Menu
Assign a 'primary' menu

Category Archives for "ЯРИЛЦЛАГУУД"

Mar 31

Тээврийн бодлого төлөвлөлтийн математик загварчлал

By gala-admin | ЯРИЛЦЛАГУУД

…2014 оны 1 сарын дундуур Вашингтон ДС хотноо болсон тээврийн асуудлаарх олон улсын хурлын үеэр А.Баярмаатай уулзаж танилцсан юм. Харамсалтай нь миний ажил амжаагүй болохоор түүний тавьсан илтгэлийг сонирхож чадаагүй. Орой нь түүний байрласан зочид буудалд уулзаж ярилцаж суухад, түүний яриа миний сонирхлыг ихэд татлаа. Тээврийн чиглэлийн мэргэжлийн хүнийг олж ярилцах хүсэлтэй минь А.Баярмаагийн яриа нийцсэн болохоор бид Лос-Анжелост уулзаж, дэлгэрэнгүй ярилцахаар тохиролцов. Харин 2 сарын дундуур бид Лос-Анжелос хотноо уулзаж ярилцсанаа уншигч танаа толилуулж байна.

Нэг. НАМТРЫН ТОВЧООН

2012/10 – тээврийн анализ, математик загвар зохион бүтээгч, Калифорни мужийн өмнөд хэсгийн захиргаа (Southern California Association of Governments) , Los Angeles, USA
2009/12-2012/10 Судлаач ,Калифорнийн Их Сургууль, Davis, CA, USA ,
2007/07-2009/12 Судлаач, Утрэхт Их Сургууль (Utrecht University), Netherlands
2003/04-2007/03 PhD of Engineering, Tээвэр төлөвлөлт; Киотогийн Их Сургууль, Kyoto, Japan
2001/09-2003/10 Багш, Төмөр замын коллеж, Улаанбаатар, Монгол
1998/04-2003/06 Багш, Техникийн Их Сургууль, Дархан, Mонгол
1996/03-1998/04 Багш , Политехникум, Дархан , Mонгол
1994/02-1996/01 Мастер, Эрчим хүчний систем, TИС, Улаанбаатар, Mонгол
1988/09/-1994/01 Бакалавр, Эрчим хүчний систем, TИС, Улаанбаатар, Moнгол
1988/06 3-r 10 жил, Дархан, Moнгол

Хоёр. БАГА НАСНЫ ДУРСАМЖ

-Г.Галбадрах: Хаана төрж, хаана өсөв дөө?
-А.Баярмаа:Би Улаанбаатар хотын 1-р төрөхөд төрсөн. Харин Дарханд сургуульд орж, 3-р 10 жилийн “орос хэлний гүнзгийрүүлсэн сургалттай анги”д суралцаж төгссөн.

-Г.Галбадрах: Бага нас тань?
-А.Баярмаа: Бусад хүүхдүүдийн адилаар цэцэрлэгт хүмүүжиж өссөн. Тэр үед чинь цэцэрлэгийн сургалт их сайн, маш их зүйл зааж сургадаг байсан. Дороо 3 дүүтэй айлын том охин болохоор гэрийн ажил, дүү нараа харах гээд том хариуцлагын хажуугаар сургуульд дээрээ сонгуульт ажлаа хийх, дугуйланд явах, хичээлээ давтах гээд юм юмыг л амжуулдаг хүүхэд байв.

-Г.Галбадрах: Хүмүүжил сайтай, ажилсаг охин байж дээ?
-А.Баярмаа: Одоо эргээд бодоход “яаж тэр бүхнийг амжуулж байсан юм бол?” гэж гайхдаг. Голдуу бүлэг болон ангийн ажил, урлаг уран сайхны арга хэмжээнд идэвхтэй оролцоно. Дарханы “Соёл урлагийн 10 хоног” арга хэмжээ зохиогдож, хотын даргын захирамжаар бараг нэг жилийн хугацаанд хичээлээс чөлөөлөгдөж байв. Үндсэндээ 7-р ангиа алгасаад 8-р ангид орсон гэсэн үг.

-Г.Галбадрах: Нээрээ аймгуудын “Соёл урлагийн 10 хоног” гээд уламжлалт арга хэмжээнүүд их ч болдог байж. Тэр үеэр арга хэмжээгээ зохион байгуулж, сурталчилж байгаа аймгуудаас заавал нэг “Гавьяат” төрүүлдэг байсныг санаж байна. Хичээлээс тэгж олон хоногоор чөлөөлөгдөхөөр хэцүү байсан уу?
-А.Баярмаа: Би уг нь математикийн хичээлдээ их дуртай байсан. Тэгж хичээлээс чөлөөлөгдөж явах хугацаандаа математикийн сонгон шалгаруулалтаас хоцорчихсон. Ганцхан орос хэлний сонгон л үлдсэн байв. Тоглолтынхоо бэлтгэлээс чөлөө авч байж очоод шалгалт өгч, орос хэлний сонгонд тэнцлээ. Бүх зүйлээ өөрөө л шийддэг хүүхэд байсан. Ээждээ гэнэтийн мэдээ дуулгаж баярлуулах дуртай. Хэдийгээр хэлний чиглэлийн ангид орсон ч, математикийн их сайн багш нар таарсан.

-Г.Галбадрах: Математикийн хичээлд дуртай байсан тань хожим мэргэжлээ сонгоход нөлөөлсөн үү?
-А.Баярмаа: 10-р ангиа төгсөөд МУИС-ийн “худалдааны эдийн засаг”-ийн хуваарь авлаа. Намар нь сургуульдаа бүртгүүлсэн чинь “Дээд Боловсролын Хороо чамайг дуудаж байна” гэдэг юм байна. Яваад очсон чинь “4-р группийн хуваарийг 2-р группт өрсөлдсөн хүүхэд авсан байна” гээд хуваарийг минь хураагаад авчихав. Бөөн юм болж байж 2-р группээс үлдсэн хуваариудаас сонгуулж байгаа юм. Аргагүйн эрхэнд ТИС-ийн “цахилгаан”-ы ангийг нь сонголоо. “Төрийн соёрхолт” Содномдорж багшийн удирдлага дор “Эрчим хүчний ачааллын математик загварчлал” сэдвээр 1994 онд дипломоо хамгаалсан. Сургуулиа “улаан диплом”-той төгсөөд, дипломоо тэр үед Монгол улсын Ерөнхийлэгч байсан Н.Багабанди гуайгаас гардаж авч байлаа.

Гурав. АЛДААНААС ОЛДСОН “АЛТАН” БОЛОМЖ

-Г.Галбадрах: ТИС-ээ төгсөөд хаана хуваарилагдав?
-А.Баярмаа: Үргэлжлүүлээд магистрийн сургалтад орж 2 жил хагас суралцан анхны магистр болж төгсөөд Дарханы Политехникумд багшаар очиж байлаа. Тэндээ Жил гаран ажиллаад ТИС-ийн Дархан дахь салбарт багшилсан. “Цахилгаан хангамж” гэдэг нэг ерөнхий хичээлийг л төрөл бүрийн мэргэжлийн ангиудад заадаг. Нэг л ижил давтамжтай, өсөх хөгжих боломж муутай байсан.

-Г.Галбадрах: Ер нь ажаад байхад сурах барилаа олчихсон хүүхдүүд “нэг байрандаа эргэлдээд” байхыг тэгтлээ хүсдэггүй. Мэдээж илүү боломжийг хайж байсан хэрэг байх?
-А.Баярмаа: Улаанбаатар дахь Төмөр Замын Коллежид цахилгааны багшаар ажилд ороод “Эрчим хүчний тооцонд математик загвар хэрэглэх нь” гэдэг хичээл заав. Энэ хичээлийг төмөр замын бүх ангиудад оруулахаар болж, шинээр компьютерийн лаборатори байгуулж өгсөн. Үүнд оюутнууд маань их урамшиж, суралцах идэвх, сонирхол нь ч өндөр байв. Багш нар оюутнууддаа хичээлээ сайн заах хэрээрээ өөрөө ч бас хөгжиж байдаг.

-Г.Галбадрах: “Багш нар оюутнууддаа хичээлээ сайн заах хэрээрээ өөрөө ч бас хөгжиж байдаг” гэдэгтэй тань санал нэг байна. Бас илүү их боломжуудыг ч олж харж мэдэрдэг байж болох юм.
-А.Баярмаа: Тэр жил “Монголын төмөр зам” дээр Японы “Жайка”-гийн шугамаар “Монголын төмөр замыг хөгжүүлэх мастер төлөвлөгөө” төслийн зөвлөгч Tachiyma Kiminari сан ажлын тайлангаа танилцуулах семинар зохион байгуулахад нь оролцох боломж надад олдсон юм. Тайлангийн материалтай танилцаж байгаад нилээд том томьёоны алдааг олж харж “орчуулагчийн алдаа юм болов уу?” гэж эргэлзээд орчуулагчтай нь уулзав. Тэгээд эх хувьтай нь тулгаж үзэхэд яг адилхан байсан. “Жайка”-гийн зөвлөх мэргэжилтэн үүнийг сонсоод “лавлаж шалгаад хариуг нь өгье” гэлээ. Гэтэл тэр нь яах аргагүй “алдаа” болж таарсан юм.

-Г.Галбадрах: Сонирхолтой тохиолдол байна. Тэгэхээр тэр том төсөл дээр тэд, алдаагаа олж хараагүй байсан хэрэг үү?
-А.Баярмаа: Яг үнэндээ тэр алдаа нь тэдний ч гаргасан алдаа биш, Японы хэвлэлийн алдаа байсныг нь бид мэдсэн. Семинарын дараа Tachiyama сан надтай уулзаж надаас ” Ямар ажил хийдэг, ямар судалгаан дээр ажилладаг болон Японд суралцах сонирхолтой эсэх”-ийг асуулаа. Тэр үедээ би нэг ч их юм бодож, тэр ярианд ач холбогдол өгөөгүй. Гэтэл тэр уулзалтаас 2 сарын дараа буюу, 8 сард миний нэр дээр Японд Засгийн Газрын 100 %-ийн тэтгэлгээр доктарантурт суралцах урилга ирлээ.

-Г.Галбадрах: Семинарын материал дотор байсан тэр алдаа чиний амьдралыг өөрчилж дээ?
-А.Баярмаа: Семинарын материал дотор байсан тэр алдаа миний амьдралыг үндсээр нь өөрчилнө гэж би яаж мэдэх билээ. Их сонин тохиолдол. Азтай ч юм шиг.

-Г.Галбадрах: Магадгүй, заримдаа ийм тохиолдол хүний амьдралд том өөрчлөлтийг ч авч ирдэг.
-А.Баярмаа: Японд суралцах шийдээ гаргасны дараа “Токиогийн Их Сургууль”, “Киотогийн Их Сургууль”-иудаас сонголтоо хийх болов. Киотогийн Их Сургуулийг “тээвэр төлөвлөлт”-ийн чиглэлээр олон улсад тэргүүлж байсан болохоор нь сонгосон.

Японд очоод тулгарсан хамгийн эхний бэрхшээл нь хэл байлаа. Маш богино хугацаанд япон хэлийг сурахын хажуугаар докторын программд элсэх шалгалтууддаа бэлтгэх шаардлагатай тулгарсан. Хоёр дахь бэрхшээл нь, эрчим хүчний салбраас тээврийн салбар руу мэргэжлээ “хөрвүүлэх” шаардлагатай байв. Хөрвөхийн тулд тээврийн чиглэлийн хичээлүүдийг ядаж л бакалаврын хэмжээнд уншиж судлах учиртай. Хэл болоод мэргэжил солигдсон гэсэн хоёр шалтгаанаасаа болоод шалгалтаа 7 сард биш, дараа жилийн 2 сард өгье гэсэн саналаа багшдаа хэлллээ.

-Г.Галбадрах: Тэгэхээр бүх зүйлийг эхнээс нь эхэлж, маш их хичээх шаардлагатай болжээ дээ. Амаргүй байсан уу?
-А.Баярмаа: Миний хувьд эхэндээ гаргаж байсан алдаа нь, Монголын боловсролын тогтолцооны нийтлэг алдааг надад ойлгуулсан. Багш хичээл заадаг, сурагч багшийн заасныг цээжилдэг, цээжилсэн зүйлээ багшдаа яг тэр чигээр нь буцааж яриад дүн авдаг. Багшийн зааснаас өөр зүйл ярихаар бурууддаг.Олон номноос уншсан мэдээллийг харьцуулан судлах, өөрийн үгээр санаагаа илэрхийлж гаргах чадвар их чухал юм билээ.

abayarmaa2

Дөрөв. СУДАЛГАА-МАТЕМАТИК ЗАГВАРЧЛАЛ

-Г.Галбадрах: Судалгааны ажлын сэдвээ урьд нь хийж байсан судалгааны ажил болох “математик загварчлал” дээрээ тулгуурлаж сонгосон гэж ойлгож байна?
-А.Баярмаа: Судалгааны сэдвээ “Төмөр замын зорчигч тээврийн математик загвар” чиглэлээр сонгож авсан юм. Төмөр замаас хүлээж авсан өгөгдлийн чанар нь сайн математик загвар гаргахад шаардлага хангахгүй байсан. Ингэж мунгинасаар сурах ёстой 3 жилийнхээ 1 жил хагасыг буюу талыг нь алдаж байгаа юм.

-Г.Галбадрах: Гэтэл цаг хугацаа, хэнийг ч юуг хүлээдэггүй. Урсаад л байдаг?
-А.Баярмаа: Бусад оюутнууд болон багшийн хийж байгаа судалгааны сэдвүүдийг харьцуулж харахад миний сонгосон сэдэв “тэнгэр, газар” шиг ялгаатай байлаа. Өмнө нь сонгосон сэдвээ өөрчлөх зайлшгүй шаардлага гарч байгаа юм. Сэдвээ сонгохдоо ямар чиглэл цаашид их ирээдүйтэй байна, хүмүүсийн сонирхлыг татаж, хэрэгцээ бий болгож байна гэдгийг анзаарах хэрэгтэй болдог. Нилээн судалсны эцэст, “Тээврийн төлөвлөлтийн эрэлтийн загварыг илүү нарийвчлалтай гаргах” чиглэлээр сэдэв сонголоо.

-Г.Галбадрах: Мэдээж зорьсондоо хүрсэн байх?
-А.Баярмаа: Зориод зүтгэхэд болдог л юм билээ. Бид чинь хэтэрхий том зүйл мөрөөдөөд, түүнийхээ хүрч болох эцсийн үр дүнг хараад шантраад байдаг . Түүнд хүрч болох маш олон аргууд болон гарцаа олж хараад зүтгэхэд үр дүнд заавал хүрдэг. Зорьж зүтгэж байгаа зүйлээ жижиглээд, хялбаршуулаад харах юм бол “амар” санагдана. Тэднийгээ тус тусад нь хийж амжаад нэгтгэж харах юм бол, бэрхшээгээд байгаа “том” зүйлээ хийж амжсан байдаг. Миний өөртөө нээсэн арга маань энэ. Хожим нь эргээд харахад “яаж болгоноо” гэж халширч байсан зүйлүүдийнхээ ард нь гарчихсан л байсан. Хүнд их тэвчээр, уйгагүй зүтгэл л их хэрэг болдог.

-Г.Галбадрах: Их сонирхолтой санаа байна. Мэдээж бид “том” зүйл бодоод, түүнээсээ бэрхшээгээд байх нь элбэг. Ингэж зорьж хийсэн судалгааны ажлын тань гол санааг сонсвол?
-А.Баярмаа: Тээврийн эрэлтийн төлөвлөлтийг макро түвшингээс микро түвшин рүү илүү нарийвчилж тооцох аргачлал. Макро түвшингийн 4 шатанд \4 step\ төлөвлөлтийн арга нь тээврийн эрэлтийг тухайн хотын хүн ам, ажил эрхэлж байгаа хүмүүсийн тоо, эдийн засгийн үзүүлэлтүүд гэх зэрэг статтистикийн макро үзүүлэлт дээр үндэслэн тодорхойлдог. Манай багшийн анх санаачилсан аргачлал \Activity Based Modeling\ нь болохоор “Тээврийн эрэлт гэдэг чинь макро үзүүлэлтээс шалтгаалсан хэрэгцээ биш юм аа. Хүний тээврийн эрэлт нь тухайн хүний бусад хэрэгцээнээс үүсч гарсан үүсмэл хэрэглээ”. Жишээ нь: Та эмнэлэг явах хэрэгтэй болбол ямар нэгэн тээврийн хэрэгслэлээр явна. Тэгэхээр таны хувьд тухайн өдрийн тээврийн эрэлт тань эмнэлэг явах хэрэгцээнээс үүссэн байна гэсэн үг. Хэрвээ та тэр өдөр гэртээ өнжсөн бол, таньд тухайн өдөр ямар ч ямар ч тээврийн эрэлт хэрэгцээ үүсээгүй байна. Шинэ аргачлал нь, хувь хүний тээврийн эрэлтийг тодорхойлохдоо ямар зорилгоор, хаашаа, ямар тээврийн хэрэгслэлээр, хэнтэй явсан гэдгийг бүгдийг илэрхийлж байж үнэн зөв тодорхойлно. Тэгэхээр хотын тээврийн төлөвлөлтийг үнэн зөв гаргах, хүндээ хүрсэн тээврийн үйлчилгээг үзүүлэх, хотын тээврийн хөдөлгөөний горимыг зөв оновчтой байдлаар удирдахын тулд хүн бүрийн эрэлтийг загварчилж нэгтгэн тодорхойлно гэсэн үг.

-Г.Галбадрах: Тээврийн хэрэгцээг судлахдаа “макро” түвшингээс “микро” түвшин рүү илүү нарийвчлан судалж байгаа гэсэн үг үү?
-А.Баярмаа: Яг тийм. Уламжлалт аргаар төлөвлөлт хийхээр тухайн хотод ажиллаж амьдарч байгаа хүмүүсийн тээврийн эрэлт хэрэгцээ яг адилхан гарна. Шинэ аргачлалаар төлөвлөлт хийхэд, хүн хүний тээврийн хэрэгцээ өөр өөр гарна гэсэн үг юм. Миний докторын ажлын гол агуулга нь “Хүний тээврийн эрэлтийн хувьсах чанарыг загварчлах”. Өөрөөр хэлбэл “хүн болгоны эрэлт хэрэгцээ өдөр болгон өөрчлөгдөж байдгаас хамаарч, тээврийн эрэлт хэрэгцээ өдөр болгон өөрчлөгдөж байдаг” буюу “таны маргаашийн тээврийн эрэлт чинь өнөөдрийнхөөс өөр байна” гэсэн санаа юм.

-Г.Галбадрах: Их сонирхолтой сэдэв байна шүү?
-А.Баярмаа: Сэдвээ өөрчилж сонгочихоод бүтээлээ бичиж эхэлсэн. Эхний ажилд багш маш сайн чиглүүлж тусалсан. Тэнд л би судалгааны арга барилыг эзэмшиж сурч байгаа юм. “Бүтээлийн агуулга болон зорилго нь юу юм бэ?”, “Урьд нь судлагдаж байсан юм уу?”, “Урьд нь судлагдаж байсан юм бол юу нь судлагдаагүй орхигдсон юм бэ?”, “Чиний одооны хийж байгаа судалгааны ажил тань бусдаас юугаараа шинэлэг, юугаараа ялгагдах юм бэ?” гэхчилэн олон асуултууд ундардаг. Тэр болгонд хариулах учиртай. Бусдын судалсан материалууд болон өөрийн хийсэн материалуудыг маш сайн эмхэтгэж базна, дараа нь өөрийн дэвшүүлж байгаа санаагаа гаргана. Нэгэнт судалгааны ажлын аргаа олчихоор дараагийн удаад багшийн оролцоо багасаад явчихаж байгаа юм.

-Г.Галбадрах: Судалгааны ажил хийж эхэлж байгаа залууст хэрэгтэй мэдээлэл байна.
-А.Баярмаа: Судалгааны ажлаа эрчимжүүлсэн жил хагасын хооронд АНУ, Солонгос, Хятад, Тайланд, Хонг Конг зэрэг нилээд хэд хэдэн орнуудад очиж эрдэм шинжилгээний хуралд оролцож илтгэл тавьсан. Олон улсын хэмжээнд доод тал нь 3 бүтээл нь хэвлэгдсэн байж, Ph.D хамгаалах эрхтэй болдог. Сургууль сургуулиудын жишиг, шаардлага нь өөр өөр. Киотогийн ИС бол өндөр зэрэглэлд ордог болохоор шаардлага нь бас л өндөр байдаг.

-Г.Галбадрах: Ямартай ч Ph.D дипломоо хамгаалах боломжтой болжээ?
-А.Баярмаа: Уйгагүй зүтгэсний хүчинд зорьсондоо хүрсэн. Багшийн маань санаачилсан шинэ арга \Activity Based Modeling\ одоо ч хөгжингүй орнуудын тээвэр төлөвлөлтийн гол арга болсон. Намайг дипломын ажлаа хамгаалах гээд гүйж явахад багш маань “хорт хавдар” өвчин нь эцсийн шатандаа орсны улмаас эмнэлэгт хэвтэж байсан юм. Хэдийгээр багшийг минь бичиг цаас болон компьютертэй харилцахыг хатуу хориглож байсан ч миний дипломын гар бичмэлийг эмнэлгийн орон дээр хэвтэж байхдаа л засч, зааварчилж,зөвлөж байсан. Үнэхээр аугаа хүн. Харамсалтай нь удалгүй нас барсан л даа. Одоо хэр нь би хаана ч явсан Kitamura багшийн шавь гэдгээрээ бахархдаг. Манай багш чинь энэ чиглэлээрээ олон улсын хэмжээнд ч “бренд” гэж үнэлэгддэг хүн.

Тав. ХАГАРХАЙ ТАВАГ-ШИНЭ САНАА

-Г.Галбадрах: Судлаач болгон сайн удирдагч багштай тэр болгон таардаггүй байх. Сайн багш таарна гэдэг нь өөрт тань цаашид хөгжих нэгэн боломжийг нээж өгчээ.
-А.Баярмаа: Тийм шүү. 2006 онд АНУ-д тээврийн чиглэлийн олон улсын хуралд анх удаагаа оролцлоо. Нэгэн хагархай тавагны зурагтай илтгэлийн постер анхаарлыг минь татав. Зургийн гол санааг сонирхохоор Нидерландын Утрехийн Их сургуулийн профессортой уулзаж ярилцахад, тэрээр хагарч бутарсан тавагны зургаар “орчин үеийн мэдээллийн техник, технологийн хөгжил хүмүүсийн хэрэгцээ сонирхолд нөлөөлж, тэр хэрэгцээ нь тээврийн хэрэгцээнд хэрхэн нөлөөлж байгаа”г дүрсэлсэн байсан. Жишээ нь: Өнөөдөр бид интернет болон утастай байхад ажлаа хаанаас ч, хэдэн ч газраас явуулах боломжтой болжээ. Мөн интернетээс мэдээлэл авснаар зорьж очдог, худалдааны болон үйлчилгээний газрууд ч нэмэгдэж байгаа. Үүнийгээ дагаад тээврийн эрэлт хэрэгцээ маань “хагарсан таваг” шиг бутарчихаад байгаа хэрэг. Энэ санаа миний сонирхлыг маш их татсан.

-Г.Галбадрах: Нээрээ сонирхолтой санаа байна шүү?
-А.Баярмаа: Сургуулиа төгсөөд Нидерландын профессортой өмнө нь ярьж ойлголцсоны дагуу, тэдний төсөл дээр хамтарч ажиллахаар гэр бүлээрээ Нидерланд руу нүүцгээлээ. Тэр профессорын удирдаж байсан судалгааны баг нь технологийн хөгжлийн тээврийн эрэлтэнд нөлөөлөх процессийг үгээр илэрхийлж тайлбарласан байсан. Энэ нь эхний судалгаа байв. Дараагийн удаад тэд энэ тайлбраа тоон хэлбэрт шилжүүлж, математик загварчлалд оруулах шаардлагатай байдаг. Гэтэл тэд үүн дээрээ “гацчихсан” байсан болохоор, багтаа намайг оруулахыг хүсчээ.

-Г.Галбадрах: Ерөөсөө үндсэн шаардлага нь математик загварчлал байсан юм байна шүү дээ?
-А.Баярмаа: Энэ төсөл миний хувьд жинхэнэ сонирхолтой, бас намайг хамгийн их сорьсон төсөл байлаа. Цаг ямагт энэ тухай, суусан ч явсан ч үргэлж бодоостой. Нилээд хэдэн судлаачид “тээврийн эрэлт хэрэгцээнд задрал явагдаад байна, үүнд ямар нэгэн хүчин зүйл нөлөөлөөд байна” гэдгийг судалсан байснаас бус, хараахан томьёолоогүй байсан хэрэг. Энэхүү задралтыг тоогоор хэмжиж илэрхийлэх нь маш чухал бөгөөд энэ нь өнөөдрийн биднийг бухимдуулаад байгаа замын түгжрэлийг үүсгэгч нэгэн хүчин зүйл нь шүү дээ.

-Г.Галбадрах: Гэхдээ энэ судалгааны ажил тань хугацаатай байсан уу?
-А.Баярмаа: 2 жилийн хугацаатай байсан. Намайг очиход тус тусдаа 2 баг судалгаан дээр ажиллаж байсан л даа. Багагүй хугацааны дараа 2 багийг нэгтгэх шийдвэр гарсан. Ингэх нь бидэнд илүү амар байв. Мэдээж бид энэ асуудлыг олон талаас нь харж ярилцана, маргалдаж мэтгэлцэнэ. Гэхдээ л эцсийн дүндээ асуудлаа хамтдаа зөв шийдэж чадаж байгаа юм.

-Г.Галбадрах: Энэ бол миний төсөөлж байгаагаар “шинэ нээлт” байсан юм биш үү?
-А.Баярмаа: Бид энэхүү бүтээлээ олон улсын сэтгүүлд хэвлүүлсэн бөгөөд 2011 оны шилдэг бүтээлийн “Micheal Breheny” шагнал авсан. Энэхүү шагналыг “Environment and Planing B; Planing and Design” буюу “Байгаль орчин ба төлөвлөлт В: Төлөвлөлт ба загварчлалт” сэтгүүлийн редакторын зөвлөлөөс жилд нэг удаа хамгийн шилдэг санаа дэвшүүлсэн болон практикт үнэтэй хувь нэмэр оруулсан бүтээлд олгодог. 2 сард нэг удаа хэвлэгддэг бөгөөд, жилдээ хүлээж авсан олон тооны бүтээлээс зөвхөн 62 бүтээлд л хэвлүүлэх эрх өгдөг. Хэвлэгдсэн бүтээлээс нэг бүтээлийг л “шилдэг бүтээл” ээр шалгаруулдаг юм.

-Г.Галбадрах:Миний бодлоор бол энэ том амжилт. Чамд баяр хүргэе. Монгол бүсгүй өөрийн судалгааны ажлын бодит үр дүнгээрээ дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөж, олон улсын нэр хүндтэй шагнал авна гэдэг бас л бахархмаар зүйл шүү.
-А.Баярмаа: Их баярлалаа. Яг үнэндээ энэ бүх амжилтаа Монголын сургалтын чанартай холбож ойлгон талархдаг. Тэр үед ЕБС-д судалж байсан математик, физик зэрэг байгалийн ухааны сургалтууд хичнээн мундаг байсан гээч. Би Японд сурахаар очихдоо хэлний бэрхшээл байснаас ерөнхий эрдмийн чиглэлд огт гологдохооргүй байлаа шүү дээ. Тэр тусмаа математикт бол бүр ч илүү. Хэлний бэрхшээлээ даваад гарах мөчид бусад хичээлүүдийн хувьд өөр орны оюутнуудаас шууд л илүүрхээд ирж байгаа юм.

-Г.Галбадрах:Санал нэг байна. ЕБС-д математик, физикийн чиглэлээр амжилт гаргаж байсан залуус өдгөө дэлхийн хэмжээнд үнэлэгдэж, амжилт гаргаж явааг мэдэрч байгаа. Тийм хүмүүстэй нилээд уулзаж ярилцаж байсан. Одоо ч араас нь “нэхэж” яваа залуус цөөнгүй.
-А.Баярмаа: Ph.D -д суралцаж байгаа оюутнууд маань аль болохоор олон улсын хурал зөвлөлгөөнүүдэд оролцож байх хэрэгтэй юм билээ. Тэнд оролцож илтгэл тавихаас гадна, уг мэргэжлийн чиглэлээрээ судалгаа хийж байгаа эрдэмтэд, судлаачидтай танилцдаг. Энэ нь нэг ёсондоо бие биенээ дэмжих, мэдээлэл солилцох том сүлжээг бий болгоно. Тэр сүлжээгээрээ одоо хаана ямар төсөл эхэлж байгаа болон, ямар хүмүүс хаана хэрэгтэй байгаа тухай мэдээллүүдийг авч болдог. Тэр мэдээллүүдээр дамжуулан бие биедээ тусалж ажил олох ч тохиолдол бий.

-Г.Галбадрах: Бас л анхаарууштай санаа байна. Энэ нь дэлхийн хэмжээнд мэргэжлийн сүлжээг үүсгэж байгаа боломж байх л даа. Нидерландын төслөө дуусгаад?
-А.Баярмаа: Нидерландын төслөө дуусгаад, Калифорнын ИС-ийн “Тээвэр болон газар төлөвлөлтийн нэгдсэн математик загварчлал” төсөл дээр ажиллахаар 2009 онд АНУ-д ирсэн. Үндсэндээ Калифорни мужийн газар болон тээврийн бодлогыг 2035 он хүртэл төлөвлөх том төсөл л дөө. Хуучин бол газрын төлөвлөлт, тээврийн төлөвлөлтөө тус тусад нь хийдэг байсан юм. Гэтэл эднийг салгах аргагүй цогц зүйл.
Уг төслийн газрын загвар дээр ажиллах болов. Өнгөрсөн хугацаанд тээврийн загвар хийж байсан болохоор газрын загвар миний хувьд дахиад л шинэ боломж нээсэн. Эрчим хүчнээс- тээвэр рүү-одоо болохоор газар төлөвлөлт гээд дахиад л “хөрвөх” хэрэгтэй болов. Газрын загварчлал нь хотын аль хэсэгт хичнээн өрх, хүн ам, хичнээн аж ахуйн нэгж байна гэдгийг салбар салбaраар нь гаргана. Гарсан үр дүн нь тээврийн загварчлал рүү өгөгдөл болон орno. Ингэснээр хотын газар болон тээвэр төлөвлөлт хоорондоо холбогдож, үр дүн нь оновчтой үнэн зөв гардаг.

-Г.Галбадрах:Судалгааны ажил тань улам л өргөжиж, илүү том хүрээг хамрах болжээ.
-А.Баярмаа: Тэгсэн. Энэ төсөл 2 жилийн хугацаатай. Төслөө дуусгаад АНУ-ын төрийн албанд ажилд орсон

…А.Баярмаа бид хоёр тохиролцсон цагтаа Лос-Анжелес хотын төвд байрлах түүний ажлын газарт уулзаж яриагаа үргэлжлүүллээ. Том танхимд жижиг жижиг кабинуудаар тусгаарлагдсан орчинд хүмүүс ажиллаж байв. Эргэн тойронд чив чимээгүй. Уг танхимын захдуу байх уулзалтын өрөөнүүдэд байн байн ажил хэргийн уулзалтууд болох аж. Маш олон төслүүд энд боловсрогдож байдаг болохоор багийн хэмжээний уулзалтууд бараг тасардаггүй гэнэ. Ажиллагсадын 7 хоногийн нэг өдөр “гэрээсээ ажилладаг” хуваарь нь, мөнөөх тээврийн бодлого, төлөвлөлтийн өөрсдөө мэдэрч болох үр дүн аж.

Зургаа. АНУ-ын ТӨРИЙН АЛБА

-Г.Галбадрах: АНУ-д Төрийн албанд ажилд ороход шалгуур өндөр үү?
-А.Баярмаа: Эдийн засгийн хямралын дараа төрийн албаны ажил маш өрсөлдөөнтэй болсон. Нэг орон тоон дээр дор хаяж 500 хүн өргөдөл гаргах жишээтэй. Мэдээж хүн болгон тогтвортой, найдвартай ажилтай байхыг хүсдэг. Ажилд ороход шаардлага өндөр, олон шат дамжлагатай. Хамгийн гол шалгуур нь мэдээж, эзэмшсэн боловсрол. Гэхдээ тухайн мэргэжлээрээ ажиллаж хуримтлуулсан туршлага, ажилласан төслүүд болон гаргасан амжилт, мэргэжлээрээ тухайн салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн байдал, багаар ажиллах чадвар зэргийг илүүд үзнэ. Мөн яагаад энэ ажилд орохыг хүссэн, цаашид өөрийгөө хөгжүүлэх төлөв зэргийг ч харгалзана. Ажлын шаардлагыг дутуу уншсан, өөрийн тодорхойлолтоо буруу бичсэн шалтгаанаар хасагдах тохиолдол зөндөө. Би олон жил багшилсан, судалгаа хийсэн, хичнээн бүтээлүүд хэвлүүлсэн байлаа ч, төрийн албанд тухайн хүний академик чадварыг бус тэр чиглэлээрээ ажилласан ажлын туршлагыг илүүтэй харж сонгодог юм байна л даа. Харин тэд миний Калифорни мужийн төлөвлөлтийн загварчлал төсөл дээр ажилласан туршлагад маш их ач холбогдол өгсөн. Тухайн төсөлд миний санал болгосон тооцооны аргачлал нь загварыг хялбарчилж, тооцооны бодолтын хугацааг багасгасан бодит үр дүнг үзүүлсэн, үүнийг нь бусад төрийн байгууллагууд хэрэглэж байсан нь илүү нөлөө үзүүлсэн байх.

-Г.Галбадрах: Мэдээж тухайн орон тоон дээр шаардлага хангах эсэх, мөн ажиллах чадварыг голчлон анхаардаг болов уу?
-А.Баярмаа: Ажилд орсон эхний жил бол “туршилтын хугацаа”. Энэ хугацаанд 3 сар тутамд ажлын чадвар болоод үр дүнг дүгнэдэг. Хэрэв энэ хугацаанд ажлын шаардлага хангахгүй нь нотлогдвол шууд л ажлаас нь халдаг. Ямар ч тайлбар хэлэхгүйгээр. Эхний жилээ амжилттай давбал жинхэнэ төрийн ажилтан болно гэсэн үг. Өөрөөр хэлбэл, өөрөө хүсэлт гаргахаас бусад тохиолдолд энэ ажлаасаа халагдахгүй.

-Г.Галбадрах: Хэрвээ тухайн хүн өөрийн мэдлэг болон авьяас чадвартаа эргэлзэхгүй байгаа бол Америкт боломж нь их байна гэдгийг л харуулж байнаа даа?
-А.Баярмаа: Америк бол боломжийн орон. Энд өөрийн мэдлэг чадвараа л маш сайн илэрхийлж, нотлох хэрэгтэй. Жишээ нь, миний Японд хамгаалсан Ph.D дипломыг АНУ-ын түвшинд харьцуулан тодорхойлохыг шаардсан. Дэлхийн бүх орнуудын ИС-иудын дипломыг АНУ-ын түвшинд харьцуулан тодорхойлдог байгууллага байдаг. Тэр байгууллагад 200 $ төлөөд, дипломоо явуулахад тэд харьцуулсан тодорхойлолтыг гаргаж өгдөг юм. Тэд миний Киотод хамгаалсан Ph.D дипломыг АНУ-ын түвшинд “адил” гэж тооцон тодорхойлолт гаргаж өгч байв. Тэгэхээр Монголд ч, Орост ч, эсвэл өөр оронд ИС -д суралцаж төгссөн дипломоо АНУ-д харьцуулан тооцуулж байх нь монголчууд бидэнд их хэрэгтэй юм. Тэгвэл заавал бүхнийг шинээр эхлэхгүйгээр, өөрийн мэргэжлээ үргэлжлүүлэн хөгжүүлээд явах боломж бий. Энэ нь АНУ-д суралцах хүсэлтэй залууст цаг болоод мөнгө хожих боломж нь юм.

-Г.Галбадрах: Төрийн албан хаагчдын цалин хангамжийг хэрхэн тооцдог юм бол?
-А.Баярмаа: Төрийн байгууллага бүр хатуу тогтсон цалин болон бусад хангамжийн \амь насны даатгал, гэр бүлийн эрүүл мэндийн даатгал, тээврийн зардал гэх мэт\ нэгдсэн системтэй. Төрийн албан хаагчдын цалинг нэмэх асуудлыг шат шатны хурлаар ярилцаж байж, хамтаараа шийднэ. Хамтаараа ингэж шийддэг болохоор төсөв “хөөсрөх” гэсэн муу үзэгдэл байхгүй. Учир нь тэд бүс нутгийн хэмжээн дэх боломжоо тооцож, судалгаан дээр үндэслэж, бодит байдлаа түшиглэдэг болохоор. Цалин нэмэх эх үүсвэрээ тэд эхэлж тооцдог гэсэн үг.

-Г.Галбадрах: Яг одоо өөрийнхөө ажиллаж байгаа ажлын чиглэл болон багтаамжийг танилцуулж болох уу?
-А.Баярмаа: Би одоо Калифорни мужийн өмнөд хэсгийн захиргаанд ажилладаг \Southern California Association of Governments\. Манай байгууллага нь АНУ-ын холбооноос шууд санхүүжиж, захиран зарцуулах эрх нь Калифорни мужийн өмнөд хэсэгт орших 196 хотын Консулын Төлөөлөгчдийн Хурлаар шийдвэрлэгдэж, хянагдаж явдаг. Бидний гол үүрэг бол Калифорни мужийн өмнөд хэсгийн ойрын болон хэтийн төлөвлөлт боловсруулах, Холбооноос хуваарилагдсан дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг ашигтай, зөв хуваарилан зарцуулах үүрэг юм. Калифорни мужийн өмнөд хэсэг нь эдийн засгийн эргэлтээрээ дэлхийд 17 д ордог гэхээр хэр том нь мэдрэгдэж байгаа биз. 18 сая хүн амьдардаг хэрнээ 14 сая тээврийн хэрэгслэлтэй. Би энэ байгууллагад “тээврийн төлөвлөлтийн хэсэг”-т тээврийн анализ, математик загвар зохион бүтээгчээр ажилладаг. Манай байгууллага 2009 онд тээврийн төлөвлөлтөө болосруулахдаа, уламжлалт аргаас миний өмнө дурдсан шинэ аргачлал рүү шилжүүлэх шийдвэр гаргасан бөгөөд 2016 оны төлөвлөлтөнд бүрэн хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа. Би энэхүү шинэ аргачлалыг боловсруулах төслийг удирдан хариуцдаг.

Долоо. ТЭЭВРИЙН БОДЛОГО ТӨЛӨВЛӨЛТ ОРЧИН ҮЕД

-Г.Галбадрах: Америкт тээврийн бодлого төлөвлөлт ямар зарчим болон шийдлээр явагддаг юм бэ?
-А.Баярмаа: Муж бүрийн эдийн засаг болон дэд бүтцийн хөгжил, тулгарч байгаа тээврийн асуудлууд өөр өөр болохоор тус тусдаа тээврийн бодлого, хуулиа боловсруулдаг. Үүнийг АНУ-ын Тээврийн Яамны тээврийн бодлого боловсруулах хэлтэс нь шалган нягталж, Конгресст илтгэнэ. Мужийн тээврийн газар нь тээврийн төлөвлөлтийн бодлогоо маш олон шатны нэгж байгууллагуудтай хамтарч боловсруулдаг. Жишээ нь: Манай Калифорни мужийн хувьд хамгийн доод засаг захиргааны нэгж нь “хот”. Хот бүр өөрийн тээвэр төлөвлөлтийн бодлогоо тухайн хотод үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, амьдарч байгаа өрх, хүн амын идэвхтэй оролцоотойгоор боловсруулж, хэд хэдэн хотыг нэгтгэсэн “County” буюу орон нутгийн тээврийн газарт хүргүүлнэ. Манай байгууллага нь Калифорни мужийн өмнөд хэсэгт орших зургаан County боловсруулсан тээврийн бодлогод үндэслэн бүс нутгийн тээврийн нэгдсэн бодлого боловсруулах үүрэгтэй. Боловсруулах , хэрэгжүүлэх явцууд нь бүх шатны оролцоотой, хоорондоо уялдаатай явагддаг гэсэн үг.

-Г.Галбадрах: Тулгамдаж байгаа гол асуудлууд нь?
-А.Баярмаа: Хаа газар тээврийн тулгамдсан нийтлэг асуудал нь “замын түгжрэл”. АНУ-д тээврийн түгжрэлийг бууруулахын тулд урт болон ойрын хугацааны төрөл бүрийн тээврийн бодлого хэрэгжүүлдэг. Урт хугацааны гол бодлогын нэг нь “газар төлөвлөлт”-өө өөрчлөх бодлого. Хотуудаа ерөнхийд нь тархсан байдлаар төлөвлөхөд, тухайн үедээ түгжрэлээ шийдэж чадсан юм шиг харагдах хэрнээ, олон жилийн дараа харахад дахиад л түгжрэл нь хэвээрээ байсан. Хол газарт тархсан хүмүүс дэлгүүр хэсэхийн тулд, эсвэл ажилдаа очихын тулд олон км замд машинаар давхих шаардлагатай болно. Мөн айл болгон дор хаяж нэг машинтай байх хэрэгтэй болсон гээд эдийн засаг болоод байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж байв. Одоогийн тээврийн бодлого нь аль болохоор авто тээврийн хэрэгслэлийн хэрэглээг багасгах чиглэл рүү хандаж байгаа, Мөн xотоо “холимог газар ашиглалт” загвараар төлөвлөх. Энэ нь дэлгүүр, төрийн үйлчилгээ, бизнесийн байгууллага болон бусад үйлчилгээний газруудыг хол тархан суурьшсан хүн ам руугаа ойртуулах бодлого юм. Ингэснээр хүмүүс хэрэгцээт газар руугаа заавал машинаар явах бус, дугуйгаар, эсвэл алхаж явах боломжтой болж байгаа юм. Тээврийн түгжрэлийг багасгах ойрын хугацааны буюу үр дүн нь харьцангүй богино хугацаанд илрэх бодлогод, нийтийн тээврийг дэмжих, ажлын цагийн уян хатан системийг нэвтрүүлэх, цахилгаанаар цэнэглэдэг машин авсан тохиолдолд татварын хөнгөлөлт үзүүлэх гэх мэт.

-Г.Галбадрах: Тээврийн бодлого төлөвлөлтөө ямар хугацаагаар тооцдог юм бол?
-А.Баярмаа: Тээврийн ойрын төлөвлөлтөө 4 жилд нэг удаа, хэтийн төлөвлөлтөө 10-15 жилээр тооцож хийдэг. Тээврийн талаар авч хэрэгжүүлэх бүх бодлогыг математик загварчлалаар тест хийж, ямар бодлого нь илүү үр дүнтэйг харьцуулан дүгнэлт хийхээс гадна тухайн бодлогын үр дүн нь 5, 10, 15 жилийн дараа ямар байх ерөнхий чигийг нь мэдэх боломжтой.

-Г.Галбадрах: Мэдээж монгол бүсгүй АНУ-ын том мужийн захиргаанд, судалгааны мэргэжлийн чиглэлээрээ ажиллаж байгаа нь сайхан санагдаж байна. Монголын тээврийн бодлого, төлөвлөлтийн талаар анзаарч бодож байгаа байх.
-А.Баярмаа: Нэн түрүүнд манайд хэрэгцээтэй байгаа тээврийн систем, түгжрэл буюу тээврийн хөдөлгөөнийг удирдах, нийтийн тээвэр, ачаа тээвэр гэх мэт чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх шаардлагатай. Саяхан Вашингтон ДС хотод зохиогдсон олон улсын хурлын үеэр Япон, Хятад, Европын Их Сургуулиудаас ирсэн тээврийн чиглэлийн профессоруудтай уулзаж ярилцсан. Бүгд тээврийн чиглэлээр судалгаа хийдэг болохоор бид байнгын холбоотой байдаг юм. Киотогийн ИС-ийн тээврийн салбар нь англи хэл дээр бакалавр зэргийн сургалт явуулж эхэлсэн гэнэ. Өөрөө хэлбэл заавал япон хэл шаардахгүй гэсэн үг. Мөн Хирошимагийн ИС-ийн профессор, зүүн хойд Азийн орнуудын тээврийн судалгааг удирддаг гэсэн. Миний хувьд аль улсын аль сургуульд тээврийн ямар чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг, аль нь тэр чиглэлдээ олон улсад танигдсан тухай сайн мэднэ. Жишээ нь: Киотогийн ИС гэхэд ITS буюу ухаалаг тээврийн систем, нийтийн тээврийн чиглэлээр Япондоо төдийгүй олон улсад танигдсан байдаг.

Мөн хуралд оролцох үеэрээ “Хөгжиж буй орны тээврийн систем” нэртэй ажлын хэсгийн хурлыг сонирхох боломж олдсон юм. Хуралд хөгжиж буй орнуудад төсөл хэрэгжүүлдэг “Дэлхийн банк”, мөн оролцогч орнуудын тээврийн газрын төлөөлөл, тээврийн бодлого боловсруулагч нар оролцож байсан. Өнгөрсөн уулзалтаас хойш ямар бодлого төсөл хэрэгжүүлсэн, хэр амжилттай болсон, ямар бэрхшээл байсан гээд тайлангаа тавьж, харилцан хэлэлцэж байв. Бүгд л манай орон шиг адил асуудлуудтай, агаарын бохирдол, замын түгжрэл, тээврийн бодлогогүй гээд. Олон улсын хэмжээнд тээврийн чиглэлээр болж байгаа хурал зөвлөлөгөөн, сургалтуудад Монголын судлаачид, мэргэжилтнүүдийг оролцуулж байгаасай гэж хүсч байна.

-Г.Галбадрах: Монголд маань тээврийн нэгдсэн бодлого, систем байгаа болов уу?
-А.Баярмаа: Манайд тээврийн нэгдсэн бодлого систем байхгүй байна. Авто замын газар, Нийтийн тээврийн газар, Автобус компаниуд гээд тус тусдаа бодлого төлөвлөгөөтэй, тэдгээр нь хоорондоо харилцан уялдаагүй байдаг. Олон улсын тээврийн төлөвлөлтөнд 1950 оноос хэрэгжиж ирсэн 4 шаттай аргачлал одоо ч манайд нэвтрээгүй байгаа гээд бодохоор, манай тээврийн салбар ямар хугацаагаар хоцорч яваа нь ойлгомжтой. Юуны түрүүнд тээврийн бодлого төлөвлөлтөө хийх , өөрийн орны нөхцөлд тохирсон аргачлалтай болох нь чухал. Математик загварчлал дээр тулгуурласан арга хамгийн оновчтой. Загварчлалыг зөвхөн тээврийн төлөвлөлт хийхэд ашиглаад зогсохгүй, тээврийн бодлого боловсруулах болон өөр бусад инженерийн тооцонд ч хэрэглэдэг. Жишээ нь: Замынхаа ачааллыг тооцох, хотын аль хэсэгт хэдэн эгнээтэй зам барих гэж мэт. Мэдээж энэ чиглэлд мэргэжлийн зөвлөлгөө өгөх, өөрийн мэдлэг чадвараараа дэмжиж туслах хүсэл надад бий.

abayarmaa3

Найм. НАМАЙГ ДАГАЖ “НҮҮДЭЛЧИН” АМЬДРАЛААР АМЬДАРСАН ӨӨРИЙН ГЭР БҮЛДЭЭ ХАЙРТАЙ

-Г.Галбадрах: Гэр бүлийнхээ талаар танилцуулж болох уу?
-А.Баярмаа: Нөхрийг минь Ганзориг гэдэг, миний найдвартай “ар тал”. Амаргүй бөгөөд хүнд хэцүү, шантрах үе болгонд намайг байнга дэмжиж урам хайрладаг. Бид хоёр 3 охинтой. Охид маань ч гэсэн надаас дутахгүй. Япон, Нидерланд, одоо Америк гээд тэс өөр хэл, соёлтой орнуудад өөрсдийн өмнө тулгарч байсан амаргүй бүхнийг амжилттай давж гарч байсан. Энэ олон жил намайг дагаж, “нүүдэлчин” амьдарлаар амьдарсан энэ гэр бүлдээ би маш их хайртай, эд бол миний амьдралын утга учир. Том охин Номин маань анх Монголоос гарахдаа 12 настай байсан, одоо коллежийн оюутан болсон. Дунд охин Ану, энэ жил ахлах сургуулиа төгсч байгаа. Дэлхийн топ сургуульд компьютерийн чиглэлээр сурах эрхээ авсан. Мэдээж энэ бол аав ээждээ барьж байгаа хамгийн том бэлэг. Бага охин Саян, Нидерландад төрсөн. Энэ жил сургуульд орно. Манай гэрийн хамгийн завгүй хүн дээ. Ажлын 5 өдөр preschool-доо яваад, амралтын өдрүүдээр төгөлдөр хуур болон усанд сэлэлтээр хичээллэдэг.

-Г.Галбадрах: Том охиныхоо тухай ярьж болох уу?
-А.Баярмаа: Охин маань төрөөд вакцин хийлгэснээс цагийн дараа маш хүчтэй таталт өгсөн л дөө. Эмч нар эхэндээ “вакцины харшил” гэж оношилж байсан боловч таталт ер зогсохгүй байлаа. Яваагүй эмнэлэг, очоогүй бариач гэж бараг байхгүй дээ. Хүчтэй эм тариа байнга хийлгэсээр сүүлдээ гадна орчинтой харилцаагүй болсон. Эх нялхасын эмнэлэг рүү онош тодруулахаар очих үед охин минь хараагүй, сонсголгүй болсон байлаа. Их ч хэцүү байсан. Таталтыг нь зогсоох эмчилгээ хийлгэсэнээр аажмаар сонсгол хараа нь сайжирсан боловч таталт нь үргэлжилсээр байв. Хүүхэд өвдөх шиг хэцүү юм гэр бүлд байхгүй гэдгийг тэр үед л мэдэрсэн дээ. Эмээ өвөө нар нь бид нараас илүүтэй охинд минь санаа зовж, асарч байв. Аав ээж нар минь байхгүй байсан бол яаж энэ хүнд үеийг давж гарах байсныг одоо ч хэлж мэдэхгүй. Тэд нартаа байнга баярлаж, талархаж явдаг.

-Г.Галбадрах: Гэр бүлд өвчин зовлон тохиолдоно гэдэг амаргүй. Та нарыг энэ охиныхоо төлөө маш их зүйл хийж чадсаныг тань хараад бахархаж байна.
-А.Баярмаа: Бид охиныхоо төлөө бүхнээ зориулж, эмчилгээний боломж гарц хайсаар л байсан. Монголд байхад охиныг минь “ямар ч эмчилгээгүй” гэж үзэж байв. “Яваандаа хараа сонсголгүй болно” гэдэг үгийг л эмч бүрээс сонсч байв. Японд очоод онош нь тодорч эмчилгээ эхэлж, сургуульд эрүүл хүүхдүүдийн адилаар л явах боломжтой болсон. Ер нь өндөр хөгжилтэй орнуудад хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг “хүн” гэдэг талаас нь анхаарч, аль болохоор бусад эрүүл хүүхдүүдийн хэмжээнд байлгахыг хичээдэг нь анзаарагддаг. Одоо хэр охин минь эмний хүчээр л амьдарч байгаа. Таталт нь 90% багассан. Бидний Монголдоо очиж ажиллаж, амьдарч чадахгүй байгаа нэг шалтгаан нь охины минь эрүүл мэнд. Нэгэнт өдий зэрэгтэй болсон болохоор бид энэ түвшинд нь байлгахыг хичээж байгаа.

-Г.Галбадрах: Монголд маань ийм төрлийн өвчтэй хүмүүс цөөнгүй л байгаа.
-А.Баярмаа: Сурахынхаа хажуугаар охиндоо сайн эмч, эмчилгээ олохын төлөө байнга явдаг байсан. Орчин үеийн мэдээллийн техник, технологийн хөгжил нь АУ-нд нөлөөлж шинэ шинэ эмчилгээний аргууд гарч байна. Ийм төрлийн өвчтэй хүүхдүүдтэй хүмүүс бидэнд хандвал, бид өөрсдийн мэдлэг туршлагаа хуваалцаж, боломжоороо тусалж дэмжихийг хичээх болноо.

-Г.Галбадрах: Сайхан сэтгэл байна. Мэдээж монголчууд бид өвдөж зовсон нэгэндээ сэтгэлээрээ тус дэм болж жаргал, зовлонгоо хуваалцаж байвал их буян болох сон.
-А.Баярмаа: Тэгэлгүй яахав. Заавал өвдөж зовсон гэлтгүй, эрүүл саруул хүүхдүүдийнхээ ирээдүйн төлөө ч их санаа тавьж анхаарч байхыг цаг үе биднээс шаардах болжээ. Тэр тусмаа гадаадад ажиллаж амьдарч байгаа монголчууд маань хүүхдүүдээ “сургуульд л явж байвал боллоо” гэж бодох нь бий. Гэтэл тэдний өмнө хамтдаа шийдэх маш олон асуудлууд гарч байдаг. Сургуулиа яаж сонгох вэ? Хичээлүүдээ яаж сонгох вэ? Сургууль болон багш нартай нь яаж хамтран ажиллах вэ? гэхчилэн. Тэр болгонд хүүхдүүдтэйгээ хамтдаа ярилцаж ойлголцон, зөвөөр шийдэж байхгүй бол нэг л мэдэхэд хүүхэд хохирч үлдэнэ. Америкийн сургуулиуд бага түвшиндээ “амархан” юм шиг санагдах боловч анги ахих тусмаа аажим аажмаар “хүндэрч”, ахлах сургуулийн түвшиндээ эрс ялгаатай болгосон байдаг.

-Г.Галбадрах: Тийм ээ, энэ яриатай тань санал нийлж байна. Нэг биш хүмүүстэй ярилцаж байхад “хүүхдийнхээ сургуулийг сонгоно гэдэг л хамгийн амаргүй асуудал байдаг юм” гэж ярьж байхыг сонссон.
-А.Баярмаа: Бид Лос-Анжелест ирээд хүүхдүүдийнхээ сургуулийг олох гэж хоёр долоо хоног шахуу судалж, явж үзсэн. Америкт бол сургуулиудаа зэрэглэсэн байдаг. “Миний ажлаас 30 минут явах радиусын газарт бидний сонгосон зэрэглэлийн хэдэн сургуулиуд байна” гээд жагсаалт гаргасан. Сонгосон сургууль бүр дээр нь очиж үзнэ, удирдлагуудтай нь уулзаж ярилцана. Зарим нь сайн сургууль байсан боловч охины минь авах гэж хүссэн анги нь байхгүй, эсвэл дүүрчихсэн байх жишээтэй. Тэгж сонголтоо хийсний дараа тэр орчинд амьдрах байраа хайна. Сайн сургуулиудын орчимд байр нь үнэ ихтэй байх нь ер нь нийтлэг үзэгдэл шүү.

-Г.Галбадрах: Сургуулиа сонгохоос гадна, сургууль багш нартай нь хамтран ажиллах нь их чухал асуудал юм шиг?
-А.Баярмаа: Дараагийн жилийн хичээлийн жагсаалт нь хавар, гэрийн шуудангаар ирдэг. Жагсаалт ирэхэд нь хүүхэдтэйгээ хамт сууж ярилцаад “энэ жил энэ хичээлүүдээ авья, дараа жил ийм хичээлүүдээ авья” гэхчилэн сонголтоо хийнэ. Хэрэв шаардлагатай гэж үзвэл зуны хөтөлбрөөс сонголт хийж болно. Гэхдээ зуны хөтөлбөр нь ихэнх тохиолдолд төлбөртэй. Хэрэв зөвхөн үндсэн хичээлдээ суугаад яваад байх юм бол хүүхэд илүү мэдлэг авч хөгжиж чадахгүй л дээ. Америк эцэг эхчүүд хүүхдүүддээ “after school program” буюу хичээлийн дараах ямар нэгэн нэмэлт сургуульд хамруулах буюу эсвэл хувийн багш авч өгдөг. Хүүхдийнхээ сонирхол, авьяас дээр тулгуурлан нэмэлт болгон авч байгаа сонголтууд л илүү сайнаар хөгжүүлэх боломжтой юм билээ. Ялангуяа энэ нь бага болон дунд сургуулийн хүүхдүүдэд илүү үр дүнтэй юм шиг санагддаг. Ингэснээр хүүхдүүд өөрийн сурах арга барилаа олоод, өөрсдөө биеэ даагаад хичээллээд явчихна.

-Г.Галбадрах: Хүүхдүүтэйгээ илэн далангүй ярилцаж, хамтдаа асуудлаа шийдэж байх хэрэгтэй гэдэг тань чухал санаа юм.
-А.Баярмаа: Бас нэг жишээ хэлэхэд, коллежид өргөдөл гаргахад сурч буй сургуулийн тодорхойлолт хэрэг болдог. Гэтэл counselor буюу зөвлөх багш нь тэр болгон хүүхдүүдийг мэдэхгүй шүү дээ. Харин сургууль дээрээ өөрийнхөө хичээл болон сурах асуудалдаа байнга санаа тавьж, уулзаж санал солилцож, зөвлөлгөө авч байсан хүүхдүүдээ бол тэд сайн мэднэ. Зөвлөх багш нь тэдгээр сургуулиуд руу тодрхойлолт бичихийн тулд ээж ааваар нь бөглүүлэх шаардлагатай маягт өгдөг юм. Тэр маягтад хайнга хандаж ер болохгүй. Бид нар тийм зүйлд заримдаа тэгтлээ ач холбогдол өгдөггүй муу талтай. Гэтэл зөвлөх багш нь захиа бичихдээ тэр бөглөсөн маягтыг хувилаад ерөнхий тодорхойлолт гаргаад явуулдаг. Тэгэхээр эцэг эхчүүд энэ маягтад маш их ач холбогдол өгч, энэ маягтыг бөглөхдөө л хүүхдийнхээ талаар маш сайн тодорхойлж, гаргаж өгөх хэрэгтэй. Би зөвхөн тэр маягт дээр гэхэд 4 өдөр ажилласан. Энэ мэтчилэн заавал анхаарч байх ёстой олон асуудлууд байдаг. Энэ болгонд анхаарч, зөв шийдэж байвал бид өөрсдийн хүүхдүүдийнхээ ирээдүйд том тус болж байгаа хэрэг юм даа.

-Г.Галбадрах: Уулзаж ярилцахад сайхан байлаа. Гэр бүл гэдэг амьдралын хамгийн үнэт зүйл. Бие биенээ дэмжиж, хамтаараа амжилтад хүрч байгааг харж мэдрэх сайхан байна. Монгол бүсгүй өөрийн мэдлэг чадвараараа дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөж, үнэлэгдэж явааг хараад бахархаж байна. Танд болон таны сайхан гэр бүлд тань хамгийн сайн сайхан бүхнийг ерөөе.
-А.Баярмаа: Танд ч бас их баярлалаа, сайхан ярилцаж суусанд. Ер нь хүн өөрт нь олдож байгаа боломжуудаа бүрэн дүүрэн ашиглаж чадаж байвал заавал амжилтад хүрдэг. Харин үүний тулд маш их тэвчээртэй, уйгагүй, шантралгүй хичээж зүтгэх хэрэгтэй болдог. Боломжгүй, гарцгүй зүйл гэж бараг үгүй. Өөрөө хичээгээд олж харах юм бол хаана ч боломжууд байж л байгаа. Энэ ярилцлагыг уншиж байгаа бүх хүмүүстээ амжилт хүсье.

…А.Баярмаагийн яриаг сонсож суухдаа би маш олон зүйлийг ойлгосон. Бас түүгээр бахархаж байв. Өдгөө Монголын минь хөгжилд амин хэрэгцээ болж байгаа “Хот төлөвлөлт”, “Газар төлөвлөлт”, “Тээврийн төлөвлөлт” зэрэг асуудлууд олон улс болон дэлхийн хэмжээнд хэрхэн явагдаж, хөгжиж байгааг харьцуулан анзаарсан. Бид Монголын хөгжлийн загвар болон бодлого, төлөвлөлтөө гадаадын мэргэжилтнүүдээр “өндөр үнэ” төлж хийлгэдэг базаахгүй зуршилтай. “Үлдэх хүнээр ачаа бүү татуул” гэж өвөгчүүд минь захисан сан. Өнөөдөр дэлхийн хэмжээнд үнэлэгдэх олон монгол залуус гарч ирж байна. “Тээврийн бодлого төлөвлөлтийн математик загварчлалын арга” -аараа олон улсын нэр хүндтэй сэтгүүлийн “Шилдэг бүтээл”-ийн шагналыг хүртсэн А.Баярмаа тэдний нэг. Хэрэв боломж олговол, тэрээр Монголын “тээврийн бодлого төлөвлөлтийн математик загварчлал”-ыг хийхэд тусалж, оролцох хүсэлтэй. Үүнийг мэдэрч ойлгоосой гэсэн хүсэл маань энэ ярилцлагыг жаахан “нуршуу” болгосон байх. Гэхдээ хуурай магтаалаас санаа нь илүү чухал байх буйз.

Aug 30

Хөрөнгийн зах зээл тоглогч монгол залуу

By gala-admin | ЯРИЛЦЛАГУУД

Дарьсүрэнгийн Баатархүү \цуврал ярилцлага-12\

…Хүмүүс казино их тоглодог. Тэр болгоны ард аз эз тэрсэлдэж, баяр харамсал сүлэлдэж байдаг. Дэлхийн “хөрөнгийн зах зээл” хэмээх том ертөнцөд өөрийн гэсэн орон зайгаа Mr.Wowza  нэрээр бий болгож, одоо хэр нь амжилттай яваа Д.Баатархүүтэй, түүний амьдардаг Чикаго хотод уулзаж ярилцсан юм. “Казино шиг” хэмээн төсөөлж асан энэ ертөнцийн тухай, түүний ажлын өрөөнд болон гэртээ угсарсан 6 дэлгэц бүхий студид нь бүх л “онол”-ыг тайлбарлуулан байж бага зэрэг төсөөлөл авлаа. Энэ ертөнцийн үндсэн хэл болох чарт /үнийн өсөлт бууралтын график/ дээр түүний ярьсан болгоныг баталгаажуулж, хэрдээ “шалгасан” юм. Түүний туулж өнгөрүүлсэн 6 жил нь, энэ ертөнцөд монгол хүний чадавхи, тэвчээр, уйгагүй зүтгэл, алив зүйлийг хурдан мэдрэх мэдрэмжийн нотолгоо аж. Түүнтэй ярилцсан ярилцлагаа уншигч танд толилуулж байна.

Нэг. Энэ бүхний эхлэл.

-Г.Галбадрах: Ингэхэд хаана сургууль төгссөн юм бэ?
-Д.Баатархүү:1994 онд 31-р сургуульд 10-р анги төгссөн. Хожим нь ТТГ \Тангуулын Төв Газар\-ын  дээд сургуульд орсон юм. Гэхдээ сургуулиа төгсөөгүй ээ. Аав минь Д. Дарьсүрэн  гэж Ж.Батмөнх даргын комиссараас эхлээд ТТГ-н Тамгийн Хэлтсийн даргын албыг хашиж явсан  хүн байдаг. Ээж минь Х. Даваацэрэн гэж цагдаагийн албанд, тэр дундаа Баянгол дүүргийн ЦГ-т “Хүүхдийн алба”-нд ажиллаж байсан, ахмад цолтой хүн. Тийм болохоор  миний багын хүмүүжил маань “эх оронч”, “үнэнч шударга”  гэдэг тодотголтой.

-Г.Галбадрах: Иймэрхүү тодотголтой, үзэл бодолтой хүмүүс тэр болгонтой таарч тохирохгүй байх үе бий.

-Д.Баатархүү: 1999 оны  нийгмийн ороо бусгаа цаг үед гадаад руу гарахаар шийдсэн. Жигтэйхэн олон хүнийг уурлуулж, гомдоогоод Англи улс руу одов. Англид бусдын адил ажиллаж амьдарч байгаад  Монголдоо буцаж ирлээ. Буцаж ирээд аятайхан амьдрахаар оролдсон л доо. Даанч санаагаар болоогүй. Ямар ч ажил хөөцөлдсөн заавал хэн нэгний “гарыг хүндрүүлэх” хэрэгтэй болдог. Шударгаар хөдөлмөрлөж, зовж байж олсон мөнгөө бусдад “гарын үсэг” ний төлөө зүгээр л өгчих хэцүү.

-Г.Галбадрах: Ийм тайлбарыг олон ч хүмүүс хэлдэг. Нэгэнт тэд өөрсдөө нийгэмд өөрчлөлт хийж чадахгүй болохоор, нөгөө л хүсээд байгаа тааламжтай орчин руугаа тэмүүлэх нь бас бий.

-Д.Баатархүү: Зүгээр тэгээд амьдрах боломж байсан уу? гэвэл байсан. Угаасаа багаасаа шударга гэр бүл, орчинд өсчихсөн, дээрээс нь Англид хэдэн жил болохдоо ардчилал, шударга ёс, авилгалгүй нийгмийн бүтцийг мэдэрчихсэн болохоор “ингэж амьдарч болохгүй” гэдэг бодол сэтгэл дотор суучихсан. Бидэнд гол нь шударга өрсөлдөөн, дээрээс нь өөрийгөө хөгжүүлэх боломж нь гадаад руу “чангаагаад” байсан юм шүү дээ. Тэгээд Америк руу гарахаар шийдсэн. Тэгээд 2005 онд Америкт ирэв.

-Г.Галбадрах: Америкт ирээд?

-Д.Баатархүү: Америкт ирээд бусад монголчуудынхаа адилаар өндөр настай хүн асардаг ажил хийж, дараа нь цэвэрлэгээний бизнес  эрхэлж байв. Тэр үед ах эгч 2 маань Флоридад цэвэрлэгээний бизнес эхэлчихсэн байсан юм.  Түүнийг нь авч ажиллуулсан. Гэхдээ хямрал эхэлчихсэн үед амаргүй байлаа. Бизнесээ орхиод Чикагод ирж эхнэртэйгээ танилцаад, хамт амьдарч эхэлсэн.

-Г.Галбадрах: Хөрөнгийн зах зээлийн талаар хэдийнээс сонирхож эхэлсэн юм бэ?

-Д.Баатархүү: Stock market -ийг бол би Англид байхаасаа л  сонирхож байсан ч хэлний гачигдлаас болоод больсон. Ж.Сорс, Лондонгийн хөрөнгийн биржээс хормын төдийд хэдэн арван сая доллар босгон нэр хүндтэй болж, буяны маш олон байгууллагуудыг үүсгэж байсан түүхийг сонсож байсан болохоор түүнээс санаа авч , мөрөөдөж байсан л даа. Тэр үед stock market гэдэг дэндүү хол, их л хэцүү юм шиг санагдаж байв. Тийм юм байдаг гэдэг төсөөлөлтэй, гэхдээ хүрч чадахгүй, боломжгүй юм шиг л бодно.

-Г.Галбадрах: Би одоо ч энэ талаар их холын төсөөлөлтэй байна л даа. Их хол санагдаж байгаа зүйл рүүгээ хүмүүс тэр болгон тэмүүлдэггүй.

-Д.Баатархүү: 2007 оны төгсгөлөөр үүнийг илүү сайн судалж, ажил хэрэг болгохоор шийдсэн. Тэр үед эхнэр минь жирэмсэн, хүн асрах ажил хийгээд 2 талдаа цаг наргүй, мөнгөний төлөө ажиллах амаргүй байснаас энэ тухай бодож эхэлсэн. Хамгийн гол нь гэр бүлээрээ хамтдаа ажиллаж амьдрах хүсэл маань илүү нөлөөлөв. Мэдээж ингэж цаг наргүй бусдын эрхшээл дор ажиллаж байгаа нь ч надад таалагдаагүй.  Тэгээд хөрөнгийн зах зээл дээр тоглож эхлэв. Эхний үед учраа олохгүй, таамаг төдий байсан болохоор ихэнхдээ алдсан даа.  Ер нь байгаа бүхнээ алдсан.

-Г.Галбадрах: Алдаа тань амьдралын хүнд байдалд оруулж дээ?

-Д.Баатархүү: Их хүнд байдалд орсон. Мөнгө юу ч үгүй шахам болсон. Эхнэр минь амаржих гэж байхад дансандаа 500 $ -той, байрны түрээсээ төлөхийн тулд бусдаас мөнгө зээлэх гэж царайчилж явсан үе бий. Америк чинь өөрөө л өөрийгөө авч явж чадахгүй бол өрөвдөхгүй хатуу нийгэм. Тэгээд хажуугийн жижиг хот болох Рокхфорд руу нүүв. Чикагод байрны түрээс дунджаар 700-800 $ байхад Рокхфордод 400 $ орчим. Эхнэр минь төрж, бид хүүтэй боллоо.  Монголд байгаа ах дүү найз нөхдөөсөө хэдэн $ аваад, 2 жил хэнтэй ч уулзалгүй  өрөөнийхөө буланд “ажилласан”. Амралтын өдрүүд байхгүйгээр өдөрт 15-16 цаг яг компьютерийн ард сууна. Лам хүнээр ярих юм бол “гэгээрэл олох гэж бясалгал хийж байгаа” мэт.

Хоёр. WOWZA stock-ийн түүх

-Г.Галбадрах: Гол зорилго тань юу байсан юм бол?

-Д.Баатархүү: Гол зорилго нь хөрөнгийн зах зээлийн учрыг л олох явдал байв. Эхлээд Penny stock буюу “задгай мөнгөний хувьцаа”ны арилжааг судалсан. Энэ нь бага мөнгөтэй хүнд боломжтой, эргэлт сайтай. Бараг жилийн дараа Wowza stock traiding groupp -ийнхээ суурийг тавилаа. Твиттер дээр ихэвчлэн үйл ажиллагаагаа явуулна. Эхлээд энэ ертөнцөд гарч ирэх амаргүй байсан. “Японы  арилжааны групп орж ирлээ” гэдэг шуугианыг твиттер дээр  тавиад, 2 минут тутамд тасралтгүй давтаж, твиттерийг бараг л гацаасан даа. Бараг 3 шөнө дараалан ингэж ажиллаж байж анх 10 гаруй хүнийг дагуулж байв.

-Г.Галбадрах: Яагаад заавал япон нэршлийг сонгосон юм бэ?

-Д.Баатархүү: Хөрөнгийн зах зээл дээр япончууд хүчтэй тоглогчид. “Монгол” гэхээр хүмүүс тэгтлээ анхаарахгүй байх байсан. Бусдын анхаарлыг татахын тулд хэрэглэсэн арга. Гэхдээ өөрийн гэсэн байр суурьтай болох үедээ япон гэдгээсээ татгалзах болов. Анх хүмүүс сонирхоход нь япон аавтай, монгол ээжтэй гэж танилцуулж байв. Гэтэл япончууд орж ирээд японоор ярихад нь “уучлаарай, би энд өссөн болохоор япон хэлээр ярьж чаддаггүй юм аа” гэж учирлах.  Гэхдээ энэ алхам минь намайг энэ ертөнцөд хөлөө олоход минь тусалсан  даа. Аажимдаа эргээд”монгол хүн” болж хувирсан. Монгол хүн, монгол морь хоёр хэзээ ч хүний нутагт “ясаа тавьдаггүй” гэдэгчлэн “монгол хүн” гэдэг нэршил маань надад эрхэм зүйл байв.

-Г.Галбадрах: Тийм ээ, би үүнтэй тань санал нэг байна. Ямартай ч анхны тавьж байсан зорилгодоо хүрч эхэлжээ.

-Д.Баатархүү: Өнөөдөр Wowzastock trading group маань энэ том зах зээл дээр үндсэндээ байр сууриа олж, одоогоор  5000 орчим гишүүдтэй болж амжлаа. Penny Stock буюу Задгай Мөнгөний зах зээл дээр өөрийн гэсэн байр суурьтай болж, бусдад тодорхой хэмжээгээр “танил” болж байна. АНУ-н Задгай Мөнгөний зах зээлд өдөрт 500 саяас 1 тэрбум гаруй долларын эргэлт явагдаж байдаг. Зах Зээл гэхээр зарим хүмүүст ойлгомжгүй байж болох юм. Энэ нь хувьцааны арилжаа гэсэн үг, гол ялгаа нь энэ зах зээл дээр арилжаалагддаг хувьцаанууд нь хямдхан  дээр нь арилжаа  зөвхөн онлайнаар буюу интернетээр хийгддэгээрээ ялгаатай юм.

-Г.Галбадрах: Гэтэл монголчууд бид энэ талаар төдийлэн мэдэхгүй байдаг. Энэ талаарх мэдээллүүдийг тань хаанаас олж үзэж болох вэ?

-Д.Баатархүү:  InvestorsHub – NYSE, NASDAQ, AMEX, OTCBB, Pink Sheet Stock … нь дэлхийн хамгийн том веб сайт. Энд хөрөнгө оруулагчид болон хувьцаатай холбоотой хүмүүс цуглаж, мэдээлэл солилцож арилжаа хийдэг орон зай. Энэ орон зайд мөнгөний төлөөх хүмүүсийн муу муухай, сайн сайхан авир бүхнийг мэдэрч болно. Албан ёсны 417 000 орчим гишүүдтэй энэ вэб сайтад өдөрт дунджаар гишүүн бус сая орчим хүмүүс орж сонирхдог. 13 жилийн түүхтэй энэ вэб сайтаар дамжаагүй арилжаачин бараг байхгүй дээ.  АНУ-н  Үнэт цаасны зах зээл дээр арилжаалагдаж буй ихэнх хувьцааны талаарх бүрэн мэдээллийг энэхүү вэб сайтнаас олж авах боломжтой юм .  Хувьцаат  компани  бүхэнд зориулсан,  хувьцаа эзэмшигчид нь цуглаж мэдээллээ солилцож байдаг тусгай өрөөнүүдтэй /форум/ байдаг .  Хөрөнгийн биржийн арилжаатай холбоотой хэрүүл уруул, сайхан муухай юм болгон энд дүүрэн. Нийтдээ хувь хүмүүсийн болон компаниудын 21 700 өрөө бий. Түүнээс гадна энэ веб сайт 400 000 гаруй гишүүдээ чансаагаар нь жагсаадаг юм. Чансаа гэдэг нь хичнээн хүнийг араасаа дагуулж байна, тэр хүнийг хичнээн хүн дэмждэг вэ? гэдэг үзүүлэлт юм.  Би энд анх Mr.Wowza  гэдэг нэрээр элссэн. Тэгвэл өнөөдөр Mr. Wowza чансаагаараа 29 дээр бичигдэж байгаа.

-Г.Галбадрах: Энэ үзүүлэлт тань сайхан санагдаж байна?

-Д.Баатархүү: Чансаагаараа үнэлэгдсэн эхний 50 хүн энэ веб сайтын most followed members гэсэн нүүрэнд байрладаг. Зөвхөн гишүүдийн жагсаалтад орохын тулд 1936 гэсэн дугаар авч, араасаа 50 хүн дагуулж байж тухайн гишүүний нэр анх удаа сайтад бичигдэнэ. Яг цагаа тулахад 50 хүн араасаа дагуулна гэдэг  амаргүй. Учир нь эдгээр хүмүүс нь мөнгөө барьсан жинхэнэ наймаачид байдаг тул. Нэг хүн дунджаар 2000 $ -оор арилжаа хийнэ гээд тооцохоор, энэ 50 хүн ойролцоогоор 100 000 орчим $-ыг энэ сайтруу татаж байна гэсэн үг. Гэтэл Mr.Wowza өөрийн гэсэн 1300 орчим дагагчтай болсноор ингэж үнэлэгдэж байгаа хэрэг.

-Г.Галбадрах: Хэзээнээс энд бүртгэлтэй болсон юм бэ?

-Д.Баатархүү: Би энэ вэбсайтад одоогоос 4 жилийн өмнө 2009 онд орсон. Харин твиттерт бол Wowza stock нэрээр 2007 оны сүүлээр орж, өөрийн блогоо нээж байв. Гишүүдтэйгээ э-майлаар холбогдож, мэдээллээ цацна. Бидний явуулж байсан мэдээлэл, тоглолтуудын түүх бүгд энд бичигдэж үлдсэн байгаа. Миний тухай бүх л мэдээллийг эндээс авч болно. Энд нуух хаах, худал үнэн ярих хэрэг ер байхгүй.

-Г.Галбадрах: Wowza stock  тань хэрхэн ажилладаг юм бэ?

-Д.Баатархүү: Wowza stock маань үндсэндээ 2 чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Нэг хэсэг нь намайг, нөгөө хэсэг нь Wowza группээ дагасан чиглэлтэй. Wowza группээ твиттер дээр байгуулсан болохоор тэнд үндсэн дагагч болох 3000 орчим гишүүд байрлаж, үлдсэн 2000 орчим нь бусад сайтууд дээр байрлаж байдаг юм. Хэдийгээр 2 салангид мэт боловч, үндсэндээ Wowza stock дээрээ бүх үйл ажиллагаа нь төвлөрнө.

-Г.Галбадрах: Чамд итгэж, ийм олон хүн дагаж байгаа нь, чиний энэ ертөнц дахь орон зайн тань үнэлэмж юм уу даа?

-Д.Баатархүү: Хэн нэгэнд итгэж, түүнийг дагаж арилжаанд орно гэдэг амаргүй сонголт. Хэдийгээр тэр хүмүүс өөрсдөө сонгож байгаа ч надад итгэж, намайг дагаж байгаа болохоор би тэр хүмүүсийн итгэлийг алдаж, урмыг нь хугалж болохгүй. Энэ олон жил намайг дагаж, хамтдаа энэ их замыг туулж байгаа wowza stock группийнхээ хүмүүст би дандаа талархаж явдаг. Намайг хүнд хэцүү үед ядарч байхад тэд л надад тусалж дэмжиж байв. Би ганцаараа мундаг гээд юу шалих билээ. Энэ олон тоглолтуудын амжилт бол бидний хамтын ажиллагааны сайн үр дүн. Тоглолт бүрийн дараа бид хоорондоо холбогдож, алдаа оноогоо ярилцдаг болохоор, бид ямагт бие биенээсээ л суралцаж, нэгдмэл зорилготой байсан гэсэн үг.

-Г.Галбадрах: Wowza stock -ын бие даасан тоглолтуудын талаар сонирхож болох уу?

-Д.Баатархүү: Wowza stock байгуулагдсан цагаасаа хойш энэ орон зайд хэд хэдэн том тоглолт зохион байгууллаа. Анх Fuse Science, Inc. (DROP) гэдэг компаны хувьцааг үнэ  0,01 мөнгө хавьцаа байхад нь гишүүддээ авахыг санал болгож, бүтэн жилийн туршид тоглолт явагдсаны эцэст үнэ нь 1,30 $ -т хүрсэн. Томоор зүйрлэвэл, та тэр үед 10 000 $-оор арилжаа хийсэн бол жилийн дараа 1,3 сая $  той болох боломж гэсэн үг. Энэ тоглолт биднийг өнөөгийн орон зайг бий болгоход маш чухал үүрэг гүйцэтгэсэн   төдийгүй Penny stock-ийн түүхэнд үлдсэн тоглолт. Энд би ганцаараа биш олон группууд нэгдэж хийсэн тоглолт. Түүнээс хойш бидний нэр хүнд өсч, жилд дунджаар 10 орчим, нийтдээ 30 орчим амжилттай тоглолтуудад оролцсон байдаг. Бидний хамгийн сүүлд хийсэн тоглолтоор \SKTO\ 2500 $-ыг 14 хоногийн дотор 75 000 $ т хүргэсэн. Энэ бүхнийг чартан /chart/ дээр шалган нягталж болно л доо.

-Г.Галбадрах: Эрсдэл буюу алдаа байсан уу?

-Д.Баатархүү: Алдаа бол байсан. Мэдээж дандаа ялалт байгуулна гэж байхгүй, тийм боломж ч үгүй. Аваа өгөөний дэнс буюу цаана нь заавал эрсдэл дагалдаж байдаг. Гэхдээ бид өнгөрснөө одоо эргээд харахад, бидний амжилт 70-80 % -д байгаа. Энэ бол бага үзүүлэлт биш.

  Гурав. Хөрөнгийн зах зээлийн том ертөнц

-Г.Галбадрах: Хөрөнгийн зах зээлийн ертөнцийн тухай?

-Д.Баатархүү: Дэлхийн хөрөнгийн зах зээлийн ертөнц гэдэг, жилдээ 730 триллион доллар эргэлддэг аугаа ертөнц. Энэ нь дэлхийн бүх улс орнуудад эргэлдэж байгаа валютын хэмжээнээс 10 дахин их гээд бодохоор манайх шиг 9 дэлхийн хэмжээ байна гэсэн үг юм. Өнөөдөр дэлхийн хэмжээнд төрж байгаа биллионерууд энэ ертөнцтэй л холбоотой.  Хөрөнгийн зах зээл гэдэг бол мэдээлэл болон судалгаан дээр тулгуурладаг. Энэ олон мянган компаниуд дундаас, хувьцаа нь өсөөд “мөнгө хийж” болох компаныг судалж олно гэдэг амаргүй. Нөгөө “өвсөн дундаас зүү хайж олохтой адил” гэдэг шиг. Миний бодлоор энэ бол 30% нь онол, 30% нь практик, 40% нь мэдрэмж юм. Судалгаа гэдэг хамгийн чухал зүйл. Тухайн компаны тухай үндсэн мэдээллээс гадна, компаных нь хэтийн зорилго чиглэл, ирээдүй ямар болохыг ч төсөөлөх хэрэг гарна.  Компаниудын сайн, муу гэдэг нь тайлан бланс дээрээ шууд харагддаг. Энд байгаа бүх мэдээллүүд баримттай байдаг болохоор маш анхааралтай судлах шаардлагатай. Хэрэв би судалгааг дутуу хийж алдаа гаргавал, намайг дагаж тоглолтод орж байгаа хүмүүст ч эрсдэл учрах болно.

-Г.Галбадрах: Дэлхийн бүх улс орнуудаас энэ ертөнц рүү ордог болохоор ойлголцдог нэгдмэл хэллэг, нэршил байдаг байх?

-Д.Баатархүү: Энд бүх мэдээллийг чартаас л уншина. Чарт  гэдэг нь өөрийн гэсэн хэлтэй. Дэлхийн бүх хөрөнгийн биржүүд энэ стандарт буюу энэ хэлээр ярьж илэрхийлэгддэг. Тухайн өдрийн арилжаатай холбоотой үнийн өсөлт болон бууралтыг харуулж байдаг үзүүлэлтүүд. Бас энэ ертөнцийн хэрхэн явагдаж ирсэн түүхийг ч уншиж болдог. Юуны өмнө энэ үзүүлэлтүүдийг уншиж чаддаг байж л  энэ ертөнц рүү орно. Хамгийн гол нь энэ чарт худлаа мэдээлдэггүй, тэгэхээр эндээс бүх л бодитой мэдээллийг олж авах боломжтой. Жишээ нь, намайг худлаа ярьж байна уу? үнэн ярьж байна уу? гэдгийг чарт  уншиж чаддаг хүн шууд л шалгаж болно.

-Г.Галбадрах: Тоглолтуудад хамтарч ордог уу? Мэдээж ганцаараа тоглоно гэдэг амаргүй байх л даа, энэ том ертөнцөд.

-Д.Баатархүү: Хөрөнгийн зах зээл дээр группээр тоглоно гэдэг их чухал зүйл. Ямар нэгэн компаны хувьцааг сонгосон бол, группээр тоглохдоо хувьцааны үнэ хямд байх үед нь олуулаа нийлж худалдан авч, үнийн хэт уналтыг хязгаарлах буюу тогтоон барьж, аажмаар өсгөж байгаад тодорхой ашгийн дараа зарах боломж бий болгодог. Тоглолтонд орох буюу гарах хязгаараа хоорондоо ярилцаж, мэдэж байна гэсэн үг. Олуулаа буюу группээр маш сайн зохион байгуулалттай тоглосон тоглолтууд ихэвчлэн ашиг авч ирдэг нь туршлагаас ажиглагддаг юм.

-Г.Галбадрах: Тоглолтууд нь ангилагддаг уу?

-Д.Баатархүү: АНУ-н Үнэт цаасны зах зээлийг үндсэнд нь  задгай мөнгөөр тоглодог доод танхим /зах зээл/, нөгөө нь их мөнгөөр тоглодог “дээд танхимууд” гэж хуваан ойлгож болох юм. Тэгэхээр хүмүүс сонголт хийх боломжтой. Их мөнгөөр тоглодог дээд танхимд өөрийн алдаа болон олох ашгаа тохируулж болдог. Би энэ тоглолтод нэг хувьцааг 6 $ дээр аваад 6,90$ дээр ашгаа аваад тоглолтоос гарахаар захиалга өгч тохируулж болно гэсэн үг. Өөрөөр хэлбэл эрсдлээ хязгаарлах боломжтой. Энэ тоглолтод миний алдагдал 10 мөнгөнөөс хэтрэхгүй гээд захилга өгчихөд л тохируулгаараа та 10 мөнгөний алдагдлаас илүү хохирол амсахгүй гэсэн үг. Хэрэв маш сайн судлах юм бол энэ мэтчилэн маш нарийн зүйлүүд бий. Задгай мөнгөөр тоглодог доод танхимд тоглож байгаа хүмүүс маш их зүйлийг сурч болно. Маш их хөдөлгөөн, савалгаатай, бас хурдацтай болохоор хүмүүсээс маш их тэвчээртэй, ухаалаг, хурдан сэтгэхийг шаарддаг. Нөгөө талаасаа маш бага мөнгөөр, маш их ашгийг хурдан хугацаанд хийж  болдог .

-Г.Галбадрах: Мэдээж энэ ертөнцөөс дандаа ашиг олж “аз шүүрдэг”-гүй байх л даа?

-Д.Баатархүү: Тоглолт болгон 2 талтай. Нэг талдаа хүмүүс их мөнгө хожиж байвч нөгөө талдаа тийм хэмжээгээр алдаж байдаг. Тэгэхээр бид аль болох бага алдаж, илүү ашиг олохын тулд маш өндөр мэдлэг, мэдрэмжтэй байх хэрэгтэй болдог. Их судалгаа, дүн шинжилгээ хийж сурах хэрэгтэй болно. Яг л шатарчинтай адил юм уу даа. Сайн шатарчин 3 нүүдлийн дараахыг харж чаддаг бол, энд дор хаяж 6 сарын дараа болох тохиолдлуудыг мэдэрч чаддаг байх шаардлагатай. Зүгээр л сэтгэлийн хөдөлгөөнөөрөө тоглоод байж болохгүй шүү дээ. Ядаж өөрийн мэдрэмжиндээ итгэдэг байх хэрэгтэй болдог. “Та алдаж чадна” гэсэн мөнгөөрөө л тогло” гэдэг үг байдаг юм. Өөрөөр хэлбэл эрсдлээ өөрөө дааж чадах хэрэгтэй гэсэн үг. Түүнээс бус амь амьдралаа алдан алдаж, улайран тоглох хэрэггүй.

-Г.Галбадрах: Амь амьдралаа алдан, улайран тоглох хэрэггүй гэсэн үгтэй тань санал нэг байна.

-Д.Баатархүү: Хөрөнгийн зах зээл дээр хүмүүс их хэмжээний мөнгө олж болох боловч, нөгөө талдаа мөн тийм хэмжээний мөнгө алдах эрсдэл бий. Энэ ертөнцөд сайн хүмүүс олон бий ч түүнээс дутуугүй луйварчид ч олон байгаа. Тийм хүмүүс зарим компаниудтай хуйвалдан, хуурамч мэдээллээр хувьцааны үнийг зохион байгуулалтайгаар өсгөж байгаад, өөрсдөө их хэмжээний ашиг олмогцоо гэнэт хувьцааны үнийг унагах тохиолдол ч гардаг. Цаг минут тутамд ийм эрсдлүүд гарна. Хэрвээ учраа сайн мэдэхгүй тохиолдлоор орсон хүмүүс мөнгөө алдах магадлал ч багагүй.

-Г.Галбадрах: Энэ ертөнц рүү орохыг хүссэн хүнд ямар шалгууртай байдаг бол?

-Д.Баатархүү: Хөрөнгийн зах зээл дээр тоглохоор зориглож байгаа хүн, аль ч улсад байсан нийгмийн даатгалын дугаартай, тэр улсын иргэний бичиг баримттай \эсвэл жолооны үнэмлэх\ байх ёстой. Эдгээр бичиг баримтыг үндэслэн, таны сонгосон брокерын пүүсүүд танд онлайн данс нээлгэнэ. Тэр дансыг тань эхлээд шалгаад, мөнгөө байршуулахыг зөвшөөрдөг. Үндсэн суурь мөнгө тань хэд ч байж болох боловч, зарим брокерийн пүүсүүд 2000 $  доод хэмжээ гэж заасан байх тохиолдол бий.  Та  хүссэн цагтаа мөнгөө өөрийн данс руугаа т татаж болно. Энэ нь мөнгө банкинд хийхээс хялбар үйлдлүүдээр хийгддэг. Энэ бүхэн тань тусгай программаар тохируулагдсан байдаг юм. Нэг чухал зүйл нь та заавал татвараа бодуулж, төлж байх ёстой. Хэрэв татвараа төлөөгүй бол таны дансыг шууд л хаах эрхтэй. Энэ бол бүх зүйл хуулийн дагуу байхын баталгаа. Гэхдээ таны визний хугацаагаа хэтрүүлээд “харласан”, оюутан гэх мэт байх нь огт хамаагүй.

 -Г.Галбадрах: Бирж дээр тоглож байгаа хүмүүс, өөрийгөө тодорхой түвшинд хөгжүүлэх боломжтой байх?

-Д.Баатархүү: Ийм ажлыг хийдэг хүмүүс асар их тэсвэр хатуужилтай, алив зүйлд хүлээцтэй ханддаг, ямагт өөрийгөө хянадаг болдог. Энд юмны үнэ асар хурдан өсч буурдаг, нөхцөл байдал үргэлж өөрчлөгдөж байдаг болохоор  маш хурдан сэтгэж сурах хэрэгтэй болно. Бусдаас илүү дүгнэлт хийх чадвартай болох ёстой. Ийм чанаруудыг багаас нь суулгаж өгвөл илүү сайн. Өнөөдөр хүүхдүүд үргэлж л компьютертэй харьцаж байгаа. Энэ нь тэднийг хөгжүүлэх нэг боломж юм шүү дээ.

Дөрөв. MGL Sotck  компани

-Г.Галбадрах: MGL stock компаниа байгуулах санаа хэдийд төрсөн юм бэ?

-Д.Баатархүү: Хэдэн жилийн өмнөөс монголчууддаа хандаж, тэднийг энэ орон зайд хөтлөх санаа байсан л даа. Гэхдээ тэр үед өөртөө итгэл төрөхгүй байсан юм. Би бас өөрөө тэгтлээ учрыг нь олж хөгжиж амжаагүй байв. Бараг 6 жилийн дараа л энэ санаагаа хэрэгжүүлэхээр зориглож байгаа юм.

-Г.Галбадрах: Компаны тань үйл ажиллагаа юунд тулгуурлаж байна вэ?

-Д.Баатархүү: Нилээдгүй хугацаа зарцуулан байж  MGL Stock веб сайтаа хийлээ. Энэ маань олон мянган хүнийг хүлээн авч, хамтран ажиллах хүчин чадалтай. Энэ сайт минь монгол хэл дээр, аль болохоор цогц хэлбрээр, хэнд ч ойлгомжтой байхаар хийгдсэн байгаа.  Stock market буюу “Хөрөнгийн зах зээл гэж юу юм бэ?” гэдгийг, Stock market  буюу хөрөнгийн зах зээл гэдэг чинь өөрийн “хэл”тэй, тэр хэлийг бусдад зааж сургах. Бас өөрийн гэсэн хатуу зарчим, дүрэм журамтай. Энэ бүхнийг л монголчууддаа яг үнэн зөвөөр нь ойлгуулж, мэдрүүлэх нь их чухал байна. Би гэхэд зөндөө л алдаж явсан. Тэр алдаагаа бусдад сануулж, зассан маягтайгаар хөрөнгийн зах зээлийн талаар цогц хэлбэрээр ерөнхий мэдлэг олгох 26 цагын онлайн хичээлийг бэлтгэн гаргалаа. Энэ талаарх бүрэн мэдээллийг MGL Stock -оос авах боломжтой.

-Г.Галбадрах:
Өөрийн алдаж байсан алдаагаа бусдад сэрэмжлүүлэх, бас өөрийн хуримтлуулсан туршлагаа монголчуудтайгаа хуваалцах гэдэг тань сайхан санаа байнаа.

-Д.Баатархүү: MGL Stock веб сайтаа одоо ашиглалтад оруулж байна. Энэ вебсайт маань нэг талдаа төлбөртэй гишүүдийн, нөгөө талдаа төлбөргүй гишүүдийн гэсэн тус тусдаа булантай. Төлбөргүй гишүүд нь stockmarket гэж юу юм бэ? гэдгээс эхлээд бүх л мэдээллийг авах боломжтой. Гишүүдийн буланд  stockmarket-ийн нарийн ойлголтуудыг дэлгэрэнгүйгээр хичээлээс гадна нэмэлт болгон оруулсан байгаа. Энд 2 чат өрөө болон форум байгаа. Чат өрөө хамгийн сүүлийн үеийн технологи ашигласан, хамгийн мэдээлэл сайтай орчин болсон. Миний хувьд энэ вебсайтаа сүүлийн үеийн технологиор, багтаамж сайтай, хүмүүст аль болохоор энгийн ойлгомжтой, ашиглахад хялбар байхаар бодож хийсэн байгаа. АНУ-н хувьд Хөрөнгийн зах зээлийн доод танхим болох Pennystock-оор тоглодог хүмүүс нь тусдаа өрөөтэй, дээд танхим буюу их мөнгөөр тоглодог хүмүүс нь тусдаа өрөөтэй байхаар хийгдсэн. Энэ вэбсайт нь Монголын болоод бусад олон улсын гол хөрөнгийн биржүүдийн арилжаанд монголчуудаа оролцоход туслах, мэдээллээ солилцох,  нэгтгэж зохион байгуулалианд оруулах гэсэн давхар зорилготой.

-Г.Галбадрах: Гишүүддээ тоглолтоо хэрхэн зохион байгуулахаар бодож байна вэ?

-Д.Баатархүү: Мэдээж гишүүддээ ямар тоглолтод яаж оролцох талаар би саналаа хэлнэ. Жишээ нь, “энэ тоглолтод энэ хувьцааг тэдэн мөнгөн дээр авах ” гэдэг мэдээлэл болон саналаа гишүүд бүрийнхээ э-майлаар илгээнэ. Харин гишүүд маань сонголтоо өөрийнхөөрөө л хийх эрхтэй. Гишүүд маань энэ сургалтад хамрагдан, өөрийгөө сайн боловсруулж чадах юм бол аажимдаа энэ ертөнцийн сайн муу, сайхан муухай болгоныг ялгаж салгаж чадах болно. Тэр хэрээрээ өөрөө ч сайн хөгжинө. Заримдаа би алдаа гаргахад, миний алдаан дээрээс өөрийгөө аварч гарах чадвартай болно. Өөрөөр хэлбэл өөрийн хийсэн сонголтынхоо төлөө өөрөө хариуцлагаа үүрэх чадвартай байх хэрэгтэй. Энэ ертөнцөд нилээд хэдэн жил тоглосон өөрийн туршлагаа л монголчуудтай хуваалцах хүсэл надад байгаа.

-Г.Галбадрах: Хэн нэгэн тоглогч чамд итгэж тоглож байгаад, алдаа гаргахдаа чамд гомдох тохиолдол гарч болох юм.

-Д.Баатархүү: Магадгүй гишүүд маань намайг дагаж тоглож байгаад мөнгөө алдчихаад “Чамаас боллоо” гэвэл би хариуцлага хүлээхгүй шүү дээ. Би хүмүүст санал тавьж байна, миний саналыг дагах, эс дагах нь тэр хүний л асуудал. Харин байнга мэдээлэл солилцож, хүмүүсийнхээ оюун санааг цэнэглэж байх нь миний үүрэг. Тийм болохоор тоглолт бүрийнхээ дараа чат өрөөндөө цуглаад, тоглолтын явц бүрийг задалж, дүгнэлт хийн ярилцаж, алдаа оноогоо шүүж байх юм. Энэ бүхэн чинь гишүүдэд минь туршлага болон хуримтлагдах юм. Олон хүмүүсээс олон янзын санал гарна, тэр болгоныг анхаарч байх хэрэгтэй. Нэг хүн хэзээ ч төгс төгөлдөр байдаггүй. Харин олон хүний санаа бодол нэгдэхээр илүү хүчирхэг болдог. Монголчууд бидний “Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй, бүлээн усаар угаавал хиргүй” гэдэг үг бий.

-Г.Галбадрах: Тийм ээ, “Олны хүч оломгүй далай” гэдэг үг ч бас бий.

-Д.Баатархүү: Нөгөө талаар “Хөрөнгийн зах зээл” дээр олуулаа хамтарч нэгдэж, олны хүчээр хийсэн тоглолт илүү их амжилт, ашиг авч ирдэг. Өөрөөр хэлбэл олны хүчээр үнийн өсөлтийг барьж, хэрэгтэй үед үнийг өсгөж, буулгах боломжтой. Монголчууд бид чинь “Эвтэй байхдаа хүчтэй” гэж ярьдаг даа. Тэгвэл олон монголчуудынхаа хүчийг нэгтгэж энэ том орон зай дээр амжилт гаргаж болохгүй гэж? Монголчууд бидэнд боломж байгаа.

-Г.Галбадрах: Эв нэгдэл шударга зарчим дээр бөх бат байдаг.

-Д.Баатархүү: Эхнээсээ л бүх гишүүддээ эрх тэгш хандаж, шударга байх зарчмыг баримталж байгаа. Тийм болохоор тоглолт бүрийн мэдээлэл болон саналаа бүх гишүүдийнхээ э-майл руу зэрэг илгээж байх юм. Орчин үед хүмүүс гар утсаараа бүх мэдээллийг хаанаас ч авч чадах боломжтой боллоо. Энэ бол бидэнд олдож байгаа том боломж. Энэ дэлхийн хаана байгаагаас үл хамаараад хүмүүс мglstock -ын бүх мэдээллийг авч байх болно. Мөн веб сайт руугаа ороод бусдын санал бодлыг уншиж, өөрийн санаа бодлоо нэмэрлэж болно. Нэгэн сонирхлоороо нэгдсэн хүмүүс аяндаа маш сайн ойлголцож, дотно найз нөхөд болдог.

-Г.Галбадрах: Би бас энэ санааг тань дэмжиж байна. Гэхдээ монголчууд маань хэт туйлширч, ажил амьдралаа алдах вий гэсэн болгоомжлол сэтгэлд байна л даа?

-Д.Баатархүү: Хүмүүс хамаг ажил амьдралаа алдаад, заавал энэ ертөнц рүү орох хэрэггүй л дээ. Үндсэн ажлаа хийцгээгээд үүнийхээ хажуугаар хоёр дахь орлого олох  боломж болгон ашиглах боломжтой. Өнөөдөр Америкийн гэр бүлүүд зөвхөн цалингаараа ийм сайхан амьдардаггүй юм. Тэдний авч буй цалин нь амьдралын хэрэгцээнд нь таарчихдаг. Бүх гэр бүлүүдийн ар талд investing буюу хөрөнгө оруулалтын бодлого нь төрийн хэмжээнд хэрэгжиж явдаг. Тухайн хүний насан туршдаа хэрэглэж болох “Өсөн нэмэгдэх тэтгэврийн хадгаламж”-ийг хүн болгонд нээж өгдөг. Үүнийгээ буцаагаад “хөрөнгө оруулалтын хэлбрээр ашиглахыг” хуулиар зөвшөөрдөг. Энэ нь нэг талаасаа улс орон өөрийн үндэсний үйлдвэрлэгч компаниудаа дэмжиж байгаа, нөгөө талаас өрх гэр бүрийг мөнгөний урсгалтай байхыг дэмжиж байгаа бодлого юм уу даа.

-Г.Галбадрах: Тэгэхээр энэ тал дээр төрийн бодлого байх ёстой гэсэн санаа юм уу даа?

-Д.Баатархүү: Жишээ нь McDonalds гэхэд жижигхэн компани байхад нь ард түмэн нь хувьцааг нь худалдаж авснаар босгоод ирж чадаж байна. Улс орны эдийн засаг хүчирхэг болсон түүх нь,  хөрөнгө оруулалтыг хөхүүлэн дэмжиж, ард түмэн нь жижиг компаниудаа дэмжин босгож ирсэнтэй холбоотой байдаг.

-Г.Галбадрах: Америк энэ талаар их туршлагажсан, зөв бодлого барьдаг орон. Харин бидэнд эндээс суралцах зүйл их бий.

-Д.Баатархүү: АНУ-н Үнэт Цаасны арилжаа  бол тухайн хүн дэлхийн аль ч оронд байгаагаас үл хамааран харилцаанд оролцох боломжтой. Америкчууд хөрөнгийн зах зээл дээрээ дэлхийн сонирхлыг бий болгож чадсан орон. Дэлхийн Хөрөнгийн Зах Зээлийн 47% дангаараа бүрдүүлж буйгаар энэ батлагдаж байгаа юм. Дэлхийн хэмжээний ихэнх том брокерууд Америкт байдаг. Нью-Иоркийн хөрөнгийн бирж гэхэд дэлхийн хэмжээнд ямар ч бараа бүтээгдэхүүний бодит үнийг тогтоож чадаж байгаа. Энэ том ертөнцөд монголчууд бид орох боломж байгаа. Европт ч, Азид ч, Канадад ч, Австралид ч байгаа монголчууд байгаа газраасаа л энэ харилцаанд оролцох бүрэн боломж бий.

-Г.Галбадрах: Миний мэдэхийн нилээд олон монголчуудын сэтгэлд энэ ертөнцийг сонирхох сонирхол бий. Гэхдээ хүн болгон болгоомжлоод байгаа нь мэдрэгддэг.

-Д.Баатархүү: Бид “Хөрөнгийн зах зээл” гэдгийг хүрч болшгүй “том ертөнц” гэж төсөөлөөд айгаад л яваад байдаг. Гэтэл энэ систем нь тийм ч хэцүү биш. Монголчууд бид залуугаасаа л ноолуурын, нэхийний, махны, хаягдал төмрийн ченж хийгээд явдаг байсан шүү дээ. Түүнтэй л зарчмын хувьд адил. Бид бөөнөөр нь хямд үнээр худалдаж аваад, үнийг нь өсгөж зардаг. “Хөрөнгийн зах зээл” гэдэг чинь бидний мэддэг энэ л зарчмаар явдаг юм шүү дээ.  Ингэж зарахын тулд зах зээлээ сайн судална.” Хаврын улирал ирэхэд хүмүүст юу их хэрэг болох вэ?” Тэр чиглэлийн үйлдвэрлэл эрхэлдэг компаниудыг сонирхож судлах жишээтэй. Цаг агаар харж байгаад, гэнэт цас их орж, хүйтрэхэд ямар компаниуд ашигтай ажиллаж чадах вэ? Мэдээж зам дээр асгах давс болон зам цэвэрлэх компаниуд ашигтай ажиллана гэж тооцох жишээтэй.

-Г.Галбадрах: Нөгөө талаасаа монголчууд гадагшаа их зорчиж, “юм үзэж, нүд тайлж”, олон зүйлийг харьцуулан ухаарч байгаа. Энэ ч бас нэгэн боломж байж болох юм?

-Д.Баатархүү:  Эсрэг тэсрэг хоёр ч системийн нүүр үзсэн монголчууд бид1990 оноос хойш гадагшаа их гарцгаасан. Бид л өөрсдөө тэгтлээ анзаарахгүй байгаагаас бус,  бид дэлхий ертөнц болон амьдралыг маш томоор харж мэдэрдэг болчихсон байгаа. Амьдралын нэг л талд амьдраад байсан хүн, нөгөө талыг нь харж мэдрэхгүй. Үргэлж мөнгөтэй харьцдаг байсан хүн, мөнгөгүй хүний зовлонг ойлгож мэдэрдэггүйтэй адил. Тэгвэл энэ хөрөнгийн зах зээлийн тогтолцоо гэдэг  чинь хүний төсөөлөл болон хүний сэтгэхүйгээр явдаг систем. Монголчууд бид чинь аливаа зүйлд дасан зохицож чаддаг ард түмэн. Зохицож чадна гэдэг нь “тийм юм болох нээ” гэдгийг урьдчилан харах чадвар юм шүү дээ.

-Г.Галбадрах: Алив зүйлд маш хурдан ухаарч, дасан зохицох чадвар нь монголчуудыг энэ ертөнцөд амжилт гаргах үндэс нь болж магадгүй юм.

-Д.Баатархүү: Монголчууд “Хөрөнгийн зах зээл”-ийн ертөнцөд амжилт гаргах бүрэн боломжтой. Би 6 жилийн дотор энэ ертөнцөд өөрийн орон зайтай болж чадаж байгаа юм чинь, надаас мундаг монголчууд илүү их амжилт гаргаж чадна.

Тав. Монголын тухай хууч.

-Г.Галбадрах: Ийм том хөрөнгийн зах зээл дээр багагүй хугацааг элээсний хувьд Монгол орныхоо хөгжлийн тухай анзаарч бодож байгаа байх?

-Д.Баатархүү: Миний ажиглаж байгаагаар Монгол улс маань хөгжлийн чиг хандлагаа алдчихаад байгаа юм шиг санагддаг юм. Зүгээр л алт эрдэнэс ухаад, түүнийгээ бусдад зарахаа бодлого гэж бодож байвал буруу.  Алт олборлож байгаа үндэсний компаниа олон улсын зах зээл дээр гаргаж ирж байж л улс хөгжиж, ард түмэн баяждаг жамтай.  Алт олборлож арилжаалах бол хоёр хүний хоорондын харилцаа.

-Г.Галбадрах: Гэтэл бид уул уурхайн салбар дээрээ одоо хэр нь учраа олохгүй будилаад л яваад байгаа мэт?

-Д.Баатархүү: Уул уурхайн салбарт гадаадын хөрөнгө оруулагчидтай гэрээ хийсэн л бол түүнээ заавал мөрдөх ёстой. Энэ бол Бат, Болд хоёрын хооронд хийсэн гэрээ биш, Монгол Улсын төр, нийт ард түмнээ төлөөлж, Олон улсын хөрөнгө оруулагчидтай  хийсэн гэрээ.  Хууль зүй болон эрхзүйн үндсэн дээр зайлшгүй биелэгдэх ёстой. Нэгэнт гэрээ хийж гарын үзэг зурсан л бол дараа нь элдэв тайлбар хийж эргэж буцах шаардлагагүй. Айл болгон дотроо болдог “өмд гутал”-ын хэрүүлээ хөршөөсөө нуудаг. Гэтэл Монгол улс маань гэрээгээ “эргэж харна” гээд, дотроо болж байгаа “өмд гутал”-ын хэрүүлээ бусдад дэлгээд байж болохгүй биз дээ?

-Г.Галбадрах: Тийм ээ, энэ бодолтой тань санал нийлж байна.

-Д.Баатархүү:  Би анх Оюутолгойн гэрээ болон хөрөнгө оруулалтын талаарх мэдээллийг үзээд баярласан. Монгол улс маань зөв замдаа оржээ, дэлхийн нийтийн анхаарлыг татаж эхэллээ гэж. Гэтэл авилгал хээл хахуул болон эргэж буцсан энэ үйлдлүүдээсээ болоод нэр хүндээ алдаж эхэлж байгаад дотроо харамсч л сууна. Зүгээр л хэвийн хэмжээнд өсч байсан Turquoise Hill Resources, Ltd. (Ivanhoe Mines LTD) (TRQ) хувьцааны үнэ одоо бүр доошоо орж  ирж байгаа нь үүний нотолгоо. Энэ бүхэн чинь “Хөрөнгийн зах зээл” дээр Монгол орон бол хөрөнгө оруулахад “найдваргүй” гэдэг үнэлэлт рүү л явж байгаа гэсэн үг. Сонгуулиар нам солигдох бүрд Төрийн шийдвэрийг өөрчлөх гэж оролдох нь хамгийн муу зүйл. Энэ үйлдэл чинь Олон улсын хэмжээнд Монголыг үнэлэх үнэлэмж, итгэх итгэл буурахад нөлөөлж байна.

-Г.Галбадрах: Тэгэхээр монголчууд бид өөрсдөө энэ талаар мэдлэг, мэдээлэл муутай байгаагаас ч улбаатай байх?

-Д.Баатархүү: Хүмүүсийнхээ мэдлэг, мэдээлэл муутай байгааг далимдуулан ард түмний сэтгэл зүйд “савалгаа” үүсгэдэг муу үзэгдэл байнаа. Жишээ нь, саяхан Монголын мэдээллийн хэрэгслэлүүдээр Монголд байгаа алтны нөөцийг Парисын цамхаг, өөр юу юутай ч билээ харьцуулсан зурагтай мэдээлэл гарч олон түмнийг эргэлзээнд оруулж байсан. Үнэмшилгүй, худлаа ийм мэдээллүүд хүмүүсийн сэтгэлд муугаар нөлөөлж, “ийм их алтны нөөцийг минь гадаадынхан завшиж биднийг хохироож байна” гээд элдэв муу үйлдэл рүү турхирвал яах юм бэ?

-Г.Галбадрах: Түүнээс гадна өргөн хэрэглээний бүтээгдэхүүний үнийн хэт өсөлт нь хүмүүсийн сэтгэлд бухимдал ихээр үүсгэж байна.

-Д.Баатархүү: Хөрөнгийн зах зээлийн ямарч судалгаагүйгээр хэдэн нөхдүүд дуртай цагтаа валютын ханшийг өсгөж, бензиний үнийг нэмж байдаг боллоо. Алив юмны бодит үнэ ямар байгааг цаг минут, секундээр нь энэ чарт /үнийн өсөлт бууралтын график/-аас уншиж болно.  Тэгэхээр монголчууд бидэнд “хөрөнгийн зах зээл”-ийн талаарх мэдлэг, үгүйдээ энэ мэдээллийг илэрхийлж байдаг чартыг уншиж чаддаг байх нь хэрэгтэй байгаа биз дээ. Чарт бол цаг уурын мэдээтэй л адил юм шүү дээ.Өдөр тутам алтны, бензиний, нүүрсний, элсэн чихрийн, гурилын, валютийн ханш ямар байгааг хэн ч хэзээ ч мэдэж болох боломжтой. Хэрэв хүн бүхэн энэ мэдээллийг уншиж чаддаг бол, бусдад ингэтлээ луйвардуулахгүй л байх сан.

-Г.Галбадрах: Төр ард түмнээ эрсдлээс хамгаалах, өөрийн бодлого, системтэй байх ёстой. Нөгөө талаас ийм мэдээллүүд олон нийтэд ил тод байх нь ч хэрэгтэй.

-Д.Баатархүү: Хэрвээ төр ард олноо ийм эрсдлээс хамгаалахыг хичээдэг бол, ямар нэгэн бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс урьдаж “нөөц” бий болгон, үнийн хэт өсөлтийг барьж болно. Гэтэл төр биш, улстөрд орсон бизнесменүүд энэ боломж дээр тоглож байна.  Бизнесмен хүн гэдэг бол ихэвчлэн өөртөө ашиг олохын тулд явдаг хүмүүс. Гэтэл зөвхөн өөртөө ашиг олохыг хичээдэг, бусдын эрх ашгийг тэгтлээ хайхардаггүй хүмүүс төрд олноороо ороод ирвэл яах вэ? Төрийн бодлогыг өөрийн бизнесийн ашиг сонирхолдоо нийцүүлэхийг л илүүтэй бодноо доо. Энд л Монголын маань төрийн бодлогын алдаа яваад байх шиг санагдаад байгаа юм л даа.

Зургаа. Ирээдүйгээ харахуй

-Г.Галбадрах: Мэдээж чиний санаж бодож байгаа болон эхлүүлж байгаа үйлсэд тань талархаж байна.

-Д.Баатархүү: Бидний одоо хийж хэрэгжүүлэх гэж байгаа оролдлогууд маань олон хүний амьдралыг өөрчилж, магадгүй зарим хүний амьдралын хэв маягийг эргүүлж ч магадгүй.  Stock market  буюу “хөрөнгийн зах зээл” нь хамгийн ашиг орлого олдог мэргэжлийн тоонд орно. Энэ мэргэжлийн цаана мөнгө дагаж явдаг. Мөнгөтэй харьцаж сурсан хүнийг, ” оюуны их хүчин чадалтай” гэж үзэж хүмүүс ихэд хүндэлдэг.

-Г.Галбадрах: Мөнгөтэй зөв харилцаж, мөнгийг зөв ашиглаж сурна гэдэг бага биш соёл. Тэр тусмаа мөнгийг сохроор шүтэж байгаа өнөө үеийнхэнд ойлгуулах хэрэгтэй мэт?

-Д.Баатархүү: Миний дотроо бодоод яваа нэг зүйл бол, Монголын ирээдүй болсон залуу үе маань өөрсдийгөө хөгжүүлж, хөрөнгийн зах зээл гэдэг энэ том ертөнц рүү хөл тавиасай гэсэн хүсэл. Бид хэдий болтол мөнгөтэй хүмүүст хөлсөөр ажиллаж, уруу дорой явах билээ. Залуус минь өөрсдөө өөртөө эзэн болж, оюун ухаанаа хөгжүүлж, түүнийгээ л баялаг болговол, улс орон минь хурдан хөгжинө дөө.

-Г.Галбадрах: МGL Stock компаниа байгуулчихлаа. Мэдээж эхэндээ амаргүй л байх биз. Харин ирээдүйгээ хэрхэн төсөөлж байна вэ?

-Д.Баатархүү: Би MGL Stock компаныхаа ирээдүйг өөдрөг сайхнаар төсөөлж байгаа. Олон монголчууд нэгдэж, энэ их том ертөнцөд өөрийн гэсэн орон зайтай болох болно. Энэ их нэгдлээрээ дамжуулж Монголын үндэсний үйлдвэрлэгч маш олон компаниудыг дэлхийн хөрөнгийн зах зээл дээр гаргаж ирж чадна. Монголын компаниудын хувьцааг дэлхийн хөрөнгийн зах зээл дээр хүмүүс өндөр үнээр авдаг болчихвол юутай сайхан. Энэ чинь том дэвшил юм шүү дээ. Бас маш олон чадалтай монгол залуус нэгдэн зах зээлийн судалгаа хийдэг маш том судалгааны институтыг байгуулж болно. Үүний эхлэл нь www.mglstocks.com  вебсайт дээр байршуулсан видео хичээлүүд байх юм. Дээр нь монгол хүн болгон үндсэн ажлаасаа гадна хоёр дахь орлогоо энэ зах зээл дээрээс олж, өөрийгөө хөгжүүлэх боломжтой болно. Юу юунаас илүүтэй хүмүүс сэтгэлийн их шаналалгүй амар тайван, өөрийн хүссэнээрээ ажиллаж амьдрах боломжтой болно.  Гэхдээ энэ бүхэн зөвхөн надаас биш, бүх монголчууд биднээс л хамаарах юм шүү дээ.

-Г.Галбадрах: Сайхан ирээдүй байна. Нээрээ л бодох ахул хүн болгоны хичээл зүтгэлээс л хамаарах болно. Уулзаж, миний сайн мэдэхгүй “Хөрөнгийн зах зээл”-ийн талаар сонирхолтой яриа өрнүүлсэнд их баярлалаа. Санаж сэдэж байгаа үйлс бүхэн тань биелэн, бусдад сайн өгөөжөө өгөх болтугай.

-Д.Баатархүү: Танд ч бас их баярлалаа. Монгол хүн болгон өөрийн сурч мэдсэн бүхнээ бусадтайгаа хуваалцаж, бие биенээ дэмжиж, хамтран ажиллаж байж л бид хамтдаа хөгжинө. Дэлхийн хөрөнгийн зах зээл хэмээх энэ аугаа ертөнцөд тун удахгүй монгол залуус “цахиур хагална” гэдэгт би итгэж байгаа. Үүний тулд бид нэгдэх хэрэгтэй байна. Монголчууд та бүхэндээ амжилт хүсье.

…Тэрээр MGL stocks компаниа байгуулан, энэ том ертөнц рүү монголчуудаа “хөтлөх” бэлтгэлээ базааж дуусчээ. Миний мэдэхийн тэрээр www.mglstock.com веб сайтаа бүтээх гэж, сургалтын маш олон видео хичээлүүдээ бэлэн болгох гэж лавтайяа 6 сарыг их ачаалалтай өнгөрөөсөн. Хамгийн гол нь тэрээр “хөрөнгийн зах зээл” хэмээх энэ ертөнцөд алдаж оносон бүх л туршлагаа монголчуудтайгаа хуваалцаж, оломгүй далай мэт энэ ертөнцөд монголчууд хамтдаа амжилт олохыг хүсч байгаа аж. Мэдээж энэ бол хувь хүмүүсийн сонголтын талбар. Хэрэв та энэ талаар илүү их сонирхохыг хүсч байгаа бол одоо ашиглалтад орж байгаа www.mglstocks.com сайтаар нь зочилж, Д.Баатархүүтэйmglstocks@yahoo.com цахим хаягаар холбогдож болох юм. Сонголт тань мэргэн байх болтугай. Та бүхэнд амжилт ерөөе.

Jul 23

Хорт хавдар нийгмийн хөгжилд нөлөөлж байна

By gala-admin | ЯРИЛЦЛАГУУД

Батчулууны Гэрэлт-Од

\Цуврал ярилцлага-11\
…Өнгөрсөн хавар АНУ-ын Блүүмингтон хотноо аж төрдөг Ажаа гэгээн, Монголд “Цусны хорт хавдартай хүүхдүүдийг эмчлэх” эмнэлэг барих буяны үйлстээ хандив цуглуулах арга хэмжээг Вашингтон ДС хотноо зохион байгуулсан юм. Тэр тухай бичсэн миний бичлэгийн дараа фейсбуук дээр Б.Гэрэлт-Од гэдэг бүсгүй надад хандаж, уг эмнэлэгт хандив өргөхөд хэрэгтэй дансыг олж өгөхийг надаас хүсэв. Бид хоёрын жаахан хууч хөөрөлдөөнөөс Б.Гэрэлт-Од бүсгүйг Германы нэгэн эмнэлэгт “зүрх судасны сэхээн амьдруулах тасагт эмч”ээр ажилладаг болохыг, Монголд өдгөө ихэд дэлгэрч байгаа “хорт хавдрын өвчлөл”-д санаа нь зовж явдаг тухай, Ажаа гэгээний санаачлагыг талархан дэмжиж сар бүр 100 еврог цалингаасаа хандивлахыг хүсч байгааг ойлгож мэдсэн юм.

Түүний мэргэжил болон сайхан сэтгэл нь миний сонирхлыг татаж, адил төстэй санаа бодлоо олны хүртээл болгохын тулд ярилцлага хийх хүсэлтээ хэлсэн. Бид цахим захидлаар харилцаж, заримдаа нетээр ярилцаж, санаа бодлоо ойлголцсоны үндсэн дээр энэ ярилцлагыг бүтээв. Цахим орон зайд хийсэн анхны ярилцлага минь энэ.

Нэг. Намтрын товчоон
-1971 онд Дорнод аймагт төрсөн, гахай жилтэй
-1978-1988 онуудад Дорнод аймгий Чойбалсан хотын 1-р 10 жилийн дунд сургууль
-1991-1998 онуудад Улаанбаатар хотод АУИС -ийг “ерөнхий эмчилгээний анги”-д “хүний эмч” мэргэжлээр суралцаж төгссөн
-1998 онд Чойбалсан хотод “өрхийн эмч”
-1999 онд Улаанбаатар хотод “Төрөх эмэгтэйчүүдийн эмч” мэргэжил дээшлүүлэх курс
-2003-2004 онд Мартин- Лютерийн нэрэмжит ИС-ийн харьяа \Martin- Luther University\ Halle an der Saale хотын герман хэлний Коллежэд хэлний бэлтгэл
-2004-2008 онуудад Халле хотын Мартин-Лютерийн нэрэмжит АУИС \Martin-Luther University, Halle an der Saale\ -д хүний эмчийн мэргэжлээр суралцаж төгссөн
-2012 онд “Сэхээн амьдруулах эрчимт эмчилгээ”ний мэргэжил дээшлүүлэх курс. Арнсбург хот \Arncberg\
-2013 онд “Яаралтай анхны тусламж”-ийн мэргэжил дээшлүүлэх курс. Арнсбург хот \Arnsberg\
-2008-2010 онд Мартин -Лютерийн нэрэмжит ИС-ийн харьяа Дэссау хотын Клиникийн зүрх судасны тасаг \Akademisches Lehrkrankenaus der Martin-Luther Universitat Halle-Wittenberg Stadtische Klinikum Dessau\
-2010 оноос одоог хүртэл Ханновер хотын АУИС-ийн харьяа Хэрфорд хотын Клиникийн сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний тасаг \Akademisches Lehrkrankenhaus der Medizinischen Hochshule Hannover\

gerelt-4-4
Хоёр. Бага насны дурсамж
-Г.Галбадрах: Хаана төрж, өссөн юм бэ?
-Б.Гэрэлт-Од: Би Дорнод аймгийн Чойбалсан хотод төрж, тэндээ өссөн. Багадаа ер нь “шартай” талдаа хүүхэд байсан юм шиг. Найз нөхөдтэйгээ тоглохдоо заавал хожих гэсэн эрмэлзлэлтэй. Бусдаас дор орохгүй гэсэндээ ч юм уу дуу, бүжиг, хөгжим, сагсан бөмбөг гээд олон ч зүйлээр хичээллэдэг байж. Багаасаа л өвөөгийндөө очиж, хөдөө өссөн болохоор хөдөөний бусад хүүхдүүдийн адилаар бүх л ажлыг хийж сурсан. Хонь мал хариулна, бас малаа усална, үнээ сааж, цагаан идээ боловсруулах гээд ажил мундахгүй. Өвөөгийнх маань нилээд сайхан морьдтой. 6 наснаасаа морь унаж сураад, хөдөөгийн хөвгүүдийн адил морин дэл дээр хийсч өсөв. Морь гэдэг даанч ухаантай амьтан юм шүү дээ. Би одоо хэр нь моринд их дуртай, боломж гарвал морьдтой газарт очихыг хүсдэг.
-Г.Галбадрах: Морин дэл дээр өссөн гэхээр нилээд эршүүд талдаа өссөн байх?
-Б.Гэрэлт-Од: Ер нь эршүүд талдаа шүү. Дээрээ нэг ахтай, доороо нэг эрэгтэй дүүтэй, дунд талын охин болохоор тэд бас нөлөөлсөн байх л даа. Бид 3, том нүүр гарын арчуураараа гараа ороож боксын бээлий хийж, боксдоно. Би дүүтэйгээ ээлж таараад, дүүгийнхээ нүдний дээд хөмсгийг сэтэртэл нь цохиж, дүү минь эмнэлэгт очин хөмсгөндөө оёо тавиулж билээ. Хөвгүүдийн тоглоом их хатуу. Тэр хоёртойгоо их хатуу “үзэлцэж”, хожигдохгүй гэсэндээ уйлалгүй, их л хатуу тэмцдэг байж билээ. Телевизороор гарч байгаа 1945 оны дэлхийн 2-р дайны тухай Оросын кинонуудыг их шимтэн үзнээ. Цэрэг хувцастай эмэгтэй эмч нарын дүр их таалагддаг. Тэгээд л “Том болж байгаад заавал цэргийн хувцас өмсдөг эмч, эсвэл онгоцны нисгэгч болно” гэсэн хоёрхон хатуу мөрөөдөлтэй.
-Г.Галбадрах: Сургуульд хаана орсон юм бэ?
-Б.Гэрэлт-Од: Тэр үед 8 настай 1-р ангид оруулдаг байсан ч, 7 настайдаа Дорнод аймгийн Н.Ф Гастеллогийн нэрэмжит “Улсын тэргүүний” 1-р сургуулийн 1-р ангид Цэрэнханд багшийн ангид орж билээ. Хичээлдээ маш идэвхитэй, даалгавраа “яс” хийдэг, хичээлээс гадуур олон дугуйланд суралцдаг сурагч байв. Ямар дугуйланд суралцах тухайгаа аавтайгаа зөвлөнөө. 4-8-р анги хүртлээ 4 жил хөгжмийн оройн сургуулийн “шанз”-ны ангид суралцаж төгсөв. Их л идэвхтэй, хөдөлгөөнтэй хүүхэд байсан.
-Г.Галбадрах: Ийм идэвхитэй хүүхдүүд багаасаа өөрийн гэсэн бодолтой, “биеэ даасан” хүүхэд болж төлөвших нь нийтлэг байдаг?
-Б.Гэрэлт-Од: Намайг 3-р ангид сурч байсан жил аав, ээж 2 минь Улаанбаатар хотод мэргэжил дээшлүүлэх курст суралцахаар явсан юм. Тэгэхэд би жаахан охин байсан хэрнээ гэрээ сахиж үлдэв. Хичээлдээ гүйгээд, хажуугаар нь гэрээ цэмбийтэл цэвэрлэчихээд, хичээлээ хийнэ. Аав ээж хоёрыгоо буцаад ирэхэд нь халуун сав дүүрэн цайтай, бас болоогүй ээ, цуглуулсан мөнгөөрөө таваг дүүрэн чихэр авсныгаа ширээн дээр тавьж угтахад, тэд их баярлаж билээ. Хэрдээ аав ээж хоёрыгоо баярлуулах гэж хичээсэн байх л даа. Багаасаа их ч хэрсүү, биеэ даасан хүүхэд байсан.
-Г.Галбадрах:Аав ээжийгээ баярлуулахыг хичээдэг хүүхдүүд ер нь багаасаа хүмүүст тус болохыг хичээдэг зуршилтай болдог юм шигээ. Магадгүй, хүмүүсийг баярлуулахыг хичээдэг сайн чанар болон төлөвшдөг байх?
-Б.Гэрэлт-Од: Тийм шүү. Биднийг дунд сургуульд суралцаж байхад зохион байгуулалттайгаар тэр орчмынхоо өндөр настай, эсвэл ядарсан хүний гэрт нь очиж, хашааг нь цэвэрлэж, түлээг нь хагалж өгч, усыг нь авч өгч тусалдаг байв. Яагаав нөгөө “Төмөр ба түүний команд” гэдэг ном болон киног дуурайж. Уг нь тийм ажил хүүхдэд сайнаар нөлөөлнө л дөө. Ядаж л “ядарсан хүнд туслах ёстой, туслах хэрэгтэй юм” гэдэг санааг тархинд нь суулгаж өгч байгаа юм. Нэг удаа аавтайгаа машинаар явж байтал зам дээр нэг настай эмээ шуудайтай түлээ нуруун дээрээ үүрчихсэн явж байхтай тааралдав. Аавыгаа гуйж, машинаа зогсоогоод тэр эмээг түлээтэй нь хамтад гэрт нь хүргэж байсан юм. Тэгсэн эмээ учиргүй баярлаад л намайг “эмээгийнхээ 80 насыг аваарай” гэж ерөөж билээ. Одоо хэр санаанаас гардаггүй юм.
-Г.Галбадрах: Аав, ээжээ танилцуулж болох уу?
-Б.Гэрэлт-Од: Би айлын ганц охин болоод тэрүү, аав минь охиндоо илүү санаа тавьдаг байсан болоод ч тэрүү “аавын амины охин” болж өссөн. Амьдрал дээр ажаад байхад охин хүүхэд аавдаа илүү дотно, эрэгтэй хүүхэд ээждээ илүү дотно байдаг юм шиг ээ. Миний аавыг Лувсансүхийн Батчулуун гэдэг. Дорнод аймгийн Матад суманд төрсөн, “хатагин” овгийнх. Барилгын инженер мэргэжилтэй, бараг 40 гаруй жил улсад ажилласан хүн. Ээж минь Долсүрэнгийн Туяа. Дорнод аймгийн Чойбалсан хотод төрсөн, эдийн засагч мэргэжилтэй, багшаар олон жил ажилласан.
-Г.Галбадрах: Нээрээ, охидууд аавдаа арай л илүү дотно байж, санаа бодлоо хуваалцаж, нууцаа сэмхэн ярьж, илүү дотно ханддаг тохиолдол элбэг байдаг шүү. Магадгүй илүү ойлголцдог байж болох юм?
-Б.Гэрэлт-Од: Би багаасаа л аавтайгаа их дотно өссөн. Магадгүй эр хүн шиг зоримог, шулуун шударга, өрөвч энэрэнгүй, зорьсондоо хүрэхийн тулд шаргуу тэмцдэг зан чанаруудаас надад бага ч болов байгаа бол аавын минь нөлөө. Аавын минь бага залуу насандаа туулж өнгөрүүлсэн амьдрал нь тэр үеийн сэхээтэн залуусын амьдралын дүр зурагтай адил. Аав минь 3 хүүтэй айлын том нь. Орос хэлээр их сайн ярина. Аав минь барьж авсан юмаа зүгээр нэг аялуулж байдаг идэвхгүй хүн биш, үргэлж зүлгэж, хөдөлгөж, хөгжүүлж байдаг хүн. Сардаа нэг удаа ааваасаа үнэтэй сургааль үгийг нь сонсох мөн ч сайхан даа.
-Г.Галбадрах: “Аавын сургаал алт, ээжийн сургаал эрдэнэ” гэдэг дээ. Хүний аав ээж л өөрийн үр хүүхдүүдээ сайн мэддэгийн хувьд, яг хэрэг болох үгийг нь чин сэтгэлээсээ л сургаал болгон хэлдэг.
-Б.Гэрэлт-Од: Аав минь амьдралд минь хэрэг болох олон сургаалиудыг хэлдэг. Тэр нь нээрээ л яг надад хэрэг болдог юм даа. “…Чи бусдын өмнө чадах зүйлээ л чадна гэж хэл. Чадахгүй бол үгүй гэдгээ шууд хэл. Яг тодорхой байх хэрэгтэй. Санаанд чинь нэг л багтсан бол түүнийгээ барьж авах хэрэгтэй” гэнэ. “…Хүн хэзээ ч хэн нэгэнтэй муудалцаж дайсан болохыг хүсдэггүй. Гэвч хувь заяа чинь өөрийн эрхгүй чамайг хүнтэй муудалцуулж, дайсантай болгож байдаг. Тийм болохоор үүнээс зугатах хэрэггүй ч, өөрийн урдах зүйлээ л хийгээд явж сурах хэрэгтэй.” гэж сургадаг. Би аавынхаа энэ сургаалиудыг байнга санаж, өөрийн амьдралдаа мөрдлөг болгохыг хичээж явдаг. Аав минь хааяа халамцахдаа “Үлэмжийн чанар” дууг сэвэлзтэл дуулна шүү дээ.
-Г.Галбадрах: Сайхан сургаалиуд байнаа.
-Б.Гэрэлт-Од: Хэлмэгдүүлэлтийн сүүдэр аавыг минь тойроогүй. Намайг 3 билүү 4-р ангид байхад аавыг минь баривчилж, гэрийг минь миний нүдэн дээр онгичин нэгжиж, хамаг шкаф, шүүгээг минь лацдаж ломбодоод явцгаасан. Шоронд аавын минь бие нь муудаж, эмнэлэгт хүргэгдсэн юм. Эмнэлгийн шатан дээр надад дуу дуулж өгөх гэж хичээсэн боловч хоолой нь гарахгүй, ядарсан байж билээ. Тэгэхэд би аавыгаа ихэд өрөвдсөн. Хожим нь буруугүй нь нотлогдож цагаатгагдсан л даа. 10-р ангид сурч байхдаа “анхны хайр” гэдэг юмтай учирч, аавыгаа нилээд зовоож орхисон. Аавдаа хэлэлгүйгээр “оройн кино” үзэж, оройтож харьсныхаа төлөө анх удаа аавдаа ороолгуулж билээ.
-Г.Галбадрах: Аав хүний” хайр нь дотроо хал нь гаднаа” байдаг гэдэг. Заримдаа энэ тухай хожим нь ухаараад, “харамсах” тохиолдол бишгүй гардаг.
-Б.Гэрэлт-Од: 3 жилийн өмнө аавыгаа “элэгний хорт хавдар”-аар өвчилснийг мэдэж, Германд авчраад сайн профессор, эмч, сувилагч, асрагч нарын тусаар хагалгаанд оруулж амь насыг нь аварсан. Тэгж арга хэмжээ авч амжаагүй бол аавд минь цөөхөн хугацааны л нас байсан. Одоо хэр нь аавынхаа эрүүл мэндэд санаа тавьж, байнга хянаж байгаа. Аавыгаа “хорт хавдар”-аар өвчилж, түүнийг нь эмчлүүлэх гэж хичээж явахдаа “хорт хавдар”-ын тухай илүү мэдлэг, мэдрэмжтэй болж, “хорт хавдраар өвчилж шаналсан олон хүмүүст туслах хэрэгтэй юм байна” гэж бодсон. Эмч хүний хувьд шүү дээ.
-Г.Галбадрах:Сайхан мэдрэмж байна шүү. Аав ээжээ амьдад нь “баярлуулна” гэдэг том буян.
-Б.Гэрэлт-Од: Аав минь ээжтэй бараг хүүхэд байхдаа Дорнодод танилцсан гэдэг. Ээж минь аливаа ажилд маш зүтгүүр зантай, ямар нэгэн ажлыг маш чанартай, дуустал нь хийж байж л санаа нь амардаг. Энэ урт хугацаанд үр хүүхдүүдийнхээ төлөө, гэр бүлийнхээ төлөө бүхнээ золиослоход бэлэн тийм их тэнхээ, тэмцэл ээжид минь байжээ. Амьдралын зовлон , хатуу сорилтод бууж өгөлгүй, цэх шулуун зогсож байна даа ээж минь. Өнөөдөр хүүхдүүд нь том болцгоон тус тусын амьдралаа хөөж хаа нэгтээ одоцгоож, настай аав ээж хоёр минь гэрээ сахин бөөвийгөөд хоцордог. Үргэлж хамт байхгүй ч сэтгэлдээ би ямагт аав ээжийнхээ хайранд “бөмбөрч” байгаа.
-Г.Галбадрах: 10-р ангиа төгсөөд ямар сонголт хийв дээ?
-Б.Гэрэлт-Од: Ахлах ангид суралцаж байхад ирээдүйд эмч болох сонирхолтой хүүхдүүдийг “Монголын Улаан Загалмайн Нийгэмлэг” -т гишүүнээр элсүүлж, түргэн тусламжийн болон нийгмийн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх анхан шатны суурь мэдлэг, чадварт сургадаг байсан юм. 10-р ангиа “сайн” дүнтэй төгссөн боловч, тэр жил нь АУИС-ийн хуваарь ирээгүй. Сувилагчийн Сургуулийн 2 хуваарь ирсэн байсан. Тэр сургуульд 2 жил “онц” суралцсан оюутныг АУИС-д оруулдаг байсан юм. Уг нь би АУИС-д орох гэж хими, биологи, орос хэлний хичээлээр бэлтгэж байсан юм. Тэгээд өөрийн хүсэлтээр Дорнодын Нэгдсэн Эмнэлгийн сэхээн амьдруулах тасагт 2 жил ажиллав. Багаасаа л эмч болох мөрөөдлөө биелүүлэх гэж тэр.
Гурав. Эмч болохын төлөө хичээж зүтгэсэн жилүүд

gerelt-5
-Г.Галбадрах:Ер нь яагаад заавал эмч болох гэж зүтгээд байсан юм бол?
-Б.Гэрэлт-Од: Би чинь өвөө эмээгийнхээ хайртай, “амины нь охин”. Сургуульд ороогүй байхдаа яагаад ч юм бэ “Би том болоод эмч болноо” гэж гэрийнхэндээ хэлж л дээ. Тэгсэн өвөө минь баярлаад л “Манайд нэг эмч байх ёстой юм шүү” гэж хэлж байсан гэдэг. Хожим нь намайг том болсон хойно өвөө минь надад хандаж “Миний охин заавал эмч болоорой” гэж хэлж байсан нь, зөн совингоороо миний ирээдүйг харж байсан бололтой. Өвөө минь олон жилийн өмнө улаан хоолойн хорт хавдраар өвчилж, зовж байхад нь би аманд нь жижиг халбгаар сүү уулгаж байхдаа, өөртөө “би заавал эмч болох ёстой” гэж “андгайлсан. Өвөө минь тэгээд “өөд болсон” доо.
-Г.Галбадрах: Хүмүүсийн өвчин зовлон, бусдад тус болох хүсэлтэй нийлээд “эмч” болох сонголтод хүргэж байсан тохиолдол зөндөө. Гэхдээ чи эмч болохын тулд анхан шатнаас нь ажиллаж эхэлж байж дээ?
-Б.Гэрэлт-Од: Энэ 2 жилийн хугацаанд маш их зүйлийг сурч, ойлгосон. Өвчтний бие засах газрыг угааж цэвэрлэн, шал угааж, бохирыг нь зөөж, тэднийг цэвэр цэмцгэр орчинд байлгаж асрахыг сурсан. Өвчтнийг сонсох, тэднийг хайрлаж, асарч энэрэх, өвчтний ар гэрийнхэнтэй нь харьцаж ойлголцохыг бас сурав. Өвдөж шаналж, зовж зүдэрч байгаа хүн мэдээж эрүүл саруул гялалзаж байгаа хүмүүсээс огт өөр. Тэдэнд халуун дулаан үг, ойлголцол, хайр халамж илүү хэрэгтэй. Бурхан хүнийг биш, зүтгэлийг нь илүү үнэлдэг. Ингэж 2 жил ажилласны дараа хүсч байсан АУИС-даа орсон доо.
-Г.Галбадрах: “Бурхан хүнийг биш, зүтгэлийг нь илүү үнэлдэг” гэдэг үгтэй тань санал нийлж байнаа.
-Б.Гэрэлт-Од: Гэхдээ мэдээж хүн бүх зүйлд ганцаараа зүтгэж амжилтад хүрнэ гэж байхгүй л дээ. Миний “эмч ” болж, өдий зэрэгтэй явахад минь дэмжиж тусалж, мэдлэг боловсролоо харамгүй зориулсан дунд сургуулийн анги удирдсан багш Цэрэнханд, Цогзолмаа, Дорнод аймгийн Нэгдсэн Эмнэлэгт ажиллаж байсан их эмч Гозуна, бурханы оронд нойрсож байгаа эмч Баатар, эмч Ээлтбаатар нарын олон хүмүүсээр бахархан хайрлаж, хүндэлж явдаг. Миний ажил төдийгүй амьдралын гараа ч энэ хүмүүстэй салшгүй холбоотой. АУИС-ийн 4-р курсийн оюутан байхдаа Гозуна, Ээлтбаатар, Баатар эмч нарын удирдлага дор жижиг хагалгаа хийж сурсан. Хөдөөд “холын дуудлага”нд дүүрэн өвчтэнтэй яаж явдгийг, олон цагийн хагалгаанд балга ус ууж амжихгүй, нойр хоолгүй яаж тэвчиж болдгийг тэднээс сурсан. Энэ бүх дадлага чадвар, сайн эмч болж байгаад минь их ч нөлөөлсөн.
-Г.Галбадрах:Мэдээж АУИС-д ороод хичээж сурсан уу?
-Б.Гэрэлт-Од: Өөрөө хүсч, бэлтгэж байж энэ сургуульд орсон болохоор хичээж сайн сурсан. Өмнө нь 2 жил өвчтөнтэй ажиллаж сурсан болохоор онол дээр суралцахад арай дөхөм байсан болов уу?Ингэж ажил мэргэжлийн хамгийн доод түвшингээс нь эхлэн хатуу хөтүүг нь нүдээр үзүүлж биеэр амсуулж байж, сая оюутан болгодог байсан нь “сайн эмч” бэлтгэн гаргах нөхцөл нь болдог байсан. Ядаж л бусад эмч, ажилтнууд болон өвчтний ар гэрийнхэнтэй хэрхэн харилцаж, хамтран ажиллахад суралцсан байдаг байж. АУИС-д элсэхэд 1 жилийн бэлтгэлийг заавал хийлгэдэг байсан юм шүү дээ.Тэр үед АУИС сургалтаараа ч, оюутнууддаа тавих шаардлагаараа ч мундаг байсан.
-Г.Галбадрах: Тийм ээ, би энэ яриатай тань санал нийлж байна. Харин Монголын АУИС-д эмч бэлтгэх тогтолцоондоо үүнийг больчихсон юм уу?
-Б.Гэрэлт-Од: Одоо сонсоод, уншаад байхад цагийн сайханд “Цагаан нөмрөгтөн, алтан гартан” гэж шүлэг дуунд хүртэл мөнхөрч явсан эмч, сувилагч, асрагч нарын мэргэжлийн чадвар, нэр хүнд тийм ч сайнгүй байгаа бололтой. Зарим сайн эмч нарыг эс тооцвол шүү дээ. Энэ нь АУ-ны мэргэжилтэн бэлтгэх тогтолцооны гажуудалтай холбоотой болов уу. Одооны залуус сургуульд тэнцлээ, элслээ гээд шууд оюутны ширээний ард сууж байна. Нөгөө талаар мөнгөтэй л бол дуртай сургуульдаа мөнгөө төлөөд сурдаг болж. Хүний амь нас, эрүүл мэндийг шууд хариуцдагийн хувьд, сайн эмч болохын тулд наад зах нь сэтгэлзүйн бэлтгэлтэй байх ёстой. Өвчтэй хүмүүстэй ажиллаж сурсан байх ёстой, би л тэгж боддог юм.
-Г.Галбадрах: АУИС-иа төгсөөд?
-Б.Гэрэлт-Од: 1998 онд АУИС-аа төгсөөд бага насны мөрөөдлөө биелүүлсэн сэтгэлийн их баяраа аав болон гэрийнхэнтэйгээ хуваалцаж их баяртай байсан. Сургуулиа төгсөх үед минь зах зээлийн харилцаа нилээд будилаантай, ажил олдохгүй, амаргүй байв. Өрхийн эмчийн орон тоо гартал “Өндөр настны халамжийн газар”-т эмчээр ажиллах хугацаандаа “Эх барих эмэгтэйчүүдийн эмч”-ийн курст суралцаж мэргэжлээ дээшлүүлсэн. Дараа нь амьдралын шаардлагаар ХБНГУ-д ирсэн дээ.
-Г.Галбадрах: Эмч хүний хувьд Германд ирээд юу анзаарав?
-Б.Гэрэлт-Од: Германчууд эрүүл мэнддээ маш их анхаарал тавьж, таргалалтын өвчинд нэрвэгдэхгүйн тулд байнга гүйж, гимнастик хийдэг хүмүүс юм. Өндөр настнууд маш олон учир 500 хүн тутамд нэг хувийн эмнэлэг ноогддог. Ялангуяа “нүдний эмнэлэг” гудамж болгонд тааралдана. Тэгсэн мөртлөө байнга л “сайн эмч болон түүнийг дагалдах сувилагч ажилд авах” зар харагддаг. Бүх шатны сургууль нь үнэ төлбөргүй, нийгмийн халамж үйлчилгээ нь бүгд даатгалтай, улсаас хангагддаг. Ер нь товчхондоо бол хүний төлөө анхаарал халамжаа чиглүүлсэн улс орон юм.
-Г.Галбадрах: Энд эмчээр үргэлжлүүлэн суралцахаар шийдсэн үү?
-Б.Гэрэлт-Од: Тийм бодол, хүсэл байсаан. Германд суралцахад Монголд АУИС-д суралцсан хичээлийн программ хангалтгүй, зарим нэгэн хичээлийн зөрүү шалтгаанаар 5-р семистрээс дахин АУИС-д суралцах болсон. Эмчээр ажиллахыг хүсч байхад дахиад хугацаа алдана гэдэг “хайран” санагдаж байв. 1 жилийн хэлний бэлтгэлд суралцсан. Мэдээж эхлэл бүхэн амар биш. Лекцинд герман багш нарын ярьж байгааг ойлгохгүй “манан дунд төөрсөн” мэтээр эхний 1 сар явлаа. “Ингэж цаг алдаад яахав” гэж бодоод, хуулийн сургуулийн номын санд бүтэн 3 сар мэргэжлийн номоо орчуулаад суусан. Словардаад л, гүүгэлдээд л сууна шүү дээ. Ингэсний хүчинд хэлний бэрхшээлээс аажмаар гарч лекциндээ бүтэн суудаг болов. Сурахын хажуугаар бага сагаар ажил хийж, сарынхаа цалингаар хэрэгцээтэй ном, сурах бичгээ худалдаж авна.
-Г.Галбадрах: Германы АУИС-д суралцаж байхдаа чиний анзаарч мэдсэн сайн талууд нь юу байна?
-Б.Гэрэлт-Од: Энд суралцсан 4 жилээ зөв ашиглаж, сайн мэдээгүй зүйлүүдээ сурч авсандаа баяртай байгаа. Германы Их Дээд сургуулиудын номын санд байгаа мэргэжлийн номын хүрэлцээ, өдөр болгон шинэчлэгдэж байдаг ном бүтээлүүд, мэргэжлийн сэтгүүлүүд нь оюутны өөрийгөө хөгжүүлэх асар их боломжийг олгодог. Түүнчлэн зөвхөн онол биш, дадлагын ажилд маш их анхаардаг, оюутны хөдөлмөрийн биржийг үр ашигтайгаар ажиллуулдаг нь их таалагдсан. Ер нь мэргэжлийн чанартай сайн сургалтыг хангахын тулд тухайн оюутны сургалтын байр, номын сан, оюутны байр зэргийг таатай бүрдүүлсэн байдаг нь Германд чанартай сайн мэргэжилтнүүд төрөн гарч байгаагийн нэгэн үндэс нь болов уу. Үүнд нь төрийн бодлого, дэмжлэг, үүрэг хариуцлага нь маш их нөлөөлдөг.

gerelt-3-3
-Г.Галбадрах: Монголд минь төрийн зүгээс боловсролын салбарт яг ийм бодлого, дэмжлэг, үүрэг хариуцлага дутагдаад байгаа юм уу даа? гэж би бодоод байгаа юм.
-Б.Гэрэлт-Од: Сүүлийн жилүүдэд Монголд оюутнуудыг төрийн зүгээс боломжоороо дэмжиж эхэлж байгаа нь сайн хэрэг. Биднийг АУИС төгссөний дараа надад болон хөдөөний оюутнуудад ажиллах ажлын байр олдохгүй байсан. Гэтэл одоо хэр нь Монголд байгаа танилуудын дунд “дээд сургууль төгссөн хүүхдэд нь ажлын байр олдохгүй байгаа ” тухай яриа сонсогдсон хэвээрээ. Бид ажлын байрны төлөө биш, тухайн салбартаа амжилт гаргахын тулд их, дээд сургуульд суралцдаг шүү дээ. Бас манайханд байгаа нэг муу тал нь, хүүхдүүд сургуулиа сонгочихоод, дараа нь мэргэжлээ сонгодог явдал. Жишээ нь, ТИС-д л орвол болоо. Улсын сургуульд орсон бол ямарч мэргэжлээр суралцах нь хамаагүй гэж бодож болохгүй. Эхлээд мэргэжлээ сонгочихоод, тэр чиглэлээрээ чанартай боловсрол олж авах ёстой л доо.
Дөрөв: Эмчийн ажил бол сайхан сэтгэл,
их хариуцлага дээр тулгуурладаг
-Г.Галбадрах: Тийм шүү. бидэнд тийм сул талууд ажиглагддаг. Германд АУИС-аа төгсөөд?
-Б.Гэрэлт-Од: 2004 онд Германы АУИС-ийг “эмчийн мэргэжлээр ажиллах эрхтэй” төгссөн. Оюутны ширээнээс шууд хүлээн авахын жижүүрийн хамт давхар тасгуудын жижүүрт гардаг эмч болж, хүнд өвчтөн ч үздэг, бие даан эмчилдэг, сорьж дадлагажуулсан жилүүд байлаа. Германы эмнэлэгт ороод л би өөрийнхөө сул тал, алдааг олж харсан. Мэдрэлийн эмч хүн зөвхөн мэдрэлийн өвчтөнөө ганцаараа үзээд байхгүй. Мэдрэлийн өвчтөн чинь нэг хоёр мэдрэлийн эмчийнх биш, олон эмч нарын, жишээ нь дотрын, мэс заслын эмч нарын дундын өвчтөн. Тиймээс бусад эмч нарын арга барилыг харж ажиглах, харьцуулж зөвлөлгөө авах хэрэгтэй юм байна гэдгийг ойлгосон. Саяхан нэг иргэн интернетэд “Цус харвасан өвчтөн заавал зүрх судасны эмчид үзүүлэх естой юм байна” гэж бичсэн байсан. Харин “ямар учраас” гэдгийг нь би тайлбарлаж бичсэн л дээ. Энд клиник нь хувийн эмнэлгүүдтэйгээ нягт хамтран ажилладаг. Энэ бол маш чухал юм. Клиникийн эмч нар тэр болгон өвчтнийхээ, өвчний өмнөх түүхийг нь мэдэхгүй. Тиймээс өрхийн эмчтэй утсаар холбогдож хэрэгтэй мэдээллээ авдаг юм.
-Г.Галбадрах: Германы эмнэлгийн үйл ажиллагаа болон ажил үүргийн хуваарь нь тодорхой байдаг байх?
-Б.Гэрэлт-Од: Эмч ч, сувилагч ч \германд асрагч гэж байдаггүй, сувилагч нь сувилгаа асаргаагаа давхар хийдэг\ өөр өөрсдийн хариуцах үүрэгт ажилтай. Хүн болгон өөрсдийн үүрэгт ажлаа хийж, хариуцлагаа хүлээдэг. Өгсөн үүрэг даалгаврыг хийсэн бол хийсэн гэдгээ, хэрэв хийгээгүй бол тэр чигээрээ “алга бололгүй”, “яагаад?” гэдгээ ирж тайлбарлана. Хоорондоо маш соёлтой харилцаатай, энэ нь хүний ажиллах сонирхлыг их төрүүлдэг. ” Team work” гэдэг ямар чухал зүйл болохыг энд сайн мэдэрдэг юм.
-Г.Галбадрах: Түүнээс гадна “сайн эмч” байхын тулд өөрийгөө байнга хөгжүүлж байх ёстой.
-Б.Гэрэлт-Од: Мэргэжилдээ “эзэн” байлгахын тулд Герман улсад эмч нарыг байнга мэргэжил дээшлүүлэх сургалт, дамжаанд байгууллагаас тодорхой хэмжээгээр төлбрийг нь төлж хамруулдаг. Долоо хоног болгоны мягмар юм уу баасан гаригт нэг эмч, мэргэжлийн сэдвээр 30 минутын илтгэл тавьж, түүгээрээ туршлагатай эмч профессоруудтай ярилцан их мэдээллийг сонсож мэдэж авна. Мэргэжилдээ эзэн байхын тулд эмч хүн өөрөө өдөр бүр шинэ мэдээллүүдийг уншиж байх естой. Тиймээс би мэргэжил дээшлүүлэх сургалтад байнга хамрагддаг. Тухайлбал, “Яаралтай анхны тусламжийн мэргэжил дээшлүүлэх курс”, “Сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний мэргэжил дээшлүүлэх курс”, “Зүрхний бичлэг-зүрхний ЭХО-ний курс” гэхчилэн.
-Г.Галбадрах: Чамайг одоо энэ эмнэлэгтээ “зүрх судасны болон сэхээн амьдруулахын эмч”ээр ажиллаж байгааг мэднэ. Яагаад заавал энэ чиглэлийг сонгож авсан юм бол?
-Б.Гэрэлт-Од: 2 жилийн сорилтын хугацаагаа дуусгаад нарийн мэргэжлээ сонгох болоход “уушигны эмч болох”, “зүрхний эмч болох” сонголт дээр очсон. 2 жил зүрх судасны тасагт ассистентаар ажилласан болохоор, “би үүнээсээ илүүг сурах ёстой” гэдэг сонголтоор, “дотрын сэхээн амьдруулах” тасагт одоог хүртэл ажиллаж байна. Зүрх судасны сэхээн амьдруулахын эмч гэдэг асар их тэвчээр , хариуцлага, мэдлэг шаардсан ажил. Эмч хүн мэдлэггүй, хайхрамжгүй, алагчилсан сэтгэлээр ажиллавал хүний амь нас хохирох эрсдэлтэй. Би болохоор угаасаа өвчтөний хөрөнгө мөнгө, зүс царай, эрх мэдлийг харж ажиллах дургүй хүн. Ямар ч хүний амь насыг өөрийн аав ээжийн амь шиг хайрлаж, эрүүл мэндийг нь хохироохоос хамгийн их айж, сэтгэлийнхээ гүнээс сонор соргог ажиллахыг хичээдэг. Өвчтөн бол өвчтөн шүү дээ. Тэр бол хүн. Мэргэжил бол үүрдийн хань. Би чин сэтгэлээсээ “ямар хүн болохыг хүсч байна вэ?” гэдгээ анзаарч, өөрийн хувийн онцолг чанаруудаа олж мэдрээд л энэхүү нарийн мэргэжлийг сонгосон юм.
-Г.Галбадрах: Өөрийн хувийн сайн чанаруудаа мэдэрч байж мэргэжлээ сонгосон гэдэг тань содон сонсогдож байнаа?
-Б.Гэрэлт-Од: Манай зөвлөх эмч нар үргэлж шинийг санаачлагч, өөртөө итгэлтэй, зоригтойгоор асуудлаа тавьж шийддэг, шударга, их эрч хүчтэй хүмүүс л дээ. Хамтран ажиллахад их урамтай. Би Монголдоо суралцаж, ажиллаж байсан болохоор эндхийн эмнэлгийн хөгжилтэй өөрийн орныхоо эмнэлгийг байнга харьцуулж, бусдын хийж байгаа зүйлийг анхааралтай ажиглаж суралцснаар, санаа авснаар миний мэргэжлийн хөгжилд дэвшил гарч байгаа юм.
-Г.Галбадрах: Бид “эмч хүн” гэдэг ерөнхий нэрэнд дасчээ. Гэхдээ яг “эмч хүн гэж хэнийг хэлэх вэ?” гэдгийг тэгтлээ анзаарч эргэцүүлдэггүй. Чиний хувьд “эмч хүн” гэдэг?
-Б.Гэрэлт-Од: Эмч хүний мэргэжлийн нэг онцлог бол цаг хугацаа, хариуцлага хоёрын хооронд дэнсэлдэг учраас, цагийн менежмент болон хариуцлага хүлээх чадвар нь хамгийн чухал зүйл. Нөгөө талаар мэргэжлийнхээ үр шимийг хүртэхийн тулд эмч хүн, өөрийн боловсролын талбайгаа ямагт өргөтгөж, сэлбэж шинэчилж байх учиртай. Эмч хүн зорилготой, залхуугүй, цаг хугацаатай уралдаж мэдлэг боловсролоо дээшлүүлдэг, зөв сонголттой, ёс суртахууны өндөр соёлтой, энэрэнгүй өрөвч зөөлөн сэтгэлтэй, хүний хамгийн эрхэм чанараар биеэ “чимсэн” байж чадвал, ямар ч өвчтөнийг сэтгэлтэй нь, эрхтэнтэй нь хамтад эмчилж чадна. Өрөвч зөөлөн сэтгэл, өндөр хариуцлага гэдэг эрхэм чанар эмч хүнд үгүй бол, зүгээр л цагаан халад өмссөн “араатан” гэсэн үг. Тухайн улс үндэстний “Аюулгүй байдал”-ыг бид л хариуцаж ажилладаг учраас, асар их хариуцлагатай байх ёстой.
-Г.Галбадрах: Өвдөж шаналсан хүн болгоны ард, гэр бүлийнхэн нь байдаг. Тэд бас л хамтдаа зовж шаналдаг хүмүүс.
-Б.Гэрэлт-Од: Өвчтөн, түүний ар гэрийнхэн нь эмч бид нарт хамаг итгэлээ хүлээлгэдэг. Эрүүлийг хүссэн хүн болгонд эмчээс асууж лавлах зүйл их байдаг. Миний анзаарч байгаагаар Германд хөгжлөө дагаад, хэтэрхий техникжсэн сэтгэлгээ газар авсан мэт. Машин техник, лаборатори, шинжилгээ хэдий чухал боловч, өвчтөнтэй ойртож ажиллах, өвчтөний биед үзлэг хийх, ярилцах цаг хугацаа дэндүү бага. Энэ бол миний бодлоор “алдаа” юм. Эмчийн тайлбарласнаар өвчтөн өөрийн өвчний талаар 100 % ойлгож мэдэж байх нь хэрэгтэй. Эмч өвчтөн маш сайн ойлголцсноор эмчилгээний явцад гарах үр дүн, тохиолдож болох элдэв хүндрэлээс урьдчилан сэргийлэх боломж нь нэмэгдэнэ. Өвчтөнөө сайн харахгүй, тэмтэрч чагнаж үзэхгүйгээр шинжилгээний дүгнэлтийг хараад л эм бичээд өгч болохгүй шүү дээ.
-Г.Галбадрах: Хэрвээ өвчтөнд “найдвар үгүй” бол, өөрт нь болон гэр бүлийнхэнд нь мэдэгдэх ёстой гэсэн үг үү?
-Б.Гэрэлт-Од: Энд бол хэзээ ч эдгэрэхгүй өвчин болон, тохиолдох үхлийн талаар өвчтөн болон ар гэрийнхнээс нь нуудаггүй. Эсрэгээр, өвчтөнтэй болон ар гэрийнхэнд нь энэ талаар илэн далангүй ярьж ойлгуулдаг. Хүний хөлийг нь тайрч авчихаад нуугаад байж болохгүй шүү дээ. Түүнтэй л адил. Сэтгэл эрүүл бол бие эрүүл гэдэг. Хүний биеэс сэтгэлийг нь салгаад, бүр эд эрхтэн болгоноор нь хуваагаад мэргэшээд явчихсныг би, орчин үеийн АУ-ны “эмгэнэл” гэж боддог юм. Тэр ч бүү хэл өвчтний гэр бүл, ажлын орчин, мэргэжлийг нь хүртэл бүхлээр нь харж, сонсож чадвал ихэнхи асуултын хариуг бас олж болдог.
-Г.Галбадрах: Тэгэхээр өвчлөл гэдэг ойлголтыг цогц байдлаар нь авч үзэх ёстой болох нээ?
-Б.Гэрэлт-Од: Маш олон хүмүүс хөдөлмөрийн хамгаалал болон нөхцөл муутайгаас болж өвчилдөг. Жишээ нь, чулуу шороотой ажилладаг хүмүүс агаарын бохирдлоос болж уушиг, зүрх судасны өвчнөөр өвчилж байна. Хүн ардаа эрүүл орчинд ажиллаж амьдрах бүх боломжийг нь “хаачихаад”, өөрсдөө байгуулсан чанар үйлчилгээ муутай хувийн эмнэлгүүдэд эрүүл мэндийг нь хариуцуулж болохгүй шүү дээ. Эмнэлгүүдэд хүн ардын эрүүл мэндийг даатгачихсан тохиолдолд, хүн өвдөхөөрөө л эмнэлэг рүү “гүйдэг” зуршилтай болсон мэт. Дээрээс нь өвдөхөөрөө л “тийм юманд сайн” гэдэг бодлоор хяналтгүй, баталгаагүй эм авч уудаг нь эмийн буруу хэрэглээнд сургаж байна. Энэ болгон чинь энгийн ард иргэдэд АУ-ны талаарх буруу ойлголт, хандлагыг бий болгоод байгаа юм.
-Г.Галбадрах:Өөрийн зорилгодоо хүрч, өндөр хөгжилтэй орны эмнэлэгт ур чадвараараа ажиллаж байгаа болохоор сэтгэл хангалуун байдаг байх?
-Б.Гэрэлт-Од: Сайн аппарат тоног төхөөрөмжөөр, сайн гартай эмч сувилагч нартайгаа хамтарч өвчтөнд дахин “шинэ амьдрал” хайрлаж байгаа буянтай сайхан ажлыг чин сэтгэлээсээ хийхээр өөрийн эрхгүй бахдам, дүүрэн жаргалыг мэдэрдэг. Ажилдаа явахдаа, тэр их ачааллын дараа ажлаасаа гэр рүүгээ явахдаа дуучин Мөнхбатын морины дуутай СД-гээ чанга дээр нь тавиад сонсож явахад, сэтгэл минь сэргэж, нутаг ус минь нүдэнд харагдаж, түр ч атугай нутагтаа очоод ирчихсэн юм шиг сайхан болдог юм шүү. Ер нь гадаадад суралцсан хүмүүсийн олон нь гадаадад үлддэг нь жаахан харамсалтай санагддаг ч шалтгаан нь янз бүр л байдаг байх. Сурсан зүйлээ амьдрал дээр өөрийн болгох, бас тэгээд амьдарч ажиллах орчин, өндөр цалин гээд мундахгүй шалтаг бий. Гэхдээ бид наанаа “аятайхан байгаа” юм шиг харагддаг хэрнээ сэтгэлдээ бол эх орноо санасан, эцэг эхээ үгүйлсэн хүмүүс л байдаг юм шүү дээ.
-Г.Галбадрах: Ер нь алсдаа Монголдоо буцах бодол байгаа юу?
-Б.Гэрэлт-Од: Аав ээж хоёр минь Монголдоо эсэн мэнд аж төрж байгаа. Миний одоогийн мэргэжил маань ч Монголд минь эрэлт хэрэгцээтэй байгаа. Гэхдээ одоо надад энд байхдаа хийж амжуулах хэд хэдэн тодорхой зорилгууд байгаа. Түүнийгээ хийж амжуулаад Монголдоо очиж ажиллана даа. 2010 онд докторын программд орж ажиллаж байгаа гол ажил маань” хавдар судлал”, “хөхний хорт хавдрын судалгаа”ны ажил байгаа. Одоогоор тодорхой шалтгааны улмаас түр зогссон байгаа. Үүнийгээ энэ жилээс нилээд гүнзгийрүүлэн судалж, өргөтгөн ажиллах бодол байгаа. Герман бол хорт хавдрын эмчилгээний чиглэлээр дэлхийд нилээд дээгүүрт үнэлэгддэг. Тийм болохоор энэ бол миний хувьд том боломж гэж би харж байгаа юм.

gerelt-6
Тав. Хорт хавдар – нийгмийн хөгжилд нөлөөлөх
хэмжээнд хүрээд байна.
-Г.Галбадрах: Тэгвэл чи цаашдаа “хорт хавдар”-ын эмчилгээний чиглэлийг илүү сонирхоод байнаа даа? Яагаад?
-Б.Гэрэлт-Од: Хорт хавдрын өвчлөл дэлхий нийтийн хэмжээнд хурц асуудал болоод удаж байгаа. Өнөөдөр дэлхийн хэмжээнд жил бүр 12 сая хүн “хорт хавдар” өвчин гэж шинээр оношлогдож, үүний 7,6 сая хүн нь нас барж байна. Монголд маань жилдээ дунджаар 4200 орчим хорт хавдрын шинэ өвчлөл бүртгэгдэж, нас барж буй 5 хүний 1 нь “хорт хавдар”-ын улмаас хорвоог орхиж байна. Элэг, ходоод, улаан хоолой, уушиг, умайн хүзүү, хөх гэсэн 6 байрлалын хавдар нь нийт хорт хавдрын өвчлөлийн 80 орчим хувийг эзэлдэг ба ёстой л хогийн ургамал шиг энд тэндгүй өндөлзөн, бидний нэг олдох амьдралыг дуусгаж байна даа. Хэрэв анзаарах юм бол, фейсбуук болон цахим орон зайд, “Хорт хавдраар өвчилж зовж байгаа тийм ч хүүхэд, тийм ч хүний амь насыг аврахад хандив өгч туслаач” гэсэн хүсэлтүүд маш их гарч байдаг. Бид ганц нэгээр нь хүмүүст хандив өгч туслаад, энэ асуудлыг шийдэж чадахгүй шүү дээ. Асуудлыг арай өргөн хүрээнд, цогц байдлаар нь авч үзэх хэрэгтэй юм шиг надад санагдаад байгаа юм. Хэдийгээр бид өндөр хөгжилтэй оронд ажиллаж байгаа эмч нар ч гэсэн, “монгол эмч” гэдэг утгаараа сэтгэл минь өвдөж, шаналахгүй байж чадахгүй байна. Бид нар чинь эмч хүн шүү дээ.
-Г.Галбадрах: Би ч бас энэ тухай багагүй боддог. Хорт хавдрын өвчлөл ихэсч байгаа нь хүмүүсийн амьдралд их ч хүндээр тусч байгаа нь илт мэдрэгдэж байна.
-Б.Гэрэлт-Од: Нэг айлд нэг хүн хорт хавдраар өвчлөхөд л тэр айлын эдийн засаг, хүмүүсийн сэтгэлийн шаналал, зовлонт амьдрал гээд тэр айлыг үндсэндээ шууд л “сүйрүүлж” байгаа юм. Тэр хүнээ эмнэлэгт үзүүлэх, шинжилгээ авахуулах, эм тариа, хэвтрийн дэглэм, хоолны гам, асаргаа сувилгаа, сэтгэл санаан доторхи зовлон шаналал бүхэн нь, эргэн тойронд нь байгаа хайртай дотно бүх л хүмүүсийн баяр баясгаланг, амьдралын хэмнэлийг нь орвонгоор нь өөрчилж байна. Тэгээд нэг ч биш, маш олон айл өрхүүдэд ийм байдал тохиолдож байна гээд бодохоор энэ чинь бүх л нийгмийг хамарч эхэлж байна шүү дээ. Айл гэр “элэг бүтэн” байна гэдэг аз жаргалтай амьдралын баталгаа. Маш олон хүмүүс, айл өрх ийм байдалд ороход л өнөөгийн Монголын нийгэмд түгээмэл оршиж байгаа бухимдлын үндэс, эх үүсвэр нь харагдана даа. Юун уул уурхай вэ? Монголын нийгэмд өнөөдөр даруй анхаарч шийдэх учиртай “амин асуудал” нь “хорт хавдрын өвчлөл” болж байгаа юм биш үү? Эмч хүний хувьд би ингэж л харж байгаа.
-Г.Галбадрах: Чи мэргэжлийн хүний хувьд өөр өнцгөөс нь харж чадаж байнаа. Нээрээ бодох ахул, хорт хавдрын өвчлөл нь Монголын нийгмийн “амин асуудал” гэж хэлсэнтэй тань санал нийлж байна. Хорт хавдрын эх үүсвэрийн маш олон тохиолдол нь нийгмийн буруу бодлогоос болж байгаа гэвэл үнэнд ойртож очих байх?
-Б.Гэрэлт-Од: Та бодоод үз л дээ. Улаанбаатар хотод өвөлжингөө нүүгэлтэж байгаа утаанаас үүдэлтэй агаарын бохирдол, замбараагүй уул уурхайгаас үүдэлтэй усны, хөрсний бохирдол, ядуурлаас үүдэлтэй баталгаагүй хүнсний хордлого, архидалтаас үүдэлтэй бухимдал стресс, энэ бүхэн хорт хавдрын өвчлөлд шууд ба шууд бусаар нөлөөлж байгаа. Тэгэхээр л энэ бүхэн чинь явж, явж нийгмийн тогтолцоо, төр засгийн бодлого, хариуцлагатай шууд холбогдоод ирж байгаа биз дээ? “Хүмүүс ядуу болохоороо хямд үнээр муу хүнс идэж болно” гэдэг бол төрийн зөв бодлого уу? Төр засаг нь иргэдээ аюулгүй орчинд амьдруулж, баталгаатай хүнсээр хангах үүрэгтэй биз дээ? Тэр үүргийнхээ төлөө тэд татварт төлсөн мөнгөөр санхүүждэг. Заримдаа ч ийм бодлоосоо болоод би өөрөө ч бухимдаж орхидог юм.
-Г.Галбадрах: Тэгэхээр энэ асуудалд бид өөрсдөө илүү анхаарах хэрэгтэй гэсэн санаа юу?
-Б.Гэрэлт-Од: Америкт байгаа Ажаа гэгээнийг Монголд “Цусны хорт хавдартай хүүхдүүдийг эмчлэх эмнэлэг” -ийг санаачлан бариулж байгааг сонсоод би үнэхээр их баярласан. Тэгээд тэр санаачлагыг нь дэмжээд Америкийн монголчууд маш их хандив босгож чадаж байгааг мэдээд их ч бахархсан. Тэр үед “би ч бас ингээд суугаад байж болохгүй шүү дээ” гэж өөртөө хэлсэн. Эмнэлгийн барилга барина гэдэг нь их ч том үйлс. Манай монголчууд “саалиа бэлдэхээр саваа бэлд” гэж хэлдэг шүү дээ. Дараагийн том асуудал байнаа. Эмнэлгийн барилга баригдчихдаг. Тэнд хорт хавдрыг эмчлэхэд хэрэглэж болох хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжүүд, шинжилгээний лаборатори, орчин үеийн эмчилгээний арга зүй, тэр эмнэлэгт ажиллах эмч, сувилагч нарыг мэргэжлийн өндөр түвшинд бэлтгэх гээд маш нарийн асуудлууд ард нь зогсч байдаг. Ажаа гэгээний санаачлагыг эмч бид нар л мэргэжлийн түвшинд дэмжиж, Монголд, гадаадад байгаа гэлтгүй сэтгэл боломжоороо үргэлжлүүлэх хэрэгтэй юм гэсэн санаа төрсөн юм. Яагаад бид энэ боломжоо ашиглаад орчин үеийн, хамгийн сайнаа байг гэхэд, маш сайн эмнэлэгтэй болж болохгүй гэж?. Тэгвэл бидний одоо бухимдаад байгаа олон асуудлуудаас бага ч болов шийдэх боломж болох ч юм бил үү?
-Г.Галбадрах: Энэ маш сайхан санаа байна. Мэдээж хүн болгон шахуу ингэж бодож байгаа байх. Гэхдээ ийм асуудлуудыг шийдэхэд мөнгө, маш их мөнгө хэрэгтэй болно. Бидний санаачлагыг дэмжээд хэн ч зүгээр л “май” гээд өгөхгүй шүү дээ? Бас “чанартай юм үнэтэй байдаг” зарчим бий.
-Б.Гэрэлт-Од: Мэдээж мөнгө олох гэдэг амаргүй. Гэхдээ “мөнгө олдохгүй байх” гээд суугаад байвал, бид хэзээ ч юуг ч шийдэж чадахгүй. Германд болон өндөр хөгжилтэй орнуудад ийм чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Сан”-гууд олон байдаг. Тэд бол маш хариуцлагатай, үйл ажиллагаа нь ил тод, ойлгомжтой байж чаддаг болохоор олон нийтийн дэмжлэгийг маш сайн авч чаддаг. Сая Ажаа гэгээний санаачлагыг гадаадад байгаа монголчууд дэмжиж, нэг өдрийн дотор олон арван мянган доллар босгож чадаж байгааг харахдаа “боломж байна” гэдгийг мэдэрч байв. Нөгөө талаас хүн өөртөө мөнгө гуйх, бусдад тус болохын тулд мөнгө “босгох” гэдэг өөр хоорондоо ялгаатай үйлдлүүд. Гол нь өөрсдөө зорилго, үйл ажиллагаагаа бусдад зөв ойлгуулж, үйл ажиллагаагаа ил тод байлгаж, байнга бусдад тайлагнаж байх нь чухал. Германд “хорт хавдраар өвчилсөн хүмүүст туслах сан” ТВ-ээр нэг өдрийн дотор хэдэн сая еврогийн хандив босгож байгааг хэрэг болгож үзэж байсан л даа.
-Г.Галбадрах: Түүнээс гадна нэр хүндтэй хүмүүсийн дэмжлэг ч бас их хэрэг болж магадгүй?
-Б.Гэрэлт-Од: Би энэ санаагаа бодож олсноос хойш, Германы хэд хэдэн нэр хүнд бүхий мэргэжлийн профессоруудтай уулзаж, санал бодлоо солилцонгоо зөвлөлгөө авлаа. Тэд надад маш хэрэгтэй зөвлөлгөөнүүдийг өгч, өөрсдөө ч бас “туслахыг хичээнэ” гэж амалсан. Бас одоогоор мэдээлэл солилцож, судалгааны түвшинд яригдаж байгаа хэд хэдэн асуудлууд ч байгаа. Миний хүсээд байгаа гол зүйл бол, өндөр хөгжилтэй орнуудад байгаа шиг орчин үеийн стандартыг хангасан, дэлхийн түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн, бүх шалгуурыг нь хангасан “Хорт хавдрын өдрийн клиник”-ийг Монголдоо байгуулах. Одоо Монголд минь нэг үеийг бодвол эдийн засгийн эргэлт сайжирч, амьдрал нь боломжтой болохын хэрээр “бусдад тус дэм болохыг хүсдэг” хүмүүс олон болж байна. Монголын залуусын минь сэтгэлгээ, ажил хэрэгч чанар, алив зүйлд бодитоор хандах хандлага нь улам л мундаг болж байгаа. Тэд дэлхийн хэмжээнд сэтгэдэг болжээ. Тэгэхээр “дэм дэмэндээ, дээс эрчиндээ” гэдгээр бид сайн үйлсийн төлөө нэгдэж чадах л болно.

gerelt-od-1
-Г.Галбадрах: Одоо Монгол руугаа ямар ажлаар явж байгаа юм бэ?
-Б.Гэрэлт-Од: Энэ жилийн миний ээлжит амралт. Гэхдээ амрах нь чухал биш, бодож санаж байгаа зүйлээ ажил хэрэг болгох эхлэлийнхээ төлөө нилээд хугацаагаа зарцуулнаа. Би Монголоосоо гараад нилээд уджээ. Нөгөө л оюутан, эмч байхын төсөөллөөсөө нэг их хэтрэхгүй шахам. Харин энэ жил Монголдоо “Хорт хавдрын өвчлөл”ийн талаар мэдээлэл цуглуулах, боломжоороо тандалт хийх, энэ чиглэлийн мэргэжлийн хүмүүстэй уулзаж санал бодлоо солилцох, бас Ажаа гэгээний бариулж байгаа эмнэлгийн явцыг сонирхох, боломж гарвал Ажаа гэгээнтэй уулзаж мэдээлэл болон санал солилцох төлөвлөгөөтэй байгаа. Бас нэг чухал ажил нь миний энэ санаачлагыг минь дэмжиж, хамтран баг болж ажиллах хүмүүсийг олж ойлголцох санаа бий.Хажуугаар нь амжиж хөдөө явж, морь унах санаатай. Энэ бүхнийгээ нэгтгэж бэлтгээд, эргэж ирээд “Монголын хорт хавдраар өвчилсөн хүмүүст туслах сан” байгуулах төслөө хийж эхэлнэ дээ. Мэдээж үүнд нилээд хугацаа шаардагдах хэдий ч, эхнээс нь хийж эхэлж л байх хэрэгтэй байна.
-Г.Галбадрах: Дэмжихгүй байхын аргагүй сайхан санаачлага байна. Би ч бас энэ үйлсийг тань дэмжиж, хамтран ажилланаа.
-Б.Гэрэлт-Од: Маш их баярлалаа. “Хүн бүрийн хүчин зүтгэл хэрэгтэй” гэдэг шиг, нээрээ хүн болгоны тус дэм хэрэгтэй байлгүй яах вэ? Би хааяа боддог юм. Хүн энэ ертөнцөд зөвхөн өөрөө л жаргах гэж ирдэггүй юм. Өөрийн чадах зүйлээрээ бусдад тус болж, бусдыг баярлуулж явна гэдэг буянтай үйлс. Ийм зүйлийг мөнгөөр хэмжиж болно гэж үү? Энд чинь л хүн болж төрсний утга учир, баяр бахдал, хувь тавилан оршдог байх.

…Миний фейсбуук дахь олон “найз”-уудын минь нэг нь Б.Гэрэлт-Од. Түүнийг ихэвчлэн фейсбуукдээ морины зургууд оруулдаг, заримдаа эрүүл мэндийн талаар, эмийн хэрэглээ болон зарим өвчлөлийн талаар бичсэн зөвлөлгөөнүүдийг нь хальт харна. Тэр тухай нь асуухад “Манай монголчууд эрүүл мэнддээ их анхаарал тавьдаг болжээ. Тэдний асууж сонирхож байгаа олон асуултуудад нь эмч хүний хувьд, боломжоороо хариулж зөвлөлгөө өгч байх хэрэгтэй болдог юм. Даанч заримдаа ажлаасаа болоод зав чөлөө гарахгүй юм аа” гэж хэлж байсан. Энэ ярилцлагаа дуусгаад түүгээр маш их бахархлаа. “Хорт хавдрын өвчлөл нь нийгмийн хөгжилд муугаар нөлөөлөх хэмжээнд очиж байна” гэсэн санааг би түүнээс л сонссон. Түүнээс сонссон энэ санаа нь, ярилцлагын маань “хөтөч” болсон юм. Харин одоо хэрэгжүүлэх гэж зорьж байгаа “Монголын хорт хавдраар өвчилсөн хүмүүст туслах сан”-гийн тухай ойлгож мэдэхдээ “би бас энэ үйлсэд өөрийн хувь нэмрээ оруулах хэрэгтэй” юм гэж шууд л бодогдсон. Нээрээ л хүний амьдралдаа заавал үйлдэх учиртай “том үйлс”-ийн нэг нь энэ байх ч юм бил үү?

Jun 25

Том мөрөөдөл том боломж руу хөтөлдөг

By gala-admin | ЯРИЛЦЛАГУУД

Вандандоржийн Тулгат \цуврал ярилцлага-10\
…Лос-Анжелост болсон “Монгол номын сан”-гийн 5 жилийн ойн арга хэмжээний маргааш өдөр Тулгат бид хоёр уулзаж, тэдний гэрийн гадаах тохилог талбайд сууж ярилцсан юм. Тулгатын тухай би өмнө нь сонсож байсан хэдий ч тийм сайн мэдэхгүй. Хааяа Монгол руу хүүхдүүдтэйгээ ярьж байхдаа, тэдний ярианаас Тулгатыг Монголын залуу үе аль хэдийн биширч, дууг нь сонсож, хүндэлдэг тухай мэдсэн юм.

Харин түүнтэй ярилцаж суухдаа, хоёр ч удаа тархины хорт хавдрын хагалгаанд орж, өвдөлт зовиур, ганцаардалт шаналлыг мэдэрч, давж гарсан түүх нь, түүний сэтгэл оюунд ямар их ухаарал болон шингэснийг анзаарсан. Тэр ухаарал нь бусдад тус болох гэсэн эрмэлзлэлтэй нэгдэж, их урлагийн ертөнц рүү аваачжээ. Амьдралын үнэ цэнэ, утга учир, зорилгын тухай тэрээр залууст өөрийн дуугаараа учирлаж байна. Тэр хүнд цагуудын тухай дурсамж энэ ярилцлагыг хөглөлөө.

Нэг. Бага насны дурсамж
-Г.Галбадрах: Хэзээ, хаана төрж өсөв дөө?
-В.Тулгат: 1989 оны 7 сарын 13 нд Улаанбаатар хотын Эх Нялхасын эмнэлэгт төрсөн. Наадмын 3 дахь өдөр дутуу төрөөд “инкубатор”т бойжсон юм гэдэг. Их инээдтэй. Намайг бага байхад Энхбаатарын хүүхэд гэдэг байв. Би учрыг нь сайн ойлгохгүй. Хааяа аав ээждээ гомдохоороо, “Миний жинхэнэ аав ээж хаана байдаг юм бол? Энхбаатар гэдэг нэртэй гэсэн ” гэж бодно. Хожим нь учрыг нь ойлгож билээ. Хүүхэд дутуу төрөхөөр нь бүрэн бойжтол нь байлгадаг байсан “инкубатор”ыг л хэлж байсан аж.
-Г.Галбадрах:Хөгжилтэй түүх байна. Сургуульд хаана орсон юм бэ?
-В.Тулгат: 7 наснаасаа тэр үед 22-р сургууль гэж байсан, одоо “Оюуны ундраа” цогцолбор болсон байгаа, тэр сургуульд орсон. Эмээ минь дагуулж оруулж байсан юм. 2-р ангиасаа байна уу даа, бүжиглэх дуртай болсон юм. Сургуулийн урлагийн үзлэгт орох гээд. Нэг удаа Хулан гэдэг охиныг дагуулаад гэртээ ороод ирсэн чинь эгч минь гайхаад л. “Яах гэж яваа юм бэ?” гэхэд нь “бид хоёр бүжиг давтаж байгаа юм” гэсэн гэдэг.
-Г.Галбадрах:Багаасаа л бүжиглэж эхэлж дээ?
-В.Тулгат: Анхандаа эвсэлгүй хэрнээ бүжиглэх гэж хичээгээд хөдлөөд л байдаг. Өөрөө хичээгээд байгаа болохоор аажимдаа гайгүй болж байгаа юм. Манай сургуулийн дуу хөгжмийн Баасанжав гэдэг багш маань бүжгийн дугуйлан хичээллүүлж, янз бүрийн насны биднийг нэгтгээд “Super stars” нэртэй бүжгийн хамтлаг байгууллаа. Бүжиглэх дуртай байсан болохоор хамтлагийнхан маань ч их эвсэлтэй болж нилээд сайжирцгаав. Баасанжав багш маань бид нарыг дагуулаад л “Одод болох хүслэн”нэртэй бүжгийн тэмцээнд оролцуулж, бид хотоосоо 2-р байранд шалгарч мөнгөн медаль, дараа жилийн тэмцээнд нь би гоцлол бүжгийн төрлөөр хүрэл медаль авч байлаа. Тэгээд бид хэд хэдэн удаагийн тэмцээнд орж цом болон бусад шагналуудыг авч байсан юм.
-Г.Галбадрах:Нэг ёсондоо өөрийн авьяас сонирхлоо л нээж байсан хэрэг байх нь?
-В.Тулгат: Энэ бүхэн надад том нээлт болсон л доо. Анх удаа “Одод болохын хүслэн” тэмцээний тайзан дээр гарахад үнэхээр гайхамшигтай санагдаж байв. Хүмүүсийн нүүр царайг тулж хараад, өөрийгөө биеэрээ илэрхийлэх боломж нь , надад өөртөө итгэлтэй болох итгэлийг өгсөн. Түүний төлөө Баасанжав багшдаа, хамт бүжиглэж байсан хамтлагийнхаа гишүүддээ, бүжгийн багш Нараа эгчдээ одоо хэр нь баярлаж талархаж явдаг юм. Тэр үед л би өөрийгөө “тайзан дээр байх ёстой хүн юм байна” гэж ойлгосон, бас тийм мэдрэмж төрсөн. Тэгээд би 12 нас хүртлээ бүжиглэсэн, түүндээ их ч дуртай байв. Гэтэл би 12 настайдаа Америкт ирэх боломж олдоод л наашаа ирсэн дээ.
-Г.Галбадрах: Америкт анх хаана ирж байсан гэж?
-В.Тулгат: Анх би Америкт Оклахомад өөрийн төрсөн ах Сэргэлэн дээрээ ирж байв. Намайг ирээд удаагүй байтал аав ээж хоёр минь араас ирж, бид хамтдаа Санта Моникад, эгч Мөнгөнсартайгаа хамт суурьшсан юм. Санта Моникагийн ахлах сургуульд ороод 2 жил сурсан. Намайг энэ сургуульд ороход ганц ч монгол хүүхэд байгаагүй, хэл мэдэхгүй, анхандаа их ч хэцүү байлаа. Оросуудтай тааралдахаараа “ну погоди” гэчихлэн ганц нэг мэддэг үгээ хэлнэ. Хэл сурах гэж их хичээсэн. Дотроо бол “Англи хэлийг энд төрсөн хүүхдүүд шиг л ярьж сурах хэрэгтэй. Яагаад болдоггүй юм бэ? би чинь монгол хүүхэд шүү дээ” гэж бодож байгаа юм.
-Г.Галбадрах: Америкт ирсэн хүмүүсийн анхны том бэрхшээл нь хэл байдаг?
-В.Тулгат: “Хүнд ер нь юуг ч бол юуг ч хийж , бүтээж чадах хүч бий ” гэж боддог байсан юм. Тэгээд л үг цээжлээд, телевиз, кино үзээд л их ч хичээж эхэлсэн. Мэдэхгүй үг гараад ирэхээр нь, тэр үгээ цаасан дээр бичиж цээжлээд, дахин дахин үзсээр бүрэн ойлгодог болно. Байнгын үзээд байнгын сонсоод байхаар сүүлдээ акцент байхгүй болдог. Үүний дараа дүрэм дээр нь анхаарлаа хандуулж байгаа юм. Ямар хүмүүстэй яаж зөв харилцах вэ? гэдгээ мэддэг болно.
-Г.Галбадрах:Тэгэхээр бас л мундаг сурчээ?
-В.Тулгат: Намайг 10-р ангид сурч байх жил ах минь Ану гээд их хөөрхөн охинтой боллоо. Гэр бүлээрээ South Daкota муж руу нүүх болов. Би ч нүүхэд дуртай байгаагүй. Санта Моникадаа дасчихсан, зөндөө ч найзуудтай болчихсон. Англиар бол чалчдаг болчихсон. Харин бид South Daкota-д удаагүй. Тэнд ялгаварлан гадуурхах тохиолдлууд нэг биш удаа гарч байв. Байгаль нь бол сайхан л даа. Тэгээд бид Сиэтл руу нүүцгээсэн. Тэр үед би 15 нас хүрлээ. Тэнд ахлах сургуулийн 11-р ангид бүртгүүлээд оров. Тэр сургуульд ороод л эхнийхээ сард олны анхаарлыг татаж байв. Хүүхдүүд “чи хаанаас ирсэн юм бэ?” гэж асуугаад “Санта Моникагаас ирсэн” гэхээр л сүйд болцгооно. Санта Моника бол их ч нэр хүндтэй сургууль байв.
-Г.Галбадрах:Хэдийгээр өөр сургуульд шилжиж очсон ч, сурахдаа бас л нэр хичээнэ биз дээ?
-В.Тулгат: Би тэнд ороод сайн хичээсэн. Ном унших дуртай болоод , өдөржингөө л ном уншина. Нэг номны амтанд ороод салахаа ч болив. Тэр нь адал явдалт киноны ном байсан л даа. Түүнийгээ 2 өдөрт уншаад дуусгав. Тэр номноосоо маш их их сэтгэлийн таашаал авч, номоо цааш нь тавьтал урьд нь хэзээ ч мэдэрч байгаагүйгээр толгой минь өвдлөө. Толгой минь анх удаа л өвдөж байгаа нь тэр. Тэр үедээ нэг их тоогоогүй. Маргааш, нөгөөдрөөс нь бага багаар өвдөж эхэлсэн. Би тэгэхэд “номыг ингэж хурдан яарч уншиж болохгүй юм байна, тэгвэл толгой өвдөх юм байна ” гэж л бодож байлаа. Гэтэл 7 хоногийн дараагаас бүр илүү өвдөх боллоо. Тэр үед ч аав ээждээ хэлээд, эм авч уухаас хэтрээгүй. Толгойны эм, өвчин намдаах эм л авч ууж байгаа юм шүү дээ.
Хоёр. Өвчин надад олон зүйлийг ухааруулсан
-Г.Галбадрах: Толгой өвдөх, тэр тусмаа байнга өвдөөд байх нь амаргүй байсан байх даа?
-В.Тулгат:Эм уугаад бага зэрэг намдах боловч, байнга толгой өвдөөд байдаг. Аав ээждээ энэ учраа хэлтэл бөөн байцаалт. “Чи яасан юм бэ? Юмнаас унасан уу? Толгойгоо юманд цохисон уу? Эсвэл хүүхэдтэй зодолдсон уу?” гэхчилэн. Бэр эгч Мөнгөнчулуун минь намайг “толгойгоо бариул” гээд хүн дээр дагуулж очвоо. Толгойгоо бариулж байхад маш их өвдөж, аймаар мэдрэмж төрдөг юм билээ. Барьж байхад нь өвдсөндөө нулимс минь гарч уйлаад “дахиж хэзээ ч бариулахгүй” гэж бодож байв. Гарч ирээд “одоо гайгүй болох байлгүй” гэсэн чинь улам өвдөөд л. Бараг сар шахам тэгж явсан байх шүү.
-Г.Галбадрах:Эмнэлэгт үзүүлэхгүй , тэгээд л яваад байсан хэрэг үү?
-В.Тулгат: Өглөө болгон биднийг сургуулийн автобус ирж авдаг юм. Нэг өглөө би жаахан оройтож сэрээд автобус руугаа яарлаа. Би нойлийн өрөөндөө утсаа ч билүү орхичихсон байсан. Мартсан утсаа авах гээд буцаад гүйхдээ тэр өрөөнийхөө хаалгыг мөргөж орхив. Тэрхэн мөчид би гайхсан. “Ямар сонин юм бэ? би яагаад хаалгаа мөргөчихөв?” гэж. Сургууль дээрээ очоод коридоороо явахад л хүмүүстэй мөргөлдөөд байдаг. Өөрөө мэдэлгүй л юм мөргөөд байдаг. Тэр үед л “нэг л биш байна” гэж бодсон. Тэгээд энэ тухайгаа ахдаа хэллээ. Ах бид 2 эмнэлэг явсан. Тэнд очоод тархины зураг авахууллаа.
-Г.Галбадрах: Шинжилгээний хариу нь?
-В.Тулгат: Зурагны хариугаа хүлээж байтал, эмч гарч ирээд “Тулгат аа, чи тархины хорт хавдар туссан байна. Ээж тань хаана байна? Ээжийгээ авчир” гэсэн. Тэгэхэд л хамаг юм палхийж, дотор харанхуйлчихсан. Тэр үед дотроо “Яанаа, аав ээждээ юу гэж хэлнээ” гэж л бодож байгаа юм. Энэ бүхэн надаас илүү аав ээжид минь маш хүндээр туссан гэдгийг мэдэрч байв. “Яаж энэ бүхнийг давж гарнаа” гэдэг бодлоор, гэр бүлээрээ ярилцаад “хагалгаанд хурдан орохгүй бол болохгүй” гэдэг шийдвэрт хүрлээ. Тархины хорт хавдраас болоод би зүүн талын хараагаа алдчихсан байсан. 5 хоногийн дараа хагалгаанд орох болсон.
-Г.Галбадрах: Хүний амьдралд санаандгүй тохиолдож байгаа өвчин зовлон, хүмүүсийг цочролд оруулдаг.
-В.Тулгат: Хагалгаанд орохоос өмнө надад их сонин мэдрэмж төрж байв. Норкозонд оруулахаас өмнө жүүс уулгадаг юм байна. Тэр жүүсийг уучихаад юун уйлах манатай, инээгээд л… Дүүгээ хараад “хайртай шүү” гээд л хүн болгонд хамаг сэтгэлийнхээ үгийг хэлээд л… Жаахан мансуурчихсан маягтай юм уу даа. Хэдийгээр тийм мэдрэмжтэй байсан ч тэнд зогсож байгаа аав ээж , ах эгч, дүү нараа хараад л “Яаж ч байсан би энэ бүхнийг давж гарч ирэх ёстой. Яагаад гэвэл би аав ээж хоёрынхоо надад өгсөн бүх хайр халамжийг жаахан ч гэсэн хариулах ёстой. Түүний тулд би амьд гарч ирэх хэрэгтэй” гэдэг бодол төрж байсан.
-Г.Галбадрах:Хагалгаа мэдээж амжилттай болсон байх?
-В.Тулгат: Хагалгаа бүтэн 3 цаг үргэлжилсэн. Нүдээ нээгээд өөрийгөө амьд байгаагаа мэдрэхдээ учиргүй баярлаж, тэнд байгаа эмч сувилагч нарт “би та нарт хайртай шүү” гэж л хэлсэн. Тэгээд сэхээн амьдруулах тасагт хэвтлээ. Толгойны хагалгаа хийлгэсэн талаар хэвтэж болохгүй, боолттой, гэхдээ маш хөндүүр. Аав ээж, ах эгч, дүү нараа хараад л бөөн баяр. Маш гоё байсан. 3 хоногийн дотор шатаар аажим алхаж, жаахан жаахан ахисаар эмнэлгээс гарав. Ах минь намайг маш сайн асарсан даа.

tulgat-1
-Г.Галбадрах: Хүн, хүнд өвдөөд эдгэрч эмнэлгээс гарах, эсвэл хүнд хэцүү ямар нэгэн мөчийг даваад гэртээ харихад өмнө нь хэзээ ч анзаарч байгаагүй сайхан мэдрэмжийг мэдэрдэг?
-В.Тулгат: Ахаараа түшүүлж эмнэлгээс гараад машинд нь сууж, машин паркнаас гарах мөч л миний амьдралд тохиолдсон хамгийн гайхамшигтай үе байсан. Би түүнийг одоо хэр, ер нь хэзээ ч мартаж чаддаггүй. Сиэтл байнга бороотой байдаг шүү дээ. Гэтэл тэр өдөр маш их нартай, тэр нарнаас гарч буй цацраг нь маш гоё ногоон модыг нэвтэлж, бидний өмнөх газар дээр тусч байв. Би өмнө нь эрүүл саруул гүйж байхдаа ертөнцийг тэгж гоё сайхнаар анзаарч харж байгаагүй. Үхэл дуудсан өвчнийг ялж гараад, хүмүүс ертөнцийг огт өөрөөр хардаг нь үнэн байх. Бусад хүмүүст ямар байдгийг би мэдэхгүй. Миний хувьд тэр мөчид энэ ертөнцийг хэзээ ч олж харж байгаагүй сайхнаар мэдэрсэн. Яг л дахиад төрчихсөн юм шиг…
-Г.Галбадрах: Тийм шүү, тэр бол маш сайхан мэдрэмж, бас чиний хэлж байгаагаар гайхалтай сайхан дүрслэл. Үүнийг хүн болгон мэдэрдэггүй.
-В.Тулгат: Эмнэлгээс гарч ирээд өвдөж байгаа мөртлөө, сэтгэл минь хөөрчихсөн, маш их энергитэй болчихсон байсан. Гарч ирснээс удаагүй байтал лазерын эмчилгээнд орох боллоо. Тэр нь хавдрыг дахин бий болохоос сэргийлсэн эмчилгээ юм билээ. Тэр эмчилгээ нь 7 хоногийн 5 өдрөөр, нийтдээ 6 долоо хоногийн турш үргэлжилсэн. Нүүрэнд хэв маягийн бүтээц хийгээд, түүн дээрээ толгойг минь байршуулаад, толгойны араас нэг л цэгт лазерын туяагаар шарах эмчилгээ хийнэ. Ер нь бол эвгүй байсан, үнэнийг хэлэхэд. Лазераар шарж байхад нэг л сонин содон үнэр үнэртэнэ. Тэр эмчилгээг хийж эхэлснээс 3 дахь 7 хоногоос нь миний үс унаж эхлэв. Нэг өглөө сэрсэн чинь миний дэрэнд дээр зөндөө үснүүд. Гараараа үсээ бариад татахад үснүүд минь бөөн бөөнөөрөө сугараад л ирдэг. Эвгүй байсан хэдий ч “за яахав, өвчнөөсөө л салах гэж байгаа юм шүү дээ” гэж өөрийгөө тайвшрууллаа. Тэгж гүрийсээр байгаад эмчилгээгээ дуусгасан. Ах минь л их тус болсон доо. Миний сэтгэлийг л боддог байсан байх. Эмчилгээнээс гарч ирээд кино үзүүлнэ, хамтдаа гадуур явж хооллоно. Би тэрэнд нь их баярладаг байв.
-Г.Галбадрах: Хүн өвдөж зовох мөчид, тэр хүнд үеүдэд аав ээж, ах эгч, дүү нараас илүү сэтгэл нь шаналж, аргаддаг нь хэн байх билээ.
-В.Тулгат:Тийм шүү, миний төлөө бүгдээрээ сэтгэл нь зовж, өөрсдийн чадах зүйлээ хийцгээж, яг л надтай адил өвдөж шаналж байсан. Эмчилгээний үед гэртээ л байсан л даа. Аав ээж минь сургуульдаа буцаж орохыг зөвлөв. Сургуульдаа буцаж ороод би үнэхээр гайхсан. Сарын өмнө намайг биширч байсан найзууд, шохоорхдог байсан охидууд бүгд л надаас холдсон байв. Бүх л найзуудын харьцаа эрс өөрчлөгдсөн. Хичээлийн завсарлагааны хооллох цагаар надтай хамт суух хүүхэд байхгүй, би ганцаараа л сууж хоолоо иддэг байв. Тархины эмчилгээнээс шалтгаалж би сургуульдаа ганцаараа малгай өмсөх зөвшөөрөлтэй. Намайг сургуульдаа очсон хоёр дахь өдөр нь нэг хүүхэд миний малгайг шүүрээд зугатахад, тэнд байсан хүүхдүүд зарим нь инээлдээд, зарим нь гайхаад, энд тэндгүй шоконд орж байгаа юм.
-Г.Галбадрах: Бид найз нарын тухай янз бүрийн бодолтой байцгаадаг. Фэйсбуук дээр найзын тухай “Найз гэдэг бол чамайг жаргалтай байхад чинь уригдаж ирээд, зовж байхад чинь өөрөө ирдэг хүнийг хэлдэг” гэж бичсэн байсныг санаж байна?
-В.Тулгат:Яг тэр үед миний сэтгэлд их хүнд байсан л даа. Гэртээ ирээд Санта Моникагийнхаа найзуудыг л санаж байгаа юм. Сэтгэлээр их унаж, ганцаардаж эхэлсэн. Хичнээн аав ээж, ах эгч гээд гэр бүл минь хажууд байсан ч тэдэнд биш, хэн нэгэн өөр хүнд л энэ тухайгаа яримаар санагдаад байдаг. Сонин юм шүү, хэрэв би аав болчихсон байгаад, хүү минь надад ингэж ярьвал, би аав хүний хувьд “зүгээр ээ миний хүү, чи эдгэрч, бүх юм сайхан болноо” гэж л хэлэх байх. Тэрнээс цаад сэтгэлд нь байгаа нарийн зүйлийг ойлгож чадах байсан уу, хэлж мэдэхгүй юм. Тэр их ганцаардлаасаа болж, маш их сэтгэлээр унаж , нэг биш удаа “амиа хорлох” тухай ч бодож байсан шүү. Тэр үед “яагаад тийм тэнэг бодол толгойд орж ирсэн юм бол?” гэж одоо хэр нь бодоод ч ойлгодоггүй юм.
-Г.Галбадрах:Ид залуу насан дээр, тэр тусмаа өвчин зовлонгоосоо болж ганцаардаж байх үед, элдэв хэрэгтэй хэрэггүй бодлууд толгойд орж ирэх тохиолдол элбэг байдаг?
-В.Тулгат: Яг тэр үед их азтай тохиолдол боллоо. Манай англи хэлний багш бидэнд шүлэг зааж эхэлсэн. Эхний даалгавар нь “яг одоо чи ямар эмоцитой байна, чиний амьдралд яг одоо юу болоод байна вэ? түүнийгээ шүлгээр илэрхийл” гэсэн даалгавар байлаа. Тэгэхэд би гэртээ маш баяртайгаар ирээд шүлгээ дуустал нь бичлээ. Өөрөө бичээд л өөрөө уншаад л. Яг тэр мөчид надад маш гоё байсан. Сэтгэл дотроо хадгалж хуримтлагдсан болгоноо л асгаж цутгаад байгаа юм шиг л… Өөрийнхөө сэтгэл доторхоо анх удаа хүмүүсийн өмнө илэрхийлж байгаа болохоор их сайхан санагдаж байв. Сэтгэл дотроо байгаа, бусдад хэлж ярихыг хүссэн болгоноо шүлэг болгож бичиж байхдаа сэтгэлд минь нэг л их гоё мэдрэмж төрөөд л байсан. Тэр үеэс хойш би зогсоогүй, одоог хүртэл шүлэг бичсээр байгаа. Шүлэг бичиж байхын аз жаргалыг би өөртөө л мэдэрч байв.
Гурав. Шүлэг-Реппер- Санаа бодол
-Г.Галбадрах: Сэтгэлдээ тээж, ганцаардаж байсан бодлуудаа шүлэг болгон цаасан дээр буулгаж байхдаа, чи өөрийгөө л сонсож, ойлгож байж дээ?
-В.Тулгат: Тийм байх шүү. Ерөөсөө ер бусын мэдрэмж сэтгэлд минь мэдрэгдэж байсныг сайн санаж байна. Аав ээжээсээ гуйсаар байгаад 11-р ангиасаа Санта Моникодоо очиж суралцсан. Тэр үед бас л адилхан. Урьд нь дотно найзалж, нөхөрлөж байсан найзууд минь бүгд л “зай барьсан” байдалтай. Миний үс дахиж ургахааргүй уначихсан, нүд минь зүүн талаа харахаа больчихсон. Цөөхөн хэдэн найзууд минь дотно байгаа хэдий ч, урьдынх шиг биш. Тэр үедээ ч би шүлгээ бичсээр байлаа. Роберт Коллинз гээд хар арьстай найз минь миний шүлгүүдийг сонсоод “Наадах чинь эмоцтой, ёстой гоё шүлгүүд байна. Чи үгэлж үзэж байсан уу?” гэж надаас асуулаа. Би бага байхаасаа үглэхийг сонсож байсан л даа. Гадны хамтлагуудаас гадна, Монголынхоо “Дайн ба энх”, “Хоёр хүү”, “Ice Top”, “Люмино” гэх мэтчилэн хамтлаг дуучдыг маш их сонирхдог байв. Би тэднийг сонсож байсан болохоос “үгэлж” үзэх бодол төрж байгаагүй л дээ.
-Г.Галбадрах: Би бас тэр хамтлагуудыг сонсож байсан. Гэхдээ тийм ч сайнаар ойлгож байгаагүй.
-В.Тулгат: Америкт бол угаасаа радиогоор гадаад хамтлагуудыг их сонсоно шүү дээ. Манай сургуулийн Music Department-ийн өмнөх талбайд, хоолны цагаар нэг хамтлаг цуглардаг байсан юм. Роберт маань намайг, 5 гишүүнтэй “Welfare Records” гэдэг нэртэй хип хоп хамтлагийн гишүүд болон продюсертэй нь танилцуулав. Тэдэнтэй очиж уулзаад жаахан “буу халцгааж” санаа нийллээ. Продюсер нь надад “хип хоп” гэж юу болох тухай тайлбарлаж ярьж өгсөн.
-Г.Галбадрах: “Хип хоп” урлагийн тухай юу?
-В.Тулгат: Тийм. Энэ урлаг нь “Emcee-ing” \үглэх,\ “Dj-ing” \DJ хийдэг хүн\ , “B-boyng” \Breakdancing\, тэгээд “Graffiti” \Griffiti\ гэсэн 4 элементээс бүрддэг. “Emcee-ing” буюу “үглэх” нь анх Африкчууд бөмбөр дээр бөмбөрдөж байхдаа шүлэг уншдаг байснаас үүдэлтэй. Өөрөөр хэлбэл бөмбрийн хэмнэл дээр шүлгээ тааруулж уншдаг байж. Тэр нь аажимдаа Америк руу орж ирээд “хип хоп”-ийн нэг том хэсэг нь болон хөгжсөн гэдэг. 50-60-аад оны үед бол хүмүүс өөрсдийгөө болон бие биенээ шоолж дооглох маягаар, манай монголынхоор бол “дайралцаан” маягийн урлаг байсан гэдэг. Тун удалгүй 1979 онд “Sugarhill Gang” нэртэй хамтлаг “Rapper s Delight” гэдэг дуугаараа “Billboard”-ын эхний 40-д үлдэж, хамгийн анхны хип хоп дуу болж түүхэнд бичигдэж үлдсэн гэдэг. Хип хоп хөгжим нь, харуудыг арьс өнгөөр ялгаварлан гадуурхагдаж байх үед, тэд өөрсдийн үгээ болон эсэргүүцлээ илэрхийлэх маягаар хожим нь хөгжсөн юм билээ. Тэр л зовлон, шаналал, эсэргүүцлээ дуу болгон илэрхийлж байсан хэрэг юм уу даа. Тэр дуунууддаа “би ингэж зовж байна, би ингэж шаналж байна” гэхээсээ илүүтэйгээр, “би ингэж бодож, мэдэрч байна, үүнээс та нар мессеж аваачээ” гэх утгаар илэрхийлдэг. Тэр нь надад их ч таалагдаж, би түүнд нь дурласан гэх юм уу даа.

tulgat-4
-Г.Галбадрах: Өөрсдийн санаа бодлоо урлагаар илэрхийлж байгаа сайн хэлбэр юм байна?
-В.Тулгат: Тэд нартай танилцаж, энэ урлагт татагдсан болохоор, би бараг маргаашнаас нь дууны шүлэг бичиж эхэлсэн. Ахлах сургуулиа төгсөх үед миний эхний альбом бэлэн болсон байлаа. Энэ альбом маань 13 орчим дуутай. Ахлах сургуулиа төгсөөд би “суши” хийдэг тогоочийн сургуульд орж суралцсан. Тэр сургуулиа төгсөөд дипломоо авчихаад, бас болоогүй ээ ажилд орох болчихсон, баяртай явж байлаа. Би угаасаа анхны хагалгаанаасаа хойш эмнэлгийн хяналтанд байсан юм. Нэг өдөр эмнэлэгтээ үзүүлэх гээд яваад очсон чинь “Чиний тархины хорт хавдар чинь дахиад гарч эхэлсэн байна. Томрохоос нь өмнө дахиад хагалгаанд орох шаардлагатай байна” гэсэн. Тэгэхэд л баярлаж хөөрч байсан бүхэн минь ор мөргүй болж, дахиад л “уначихсан”.
-Г.Галбадрах: Дахиад л хүнд үеүд учирчээ?
-В.Тулгат: 2 дахь альбомоо гаргах ажилдаа орох гэж байсан хүн чинь, бүхнийг хойш тавиад хагалгаанд орох боллоо. Хагалгаанд орохгүй гээд яахав. Анхны хагалгаанд орох үедээ бодож байсан зүйлээ л дахиад бодсон. “Би энэ хагалгаанаас амьд гарч ирэх ёстой, аав ээждээ тус болох ёстой. Би ямар нэгэн өөрчлөлтийг гэр бүлдээ болон орчин тойрондоо хийх хэрэгтэй”. Хэдхэн өдрийн дараа хагалгаанд ороод, нэг мэдсэн чинь гараад ирчихсэн байсан. Их азтай. Тэгж гарч ирээд л “Амьдрал гэдэг чинь ямар үнэ цэнэтэй байдаг юм бэ? Унтаж байгаад, өглөө сэрэн амьсгаа авч,түүнийгээ сэтгэлийн ямар ч зовиургүйгээр гаргах, тайвнаар инээмсэглэх гэдэг ямар гоё юм бэ?” гэдгийг маш сайн мэдэрч ойлгосон.
-Г.Галбадрах: Тийм ээ, энэ бас маш гоё мэдрэмж. Амьдралын үнэ цэнийн тухай чи маш сайхан дүрсэллээ шүү?
-В.Тулгат: Эмнэлгээс гараад дахиад л 6 долоо хоногийн лазерийн эмчилгээ, нэмээд химийн эмчилгээнд орох болсон. Шинээр хийгдэж байгаа химийн эмчилгээ надад үнэхээр аймаар байлаа. Хагалгаанаасаа илүү шантармаар үе зөндөө гарч байв. Их том зүүгээр гарын судсанд нүх гаргаж байгаад , судас руу гуурс хийнэ. Тэр гуурс нь явсаар байгаад зүрхний ховдолд очдог. Химийн эмчилгээгээ түүгээр хийдэг. Тэр нь зүрхний тэндээсээ бүх биеэр тархана. Химийн эмчилгээ нь хорт хавдрын эд эсийг устгахаас гадна, эрүүл эд эсийг ч устгах аюултай. Тэр эмчилгээг хийлгэх болгондоо миний бие сульдана. Нэг мэдсэн чинь бөөлждөг болчихсон. Тэр их хэцүү байлаа. Сүүлдээ ч бараг хэвтрийн хүн болов.
-Г.Галбадрах: Хагалгааны хүнд үеийг давж гарсан ч, үргэлжлээд л хүнд сорилтууд тулгарч байж дээ?
-В.Тулгат: Тэр 6 долоо хоногийг арай гэж л давсан даа. Тэр үед хэвтэж байхдаа маш их юм бодсон. Ганцаараа, найзууд ч байхгүй. Өөрөөсөө л маш их асуулт асуусан. “Би яагаад амьд гараад байна вэ? Хоёр удаа тархины хагалгаанд орохдоо би үхэж болох байсан. Гэтэл өнөөдөр амьд байж байна. Бурхан намайг яагаад ингэж амьд үлдээж байна вэ?” гэхээс эхлээд л “Би яагаад хүн болж төрсөн юм бэ? Тэр тусмаа яагаад заавал монгол хүн болж төрсөн юм бэ?” гэхчилэн “Яагаад? Яагаад? Яагаад? “гэсэн олон асуултын хариуг өөрөөсөө асууж эхлэв. Тэгээд энэ бүхний эцэст нь “Би хүнд туслах гэж төрсөн юм байна. Хорт хавдар тусаад энэ бүхнийгээ давж гарсан тухайгаа, энэ үед өөртөө төрж байсан олон бодлуудаа хүмүүст хэлж ойлгуулах ёстой юм байна. Амьдрал гэдэг чинь ийм гоё сайхан, аугаа зүйл юм шүү гэдгийг өөдрөг,гэгээлэг талаас нь хүмүүст ойлгуулж туслах ёстой юм байна” гэж ойлгосон. “Яагаад?” гэсэн асуултын хариу нь энэ байлаа, миний хувьд.
-Г.Галбадрах:”Яагаад?” гэсэн асуултуудын хариу нь энгийн хэрнээ, их сайхнаар илэрчээ.
-В.Тулгат:” Тэгвэл би хүмүүст энэ бүхнийгээ яаж хэлж ойлгуулж, тэдэнд яаж туслах ёстой юм бэ?” гэж бодлоо. Хэрвээ мянга наслах байсан бол хүн болгонтой уулзаж, сууж ярилцахсан. Даанч тийм боломж байхгүй. Гэтэл бусдад тэгж хэлж ойлгуулж, туслах арга минь миний урд байж байсан. Энэ бол “хип хоп” урлаг. Хөгжим бол хүмүүсийг инээлгэдэг, уйлуулдаг, бүжиглүүлдэг. Хип хоп урлаг миний бодлоор бол хүмүүст ихийг хэлж ойлгуулах боломж. Үгэлж байгаа мөр нь их урт. Тэр урт мөрүүдэд маш олон санааг багтааж болдог. Тэгэхээр хэлэх зүйл ихтэй гэсэн үг. Дотроо хүнд хэрэгтэй мессежтэй маш олон зүйлийг хүмүүст хэлж болно, миний бодлоор шүү дээ. Тэр мессеж минь хүмүүст хүрээд хүмүүс “Тулгат нэг ийм юм хэлээд байна шүү, зовлонгоосоо ийм л зүйлийг ухаарсан юм байна шүү, амьдралыг хар бараан биш өөдрөгөөр харж, өмнөө тавьж байгаа зорилгодоо хүрч байх хэрэгтэй юм байна” гэж ойлгож байвал болох нь тэр.
Дөрөв. Том мөрөөдөл
-Г.Галбадрах: Би урьд нь хип хоп дуунуудыг сонсож байсан боловч чиний одоо хэлж байгаа болгоныг анзаарч байсангүй. Гэхдээ надад сонрхолтой санагдаж байна?
-В.Тулгат: Тийм болохоор л би энэ хип хоп урлагийг сэтгэлээсээ, зүрхнээсээ, сүнснээсээ л хийх ёстой юм байна гэдгийг хатуу ойлгосон. Түүнээс хойш зогсолтгүй хөдөлмөрлөсөн. Хүн хичнээн сайн гэж өөрийгөө бодлоо ч, цаана нь мэдэхгүй маш олон зүйл байгаа. Би “мундаг болчихлоо” гэж бодож зогсож болохгүй. Тийм болохоор би өөрийн чадахгүй байгаа зүйлээ чадах гэж өөрийгөө сорих дуртай.
-Г.Галбадрах: Түүнээс хойш хийсэн бүтээлүүдийг тань сонирхвол?
-В.Тулгат: Түүнээс хойш “Маргаашгүй” нэртэй уран сайхны кино дэлгэцэнд гарлаа. Энэ бол миний найзуудын, миний амьдралаас сэдэвлэн хамтарч бүтээсэн кино. Би туслах дүрийг нь бүтээсэн юм. 17 наснаасаа би “Үнэн үгс” нэртэй хамтлагийг М.Ганболд \Бабуу\ гэдэг найзтайгаа хамтран байгуулж, уран бүтээлээ хийж эхэлсэн. М.Ганболдтой бид энд танилцсан юм.” Налайхад хамтлагтай, монголдоо хип хоп үгэлдэг залуу” гэж түүнийг, манай байрны таньдаг ах танилцуулж байсан юм. Дуугаа сонсоцгоож, дажгүй санагдсан болохоор найзлаад л , одоо хүртэл бид сайн найзууд. Тэр хамтлагийг байгуулаад би англиар, М.Ганболд маань монголоор үгэлж, дуугаа хийцгээж байв. Хүмүүст зөвхөн үнэнийг хэлэхийн тулд хамтлагаа “Үнэн үгс” гэж нэрлэсэн юм. М.Ганболдыг минь Бабуу гэж нэрлэж дууддаг юм.
-Г.Галбадрах: Сайхан санагдаж байна?
-В.Тулгат: Тэр үедээ ч би үглэхдээ маш их акценттай үглэдэг байв. Одоо тэр дуунуудаа сонсохоор ичээд байдаг юм. Тэр дуунуудаараа л анх тайзан дээр гарсан. Их ч олон газар дуулсан. Хэдэн жилийн дараа Номинжинтой танилцсан. Бид “Цаг хугацаа нисэн одож байна” нэртэй дуун дээр хамтран ажиллацгаав. Манай Номинжин чинь маш авьяастай, их ухаалаг, бас их хөдөлмөрч бүсгүй. Бид хоёр олон зүйл дээр санаа нийлдэг.
-Г.Галбадрах: Номинжингийн тухай би бага зэрэг мэднэ. Анх дуулж гарч ирж байснаас нь, бас одоо Америкт уран бүтээлээ хийж байгаа гэхчилэн.
-В.Тулгат: “Бид нар их том мөрөөдөж байж, хэр хол явахаа харнаа” гэдэг зарчим, Номинжин бид хоёрыг нэгтгэдэг юм. Хэрвээ том юм мөрөөдөхгүй, жижигхэн хайрцган дотор байгаад байвал бид жижигхэн л байсаар байх болно. Бид хэдийчинээн том юм мөрөөдөх тусам, тэр мөрөөдөлдөө “яагаад хүрч чадахгүй гэж?” гэж бодох тусам, тэр том мөрөөдөлд хүрэх боломжуудыг заавал олж харах болно. Би үүнийг найзууддаа байнга хэлдэг юм. Харин Номинжин яг тийм бодолтой. Одоо бид шинэ бүтээл дээр хамтран ажиллаж байгаа.

tulgat-2
-Г.Галбадрах:” Том мөрөөдөл” -ийн тухай чи их сайхан хэллээ.
-В.Тулгат: “Маргаашгүй” кинонд тоглосон Баяраа бид сайн найзууд. Манай Баяраа их мундаг үглэдэг. Би чинь Баяраагийн фен. Би заримдаа өөрийн шүлгүүдээ гэрт нь авч очоод, ая тавьж байгаад үглэнэ. Баяраа монголоор үглээд би англиар үглэнэ. Би 2008 онд “Асуулт нэт”-ийн “Асуулт реп” булангийн “Street Style ” нэртэй тэмцээнд түрүүлж байсан. Би монголоор үглэдэггүй л дээ, англиар үглэсээр байгаад түрүүлсэн юм даг. Тэмцээн дуусаад тун удалгүй, Баяраа Жи гурвуулаа хамтарч дуу хийхээр шийдсэн юм. Энэ маань үндсэндээ Монголд байгаа репперүүдээ зөв талаас нь дэмжих санаанаас үүдсэн юм. Нэг ёсондоо хязгаар тогтоох буюу “шугам татах” санаа л даа. Тэр дуундаа клип хийлгэсэн. Тэр маань хүмүүст нилээд сайн хүрсэн юм шиг билээ.
-Г.Галбадрах:Тэр дуунууд тань монголын залууст шинэ санаа, шинэ стил авчирснаараа таалагдсан байх. Би энэ тухай бас л сонсож байсан юм байна?
-В.Тулгат: Түүнээс хойш “Expect The Unexpeccted” нэртэй альбомаа хийж эхэлсэн. Тэр СД гээ 16 дуутай гаргасан. Монголд бас Америкт хөгжмийн дэлгүүрийн сүлжээгээр зарагдаж байгаа. Одоо шинэ альбом дээрээ ажиллаж байна. Альбомныхоо талд нь хүрчихсэн . Америк найруулагчидтай ажиллаж байгаа. Шинэ альбомдоо өөр өөр стилийн хөгжим, үглэлт хослуулж хийхийг хичээж байна. . Нэг ёсондоо энэ альбом дээр би өөрийгөө сорьж байгаа юм. Би өөрийгөө сорьж байж л мэддэггүй юмаа мэдэж авна. Хүн ер нь өөрийн чаддаг юмаа л хийгээд байвал шинэ юм сурахгүй шүү дээ. Тэгж байж л Тулгат гэдэг хүн хөгжинө шүү дээ.
-Г.Галбадрах:Тийм ээ, би энэ санаатай тань санал нийлж байна. Хүмүүс ч бас улиг болсон зүйлээс илүүтэй цоо шинэ зүйлийг хүсч хүлээж байгаа?
-В.Тулгат: Цаашдаа энд байгаа уран бүтээлчид болон Монголынхоо уран бүтээлчидтэй хамтарч ажиллахыг хүсч байгаа. Тийм боломж ч олдох байх. Эцсийн эцэст монголчууд бид дээшээ л явах хэрэгтэй. Түүний тулд том хүсэл мөрөөдөлтэй байх хэрэгтэй болж байна. Би ер нь их үндсэрхэг үзэлтэй хүн юм шиг байгаа юм.” Би монгол хүн юм чинь америкчуудаас илүү үглэх ёстой” гэж үргэлж өөртөө хэлдэг. “Би яагаад эд нараас дутах ёстой гэж? “үргэлж бодно.” Хэзээ нэгэн цагт би Америкт гарч ирэх ёстой” гэдэг бодлоор дуунуудаа хийж байгаа. Хэрэв би том мөрөөдөлгүй байсан бол Монголдоо тэгж танигдах байсан уу? үгүй юу? хэлж мэдэхгүй.
-Г.Галбадрах:Америкт хип хоп чиглэлээрээ уралдаан тэмцээнд оролцож байсан уу?
-В.Тулгат: Америкт болсон хэд хэдэн тэмцээнд орж байсан. Нэгэнд нь сүүлийн 3-т үлдэж байв. Тэр нь бүжиглэж, дуулдаг төрөлтэй. Эхний байр эзэлсэн хамтлаг нь ” амьд хөгжмийн хамтлаг” байсан. Тэдний энергийг яаж гүйцэх билээ. Сүүлийн 2 жил ажил амьдралдаа, альбомдоо анхаарлаа хандуулаад тийм тэмцээнүүдэд ороогүй байгаа. Яваандаа бол ийм тэмцээнүүдэд оролцох бодолтой байгаа.
-Г.Галбадрах:Одоо хаана, ямар ажил хийж байгаа вэ?
-В.Тулгат: Би саяхан бараа борлуулдаг компанид ажилд орсон. Урьд нь “суши” тогоочоор 6 жил ажилласан юм шүү дээ. Энд ажилд ордог нь, хүмүүстэй харилцах харилцаанд суралцах гэж хүссэн хүсэлтэй холбоотой. Одоо бол энэ ажил минь надад их ч таалагдаж байгаа. Янз бүрийн зан ааштай хүмүүстэй ярилцаж, ойлголцож сурах, бас өөрийн зарах гэж байгаа бараагаа тэдэнд сурталчлан зарж борлуулах нь их ч сонирхолтой ажил. Цаашдаа ямар ч хүмүүстэй зөв сайнаар харилцаж, ойлголцож сурахад энэ ажил маань хэрэг болно.
-Г.Галбадрах:Цаашдаа хүсч мөрөөдөж байгаа мөрөөдөл тань?
-В.Тулгат: Зөвхөн Монголдоо ч биш дэлхийн хэмжээнд өөрийн дуу хоолойгоо хүргэмээр байна. Номинжин бид 2 одоо хамтарч бүтээж байгаа дуунуудаа монголчууддаа төдийгүй америкчуудад ч бас хүргэх болно. Эцсийн эцэст бидний хүмүүст хэлэх гээд байгаа санаа бол “Бүгдээрээ өөдрөг байя, байгаа юмаа хайрлаж сурья, бие биеэ хайрлаж, дэмжиж сурья”, “Хүн ер нь өөртөө байгаа үнэ цэнэтэй зүйлээ алдсаныхаа дараа харамсаж амаа барьдаг юм шүү, түүнээсээ өмнө ухаарч байгаасай” гэсэн санаанууд байгаа.
-Г.Галбадрах: Амьдралын утга учир, зорилгын тухай энгийн мөртлөө сайхан санаанууд байна?
-В.Тулгат: Би юу хүсдэг вэ? гээч. Хэзээ нэгэн цагт хорт хавдраар өвчилсөн хүүхдүүдэд тоглолт хийгээд, тэдний хажууд сууж ярилцаад, өөрийнхөө СД-г бэлэглээд, тэдний сэтгэл зүрхэнд их ойрхон байж, тэдэнд хайр, итгэл бэлэглэхсэн гэж мөрөөддөг.
Надад ямар ч хүнд хэцүү, муу зүйл тохиолдсон ч тэр болгоныг өөдрөгөөр харахыг хичээдэг. Хүмүүс ямар нэгэн бэрхшээл тохиолдоход “энэ бол болохгүй, бүтэхгүй” гэж бодох юм бол, болж бүтэх боломжуудаа л алдаж эхэлнэ. Амьдралд бүх зүйл дандаа сайн сайхан байна гэж юу байхав? Заримдаа надад хүнд хэцүү үе ирэхэд, аль болохоор өөрийгөө тайвшруулаад, надад баяр баясгалан, инээмсэглэл авчирдаг зүйлүүдээ төсөөлөн бодож, өөрийгөө өөдрөг сайхан бодлуудаар цэнэглэхийг хичээдэг. Үүнийгээ л хүмүүстэй хуваалцах гэсэн юм.

tulgat-5
-Г.Галбадрах: Амьдралын хамгийн жаргалтай мөч тань?
-В.Тулгат: Миний тоглолт дээр, аав ээж 2 минь үзэгчдийн дундаас намайг хайрлан харж байхыг мэдрэхдээ, би хэмжээлшгүй их аз жаргалтай байдаг. Тэдний инээмсэглэлийг юутай ч зүйрлэхийн аргагүй. Юугаар ч сольж боломгүй аз жаргал тэр л байдаг. Хүн ер нь хүн болж төрөх, амьд явах шиг сайхан зүйл хаана байх билээ. Энэ болгоныг сайн ухаарч бодох юм бол их энгийн зүйл шүү дээ.
-Г.Галбадрах: Чамтай ярилцаж суухад маш сайхан байлаа. Тэр тусмаа тархины хорт хавдар хэмээх аюулт өвчний ард гарч, амьдралд ухаарсан ухаарлаасаа хүмүүст хүргэж, тэдэнтэй өөрийн санаа бодлоо хуваалцаж байгаа тань ямар сайхан гээч. Өөрийн тань хэлдгээр “Том мөрөөдөл” -үүд, нэгэн цагт монгол залуусыг маань дэлхийн тавцанд “гэрэлтүүлж” байх болно гэдэг төсөөлөл, сэтгэлд ойрхон санагдаж байна. “Том мөрөөдөл” тань, хэзээ нэгэн цагт чамайг дэлхийн урлагийн тавцанд хүргэнэ гэдэгт би итгэж байна. Чамд амжилт хүсье.
-В.Тулгат: Танд ч бас их баярлалаа. Өнөөдөр хүмүүс энгийн амьдралаа элдэв шуналаас болж, зовлон болгон хувиргаж байна. Байгаль дэлхийгээ хайрлан хамгаалж, хүмүүс бид бие биенээ хайрлаж, ойлголцож байх нь тийм ч хэцүү биш. Энэ дэлхийд хүн болж төрөөд, одоо ч бас амьд явцгааж, хайрлаж дурлаж байгаа нь аз жаргал шүү дээ. Ингэж амьд явахдаа том хүсэл мөрөөдөлтэй байх юм бол бүгд л амжилтад хүрнэ. Тэр тусмаа “монгол хүн” болж төрсөн залуус бидэнд их боломж байгаа. Тэгэхээр бие биедээ амжилт хүсэх, бас тусалж дэмжих хэрэгтэй байна. Амьдрал сайхан шүү дээ.
“Smile”
Today, I have a frown on my face/
Not because I’m sad but because I’m in pain/
Pain that is emotional and heartfelt/
Pain that is agonizing and hurtful/
What I feel inside is kind of like daggers struck to my heart, penetrating the vessels causing internal bleeding/
Leaving me to raise my voice and burst out/
Losing my temper losing my sanity/
You see, having brain cancer was not an option/
Losing my hair permanently was not what I wanted/
But what I wanted the most was to live/
It was to wake up the next morning and breathe/

(Slowly inhales and exhales)

Now, I’m sad/
Not because I’m alive and standing before you today/
But because some of you don’t appreciate life/
Because some of you shouldn’t waste it away/
I’m in pain because you need to realize
that, there might be no tomorrow/
That you should be thankful for what you’ve got/
Only then, I will be pain free/
Only then…I will smile/

-TulgaT-

…Том мөрөөдлийн тухай бид, залууст зэмлэж сургадаг. Тэгэхдээ тэр болгоныг бид өөрсдөө тийм ч сайнаар төсөөлж чаддаг билүү? Заримдаа жаахан бэрхшээлийн өмнө сөхөрч, залхуурахдаа хүртэл энэ тухай яг бодитоор бодож чаддаг бил үү? Бас амьдралын үнэ цэнийн тухай ч яг л адил хандах нь бий. Зөндөө олон хүмүүс энэ амьдралын үнэ цэнийг мөнгөөр хэмжиж, өөр хоорондоо баярхан гайхуулж байгаа. Байгаль орчноо сүйтгэж, газар нутгаа бохирдуулж, сэглэж, бие биенээ үзэн ядаж харааж зүхэж байхдаа бид энэ тухай боддог билүү? Үхэл амьдрал булаацалдсан хүнд үеийг давж гараад, амьд үлдсэнийхээ төлөө өөрийгөө нээж, хөгжүүлж, түүнийх нь төлөө аав ээж нь нулимстай нүдээр хайрлан ширтэхийг харах аз жаргалтай мөчүүдийг хүн болгон мэдэх билүү? Өвчиндөө ганцаардаж, шаналахдаа өөрөөсөө “Яагаад? Яагаад? Яагаад?” гэж асууж байсан, асуултын хариуг В.Тулгатаас салж явахдаа би олж харсан. Том мөрөөдөл нь В.Тулгатыг холын холд хөтөлж явна. Бахархмаар. Харин бид өөрсдийгөө эргэцүүлж нэг хараад, өөрөөсөө “Яагаад?” гэж асуумаар.

May 27

Эдийн засгийн хөгжил эрүүл мэндийг золиосолж олдох ёсгүй

By gala-admin | ЯРИЛЦЛАГУУД

Бямбаагийн Цогтбаатар \цуврал ярилцлага-09\

Амтай бүхэн олборлох салбарын Монголын эдийн засагт авчрах өсөлтийн талаар шуугих болсон энэ цаг үед хүний амьдрах орчин, эрүүл мэндэд уул уурхайн үйл ажиллагааны учруулж болох сөрөг үр нөлөөний тухай төдийлэн яригдахгүй байгаад би хувьдаа сэтгэлээ чилээж явдаг. “Уул уурхайг хүний эрүүл мэндэд ээлтэйгээр хөгжүүлэх талаар цагаа олсон, шинэлэг ажил хийж байгаа монгол залуу Канадад байна, чи ярилцаач” гэсэн танилынхаа саналыг хүлээн авч утас цохисноор Бритиш Колумби мужийн Саймон Фрейзерийн Их Сургуулийн Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны салбрын докторант Бямбаагийн Цогтбаатартай анх холбогдсон юм. Болзсон өдрөө бид, хоёр талаасаа ойртож АНУ-ын Сиэтл хотноо нэгэн паркт уулзаж ярилцлаа.

Бидний өрнүүлсэн Монголын эрүүл мэндийн салбрын тухай, салбрын бодлого боловсруулахад шинжлэх ухаанч төлөвлөлт ямар хэрэгтэй байгаа тухай, Эрүүл Мэндийн Нөлөөллийн Үнэлгээ (ЭМНҮ) гэж юу болох, түүнийг яагаад нэн яаралтай хийж хэвших шаардлагатай байгаа тухай ярилцсан нь надад тун сонирхолтой байв. Цогтбаатар маань миний сургийг нь олонтаа сонсч, хэзээ нэгэн цагт тодруулж сурвалжлах бодолтой явдаг байсан эмнэлгийн тоног төхөөрөмж, материал, хэрэглэлийн томоохон хандивлагч Project CURE олон улсын байгууллагыг Монгол руу уруу татсан эзэн байсан нь завшаантай хэрэг болсон юм.
Нэг. Намтрын товчоон
Төгссөн сургууль:
2010 оноос Канадын Саймон Фрейзерийн Их Сургуулийн Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны Сургуульд Эрүүл мэндийн бодлогын сэдвээр докторант
2003-2005 онд АНУ-ын Колорадогийн Их Сургуулийн Эрүүл Мэндийн Сургуульд Эрүүл мэндийн удирдлагын магистр
1996-2002 онд АУИС-ийн Эмчилгээний ангийг хүний их эмч
1991-1996 онд Налайх дүүргийн 100-р сургууль, 1986-1991 онд Ховд аймгийн төвийн 10 жилийн 2-р дунд сургуулиудыг тус тус төгссөн. АНУ, Малайз, Монгол, Тайланд, Канад, Австри зэрэг орнуудад нийт 250 орчим өдрийн сургалтаар мэргэжил дээшлүүлсэн.
Эрхэлсэн ажил:
2010-2013 онд Канадын Саймон Фрайзерийн Их Сургуулийн Эрүүл мэндийн нөлөөллийн үнэлгээний төслийн зохицуулагч, эрдэм шинжилгээний туслах ажилтан
2007-2010 онд ЭМЯ-ны Глобаль сангийн төслийн мэргэжилтэн
2005-2006 онд Клоппенберг компанид ажилтан
2004-2005 онд Денверийн Глобаль Эрүүл мэндийн төвийн ажилтан
2003-2004 онд Колорадогийн Их сургуульд эрдэм шинжилгээний туслах ажилтан
2003 онд ЭАМДИ-д мэргэжилтэн
2002 онд АУИС-ийн Физиологийн тэнхимд дадлагажигч багш
Хоёр. Уул уурхай ба Эрүүл мэнд
Г.Галбадрах: Яагаад уул уурхайн эрүүл мэндийн нөлөөллийн чиглэлээр онцлон судлах болов? гэсэн гол асуултаараа яриагаа эхлэх үү?
-Б.Цогтбаатар: Уул уурхайн салбар багагүй хугацаанд Монголын эдийн засгийн хөгжлийн гол хөдөлгүүр байх нь. Том боломж том эрсдлийг дагуулдаг хойно, хөгжлийн энэ боломжтой хамт хөдөлмөрийн аюулгүй байдал, нийгэм, байгаль орчны хүчин зүйлүүдээр нөхцөлдсөн эрүүл мэндийн эрсдэл тулгарах бодит магадлал бий. Тиймээс учирч болох эрсдлүүдийг урьдчилан харах, зайлсхийх, нөлөөллийг бууруулах үйл явц уул уурхайн үйл ажиллагааны үе шат бүрт түрүүлэн буюу зэрэгцэн явагдаж байх ёстой юм. Эрүүл мэндийн нөлөөллийн үнэлгээ (ЭМНҮ) бол “мэдээлэлжсэн шийдвэр гаргах үйл явц” бөгөөд үүнийг уул уурхайн төслийн үйл ажиллагаанд нэвтрүүлж, урьдчилан тогтоогдсон эрсдлийг арилгах хөтөлбөр хэрэгжүүлснээр, иргэдийн эрүүл мэндэд эерэгээр нөлөөлөөд зогсохгүй тухайн төслийг тогтвортой, ашигтай байх боломжийг хангах ач холбогдолтой байдаг. Одоогоор манайд бүрэн нэвтрээгүй байгаа энэхүү чухал аргачлалыг нэвтрүүлэхэд миний зүгээс хувь нэмэр оруулахаар ажиллаж байна. Манай уул уурхайн тэргүүлэх хөрөнгө оруулагч бөгөөд ЭМНҮ-ний анхдагчуудын нэг Канад улсад суралцаж байгаа маань ч энэ сэдэв сонголтонд нөлөөлсөн.
Г.Галбадрах: Бусад орнуудын хувьд Эрүүл Мэндийн Нөлөөллийн Үнэлгээ \ЭМНҮ\-г хэр өргөн хэрэглэдэг юм бэ? Манай нөхцөлд хэрхэн хүлээж авч байна?
-Б.Цогтбаатар: ЭМНҮ шинэ тулгар хөгжиж буй салбар хэдий ч Европын Холбоо, Шинэ Зеланд, Тайланд, Өмнөд Солонгос зэрэг оронд хуульд заасны дагуу тогтмол хийгдэж, Канад, АНУ, Англи, Австрали гэсэн орнуудад төсөл хэрэгжүүлэгчийн санаачилгаар буюу сайн дурын үндсэн дээр нийт 40 гаруй оронд тогтмол хийгдэж байна. Эдгээр орнуудын хувьд уул уурхайгаас гадна барилга, зам тээвэр гээд дэд бүтэц, хөгжлийн томоохон хэмжээний төсөл, хөтөлбөр, бодлого бүрт ЭМНҮ-г авч явуулдаг. Томоохон төслүүдийн хувьд хөрөнгө оруулагч олон улсын байгууллагын зүгээс тавьсан шалгуурт нийцүүлэх үүднээс ЭМНҮ-г хийх нь ч бий. Энэ тохиолдолд ЭМНҮ нь сонгодог утга болох эрүүл мэндийн сөрөг нөлөөллийг бодитойгоор бууруулах зорилгоо алдах талтай. Хөгжиж буй орнуудын хувьд ЭМНҮ-ний хэрэглээ хангалтгүй байгаа нь тэдний нөхцөлд ЭМНҮ-ний эрх зүйн орчин болон чадавхи бүрдээгүйтэй холбоотой байж болох юм. Манай орны хувьд сүүлийн 3 жил орчмын хугацаанд ЭМНҮ-ний талаарх оролцогч талуудын ерөнхий ойлголтын түвшинг нэмэгдүүлэх, гүйцэтгэх мэргэжилтнүүдийн чадавхийг бий болгох, сайжруулах, хууль эрхзүйн орчинг бүрдүүлэх, хамтын ажиллагааг сайжруулах чиглэлүүдээр багагүй ажлууд хийгдээд байгаа ч ЭМНҮ-ний тогтолцоог бий болгоход хамгийн чухал зүйл болох төрийн ба хувийн хэвшлийн дэмжлэгт орчин үгүйлэгдсэн хэвээр, уул уурхайн салбарын хурдыг гүйцэхгүй хоцорсон хэвээр байна.

me-2
Г.Галбадрах: ЭМНҮ гэхээр шинэ нэр томьёо сонсогдож байна? Монголын нөхцөлд уул уурхайн компаниудыг яавал үүнийг хийдэг болгох вэ?
-Б.Цогтбаатар: Зарим нь бизнесийн үйл ажиллагаагаа эрсдэлгүй, тогтвортой байлгах үүднээс, мөн зарим нь компанийн нийгмийн хариуцлагаа ухамсарласны үндсэн дээр санаачилгаараа ЭМНҮ-гээг хийх нэгэн байхад ихэнхи нь үүнийг нэмэлт дарамт, шаардлагагүй зүйл гэж хүлээж авдаг. ЭМНҮ шинэ тулгар байгаа энэ үед тодорхой хэмжээний албадлага хэрэгтэй гэж боддог. Үүний тулд зайлшгүй хууль, журмаар зохицуулах шаардлагатай. Томоохон хэмжээний төслүүд лицензээ авахдаа ЭМНҮ-г заавал хийлгэсэн байна гэдэг шаардлагыг тавих ёстой. Нэг жишээ авья л даа. Оюутолгойн тогтвортой байдлын гэрээг 2009 оны 10 сард үзэглэхэд Монголын талд эдийн засгийн ашигтай байлгах үүднээс Сангийн болон Эрдэс Баялаг, Уул Уурхайн сайд нар, байгаль орчинд ээлтэй байлгах үүднээс Байгаль Орчны сайд тус тус гарын үсэг зурсан. Зүй нь энд Эрүүл Мэндийн сайд оролцож гарын үсэг зурах ёстой байсан. Өөрөөр хэлбэл Оюутолгой төслийн үйл ажиллагаанаас хүний эрүүл мэндэд учирч болох нөлөөллүүдийг тооцож, бууруулах төлөвлөгөөг боловсруулсан болохыг салбарын яам нь баталгаажуулж байна гэсэн үг. Энэ бол зөвхөн Оюутолгойд ч биш Монголд үйл ажиллагаа явуулж байгаа бүх л уул уурхайн компаниудад хамаатай. Энэ нь нэг талаас тухайн компани олборлолт явуулах “нийгмийн лицензээ” авлаа гэсэн үг.
Г.Галбадрах: Байгаль Орчны Нөлөөллийн Үнэлгээ (БОНҮ)-г манайд заавал хийж, хянадгийг мэднэ. Харин ЭМНҮ-ний шинэлэг талууд юу вэ?
-Б.Цогтбаатар: Тийм шүү. ЭМНҮ-г бодвол БОНҮ-ний хууль нь анх 1998 онд батлагдсан, тогтолцоо нь төлөвшсөн, хүмүүс нь туршлагажсан. Тийм ч учраас Монголд ЭМНҮ-г хөгжүүлэхээр зоригсдын хувьд нэгэнт тогтсон тогтолцоон дээр түшиглэн БОНҮ-ний бүрэлдэхүүн хэлбэрээр ЭМНҮ-г нэвтрүүлэх алхмууд хийгдэж байгаа. Энэ хүрээнд холбогдох салбрын сайдуудын түвшинд хамтын ажиллагааны санамжийг үзэглэх, БОНҮ-ний хуулийн шинэчилсэн найруулгад ЭМНҮ-ний асуудлыг багтаах, үнэлгээний аргачлалуудыг уялдуулах гэсэн ажлууд хийгдсэн. Энэ хоёр үнэлгээний ерөнхий зарчим, аргачлалууд нь хоорондоо төстэй ч, гол нь эрсдэл болон нөлөөллийг нь тогтоогч обьёктоороо хоорондоо ялгагдана. Эрүүл мэндийн үүднээс авч үзвэл БОНҮ-ний хувьд хүний амьдрах орчны үндсэн элемэнтүүд болох хөрс, ус, агаарын бохирдол, чанарыг үнэлснээр хязгаарлагддаг байхад ЭМНҮ нь хүний эрүүл мэндэд шууд болон шууд бусаар нөлөөлөх магадлалтай байгаль орчин, нийгмийн бүхий л хүчин зүйл болон хөдөлмөрийн аюулгүй байдал зэргийг цогцоор нь үнэлэхийг зорьдгоороо давуу талтай.
-Г.Галбадрах:Үнэхээр уул уурхайн үйл ажиллагаа тухайн орон нутгийн иргэдийн эрүүл мэндэд хэрхэн яаж, ямар хэмжээгээр нөлөөлж байгааг тогтоох, нотлох гэдэг их ярвигтай бас маргаантай асуудал юм шиг санагддаг?
-Б.Цогтбаатар: Бид зайлшгүй авч үзэх нэг асуудал бол уул уурхайн төсөл эхлэхээс өмнө тухайн орон нутгийн хүн амын эрүүл мэнд ямар түвшинд байв гэдгийг тогтоох. Ингэснээр тухайн төсөлтэй холбоогүй ямар нэгэн суурь өвчлөл, эмгэг өмнө нь байсан эсэхийг тогтоож, үгүй тохиолдолд хүн амын эрүүл мэндийн суурь үзүүлэлт, мэдээллийн баазаа бий болгож авна. Явцын дунд эдгээр үзүүлэлтүүдийг тоон болон чанарын аргуудаар давтан үнэлэх замаар хяналтыг тавьж тархвар зүйн аргаар эрүүл мэндийн эрсдэл, эрүүл мэндийг тодорхойлогч хүчин зүйлс болон өвчлөлийн хоорондын уялдаа хамаарал, түүний нөлөөлж буй хэмжээг тогтоох боломжтойгоороо ЭМНҮ шинэлэг бөгөөд давуу юм. Зарим тохиолдолд төслийг хэрэгжүүлэгч хамтрагч талууд болох компани, тэр бүү хэл Засгийн газрын зүгээс үнэлгээний үр дүнг эсэргүүцэх, үр дүнд нөлөөлөхөөр оролдох нь ч бий. Өвчин эмгэгүүд ихэнхдээ олон төрлийн хавсарсан шалтгаануудаар үүсгэгддэг болохоор заримдаа үнэлгээний үр дүн эргэлзээ төрүүлэх ч ЭМНҮ нь тухайн нэг нөхцөлдүүлэгч буюу эрүүл мэндийг тодорхойлогч хүчин зүйл болон өвчлөлийн хоорондын үүсэх механизмыг шууд ба дам байдлаар нотолж чаддагаараа давуу талтай. Өөрөөр хэлбэл ЭМНҮ-г хэрэглэж дадсанаар бид Хонгорчууд, Улаанбадрахчуудын эргэлзээг тайлах боломжтой гэсэн үг.
-Г.Галбадрах: Тун сонирхолтой сэдэв байна. ЭМНҮ-ний чиглэлээр үндэсний чадавхи хэр байна? Энэ талаар юу хийж байна?
-Б.Цогтбаатар: Энэ нэгэнт шинэ асуудал учраас оролцогч талуудын ерөнхий ойлголтын түвшинг нэмэгдүүлэх, мэргэжилтнүүдийн чадавхийг бий болгох, ухуулга нөлөөллийн үйл ажиллагаа явуулах замаар дэмжлэгт орчинг бүрдүүлэх зорилгоор бид Канадын Эрүүл мэндийн судалгааны хүрээлэнгийн дэмжлэгтэй 2 удаагийн төслийг хэрэгжүүлсэн. Энэ хүрээнд Олон улсын санхүүгийн корпораци,Уул уурхай, эрдэс баялгийн зөвлөлийн боловсруулсан ЭМНҮ-ний аргачлалд үндэслэн “Монголын уул уурхайн салбрын үйл ажиллагаанд ЭМНҮ хийх аргачлал” нэртэй гарын авлагыг боловсруулан монгол хэл рүү орчуулсан.\бид хамтдаа тэр гарын авлагыг үзлээ\ Уг аргачлалыг ашиглан Монголд нийт 4 удаагийн сургалт явуулж, дэлхийн уул уурхайн төв гэгддэг Ванкувер хот руу танилцах аялал, сургалтыг мөн зохион байгууллаа. 2010 онд ЭМЯ дээр ЭМНҮ-ний ажлын хэсэг байгуулагдлаа. Одоо бол хариуцсан орон тооны ажилтантай болсон.УИХ-аар 2012 онд шинэчлэгдэн батлагдсан БОНҮ-ний хуулинд ЭМНҮ, “Хуримтлагдах нөлөөллийн үнэлгээ” гэсэн 2 цогц ойлголтыг суулгасан байгаа. Уул уурхайн болон томоохон бүтээн байгуулалтын төслүүдэд ЭМНҮ-г хуульчилж байгаа оролдлого. Одоо практикт нэвтрүүлэх талаас нь бид илүү анхаарах хэрэгтэй болж байна. Энэ бүхэн боломжийн эхлэл болж байгаа хэдий ч туулах зам яагаа ч үгүй байна.
-Г.Галбадрах: Хийгдсэн ажлуудыг сонсоход таатай байна. Уул уурхайн ашиглалтад БОНҮ-г заавал хийдэг шиг ЭМНҮ нь өөрийн тань тайлбарлаж байгаагаар заавал хэрэгтэй юм гэж бодогдож байна.
-Б.Цогтбаатар: Анхнаасаа ЭМНҮ хийх ёстой, нөлөөллийг бууруулахад тийм тийм асуудлыг хариуцах ёстой гэдгийг маш нарийвчлан гаргаж гэрээнд тусгаж байвал, одоогийнх шиг уул уурхай-эрүүл мэндтэй холбоотой маргаан лав гарахаа болино. Талуудын үүрэг хариуцлага, санхүүжилт, үйл ажиллагаа болон хяналт бүхэн зөвхөн урьдчилан тохиролцсон гэрээгээр зохицуулагдаж байх ёстой. Эрүүл мэндийн асуудлаар маргаан үүссэн тохиолдолд шийдлээ гэрээнээсээ л олчихно гэсэн үг.Энэ асуудлыг ингэж авч үзэхээр ЭМНҮ-ний талаар зөвхөн эрүүл мэндийн салбарынхан гэлтгүй бусад салбар бүрийн хариуцсан хүмүүс нь өөр өөрийн түвшиндээ мэдлэгтэй байх шаардлагатай болж байна. Энэ мэдлэгийг бий болгосон цагт л бидний тавьж байгаа энэ асуудал маань Монголын хөрсөн дээр бууж “нутагшлаа” гэж үзэж болно.

Г.Галбадрах: Тийм шүү, санал нэг байна. Өөрийн тань одоо хийж байгаа докторын судалгаа тань үүнтэй холбоотой юу? Монголын ЭМ-ийн салбарт энэ судалгаа ахиц авчрах боломжтой гэж та бодож байна уу?
-Б.Цогтбаатар: Миний докторын судалгааны ажил “Инновацыг нутагшуулах онолд үндэслэж ЭМНҮ-г хөгжиж буй орны уул уурхайн салбарт нутагшуулах нь” гэсэн сэдэвтэй. Одоогоор урьдчилсан хамгаалалтаа хийгээд байгаа. ЭМНҮ гэсэн энэхүү “мэдээлэлжсэн шийдвэр гаргах аргачлал”-ыг бид Монголд нутагшуулж, олборлох салбрын менежментэд нэвтрүүлж чадвал, хожим учрах эрүүл мэндийн эрсдэлүүдийг тойрч Монголдоо эдийн засаг, эрүүл мэнд хоёрыг хосоор нь хөгжүүлэх ховор боломж бүрдэнэ. Манай ЭМ-ийн салбар сүүлийн жилүүдэд “Гал унтраах” маягаар ажиллаж ирсэн. Одоо л нэг жаахан амьсгаа авч ” Хэн гал тавиад байна вэ? “, “хаана цогшиж байна, цаашид гал хаанаас гарах эрсдэлтэй байна вэ?” гэж эргэцүүлж эхэлж байна. ЭМНҮ “Гал хаанаас гараад байгаа” шалтгааныг олж мэдэх, түүнийг нь таслан зогсоох шинжлэх ухаанч арга хэрэгсэл нь болох учиртай. Өнөөдөр нийгмийн хамгийн үнэт капитал бол мөнгө биш хүний эрүүл мэнд шүү дээ. Байхгүй зүйлээ бэдрэх явцдаа байгаа үнэт зүйлээ тавиад туучихгүй байх нь л чухал байна. Эдийн засгийн хөгжил иргэдийнхээ эрүүл мэндийг золиослон байж ирэх ёсгүй.
Гурав. Эрүүл мэндийн бодлого, шийдвэр судалгаанд түшиглэх ёстой
Г.Галбадрах: Канадад Ph.D-ийн сургалтад хэзээ ирсэн юм бэ?
-Б.Цогтбаатар: 2010 онд Канадад Ph.D -д суралцахаар ирлээ. Үндсэн хичээлд нухлагдахын зэрэгцээ ямар аргачлалаар, ямар чиглэлийн судалгааны ажил хийх вэ гэдэг талаар байнга санааширдаг байлаа. Байгалийн шинжлэх ухаан болон нийгмийн шинжлэх ухааныг харьцуулан аль нь давуу болохыг ойлгох гэж нилээн юм болсон. Байгалийн шинжлэх ухаан нь харьцангуй ойлгомжтой ч юм шиг, түүнийг дагасан “тоон анализийн арга” нь мэдэгдэж буй таамаглалыг бодит магадлалын талаас нь нотлох эсвэл үгүйсгэх зорилготой, үр дүнг нь хүн бүхэн төвөггүй ойлгож, харьцангуй хялбар хүлээн зөвшөөрөгддөгөөрөө их хялбар мэт. Харин нийгмийн шинжлэх ухаан болон гол зэвсэг нь болох”чанарын анализийн арга”-аар тодорхойгүй байгаа асуудлын учир шалтгаан ба шалтгаануудыг эрж хайдаг, таамаглал дэвшүүлдэг, хүн амын өөр бүлгийн хувьд өвөрмөцөөр авч үздэг нь илүү амьдралтай ч юм шиг, гэхдээ илүү ээдрээтэй судалгааны арга хэмээн анх санагдаж байв. Явцын дунд аль алиныг нь хослуулж байж боломжийн үр дүнд хүрнэ гэдгийг ухаарсан даа.

paul-2
Г.Галбадрах:Өнөөдөр манай нөхцөлд асуудлыг хэтэрхий статистик үзүүлэлтээр хэмжиж хандаад байгаа юм шиг санагдаж байна.
-Б.Цогтбаатар: Хүмүүс аливаа асуудалд хандахдаа илүү нотолгоо буюу тоон үзүүлэлтэд тулгуурласан байдлаар хандах нь нэг талаасаа зөв. Хамгийн түгээмэл тохиолдож, дэгдэлтийн байдалтай байгаа халдварт өвчнийг тодруулж мэдсэнээр өөрийгөө хэрхэн сэргийлэх талаар мэдэх нь зүйн хэрэг. Гэхдээ амьдрал бол баян. Амьдралд тулгарч байгаа асуудлууд ердөө А шалтгаан эсвэл Б гарцтай биш, цаана нь хичнээн ч шалтгаан хичнээн ч гарц байж болно. Анагаах ухаанд ёс зүйн талаасаа нэг хүнийг ч гэсэн үхэлд хүргэж байгаа л бол тухайн өвчнийг анхаарах л ёстой гэсэн үг. Бусад олон гарцыг олж харахын тулд чанарын анализийн арга зайлшгүй хэрэгтэй юм байна гэж ойлгосон. Жишээ нь чанарын анализийн аргын нэг болох ярилцлага нь бодит байдлыг статистикийн явцуу хүрээнээс гаргаж, олон нийтийн санаа бодол болон хандлагыг мэдрэхэд давуу боломж олгодог. Бидний өмнө ярилцсан ЭМНҮ-нд энэ аргачлал маш чухалд тооцогддог. Эрүүл Мэндийн судалгаанууд “чанарын анализийн арга” дээр тулгуурлан, “тоон анализийн арга”-аар хүч хавсарч гэмээнэ зөв хөгжинө гэсэн үг. Эдгээр судалгаа, нотолгоон дээр үндэслэн бид өнөөдөр шинжлэх ухаанч, мэдээлэлжсэн бодлого, шийдвэр гаргадаг байх ёстой. Нийгмийн салбрын бодлого ингэж л гарч байвал сайн.
Г.Галбадрах: Бүрэн санал нийлж байна. Өнөөдөр Монголд маань аливаа асуудалд маш нарийн судалгаа тооцоон дээр тулгуурлахгүйгээр, таамаг баримжаа байдлаар хандаад байна уу даа гэж би мөн сэтгэл эмзэглэж явдаг юм. Үгүйдээ л бодлогын түвшинд ийм судалгаа байж гэмээ нь зайлшгүй тулгамдсан асуудлаа сонгож авах хэрэгтэй мэт?
-Б.Цогтбаатар: Эрүүл мэндийн салбрын хувьд бодлого, төлөвлөлт огт байхгүй гэж бодохгүй байна. Гагцхүү түүнийгээ тууштай хэрэгжүүлэх боломж, улс төрийн дэмжлэгт орчин муу байна гэж би хувьдаа хөндлөнгөөс дүгнэж байгаа. Ажил хариуцсан мэргэжилтэн нь “томуугийн эсрэг цөөн хэдэн эмийг өндөр эрсдэлт бүлэгт хамаарах багачуулд өгөхөөр” төлөвлөж байтал, хэн нэгэн улстөрч нь ЭМ-ийн сайд руу утасдаад “одоо сонгууль дөхөөд байнаа, яаралтай манай тойргийн сонгогчдод түүнийгээ хуваарил” гэдэг байдлаар манай салбарын үйл ажиллагаа явагдаад байна. Хувийн ашиг сонирхол болон нэр төрийнхөө төлөө нэн тэргүүнд шийдэх ёстой асуудалд биш, өнөөдөр тулгамдаж тэвдүүлээгүй асуудалд боломж болон санхүүжилтийг үрж байгаа хэрэг. Үүнээс болж жагсаалтын эхэнд эрэмблэгдсэн нэн тэргүүний чухал ажлууд шийдлээ хүлээн даамжирсаар хоцордог билээ. Үүний нэг шалтгаан нь, салбрын ажлаа хариуцаж байгаа хүмүүс нь өөрсдийн санаа бодлоо илэрхийлж, хамгаалж чадахгүй байгаа хэрэг. Нөгөө талаас мэргэжлийн бус хүмүүс буюу улстөрчид энэ салбрын үйл ажиллагаанд буруу байдлаар хутгалдаж оролцоод байна. Эрүүл мэндийн салбрыг улстөрчид “Нохойд барьдаг мод” болгожээ гэж л би хараад байгаа юм.
Г.Галбадрах: “”Нохойд барьдаг мод” шиг хандлагууд л ЭМ-ийн салбарын олон мундаг ажилтнуудын урам болон нэр хүндэд муугаар нөлөөлж байгаа гэдэг нь амьдрал дээр ажиглагдаж байгаа.
-Б.Цогтбаатар: Эрүүл мэндийн салбрын ажилтнуудын нэр хүнд нь өндөр байж, хуучны “маарамба” нар шиг олон нийтэд шүтэгдэж байж хөгжинө гэж би боддог. Эмчийнхээ үгийг дагах ёстой, өгсөн эмийг нь уувал эдгэрнэ гэсэн итгэл үнэмшлээр хандахаас бус дайрч ороод, загнаж байж үзүүлээд, элдэв муугаар хэлээд, өөрийнхөө биш бусдын төлөө мэтээр асуудалд хандаад байвал эмч бид нар ёстой “алтаар бөөлжөөд” ч тусыг олохгүй шүү дээ. Өнөөдөр эмч нарыг үл ойшоосон, хардаж сэрдсэн байдлаар хандах тусам эмч болон өвчтөний харилцаа холдох болно. Гэхдээ нөгөө талаас эмч нар маань санаа сэтгэлийн зовнилтой яваа өвчтөндөө өөрийгөө зөвөөр ойлгуулдаг, шаардлагатай зүйлсийг тайлбарлаад өгчихдөг байх хэрэгтэй. Тэгж байж л харилцан итгэлцэл, хамтын ажиллагаа бий болно шүү дээ.
Г.Галбадрах:Эмч өвчтөн хоёрын харилцан итгэлцэл гэдэг харин их чухал санаа шүү?
-Б.Цогтбаатар:Эмч өвчтөн хоёр сэтгэл санаагаараа ойр дотно байж л мөнөөх өвчний вирусыг устгана шүү дээ. Хүн эрүүл байна гэдэг бие махбодийн эрүүл байдлаас гадна сэтгэл эрүүл, санаа бодол тунгалаг байхын нэгдмэл цогцол юм шүү дээ. Даанч өнөөдөр эмч, сувилагчдын ажлын ачаалал өвчтөнөө “бөөндөж” үздэг харамсалтай байдлаасаа гарч чадахгүй л байна. Нийгэм, амьдралын сөрөг орчин, хүчин зүйлс болон зарим тохиолдолд өөрийн хайхрамжгүй байдлаас болж монголчуудын эрүүл мэнд хэврэг байгаа нь үнэн. Үүн дээр нэмэгдээд бидний хэзээ зайлшгүй эмнэлэгт хандах вэ, хэзээ шаардлагагүй вэ гэдгээ эргэцүүлж, мэдрэх чадвар, хандлага сул хэвээр байсаар байна. Яг л нөгөө “барын бамбарын үлгэр шиг”. Үнэхээр хэрэгцээтэй мөчид нь иргэддээ санаанд нь хүртэл тусалж чаддаг, гүйцэтгэл сайтай эрүүл мэндийн тогтолцоотой болох шаардлага бидэнд бий.
Г.Галбадрах: Одоо ч сав л хийвэл Нийгмийн Эрүүл Мэнд гэж ярьдаг болж. Үүнд төрийн оролцоо ямар байвал зүйтэй вэ?
-Б.Цогтбаатар: Нийгмийн Эрүүл Мэнд гэдэг ойлголтыг ерөнхий “лоозон” байдлаар ашиглахын оронд илүү эзэмшиж, тодорхой яримаар байгаа юм. Ерөнхийлөөд яриад байвал нэр томьёо утгаар нь хүн бүр мэддэг мэт, гэвч мэргэжлийн зарим хүмүүс хүртэл нарийн мөн чанар, арга замыг нь ухаж ойлгоогүй гэдэг нь үг яриа, үйлдлээс нь харагддаг. Нийгмийн Эрүүл Мэндийг “олон хүнийг, бага зардал, оновчтой аргаар, богино хугацаанд, хамгийн тулгамдсан асуудал, өвчнөөс хамгаалах, эрүүлжүүлэх цогц арга зам” гэж тодорхойлж болно. Нийгмийн Эрүүл Мэндийн асуудал бол төрөөс гадна иргэд, төрийн бус байгууллагууд зэрэг бүхий л талуудад хамаатай. Гол нь оролцогч талууд тус бүрийн хариуцвал зохих, чадах ажлуудаа зөвшилцөөний үндсэнд тодорхой болгож, тэдгээртээ эзэн байх хэрэгтэй. Жишээ нь: хэдхэн жилийн өмнө 3000 хүрэхтэй үгүйтэй байсан Ханбогд сумын хүн ам өнөөдөр даруй 10 дахин нэмэгдсэн болохоор өсөн нэмэгдсэн энэхүү хэрэгцээнд нь нийцсэн эрүүл мэндийн суурь үйлчилгээ мөн л 10 дахин нэмэгдэж байх ёстой. Дээр нь дуу чимээ, хөрс, агаар, усны чанар, тоосжилт гэх мэт эрсдэлт хүчин зүйлүүд хүмүүсийн эрүүл мэндэд огт нөлөөлөхгүй байгаа гэвэл эндүүрэл. Нам гүмхэн амьдарч байсан хүмүүсийн амьдралын хэмнэл орвонгоороо өөрчлөгдөж байна. Энэ бол цуглуулсан татвараа ашиглан төрийн зүгээс анхаарал тавих асуудлын жишээ.
Нийгмийн Эрүүл Мэндэд төрийн оролцоо хэт ихэсч, эрүүл мэндийн асуудлыг улстөржүүлснээр биелэгдэхгүй хоосон амлалт үүсдэг бол, төрийн оролцоо багасах нь санхүүжилт дутагдах, бодлого тогтворгүйжих эрсдэлтэй. Төр өөрийн иргэдийн эрүүл мэндийн төлөө ямар үүрэг хүлээх вэ гэхээр гол нь “Нийгмийн эрүүл мэнд”-ээ л хариуцвал болж байгаа нь тэр. Үүнд: эрүүл мэндийн хууль, бодлого, эрүүл зан үйлийн сурталчилгаа, нийтийг хамарсан товлолт вакцинжуулалт, өндөр настнууд, нийгмийн хэт эмзэг давхаргынхны эрүүл мэндийн үйлчилгээ, гоц халдварт өвчин, байгалийн гамшиг болон олныг хамарсан осол гэмтэл гэхчилэн тоотой хэдэн асуудал бий. Хүн бие болон сэтгэлзүйн хувьд эрүүл байхын тулд амьдралын орчин таатай, түүнийг хянаж зохицуулж байгаа тогтолцоо нь эрүүл байх ёстой. Энэ тогтолцоог эрүүл байлгах нь төрийн үүрэг гэж би үздэг.
Г.Галбадрах:Энэ их сонин гаргалгаа байна. Тогтолцоогоо эрүүлжүүлэхийн тулд ЭМ-ийн салбрын цаашдын бодлого ямар байвал зүгээр гэж?
-Б.Цогтбаатар: Тогтолцоог эрүүлжүүлэх төрийн тогтвортой хэрэгжих бодлого хэрэгтэй байна. Ингэхийн тулд эхлээд ЭМ-ийн салбар нь өөрийн алдаатай, сул талаа хүлээн зөвшөөрөх ёстой. Дараа нь энэ сул талыг хэрхэн сайжруулах төлөвлөгөөг санал болгон хамтдаа эхлүүлэх шаардлагатай. Гэтэл бид энэ асуудлаа УИХ-ын гишүүд болон салбрын бодлого хариуцаж байгаа хүмүүст ойлгуулж чадахгүй байна. Миний бодлоор ЭМ-ийн салбарыг либералчлах, харьцангуй биеийг нь даалгах шаардлагатай байна.Төр хэзээ оролцох, хэзээ мэргэжлийн хүмүүстээ итгэж найдах вэ гэдэг асуудлаар реформын шинжтэй томоохон алхам хийх ёстой.Үүнийг зөв хийхийн тулд төр юугаа хариуцах юм бэ? хувийн хэвшил юугаа хариуцах юм бэ? иргэн өөрөө ямар үүрэг хүлээх юм бэ? үүргээ биелүүлж чадаагүй функц нь ямар хариуцлага хүлээх юм бэ? зэрэг зүйлсийг тодорхой болгож, зааглах ёстой. Чанар муутай үйлчилгээг нийтэд хавтгайруулан амлахын оронд өөрийн эрсдэлдээ нийцсэн сонголт хийх боломжийг олон нийтэд олгож байхаар зохицуулагдана гэсэн үг. Бодлогын чанартай хийгдмээр байгаа олон ажил дурдаж болж байна.Үйлчилгээ авагч ба үзүүлэгчийн хооронд холбож зуучлан, үйлчилгээний ачаалал ба чанарт хяналт тавих зохицуулалтын болон санхүүжилтийн бүтэц механизм манайд үгүйлэгдэж ирлээ. Эрсдэлээ хуваах, нялхас хөгшдийнхөө өмнө хариуцлага хүлээх гэсэн даатгалын мөн чанарыг залууст ойлгуулж сурталчилмаар байна. Санхүүгийн боломж багатай, эрсдэл ихтэй нэгний хувьд дэмжлэг авах гарцыг нь төр бий болгох зэрэг асуудлууд бий.
-Г.Галбадрах:Хүмүүст сонголт хийх боломж олгох ёстой гэдэгтэй тань санал нийлж байна. Дээр нь хүмүүсийн ухамсар болон боловсролд өөрчлөлт хийх хэрэгтэй юм шиг?
-Б.Цогтбаатар: Өнөөдөр хүмүүсийн “хэрэглээний сагс”-нд эрүүл мэндийн үйлчилгээг оруулж ирэх хэрэгтэй байна. Тэгвэл хүмүүс юунд мөнгөө зарцуулахаа мэдэж , ухамсартайгаар шийддэг болно. Ингэснээр хүн эрүүл мэнддээ санаа тавьдаг болно, салбарын түвшинд ачаалал дарамт багасна. Хувь хүн талаасаа тийм ч чухал биш фото аппарат худалдаж авах уу? эсвэл цоорсон шүдээ эмчлүүлэх үү? гэдэг сонголт руу явна гэсэн үг. Үнэгүй, чанаргүй үйлчилгээг хавтгайруулж үзүүлснээс чанар сайтай үйлчилгээг боломжтойд нь зарж, боломжгүйд нь хөнгөлөлттэй хэлбэрээр үзүүлдэг болох, үүнд шаталсан даатгалын тогтолцоог бий болгох хэрэгтэй. Эрсдэлт зан үйлийн хувьд, өнгөц харвал хүний архи ууж байгаа шалтгаан нь сэтгэл гутралт, сэтгэл гутралтын шалтгаан нь ажлаасаа халагдсанд байгаа мэт боловч ажлаасаа халагдсан үндсэн шалтгаан нь өөрийнх нь хариуцлагагүй үйл ажиллагаанаас болсон байхыг үгүйсгэхгүй. Нийгэм, төр засгийг хялбархан хамаатуулж буруутгаж болох ч хувь хүний эрүүл мэнд хувь хүнээсээ л хамаардаг гэдэгтэй маргах зүйлгүй.
-Г.Галбадрах:Та судлаачийн хувьд ЭМНҮ-нээс гадна нийгмийн эрүүл мэндийн өмнө тулгамдаад байгаа ямар асуудлуудыг сонирхон судалж байна?
-Б.Цогтбаатар: “Нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал” гэдэг нэр томьёо манайхны хувьд зүгээр л хэвшмэл хэлц үг болчихсон. Уриа маягтай, ярихад тун чухал сонсогддог. Нөгөө “тамхи таны биед хортой” гэдгийг хүн болгон мэддэг боловч тамхиа хаядаггүй шиг. Өнөөдөр манайд “Нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал” маш олон байгаа. Юуны өмнө тулгамдсан асуудлаа тодорхойлж ирсэн аргачлалаа баяжуулж, сайжруулж, тодорхойлсон асуудлуудаа анхааралтай эрэмбэлдэг болох хэрэгтэй. Монголын нөхцөлд тулгамдсан байж болох асуудлуудыг судалж, нотолгоо бүрдүүлэх чиглэлээр ажиллаж байгаа хүмүүс нь цөөн байна. Бий болгосон нотолгоог нь бодлого боловсруулахдаа хэрэглэж байгаа нь бүр ч цөөхөн байна. Хийгдэж байгаа ажлуудын уялдаа холбоог сайжруулах шаардлага байхыг ч үгүйсгэхгүй. Тийм болохоор энэ чиглэлээр хэн хаана юу хийж байна гэдгээ мэдэх, нөгөө талаар тулгамдсан асуудлуудаар нотолгоо бий болгож хэрэглэдэг болох хэрэгтэй байна. Миний хувьд “Архидалтын нийгмийн шалтгаан”, “Улаанбаатарын хүн амын зүрх судасны өвчний болон уушгины хавдарын шалтгаант нас баралтыг агаарын бохирдолтой холбон судлах нь”, “Ураны уурхай Нунавутын орон нутгийн иргэдэд учруулж болох нийгмийн болон эрүүл мэндийн нөлөөллийг тооцох нь”, “Монголын эрүүл мэндийн аялал жуулчлалын үүссэн нөхцөл байдал цаашдын хандлага”, “Олборлох салбарын үйл ажиллагаа хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийг судлах нь” зэрэг олон талт сэдвүүдээр судалгааны ажлыг бие дааж болон хамтран явуулж үр дүнг нь хэвлүүлсэн. Дээр яригдсан эрэлт ихтэй байгаа нотолгоог бий болгохоор өөрийнхөө боломжоор л ажиллаж байна гэсэн санаа.
Дөрөв. Аавын гаргасан жимээр…
-Г.Галбадрах: Ажлын талаар нилээд зүйл ярилцлаа. Одоо сэдвээ жаахан өөрчлөе. Монгол хүн байна даа, “хаана төрж өссөн бэ?” гэсэн уламжлалт асуултаа асуулгүй өнгөрч болохгүй?
-Б.Цогтбаатар: Ховд аймагт төрсөн, Ямаат улаан уулынхаа энгэр, аймгийн эмнэлгийн коридор, Алтай сумынхаа Ангирт голын хөвөөнд өссөн. Захчин аав, ээжийн хүүхэд. Аймагтаа 5 жил сураад Налайх руу шилжин ирж дунд сургуулиа төгссөн. Тайзан дээр “илэрхийлэл”, шүлэг уншсан,” Залгамжлагч чуулган”ы төлөөлөгч сүрхий пионер явсан шиг байгаа юм.
Г.Галбадрах:Аав ээжийнхээ тухай танилцуулаач?
-Б.Цогтбаатар: Би 5 хүүхэдтэй айлын дундах нь. Дээрээ ах эгч хоёртой, дороо 2 ихэр дүүтэй. Аавыг минь О.Бямбаа гэдэг. Эрүүл мэндийн салбартай 1967 онд, ээж Х.Бямбасүрэнтэй минь 1973 онд ханилан өнөөг хүртэл хийсэн бүтээсэнтэй, хэлэх үгтэй яваа хүн дээ. Сумын эмнэлгээс аймагт, аймгаас дүүрэгт, дүүргээс нийслэлд, нийслэлээс яамны агентлагт гэх зэргээр шатлал болгонд ажил сайжруулахаар томилогдон ажиллаж ирсэн байдаг юм. Одоо Баянзүрх дүүргийн эмнэлэгт удирдлага эрхэлсэн захирлаар ажиллаж байгаа. Мэргэжил нэгтэй болохоор хүүгийнхээ алдаа, оноонд хамгийн ойрхон явдаг хүн дээ, аав минь. Ээж минь монгол хэл-уран зохиолын багш хүн. Хамт олон, найз нөхдийнхөө итгэл, хүндлэлийг хүлээсэн, ах дүү, үр ачийнхаа өмөг түшиг болж явдаг хүн. Зөвхөн багшлаад зогсохгүй сурган хүмүүжүүлэх ухааны бүхий л салбараар 5 хүүхэддээ болон бидний үр хүүхдүүдэд бодит үлгэр дууриал болж байдаг.

aavtai-2
Г.Галбадрах: Дунд сургуульдаа хэр сурч байв даа?
-Б.Цогтбаатар: Дунд сургуульд сурлагатай нөхдийн тоонд орно. Ах эгч маань онцоос өөр дүн авдаггүй байсан болохоор би гэдэг хүн чинь тэртэй тэргүй тэр жишгээс гажих эрхгүй болж байгаа юм. Гэрийн даалгавар огт хийдэггүй мөртлөө гайгүй сураад л байх. Бүх хичээлдээ түүртэхгүй ч шугам зурагтаа бол улаан нойл. Эгчийнхээ хуваарьтай өрөөг цэвэрлэж өгч байж зургаа зуруулдаг байсан. Үеийнхнийхээ нийтлэг жишгээр 10-д ордог жилээ хүртэл сургуулиа төгсөөд ямар мэргэжилтэй хүн болохоо ч сайн төсөөлөөгүй, мөрөөдлийн мэргэжлээ байсгээд л сольсон тийм л нөхөр байсан. 9-р анги төгссөн зун л даа. “Энэ хэдэн хүүхдийн нэг нь миний мэргэжлийг өвөлж, номнуудад минь эзэн болоосой” гэж аавынхаа ээжид ярьж байхыг сонсоод шууд л мэргэжлээ сонгосон доо.
-Г.Галбадрах:Нээрээ сайн эмч багш нар, өөрийн мэргэжлээ хэн нэгэн хүүхэддээ өвлүүлж, хийж амжаагүй зүйлээ үргэлжлүүлэхийг хүсдэг байсан. Конкурсэнд “морь уяна” гэдэг ч бас л нүсэр ажил шүү.
-Б.Цогтбаатар: Намайг “эмч” болохоор мэргэжлээ сонгоход аав маань “Ийм чухал асуудлыг ингэж амархан шийдэж болдог юм уу, чи өөрөө үнэхээр хүсч байна уу?” гэж асууж байсан ч мэдээж баяртай байсан. Ингээд л хими, физик, орос хэлний хичээлээр элсэлтийн шалгалт өгөх болохоор шууд л бэлтгэж эхэлсэн. Өмнө нь сургууль, дүүрэг, хотын олимпиадуудад оролцож байсан ч яг конкурсдэх гэхээр хими, физикийнхээ түвшинг шууд л чамлаж байгаа юм.10-р ангид ороод, өглөө нь Налайхад хичээлдээ суучихаад, үдээс хойш автобусанд суугаад хот руу орж ирэн, АУИС дээр хичээллэдэг төлбөртэй дамжаанд сууна. Тэр нь АУИС-д элсэхээр бэлтгэж байгаа сурагчдад зориулсан нилээд гүнзгийрүүлсэн сургалт болохоор шахалт, шаардлага өндөртэй.Хамт дарвиж хөгжилддөг найз нөхдөөсөө хол, автобусанд суун хол зам туулж дараагийн шатны сургуульд бэлтгэж байхдаа нилээд юм бодож амждаг юм билээ.Амьдралын зорилго, алив зүйлийн учир холбогдол гэхчилэн.Тэр үед чинь Налайхын их уурхай хаагдчихсан, амьдрал хэцүү байсан үе л дээ. Хэн нэг нь их, дээд сургуульд тэнцвэл “Тэдний хүүхэд их сургуульд орж гэнээ” хэмээн тосгоноороо бахархангуй ярьдаг. Төрөлх сургуульд нь элсээд аавынхаа нэрийг гаргах юмсан гэж бас боддог л байсан. Тэгж хичээсний хүчинд элсэлтийн шалгалтандаа тэнцэж АУИС-д орсон тэр өдөр, ах Цагаанбаатар МУИС-ийг онц дүнтэй төгсөж, нагац ах Чагдаа Философийн ухааны доктор болж байж билээ.

fam-2
Г.Галбадрах: Дээр үеэс л АУИС оюутнуудаа их ч шахаж, сайн сургадаг байсан. Оюутан ахуйгаа дурсвал?
-Б.Цогтбаатар: АУИС бол хүний эрүүл мэнд, амь насыг хариуцах эмч бэлтгэх гэдэг утгаараа ер нь шаардлага өндөр талдаа шүү дээ. Эхний жилдээ хичээлд явахаас өөрөөр гэрээсээ цухуйгаагүй байх. Өвлийн шалгалтын үеэр Налайхаас ээж маань ирж хоол унд хийж өгч байсан. 2-р курс орчмоос л болов уу хичээллэх арга барил төлөвшөөд “оюутан төрх” ороод эхлэхээр эрдэм шинжилгээний хуралд илтгэл тавих, нийгмийн ажилд оролцох зэргээр хичээлээсээ илүү гарч чаддаг болсон. 2-р курстээ физиологийн тэнхмийн эрхлэгч Сүхбат багштай зөвлөлдөөд “Хотын төвийн болон захын сургуулиудын сурагчдын тамхи таталтын байдлыг харьцуулан судалсан нь” гэсэн сэдэв сонгож аваад ахлах ангийн хүүхдүүдтэй уулзаж анх судалгаа хийж байгаа юм.Тэр илтгэлээрээ сургуульдаа 3-р байр эзэлсэн санагдаж байна.
-Г.Галбадрах:Оюутны ЭШ ний хуралд илтгэл тавина гэдэг нэг талаасаа мэргэжлийн түвшинд цаашаа ахих боломж болдог байсан. Нөгөө талаар өөрийгөө хөгжүүлж бусдын өмнө илэрхийлэх чадварт сургадаг байсан даа?
-Б.Цогтбаатар: Ингэж илтгэл тавьснаар хамгийн гол нь хүмүүсийн өмнө өөрийн санал бодлоо илэрхийлж илтгэх, бас хамгаалахад суралцаж байгаа юм. Тэгээд их ч урам орж 6 жил суралцахдаа 5 жилд нь илтгэл тавьж нилээн юм сурсан.”Шилдэг илтгэгч”-ийн шагналыг нэг бус авч байсан.Миний тавьж байсан илтгэлүүд нэг чиглэлийнх биш, олон янзын сэдвүүдийн сонголттой байсан. Одоо ч би олон төрлийн судалгаа хийх, оролцохыг эрмэлздэг. Нийгмийн эрүүл мэндийн судлагдаагүй, шийдлээ хүлээж буй асуудал дэндүү их байна.
-Г.Галбадрах:Оюутан цагаасаа олон нийтийн ажилд оролцож, удирдаж байсан залуус хожим нь нийгэмд идэвхтэй байр сууриа алдахгүй яваа нь түгээмэл ажиглагддаг.
-Б.Цогтбаатар: АУИС-д суралцаж байхдаа нилээд цаг зав болон сэтгэлээ зориулж байсан зүйл бол олон нийтийн ажил байв. 2-р курсийн оюутан байхдаа 3 үе шаттай “ардчилсан” сонгуулиар сонгогдож байлаа. Мөрийн хөтөлбөрөө зохиогоод, оюутнуудад тарааж, ухуулаад л. Өрөө, ширээ сандалгүй, 3 ширхэг хавтастай Оюутны Холбоог хүлээн авч ажилласан. Захирал, аж ахуйн хүмүүсийн урд хойно гуйж, гүйж байгаад юм юмтай л болж байв. Найзуудтайгаа гар нийлж их ч ажил зохион байгуулсан, ингэж оюутны хөдөлгөөний “тогоонд чанагдах”-даа асуудалд тууштай, шантрахгүй байх, багаар ажиллах зэрэг их юм сурсан гэж бид ярилцдаг.
-Г.Галбадрах: Хойд Америкт хэдэн жил амьдарч байна? Ямар боломж нааш нь хөтлөв? АНУ-д ирсэн сэтгэгдэл тань?
-Б.Цогтбаатар: Америк, Канад орнуудад нийтдээ 8 дахь жилдээ амьдарч байна. Дунд нь Монголдоо очиж хэсэг ажилласан. 2002 онд тэр үеийн ЭМ-ийн сайд П.Нямдаваа гуайн тушаалаар сургуулиа амжилттай төгсгөсөн 5 залууг АУИС-ийн таван тэнхимд багшаар хуваарилсны дагуу би физиологийн тэнхимд багшаар очиж байв. 2-р курсынхэнд “эсийн блок”ын хичээл заагаад дуусч байтал сургуульд шинээр байгуулагдаж байгаа Мэргэжил Дээшлүүлэх Институт руу томилогдов. Тэндээ ердөө ганц сар ажиллаад 2003 оны 2 сард АНУ-ын Денвер хотод магистрт суралцахаар ирлээ. Тэр үед “Залуу лидер” клуб, “New World” сангийн “Оны шилдэг оюутан”-д гадаадад магистрантурт суралцах ЗГ-ын тэтгэлэг олгодог байсан. Олон талаас нь бодож, судалсны эцэст Колорадогийн Их Сургуулийн Эрүүл Мэндийн Удирдлагын магистрийн хөтөлбөрт элсэн орлоо. Энэ том боломж, үнэлэмж, хөрөнгө оруулалт амьдралдаа хүнд хэрэгтэй ажил хийе гэсэн их урам болж өгдөг, надад. Денверийн сүрлэг уулсын өвөрт дэврүүн мөрөөдөл, сониуч зангаас өөр зүйлгүй онгоцноос буулаа. Хэл, мөнгө, төлөвлөгөө гээд юм юмаар маруухан байсан. Дээр нь намайг ирсний дараахан АНУ Иракт дайн зарлаад, бас Денверт түүхэндээ байгаагүйгээр их цас орсон нилээн бужигнасан үе таарч билээ. Хичээл эхлэхээс урьтаж TOEFL-ынхоо оноог авах, байрныхаа түрээсийг төлөх гээд лут асуудлуудтай тулж байсан шүү, тэр үед. Эхнэрийн виз гардаггүй, эхний 2 жил ганцаараа амьдарсан.
-Г.Галбадрах:” Ганц дайчин” ганцаардах үе тохиолдоно биз?
-Б.Цогтбаатар: Байсан байсан. Ядаж л тогтвортой төвлөрөөд хичээл номоо хийх аргагүй. Амьдрахын тулд, амралтаараа Монгол явахын тулд хичээлийн хажуугаар ажил хийж байгаа юм. Удалгүй эхнэр, хүү 2 маань ирснээр миний магнай тэнийсэн дээ. Зорилгынхоо төлөө хамтдаа зүтгэх сайхан юм билээ.
Г.Галбадрах: Монголдоо ирээд яаж ажиллав?
-Б.Цогтбаатар: Монголдоо хариад ЭМЯ-ны харьяа Женевт төвтэй “Глобал сан”-гийн дэмжлэгтэй “ХДХВ/ДОХ, Сүрьеэгийн төсөл”-д хөрөнгө босгох, төсөл бичдэг ажилд ханцуй шамлан орсон. 3 жил хагас тэр ажлаа нэр төртэй хийсэн. Бичсэн, оролцсон төслүүд 100% батлагдаж, хэрэгжилт нь ч сайн байв. Намайг ажиллаж байх хугацаанд нийтдээ 20 гаруй сая ам.долларын санхүүжилт хийгдсэн байдаг юм. Зарим төсөл нь дуусаж, зарим нь одоо ч хэрэгжээд явж байна. Глобаль сангийн төслүүдийн хувьд Монголд ХДХВ/ДОХ, сүрьеэ өвчний хяналт, урьдчилан сэргийлэлтийн чиглэлээр хийгдэж байгаа ажлуудын санхүүжилтийн зонхилох хэсгийг хариуцаж ирсэн. Олон арван хүнд амьдрах итгэл, нас бэлэглэж байгаа чухал төслүүд.
Г.Галбадрах:Төсөл бичнэ гэдэг амаргүй ажил. Дэмжигдсэн төслийн санхүүжилтийг үр дүнтэй зарцуулахад хариуцлага ихээхэн шаарддаг байх?
-Б.Цогтбаатар: Глобал сангийн төсөл бичих зарчим болон шаардлага гэж байдаг юм. Тэндээс жилдээ нэг удаа болзол зарладаг. Бага болон дунд орлоготой орнуудад хандаж “Та нар ДОХ, Сүрьеэ өвчнөөр ямар тулгамдсан асуудлаа яаж шийдэхийн тулд хэдэн төгрөгийн санхүүжилт хэрэгтэй байна, түүнийгээ бидэнд нотло” гэж санал болгоно. 1 төсөл дунджаар 100 гаруй хуудас болно. ЭМЯ-ны сайдын тушаалаар “Төсөл бичих ажлын хэсэг” байгуулагддаг, ямар үйл ажиллагааг хэн хэзээ ямар зардлаар явуулах төсвийн зориулалтыг тодорхой зааж өгдөг бөгөөд үүнийгээ 2 талаасаа баталсны үндсэн дээр хэрэгжүүлж эхэлдэг нарийн үйл явц. Гадны тусламж, төслийг манайхан ул суурьтай, ялгаж салгаж ойлговол зүгээр. Глобал сангийн төслүүд бол зээл биш, буцалтгүй тусламж хэлбэрээр орж ирж буй төсөл. Азийн Хөгжлийн Банк, Дэлхийн Банкны нилээд төсөл нь хүүгүй буюу хөнгөлөлттэй зээлүүд байдаг. Хэрэв бид бусдаас буцааж өгөх болзолтойгоор зээл авч байгаа бол, түүнийгээ зайлшгүй ашигтай зүйлдээ өндөр үр ашигтайгаар зарцуулах ёстой. Гэтэл манайхан төслийн зээл авахдаа дуртай юмаа худалдаж аваад, хүссэн зүйлдээ зарцуулаад байж болох юм шиг буруу ойлгодог. Ажил хариуцаж байгаа хүн бусдын итгэлийг дааж, тодорхой хэмжээний хариуцлага хүлээгээд сууж байгаа. Гэтэл зээлийн санхүүжилтийг итгэл эвдэн, буруу зарцуулах юм бол гарах үр дагавар нь маш ноцтой. Өнөөдөр бидний буруу гараар зарцуулж байгаа 2 төгрөг маань, маргааш бидний үр хүүхдүүдийн халааснаас л гарна шүү дээ.
Г.Галбадрах: Тийм ээ, би энэ яриатай тань санал нэг байна. Хэрэгжиж байгаа төсөл болгон бодитой үр дүнг үзүүлж байх нь хамгийн чухал. Глобаль сангийн төслүүдийн үр дүн хэр байна?
-Б.Цогтбаатар: Глобал сангийн төслийн санхүүжилт нь буцалтгүй хэлбрийн тусламж болохоор шалгуур нь өндөр байдаг. Монголд анх 2003 оноос хэрэгжиж эхэлсэн энэ төслүүд бодитой эерэг үр дүнгээр эхний 10 жилээ үдэж байгаа гэдэгтэй төслийн үр дүнд эрүүлжсэн, ач тусыг нь мэдэрсэн олон нийт, Эрүүл мэндийн салбарынхан, санхүүжүүлэгч байгууллагынхан бүгд санал нийлэх байх гэж бодож байна. Үүний нотолгоо нь “үр дүнд суурилсан санхүүжилт” олгох зарчимтай Глобаль сангийн тогтвортой үргэлжилсэн дэмжлэг юм. Өмнө нь Монголд хийдэггүй байсан “Олон эмэнд дасалтай сүрьеэгийн болон ХДХВ-ын эсрэг эмчилгээ”г Глобаль сангийн төсөл бий болгосон гавьяатай.
Г.Галбадрах: Өөрийг чинь Америкийн Project CURE байгууллагийн шугамаар хөрөнгө оруулалтын нилээн ажил хийсэн гэж сонссон. Тэр талаараа дурдаач?
-Б.Цогтбаатар: 2008 онд Колорадогийн Нийгмийн Эрүүл Мэндийн симпозиумд илтгэл тавьж байхдаа тус хурлын үндсэн илтгэгч болох, тус байгууллагын үүсгэн байгуулагч Jim Jackson гуайтай танилцсанаар хамтын ажиллагаа эхэлсэн. АНУ-ын 4 мужид салбартай, хөгжил буурай орнуудад эрүүл мэндийн тоног төхөөрөмж, материал хандивладаг, дэлхийд энэ чиглэлээрээ хамгийн том хандивлагч буяны энэ байгууллага нь эхлээд заавал үнэлгээ хийгдэх ёстой, буяны хандивыг ашгийн зориулалтаар хэрэглэх ёсгүй, нэн тэргүүнд хэрэгтэй байгаа хүмүүстээ очих ёстой, хүлээж авах газар нь тээврийн зардлаа хариуцах ёстой гэсэн үндсэн зарчимтай. 40 тоннын багтаамжтай нэг контейнерт дунджаар 400.000 ам долларын өртөгтэй бараа материал орох бөгөөд тээврийн болон бусад зардал нь 20.000 орчим ам доллар болдог.Энэ хугацаанд Ховд аймаг дахь хамгийн алслагдсан төв болох баруун бүсийн оношлогоо эмчилгээний төвд 5 контейнер, Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн нэгдэлд 1 контейнер, нийтдээ 3 тэрбум орчим төгрөгийн хандивыг хүргэх ажлыг санаачлан, зохион байгуулсан. Эхлээд тусламж очих газартаа биечлэн очиж хэрэгцээ, шаардлагыг нь үнэлэн, цаад газартаа хэрэгцээтэй байгаа зүйлсийн нарийвчилсан жагсаалтыг гарган 2 талаасаа баталгаажуулсны дагуу Америкаас илгээх ачааг цуглуулан бэлэн болгодог. Үүний дараагаар тээврийн зардлыг нь даах талыг олох зэргээр ажил мундахгүй байдаг. Цаашид дэмжихээр ярилцаж буй эмнэлгийн байгууллагуудад удахгүй газар дээр нь очиж үнэлгээгээ явуулахаар бэлтгэж байна.

tomchuul2
Г.Галбадрах: Нилээд удаан хугацаанд чин сэтгэлээсээ ярилцлаа. Монголын эрүүл мэндийн салбарт шинжлэх ухааны үндэстэй, шинэ судалгаа оруулж, бодит эхлэлийг тавьж байгаа тань маш бахархалтай санагдлаа. Мэдээж эхлэл болохоор амаргүй хэдий ч, тодорхой цаг хугацааны дараа заавал үр дүнд хүрнэ гэдэгт итгэж байна. Танд амжилт хүсье.
-Б.Цогтбаатар:Танд бас баярлалаа. Гэр бүлийнхний маань халуун итгэл, өндөр хариуцлага, Монгол Улсын Засгийн газрын бодит дэмжлэг миний урмыг сэргээж, илүү боломжууд руу хөтөлсөн. Тийм болохоор би Монголын эрүүл мэндийн салбарын хөгжил, дэвшил, Монгол хүний эрүүл энхийн төлөө өөрийн чадах бүхнээ хийх үүрэгтэй. Бас бидний адил олон залуус Монгол эх орныхоо төлөө “эх оронч” сэтгэл өвөрлөн яваа. Бид бүгдээрээ л хамтдаа эх орноо хөгжүүлнэ шүү дээ.

Эрүүл мэндийн удирдлага, бодлогын нарийн асуудлаар Америк, Канадад сурч, ажиллаж байгаа, Монголдоо бас ажиллаж үзсэн, нэг ёсондоо дотор нь буцалж, бас заримдаа гадна нь гарч байсан хүний хувьд эрүүл мэндийн салбарын хувьд тулгамдаж байгаа асуудлуудыг олон талаас нь, ултай суурьтай, шинэлгээр бас ирээдүй талаас нь харах боломж, давуу талтай залуу юм даа гэсэн бодол төрж байлаа. Тэрээр аавынхаа ажиллаж байсан Ховд аймгийн Нэгдсэн эмнэлэгт 5 контейнер эмнэлгийн тоног төхөөрөмж, хэрэглэгдэхүүнийг нийлүүлжээ. Энэ бол түүний төрж өссөн нутагтаа оруулсан том хувь нэмэр аж. Залуу хүний хувьд хүнд хэлэх бодитой л ажил. Энэ ажиллагаа цаашид үргэлжлэх болно гэж тэрээр тайлбарласан юм.

Apr 21

Хүн ихийг сурах тусмаа мэдэхгүйгээ мэддэг

By gala-admin | ЯРИЛЦЛАГУУД

Батсүхийн Жавхлан  \цуврал ярилцлага-08\

Нэг. Намтрын товчоон

Боловсрол:
-Нийслэлийн 1-р сургууль, математикийн гүнзгийрүүлсэн сургалттай анги \1993\
-МУИС-ийн Эдийн засаг, Банкны анги \1993-1997\
-CPA license, California Board of Accountancy (2005-2006)
-The George Washington University, Master of Science in Finance (2010-2012)

Ажилласан газрууд:
-“Голомт” банк  (1995-1998)
-U.S. Trust, Bank of America Private Wealth Management (2000-2001)
-American Red Cross (2001-2005)
-NKSF, CPAs (2005-2006)
-Mazon (2006-2010)
-Public Company Accounting Oversight Board (2011-Present)

  Хоёр. Ээжийн минь чиглүүлсэн эрдмийн зам

-Г.Галбадрах: Бага насны дурсамжаа сэргээвэл?

-Б.Жавхлан:  Аав минь цэргийн хүн, хошууч цолтой. Тушаал бол тушаал. Манайх чинь Хархорин, Сэлэнгэ аймаг гээд л нүүж амьдардаг байв. Ээж минь их ч мундаг холыг хардаг, ухаантай бас тэвчээртэй хүн. “Энэ хэдэн хүүхдээ ингэж явуулахгүй ээ. Багаас нь нэг газар тогтвортой байлгаж, эрдэмд номд нь анхаарч ирээдүйг нь бодох хэрэгтэй байна” гээд биднийг аваад хот руу нүүж ирсэн юм. Бид чинь  эхээсээ зургуулаа л даа.  3 эгч минь биднээс нилээд дээр төрсөн.  Тэгээд гурван багыгаа аваад, аавыг орхиод,  ээж минь хотод ирж. Тэгээд яалт ч үгүй аав минь бидний араас ирсэн л дээ.

-Г.Галбадрах:Тэр үед армийнхан тушаалаар хөдөө их ажилладаг байж билээ. Ээж тань их зоримог шийдвэр гаргаж дээ?

-Б.Жавхлан: Би тэгэхэд 5-р ангид сурч байсан юм байна. Намайг анх 33-р сургуульд орууллаа.  Би ч хичээлдээ гайгүй сайн сурч байв. Манай ангийнхан намайг “чи хөдөөний хүүхэд байж хичээлдээ яасан сайн юм” гэдэг байж билээ. Намайг 8-р ангиа төгсч байхад ээж минь “миний охин тоондоо сайн юм чинь” гээд  дагуулаад  1-р сургууль дээр очлоо. Тэр үед 1-р сургуулийн математикийн гүнзгийрүүлсэн сургалттай ангид хүүхдүүд шалгалт өгч элсдэг байсан юм. Бараг 240-өөд хүүхэд шалгалт өгснөөс 24 хүүхэд  тэнцүүлж авсанд  нь багтаж орсон.

-Г.Галбадрах:1-р сургуулийн математикийн гүнзгийрүүлсэн дургалттай анги гэдэг их ч нэр хүндтэй байсан. Тэр хэрээрээ шаардлага өндөртэй. Тийм болохоор хүүхдүүд их ч амжилтай суралцдаг байсан.

-Б.Жавхлан:1-р сургуульд ороод л маш их хичээллэсэн. Ангийн багш минь Пүрэвдорж гээд  их  ч сайн багш. Бидэнд маш их даалгавар өгнө. Их ч хатуу шаардлагатай. Өвөл зуны амралт гэлтгүй байнгын давтлагатай. Ангид гэхэд бүгд л хичээлээ хийгээд суухад ялаа дүнгэнэх нь хүртэл сонсогддог байж билээ. Тэр үед би “Хүн ядуу амьдрахгүйн тулд хичээлээ л сайн хийх хэрэгтэй юм байна” гэж байнга боддог байснаас хичээлээ л хийгээд суугаад байдаг байж. Билл Гейтс хэлдэг дээ, “Хүн ядуу төрнө гэдэг ичгүүр биш, харин ядуу үхнэ гэдэг бол ичгүүр” гэж… 8-р ангиасаа л шөнийн 2-3 цаг хүртэл хичээлээ хийгээд суудаг хэвшилтэй болсон. Ээж минь надад “Миний охин унтаач, ядаргаа болох нь” гэж санаа зовж үглэнэ. Их даалгавартай болохоор гэрийнхнийгээ унтсан хойно нь чив чимээгүй орчинд хичээлээ хийгээд суухад анхаарал ч их төвлөрч, их ч юм хийж амждаг байж.

-Г.Галбадрах:Тэр болгон нь хүүхдийг өмнөө зорилготой болгож, бас тэсвэр тэвчээртэй болгож сургаж байсан байх.

-Б.Жавхлан: . Ер нь эргээд анзаарч байхад 1-р сургуульд сурч байхдаа л сахилга бат, хариуцлага,тэвчээр, уйгагүй сурах хэвшил, хүмүүжилд суралцсан байсан. 1-р сургуульд ороод анх удаа “дунд” дүн авчихаад уйлж байж билээ. 8, 9, 10-р анги их ч хурдан өнгөрсөн дөө. 10-р анги төгсөх улсын шалгалт дээр манай ангийнхан бүгд л “онц” авцгаасан. Одоо манай ангийнхан бүгд л  мундаг яваа шүү.

-Г.Галбадрах:10-р ангиа төгсөөд ямар сонголт хийв дээ?

-Б.Жавхлан:1993 онд 10-р ангиа төгсөөд элсэлтийн шалгалтад өгөхдөө МУИС, ЭЗК \Эдийн Засгийн Коллеж\ -д  хоёуланд нь тэнцлээ. ЭЗК-д эхний 10-т орсон болохоор төлбөргүй сурах боломжтой, МУИС-д төлбөр төлөх ёстой байв. Тэгээд их хөгжилтэй. Ээж  минь болохоор надад “Миний охин, төлбөр төлөхгүй юм чинь ЭЗК-доо орчих” гэж ятгана.  Би болохоор  “Үгүй ээ, би тэнцсэн юм чинь МУИС-даа ормоор байна” гэнэ.  Тэгээд лам дээр очиж асуухаар боллоо. Аз болж зорьж очсон лам маань  “МУИС-д орох нь дээр юм байна” гэж  ” төлөг” буулгаснаар МУИС-аа сонгож орж байв.

-Г.Галбадрах:  Хөгжилтэй л түүх байна. МУИС-д ямар мэргэжлээр суралцсан юм бэ?

-Б.Жавхлан:МУИС-д 1-р курсэд сурсан сурлагаар нь жагсаагаад, 2-р курсээс нь мэргэжлийн ангид хуваарилдаг байсан юм. Тэр үед чинь банкны мэргэжил “моод”-онд орж байсан үе. Тэгээд банкны ангийг сонгож 2-р курсээсээ тэр мэргэжлээр суралцсан. 3-р курсэд суралцаж байхад “Голомт” банкныхан сургууль дээр ирж оюутнуудтай уулзаж сонголт хийв. Цагаан гуай, Зоригт, Баясгалан захирал нар оюутнуудтай уулзаж ярилцаж байсан юм. Надтай уулзахдаа л лав “Банкны тайлан уншиж чадах уу?” гэж асууж байсан юм даг. Тэр үед би банкны нилээд ангиуд авчихсан хэрдээ мэдлэгтэй болчихсон байсан. Тэгээд тэр сонголтод нь тэнцсэн л дээ.

-Г.Галбадрах:”Голомт” банкны тэр бодлого их ч зөв алхам байж дээ?

-Б.Жавхлан: Тэгээд “Голомт” банк нийтдээ 50-иад оюутныг сонгон авч байсан юм. Тэр үед “Голомт” банкны менежментийн бодлого нь их зөв байсан. Тиймдээ ч тэд их хурдан хөгжсөн. Тэнцсэн оюутнуудаа “Улаанбаатар” зочид буудалд хүлээн авалт хийж танилцуулж байсан юм. Тэр үед одоогийнх шиг баар, ресторан олон байсан биш. Надад лав их гоё санагдаж байж билээ.

-Г.Галбадрах: Тэгэхээр сурахын хажуугаар “Голомт” банкиндаа ажиллахаар, төгсөөд ажлын байр бэлэн  байсан хэрэг  байх нь?

-Б.Жавхлан: “Голомт” банк бидний сургалтын төлбрийг төлж, дээр нь бидэнд цалин өгч ажиллуулж байсан юм. 3, 4-р курсдээ бид нар өглөө нь хичээлдээ яваад орой нь банкиндаа ажиллав. Шөнө хүртэл ажиллана. Би ч дотроо “ийм сайхан боломж олдож байхад хичээх хэрэгтэй ” гэж боддог байж.Хичээл дээр сурч мэдсэнээ банкин дээр ажиллахдаа дадлага туршлага болгон өөртөө шингээнэ. Миний хувьд бүх зүйл өөрчлөгдөж, амьдралдаа зорилготой болчихож байгаа юм. Сургуулиа төгсөөд ажлын байр бэлэн. Цалин авч байсан болохоор ангидаа “баян оюутан”. Ангийнхныгаа  заримдаа хуушууранд даана. Тэгж явсаар сургуулиа төгссөн. Сургуулиа төгсөөд “Голомт” банкиндаа ажиллав.

       Гурав. Илүү зорилго руу тэмүүлсэн үеүд

Photo 2
-Г.Галбадрах:”Голомт” банкнаас ажлын гараагаа эхэлжээ. Аль салбар дээр нь мэргэжиж байсан юм бол?

-Б.Жавхлан: “Голомт” банкинд би анх хадгаламж хариуцаж байсан юм. Тэр үед программ тэгтлээ нэвтэрч амжаагүй  байсан болохоор хадгаламж эзэмшигчдийнхээ “хадгаламжийн хүүг” нь гараараа бодно. Энэ ажил дээрээ өөрөө санал тавьж байж, зээлийн тооцоог нэмж авсан. Хичээж сайн ажиллаж байсан болохоор урамтай байлаа. “Шилдэг ажилтан” хүртэл болж байв. Дараа нь “эдийн засагч”-аар дэвшиж ажиллаа. МУИС-д сурч байхдаа ажилласантайгаа нийлүүлээд тооцоход би “Голомт” банкинд 3 жил гаран хугацаанд ажиллажээ.

-Г.Галбадрах:Ямартай ч нилээд дадлагажих хугацаа байна.

-Б.Жавхлан: Тэгээд би бодож байгаа юм. “За банкинд 3 жил ажиллаа. Сурах юмаа боломжийн түвшинд сурч, ажил дээр ч боломжийн түвшинд дадлага туршлагатай боллоо. Дараагийн зорилго маань юу байх ёстой вэ?” гэж. Дараагийн зорилго минь өөр хэл сурахын тулд гадагшаа гарч суралцах. Нэг ёсондоо гадагшаа гарч “нүд тайлах” хүсэл байсан. Нэг удаа би хувийн ажлаар  Солонгос явав. Солонгост очоод “Оюутны хотхон”-оор явж байхдаа, гитар тоглоод хамтдаа дуулж байгаа оюутнуудыг хараад “ямар гоё юм бэ? эдэн шиг дахиад оюутан болох сон” гэж өөрийн эрхгүй бодож байгаа юм. Тэр болгоноос л гадагшаа явах хүсэл, сэтгэл дотор минь бага багаар асч байсан гэх үү дээ.

-Г.Галбадрах: Тэр үед залуу хүн бүр гадагшаа явж хэл сурах бодолтой болж байсан. Бас боломж нь ч харьцангуй олдож байсан болов уу?

-Б.Жавхлан:  Тэр үед миний нэг найз бүсгүй маань надад “Хоёулаа Америк явж сурах уу? Манай эгч тэнд байдаг юм” гэж санал болгов. Шууд л “тэгье, тэгье” гэж зөвшөөрөөд визний материалуудаа хөөцөлдлөө. Виз маань гарсаны дараа л Баясгалан захирал дээр орж “Би ингээд Америк явах боллоо. Би хэдэн сар  англи хэлийг сайн сурчихаад буцаж ирээд банкиндаа ажиллана” гэж учирласан. Тэгэхэд Баясгалан захирал “Аа мэдэхгүй, Америк явсан хүмүүс ч буцаж ирдэггүй юм даа” гэж хэлж билээ.

-Г.Галбадрах: Нээрээ ч тийм байсан байх шүү. Зорьж ирсэн Америктаа хэрхэн дасав?

-Б.Жавхлан:  1998 оны сүүлээр Америкт ирлээ. Англи хэлний курст 3 сар сурав. Мөнгө ч дууслаа. Хэлний хувьд анхны мэдэгдэхүүнтэй.  Хүнтэй  дөнгөж л  ойлголцох хэмжээнд сурч аваад, ажил хайхаар гарлаа. Амжиргааны мөнгөө олох хэрэгтэй шүү дээ.  Эхлээд настай хүн асрах ажил олов. Яг тэр үедээ  бие минь өвдөөд их ч зүдэрсэн. Өрөөндөө бараг мөлхдөг байсан хэрнээ, ажлаа орхиж болохгүй. Нуруу минь өвдөөд, нуруундаа тариа хийлгэсэн хэрнээ нөгөө өндөр настай хүнээ шууд зуугаад л өргөх үе ч байсан. Найзууд минь тусалж дэмжсэний хүчинд хөл дээрээ босч ирсэн шүү. Нэг ёсондоо Америкийн нийгмийн хатуу нүүртэй тулж байгаа юм. Зарим хүмүүс тэр үед надад “Чи ингэж зовж байхаар Монгол руугаа буцаач” гэнэ. Би тэгэхэд нь “Би ингэх гэж энэ оронд ирсэн биш. Би сургуульд сурч мастер хамгаалах зорилгоо л заавал биелүүлнэ” гэж хэлдэг байсан.

-Г.Галбадрах: Америкт мэргэжлээрээ мастер хамгаална  гэдэг л гол зорилго тань байж дээ?

-Б.Жавхлан: Ер нь Америкт ирээд хэлний курст суралцаж байхдаа “Би ямар ч байсан Америкт өөрийн мэргэжлээрээ мастер хамгаална” гэж боддог байв. Энд байгаа боломжуудыг харж мэдэрч байлаа. Гэхдээ зорилгоо биелүүлэхийн тулд “мөнгө хэрэгтэй”. Бага бус мөнгө хэрэгтэй. “Нохой хамартаа хүрэхээр усч ” гэж, цагаа тулахаар хүн амьдрахын тулд ямар ч ажлыг хийх болдог. Янз бүрийн ажлууд хийсэн дээ. Сүүлд нь нилээд баян айлын 9 настай охиныг хардаг ажил хийлээ. Тэдний гэр нь Беверли Хиллст байдаг. Ээж нь ийш тийшээ удаан хугацаагаар явдаг болохоор ихэвчлэн тэр охинтой үлдэнэ.  Тэр надад “Чи бол миний хамгийн хайртай эгч “гэнэ. Бид 2 хамтдаа хооллож, хамтдаа кино үзэж,  зугаалж, хамтдаа тоглодог болохоор нилээд  дотно. Бараг  жил гаруй ингэж ажилласан юм байна.

-Г.Галбадрах: Боломжийн ажил байсан юм биш үү? Хүн болгон тийм ажил олж хийхэд амаргүй байсан байх.
-Б.Жавхлан: Тэгсэн нэг өдөр тэр охин, надад хандаж “Чи бол миний бэби сестэр. Тийм болохоор чи миний хүссэн болгоныг хийх ёстой” гэж хэлдэг байгаа. Хэдийгээр тэр жаахан охин гэлээ ч, энэ хэлсэн үг нь миний тархин дундуур гэнэт татаад авах шиг л болсон. Гэнэтхэн  өөртөө “Би чинь юу л болж явна даа. Би чинь дээд боловсролтой, мэргэжилтэй, ажлын туршлагатай хүн. Гэтэл 9 настай хүүхдэд ингэж хэлүүлээд явж байна гэдэг чинь юу гэсэн үг вэ?” гэж хэлэв. Ерөөсөө л цочролд орж байгаа юм. Хэдийгээр тэр жаахан охинд дургүй хүрч гомдож байгаа ч, нөгөө талаараа би тэр охинд баярласан. Хэрэв тэр охин тэр өдөр надад гэнэт тэгж хэлээгүй бол , би энэ амьдралаа “болж байгаа юм шиг бодоод” дахиад хичнээн жил ингэж явах ч байсан юм билээ. “Би ер нь яах гэж сургууль төгссөн юм бэ? Яах гэж энд ирсэн юм бэ?”  гэж хүртэл өөрөөсөө асуулаа. Тэгээд л мэргэжлийн ажлаа олж хийхээр шийдлээ.

-Г.Галбадрах:Заримдаа хэн нэгний санаандгүй хэлсэн үг сэтгэлд цочрол өгч, огцом шийдвэр гаргах түлхэц болох нь бий.

-Б.Жавхлан:  Тэгээд  өөрийнхөө CV гээ, бусад материалуудаа бэлтгээд, аятайхан костюм пиджак худалдаж авч өмсөөд , ажил зуучилж олж өгдөг байгуулагуудад хандлаа. Банкны мэргэжилтэй болохоороо эдийн засаг, санхүү, нягтлангийн чиглэлийн ажил хайсан юм. Тэр зуучилдаг байгууллага дээрээ шалгалт өгч байгаа юм. Бараг 4 цаг шалгалт өгсөн байх аа. Компьютерийн программууд дээр ажиллах чадвар, нягтлан бодох бүртгэлийн асуултууд, программуудаар шалгуулсан.  Би өмнө нь  ня-бо бүртгэлийн программууд дээр ажиллах талаар гэрээрээ бие даагаад судалсан байсан л даа. Гэтэл маргааш нь над руу тэр газраас утасдаад “танд ажил олдлоо, та маргааш ирж ажилдаа орно уу? “гэсэн. Би их азтай. Бараг нэг өдрийн хугацаанд шахуу мэргэжлийн ажилдаа орсон доо.

      Дөрөв. Америкт мэргэжлээрээ ажилласан жилүүд

-Г.Галбадрах:Тэр нь ямар ажил байсан юм бэ?

-Б.Жавхлан: Тэр нь Лос-Анжелост байдаг 2 ихэр өндөр барилгад байршилтай  US Trust гэдэг компани, одоо бол Bank of America-гийн салбар компани болсон байгаа. Намайг ажилдаа ороод удаагүй байтал 2001 оны 9 сарын 11 ний халдлага болсон юм.  Тэр өдөр намайг ажилдаа очсон чинь бөөн харуул хамгаалалт болсон байв. Нью-Иоркийн хоёр ихэр Худалдааны Төвийн дараа Лос-Анжелосийн 2 ихэр өндөр барилга руу  халдлага хийж болзошгүй гэж хамгаалж байсан юм билээ. Тэр өдөр ажилдаа очсон чинь хүн бүрийг гэр рүү нь буцааж явуулж байлаа. Тэр компани минь  мөнгөтэй хүмүүсийн хөрөнгө мөнгийг ашигтай байдлаар байршуулахад зөвлөж туслах үйл ажиллагаа явуулдаг юм. Тэнд жирэмсний амралтаа авсан бүсгүйн оронд нягтлангаар орсон юм. Эхлээд 3 сар ажиллах байснаа, аз болж сунгасаар 1 жил шахам ажилласан юм байна.

-Г.Галбадрах:Анх удаа Америк компанид ажилд орж байхад юу бодогдож, юу мэдрэгдэж байв?

-Б.Жавхлан: Америк компанид эхлээд ажилд орж байхдаа , сэтгэл дотроо сүрдэж л байв. “Америкчуудтай ажиллахад ямар байх бол,  ажил нь хэцүү байх болов уу?, шаардлага нь хатуу болов уу?” гэхчилэн л бодож байгаа юм. Яг ажлаа аваад хийхдээ “Өө энэ чинь ядаад, сүрдээд байх юм алга байна шүү дээ. Урьд нь хийж л байсан ажлууд. Юу нь болохгүй гэж?” гэж бодсон. Ажлын арга барил нь арай өөр, илүү их техникжсэн, технологи нь сайн, юм юм нь их цэгцтэй, хүн болгоны хийх ажил нь маш тодорхой, ойлгомжтой. Үүрэг хариуцлага нь ч тов тодорхой. Ийм байдалд өөртөө итгэх итгэл минь бадарч байв. “Хэнээс дутах юм бэ?”  гэж өөртөө хэлсэн.

-Г.Галбадрах: Мэдээж хийж сурсан ажил болохоор, тэр тусмаа сайн ажиллаж сурсан болохоор өөртөө итгэх итгэл тань эргэж ирж дээ.

-Б.Жавхлан: Орны хүн маань ажилдаа ирсэн ч, надад дараагийн ажил санал болгов. “Та энэ хугацаанд сайн ажиллаа. Одоо “Улаан загалмай”-д ажиллах уу?” гэсэн л дээ. Мэдээж би дуртайяа зөвшөөрсөн.  Намайг 6 сар ажилласны дараа тэр байгууллага маань “жинхэнэ ажилтан”-аар ажиллахыг санал болгов. Жинхлээд бараг 4 жил орчим ажиллаа.  Америкийн “Улаан загалмай” бол олон ч хүн ажилладаг, муж болгонд салбартай нилээд том байгууллага. Вашингтон ДС-д төв нь байдаг. Тэр байгууллага маань өөрсдийн гэсэн байргүй болохоор байр түрээсэлж байсан. Хожим нь өөрсдийн байртай болсон чинь байрлал нь нилээд хол.  Гэрээсээ  ажил руугаа түгжрэлтэй үед бараг 3 цаг явж байсан тохиолдол бий. Мэдээж завгүй ажиллаж, амьдарч байсан болохоор, тийм байдалд цагаа үрэхийг хүсээгүй. Тэгээд  даргадаа учраа хэлсэн л дээ.

-Г.Галбадрах:”Улаан загалмай” бол хүмүүнлэгийн байгууллага. Тийм болохоор өмнө ажиллаж байсан байгууллагаас тань өөр байсан байх?

-Б.Жавхлан: Өмнө нь ажиллаж байсан байгууллага маань ашгийн төлөөх байгууллага байсан бол “Улаан загалмай” бол ашгийн бус, буяны байгууллага. Ашгийн төлөөх байгууллага бол “яаж их мөнгө олох вэ” гэдэгт анхаарлаа хандуулж, хүмүүсийг аль болохоор хямд зардлаар ажиллуулахыг хичээдэг.  “Улаан загалмай” д ажиллаж байхад, жилийн эцсийн тайлангийн хурал дээр манай дарга маань бидэнд хандаж “Өнгөрсөн жилийн  бидний ажлын үр дүнгээр авч үзвэл, манай байгууллагын нэг ажилтан мянган хүний амийг аварсан байна” гэж хэлэхэд надад их сайхан санагдаж билээ. Энэ бол мөнгөөр хэмжихийн аргагүй буян юм даа. Ажил нь дандаа хүмүүнлэгийн зорилготой болохоор их сайхан.  Ажилдаа хариуцлагатай байж, ажлын төлөө зөв сайн санаа гаргаж, чин сэтгэлээсээ ажиллаж байхад аяндаа бүх зүйл болоод л явчихдаг юм.

-Г.Галбадрах: Тийм ээ, хүн ажилдаа чин сэтгэлээсээ хандахад бүх зүйл амжилт руу хөтөлдөг гэдэгтэй санал нэг байна.

-Б.Жавхлан: Дараагийн орсон ажил маань нилээд сонирхолтой ажил байв. Холливудын уран бүтээлчдийн санхүүгийн тооцоог хийдэг ажил. Алдартай  жүжигчид, продюсерууд, зохиолчдыг хариуцаж аваад тэдний такс болон орлого зарлагын тооцоог хийнэ. Жишээ нь  Френдс-ийн зохиолч байна.  Нэг  зохиолчийнх нь, зохиол бичээд авахаар хийсэн гэрээ нь жилд 5 сая доллар. Зарим зохиолчид, продюсерууд ямар нэгэн шалтгаанаар гэрээгээ цуцлахад л, гэрээ цуцалсаны төлөө 100 000 доллар авах жишээтэй. Тэгэхэд л би хүмүүсийн хөдөлмөрийн үнэлгээ болон амжиргааны өртөг нь ямар их зөрүүтэй байгааг анзаарсан. Нэрд гарсан зохиолч жилд нэг зохиол бичээд л ийм үнэлгээний гэрээ хийж байхад жирийн хүмүүс цагийн 6-10 долларын ажил хийх гэж яаж зүтгэдэг билээ. Угтаа бол бид цөмөөрөө л Лос-Анжелост амьдарч, нэг гудамжинд хамтдаа алхацгааж байгаа шүү дээ. Бидний хэрэглээ нь ав адилхан. Адилхан үнэтэй бензин, адилхан үнэтэй хоол хүнс хэрэглэж, адилхан үнтэй кино шийр үзэж байгаа. Тэр тусмаа Лос-Анжелос “Холливудын төв” гэдгээрээ ийм ялгаа маш их мэдрэгддэг.  Мэдээж энэ бол маш их чадвар, ажилдаа дээд зэргээр мэргэшсэний илрэл , бас баталгаа юм даа. Бид ямар их ялгаатай нийгэмд амьдарч байгаагаа ч анзаарсан даа. Дараа нь би нэг байгуулагад санхүүгийн менежерээр ажиллав. Тэр компаныхаа бүх л орлого, зарлагад хяналт тавина. Эндээ бараг 4 жил ажилласан юм байна.

-Г.Галбадрах: Магадгүй олон байгууллагад дамжин ажиллаж байхдаа ажилдаа улам ч туршлагажиж, илүү олон боломжуудыг харж, мэдэрч байсан байх?

-Б.Жавхлан: Хүн ер нь ажилдаа туршлагажих тусмаа  илүү санаачлага гаргаж, хүмүүсийнхээ итгэлийг нь даагаад явж байхад болдог юм. Дараа дараагийн ажлууд сонгоход хүртэл илүү хялбар болдог. Америкт хаана ч ажилд ороход өмнө ажиллаж байсан газраас нь заавал тодорхой мэдээлэл авахыг хүсдэг. Өмнө ажиллаж байсан газартаа нэр хүндтэй, үнэнч шударга, сайн ажиллаж  байсан бол тэд ч дуртайяа сайнаар тодорхойлно. Ингээд харахаар юм болгон заавал хоорондоо уялдаа холбоотой байгаа нь анзаарагддаг.

-Г.Галбадрах: Ажиллаж байх явцдаа нөгөө гол зорилгоо орхиогүй биз дээ?

-Б.Жавхлан: Би  мэргэжлээрээ мастерт суралцах гол зорилгоо мартаагүй ээ.  Боломж л хүлээж байв. “Улаан загалмай”д ажиллаж байхдаа  даргадаа мастерт суралцах тухай санаагаа хэлсэн чинь  “Чи одоогоор мастерт суралцаад хэрэггүй ээ. Түүний оронд мэргэшсэн ня-бо болсон нь дээр. Хичнээн мастерт сайн суралцаад ажил олдох нь элбэг биш. Харин мэргэшсэн ня-бо болсон тохиолдолд ажил олдох боломж нь илүү байх болно” гэж зөвлөв. Бас дээрээс нь  “Чи мэргэшсэн ня-бо-гийн үнэмлэхийг авсан байхад  Харвардаас ирсэн байна уу? Монголоос ирсэн байна уу? Африкаас ирсэн байна уу? гэдэг  огт хамаагүй. Ямар сургууль төгссөн нь ч тийм чухал биш. Гол нь энэ ажилдаа мэргэшсэн гэдэг л чухал шалгуур юм шүү дээ”  гэж хэлсэн. Энэ маш сайн зөвлөлгөө байсан шүү. Тэр үед мэргэшсэн ня-бо гийн  сургалт нь мастерийн сургалтын зардлаас хямд ч байсан.

-Г.Галбадрах: Америкт “мэргэшсэн” чадварыг ихэд үнэлдэг. Гэхдээ мэргэшсэн ня-бо болно гэдэг тийм ч амар биш гэж би сонсож байсан юм байна.

-Б.Жавхлан:2006 онд мэргэшсэн ня-бо болохоор бэлтгэж эхлэв.  Өглөө ажилдаа яваад , орой ажлаасаа ирээд л шалгалтандаа бэлтгэж сууна. Энд нөгөө 1-р сургуульд сурч байхдаа шөнө орой сууж сурсан хэвшил маань хэрэг болж байгаа юм. Угаасааа цаг их шаардагдаж байсан л даа.  Ажлаасаа ирээд шөнө болгон 3 цаг заавал суудаг байсан. UCLA-д суралцаж, шаардлагатай  хичээлүүдээ авсан байсан.  Ганцхан 5 дахь өдөр амрангаа толгойгоо сэргээж, кино, жүжиг үзэж, гадуур дотуур явна.  Тэгэхгүй бол ядаргаа болж мэдэхээр байлаа.  Тэгж гүрийснийх, жилийн дотор мэргэшсэн ня-бо-гийн 4 шалгалтуудаа анхны оролдлогоор амжилттай өгч чадсан. Бүх шалгалтууддаа тэнцсэний дараа манай дарга гайхаж “Би энэ шалгалтуудыг чинь 4 жилийн туршид өгч байж тэнцсэн юм шүү дээ”  гэж хэлж билээ. Тэр үед жаахан ч гэлээ, өөрөөрөө бахархаж байсан шүү. Их л амаргүй ачааллыг давж байж мэргэшсэн ня-бо-гийн үнэмлэхийг авсан.

-Г.Галбадрах:Мэргэшсэн ня-бо болохоор давуу тал нь яаж мэдрэгдэж байв?

-Б.Жавхлан:  Мэргэшсэн ня-бо болсноос хойш бүх зүйл огт өөр болж өөрчлөгдөж байгаа юм. Цалин 2-3 дахин нэмэгдэж, албан тушаал, хариуцлага ч шууд нэмэгдсэн. Ажлын үнэлэмж нэмэгдэнэ гэсэн үг юм даа. Угаасаа шалгуурт нь “мэргэшсэн” байвал таны цалингийн доод хэмжээ тэд байна гээд заачихсан байгаа.

-Г.Галбадрах: Мундаг байна шүү? Мэдээж зөвхөн ня-бо бүртгэл дээр ч биш, бүх салбарт ингэж үнэлдэг байх аа?

-Б.Жавхлан: Би түүнээс хойш “мэргэшсэн” гэдэг  шалгуур ямар их хэрэгтэй болохыг ойлгосон доо. Заавал ня-бо гэлтгүйгээр, монголчууд маань өөрийн эрхэлж байгаа ажил болон сурсан мэргэжлээрээ  “мэргэшсэн” гэдэг лицензийг нь  авчихад л маш их хэрэг болно.  Цахилгаанчин байлаа ч, компьютерийн мэргэжилтэн байлаа ч, барилгачин, чулуучин  байлаа ч яаж ийж байгаад “мэргэшсэн” гэдэг шалгуурт нь тэнцээд үнэмлэхийг авсан байхад заавал хэрэг болдог. “Хар ажил” хийгээд цагийн 6-10 доллар олоод олон жил явж байснаас, 2-3 жил гүрийгээд сургуульд суралцахад л бүх зүйл чинь шал өөр болж, боломж тань нэмэгдэх болно.  Тэр хугацаанд олж болох мөнгөө алдаад байгаа юм шиг боловч, сурч мэргэшсэний дараа үүнийгээ хэд нугалаад л олоод авчихаж чадна. Үүнийг л энд байгаа залуучууддаа хэлмээр санагдаад байдаг юм. Сургуульд суралцаж, ажилдаа мэргэшинэ гэдэг чинь энэ оронд байгаа хамгийн том боломж. Үүнийг л алдаж болохгүй, заавал ашигламаар байгаа юм даа. Тэр тусмаа залуучууд. Тэгж чадсан байхад үлдсэн амьдрал чинь шал өөр болоод ирнэ. Дуртай машинаа унаж, дуртай хувцсаа өмсч, дуртай хоолоо идэж, дуртай газраа аялж чаддаг болно. Дээр нь хээл хахуул, арга залиар биш, өөрийн сурч мэдсэнээрээ  олж байгаа мөнгө гэдэг маш амттай, бас өгөөжтэй, шингэцтэй. Цаг хугацааг хүртэл үр дүнтэй ашиглах боломж болж хувирна. Манай монголчууд чинь оюуны чадамж сайтай хүмүүс шүү дээ.

             Тав. Зорилгодоо  хүрсэн алхам

-Г.Галбадрах:Тийм ээ, би үүнтэй тань санал нэг байна. Залуу хүмүүсийг боломж гаргаад суралцаасай гэж боддог. Монголдоо буцаад очиход ч энэ болгон заавал хэрэг болно шүү дээ?
-Б.Жавхлан: Монголдоо буцах гэхээр Монголоосоо гарахдаа өөртөө тавьсан гол зорилгодоо хүрээгүй байдаг. Тэгээд л мастерт суралцахын тулд сургууль хайж эхлэв. Надад “баруун эрэгт нилээд хэдэн жил ажиллаж амьдарлаа, одоо зүүн эрэгт амьдарч үзэх хэрэгтэй юм” гэсэн бодол байв. Тийм болохоор сургуулиа зүүн эрэг хавиар хайсан. Нэгэнт сурах юм чинь сайн сургууль сонгох хэрэгтэй гэсэн бодол ч байв.  Эхлээд Нью-Иоркийг сонирхсон. Их ч давчуу, олон хүн бужигнасан газар болохоор надад таалагдаагүй. Дараа нь Вашингтон ДС-д ирсэн чинь надад таалагдав.  Вашингтон ДС-ийн дөрвөн улиралтай нь ч бас сэтгэлд нийцэж байлаа.  Би нээрээ Лос-Анжелост ирээд огт цасгүй “шинэ жил” үзсэн чинь яагаад ч юм бэ? сонин санагдаж билээ.

-Г.Галбадрах: Ямар сургуулиудыг сонирхож байв?

-Б.Жавхлан: Сайн сургуулиудыг судалсан. Жоржтауны Их Сургуулийн төлбрийг төлж дийлэхээргүй байсан.  Жорж Вашингтоны Их Сургууль руу материалуудаа явууллаа. Ажиллаж байсан газруудын дарга нар маань их сайн тодорхойлолт гаргаж өгсөн нь ч бас нөлөөлсөн байх. Жорж Вашингтоны Их Сургууль суралцуулахаар зөвшөөрөв.  Тэгэхэд их ч баярласан.

-Г.Галбадрах: Суралцах зардлаа яаж шийдсэн юм бэ? Мэдээж төлбөр нь өндөр байгаа байх.

-Б.Жавхлан: Сургууль надад тодорхой хувийн тэтгэлэг өгсөн. Америкт ирээд ажиллахдаа хураасан мөнгөө үндсэндээ сургуулийн төлбөртөө зарцуулсан. Бас хүүгүй сургалтын зээл авсан. Ер нь тэгээд өөрөө болгосон доо. Үндсэндээ 2 жил сураад төгсөв.

-Г.Галбадрах: Жорж Вашингтоны Их Сургуулийг нилээд нэр хүндтэй гэж сонсож байсан. Энд санхүүгийн чиглэлээр суралцсан уу?

-Б.Жавхлан: Жорж Вашингтоны Их Сургууль нь Америктаа эхний 50-д ордог. Их ч нэр хүндтэй, сайн сургууль. Манай ангид гэхэд 30-аад орны 60 гаруй оюутнууд суралцаж байлаа. Орон орноос ирсэн их ч мундаг залуучууд. Юмыг их хурдан сэтгэдэг, мэдрэмж, мэдлэг сайтай оюутнууд их байсан. Энэ сургуульд их ч эрдэм сурсан.  Би чинь Монголдоо банк-санхүүгээр Их Сургууль төгссөн хэдий ч мэдэхгүй, сураагүй зүйл их байв. Нэг ёсондоо “нүд нээгдсэн” гэх үү дээ. Ер нь дэлхийн болон Америкийн хөрөнгийн зах зээл дээр ямар их мөнгө эргэлдэж байгааг,  хүмүүс мөнгөө энэ зах зээл хэрхэн яаж байршуулж, ямар их ашиг олж байгааг, хувьцаа ,бонд болон үл хөдлөх хөрөнгийн зах зээл,  тэдгээрийн хууль, дүрэм журам, хувьцаа болон бондыг үнэлэх,  банк санхүүгийн харилцан үйлчилгээ гээд  маш их зүйлд суралцсан. Ингээд суралцаж байхад “хүн ер нь их зүйл сурах тусмаа өөрийнхөө мэдэхгүй зүйлээ мэддэг” гэдэг үнэн юм гэж бодож байлаа.  Хүн өөрийгөө их юм мэддэг гэж боддог боловч яг их зүйл сураад, сонсоод ирэхээрээ өөрийнхөө өчүүхэн бага мэдлэгтэйгээ ч мэдэрдэг юм билээ. Тэгэхээр “Эрдэмд оройгүй” гэдэг шиг “Сурахад ч хязгаар үгүй”  гэдэг ч мундаг үгнүүд.  Үүнийг их сайн ойлгосон доо.

-Г.Галбадрах: Тийм шүү.Америкийн хөрөнгийн зах зээлийн онцлог нь юу юм бол?

-Б.Жавхлан: Америкчууд мөнгөө банкинд бол барагтай хадгалуулдаггүй. Банкны хүү бага болохоор тэгдэг . Хүмүүс их ачаалалтай ажиллахаас гадна, ухаалаг амьдардаг. Олсон мөнгөө бүгдийг үрээд байлгүй, дор хаяхад 3 сар амьдрах зардлын мөнгөө хадгалж, илүү мөнгөө  ихэвчлэн хувьцаа, бонд , үл хөдлөх хөрөнгийн зах зээл, ирээдүйд тэтгэвэрт гарахаараа зарцуулах гэхчилэн ирээдүйгээ харсан ашигтай зүйлд мөнгөө оруулна. Жишээ нь Аpple -г анх гарч ирж байхад  10 000 доллараар хувьцааг нь авч байсан бол миний тооцож үзсэнээр, өнөөдөр тэр мөнгө нь 1 сая 500 000 доллар болох байжээ.  Тэгэхээр хүн болгон энэ зах зээлийн харилцааг сонирхдог. Бас их мэдлэг, мэдрэмж хэрэгтэй. Бас эрсдэл ч бий. Одоо Монголд ч гэсэн энэ зах зээл хөгжиж байгаа. Хүмүүс өнөөдрөөс илүүтэй маргаашаа л их бодно.Татвар, даатгалын тогтолцоо нь ч их нарийн. Тийм болохоор хүн ер нь төрөхөөс эхлээд үхэх хүртлээ л бүх зүйлээ тооцож байдаг. Жишээ нь, эцэг эх нь амь насаа 1 сая доллараар даатгуулсан бол, хожим нь тэр мөнгө үр хүүхдүүдэд нь очих жишээтэй. Гэрээ гэрээслэлээ ч эртнээс өөрсдийн гэсэн хуульчдаараа дамжуулаад бэлтгэчихсэн байдаг.

Зургаа: Аудит бол хүмүүсийн эрх ашиг болон мөнгийг хамгаалдаг

-Г.Галбадрах: Одоо ажиллаж байгаа компанидаа яаж ажилд орсон юм бэ?

-Б.Жавхлан: Суралцаж байхдаа оюутнууд хагас цагаар компаниудад ажиллаж, мэргэжлээрээ дадлага хийдэг юм. Тэр үед одоо ажиллаж байгаа PCAOB \Public Company Accounting Oversight Board\ компаниа сонгож ажилласан. Намайг сургуулиа төгсөхөд энэ компани маань ажилд авлаа. Тэгээд одоог хүртэл ажиллаж байна.  Үндсэндээ аудиторуудын үйл ажиллагааг хянадаг, Улсын статустай компани юм.

-Г.Галбадрах: Энэ компаныхаа тухай  жаахан дэлгэрэнгүй тайлбарлаж болох уу?

-Б.Жавхлан: Энэ компани байгуулагдсан түүх нь их сонин. 2001 оны үед  Америкт “Энрон” гэдэг нэртэй 60-70 тэрбум долларын  эргэлтийн хөрөнгөтэй компани байсан юм. “Энрон” компани хөрөнгийн бирж дээр хувьцаатай. Мэдээж нэр хүндтэй, ашигтай ажиллаж байсан болохоор хувьцаа нь ч чамгүй өндөр үнэтэй байлаа.  Хүмүүс энэ компанид итгээд маш их хэмжээний мөнгөө байршуулсан байж. Аудиторууд жил болгон компаны тайлан балансыг шалгадаг. Дэлхийн хэмжээнд нэр хүндтэй компаниудыг шалгаж, үнэлгээг тогтоодог таван компани бaйсан. Түүний нэг нь болох “Артур Андерсон”  компани “Энрон”-ыг шалгаж л дээ. Тэр үед буруу үйл ажиллагаа явуулснаас болж “Энрон” алдагдалд орж байсныг, тэд хуйвалдан нууж, компани хэвийн ашигтай ажиллаж байгаа мэтээр  харуулж байсан аж. Мэдээж компаны нэр хүндээс гадна авилгалын асуудал ч байсан байж магадгүй.  2001 онд энэ бүхэн ил болж, Америкт хамгийн том дампуурал болсон. Энэ үед “Энрон”ы хувьцаа 100-аад доллараас 1 доллар болж унаж байсан.  “Энрон”-ы дампуурлыг дагаж худлаа мэдээлэл өгч байсан мөнөөх “Артур Андерсон” ч шууд дампуурчээ. Мэдээж шалгаж, үнэн мөнийг тогтоох ёстой компани нь худлаа мэдээлэл өгч байсан гэхээр цаашид хэн ч энэ компанид итгэх билээ.

-Г.Галбадрах:Ер нь хаа сайгүй ийм тохиолдлууд их гарах юм. Эцэстээ мөнгөө итгэж байршуулсан жирийн иргэд илүү хохирдог.

-Б.Жавхлан: Энэ дампуурлын дараагаагаар АНУ-ын Конгрессийн 2 сенатор нийлээд  шинээр хууль дүрэм журмыг нь боловсруулан баталж, PCAOB гэж энэ компаныг 2002 онд байгуулжээ.  Өөрөөр хэлбэл аудиторууд нь шалгаж байгаа компаниудтайгаа хуйвалдаж, буруу мэдээлэл өгөөд байж болзошгүй учраас  аудиторуудыг давхар хянах Төрийн мэдлийн байгууллага . Энэ нь хөрөнгийн зах зээл дээр байршиж байгаа өөрийн иргэдийн мөнгийг эрсдлээс хамгаална гэсэн үг юм. Манай компани, дээр дурдсан аудитийн шалгалт хийдэг дэлхийн хэмжээний 4 том компаныг хянана. Түүнчлэн Америкийн нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байгаа аудитийн шалгалт хийдэг бүх компаниудыг болон гадаад орнуудад үйл ажиллагаа явуулж байгаа Америкийн хөрөнгө оруулалттай компаниудын үйл ажиллагааг ч хянадаг.  Одоогоор бараг 90 шахам оронд үйл ажиллагаа явуулж байгаа компаниудад аудитийн шалгалт хийдэг компаниудад  хяналт тавьж байгаа.

-Г.Галбадрах:Нэг талдаа иргэдээ хамгаалсан төрийн ухаалаг хяналт юм. Мэдээж ийм байгууллагад ажиллахад тавигдах шаардлага нь өндөр байдаг байх?

-Б.Жавхлан: Энэ компанид зөвхөн мэргэшсэн ня-бо  нар ажилладаг.  Гол шалгуур нь ажлаа маш сайн мэддэг, үнэнч шударга, зарчимч байдал.  Ажилд авахдаа маш өндөр шалгууртай. Тухайн хувь хүнтэй холбоотой бүх мэдээллийг шалгана. Ямар сургууль төгссөн, хаана хэрхэн ажиллаж байсан зэргийг анхаардаг. Энд авилгал, хээл хахуул гэсэн ойлголт огт үгүй. Бид хүнээс үнэгүй кофе ч авах эрхгүй. Хэрэв шалгаж байгаа компани, хоол цайгаар дайлсан бол манай байгууллага заавал тал үнийг нь буцааж төлнө.  Хэрэв ажилтан аль нэгэн компанид хувьцаатай байгаа бол заавал мэдэгдэх ба тэр компаны шалгалтанд оролцох эрхгүй. Мөн урьд нь тэр компанид ажиллаж байсан бол тэнд хийх шалгалтанд оролцохгүй.  Тэр ч бүү хэл, гэр бүлийн гишүүн нь  холбогдолтой  компани ч адил хамаатай. Гэр бүлийн гишүүний ажиллаж байгаа компани, байгууллагаас зохион байгуулж байгаа баяр ёслолын арга хэмжээнд жилд нэг удаа, гэхдээ зөвшөөрөл авч байж оролцоно.  Энэчлэн маш нарийн хяналттай байдаг юм. Ажлынхаа хажуугаар бизнес  хийх  гэх ч юм уу, өөр зайлшгүй шаардлагатай ажил хэргийн талаар заавал байгууллагадаа мэдэгдэж зөвшөөрөл авах шаардлагатай.

-Г.Галбадрах:Ийм хатуу чанд шаардлага нь өөрсдийн ажилтнаа ч ёс зүйн талаас нь хамгаалах хамгаалалт болж чадах юм шиг санагдлаа.

-Б.Жавхлан: Нэг талдаа хөрөнгө оруулагчид болон хувьцаа эзэмшигч эгэл жирийн хүмүүсийн эрх ашгийг хамгаалж, эрсдлээс сэргийлж байгаа болохоор бидэнд ийм шаардлага тавьдаг. Бас нөгөө талаасаа хувь хүний хувьд биднийг ч хамгаалж байгаа хэрэг юм. Хөрөнгийн зах зээлийн эрсдлээ ч хамгаалж байна.  Тийм болохоор байгууллага маань бидэнд “Та нар Америкийн 300 сая хүний эрх ашгийг хамгаалж байгаа юм шүү” гэж байнга сануулдаг. Саяхан болсон семинар дээр сенатор  Sarbanes (манай компанийг байгуулсан 2 сенаторийн нэг нь) ирж, “ Та бүхэн ( манай байгууллага 1000-аад ажилтантай)  Америкийн хөрөнгийн зах зээл дээр маш чухал хүмүүс шүү” гэж хэлж байсан. Компанид хэн хэзээ, аль компанийг шалгах гэж байгаа болон  шалгаж байгаа нь нууц. Шалгалт хийгдсэний дараа бүх дүгнэлт мэдээлэгдэнэ.  Буруу үйл ажиллагаа, зөрчилд маш шуурхай арга хэмжээ авдаг. Хэрэв эргэлзээтэй зүйл байвал компаны удирдлагуудаас  тайлбарлуулан тодруулж, шаардлагатай бол мэтгэлцэнэ.  Хувь хүний соёл, мөн чанараар  хамгийн шилдэг нь байх ёстой. Ажил маань надад их сонирхолтой болохоор би их дуртай. Эндээс маш их зүйл сурч байна.

Долоо. Гэр бүл минь миний хамгийн үнэтэй зүйл

-Г.Галбадрах:Аавынхаа тухай товч дурсвал?

-Б.Жавхлан: Аав минь ерөөсөө л цэргийн хүн.  Бүх л зүйл нь ном журмаараа. Хорих газруудад олон жил удирдлагаар ажиллаж байсан. Аав хүн ямар байдаг билээ. Цалингаа авчирна. Тэр болгон бидний амжиргааны зардал. Илүү дутуу зангүй, шулуухан. Ан гөрөө их сонирхдог.  Гарын  их уртай. Зүгээр сууж чаддаггүй. Хагас бүтэн сайнд амрах үедээ ширээ сандал хүртэл хийнэ.

-Г.Галбадрах:Ээжийнхээ тухай товч дурсвал?

-Б.Жавхлан: Ээж минь амьдралын их холч ухаантай хүн. Ар гэрийн бүх л зүйлийг зохицуулдаг. Эмчийн мэргэжилтэй байсан болохоор хүний төлөө л гэнэ.  Өвчин зовлон болгонд ээж минь явж, зохицуулна. Миний амьдралд хамгийн их нөлөөлсөн хүн бол ээж минь.” Ээж минь тэгж сургаж байгаагүй бол би одооных шигээ явж чадаа билүү” гэж  заримдаа боддог юм.  “Хүлээн авах”-ын эмч байсан болохоор  өвчтэй  хүмүүсийн муу сайн бүх л зүйлтэй хутгалддаг.  Тэгж явсаар өөрөө хүнд өвчтэй болсон байсан.  Монгол ээжүүд минь өөрийгөө ч хайхрахгүй, үр хүүхдүүдээ л гэж явдаг. Эмчилгээ авахад оройтсон байсан л даа. Хэдэн жилийн өмнө өөд болсон . Би тэр үед хэд хэдэн удаа очиж асарч байв.  Эх хүн гэдэг аугаа юм шүү. Өөрөө хүнд өвчтэй хэцүү байсан ч “Тэр минь яах бол? энэ минь яаж явах бол?” гэж үргэлж л сэтгэл нь зовоостой. Би өөрөө охинтой болоод л ээжийгээ илүү сайн ойлгож байгаа юм. Тэр тусмаа ээжийгээ л их санадаг юм даа.

-Г.Галбадрах:Саяхан охинтой болсон гэсэн?

-Б.Жавхлан: Гэр бүлтэй болж, саяхан охиноо төрүүлсэн. Одоо 5 сартай. Хүүхэд төрүүлж “эх хүн” болно гэдэг энэ амьдралын хамгийн гол утга учир, бас аз жаргал юм даа. Хүүхэдтэй болж хэвлийдээ олон сар тээж, бүхэл бүтэн хүнийг энэ орчлонд мэндлүүлнэ гэдэг маш их гайхамшиг хэрнээ асар том хариуцлага юм. Хичнээн ажилтай байлаа ч, ядарсан байлаа ч охин руугаа л яарч, түүнийгээ элгэндээ тэвэрч байхдаа хичнээн аз жаргалтай байдаг гээч. Сургууль, ажил, амьдрал гээд уйгагүй зүтгэж байхдаа өөртөө “амьдралынхаа зорилгыг биелүүлж байгаад л хүүхэдтэй болно” гэж боддог байсан.

-Г.Галбадрах: Гэр бүлийн хүнээ танилцуулж болох уу?

-Б.Жавхлан: Гэр бүлийн хүн маань өөрийн гэсэн ажилтай, боловсрол мэдлэгтэй. Их ч цэвэрч нямбай, ажилсаг, хоол унд их сайхан хийдэг. Охиндоо их хайртай, түүнийхээ төлөө байнга анхаарч халамжилж байдаг.

-Г.Галбадрах: Чамаар маш их бахархаж байнаа, Жавхлан. Өөртөө итгэлтэй, уйгагүй тэвчээртэй байж зорилгодоо хүрч амжилттай ажиллаж байгаа олон монгол залуусын жишээ. Аудит болон санхүүгийн хяналтын чиглэлээр Америк оронд амжилттай ажиллаж байгаа болохоор бидний энэ ярилцлага олон хүмүүст хэрэгтэй мэдээлэл болох байх гэж найдаж байна. Ажилд тань бас гэр бүлд тань, хөөрхөн охинд тань эрүүл энх, аз жаргал, амжилт бүхнийг ерөөе.  Их баярлалаа

-Б.Жавхлан: Танд ч бас их баярлалаа. Надаас илүү мундаг явж байгаа олон монгол залуус байгаа. Ер нь монголчууд бид их тэвчээртэй, шаргуу хүмүүс. Заавал том, жижиг ажил гэлтгүй, одоогийн эрхэлж байгаа ажил болгондоо “мэргэшиж”, тэр хэрээрээ өндөр амжилт гаргаж, амьдралаа сайн сайхнаар авч явах боломж бий. Хэсэгхэн хугацаанд ч болов өөрийгөө хөгжүүлэхийн төлөө заавал сураад үзэхэд хэрэг болно доо. Манай монголчууд мундаг шүү дээ. Би тэднээрээ их  бахархдаг. Бүгдэд нь амжилт хүсье.

…Б.Жавхлан маань Лос-Анжелост ажиллаж амьдарч байхдаа “Лос-Анжелосийн Монголчуудын Холбоо” байгуулагдах цагаас нь дэмжиж хамтран зүтгэсэн юм билээ. “Лос-Анжелосийн Монголчуудын Холбоо”-ноос зохион байгуулж байсан олон ажилд хамтран оролцож байсан найзуудынхаа тухай бахархан дурсаж байв. Тэрээр монголчууддаа такс тооцож бодох талаар болон Америкийн хөрөнгийн зах зээлийн талаар бага биш мэдээллүүдийг хүргэж байсан тухай миний танил олон хүмүүс бахархан дурсаж байсан. Тэрээр энэ ярилцлагынхаа төгсгөлд “Би одоо ч монголчууддаа өөрийн мэдлэг чадвар болон мэдээллээ хуваалцан туслахад бэлэн байгаа” тухайгаа хэлснийг дамжуулья.  Түүнтэй ярилцсаны дараа надад “Монгол бүсгүйчүүд ямар их тэвчээртэй, өөртөө итгэлтэй, эрч хүчтэй болж байгаа” -г бахархах сэтгэл төрж байв. Тийм ээ, монгол залуус өөдрөг сэтгэлээр улам ч их урагшилж байна даа. Тэгэхээр яаж тэднээр бахархахгүй байж болох юм бэ?

Mar 26

Амьдралаас сурсан ухаарал

By gala-admin | ЯРИЛЦЛАГУУД

…Денверийн онгоцны буудалд буугаад Т.Тэмүүлэн бид хоёр шууд түүний суралцаж, одоо төгсөх гэж байгаа сургууль руу нь явсан юм. COLORADO SCHOOL OF MINES бол уул уурхайн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг нилээд  нэр хүндтэй сургууль. Сургуулийн цогцолбор нь нилээд том юм. Бид хоёр түүний суралцдаг хичээлийн тэнхимээр орж , тэрээр надад эзэмшиж байгаа мэргэжлийнхээ талаар тайлбарлав. Оюутны самбарт түүний зураг байхыг анзаарав. Тэр өдөр амралтын өдөр байсан ч оюутны хотхон хөл хөдөлгөөн ихтэй  байлаа. Спортын цогцолборт нь оюутнууд дүүрэн.  Т.Тэмүүлэн надад “Оюутнууд бие бялдрын хөгжил болон эрүүл мэнддээ ихээхэн анхаарал тавьдаг болохоор  амралтын өдрүүдэд спортын танхимууд ачаалал ихтэй байгаа” гэж тайлбарласан. Спорт цогцолборын 2 давхрын нэгэн чөлөөнд бид хоёр тухалж суугаад ярилцлаа.

                                                       Нэг. Намтрын товчоон

-Ирээдүй Цогцолбор Ерөнхий Боловсролын 80 – р Сургууль  (1998 – 2002)
-Ерөнхий Боловсролын 86 – р Сургууль  (2002 – 2004)
-Денверийн Ерөнхий Боловсролын Merril Middle School (2004-2005)
-Cherry Creek School District – ын Overland High School (2005-2009)
-Колорадогийн Уул Уурхайн Их Сургууль (2009-2013)

                                                      Хоёр: Шатар ба Математик

-Г.Галбадрах: Багадаа хамгийн их сонирхож байсан зүйл тань юу байв?

-Т.Тэмүүлэн: Хүний суурь хүмүүжил, суурь боловсрол  гэдэг тухайн хүний ирээдүйд их нөлөөлдөг юм шиг санагддаг юм.  Сургуульд орохоос өмнө, бэлтгэл ангид байхад юм уу даа, ээж минь дүү бид хоёрыг математикаар хичээллүүллээ.  Тэр үед Бүндэн багшийн зохиосон тооны ном гэж байлаа шүү дээ. Голдуу өгүүлбэртэй бодлогууд байсан санагддаг юм. Дүү бид хоёроор тэр номноос өгүүлбэртэй бодлогууд бодуулнаа. Эхэндээ амаргүй байснаа сүүлдээ аргыг нь олоод нилээд сайжирч байгаа юм.

-Г.Галбадрах: Математик амаргүй хичээл л дээ. Яагаад ч юм бэ? Хүүхдүүд тийм ч дуртай биш. Гэхдээ хүүхдүүд тоо бодох аргаа сурчихаар урамшаад амтанд нь ордог байсан.

-Т.Тэмүүлэн: Бодлогоо сайн бодож сурч байхдаа дотроо “би 1-р ангид ороогүй байж, 1-р ангийн бодлогыг бодож чадаж байна” гэж хэрдээ өөрөөрөө бахархана. Ээж минь хоолойныхоо махыг авахуулах гэж эмнэлэгт хэвтэж байхдаа 80-р сургуульд багшилж байсан багштай танилцаж дээ. Тэр багш ээжид минь “80-р сургуульд математикийн анги байдаг юм. Энэ жил 4-р ангиа төгсгөөд одоо 1-р ангид элсэлт  авах гэж байгаа. Тэр ангид хүүгээ оруулбал зүгээр” гэж зөвлөсөн юм гэдэг. Тэгээд 80-р сургууль дээр очиж бүртгүүлээд шалгалтаа өглөө. Одоо бодоход хэцүү бодлогууд өгч байсан юм шиг байгаа юм. Бодлогуудаа бодоод сургуульд нь тэнцсэн.

-Г.Галбадрах: Тэгэхээр тэр анги нь математикийн гүнзгийрүүлсэн сургалттай анги байж дээ?

-Т.Тэмүүлэн: Математик-Шатар хосолсон гүнзгийрүүлсэн сургалттай анги байсан юм. Тэр ангидаа 4 жил суралцав. Би шалгалт өгөөд орчихсон болохоос шатар бол миний сонирхол байгаагүй л дээ. Би математиктаа сайн байсан боловч, шатар надад бас л амаргүй байлаа. Гэхдээ шатар хүнийг их тайван сууж, алив зүйлд хүлээцтэй хандахад сургаж байсан байх. Хичээл дээрээ шатрын нүүдлүүдийг их бодно. Урдаа шатар өрчихөөд “хэдэн нүүдлийн дараа яаж хожих”ыг бодож олдог байв. Бид янз бүрийн тэмцээнд их ордог байсан. Дүүргийн, хотын аварга шалгаруулах тэмцээн бас “Цодгор хүү” гээд л. Би шатраар ангидаа мундаг нь байгаагүй л дээ. Харин манай ангийн шатраар амжилттай хичээллэж байсан зарим хүүхдүүд одоо их мундаг явж байгаа гэсэн. Ер нь манай ангийнхан мундаг хүүхдүүд байсан шүү. Ангийн багш минь Сэржмядаг гээд сайн багш байв.

-Г.Галбадрах: Нийслэлийн 1-р хорооллын хэмжээнд “Ирээдүй” нэртэй анхны цогцолбор сургууль байгуулагдаж, тэр сургуульд  “Шатар-математикийн гүнзгийрүүлсэн сургалттай анги”  шинээр байгуулагдан хичээллэж байсныг санаж байна.

-Т.Тэмүүлэн:  4-р ангиа төгслөө. Дараа нь 80-р сургуулийн ард нь байрлалтай 36-р сургуульд суралцах ёстой. Манай ангийнхан болохоор тэр сургуульд орох нэг их дуртай биш. Бид нар сургуулийнхаа хамгийн сайн анги нь байсан болохоор, сайн сургуульд л орохыг хүсч байв. Би болохоор учраа сайн мэдэхгүй, найз нараа л дагана.  Тэгсэн нэг өдөр манай ангийнхан “86-р сургууль нь сайн гэнэ. Тэнд шалгалт авч байна гэнэ, тийшээ очиж шалгалт өгье” гэцгээгээд тийшээ очиж шалгалт өглөө. Шалгалтандаа тэнцээд 86-р сургуулийн математикийн гүнзгийрүүлсэн сургалттай ангид орлоо.Тэр ангидаа жил хагас л сурсан байх. Тэгээд л Америкт ирсэн дээ.

-Г.Галбадрах: Америкт  хэдэн онд, яаж ирсэн хэрэг вэ?

-Т.Тэмүүлэн: Тэр үед аав, ээж хоёр минь Америкт ирчихсэн байсан юм.  Тэд “намайг Америк руу авна” гэж угаасаа төлөвлөж байсан юм. Тэр үе чинь 2004  он байсан юм байна. Хэдийгээр аав ээж хоёр минь “Англи хэл сайн сурч байгаарай” гэж захиж байсан ч би сайн сурч чадаагүй юм. 5-р ангиас англи хэл үзэж байсан болохоор үсгээ мэднэ, холбож унших төдийхөн. Англи хэл яагаад ч юм бэ миний санаанд багтдаггүй хэцүү зүйл байж билээ. Зарим хүүхдүүд амархан сурчихдаг байсантай харьцуулахад би авьяас муутай байсан юм болов уу даа.

Гурав: Учраа олох гэж хичээсэн дунд сургуулийн жилүүд

-Г.Галбадрах: Англи хэлийг сайн сураагүй байсан болохоор Америкт ирээд анхандаа амаргүй байсан байх даа?

-Т.Тэмүүлэн: Энд ирээд англи хэлд “таг” байгаа юм чинь. Юу ч ойлгохгүй, юу ч ярьж чадахгүй. Тэгээд сургуульд орох болоод  Денверийн нэг дунд сургуульд бүртгүүлээд орлоо. Намайг 7-р ангид шууд оруулж байгаа юм. Англи хэлний хувьд хамгийн доод шат буюу анхан шатны сургалттай сургуульд оров. Учраа олж ядаж байтал 7-р ангиа төгсчихсөн. Цаг хугацаа аягүй хурдан өнгөрлөө. Одоо эргээд бодоход их хэцүү, “бүрхэг” л яваад байсан юм шиг байгаа юм. 8-р анги ч бас хурдан өнгөрчихсөн. Хэлэндээ тааруухан байсан ч тоондоо арай гайгүй байв. Монголдоо олж авсан математикийн суурь боловсрол сайных байсан байх. Багш нар минь анзаараад надад нэмэлт даалгавар өгдөг байв. 8-р анги төгсөх жил багш маань нилээд хэдэн хүүхдүүдээс математикаар шалгалт авлаа. “Хэрэв энэ шалгалтанд тэнцэх юм бол дараагийн программыг алгасч болно” гэсэн. Тэр шалгалтанд нь тэнцсэн л дээ.

-Г.Галбадрах: Зөндөө олон монгол хүүхдүүдийг Америкийн дунд сургуульд математикийн хичээлдээ бусдаас арай сайн байсан тухай сонсож байсан.

-Т.Тэмүүлэн: Тийм ээ, илт мэдрэгддэг байсан шүү. Ахлах сургуульд орох болсон чинь бидний орох ёстой харьяа сургуулийг нь манай найз нар “жаахан онцгүй сургууль гэсэн” гээд нилээд голонгүй. Тэгээд гайгүй сургуулийг судалж байгаад очиж шалгалт өгөв. \Overland High School \ 9-р ангидаа тэр сургуульд сурсан. 9-р ангидаа бол англи хэлтэйгээ л зууралдаж байв. 3-р левелдээ л явж байгаа юм. Арай гэж түүнээсээ гарсан даа. Амаргүй хэцүү үеүд байсан. Англи хэл сайн мэдэхгүй болохоор, англи хэл сайн мэддэг хүүхдүүд жаахан дээрэлхүү ханддаг. Цайны цагаар дугаарлаад зогсож байхад зарим нь миний өмнүүр шууд яваад орчихно. Хэл сайн мэдэхгүй болохоор юу ч хэлж чадахгүй, нүүр улайгаад л хоцорно. Дотроо болохоор дүргүй хүрээд “Ямар зэвүүн байнаа” гэж бодохоос хэтрэхгүй. Ядаж л тэд юу хэлж, намайг юу гэж дооглож байгааг ойлгож  мэдэх хэрэгтэй байдаг. Тэгээд л тэр байдлаас гарах гэж хичээж байсан минь надад тус болсон доо.

-Г.Галбадрах: Ахлах сургуульд бусдад  “дээрэлхүүлэхгүй” гэсэн хор шар тань англи хэлийг  илүү эрчимтэй суралцахад  нөлөөлж дээ?

-Т.Тэмүүлэн: 10-р ангид орлоо. 10-р ангид бол гурван түвшинтэй. Байх ёстой түвшнээс дээгүүр, доогуур гэж байна. Намайг эхлээд  доод  түвшинд нь орууллаа. Би болохоор хэрдээ л хичээж байв. Багш нар маань намайг хичээж байгааг анзаарсан байх л даа. 1-р улирал дуусах гэж байхад багш маань надтай уулзаад “Чи илүү сайн  ангид орох уу?Чиний хэлний түвшин гайгүй юм шиг санагдаж байна. Дээрээс нь чи их мэрийлттэй байгаа” гэлээ. Би ч дуртайяа зөвшөөрөв. Гэтэл намайг дундаж түвшинг ч алгасуулаад шууд дээд түвшинд оруулчихсан. Тэнд ороод би үнэндээ гайхсан. Тэр ангид үнэхээр шигшигдсэн хүүхдүүд байлаа.

-Г.Галбадрах: Америкийн дунд сургуулиуд  анги ахих тусам хүүхдүүдийг авьяас чадвар, хичээл зүтгэлээр нь  ялгаж,  хөтөлбөрөө хүртэл тийм ялгавартайгаар зохиосон байдаг юм шиг билээ. Магадгүй, сурах дуртай хүүхдийг сурах дургүй хүүхдүүдээс ингэж ялгах нь, хүүхдийн амжилттай суралцах  боломжийг бүрдүүлж байгаа нэг хэлбэр юм уу даа?

-Т.Тэмүүлэн: Хамгийн доод түвшний ангийн хүүхдүүд бол хичээл сургалтдаа ч тэгтлээ анхаардаггүй, урсгалаараа явдаг. Дунд түвшнийхэд би орж үзээгүй болохоор сайн мэдэхгүй байна. Харин дээд түвшнийх бол хүүхэд болгон хичээлээ хийдэг, мэрийдэг, шал өөр орчин. Тэнд ороод л би өөртөө “За би энд орчихлоо, одоо ёстой хамаг байдгаараа хичээнэ шүү” гэж хэлсэн. Намайг илүү шахаж, илүү их даалгавар өгнө. Бараг шөнө ч унтахгүй шахам л хичээж байв. Их ч ном уншуулж, эссэ бичүүлнэ. Хэлгүй шахам байсан чинь ийм нөхцөлд илт өөр болж байгаа юм. Ер нь тэгээд гүрийгээд зүтгээд байхад болдог л юм билээ. Ингэж зүтгэж байхад багш нар ч анзаараад илт тусалж дэмждэг болсон.

-Г.Галбадрах: Чиний хувьд ч урам орж, цаашдаа илүү боломжуудыг мэдэрч эхэлж дээ?

-Т.Тэмүүлэн:  11-р ангид бол шал өөр болчихож байгаа юм. Энэ үеэс сургуулийн ерөнхий зарчим, системийг нь ойлгож эхэлсэн. Тэр үед монголчууд  бидэнд ямар ч туршлага, мэдээлэл байгаагүй. Анх биднийг ирж байхад “сургуульд ороод ингэдэг юм, ийм ангиуд авч болдог юм, шалгалт ингэж өгдөг юм, ийм шатлал болон боломжууд байдаг юм” гээд хэлж зөвлөөд өгөх хүн байгаагүй. Тэгэхээр бид нэг талдаа “Туршилтын туулай” болж байгаа хэрэг. Бид болохоор учраа ч сайн олохгүй, хамгийн хүнд хэцүү замаар нь яваад, аажимдаа “ингэдэг юм байна” гэж ойлгож мэдэж байгаа юм. Гэхдээ энэ бол аав ээж нарын минь буруу биш л дээ.
10, 11-р ангидаа бол үндсэндээ коллежид орох бэлтгэлээ хийж эхэлдэг. Коллежид ороход ийм шаардлагууд тавьдаг, энэ шаардлагуудыг хангахын тулд:
-эссэ бичдэг байх хэрэгтэй,
-хичээлүүдийн дүн сайн байх хэрэгтэй,
-багш нараасаа тодорхойлолт авна,
-улсын шалгалтуудад өндөр оноо авах ёстой,
-янз бүрийн клубуудэд элсч, үйл ажиллагаанд оролцох хэрэгтэй
гэхчилэн мэдээллээр хангадаг. Тэгэхээр хүүхдүүд энэ чиглэлээр өөрсдийгөө бэлтгэж  эхэлдэг. 9, 10-р ангид сурч байхаас эхлээд захианууд их ирнэ. “Та манай хөтөлбөрт оролцооч ээ, таны дүнг тань харлаа, ийм боломжууд байнаа” гэх мэтчилэн маш олон саналууд ирдэг. Бид эхлээд тийм захиануудад нэг их ач холбогдол өгдөггүй байв. Ойлгодоггүй болоод ч тэр үү жаахан төвөгшөөнө.

-Г.Галбадрах: Нэг ёсондоо авьяас чадвартай, сурах сонирхолтой хүүхдүүдийг судалж, сонирхож, цааш нь өөрийгөө хөгжүүлэх боломжуудыг санал болгож байгаа нь сонирхолтой юм.

-Т.Тэмүүлэн: 10-р ангид байхад минь ” Overland Institute”  нэртэй хөтөлбрөөс надад захиа ирэхээр нь , учрыг нь сайн мэдэхгүй байсан ч оролцсон юм. Тэр хөтөлбөр нь ахлах сургуулийн гурван жилийн хугацаанд коллежийн сургалтын хэмжээний ангиудыг  авч сайн бэлтгээд, Колорадагийн шилдэг 5 сургуульд шууд элсүүлэх хөтөлбөр байсан. 10-р ангидаа нэг их ч хичээхгүй ч тэр хөтөлбөртөө оролцож байснаа 11-р ангиасаа илүү анхаарал хандуулах болсон.  Тэр хөтөлбөрийн академик адвейсорын  зөвлөснөөр нилээд ойлголттой болов. Сонгож авсан хичээлүүдээ сайн бэлтгэж байгаад жилийн эцэст шалгалт өгөхдөө сайн үнэлгээ \1-5 гэсэн үнэлгээтэй\ авбал, коллежид орохдоо тэр ангиудаа авах шаардлагагүй. Энэ нь нэг ёсондоо цаг хугацаа болон мөнгө хэмнэх боломж юм. Тэгээд үндсэндээ 11-р ангид хамгийн их ачаалалтай сурсан даа. Англи хэл, математик, физик, хими,  компьютер болон программ хангамж гээд хичээлүүдийг авсан. Бас хажуугаар нь янз бүрийн клубийн ажилд оролцоно, заримынх нь удирдах зөвлөлийн гишүүн хүртэл байлаа.

-Г.Галбадрах: Зорилго тань илүү тодорхой болж байж дээ? Шалгалтуудаа амжилттай өгсөн үү?

-Т.Тэмүүлэн: Тэгээд шалгалтуудаа амжилттай өгч чадсан. 12-р ангидаа нэмж 3-4 анги авсан. Тэр хөтөлбөр нь их ч хэрэгтэй хөтөлбөр байв. Колорадогийн Их Сургууль, Колорадогийн Уул Уурхайн Их Сургууль, Колорадо мужийн Их Сургууль, Хойд Колорадогийн Их Сургууль , Денвэрийн Их Сургуулиудад, шалгалтуудаа амжилттай өгсөн тохиолдолд шууд орох эрхтэй. 11 сард надад сургуулиудаас захидал ирж эхэлсэн. Сонголт хийх боломжтой болж байгаа юм. Сонголтын гол нь сургалтын тэтгэлэг олгож байгаа эсэх нь. Намайг 11-р ангид суралцаж байхад Colorado School of Mines  \CSM\-аас ” Overland Institute” хөтөлбөрт амжилттай суралцсаны төлөө  медалиар шагнасан юм. Уг шагналыг дагалдаж 1000  долларын тэтгэлэг ирж байв. Тэгэхэд би их ч баярласан. Харин 12-р ангид суралцаж байхад ” CSM сургуулийн ерөнхийлөгчийн нэрэмжит” 10 000 долларын тэтгэлэг дахиад өглөө. Энэ бүхэн намайг энэ сургуулийг сонгоход нөлөөлсөн.  Би анхандаа бизнесээр суралцах бодолтой байлаа. Тэр бодлоороо Денверийн Их Сургуульд хандсан юм. Гэтэл төлбөр нь дэндүү өндөр. Надад хэдийгээр нилээд хэмжээний тэтгэлэг санал болгож байсан ч “цаашдаа бусдыг нь яаж төлөх вэ?” гэдэг амаргүй асуудал байв. Жилийн 48 000 долларын сургалтын төлбөр төлнө гэдэг бол манай гэр бүлийн хувьд том асуудал байв.

-Г.Галбадрах: Уул уурхайн чиглэлийн сургууль сонгосон тань, зөвхөн төлбрийн хэмжээнээс хамаараагүй байх аа?

-Т.Тэмүүлэн: Аав минь надад хандаж “инженер болбол зүгээр юм биш үү? ирээдүйтэй” гэж зөвлөсөн.  Тэр тусмаа уул уурхайн инженер болбол алсдаа Монгол орондоо хэрэг болох юм гэдэг санааг ч хэлж байв. 4 жилийн өмнө гэхэд уул уурхайн талаар одоогийнх шиг өргөн дэлгэр мэдээлэл байгаагүй. Энд байгаа монголчууд маань ч энэ мэргэжлийг тэгтлээ сонирхохгүй байсан. Аавын минь найз нь тэр үед энэ сургуулийг төгсчихөөд байж байсан болохоор нөлөөлсөн байх. Янз бүрийн асуудал дээр аав, ээж хоёрын минь найзууд их ч тусалдаг л даа.
Би болохоор багаасаа л математикт дуртай, зохион бүтээх чиглэлд илүү сонирхолтой байсан. Магадгүй инженер болох нь надад зохиж болох юм гэж бодож байв. Биднийг ахлах сургуульд суралцаж байхад  Их Дээд Сургуулиудтай танилцах аялал зохион байгуулдаг байсан. Тэр үеэс л энэ сургуулийн талаар тодорхой хэмжээний мэдээлэлтэй болсон байсан нь бидний сонголтод нөлөөлсөн дөө.

Дөрөв: Өөрийгөө олох гэж хичээсэн дээд сургуулийн жилүүд

-Г.Галбадрах: Уул уурхайн сургуулийн шалгуур нь юу байсан юм бол?

-Т.Тэмүүлэн:2009 онд энэ сургуульдаа ирэхэд таних хүн ч бараг байхгүй. Жонон гээд монгол найз минь надтай хамт суралцахаар орж ирсэн. Энэ сургуульд орж, тэнцэж суралцана гэдэг том шалгуур байдаг юм билээ. Өндөр шалгуураар цөөхөн хүн авч сургадаг. “Оверланд Overland Institute”-ын хөтөлбөрт хичээлүүдийн шалгалтад 3,4 авсан бол дээд  сургуулиудад  тэнцдэг. Гэтэл манай сургуульд зөвхөн 5 оноо л авах ёстой. Шаардлага нь тийм. 3,4 авсан тохиолдолд дахиж давтаж, 5 оноо авсан үед л тэнцэнэ.

-Г.Галбадрах: Зорьж, сонгосон сургуульдаа орсон эхний үеүд?

-Т.Тэмүүлэн:  Анх энэ сургуульдаа их ч бардам орж ирсэн. Аминдаа “ахлах сургуульд онц суралцаж байсан юм чинь энд ч юухан байх вэ?” гэж бодож байв. Ангиуд болон хичээлүүдээ аваад эхний хэдэн долоо хоногуудад яваад л байлаа.  Коллеж гэдэг чинь шал өөр уур амьсгалтай, шал өөр нөхцөлд ороод ирж байгаа юм. Багш нар нь тэгтлээ санаа тавьж шахаж шаардахгүй. 200-300 оюутнууд лекцэнд суудаг. Даалгавар заавал хийх албагүй. Давтлага гэж нэг их яваад байхгүй. Нэг талаас нь харвал их ч эрх чөлөөтэй, задгайдуу. Оюутан өөрөө өөртөө шаардлага тавьж дор дороо хичээлээ хийж явахгүй бол аажимдаа хоцордог. Би эхэндээ хайхрамжгүй явж байгаад эхний шалгалтууд дээр “С” авч эхлэв. Тэгэнгүүт шууд цочирдож байгаа юм. “Ингэж ч явж болохгүй ээ” гэж бодож байгаа юм. Учраа ч сайн олж чадахгүй 3 сар орчим болсон.

-Г.Галбадрах: Ахлах сургуулиас Дээд сургуульд орж байгаа шинэ оюутнуудад нийтлэг тохиолддог үзэгдэл л дээ. Нэг талдаа туршилт, тандалт юм уу даа?

-Т.Тэмүүлэн: Эхний семистр яг үнэндээ миний хувьд хэцүү байсан. Хоёр дахь семистрээсээ овоо гайгүй болж учраа олж эхлэв. Хожим нь профессоруудтайгаа ярилцаж байхад, энэ сургууль маань цаанаасаа эхний семистрийг тэгж зохион байгуулдаг болохыг ойлгосон. Манай сургууль, нэг курсэд 500-600 оюутныг төгсгөдөг. Гэтэл 1-р курсэд 1200 орчим оюутнуудыг элсүүлнэ.  Тэгэхээр тал хувь нь аажимдаа хасагдаж байнаа даа. Өөрөөр хэлбэл тэр үед л оюутнуудаа шахаж, шигшдэг юм байна. Багш нар болохоор үүнийгээ “зэрлэгийг нь түүнэ” гэж нэрлэдэг юм билээ. Шинээр элсэж ирж байгаа оюутнуудыг жинхэнээрээ энэ мэргэжлээр сурах сонирхол, бас чадвар, тэвчээр байгаа эсэхийг л шалгаж байгаа гэсэн үг юм уу даа.

-Г.Галбадрах: Их ч өвөрмөц тандалт байна. Хатуу чанд сургалттай сургуулиудын арга зүй. Мэдээж чиний хувьд ” цаашид яаж сурах хэрэгтэй байна вэ?” гэдэг аргаа олох нь чухал байсан байх?

-Т.Тэмүүлэн: Гол нь профессоруудтайгаа сайн танилцаж, тэдний хичээл зааж байгаа болон дүгнэж байгаа барилыг нь мэдэж эхэлнэ.  Бусад оюутнуудтайгаа сайн найз болно. Ийм тохиолдолд хичээлээ илүү амархан хийж чадна. Цаг хэмнэнэ. Нэг хичээлийг давтахад 5 цаг биш, 3-4 цаг зарцуулж болно гэсэн үг. Хэрэв цагаа хэмнэж сурвал бүх ангиуддаа цагаа зөв хуваарилж, хичээлээ жигд хийж чаддаг болдог. Манай сургууль инженерийн сургууль болохоороо илүү олон анги, олон кредит цаг авахуулдаг. Үндсэн оюутан АНУ-д  дунджаар 12 кредит цаг авдаг бол, манайх 18-19 кредит цаг авах тохиолдол зөндөө. Манай аавын найз Амаржаргал ах, намайг энэ сургуульд ороход “миний дүү цагаа л зөв ашиглаж сураарай” гэж хэлж байсан. Энэ л үнэн юм билээ. Энэ чадвар нь сургуулиа амжилттай төгсөх боломж нь болдог.

-Г.Галбадрах: Тийм ээ, би үүнтэй санал нэг байна. Хамгийн гол нь” цагаа хэрхэн зөв  хуваарилж ашиглах вэ?” гэдэг шийдэл л амжилтай сурах боломжийг бүрдүүлдэг.

-Т.Тэмүүлэн: Тэгээд би бодож эхэлсэн. Өдөрт сургууль дээр байх цаг, унтаж амрах цагаа хасахад надад хичээлээ давтах хэдэн цаг үлдэж байна вэ? гэдгээ тооцсон. Гэтэл үүнд 3-4 цаг үлдэж байв. Тэгэхээр түүнийгээ яаж үр дүнтэй ашиглаж болох вэ? гэдгээ бодно. Үүний тулд өөр өөр аргуудыг бодож олох шаардлагатай болдог. Жишээ нь нэг бодлого бодож байтал чадахгүй бол, түүнтэйгээ зууралдаад хамаг цагаа алдах уу? эсвэл сайн мэддэг найзаасаа асуух уу? багшаасаа асуух уу? гэхчилэн сонголтууд гарч ирнэ.  Сонголтуудыг зөв  хийж сурахад, үндсэндээ жилийн дараа өөрийн гэсэн барилтай болж байгаа юм. Хэрэв сайн унтаж чадахгүй бол ядарна, тэр хэмжээгээр үр дүн муутай байх болно.

-Г.Галбадрах: Цагаа зөв хуваарилж ашиглаж чадахгүй байна гэдэг нь өөрийгөө ядраахын эхлэл, бас шалтгаан нь. Гэхдээ л оюутан байхад ачааллаасаа болж ядрах үе зөндөө.

-Т.Тэмүүлэн:Уг нь цагаа хэмнэх нэг боломж нь сургуулийнхаа дотуур байранд амьдрах.  Гэхдээ сургуулийн дотуур байранд амьдрах нь илүү зардал гаргана гэсэн үг. Нэг талаас дотуур байр нь үнэтэй, дээрээс нь оюутнууд байрандаа хоол хийж амжихгүйг бодолцоод гуанз ажилладаг. Би болохоор илүү зардал гаргахгүйн тулд гэрээсээ хичээлдээ явахаар шийдсэн. Гэр маань сургуулиас яг 45 минут явах зайтай. Өдөрт 2 талдаа явна гэж бодохоор 1 цаг 30 минутыг замдаа зарцуулж байгаа юм. 1, 2 -р курсэд байхдаа би үнэхээр их ядардаг байсан юм билээ. Өдөржингөө сургууль дээрээ хичээллэчихээд дараа нь гэр рүүгээ машинаа бариад явж байхдаа үүрэглэнэ.   Нэг удаа явж байгаад гэрлэн дохион дээр ирээд ногоон гэрэл  асахыг нь хүлээж байгаад унтаж орхижээ. Нэг сэрсэн чинь ард минь зөндөө олон машинуудын цуваа үүсчихсэн, толь руугаа хартал хэд хэдэн хүн машинаасаа гараад над руу чиглээд ирж яваа харагдав. Мэдээж тэд “ямар нэгэн юм болж” гэж санаа нь зовсон байх. Тэгээд би гялс машинаа хөдөлгөөд явсан л даа. Замдаа үүрэглэхээрээ өөрийгөө чанга чанга алгадна, сургуулиасаа гарахдаа хэсэг ус ууна, эсвэл хэн нэгэнтэй утсаар ярьж өөрийгөө саатуулна. Сүүлдээ гайгүй болсон доо.

-Г.Галбадрах: Хэсэг хэцүү хүнд үеийг тэсээд гарч чадвал аажимдаа хялбар болж эхэлдэг. Үүнээс гадна, сургуулийн орчинд хамт байгаа хүмүүсийн дэмжлэг бас чухал.

-Т.Тэмүүлэн:Багш нартайгаа зөв харилцаж, тэдэнтэй ойр дотно байх нь сайн сурахад их нөлөөлдөг. Багш нараасаа мэдэхгүй ойлгохгүй байгаа зүйлээ байнга асууж, өөрийгөө “энэ хичээлийг сурах сонирхолтой байгаа” гэдгээ нотлох нь  бас л хэрэг болдог. Бусад оюутнуудтайгаа ч бас сайн харьцаатай байх хэрэгтэй. Ямар ч хүн алив зүйлийг нэг сонсоод сайн сурч амждаггүй. Лекцэн дээр дутуу ойлгосон зүйлээ бусад оюутнуудаасаа асууж тусламж авах тохиолдол зөндөө. Өөрөөр хэлбэл сургуульд амжилттай суралцахад орчин тойронд байгаа хүн болгон л сайнаар нөлөөлдөг.

-Г.Галбадрах: Хааяадаа ядарсандаа болоод шантрах үе гарч байв уу?

-Т.Тэмүүлэн: Шантрах үе гарнаа. “Би ер нь яах гэж ингэж өөрийгөө зовоож явна вэ?” гэж бодох үе ч гардаг. Тэр болгонд зорилгоо л эхэлж боддог. “Би заавал энэ бүхний ард гарах ёстой” гэж өөрийгөө албадна. Уйгагүй хичээж, шантарч мохох тэр үеэ тэсээд давж гарах л хэрэгтэй болдог.  Тэр амаргүй мөчийг тэсч давж гарчихаад, бүх хэцүү зүйл ард үлдсэн байхыг мэдрэх хичнээн сайхан. Өөртөө итгэж, урам ороод л явчихаж байгаа юм. Хүн ер нь урмаар их тэжээгддэг юм билээ. Аав ээж, хамаатны ах дүү нар их урам өгдөг байсан.

-Г.Галбадрах: Гэр бүлийнхэн гэдэг хамгийн сайн дэмжигчид.

-Т.Тэмүүлэн: Нэг хэсэг нойр хоолгүй шахам зүтгэж байхдаа хэнтэй ч уулздаггүй байлаа. Найз нөхөдтэйгээ ч уулзахгүй.  Миний жаахан дүү минь том болж байсан. Заримдаа хичээлээ хийгээд сууж байхад “Агаа” гээд тоглох санаатай өрөөнд ороод ирэхэд нь шууд л “Цаашаа,  цаашаа, цаашаа” гэнэ. Хөөрхий дүү минь хаалга хаагаад л явна.  2 жил шахам болоод анзаарсан чинь охин дүү минь надаас аль хэдийн хөндийрчихсэн байсан. Надтай ярихгүй, надтай тоглохгүй, нэг ёсондоо  холдчихсон. Тэгэнгүүт би бодож байгаа юм. “Ер нь юу болж байна даа” гэж. Охин дүү минь эгчдээ илүү дотно болж, “Аниа” гэдэг болсон байлаа. Үүнд нь бас жаахан атаархангуй.
Хичээлийн ачаалал минь жаахан хөнгөрөөд ирэх үед охин дүүдээ санаа тавьж эхэлсэн. Энэ бол санаа зовохгүй, анзаарахгүй өнгөрч болохгүй асуудал л даа. Тэгээд  дүүтэйгээ хамт байж, хамт тоглож, ийш тийшээ авч явж, зураг зурахад нь тусалж, аль болохоор сонирхож байгаа зүйлийг дэмжиж эхэлсэн.Тэр үед машиндаа сонсдог байсан “Хонх”-ын Цогтсайхан агсаны  СД дээрх нэг дуун дээр “Гэртээ ирээд өврөө ухахад, чихэр горьддог дүүтэй билээ” гэсэн мөр байсан. Тэр мөр надад их гоё санагдсан. Тэгээд л сургуулиасаа гэр рүүгээ явахдаа дүүдээ заавал нэг гоё юм олж авч явдаг болов. Хүүхдийн сонирхол татахаар жижиг бал, шугам, гоё өнгөтэй харандаа, будаг ч юм уу, чихэр жимс ч юм уу аваад очиход дүү минь баярлана. Удаан хугацааны дараа дүү минь надад дасч эхэлсэн. Одоо бол бид хоёр их ч дотно. Намайг гаднаас ороод ирэхэд “Агаа” гээд л зүүгдчихнэ. Одоо бол би дүүтэй байхын жаргалыг мэдэрч байгаа. Хүн хичнээн завгүй байлаа ч, дотно хүмүүстэй цаг гаргаж байх хэрэгтэй юм гэдгийг би тэндээс ухаарсан.

-Г.Галбадрах: Сайхан дурсамж байна. Хүнд хэцүү үе, илүү ачааллыг давчихаад дотно хүмүүсийнхээ талархал дэмжлэгийг мэдэрч байх сайхан.

-Т.Тэмүүлэн:Инженерийн мэргэжлээр суралцахад заавал авах ёстой таван анги байдаг юм. Тэр ангиудын хичээлүүдийг сайн сурсан оюутан цаашдаа мундаг инженер болох боломж нь нээгддэг гэж ярьдаг. Оюутнууд тэр хичээлүүдийг, суралцах 4 жилийн хугацаандаа шингээгээд судалдаг.

1.Шингэн төлвийн механик \Fluid Mechanics \
2. Хатуу төлөв буюу материалын механик \Mechanics of Materials\
3. Хөдөлгүүрийн механик \Thermodynamics\
4. Цахилгааны шугам \Electrical Circuits and Electrical Power\
5. Материалын үйлчлэл \Dynamics \

2-р курсийн хавар, би өөрийгөө сорихоор шийдэв. Тэгээд  үүнээс 4 ангийг нь нэг семистрт авлаа. “Би хэр ачаалал дааж чадах нь вэ?” гэж, нөгөө талаар байнга хичээлүүдтэй зууралдахын оронд  нэг сайн зүтгээд давчихвал дараагийн удаад ачаалал минь хөнгөрөх юм гэж, бас энэ гол хичээлүүдээ одоо үзэж амжвал дараа дараагийн мэргэжлийн хичээлүүд нь хөнгөрөх юм гэж бодсоноос тэгж шийдсэн юм. Үүнээс гадна бусад хичээлүүд минь байгаа шүү дээ. Энэ семистрт хэрэглэх ном гэхэд 1700 долларын өртөгтэй байв. Тэр үед үнэхээр гүрийсэн. Их ч ачаалалтай семистр байлаа.

-Г.Галбадрах: Өөрийгөө сорьсон сорилтоо давчихаад юу гэж бодож байв даа?

-Т.Тэмүүлэн:Тэгээд шалгалтуудаа амжилттай өгч эхлэхдээ их ч урам орсон. Их ч ядарч, ханиад хүрээд, сүүлдээ “дусал” хийлгэж байсан ч би их баяртай байлаа. Ийм их ачааллыг давж гарч чадсандаа, тэгээд шалгалтуудаа бүгдийг нь амжилттай өгч чадсандаа их баярласан. Тэр семистрт намайг сургуулийн деканы “шилдэг оюутны жагсаалт”-д оруулсан байв. Тэгэхэд л “би ямар ч хүнд нөхцөлд, ачаалал даагаад гарч чадах юм байна” гэж өөртөө итгэж урам орсон. Нэг ёсондоо би өөрийгөө сорьсон сорилтоо амжилттай давж чадсандаа илүү баярлаж байлаа. Одоо бол ямар нэгэн сонголт дээр “санаанд багтаад” байх жишээтэй.

-Г.Галбадрах: Тийм ээ, энэ залуу насан дээрээ өөрийгөө “таньж”, хэр хэмжээгээ мэдэрч авна гэдэг мундаг байна шүү?

-Т.Тэмүүлэн: 3-р курсээс дан мэргэжлийн ангиуд орж эхлэхэд би ажрахгүй болсон байв. Нэг талаас би маш сайн суурь мэдлэгтэй болсон болохоор надад илүү амар болсон хэрэг. Тэр л суурин дээр мэргэжлийн ангиуд тулгуурлаж байгаа болохоор. Тэгээд олдож байгаа цаг хугацаа болгоноо өөр зүйлд хэрнээ үр ашигтай зарцуулж чадах болсон. Ер нь залуу насан дээрээ хүн өөрийгөө туршиж үзмээр юм билээ.” Хорин хэдэн насан дээрээ хүн өөрийгөө нээж олох, “Би хэн юм бэ?” гэдгээ мэдрэх хэрэгтэй” гэж  миний уншсан гүн ухааны номон дээр өгүүлсэн байсан. Хүн  энэ үедээ  өөрийн дуртай, бас дургүй зүйлээ ч хийж үзэн харьцуулж, өөрийн гол чигээ тодорхойлж,  “би нэг ийм хүн юм байна” гэж  чадамж, боломжоо мэдэж авах нь зүгээр юм шиг санагдсан. Тэгээд өөрийн сонголтоо хийж, түүгээрээ тууштай явбал амжилтад хүрэх байх.

-Г.Галбадрах: Энэ жил сургуулиа төгсөх юм байна. Өөрийнхөө ирээдүйг хэрхэн төсөөлж байна вэ?

-Т.Тэмүүлэн: Инженер гэдэг бол  ерөөсөө л “бүтээлч хүн”. Юмыг хийдэг, бүтээдэг, шинэчилдэг хүн. Тэгэхээр уран сэтгэдэг, алив юмыг гоёор өөдрөгөөр хардаг, хийж байгаа бүтээл нь хүмүүст хүрдэг хүмүүс юм шиг надад санагдаж, төсөөлөгддөг юм. Ийм бүтээлч хүн болохсон гэж хичээж байна. Сургуулиа төгсөөд нэг хэсэгтээ Америкт мэргэжлээрээ ажиллах санаатай байгаа. “Байгаль орчныг сүйтгэдэг”  гэдэг талаасаа америкчууд  уул уурхайд тийм ч таатай ханддаггүй. Гэхдээ одоо бол уул уурхайн ашиглалтын технологи их хөгжиж байгаа. Ашиглалт явагдахаас өмнөх байгаль орчны үнэлгээ болон ашиглалтын дараа хийгдэх нөхөн сэргээлтийн ажил нь хамгийн чухал. Бас хуулийн дагуух хяналт гэж байна. Жишээ нь , уул уурхайн ашиглалт хийх гэж байгаа компаниуд урьдчилаад бонд тавьдаг. Хэрвээ ашиглалтын дараа  “нөхөн сэргээлтээ” хийхгүй бол уг барьцаанд тавигдсан мөнгө нь нөхөн сэргээлтэд зарцуулагдана. Энэчлэнгээр энд бол би техник, технологи, хөгжил дэвшлийн талаар туршлага сууна. Харин дараа нь Монгол руугаа явж өөрийн мэдлэг чадвараа эх орондоо зориулна даа.
Тав: Бусдад тус болох гэсэн зүтгэл

-Г.Галбадрах: Чамайг сургуульдаа амжилтай суралцахын хажуугаар, бусдад тустай “олон нийтийн” ажлууд нилээд хийж байгаа тухай сонссон.

-Т.Тэмүүлэн: Би дээр ярьж байснаар дунд, ахлах сургуулиудад суралцсан туршлагаасаа нилээд зүйл ойлгосон байлаа. Энэ туршлагаа бусад монгол хүүхдүүдтэй хуваалцахын тулд ” клуб нээвэл яасан юм бэ?”  гэж бодож байсан л даа. Би тэртэй тэргүй олон ч клубуудэд  удирдах зөвлөл болон гишүүнээр оролцож байсан юм. Нэг удаа Алтбиш ах надтай уулзахдаа энэ санааг гаргаж хэлэхэд нь би шууд л дэмжсэн. Өмнө нь надад санаа байвч зориг байгаагүй. Харин Алтбиш ахыг “дэмжье” гэхэд нь  тэр өдөр нь л бүх зүйлээ тохиролцоод,  1 сарын 16 нд клубийн нээлтээ хийж байв. Гол чиглэл нь:

-Коллежид орж суралцах сонирхолтой сурагчдад зөвлөлгөө өгч туршлагаа хуваалцах,

-Коллежид шалгалт өгөх гэж байгаа сурагчдад хэрэгтэй хичээлээр нь давтлага өгөх,

-Коллежид суралцах оюутнуудад тавих шаардлагын нэг болох ” сайн дурын ажлууд”-ыг хамтдаа санаачилж хийх зэрэг ажлууд байсан л даа.

Энэ санаачлагыг эцэг эхчүүд их дэмжиж байв. Тэгээд бид хүүхдүүдэд энэ зорилгоо ойлгуулахаас л ажлаа эхэлсэн.

-Г.Галбадрах: Энэ их сайхан санаачлага байна. Бусдад өөрийн “туршлагаа хуваалцах” гэдэг их сайн үйл. Би бусад хотуудад ч гарч байсан ийм санаачлагуудын тухай сонсож байсан. Хүүхдүүдийн чин сэтгэлээсээ хийж байгаа тус багаддаггүй.

-Т.Тэмүүлэн: Багш нарын баяраар Денверийн монгол сургуулийн багш нарт баярын ширээ засахад нь туслахад л хүмүүс их баярлаж талархаж байгаа юм. Энэчлэнгээр бага гэлтгүй хийж байгаа ажлуудыг минь хүмүүс талархаж дэмжиж байсан нь бидэнд их ч урам өгсөн. Энэ чинь ганц миний санаа туршлага биш, миний үеийн бүх л хүүхдүүдийн санаа туршлага юм шүү дээ. Эцэг эхчүүдийн хамгийн их санаа зовж байгаа асуудал нь “тэдний хүүхдүүд цагаа зөв өнгөрөөхгүй, дэмий зүйлд хэт зарцуулж байгаа байдал” юм билээ. Тэгээд биднийг дэмжиж байгаа хүмүүсийн тусламжтайгаар “Спортын өдөрлөг” зохиож, өөр олон арга хэмжээнүүд зохион байгуулсан л даа. Хүүхдүүд ийм ажилд дуртай оролцож, багаар ажиллахыг ихэд сонирхож байгаа нь анзаарагдсан.

-Г.Галбадрах: Америк дахь нийтлэг зарчим  болох “багаар ажиллах” гэдэг содон сонсогдож байна. Энэ бүхэн юунаас эхэлсэн юм бэ?

-Т.Тэмүүлэн: Манай Денверт “Луут завины уралдаан” гэж болдог  юм. Их урт завинд 20 хүн суугаад зэрэг сэлүүрдэнэ. Нэг хүн хитэг дээр  нь суугаад чиглүүлж байхад, нэг хүн нь ритмтэй бөмбөр цохидог. 20 хүн бөмбөрийн ритмт цохилтоор сэлүүрдэнэ гэдэг амаргүй. Багаар маш сайн ажиллаж, зэрэг сэлүүрдэхгүй л бол хоцорно. Чиглүүлэгч нь газарзүйн байршлаа маш сайн мэдэрч хаана хурдлах, хаана хурдаа хасахыг шийддэг.   Ганцаарчилсан спорт их амар байх. Багийн спортод  сагсан бөмбөгт 5 тоглогч, волейволд 6 тоглогч, хөл бөмбөгт 11 тоглогч талбай дээр тоглодог. Харин “Луут завин” дээр нийтдээ 22 хүн оролцдог гээд бод доо. Уралдаанд маш их сайн стратеги шаардагдана.

-Г.Галбадрах: Зарим хүмүүс монголчуудыг “багийн спорт”-од амжилт гаргаж чадахгүй гэж боддог.

-Т.Тэмүүлэн: Монголчууд маань ганцаарчилсан спортод их амжилт гаргадаг нь аль хэдийн тогтоогдсон шүү дээ.  Харин багийн спортод арай жаахан хойшилдог.” Хэрэв монголчууд бид багаар маш сайн ажиллаж сурах юм бол их хурдан хөгжинө дөө”, би тэгж боддог юм. Тэгээд л бид, багийн хамтын ажиллагаа хамгийн ихээр шаардагддаг энэ уралдаанд оролцохоор шийдсэн юм.

-Г.Галбадрах: Энэ уралдааныхаа түүхийг сонирхуулаач?

-Т.Тэмүүлэн: Энэ их сонин түүхтэй. 2001 оноос явагдаж эхэлсэн энэ тэмцээнд монголчууд маань эхнээс нь оролцсон юм билээ. Анхны тэмцээнд аваргын төлөө Колорадогийн гал командын багтай уралдаж “тэнцсэн” гэсэн. Тэгээд шүүгч нь шодож, Монголын баг маань аварга болж байж. Колорадогийн гал командын баг гэдэг маань ямар хүмүүс билээ, байнгын бэлтгэлтэй, биеийн мундаг хөгжилтэй. Гэтэл монголчууд маань усанд ч тийм сайн биш хэрнээ, энэ тэмцээнд оролцоно гэж ирээд шууд орж байгаа. Мундаг байгаа биз? Түүнээс хойш хэд хэдэн удаа амжилттай оролцож медаль авсан. Харин 2006 онд анх удаа “Хүүхдийн баг” бүрдүүлж бид оролцсон юм. Тэгж орохдоо 2-р байр эзэлсэн. Энэ маань том амжилт шүү. Нэг их бэлтгэлгүй шахам очоод оролцож байгаа юм.

-Г.Галбадрах: Сайн байна шүү дээ. Түүнээс хойш байнга оролцож байсан уу?

-Т.Тэмүүлэн: 2007 онд ороод дахиад 2-р байр эзэлсэн. 1-р байранд Лаосын баг орсон л доо. 2008 онд бид орж чадаагүй. 2009 онд бид бүгдээрээ 18 нас хүрч байв. “Хүүхдийн” төрөл дэх сүүлийн жил. Тэгээд бид орохоор шийдлээ. Гэтэл бидэнд спонсор байдаггүй. За тэгээд зардал их шаардагдав.  Бүртгэлийн мөнгө гэхэд 850 доллар, бэлтгэл болгон 120 доллар, өмсөх  ижил хувцас,  бэлтгэл хийхээр явах унааны болон хоолны зардал гээд чамгүй их мөнгө хэрэгтэй байдаг. Энэ тэмцээн нилээд олон жил явагдсан болохоор багууд нь чанаржиж, зарим нь байнгын бэлтгэлтэй болсон болохоор бид урьдных шигээ шууд орох аргагүй. “Зардлаа яаж босгох вэ?” гэж бүгдээрээ ярилцаад, зөндөө арга сэдэв. “Костко”-гоос бөөний үнээр нь  чихэр  худалдаж аваад сургууль дээрээ ширхэглэж зарна, монголчуудын тэмцээн, арга хэмжээ болж байгаа газруудад цай, бууз,  хуушуур хийж зарна, эцэг эхчүүд маань их дэмжсэн. Яаж ч хичээгээд бид зардлын тодорхой хэсгээ босгосон л доо. Үлдсэн хэсгээ хүмүүсээс гуйж хандсаар нийтдээ 3500 доллар босгосон. Тэгж оролцсон тэмцээндээ түрүүлж, бид ч бөөн баяр болж байлаа.  Хүүхэд бүр нэг санаагаар хичээж зүтгэж байж ийм амжилтад хүрсэн. Энэ бол бидэнд их ч зүйлийг ойлгуулсан даа. Дараагаар нь насанд хүрэгчдийн ангилалд тусгай байрын шагнал, хоёр удаа хүрэл медаль авсан юм байна. Өнгөрсөн жил гэхэд нийтдээ 24 баг орсноос эхний 4 баг нь мэргэжлийн, 6  дахид нь бид орсон. Энэ нь нэг ёсондоо сонирхогчдын түвшинд хоёр дугаар байр бөгөөд бид мөнгөн медаль авсан.Тэгээд бодохоор чамлалтгүй шүү.

-Г.Галбадрах: Би энэ тухай өмнө нь сонсож байгаагүй юм байна. Монголчууд холын Америкт усан спорт, тэр тусмаа завины төрлөөр уралдаж, амжилт гаргаж байна гэдэг сонирхолтой санагдаж байна шүү?

-Т.Тэмүүлэн: Энэ бол монгол хүний төрөлхийн шартай, шазруун араншин юм шиг байгаа юм. Хамгийн гол нь хүмүүс энэ тэмцээнд оролцохдоо “Монгол Улсын нэр гарах юм байна, тэгэхээр бид хамаг байдгаа шавхаж хичээх хэрэгтэй” гэдэг бодол нь их түлхдэг байх. Миний бодлоор бол. Монгол хүн болгон”Миний хийж байгаа ажлын минь үр дүн МОНГОЛ гэдэг нэрээр л үнэлэгдэнэ” гэж боддог. Аав ээж минь хүртэл бидэнд “Хичээлээ сайн хий, ажлаа сайн хий, энэ болгон чинь эргээд Монгол хүн болж төрсний гавьяа, Монгол Улсад минь хэрэгтэй” гэж үргэлж захидаг болохоор бидний тархинд тэгж бууна. Хүн өөрөө л гоё сайхан харагдах, өөрөө л бусдад мундаг болох гэж  биш, илүү том зорилгын төлөө яваад ирэхээрээ, шүд зуугаад зүтгэдэг л юм билээ. Бид бусад багуудаас үүгээрээ л ялгарч байсан байх.

-Г.Галбадрах: Өөр хийж байсан бусад ажлуудаасаа дурдвал?

-Т.Тэмүүлэн: 2009 оноос эцэг эхчүүдийн хүсэлтээр хүүхдүүдэд хувиараа тооны хичээлээр давтлага өгч эхэлсэн. Гэхдээ амралтын өдрүүдээрээ . 4 жилийн дараа эргээд харахад, энэ хугацаанд нийтдээ 40 гаруй сурагчид тогтмол хичээл заажээ. Эцэг эхчүүд “Манай хүүхэд Америкийн түвшинд яваад байна, үүнээс арай илүү хөтөлбрөөр явуулахыг хүсч байна” гэж санал болгодог.  Ингэж тогтмол байдлаар 2-3 жил хичээллэсэн хүүхдүүдэд мэдэгдэхүйц ахиц гардаг. Тийм хүүхдүүд энэ ахицаараа гүнзгийрүүлсэн түвшинд эсвэл коллежийн түвшинд хүрч хичээллэнэ. Андашгүй ээ,  багш нар нь магтаад, сургуулиасаа шагнал авч эхэлдэг юм. Хүүхдүүд эцэг эхчүүд хүртэл баярлаад, урамшина.  7-р ангиасаа эхэлж хичээллэсэн нэг сурагч маань 3 жилийн дараа, Колорадогийн “шилдэг сурагч”-ийн шагнал авсан

-Г.Галбадрах: Сайхан мэдээ байна.  Ингэж амжилттай сургаж байгаа аргыг тань сонирхож байна л даа?

-Т.Тэмүүлэн: Хүүхдэд  тоо бодох аргыг шууд хэлж өгөх биш, уг тоог бодох аргыг өөрөө бодож олох боломж руу түлхэж өгнө. Хүүхэд тоог бодох гэж суугаад түүндээ анхаарлаа төвлөрүүлэн, задаргаа хийж , сэтгэн бодож байж бодох аргаа олдог. Хүүхэд болгон өөр өөрийн аргатай байх ёстой. Хэрэв тэр аргаа өөрөө нээж олж чадвал зөвхөн тоо бодох ухаанд биш, амьдрал дээр өмнө нь тулгардаг олон асуултын хариуг өөрөө эрж хайж олох чадвартай болно гэсэн үг л дээ. Амьдрал чинь өөрөө бодлого юм шүү дээ. Би энэ хүүхдүүдэд үргэлж хичээл заагаад байна гэж байхгүй. Тэр хүүхэд ч үргэлж надаар заалгаад, зууралдаад байхыг хүсдэггүй. Тэгэхээр өөрт нь байгаа аргыг өөрөө нээж олох боломж нь илүү чухал юм шиг санагддаг юм. Нэг хүүхдэд зааж байгаа аргачлал нөгөө хүүхдэд тохирдоггүй. Дөчин хэдэн хүүхдэд, тус бүрд нь тохирсон аргаар хичээл заагаад ирэхээр би өөрөө ч их зүйл сурч байгаа юм. Багш самбарын өмнө зогсоод олон хүүхдэд хичээл заах, цөөхөн хүүхэдтэй нүүр тулж суугаад  ажиллах бол шал өөр. Тиймээс би нэг удаад 2-3 хүүхэдтэй л хичээллэдэг.

-Г.Галбадрах: Ингэснээрээ чи, хүмүүстэй харилцах харилцаанд өөрийгөө давхар бэлтгэж байгаа хэрэг болох нь, тийм үү?

-Т.Тэмүүлэн: Тийм ээ. Үүнийг анзаарч байгаа. Зарим хүмүүс  магтуулж, аргадуулж байж сурдаг байхад зарим нь хатуу шаардлага дор, нөгөө нэг хэсэг нь зөвхөн сэжүүрийг нь гаргаад өгчихөд  аргаа сонгодог гэдэг ч юм уу, янз бүр. Өнөөдөр би хэн нэгэн хүнд мэдээлэл өгөхийн тулд, эхлээд хүнээ таньж мэдэрч байж , тэр хүнд тохирсон аргаа сонгох чадвартай болж байна. Шинэ сурагчтай болохдоо эхлээд тэр сурагчтай илэн далангүй ярилцаж ойлголцдог. Тэр хүүхдийн араншингаас гадна, “юу хүсч, юу мөрөөдөж ” байгааг мэдрэх хэрэгтэй. Тэгж байж л хичээлээ яаж заах аргачлалаа сонгоно. Тэр болгон таарахгүй байж болох ч яваандаа илүү сайн таньж мэдэх тусмаа аргаа өөрчилж болно.Энэ бүхэн намайг хүмүүстэй харилцах маш том урлагт сургаж байгаа. Энэ нь надад хожим хэрэг болно гэж бодож байгаа.

Зургаа:  Боломж руу тэмүүлсэн миний гэр бүл

-Г.Галбадрах: Гэр бүлээ танилцуулахгүй юу?

-Т.Тэмүүлэн:  Аавыг минь Түмэнбаатарын Төмөрбат  гэдэг. Ээжийг минь Дагвын Мөнхдэлгэр гэдэг. Аав ээж хоёр минь жирийн л хүмүүс. Амьдрахын эрхээр, биднийг сайн хүн болгож өсгөх гэж, юм юм л хийж үзсэн гэдэг. Шилжилтийн үед наймаанаас эхлээд юу эсийг хийх билээ. Хоёулаа Дарханы нэхий эдлэлийн үйлдвэрт ажиллаж байхдаа танилцсан юм билээ. Аав ээж хоёр минь Америкийг зорихдоо илүү их боломж руу тэмүүлсэн байх.  Монголд тэдэнд чадвар нь байсан ч, боломж нь байгаагүй байсан юм болов уу? гэж би одоо боддог юм. Энд ирээд хэрхэн гүрийж ажиллаж байгааг нь харахдаа би заримдаа өрөвддөг байсан. Охин дүү бид хоёрын сайн хүмүүжил, сайн боловсролын төлөө зүтгэж байгааг ойлгож байв. Тэгэхээр хариуд нь бид муу байж болохгүй.

-Г.Галбадрах: Олон олон монголчууд ингэж зүтгэж байгаа. Тэр болгон өөрсдийн үр хүүхдийн сайн боловсролын төлөө гэсэн зорилготой. Их мөнгөнөөс , сайн боловсролтой хүүхдүүд илүү сайн “баялаг” болно гэдгийг тэд ойлгож байгаа.

-Т.Тэмүүлэн: Аав ээж хоёр минь бидний боловсролыг их дэмждэг хүмүүс. Хамаатан садангуудын хувьд ч хамгийн ирээдүйтэй, боломжтой “олимпийн найдвар” нь дүү бид хоёр. Тийм болохоор хүн болгон л “ээ дээ хичээж сайн сурна шүү” гэцгээнэ.  Яг “яах ёстой”г нь сайн хэлж мэдэхгүй ч, хүн болгон л дүү бид хоёрын төлөө санаа тавьдаг. Намайг ахлах сургуулиа сонгож  сурах болоход,  бидний тэр үед амьдарч байсан байр минь харьцангүй хямд үнэтэй байсан ч, миний ирээдүйн төлөө арай үнэтэй байртай дүүрэг рүү нүүж байгаа юм.  “За яахав хүү минь сайн сургуульд сурах хэрэгтэй” гэж л тэд бодсон байх. Дараа нь Их Сургуульд ороход, сургалтын  төлбөр бол их том асуудал болсон.”Ямар ажил хийж, яаж төлөх вэ?” гэдэг бол манай гэр бүлийн шийдэх асуудал байлаа. Гэхдээ бид шийдэж чадсан. Үүний төлөө аав ээждээ талархаад баршгүй.

-Г.Галбадрах: Үүнийг ойлгож мэдэрч байгаа гэдэг чинь том ухаарал юм даа.

-Т.Тэмүүлэн: Бодоод байхад амьдрал бол өөрөө сургууль юм.  Хэдийгээр би одоо уул уурхайн чиглэлээр Их Сургуульд суралцаж байгаа ч нөгөө талаар АМЬДРАЛ гэдэг Их Сургуульд давхар суралцаж байгаа. Амьдралын Их сургуульд аав ээж гэдэг багштай. Өнөөдөр “би хэн бэ?” гээд бодохоор, аав ээжийнхээ, өвөө эмээгийнхээ тусгал нь, бас үр дагавар нь юм. Энд бас надад эрдэм ном заасан багш нарын гавьяа их бий. Ярилцлагын эхэнд дурдаж байсан, хүүхэд бидний “суурь хүмүүжил”  гэдэг эдний л нөлөө. Би багадаа тийм их тансаг амьдралд өсөөгүй. Гэхдээ мөнгөний үнэ цэнийг багаасаа л мэдэрч өссөн. Монголд байхдаа найзын минь ахын ажиллуудаг баарны хаягдал пивоны лаазуудыг цуглуулж тушаагаад хэрдээ хөөрхөн мөнгө олж хэрэгцээндээ зарцуулдаг л байсан. 7 хоногт 20 000 орчим төгрөг олдог байсан гэхээр хэрдээ боломжийн. Хүн өөрийн хөдөлмөрөөрөө л шударга амьдарч байхад аяндаа бүх зүйл сайнаар болдог гэдгийг би аав ээжийнхээ амьдралаас ойлгосон.

-Г.Галбадрах: Нэгэн зорилгын төлөө хамтдаа зүтгэж байгаа гэр бүл гэдэг хамгийн сайхан. Сайн ч муу ч бүх зүйл бие биенээсээ шууд хамааралтай.

-Т.Тэмүүлэн: Манай гэр бүл бол нэг баг юм. Манай багийн хоёр гишүүн нь маш сайн ажиллаж, үүргээ биелүүлж байхад, бид тэднээс дутуу байж болохгүй. Өөрийн хүлээсэн үүргээ бас сайн биелүүлэх ёстой гэж боддог. Хүүхэд аав ээжээсээ их зүйл сурдаг. Бүх зүйл төгс сайн байх албагүй. Алдаан дээрээс ч гэсэн “ингэж болохгүй юм байна” гэж ойлгох нь хэрэгтэй юм шиг байгаа юм. Өөрсдийнхөө амьдралыг ч бусадтай харьцуулж, илүү боломжуудыг олж харж байх нь хэрэгтэй юм шиг. Биднээс илүү сайн амьдарч байгаа хүмүүст атаархах биш, тэднээс суралцаж байх нь бас л хэрэг болдог. Аав ээж хоёр минь бидэнд “Ямар ч юмыг сайн сурах хэрэгтэй. Эцсийн эцэст хүн өөрийн идэх хоолоо өөрөө л олж идэж чаддаг байх хэрэгтэй” гэж сургадаг. Энэ чинь  их энгийн ойлголт юм шиг байгаа юм. Хүн хоолоо хийж идэхийн тулд хоол хийх материал хэрэгтэй. Тэр материалыг худалдаж авахын тулд мөнгө хэрэгтэй. Мөнгө олохын тулд хөдөлмөрлөх хэрэгтэй. Хөдөлмөрлөхийн тулд тодорхой хэмжээний чадвартай байх ёстой гэхчилэн.

-Г.Галбадрах: Бидний багад “сурсан бүхэн эрдэм” гэж сургадаг байсан.Бас “алив зүйлийг “их, бага” гэж голж шилж болохгүй” гэхчилэн сануулна. Тэгж өссөн хүүхдүүд их л ажилсаг, юм болгоныг хийж чаддаг болсон байдаг сан.

-Т.Тэмүүлэн: Манайх гэр бүлээрээ Денвертээ анх удаа “хэвийн боов” хийлээ. “Монгол хүн байна даа, цагаан сараар хэвийн боовоор тавгаа засья” гэсэн ярианаас л үүдсэн. Өмнө нь бидний хэн ч “хэвийн боов” хийж үзэж байгаагүй. Тэгээд л туршиж хийж үзсэн. Эхний 2 жилийнх сайн болоогүй ээ. Осолдохгүй хэлбэр нь байсан байх. Аажимдаа сайжирч байгаа юм. Бид энэ хугацаанд өөрийн гэсэн “жор”той болцгоосон. Одоо бол бусдад худалдахад ч “нүүр улайхгүй” болсон. Бас арьсан урлал хийцгээсэн. Би жаахан байхдаа Монголдоо “Хүүхдийн урлан бүтээх төв” -д  хичээллэж байсан юм. Аав  минь Чехэд арьс, нэхийний чиглэлээр суралцсан, энэ чиглэлийн мэргэжилтэй. Тэгээд л бид арьсан урлалаар бүтээл хийж байгаа юм. Миний анхны бүтээл минь арьсан дээр урласан “Чингис хаан”. Одоо ч гэрт минь бий. Энэ бүтээл минь их ч чимхлүүр ажиллагаа шаардаж байсан болохоор бараг 3 сар хийсэн. Тэгээд хийсэн бүтээлдээ урамшаад  хүмүүсийн захиалгаар хэд хэдиийг хийлээ. Энэ болгон манай гэр бүлийн эдийн засагт нэмэр болж  л байгаа юм. Энэ маань бизнес гэхээсээ илүүтэй сэтгэлийн таашаал, бас нэг хэрэгтэй чадвар юм даа.

-Г.Галбадрах: Тийм шүү. Хүүхэд бага наснаасаа ажил хийж сурах тусмаа урамшиж, улам ч ихийг сурахыг хичээдэг. Эндээс л “эрхийг сурахаар бэрхийг сур” гэдэг сургааль гарсан биз.

-Т.Тэмүүлэн: Би Америкт анх ирээд” хүүхэд харах” ажил хийж байлаа. Дараа нь арай том болоод  зуны амралтаараа барилгад будгийн ажил хийж байв. Тэгээд принтерийн хор цэнэглэдэг үйлдвэрт ажилласан. Тийм ажлууд хийгээд цалин авахаараа урамшина. Өөрийн хийсэн хөдөлмөрийн хөлсөөрөө өөрийн хэрэгцээгээ ханган гэдэг аав ээждээ тус болж байгаа нэмэр юм. Аав ээж минь надад мөнгө зарцуулах шаардлага багасахаар  гэр бүлийн шийдэх ёстой олон асуудлаа шийдэх боломж нь нэмэгддэг. Би тэр хэрээрээ багаасаа л “биеэ дааж” сурч байгаа юм. Бас өөртөө итгэлтэй болж, ирээдүйгээ өөдрөг харж чаддаг болно.

-Г.Галбадрах: Их баярлалаа. Чиний яриа их сонирхолтой байлаа. Америкт өсч өндийж байгаа монголчуудын шинэ үеийнхний нэгэн төлөөлөл. Та нар бас Монголчууд бидний ирээдүй. Сургуулиа амжилттай төгсөж, зорьсон зорилгодоо заавал хүрээрэй. Амжилт хүсье.

-Т.Тэмүүлэн:  Танд бас их баярлалаа. Монголчууд бид ер нь их өвөрмөц хүмүүс шиг байгаа юм. Юмыг их амархан сурдаг. Ямар ч юмыг хийхдээ өөртөө амар хялбар арга болон замыг заавал олж сонгож байдаг. “Үүнийг ингээд хийчихвэл илүү хялбар байх юм” гэж дандаа сайжруулж харна. Хаана боломж нь илүү сайн байна, түүн рүү тэмүүлдэг. Тийм ч болохоор “бидний үе илүү мундаг байж чадах юм” гэж би хааяа боддог юм. Бүх монголчууддаа амжилт, бас сайн сайхан ирээдүйг ерөөе.

…Бид 2 ярилцлагаа дуусгаад тэдний гэрт зочиллоо. Ээж нь, Тэмүүлэнгийн  дүү Дөлгөөн,” бяцхан гүнж” Мишээл нар биднийг шарсан загасаар дайллаа. Дөлгөөнийг нугардаг, бас Чикаго хотод болж байсан  “Америкийн Монголчуудын Мисс”-ийн тэмцээнд оролцож түрүүлж байсныг мэдэх юм. Дөлгөөн одоо Байгаль Орчны Инженерийн чиглэлээр суралцахаар бэлтгэж байгаа юм билээ.  Энэ тухай дурдахдаа Тэмүүлэн, “Ах нь уурхай ажиллуулж, дүү нь нөхөн сэргээлт хийх юм” гэж хошигнон өгүүлсэн. Аав нь ажилтай, эзгүй байгаа ч түүний мэндийг надад ээж нь дамжуулсан. Америк хэмээх их гүрэнд өөрсдийн орон зайгаа эзэлж, нэгэн зорилгын төлөө “баг” болон зүтгэж байгаа тэдний гэр бүл надад сайхан сэтгэгдэл төрүүлсэн. Монголын ирээдүй болсон “шинэ үеийнхэн” өөртөө итгэлтэй, өмнөө зорилготой, өөдрөг ирээдүй рүү бардам харж байна. Тэгэхээр бид ирээдүйдээ итгэхгүй яах юм бэ?  Та нартаа амжилт хүсье.
…Жич: Т.Тэмүүлэн уул уурхайн сургуульд үзэж судалсан лекцүүдээсээ орчуулж өөрийн нээсэн шинэ сайтдаа байршуулж байгаа юм билээ. Үүнийгээ тэрээр “Монголдоо, өөр хаана ч юм бэ, энэ мэргэжлээр суралцаж байгаа оюутнуудад хэрэг болж магадгүй” гэж тайлбарласан юм. Хэрэв сонирхвол, түүний бусдад дэм болох гэсэн сайхан сэтгэлийн орон зайг мэдэрч болох юм.
\ http://intro2mining.webs.com/ \

Mar 11

Боловсрол бол хүний зөв зам

By gala-admin | ЯРИЛЦЛАГУУД

Чимэдрэгзэнгийн Болорцэцэг

\цуврал ярилцлага-06\

…Энэ 2-р сарын 23 ны өглөө Сиэтлээс надтай хамт  Беллингхем рүү явахаар Отгоо, Осорбал хоёр ирлээ. Монгол дахь АНУ-ын ЭСЯ-нд 18 жил ажилласан Отгоо Монголоос ирээд удаагүй, одоогоор машин сайн барьж сураагүй гэдгээ учирласан боловч “жолооч л бол жолооч” гэдэг дүрмээр тэр машинаа барьж явсан юм. Бид танилцаж, монголчуудын уламжлалаар бяцхан “улстөржиж” явсаар Беллингхем хотод ирэв. Харин Осорбалын санал болгосноор бид Баруун Вашингтоны Их Сургуулийн номын санд шууд очлоо. Осорбал маань тэндээс ном авч уншдаг юм байна л даа. Тэрээр өмнө авсан номоо буцааж өгөнгөө надад уг номын санг сонирхуулсан юм. Америкт анх удаа тийм их монгол номтой номын санг үзээд гайхсанаа нуух юун. Эрт дээр үеийн ховор номнуудаас эхлээд орчин үеийн утга зохиол хүртэл Монголын бараг 15 000 орчим ном байдаг гэнэ. Тэднийг төрөлжүүлэн ангилж, хэд хэдэн тасагт байрлуулжээ. Тэнд бид бараг цаг гаран болсны дараа миний уулзаж ярилцахаар зорьсон Ч.Болорцэцэгийн зохион байгуулж байгаа Монголын цагаан сарыг тэмдэглэнгээ “Монголыг сурталчлах өдөрлөг” болох сургуулийн танхимыг зорьсон юм.

                           Нэг. Намтрын товчоон

-1991 онд Архангай аймгийн Их Тамир сумын 10 жилийн дунд сургуулийг төгссөн
-1997 онд МУИС-ийн Хууль Зүйн Сургуулийг хуульч-эрхзүйч мэргэжлээр төгссөн
-1997-1999 онуудад Архангайн Их Тамир суманд Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажилтан
-1999-2000 онуудад “Улаанбаатар” Олон Улсын дунд сургуульд багш
-2000 оны 8 сард АНУ-д ирсэн
-2004 онд Баруун Вашингтоны Их Сургуульд  эдийн засгийн удирдлагаар мастерийн зэрэг хамгаалсан
-2004 онд Sound Essence Project  ТББ -ыг байгуулав
-2004- 2007 онуудад Whatcom Education “Кредит Юнион”-д санхүүгийн ажилтан, санхүүгийн албаны даргаар ажиллав
-2007 оноос одоог хүртэл Whatcom Education “Кредит Юнион”-д аудитийн албаны захирлаар ажиллаж байна.
-2010 онд “Хөх тэнгэр” ТББ-ыг үүсгэн байгуулав
-2011 оноос одоог хүртэл Беллингхем хотын “Эгч дүү хотуудын захирлуудын зөвлөл”-д Архангай аймгийн Цэцэрлэг хотыг хариуцан ажиллаж байна.

Хоёр. “Хөх тэнгэр” боловсролын төсөл

-Г.Галбадрах:Америкт ирээд л Беллингхемд суурьшсан уу?
-Ч.Болорцэцэг: 2000 онд АНУ-д ирэхдээ Беллингхэмд  суурьшсан. 2002 оноос Баруун Вашингтоны Их Сургуульд  эдийн засгийн удирдлагаар мастерт суралцлаа. Тэр сургуулийг төгссөн анхны монгол оюутан байсан шүү. 2 жил суралцаж төгссөн. Тэр үед би бараг ганцаараа монгол байсан байх шүү. Энд ирсэн эхний хоёр жилд миний дотны найз Тунгаа маань энд амьдардаг байсан л даа. Найз маань 2002 оны эхээр өөр хот руу нүүгээд явчихсан юм.

-Г.Галбадрах: Тэр үед энд ганцаараа монгол бүсгүй байсан болохоор содон байсан болов уу?
-Ч.Болорцэцэг: Тэр үед энд монголчууд бараг байгаагүй болохоор Монголын тухай бараг мэдэхгүй. Хүмүүс намайг монголоос ирсэн гэхээр сониучирхаж янз бүрийн зүйл асууна. “Чи Хятадын Монгол уу, Оросын Монгол уу?” гэж асуунгаа “чи миний уулзаж байгаа анхны монгол хүн” гэж тодотгоно.  Тэр болгоны дараа “би монгол хүн болохоор муу явж муухай харагдаж болохгүй юм байна” гэж бодохоос гадна эдэнд Монголоо сурталчлах санаа төрсөн юм. Бид Монголдоо байхад бол Архангайнх, Өвөрхангайнх, Баянхонгорынх гэж дууддаг байсан бол гадагшаа гараад явахаараа зөвхөн Монголоороо л овоглогддог. Тэндээс л миний одоо хийж хэрэгжүүлж байгаа ажлууд эхэлсэн дээ.

-Г.Галбадрах: Монголын хөдөөний оюутнуудад тэтгэлэг олгох ажлаа эхэлсэн хэрэг үү?

-Ч.Болорцэцэг: 2004 онд сургуулиа төгсөөд, нэг америк найзтайгаа хамтраад  “Sound Essence Project” нэртэй ТББ байгуулж ажиллаж эхэлсэн юм. Анхны удаад хөдөөний 5-6 охидуудад  их, дээд сургуульд сурахад нь дэмжлэг болгон тэтгэлэг олгож эхэлсэн. Тэр бол миний дотроо санаж явсан зүйл л дээ. Ер нь хүн боловсролтой л байвал юунд ч хүрч болно. Гэтэл хөдөөд сайн сурах хүсэлтэй, чадвартай хэрнээ амьдралын боломж нь тааруу айлын хүүхдүүд  олон байгаа. Тэдэнд тулгарч байгаа том хүндрэл нь сургалтын төлбөр байдаг. Хэрэв тэдэнд тусалж чадвал цаашдын амьдралд нь тус болох юм гэж бодсон хэрэг.

-Г.Галбадрах: Энэ тэтгэлэг тань нэг удаагийнх байсан уу? эсвэл үргэлжлэх хугацаатай байв уу?

-Ч.Болорцэцэг: Сургуульд орсон 1-р курсээс нь эхлээд 4-р курсийг нь төгстөл нь олгож байгаа. Анхандаа зөвхөн эмэгтэй хүүхэд гэж сонгож байснаа, аажимдаа эрэгтэй хүүхдүүдийг ч хамруулсан. Эхний хүүхдүүд нь сургуулиа төгсөөд ажиллаж байгаа.

-Г.Галбадрах:Тэгэхээр Монгол руу хандсан санаачлага тань “хүүхдүүдийн төлөө” гэх сэтгэлээс үүджээ
.
-Ч.Болорцэцэг: Бас монгол хүүхдүүдийн зурсан зургуудыг авчруулаад энд 3 ч удаа үзэсгэлэн гаргасан юм байна. Орой ажлаасаа ирээд сууж тэдний зургуудыг жаазалж, тайлбрыг нь орчуулж бэлтгэнэ. Үзэсгэлэнгээ үзэх гэж ирсэн хүмүүст Монголын тухай, монгол хүүхдүүдийн тухай ярьж тайлбарлана.” Монгол гэдэг чинь жижигхэн ч улс биш, 2 том улсын дунд оршиж байгаа болохоор жижигхэн харагдаад байгаа болохоос  Техас мужаас 2 дахин илүү том газар нутагтай, дэлхийн түүхэнд Монголын эзэнт гүрэн гэдэг чинь хамгийн том эзэмшил нутагтай байсан” гэхчилэн ярьж өгнө.” Солонгосын хойгоос Европын Унгар улс хүртэлх газар нутаг тэр чигээрээ Монголын эзэмшилд байсан” гэж тодотгоно. Тэгээд одоогийн хөгжил дэвшлийг хүртэл ярьж тайлбарлана. Тэр болгонд бэлтгэхдээ өөрөө ч бас Монголынхоо тухай их зүйл судалж мэддэг болж байгаа юм.

-Г.Галбадрах:Монгол хүмүүс өөрийн амьдарч байгаа газар нутаг болгондоо боломж бүрийг ашиглан Монголоо сурталчлах гэж хичээдэг сайн чанартай юм.  Тэгээд л аажимдаа хүмүүсийн сонирхол дээр түшиглэн илүү боломжуудыг олж хардаг.

-Ч.Болорцэцэг:  2010 онд өөрийн нэр дээрээ “Хөх тэнгэр” нэртэйгээр ТББ-аа байгууллаа. Гол зорилго нь Монголынхоо хөдөөний хүүхдүүдэд боловсролын чиглэлээр дэмжлэг туслалцаа үзүүлэх. 3 чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа.

1.Хөдөөний дунд сургуулиудад суралцаж байгаа  амьдралын боломж муутай айлын бага насны хүүхдүүдэд хичээлийн хэрэгслэл, ном сурах бичиг, дүрэмт хувцас авахад нь зориулж тэтгэлэг олгож эхэлсэн. Гэхдээ тийм хүүхдүүдийг судалж сонгоод, энд байгаа америк хүмүүстэй холбож өгдөг юм. Хүүхдүүдийн зураг танилцуулгыг нь бэлтгээд,  сонирхсон америк хүмүүс  туслах хүүхдээ өөрсдөө сонгож авна гэсэн үг. Америкчууд тийм санаачлагад их дуртай.  Хоорондоо захиа бичилцэнэ. Зөвхөн мөнгө өгч байгаа хэрэг биш, хүнээс хүнд сэтгэлээрээ холбогдож байгаа юм.  Тэгээд л заримдаа надтай уулзахаараа “манай Мөнгөнчимэг хичээлдээ ямар сурч байгаа бол?”, “манай Мөнхзулаар ойрд сонин юутай байгаа бол?” гэж асууна. Монгол хүүхдүүд ч гэсэн тэдэнд захиа бичиж зураг зурж явуулдаг юм, их хөөрхөөн.

2. Архангайн Багшийн Сургууль гэж байснаа одоо бол Улсын Багшийн Их Сургуулийн Архангай дахь салбар сургууль болсон юм билээ. Тэр сургуульд элсэж суралцаж байгаа амьдралын боломж муутай айлын хүүхдүүдэд сургалтын төлбөрөө төлөхөд нь зориулж тэтгэлэг олгож байна. Одоогоор 5 оюутанд ийм тэтгэлэг олгож байгаа. Эхний 2 хүүхэд нь энэ жил сургуулиа төгсөнө. Яваандаа үүнийгээ өргөжүүлэх санаатай байгаа.

3. “Явуулын багш” төслийг нэг жил оролдож үзсэн юм. Булганы Жаргалант суманд хийж үзсэн. Гол нь сургууль завсардсан хүүхдүүдэд боловсрол олгох чиглэл л дээ. Сургуулийн насанд хүрсэн мөртлөө уншиж бичиж чадахгүй хүүхдүүдэд явуулын багшаар хичээл заалгалаа. Нэг багшид цалин өгч явуулж үзсэн. Тэр багш их ч сайн ажилласан. Даан ч зардал нь амаргүй юм билээ.  Унаа унашнаас эхлээд ялангуяа өвөл бүр ч хэцүү. Тэгээд бид энэ төслөө түр зогсоосон.  Уг нь энэ маань хэрэгтэй санаа. Яваандаа үргэлжлүүлэх бодол бий. Гэхдээ Монголд маань одоо интернет, цахим сүлжээ өргөжиж байгаа болохоор үүнийг ашиглаад онлайн хэлбрээр хийх боломжийг сонирхож байгаа. Нэг талдаа Америкийн Homeschool маягийн л санаа . Дээр үед Монголд минь байсан арга зүй шүү дээ.

-Г.Галбадрах: “Явуулын багш” төслийг нэг үе хөдөөд туршиж үзэж байсан л даа. Уг нь “хэрэгтэй санаа” гэдэгтэй санал нийлж байна. Гэхдээ аргаа сайн олохгүй л байх шиг байгаа юм.  Одоогоор ер нь хичнээн хүүхэд залууст тэтгэмж олгоод байна вэ?
-Ч.Болорцэцэг: Өнгөрсөн жилийн хувьд сурагч оюутнууд нийлээд 100 орчим хүүхдүүдэд тэтгэмж олгоод байна. Саяхан Цэцэрлэг хотод шинээр 20 хүүхдэд тэтгэлэг олгосон юм. Харин түүн дээр Архангай аймгийн удирдлагууд ирж оролцсон байна билээ. Аймгийн маань удирдлагууд бидний хийж байгаа ажлыг дэмжээд энэ үйл ажиллагаанд оролцсон нь надад маш их урам өгсөн шүү.

-Г.Галбадрах: Ийм санаачлага гаргаж ингэж их зүйл бүтээж байхад бусдаас өгөх дэмжлэг, урам их чухал зүйл л дээ. Би үүнтэй санал нийлж байна.

-Ч.Болорцэцэг: Тэтгэлгийг авч суралцаж байгаа хүүхдүүд бидэнд ямар сайхан үгтэй талархлын захидал бичдэг гээч. Зарим нь зурсан зургаа явуулна.  “Болор оо эгч ээ , ёстой их баярласан шүү” гэхэд л бид урам ороод явчихаж байгаа юм. Дээд сургуульд суралцаж байгаа нэг оюутан минь өнгөрсөн жил сургуулийнхаа “оны шилдэг оюутан” болсон. Бас нэг оюутан нь бүх хичээлдээ “онц” сурч байна.  Эхлээд тэтгэлэг өгч байгаа оюутнуудтайгаа уулзаж ярилцахад их л бүрэг ичимхий байдаг. Гэтэл жилээс жилд тэд эрс өөрчлөгдөж, яриа хөөрөө, санаж бодож байгаа зүйл нь хүртэл шал ондоо болчихож байгаа юм.  Гол нь тэд өөртөө итгэлтэй хүмүүс болж хөгжиж байна. Ингээд бодохоор заримдаа хүмүүст хэрэгтэй үйл хийж байгаадаа баярлаж урамшдаг юм.

-Г.Галбадрах: Тэтгэмж олгох санхүүжилтээ яаж олж байна вэ?

-Ч.Болорцэцэг: Ихэвчлэн хувь хүмүүсийн  хандиваар. Би өөрөө энд тэнд яриа уулзалт хийгээд олсон орлого, бас жил бүр “Хөх тэнгэр”  “Эгч дүү хотууд”-ын зөвлөлтэй хамтран зохион байгуулж байгаа марафон гүйлтийн орлого зэргээс санхүүждэг юм. Гол нь хийх гэж байгаа ажлаа хүмүүст зөв сайнаар ойлгуулах, бас тэдний өгсөн хандивыг хэрхэн юунд зарцуулсан тухайгаа эргээд тэдэнд тайлагнаж байх нь их чухал юм билээ. Хандив өгч байгаа хүмүүс чинь мөнгөө барж ядсан баян хүмүүс биш шүү дээ. Сайхан сэтгэлээр л дэмжиж байгаа хэрэг. Яваандаа үйл ажиллагаагаа илүү өргөжүүлж чадвал төслийн маягаар ажиллах санаа бий. Одоо би өөрөө банкны салбарт ажилладаг болохоор энэ ажилдаа илүү их анхаарч амжихгүй л байна даа.

-Г.Галбадрах: Тэтгэлэг өгөх хүүхэд оюутнуудаа яаж сонгож авдаг юм бэ? Тодорхой шалгуур байх уу?

-Ч.Болорцэцэг: Дунд сургуулийн хүүхдүүдийн хувьд сургууль, багш нарын тодорхойлолтыг үндэслэдэг юм. Оюутнуудын хувьд өргөдлийн маягттай. Тэдний бөглөсөн өргөдлийн маягтыг аваад эндээ сонгоно. Мэдээж ах дүү болон танил хүмүүсээсээ тодруулж асуух тохиолдол ч гарна. Миний энэ ажлыг манай аав ээж ах дүү нар их дэмжиж тусалдаг юм. Аль болохоор  сайн сурч,  өндөр боловсролтой болохыг хүсдэг хэрнээ санхүүгийн боломж муутай айлын хүүхдүүдийг олж сонгохыг хичээдэг. Тийм хүүхдүүд эргээд бусдад туслахыг хичээдэг сайн талтай.

-Г.Галбадрах:”Хөх тэнгэр”-ийн хувьд цаашдын үйл ажиллагааны төлвөө хэрхэн төсөөлж байна вэ?

-Ч.Болорцэцэг:”Хөх тэнгэр”-ийн хувьд  цаашдаа зөвхөн боловсролын чиглэлээ л голчилно.  Юм юманд үсчээд байвал амжилтад хүрэхэд амаргүй. Тэгээд ч хийж чадахгүй. Өлсөөд  даараад явж байгаа хүмүүст хоол, хувцас хэрэгтэй. Гэхдээ энэ нь амьдралын баталгаа болохгүй. Нэг өдөр цадаад, хэдэн өдөр дулаан явах л биз. Миний хамгийн их айдаг зүйл нь  “монголчууд маань юу ч хийхгүй хэрнээ бусдаас алгаа тосоод  юм гуйгаад суудаг ” болчих вий гэдэг бодол. Арай ч тийм болчихгүй байх л даа. Монголын засгийн газраас одоо хүмүүст тараагаад  байгаа бэлэн мөнгөө больчихоод, өөр хэрэгтэй зүйлд, ард  түмнийхээ боловсролд зарцуулж яагаад болдоггүй юм бол? Хүн боловсролтой болчих юм бол бүх зүйлийн үүд хаалга нээгдэж, маш олон боломжууд тэр хүний өмнө бий болно гэсэн үг. Монголчуудын маань хувьд өнөөдөр хамгийн чухал зүйл нь боловсрол. Би өөрөөрөө жишихэд л  тэгж мэдэрч байгаа.

-Г.Галбадрах: Энэ тань маш сайхан санаачлага, бас амжилттай хэрэгжиж байгаа бодит ажлууд байна. Үүний төлөө чамд талархаж байнаа. Мэдээж энэ санаачлага, арга туршлагыг тань Америкт ажиллаж амьдарч байгаа олон хүмүүс мэдэж дэмжээсэй гэж хүсч байнаа.

-Ч.Болорцэцэг:  Баярлалаа.  Би нээрээ сүүлийн үед нэг юм бодоод байгаа. Америкт суралцаж байгаа монгол оюутнуудад боломжоороо туслах санаа. Мэдээж тэдэнд сургалтын төлбрийг нь төлөх хэмжээнд тэтгэлэг олгож чадахгүй л дээ. Гэхдээ ядаж 500-1000 долларын тэтгэлэг олгох юм сан гэж бодоод л байна. Хэрэв манай вэб хуудсаар ороод мэдээлэл авч, санал бодлоо солилцвол бид ч бас ийм зүйл хэрэгжүүлж эхлэх санаа бий. Нөгөө талаар би энд байсаар байгаад Америк даяар байгаа монголчуудтайгаа нэг их холбогдож чадахгүй байлаа. Одоо тантай ярилцаад тийм холбоос үүсгэхийг бас хүсч байнаа. Ажаад байхад Америкийн хот хотуудад байгаа нийгмийн идэвхитэй, бас олон төрлийн үйл ажиллагаа санаачилж хэрэгжүүлж байгаа хүмүүс бие биетэйгээ холбогдоод бие биенээ дэмжээд байдаг юм шиг.

…Тэрхүү өдөрлөгт Беллингхем хотод ажиллаж амьдардаг нилээд олон америкчууд, цөөхөн монголчууд, Сиэтл хотод саяхан байгуулагдсан “Монгол оюутны Холбоо”-ны 10 гаруй залуус ирсэн байв. Монгол үндэсний хувцсаар гоёсон Ч.Болорцэцэг уг арга хэмжээг нээж англи монголоор үг хэлсний дараа өргөн дэлгэр золголт боллоо. Монгол үндэсний бүжиг, морин хуурын аялгуу, хөөмий, бас Америкийн үндэсний хөгжмийн тайлбар тоглолтууд  энэ арга хэмжээний уянга эгшиг нь болсон юм. Цагаан сарын идээ будаа, бууз, монгол үндэсний хоол, зуушнууд энэ арга хэмжээний амтыг тодорхойлж байв. Монгол үндэсний хувцсаар гангарсан америкчууд монголоор мэндэлж золгон зарим нь хөөрөг гарган тамхилж байгаа нь хавьгүй содон. Ч.Болорцэцэг маань Ш.Гүрбазарын “Би Монголоороо гоёдог” шүлгийг монголоор уран яруу уншихад Саймоны орчуулгаар англи хэл дээр нэгэн америк залуу бас уншлаа. Монгол оюутнууд энэ арга хэмжээний хүндэт зочид бас дэмжигч нь байж олон сайхан зүйл бэлтгэж ирсний дээр тоглолтын төгсгөлд “Халуун элгэн нутаг” дууг хамтдаа дуулсан нь арга хэмжээний оргил нь болов.  Америкийн баруун эргийн энэ жижигхэн хотод энэ өдөр монгол дуу хуур эгшиглэж, монгол хэл соёл, зан заншил дэлгэрч байгаа нь Ч.Болорцэцэгийн олон жилийн хичээл зүтгэлийн үр шим юм.  Бахархалтай, бас сайхан байлаа, энэ өдөр.

Гурав: Эгч дүүс хот

-Г.Галбадрах: Беллингхем хот дэлхийн 7 орны тус бүр нэг хоттой “эгч дүү хот”-ын харилцаатай байдаг юм байна. Энэ ажил яаж эхэлсэн юм бол?
-Ч.Болорцэцэг:1956 онд энэ ажил эхэлсэн юм билээ. Улстөрийн биш, шашны биш ажиллагаагаар  дэлхийн хүмүүс хоорондоо холбоотой байх зорилгоос үүдсэн гэсэн. Энэ дэлхийд амьдарч байгаа хүмүүс америк, хятад, орос, солонгос, англи үндэстэн  гэдгээс хамаарахгүйгээр, “хүн” гэдэг талаас нь харах юм бол нэг их ялгаа байхгүй. Хүсэл мөрөөдөл, зорилго, зовлон жаргал, баярлах гомдох нь ав адилхан. Бидэнд адилхан байх юм дэндүү олон. Харин улстөр, шашин, өөр ямар нэгэн ашиг сонирхлоороо хуваагдахаар бие биенээсээ ялгарч эхэлдэг. Тэгээд үүнээс болж бидний хооронд зөрчил үүсч эхэлдэг. “Эгч дүү” хотын зорилго нь энэ ялгарлыг биш, хүмүүс бид адил төстэй зүйлээрээ ойр дотно байж илүү сайнаар ойлголцохын тулд л юм уу даа. Би тэгж л ойлгодог юм.

-Г.Галбадрах: Би Баруун Вашингтоны Их Сургуулийн монгол номын санг сая үзлээ. Ийм том номын сан байна гэж төсөөлөөгүй. Ийм номын сан байгаа нь энэ хотод Монголыг сурталчлах нэгэн боломж нь болох юм уу даа.

-Ч.Болорцэцэг: Миний амьдарч байгаа Беллингхем хотын Баруун Вашингтоны Их Сургууль нь Хойд Америкийн хэмжээнд хамгийн олон монгол номтой номын сантай. Бараг 15 000 орчим монгол номтой байх шүү. Энд ирснийхээ дараа гэрээ санаад л тэр номын санд очиж суун монгол номоо уншдаг байв. Энэ номын сан надад их ч боломжийг олгосон. Бас Монголоо сурталчлах санаа ч эндээс биелэлээ олсон. 2002 оноос хойш бараг 7-8 жил надаас өөр монгол хүн бараг байгаагүй байхаа.  Гэхдээ Монголыг сурталчилсан зөндөө л ажлууд хийж байсан болохоор хүмүүс нилээд мэддэг болсон байх. Хүмүүс заримдаа “Энд монголчууд олон байдаг байхаа, Монголыг сурталчилсан арга хэмжээ их болох юм” гэж асуудаг байсан гэсэн. Тэгэхээр нь миний танилууд “Үгүй ээ ганцхан монгол бүсгүй байдаг юм” гэж хариулдаг байж. Сүүлийн жилүүдэд монгол оюутнууд нэмэгдээд сайхан болж байнаа.

-Г.Галбадрах: Өнөөдрийн арга хэмжээн дээр тань ирсэн зочдыг харахад Монголыг сонирхож дэмждэг америкчууд цөөнгүй байгаа бололтой.
-Ч.Болорцэцэг: Нэг үеийг бодоход энд Монголын тухай нилээд сайн мэддэг болсон шүү. Бидний зохион байгуулсан зарим арга хэмжээний тухай эндхийн сонин хэвлэл дээр гардаг.  Хүмүүс захиа бичиж, утсаар ярина. Монгол руу аялалаар явах гэж байгаа хүмүүс ирж уулзаж зөвлөлгөө авдаг. Манай “Хөх тэнгэр”ийг хамт байгуулсан найз Andrea Gabriel маань надтай тэгж танилцсан юм. Найзууд гурвуулаа Монгол руу аялж явахаар шийдээд монгол хүнийг хайж сураглаж л дээ. Тэгээд сурагласаар намайг олж мэдээд ирж уулзаж байв. Гэртээ монгол хоол хийж байгаад тэдэнтэй уулзаж ярилцсан.

-Г.Галбадрах: Бас нилээд нөлөө бүхий том эрдэмтэд, мундаг хүмүүс Монголыг дэмжиж сурталчлахад оролцож байгаа нь сайхан санагдлаа.

-Ч.Болорцэцэг: Энд байгаа Монголыг сонирхдог, Монголд элэгтэй олон хүмүүс  холбогдож уулздаг болсон. Монголч эрдэмтэн Шварц гуай байна, Монгол дахь АНУ-ын “Энхтайваны Корпус”-ын анхны захирал Chuck Howell, Монгол яруу найргийг англи хэл рүү орчуулдгаараа нэрд гарсан Simon Wickham-Smith гээд олон хүмүүс бий. Шварц гуай Баруун Вашингтоны Их Сургуульд байгаа монгол номын санг байгуулсан юм шүү дээ. Адил сонирхлоороо найзалж нөхөрлөцгөөсөн. Тэгээд л бид Монголын цагаан сар бусад баяруудыг хамтдаа тэмдэглэнгээ уулзаж ярилцана. Эхний үед ийм ажиллагааг гэрээрээ л хийдэг байв.


-Г.Галбадрах:Бас тэд монголоор муугүй ярьж байсан шүү. Монголыг сурталчлахад мэдээж монгол хэл их тулгуур болно.

-Ч.Болорцэцэг: Би энд ирээд жил гаруй болсны дараа, 2001 оноос Баруун Вашингтоны Их Сургууль дээр монгол хэл зааж эхлэв. Гэхдээ зайны сургалт буюу одоогийнхоор бол онлайн хэлбрээр. Хаа байсан Шинэ Зеланд,  Энэтхэгээс хүртэл оюутнууд сурдаг байсан. Сурах бичгээ өөрөө бичлээ. Тэр үед ашиглахаар сурах бичиг олддоггүй ээ. Тэгээд нэг ном харж байгаад дасгалуудаа өөрөө зохиож, зургуудыг нь заримыг нь ашиглаж, заримыг нь энд суралцаж байсан монгол оюутан зурж өгөв. \номоо үзүүллээ\  Тэр сургалтаар бараг 20-иод хүн монгол хэл судалсан байхаа. Ноднин Монголоос нилээд хэдэн хүмүүс Баруун Вашингтоны Их сургуульд дээр ирэхдээ нэг түүх ярьж өглөө. Манай Монголын Ерөнхий сайд Австралид айлчлахдаа хэд хэдэн хүмүүстэй уулзахад тэд монголоор нилээд сайн ярьж байсан гэнэ. Гайхаад “та нар хаана ингэж монгол хэл сураа вэ?” гэж асуухад нь  “Баруун Вашингтоны Их Сургуулийн зайны сургалтын шугамаар сурсан юм аа” гэж хариулсан гэдэг. Тэгэхээр тэр сургалт маань ямартай ч хүмүүст хэрэг болсон бололтой.

-Г.Галбадрах:Сайхан түүх байнаа. Энэ хийж байсан бүхэн тань хожим нь “эгч дүү” хотын харилцаа үүсэхэд нөлөө болсон болов уу?
-Ч.Болорцэцэг: Аль эрт социализмын үед л Беллингхим хот, Монголтой монголч эрдэмтэн Шварц гуайн ачаар холбоотой байсан юм билээ. 1980-аад оны эхээр доктор Шварц гуай Монгол руу явж байсан гэдэг. Беллингхем хот одоо бол 7 орны хотуудтай “эгч дүүс”-ийн холбоотой байгаа. Бидний найз нараас хэд хэдэн хүн “Эгч дүү” хотуудын зөвлөлд байдаг байсан. Бид нэг удаа уулзаж сууж байгаад “Яагаад Беллингхем хот Монголын аль нэг хоттой эгч дүү байж болохгүй гэж?” ярилцлаа. Бүгд л дэмжсэн.Тэгээд аль хотыг сонгох вэ? гэж ярилцлаа. Эхлээд Эрдэнэтийг сонгосон чинь Эрдэнэт маань Аляскатай холбогдсон байв.  Тэгээд л Архангайн Цэцэрлэг хотыг сонгосон.

-Г.Галбадрах:Архангайн Цэцэрлэг хотыг сонгох болсон шалтгаан нь? Мэдээж төрсөн нутаг гэдэг нь нөлөөлсөн байх л даа.
-Ч.Болорцэцэг:  Төв суурин газар байгаа хүмүүс харьцангуй мэдээлэл сайтай, боломж нь илүү, хөдөөний алслагдсан нутаг болохоор ийм боломж дутмаг.  Нөгөө талаас Архангай миний нутаг. Ядаж л хүмүүсийг нь таних болохоор ойлголцож ярилцахад амар гэдэг талаас нь бодсон хэрэг. Тэгээд л эндхийн  “хотын хурал”, “эгч дүү хотуудын зөвлөл” зэрэг газруудаар очиж хүмүүстэй нь уулзаж танилцуулга, сурталчилгаа хийж эхлэв. Түүний тулд баахан сурталчилгааны материал, үзүүлэн, самбрууд  хийж авсан.Хүмүүс Монголын тухай юу ч мэдэхгүй. Тэгээд л хүмүүст бүр эхнээс нь “Монгол улс хаана байдаг, газарзүйн байрлал, хүн ам. зан заншил, хэл соёл” гэж эхлээд өнөө үеийг хүртэл хамруулан үзүүлж тайлбарлана. Нэг газар очоод хүмүүст тайлбарлахаар хэн нэг нь “өө чи тийм газар очоод  хүмүүст яриа хийгээд өгөөч” гэнэ. Хэдэн самбруудаа бороонд норгохгүй гэсэндээ гялгар уутанд хийгээд л авч явж газар газар очиж яриа таниулга хийж байлаа. Бараг 2 жил ингэж явсан даа.

-Г.Галбадрах:Энэ оролдлого нь өөрөө том асуудал болохоор тэгтлээ амархан бүтээгүй байх. Гэхдээ бүтээж чадсан нь их том амжилт юм уу даа.

-Ч.Болорцэцэг:   Би үүнийг хөөцөлдөж явахдаа “Эгч дүү хотуудын зөвлөл”-д өөрийнхөө нэрийг дэвшүүлж байгаад орчихсон юм. Тэгээд хэлэлцэх хуралдаан дээр би болоод манай найз нар санал өгснөөр шийдэгдсэн дээ.  Энд орсноор зөндөө олон хүмүүстэй танилцаж, найз нөхөд болсон байсан. Нэг ёсондоо тактик хэрэглэсэн гэх үү дээ. \инээв\Шийдвэрлэх хурал дээр “Цэцэрлэг хотыг эгч дүү болгох уу?”гээд санал хураахад миний бүх найз нар зөвшөөрсөн санал өгчихөж байгаа юм. Шийдвэр гарсны дараа,  Монголд очиж гарын үсэг зурах болоход эндээс 10 гаруй хүнтэй нилээд том бүрэлдэхүүн явлаа. Архангайн Цэцэрлэг хотын дарга болоод аймгийн удирдлагууд их сайхан хүлээж авсан. Архангайн Өндөр-Улаан, Их Тамир, Тариатаар аялцгаав.

-Г.Галбадрах:”Эгч дүү хот” болсны дараа Монголын төлөөлөгчид ирсэн үү?

-Ч.Болорцэцэг: Түүний дараа Цэцэрлэг хотын дарга, нэгдсэн эмнэлгийн дарга гээд албаны 5 хүн Беллингхем хотод айлчилсан.Тэднийг энд ирэхэд нь “та нар юу сонирхож байна, ямар газруудаар орж үзмээр байна? ” гэж асуусан л даа. Манай хэдэн найз нар бүх зүйлийг нь зохион байгуулж, үзүүлсэн. Энд их том эмнэлэгтэй. Тэр эмнэлгийн дарга нь өөрөө тэднийг хүлээж авч уулзсан. Тэд энэ айлчлалаар эмнэлэг, хот тохижилт, хог хаягдлаа шийдэж байгаа байдал зэргийг голчлон сонирхож танилцав. Хог хаягдал хариуцсан 3 том компани дээр очиж бүх зүйлийг нь өөрсдийн нүдээр үзсэн. Мэдээж тэдэнд хэрэг болгон сонирхох олон зүйл байсан байх. Энэ жилээс Архангай аймгийн хэмжээнд хог хаягдлаа яаж шийдэх талаар ярьж эхэлж байгаа гэсэн. Энэ бол бага боловч үр дүн юм даа.

-Г.Галбадрах:Сайхан эхлэл байна. Эхлэл болгон цаашаа илүү өргөн боломжуудыг дагуулдаг байх.
-Ч.Болорцэцэг: Жил болгон Беллингхем хотод спортын олон төрөлтийн тэмцээн болдог юм. 3 жилийн өмнө энэ тэмцээн зохион байгуулагдсаныхаа 100 жилийн ойгоо тэмдэглэсэн л дээ.  Цэцэрлэг хотыг “эгч дүү хот” болгохоор ярьж байх үед, энэ тэмцээнд Цэцэрлэг хотын ТГ-т ажилладаг  Гансүх гэдэг залууг оролцуулахаар урьж авчирсан юм. Зардлыг нь хүмүүсээс хандив цуглуулж босгосон.  Энэ тэмцээн нь 7 төрлөөр явагддаг. Цана, дугуй, гүйлт гэхчилэн. 4000-5000 хүн оролцож, нээлтэнд нь зориулж их том парад болдог. Беллингхемийн өөрийнх нь зохион байгуулдаг хамгийн том баяр юм л даа.  Параданд нь Монголын төрийн далбаагаа барьж оролцоход их сайхан байсан шүү. Биднийг параданд Монголынхоо далбааг бариад жагсаж явахад нэг америк хүн “сайн байна уу?” гэж монголоор дуудаад бидэнтэй ирж уулзаж байсан. Шарлинтай тэгж танилцсан юм.  “Манай нөхөр Энхтайваны корпусын Монгол дахь анхны захирлаар ажиллаж байсан юм” гэж яриад бидэнтэй утас мэдээллээ солилцож байв. Энэ чинь 2011 оны хавар юм байна. Дараа нь 2012 онд Беллингхемийн эгч дүү 7 хотуудын тамирчдаас бүрдсэн баг байгуулж тэмцээнд оролцуулахад Архангайгаас Цэцэрлэг хотын 2-р 10 жилийн сургуулийн англи хэлний багш Батсайхан гэдэг залуу ирж оролцлоо. Энэ жилийн тэмцээний урилгыг сая явуулсан байгаа. Жил болгон нэг хүнийг энэ шугамаар авчирч оролцуулаад байх бодолтой байгаа.

-Г.Галбадрах:Ирж тэмцээнд оролцоод явж байгаа хүн болгон энэ харилцааны талаар маш сайн сурталчилгаа болно. Дээр нь тэд өөрсдөө хувь хүнийхээ хувьд ч маш олон зүйлийг ойлгож авдаг байх.
-Ч.Болорцэцэг: Архангайгаас ажил хэргийн шугамаар энд ирж байгаа хүмүүс зочид буудалд буулгүй айлд суудаг юм.Тэднийг гэртээ байлгахыг хүсдэг америкчууд бий. Тэд тэр хүмүүсийг дагуулж яваад зөндөө юм үзүүлдэг. Ирж байгаа хүмүүс ч гэсэн америкчуудын амьдралыг нүдээр үзэж, биеэр мэдэрч байгаа юм. Нэг талаар хүнээс хүнд хандсан харилцаа юм даа. Монгол хүн, америк хүмүүс хоорондоо танилцаад дотно сайнаар ойлголцож байна гэдэг сайхан зүйл. Энэ чинь бага зүйл биш.

-Г.Галбадрах:Тийм шүү. Хүмүүсийг хооронд нь холбож өгнө гэдэг том тус. Харин ийм холбоос болон боломжуудыг маш сайнаар ашиглаж чадвал, тэр тусмаа ардчилал хөгжсөн, хүний эрхийг дээдэлж, хариуцлага тооцож сурсан Америк орноос өөртөө  хэрэгтэй маш олон зүйлийг олж авч чадна.

-Ч.Болорцэцэг: Тийм ээ.  Хүмүүс  өөрийн ажлын чиглэлээрээ хэрэгтэй хүнтэйгээ холбогдох нь хамгийн чухал юм шүү дээ. Нэгэнт холбоод өгч байхад түүнийгээ маш сайнаар ашиглаж чаддаг байх хэрэгтэй юм шиг. Миний хувьд хүмүүсийг холбож өгөхийг л хүсдэг. Түүнээс биш юм болгоныг нь зааж зөвлөөд, “чи одоо ингэ, тэг” гээд байх хэрэггүй гэж боддог. Миний хийж чадах зүйл бол тэнд байгаа хүмүүсийг энд байгаа хүмүүстэй нь холбож өгөх “гүүр”.  Миний ажлыг дэмжиж фото зураг авч өгдөг Лорен гэдэг хүн бол Баруун Вашингтоны Их Сургуулийн профессор. 2011 онд надтай хамт Монгол руу явж Архангайн Багшийн Сургуульд 2 долоо хоног ажилласан. Бид яваандаа Архангайн Багшийн Сургуулийг  эндхийн Баруун Вашингтоны Их Сургуультай холбож, хамтран ажилууллах санаатай байгаа. Хэрэв тэгж чадвал багш нар болон оюутнуудыг солилцож үр дүнтэй ажиллах боломж бүрдэх юм. Гэхдээ энэ асуудал шийдэгдтэл 2-3 жил болох байх. “Санаж явбал бүтнэ” гэдгээр болох байхаа.

-Г.Галбадрах: Энэ харин маш сайхан санаа болон боломж байна даа. Чи хичээл зүтгэлээрээ энэ бүх боломжуудыг гаргаж өгч, бусдын сэтгэлд хүрэх ажил хийж чадаж байхад чамайг дэмжих хүмүүс улам ч нэмэгдэнэ. Тэр хэрээр ажил хэрэг ч бүтэмжтэй болдог.
-Ч.Болорцэцэг: Эгч дүү хотуудын холбоо, манай “Хөх тэнгэр” -тэй хамтраад “Хийморь” нэртэй марафон гүйлтийн уралдаан зохион байгуулж байгаа. Энэ жил гуравдахь удаагийн гүйлт болно. Хүмүүсийн тэмцээнд оролцохоор төлж байгаа мөнгө нь “Хөх тэнгэр”-ийн санхүүжилтэд зарцуулагддаг юм. Ер нь тэгээд өөрийн зүгээс хийж байгаа бүх л зүйлүүдээ “эгч дүү хотууд”-ын үйл ажиллагаатай уялдуулахыг хичээж байгаа. Миний бүх л зохион байгуулж байгаа ажиллагаанд хэдэн найз нар минь их дэмжиж оролцдог юм. Сүүлийн үед монгол оюутнууд маань их туслах болсон. “Болор оо эгч ээ туслах юу байна, хэрэг болохоор хэлж байгаарай” гэнэ. Эдний тусламж дэмжлэггүй бол би юу хийж чадах юм бэ? “Дэм дэмэндээ” гэдгээр хүмүүсийн сайхан сэтгэлийн дэмжлэгээр л ажил хэрэг явж байна шүү дээ.

Дөрөв:  Америк дахь орон зай


-Г.Галбадрах:Харин одоо чиний эрхэлж байгаа ажлын талаар ярилцвал болох уу?

-Ч.Болорцэцэг: Би Баруун Вашингтоны Их Сургуулийг мастераар төгсөөд Whatcom Education “Кредит Юнион”-д ажилд оров. Анх энд санхүүгийн ажилтан гэж ороод яваандаа санхүү эрхэлсэн дарга нь болж дэвшсэн. Дараа нь байгууллагаа өргөжөөд ирэхээр нь аудитын алба байгуулах хэрэгтэй болсон. Би чинь МУИС-ийн хуулийн ангийг төгссөн болохоор хуулийн мэдлэгтэй. Дээр нь санхүүгийн мэргэжилтэй болохоор намайг энэ ажлыг хариуцаж ажиллахыг санал болгосон юм. Тэгээд одоо энэ байгууллагадаа аудитын албаны захирлаар ажиллаж байна.

-Г.Галбадрах: “Кредит Юнион” нэртэй банкууд энд тэнд зөндөө л тааралддаг. Гэхдээ би энэ талаар мэдлэг нуутай. Нэг их сонирхож байгаагүй юм байна.

-Ч.Болорцэцэг: Энэ нь Төрийн Бус Байгууллага. Монголд байгуулагдаж байсан “Хадгаламж Зээлийн Хоршоо” болон уламжлалт банкнуудаас огт өөр л дөө. “Кредит Юнион” нь 19-р зууны эхээр  Европт анх үүссэн гэдэг. Жишээ нь, тариачид өөрсдийн бизнесээ өргөжүүлэхэд том банкнаас зээл авч чаддаггүй. Тэгэхээр нь өөрсдөө мөнгөө нийлүүлээд биеэ биенээ дэмжиж, бага хүүтэй зээл өгч эхэлсэн юм гэдэг. Тэр нь үр дүнгээ өгөхөөр аажимдаа өргөжиж дэлгэрсэн юм билээ.  20-р зууны эхээр “Кредит Юнион”ы хөдөлгөөн Атлантын далайг гаталж, 1909 онд Америкийн хамгийн анхны “Кредит Юнион” Манчестр, Нью- Хампширед нээгдсэн гэдэг.

“Кредит Юнион”-ы банк болон бусад ашгийн төлөөх банкны байгууллагуудаас ялгагдах гол онцлог нь:  1-д Ашгийн бус, 2-т Бүх гишүүдийнхээ саналаар, ардчилсан сонгуулиар сонгогдсон сайн дурын захирлуудын зөвлөлөөр удирдуулдагаараа ялгаатай. “Кредит Юнион”-ы гишүүд нь дансандаа 5 ам доллартай, 5 сая ам доллартай байхаас үл хамааран санал нь адилхан тооцогддог юм.  Энэ нь бусад банкны байгууллагуудаас ялгарах онцлогуудынх нь нэг. Бусад банкны байгууллагуудад бол хэн хамгийн их эзэмшилтэй байна, тэр хүмүүс шийдвэр гаргахад нөлөөлж чаддаг шүү дээ.

Манай “Кредит Юнион” анх 1936 онд  багш нарын нэгдэл дээр үүссэн гэдэг юм. Хүссэн хүн болгон мөнгөө төлөөд гишүүн болох боломжтой. Дансандаа 5 ам доллар хийгээд л гишүүн болж болно. Гэхдээ бидний явуулдаг бүх үйл ажиллагаа хууль дүрмийнхээ дагуу явагддаг юм. 2006 оноос заавал багш гэлтгүйгээр Вашингтон мужийн ямар ч хүн гишүүн болж болохоор өөрчилж, одоо өргөжиж л байгаа.

-Г.Галбадрах:Харин чиний одоо хариуцаж  байгаа ажил тань?
-Ч.Болорцэцэг: Миний ажил бол зээл авч байгаа гишүүдийн талаар биш, байгууллага маань хууль дүрмийн дагуу үйл ажиллагаа явуулж байна уу? олгож байгаа зээл маань байгууллагад хэр ашигтай, эсвэл эрсдэлтэй байна уу? гэхчилэн байгууллагын дотоод ажилд хяналт тавих үүрэгтэй. Нэг ёсондоо байгууллагын дотоод бүх үйл ажиллагаанд хяналт тавьдаг гэсэн үг. Хүмүүс мөнгөө зөв тоолж авч байна уу? гэдэг хүртэл бидэнд хамаатай.

-Г.Галбадрах:Сонирхолтой санагдаж байна.
-Ч.Болорцэцэг: Энэ “Кредит Юнион”-д би 9 жил ажиллаж байна. Анх энэ “Кредит Юнион” -доо санхүүгийн алба байгуулахад оролцож, өөрөө удирдаж  4 жил ажилласан бол одоо аудитын албыг ч бас байгуулаад одоо 5 дахь жилдээ удирдаж ажиллаж байна. Тохиолоор ч юм уу ингэж л таарсан юм. Өдөрт нь “Кредит Юнион” доо нилээд ачаалалтай ажиллаад, орой нь гэртээ ирээд “Хөх тэнгэр”, “Эгч дүү хот” гэхчлэн сайн дурын  ажлуудаа хийх үе зөндөө. Зөндөө л их цаг зав зарцуулна.  Гэхдээ энэ бүхнийг би өөрийн сэтгэлээрээ хийж байгаа болохоор энэ амьдралдаа дуртай, бас сэтгэл хангалуун байдаг юм.

           Тав: Номон дунд өссөн бага нас

-Г.Галбадрах:Ээж аавынхаа тухай танилцуулж болох уу?
-Ч.Болорцэцэг: Ээжийг минь Бямбасүрэн гэдэг. Түүх газарзүйн багшийн мэргэжилтэй. Архангай аймгийн дунд сургуулиудад захирлаар ажиллаж байсан. Бараг хамгийн  анхны эмэгтэй захирал байх шүү. Архангайн Тариат сумын 10 жилийн сургуулийн захирлаар олон жил ажилласан. Аавыг минь Чимэдрэгзэн гэдэг.Физик математикийн багшийн мэргэжилтэй. Өндөр-Улаан, Тариат, Хангай, Их Тамир зэрэг арын хангайн олон сумуудад  багш, хичээлийн эрхлэгчээр ажиллаж байв.

-Г.Галбадрах:Харин чи хаана төрж, хаана өсөв дөө?

-Ч.Болорцэцэг: Би Архангайн Өндөр-Улаанд төрөөд аав ээж 2 минь Тариат руу  нүүхэд тэнд сургуульд орж, 8-р ангиасаа Их Тамирт очиж 10-р ангиа төгсгөсөн дөө. 1991 онд 10-р ангиа төгсөөд МУИС-д хуулийн мэргэжлээр элсч суралцсан. 1997 онд МУИС-аа төгсөөд Архангайн Их Тамирт очиж ажилласан юм.


-Г.Галбадрах: Товчдоо тийм байдаг байж. Ах дүү олуулаа юу?

-Ч.Болорцэцэг: Манайхан чинь “гарын 5 хуруу ” шиг, ах дүү тавуулаа. Би яг дундах нь. Дээрээ нэг ах, нэг эгчтэй, доороо нэг эрэгтэй, нэг эмэгтэй дүүтэй. Бид нар бүгдээрээ сурлага сайтай хүүхдүүд байв. “Захирлын хүүхдүүд” гэдэг нэртэй. Манай аав маш их ном цуглуулна. “Оюутан байхаасаа л ном цуглуулдаг байсан” гэж ярьдаг юм. Аав ээж 2 минь цалингаа авахаараа бидэнд “номны мөнгө” гэж өгнө. Түүнийг нь аваад дэлгүүр рүү гүйж очоод шинэ ном худалдаж авдаг. Тэр үед сум, сургууль болгон номын сантай байсан даа. Номын санд очиж ном их уншина. Номын сангуудаас “Нацагдорж тэмдэгтэн”, “Номын сайн нөхөр”, “Тэргүүний уншигч” гэж шалгаруулаад  самбарт зургийг нь байрлуулна. Аав минь хамгийн эхэнд, тэгээд л бид хэд жагсдаг байлаа шүү дээ. Бид гэртээ дандаа л уншсан номнуудаа ярина. Ж.Верний “Усан доогуур хорин мянган бээр аялсан нь”, Носовын “Үлмэдэх ба түүний нөхөд”, “Монте Криста гүн”, “Нууцат арал” за тэгээд Оросын алдарт зохиолчдын бүтээлүүдийг цөмийг нь уншиж, ярилцаж өссөн дөө. Аав минь маш олон үлгэр домог мэддэг. Түүх бол маш сайн мэднэ.  Бидэнд зуны амралтаар суулгаж байгаад их ч юм ярьж өгдөг байж билээ.  Их ч мундаг мэдлэгтэй. Аав  минь “Боловсролын тэргүүний ажилтан” цол тэмдэгтэй.

-Г.Галбадрах:Бага наснаасаа ном их уншдаг байсан хүүхдүүд ажаад байхад ерөнхий мэдлэгийн түвшин бусдаас арай илүү, бас олон зүйлийг харьцуулан дүгнэх чадвартай байдаг юм шиг. Энэ хэрээрээ боловсрол сайтайд тооцогддог байх.
-Ч.Болорцэцэг: Ном бол хүний оюун санааг задлахаас гадна, төсөөлөл сэтгэлгээг их хөгжүүлж, их өргөн мэдлэгтэй болгодог.Тэр болгон нь биднийг амжилттай сайн сурахад нөлөөлдөг байсан. Бас одоо бидний хүсч мөрөөдөж, хийж бүтээж байгаа бүхэн, амжилтад хүргэж байгаа бүхэн номын л ач тус. Тийм болохоор одоо хэр аав ээж хоёроороо бахархаж, тэдэндээ баярлаж явдаг юм. Номын дунд өссөнөөрөө бид их азтай хүүхдүүд. Манай аав ээж 2 минь , тэр үеийн шаардлагаар сумаас сумд томилогдож ажилладаг. Нэг сумаас нөгөө сум руу нүүхэд чиргүүлтэй машин дээр ачаална.Машины тэвшин дээр гэрийнхээ бүх тавилгыг багтааж ачиж, чиргүүл дээр нь аавын номнууд, ээжийн тарьсан цэцгүүдийг ачаад л дүүрдэг байж билээ. Ээж минь их цэцэг тарьдаг байсан юм.

-Г.Галбадрах:Хөдөөний сэхээтэн гэр бүл. Би бас яг л ийм гэр бүл, амьдрал дунд өссөн л дөө.

-Ч.Болорцэцэг: Ээж минь мундаг захирал.  Өмнө нь “Боловсролын тэргүүний ажилтан” болж байсан бол саяхан “Соёлын тэргүүний ажилтан” болсон. Сайхан дуулна, шүлэг их сайхан уншдаг. Сум орны концертод дандаа л оролцдог. “Монголын бүх ард түмний урлагийн наадам” гэж болдог байхад хоёр ч удаа “алтан медаль ” авч байсан юм байна. “Улсын тэргүүний уран сайханч” болж байсан. Их ч авьяастай, мундаг хүн дээ. Ажилдаа бол их ч хатуу шаардлагатай. Тийм болохоор багш сурагчгүй эмээдэг байсан байх.  Аав ээж хоёр минь одоо бол өчнөөн олон шавь нартай. Цагаан сар, баяр ёслол болоход шавь нар нь цувна шүү дээ.

-Г.Галбадрах:Хөдөө суманд бол “захирлын хүүхэд” гэдэг чинь харьцангүй “цагаан гартай” мөртлөө бусдад үлгэр жишээ хүүхэд байдаг байж.

-Ч.Болорцэцэг: Бид нар чинь захирлын хүүхдүүд хэрнээ их ч ажилд сурч өссөн. Эмээ минь  болон манай ах дүү нар хөдөө малтай. Зун болохоор тэдэндээ туслах гэж очдог. Мал хариулж, хонь саана. Хөдөө очихоор биднийг ” сумын төвийн, хөдөөний ажил мэдэхгүй хүүхдүүд” гэх янзтай. Гэхдээ эмээ дээрээ очихдоо бүх л ажлыг хийж сурсан. 7-р ангид байхдаа сургуулийнхаа хүүхдүүдтэй “Хөдөлмөр зуслан”-д явлаа. Бүгдээрээ л намайг захирлын хүүхэд болохоор хөдөөний ажил мэдэхгүй гэж бодоод “хөөе чи, хонийг хаанаас нь саадгийг мэдэх үү?” гэж хэрдээ дооглох янзтай. Би болохоор “мэдэхгүй ээ”  л гэнэ. Тэгсэн мөртлөө  “Саалийн аварга” болчихсон. Манай ах дүү нар надад “Хүн ер нь ямарч ажлыг сурчихсан байхад илүүддэггүй юм. Чиний сурсан зүйлийг хүн чамаас булаагаад авчихгүй шүү дээ. Тэгэхээр ажлыг битгий голж бай” гэж сургадаг байв. Нээрээ одоо бодоход сурсан юм ер хүнд илүүднэ гэж байхгүй юм билээ. Би хөдөө очоод тарвага өвчөөд сурчихаж байгаа юм.

-Г.Галбадрах:”Сурсан бүхэн эрдэм” гэдэг шиг сурсан болгон нь амьдралд заавал хэрэг болдог. Бас тэгээд “чиний сурсан зүйлийг чи өөрөө л ашиглахаас бус чамаас хүн хулгайлж авч чадахгүй, галд шатаад алга болчихгүй” гэж сургадаг байсан нь одоо бол хэрэгтэй л сургаал.  10-р ангиа төгсөөд ямар сонголт хийв?

-Ч.Болорцэцэг: Тэр үед МУИС-ийн хуулийн ангийн хуваарь аймгуудад 1 л ирдэг байсан. Тэр үеийн элсэлтийн шалгалт яаж явагддаг байсныг та сайн мэднэ дээ. Хурдан морь уралдаж байгаа юм шиг сэтгэл догдлоод, ээж аав нар нь гадаа цай хоол барьчихсан хүлээгээд л.  Тэгээд би тэр хуваарийг нь аваад МУИС-ийн оюутан болж Улаанбаатарт ирж байлаа. Намайг 1991 онд оюутан болоход Монголд бүх зүйл өөрчлөгдөж, бүх зүйл ховордож хүнсний бүтээгдэхүүнүүд “карт”-ад орсон үе л дээ. Дотуур байрны оюутнууд картын бараагаа аваад архиа шаглана, тамхиа ширхэглэж зарна. Тэгж байж л хүнсээ залгуулдаг байлаа шүү дээ. Дотуур байранд амьдарч байгаа нэг тасгийн оюутнуудыг “нэг ам бүл” гэж тооцоод тэр үед “нэг ам бүл”-д олгодог байсан хуваарийн дагуу хүнсийг олгодог байсан юм.

-Г.Галбадрах:Картын барааны үе санаанд орчихлоо. Дэлгүүрийн лангуун дээр давс л байдаг байсан гэдэг. Хүн болгон яахаа мэдэхгүй тэвдэж байсан үе. Ирээдүй нэг л бүрхэг. Одоо бодоход картын бараанд архи тамхийг айл бүрт заавал хуваарилдаг байсан нь сонин юм шүү. Хэрэглэдэг хэрэглэдэггүй ч хамаагүй.
-Ч.Болорцэцэг: Картын барааны үед хөдөөнийхөн арай гайгүй байсан болов уу? Миний эгч Болортуяа надаас өмнө МУИС-ийн философийн ангид суралцаж байсан. Надаас хоёр ангиар дээр, архаг оюутан болчихсон байв. Бид хоёрт хөдөөнөөс аав ээж хоёр маань хааяа мах сүү явуулна. Түүн дээрээ хортой харандаагаар бид хоёрын нэр хаягийг тодоос тод бичсэн байдаг сан. Түүнийгээ айлаас аваад хоёр талаас нь дамжлаад  автобусанд суугаад явахад хүн болгон л бид хоёр руу харна, хөгжилтэй.  Хөдөөтэй холбоотой оюутнууд  тэр үед хэрдээ л аргаа олж байсан байх.

-Г.Галбадрах:Гэхдээ чамайг оюутан болж байхад сургалтыг төрөөс даадаг байсан нь хэвээрээ байсан байх аа?
-Ч.Болортуяа:Намайг оюутан болоод орж ирж байхад оюутнууд цалинтай байлаа. Цалингаа авахаараа бусад оюутнуудын жишгээр “тансаглана”. Намайг 3-р курст орох жил оюутнуудад тэтгэлэг олгохоо больж, сургалтын төлбрөө өөрсдөө төлөх хэрэгтэй боллоо.  Тэр үед чинь монголчууд маань хөрөнгө мөнгө хурааж хадгална гэсэн ойлголтгүй шахам байсан. Гэнэтхэн л сургалтын төлбөр төлөх хэрэгтэй болохоор хаа хаанаа тэвдэж эхэлж байгаа юм.

-Г.Галбадрах:Тэгээд  л төлбрөө төлөх гэж арга бүхнийг сүвэгчилдэг байсан байх.
-Ч.Болортуяа: Сургалтын төлбрөө төлөх гэж янз бүрийн арга сүвэгчилнэ. Аав ээж ах дүү нар минь тусалдаг. Бид хоёр ч яаж зүгээр байхав. Амралтаараа хөдөө явахдаа хөдөө зарах юм авч явна. Түүнийгээ зараад хөдөөнөөс цагаан идээ авчирч хотод зарна. Түүгээрээ хивсний үйлдвэрээс янз бүрийн өнгөтэй утаснууд  худалдаж аваад түүгээрээ цамц, бээлий, ороолт малгай нэхнэ.Түүнийгээ хөдөө аваачаад цагаан идээгээр сольж борлуулна. Сүүлдээ аавынхаа цуглуулсан номыг шуудайнд хийж авчраад зардаг байж билээ. Аав минь тэгэхэд бидэнд “Би энэ номыг та нарыг боловсролтой хүн болгох гэж л худалдаж авсан юм шүү дээ” гэж хэлж байсан. Нөгөө утгаар нь бодох юм бол эгч бид 2-ын сургалтын зардлыг төлөхөд нэмэр болж, бидний боловсролд тус болсон юм даа. Одоо бодоход жаахан харамсмаар…

-Г.Галбадрах:Ном чиний амьдралд, бас боловсролд их тус болжээ. Сонирхолтой түүх байна. Уулзаж ярилцахад сайхан байлаа. Юу юунаас илүү холын Америк орноос Монголынхоо, тэр тусмаа хөдөөний алслагдсан нутгийн хүүхэд залууст оюуны их дэмжлэг, гэгээлэг ирээдүйд нь гайхамшигтай хувь нэмэр болж байгаа тань сайхан санагдлаа. Тэртээ үед энэ хотод ганцаараа монгол байсан хэрнээ, Монгол орноо америкчуудад сурталчилж, Америкийг Монгол оронтой холбож, хоёр орны хамтын ажиллагаанд их үүрэг гүйцэтгэж чадсанд тань талархаж байна. Бас чамаар бахархаж байна.  Цаашдаа зорьж тэмүүлж яваа бүхэн тань бүтэмжтэй байж, олон олон залууст эрдэм мэдлэгтэй болоход нь  тусалж, гэрэл гэгээ болж явахыг ерөөе.
– Ч.Болорцэцэг:Танд ч бас их баярлалаа. Тэр холоос зорьж ирэн өнөөдрийн арга хэмжээнд оролцсонд тань, бас надтай чин сэтгэлийн яриа өрнүүлсэнд тань талархаж байна. Монголчууд бид оюунлаг авьяастай хүмүүс. Бидэнд өнөө цагт өөрсдийн оюун ухаанаа хөгжүүлэхээс эрхэм зорилго үгүй. Тийм болохоор гадаадад байгаа гэлтгүй монгол хүн болгон бидний ирээдүй болсон Монголын залуустаа боловсролтой болоход нь тусалж дэмжээсэй гэж хүсч байна. Миний хийж байгаа ажлыг дэмжиж, надтай хамтран ажиллах, мэдээлэл туршлагаа хуваалцах хэн болгонд би талархах болно. Монголчууд бид эрдэм мэдлэгтэй, өндөр боловсролтой байж л хөгжинө.

…Ч.Болорцэцэг бид хоёрын ярилцлага ийнхүү өндөрлөв. Монголчууд хэзээ ч ганцаарддаггүй, эх орноо хайрлаж бахадсан сэтгэлээр хаа ч явсан монгол галыг манах хүсэл эрмэлзлэлийн нэгэн жишээ. Ч.Болорцэцэгтэй уулзахаас өмнө Архангай аймгийн Цэцэрлэг хоттой “эгч дүүс”-ийн харилцаатай хот байдгийг мэдээгүй. Уулзаж ярилцаж, хийж бүтээсэн болгоныг нь үзэж мэдэрч байхдаа  би түүгээр бахархаж байв. Юу юунаас илүүтэй хөдөөний амьдралын боломж муутай айлын хүүхдүүдэд боловсрол олгохын төлөө хийж байгаа болгон нь миний сэтгэлийг хөдөлгөсөн. Ингээд бодохоор монголчууд бид бахархам мундаг хүмүүс. Түүний хийж байгаа бүхнийг дэмжүүштэй санагдсан. Америкийн тэртээх нэгэн хотод Монголын “Хөх тэнгэр” гэрэлтэж байна. Энэ бол монголын жирийн нэгэн бүсгүйн чин сэтгэлийн тэнгэр. Энэ “Хөх тэнгэр” улам улмаар цэлмэг тунгалаг байх болтугай.

Feb 09

Мөрөөдлөөс зорилго руу

By gala-admin | ЯРИЛЦЛАГУУД

…Өнгөрсөн 2 сарын 2 ны өдөр Денвер хотын төвийн Boettcher Concert Hall-д  DYAO \Denver Young Artists Orchestra\ буюу Сонгодог Хөгжмийн Оркестрийн 35 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн концерт тоглогдов. Энэхүү танхимын том заалд Сонгодог Хөгжмийн Оркестр бага, дунд, ахлах насны ангиллаар нэгэн тайзан дээр тоглосон нь “ховорхон боломжийн нэг” гэж Ш.Байгалмаа надад тайлбарласан юм. Luigi Boccherini, Joseph J. Phillips, Alberta Ginastera, Ralph Vaughan Williams, Римский Корсаков, Ричард Вагнер, Людвиг Ван Бетховен зэрэг дэлхийн сонгодогуудын гайхамшигт аялгуу эгшиглэсэн энэ тоглолт үнэхээр гайхалтай сайхан байлаа.  60-80 орчим  хөгжимчдийн бүрэлдэхүүнтэй бага насны болон дунд насны хүүхдүүдийн оркестрын тоглолтыг Javan Carson, ахлах насны хүүхдүүдийн тоглолтыг Adam Flatt  удирдаж чавхдаст хөгжмийн оркестр, үлээвэр хөгжмийн оркестртой хэрхэн гайхамшигтайгаар хоршин тоглохын шидийг үзүүлэв.
Тоглолт бүрийн өмнө оркестрын концертмастер хүүхдүүд гарч ирэн хөг аязаа тохируулах нь нэг төрлийн бахархалт хүндэтгэл гэлтэй. Хөгжмийн оркестрийн гайхамшигт зохицолдоон, хөг аялгуу эгшигийн тансаг дуурсаан, олон авьяаст хөгжимчдийн цогц нэгэн тоглолтыг үзсэн нь миний хувьд ховор завшаан байв. Энэ гайхамшигт тоглолтод Денвер хотноо ажиллаж амьдардаг Баттулгын охидууд Уянга, Ундраа нар оролцож байгаа нь надад бахархалтай сайхан байлаа.
Энэ  авьяаслаг охидын ээж Ш.Байгалмаатай хийсэн ярилцлагаа толилуулж байна.

undraa uyangaa

       Нэг.Намтрын товчоон

-Хүүхэд насныхаа ихэнхийг Сэлэнгэ аймгийн нутагт орших үзэсгэлэнт Хараа голын хөвөөнд, Ширхэнцэг, Хэрх, Ноён уулсаар зүг чигээ баримжаалж, монголын төмөр замын байнгын үйлчлүүлэгч байж өнгөрөөсөн.
-ШУТИС-ийн Компьютерийн техник Менежментийн Сургуулийг Маркетингийн удирдлагын Бакалавр, Мастерийн зэрэгтэй суралцаж төгссөн.
-Colorado Heights University -г Олон улсын бизнесийн удирдлагын Бакалавр, Мастерийн зэрэгтэй тус тус төгссөн.

       Хоёр. Тархин доторхи эмх замбараагүй мөрөөдлүүд
 
-Г.Галбадрах:Америкт хэзээ яаж ирсэн юм бэ?
-Ш.Байгалмаа: Америкт анх 1998 онд англи хэлний дамжаанд суралцахаар ирсэн юм. Гэхдээ Монгол руугаа буцаж яван, 2 жил ажлаа хийж байгаад Америкт бизнесийн удирдлагаар суралцахаар буцаж ирсэн. Тэгээд сургуульдаа суралцаж төгсөөд дараа нь ажиллаад гэх мэтээр цаг хугацаа урсаж өнгөрсөөр нэг л мэдэхэд зөндөө удаж орхиж.
 -Г.Галбадрах: Америкт бид анх нэг зорилго тээж ирээд аажимдаа эндээ суурьшиж амьдарсаар, урсаж буй цаг хугацааг ч анзааралгүй өнгөрөөж, нэг л өдөр “би ингэж удлаа гэж үү?” хэмээн сэтгэлдээ уулга алддаг.
-Ш.Байгалмаа: Монгол хүн ер нь Америкт насаараа амьдарна гэж бодож ирдэггүй байх. Хүн болгон энд ирэхдээ янз бүрийн зорилт тавьж,” түүнээ гүйцээгээд буцна даа” гэж боддог. Наашаа ирэхдээ тодорхой төсөөлөлтэй байдаг боловч бүх зүйлийг гүйцэд төсөөлөх боломжгүй. Яг ирсэн хойно нь мэдэхгүй байсан олон асуудлууд тодорхой болж ирнэ. Түүнээс болоод өөрийн төлөвлөж төсөөлж байсан зүйлүүдээ яг таг хийж чадахгүйд хүрнэ. Тэгээд л төлөвлөсөн хугацаандаа буцаж чадахгүйд хүрдэг. Тэгээд ч өөрийн төсөөлж байснаас илүү олон боломжуудыг мэдрэхдээ ” үүнийг ашиглаж өөрийгөө хөгжүүлээд авья” гэж боддог ч юм уу. Ингэсээр байтал их хугацаа өнгөрсөн байдаг. Түүнээс биш анх ирсэн зорилгоо мартаад энд заавал шингэж амьдрах гээд хүсээд байдаггүй болов уу. Би бол энэ асуудлыг ингэж л харж ойлгодог.
 -Г.Галбадрах: Төсөөлж байгаагүй олон боломжуудыг мэдрэх бүрдээ түүнийг ашиглахыг хүсдэг гэдэгтэй санал нийлж байна.
-Ш.Байгалмаа: Яг үнэндээ эхэн үеийн цагаачид үүнийг өөрсдөө туулж, “бор зүрхээрээ” л амьдарч, мэдэрч байгаа юм. Тэгээд тэд дараа үеийнхэндээ хэлж зөвлөж эхэлнэ. Ядаж л шинээр ирж байгаа нэгэнд “визээ хадгалах олон боломж байгаа” гээд л хэлж зөвлөх жишээтэй. Олон зүйл дээр “ингэдэг юм, тэгдэг юм” гээд заагаад өгөх жишээтэй. Өөрөөр хэлбэл, боломжуудыг хүнээр хэлүүлж биш, өөрсдөө суралцаж, илрүүлж байсан. Одоо миний анзаарч байгаагаар сүүлийн үед энд ирж байгаа залуус ихэвчлэн юм сураад л Монголдоо буцна гэсэн бодолтой болжээ. Тэгэхээр тэдний хувьд Монголдоо олон боломжууд байна гэдгийг олж харсан, мэдэрсэн хэрэг байх. Тэдгээр өмнөө тавьсан зорилготой бас зорилгодоо хүрэх төлөвлөгөөтэй залуучуудыг хараад бахархдаг. Мөн эх оронд маань “юу шинэчлэгдэж, өөрчлөгдөж байгаа бол?” гэдэг асуултууд толгойд орж ирдгийг нуумааргүй байна.
 -Г.Галбадрах:Америк орон хүнд боломжийг олгож чаддаг орон. Хэрвээ хүн өөрөө хичээх юм бол өөрийгөө хөгжүүлэх боломж нь бүрэн байдаг. Энэ нь гаднаас цагаачид олноор ирэх шалтгаан нь болдог байх.
-Ш.Байгалмаа: Тийм ээ, тэр үнэн. Хүн өөрөө тэр болгоныг мэдрэхээс гадна өөрийн үр хүүхдүүддээ тэр боломжийг ашиглахыг хүсдэг. Одоо бол олон олон гэр бүлүүдийн энд удаж байгаа шалтгаан нь үр хүүхдүүд нь болж байгаа.

-Г.Галбадрах: Гэхдээ хүүхдүүддээ илүү их сурч хөгжих боломжийг нь олгохын тулд олон олон гэр бүл хүмүүс маш их хичээж ажиллаж байгаа. Яагаад гэвэл тэд илүү зардал төлж, илүү их анхаарал хандуулах хэрэгтэй болно.
-Ш.Байгалмаа: Би нэг тохиолдол ярья. 2006 онд би баклавраа төгслөө. Манай нэг профессор, ня-бо бүртгэлийн программ зохиодог хувийн компанитай байсан юм. Тэр хүн намайг компанидаа ажиллах санал тавьж, ажилд орох ярилцлагад урив. Тэр хүн миний багш байсан учраас би их л чөлөөтэй, санаж бодож  явдаг зүйлүүдээ бүгдийг нь илэн далангүй ярилаа. Багш маань миний ярихыг анхааралтай сонсож байснаа “Надад бол хамгийн багадаа 3 жил тогтвор суурьшилтайгаар ажлаа хийх тийм л ажилтан хэрэгтэй. Чиний сурч мэдсэн боловсрол чинь энэ шалгуурт тэнцэж байгаа. Харин зорилго чинь тэнцэхгүй байна. Надад ийм том юм мөрөөдөж, том юманд зорьж яваа хүн хэрэггүй ээ, зүгээр л ажлаа маш сайн хийдэг хүн л хэрэгтэй. Чиний яриаг сонсоод байсан чинь миний бодож хайж яваа хүн биш байнаа” гэж хэлсэн. Ингээд ажилд орох ярилцлагад тэнцсэнгүй.
Манай багш надад “Чиний асар том мөрөөдөл, бас олж харсан боломжуудыг чинь сонсоод би чамаар бахархаж байна. Гэхдээ чиний нэг номерийн санаа тавих, өөрийгөө зориулах зүйл чинь юу вэ гэдгийг сайн бодож үзээрэй” гэж зөвлөсөн. Тэр профессортой ярилцлага хийгээд  гарахдаа “Миний толгой дотор  хувь хүний карьерийн гэнэн, эс бол гэнэн бус ч байж болох эмх замбараагүй  хүсэл мөрөөдөл яваад байсан юм байна. Түүнийгээ би эмхэлж амжаагүй байгаа юм байна” гэдгээ ойлгосон.
 -Г.Галбадрах: Ойлголтын хувьд тийм байдаг байж, Харин тэр их хүсэл мөрөөдлөө орхиогүй биз дээ?
-Ш.Байгалмаа: Нөхөр минь явж ажилладаг болохоор би ар гэрээ хариуцаж, хүүхдүүдийнхээ боловсрол, хөгжилд илүү анхаарал тавих хэрэгтэй байлаа. Үүний тулд тогтвортой, санаа амар хүүхдүүддээ анхаарал тавиад явж болох ажил олж хийх хэрэгтэй юм байна гэж бодсон. Гэхдээ мэдээж тэр хүсэл мөрөөдлөө юу гэж орхих вэ? сэтгэлдээ бодож л явна. (“мөрөөдөлгүй бол зорилгогүй” гэдэгтэй би санал нийлдэг). Мөрөөдөж чадсан юмаа яагаад хийж чадахгүй гэж. Асуудлын гол нь “Хаанаас нь эхлэх, ямар дэс дарааллаар хийх вэ?” гэдгээ шийдэхэд байдаг юм болов уу. Аз болж төгссөн сургуульдаа шаардлагад нь тэнцээд ажилд орсон л доо. Миний хувьд одоогоор нэг номерийн асуудал маань гэр бүл, үр хүүхэд маань юм даа.

Гурав. Хөгжмийн сонголт-боловсрол

 -Г.Галбадрах: Тийм ээ, энэ бол бас их чухал асуудал. Тэгээд л охидуудынхаа авьяас чадварыг хөгжүүлэхэд зорилгоо чиглүүлжээ. Чухам яагаад хийл хөгжмийг сонгосон юм бэ?

-Ш.Байгалмаа: Сонгодог хөгжмийн найрал дотроо хийл хөгжим нэг номер. Хамгийн хүнд нотууд, хамгийн хэцүү, хамгийн ээдрээтэй аялгуунууд хийл хөгжмөөс л гардаг. Бусад хөгжмүүд нь чимэг болж нэмж дагалдана. Тэр утгаараа хийл хөгжим нь сонгодог хөгжмүүд дотроо “хатан хаан” гэж нэрлэгдэж, үнэлэгддэг. Тэгэхээр хийл хөгжмийг маш сайн тоглож сураад тэр найрал дотроос гоцолж гарч ирнэ гэдэг асар их нэр хүндийн асуудал. Бас хариуцлагын асуудал. Хүүхэд 4, 5 наснаасаа тэр хариуцлагыг ойлгож, ухамсарлаж эхэлнэ гэдэг нь, эцэг эхчүүдийн хувьд хүүхдүүддээ хэлж өгч чаддаггүй хүмүүжлийг хүүхэд хөгжмөөс өөрөө аяндаа олоод авчихна гэсэн үг. Цагаа зөв зохицуулж, би тэрийг заавал хийх ёстой гэдгийг ухамсарлаж эхэлнэ. Тэр утгаараа хөгжим сурна гэдэг нь миний хэлж, хийж амжихгүй байгаа олон ойлголтуудыг тэдэнд өгч чадаж байгаа юм.
-Г.Галбадрах:Хөгжимд сургана гэдэг нь бусдаас илүү анхаарал, цаг хугацаа, зардал зарцуулах хэрэгтэй болно доо?
-Ш.Байгалмаа: Бид өнөөдөр хүүхдүүддээ хөгжим сургахын тулд багш хөлсөлж, мөнгө төлөөд байгаа боловч, яг тэрний ард мөнгөөр хэмжихийн аргагүй ашиг тус яваад байгаа юм. Охидуудаа багшид нь хүргэж өгөх гэж гэрээсээ бараг 2 цаг орчим давхиад байгаа ч,бидний хувьд ямар ч мөнгө, цаг хугацаа, тоогоор хэмжихийн аргагүй сэтгэл ханамж, бидний өгч байгаа мөнгөний тоонд баригдахын аргагүй их мэдлэг чадварыг багш хүүхдүүдэд минь олгож байгаад л байгаа юм. Тийм учраас би үүнийг мөнгөний талаас нь огт хардаггүй. Энэ бол амьдралын том сургууль, миний хийж амжихгүй, ойлгуулж чадахгүй байгаа бүхэн нь хөгжмөөр дамжиж хүүхдүүдэд минь очоод байгаа болохоор.
 -Г.Галбадрах:Нөгөө талаас  хүүхдийн оюун сэтгэлгээнд ч бас сайнаар нөлөөлдөг байх?
-Ш.Байгалмаа: Бид хүүхэд байхдаа тооны хүрд, яруу найраг, шүлэг дуу их цээжилж тогтоодог байсан даа. Энэ бүхэн чинь хүүхдийн оюун санааг задалж, ой тогтоолтыг хөгжүүлдэг байж. Гэтэл Америкийн сургуулиуд хүүхдийг тэгтлээ шахдаггүй. Хүүхэд цээжилбэл цээжилнэ, цээжлэхгүй бол албадахгүй. Гэтэл хөгжмийн нотны тэр олон зураас цэг, дүрслэлүүдийг хооронд нь холбож аялгуу болгоно гэдэг бас л чадвар. Нэг эгнээ нотыг тоглохын тулд хоёр эгнээ нотыг урьдчилж харж байж тоглоно шүү дээ. Урьдчилж нотоо хараад эсвэл цээжлээд, толгойдоо боловсруулж, тэр боловсруулсан зүйлээ аялгуу болгож дуугаргана гэдэг нь тэр хүүхдийн тархины хөгжилд асар том хурдац нэмж байгаа. Нот тогтоож хөгжим тоглодог хүүхдүүд ердийн хүүхдүүдээс илүү хурдан тогтоолт, боловсруулах чадвартай болдог.Тэгэхээр энэ чинь ганц хөгжим биш, хүний хөгжлийн том сургууль яваад байна гэж би ойлгодог юм.
 -Г.Галбадрах: Хөгжмийн сонголт хийхэд мэдээж авьяас байх хэрэгтэй байх?
-Ш.Байгалмаа: Охидуудад маань авьяас байна уу? гэдгийг би хэлж мэдэхгүй. Яагаад гэвэл би өөрөө хөгжмийн ямарч боловсролгүй хүн шүү дээ. Багшаас нь “бид энэ болгонд цаг зав зарцуулах шаардлага байна уу?” гэж асуусан л даа. Багш нь ” хоосонгүй ээ, авьяас байна” гэж бидэнд хариулсан. Гэхдээ хүн бүхний мэддэг “1 хувь нь авьяас байхад 99 хувь нь хөдөлмөр байж амжилтад хүрнэ” гэдэг үгийг хэлсэн. Тэгэхээр түүнийг нь хөгжүүлэх л хэрэгтэй байлаа.

-Г.Галбадрах: Авьяас хэдий чухал ч хүүхэд болгонд яг адил заяадаггүй зүйл.
-Ш.Байгалмаа: Хөгжим тоглож байгаа хүүхдүүдийг харахад яалт ч үгүй мэдрэгддэг юм. Хөгжмөө маш сайн цээжилдэг ой сайтай хүүхэд байна, хурууны хөдөлгөөн сайтай хүүхэд байна, тайз гоё эзэгнэдэг хүүхэд байна, инээмсэглэл сайтай, үзэгчидтэй сайхан харилцдаг хүүхэд байна, тоглож байгаа хөгжимдөө орж хөдөлдөг хүүхэд байна гээд янз бүр л дээ.
 -Г.Галбадрах: Чи маш сайн ажигласан байна шүү?
-Ш.Байгалмаа: Охидууд маань хөгжмөөр хичээллээд 8 жил болж байна. Тэр хугацаанд оролцож байсан бүх л уралдаан тэмцээн тоглолт болгонд нь хамт явж байгаа болохоор ийм зүйлийг илүү анзаардаг болдог юм билээ. 60 70 хүнтэй оркестр эгнэж суугаад тоглоход хүүхэд бүрийн хөгжим тоглох техник нь өөр өөр, хөдөлгөөн нь өөр өөр, суух суулт нь хүртэл өөр өөр байдаг. Сонгодог хөгжмийн суудал болгон нь учиртай. Хамгийн урд эгнээний наад талд сууж байгаа нь бол концерт мастер. Тэр хүн бол тэр найрал хөгжмийн лидер, хамгийн мундаг нь.Тоглолт дээр тэр хүний чавхдсын хөдөлгөөн, найрал хөгжмийн удирдаачийн дохилтыг бүгд дагаж тоглоно. Ихэнх тохиолдолд, сонгодог найрлийн хийлчдийн эхний хоёр эгнээ нь хөгжмийн хамгийн хэцүү адармаатай хэсгийг нь тоглодог. Дараагийн хоёр эгнээ нь дагалдаж бусад чимэг, нэмэлтүүдийг тоглох жишээтэй. Тэгэхээр суудал болгон нь энэ хүн хэр сайн хөгжимчин бэ? гэдгийг тодорхойлоод байгаа хэрэг. Ээж аав нар нь ийм л зүйлийг харж суудаг.
 -Г.Галбадрах: Хүүхэд нь хөгжмөөр хичээллэж амжилт гаргахад гэр бүлийн үүрэг маш чухал байж таарна. Аав ээж нь бусдаас илүү санаа тавих хэрэгтэй болдог байх.
-Ш.Байгалмаа: Ар гэр нь маш тайван байх ёстой. Гэр орон дахь уур амьсгал тайван, аз жаргалтай бус бол хүүхэд яаж хөгжмөө амжилттай тоглох билээ. Хөгжимд суралцахад, миний бодлоор бол ар гэрийн байдлаас гадна хамгийн чухал чадвар нь сэтгэл хөдлөлөө барих чадвар. Хэт сэтгэл хөдлөөд, эсвэл амархан гомдож гутраад байвал амжилтад хүрэхгүй. Нэг удаагийн хэт сэтгэл хөдлөл нь хүүхдийн хэчнээн жилийн хөдөлмөрийг талаар болгох тохиолдол бий. Хүүхдийг өөр зүйлд санаа зовохгүйгээр зөвхөн тэр зорьсон зорилгод нь чиглүүлэх хэрэгтэй. Америкчуудыг дуурайгаад нэг хөгжмийн хичээлээс нөгөө хөгжмийн хичээл рүү дамжаад, бүгдийг хувийн багш хөлсөлж заалгаад явах боломж бидэнд байхгүй л дээ. Үүнд чинь маш их зардал гаргах хэрэгтэй болно. Нөгөө талаар бид өөр орноос ирсэн хүмүүс. Хүүхэд хэтэрхий “би”, “хувь хүн” гэсэн үзэлтэй болчих вий гэсэндээ сургуульд нь,  хамт олон дунд нь байлгах сонирхолтой. Гэхдээ боломжийн хэрээр хувийн багшаар заалгаж байгаа.
 -Г.Галбадрах: Анх сургуулиа яаж сонгов доо?
-Ш.Байгалмаа: Бага сургуульд суралцаж байхад нь нэмэлт хөгжмийн хөтөлбөр гэж явагддаг юм. Тэр хөтөлбөрт хамрагдаад, монгол хүний төрөлхийн “юмыг хурдан ойлгож, хурдан сурдаг” чанараараа хурдан сурсан юм билээ. Тэгээд илт ялгараад ирэхээр нь багш нь бидэнд хандаж “энэ хүүхдийг та нар цааш нь хөгжүүлэх хэрэгтэй байнаа” гэж зөвлөсөн л дөө. Ер нь бол хөгжмийн багшид анх хөтөлж аваачиж өгч, уйгагүй хамт байж, суурийг нь сайн эхлүүлсэн хүн бол аав нь. Дээрээс нь урлагийн сургуульд \манай ХБДС шиг\орохын тулд бэлтгэж эхэлсэн юм.
 -Г.Галбадрах: Мэдээж авьяасыг нь илүү хөгжүүлэхийн тулд тал бүрээс нь хандаж, анхаарал тавих тавих шаардлагатай болох байх?
-Ш.Байгалмаа: Хийл тоглодог хүүхэд ганцаараа тоглоход “болоод байгаа” юм шиг санагддаг юм. Төгөлдөр хуур хажуугаар нь орж ирээд ритмтэй тоглоход тэр хүүхэд сайн хөгжимчин мөн үү? биш үү? гэдэг нь аяндаа мэдэгддэг. Тэгэхээр хийлчид төгөлдөр хуурын нэмэлт хичээлүүд авдаг. Мөн зөвхөн хийлийн гоцлол болон сонгодог хөгжмийн найралд тоглохоос гадна тоглох бүтээлийнхээ түүх, уран бүтээлчийнх нь түүх намтар, өөр хийлчид хэрхэн тоглосон зэргийг судалж, мэдэж байх нь тоглож буй бүтээлээ сэтгэлээсээ, өөртөө итгэлтэйгээр тоглоход нь нөлөөлдөг. Тийм учраас энд тавигдаж байгаа хийлийн болон бусад концертүүдийг боломжоороо үзүүлж байхыг хичээдэг. Хөгжим тоглоход амьсгаа их чухал, яг дуучин шиг. Төгөлдөр хуурч, хийлч 2 эсвэл сонгодог хөгжмийн гурвал, дөрвөлийн хөгжимчид амьсгаагаараа бие биедээ дохио өгч, ойлголцож байгааг харахад их сонирхолтой байдаг. Энд багаар ажиллах чадвар, мэдрэмжийн асуудал бас хөндөгдөөд байна.
 -Г.Галбадрах: Шалгаруулалтыг багш нар нь хэрхэн яаж дүгнэдэг юм бэ?
-Ш.Байгалмаа: Ихэнх шалгаруулалт дээр багш нар нь буруу харж суугаад, ард нь тоглож байгаа хүүхдийн тоглолтыг л сонсоно. Тэр хүүхдийг харах бүү хэл нэрийг нь мэдэхгүй. Тоглогч болгон дугаартай, Сонсоод тэр дугаарт л үнэлгээ өгдөг. Тэгэхээр ер нь шударга талдаа шүү. Харин оноо тэнцсэн тохиолдолд дахин тоглуулах, эсвэл хийлчид өөрсдөө бие биенээ “халз тулаан”-д дуудсан (хэн нэг нь “би илүү тоглосон” гэж үзэж байгаа) тохиолдолд шүүгчид нь бүгдээрээ өөдөөс нь харж суугаад дүгнэж шийддэг.
 -Г.Галбадрах:Одоо тэгээд охин тань хэр түвшинд явж байна?
-Ш.Байгалмаа: Колорадо муж дотроо өсвөр насны хөгжимчдийн хэмжээнд эхний 10-таа ордог юм. Бүр их гоц, мундаг биш юмаа гэхэд эхний аравт орж тоологдоно гэдэг бол бидний хувьд чамлахааргүй үзүүлэлт. Жишээ нь, бараг 200 000 долларын үнэтэй хөгжим, зөвхөн хайрцаг нь гэхэд машины үнэтэйг хэрэглэдэг,  эсвэл гэр бүлээрээ, үе удмаараа сонгодог хөгжмөөр амьсгалчихсан хийлчидтэй эн зэрэгцэж очно гэдэг багагүй хэмжээний хөдөлмөр.
 -Г.Галбадрах: Цаашдаа хөгжмөөрөө явах зорилготой байгаа юу?
-Ш.Байгалмаа: Яг тэгж ч шийдээгүй байна. Яагаад гэвэл, энэ хөгжмийн ертөнц өөрөө асар их өрсөлдөөн дунд оршдог. Жишээ нь, ангийнхан нь улирал бүрт шалгаруулалтад ороод явдаг юм. Энэ шалгаруулалт нь сонгодог хөгжмийн оркестртоо хаана суухыг нь шийддэг. Хүүхдүүд суудлын төлөө өрсөлдөцгөөнө. Нэг удаа охин минь нотоо мартаж ирээд шалгаруулалтын өмнө хамгийн сайн найзуудаасаа гуйхад хэн ч өгөөгүй. Яагаад гэвэл энэ бол өрсөлдөөн. Бусад цагт хичнээн сайн найзууд байлаа ч шалгаруулалт дээр бол бүгд өрсөлдөгч. Одоохондоо хүүхдүүд болохоор дүн буюу үнэлгээгээр өрсөлдөж байна. Хэрэв ажил дээр гарах юм бол мэдээж цалин болоод зэрэглэлийн төлөө өрсөлдөнө. Тэгэхээр энэ бол амаргүй ертөнц гэж төсөөлж байгаа. Хийл хөгжмийг удаан тоглосон хүн, хэрэв техник нь буруу байвал үе мөчний асуудалтай болж эхэлдэг, толгойны өвчин бол нийтлэг үзэгдэл, зүүн чихний сонсголд өөрчлөлт орж болзошгүй юм билээ. Тэгэхээр үүнээс сэргийлэхийн тулд эрүүл мэнддээ маш сайн анхаарах хэрэгтэй болно. Нөгөө талаар тэр хүүхдэд “би олон жил тайзан дээр тоглож чадна” гэсэн итгэл үнэмшил, авьяас сонирхол, хор шар, тэсвэр тэвчээр байна уу? гэдэг асуудал их чухал.
 -Г.Галбадрах:Тэгэхээр энэ бол охины тань шийдэл, сонголт байх ёстой болох нь?
-Ш.Байгалмаа: Тэр их өрсөлдөөн дунд хожигдчихоод хор шарандаа уйлаад зогсож байгаа охиноо харахаар бахархмаар, нөгөө талаар “яагаад заавал ийм байх ёстой юм бэ?” гэж бодогддог юм. Тийм болохоор тийм их өрсөлдөөнтэй ертөнц рүү хүүхдээ заавал оруулах гэж түлхээд байх хэрэггүй юм байна, хүүхэд өөрөө л шийдэг гэж бодсон. Миний бодол бол давхар мэргэжил эзэмших хэрэгтэй юм гэдэг бодол. Бас нэг тал нь багшийнх нь зорилго бол сайн хөгжимчин бэлтгэх байдаг бол, эцэг эх бидний бодол бол хүүхдүүд маань сайн, сайхан яваасай л гэсэн хүсэл.  Хэрэв хүүхэд өөрөө хөгжим, урлаг миний хийх ёстой сонголт гэж шийдвэл, бид чадах бүхнээрээ дэмжиж, туслах нь  ойлгомжтой.
-Г.Галбадрах: Охиныхоо авьяас чадварыг хөгжүүлэхийн төлөө аав ээжийнхээ гаргаж буй сэтгэл, хичээл зүтгэлийг үнэлж ойлгож байна гэдэг чинь бас л их ухаан юм шүү дээ.
-Ш.Байгалмаа: Янз янзын уралдаан тэмцээн, зуны сургалтууд болдог л доо. Охид минь тэр болгонд оролцох хүсэлтэй ч биднээс “бид үүний зардлыг төлж чадах уу?” гэж эхлээд асууна. Охин минь “би энэ хөгжмийг тоглож чадах болов уу?” гэж бодохын оронд “манайд санхүүгийн хувьд боломж байгаа болов  уу?” гэж эхэлж боддог. Энэ нь нэг талаасаа хэцүү асуулт мэт санагдах болов ч нөгөө талаасаа хүүхэд өөрөө хөгжмийн ертөнц бол үнэтэй, санасандаа хүртэл бэлтгэхгүй бол, үүнд зориулж зардал гаргахгүй бол уралдах хэрэггүй гэдгийг, мөн бүх юм миний санаснаар болох албагүй гэдгийг ухамсарлана гэдэг чухал.
-Г.Галбадрах: Хэрэв дараагийн шатандаа сурна гэвэл коллежид орох байх. Тэгэхээр зардал нэмэгдээд явна биз?
-Ш.Байгалмаа: Тэгэлгүй яахав. Жилийн дараа сонголтоо хийнэ. Коллежийн хувьд сонголт нь бас л сонин юм билээ. Монголчууд бид болохоор Америкийн бренд болсон нэр хүндтэй сургуулиудыг сонгох сонирхолтой. Гэтэл хөгжим тоглодог хүүхдүүд шал өөр юм хайдаг юм. Тухайн сургуулиудын багш нар ямар стилээр тоглодог юм бэ? гэдгийг л харна. Манай хүүхэд болохоор Ази багштай, ази стилээр тоглодог. Оросууд бол бугуйны чичиргээг маш сайн хийдэг байхад азиуд хурууны үений чичиргээг маш сайн хийдэг. Манай охин болохоор хоёуланг нь бага зэргээр давхар хийнэ. Энэ бол ганц жишээ. Үүний цаана маш олон зүйлүүд гарын барилт, байрлал гэхчилэн техникүүдээ сонгож хайдаг юм байна. Өөрөөр хэлбэл одоо сурсан зүйл дээрээ дутагдаад байгаа техникээ, эсвэл улам сайжрах боломжийг хайж байна.
 -Г.Галбадрах: Бага охины хувьд?

-Ш.Байгалмаа: Бага охины хувьд ерөөсөө л эгчийгээ дагасан юм. Хажууд нь эгч нь байнга хичээллээд байхаар дагаад л сонирхсон байх. Одоо бас л хөгжмийн багштай хичээллэж байгаа. Одоогоор бүх зүйл эхэлж байгаа болохоор амжилтын тухай ярих эрт байна. 60 70 жижигхэн хүүхдүүд зэрэгцэж суучихаад нэг удирдаачийн дохилтоор тоглож байгааг харахаар өхөөрдмөөр, заримдаа уярч нулимс гардаг юм. Хааяа бодохоор жаргалтай санагддаг юм шүү дээ.
     Дөрөв. Оюутанд үйлчилдэг алба

-Г.Галбадрах: Тийм шүү. Сонсоход ч сайхан санагдаж байна. Одоо ажиллаж байгаа сургуулийнхаа тухай сонирхуулаач?
-Ш.Байгалмаа: Би “Colorado Heights University” гэдэг нэртэй сургуульд ажилладаг. Энэ сургууль нь Японы хөрөнгө оруулалттай, ашгийн бус статустай байгууллага бөгөөд Японы “Teikyo”сан нь боловсролын салбарт их хөрөнгө оруулалт хийдэг, дэлхийн олон оронд салбар сургуулиудтай байгууллага юм. Америкт дахь сургууль буюу миний ажилладаг сургууль анх байгуулагдахдаа зөвхөн япон оюутнуудыг сургаж байгаад, 1990-ээд оны сүүлч, 2000 оны эхээр олон улсын оюутнуудыг хүлээж авч сургадаг болсон. Анх олон улсын оюутнуудыг сургаж эхлэхэд нь би суралцаж таарсан юм. Тэгээд 2006 онд энэ сургуульдаа “олон улсын бизнес”-ээр бакалаврийг нь дуусгасан.
 -Г.Галбадрах: Үргэлжлүүлээд “мастер”-т суралцсан уу?
-Ш.Байгалмаа: Үргэлжлүүлээд мастерт суралцахдаа, дадлага олгодог хичээлээр нь сургуулийнхаа санхүүгийн албанд нь ажилд орлоо. Сургуулиа төгсөхөд 1 жил ажиллах эрх олгодог хугацаанд нь уг албандаа үргэлжлүүлэн ажилласан. Харин намайг сургуулиа төгсөхөд сургууль маань эндээ үргэжлүүлэн ажиллах санал тавьсан л даа. Тэгэхдээ “чиний олон улсын оюутнуудтай ажиллах чадвар тань бидэнд хэрэгтэй байна” гэсэн. Гол нь тэр үед манай сургууль Азийн бусад орнуудаас оюутнууд олноор хүлээн авч эхэлж байсан юм. Тэгээд намайг элсэлтийн албанд ажиллахыг санал болгосон. Одоо бол эндээ олон улсын оюутнуудад зөвлөлгөө өгдөг International Student Advisor-н ажил хийж эхлэв.
 -Г.Галбадрах: Энэ ажил тань харин сонирхолтой санагдаж байна шүү?
-Ш.Байгалмаа: Дэлхийн өнцөг бүрээс э-майл ирнэ. Ихэвчлэн “визний асуудал, өөр төрлийн виз авсны дараа визээ яаж оюутны виз болгох вэ, ажлын зөвшөөрөл яаж авах вэ” гэхчилэн асуултууд голчилдог. Энд нэг жил ажилласны дараа надад “сургалтын талаар оюутанд зөвлөлгөө өгдөг ажилтан”\Academic Advisor\-аар ажиллахыг санал болгов. Энд бол оюутнуудад мэргэжлээ сонгоход нь зөвлөх, хичээлээ сонгоход нь зөвлөх чиглэлийн ажлуудыг хийдэг. “Чиний зорилго чинь юу вэ? чадвар чинь ямар вэ?хүсэл сонирхол чинь юу вэ? ар гэрийн байдал чинь ямар вэ? чи өөрөө юу хийхийг хүсч байна вэ?” гэхчилэн олон асуудлуудаар оюутнуудтай ярилцан зөвлөлгөө өгдөг юм. Нэг ёсондоо оюутнуудын хувийн зөвлөх маягтай юм уу даа. Одоо миний хариуцаж ажиллаж байгаа ажил минь энэ юм.
 -Г.Галбадрах: Монголын Их Дээд сургуулиудад яг энэ чиглэлийн зөвлөлгөө, тусламж их дутагдалтай юм шиг санагддаг юм?
-Ш.Байгалмаа: Монголд бол оюутнуудад мэргэжлийн талаас нь зөвөлгөө өгч, нөлөөлөх үйл ажиллагаа бараг алга байна шүү дээ. Тэгэхээр залуус маань их дээд сургуульд элсэхдээ “ямар мэргэжил ирээдүйтэй байна вэ? ямар мэргэжил нэр хүндтэй байна вэ? ямар мэргэжил мөнгө сайн хийх вэ? ямар мэргэжил илүү хямдхан, биед амар байх вэ?” гэхчилэн хэдхэн үзүүлэлтээр л сонголт хийж байна. Эсвэл аав ээж нь “чи заавал тийм мэргэжилтэй болох хэрэгтэй, хуульч болчихвол нэр хүндтэй байх болно, алсдаа гаальд ажилд орвол мөнгө хийж болно” гэж шахаж шаардаж байж мэргэжил сонгуулах жишээтэй. Ийм байдлын улмаас хичнээн олон бакалавр, мастерийн зэрэгтэй хүмүүс сургууль төгссөн мэргэжлийн ажлаа хийж чадахгүй байна. Гэсэн хэрнээ зайлшгүй шаардлагатай мэргэжил олгох сургалт нь хангалтгүй байдгаас хэн нь мэргэжлийн ажил хийх нь тодорхойгүй л байна шүү дээ. Гэтэл “гаднаас ажилчид орж ирж хамаг ажил хийгээд байна” гэдэг.
-Г.Галбадрах: Тэгэхээр академик адвейсеруудын орон зай үгүйлэгдээд байнаа даа?
-Ш.Байгалмаа: Анхнаас нь хүүхдийг мэргэжлийг нь зөв сонгуулахын тулд, хүсэл мөрөөдлийг нь ойлгуулах, юуны төлөө зориод байгааг нь мэдэрч, суурийг нь зөв тавьж өгөхөд академик адвейсеруудын үүрэг их чухал байдаг. Бас тэгээд сургууль, сургалтынхаа онцлог, давуу талыг сурталчлах, мэргэжлээ ойлгуулах, хичээлийн хүнд хөнгөнийг тайлбарлах нь тухайн хувь хүнд их ач холбогдолтой зүйл. Тэр талаас нь аваад үзвэл академик адвейсерууд бол тухайн сургуулийнхаа “борлуулалтын менежер” гэсэн үг. Биднийг тухайн оюутнуудыг ямар ч аргаар хамаагүй “заавал сургуульдаа авч сурга” гэж албадаж шаарддаггүй ч, бидний ажил тийм үүрэгтэй. Жишээ нь , хаа холын орноос хамаг мөнгөө шавхаад Америкт суралцахаар ирсэн оюутанд хэрэгтэй зөвлөлгөөг нь өгч, сонголтоо зөв хийхэд нь тусална гэдэг их л буянтай үйл.
 -Г.Галбадрах: Оюутнуудын нийтлэг алддаг зүйл нь юу байна вэ?
-Ш.Байгалмаа: Оюутнуудын гаргадаг нийтлэг алдаа бол төгсөлтийн шалгуурыг анзаарахгүйгээр хичээл сонголт хийх, суралцах чиглэлээ зөв шийдээгүйгээс болж цаг алдах, нийт суралцах хугацаагаа зөв тооцоолоогүйгээс болж зарим улиралд хэт ачаалалтай, зарим улиралд ачаалал багатай байх, эсвэл албан ёсоор хичээл нэмэх, хасах хугацааг мэдэхгүйгээсээ болж байгаа боломжийг ашиглахгүй өнгөрөөх зэрэг байдаг. Мэдээж, олон улсын оюутнуудад дээрх алдаанууд бүр хүндээр тусдаг. Жишээ нь, манай сургуулийн мастерийн сургалт гэхэд дотроо 4 салдаг. Байгаль орчны удирдлага, эрүүл мэндийн удирдлага, санхүүгийн удирдлага, ня-бо удирдлага гэж. Анхнаасаа сонголтоо зөв хийхгүй бол шаардлагагүй  хичээлүүдэд мөнгөө, цагаа зарцуулна гэсэн үг. Тэгээд л “би яах хэрэгтэй вэ?” гээд өчнөөн асуултуудтай орж ирдэг. Тэр тохиолдолд өөрийг нь эхлээд анхааралтай сонсоод дараа нь тайлбарлана. Зөвхөн сургуулийн дотоод бодлого, шалгууруудыг оюутанд тайлбарлахаас гадна олон улсын оюутны виз, АНУ-н ЗГ-аас үзүүлж буй санхүүгийн тэтгэлгүүдтэй холбоотой дүрэм журмыг мэдэж, сургалттай холбоотой зөвлөлгөө өгөхдөө тэдгээртэй уялдууж тайлбарлах нь тухайн оюутанд маш их тустай байдаг. Үүн дээр л зөвлөгч нарын ажлын туршлага, мэдлэгийн хэмжээ их харагддаг юм болов уу гэж би боддог. Мөн тухайн оюутныг надтай илэн далангүй, чөлөөтэй ярих боломж бүрдүүлж, тулгараад байгаа бэрхшээл, асуудлыг нь мэдэж, сайн зөвлөлгөө өгнө гэдэг бас чадварын асуудал.
Ингэж ажиллаж байхдаа сургуулийн “гал тогоо” гэж юу болохыг ойлгосон. Би урьд нь багш байсан хүн. Гэтэл багш хүн бол хэрэглэгчийн өөдөөс хараад зогсож байгаа “сургуулийн нүүр царай” нь. Харин жинхэнэ “гал тогоо” нь, ар талд байгаа тэр албадууд дээр байдаг.
 -Г.Галбадрах: Тэгэхээр сургуулийн жинхэнэ “гал тогоо” нь, “Сургалтын алба” байх ёстой гэсэн үг юм уу даа?
Ш.Байгалмаа: Монголын Их Дээд сургуулиуд “оюутанд үйлчилгээ үзүүлэх” гэдэг дээр илүү сайжруулалт хийх хэрэгтэй юм байна гэж би бодож байна л даа. Сургууль болгонд “Сургалтын алба” гэж бий. Гэтэл энэ “Сургалтын алба” нь, оюутанд үйлчилгээ үзүүлэх үүргийн өчүүхэн хэсэг нь юм шүү дээ.
“Оюутанд үйлчилгээ үзүүлэх” нь нэг ёсондоо сургалт, оюутан хоёрыг холбож байдаг “гүүр” юм. Тэр нь дотроо:
1. сургалтын талаар зөвөлгөө өгдөг \Academic Advising\
2. санхүүгийн тэтгэлэг, хөнгөлөлт, тусламж авах талаар зөвөлгөө өгдөг \Financial Aid Advising\
3. хувь хүнтэй холбоотой асуудлаар зөвөлгөө өгдөг\Counseling\
4. суралцах хугацаанд дадлагжих, сургууль төгссөний дараа ажлын байртай холбож өгдөг \Career advising\service\
5.оюутнуудын хичээлээс гадуурх үйл ажиллагааг зохицуулж, зохион байгуулдаг \Student Activities\
6. оюутны дүн, ирц, дүнгийн хуулбар, диплом, бүртгэлийн асуудал хариуцдаг \Registrar\
7. олон улсын оюутанд зөвөлгөө өгдөг \International Student Advising\
8. нэмэлт давтлага өгдөг \Tutoring \ албадүүд байх жишээтэй.
Энэ бүх албадууд нийлээд “Оюутанд үйлчилгээ үзүүлэх цогц бүрдэл”-ийг бүрдүүлж байгаа юм. Гэтэл Монголын Их Дээд сургуулиудад байгаа “Сургалтын алба ” нэртэй алба нь оюутнуудыг бүртгэх, тэдэнтэй холбоотой мэдээ мэдээллийг л хариуцдаг. Өөрөөр хэлбэл ганцхан “Registrar” албаны үүрэг, функц л хэрэгжиж байна гэсэн үг. Үүний цаана оюутнуудыг ойлгох, тэдний дуу хоолойг сонсох, тэдэнд зөвлөж туслах асуудлууд орхигдож байгаа.
-Г.Галбадрах: Энэ харин их чухал асуудал байна шүү?
-Ш.Байгалмаа: Монголын Их Дээд сургуулиудад ийм албадыг бий болгож бодит үйл ажиллагаанд оруулахдаа албан ёсоор магадлан итгэмжлэгдэх шалгуурт оруулж өгвөл илүү үр дүнтэй, бодиттой хэрэгжиж болох юм. Тэр тусмаа “Сургууль төгссөний дараа ажлын байртай холбож өгдөг алба” нь дадлага олгодог хичээлээр зөвхөн Монголд төдийгүй гадаадын олон оронд холбож өгдөг болчихвол бүр ч сайн. Эдний “career service” нь оюутнуудыг бодитой байгууллагуудад холбож өгдөг юм. Тэгээд сургууль-оюутан-байгууллагатай маш нарийн уялдаа холбоотой ажилладаг.

-Г.Галбадрах: Энд суралцахаар зорин ирж байгаа Монголын оюутнуудад тохиолддог нийтлэг асуудал нь юу байна вэ?
-Ш.Байгалмаа: Өндөр хөгжилтэй орнуудын Их Дээд сургуулиуд суралцах гэж байгаа оюутнуудаас “дүнгийн хуулбар”-ыг заавал шаарддаг. Энэ талаар манай Монголын Их Дээд сургуулиуд үнэхээр “хүнд сурталтай”. Уг нь “Сургалтын алба”-ны гол үүрэг нь хэрэглэгчийн хүсэлтийг хурдан шуурхай биелүүлэх, албан ёсны дүнгийн хуулбарыг нь бэлтгэж өгөх ажил юм шүү дээ. Оюутан бол мөнгөө төлчихсөн “хэрэглэгч”. Хэрэв албан ёсны дүнгийн хуулбараа \оfficial\ аваад ирвэл түүнийг нь орчуулаад, Америкийн сургалтын систем рүү хөрвүүлж “голч дүн”-г нь гаргаад өгдөг олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн байгууллагууд бэлэн байж байдаг. Гэтэл үүн дээр гайхмаар хариуцлагагүй тохиолдлууд зөндөө гарч байна. Бүр, их хэмжээний төлбөр нэхдэг тохиолдол ч байдаг. Тухайн албанд ажиллаж байгаа хүн нугалаа гаргаад байгаа юм уу, эсвэл аль ч сургуульд байдаг нийтлэг асуудал уу гэдгийг би сайн мэдэхгүй л дээ. Гэхдээ л олон улсын стандартад нийцсэн сургалт явуулдаг, тодорхой хэмжээнд магадлан итгэмжлэгдчихсэн бол тэр түвшиндөө нийцсэн үйлчилгээг төгссөн болон суралцаж байгаа оюутандаа үзүүлэх ёстой. Үүнийг хянаж, хэрэгжүүлэхийг мөн л  зохицуулж болмоор санагддаг.
 -Г.Галбадрах:Бас сургалтын төлбөртэй холбоотой асуудлууд ч байна?
-Ш.Байгалмаа: Оюутны зүгээс сургуульдаа төлөх хоёр төрлийн төлбөр байдаг.
1.Сургалтын төлбөр
2. Үйлчилгээний төлбөр.
Монголд суралцаж байгаа  оюутнууд чухам юунд хэдэн төгрөг төлөөд байгаа нь бүрхэг байдаг. Гэтэл энд болохоор “Чиний сургалтын төлбөрийн нэг кредит нь тэдэн доллар, харин чи үйлчилгээний төлбөр гэж семистр болгонд тэдэн доллар төлж байгаа. Тэр үйлчилгээний төлбөр тань ийм ийм юманд зарцуулагддаг” гэж тодорхой хэлээд бичээд өгсөн байдаг. Тэгэхээр оюутан “би юунд мөнгө төлж, ямар үйлчилгээ авч байгаа вэ?” гэдгээ тодорхой мэдэхээрээ мөнгөө төлөхдөө харамсдаггүй. Оюутнууд хэдэн кредит авч байгаагаараа бүтэн цагийн, хагас цагийн оюутан гэж ялгарна. Зарим сургуулиуд оюутны сурах идэвхи, төгсөлтийн хувийг тодорхой төвшинд барих зорилгоор бүтэн цагийн оюутан, голч дүн гэсэн үзүүлэлтүүдээр сургалтын төлбөрийн тэтгэлэг олгох бодлоготой байдаг.
    Тав. “Тулга” клуб бол миний сэтгэл оюуны таашаал

-Г.Галбадрах: Чамайг “Тулга” уран үгсийн клубын хоёр ч арга хэмжээг хөтөлж байхыг тань мэдэх юм байна. “Тулга” руу чухам юу чамайг хөтөлсөн юм бол?
-Ш.Байгалмаа: “Тулга” руу намайг хөтөлсөн нэг зүйл нь эх орноо санаж шаналсан сэтгэл, дотроо хадгалж яваа бухимдал, баяр бахадлаа хэн нэгэнтэй хуваалцах хүсэл минь байлаа. Мэдээж Америкт олон л нийгэмлэг холбоод, нэгдэл бий л дээ. Гэтэл үүн дотор Монголын утга зохиол яруу найргаар нөхөрлөсөн энэ хүмүүст би татагдсан юм. Дээрээс нь нөгөө л социализмын үед бидэнд бий болсон зүгээр сууж чаддаггүй зуршил, нийгмийн идэвхи маань түүртэхгүйгээр олон нийтийн дунд ороход минь нөлөөлсөн байх.
-Г.Галбадрах:Тийм ээ, “Тулга” -ын энэ эхлэл үнэхээр сайхан эхлэл юм шүү?
-Ш.Байгалмаа: Монголчууд бид чинь ийм гоё эх хэлтэй, ийм баялаг ёс заншилтай, бас уламжлалтай хүмүүс. Үүнийгээ яруу найргаар тэгж гоё илэрхийлсэн байдаг. Хүүхдүүддээ үүнийг нь ойлгуулахсан гэж хичээдэг байсан л даа. Америкт машин дотор ФМ сонсоод явж байхад ээж аавынхаа тухай барагтай бол дуулахгүй дээ. Цөөхөн сэдвийн зонхилох нь хайр сэтгэлийн дуу байдаг. Гэтэл монголчууд шиг ээж аавыгаа, эх орноо дуулдаг үндэстэн тийм олон байдаггүй байх.
…Сайхан ижий минь намайгаа үүрч алхлахад
Салхи чинь хүртэл хүнддэнэ гэж хийсч одсон…
гээд сонсоход ямар яруу гоё хэлж байнаа. “Салхи хүнддэнэ” гэж байдгаа гэж бишрэх жишээтэй. Энийг олж хэлдэг ямар мундаг яруу найрагч вэ? гэж боддог. Гэтэл энд өсч байгаа хүүхдүүд “салхи хүнддэнэ” гэдэг хэллэгээр юу хэлэх гээд байгааг бидний үеийнхэн шиг хүлээж авахгүй л байх. Тийм л орчуулж болохгүй, хүний нутагт бол байнга яригддаггүй, тансаг хэллэгийг бид бие биетэйгээ  хуваалцдаг юм.  Мөн зах зухаас нь хүүхдүүддээ хэлж ойлгуулах юм сан гэж боддог.
-Г.Галбадрах: Тэгэхээр ховор олдох чөлөөт цагаа үүнд зориулж байгаа хэрэг байх нь, тийм үү?
-Ш.Байгалмаа: Тийм ээ, энэ бол бас л нэгэн завшаан. Хөгжим, яруу найраг хүний сэтгэлийг уянгалаг сайхан хүүрнэлээрээ ямагт өөдрөг сайхан бодол, урам зориг руу хөтөлж байдаг. Тэр хэрээрээ бид сэтгэлийн цэнгэлийг эдэлж байдаг юм даа.
-Г.Галбадрах: Уулзаж дотно сайхан ярилцсанд баярлалаа. Хүн болгон хүүхдүүдийнхээ төлөө сэтгэлээ чилээж байдаг ч ойлгож, хөгжиж дэвжихэд нь хамтдаа зүтгэж байдаг нь хэд бол? Хичээл зүтгэлийн үр шим хэзээ нэгэн цагт ургаж дэлбээлдэг болохоор охидууд тань заавал амжилтад хүрнэ гэдэгт итгэлтэй байна. Танай гэр бүлд эрүүл энх, сайн сайхан бүхнийг ерөөе.
-Ш.Байгалмаа: Ерөөл бат оршиг. Хэдийгээр харь оронд ажиллаж амьдарч байгаа ч өөрсдийн үр хүүхдүүдийнхээ авьяас чадварыг хөгжүүлэн мундаг төвшинд хүргэж байгаа монгол гэр бүлүүд олон бий. Бид нэг их мундаг нь биш, жирийн л гэр бүл. Таны хэлж байсанчилан холын нутагт аж, амьдрал, мэдлэг боловролоо дээшлүүлж, үр хүүхдээ өсгөж яваа олон олон, жирийн гэр бүлүүдийн төлөөлөл болж хийсэн энэ ярилцлага маань хожмын нэгэн өдөр эргээд харахад монгол, монголчуудын нэгэн үеийн түүхийг бичилцэж яваа олон хүний дурсамж сэргээсэн баримт болж үлдэх байх аа.  Энэ ярилцлагыг хийх үед нөхөр маань байлцаж амжилгүй, ажлаа хийгээд явж байгаа нь хүртэл, яалт ч үгүй л бидний өнөөгийн амьдралын дүр зураг юм даа.  Энэ утгаараа, таны хийж яваа ажил ч бас чухал юм. Танд ч бас амжилт хүсье.
…Ш.Байгалмаагийн Их дээд сургуулиудын “Сургалтын алба” ны тухай ярьсан яриа миний хувьд бас л содон байв. Өөрөө боловсролын “гал тогоо” нд буцалж яваагийн хувьд сэтгэлээ чилээж, бусдад хэрэг тус болох олон зүйлийг хийхийг хүсч байгаа. Хэрэв энэ санааг нь сонирхон дэмжвэл Монголдоо очиж энэ чиглэлээр санал, туршлагаа хуваалцах хүсэлтэй байгаагаа ч ярьсан. Миний бодоход өнөөгийн Монголын дээд боловсролын шинэчлэл хөгжилд зайлшгүй хэрэг болох санаа нь “Оюутанд үйлчилгээ үзүүлэх цогц алба” юм шиг санагдсан. Яг энэчлэнгээр Монголын боловсролын төлөө санаа зовинож, өөрийн санаа бодлоо бусадтай хуваалцан, бага ч болов тус нэмэр болох санаа олон монголчуудад байгаа. Хэрэв тэд хамтарч  нэгдвэл, олон сайн үйлсийн эхлэлийг тавих буйз. “Дуслыг хураавал далай, дуулсныг хураавал эрдэм” гэдэг дээ.