“Монгол залуус мундаг гэдгийг харуулахыг хүсдэг”

Денверийн 2010 оны “шилдэг оюутан” болсон А.Амаржинтай  гэрт нь уулзаж, бидний яриа Денверийн сүрлэг уулсын дунд орших алдарт хавцлын дүүжин гүүрэн дээр үргэлжилсэн юм. Түүний яриа надад маш сонирхолтой байлаа. Тэрээр залуу хүн гэхэд бидний төсөөлж байснаас огт өөр, дэлхийн хэмжээнд суралцаж, дэлхийн хэмжээнд сэтгэж байгаа өнөөгийн монгол залуусын сайн төлөөлөл байв. Хүүгийнхээ боловсрол мэдлэгийн төлөө өөрсдийгөө элээж, мөнгөөр бус эрдэм мэдлэгээр баялагаа босгож байгаа аав ээжийнх нь ухааныг хүндлэхгүй байхын арга үгүй. Яг энэчлэнгээр мянга мянган монгол эцэг эхчүүд харийн өндөр хөгжилтэй орнуудад өөрсдийн үр хүүхдээ хөгжүүлж, дэлхийн хэмжээнд бэлтгэж байна. Тэдний алжааж ядарсандаа урсах хөлсний дусал бүхэн нь үр хүүхдийнх нь ухаан санаанд баялаг болон шингэж буй. Энэ бол Монгол орны хөгжлийн төлөө, ирээдүйн сайн сайхны нь төлөөх аугаа их хөрөнгө оруулалт мөн.

Нэг. Намтрын товчоон
-2003-2005 онд Prairie Middle дунд сургуульд

-2005 -2006 онд Smoky Hill  ахлах сургуульд
-2006-2008 онд Larame ахлах сургуульд
-2008-2009 онд Western Canada ахлах сургуульд
-2009-2010 онд University of Calgary
-2010 oноос Present-University of Colorado Denver тус тус суралцаж байна.
Хоёр. Шатар оюун ухааныг задалдаг

AJ_iltgel
Г.Галбадрах- Хаана төрж, хаана суралцсан бэ?
А..Амаржин- Би Улаанбаатар хотод төрсөн. 52-р сургуульд элсэж орж байв. 19-р хорооллын хүүхэд л дээ. Харин 7 настай байхдаа анх шатар тоглож суран нилээд амжилттай хичээллэсэн шүү.
Г.Галбадрах -Тийм үү! Тэр талаараа дэлгэрүүлж яриач.
А.Амаржин -Шатар тоглож сураад нилээд сонирхон хичээллэсэн. Монголдоо бага насны ангилалд хэд хэдэн тэмцээнд амжилттай оролцож байлаа. “Цодгор хүү” нэртэй Улсын аварга шалгаруулах тэмцээнд орж байсан. 2003 онд 11-12 насны ангилалд Улсын аварга шалгаруулах тэмцээнд  4-р байр эзэлсэн. Шатрын их мастер Хатанбаатар багшийн дугуйланд хичээллэж байсан нь надад их ч нөлөөлсөн дөө.
Г.Галбадрах -Америкт ирээд бас шатраар хичээллэж байсан уу?
А.Амаржин -Монголдоо байхдаа шатрын өсвөр үеийн  Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох боломж олдсон боловч амжаагүй, Америкт ирсэн юм. Америкт ч шатраар хичээллэж хэд хэдэн тэмцээнд амжилттай оролцож байв. Өөрийн насандаа Денверийн 3 удаагийн аварга болж, Колорадагийн аварга шалгаруулах тэмцээнд 2-р байр эзэлсэн. Тэр тэмцээнд намайг хожиж аварга болж байсан хүү 2006 онд АНУ-ын аварга болж байсан шүү.
Г.Галбадрах -Шатар хүний оюун ухааныг хөгжүүлдэг төдийгүй өөр олон зүйлд сургадаг.
А.Амаржин -Шатар бол хүний оюун ухааныг задалдаг. Маш олон нүүдлийн задаргаа хийж, зөв хувилбарыг сонгох нь хүний уураг тархийг маш сайн ажиллуулдаг. Байнгын ийм дасгалууд хүний оюун ухаанд маш их хөгжил авч ирнэ. Би математикийн хичээлд их дуртай байсан. Бодлого бодож, олон хувилбараас зөв хариуг олох үйлдэл нь шатартай бас төстэй.
Шатар нөгөө талаасаа хүнийг маш их суурьтай, тэвчээртэй, алив зүйлд анхаарлаа маш сайн төвлөрүүлэхэд сургадаг. Яг тэмцээнд оролцож байхад, цаг явж байгааг анзаарахгүйгээр өөрийгөө тайван байлгаж, нүүх гэж байгаа нүүдэлдээ анхаарлаа төвлөрүүлж сурах гэдэг амаргүй. Гэхдээ ингэж сурч чадвал амжилтад хүрч чадна. Хэрэв тэвдээд эхэлбэл анхаарал огт төвлөрөхгүй. Бас маш их тэвчээртэйгээр удаан сууж сурах болдог. Нэг удаагийн тэмцээнд 6 цаг сууж байсан тохиолдол бий. Ингээд бодохоор шатар бол оюун ухааны спорт юм даа.
Өөртөө бий болгож чадсан ийм хэвшлүүд одоо ч миний амьдралд их хэрэг болдог.
Г.Галбадрах -Чиний шатрын амжилтын тухай “Амаржингийн уран нүүдэл” нэртэйгээр хэвлэлд гарч байсан гэж сонссон юм байна. Уран нүүдэл гэдэг нь хөлөг дээр өрөөстэй байгаа байрлалаас гарцаагүй үйлдэл болох олон нүүдлийг урьдчилан харж тооцоолохыг хэлдэг болов уу?
А.Амаржин -Тийм ээ! Олон нүүдлийг урьдчилан харж гарцаагүй тэр байдалд оруулах хэрэгтэй байдаг. 16 нүүдлийг урьдчилан харж байсан тохиолдол бий. Нэг удаагийн тэмцээнд өрсөлдөгчөө ингэж буулгаж байсан. Сайн шатарчин дор хаяж 5 нүүдлийг урьдчилан харж тооцоолно. Шатрын тэмцээнд 2 хүн тоглож байхад нөгөө өрөөнд олон хүмүүс нүүдэл бүрийн задаргааг хийж байдаг. Бүхэл бүтэн тийм баг ажилладаг. Нэг тэмцээний дараа миний тоглолтын талаар “Амаржингийн уран нүүдэл” нэртэй тайлбар гарч байсан л даа. Гарцаагүй байдалд өрсөлдөгчөө оруулахын тулд нөгөө хүнийхээ нүүдэл болгоныг урьдчилан тооцоолж байх ёстой гэсэн үг л дээ.
Г.Галбадрах -Шатраар амжилттай хичээллэж байсан хэрнээ яагаад тууштай яваагүй юм бэ?
А.Амаржин -Надад Америкт шатраар амжилт гаргах магадлал байсан л даа. Гэтэл үүний тулд маш их цаг зарцуулах, бас дасгалжуулагч, бэлтгэл хийгч хэрэгтэй байлаа. АНУ-д шатрын дасгалжуулагч маш их үнэтэй. Тэгээд ч манайх хүн ам багатай газар руу нүүсэн. Дээрээс нь би сайн суралцахаар шийдсэн. Сургуульд орсноосоо хойш нэг их тоглоогүй. Гэхдээ хааяа хааяа тоглох тухай бодол орж ирдэг. Хэзээ нэгэн цагт шатраар дахиад хичээллэх байхаа.
Г.Галбадрах -Шатар тоглоод хожигдохдоо харамсдаг уу?
А.Амаржин -Шатар тоглоод хожигдохдоо нэг их харамсдаггүй. Гарцаагүй өөрөөсөө илүү хүнийг хүлээн зөвшөөрдөг. Заримдаа дотор сэтгэлдээ “би чадах бүхнээ хийсэн шүү дээ” гэж хэлж өөрийгөө тайвшруулна. Амьдралд ч ийм тохиолдлууд зөндөө шүү дээ. Мэдээж дараагийн удаа тэр хүнийг хожихыг хичээнэ. Тэгэхээр өөрийгөө илүү их хөгжүүлэхийн төлөө тэмцэнэ гэсэн үг.
Би шатрын спортоос өөрийнхөө амьдралд хэрэгтэй их зүйлс суралцсан.
Гурав. Сургууль ба сонголт

AJ_yariltslaga_3Г.Галбадрах -Америкт ирсэн тухайгаа яриач?
А.Амаржин -Миний амьдралдаа хийх олон ч сонголтод аав минь их ч тусалж, их ч нөлөөлсөн. Аав минь инженер хүн атлаа маш их мэдрэмжтэй. Яг өнөөгийн цаг үед юу болох, надад юу хэрэгтэй, намайг юунд яаж хөгжүүлэх ёстойг надтай илэн далангүй ярилцаж зөвлөдөг. Аав минь биднээс түрүүлж Америк явсан юм. Америк явах гэж байхдаа 11 настай надтай яг л том хүн шиг сууж байгаад ярилцаж байв. Тэр үед надад  зөвлөж  хэлж байсан олон ч зүйлүүд одоо хэр нь миний санаанаас гардаггүй юм.
Бид 2003 оны 10 сард Америкт ирсэн. Англи хэл огт мэдэхгүй. Нэг охин надаас “чи хэдэн настай вэ?” гэж англиар асууж байхад нь “no” гэж хариулж байсан юм даа.
Г.Галбадрах -Тэгээд л хичээж эхэлсэн үү?
А.Амаржин -Тийм ээ! Хичээж эхэлсэн. Америк хүүхдүүдийг гүйцэж суралцана гэдэг амаргүй. Гэхдээ би тэдэнтэй зэрэгцэж очихыг хүссэн. Их ч хичээллэж суралцав.
Намайг 8-р ангиа төгсч байхад Их Сургуульд элсэхэд бэлтгэх “Олон улсын бакалврын хөтөлбөр”-ийг аав минь олж өглөө. Ийм хөтөлбөр Колорадад 2 байдаг юм. Тэд шалгаруулахдаа ярилцлага авна. Би хэлдээ тийм сайн байгаагүй ч тэд миний физик-математикийн мэдлэгийг ихэд үнэлж элсүүлж авсан.
Г.Галбадрах -Ер нь ажаад байхад Монгол хүүхдүүдийн физик, математик, хими гэхчилэн байгалийн шинжлэлийн мэдлэг Америкт нилээд үнэлэгддэг юм билээ. Энэ нь Монголын сургалтын хөтөлбөртэй холбоотой байх.
А.Амаржин -Тийм шүү! Монголын сургуулиудын байгалийн ухааны академик сургалт энд их үнэлэгддэг. Бид онолын хувьд маш сайн мэдлэгтэй. Харин хэрэглээ талдаа сайн биш байх. Гэхдээ л тэр мэдлэг маш их хэрэг болдог шүү. Би 10 -р ангид суралцаж байхдаа мужийнхаа бизнесийн математикийн тэмцээнд 2-р байр эзэлж байсан. Тэгээд Их Сургуулийн математикийн бэлтгэл ангид элслээ. Манай анги 27 сурагчтай, үүний 22 нь 12-р ангийн сурагчид, 4 нь 11-р ангийн сурагчид, 10-р ангийн нэг сурагч нь би байсан.
Харин 12-р ангиа Канадад төгсөөд Калгарийн Их Сургуульд 1 жил суралцлаа. Канадын сургалт бас л сайн юм билээ. Хэдийгээр би математик болон байгалийн ухааны хичээлд сайн байсан ч цаашдаа нийгмийн ухааны чиглэлээр суралцахаар шийдсэн.
Г.Галбадрах -Яагаад?
А.Амаржин -Миний бага нас Улаанбаатарын 19-р хороололд өнгөрсөн л дөө. Хүний өссөн орчин хүнд их нөлөөлдөг. Бага байхдаа заримдаа магтуулж, хааяадаа зэмлүүлж элдэв зүйлийг эргэцүүлэн бодож байхдаа өөрчлөлтийн тухай их бодно. Миний бодол болон хүсэл санаатай зөрчилдсөн, болж бүтэхгүй байгаа олон зүйлийг анзаарч мэдрэх бүрдээ “үүнийг өөрчилж яагаад болдоггүй юм бэ?” гэж өөрөөсөө асууна.  Өөрчлөлт гэдэг зүйл дороос эхэлдэг гэдэгт би итгэдэг. Нийгмийн идэвхи сонирхлоосоо шалтгаалан, мөн энэ өөрчлөлтийг хийх нэг боломжийн үндсийг хайж улстөрөөр суралцья гэж шийдсэн. Ер нь надад социал демократ үзэл их таалагддаг юм.
Дөрөв. Социал демократ үзэл
Г.Галбадрах -Надад ч бас социал демократ үзэл таалагддаг л даа. Гэхдээ чиний бодлыг сонсвол?
А.Амаржин -Хүн өөрөө хичээгээд амжилтад хүрч чаддаг ч нийгмийн тогтолцоо нь тэр хүний амьдралд сайнаар эсвэл муугаар заавал нөлөөлдөг. Хүн болгонд адил боломж байдаг хэрнээ хүмүүс түүнийгээ янз янзаар л ашиглана. Зарим оронд нийт хүн амын 5% нь нийгмийн баялгийн 80%-ийг эзэмшиж байдаг байна. Монголд ч ийм үзэгдэл аль хэдийн бий болчихлоо. Ийм тохиолдолд цөөн хүмүүс эрх мэдлийг гартаа авч улс орныг удирддаг. Яваандаа мөнгө эрх мэдлээр сүлэлдсэн олигархиуд бий болж ардчиллыг ч хянаж эхэлнэ.  Энэ бол капитализм юм.
Г.Галбадрах -Капитализмыг хүмүүс өөр өөрсдийнхөөрөө тайлбарлаж, үнэлдэг.
А.Амаржин – Капитализм бол хүн бүхэн хувьдаа хичээж чадвал амжилтад хүрэх боломжийг бий болгосон, хамгийн сайн ажиллаж буй эдийн засгийн систем.  АНУ-ын 3 дахь ерөнхийлэгч Томас Жефферсон,”Ард түмэн төрөө 20-иод жилд хянаж, тодорхой хэмжээнд бослого гаргаж байх нь хэвийн үзэгдэл байх төдийгүй, тогтвортой төрийг бүрдүүлнэ” хэмээн хэлсэн байдаг. Түүн шиг Төр нь, мөн ард түмэн нь ч адил, эдийн засгийнхаа хэв маягийг хянах хэрэгтэй болов уу? Энэ утгаараа капитализмийг орлогын хэт ялгаанаас, мөн хүн болгон мөнгөний боол болохоос сэргийлэн төр нь тодорхой хэмжээний хязгаарлалт, хяналтыг тавих нь зөв гэж бодож байна.  Өнөөгийн социал-демократ төртэй улсууд ингэж удирдаж байгаа.  Капитализмд үйлдвэрлэл хийж байгаа хүмүүс юу үйлдвэрлэж байгаагаа ч мэддэггүй. Хүмүүс бараанаасаа тусгаарлагдаж, бас бие биенээсээ тусгаарлагдаж байна. Та жишээ нь хажуугийнхаа хаалганд амьдардаг хөршийнхөө тухай мэдэх үү?
Капитализм бол өрсөлдөөн. Эх захгүй энэ өрсөлдөөн дунд хүмүүс мөн чанараа алдаж, бие биенээ ч хүндлэхээ больж байна. Бүгдээрээ л зөвхөн мөнгөний төлөө өөр хоорондоо өрсөлдөж байна. Яг энэ утгаараа өнөөгийн капитализм буруу замаар явж байгаа. Байгаль орчны сүйрэл, эдийн засгийн хямрал, бас бус гамшигуудад тодорхой хариуцлага үүрэх хэрэгтэй хэмээн бодож байна.
Г.Галбадрах -Тэгэхээр чиний бодлоор хамгийн чухал нь юу гэж?
А.Амаржин – Сэтгэл ханамж. Хүмүүс одоогийн амьдарч байгаа байдалдаа сэтгэл хангалуун байх ёстой. Өнгөрсөн жил ард иргэд нь хамгийн их сэтгэл хангалуун амьдардаг орноор Финлянд шалгарсан. Финлянд улсын ихэнх ард иргэдажил мэргэжлээсээ үйл хамааран адилхан машин унаж, адил байшинд сууж, адил хэв маягтай амьдарч байдаг атал, өндөр хөгжилтэй орнууд энэ үзүүлэлтээрээ тэднээс дээр байж чадахгүй байгаа нь сонирхолтой. Би энэ талаар Платон, Сократ, Аристотeль зэрэг аугаа сэтгэгчдийн бичсэнийг уншдаг. Сэтгэгчид өөрсдөө улстөрийн аугаа их зөн совинтой. Аристотeль өнөөгийн ардчилсан нийгэм болон хүний хөрөнгийн шунал тачаалыг 2300-аад жилийн өмнө зөгнөсөн байдаг. Тэрээр хэлэхдээ “Төр зохистой арга хэмжээ аван, хариуцлагатай хүчин байж чадахгүй аваас энэ нь даамжирч анархийн нийгэмд хүрнэ”  гэжээ.
Аливаа үзэл бодол болон үзэгдлийг цаг хугацаа л нотолдог. Тэр үед маш хэцүү санагдаж байсан зүйлс өнөө үед харахад маш амархан болж орхиж. Тэгэхээр хөгжил гэдэг тасралтгүй бас мөнхийн юм. Бүх зүйлийг үгүйсгэж хараах хэрэггүй л дээ. Одоо ч эдгээр сэтгэгчдээс ч марксизмаас ч авах зүйл зөндөө байна.
Г.Галбадрах -Их сонирхолтой санаа байна.
А.Амаржин -Ер нь судалгаанаас харахад 15-25 жилийн давтамжаар энэ дэлхийд эдийн засгийн хямрал болж байдаг. Хямрал янз бүрийн шалтгаантай байдаг ч сүүлийн хямрал жишээ нь зээлийн системээс болж байгаа. Америкт гэхэд л 300 сая орчим хүний дийлэнх нь өртэй. Нэг хүн дунджаар 28 000$-ын өртэй байдаг гэсэн тооцоо бий. Гэтэл яагаад үүнийг хянахгүй байгаа юм бэ? Социал-демократ засаглалтай орнууд энэ хямралд өртсөнгүй. Канад, Швед, Финлянд, Австрали, Англи гэхчилэн. Ямар ч улс орон тогтвортой байх ёстой. Тэгж байж л хүмүүс нь амгалан тайван, сэтгэл хангалуун амьдардаг.
Г.Галбадрах -Хүмүүс нь бухимдалгүй, амгалан тайван, сэтгэл хангалуун амьдрах ёстой гэдэг үзэлтэй тань санаа нийлж байна.
А.Амаржин -Энэ дэлхийд төрсөн хүн бүхэн амьд явах эрхтэй. Хүний энэ тэргүүний шаардлага нь эрүүл мэнд, сайн боловсрол. Гэтэл хүмүүс хорт хавдраас бус, даатгалын компаны буруутай үйл ажиллагаанаас болж амь насаа алддаг. Капитализм, социал демократ үзлийн ялгаа нь энд харагддаг юм.
Би харин АНУ-д социал демократ намыг нь дэмждэг. Одоогийн ерөнхийлэгч Б.Обамагийн үзэл бодол нь надад таалагддаг. Их ч эрч хүчтэй, өөртөө итгэлтэй хүн. 2007 оны 1 сард Б.Обамаг нэрд гарч амжаагүй байхад, сонгуулийн сурталчилгааны ажлаар Колорадад ирж байхад нь тааралдаж гар барьж амжсан шүү.

AJ_yariltslaga_4
Тав. Би монгол залуусыг “мундаг” гэж харуулахыг хүсдэг.
Г.Галбадрах -Чиний үзэл бодол болон санаа бодол тань надад таалагдаж байнаа. Энэ бүхэн чиний нийгмийн идэвхтэй үйл ажиллагаанд тань түлхэц болдог байх.
А.Амаржин -Миний сурч байгаа Колорадагийн Их Сургуулийн профессор надад санал болгосноор би шалгуурт нь тэнцэж, 2010 оны 7 сарын 11-16 өдрүүдэд Чех улсад болсон “Олон Улсын залуу оюутнуудын чуулга уулзалт”-ад оролцож “Монгол Улсын тулгамдсан асуудал, түүнийг шийдвэрлэх арга зам” гэсэн илтгэл тавьж хэлэлцүүлсэн юм.
Энэ уулзалт бол жил бүр уламжлал болгон явагддаг арга хэмжээ. Дэлхийн улс орнуудаас шилдэг 100 оюутныг шалгаруулж оролцуулдаг юм билээ. Шалгуур нь их өндөр:
1.Сургуульдаа ямар түвшний оюутан бэ? гэдгийг харна
2. Өөрийнх нь хүрээ, нөлөөллийг их анхаарна
3. 2 шаттайгаар эссе бичүүлж  эцсийн шатанд шалгаруулан оролцуулах эсэхээ шийднэ.
Өнгөрсөн жилийн энэ уулзалтад дэлхийн 35 орноос 100 оюутан шалгарч оролцсон юм. Америкаас 6 оюутан шалгарч оролцсоны нэгэнд би багтсан л даа. Хамгийн олон нь Америк, Австралаас 6 оюутан, Хятадаас 3, Энэтхэгээс 2 зарим орноос огт байхгүй гэхчилэн нилээд хатуу сонголттой юм билээ.
Г.Галбадрах -Баяр хүргэе! Энэ бол Монгол оюутны чансааг харуулсан мундаг үзүүлэлт, бас Монголыг сурталчилсан маш сайн сурталчилгаа болжээ.
А.Амаржин -Баярлалаа. Миний илтгэлийг нилээд сонирхож, сайн үнэлсэн. Монголоо сурталчилж, маш том дуу хоолой болж чадсандаа баяртай байгаа. Гол нь энд “монгол залуус мундаг” гэдгийг л харуулж нотлохыг хүссэн. Орон орноос шалгарч ирсэн үнэхээр мундаг залуустай танилцан, найз нөхөд болж одоо хэр нь байнга холбоотой байгаа.
Бас тэр арга хэмжээний үеэр болсон “Олон улсын эрүүгийн шүүх” хурал дээр өмгөөлөгчөөр ажиллаа. Нийтдээ 278 хүнийг онц хэрцгийгээр, хүчирхийлж алсан Конго улсын Germain Katanga гэдэг нэрд гарсан гэмт хэрэгтнийг өмгөөлсөн юм. Мэдээж энэ бол амаргүй зүйл байсан ч гэмт этгээдийг “хүн” гэдэг утгаар нь, дээрээс нь хангалттай нотлох баримтыг няцаах оролдлогоор өмгөөлсөн. Энэ арга хэмжээ их ч сонирхолтой байлаа.
Г.Галбадрах -Өөр бас ямар арга хэмжээнд оролцов?
А.Амаржин -2011 оны 3 сард Сингапурт 2000 оюутан оролцсон НҮБ-ийн өргөтгөсөн хуралд урилгаар оролцлоо. Энд Колорадагийн Их Сургуулиа төлөөлж оролцсон. Энд бас их ч олон хүмүүстэй уулзаж танилцан, сайн найз нөхөд болсон. Энэ бас л Монголын нэгэн сурталчилгаа болсон шүү. Хэдийгээр Америкаас ирсэн ч “монгол” гэхээр бас л содон байсан.
Г.Галбадрах -Үнэхээр мундаг байнаа. Амжилт гаргаж, дэлхийд танигдаж яваа монгол залуусыг харах, тэдний тухай сонсох бүрдээ л бид баяртай байдаг. Бусад залуустаа ч үлгэр дуурайлал болж, олон сайхан боломжийг тэдэнд мэдрүүлж байгаа шүү.
А.Амаржин -Бусад залуустаа туслахыг хичээлгүй яахав. Манай Денверийн “Global reach” байгууллагынхан надад, ахлах сургууль төгсөөд Америкийн Их Сургуульд суралцахаар бэлтгэж байгаа монгол хүүхдүүд зориулсан сургалтад хичээл заахыг санал болгосон юм. Энэ саналыг хүлээж авч 4 сарын хөтөлбөр бэлтгэн 10 хүүхдэд хичээл заалаа.
Г.Галбадрах -Энэ тухайгаа арай дэлгэрүүлж ярьж болох уу?
А.Амаржин -Америкийн Их, Дээд сургуульд элсэх элсэлтийн шалгалтын дундаж оноо 18 байдаг. Ер нь 20-иод оноо авсан байхад сургуулиасаа шалтгаалан элсэх боломжтой. Математик, физик, хими чиглэлээр нилээд гүнзгийрүүлэн судална. Бид хамтдаа хичээллэснээр 2-3 хүүхэд шалгалтандаа 30-аас дээш оноо авлаа. Бүгдээрээ л мундаг суралцацгаасан Өөрсдөө л хичээвэл манай монгол хүүхдүүд үнэхээрээ оюуны өндөр чадвартай шүү.
Г.Галбадрах -Монгол хүүхдүүддээ багшлахад ямар байв даа?
А.Амаржин -Манай сурагч нар надаас 2-3 дүү  байсан л даа. Америкчууд ер нь хүүхдүүдийг зөнгөөр нь сургадаг. Монголчууд бол нилээд шахалтаар сурдаг. Миний хувьд нилээд хатуу шаардлага тавьж шахаж сургасан. Надад жаахан багшлах авьяас байсан байхаа. /инээв/
Монгол хүүхдүүд их шахалт дор айдас дээр сурдаг. Тэд багшдаа загнуулахгүй гэсэндээ хичээлээ хийх нь олонтаа байдаг. Бид багаасаа л үүнийг мэддэг байсан. Харин энэ удаад би хүүхдүүддээ ухамсартайгаар сургахыг хичээсэн. Тэд намайг гомдоохгүй гэж хичээж суралцсанд би их баяртай байгаа. Бид ч бие биедээ сэтгэл хангалуун байгаа.
Г.Галбадрах -Шатраас ч үүдэлтэй юм уу?  Чамд алив зүйлийг уг үндсээр нь сайн сурч, бас сайн хийхийг хичээдэг дадал зуршил байх шиг.
А.Амаржин -Магадгүй ээ! Би спорт их сонирхдог. Үндсэний бөх, сумо барилдааныг их сонирхож үзнэ. Гэхдээ сонирхоно гэдэг нь уг зүйлийнхээ үндсийг, түүх гарлыг хүртэл судална гэсэн үг л дээ. 7 настай найхдаа Улсын наадмын шөвгийн 8 бөхийг тааж 30 000 төгрөгийн шагнал авч байв. Монголчууд сумог сонирхож үзэхээс өмнө, бага байхдаа бүх зиндааны бөхчүүдыг нэрлэж чаддаг байлаа. NBA-г ч бас яг л ингэж үздэг. Зав чөлөөгөөрөө найзуудтайгаа хөл бөмбөг тоглоно.
Г.Галбадрах-Гэр бүлийнхнийхээ тухай танилцуулж болох уу?
А.Амаржин -Ээжийг минь Ж.Пунцагдулам гэдэг.  ОХУ-д Холбооны инженерийн мэргэжлээр  Новосибирск хотын Цахилгаан Холбооны Их Сургуулийг төгссөн. Харин энэтхэг Улсад компьютерийн инженерийн чиглэлээр мастер хамгаалсан. Энд ирээд Колорадогийн ТИС-д Компьютерийн Сүлжээний нууцлалын системийн чиглэлээр бас мастер хамгаалж , одоо Wyoming-ийн ИС -д энэ чиглэлээрээ Ph.D- сурч байгаа.
Аавыг минь Л.Амарбаясгалан гэдэг. ОХУ-ын Новосибирск хотын Цахилгаан Техникийн ИС-ийг цахилгааны инженерийн мэргэжлээр төгсч бакалавр, мастерийн зэрэг хамгаалсан.  Монголдоо Стандарт Хэмжил Зүйн Үндэсний төвд эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллаж байгаад 2002 онд Америкт ирсэн. Одоо BAB Construction нэртэй барилгын компаны эзэн.
Бас миний дүү А.Тамир энэ жил ахлах сургууль төгсөж байгаа. Харин миний хайртай дүү А.Анар 2 нас хүрч байна.
Г.Галбадрах -Цаашдын зорилтын тань талаар сонирхвол?
А.Амаржин -Би одоогоор өөрийгөө нилээд шахаж байгаа. Сургуулийнхаа хөтөлбөрийг шахаж дуусгахын тулд 21 кредит сонгож авсан. Их ч хичээллэж байна. Алсдаа Харвардад хуулийн чиглэлээр мастерт суралцах бодол бий. Бас боломж л гарвал монгол залуустаа тусалж тэдэнтэй хамтдаа хөгжих сонирхолтой. Бас нийгмийн нилээд идэвхтэй. Улстөр, хуулийн чиглэлээр суралцсан мэдлэг чадвар минь Монгол орны хөгжилд хэрэг болох цаг ирнэ гэдэгт итгэдэг.
Г.Галбадрах -Мөрөөдөл болон боломжинд хязгаар үгүй. Энэ их аугаа мөрөөдөл болон боломжийн оргилд өөрийгөө дайчлан мацаж яваа чамаар үнэхээр бахархаж байна. Монголын залуусын бодит үлгэр дуурайлал болж, зорилгоо биелүүлээрэй. Чамд маш их баярлалаа.
А.Амаржин -Танд ч бас их баярлалаа. Биднийг зорин ирж надтай уулзан чин сэтгэлээсээ ярилцсанд би ч их баяртай байна. Манай монгол залуус оюуны өндөр чадвартай, гайхамшигтай хүмүүс. Өөрсдөө хичээж, зүтгэвэл хүрэхгүй газар, чадахгүй боломж үгүй. Бүгдэд нь амжилт сайн сайхан бүхнийг хүсье.
Харин 4 сарын 23 нд Лос-Анжелост болсон “Надад хэлэх үг байна” уулзалтад оролцохыг түүнд санал болгосон л доо. Харин тэрээр зөвшөөрч уг уулзалтад очиж оролцсон. Уулзалтын төгсгөлд Америкт суралцаж байгаа монгол оюутны нэгдэл үүсгэх, мэдээллийн нэгдсэн сан бий болгох талаар нэгэн баг бүрэлдэж, тодорхой санаачлагыг эхлүүлэх болоход тэр багт орж ажиллахаар болсон байгаа.  А.Амаржингаас гадна өндөр хөгжилтэй оронд амжилттай суралцаж, дэлхийн хэмжээнд үнэлгдэж, дэлхийн хэмжээнд нэрээ гаргаж, дэлхийн хэмжээнд сэтгэж, тэмүүлж яваа олон монгол залуус бий. Тэд Монгол орны ирээдүйн хөгжлийн эзэд нь мөн. Тийм залуустай байхад бид юундаа итгэж алдран бухимдах билээ.

Share Your Thoughts