ӨНГӨРСӨН ба ИРЭЭДҮЙ

Амьдрал их энгийн. Олон хүмүүс өнгөрснөөрөө амьдарч, ирээдүйдээ итгэл алдран өөрийгөө болон өрөөлийг “тарчлааж” амьдардагт зовлонгийн салхи хургаж буй. Амьдралд нь тохиолдсон нэгэн муу тохиолдлыг насан туршдаа сэтгэлдээ хадгалан “чи мууг сайн явахыг нь харнаа” хэмээн хонзогнож амьдардаг хүмүүс бишгүй бий. Тэр тохиолдлыг санах тусам зүрх сэтгэл нь хорсож, өөртөө болон өрөөл бусдад байнга сануулан хамтдаа түүнийг үзэн ядахыг уриална. Тэр түүхийг хүмүүст байнга дурсаж, өөрийн үзэн ядах сэтгэлээ бусдад “нялзааж”, өөрөө ч түүнээсээ салж чадалгүй “шүдээ хавирч” байхдаа түүнийг хэрхэн өөрчлөгдөж байгааг ч анзаарахгүй, мөнхийн мөнхөд тийм л “новш” байхыг нь харах хүсэлдээ өөрөө ч тийм “новш” болон хувирч байгаагаа анзаардаггүй. Цаг хугацааны эргүүлгэнд ч тэрээр анхаарлаа хандуулахгүй. Хамтдаа амьдарч байгаад тохиолдлоор салсан түүнийгээ насан туршдаа “сэтгэлдээ зуун” амьдардаг хүн, өөрийн эргэн тойронд байгаа хүмүүсээ тийм л байхыг шаардана. Ердөө л түүний гайгаар өөрөө муу амьдарч буй мэт хорсол нь, өөртөө олдож буй боломж бүрийг гомдол хорслын манан дундаас олж мэдрэхгүйд хүргэдэг. Хорсол, үзэн ядалтаар цэнэглэгдсэн амьдрал, хүнийг хэзээ ч аз жаргалтай амар тайван байдаггүй.
Хүн болгон төгс төгөлдөр биш болохоор алдаа гаргадаг төдийгүй, алдаа гаргах ч эрхтэй байдаг. Алдаа болгон өнгөрсөн цагт үлдэж, оноо болгон ирээдүй цаг руу хөтөлж байдаг юм. Өнгөрсөн цаг болгон хүмүүст ухаарал авчрахаас бус, үзэн ядалтыг авчирдаггүй байгаасай. Өнгөрсөн цаг бол урсаад өнгөрсөн голын урсгал, шуураад өнгөрсөн салхины исгэрээ, нисээд өнгөрсөн шувуудын сүүдэр, хагдраад унасан навчсын сэрчигнээн, жаргаж шингэсэн нарны туяа. Харин ирээдүй цаг бол мандах нарны гэрэл, цэцэглэж буй модны нахиа, нууранд буух шувуудын ганганаа, өглөө эртэд шулганалдах болжморуудын жиргээ, сэхүүн салхины зөөлөн илбээ.. Түнэр харанхуйн тарчлаант зүүднээс салж, тасалгааны цонхоор урсан орж ирэх нарны илч гэрэлд инээмсэглэн суниах жаргалтай мөч. Уусаж одох нэгэн өдрөөс урсаж ирэх нэгэн өдөр хүмүүст итгэл найдвар, баяр жаргалыг авч ирдэг. Амьд байх гэдэг, хэн нэгнийг хайрлах гэдэг, өрөөл бусдад талархах гэдэг, өөрөө түүндээ баярлан инээх гэдэг юутай жаргалтай мөч гээч. Өнгөрсөн цагийн алдаа гэгч ирээдүй цагийн ухаарал болдог болохоор хүмүүс цаг цагийн урсгалд зөөлөрч байдаг. Бас бусдыг уучлан, сэтгэлээ амаржуулна. Өөрийнх нь өнгөрсөн цагийн алдааг давтах нэгнийг харахдаа сэтгэлдээ инээмсэглэн хайрладаг. Тэр мөчид “уучилшгүй гутамшиг, аймшиг” мэт санагдаж байсан бүхэн ердөө л цаг хугацааны “тоос” байсныг ухаарч ойлгоно, бас түүнд учирлахыг хүснэ.
Амьдрал их энгийн. Өөрөө уйлж ирээд, өрөөл бусдыг уйлуулаад буцах энэ орчлонд өнгөрснөөрөө бүү амьдарч бай. Өнгөрсөн цагийн гомдол хорслоо хуучин хувцас шигээ тайлж хаяж сур, зүрхэнд тань шархалсан гомдлоо зөөлөн илбэн аргадаж, бас мартаж сур, үзэн ядах сэтгэлээ уучлалаар аргадан хайраар тайтгаруулж сур. Магадгүй энэ алдаа магад чамайг бүр их тарчлаанаас салгасан ч юм билүү, зовж тарчилсан бүхэн чинь жаргал баярын эхлэл ч юм билүү, зуурдын муу учрал бүхэн нь үүрдийн жаргалын үүд ч юм билүү, тэнэглэлийн мунхаг сэтгэл ухаарахуйн гэгээн тусгал ч юм билүү. Юу гээч, амаргүй хэцүү тохиол бүрийг амьдралд минь ирэх ёстой л үйл гэж бодох нь тайтгарахуйн эхлэл. Энэ амьдралд үзэх ёстой зүйлээ үзэж байнаа гэж бодох нь ухаарахуйн эхлэл. Алдаа зовлон болгоноосоо үзэн ядалтыг бус тайтгарлыг мэдрэх нь амар амгалан амьдралын эхлэл. Өнгөрсөн цаг чамаас алслан холдоход ирээдүй цаг чамайг угтаж байдаг. Зөндөө олон алдаанаас олж авсан ухаарал бүхэн ирээдүй цагийн төлөвшилийн тань суурь.
Чиний гомдож үзэн ядаж байсан тэр хүн энэ ертөнцөөс алсалж одоход үзэн ядах сэтгэл тань өрөвдөл харамслаар солигдон үлддэг. Зүгээр л хоосон хорсолд ууч сэтгэл дутагдаж байсныг мэдрэн харамсана. Бид бүгдээрээ “үгүй болох” энэ ертөнцөд бие биенээ насан туршид нь үзэн ядаж яана. Хорсол, үзэн ядалт бүхэн хоосон ертөнцөд замхран уусахад, харуусал тайтгарал сэтгэлийн чанадад шингэж замхардаг. “Юугаа ч хүлээн үзэн ядаж байв даа, мөнх бишийн энэ орчлонд” гэж өөртөө л шивнэнэ. Түүнийг сонсох чимээ буй гэж үү? Уг нь байна шүү дээ, хүмүүс бид болж өнгөрсөн бүхнийг өнгөрсөн цагт нь үлдээн мартаж, ирж буй ирээдүй цаг руу өөрдөг сэтгэлээр тэмүүлдэг бол юутай амар амгалан амьдарч чадахсан бол. Өнгөрсөн цагийн гунигаас илүүтэй өөдрөг сайхан бүхнийг ирээдүй тань авчирч байгаа гэдэгт итгэж чаддаг бол юундаа ч бухимдаж, юуг ч үзэн ядах билээ. Зүгээр л чи энэ амьдралд үзэх ёстой бүхнээ үзэж, үүрэх учиртай тавилангаа үүрч, зовох ёстой үйлээ эдэлж байгаа гэж бодож чаддаг бол юундаа ч бусдыг үзэн ядаж өөрийгөө ч өрөөл бусдыг зовоон тарчлаах билээ. “Өглөөний нарны илчийг дулаанд бүү бод, өсөхийн жаргалыг жаргалд бүү тооц” гэж өвгөд дээдэс минь сургаж асан. Өнгөрсөн цаг бол өнгөрсөн цаг, харин ирээдүй цаг бол ирээдүй цаг. Амьдрал дэндүү богинохон шүү дээ.

Share Your Thoughts