Шандаст хурдан хүлэг, гайхамшигт морин хуур

ШАНДАСТ ХУРДАН ХҮЛЭГ- ГАЙХАМШИГТ МОРИН ХУУР

Гантулгын Уртнасан
“Монголчууд Америкт” цуврал ярилцлага-35

Нэг. Хурдан морины унаач хүүхэд

-Г.Галбадрах: Хаана төрж, хаана өсөв дөө?
-Г.Уртнасан: Би Улаанбаатар хотод төрж, Налайхын голд өслөө. Бага наснаасаа л өвөө, эмээгийнхээ дэргэд байж, хөдөөний хүүхдүүдийн адилаар морь унаж, цаг наргүй их ажлын дунд хүмүүжсэн. 5 настайдаа морь унаж сурч, 6 настайгаасаа л хурдны морь унаж уралдаж эхэлсэн. 8 жил хурдны морь унаж байснаас улс, бүсийн наадамд олон айраг, түрүү авч байв.
-Г.Галбадрах: Энэ харин сонирхолтой түүх байна. Унаж хурдлуулж байсан морьдоосоо нэрлээч.
-Г.Уртнасан: Миний унаж байсан морьдоос Гарамжавын тогоруу халтар,  өсгий цагаан хар азарга, гоё хүрэн, бага тогоруу, үст хүрэн гэхчилэн олон хурдан хүлгүүд байлаа. Монгол Улсын манлай уяач Гарамжав өвөөгийн ач зээ нараас би ганцаараа хурдан морь унаж байсангүй. Миний өмнө унаж байсан үеэл  Түмэнжаргал ах маань олон ч айраг түрүүг өвөөд авчирч өгч байсан. Түмэнжаргал ах маань надад хурдан морь унах эрдмийг зааж сургаж өгсөн юм.
-Г.Галбадрах: Тэгэхээр чи Монгол Улсын Манлай уяач Гарамжав асаны ач хүү нь болох нээ. Өвөөгийнхөө тухай товч дурсвал?
-Г.Уртнасан: Миний өвөө Монгол Улсын Манлай уяач Дамдинсүрэнгийн Гарамжав гэж аатай, адтай уяач гэдгээрээ олонд алдаршсан хүн байлаа. Морь таних авьяас, морь уяах эрдмээрээ их ч алдартай. 1994 онд би “өсгий цагаан хар” нэртэй 7 настай азаргыг унаж уралдлаа. Хар азарга их хурдан хэрнээ ихэвчлэн хадуурдаг. Наадмын өмнөх сунгаа болон  ид бэлтгэлийн үед би хар азаргынхаа амыг дийлэхгүй хадууруулна. Зарим ах нар маань өвөөд хандаж “Энэ Мэнгээ \намайг тэгж дууддаг байсан юм\ хар азаргыг унаж дийлэхгүй нээ. Унаж сурсан хүүхдээр нь
унуулья” гэхэд нь өвөө “Би хүүхэд морь 2 оо мэдэж байнаа” гэж хэлж байсан юм даг.
Тэр зуны наадмын өглөө азарга мордож байхад өвөө намайг мордуулахдаа “За хүү минь, өнөөдөр азарга чинь түрүүлнэ.  Уг нь 7 настай азаргыг түрүүлүүлж болдоггүй юм шүү. Гэхдээ миний хүү өөрөө мэдээд л уралдаад ир дээ ” гэж захив. Азарга ч гараанаас эргэж, Айдасын даваа өнгөрөхөд миний өмнө зөвхөн тугтай “69” машин л давхиж явлаа. Алдарт толгой өнгөрөөд Буянт-Ухаа руу өгсөж явахад арын азарга маань надаас нилээд хол зайтай давхиж байв. Тэр үед дотроо “Өвөөгийнхөө захисныг биелүүлж чадахгүй нь дээ” гэж бодож байсан сан. Гэхдээ хүүхэд л
болсон хойно, түрүүлчихийг л бодно шүү дээ. Гэтэл Буянт -Ухаа уруудаад явж байтал азарга минь хадуурлаа. Амыг нь татах гэж оролдсоор арай гэж эргүүлж замдаа оруулаад барианы газраас хэдхэн алхам дутуу байхад Монгол Улсын Тод Манлай уяач Д.Даваахүүгийн “цолмон халтар” халтар азарганд гүйцэгдэж аман хүзүүдэж байв.
Тэр цагийг одоо эргээд бодоход, миний өвөөгийн ааг омгоор, өөрийнх нь бодож хүссэнээр л бүх юм болдог байсан юм шиг санагддаг юм. Өвөө минь бусдад дургүйцэх үедээ “Та нар дуугүй бай, би мэдэж байна” гэдэг сэн. Их ч аатай, өөртөө итгэлтэй хүн байсан даа. Тэр наадамд хар азаргаа аман хүзүүдүүлж дотроо жаахан урам муутай байсан ч, маргааш нь шүдлэн насны уралдаанд “бага тогоруу” нэртэй шүдлэн үрээгээ унаж түрүүлж байв. Миний хүүхэд нас морьтой, наадамтай, сайхан дурсамжаар дүүрэн өнгөрсөн юм даа.
-Г.Галбадрах: Хурдан морь хэр давхих нь унаач хүүхдээс их шалтгаална биз?
-Г.Уртнасан: Гарамжав өвөө минь хэлэхдээ “Морь хэдий хурдан, уяач хэдий эрдэм чадалтай байлаа ч унаач хүүхэд  муу бол амжилт ирэхгүй” гэдэг байсан. Тэгэхээр унаач хүүхдээс хурц сэргэлэн ухаан, зориг тэвчээр, шалмаг хөдөлгөөн шаарддаг. Хэдийгээр тэд ухаан сэргэлэн, биенээсээ ахадсан ажил хийж байгаа ч хүүхэд л болсон хойно өлсөж цангана, ядарна, өвдөж зовно.  “Унаач хүүхдийн аюулгүй байдлыг сайн хангаж байх хэрэгтэй” гэж өвөө минь захидаг байсан.
-Г.Галбадрах: Улсын наадмаар уралдаж байхдаа хурдан морь унаач хүүхдүүд мориноосоо гадна, газрын байдал, хаана хэдийд яаж давхихаа сайн тооцоолох уу?
-Г,Уртнасан: Тэгэлгүй яахав. Уралдах газрын баримжаагаа сайн мэдэж байх ёстой. Хаана нь гуу жалга байгаа, хаана нь өгсүүр, хаана нь уруу гээд бүгдийг мэдэж байж мориныхоо давхилтыг тооцоолно. Бас хичнээн морь уралдаж байгаагаас шалтгаалаад гарааны зурхайгаас хаана нь яаж эргэхээ хүртэл тооцоолно. Үүний тулд мориныхоо араншинг маш сайн мэдэж байх хэрэгтэй болдог.  Хүмүүс болохоор унаач хүүхдийг зүгээр л нэг морь жолоодоод, зөнгөөр нь давхиж ирдэг юм шиг санадаг байх. Яг үнэндээ энэ чинь бас л их эрдэм юм шиг санагддаг.
Миний хурдан морь унаж байх үед нийгэм цаг үе нь солигдож, малчдын амьдрал ахуй бага ч гэсэн дээшилсэн үе байлаа. Ардын Хувьсгалын 69, 70, 71 жилийн ойн наадамд азарга, их насны морьд 1000 гарч уралдаж байсан нь бас бахархмаар санагдаж байсан.
-Г.Галбадрах: Одоо хэр нь хурдан морь унаач хүүхдүүдийн аюулгүй байдал болон хөдөлмөр зүтгэлийг нь үнэлэх  үнэлэмжийг нь шийдэж чадахгүй маргасаар байгаа бололтой.
-Г.Уртнасан: Хурдан морь унаач хүүхдийн аюулгүй байдалд заавал анхаарах ёстой. Тэд ихэвчлэн бага насны хүүхдүүд байдаг болохоор эрсдэл ихтэй. Харин унаач хүүхдүүдийн амжилтыг үнэлэх тухайд, унаач хүүхдүүдэд амжилтаар нь “Спортын мастер” цол олгож байх тухай яригдаж байгаад чимээгүй болсон л доо. Энэ талаар ч бас л нэг алхам хийх хэрэгтэй юм шиг санагддаг. Тухайн морины хэр хурдлах нь унаач хүүхдээс их шалтгаалж байгаа гэдэг нь маргашгүй үнэн. Тэгэхээр тэдний зүтгэлийг ямар нэгэн хэмжээгээр үнэлж байх хэрэгтэй юм шиг.
-Г.Галбадрах: Хурдан морь унаж өссөн болохоор хожим нь өөрөө морь уяж байв уу?
-Г.Уртнасан: Нас бие минь өсөж хурдан моринд хүнддэх болсон үедээ нагац ах нартайгаа хурдан морь уяхад нь тусалж байсан. Наадам дөхөөд хурдан мориныхоо уяа сойлгыг тааруулж, идэш тэжээлийг нь тохируулж, заримдаа морио хараад хээр хонож байхад сайхан байдаг юм даа. Хэд хэдэн удаа наадамд морь уяж байсан. Одоо ч миний нэр дээр данстай хэдэн хурдан хүлэг бий.
-Г.Галбадрах: Манлай уяач Гарамжав гуайн хүүхдүүд нь одоо хэр морь уяж, хурдлуулан нэр төртэй, олон хүний хүндэтгэл хүлээж яваа. Сундуйжав уяач, Ганбат уяач гээд хурдан мориороо алдаршсан хүмүүс байдаг. Тэдний тухай товч дурсвал?
-Г.Уртнасан:  Манай өвөө 4 хүү, 5 охинтой. Өвөөгөөс минь хойш 4 хүү нь хурдан морь уяж, хурдлуулан аавынхаа нэрийг өргөж яваа. Том хүү Сандуйжав нь “Монгол Улсын гавьяат малчин”, “Тод манлай уяач”. Хүү Ганхүү нь “Монгол Улсын начин”, “Алдарт уяач”. Хүү асан Ганболд нь Монголын морин спортод үнэтэй хувь нэмэр оруулсан гавьяатай хүн. Харамсалтай нь ид бүтээдэг насан дээрээ хорвоогоос хальсан юм. Бага хүү Ганбат нь  “Алдарт уяач”. Хүмүүс “гоё хүрэн”-ий Ганбат гэдгээр нь сайн танина. Би багаасаа л нагац ах нартайгаа их ойр өссөн. Одоо ч
найнга тэднээсээ заавар зөвлөөгөө авч байдаг даа.
-Г.Галбадрах: Аав ээжийнхээ тухай товч танилцуулаач?
-Г.Уртнасан:  Миний аав “Монгол Улсын начин” Эрдэнэбаяр, ээжийг минь Гантулга гэдэг. Ээж минь Гарамжав гэдэг хүний 2 дахь охин нь. Би доороо эрэгтэй, эмэгтэй 2 дүүтэй. Аав ээж 2 минь өдийг хүртэл намайг бүх талаар дэмжиж явдагт их ч баярлаж байдаг.
Хоёр. Морин хууртай холбогдсон үе
-Г.Галбадрах: Морь унаач, уяач залуу маань Хөгжим Бүжгийн Коллежийг яагаад сонгосон юм бэ?
-Г.Уртнасан: Намайг морь малтай ойр өссөн болохоор ойр тойрны мэдэх хүмүүс намайг Хөгжим Бүжгийн Коллеж \ХБК\ -д элсэж хөгжимчин болсон гэхээр гайхдаг байсан. Манай өвөө, эмээ 2 маань дуу хууранд их дуртай. Өвөө маань уртын дууг шаггүй аялчихдаг жихэнэ эр хүн байсан юм. Тийм болохоор тэд маань намайг морин хуурч болоход их ч нөлөөлсөн хүмүүс дээ. ХБК-д шалгалт өгөхөөр ээжийнхээ гараас хөтлөөд явж байхад “зөвхөн морин хуурын ангид л ороорой” гэж өвөөгийн захисан үг л толгойд эргэлдэж байв. Миний аз таарсан уу, өвөөгийн минь
хүслээр болсон уу ХБК-ийн олон шалгалтыг давж, морин хуурын ангид элсэн орж байлаа.
-Г.Галбадрах: Тэгээд л суралцаж эхэлж дээ.
-Г.Уртнасан: Надад морин хуурын “А” үсгийг багш нар маань УГЗ Ё.Батбаяр, багш Амаржаргал асан, Ганболд, МУАЖ Ц.Батчулуун багш нар минь байлаа.  Тэд нараараа одоо ч бахархаж, сэтгэлдээ ямагт талархаж явдаг шүү. Тэгээд л их ч завгүй хичээллэж эхэлсэн. Тэр үед ХБК-д суралцаж байсан хүүхдүүд бусад сургуулиудаас ч их ачаалалтай байдаг байсан. Урлагийн дээд түвшиний мэргэжилтэн бэлтгэдэг Монголын нэр хүндтэй урлагийн мэргэжлийн энэ сургуульд суралцаж төгссөнөөрөө би маш их бахархаж явдаг.
-Г.Галбадрах: ХБК-д элсээд хурдан морио орхисон уу?
-Г.Уртнасан: ХБК-д суралцаж байхдаа ч морио орхиж чадалгүй, зуныхаа амралтаар хөдөө очиж адуу малтай ноцолдсоор гар хуруу ч эвдэрч “хөгжимчин хүнийх” гэхээргүй болж намар хичээлдээ ирдэг сэн. 8-р ангид орох намар мэргэжлийн хичээлээ Ц.Батчулуун багштайгаа хамт бэлтгэж суугаад багшдаа нэг сайн зэмлүүлсэн юм. 8-р ангид орох шалгалт нь курс ахих болохоор нилээд хүнд шалгалт л даа. Багшийн минь тэвчээр алдагдаж “чи морь, морин хуур 2-ынхоо нэгийг яг одоо сонго. Хэрэв морин хуураа сонгоё гэж бодож байгаа бол хөдөө явж адуу малтай ноцолддогоо боль, хэрэв морио сонгоё гэж бодож байгаа бол яг одоо энэ өрөөнөөс гар” гэж зэмлэж билээ.
Яг тэр үед хүсэл, хясал 2 хэрхэн зэрэгцдэгийг мэдэрсэн. Би болохоор мориндоо ч морин хууртаа ч аль алинд нь дуртай байдаг. Гэхдээ багш минь намайг мэргэжлээрээ тууштай хичээллэ гэж л шахаж байсан хэрэг байх.  Морин хуураа сонгож үлдэж байхдаа, хүүхдийн гэнэхэн ухаанд “мориноосоо үүрд хагацаж байгаа юм шиг” гунигтай сэтгэл төрж байсан сан.
-Г.Галбадрах: Амаргүй сонголт хийж байжээ,
-Г.Уртнасан: Тэр жил 8-р ангидаа орж, завгүй хичээллэсээр сургуулиа төгсөж, “хөдөө явах” бодлоо орхиогүй байтал Морин Хуурын Чуулга \МХЧ\-д хөгжимчнөөр орлоо. Хэдийгээр нас минь бага байсан ч дуртай мэргэжлээрээ энэ нэр хүндтэй чуулгад ажиллаж байгаадаа сэтгэл их өег байдаг болсон. Угаасаа ч их завгүй боллоо. Өглөө хичээл, өдөр сургуулилт, орой тоглолт… Оюутны 4 жил харавсан сум шиг л хурдан өнгөрсөн.
Жил болгоны наадмын өглөө чуулгынхантайгаа Төв Цэнгэлдэх Хүрээлэнд наадмын нээлтэд тоглох гээд зогсож байхад “бие минь цэнгэлдэх хүрээлэнд ч сэтгэл санаа минь морины талбайд байдаг” байлаа.  \инээв\
Гурав. Морин Хуурын Чуулгад
-Г.Галбадрах: Морин Хуурын Чуулга бол Монголдоо төдийгүй дэлхийн олон оронд ур чадвар, нэр хүндээрээ ихэд үнэлэгдэн хүндлэгддэг.
-Г.Уртнасан: Би 2000 оны намар Морин Хуурын Чуулгад  хөгжимчнөөр элсэж 2007 он хүртэл тасралтгүй ажиллахдаа гадаадын олон орноор аялан тоглолт хийхэд оролцож байв.  Японы Santory Hall, Италийн Ром дахь театрт, Австрийн Венийн Golden Stage, Москвагийн шинэ Большой Театр, Германы Philharmonic Hall Berlin, Швейцарьт болон НҮБ-ийн танхим гэхчилэн дэлхийн алдартай тайзнаа тоглож байсандаа ямагт бахархаж явдаг.  МХЧ миний хөгжимчин болж төлөвших суурь нь болж өгсөн юм. Анх энэ чуулгад ороод мундаг чадвартай ах эгч нарыг хараад балмагддаг байж билээ. Харин
тэд өөрсөддөө байгаа ур чадвар, туршлагаа надад харамгүй зааж өгч ХБК-ийн оюутан байсан надад их ч тус хүргэсэн.
-Г.Галбадрах: Тийм ээ, сайн хамт олон, мундаг уран бүтээлчдийн дунд ороод л жинхэнээсээ ур чадвар, туршлагатай болдог байх.
-Г.Уртнасан: Тэднээс сайн суралцсаны хүчинд  Монголын Оюутны Холбоо \МОХ\-ны “Манлайлагч оюутан” цол тэмдгээр шагнагдаж байлаа. Тухайн үед ах эгч нарынхаа хүгжим, хувцсыг зөөж, хөдөө гадаагүй дагаж гүйдэг байсан нь өдгөө сайхан дурсамж болон үлджээ. Хааяа эргэн санахад сайхан байдаг юм.
-Г.Галбадрах: МХЧ-д ажиллаж байхдаа оролцон тоглож байсан томоохон уран бүтээлүүдээсээ нэрлэвэл.
-Г.Уртнасан: МХЧ-ын тоглолт болгон нь их чухал байдаг. МХЧ-ын нэр хүнд асар өндөр байдгаас тэр шүү дээ. Дээр дурдсан дэлхийн нэр хүндтэй тайзуудад тоглогдсон бүтээл болгон нь  томоохонд тооцогдох байх. “Төрийн хошой шагналт”, АЖ Жанцанноров гуай алдарт хөгжмийн зохиолч Бизегийн “Кармен” дуурийн сюйтийг  МХЧ -д хөрвүүлж тоглуулсан нь их ч том амжилт. Монголын Үндэсний хөгжмийн оркестрт , тэр дундаа морин хуураар барууны сонгодог дуурийг тоглоно гэдэг тэр болгон санаанд багтаад байх зүйл биш гэж боддог. Маш олон төрлийн хөгжмийг
морин хуурт хөрвүүлэн тоглоно гэсэн үг.
Манай МХЧ дотроо ч хөгжмийг маш сайхнаар хөрвүүлж, найруулан тоглодог хүмүүс байгаа. СТА хөгжмийн зохиолч, морин хуур удирдаач Түвшинсайхан, СТА морин хуурч Шинэбаяр, СТА ятгач Жамбалсүрэн гэх мэт. Морин хуур хөгжмийг ЮНЕСКО дахь биет бус үнэт өвийн санд бүртгэх эгзэгтэй агшин МХЧ-ын тоглолтоор өндөрлөж байсан нь мартагдашгүй дурсамж болон үлджээ.
-Г.Галбадрах: Одоо хэр нь МХЧ-ын АНУ дахь төлөөлөгчөөр ажиллаж байгаа гэсэн.
-Г.Уртнасан: МХЧ бол Монгол Улсынхаа нэрийг дэлхийн олон оронд өндөрт өргж яваа урлагийн байгууллага. Манай чуулгаас Япон, Герман, Өвөрмонгол гэсэн олон газарт өөрийн бие төлөөлөгчөө суурьшуулсан байгаа. Тэд МХЧ-аар овоглож, морин хуураа сурталчилж, түгээн дэлгэрүүлж яваа хүмүүс. Миний хувьд МХЧ-ын АНУ дахь төлөөлөгч гэж явдаг. Тийм болохоор АНУ-д морин хуурыг сурталчлан, түгээн дэлгэрүүлж,  үндсэн болон онлайн сургалтаа улам өргөжүүлэхийн төлөө хичээж явна.
Дөрөв: АНУ дахь уран бүтээлүүд
-Г.Галбадрах: АНУ-д хэдийд ирсэн юм бэ?
-Г.Уртнасан:  2007 онд Америкт оюутан болж ирлээ. Анх энд ирээд бусад орнуудад  аялан тоглолтоор явдаг байсантай адил бодогдож “нэг их удахгүй буцах юм шиг” л санагддаг байж билээ.  Ирснээсээ хойш 8 сарын дараа Индиана мужийн Блүүмингтон  хотноо  Далай ламыг айлчлах үед анхныхаа тоглолтод оролцож байлаа. Тэгж явахдаа АНУ-дахь Монгол Соёлын Төвийн тэргүүн доктор Саруул-Эрдэнэ ахтай  болон тус төвийн хамт олонтой танилцаж байсан юм. Түүнээс хойш бид нилээд зүйл дээр хамтран ажиллаж байгаа.
-Г.Галбадрах: Чамайг МСТ-ийн зохион байгуулдаг “цуврал лекц”-энд оролцож илтгэл тавьж байсныг санаж байна.
-Г.Уртнасан: Тэдний санал болгосноор Вашингтон ДС-д очиж “Морин хуурын үүсэл хөгжил” сэдвээр лекц уншсан.  Ер нь АНУ-д урлаг соёлын олон арга хэмжээ зохиогддог ч морин хуурын тоглолт сурталчилгаа бага байсан нь надад анзаарагдаж байв. Энэ нь морин хуурын мэргэжлийн хүн олон биш байсантай холбоотой байсан байх л даа.
-Г.Галбадрах: Тэгээд  л АНУ-д морин хуурыг сурталчлах ажлуудыг хийж эхэлсэн байх.
-Г.Уртнасан:Морин хуурын тоглолт сурталчилгаа хийхийн тулд олон ч газар олон ч тоглолт арга хэмжээнд өөрийн зардлаар очиж оролцож байв. Нэг талаасаа “би энд байгаа шүү” гэдгээ бусдад мэдрүүлэх гэж хүссэн хэрэг. Хаана ч очсон “Морин Хуурын Чуулга”-ын  хөгжимчин гэсэн нэрээр минь хүмүүс маш сайхан хүлээж чав байсан нь надад их урам төдийгүй боломжийг ч мэдрүүлж байв. 2009 онд МСТ-тэй хамтран МХЧ-ын дэргэдэх “Хуурчийнхан” сургалтын төвийн салбрыг Вашингтон ДС хотод нээлээ. Харин энэ сургалтыг монголчуудаас гадна гадаад хүмүүс их сонирхож байсан.
Хэсэг хугацааны дараа морин хуурын онлайн сургалтыг өөрийн шавь Robert Gay-тэй хамтран нээв. Энэ онлайн сургалт нь морин хуурыг сонирхогч гадаад дотоодын хэн ч байсан  энэ дэлхийн хаана байгаагаас үл хамааран цахим сүлжээг ашиглан сурах боломжийг олгож байгаа юм. Энэ сургалт нь шавь болон академик сургалтын хэмжээнд хүрэхгүй боловч сонирхогчийн хүрээнд сурах болон энэ талаар мэргэжлийн зөвлөлгөө  авахад тус болно.
-Г.Галбадрах: Энэ бол сайхан санаа, үр дүнтэй эхлэл байна.  Мөн АНУ-д зохиогдсон олон арга хэмжээ болон тоглолтуудад оролцсон тухайгаа дурдвал?

-Г.Уртнасан:  АНУ-д ажиллаж амьдарч байгаа монголчууд маань олон арга хэмжээ олон сайхан тоглолтуудыг санаачлан хийдэг болохоор боломжоороо дэмжиж оролцдог юм. З.Хангал агсаны дурсамжийн “Аяны шувууд” тоглолтод З.Хангалын “морин хуурт зориулсан концерт”-ийг, Станфордын Их Сургууль дээр зохиогдсон  Монгол Соёлын томоохон арга хэмжээнд Станфордын оркестртой хамтран  Б.Шаравын “морин хуурт зориулсан концерт”-ийг,Конгрессийн номын сангийн ордонд Далай ламын айлчлалын үеэр тоглосон тоглолтууд маань миний зүгээс морин хуурын
хөгжил болон сурталчилгаанд оруулсан өчүүхэн хувь нэмэр гэж боддог доо.
-Г.Галбадрах: Саяхан хүүтэй болсон гэсэн баяр хүргэе.
-Г.Уртнасан: Их баярлалаа. Саяхан гэр бүл зохиож хөөрхөн хүүтэй болсон. Хөөрхөн хүү төрүүлж өгсөн хайрт хань  Болорсүрэндээ баярлаж яваа.
-Г.Галбадрах: Миний саналыг хүлээж авч уулзаж ярилцсанд их баярлалаа. Би ч бас Монголын Морин Хуурын Чуулгын тоглолтыг бишрэн үздэг. Энэ чуулгын нэрийн өмнөөс АНУ-д морин хуурыг сурталчлан дэлгэрүүлж, хөгжүүлэх үйлсэд тань  баяр хүргэж, их амжилтыг ерөөе. Бас танай гэр бүлд аз жаргал сайн сайхан бүхнийг бэлэгдье.

-Г. Уртнасан: Танд ч бас их баярлалаа. Энэ дашрамд намайг их урлагт өдий зэрэгтэй өсч өндийхэд чин сэтгэлээсээ санаа тавьж сургасан АЖ Ц.Батчулуун багшдаа болон Монгол Улсын МХЧ-ын хамт олон, нийт уран бүтээлчдэд, ХБК-ийн багш хамт олонд маш их талархаж явдгаа илэрхийлье. Удахгүй эндэх албаа дуусгаад МХЧ-таа эргээд очиж, хамтдаа олон сайхан уран бүтээлийг туурвина гэж бодохдоо их баяртай байгаа  шүү.
…Г.Уртнасан АНУ-д ажиллаж амьдарч байгаа монголчуудын дунд зохион байгуулагдсан урлаг, уран сайхны олон арга хэмжээнд байнга оролцож явдаг. МХЧ-аар овоглосон түүний  тоглолтын ур чадвар их ч мундаг юм билээ. Харин түүнтэй энэ талаар ярилцаж эхлэхдээ түүний бага наснаасаа хурдан морь унаж байсан, алдарт уяачдын гэр бүлд өсч өндийсэн дурсамжууд нь миний сэтгэлийг  хөдөлгөж орхисон. Хурдан морины тухай ярихдаа түүний сэтгэл нь сэргэж, хэрхэн уралдаж байснаа хуучлахдаа ч аргагүй л моринд дуртай монгол залуугийн хийморийг илтгэх мэт байв. Нэгэн цагт хурдны морь унаж Айдасын даваа, Алдарт толгой, Буянт-Ухаагийн хөндийг гийнгоогийн дуугаар сэргээж явсан тэрээр өдгөө АНУ-д морин хуурын гайхамшигт аялгуугаар бишрүүлж явна. Хурдан хүлгийн янцгаалт, унаач хүүхдийн гийнгоо, хоёрхон чавхдаст хорвоог  уяраан эгшиглэх морин хуургүйгээр монголчуудыг хэрхэн төсөөлөх билээ. Уясан хүлэг тань хурдтай байж, уянгат хуурын эгшиг тань ямагт ялгуун сайхнаар дуурсаж байх болтугай.

photo6

hongor moritoi

scan0007

023

182713 1859253922470 1274577573 32172013 4615989 n

CERESENDO 31

Share Your Thoughts