Өглөө

…Би өглөө сэрэхдээ яагаад ч юм бэ? эхлээд болжморын жиргэх дууг сонсдогсон. Тасалгаанд туссан нарны гэрэлтэй болжморын жиргэх дуун нэг л уянгалаг сайхнаар хосолдог болоод ч тэр юм  уу гэнэт нойр сэргэж, сэтгэл минь гайхамшигт хөг аялгуугаар хөглөгдөх мэт нэг л хөгжүүн болдог сон.
Шөнөжингөө хар дарсан шаналгаат зүүднээс, эсвэл салахын аргагүй баяр жаргалтай зүүднээс салж өглөөг угтахдаа нэг л сэтгэл амарна. Аймшигт мангасаас аль эсвэл нэг л их хайр энхрийллээс салж ядан тарчлахдаа сэрж ядсан энэ өглөөд талархаж сэтгэл санаа уужирна. Заримдаа нойр сэргэж энэ бүхнийг эргэцүүлэн санахдаа ч уруул дээрхи инээмсэглэл, сэтгэл дахь тайтгарлаасаа салж ядна. Зүүдний ертөнцөөс бодит энэ хорвоод эргэж ирэх тэр мөч ямар жаргалтай байдаг гээч!

Энэ хорвоод өдөр шөнө ээлжилдэгт бид ямар талархалтай ханддаг гээч! Өдөржин ажиллаж алжааж ядрахдаа, унтах гэж яарахдаа ч нэг л тайтгарлыг хүлээдгээ бид тэр болгон анзаардаггүй. Унтана гэдэг уураг тархи минь алжаалаас салж шаналж, баярлаж байхдаа ч сэтгэлдээ хүлээж байсан тэр л сайн сайхныг сэтгэлд минь түгээж намайг баярлуулах мэт. Би яг л хүсэж хүлээж байсан зүйлээ зүүдэндээ үзэхдээ, бас мэдрэхдээ ямархан их баярлаж бас тайтгардагийг хэн ч үл мэднэ. Заримдаа гэгээн алсад одсон аав ээждээ эрхэлж тэдний сэтгэлийн үгийг сонсож баярласнаа өглөө нулимстай сэтгэлдээ мэдэрдэг. Хэн нэгний хэлээсэй гэж хүссэн үгийг зүүдэндээ сонсохдоо өглөө баярлан тайвширна.
Бид өдрийн наран алжааж уулсын цаагуур ичингүйрэн шургах мөчид нөмрөх түнэр харанхуйгаас айдаг. Тэр л мөчид хүсэл мөрөөдөл, сайн сайхан, баяр бахдал минь тэр л нартай хамт нуугдах мэт санагдах. Яагаад ч юм бэ? наргүй харанхуй тэр л мөчид муу муухай бүхэн амилах мэт сэтгэлд айдас хургана. Би хичнээн зоригтой, бардам байхыг хичээвч энэ л түнэр харанхуй дундаас хэн нэгэн ямар муу үйл хийж болохыг тааж ядан түгшинэ. Харанхуй, ойлгомжгүй байдлаас бүгд л айж эмээдэг. Ямар ч мундаг зоригтон байлаа ч аз туршихаас эмээнэ.
Харин өглөө бол бүүр өөр.Шөнөжингөө нуугдсан наран өглөө намайг сэрээхэд ямар их баярладаг гээч. Тэр л нарны илчинд бүх л зүйлс, байгаль дэлхий хүртэл баярлаж, өөртөө байгаа бүх л сайн сайхнаараа баяр баясгаланг түгээхийг хичээдэг. Тэвэрч унтсан амраг минь нойрмоглон эрхэлж, энхрий бяцxан үр минь инээмсэглэн суниаж, бас тамшаалж, гэр орон минь гандирсын хот мэт гялалзаж сэтгэл минь нэг хөгжүүн хөөрүү. Би ажилдаа явахдаа дуу исгэрч, амьд яваадаа энэ амьдралд нэг л орон зайг эзэрхийлж байгаадаа омог бардам.

Би үнээ биш, сармагчин биш, бас чоно биш гагц хүн болж төрсөн хувь заяандаа багахүү омогшино. Хэрвээ би аалз бол;ж төрсөн бол ууртай нэгний нясалгаанд талийгаач болох, чоно болж төрсөн бол өглөө эрт мордсон хийморь заяанд золиос болох, туулай болж төрсөн бол аймхай зүрхэндээ хагарч үхэх тавилантай байсан ч бил үү?
Хүн болж энэ ертөнцөд цаг хугацааг элээх гэдэг их тавилан буюу. Би өглөө бүр ажилдаа явахдаа энэ л тавиландаа талархан залбирдаг. Толины өмнө эргэлдэхдээ хүртэл “Бурхан минь намайг хүн болгон төрүүлсэнд тань талархаад баршгүй” хэмээн залбирна.Заримдаа ажил дээр очиход уурлаж уцаарлаж байгаа хэн нэгнийг харахдаа хүртэл ууч сэтгэлээр өрөвдөнө. ” Хөөрхий дөө, энэ үнэтэй тавилангаа мэдрэхгүй юм даа, түүнийг бурхан өршөөг! ” гэж сэтгэлдээ түүний өмнөөс залбирна.
Өчүүхэн атаа хорсолдоо шатаж яваа нэгнийг харахдаа хүртэл түүний өмнөөс шанална. Өөрөөсөө илүү яваа нэгэндээ хар хор цацах сэтгэлийг уучилж ядан гайхна.
Өөрөө бүхнээс илүү байх гэсэн хүсэл нь өчүүхэн омогтоо бүдэрч байхыг харахдаа харамсана.
Харанхуй дунд айж сандарч яваа бүсгүй хүний алхааг яалтай. Хашгирч орилох согтуу үгсийн дунд айн бөмбөлзөх зүрхийг яалтай. Хаашаа ч хамаагүй зүглэх айдаст сэтгэлийн шаналгааг яалтай.

Харин өглөөн наран дундах тайвшралыг юутай зүйрлэх.  Харанхуйгаас зугатах айдас ичингүйрлийг юутай зүйрлэх. Харанхуй тавилнагаас зугтах мунхаг араншингийн төлөөх гэмшлииг юутай зүйрлэх.
Энэ ертөнцийн гэгээн өглөө лугаа адил хүмүүний тавилангийн шөнө өдрийн ялгааг хэн болгон анзxаарах бил үү? Заримдаа омогших зүрх харанхуй шөнө лугаа адил, хэн нэгэнд  талархах сэтгэл гэгээн өглөө лугаа адил. Харанхуйд сүүмэлзэн бараантах бүхэн гэгээн өглөө гэрэлтэн тодрох лугаа адил, хүмүүний сайн үйл бүхэн, гэрэлт өглөө л тодрон харагдах буюу.
Би өглөө сэрэхдээ болжморын хөгжилтэй жиргэх дууг нарны гэрэлт туяанаас салгаж үл чаднам. Бид бүгдээрээ энэ ертөнцөд гэгээн өглөөний наран мандаж байхыг харах хүсэлтэй. Тэр л өглөөний нарны цацраг дор бүх хүмүүс айдсаас ангижирч, өөртөө итгэл найдвараа авчирч тайтгардаг гэнэм. Аяа болжмор жиргэсэн гэгээн өглөө мин уу! Бүгдээрээ энэ өглөөд талархаж бас баярлаж явахсан даа. Ядаж л уур уцааргүй өглөөг угтаж, өөдрөг сэтгэлээр өөрийгөө ц энэгэлэж байх сан. Өглөөг болжморын дуутай хамт өөдрөг угтаж, үдэш бүрийг өөдрөг хүсэл мөрөөдлөөр үдэж байх сан. Амьдрал гэдэг болжморын дуутай өглөө, болгоомж дүүрэн үдшийн харанхуй байдаг аж.

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах

2010-08-22

Share Your Thoughts