20 жилд бид хэрхэн өөрчлөгдөв өө?

Монгол оронд ардчилсан хувьсгал ялсны 20 жилийн ой болж, Э.Бат-Үүл “баатар ” болж, бас бус хүмүүс “гавьяат ” цол, одон медалуудаар энгэрээ “цоолов ‘. Энэ он жилүүдэд олон юм өөрчлөгдсөн хэрнээ мөнөөх цол шагнал, одон медалууд л өөрчлөгдсөнгүй. Үнэхээр гавьяат үйлс бүтээсэн хүмүүсийг эдийн засгийн хувьд урамшуулж, цаашид хийж бүтээх боломжийг нь олгох, үгүй ядахнаа амьдрал ахуйд нь нэмэр болохоор өөрчилж болох шүү дээ. Одон тэмдэгээ зүүж, түүнийгээ сархадад угааж, баярлаж талархсан сэтгэлээ хөлчүүрлээр даруулсан хэвээр.
Байн байсаар бүх Монголыг бүрхэж, зөвхөн шагналыг хэвээр үлдээх ардчилал…

Баатрууд
20 жилийн өмнө тэр л хүйтэн зэврүүн өдрүүдэд жагсаж цуглаж, өлсөж тэмцэж, эр зориг эрүүл ухаан, тэсвэр тэвчээр гарган байж, “социализм ” хэмээх хөмөрсөн тогоон доторхи “далд дарангуйлал”-ын тогтолцоог унагасан их хувьсгалыг үнэлэхгүй, бахархахгүй байж яaхин болох билээ. Тэр л хүнд өдрүүдэд өөрсдийгөө золиослон байж, өөрсдөд нь ирж болох олон эрсдлийг үүрэн байж, эр зориг гарган олон түмнийг түүчээлэн удирдаж энэ хувьсгалыг ялуулсан залуус үнэхээр баатрууд байсан. Цаг цагийн урсгалд, элэгдэж мөлөгдсөн дурдатгал дунд, үнэн юм үнэнээрээ л үлдэх учиртай.
Алдах албан тушаалтай, айдас болгоомжлол дунд, босгосон палтоныхоо заханд нүүрээ нуун байж, “юмыг яаж мэдэх вэ?” гэсэн бодлоор алсаас ажиглаж зогссон олон хүн байсан. “Амьтан хүнд бүү хэлээрэй, ах нь та нарыг дэмжиж байгаа шүү?”  гэж аминчлан шивнэж байсан “тал хувьсгалчид ” ч бас байсан. Хийх ажилгүй цагийн зугаа, хэнд ч юунд ч юм “өширсөн ” сэтгэлээр, учраа төдийлэн мэдэхгүй хэрнээ уухайлан хөөрцөглөж байсан олон залуус байсан. Харин хүн олны дийлэнх нь, хүнд суртал, МАХН-ы машины дарангуйлал, хуурамч суртал, албадлагаас залхсандаа, хаа нэгтээ байж болох шударга ёс, эрх чөлөөг хүссэндээ энэ хувьсгалыг уухайлан дэмжсэн.

Хувь заяат Монголчуудыг тэнгэр ивээж, цус урсгалгүйгээр “тайван зам “-аар ардчилсан хувьсгал ялж, хуучин дэглэм нуран уналаа. Эргэлзэж тээнэгэлзэж, болгоомжилж байсан олон монголчууд үнэхээр их баярласан. Тэр цаг дор монгол хүний уужуу ухаан, чин сэтгэл, эв нэгдэл, эрэлхэг зориг ямар аугаа болохыг харуулсан хэрэг. Учраа сайн олохгүй олон хүн байсан хэдий ч, хүлээснээс ангижирч, нэг л сайхан эерэг зүйлийг л хүлээж байлаа. Яг л мандаж буй нарны туяа шиг бүлээхэн дулаан бас өнгөлөг, гэгээлэг зүйлийг… Энэ бол шударга ёс, эрх чөлөө, тайван амьдрал, бас их боломж…
20 жил гэдэг бага хугацаа биш.Хүний амьдралын идэр нас. Хүлээснээс гарсан монголчуудын хувьд бас ч урт хугацаа. 20 жилийн дараа хүсэл мөрөөдөл, их боломжоо эргэн харахад, сайн сайхнаар хувьсан өөрчлөгдсөн олон зүйл байсан ч, саар муу олон ч зүйл бий болж. Хувьсгал болгон сайн сайхан үр дүнд хүрч чаддаггүй ч , хүрч болох олон боломжийг харуулдаг. Харин бид яажшуухан өөрчлөгдөж байна вэ?

Бид яаж өөрчлөгдөв өө?
-МАХН ба нам бусчуудын эвслээс нэр дэвшсэн саальчин, сайн малчин, эсвэл ажилчин, хариуцлагатай дарга нэгний төлөө саналаа өгөхийн тулд, өглөө эртлэн босч хамаг гоёлоо өмсөн,сөнгүүлийн хэсэгт очиж, урьдчилан бэлтгэсэн цаасыг нугалан модон хайрцагт хийнэ. Дараа нь бэсрэг наадам хийж “чөлөөт сонголт “ын баяраа тэмдэглэдэг сэн. Би өөрөө сайн мэдэхгүй ч, энхрий хайрт МАХН-ын сонгосон тэр хүн маань 99,99%-ийн саналаар сонгогдож төр барилцана. Сонгогдсон тэр хүн маань АЙХ-ын чуулгандаа сууж, өөрөө учрыг нь сайн мэдэхгүй ч, нижигнэсэн алга ташилтын дор, улс орноо удирдалцах.
Харин өдгөө сонгуульд сонгох, сонгогдох их л амаргүй болж. Таних танихгүй, тарган туранхай олон хүн, тэр өдрүүдээр “намайг сонгоод өгөөч ” хэмээн царай алдан гуйж, сайхан амлалт өгч, бэлэг сэлт тараах. Сонгуулийн өдрүүд ард түмний баяр бахдал бус, арвин их өглөгийн өдөр болж хувирна. Аз таарч сонгогдон “тэнгэрийн амьтан ” болсон тэр нөхөртэй уулзаж, амлалтаа авах нь, тэмээ буганаас эврээ хүлээх үлгэр лугаа адил. Гэхдээ сайн ч муу ч өөрөө сонгосон юм болохоор цаанаа бас ч гэж маадгар. Будлиантай хөгжилтэй энэ сонгуулиудаар бас ч санаа сууж, хэнийг нь “жийж “, хэнийг нь сонгохоо нэг муу юм гадарлахтай л болж байгаа.

-МАХН-д гишүүнээр элсэх гэж их л олон шалгуур давна. Ажилчин малчны нам юм болохоороо сэхээтнүүдэд “босго өндөртэй”. Нэг жилийн “тэнсэн харгалзах “-ыг нь даваад жинхэлж орхивол, тэнгэрийн өнөөхөөс атгасантай агаар адил. Албан тушаал ахих, гавьяа шагнал авах, гадаадад явах зэрэгт үндсэндээ “ногоон гэрэл ” асна гэсэн үг. МАХН-ын гишүүн гэдгээрээ далимдуулан бусдыг ч хөөрхөн дарамтлаад байхаа мэднэ. Гал улаан батлахаа зүрхэн тушаагаа уутанд хийн зүүж, татвараа хугацаандаа төлж, “Үнэн ” сониноо захиалан уншаад байхад л ажил амьдрал маань, намын хувьсгалч улаан туяан дор “гэрэлтэнэ дээ”.
Харин өдгөө энэ олон намын аль нэгэнд, хүсвэл бүгдэд нь ч элсэж болно. Сонгуулийн үеэр аль ялах магадлалтайд нь хүчин зүтгэж орхивол, аз таарч албан тушаалын “бялууны” хэлтэрхий ч олдох магадлалтай. Хэрэв дургүй хүрвэл намаас гарч, хэсэг амарч байгаад буцаад орж ч болно. Үзэл бодол, итгэл үнэмшил гэхээсээ алс ирээдүйд хэрэг болох, ашиг тус, хаялгыг нь харгалзан сонголт хийх боломжтой.
Нам гэдэг маань нэг ёсондоо шатаар нь өгсөж, цааш гулгуураар нь гулсаж буудаг хүүхдийн тоглоомын талбай шиг л болж дээ. Харин намын удирдах нөхдөд нь бол баяжих, эрх мэдэлд хүрэх, бусдыг дарамтлах хэрэгслэлүүр болж дээ.

-Тэр нэгэн цагт,  нам засгийн удирдагчдын нэрийг нь цээжилж, намтрыг нь судлан, хэлсэн үг болгоныг нь уншиж тэмдэглэл хөтөлж, бас шалгуулж байв. Хичнээн дургүй байвч тэр хүнийг үргэлж магтаж, хэлсэн суут үгэнд нь баярлан алгаа хорстол ташиж, сэтгэл хөдөлсөн үедээ нулимс унагаан хайрлаж, биширч асан. Тэд бол аугаа хүмүүс. Тэд л биднийг зөв мэргэн жолоодож, удирдаж байгаа учраас бид аз жаргалдаа “бялхаж “, хайр энэрэлдээ “бялуурч ” байгаа хэрэг. “Дааганаас унаж үхдэггүй, даравгараасаа болж үхдэг ” гэдгийг мэдэхтэйгээ болсон монголчууд ” сохрын газар сохор, доголонгийн газар доголж ” , “манай хаан мандтугай” хэмээн чадлаараа л бархирч байв даа.
Харин өдгөө бол, энэ төрийг удирдаж байгаа хүмүүс зальтай, эсвэл луйварчин л байж таараа гэж бодоцгооно. Тэр л бодлоороо “яагаад тэр заавал биднийг удирдах ёстой юм бэ?” , “тэр биднийг буруу удирдаж байна”, “тэр биднийг удирдаж чадахгүй байна” гэж төсөөлөөд өөрсдийг нь хэрхэн яаж удирдах тухай заавар зөвлөлгөө өгнө.
Тэр бүхнийг нь тоож хүлээж авахгүй болохоор бухимдсандаа “хүйтэн царайт “, “балин хамарт “, ” хүзүүгүй” гэхчилэн нүдэнд харагдаж, аманд багтах муу муухай үгсээр харааж зүхнэ.Тэглээ гээд хэн ч биднийг барьж аваачаад буудчихгүй. Аяа аугаа их эрх чөлөө гэж…Цээж дүүрэн хорсол, ам дүүрэн хараал зүхэл.

-Дээд сургуульд элсэж орно гэдэг их хувь заяа, амьдралын баталгаа. Улс бүх зардлыг нь даах төдийгүй, дээр нь бас цалин өгнө гээч. “Онц ” сурвал их удирдагчийн нэртэй нэмэлт цалин авна. Бас МАХН-д элсэж, төгсөнгүүтээ өндөр албан тушаалд очно. Дээд сургууль төгссөн бол ажил, албан тушаал бэлэн, цалин өндөр, бас ч “дарга” болдог. Дундач тааруу төгссөн зарим нь хөдөө орон нутагт “илгээлтээр “очиж, хэрдээ томрон догирхоно. Зарим нь хөгжиж, зарим нь хөглөвч, бодлогоор бэлтгэсэн дээд боловсрол амьдралын баталгаа байлаа.
Харин өдгөө бол, мөнгөтэй л бол ” толгойгүй” байлаа ч дээд сургуульд суралцаж болно. Хүсвэл сурахгүйгээр диплом, эрдмийн цол зэргийг худалдаж авч болно. Харамсалтай нь ажил олдох л амаргүй. Гэхдээ мөнгө болоод танил тал байвал хүссэн ажилдаа орж болноо. 2 дээд сургуулийн дипломтой атлаа худалдагч хийхэд юу нь болохгүй гэж? Гол нь хэн нэгэнд үзүүлж гайхуулахад, анкет бөглөхөд, ханандаа хадах, намтартаа нэмэрлэхэд ч бас хэрэгтэй юм аа.

-Нэгдлийн мал маллаж байгаа малчид “норм ” төлөвлөгөөндөө хүлэгдэж зүдэрнэ. Хоттой хониноосоо хоол болгож идэхийн тулд нэгдлийн даргаас цохолт авч, сүүний төлөвлөгөөгөө биелүүлэхээс наана сүүтэй цай уух аргагүй. Шуурганд уруудсан нийгмийн мал, малчныхаа аминаас үнэтэй. Амины хэдэн малаа нийгмийн малын хавчуургад маллах гэж тэвдэх. Улсын мал дутвал амины хэдээсээ төлнө. Төлж чадахгүйд хүрвэл дээлээ толгойдоо нөмрөөд “аавынд ” очиж мэдэх.
Харин өдгөө бол, хувьдаа малаа авсан малчид өмчийн эзэн мэт “таахалзаж ” байгаа. Мөнгөтэй хүн лаагаа иднэ үү? луувангаа иднэ үү? гэдэгчлэн малтай хүн алаад иднэ үү? арчлаад өсгөнө үү? дурын хэрэг болжээ. Мал маллах дургүй зарим нь алж идэж, арилжиж наймаалцсаар одоо хотжих шатандаа орж явна. Нэгэн үе энхрий хайрт нам засаг нь 25 сая малтай болох гэж зорилт тавин хичээгээд, золигт гарган албадаад ч дийлээгүй бол, зоргоороо өссөн монголын мал 40 сая гаран өсч үржиж байна.

-Орон сууцны дараалал хүлээж олон жил болно. Орон сууцтай болохын тулд сургууль төгсч ирээд өргөдлөө өгдөг. Аз таарч 5, 10 жилийн дараа 2-3 өрөө нийтийн сууцанд орвол “Сүхбаатарын одон ” авснаас дутуугүй. Азгүй зарим нь насаараа л орон сууц хүлээж, айлын хашаанд гэр барьж, түлээ нүүрс, худаг усанд санаа тавих.
Зундаа зуслангийн гэх хайрцагны модоор барьсан “амбаар “таа басхүү ч сэтгэл хангалуун.
Харин өдгөө цаг, тохилог сууц, доороо гражтай хаус, дотроо цэцэрлэгтэй хашаа, эдлэн газар, тансаг зуслангийн байр барьж босгож, худалдан арилжиж бэл бэнчингээ илэрхийлэх болж дээ. Нэгэн цагт цөөхөн хэдэн хороололтой байсан нийслэл хот маань, гишгэх газаргүй “чигжээс “, амрах газаргүй “шавааралдаан ” болж байна. Ямартай ч сайн муу аргаар боловч, эдлэн газар, тансаг харш, тохилог сууцны эзэн болж байна даа монголчууд минь.

-Хувьдаа өмч хөрөнгөтэй байхыг хориглон хянаж, наймаа арилжааг хязгаарлаж байсан тэр цэг үед бүх өмч хөрөнгө “нийгмийнх ” байлаа. Тодорхой эзэнгүй атлаа, нийгмийн тодотголтой өмч хөрөнгийг хайрлан хамгаалахыг уриалан лоозогнож асан.  “Хүн бүр бага балчраасаа”, ” Хир буртаг өчүүхэн ч хүргэлгүй” гэж эхэлдэг 2 лоозонг Мао-гийн “улаан ном ” лугаа, хүүхэд бүрт албадан цээжлүүлж, өмч хөрөнгө хамгаалах, ариун цагаан хөдөлмөрийг сурталчилж байлаа. Социалист өмч, соцйализмын материал техникийн бааз гэдэг нэрнээс өөр өмчгүй шахам монголчууд ардчиллын эхний жилүүдэд наймааны их аянд мордоцгоов. Тэр үедээ шатаж хоосорсон, баяжиж хөлжсөн аль аль нь бий. Гэхдээ энэ бол өмчтэй болохын төлөөх их хөдөлгөөн байсан.

Харин өдгөө цагт, “наймааны алтан үе “йин дараах, улсын өмчийг завшин баяжих их хөдөлгөөн үргэлжилсээр байна. Улсын болон олон нийтийн өмч, боломжийг ашиглан, зөвхөн өөрөө баяжихын тулд тэд, улс төрийг бизнес болгон хувиргаж, хуулийг гууль болгон, эрх мэдэл хүнд сурталаар олон нийтийг дарангуйлж байна даа. Энэ улайрал, эрээ цээргүй байдал, хязгааргүй шунал, монгол хүмүүсийн хүн чанар, итгэл найдварыг мөхөөж болзошгүй. Энэ бусармаг үйлдэл улам улмаар төгөлдөржиж, тодорхой бүлэглэлүүд, хууль бус нэгдлийн эх үүсвэрийг тавьж байна.
1990 оны эхээр бидний үзсэн Монголын Замын-үүд, Хятадын Эрээн хотуудын 20 жилийн дараах хөгжлийг харьцуулан харахад, бидний энэ тэнэглэлийн дүр зураг бодитоор тодрох болноо. Харамсалтай ч гунигтай ч харьцуулалт.
-Холыг ойртуулж, хоёрыг уулзуулдаг “холбоо ” гэгчээр хот хөдөөд ярих гэж хэрдээ хөглөдөг сөн. Талд яваа малчин малдаа чимээ өгч байгаа мэт чадлаараа хашгирна, сонсогдохгүй. Шугам мь эвдрээд ажиллахгүй, хүлээлгэнэ. 3 минут ярих гэж 3 өдөр хүлээх нь бий.
Харин өдгөө бол, хэдэн төрлийн гар утас, дуутай болон дүрстэй мессеж, интернет мэдээлэл, цахим холбоо Монголын төдийгүй энэ дэлхийн хил хязгаарыг зад татан өргөжжээ. 8 настай балчраас эхлээд 80 настай буурлууд хүртэл сууж байгаа сандлаасаа, монгол төдийгүй дэлхийн аль ч оронд байгаа нэгэнтэй, шууд холбогдон, мэнд мэдэлцэж, хов ярьж, “буу хална”.

Зургаа илгээж, дүрсээ харалцан, хэрдээ зэмлэж, загнахтайгаа. Цахим ертөнцийн хязгааргүй орон зай, монгол орныг бүрхэж, хөгжлийг ч урагшлуулж буй. Энэ бол ардчилалын нэгэн том ололт байлаа.
-Гадаад паспорт “нүдний гэм “, гахай шувууны мах идэж үзсэн хүн цөөхөн байлаа.
Социалист орнуудын удирдагчид хоорондоо “найрсаг айлчилж “, хөрөнгөтөн капиталист орны удирдагчид хоорондоо “доншуучилдаг ” тухай мэдээ уншиж, империалист том гүрэнд өдөр болгон буудалцан бие биенээ алж, хүчирхийлдэг тухай, хүүхдүүд нь өлсөж өхөхгүйн тулд хог ухаж, амь зогоодог тухай суртал ухуулгаар “цэнэглэгдэж ” байв. Тэр бүрийд социалист Монгол оронд төрсөн азтай хувь заяандаа бахдан баярлаж, ах дүү Зөвлөлтийн ард түмэнтэй гал халуун гараа атгалцсан, МАХН, засгийн хувьсгалч удирдагчдаараа бахархан талархах учиртайгаа улс төрийн лекц, өглөөний сонин уншлага дээр ухаарч ойлгож, урамшин хүмүүжиж байсан. Тун ч удахгүй дэлхийн империализм сөнөж, капиталист систем нуран унаж, социалист ах дүү орнуудын шударга хөдөлмөрчидтэй хамтад, коммунизмд урам зоригтой алхан орж, жаргалын дээдийг эдлэх болно хэмээн чин сэтгэлээсээ л итгэж байж билээ.

Хүсэл мөрөөдөл болж байсан социализм, коммунизм маань нуран унаж, аймшгийн туйл болсон капиталйст гүрнүүд рүүгээ “буудуулж алуулах “-аас ч айлгүйгээр, аз туршин олон олон монголчууд зорин одов. Өлсгөлөн гуйланчлал бус, нөр их бүтээн байгуулалт, хүчирхийлэл дарангуйлал бус, хүний эрх, эрх чөлөө, аугаа их итгэл найвдар, өөртөө итгэж өөрийгөө хөгжүүлэх олон боломжууд тэднийг угтлаа.
Тэд дэлхийн олон оронд аялж, ажиллаж амьдарч, бас суралцаж, өөрсдийгөө хөгжүүлж, “юм үзэн нүд тайлж ” байна. Тэд өнөөдөр дэлхийн хэмжээнд суралцаж, сэтгэж, хөгжиж, амжилт гаргаж байна. Ардчилалын хамгийн том ололт энэ байлаа.
Олон олон монголчууд их зүйл үзэж  ухаарч, суралцаж мэдэрч, өөрийн монгол орноо хэрхэн зөв сайнаар хөгжүүлэх боломжийн талаар санаа тавьж, үгээ хэлж, санал санаачлага гаргаж эхэлж байна. Тэд эвлэлдэн нэгдэж бас хамтдаа их үйлсийг эхлүүлэхийг хүсч байгаа. Тийм ээ! Энэ бол асар их боломж, ирээдүйн сайхны эхлэл юм.

Хувьсгал үргэлжилж байна
Ямар ч хувьсгалыг ухаантангууд эхэлж, үр дүнгийг нь бэртэгчингүүд завшдаг гэсэн үгийн гашуун үнэнийг өнөөдөр бид харамсалтайгаар мэдэрч байна.
20 жилийн өмнө, пальтоныхоо босгосон заханд нүүрээ нуун, алсаас ажиглан зогсож байсан олон хүмүүс, өнөөдөр энэ ойн өдөр өндөр албан тушаал, өнгө мөнгөний цаанаас гэрэлтсэн, малигар царайгаар “баатар “ын дүрд хувилан хундага тулгаж буй. Тэд маргааш энэ ардчилалыг бид авчирсан юм гэж бардамнахад гайхах хүнгүй болох нээ.
20 жилийн өмнө дэглэмтэйгээ унаж байсан МАХН, өнөөдөр өөрчлөгдсөн гэж ухуулан, хуучин барилтайгаа хамтад баярын хундага өргөж буй. Ардчилал бүх нийтийн ололт гэж тунхаглах тэд, өнөөдөр Монголын  төрийг авилгал, хүнд сурталын хүлээсээр хүлж, хөрст шороо, хүний итгэл найдвар, үнэ хүргэж болох бүхнийг худалдаж байна.
20 жилийн өмнө чин зүрх сэтгэл. итгэл үнэмшлээрээ тэмцэж явсан олон хүмүүс, өнөөдөр өөрийн өчүүхэн ашиг, эрх мэдэл мөнгөний төлөө бусадтай хуйвалдан, ядарч зүдэрч байгаа ардын урмыг хугалж байна. Тэд аугаа зорилгоосоо урван, ашиг завшаан бэдэрсэний төлөө, ардчиллыг өмчилж баатар болон бардамнах эрхгүй.

Ардчилсан хувьсгалаас Монгол түмний хүлээсэн олон сайхан зүйл биелсэн хэдий ч хамгаас үнэтэй  шударга ёс, монгол хүний эрхэм чанар, эрх чөлөө, маргаашдаа итгэх итгэл, урам зоригийг өгсөнгүй. Өнөөдөр монголчууд бид нойрноос сэргэх цаг болжээ. Бид өөрсдийн сэтгэлгээгээ өөрчилж, өөрсдийн сайн боломж, хүч чадал, итгэл найдварынхаа төлөө тэмцэх цаг болж байна. Бид өчүүхэн атаа хорсол, тэнэг бүдүүлэг байдлаа тэвчиж, эвэ эейиг хичээж зөв сайн үйлс бүхний төлөө эвлэлдэн нэгдэж олон зүйлийг сайнаар өөрчлөх цаг болж байна. Монгол орныг монголчууд биднээс өөр хэн ч өөрчилж чадахгүй. Бас биднээс өөр хэн ч хөгжүүлж чадахгүй.
Хувьсгал үргэлжлэх болноо. Энэ бол оюун санааны хувьсгал.
Харин энэ их боломжийг бидэнд авч ирсэн ардчилсан хувьсгалын төлөө, ил гаргаж чадаагүй ч сэтгэл зүрхэндээ чин сэтгэлээсээ дэмжиж талархаж байсан олон олон жирийн иргэдийн төлөө, өнөөдөр Монгол орны хөгжил дэвшил, өөрчлөлт шинэчлэлийн төлөө санаа бодлоо чилээж яваа олон олон хүмүүсийн төлөө талархал өргөе. Ардчилсан холбоог анх үүсгэхээс эхлээд хоёргүй сэтгэлээр зүтгэж явсан өдгөө АНУ-ын Вашингтон хотод амьдарч байгаа А.Хандсүрэн, Английн Лондон хотод аж төрж байгаа зураач Т.Отгонбаяр, Германы Берлин хотод амьдарч байгаа З.Эрдэнэбат нартаа ч мэхийн ёсольё. Та бүхний сэтгэл зүрх, тэмцэл шаналал ямар ч одон медалаас үнэтэй шүү.

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
2009-12-13

Share Your Thoughts