Menu
Assign a 'primary' menu

Category Archives for "ЗУРВАСХАН БОДЛУУД"

Nov 14

ЗУРВАСХАН БОДЛУУД – 19

By gala-admin | ЗУРВАСХАН БОДЛУУД

САЙХАН СЭТГЭЛ, ҮНЭНЧ ХАЙРЫГ МӨНГӨӨР ҮНЭЛДЭГГҮЙ

Мөнгө бол материаллаг зүйлсийг худалдаж авахад зориулан хүн төрөлхтөний бий болгосон үнэт цаас. Маш олон зүйлсийг бид мөнгөөр худалдаж авдаг болохоор хүмүүс мөнгөний талаар янз бүрээр бодож, янз бүрээр ханддаг, бас янз бүрээр үнэлдэг. Яг өөрийн хичээл зүтгэлээр хөдөлмөрлөн зүтгэж олж байгаа мөнгийг хүмүүс хайрладаг. Бүтээх гэж зүтгэсэн сэтгэлийн шаналал бүхэн нь, баялгийг бий болгох гэж зүтгэсэн хөдөлмөрийн хөлс бүхэн нь, хүмүүст ойлгуулж тэднийг ухааруулах гэж хичээсэн зүтгэлийн оч бүхэн нь тэр мөнгөнд шингэж байдаг болохоор. Тийм мөнгийг гараараа илбэхэд хурууны өндгөнд нь энэ бүхэн мэдрэгдэж, үнэ цэнийг нь бахархалтайгаар мэдэрч байдаг. Тийм мөнгийг хүмүүс хэзээ ч дэмий зүйлд үрдэггүй. Шударга бус замаар, буруу муу үйлдлээр олсон мөнгийг хүмүүс тэгтлээ үнэлж хайрладаггүй. Учир нь тэр мөнгөнд хичээл зүтгэл, хөдөлмөрийн хөлс шингээгүй. Тийм хүмүүс тэр мөнгийг хайр гамгүй үрж, түүнд нь атаархаж зулгуйдсан бусдын ядмагхан төрхийг харахдаа сэтгэлийн муу бах тав нь ханаж байдаг. Өөдгүй муу хүмүүс мөнгийг толгой дээрээ хааны титэм мэт залж, түүгээр энэ ертөнцийн бүх зүйлсийг худалдаж авч болно гэдэгт өөрийгөө болон өрөөл бусдыг итгүүлнэ.

Хэн нэгэн, бусдад чин сэтгэлээсээ тус болоход хариуд нь “Би чамд хэдэн төгрөг өгөх вэ?” гэж зарим хүмүүс асуудаг. Эсвэл татгалзаад байхад нь хүртэл заавал мөнгө өгч салах гэж зүтгэнэ. Хэн нэгэнд тус болчихоод зүгээр л инээмсэглээд явж одох хэн нэгний араас “тэнэг” эсвэл “эрүүл бус” гэж дүгнэсэн харцаар гайхан хардаг хүмүүс зөндөө бий. Үгүй бол “тус болсныхоо хариуд надаас мөнгө авахгүй байгаа нь өөр холын ашиг харж тооцоолсон байж магадгүй” хэмээн ёозгүйхэн хардаж бодно. Хүмүүс бид мөнгийг хэт шүтэж, өөрсдөө түүний боол нь мэт сэтгэх сэтгэлгээндээ ингэж хандах нь олонтой. Цаасан мөнгийг зохиохоосоо өмнө ч, бараа солилцоог арилжааны хэлбрээр сэтгэхээс ч өмнө хүмүүс сайхан сэтгэлтэй байж, бие биедээ тусалцгааж, бие биенээ баярлуулсаар ирсэн. Хувь хүний дотоод мөн чанар болох сайхан сэтгэл, бусдад өөрийн боломжоороо тус болох хүсэл эрмэлзлэл нь хүний үнэт чанар байсаар ч ирсэн, одоо ч тийм байгаа, цаашид ч үргэлж тийм байх л болно. Тийм үнэ цэнэтэй чанарыг мөнгөөр үнэлж хэмжих ямар ч хэмжүүр байхгүй, үүний хажууд мөнгө бол дэндүү хямдхан зүйл. Хүн мөнгөгүй болох үе зөндөө тохиодог, харин сайхан сэтгэлгүй болчихвол хэрхэн хүн байж чадах билээ. Бас хэрхэн оршиж, амьдарч чадах билээ.

Хүний дотоод сэтгэлийн гайхамшигт мэдрэмжээр хөглөгддөг хайр сэтгэлд мөнгө тийм ч чухал үүрэг гүйцэтгэж байгаагүй. Зорилго төлөвлөгөөгөөр бус сэрэл мэдрэмжээр илэрдэг хайр сэтгэл хүн төрөлхтөний түүхэнд домог болон мөнхөрч, хичнээн гайхамшигийг бүтээлгэж чадсан билээ. Харин өнөө цагт “мөнгөгүй бол хоосон хайр сэтгэлээр яах ч билээ?” гэж өгүүлдэг бас тэгж ханддаг хүмүүс олширч байнаа. Хүний хамгийн үнэт чанар болох хайр сэтгэл, баар цэнгээний газруудад халамцан төөрөлдөж, буудал хоног төөрүүлэх газруудад дааран жиндэж, эзнээ ололгүй мөнгөнд хөтлөгдсөн харуусалдаа сэм сэмхэн санаа алдаж, хорссон сэтгэлээ сархадаар солиоруулан хашгичих болжээ. Сэтгэлийн их хорсол л өнөөгийн залуусын минь мөн чанарыг үгүй болгож магадгүй. Хичнээн үнэтэй харшид залравч сэтгэл нь ганцаардсан, хичнээн үнэтэй брендээр гоёж гангалавч харц нь гунигаар хучигдсан, хичнээн их мөнгөөр тансаглавч айдсандаа дарлуулсан, хичнээн ихээр хүсэвч чин сэтгэлийн үнэнч хайраар дутсан хүмүүс өөрсдөө мөнгөний боол болон хувирч буйгаа ухаарахгүй. Хайргүй атлаа хайртай болж харагдах гэсэн ядмагхан жүжиглэл, тэдний амьдралыг там болгон хувиргаж байдаг. Хичнээн их мөнгөтэй байгаад ч чин үнэнч хайргүй бол сэтгэл нь хов хоосон байдаг. Хов хоосон сэтгэлийг хичнээн гоёж харагдуулах гээд ч чадахгүй. Мөнгө, чин үнэнч баяр баясгалантай хайр сэтгэлийн дэргэд дэндүү хямдхан.

Мөнгөөр зөндөө олон зүйлийг худалдаж авч хэрэгцээгээ хангаж болдог ч хэзээ ч мөнгөөр арилжиж болдоггүй ариун нандин зүйл нь хүний гайхамшигт мөн чанар билээ. Мөнгө бас хүнийг эвддэггүй, мөн чанарыг нь илчилж өгдөг, архитай яг адилхан. Зарим хүмүүс мөнгийг олж өөрийн хэрэгцээгээ ухаалгаар хангаж түүнийг эзэн нь мэт захирч чаддаг бол, зарим хүмүүс мөнгөнд улайран шунаж өөрсдөө мөнгөнийхээ боол нь болон хувирах нь бий. Шударга хөдөлмөр зүтгэлээр мөнгийг олж чаддаг хүмүүс мөнгөгүй болохоос хэзээ ч айж тэвддэггүй, учир нь мөнгө олох боломж нь дотоод сэтгэлд нь оршиж байдаг. Өөрийнх нь баялаг болон шингэсэн байдаг. Хулгайчид, зальтай луйварчид мөнгөгүй болохоос дандаа айж явна. Учир нь тэд муу аргаар олсон мөнгөө алдах ахул дахиад хэзээ ч өөрсдөө мөнгө олох чадваргүй. Өөрийгөө болон өрөөл бусдыг мөн чанараар бус зөвхөн мөнгөөр хэмждэг болохоор тэд мөнгөнөөс айж, түүний өмнө сөхөрч байдаг. Хэрэв мөнгөгүй болох ахул тэд хэн ч биш. Учир нь тэд хямдхан хүмүүс. Өнгө мөнгөний төлөө арсалдсан энэ цөвүүн цагт монголчууд бид өөрсдийн мөн чанараа алдаад байгаа мэт. Та эргэн тойрноо анзаарч ажаад, өөрийнхөө тухай эргэцүүлж нэг бодоод үзээрэй. Хэзээ ч мөнгөөр худалдаж болохгүй үнэт зүйлс бидэнд зөндөө их бий. Мөнгө бол бидний хэрэгцээ л юм шүү дээ. Бидний амьдралын утга учир, зорилго огтоос биш. ШУНАЛ ИХЭДВЭЛ ШУЛАМ БОЛНО гэдэг дээ.

ЗӨӨЛӨН АЯЛГУУ

…Намрын буга уулнаа урамдан бэлээс хөөрсөн манан үүлс ороон замхарахад, цэцэгсийн дэлбээнд сондорлох шүүдрийн мөнгөн дуслуудыг нүцгэн хөлөөрөө туучиж тэртээх хадны цуурайнд өөртөө аалигүйтэн хашгирахад, сэтгэлийн тэртээд зөөлөн аялгуу эгшиглэж зүрхний гэгээн гунигийг нарны буман сацраг уулсын оройн мананд уусган шингээж сувдан дуслаар бороо болон асгарах мэт. Модны мөчрөөс түмэн өнгийн навчис газарт унан салхины аясаар хөгжилдэн бүжихэд, тув тунгалагхан харзан дундаас нүүдлийн шувууд миний сэтгэлийн шаналлыг далавчин дээрээ тээн тэртээх үүлсийн чанадад ганганан гунганан цувж нисэхэд, элсэн манханы оройгоос алтан ялтас бэл рүүгээ урсаж, мяралзах голын тунгалагхан долгист нэгэнтээ саатан зогтусах мөчид, зөөлөн аялгуу зүрхэн дундуур минь эгшиглэн урсаж зөн совингоо би өөрөө удирдаж сэтгэлдээ аялгуулан уярч газар борхирон суух мэт.

…Өвлийн зөөлхөн цасан ширхэг хөх тэнгэрт хөгжилдэн эргэлдэж газарт шүхэрлэн буухуйяа хөл доорхи хунгарласан цас гутлын улан дор чихар чихар дуугарч, ертөнцийн түмэн анирыг чимээлэн чих тавин сонордохуйд бохир үгүй хүв хүйтэн агаар цээж дүүргэн, миний сэтгэлд зөөлөн аялгуу болон шүхэрлэж хахир хатуу сэтгэлийг тув тунгалаг болгон цэвэрлэх мэт. Модны мөчир дээр бээрч даарсан болжмор шувууд гэрийн тооноор урсан тэнгэрт уусах галын илчинд дулаацан хөгжилтэйеэ жиргэн шулганаж, голын хөлдсөн мөсөн дээр дуу хадаан тоглох хүүхдүүдийн улаа бутарсан хацар аз жаргалаар дүүрэн бялхаж, хөр цасан дунд хүний сэтгэлийн эгшиг галын халуун илч шиг цасан ширхэгийг хайлуулан би өөрөө зөөлөн аялгуун дунд түүнийгээ чагнан уярч уйлах мэт, чив чимээгүйгээр долоовор хуруугаараа нулимсаа арчин тайтгарах мэт.

…Хавар цагийн зэрэглээтсэн униар дундаас нүүдлийн шувууд миний сэтгэлийн баяр бахадлыг гэгээн хүсэл мөрөөдөлтэй минь хамтад хошуундаа зуун нисч ирэхэд, газрын хөрснөөс хэнзлэн ургах яргуйн цэнхэр дэлбээ миний сэтгэлд цэв цэнхэр өнгөөр сүлэн уусахад, хайрын гэгээн мөрөөдөл миний зүрхэнд зөөлөн аялгуу болон эгшиглэж намайг учралын болзоонд дагуулан хөтөлж авчрах мэт. Ургаж цэцэглэж байгаа бүхэн нь ертөнцийн буман өнгийг дэлгэж, дуулж эгшиглэж байгаа бүхэн нь ертөнцийн түмэн анирыг дуурсгаж, уулзаж учирч байгаа бүхэн нь ертөнцийн баяр баясгаланг мэдрүүлж, хавар цаг миний сэтгэлд хамгийн зөөлөн аялгууг дуурсгаж өгдөг. Ирж яваа цагийн зөөлөн аялгуу миний сэтгэлийг уярааж би өөрөө зав залуухан болсон мэт, уучилж уярч шинээр бүхнийг эхлэх мэт мэдрэмж намайг ухаажуулж би өөрөө бурхадын суудалд заларсан мэт, амьдралын шинэ эхлэл бүр нь миний сэтгэлд уртын дуу болон эгшиглэх мэт.

…Уул ус нь үүлс дундаа тэгширч, ургамал амьтад нь бэлчээр идэш дундаа тайвширсан дэлгэр зуны амар амгалан цаг дор тал дүүрэн билчих мал сүргийн дунд танан өнгөөр цайвалзах монгол гэрийн шуусан хормой дор зөөлөн зөөлөн аялгуу, асгарч орсон аадар борооны дараа тэнгэрт нумлан татах солонго мэт хүмүүний сэтгэлийг хөгжөөнө. Хээр талд цахилах гөрөөс янзагаа дагуулан дүүлэхэд, нуурын мандал дунд усны шувууд дэгдээхэйгээ сэлүүлж сургахад, тэнгэрт халих бүргэд үрээ хадан халил дээрээс түлхэн унагаах мөчид, хүний бяцхан үрс хөлд орон дэрвэж гүүн зэл рүү гараа алдлан тэмүүлэх хоромд амьдралын түмэн өнгө өөр өөрийн жамаар зөөлөн аялгууг зүрхний чанадад эгшиглүүлэх мэт, бас хорвоогийн хатуу зөөлөн жамыг хамтад нь ухааруулах мэт. Амьдралын жаргал зовлонгийн амт, аз жаргалын төсөөлөшгүй халуун мэдрэмжийг, дуулж дуусашгүй аялгуу хөгийг, эдэлж баршгүй хувь тавилангийн ээдрээг бидэнд зөөлөн аялгуугаар учирлах мэт.

Хааяадаа зөөлөн аялгууг санаашран сонсоход ардын дуу нь биднийг учирлаж аргадаад байгаа мэт, уртын дуу нь тэнгэрийн тэртээд уянгалж тайвшруулаад байгаа мэт, зохиолын дуу нь зовлон жаргалын дэнсийг ухааруулж хэлээд ч байгаа юм шиг. Тэнгэрээс асгарах хур шиг зөөлөн зөөлөн аялгуу монголчууд биднийг уяруулж, зүрхийг минь зөөлхөн илбэж аргадах мэт. Шувуудын далавч шиг хөмсгөн доорхи нуурын мандал шиг тогтуун аньсага дор, зөөлөн зөөлөн аялгуу бороо мэт урсана. Зүрхний чанадаас урсах аялгуу шиг миний Монгол эх орон минь, аялгуут сайхан эгшигээрээ бидний сэтгэлийг дандаа аргамждаг нутаг минь.

ОХИНДОО БИЧСЭН УЧИРЛАЛЫН ЗАХИДАЛ

Охин минь чи зөндөө том болжээ
Он цагийн уртад аавгүй өссөнд тань би буруутай
Сэтгэлээ чилээж чамайг санаж шаналсан өдрүүд
Сэрүү татуулж будантай байсан надад

Санаа алдах бүрийд аньсага мананд хучигдаж

Шөнийн уртад нойроо аргамжин дэрэн дээр хөрвөөж
Санчигандаа намрын хярууг зовлон болгон хурааж
Чиний төлөө өөрийгөө зэмлэсэн хормууд цөөдөөгүй ээ

Зөндөө олон жилийн урсгалд охин минь чи хэрсүүжиж

Зовлон жаргалын харьцааг өөрийн ухаанаар дэнсэлж
Аавдаа гомдож бас уучилж, санаж бэтгэрсэн сэтгэл нь
Амьдралын өнгийг ухаарахад нэмэр болсон л болов уу

Нулимсаа бусдаас нууж, ганцаардлыг сөрсөн мөчүүд чинь

Нүүгэлтсэн үүлнээс бороо болон над дээр асгарахад
Уйтгар шаналлаа нүүдлийн шувуудын далавчин дээр тээж
Урьхан хаврын цэцэгс болон охиныхоо гар дээр дэлгэрдэг байсаан аав нь

Сэтгэлийн минь гэгээн нар болсон охиныхоо ганцаардлын төлөө

Эдэлж болох хүний жаргалаас өөрийгөө харамладаг байсаан аав нь
Сэрүүн намрын уулнаа бугын урамдах дуудлага шиг
Эргээд охинтойгоо уулзах мөчөөр өөрийгөө аргаддаг байсаан аав нь

Сайхан наран өглөө мандаж үдэш жаргадаг эргүүлгэнд

Эргэх нэгэн өдөр аав нь охинтойгоо уулзах тохиол ирнээ
Санаж бэтгэрсэн сэтгэлээ уулзахын жаргалд дэвтээж
Эцэг үрс хувь тавилангаа учиглан зангидах болноо

Охин минь чи тэсч хүлээ

Орчлон гэдэг хувь заяаны зангилаа

Oct 29

ЗУРВАСХАН БОДЛУУД – 18

By gala-admin | ЗУРВАСХАН БОДЛУУД

ЗАЛХУУРАЛ

Намайг бага байхад зуны амралт эхлэв үү? үгүй юу хөгшин аавынд хүргэж өгдөг байж билээ. Хөгшин аавынх боломжийн хэдэн малтай. Хурга ишиг хариулах, үнээ ивэлгэх, завсар чөлөөгөөр нь аргал түүх, нойтон үхрийн баасыг эргүүлж хатаах, оройн сүү саалины цагаар хонь холбох, үдшийн бүрийд тугалаа хашиж, хурга ишгээ хөгнөх гээд ажил мундахгүй. Нэг өглөө эрт босч, урт ажилдаа үүртэхийн сацуу нойр хүрээд байхаар нь бусдаас сэмхэн нуугдаад илүү гэр рүү орж хураасан бараан дээр нь унтаж орхилоо. Аагим халуунд нозоорон сэрж ядах төдийд илүү гэрийн гаднаас хөгшин ээжийн дуу хадаж “Энэ ингээд амиа аргалаад байдаг, нойр ихтэй ажил муутай хүн яаж өөдтэй явах билээ” хэмээн хангинах сонсогдож, нэг их айж ичиж билээ. Одоо хэр нь “амиа аргалаад” гэсэн үг нь чихэнд хоногшиж, энэ үг нь “арчаагүй залхуу” гэсэн тодотгол болон сэтгэлд шингэж авай. “Хожим нь өөдтэй явахгүй” гэдэг хачир нь бас л тунг нь тааруулсан хэллэг.

Хэн нэгэн даалгасан ажлыг хийж эхлэх хамгийн хэцүү. Өөрөө хичнээн дургүй байлаа ч “хийх л учиртай, хийх шаардлагатай” тэр ажлыг заавал хүчээр хийх болдог. “Дургүйд хүчгүй” гэгчээр хөдөлж ядаж байгаа сэтгэлийг “заавал хийх ёстой” гэсэн албадлага аажим аажмаар давж гарна. Эхэндээ хэцүү төвөгтэй байлаа ч хийж эхлэх явцдаа хүссэн хүсээгүй “ажил хийх аргаа” олж эхэлдэг. Түүндээ бага зэрэг урамшсан сэтгэл, дууссан хойно нь үр дүнгээ, бас бүтээлээ харахдаа баярлаж урам орно. “Уг нь хэцүү биш л юм байна шүү дээ” гэх бодол, хичнээн дурамжхан байсан ч дараа дараагийн ажлыг хийх хүч болж хувирдаг. Заримдаа нэрэлхсэн, ичсэн сэтгэлээр ажил хийж байхдаа санаанд оромгүй урмыг дагуулж авчрах нь бий. Албадлага заримдаа “хүчирхийлэл” мэт санагдах авч, ямар нэгэн үр дүнд хүргэж байгаа л бол урам өгдөг. Хичнээн хийгээд ч үр дүн нь бүтээл болж мэдрэгдэхгүй л бол хүмүүсийн урам нь хугардаг юм. Дахиад хийхээс ч дургүй хүрнэ.

Бид заримдаа залхуурснаасаа болж өнөөдөр хийх гэж байсан ажлаа “маргааш больё” хэмээн хойш нь тавьдаг. Маргаашийн ажил, нөгөөдрийн ажил, түүний маргаашийн ажил нэмэгдэн овоорсоор нэг л мэдэх дор бид өөрсдөө түүндээ үүртэн, сэтгэлдээ бухимдан улам улам ч арчаагүй байдалд орох нь бий. “Өнөөдрийн хийж болох ажлыг маргааш гэж хэзээ ч битгий хойш тавьж бай” гэж аав минь надад сургасан сан. Хааяадаа хойш тавимаар бодогдовч “яг одоо хийчих боломж надад байна шүү дээ” гэж санагдах дор барьж авахаас өөр сонголтгүй. Эхэлсэн ажлаа улайрсаар дуусгахдаа сэтгэл минь ханана. Сэтгэл нэг л хөнгөн. Орой унтахаар орондоо орохдоо хүртэл “зөндөө л юм хийж амжлаа шүү дээ” хэмээн өөрийгөө урамшуулан, сэтгэл амар тайван нойрсч бас сайхан зүүд зүүдлэх. Эгзэгтэй мөчид “би яг одоо хийж амжина шүү дээ” гэдэг бодлоосоо хэзээ ч ухрахгүй байвал, та маш их зүйлийг хийж амждаг. Хийж амжиж байгаа ажил болгон тань танд урам, өөрөөрөө бахархах сэтгэлээс гадна, сэтгэлийн их амар амгаланг авч ирдэг. Өөрөө завгүй, өдөр болгонд хийж бүтээж байгаа ажил болгондоо хүний сэтгэл амардаг, бухимдалгүй тайван, бас урамтай.

Бид хүүхдүүдээ хичнээн их хайрлан эрхлүүлж өрөвч сэтгэлээр хандах тусмаа, аажим аажмаар залхууралд сургадаг. “Хэрэггүй ээ миний хүү, чадахгүй, алив аав нь” гэж хэлж байгаа бүхэн тань, “Эвий минь ядарчих вий, хэрэггүй дээ ээж нь” гэж нялуурах тусмаа бид хүүхдүүдээ зөвхөн өөрийгөө бодож “амиа аргалах” араншинд дасгаж байгаа. Одоо ямар мал маллах биш, үүрийн үнэгэн харанхуйгаар босч үнээ ивэлгэх биш, араг үүрч мөрөө холгон байж аргал түүх биш, хаврын хавсрагатай цагаар ямаа самнан ноолуурыг нь түүх биш. Дулаан гэртээ тарвалзаж байгаа хүүхдүүдээ бусдаас илүү “хайрлаж” байгаагаа илэрхийлэн “жүжиглэх” тусам бидний хойч үеийн нэг хэсэг нь арчаагүй залхуу болж байнаа. Өнөө хийж болох ажлаа маргааш гэж хойш тавьсаар, үнгэгдэж хиртсэн хувцсаа дараа угаах гэж хөндий сав руу чулуудсаар хиртсэн хувцас, хиртэй сэтгэлээ “угааж” ч амжихгүй нас өтлөнө. Дандаа л бухимдал, уур уцаар, амьдралд хорсож гомдох үглэл болгон нь залхуурлаас зөндөө хамаардаг. Уг нь бид нүүдэлчин монголчуудын үр сад юм шүү дээ. Өглөөний мандах нарнаас үдшийн бүрий хүртэл мөн ч их ажил амжуулна даа.

ГАНЦААРДАЛ

…Зоргоороо болдоггүй орчлонд зөнгөө дагаж ганцаардах нь бий. Дураараа болдоггүй хорвоод аашаа аргадаж ганцаардах нь бий. Өрөөл бусдыг гомдоохоосоо эмээж өөрийнхөөрөө байх гэж ганцаардах нь бий. Ганцаардал заримдаа сүргээсээ хулжиж давхисан эмнэг адуу мэт. Ганцаардал хааяадаа нарны гэрлээс нуугдаж хээр хоносон сар мэт. Ганцаардал үехэндээ хуй салхинаас зугатаж хадны нөмөрт хярсан бүжин мэт.

Гэрэлт өдөр сэрвэлзэж догдолсон сэтгэл шөнийн харанхуйд хаа нэгтээ төөрч будилан, хэнийг ч юуг ч юм эрж хайн тэнүүчилнэ, нойр хулжин тарчилна. Андууд дунд инээж баяссан сэтгэл орь ганцаар үлдэхдээ ижил ханиа хайн гунина, саяхан инээлдэж үнсэлдэж байсан найзууддаа сэм сэмхэн атаархана. Бусдын өмнө ихэмсэг бардам байсан төрх гав ганцаар байхдаа арчаагүйдэлд автан шанална, сэтгэлдээ хэн нэгнийг хань татаж үгүйлнэ, бас мөрөөднө.
Ганцаар байхдаа сэтгэлийн хүлээсгүй эрх чөлөөг мэдрэх хэдий ч, нууранд хамтдаа хөвөх хун шувуудын хайрын хэлхээсийг мэдрэн сэтгэлдээ сэм сэмхэн санаа алдах. Ганцаар байхдаа хэн ч үгэлж шаналгахгүй зоргоор байвч, хоолоо идэхдээ хажууд байх хүнгүй болохоор амтыг нь нэг л мэдрэхгүй. Ганцаар байхдаа хэнтэй ч хэрэлдэж муудалцахгүй өөрийн дураар байх авч, холын холд аялаад ирэхэд нь хүзүүгээр нь тэврэн санасан сэтгэлээ шивнэн учирлах хүнгүй болохоор нэг л жиндүү.

Амьдралын олон өнгийн сүлэлдээнд олон хүмүүс ганцаардлыг сонгодог. Магадгүй хувиа бодсон ч байж мэдэх хэдий ч, сэтгэлийн хязгааргүй эрх чөлөөг өөртөө үлдээх гэж хүсдэг байж болох. Магадгүй сэтгэлд нь хөрсөн хайрын галыг дахин асааж чадахгүйгээ мэдэрч, хайрлаж явсан түүнээ дахин дахин зовоохгүйгээр өөрөө холдож одохыг хүсдэг байж болох. Магадгүй дэндүү олон дарамт дундаас хэн хэнийхээ сэтгэлийн хүлээсийг тасдаж хаяад, өөрөө өөрийгөө золиосолсон байж мэдэх.

Хосоороо амьдрах тавилан, арга бэлгийн сүлэлдээн, эсрэг хүйстнүүд бие биенээ нөхөх зохицолдоон, сэтгэлийн их цэнгэлийн хураар бялхах жамыг заримдаа хүмүүс зөрчдөг байж магадгүй. Гэхдээ л ганцаардал гэдэг хүн болгоны хүсч сонгоод байх зам биш ээ. Таталцлын хуулинд захирагдаж оршдог энэ л замбуулинд бие биенээ ойлгож, хайрлаж хамтдаа л амьдрах нь дэндүү сайхан. Өргөн уудам энэ л орчлонд өөр юу ч хэрэггүй дээ хүмүүс минь, хамтдаа л сүлэлдэж хорвоог туулж бар. Нэгэн дэрэн дээр толгойгоо нааж, нэгнийхээ гар дээр дэрлэн цээжинд нь наалдан хав харанхуй ертөнцийг хамтдаа өнгөрөөх шиг жаргал хаана байх билээ.

ЗААВАЛ МУУДАЛЦАХ ХЭРЭГГҮЙ ДЭЭ…

Хүмүүс үзэл бодол хийгээд санал санаачлагынхаа төлөө муудалцах нь бишгүй. Юм болгон дээр заавал санаа нийлж, үүнийхээ төлөө тэврэлдэж үнсэлдэж байх албагүй л дээ. Ямар нэгэн шийдвэр дээр санал зөрөлдөх бүрдээ хүмүүс өөрийнхөө зөвд эргэлзэлгүй, санаа бодлыг нь сөрөн зогсож байгаа нэгнийг үзэн яддаг. “Хн иймхэн юмыг ойлгохгүй тэнэг” гэдэг бодол нь уур хилэнгийн манан дундаас өөр өнцгөөс харж болох боломжийг халхалж орхино. Чи өөрийнхөөрөө зүтгэж “зөв” гэдгээ нотолж орилж чарлахад, өрөөл нэг нь яг л чам шиг бодож бухимдан хашгирдаг. Яг л уурандаа агаарт шидсэн чулуу, нөгөө талаас шидсэн чулуутай онолдож хага үсрэн бутрах мэт. Өөрийн шидсэн чулууны бутрал болгоныг цуглуулж, өөдөөс нь цацахдаа түүний сэтгэлийн шаналлыг бутраах гэж хаа хамаагүй зүйлийг дурдан хашгична. “Тэгэхэд чи муу тэнэг тэгээ биз дээ?” хэмээн огт хамаагүй жишээг дурдан орилох нь түүнээс давж гарах гэсэн атгаг муу сэтгэлийн хорсол. Амнаас гарсан муу үгсийг буцааж залгилж болдоггүйтэй агаар нэгэн адил таны хорон муу үгс байгаа онох нь бий, онохгүй хажуугаар нь далийж өнгөрөх нь бий. Гэхдээ л тэр сум хүний сэтгэл зүрхийг шархлуулж амждаг л юм даа.

Уурлаж хорссондоо тэр айлын хаалгыг савчин онгойлгож, түүний сууж буй ширээ рүү хашгичиж очих хором бүхэн ямар их шархлалыг авч очдог гэж та санана. Тэр л богинохон хором бүхэн магад энэ ертөнцийн хязгаар хүртэл хамтдаа алхах байсан нөхөрлөлийг, шаналж зовсон сэтгэлээ хуваалцах гэж нулимсаа тэвчин хаалганы тань хонхыг гараараа даран хангинуулах мөчийг, итгэсэндээ зовлонгоо тоочих гэж хаа байгаа газарт чинь хайн бэдэрч зорих тэмүүллийг, магад түүнийг цээжиндээ тэвэрч “за тайвшир даа найз минь, маргааш бүх зүйл сайн сайхан болно доо” хэмээн аргадаж мөрийг тань зөөлхөн илбэх мөч бүхнийг харлуулж орхидог. Итгэл шиг гэрэлтэх нарны гэрлийг хорсол шиг сүүдэр дайран хиртүүлэх мэт. Үүрэндээ бөөцийлж орхисон цав цагаахан өндгөнд хүний сүүдэр тусах хоромд эх болсон шувуу нь үрээ голж тэнгэрт гаслан гунганах мэт. Хэрэв тэр л хоромд “чи муу юу юм бэ?” гэж бухимдан хашгирахад, итгэлийн сүү сүүдэр дунд ээдэн гашилж, модны мөчир дээр жиндэх болжмор шиг шуухитнан даарах биз. Гунигтайяа чам руу харж, толгой гудайлган хаалгыг тань зөөлхөн хаах мөч, чамд итгэж найдсан итгэлийн сүүлчийн чахраан болж ард үлдэнэ. Тэр хичнээн зовж шаналавч, чи хичнээн гэмшиж хожим нь түүнээс уучлал хүсэвч, тэр хаалгыг урьдынх шиг чин зүрхнээсээ баяр итгэлийн дунд нээдэггүй юм.

Яг ингэж зовж шаналахгүйн тулд ганцхан боломж байдаг юм. Маргалдаж хэн нэгэнтэй муудалцахаас дандаа зайлсхийж яв. Яах аргагүй муудалцах бол тэсч тэвчээд дуугүй өнгөрч сур. Зүрх сэтгэлийг нь шархлуулахгүйгээр дуугүй өнгөрсөн мөч бүхэн тань маргаашийн өдөр түүний нүүр рүү эгц харах шалтаг болдог юм. Заавал түүнтэй найз болж хэлхэлдэхгүйгээр, зүгээр л мэндээ мэдэлцэж зөрөх хором бүхэн чиний үнэ цэнийг бусдад мэдрүүлдэг юм. Дахиад боломжгүй санал тавихад нь эелдэгээр инээмсэглэн магад түүнд татгалзах шалтгаан нь , түүний зүйгүй авирын өмнө тэсч дуугаралгүй өнгөрсөн мөч. Заавал түүнтэй хэлхэлдэлгүйгээр уулзаж учран нөхөрлөж болох хичнээн олон сайхан хүмүүс энэ ертөнцөд буй. Сэтгэл тань хиргүй тунгалаг бол хичнээн олон тийм хүмүүс чам лугаа уулзаж учран нөхөрлөх болно. Хорон муу сэтгэлийн өөдөөс адил нурам цацалгүйгээр холдож, өөр нэгэнтэй учран сэтгэлээ дэлгэн нөхөрлөх андууд энэ ертөнцөд үй олон буй. Муудалцалгүйгээр зай барьж холдсон нэгэнтэйгээ завсар дундаа учрахдаа эерэг зөөлнөөр инээмсэглэн мэндийг нь эрэх тийм ч хэцүү биш. Эргэж заавал хэлхэлдэж дахин бие биенээ зовоохгүйгээр хүн болж төрснийх нь хувьд, нэгэн цагт нөхөрлөж сайн муу бүхнээ хуваалцаж байсныхаа төлөө хүндэлж яагаад болохгүй гэж?

Муудалцаж, уурлаж хашгичих мөч бүхэн хүмүүсийн сэтгэлийг хиртээж, итгэлийг нугалж байдаг юм. Заримдаа ухаан дутуу найзууд чинь хүмүүстэй нийж чамайг шоолж доромжлоход нь хариу хэрэлдэлгүйгээр зүгээр инээмсэглээд зөрж өнгөрч чад. Энэ инээмсэглэл, эрхэмсэг бардам зан тань хүмүүст хүндлэх сэтгэлийг төрүүлдэг юм. Өнөөдөр чамтай уулзаад хэн нэгнийг чамд муулж ярьж байгаа найз тань маргааш хэн нэгэнд чамайг муулж ярих л болно гэдгийг анзаарч бай. Өөрөө чи найздаа хэн нэгний тухай муулж ярихдаа маргааш түүнийг хэн нэгэнд муулж ярина гэдгээ мэдэж бай. Тэр болгон тань хэзээ нэгэн цагт хэрүүлийн бай болгож, та хоёрыг муудалцуулна гэдгийг мэдэрч бай. Тэгээд л чи өөрийнхөө тухай дандаа эргэцүүлж, бодож бай. Хэн нэгэнтэй заавал муудалцаж хэрэлдэхгүйгээр сэтгэлээ ариун байлгах боломж танд бий. Бид бусдаас өөрийгөө давуу гэж харуулах гэж бусдын өмнө хэрэлдэж, хашгичиж, орилдог. Хөөрүү сэтгэлийн амьсгалаа дараад чагнах юм бол хүмүүс бид өөрсдийн ямар өчүүхэн гэдгээ мэдэрч болдог. Зүгээр л чи энэ ертөнцийн өчүүхэн бодьгал. Заавал энэ дунд хүмүүстэй муудалцан хэрэлдэж, өөрийн үнэ цэнээ тоос шиг хийсгэх хэрэг юун. Чи өөрөө аугаа байж чадвал аугаа байна, өчүүхэн араншиндаа бүдрэвэл хумхийн тоос шиг л арилж одно. Хэн нэгэнтэй заавал муудалцаж, хэрэлдэх хэрэггүй дээ. Хэрүүл маргаанд хэзээ ч ЯЛАГЧ байдаггүй юм даа.

Oct 06

ЗУРВАСХАН БОДЛУУД – 17

By gala-admin | ЗУРВАСХАН БОДЛУУД

АРХИ ХҮНИЙГ “ЭВДДЭГ” ҮҮ?

Олон хүн “архи хүнийг эвддэг” гэж боддог, бас тэгж халагладаг. Буруугаа бусад руу чихэх нэгэн араншингийн илрэл юм үү даа. Хайртай нэг нь архинд “толгойгоо мэдүүлж” хамаг олныг зовоон тарчилгах мөчид, бүгдээрээ л архинд бурууг нь өгч, “энэ хар усны гай дайраагүй бол, хаанаас бид ингэж зовж шаналах билээ” хэмээн гасалж, хавь ойрын арга чарга бүхэн рүү хамаг байдгаа баран аргаддаг. Сүүлчийн сохор зоосыг нь хармаанаас нь суйлж, сувдаг сэтгэлээр аль өнгөтэй бүхнийг нь ломбардад тавьж, сэтгэлд нь үлдсэн гал болгоныг нь хуурамчийн хүйтэн усаар унтрааж байхад хүртэл бид тэдэнд бурууг өгдөггүй. “Хөөрхий дээ, архины хорлол болж, сайн яваа бидний үйл лайг үүрч, хар хэл амнаас биднийг халхалж яваа” хэмээн сэтгэлдээ зөвтгөх нь олонтаа, бас тэгж итгэх нь зөндөө. Нус нулимсандаа хутгалдсан тэрээр, согтуурсан араншингаар бүгдэд нь агсам тавьж, “би л та нарын үйл лайг үүрч яваа, тийм болохоор та нар намайг загнаж яана” хэмээн солиорох нь бишгүй. Үйлээ үүрдэг эх хүний зөнгөөр, өрөөл бусдад нь тэгж ойлгуулан, түүний лайг бусдад нь үүрүүлэх тавилан зөндөө.

Уг нь байна шүү дээ. Архи хүнийг эвддэггүй юм, харин тэр хүний арчаагүй мөн чанарыг нь өгдөөж гаргадаг юм. Эрүүлдээ бусгүй хүний өөдөөс эгц харж чаддгагүй ичингүйрлийг хундаганд сөгнөсөн сархад дэврээж, сэтгэлийн чанадад нуугдаж байсан тачаалыг нэгхэн хоромд өгдөөж, эрээ цээргүйгээр бүсгүйн хормойг сөхөж, мунхаглан шүлэнгэтэх үйлийг түүгээр хийлгэж чаддаг юм. Эрүүлдээ сэтгэл дотроо хэн нэгэнд хонзогонож яваа хорслыг хундаганд сөгнөсөн дарс дэврээж, ичгүүргүйгээр тэр хүний өөдөөс арслан барс шиг авирлан хашгичих араншинг гаргуулж чаддаг юм. Эрүүлдээ сэтгэлдээ ичингүйрэн шаналж явсан бодлыг хундаганд сөгнөсөн дарс дэврээж, нус нулимстайгаа хутгалдан байж бусдад гомдоллох арчаагүй араншинг нь бусдад дэлгэж өгдөг юм. Атаархаж хорссон сэтгэлийн далд нуусан хорыг хундаганд сөгнөсөн дарс дэврээж, доромжилж түүн рүү муухайгаар хэлэх үгсийг хар хорын сэтгэлээс нь урсгаж чаддаг юм. Өөрөөсөө ч нуух шахам бэртэгчин бодлыг өөрийг нь хайрлаж өрөвддөг өрөөл бусад руу эрээ цээргүй тургилж, “сайхан сэтгэлийн гал дээр ус асган” нурамлаж, харин тэр үнсэн дунд өөрөө халтартахын зовлонг хундаганд сөгнөсөн дарс түүнд авчирч өгдөг юм.

Хундаганд сөгнөсөн дарс хүний сэтгэлийн далд оршиж буй муу муухай бүхнийг ходоодонд нь хүрч халуу дүүгүүлэхдээ хатгаж гадагш нь гаргаж чаддаг юм. Бусдын өмнө арчаагүй царайлан өрөвдүүлж, бусдаар өөрийгөө тэжээлгэх арчаагүй тавилангийн тэртээд нуугдах хорон муу сэтгэлийг ил гаргаж бусдад харуулдаг юм. Өөрөө угийн арчаагүйдээ өрөөл бусдад атаархан хорсож, нэгхэн хором ч гэлээ түүний дэргэд “хорслоо тайлах” бачим боломжийг түүнд олгож өгдөг юм, хундага дарс. Өөрийнхөө арчаагүй доройдоо өрөөл бусдын “үг даахгүй” гомдоллох, мунхаг араншинг нь бусдад илчилж харуулдаг юм, хундага дарс. Архины дусал болгон нь түүний ходоодонд хүрч халуу дүүгүүлж, толгой тархийг нь мансууруулж тэрхэн хоромд мангартуулах тусмаа, өөрөө ч бусдад ил гаргаж зүрхэлдэггүй мунхаг араншинг нь нүцгэн үнэнээр нь бусдад харуулдаг юм. Биеийг нь сэглэж, сэтгэлийг нь тарчилгах архи тэр хүнийг эвддэггүй юмаа, харин тэр хүний эвдэрч хэврэгшсэн арчаагүй сэтгэлийг нь бусдад ил гаргаж таниулдаг юм. Сайн хүн байгаад муу хүн болсон юм биш ээ, энэ архичид. Сайхан араншингаар өөрийгөө халхалж явсан мунхаг төрхийг нь ил гаргаж байгаа нь тэр. “Өрөвдөх тусам нь өр рүү чинь өшиглөх” муухай санаа угаасаа л түүний төрөлх чанар.

“АРХИ ХҮНИЙГ ЭВДДЭГГҮЙ ЮМ, УГААСАА ТҮҮНИЙ АРЧААГҮЙ ТӨРХИЙГ Л БИДЭНД ХАРУУЛДАГ”. Өрөвдөх эс өрөвдөх нь таны л сонголт. Хэрвээ үнэхээр л сайн хүн юм бол АРХИ ТҮҮНИЙГ ӨӨРЧИЛЖ ЧАДАХГҮЙ Л БАЙСАН ШҮҮ ДЭЭ.

Зүүдний үргэлжлэл ӨГЛӨӨ

…Сэрэмгүй жаргалтай зүүдний үргэлжлэл өглөө. Хүлээж санасан амрагтайгаа уулзан сэтгэлийн чанадад бэтгэрсэн сэтгэлээ дэвтээж, цээжинд минь наалдан эрхлэх чинийхээ сэвлэг үсийг илбэнхэн тайтгарна. Санаа алдахад ч цээж хөндүүрлэн, санчигны минь үсийг даган урсах нулимсаа ч арчиж чадалгүй, сэрэхээс эмээхдээ нүдээ чангаар аньж дэрэн дээрээ алгуурхан хөрвөөнө. Хөдөө талд хүлэг морьдын үүрсэн янцгаах дуу, гүүн зэлэн дээрээс гэрийн зүг суналзан алхах бүсгүй, хөхүүрэн дотроо исгэрч шуугих айрагны үнэр. Нутагтаа оччихоод багын чулуун тоглоомоо нэг эргэж, тэртээд сүүмэлзэн харагдах хайрхан уулсаа саравчилж, зэрэглээн дунд урсах танан гэрүүдийн сүүмэлзээнд багадаа сайдаж муудалцан тоглож өссөн багын хэдэн найзуудаа хайн бэдэртэнэ, бас үгүйлэн дурсана. Сэрж чадамгүй, сэрэхийг ч хүсэхгүй зүүдэн дундаа тэднийгээ тэр л цагийн төрх, ааш араншингаар нь харж, тэр л цагийн нэрээр нь дуудан уярана, бас хайрлана. Сэрмээргүй сайхан зүүд зүрхийг минь зөөлхөн илбэж, сэтгэлийг минь алгуурхан аргадаж, дурсамжийг минь гэгээн аялгуугаар хөглөнө.

…Сэрмээр шаналантай зүүдний үргэлжлэл өглөө. Хүсээгүй хэн нэгэнтэй учирчихаад хорон хатуу сэтгэлээс нь зугтаж чадахгүй шаналж, хэрүүл хараалынх нь өөдөөс хэлэх үггүй гацаж тэвдэнэ. Сэтгэлийн минь дотно нэгэн тэртээд хол зогсчихоод ойртох тутам холдон зугатаж, холдоод зогсохоор хүлээгээд цаашаа явахгүй мөртлөө юуг ч юм учирлаж, гараа сунган аврал эрнэ. Өрөвдсөндөө яваад очьё гэхээр хоорондох зай минь ойртож өгөхгүйн зовлон, үгийг нь сонсоод учрыг нь ойлгоё гэхээр дуу нь надад хүрэхгүйн гаслан. Хүсээд байгаа хэрнээ юу ч хийж чадахгүй байна гэдэг аймшигтай хэрнээ шаналантай. Оволзсон ширүүн үерийн ус хамаг бүхнийг хаман урсаж, би хаашаа ч явж чадахгүй айдсан дундаа тэвдэж зогсоно. Нэгэн газрын гүехнээр гарах гэж оролдоход хаа нэгтэйгээс аймшигт давалгаа намайг нөмрөн авч хаа нэгтээ урсгаж одно, би арчаагүйдэн сарвалзана. Хүчтэний өмнө хүчгүй болж арчаагүйдэн шаналах шиг хэцүү нь үгүй. Сэрж энэ бүхнээс салахдаа зүүд байсныг нь мэдэж учиргүй баярлана, бас сэтгэлийн шаналлаа намжаах гэж зүрхэн дээрээ гараа тавьж өөрийгөө тайтгаруулна. Өглөөний нар, цэвэр агаар, шувуудын жиргээ надаас муу муухай бүхнийг минь авч одох шиг.

…Эгэл, амгалан зүүдний үргэлжлэл өглөө. Алсад одсон аав минь хажууд минь суугаад амгалан тайвнаар миний ярихыг сонсож, заримдаа духыг минь үнэрлэнэ. Яг л яваад одсон төрхөөрөө, орхиод одсон сэтгэлээрээ, хүүгээ гэсэн хайр нь хэвээрээ. Багтарч шаналсан миний учирлалыг сонсоод, ганцхан хэрэгтэй үгийг надад хэлчихээд юу ч болоогүй юм шиг амгалан тайвнаар явж одов. Гэнэт сэрчихээд хаашаа явж одсоныг нь хайн харанхуй зай руу ширтэнэ. Заримдаа дуусгах гэж зөндөө оролдсон ажлынхаа, мухардаж орхисон санааг гэнэт олчихоод, гэнэт сэрж учиргүй баярлана. Хааяадаа хайгаад ч олохгүй байсан сайхан үгсийг зүүдэндээ сонсоод, сэтгэл минь тайвширч нэг л сайхан амгалан мэдрэмж төрнө. Тэр үгээ мартахгүй гэсэндээ өглөө болтол өөртөө шивнээд л байх. Учрах гэж мөрөөдөөд байсан түүнтэй учирч, зөндөө сайхнаар ярьж сууна. Хэлэх гэж бодож байсан бүхнээ түүнд хэлж амжсандаа чин сэтгэлээсээ өөртөө баярлан тайвширна. Өглөө сэрэхэд нэг л амар амгалан. Сэтгэлдээ дутаж байсан зөндөө олон зүйлийг энэ шөнө олоод сэтгэлээ дүүргэчихсэн мэт тайван, бас баяртай.

Хав харанхуй орчлонгоос гэрэл гэгээтэй өглөөтэй учрахдаа хүн бүхэн баярладаг. Цонхоор сэвэлзэх зөөлөн салхи амрагийн минь ялдамхан илбээ мэт, нүүрэн дээр бүлээхэн тусах нарны гэрэл ээжийн минь хайрын илч мэт, модны мөчир дээр аялгуулан жиргэх шувуудын хөгжилтэй эгшиг, хайртай үрийн минь надад эрхлэн даажигнах цагаан инээд мэт. Аяа өглөө чи, урсах амьдралын минь нэгэн давалгаа, угтаж айсах жаргал зовлонгийн үүд, сэтгэлийг минь баясгах гэгээн мөрөөдлийн хөтөч. Элдэв зүүдний минь үргэлжлэл, эгэл амьдралын жирийн өдрүүд.

БАГШ ХҮН

…Олон жил багшилж байгаад тэтгэвэртээ гарсан ахмад багш, намрын хавчис шаргалтаж ээвэр нар ээсэн 9 сарын 1 нд сэтгэлээ хорьж дийлэлгүй, сургууль руугаа тэмүүлдэг. Гоёлын хувцсаа өмсөөд мөнөөх л бүгдэд дасал болсон цүнхээ сугавчлаад жагсаж зогссон олон шавь нар руугаа хүрээд л ирэхэд хүн болгоны сэтгэлд өрөвдлөөс илүүтэй, дотно санагддаг. Бусад хүмүүс тээршааж чихээ дараад л холдмоор шуугиан, өрөөл нэгэн тэвдэж сандраад зугатаж холдмоор замбараагүй хөөцөлдөөн хөдөлгөөн, үй олны элдэв үнэр танар тэр л хүмүүст даанч танил, бас дотно санагддаг. Хэний ч юм бэ сахилгагүй, хэнэггүй хүүхэд, хичээлээ тасалж зугатаах хэрнээ шилээ маажсаар ангидаа орж ирдэг хөвүүн, хэрдээ тоогдох гэж хичээвч бусдаас ичихдээ үсийг нь татаж чангаан охидыг орилуулах хөвгүүд, “багшаа энийг хараач” гэж ховлох хэрнээ бусдын нүдийг хариулж байгаад хэлээ гарган дооглож амжих охид бүгдээрээ л багш хүний хамгийн дотно дурсамж. Зарим хүмүүсийн хувьд толгой эргэж, муужирч унам энэ л ертөнц гагц багш хүнд хамгийн аз жаргалтай мөч байдаг.

Өглөө бүр сургууль руугаа яаран алхахдаа шавь нартаа юу ярьж, юуг яаж ойлгуулах тухай эргэцүүлэл нь толгойноос нь салахгүй. Сэтгэлийн дотоод ертөнц нь тэдэнтэй хүйн холбоогоор аргамжигдсан байдаг болохоор. Заримдаа дүрсгүйтэж сахилгагүйтсэн нэгний чихнээс татаж зандарч байхдаа, сэтгэл дотроо өрөвдөж хайрлаж байдаг гэгээн бурхад. Гэхдээ тэдний том болоод хэн болохыг нь урьдчилж мэдэж байдаг сэтгэлийн хувилгаад. Өөрийнхөө хүүхдэд олигтой анхаарч чадахгүй хэрнээ, өрөөл бусдын хүүхдийн төлөө шөнөжингөө сэтгэлээ чилээж хонох ариун гэгээнтнүүд. Өргөл болгон бусдад мэдлэг түгээх хэрнээ, өглөг шан горьдохгүй баялгийн эзэд. Эд бол багш хүн. Хэний ч сэтгэлээс нь хулгайлж боломгүй далай их баялгийг бусдад түгээгчид. Ээж аав нь ч ойлгож чадамгүй сэтгэлийн нандин утсыг хайраар хөглөгчид. Эргэх дэлхийн түмэн учрыг тэдний оюун сэтгэлд ухааруулж өөрөө ч тэдэнтэй хамтад нарны гэрэлт сацраг руу гараа сунгагсад. Өөрөө хичнээн элэвч, өрөөл бусдын сэтгэлийг хурцлагч билүү чулуу. Мөрөөдлийг нь тэнгист хөлөг онгоцоор хөвүүлж, эрэг дээр нь гараараа даллан үлддэг буянтай хүмүүс. Эд бол багш хүмүүс.

Хүмүүний сэтгэлийн чанад дахь утсыг хөглөж, түүгээр гайхамшигт нэгэн аялгууг эгшиглүүлж чадна гэдэг амаргүй. Хүмүүний сэтгэл дэх их бярыг биенд нь шингээж, бяр ухааны хүчээр мянган хүнийг дийлэх гэдэг хэцүү. Сэтгэлийн гүнд нуугдсан их авьяасыг булаг мэт онгодоор тэтгэж оргилуулан дэлхий даяар шагшин магтах баатруудыг төрүүлэх бүр ч горьгүй. Харин энэ бүхнийг жинхэнэ багш хүн л хийж чаддаг юм. Нусгай жаахан хүүхэд байхаас нь гараас нь хөтөлж, мундаг сайн хүн болтол нь сэтгэлээ чилээж, хожмын нэгэн өдөр түүгээр бахархаж нулимсаа арчих хүн бол багш хүн, өөр хэн ч биш. Зөндөө том болчихоод багшдаа зорьж ирэхэд нь зөвхөн түүний балчир насаар нь угтаж, үддэг хиргүй ариун сэтгэлтнүүд. Алдаж эндэж явахад нь харамсан өрөвдөж, чин сэтгэлээсээ өврөө тэмтчин сүүлийн ганц төгрөгөө гарт нь атгуулж, духан дээр нь зөөлхөн үнэрлэх ачтан, хэзээ ч хувиршгүй сэтгэлтэн. Сайн явааг нь дуулаад “овоо доо миний хүү” гэж амандаа шивнэж, саар явааг нь сонсохдоо өөртөө л бурууг өгч “би л олигтой хүмүүжүүлсэнгүй дээ” хэмээн харуусаж суух цав цагаахан сэтгэл зөвхөн багшийнх. Хичнээн “өндөр”, хичнээн “том” болсон ч тэр сурагч цагийн төрхөөрөө сэтгэлд нь шингэж үлдсэн шавь нараа жинхэнэ багш хүн л хайрлаж үнэлж чаддаг юм. Харин тэд хэзээ ч шавь нартаа зусардаж чаддаггүй юм, тэдний хувьд та нар дүрэмт хувцастай жаахан хүүхдүүд. Тийм болохоор тэднийг чин сэтгэлээсээ хайрлаж явах учиртай.

20 жилийн хугацаанд Завхан аймгийн Булнай, Сонгино сумын 8 жилийн сургууль, Тосонцэнгэлийн 1-р 10 жилийн сургуульд надтай хамт ажиллаж байсан багш ажилчид, бас олон мянган шавь нартаа “Багш нарын баяр”-ын мэнд хүргэе. Миний амьдралын хамгийн гайхамшигтай “алтан үе” минь та нар байсан шүү. Бас сэтгэлийн минь хамгийн гэгээлэг, ариухан, хиргүй үе та нартай хамт байсан үе минь. Хааяа бодохоор санаа алдаж, зүүдлээд сэрэхээрээ өөртөө мишээдэг юм. Би тийм ч гайхамшигтай багш байгаагүй л дээ. Гэхдээ чин сэтгэлээсээ л багш байсан. Би түүгээрээ одооч бахархаж явдаг. Багш хүн гэдэг дэндүү гайхамшигтай ертөнц. Зүйрлэх аргагүй, бас төсөөлөх ч аргагүй.

Sep 24

ЗУРВАСХАН БОДЛУУД – 16

By gala-admin | ЗУРВАСХАН БОДЛУУД

ЧИХРИЙН ЦААС

…Чихэр болгон янз бүрийн амттай. Зарим нь салахын аргагүй амтлаг, зарим нь зүгээр дажгүй, зарим нь идэхээс ч дургүй хүрэм. Бас хатуу, зөөлөн, бурамтай, гашуун, зажилбартай, аманд уусдаг гэхчилэн янз бүр, бодвол технологоосоо болдог байх. Бүх чихрүүдийг янз бүрийн цаасанд боодог. Чихрийн амтандаа ч биш, үйлдвэрлэсэн эзэн нь чихрээ борлуулахын тулд элдэв чамин цааснуудыг бодож олдог. Чихрийг нь бусад хүмүүс худалдаж авч байх нь эздэд хамгаас чухал. Учир нь тэр чихрүүд эзэддээ мөнгө болон буцаж очдог болохоор. Тийм болохоор эзэд нь чихрийн амтаас нь үл хамааран, аль болохоор гоё цамин цаасанд чихрээ боохыг хичээнэ. Учир нь нүд ам хоёрын хооронд дөрвөн хуруу зайтай. “Зай ч байна, лай ч байна” гэдэг хэллэг бий. Нүдээр харж сонирхсон гоёмсог цаастай чихрийг задлан ам руугаа хийх хүртэл тэр хэрийн хугацааг элээнэ гэсэн үг. Монголчууд бид нэрэлхүү болохоороо нэгэнт авч задлаад ам руугаа хийсэн чихрийг өөртөө таалагдсан эс таалагдснаас үл хамаараад зөндөө олноор нь худалдаж авах нь бий. Амт нь онцгүй байлаа ч ядаж гаднах цаас нь гоё ганган болохоор үгүйдээ л бусдыг “нүдээ хужирлаг” хэмээн бодох.

Өнөө цагт бидний ихэнх нь чихрийн амтыг бус, гаднах цаасанд нь их ч ач холбогдол өгдөг болж. Гаднаа л гоё харагдаж байвал доторх амт нь ч яамай. Будмал бүсгүй булган шуба дороос мишээж байвал, сэтгэл доторх хөө нь тэгтлээ хамаагүй. Ядаж л олны газар дагуулаад алхаж байвал хүмүүс эргэн харж, өөрт нь атаархсан харцаар дагуулан харна гэж төсөөлдөг болохоор. Угийн мунхаг, онгиргон тэр залуу баар саванд баярхаж онгирч байвал, түүний яаж баяжсан нь тэгтлээ хамаагүй. Ядаж л харш дотор заларч, хар өнгийн “жееп” дотроос бууж байвал, үеийн бүсгүйчүүд нь түүнд атаархсандаа “муужирч унана” гэж мөрөөддөг болохоор. Ерөөсөө хөдөлмөрлөж үзээгүй “цагаан гартан” УИХ д суугаад хэл амаа билүүдэж байвал, түүний мэдлэггүй мунхаг нь тэгтлээ хамаагүй. Ядмагхан их зангийнх нь өмнө яаж ч чадалгүй найзууд нь зусардан “долигононо” гэж бусад нь мэддэг болохоор. “Найраад” ч болов нэр алдарт хүрсэн нэгэн сагаж байвал, яаж ингэж чадсан нь бусдад тэгтлээ хамаагүй. Нэр алдар нь хуурамч ч гэлээ түүнд зусардагсад олон болохоор, түүнийг магтан мандуулагсад мундахгүй. Бид хэзээд чихрийн гоёмсог цаасыг хараад их үнээр худалдаж авах хэрнээ, хэзээ ч чихрийг жинхнээр нь амталж таашаалж, тамшаалж чаддаггүй. Бас ялгаж муухайг нь нулимж чаддаггүй, сайныг нь амталж чаддаггүй.

Уг нь байна шүү дээ. Чихэр болгон амтандаа таарсан цаастай байдаг бол? бид юундаа ч мунгинаж будилах билээ. Үнэхээр амттай, хүн болгоны хүслийг татсан бол маш гоёмсог цаастайгаа, хэрэв амт нь төдийлэн сайнгүй бол ядаж түүнээс тааруухан цаастай, бүр муухай амттай бол салбарч сэмэрсэн цаастай байдаг бол? Гэхдээ чихрийг үйлдвэрлэж байгаа хүмүүс үүнийг хэзээ ч хүлээн зөвшөөрч, даган мөрдөхгүй л дээ. Зарим нь чин сэтгэлээсээ хөдөлмөрлөн зүтгэж байхад зарим нь зүгээр л урсгалаараа явж, зарим нь зүгээр бусдыг “хулхидаж”, эцсийн дүндээ бүгдээрээ л их мөнгө олохыг хүсдэг. Харин төр болоод нийгэм нь үүнийг стандартаар, бас хуулиар зохицуулж чадахгүй бол “мөнгө цагаан нүд улаан” хэллэгээр бэртэгчингүүд хожиж, бид хохирсоор л байх болно. Элдэв тэнэг мунхаг зүйл дунд “нүд чих дасахаар”, эцэстээ бид “уулын чинээ харыг туулайн чинээ цагаан гүйцэхгүй” болж орхиход цөхөрч орхино. “Их ч барьсан өмхий, бага ч барьсан өмхий” гэдэг хэллэгээр, бид хэзээ ч чихрийн амтыг нь амтлахгүйгээр гаднах өнгөнд нь хуурагдан “гоё амттай юмаа” хэмээн зусардаж, нүв нүцгэнээрээ олны дунд алхах эрх мэдэлтэнгүүдийг харахдаа “манай хаан ямар гоё хувцастай юм бэ?” хэмээн орилолдох болно. Нүд чих хоёрын хооронд бас л дөрвөн хуруу зайтай гэдэг юм билээ. ГУНИГТАЙ БАЙГАА БИЗ.

РОМАНТИК БАЙ

…Намайг их залуу байхад дотно байсан хүмүүс минь “Энэ их романтикаа” гэж шоолдог байж билээ. Романтик гэдэг маань гутранги бодол санаанаас, өөдрөг хүсэл мөрөөдөл рүү тэмүүлэх тэмүүлэл юм уу даа. Нэг их гоё роман уншиж дуусаад л надад учиргүй таалагдсан гол баатрынх нь дүр дээрээ өөрийгөө төсөөлөөд л, нэг уужим амьсгаа авч байгаад тэнгэр рүү ширтэж, гараа салаавчилж гэдэргээ харж хэвтээд мөрөөдөх ямар сайхан гээч. Бас болоогүйгээ, өөртөө таалагдаагүй тэр хэсгийг өөрийнхөөрөө өөрчлөөд л “би бол тэгэх байсан даа” гэх мөрөөдөл минь тэртээд хөвөх үүлсийн чанадад намайг аваачдагсан. Яг л үүл шиг сэтгэлд минь хөвөх мөрөөдөл дундаа өөрөө хөвөөд л, энэ ертөнцийн хязгаар дунд эргэж ирэхгүй юм шиг л бодол санаа минь холын холд хөвдөг сөн. Их л гоё мэрдэмж дунд, дээрээс тусах нарны гэрэл солонгороод л, миний сэтгэлийг хаа нэгтээ үүл шиг л дагуулаад л хөтөлж оддогсон. Миний сэтгэл эргэж ирэхгүй холын диваажинд намайг дагуулж оддогсон. Сэтгэлд минь төсөөлөгддөг диваажин гэгч миний сэтгэлийн романтик урсгал.

Амьдралд дунд урсах их зовлон шаналал дунд намайг гэгээрүүлж, холын холд аваачдаг романтик мөрөөдөл, намайг дандаа гэгээлэг сайхан руу хөтөлдөг сөн, яг л холын хол дахь элсэн манхан дунд жингийн тэмээд зэрэглээн дунд алсран холдох шиг. Хайрлаж дурласандаа сэтгэлдээ бэтгэрч, санаж мөрөөдөн тачаадан хүсэх сэтгэл минь үүлэн дээгүүр хөвөн хөвж, алсын алсад одох шиг мэдрэмж. Яг л лусын гүнж мэт гоо бүсгүй миний гар дээр алгаа зөөлхөн тавьж, миний нүдний цөцгий рүү эгц харан ялдамханаар инээмсэглэх мэт. Өнөө цагт орных нь тэртээх дөрвөн буланд лаа асааж, тэрхүү бүдэг гэрлийн анивчаанд чинийхээ уруулыг тэмтрэн хайх мэт. Эсвэл цав цагаахан өргөөнд цав цагаахан төгөлдөр хууран дээр цав цагаахан хуруугаараа сонгодог аясыг товшин бүжиглэх өндгөнд тань бүлээхэн амьсгалаа түгжин байж, ихэмсэгхэн нь аргагүй сөгдөн уруулаа хүргэх мэт. Их л гэгээлэг мөрөөдөл дунд дандаа хайрыг сэтгэлдээ дүрсэлж, тэнгэрийн олон оддыг тоолох шиг мэдрэмж, миний сэтгэл дунд оддын урсгал дунд уусан одох мэт. Харин ухаарч мэдрэхдээ ганцаар байгаадаа би ердөө ч гутардаггүй, яагаад гэвэл би гэгээн мөрөөдөл дундаа өөрөө сэтгэл минь ханадаг болохоор.

Амьдралын олон өнгө дундаас цав цагаахныг нь олж сэтгэлдээ мөрөөдөж бай. Яагаад гэвэл сэтгэлд дундрах дутууг тань дүүргэдэг болохоор. Нэгхэн ч хором өөрөө лусын хаан байж, нэгхэн ч хоромд лусын дагинатай нөхцөж байж, дотор мөрөөдөлдөө сэтгэл тань амардаг юм. Сэтгэлийн их амар амгалан дунд “дундуурыг нь дүүргэж, дутууг тань нөхдөг” юм. Хэрвээ романтик хүсэл мөрөөдөлгүй бол, “чи хэн юм бэ?”. Амьдралын их урсгал дунд романтик хүсэл мөрөөдөл, голын хүчит урсгал шиг хүмүүний сэтгэлийг дагуулдаг юм. Хаа хүрэхийг нь хэн ч мэдэхгүй ч, хаана зогсохыг нь сэтгэлийн багтаамж тань мэддэг юм. Сэтгэл тань ядуухан бол урсгал нэгэн чулуунд тээглэдэг юм, сэтгэл тань аугаа бол хадан халил дунд урсаад л өнгөрдөг юм, мөрөөдөл тань. Бид романтик мөрөөдөлгүй бол зүгээр л нэг үхээнц амьтад, хэрэв романтик мөрөөдөлтэй бол жигүүрхэнтэй хүчтэй эр бор харцага. Амьдрал санаснаар тань болохгүй байж болноо, гэхдээ сэтгэлдээ алив сайхныг мөрөөд, түүн рүүгээ тэмүүл. Амьдрал тань санаснаар болж болноо, бүр ихийг мөрөөд, магад биелж болноо. Зүгээр л үхээнц амьдарснаар гэгээлэг мөрөөдөж амьдар, магад чи бүргэд шиг дэвэх болно. Тэр өндөр дээрээс амьдралыг арай л өөрөөр харж, арай л өөрөө мэдрэнэ дээ.

МАТЕРИАЛЛАГ БҮХ ЗҮЙЛ ХЯЗГААРТАЙ

…Би өнөөдөр Далай ламын айлдварыг фесбуукээр сонсож суулаа. Бүх айлдваруудын эцэст энэ л үг миний сэтгэлд шингэж үлдэв дээ. Тэрээр айлдахдаа “Би зөндөө олон саятан найзуудтай. Тэд хичнээн их мөнгөтэй байвч, хувь хүнийхээ хувьд огт аз жаргалгүй”, “Би зөндөө олон мундаг эрдэмтэдтэй найз. Тэд хичнээн мундаг нээлт хийвч, хувь хүнийхээ хувьд аз жаргалгүй”. Их мөнгө, их нээлт, их хөгжил, их технологи зэрэг материаллаг хэрэглэгдэхүүн бүгд хязгаартай гэдгийг 20-р зууны сүүлчийн үе бидэнд нотоллоо шүү дээ. Харин хүмүүний сэтгэлгээний орон зай хязгааргүй. Хэрэв хүмүүс бид өөрсдийн оюун сэтгэлгээгээ хянаж, удирдаж чадвал аз жаргалтай байж чадна хэмээн Далай лам сургаалдаа дурдав. Тэрээр цааш айлдахдаа “Адгуусан амьтдаас өөрийн оюун ухаан, ухамсраараа ялгаатай хүмүүн гэгч: 1-рт Өөрийн үр удмаа энэ ертөнцөд үлдээх биологийн зорилготой, 2-рт Сэтгэл амар амгалан, аз жаргалтай амьдрах хүсэлтэй” хэмээн тодорхойлов. Харин тэр аз жаргал гээч нь хүмүүний сэтгэлийн дотоодод оршдог хэмээн товч тодорхой сурган айлдлаа.

Хүмүүс бид материаллаг сонирхолд хэт автаж, шуналын сэтгэлгээгээр амьдарч байна гэдэгтэй би санал нийлж байгаа. Үнэтэй брендээр гоёж, үүнийгээ бусдын атаархлыг хөдөлгөх хүчин зүйл гэж боддог олон хүмүүс бий. Эрх мэдэл, шийдвэр гаргах боломжоороо бусдыг дарамталж, энэ боломжийнхоо төлөө бусдаас их хэмжээний авилгал авч, үүгээрээ өрөөл бусдыг дарамтлах хүсэлтэй тэнэгүүд олон бий. Өнгө мөнгө, эрх мэдлийг “мөнхийн” юм шиг сэтгэж, өөрөө мөнхийн мөнхөд “хаан суудалд” залрах хүсэлтэнгүүд олон бий. Тэдэнд цаг үргэлж зусардаж, угаадаснаас долоож амьдрах хүсэлтэнгүүд тэднийг тойрон эргэлдэж байдаг, баасны ялаа мэт. Гэхдээ цаг хугацаа өөрөөр эргэхэд өөрийг чинь, өрөөл бусдыг хямдхан арилжиж “хамеолон” мэт хувирагсад цөөнгүй бий. Мөнгө, өнгөтэй байхад чинь “хязгааргүй хайртай” гэх мөртлөө, халтирч унахад чинь нулимж, дэвсэлж орхиод хээв нэг орхиод одох хүмүүс зөндөө бий. Алдар нэр бусдын атаархал дор сагаж дэрвэж явахад чинь гутлын улыг чинь тосолж байсан зусардагсад, зуурдаар алдаа гаргахад нь муулж бахаа хангаж, баясах мунхагууд зөндөө бий. Тэгэхэд чи хэн ч биш ” үнэгүй” нэгэн болж үлдэхэд чамайг тойрон эргэлдэх дэнгийн эрвээхэйнүүд өөрийгөө бусдад “үнэд оруулж” хээв нэг дэвж олдох нь зөндөө бий.

Бид зөндөө л олон удаа өөртэйгээ ярилцдаг. Толины өмнө зөндөө эргэлддэгтэй адил өөртэйгээ дандаа үгэлж, учирладаг. Гэхдээ дотоод сэтгэлээ хэзээ ч толинд харж чаддаггүй, тэртээх холын зэрэглээ дүрсээ хуурамчаар бусдад харуулдагтай адил. Бид заримдаа цөхрөхдөө толио хага шиддэгтэй адил, амьдралд бухимдахдаа өөрийгөө өөрчилж чаддаггүй. Яагаад гэвэл бид өөрсдөө бусдын бүтээл болохоор. Би өөрөө хүсч энэ хорвоод ирдэггүйтэй адил, өрөөл бусад нь миний хувь заяаг шийддэгтэй адил. Би дандаа өөрийн сэтгэлээ чагнаж, өөртэйгээ ярьдаг, бас тэрсэлддэг. Гэхдээ би дандаа дотоод сэтгэлээ чагнадаг, мэдрэмжээ мэдэрдэг. Ухаангүй тэнэг мэт аашлахдаа, би заримдаа гайхдаг, “яагаад би ингэчих вэ дээ?” гэж. Өөрөө өөрийгөө ойлгохүй үе зөндөө. Заримдаа уярч дуулахдаа өөрийн дотоод сэтгэлээ чагнадаг, заримдаа аргамждаг. “Би хэн юм бэ?” гэж заримдаа цөхрөхдөө нулимсаа арчин байж, өөрөөсөө чанга дуугаар асууж бухимдана. Хэн нэгний өмнө “хэн ч биш” байхаас аймшигтай нь надад үгүй. Хэзээ хойно ч гэлээ би өөрөө үнэ цэнэтэй байхыг хүсдэг. Тэгж чадах ч юм уу? үгүй ч юм уу? би өөрөө ч мэдэхгүй. Гэхдээ ухаарлыг дотоод сэтгэлээсээ л хайдаг юм даа.

Sep 10

ЗУРВАСХАН БОДЛУУД – 15

By gala-admin | ЗУРВАСХАН БОДЛУУД

НАМРЫН ШУВУУД

…Яаж ч хичээгээд намар би гуниглахгүй байж чаддаггүй юм аа. “Алтан шаргал өнгөтэй, арвин их ургацтай, амттан бүхэн дэлгэрдэг” гэж бодох хэрнээ ирж буй хайруу цагийн жавар сэтгэлд сэрүү татуулна. Яг тулгараад, сэтгэл шулуудсан үед өвлийн улирал сайхан л даа. Гэхдээ сэтгэл нэг л жиндээд байдаг юм. Сайхан сайхан гэх хэрнээ, яргуй хэнзлэх хавар цагийг сэтгэлдээ мөрөөдөн хүлээдэггүй амьд ертөнц бий гэж үү?

Тэнгэрт зэллэн ганганалдах шүвуудын гурвалжин цуваа, сэтгэл дэх гэгэлгэн гунигийг минь далавчин дээрээ тээн намайг тойрон эргэлдэх мэт. Тэртээд урсан өнгөрөх хөгжөөнтэй мөчүүдийг минь дурсамж болгон, аялгуут ганганаагаараа эргэн сануулах мэт. Нуур усаа тойрч эргэлдэн нисэх нь, “нутагтаа би эргэн ирж чадах болов уу?” гэх харуусалтай сүлэлдэн, хорвоогийн жамыг санаашран аргадах мэт. Намартаа гуниглан нисэж одох авч хавартаа баярлан буцаж ирэх нь хорвоогийн эргэлдэх жамын гэрч гэдгээ бидэнд учирлах мэт. Тэртээ талын буудгэр нарны сүүмгэр зэрэглээн дунд адуу мал, айл гэр гол мэт урсах нь, айсуй цагийн манант униарыг дүрслэх мэт. Амраг жаахан бүсгүй үхрийн зэлэн дээр гуниглан санаа алдах нь, алсад одсон хайртынхаа араас санасан сэтгэлээ сүү өргөн дээжлэх мэт. Хорвоогийн юм бүхэн зүүнд сүвлэгдэх зангилаанд хөвөрдөх мэт учиртай.

Уулсын бэлд хоносон манан өглөөний наранд үүл болон хөөрөхдөө цэцэгсийн дэлбээнд шүүдэр болон сондорлох нь хайрын нулимс мэт. Салж хагацахын тавиланд эргэж учрахын ерөөл нь, нүцгэн хөлийн гишгэдэл дор талаар нэг үсчих сувдан дуслуудын хэлхээс мэт. Илч нь харьсан нарны халуун биш бүлээхэн сацрагууд, эргэх амьдралд хяруу буусан насны ухаарлыг зөөллөж аргадах мэт. Хавар зуны цагт гоо үзэсгэлэнгээрээ гайхуулж байсан моддын навчис, талын цэцэгс нэгэн мөчид хагдран унаж салхинд хийсэх нь, залуу насны гоо үзэсгэлэн, ааг омог цаг хугацааны урсгал дунд “зуурдынх” гэдгийг бидэнд сануулах мэт. Голын тэртээд билчээсэн үхэр хонь ямаад, урсгал сөрж үр төл рүүгээ тэмүүлэх нь 9 сарын 1 мэт. Усанд норсон сүүл юугаа шарвалзуулан үр төлөө үнэрлэж аргадах нь хэлхэж бус, салж амьдрах тавилангийн учрыг чихэнд нь шивнэх мэт. Ээжийнхээ гараас чаргууцалдан уйлах эрх танхил хүүхдүүдийн нулимс энэ хорвоогийн хатуу хөрсөнд шингэж уусах нь, салгуу заяаны хатуу тавиланг тэдэнд мэдрүүлж, сэтгэлд нь хат болон суух мэт. Ирж буй хатуу цагийн амьсгал энэ л амьдралын хатуу ширүүнийг бидэнд сануулж байдаг.

Тэнгэрт зэллэх намрын шувууд бидэнд ухаарлыг авчирч байдаг
Тэртээд мэт санагдах авч, дэргэд минь байдаг тавиланг учирлаж байдаг
Эргээд ирэхэд нь угтах нуураа аргадаж байдаг
Элээж дуусдаг амьдралын учгийг хөвөрдөж байдаг

Миний сэтгэлийн гунигийг намрын шувууд далавчиндаа тээж нисдэг
Нэг л олдох амьдралын жаргал зовлонг бидэнд ухааруулж байдаг
Мөнх юм шиг омголон залуу насыг дэврүүлж байдаг
Насны намарт үсэнд суусан хярууг хийсгэж байдаг

Намрын шувууд зуссан нуураа тойрон эргэлдэн ганганаж байдаг
Нартын урсан урсах жамыг цуваагаараа бидэнд ойлгуулж байдаг
Хавартаа буцаад ирэхийг нь бүгдээрээ хүлээж байдаг
Хатуу ч гэлээ хайруу цагийн дараа хавар дахиад л ирдэг

…Яагаад ч юм бэ? Яаж ч хичээгээд би намрын улиралд гуниглахгүй байж чадахгүй юм аа.

ХЭРВЭЭ ХОЛЫН ХОЛД ЯВААД ОДЧИХВОЛ…

…Хэрвээ би холын холд яваад одчихвол:

Хэнийхээ гарыг чи атгаж, хэнзхэн зүрхнийхээ чанадын зовлонг учирлаж уйлах билээ
Хэнийхээ энгэрт наалдан эрхлэж, хэтийн жаргалтай мөрөөдлөө зүүдлэн мишээх билээ
Хэндээ чи уцаарлаж заримдаа, гомдож шаналсан сэтгэлээ аргадаж нэг тайтгарах билээ
Хэнийг чи санан бэтгэрч, хэтийн холоос ирэхэд нь хүзүүнд нь зүүгдэж мэгших билээ

…Хэрвээ чи холын холд яваад одчихвол:

Хэнийхээ аягалсан цайны дээжийг оочиж, хөлс дааварласан духаа нэг арчих билээ
Хэнийхээ гомдсон сэтгэлийг аргадаж, хэнхдэг цээжиндээ нааж духыг нь нэг үнэрлэх билээ
Хэндээ ч би уцаарлаж, гомдсондоо урвайх уруулыг нь үнсэж нэг тайтгаруулах билээ
Хэнийг би санан уйтгарлаж, холын холоос яаран гэртээ тэмүүлж ирэх билээ

…Хэрвээ бид бие биенээ хайрлахгүй болчихвол:

Хэнд би гомдсондоо шөнийн уртад нойроо хулжаан эргэж хөрвөөх билээ
Хамтдаа жаргалтай өнгөрүүлсэн мөч бүхнийхээ төлөө санаа алдаж, хааяадаа гуних билээ
Хэний төлөө би амьдарсан юм бэ? гэж өөрөөсөө асууж, заримдаа шаралхах билээ
Хожмын нэгэн учралыг зүрхэндээ мөрөөдөн шаналж, зүүд нойрондоо ганцаар мишээх билээ

…Бие биенээ л хайрлаж амьдрах орчлон:

Хүмүүс бид мөнгөөр дутдаггүй, гагц хайраар дутдагийг би мэднээ
Хүмүүний орчлонд хайрандаа жаргаж, хайрандаа нялхардаг тавиланг бид мэднээ
Амьд байхдаа л хүмүүс бид бие биенээ чин сэтгэлээсээ хайрлаж
Алаг дэлхийн бөөрөн дээр хамтдаа л жаргаж зовж, хамтдаа л элээж дуусгая хүмүүс ээ.

ЗАРИМДАА ЗҮГЭЭР Л ТЭНЭГЛЭМЭЭР…

Заримдаа юу ч бодолгүйгээр хаашаа ч хамаагүй алхмаар
Замд минь тааралдсан хүмүүс рүү юу ч болоогүй юм шиг инээмээр
Захын айлаар орж, хэнтэй нь юу ч хамаагүй хуучилмаар
Зайдуу газар очиж өөрөөсөө ч ичилгүй цангинатал дуулмаар

Заримдаа ямар ч зорилгогүйгээр аз жаргалтай амьдармаар
Зан суртахуун гэдэг багаа хуулж хаячихаад зоргоороо аашилмаар
Сэхүүн зангаа хаа нэгтээ гээж орхичихоод зүггүйтэж дүрсгүйтмээр
Сэмхэн хэн нэгнийг цочоож орхиод хаа нэгтэйгээс нуугдаж хармаар

Заримдаа ямар ч сонголтгүйгээр хэн нэгнийг сэтгэлээсээ хайрламаар
Зөрүүдэлж гомдоход нь цаашлуулж уурлуулаад гэнэт аргадмаар
Бардам зангаа гэртээ тайчиж орхиод зүгээр л хүн болгонтой дотносмоор
Балчир насны гэнэн мөрөөдлөөр сэтгэлээ баясгаж, дахиад л мөрөөдмөөр

Заримдаа зүгээр л тэнэглэж, хүмүүсийн гайхсан царайг харж инээмээр
Зав гаргаж, гомдоосон нэгэн дээрээ очиж мөрийг нь дотносон алгадмаар
Онгиргон зангаар халамцаж, ардын дууг солгой хоолойгоор аялмаар
Оройтож гэртээ харьчихаад “би зүгээр ш дээ” гэж гэнэн зангаар мишээмээр

Заримдаа сэтгэлийн хүлээсээ тайлж хаячихаад, амьдралын өнгөнд уярмаар
“За яахав дээ би хүн л юм чинь” гэж өөрийгөө нэг өмөөрмөөр
Заавал баг өмсөж, хүмүүсийн өмнө “төгс төгөлдөр ” болох гэж тарчлаад яана
Замбуулин энэ хорвоод алдаа оноо ээлжилдэг тавилан, бас учрал

Aug 26

ЗУРВАСХАН БОДЛУУД – 14

By gala-admin | ЗУРВАСХАН БОДЛУУД

ХЭНД ҮНЭНЧ БАЙХ ВЭ?

Энэ бол хариулт нэхсэн асуулт. Хүмүүс бид энэ амьдралдаа хэн нэгэнд эсвэл юунд ч юм бэ, “үнэнч байх” тухай бодож, заримдаа амалж, бас тангарагладаг. Хааяадаа хайртай хүндээ, анд найздаа, аав ээждээ, ажил албандаа, цаашлаад эх орондоо “үнэнч” байсан тухайгаа бахархангүй ярьж, үүнийхээ төлөө магтаалын үгс сонсохыг хүсч, яриагаа таслан бусдын амыг харах нь бий. “Үнэнч хүн” гэдэг бусдын үнэлгээ нь “маш сайн хүн”, “итгэлтэй хүн” гэдэг ойлголттой зэрэгцэж очих нь буй. Бид энэ ойлголтоо өөрөөсөө тэртээд холдуулж, бусдын өмнө алган дээрээ дэлгэж тавихдаа “гавьяа” мэтээр төсөөлнө. Өөрийгөө золиослож, бусдын төлөө үүнийг хийсэн мэтээр ойлгуулах гэж. “Үнэнч байх” гэдэг нь сайн үйлс мөн нь мөн л дөө. Бас бахархууштай үлгэр жишээ мөн үү? гэвэл мөн л дөө. Гэхдээ хэний төлөө, хэнд үнэнч байсан хэрэг вэ?

Хайртай хүнээ хуурч мэхлэхгүй, түүндээ үнэнч байна гэдэг чинь чухамдаа өөрөө өөртөө үнэнч байгаагийн илрэл. Болзошгүй муу тохиолдолд нэгэн шөнийн зугаа цэнгэлээс татгалзаж, хайртай хүнээ гомдоохгүй гэсэндээ шуудхан гэртээ очиж хайртай түүнээ үнсэж, эрхлүүлж байгаа тань өөртөө үнэнч байгаагийн л илрэл. Та өөрийгөө “хямдхан” бус “үнэ цэнэтэй” хүн гэдгээ бусдад нотолж байгаа хэрэг. Хэдийгээр бусдад “тэнэг” юм шиг санагдах боловч, ийм шийдвэр гаргаж чадаж байгаа тань, өөрийн үнэ цэнээ өсгөж, түүнийгээ өөрөө мэдэрч байгаа гэсэн үг. Заримдаа найз нөхдөө хуурч, худлаа хэлэхгүй байгаа тань найздаа төдийгүй өөртөө үнэнч байгаагийн шинж. Зүгээр л марзганаж маазарч,бодлогогүйгээр дарвиж муу зүйл хийхээс татгалзаж чадна гэдэг нь өөрийгөө болон найзыгаа болзошгүй эрсдлээс хамгаалж байгаа хэрэг. Үүний төлөө өнөө эс гэхэд маргаашийн нэгэн өдөр талархал хүлээж, найз нөхөддөө үнэлэгдэх болно. Энэ хэрээр өөрийн тань үнэлэмж, үнэ цэнэ найз нөхдийн хүрээлэлд өснө, өөртөө үнэнч байсныхаа төлөө шүү дээ.

Заримдаа бид бусдыг хуурч орхиод “за яахав дээ? сүртэй юм биш” гэж бодно. Нэг удаа хуурч болсон юм чинь дараагийн удаад “хуурч болох юм” гэдэг бодол тань таны үнэ цэнийг бууруулж, үнэнч бус байдал руу хөтөлдөг. “Олон хавар нэгэндээ” үйлдлүүдийн дараа таныг хэн ч тэгтлээ үнэлж, танд итгэхгүй байгааг та өөрөө анзаарч мэдэх болно. Бусдыг хуурч байхдаа өөрийгөө хуурч байна гэдгээ та анзаардаггүй. Хамгийн дотно хүндээ учирлан “Чи минь надад итгээрэй, би дахиад хэзээ ч уухгүй, харж байгаарай” гэж амалчихаад, дахиад уухдаа “за яахав түүнийг хуураа л биз, яадаг юм бэ?” гэж боддог. Угтаа бол танд тэртэй тэргүй итгэж чадахгүй байгаа тэр хүнийг биш, өөрөө өөрийгөө л хуурч байгаагаа та мэддэггүй. Өөрийнх нь төлөө сэтгэл зовнисон бусдын төлөө л “амьдарч байгаа мэт” дүр эсгэлт тань, хууран мэхлэлт тань өөрийгөө “алж” байгааг тэр болгон анзаардаггүй. Тэр хүмүүс танаас хамааралгүй амьдарч байхад, таны өөртөө үнэнч бус байдал тань таныг “хэн ч биш” болгож байдаг юм. Өөртөө үнэнч биш хүн бусдад “хэн ч биш”. Тэр бол ямар ч үнэ цэнэгүй, өчүүхэн хүн. Хорвоогийн нар мандаж, жаргаж байхад өөртөө үнэнч биш тэр хүн гандаж байдаг. Та хэнийг ч хуурч чаддаггүй, зөвхөн өөрийгөө л хуурдаг.

Хүн энэ амьдралд хэнд үнэнч байх ёстой юм бэ? гэвэл, өөртөө л үнэнч байх ёстой. Өөртөө үнэнч байгаа тань, таны үнэ цэнийг өсгөж, бусдад үнэлэгдэж, итгэлийг бий болгож байдаг. Хүмүүсийн ам дамжсан хов яриа, элдэв гүтгэлгийн дунд “Тэр ч тэгэх хүн биш дээ?” гэж хүмүүс бодож эргэлзэж байгаа бол таны өөртөө үнэнчид хүмүүс итгэж байгаа хэрэг. Хэн нэгэнд үнэнч байна гэдэг бол түр зуурын л үзэгдэл, харин өөртөө үнэнч байгаа бол насан туршийн тань үнэлэмж. Өөрөө өөртөө үнэнч байгаа хүмүүс хэнд ч юунд ч үнэнч байж чаддаг. Үнэнч байна гэдэг бол бусдын өмнө өгөх амлалт, төрийн өмнө өргөх тангараг биш, өөртөө төлөвшүүлж тогтоосон мөн чанар юм. Тэгж төлөвшүүлж чадсан бол энэ нь таны “баялаг”. Хэн ч танаас хулгайлж, хэн ч танаас салгаж чадахгүй. Та бусдын өмнө үнэ цэнэтэй байна гэдэг тань өөртөө үнэнч байгаагийн шинж. Та өөртөө үнэнч байж чадах аваас хайртай хүнийхээ өмнө, найз нөхдийнхөө өмнө, аав ээжийнхээ өмнө, эх орныхоо өмнө үнэнч байж чадна гэсэн үг. Тэгээд та өөрөөсөө асуу даа. “Би хэнд үнэнч вэ?” гэж.

“НОВШ ГЭЖ!”

Би заримдаа өөрөө ч мэдэлгүй ингэж хараадаг. Зүгээр л итгэж явсан дотны анд минь хамтдаа хундага дарс хувааж уугаад, халамцсандаа ам алдаж ярьсан болгоныг минь өөр нэгэнд дамжуулан ярьсныг мэдэхдээ ингэж хараана. Зүгээр л чин сэтгэлээсээ итгэж мөрөөдлөө ярьсан яриаг минь сонссон хэн нэгэн маргааш нь бусдад тоог тохуу болгон инээж ярьсныг мэдэхдээ би амандаа ингэж хараадаг. Зүгээр л таалагдсан нэгэн бүсгүйд сэтгэл алдран, яриа өрнүүлэх гэж мэнчийж улайн байж түгдэрснийг минь маргааш нь хүмүүст доромж болгон инээн шоолж ярьсныг нь бусдаас сонсоод амандаа ингэж хараадаг. Зүгээр л хэн нэгэнд итгэсэндээ сэтгэлээ нээн байж хуучилсныг минь шоолон, шоолон байж найзууддаа ярьж инээснийг мэдрэхдээ би өөртөө ингэж хараадаг. Ингэх нь хэнд хэрэгтэй байсан юм бол доо гэж бодох дор сэтгэл хямарч, “хэнд ч итгэх хэрэггүй юмаа, амаа хамхиж яв” гэж өөртөө үглэнэ.

Уг нь байна шүү дээ, сэтгэлээ бусдад нээж ярилгүйгээр амандаа үглээд л явбал бусад хүмүүс намайг “галзуурч, солиорчээ” гэж оношлоод эмнэлэгт хүргэнэ биз дээ. Бид сэтгэлийн угт байгаа баяр гунигаа бусадтай хуваалцаж, сэтгэлээ онгойлгохгүй юм бол багтарч бачимдана биз дээ? Багтарч бачимдсан хүний амнаас юу эс гарах билээ. Хүний сэтгэлийн чанадад байгаа шаналал гэдэг булгийн эхний ундаргыг дарсан бул хар чулуу. Түүнийг болгоомжтойёо нээх ахул булгийн ус хөгжилтэйеэ жирэлзэн урсдаг юм. Тэр урсгал дунд буман жараахай үсчин наадаж, хүмүүс булгийн уснаас гараараа утган уухдаа “ямар гоё тунгалаг, бас шүд хага ташим цэвэр билээ” хэмээн бахаддаг. Урсаж байгаа тэр урсгал дээр түмэн жигүүртэн халин дэвж, өвс ургамал шим тэжээлээ авч, хар хөрсөө ярган ургадаг. Тэр цэцэгс ургамлын дээр гоёмсог үзэмжит эрвээхэй далавчаа дэвэн байж гоо үзэсгэлэнгээ гайхуулдаг. Сайхан бүсгүйчүүд өглөөний нарны сондорлосон гялбаан дунд өвсний шүүдрийг хөлөөрөө үсчүүлэн байж, голын тунгалаг усанд дүрээ тольдон байж, гил хар үсээ самнан сүлждэг. Тэр гоо үзэсгэлэнт царайг өөр хэн ч тольдон баясах билээ.

“Новш гэж?” Өөрийнхөө зоргоор амьдрах учиртай энэ хорвоод, өрөөл бусдын тохуу болж гундах гэж үү? Сэтгэлээ уудалж бусдад дэлгэснээс бус, сэмэрч бусдыг дагуулах гэсэн үү? Багтраагаа гаргаж итгэсэн нэгэндээ уудалснаас бус, баалж бусдын мууг дуудах гэж тэнэглэсэн үү? Хайраа илчилж сайхан бүсгүйд сэтгэл алдарснаас бус, харанхуй булан руу чирж балгаа тарьсан бил үү? Үгүй яахав дээ, өөр шигээ л бодож бусдад итгээ биз, шоолж тохуурхах шалтаг юун. Өөрт чинь ийм багтраа үе зөндөө л тохиолддог биз дээ? Ойлгож надад туслахгүй ч гэлээ, ондоо бусдад тарааж тохуурхах шалтаг байсан гэж үү? “Новш гэж?” Бусдад итгэж нөхөрлөхгүй л юм бол, бул хар чулуунд очиж дөжиртлөө хашгираад яах ч билээ. Сэтгэл гэдэг нарны гэрэл шиг илчээ дагаж эргэдэг юм. Би чамд тэнэг санагдсан бол дотроо л хадгална биз дээ, үгүйдээ надад учирлана биз. Бусдад доог тохуу болгож, өөрийгөө дөвийлгэх хэрэг юу байсан юм бол? Хүний энэ орчлон итгэлцэл дээр тогтдоггүй бил үү? “Новш гэж?” Эсвэл би андуурав уу? “Новш гэж?”
 
ДОТНО СЭТГЭЛ

…”Өнөөдөр гэрт тог тасраад, энэ завшааныг ашиглаад гэрийнхэнтэйгээ жаал ярилцаж үзлээ. Миний бодоход тэд их дажгүй хүмүүс юм аа” \фейсбуук дээр бичигдсэн хошин яриа\

Мэдээллийн технологийн энэ үсрэнгүй хөгжил, нийгмийн буруу хандлагаас болж аажим аажмаар холдож байсан хүмүүсийн сэтгэлийг бүр холдуулж байнаа. Гэрт ч гадаа ч, гудамжинд машин дотор, тэр ч бүү хэл уулзаж ярилцахаар болзож цугларсан хэрнээ хүн бүр гар утса руугаа шагайлж, хуруугаараа хэн рүү ч юм бэ? мессэж илгээж товшино. Бие биенээ ч анзаарах сөхөөгүй, бие биедээ ч хуучилж ярих сөхөөгүй, яах гэж ирснээ ч анзаарахгүй, бие биенээ огтоос хүндлэхгүй, бас хайхрахгүй. Утасны товчлуур дээр үсчин товчих хурууны өндөг шиг, бидний сэтгэл санаа ердөө ч тогтохгүй хаашаа ч юм бэ? үсчинэ. Цахим энэ орон зайн дунд бид хэн нэгэнд дурласнаа, түүнийгээ санаж бэтгэрэх гэж буй тухайгаа бусдаар өрөвдүүлэх гэж бичиж байхдаа, зэрэгцээд сууж байгаа хайртай хүнээ ч анхаарч хайрлах завгүй. Өнөөдөр юу хийх гэж байгаа тухайгаа, ямар хоол хаана идсэнээ, хаагуур хэнтэй зугаалж байгаа тухайгаа, ямар хүсэл мөрөөдөлтэй байгаа тухайгаа аав, ээж бас дотны хүмүүстэйгээ ч ярьдаггүй эрхэм зүйлсээ бусдад хуучилж, тэднээс магтаал дэмжлэг хүлээн догдлох. Яагаад ч юм бэ? Бид робот шиг сэтгэлгээтэй болж байгаагаа анзаардаг уу?

Мэдээж энэ бол хөгжил дэвшил, хүний эрх. Хязгааргүй энэ орон зай, хүмүүс бидэнд асар их боломжийг авчирч байгаа хэдий ч ойр дотны хүмүүсээс минь холдуулж, сэтгэл дотроо агуулж байдаг бүлээхэн дулаахан дотно сэтгэлийг минь хөргөөгөөд байгаа юм шиг санагдах. Зүгээр л хэн нэгний нүд рүү эгц харж байгаад хэлж чадахгүй үгсээ, компьютерийн ард суугаад фейсбуук болоод твиттерт бичихэд хэцүү биш. Учир нь нүд рүү нь харж байгаад ярих шиг тийм мэдрэмжийг мэдрэхгүй болохоор амар ч байж болох. Тийм мэдрэмжгүй байнаа гэдэг чинь, ердөө л давсгүй хоол идэж байгаагаас ялгаа юун. Бидний залууд бичгийн цаасан дээр өөрийн гараараа захидал бичих шиг тийм сайхан мэдрэмж, сэтгэлээ шингээж бичсэн үгс, хурууныхаа өндгөөр захидал бичиж байгаа цаасаа илэх энхрийлэл, сэтгэлээс гарч байгаа хайрын үгэндээ өөрөө ч мэдэлгүй уяраад уйлахдаа халтартуулсан цаас өдгөө алга болжээ. Бид юунд ч юм бэ? сэтгэлээ шингээж чадахаа больсон ч юм уу? Хүлээж хүссэн дугтуйтай захидлаа өвөртөө хийчихээд л байн байн тэмтэрч, гараараа аяархан илбэж, гаднаас нь болтугай хайр энхрийллийг мэдрэх гэсэн догдлол өдгөө биднээс холдож оджээ. Заримдаа бодоход харамсмаар.

…Хүний гадаад төрхийг нь хараад дотоод сэтгэлийг нь мэдэрч чаддаггүй. Гэсэн атлаа хүмүүс бие биенийхээ дотоод сэтгэлийг нь мэдрэхийг хүсдэг, тэр тусмаа найзалж нөхөрлөхдөө. Хүмүүний дотоод сэтгэл нь үг яриагаар л дамжин бусдад илэрхийлэгддэг. Гэхдээ бас бүрэн биш л дээ. Яг нүд рүү нь харж суугаад яриаг нь сонсоход, тэр хүний дотоод сэтгэлийн сайхан илч нь зүрх рүү урсаад л урсаад л шингэж байх шиг мэдрэмж төрүүлдэг хүмүүс зөндөө бий. Хараад л яриаг нь сонсоод суухад өөрийн мэдэлгүй сэтгэл татагдаж, талархсандаа нэг сайхан дулаан бүлээн үг хэлмээр ч юм шиг, хайрлахдаа гарыг нь зөөлөн атгамаар ч юм шиг санагдах үе бий. Хэн нэгнийг, аав ээжийгээ, ах дүүсээ, дотно анд найзаа хайрлах хайр, хүндлэх хүндлэл ингэж л үүсдэг. Хэн нэгний дотоод сэтгэл рүү хайр, урам шингээсэн чин сэтгэлийн яриа л хөтөлдөг. Сэтгэлийн тэртээд царцсан үл итгэлцэл, хайхрамжгүй хандлага, үл тоолт, ичимхий бүрэг харьцааг чин сэтгэлийн дотно, элэгсэг яриа л зөөлрүүлнэ. “Нээрээ ч тийм шүү дээ” гэх уярам бодол л бусдын сэтгэл рүү өнгийх хаалга нь болно. Заримдаа бид ярилцаж суухдаа “Би энэ хүний тухай буруугаар төсөөлж бодож байжээ” гэж анзаарч, уулзсан хүн болгоны сэтгэл рүү чин сэтгэлийн дотно яриагаар л нэвтэрч болдгийг ухаарна.

Хүмүүс бид заримдаа ганцаардаж гунихаараа хэн нэгэнтэй дотно яриа өрнүүлж сэтгэлээ онгойлгохыг тэсгэлгүй хүсдэг. Яг өөд өөдөөсөө чиглэж суугаад нүд нүд рүүгээ харж суугаад ярилцах ямар сайхан гээч. Манантаж сааралтсан сэтгэлийн гунигийг бие биенээ шоолж инээх дуу, хааяадаа аалигүйтээд ч болов бие биенээ цаашлуулах араншин, эрхэлж дотноссон үгс дорхноо л сарниулна. Хэрэв ингэдэггүй сэн бол хүмүүс бид яаж дотносож чадах билээ. Маргаж зөрөлдөөд ч болов ойлголцож байх гэдэг хүмүүсийн сэтгэлд итгэл найдварыг ямагт гал шиг асааж байдаг. Хичнээн муудалцаж , уурлаж бухимдаж саллаа ч, холдож одсон хойноо сэтгэл нь ичиж шаналахын зовлон, хүмүүсийг үргэлж дотносол нөхөрлөлийн жаргал рүү авч очно. Хүмүүс бид бие биенгүйгээр хэрхэн хүч чадалтай, аз жаргалтай байж чадах. Хамгийн хэцүү мөчид итгэж найдан, зовлон жаргалаа хуучлах гэж очдог хүмүүсгүй бол, бидний дотоод сэтгэл түнэр харанхуй мэт байж, уйтгар гунигт автах сан.

Тийм ээ? Emma Buyan ! Чамтай санал нэг байнаа. Бид дотоод сэтгэлээрээ бие биенээсээ аажим аажмаар холдоод байх шиг түгшүүрт бодол, чамтай адилхан надад ч төрдөг. Заримдаа хэн нэгэнтэй чин сэтгэлээсээ дотносон ярилцаж, уйтгар гунигаа үргэж одтол инээх сэн гэж хүсдэг. Өнөө цагт бид бие биенээ урьдынхаасаа илүү ойлгож, чин сэтгэлээсээ хайрлаж, хүндэлж, итгэлцэж байх хэрэгтэй байна. Хүмүүний сэтгэл гэдэг хязгааргүй орон зай. Өнөөдрийн бидний шүлэнгэтээд байгаа мэдээллийн хэрэгслэлүүдээс тань хэд дахин том орон зай. Энэ орон зай холдож, хоосорч орхивол бид аажимдаа мөхөх бус уу? Тэгэхээр одоо л бид бие биетэйгээ чин сэтгэлээсээ ярилцаж, бие биенээ хайрлаж, бие биедээ дотносож байхгүй бол урсан одох цаг хугацаа, эхлэл төгсгөлтэй энэ амьдрал биднийг хүлээхгүй. Их мэдэгч шиг зөвлөж цэцэрхэх гэсэнгүй. Бичсэн саналыг тань уншаад сэтгэлдээ бодогдсоноо л буулгалаа. Хүмүүсийн дотно сэтгэл шиг үнэ цэнэтэй, гайхамшиг гэж хаана байх билээ. Нэг л гоё мэдрэмж.

Aug 20

ЗУРВАСХАН БОДЛУУД – 13

By gala-admin | ЗУРВАСХАН БОДЛУУД

ГЭРИЙНХЭЭ ХААЛГЫГ САЙТАР ХААЖ БАЙ…

Нөхөр, эхнэр, үр хүүхдүүдийнхээ хамт тусгаар амьдрах орчин нь гэр. Энэ бол зөвхөн тэдний л амьдралын орон зай. Тэд энэ орчинд бие биенээ хайрлан энхрийлж, халамжлан анхаарч, бие биенээ жинхэнээр нь мэдэрч, аажим аажимдаа бие биедээ дасч, шингэн уусдаг. Тэр орчин нь ямагт халуун дулаан байж чаддаг бол бүгдээрээ сэтгэл хангалуун амьдарч, бусдын бахархлыг төрүүлэх хэрээрээ бусдад жинхэнэ тус болж чаддаг. Сэтгэлийн халуун дулаан уур амьсгал гэдэг эхийн хэвлийгээс гадна, хамтаараа амьдарч жаргаж байгаа гэр оронд нь үргэлжилнэ. Үр хүүхдүүд нь заримдаа гэрээсээ гаднах хүйтэн уур амьсгалыг мэдрэхдээ айн цочирдож “Аав аа, ээж ээ яагаад ийм байгаа юм бэ? “хэмээн сэтгэл нь зовинон шалгаана. Тэр болгонд нь хариу болгож “Амьдрал тэгш байдаггүй юм аа хүүхдүүд минь. Бид өөрсдөө ийм байж чадаж байгаа юм чинь өрөөл бусдад бас тийм байхад нь туслах хэрэгтэй” гэж сургамжилна. Хүүхдүүд өсч том болоход тэдний сэтгэлийн илч дулаан хамтдаа л “томорч” байдаг. Гэр гэдэг газар дээрх эхийн дулаан хэвлий, хайр ямагт бялхаж үрждэг орчин.

Айлд зочин морилж ирэх бүрийд монголчууд хаалгаа дэлгэн угтаж, мордож буцахад нь хаалганыхаа гадна заавал үдэж өгдөг. Буцаж орохдоо хаалгаа заавал хаана. Магадгүй таагүй үйлдэл болон харилцаанаас шалтгаалж хэн нэгнийхээ харцанд буусан бухимдлын сүүдрийг аргадаж учирлан арилгахыг хичээдэг. Гомдлоос нь урсан асгарах нулимсыг нь арчиж, толгойг нь цээжиндээ нааж аргадна, бас учирлана. Заримдаа учраа ололцож чадалгүй бачимдан муудалцахдаа бусдад мэдэгдэхгүйг хичээн, сэтгэл дотроо эвлэрэх зайгаа үлдээх гэж зөөлхөн дуугаар “хэрэлдэнэ”. Сэтгэлд ээнэгших хайрын илчиндээ хожим нь эвлэрч, бие биедээ “бууж өгч” тайтгарахдаа, хаалгаа хааж гэр дотроо л бүхнийг шийдэж чадсандаа баярлан бие биенээ эрхлүүлдэг. Амьдралд тохиолдох адармаатай олон асуудлаа гэр дотроо шийдэж бай, хэмээн ганцхан хаалга байдаг байж болох. Олон хүмүүс орж гарахын учралд заавал угтаж, үдэж бай хэмээн наран тойрох урд зүг рүү хаалгаа харуулан гэрээ барьдаг байх, монголчууд бид. Сэтгэл хичнээн жихүүцэвч, хэн нэгнийг угтаж үдэхдээ нарны дулаан илчинд сэтгэлээ бүлээсгэж бай хэмээн тохиосон ч байж болох.

Монголчууд бид их ах дүүсэг хүмүүс л дээ. Туурга тусгаарлан ханаа шийрлэж, тулах баганаа хоёулаа түшиж, тулгандаа галаа өрдөж айл болсон хэрнээ заримдаа хэн нэг нь аав ээж, ах дүүсээ гэрийнхээ хоймортоо суулгаж, авах гээхийн ухаанаа тэднээр заалгах нь бий. Олон хүмүүс ямагт зөвшөөрөлтэй зөвшөөрөлгүй орж гардаг болохоор хаалга нь ямагт онголзож, гажсандаа хяхтнан дуугардаг. Сэтгэлд хяруу унаж, жиндэж даарах тусам халуун дулаан хайрыг аажим аажмаар хөргөөж орхино. Олон олон хүмүүсийн хайрын бус, хүнийрхүү хүйтэн сэтгэлд үр хүүхдүүдийн сэтгэл нь жиндэн даарч, айж балмагдсандаа аав ээжээ ч хайрлаж ачлахаа умартах нь бий. Өнөө эс ч маргаашийн нэгэн өдөр амьдралд учирдаг хатуу тавилангийн нэгэн шалтгаан нь энэ. Өөрсдөө сэтгэл нь хөрч нэг л мэдэх дор гэртээ орохоос ч дургүй болно, халуун дулаан уур амьсгал үгүй болохоор. Хэн нэгэнтэй нь хамтдаа “гэрлэсэн хадмууд” нь харин үүнийг хэзээ ч ойлгож ухаардаггүй. Хамаг бурууг нь өөрийнхөөсөө зайлуулан өмөөрч, өрөөлийг буруутган хамтдаа үзэн ядаж байхдаа нэгэн айлын амьдралыг “самарч”, аз жаргалыг нь хулгайлж байгаагаа мэддэггүй.

Хүн болгон төгс төгөлдөр биш. Амьдрал гэдэг ямагт аз жаргалаар бялхаж байдаг дардан зам ч биш. Учрангуутаа уусаж нийлдэг хосууд ч байдаггүй. Харин тэдэнд өөрийн гэсэн гэр орон бий, заяагаа холбосон болохоор. Сэтгэлд гэгээн нэгэн хайр байдагтай адил, гэрт орж гарах ганц л хаалга бий. Олон хүмүүстэй бид учирч уулзаж, найзалж нөхөрлөдөгтэй адил олон хүмүүс та нар дээр зочилж ирж буцдаг. Зочин болгон цэцэг барьж ирдэггүйтэй адил, зарим хүмүүс атаат хорон сэтгэл өвөрлөж ирэх нь бий. Та нарт таалагдсан эс таалагдсан сэтгэлээ зочноо мордсоны дараа хаалгаа хааж байгаад ярилцагтун, заавал учраа олж ойлголцож байгтун. Тэр хэрээр гэрийн тань хаалга бөх байж, гэрт тань ямагт дулаан эрчим мэдрэгдэж байх болно. Хардаж муудалцахдаа хаалгаа онгойлгоод бусад руу хашгирах аваас гэрт тань хүйтэн агаар орж, сэтгэлийг тань жиндүүлдэг юм. Энэ гэр бол та нарын л орон зай, өөр хэнийх ч биш. Дулаан, эс бөгөөс хүйтэн жиндүүн байх нь өөр хэнээс ч биш зөвхөн та хоёроос л шалтгаалдаг. Гэрт тань зочилж бус, дайрч орох гэж зүтгэсэн нэгнээс эелдгээр татгалзаж, хаалгаа заавал хааж бай. Энэ хаалга танай гэр бүлийг муу муухай бүхнээс хамгаалж байдаг юм. Хаалгаа заавал, тэгэхдээ зөөлхөн хааж байгаарай.

ААВ ХҮН ГЭДЭГ…

“Орноосоо буулгүй эцэг болох амархан, орноосоо буугаад аав болох хэцүү”. Энэ бол зүгээр л хошигнол, гэхдээ эрэгцүүлж нэг бодмоор хошигнол. Үүлэн борооны үйлдлийн дараа хайртай бүсгүйгээсээ “би жирэмсэн болчихжээ” гэж хэлэхийг нь сонсоод нэгэнтээ цочирдоно, томорч түрсэн гэдэстэй хайртай бүсгүйгээ олны газар хөтлөн алхахдаа бусдын сонжсон харцан дор хоёронтоо ичингүйрнэ, өвдсөндөө чарлан ёолох хайртай бүсгүйн дуу алдах чимээний хэмнэлд энэ ертөнцөд хүн болж ирснээ уйлж хашгиран чарлах үрийнхээ дууг сонсохдоо гурвантаа уярч балмагдана. Яг л тэр мөчид “би аав боллоо шүү дээ” хэмээн сэтгэлдээ хашгирахдаа энэ ертөнцөд яах гэж зорьж ирснээ гэнэт ухаардаг. Тэр мөч эр хүний амьдралд эргэлт болж амьдралын утга учрыг, хүн болж ирсэн тавилангийн хариуцлагыг, сэтгэлдээ наран мэт хайрласан бүсгүй нэгэн тавилангийн түшиг, бас салшгүй нэгэн холбоосыг мэдэрдэг. Олон олон бардамхан залуусын амьдралд нэгэнтээ зогтусдаг зогсоол нь энэ. Ухаарал ч бий, учирлал ч бий энэ зогсоолд.

Өөрийн үргэлжлэл болох үртэй болохдоо эр хүн гэнэт амьдралыг огт өөрөөр хардаг. Өөрийг нь өвчсөн мэт адилхан тэр л үрийнхээ үнэгчлэн инээмсэглэх төрхийг харахдаа хад чулуу мэт хатан зүрх нь хайлан уярч, урсгал ус мэт намуухан урсдаг. Үрийг нь хэвлийгээсээ төрүүлсэн тэр бүсгүй өмнө сөгдөж, үүнийх нь төлөө насан туршдаа хайрлах болно хэмээн сэтгэлдээ андгайлдаг. Өдөр хоногоор өсч өндийж, элдвийн ааш араншингаараа бусдын өхөөрдлийг татаж, ядарч бухимдсан сэтгэлд нь наран мэт мэлтийн гэнэт уяруулах тэр л бяцхан үр нь амьдралынх нь утга учир болно. Зүгээр л гар дээрээ наран мэт өргөж зөөлхөн зулайг нь үнэрлэхэд сэтгэлийн чанадаас уярал залж, зүрхний тэртээгээс хайрын булаг урсана. Хүүхдээ уйлахад нь зүрх нь урагдаж, сэтгэл нь сэмэрч, бачимдал нь бараан үүл мэт хуралдан аянга мэт цахилна, гэхдээ түүнийгээ ил гаргахгүй. Хүүхдээ өвдөхөд нь уйлж хашгирахгүй ч гэлээ сэтгэлдээ тарчлан хашгирна, гэхдээ ил гаргаж дуугарахгүй, борооны өмнөх бараан үүлс мэт дүнсийнэ. Үрээ инээж баясахад нь үүлгүй тэнгэрийн наран мэт мишээнэ, муухан мушийна. Эр хүний үрээ хайрлах хайр нь сэтгэлдээ буцалж, хал нь гаднаа чулуу мэт цахилж байдаг.

Санаснаар болдоггүй энэ орчлонд аав хүн үрийнхээ төлөө шаналж амьдардаг юм. Үгэнд нь оролгүй огт өөрөөр явж одоход ч сэтгэл дотроо л аргадаж учирладаг юм. Өөрийг нь огт тоохгүй юм шиг авирлаж, ээжийгээ баярлуулж байхад нь хүртэл эр хүний ууч сэтгэлээр “овоо доо миний муу хүүхдүүд” гэж сэтгэлдээ хайрыг ширгээж байдаг юм. Насны хяруун дор хүч нь дутаж суухдаа хэдэн муу хүүхдээ л сэтгэлдээ өмөөрч “за яахав дээ, залуу явж үзээгүй юм биш” хэмээн уучилна. Замбуулин энэ хорвоод бүргэд шиг дэвж явахдаа омголон байсан үеэ хүүхдүүдээсээ анзаарч “ертөнцийн нэгэн жам” хэмээн хэгжүүрхэнэ. Шүүдрийн мянган дуслаар цай чанаж эхийгээ ачлаарай гэж үрдээ захихдаа өвсний нэгэн дусал шиг сэтгэлдээ уяран бөнжийж байдаг юм, аав хүн. Сэтгэл нь хорвоогийн жаргал зовлон дунд сэмэрч байхдаа үрээ л “сайн явахыг нь үзэх” гэж өөрөө зуу наслахыг хүсдэг юм сэтгэлдээ. Өөрийнх нь үргэлжлэл үр хүүхэд нь энэ ертөнцөд үлдэж байгаа болохоор амьсгал хураахдаа хүртэл амгалан тайван байж чаддаг юм, аав хүн. Үүлтэй тэнгэрийн тэртээгээс даль жигүүрээ хумин довтолгох эр бор харцага, жигүүрхэндээ хүчтэй байсаар халихдаа үртэй хүний мянган жаргалыг сэтгэлдээ тээж оддог юм. Аяа аав мину зээ.

МАРГААШИЙНХАА ТУХАЙ ДАНДАА БОДОЖ БАЙ

…Өглөө сэрэхэд минь нарны туяа цонхны хөшиг нэвтлэн гийж, онгорхой цонхоор шувуудын жиргээ хөгжилтэйеэ исгэрч, энэ ертөнцийн түмэн авиа чихнээ сонордохуйяа сэтгэлийг сэргээнэ. Энэ л гэгээлэг ертөнцийн түмэн гэрэл гэгээ, хөг аялгуунд амьд бүхэн сэргэж идэх хоол, амар амгалан амьдрахуйн буман нугачаанд сэргэж, бас бүдчинэ. Яг энэ өдөр энэ ертөнцийн эгшиг хэмнэлд дор хэн нь энэ ертөнцийг орхиж, хэн нь энэ ертөнцөд залран ирэхийг таахуйяа бэрх. Өнөөдөр оршин байгаа бид нэгэн агаараар амьсгалж, нэгэн нарны гэрэл дор ав адилхан амьдралын хэмнэлээ үргэлжлүүлэх гэж эвшээлгэж, яарч сандарч, бас дуулж бүжиглэн, зарим нь аажуухан алхангаа кофе ууж, сонин шагайлж өөр өөрийн орон зай руугаа тэмүүлэх. Зарим нь баярлаж, зарим нь гуниглаж, хэн нэг нь уйлж, хэн нэг нь өөртөө болон бусад руу инээмсэглэж шөнийн түнэр харанхуйд болж өнгөрсөн сайн муу илч энерги бүхнээ бусад руу илгээх аж.

Өглөөний наранд сэрсэн тэр л мэдрэмжээрээ хүмүүс бид оройг хүлээдэг. Өөр юу ч санамсаргүйгээр өөрчлөгдөхгүй бол, бид маргаашийн тухай тэгтлээ бодохгүйгээр өнөөдрөөр амьсгалдаг. Хэн нэгэнтэй маргалдаж бухимдсан сэтгэлээ шар айргаар даруулж, хээнцэрхэн бүсгүйд дурласан сэтгэлээр мухлагаас сарнай цэцэг худалдан авч түүн рүүгээ зорьж, магад нэгний магтаалын үгэнд баярлан цаас эрээчиж, гомдоосон нэгэндээ гэрээслэл бичин амиа егүүтэхийг завдаж, голоо зогоох хоолны төлөө биеэ арилжиж, гомдол баяр дунд хүмүүн бид савчиж амьдардаг. Нар жаргаж харанхуй нөмрөхөд уушийн газрууд хүмүүсээр дүүрч, ууж идэн тамшаалах орчинд энэ өдөр амьд яваадаа баярласан хүмүүсийн хөлчүү дуу танхим дүүргэж, эргэж ирэхгүйгээр одсон нэгний төлөө харууслын хундага өргөж, дусал нулимсаа хурууныхаа өндгөөр арчина. Бас шинээр дурлаж, маргаашийн өдөр энэ ертөнцөд морилон ирэх жаахан хүүхдүүдийн төлөө дарстай хундагаа өндөрт өргөж, нэгэн ерөөлийг бие биедээ дамжуулна. Бид хүссэн ч эс хүссэн ч энэ ертөнцийн наран эргэдгээрээ эргэдэг, бас жаргадагаараа жаргадаг.

Өглөөний нар манддагаараа мандаж, үдшийн нар жаргадагаараа жаргана, энэ бол ертөнцийн хэн ч өөрчилж чадахгүй хэмнэл. Өнөөдөр бүх зүйл болдогоороо болж өнгөрнө, юуг ч өөрчлөхгүй. Энэ л үедээ маргаашийн тухай заавал бодож бай. Эргэцүүлж маргааш юу хийж чадах, юунд хүрч болох тухай заавал бодож бай. Өнөөдрийн энэ амар амгалан амьдрал хэвээрээ үргэлжилж чадах уу? гэж өөрөөсөө асуу. Маргааш надад хэцүү бэрх зовлон тохиолдвол давж чадах уу? гэж эргэцүүл. Маргааш гэдэг ирж яваа цаг. Магад бидэнд юу авч ирэхийг таах ч аргагүй. Зовлон жаргал ээлжилдэг хорвоод юу ч эс тохиолдох билээ. Зорьж зүтгэж яваа үйлс бүхэн бүтэмжтэй байхыг хүн болгон л хүсдэг. Түүний төлөө юу хийж болохоо эргэцүүлж нэг тунгаах хэрэгтэй. Алдаа оноо гэдэг хүний мөн чанарыг шалгадаг шалгуур. Амраг хайрт, анд нөхөдтэйгээ энэ хэвээрээ байж чадах эсэх нь энэ л хэмжүүр. Аав ээждээ ачлалт үр нь хэвээрээ үлдэх эсэх нь энэ л амьдралын хэмнэл. Бид өнөөдрөөр амьдарч чадаж байгаа юм чинь үргэлж маргаашийн тухай бодож байх хэрэгтэй мэт. Учир нь тэр ирж яваа цаг.

Aug 05

ЗУРВАСХАН БОДЛУУД – 12

By gala-admin | ЗУРВАСХАН БОДЛУУД

БУСДААС ХАМААРАЛТАЙ АМЬДРАЛ

…Хүн энэ амьдралд зүгээр л ирдэггүй. Өөрийн хувь тавилан болоод өөрийн идэх хүнс, өмсөж эдлэх материаллаг бүхнээ “үүрч” ирдэг. Гэхдээ хүн болгонд адилгүй л дээ. Уг нь түүнийгээ өөрөө мэдэж зарцуулж байх учиртай. “Эзэн хичээвэл заяа хичээнэ” гэдэг үг ингэж үүссэн. Ээжийнхээ өвөр, аавынхаа гараас гарсан цагаасаа өөрийнхөө өмнө тулгарсан элдэв асуудлуудад өөрөө шийдвэр гаргана. Алдах нь ч бий, онох нь ч бий. Заримдаа баярлуулан баясгаж, хааяадаа гуниглуулан гутруулах амьдралын олон мөчлөгүүд таныг ямагт шалгаж байдаг. Хичнээн амаргүй хэцүү байлаа ч хүнд асуудлуудыг зөв гарцыг нь олж шийдэж чадах тусам, илүү боломжуудыг чиний өмнө дэлгэж, тэр боломжуудыг сайнаар ашиглах тусам санаанд оромгүй сайхан бүхнийг чамд авч ирнэ. Тэр хэрээрээ амьдрал утга учиртай баяр баясгалантай болж, чи өөртөө итгэлтэй хүчирхэг нэгэн болж чадна. Ийм хүмүүс хэзээ ямагт өөрийн хувь заяагаа өөрөө шийдэж, тэр хэрээрээ үнэ цэнээ бий болгож, бусдад чин сэтгэлээсээ туслаж чаддаг. Бас сайнаар үлгэрлэнэ, бусдад хүндлэгдэнэ.

Амьдралынх нь өмнө тулгарсан элдэв асуудлуудыг өөрөө шийдэж чадахгүй, шийдэхийг хүсэхгүй болмогцоо бусдад даатгадаг зөндөө хүмүүс бий. Өөрийнхөө өмнө тулгарсан асуудлыг өөрөө шийдэхээ болих тусам, амьдрал чамд боломжуудыг олгохоо болино. Хүмүүс чиний өмнөөс асуудлыг тань шийдэж, чиний идэх хоолыг хуваарилж, чиний өмсөж эдлэх бүхнийг зааж зааварчилж байх нь чамд амар байх авч, чиний сэтгэл хэзээ ч ханамж авч баярладаггүй. Учир нь чиний өмнөөс шийдвэр гаргаж байгаа хүн нь чи биш болохоор. Тэр хүнд өөрийн үүрэх ачаа байгаа хэдий ч, чиний ачааг хамт үүрч байгаа болохоор заавал ядарч цухалдаж, бухимддаг. Түүний бухимдал чиний сэтгэл гонсгор байдалтай холилдохоор л энэ амьдрал чиний хувьд ямар ч утгагүй, бас уйтгартай, залхам болж эхэлнэ. Өөртөө тулгарч байгаа амьдралын таагүй асуудал, санаа зовоож шаналгаж байгаа бүхнийхээ бурууг өөрөөсөө бус, өрөөл бусдаас хайх тусам бусдад атаархан хорсож , үзэн ядаж эхэлдэг. Үргэлж уйтгарлаж, хүмүүст итгэхээ больж, амьдралын бараан сүүдрийг ямагт харж, уурлаж уцаарлаж, харааж зүхнэ. “Сайн явах санааных, муу явах заяаных” гэдэг хэллэг үүнээс үүссэн.

Өсөж том болсон хэрнээ аав ээжээрээ тэжээлгэж, олж зарцуулж буй бүхнийг нь голж шилж, олдохгүй бол худал хэлж, хулгайлж завшиж, өрөөл бусдын өмнө “томорч” бүлтэрч явдаг залуус үүний нэгэн жишээ. Өнгө мөнгөөр амьдралын утгыг жишиж, өөрөө хичээж хөдөлмөрлөхгүй атлаа мөнгөтэй нэгэнд “биеэ үнэлж”, өрөөл бусдын өмнө гайхуулж бардамнан “аз жаргалтай” мэт жүжиглэх бүсгүйчүүд үүний нэгэн жишээ. Идэрхэн залуу насандаа өөрийгөө хөгжүүлж чадалгүй амар хялбраар өдрийг өнгөрүүлж, аз эзэндээ найдаж ямагт мухраар сүслэн, ажил амьдралаа бусдад даатгадаг олон хүмүүс үүний нэгэн жишээ. Ажил амьдрал нь бусдаас хамааралтай болох тусам хүчгүй доройгоо бусдаас нууж, сайн хүн болж сайхан амьдралын дүрд тоглох зовлонг эдэлнэ. Ийм хүмүүс өөртөө итгэх итгэлээ алдах тусмаа, өрөөл бусдад итгэх итгэлээ ч хамтад алддаг. Амьдралд үүртэн хүчгүй дорой болох тусмаа, хүчтэй хүндэтгэлтэй бусдад атаархаж хорсон муу бүхнийг сэтгэлдээ хурааж, өөрийн зовлонгоо хэмэгдүүлэх. “Бусдын эрхэнд жаргахаар, өөрийн эрхээр зов” гэдэг үгний тайлал энэ.

Хүн өөрийн хувь заяандаа “эзэн” нь байхын тулд, өөртөө зөв өөрийн бодолтой болохын тулд, өөрийн хоолоо өөрөө халбагадаж идэхийн тулд өөрөө л хичээх хэрэгтэй болдог. Алдаагүй амьдрал, алдахгүй төгс хүн гэж огт үгүй. Алдаанаас хүмүүс ухаажиж, амьдралын олон өнгийг өөр өөрийнхөөрөө мэдэрдэг. Хичнээн амаргүй хэцүү байлаа ч өмнөө тулгарсан олон бэрхшээлийг тэсч тэвчиж, итгэж найдаж байж л давж гардаг. Давж гарч чадсан нэгхэн туршлага л дараа дараагийн бэрхшээлийг давах итгэл болон хувирч байдаг. Уйлж шаналахдаа цөхрөхгүй байх, уруудаж доройтохдоо гутрахгүй байх, алдаж эндэхдээ итгэлээ алдахгүй байх, үхэл өвчнөөс бусдын өмнө өөдрөг байх нь чиний хүчирхэг болохын эхлэл. “Хэлсэн үгэндээ эзэн нь болж, идсэн хоолондоо сав нь болж” чадах нь өөрөө өөртөө эзэн нь болохын эхлэл. Амьдралд боломжгүй зүйл гэж огт үгүй, хэрэв чи хичээх юм бол. Хүн гэдэг аугаа амьтан, хэрэв чи өөртөө эзэн нь болж чадах юм бол. Хорвоо дэлхий гэдэг даанч гайхамшигтай ертөнц, хэрэв чи ухаарч чадах юм бол.

БҮРГЭД ҮҮРЭНДЭЭ ӨТӨЛДӨГГҮЙ

…Бүргэд шувуу талд эсвэл модны мөчир дээр үүрээ засдаггүй. Эгц цавчим өндөр хадны, хэн ч хүрч чадамгүй асган дээр засдаг. Өөрсдөө хараа цуцам өндөрт нисдэг болохоор тэр л өндөр дээрээс гарын алган дээр юм шиг харагдах бүхнийг ихэмсэг нь аргагүй хараачилж, хязгааргүй огторгүйн цэнхэр орчилд хэнд ч хоригдохгүйгээр омог бардам дүүлэн халина. Тэр өөрийн ангаа хүссэнээрээ л сонгодог. Өчүүхэн жижиг хэрнээ амиа зогоох шавьжийг тэр үл тооно. Эр бяр, хүч чадал, омог бардам араншиндаа хүчтэй атлаа хүчгүйг барьж иддэг газрын араатныг сонгоно. Талын хөх чоно, сайхан сүүлээ сагсалзуулан талд харайх үнэг, дошин дээрээ зүүрмэглэх тарвага зэргийг тэнгэрийн уудам мандлаас сум мэт дүүлэн харваж нэгэн хормын дотор хүчит сарвуундаа тасар татчин, хэсэг бусгыг нь тэнгэртээ хишиг болгон аваачина. Тэр л асган дунд эхийгээ хүлээх үрдээ хэсэг хэсгээр нь жижиглэн ам руу нь хийж, өөрөө хэн болохоо, үр нь болсон түүний тавилан ямархан өндөр болохыг нь үлгэрлэн сануулах аж.

Хувь тохиосон цаг нь болохоор өчүүхэн жаахан үрээ хадан дээрээс шууд л түлхэн унагадаг гэнэм, бүргэд шувууд. Учраа олохгүй сарвалзах үр нь хэдхэн хоромд тэвдэн сарвалзавч өндөр орчлонгийн жамаар жигүүрээ нэгэнтээ дэвж, хадан халилд няц унах тавилангаас өөрөө өөрийгөө авардаг гэнэм. Дэлгэсэн жигүүр нь нэгэн хоромд түүнийг өндөрт залахад тохуутай орчлонгийн жамыг өндрөөс ажиж, өөрөө бүргэд шувуу болох тавилангаа ухаарч сэхээрч уужирдаг гэнэм. Хөх тэнгэрийн уудам орчилд өөрийн бяраа мэдэрч, газарт мөлхөх түмэн амьтсыг ажиж өөрийн эрч хүчээ цэгнэдэг гэнэм. Хүчтэй нь хүчгүйгээ захирдаг замбуулинд, хөх тэнгэртээ дүүлэх тавилан нь газрын хэлхээг таслах хувь буйг ухаардаг гэнэм. Бүргэд шувуу үүрэндээ өтөлдөггүй тавилан гэж энэ.

Эр нэгэн хүүгээ өвөртөө дарж эрхлүүлж, өөрөө хаднаас унах тавилангаас нь дандаа зугатаалгаж үүрэнд нь өтлүүлэх хүмүүс бид, хүүгээ хэзээ ч бүргэд болгож чаддаггүй. Өөрөө бүргэд байхыг мөрөөдөх хэрнээ, үр хүүхдээ газарт мөлхөх тавиланд уяж орхичихоод л “чи нисч чадахгүй байнаа” гэж халаглах энүүхэнд. Газар мөлхөж, цаг ямагт танд гомдоллож, даль жигуурээ хугалсан шувуу шиг л ганганаж, гунганаж далавчаа дэвэх төдий тохиолд нь өмнө нь сөхөрч, тэнгэрт хөөрч чадахгүй гутамшигтаа өөрөө л гуниж суух. Тэр л үр нь хорхой шавьжаар хооллож, тэнгэрт дүүлэх бусдыг харан атаархаж хорсож, өөрөө нисч чадахгүй атлаа эцгийнхээ далавчийг нэгэн жигүүрээр хумьж тэнгэрт бус газарт өтлөх монгол бүргэдхэн олшроо юу даа. Өөрийгөө бүргэд хэмээн нэрлэх авч, өндөр хөх тэнгэрт дүүлэх чадалгүй нуурын шувуудаар бид яах ч билээ. Яг л түүн шиг “би монгол” хэмээн согтуудаа цээжээ дэлдэвч, маргаашийн өдөр түмпэнд бөөлжсөө долоох эрсийн оронцгоор яах ч билээ.

Хил манаж, төрийн багана түших эр нэгэн хүмүүнээ бүү эрхлүүл, аав ээжээ. Далавч нь ургаж гүйцэх дор хадан халилаас түлхэж л орхи, цаашаа. Хаданд няц даруулбал тавилан нь тэр л буйз. Харин тэр мөчид жигүүрээ дэлгэн, хязгааргүй орчилд нисч одож чадсан бол хүүгээрээ бахархаа. Тэр хүү чинь хорхой шавьж эргүүлэхгүй ээ, эр нэгэн бүргэд шиг холын холд хараачлан байж, омог бардам дүүлэн нисэх болно. Яг өнөөдөр Монгол оронд минь эр зоригтой бүргэдүүд хэрэгтэй байнаа. Тэд жигүүр нь цуцаа нь үгүй омог бардам, тэртээх хөх тэнгэрээс газарт дүүлэн нисэх жигүүртэй, тэгсэн мөртлөө хов живийн балчиг дээгүүр тоох нь үгүй дэвж, гагц монголчууд бидэнд заяасан уудам орчлонгоос бүхнийг тольдох болно. Бид заримдаа “тэнгэр заяатай” хэмээн агсагнах хэрнээ, өөрсдөө газарт мөлхөж бусдын угаадсыг долоох юм даа. Тэд биш ээ, таны зүрхэнд инээдээрээ уяруулж, тэгсэн мөртлөө хүзүүгээр тань тэвэрч, чихэнд тань хүслээ шивнэх хүү тань, хожмын нэгэн өдөр тэнгэрт дүүлэн зоргоороо нисэх бүргэд болж чадах шүү дээ.

БҮРГЭД ШУВУУД ХЭЗЭЭ Ч ҮҮРЭНДЭЭ ӨТӨЛДӨГГҮЙ, ГЭХДЭЭ ХЭЗЭЭ Ч ГАЗАРТ МӨЛХДӨГГҮЙ.

СЭТГЭЛЭЭС СҮҮ УРСДАГ

…”Сайн хүний үр, сүүт гүүний унага” гэдэг хэллэг бий. Бусад оронд ямар байдгийг би сайн мэдэхгүй. Харин монголчууд бид “10 сар ангир уургаа шимж өссөн эр хүн”-ий тухай домогтоо дурддаг. Эх хүний сэтгэлийн их хайр хөхний сүүгээр шингэц болон ивлэдэг гэсэн монгол санаа ч юм уу даа. Шөнийн түнэр харанхуйн уртад үрээ элгэндээ тэвэрч, яраглах тоолонд нь аргадан бүүвэйлж, уйлах мөчид нь хөхөө аманд нь амлуулж, өөрийн нойроо хугаслан байж аргадаж хурайлдаг эхчүүд тийм ч олон биш болов уу? энэ ертөнцөд. Эх хүний цээжинд ивлэдэг их хайранд уусаж өсдөг болохоороо л монголчууд бид уяхан болдог байх. Түнэр харанхуй шөнийн айдсаас өөрийгөө болон үрээ хурайлж дуулдаг болохоор нь бүүвэйн дуунд монголчууд бид уярч хайлдаг байх. Сүүгээр дамжсан их хайранд умбадаг болохоороо монголчууд бид ямагт эхийн элбэрэл хайрын тухай дуунд уярч нулимс дуслуулдаг байх, насан хэвийсэн хойноо ч.

Эх хүний хоёр хөхөнд хайр ивлэдэг болохоор хорвоо амгалан байдаг байх. Тэр л сүүг амалж хүн болсон болохооор эрчүүд бид их харгислал дунд бүсгүй хүн рүү бууны гох дарж зүрхэлдэггүй байх. Хэцүү мөчид ч аялсан эх хүний бүүвэйн дуунд энэ дэлхий даяараа уярч толгой гудайлган хүндэтгэдэг байх. Яагаад гэвэл харгис хатуу ч гэлээ эр хүн болгон эхээс төрдөг болохоор. Яс махны тасархай байхаасаа л энэ бүүвэйг зүрхнийхээ хэмнэлд сонсч, уярч амгалан сайхнаар унтдаг байсан болохоор. “Сайхан ээжий минь намайг үүрч алхахад салхи нь хүртэл хүнддэх вий гэсэндээ хийсч оддог” монгол төсөөллөөр бид дандаа эхийгээ хайрлан хүндэтгэдэг байх. Салаа гэзгэндээ сувдан даруулгатай, салхинаас өөр хэнийг ч биедээ хүргээгүй хацар гоо охидыг царай алдан өмнө нь сөгдөн хайр гуйдаг нь монголчуудын бахдал буйз. Тийм л гоо бүсгүйчүүдэд сэтгэлээсээ дурлан шаналдаг болохоор цэвэр монгол эрийн сэтгэл сүүн хайранд умбадаг байх.

Балчир бага байхаасаа л эхийн сүүн хайранд ивлэсэн болохоороо сайхан монгол эрчүүд бид уян зөөлөн сэтгэлтэй болсон байх. Сүүгээр сүлсэн энэ л хорвоод дандаа зөөлөрч дэвтэн, сумны зэвэн дор уртын дууг сэтгэлдээ аялан амиа алддаг байсан байх монгол эрчүүд. Сүүний цагаан өнгөөр энэ ертөнцийг төсөөлдөг болохоороо хөө шиг хар өнгийг сэтгэлдээ нэвчүүлж чаддаггүй байсан байх, монгол эрчүүд. Тийм болохоороо харийнханд “тэнэг” харагддаг байх, магад сүү шиг сэтгэлдээ. Бид бусдад сэтгэлээ илчлэхдээ мөнгөн аяганд сүү дүүргэн бусдад дээжлэн сэтгэлийн цагаанаа илэрхийлдэг байж болох. Эхийн хөхнөөс урссан сүү бусдад хайр энэрлийн бэлэгдэл болно гэж бид итгэдэг байж болох. Гэхдээ л монголчууд бид хадаг шиг мөнх хөх тэнгэртээ сүүн цагаан сацал өргөн аврал, өршөөл гуйдаг. Зөвхөн өөрийнхөө төлөө бус, тэнгэрт хуралдах аадрын бараан үүлс шиг хав харанхүй ертөнцөд сүүн цагаан гэгээ оруулах гэж. Газар дээр цахилах аадрын асгарааны дараа тэнгэрт солонго татан нумарах мөчид, хашааны буланд айдсаа дарах гэж эхийнхээ хөхийг нудчих хурга шиг бид өчүүхэн. Харин ивлэж ам руу урсах эхийн сүү шиг ариухан нь хаана билээ.

Jul 21

ЗУРВАСХАН БОДЛУУД – 11

By gala-admin | ЗУРВАСХАН БОДЛУУД

ЭХ ОРОНТОЙГОО БАЙХДАА БИ БАЯН БАЙДАГ

…Өөрийгөө “ядуу” гэж бодож байвч, эх оронтой болохоороо бид “баян” байдаг. Өөрөө сонгож болдоггүй болохоор, төрөхдөө унасан газар шорооны ширхэг бүхэн нь хамгаас зөөлхөн, угаасан усны дусал бүхэн нь хамгаас ариун байсан. Уйлж бархирахдаа амьсгалсан агаар хамгаас тунгалаг, нүдээ нээхэд минь ялбуулсан нарны сацраг хамгаас дулаахан байсан. Өмөлзөж хөххөд ам руу минь урссан сүү хамгаас амттай, үнэгчлэн унтахад минь аялж байсан бүүвэйн дуу хамгаас уянгалаг байсан. Өсөх насанд хөл рүү минь хатгаж өвтгөсөн өргөс намайг уйлахгүй байж сургасан, өдөржингөө шарах бүгчим халуун нар намайг тэсч тэвчихийг сургасан, өвөл цагийн тэсгим жавар намайг өлчир болгож сургасан, өндөр уулсын цавчим халил намайг уужуу байхад сургасан. Өтөл насны минь буурал хяруу сүрлэг уулсын минь сүүдэр. Үрчлээ суусан хөх нүүр минь хаврын хавсраганы ором. Сормуусан дор хааяа чийгтэх манан урсгал усны минь шингэц. Төрөхөөс үхэх хүртлээ эх нутгаа өөрийн эс бүхэндээ шингээсэн монгол бүргэд.

Уудам тал нутагт адуун сүрэг янцгаахад, уртын дуу газрын таталцлаас хальж наранд хүрэхэд, хуурын аялгуу тэртээх уулсын сүүдрийг сарниахад, хувинтай сүү барьсан сайхан монголжингоо өмнөөс минь инээмсэглэн алхахад би өөрийгөө монгол эр хэмээн ханхалздаг. Хаяа шуусан монгол гэрийн хойморт айраг залгилж суухад, хурдан морьдын туурайн тоос гийнгоон дуунд замхархах агшинд, хүчит бөхчүүд эр бяраа үзэн барилдаж алдар цолоо дуудуулан дэвэхэд, хөдөө талд багшрах мал сүргээ дурандан суухдаа би өөрийгөө монгол эр хэмээн бахархдаг. “Амар байна уу?” гэж гар зөрүүлэн мэндлэхдээ, ахмад настангаа хойморт залж хүндлэн сургаалийг нь сонсож байхдаа, аав ээжийгээ “эрдэнийн дээд” гэж сүслэн залбирахдаа, алсын газар одохдоо аяны дөрөөгөө сүүгээр мялаалгаж, азын дөрвөн бэрхээ шившин байж дэвсэг дээр хаяхдаа би өөрийгөө монгол эр хэмээн мэдэрдэг.

Төрж өссөн монгол газар шорооны минь ширхэг бүхэн нь биднийг санан хүлээж байдаг юм. Урсаж байгаа голын дусал бүхэн нь бороо болон биднийг хүлээж байдаг юм. Уулс уулсын сүрлэг орой, хад чулуу болгон нь биднийг санан бэтгэрч, эмтэрч байдаг юм. Ээлжлэх дөрвөн улирал нь хатуу ширүүн ч гэлээ эхийн хэвлийгээс унахад тосч авсан зөөлөн өлгий. Ширхэг чулуу болгон нь тэсэлгээнд бутрахдаа биднийг дуудан ёолж байдаг юм. Ширгэж сайр болсон гол горхи уйлах нулимсгүйдээ бидний өмнө гасалж байдаг юм. Тасдуулж хяргуулсан мод болгон ёзоор дундаа аврал эрэн сарвайж байдаг юм. Хядуулж цөөрсөн амьтад амь гуйж бидний өмнө нүдээ бүлтэлзүүлж байдаг юм. Мөнгөнөөс хямдхан болсон “монгол хүн чанар” өөр хоорондоо арсалдаж байна. Мунхагийн туйл болсон шуналчид эх орныг минь харьд арилжиж байна. “Мөнгө цагаан нүд улаан” болсон харийнхан эх орны минь ариун хэвлийг гараараа тэмтчиж байна. Мөнгөний өмнө биднийг сөгдүүлж, түүхийн хуудаснаас “МОНГОЛ” хэмээх нэрийг хусч арилгахыг хүсч байна.

Алтан соёмботой улаан гэрэгээ аль ч улсын хилийн дээсэн дээр омог бардам үзүүлдэг байсан монголчууд бид “ЭХ ОРОНГҮЙ” болчихвол хаачих юм бэ? Надаас үнэтэй гэсэн болгоныг минь авч болноо, харин эх орныг минь авч чадахгүй. Намайг зовоож шаналгаж болноо, харин эх орноо гэсэн сэтгэлийг минь хугалж чадахгүй. Дээдсийн алтан шарил амар амгалан шингэсэн, дэлхийд данстай МОНГОЛ газар шороог минь худалдаж авна гэвээс ЗАЯА ЧИНЬ ДУТНА. Өнгө мөнгөөр өндөр дээдэс эх орныг минь худалдаж арилжина гэвээс ХОНШООР ЧИНЬ ДУТНА. “НҮГЭЛ НҮДЭЭРЭЭ ГАРНА” гэдэг үг бий. ЭХ ОРОНТОЙГОО БАЙХДАА БИ ХЭНЭЭС Ч ИЛҮҮ БАЯН БАЙДАГ.

ӨНГӨРЧ ОДСОН ЦАГ ХУГАЦАА

…Урсаж буй гол мөрөн эргэж урсдаггүй шиг өнгөрсөн цаг хугацаа эргэж ирдэггүй. Эргэлдэж байгаа цагийн зүү сөрж эргэдэггүй шиг өнгөрсөн цаг хугацаа буцаж эргэдэггүй. Уйлж хичнээн бархиравч нэгэнт үйлдсэн алдааг улируулж засч чаддаггүй. Хичнээн харамсан шаналавч тэрхэн мөчид гаргасан алдааг цайруулж ердөө ч өнгөлдөггүй. Өнгөрсөн зүйл гэдэг яг л тэр чигээрээ. Өөрчилж хувиргахыг хичнээн хичээвч бидэн огт амждаггүй. Хэн хүний сэтгэлийн чанадад туссан бараан сүүдрийг хичнээн хичээвч угааж арилгаж цэвэршүүлэхгүй. Тэр л цаг мөчид үзэн ядаж, хараан зүхэж, өшөө авах хүсэлд шатаж байсан зүрхийг, яг л голын ус хатуу чулууг мөлийлгэдэг шиг урсаж байгаа цаг хугацаа уучлалд хөтлөн аваачдаг. Зөөлөн нь хатуугаа элээдэг хорвоогийн тавилан гэж.

Зөндөө олон хүмүүс өнгөрсөн цаг үеэрээ амьдардаг. Өш хонзон тэдний сэтгэлийг хиртээж, өөдөөс нь ирж буй гэгээн амьдралын өнгийг бараантуулдаг. “Тэгэхэд тэр тэгсэн шүү дээ ” гэх хонзон сэтгэлд нь эргэлдэхүйеэ, тэд өөрсдийн алдаагаа ч олж харахгүйгээр үзэн яддаг, насан туршдаа. Тэглээ гээд тайвшрах нь үгүй сэтгэлийн тарчлаанд өөрөө л арсалдаж, мартаж ядсан сэтгэлийг нь сэмрүүлж нэгэн тарчлаах. Түүндээ сэтгэл нь огт ханахгүйгээр, тэр хүний сэтгэлд тарчлаан үүсгэж бахаа хангахыг хүсдэг. Өнөөдрөөр бус өнгөрснөөр хонзон санах өчүүхэн атгаг санаа нь өрөөл бусдыг шаналгаж гэмээ нь түүний бах нэгэнтээ ханах. Өмхий ханхалах хорон сэтгэлдээ өөрөө ч мэдэлгүй баясан самуурах нь “баас хатавч өмхийгээ тавихгүй” гэдэг мэргэн үгийн гэрч болох нь олонтаа. Үзэн ядах, үс санах өчүүхэн зайд тарчилж амьдардаг хүмүүс бишгүй бий, өрөвдмөөр.

Өглөөд өндөр уулсынтэртээд ханхайн мандаж, үдэш тэртээх уулсын чанадад дүнхийн жаргах наран шиг хүмүүний сэтгэлд өнгөрсөн цаг хугацаа улиран жаргаж, өөдөөс ирэх наран шиг итгэл найдвар мандан бадардаг. Өнгөрсөн цаг хугацааны алдаа гэдэг дүнхийн жаргах наран мэт, өөртөө итгэх итгэл, амьдралын сайханд тэмүүлэх сэтгэл гэдэг өглөөд мандан бадрах нарны гэрэл мэт. Энэ ертөнцөд төгс төгөлдөр хүмүүн гэж огт үгүй. Алдаа онооны дэнсэн дээр амьдарч, жаргаж, зовох хүмүүн болгон өөрийн тавилангаа өөрөө л үүрч байдаг. Тэд хорвоогийн өөртөө ноогдсон тавиланг сөрж урсах нь үгүй. Өнгөрсөн алдаандаа шаналж, өөдөөс ургах наранг хав харанхуй мэт харах цаг үе зөндөө бий. Голын ус урсахдаа сайн муу бүхнийг хаман урсдаг шиг, гольдрол дундаа өөрөө нэгэнт цэвэршдэг шиг, цаг хугацаа биднийг хаман урсдаг. Сайн болоод муу явсныг өөр хэн ч биш цаг хугацааны урсгал шүүж, бас нотолдог. ХҮН БОЛГОН ӨӨРИЙН ТАВИЛАНГАА ӨӨРӨӨ Л ҮҮРНЭ. ТҮҮНИЙГ ӨӨР ХЭН Ч БИШ ГАГЦ ЦАГ ХУГАЦАА Л ШҮҮН, БУСДАД НОТОЛДОГ. БИД ЯГ Л ГОЛЫН УРСГАЛ МЭТ АМЬДАРНА.

ЧИ ЯАГААД НАМАЙГ ОГТ АНЗААРАХГҮЙ ЯВЧИХ ВАА

…Би чамайг хараад л хараад л байсан, чи яагаад анзаарсангүй вэ? Би чамайг хүсээд л хүсээд л байсан, чи яагаад огтоос тоосонгүй вэ? Би чамтай уулзах гээд л уулзах гээд л хичээгээд л байсан, чи яагаад мэдэрсэнгүй вэ? Чиний нүдний харц хаашаа эргэлдэж байсныг би анзаарсан л даа, гэхдээ итгээгүй. Чи юуг ч юм бэ хүсч байсныг би анхаарсан л даа, гэхдээ би тэгж бодоогүй. Чиний сэтгэл хаана догдолж байсныг би мэдэрсэн л дээ, гэхдээ би итгэхийг огт хүсээгүй. Миний сэтгэлд анх дүрслэгдэж байсан ариун дагшнаар нь сэтгэлдээ хадгалахыг хүссэн юм аа, чамайг. Намайг огт тоохгүй, бас анзаарахгүйг чинь би мэдэрч байсан л даа, гэхдээ сэтгэл дэх гэгээн мөрөөдлөө арилгахыг хүсээгүй юм аа. Хайрлаж харамлахын нэгхэн орчилд сэтгэлээ тэтгэхийг л би мөрөөдсөн юм. Миний сэтгэл гэгээн ариухан мөрөөдөлд хөвж байх нь надад сайхан байсаан, нуулгүй хэлэхэд.

Сэтгэлээс сэтгэл рүү урссан тийм л гэгээн хайрыг чи огтоос анзаардаггүй юм билээ. Тэгэхдээ би чамд гомдоогүй ээ, сонголт зөндөө байхад. Чамайг их хайрыг биш, их мөнгийг сонгоход тань би харамссан, нуулгүй үнэнээ хэлэхэд. Цав цагаахан сарны дор хээнцэр залуутай үнсэлдэж байхад чинь би харж л байсан, бухимдаагүй. Цэцэгсийн бал шиг миний дурлалыг гишгэчиж өнгөрөхөд чинь би харамсаагүй, чиний л ухааны цараа гэж өөртөө гомдож шивнэсэн. Гэхдээ би чамайг хайрлаж дурласан сэтгэлдээ тарчлаагүй. Магад надад хэзээ ч оногдохгүй хайрын балыг чинь би нүцгэн хөлөөрөө гишгэчээд л алхаж одсон. Чи түүнийг хэзээ ч анзаарч шаналахгүйг чинь би мэдэж л байсан л даа. Гологдсон тавиландаа “гоморхож байна” гэж намайг бүү өрөвдөөрэй. Би өөрийн сэтгэлээ мэднэ, захирч бас чадна.

Хэрвээ анзаарч мэдэрсэн бол миний хайр их л ариухан байсаан. Хэзээ ч тоож анзаарахгүйг чинь мэдсэн хэрнээ би чиний л өмнө дэлгэж харуулсан. Тэгэхэд чи хээнцэрхэн хэрнээ ихэмсэгхэн инээж өнгөрсөн. Миний зүрхний их хайр дундуур туучиж өнгөрсөн. Хэзээ ч дахиж дэлбээлэхгүй сарнайг гутлын өсгийгөөр гишгэчиж өнгөрсөн. Зөндөө их сарнайн дэлбээг гишгэчиж байхад чинь би ёолоогүй. Зөн совингоороо чамайг хайрласан хайраа орхиж огт чадаагүй. Чи намайг огт тоолгүй орхиж, гэнэн бардамхан хэрнээ мунхагхан зүрхэндээ бардамнаж одохыг чинь би анзаарч л байсан. Гэхдээ хамгаас ариухан хайр, чамайг сэтгэлээсээ жаргаах зүрхэн надад л байсан юм шүү. Харин чи яагаад үүнийг огт анзааралгүй, бас огт тоолгүй хажуугаар нь алхаж одсоныг л би ойлгоогүй. Гэхдээ л чи үүнийхээ төлөө харамсах, эс харамсахыг би хэлж мэдэхгүй. Тэр үед миний зүрх хэвээрээ байж чадах болов уу?

Jun 16

ЗУРВАСХАН БОДЛУУД – 10

By gala-admin | ЗУРВАСХАН БОДЛУУД

ХАРАМСАЛ ДАГУУЛСАН УЦААР

Өөртөө тохиолдсон бүтэлгүй явдлын дараагаар “Хэрвээ тэр тэгээгүй бол, надад ийм зүйл тохиолдохгүй л байсан шүү дээ” хэмээн харамсан бодож, бүтэлгүй явдлын буруутангаар хэн нэгнийг “тодорхойлж” тэр л хүндээ уур уцаараа гаргадаг, харамсал дагуулсан урт бодлын харгуйдаа ямагт өс санаж, шүд зууж явдаг хүмүүс бишгүй бий. Өс хонзон ингэж л үүсдэг. Бодох тусам л дургүй нь хүрээд мартагдахгүй байгаа тэр хүнээ ямагт үзэн ядаж, “хэзээ нэгэн цагт баларч дуусахыг нь” отон хүлээж, алдаа болгоныг нь “бах” болгон бусдад муучилж “хариугаа авдаг” хүмүүс ч зөндөө бий. Атаархал хорсол ингэж өрнөдөг. Давчхан бодлын бачимхан сэтгэлгээнд хүмүүс өөрсдөө ийн “бүдэрч”, бүдрэх тоолондоо бухимдан цухалдаж, өөрийгөө бас өрөөлийг зовооно. Сэтгэл доторх “хар хор” ингэж л тогтдог.

Амьдралд тохиолдож байгаа сайн муу бүх л учралууд заавал уялдаа холбоотой байдаг. Өнөөдөр танд учирч байгаа муу мэт тохиолдлууд таныг ухааруулах гэж тохиодог байж болох. Азгүй мэт зарим тохиолдлууд таныг хатуужуулах гэж ирдэг байж болох. Золгүй гэмээр зарим тохиолдлууд таныг үүнээс ч муугаар төгсөж болох үйлдлээс аварч байж болох. “Тэр үед тэгсэн бол ямар гоё байж болох байв аа” гэх харуусал, хожмын нэгэн өдөр ухаарал болгоомжлол болон сэтгэлд тань шингэсэн болохыг анзаарч, өөртөө баярлах үе зөндөө. Тэр нэгэн үед гарцгүй мэт мухардан шаналж байсан зовлон, хожмын үед зөндөө олон боломжуудыг танд нээж, ухаан санааг тань тэлсэн байх тохиол зөндөө. Тэрхэн үедээ үзэн ядаж, хэзээ ч мартахгүйгээр “хонзон санаж” байсан хэн нэгэнд хожмын өдөр талархаж, уучлах сэтгэл төрүүлэх үе зөндөө. “Цаг цагаараа байдагүй, цахилдаг хөхөөрөө байдаггүй” хэмээн ухаант мэргэн өвөг дээдэс бидэнд дэмий нэг сануулаагүй.

Хүмүүн бидэнд сайн муу тохиолдлуудыг ээлжлэн үзүүлдэг амьдрал тун ч баян ертөнц. Заримдаа анзаарах ахул амьдрал өөрөө биднийг ямагт “шалгаж” байдаг мэт. “Хэрвээ энэ хүн үүнийг тэсч, давж гарвал” хэмээн, илүү сайн боломжуудыг бидний өмнө хөлөг дээр өрсөн шатар шиг л тавьж орхино. Хэрэв давж эс чадвал, илүү сайн боломжуудыг санал болгохгүй л болов уу? “Эзэн хичээвэл заяа хичээнэ” гэж өвөг дээдэс минь бидэнд үүнийг л сануулсан буйз. Тэрхэн үед таны сэтгэлд “сөнөсөн гариг” мэт санагдаж байсан өдрүүд алсарч, “гайхамшигт гариг” мэт санагдах тэр л орон зайд бидний хувь тавилан хэлбэлзэж байдаг. Уялдаа холбоогүй, учиг зангилаагүй тохиол энэ ертөнцөд огт үгүй. Хэцүү муу тохиол бүхнийг “болох ёстой зүйл болж”, “тохиолдох ёстой зүйл тохиолджээ” хэмээн уужуу ухаанаар хүлээж авч чаддаг болж гэмээ нь таны сэтгэл амар амгалан байх болно. Хэнийг ч үзэн ядаж, хэнд ч хонзон санахгүй. Ухаарал, ууч сэтгэл ямагт хөтлөлцж явдаг. Тийм болохоор л амьдрал гэдэг дэндүү сайхан, баярлан талархаж, хайрлан уярмаар.

ХЭРҮҮЛД ХЭН Ч “ЯЛДАГГҮЙ”

…Хүмүүс бид элдэв асуудлаас болж бишгүй маргалдаж, “хурцадсан” үедээ дуугаа ихэд өндөрсгөн хэрэлддэг. Уурлаж бухимдахынхаа хэрээр дуугаа өндөрсгөн хашгичиж байгаа нь “чихэнд нь” сонсгох гэж байгаадаа бус, сэтгэл зүрх нь хэт холдсоных нь илрэл байдаг гэдэг. Хайрлаж итгэж байгаа зүрх шивнэж байхад ч сонсдог бол, хайр итгэл нь холдсон үед хичнээн чангаар хашгиравч зүрх нь түүнийг үл сонсдог гэнэм. Тэгээд л хүмүүс чанга чанга дуугаар хашгирч хэрэлдэнэ. Хүмүүс тэдний хэрэлдэхийг сонсоод “чихээ даран” холдмоор байх авч, сониучхан зандаа хэн нь хэнийгээ ялахыг мэдэх гэж холдож чаддаггүй. Хэхэхэ, магадгүй дараа нь хэн нэгэнтэй муудалцаж хэрэлдэхдээ “хэрэг болуужин” хэмээн муу үгсийг нь алгасалгүй сонсож цээжиндээ “тогтооно”. Хожим түүнд хэрэг болох нь ч бий, эс хэрэг болох нь ч бий. Гэхдээ л хүмүүсийн сэтгэлийн чанадад хэрүүлийн мунхаг үгс, голын эргийн бохир ус эргэндээ давалгаалан цохилох шиг тогтох нь бий.

Хэн нэгэнтэй хэрэлдэх гэж зорьж очихдоо, өдөөгч нэгэн бүхнийг урьдчилан тооцоолдог. Намайг ингэж хашгирч занахад тэрээр “хуц” гэж хэлнэ. Хариуд нь би “уль” хэлэхдээ урьдын муу муухайг нь “шившиг” болгон дэлгэнэ гэж төлөвлөдөг. Хэрэв ёсоор болбол багадаа “нусгай” байсныг нь, магад хэн нэгний өмнө хөглөж байсныг нь, балчирхан байхдаа алдаж онож байсныг нь “шившиг” болгон дэлгэж, шоолсон олны харц дунд “бахдам сайхнаар” ялалт байгуулан “шившгийг нь хутган”, “шавхайтай хутгаж” орхино хэмээн бардамнадаг. Түүний хүссэнээр болох нь бий, бодсоноос нь тэс өөрөөр хувирах нь ч бий. Ташаа тулан ханхалзаж, бүдүүлэг тэнэгээрээ “түрий барьж”, тэрхэн хоромд хашгичин цамнах араншин, “чи болиоч дээ, ямар бүдүүлэг юм бэ” гэх хэн нэгний учирлал дунд гэнэтхэн дарагддаг. Хүн болгон бүдүүлэг танхай араншинг нь “сайшаан дэмжих” мэт зусар араншин дунд тийм хүмүүс улам улмаар “цамнаж”, өөрийнхөө бүдүүлэг заваан араншинг бусдад их хав болгон гайхуулна. Хүмүүс өөр хоорондоо шивнэн буруушаавч, өөдөөс нь нэгэн зөв үг хэлж эс чадан “гөлөлзөлнө”. Тэр тоолонгоор мунхагууд “түрүүний бөөс толгойд гарах” шиг л оодордог.

Яг үнэндээ байна шүү дээ. Хэрүүл маргаанд хэн л ялагч болдоггүй “алтан дүрэм” бий. Маргаан мэтгэлцээн дунд хүн болгон өөрийн санаа бодлын “зөв” гэдэгтээ 100 хувь итгэлтэй байдаг. Нотолж чадсан, эс чадсан харилцаан дунд ч хүмүүс өөрийн “зөв” гэдэгтээ хэзээ ч эргэлзэхгүй үлддэг. Учирлаж мэтгэлцсэн нь биш, уурлаж хашгичсан хэрүүл дунд хүн болгон өөрийгөө “өмөөрч”, зөрүүлж хэрэлдсэн үг болгон нь түүний “арчаагүй нэгэн” болохыг нь бусдад ойлгуулдаг. Ялагч байдаггүй энэ хэрүүл дунд ганцхан зөв гарц бий. Тэр бол хэрүүл өдсөн нэгний араншинд автаж өөдөөс нь хэрэлдэхгүйгээр “тэсч” өнгөрөх тэвчээр. Хэн нэгэн рүү шидсэн чулууны өөдөөс чулуу шидвэл хоёр чулуу бие биенээ онохдоо хагарч бутардаг. Харин голын мяралзах ус, хичнээн хурц ирмэгтэй чулууг ч бөөрөнхий болгон мөлийлгөж орхидог. “Зөөлөн нь хатуугаа элээдэг” гэсэн мэргэн сургаалийг миний өвөг дээдэс ингэж л учирлан бидэнд хэлж үлдээсэн. Цаг хугацаа голын ус мэт урсан өнгөрч байхад, бид юундаа ч тэвдэн сандрах билээ. Бидний мунхаг араншингийн зөв болоод буруу байсныг хэн нэгэн биш, голын ус шиг урсах цаг хугацаа л нотолдог. Магад чиний хэн байгаад, хэн болсныг ч мөн адил. Хэрүүл хараал зүхэл болгон хүмүүний сэтгэлд “хар сүүдэр” болон үлдэнэ.

ШУВУУНЫ ӨНДГӨН ДЭЭР СҮҮДРЭЭ БҮҮ ТУСГААРАЙ

…”Шувууны өндгөн дээр сүүдрээ битгий тусгаарай, эх нь голдог юм гэсэн” гэж дов сондуулын орой дамжин үсчиж, нүцгэн хөлөөрөө газар тамгалан гүйлдэх бидний хэдэн нусгайнуудад хөгшин ээж минь захидаг сан. Тэр л ногоохон дэвсэг дээр хатсан хуурай аргал хайн бэдэрч, өвөртөлж гарсан ааруулаа хааяадаа хэмлэж хэрэн тэнэж явахад өвс ногоо, хатуу дэрсний богино хэсгээр уран нь аргагүй дугуйруулан сүлжиж бүтээсэн үүрэнд 3 -аас доошгүй өндөг бөөр бөөрөө нийлүүлэн оршиж байх нь тааралдана. Тэдэн дээр сүүдрээ тусгахгүй гэсэндээ болгоомжтой нь аргагүй туссан нарны сөрөг талаас нь ойртож, сониуч зандаа хөтлөгдөн сэмээрхэн ажих. Өнгөр хальсан дээрээ ов товхон сэвхтэй мэт өндгөнүүдийн дээгүүр үрээ харамласандаа бачимдан шунгаж, бас ч хамгаалж чадахгүйдээ бачимдан эргэлдэх шувууд өөрийн хэлээрээ учирлан биднээс гуйх мэт, холдож бас үл чадна.

Өндөг гэмээ нь, үйлт хорвоотой мөдхөн учрах үрээ тээсэн эхийн хэвлий мэт. Өндөр тэнгэрт эргэлдэн дүүлэх шувууд гэмээ нь, үрээ хайрлан өмөлзөх уруул, өмөөрч хайрлах эхийн шаналалт бас баясан уярах сэтгэл мэт. Сүүдэр гэмээ нь, сүү мэт урсах хайрыг хөө мэт хар үйлээр холин бараантуулах хир мэт. Шувуудын өндөг ч, эхийн хэвлийд бүрэлдэх үрс ч цав цагаахан ертөнц, яг л ээжийнх нь хөхнөөс ивлэн урсах сүү мэт.

Хүмүүн бидний сэтгэл цагаан болоод хар өнгөтэй. Өглөөд өндөр хөх уулсын оройд мандаж гарч, үдэш нь өндөр хөх уулсын чанадад шагайн жаргах нарны цав цагаан туяа хүмүүний сэтгэлийг хайр энэрлээр дулаацуулж, итгэл найдвараар сүлдэг. Шингэж жаргасан нар мандаж бадрах хүртэлх хав харанхуй орчлонд хүмүүний сэтгэл дааран жиндэж, айдас түгшүүрээр хучдаг. Цав цагаахан өндгөн дээр хар бараан сүүдэр тусгаж үл болдгийн учирлал, хайр энэрлээс хар хор хүртэлх сэтгэлийн сүлэлдээнд оршдог болов уу?

Гомдсондоо бархиран үйлах хүүхдийн нүднээс урсах нулимс, шувууны өндгөн дээр туссан сүүдэр юм. Айсандаа аягандаа эргэлдэн түгших хүүхдийн харц, шувууны өндгөн дээр туссан сүүдэр юм. Шаналсандаа наснаасаа эрт хэрсүүжих хүүхдийн сэтгэлд суусан үрчлээ, шувууны өндгөн дээр туссан сүүдэр юм. Өөрийн биеийн өчүүхэн жаргалд ташуурч, өргөж ерөөл урсгах хундага дарсны цалгианд согтуурч, өргөн энэ хорвоод үхэхгүй юм шиг мунхаглах араншиндаа бид энэ сүүдрээ анзаардаг бил үү? Өөрөө өтөлж хүч мөхөсдөхийн цагт өндгөн дээр тусгасан сүүдэр тань, эргэж тань дээр тусахыг ухаардаг бил үү? бид.

…”Шувууны өндгөн дээр сүүдрээ битгий тусгаарай, эх нь голдог юм гэсэн” гэж сургадаг ухаант хүмүүс цөөрсөөр л байна. Шувууны өндгөн сүүдрээ тусгах нь бүү хэл, дээгүүр нь хага гишгэчээд инээлдэж өнгөрөх мунхаг залуустай болчихвол ” би монгол” гэж мянгантаа орилоод яанам билээ. Үрээ хөнөөлгөсөн эх шувуу гомдсондоо “эмээлийн төмөр дөрөөг тасартал хараадаг юм гэнэ билээ”. Мөнгө шүтсэн шунаг сэтгэлээр эх орноо, хүн чанартайгаа хамтад харьд арилжиж орхивол “бид монголчууд” гэж даяангаар нэг хашгичаад яах ч билээ. Хэдэн зууны тэртээгээс МОНГОЛ орныг минь бидэнд түүхээрээ, бахархлаараа үлдээгээд өгсөн баатар өвөг дээдэс минь булшин дотроо даарах буйз.