхдээ шүүмжлэх, шоолох гэж бүү яар! Энэ бүтээл тэдний сэтгэлийн шаналлын илэрхийлэл. Тэд өөрсдийн үгээ яаж хэлэх, яаж илэрхийлэх нь тэдний эрх. Бас тэдний боломж.

Харин аугаа өвөг дээдсийн минь зарлигласан “Монголчууд бид эвтэй байхдаа хүчтэй ” гэсэн аугаа үгийг л анхааран сонсоорой. Ямартай ч харьд ажиллаж амьдарч байгаа урлагийнхан минь эвлэлдэн нэгдэж, бүтээж, үгээ хэлж эхэллээ. Энэ бага зүйл бишээ. Өнөөдөр хэвлийгээ онгичуулан ёолж байгаа газар шороо, хүнд суртал авилгалаар хөлжин, шударга ёсыг уландаа гишгэж буй эрх мэдэлтэнгүүд, үнийн өсөлтөд дарлуулан өндийх сөхөөгүй байгаа ард иргэдийн ядуурал, биднийг эвлэлдэн нэгдэх цаг болсныг сануулж байна. Эвлэлдэн нэгдэж эх орондоо эргэж ирэхийг ч, аугаа монголын хувь заяаны төлөө эрэлхэг зориг гарган тэмцэхийг ч хүлээж байна.
Удахгүй шинэ он гарах нээ. Шинэ юм болгон өвлийн цас шиг нэг л цэвэрхэн, бас өнгөлөг сайхан бүхнийг авч ирэх юм шиг. Бас өвлийн өвгөн алс тэртээгээс аугаа их хүсэл мөрөөдлийг минь тээн айсуй юм шиг. Гадаадад байгаа олон монголчууд эвлэлдэн нэгдэж их үйлсийн төлөө зориглон хөдлөх ч юм шиг.
“Өвлийн өвөөгийн мөрөөдөл “ийг тээн бидэнд авчирсан бүх уран бүтээлчдэд баярлалаа. Их үйлс өмнө тань байна. Та нарт бас их амжилт хүсье.
Монголд хайртай хүн бүрт зориулав.

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
2009-12-11