Өрөвдүүлж амьдрахаар атаархуулж бас бахархуулж амьдар

Шинэ он гарлаа. Сэтгэл догдлон хүлээж байсан шинэ оноо гарахаар хүн болгон л нэг зүйлийг боддог. “Ирж буй шинэ онд миний амьдрал ямар байх бол?” гэж. Хэдийгээр хүн болгонд бодож санаж, төлөвлөж байгаа олон зүйл байдаг хэдий ч тухайн хүнээс өөрөөс нь шалтгаалахгүйгээр санаанд оромгүй олон учрал тохиолддог болохоор амьдрал сонирхолтой, бас оньсого мэт тааврыг дагуулна. Жилийн дараа яг өдийд улирч буй оны талаар эрэгцүүлж, ирж буй шинэ оны талаар таавар мэт олон бодлыг хэлхэх аж.

Бусдаар ӨРӨВДҮҮЛЭХ хүсэл

Балчир хүүхэд биднээр өрөвдүүлэх гэж уйлдаг. “Эвий миний хүү, яачихсан юм бэ? Ээж нь тоохгүй байна уу? Алив нааш ир” гэж хошуу цорвойн аргадах дор уйлж байсан хүүхэд тайвшран, нулимстай хэрнээ инээд алдсан төрхөөрөө бидэн рүү тэмүүлнэ.

Сэтгэлд нь сүү ивэлсэн эхийн аргадалтад тэд тайвширч эрхлэн жаргана. Аргадах аашлах, өрөвдөж энхрийлэхийг тэд андахгүй, зөнгөөрөө мэдэрдэг.

…”Чи яагаад намайг өрөвдөж хайрладаггүй юм бэ? Чамгүй бол би чинь өрөвдмөөр дорой амьтан шүү дээ?” Бие биедээ хайртай хосууд нэгэндээ гомдож тунихаараа, муудалцаж эвлэрэхээрээ ийн өгүүлдэг. Зөвхөн “хайртай” гэж нэгнээрээ хэлүүлэхийн тулд эрхлэх, зөрүүдлэхийн хязгаар дунд маргалдаж зөрчилдөх нь элбэг. Хамтдаа босгож буй амьдрал дундаа “хайр” -аа нотлохын тулд бие биенээсээ илүү их  хамааралтай болохын хэрээр, аажим аажимдаа маргалдаж муудалцах шалтаг нь олон болох. Тэр нэгэн хугацаанд зөвхөн “чи минийх болохоор би чинийх” гэх хандлага нь хожмын нэгэн цагт бүх л зүйл нь хэн нэгнээсээ хамааралтай болох дор “арчаагүй, дорой” мэт санагдах үе ирдэг. Хайрандаа мансуурах хоромд ч, хамтдаа бүхнийг босгох үед ч бие биенээсээ заавал хамаарахгүйгээр өөрөө өөрийгөө хэзээ ч хэдийд ч, хаана ч  авч явж чадах “баталгаа” нь илүү бат бөх амьдралыг бий болгодог. Харин тэд нэг л зүйлийг, “хайраас илүүтэй, бие биенээсээ хамааралгүйгээр өөрийгөө авч явах чадвар амьдралд заавал хэрэг болдог” гэдгийг анзаардаггүй.

…”Та нар намайг өрөвдөж тусалсангүй. Би чинь арчаагүй дорой хүн шүү дээ.”  Хэн нэгэн залуу, аав ээж  болон ах дүүдээ гомдоллон ийн өгүүлэх нь зөндөө. Хар бага наснаасаа л өөртөө итгэлгүй өөрийгөө “бусдаас дутуу, дорой” гэх сэтгэлгээндээ дассан олон залуус энэ байдалдаа эвлэрэн , хэн нэгний тусламж дэмжлэгээр л амьдрах учиртай гэдэгтээ хүртэл итгэдэг. Аав ээж нь , ах дүүд нь түүний тухай ”Яахав дээ хөөрхий ядарсан амьтан. Та нар л харж хандаж тусалж дэмжиж байх хэрэгтэй” хэмээн өрөвдүүлэн захина. Гэм хоргүй хэрнээ амьдралын ямарч зорилго тэмүүлэлгүй, ажил хөдөлмөр тэгтлээ хийхгүй хэрнээ өдөр хоногийг өөрийнхөөрөө л өнгөрөөх, бусдад гай болохгүй хэрнээ бусдын тусламж дэмжлэгээр л амьдардаг олон олон залуусыг бид өөрсдөө бий болгодог. Ах дүүсийг нь байнга “шахаж шаардах” аав ээжээсээ “хойш” түүний бусдад гомдох гомдол, цөхрөл нь ихэсдэг. Харин тэрээр нэг л зүйлийг, түүнийг заавал “өрөвдөн туслах” учиртай ах дүүс нь өөр өөрсдийн гэсэн “хувийн амьдралтай” , олон асуудалтай гэдгийг сайн ойлгодоггүй,

,,,”Энэ амьдралын төлөө зүтгэж байгаа намайг та нар өрөвдөж хайрласангүй. Би л ганцаараа зовж зүдэрч байна”. Архи уун согтож гэртээ ирээд “шогтож” ийн аашлах залуус зөндөө.  Үүрэх ёстой амьдралын ачаагаа үүрч даахгүйн зовлон, өрөөл бусадтай барьцан дутуу байхын зовлон, байгаа байдалдаа сэтгэл ханахгүй шаналахын зовлон олон залуусыг өөрийгөө өрөвдөн архи ууж бусдаар өрөвдүүлэхийн тулд “агсам” тавих шалтаг нь болдог. “Эрүүлийн бодол согтуудаа”, “Уух хүнд шалтаг мундахгүй”, “Даахгүй нохой булуу хураана” гэдэгчлэн  ууж согтохоороо л бусдад “зовлонгоо тоочин” өрөвдүүлэхээс, эрүүлдээ тэгтлээ тэгтлээ санаа тавьж, бодлоо хуваалцахгүй. Ядаж байхад баяр болгоныг хамтаараа бултаараа нийлэн наргиж, ууж цэнгэж байгаа өнөөгийн Монголын нийгэмд нийтээрээ бие биенээ “өрөвдөн, өхөөрдөх” их аян өрнөж буй. Халамцах тусам бүх л зүйл аятай сайнаар харагддагчлан, согтох тусам өөрийнх нь зовлон тодорч харагдах аж. Харин тэд нэг л зүйлийг, энэ бол зовлон бус өөрийнх нь үүрч даах ачаа болохоор бусдад тэгтлээ хамааралгүй гэдгийг мэдэрдэггүй.
Хэн нэгэн хүн өөрөө өөрийгөө өрөвдөн, бусдаар өрөвдүүлэхийг хичээж байгаа бол энэ нь түүний сул дорой байдлын илрэл. Амьдралд  ч, ажилд ч олон зүйл нь бусдаас хамааралтай болохын хэрээр хүн бухимдаж, аажим аажмаар өөртөө итгэх итгэлээ алддаг. Өөрөөс нь салаад хайртай хүн нь өөрийгөө авч явж чадахгүй арчаагүй байдалд орно гэж мэдрэхээрээ л хайртай хүнээ “дарамтлан зовоож” эхэлдэг муу үзэгдэл бий. Энэ ажлаасаа гараад өөр ямар ч ажил хийж чадахгүй гэж бодох дор дарга нь ажилтнаа “дарамтлан” хүссэнээрээ байлгахыг хичээдэг муу зуршил бий. Өөрт нь гомдож үглээд явавч маргааш гуйгаад л буцаад ирнэ гэдэг бодол хэн нэгний ах дүүдээ хандах хандлага нь болох нь бий. Эргэж буцах энэ л холбоос, өөрөө өөрийгөө хүссэнээрээ аваад явж чадахгүйн гачлан бүхэн, бусдаар өөрийгөө өрөвдүүлэх шалтаг нь болох нь олонтой. Бидний олон гомдол, муудалцах шалтаг, ууж уйлах шалтгаан нь бусдаар өөрийгөө өрөвдүүлэх их хүслээс л үүдэлтэй байдаг юм даа. Та үүнийг анзаарч, ухаарч байсан уу?

Бусдыг өрөвдөн хайрлаж, туслан дэмжих нэгэн цаг үе нь “хэлж ирдэггүй, хийсч ирдэг ӨВЧИН зовлон” юм. Бидний амьдралд төлөвлөөгүй болон санаандгүй учирдаг олон тохиолдлуудын нэг нь энэ.  “Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас тэвдэж явахад тэвнээр тусла”, “Зовж явахад нөхрийн чанар танигдана”, “Өргүй бол баян, өвчингүй бол жаргал” гэдэг хэллэгүүд Монголчууд бидний бие биенээ чин сэтгэлээсээ өрөвдөн хайрлаж, тусалж дэмжихийг сануулсан сургаал. Энэ бол өрөвдөж энэрэхүйн хязгаар.
АТААРХАЛ-ын тухай

Атаархлын тухай Монголчууд бид “хар” ба “цагаан” гэж ангилж байсан үе бий. Энэ цагийн өнгөнд “хар” нь ихэд сүлэлдээ юү дээ.
Хэн нэгний унаж яваа үнэтэй машин болон амьдарч буй тохилог сууцанд нь “атаархаж”, түүнээс дутахгүй гэсэндээ “өр зээл” тавиад ч болов адилхан болохыг хичээнэ. Хэн нэгэн эрдэм мэдлэгтэй болж бусдад хүндлэгдэж байгаа бол түүнээс дутахгүй гэсэндээ 2 ч дээд сургуулийн диплом “худалдаж авч” ханандаа хадан бусдад гайхуулна. Хэн нэгний хүүхэд нь чанартай сайн сургуульд суралцаж байгаа гэвэл аргалж зальдаад ч болов үнэтэй сургуульд хүүхдээ оруулж, нэрээр нь бусдад гайхуулна. Багын найз, эсвэл таньдаг нэгэн анд нь нэр төртэй сайн яваа бол баяр хүргэхийн оронд, багын сул зан, амьдралын нэгэн алдааг нь дэвэргэн бусдад муучилж хорслоо тайлна. Танил нэг нь албан тушаал эрх мэдэлтэй болсон бол түүнээс дутахгүй гэсэндээ “ар өврийн хаалга” хайж, эрх мэдэл рүү тэмүүлнэ. Адилхан болох хүсэл нь эс биелэгдэх аваас, арга заль нь мухардаж  бүтэлгүй болох аваас атаархаж байгаа нэгнээ өөртэйгээ адилхан болгохын тулд элдэв мууг хийхээс буцахгүй. Бусдад муулна,  энд тэнд элдэв муугаар бичнэ, болохгүй бол бөөлүүлнэ, ламд очиж хараал хийлгэнэ, “үйлс нь хазайж,
муу муухайтай учраасай” хэмээн “хараана”.  Монголчууд бидний цөвүүн цагийн “Тамын тогооны үлгэр” гагц “хар” атаархлаас л үүддэг. Энэ цаг дор энэ үзэгдэл нэг л биш ээ.
Харин “цагаан” атаархал гэж бий. Сайн яваа хэн нэгний тухай сонсож мэдэхдээ “Би ч бас түүнтэй адилхан хүн шүү дээ. Яагаад түүн шиг ийм мундаг болж чадахгүй гэж?” хэмээн сэтгэж, өөрийгөө ихэд хичээн зүтгэх хүмүүс олон болж байна. Тэд энэ амьдралын сайхан жишээг ямагт эрж хайдаг, бас их судалж, их уншдаг. Амьдралаас ямагт гэрэл гэгээг олж харахыг хүсдэг хүмүүс бусдад хэзээ ч муу зүйл хийдэггүй. Амжилттай сайн яваа нэгний тухай сонсох бүрдээ чин сэтгэлээсээ баярлан бахаддаг хүмүүсийн сэтгэл нь ямагт гэрэлтэж явдаг. Яг л гайхамшигтай сайхан аялгууг сонсоод уяран хайлах мэт, гайхамшигтай уран зургийг хараад бахдан дуу алдах мэт, гайхамшигтай бүтээлч хүнтэй учраад бишрэн хүндлэх мэт. Ямагт сайхан руу тэмүүлэх сэтгэл л хүнийг хөгжүүлдэг. Бусдын амжилтын тухай мэдрэхдээ өөрийн сэтгэлийн гүнд байгаа олон боломжуудыг олж нээнэ. Тэр боломжуудаа ашиглан өөрийгөө хөгжүүлж чадахдаа л өөрөөрөө бахархана. “Нээрээ би чадаж байна шүүдээ” гэж бахархахдаа өрөөл бусдыг “би чадаж байгаа юм чинь чи ч бас чадна шүү дээ” хэмээн урамшуулан дэмждэг юм. Тэр
хэрээрээ тэд хүчтэй болдог юм даа.
Хүн өөрийгөө хөгжүүлэн хүчирхэг болох боломж нь мөнгө ч биш, өнгө ч биш, эрх мэдэл ч биш, эд хөрөнгө ч биш чиний дотоод сэтгэлийн эрч хүч юм. Үүнийг их мөнгөөр бус эрдэм мэдлэг, хичээл зүтгэл, уйгагүй тэмцлээр л олж авдаг. Үүнд тань бусдын сайн үлгэр жишээнд “цагаан”-аар атаархаж, түүнтэй адил болохын тулд өөрт байгаа авьяас чадвар, сайн чанар, шавхагдашгүй боломжуудаа олж ашиглах нь илүү тус болноо. Манай алдарт тамирчин олимпийн аваргууд Түвшинбаяр, Бадар-Ууган, Гүндэгмаа, Сэрдамба  нар өнөөгийн монголын залууст “дэлхийн дэвжээ хүршгүй оргил биш, хажууд байна” гэдгийг мэдрүүлсэн. Японы сумогийн их аварга Дагвадорж, “монгол хүн ааг омог, эр зоригоороо гадаад хүмүүсээс илүү байж чадна” гэдгийг өнөөгийн Монгол залууст харуулсан. Яг одоо АНУ-ын ерөнхийлэгч Б.Обамагийн сурталчилгааны албанд ажиллаж байгаа Ч.Ганболд  болон Майкрософт, Фэйсбуук зэрэг дэлхийн алдартай компаниудад мэргэжлээрээ ажиллаж байгаа монгол залуус “монголчууд мундаг шүү” гэдгийг дэлхий нийтэд нотолж байна. Энэ бол “цагаан” атаархлаас үүдэлтэй БАХАРХАЛ юм.

Бусдаар БАХАРХУУЛЖ амьдар

Шинэ 2012 он гарлаа. Баярын хөгжил цэнгэлээсээ салж, ирээдүйн амьдралын тухай эргэцүүлж байгаа тань сайн хэрэг. Амьдрал гэдэг ямагт урагшаа хөвөрч, алтан нарны гэрэл зүүнээс мандаж баруундаа жаргадаг болохоор, хүмүүн бид жил жилээр нас нэмж ухаан тэлдэг болохоор, алгуурхан урсаж буй цаг хугацааны дунд бид харамсаж гунидаггүй болохоор дэндүү сайхан. Энэ сайхан амьдралын гэрэл гэгээг өөр өөрийнхөөрөө олж хардаг бас мэдэрдэг болохоор  хүн гэдэг гайхамшигтай. Тэгээд тэр хүн нь та өөрөө болохоор бүр ч мундаг.

Бусдаар өрөвдүүлнэ гэдэг хүч ухаан доройгийн шинж. Хэрэв та ирэх ондоо зөвхөн өнгө мөнгө болон эрх мэдлийн тухай шунахайран бодож байгаа бол хэзээ нэгэн цагт бусдаар өрөвдүүлэх цаг ирнэ. Ирэх 2012 онд Монгол Улсад минь болох улстөрийн сонгуульд одооноос улайран бэлтгэж  элдэв амлалт өгч, энд тэндхийн залуусын шоуг зохион байгуулан, элдэв арга заль сэдэж байгаа зарим нэгэн эрхмүүд нэгэн цагт биднээр өрөвдүүлэх л болно.  Дорой хүмүүс өнгө мөнгө, эрх мэдлийг эрхэм болгож, хүчтэй хүмүүс эрдэм ухаан, авьяас чадвар, хичээл зүтгэлийг  эрхэм болгодог юм.

Чиний бусдаар бахархуулж амьдрах их боломж тань таны л гарт байгаа. Хэрэв та ажил хийдэг бол чин сэтгэлээсээ илүү сайн хийгтүн. Хэрэв та сургуульд суралцдаг бол илүү ихийг сурагтун, гэхдээ жинхэнээсээ. Хэрэв та урлаг спортын авьяастай бол илүү их хичээллэгтүн. Лондоны олимп болон олон уралдаан тэмцээн өмнө чинь байгаа. Хэрэв та юу ч хийдэггүй бол ямар нэгэн юм олж хийхийг хичээ. Өөрийгөө олж нээж мэдрэх боломж тань тэнд л бий.

Хэрэв та бусдаар хайрлуулж дурлуулахыг хүсч байгаа бол бусдыг чин сэтгэлээсээ хайрла, мөнгө болон ашиг харалгүйгээр. Хэрэв бусдаар хүндлүүлэхийг хүсч байгаа бол бусдыг чин сэтгэлээсээ хүндлэ, зусардалгүйгээр. Хэрэв бусдад үнэлэгдэхийг хүсч байгаа бол маш их хөдөлмөрлө, хуурч мэхлэлгүйгээр. Хэрэв бусдын тус дэмжлэгийг авахыг хүсч байгаа бол бусдад чин сэтгэлээсээ тусла, завшаан хайлгүйгээр. Хэрэв бүгдээрээ л бага ч атугай хөгжихийг хүсч байгаа бол өөрийн бодол санаагаа бусдад ойлгуул, худал ярилгүйгээр. Ядаж л хогоо газар хаялгүйгээр, бусадтай хашгирч хэрэлдэлгүйгээр, бас харааж зүхэлгүйгээр бие биедээ үлгэрлэ. Бүх зүйл яаж өөрчлөгдөх нь бусдаас биш гагц танаас л шалтгаалдаг.

Бидний амьдралд зочлон ирсэн 2012 ондоо бусдаар ӨРӨВДҮҮЛЖ бус бусдаар АТААРХУУЛЖ бас  БАХАРХУУЛЖ амьдраарай. Монголчууд та нартаа амжилт хүсье.
Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
2012-01-04

Share Your Thoughts