Menu
Assign a 'primary' menu

All Posts by gala-admin

About the Author

Dec 07

МОНГОЛЫН ТАЛ НУТАГ

By gala-admin | ЯРИЛЦЛАГУУД

-Хувь заяатай бүсгүй яагаад бүхнээ орхиод Америкт ирчихдэг билээ?

-Яг үнэндээ би өөрөөрөө бахархаж байсан ч бас голдог байлаа. 2004 оны 2 сард Азийн шинэ жилийн фестивальд ирж оролцоод үлдчихсэн юм. Өөрийгөө л хөгжүүлэх, бас Америк гэдэг том гүрний сонгодог урлагийн хөгжлөөс суралцах хүсэл маань үлдээсэн юм. Бага усны акул байснаас, Их далайн жараахай болж үзэх хүсэл байсан гэх үү. Эхэндээ бүх юм хэцүү байсан. Хэл мэдэхгүй. Амьдрахын эрхээр хими цэвэрлэгээний газар ажил хийнэ. Гэхдээ дуулах хүслээ биелүүлэхийн тулд юу ч хийхэд бэлэн байсан. Өдөржингөө ажиллаад ядарч ирсэн ч, шөнөдөө тайзаа л зүүдэлнэ. Зүүд маань нэг л шаналгаатай, дуулж байснаа үгээ мартчихаж ч гэх юмуу, эсвэл хоолой минь болсонгүй ч гэх юмуу. Одоо бодоход ажилдаа ядарсан, бас сэтгэл шаналсаных аль аль нь нөлөөлж байсан юм шиг.

-Хүн бүр зовлон, шаналалаа өөр өөрийнхөөрөө мэдэрдэг. Гэвч шаналал маань явж явж ”чи яах гэж ирсэн билээ” гэж зорилгыг маань сануулдаг биш гэж үү?
-2004 оны 8 сард анх Оpera Bel Canto, Washington DC-д Maestro Sparacino-д шалгуулсан. 2 ари дуулсан, шүүгч нь 2 эрэгтэй, 2 эмэгтэй байлаа.

Эхлэл…

Энэ оны 11 сарын 28-ны орой 19:30 цагт Maryland Hall концертын танхимд АНУ-ын төгөлдөр хуурч Elan Sicroff, Монголын дуучин Эрдэнэбатын Саран нарын тоглолт боллоо. Гоёмсог засалттай бэсрэгхэн концертын танхимд, сонгодог хөгжмийн тансаг аялгуунд нэгэн үдшийг өнгөрөхөөр ирсэн 100 орчим гадаадын үзэгчдийн дотор 10 гариу Монголчууд үзэгдэнэ. Тоглолтын эхний хэсэгт дуучин Саран, манай нэрт төгөлдөр хуурч Б.Мөнхшүрийн хамт Италийн алдарт хөгжмийн зохиолч Пуччини ”Тоска”, ”Турандот”, ”Madame Butterfly” зэрэг алдарт дууриудын ари, мөн Гершвин, Дунаевский, Н. Жанцанноровын ”Тогосын цагаан овоо” зэрэг бүтээлүүдийг толилууллаа.

Тайзны ард цацрах цэнхэр гэрлэн цацраг, дуучин Cарангийн цэнхэр дааншинзтай өнгө сүлэлдэн, Монголын минь хөх тэнгэр шиг сэтгэл цэлмээж, ”Тогосын цагаан овоо” дууны уянгалаг аялгуу, дэлхийн сонгодог аястай зэрэгцэн эгшиглэхэд өөрийн эрхгүй сэтгэл омогшиж нүд чийгтэнэ. Энэ гучаад минутын хугацаанд анир чимээгүй, хүн бүр л сонгодог тансаг аялгуунд уусан шингэх мэт нэг л эрхэмсэг оршихуй мэдрэгдэнэ.
Cарангийн тоглолтыг үзэж суухдаа сэтгэл зүрхээ урлагт зориулсан түүний авьяас. сэтгэл, хөдөлмөрт хил хязгаар, хориг саад үгүй ээ гэж бодогдоно. Үзэгчдийн бахархаж хүндэтгэсэн талархал, тэвэр дүүрэн цэцгийн баглаа, дуулахын жаргалыг амссан, нулимстай инээмсэглэл бүхэн  энэ тоглолтын үнэ цэнэ байлаа. Дараа нь тоглосон Америк төгөлдөр хуурчийн тоглолтыг сонсож суухдаа манай алдарт төгөлдөр хуурч  Б.Мөнхшүрийн ур чадвар, тоглолтын мэдрэмж хаа ч гологдохгүй юм даа гэж бахархмаар…
Тоглолт сайхан болсон. Э.Саран, Б.Мөнхшүр, Ж.Болормаа,  С.Саянцэцэг гээд л сонгодогийн авьяастнууд алс холын Америкт, Монголын сонгодог урлагийн түвшинг мэдрүүлж бас сурталчилж, дэлхийн зиндаанд өрсөлдөх гэж хөдөлмөрлөж зүтгэж яваа та нараараа үнэхээр бахархаж байна шүү.

Тоглолтын маргааш Э.Саран бид хоёр бяцхан цайны газар уулзаж, нилээд буу халлаа.
– Би Монголд байхдаа чиний “Монголын Тал Нутаг” дууны клипийг чинь үзэж байсан юм байна. Харин энд ирээд оролцсон анхны шинэ жилийн цэнгүүн дээр чи мөн л “Монголын Тал Нутаг”- аа дуулж байсан.

– Энэ дууг Японы Юми гэдэг дуучин бүсгүй Шарав гуайд захиалж бүтээлгэсэн юмаа. Би энэ дууг дуулахыг их хүсч байсан. Нэг өдөр энэ дууг дуулах зөвшөөрөл авах гэж Шарав гуайнд очлоо. Шарав гуай миний хүсэлтийг сонсоод, төгөлдөр хуурынхаа ард суугаад намайг зөндөө шалгаж үзсэнээ ” За чи дуул, харин сайн дуулна шүү” гэх нь тэр. Шарав гуайн урмыг хугалахгүйн тулд үнэхээр хичээсэн. Манай нутгийн Бат-Өлзий гэдэг залуу 3 сая төгрөгөөр ивээн тэтгэж, хийлгэсэн клип маань 2001 оны 7 сарын 11-нд телевизээр цацагдаж байсан. Харин нэг их удаагүй Долгор дуучны дуулсан клип бас гарсан л даа. Би энэ дуундаа их хайртай. Энд чинь миний бүх л сэтгэл минь шингэсэн юм шүү дээ.

– Би саяхан энд тоглосон “Эмоушн”-ний тоглолтыг үзсэн. Тэр тоглолт бол үнэхээр доргио болсон. Би харин тэднээр бахархсан. Үнэхээр хөгжсөн байна билээ. Харин өчигдрийн чиний тоглолт дээр бүгд л амьсгаа даран сонсож байхад зургийн аппаратны “шархийх” чимээ ч тээртэй сонсогдож байсан шүү.

 Орлоо.ком болон 15 минут студийн хамтран хийдэг “Цахим цаг” чат нэвтрүүлэгийн 12-р сарын 09-ны 19:00 цагаас явагдах энэ удаагийн дугаараар бид ”Хүний юм, Үнэгүй юм” гэдэг сэдвээр ярилцах гэж байна. Энэ сэдвийн дор Монголчууд бид яагаад өөр орны хүний хийсэн юмыг дэмждэг атлаа бизнес хийдэг болон хийх гэж буй Монголчуудаа дэмждэггүй талаар, мөн нэгнийхээ хийсэн хөдөлмөрийг үнэлэхгүй үнэгүй хэрэглэх дуртай байдаг талаар та бүхэнтэйгээ саналаа хуваалцах болно. Өргөнөөр оролцоно уу!!!

 

– Сонгодог урлаг цөөхөн үзэгчтэй ч үнэхээр “элит” хүрээнийхний урлаг л даа. Тэд чинь дууг сонсох гэж биш мэдрэх гэж ирдэг юм. Тэгэхээр дуучин нь дууг зүгээр дуулах биш дуундаа орж, шингэж байж дуулах учиртай. Өчигдөр чи ажигласан бол Mimi-н ари дээр баярлах, гуниглах, айльгүйтэх гээд бүх сэтгэл хөдлөлийг аялгуугаар илэрхийлж байгаа юм л даа. Тэгэхээр бид чинь дууг дуулахаас өмнө маш их судална. “Би чамайг санаж байна’ гэдэг үглэлийг хичнээн олон янзаар илэрхийлж болно, гиюүрч, баярлаж, эрхэлж, айльгүйтэж гэх мэтээр. Тэгээд маш их хөдөлмөрлөх хэрэг гарна.

– Тэгсэн хэрнээ Сонгодог урлагийнхнаас илүүтэй зохиолын дуучид их нэрд гарч, шагнал авч байна шүү дээ.

-Дуурийн дуучин болно гэвэл амаргүй. Хир баргийн хүний хийгээд байх ажил бишээ. Би дуурьт дуучин байснаараа үнэхээр бахархдаг. Энэ чинь их нэр төрийн хэрэг шүү дээ. Яахав өнөөдөр залуучууд, дуурийн дуучин болох гэж өөрийгөө зовоож байснаас зохиолын дуу дуулаад амархан шиг “од” болохыг хүсдэг байх л даа. Боломж нөхцөл нь ч энэ байдлыг үүсгээд байна. Гэхдээ би лав харамсдаггүй. Өөрийгөө зовоож, хөдөлмөрлөж байж бүтээж байгаа бүтээл бүхэн минь надад аз жаргал авчирдаг. Би өөрөө ч үүнээсээ үнэхээр таашаал авдаг. Одоо ч гэсэн би сэтгэлдээ хүртэл бүтээсэн Германы Николай Отто-гийн “Виндзарын овжин авхай нар” дуурийн залуу бүсгүй Анна, Б. Шаравын ” Чингис хаан” дуурийн Хадааны дүрээрээ онгирох эрхтэй. “Виндзарын овжин авхай нар” дуурийн тоглолтын дараа уг дуурийг ивээн тэтгэсэн 2 герман тайзан  дээр гарч ирэн бүх жүжигчдийн нүдэн дээр миний өмнө өвдөг сөхрөн, гарыг минь үнссэн гээд бод доо. Үүн шиг том хүндэтгэл шагнал хаа байх юм бэ? Тэгэхээр би яагаад сэтгэл дундуур байх гэж.

-Чи шууд л дуурийн театрт дуулж эхэлсэн юм уу?
-Яалаа гэж. 1996 онд СУИС төгсөөд ЦЕГ-ын дэргэдэх ”Сүлд” хамтлаг гэж байгаад чуулга болоход нь очсон. Тэнд байхдаа ”Учиртай гурван толгой” дуурийн шилдэг дүрийн уралдаанд Нансалмаагийн дүрээр оролцон 2-р байр эзэлж байсан. Бас ”Соёлын тэргүүний ажилтан” цол тэмдгийг энд байхдаа авсан. Энэ шагналыг авахад цагдаагийн бүх бүрэлдэхүүн жагсаж байгаад хүндэтгэл үзүүлэн, би шагналаа аваад ”Монгол улсын төлөө зүтгэе!” гэж ёсолж байлаа. Ер нь сүрлэг сайхан байсан. Харин 2000 онд Дуурийн театрт ирээд жинхэнэ сонгодог урлагийн амтанд орсон доо. Урлагийн бригадаар Монголынхоо бүх аймаг сумдаар явж тоглож байхдаа их зүйл ойлгосон. Бид чинь ямар сайхан ард түмэнтэй юм бэ? гэж мэдэрсэн. Би бас их азтай хүн. 2003 онд Москвад болсон Монголын соёлын өдрүүдээр төрсөн өдрөөрөө ”Большой театр”-ын тайзан дээр дуулж байлаа. Их хувь заяа шүү. Үнэхээр л аав ээж минь, бас бурхан харж үзсэн гэж боддог.

-Хувь заяатай бүсгүй яагаад бүхнээ орхиод Америкт ирчихдэг билээ?
-Яг үнэндээ би өөрөөрөө бахархаж байсан ч бас голдог байлаа. 2004 оны 2 сард Азийн шинэ жилийн фестивальд ирж оролцоод үлдчихсэн юм. Өөрийгөө л хөгжүүлэх, бас Америк гэдэг том гүрний сонгодог урлагийн хөгжлөөс л суралцах хүсэл маань үлдээсэн юм. Бага усны акул байснаас, Их далайн жараахай болж үзэх хүсэл байсан гэх үү. Эхэндээ бүх л юм хэцүү байсан. Хэл мэдэхгүй. Амьдрахын эрхээр хими цэвэрлэгээний газар ажил хийнэ. Гэхдээ л дуулах хүслээ биелүүлэхийн тулд юу ч хийхэд бэлэн байсан. Өдөржингөө ажиллаад ядарч ирсэн ч, шөнөдөө тайзаа л зүүдэлнэ. Зүүд маань нэг л шаналгаатай, дуулж байснаа үгээ мартчихаж ч гэх юмуу, эсвэл хоолой минь болсонгүй ч гэх юмуу. Одоо бодоход ажилдаа ядарсан, бас сэтгэл шаналсаных аль аль нь нөлөөлж байсан юм шиг.

-Хүн бүр зовлон, шаналалаа өөр өөрийнхөөрөө мэдэрдэг. Гэвч шаналал маань явж явж ”чи яах гэж ирсэн билээ” гэж зорилгыг маань сануулдаг биш гэж үү?
-2004 оны 8 сард анх  Оpera Bel Canto, Washington DC-д Maestro Sparacino-д шалгуулсан. 2 ари дуулсан, шүүгч нь 2 эрэгтэй, 2 эмэгтэй байлаа. Дуулаад дуусахад 2 эмэгтэй нь шууд алга ташсан. 1 сард тоглох Гала концертонд дуулуулах боллоо. Хэл мэдэхгүй хирнээ их л хичээн бэлтгэлээ. Надад тэр үед ЭСЯ-ны Консулын ажилтан Гансүх, бас Лхагвадорж ах их тусалж дэмжсэн. Харамсалтай нь визний асуудлаас болж уг тоглолтонд оролцож чадаагүй. Шар минь их хөдөлж англи хэл сурах гэж шаргуу хичээллэсэн. Үүнд оролцож чадаагүй хэдий ч ”дуулж болох юм байна” гэдэг бодол намайг амраагаагүй. Хэл суралцахын хажуугаар визнийхээ ангилалыг ч солиуллаа. Одоо бол бас ч яахав юм овоо цэгцэрч эхэлж байна. Одоо Peabody Institute-д хичээллэж байна. Алина гэж хувийн багштай, бид 2 бие биедээ сэтгэл хангалуун. Одоо суралцаад сургуулилтаа хийж байгаа болохоор хоолой маань ч эвэндээ орж нөгөө ”тосолсон юм шиг” гэдэг л болж байна.

-Би өчигдрийн концертонд сонгодог дуу дуулах гэдэг чинь их ч хүч чадал, жүжиглэл шаардсан амаргүй хөдөлмөр юм даа гэж бодож суулаа.
-Би өмнө нь чамд ярьж байсан, дуундаа орж, итгэж, зүрх сэтгэлэ илчилж дуулахын тулд их ч тэвчээр, хөдөлмөр шаарддаг гэж. Тэгэхээр одоо маш их хөдөлмөрлөх бас суралцах хэрэгтэй болж байгаа юм. Үүнээс ухарч шантрах эрхгүй ээ.
-Хүн зорьсон зорилгодоо хүрэхийн тулд хор шар хөдлөх, атаархах хэрэгтэй юу?
-Би лав их шартай. Америкт ирээд би дуулж, сурч, хөгжиж байж буцах хэрэгтэй гэж боддог болсон. Нэг юм маань жаахан бүтэлгүй болоход ”Яагаад болдоггүй юм бэ? Болох л ёстой” гэж өөртөө хэлээд зүтгэдэг. Энэ маань намайг хурцалдаг байх. Харин атаархлын хувьд зөв, цагаан атаархал байх хэрэгтэй. Өөрөөсөө илүү явж байгаа хүнээ ”Энэ бүтэлгүй, муу болчихоосой” гэж биш, би энэ хүн шиг магадгүй бүр илүү ч болох юмсан гэж атаархах хэрэгтэй юм шиг. Миний л бодлоор атаархал нь хар буюу цагаан, эсвэл хорон юмуу цайлган гэж байдаг юм шиг. Бид илүү яваа нэгнээ дэмжиж, түүнд хүрэх гэж атаархах хэрэгтэй байхаа.

-Монголдоо буцах уу?
-Буцалгүй яах вэ? Хамгийн гол нь сурч, хөгжиж аваад буцна. Нутгаа ч их санаж байна. Би саяын тоглолтонд ”Монголын тал нутаг”-аа дуулах гэснээ уйлчих байх гэж бодогдоод дуулаагүй. Ирээд удаагүй байхдаа гайгүй байсан, одоо ер нь уйлчих гээд л байх янзтай. Гэхдээ өмнөө зорилго тавьсан болохоор түүндээ хүрэх гэж зүтгэнэ. Хүмүүс намайг сайн, муу юу ч гэж хэлэх хамаагүй. Би зорилгоо л биелүүлнэ. Тэгээд Монголдоо очноо, их ч юм хийнэ гэж төлөвлөж байна.

-Тиймээ, биелэхгүй мөрөөдөл гэж байхгүй. Ажил хийх хүнд арга нь олдоно, ажил хийхгүй хүнд шалтаг нь олдоно гэдэг. Хийе, бүтээе гэвэл болж бүтэхгүй юм гэж байхгүй ээ.
-Тийм шүү.
-Сайхан ярилцсанд баярлалаа. Дандаа хүмүүст баяр баясгалан, сэтгэлийн агуу их гэрэл гэгээ бэлэгдэж байдаг урлаг, тэр тусмаа сонгодог урлагаар өөрийгөө хөгжүүлж, улмаар Монгол орноо, урлагаа сурталчилж яваа танд их баярлалаа. Бэрхшээл бүхнийг сөрөн давж, өөдрөг байж их амжилтанд хүрээрэй гэж ерөөе!
-Их баярлалаа. Бие биенээ дэмжиж, тусалж, сэтгэл санаанд минь урам өгч байдаг Монголчууддаа гялайлаа. Бүгдээрээ аз хийморьтой, эрүүл энх байж, санасан хүслээ биелүүлээрэй. Бас тоглолтонд минь оролцож намайг хөглөж өгсөн, Б.Мөнхшүр багшдаа маш их талархсан шүү.

Nov 24

Монголчууд бидэнд үндэсний үзэл хэрэгтэй юу?

By gala-admin | УХААРАЛ

Тав. Монголчууд бид омголон, бардам, бас өөдрөг сэтгэлтэй

Эр нь уул, толгодоо тойрч бодол ухаанаа билчээдэг. Эм нь тулгаа тойрч ахуй амьдралаа амжуулдаг монголчуудын нүүдэлчин амьдрал нь зоргоороо омголон, биеэ даасан, илүү сайхан руу тэмүүлдэг сэтгэлийн үндэс гэмтэй. Усны тунгалаг, билчээрийн сөмийг даган, байрлалаа сэлгэж амьдардаг амьдрал нь хэдэн малаасаа илүүтэй, хөрш саахалт айлаасаа илүүтэй сайхан амьдрах бяцхан ”атаархуу” хүслийн нь бас нэг илрэл. Сайн муу, сайхан муухай ямраар ч илэрдэг бай энэ зөн совин нь, баригдмал суурин хувь заяатайгаа эвлэрдэг олон орны иргэдээс ч илүүтэйгээр, илүү сайхан амьдрал руу эргэж буцалгүйгээр сэлгэн нүүдэллэдэг омог бардам, өөдрөг сэтгэлийн үндэс нь юм. Монголчууд бусдаас сул дорой амьдрах дургүй. Илүү өөдрөг байгтун.

… Онгоц дүүрэн зөвхөн Япончууд Вашингтонд нисч иржээ. Тэд замдаа бие биентэйгээ танилцаж хөгжилдөж явсан гэнэ. Буунгуутаа бие биенийхээ хаягийг авч, маргааш хамтдаа хооллохыг урьцгаажээ. Тэд маргааш нь яг цагтаа  бүгд цуглаж, хамтдаа хооллосон гэнэ.
…Онгоц дүүрэн зөвхөн Монголчууд Вашингтонд нисч иржээ. Тэд замдаа бие биентэйгээ танилцаж хөгжилдөж явсан гэнэ. Буунгуутаа бие биедээ баяртай гээд л тал тал тийшээ тарж явсан гэнэ. Тэд дахиад уулзалдсангүй. Япончууд, Монголчуудын ялгааны тухай, энэ бяцхан онигоог Америк эмэгтэй миний танил Ивээлтэд ярьж л дээ. Ивээлт:
-Бид яаж өөрчлөгдөх ёстой вэ? гэж асууж. Тэр эмэгтэй:
-Өөрчлөгдөж яах юм бэ? гэж гайхангуй хариулсан гэнэ.

Эхлэл… 

Монгол Улс тунхагласаны өдөр болон ”Цахим Цаг” чат шууд нэвтрүүлэгт зориулав.

Маргааш Монгол Улс тунхагласаны өдөр. Тусгаар Монгол улсын иргэн би, энэ өдрийн тухай бодож суухдаа Монголчууд бид юугаар бахархах ёстой юм бэ? өөрөөсөө асуулаа. Туршилтын социалист системээсээ салж, хөмөрсөн тогооноосоо гарч, дэлхий ертөнцтэй танилцаж, өөрсдийгөө харьцуулан мэдрэх гэж хичээн буй энэ цаг үест бид өөрсдийгөө хэтэрхий муугаар үнэлж, бүх л юмсыг ууртай бухимдуу төрхөөр, хялайн харж байгаа юм биш байгаа. Цаг ямагт ”тамын тогооны үлгэр”-ээ сануулж, монголчууд эв нэгдэлгүй, бие биедээ итгэдэггүй, бас тусалдаггүй, хувиа хичээсэн, бүдүүлэг, соёлгүйн жишээг байнга л бичиж гоморхцгоох нь уншиж буй бүх л зүйлээс илэрнэ. Тэгээд ч гадаад хүмүүсийн ухаантай, соёлтой, ажилсаг, хариуцлагатайг гайхан магтацгаана. Харин хятадууд бол муу хүмүүс гэж нэгэн дуугаар  баталцгаана.
Больцгооё Монголчуудаа! Баяр болох гэж байна. Өнгөрсөн зуунд бидний өвөг дээдэс, аав ээж, өвөө эмээ нар минь өөртөө буй гоёлоо өмсцгөөн, хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхөн ирж саналаа өгч, тусгаар тогтносон Монгол улсаа зарлуулж байсан энэ өдөр, өөрсөндөө байгаа сайхан бүхнээ бахархал болгон бэлэгдэн ярилцацгаая.

Нэг. Монголчууд бид, цагтаа дэлхийн талыг эзэгнэж явсан өвөг дээдэстэй
”Монголчууд гэж хэн юм бэ?” гэж асуусан асуултанд нь зохиолч С. Жаргалсайхан, эрдэмтэн Удвал нар ”Чингис хааны нууц түүх” хэмэээх зохиолоороо дэлхий дахинд, ”Монголчууд дэлхийн талыг эзэгнэж, дэлхийн нэгдсэн улсыг байгуулж явсан агуу их хаадын үр удам” гэж хариуллаа. Нэгэн зарлигийн дор нэгтгэн байгуулж, бас хөгжүүлэн өгсөн Бат, Хубилай хаадын их гүрнээс өнөөгийн зууны хүчирхэг том гүрэн, Хятад, Орос улс үүссэнийг ч, дэлхийн түүх ч, тэдний дунд орших Монгол улс ч мартаагүй. Тиймдээ ч бидний өвөг, эзэн Чингис хааныг энэ дэлхийн ”Мянганы хүн”-ээр тодруулж хүлээн зөвшөөрсөн бус уу.
Чухамдаа өөр хэнийг ч бус, зөвхөн бидний Монголын Чингис хааныг энэ мянганд ч шилдэгийн шилдэг агуу хүн гэж  зөвшөөрөн ахуйд бид юунд толгой гудайх билээ. Чингисийн алтан  ураг болох Зүчи, Цагаадай, Бат, Хубилай, Мөнх, Гүег, Төмөр, Батмөнх гэхчилэн агуу хаад, Мандухай цэцэн хатан, Чин ван Ханддорж, Сайн Ноён хан Намнансүрэн нарын үр удам нь билээ бид. Толгой дээгүүр, цээж тэнэгэр байгтун.

Хоёр. Монголчууд бид хил хязгаартай, өөрсдийн газар нутагтай
Мандан бадарч, бууран доройтож асан, буурал түүхийн амаргүй нугачаанд, цаг хугацааг элээн элж, Хятад, Орос хэмээх аварга 2 гүрний дунд, 1 сая 500 мянган хавтгай дөрвөлжин нутагтай, Монгол хүн бүр ”унасан газар, угаасан ус минь” хэмээн өмчлөх ”эх оронтой” улсаа бид, Гимилайн уулсын хэцүү бэрх орчилд хавчигнан амьдрах Түвд, Алдарт Саяны уулсын бэлд сүүрс алдан амьдрах Тувачуудын хувь заяаны дэргэд, дэлхийн Монголчуудын гэрэл гэгээ, итгэл найдварын төв нь болсон тусгаар Монгол нутагтай бид. Хятад, Орос их гүрний алинд ч уусгачихалгүй, алга дарам газрынх нь төлөө цус, хөлс, ухаанаа шавхан ирсэн өвөг дээдсийнхээ сүнсэнд нь ч залбирмуу. Халуун хүйтэн ч гэлээ говь, хангай, хээр хосолсон үзэсгэлэнт  нутагтай, хатуу ширүүн ч гэлээ өвөл, хавар, зун, намар ээлжлэх 4 улиралтай Монгол орон минь байгаа цагт, унасан газар, угаасан усаа, зүрх сэтгэл, зүүд нойрондоо хайрлан дурсах, Монголчууд бид ”эх оронтой” хүмүүсээ. Омог бардам байгтун.

Гурав. Монголчууд бид өөрсдийн хэл, соёл, ёс заншилтай
Босоо, хэвтээ хоёр бичигтэй, бодлоо билчээж, үгээ цэцэлж ярьдаг монгол хэлтэй, хорвоогоос тасарч, наранд хүрдэг уртын дуутай, хоёрхон чавхдасаар адуу янцгаалгаж, айраг үнэртүүлж, морин хууртай, орсон гарсанд цай идээгээ дээжлэн барьж, ойчож унахад нь, түшиж босгодог монгол заншилтай билээ бид. Таних танихгүй ч бай, ирсэн гийчинд хаалгаа дэлгэн угтаж, хоймортоо залан суулгаж, цай идээгээ дээжлэн барьж хүндэлдэг заншил Монголоос минь өөр хаана бий билээ. Мэндлэхдээ хүртэл цэгцлэн ярьж, ярихдаа хүртэл бодлоо шингээж, худал хуурмаггүй инээж, өрөвдөж чаддаг хүмүүс, Монголоос минь өөр бий билүү? Монгол хэл байсаар байгаа нь, Монголоор ярьдаг бичдэг хүмүүс байсаар байгаа нь тусгаар Монгол улсын минь бэлэг тэмдэг бус уу. Үг нь цэцэн, ухаан хурц байгтун.

Дөрөв. Монголчууд бид, ээж аавдаа элбэрэлтэй, үр хүүхдүүддээ ачлалтай
Алс газар одохдоо аав ээждээ очиж, сургааль үгсийг нь сонсон, хацраа үнсүүлж, алс газраас буцаж очихдоо санаж үгүйлсэн сэтгэлээ бэлэг сэлттэйгээ авч очдог монголчууд бид ”элгэмсэг” сэтгэлтэй хүмүүс. Нас өндөр болсон хойно нь ч ”асрамжийн газар” аваачаад орхичихдоггүй, асарч халамжилж ачладаг, тэр л сэтгэлээ өөрийнхөө үр хүүхдүүддээ өвлүүлдэг болохоор Монголчууд бид элбэрэл, ачлалтай ард түмэн. Хүүхдийнхээ хүүхдийг нь харж өсгөхөд нь туслах гэж алс холоос бүхнээ орхиод ирэх ”эх”-ийн сэтгэлийг хэн ч юугаар ч хэмжиж болно гэж үү. ”Хоцрогдсон”, ”зууралдсан” гэх хатуу үг бүү хэл. Монгол хүнээс энэ сэтгэлийг нь аваад хаячихвал, ”Монгол” гэх ”хөх толбо”-той агуу сэтгэл нь алга болчихвол, тэнгэр бурхан биднийг ”таних”-аа болино доо. Бие биеэ хайрлаж, түшигтүн.

Тав. Монголчууд бид омголон, бардам, бас өөдрөг сэтгэлтэй
Эр нь уул, толгодоо тойрч бодол ухаанаа билчээдэг. Эм нь тулгаа тойрч ахуй амьдралаа амжуулдаг монголчуудын нүүдэлчин амьдрал нь зоргоороо омголон, биеэ даасан, илүү сайхан руу тэмүүлдэг сэтгэлийн үндэс гэмтэй. Усны тунгалаг, билчээрийн сөмийг даган, байрлалаа сэлгэж амьдардаг амьдрал нь хэдэн малаасаа илүүтэй, хөрш саахалт айлаасаа илүүтэй сайхан амьдрах бяцхан ”атаархуу” хүслийн нь бас нэг илрэл. Сайн муу, сайхан муухай ямраар ч илэрдэг бай энэ зөн совин нь, баригдмал суурин хувь заяатайгаа эвлэрдэг олон орны иргэдээс ч илүүтэйгээр, илүү сайхан амьдрал руу эргэж буцалгүйгээр сэлгэн нүүдэллэдэг омог бардам, өөдрөг сэтгэлийн үндэс нь юм. Монголчууд бусдаас сул дорой амьдрах дургүй. Илүү өөдрөг байгтун.

… Онгоц дүүрэн зөвхөн Япончууд Вашингтонд нисч иржээ. Тэд замдаа бие биентэйгээ танилцаж хөгжилдөж явсан гэнэ. Буунгуутаа бие биенийхээ хаягийг авч, маргааш хамтдаа хооллохыг урьцгаажээ. Тэд маргааш нь яг цагтаа  бүгд цуглаж, хамтдаа хооллосон гэнэ.
…Онгоц дүүрэн зөвхөн Монголчууд Вашингтонд нисч иржээ. Тэд замдаа бие биентэйгээ танилцаж хөгжилдөж явсан гэнэ. Буунгуутаа бие биедээ баяртай гээд л тал тал тийшээ тарж явсан гэнэ. Тэд дахиад уулзалдсангүй. Япончууд, Монголчуудын ялгааны тухай, энэ бяцхан онигоог Америк эмэгтэй миний танил Ивээлтэд ярьж л дээ. Ивээлт:
-Бид яаж өөрчлөгдөх ёстой вэ? гэж асууж. Тэр эмэгтэй:
-Өөрчлөгдөж яах юм бэ? гэж гайхангуй хариулсан гэнэ.

Байз! Та одоо үүнийг шүүмжлэх гэж бүү яар! Би ч гэсэн энэ эмэгтэйтэй санал нэг байна. БИД БУСДЫГ ДУУРАЙН ӨӨРЧЛӨГДӨЖ ЯАХ ЮМ БЭ? байгаагаараа л байцгаая. Монголчууд нүүдэлчин амьдралын уламжлалтай. Тэд энэ амьдралаас хэнээс ч хараат бус, бие даасан, өөрөө өөртөө ”эзэн” байх сэтгэлгээг ”мах цусандаа” шингээж төрсөн юм. Харин суурин амьдралд өссөн Япончуудын хувьд бүх л зүйл бие биенээсээ хамааралтай. Тэд хэзээ ч бие даасан байгаагүй. Тэд бие биедээ тусалж, бие биеэсээ хамаарч амьдардаг сэтгэлгээг ”мах цусандаа” шингээж төрсөн юм.
…Америкт анх ирсэн нэгэн залуу нэг хоолны газарт ажилд оржээ. Түүнтэй хамт хэдэн Мексикүүд ажилладаг байж. Жил орчим ажилласаны дараа нөгөө Монгол залуу илүү цалинтай ажил олоод, ажлаасаа гарч. Дахиад л ажлаа сайжруулж, улмаар деливэри хийдэг болж. Амьдрал нь ч сайжирч шинэ машин авч унаж. 5 жилийн дараа нөгөө хоолны газраараа орвол нөгөө л хэдэн Мексикүүд нь хэвээрээ. Шинэ машин унаж, царай зүс нь гэрэлтэж мөнөөх Монгол залуус хоолны газрын эзэн, нөгөө хэдэн  Мексикүүд нь гайхаж биширсэн харцаар угтаж өдсэн гэдэг. Мексикүүдүүдийн хувьд энэ хоолны газар нь цор ганц боломж, харин Монгол залуугийн хувьд өөдлөн дээшлэх нэг л гишгүүр байх. Ийм жишээг Америк, Солонгос, Германд ажиллаж байгаа Монголчууд хичнээнээр нь тоочиж чадна.

…Японы сумод манлайлж яваа их аварга Асашюро Дагвадоржийн сумогийн дэвжээн дээр гарч ирээд, нүдээ хурцлан ширүүсгэж, омголон бардам ширэвхийн хараад сумогийн бөхчүүд бүү хэл сумогийн ордон нь ч хүртэл  сүрдэх шиг санагддагсан. Дагвадорж Монгол үндэсний бөхөөрөө сайн барилдаж, ”аварга” болсон байхыг үгүйсгэхгүй. Гагцхүү ийм сүрлэг, омог бардам байж чадах байсан болов уу?
Тиймээ! Бид өнөөдөр жаахан ядуу байна. Гэвч одоо дэлхийн жишигт хүрсэн боловсролтой чадалтай залуучууд гарч ирж байна. Удахгүй жинхэнэ Монгол ухаанаар, шударга хөдөлмөрөөр олон олон баячууд төрнөө. Өнөөдөр бие биенээ муулж, харааж зүхэж, харийн хүмүүсийг шүтэж байгаа хэн нэгнийгээ бүү үзэн яд. Аяндаа л цаг харин шалгуураар бүгд л өөрчлөгдөнө. Хамгийн гол нь бид өөрчлөгдөж, урагшаа явж байгаа. Монгол цустай Монгол хүн болж төрсөндөө л бахарцгаая. Монголын төр бужигнаж л байг. Нэг л мэдэхэд цэгцэрнээ. Монголчууд даяршлын энэ эрин үед тэнгэр заяатай ”эзэд” байх боломж бүрднээ. Яагаад гэвэл бид бие даасан, ”өөртөө эзэн байж” , бусдаас ”илүү” байхын төлөө л зүтгэцгээдэг. Энэ бол цэвэр монгол цус. Бид хэдий бухимдалтай гутруу байгаа хэдий ч, хоцрогдсон бүдүүлэг байсан хэдий ч бүхний өмнө илүү хурдан хөгжиж байна. Бусад орны 100 жилийн хөгжлийг бид 20-30 жилд гүйцэж байна. Та унаж яваа машин, барьж буй гар утас, хэрэглэж буй компьютераа хар. 20 жилийн өмнө бид үүнийг төсөөлж чадах байсан гэж үү. Өөдрөг байцгаая Монголчуудаа!
Бидний авч үлдэх гол зүйл маань Монгол цус, үндсэрхэг үзэл, бахархал минь шүү. Аугаа их өвөг дээдсийнхээ өнөөгийн Монгол орныг бидэнд авч ирж хүлээлгэж өгсний төлөөс нь Монгол үндэсний үзэл, Монгол цус гэдгийг л бид мартаж болохгүй. Монголчууд эвтэй байхдаа хүчтэй байсан. Одоо бид эвлэлдэх цаг болжээ. Монгол төрийн сүлд ивээг.

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах

Sep 30

ААВЫН МИНЬ ТАЛХНЫ ҮНЭР

By gala-admin | ЯРИЛЦЛАГУУД

Урлагийн хүн болно гэдэг их л тэвчээр хөдөлмөр шаардсан зүйл байх гэж би боддог юм. Би оюутан байхдаа Идэрбат ахынд (МУГЖ, морин хуурч) амьдардаг байсан юм. Охин Наранцацралт нь ХБДС-ийн төгөлдөр хуурийн ангид суралцдаг тоглох ч эрхгүй, өдөржингөө л төгөлдөр хуурийн ард хичээлээ давтаад суух. Тэгэхээр энэ сонголтод эцэг эхийн нөлөө их байдаг байхаа?

-Аав минь сайхан дуулдаг хүн байсан. Ээж минь боловсролын салбарт 40 гаруй  жил ажилласан, Ардын Боловсролын Тэргүүний Ажилтан, монгол хэл-уран зохиолын багш хүн. Би юм юманд оролцсон, нилээд хөдөлгөөнтэй охин байлаа. 8-р анги төгсөөд багшийн хуваарь авсан маань, аав, ээж бид гуравын сонголт байсан.
-Бидний үед Багшийн сургуулийн дуу хөгжмийн багшийн анги гэж мундаг сургалттай байсныг мэдэх юм.

Мундаг сургадаг байсан. Одоогийн хөгжмийн алдартнууд Н.Жанцанноров, Б.Шарав, X.Билэгжаргал гээд цөм л энэ сургуулийг төгссөн. Би хөгжмийн боловсролын гол сууриа эндээс л авсан. Багшийн сургуульд тавьж байсан шаардлага өндөр, программ үнэхээр шахуу, нотоо ч мэдэхгүй хүүхдүүдэд их л хэцүү. Тийм ч болохоор төгсч чадсан хүүхдүүд нь үнэхээр л чадвартай байхаас аргагүй.

-Төгсөөд багш болсон уу?

-Тиймээ. 6-тайдаа сургуульд орсон болохоор 1988-онд 18-хан настай охин Сонгинохайрхан дүүргийн 82-р сургуульд дуу хөгжмийн багшаар очоод, ахлах ангийнханаас ялгарахгүй андуурагдаж байв. Тэр үед xичээлийн программ нь хүүхдүүдийг солгой хоолойтой ч бай дуулуулах хатуу шаардлага тавьдаг. Миний хувьд хүүхдэд хөгжмийн боловсрол олгох, хөгжим сонсоод ойлгодог, мэдэрдэг түүгээрээ зөв хүн болж хүмүүждэг болгох нь дуулуулахаас ч илүү гэдгийг л мэдэрсэн.

-Би багш байхдаа дүрслэх урлагийн хичээл зааж байхдаа яг л наад зовлонтой асуудалтай чинь учирсан. Чаддаг ч чаддаггүй ч бай бүх хүүхдийг ”натyрморт” зуруулаад суулгачихна. Ер нь гоо сайхны гэдэг цогц ойлголтоо хэт салгаад, дуу хөгжим, дүрслэх урлагийн хичээлийг мэргэжлийн чиглэл рүү илүү хандуулах хандлага нь энэ бэрхшээлийг үүсгэдэг байж дээ.
-Бэрхшээлээ давахын тулд хөгжмийн боловсролын 3 тулгуур болсон дуу, бүжиг, хөгжмийн ”Тулгын гурван чулуу” нэртэй кабинет байгуулсан. Хичээлийн заах аргаа ч өөрчилж, хүүхдүүдэд гол нь сонгодог хөгжмийн тансаг аялгууг сонсгож, хөгжмийн зохиолчид, хөгжмийн бүтээлүүдийг таниулж эхэлсэн дээ. Хичээл маань байнгын ”нээлттэй хичээл”-ээр шалгарч, заах аргын шинэчлэл маань үр дүнгээ өгч эхэлсэн. Гол нь хүүхдүүддээ л сонгодог хөгжмөөр хүмүүжил олгохыг илүүтэй хичээсэн.

-Удаан багшилсан уу?

”Цахим Цаг” чат нэвтрүүлэг долоо хоног бүрийн бүтэн сайн өдөр 3 цагаас явагдаж байгаа ба ирэх долоо хоногийн нэвтрүүлгээр бид Чикаго хотод суугаа Сэлэнгээ эмчийг нэвтрүүлэгтээ утсаар урьж оролцуулах болно. Бидний ярилцах сэдэв бол хүүхдүүдийн ханиадны эмийг зах зээлээс яагаад татаж авсан, ханиадны вакцин (flu shot) хэрэгтэй юу, АНУ-н зарим high school-н хүүхдүүд дунд тархаад байгаа вирусны талаар мэдээлэл өгч, таны асуултанд хариулна. Та бүхэн асуух асуултаа Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.”>service@orloo.com гэдгээр эсвэл манай ”харилцах” гэснээр бидэнд ирүүлж болно

-Удаагүй. 1989 оны Монголын багш нарын V-р их хурлын хүндэтгэлийн концертонд оролцож тоглоод, 1990 онд СУИС-д элссэн.  Сүхбаатарын нэрэмжит цалинтай оюутан байлаа. Суралцахын хажуугаар судалгааны ажил нилээд хийсэн. Анхаарал татсан нэг  зүйл бол дуулаачдын мэргэжлийн хичээлд ”хоолойн тавилт”-д гол анхаарaxаас бус ”хоолойн эрүүл ахуй” гэдгийг анхаарч  судалдаггүй байв. Дуучин хүний хамгийн үнэтэй зүйл нь хоолой. Энэ чиглэлээр судалгааны ажил хийж xэд хэдэн Эрдэм Шинжилгээний хурлуудад илтгэл тавьж байр эзэлж байлаа.

-Алив зүйлийг зүрх сэтгэлээсээ хийх гэдэг оролдлого л бэрхшээлтэй тулгарахаар ”өөрчлөх” хүсэл болон хувирдаг юм шиг. Өөрчлөхийн тулд уншиж, судалж, улмаар амтанд нь орсоор эцэс төгсгөлгүй эрж хайх аянд морддог гэлтэй.

-Дуурийн театрт ажиллахын хажуугаар магистрын хичээл гээд  СУИС руу гүйнэ. Нэг өдөр Б. Жамъяанжав багш (Зэрэг Нэмэх-ийн Долдой) СУИС-ийн үүдэн дээр дайралдчихаад ”Болормаа ! чи юу л хийгээд гүйгээд байнаа. Чиний хэрэг энд их байхад чинь” гэж асуулаа. Санаандгүй сонссон энэ үг надад их урам өгч ”Би чинь нээрээ сургуульдаа хэрэгтэй юм байна шүү дээ” гэсэн сайхан сэтгэл төрүүлж билээ. Удалгүй СУИС маань намайг үндсэн багшаар урьж “Дуулах Ур Зүй” ,” Хөгжмийн онол”, ” Хоолойн эрүүл ахуй”, “Дуурийн Урлагийн Түүх” зэрэг хичээлүүд заах болсон. Эдгээрийг заахын тулд их ч уншиж, судалсан. -”Сэтгэлд гал байвал зууханд гал олдоно” гэдэг шиг сайхан хүмүүс хүнд хэрэгтэй үед нь урам өгч сэтгэлийн галыг нь асаах юм даа. -Тиймээ! Б. Жамъяанжав багш, тайзны ярианы багш P. Уртнасан, (А.Ж. Уртнасан гуайтай андуурах вий, өөр багш) СУИС -ийн захирал Д. Цэдэв гээд сайхан хүмүүс надад урам өгч, дэмжсэн. Хүмүүсийн итгэлийг алдахгүйн тулд их хичээдэг байллаа.
-СУИС -ийн багш маань дуулахаа орхисон юм биш биз?

– Яалаа гэж. Онол, практик цуг гэдэг шиг боломж гаргаад уралдаан тэмцээнд оролцож байсан. 1999 онд ”Учиртай гурван толгой” дуурийн шилдэг дүрийн уралдаан, Б.Шаравын романс, А.Ж. Пүрэвдoрж багшийн  нэрэмжит сонгодог ари, романс дуулах уралдаанууд гээд монголд тэр үед болж байсан том тэмцээнүүдэд тус, тус амжилттай оролцож байр эзэлсэн.

– Б. Дамдинсүрэнгийн ”Учиртай гурван толгой” дуурийн шилдэг дүрийн уралдааныг би мэдэх юм байна.

Анх А.Ж. асан Пүрэвдорж багш надад Хоролмаагийн дүрийг өгсөн юм. Хөгтэй нь би хирдээ л Нансалмаа болох санаатай, багш харин ”Чи арай л хөдөлгөөнтэй сэргэлэн, чамд Хоролмаа илүү тохирно” гэсэн. Мэдээж дуулахын тулд aнх дуулж байсан ая, Хоролмаа гэдэг нэрнээс авахуулаад л судалсан. Хоролмаа тэмцэгч, хайр сэтгэлийнхээ төлөө юу ч хийхээс буцахгүй их хөдөлгөөнтэй бүсгүйн дүр л дээ. Өөрийхөө хэмжээнд давтагдашгүй Хоролмааг бүтээсэн гэж боддог.

-Мэдээж хөдөлмөрлөж олсон амжилт амттай байлгүй яах вэ?

-Амжилтыг аз дагадаг гэдэг шиг 2000 онд СУИС-ийн дуулах ур зүйн 1 багшийг Английн талын бүтэн зардлаар Лондон хотын Mountview Academy for Theatre of Arts-т мэргэжил дээшлүүлэх боломж надад оногдсон. Би үүнд одоо хүртэл маш их баярладаг. Надад итгэл хүлээлгэсэн Д. Цэдэв захирал, тэнхмийн эрхлэгч P. Уртнасан багшдаа талархаж явдаг. Англи хэл өмнө нь оролдож байсан ч, жинхэнэ англи орчинд очиход маш хангалтгүй байсан. Мэргэжил дээшлүүлэх хугацаа маань 2 сар, хэлний бэрхшээлтэй би 2 сарын хугацаанд юу сурах вэ дээ. Их Британийг үзээд, гоё курс төгссөн гээд буцалтай биш, өөрийгөө ч их чамлаж, үргэлжлүүлэн сурахаар шийдсэн. Энэ тухайгаа  СУИС-ийн захиргаа, соёлын яаманд бичиг илгээж, сургуульдаа сурч байгаа учир зовлонгоо ойлгуулсаны хүчинд цааш сурах эрхтэй болсон юм.
-Биднийг хөдөө ажиллаж байхад багш нар 5, 5 жилийн завсарлагатайгаар мэргэжил дээшлүүлэхээр УБ хот руу явдаг. Үүнийг нь багш нар тэсч ядан хүлээнэ. Гол нь мэргэжил дээшлүүлэхдээ бус улсын зардлаар УБ хот руу явж юухан хээхэн цуглуулдаг, бас жаал зугаа юм үзэж хардаг байсан даа.
-Яг үнэндээ түүнтэй чинь төстэй, хүмүүс гадаадад явж мэргэжил дээшлүүлээд ирдэг. Ирсэн хойно нь үр өгөөжийг нь хэн ч сонирхохгүй. Бараг л шагналын журмаар газар үзээд ирсэн гэж боддог байсан байх. Тэгээд ч тэр үед бидэнд хэлний бэрхшээл, хугацаа богинохон байхад сайн үр дүнгийн талаар ярихад хэцүү байв. Би Лондонд 3 жил суралцсан. Юуны өмнө хэлээ л сайжруулах чухал байсан. Сурахын хажуугаар ажил хийж, ойр зуурын мөнгөө залгуулна. Гэр бүлээ авчрана гэж саналтгүй байлаа. Бас мэргэжилдээ анхаарна. Анх Англид суугаа Монголын ЭСЯ-ндаа тоглолтоо хийсэн, тэнд байсан Орос, Болгарын ЭСЯ-yyд дараа нь намайг урьж тоглууллаа. Тэд үнэхээр гайхаж талархаж байсан. Энэ үеэс л Монголын сонгодог урлаг бол дэлхийн хэмжээнд гологдохгүй юм байна, нутгаа сурталчлахад сонгодог урлаг том нэмэр болж болох юм байна гэдгийг ойлгосон. Гадныхны үнэлгээ намайг зоригжуулсан. Хүний хүсэл мөрөөдөлд хязгаар үгүй. Их Британид сурч байхдаа европт алдартай Royal Academy of Music-т шалгалт өгч үзээд тэнцлээ. Чухам үүний дараа л Америкт явж суралцах хүсэл төрсөн дөө. Хэдэн сургуульд материалаа явууллаа. Хэд хэдэн сургуулиуд зөвшөөрсөн хариу ирүүлсэнээс The Peabody Institute of the John Hopkins Univrsity-г сонгосон.

-Шалгаруулалт нь хэцүү байсан уу?

-Шалгалт авах зааланд 10 профессор суучихсан. Сүрдэж байсан. Эхлээд заавар ёсоор Итали, Герман, Орос хэл дээр ари дууллаа. Дуулаад дууссаны дараа ”Чи хаанаас ирсэн бэ? гэж асуулаа. “Би Монголоос ирсэн” гэхэд тэд сонирхож, би Монголын сонгодог урлaгийн талаар тайлбарласан. Тэд нилээд гайхаж. чиний школ өөр байна даа, чамд монгол дуу байна уу гэлээ. Би Б. Шаравын ”Солонго” романсыг дуулж дуусахад тэд Монголын хөгжмийн урлагийн түвшинг үнэлсэн.
-Ингээд Америкт оюутан болжээ. Ямар ч гэсэн зорилгодоо алхам, алхмаар хүрч явж. Зорилгодоо хүрэхэд амаргүй, их хөдөлмөр, тэвчээр, овсгоо шаарддаг. Хийхэд хэцүү, хэлэхэд амархан шүү.

-Би 2002 онд Америкт ирсэн. Орсон сургууль маань дэлхийд нэр хүндтэй сургууль, тиймээс ч төлбөр өндөр. Би scholarship авсан. Урлагийн сургуулийн хувьд тэтгэлэг авна гэдэг хэцүү. Сургууль дээрээ дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн урлагт дуртай, басчгүй нилээд чинээлэг өндөр настай хүмүүст сонгодог урлаг заах, лекц уншиж, тоглолт үзүүлэх, хөгжим сонсгох, ярилцах зэргийг зохион байгуулдаг туслахын (assistan) ажлыг тодорхой шалгуурыг даван хийж байлаа. Энэ ажил их сонирхолтойн зэрэгцээ бас л Монголынхоо тухай хэзээ нэгэн цагт сурталчилна гээд л Монголоос CD, зураг, бусад материал авчруулав. Энэ тухайгаа эрхлэгчдээ хэлсэн боловч, бүх ажил төлөвлөгдсөн болохоор боломж үгүй гэв. Нэг удаа аз таар ч нэг өдрийн төлөвлөгдсөн лекц унших ёстой хүн маань амжихгүй болсноо надад мэдэгдлээ. Орных нь хүн ч амжихгүй гэв. Энэ бол 1 цаг 10 минутын хугацаа. Би ч эрхлэгч дээрээ орж байдлыг мэдэгдээд, оронд нь би Монголын сонгодог урлагийн тухай лекц унших хүсэлтээ ч дуулгав. Эрхлэгч над руу эргэлзэнгүй харснаа ”Boogii! Энэ үнэхээр том хариуцлага. Юу гэсэн үг болохыг чи мэдэж байна уу?  Чамд бэлэн материал байгаа юмуу? Бид урьдчилж хянах ёстой шүү дээ., хүмүүст таалагдахгүй бол юу болохыг чи төсөөлж байна уу?! гэлээ. Нэгэнт шийдсэн нөгөө талаас удаан хүлээсэн боломжийг алдахыг хүсээгүй учраас ”Надад бүх материал бэлэн байгаа.Санаа зоволтгүй, бүх юм сайхан болно гэж би амлаж байна” гэв. Эрхлэгч маань ”Окей, тэгвэл би чамд итгэлээ. Одоо 1 цаг болж байна. Орой 7 цагт бүх юм бэлэн байх ёстой, чи явж өөрийгөө бэлд, би энд бүх ажлаа зохицуулья”  гээд инээмсэглэв. Орой 7 цагт бүх зүйлээ төлөвлөснөөрөө хийлээ. Монголын тухай, урлагийн талаар ярьж, эцэст нь өөрөө дууллаа. Энэ бүхний дараа сонсогчид зөндөө зүйл асууж ярилцав. Гэтэл нэг авгай: -Чи гар утас, компьютер мэдэх үү? гэж асуув. Би нэлээд цочирдсоноо, -Уучлаарай хэрэв би тэдгээрийг мэддэггүй байсан бол энэ сургуульд сурч чадах байсан уу? гэж хариултал бүгд алга ташицгаасан.  Сүүлд нь тэр авгай надтай ирж гар бариад, би танай ”Ингэний нулимс” (найруулагч Бямбасүрэнгийн) гэдэг киног үзсэн юм. Тэгээд л чамаас тэгэж асуусан хэрэг гэж билээ.

-”Ингэн нулимс”, ”Шар нохойн там” гээд кинонууд сүүлийн үед нилээд шуугиан тарих болсон. Гэхдээ энэ нь Монголын уламжлал ахуй, амьдрал гэхээсээ илүүтэй, бүдүүлэг харанхуй байдлын сурталчилгаа болчихоод байгаа юм биш байгаа?
-Ямар хүмүүс яаж хүлээж авахаас их юм шалтгаална л даа. Ер нь Монгол гэхээр л заавал адуу, мал, хөдөөгийн амьдрал эсвэл траншейны хүүхэд гэх мэтийг үзүүлээд байхаар адал, явдалд дуртай гадныхан Африкийн ядуу зүдүү орны хэмжээнд бүдүүлэг, харанхуй байдлаар төсөөлөөд байж магадгүй. Миний хувьд хаа ч явсан Монголоо сонгодог урлагаа л сурталчлахыг хичээдэг.  “Largely Ludwig Ensemble” хамтлагтай  хамтарч тодорхой хуваарийн дагуу тоглолтонд оролцож хэд, хэдэн мужуудаар тоглолт хийж, монгол хүнийхээ хувьд эх орноо сурталчилдаг. Уртын дуу, хөөмий , морин хуур-аас гадна Монгол орон сонгодог урлаг, бүжгэн жүжиг, дуурийн урлаг өндөр хөгжсөн орон юм шүү.

-Одоо хоёулаа удахгүй болох тоглолтын чинь талаар ярилцъя.

-Аав минь саяхан бурхан болчихлоо. Заншил ёсоор буян хураах 49 хоногт нь зориулж, сонгодог концерт тоглох гэж байгаа.  Aав, ээж 2 шиг минь өндөр настангуудад бага ч атугай тус болохыг хичээж ”Болор сан” байгуулах гэж байгаа. Энэ сангийн нэг арга хэмжээ болгож энэ концертыг тоглох гэж байна. Аавыгаа эмнэлэгт сахиж байхдаа, зарим ахмадууд маань эмнэлэгийн наад захын туслалцааг авч чадахгүй, түүнчлэн эм, тарианы үнээ ч дийлэхгүй хүнд байгааг хараад сэтгэл их  өвдсөн.
-Аавынхаа тухай жаахан яривал сэтгэл тань онгойх болов уу. Хүн бүрт л аав нь уул шиг нөмөр нөөлөг, өмөг түшиг нь байдаг. Байж байхад нь мөнх юм шиг санаж байх. Өнгөрсөн хойно нь ямар их өмөг түшиг, хайр халамж байсныг үгүйлэх юм даа.
-Аавыг минь Нэрэндоогийн Жүгдэрсүрэн гэдэг. Аавын минь аав эм барьж, өвдсөн, ядарсан хүнд тусдалдаг нилээд нэртэй, номтой оточ, эмч хүн байсан гэнэ лээ.  30-аад оны xэлмэгдэлд өвөг эцэг минь өртөж, аав минь 7 настай өнчин хоцорч, xамаг хөрөнгөө хураалгаад, 4 хүүхэдтэй бэлэвсэн үлдсэн ээж нь удалгүй нас барж, эсэргүүний хүүхэд гэдэг нэрээр бүх л юманд адлагдах болсон гэдэг. Овоо барилдчихдаг байсан ч давааг нь өгдөггүй, 2-ч бүсгүйтэй ханилахад нь эсэргүүний хүүхэдтэй охиноо суулгахгүй гээд аав, ээж нар нь салгаад аваад явчихсан, хатуу хэцүү үеийг даван туулах гэж өөрийнхөө хэмжээнд их л зовлон үзсэн юм байна лээ муу аав минь. Хэнтийгээс УБ-т хоёр хөтөлгөө морьтой ганцаараа ирсэн юм гэнэ лээ. Хожим ээжтэй минь ханилж сайн сайхан амьдарсан. 10-аад насаар ах байсан ч ээжийг минь бидэнтэй хамт үнэхээр халамжилж, хайрлаxын дээдээр хайрлаж өсгөсөн. Аав минь их цэвэрч нямбай хүн байсан. Байнга костюм өмсөж зангиа зүүнэ. Өдөр бүр л хувсцаа индүүднэ. Хуруу эсгэм өмдний индүүдлэг, гялалзсан долгионтой гил хар үстэй, анхлим сайхан үнэртэй, гуниг жаргал хосолсон дүрлэгэр алаг нүдтэй, цэвэрхээн цагаан шаргал царайтай аавдаа хөтлүүлээд гүйж явсан бага нас минь ямар их аз жаргалтай байгаа вэ?! Миний аав, ээж 2  Гарын Таван Хуруу шиг бид тавыг өсгөхдөө хайр, халамжаар тутаагаагүй өсгөжээ. Дөнгөж их сургуулийн оюутан болоод гаргасан миний том охиныг харахаар гавьяаныхаа амралтыг авч надад сурч боловсрох бүрэн бололцоог минь олгож байсан аугаа ачтан юм даа миний аав.  Аав минь эрхлүүлэхдээ ч сайн эрхлүүлнэ, хатуу үедээ ч их хатуу шаардлага тавьдаг, буруу зөрүү зүйл хийвэл алганы амтыг ч хайрлахгүй өгнө шүү дээ. Миний аав гэртээ талхаа барина. Аавын минь талхны үнэр ямар гоё гээч. Одоо хир нь үнэртдэг юм. Сая Монгол яваад ирэхдээ анзаараагүй хирнээ аавынхаа талхны үнэрийг их санадаг байсныгаа мэдэрсэн дээ. Уг нь би ирэхээ хоёрхон долоо хоног хойшлуулсан бол аавыгаа өнгөрөхөд толгойг нь түшиж чадах байсан даа гэж өөртөө гомдовч, аав минь мэдсэн юм шиг л ”охин минь явж ажил төрлөө боддоо”, “аав нь охин дээрээ очин оо” гэж хэлснийг нь зөрж чадаагүй юм. Бүх юм л хувь зохиолоороо болдог юм шиг ээ. Элэг зүрхнээс минь өмөрч унасан энэ их орон зайг буян үйлдэж нөхъе юу л гэж зүтгэж явна.

-Концертоо хэдийд тоглох гэж байна? Сонгодог концерт гэхээр хүмүүс яаж хүлээж авах бол?

-11-р сарын эхээр тоглоно. Концерт маань гурван хэсэгтэй.  I-р хэсэгт ХХI-р зууны сонгодог бүтээлүүд II-р хэсэгт Ари романс III-р хэсэгт Аав, ээжийн тухай Монгол дуу байх юм.  Энэ тоглолтоо Америкийн концертын системээр явуулна. Энд зарлагч гэж байхгүй. Хөтөлбөр нь үзэгчдийн гар дээр байна. Мөн концертонд алга таших, ташихгүй хэсэг гэж байна. Энэ концертын I-р хэсэг болох сонгодог бүтээлүүд дээр ташихгүй, зөвхөн  сонсоно.
II, III-р хэсэг дээр бол алга ташиж болно. Монголчууддаа хандахад миний тоглолтыг ирж  үзээрэй гэж урьж байна. Бас цагтаа ирээрэй гэж туйлаас их хүсэж байна. Тоглолт 11 сарын 17-нд 18:45 цагт  Арлингтоны Росслиний Театрт болно. Нөгөө талаар Америкт байгаа олон, олон ээж аавдаа очиж үнсүүлж, уулзаж чадахгүй байгаа Монгол ахан дүүсдээ надтай хамт нэг оройг ээж, аавыгаа дурсаж, сайхан өнгөрөөгөөсэй гэж хүсч байна.

-Одоо хаана ямар ажил хийдэг вэ?

-Сургуулиа 2 жилийн өмнө төгссөн. International school of Music, Adult Education Center-т дуулах ур зүй, дуурийн урлагийн түүхийн хичээлүүдийг тус, тус заадаг. Мөн Арлингтон Хотын Ерөнхий Боловсролын Дунд Сургуульд багшлахын зэрэгцээ өөрийн цаг заваа гаргаж, үнэ төлбөргүйгээр, монгол сурагчдад болон тэдний эцэг эхчүүдтэй холбоотой ажиллаж мэдээлэл дамжуулах, орчуулга хийж өгч тусалж, дэмжихийг хичээж, нилээд хэдэн сургалт семинарт орчуулагчаар ажиллаж улс, эх орноо америкийн сурган хүмүүжүүлэгчдэд болон америк хүмүүст Монголын Соёл, Боловсролын   талаархи хуучин ойлголтыг өөрчилж, үнэн зөв мэдээлэлийг олгохыг хичээж явнаа.

-Уулзаж ярилцсан танд баярлалаа. Өмнөө зорилго тавьж, түүндээ хүрэхийн төлөө тэмцэж, хөдөлмөрлөж, сонгодог урлагийн өндөр оргил руу мацаж яваад тань бахархаж байна. Улам ихийг сурч Монголынхоо сонгодог урлагийг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулаарай гэж хүсч байна. Тоглолтонд тань амжилт хүсье!
-Та нарт ч их баярлалаа. Та нарын ажилд амжилт хүсье. Монголчууд бид бие биенээ дэмжиж, эвтэй найртай, бүгдээрээ л өөдрөг сайхан амьдрах болтугай.

Ярилцлагыг тэмдэглэсэн Галаа болон Ариунаа

*Ариунаа бид 2 Болормаатай бараг 4 цаг шахам ярилцаж суужээ. Гараад явахдаа нэгэнтээ H. Жанцанноров гуайн нэг ярилцлагадаа хэлсэнчлэн ”Сайхан хүнтэй ярилцаж суухад л хамгийн сайхан байдаг юм” гэсэн үгийг санаж явлаа. Харьд амьдарч  яваа цөөхөн Монголчууд бид бие биеэ дэмжиж, өөдрөг сайхан яваа нэгнээрээ бахархаж талархаж, урам өгч явбал юутай сайн.

Болормаа ажлынхаа зав чөлөөгөөр Монголчууддаа тус, буян болох гэж зөндөө л санал, санаачлага гаргадаг юм байна. Тухайлбал:. Арлингтон хотод суралцаж байгаа Монгол сурагчдад болон тэдгээрийн эцэг, эхчүүдэд америкийн сургалтын онцлогын талаар мэдээлэл өгч, семинар зохион байгуулж сонирхсон асуултанд нь хариулт өгч, Эрүүл Мэндийн Даатгалгүй нийт 60 гаруй монгол сурагчдыг Арлингтоны Педиатрик Центер-т (Арлингтоны Хүүхдийн Клиник) эмнэлгийн хяналтанд хамруулж, 20-иод  сурагчдыг үнэ төлбөргүй болон хямд үнэтэй хүүхдийн шүдний эмнэлэгт бүртгүүлж, 5 сурагчдад тохиолдсон сэхээн амьдруулах тасагт яаралтай тусламжинд болон зайлшгүй шаардлагатай мэс заслын ажиллагаанд орчуулга хийн, эмнэлгийн төлбөрийг хөнглөлттэй буюу үнэ төлбөргүй болгож өгчээ.  10 гаруй сурагчдын болчимгүйгээр үйлдсэн гэмт хэргийг шүүх ажиллагаанд орчуулга хийж, ялыг хүчингүй болгох болон хөнгөлөлттэй ял шийтгэл оногдуулах шийдвэрт тус нэмэр болсон байна. Монгол улсаас А.Н.У- ын бага, дунд, ахлах сургуульд суралцахаар ирж буй  сурагчдын мэдлэгийн түвшинг зөв зүйтэй тогтооход нь туслах зорилгоор 1-12 дугаар ангиудын математик, алгебрийн хичээлээр авдаг шалгалтын материалийг Монгол хэл дээр мөн 5-7 дугаар ангид үздэг математикийн хичээлийн чухал нэр томъёо, дүрмүүдийг Монгол хэл дээр тус тус орчуулaн Монгол сурагчдынхаа мэдлэг боловсролд бага ч атугай нэмэр тус болчих юмсан гэж зүтгэж яваа дуучин, урлаг судлаач, багш, сурган хүмүүжүүлэгч эмэгтэй юм байна.

Түүний тоглолтын дэлгэрэнгүй зарыг удахгүй ”Орлоо.ком” дээрээс та олж үзэх болно. Алс холын Америк оронд дэлхийн сонгодог урлагийн сурталчилж яваа, Болормаагийн аавдаа зориулсан концертонд морилон ирж, нэгэн оройг сэтгэлийн таашаал эдлэн хамтдаа өнгөрүүлэхийг урьж байна.

Sep 30

АМЕРИК БА МОНГОЛ

By gala-admin | ТЭМДЭГЛЭЛ

…Америкт ирээд 2 жил боллоо. Анхнаасаа л миний сонирхлыг татаж байсан ”Хүмүүс яагаад ингэтлээ Америк руу тэмүүлдэг юм бол? Америк юугаараа хүмүүсийг ингэтлээ татна вэ?” гэсэн асуултын хариуг би өнөөдөр бодож сууна. Мэдээж хууль бусаар амьдарч байгаа болохоор олон олон зүйлийг лавшруулан мэдэх, мэдрэх боломжгүй л дээ.  Гаднаас өнгөц  харахад л мэдрэгдэж байгаа сайн муу, сайхан муухай олон зүйлийг л төрж өсөж, амьдарч байсан Монгол оронтойгоо харьцуулахад их л олон зүйл бодогдоно.

mgl

Нэг. Байгаль ба хот

Далласын онгоцны буудалд буугаад Вашингтоны төв орох замд анх түрүүн ажиглагдсан зүйл нь замын хажуугаар жирэлзэх модод зүлэг, байгалийн онгон төрх байлаа. Хожим Нью-Иорк, Чикаго, Лас Вегас хот болон хот орчмоор явж байхдаа Америкчууд хот төлөвлөлтийг, байгалийн унаган төрхтэй нь уялдуулан гайхамшигтайгаар төлөвлөдгийг нь мэдэрсэн. Тэдний зам гүүр, барилга барих нь аль эртнээс төлөвлөгдсөн өөрчлөгдөхийн аргагүй цогц байдагт л ид шид нь байдаг гэлтэй. Ямар ч орон сууц, байгууламжийг барихдаа,
байгалийн төрхийг нь алдагдуулахгүйгээр зөвхөн сонгож авсан талбайдаа бариад буцаагаад, эргэн тойрныг нь нөхөн сэргэж, хуучин байдалд нь оруулдаг нь ажиглагддаг. Манай Улаанбаатарт барилга барихдаа, орчны модыг нь огтолж, баахан нүх шуудуу ухаж орчныг нь сэглээд л орхидогтой зүйрлэх аргагүй. Манай алтны уурхайнууд газрыг нь сэндийлгэж, хиймэл нуур тогтоож, алтыг нь авчихаад баахан намаг шалбааг, шороон овоолго үлдээгээд оддог, араас нь БОЯ-ныхан нөхөн сэргээлт хийгээч гэж гуйж шаардаж явдагтай бүр ч адилтгах аргагүй. Орон сууцны барилгуудаа барьчихаад худалдаж авах хүмүүстээ санал болгодог. Тэнд өөлөх юмгүй, орчин тойрондоо зүлэг ногоо нь халиурч, модод цэцэглэж шувууд жиргэж байхад тэгээд ч хаус нь граж, зам талбай, нарлагааны талбай гээд бүх л юмс нь байхад хүмүүсийн зүгээс гомдол гаргаж, голж шилээд байх ч зүйл үгүй. Ялангуяа орон сууцны хороолол, бусад байгууламжуудад хамгийн гол шийддэг асуудал нь автомашины зогсоол, хүүхдийн тоглоомын талбай, оршин суугчдын амарч тухлах газар байдаг.
Өнөөдөр УБ хотод хуучин баригдсан барилгын хүүхдийн тоглоомын талбай, автомашины зогсоолд зориулагдсан бүх л газруудыг хүмүүс авч, чигжээс маягаар барилга барьсаар машин байтугай худалч хүнд ”бөгс эргэх” зайгүй болчихсон. Энэ газруудад барилга барих зөвшөөрөл авахын тулд УБ хотын өмнө, одоогийн удирдлага, ерөнхий менежерүүд нь хахууль авсан, авагүй гэж өнөө хүртэл маргаан болсоор… Хэрүүл яах вэ?

Нэг л зүйл маш тодорхой. Хот төлөвлөлт байхгүй болгож, зориулалтын бус газруудад барилга баригдаж, орчны байгаль бүү хэл, хүмүст ч ая тухтай амьдрах боломж үгүй болсон, нөгөө талаас хотын ерөнхий менежер агсан Бадамжунай УИХ-ын гишүүн, хотын захирагч агсан М. Энхболд ерөнхий сайд болсон нь үнэн. Энэ уудам газар нутагтай, цөөхөн хүн амтай Монгол оронд тэр тусмаа сая гаран хүн амтай УБ хотод ингэж шахцалдаж, замбараа болон алиагаа алдаж байх шаардлага юу байсан юм бол. Бүхнийг мөнгөтэй холбож тайлбарлахын оронд богино ухаан, харалган бодол, мөнгөний төлөө улайрсан цэвдэг сэтгэлээс болж байгааг зөвшөөрөх цаг болоогүй юу.

Хоёр. Инээмсэглэл ба бухимдал

Миний ажигласан хоёр дахь зүйл нь хүмүүсийн инээмсэглэл ба найрсаг зан. Америкийн хаана ч явсан уурлаж, бухимдаж байгаа хүн ер нь тааралдахгүй талдаа. Автомашинтай явж байгаад туслах замаас төв зам руу шилжих гээд зогсож байхад, аль эсвэл та явганаар явж байгаад гарцаар гарахад ямар ч жолооч, таныг зогсож байгаад боломж олгоно. Дэлгүүрт орсон ч урдаас чинь инээмсэглэж тосоод, танд юугаар тус болж болохыг лавлана. Гэрт нь ажил угсрах гээд очиход гэрийн эзэн таныг инээмсэглэж тосоод л ажил хийх боломж олгоод өгнө. Худал хуурмаг бус зүгээр л хүнийх нь хувьд таныг хүндэтгэж байгаа л хэлбэр юм. Та, мал адгуус эсвэл хорхой шавьж бус хүн болоод төрчихсөн учраас хүндлэгдэх ёстой юм гэж ойлгоход болно л доо. Хуурамч ч бай инээмсэглэл, хүнийг бүдүүлэг зан гаргахаас урьдчилан сэргийлдэг гэсэн үг юм.

Мэдээж энд атаман, эсвэл дарамтлагч байх нөхцөл үгүй. Таны баян ядуу, эсвэл хар, шар арьстан, эсвэл хотын хөдөөний байх ямар ч ялгаагүй. Гагцхүү та ”хүн” учраас л хүмүүс инээмсэглэнэ. Монголд байгаа шиг жаахан юм уучихаад хэн нэгнийг өдөөд үзвэл, тэр хүн тантай хэрэлдэж зодолдох ч үгүй шууд л цагдаа дуудчихна. Цагдаа ирээд таныг аваачиж тусгаарлаад шал дэмий юм хийжээ гэж боддог болохоор чинь торгоод хариулчихна. Та өөрийн ”дэмий юмандаа” нэлээд доллар төлөөд гарна. Энд цуг ажиллаж байсан 2 залуу муудалцаж  л дээ. Нөгөөх нь хэд хоногийн дараа жаахан юм уучихаад ”атаман” зан нь хөдөлж, нөгөө найз руугаа утасдаад ”Би удахгүй очоод чамайг алаад хядаад өгнө, зодолдоход бэлтгэж бай! гэх маягийн юм хэлж дээ. Нөгөөх нь ”Хүрээд ирвэл ирээ. Би чамтай зодолдож чадахгүй, харин цагдаа дуудчихаад хүлээж байя” гэж. Атаман залуу маань харьж унтахаас өөр яах вэ дээ. Зүгээр л нийгмийн тогтолцоо нь  хүмүүжилчихэж байгаа юм даа. Хууль нь чамайг хамгаалж байгаад чи үнэн голоосоо итгэж байгаа болохоор айх аюул дарамтгүй учраас инээмсэглэх боломжтой болно.

Гудамжаар явахаар тоос шороо нь тургиад, хүмүүс дайрч унагачих гээд, гарцаар гарахаар машинууд сигналдаж цочоогоод, дэлгүүрт ороод хүссэн юмаа авах гэхээр мөнгө хүрдэггүй, гэртэ харихаар хоол унд муутай, тохь тухгүй, хүүхдүүд нь үргэлж гачигдаастай, телевиз үзэхээр авилга, хахууль, жагсаал цуглаан, алаан хядаан, хэрүүл хараал. Улаанбаатарт хүмүүс ихэвчлэн бухимдалтай, ширүүн харцтай, хэн яачих бол гэсэн хардлага айдастай яваа нь харагддаг. Жаахан юманд л уурлаж бухимдаад, энд тэндгүй л хэрүүл хараал. Ядахнаа гудамжаар явж байгаад шаардлага гарвал бие засчих ч газаргүй, барьж яваа цаасаа хийчих хогийн сав үгүй, ядарч яваад суугаад амарчих сандал үгүй, бухимдахаас ч аргагүй болдог.

Монгол хүн инээмсэглэх дургүй дээ албаар хөмсөг зангидаад байдаг юм биш шүү дээ. Инээмсэглэх боломжийг нь ядаж бүрдүүлээд өгчих л дөө. Гудамж талбайгаа цэвэрлээд, хаяг нэршлийг нь тодорхой болгоод, хогийн сав хаа сайгүй байршуулж, бие засах газруудаа олшруулж, зам гарцаа тодорхой болгоод өгвөл инээмсэглэдэггүй юмаа гэхэд ядаж хөмсгөө зангидахаа болиод л эхэлнэ. Ядаж эндээс эхэлбэл цаашаа улам л сайжраад явчихна даа. Хэдэн жилийн дараа хүн бүр л инээмсэглээд л эхэлбэл аяндаа баяр хөөртэй алхдаг болох цаг ирнээ.

police

Гурав. Цагдаа ба иргэн

Америкт цагдаа бол үнэхээр нэр хүндтэй, нөгөө талаас үйлчилгээний гэдэг утгаар ажилладаг юм билээ. Тийм ч учраас хүмүүсээ сайтар шилж, сургаж бас төр засаг нь ивээлдээ байлгадаг болохоор манайтай адил цагдаатай ”найрна” гэсэн ойлголт огт байхгүй. Тэдэнд ганчан зүйл бий. Хуулинд тэгээд заасан. Гүйцээ. Америкт автомашин ихтэй болохоор цагдаа нар машинтай замын хөдөлгөөнд оролцоод явж байхдаа бүгдийг хянана. Ямар нэгэн машин сэжигтэй санагдвал машин доторх компьютерээсээ лавлаж шалгаад л зогсоох эсэхээ шийднэ. Компьютерт нь уг машины талаарх бүх мэдээлэл бий. (Эзэн нь, хаяг нь, татвар төлсөн эсэх г.м)

Хууль дүрэм зөрчөөгүй л бол машин зогсоохгүй. Машинууд ихэвчлэн хурд хэтрүүлсэн зөрчил гаргадаг болохоор одоо Виржиниа мужид хурд хэтрүүлбэл шууд л 1000-1500$-оор торгох шийдвэр гарсан. Хуулиа чангалаад л асуудлыг шийдчихнэ. Тиймээс энд жолооч нар хурд хэтрүүлэхээс л болгоомжилдог. Машинаа буруу зогсоолд тавиад эзэнгүй орхисон эсвэл зогсох хугацааныхаа мөнгийг дутуу төлсөн, бүр төлөөгүй бол торгуулийн хуудсыг машиных нь шилэнд наагаад орхичихно. Хэрэв та хугацаандаа торгуулиа төлөхгүй бол таны торгууль хоёр дахин нугараад л гэрийн чинь хаягаар нэхэмжлэх ирчинэ. Цагдаа байхгүй гээд улаан гэрлээр орчихсон бол таны машинтайгаа улаан гэрлээр гарч буй малилзсан зурагтай чинь хамт, торгуулийн хуудас, өдөр цаг минут секунд заасан бичлэгтэй хамт хүрээд ирнэ. Та удаа дараа зөрчил гаргаад явсан бол нэг л өдөр ”Уучлаарай, таны жолооны үнэмлэх чинь хүчингүй боллоо” гэсэн мэдэгдэл хүрээд ирнэ. Та ямар ч таньдаг, таньдаггүй цагдаатай найрах аргагүй хууль нь өөрөө цагийн механизм шиг л яг таг ажиллана.

Нэг Монгол залуу жаахан юм уучихсан, хурд хэтрүүлж яваад цагдаад саатуулагджээ. Цагдаа согтууруулах зэрэг хэмжигч үлээлгэх гэсэн боловч ”би үлээхгүй” гэж яаж ийж гүрийсээр байгаад үлээлгүй үлдчихэж л дээ. Дараа нь шүүх хурал дээр нөгөө цагдаа согтуу байсныг нь нотлох баримт бүрдүүлж чадаагүй тул шүүх түүнийг согтуу байсан гэдгийг нь авч хэлэлцэлгүйгээр зөвхөн хурд хэтрүүлсэн гэдгээр л шийдвэр гаргасан байна. Тэгэхээр нотлогдоогүй л бол гэм буруутай гэж үзэхгүй гэдэг хууль яаж хэрэгждэгийг эндээс харж болно.

Монголд бид нар яриад хөхрөлддөг байсан нэг онигоо бий. ”Нэг залуу амьдралаа дээшлүүлэх гээд хөөцөлдсөөр байж, замын цагдаа болжээ. Ажилд ороод 1 сар өнгөрч, 2 сар болоход нь нягтлан дуудаад ”Чи яагаад  цалингаа авахгүй байгаа юм бэ? гэж асууж. Мань эр гайхсанаа ”Бас цалин авдаг юм уу” гэж дуу алдсан гэдэг. Миний мэдэхийн УИХ, гааль, замын цагдаа гурав лав хүмүүсийн амьдралаа дээшлүүлэх гэж ажилд ордог газар гэсэн ёгт ойлголт нийтэд түгээмэл байдаг.

Ямар нэгэн баяр ёслол ойртохоор нэмэлт орлого олохын тулд үйл ажиллагаа нь идэвхждэг, эргүүлийн болон замын цагдаа, ямар ч хүнтэй бүдүүлэг, дээрэнгүй харьцдаг, тийм талаараа түшиглэж асуудлыг хуулийн бус шийддэг олон үйлдлүүдийг энд дахин нуршаад яах вэ? Тэртэй тэрэнгүй улиг болчихсон асуудал.
Хамгийн гол нь энэ асуудлыг яаралтай шийдэж, заримыг нь өөрчлөхгүй бол улс орны хөгжлийг буруу тийш нь хөтөлж мэдэх нь ээ.

1. Цагдаа бол хүчний байгууллага биш үйлчилгээний байгууллага. Иргэдийг хуулийн хүрээнд, тайван амьдрах боломжийг хангахад үйлчлэх ёстой. Алив хүн, бусдын эрх ашигт хохирол учруулахгүйгээр л өөрийнхөө эрхийг эдлэх ёстой гэдэг л үйл ажиллагааных нь үндэс байх ёстой юм биш үү.
2. Цагдаагийн боловсон хүчний асуудлыг бүхэлд нь өөрчлөх цаг болсон биш үү. Бие бялдар, мэдлэг боловсрол, харилцааны соёл, ур чадвар, ёс суртахуун гэсэн 5 үзүүлэлтээр хүмүүсээ сонгон шалгаруулж, сургаж, бэлтгэж ажиллуулах
3. Цагдаа төрийн бүрэн ивээлд байх ёстой. Тэдний хувцас, хангалт, унаа, цалин дээд зэргийн байж хуулийг сахиж мөрдүүлэх үүрэг нь биелэх боломжтой. Хүмүүс юу юунаас илүү хуулийн дор амьдрахыг хүсэж байна. Айдасгүй, дарамтгүй, тайван амьдарч байж л хүмүүс ”эрх чөлөөг” жинхэнэ утгаар нь мэдэрдэг юмаа.

Дөрөв. Боловсрол ба ажил хөдөлмөр

Америкт ажиллаж байгаа Монголчууд ихэвчлэн хар ажил хийдэг. Монголд. Орост их дээд сургууль төгссөн олон ч инженер, эмч, багш, хуульч, эдийн засагчид чулууны үйлдвэр, модны болон барилгын засвар, хими цэвэрлэгээ, зочид буудал, ресторан, автомашины засварын газар, дэливери, хүн асрах гэх мэт янз бүрийн ажил хийцгээдэг. Нэгэнтээ Элбэрдөржийг Америкт аяга таваг угааж байсан гэж доромж маягаар бичсэнийг уншиж байснаа санаж байан. Өнөөдөр Монголд төрийн боломжийн алба хашаад 200-300 долларын цалин сард авах, Америкт аяга, таваг угаагаад 1200$-ын цалин авах хоёрын мөнгөн дүн, хөдөлмөрийн үнэлгээний талаар бодож үзүүштэй л болох байх. Ямар ч гэсэн энд ирсэн Монголчууд Монгол байхдаа боломжийн алба хашаад 200$ авч сэтгэлийн дарамттай амьдрахаас, Америкт хар ажил хийгээд 2000$ сард авч сэтгэл тайван амьдрахыг илүүд үзсэн байх. Инженер хүн чулууны үйлдвэрт хар ажил хийгээд өөрийгөө доош нь хийж гутрахыг үзүүгүй.

Харин Монголчууд боловсролын түвшингээрээ ч тэр аль ч үйлдвэрт ажиллаад, эзэддээ бусдаас арай илүү үнэлэгдэж, илүү итгэгдгийг мэдэрч байна. Америкт чи ямар сургууль төрссөн бэ? Ямар мэргэжилтэй вэ? гэдгийг төдийлэн сонирхохгүй (цагаачдын хувьд) чи энэ ажлыг яг таг хийж чадах уу? гэдгийг л сонирхоно. Хийх ёстой ажлаа хийгээд, авах ёстой цалингаа л авна. Түүнээс биш Монголд байдаг шиг байгууллагынхаа ашиг орлогыг сонирхоод, дарга удирдлагаа шүүмжлээд, хэрхэн яаж удирдахыг зааж зааварлана гэсэн ойлголт байхгүй. Бүх л зүйл хууль дүрмээрээ л явна. Өөрөөр хэлбэл чи энэ байгууллагын төлөө бус өөрийнхөө төлөө л ажиллах ёстой. Өөрийнхөө төлөө гэдэг нь, чи хийх ёстой ажлаа л сайн хийж авах ёстой цалингаа ав, чадахгүй бол яв. Байгууллага болон компанийн бусад асуудал чамд ер хамаагүй. Энэ л зарчмаар ажилладаг учраас өөрөө цалинтай байж өөрийгөө тэжээхийн тулд өөрт оногдсон ажлаа сайн хийхээс өөр арга үгүй. Ажлаа хийж чадахгүй ажлаасаа халагдвал чи цалингүй, чамд хэн ч туслаж чадахгүй.

Хэн нэгэн найз чинь чам дээр шил юмтай ирж, хувааж уугаад ажлаас халсан дарга болон байгууллагыг нь муулан шүүмжилж, дээш нь матаас бичиж хонзонгоо авах шаардлага ч гарахгүй.  Энэ бол асуудлын нэг тал. Асуудлын нөгөө тал нь Монголд, Орост, чиний суралцаж олж авсан диплом энд ямар ч үнэ цэнэгүй. Чи дипломоо, 3-н үейин намтар, ажил байдлын тодорхойлолт, гавъяа шагналаа бариад ч энд ямар ч ажил олдохгүй. Харин чиний хэлний мэдлэг, өндөр хөгжилтэй орны диплом, чиний ажил хэрэгч, ур чадвар хэрэгтэй. Тэгэхдээ диплом ч гол бус. Энэ нь чиний үзэж судалсан зүйлийг чинь тодорхойлж байгаа хэрэг. Харин өөрийнхөө байгууллагад тэнцэж ажиллах чадварыг чинь туршиж үзнэ. Энд бол чиний ажил хэрэгч чанар, хувийн ёс суртахуун, хүнтэй харилцах, бусдад өөрийгөө ойлгуулах чадварыг чинь илүүтэй сонирхоно. Тэгэхээр манай боловсролын тогтолцоог өөрчлөх, их дээд сургуулийн сургалтыг дэлхийн тувшинд ойртуулах гэдэг л хамгаас чухал болох нээ. Хамгийн гол нь суралцахаас гадна өөрийгөө гэдэг л боловсролын бас нэг чухал хэмжүүр болжээ. Энэ бол бие хүн бэлтгэх гэдэг л ойлголтод очно.

Бусадтай зөв харилцах, өөрийгөө бусдад ойлгуулах, бусдыг анхаарч ойлгох чадвар гээд багаар ажиллахад суралцах, өөрийгөө бэлтгэх гэсэн л үг. Их мундаг сурдаг хирнээ архи уугаад, бусдыг доромжлод шүүмжлээд, өөрийгөө хоосон магтаад суудаг оюутан ийм газар яагаад ч ажилд орж чадахгүй. Хүний боловсролын түвшин, хүмүүжил хоёр шууд  хамааралтай учраас манай өвөг дээдэс эртнээс ”Их мөрөн дөлгөөн, эрдэмт хүн даруу” гэж сургасаар иржээ.
Тэгэхээр энд хар ажил хийж байгаа дээд боловсролтонгуудаа шоолох хэрэг ердөө ч байхгүй. ”Суусан цэцнээс явсан тэнэг дээр” гэдэг  үгээр энд эд л ажил хөдөлмөр, бизнесийн жинхэнэ хуулийг биеэрээ мэдэрч, хатуужиж, ухаан сууж, Монголдоо эрсдэл багатай бизнес хийхэд өөрсдийгөө бэлтгэж байна.
Харин бодууштай нь Америкт суурьшиж ажиллаж байгаа олон Монголчуудаас Америкийн нэр хүндтэй их дээд сургуулиудыг төгсч Америкийн том том нэр хүндтэй байгууллагуудад ажиллаж байгаа олон залуучууд гарч ирж байна. Тэд загварын агентлаг, банк, эмнэлэг, томоохон компаниудад ажиллаж зарим нь нэр хүндтэй сургуулиадад багшилж байна. Өөрөөр хэлбэл дэлхийд зөвшөөрөгдсөн Монгол мэргэжилтнүүд төрөн гарч ирж байна. Эрхбиш Монголын төр засаг, эрхэм дээдсүүд нэгийг бодох биз. Эд Монголын засгийн газраас нэг ч төгрөг авалгүй эцэх эх, өөрсдийн боломжоор зардлаа төлж өндөр боловсрол эзэмшлээ. Эдний зүрх сэтгэлд Монгол орон нь бий. Эрдэмд оройгүй гэдэг билээ.

Тав. Улс төр ба бид

Америкт зөндөө л хүмүүстэй тааралдах авч, Америкийн ардчилсан болон бүгд найрамдах намын гишүүн эсвэл улс төр ярьж, жагсаал хийж, өлсгөлөн зарлаж байгаа хүмүүстэй тааралдсангүй. Хүмүүст улс төр нь чухал биш. Хувийн амьдрал, ажил хөдөлмөр нь чухал. Америкийн ерөнхийлөгч хэн байхаас хамарахгүй, Америкт конгресст аль нам хүчтэй байхаас хамаарахгүйгээр хүмүүсийн амьдрал өөрөөс нь хамаарч байдаг тогтолцоог бий болгочихсон болохоор элдэв хийрхэл бараг л үгүй болж дээ. Бүх зүйл нь хуулинд захирагдана, гаргасан хууль нь яс хэрэгждэг болохоор ”Тэнгэрийн дор төрж, хуулийн дор амьдарна” гэдэг үг хаа холын Америкт биелэлээ олжээ гэж бодогдном. Энд ердийн найз нөхөд гэж байхаас ашигтай ба ашиггүй найз нөхөр гэж байхгүй. Ямарваа бэрхшээлтэй асуудлаар хуулийн дагуу өмгөөлөгчид хандаж мөнгөө төлөөд зөвөлгөө авахаас бус уг асуудлаа хуулиас гадуур шийдүүлэх гэж гэж таньдаг хүнээ хайж, сураглаж давхих, ямар нэгэн зөвшөөрөл авахын тулд зохих баримтаа бүрдүүлж өгөхөөс бус хэн нэгэн түшмэлд авилгал өгөх шаардлага байхгүй.

Иймдээ ч Америкчууд хуулийн дор дарамтгүй өөрийн хүч чадлаа дайчлан сайхан амьдарч чадаж байна шүү дээ. Америкт гарч байгаа Монгол телевизүүдийн мэдээг үзэж, Оюу толгой, Таван толгой, сонгуулийн будлиан, онгоцны осол, хохирогчдын гомдлыг сонсож суухдаа, Монгол Улсын Ерөнхийлөгч, ерөнхий сайд, УЙХ-ын 76 гишүүдэд гомдож, ”Энэ чинь гол асуудал биш ээ! Та нар хуулиа л чанартай гаргаад, түүнийгээ хэрэгжүүлж мөрдөхөд л ард түмнээ сургаад өгчихөөч. Энэ л та нарын гол ажил шүү дээ” гэж хашгирмаар санагдах юм. Тэр бөхийн цол олгох, гадаадын уул уурхайн компаниудтай гэрээ хийж хувь авах, ХЗХ-ны хохирлыг төлөх нь та нарын асуудал биш. Асуудлыг шийдэх хуулиа гаргаад л өгчих бусад нь түүнийг хэрэгжүүлэг. Хэрэв хэрэгжүүлэхгүй бол яаж хариуцлага тооцохоо бас хуульчлаад өгчих. Тэгээд л горимдоо орох цаг ирнэ. Монголын төрөөр тоглох тоглоомоо дуусгаад, ард иргэдээ тайван амьдрах, ажил хөдөлмөр хийж түүгээрээ хангалуун амьдрах боломжийг нь олгож өгөх цаг болжээ. олон юмыг өөрчлөхөд цаг хугацаа хэрэгтэй. Ядаж үр хүүхдүүд минь хуулийн дор тайван ажиллаж амьдраг л дээ.

Төгсгөл

Уг нь үүнийг бичиж эхлэхдээ ”Улс төр” л бичихгүй юм шүү гэж бодсон боловч нэг л мэдэхэд ”улс төр” лүү хальтраад орчихлоо. Яж ч бодсон өнөөдөр Монголчууд бидний амьдрал улс төрөөс л хамааралтай хэвээр байсаар байна. Хуучнаар ”Капитализмын” өлгий нутаг Америкийг магтаж, ”социализмын” дагавар орон Монголоо муулах гэсэнгүй. Нүдээр үзэж, биеэр мэдэрч байгаа энэ ялгааг л арилгадаггүй юм гэхэд жаахан ч атугай ойртуулдаг болоосой гэж мөрөөднө. Хүссэн ч эс хүссэн ч эрх чөлөөний эх орон Америкаас Монгол орон минь дуурайн авах юмаа авах л болно. Өөр гарц үгүй. Жил жилийн 7-р сард амьдарч байгаа хот бүрдээ Монголчуудын холбооны санаачлагаар үндэсний баяр наадмаа хийхдээ, төрийнхөө алтан соёмбот далбаагаа өргөж, төрийн дууллаа гараа цээжиндээ авч дуулцгааж, наадмын хаалтаа хийхдээ ”Халуун Элгэн Нутаг”-аа нулимс цийлэгнүүлэн дуулах Америкийн Монголчуудын сэтгэл зүрхэнд нь хатуу ширүүн ч ээлжлэх 4 улиралтай, хангай, говь, тал, хээр нутагтай, адуу янцгааж, айраг сэнгэнэсэн Монгол нутаг минь оршсоор л байдаг юм. Эх орноо , ижий аав, хань ижил, үр хүүхэдтэйгээ зүүдлэн сэрдэг Монголчууд маань нутгаа санан бэтгэрч, харих цагаа хүлээж л сууна.

Америкт байгаа Монголчууд маань, тус тусын оршин суугаа хотдоо ”Монголчуудын холбоо”-той, тэдний санаачилгаар Америкийн Монголчуудын хөл бөмбөг, сагсан бөмбөг, гар бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн, Урлагийн наадам зохиогдож, Америкт бизнес эрхлэгч Монголчуудын уулзалт, Вашингтоны ”Хар Хорин” клуб Монголоос ирсэн алдартнууд, улс төрчидтэй уулзалт хийж, ”Орлоо.ком” вэб сайт  Монголчуудаа хооронд нь харилцуулж холбох үүргийг гүйцэтгэн зар сурталчилгаа явуулж,, ”Даяар Монгол” сонин хэрэгтэй мэдээллийг Монголчууддаа цацах зэргээр тэдний үйл ажиллага жилээс жилд өргөжин хөгжөөд байна. Эдний ард Америкт төрж, сургуульд суралцаж мэргэжил эзэмшиж байгаа бүхэл бүтэн үе өсч өндийж байна. Монгол орны хөгжил дэлхийн жишигт хүрэхэд эдний хувь нэмэр асар ихээ.

Иймд ч эдний тухай, төр засгийн анхаарлыг хандуулахын тулд Тайван, Ариунтуяа хоёрын санаачилсан ”www.orloo.com” вэб сайттай миний бие хамтран ”Америкийн Монголчууд” нэртэй цуврал нийтлэлүүд бичиж эхлээд бaйна. Уншигч та бүхэн service@orloo.com гэсэн хаягаар бидэнд саналаа ирүүлж, сэтгэгдэлээ Орлоо цахим хуудсанд үлдээгээрэй. 10-р сарын сүүлчээр АНУ-д айлчлал хийх МУ-н Ерөнхийлөгч Н. Энхбаяр та, Америкийн Монголчуудын хүсэлт сэтгэгдлийг нь сонсож, төр засгийн анхааралд авч хамтран ажиллаж олон асуудлыг шийдэх байх гэж найдаж байна.

Төрийн сүлд ивээг.
Нийтлэлийг бичсэн Харнууд овогтой Гомбосүрэнгийн Галбадрах

2007-9-30

 

Sep 09

Төр засаг жаахан цэгцрэхээр л Монголдоо буцна даа

By gala-admin | ЯРИЛЦЛАГУУД

-7 хоногийн хамгийн сайхан өдөр хэзээ гээч? Баасан эсвэл Бямба гариг… Харин хамгийн хэцүү өдөр Даваа гариг.
-Ажилласаар байтал нэг л мэдэхэд 7 хоног гялс өнгөрчих юм. Яасан хурдан өнгөрчихвөө гээд л баярлах юм.
-Яг үнэндээ гялс гээд өнгөрч байгаа өдрүүдийн цаана бидний л амьдрал хурдан өнгөрч, үхэх цаг маань тэр хирээр ойртож байгаа гэж бодохоор заримдаа гунигтай санагдах юм.

-Америкт ирээд хэдэн жил болж байна?
-За даа бараг 6 жил болж байх шив дээ
-Бас ч удаж байгаа юм байна шүү дээ
-Бараг л юу ч мэдэхгүй шахам 6 жилийг өнгөрөөлөө. Өглөө босоод ажил. Орой ядаж зүдэрсэн амьтан өрөөндөө ороод унаад өгнө. Арай гэж нэг юм хоол хийж идcэн болоод л унтана. Дахиад л өглөө босоод ажилдаа. Яг л ажлын мал шиг л зүтгэнэ дээ. Гунигтай байна уу?

-Ажил чинь хүнд үү?
-Уг нь ойрдоо захиалга багатай болохоор гайгүй, захиалга ихтэй  үед бол ч нусаа хацартаа наана шүү дээ. Ер нь жилийн 9-12 сард ажил нилээд их, он гараад 1,2 сард арай бага, 3-6 сард ихсээд 7, 8 сард дахиад багасна. 7, 8 сард Америкчууд ихэнх нь амраад ийш тийшээ явчихдаг болохоор ер нь бүх ажлууд slow  болдог юм шиг байгаа юм.

-Хаа сайгүй л ажил slow  байна гэцгээх юм. Одоо 9 сараас гайгүй болох байх даа тиймээ?
-Цагаар цалинждаг болохоор slow  үе  чанга шүү дээ. Манай солонгос эзэн, дотор ажил байхгүй гээд боож үхэх гэж байна. Хамаг ажил нь зогсчихоор юун цалинтай мантай л болно шүү дээ. Би хааяа хэмжилтэнд явж, цагаа гүйцээх гэж бөөн юм болдог.
-Яаж?
-Гялс явж хэмжилтээ хийчихээд, цагаа сунгах гэж энэ тэрүүгээр цаг өнгөрөөж байгаад очно. Очоод л трафиктай байлаа, тэглээ ингэлээ гээд л залж өгнө дөө. Харин манай эзэн надад хаа очиж гайгүй.
-Манай Монголчуудад хаа газар эзэд нь сайн байх юм.
-Аргагүй шүү дээ. Манайхан чинь ихэнх нь Монголдоо дээд сургууль, коллеж, тэхникүм төгсчихсөн, энд хараар ажиллаж байгаа халтаруудын дэргэд ”эрдэмтэн” л гэсэн үг. Ядаж л хийх ажлынхаа арга эвийг хурдан олно. Ажлыг чин сэтгэлээсээ сайн хийнэ.

-ТИС төгслөө, холбооны инженер, бас ч дажгүй ажил хийж байсан.
-Тэгвэл кабинетийн үйлдвэртээ түүртэхгүй л юм байна шүү дээ.
-Иймэрхүү жижиг үйлдвэрт учрыг нь олж ядаад байх ч юу байх вэ. Эхлээд захиалга авна. Захиалга өгсөн айлдаа очиж хэмжилт хийнэ. Зургаа зураад эзэнд өгчихнө. Эзэн  зургийн дагуу модоор л хийлгэж байгаа юм. Цехэд бол ажил нилээд их. Кабинетийг нь яг л захиалгаар хийнэ, өнгөлнө, янз бүрийн тавцангуудыг бас хийж өнгөлнө. Бэлэн болмогц хоёулаа айлд нь аваачиж өгнө. Америкт харин сайн тал нь стандарт яг мөрддөг болохоор бэлэн бэлдцүүд угсардаг сайн талтай.
-Олуулаа ажиллах уу?
-Гайгүй. Цехдээ 3, угсралтад 2 хүн л ажиллана. Кабинет хийхийг нь харин жаахан гарын дүйтэй хүн хийдэг. Манайхан бол ямар ч ажлыг дорхноо л сурчихдаг юм. Монголчуудын цусанд угаасаа жаахан юм бий шүү.

-Цалин?
-За даа янз бүр. Ер нь дунджаар цагийн 10$-15$ байдаг юм даа. Өдөрт яс л 8 цаг ажиллана. Хааяа илүү цаг ажиллах тохиолдол гарна, ер нь ховор доо. Ажил бага тохиолдолд, эзэн цалингүй амраачихдаг болохоор зарим сард мяарна шүү дээ. Зарим сард юун Монгол руу мөнгө явуулах, байр, хоол, машины мөнгөө төлөхтэй үгүйтэй л болно доо.
-Мөнгө хурааж чадав уу?
-Америкт мөнгө хураана гэдэг хэцүү дээ. Яг л мөнгө хураах зорилго тавиад, 2 ажил хийж, гүрийж байгаад хамаг зардлаа танаж байгаад юу юм гэхээс. Яг тогтмол ажилладаг газар бол арай гайгүй юм шиг байгаа юм. Миний хувьд өөрийгөө болгоод Монголд байгаа хэдийгээ л нэг юм болгоод байна даа.

-Зардал их гардгийг Монголд байгаа хүмүүс ойлгодоггүй юм шиг байгаа юм.
-Харин тиймээ. Нэг л их өндөр цалин аваад мөртлөө харамлаад байна гэж боддог юм шиг байгаа юм. Манай хэд ч гайгүй ээ ойлгодог юм. Энд 1 бэдрүүм байранд сард  дунджаар 1200$ төлнө. Үүнийгээ хэд хэдээрээ сууж хуваагаад төллөө гэхэд 1 хүн сард 300$ багагүй төлнө. Хоол хүнсэнд их л хичээгээд бас л 300$ орчим, дээр нь утасны мөнгө, машины мөнгө, тамхи бензин, бусад зардлууд талийж өгнө. Одоо Виржиниад хууль чангарчихсан. Машины хурд хэтрүүлэхэд л 1000$-1500$ торгодог болчихлоо. Ёстой л мөрөөрөө мөөмөө унжуулаад л явж байхаас өөр аргагүй.

-Энд ууж байна уу?
-Америкт бараг согтотлоо ууна гэж байхгүй дээ.  Хааяа жаахан пиво ууж сууна. Жаахан халаад л ”Чингис хааны” Жаргалсайхны
”Харийн нутаг давчдаад байна
Харсан зүгтээ гүймээр байна
Хатуухан дарсыг ч цутгамаар л байна
Хашгирч уйлмаар бас дуулмаар байна” гээд л бараг нүдэнд нулимс гүйлгэнээд л дуулцгаагаад, сонсоцгоож байдаг даа. Америк ер нь архинд хатуу чанга ханддаг болохоор хэрэглээ нь аяндаа соёлжчихдог юм шиг санагдсан.

-Харийн нутаг Америкт, мэргэжлийн бус ажил хийгээд 6 жил амьдарлаа, юy нь сайхан байнаа?
-Үгүй яахав дээ. Сэтгэлийн дарамтгүй, ажил хийгээд боломжийн цалин авч байна. Түүгээрээ Монголд байгаа гэр бүлээ тэжээж, бас 2 ч хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлж байна. Америкийн хөгжил, хууль дүрэм, мөнгөний үнэ цэнэ, бизнесийн арга ухааныг мэдэрч байна. Бас халтар хултар англиар ярьж, хагас дутуу ч ойлгож сурч байна.

-Монголдоо буцах уу?
-Буцна даа. Хэзээ гэдгийг ч одоо хэлж мэдэхгүй байна. Ямар ч гэсэн 2 хүүхэд сургууль төгсөөд орхиг. Tөр засаг жаахан цэгцрээдхэг.
-Төр засгийг бас харнаа? (инээлдэв)
-Ядаж Монголд бизнес хийх эрүүл орчинтойболох  байлгүй дээ. Одоо ч чанга байгаа л сурагтай.
-Мэдээлэл хаанаас яаж авч байна?
-Завтай үедээ интернэт рүү ороод сонин уншчихна. Харин одоо Монгол телевиз шууд гардаг болсон гэсэн. Оноос өмнө тэрнийг тавиулнаа.
-За тэгээд л гүрийгээд л байж дээ.
-Америк амьдралаараа амьдраад л биллээ төлөөд л гүрийгээд байна даа.
-Хааяа ингэж буу халж байх зүгээр юм
-Баасан ахын төрсөн өдөр ганц нэг пиво шимэнгээ буу халах зүгээр ээ, хааяа дотор онгойдог юм.

Ярилцсан Галаа.

 

Aug 22

1990 оны “Ардчилсан хувьсгал” буюу хүсэн хүлээсэн “Нуган үр”

By gala-admin | НИЙГЭМ - УЛС ТӨР

mongolian_school_jan_feb_07_151.jpg1990 онд ардчилсан хувьсгал ”тайван зам”-аар ялж нийгмийн харилцаа бүхэлдээ өөрчлөгдөн, хүмүүсийн сэтгэлгээ, амьдрал хөдөлгөөнд орж хувьсч өөрчлөгдсөөр даруй 17 жил өнгөрлөө. Энэ бол бага хугацаа биш. Хүний амьдралаар бол эхийн хэвлийгээс унаснаас хойш унтаж, идэж, уйлж, дуулж баясч хөөрч, хэлд бас хөлд орж, эрдэм сурч, амьдралыг ухаарч, улмаар ”бие хүн” болсноо баталгаажуулан иргэний үнэмлэх гардаж авах хүртэлх хугацаа.

Гэтэл Ардчилсан хувьсгал маань тогтворжиж, иргэний үнэмлэх авах болзлоо ч хангадаггүй. Ухаан сууж томоождоггүй, хүний хэлж сургасаныг хүлээж авч ухаарахын оронд зөрүүдэлж, ярдаглаад дураараа аашлан, бас болоогүй архи дарс уун, хэрэг төвөг тариад, хамаг юмаа ч зарж үрээд зовоож яваа үрээ харан цөхөрч суугаа эцэг эх шиг л тогтворжиж, цэгцэрдэггүй төр засгаа харан ард түмэн маань ”цөхөрч” сууна.
Хэдий зовоож шаналгаж байвч төрсөн үр нь болохоор хаяж орхиод явчихаж, эсвэл хөөгөөд явуулчихаж зүрхлэхгүй, дэмий л ”ухаан сууж, томоожих”-ыг хүлээж суугаа зовлонт эцэг эхийн адил, элэг зүрхнээс уяатай, төрж өссөн Монгол орноо хаяж явж зүрхлэхгүй, ”төр төвхнөж”, амьдрал сайжрахыг ард түмэн хүлээж л сууна.
Хүүхэд төрүүлсэн л бол түүнээ багаас нь зөв өсгөж, хүмүүжүүлж, хөгжүүлж, өөрсдийг нь ачилж өргөж, асардаггүй юм гэхэд ядаж өөрийгөө ”гай” болголгүй аваад явчих ухаантай болгох нь эцэг эхийн үүрэг.

Зөв өсгөхөд их учир бий. Хэт эрхлүүлж энхрийлж, дураар нь тавиад хүссэн бүхнийг нь өгөөд байх, эсвэл хэт харааж загнаад, дарамтлаад, хоосон ядуу явуулаад байхын аль нь ч сайн үр дүнд хүргэдэггүй. Бүгдийг нь тэнцвэржүүлж, амьдралын сайн сайхан, муухай, зовлон жаргал, саад бэрхшээл, тэсвэр тэвчээр бүхнийг ой тойнд нь шингэтэл ойлгуулж, бас ухааруулж байж л хүүхэд чинь зөв бие хүн болж төлөвших боломжтой. Тийм ч болохоор хүүхэд төрүүлж, өсгөж, хүмүүжүүлж, хөгжүүлэхэд эцэг эхээс бас л их ухаан, тэвчээр хөдөлмөр шаардагдана.
1990 оны ардчилсан хувьсгал бидний хувьд их л хүсэж, хүлээж, зовж шаналж байж мэндэлсэн хүүхэд минь. Энэ бол ард түмний хүсэн хүлээсэн ”нуган үр” нь байлаа. Өдгөө 17 нас хүрч буй ”нуган үр” минь эрийн цээнд хүрч томоождоггүй, эцэг эх нь болсон ”ард түмнээ” зовоосоор өдий хүрлээ. ”Нуган үр” минь худлаа ярьж, хоосон амалж, бас архи ууж, мөнгө төгрөгөө хайр гамгүй цацаж, хөгшид хүүхдийг хүндэлж, хайрлахаа болин зөвхөн хар амиа бодон, хэрүүл хийн биеэ өмөөрч, бусдад онгирч сагсуурах боллоо.
”Буруу өссөн хүүхэд бухын хүзүүнээс хатуу” гэж ард түмэн маань хэлэлцдэгсэн. Бас ”Сайн явна гэдэг санааных, муу явна гэдэг заяаных” гэж ч ярьдаг. ”Нуган үрээ” засч хүмүүжүүлж, ухааруулж, сайн хүн болгон хөгжүүлэх боломж, цаг хугацаа бидэнд байнаа. Бид одоо л алдсан алдаагаа олж харж, хурдан засч залруулахгүй бол цаг хугацаа биднийг өршөөхгүй.
Хэнд ч гэсэн үр хүүхэд нь сайн, сайхан хүн болж өсч өндийн, эцэг эхдээ өмөг түшиг болж явбал түүнээс илүү жаргал гэж үгүй билээ.

Эрүүл биe эрхэм баян
Эд хөрөнгө дунд баян
Эрдэм мэдлэг дээд баян

Улс гүрэн ард түмнээс, ард түмэн иргэн хүнээс бүрддэг. Иргэн хүн улс орныхоо төлөө хөдөлмөрлөж, улс орон нь иргэн хүнийхээ төлөө үйлчилдэг бичигдээгүй хууль дээр л амьдрал тогтдог.
”Иргэн баян бол улс орон баян” гэж хэлсэн үгийнх нь төлөө 1921 оны ардын хувьсгалын нэрт зүтгэлтэн Данзан агсныг биширнэм. Иргэн хүн нь эрдэм мэдлэгээрээ, эд хөрөнгөөрөө, эрүүл биеэрээ баян байж улс орон нь баян болж өөдлөн хөгждөгийг, өндөр хөгжилтэй орнууд батлан харуулж байна.
”Чамд бүх боломжийг чинь олгоё. Чи энэ боломжийг ашиглаад ”хуулийн дор” хүссэнээрээ сайхан амьдар, эс тэгвэл гуйлгачин болж үлд” гэсэн бичигдээгүй хуулиараа Америк орнон иргэдээ хүмүүжүүлдэг. Ямар ч эцэг эхээс төрсөн хүүхэд Америк орны баялаг. Америк орон хүүхдийг төрсөн мөчөөс хүндэлж хайрлаж, халамжилдаг. Тийм хүндэтгэл хайр халамж дор өссөн хүүхэд эцэг эх улмаар эх орноо хайрлан хүндэлдэг болж өснө. Мөнгөнөөс илүү үнэт зүйл чухам энд л байгаа юм биш үү. ”Алтан гадас” сэтгүүлийн 2006 оны 12 сарын дугаарт О. Жаргалсайханы бичсэн ” Дэлхийд тэргүүлэгч Финляндын боловсролын нууцаас” тэмдэглэлд тухайн орны хамгийн үнэ цэнэтэй хүнд ”багш хүн”-ийг тооцож, тэднийг хэрхэн сонгон шалгаруулж, бэлтгэж, ажиллуулдаг тухай бичжээ. Чухамдаа бидний хамгийн том алдаа энд л байгаа биш үү.
Тийм ээ! Бидний бүх алдааны үндэс нь манай улсын боловсролын тогтолцооны алдаанд л байгаа юм. Бид яaгаад мөнгө, уул уурхай, зам яриад үүнийг ярихгүй байна вэ?

Үргэлжлэл бий.
Нийтлэлийг бичсэн Гомбосүрэнгийн Галбадрах (энэхүү нийтлэлийн эх сурвалж зөвхөн orloo.com -д харьяалагдана)

Энэ сэдэв нь цаашид улам өргөжин тэлж гүнзгийрэн бичигдэх юм. Шинэчилж өөрчлөх олон асуудлууд байгаа тул эдгээр сэдвүүдэд зориулан Шинэчлүүштэй гэсэн булан нээж байгаа болно.

Jul 28

Алдар нэрийн төлөөх хийрхэл ба “Төрийн хүн”

By gala-admin | ТЭМДЭГЛЭЛ

2007 оны 07 сарын 14-ний орой АНУ-ын нийслэл Вашингтон хотын орчим Монголчууд олноороо суурьшдаг Rosslyn-ы ”River Place”-н нэг байрны уулзалтын өрөөнд Монгол Улсын хөдөлмөрийн баатар төрийн шагналт хөгжмийн нэрт зохиолч Дагвын Лувсаншарав гуайтай хийсэн Монголчуудын уулзалт даруухан болж өнгөрөв. Цөөхөн хүн цугласан хэдий ч уулзалт яриа элэгсэг дотно, чин сэтгэлээсээ , бас хөгжилтэй сэтгэлд дулаахан болов. Уулзалтын дундуур Лувшаншарав гуайн нэр цохон Монголын хөгжмийн ирээдүйн ”од’оор тодорхиолоод байсан хөгжмийн залуу зохиолч Сансаргэрэлтэх тэвдүүхэн орж ирээд, уулзалтын төгсгөлд их зохиолчтой очиж золгоход Лувсаншарав гуай өөрийн эрхгүй уулга алдаж үнсэх нь их урлагийн төлөө л сэтгэл нь чилж явдаг зүрхний нь хөг аялгуу эгшиглэв гэлтэй.

Mонгол нутгаас алдар нэртэй хүндэтгэлтэй хүн ирсэн сургаар л урьж залаад харь газар амьдарч буй хэдэн монголчуудтайгаа уулзуулж, сэтгэлийг нь дэвтээчих гээд л зохион байгуулаад л гүйдэг Д. Энхбөлдын өхөөрдөн ”хэнхэг” хэмээн нэрлэсэн Вашингтон орчмын Монголчуудын холбооны Ивээлт, Дэлгэрцөгт, Ганзориг, Саруул-Эрдэнэ нар л Д. Лувсаншарав гуайг хүндэтгэн үйлчилж бас ч юм юмыг нь зохицуулж, сэтгэлд н^ жаахан ч атугай урам, гэгээ хайрлах гэж мэрийнэ.
Монгол Улсын хөдөлмөрийн баатар төрийн шагналт хөгжмийн нэрт зохиолч Дагвын Лувсаншарав гуай АНУ-д ирж байхад Монгол төрийг АНУ-д төлөөлж багаа ЭСЯ ньмэдэж байгаа ч юмуу үгүй ч юмуу таг чиг.
Энэ бүхнийг харж зогсохдоо хэдий харь газар байгаа ч Монголын төрдөө гомдох сэтгэл төрнө.
Нэгэн зүйл: Жил бүр л Монгол улсын Ерөнхийлөгчийин зарлигаар хичнээн хүнд ”гавьяат”, ”ардын” цол олгож ”төрийн шагнал” олгоно.

Тэр ч байтугай бөхийн цол, морины уяачийн цол, харваачийн цолыг бас л Ерөнхийлөгчийн зарлигаар олгоно. Шагналыг дагалдсан сайн муу хэл яриа тасрахгүй. Албатай юм шиг жил бүр ямар нэгэн ой, баяр ёслолоор олгодог шагнал нь хавьтгайрсаар бараг л Монголын 4 хүний нэг нь ямар нэгэн цол гуншин хүртсээр энэхүү төрийн нэрээр олгодог шагналын нэр хүнд үнэхээр унаж гүйцжээ. Сүүлдээ бүр элэг доог болмоор ”тэр дуучин гавьяат цолыг 30 сая төгрөгөөр авч гэнээ” гэх яриа…
Даян аварга цол өгөөгүй учраас зодог тайллаа гэх гоморхол.. Энэ бүхэн юу болж байнаа. Салбарын шагнал бол бүр доромжлол мэт боллоо.
1970-аад оны үед аав минь ”Боловсролын тэргүүний ажилтан” цолыг сургуулиа ”Улсын тэргүүний сургууль”-ийн болзол хангуулсаныхаа дараа л хүртэж байсан бол өдгөө энэ цолыг хэт хавтгайруулснаас олон жил ажилласан багш нар жинтүүн дээрээ хадахын тулд гуйж авдаг болсон нь нууц биш.

Тэр ч бүү хэл ”Боловсролын тэргүүний ажилтан” гэх мэт тэмдгүүдийг Зоос гоёлын зүйлийн дэлгүүрт худалдаалж байгааг ю гэж хэлэх вэ?
Социализмын үед бий болгосон энэ шагналын систем энэ цаг үед тохирохгүйгээр барахгүй хүмүүсийн хоорондын таагүй харьцаа, атаа жөтөө, барьцах, гоморхох зэрэг муу муухай үр дагавраас гадна төрийн нэр хүндийг унагасаар байхнээ.
Чухам энэ утга учиргүй цол хэргэм шагналаас болж ард түмэн тань хийрхэлд автаж төр, төрийн тэргүүн таны нэр хүнд унаж гүйцлээ. Үүнийг зоригтойгоор өөрчилж, хуульчилж, төр хишгээ жинхэнэ ёсоор хүртээх цаг болжээ.
Нэгэн зүйл: Монгол улсын ”гавьяат”, ”ардын”, ”хөдөлмөрийн баатар” цолуудыг хүчингүй болгож, Монгол Улсын ерөнхийлөгчийн зарлигаар Монголын төрд гавьяа байгуулсных нь төлөө ”Монгол төрийн …(хөгжмийн зохиолч, их зохиолч г.м) өргөмжлөл олгож, ”Чингис хааны” одон, ”Чингис хааны” алтан гэрэгэ гардуулж байя. Үүнийг хүртсэн гавьяатан Монгол төрийн ”хүн” болж төр ивээлдээ авна гэсэн үг. ”Төрийн хүн”-ий амьдрах орон сууц, унах машин, хамгаалалт г.м бүх асуудлыг төр хариуцаж, харин уг хүн зөвхөн бүтээлээ хийх боломжийг хангана гэсэн үг. Чингис хааны алтан гэрэгэ авсан учраас гадаад оронд зорчих, дипломат паспорт олгож, алба амины ямар ч ажлаар гадаадын аль ч оронд очсон тус улсад суугаа Монголын ЭСЯ хүлээн авч үйлчилдэг байх ёстой. Ингэж гэмээ нь төрийн хүндэтгэл, халамж, иргэндээ хүрч, иргэн нь төрийн төлөө авьяас билэг хөдөлмөрөө зориулна гэсэн үг. 2 тэрбүм хүнтэй Хятад орон 2 тэрбүм хүнээсээ сонгож авсан тамирчин урлагийн авьяастнаа төрийн ивээлд авч, Хятад улсын нэрийг дэлхийд гаргахын төлөө авьяас хөдөлмөрийг нь ашигладаг. 2 сая хүнтэй Монгол оронд үнэхээр авьяас чадвартай хүүхэд залуусаа төр нь сонгож ивээлдээ авч, Монгол орныхоо хөгжлийн төлөө бодлогоо чиглүүлэх цаг болсон бишүү.

Одоо байгаагаас хөгжмийн зохиолч Д.Лувсаншарав гуай, Жанцанноров, яруу найрагч, зохиолч Д. Пүрэвдөрж, Б.Лхагвасүрэн нарт төр хишгээ хайрлавал араас нь авьяас билгээ чилээж яваа олон авьяастанд урам, бас амьдрал уран бүтээлийн чиг баримжаа болох бизээ. Ямар ч гэсэн энэ 4 хүнийг дипломат паспорт өвөртлөөд тамхины наймаа хийнэ гэж би л лав итгэхгүй. Лувсаншарав гуай Сансаргэрэлтэх дуурийн театруудад хэрэглэдэг зөөврийн, угсардаг төхөөрөмжийг хэрэглэвэл шинэ театр барихаас 100 дахин хямд тусах тухай ярилцахыг сонсоод эдний зүрх сэтгэлд зөвхөн хөгжим л эгшиглэхээс бус ямар ч наймаа, бизнесийн сэтгэлгээ байдаггүйг мэдэрсэн. Лувсаншарав гуайн уулзалтанд ач юмуу зээ нь бололтой залуу хос сонирхогчийн камераар бичлэг хийж харагдсан.
Японы сумо-гийн их аваргууд цүнхийг нь бариад явдаг үйлчлэгч нар олонтой байдаг юм гэсэн. ”Төрийн хүн”-д үйлчлэгч хэрэгтэй юм байна гэж бодогдсон. Цүнхийг нь бариад бүх уулзалт, санал сэтгэгдлийг нь бичиж тэмдэглээд, видео бичлэг, фото зургийг нь авч баримтжуулаад явдаг бол хожим хойно гэр музей байгуулах гэж айл амьтнаас, ах дүүгээс нь үнэн худал нь мэдэгдэхгүй хувцас малгай, сандал ширээ цуглуулж явахгүй амар гэж бодогдлоо.
Нэгэн зүйл: Төрийн энэ шагналаас бусдыг нь хуучнаа байгаа бол Засгийн газар, Ям, агентлаг эсвэл академи ч юмуу лгож болно шүү дээ. Гавьяат цолтонтой дүйцэх шагнал, 100 сая төгрөг, салбарын тэргүүнтэй дүйцэх шагнал 50 сая төгрөг дагалдаж байвал, бас хөөрхөн халамж ноогдож байвал нилээд бодитой болно шүү дээ.

Урлаг, спортынхны хувьд бол өөрсдийн акадэми маягийн байгууллага шалгаруулж, өвөрмөгц байдлаар цол шагналаа өгдөг бөйвал илү шударга, хэл ам багатай болно. Лав л кино урлагийн ”Оскар”-ын шагнал гардуулах ёслолд Ерөнхийлөгч Буш очиж, ”АНУ-ын гавьяат жүжигчин” цол гардуулахыг хүн төрөлхтөн үзсэнгүй. Харин 1024 бөх барилдсан өнгөрсөн жилийн наадамд гарьд Сумьяабазар түрүүлэхэд хуучин ”арслан цол” олгож байсан журмаа өөрчилж ард түмний хүсэлтээр ”аварга”цол олгож байгаа Монгол Улсын Ерөнхийлөгчийг бид үзсэн. Үүний барьцаа болгож, ноднин гоморхож ”зодог тайлсан” далай аварга А.Сүхбатад энэ жилийн наадмын өмнөхөн ”даян аварга” цол нөхөж өгч байх жишээтэй. Энэ тоглоом уу шоглоом уу? Бөхийн цолонд хүртэлх энэ шог үзэгдэлд Монгол Улсын Ерөнхийлөгч хутгалдаж байх ямар хэрэг байнаа. УЙХ хуулийг нь батлаад өгчихөд цолыг нь Бөхийн холбоо ч юмыы байгууллага нь олгочихож болно биз дээ. Сумогийн их аварга цолыг Эзэн хааны нэрийн өмнөөс гардуулж хүндэтгэл үзүүлдэг. Бид алийн болгон үндэсний юм гэж хуучинтайгаа ингэтлээ зууралдах юм бэ? Энэ байдлаар бид ”гавьяат”, ”тэргүүний” тэмдэг зүүсэн ядруухан амьдралтай авьяастангуудтай, цолны найраа хийж хувийн бизнесээ хөгжүүлсэн бөхчүүдтэй, шинэ зуунд ард түмнээ талцуулж муудалцуулж хийрхүүлсээр хөгжих гэж үү. Энэ шог үзэгдлүүдийг зогсоох, зөв чиглэлд оруулах цаг болжээ.
Та үнэхээр авьяастай, ард олондоо хайрлагдан хүндлэгддэг, тэгээд ухаалаг хөдөлмөрч болбусдаас сайхан амьдрах эрхтэй. Энэ эрхийг тань Монголын төр баталгаажуулах ёстой.
Лувсаншарав гуай таныг дараагийн удаад АНУ-д ирэхэд тань онгоцны буудалд Монголын ЭСЯ, туслахын хамтаар тосч авч тусгай буудалд байрлуулж, буудалд тань Вашингтон дахь Монголчуудын Холбооны ”хэнхэгүүд” тсэтсэг бариж очи золгох болтугай. Монгол Төрийн Сүлд ивээг.

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах

1 65 66 67