Би баян хүн

Вашингтон ДС орчмын монголчуудын эрхэлдэг бизнесийн дийлэнх нь чулууны үйлдвэрлэл байдаг. Байгалийн болон хиймэл чулуугаар гал тогооны тавцан, ширээ болон банны өрөө, камин, бусад олон бүтээгдэхүүнүүдийг хийдэг юм. Tомоор бэлтгэсэн хавтгай чулууг зүсч, үйлчлүүлэгчийн захиалгын дагуу гоёмсог сайхнаар хийж өнгөлж, гэрт нь аваачиж угсарч бэлэн болгодог бизнес л дээ. Албан ёсоор зөвшөөрөл авч үйл ажиллагаагаа явуулдаг хэд хэдэн үйлдвэр байдгийн нэг нь бидний мэдэх Pyramid granite үйлдвэр. Хэдэн жилийн өмнө байгуулагдаж байсан
энэ үйлдвэр өдгөө Америкийн зах зээл дээр баттайгаар хөлөө олсон төдийгүй, нийслэл Вашингтон ДС хавьдаa нилээд боломжийн үйлдвэр гэж үнэлэгддэг юм. Энэ үйлдвэрийг байгуулж өдгөө хүртэл амжилттай авч яваа “эзэд” -нь М.Дэлгэрцогт, Д. Өлзийхуяг хоёр.

М.Дэлгэрцогтыг Вашингтон ДС орчмын Монголчуудын Холбооны удирдлагад байдаг гэдгээс гадна, Вашингтон орчмын Монголчуудын олон үйл ажиллагааг дэмжин санхүгийн туслалцаа үзүүлдэг гэдгээр нь монголчууд сайн мэднэ. Дэлгэрцогт бид хоёр уулзаж, Америкт эрхэлж байгаа бизнесийнх нь талаар ярилцлаа.

  Нэг. Америкт дахь бизнес бол өрсөлдөөн

-Г.Галбадрах: Хэзээнээс энэ үйлдвэрээ байгуулсан юм бэ?

-М.Дэлгэрцогт: 2004 онд Хуягаа, Батбаяр бид гурав энэ үйлдвэрийг хамтран байгуулж, үйл ажиллагаагаа эхэлж байсан юм. Нөгөө 2 маань чулууны үйлдвэрт ажиллаж байсан туршлагатай. Харин би болохоор энэ талаар ямар ч мэдлэг туршлагагүй. Ажиллаж эхлээд 1 жилийн дараа Батбаяр өөр үйлдвэр байгуулан тусдаа гарч, Хуягаа бид хоёр өдийг хүртэл хамтран зүтгэж байна. Тэр цагаас хойш 8 жил өнгөрсөн боловч одоо бодоход их ч зүйл өөр байж дээ. Нэрийн хуудсыг гэхэд Б. Номинчимэдээр хийлгэж байлаа. Одоо МонЦаМэ-д байгаа. Номио маань Америкийн анхны монгол сонины нэг болох “Даяармонгол”-ыг гар аргаар хийж байсан юм. Хааяа гэрт нь ороход зай байхгүй, өрөөндөө баахан хуучин принтер тавьчихсан, тэр бүхний цаанаас толгой нь цухуйх төдий л сууж байдаг сан. Өрөө дүүрэн принтерийн хор үнэртээд үзэж тардаг байсан даа мань хүн. Жижиг принтерээр хийсэн хуудсуудаа гараар үднэ. сонин нь 1 долларын үнэтэй, гучин хэдэн цент нь шуудангийн маркандаа явчихна, үлдсэн жаахан юм нь  цаас, хор, зардалдаа хүрэхтэй үгүйтэй л байдаг. Тэгж гүрийсээр байгаад л одоогийн “Даяармонгол” сайтыг босгоод авсан шүү. Тэр үед хийж өгсөн карт нь одоо ч надад байдаг юм. Бараг музейд тавьж болохоор эд байгаа.

-Г.Галбадрах: Эхэндээ амаргүй байсан уу?

-М.Дэлгэрцогт: Амаргүй байсан. Ганц хуучин хөрөө, aахар шаахар бусад юм худалдаж аваад эхэлж байсан. Утас дуугардаггүй, хүн ч ирдэггүй. Тэгээд өөрсдөө гадуур явж машины зогсоол гэх мэт газруудаар танилцуулгаа тарааж эхэлсэн. Анх биднийг ажил эхэлж байхад Sharon гэж Хуягаагиийн маань танил нэг дизайнер эмэгтэй их тусалсан. эхэн үед тэр л бидэнд мэр сэр үйлчлүүлэгч олж өгч гал залгуулж байсан гэхэд болно. Тэгсээр аажим аажимдаа арга эвээ олж эхэлж байгаа юм. Хуягаа маань бүх юмаа маш сайн мэддэг. Бид бүх зүйлээ ярьж, шийдвэрээ хамтдаа гаргадаг. Хэрэв Хуягаа байхгүй байсан бол би энэ бизнесийг яагаад ч барахгүй байсан л даа.

-Г.Галбадрах: АНУ-д бизнес хийх боломжийн талаар?

-М.Дэлгэрцогт: Америк бол хүнд боломжийг олгодог орон. Хэн ч ямар ч бизнес хийх боломж нь нээлттэй. Гол нь өрсөлдөөн. Тэр дундаас “Яаж гарч ирэх вэ?” гэдэг л гол асуудал. Үүний тулд л толгойгоо өвтгөх ёстой. Ер нь бизнес эрхэлж байхад үргэлж л нэгийг бодож төлөвлөж явдаг, Хэрэв бусдад ажиллаж байсан бол ажил тараад л толгой амар, бодох юмгүй гайгүй байна шүү дээ. Бид ч энэ ажлаа эхлэхээс өмнө тийм л байлаа.Чингис хааны хэлсэн “Мориноосоо буулгүй дэлхийн талыг эзлэх амархан, харин мориноосоо буугаад төр улсыг төвхнүүлэх амаргүй” гэж хэлдэг шиг, хэдэн төгрөг төлөөд, өргөдлөө гаргаад бизнес хийх эрхээ авах бол зөвхөн эхлэл л болж байгаа юм.

-Г.Галбадрах: Гэхдээ та нар, ямартай ч энэ өрсөлдөөн дундаас гарч ирж чадаж байгаа. Үүнд хэрэг болж байгаа гол зарчим тань?

-М.Дэлгэрцогт: Маш энгийн, гол нь ЧАНАР. Америкчууд манайхны боддог шиг бүгдээрээ их мөнгөтэй баян хүмүүс биш ээ. Хичнээн жил хурааж цуглуулж байж гал тогооны өрөөгөө эсвэл банны өрөөгөө аятайхан болгох гэж байгаа айл зөндөө шүү дээ. Тэд, бидэнд мөнгө төлсөн хэмжээгээрээ сэтгэл хангалуун байх ёстой. Тэгэхээр энэ нь тэр хүний хүссэнээр дээд зэргийн чанартай байх ёстой гэсэн үг. Хэрэв тэр хүн бидний хийсэн зүйлд сэтгэл хангалуун байж, баярлаж байгаа бол өөрийн хөршүүд, найз нөхөд, хамаатан садандаа болон бусад хүмүүст Pyramid
Granite-ийн байнгын сурталчлагч болж хувирна гэсэн үг. Тэр хэмжээгээр биднээр юм хийлгэх хүмүүс нэмэгддэг. Чанартай хийсэн нэг ажил, араасаа ажил дагуулдаг жамтай. Манайхаар 7 жилийн өмнө ажил хийлгэж байсан хүн саяхан биднээр өөр ажил хийлгэх гээд зорьж ирж байх жишээтэй.

-Г.Галбадрах: Тэгэхээр гол нь үйлчлүүлэгчийн юу хүсч байгааг сайн мэдэж ойлгох хэрэгтэй болох нь.

-М.Дэлгэрцогт: Бид нарын customer service гэж нэрлэдэг, захиалагчид үйлчлэх үйлчилгээ хамгийн чухал. Манайхаар захиалга өгч ажил хийлгэх гэж зорьж ирж байгаа хүмүүсийг найрсагаар хүлээж авч, эелдэг дотно харьцаж яг юу хүсч байгааг нь анхааралтай сонсож, тэдэнд хэрэгтэй зөвлөлгөө өгч байх хэрэгтэй болдог. Бас үүн дээр нэмээд бүх зүйлээ нэг дороос сонгох боломжийг олгохыг хичээдэг. Тийм болохоор манай үйлчлүүлэгчдийг хүлээж авах газарт олон төрлийн чулууны сонголт байхаас гадна угаалтуур, крант, бусад хэрэглэгдэж болох зүйлсүүд олон төрлөөр байдаг юм. Бид мөн 3 төрлийн брендийн гал тогооны тавилгууд зарж байгаа.

Хүмүүст бүх юм нь нэг дороо, чирэгдэлгүй байх нь их таалагддаг. Түүнээс гадна үйлчлүүлэгчид амалсан хугацаа болон боломжууддаа заавал хүрч байх ёстой. Яг тэдний өдрийн тэдэн цагт гэрт нь очиж угсралт хийнэ гэсэн бол яг тэр цаг хугацаагаа баримталж байвал үйлчлүүлэгчид сэтгэл хангалуун байдаг. Учир нь бидний амалсан хугацаанд тэд өөрсдийн цаг заваа тааруулан зохицуулж байдаг. Ямар нэгэн байдлаар амжихгүй тохиолдолд тэдэнд хурдан хэл өгч зохицуулах гэх мэт. Энэ бүхэн мэдээжийн юм шиг санагдавч бизнесийн хувьд маш чухал зүйл.

IMG 7560

-Г.Галбадрах: Ажиглаад байхад Америкт нилээн их бизнесүүд, контрактор буюу зуучлагчаар дамжуулж хийгддэг юм шиг.

-М.Дэлгэрцогт: Контрактор бол үйлчлүүлэгч үйлчлэгч хоёрын дунд зуучилдаг. Өөрсдөө хийх ажлаа хийхээс гадна, өөрсдийн хийдэггүй ажлаа subcontract хийж гүйцэтгэдэг. Том барилгын компаниуд, засвар үйлчилгээний компаниуд, дизайнерүүд, үл хөдлөх хөрөнгийн брокерууд ч байна. Тэд энэ дундаас мөнгө олоод байгаа юм шиг боловч үнэн хэрэгтээ бүх хариуцлагыг өөр дээрээ авч явдаг. Тэгэхээр тэр контракторыг л өөртөө “уях” хэрэгтэй. Энэ нь тэдэнтэй маш сайн хамтарч ажиллах хэрэгтэй гэсэн үг. Контракторууд ч тэр, хувь хүмүүс ч тэр хүн л юм
болохоор янз янз. Тэдэнд тохируулж харьцах хэрэгтэй болдог. Хувь хүмүүс, контракторууд үнэ тохиролцоо нь ч өөр өөр. Хувь хүмүүст мэдээж жижиглэн гэдэг утгаар  илүү үнээр зарна. Контракторуудад бол тогтмол бизнес авчирч байгаа гэдэг утгаар нь арай хямд үнээр зарах жишээтэй.

-Г.Галбадрах: Танай үйлдвэрт монгол залуус ихэвчлэн ажилладаг.

-М.Дэлгэрцогт: Одоо манай үйлдвэрт 22 хүн ажилладаг. 2 salesmen-ээс бусад нь монголчууд. Хамт олон маань илэн далангүй чөлөөтэй, хоорондоо сайн ойлголцдог, шижигнэсэн сайхан залуучууд. Хамт олон сайн бүрдэхээр ажил хэрэг ч урамтай сайн явагдана. Aжилчиддаа боломжоороо илүү анхаарал тавьж байхыг хичээдэг. Бид тэдэндээ оны эцсээр бонус өгнө. Шаардлагатай үед нь мөнгө төгрөг зээлүүлэх, туслах үе ч байна. Ажиллаад байхаас гадна хамт олноороо жилдээ нэг удаа далай руу явж амрах, өөр хот руу аялал хийлгэх, хааяа нэг партидах гээд л боломжоороо зохицуулахыг хичээдэг дээ. Өнгөрсөн жил хамт олноo Las-Вегас явуулж амраасан. Дээхэн Лос-Анжелос явж, манай монгол сумочид олноороо оролцсон “Grand sumo” шоуг үзүүлж байлаа.

IMG 7434

Зарим хүмүүс биднийг “олон хүн тэжээж байгаа” энэ тэр гэж л байдаг юм. Хуягаа бид 2 тэднийг “тэжээгээд байгаа” гэж боддоггүй. Тэд чинь ажлаа хийгээд өөрсдийн амьдралаа авч яваа залуус. Хэрэв манай бизнес ямар нэгэн хэмжээнд амжилт гаргаж байгаа бол тэдний маань оролцоо ч их байгаа. Тийм болохоор тэднийг хайрлаж байх хэрэгтэй.

-Г.Галбадрах: Эхэн үеэ бодвол танай үйлдвэр нилээд өргөжиж, сүүлийн үеийн техник, технологийг нэвтрүүлж байгаа нь харагдаж байна.

-М.Дэлгэрцогт: Бизнес хийх явцад нэг бол хүрсэн тэр хэмжээндээ яваад байх. Эсвэл дараагийн шатанд гарахын тулд өргөжих гэсэн сонголт байнга гарч ирж байдаг. Нэгэнт л ханцуй шамалж орсон болохоор бид байрандаа зогсоод байхыг хүсэлгүй урагшаа явж байгаа. Тийм болоод аль болохоор сүүлийн үеийн шинэ дэвшилтэт техникүүдийг авч тавьсан. Сүүлийн үеийн их оврын өнгөлгөөний машин, усаар зүсдэг машин, хэрэглэсэн усаа шүүж дахин хэрэглэх төхөөрөмж гээд л. Хэдийгээр өртөг өндөртэй боловч, энэ  нь нэг талаас бидний хөдөлмөрийг хөнгөвчилж, нөгөө талаас бүтээгдэхүүний чанарыг улам л сайжруулж байгаа юм.

Бас өөрийн компаны рекламаа ТВ болон зурагт сэтгүүл, интернетээр цацаж байна. Бизнест зөвхөн реклам явуулаад зогсохгүй, сайн нэрийг олж авах, түүнийгээ үргэлж хадгалах нь амин чухал, Цахим ертөнц хөгжсөн энэ цаг үед хүмүүс шууд л интернет рүү ороод л “ямар бизнес ямар нэр хүндтэй байна” гэдгийг дор нь харж чаддаг болсон байна. Жишээ нь, сүүлийн үед хүмүүс өөрийн үйлчлүүлсэн компани болон хийлгэсэн бүтээгдэхүүний талаар санал сэтгэгдлээ бичдэг олон вэбүүд үүссэний нэг, та бараг мэдэх байхдаа “Angies list” нэртэй вэб сайт байна.
Олон хүмүүс үйлчилгээний талаар ямар нэгэн сонголт хийхийн тулд энэ хуудас руу их нэвтэрч хэрэглэгчдийн санал сэтгэгдлийг судалдаг болж. Энэ дээр байгаа үнэлгээ нь, хүмүүсийн үйлчилгээ хийлгэх бизнесийн сонголт хийхэд их нөлөөлж байх жишээний. Энэ вэб сүүлийн жилүүдэд их ч өргөжиж байгаа.

Манай компани “Angies list”-ийн “Super service award” гэж худалдан авагчаас хамгийн сайн үнэлгээ авсан бизнесүүдэд оны эцэст өгдөг шагналыг нь сүүлийн 3-4 жил авсан байгаа. Манай энэ хавьдаа нилээд томуудын нэг болох “Washingtonian” сэтгүүлд Вашингтон хавийн хамгийн сайн чулууны бизнесүүдийн нэг гэж гарч байлаа. АНУ-д үйл ажиллагаагаа явуулдагАмерикийн Монголчуудын Худалдааны Танхимын шалгаруулалтаар монголчуудын “шилдэг бизнес”-ээр шалгарч байв. Бас Америкийн барилга, засвар, үйлчилгээний олон холбоо, эвлэлүүдэд  гишүүнчлэлтэй болсон байгаа. Зарим нь дурын “орьё” гэсэн бизнес болгоныг оруулаад байдаггүй, тодорхой шалгуураар зөвшөөрдөг байх жишээний.

-Г.Галбадрах: Энэ ч муугүй амжилт шүү. Энэ амжилтад бас олон зүйл шингэсэн байгаа байх.

-М.Дэлгэрцогт: Бизнест тэвчээр, уйгагүй байх гэдэг их чухал юм шиг санагддаг. Заримдаа ч толгой өвдөх, ажлаас залхах үе ч гарна шүү, нуугаад яах вэ? Яг үнэндээ Монголд байхдаа ажил, бизнес эрхэлж чадаагүй, залхуу ч байж. Том том юм яриад л, их юм санаад л, шальтай юмгүй байж “юмтай хүн” шиг л загнадаг байж.

Бизнесийг хийгээд л эхэлмэгц шууд ашиг олоод байна гэж байхгүй л дээ. Их цаг хөдөлмөр орно. Рисктэй, эхний дэнжигнэсэн үеэ л давж гарах хэрэгтэй.Америкт шинэ бизнесийн
60-70% нь 2-3 жилийн дотор “унадаг” гэсэн статистик байдаг юм билээ. Гол нь тогтмол, уйгагүй л ажиллах хэрэгтэй. Гаргаж байгаа бараа таваар чинь чанартай сайн байх хэрэгтэй. Тэрнээс өглөөнөөс орой болтол уйгагүй ажиллаж байна гээд,хүний санаанд хүрэхгүй юм гаргаад байвал бас утгагүй. Бас үйлчилгээг худалдан авагчид аль болох амар байх талаас нь үргэлж бодож ажиллах хэрэгтэй юм шиг байгаа юм.

Тэрнээс гадна онцолж хэлэх нэг юм бол  бизнесийн хамтрагчид нэгнийгээ хүндэлдэг, хайрладаг,  санаа нэгтэй байх ёстой. Би илүү ажиллаа, энэ ч ийм, би ч тийм гэх, ажлын араар суух гэх мэт асуудал ерөөсөө ч байж болохгүй. Үргэлж хамтдаа сэтгэл нэг л байж үр дүнд хүрнэ. Манайхны дунд хамтарч эхлээд, сүүлд нь элдэв араншин гаргаж салдаг, тэгснээрээ өөрсдөө л хохирдог явдал анзаарагддаг.

За тэгээд хамгийн гол нь сэтгэл. Миний найз, бидний цахилгааны талын ажлыг авч явдаг Арсланбаатар “Ямар ч юмыг хийсэн сэтгэл дутвал хол явахгүй дээ” гэж саяхан Монголоос ирсэн залууд хэлж байсан. Энэ үг надад маш их таалагддаг. Мань эр ямар ч ажлыг яс хийнэ, тэрний хийсэн ажилд сэтгэл амар байж болно, найдвартай. Ажил, хичээл ном, буяны үйлс, юу ч хийсэн сэтгэлээсээ л хийж байвал заавал нааштай үр дүн гардаг. Гэхдээ манайх тийм айхтар сүрхий бизнес биш л дээ.Европд бол 50 хүртэл хүнтэйг, энд болохоор 500 хүртэл хүнтэй бизнесийг “жижиг бизнес” гэж тооцдог юм билээ. Тэгэхээр бид бол яагаа ч үгүй байна. Нэг мэдсэн чинь өөрсдийгөө магтаад авч өгч байх шив дээ. \инээв\

-Г.Галбадрах: Танай үйлдвэр бас хувиараа ажиллаж байгаа монголчуудын ажлыг ч хийж тусалдаг.

-М.Дэлгэрцогт: Монголчууд бид хаа газар аль болох боломжоороо бие биедээ тусалж байх хэрэгтэй дээ. Гэхдээ тэр залуучууд бидний хувьд бас л бизнес түншүүд гэсэн үг. Тэрнээс бид туслаад үнэгүй юм хийж өгөөд байгаа юм биш. Гол нь бидэнд өгсөн захиалгыг нь сайн хийж өгөх үүрэгтэй. Тэд нар мундаг л даа. Өөрсдөө үйлдвэргүй боловч биднээр ажлаа хийлгээд, өөрсдөө угсралтыг нь гардаад явчихдаг. Зөндөө ажил хийлгэдэг хөдөлмөрч залуус байгаа..
Гэхдээ зарим нэгэнд нь, \зарим нь шүү, бүгд биш\, анзаарагддаг базаахгүй тал нь жаахан хэнэггүй зан. Хийсэн зүйл дээр нь алдаа, өө сэв ч юм уу, зүйл байхад ” өө энэ ч гайгүй дээ, жаахан юмыг аргалж болно, энэ хүн юун сүртэй юм ” гэх маяг ажиглагддаг. Би ч нэг их мундаг амьтан биш, гэхдээ яаж бас зүгээр байхав хэлээд л авна. Нөгөө аав ээжийн “хичээлээ сайн хий” гэж үглэдэгтэй адил. Зарим нь ойлгож байх шиг байдаг юм, зарим нь ч нэг их юм бодохгүй янзтай. Жижиг юм гэж байхгүй. Америкт тэр тусмаа хүнийг хүндлэх, үйлчлэх талаараа өндөр хөгжсөн газар.

Хүний сэтгэлд хүрээгүй жаахан юм ч хүний урмыг хугалдаг. Нөгөө “Ялихгүй юм ямааны гарзтай” гэдэг шиг юм болох нь зөндөө. Захиалагчид бүгдээрээ сайн хүмүүс биш л дээ. Зарим нь зүгээр л сайн хийгдсэн зүйл дээр ч хөгийн зан гарган голж шилж, мэдэхгүй байж “муу юм хийсэн байх вий” гэж хардаж зовооно. Тэр болгонд аль болох дургүйцэж бухимдахгүйг хичээж, яаж ийгээд сэтгэлийг нь тайвшруулж байх хэрэгтэй болдог. Бид хичнээн олон үйлчлүүлэгчидтэй байх тусмаа төдий хэмжээгээр ашигтай ажиллаж чадна.

                      Хоёр. Мухар шүтлэг заримдаа “дэлгүүр” мэт санагддаг

-Г.Галбадрах: Өөрийг тань бурханы шашинд нилээд анхаарал тавьж дэмждэгийг мэдэх юм байна.

-М.Дэлгэрцогт: Би багадаа зун болгон Хөвсгөлд байдаг өвөө эмээ дээрээ очиж зусдаг байсан юм. Манай өвөө залуудаа лам хүн байж. Бидний хүүхэд насны үе ч бараг одооны хойд Солонгос шиг байсан гэхэд хилсдэхгүй болов уу? Өвөө маань мал хотлуулах, сүү саалины ажил дууссаны дараа хүн амьтны хөл татрахаар, авдраасаа нандигнан ороосон судруудаа гаргаж, зулын гэрэлд номоо уншина, бурхандаа мөргөж залбирна. Хүн харын чимээ гарвал хурдхан судар номоо далд хийдэг сэн. Хүүхэд залуу байхад юм ч боддоггүй явж, одоо бол бурхан шүтнээ. Лам гурван эрдэнэдээ өдөр болгон залбирч, сэтгэлээ ариусгаж явахыг хичээдэг гэх үү дээ.
Өглөө болгон бурхандаа, Гэгээнтэн багшдаа мөргөөд ажилдаа гардаг даа. Зарим хүмүүс намайг “их мунхарсан, шашинд хэт автсан” гэж боддог ч байж болох юм. Гол нь Бурханы шашин хүмүүсийг хар буруу санаагүй, зөв гишгэж амьдрахыг заадаг, бусдыг энэрэхийг сургаж байдаг. Тэрийг бодож, мөрдөж явахад хүнд өөрт нь ч , бусдад ч сайн сайхныг авчирна.

Амар амгаланг сургадаг нь, уур хилэн уцаарын өөдөөс адилаар хариулж болохгүй гэсэн утга гэж би ойлгодог юм. Тэрнээс “нунж дорой, доожоогүй явж яах юм бэ” гэх хүмүүс ч байдаг. Ухаандаа би хэн нэгэнд учиргүй уурлаад цамнаж байвал, аядуу тайван байж л зохицуулсан нь дээр болохоос өөдөөс нь асаад үсдэлцээд байвал, байдал улам л муудна биз дээ. Уг нь монгол хүн чинь их л уужуу ухаантай тайван улсууд. Далай багш айлдахдаа “аль шашинтай байхаас хамаагүй, бүх л хүмүүс ах дүү нар” гэж айлддаг. Хүн болгон өөр өөрийн сонголтоор явах эрхтэй.
Гэхдээ  “бид энэ ертөнцөд хамтдаа байгаа болохоор бүгдээрээ л ах дүү нар шиг сэтгэж, аль ч шашинд хүндэтгэлтэй хандаж байх хэрэгтэй” гэж бас айлдсан. Тайван амар байх гэдэг нь бас сэтгэлийн хат тэвчээрийг хэлэх байх. Жишээ нь, Япончууд цунамийг яаж дэвж гарч байна, үнэхээр бахархмаар.: Энэ бол яах аргагүй сэтгэлийн тэвчээр, тэнхээтэй хоблоотой. Хүмүүсийнх нь сэтгэл зүй зөв байгаагийн шинж байх л даа.

IMG 5696

Бурханы шашинд бас бусдыг энэрч хайрлахыг их сургадаг. “Бусдыг эхийгээ хайрлаж байгаа мэт хайрла” гэдэг. Бид эгэл жирийн хүмүүс. Тэгж чадахгүй гэхэд бусдад ядаж найрсаг хандаж байхыг хичээхэд огт буруудахгүй байхаа.
Миний хувьд тэгж л ойлгодог. Сэтгэлдээ уншиж явдаг хэдэн тарнитай, тэгээд л болоо. Учиргүй нарийн судлаад мэдэж боловсорсон юм байхгүй л дээ. Тэгэхдээ би бас тийм ч намуухан дөлгөөн хүн бас биш ээ. Хүн дотроо л бодож хичээж л явах хэрэгтэй байх.

-Г.Галбадрах: Далай лам болон Ажаа гэгээнтний олон уулзалт арга хэмжээн дээр очиж байхыг тань мэдэх юм. Өнгөрсөн зун Далай ламын Вашингтон ДС-д 10-аад хоног “Дүйнхэрийн ван” хурсан  том ёслолын үеэр Далай багшийн төрсөн өдөрт зориулж “Отгонтэнгэр” хайрханы зургийг бэлэглэж байсныг харсан.

-М.Дэлгэрцогт: 2000 онд Вашингтон ДС-ийн Монголчуудын Холбоо, Далай багшийн монголчуудтай хийх уулзалтыг зохион байгуулж байсан юм. Тэр үед Далай багш зөвхөн монголчууд биднийг хүлээж авах цаг гарган уулзсан азтай тохиолдол болсон. 2005 онд Ажаа гэгээнтэн багштайгaa таарах aзтай хувь тохиосон. Би бас их азтай хүн.
Ажаа гэгээн бурханы шашиндаа үнэнч,түмэн олны тусын тулд явдаг, жинхэнэ шашин номын гэгээрсэн хүн. Монголчууд бид жаахан мөнгөтэй болохоороо энд тэнд суварга босгож, элдэв баар цэнгээний газар байгуулж байхад Ажаа гэгээн Монголын хорт хавдраар өвчилсөн хүүхдүүдэд зориулж Яармагт хүүхдэд эмнэлэг барихариун үйлсийг үүсгээд, ажил болгох гэж хичээн зүтгэж байна.. Энэ бол жинхэнэ буяны үйлс. Багшийнхаа зон олны тусын тулд хийж буй бүхий л ажил үйлсийг дэмжихийг хичээж явдаг даа.
Нэг үеэ бодвол Монгол улс маань хөрөнгө мөнгөтэй болж, ийм олны нүдэнд ил тод, ариун үйлсэд, ард олны төлөө зүтгэх үүрэгтэй төр засаг минь анхаарлаа хандуулж улам ихээр дэмжинэ гэдэгт итгэж байгаа.

-Г.Галбадрах: Шашинд хандах хүмүүсийн хандлага өнөө үед арай л өөр болсон мэт.

-М.Дэлгэрцогт: Бурханы шашинд хандах зарим хүмүүсийн хандлага, надад заримдаа “дэлгүүр ” шиг санагдаад байдаг юм. Хүмүүс зовлонд унахдаа, ажил хэрэг нь бүтэмжгүй болох үедээ ч юм уу, гэнэт бурханыг “санаж”, лам дээр очдог. Бусад үед ихэвчлэн мартаж орхино. Өөрт хэрэгтэй болоод байгаа аз жаргал, сайхан бүхнийгээ “худалдаж авах гээд байгаа” -гаас өөрцгүй. Уг нь бурханы шашины гол номлол нь, ” хүнийг зовлонгоос ангижруулж, дотроос нь ухааруулах боломж нь тэр хүний сэтгэлийн ариусал” гэж байдаг юм шиг билээ. Сүжиглэх, залбирах,
бурханаас гуйх хүсэх зүйл байлгүй л яахав. Гэхдээ тэрэндээ хүрэх arga нь “хүний өөрийн сэтгэлээс, алхсан зам мөрөөс их хамаарна” гэж сургадаг бололтой. “Үйлийн үр” гэж ярьдаг даа.

-Г.Галбадрах: Бид алив зүйлийн өнгөн талаас нь харж дүгнээд сурчихаар л мухар сүсэгт хэт автдаг юм шиг.

-М.Дэлгэрцогт: Тийм юм шиг байгаа юм.
Тэрнээс гадна, лам хувраг хүмүүс өөрсдийн зам мөрөө хянаж, ёс жаягаа баримталж, явах нь их чухал санагддаг . Архи ууж, тамхи татсан, элдэв гаж ааш араншин гаргасан ламыг хараад яаж хүндэтгэх сэтгэл төрөхөв дээ. Тиймэрхүү лам одоо цагт бас харагдах болсон юм шиг байгаа юм. Тэд зүгээр л жанч халаад энгийн болоод явсан нь дээр дээ.
Олон мэргэд хуврагуудын мянга, мянган жилээр босгосон тэр их агуу ухааныг, ариун нандин шүтээнийг тэгж гутааж болохгүй. Орчин үеийн эрдэмтэд ч Буддын шашныг ШУ-нд хамгийн ойр шашин гэдгийг хүлээн зөвшөөрсөн байгаа. Энэ талаар би зөвхөн өөрийн санаа бодлоо л хэлж байна шүү, буруу ч байж мэднэ.

Гурав: Монголчуудын Холбоо

-Г.Галбадрах: Тийм ээ, “бид бүгдээрээ ах дүү нар” гэж хэлсэнтэй тань санал нийлж байна. Тийм болохоор Вашингтон ДС орчмын Монголчуудын Холбоог байгуулан ажилласан талаар тань сонирхож байна.

-М.Дэлгэрцогт: За тэр Монголчуудын Холбоог чинь би байгуулаагүй юм аа. Би чинь 1998 онд АНУ-д Вашингтон ДС-д ирсэн л дээ. Намайг анх ирж байхад Вашингтон ДС-орчимд цөөхөн монголчууд байлаа. Тэр үед чинь Элчин сайдын Яам бүх монголчуудаа цуглуулж, хоол унд архи дарс бүх л юмтай “Шинэ Жил”ээ хийж байсан гээд бодохоор хүмүүс цөөхөн байсан байгаа биз. 1999 оноос хүмүүс жил бүр нэмэгдсээр илт ихэссэн юм. 2001 оны 9 сарын 11 нд АНУ-д болсон террорист халдлагаас хүмүүс ихэд цочирдсон. Америк даяар уй гашуу болж байхад “монголчууд бид ямар нэгэн зүйл хийх хэрэгтэй юм ” гэж бодсон. Монгол гэсэн нэрээ бодсон ч тэр, бусдад учирсан зовлонг бодсон ч тэр. Бид чинь нэг ёсондоо айлд зочилж ирсэн хүмүүс. Зочилж ирсэн айлд минь уй гашуу болж зовлон учраад байхад ирсэн зочин нь хараад зүгээр суугаад байж чадахгүй монгол чанар бий.

Тэр үед гадаадад буй монголчуудын мэдээлэл авч солилцдог боломж нь “Цахим өртөө” байлаа шүү дээ. Манай энд Батсуурь гэдэг залуу “Хамаг Монгол” гэж э-майл групп үүсгэсэн нь эндэхийн хүмүүст тусаа өгдөг байв. Тэгээд “Цахим өртөө” “Хамаг Монгол” дээр зар тавьж, найз нөхөдтэйгээ ярилцаж, хүмүүст амаар ч нилээд зар түгээсэн. Гол нь монголчууд уулзаж, мөнгө цуглуулан хандив өргөх зорилготой. Тэр үед Washington Monument буюу бидний нэрлэж заншсанаар “Харандаа”ны өмнө монголчууд цуглаж, лаа асаан гартаа барьж чимээгүй суун эмгэнэл илэрхийлсэн юм. Элчингийнхэн, хүүхэд багачууд гээд зөндөө л хүмүүс ирсэн л дээ. Батмөнх даргын эхнэр Дариймаа эгч гэж сайхан буурай, лаа асаагаад сууж байсан нь одоо ч нүдэнд харагддаг юм. Тэгэхэд 4020 доллар цуглаж, нэг хэсгээр нь лаа, цэцэг, бас бус зүйл худалдан авч, үлдсэн 3900 долларыг нь Америкийн “Улаан загалмай”-д монголчуудын хандив болгон өгч байсан юм даг.

Тэр үед манай ДС хавьд 400 -аад л монголчууд байсан болов уу. Тэгээд бодохоор, бид овоо мөнгө цуглуулж хандивласан байгаа юм шүү. Одоо ч надад УЗН-ийн “Талархлын захидал” нь байдаг юм. Монголчууд бид хаа явсан газраа цагаан зам гаргаж, эх орон үндэстнийхээ нэрийг сайнаар дурсуулж явах хэрэгтэй гэж боддог.

-Г.Галбадрах: Энэ харин сэтгэл хөдлөм түүх байна.

-М.Дэлгэрцогт: Тэр намар нь 11 сарын 26 нд талийгаач Энэбиш дарга АНУ-д ирэхдээ монголчуудтай уулзлаа. Хурал тарах гэж байхад Элчинд ажиллаж байсан Үржинбадам эгч босоод хүмүүст хандаж, монголчууд маань ихэсч байгаатай уялдуулан Вашингтон ДС орчмын Монголчуудын Холбоо байгуулах санал гаргаж, шууд хүмүүсийн нэр зааж Холбооны удирдлагад санал болгосон, Хүмүүс ч дэмжиж, хуульч Ганзориг, Аюуш, Хулан, Батнайрамдал, Замилан, Дашцэрэн, Буян-Очир, Үржинбадам, Уянга, Билгүүн, Эрдэнэбилэг, Даринчулуун, Дэлгэрцогт нарыг сонгосон юм.
Тэгж л анх Вашингтон ДС орчмын Монголчуудын Холбоо байгуулагдаж байв. Ёстой “юу билээ” гэхийн хооронд л Үржээ эгч шийдээд л Холбоог байгуулчихсан юм даа. Ер нь их дайчин хүн шүү дээ, Үржээ эгч маань.

-Г.Галбадрах: Тэгээд л ажиллаж эхэлж дээ.

-М.Дэлгэрцогт: Бүгдээрээ ажил төрөлтэй болохоор тэр болгон амжихгүй. Гэхдээ тэр үеэс хойш энэ хавийн монголчуудтайгаа хамтад наадам, цагаан сар, хүүхдийн баяр, шинэ жилийг зохион байгуулж тэмдэглэж, энэ нь уламжлал болжээ. Эхэн үедээ Монголоо сурталчлах арга хэмжээ энэ тэр хийдэг л байлаа. Харин сүүлийн жилүүдэд бид харьцангуй олуулаа ч болж. Вашингтон ДС орчимд олон ч сайн дурын нэгдэл, сонирхлын бүлгүүд, коммунити үүсч чиглэл чиглэлээрээ үйл ажиллагаа явуулдаг болж Монголчуудын тус, эрх ашгийн төлөө хийгдэг олон ажлуудыг
байнга дэмжиж тусалж ирсэн хувь хумуус, байгууллага олон бий. Нью-Жерсид байрладаг Монгол Америкийн Соёлын Холбоо,түүний гишүүн Алтан, Энхээ, Цагаанбаатар, Чингүлтэй, Mongolia Society, Friends of Mongolia, ЭСЯ гэх мэтчилэн. Өөр олон хүмүүс тусалдаг л даа, харамсалтай нь бүгдийг нь дурдах боломжгүй байнаa.

Одоо байгаа Бэхбат сайд их ч сайн сайд, жинхэнэ дипломатч хүн. Монголчуудын санаачилсан олон ажлыг жижиг том гэхгүй дэмждэг, ер нь Элчингийн ажилтнуудтай ажиллахад их дөхөм, дотно уур амьсгалтай болсон. Өмнө нь хамтарч ажилладаг байсан л даа, гэхдээ одоо илүү өргөн хүрээтэй болсон гэж бодож байгаа.

М.Саруул-Эрдэнийн удирдсан “Монгол Соёлын Төв” илүү далайцтай , өргөн хүрээтэй, олныг хамарсан үйл ажиллагаа явуулж байна. Монгол судлалын олон улсын бага хурлыг 6 дахь жилдээ сая ЭСЯ-тай хамтран хийлээ. Анх орон нутгийн эрдэмтэн судлаачдын хүрээнд даруухан хийж эхэлсэн хурал, одоо олон улсын эрдэмтдийг хамарсан томоохон хурал болсон байгаа шүү. Энэ жил 10 орноос эрдэмтэд ирж оролцсон гээд бодохоор тэгж хэлэхээс аргагүй. Би бас “Монгол Соёлын Төв”-ийн гишүүн. Анх гишүүнчлэлтэй болоход нь ЭСЯ дээр болсон Монгол судлалын  хурлын
үеэр татвараа төлсөн чинь анхны гишүүн нь болж байв. Би одоо ч гэсэн Саруулаас “номер 1 дугаартай батлахаа авья” гэж тоглоом хийдэг юм. Манай хэд “Монгол судлал” гэж бусад орнуудад, Америкт ч ялгаагүй эрч нь суларч байсан ажлыг сэргээж, их ч зүйл хийж байгаа шүү. Манай Саруулаас гадна хамаг ажлыг нь үүрч явдаг Нараа, Номунаа, Ганаа, Энхээ, Амраа эгч, Ундрам, Дэлгэрмөрөн… гээд яралзсан хэдэн хүүхнүүд байгаа. Ямар ч ажил хийсэн түүртэнэ, нэгнийхээ араар орно гэж байхгүй дээ. Инээж байгаад л ард нь гарчихна. Би болохоор тэнд нь данстайгаас цаашгүй дээ.

Монгол сургууль байна, мундаг шүү. Яг л сургууль шиг сургууль. Жил тойрон л амралтын өдөр бүрээ зарцуулаад л яваад байдаг. Ёстой хайрламаар хамт олон шүү. Миний хүү ч тэднээр монголоороо уншиж, бичихийг заалгасан. Бид өөрсдөө болохоор ажил, энэ тэр гэж явсаар зааж өгнө гэж үлгэр болох байсан байх. Сургуульд яваад хэсэг хугацаа өнгөрснийх нь дараа мань эр нэг удаа түлхүүрээ мартаад хичээлдээ явчихсан байсан юм. Эхнэр маань монголоор \криллээр\ “түлхүүр тэнд байгаа шүү” гэж бичээд үүдэндээ орхичихов. Үдээс хойш гэр рүүгээ утасдсан чинь “би гэртээ ирчихсэн байнаа, ээжийнхээ захиаг уншаад түлхүүрээ байгаа газраас нь олоод орчихсон” гэж байна. Бид 2-ын баярласан гэж яаваа.

За тэгээд, Эмэгтэйчүүдийн 2 ч байгууллага байгуулагдан ажиллаж байна. Бас спортынхон маань байна. Бас л их зүтгэл гаргаж яваа хүмүүс. Тэрийг нь” дэмжье” гэсэн санаагаараа манай компани ” Pyramid Cup” нэртэй хөл бөмбөгийн тэмцээнийг жил бүрийн 8 сард зохион байгуулдаг болсон.

Мэдээлэл талаасаа бол та бидний сайн мэдэх “Орлоо” мэдээллийн сайт, “Даяармонгол” сайт болон “Америк дахь анхны монгол телевиз”, “15 минут студи”, “UMON телевиз” гээд мэдээллийн сувгууд маш сайн ажиллаж байна. Хүний газар байгаа монголчууд хамтдаа өөдлөн дэвжиж, өөдрөг явах ёстой. Өлзийсайхан, Туяа гэж найз нар маань “Sterling ballet” сургууль байгуулсан, сургууль на хурдан өргөжиж байх жишээтэй. Жилээс жилд сайхан болж байна. Бид болохоор эдний явуулж байгаа үйл ажиллагааг боломж чадлаараа дэмжиж байхыг хичээдэг.

Манай Холбооны Алимаа, Уянга, Ивээлт, Г.Ганзориг, Aюуш, Бааска, Ганбат гэхчилэн олон жил нийтийн ажилд сэтгэл гарган зүтгэсэн андууд минь байна. Тэгэхэд МХ-ны идэвхтэн гишүүнээр орчихоод дахиж бараа нь ч харагдаагүй хүн байдаг л юм. Сайн дурын байгууллага болохоор хүрч чадаж байгаа ч юм байна, амжихгүй өнгөрдөг тал ч бас бий. Манай Вашингтоныхоны нэг их сайхан зүйл нь, ямар ч баяр наадам, урлаг спортын арга хэмжээ болсон бүгдээрээ нэг амьтай, хамтран оролцдогт байдаг юм. Нөгөө “Монголчууд эвтэй бол хүчтэй” гэдэг үг байдаг даа.Тэрийг уриа лоозон, амны уншлага маягаар биш, ажил хэрэг болгож чаддаг гэхэд болно шүү.Зарим нэг газар монголчууд баяр наадмаа тус тусдаа хийдэг ч гэх шиг таагүй юм сонсогдож л байдаг юм, Тэр бол асар утгагүй зүйл л дээ.

Энд нэг юм хэлэхэд, дээрхи байгууллагуудыг Монголын төр засгаас дэмжих дэмжлэг их чухал, цаасан дээр биш ажил хэрэгч байдлаар дэмжих цаг болжээ гэж санагддаг шүү. Энэ олон хүний итгэл сэтгэл, санаачлагыг өөд нь татаад авах хэрэгтэй. Ялангуяа Монгол Сургууль, Монгол Соёлын Төв гэх мэт газрууд нь үргэлж л хөрөнгө мөнгөний дутагдалтай, өөрсдөө кармаагаа ухаад л явж байна шүү дээ.  Харьд байгаа монголчууд, Монголын хөгжилд том нэмэр болох хүчин. Энд өсөж, төрж буй хүүхдүүдийг Монгол эх нутагтай нь хүйн холбоотой байлгах асуудалд одооноос анхаарахгүй бол соёлтой, мэдлэг боловсролтой шинэ үеийн монгол залуусаа харьд алдах магадлал бий болж магадгүй. Бид цөөхүүлээ болохоор хэрхэвч ийм алдаа гаргаж болохгүй байхаа.

-Г.Галбадрах: Тийм болоод олон үйл ажиллагааг дэмжиж хандив өгдөг байх.

-М.Дэлгэрцогт: Бид нэг их мөнгө нь илүүдээд учиргүй баяжчихсан хүмүүс биш. Бидний олж байгаа мөнгө болгонд бидний хөлс шингэсэн байдаг. Илүүдэх мөнгө гэж байхгүй. Төлбрийг нь төлж дуусаагүй машин техникүүд бидэнд ч бас байж л байгаа. Гэхдээ монголчууд бид нэгэндээ боломжийн хэрээр тусалж, дэмжиж л байх хэрэгтэй. Хэдэн жил бизнес хийлээ. “Амь нэгтэй” гэдэг утгаараа монголчуудаа дэмжих гэж хичээж байгаа. Тэгээд л “Пирамид” компаны өмнөөс хандив өгч дэмждэг. Монгол сургууль, МСТ, мэдээллийн хэрэгслэлүүд болон “Friends of Mongolia”, “Mongolia Society”, Америкийн “Монгол Худалдааны Танхим”, спортынхон гээд бүгдэд нь туслаж дэмжихийг боддог. Энэ чинь Хуягаа бид хамтдаа л өгч байгаа хэрэг. ЭСЯ ны эрэгтэй, эмэгтэй бие засах газар жаахан царай мүүтай  байсан. Бид санаачлага гаргаж мөнгө төгрөг гэхгүйгээр сайхан засаж, янзалж өглөө. Амраа гэдэг найз минь мужааны талын ажил дээр нь тусалсан. Энэ чинь “Монголын нүүр царай, аятайхан харагдаг” гэж л бодсон хэрэг. Бас таны дүү, миний дотны найз Г.Ганзориг бас л олон үйл ажиллагааг дэмжиж хандив өгдөг. Их бага гэлтгүй энэ нь чин сэтгэлийн дэм юм шүү дээ.

Бусад улсуудыг хараад байхад, энд ирээд маш олон жил болчихсон, төрөл бүрийн бизнес нь хөгжчихсөн, чадалтай болчихсон, өөрийн үндэстэн гэсэн талаараа их ч юм хийж харагддаг. Бид ч бас хүн цөөн, жижиг гэлтгүй бүгд сэтгэлээрээ хөдөлбөл юугаараа дутах билээ. Энд нэг юм хэлэхэд “өгье гэвэл ганцаасаа” гэдэг үг байдаг даа. Бидний нийтлэг ашиг сонирхлын төлөө явж байгаа байгууллага хүмүүсээ бүгдээрээ дэмжихийг хичээж байвал зүгээр. Их бага нь хамаагүй 5 доллар байсан ч болно шүү дээ.. Америкт амьдарч буй бид, гутал хувцас ч юм уу, партинд мөнгөө яаж үрдэг билээ. Монголд ч бас их үрдэг гэсэн л дээ. Баар саванд бол 6-7 доллараар ганц хундага татаж л байдаг даа. Боломжоороо бие биедээ тусалж явахад эргээд бидэнд ч тустай. Тэрнээс заавал бизнес хийдэг хүмүүс нь бусдад туслах ёстой гэдэг ч юм уу, тиймэрхүү хандлага байж болохгүй байх л даа. Бид энд ирсэн монголчуудын эхний үеийнхэн, цаашдаа улам л хүчтэй болж 2 дахь 3 дахь үеэсээ конгрессменүүд, тэр ч бүү хэл Ерөнхийлэгч ч гарахыг хэн үгүй гэх юм бэ? “Эзэн хичээвэл заяа хичээнэ” гэдэг үг байдаг даа.

                      Дөрөв. Миний хань, миний гэр бүл миний амьдралын утга учир

-Г.Галбадрах: Гэр бүлийнхээ талаар танилцуулахгүй юу?

IMG 1222

-М.Дэлгэрцогт: Эхнэр Сэргэлэн, хүү охин 2-той. Доороо Дэлгэрмөрөн гэж охин дүүтэй, бизнесийн хамтрагч Хуягаа маань миний хүргэн дүү. Монголд хамгаас хайртай эгч Дэлгэрмаа минь гэр бүлийн хамтаар амьдардаг. Эрдэнэбилэг гэж хүргэн ах маань их ч мэдлэг боловсролтой, дөлгөөхөн хүн байдаг юм. Тэднийх 3 хүүтэй . Ээж Сайнууз маань Дарханд амьдардаг, хүүхдүүдийнхээ төлөө санаа тавьсан буянтай хүн бий.Сэргэлэн маань дээрээ Төгөлдөр, Эрдэнэчимэг, Баясгалан гээд 3 эгчтэй. Ийм л нэг айл байна даа.
DSC01817
-Г.Галбадрах: Хүүхдүүдийнхээ ирээдүйн талаарх бодлыг тань сонирхвол?

-М.Дэлгэрцогт: Охин Ану маань Москвад оюутан байхад төрсөн. Энд ахлах суургууль дүүргээд одоо Nort West Art College-д гото зураг, дизайнерийн мэргэжлээр сурч байгаа. Хүү Данзан маань одоо ахлах сургуулийн 9-р ангийг төгсөж байна. Сурлага нь дажгүй, гэхдээ бас хэлж байхгүй бол болохгүй ээ. Хүүхдүүдээ мэдлэг боловсролтой, Монголоо гэсэн сэтгэлтэй, хүнийг алагчилж өздэггүй, нинжин сэтгэлтэй хүн болоосой гэж хөүсч байдаг даа. Уг нь олон хүүхэдтэй, бужигнаж байсан бол сайхан л даа. Гэхдээ миний 2 хүүхэд зөөлөн сэтгэлтэй, аав ээждээ “эрдэнэ”
болсон сайн хүүхдүүд ээ.

-Г.Галбадрах: Аав ээжийнхээ тухай товч танилцуулаач.

-М.Дэлгэрцогт: Аавыг минь Маналжав гэдэг, багшийн мэргэжилтэй, Хөвсгөлийн хүн. Ээжийг минь Баянсайхан гэдэг, цахилгааны инженер мэргэжилтэй. Хүн хүнийг эвийлсэн, тусалчих гээд зүтгэдэг уяхан хүн байлаа, Завханых. Хүүхдүүддээ бүхнээ зориулдаг. Биднийгээ соёлтой, боловсролтой, амьдралаа аваад явах ухаан заяасанд баярлаж явдаг даа. Бурхан аав ээж минь биднийгээ арай л эрт орхиод одож дээ гэж дотроо халаглаж явдаг. Гэхдээ хүү нь зөв алхаж, цагаан мөртэй амьдрах гэж хичээж явааг минь дээрээс харж, хүүгээ үргэлж тулж дэмжиж яваа
гэдэгт баттай итгэдэг шүү. Ер нь амьдрал надад сайхан аав ээж, сайн хань, үр хүүхэд заяасан, үргэлж сайхан найзуудaaр хүрээлүүлж явсан би их азтай, тэрүүгээрээ  баян хүн шүү! Өвгөд буурлуудын минь хийсэн буян заяа үр хүүхэд биднийг түшиж явдаг гэж боддог доо.

-Г.Галбадрах: Эхнэртэйгээ хаана яаж танилцав даа?

-М.Дэлгэрцогт: Би 24-р сургуулийг 1982 онд төгсөөд ОХУ-ын нийслэл Москвад Хүнсний Технологийн Дээд Сургуульд суралцахаар очлоо. Сэргэлэн маань намайг 3-р курст орж байхад, өндөр нуруутай, волейбол тоглодог охин ирж байсан. “Дээгий ах аа” гээд л явдаг, ах дуу байлаа шүү дээ. Тэгээд яваандаа “Муур багш”-ийн үлгэр болж, гэр бүл болцгоосон. “Сэргээтэйгээ ханилж суугаагүй бол, одоо ер нь яаж явах байсан бол доо” гэж заримдаа боддог шүү. Байнга анхаарал тавьж хайрладаг, үргэлж халамжилдаг ханьтай байна гэдэг хүний амьдралын хамгийн том
түшиг тулгуур. Би ямар улстөрч биш, хүнд таалагдах гэж яриагүй. Хань минь намайг хүн шиг авч яваа хүн. Хань муутай гундаж яваа хүн алийг тэр гэхэв дээ.

-Г.Галбадрах: Сэргэлэн та 2 бүх л юмандаа хамт л явж байгаа харагддаг
.
-М.Дэлгэрцогт: Бид 2 бие биенээ сайн ойлгодог. Бизнес эхэлж байхдаа эхнэртээ “3 жилийн дараа чи юу ч хийхгүй, дэлгүүр хэсээд явж байдаг эхнэр болно” гэж тоглодог байлаа. Бас “тэгэх ч юм болов уу?” гэж бодож байв. Тэгсэн юун эхнэрээ амраах манатай, манай хүн сүүлдээ энд хамтарч ажиллах болсон. “Дэлгэрцогт гуай 3 жил биш 8 жил өнгөрчихлөө, дэлгүүр хэсдэг ажилдаа ормоор байнаа” гээд л манийгаа чимхлэнэ гэж байгаа. Миний сайхан хань гэж хамаг юмыг хэлүүлэхгүй ойлгодог, халамжилдаг, сагсаганавал дарж өгдөг, үглэдэг яншдаг, ээж шиг минь намайг эрхлүүлдэг хүн байгаа. Эрэгтэй хүн гэдэг чинь дотроо бол эрхлэх дуртай хүмүүс шүү дээ. Хүний л амьдрал юм чинь, хааяа түр тар хийнэ, үзэлцэнээ. Гэхдээ одоо нас яваад, арай ухаан суугаад байгаа юм болов уу, муудалцсаныхаа дараа 2 биендээ амархан бууж өгдөг болж байгаа шүү. Анзаараад байхад би аахар шаахар юманд, ялангуяа дотны хүмүүстээ түргэн уурладаг, адайр ааштай юм шиг байгаа юм. Аль болох юм уншиж, өөрийгөө хоцрогдож харанхуй болчих вий гэж хичээдэг санаатай. Далай багшийн болон Stephen Covey гэж дэлхийд нэртэй бизнесийн ухаантан хүний ишлэлүүдээр хийсэн өдөр тутмын ширээний 2 календартай. Тэрийг уншихад их ухаарал, эрч хүч, энерги авах шиг болдог.

-Г.Галбадрах: Москвад хэр оюутан байв?

-М.Дэлгэрцогт: Би 10-р ангиа “онц” төгсөөд, Эрхүүд 1 жил хэлний бэлтгэлд сураад, дараа нь Москвад ирсэн. Нэг их мундаг оюутан байгаагүй, харин ч 10 жилээ бодвол муу сурч байв.. Дөнгөж 10-р ангиа төгсөөд гадаадад явж байгаа оюутнууд болохоор хэрдээ л “Аавын цээж” болоод л, 100 татна, гитардаж дуулна, партидана. хичээлээ их ч тасална. Бас хэрдээ наймаа хийнэ. Жаахан хуучраад архаг оюутан болоод ирэхлээрээ зундаа нэг контейнерт мебель дүүргээд ачуулчихдаг байсан. Жаахан ашиг олж тэрэндээ цатгалддаг ч юм уу, эсвэл бизнес сэтгэлгээ муу
байсан ч юм уу, тэрийгээ нэмэгдүүлэх санаа төрдөггүй л байсан юм даг.

-Г.Галбадрах: Харин АНУ-д та 2 хамт ирсэн үү?

-М.Дэлгэрцогт: Би 1998 оны 9 сарын 19 нд ганцаараа Вашингтон ДС-д бууж байсан юм. Тэр үед АНУ-д ажил хийж болдог гэж огт мэдэхгүй байв. 3 сарын хэлний курст “яс сууж, хэл сайн сурах” зорилготой. Тэр хугацаандаа хэлээ ч олигтой сураагүй. Буцья гэхээр зөндөө их мөнгө зарцуулж ирчихээд дэндүү хайран байдаг.. Тэгсэн хоолны газарт туслах ажилтнаар ажиллах ажлыг Балдан гэж найз минь олж өгсөн.  Цагийн 6 долларын хөлстэй хэрнээ ажил нь их. Ногоо арилгаж, сав, шал угаах ажилтай. Угаасаа ажил хийж сураагүй болохоор хэцүү л байсан, дээр нь гэрээ маш их санана. Тэгж ажиллаад сард олж байгаа 1000 хүрэхгүй доллараа байр хоол, сургалтын төлбөртөө өгөөд л таарна. Эхэндээ их хэцүү санагдаж байсан ч 9 сарын дараа эхнэр минь ирээд байдал минь хамаагүй дээрдэж байгаа юм. Эхнэр минь намайг “аймаар их ажилласан, амар” гээд л нэг хэсэгтээ өдөрт 2-3 хан цаг ресторанд үйлчлэгч хийж байв, инээдтэй. Аймаар ажиллачихсан баатар амьтан байж байгаа юм чинь. Сүүлдээ хэдэн жил Пицца зөөв. Цаг наранд их баригдаад байхгүй, тааваар болохоор  таалагдана. Тэр үедээ пиццаны бизнесийг их сонирхож хардаг байлаа. Franchise бизнес гэдэг чинь уг нь нэг хөл дээр нь босгоод авбал дараа нь ерөнхийд нь хянахаас, үргэлжийн өдөр тутмын оролцоо бага, дараа дараагийнхыг нь нээгээд явж болохоор. Гэхдээ  мань мэтэд нь тэгж амар дийлдэхээр эд биш байсан юм билээ.

                                                            Тав. Намтрын товчоон

-Г.Галбадрах: Хаана төрж, хаана суралцав даа?

-М.Дэлгэрцогт: Улаанбаатар хотод төрсөн. 24-р сургуульд орж тэндээ 10-р ангиа төгссөн. Дутуу гуцуу юм байхгүй ч илүү гарсан юмгүй. Тэр үеийн хүүхдүүдийн адилаар л өссөн. Хүүхэд нас их ч хурдан өнгөрчээ. Гэнэн цайлган, тэнэг хүүхэд насанд олон ч найзуудтай байж тэднийгээ гомдоож, баярлуулж явсан санагддаг юм. Гэхдээ л хүүхэд насанд найзалсан найзууд насан туршийн найзууд байх юм даа. Би бага байхдаа зүныхаа амралтаар Хөвсгөл явдаг болохоор аминдаа Хөвсгөлийн хүн гэхээр нутгархдаг ухаантай. Тэгсэн 5-р ангид байхад Цэрмаа гэж томоотой, дүмбэгэр охин хөдөөнөөс ирлээ. Би яагаад ч юм бэ, Хөвсгөлийнх гээд ойлгочихсон аминдаа их дотно санагдаад, хэрдээ аятайхан байсан чинь сүүлд нь Увсаас ирсэн болж таараад “шатсан” байж билээ. \инээв\

Гэхдээ харин ёстой Хөвсгөлөөс хөдөөний гэмээргүй өндөр цагаан банди ирсэн чинь дотносож найзлаад, одоо миний хамгийн сайн найз нарын минь нэг Буяндэлгэр гэж нүдний эмч залуу байгаа даа. Залуу ч гэж дээ, бид чинь одоо бараг зуугийн тал руу ойртож яваа хүмүүс болчихсон байна шүү дээ. Гэхдээ залуу байна, залуу байна. Ямар ч байсан 60 мар хүртлээ залуу явна шүү хө, Сэтгэлээрээ хөгшрөөд ирвал “миарч” байгаа нь тэр байх шүү. За тэгээд хүүхэд насны дурсамж л үлдэх болохоос одооны тэр “нутгийн зөвлөл”, тэр аймаг, сум гээд жижиг улс шиг юм болоод байдгийг сайн ойлгодоггүй.

-Г.Галбадрах: Москвад сургуулиа төгсөөд хаана ажилласан юм бэ?

-М.Дэлгэрцогт: Тэр үед чинь гадаадад сургуульд явахдаа Яамны нэр дээр яваад, төгсөж ирсэн хойно нь Яам ажилд хуваарилдаг байсан.1989 онд намайг төгсөж ирэхэд Талх Чихрийн Комбинатад хуваарилав. Яваад очсон чинь үйлдвэрийн доод дамжлагаас эхэлж ажиллуулна гэв. ТЧК 3 ээлжтэй, шөнө ч ажиллана. Ээлжийн ажилчнаар ажиллаж сард 400 төгрөгийн цалин авна” гэнэ. Манай сургуулийнхнаас ч тэнд ажиллаж байна. Тэгсэн тэд маань “явж явж, ээлжийн мастер л болно, хүний өмнөөс загнуулаад л байж байна” гэхээр нь ганц ч хоног ажиллаагүй гараад явсан.
Ганц треляж \суурьтай толь\ л 1400-1500 төгрөгөөр зарагддаг байхад, 3-4 сар ажиллаад ийм цалин аван гэдэг нь үнэнийг хэлэхэд “утгагүй” санагдсан л даа.

-Г.Галбадрах: За тэгээд томилогдсон ажилдаа ороогүй болохоор хаагуур юу хийж явав даа?

-М.Дэлгэрцогт: Янз бүрийн л юм хийж байв. Эхнэр минь төгсөөгүй байхад Орос руу тарваганы арьс гаргах гэж байгаад баригдаж, “Бүгд Найрамдах”-аа уншуулж, 2 жилийн тэнсэн хүртэл авч байв. Их инээдтэй, “бүлэг контрабандийн хэрэг” гээд л. Тэр бүлэг нь би, миний аав, ээж 2 гэнээ. Юм задрахын яг л өмнө юм даа. НАХЯ-н дээр очиж байцаагддаг байлаа шүү дээ “Энэ тарваганы арьснуудыг ямар мөнгөөр авсан юм бэ?” гэхээр нь “Тийм ч зурагтаа, ийм ч стенкээ зараад” гээд л санаанд орсоноо л хэлнэ. Бүгдийг нь бичиж авч байсан байцаагч маань “За, мөнгө чинь дутаад байна даа” гэж тулгахаар нь “Аав ээжээсээ хэдэн төгрөг авсан юмаа” гээд хэлчихсэн чинь шууд л “бүлэг хэрэг”т ордог юм даа. Үүнээс болж муу аав ээж 2 минь “Намын донго” аваад арай л намаасаа хөөгдөлгүй салсан. Дараа нь “юм үзээгүй” болохоор “Үнэхээр шоронд орж магадгүй юм байна” гэж  айгаад нэг хэсэгтээ л нам  суусан даа, гэртээ,

Тэгээд ч удалгүй нийгэм задарч хүмүүс наймаанд хошуурч эхэлсэн шүү дээ. Ганзагын наймаанд нилээд явсан. Сүүлд нь Хятад руу хивэг энэ тэрхэн гаргаж үзлээ. 120-д Хуягаатайгаа нэг баар ажиллуулж байлаа. Бусадтай л адил зүтгэж байсан. Элдвийн л юм үзсэн. Яг үнэндээ би Монголд сүйдтэй ажил хийж, бизнес эрхэлж байгаагүй. Тэгж байгаад АНУ-руу эрдмийн мөр хөөдөг хүн болоод гарч ирснээс хойш нэг мэдсэн 13 жил болсон байна даа.

-Г.Галбадрах: Хэдийгээр цаг зав багатай байдаг ч миний саналыг хүлээн авч уулзаж, чин сэтгэлээсээ ярилцсанд баярлалаа. Нэгэн цагт Элчин сайд Х.Бэхбатын “Америкт монгол “саятангууд” төрөх цаг ойрхон байна” гэж гэж хэлж байсныг дэмжиж, “АНУ-д монгол бизнесменүүд их амжилт олох болтугай “гэж ерөөе. Бас бусад монголчууд болон миний хийж байгаа ажлыг ямагт дэмжиж байдагт тань маш их талархаж байдаг шүү. Бизнес тань ямагт урагшлан дэвжиж байхыг ерөөж, амжилт хүсье.

-М.Дэлгэрцогт: Бэлэгдэлтэй сайхан ерөөл байнаа. Танд ч бас их баярлалаа. АНУ-д олон монгол залуус бизнес эрхэлж амжилттай явж байгаа. Бид хэнд ч авилгал өгч, хуйвалдаж, хэн нэгнийг хуурч мэхлэлгүйгээр ариун цагаан хөдөлмөр, шударга өрсөлдөөнөөр Америк орны зах зээл дээр хүч үзэж яваадаа бахархдаг. Хүний нутагт “амь нэгтэй” яваа болохоор монголчууд бид нэг нэгэндээ боломжийн хэрээр тусалж, сайн санаачлага болгоныг дэмжиж байж л дээшлэх нь ойлгомжтой. Энэ бүхэн Монголын ирээдүйн төлөө бидний оруулж буй хувь нэмэр, тус. Ta ч гэсэн асар их цаг заваа, мөнгө төгрөгөө зарцуулж, Монголоо, монголчуудаа гэсэн сэтгэлээр энэ ярилцлагуудыг хийж, бас бусдад юм бодогдуулахаар олон нийтлэл бичдэгт тань олон хүн талархаж явдаг шүү. “Хүн хэлэхээс нааш санадаггүй” гэж үг байдаг даа. Нэг сонсоход л ” ийшээ нислээ, тийшээ очиж ярилцлага авлаа” гэж явах юм байна шүү дээ. Танд ч бас их амжилт хүсье.

Share Your Thoughts