Өөртөө итгэлгүй хүн

…Анх машин барьж сурч байхдаа хүн болгон айдаг. “Яанаа би чадах болов уу?, чадахгүй бол яах билээ?” гэхчилэн хүн болгон дотор сэтгэлдээ эмээнэ. Машинаа асаахдаа цочиж, хөдлөхөд нь тэвдэж, хөл гар эвлэхгүй мунгинавч, өөрийнх нь энэ л хөдөлгөөнд захирагдах тэр техникийн хөдөлгөөн бүрийг мэдэрч, аажим аажмаар дасахдаа урам орон зоригждог. Улам улмаар өөрийнх нь хүсэл, хөдөлгөөнд дуулгавартай захирагдах машины хурд, хүчийг мэдрэхдээ, энэ бүхнийг захирч чадаж байгаа өөртөө, аажим аажмаар итгэж эхлэх.

Тэр нэгэн хэсэг тэвдүү хугацааг давж гарах мөч амаргүй байвч, нэг л мэдэхэд өөртөө итгэлтэй болж, салхи татуулан давхина.

Амьгүй тэр техникийг өөрийн хүслээр жолоодон залж, хүссэнээрээ явуулж чадаж байхдаа, хүн гэгч бодьгалын өөртөө итгэх итгэл нь асч байдаг аж. Өөрийн зөнгөөр явж байгаад санамсаргүй тохиолдлоор бусдын хөлд гишгэгдэж амиа алддаг хорхой шавьж болон адгуусан амьтдаас  ялгагддаг, хүний  аугаа шинж нь энэ буюу.
2008 онд миний бичсэн “Өөртөө итгэлтэй бай” бичлэгийг минь саяхан олж уншсан нэгэн уншигч , энэ талаар надад захидал бичсэн байсан. Нээрээ бодох ахул өдгөө олон олон монголчууд өөртөө итгэх итгэлээ алдаж, бусдын амыг харж, үйлдэх үйлдлийг дагалдаж,  бодох бодолдоо “бэтгэрч “, хийх үйлдээ “шантарч ” байгаа мэт.
Бид  яагаад өөртөө итгэх итгэлээ алддаг вэ?
-Бага наснаас нь зарим эцэг эхчүүд хүүхдээ болох болохгүйн олон хоригоор “хүлж ” хүмүүжүүлдэг. “Яах юм бэ? чи чадахгүй “, “Чи чадахгүй ээ! наадахаа орхи “, “Ишш, миний муу хүү яаж ч чадах вэ дээ ” хэмээн эрхлүүлэх , өхөөрдөхийн зааг дээр хэлэх олон хориг, хүүхдийг өөртөө итгэлгүй болох анхны алхмыг тавьдаг. Уйлж дуулж, унаж тусаад ч болов хийх, үйлдэх оролдлого бүрийг нь дэмжих дэмжлэг л дутаад байгаа хэрэг. Аав ээжийн дуулгавартай, үгнээс гардаггүй, томоотой төлөв хүүхдүүд нэг л мэдэхэд “би ч яаж чадах билээ? ” гэдэг гундуухан бодолд “хүлэгдэж ” орхисноо өөрөө ч үл анзаарах.

-Дунд сургуульд хүүхдийг дүнгээр ангилж, ялгаварлан гадуурхах үзэгдэл, хүүхдийн өөртөө итгэх итгэлийг мохоодог. Онцсайн сурлагатан, дунд сурлагатан, муу сурлагатан хэмээх ангилалууд хүүхдийн оюун санаанд муугаар нөлөөлнө. Нэгэнт олны өмнө сайн, муугаараа дуудуулан “цоллуулах ” нь өсч өндийж, хөгжиж ядаж байгаа бяцхан оюунд том цохилт болдог. Ядаж байхад нэг бус, бүх хичээлд энэ ялгаварал адил тэгш илэрдэг болохоор, “онц сурлагатан ” Оюуныг би хэзээ ч гүйцэхгүй юм байна гэдэг цөхөрсөн сэтгэлдээ “хүлэгдэж “орхисноо өөрөө ч үл анзаарах.
-Ажил амьдралын элдэв нугачаанд, анд нөхөд, хамтран ажиллагчийн элдэв дарамт, зарим хүний өөртөө итгэх итгэлийг унтраадаг. Өөрийн хүсэл тааваар ажиллах боломж олгохгүйгээр өмнөөс нь байнга тайлбарлаж зааварчлаад байх, өмнүүр нь орж цэцэрхээд байх, хийсэн бүтээсэн болгоныг нь өөчилж гоочлоод байх нь өөртөө итгэх итгэлийг нь мохоох төдийгүй, яршиг төвөгтэй санагдах нь бий. Өнөө үед ийм үзэгдэл ихэд дэлгэрэх болж дээ. Хийх ажил, хэлэх үгнийхээ төлөө өрөөл бусдаас асууж, өөрийн мэдлээ “хүлүүлж ” буйгаа ч үл анзаарах.

Өөртөө итгэх итгэлгүй болсон хүн: “хэлсэн үгийг минь шоолох болов уу?” гэж хүн болгоноос эмээж үгээ цэнэнэ, “хийсэн ажлыг минь голох болов уу?” гэж хүн болгоноос эмээж царай алдана. Өөрөө шийдээд хийсэн зүйлээ “буруудах болов уу?” гэж шанална, буруудсан хойноо “дэмий юм боллоо ” гэж гутарна. Үг, үйлний завсар “хүнд шоолуулахаас ичнэ “, үйлээ өөрөө даахаас “хулчийж “, буруугаа бусдаас хайн “бэдэрнэ “.
Өдгөө цаг дор, өөрийнхөө төлөө бус, бусдын төлөө амьдарч байгаа мэт аяглах нь өөртөө итгэлгүйн шинж, өөрөөсөө бус бусдаас асууж амьдрах нь өөртөө итгэлгүйн шинж, өрөөлд зусардаж өөрийгөө дорд үзэх нь өөртөө итгэлгүй шинж болох аж.
Бүх зүйл өөр хэнээс ч бус зөвхөн өөрөөс тань…

…Хэлэх үг, үйлдэх үйлдлийн хамгийн хэцүү нь эхлэл байдаг. Онгоцноос шүхрээр үсрэх хүн, эхлээд маш их тэвдэж, газарт “няц унахаас ” айдаг. Газарт няц унахгүйн тулд шүхрээ задлан “амь аврагдах ” мөчдөө, хязгааргүй огторгуйн дунд нисэж чадаж байгаадаа зүйрлэшгүй аз жаргалыг амтална. Хэд хэдэн удаагийн оролдлогын дараа улам улмаар туршлагажиж, яг л тэнгэр элин халих бүргэд мэт омог бардам болно. Хүссэнээ хийж чадаж байна гэдэг тэр хүнд өөртөө итгэх итгэлийн жигүүр болдог аж. Харин олон олон хүн,  энэ эхлэлээс л айдаг юм. Насан туршдаа юуг ч эхэлж чадахгүй байна гэдэг л хамгаас харамсалтай.
…Архинд хэт автсан хүн, ууж алингаа алдсаны дараа л “дахиад энэ хар усыг уухгүй шүү ” гэж өөртөө амалдаг. Бие махбодь нь шаардаж, боломж тохироо нь бүрдсэн үед тэвчээр алдан дахин уухдаа бүхнийг умартана. Дахиад л өөртөө амлах авч тэсэхгүй, дахиад л дахиад л… Тэвчээр гаргаж чадахгүй гутралдаа, бусдын өмнө үнэ хүндгүй болсон цөхрөлдөө амиа хорлох ч санаа төрнө. “Муу амьд явахаар сайн үх ” гэж өөртөө шивнэх авч, уух хүслээ давж чадаагүй тэвчээр нь амиа тэвчиж үл чадах. Хүслээ биелүүлж эс чадах тэвчээр, өөртөө итгэх итгэлийг эс давах. Тэвчээр гэдэг хүний амины дэргэд юусан билээ. Чадна гэж өөртөө итгээд, бүхнийг давж гарахын аугаа нь, амьд явах, ертөнцийн нарыг өдөр бүр харахын жаргал билээ. Тэвчээр гэдэг өөртөө итгэх итгэлийн үндэс билээ.

…Хүн хоорондын харилцааны тулгуур нь бие биенээ ойлгох, өөрөө бусдыг ойлгож, өөрийгөө бусдад ойлгуулахын гайхамшиг буюу. Хүмүүс бид бие биенээ ойлгохгүйгээс л муучилж, шоолж, дарамталдаг. Өөртөө итгэлтэй нэгэн, өрөөл бусдын нүд рүү эгц харж байж хэлэх үгээ хэлдэг. Өөртөө итгэлгүй нэгэн,  өрөөл бусдаас дальдчин байж, ээрч мууран, ойлгомжгүй үглэдэг. Бусдаас эмээж, бусдыг муучилж, бусдад атаархах  гэдэг өөртөө итгэлгүй хүний шинж аж. Өөртөө итгэлтэй хүн, бусдыг ойлгож, уучилж, өөрийгөө ч буруутгаж, бас засч чадна. Өөртөө итгэлгүй хүн бусдыг муучилж, хорссон сэтгэлдээ хов ярин тайвширдаг. Хичнээн хэцүү байлаа ч өрөөл бусдын өөдөөс харж суугаад, хэлэх гэснээ хэлнэ гэдэг их амжилт. Эхлээд ээрч муурч байвч, нэгэн хугацаанд тайвшран, тайван ярьж чадах болно.
Алив үйлдлийн, чадварын 30% мэдлэг мэдрэмж, 70% нь оролдлого зүтгэл байдаг аж. Алив оролдлого зүтгэл бүхэн бага гэлтгүй заавал амжилтад хүргэдэг. Тэгэхээр өөртөө итгэлтэй болохын тулд, олон олон эхлэлийн оролдлого хийж, заавал амжилтад хүрэхийн тулд тэвчээр гаргаж, бусдад өөрийгөө ойлгуулж, бусдыг ойлгох хэрэгтэй болдог аж. Өөртөө итгэлтэй хүн, бусдаас илүү хүчтэй. Гэхдээ бүх зүйл өөр хэнээс ч бус зөвхөн танаас л хамаардаг аж.

Төгсгөл
Хүн заримдаа “хүн чадаж байхад би яагаад чадахгүй гэж?” хэмээн өөрөөсөө асуудаг. Хүн өөртөө итгэж чадвал, асар их боломж байдаг тухай интернет дээр тавигдсан байгаа “нууц ” гэдэг нэвтрүүлэгээс үзэж болно. Хэрэв та хүсээд, өөрийгөө дайчилбал маш их зүйлийг бүтээж чадна. Харамсалтай нь бид өөртөө итгэдэггүйгээс маш их боломжоо алдаж байдаг аж.
Юу юунаас түрүүнд, та өөрийгөө сэтгэлдээ ямагт зоригжуулж бай. ” Би үүнийг чадна шүү дээ ” гэдэг бодол тань таны их эрч хүч болно. Бусдыг мундаг аугаа гэж бодолгүйгээр, харьцуулалгүйгээр, өөртөө хэлж буй үг тань таныг өөртөө итгэхэд тань тусална. Харин энэ үгийг тань бусад хүмүүс сонсож, мэдрэхгүй болохоор танд илүү амар байх болно.

Та хичээж өөртөө итгэж бай. Та хэн нэгэнтэй адилгүй ч бусадтай л адилхан хүн. Танд бусадтай адил сэтгэдэг нэг толгой, явдаг 2 хөл, хөдөлдөг 2 гар, ярьдаг нэг ам, сонсдог 2 чих, харах 2 нүд байгаа болохоор та юугаараа дутуу гэж. Тийм болохоор л та өөрийгөө бусдад ойлгуулж, өөрөө ч бусдыг ойлгож, тэвчиж муу зуршлаа орхиж, тэмцэж, бас хөдөлмөрлөж, амжилтад хүрч чадна.
Хүн болгонд адил зүйл олон боловч, хоорондоо давтагдашгүй гайхамшигт олон чанарууд бий гэнэ. Тэр бол таны баялаг, бас боломж . Түүнийгээ олж хөгжүүлж чадвал та ч бас гайхaмшигт нэгэн болох боломж буй. Бусдыг дуурайж дуучин болох гэж, эсвэл мундаг тамирчин болж алдарших гэлгүйгээр өөрийн гайхамшигт боломжоо олж нээн хөгжүүлж чадваас, өөртөө итгэлтэй нэгэн болж, өргөн олонд хүндлэгдэж, үнэлэгдэж явах болно.
Та өөрөө өөртөө л итгэ. Өөр хэнд ч бус зөвхөн өөртөө л итгэ. Тэгвэл та амар байж, амжилтад заавал хүрэх болно.
Эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг. Надад захидал бичсэн танд баярлалаа.

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
2009-12-25

Share Your Thoughts