Өөртөө итгэлтэй бай

Оросын өндрийн харайлтын нэгэн алдарт тамирчин болон Оросын нэрт эмч хоёрын амьдарлын хүнд хэцүү үед хэрхэн тэмцэж амжилтад хүрсэн тухай ийм нэртэй номыг уншиж, өөрийн ширээний ном болгож хадгалж байсан. Амьдралын их нугачаан дунд тохиолдох олон ээдрээтэй асуудлуудыг давж гаран өөрийн үнэ цэнээ бий болгоход өөртөө итгэх итгэл л чухал тулгуур болдог. ‘Би үүнийг хийж чадна” гэж өөртөө итгэж, хийж чадахын төлөө өөрийн боломж хүч чадлаа дайчлан зүтгэх нь амжилтад хүрэхийн эхлэл болно.
“Хэлэхэд амархан, хийхэд хэцүү” гэдэгчлэн өлөн бэрхшээл саад тулгарч, мухардах авч хийж бүтээх гэсэн оргилуун хүсэл ямар нэгэн боломжийг заавал олж хардаг. Миний нэг танил ‘ Алив юмыг хийж бүтээх гэж оролдох бүрд 9 хаалга хаагдаж байхад 1 хаалга нь онгойж байдаг” гэж хэлж байсан. “Ажил хийх хүнд арга нь олдоно, хийх дургүй хүнд шалтаг олдоно”гэдэг үг ч үүнтэй утга нэг билээ.
Тийм ээ! “Би үүнийг хийж чадна, чадах ч ёстой” гэдэг итгэлийг цаг ямагт өөртөө тээж явах нь үнэхээр чухал. Ингэснээр таны амьдрал утга учиртай, хөгжилтэй бас баяр баясгалантай байж чадна. Хүний өөртөө итгэх итгэл, зорьсондоо хүрэх зүтгэл, үүний төлөөх хариуцлага хүнийг хөгжүүлдэг. Та нэг л хэвийн амьдралаас бус өөрийн хүсэл тэмүүллээр өөрчилж өөрчлөгдөж байдаг амьдралаас хөгжиж бас тааламжит мэдрэмжийг хүртэж байх болно.
Та энэ ертөнцөд агуу мундаг хүн болох албагүй ч өөрөө өөрийнхөө амьдралыг жолоодож, өөрийн боломж хүслээрээ сайхан амьдралаа бий болгох албатай.
Үүний тулд гагцхүү өөрөө өөртөө итгэлтэй байх хэрэгтэй.

1. Итгэлийг бүр багаас нь
Монголчууд бид үр хүүхэддээ бүр багаас нь болох болохгүйн олон хориг тогтоож энэ нь тэдэнд төдийлэн сайнаар нөлөөлдөггүй тухай миний бие өмнөх нийтлэлдээ цухас дурдсан. Хүүхэд төрүүлэх амархан, харин хүн болгон төлөвшүүлэх амаргүй. Хүүхдийг хүмүүжүүлэх хамгийн хялбар арга нь “хориг”.  ” Чи тэгж болохгүй, ингэж болохгүй, чи үүнийг чадахгүй, боль” гэсэн олон хоригууд, “Яагаад” гэсэн асуултын хариуд хэлэх “мэдэхгүй” гэдэг мянган үгийн таглаа хүүхдэд тань бий болох өөртөө итгэх итгэлийг нь алдагдуулж, алив зүйлд идэвхгүй хүлцэнгүй хандлагыг бий болгодог. Ийм хандлага нь хүүхдийг алив зүйлд ухамсраар биш албадлагаар ханддаг, шийдвэр гаргахдаа аав ээжийн амыг дагадаг “дуулгавартай” хүмүүжилд сургана.
Тэр ч байтугай том болж, өрх толгойлох цагт гэрийг нь бэлдэж, заяаных нь ханийг сонжиж, хэрхэн амьдрахыг нь зааж , хянах гэж дэргэд нь амьдарна. Ийм ёс заншлаар аав ээжийн дуулгавартай залуу үе өөртөө итгэх итгэлгүй, аавын болон хадмын хаяаг түшиж амьдарцгаасаар. Ийм тавилангаар зарим залуу хосууд хайртай хүнтэйгээ бас хадмуудтайгаа хамтад нь “гэрэлнэ”. Идэх хоол, өмсөх хувцас,  гэртээ худалдаж авах зүйлээ хүртэл аав ээжээсээ асууж “эрхлэх” тэд өөртөө итгэх итгэл, бие даан амьдрах чадвараа алдаж, алив зүйлийн бурууг өөрөөсөө биш өрөөл бусдаас хайдаг муу зуршилтай болцгоодог. Хэзээ ч өөрийнхөө төлөө шийдвэр гаргаж хариуцлагаа үүрч үзээгүй тэднийг буруутгаад яах ч билээ.
Та өөрийн балчир үрсээ элдвийг асууж шулганах бүрд нь төвөгшөөж, цааргалалгүйгээр хариулж тайлбарлаж байх нь хүүхэд тань алив зүйлийн учрыг ойлгож, өөрийн бодол санаагаар дүгнэх боломжийг олгож байгаа хэрэг. “Миний хүү чаднаа, оролдоод үз”, “Миний хүү мундаг шүү дээ, чи чадалгүй яахав” гэхчилэн алив оролдлого бүрийг урмаар тэтгэж байх нь хүүхдийн тань өөртөө итгэх итгэлийг соёолуулах шимт хөрс нь болно.Харин ” Чи тэдний тэрийг хар, тэгэхэд чи яачихсан хүүхэд вэ?” гэж харьцуулан зэмлэх нь хүүхдэд үлгэр болохоос илүүтэй атаа хорслыг төрүүлдэг муу талтай.
Том болсон хойно нь алхам бүрийг нь хянаж цагдан, үглэж дуулахын оронд өөрт нь итгэл өгч, биейиг нь даалган алив зөв болон буруу шийдвэрийнхээ сайн муу үр дүнг өөрөө хариуцаж сургах нь амьдралаас ухаажиж, илүү сайн боломжуудыг олж харахад тусална. Сайн эцэг эх л хүүхэддээ илэн далангүй ярьж зөвлөдөг, санаа бодлоо хуваалцдаг сайн ” найз нь” болон хувирдаг.
Тийм ээ! Хүүхдээ бүр багаас нь өөртөө итгэлтэй бие даасан сайн муу алив үйлдлийнхээ үр дагаврыг өөрөө хариуцаж чаддаг болгон төлөвшүүлэх нь тун чухал.

2. Нийгмийн золиос
Бидний үеийнхэн аав ээжийн дэргэдээс холдон бүх шатны сургуулиар дамжин мэргэжил эзэмшин “нийгмийн баялгийг бүтээгч”, “эх орондоо хэрэгтэй” хүн болтлоо нийгмийн ялгаварлан гадуурхах гаж тогтолцооны золиос болж байсан гашуун түүхтэй.
-Эрдэм сурч, эх орондоо ихийг бүтээх чин эрмэлзлэл дүүрэн балчир хүүхдүүд сургуулийн босго алхсан цагаасаа “oнц буюу сайн сурлагатан”, “дунд буюу муу сурлагатан” гэсэн ангилалад хуваагдана. Энэ ангилал нь зөвхөн дүнгээр төдийгүй хүүхдийг хүүхдээр нь дарамтлуулдаг гаж тогтолцооны илрэл байлаа. Хэрэв та санаж байгаа бол ” дунд буюу муу сурлагатан” ангилал нийт суралцагсдын бараг 70-80% нь байсан гээд бодохоор өнөөгийн нийгмийн золиос ийм хувийг эзэлж байна гэсэн үг. Чухам үүний уршгаар өсвөр насны олон олон хүүхдүүдийн өөртөө итгэх итгэл, хөгжиж болох авьяас чадвар, хүсэл тэмүүлэл унтарч алга болсон .  Энэ золиосны уршгаар өнөө ч олон залуус өөрийн хөгжиж чадаагүй авьяас чадвар боломжийн төлөө харамсан гомдож явдаг нь нууц биш. Сургуульд сурч байхдаа бусдаас илүү хөдөлгөөнтэй, хэл ам таталж байдаг байсан хүүхдүүд өнөө цаг дор амьдралд арай илүү хөлөө олж явж чадаж байгаа нь ажиглагддаг. Магадгүй тэдний бяцхан сахилгагүйтэл нь тэр ялгаварлыг үл тэвчих эсэргүүцлийн илрэл байсан байж болох юм гэж одоо хэр надад бодогддог юм.
-Социализмын үед бүх нийтээр социалист уралдаанаар жигүүрлэн далавчилж уралддаг байсан. Хүн өөрийн хийх ажлаа ухамсартайгаар сайн хийж гүйцэтгэхийн оронд өөр хоорондоо заавал өрсөлдөн уралдаж тэр хэмжээгээрээ ангилалд хамрагдаж байх учиртай. Хүндэт самбрын зураг, тэргүүн туршлагын эзэн, 5-жилийн гавшгайч, баярын бичиг үнэ бүхий зүйлээс эхлээд одон медаль хүртэлх шагналын тогтолцоо нь та хэн нэгнээс илүү буюу дутуу гэдгээ заавал мэдэрч харьцуулагдаж байхын илрэл байж. Эндээс л олон хүний өөртөө итгэх итгэл, ажлын төлөө хандах чин үнэнч сэтгэл алдагдаж, бусадтай барьцах атаархаж хорсон бусдыг муулах сэтгэлгээг илүү хөгжүүлсэн.
Хүн алив зүйлийг сайн сурч, хөгжиж, ажил хөдөлмөр хийж их мөнгө олон тэр хирээр сайхан амьдрах нь өөрийнхөө төлөө хийж байгаа зүтгэл. Энэ нь эх орныхоо болон бусдын төлөө хийж байгаа зүйл биш. Харин таны хөгжил хүмүүжил, хийж бүтээж байгаа зүйл тань бусдад сайнаар нөлөөлж байгаа бол энэ нь таны эх орон болон бусдад тусалж байгаа сайн үйлс болдог. Үүний тулд танд өөртөө итгэх иргэл илүү сайнаар нөлөөлнө. Өнөөдөр олон хүмүүс өөрийгөө таньж бас өөрчлах гэж хичээж байна. Та өөртөө итгэлтэй байвал, хүссэнээ хийж чадах болно.

3. Та хувь заяаныхаа эзэн нь
Хүмүүс өөртөө итгэлгүй болоод ирэхээрээ бусдын амыг харж , шийдвэрийг сонсохыг хүсдэг.  Олон ийм хүмүүс хувь заяагаа мэрэглүүлэхээр, хийморийн сан тавиулж ном уншуулж засал хийлгэхээр мөнгөө зарцуулж бусдад ханддаг. Хүний сэтгэл санаанд нөлөөлдөг ямар нэгэн хүчин зүйл байж болохыг би үгүйсгэдэггүй. Харин ямар хүнтэй амьдралаа холбох, аян замд хэдийд гарч болох, хэзээ хаашаа нүүх, үсээ засуулах, ямар бизнес хийж болох, ямар өнгөтэй машин худалдаж авбал зүгээр гэхчилэн аар саар олон асуудлуудыг бусдаас асууж шийдүүлээд байх нь хэр үнэмшилтэй байх бол. Ингэтлээ өөрийн итгэлээ алдах хэрэг юусан билээ. Ийм асуудлуудад хүн өөрийн боломж , цаг хугацааны зохицолдоогоор өөрөө шийдэж сайн муу үр дагаврыг нь өөрөө хариуцаж байх учиртай.
Хүн алив нэгэн үйлдлээс учирч болох хариуцлагаас зайлсхийх гэж ийм зүйлийг сонгодог байх л даа. Харин өөртөө итгэж гарагсан шийдвэрийнхээ төлөө хариуцлагаа өөрөө хүлээдэг болохоор итгэл хариуцлага хоёр хамтдаа байдаг гэсэн үг. Судалгаа тооцоогүй аз туршиж хийсэн бизнесийн алдагдлииг мэргэлж өгсөн хүн тань үүрэхгүй харин та л үүрэх болно. Тэгэхээр яаж ч бодсон та л өөрийн хувь заяаныхаа эзэн нь. Сэтгэлдээ багтааж, өөртөө итгэж хийсэн алив үйлдлийнхээ сайн муу үр дагаврыг та өөрөө л амсаж, өрөөл бусдад биш зөвхөн өөртөө баярлаж бас харамсдаг.
Бүтэлгүй хайр дурлал, өөр ямар нэгэн бүтэлгүй тохиолдлын улмаас өөрийн амиа егүүтгэсэн тухай сонсохдоо, тэвчээр өөрийгөө ялах итгэл аминаас нь хэцүү байна гэж үү гэж харамсах сэтгэл төрдөг. Архинд толгойгоо мэдүүлчихээд гарч чадахгүй элдвийн хүн дээр очиж янз бүрийн засал хийлгэж, элдэв зүйл ууж идэн аргаа барж яваа хүний өөртөө итгэх итгэл нь ууж байгаа архиных нь ёроолд байдаг. Тэд архиа өөртөө итгэх итгэлтэйгээ хамтад нь ууж байгаагаа анзаардаггүй.
Тийм ээ! Хүн та өөрөө өөрийнхөө хувь заяаны эзэн нь. Таны амьдрал хувь заяаг хэн нэгэн мэргэч төлөгч бус таны өөртөө итгэх итгэл тань авч явдаг.

Төгсгөл
Таны амьдралд сайн муу элдэв зүйл тохиолддог. Хэрэв та анзаарч мэдэрвэл танд их боломж авьяас чадвар бий. Та түүнийгээ л олж хөгжүүлэхийг хичээ. Цаг ямагт “Би үүнийг хийж чадна” гэж өөртөө итгүүлж бай. Үүний ачаар та хүнд өвчнөө ялан дийлж, зовлон шаналалаа давж гарч, бизнес тань амжилттай болж, авьяас чадвар тань бусдыг бишрүүлэх болно. Өөртөө итгэж, өөрийн боломж чадвараа ашиглан хийж бүтээхээр зүтгэвэл олон боломж танд олдож, аль нэгэн хаалга таны өмнө нээгдэх болно. Та өөрөө өөртөө эзэн. Хэнд ч юунд ч биш гагцхүү өөртөө л итгэ. Тэгвэл танд аз болон амжилт ирэх болно.
Та өөрийгөө бусдаас дутуу биш илүү гэдэгтээ итгээрэй. Та олон зүйлийг өөрчилж, бүтээж чадна. Танд амжилт хүсье.

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах.

2008-08-10

Share Your Thoughts