Menu
Assign a 'primary' menu

All Posts by gala-admin

About the Author

May 20

“ХҮН ЧАДАЖ БАЙХАД БИ ЧАДНА, БИ ЧАДАЖ БАЙХАД БУСАД ХҮН Ч ЧАДНА”

By gala-admin | ЯРИЛЦЛАГУУД

\”DBN carrier Inc” компаны 10 жилийн ойд зориулав\

*Ачаа тээвэр зуучлалын “DBN carrier Inc” компани

15248 Texasco ave                                    

Paramount  CA 90723

www.dbncarrier.com

contact@dbncarrier.com

-АНУ ын Лос Анжелос хотноо үйл ажиллагаа явуулдаг Ачаа Тээвэр зуучлалын “DBN carrier” компани  далайн тээвэр эрхлэх албан ёсны зѳвшѳѳрѳлтэй компани. Одоогоор 22 ажилтантай энэ компани нь Монголоос гадна хэд хэдэн оронд бүх тѳрлийн ачааг тээвэрлэн хүргэх үйлчилгээ үзүүлдэг.

-Дэргэдээ хүнд даацын автомашинаар машин тээвэрлэх компанитай тѳдийгүй хэн нэгний хүссэн машиныг дуудлага худалдаанаас худалдан авч шууд хүргэж ѳгѳх үйлчилгээтэй юм билээ. Монголд байгаа салбар нь, Монголдоо байгаа үйлчлүүлэгчид АНУ ын дуудлага худалдаанаас ѳѳрийн хүссэн машинаа харж байгаад захиалж, түүнийгээ шууд ачуулан хүргүүлж авах боломжтой шинэ үйлчилгээг нэвтрүүлсэн байсан.

-“DBN Carrier Inc” компани нь Лос Анжелос хотын монголчуудын дунд зохион байгуулагддаг олон арга хэмжээнд хандивлагчаар оролцон дэмждэгээс гадна “Лантуун дохио” ТББ ын Монголдоо байгуулж буй “Ид шидийн орон” тѳсѳл, бидний санаачлан хэрэгжүүлж байгаа “Шинэч” сэтгүүл, “Монголчууд Америкт” нэвтрүүлгийг дэмжин хандивын тусламж үзүүлж байгаад маш их талархаж байна.

-Oлон жилийн туршлагатай, мэргэжилийн сайн ажиллагсадтай, үйлчлүүлэгчдийн итгэл алддаггүй энэ компани, байгуулагдсаныхаа 10 жилийн ойн хүрээнд үйлчлүүлэгчиддээ ТАЛАРХАЛАА ИЛЭРХИЙЛЭХ нилээд ажлуудыг зохион байгуулахаар тѳлѳвлѳж байгаа аж.

*Компаны үүсгэн байгуулагч, эзэн Л.Баясгалан:

– Би 2003 онд АНУ-д ирээд эхний хоёр жил хэлний бэлтгэлдээ сурч, “Олон улсын бизнесийн удирдлага” аар мастерын зэргээ хийсэн. Анх хувцас цэвэрлэгээний ажил хийдэг байлаа. Ажлаасаа чѳлѳѳ аваад сарын хугацаатай Монгол яваад буцаад ирсэн чинь намайг ажлаас  халчихсан байлаа. Хүмүүс худлаа хэлээд ажлаасаа гарчихдаг болохоор манай дарга надад итгээгүй  байж л дээ. Дараа нь нэг байгууллагад утсанд хариу өгдөг ажилд оров. Тэр ажил нь Тээвэр зуучлалын газар байсан юм. Тэгж л энэ салбарт орох үүд хаалга нээгдсэн дээ.

– Ажлын маань үүрэг, үйлчлүүлэгчидтэй утсаар харилцах ажил байсан болохоор зав ихтэй. “Зүгээр сууж байхаар” гэж бодоод үйлчлүүлэгч түншүүд рүү гээ залгаж үнийн судалгаа хийх зэрэг оролдлого хийж байсаар хэд, хэдэн үйлчлүүлэгч өөрөө олсон юм. Хүний анхаарал татах гэж огт бодоогүй, хэлээ сайжруулах гээд л утсаар яриад байсан хэрэг л дээ. Тэгээд энэ компанидаа менежэрээр ажиллаж эхлэв.

– Миний баримталдаг зарчим бол “Хүн чадаж байхад би чадна, би чадаж байхад бусад хүн ч бас чадна” гэдэг зарчим. Оюуны чадвар бүгдэд байгаа. Гэхдээ Монголчуудын оюуны чадамж арай өндөр гэж анзаарагддаг. Ѳөртөө итгэлгүйн айдас, хүний дор ажиллах дургүй зэргээс шалтгаалан өөрийгөө бүрэн дайчилдаггүй бөгөөд , хэрвээ зоригловол бүгдийг “яг таг “хийчихдэг юм шиг санагддаг юм.

-2009 онд танил маань надад Монгол руу Tээвэр зуучлал хийх санал тавьсан юм. Tухайн үед АНУ-руу ачаа оруулж ирэх тал дээр надад бага зэрэг туршлага байсан боловч, Монгол руу явуулах тал дээр мэдлэг бага байлаа. Гэхдээ оролдоод үзэхээр шийдсэн. Анхны үйлчлүүлэгч маань Вашингтоноос Монгол руу машин ачуулсанаар анхны гараа эхлэсэн дээ. Эхэндээ “зуучлагч” маягаар ажиллаж байсан бол сүүлдээ ачаалал нэмэгдэж , ѳѳрийн компаниа үүсгэсэн юм.

-Ер нь монголчууд маань бүх зүйлийг аргалаад, зохицуулаад сурчихсан, тэр сэтгэлгээнээсээ гарах дургүй байдаг. Би анх яг л тэр сэтгэлгээгээрээ ажиллаж эхэллээ. Намайг ажиллуулж байсан компани, хүмүүс “Худалдаа , үйлчилгээ хийхдээ тэр хүн татгалзвал яах вэ? гэх мэт ямар ч айдасгүйгээр хүмүүстэй тохиролцоо хийдэг” гэж гайхаж байсан. Ёстой л “Тэнэгийн дотор уужуу”  гэдгэрхүү юм болдог байж. Oдоо эргээд харахад “Би яаж хийдэг байсан юм бэ?” гэмээр зүйлсүүд зөндөө байгаа. Аажимдаа өөрийнхөө компани дээр гарч ирсэн асуудлуудаас туршлага сууж, бүх зүйлийг хууль ёсных нь дагуу хийж, “Энийг ингэхгүй бол болохгүй, энэний араас ийм асуудал гарах магадлалтай юм” гэх мэт тооцоолж сурсан даа. Илүү айдастай, айдас нэмэгдэхийн хэрээр бас хариуцлагатай болж байгаа юм.

– Бизнес эрхлэх зөвшөөрөлийг ажлын туршлагаас шалтгаалан олж авдаг. Хэдийгээр таван жил тээвэр зуучлалын компанид ажиллаж байсан туршлагатай боловч энэ маань хангалтгүй байлаа.  “Хуурамч бичиг баримт бүрдүүлж байсан уу? Хуулийн дагуу ажиллаж байсан уу? гэх мэт тодорхойлолтыг хуучин ажиллаж байсан газраасаа авах ёстой. Ихэнх газрууд өөрсдөөс нь урган гарсан бизнесийг дэмжих сонирхол бага шүү дээ. Хүмүүс ажиллаж туршлагатай болмогцоо, бага үнэ амлаж үйлчлүүлэгчдийг нь булаах ч юм уу, тиймэрхүү зүйлс гардаг болохоор дийлэнх эздүүд ийм тодорхойлолт гаргаж өгөхдөө дурамжхан байдаг. Харин миний ажиллаж байсан газрын солонгос эзэн маань надад тодорхойлолт хийж өгсөн л дөө. “Хүн юу тарина түүнийгээ хураана” гэдэгчлэн  би тэдэнд үнэнч ажилладаг байсан тул тэд ч надад итгэсэн хэрэг.

-Хамгийн чухал зүйл бол найдвартай байдал. Үнийн тогтвортой байдал, үйлчлүүлэгчтэй харьцах харьцаа бол тээвэр зуучлалын компанийн хамгийн чухал үндэс болж байдаг. Бусдаар ямар нэг ид шидийн зүйл энд ерөөс байхгүй. Найдвартай байдал гэдэг нь, бүх үйлчилгээ  хууль зүйн хувьд хамгаалагдсан байхыг хэлдэг. Жишээ нь, хүний ачааг авчихаад хариуцлагагүйгээсээ болж “алдлаа” гэхэд түүнийг төлөх хууль зүйн орчин зайлшгүй байх ёстой. Эрх зүйн хувьд  маш сайн хамгаалагдсан гэсэн үг л дээ. Үйл ажиллагаа явуулж байгаа болохоор ачаа бараа алга болох тохиолдол ч гарна. Гол нь үйлчлүүлэгчийг л хохироож болохгүй.

-AНУ ын гаалийн үүрэг бол хилээр хууль бус зүйл оруулахгүй, гаргахгүй. Татвараа авна, төсвөө бүрдүүлнэ гэсэн бүх л орны үндсэн зарчимын дагуу л явна. Гэхдээ гарч байгаа бараагаа бүгдийг нь онлайнаар мэдүүлдэг. Олон улсын бүх бараа бүтээгдэхүүн өөрийн гэсэн кодтой болохоор энэ кодоор гаалийн мэдүүлэг нь явна. Номероо бас кодоо хийж бүх л зүйлсийг нарийн бичнэ. Хүлээж авч байгаа хүн, хаяг утас, аль улс гээд дэлгэрэнгүй мэдээлэл өгмөгц эхний шатандаа “тэнцлээ” гээд дугаар өгдөг. Ачаагаа хулгайд алдвал бараа бүтээгдэхүүнийхээ кодыг хүчингүй болгуулах ёстой. Товчхон хэлэхэд “бичиг баримтын” шалгалт, дараа нь яг “бараа бүтээгдэхүүний” шалгалт гэсэн хоёр хэсэгт хуваагдаж хилээр гаргадаг.

…Нилээд олон жилийн ѳмнѳ би энэ компани дээр очиж Л.Баясгалантай танилцсан юм. Тэр үед миний мэдэхийн АНУ д далайн тээвэр эрхлэх зѳвшѳѳрѳлтэй, монгол эзэнтэй ганц компани байсан нь миний сонирхлыг татсан. Амаргүй энэ бизнесийг эхлүүлж “ачааны тэн”-г дааж яваа энэ бүсгүйтэй ярилцлага хийсэн боловч тэрээр олон нийтэд гаргахаас татгалзсан юм. Лос Анжелост ажлаар очих бүрдээ боломж гаргаад түүнтэй уулзахыг хичээнэ, бас ѳѳрийн зохион байгуулсан бизнес уулзалтдаа түүнийг оролцуулахыг санал болгоно гэх мэтээр аажимдаа бие биенээ багагүй мэддэг болов. Боломж гаргаж ажлаар нь очих бүрдээ түүний бизнес хэрхэн ѳргѳжин тэлж буйг анзаарч байлаа. Саяхан ажил хэрэг ярилцан утсаар холбогдоход тэрээр компаныхаа 10 жилийн ойн талаар товч дурдаад ѳнгѳрсѳн юм. Зүгээр л түүнд талархах гэсэндээ олон жилийн ѳмнѳ хийж байсан ярилцлагынхаа ноорогийг сѳхѳж, энэ мэдээллийг тэрлэв. Бие биенээ учиргүй магтахаас илүүтэй бие биенээ дэмжиж байсанд талархал илэрхийлэх нь юутай сайхан. Баяр хүргэж, амжилт ерѳѳе та нартаа.

May 17

БАСАМЖЛАЛ

By gala-admin | НИЙГЭМ - УЛС ТӨР

-Баримт нь маш тодорхой зүйл дээр улстѳрчид огтоос ичихгүй худлаа ярьж байгаагийн цаана “Үхсэн, эд муусайнууд энэний худал үнэнийг ялгаж салгаж мэдтэл хаа ч байсан юм” гэх басамжлал мэдрэгддэг.

-Тодорхой нэг асуудлаар хоёр улстѳрчид хоорондоо маргалдахдаа бие биенийхээ муу сул талыг дѳвийлгѳн гүрийдэг. Ѳѳрийнхѳѳ “зѳв” гэдгийг нотлохын тулд ѳрѳѳлийн алдааг тодруулан нийтэд цацахдаа ” Үхсэн, ингээд гүрийгээд байхад бүгдээрээ эс гэхэд нѳгѳѳ нэг хэсэг нь итгэж л таараа” гэх басамжлал мэдрэгддэг.

-Зүгээр марзганах атлаа зурагтын камер ѳѳр рүү нь чиглэмэгц хѳмсгѳѳ зангидан, хоолойгоо засч албархуу хэрнээ, учиргүй мэдэмхийрэн ярих тэдний толгойд “Үхсэн, юу ч гэж ярьсан яадаг юм, хүмүүс намайг мэдлэгтэй, ухаантай гэж харж байвал болоо” гэх басамжлал мэдрэгддэг.

-Aливаа хурал чуулган дээр бие биен рүүгээ хашгичин байж шүүмжлэх атлаа, гадагшаа гараад нѳгѳѳгийнхѳѳ дал мѳрѳн дээр алгадан “Юм санаагүй биз дээ, хѳгшѳѳн. Ингэхээс аргагүй байлаа, ойлгож байгаа биз дээ?” хэмээн зусардан инээх тэдний толгойд “Үхсэн, ард олны ѳмнѳ шударга үнэнч харагдаж байхад бид дотроо арга эвээ олоод л байна шүү дээ” гэх басамжлал мэдрэгддэг.

-Ѳѳр хоорондоо хуйвалдан зальт аргаар бусдын боломжийг хулгайлан, олон нийтэд зориулсан хѳрѳнгѳнѳѳс завшисныхаа дараа үгсэн булзааруулахдаа “Үхсэн, хууль тогтоох, шийдвэр гаргах эрх мэдэл нь бидэнд байгаа юм чинь эд муусайнууд “Тэмээ туйлаад тэнгэрт гарахгүй, ямаа туйлаад янгиа эвдэхгүй” шүү дээ” гэх басамжлал мэдрэгддэг.

-Илт хулгайлж завшсан, эсвэл ѳѳрийнх нь тэнэглэл нь мэдрэгдэж олон нийт дургүйцэн зэвүүцэж эсэргүүцэх үед “Үхсэн, сүржигнэж л байг. Ямар ч асуудлыг их мѳнгѳѳр аргалж зохицуулж л таараа. Яг цагтаа тулахаар их мѳнгѳнѳѳс хэн ч татгалзаж чаддагүй л байхгүй юу?” гэх басамжлал мэдрэгддэг.

-Одоо эд нар 2020 оны сонгуулийн тухай сэтгэлдээ бага зэрэг түгшүүртэй бодож байгаа ч “Үхсэн, ангайтал нь амлаад, хангалттай мѳнгѳ цутгаад ѳгѳхѳд эд муусайнууд биднийг сонгохгүй хаачих юм бэ?” гэсэн басамжлал мэдрэгдэж байна.

-Дэлхийн хэмжээнд үнэлэгдэх мэдлэг чадвартай, дэлхийн хѳгжил, хурд, боломжийн тухай ярьж байгаа залуусыг харахдаа зальтай гэгчээр инээвхийлэн “Үхсэн, амьдрал мэдэхгүй бацаанууд бидний энд хүртэл хаа ч юм, аргалж болохгүй юм гэж байдаггүй юм” гэх басамжлал мэдрэгддэг.

…”Амташсан хэрээ арван гурав дахиж байгаа” ѳнѳѳгийн улстѳрчидийн олон нийт, иргэдийг басамжилж байгаа дүр зураг надад ингэж л тѳсѳѳлѳгддѳг. Бид ч ѳѳрсдѳѳ мунхаг тэнэгтээ тэдэнд ийн басамжлуулж байгаа нь үнэн.

-Монголчууд бид алив асуудал яг ѳѳрт нь ирж хохирол учруулаагүй л бол бусдын хохирлын тѳлѳѳ огтоос дуугардаггүй “амиа бодсон” муу зантай.

-Хэн нэгнийг шүүмжлээд хашгираад байх атлаа яг тэр хүнтэйгээ нүүр тулаад уулзах ахул, юу юугүй зусардаад эхэлдэг “хулчгар” зантай.

-Аливаа асуудалд ѳѳрийн тархиараа дүгнэлт хийж эргэцүүлэхийн оронд, учрыг нь гүйцэд ойлгохгүй хэрнээ бусдын хашгираад байгаа газар очоод дагаад хашгирдаг “хийрхүү” зантай.

-Ѳѳрийнхѳѳ болон ѳѳрийн амьдралын тухай эргэцүүлэх дургүйгээс бусдад л бурууг ѳгч, тэдэнд дургүйцэн гомдож, тэднийг үзэн ядах “тэнэгдүү” зантай.

-Ѳѳрѳѳ хичээж хѳдѳлмѳрлѳн баялаг бүтээдэггүй атлаа шударгаар хѳдѳлмѳрлѳн баяжиж байгаа хүмүүст дургүйцэн, тэднээс мѳнгѳ салган авч үрэх “шуналтай” зантай.

-Ямар ч асуудлыг тасралтгүй шүүмжлэн, буруутгаж хашгирах хэрнээ яг ѳѳр дээр нь ажил даалгаад хариуцлага ирэхээр юу ч хийж чадахгүй зугатаагаад арилдаг “арчаагүй” зантай.

За тэгээд “үзэн яддаг” улстѳрчдийнхѳѳ тухай, тэдэнд дандаа “чадуулж” байдаг ѳѳрсдийнхѳѳ талаар эргэцүүлээд эрүүл ухаанаар дүгнээд үз дээ? ХЭН НЬ БУРУУТАЙ БАЙНА ВЭ?

May 14

УВАЙГҮЙ УЛСТѲРЧИД

By gala-admin | НИЙТЛЭЛ

Хувь хүн ѳѳрѳѳ зѳв сайнаар тѳлѳвшиж чадаад ѳѳрийн эрхэм сайн зорилгоо бусдын сайн сайхны тѳлѳѳ зориулахаар шийдвэл улстѳрд орж баймаар.

Хувь хүн ѳѳрийн амьдралын элдэв асуудлаа бүтэмжтэй сайнаар шийдэж чадаад бусдын амьдралд тус болохоор хичээвэл улстѳрд орж баймаар.

Хувь хүн ѳѳрийгѳѳ хүчтэй сайнаар хѳгжүүлж чадаад эрдэм мэдлэг, зѳв ухамсар, сэтгэл оюунаа улс орныхоо тѳлѳѳ зориулахыг хүсвэл улстѳрд орж баймаар.

Хэрвээ улстѳрч болж ѳѳрийн сэтгэл, чадвараа бусдын тѳлѳѳ зориулахыг хусэх аваас хувь хүнийхээ олон эрхээс татгалзах хэрэгтэй болдог. Хүссэн зоргоороо дарс ууж согтон бусдын ѳмнѳ агсамнаж болохгүй, хүссэн бүсгүйнхээ араас гүйж сээтэгнэн шалиглаж болохгүй, камер хараад зүрх нь хѳѳрсѳн морь шиг юуг ч хамаагүй чалчин хадуурч болохгүй, хувийн амьдралаа бусдад дэлгэн хов живтэй хутгалдаад байж болохгүй, эдэлж хэрэглэж байгаа зүйлсээ бусдад гайхуулан баярхаад байж болохгүй, юм үзээгүй гуйлгачин шиг энд тэнд очоод таалагдсан зүйлээ хулгайлаад байж болохгүй, хэтэрхий ухаантай харагдах гээд тэнэглэн худлаа донгосоод байж болохгүй. Энэ талаас нь харах юм бол улстѳрч хүн байна гэдэг амаргүй атлаа хүн болгоны хүсээд ч хийж чадах ажил биш. Олон нийтийг тѳлѳѳлѳн тѳрд сонгогдон шийдвэр гаргах эрх мэдэл эдэлж байгаа таныг хүн болгон харж хянаж байх учраас, бас олон залуус танаас үлгэр авч адилхан байхыг хүсэх учраас, Тѳрийн ноён нурууг таны мѳн чанараар хэмжих учраас та дур зоргоороо бас тэнэг байх эрхгүй болно.

Харин Монголын ѳнѳѳгийн улстѳрчдийг харж мэдэн, анзаарч танихаар үнэхээр ОЙ ГУТМААР болж байна шүү. Ѳѳрсдийн босгосон бохир тогтолцоон дотроо ѳѳрсдѳѳ ѳмхийрч байгааг тань цаашид хүлцэж чадахгүйд хүрч байнаа.

1.     Монгол орны хѳгжил дэвшилд бус ѳѳрийн ѳчүүхэн эрх ашгийн тѳлѳѳ ажиллаж байгаа чинь гутамшиг байна. Ѳдгѳѳг хүртэл Монголын хѳгжлийн 50, 30, 20, 10 жилийн тогтвортой бодлого бүү хэл 5 жилийн хѳгжлийг цогцоор нь, бүхлээр нь харж байгаа улстѳрийн хүчин болоод улстѳрч алгаа. Нэг нам сонгуульд ялаад ѳмнѳх ЗГ ын хийсэн бүхнийг үгүйсгэн нурааж байгаа чинь үүний жишээ. Энэ чинь Монголын хѳгжлийг тогтворгүй болгож байгаа гэмт хэрэг мѳн.

2.     Мэдээлэлд ойр байгаа давуу талаа хууль бусаар ашиглан “Мѳнгѳ хийх” гэдэг тоглоом дээр хэсэг бүлэглэлээрээ тоглож байгаа чинь гутамшиг байна. Монголын хѳгжилд хамгийн гол үүрэгтэй Жижиг Дунд Үйлдвэрлэлийг Дэмжих Сан \ЖДҮ\ гийн мѳнгѳнүүдээс хуйвалдан завшсан чинь хамгийн жигшүүртэй гэмт хэрэг мѳн. Та нар хичнээн ѳѳрсдийгѳѳ зѳвтгѳх гэвч “Хэрэг хэзээ ч хуучрахгүй” дээ.

3.     Хууль санаачлан батлуулэх эрх мэдлээ буруугаар ашиглан мѳнгѳний тѳлѳѳ нэгдсэн бүлэглэлүүддээ таацуулан хуулийг засч ашиглаж байгаа чинь гутамшиг байна. Албан тушаалаа урвуулан ашигласан, авилга хээл хахуулын гэмт хэргүүд дээр ХѲѲН ХЭЛЭЛЦЭХ ХУГАЦАА гэгчийг хуульчлан батлуулж ѳѳрсдийн гэмт үйлдлүүдээ цагаатгуулж байгаа чинь гэмт хэрэг мѳн. Ингээд та нар хол явахгүй дээ. “Хэрээ хараараа байдаг болохоос хэзээ ч цагаан хун болдоггүй” юм шүү дээ.

4.     Монголд шударга хуулийн засаглал тогтоож чадахгүй хуулийн байгууллагуудыг бие биенээсээ ѳс хорсол авах зэвсэг болгон ашиглаж байгаа чинь гутамшиг байна. “Хуулийн ѳмнѳ хүн бүхэн эрх тэгш байх ёстой” зарчмыг үгүй болгон хууль алагчилж үйлчилдэг, бие биенээ дарамтлан айлгаж сүрдүүлдэг, бусдыг дарамтлан хуулийн ѳмнѳ буруутан болгодог тогтолцоо чинь маш том гэмт хэрэг мѳн. Энэ гэмт үйлдлийн чинь улмаас иргэд олон нийт Тѳрд, Хуульд итгэх итгэлээ алдаж үргэлж бие биенээ хардан сэрдэж, хов живээр дүүрэн мэдээллийн дарангуйллыг бий болгожээ.

5.     Монголын Тѳрийн шийдвэр гаргах эрх мэдэл бүхий албан тушаалуудыг БИЗНЕС болгон хувиргасан чинь гутамшиг байна. Үүний тань муу нѳлѳѳгѳѳр сэтгэлгүй зальтан, итгэлгүй шуналтнуудаар Монголын Тѳр дүүрч, тэд хууль бус аргаар баяжих хэрээр, жирийн иргэдийн шударгаар хѳдѳлмѳрлѳн амар тайван амьдрах баталгаа, итгэлтэйгээ хамт үгүй болж байгаа нь гэмт хэрэг мѳн. Хувь хүн шударгаар хѳдѳлмѳрлѳн олж байгаа орлого нь амьдралд нь хүрэлцэж байхад, амар тайван амьдрал бий болдог юм шүү дээ. Хүн болгон учиргүй баяжих боломжгүй ч, хүссэнээрээ амар тайван аж тѳрѳх боломжийг нь Тѳр хангах үүрэгтэй.

Би ѳѳрсдѳѳ сонгосон улстѳрчидѳѳ одоо ѳѳрсдѳѳ харцгааж байгаа. Ямар тэнэг, ямар чадваргүй, ямар сэтгэлгүй, ямар увайгүй хүмүүсийг авилга хахууль авч сонгосоноо мэдэрч байгаа. Зарим хүмүүсийн ѳмнѳѳс нь ичих ч багадаж байгаа.

1.     Тэд ѳѳрсдийгѳѳ “ухаантай”, биднийг “тэнэг” гэж бодож байгаа нь хэлж буй үг, хийж буй үйлдлээс нь мэдрэгддэг.

2.     Тэд хулгай хийхдээ огтхон ч санаа зовохгүйгээр барахгүй түүнийхээ тухай “мангар бацаан” шиг л сонжуургүй тайлбарлаж байна.

3.     Тэд худлаа ярихдаа ердѳѳ ч ичихгүй, “байх л ёстой зүйл” мэт хээв нэг чалчиж байна.

4.     Тэдэнд мэдлэг, чадвар алга. Судалгаа статистикгүйгээр “цээжний банга” аар шийдвэр гаргадаг, зарим нь ямар шийдвэр гаргаж буйгаа ч ойлгохгүй байна.

5.     Хэл харилцааны ямар ч соёл үгүй. Ѳѳрийн санаа бодлоо зѳв илэрхийлж чадахгүй ээрч муурсан, харааж зүхсэн, хэрэлдэж талцсан хүмүүс байна.

6.     Монголын түүх хийгээд хууль журмын талаар мэдлэггүй учраас “Улс орны тусгаар тогтнол”, хѳгжил дэвшилийн талаар ямар мэдлэг тѳсѳѳлѳл алга. Тийм болохоор тэд зѳвхѳн ѳѳрийн ѳчүүхэн эрх ашгийн тѳлѳѳ л энд суудал “бѳглѳж” байна.

7.     Олон нийтийн ѳмнѳ биеэ аятайхан авч явах чадвар алга. Онгирч сагсуурсан, сүржигнэн солиорсон, бүдүүлэг тэнэг байдлаараа бусдад хандсан хүмүүс олон байнаа.

Удирдаж байгаа цѳѳхѳн хүмүүсийн ашиг сонирхол дээр тогтдог, ардчилалгүй, мѳрийн хѳтѳлбѳр, бодлого үгүй НАМУУД ын гайгаар Монголд улстѳрийн бохир тогтолцоо бий болсон. Хичнээн шударга, сайн санаа ѳвѳрлѳѳд ч энэ тогтолцоо руу ороод бохирдож, хүчгүйдэж, доройтоцгоож байна. Тѳрийн дээрх НАМ тогтолцоотой улстѳрийн бохир тогтолцоог бий болгосон хэдэн хѳгшчүүд ѳдгѳѳ болтол “Баас хатавч ѳмхийгѳѳ тавихгүй”-н үлгэрээр Монголын Тѳрийг бузарласаар байна. Тэднээс “ѳѳр хүн үгүй” мэт ашиг унацтай, шийдвэр гаргадаг албан тушаалууд дээр бие биенээ ээлжлэн томилсоор олон он цагийг элээлээ. Тэд биднийг хуурсаар, бид тэднийг сонгосоор олон он жилийг үдлээ. Тэд хичнээн ѳѳрсдийгѳѳ зѳвтгѳх гэвч Монголын нийгмийн ѳнѳѳгийн дампуурал, ард иргэдийн бухимдал бас хоцрогдол, цѳхрѳл тэдний “буруу” гэдгийг нь нотолсоор буй. ОДОО БОЛЪЁ ОО.

1.     2020 оны УИХ ын сонгуульд Монголын улстѳрд 2 оос дээш удаа сонгогдсон нэг ч хүнийг дахин сонгохгүй байя

2.     Хууль зѳрчсѳн, буруу жишгээр баяжсан, бусдын боломжийг хулгайлсан бүх улстѳрчдийг илчилж, хариуцлага тооцохыг шаардья

3.     “Хуулийн ѳмнѳ бүх хүн эрх тэгш байх ёстой” гэдэг зарчмыг дэмжин хүн бүхэн аливаа асуудлыг хуулийн дагуу хѳндѳж, шаардаж эхэлцгээе. Хүн болгон хуулийг сахиж мѳрдѳж хичээх хэрэгтэй болно.

4.     Бусдын худал амлалтад автан тэдний ѳгѳх гэж оролдсон авилга хауулыг авахгүйгээр сонголтоо хийхийг хичээе л дээ.

Уг нь 3 хан сая гаруй хүн амтай, хѳрсѳн доороо ч хѳрсѳн дээрээ ч ийм их баялагтай Монгол орон дэлхийн жишигт хүрч хѳгжихэд тийм ч хэцүү биш л дээ. Мэдээллийн технологи, техникийн дэвшил асар хурдацтай хѳгжиж байгаа энэ зуунд. Бидэнд хоцрогдсон, шуналтай, тэнэг улстѳрчид л саад болоод байна. Дэлхийн хэмжээнд хѳгжиж, сэтгэж байгаа залуусыг дэмжье. Ядаж ЖАЛГААСАА ГАРЧ ДЭЛХИЙН ХѲГЖЛИЙГ ХАРЬЯ даа, хүмүүс ээ.

May 01

ТҮҮХЭЭ МЭДЭХГҮЙ БОЛ…

By gala-admin | СЭТГЭЛГЭЭГЭЭ ӨӨРЧЛӨЕ

Улс үндэстнийхээ уг сурвалж, гарвал түүхийг мэдэхгүй бол ойд тѳѳрсѳн сармагчин лугаа адил гэж тооцдог юм билээ. Цорын ганц ҮНЭН түүхтэй, тэр нь СССР ийн түүхтэй адил хуулбарлагдаж байдаг, цорын ганц НАМ тай, түүний их бага, бүгд хурлуудын шийдвэрүүдийг ойлгосон ч эс ойлгосон ч хамаагүй судлах нэрээр хуулж бичиж байдаг, СЭТГЭЛГЭЭНИЙ ДАРАНГУЙЛАЛ ын он жилүүдэд залуу нас минь ѳнгѳрсѳн. Ѳнгѳрсѳн үеийн түүхээ мэдэхгүйн улмаас ҮНЭТ ЗҮЙЛ ээсээ хагацсан үндэстэн монголчууд бид байлаа. Ердѳѳ л зусардагсад, матагсад, хэн нэгний мууг үзэн байж сэтгэлийн таашаал авдаг дорой үндэстэн болж хувирсан. Энэ гаж дуршил ѳнѳѳ хүртэл үргэлжилсээр л байгаа.  Аугаа үндэстэнгээс арчаагүй дорой үндэстэн болсон шалтгаан нь  үнэн түүхээ мэдэхгүй мунхагийн улмаас бахархах бардамнал нь үгүй болсных. “Эх орон” гэж хѳѳрѳн орилолдох, “эзэн Чингис” хэмээн цээжээ дэлдэн хашгиралдах хоосон хийрхэл бүр нь эх түүхийн мэдлэг нимгэний илрэл.

“ Тѳрийн соёрхолт”, түүх судлаач эрдэмтэн Д.Ѳлзийбаатарын “Монголчууд” нэртэй сонсдог бүтээл ѳдгѳѳ цагт олон монголчуудын сонорыг баясгаж, сэтгэлийн мэлмийг нээж буй. Эрхэм танд үүний тѳлѳѳ чин сэтгэлээсээ талархаж байнаа. Ѳнѳ эртний Хүннү гүрнээс ѳнѳѳгийн Ардчилсан хувьсгалын эхлэл хүртэлх түүхийг товч тодорхой хэрнээ энгийнээр ойлгомжтой ѳгүүлсэн нь үнэхээр гайхалтай байв. Эх түүхийн сурвалж талаас нь мэргэжлийн түүхчид шүүмжлэх, анхааруулах зүйл байдаг л байх. Гэхдээ “ойд тѳѳрсѳн сармагчин” лугаа бидний сэтгэлд, бахархалын их галыг асааж чадаж байгаа нь л хамгаас ҮНЭ ЦЭНЭ тэй бүтээл болж байна. Маш олон монголчууд аян замын уртад энэ бүтээлүүдийг сонсож Монголын түүхийн үнэний нугачаан дунд сэтгэлээрээ бэдэрч явна. Тэд уулзаж энэ тухай ярилцахаараа сэтгэлд нь бардамнал бадарч байгааг анзаарч болно. Аугаа ѳвѳг дээдсийн үр сад болохоороо харийн нутагт бусдаас  “муу явж болохгүй” үүрэг хариуцлагаа ухамсарлаж эхэлж байна. Ядаж л ѳѳрсдийн үр хүүхдүүддээ энэ сэтгэлгээгээ уламжлуулах гэж хичээж явна.

Хэдийгээр энэ цаг дор бид уруудан доройтож яваа мэт гутранги байдлаар хандах авч, монголчууд бид туулах замаа туулж, үзэх муугаа үзэн байж ѳѳдлѳн сэргэж яваа үндэстэн. Бидэнд бахархах бахархал дутаад байсан нь үнэн. Дэлхийн талыг дайлаар мордож, олон улс гүрнүүдыг нэгэн тугийн дор захируулж, ѳѳрсдийн хэл бичиг, соёл уламжлалаа сэргээн бадруулж байсан үндэстэн тун цѳѳхѳн. Хичнээн амаргүй цаг үед ч туурга тусгаар газар нутаг дээр тусгаар тогтнолоо авч үлдсэн улс гүрэн бүр ч цѳѳхѳн. Тийм ѳвѳг дээдсийн үр сад бид ѳнѳѳ үед ч муу явж, муухай үнэлэгдэх эрхгүй. Монголчууд бидний үндэстэний бахархал эх түүхээсээ л эхэлнэ. Хүн бүр эх түүхээ мэдэж, үүрэг хариуцлагаа ухамсарлаж эхлэх дор бид нэгэн ҮНЭТ ЗҮЙЛ ийн дор нэгдэж чадах болно. Харин тэр үнэт зүйлсийг бүтээгчид нь бид ѳѳрсдѳѳ байх юм шүү дээ. Аль нэгэн үндэстэн баллуурдан бүдгэрүүлж чадсан бидний үнэт зүйл одоо л сэргэн бадарч эхэлнээ. Дахиад олон олон түүхүүдийг бидний үр сад дэлгэрүүлэн тодруулж, бахархал бардамналыг бадруулан түгээх болно.

Хэрвээ монголчууд бид энэ зуунд ѳѳрсдийн үнэт зүйлийг сэргээж, хүн бүр дагаж мѳрдѳх СУРТААЛ ыг бий болгох аваас бид ѳѳдлѳн хѳгжих болно. Монголчууд бид оюун сэтгэлгээний чадамжаараа дэлхийн хѳгжилд тус дэм болж чадна. Улс орнуудын хоцрогдол зарим үед хѳгжил дэвшлийнх нь боломж болох тохиолдол бий. Монголын түүх бол монголчууд бидний алдаа онооны дэнс билээ.

Apr 24

ХЭН НЭГНИЙГ МУУЛАХАД…

By gala-admin | СЭТГЭЛГЭЭГЭЭ ӨӨРЧЛӨЕ

Хэн нэгэнд ямар нэгэн шалтгаанаар дургүй минь хүрэхэд түүний тухай эгдүүцлээ ѳѳр нэгэнд яримаар санагддаг. Тэгээд л дотны найздаа “Тэр муу… “гэж эхлээд “Новшийн амьтан!” гэж яриагаа тѳгсгѳнѳ. Яг үнэндээ ѳѳрийн сэтгэл дэх давчхан сэтгэгдэлээ түүнд тулгаж байгаа болохоос, муулан ярьж байгаа түүнд ямар сэтгэгдэл тѳрүүлж буйгаа би анзаардаггүй. Баахан муучилсан ярианыхаа тѳгсгѳлд “Харин тийм ээ тэр үнэхээр новшийн амьтан…” гэж дэмжиж хэлэхийг л хүлээдэг. Дотно найз минь миний яриаг ѳгдѳѳж “Тэр бас намайг…” гэж эхлээд бүр ч илүү муучилбал хачин ихээр баярлан сэтгэл ханаж, духанд минь таашаалын хѳлс дааварлахыг мэдрэх шиг жаргал үгүй. Түүнийг хэн нэгэнд муучилснаар би түүнийг ялсан мэт мэдрэмжиндээ ѳѳртѳѳ сэтгэл хангалуун. Хорсол минь бусдын хорсолтой хослох бүрт сэтгэл ханаж, дургүйг минь хүргэсэн хэн нэгний тухай бусдад муучлан ярьж байж санаа амардаг муу дуршилд автдаг. Эс тэгвэл хэзээ ч санаа амардаггүй гаж дон…

Миний дотно найздаа хов болгож ярьсан яриа нилээд хугацааны дараа “Чи ингэсэн гэнэ…” гэдэг гомдолтой бас нилээд нэмүү хачиртай миний чихэнд эргэн сонсогдоход би сэтгэлдээ зогтусна. Хэдийгээр би тайвширч, энэ тухай мартсан хэдий ч тэр л хов яриа бусдын ам дамжсаар надад эргэн ирэхдээ сэтгэлийн гүн дэх шархан дээр даран хѳндүүрлүүлэх мэт. Би ѳвдсѳндѳѳ эгээтэй л ёолсонгүй. Ойлгоогүйдээ гомдсондоо, ойлгуулж чадаагүйдээ хорссондоо, ойлголцож чадаагүйдээ бухимдсандаа бусдад муучилах нь ямар тэнэг, ичгүүртэй болохыг би жинхэнээр нь мэдэрнэ. Хагарсан шаазанг эвлүүлж наахыг оролдохын оронд зүгээр л газар хаяад дэвсэлж орхисонтой ер ялгаагүй. Шаазангийн хагархайд хѳл минь зүсэгдэн цус гарч би түүнийгээ боож тогтоож чадахгүй дэмий л ёолох мэт тийм мэдрэмж. Яг үнэндээ хэн нэгнийг бусдад муучлан ярих нь, тэр хүмүүс намайг муучлан ярих шалтаг нь болгож буйг бид ѳѳрсдѳѳ огт анзаардаггүй юм билээ. Хэдийгээр тухайн мѳчид би түүнд таагүй хандах гэвч, энэ нь бусад хүмүүс түүнд надтай адилхан таагүй хандах шалтаг нь огт биш гэдгийг бид ухаарч санамаар.

Хэрвээ хэн нэгэнтэй санал зѳрѳлдѳж муудалцах аваас түүнтэй эвлэрэх зайг сэтгэлдээ заавал үлдээж бай. Тайтгарч чадах аваас хүний сэтгэл гэдэг ямар уужим багтаамжтай болохыг ѳѳрѳѳ л анзаарах болно. Хэн нэгэнтэй муудалцахад энэ ертѳнц хѳмрѳѳд, галав юүлдэггүй гэдгийг сайтар санаж бай. Хэн нэгэнд хов болгон муучилж буй яриа болгон элдвээр баяжаад нэгэн цагт чиний чихэнд эргэж сонсогддог нь ороомог маягийн хѳгжлийн жишээ. Хэрэв гомдол хорслоо бусдад түгээн дэлгэрүүлэлгүйгээр дотроо хадгалж чадах аваас энэ нь хожим чиний сэтгэлийн амар амгалангийн баталгаа болно. Усны мандал дээр хѳвж хоносон манан аажим аажмаар дэгдэн үүлсийн чанадад хѳѳрѳн тогтох мэт амар амгалан. Сэтгэл тань тайвширч бүх зүйлсийг сайнаар тѳсѳѳлѳх мѳчид, сайн найзаа уучлан нүүрэндээ мишээл тодруулан инээмсэглэх мѳчид, ѳчүүхэн хорслоо манан мэт хѳѳн сарниулах мѳчид чиний сэтгэл амар амгаланг жинхэнээр нь мэдэрдэг. “Бурхан минь би ѳчигдѳр хорсолдоо яаж тэнэгтээгүй юм бэ?” гэж ѳѳртѳѳ талархaна. Нэг тийм гоё мэдрэмж…

Монголчууд бидний сэтгэлгээний хямралын нэгэн шалтгаан нь энэ. Бид бие биенээ хайрлаж чадахгүй, үзэн ядацгааж байгаагийн нэгэн шалтгаан нь энэ. Бид хийрхэлдээ шатан мунхаглаж байгаагийн нэгэн шалтгаан энэ. Ѳѳр ѳѳрийн тавилангаа үүрч ирсэн хүн болгон бие биенээ давтахгүй ѳвѳрмѳц бодьгал. Бид заавал бие биендээ таалагдах албагүйн адил, заавал үзэн ядагдах шалтгаан үгүй. Хэрвээ ойр тойронд байгаа хүн бүхнийг байгаагаар нь ойлгон хүлээж авч чаддаг бол, бас ѳѳрийгѳѳ байгаагаар нь ойлгуулж чаддаг бол ийм хорсол дэгдэхгүй дээ. Зүгээр л ѳѳрийн ѳчүүхэн орон зайдаа бусдыг хашин түгжих гэж хүсэхдээ л бид  бусдыг дарамталдаг, бас “доош” хийдэг. Ѳѳрийгѳѳ бусдаас илүү гэж нотлох хүсэлдээ бусдыг үгүйсгэн доромжилдог сэтгэхүйд би дургүй. Хэрвээ нүцгэлээд харах ахул бид бүгдээрээ адил даа. Материаллаг шунал, мунхаг хүсэл тачаалдаа автан жүжиглээд байгаа болохоос. Тэгэхээр бид ѳѳрийнхѳѳрѳѳ байх хүсэлдээ, бусдын ѳѳрийнхѳѳрѳѳ байх эрх чѳлѳѳг зѳвшѳѳрч чаддаг бол бүх зүйл амар болно доо. Хэрвээ чи хэн нэгнийг бусдад муучлан ярих аваас хэн нэгэн чамайг бусдад муучлан ярьж л таараа. Тэгэхээр ѳѳрийнхѳѳрѳѳ байхаас ѳѳр сонголт үгүй ажээ.

Apr 15

БИЕ ТООХ бол ѲВЧИН

By gala-admin | НИЙТЛЭЛ

…Монголд ѳѳрийгѳѳ “ОД” гэж боддог тэнэгүүд олширчээ. Үүнд бид ѳѳрсдѳѳ буруутай. Ядаж байхад ямар ч хѳѳргѳн зусарч хүмүүс юм бэ? дээ, монголчууд бид. Нэг мангар бацаан тэнэг ч болов үйлдэл хийгээд л олны анхааралд ѳртѳхѳѳр нь “Од” болгон ѳргѳмжилнѳ. Тэгээд тэд дүрдээ итгээд тэнэглэхээр нь бид алгаа ташаад л, алгаа ташаад л хѳѳргѳѳд байна. Угаасаа тэнэг юм болохоороо олны ѳмнѳ “Нүдний булай” болохоор нь харааж зүхээд, дээрээс нь нулимаад дэвслэнэ. Тэгж л бахаа хангана, гэхдээ ѳѳрийнх нь ээлж ирэхийг хүлээнэ. Олны анхааралд ѳртѳх үй олон арга бий. Зүгээр л тайзан дээр гараад “бѳгс бѳѳр” хамруулсан марзан юм ярина, залуус алга ташиж инээлдэхээр нь ѳѳрийгѳѳ “Од” болж байна гэж бодно, хэн нэг нь хувийн сэксийн амьдралаа бусдад дэлгэнэ, хорсож атаархсан олон хүмүүс түүнийг нь дэмжиж хашгиралдацгаахаар нь ѳѳрийгѳѳ “Од” болж байна гэж сэтгэнэ, нэг бүсгүй хѳх ѳгзгѳѳ гаргаж бусдын сэрлийг хѳдѳлгѳнѳ, шунаж тачаадсан олон хүн уухилахаар нь ѳѳрийгѳѳ “Од” болж байна хэмээн тэнэгтэнэ.

Moнголд ямар нэгэн сенсаци дэгдэхээр “Дэлхий алмайрч байна” гэж солиорно. Яг үнэндээ дэлхийн 200 гаруй улс үндэстэнгүүдээс  биднийг мэдэж тоож байгаа нь даанч цѳѳхѳн. Энэ галактикийн хийрхэл дунд  монголчууд бидний хийрхэл шүлс тургих тѳдий. Элдэв гаж үйлдэл дундаас тодордоггүй л юм бол бид энэ дэлхийд дэндүү ѳчүүхэн. Тэгэхээр хэдүүлээ хийрхэлээ жаахан дарж байх хэрэгтэй байнаа. Сүүлийн жилүүдэд монголчууд бид оюун сэтгэлгээний цар хүрээгээрээ, дэлхийн сонгодог урлагийн дэвжээн дээрх амжилтаараа, үндэсний урлагийн хэв маягт түшиглэсэн бүтээлээрээ дэлхийд гарч ирж байгаа нь үнэн. Бид үндэстнийхээ хувьд хоцрогдсон хоцрогдлоо давуу тал болгон ашиглах боломж байна. Энд саад болж байгаа атаархлаа хянан багасгах хэрэгтэй боллоо. Бид бие биенээ үнэт зүйлээрээ дэмжиж нэгдэх хэрэгтэй болж байнаа. Дэлхийг хараачилсан цаг үе бидэнд ийм боломж олгож байна. Харин бид жижиг амбицаа дарж үнэт брендийнхээ тѳлѳѳ нэгдэх хэрэгтэй болж байна. Монголд дэлхийн хэмжээнд үнэлэгдэх “ОД” цѳѳхѳн дѳѳ, бүү халуур. Харин тийм “Од”- ыг тѳрүүлэх боломж бий юу? гэвэл байгаа. Монголдоо байгаа монголчууд, гадаадад байгаа монголчууд ойлголцон нэгдвэл ийм боломжууд тун ойрхон байна даа. Гэхдээ 2 зүйл дээр бид тэрсэлддэг. Хэн нэгэнтэй хамтраад их мѳнгѳ олно гэдэг сэтгэлгээнээс, хэн нэгэн хамтраад нэр алдартай болно гэдэг сэтгэлгээнээс л болгоомжлон дайждаг. Зүгээр л монгол бахархал дээрээ  соёмбот тугаа тулаад ѳндийх гэдэг огт ѳѳр мэдрэмж.

Ѳнѳѳгийн олон залуус биеэ тоож байнаа. Зүгээр л ѳѳрсдийгѳѳ энэ нийгмийн “гэгээруулэгч” гээд итгэчихэж, уучлаарай. Та нар ѳѳрсдийн амьдралаа бусдад үлгэр жишээчээр бүтээж чадахгүй бол, та нар ѳѳрсдийн нэр хүндээ бусдын тусын тѳлѳѳ зориулж чадахгүй бол, та нар бусдын зовлон шаналлыг ѳѳрийн мэт хүлээж авч чадахгүй бол зүгээр л зайл даа, та нарын хэлдгээр.  Чи ѳѳрийгѳѳ” ОД” гэж бодож байгаа бол сагсууралгүй орчноо эргэцүүлээд хар даа. Чи энэ ертѳнцѳд хэнтэй ч жишишгүй ѳвѳрмѳц бодьгал. Чамайг хэн ч дуурайхгүй, хэн ч давтахгүй. Чи ѳѳрийгѳѳ тасархай гэж бодож байвч бусдын дэмжлэггүйгээр хэн ч биш, нусан пулёмот. Чи бусдын дэмжлэгтэйгээр олны анхааралд ѳртѳж чадна. Эс тэгвэл зүгээр л мангар бацаан. Тэгэхээр чамайг тойрон хошгируулж байгаа хүн болгон чиний дайсан, хорлон сүйтгэгчид. Чи нэг зүйлийг ойлго. Чи ганцаараа хэн ч биш. Бусадтай ухаалгаар эвлэлдэн нэгдэж байж чи хүссэнээрээ “ОД” болж чадна, хэрвээ ухаантай бол удаан тогтноно, тэнэг  бол удахгүй “Нүдний булай” болно. Товчхондоо бол энэ.

Apr 12

ХОВ ЖИВ

By gala-admin | НИЙТЛЭЛ

Хэн нэгний тухай сэтгэлдээ тѳрсѳн таагүй сэтгэгдэлээ хуваалцах гэж бусдад муучлан ярьдаг. Сэтгэл доторхи таагүй сэтгэгдэлийн цуурай шиг дургүйцлээ, ѳрх хѳвсѳлзүүлэн шуурах шуурга шиг тогтоож үл дийлэн бусдад илэрхийлж байж санаа амардаг нь монголчууд бидний муу араншин. “Хнн тэр муу..” гэж эхэлсэн таагүй сэтгэгдэлээ дургүйцсэн уураа барьж ядан бусдад хүүрнэхдээ ѳѳрийн сэтгэлийн оволзох догдлолоо барьж үл тэвчих гэвч бусдын хандлагыг ердѳѳ ч анзаардаггүй. Сэтгэлд минь хѳвсѳлзѳх уур бухимдалаа бусдад ичгүүргүй түгээхдээ тэр хүмүүс намайг ѳмѳѳрч, намайг л дэмжин түүнийг үзэн ядах болно гэдэг ѳчүүхэн итгэл үнэмшилдээ бүдрэн бэдчидэг. Бүгдээрээ миний сэтгэлийн хорсолд ховсдуулан түүнийг үзэн ядацгаах нь миний сэтгэлийн үзэн ядалтын хязгаар, бас тайвшрал гэдэгт итгэдэгтээ би ѳѳрѳѳ бусдад тэнэг харагддаг гэдгээ анзаардаггүй.

Зүгээр л тэр хүний сэтгэлийн хязгаар руу ѳнгийж чадаагүй ѳчүүхэн хорсол нь бусдын сэтгэлд яр мэт халдварлахад би тайвширдаг хѳгийн зан. За тэгээд л тэд ярьж эхэлнэ дээ. “Хнн тэр тэгж гэнэ…” гэж эхэлсэн хов жив анх ярьж хэлсэн эзэн нь ѳѳрѳѳ ч ойлгохгүй болтлоо баяжиж, үлгэр мэт үнэмшилтэй санагдах хүртэл урт замыг туулдаг. Тэр урт замд хичнээн хүний зүрхийг шархлуулж, хичнээн хүний урам зоригийг хугалж, хичнээн хүний амьдралд хар толбо болон үлдэж буйг бид огтоос анзаардаггүй. Ѳѳрѳѳ эхлүүлж түймэрийн галыг асаасан хэрнээ хярвас болсон цучил дундуур хээв нэг алхах мэт. Гутлын уланд нь халуу дүүгэх атлаа гэнэт огло харайн үсэрч дэвхцэх мѳртлѳѳ юу ч болоогүй мэт алхаж одох хэнэггүй мѳртлѳѳ мулгуу араншин монголчууд биднийх. Бид ѳѳрсдийн зүрхний зовинолоо мэдрэн чанга дуугаар ёолих хэрнээ бусдын сэтгэлийн чанадаас нулимс дуслуулан хашгирах чимээг огтоос сонсдогүй, дүлий.

Бидний хээв нэг ярьдаг хов жив хичнээн хүний зүрх сэтгэлийг шархлуулж, хичнээн урам зоригийг хугалж, хичнээн хүний амьдралыг бусниулж байгаа бид огтоос анзаардаггүй. Хов жив гэдэг хэн нэгний бэртэгчин хорслоос үүдэлтэй түймэр хичнээн тэнэгүүдийн дунд тархаж, хичнээн олон хүмүүсийн амьдралыг шатаан нурам болгож байгааг тоодоггүй. Ердѳѳ л “чи гэдэг новш” энэ амьдралдаа хѳлѳѳ олохгүй хэрнээ, хѳлѳѳ олсон нэгний хѳлийг хугалан доголон болгож буйгаа мэдэхгүй. Ямар ч баталгаа нотолгоогүй хэрнээ хүмүүсийн хайр сэтгэл дундуур, итгэл найдвар дундуур, урам зориг дундуур “хар муур” мэт гүйлдэн бүгдийг нь бусниулан сарниулж байдаг нь хов жив. Хов жив хар ѳнгѳтэй байдаг болохоор сүү шиг цагааныг сааралтуулан булингартуулдаг. Хичнээн уучлах гэвч хар хорын ѳнгѳтэй болохоор сэтгэлийг хиртүүлж орхидог. Хүмүүс ээ, та нарын түгээж буй хов жив бусдын амьдралыг хиртүүлэх атлаа, авсанд ороход нь гѳлѳг мэт гийнадаг юм даа. Тэр л гаслант дууг амьддаа сонсохгүй юм сан, бурхан минь. Нүгэлт намайг ѳршѳѳ, тавилан минь.

Apr 08

“ХѲГЖЛИЙН ЗАМААР” TВ тѳслийн ҮРГЭЛЖЛЭЛ

By gala-admin | НИЙТЛЭЛ

АНУ ын иргэддээ хандсан нийгмийн халамж үйлчилгээний СТАНДАРТ- уудын талаар үзүүлж, Монголдоо хэрэгжүүлэхийг санал болгосон “Хѳгжлийн замаар” ТВ тѳслийн 55 дугаар цуврал нэвтрүүлгүүдийн дараа, Солонгос Улсын хѳгжлийн СТАНДАРТ -уудын талаар үзүүлж буй “Хѳгжлийн замаар” ТВ тѳслийн шинэ дугаарууд МҮОНТВ -ээр гарч эхэллээ. Энэ тѳслийн миний хамтрагч Т.Нарантунгалаг болон тѳслийн багийнхны уйгагүй, шантаршгүй хичээл зүтгэлд талархаж, тэднээр бахархаж байна. Бидний ТВ тѳслийг дэмжиж хамтран хэрэгжүүлж байгаа МҮОНТВ- ийн хамт олонд баярлалаа. “Хѳгжлийн замаар” ТВ тѳсѳл нь шоу цэнгээнт нэвтрүүлгээс огт ѳѳр, Монголын нийгмийн хѳгжилд ѳндѳр хѳгжилтэй орнуудын хѳгжлийн СТАНДАРТ- уудыг Монголын нийгмийн одоогийн байдалтай харьцуулан санал болгож байгаагаараа бусдаас ялгаатай. Энэ тѳсѳл нь гадаадад ажиллаж амьдарч буй монголчуудын тусламж дэмжлэгтэйгээр бүтээгдэж байгаагаараа ч онцлог. Чин сэтгэлтэй монголчуудын ХАМТЫН БҮТЭЭЛ.

Шоу цэнгээнт, инээд наргиантай эсвэл улстѳрийн мэтгэлцээний тѳрлийн нэвтрүүлгүүдээс огт ѳѳр учраас, энэ ТВ тѳслийг бүтээхэд амаргүй байлаа. “Ашиг олдоггүй ийм нэвтрүүлэг бүтээх нь хэнд хэрэгтэй юм бэ?” гэсэн асуултын ѳмнѳ мухардаж байсан нь зѳндѳѳ. Хамтрагчиддаа хангалттай мѳнгѳ тѳлж чадахгүйн улмаас сайдалцаж муудалцан “гацаж” байсан нь цѳѳн биш. “Хэн нэгэнд биш, Монголын хѳгжилд, монголчууд бидний сэтгэлгээний ѳѳрчлѳлтѳд хэрэг болно” гэсэн итгэл үнэмшил бидний ҮНЭТ ЗҮЙЛ болж биднийг сэргээж байсан. Хичээж бүтээсэн 55 дугаар нэвтрүүлгийнхээ ард гараад л “Бид яаж үүнийг бүтээж чадав аа?” хэмээн нулимстай инээмсэглэх агшин манай багийнхны урам зориг байсан юм шүү. Мѳнгѳний ашиг, нэр алдрын хѳѳрѳгдѳлтѳѳс огт ѳѳр, БУСДАД ХЭРЭГТЭЙ гэдэг шалгуур нь энэ бүтээлийн үнэлэмж юм. Энэ бол хийж бүтээх явцдаа хэн нэгэнтэй муудалцаж сайдалцаж байсан шалтаг болон олон сайн муу үйлдлүүдийг бүгдийг нь ЦАГААТГАХ хамгийн том шалтгаан байдаг.

“Хѳгжлийн замаар” ТВ тѳслийн АНУ аас бэлтгэсэн 55 дугаар нэвтрүүлэг нь Монголын хэд хэдэн ТВ үүдээр бараг 2 жил гаруй хугацаанд гарсан хэдий ч, бид энэ ТВ тѳслѳѳ давтан гаргах хүсэлтэй Монголын бүх ТВ- үүдэд “үнэ тѳлбѳргүй”-гээр ѳгч гаргуулах саналтай байгаа. Mѳн ирэх сараас эхлэн “Хѳгжлийн замаар” ТВ тѳслийн нэвтрүүлгүүдийг “Шинэч Медиа” нэртэй you tube суваг дээр байрлуулж эхлэх юм. Бид энэ тѳслийн олон нийтэд хүртээмжтэй байх бодит шалтгаануудыг үнэлж байна:

1. Монгол Улсын Засгийн Газраас хѳгжлийн СТАНДАРТ ыг тодорхой болгон хуульчилж хэрэгжүүлж эхлэх цаг үед энэхүү ТВ цуврал нэвтрүүлгүүд нь үзэгчид хийгээд олон нийтийг сэтгэл зүйн хувьд бэлтгэхэд нѳлѳѳлж чадна

2. Аль нэгэн ТВ ээр 7 хоног тутам 1 дугаар гарахаар тооцоход нэг дугаар нь жилд нэг удаа гарна гэдэг нь давтамжийн хувьд боломжтой хувилбар

3. Хѳгжлийн стандартын хувьд, нэвтрүүлгийн үр ѳгѳѳж нь хэзээ ч хуучрахгүй, үнэ цэнэтэй хэвээр байх болно

4. Энэ ТВ цувралуудын үндсэн санаагаар “Загвар тѳсѳл”- үүд санаачлан хэрэгжүүлэхэд олон нийтэд зѳв сэдэл, санаа ѳгѳх боломжтой

5. Маш их цаг хугацаа, зардал, сэтгэл гаргаж бүтээсэн энэ тѳслѳѳ энэ хэмжээнд зогсооход бидэнд харамсалтай байгаа хэрэг

…Нэгэн цагт АНУ ын Ерѳнхийлэгч асан Жон Кеннедийн хэлж байсанчлан “Эх орон тань таны тѳлѳѳ юу хийхийг хүлээж суух биш, та ѳѳрѳѳ эх орныхоо тѳлѳѳ юу хийж чадахаа эргэцүүлэх” цаг үе монголчууд бидэнд иржээ. Хэрэв боломж олдвол манай багийнхан Монголдоо хэрэг болох “Хѳгжлийн Стандарт”-ын санаануудыг Европоос, Австралиас, Японоос, Оросоос, Хятадаас олж та нартаа хүргэх хүсэлтэй байгаа. Мэдээж энэ тѳсѳл бол гадаадад байгаа болон Монголдоо байгаа монголчуудын ХАМТЫН БҮТЭЭЛ байх болно. Хэн нэгний санаа санаачлага нь мундаг байгаад, бусдын дэмжлэг тусламжгүйгээр хэрхэн ажил хэрэг болж чадах билээ. Чухам иймийн учраас “ЦУВЖ ЯВСАН БАРСААС ЦУГЛАЖ СУУСАН ШААЗГАЙ ДЭЭР” хэмээн сургажээ. Та нартаа баярлалаа.

Apr 02

ОНГОЛЫН БОЛОВСРОЛД ѲѲРЧЛѲЛТ ХИЙЕ \Монголын багш нарын 7 р Их Хуралд нэмэрлэх санал\

By gala-admin | НИЙТЛЭЛ

Нэг их шүүмжлэн нуршиж, үглэн муулж, халаглан харамсаад яах вэ? Шинэчлэлийн үр дүн нь хамгийн багадаа 12 жилийн дараа мэдрэгддэг, улс орны хѳгжлийн суурь нь болох Монголын боловсролын салбрын шинэчлэлд шууд хэрэгжүүлж болох хэдэн санаа байна.

1.     ДҮНГИЙН ДАРАМТЫГ ХАЛЬЯ

*Бага ангид дүнгүй болгож, хүүхдийн суралцах үед гарч буй анхаарах зүйлсүүдийг эцэг эхчүүдэд нь дуулган зѳвлѳж, хүүхдийг зѳв тѳлѳвшүүлэхэд хамтдаа ажиллан, хамтдаа үүрэг хариуцлага хүлээдэг болгоё. Сургуульд дѳнгѳж орж байгаа хүүхдүүдийг их ачааллаар дарамтлан залхаалгүйгээр зѳв бие хүн болгон тѳлѳвшүүлэхэд хѳтѳлбѳр нь чиглэгдэх болж байнаа даа. Энд 3 үндсэн чанар байдаг.

-Aнхаарлыг нь тѳвлѳрүүлж сургах

-Багшийг хүндэлж, хайрлаж сургах

-Номыг дээдэлж, номтой ажиллаж сургах

Бид хүүхдийг сургуульд орсон цагаас нь сайн муу хэмээн ялгаварлан гадуурхаж, гэрийн даалгавар гэх ачааллаар дарамталж, элдэв дүрэм журам хийгээд хоригоор залхааж боломгүй. Хүүхдийг тѳлѳвшүүлэхэд хамгийн гол нѳлѳѳтэй эцэг эхчүүдээс үүрэг хариуцлагыг нь салган ѳѳр дээр бүгдийг авч болохгүй ээ, сургуулиуд.

2.     БАГШ НАРЫН МЭРГЭЖИЛ ЧАДВАРЫГ ДЭЭШЛҮҮЛЬЕ

*Багшийн заасан хичээлийг тогтоож аваад, түүнийгээ даалгавар болгон давтаж, буцааж багшдаа шалгуулан үнэлгээ авдаг тогтолцоогоо халья. Багш мэдээлэл ѳгч, уг мэдээллийг суралцагч ѳѳрѳѳ дэлгэрүүлэн судалж, ѳѳрийнхѳѳрѳѳ дүгнэлт хийн мэтгэлцэж байж мэдлэгийг ѳѳрийн болгодог арга зүйг сонгох хэрэгтэй болж байна даа. Яг ийм аргачлалд ѳнѳѳгийн багш нарын дийлэнх нь гологдоно гэдэг маргах зүйл огт биш. Тэгэхээр БСШУЯ ны гол үүрэг нь багш нарыг дахин мэргэшүүлэн чадавхижуулах, шаардлага хангасан багш нарын нийгмийн халамж үйлчилгээний зардлыг Тѳр бүрэн хариуцах бодлогыг хэрэгжүүлэх шаардлага мѳн. Мэдээж урт удаан хугацаа зарцуулах болохоор одоо эхлүүлж байх хэрэгтэй болж байнаа даа. Багш нарт ямар чанарууд шаардагдах вэ?

-Бүх мэдээллийг боловсруулан ашиглах чадвар

-Харилцааны ѳндѳр соёл

-Бусдыг ойлгон хайрлах чин сэтгэл

3.     ЗОРИЛГОО ѲѲРЧИЛЪЕ

*Суурь боловсролдоо хэт академик хандлагаа багасгаж, Монголын нийгэмд зѳвѳѳр ажиллаж амьдарч чадах  бие хүнийг тѳлѳвшүүлэх зорилго руу чиглэе. Үүнд:

-Гоо сайхны боловсрол

-Хууль дүрэм журмыг дагаж мѳрдѳх хэвшил

-Математик логик, мэдээллийг хүлээж авч боловсруулах чадвар

-Хэл, харилцаа, бичгийн соёл

-Техник, технологийн мэдлэг

-Байгаль экологийн мэдлэг, амьтан ургамлыг хайрлах мэдрэмж

-Түүхийн мэдлэг, үндэсний бахархал

-Бие бялдар, эрүүл мэндийн боловсрол

-Гэр бүл, эр эмийн харилцааны хүмүүжил

Одоогоор ЕБС иудад судалж буй хичээлүүдийн ерѳнхий агуулгыг нэгтгэх замаар энэ зорилгод нийцсэн хѳтѳлбѳрүүдийг шинэчилж болно.

Бүх хүүхдүүдийг  суурь боловсролоор дамжуулан зѳв бие хүн болгон тѳлѳвшүүлэхээс гадна, ѳѳрийн авьяас сонирхолоо хѳгжүүлэн ирээдүйд ѳѳрийгѳѳ бэлтгэхэд дэмжлэг болгон “Сонгон суралцах хѳтѳлбѳр” үүдийг хѳгжүүлэх хэрэгтэй болж байна. Энэ хѳтѳлбрүүд нь илүү академик, илүү гүнзгийрүүлсэн, илүү авьяас чадвар шаардах боломжтой. Бид суурь боловсролыг үнэ тѳлбѳргүй олгох үүрэгтэй бол, “Сонгон суралцах хѳтѳлбѳр”-т тѳлбрийн уян хатан боломжийг санал болгож болно.

…Хэзээ ч улстѳржүүлж болохгүй хоёр салбар бол БОЛОВСРОЛ, ЭРҮҮЛ МЭНД ийн салбрууд юм. Үүнийг хуульчилж байж бид энэ салбруудын тогтвортой, удаан хугацааны бодлогыг бий болгож чадна. Яг үнэндээ та ѳѳрѳѳ болон таны үр хүүхдүүд л амьдралыг тань тав тухтай болгодог шиг, та бид болон Монголын ирээдүй болсон хүүхэд залуус Монголыг зѳв сайн хѳгжүүлнэ, ѳѳр хэн ч биш. Үр дүн нь та бидний амьдралд нѳлѳѳлдѳг болохоор элдвээр шоудаж, улстѳржих хэрэггүй дээ.

Mar 31

БУСДАД ЭРХ ЧѲЛѲѲГ ОЛГОЁ

By gala-admin | НИЙТЛЭЛ

Ямар ч хүний эрх чѳлѳѳ нь бусдын эрх ашгаар хязгаарлагддаг. Эргэн тойрондоо байгаа олон хүмүүсийн эрх ашгийг огоорон, зѳвхѳн ѳѳрийн дур хүслээ бусдад тулган дарамталж эхэлбэл юу болохыг тѳсѳѳлж байна уу? Адгууслаг дарангуйлагчид ингэж л бий болдог.

-Чи яагаад хүнтэй суухгүй байнаа, амьдрал чинь оройтлоо. Би сайн хүнтэй танилцуулж ѳгѳх үү?

-Чи түүнтэй яах гэж найзлаад байгаа юм бэ?  Цаадах чинь новшийн амьтан шүү дээ

-Хѳѳх, чи чинь юугаа ѳмсчихѳѳ вэ? Хурдан тайлаад миний энийг ѳмс

-Чи сая түүнтэй маш буруу ярилаа. Ингэж ярих байсан юм

-За сүртэй ш дээ. Бусад нь бүгдээрээ хулхидаж болоод байхад чи шударга байлаа гээд юугаа хожих юм бэ?

-Ингэж дорой амьдрахгүй ээ найз аа. Энэ амьдралд овсгоотой, зальтай нь хождог юм шүү дээ

-За наадах хундагатайгаа уучих аа. Амьдралд зугаа цэнгэл хэрэгтэй, ганц л олдоно шүү дээ

-Чи зүгээр миний хэлснээр л амьдарчих, хожим харамсахгүй дээ

-Хнн, үнэнч сэтгэл л гэнэ. Мѳнгѳгүйгээр наад үнэнч сэтгэл чинь хаа холдох юм

Энэ ертѳнцѳд хүн болгон ѳѳр ѳѳрийн тавилангаа үүрч ирдэг гэдэгт би итгэдэг. Хүн хүнийх ѳѳр ѳгѳгдѳлтэй. Тэгэхээр заавал адилхан байх албагүй. Харин монголчууд бид ѳѳрийн дотоод ертѳнцѳѳ хамгийн зѳв гэж итгэхдээ бусдыг ѳѳртэйгээ адилхан байлгах гэж шаарддаг. Чухам эндээс л бидний харилцааны зовлон эхэлдэг юм даа. Бид ѳѳрийгѳѳ мундаг, ухаантай, сэргэлэн гэж бодохдоо бусдыг ѳѳртэйгээ адилхан байгаасай гэж хүсдэг байж магадгүй. Гэхдээ тэр хүн ч бас ѳѳртѳѳ хайртай, ѳѳрийн санаа бодолдоо үнэнч гэдгийг анзаардаггүй.

-Чи ингэж явж болохгүй ээ, биднийг амьтан хүн муу хэлнэ

-Чи ингэж ярьж болохгүй ээ, биднийг амьтан хүн муу хэлнэ

-Чи ингэж хийж болохгүй ээ, биднийг амьтан хүн муу хэлнэ

Олон гэр бүлүүд сүргийн сэтгэлгээгээрээ “бусдад муу хэлүүлэхгүй” гэж ах дүү хамаатан садангуудаа дарамталдаг. Яг л сүргээ хурааж буй азарга мэт. Харин тэдний сүрэгт хайр сэтгэл, итгэлээрээ нэгдэн орж ирсэн хүргэн, бэрүүдэд энэ нь дарамт болон тусдагийг та нар анзаардаг уу? Гэр бүл  болгон ѳѳрийн хаалгатай. Тэр хаалганы цаана мѳнѳѳх гэр бүлүүдийн эрх чѳлѳѳ оршиж байдаг. Хэн нэгэн хаалга бүрийг нээн хянаад, зандчаад, шаардаад явбал юу болох бол? Олон гэр бүлүүдийн зѳрчил маргаан ингэж эхэлдэг.

…Хэрвээ анзаараад харах ахул сошиал орон зайн хийрхэл солиоролд яг энэ үзэгдэл давтагддаг. Ямарваа мэдээлэлд ядахнаа хоёр талд нь харьцуулалт хийх боломж олгохгүйгээр хамгийн бусармаг муу үйлдэлд уриалан турхирдаг хүмүүс цѳѳн биш бий. Харьцуулалтгүй хальт мѳлт дүгнэлтээ шүлс мэт тургилж, хамтдаа үзэн ядахыг бусдад тулгана. Хэрэв жаахан эргэцүүлэн “юу билээ?” гэж эргэлзвэл тэд үзэн ядаж, урж тасдахаас ч буцахгүй. Багадаа “манай тал”, “дайсны тал” гэж талцан тоглож байгаад дандаа ялагдаж байсан хорслоо тайлж буй мэт надад санагдаад байдаг юм. Энэ сэтгэлгээг ашиглан зарим улстѳрчид “Хѳлсний бичээч” дийг бэлтгэн, зорилготойгоор турхирч байгаа нь нууц биш бололтой. Ямар ч асуудалд ядаж дѳрвѳн талаас нь эс гэхэд хоёр талаас нь ч болов харьцуулан эргэцүүлэх эрх хүн болгонд буй. Түүнийгээ үндэслэлтэйгээр хуваалцаж байж ҮНЭН ий хэмжүүрт ойртож очно.

Мэдээллийн Технологи асар хурдацтайгаар хѳгжиж буй энэ цаг дор хүн болгон ѳѳрийнхѳѳрѳѳ дүгнэлт хийх эрх бий. Хэрэв бид үүнийг ухаалгаар ашиглаж чадвал Монголын улс тѳр хийгээд нийгэмд эерэг сайн ѳѳрчлѳлтийг авчирч чадна гэдгийг анзаарч байна. Тэгэхээр монголчууд бид хѳѳрүү амьсгаагаа жаахан дарах хэрэгтэй болж байна. Бие биенийхээ оюуны эрх чѳлѳѳг хүндэлж, мэдээлэлд ѳѳрийнхѳѳрѳѳ дүгнэлт хийх  боломжийг олгож, алив асуудалд арай бодитой хандаж баймаар. Социализмын үед “Сайд ялаа хоёрыг сонингоор алж болдог” байсан бол энэ эрин үед “Хэнийг ч сошиалаар алж бас аварч чадах” болжээ. Ядаж хэдүүлээ жаахан ухаантай байх сан даа.

Энэ ертѳнцѳд хүний биеийг олж тѳрсѳн бодьгал бүхэн ѳѳрийн ѳгѳгдѳлтэй. Заавал ухаантай мундаг байх албагүй ч заавал усан тэнэг байх ч албагүй. Хүн болгон энэ амьдралд ѳѳрийн жаргал зовлонгоо ѳѳрийнхѳѳрѳѳ л бүтээдэг. Хийсэн муу үйлийнхээ горыг ѳѳрѳѳ эдэлж, сайн үйлээ бусадтай хуваалцаж байх учиртай. Тэгэхээр хүн болгон ухаантайгаар хувиа хичээж, ѳѳрийнхѳѳрѳѳ амьдрах бусдын эрх чѳлѳѳг хүндэтгэж байж ёстой юм шиг…Яахав дээ, алдвал алдаж л байг, тѳгс амьдрал гэж үгүй. Харин алдаагаа ухаарал болгон ѳѳртѳѳ шингээхэд чиний сайхан сэтгэлийн дэмжлэг хэрэг болж магадгүй. Зүгээр л хүн болгоныг байгаагаар нь ойлго, бас байгаагаар нь хайрла. Бусдын хайрыг хүндэлдэг шигээ бусдын эрх чѳлѳѳг ч хүндэл. Энэ ертѳнцѳд энэ цаг үед хамтдаа амьдарч байгаа болохоор бие биенээ л хайрлахад болоо доо.