Menu
Assign a 'primary' menu

Category Archives for "ЗУРВАСХАН БОДЛУУД"

Mar 27

ИНЭЭМСЭГЛЭЛ

By gala-admin | ЗУРВАСХАН БОДЛУУД

Би түүн рүү зөөлөн нь аргагүй толгойгоо эргүүлэн болгоомжтойгоор нүд рүү нь харлаа. Нулимс хурсан хэрнээ инээмсэглэж байгаа түүний нүдийг хараад л зүрх сэтгэл минь өөрийн эрхгүй догдолж, зүрхний чанадаас урсах хайр нүдэнд минь дусал нулимс болон тогтож, түүнийг тэврэхээр гараа алдлан зүтгэв. Сэтгэл дотор минь хуралдаж байсан хар бараан түгшүүрийг түүний инээмсэглэл сарниаж, цав цагаан өнгөөр бүхнийг сүлж орхих шиг тийм мэдрэмж төрж цээжиндээ чанга гэгчээр тэврэх хэрнээ, инээмсэглэж буй нүдийг нь дахин харах гэж өөр рүүгээ эргүүлнэ. Тийм нүдэнд ямар их ид шид оршдогийг би тэгэхэд л анх удаа анзаарсан сан. Хүний зүрхний гүнд орших хайр талархал, зөвхөн инээмсэглэлээр л илэрч гардаг аж. Ямар ч илүү дутуу тайлбаргүй, ямар ч илүү дутуу үйлдэлгүй, ямар ч илүү дутуу учирлалгүйгээр шүү. Инээмсэглэл хүний сэтгэл дэх гунигийн бараан сүүдрийг, халуун дулаан нарны илч сарниах шиг ид шидтэй. Хэрэв бид анзаараад харах юм бол энэ ертөнцийн гэрэлт нарнаас гадна үй түмэн ид шидтэй гэрлүүд сацарч байдаг. Энэ бол инээмсэглэл юм.
Өглөө сэрж орноосоо босоход цонхоор тусах нарны шив шинэхэн сацрагтай зэрэгцээд хайртай хань чинь чамайг өхөөрдөн инээмсэглэж байхад л өрөө тасалгаа, зүрх сэтгэл бүхэн нь баяр бахадлаар дүүрч амьдрал тэр чигтээ утга учиртай болж эхэлнэ. Өөрөө инээмсэглээд л, дутуу дундуур юу ч үгүй энэ амьдралд үргэлж талархаж баярламаар ч юм шиг санагдах. Зүгээр л гудамжинд зөрөөд өнгөрөх хэн нэгэн над руу харан инээмсэглэхэд л сэтгэл дотор баяр баясал төрж өөрийн мэдэлгүй хөл дээрээ хөнгөн шингэн гэгч нь алхана. Зөрөөд өнгөрөх өөр хэн нэгэн рүү инээмсэглэмээр ч юм шиг хөгжүүн. Урдаас тань хаалга нээж ялдамхнаар инээмсэглэх хүн рүү инээмсэглэн харж, гараараа далламаар ч юм шиг, нэг бол баярлуулах сайхан үг хэлмээр ч юм шиг санагдах үе зөндөө. Ажлын газрынхан тань бүгд л бие бие рүүгээ инээмсэглэн харахад л хэцүү бэрх юу үгүй, уйтгарлаж гуниглах юу ч үгүй, уцаарлаж хашгичих шалтгаан ч үгүй болдог. Инээмсэглэл гэгч урам зориг бүхнийг бадраадаг шидтэн аж.
Чамайг доромжлон тохуурхах нэгэн рүү зүгээр л инээмсэглээд харахад тэр хүн зогтусдаг. Чам руу тургилах гэж байсан хамаг муу үгсийг чиний инээмсэглэл мартуулж орхиход, их л сайндаа “Тэнэг юм уу? мангар юм уу?” хэмээн амандаа үглээд чамаас холдож одно. Инээмсэглэлийн өмнө хар хорын сэтгэл хүчгүйдэж, өөрөө холдож оддог юм даа. Инээмсэглэлийн өмнө уур уцаар ч зогтусдаг. Инээмсэглэлийн толины тусгалд өөрийн арчаагүй дүрээ олж хараад ичингүйрдэг. Тэгээд л ичингүйрч холдоно. Гэхдээ л өөрийн муухай төрхөө мартаж чаддаггүй л юм даа. Бүдүүлэг зарим нь өөдөөс нь инээмсэглэж байгаа нэгнийг “тал засч байна”, “аалигүйтэж байна” хэмээн эндүүрдэг. Өөрөө инээмсэглэж сураагүй, инээмсэглэлийн ид шидийг мэдрээгүй тэднийг ойлгож уучил. Өнөөдөр маргааш, магадгүй нөгөөдөр чиний инээмсэглэлийн хариуд мушилзах байх л даа. Хэзээ нэгэн цагт инээмсэглэх л болно. Инээмсэглэл л бусдын инээмсэглэлийг өөртөө татаж авчирдаг. Хичнээн амаргүй хэцүү байлаа ч чиний инээмсэглэл тэр бүхнийг өөрчлөхөд чамд туслах л болно. Яагаад гэвэл тэр чинь өөрөө ид шид юм шүү дээ.
Jan 31

ЗУРВАСХАН БОДЛУУД-38

By gala-admin | ЗУРВАСХАН БОДЛУУД

” БАЯН бас ЯДУУ СЭТГЭЛ”
Бид “баян”, “ядуу” гэдэг ойлголтыг материаллаг зүйлтэй холбон ойлгож, тэр ойлголтоороо тайлбарласаар уджээ. Их мөнгөтэй, тансаг хаустай, үнэтэй машинтай хүмүүсийг “баян” хэмээн атаархаж, бас ад үзэж, тэднийг “жаргалдаа умбаж” байгаа мэтээр төсөөлөн, тэдний зиндаанд хүрэх гэж мөрөөдөн өөрсдийгөө тарчилгаж байгаа хүмүүс олон бий. Мэдээж ийм хэрэгцээтэй амьдралд хүрэх гэж олон хүмүүс маш их хөдөлмөрлөн зовж шаналдаг, дээр нь хувь заяа нь ч “хөтөлдөг” байж магад. Харин бид өөрсдийн хичээл зүтгэлээрээ боломжийн амьдралд хүрээд “хоёр идэхгүй, хоосон хонохгүй” байгаа мөртлөө, сэтгэлийн шуналаа давж дийлэхгүй “хусмаа чамалсан хүүхэд шиг” баяжих мөрөөдөлдөө автан “жаргалаа зовлон” болгон хувиргах нь олонтаа. Уг нь байна шүү дээ, нэгэнт авсандаа аваад орохгүйгээс хойш зуун жил эдлээд барахгүй  их хөрөнгийг цуглуулж, тэр их хөрөнгийг цуглуулах гэж мянган жил үүрээд ч даахгүй зовлон хурааж, энэ өдөр уулзаад маргааш уулзахгүй ч байж болох олон хүмүүст атаархан хорсож, өс санаж сэтгэлээ тарчлаан зовоож яана. Анзаараад ажих юм бол бидний дотоод сэтгэл л “баян”, “ядуу” гаараа ялгардаг юм шүү дээ.
Би нэг их аз жаргалтай хүнийг мэднэ. Тэр дандаа инээмсэглэж, дутуу гуцуу байсан ч “Өө яахав дээ, болно шүү дээ” хэмээн өөрийгөө тайтгаруулж, зовж зүдэрч яваа хэнд ч болов туслан тэдний талархсан төрхийн өөдөөс баяртай харцаараа “зүгээр ээ” гэж хэлдэг. Инээмсэглэсэн түүний төрх дотроосоо гэрэлтэн, түүнийг харсан хэн ч болов атаархаж бас хайрламаар. Заримдаа гуниглаж суугаа түүнийг хэн нэгэн аргадахад өөдөөс нь нулимстай нүдээрээ хүчлэн инээмсэглэж “Би зүгээрээ” гэж хэлдэг. Тэр хэнд ч өөрийн сэтгэл дэх зовлон гунигаа “наах”ыг хүсдэггүй ч, бусдын зовлон гунигийг хуваалцахдаа чин сэтгэлээсээ уяран хайлж, бас шаналж зовдог. Заримдаа хүмүүс түүнийг “гэнэн, тэнэг” гэж тохуурхахад, тэрээр  зүгээр л өөдөөс нь гунигтай ч гэмээр “тэнэг” төрхөөр инээмсэглэдэг ч хэзээ ч түүнтэй хэрэлдэж маргалддаггүй юм. Өөртөө байгаа сүүлчийн мөнгөө хэн нэгэнд сарвайхдаа огтхон ч эргэлздэггүй, харин ч өлссөн сэтгэлийнхээ тэртээд уянгалаг дуу аялж, түүндээ уяран баясдаг гээч. Түүний сэтгэлд дандаа сонгодог аялгуу эгшиглэн, зүрх сэтгэл нь бусдын баяр жаргалаар “цэнэглэгдэж”, бусдыг хайрлах дотоод сэтгэлийн илч гэрлээрээ гаднаа гэрэлтэж явдаг. Түүний халаас нь хоосон хэдий ч сэтгэл нь дандаа дүүрэн цалгиж явдаг. Тэр “баян” хүн.
Би нэг их зовж шаналсан хүнийг мэднэ. Тэрээр дандаа хөмсгөө зангидан, хичнээн их мөнгө олж байвч сэтгэл нь ханана гэж үгүй, их мөнгө олохын тулд юу ч хийхээс буцахгүй “дээдэст зусар, доодост дээрэлхүү” араншинтай. Түүний яравгар хэрнээ ихэмсэгхэн төрх түүнийг наснаас нь дэндүү хөгшин харагдуулдаг. Магадгүй бага насандаа “ядуу” өссөн нь бусдыг үзэн ядах, бусдаас өшөө хорслоо авах шалтгаан нь ямар ч аргаар хамаагүй их мөнгөтэй байх хүслийг нь өгдөөдөг байх. Заримдаа тэр над руу согтуугаар утасдан “Новш минь ээ, би чамайг бодвол саятан шүү дээ” гэж баярхах авч түүний дууны өнгөнд баяр баясал үгүй, арчаагүй төрх нь нүдэнд харагддаг юм. Тэрээр бүх зүйлийг, тэр тусмаа аз жаргалыг, гэгээн сайхан хайрыг, бас “хиртэй” хүсэл мөрөөдлөө хичээл зүтгэл сайхан сэтгэлээр бус зөвхөн мөнгөөр л худалдаж авч болно гэдэгт чин сэтгэлээсээ итгэдэг нэгэн. Түүний сэтгэлд ямагт атаархал хорсол буцалж, өс хонзон “цэнэглэгдэж”, өөрийгөө дөвийлгэх ядмагхан хүслээ гашуун дарстай хамтад залгилж, өрөөл бусдын өөдөөс тачаадан харж байдаг юм. Түүний хиртэй халаас нь дүүрэн мөнгөтэй хэдий ч сэтгэл нь дандаа хоосон явдаг. Тэр “ядуу” хүн.
“Баян” ба “ядуу” хичнээн олон хүмүүс бидний амьдрал дунд эргэлдэж байдаг. Бид тэднийг анзаардаг эсэхийг би мэдэхгүй. “Ороо нь ороогоороо, жороо нь жороогоороо” гэдэгчлэн адил төстэй хүсэл мөрөөдлөөрөө бид бусдыг сонгодог юм. Тэгээд л амьдрал нь ядуу мөртлөө сэтгэл нь баян, амьдрал нь баян мөртлөө сэтгэл нь ядуу хүмүүс хамтдаа уулзан сэтгэлээ хуваалцдаг. Сэтгэл нь ч баян, амьдрал нь баян хүмүүс зөндөө бий. Амьдрал нь ч сэтгэл нь ч ядуу зөндөө хүмүүс бий. Зүгээр л эргэн тойрноо сатаараад аж даа. Эргэн тойронд чинь холхих зөндөө олон “баян”, “ядуу” хүмүүс байгаа. Аль хэмжээнд нь алхаа нийлүүлэх нь таны л сонголт. Гэхдээ байна шүү дээ, сэтгэлээрээ баян байх гэдэг чинь аз жаргалын тань түлхүүр юм шиг билээ шүү, нууцгүй хэлэхэд. Нэг л зүйлийг бид мартаж боломгүй. Бид энэ ертөнцөд “ирээд л буцдаг нүүдлийн шувууд” юм шүү дээ. “Нуур амгалан бол нугас амгалан” гэдэг дээ. Зүгээр л өөрийнхөө дотоод сэтгэлийг чагна даа. Чи “баян” ч байж магадгүй дээ.

БИЕ БИЕНЭЭ СОНСОЖ БАЙЯ
…Залуухан бүсгүй гудамжинд гуйлга гуйж суугаа өрөөсөн гаргүй, бохир хувцастай залуугийн хажууд очоод суулаа. Тэр бүсгүйг өөрт нь мөнгө өгөх гэж биш, зүгээр л түүнтэй ярилцахыг хүссэн гэдгийг зөнгөөрөө мэдсэн мөнөөх залуу ярьж эхлэв. Өөрийнхөө амьдралын тухай, өрөөл бусад хүмүүс түүнийг юу гэж боддог тухай, өнөө алсарч холдсон ч гэлээ нүднийх нь тэртээд тунаж үлдсэн мөрөөдлийнхөө тухай, бас одоо хэр нь өлсөж даарч байгаа ч өөрийгөө “эр хүн” гэж бодон сэтгэлээ тэвчдэг тухай бүх л яриаг нь мөнөөх бүсгүй анхааралтай сонсч байхдаа нэг ч удаа яриаг нь тасалж,  нэг ч асуулт асуусангүй. Хажуугаар нь тэднийг гайхаж сониучирхсан бас сэжиглэж хардсан, эсвэл өрөвдөж хайрласан харцаар харж буй олон хүмүүс өнгөрснийг тэд үл тоож, бараг 3 цаг хэртэй хамтдаа сууцгаажээ. Яриагаа дуусгаад мөнөөх залуу бүсгүйн гарыг үлдсэн ганц гараараа атган халуун дулаанаар илбэж, уртаар санаа алдсанаа эргэж ч харалгүй явж одов. Даарсандаа эсвэл зовлонгоо үүрсэндээ ч тэр үү бөгтийн алхах түүний араас харж зогсох бүсгүй, түүний дотоод сэтгэлийн багтраа нь тайлагдаж, санаа амрах мэт чийг даасан нүдээ нэгэнтээ арчаад холдсоныг л санаж сэтгэлдээ уртаар санаа алдана. Заримдаа хэн нэгний сэтгэлд багтраад гадагш нь гаргаж чадахгүй байгаа дурсамжийн бөөгнөрлийг нь сарниулж, багтраагаа тайлахад нь тусалж байх хэрэгтэй мэт.
Санаанд нь зурвасхан ч гэлээ орсон бодлуудаа тархиндаа эргэлдүүлж хяналгүй, “цензургүйгээр” бусад руу шууд л гаргаж орхидог хүмүүсийн дэргэд, үг үйлдэл бүхнээ хатуу “цензурдэж” санаа бодол бүхнээ бусдаас бүү хэл өөрөөсөө ч нуух шахам дотроо хадгалдаг хүмүүс их зовдог байх. Хааяадаа хэн нэгэнд хуучилж, энэ бүхнээ гаргахыг хүсэх авч бусдын тоомжиргүй төрх, шоолонгүй харах харц, сонсохгүй байгаагаа илэрхийлэх хэнэггүй араншинд нь болоод яриагаа таслан буцаад л “залгилна”. Гэхдээ л өөрийг нь тоож сонсох хүмүүсийг сэтгэлдээ хайж л явдаг. Хүмүүс дарсанд халамцаад ирэхээрээ бие биенээ сонсохгүй байсан ч хамаагүй, өөрийнхөө ярихыг хүссэн зүйлээ л яриад байдгийн шалтгаан нь ч энэ байх. Сайн найз, дотны анддаа сэтгэлдээ хурааж хуримтлуулсан олон бодлуудаа ярьж сэтгэлээ онгойлгодог хүмүүс олон бий. Зөв буруу зөвлөлгөө авах гэсэндээ бус, өөрийнх нь сэтгэлийг түгжээд байсан олон бодлуудаа ярьж байхад нь анхааралтай сонсох хүн хэрэгтэй болдог үе бас бий. Бодлууд нь урсаад л урсаад л хүмүүс тэр бодлуудыг нь залгилах мэт анхааралтай сонсоод л сонсоод л. Нэг мэдэхэд дотор нь онгойж,  сэтгэл нь уужирч уртаар амьсгаа авна. Тэр мөчид юуны тулд дотно анд, найз нөхөд байдгийг ойлгодог юм даа.
Бид өнөө цагт өөрсдөө хэтэрхий их ярьж, бусдын ярихыг анхааралтай сонсох нь багадаа юу даа. Заримдаа хэн нэгний яриаг анхааралтай сонсож суух нь өөртөө төдийгүй нөгөө хүндээ ч сэтгэлийн их тайвшралыг авчирч тус болдог юм шүү дээ. Гэхдээ зөвхөн чихээрээ бус зүрх сэтгэлээрээ сонсож байх нь хэрэгтэй. Тэр яриад байгаа зүйлээс нь сэтгэлдээ хариу нэхээд байгаа олон асуултын хариуг олох нь бий. Бас бусдын зүрх сэтгэл дэх өөртэйгээ адил баяр хөөр, зовлон шаналлыг ойлгож мэдрэх нь бий. Зүгээр л яриаг нь сонсоод нүд рүү нь хараад л суухад тэр хүнийхээ дотоод сэтгэлийн гэрэл гэгээг олж хардаг юм. Хайрлаж өхөөрдмөөр санагдаад гарыг нь атган зөөлхөн илбэх ч үе бий. Түүний сэтгэл зүрхэнд чиний зүрх сэтгэл ойртож очиж байгаагийн илрэл. Заримдаа “тэнэг”, “утгагүй” мэт санагдах авч хүний зүрх сэтгэлээс гарч буй үг яриа бүхэнд анзаарч авах, хаяж гээх олон юм бий. Галзуу, солиотой л биш бол хэрэг болох ганц үг ч болов заавал гарч ирдэг. Үг яриа болгон хүний дотоод сэтгэлийн илэрхийлэл. Шоолж, дургүйцэлгүйгээр сонсож л байвал магадгүй тус болох ч тохиолдол бий. Бусдыг анхааралтай сонсож байх нь түүнийг хүндэтгэж байгаагийн илрэл. Дараа нь танд ч бас ярих шалтгаан, ээлж ирнэ.
Хүнд БАГА ЯРЬЖ, ИХ СОНСОЖ БАЙ хэмээн нэг ам, хоёр чих заяасан гэдэг юм билээ. Заримдаа огт таслахгүйгээр, юу ч асуухгүйгээр яриаг нь анхааралтай сонсох нь хэн нэгний сэтгэлийн багтраагаа гаргахад тус болдог гэдэг. Тайвширсандаа уртаар санаа алдаж, нулимс гүйсэн нүдээ арчин үл ялиг инээмсэглэх төрхийг харах сайхан шүү. Өөрөө ч бас сэтгэл уужраад, хамтдаа инээмээр санагддаг юм. Амьдрал сайхан шүү дээ.

ҮГЛЭЛТ ба ЗАЛХАЛТ

…Хоолоо бэлтгэж байсан эхнэрийнхээ дэргэд нь ирсэн нөхөр нь хийж буй ажил руу нь анхаарч хандсанаа “Чи наад махаа нимгэхэн өшиглөөч”, “Ногоогоо яасан бүдүүн хэрчсэн юм бэ?”, “Давс чинь ихдэх юм биш үү?” гэхчилэн үгэлж гарчээ. Тэр үглэлтэд нь залхсан эхнэр нь “Чи чинь ямар ядаргаатай хүн бэ? Чамтай чамгүй би хоолоо хийж дөнгөөд л байна” хэмээн уцаарласан гэдэг. Хариуд нь нөхөр нь “Намайг машин барьж явахад ингэж үглээд байвал надад ямар санагдах вэ?” гэж мохоосон аж. Бид хэн нэгэнтэй бусдаас илүү дотно болоод ирэхээрээ өөрөө ч анзааралгүй ингэж үгэлж эхэлдэг. Түүнд хайртай дотно, бас түүнийг эрхлүүлэх хандлага нь, нөгөө хүнээ “чадахгүй байж магадгүй” гэсэн эргэлзсэн бодол дээр “би л түүнд хамгийн үнэнч туслагч нь мөн” гэж өөрийгөө “дөвийлгэсэн” санаа нэмэгдэн ингэж хандахад хүргэдэг байж болох. Өмнө нь түүнийг машин барьж явахад нь итгэл төгс хайрласан харцаар хардаг байсан нь, түүнийг хоолоо хийхэд нь огтхон ч саад бололгүйгээр инээмсэглэн ажиж байсан бүхэн нь нэг л мэдэх дор ингэж өөрчлөгдөж байгааг олон хүн анзаардаггүй. Зүгээр л түүнийг өөртөө “өмчилсөн” сэтгэхүй нь, түүнд “сул дорой” мэтээр хандаж, бусдын өмнө нь ч тэгж харагдуулж буйг бид анзаардаггүй.

Бүх юм маш энгийнээр эхэлдэг. Ээж аав нар нь хүүхэддээ, эхнэр нь нөхөртөө, итгэж дотно сэтгэлээ хуваалцдаг сайн найздаа ямар нэгэн асуудлаар тайлбарлан учирлана. Зовнисон сэтгэл нь “тэр нэг л хайхрамжгүй байх шиг байна” гэдэг эргэлзээнд хүлэгдэхээр дахиад л давтан учирлана. Хайрласан сэтгэл нь “тэр ерөөсөө ч ойлгохгүй байна” гэсэн гомдолд тээглэхээр уцаарлан бухимдаж дахин, дахин давтаж тайлбарлана. Анх учирласан тайлбрыг нь толгойдоо “эргэлдүүлж” амжаагүй байхад нь дахиад л учирлан тайлбарлах нь жаахан “инээдтэй” санагдах авч, дараагийн удаад “зөрүүдэлж”, адагтаа бол “ядаргаатай юм бэ?” хэмээн төвөгшөөхөд хүргэдэг. Тэгээд л маргалдаж “Чи миний сайхан сэтгэлийг ерөөсөө ч ойлгохгүй юм” гэсэн гомдол нь нулимстай нь хамтад урсаж, урсах хэрээрээ өөрийн “үнэ цэнээ” түүний өмнө алдаж байгаагаа ойлгож мэдрэх сөхөөгүй болно. Түүнд үгэлж учирлах хэмнэл нь ойртож, хэмжээ нь ихсэх тусмаа нөгөө хүнээ залхаан, “алт шиг сайхан сургааль” байвч чихээ даран өнгөрөөж, эсвэл огт тоохгүй байх шалтгаан болно. Хүн залхах хэмжээгээр, үгэлж буй хүний үнэ цэнэ унаж байдаг юм даа. Их үглэлтийн төгсгөл нь бас л энгийн. Тэд бие биедээ итгэж, бие биенээ үнэлж, бие биенээ хайрлаж чадахаа больдог юм.

Ялаа шиг жижиг асуудлыг заан шиг том болгон харж, учирлал тайлбарыг тань ухаарч амжаагүй байхад нь яаран сандран тэвдэж, “үнэн зөв” гэж итгэсэн өөрийн санаагаа бусдад хүчээр тулган шаардах араншин болгон эзэндээ “зовлон” болж хувирна. Ингэж хураасан зовлон ихсэх тусам сэтгэлгээний багтаамж нь жижгэрч, алсыг харах хараа нь бүдгэрч, уур уцаар нь ихэсч өөрийгөө төдийгүй өрөөл бусдыг ч тарчилган, өөрөөсөө холдуулж эхэлдэг. Өөргүйгээр нь юу ч бүтэхгүй мэт санагдаж, зөвхөн өөрийгөө л “ухаантан” мэт бодох бодол бусадтай маргалдан муудалцах үе түмэн шалтгийг бий болгодог. “За яахав дээ?” хэмээн өрөвдөн уучилж бодох бусдын бодол санаа, түүнд аймшигт “доромжлол” мэт санагдан бусдыг үзэн ядаж, амьдрал утгагүй мэт санагдах тэнэглэл рүү хөтлөх аж. Ийм үедээ хамгийн гол зүйлийг, тэр хүн нь түүний үглэлтээс ч өмнө хэвийн амьдарч байсныг, одоо ч хэвийн амьдарч, цаашид ч хэвийн амьдарч чадна гэдгийг санахгүй. Энэ дэлхий тэнхлэгээ хэвийн эргэлдэж, эргэн тойрны тань олон хүмүүс өөрөөс тань хамааралгүйгээр өөр өөрийнхөөрөө амьдарч байгааг ч ойлгохгүй. Хор шар, уур уцаар, гомдол цөхрөлдөө бусдыг залхаан, өөрийгөө тарчилган зовоож буйгаа ч ухаарахгүй. Алив зүйл хэмжээнээсээ хэтрэхээрээ л зовлон болдог буюу. Уужуу тайван бас хүлээцтэй байна гэдэг чинь “тэнэг” гэсэн тодотгол биш шүү дээ.

Jan 13

ЗУРВАСХАН БОДЛУУД-37

By gala-admin | ЗУРВАСХАН БОДЛУУД

ЭРХ ААШ

Эрхэлж тунина гэдэг ээжтэй хүний ааш. Юу ч гэмээр юм бэ дээ, үгээр илэрхийлэхэд амаргүй ааш эрх зан. Тухайн мөчид өөрөө ч мэдэлгүй сэтгэлдээ нялхарч, хүсээгүй хэрнээ нэг л мэдэх дор хошуугаа цорвойлгон, өөрөө ч төсөөлөөгүй тийм л танхи занг хамгийн дотно хүндээ л гаргадаг. Сэтгэлийн чанадаас урсах танхи араншинг хэн ч зогсоож, хэн ч шоолж чаддаггүй. “Эвий дээ миний үр” гэж цээжнийхээ гүнээс уулга алдан, элгэндээ тэврэх гэж гараа дэлгэн, үнсэх гэж хошуугаа цорвойлгох тэр мөчийг юутай ч зүйрлэшгүй. Зүгээр л сэтгэлийн багтраагаа тайлах гэж ээжийдээ очиж, аргадуулан тайтгарах гэж ээжийдээ очиж, элгэнд нь наалдан мэгших гэж ээжийдээ очдог. Хэзээ ч өөрийг нь зэмлэнэ гэж бодолгүйгээр, хэнзхэн зүрхэн дэх шаналлаа өвөр дээр нь асгах гэж, хэзээ мөдгүй асгарах нулимсаа сэтгэлийнх нь далайд урсгах гэж бид ээжийдээ л очдог. Ээжийнх нь өвөр уул шиг нөмөрлөж, сэтгэлийнх нь хайр далай шиг цалгилж, илбэж аргадах гарынх нь алга нарны илч шиг дулаацуулах тэр л мөчид бид тайтгардаг. Энэ бол амьдралын хэзээ ч давтагдашгүй, бас хэзээ ч эргэж ирэхгүй нандин мөч.

Эрхэлж тунина гэдэг сайн ханьтай хүний ааш. Хэн нэгэнд гомдсон гомдлоо гагц түүндээ учирлах гэж, хэзээ ч юм бэ мартагдсан дурсамжаа дахин сэргээж эрхлэх гэж, хэлж ирэхгүй ч хийсч ирдэг тавилангийн шаналлаа зөвхөн түүнтэй хуваалцах гэж ханьдаа эрхэлдэг. “Хайрт минь дээ” гэж цээжиндээ тэврэн, үсийг нь зөөлхөн үнэрлэж, гарыг нь атган илбэх мөчийг юутай зүйрлэшгүй. Зүгээр л сэтгэлийн чанадаас урсах хайр зүрхэнд нь хүрч шингэн, аргадаж уруул дээр нь үнсэх үнсэлт айдас гомдлыг хийсгэн холдуулж, асгарах нулимсыг нь хурууныхаа өндгөөр арчихад сэтгэлийн их хур хайранд шингэн цэцэгсийг ургуулан тайтгардаг. Тэр мөчид зүрхэнд нь их амар амгалан мэдрэгдэж өөрийн эрхгүй инээмсэглэнэ. Тэр бол сэтгэлийн чанадаас ургах наран, итгэлийн тэртээгээс ивлэх хайр, зүрхний хэмнэлд татагдах тайвшрал. Хичнээн хэцүү мөчид зорьж очоод эрхэлж тайтгарах ханьтай байх гэдэг дэндүү жаргал. Өөрийг нь гомдоож орхисон мөртлөө өмнө нь сөгдөж суугаад учирлан, хамрыг нь сөргөөн өдөж, зангидсан хөмсгийг нь илбэн эрхлэхэд л өхөөрдөн инээж тайтгардаг нь хайрын шид.

Эрхэлж тунихгүй юм бол энэ амьдралын өнгө сааралтаж, эрдэнэт хүний зүрх чулуу шиг хатуурч, инээд баяслын оронд бухимдлын уцаар сүүдэртдэг. Эрхэлж тунина гэдэг амьдралын гэгээн өнгө, шархалсан зүрхний эдгэрэл, багтарсан сэтгэлийн тайтгарал, багтаж дүүрсэн хайрын илэрхийлэл. Хэн нэгэнд эрхлэхгүй юм бол энэ ертөнцөд амьд яваад яах юм бэ?

Эрх ааш

Багтарсан сэтгэлээ чинийхээ өвөр дээр асгах гэж
Баяр хөөр уйтгар гунигаа чинийхээ цээжинд шингээх гэж
Зүрхнийхээ шаналлыг чамтайгаа хуваалцах гэж
Зүүднийхээ цочоог чамаараа гаргуулах гаргах гэж би эрхэлдэг

Энгэртээ тэвэрч намайгаа аргадаач хайрт минь
Эрхлүүлж минийхээ зүрхийг тайтгаруулаач амраг минь

Гомдсон гомдлоо чинийхээ тэвэрт багтаах гэж
Уйтгар гуниг зовлон шаналлаа чинийхээ сэтгэлд учирлах гэж
Холдоод санасан сэтгэлээ чамдаа ойртуулах гэж
Уйлаад урссан нулимсаа чамаараа арчуулах гэж би эрхэлдэг

Энгэртээ тэвэрч намайгаа аргадаач хайрт минь
Эрхлүүлж намайгаа тайтгаруулаач амраг минь

Сэтгэлийн их хайраа чамдаа мэдрүүлэх гэж
Сэмэрч бас бүтэн байх тавилангаа чинийхээ дэргэд аргамжих гэж
Сэхүүн явж чинийхээ халамжаар гайхуулах гэж
Ирээд буцдаг орчлонд чамаараа л хайрлуулах гэж би эрхэлдэг

Энгэртээ тэвэрч намайгаа аргадаач хайрт минь
Эрхлүүлж намайгаа тайтгаруулаач амраг минь

БУСДЫГ БАЙГААГААР НЬ ОЙЛГО

…Хүмүүс бид эгэл жирийн амьдралаа өөрсдөө зовлон болгож хувирган, өрөөл бусдад гомдон хорсож байдаг шалтгааны нэг нь үл ойлголцол. Хүн болгон энэ ертөнц хийгээд амьдралыг үзэх үзэл болон санаа бодол нь янз бүр. Адил төстэй байх боловч, цавуу шиг яг тал нийлж наалдах нь үгүй. Санал зөрөлдөж байгаа асуудлаар нөгөө хүнээ яг өөртэй нь адил байсангүй гэж бид гомдон хорсдог. Эцсийн мөч хүртэл “өөрийн зөв” гэдэгтээ итгэлтэй байгаа зөрүүд сэтгэл, өөр нэгэн өнцгөөс нь харах хүслийг төөрөгдүүлж, өрөөл бусдад дургүйцэн улмаар үзэн ядах санаа руу чиглүүлж байдаг аж. “Үгүй ер дөө…” гэж гомдсон сэтгэл аясаар урсах нулимстай холилдохоороо алив зүйлийг уужуу ухаанаар эргэцүүлэх боломжийг шууд л хааж орхино. Багтарсан сэтгэлдээ бусдаас өөрийгөө илүү ухаантай гэж нотлох гэж бухимдах тусмаа, улам улмаар өөрийгөө дорой арчаагүй байдалд аваачна. Дорой байдалд орж буйгаа мэдрэх тусмаа багтран тэвдэх араншин, санаанд оромгүй тэнэг үйлдэл рүү хөтлөх тохиолдол ч бишгүй гарч байдаг.

Хэрвээ чи өөрийгөө нөгөө хүнээсээ “ухаантай” гэж бодож байгаа л юм бол, “тэнэг” түүний хэмжээнд очин маргалдаж өөрийгөө тэнэг байдалд оруулах хэрэг байсан уу? Энэ тухай бид зогтусан боддоггүй. Зөрчилдөж маргалдаж байгаа нөгөө хүнээ заавал давж гарахын тулд “тэнэгтэж” байхын оронд “энэ хүний оюун санааны хэмжээ нь энэ л юм шүү дээ” хэмээн сэтгэлдээ уучлан тайвширч яагаад болохгүй гэж? Эсвэл өөрөөсөө илүү хэн нэгэнтэй зөрүүдэлж маргалдан өөрөө ичгэвтэр байдалд орохын оронд өөрийн дутуугаа ойлгож, зүгээр л инээмсэглэн өөрийн үнэ цэнээ авран үлдэж болохгүй гэж үү? Заавал өөрийн “зөв” гэдгээ нотлохын тулд зөрүүдэлж, нөгөө хүнээ давж гарахын тулд “тэмээний тухай биш ямааны тухай” хашгичих тусмаа чи өөрийгөө болон өрөөлийн сэтгэлийг хиртүүлэн тарчлаадаг. Хүмүүсийг байгаагаар нь ойлгож, хэмжээгээр нь үлдээх гэдэг тийм ч хэцүү зүйл биш л дээ. “За яахав дээ, энэ хүний маань байгаа нь л энэ юм шүү дээ” хэмээн уучлан бодох бодол нь олон хүмүүсийг утга учиргүй хэрүүл маргааны улмаас өөрийн сэтгэлээ хиртээлгүй, цэвэр хэвээр нь үлдэх боломж юм шүү дээ.

Бусдын санаа сэтгэл, оюун бодол ямар байдалтай байгааг огт анзаарахгүйгээр өөрийн хүсэл, санаа бодлоо тулган хашгичих нь оюун санааны хүчирхийллээс өөр юу ч биш. Монголчууд бид ялих ялихгүй зүйлээс бухимдсан сэтгэлээ бусад руу хорсон тургилж, хүмүүсийг айлгаж ичээн эвгүй байдалд оруулж байгаа нь ердөө л бүдүүлэг араншин, сэтгэлгээний дарангүйлал. Бид үүнийгээ ахуйн ядууралтай холбон учирладаг боловч сэтгэлгээний их ядууралд орсон буйгаа ойлгож хүлээн зөвшөөрдөггүй. Бид өөрсдийн сэтгэл доторхи бухимдлаа өрөөл бусдад заавал гаргах гэж зүтгээд байдаг нь угтаа бол, болж бүтэхгүй байгаа олон зүйлийн бурууг өөрөөсөө бус өрөөл бусдаас хайж олдог мунхаг араншинтай л холбоотой юм шүү дээ. “Тэнэг мунхаг хүнтэй тэрсэлж бүү маргаж бай” хэмээн өвөг дээдэс минь бидэнд сургажээ. Зүгээр л тэнэг мунхаг хүмүүсийг байгаагаар нь ойлгож, маргалдаж хэрэлдэлгүйгээр орхиж байх нь сэтгэлээ хиртээхгүй байхад хэрэгтэй. Аажим аажимдаа энэ бүхэн нь өөрөөсөө дорой нэгнийг уучлан бодож, өөрөөсөө илүү нэгнийг бахдан талархаж байхын эхлэл болно. Заавал маргалдаж хашгичихын хэрэг юун. Амьдралд заримдаа ТЭМЦЭЖ БИШ ТЭВЧИЖ ЯЛАХ үе зөндөө. Хүмүүсийг байгаагаар нь л ойлго.

ГОО ҮЗЭСГЭЛЭН-САРУУЛ УХААН-САЙХАН СЭТГЭЛ

Хүн: Ид залуу насандаа гоо үзэсгэлэнг
Идэр насандаа саруул ухааныг
Өтөл насандаа сайхан сэтгэлийг сонгодог ажээ.

Тасралтгүй үргэлжлэх амьдралын урсгалд хүмүүс бид байнга сонголттой учирч байдаг. Шинэ жилийн баяр, цагаан сар өнгөрөөд л өсөн нэмэгдэж, өөрөө элж буй насаа тоолж амьдралын хэмнэлээ нэгэнтээ эргэцүүлнэ. “Нас минь явж байна, яана даа” хэмээх харуусал зурсхийн сэтгэлд бууж, амсхийн мартагдах мөчүүд бидний өнгөрсөн цаг хугацаа. Эрх мэдэл, их мөнгө, харагдах өнгөний төлөө бид ихээхэн цаг хугацааг зарцуулдаг. Хожим нь эргээд эргэцүүлэхэд өөрийн үнэт зүйлээсээ огт өөр зүйлийн төлөө үр ашиггүй амьдарч байсандаа харамсах үе тохиодог. Одоо ч монголчууд бид 2016 оны сонгуулийн тухай санаа зовинож, улс орны хувь заяаны талаар шаналж, хэн нэгнийг шүүмжилж бас магтаж, аль нэгэн үйлдлийн талаар ам хуурайгүй маргалдан мэтгэлцэнэ. Бидний сэтгэл санаа тэртээд алсарч, өөрийнхөө тухай ч бодох чөлөөгүй манантана. Нэг удаа ч болов “Би хэн юм бэ?” гэж өөрийнхөө тухай эргэцүүлж, “Би яаж амьдрах ёстой вэ?” гэдэгт хариу нэхэж, “Хэн миний амьдралыг шийдэх учиртай вэ?” гэж өөрөөсөө асуух хэрэгтэй юм шиг. Зөв хариугаа олох юм бол “Би өөрөө” гэдэг сонголтод тулна.

Биеэ тоомтгой, бүхнийг би л чадна гэх ойворгон бодолдоо хөтлөгддөг залуу насандаа хүмүүс ихэвчлэн гоо үзэсгэлэнг л сонгодог. “Тэр хөөрхөн үү?”, “Тэр гоё уу?”, “Тэр үзэсгэлэнтэй юу?” гэж асуухдаа тэд өнгийг л сонирхоно. Тэд энэ гоо үзэсгэлэнг мөнхийн юм шиг санаж, бусдыг нь үл тоон тохуурхана. Энэ ертөнцийн бүх хүмүүсийг “царайлаг” ба “царай муутай” хэмээн ангилж сонголтоо хийдэг тэд өөрсдийн алдааныхаа тухай тэгтлээ эргэцүүлэхгүй. Бас гоо үзэсгэлэнгийн тухай төсөөлөл нь хэтэрхий хийсвэр байгааг ч тоохгүй. Цаг хугацааны урсгал дунд гоо үзэсгэлэн бүдгэрэх хэрээр, алдаан дундаас тодрох ухаарлын үнэ цэнийг мэдэрч эхэлдэг. Гоо үзэсгэлэн мөнхийн биш юм байна гэдэг ухаарал нь амьдрал ч бас мөнхийн биш гэдэгтэй эвцэлдэж эхэлнэ. Саруул ухаан тухайн хүний үндсэн төлөвшилөөс үүдэж, амьдралын сайн муу учралуудад хандах хандлагаас батжина. “Ер нь хүний амьдрал гэдэг чинь…” хэмээх эргэцүүлэл хүн болгоны дотоод сэтгэлийг хөтөлж байдаг. Амьдралын буулганд нухлагдаж өтөл болсон насандаа хүмүүс өнгө мөнгийг биш, сайхан сэтгэлийг илүүтэй сонгодог. Ид залуу, идэр бардам залуусыг харахдаа тэд өрөвдөн хайрлаж, бас уучилж хандана. Энэ л амьдралын урсгалыг өөрөө элж туулсан болохоор юу нь үнэ цэнэтэй, юу нь хий хоосон зүйл болохыг ялгаж салгаж чаддаг. Бусдыг хайрлаж, бусдад тус болох сайхан сэтгэл л энэ бүхний эцэст тунаж үлддэг юм даа. Учир нь нэгэн цагт бид бүгдээрээ энэ амьдралыг орхиод л одно. Юуг үлдээх нь таны л сонголт.

Хүмүүс бид энэ амьдралын урсгал дунд үй олон сонголтуудтай учирч байдаг. Сонголт болгон нь таны үнэ цэнийн хэмжүүр болно. Гоо үзэсгэлэн гадна үзэмжиндээ биш, дотоод сэтгэлээс нь гэрэлтэж байдгийг бид мэдэж чадна. Өдөр болгон будахгүйгээр үзэсгэлэнтэй харагдуулж байдаг ид шид нь хүний дотоод сэтгэлийн хайраас сацрах инээмсэглэл. Заавал бусдыг дуурайж “ухаантай” харагдах гэж тарчилж байснаас өөрийнхөө байгаагаараа бусдад хандах нь илүү амар. Хүн болгон төгс ухаантай байх боломжгүй ч өөр өөрийн хэмжээндээ ухаантай. Хүн болгоны сэтгэлд сайн муу бодлууд эргэлдэж байдаг хэдий ч хэзээ яаж илэрхийлж байгаагаараа ухаан нь ялгарч байдаг. Буян нүгэл нь хүний сэтгэлд байнга тэрсэлдэж байдаг боловч аль нь хүний сэтгэлд илүү оршиж байгаагаар нь сайн бас муу хүн гэж үнэлэгдэнэ. Зүгээр л бусдад таалагдах гэж “сайхан сэтгэлтэн”-ий дүр эсгэхээс чин сэтгэлээсээ хайрлаж, өөрийн чадах зүйлээрээ бусдад тус болох үйлдэл нь хүний сэтгэл зүрхэнд ойрхон очдог юм. Зүрх сэтгэлээс ундарч байгаа сайхан сэтгэл нөгөө хүнийхээ зүрх сэтгэлд дэндүү ойр мэдрэгдэнэ. Худал хуурмаг дүр эсгэлт хув хуурай байдаг бол чин сэтгэл бусдын сэтгэлийг норгож уяраадаг. Уг нь бид бие биенгүйгээр хэн ч биш юм шүү дээ.

Бэлэгдлээрээ амьдралын сайхныг төсөөлж байдаг монголчууд бид шинэ он гараад “анхны” гэсэн тодотголтой бүхэндээ нандин энхрий ханддаг. Олон олон элдэв бодлуудаасаа салгаад өөрийнхөө тухай эргэцүүлээд нэг бодоорой. “Ингэхэд би ер нь хэн юм бэ?” гэж өөрөөсөө асууж үзээрэй. Чи бол давтагдашгүй бодьгал, давтагдашгүй сэтгэлийн ертөнц. Олон чанаруудаараа бусадтай адилхан байдаг хэдий ч олон чанаруудаараа бусдаас ялгарч байдаг. Өөрийгөө таньж, өөрийн сайн чанаруудаа хөгжүүлэх тусам элдвийн хэрэгтэй хэрэггүй зүйлүүдэд санаа зовж шаналах тань багасна. Улс орны хөгжил ч чиний хувь хөгжлөөс хамаарна гэдгийг ойлгож ухаарна. Гоо үзэсгэлэн-саруул ухаан-сайхан сэтгэл чиний амьдралын хөтөч болохыг анзаарна. Ухамсартайгаар “хувиа бодох” нь бусдад сайнаар хандах эхлэл болно гэдгийг мэдэрнэ. Эцэст нь сэтгэлийн амар амгалан энэ амьдралын утга учир нь юм гэдгийг ухамсарлан ойлгох болно. Бас чиний амьдрал тань өөр хэнээс ч бус зөвхөн өөрөөс тань хамааралтай гэдгийг хүлээн зөвшөөрөх болно. Бусдаас хамааралгүй, өөрөө эзэн нь болж амьдрахаас илүү сайхан нь хаана байх гэж? Чи шүү дээ.

Jan 02

ЗУРВАСХАН БОДЛУУД-36

By gala-admin | ЗУРВАСХАН БОДЛУУД

ШИНЭ ОН ЮУ АВЧ ИРДЭГ ВЭ?
Тун удахгүй үдэх гэж буй шинэ он бидний амьдралд олон өөрчлөлтүүдийг авч иржээ. “Уулзах ёстой хүмүүс уулзаж, учрах ёстой хүмүүс учирдаг” энэ тавиланд зөндөө олон хүмүүстэй уулзаж учран сэтгэлийн цэнгэлийг эдлэв. Ямар сайхан хүмүүс энэ орчлонд бидэнтэй хамтдаа амьдарч, ажиллаж  байгаа гээч. Зөндөө олон уран бүтээлүүдэд сэтгэлийн зүг адил, зорилго адил, урам итгэл төстэй хүмүүстэй хамтран ажиллаж, хүмүүсийн сэтгэлд бага ч атугай гал итгэл өгөх гэж хичээв. Хийж бүтээснийхээ ард баяр бахадлаар давалгаасан урмыг мэдэрлээ. Үүнээс сайхан нь юу байх гэж? Заримдаа урам хугарч ганцаардах үе байсан хэдий ч, сошиал ертөнцийн олон сайхан анд нөхдийн сэтгэлийн гэрэл гэгээнд дулаацаж, нөхөрлөл итгэлцэлд орон зайн хязгаар үгүйг мэдрэв. Ийм том бас гэгээлэг орон зай хаана байна гэж? Зөндөө сайхан хүмүүсийн хайр, халамжийг мэдрэхдээ амьдрал гэдэг чинь ямар сайхан мөчүүд болохыг, хайр гэдэг хүний сэтгэлд ямар аугаа орон зай эзэлдгийг мэдрэв. Түүн шиг гайхамшиг нь хаана бий гэж?
Та ч гэсэн удахгүй ирэх шинэ оны тухай санааширч суугааг тань мэдэж байнаа. Хуучирч хяхатнасан хаалгыг хааж, урд тань цоо шинээр гялалзан харагдах хаалгыг ширтэн суугааг тань харж байнаа. Их том итгэл найдвар сэтгэлд тань урсаж, зүгээр л санаашралд тань инээмсэглэл сүлсэн мөрөөдөл хөвж, юу ч гэж төсөөлж боломгүй тийм л гэгээн сайхан алсыг төсөөлж суугаа. Гэхдээ байна шүү дээ. Компьютерийнхээ ард суугаад мөнгөний бас бэлэгдлийн мод, могойн зураг шейрлээд баяжихгүй ээ, хөдөлмөрлөж зүтгэж байж хангалуун амьдардаг юм. Ном уншуулж, хийморийн сан тавиулж, бусдад мөнгө төлөн хувь заяагаа даатгаад ажил үйлс бүтдэггүй юмаа, боломжоо мэдэрч, эрсдлээ тооцож, өөртөө итгэн зүтгэж байж амжилт руу дөхөж очдог юм. Хэн нэгэнд атаархан хорсож, хэн нэгнээс “хариугаа авах” гэж сэтгэлдээ муу бүхнийг бугшуулан байж бусдаас илүү гардаггүй юмаа, алив бүхэнд ууч сэтгэлээр хандаж, хүн болгоныг байгаагаар нь ойлгон үнэн мөнийг эрхэмлэн байж бусадтай мөр зэрэгцэн явдаг юм.
Улиран одож, учран золгож буй шинэ он болгон бидний амьдралд ухаарлыг авчирч өгдөг. Нас нэмж бялуун дээрх лааг үлээх тоолондоо өөрийгөө “хэн бэ?” гэж өөрөөсөө асууж бай. Өөрийгөө таних гэдэг бусдыг зөв ухаанаар танихын эхлэл болдог юм. Өнгөрсөн хэцүү бэрх бүхнийг сэтгэлдээ бугшуулан шаналж, нуруугаа бөгтийлгэн шантрахгүйгээр мөрөө цэхлэн цээжээ өргөн ирээдүйгээ бардам харж бай. Хүн болгонд алдаа байдаг хэдий ч түүнийгээ оноо болгон хувиргаж байж гэмээ нь хүчирхэг болох эхлэлээ тавьдаг юм. Өөрт чинь өгч буй бусдын хайр халамжийг сэтгэлээ дэлгэн тосч авч бай. Сэтгэлээс урсч буй хайр бүхэнд хир байдаггүй юм. Өөрт чинь боломж олддог л юм бол өрөөл бусдад туслахаас бүү татгалзаж бай. Өгсөх замд учирсан хүмүүс уруудах замд чинь заавал таардаг юм, магадгүй бүдэрч хазайхад чинь түших байх. Амьдрал гэдэг чин аугаа мөртлөө энгийн хэмнэл. Нүүдлийн шувууд шиг ирээд буцдаг энэ орчлонд өөрөө сэтгэлийн амар амгаланг эдэлж, өрөөл бусдыг чин сэтгэлээсээ хайрлаж байхаас илүү утга учир юусан билээ. Энэ бүхний дэргэд шунаад байгаа мөнгө тань юу юм бэ?
ТА НАРТАА ШИНЭ ЖИЛИЙН МЭНД ХҮРГЭЖ, СЭТГЭЛИЙН АМАР АМГАЛАНГ ЕРӨӨЕ.

ӨВЛИЙН БОРОО-ӨВГӨН, ТЭНГИС
\санаашрал\
…Ялимгүй тэнхээрхэж, өдөр шөнөгүй халуурч гэртээ хэвтсэн хоёр өдрийн дараа өнөөдөр ажлынхаа далимаар далайн эрэг дээр очлоо. Урд өдрөөс л шивэрч эхэлсэн бороо намжаагүй хэвээр болохоор тэнгэр бүүдгэр байсан хэдий ч эрх биш нарны бүүдгэр гэрэл сэтгэл цэлмээх аж. Өвдөөд гэрийнхээ дөрвөн хананы дунд хөрвөөж хэвтэхээр “хадан гэр”-ийн тухай бодол сэтгэлд жавар хургаад байсан нь энэ амьдралаас уйдсаных биш, үсэнд биш насанд буусан хярууны хайруугийнх буйз. Хэн нэгэнд туниж гомддог нас аль хэдийн хулжиж одсон ч, өөрийнхөө тухай дандаа эргэцүүлж, хийж амжаагүй болон хийж амжихгүй ч байж болох олон зүйлүүдийнхээ төлөө сэтгэл зовинож шанална. Бодвол эргэх насны мөрөөдлийг биш энэ насны үнэ цэнээ үлдээх хүслээс үүдэлтэй буйз.
Далайн эрэг дээр очлоо. Бороонд норсон үсний дуслууд хацар даган урсаж норсон хувцас мөрөн дээр жиндүүхэн дарах авч тэгтлээ тээртэй, хүнд санагдахгүй. Дуслуудаа бүгдийг асгаж амжаагүйдээ аажимхан хөөрөх манан, түрлэг нь намуухан далайн мандлаас салж ядан эргэцэх нь усан дуслуудаар холбогдсон мөнхийн хайрын бэлэгдэл мэт. Зуу зуун, мянга мянган, магадгүй сая сая жил ингэж л үргэлжилсэн хайруудын дуслын хэлтэрхий нь хүмүүс бидэнд тохиодог байх. Далайн эрэг дээр сандал тавьж тухлан суугаад энэ л үзэгдлийг ширтэн өөрийн туулж буй зуу хүрэхгүй жил, магад туулж өнгөрүүлсэн ч байж болох мянга мянган жилийн дурсамжаа сэдрээн тайвширдаг байж ч болох. Дээрээс нь шивэрч орох бороо бидний биеийг сэтгэлтэй минь хамтад норгон байж учирладаг байх. Нойтон манан норсон сэтгэлтэй хамтад сүлэлдэхээр ухаарал бас хайр болон шингэнэ.
Далайн эрэг дагуу алхаж явтал нэгэн өвгөн эхлээд тармуур маягийн төмрөөр дараа нь хүрзээр далайн эргийн элсийг хутган бага багаар овоолж байхтай тааралдлаа. Өвгөн норж даарсан шинжгүй, энэ ажлыг бүх насаараа хийсэн бас цаашдаа хийх учиртай мэт түүртсэн шинжгүй ажиллана. Би өвгөнтэй мэндлээд зассан талбай дээр байх сандлууд дээр суух зөвшөөрөл хүссэнд тэрээр уриалгахан нь аргагүй зөвшөөрлөө. Сандал дээр тухлан эрэг нь давалгаалан хөөсрөх далайн мандлыг бас өвгөний хийж байгаа ажлыг ажигласаар суув. Далайн давалгаа хүмүүс бидний араншин шиг. Заримдаа уурсан хилэгнэж, хөөсрөн давалгаална. Хааяадаа тайвширч, намуухан мэлтийнэ. Бороо орж байхад ч ялгаагүй уурсан оволзож, намуухан мэлтийж байх нь хайраас үүдэлтэй гардаг бидний араншин лугаа адил. Өвгөн зүгээр л дурсамж дүүрэн бодлуудаа эргээс холдуулан овоолж байгаа мэт надад санагдав. Над руу хааяа инээмсэглэж харах харцанд нь амьдралынх нь бүх өнгө шингэжээ.
Аав хүн яагаад хүүгийнхээ тухай биш охиныхоо тухай тэгтлээ санаж зовинодгийг би мэдэхгүй ч тэр зөн мэдрэмжийг л илүү анзаардаг юм. Зүрхэнд нь дандаа зөн совин байдаг. Заримдаа тэнэгтэж байхад охиных нь тухай бодол зүрхийг нь ёгхийтэл хатгуулж, бүх л зүйлийн өмнө зогтусахад хүргэдэг. Магадгүй сэтгэлийнх нь зөөлөн бороо ч юм билүү? Хатсан сэтгэлийг нь зөөллөж норгодог ч байж болох. 12 сард зөөлөн бороо шивэрч байлаа. Энэ жил өвөл их оройтож ирж байх шиг байна шүү. Уртаар амьсгаа аваад өвлийн бороон дунд алхсаар байв. Талархлаа илэрхийлээд салж явахад гараараа даллан инээмсэглэж үлдсэн өвгөн мөнөөх л дурсамж дүүрэн бодлуудаа хамж одох далайн түрлэгээс холдуулан гэр рүүгээ ойртуулан овоолсоор. Магадгүй өвгөн өөртөө жаргалтай л байгаа байх. Зөндөө тайвширсан би буцаад л алхана. Тэнгэр онгойж, манан аль хэдийн хөөрч холджээ.
Өвлийн бороонд ганцаар алхаж
Өөрийгөө бас сэтгэлээ норгов би

ӨНГӨРСӨН ЦАГ
…Атаархсан хорсолдоо сэтгэлээ түлж, түлэгдэж буй нүүрэндээ улаа бутруулан “Чи муу хэзээ ийм болчихсон юм бэ? Арчаагаа алдсан юм л байсан биз дээ?” хэмээн хоолойгоо хахируулан хашгична. Амжилттай сайн яваа нэгэнд атаархаж хорсохдоо өмнө нь ямар байсныг нь тод санаж, тодруулан олон нийтэд зарлах хүсэлтэй хүмүүс цөөн биш бий. Өөрөөс нь илүү байгааг мэдрэхдээ, өөрөө түүнээс нь илүү гарч чадахгүйгээ ойлгохдоо баярлан бахархсан биш, атаархан хорссон сэтгэлд нь өнгөрсөн нэгэн үеийн өөрөөс нь дутуу явсан цаг үе л тодрон санагддаг. Санаанаас нь огт гардаггүй өнгөрсөн цагийг одоо, ирээдүйтэй нь хамтатган “тийм л байх тавилантай” юм шиг санадаг, итгэдэг хүмүүс олон бий. Тэгээд л хүмүүст түүний өнгөрсөн цагийг ид бах болгон дэлгэхдээ,  өөрөө тэр үед түүнээс илүү байсныгаа тодотгон тодруулж хуучлана. Харин одоо цагт яагаад түүнээс дутуу байгаа тухайгаа бодох ч үгүй, бас хүлээн зөвшөөрөх ч үгүй. Өөрийнхөө өнгөрсөн цагаар үргэлжлүүлэн амьдардаг хүмүүс, өрөөл бусдын өөрчлөгдсөн ирээдүй цагийн талаар эргэцүүлэх дургүй. Энэ тухай бодохоор атаархал хорсол нь буцалж, илчилж зөвшөөрөх аваас өөрөө улам дорд харьцуулагдах юм шиг л санадаг. Тэгээд л өөртөө бус өрөөл нэгэнд уурсан бухимддаг.
Хүний амьдрал өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цаг дээр оршдог. Өглөөний нар мандахдаа гэрэл сацруулж, үд дунд халуу шатуулж, жаргахдаа илчээ алддаг лугаа адил. Хүмүүс энэ л орчилд бүгдээрээ алдахдаа алдаж, онохдоо онож ухаарлаасаа амьдралаа олон янзаар өөрчилнө. “Өглөөний нарыг наранд бүү бод, өсөхийн жаргалыг жаргалд бүү тооц” гэдэг үг үүний тайлбар. Биднийг залуу онгиргон насандаа бусдад сайн муугаар хэлүүлэн тоомжиргүй аашлах бүрд хөгшчүүл маань “Та нарын бусдад сайн муугаар хэлүүлэх цаг чинь болоогүй ээ” хэмээн учирладаг нь одоо, ирээдүй цагийн сүлэлдээний батжилтын тухай бодсоных буйз. Харин өнгөрсөн цаг мөч бүрийн зөндөө олон алдаанууд хүний сэтгэлд ухаарал болон үлддэг. Өөрийгөө ихэд бодож болохгүй тухай, хайрыг өмчилж болохгүй тухай, эрдэм мэдлэг эд хөрөнгөнөөс эрхэм болох тухай, үнэнч сэтгэл хуурамчаасаа үнэд хүрэх тухай, худал зүйл хэзээ нэгэн цагт үнэнд гүйцэгддэг тухай, сайхан сэтгэл хүний зүрхэнд үлдэж хоцордог тухай, үзэн ядалтыг уучлал ялж гардаг тухай, хэн нэгний хэлсэн үг биш цаг хугацаа л үнэний шалгуур болдог тухай бид өнгөрсөн цагийн зөндөө олон алдаа, онооноосоо ойлгож үлдэнэ. Тэр болгон нь одоо цагт ухаарал болон шингэж, ирээдүй цагт биелэлээ олон хэрэгжиж байдаг юм. Өнгөрсөн цагийн тухай муугаар биш, сайнаар харж байх нь элдэв атаархал хорслоос ангид байх боломж тань.
Чамайг мохоох гэж бас гутаах гэж өнгөрсөн цагийн алдааны чинь тухай хашгирч буй хүн рүү зүгээр л инээмсэглэн харж бай. Гомдсондоо урсах шахсан нулимсаа залгилж, хорссондоо хариуд нь хашгичих гэсэн үгээ залгилж, цохиод авахаар далайсан гараа нөгөө гараараа атгаж, зүгээр л нүд рүү нь харж байгаад хүчээр инээмсэглэ. Учир нь энэ бүхэн бол өнгөрсөн цагийн дурсамж, маргааш  ч өнөөдрийн энэ бүхэн өнгөрсөн цагийн дурсамж болон үлдэнэ.  Одоо цаг, ирээдүйтэйгээ хамтад чиний өмнө зогсож байна. Өнгөрсөн цагт чи хэн байсан нь тийм ч чухал биш, харин өнөөдөр бас маргааш чи хэн байх нь хамгаас чухал. Өнгөрсөн цагтайгаа зууралдаж, өнгөрсөн цагаараа өнөөдөр ч амьдарч байгаа хүмүүс маргааш ч өнгөрснөөрөө амьдарсаар байх болно. Харин чи ирээдүй рүүгээ явах ёстой. Зарим хүмүүс чамтай хамт явахгүй байсан ч чи ирээдүй рүүгээ явах л ёстой. Яагаад гэвэл зөндөө олон хүмүүс чам шиг ирээдүй рүүгээ итгэл төгс алхаж яваа. Чи тэдэнтэй учирч, нөхөрлөж хамтдаа алхах болно. “Чи хэзээ ийм байсан юм бэ?” гэдэг бол зүгээр л атаархал хорслын үг. Чи өнгөрсөн цагаасаа авах зүйлээ авч, одоо цагт сайнаар өөрчлөгдөн, ирээдүй рүүгээ итгэлтэй явж байгаагийн тань баталгаа. Өнгөрсөн цаг болгон чиний өөрчлөгдөхийн угтал, хичнээн өөрчлөгдөөд ч хэн байснаа мартаж боломгүй дурсамж. Гэнэн бас гэгээлэг дурсамж. Тэгээд л атаархал хорслын өмнө инээмсэглэж чаддаг юм даа.

Nov 23

ЗУРВАСХАН БОДЛУУД-35

By gala-admin | ЗУРВАСХАН БОДЛУУД

АМЬДРАЛЫН ХААЛГА

…Хүний амьдралд яах ч аргагүй мухардаж, шийдвэр гаргаж чадахгүй цөхөрч, орвонгоороо эргэсэн бүх зүйлийг хэзээ ч эргүүлж байранд нь тавьж чадахгүй юм шиг санагдах үе бишгүй тохиолддог. “Яагаад?”, “Яах гэж?”, “Ямар учраас?” гэж хариу нэхсэн асуултууд сэтгэл дотор хуй салхи шиг эргэлдэж, олдохгүй байгаа хариултууд нь тэнгэрийн тэртээгээс аянга болон цахилахад, сэтгэл доторх наран жаргаж “бүх зүйл өнгөрсөн” гэж өөртөө гунигтай хэлэх мөчид аадар бороо нулимс болон асгардаг.  Сэтгэл доторхи итгэлийн наран жаргахад хүмүүс гадаа мандаж байгаа нарны илч гэрлийг мэдрэхээ больж, жиргэж буй шувуудын хөгжилтэй дууг сонсохоо больж, амьдралын ердийн хэмнэлийг ч анзаарахаа больж, өөрийнх нь хувьд амьдралын утга учир алдагдах үе бишгүй. “Өнгөрсөн” гэдэг үг цөхрөлийг дагуулж, алдагдсан итгэл гомдлын сүүдэрт хиртэж, аз жаргалын төсөөлөл сэтгэлийн хар  шуурганд хийсч одно. Өвдсөн зүрх сэтгэл дотроо шаналж байхад, алдагдсан итгэлийн аргамжаа тасарч байхад, амьдралын өнгийг байгаагаар нь мэдэрч чадахгүй болох үед хүн энэ амьдралд “жингүйддэг”.
Хэдий тийм боловч амьдралд боломжгүй зүйл огт үгүй. Хадан хавцал дунд хашигдаж хаашаа ч гарах аргагүй мэт бачимдах үед чиний эргэн тойронд “боломжийн” бүх хаалга хаагдаж, гарц үгүй болно. “Дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу” санагдах үед, амьдралын төгсгөл ирж байгаа юм шиг санагдан хаашаа ч гарцгүй болох үед, энгийн үед чамд дотносож байсан бүх хүмүүс чамайг орхин холдох үед бид хаагдаж байгаа 9 хаалганы аль нэгэн хэсэгт үл ялиг нээлттэй үлдэх хаалгыг олж анзаардаггүй. Хүмүүсээс тусламж гуйн уйлж, хэн нэгэнд гомдсондоо орилж хашгирч, эсвэл “яагаад би?” гэж амьдралыг үзэн ядаж бухимдахын оронд тайвширч байгаад орчин тойрноо эргэцүүлэн ухаарч ажиглах юм бол тэр хаалгыг олж харах болно. Хаагдаж буй хаалга болгоныг очиж өшигчөөд, хавийн хүмүүс руу харааж зүхээд, амьдралыг үзэн ядаад эхлэх  юм бол чиний хорссон нүдэнд нээлттэй хаалга хэзээ ч өртөхгүй. Нээлттэй хаалгыг олж харахгүй л бол чи хэзээ ч хадан хавцлаас гарч чадахгүй, тэр л хадан хавцал дунд хувь заяатайгаа эвлэрэн суух болно. Нүд тань гунигаар бүрхэж, чи хүмүүст хэзээ ч итгэхгүй, амьдралыг өөдрөгөөр харахгүй, тэр ч бүү хэл “сайхан хайр” байдаг гэдэгт хэзээ ч итгэхгүй. Энэ амьдрал чиний хувьд зүгээр л дарстай “гуниг”.
Энэ амьдрал хүн болгоныг шалгаж байдаг. Энэ амьдрал амтат бялуу биш, бас гашуун чинжүү ч биш. Бүх зүйл өөрийн хэм хэмжээтэй. Жаргал зовлон болгон бас л тэнцүүр. Чиний өмнө тулгаж тавьсан хадан хавцал болгон шалгуур. Хэрэв чи эхний хавцалыг давж чадахгүй бол тэндээ үүрд үлдэнэ. Бид мундаг боловсролтой хэрнээ арчаагаа алдсан олон архичдаас энэ жишээг харж болно. Дараагийн хавцлыг давж чадахгүй бол бас л тэндээ үүрд үлдэнэ. Амьдралдаа гутранги, бусдад хэзээ ч итгэдэггүй олон хүмүүсээс энэ жишээг харж болно. Дахиад тулсан хавцлыг давж чадахгүй бол бас л тэндээ үлдэнэ. Өөртөө итгэлгүй, бусдын тус дэмэнд дулдуйдаж амьдардаг хүмүүсээс энэ жишээг харж болно. Гэхдээ хадан хавцал болгоноос нээлттэй хаалгыг олж харан онгойлгон алхаж чадсан хүн болгонд амьдрал илүү боломжуудыг олгож байдаг. Саад бэрхшээлийг давах тусам олдож байгаа боломж нь бүр ч илүү. Эхний хаалгыг олж харсан хүмүүс нээлттэй хаалга хаана байж болохыг баримжаалж мэддэг болдог. Сүүлдээ төвөггүй олно. Тэр хэрээр өөрөө хүчирхэг болж байгаагаа мэдэрдэг. Хүчирхэг байна гэдэг чинь энэ амьдралын орон зай юм шүү дээ.
Хүмүүс бид нэг л зүйлийг анзаардаггүй. Бидний дотоод сэтгэл дэх салхи шуурганаас үл хамаарч байгал дэлхий байдгаараа байж, амьдрал үргэлжилдгээрээ үргэлжилдэг гэдгийг. Бид дотоод сэтгэлээ чагнаад л сэтгэлийн хар шуурганд автаад байдгаас  тэр л дээ. Уг нь уртаас урт амьсгаа аваад гадагшаа гарч энэ ертөнцийн амьдралыг уужуу тайван анзаарах ахул, алтан наран манддагаараа мандаж, амьд байгаль гайхуулдгаараа гайхуулж, дууч шувууд жиргэдгээрээ жиргэж, хүмүүс амьдралын хэмнэлдээ яардгаараа яараад л, тэртээх уулс дүнсийдгээрээ дүнсийгээд  л байж байгааг анзаарах болно. Тайвширч, сэтгэлээ тэр л орчилд уусгах юм бол чи алзахгүй. Бид дотоод сэтгэлээ “бусдад муу хэлүүлнэ” гэдэг айдсаар хачирладаг болохоор өөрсдийгөө зовоодог, бас сэтгэлдээ тарчилдаг. Уг нь байна шүү дээ, чи өөрийнхөөрөө “зөрүүдлэхэд” тэд биш, цаг хугацаа л үнэн мөнийг шүүн нотолдог юм. Дараа нь хүмүүс чиний зөв байсныг ойлгохдоо чамд талархан ханддаг юм даа. Амьдрал гэдэг чинь тийм ч хатуу хахир зүйл биш ээ. Чи л ухаантай, бас тэвчээртэй байж чадвал…

ЭМТЭРСЭН СЭТГЭЛ

-Чи яагаад ийм тэнэг юм бэ? Би чамд хайртай гэж хэлж байна шүү дээ.
-Чи намайг “тэнэг” гэсэн
-Бурхан минь, Би чамд хайртай гэж хэлж байхад чи зөвхөн “тэнэг” гэдэг үгийг л сонслоо гэж үү?
…Өөрийг нь хайрласан л бол “бүх зүйл зөвхөн өөрийнх нь хүссэнээр байх ёстой” гэсэн эрх хэрнээ зөрүүд зан, заримдаа өөрт нь хандсан гэгээлэг сайхан үгнүүдээс санамсаргүй ч юм уу? өхөөрдсөн ч юм уу? хэлбрээр хэлсэн нэгэн “муу” үгийг илүү сонсож тусгаж авахад хүргэдэг байх. Учирлаж аргадсан мянган сайхан үгнүүдийг “хэлэх ёстой” гэсэн бардамхан төрхөөр сонсож өнгөрөөх атлаа, сонсохыг хүсээгүй ганц үгийг ч “газар гээхгүй” шалтаглан туних гомдол  хайр сэтгэлийн давалгаанд олонтаа үерлэдэг. Тэр үер нь хожмын олон муу гомдлын улмаас бохирдож, эргээ халин давалгаалах нь бий. Бие биедээ ухаангүй дурласан үедээ залуус сэтгэлийн тэнцвэрээ алдаж, бие биенээ санаатай ч санамсаргүй гомдоодог олон шалтгаануудын нэг нь энэ. Ялимгүй маргаанд ч ялж дийлэх хүслээр үгнээс нь “өө” хайн, илүү хорон үгсийг бодож олон “тургилах нь” хожмын ялагдлынх нь эхлэл болдог. Дараа нь бие биенээ уучлан эвлэрэх авч уруул давж сэтгэлийг нь шархлуулсан тэр үгс цээжний цаанаас “хөндүүрлүүлэх” нь бишгүй. Олон олон хөндүүрлийн дараа сэтгэл “шархалж” эхэлдэг.  Сэтгэлийн шарх хожим нь чамд гомдсондоо орхиод явах шалтаг болдог.
Бие биенээ хайрлаж дассан залуус ялимгүй зүйлээс шалтгаалан маргалдахдаа, өмнө нь бие биедээ илэн далангүй учирлаж байсан эмзэг тал дээр нь дарж өвтгөхийг хичээдэг. “Чи өмнө нь тийм байсан биз дээ?” гэж хорыг нь малтан хэлсэн үгс, түүндээ итгэж байсан сэтгэлд цав суулган, газар шидэн хагалсан шаазангийн хэлтэрхий шиг бут үсэрнэ. Хожим нь уучлал гуйн хагарсан шаазанг эвлүүлж наах гээд ч бүтэн болгож чаддаггүй. Хааяадаа ухааруулах гэж учирлахад нь “Үгүй чи тэгж л бодож байгаа шүү дээ?” хэмээн өмнөөс нь дүгнэлт гарган няцаах няцаалт нь өөдөөс нь ойлгуулах гэж учирлаж аргадах сэтгэлдээ хэлхсэн торыг нь тасчиж орхино. “Үнэн” гэж нотлоод байх хэцүү, “үгүй” гэж няцаагаад байх ч хэцүү цөхрөл, аргадаж хэлэх учирлал бүхнийг сэмэлж  тасдана. Сэмэрч урагдсан тэр торыг эргүүлээд нөхөх амаргүй, цоо шинэ болохгүйгээс хойш дахиад сэмрэхгүй гэх баталгаа үгүй. Зөвхөн өөрийн хүссэнээрээ байж, хайртай хүнээ дандаа “давж гарах” гэсэн эрх, зөрүүд зан өнөөдөр “жаргалтай” мэт санагдавч маргаашийн зовлонгийн эхлэл болох нь бий.  Амьдралд юм бүхэн хязгаартай. Хязгаарыг давах тусам бид жаргалаа зовлон болгодог.
Хүмүүс бие биедээ дурлаж, хайрлах тусмаа хайртай түүнийхээ хуссэн бүхнийг нь биелүүлж баярлуулахыг хичээдэг. Хайртай түүнийхээ баярлаж бахадсан төрхийг өхөөрдөн ажих ямар сайхан гээч. Хүзүүнээс нь зүүгдэн “Баярлалаа хайрт минь. Би чамдаа хязгааргүй хайртай шүү” гэж хэлэхийг сонсож байхдаа зүрх нь хүчтэй цохилж, сэтгэл нь ямар ихээр догдолдог гээч. Амьдралд юм бүхэн “амархан” мэт санагдах мөч магад тэр байх. Хүний хүсэл шуналд хязгаар үгүй. Хайртай хүнээ “гомдоохгүй” гэж биелүүлэх хүсэл ч барагдахгүй. Хамтдаа бус зөвхөн чи л түүний хүслийг биелүүлэн баярлуулж байгаа мөчүүд олон мөчлөгтэй. Анхандаа чамд чин сэтгэлээсээ баярлаж талархаж байсан бол аажимдаа “тийм л байх ёстой” хэмээн үүрэг болгон шаардах болно, алсдаа “үүнийг хийсэнгүй” гэж албадаж дарамтлах болно. Баярласан сэтгэлээс дарамтлан шаардах хүртэл бага бус хугацаа. Сэм сэмээр гомдож, сэмэрч урагдсан сэтгэл нэг л мэдэх дор “хайргүй” болж буйгаа мэдэрдэг. Бид энэ бүхнийг анзаарахгүйгээр олон олон жилийн дараа, тэр мөчид оргилон ундарч байсан хайрын сэтгэл хаана хэзээ “ширгэж” алга болсныг ч ухаардаггүй. Тэгээд юу гэж боддог гээч! “Амьдралд сайхан хайр байдаггүй юм байна”. Өөрөө хаана алдсанаа ч санахгүй.
-Тэнэгхэн минь дээ, би чамдаа маш их хайртай.
-Тэгэлгүй яахав би ч бас чамдаа маш их хайртай.
Хоёулаа ингэж хэлэхэд сайхан сонсогдож байгаа биз? Амьдралын аз жаргалыг хамтдаа бүтээхэд хайрын сэтгэл хэзээ ч сэмэрдэггүй. Бас итгэл хэзээ ч шаазан шиг хагардаггүй. Хүндлэл хэзээ ч хуучирдаггүй. ХАЙР- ХҮНДЛЭЛ-ИТГЭЛ гурав үргэлж хөтлөлцөж явдаг юм даа. Эс тэгвэл…

ҮРЧЛЭЭ

…Нуруу нь бөгтийн хуруу нь мойнийж, үрчлээ дүүрэн нүүрнийхээ ус гүйж цэлхийсэн нүдээрээ жаргаж буй наран зүг саравчилж суугаа хөгшдийн дэргэдүүр нь өнгөрөхдөө бид өрөвдөнгүй хардаг. Тэр хүний элж өнгөрөөсөн цаг хугацаа бидний ирээдүй болон айсаж явааг бид анзаардаггүй, анзаарахыг ч хүсдэггүй. Мөнх залуугаараа амьдрах юм шиг, энэ л хэвээрээ өтлөх юм шиг анзааргагүйхэн залуу насандаа  цаг хугацааны элэгдэлээ мэдрэхийг хүсдэггүй. Хааяадаа энэ тухай, дүн хүйтэн өвлөөр ангал дээгүүр харайн дүүлэх чоно харсан мэт зурвасхан бодолдоо тэвдэж, бас дааран жихүүцнэ. Өглөө бүр толины өмнө өөрийгөө харахдаа санчиганд сорлох ширхэг цагаан үс,  инээвхийлэх төдийд нүдний тэртээд зурваслаж үзэгдэх үрчлээний ором төдийд “яанаа” гэж сэтгэлдээ дуу алдах авч, сэтгэлийн тэртээд хөнгөхөн санаа алдах. Энхэл донхол дундуур эргэлдэж мөлийн хяхтнах хуучин тэрэгний дугуй шиг, амьдралын мөчлөг бүрийн зовлон жаргал дундуур элэгдэж хэлтрэх бидний төрх. Хэнийг ч тойрдоггүй, хэнийг ч өршөөдөггүй, хэнийг ч ялгадаггүй.
Цоожтой авдар дотор хадгалж нуусан юм шиг бидний сэтгэл доторхи зовлонгийн шарх нүүрэнд үрчлээ болон тогтож анина. Эргэлдэж урсах амьдралын эдэлж барах зовлон жаргалын тэмдгүүд үй олноороо нүүрэнд минь үрчлээ болон тодорч, цаг хугацааны элэгдэл болон суух аж. Хичнээн нуугаад ч бас “татуулаад” ч элэгдэж хорох амьдралын жамыг хэн ч сөрж бас зогсоож үл чадах. Өөдөөс нь өрөвдөнгүй харж суугаа толигор залуу төрхөнд өвгөд хөгшдийн үрчлээ болгон түүх өгүүлдэг. “Яг л чам шиг залуу байхдаа…” гэж эхэлсэн энэ хүүрнэл чамайг зорин айсаж яваа цаг хугацааны зэрэглээ, санаа алдах хэмнэл нь зөрөх эс зөрөх тавилангийн учирлал.  Ойлгосон ч эс ойлгосон ч нэгэн цагт чи энэ сандал дээр суугаад хэн нэгэнд энэ тухай хуучлан сэтгэлийнхээ гүнд санаа алдах чимээгээ чагнан суух л болно. Гарынхаа алгаар зөөлхөн илбэхэд мэдрэгдэх төдий үрчлээсүүд эдгэрсэн сэтгэлийн шархны ором болгон тэмтрэгдэнэ. Тэнд жаргал ч бий, бас зовлон ч бий. Санаа алдах бүрийд урсах салхины урсгал он цагийн энэ тэмдгийг улам л тодруулна.
Ичиж бас тэвдэх хэрэггүй дээ, энэ л үрчлээсүүд чиний туулж өнгөрүүлсэн амьдралын жаргаж бас зовж өнгөрүүлсэн цаг хугацааны тэмдэг. Амьдралын хар шуурганд хийсч одолгүй тэсч үлдсэн, аагим халуун цөлд ангаж хатаад амьд үлдсэн, хүүхэдтэй болоод баярлан догдолж хүн болсны учир ерөөлөө ухаарч баярласан, хайрыг цэцэг шиг хэмээн эндүүрч нэгэн хоромд тасчиж хаясны шаналал, өвчин үхлийн өмнө сөгдөж халшраад уйлж суусан, өөртөө гомдоод толгойгоо шааж явсан, итгэлээ алдаад эргүүлж олж авсан бүх л цаг мөчүүдийн нотолгоо, энэ үрчлээсүүд. Уншиж хэрэв чаддагсан бол чиний туулж өнгөрүүлсэн амьдралын сургамжит бичиг энэ үрчлээсүүд. Бусдын өмнө чиний хүн шиг хүн явсны нотолгоо. Хүүрнэж хэрвээ чаддаг сан бол сэтгэл дотроо хэнд ч хэлж зүрхлээгүй, хэлэх ч үгүй, зүрх сэтгэлтэйгээ хамтад элж алга болох хайр харууслын тухай өгүүлэхсэн. Санаа алдах бүрийд нь сархиаг шиг үрчлээсүүдийн дунд жаргал зовлонгийн салхи хүүгэж буй. Сонсож хэрвээ хэрвээ чаддаг сан бол, хөр цасан дороос хэнзлэн соёолсон хайрын бүүвэй, зовлон дунд өвлийн шөнөөр улих чонын улианыг сонсох буйз.
НҮҮРЭН ДЭХ ҮРЧЛЭЭНЭЭС БҮҮ АЙЖ БАЙ, ХАРИН ЗҮРХЭНДЭЭ ҮРЧЛЭЭ СУУЛГАХААС Л АЙЖ БАЙ.

Oct 29

ЗУРВАСХАН БОДЛУУД-34

By gala-admin | ЗУРВАСХАН БОДЛУУД

ӨӨРИЙГӨӨ ХАЙСААР Л …
Хүн энэ амьдралд ирээд юу хайдаг гээч! “Аз жаргалыг хайж эрж бэдрээд байна” гэж бодох авч угтаа өөрийгөө л хайдаг юм шүү дээ. “Би хэн юм бэ?” гэдэг асуулт хүнийг насан туршид нь дагаж, тэр болгонд хариулах гэж оролдовч онох нь ч бий эс онох нь бий. Зарим нь өөрийгөө огт олохгүй төөрч явсаар энэ ертөнцөөс буцаж байхад зарим нь яг амьсгал хураахын өмнөхөн “аа, би гэдэг чинь…” гэх ухаарах авч хожимдсон байдаг. Хүмүүс заримдаа чиний тухай “Чи бол … тийм хүн” гэж дүгнэх авч санаанд яг л таараагүй хэрнээ ёсыг бодож толгой дохиж л зогсдог.
Зөвшөөрөөд байгаа ч юм шиг эсвэл дургүйцээд байгаа ч юм шиг араншин дунд өөрөө л төөрөлдөж орхино. Сэтгэл дотроо эргэлдэж байгаа үй түмэн сайн муу бодлуудаа шүүж, өөртөө хэрэгтэйг нь ялгах гэдэг амаргүй. Заримдаа хялбарчлаад бусдын сайн муу талыг дуурайх гэвч салаа замын билчир дээр яалт ч үгүй салж одно. Тэгээд л өөрийн зөв, эсвэл түүний зөв алин болохыг ялгаж мэдэрч үл чадах.
Хүн болгон энэ ертөнцөд өөр өөрийн өгөгдөлтэй ирдэг. Сайн дуучин, мундаг зохиолч, эсвэл гайхалтай зураач, ухаант эрдэмтэн, чадварлаг тамирчин болох өгөгдөлтэй бол хэзээ нэгэн цагт “цоороод” л гараад ирнэ. Гэхдээ ид шидээр бус, өөрийн мэдрэмж авьяасаа маш их хөдөлмөр зүтгэлээр тэтгэж байж л амжилтад хүрдэг. Тийм авьяас чамд заяасан боловч чи арчаагүй залхуу, хэнэггүй онгироо бол тэр чинь “зэвэрнэ”. Учир нь чи өөрийн өгөгдлөө өөрөө мэдэрч бас хөгжүүлэх учиртай. Хэн нэг нь өөрт нь авьяас заяагаагүй байхад заавал дуучин болох
гээд өөрийгөө зовоогоод өрөөлийг ичээгээд дуусдаг тохиолдол бий. Эсвэл боломж тохиогоогүй байхад ямар ч аргаар хамаагүй \хулгай хийж, худал хэлээд ч болов\ баян хүн болох гэж өөрийгөө бас өрөөлийг тарчлаадаг. Харсан үзсэн болгоноо сармагчин шиг дуурайх гээд тарчлаад байдаг хүмүүс өөрийгөө бараг л олохгүй дээ. Өөрийнхөө тухай эргэцүүлэхийн оронд тэр ч хөөрхөн, энэ ч гоё харагдаад тэр болгоныг дуурайх гэж сэтгэлээ хүчилж, зүрхээ оволзуулаад байхаар яаж ч өөрийгөө олох билээ.
Хүн болгон энэ ертөнцөд дотоод сэтгэлийн гал, их эрч хүч, хайр энхрийлэлээ авч ирдэг. Уг нь дотоод сэтгэлээ анхаараад чагнах юм бол энэ бүхэн чиний сэтгэлд оршиж л байгаа. Түүнийгээ мэдрээд бас хөгжүүлээд ухаарч чадах юм бол хайгаад байгаа аз жаргалаа өөрийн дотоод сэтгэлээсээ олно. Бусдад сайхан сэтгэлээр туслаад, тэр хүний баярлаж талархсан сэтгэлийнх нь дусал аньсаганд нь мэлтрэхийг харах ямар сайхан гээч. Тэр үедээ чи өөрийн дотоод сэтгэл дэх өөрийгөө олж мэдэрдэг. Зүрх чинь нэг л уянгалаг хэмнэлээр цохилж, эргэн
тойронд байгаа юм бүхэн өнгөлөг харагдаж, өглөө чамд амаргүй санагдаж байсан бүхэн чинь чиний хувьд хичнээн амархан болохыг мэдэрнэ. Зөндөө олон хүмүүсийн баярлаж талархахыг мэдрэхдээ чи өөрөө энэ ертөнцөд яах гэж ирснээ ухаарч, бас энэ ертөнцөд ингэж амьдарч байгаадаа өөртөө баярладаг. Сайхан шүү дээ. Хүмүүс өөрийгөө олж чадахаа болихоороо, өөрийн дотоод сэтгэлээ мэдрэхээ болихоороо л хувь заяагаа мэргэлүүлэх гэж бусад дээр очно, гэнэт мөнгө олох хүслээр түрийвчээрээ даллана, шийдвэр болгоныхоо төлөө өөрөөсөө бус
өрөөл бусдаас асууна. Өөрөө өөрийнхөө хаана, яаж явааг ч мэдрэхээ болино.  Сэтгэл дотроо төөрч будлиад л…
Хүмүүс бид энэ ертөнцөд аз жаргалыг хайж бэдрээд байна гэж бодох авч угтаа бол өөрийгөө л хайж бэдэрч байгаа хэрэг. Өөрийгөө олж чадсан хүн аз жаргалаа олж байгаа хэрэг. Өөрийгөө олохгүй төөрч будилаад яваа бол аз жаргалыг бус зовлонг л олдог. Чи өөрийн дуртай ажлаа хийн сайн цалин хөлс олж амьдралдаа хүргээд, гэр рүүгээ яаран яаран очдог бол өөрийгөө олжээ гэсэн үг. Чи өөрийгөө зовоон тарчлааж байж бүтээсэн бүхнээсээ сэтгэлийн их таашаал авч, тэр бүтээлийг чинь хүмүүс баярлаж бахдан хүлээж авч, сэтгэлдээ шингээж байгаа бол
чи өөрийгөө олжээ гэсэн үг. Дотоод сэтгэлийн анираа чагнаж сэтгэлийн их амар амгаланг мэдэрч, анирдаж байгаа бол чи өөрийгөө олжээ гэсэн үг. Бүх зүйл өөрийн цаг хугацаатай байдаг болохоор тэвчээртэй хүлээж, бүх зүйл өөрийн шалгууртай байдаг болохоор уйгагүй чармайн хөдөлмөрлөж, бүх зүйл хэмжээтэй байдаг болохоор илүүд шунахгүйгээр байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байж сурах хэрэгтэй болдог. Бусдыг ойлгон хайрлаж, бас өөрийгөө ч ойлгож хайрлаж байх нь өөрийгөө олохын эхлэл. Сэтгэлээ ямагт чагнаж, өөртэйгээ ярилцаж, өөрийн
бий болгосон бүхэндээ үнэнч бай. Чи бол чи.

“ДАЛАН БУЛЧИРХАЙ”
…”За тэгээд тааралдсан хүн болгонд далан булчирхайгаа тоочоод яваад байвзай. Хүн хүний бодол өөр шүү” хэмээн ээж нь хүүдээ захиж байна. Ээж аав нь хүүхдийнхээ “далан булчирхай”-г сайн мэддэг болохоороо бусдын элдэв сониуч араншинд өртөж, өөрийн үнэ хүндээ хөнгөнөөс арилжчих вий хэмээн санаа зовж байгаа хэрэг.  Танилцаж дотноссон нэгэндээ гэнэн, цайлган цагаан зангаа илэрхийлэх гэж өөрийн талаар бүх мэдээллээ нэгд нэггүй тоочин учирлаж ярьдаг хүмүүс зөндөө бий. Хэдийгээр цаад хүндээ сонирхолтой мэт санагдах авч, байнга энэ
бүхнээ давтан улиг болгон яриад байх аваас эцэстээ төвөгтэй мэт санагдах тохиолдол бишгүй. Нэгэнт өөрийн “далан булчирхай” -гаа тоочсон болохоор нөгөө хүнийхээ “далан булчирхай”-г сонсох хүсэл заавал төрдөг нь “хариутай бол бариутай” гэдэг хэллэгийн сонгодог жишээ. Хоёулаа “далан булчирхай” гаа мэдэлцэж, уйдсаны дараа бусдын “далан булчирхай”-г сониучирхаж элдэв таамаглал дэвшүүлэн “зөгнөж” ярилцах нь хов жив, цуу яриа, бусдын хэрэгт дурлах эхлэл болдог ажгуу.
“Далан булчирхай” өдгөө цахим ертөнцөд өөрийн өнгө, төрхтэй болж буй. Заавал хэн нэгэнтэй уулзаж дундаа данх цай тавиад хуучилж суулгүйгээр  нүүрном руу ороод л олон олон хүмүүсийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг шууд авч болно. Тэр хүн хэдэн хүүхэдтэй, хүүхдүүд нь хаана байдаг хэдэн настай болох тухай, ээж аав болон найз нөхдийн нь тухай, хэнд нь илүү хайртай хэнтэй яаж муудалцсан тухай, шөнө юу зүүдэлж өглөө юу мөрөөдсөн тухай, хэдэн цагт хаана ямар хоол идсэн хийгээд өнөөдөр ажлаа үр бүтээлтэй эс бөгөөс үр бүтээлгүй
өнгөрөөж байгаа тухай, тун удахгүй түүнд юу тохиолдож болох тухай гэхчилэн дэлгэрэнгүй мэдээллүүдийг унших болно. Бусдын хэрэгт дуртай бидний хувьд энэ бол сонирхолтой бөгөөд уйдамгүй адал явдалт ертөнц. Өөрийн нүүрномдоо юугаа бичиж, юугаа илэрхийлэх нь хувь хүний эрхийн асуудал. Хэн ч шүүмжилж хориглох аргагүй. Гэхдээ хэт дэлгэрэнгүй хувийн чанартай ийм мэдээллүүдийн дундаас хэн нэгэн буруугаар ашиглаж болох  боломжууд бий болж байна. Хүчирхийлэл хийгээд хүний наймааны чанартай гэмт хэргүүд ч ийм мэдээллүүдийг
ашиглаж байгаа нь нууц биш.
Хүн болгонд байдаг хувийн олон асуудлууд нь бидний хоорондын харилцаанд янз бүрээр л нөлөөлнө. Хэн нэгэнд бүх л зовлон жаргал, ажил амьдралаа бүгдийг нь  тоочин ярих авч нөгөө хүндээ огт сонирхолгүй, ач холбогдолгүй байх нь элбэг. Бидний харилцаан дундах хэм хэмжээ нь харилцан сонирхол нийцсэн, эс бөгөөс огт сонирхол нийцээгүй сэдвүүдээс хэлбэлзэж байдаг. Ярилцаж байгаа хүнтэйгээ “далан булчирхай”-гаа тоочилгүйгээр зөвхөн хэрэгтэй сэдвээр нь ойлголцож ярилцаж байх нь хувь хүний өөрийн үнэ цэнээ авч үлдэх том боломж нь. Хүн
болгонтой хэтэрхий илэн далангүй байх нь заримдаа цаад хүндээ төвөгтэй байхаас гадна, өөрийн тань талаарх тааламжтай сэтгэгдлийг үнэ цэнэгүй болгож орхих тохиолдол болдгийг бид заримдаа анзаардаггүй. Тааралдсан хүн болгоны өмнө бүх хувцсаа тайлан нүцгэлэж болдоггүйтэй адил, уулзаж ярилцах хүнийхээ ямар хувцас өмсөж очих нь хүн бүрийн сонголт.  Хүнийг өмссөн хувцсаар нь угтаж, оюун санааны багтаамжаар нь үнэлдэгт хамаг учир оршдог юм даа. Хүний үнэ цэнэ их ярьдгаар нь  бус, өөрийгөө болон бусдыг хэрхэн хүндэлж байгаагаар
хэмжигддэг. “Далан булчирхай” гэж!  Хувь хүн бүрийн оюун санааны илэрхийлэл юм даа.

“ТАМ” ШИГ СЭТГЭЛ
…Энэ ертөнцөд сайн хүмүүс олон байдаг ч муу хүмүүс тэднээс дутуугүй олон байдаг болохоор жаргал зовлон ээлжилж байх учрал тохиожээ. Заримдаа ч тэсгэл алдаж “улаан нүүрэн дундуур нь байлгаад авмаар”, эсвэл барьж байгаа зүйлээ өөдөөс нь чулуудаж орхимоор хүмүүс тааралдана гээч. Нэг гараа нөгөө гараараа атгаж, сэтгэл дотроо “тэсч үз дээ, чи энэ тэнэгтэй нэг насаараа хамтдаа амьдрах биш дээ” гэж шивнэх үе зөндөө. Гэхдээ эелдэг занг “дорой хулчгар” гэж андуурдаг, тэсээд дуугүй өнгөрөхөөр “донгио” гэж бодон тавладаг, уучлаад тайван
амгалан байхаар “тэнэг” гэж бодон дээрэлхдэг хүмүүс зөндөө бий. Олны дунд хэрэлдэж маргалдахаар түүний хэмжээнд очиж өөрөө “доошоо орчих” гээд, учирлаж зөөлөн аядуу ярихаар даварч хашгиран толгой дээр минь гарчих гээд, тоглоод ч байгаа юм шиг шоглоод ч байгаа юм шиг учир нь олдохгүй марзан аашлалын өөдөөс уурлаад хашгичих ч хэцүү,  мушилзаад дагаад ч байх хэцүү хүмүүс бишгүй нэг.
Сэтгэлээ чилээж бүтээсэн бүхний өөдөөс зүгээр л нулимж хариулна, “чи муу хэзээ ийм байлаа” гэж өнгөрсөн алдаан дээр нь давс асгаж шархлуулна. Талархаж тэднийг дэмжсэн хүн болгонд очиж “муу муухайг нь ” элдэв нотолгоогоор хачирлан, хамтдаа үзэн ядаж шоолохыг уриалж буруу зөвгүй бурна. Өөдрөг ирээдүйг нь огтоос харж мэдрэхгүй ч өөрийн ухсан нүхэндээ тэднийг тарчилж зовж байгаагаар  төсөөлж хорссон сэтгэлээ “уугиулна”. Харин тэр хэзээ ч өөрөө хөдөлмөрлөж зовохгүй, харанхуй шөнөөр сэтгэлээ чилээн нулимсаа дэрэн дээр урсгахгүй,
үүрээр сэрж шүлэг тэрлэхгүй, үдшийн бүрийд өөрийгөө аргадан хүмүүсийн төлөө сэтгэлээ чилээхгүй, зорьсондоо хүрэх гэж зөндөө олон учирлалаас татгалзан татгалзаж тарчлахгүй. Хүмүүс бусдын бүтээлд талархаж байхад нь  атаархаж хорссондоо, бас өөрөө энэ бүхнийг хийж чадахгүйдээ чадах ч хүсэлгүйдээ, нэгэн цагт өөр шигээ дорой байснаараа түүнийг үлдээх гэж хүссэндээ тэд бусдад муу муухайгаар ханддаг.  Уг нь сэтгэлдээ өөдрөг сайхныг нь мэдрээд байгаа хэрнээ, үнэндээ өөрөөс нь илүү байгаа хувь заяатай нь эвлэрч даанч чадахгүй.
“Там” шиг сэтгэлтэй хүмүүс бидний эргэн тойронд зөндөө байнаа.Тарчилж атаархалдаа шатаж зовох хэрнээ бусдыг ч хамтад нь тарчлааж зовоохыг хүсдэг, тэд. Гаргасан алдаа бүхнийг нь баярласандаа бүгдэд  зарлаж тавлах хэрнээ, өөрийн сул талаа нууж “новширно”. Ууч сэтгэлийн хариуд “хорслоо нууж” жүжиглэнэ, угтаа бол “түүнээс дээр” гэдгээ амаараа “нотолж” муу үйлэндээ өөрөө бүдэрнэ. “Гүвээ даваад баригдах үнэн”-д  худал хэлж гүйцэгдэн зовно, гүйгүүл адуу шиг омголон сэтгэл уяан дээр үүрсэж байхад  “айсан хүн адуу хөөх” үлгэрээр аргамжаа
чирч хөлд нь суух гэж тарчилна, өөрийнх нь арчаагүй чанар бусдад ил болох тусам “ичсэн хүн хүн алах” үлгэрээр элдэв мууг сэдэн улам улмаар тарчлах. Үйлээ даахгүй байж мууг үйлдэх гэж зовно, үгээ даахгүй байж цэцэн болох гэж тарчилна, үйлдлээ даахгүй байж бусдыг хорлох гэж тамлана. Хайрлаж чадахгүй байж амраглах гэж зовно, хатууг давахгүй байж амьдрах гэж тарчилна, хамгаас ухаантай болох гэж өөрийгөө бас бусдыг тамлана.
…”Там” гэдэг нь их муу зүйл юм шиг байгаа юм.  “Зам гэж ёстой там юмаа”, “Тэрний учрыг олох гэж тамаа эдэлж байнаа”, “Би гэж хүн махаа зулгааж,  тамаа цайж байнаа” гэхчилэн хүмүүс өөрсдийн хэцүү хүнд байгаа тохиолдлуудаа бусдад жишиж ярьдаг. “Чи муу зүйл хийгээд л байх юм бол тамд унана шүү” гэж биднийг бага байхаас л сургаж асан. Нэг л их өндөр хадан хясаан дээрээс доошоо унах юм шиг төсөөлөл сэтгэлд бууж хэрдээ л айн жихүүцнэ. “Там” гэдэг ойлголт хүний сэтгэлд их л хүйтэн, төвөгтэй байдлаар буудаг. Их л хар бараан өнгө. Хүний
сэтгэлийг “тамлана” гэдэг нь зүйрлэшгүй ихээр, байж суух аргагүйгээр зовоох үйлдлийн зүйрлэл юм шиг байгаа юм. Тамтаггүй явбал там гэдэг тэр буюу.

Oct 21

ЗУРВАСХАН БОДЛУУД-33

By gala-admin | ЗУРВАСХАН БОДЛУУД

УГ НЬ ХЭЦҮҮ БИШ Л ДЭЭ…
…Урд тань алхаж яваад бүдэрч унасан хэн нэгнийг ухасхийгээд очин түшээд босгож болно, эсвэл “юу ч болоогүй юм шиг” хажуугаар нь өнгөрөөд явж болно, нэг бол бүтэлгүй арчаагүйдээ уначихсан юм шиг түүнийг шоолж чанга дуугаар инээж болно. Үйлдлийн хувьд нэг их ялгаагүй мэт санагдах авч сэтгэл дотор нь зурсхийгээд өнгөрөх мэдрэмжүүд нь огт өөр өөр байдаг. Түүнийг түшээд босгоход өөдөөс тань харах талархлын харц өдөржингөө таны сэтгэлд хөгжмийн аялгуу эгшиглүүлж, та анзаарахгүй байсан ч сэтгэл тань нэг л баяр хөөртэй. Хажуугаар
нь өнгөрөөд явсан танд тэгтлээ өрөвдөх сэтгэл төрөхгүй ч сэтгэлийн тань мухарт “уначихаад өвдсөн л байх даа” гэх сонин бодол нь “хэрвээ намайг ингээд уначихвал хүмүүс яах бол?” гэсэн гажууд бодолтой сүлэлдэж, өргөж туслаагүйдээ харамсмаар ч юм шиг санагдана. Харин түүнийг шоолж инээсэн нэгэн бусдын анхаарлыг өөр дээрээ татаж чадсандаа бардамнах авч өөрийг нь тэгж унаагүйд зэвүүрхэж харсан бусдын харцанд сэтгэл нь жихүүцдэг. “Хн, албатай юм уу? ямар” гэж өөрийгөө өмөөрөх авч бусдын зэвүүрхсэн харц сэтгэлээс нь гаралгүй хүйт
дааж тавгүйтүүлнэ.
Хүмүүс бид “бусдад туслах албатай биш”, “хүмүүст туслалаа гээд бусад нь ойлгох биш”, “заавал би тусалдаг нь юу вэ?” хэмээн хариу “тус нэхсэн” сэтгэлдээ янз бүрээр хэгжүүрхэн бодно. Уг нь байна шүү дээ? хүссэн ч эс хүссэн ч хүмүүс бид бие биенээсээ заавал хамааралтай байдагт энэ амьдралын нэгэн хэмнэл оршиж байдаг.” Би байгаа болохоор чи байгаа, чи байгаа болохоор би байгаа” гэдэг шиг л хамаарал нь үелзэж байдаг. “Өнөөдөр чи уйлж, цаадах чинь инээж байвч, маргаашийн өдөр цаадах чинь уйлж, чи инээж байх болно” хэмээн өлгийгөөс авс
хүртэлх амьдралын нугачаанд “бие биенээ хайрлаж бай” гэж О.Дашбалбар шүлэглэсэн. Яарч сандарсандаа урдуур нь орох гэж зүтгэсэн машины жолоочийг “Чи муу яг орж харагдаач” гэж шазуур зуун гацааж, ард нь дохиогоо орилуулах зуун зуун машиныг “түгжрээж” орхиод хээв нэг суух бидний араншин, мянга мянган бухимдал, уур уцаарын нэгэн шалтгаан болж орхино. “Зүгээр л урдуураа оруулчихгүй дээ?” гэх хэн нэгний халаглалд “Бүгдээрээ л адилхан дайрна шүү дээ” хэмээн хорсож хариулдаг. Хэн нэгний “дор орохгүй” гэдэг явцуухан сэтгэлгээ мянган
машиныг түгжрүүлж, хамтдаа уцаарлан бухимдаж, хамтдаа цөхрөн хорсох араншинг бий болгоно. Хэн ч хожихгүй харин бид хамтдаа зовдог.
Яарч яваа нэгнийг урдуураа оруулах тийм ч хэцүү биш, ядарч яваа нэгэнд тус болох тийм ч хэцүү биш, бүдэрч унасан нэгнийг өргөж босгох тийм ч хэцүү биш, будилж яваа нэгэнд зам зааж туслах тийм ч хэцүү биш, уйлж суугаа хүүхдийг аргадах тийм ч хэцүү биш, уруудаж яваа түүнд сайхан сэтгэлээр хандах тийм ч хэцүү биш, гомдож суугаа хэн нэгнийг аргадаж тайтгаруулах тийм ч хэцүү биш, ганцаардаж яваа түүнийг гараас нь атгаж хамтдаа суух тийм ч хэцүү биш. Мөнгө зээлээд надаас дутааж одвол одог л дээ. Мөнгөнөөс үнэтэй итгэлийг арилжиж
орхисноо хэзээ нэгэн цагт ухаарах л болно. Худлаа яриад чамаас дутаавал дутааг л дээ. Хэзээ нэгэн цагт үнэнд гүйцэгдэхдээ чиний өмнө уучлал гуйн сөхрөх л болно. Хуурч мэхлээд чамайг хүмүүсийн өмнө гутаавал гутааг л дээ. Хувь заяаны эргүүлгээр нэгэн цагт чамтай учрахдаа ичиж гэмших л болно. Хүмүүс бид энэ орчлонд мөнх амьдрах юм шиг санаж шунан тачааддаг, бас зөвхөн өөрийн амиа хичээдэг. Бусдад тус болохдоо харам сэтгэл нь түүний амьдралыг “тарчлаан” болгож буйг ухаардаггүй. Бид энэ амьдралд нүүдлийн шувууд шиг ирээд л
буцдаг. Өргөн энэ сайхан энэ орчлонд өөрийн боломжоороо бусдад тус дэм болохын муу гэж ер үгүй. Тус гэдэг гарнаас гар унагахгүй, аминаас амь таслахгүй, сэтгэлийг тань сэмрээж хэлтлэхгүй. УГ НЬ ТИЙМ Ч ХЭЦҮҮ ЗҮЙЛ БИШ Л ДЭЭ… Бас бусдад ухааруулмаар байвал чин сэтгэлээсээ учирлаж бай л даа.

ХУВИЙН АСУУДАЛ
Хүмүүс бид өөрийгөө бусадтай харьцуулан “адилхан” байх гэж хичээж, эсвэл уурлаж бухимдаад байдаг болохоос бус угтаа бол  бие биенээсээ огт өөр давтагдашгүй бодьгал юм шүү дээ. Нийтлэг төрх, зан араншин, үзэл санаа, ухаан бодлоороо төстэй мэт санагдах авч, анзаараад ажиглах юм бол огт өөр, өөр хүмүүс. Бид бие биенээсээ ялгарах давтагдашгүй бодьгалууд учраас бидэнд тохиолдож байгаа учралууд, бидний өмнө тулгарч байгаа асуудлууд ч огт адилгүй. Заримдаа өөрийнх нь өмнө тулгарч байгаа асуудлуудын талаар эргэцүүлэхдээ “бусдад
ийм асуудлууд тулгардаг эсэх талаар, тэд ийм асуудлууддаа хэрхэн ханддаг талаар” сониучирхан бодох нь бий.  Эндээс бусдын “хэрэгт дурлах” сониуч зан, сонжиж ярилцах “хов жив”, хамтдаа сайн болоод муугаар дүгнэж ярилцах \гэхдээ таамаглаж шүү дээ\ “магтах, муулах” үйлдлүүд үүснэ. Заавал үнэн зөв байх албагүй ч, ийм үйлдлүүдээс сэтгэлийн их ханамж, хар хорын таашаал, харьцуулалтаас үүдсэн тайтгарал авдаг хүмүүс бий. Өөрөөсөө ичиж санаа зовсон хэн нэгэн, өөрөөс нь дорой муу нэгний тухай төсөөлөөд өөрийгөө буруутгахгүй, тайвшрах
араншин ч юм уу даа. Бусдын хэрэгт дурлагсдын олонхи нь буруу муу зуршил, үйлдлийнхээ шалтгааныг өөрөөсөө бус бусдаас хайж олон тайвшрагсад. Хэн нэгний хувийн асуудлыг заавал зүтгэн “олж илрүүлээд” олон нийтэд  дэлгэн, хамтдаа “үзэн ядаж”, “хамтдаа шоолох”ыг уриалагсад цөөнгүй. Эрээ цээргүй гүтгэлэг доромжлолын өмнө яаж ч чадалгүй ичингүйрэх тэднийг хараад бах тав нь ханан баясах хүмүүс, өөрийн арчаагүй дорой байдлаа хуурамч инээдээр халхалдаг.
Хүн болгонд хувийн асуудлууд бий. Ямар ажил хийж амжиргаагаа залгуулах, юу сонгож өөрийгөө хөгжүүлэх, хэнтэй найзалж нөхөрлөн зовлон жаргалаа хуваалцах, хэнийг сонгож ханилан яаж амьдрах, энэ бүхнээс үүдэлтэй сайн муу бүх асуудал нь тэр хүний хувийн асуудал. Нэгэнт өөрөө бие даан шийдвэрээ гаргаж байгаа болохоор бүх асуудлынхаа сайн муу үр дагаврыг тэр хүн л өөрөө хариуцна, өөр хэн ч биш. Хувийн олон асуудал нь олон нийтийн ашиг сонирхолд хор хохирол учруулаагүй л бол хэнд ч хамаагүй. Тэр хүн өөрөө хүсээгүй, санал болгоогүй
бол хэн ч тэр асуудалд оролцох шаардлага үгүй. “Өөрийн толгой дээрх бухлыг харахгүй байж, өрөөлийн толгой дээрх өвсийг харах” гэдэг хэлц үг дээдсээс үлдээсэн сануулга. Харин бид өнөө цагт эрээ цээрээгээ алдаж байна даа. Амжилттай сайн яваа нэгний хувийн амьдралаас “таагүй” асуудлыг нь олж дэлгэн атаархлаа хороор даруулна. Бусдад хэрэгтэй сайн бүтээл хийж яваа нэгний хувийн амьдралыг нь дэлгэн шоолж, бүтээлийнх нь үнэ цэнийг унагахыг оролдоно. Өөрийгөө ялан дийлж бусдад үлгэрлэж яваа нэгний өмнөх амьдралынх нь алдааг
хөндөн байж “харлуулах” -ыг хичээнэ. Хэн нэгний оюун ухаанаас гарч буй сайн санааг хувийн элдэв асуудал алдаагаар нь жишиж үгүйсгэхийг хүснэ. Бидний ийм арчаагүй араншин дээр түшиглэн ямар олон хэвлэл мэдээллийн хэрэгслэлүүд “мөнгө олж” байна вэ? Атаархал, хар хорыг ингэж дэвэргэснээр бид юу хожиж байна вэ?
Сүүлийн үед өөрийн хувийн асуудлуудаа бусдын өмнө эрээ цээргүй дэлгэж, олны анхааралд өртөхийг хүсэгчид ч их болжээ. Хань хүүхдүүдээрээ барддаг болж, эдэлж хэрэглэж байгаагаараа баярхдаг болж, идэж ууж байгаагаараа гайхуулдаг болж. Өөрийн хувийн бүх асуудлаа бусдын өмнө дэлгэх нь өмссөн хувцсаа тайлаад бусдын өмнө чармаа нүцгэн зогсож байгаагаас ялгаа юун. Өрөөл нэгний хувийн асуудлуудыг бусдын өмнө дэлгэх гэж оролдох нь, өмсөж яваа хувцсыг нь урж тасдан занчиж байгаагаас ялгаа юун. Хүн болгон хувийн асуудлуудаа өөртөө
нандигнан хадгалж байх нь юутай сайхан, хэн ч уншиж амжаагүй гоёмсог ном шиг. Жаргал зовлон дундаас сүлж олсон ухаарал, хатуу ширүүн бүхнээс ширээж давтсан тэвчээр, эргэлзээнээс сугалж чадсан итгэл найдвар, энэ амьдралын урсгал дундаас шүүж үлдсэн туршлага, ирээд буцах тавилангаас мэдэрсэн гэгээрэл бүхэн хүний дотоод сэтгэлд нь үлддэг. Хүмүүст хэрэгтэй нь энэ. Энэ бүхнээ бусдад үлдээж чадах нь их л сайн үйл, гэхдээ заавал хувийн асуудлуудаа дэлгээд байхгүйгээр шүү дээ. Өмнө нь чи хэн байснаас өнөөдөр хэн байгаа нь хамгаас
чухал. Өөрийнх тань ч, өрөөл бусдынх ч адил.

УРАМ ТЭЭСЭН ТАЛАРХАЛ
Ажилдаа үүртээд мартах шахсан өдрийг минь “мэндчилгээ” гээр сануулж, бараг 2 өдрийн турш урссан баяр талархалын үгс урмыг минь сэргээв. Жил жилийн ийм хэмнэлд энэ жилийнх шиг олон мэндчилгээ авч байгаагүй болохоор сэтгэлдээ урам тээж баярласан нь, насны хяруунд сэтгэлийн хат зөөлөрч буйнх биз.  “Хүн гэдэг сэтгэлийн л амьтан юм шүү дээ” гэж бусдын үгийг давтаж хэлж бичих авч, яг өөр дээр минь урмаар асгарч мэдрэгдэхэд зүрхний чанадад бусдыг хайрлах хайр ивэлдэг юм билээ. Их зовлон жаргалын дундуур урсах хайр, голын хатуу
хайрга чулууг зөөлөн урсгалаар элээж мөлийлгөх уулын голын тунгалагхан мяралзаа шиг заримдаа ширүүн, хааяадаа зөөлөн хэмнэлтэй.  Нарны  сацраг шиг дулаахан хайранд насны хязгаар үгүй, харин сэтгэлийн хязгаар байдаг юм шиг. Тэнд л хүмүүний сэтгэл оршдог, өөр хаана ч биш.
Элээж өнгөрүүлсэн амьдралынхаа зовлон жаргалын дундаас олж авсан ухаарлын минь учирлал, зүрх сэтгэлийн минь тэртээд хөндүүрлэх харууслын шаналаан, хэн нэгний амьдралын урсгал дундаас олж харсан гэрэл гэгээ бүхнийг та нарт хүргэх гэж хичээсэн зүтгэл минь талаар өнгөрөхгүй байгаа нь миний хувьд үнэ цэнэтэй зүйл, бас амьдралын минь утга учир. Сэтгэл дүүрэн, дундуур байх олон тохиолдлуудын дунд заримдаа өөрийнхөө тухай эргэцүүлнэ. “Яагаад?” “Яах гэж?” хариу нэхсэн олон асуултуудын зангилаа, “хүн байх” тухай эргэцүүлэлд уншигч,
дэмжигч та нар л хариулт өгдөг. Магадгүй би та нарт, та нар надад хэрэгтэй гэдгийг ухаардаг. Бид бие биенгүйгээр хэн юм бэ? Энэ нь бидний амьдралын хамгийн нандин холбоос байх.
Миний төрсөн өдөрт баяр хүргэж, халуун дулаан урмын үгтэй мэндчилгээ ирүүлсэн та нартаа маш их баярлалаа. “За үүнийг хийгээд л болино доо” гэж өөртөө тавих  хязгаарыг та нарын урмын үгс л давуулдаг. Урсаж өнгөрөх он жилүүдийн урсгалд энэ хэмнэл миний хүсэл мөрөөдлийг хамтад нь урсгаж оддог юм. Хаашаа ч халих аргагүй. Заримдаа урамшин баярлаж, бас гомдож бухимдаж байвч бид бие биенээсээ холдож ер чаддаггүй. Сэтгэлийн их итгэл найдвар, урам зориг, хайр бас үзэн ядалт биднийг холбож байдаг. Тийм болохоор та нарыг ч хайрлахгүй
байхын аргагүй. Та нар минь бүгдээрээ эрүүл саруул байж, сэтгэлийн амар амгалан, амьдралын баяр баясгаланг эдэлж байх болтугай. ИХ БАЯРЛАЛАА. Би өөрийн чадах зүйлээрээ хичээх болноо.

Sep 18

ЗУРВАСХАН БОДЛУУД-32

By gala-admin | ЗУРВАСХАН БОДЛУУД

БАТЦЭЦЭГ  ба  БАЯНСЭЛЭНГЭ
МАХН аас Баянсэлэнгийг БХБЯ ны сайдаар томилогдсонд эгдүүцэж, жишиж, гайхаж байсан олон хүмүүсийн бухимдлыг АНУ-ын Лас-Вегас хотноо болж байгаа чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний  63 кг жинд өнөөдөр барилдаж “дэлхийн хошой аварга” болсон Батцэцэг тайвшруулав даа. Чехийн алдарт зохиолч Я.Хашекийн “Эрэлхэг цэрэг Швейк” зохиолд өгүүлдэгчлэн “Амьдралд дандаа муу зүйл тохиолдоод байдаггүй, заримдаа сайн зүйлс тохиолддог” гэсэн ёгт хэллэгийн бодит жишээ гэлтэй. Монгол дахь улстөрөөс үүдэлтэй олон нийтийн
бухимдлын дараа спортынхон дэлхийн хэмжээнд амжилт үзүүлж тайвшруулаад байдаг нь тохиолдол биш байхаа. Яагаав! Tэр жилийн 7 сарын 1 нд бөөн үймээн болоод өнгөрсний дараа 8 сард Бээжингийн олимпоос Н.Түвшинбаяр “алтан медаль” хүртэж төрийн томчуудыг ард олонтой нь хамтад “эвлэрүүлэн” нус нулимстай нь хутгаж орхиогүй юу? Саяхан Оюутолгойгоос үүдэлтэй бухимдлын дараа манай жу-догийнхон дэлхийн аваргаас медаль авахад л бид тайвширч байгаа юм чинь. Бухимдаж гомдмоор ч юм шиг, баярлаж бахадмаар ч юм шиг.
БХБЯ-ны сайд болсон нь хөөрхий Баянсэлэнгийн буруу биш л дээ. Хүмүүс тэгж ойлгоод бухимдаад байгаа хэдий ч, “нисэхгүй гээд байхад нь нис нис гээд…” гэдэг шиг Монголын улстөрд намын дарангуйлал хэр өндөр түвшинд байгаагийн илрэл. Баянсэлэнгэ МАХН-ын идэвхтэй гишүүн байсан тулдаа сайд болж байна шүү дээ. Хэрэв Н.Энхбаярын “хувийн хэвшил” болох МАХН-ын “идэвхтэй” гишүүн байгаагүй бол, юун… Намууд төрийн дээр гарч “дураараа дургиж байгаа” гийн илрэл нь. Чөлөөт бөхийн дэлхийн хошой аварга болж байгаа нь С.Батцэцэгийн нөр их
хөдөлмөр зүтгэлийн шим. Дэлхийн дэвжээн дээр “найраа”, бас тохиолдол байдаггүй юм шүү дээ. Сүүлийн жилүүдэд чөлөөт бөх, жу-до барилдааны төрлүүдэд эмэгтэй тамирчид өндөр амжилт үзүүлж байгаа нь монгол бүсгүйчүүдийн тэсвэр тэвчээр, хөдөлмөр зүтгэлийн үр дүн, бас нотолгоо. Монголын улстөр, их спорт урвуу хамааралтай л яваад байна уу даа. Зүтгэл зусардалт, урссан хөлс авч өгөлцсөн авилгал, албан тушаал спортын дэвжээ, баярын нулимс хуурамч инээмсэглэл, ур чадвар тэнэглэл гээд нэг л авцалдахгүй. Уг нь бид хаана ч дуудуулах
“МОНГОЛ” гэдэг нэгэн нэртэй, дуулах нэг төрийн дуулалтай, дуурсгах нэг л бахархалтай.
“Эрэлхэг цэрэг Швейк”-ийн хэлж байсанчлан “Алив муу зүйл тохиолдох хэдий ч дараа нь заавал сайн зүйл тохиолдож байдаг болохоор ерөнхийдөө сайн тал руугаа яваад байдаг” шиг бид бас сайн тал руугаа яваад л байнаа даа. Дэлхийн дэвжээ жижиг биш ч тэнд Монголын минь төрийн дуулал эгшиглэж байгаа нь бас сайн тал. Олон мунхаг улстөрчид биднийг бухимдуулж байгаа ч 2016 оны сонгууль ойртож байгаа нь бас сайн тал. За за Баянсэлэнгэд амжилт ерөөгөөд Батцэцэгийн амжилтын төлөө нэгэн хундага өргөе дөө. Сайн зүйл дандаа ирж байх болтугай.

МОНГОЛЫН МИНЬ НАМАР ЦАГ
… Навчис дээр унасан шүүдэр үүрээр газар тулж бөнжийн үүлэн тэртээх нарны сацраг гагц түүнийг хөрсөнд шингээн урсгах нь, санаж бэтгэрсэн бүсгүйн сувдан нулимс хацар даган урсаж сэтгэлийн их хайрыг аргадаж норгох мэт намар цаг. Аядуухан салхины сэвшээнд газарт унан хуйлрах навчис алсын алсад салхины аясаар хийсэн одох нь, сэтгэлийн гүнд зуссан гэгээн дурсамж тэртээ холд аялан хааяа нэгтээ санаа алдан гансрах мэт намар цаг. Ээжий минь буцалсан цайгаа аагтай сүүгээр сүлсэн шанагаа тоонон тэртээд шүргэсхийн самрахуйд,
даргилан буцлах цайны ааг нь тэнгэрийн тэртээд дэгдэн уусч  халамжийн буман шивнээ нь нарны буман сацрагаар миний сэтгэлд хайр болон шингэх мэт намар цаг. Нуурын чанадад гангалдан орчлонгийн хязгааргүй уудамд зэллэн нисэх шувуудын цуваа ирж буцах амьдралын нэгэн хэмнэлийг бидэнд сануулан, дараа жил буцан ирж ч чадах бас эс чадах итгэл сэтгэлийн харууслыг далавчин дээрээ тээн одох мэт намар цаг.
Уулсын бэлд аргамжаатай хоносон манан үүрийн сүүмгэр гэрэлд ичингүйрэх мэт аажуухан хөөрөх нь, гүн харанхуй орчлонд жаргаж хоносон хосуудын салж ядахдаа шунаж тачаадан үнсэх үнсэлт шиг намар цаг. Уяан дээр зүүрмэглэж хоносон адуу нойрноосоо сэрж, угтаж мандах нарны зүг туурайгаа цавчилж үүрсэн янцгаах нь, айсаж буй цаг мөч бүхэн цавчлах туурайн ормоор цацагдсан шороо шиг эргэж буцдаггүйн тавиланг бидэнд  сануулах шиг намар цаг. Агь, таана, мангир, хүмүүлийн хамар сэтлэм үнэр талын энгээр цоргиж таавар билчих мал сүргүүд
жаргалын ихээр тарвалзах нь, ивлэж урссан эхийнхээ сүүнд нялх балчир үрс нь цатгалдаж энгүй энэ орчлонд гагц хайрыг зүүдлэн үнэгчлэх мэт намар цаг. Өнгөр энэ орчлонд ургаж цэцэглэсэн мод ургамал, өвс ногоо өнгө өнгөөр алаглан шаргалтах нь, зотон дээр будаг нялах зураачийн гар өнгөө олж ядан тэмтчиж , сэтгэлдээ дүрсэлж багтаамгүй олон өнгөөр өөрийгөө зурж мөнхжүүлэх мэт  намар цаг.
Айлын найран дээр уянгалан эгшиглэх уртын дууны аялгуу уяан дээр эргэцэх хүлэг морьдын янцгаах дуутай сүлэлдэн монгол гайхамшигт аялгууг тэнгэрт хүргэн дуурсгах намар цаг. Тэнгэрийн тэртээгээс газарт эргэн эгшиглэх монгол аялгуу нь миний сэтгэлийн учгийг хөглөн сэтгэлийн сувдан дуслыг аньсага нууранд мэлтэлзүүлэх намар цаг. Тэр мөчид би өөрийгөө монгол хүн хэмээн омогшиж тэртээх холын нутгаа сэтгэлийн аньсгандаа саравчилж, сэтгэл минь уяран дотогшоо өмөлзөж нутгаа санан санаашрах намар цаг. Аяа Монголын минь намар
цагаа.

ХАНЬ
…”Хань” гэдэг их л мундаг үг л дээ, бид л анзаардаггүй болохоос. Аав ээж, хэн нэгэн дотны хүн маань гэгээн алсад одож, сэтгэлд минь нөмөрлөж байсан хайр энэрэл өмөг түшиг нь гэнэт нурж, ээрэм талд нүв нүцгэн гав ганцаар даарч жиндэн зогсоход  гараас минь зөөлхөн атгаж, харуусалдаа урсах нулимсыг минь хурууныхаа өндгөөр зөөлхөн арчиж, хэнгэнэтэл санаа алдах цээжийг минь налан бүх л биеэрээ илбэн аргадах тэр л хүн хань минь юм. Нурж унаж байгаа нөмөр нөөлгийг нь орлон өөрийн  биеэр хахир хатуу салхийг нөмөрлөн зогсох тэр л хүн
хань минь мөн. Зүрхнээс минь урсаж сэтгэлийг минь ээдээх уйтгар гунигийг өр зүрхнээсээ мэдрэн аргадаж, тэртээд алслан холдсон нарны дулаан сацрагийг миний сэтгэлд ойртуулан дулаацуулж гүн нойронд автуулан тайтгаруулах хайр гэгч аугаа. Намайг цээжиндээ тэвэрч аргадан бүүвэйлж, зүүдэндээ шаналан урсах нулимсыг минь хэлээрээ долоон аргадаж, өөрийнхөө харууслын нулимсыг миний гунигийн нулимстай сүлэн хольж, сэтгэлээрээ гашууныг нь амтлах тэр л хүн миний сэтгэлийн хайр. Би түүнээс холдож, сэтгэлийн аргамжаагаа тасдаж
чаддагүй юм.
“Хань” гэдэг даанч аугаа хувь тавилан. Төөрч будилсан амьдралын ээдрээт урсгал дундаас намайг олж, живэхээс минь өрсөн аварч эрэг дээр гарган дараа нь миний гараас хөтлөн холын холд хамтдаа алхсан тэр л ачтай хүн. Би заримдаа түүн үгүйгээр амьдралаа төсөөлөхдөө гэнэт айдаг. Хэрэв тэр миний гараас хөтлөөгүйсэн бол би амьдралын хүчит урсгалын хаана нь живж үлдэх байсан бол? Хааяадаа урсаж одсон тэр л урсгал дунд хөвөх хүсэл төрөх авч би зүрхэлдэггүй юм, тэр минь надад гомдсондоо намайг атгасан гараа сул тавьж орхивол яана гэж?
Заримдаа онгирч элдвээр аашлахыг хүсэх гэвч, түүнийгээ алдаад тэр л урсгал дунд өөрөө живж одохоос айдаг. Хань гэдэг чинь амьдралын түшиг тулгуур, заримдаа алсран холдоход нь би өөрөө аргадан гуйдаг тэнгисийн мандал дахь далбаат завь. Тэр л далайн мандал дахь шорвог усыг заримдаа залгилан тургих авч, бие биенээ харж шоолон инээлдэх цав цагаахан сэтгэл. Дараа нь цэв цэнгэг усыг хамтдаа залгилан, далайн мандалд завины хошууг минь далдлан далдалж жаргах нарны сацрагийг шоолонгуй харан мөр мөрөө түшиж, уруул уруулаараа
шүргэлцэх жаргалтай  хором миний хань. Дарвуулт завины зөөлхөн хөвөлт дунд түүнийхээ духыг үнэрлэх жаргалтай мөч.
…”Хань” гэдэг дэндүү ариухан үг. Зөндөө л шунаж дурласан хүмүүсийн харцнаас дайжиж, нов ногоохон мөчрүүдийн сүүдэрт үнсэлцэж жаргасан мөч. Чиний харцнаас дайжсан тачаал миний нүдэнд торж тогтсон мөч. Бидэн дундаас төрсөн үрсийнхээ төлөө өөрийн хувь заяагаа аргамжих тавилан. Хааяадаа шаралхан чамаас дайжих гэвч хувь заяаг минь аргамжсан үрийнхээ аашийг яалтай. Би чиний хайранд аргамжигдан холдож чаддаггүй чөдрийн морь болтлоо ухаажсан.  Эмнэг догшин цамнаж явахдаа чиний хайранд л уургалагдан номхорч шогшин, чиний өмнө
сөхөрсөн адгуус. Хааяадаа эмнэгшин догшрох гэвч, чиний урсгал дөлгөөн харц, уярам зөөлхөн аашинд тань уургалагдаад номхордогсон. Амьдралын түмэн урсгал дунд “би чинийх”, “чи минийх” байх тавилангаа аль хэдийн мэдэрсэн. Тэглээ гээд харамсах юун, хувь тавилан хойно. Талын энэтээгээс мэлтэсхийн мандаж, уулсын тэртээд ичингүйрэн жаргах нарны туяанд бидний амьдрал хязгаарлагдаж байдаг. Бидний хэн байсныг хошуу дэвсэх хов үгс бус, цаг хугацааг хамтдаа элээсэн  хайрын дурсамж нотолж байдаг юм. Хань гэдэг зовох үед баруун гараас
минь чанга атгаж, жаргах үед зүүн гараас минь чанга атгах тэр л хүн. Би үгүй болоход зүрхнээс нь дуслах цус шиг догшин харуусал. Нүднээс нь унаж тогтохгүй уйтгар гуниг.

Jun 25

ЗУРВАСХАН БОДЛУУД – 31

By gala-admin | ЗУРВАСХАН БОДЛУУД

ГОЛОГДСОН ЭЭЖИЙН ГОМДСОН СЭТГЭЛ

Навтгар хамраа өндөрсгөнө гэнэ, эцгээ голоо юу даа. Насны залууд эр бор харцага шиг тэвхгэр цээжтэй, намхан хамартай ч гэлээ хөрслөг бор царайд нь би дурлаж явсан юм. Талын нэг тарсан хөмсгөө зулгааж нэг арилгаад саран хэлбэртэйгээр зуруулж шивүүлнэ гэнэ, эцгээ голоо юу даа. Цагтаа тэр өтгөн хөмсгийг нь би гараараа илбэж, сайхан мэлгэр духан дээр нь үнсэж байсан юм шүү. Онигор нүдэндээ давхраа хийлгэж оёулна л гэнэ, эцгээ голоо юу даа. Хүлэг морьдын давхианд ажрал үгүй салхи сөрж, хүйтэн халуунд ч гэлээ алсын барааг саравчилж, хөх тэнгэрийн дор аньсага цөөхөн чийглэсэн онигор ч гэлээ хараа хурц тэр л нүдэнд нь би өртдөг байсан юм. Бас хайрлуулж дурлуулдаг байсан юм шүү.

Жижигхэн хөхөндөө силикон шахуулж томруулна гэнэ, эхээ голоо юу даа. Жижигхэн ч гэлээ миний хөх хайрандаа сүү асган ивлэж, халамжиндаа цамайг цатгаж өсгөсөн л юм даа. Өгзөгөндөө силикон шахуулж товойлгоно гэнэ, үнэндээ чи намайг голоо юу даа. Эмээлийн бүүрэг дээр хонон өнжин давхиж, ээвэр талын энгэрт араг үүрч, савар зөрүүлж өссөн нь миний буруу гэж үү? Махлаг биеэ хоолоо сойж тураана гэнэ, би чамд адлагдаа юу даа. Нуруундаа таарсан унаган махаа адлаж, хаврын хавсарганд туйлдсан ямааны мах шиг хавиргаа хэрзийлгэх тийм сайхан гэж үү? Цагтаа аав чинь намайг тэвэрч, сайхан сэтгэлийг минь үнэрлэж духан дээр минь үнсдэг байсан юм шүү. Тэр үедээ би тарган ч гэж адлагдаагүй, туранхай ч гэж шоолуулж байгаагүй юм аа.

Хоршооноос авсан гоё цаастай чихэр болгон амттай байдаггүй ч хожим нь бид өөрсдөө амттайг нь сонгож сурсан юм, боосон цаасанд нь хуурталгүйгээр. Амт гэдэг гоё цаасандаа байдаггүй ч, чанартаа байдгийг хүн болгон мэдэх л болсон. Бидний хайрын дундаас ургасан амтат жимс, бас гоёмсог цэцэг чи л байсан. Бид чамайг хайраар дутаагаагүй, бас сэтгэлээр дутаагаагүй. Чи бол сайн ч муу ч, сайхан ч муухай ч бидний л үр. Сайхан үзэсгэлэнтэй, бас баян гэр бүлд төрөөгүй нь чиний ч бидний ч буруу бишээ, энэ бол хүн болж төрсний хувь тавилан. Зүүний үзүүр дээр тогтсон чиний л аз заяа. Тэгээгүй бол чи хумхийн тоосон дунд хөвж л явах байсан даа охин минь. Замбуулин энэ хорвоод төрсөн тохиол болгон учиртай. Чи бидэнд үр минь болж ирсэн нь ч утгатай. Тэгээд л сөрж болохгүй тавиланд зөрж гомдоллож бас тэнэгтэж байгаад чинь ээж нь шаналж байнаа.

Хүн гэдэг чинь залуу насандаа омголон байдаг юм аа охин минь, би мэднэ, аав чинь гэрчилнэ. Гоо үзэсгэлэн гэдэг чинь хавар нь ургаад, зун нь дэлгэрээд, намар нь хагдардаг цэцэгс юм шүү дээ охин минь. Өөрөө хичээхгүй байлаа ч гоо үзэсгэлэн гэдэг залуу насны гоёл. Зөрөөд өнгөрсөн хэн боловч эргэж харахаар тийм л гайхамшиг. Харин чи энэ насан дээрээ ухаан мэдлэгээр өөрийгөө гоёвол хэзээ ч хуучирч муудахгүй тийм цэцэгс болгон дэлгэрдэг. Чамайг хүмүүс өнгөөр чинь угтаж ухаанаар чинь үдэх тийм л цагт чи дандаа үзэсгэлэнтэй байж чаддаг. Гоо үзэсгэлэн гэдэг залуу насанд хүмүүсийн харцыг булаадаг бол, ухаан мэдлэг насан туршид чинь хүмүүсийн сэтгэлийг татдаг. Сайхан үзэсгэлэнтэй байх гэдэг чиний хүсэл, ээж нь ойлгож байнаа. Гэхдээ байгаа юм байгаагаараа байг л дээ. Ухаан чинь түүнийг чимдэг юм. Залуу насандаа чи хэнд ч муухай харагдахгүйгүй дээ, мэдлэг чинь түүнийг гоёдог юм. Чи хэн нэгэнд гоо үзэсгэлэнгээрээ гологдлоо гэхэд ээждээ бол сайхны л туйл. Битгий л хуурамч бүхнээр өөрийгөө “гоё” доо. Гоё цаастай чихэр болгон амттай байдаггүй юмаа охин минь. БИД ЧАМАЙГ ТАНИХАА БОЛЬЧИХВОЛ ЯАНА. ТАВИЛАН ЧИНЬ ТӨӨРЧИХВӨЛ ЯАНА.

САЙН ХҮМҮҮС

…Сайн хүмүүс бидний амьдралд зөндөө таардаг. Сайн хүмүүс дэндүү олон байдаг болохоор л энэ амьдрал гэрэл гэгээтэй, бас урам зоригтой. Заримдаа бүх юм бүтэлгүйтээд яах ч учраа олохгүй шаналж суухад гэнэт сайн хүн гарч ирээд “Би чамд туслая л даа” гэж чин сэтгэлээсээ хэлээд туслахад бид учиргүй баярладаг. Тэрхэн мөчид “Амьдрал гэдэг чинь яасан ч сайхан юм бэ?” хэмээн өөрийн эрхгүй инээмсэглэн талархана. Хэн нэгэн сайн хүн ядарсан хүмүүст бусдын анхаарлыг татахгүйгээр туслачихаад, юу ч болоогүй юм шиг гэнэт алга болно. Тэр тусын ачаар хүнд хэцүү байдлаас гарч сэхэл авахдаа тэр хүнийг дурсаж эргэн тойрондоо хайдаг. Хэдийгээр би түүнийг олж чадахгүй ч эргэн тойронд минь сайхан сэтгэлээ инээмсэглэлээр илэрхийлж байгаа олон хүмүүсийг харахдаа би ч өөрөө тийм байх хүсэлд автан бас бусад руу инээмсэглэн харна. Тэр хүнийг олж талархаж чадахгүй ч, хэцүү байгаа өөр хэн нэгэнд тус болж, тэр хүний баярлаж талархсан царайг харахдаа хайгаад олж чадаагүй тэр хүндээ хариу талархаж чадсан юм шиг сэтгэл нэг л өөдрөг, баяртай.

Бүх хүмүүс төгс гэгээрсэн, эсвэл өөрийн амьдралын олон асуудлаа бүгдийг нь шийдчихээд бусдад тусалж байх үүрэгтэй биш л дээ. Тийм боломж ч үгүй. Бусдын тусламж хэрэгтэй болсон тэр хүнийг хараад сэтгэлд минь шаналгаа үүсч, тэр хүнд туслахыг хүссэн сэтгэлийн дуудлагадаа захирагдан тус болохдоо хариуд нь тэр хүний баярлаж талархсан царайг харах ямар сайхан гээч. Сэтгэлд минь байсан гуниг шаналал тэр хүний талархсан сэтгэлийн илчинд хайлж, би өөрөө ч мэдэлгүй баяр хөөртэй болдог. Нэг л тийм гоё, юу ч гэмээр юм бэ дээ, үгээр илэрхийлэхийн аргагүй тийм л тансаг мэдрэмж. Энэ л мэдрэмж хүмүүсийг амьдралд хайртай болгодог юм. Бид заримдаа гуйлгачин, эсвэл амьдралдаа арчаагаа алдсан хүмүүст л туслах ёстой гэж боддог. Үгүй дээ, чиний эргэн тойронд байгаа танил, бас дотно хүмүүст яг хэрэгтэй цагт нь дутаж байгаа ганц урмын үгийг нь оноод хэлчихэд л сайхан сэтгэлийн үр соёолдог. Шаналж байгаа сэтгэлдээ шивнээд ч болов хайгаад олохгүй байгаа шийдвэрт нь түлхэц болох зөвлөлгөө тэр хүний амьдралд хэрэг болно. Бид мартаж орхиод олон жилийн элэгдсэн дурсамжинд тодорч үлдсэн хэлхээс энэ байх нь олонтаа.

Юу гээч. Энэ ертөнцөд “адгийн шаар” гэж байдаггүй юм. Бид л тэгж боддог болохоос. Хүн болгон энэ амьдралд эдэлж байгаа тавилангаасаа хамаарч сайн муугаараа ялгардаг. Бидний “сайн” гэж бодож байгаа хүмүүсийн дотоод сэтгэлд ч муу бодол агуулагдаж байдаг, тэд л илэрхийлж гаргадаггүй болохоос. Бидний “муу” гэж бодож байгаа хүмүүсийн дотоод сэтгэлд гэрэл гэгээ оршиж байдаг, тэд л илэрхийлж гаргахыг хүсдэггүй болохоос. Харин бусдад тус болох хүсэл, тэдэнд хэрэгтэй үйл хийх хүсэл хүн болгонд байдаг болохоор л хүмүүс тэр сэтгэлийн илчинд дулаацаж амьдарцгаадаг. Их энгийн логик байдаг даа. Чи хэрвээ бусдад сайхан сэтгэлээсээ хандаж, тэдэнд туслахыг хүсээд байх аваас бусдаас яг хүссэн зүйлээ эргүүлж авдаг. Харин эсрэгээрээ бусдыг үзэн ядаж, тэднийг хорлох гэж бодох аваас хариуд нь яг л гаргаж байгаа араншингаа эргүүлж авдаг. Заримдаа бид санаандгүй байдлаар бусдын амьдралд хэрэгтэй тус хүргэснээ анзаардаггүй. Тэр бол бидний сэтгэлийн дотоод ертөнцөөс урган гарч байгаа гэрэл гэгээ мөн. Заавал бусдад тус болсноо дурдаад хариу тус нэхээд байх хэрэггүй дээ. Зүгээр л өөрийн мөн чанар хийгээд сэтгэл зүрхэндээ захирагдаж амьдрахад л болоо.

Намайг ганцаардаж, амьдралд тулгарсан элдэв асуудал дундаа шаналж суухад, санаатай ч юм уу, санаандгүй ч юм уу тус хүргэсэн хүнд насан туршдаа талархаж, түүнийг сайнаар дурсаж амьдрах сайхан шүү. Заримдаа тэр хүний тухай бусад хүмүүс надад муугаар дурсахад нь “Түүний сайн муу хүн гэдэг яриа чинь надад огт хамаагүй ээ. Зүгээр л тэр хүн хэрэгтэй цагт минь надад тусалсан болохоор би түүнийг үргэлж сайн хүн гэж нэрлэх болно” гэж хэлэх ямар сайхан гээч. Зөндөө олон сайн хүмүүс миний эргэн тойронд байдаг болохоор би сэтгэл хангалуун амьдардаг. Бас олон хүмүүс миний тусыг үнэлж, намайг сайнаар үнэлж байдаг болохоор би аз жаргалтай амьдардаг. Сайн хүмүүс олон байдаг болохоор л энэ амьдрал хүн болгонд гэрэл гэгээтэй санагддаг юм. Заримдаа муу хүмүүстэй учирч сэтгэл минь хиртдэг хэдий ч, түүнээс олон сайн хүмүүс миний сэтгэлд баяр урмыг түгээж байдаг. Амьдрал гэдэг чинь сайхан шүү дээ.

ЧУЛУУН ТОГЛООМ

…Бидний багад одоогийнх шиг их тоглоом байгаагүй ээ, сонголт ч байгаагүй. Тэртээх довцогийн өндөрлөг дээр гараад хавь ойрын чулууг сонгож түүнэ. Авдар шиг, морь шиг, бас хонь шиг, аяга шиг шаазангийн хэлтэрхий чулууг сэтгэлдээ төсөөлж, нүдэндээ баримжаалж хайна. Олсон нэгэн чулууг сэтгэлдээ тэнцүүлж урамшина, олзоо лавшруулж зөндөө их төсөөлөлдөө шамдаж хайна. Нүдний үзүүрт сэртэлзэх чулууг мөнөөх төсөөлөлдөө харьцуулж дүрсэлж сонгоно, бас голно. Уулсын их чулуу болгоныг сэтгэлдээ төсөөлж харна, уулгамч юм шиг олсон чулуундаа дуу алдан баясаж элгэндээ тэврэх. Талаар бэлчих хонин сүрэгтээ таацуулж зөндөө өөхөн чулуудыг сонгоно, уяан дээр үүрсэх хурдан хүлэгтээ уулсын орой дахь билуу чулууг сонгоно.” Хурдан хүлэг шүү дээ” хэмээн сэтгэлдээ шившиж сонгохдоо, угаасаа ирмэг ихтэй хөх чулууг сонгодог. Бодвол иртэй чулуу тэртээх голын урсгалд илүү холыг цавчлах долгионы мяралзааныг анзаардагийнх буйз. Хашсан бор чулууд ханыг минь орлож, үүдэн цагаан чулууд босгыг минь бэлэгдэж, “Нохой хорио” гэх дуунаар сандчин тэвдэж долоовор урт хуруудаараа шаламгай алхаж үүдээ сөхдөгсөн. Миний эхнэр болох сөөсгөрхөн бор, сайран хацартай охин “Нохой урдаггүй ээ” гэж хэвлүүхэн өгүүлж тогоон дахь цайгаа өндөрт өргөн самрахад нь эгээ л тулхтай гэрийн эзэн би гаансандаа тамхиа нэрж, хээв нэг тоомжиргүйхэн үүд рүү хардаг сан. Тэр цагтаа би түүн рүү дурласан харцаар хардаг байснаа өнөө санаа ч үгүй, мартаа ч үгүй. Цав цагаахан сэтгэлийн гэгээхэн дурсамжаа гэж.

Дараа нь миний үрсүүд “байлдаж” тоглодог болсоон. Далавч шиг дэрвэх цуван дотроосоо дайсныг хөнөөх “Ака” буугаараа галлаж, өөрийн бас дайсныг ч өр эмтэлэхгүйгээр буудан хөнөөж бас түүндээ баярлана. Гадаа хааяадаа найзуудтайгаа тоглохдоо “дайсны”, бас “манай” тал хэмээн хуваагдаж буудалцана. Буун суманд оногдсон нэгнийгээ “бушуу үхээч” хэмээн баясан тавлана. Биенээс нь урсах цусыг тэд огт мэдэхгүй ч толгоомондоо улайрч тэр л цусыг сэтгэлдээ амталдаг байсан. Өөрсдөө тэд “баатрууд”, өрөөл бусдыг “дайсан” гэж үзэхдээ тэд хүний амийг “хямдхан” гэж төсөөлдөг болсон. Хүрэн зүрх нь юуны тулд зогсдогийг тэд мэдэхгүй ч тоглоомдоо “амархан” гэж мэдэрдэг байсан. Зөндөө олон тоглоомууд хүнийг хөнөөхийг тэдэнд сургадаг байсан ч, хүний амь ямархан үнэтэй болохыг ухааруулж байгаагүй ээ. Түүнээс болж ямархан их харгис гэмт үйлдлүүд гарч байсныг бид ойлгоогүй ч, буруутанг нь олох гэж бодолгүйгээр тэднийг харгис хатуугаар шийтгэдэг байсан. Харамсаж үүндээ бид өөрсдийгөө хэзээ ч буруутгаж байгаагүй ээ, худал гэж үү? Өдгөө ч олон залуус үхлийг тоглоом мэт санаж тоглодог болсон, үүний цаана өнчирсөн хүүхдийн нулимс хацар эсгэн урсаж, хүрэн зүрхнийхээ чанадад хорсол шатааж байгааг мэдэхгүй дээ.

Харин одоо бидний үрсүүд хавь ойроо мартан дэлгэц шагайх болсоон. Эцгийн хайр, эхийн халамжийг мэдрэхгүй болтлоо сошиол ертөнцөд донтох боллоо. Чиний сэтгэлээ шингээсэн өглөөний цайг хэрүүлтэй хаяж одох мөртлөө, “ээж минь наддаа ийм их хайртай” гэж амтлаагүй тэр идээний дээжсийн зургийг тавьж, өөрийнхөө ямар сайн хүү болохоо бусдад сурталчилна. Бусдын постоос зөндөө ишлэл хуулбарлаж, зөвхөн өөрийгөө ухаантай мэт бусдад сурталчилан “like” хүснэ. Өөрийнхөө элдэв зургуудыг янз янзаар тавьж, өөрийгөө бусдад гэгээн ариунаар сурталчлах. Өөрөө тавьсан зураг шигээ байж чадахгүй мөртлөө өрөөл бусыг шүүмжилж хоосон цэцэрхэнэ, бусдын анхаарлыг татах гэж. Ээжий аав нь хоногийн хоолоо олох гэж зүдэрч байхад, өөрөө харин тансаг хоолны зураг тавьж “барахгүй байгаа” гаа гайхуулж, бусдад тус болохыг уриалан бичнэ. Харин тэр амьдрал дээр “арчаагүй” болохоо бусдаас нуун хоосон цэцэрхэнэ, хандаж өөр рүү нь бичсэн болгоноос нуугдан новширно. Зүгээр л бусдын анхааралд өртөж, гэнэн нэгнийг ангуучлах боломж нь энэ л сошиол ертөнц болжээ. Харин тэд энэ л тоглоомоор тоглож бусдын сэтгэхүйгээр наадах хүсэлтэй. Дэлгэцийн цаанаас аугаа мэт аашлах авч, дэргэд нь очихоор “новш” мэт олон залуус үүгээр толгож байна даа.

…Тэртээх уулсын бэл дэх чулуун тоглоомоос, сошиол ертөнцийн хийсвэр тоглоом хүртэлх их орон зайг бид туулжээ. Байгал ертөнцийн түмэн хаягдал дундаас балчир насандаа хийсвэрээр төсөөлж асан гэгээн ертөнц, балмад дайтах тоглоомын цуст орчноос, интернет ертөнцийн заль луйвар, худал хуурмаг бүхэнд уусах хүртэл багагүй хугацааг элээжээ. Та юу гэж дүгнэхийг би мэдэхгүй ч, байгалийн онгон дагшин оршилдооноос өөрийн төсөөллөөр олж авсан ертөнц минь хавьгүй гэгээн, бас бодит төсөөлөл. Би тэр л чулуун тоглоомуудыг хааяа зүүдэлдэг юмаа, нутгаа санаж буйнх биз ээ. Тэр л чулуун гэр дунд хагарсан шаазангийн хэлтэрхийд цай аягалан надад барьсан сайран хацартай бор охины дүр одоо ч надад тодхон. Тэр минь одоо цав цагаахан хэрнээ үсэнд нь буурал хяруу буусан ахимаг бүсгүй болоо биз дээ. Тэр энэ бүхнийг санадаг, санадаггүй ч хамаагүй ээ, би л чамайг мартаж чаддаггүй юм даа. Аяа ээвэр газрын тэртээх чулуун тоглоом минь дээ, би чамайг ердөө ч мартаж чаддаггүй юм даа. Бодвол байгаль дундаа тоглож наадаж өссөн миний азтай тавилан юм биз дээ? Тийм азтай хүмүүс олон байх ч юмуу? үгүй ч юм уу? Би л лав азтай.

Jun 15

ЗУРВАСХАН БОДЛУУД – 30

By gala-admin | ЗУРВАСХАН БОДЛУУД

ЖАРГАЛАА БИД ӨӨРСДӨӨ ЗОВЛОН БОЛГОДОГ

Товчхондоо бид өөрсдийн амьдралаа хэрхэн үнэлж байгаагаар бидний жаргал зовлон хэмжигддэг. Хүн болгон өөр өөр тавилантай. Харин заавал адилхан байлгах гэж хүсээд байдагт бидний төөрөлдөл оршиж байдаг. Бусдаас сайн сайхан үлгэр жишээг авч болох боловч давтагдашгүй бодьгал тэр хүнтэй яг адилхан байх боломж үгүй. Үүнтэй адил лугаа муу муухай жишээг ч бид бас л дуурайхыг хүсдэг. Монголд нийгмийн баялгийн тэгш бус хуваарилалтаас үүдэлтэй шударга бус аргаар, хууль бус үйлдлээр баяжсан эрхмүүдийн брендээр гайхуулдаг тэнэг солиорлыг бид өөрсдөө дэвэргэж, өөрсдийн амар тайван амьдрах боломжоо өнгө мөнгөний төлөөх хийрхэл болгон хувиргаж байгаадаа бид их зовцгоож байна даа. Тэдэнтэй адил болж чадахгүй байгаадаа өөрөө бухимдаад зогсохгүй дотно хүмүүсээ ч шаналгаж зовооно. Өөрийнхөө боломжоос хэтэрсэн шунал тачаал, өөртөө ирсэн жаргалыг зовлон болгон хувиргадаг юм даа. Боломж гэдэг хүн болгонд адил олддоггүй болохоор хүн бүр өөрийн боломжиндоо таацуулан амьдардаг. Бусдын өмнө аягалсан хоолыг “минийх” гэж булаагаад авч идэж болдоггүйтэй адил лугаа.

Бид бие биедээ дурлаж, хайрлахдаа дэндүү их за жаргалыг мэдэрдэг. Аажим аажимдаа “зөвхөн өөрийн болгож өмчлөх” хүсэлдээ хэт автан хардаж, алхах гишгэх үйлдэл бүрийг нь хянаж, өөрийг нь “тоохоо больжээ” хэмээн гомдоллож, цаг ямагт өө сэв хайж зовоогоод байх ахул мөнөөх их аз жаргал нь зовлон болон хувирна. Анхлан амталсан аз жаргал нь хожим нь зовлон болж хувирсан шалтгаан нь, хэм хэмжээнээсээ дэндүү ихийг хүсч шаардаж байсанд оршиж байгааг бид тэгтлээ анзаардаггүй ч байж болох. Бид хөдөлмөрлөж мөнгийг ихээр олж чадах авч, олж чадаж байгаа хэмжээнээсээ бүр ихийг олох шуналдаа автан хууль бус үйлдэл рүү татагддаг. Хөдөлмөрлөөд олж байсан мөнгө нь амьдралд нь хүрэлцэж байхдаа сэтгэл ханамжтай байсан бол, хууль бус аргаар их мөнгө олох тусмаа айдаст автана. Хууль бус үйлдэл нь хэзээ нэгэн цагт илэрч “шоронд орчих вий” гэдэг айдас нь, хэн нэгэн хүн “мөнгийг нь хулгайлан завших вий” гэдэг айдастай сүлэлдэн мөнхийн зовлонд автуулж амар тайван амьдралаас холдож төөрдөг. Шударга бусаар хураасан хэмжээлшгүй их мөнгөө авсандаа аваад орж чадахгүй ч, амьдралын баяр жаргалтай мөчүүдийг, амар амгалан тайван хэмнэлийг нь алга болгож байгааг мэдэрдэггүй ч байж болох.

Аз жаргалын тухай бид өөр өөрийнхөөрөө дүгнэн хэмжиж үнэлдэг. Өөртөө байгаа боломж нөхцөлдөө сэтгэл хангалуун байж, амар амгалан амьдарч чадаж байгаагаа олон хүмүүс аз жаргал гэж үнэлэх нь бий. Энэ ертөнцийн бүх л оршихуй өөр өөрийн хэм хэмжээтэй. Түүн лугаа адил хүн бүрийн амьдрал хувь заяа, эдлэх хэрэглэх, уух идэх, амсах зовлон жаргал бүхэн нь тодорхой хэм хэмжээтэй. Магадгүй энэ нь эдлэх учиртай аз жаргалын хэмжүүр ч байж болох. Энэ хэм хэмжээнээсээ хальсан шунал, тачаал бүхэн нь хүмүүсийг зовлонд унагадаг байх. Бидний ухаант өвөг дээдэс “Шунал ихэдвэл шулам болдог” гэж зүгээр ч нэг сургаагүй. Хүний амьдрал сайнаар харвал их л энгийн. Хайртай хүнтэйгээ хамтдаа жаргалтай амьдарч, өөрийн үргэлжлэл болсон үр хүүхдүүдээ сайхан өсгөн сайнаар хүмүүжүүлж, авьяас мэдрэмжээ хөгжүүлсэн чадвараараа амьдралдаа хүрэлцэх орлого олж, аав ээжийгээ ачлан тэтгэж, ах дүүс анд нөхдөө хайрлан хүндлэж, сэтгэл гаргаад бусдад туслан, бусдын төлөө үйлдсэн сайн үйлдэл бүртээ хариу хайр хүндлэл авч байхад л болоо. Амьдралын баяр баясгалан, сэтгэлийн их амар амгалан шиг аз жаргал үгүй билээ. Ийм аз жаргалаа зовлон болгон хувиргахад бидний мунхаглал ч бас хангалттай хүрэлцэнэ байх. Мунхаглалаас ухааралд хүрэх мэдрэхүй, өөрийн аз жаргалаа зовлон болгон хувиргахгүй байхад тань тус болно доо. Бид энэ дэлхийд “нүцгэн ирээд нүцгэн буцдаг нь” маргахын аргагүй үнэн.

ЧИ ХЭНД ҮНЭНЧ ВЭ?

-Чи энэ ертөнцөд зөвхөн надад л үнэнч байна гэж амла
-Тэгэлгүй яахав хайрт минь, ганцхан чамдаа л үнэнч байна, амлая

Хайрандаа мансуурсан залуу хосын гайхамшигтай дэврүүн амлалтууд, олон он жилийн дараа “Намайг хуурчихлаа шүү дээ, би одоо яах юм бэ?” хэмээн харуусалдаа урсгах нулимсанд шингэж урсан оддог. “Хайрандаа үнэнч байна” гэж амалсан амлалт нь “худлаа” болж, хууртагдсан нь өөрт нь эвлэршгүй доромжлол болон сэтгэлийг царцаах мөчид, амьдрал ямар ч утгагүй мэт санагдаж эргэн тойронд нь хөлхөж байгаа “үнэнч биш” хүмүүс цав цагаахан түүнийг тойрон шоолонгуй харцаар харж байх мэт нэг л зэвүүн. Түүнийг үзэн ядмаар ч юм шиг, хариугаа авч хэн нэгэнтэй “явалдмаар ” ч юм шиг санагдах дор болсон үйлдлийг бодит байдлаар эргэцүүлж дүгнэх чадвараа алдаж орхино. Яг үнэндээ байна шүү дээ? Тэр хүн чамайг хуурч мэхэлсэн мэт санагдах авч, угтаа бол өөрөө л өөрийгөө хуурч байгаа юм гэдгийг бид ухаардаггүй. Нэгэнт чамайг хуурсан, түүндээ гэмшилгүйгээр “яаж ийгээд чамайг аргалан” тайвшруулж байгаа бол чамайг хэзээд хуурсаар л байх болно. Учир нь хууралт бол тухайн хүний мөн чанартай холбоотой болохоор, чамайг бус өөрийгөө л хуурч байгаа хэрэг. Өөртөө үнэнч байж чаддаггүй хүн хэзээ ч бусдад үнэнч байдаггүй.

Хүмүүс бид энэ амьдралдаа олон зүйлд үнэнч байхаа амалдаг, зөвхөн хайр сэтгэлээр хязгаарлахгүйгээр. Анд найз нартаа, ажилдаа, намдаа, шашиндаа, өөр зөндөө олон шалтгаанууд бий. Хүн сонголт хийхдээ өөрийн ухамсар хийгээд мөн чанартаа захирагдана. Амлалт бол үнэнч байдлын баталгаа. Харин хууралт бол үнэнч бус байдлын үзүүлэлт. Харин үнэнч бус байсны төлөө бурууг нь бид өөрөөс нь бус бусдааас хайх тохиолдол бишгүй. “Би л болсонгүй юм болов уу?”, “Хэн нэг нь түүнийг уруу татаад байна даа?”, “Цаад нөхөр нь толгойг нь эргүүлж орхилоо” гэхчилэн. Гол шалтгаан нь тэр хүний үндсэн мөн чанарт байгааг бид олж анзааран зөвшөөрөхийг тэгтлээ хүсдэггүй. Олон олон ийм тохиолдлуудын дараа уг хүн чамайг бус өөрийгөө хуураад байгааг анзаардаг. Хэдийгээр чамайг хуурч дөнгөөд байна гэж хоёулаа бодох авч, эцэст нь тэр хүн өөрийн өөдгүй мөн чанартаа автан өөрийгөө л хуурсаар байдаг.

“Хүн хэнд үнэнч байдаг вэ?” гэвэл өөртөө л үнэнч байдаг. Хэн нэгэнд худлаа хэлээд “аргалчихаж байна” гэж бодох авч эргүүлээд харах юм бол өөртөө л худлаа хэлсэн байдаг. Хэн нэгнийг хуурч мэхлээд “дөнгөчихлөө” гэж бодох авч угтаа бол өөрийгөө л хуураад байгаа хэрэг. Чамайг хуураад яваад байхдаа амьдралын амт баяр баясгалан, хайр сэтгэлийн ид шид гайхамшигийг өөрөөсөө л холдуулж байгаа хэрэг. Худлаа яриад байх тусмаа бусдад төдийгүй өөртөө итгэх итгэлээ ч алдаж байгаа хэрэг. Хуураад, худлаа хэлээд байгаа хүнээс хүмүүс аажимдаа зайгаа барьж эхэлнэ, харин тэр өөрийгөө ганцаардал руу хөтөлж байгаагаа мэддэггүй. Хүмүүс түүнд нэг хуурагдана, хоёр хуурагдана, гуравдахь удаад магадгүй өөрөө аргааа олоод л явчихдаг. Учир нь түүнд итгэл найдвар, сэтгэлгээ, гар хөл бүгд байгаа учраас. Хэрэв ажил амьдрал нь 100% түүнээс хамааралгүй л бол ямар ч хүн өөр зөндөө сайхан нөхөрлөл, итгэлцэл, өөдрөг ирээдүйгээ харж чадна.

Хүн өөртөө үнэнч байх нь хамгийн сайхан чанар. Өөрийнхөө дотоод сэтгэлийг чагнаж, өөрийнхөө мөн чанараа сайнаар бэхжүүлж, өөрийн итгэл үнэмшилээ бий болгож, өөрийн амьдралын зорилгоо тодорхойлдог. Амьдралд сайн муу олон зүйл үзэх тусмаа алдаа оноон дээрээсээ ухаарал авч байдаг. Алдаагүй, өөгүй мундаг, төгс төгөлдөр хүн гэж хаа ч байх билээ. Алдаа болгон ухаарал, давтахгүй байх тусмаа мөн чанар нь болон шингэж байдаг. Хүн хуурах тохиолдолд сэтгэл нь ичиж шаналж байдаг бол, худлаа хэлсэндээ санаа нь зовоод нойргүй хонож байдаг бол, хичнээн хэцүү байлаа ч дотно хүмүүсийнхээ өмнө сөгдөж байгаад ч болов уучлал гуйж чаддаг бол чиний мөн чанар сайхан байгаа гэсэн үг. Буруу зөрүү зүйл дээр бусдаас бус өөрөөс эхэлж алдаагаа хайдаг бол, өөр бусад хүмүүсийн элдэв буруу үйлдлийг өөрийгөө оронд нь тавьж байгаад ч болов ойлгохыг хичээдэг бол, үзэн ядалтаас уучлалыг илүүд үздэг бол чи хүчирхэг хүн болон төлөвшиж байгаа хэрэг. Энэ бүхний эцэст чи бусдад бус өөртөө л үнэнч байхыг хичээх болно. Өөртөө үнэнч байна гэдэг хүн бүхний өмнө үнэнч байхын эхлэл. Бусдын хайр хүндэтгэлийг дааж чадахын баталгаа. ӨӨРТӨӨ Л ҮНЭНЧ БАЙЖ СУР, АМЬДРАЛ ЯМАГТ УТГА УЧИРТАЙ БАЙХ БОЛНО.

ТЭВЧЭЭР

…Гомдсондоо юу юугүй уйлчих гээд дотроо мэгшээд байгаа хэрнээ гадагшаа гаргалгүй тэсч буруу харна. Хорссондоо юу юугүй хараал зүхлийн үгс аман дээр гарч ирээд байгаа хэрнээ гадагш нь гаргалгүй тэсч залгилна. Зэвүүцсэндээ юу юугүй улаан нүүр рүү нь цохиод авмаар санагдах хэрнээ нэг гараараа нөгөө гараа атгаж тэсч өнгөрөөнө. Дургүйцсэндээ юу юугүй түүний өөдөөс орилж хашгирмаар байх хэрнээ тэсч юу ч болоогүй юм шиг тайван байж харагдахыг хичээнэ. Заримдаа бид хэнд ч юунд ч юм уурлаж бухимдаж, гомдож цөхөрч, дургүйцэн зэвүүцэх үед сэтгэл дотор нь хуй салхи оволзож, бараан үүлс хуралдаж, дуу цахилгаантай аадар асгардаг. Амьдрал тэр чигээрээ бараан өтгөн манан дунд хучигдаж, үүлний чанад дахь нарны зурвас гэрэл харагдахаа больж, тэр жихүүцэм хүйтэн ертөнцөд даарч жинддэг. Хэзээ ч нарны сацрагийг харахгүй юм шиг, шувуудын хөгжилтэй жиргээг сонсохгүй юм шиг, мяралзан жирэлзэн урсах голын уснаас алгаараа атган ууж чадахгүй юм шиг айдас төрж, тэвддэг. Гэхдээ зөвхөн таны сэтгэл дотор шүү дээ.

Ийм бачимхан давчүү, тэвдүү айдастай үеийг тэсч тэвчээд гарсныхаа төлөө хүмүүс амьдралдаа цөөхөн харамсдаг. Тэр л оволзсон хуй салхи шиг айдас, түгшүүртэй үе өнгөрч, сэтгэл дотор нар тусах үед “Би яаж тэр үед тэвчээд гарч чадав аа” хэмээн өөртөө баярлаж, талархан шивнэх үе зөндөө. Амнаас гарсан болчимгүй үгс, адгасандаа гаргасан муухай үйлдлийг хэн ч эргүүлж, буцааж чаддаггүй. Дараа нь хичнээн гэмшиж “намайг уучлаарай, би уурандаа болоод тэгчихжээ” гэж учирлаад ч, тэр хүний сэтгэлд шигдэж, үе үехэн хөндүүрлэн өвтгөх өргөсийг сугалж, хаяж чадахгүй. Харин сэтгэл дотор хатгаж өвтгөж байсан муу муухай бодлуудыг дотроосоо илэрхийлж гаргаагүй бол, хэн ч түүнийг тань сонсоогүй, мэдрээгүй болохоор таны сэтгэлд хичнээн өег гээч. Дотроо “хэрэлдэж”, “харааж зүхэж” байсан тэр хүнтэйгээ учраа ололцон, тайтгарах мөчдөө “миний бодол болгон туйлын зөв биш юм байна шүү дээ” хэмээн ухаарч гэмшдэг. Хүмүүс бид бусдын тухай бодлоо заавал өөрийнхөөрөө өөртөө “зөвтгөж” бодоод байдагт л алдааны учиг нь оршдог. Сайн талаас нь хараад, уучлах шалтгийг сэтгэлдээ хайж олоод байж чаддаг бол та хүнтэй муудалцахгүй дээ. Хэн нэгнийг буруутгаж бодоод, үзэн ядаж хорсоод, “дөнгөчих юм сан” гэж шүд зуугаад байх нь танд зовлонгоос өөр юуг ч авчирч өгөхгүй.

Амьдрал дандаа хүмүүсийн тэвчээрийг шалгаж байдаг. Хүнд хэцүү үе тохиолдоход, “дараа нь заавал нар гарч л таарна шүү дээ” гэж бодоход, тайтгарна. “Зовсны эцэст, жаргаж”, “Өвдсөний эцэст эдгэрдэг” тавилан нь хүмүүсийн тэвчээрийн сайн үр дүн. Хайртай хүнээ сэтгэлдээ хайрлаж, хүлээж, тэвчих нь тийм ч хэцүү биш, сэтгэлд дандаа гэрэлтэж байдаг инээмсэглэл дагуулсан жаргал. Хайртай хүүгээ ухаан суухыг нь хүлээж тэвчих нь тийм ч бачимдмаар зүйл бас биш, учир нь тэр бол таны үргэлжлэл. Та өөрийгөө сайн хүн гэж бодож байгаа л бол таны хүү хэзээ нэгэн цагт сайн хүн болно, эргэлзэх хэрэггүй. Найзалж дотноссон хүмүүсийнхээ гомдоож бухимдуулах араншиг тэвчиж хүлээх нь тийм ч цөхөрмөөр зүйл биш, тэр бол таны сонголт. Эргэн тойронд байгаа хүмүүсийн гаргаж байгаа элдэв сайн муу үйлдлүүдийг хүлцэж тэвчих нь тийм ч гутамшигтай зүйл биш. Хэрвээ та өөрийгөө тэднээс “илүү ухаантай” гэж бодож байгаа бол, бусдын гэмийг уучилж чадах ёстой. Эс чадвал та тэднээс юугаараа ялгаатай гэж? Амьдралд учрах доромжлолыг тэвчиж, магтаалыг тэвчиж гарахаас өөр сонголт үгүй, учир нь та амьдрах ёстой. Амиа хорлолтой биш болохоор.

Тэнгэрт хуралдсан бараан үүлс аядуухан салхины аясаар сарниж, тэр чөлөөгөөр нь нарны нүд гялбам хурц гэрэл сацрах нь ямар гайхамшигтай сайхан гээч. Яг түүн шиг бусдын сэтгэлд үргэлж гэрэл гэгээ болон сацарч байх нь зүйрлэшгүй сайхан. Бусдын сайхан сэтгэл рүү бохир угаадас цацаагүйнхээ төлөө хүмүүс бие биедээ, бас өөртөө ямагт талархаж явдаг. Жаахан тэвчээд өнгөрөхөд л болоо. Муу хорсолтой бодлоо сэтгэлээсээ зайлуулан байж, хорон муу үгсээ цааш нь залгилан байж, муу үйлдлийн эсрэг нэг гараа нөгөө гараараа атган байж тэвчих нь танд хэзээ ч муу үйлийг авч ирдэггүй. Уг нь байна шүү дээ. Сайтар анзаараад тунгаах юм бол, бидний санаа сэтгэл ямар байхаас үл хамааран алтан нар манддагаараа мандаж, шувууд жиргэдгээрээ жиргэж, голын ус урсдгаараа л урсана. Тэгэхээр бид юундаа л гутарч гуниж, юундаа ч хорсож бухимдах билээ.
“ТЭВЧ, ИТГЭ, ХҮЛЭЭ ТЭГВЭЛ ЧИ ЯЛНА” гэдэг сайхан уриа бий. Бид бие бие рүүгээ хараад инээмсэглэх тийм ч хэцүү биш дээ.

1 2 3 7