21 000 төгрөг

…Саяхан нэг танил маань машинаар аялж явахдаа Америкийн уугуул Индианчуудтай тааралдсан тухайгаа хуучилсан юм. Нэгэн жижиг хотод индиан эхнэрүүд нь жижиг бараа зарж, эрчүүд нь архины дэлгүүрийн үүдэнд халамцуу сууцгаан үүгээр орж гарах бусдыг худлаа танимхайран, худалдан авч буй архинаас нь горьдсон харцаар харж байсан гэдэг. Нэгэн цагт Америкийн уул хадтай сүрлэг нутаг, тал хээрийн өргөн хөндийд морин дэл дээр хийсч явсан омгорхог энэ үндэстнүүд өдгөө бараг л мөхлийн ирмэгт хүрч буй гэнэ. Уугуул газар нутаг дээр нь суурьшсан Америкчуудийн өндөр хөгжлийн дэргэд шүү дээ.
Америкчууд газар нутгийнх нь уугуул эздэд нь “халамж” үзүүлэн сар бүр их хэмжээний мөнгийг зүгээр өгсөний үр дүнд тэд ийн “номхорчээ”. Өдгөө тэднийг хараад халаглан харамсахаас , дэмжиж туслах хүмүүс тэгтлээ үгүй. Зүгээр л бэлнээр өгч буй их мөнгө тэднийг хүсэл мөрөөдөлгүй дорой, ажил хийх дургүй арчаагүй залхуу, архинд мансууран халамцаж өнгөрсөн түүхээ санагалзан суухаас өөр тэмүүлэлгүй болгон хувиргаж буй гэнэ. Индиануудын үр хүүхдүүдийг Америкийн Их Дээд сургуулиудад үнэгүй сургаж, дээр нь тэтгэлэг өгдөг боловч, сар бүр хүртэх бэлэн мөнгөний балгаар тэдний ихэнх нь “сурч өөрийгөө зовоох” хүсэл ч үгүй. Мэдээж үндэстэн болгонд сайн муу олон ч үзэгдэл байдаг хэдий ч аль нь олонхи байгаагаар нь нийтлэг хэмжүүр хэмжигддэг.
Бэлэн мөнгөний амлалт

…Монголд 2000 оноос хойш төрийн эрх барихын төлөөх улстөрийн сонгуульд мөнгө амлах хөдөлгөөн өрнөсөн. Төрийн эрхийг барихын төлөөх өрсөлдөөнд үзүүр түрүүний байрын төлөө  МАХН /МАН/, АН-ууд улайрах болсоны тод илрэл нь энэ байлаа. Хуулинд зааснаар намуудын мөрийн хөтөлбөрөө олон нийтэд танилцуулан дэмжлэг авах үүргийг тэд ийнхүү хувиргасан хэрэг. Анхандаа “Төрөө хямралаас гаргаж, түмэн олноо ядуурлаас аврах” гэж эхэлсэн урианы хэрэгжилт нь яваандаа бэлэн мөнгө амлах өрсөлдөөн болон өрнөсөн юм.
“Шинээр гэр бүл бологсдод өгөх 500 000 төгрөг”-ийн халамжаас, хүүхдэд олгох мөнгө, ард иргэдэд олгох ” эх орны хишиг” хүртэлх амлалт 1.5 сая төгрөгт хүрсэн.
Монголын урансайхны “Түмний нэг” кинон дээр гардаг морины наймаачин шиг л… АН анхлан 1 сая төгрөгийг ард иргэддээ бэлнээр олгоно гэж амлах мөчид, МАХН /МАН/ уг амлалтыг 1.5 сая төгрөгт хүргэж дуудсан юм. Харин хожмын өдөр хамтарсан ЗГ байгуулах мөчдөө, хамтдаа 1.5 сая төгрөгийг “Эх орны хишиг” нэрээр олгох шийдвэр ч гаргаж, гагцxүү энэ амлалтынхаа төлөө нэгдэж байгаа юм шүү хэмээн учирлаж билээ. Харин тэр сайхан цагаас хойш янз бүрээр оролдоод ч “угаасаа бүтэхгүй юм гэдэг бүтэхгүй л байдаг” гэсэн хэллэгээр бүтээгүй л байна. Эцэст
нь “эхийг нь эцээж, тугалыг нь тураахгүй” гэсэндээ сар бүр 21 000 төгрөг олгож байхаар болсон. “Айсан хүн адуу хөөж ичсэн хүн хүн ална” гэдэгчлэн 2012 оны сонгууль ойртож байгаа мөчид ард иргэдийн шинэчилсэн бүртгэл хийж, бүртгүүлсэн хүмүүст данс нээж “Хувьцааны ашиг” олгохоор амалж буй.

Бэлэн мөнгөний амлалтын цаана…

-Нам нэртэй олигархиудын нэгдэл болсон МАН, АН-ын удирдлагууд, өдгөө Монголд нээгдэн дэлхий нийтийн анхаарлыг татаж буй уул уурхайн баялгуудын хуваарилах эрх мэдлийн төлөө ийнхүү улайрч байгаа нь ердөө ч нууц биш болжээ. Тэд эхэндээ өөр хоорондоо өрсөлдөж байсан бол яваандаа өөр хоорондоо ойлголцон зохицож хуйвалдах болсон. Тийм болохоор тэд “Монголын хөгжлийн төлөө өөрсдөөс нь илүү ухаантнууд байхгүй, гуравдагч хүчний орон зай Монголд огт байхгүй” хэмээн эрээ цээргүй сурталчлан тайлбарлаж байна. Сонгуулийн хуулиа ч
үүндээ таацуулан зохицуулахыг хичээж байгаа.
-Яг үнэндээ тэд өмнөх сонгуульд ийнхүү амлахдаа эдийн засгийн ямар ч тооцоо судалгаагүй зөвхөн баримжаагаар “ялж л байвал учир нь олдоно” гэсэн ядмагхан сэтгэлгээгээр хандаж байсан. Оюутолгойн ашиглалтын гэрээ хийгдээгүй, Таван толгойн ашиглалтын зарчим шийдэгдээгүй байхад л ийнхүү амалж байсан хэрэг. Эрээнд наймаа хийж яваа наймаачин, худалдан авч байгаа барааныхаа үнэ болон ашгийг цээжиндээ баримжаалан тооцоолдог шиг л… Харин Засгийн эрхийг авсаны дараа байдал өөр байгааг мэдрэмэгцээ тэд тэвдэж эхэллээ. Тиймдээ ч
тэд ямар ч аргаар хамаагүй Оюутолгойн гэрээг хийж “галт тэрэг хөдөлгөх”-ийг л чухалчилсан. Хамтраад шийдсэн хойноо л энэ гэрээний ашигтай болон ашиггүй талыг гэнэт олж харан талцан маргалдах болсон нь “би бага авсан байхад чи хэт их авчээ” гэж заргалдах үндэс болж буй хэрэг. Тэдэнд ард олны амжиргаа болон ажлын байрны асуудал огтоос хамаагүй бөгөөд өөр хоорондоо, үүний төлөө их бага хэмжээгээр авсан авилгалын тухай л бие биенээ
барьцаалж буй.

-Монгол орны хөгжлийн төлөө бус, мөнгөний ашиг сонирхлын төлөө нэгдсэн эдгээр олигархиудын нэгдэл улам ихийг хуваан завшихын төлөө улайрсаар байна. Зөвхөн Оюутолгой, Тавантолгойн баялгуудыг өнөөгийн нөхцөлд зөв сайнаар ашиглахын оронд уран болон мөнгөний орд, цөмийн хаягдлыг Монголын хөрсөнд булах талаар бусад орнуудад санал тавин
хөөцөлдөж байна. Энэ бүхний цаана хөгжил бус маш их хэмжээний авилгал яригдаж байгаа болохоор тэд үнэн хэрэгтээ улайрчээ. Тэд энэ улайралдаа юуг ч худалдан арилжихад бэлэн болж байна. Шуналд улайрсан хууль бус маш олон үйлдлүүд өнөөгийн улстөрчдийг бие биендээ барьцаалагдах шалтаг нь болж байгаа. Үүний улмаас л Монголын улстөр Өмнөговийн тал нутгаар өдөр шөнөгүй манаран босох тоос мэт “бохирдож”, улстөрчид нь ирээдүйд яллагдах гэмт хэрэгтэн болон хувирч байна. Яг үнэндээ энд “хэн нь илүү завшиж чадах вэ?” гэсэн далд
өрсөлдөөн явагдаж буй. Дэлхийн  хэмжээний бизнесменууд ч Монголын улстөрчдийн энэ л араншинг таньж мэдээд тэдэнтэй “ямар хэл” -ээр ярьж болохыг сайн мэдэх болж.
-Ийм байдлаар баяжиж завшиж эхэлсэн зарим нь “шинэ баян цээж өвчтэй” үлгэрээр бусдад баярхан гайхуулж эрээ цээрээгээ алдан тэнэглэж байна. Та эргэн тойрноо хар даа. Улаанбаатарын гудамжаар болон Монголын хээр талаар хөлхөх үнэтэй жийпүүд, Улаанбаатарын аль л сайхан газарт сүндэрлэх дээдсийн орд харш, эдлэн газар, эхнэр хүүхдүүдийн өөрийгөө тодруулах үнэтэй брендүүд, царайлаг хүүхнүүдийн чихэнд гялалзах алмаазан ээмэг зүүлт, гартаа барьсан үнэтэй цүнх, тал хээрд уралдах эрлийз үүлдрийн үнэтэй морьд. Бид яаж
хөдөлмөрлөхөөрөө ингэж тансаглана вэ? Ил гаргаж зүрхлэхгүй л байгаа болохоос өнөөдөр дэлхийн жишигт хүрсэн тэрбүмтангүүд Монголд зөндөө бий. Хэнээс дамжуулан авсан их өв хөрөнгө вэ? Яг үнэндээ үнэнч хөдөлмөрөөр ийм амжилтад хүрсэн нь цөөхөн байгаа. Ихэнх  нь хууль бусаар олж буй болохоор хэзээ нэгэн цагт илчлэгдэхээс айж л байгаа.

21 000 төгрөг

-Өдгөө ард олонд бэлнээр тарааж байгаа 21 000 төгрөгөөр монголд ямар хүнсний зүйл худалдан авч амжиргаагаа залгуулж болох вэ?
Мах /кг/ 4000 төгрөг                                    2кг мах  8000 төгрөг
Гурил /кг/ 700 төгрөг                                   4 кг гурил  2800 төгрөг
Элсэн чихэр /кг/ 1500 төгрөг                    2кг э/чихэр 3000 төгрөг
Будаа /кг/ 1800 төгрөг                                1кг будаа   1800 төгрөг
Талх /ш/  600 төгрөг                                     2 ш талх  1200 төгрөг
Төмс /кг/ 1000 төгрөг                                  1кг төмс  1000 төгрөг
Байцаа /кг/ 500 төгрөг                                2кг байцаа 1000 төгрөг
Лууван /кг/ 1200 төгрөг                               1кг лууван 1200 төгрөг
Сонгино /кг/ 1000 төгрөг                            1 кг сонгино 1000 төгрөг
Нийт дүн: 21 000 төгрөг

Та ийм хүнсээр хэд хонож чадах вэ?
-Тэд Монголын ард олонд сар бүр 21 000 төгрөгийг бэлнээр нийтэд хавтгайруулан олгохдоо яг л өөрсөд шигээ “юу ч хийхгүй сууж байгаад баяжиж” болох мэт сэтгэлгээ суулгахыг хүсч байна. Тэд өнөөгийн залууст “амар аргаар их мөнгө олон баяжиж болох”-ыг үлгэрлэн зааж сургаж байна. Тиймдээ ч өнөөгийн монголын залуус бизнес болон хувирсан Монголын улстөрд орж эрх мэдлээ ашиглан баяжихыг хүсч байна. Тэд их зүйл сурахын тулд өөрийгөө зовоохыг хүсэхгүй байна.
-Сар болгон бэлнээр олгож байгаа 21 000 төгрөг монголын эгэл олон хүмүүст хүлээх хүлээлтийг бий болгож байна. Бэлэн олгож байгаа энэ бага мөнгө хичээж зүтгэхийн оронд хүлээж найдах сохор хүлээлтийг бий болгож байна. Энэ мөнгийг авахаар гэж өр тавьж, энэ мөнгийг авахаараа нийллэг хийх гэж өдрөө товлон, энэ мөнгийг авахаараа худалдан авах зүйлээ товлож, энэ мөнгийг авахаараа наргих гэж төлөвлөж байна. Хэрэв үүнийг олгодоггүй байсан бол хүн болгон л нэгийг хичээж хоёрыг бодох л байсан. “Хүний юм үнэгүй юм хоёрт нугасгүй” гэдэг
хэллэг өдгөө биелэлээ олж байгаагийн нэгэн жишээ энэ.
-Энэ мөнгөний тухайд хүн бүр  янз янзаар боддог. Зарим хүмүүсийн амжиргаанд хэрэг болж байгаа. Зарим хүмүүст энэ нь хэрэг болохгүйгээр барахгүй, нэгэн үдшийн цэнгээнд зарцуулагдаж байгаа. Зарим нь энэ тухай огт тоохгүй байна. Бизнес хийхэд нэмэр болж чадахгүй “аманд ч үгүй хамарт ч үгүй” энэ мөнгө олон ч хүмүүсийн бухимдах шалтаг нь болж байна. Энэ бага мөнгийг авах гэж банкны гадаа дугаарлан бухимдаж, энэ мөнгийг тараасан өдөр ёс юм шиг эрүүлжүүлэх байрны ачаалал дээд цэгтээ хүрч, энэ мөнгийг авсан хойноо олон ч гэр бүлд
нулимс хараал хэрүүл холилдож байгаа. Ингэх нь хэнд хэрэгтэй юм бол?
-Яг үнэндээ энэ л маргаан дунд “энэ мөнгө бол МАН, АН-ын хамтарсан ЗГ-ын амалсан мөнгө” гэдгийг л бид мартаад байгаа юм. Танд өгөхөөр амалсан 1.5 сая төгрөгийн амсуурга юм шүү дээ. Та үүнийг авч байгаа болохоор тэд амалсан зүйлээ “боломжоороо өгч”шийдсэн гэж бидний амыг таглаж чадна. Амалсан 1.5 сая төгрөг, одоо олгож байгаа 21 000 төгрөгийн зөрөөний талаар анзаарч бодож байв уу? Удахгүй болох сонгуулийн сурталчилгаандаа “Үгүй яахав дээ, бид боломжоороо шийдсэн шүү дээ. Харин одоо л яг жинхэнээрээ их мөнгө өгч жаргаана” гэж тайлбарлах
нь лавтай.”Өгөөгүй биш өгсөн” энэхүү арга нь “Их ч барьсан өмхий, бага ч барьсан өмхий” гэдэг хэллэг дээр л очих байх даа.
-“Ямар ард түмэн байна, тийм төр байдаг” гэсэн алдарт хэллэгээр хахууль авч болон хууль бусаар баяжсан Монголын улстөрчид, ард олныг бэлэн өгч буй мөнгөөр нь архи уун мансуурч, юу ч суралгүй тэнэгтэж, юу ч мөрөөдөлгүй өдөр хоногийг өнгөрөөж суудаг болгохыг хүсч байна. Ингэх нь тэдэнд дэндүү амар. Сонгууль болохын өмнө мөнгө тарааж, сонгуульд ялчихаад бэлэн мөнгө түгээж, сонгуулиас сонгуульд зөвхөн бэлэн мөнгө…
Харин тэд бидний эдэлж болох бүх л боломж, хүртэж болох ашгийг өөрсдөө л хуваан завшина. Тэд хувалз мэт таргалан баяжсаар ард олон нь хачиг мэт бусдад наалдан явсаар мөхөх бий дээ. Энэ бол хатуу ч гэлээ гунигт тавилан.

Эрүүл сэтгэлгээ

…Монголын хөгжлийн төлөө сэтгэл зовинож явдаг маш олон хүмүүс энэ мөнгийг ийнхүү хавтгайруулан олгож байгаад дургүйцэн эсэргүүцдэг. Тэр тусмаа өнөө цагт шударгаар ажил хөдөлмөр хийж, олж буй мөнгөөрөө өөрийн амьдрлааа залгуулж сурч байгаа маш олон монголчууд үүнд дургүйцдэг. Тэд эрүүл нийгэмд шударгаар ажиллаж, тайван амьдрахыг л хүсч байгаа.
…Монголчууд бид төвлөрсөн төлөвлөгөөт нийгмээс зах зээлийн нийгэмд шилжээд 20 гаруй л жил болж байна. Бид муулаад үзэн ядаад, бас айгаад байсан капиталист нийгэмдээ дасч байгаа. Энэ бол хүн өөрийн чадлаараа ажиллаж, хүссэнээрээ амьдрах боломжийг олгодог нийгэм. Чи сайхан амьдрахыг хүсвэл ажиллах л ёстой, бусдаас илүү амьдрахыг хүсвэл бусдаас илүү л ажиллах хэрэгтэй. Гадаадын олон оронд ажиллаж амьдарч байгаа монголчууд үүнийг маш сайн ойлгож, үүнд маш сайнаар суралцаж байгаа. Тэд өөрсдийн энэ л чадвараараа Монголдоо
ажиллаж сайхан амьдрахыг хүсч байгаа. Гэтэл энэхүү тарааж байгаа бэлэн мөнгө тэдэнд гай болж мэднэ.

…Ард олонд бэлэн мөнгө амлах тэнэг үйлдэл, өдгөө засгийн эрх барьж байгаа МАН, АН-ын хамгийн том гэмт үйлдэл мөн. Зөвхөн үүний төлөө л эдгээр намуудыг татан буулгаж хариуцлага тооцох хангалттай үндэслэл болно. “Яагаад тэд сонгуулиар мөнгө амалж, яагаад түүнээ биелүүлэхгүй байж, яагаад биелүүлсэн хэмээн оромдож байгаа юм бэ?” гэж та өөрөөсөө нэг асуугаад үз дээ. Ашигт малтмалаас үүдэлтэй их мөнгөний шуналд эргэлтгүй автсан Монголын улстөрчид удахгүй болох улстөрийн сонгуульд дахиад л амлахаар зэхэж байна. Тэд энэ талаар
мэргэжиж их ч гоё сайхан нэрээр халхавчлах болно. Тэд энэхүү баялгийн хуваарилалтын эрх мэдлийн төлөө их ч мөнгө хаяж, түүнийгүү хэд нугалан олж чадна гэж тооцоолж байгаа.
Харин үүнийг та бид л шийдэх болно.
…Монголын өнөөгийн залуус үнэхээр мундаг болон хөгжиж байгаа, Тэд мөнгөнөөс илүүтэй эрдэм мэдлэг, ур чадвар, ухаант сэтгэлгээг өөрсдийн баялгаа гэж үзэн хичээж зүтгэж байна. Монголын улстөрчдөөс гуйя. Та нар тэднийг л бүү баллаж үзээч. Та нарын дотор ч эрүүл сэтгэлгээтэй эх орныхоо төлөө сэтгэлээ чилээж яваа олон ч хүмүүс бий. Одоо жаахан эрүүлээр сэтгэ л дээ. Уул уурхайн баялгаас Монгол оронд ашиг болон орж ирж буй их мөнгөнөөс Монгол хүний хөгжилд л зарцуулах хэрэгтэй байна.  Тэдэнд ажлын байр бий болгож, тэднийг гадаадын
өндөр хөгжилтэй орнуудад сургаж, тэднийг өөрдсийгөө хөгжүүлэх их боломжийн төлөө энэ мөнгийг зарцуулах хэрэгтэй байна. Нэгэн цагт уул уурхайн баялаг дуусах мөчид энэ л залуус Монголыг авч үлдэн хөгжүүлэх болно.
…Өөрийн ард иргэддээ “бэлэн талх өгч байснаас өөрөө талхаа барьж идэх аргад сургавал” төрийн мэргэн бодлого болох буйз. Хүмүүст бэлэн мөнгө тарааж байснаас уул уурхай болон барилгын салбарт ажиллах мэргэжилд сургаж болно, энэ нийгэмд өөрийн биеэ аятай таатай авч явах эрдэмд сургаж болно, эх орон түүхээрээ бахархах сэтгэлгээнд бага наснаас нь сургахын тулд ядаж л “Монголын нууц товчоо”-гоор олон ангит хүүхэлдэйн кино хийж болно. “Хорвоо дэлхий уудам хийх ажил их байна” гэдэгчлэн Монголчууд бид энэ их баялгийн ашиг шимийг
Монгол орны хөгжил, монгол хүний зөв сайн хөгжлийн төлөө сайнаар зарцуулах маш олон боломжууд байна. Түүнийхээ төлөө нэгдэцгээе л дээ.

Төгсгөл

Хааяадаа энэ бичлэгийн эхэнд дурдагдсан Индианчуудын гунигт хувь заяаны тухай эргэцүүлэхдээ сэтгэл эмзэглэдэг. Өөр хотуудаар явж байхдаа Амеикийн Индианчуудын түүх соёл, хувцас өмсгөл, эмээлийн тоног хэрэгслэл, тэдний өмсдөг бүх малгай, бүсгүйчүүдийнх нь гоёл, ковбой гутал сэлтийг бэлэг дурсгалын дэлгүүрт ихэвчлэн харна. Энэ бүхэн түүх болон бэлэг дурсгал болон хувирч байна.
Индианчуудын зан заншил, соёл, түүхэнд бидэнтэй адил төстэй зүйл их бий. Тэд моринд эрэмгий, тэнгэр шүтдэг, байгалиа шүтэж байгальдаа зохицож нүүдэллэн амьдардаг байсан. Өдгөө дэлхийн хөгжлийн их давалгаан дунд тэд бүдгэрсээр л байна. Одоо тэднийг бага зэрэг наймаа хийдэг, эрчүүд нь архиа уун халамцаж суудаг мэтээр л төсөөлөх болж. Тэдний уугуул нутгийг нь эзэлснийхээ төлбөрт тэдэнд олгож буй их бэлэн мөнгө тэднийг ийнхүү мөхөөж байна. Харин үүнд харамсаж байгаа хүмүүс олон бий гэж үү?

Монголчууд бид өөрсдөөрөө бахархаж бас омогшдог л доо. Гэхдээ бид өөрсдөө өөрсдийнхөө төлөө юу хийж чадаж байна вэ? Одоо цагт уул уурхайн баялгаараа баярхах болж. Үүний төлөө өнөөдөр бидэнд зусардаж байгаа тэд, нэгэн цагт бүх ашгаа аваад биднийг нулимж орхиод л арилж одно. Бид юутай үлдэх вэ? Одооноос л бодох хэрэгтэй байна даа. Шуналын галт тэргийг хөдөлсөн хойно нь зогсоож чаддаггүй юм гэхэд хязгаарлаж болно доо. Харин бидэнд эв нэгдэл, саруул ухаан одоо л хэрэг болно.
Монголын баялгийг монгол хүний өөдрөг хувь заяатай нь хамтад арилжиж байгаа шуналтнуудад хариуцлага тооцох цаг ирнээ. Заавал ирнэ. Хүмүүс өнөө олж харахгүй байгаа, итгэл алдаж байгаа шударга ёс гэж байдаг юм. Тийм болоод ч монголчууд бид “Уулын чинээ харыг туулайн чинээ цагаан гүйцнэ” гэж хэлэлцсээр ирсэн. Нэгэн цагт үнэнэд гүйцэгдэхдээ буруутан заавал цээрлэл хүлээдэг юм.
Харин бид цаашдаа Монголоороо үлдэж, бидэнд өвлөгдөж ирсэн бахархлаа хамгаалж үлдэхийн тулд эрүүлээр л сэтгэх хэрэгтэй болж байна. Амлалт дагуулсан сонгууль айсуй. Бид бүх л улстөрчдийг хараан зүхдэг. Тэднийг харааж зүхэх бүх л муу зүйлсээ бид л өөрсдөө хийж байгаа. Тэднийг бид сонгодог. Буруу зүйл хийхэд нь ч мэдсээр байж айдсанд автсан сэтгэлдээ эвлэрэн давруулдаг. Тэгээд ч зогсохгүй зусардан зулгуйдна. Бидэнд бэлэн мөнгө хэрэггүй, харин шударгаар хөдөлмөрлөж, өөрийн эх орондоо тайван амьдрах нь хамгаас чухал байна.
Цаана чинь сонгууль айсуй. Одооноос эрүүлээр эргэцүүлэх хэрэгтэй байна даа.

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
2011-08-22

Share Your Thoughts