ӨНӨӨДӨР

…Ургаж мандах нарны туяагаар эхэлдэг өнөөдөр бидний амьдралын хамгийн сайн боломж. Өчигдрийн жаргасан нар өнөөдрийн өглөө мандаснаас хойшхи бүх зүйлийг “шинэ” гэж ухаарч мэдэрдэгт л энэ гайхамшиг оршдог буюу. Шинээр эхэлж буй өглөөг ургаж дэлбээлэх цэцэгс, шив шинэхэн аялгуугаар эгшиглэх шувуудын жиргээ, зууханд дүрэлзэх галын илчээр тогоон дотор даргилан буцлах цайны ааг амт, нүдээ нээгээд анхлан харсан нарны сацрагийн нүд гялбам туяа, сарниж холдох зүүдний араас санаашран эргэлдэх амттай бодлууд, яагаад ч юм бэ?зүрхний тэртээд халуун дулаанаар мэдрэгдэх хайраар мэдэрдэгтээ хүмүүс бид их азтай. Гүн нойрноосоо сэрээд л шинэ амьдрал, шинэ хайр, шинэ шинэ мэдрэмжүүд сэтгэлээр минь дамжин бүх биеэр урсана. Өнөөдрийг уйтгар гуниггүй, баяр баясгалантай угтах нь тэр л өдрийн сайхан эхлэл. Тэр өдөржингөө л инээд баяраар цалгиж, жаахан ч атугай хэцүү санагдсан бүхнийг үргээн сарниулж байх нь бидний сэтгэлийн амар амгалангийн баталгаа. Хар дарсан зүүднээсээ салж амжаагүй мэт уйтгар гуниг, уур уцаараар эхэлсэн өнөөдөр танд өдөржингөө ядаргаатай шаналгаатай мэдрэмж төрүүлж, бараан үүлсийн тэртээд халхлагдсан нарны бүүдгэр хэрнээ илчгүй туяа мэт санагдана. ӨНӨӨДРИЙГ ЦОО ШИНЭ ЮМ ШИГ БАЯР БАЯСГАЛАНТАЙ УГТАЖ, ӨӨДРӨГ САЙХНААР ЭХЛҮҮЛЖ БАЙ.
Өглөөний ургах нарнаас үдэш нар жаргах хүртэл бид амьдралынхаа төлөө ажиллацгаадаг. Заримдаа бид залхуурч, өнөөдөр хийж амжих ажлуудаа “маргааш больё” хэмээн хойш тавина. Урсан урсах өдрүүдийн эвхээсэнд найдаж буй хэрэг. Бид боломжуудаасаа татгалзаж, хийж болох ажлуудаа хойш тавих хэрээрээ өөрсдөддөө сэтгэлийн дарамт, шаналгааг бий болгодог. Өнөөдөр залхуурч байгаа болохоор маргааш ч залхуурахгүй гэсэн баталгаа танд үгүй. Хойш тавьсан ажлууд тань олшрох тусам сэтгэл тань ядарч, улам улмаар бухимдан төвөгшөөж, түүндээ бухимдаж, овоорсон их ажлуудаа барьж авахаас төвөгшөөн шаналж эхэлдэг. Нэгэнт урсаж буй цаг хугацааны урсгалыг гүйцэхгүй болохоороо бусдад худал хэлж, бусдыг хуурч, өөрийгөө ч бас өрөөлийг ч зовоож эхэлдэг. Энэ зовлон тань таны нэр хүнд үнэ цэнийг бусдын өмнө унагаах шалтаг нь болно. Уг нь байна шүү дээ, залхуурлаа дарж байгаад,” өнөөдөр л заавал хийж амжих хэрэгтэй” гэж өөртөө шаардаад ч болов хийж амжиж байвал сэтгэл тань амар амгалан болж, өөртөө итгэлтэй болж эхэлдэг. Зүгээр л шавартай тэр хэсгийг харайгаад гарах шиг тийм мэдрэмж. Өнөөдөр хийх ажлуудаа хойш тавилгүйгээр хийж амжих тусмаа хүн өөртөө урам өгч, өөрийгөө магтаж, өөртөө итгэж эхэлдэг. Хүмүүс чамд итгэж найдах нь таны сэтгэлийг үргэлж баяр баясгалангаар дүүргэнэ. ӨНӨӨДӨР ХИЙЖ БОЛОХ АЖЛУУДАА МАРГААШ ГЭЖ БҮҮ ХОЙШ НЬ ТАВЬЖ БАЙ.
Өнөөдөр бол бидний хувьд маргаашийн бас ирээдүйн угтал. 24 хөн цагийн багтаамжтай хэрнээ бидний амьдралын чухал мөчүүд. Эхлэл төгсгөлийн хязгаар. Өдөржингөө ажиллачихаад үдэш орондоо орохдоо өнөөдрийн хийж амжсан ажлуудынхаа талаар дүгнэн бодохдоо л хүмүүс амьдралынхаа тухай эргэцүүлдэг. “Өнөөдөр юу болоод өнгөрчихөв өө?” гэж өөрөөсөө заавал асуух нь амьдралын энэ урсгалын эвхээсэнд өөрийн сэтгэлдээ ухаарал нэмэрлэх боломж. Өнөөдрийн тухай дүгнэн бодож байх нь маргаашийн сайхны тухай төсөөлөл, ирээдүйн тухай сайхан мөрөөдлийг танд бий болгодог. Сансарт нисч болно, сайхан бүсгүйтэй хөтлөлцөн алхаж болно, сайд болж болно, сайхан үйлсийг бүтээж болно, бусдад тус болон баярлуулж болно, байгалийн сайханд зугаацан аялж болно зэрэг олон мөрөөдлүүд харанхуй шөнийн тэнгэрт гялалзах олон олон оддын дор санаашрах шалтаг нь болдог. Хэн ч сэтгэлээс тань хулгайлж, хүслээс тань салгаж чадахгүй тийм гэгээлэг сайхан мөрөөдөл хязгааргүй орчлонгийн үе түмэн ододтой хүсэл мөрөөдлөөрөө хамтдаа аялах аялал болдог. Маргаашийн бас ирээдүйн тухай мөрөөдөл л хүний амьдралыг хөтөлж явдаг гэдэгт би итгэдэг. Тийм болохоор л амьдрал утга учиртай сайхан шүү дээ. ӨНӨӨДРИЙН АМЬДРАЛ ТАНЬ МАРГААШИЙН ХҮСЭЛ МӨРӨӨДЛИЙН ЭХЛЭЛ БОЛДОГ.
Удахгүй бидний амьдралд золгож ирэх 2017 ОНДОО ӨДӨР БҮРИЙН НАРЫГ ӨӨДРӨГ САЙХНААР УГТАЖ, ҮЙЛС БОЛГОНЫ САЙХНЫГ ХОЙШ ТАВИЛГҮЙГЭЭР БҮТЭЭЖ, ӨӨДРӨГ САЙХАН МӨРӨӨДЛӨӨР СЭТГЭЛ ЮУГАА ДҮҮРГЭЖ  явах болтугай. Үүниыг тэрлэгч би тийм ч өөдрөг сайн хүн биш хэрнээ ингэж бодоод, хичээгээд л явдаг юм даа.

Share Your Thoughts