Монгол нутаг газар шорооны төлөөх зовинол

Өндрүүд овгийн Лувсанжамбаагийн Мөнхтөр

“Монголчууд Америкт” цуврал ярилцлага – 31

НЭГ. НАМТРЫН ТОВЧООН

Г.Галбадрах: – Ингэхэд өөрөө аль нутгийн хүн бэ? Өөрийгөө танилцуулна уу?

Л.Мөнхтөр: – Миний унасан газар Завхан аймгийн Алдархаан сум, угаасан ус минь Яруугийн гол. Төрсөн нутагаа нар зөв тойрон танилцуулъя. Сумын төвийн баруунтай Хөх хошуу, Цахирын буурал уулс, хойхонтой нь Хэц, Оргиу, баруун хойхно Ямаат, Шонт гээд аргаль, янгир дүүлж, шилүүс, ирвэс шивээлсэн элгэн улаан уулс, зүүн хойхонтой нь Мандаат хайрхан дүнхийгээд, долоон түмэн адуутай Доной баяны хөндий цэлийж байдаг.

Зүүн тийшэлбэл Баруун хайрхан, Зээг, Их, Бага зэст, Бор толгой, Алдар толгой, Морин Туурайн Хясаа, Агьтын Ам, Баян Улаан,
Жавхлант толгой, Товцог Хайрхан, Ямаа майлдаг, Тэмээн Улаан, Ганцын Даваа, Хүйтэн хошуу, Харганы Ам тэгээд Цагаан Шанааны гарам. Цаашилбал мөнгөн дуулгат Отгонтэнгэр, Даян хайрхан гээд хар мод, жодоо, гацуур битүү ургасан мөнх ногоон ойт Хангайн нурууны сүрлэг уулс алс зүүн урдтай цайвалзана.
Том том үхэр чулуун дундуур хүрхрэн урсах Богд, Чигэстэйн ширүүн урсгалт уулын цэнгэг голууд, наашилбал нэр шигээ яруухан Яруугийн гол сумын төвийн урдуур урсана. Хөндийгөөр нь Хүрэн Хус, Таван Улиас гээд харгана, бургас, хус, улиас битүү ургасан балар ногоон ой шуугина. Сумын төвийн өмнүүр Хүрэн Хусны урдуур Богд, Чигэстэйн голууд нийлж Их гол болно. Их голын урд биеэр Биндэр Хайрхан, Хүрэн Толгойн сүүдэр “хөндийгөө дагаад хүүшилнэ”. Их гол цааш урссаар алдарт Завхан голтой нийлнэ. Баруун тийш зорчвоос Шороотын Ам, Поврон,
Ханын худаг, Урд, Хойт салхит, Сүмийн Булан, Баянбулаг, Сархиаг, Ямаан Ус, Улаан овоо, Халзан Бүргэдтэй, Цагаан Нуруу, Улаан Хайрхан, Бор Хайрхан, Борхын Элс, Өгөөмөр Уул, Борх уул, Цагаан Дэрс, Ногоон тохой гээд аавын минь их, бага хоёр саарлаараа галигуулж явсан нутаг бий.

galaa-munkhtur-2
Их голоо уруудвал бургас, чацаргана битүү ургасан Борхын шугуй угтана. Сумын төвийн урдхан байх Шохойт толгой дээрээс баруун урагш халиавал Монгол Элс шар дурдан бүс шиг улбартан дурайж, цаана нь хөхрөн харагдах Алтайн их уулсын салбар, мөнх цаст Хасагт Хайрхантай өнгө хоршин байдаг. Тэртээ алсад ижийн минь угаасан ус Эрээн Нуур, аавын минь унасан газар Баян-Уулын нутаг дуниартаж бий. Говь, хангай, хээр, тал хөндийн үзэсгэлэн ингэж нэгэн дор цогцолсон нутаг тийм ч олонгүй байх. Ийм л сайхан нутгийг “эзэгнэнхэн” төржээ би.

Г.Галбадрах: – Аав, ээж тань ямархуу хүмүүс байв?
Л.Мөнхтөр: – Минийн аав Сосорын Лувсанжамбаа гэж Худалдаа бэлтгэлийн Ангид түүхий эдийн эрхлэгчээр олон жил ажилласан, ээж минь Янжинхорол гэж олон жил цэцэрлэг, яслид галч, хүүхдийн асрагч, сахиул хийсэн, сумын төвийн албан хаагч хүмүүс байсан. Аав ээж минь нутаг усандаа нэр хүндтэй, нутгийн олон Лувсан ах, Янжин эгч гэж авгайлдаг, шулуун шударга, олонтойгоо улс явсан. Ээж минь уртын дуу, аав минь богинын дуу сайхан дуулдаг, энд тэнд найр наадамд уригдаж залагдсан хүмүүс байв. Айраг архи нь дундарвал тогоогоо тавьж, үүр цайтал
дуулалдаж, наргичихаад бидний унтаагаар ажилдаа явчихсан байдагсан. Яаж ч наргисан ажлаа алддаггүй, айраг найрыг сайхан тааруулдаг, ёстой төртэй хүмүүс байлаа.

ХОЁР. ХӨДӨӨ ӨССӨН БАГА НАС

Г.Галбадрах: – Бага насаа эргэн дурсвал?
Л.Мөнхтөр: – Бага насны дурсамж үнэхээр ариухан. Тэр үеийн багачуулын л адил үе тэнгийнхэнтэйгээ нуугдаж, “байлдаж” тоглож өссөн. Миний хүүхэд ахуй цаг социализмын оргил үед тохиож. Одоо эргээд бодоход тэр цагт хүн бүр ажил төрөлтэй, ирээдүйдээ итгэх итгэлтэй, байгаль дэлхий нь ариун дагшинаараа, хүн нь эвдрээгүй мөс сайтай, хот шиг хоттой, хөдөө шиг хөдөөтэй, улс шиг улс байж. Алдархаан сум гэхэд 8 жилийн сургуультай, дотуур байртай байгаад сүүлд сум дундын 10 жилтэй болсон, сум дундын эмнэлэг, эмийн сан, эхчүүдийн амрах байр,
мал эмнэлэг, үржил сэлээкцийн станц, ногоо, тахианы аж ахуй, эмчилгээ тэжээлийн цэг, бор, цагаан үнээний фермтэй, ахуйн үйлчилгээний төвтэй.
“Көлөөвт” нь өдөр бүр “хинуутай”, орой болгон бүжигтэй, урд талдаа усалгаатай цэцэрлэгтэй, 24-цагийн цахилгаан гэрэлтэй, тэр үеийн сумын төв гэхэд түм түжигнэж, бум бужигнасан, хөдөлмөр бүтээл ундарсан, соёлтой бол соёлтой, хүн амьдарч болох бүхий л боломж бүрдсэн, тов хийсэн тохижилттой том суурин байсан санагддаг. Найзуудтайгаа өдөржин голын усанд захлайтталаа сэлж, загас жараахай суйлж, голын эргээр азаргана түүж идэж, цахилдаг сүлжээд л, харгананд хатгуулж, халгайд түлэгдэж, чулуунд хөлөө шалбалж, өвөл нь Баруун
энгэрийн уруу чаргаар гулгаж, жалганд онхолдоод л, усанд яваа нэртэй ч голын мөсөн дээр өдөржин хоккей тоглож, хувинтай усаа талд нь хүртэл хөлдөөчихөөд улаан хацарласан амьтад харанхуй болсон хойно нэг юм гэрийн бараа хардагсан. Өвөл зуны, амралтаараа хөдөө авга ах Дугаагийндаа очиж хонь хариулна. Хөдөө хонь хариулахаар хэрийн юмнаас айж цочихгүй болж сурдаг. Энд тэнд юм сэрвэлзээд жаахан эвгүй санагдах юм бол айдсаа үргээж хангинатал дуулна. Багадаа ном их уншдаг хүүхэд байсан. Багын найз “Томоо”-той сумын хөлөөвийн
номын санд өглөө оройг ялгахгүй болтлоо суудагсан.
Г. Галбадрах: – Ах дүү хэдүүлээ вэ?

Л.Мөнхтөр: – 11- үүлээ.
Г.Галбадрах:– Их олуулаа өсчээ.

Л.Мөнхтөр: -Тиймээ. Дээрээ олон ах эгчтэй болохоор их даруулгатай өссөн.
Шинэ хувцас барагтай өмсөхгүй. Ах нараас дамжиж ирсэн хувцсыг л гамтай өмсөнө.
Хоорондоо 2, 3 жилийн зайтай ойрхон төрсөн болхоор бас их тэрсхэн, өрсөлдөөн дунд өссөн санагддаг.

Г.Галбадрах:– Хэдийнээс зурж эхэлсэн бэ? Зургийн авьяас яаж илрэв?

Л.Мөнхтөр: -Мэдээ орохын л харандаа цаас нийлүүлсэн хүүхэд байсан санагддаг.
2-3 тайгаасаа л юмуу даа. Аав минь чөдөр ногт сайхан зангиддаг, бургасаар гэрийн мод хийдэг, ээж минь баяр наадам, цагаан сараар дээлний захиалгад дарагдан суудаг их уран хүмүүс байсан. Тэгхээр зурах авьяас аавын талаас ч, ээжийн талаас ч адилхан өвлөгдсөн байх. Ах эгч нар маань бүгд л гарын уртай, намайг багад энд тэндэхийн хүүхдийн зургийн уралдаанд их сойдог байсан. Ганзоригт ах маань гэхэд хөрөг зураг сайхан зурдаг, ахынхаа нөлөөгөөр багаасаа л зурагт татагдсан.

Галбадрах: – Сургуульд хэзээ, хаана орж суралцав?

Л.Мөнхтөр: -1982 онд. Тэр үед сургуулийн хүүхдийн төлөвлөгөөт тоо гүйцэхгүй байна гээд цэцэрлэгээс хүүхдүүдээс сонгож авахад нь өртөж би гэж нэг жаалхан амьтан 6 ой дөнгөж өнгөрөөд байхдаа анх Ичинноров багшийн шавь болж 1 дүгээр ангид орж байв.
Их жижигхэн биетэй байсан болохоор хүүхдүүдийг жагсаахад хамгийн адагт нь очоод зогсчихно. Ванчиг багш маань авьяасыг минь хөхүүлэн дэмжиж, залуу техникчдийн дугуйландаа авч их ч зүйлийг зааж сургасан. 7-р ангидаа Эрдэнэтийн Улаантолгойд, дараа нь 8-р ангидаа гэр бүлээрээ Хөвсгөлийн Мөрөнд очсон. Мөрөнд сурч байхад 90-оны ардчилсан хувьсгал гарлаа. Мөрөнгийн ардчилагчид Даваадоржийн талбай дээр өлсгөлөн зарлаж байхад багш нар “тийшээ очиж болохгүй, шууд гэртээ харь” гэж сануулна.
Гэвч сонирхолдоо хөтлөгдөөд очиж харна. Тухайн үед бүгд л тэр үйл явдалд өөрийн эрхгүй татагдаж байсан. 1989-1990, монголчуудад үндэсний ухамсар сэргэж байсан тэр л үе.

Галбадрах: – Дунд сургуулиа төгсөөд ямар сонголт хийв?

Л.Мөнхтөр: – Дүрслэх Урлагийн Дунд Сургууль \ДУДуС\-д шалгалт өгөөд тэнцсэнгүй. 36 хувиар дээр 300 гаран хүүхэд өрсөлдсөн юмдаг. Тэгж анх өрсөлдөөнт амьдралд хөл тавьсан хэрэг. Тэр үед дүрслэх урлагийн чиглэлээр “Соёл”, “Ногоон морь” зэрэг сургуулиуд шинээр байгуулагдаж байв. “Ногоон морь” сургуульд шалгалт өгч тэнцээд уран зургийн ангид Ё.Далх-Очир багшийн ангид элсч, 2- р курсээсээ баримлын урлагт татагдаж, Эрдэнэбилэг багшийн урланд шилжин суралцаж зураач,барималч мэргэжлээр 1995 онд төгсөв. Дараа нь СУИС-ын харьяа Дүрслэх
Урлагийн Дээд Сургуулийн баримлын ангид Угтаабаяр багшийн урланд суралцаж мэргэжил дээшлүүлсэн.

ГУРАВ. ХӨДӨӨ НУТАГТ ӨНГӨРҮҮЛСЭН ЖИЛҮҮД-УХААРАЛ

Г.Галбадрах: -Тэгээд мэргэжлээрээ ажилласан уу?

Л.Мөнхтөр: -Сургуулиа төгсөөд “чөлөөт уран бүтээлч” гэж нэг хэсэг явлаа. Жил бүр Нийгэмлэгийнхээ үзэсгэлэнд бүтээлээрээ оролцож байсан. Тэгээд 1997 онд Сэлэнгийн Орхонд ээж дээрээ очиж нэг хэсэг мал маллаж хөдөө амьдарлаа.
Ээж минь 200 гаран бог, 40-өөд үхэр, 5 адуу,1 тэмээтэй. Нэг ахынх маань айл байсан ч гэсэн хүн хүчний хэрэг болсон болохоор ээждээ тусалж бараг 2 жил гаран мал маллав.
Хөдөө сайхан шүү дээ. Тэр тусмаа өвлийн шөнө! Өнтөй өвөл үхэр мал ууланд дошоод заримдаа бууж ирэхгүй. Эрэлд гарч явахад сарны саруулд хавийн уулс цайрдсан юм шиг толин өнгөөр цавцайгаад, унаж яваа морины амьсгал цантаж, уур манан савсаад л, халууцсан үедээ үнэгэн малгайгаа хазгайдуухан тавичихаад эрлээ олоод буцаж явах хичнээн жаргалтай байдаг гээч! Яг л нутаг орны эзэн лугаа адил өөрийгөө мэдэрч, дотор уужраад, оюун сэтгэл ер бусын цэнгэл жаргалыг эдлэн бясалгалын нэгэн түвшинд хүрэх шиг тийм гайхамшигтай мэдрэмж
төрдөгсөн. Сэтгэлийн хийгээд сэтгэлгээний эрх чөлөөг ханатлаа эдэлж болох тийм газар орныг нэрлэ гэвэл би Монголын хөдөө гэнэ. Би энэ уул ус, газар тэнгэрийн хүү, энэ чулуу, навч цэцэгтэй адилхан ургаж, хагдрах байгаль дэлхийн нэгэн эд эс гэж өөрийгөө мэдрээд ирэхээр сүрдэх, бишрэхээс илүү хүндэтгэж, хайрлах сэтгэл өөрийн эрхгүй төрдөг юм. Би тэгж хөдөө амьдрахдаа маш их зүйлийг ойлгож, мэдэрсэн.

Г.Галбадрах: – Нүүдэлч, малчид өөрийн гэсэн оршихуйн философитой байдаг.

Л.Мөнхтөр: -Тэгэлгүй яахав. Өрнөдийн гүн ухаанд хүн, хүний нийгмийн харилцааг голчилдог бол Монголын гүн ухаанд хүн, амьд байгалын шүтэлцээ голлодог. Монголчууд байгаль дэлхийн бүхий л юмсыг амьтай гэж үздэг. Тийм болохоор нүүдэлчид ямагт байгалиа аргадаж, ая эвийг нь олж зохицон амьдардаг. Хэзээ ч өөрсдийгөө байгалиасаа ангид, эсвэл дээгүүр авч үзэж байсангүй. Тийм ч учраас хэл соёл, утга зохиол, гар урлал, эд өлөг, дуу хөгжим гээд урлагийн бүхийл бүтээл туурвилд нь байгалийн дүрслэл, сэдэв үлэмж байрыг эзэлдэг.
Энэ ухаан, энэ үзэл намайг төлөвшихөд их нөлөөлсөн. Өнөөгийн цахимжсан эринд техник, технологийн хөгжил хичнээн мундаг байлаа ч байгалийн араншингийн дэргэд юу ч биш. Үүнийг Японы Фукушимагийн гамшиг бидэнд дахин нотлон харууллаа. Газар дэлхий нэг шилгээхэд бидний найдвартай гэж сайрхдаг зүйлс ямар хэврэгхэн, бидний хүсч тэмүүлж байгаа хөгжил дэвшил биднийг ямархан арчаагүй байдал руу чирж байгааг бид үзлээ. Хүмүүс бид хааяаа ч гэсэн хүсэн тэмүүлээд байгаа “хөгжил” гэдгийнхээ цаад зорилгыг яаг юу вэ, бид яг юу хүсээд
байна вэ?” гэж нэг удаа ч болов тунгааж үзмээр байгаа юм. Бид хөгжил дэвшил гэдгээр гул барьж, материалаг хүслээ хангах шуналдаа дөрлүүлээд золиосонд нь оршихуйн үндэс болсон байгаль дэлхийгээ сүйтгэж байна. Бид яаж ч хөгжлөө гэсэн байгалийн хүчин зүйлээс хэт их хамааралтай байсаар байх болно. Тэгэхээр агаар, ус газар шороогоо хайрлаж, зөв зохистой ашиглахаас өөрөөр хүн төрөлхтөн оршин байх аргагүй. Энэ талаар малчин Монголчуудын амьдралын хэвшил, байгалтайгаа харьцах соёл, гүн ухаан хүн төрөлхтөнд их юм зааж өгнө гэж
боддог.

Г.Галбадрах: – Таны хэлсэнтэй санал нийлж байна. Дараа нь юу хийв?
Л.Мөнхтөр: -Дараа нь ногоочин боллоо. Сэлэнгийн Орхонд 2 га газар төмс тарив. Төмс тарихаасаа өмнө туршлагатай хүмүүстэй уулзаж зөвлөлгөө авч, ном гарын авлага уншиж судалж хэрэндээ л “шинжлэх ухаанчаар” хандлаа. Тэгээд 1 га-гаас 200 центнер ургац авлаа. Уулын арын элсэрхэг хөрсөнд гар аргаар тарьсан төмс, техникээр тарьсанаас 2 дахин том ургадгийг тэгэхэд үзсэн. Хэдийгээр арвин ургац авсан ч хадгалах зоорьгүй байсан болохоор хямдхан зараад дууссан. “Саалиа бэлдэхээр саваа бэлд” гэж үнэн үг шүү..Тэгэхэд би Монголынхоо газар
шороог ямар их өгөөжтэй болохыг мэдэрсэн. Ногооны жижиг аж ахуйнууд тэр болгон өөрсдөө зоорь бариад байх хөрөнгө, чадал байдаггүй. Хэрэв Улсаас тусгайлан бодлого гаргаад нэгдсэн журмаар, стандартын шаардлага хангасан зоорьнуудыг бүх аймгийн төвүүд, томоохон хот, суурингуудад барьчихвал Монголын ногоочид гол нэр төрлийн бүх ногоогоор дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангаж, бид 4 цагийн эргэлтэд хүнсний ногооны гачаалд орохгүй, урд хөршөөс хаана, яаж ургуулсан нь мэдэгдэхгүй хүнс, ногоо өндөр үнээр авч, бие махбодоороо
туршилт хийхгүйсэн. Сонсоод байхнээ Хятадаас ирж байгаа ногооны ихэнхи нь Лоб нуур буюу цөмийн туршилт хийж байсан газар ургуулсан, генийн өөрчлөлтөд орчихсон ногоо байдаг гэсэн шүү. Энэ их хорт хавдар, урьд өмнө сонсож ч байгаагүй аймшигт өвчнүүдийн цаад шалтгаан иймэрхүү учиртай болж таарч байна.

Г.Галбадрах: – Ногоо тарьсанаасаа хойш юу хийв?
Л.Мөнхтөр: -2000 онд уурхайчин боллоо. Том ах маань алтны компанид хөрнгө оруулалт хийжээ. Гэвч өөрөө хүнд өвдөж, ажил төрлөө хийж чадахгүй болсон юм. Ингээд хэн нэг нь газар дээр нь очиж хариуцан ажиллах хэрэгтэй байв. Тэгээд энэ үүрэг надад оногдож 4 жил ажилласан. Олборлолтоос гадна хайгуулын ажил хийдэг байсан. Тэгж ажиллаж байхдаа арай өөр юм олж харж байгаа юм. Бид голын ус ашиглахгүй, уурхайн дээдтэй байх намгийн усыг хиймэл нууранд нөөцлөн, түүгээрээ алтаа угааж байсан. Технологийн горимыг барьж, нөхөн сэргээлт хийж
ажиллаж байсан ч газрын хэвлий дэх баялгийг олборлоход байгаль орчин хэрхэн сүйддэгийг үзэж, ухаарсан. Нөгөө талаар алт гэдэг хүний шуналыг ямар ихээр хөдөлгөж, хүн чанарыг алдагдуулж болохыг эргэн тойрны зарим хүмүүсийн авир, үйлдлээс харж анзаарч байлаа.

Хүн хүсээгүй юмаа аргагүйн эрхэнд хийх тийм нөхцөлд таардаг л юм билээ. Би урьд нь газар сэндийлж, алт ухах тухай бодож ч яваагүй. Их л бодож гадас, хашааны шонгийн нүх ухаж, худаг малтаж, ногоо тарих гэж л хүрз, лоом барьж газартай харьцаж явсан. Гэтэл гэнэт хүчирхэг техникээр эрүүл онгон газрыг өм цөм онгичин ухахыг харахаар, өөрөө тийм ажлыг хариуцаж байгаагаа бодхоор сэтгэл их гутарч, хоосордог юм билээ. Одоо ч би өөрийгөө зэмлэж, яллаж явдаг. Алтыг Монголчууд “Оройд нь хүрэхгүй жаргал, ёроолд нь хүрэхгүй зовлон” гэж
хэлдэг.Үнэхээр тийм байх. Алт олборлоход нэг талаар баялагаа эзэмшиж, улсынхаа эрднэсийн санг арвижуулж, татвар төлж, ажлын байр бий болгож, хоол хүнс, бараа, үйлчилгээ гээд дагалдах олон бизнэсийг тэтгэж, орон нутагт орлого нэмдэг ч нөгөө талаар байгалийн унаган төрхийг эвддэг, гол ус бохирдуулдаг, бэлчээр сүйтгэдэг, дээр нь нинжа нар гээд нийгмээс тасарсан хүмүүсийн амь насаараа дэнчин тавьсан амьдрал гээд сөрөг үр дагавар ихтэй, хүн хүсээд хийгээд байх үйлдвэрлэл биш. Ер нь монголчууд бид, газрын хэвлий дэх баялгаа хуу
хамж дуусахад юутай үлдэх билээ. Бодож, ухаарах юм их бий.
Г.Галбадрах: – Чи тэгвэл үндсэндээ Монголын байгаль, газар шороотой хамгийн их холбогддог мал аж ахуй, газар тариалан, уул уурхай гээд бүгдэд нь ямар нэгэн хэмжээгээр ажиллаж үзжээ.
Л.Мөнхтөр: -Тиймээ. Энэ бүгдээс ихийг ухаарч ойлгосон. Малчин, нүүдэлчин амьдрал гэдэг байгалтайгаа ямархан нандин холбоотой байдгийг, зөв ашиглавал газар шороо ямар их өгөөжтэйг, газрын хэвлий дэх баялаг хөрсөн дээрх баялагтайгаа ямар шүтэлцээтэй байдгийг хэрдээ л ойлгож мэдэрсэн. Хэрэв бид эргэж хэзээ ч нөхөгдөхгүй байгалийн баялгаа эзний ёсоор өөрсдөө бүрэн дүүрэн ашиглаж чадахгүй, Оюу Толгой, Бороогийн ордыг харийнханд сул тавьж өгсөн шиг өөрсдөө баялгийн эзэн нь байсаар байж, бусдаас өндөр хүүтэй зээл авч гуйлгачин
царайлж явах юм бол ашиглахгүй байсан нь дээр! Бид энэ их баялаг, боломжуудаа хайрлаж гамнаж, зүй зохистой ашиглах ёстой гэдгийг илүү ойлгосон. Магадгүй, тиймээс ч энд ирсээр миний сэтгэлийг хамгийн ихээр зовоож байгаа зүйл энэ ч байж болох юм.

ДӨРӨВ. АМЕРИК ДАХЬ АМЬДРАЛ, ТЭМЦЭЛ

galaa-munkhtur-3Г.Галбадрах: – Хүмүүс эх орондоо байхдаа тэгтлээ анзаарч ойлгоогүй зүйлээ харьд ирээд илүү тодоор харж мэдэрдэг. Магадгүй энэ нь олон боломжуудыг олж харан харьцуулдагтай холбоотой байж болох юм. АНУ- д хэзээ ирэв, яаж хөлөө олов?

Л.Мөнхтөр: -Би АНУ-д 2005 онд ирсэн. Эхлээд Флоридад хэлний курст ирээд аажимдаа Лос-Анжелест суурьшсан. Л.А-д анхлан хөлөө олоход минь тусалсан Оюунаа эгч, Түвшин ах, Сандра эгч нартаа талархаж явдагаа энэ дашрамд хэлье. Лос-Анжелест ирээд California International University-д англи хэлээ үргэлжлүүлэн үзэж, дараа нь Los Angeles Pacific College-д компьютер графикийн мэргэжлээр сурч төглөө. Төгсөөд Universial Studios Hollywood-д нэг жил зураачаар ажилласан. Тэнд олон ч найз нөхөдтэй болж, чадалтай зураачдаас суралцан, нэг ёсондоо шог зургийн академид үнэгүй сурсан гэхүү
дээ. Тэгж ажиллахдаа шог зургийг нилээд сайн зурж сурсан.

Г.Галбадрах: – Нэг ёсондоо энд ирээд шог зургаар мэргэшжээ дээ?
Одоо ямар ажил эрхэлж байна? Уран бүтээлийн олз омог их үү?

Л.Мөнхтөр: -Тэгсэн, сүүлийн 6 жил шог зургаар дагнан ажиллаж байна.
Ер нь туршлагаас харахад Америкчууд шог зурагт их дуртай, ямарваа нэгэн тэмдэглэлт ой, үдэшлэг, төрсөн өдрөөр байгууллагаараа, гэр бүлээрээ ёс юм шиг шог зураач урьж зочдоо зуруулдаг, хөгжөөдөг. Энэ нь бүр уламжлал болчихсон юм билээ. Тоймтойхноос нь дурдвал HP ᠋компанийн ажилчдын цайллага, Santa Monica хотын даргын хүлээн авалт зэрэгт урилгаар зурсан. Бас ISCA буюу Олон Улсын Шог Зураачдын Нийгэмлэгийн гишүүн болсон. Энэ нийгэмлэгт элссэнээр бусад уран бүтээлчдээс суралцаж, мэргэжлийн сургалтанд сууж, олон сайхан найз нөхөдтэй

, мөн

Г.Г)
Г.Галбадрах: – Би үүнээс гадна, энд Америкт байгаа хэрнээ тэнд Монголд учирч болзошгүй цөмийн аюулын эсрэг тэмцэж байгаа талаар чинь сонирхож байна.

Л.Мөнхтөр: -Анх 2011 оны 3 сарын дундуур www.golomt.org сайт дээрээс Амарлингийн цуврал бичлэгүүдийг уншаад үнэхээр гайхаж, бас цочирдсон л доо. Монгол оронд газрын хэвлийн асар их баялаг илэрсэнтэй холбоотойгоор гадны улс орнуудын ашиг сонирхол ихэд өндөлзөх болсон. Тэд энэ чиглэлээр Монголын эрх баригчдын хувийн шунал болон явцуу сонирхол дээр хэрхэн “ажиллах” болсон талаар Амарлин анх хөндөж бичсэн байсан.
Түүний бичлэг нь баримтаар маш их шахаж, үндэслэл болон нөхцөл байдлыг маш сайн гаргаж өгсөн байлаа. Эх сурвалжийг маш сайн ашигласнаас гадна улстөрийн өнгөгүй байсан нь миний сонирхлыг татсан.
Ерөнхийлөгчид асуулт тавьсаны дараа Амарлин бид хэд и-мэйлээр холбогдож, түүнийг дэмжиж байгаагаа илэрхийлж, бид хамтарч ажиллах болсон. Ер нь түүний асуудалд хандаж байгаа хандлага, хөндөж байгаа сэдвүүд нь миний бодол санаатай их нийцэж байсан. Та ч өөрөө энэ тухай сайн мэдэж байгаа.


Г.Галбадрах:
-Тийм ээ, би ч бас энэ талаар их сонирхож байсан. Тэгээд Амарлинтай холбогдон “Чиний ард хэн байгаа юм бэ?” нэртэй ярилцлага хийсэн. Түүний бичлэгүүд миний хувьд “Эрэн сурвалжлах сэтгүүл зүй”-н сонгодог жишээ байлаа.

Л.Мөнхтөр: -Би ч бас таны хэлсэнтэй санал нэг байна. Цөмийн хаягдлын хор уршгийн талаар болон аюулгүй оршихуйн талаарх шинжлэх ухааны маш нарийн ойлголт, мэдлэг өгөхүйц сонирхолтой, хялбар, ойлгомжтой байдлаар тайлбарлан бичдэг. Бичлэг бүрийнхээ дор ашигласан эх сурвалж, баримтуудыг хадаж худлаа гэж үгүйсгэх аргагүйгээр нотолсон байдаг. Эндээс л анх Амарлинг дэмжсэн Anti Nuclear Movement Mongolia фейсбүүк групп үүссэн. Манай Цөмийн Эсрэг Хөдөлгөөн өнгөрсөн оны 6 сард байгуулагдсан.

Манай хөдөлгөөнд Монгол, Япон, Герман, Бразил, Австали, Америк гээд дэлхийн өнцөг булан бүрт суугаа Монголчууд фэйсбүүкээр нэгдэж, зүс зүсээ хараагүй ч үзэл бодлоороо нэгнээ ойлгож, эх орныхоо сайн сайхны төлөө хамтран ажиллахын бодит жишээг үзүүлж байна.
Бас нэгэн чухал зүйл бол бид хэн нэгэн хүн, компани, улс төрийн нам, хүчнээс хараат бусаар бие даан үйл ажиллагаа явуулдаг, гишүүд, дэмжигчдийнхээ хандиваар санхүүждэг, эргээд тухайн хандиваар юу хийснээ анхан шатны баримттайгаар тайлагнадаг жинхэнэ ардчилсан, ил тод, тунгалаг тогтолцоог бий болгосон явдал. Манай хөдөлгөөнд хандив өргөсөн хүмүүс өөрсдийнх нь мөнгийг нь юунд зарцуулахыг, юунд зарцуулсныг мэддэг.
Энэ хөдөлгөөнийг дагаад хэд хэдэн хөдөлгөөн бий болсон ч одоогоор тогтвортой, байнгын үйл ажиллагаа явуулж байгаа нь манайхаас өөр алга. Гэхдээ сүүлийн үед иргэний хөдөлгөөнүүд, улс төрчид, улс төрийн намууд цөмийн эсрэг тэмцэлд нэгдэж байна.
Энэ бас л нэг ахиц.

Г.Галбадрах: – Ерөнхийлэгч Ц.Элбэгдоржийг АНУ-д айлчлах үедээ Сан-Франциско хотод иргэдтэй хийсэн уулзалт дээр анх чи энэ талаар асуулга тавьж байсныг санаж байна.

galaa-munkhtur-5

Л.Мөнхтөр: -Тиймээ. Тухайн үед би, ерөнхийлөгчид хандаж нэгд Монгол хэлний талаар, хоёрт цөмийн хаягдлыг Монголд булшлах, гуравт Халх голын сав газрыг Солонгосчуудад зарсан талаар асуусан. Энэ тухай дэлгэрэнгүй мэдэхийг хүсвэл дараах холбоосоор орж үзнэ үү.
http://www.orloo.info/readfull/politics/7369-asuult
Харин дараа нь Лос-Анжелост 2 удаа уулзалт зохион байгуулаад, наадмын үеэр “Мэдээллийн самбар” ажиллуулж, гадаадад байгаа монголчуудаасаа санал асуулга авсан.
1. Та Монголд уран олборлох, АЦС барихыг дэмжиж байна уу?
2. Монголын газар нутгийг гадны улс орнуудад түрээслэхийг дэмжиж байна уу?
3. Монголд цөмийн хог хаягдал булшлахыг та зөвшөөрөх үү?
Энэ санал асуулгад 200 орчим хүн оролцсоноос “Цөмийн хаягдлыг монголд булах”-ыг 100% эсэргүүцэж, “Монголын газар нутгийг гадны улс орнуудад түрээслэх гэдгийг цөөн хүн дэмжсэн байлаа. “Санал асуулгатай Монгол наадам”-ийн тухай сонирхолтой мэдээллийг эндээс үзнэ үү.

http://golomt.org/2011/07/26/lanaadam/#more-2050

Г.Галбадрах: – Чухам яагаад ингэж тэмцээд байгааг олон хүмүүс гайхаж бас хардаж байгаа. Энэ тал дээр юу хэлэх вэ?

Л.Мөнхтөр: -Монголын газар нутаг болон монгол хүмүүсийн аюулгүй амьдрах орчны асуудал хөндөгдөөд ирэхээр гадаадад байгаа монголчууд “юу хийх вэ? Яах вэ?” гээд үнэхээр санаа тавихгүй байхын аргагүй болж ирж байгаа юм. Хэдийгээр бид эх орноосоо алс хол байгаа ч энэ бол бидний л эх орон, газар нутаг. Юу ч хийхгүй зүгээр хий гаслаад, бухимдаад, суугаад байхын оронд бид дуугарах хэрэгтэй гэж бодсон. Гадаадад байгаа монголчууд бидний дуу хоолой хэрэгтэй байгаа.
Заавал эх орондоо байхгүйгээр гадаад орноос ч гэсэн Монголынхоо төлөө дуугарч, тэмцэж болно гэдгийг бид харуулсан. Тэр тусмаа хүний эрх, үг хэлэх эрх чөлөөг дээдэлдэг Америк оронд. Хардлага, үл итгэхийн тухайд тэр бол бидний гэм биш зан. Нийтлэлч Баабар хүртэл “Зарим нэг улстөрчид гадаадад суугаа хамаатан саднаараа дамжуулж жагсаал хийж байна” ухааны юм бичсэн байсан. Өөрөө “баримт, баримт” гэж их хашгирдаг хүн. Хэрэв биднийг хэн нэгэн улс төрчийн хамаатан гэж үзэж байгаа бол тэр баримтаа гаргаад тавчих хэрэгтэй. Эс
бөгөөс ор үндэсгүй гүтгэснийхээ төлөө биднээс уучлал гуйвал зүйд нийцнэ. Яагаад бид Монголын иргэн хүнийхээ хувьд чин сэтгэлээсээ санаа тавьж, үгээ хэлж болохгүй гэж?! Үүнийг яагаад заавал улстөртэй холбох ёстой гэж?
Улс төрийн бохир муухайтай хутгалдаж явсан хүн бусдыг дандаа өөр шигээ санаж явдаг бололтой. Гэтэл цэвэр ариун ёс суртахуунтай, мэдлэгтэй, чадвартай, Монголоо боддог, улс үндэстнийхээ эрх ашгийг хамгаас түрүүнд тавьдаг бүхэл бүтэн шинэ үе гараад ирчихсэн байна. Туркийн алдарт яруу найрагч Назым Хикмет “Хэрвээ би шатахгүй юм бол, хэрвээ чи шатахгүй юм бол, хэрвээ бид бүгдээрээ шатахгүй юм бол хэн энэ түнэр харанхуйг чинь гийгүүлэх юм бэ?!” гэж дуу алдсан байдаг. Үнэхээр бид шатахгүйгээр амьдарч болохгүй тийм цаг үе иржээ.
Одоо хэр нь хардангүйгаар хандаж байгаа хүмүүст хариуцлагатайгаар хэлэхэд бидний ард ямар ч улстөр хийгээд улс төрч байхгүй. Бид хэзээ ч хэн нэгний сүүдэр дор явахгүй. “Барын сүүл явснаас батганын толгой бол” гэж сайхан сургааль бий. Бид монгол хүнийхээ хувьд өөрсдийн болон үр хүүхдийнхээ ирээдүйн сайн сайхны төлөө тэмцэж байгаа жирийн л иргэд. Тэмцэж байгаа нь биш, харин тэмцэхгүй байгаа нь л гайхал төрүүлмээр.

Г.Галбадрах: – АНУ-д 2 ч удаа “Монгол дахь Цөмийн Аюулыг эсэргүүцэж” жагсаал зохион байгуулсныг тань мэдэж байна. Энэ тухайгаа дэлгэрэнгүй ярина уу.

Л.Мөнхтөр: -Эхний жагсаалийг АНУ-ын дэд Ерөнхийлөгч Жоү Байденийг Монголд айлчлах үеэр зохион байгуулсан юм. Монголд ийм жагсаал болж байгаатай зэрэгцүүлээд. Лос-Анжелесийн Кореа таунаас 8,9 км зам туулж Япон Улсаас Лос Анжелест суугаа Ерөнхий Консулд шаардлагаа гардуулсан. Жагсаалын тайланг эндээс үзнэ үү.

Хоёр дахь жагсаал нь Кореа таунаас 14 км зам туулж, АНУ-ын Ерөнхийлэгч Б.Обамад хаягласан бичгээ АНУ-ын Төрийн Яамны Гадаад Бодлогын хэлтсийн Лос Анжелес дахь салбарт гардуулж өгсөн. Доорхи хаягаар орж үзнэ үү.
http://golomt.org/category/%D0%B8%D1%80%D0%B3%D1%8D%D0%B4-%D1%85%D3%A9%D0%B4%D3%A9%D0%BB%D0%B3%D3%A9%D3%A9%D0%BD%D2%AF%D2%AF%D0%B4/anti-nuclear-movement-facebook/%D0%BB%D0%BE%D1%81-%D0%B0%D0%BD%D0%B6%D0%B5%D0%BB%D0%B5%D1%81%D0%B8%D0%B9%D0%BD-%D0%BC%D0%BE%D0%BD%D0%B3%D0%BE%D0%BB%D1%87%D1%83%D1%83%D0%B4/

Г.Галбадрах: – АНУ-д ийм жагсаал цуглаан зохион байгуулахад хэрхэн хандаж байна вэ?

Л.Мөнхтөр: -Бид эхлээд зөвшөөрөл авах гээд ЦГ-руу утасдсан л даа. Гэтэл тэд “100 -аас доош хүнтэй жагсаал хийх бол заавал зөвшөөрөл авах шаардлагагүй. Хэрэв 100 -аас дээш олон хүнтэй, замын хөдөлгөөнд саад учруулахуйц бол 7 хоногийн өмнө мэдэгдэж, зохицуулалт хийх шаардалагатай” гэж тайлбарласан. Уулзсан цагдаа маань “шаардлагатай бол хамгаалалт гаргаж өгье, холбоо бариарай” гээд нэрийн хуудсаа өгсөн. Америкт бараг өдөр болгон, энд тэнд, янз бүрийн жагсаал цуглаан болж байдаг болохоор элдэв хориг саад байхгүй, харин тавьж байгаа 2
гол шаардлага нь -Олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулахгүй байх, -Замын хөдөлгөөнд саад учруулахгүй байх. Биднийг жагсаал хийж явахад бас Чили гаралтай иргэд жагсаал хийж байгаа тааралдсан. Тэдэнд хийгээд бидэнд жагслаа гээд ямар нэгэн хавчлага, дарамт алга.

Гэтэл өнгөрсөн 3-р сарын 11 нд Улаанбаатар хотод жагсаал зохион байгуулах болоход зөвшөөрөл өгөөгүйгээр барахгүй тагнуул болон цагдаагийн ажилтнууд алхам тутамд цагдаж, элдвээр саад хийх, дарамтлах оролдлого давамгайлж байсан. Зүгээр л үзэл бодлоо илэрхийлж , дуу хоолойгоо хүргэж байгаа үйлдлийг “хэт даврагсад” мэт үзэж “аймшигтай зүйл” мэтээр хардаад байж болохгүй л дээ. Ямар нэгэн санаа зовоосон асуудал байгаа болоод л, иргэд гэртээ санаа амар сууж чадахгүй гадагш гарч үгээ хэлж байгаа хэрэг шүү дээ.

Түүнчлэн бид саяхан 4 сарын 26-ны өдөр Чернобилийн ослын ойн өдрөөр жагсаал зохион байгуулсан. Дэлгэрэнгүйг доорхи холбоосоор үзнэ үү.
http://golomt.org/2012/05/18/neverforget/

ТАВ. ҮЗЭЛ БОДОЛ, ҮНЭЛЭМЖ

Г.Галбадрах: – Энэ асуудлын тухайд Монгол Улсын Ерөнхийлэгч Ц.Элбэгдорж “Монголд хэзээ ч Цөмийн хаягдал булахгүй гэж НҮБ-ийн индэр дээрээс мэдэгдсэн шүүдээ. Тэгэхээр айх явдал байхгүй юм биш үү?

Л.Мөнхтөр: -Үгүй дээ. Асуудлын гол нь НҮБ-ийн индэр дээрээс мэдэгдэл уншиж, зарлиг гаргаснаар шийдэгдсэнгүй хэвээр үлдэж, харин ч улам далд хэлбэрт орсон байгаа. Эрх баригчид А төлөвлөгөөгөөрөө явж байтал саад учрахаар нь үүрэг гүйцэтгэж байсан хэдэн хүнээ халж хариуцлага тооцсон болж жүжиглээд, нийт иргэдийг тайвшруулаад харин далдуур Б төлөвлөгөөнийхөө дагуу маш шаргуу ажиллаж байна.
Монгол Улсын Ерөнхийлэгч Ц.Элбэгдоржийн гаргасан зарлиг дээр жишээлж ярья.

Уг зарлигт “2. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн “зохих шийдвэргүйгээр” цөмийн хаягдлын асуудлаар бусад улс орон, олон улсын байгууллагатай хамтран ажиллах, Монгол Улсын нэрийн өмнөөс аливаа яриа хэлэлцээ хийх, гэрээ хэлцэл байгуулах, баримт бичиг үйлдэхийг хориглох.” – гэсэн заалт байгаа. Энэ юу гэсэн үг вэ гэвэл
” – Хэрэв Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн “зохих шийдвэртэй” бол цөмийн хаягдлын асуудлаар бусад улс орон, олон улсын байгууллагатай хамтран ажиллаж, Монгол Улсын нэрийн өмнөөс аливаа яриа хэлэлцээ хийж, гэрээ хэлцэл байгуулж, баримт бичиг үйлдэж болноо” л гэсэн үг. “Үгэн дотор үг” гэж энэ. Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлд Ерөнхийлөгч, Их Хурлын дарга, Ерөнхий сайд гурав багтдаг. Энэ 3-хан хүн бүхэл бүтэн улс үндэстэн, 3 сая шахам хүмүүсийн хувь заяаг ирээдүйтэй нь хамт шийднээ л гэсэн үг! Бүр нарийн яривал Үндэсний
Аюулгүй байдлын Зөвлөлийг ерөнхийлөгч даргалдаг. Хэрэв ерөнхийлөгч “за шийдвэр гаргая” гээд нөгөө 2-оо хүчлэх юм бол үндсэндээ нэг хүн л энэ бүхнийг шийднэ гэсэн үг! Тэгж болохгүй биз дээ?!
Жич:- Ерөнхийлөгчийн зарлигийн эхийг доор дарж үзнэ үү.
http://www.president.mn/mongolian/node/2101
2012 оны 4 сарын 17- ны байдлаар уран хайх, ашиглах 101 гаран тусгай зөвшөөрөл олгогджээ. Үүнээс хэд нь цуцлагдаж, хэд нь хүчинтэй байгаа болон хэд нь зарагдсаныг мэдэх боломж алга. Цөмийн Энергийн Газрынхан уг нь энэ талын бүртгэл судалгаа хийж, хяналт тавьж баймаар юм. Хэрвээ ураныг олборлоно гэж үзвэл хөрс хуулалтаас эхлээд цацраг идэвхит бодис тодорхой хэмжээнд урвалд орж агаар орчныг бохирдуулаад эхэлнэ. Ураны хүдрийн зөвхөн 10%-ийг нь цааш үйлдвэрлэлд ашиглаж, үлдсэн 90 % нь хорт хаягдал шороо, чулуун овоолго болон байгал дээр
ил задгай үлдэж, агаарт тоос болон дэгдэж хүн, амьтны амьсгалаар уушиг, дотор эрхтэн рүү орж хорт хавдар үүсгэнэ.
Түүнчлэн цас борооны усанд угаагдан хөрсөнд шингэж, гол нууранд нийлж ундны усаар дамжин хордуулна. Хэрвээ АЦС барих бол энд ашигласан хаягдлаа бид өөрсдөө л хадгалах болно. Ийм тохиолдолд цөмийн хог хаягдлаа хадгалах агуулахыг Монголдоо байгуулж ашиглах хэрэгтэй болно. Яг ийм байгууламжийг байгуулах л юм бол гадны хог хаягдлыг тэнд хамт булшлах их гүрнүүдийн “далд төлөвлөгөө” хэрэгжинэ. Түүнээс гадна Монголын ураныг баяжуулж гадагш экспортлоод оронд нь цөмийн хортой хаягдлыг дахин ашиглах түлш гэсэн нэрийн дор, эсвэл
энэ танайхаас гаралтай түлшнээс гарсан хог тул танайх буцааж авах ёстой гэж тулгана. Үүнийгээ тэд цөмийн цикл гэж өхөөрдөж нэрлээд байгаа. Хэзээ байтлаа ер нь хоолны газрын эзэн “- Чи манай хоолыг идсэн тул чиний баас чинь ч бас минийх” гэж байлаа даа. Үүнийг бусдын ашигласан цөмийн хог хаягдлыг өндөр үнээр хадгалж их мөнгө олох гэсэн манай эрх баригчдын далд төлөвлөгөө гэж харж байгаа.
Нөгөө талаар АЦС нь усыг асар их хэмжээгээр хэрэглэж, дахин юунд ч ашиглах аргагүй өндөр цацраг идэвхит хор болгон сүйтгэдэг.
Өнөөдөр Францын Арева компани Дорноговьд гүний усанд уусган баяжуулах замаар уран олборлож, шар нунтаг гарган аваад байгаа. Байгал дэлхийн дулаарал, бидний буруутай үйлдлээс үүдэн олон мянган гол горхи, нуур ширгээд байна. Туул гол энэ жил тасарлаа.
Орхон гол шалаам гэж нэрлэгддэг алтны уурхайн бохироор урсч байна. Ингэж гадаргын усаа сүйтгэсэн бид одоо гүний усаараа уран угаагаад, дээр нь атомын цахилгаан станцад сая сая шоо метрээр нь хэрэглээд эхлэх л юм бол ерөөсөө Монгол үндэстний голомт хүн, байгалтайгаа бүр мөсөн сүйрэх болно. Гэхдээ бид маш удаанаар тарчлах болно. Энэ бол тун ойрын бодитой ирээдүй.

Г.Галбадрах: – Хүмүүс Атомын цахилгаан Станцыг (АЦС) -ыг нэг их эсэргүүцэхгүй байх шиг. Энэ тал дээр таны бодлыг сонсоё.

Л.Мөнхтөр: – Урьд өмнө үзэж, эдлээгүй юманд хүмүүс их сониуч, шохоорхонгуй ханддаг шүү дээ. Яг энэ сэтгэхүй дээр нь дөрөөлөөд нийт хүмүүсийн сэтгэл зүйд Атомын цахилгаан Станц бол найдвартай, ямар ч аюулгүй эрчим хүч гэх ойлголтыг суулгах тархи угаалт их явж байна. Атомын цахилгаан станц ашиглахгүй гээд бид сүйрчихгүй, хөгжил зогсохгүй. Нүүрсний асар их нөөцтэй манай орны хувьд өндөр өртөг, эрсдэлтэй АЦС ашиглах ямар ч шаардлага байхгүй. Нүүрсээ бид гадагшаа хямдхан зарахын оронд нүүрсээ дотооддоо боловсруулж, шингэн түлш
үйлдвэрлэж шатахууны гачаалаас гарах, цаашлаад нүүрсний бүрэн шаталттай технологийг эзэмшиж хямд, аюул багатай, усны хэрэглээ багатай цахилгаанаар иргэдээ ашиглах талаар яагаад бодож болохгүй гэж. Ноднин жил Энержи Ресоорс компани ус ашигладаггүй, салхин хөргөлттэй дулааны цахилгаан станц (ДЦС) ашиглалтанд орууллаа.
Биднийг Сан-Франциско орохоор яавах замд нэг ДЦС тааралддаг юм. Гэтэл яндангаас нь утаа гарч харагддаггүй. Утааны оронд харин халуун агаар л зэрэглээтэж байсан. Сонирхоод судлаад үзсэн чинь “нүүрсний бүрэн шаталттай технологи “-ийн үр дүн байсан. Ерөөсөө СО2 ялгарахгүй гэсэн үг. Бид ДЦС- даа ийм өндөр технологуудыг авч ашиглаж болно доо уг нь. Дээр нь жилийн 365 хоногийн 320 гаруй хоногт нь байнгын нарлаг байдаг бас байнгын салхины нөөцтэй манай орны хувьд сэргээгдэх эрчим хүч гэж аугаа боломж байна. Юуны тулд “Нарлаг Монгол”
гэж хэлэгддэг билээ дээ. Энэ бол ямарч аюул, сөрөг нөлөөгүй, ашиглалтанд нэг л орчихвол түүнээс хойш ашиглалтын зардал маш бага, дээр нь хэзээ ч шавхагдаж дуусашгүй эрчим хүчний эх үүсвэр.
Тэгэхэд АЦС бол эдгээрийн асар өндөр өртөгтэйгээс гадна байнгын өндөржүүлсэн харуул, хамгаалалт, ашиглалтын нарийн горим шаардана. Дээр нь усны үрэлгэн хэрэглээ, өндөр эрсдлийг бидэнд тулгана. Хэрэв нэгэнт уранаа олборлоод, АЦС ашиглаад эхэлбэл бид байнгын түгшүүр, аюул занал дор амьдрах болно.

Г.Галбадрах: – Тэгэхээр та нарын тэмцлийн гол зорилго Монголд уран олборлохгүй, АЦС барьж ашиглахгүй байх гэдэг дээр л очиж байнаа даа?

Л.Мөнхтөр: -Ерөөсөө тийм! Энэ талаар эрх баригчид “Монголд АЦС барина, гэхдээ Цөмийн хаягдал булшлахгүй” гэж илэрхий худлаа ярьж сурталчлаад байна л даа. Цөмийн хаягдал булшлах нь Монголд мөрдөж байгаа хуулиар нээлттэй байгаа. Бас эрх баригчид маань далдуур гэрээ хэлэлцээр хийхийг оролдож байна. Ураны салбарт хамтран ажиллах санамж бичиг гарч байна, зарим уулзалт яриа нууц байдалд болж байна. Монгол орны газар нутаг болон монгол хүмүүсийн аюулгүй амьдрах эрхтэй холбогдох ийм асуудлууд яагаад биднээс нууц байх ёстой гэж?!
Яагаад энэ чухал асуудлыг хэлэлцэхэд иргэд бид оролцож, санал бодлоо тусгаж болохгүй гэж?!
Энэ бол зөвхөн бидний өнөөдрийн асуудал биш, бидний үр хүүхэд, хойч үе минь энэ газар нутаг дээрээ орших эс орших тухай асуудал. Тиймээс бид өнөөдөр олох ашгаа бодсон хомхой, харалган улс төрчдөд хувь заяагаа даатгаж, ийм эмзэг асуудалд “Бид мөнгө л олж байвал болоо” гэсэн өчүүхэн сэтгэлээр хандаж яавч боломгүй байгаа юм. Тэгэхээр бид энэ тал дээр үнэхээр сонор сэрэмжтэй, бас ухаалаг байх хэрэгтэй байна.

galaa-munkhtur-1“Хүн нутгаа сонгож төрдөг юм, үхэх газар хаа ч яах вэ.” гэж аав минь хэлдэг байсан.
Сайхныг нь олж харвал Монголын маань бүхий л нутаг сайхан!
Хаврын хавсарга нүдэж, шонгийн мод ульсан эзгүй хээр, намар оройн усан бороо уйлагнасан ой шугуй, хүйтэн өвлийн хөр цас нүд гялбуулсан тал нутаг, усгүй, модгүй нүцгэн бор толгодтой гандмал говь нутаг, ус ургамал нь жигдэрсэн зун цагийн хангай нутаг гээд ер нь аль нь ч миний сэтгэлд адилхан САЙХАН.
Яагаад гэвэл энэ чинь миний, таны, та бидний төрсөн нутаг, эх орон шүү дээ.
Ийм сайхан нутгийг сонгож төрсөн та бид унасан газар, угаасан усаа хайрлахгүй байхын аргагүй.

Бүгдээрээ эх орныхоо бүрэн бүтэн байдал, өөрсдийнхөө болон үр хүүхдийнхээ
эрүүл, амар тайван амьдралын төлөө хүчээ нэгтгэн тэмцэцгээе!
…Л.Мөнхтөр бид 2 хэд хэдэн удаа уулзалдаж байсан юм. Түүний сэтгэлийн чанад байгаа Монгол эх орныхоо төлөөх зовинол нь надад таалагддаг. Түс тас яриатай, хэлсэндээ хүрдэг, эршүүд чанар нь түүнийг бусдаас ялгадаг. Уртын дуу их сайхан дуулна. Хааяадаа “нэг сайхан уртын дуу дуулчих” гэж гуйхад ер цааргалахгүй. Бид 2 хамтдаа түүний ажиллаж байсан Universial studi дээр очиж үзсэн. Ямартай ч тэрээр Холливиудад зураачаар ажиллаж байсан анхны монгол. Харин түүний Америкт байгаа хэрнээ Монгол нутаг, газар шорооны төлөө хийж байгаа тэмцэл нь
энэ ярилцлагыг хийх “шалтаг” нь болсон юм. Амарлин болон Л.Мөнхтөр нарын санаачилсан “Цөмийн аюулын эсрэг” монголчуудын хөдөлгөөний тухай сонирхвол www.golomt.org сайтаас мэдээлэл авч болно. Ямартай ч Монголын Цөмийн Аюулгүй ирээдүй болон та бидний үр хүүхдүүдийн айх айдас, сэтгэлийн дарамт, шаналалгүй амьдрах ирээдүйн төлөө, тэдний хийж байгаа тэмцэл үр дүнгээ өгөх болноо. Яагаад гэвэл тэд ямар ч улстөржилтгүйгээр чин сэтгэлээсээ л үүний төлөө зовинож байгаа юм. Та нар мундаг шүү.

Share Your Thoughts