1990 оны “Ардчилсан хувьсгал” буюу хүсэн хүлээсэн “Нуган үр”

mongolian_school_jan_feb_07_151.jpg1990 онд ардчилсан хувьсгал ”тайван зам”-аар ялж нийгмийн харилцаа бүхэлдээ өөрчлөгдөн, хүмүүсийн сэтгэлгээ, амьдрал хөдөлгөөнд орж хувьсч өөрчлөгдсөөр даруй 17 жил өнгөрлөө. Энэ бол бага хугацаа биш. Хүний амьдралаар бол эхийн хэвлийгээс унаснаас хойш унтаж, идэж, уйлж, дуулж баясч хөөрч, хэлд бас хөлд орж, эрдэм сурч, амьдралыг ухаарч, улмаар ”бие хүн” болсноо баталгаажуулан иргэний үнэмлэх гардаж авах хүртэлх хугацаа.

Гэтэл Ардчилсан хувьсгал маань тогтворжиж, иргэний үнэмлэх авах болзлоо ч хангадаггүй. Ухаан сууж томоождоггүй, хүний хэлж сургасаныг хүлээж авч ухаарахын оронд зөрүүдэлж, ярдаглаад дураараа аашлан, бас болоогүй архи дарс уун, хэрэг төвөг тариад, хамаг юмаа ч зарж үрээд зовоож яваа үрээ харан цөхөрч суугаа эцэг эх шиг л тогтворжиж, цэгцэрдэггүй төр засгаа харан ард түмэн маань ”цөхөрч” сууна.
Хэдий зовоож шаналгаж байвч төрсөн үр нь болохоор хаяж орхиод явчихаж, эсвэл хөөгөөд явуулчихаж зүрхлэхгүй, дэмий л ”ухаан сууж, томоожих”-ыг хүлээж суугаа зовлонт эцэг эхийн адил, элэг зүрхнээс уяатай, төрж өссөн Монгол орноо хаяж явж зүрхлэхгүй, ”төр төвхнөж”, амьдрал сайжрахыг ард түмэн хүлээж л сууна.
Хүүхэд төрүүлсэн л бол түүнээ багаас нь зөв өсгөж, хүмүүжүүлж, хөгжүүлж, өөрсдийг нь ачилж өргөж, асардаггүй юм гэхэд ядаж өөрийгөө ”гай” болголгүй аваад явчих ухаантай болгох нь эцэг эхийн үүрэг.

Зөв өсгөхөд их учир бий. Хэт эрхлүүлж энхрийлж, дураар нь тавиад хүссэн бүхнийг нь өгөөд байх, эсвэл хэт харааж загнаад, дарамтлаад, хоосон ядуу явуулаад байхын аль нь ч сайн үр дүнд хүргэдэггүй. Бүгдийг нь тэнцвэржүүлж, амьдралын сайн сайхан, муухай, зовлон жаргал, саад бэрхшээл, тэсвэр тэвчээр бүхнийг ой тойнд нь шингэтэл ойлгуулж, бас ухааруулж байж л хүүхэд чинь зөв бие хүн болж төлөвших боломжтой. Тийм ч болохоор хүүхэд төрүүлж, өсгөж, хүмүүжүүлж, хөгжүүлэхэд эцэг эхээс бас л их ухаан, тэвчээр хөдөлмөр шаардагдана.
1990 оны ардчилсан хувьсгал бидний хувьд их л хүсэж, хүлээж, зовж шаналж байж мэндэлсэн хүүхэд минь. Энэ бол ард түмний хүсэн хүлээсэн ”нуган үр” нь байлаа. Өдгөө 17 нас хүрч буй ”нуган үр” минь эрийн цээнд хүрч томоождоггүй, эцэг эх нь болсон ”ард түмнээ” зовоосоор өдий хүрлээ. ”Нуган үр” минь худлаа ярьж, хоосон амалж, бас архи ууж, мөнгө төгрөгөө хайр гамгүй цацаж, хөгшид хүүхдийг хүндэлж, хайрлахаа болин зөвхөн хар амиа бодон, хэрүүл хийн биеэ өмөөрч, бусдад онгирч сагсуурах боллоо.
”Буруу өссөн хүүхэд бухын хүзүүнээс хатуу” гэж ард түмэн маань хэлэлцдэгсэн. Бас ”Сайн явна гэдэг санааных, муу явна гэдэг заяаных” гэж ч ярьдаг. ”Нуган үрээ” засч хүмүүжүүлж, ухааруулж, сайн хүн болгон хөгжүүлэх боломж, цаг хугацаа бидэнд байнаа. Бид одоо л алдсан алдаагаа олж харж, хурдан засч залруулахгүй бол цаг хугацаа биднийг өршөөхгүй.
Хэнд ч гэсэн үр хүүхэд нь сайн, сайхан хүн болж өсч өндийн, эцэг эхдээ өмөг түшиг болж явбал түүнээс илүү жаргал гэж үгүй билээ.

Эрүүл биe эрхэм баян
Эд хөрөнгө дунд баян
Эрдэм мэдлэг дээд баян

Улс гүрэн ард түмнээс, ард түмэн иргэн хүнээс бүрддэг. Иргэн хүн улс орныхоо төлөө хөдөлмөрлөж, улс орон нь иргэн хүнийхээ төлөө үйлчилдэг бичигдээгүй хууль дээр л амьдрал тогтдог.
”Иргэн баян бол улс орон баян” гэж хэлсэн үгийнх нь төлөө 1921 оны ардын хувьсгалын нэрт зүтгэлтэн Данзан агсныг биширнэм. Иргэн хүн нь эрдэм мэдлэгээрээ, эд хөрөнгөөрөө, эрүүл биеэрээ баян байж улс орон нь баян болж өөдлөн хөгждөгийг, өндөр хөгжилтэй орнууд батлан харуулж байна.
”Чамд бүх боломжийг чинь олгоё. Чи энэ боломжийг ашиглаад ”хуулийн дор” хүссэнээрээ сайхан амьдар, эс тэгвэл гуйлгачин болж үлд” гэсэн бичигдээгүй хуулиараа Америк орнон иргэдээ хүмүүжүүлдэг. Ямар ч эцэг эхээс төрсөн хүүхэд Америк орны баялаг. Америк орон хүүхдийг төрсөн мөчөөс хүндэлж хайрлаж, халамжилдаг. Тийм хүндэтгэл хайр халамж дор өссөн хүүхэд эцэг эх улмаар эх орноо хайрлан хүндэлдэг болж өснө. Мөнгөнөөс илүү үнэт зүйл чухам энд л байгаа юм биш үү. ”Алтан гадас” сэтгүүлийн 2006 оны 12 сарын дугаарт О. Жаргалсайханы бичсэн ” Дэлхийд тэргүүлэгч Финляндын боловсролын нууцаас” тэмдэглэлд тухайн орны хамгийн үнэ цэнэтэй хүнд ”багш хүн”-ийг тооцож, тэднийг хэрхэн сонгон шалгаруулж, бэлтгэж, ажиллуулдаг тухай бичжээ. Чухамдаа бидний хамгийн том алдаа энд л байгаа биш үү.
Тийм ээ! Бидний бүх алдааны үндэс нь манай улсын боловсролын тогтолцооны алдаанд л байгаа юм. Бид яaгаад мөнгө, уул уурхай, зам яриад үүнийг ярихгүй байна вэ?

Үргэлжлэл бий.
Нийтлэлийг бичсэн Гомбосүрэнгийн Галбадрах (энэхүү нийтлэлийн эх сурвалж зөвхөн orloo.com -д харьяалагдана)

Энэ сэдэв нь цаашид улам өргөжин тэлж гүнзгийрэн бичигдэх юм. Шинэчилж өөрчлөх олон асуудлууд байгаа тул эдгээр сэдвүүдэд зориулан Шинэчлүүштэй гэсэн булан нээж байгаа болно.

Share Your Thoughts