1
АНУ-дахь монгол оюутнуудын “НАДАД ХЭЛЭХ ҮГ БАЙНА-6” арга хэмжээ Сан-Францискод

Америкт суралцаж, ажиллаж буй монгол залуусын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Надад хэлэх үг байна?” арга хэмжээ 6 дахь удаагаа Сан-Франциско хотод өнгөрсөн 3 сарын 19 ний өдөр зохион байгуулагдлаа. Яг 5 жилийн өмнө энэ арга хэмжээний 2 дахь удаагийнх Сан-Франциско хотод зохион байгуулагдаж байсан юм. Тэр үед зохион байгуулалтын ажлыг хариуцаж байсан Д.Жанцанхорлоо маань сургуулиа төгсөж хүний эрхийг хамгаалах чиглэлээр ажиллаж байгаа бөгөөд энэ жилийнхийг мөн л Америкт ажиллаж амьдарч байгаа залуусынхаа хамт зохион байгуулав. Сан-Франциско хотод монгол оюутан залуусын байгууллага тогтмол ажиллаж, үр дүнтэй олон ажлууд болон санаачлагуудыг хэрэгжүүлж байдаг нь түүний зүтгэлийн үр шим мөн.
Энэ жилийн “Надад хэлэх үг байна-6” илтгэлийн уралдаанд Америкийн 10 гаруй хотоос 150 -иад оюутнууд ирж оролцлоо. Уг арга хэмжээг Монгол улсаас Сан-Франциско хотод суугаа өргөмжит консул Д.Баярхүү нээж, Г.Галбадрах болон Монголын Ажил Олгогч Эздийн Холбооны А.Эрдэнэбаатар, арга хэмжээг зохион байгуулагч Д.Жанцанхорлоо нар баяр хүргэн үг хэлэв. Монгол хэлээр илтгэл тавьж, Монгол орны хөгжил дэвшлийн төлөө сэтгэл зүрхээ чилээж, санаа бодлоо илэрхийлдэг энэ арга хэмжээний энэ жилийн уралдаанд 15 илтгэл ирснээс, урьдчилсан шалгаруулалтаар шалгарч үлдсэн 8 илтгэлийг олны өмнө хэлэлцүүлсэн юм. Өмнөх жилүүдтэй харьцуулбал илтгэлийн чанар илтгэгчдийн чансаа ихэд дээшилсэн байв. Илтгэлүүдийн товч агуулгыг сонирхуулбал:
1. Б.Хэрлэн
Biomedical Engineering, University of Houston
Goelogy & Geophysics, University of Houston
Petroleum Geology, Colorado School of Mines

“ЦУС ОЙРТОЛТЫГ УДАМШЛЫН ШИНЖИЛГЭЭНИЙ САНГИЙН ТУСЛАМЖТАЙ ХУУЛИЙН ДАГУУ ХЯЗГААРЛАХ НЬ”
Олон улсын жишгээр цус ойртолт буюу Consanguinity гэдэг нь 2 хүний хооронд нийтлэг байгаа ДНХ материал хэр их байгаа гэдгээр бус, харин хичнээн Миозис тухайн 2 хүнийг тусгаарлаж байгаа гэдгээр тодорхойлогддог ажээ. Монгол улсын хэмжээнд 1974 оноос хойш гэр бүл төлөвшилт ба цус ойртолтын судалгааг хийж эхэлсэн бөгөөд С.Ганболд, Ц.Цэрэндаш, Ц.Батсуурь нарын 2001 оны судалгаагаар цус ойртолтын дүнд удамшлын элдэв эмгэг, төрөлхийн гажиг согог, , оюуны хомсдол ихэсдэг болохыг баримтжуулсан ажээ. Энэхүү судалгаагаар зуршмал зулбалт төрөл ойртсон гэр бүлд 6,35 % байхад төрөл ойртоогүй гэр бүлд 0,87 % буюу 5 дахин цөөн байдаг бол, хүүхдийн эндэгдэл төрөл ойртсон гэр бүлд 26,19% байхад төрөл ойртоогүй гэр бүлд 20,67% байгаа дүн гарсан. Монголчуудын дунд цус ойртолт үүсэх болсон шалтгаан нь удаа дараагийн социологийн судалгаагаар, 1-рт Монгол хүмүүс удам угсаагаа сайн мэдэхгүй аль эсвэл ураг төрлийн хамаарлыг сайтар бодолцож үздэггүй 2-рт Монгол улсын засаг захиргааны нэгжүүд хэтэрхий жижиг байгаагаас газрын ойрыг бодож нэгэн нутагт он удаан жил амьдарсан хүмүүстэй гэр бүл болох нь хөдөө орон нутагт түгээмэл байгаатай холбоотой юм. Монголчуудын удамшлын санг миний бие сүүлийн 6 жилийн турш судалж, олон улсын эрдэмтдийн хийсэн судалгааг давхар харьцуулж үзэхэд, Монголчуудын удмын сан нь маш арвин баялаг бөгөөд цус ойртолт нь Үндэсний Аюулгүй Байдалд хүрэх үндэстэн огт биш юмаа. Гэвч манай Монголын мэдлэг чадвартай олон эрдэмтдийн судалгаанууд цус ойртолт аюулын харанга дэлдэж байгааг баталсаар байгаа учраас энэхүү асуудалд зохицуулалт хэрэгтэй байгаа нь харагдаж байна.
Энэ асуудлыг Хүний Удамшил болон Өвөг Дээдсийг тодорхойлох \ХУӨДХ\ шинжилгээ, мэдээллийн санг гэр бүл болох хуулийн хүрээнд нэвтрүүлснээр зохицуулж болох юм. ХУӨДХ шинжилгээг олон улсын хэмжээнд 2000 оноос маш өргөн хүрээгээр хийж эхэлсэн бөгөөд үүнд эрдэмтдийн бөөндөж авсан судалгаа шинжилгээнээс гадна хувь хүмүүсийн арилжааны лабораторуудад өгсөн шинжилгээнүүд орж байгаа. \Илтгэгч энэ шинжилгээний талаар болон бодит үр дүнгийн талаар схем дээр дэлгэрэнгүй тайлбарласан юм\ Монголчууд генийн сангийн хувьд бусад бүх үндэстнээс нэн баялаг бөгөөд АНУ буюу Австралийн иргэдтэй дүйцэхүйц хэмжээний. Монголчуудын У-ДНХ хаплодарааллаас хамгийн түгээмэл нь олон улсад Чингис Хааны гэж нэрлэгдсэн Хаплобүлэг С-ийн нэгэн хаплодараалал юм. Гэвч энэ нь зөвхөн Чингис хааных биш болох тухай миний бие “Чингис хааны У-ДНХ”, “Монголчууд ба Казахууд” ярилцлага нийтлэлдээ маш тодорхой дурдсан байгаа.
Эдүгээ бидний эхлүүлж, жил ирэх тусам баяжуулж буй ХУӨДХ санд монголчуудын генетикийн кодын тухай мэдээлэл нилээдгүй хуримтлагдсан бөгөөд цаашид үүнийг орон даяар хийснээр бид тэрхүү мэдээллийн санг Улсын мэдэлд шилжүүлж, шинээр танилцсан буюу үерхэж эхэлж буй хосуудын өөрт хамааралтай эсэхийг шалгуулдаг тогтолцоог нэвтрүүлж болох юм. Үүнийг нэвтрүүлснээр хүн амын шилжилт хөдөлгөөн, засаг захиргааны зохион байгуулалтыг ч мөн адил мэргэжлийн түвшинд далайцтайгаар өөрчлөн зохицуулж болох юм.

2.Б.Лхагва-Очир
International Business, St.Cloud State University

“ЗӨВ НЭРТЭЙ МОНГОЛ”
АНУ-д анх ирээд л үзсэн харсан зүйлээ төрөлх Улаанбаатар хоттойгоо харьцуулж байв. Одоо ч шинэ юм үзэх болгондоо дотроо нэгийг тунгааж явдаг. Энд ирээд хөгжил, бүтээн байгуулалтыг хардаг байсан нүд минь нэг л мэдэхэд хувь хүний хөгжил, нийгмийн соёл руу анхаарлаа хандуулдаг болон өөрчлөгджээ. Сүүлийн үед болж буй нийгмийг хамарсан асуудлууд, ялангуяа гадаад улсуудтай харилцах, хоорондоо уусах, бидний соёлыг уусгах гэх мэт асуудлуудаас болоод нэг нэгнээ “барьж идэх” шахаж буй бидний монголчуудын үйлдэл, нийгмийн дархлаа болон хувь хүмүүсийн соёл ба тэдгээрийг бусад хүмүүс бидний эргэн тойрны улсууд, бүр цаашлаад бидний байнга хамаатуулж ярьдаг “дэлхий” яаж хүлээж авч байгаа талаар өөрийн бодлоо хүмүүст хүргэхийг хүссэн юм.
Юуны түрүүнд бидний асуудал юу вэ? гэсэн асуултад хариулт өгөхийг хичээе. Дэлхийн бусад бүх улс орнуудын адил манай Монгол улсын хөгжлийн тулгуур, нийгмийг бүтээн байгуулагч гол хүч нь “залуучууд бид” гэж би хувьдаа боддог. Бид сайн боловсрол эзэмшиж, чадвартай ажиллах хүчний тоонд орж, хариуцлагатай итгэн болж төлөвших нь ирээдүйн нийгэмд бидний оролцоог илтгэх болов уу? Гэхдээ үүнээс урьтаж залуус бидний хийх үйлдлээс шалтгаалан “Монгол” гэдэг нэрийг хэрхэн таниулах нь чухал. “Сайн зүйл хурдан тардаг” гэдэг дээ. Хаа ч явсан биднийг “Чи Хятад уу? Солонгос уу?” гэж асуудаг. Монгол улсын тухай бусдын сайн мэдэх нь манай 13-р зууны түүх л байх. Зарим нь Монгол гэж хаана байдгийг ч мэдэхгүй байх жишээтэй. Монголчууд бид гадаад ертөнцөд хүрч, сайн нэрээр бусад улсуудад төдийлэн танигдахгүй байгаа нь үүний шалтгаан гэж би бодож байна.
Монголчууд бид гадныхныг өөрсдөөсөө дор үзэж гадуурхах атлаа өөрсдөө арчаагүй залхуу, худалч, бэлэнчлэх сэтгэлгээтэй байдаг. Гадны жуулчид Монголд очоод эд зүйлсээ алдсан, залууст зодуулж дээрэмдүүлсэн гэх таагүй мэдээллээс шалтгаалан “Жуулчдыг үзэн яддаг 7 улс”-ын жишээнд орчихсон байсан. Монгол улсын хөгжлийн тулгуур, нийгмийг бүтээн байгуулагч гол хүч нь болсон залуучууд бид зорилго нэгтэйгээр бүхий л сайн сайхныг түгээж, өөрсдөө үлгэрлэн хийж чадах бүхнээ сэтгэл ханамж дүүрэн хийх нь эргээд биднийг сайн зүйл рүү хөтөлж, бүх салбрыг хөгжүүлэх сайн хүмүүсийг, боловсон хүчнийг бэлтгэж өгөх эхлэл нь юм болов уу? Бидэнд бусдад муугаар биш сайнаар танигдах, бахархагдах нэр зөндөө байгаа, энэ бол боломжтой зүйл. Харин бид өөрсдөө дор бүрнээ хичээх хэрэгтэй гэдгийг би, та, бид бүгдээрээ мэдэж байгаа. “Нэр хугарахаар яс хугар” гэдэг үг байдаг даа. Бүгдээрээ хичээж зөв нэртэй Монголыг бүтээцгээе.

3. А.Амаржаргал
Fashion Merchandising, Jonson and Wales University

“НӨХӨН ҮРЖИХҮЙН ЭРҮҮЛ МЭНД”
Улс орны ирээдүйг аз жаргалтай гэр бүлүүд ба хүмүүжилтэй хүүхдүүд хэр олон байгаагаар тодорхойлдог гэдэг. Үүнтэй холбоотой Нөхөн Үржихүйн эрүүл мэндийн асуудал бол нэгэн төрлийн боловсрол гэдгийг ойлгохгүй байгаа залуус олон байгааг анзаарлаа. Судалгаагаар залуу охид, хөвгүүдийн бэлгэвч хэрэглэхээс татгалзаж буй шалтгаан нь: охид, хэт туршлагатай харагдахгүйн тулд ба хайртай хүндээ итгэл муутай гэж дүгнэгдэхгүйн тулд, хөвгүүд, бэлгэвч хэрэглэхийг төвөгтэйд үздэг гэсэн үзүүлэлтүүд байна. 2008 онд Монгол улсад явагдсан судалгаагаар 14-16 насны залуучууд анх удаа бэлгийн харилцаанд орж эхэлдэг гэнэ. Үүний 50% нь хамгаалалтгүй, судалгаанд оролцсон нийт 1044 эмэгтэйчүүдийн \15-19 насны\ 92,7% нь хамгаалалтын аргуудыг мэддэг мөртлөө 3,7% нь хамгаалалт хэрэглэсэн үзүүлэлт гарчээ. Энэ судалгаа нь өсвөр насны залуу охид анх удаа бэлгийн харилцаанд орохдоо хамгаалалт хэрэглэж мэдэхгүй байна гэсэн үзүүлэлт. Хамгаалалтгүй харьцаанаас шалтгаалан хүүхдээрээ шахуу хүүхэдтэй болох магадлал өндөр, аливаа халдварт өвчин тусах эрсдэлтэй. Энэ бүх асуудлаас урьдчилан сэргийлэх нь зүйтэй гэж миний хувьд үзэж байгаа юм.
Одоо цагт Монголын залуучуудыг Нөхөн үржихүйн талаар дэлгэрэнгүй мэдээллээр хангах шаардлага зүй ёсоор урган гарч байна. Хүүхдийн хүмүүжил багаасаа тавигдвал илүү үр дүнтэй гэдэг нь нотлогдсон. “Хүн сурсан зангаа тавьдаггүй” гэдгээр хүүхдүүдийг бага байхаас нь энэ талаар сургаж яагаад болохгүй гэж? Нөхөн үржихүй болон бэлгийн харилцааны талаар эцэг эхчүүд, багш нар хүүхдүүдтэй дэлгэрэнгүй ярилцдаггүй нь харамсалтай. Улсын мэдлийн зарим сургуулиудад “Эрүүл мэнд”-ийн хичээл заахаа больсон байна. Залуучуудад энэ талаар мэдүүлэхийн тулд энэ чиглэлээр дэлгэрэнгүй мэдээллийн блог болон вэб сайтыг монгол хэлээр бий болгох нь үр дүнтэй арга мөн. You tube -ээр богино видеог залуучууд сонирхон үздэг болсон байна. Тийм болохоор эмчийн зөвлөлгөөг жижиг видеогоор хүргэвэл сонирхолтой, бас хэзээ ч хаана ч үзэхэд боломжийн. Залуучууд хүнээс зөвлөлгөө авахаас илүү интернэтээр тухайн сэдвээ судалж, хэрэгтэй мэдээллээ авахыг хүсэх болжээ. Үр дүнтэй, сонирхолтой блог болон видеогоор нөхөн үржихүйн боловсрол мэдлэгийг залуучууддаа түгээе. Дахин нэг хүсээгүй жирэмслэлт, дахин нэг аборт, дахин нэг эцэг эхгүй хүүхэд байлгахгүйн тулд, нэг ч гэсэн хүнийг өвчнөөс хамгаалахын тулд одооноос энэ талаар хүмүүсийг боловсруулах хэрэгтэй болж байна.

4. Б.Намуун
Art & Digital Media, Metropolitain State University of Denver

“ЦАХИМ ЕРТӨНЦ ДАХЬ МОНГОЛ ХЭЛ ДЭЭРХ МЭДЭЭЛЛИЙН ГАЧИГДАЛ”
Монгол хэлээрээ мэдээлэл унших боломж гадаадад суралцаж байгаа бидэн шиг хүмүүст төдийлэн элбэг биш гэдгийг та бид мэдэх буй заа. Зуныхаа амралтаар Монголдоо очоод буцахдаа ачааны жингийн хязгаарт баригдаад 2-3-аас хэтрэхгүй уран зохиолын номыг ааруул, тэмээний ноосон оймсныхоо хажуугаар цүнхэлж амждаг хүний тоо надаар дуусахгүй гэдэгт итгэлтэй байна. Гэвч гэрлийн хурдаар ундарч, бургилж, хальж, үерлэж байгаа мэдээллийн эрин үед амьдрах надад уран зохиол уншаад суух хугацаа бараг олдохгүй, тэвчээр хүрэхгүй бачуурах болчихжээ. Хүссэн цагтаа, хүссэн газраа сонирхсон асуултынхаа хариуг мэдэх, сонирхсон номоо олоод уншчих боломжтой Гүүглийн үед төрсөн бид их азтай хүмүүс. “Хэлтэй хүн хөлтэй” гэсэндээ энэ бүхэн бидэнд нээлттэй байна. Харин монгол хүн бүр хэлний бэрхшээлийг давж, энэ гайхалтай эрин үед хөл нийлүүлэн алхаж чадаж байгаа болов уу?
Бид бүхний өдөр хоногтоо гэлтгүй цаг тутамдаа хардаг хэвшил шахуу болсон Фейсбуукээр улстөр, гэмт хэрэг, мухар сүсэг, төөрөгдүүлсэн үнэн худал нь мэдэгдэхийн аргагүй, сэтгэл сэрдхийм мэдээнүүд голдуу тэнүүчлэх юм. Энэ мэтийн шалтгаануудаас болоод монгол хэлээрээ хайлт хийхийн оронд шууд л англи хэлээр онлайн хайлт хийдэг. Цахим ертөнц дахь Монголын орон зайг бүрдүүлж улам тэлэх, монголчууддаа туслах үүрэг, хайлтын системийн ид шидийг мэдэрсэн гадаадад суралцаж буй монгол оюутан залуус бидний үүрэг мөнөөсөө мөн билээ.
Тэрээр өөрийн санаачилж буй TSAHIM-TEMDEGLEL.COM сайтынхаа талаарх санаагаа танилцуулсан юм. tsahim-temdeglel.com нь цахим пртөнц дэх Монголын орон зайг тэлэхээс гадна дараах ашигтай талуудтай байна. Үүнд:
1. Уншигч-сурагч
-Дэлхийн нэртэй Их Дээд Сургуулиудад зааж буй хичээлүүдтэй үнэгүй шахуу танилцах
-Монголчууд маань дэлхийн өнцөг булэн бүрд байгаа улс орнуудын хууль, дүрэм журам, мэдлэгийн арвин их сантай монгол хэл дээрээ танилцан санаа авч хөгжих
-Тухайн хичээлтэй бүрэн гүйцэд танилцаж, шалгалтаа амжилттай өгсөн тохиолдолд өргөмжлөл гардан авах
2. Тэмдэглэл хөтлөгч оюутан-багш
-Хичээлээ хийнгээ Монгол орон ард түмэндээ тус, хувь нэмэр болох
-Хичээлээ хийнгээ орлого олоод байх
-Хичээлээ хийнгээ монгол хэл дээрээ хөрвүүлэх чадвараа дээшлүүлэх
-Хичээлээ хийнгээ монгол ажил олгогчдын нүдэнд өртөж, наад зах нь сурч буй хичээлийнхээ чиглэлээр хууль, дүрэм жураморчуулах захиалга авах, цаашлаад сургуулиа төгсөөд ажлын байрны санал авах боломжтой
-Сайтаас олгох цол хэргэмээр шагнуулах
Хэтийн төлөв: Энэ сайт нь идэвхтэй, өргөн цар хүрээтэй, монгол түмний хүртээл болсон нэр хүндтэй ажил болж, улмаар энэ сайтаас олгосон өргөмжлөл, цол хэргэм нь хувь хүний үнэлэмж, бахархал байх болно.

5. Б.Номондалай
Political Science &International Relations, UCLA

“МОНГОЛ УЛСАД ЕРӨНХИЙ ЗОРИУЛАЛТЫН НИСЭХИЙГ ХӨГЖҮҮЛЭХ НЬ”
Ерөнхий Зориулалтын Нисэх \ЕЗН\ буюу “General Aviation” гэдэг нэр томьёо ойлголт 1968 оноос эрхзүйн түвшинд бий болж дэлхийн практикт нэвтэрсэн. Өнөөгийн байдлаар дэлхий дахинд нийт 362 000 гаруй ЕЗН-ийн агаарын хөлөг ашиглагдаж, үүний зэрэгцээ арилжааны агаарын тээвэрлэлтэд 60 000 орчим агаарын хөлөг ашиглагдаж байна. Дэлхийн бүх нислэгийн 87%, бүх агаарын хөлгийн 89% -ийг ЕЗН эзэлдэг бөгөөд зах зээл өндөр хөгжсөн барууны орнуудын эдийн засагт ЕЗН асар их үүргийг гүйцэтгэж байна. Сүүлийн үеийн судалгаагаар зөвхөн АНУ-д гэхэд ЕЗН-ээс жилд 219 гаруй тэрбум доллар тус улсын эдийн засагт эргэлдэж 1,2 тэрбум долларын татвар төвлөрүүлж байна. Тус улсад ЕЗН-д хамрагдах 199 900 нисэх онгоц байгаа нь Америкийн агаарын хөлгийн паркын 96%-ийг эзэлж байна. Жилд дунджаар 25 сая цагийн нислэг үйлдэж байгаа нь АНУ-ын нийт нислэгийн 75% нь ЕЗН-д ноогдож, 18,200 аэродром \нисэх онгоц хөөрч буух зурвас\ энэ тоонд 13,175 нисэх буудал, 4,600 нисдэг тэрэгний станц, эдгээрт ойролцоогоор 1, 265, 000 хүн ажиллаж байгаагаас 630 000 хүн хувийн нисгэгчийн үнэмлэх эзэмшдэг байна.
Монгол оронд нэн тулгамдаж буй асуудлуудад ойн хортон шавьжны тархалт, бэлчээрийн хөнөөлт мэрэгч амьтдын тоо толгойн хэт олшролт, тариалалнгийн талбайн хогтолт, ой хээрийн түймэр болон алслагдмал нутгуудад гардаг гэнэтийн осол аваар зэрэг ордог. Иймд Иргэний Нисэхийн салбрын салшгүй хэсэг болох ЕЗН-ийн оролцоог нэмэгдүүлж, зах зээлийн өнөөгийн нөхцөлд тохирсон зөв зохистой үйлчилгээг бий болгон дээр дурдсан асуудлуудыг үр ашигтайгаар шийдэх нь хамгийн оновчтой хувилбар мөн. Монголчууд социалист нийгмийн үед нисэх онгоц ашиглан жилдээ 250-300 мянган га тариалангийн талбайн хог ургамлыг авиа химийн аргаар устгаж, арвин их ургац хураан авч байжээ. Мэргэжлийн байгууллагуудын судалгаанаас авч тунгаахад, авиа хими ажлыг дахин сэргээвэл, га тутмаас авах ургацын хэмжээ хамгийн багадаа 3 центээр өсөх бололцоо байна. Энэ ажилд одоо манайд байгаа дахин ашиглах боломжтой АН-2 онгоц болон АНУ-д үйлдвэрлэгддэг АТ-602 загварын онгоцыг ашиглах боломжтой.
Ой хээрийн түймрийн улмаас жил бүр улсын эдийн засаг, байгаль экологид асар их хоихрол учирч байгаагаас 2007 онд 196,310 тэрбум \экологийн хохирлыг тооцоод\, 2008 онд 17,550 тэрбум, 2009 онд 605,20 сая, 2010 онд 992,50 сая, 2011 онд 2 тэрбум 650 сая, 2012 онд 84 тэрбум 19,4 сая, 2013 онд 6 тэрбум 383,9 сая, 2014 онд 10 тэрбум 759,9 сая, 2015 онд 79 тэрбум 948,6 сая төгрөгийн шууд хохирол учирсан байна. Ой хээрийн гал түймрийн үед дээр дурдагдсан АН-2, АТ-602 болон АНУ-д үйлдвэрлэгддэг OV-10A ба Martin Mars, Сэссна-208 загварын онгоцуудыг ашигласнаар галын аюулыг түргэн шуурхай унтрааж, байгаль орчныг хамгаалан илүү зардлаас татгалзаж чадна. Манай улсын газар нутгийн 10%-ийг эзэлж байсан ойн бүс нь гал түймэр, хортон шавьж болон хувь хүмүүсийн шунахай сэдлийн хууль бус үйлдэл зэрэг элдэв хөнөөл сүйтгэлд өртсөөр эзлэх талбай нь жилээс жилд буурч, ойн бүсийн нийт талбай18,3 сая га талбай эзэлж байгаа нь нийт газар нутгийн 7,88% болж багассан нь Монгол улсыг ойн нөөцөөр хомс улсын тоонд багтаажээ. Гэтэл манай улсын газар нутгийн 8 хүрэхгүй хувийг эзэлдэг ойн бүсийг хортон шавьжнаас хамгаалах ажилд жил бүр улсаас өчүүхэн хэмжээний хөрөнгө мөнгө төсөвлөдөг нь нисэх онгоц ашиглан агаараас хор цацахад хүрэлцдэггүй, энгийн механик аргаар тэмцэж байгаа нь үр дүн муутай байна.
Манай улсын хувьд ЕЗН нь эхлэл төдий байгаа ч дотоод нөөц бололцоон дээр тулгуурлан цаашид хөгжих асар их ирээдүйтэй. ЕЗН-ийн зах зээлийн менежмэнтийн тогтолцоог бий болгож, хөрөнгө оруулалтыг татаж чадсанаар энэ ангиллын онгоц, техник, засвар үйлчилгээний баазыг бий болгох, мэргэжлийн боловсон хүчнийг богино хугацаанд дотооддоо бэлтгэх сургалтын төв байгуулж үйл ажиллагааг жигдрүүлбэл үр өгөөжийг нь хүртэх боломжтой. Хөгжингүй орнуудад ЕЗН-ийн нисэх онгоцнууд нь үнэ өртгийн хувьд харилцан адилгүй байдаг ба тэдгээр нь эдэлгээ сайтай, ашиглалтын хугацаа урт, найдвартай ажиллагаатай, шатах тослох материалын болон засвар үйлчилгээний зардал бага, жолоодоход хөнгөн хялбар болсон зэрэг олон давуу үзүүлэлтэй байгаа. Жишээлбэл: АНУ-ын нисэх онгоцны зах зээлд олон хувиар үйлдвэрлэгдэн нийлүүлэгдэж, өргөн дэлгэр ашиглаж байгаа, зорчигч тээврийн зориулалтаар бүтээгдсэн 4 зорчигчийн суудалтай Сессна-172, 4-5 зорчигчийн суудалтай Maule-7-237 C, 9 зорчигчийн суудалтай Сессна-208 онгоцуудыг шууд худалдан авч Монгол улсад нийлүүлбэл илүү тохиромжтой агаарын хөлөг болох нь судалгаагаар тогтоогдсон. Мөн авиа химийн зориулалтаар Айртрактор АТ-602 онгоц нь манай нөхцөлд илүү тохиромжтой юм.

6. А.Энхчулуун
International Journalism, International Business & Technology Institute

“МОНГОЛЫН БОЛОВСРОЛ СОЁЛ”
Түүхээс авч үзэхэд Монгол улсын боловсролын сэргэн мандалт Богд Хаант Монгол улсын үеэс үүссэн гэж үздэг. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр ЗХУ-тай ах дүүгийн найрамдалт бат харилцаа тогтоосон нь Монгол улсын боловсролын салбар ЗХУ-ын арга барилаар хөгжих болсон. Хуучин цагт энэ систем үүргээ гүйцэтгэсэн гэж тооцдог боловч өнөө цагийн үсрэнгүй хөгжил, шинэчлэлийн эрин зуунд энэхүү хуучирсан системийн арга барил нийгэм, тэр тусмаа дэлхий дахины шаардлагыг хангаж чадахгүй байгаа нь Монголын боловсролын систем, ялангуяа арга барилд өөрчлөлт хийх цаг болсныг нотолж байна. Багшийн заах аргын ерөнхий хандалга нь “Багш самбар дээр юм бичээд, хүүхдүүд түүнийг нь хуулж аваад, асуугдах”. Хичээлийг энэ аргаар явуулснаар тухайн насанд сурагчдын эзэмших ёстой чадварууд хаягддаг. Сурагчдын бодох, ой тогтоолт сайжрах боловч, амьдрал дээр гараад ачаалал даах, бие даан ажиллах болон шийдвэр гаргах чадваргүй болдгоос амьдрал дээр олон алдаа гаргадаг. Тийм учраас бодит зүйлийг хийж бүтээж, зохиож, хөдөлмөрлөж чаддаг, хүүхдийн хөгжил дээр суурилсан секц дугуйлан, сурагчдын чадамж дээр суурилсан үйлээр сурган мэдлэг олгох хөтөлбрүүдийг манай боловролын системд нэн даруй нэвтрүүлэх шаардлагатай байгаа юм. Үүний тулд:
1. Боловсролын шинэчлэлийг эрчимтэй гүнзгийрүүлэх
2.Боловсролын стандартыг боловсронгүй болгох
3.Сургалтын арга зүйг тасралтгүй сайжруулах шаардлага бий болж байна.
Багшийн хөгжилд бид юуг хамгийн түрүүнд анхаарах ёстой вэ? Мэдээж заах арга барилын шинэчлэлийг эхлүүлэх хэрэгтэй. Улс даяар багш нарыг хамруулсан шинэ сургалт семинар, лекцүүдийг зохион байгуулж, багш нартай хэлэлцэн эрдэмтэдтэй хамтран хийсэн судалгааны үндсэн дээр багшийн заах арга барил, стандартын шинэчлэлийн талаар шийдэл гаргах юм. \Тэрээр цааш нь боловсролын салбарт шинэчлэл хийх санаагаа бага, дунд, дээд боловсрол гэсэн хэсгүүдээр задлан тайлбарласан юм\
Дэлхий дээрх нийт 3700 улс орноос 200 үндэстэн үлдсэн шалтгаан нь зөвхөн уламжлалт түүхэн үнэ цэнэ дээр л тогтдог. Бид бусдаас өөр хэлээр ярьж, монголоороо сэтгэдэг үнэт зан заншилтай ард түмэн. Монгол орчин соёл маань өөрөө “сургуулийн өмнөх боловсрол болон бага ангийн боловсрол”ын анхдагч орчин юм байна. Монгол хүн цаашдаа монголоороо үлдэхийн тулд соёлын үнэт зүйл дээр онцгой анхаарч, даяаршин хөгжиж, глобалчлагдаж байгаагийн эсрэг монголоороо ондоошиж, Монгол бренд, монгол ухаан, монгол хөгжил, монгол боловсролыг дэлхий дахинд таниулж байж урт удаан хугацаанд оршин тогтнох боломжтой.

7. М.Ичинхорлоо
Social & Cultural Anthropology, State University of Mongolia

“ХҮҮХДИЙН СУРГУУЛЬ ДЭЭРХ ОРЧИН БА САХАРЫН ХЭТ ИХ ХЭРЭГЛЭЭ”
Миний бие энэхүү судалгааг Монгол улсад амьдарч байх хугацаандаа хийж эхлүүлсэн ба одоог хүртэл тасралтгүй судалсаар байгаа. Энэ судалгааны ажлын гол зорилго нь дунд сургуулийн хүүхдүүдийн “Үдийн цай” хөтөлбрийн хэрэгжилтийн эргэн тойрон, бага насны хүүдийн хичээл дээрх хооллолт, сургуулийн хүнсний мухлаг дахь аюулгүй байдал зэргийг судлахаа гол зорилго болгосон юм. Судалгааны обьектоор Чингэлтэй дүүргийн 24-р сургууль, Баянзүрх дүүргийн 33-р сургууль, Баянгол дүүргийн 47-р сургуулийг тус тус сонгож оруулсан болно. Судалгаанд нийт 45 сурагч оролцсон ба бичгийн, ярилцлагын арга, антропологийн оролцон ажиглах \participant observation\ аргуудыг тус тус ашигласан болно.
1.Үдийн цайны өмнөх гар ариутгал:
2007 онд хийсэн судалгаагаар улсын хэмжээнд 14,4% нь гар угаах нөхцлөөр хангагдаагүй, гар угаагуурын тоо норматив хэмжээнээс 3 дахин цөөн буюу 107 сурагчид 1 гар угаагуур ноогдож байсан нь тогтоогдсон байна. 2011 онд хийсэн судалгаагаар нийт сургуулиудын хувьд улсын хэмжээнд дунджаар 123,49 +- 20,04 хүүхдэд, хотын сургуульд 147,0 + -31,63 хүүхдэд, орон нутгийн сургуулиудад 86,76 +-9,74 хүүхдэд нэг угаалтуур ноогдож байна. Мөн 519 анги танхимын 29,9% нь ангидаа угаалтууртай, 68,6% нь угаалтуур байхгүй, 1,5% нь угаалтуур нь эвдэрч ажиллагаагүй болсон байв. 2015 оны байдлаар 31,8% д 38 хүүхэд тутамд 1 суултууртай, 54,9% нь 35 хүүхэд тутамд 1 угаалтууртай байна.
Шийдэл: Судалгаанд оролцогч бага насны хүүхдүүдийн яриагаар “завсарлагааны 15 минутад үдийн цайг идэж дууссан байх ёстой” бөгөөд нэг ангид ноогдох 45 хүүхэд нэг зэрэг гараа ариутгах боломжгүй юм. Гэвч Боловсролын Яамнаас гаргасан “Үдийн цай” хөтөлбрийн журам 2.4-т зааснаар “хүүхэд бүрийн гарыг угаах” заалт хэрэгжих боломжгүй болж байгаа юм. Тиймээс 1 хүүхдэд ноогдох угаалтуурыг сургууль бүрт шинэчлэн засварлаж хийж өгөх ёстой бөгөөд, гар угаагч Санитас гэх мэт шингэнийг Америк, Япон зэрэг улсуудын адил хүүхэд бүрт хэрэглүүлж эхвшүүлэх нь зүйтэй юм. Түүнчлэн Боловсрол, Эрүүл мэндийн Яамнаас хамтран хоолноос өмнө гар цэвэрлэх нэг удаагийн салфетка хэрэглүүлэх шаардлагатай байна.
2. Үдийн хоолны шим тэжээл:
Хэт их гурил, гурилан бүтээгдэхүүн хэрэглэх нь судасны холестринийг нэмэгдүүлдэг ба “Үдийн цай” хөтөлбрөөр тараагддаг чихэртэй боорцог нь сахарын хэт их агууламжтай байсныг судалгааны явцад илрүүлсэн. 24-р сургуулийн хувьд 1-5-р ангийн \1200 орчим сурагчидтай\ долоо хоногийн 4 өдөрт нь савласан 200 гр амтат жүүс, амтат печень өгч 1 өдөрт махан хоол \тэр дундаа будаатай бууз, будаатай хуурга г,м\ 3 төрлийн хоол ээлжлэн өгдөг байна. Эдгээрт сард нийтдээ 10-11 сая төгрөг улсаас төсөвлөдөг аж. 2007 онд нийт 10 тэрбум төгрөгийг “Үдийн цай” хөтөлбөрт зарцуулсан ба 2008 онд улсын хэмжээний 1-5-р ангийн 196 мянган хүүхдэд 16,5 тэрбум төгрөг зарцуулахаар тусгасан байна. Энэ мэтчилэн жилд зарцуулах төсвийн хэмжээ нэмэгдэж байгаа боловч хоолны чанар сайжрахгүй байгаа нь нууц биш.
Шийдэл: Япончууд хүүхэд бүртээ өдөрт аяга сүү улсаас өгөх хөтөлбөр гаргасны хүчинд хүн амынх нь дундаж өндөр нэмэгдсэн гэдэг. Үүний адил монголчууд бид өөрсдийн үндэсний үйлдвэрлэлээ дэмжин олон төрлийн цагаан идээг хүүхэд багачуудад хүргэх боломжтой билээ. Энэ нь төсөвлөсөн төсвөөс ч хэмнэлттэй байж болох төдийгүй эрүүл хооллох чухал алхам болж чадах юм.
3.Бага насны хүүдийн сахарын хэрэглээ:
Хүн өдөр болгон сахар идээд байдаггүй ч далд хэлбрийн сахарыг маш их хэмжээгээр иддэг болохыг тогтоосон юм. \Тэрээр асуудлыг видео хэлбрээр бэлтгэснээ үзүүлж тайлбарлав\. Хүн өдөрт тодорхой хэмжээний сахарыг авч байх ёстой ч хэтрүүлэн хэрэглэж байгаа нь маш олон өвчний \таргалалт, чихрийн шижин, харшил, нүдний хараа муудах, нүүрээр батга гарах, зүрх судасны\ суурь болж байдаг аж. Дээр дурдсан шиг бага дунд насны хүүхдүүдэд багаас нь зөв хооллох дадлыг эзэмшүүлэх нь нэн чухал бөгөөд энэ байдалд онцгой анхаарал хандуулах хэрэгтэй болж байна.
Шийдэл: Оюутан залуус, хүүхэд багачуудын хооллох газар нь сургуулийн орчин байдаг. Тэд өдрийн ихэнх цагийг сургууль дээрээ өнгөрүүлдэг. Тэгэхээр “Үдийн цай” хөтөлбрийн хоолны шим тэжээлд онцгой анхаарахаас гадна сургууль болон сургуулийн орчимд байрлах хүнсний мухлагуудад өндөр шаардлага тавих шаардлагатай.

8. Э.Саруул
Maurer School of Law, Indiana University of Bloomington

“НИЙТИЙН ЭРҮҮЛ МЭНД”
Бидний өвөг дээдэс үр хүүхэддээ “Эрүүл мэнд эрхэм баян” хэмээн сургаж ирсэн. Үнэхээр ч улс орны хөгжлийг байгалын баялаг, газар нутгийн хэмжээ, байршлаас нь илүү ард түмний мэдлэг боловсрол, ажиллах чадвар, эрүүл мэнд, дундаж наслалт зэргээр тодорхойлох болсон нь “эрүүл хүн”-ий үнэ цэнэ ямар хэмжээнд үнэлэгдэхийг харуулж байна. Үүнтэй холбоотойгоор олон улсад амьдралын буруу хэвшлээс үүдэлтэй нас баралт, өвчлөлийг багасгахад түлхүү анхаарал хандуулж, сургалт сурталчилгааг өргөнөөр явуулдаг болоод буй. Үүнийг “нийтийн эрүүл мэнд” гэж томьёолж буй. Гэвч Монгол улсын хэмжээнд 4 хүн тутмын 1 нь хөдөлгөөний хомсдолтой, 2 хүний 1 нь илүүдэл жинтэй, тамхины хэрэглээ 27,1%, архины хэрэглээ 36,3%, архи хэтрүүлэн хэрэглэгчид 10,3% гэхчилэн зөвхөн хувь хүний зан үйлээс шалтгаалан эрүүл мэндээ эрсдэлд оруулж байгаа тохиолдол олон.
Асуудал:
Бид өдөр тутамдаа олон төрлийн хуванцар савыг хоол хүнсээ хадгалах, зөөвөрлөх, блэтгэх зэрэг ахуйн хэрэглээндээ өргөнөөр ашигладаг. Зуны цагт айраг таргаа “пепси”-ний сав буюу ундааны саванд хийлгэж аваад хэрэглэчихдэг. Энэ нь авч явахад хөнгөн авсаархан, хагарч асгараад байхгүй, хямд төсөр, олдоц сайтай гэх мэт давуу талтай ч хүний эрүүл мэнд, байгаль орчинд хортой нь хэдийнээ нотлогдсон зүйл юм. Хуванцар савыг дахин ашиглах, түүнийг нугалах, унагаах, халуун хүйтэн зүйл савлах бүрт дотор нь байгаа бүтээгдэхүүнд нь химийн хорт нэгдлүүд уусаж байдаг. Хуванцараас хүний эрүүл мэндэд хортой хар тугалга болон химийн олон хорт бодисууд ялгарч байдаг аж. Эдгээрээс чихрийн шижин, үргүйдэл, арьсны өвчин, мэдрэлийн согог гэх мэт олон төрлийн өвчний эх үүсвэрүүд тавигддаг талаар холбогдох мэргэжилтнүүд анхааруулж байгаа. Тэр ч бүү хэл манайхны сүү, айраг, жимс хийж зардаг цэнхэр боошиг нь химийн хаягдал хадгалах зориулалттай сав. Гэтэл бид үүнийг хэрэглэсээр 20 гаруй жил болж байна.
Манайд худалдагдаж буй хүнсний 80 гаруй хувь нь гадны бүтээгдэхүүн. Зүсэн зүйлийн эдгээр хүнсийг юугаар хийсэн, Монголд орж ирээд хэр удаж байгаа нь тодорхойгүй. Наад зах нь халуунд халж, хүйтэнд хөлдөж хэдэн мянган км зам туулж ирдэг хүнсний ногоонууд яагаад ялзрахгүүй, удаан хадгалагдаад байгааг бид үл тоон хэрэглэсээр. Саяхныг болтол буюу 2013 он хүртэл хүнсний бүтээгдэхүүнийг дуртай хувь хүн нь импортлон оруулж, худалдан борлуулахыг зөвшөөрдөг цөөхөн орны нэг нь монгол улс байсан юм. Харин хуулийн өөрчлөлтөөр “Хүнсийг зөвхөн Монгол улсад бүртгэлтэй хуулийн этгээд экспортолж, импортолно” гэсэн заалт оруулав. Хууль батлагдаад даруй 3 жил өнгөрсөн ч урьдын адил хэн дуртай нь хүнсний бараа бүтээгдэхүүнийг импортолж, худалдан борлуулсан хэвээрээ.
Миний хувьд өнөөдөр ажил болж хэрэгжиж чадахгүй байгаа тус хуулийн 2 зүйл заалтыг амьдрал дээр бага ч атугай хэрэгжүүлэхийн тулд НИЙТИЙН ЭРҮҮЛ МЭНД тэр тусмаа БҮХ НИЙТИЙН ХООЛ ХҮНСНИЙ БОЛОВСРОЛ-ын чиглэлээр дараах 3 үндсэн зорилго бүхий саналыг дэвшүүлж байна.
1. Иргэн бүрийг хүнсний бүтээгдэхүүний шошго уншиж таньдаг болгох
2. Хуванцар савны зөв зохист хэрэглээг таниулах
3. Албан байгуулагуудыг саванжуулах аян
Яаж шийдэх вэ?
-Иргэдийг бараа бүтээгдэхүүний шошго уншдаг болгох, хуванцар савны хэрэглээг таниулах чиглэлээр албан байгууллагуудаар сургалт зохион байгуулна. Ингэхдээ ШУТИС-ийн хүнсний аюулгүй байдлын анги, ЭМШУИС зэрэг сургуулиудын оюутнуудаас бүрдсэн баг гарган албан байгууллагуудад үнэгүй сургалт зохион байгуулах юм.
-Цаашлаад сайн дурын идэвхтэн залуусаар дамжуулан:
а. Нийслэлийн мэргэжлийн хяналтын байцаагч нарын тайлбар бүхий видео шторк бэлтгэх, хэлэлцүүлэг өрнүүлэх
б. Фейсбуукээр тайлбар видео, зурагт хуудас бэлтгэх
с. Sweet Kitchen, Taste it гэх мэт хоол хүнсний группуудтэй хамтрах
d. Е үсгээр эхэлсэн будагч бодисууд, бараа бүтээгдэхүүний хадгалах хугацааны талаар энгийн ойлгомжтой зурагт хуудас хийж олон нийтийн сүлжээ, вэб сайтуудад гаргах гэх мэт ажлуудыг хийх боломжтой.

Энэ мэт олон гарц шийдлийг бид заавал төр засгийн бодлого дэмжлэгийг хүлээлгүйгээр хийж хэрэгжүүлэх боломж байна. Миний хувьд энэ саналаа ажил хэрэг болгохоор шийдсэн.
…Эдгээр илтгэлүүдийг зохих заавар журмын дагуу судлаач эрдэмтэн Ш.Баатар, Ерөнхий консул Д.Баярхүү \Г.Отгонгэрэл\, Калифорни мужийн тээврийн газрын мэргэжилтэн А.Баярмаа, Монголын Залуучуудын Хөдөлмөрийн Биржийн тэргүүн Б.Бэлгүтэй, Г.Галбадрах нар шүүж шалгаруулав. Шүүгчдийн оноо оролцогчдын санал нэгдсэнээр энэ жилийн “Надад хэлэх үг байна?” 6 дахь удаагийн илтгэлийн уралдааны
1-р байранд: Э.Саруул “Нийтийн эрүүл мэнд” сэдэвт илтгэлээрээ
2-р байранд: М.Ичинхорлоо “Хүүхдийн сургууль дээрх орчин ба сахарын хэт их хэрэглээ” сэдэвт илтгэлээрээ
3-р байранд: Б.Хэрлэн “Цус ойртолтыг удамшлын шинжилгээний сангийн тусламжтай, хуулийн дагуу хязгаарлах нь” сэдэвт илтгэлээрээ тус тус шалгарч шагнагдлаа. “Надад хэлэх үг байна?” нэртэй энэ арга хэмжээ Америкт суралцаж ажиллаж байгаа монгол залуусын уулзаж танилцан, нөхөрлөж дотносох орон зай болон өргөжсөөр 6 жилийн нүүрийг үзэж буй. Америкт суралцаж буй, суралцаж төгсөөд ажиллаж буй олон монгол залуусыг Монгол эх орныхоо хөгжил дэвшилд анхаарлаа хандуулах, өөрийн дуу хоолойгоо бусдад хүргэх боломж болгон хөгжүүлэх зорилго маань үр дүнтэй хэрэгжсээр байгаад би их баяртай байгаа. Харин энэ илтгэлүүдийг “ажил хэрэг” болгох тал дээр анхаарах цаг болж байгаа. Зөвхөн Америкт гэлтгүй гадаадын бусад улс орнуудад суралцаж, бас ажиллаж буй монгол залуус энэ санаачлагыг дэмжин дэлгэрүүлбэл юутай сайн сан. Олон олон дуу хоолой, ухаалаг санаанууд нэгдсээр Монгол орны хөгжилд бодит ажил хэрэг болно гэдэгт бид итгэж байгаа. Ийм л залуус Монголын ирээдүйг авч явах учраас энэ санаачлагыг хайхрахгүй байж боломгүй.

Энэ жилийн арга хэмжээнд хот хотуудаас ирж оролцсон залуус маань дэлхийн цахим ертөнцийн төв болох “Цахиурын хөндий” д зочилж, хоорондоо танилцан санаа бодлоо хуваалцаж, залуу хүний эрч аагиар инээд наргиан, бүжиг дуу хуураар дүүрэн өдрүүдийг хамтдаа өнгөрүүлэв. Энэ бол бидний хэмжиж, тооцож чадамгүй сайхан үр дүн. Энэ жилийн “Надад хэлэх үг байна-6” арга хэмжээ, 3 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа “Хөдөлмөрийн Яармаг” тай хамт болж буй болохоор Монголоос зорьж ирсэн “Эрдэнэс Таван Толгой” компанийн дэд захирал Т.Билгээ, Монголын Ажил Олгогч Эздийн холбооны дэд тэргүүн А.Эрдэнэбаатар, Нийслэлийн Хөдөлмөрийн Газрын дарга Г.Гэрэлмаа, Залуучуудын Хөдөлмөрийн Биржийн тэргүүн Б.Бэлгүтэй нар энэ арга хэмжээнд зочноор оролцон залуустай санал бодлоо хуваацлаа.
Зохион байгуулагч багийн шийдвэрээр 2017 оны “Надад хэлэх үг байна” илтгэлийн арга хэмжээ Колорадо мужийн Денвер хотод зохион байгуулагдахаар болов. “Дараа жилийн наадам даан ч хол байна даа” гэсэн ч урсан урсах өдөр хоногуудын урсгал дунд нэг л мэдэхэд уулзацгаана. Олон олон залуус энэ өдрийг тэсч ядан хүлээж байдаг нь илүү сайхан. Тэнд монгол бахархал огшиж, монгол сэтгэл ундарч байдаг юм. Энэ жилийн арга хэмжээг зохион байгуулсан залуустаа маш их баярлалаа.
Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
www.galbadrakh.com 2016-04-20

Share Your Thoughts