Menu
Assign a 'primary' menu

Category Archives for "ЯРИЛЦЛАГУУД"

Mar 11

СУМО-ГООС ХОЛЛИВУУД РУУ

By gala-admin | ЯРИЛЦЛАГУУД

…У.Бямбажав бид 2 Лас-Вегаст уулзсан юм. Тэрээр урд орой нь Лос-Анжелосоос ирж нэгэн шоу тоглолтод оролцоод маргааш нь бид 2, Vellage-ийн нэгэн том танхимд сууж ярилцлаа. Түүний биерхүү хэрнээ хүүхдэрхүү төрх нь их л содон. Түүний тухай өмнө нь сонсож байсан ч тийм залуу гэж бас төсөөлж байсангүй. Харин яриаг нь сонсож суухдаа, өнөөгийн Монголын залуус минь ямар ч их хөгжиж, ямар их холын бодолтой болж, дэлхийн хэмжээнд сэтгэж байгааг анзаарч бахархаж байлаа. Хэдийгээр богино хугацаанд ч, тэрээр Америкт өөрийн гэсэн төрх, авьяасаараа нэрд гарч явааг нь түүний тоглосон хэн бүхний мэдэх SUBARU автомашины рекламаас мэдэрч болно.

Уламбаярын Бямбажав
Нэг. Намтрын товчоон
1984 онд  Улаанбаатар хотод төрсөн.
Гарьд клуб                      1997- 2001       Жудо, үндэсний бөхийн  тамирчин
Япон Токио   хот              2001-2005      Шибатаяама  дэвжээ тамирчин.
АНУ ын Лос Анжелос   2005-2011       Сонирхогчдын сумо  тамирчин ,жүжигчин ,
Оролцсон тэмцээн, авсан шагналууд:

1.  Өсвөр үеийн үндэсний бөхийн  тэмцээн               Алтан  медаль            2000 он
2.  Өсвөр үеийн үндэсний бөхийн  тэмцээн                Гарьд  /багаараа/      2000 он
3.  Өсвөр үеийн үндэсний бөхийн  аварга                   Алтан  медаль            2001  он
4.  Сумо бөхийн    Магушитагийн                                      15 зэрэг
5 . Япон  Осако “Сонирхогчдын сумогийн дэлхийн аваргын тэмцээн
2006 он +115 кг -д                        Алтан медаль
6.  АНУ  Лос  Aнжелос     US Sumo -2007 он  ‘’+115 кг-д                       Алтан  медаль
7.  Италийн  Милан хотод    Мilano sumo -2007 он      +115 кг             Алтан  медаль
8.  Тайланд Чангмай ,,Word Sumo Championship  ‘’хүнд жин                  Хүрэл медаль
9. АНУ ын Санта Барбара  Тsunami -2007    хүнд жин                        Алтан медаль
10.  AНУ –ын Лос Анжелос   US Sumo -2008     +115 жинд                    Алтан  медаль
11. Герман Берлин  Hanover Sumo Championships-2008   +115кг     Алтан  медаль
12  Эстониа  Таллин  Мilano sumo -2008    +115 кг                                  Алтан  медаль
13. ОХУ Москва   Мoscow Sumo Tournament 2008                                        Хүрэл медаль
14,  Болгар Софи  хүнд жинд                                                                          Алтан  медаль
15,  Тайван Tайпэй бага олимп    World Game 2009                                  Алтан  медаль
16   АНУ Лос Анжелос    US Sumo 2009        +115 кг                                  Алтан  медаль
17.  АНУ Лос Анжелос   US Sumo open 2010   +115 кг-д                          Алтан  медаль
18.  Польш  Варшав,,Word Sumo Championship  2010’’+115 кг                 Хүрэл медаль

Хоёр. Мэргэжлийн сумогийн ертөнцөд

Г.Г-Бага насныхаа тухай дурсвал?

У.Б- Би 1984 онд Улаанбаатар хотод төрсөн. Харин 1-р ангидаа Нийслэлийн 81-р сургуульд орж байв. Багаасаа л унаган махлаг байсан гэдэг. Манай аав Дорноговийн Говьсүмбэрийн хүн. Өвөө маань их том биетэй, бяртай байсан хэрнээ барилдах дургүй хүн байсан гэсэн. Аав минь намайг 9 настай байхад Барилгачдын Соёлын Ордны дэргэдэх үндэсний бөхийн дугуйланд Шийрэв гэдэг хүнд шавь орууллаа. Багаасаа барилдах дуртай, тэгээд ч том биетэй байсан болохоор гайгүй барилдчих байх гэж бодсон байх л даа.

Г.Г-Үндэсний бөхөөр хэр сайн барилдаж байв даа?

У.Б-Өөрөө сонирхолтой байсан болохоор хэрдээ л хөөрхөн барилдчихдаг байлаа. 2001 оны үндэсний бөхийн Улсын аварга шалгаруулах тэмцээнд  манай “Гарьд” клуб багаараа тэргүүлсэн л дээ. Үүний дараахан Японоос хүн ирж мэргэжлийн сумод 30-аад хүүхэд шалгаруулж авсанд би орж тэнцчихэв.

Г.Г-Ер нь тэр үед Монголын үндсэний бөхөөр гайгүй барилдаж байсан хүүхдүүдийг Японы мэргэжлийн сумод шалгаруулж авч байсан нь миний бодлоор сайн муу 2 талтай байсан байх. Нэг талаас мэргэжлийн спортод хөл тавьж амжилт гаргаж байгаа ч монголын үндэсний бөхийн хөгжилд сөргөөр нөлөөлсөн байж болох юм.

У.Б-Магадгүй. Хэрэв би сумогоор хичээллээгүй бол үндэсний бөхөөр л барилдах байсан. Мэргэжлийн сумод тэнцчихээд “Чингис” зочид буудалд очиж багштайгаа уулзан, юу хэрэгтэй, юу авч явах тухайгаа асуухад тэрээр надад “Юу ч хэрэггүй ээ! Дохад мөнгө байгаа” гэж хэлж байж билээ. Тэгээд 2001 оны 3 сарын 5 нд Японы Осакод халаасандаа 100$-той бууж байлаа. Одоо бодоход их л зоригтой байж дээ.

Г.Г-Анх мэргэжлийн сумогийн ертөнцийг харахад ямар санагдаж байв?

У.Б-Анх дэвжээн дээрээ очсон чинь 3, 4 хүн хоорондоо л мөргөлдөөд байх юм. Гэтэл нэгнийх нь шүд нь хугараад нөгөөгийнх нь духанд наалдчихаж. Гэтэл нэг япон муухай орилоод л хүрзээр цохиод байх юм. Энэ үед “би ер нь юунд ирчихээ вэ?” гэж бодогдож байсан шүү.

Copy_2_of_IMG00059-20101009-2020Г.Г-Сумо мэргэжлийн спорт болохоор дэг жаяг нь хатуу байдаг байх?

У.Б-Тийм ээ! Сумогийн ертөнц их хатуу. Мэргэжлийн спорт гэдэг юу болохыг тэгэхэд л ойлгосон. Бөхчүүд өөрсдийн харьяалагдсан дэвжээтэй. Тэндээ амьдраад бэлтгэл сургуулиа хийнэ, бас өөрсдөө хоол ундаа ч хийнэ. 15 настай монгол хүү Японд соёл, дэг журам, хатуужилд суралцсан. Байнгын бэлтгэл сургууль, дэг жаяган дунд их тэсвэр тэвчээр, зоригтой байж сурсан нь өнөө ч миний амьдралд хэрэг болж байгаа. Хэдийгээр их хатуу ч сумо, залуу хүнийг их зүйлд сургадаг.

Г.Г-Мэргэжлийн сумод хэр амжилттай барилдав?

У.Б-2001 оны 3 сард очоод 7 сараас дэвжээндээ барилдаж эхэлсэн. Миний очсон дэвжээ шинэхэн байгуулагдсан байсан юм. Барилдаад доод зиндаандаа түрүүллээ. Аажим аажмаар зиндаа ахисаар макушичи зиндаанд хүрсэн л дээ.

Г.Г-Яагаад сумог орхих болоо вэ?

У.Б-5 жил барилдаад үндсэндээ сонирхол буурч эхэллээ. Дээр нь бэртэл авсан байсан нь ч нөлөөлсөн дөө. Монголоо, гэрээ ч их санадаг байж. 5 жил өөрийнхөө дэвжээнд тэргүүн бөх болсон байсан ч “сумогоо орхих тухай” багшдаа хэлэв. Багш маань дургүй байсан ч зөвшөөрсөн. “Дургүйд хүчгүй” гэгчээр Монголдоо очиж үндэсний бөхөөрөө барилдах сонирхол нь илүү байлаа.

Гурав: Америкт ирсэн түүх

Г.Г-Тэгээд Монголдоо буцаж ирсэн үү?

У.Б-Тэгсэн. Монголдоо буцаж ирээд Шийрэв багш дээрээ очиж үндсэний бөхөөрөө хичээллэж эхлэв. Гэтэл 2001 оны 6 сард болох сонирхогчдын сумо бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцохыг багш минь санал болголоо. Нэгэнт мэргэжлийн сумогоор хичээллэж байсан болохоор энэ тэмцээний +115 кг-ын жинд оролцоод түрүүлсэн. Энэ тэмцээнд түрүүлсэн бөхчүүд 10 сард Японы Осакод болох дэлхийн аваргын тэмцээнд оролцох байсан юм. Тэгээд л тэмцээнд бэлтгэж эхэллээ.

DSCF0704Г.Г-Үндсэндээ мэргэжлийн сумогоос сонирхогчдын сумод шилжсэн хэрэг болжээ.

У.Б-Тэгсэн л дээ. Намайг Монголдоо буцаж ирсэний дараахан “5 цагираг” сонинд “Үндэсний бөхөө санаад Монголдоо буцаж ирэв” билүү, тиймэрхүү нэртэй ярилцлага гарч, сонины нүүрэнд миний зургийг тавьсан байсан юм.  Түүнээс ч болсон уу?

Нэг өдөр манай гэр рүү нэг хүн утсаар ярилаа. “Америкийн Калифорни мужийн Сумо бөхийн холбооны даргаас таныг Холливуудын хийж байгаа киноны  сумогийн хэсгийн туслах дүрд тоглох санал тавьж байна” гэдэг юм. Гайхаж байснаа гэрийнхэнтэйгээ, багштайгаа зөвлөлдлөө.  Багш болохоор “Чи энэ кинонд нь тоглочихоод буцаад ирэхгүй юу дээ” гэв. Тэр үед надад Америк явна гэсэн зорилго, төсөөлөл ч байгаагүй.

Г.Г-Азтай тохиолдол байна.

У.Б-Би зөвшөөрсөн чинь 2 долоо хоногийн дараа с-1 виз, бичиг баримт маань бүрдээд хүрээд ирэв. Монголоос Баянбат гэдэг залуу бид 2 хамт явж байгаа юм. Бичиг баримт маань 2 жилийн гэрээ, хүсвэл дараа нь 2 жил ажиллах зөвшөөрөл байсан. Ингээд 2006 оны 9 сарын 17 нд Америкт ирлээ. Лос-Анжелост буугаад WARNER BROSS-т очсон. Бүх танилцуулгаа авав. Дарга нь японоор ярьдаг хүн байсан болохоор ойлголцоход амар байсан.

Г.Г-Нэг ёсондоо шууд Холливуудад хөл тавьжээ. Ямар кино байсан юм бэ?

У.Б-Тэр бол “ОCEAN S THIRTEEN” гэдэг кино байсан. Жорж Клуни, Брэд Питт, Матт Дамон . Аль Пачино нар гол дүрд нь тоглосон. Аль Пачино дэвжээн дээр гарч үг хэлээд сумо барилдаан барилддаг хэсэг. Японы алдарт сумоч ёкозуно Акэбона, Мусашимару нар барилдана. Тэр хэсэгт нь бид 2 оролцдог юм.

7 хоног бэлтгээд зураг авалтад орлоо. Зураг авалт нь өглөөний 5 цагаас оройн 11 цаг хүртэл л хийгдсэн. Тэгж их зардал, хөдөлмөр болчихоод 1,2 сек зураг авсан юм шүү дээ. Би үнэндээ гайхсан.

Copy_2_of_cid_433Г.Г-Холливуудын ертөнц чамд ямар санагдаж байв?

У.Б-Үнэхээр мундаг юм билээ. Бүх зүйл нь маш нарийн төлөвлөгдсөн яв цав. Хүн болгон л хийх ёстой зүйлээ маш сайн гүйцэтгэдэг. Техник болон хангамж нь маш сайн. Жүжигчид найруулагчид нь ямар ч их зангүй, ердийн л хүмүүс. Нэг киног хийхэд ямар их зардал, ямар их хөдөлмөр зарцуулдаг нь мэдрэгдэж байсан. Энэ кинонд оролцсондоо бид 2 их азтай.

Г.Г-Америкт зорьж ирсэн ажил дуусчээ. Дараа нь ямар шийдвэр гаргав?

У.Б-Зураг авалт дуусаад биднээс “одоо яах вэ?” гэж асуулаа. Тэр үед би 21 настай байсан. Кинонд оролцоно гэж ирсэн болохоор өөр ямар нэгэн төлөвлөгөө төсөөлөл надад байгаагүй. Дотроо болохоор 10 сард Японд болох сонирхогчдын сумогийн дэлхийн аваргын тэмцээнд орох тухай л бодож байлаа.

Калифорнын сумогийн холбооны дарга нь бидэнтэй уулзаад их л олон зүйлийг ярьсан. Тэр хүн намайг сонирхож байсан юм билээ. Хамтарч ажиллах санал ч тавьсан.

Г.Г-Хамтарч ажиллах санал тавина гэдэг чинь хууль ёсоор Америкт ажиллаж амьдрах боломж олдож байна гэсэн үг байх.

У.Б-Америкчууд хуулиа чанд мөрдөж, бүх л зүйлээ нарийн төлөвлөж тооцдог хүмүүс. Бид 2-ыг хамтад нь хуульч дээр дагуулж очиж ярилцлаа.  2 жилийн дараа яах вэ? гэдэг асуудлыг л өнөөдөр ярьж байгаа хэрэг шүү дээ. Хуульч надаас “Чи яах бодолтой байна вэ?” гэж асуусан. Хариуд нь би ” Сонирхогчдын сумогийн дэлхийн аваргын тэмцээнд явнаа” л гэлээ. Тэрээр нилээд сонирхож байснаа “Хэрэв чи энэ тэмцээнд түрүүлбэл, би чамд ногоон карт авч өгч чадна гэж 100% амална” гэж хэлэв. Энэ үед надад ямар боломж олдож байгааг би сайн ойлгосон.

Дөрөв: Сонирхогчдын Сумогийн ертөнцөд

Г.Г-Ямартай зорьсон зорилгоосоо хазайсангүй. Сонирхогчдын сумогийн тэмцээндээ оролцсон уу?

У.Б- Тэндээсээ шууд Японы Осако руу явж 10 сарын 15 нд болсон дэлхийн аваргын тэмцээндээ оролцлоо. Энэ тэмцээнд 38 орноос 23 тамирчин ирсэн байсан. Би +115 кг-ын жинд зооны аваргын төлөө, урьд нь дэлхийн аварга болж байсан Польшийн бөхтэй барилдаж ялав. Харин аваргын төлөө өмнө нь 2 ч удаа дэлхийн аварга болж байсан, их том биетэй Оросын тамирчинтай барилдаж ялсан даа. Түүнийг ялснаар анх удаа сонирхогчдын сумогийн дэлхийн аварга боллоо.

Дэлхийн аварга болчихоод Монголынхоо төрийн далбааг мандуулж, Монголынхоо төрийн дууллыг эгшиглүүлж байх мөч л хамгаас сайхан байсан. Энэ бол миний мэргэжлийн сумогийн дэвжээнд 5 жил хичээллэж байсны үр дүн, намайг сургаж, дасгалжуулж байсан япон багшийн минь зүтгэлийн үр дүн байлаа.

DSCF0776Г.Г-Та урьд нь мэргэжлийн сумогоор хичээллэж байсан. Одоо сонирхогчдын сумогоор хичээллэж байхад ямар ялгаа мэдрэгдэж байв?

У.Б-Сонирхогчдын сумо миний төсөөлж байснаас өөр байсан. Мэргэжлийн сумод дэвжээний тамирчидтайгаа хамтарч бэлтгэл хийдэг, өөр дэвжээний ямар тамирчид яаж барилддагийг үндсэндээ гадарлана. Харин сонирхогчдын сумогийн барилдаанд өрсөлдөгчдөө үндсэндээ мэдэхгүй шахам. Өөр спортоор хичээллэж байсан тамирчид зөндөө байдаг болохоор яаж барилдахыг нь урьдчилж төсөөлөх аргагүй. Тийм болохоор барилдах явцдаа маш сайн мэдрэмжтэй байх хэрэгтэй гэсэн үг.

Г.Г-Энэ тэмцээнд Монголын баг тамирчид амжилттай оролцсон уу?

У.Б-Монголын баг тамирчид энэ тэмцээнд багаараа хүрэл медаль хүртсэн. Би Монголынхоо багт барилдсан болохоор хамтдаа л баярлацгаасан. Шийрэв багш минь ч ирсэн байлаа.

Г.Г-Ер нь сонирхогчдын сумогийн дэлхийн аваргын тэмцээнд Монголын тамирчид хэд хэдэн удаа дэлхийн аварга болж байсан байхаа.

У.Б-Тэгэлгүй яахав. Б. Бат-Эрдэнэ аварга 1 удаа, А.Сүхбат аварга 2 удаа, Б.Гантогтох гарьд 1 удаа дэлхийн аварга болж байсан юм. Монголчууд сонирхогчдын сумогийн дэлхийн аваргаас  алтан медаль авч байснаас 8 жилийн дараа би аварга болж байгаа нь энэ. Сонирхогчдын сумогийн дэлхийн аваргын анхны тэмцээн 1996 онд болж 8 орон оролцож байсан бол, 10 жилийн дараах энэ тэмцээнд 38 орон оролцжээ. Энэ тэмцээн жилд нэг удаа болдог. Түүнээс хойш би дахиад 2 ч удаа түрүүлж, нийтдээ 3 удаа аварга болов. 2008 онд Монголын тамирчин Наранбат бас дэлхийн аварга болсон.

Тав: Реклам шоуны ертөнцөд

Г.Г-Дэлхийн аварга болчихоод?

У.Б-Энэ тэмцээнээ дуусгаад шууд Америкт буцаж ирлээ. Ирээд хуульчтайгаа уулзав. Тэр хүн надад баяр хүргээд амалсан ёсоороо ногоон картад мэдүүлэг өгч, 2 жилийн дараа ногоом картаа авсан. Түүнээс хойш Америкт албан ёсоор ажиллаж амьдарч байна.

Г.Г-Одоо ямар ажил хийж байгаа юм бэ?

У.Б-Эхлээд Лос-Анжелост сушины ресторанд 6 сар ажиллав. Мэргэжлийн сумод байхдаа өөрсдөө хоолоо хийж иддэг. Тэр үед суши хийж сурсан байсан юм.

Одоо бол Калифорны сумогийн холбооны дарга Andrew Freund гэдэг хүн надтай хамтран ажилладаг. Нэг ёсондоо миний менежер. Сүүлийн 4 жилд 45 орноор явж олон төрлийн шоу болон үзүүлэх тоглолтод оролцлоо. Мөн энэ хугацаанд том жижиг нийлсэн бараг 140 орчим рекламд тоглов

S7300019Г.Г-Тэгэхээр таныг үндсэндээ  реклам, шоу, элдэв арга хэмжээнд оролцдог гэж ойлгож болох уу? Лав л Канадын SUBARU автомашины рекламд тоглосныг тань мэдэх юм байна.

У.Б-Тэгж ойлгож болно. SUBARU-гийн рекламыг Лос-Анжелост хийсэн юм. Саяхан Канад явж SUBARU-гийн нилээд том арга хэмжээнд оролцоод ирлээ. JIM-BEAN-ын рекламд Bиллиам Дeфoе-той хамтран тоглосон. Сар болгон олон ч оронд, олон ч газар болох шоу болон үзүүлэх тоглолт арга хэмжээнд оролцдог. Арга хэмжээгүй үедээ бэлтгэл сургуулиа хийж, хэлний сургалтад явна. Үндсэндээ зав жаахан муутай. Гэхдээ би энэ ажилдаа дуртай, бас сэтгэл хангалуун байдаг юм.

Г.Г-Олон рекламд тоглохыг бодоход танд жүжиглэх авьяас байдаг бололтой.

У.Б-Би бага байхдаа хошин шог их сонирхдог, бас нилээд дуурайж жүжиглэх дуртай байлаа. Нэг их урлаг гэж яваагүй ч тэрүүхэндээ жаахан авьяас байсан юм шиг байгаа юм.  Энд анх рекламны зураг авахуулж байхад “нүүрний хувирал их сайтай юм” гэцгээж байсан. Учиргүй жүжиглээд байдаггүй ч миний байгаагаараа байгаа төрх таалагддаг бололтой. Энэ бас монголчууд бидний нэг онцлог байх. Монголчууд ер нь худлаа жүжиглээд байж чаддаггүй, алив зүйлд яг өөрийнхөөрөө, бас сэтгэлээрээ байж чаддаг. Энэ бас сайн чанар.

Г.Г-Таны ингэж олон рекламд тоглоод байгаа тань Холливуудтай ямар нэгэн хэмжээгээр хамаатай юу?

У.Б-Саяхан надад SAG / Screen Actors Guild/ өгсөн л дөө. Холливуудын бүх жүжигчид үүнийг авдаг. Энэ нь үндсэндээ Холливуудын бүртгэлд орж байгаа гэсэн үг юм билээ. SAG-ийг авахын тулд жүжигчид өөрийн имижээрээ кредит цуглуулдаг. Өөрөөр хэлбэл хичнээн олон үзэгдэлд тоглож, олонд хэр танил болж чадав гэдгээр нь хэмжинэ гэсэн үг юм уу даа. Бараг 100 гаруй рекламд тоглосны дараа надад өгсөн юм.

Г.Г-Баяр хүргэе! Тэгэхээр энэ бол ямар нэгэн хэмжээгээр Холливуудын босгыг алхаж байна гэж би ойлгож байна.

У.Б-Баярлалаа. Одоогоор Холливуудад Сумогийн тухай нэг кино хийх төлөвлөгөө байгаа юм билээ. Гэхдээ одоогоор яригдаж л байгаа.

Г.Г-Тантай ярилцаж байхад их л зам туулсан хэрнээ, заримдаа их ч азтай юм шиг санагдаж байна л даа.

S7300018У.Б-“ХҮН ИРЭЭДҮЙН ЗУРГАА ӨӨРӨӨ Л ЗУРЖ ЯВДАГ”. Энэ миний өөртөө хэлдэг үг. Нэг талаас хүн дандаа  сэтгэл сайтай явбал, бас өөртөө зорилго тавьж, түүнээсээ няцахгүй байвал аяндаа л бүх зүйл нь бүтэж байдаг. Хүн ер нь өөрөө л өөрийнхөө хувь заяаны төлөө шийдвэр гаргаж байх ёстой юм уу гэж бодож явна.

Г.Г-Сайхан үг байнаа. Ямартай ч Японы мэргэжлийн сумогоос Америкийн Холливуудад хүрэх, хэн боловч туулж үл чадах замыг  туулж яваад тань бахархаж байна. Энэ бол Монголын залууст минь том боломж нээж, итгэл найдварыг төрүүлэх байхаа.

У.Б-Манай Монголчуудын алив зүйлд дасан зохицох чадвар нь үнэхээр мундаг. Би гадаадын олон орнуудаар явж байхдаа Монголчуудаа л сурагладаг. Гэтэл миний явсан газар бүхэнд монгол хүн заавал тааралддаг юм. Мексикт 3 монгол хүнтэй дайралдаж байсан. Нэг арал дээр болсон өмнөд Африкийн тэрбүмтан хүний төрсөн өдрийн арга хэмжээн дээр нэг Монгол хүнтэй тааралдсан гээд бод доо. Тэр хүн тэнд 12 жил болсон циркийн жүжигчин байсан.

Би Монгол залуусаараа бахархдаг. Хаа ч тааралдсан тэд дандаа л мундаг сайн явж байдаг юм.

Г.Г-Тийм шүү! Үүний нэгэн жишээ нь та өөрөө.  Алдарт Холливуудад Монгол жүжигчин өөрийн орон зайтай болж, авьяас чадвараараа гайхуулаасай гэж зөвхөн би ч биш олон монголчууд хүсч, мөрөөдөж ерөөж  байгаа.  Тэр хүн нь таныг байгаасай гэж хүсч байна.

У.Б-Их баярлалаа. Би хичээх болноо. Танд ч бас баярлалаа. Бас монголчууддаа, монголын залуустаа үргэлж өөдрөг сайхнаар гялалзаж явахыг ерөөе.

Түүний тоглосон реклам болон бусад шоуны тухай мэдээлэл

FILM

Ocean ‘s 13                                  Sumo wrestler                                                                    Warner Brothers

TELEVISION

Sweet 16                                      Sumo wrestler                                                                    MTV

Sumo star                                    Featured star     of Current TV documentary                     Direct TV

Sumo wrestler                             Featured in Robert Wilson video portrait                           VOOM portrait

Sumo special                               Sumo wrestler                                                                    National Geographic

Thestream.tv                                 Featured guest                                                                    Hollywood CA

COMMERSIAL /Print/

Subaru                                          Featured sumo wrestler                                                    CA ,FL and Canada

Solid works                                  Featured sumo wrestler                                                    Boston ,MA

Captain Morgan                           Featured sumo wrestler                                                    NY

Microsoft X-Box                             Featured sumo wrestler                                                    LA,CA

Neutrogena                                   Featured sumo wrestler                                                    LA,CA

Visa card                                        Featured sumo wrestler                                                    Toronto ,Canada

Attack! Marketing                           Featured sumo wrestler                                                    LA,CA

L.A life commercial                       Featured sumo wrestler                                                    Fox sports reel

Renault Automobile                     Featured sumo wrestler                                                   Frankfurt ,Germany

Phillips AMBX game                    Featured sumo wrestler                                                   Amsterdam , Holland

Jim bean                                        Featured sumo wrestler                                                   LA ,CA

LIVE EVENTS

UCLA Awards Ceremony            World Champion sumo wrestler                                      LA,CA

Toshiba                                           World Champion sumo wrestler                                      laguna Niguel ,CA

Hitachi                                             World Champion sumo wrestler                                      CA &AZ

Cultural Festival                            World Champion sumo wrestler                                     Greece

Ozumo Restraunt                         World Champion sumo wrestler                                      Oakland,CA

Royal Performance                      World Champion sumo wrestler                                      Seychelles

ISCAR LTD                                     World Champion sumo wrestler                                     Israel & Germany

Arnold Sports Festival                  World Champion sumo wrestler                                     Columbus ,Ohio

Tsunami                                          World Champion sumo wrestler                                     Santa Barbara

Cherry Blossom Festivals           World Champion sumo wrestler                                      10 + sites Nationwide

/энэ мэдээлүүдийг өөрөөс нь авлаа/

…У.Бямбажав маань Лос-Анжелосийн цагдаа нарт Монголын үндэсний бөхийн мэхийг зааж байгаа гэсэн. Бас Калифорни мужийн амбан захирагч байсан А.Шварцнеггерийн зохион байгуулсан сумогийн тэмцээнд 3 удаа түрүүлжээ. Түүнийг Калифорни мужийн Карсон хотын “Хүндэт иргэн” болгож, Лос-Анжелос хотын “Найрамдал” медалиар шагнасан байна.

Түүний тухай илүү ихийг мэдэхийг хүсвэл www.sumobyamba.com цахим хуудсаар нь зочлоорой.

Монголчууд бид, энэчлэнгээр залуу насандаа бидний мөрөөдөж л байсан оргил руу тэмүүлж яваа залуусаа чин сэтгэлээс ерөөж байх сан. Түүний мөрөөдөл биелэх болтугай.

 

Mar 03

АМЕРИКТ ГАЙХАГДАЖ БАЙГАА МОНГОЛЫН БАХАРХАЛ-УУД

By gala-admin | ЯРИЛЦЛАГУУД

Нэг. Лас-Вегас
…Өдөр шөнийн 24 цагт амьдрал буцалж байдаг Лас-Вегас хотыг яах ч аргагүй дэлхийн тэргүүн зэргийн шоуны хот гэдгийг бүгд л хүлээн зөвшөөрдөг. Өдөрт хэдэн сая хүн энэ хотыг зорин ирж казинод тоглон мөнгөө алдаж, бас заримдаа олж, олон төрлийн шоу үзэж сэтгэлээ баясган, өдрөөс өдөрт өргөжин тэлж байгаа гайхамшигт байгууламжуудыг харах бүрдээ бишрэн дуу алдана.
Энд хүмүүсийн халаасыг өөрсдийнх нь хүслээр дундалдаг хэдий ч үүнийхээ төлөө харамсахгүй байх сэтгэл зүйн орчныг бүрдүүлсэн байдаг нь бизнесийн ухаан байх. Зочид буудал нь хамдхан, хотын нэг захаас нөгөө зах хүртэл нэг л шугамаар явдаг автобус, гудамжаар нь тайван алхах ахул үзэж сонирхох зүйл мундахгүй. Хүмүүс нь нэг л амгалан тайван, бас хөгжилтэй, сэтгэл санаа нь хөөрүү.

Дэлхийн гайхамшигт хотуудын байгууламж, бүжиглэдэг усан оргилуур, гудамжны элдэв шоу тоглолтууд, хүмүүсийн жүжиглэлүүд, казиногийн доторхи дуу алдам байгууламжууд, урлагийн гайхамшигт бүтээлүүд нь үзсэн хэнийг ч болов бишрүүлэн бахдуулна.
Тэр жил би нэг удаа бусдыг дуурайж казинод тоглож үзсэн юм. Яаж ч хичээгээд миний толгойд ямар ч бодит төсөөлөл орж ирэхгүй энэ л орчинд, азаа сорин тоглож байгаа мөнгөө алдах магадлал нь дэндүү өндөр юм билээ. Цөөхөн мөнгө хожсон хэн нэгэн баярласандаа “дахиад бүр илүү их”-ийг хожчих юм шиг хуурамч зөн билэгтээ найдан тавьж тоглосоор, нэг л мэдэх дор анх тоглосон мөнгөн дээрээ хожсон мөнгөө, бас дээр нь багагүй мөнгө нэмэрлэсэн байх тохиолдол дэндүү их. Хүн гэгч бодьгалын өчүүхэн шуналын нууцxан галыг асааж, улам улмаар бадраасаар зовж олсон мөнгийг нь боловсон байдлаар хурааж авч чаддагаараа казино дэндүү “зальтай”. Харин Лас-Вегас мөнгөө алдаж сэтгэлээр унасан хүмүүсийн сэтгэлийг нь сэргээж тайтгаруулах олон сайхан зүйлийг байгуулж,  бий болгосноороо хүмүүсийг тэгтлээ татдаг байх .

Социализмын үед бидний оюун санаанд гүн бат суулгасан байсан казиногийн хар сүүдэр болох “аллага”, “хүчирхийлэл”, “янхандалт” энд тэгтлээ айдас төрөн,  жихүүцмээр үзэгддэггүй. Өдгөө ч Монголд яригдаад байгаа алдарт “Казиногийн хууль” гэгчид ийн сурталчилж болгоомжилж байдаг хэдий ч, яг үнэндээ энэ хуулийг баталж чадахгүй, дэлгэрүүлэхгүй байгаа үнэн шалтгаан нь өөрсдөө эзэн сууж их мөнгө угаах гэсэн Монголын улстөрчдийн гүн шунал, нууцxан тэмцлээс л улбаатай юм шүү дээ.
Би энэ хотын гудамжаар явж байхдаа, Монголын уудам талын хаа нэгтэй Лас-Вегас шиг ийм хот байгуулж чадвал, тэнд монголынхоо нүүдэлчин ахуй, соёл, түүх,  зан заншлыг харуулсан гайхамшигт орчин,  үзүүлбэрүүдийг бий болгож дэлхийн хүмүүсийг татаж чадна даа гэж бодож , бас битүүхэндээ атаархаж л байв.
Энэ удаад Лас-Вегаст очихдоо казиног бус, тэнд болдог олон шоу арга хэмжээг сонирхож амжсан минь надад урьд урьдаас шал өөр мэдрэмж төрүүлсэн шүү. Яахав дээ! Мөнгөтэй бас уйдсан хүмүүс нь казино тоглож , азаа туршин сэтгэлээрээ “баяжиж” байхад заавал казинод мөнгөө тушаахгүйгээр, харж баясан, үзэж сэтгэлийн таашаал авч болох олон зүйл энд байдаг аж.

“О”   ШОУ
_MG_3853…Ж.Эрдэнэчимэгийн надад тусалснаар, миний үзсэн 2 том шоуны нэг нь “O” шоу байлаа. Энэ шоу нь усан дээрх тоглолт болохоор бүх л тоглолтууд нь усны спорт, урлагийн тоглолтын гайхамшигт хослол болжээ. Усаар бүтээсэн энэхүү тайз нь маш олон янзаар солигдож, энэ бүхэн нь ямар нэгэн түүх, хошин өгүүлэмж, үйл явдлыг дүрслэх аж. Усны гүнд, усан дээр, агаараас ус руу үсрэх циркчилсэн  бүх л үзүүлбэрүүд ур чадварын оргил нь байлаа.
Тоглолтын зохиомж, найруулга, өнгө гэрлийн зохицолдооныг үнэхээр бахархахгүй байхын аргагүй. Энэ шоуг 13 жилийн өмнө зохиосон хэрнээ одоо хүртэл энэ хэвээрээ өдөр бүр тоглогдож байгаа гээд бодохоор урлагийн бүтээлийн үнэ цэнэ, сэтгэмж, ур чадвар гэдэг ямархан гайхамшиг болохыг нотлох мэт. Түүнчлэн энэ шоуны гол жүжигчид нь усан спортоор дэлхийн болон олимпод оролцож байсан алдартай тамирчид байдаг тухай, усны гүнд шургасан үзүүлбэрүүдэд аврагчдын бүхэл баг ажиллаж, хамгаалж байдаг тухай тэд надад тоглолтын дараа тайлбарлаж өгсөн юм.

Энэ тоглолтын сүүл хэсэгт усан дээр Монголын нугараач охидын үзүүлбэр гарч ирдэг. Усан дээр Монголын уран нугаралтын гайхамшиг амилах мөчид үзэгчид чив чимээгүй, хааяа уулга алдан шагшрах нь сонсдох төдий. 5 охины хосолсон нугаралтын энэ үзүүлбэр хэн хүний санаанд багтамгүй хэрнээ, зүүд зэрэглээ мэт санагдах. Хүмүүсийн чин сэтгэлээсээ бахдан алга таших мөчид Лас-Вегасын тэнгэрт Монголын гайхамшиг Монголын төрийн далбаа болон намирах мэт сэтгэлд төсөөлөгдөж байсан шүү. Монгол охидын нугарах тэр л мөчид цээж өөрийн эрхгүй огшиж, нэг л бахархал омогшил сэтгэлд мэдрэгдэж байлаа. Тэр л мөчид монголчууд бидний сэтгэлийн гүнд нуугдаж байдаг омогшлоо гэнэт мэдрэх шиг….  Үнэхээр сайхан байсан. Эх орноосоо алс байж, ажил амьдралын элдэв нугачаанд алжааж ядарсан сэтгэлд энэ үзүүлбэр үгээр хэлэхийн аргагүй сайхан мэдрэмжийг авчирч байлаа.
Тоглолтын дараа нугараач охидуудтай уулзаж ярилцаж байхдаа би тэдэнд “Ах нь та нарыг бусдад таниулж, мартсан эх оронд тань сануулах болноо” гэж  чин сэтгэлээсээ амалсан юм.

Монголын бахархал
…Одоогоос 13 жилийн тэртээ 14-16 настайдаа Монголоосоо гарч дэлхийд алдартай Канадын “Нарны цирк”-эд ирж байсан энэ охидууд өдгөө нас биед хүрцгээж, дэлхийн шоуны ертөнцөд өөрсдийн гэсэн орон зайтай болж амжжээ. Анх ганцаарчилсан нугаралтаар эхэлж байсан монголын уран нугаралт өдгөө дэлхийн түвшинд гайхуулах хүртлээ хөгжиж, сурталчлагдаж байна. Энэ үйлсэд өдгөө болтол зүтгэж, эдгээр охидын багшаар, туслагчаар өдий болтол ажиллаж байгаа Ж.Эрдэнэчимэг бүсгүйн тухай миний бие өмнө нь “Aжилдаа дуртай байх гэдэг аз жаргал”нэртэй ярилцлага бичсэн. Харин одоо нугараач охидыг танилцуулья.

_MG_3833

1. Дашбалжирын Энхжаргал
-1981 онд Улаанбаатар хотод төрсөн
-1989 оноос Монгол Улсын Циркийн дэргэдэх дугуйланд хичээллэж 1991 оноос “Дарь-эх” сэдэвт уран нугаралтын ганцаарчилсан үзүүлбэр үзүүлж, 1992 оноос “Tүмэн эх” чуулгын тайзнаа тоглож эхэлсэн.
-1994 оноос Улсын Циркийн жүжигчин болж 1996 оноос Б.Норовсамбуу багшийн удирдлага дор Д.Намчинхандын хамтаар “Могойн чуулга” нэртэй бүтээл үзүүлэх болсон нь Солонгос Улсад болдог “Хаврын баяр” наадмын “Алтан цом” хүртсэн аж. Мөн ондоо энэ үзүүлбэр нь Хятад Улсад болсон олон улсын циркчдийн тэмцээнээс “Мөнгөн цом” хүртжээ.
-1998 оноос Канадын “Нарны цирк”-ийн “O” шоунд тоглож байна. Тэрээр 2002 онд Америкийн одууд оролцдог “Got Milk” рекламд оролцон тоглосон байна. Түүнчлэн “Тhe View”, “Latin Musik Amard”  зэрэг олны сайн мэдэх нэвтрүүлэг, хөтөлбөрүүдэд оролцжээ.
Аав Дашбалжир нь Хөвсгөл аймгийн уугуул, эдийн засгийн дээд боловсролтой. Ээж Цэрэнханд нь Говь-алтай аймгийн уугуул, эдийн засгийн дээд боловсролтой.

2. Дамбын Намчинханд
-1983 онд Улаанбаатар хотод төрсөн
-1990 онд Монгол Улсын Циркэд Норовсамбуу багшийн удирдлага дор хичээллэж, 1992 оноос ганцаарчилсан үзүүлбэрээр эстрадын дуу бүжгийн “Варьете” чуулгад тоглож эхэлсэн. Энд тоглож байхдаа ОХУ болон Хятадад аялан тоглож байжээ.
-1995 оноос Д.Энхжаргалын хамт  бүтээсэн “Moгойн чуулга” үзүүлбэр нь Солонгос Улсад болсон “Хаврын баяр” наадмын “Aлтан  цом”, Хятад Улсад болсон олон улсын циркчдийн тэмцээнээс “Мөнгөн цом” тус тус хүртжээ.
-1998 оноос Канадын ” Нарны цирк”-ийн “O” шоунд тоглож байна.
Аав Ч.Дамба жолооч. Ээж П.Нансалдулам нь Жолооны сургуулийн ня-бо-гоор ажилладаг.

3. Гантөмөрийн Сараанаа
-19.. онд Улаанбаатар хотод төрсөн
-Анх 9 настайгаасаа нугаралтаар хичээллэж эхэлсэн.  Цэнд-Аюуш багшийн шавь
-1993 онд ганцаарчилсан нугаралт бэлтгэж Ардын Дуу Бүжгийн Чуулгад /АДБЧ/ тоглож эхэлсэн.
АДБЧ-д тоглож байхад нь Монголд АНУ-ын тэргүүн хатагтай Хиллари Клинтон айлчилж, тэдний тоглолтыг үзээд хамтдаа авахуулсан зургаа илгээж байжээ.1995 онд Японд АДБЧ-тай хамтад тоглосон.
-1996 онд Т.Энхээтэй хамтран “хос нугаралт” -ын үзүүлбэр бэлтгэж Швед руу 6 сарын гэрээгээр явж тоглож байсан.
-1997 онд Өмнөд Африкт 1 жилийн гэрээгээр тоглосон.
-1998 оноос Канадын “Нарны Цирк”-эд тоглож байгаа. Энд “О” шоунд тоглож байхад нь Хиллари Клинотн ирж үзээд, түүнтэй ирж уулзан баяр хүргэж байсан аж.
Аав Ц.Гантөмөр  ОХУ-ын Эрхүүд ТИС-ийг цахилгааны инженерийн мэргэжлээр төгссөн
Ээж. И.Туул ОХУ-ын Эрхүүд ГХИС-ийг орос хэлний багшийн мэргэжлээр төгссөн

4. Түмэндэлгэрийн Энхээ
-19.. онд Улаанбаатар хотод төрсөн
-5 настайгаасаа уран нугаралтаар хичээллэж эхэлсэн.
-12 настайгаасаа мэргэжлийн түвшинд тайзнаа тоглон Израйль, Франц, Швед, Өмнөд Африк сэрэг олон орнуудаар аялан тоглож байсан аж.
-1994 онд Парисийн “Маргаашийн циркчид”-ийн “Cirgue du Demain” тэмцээнээс хос нугаралтын үзүүлбэрээр “мөнгөн медаль”,  1994 онд Монте-Карлогийн “Premiere Rapme” тэмцээнээс хос нугаралтаар “мөнгөн цом” хүртэж, 1995 онд БНАСАУ-д болсон “Хаврын баяр” наадамд багаараа тэргүүн байрын шагналыг хүртэж байжээ.
-1998 оноос Канадын “Нарны цирк”-ийн “O” шоунд тоглож байгаад 5 жилийн дараа өөрийн хүсэлтээр гарч хувиараа тоглолт хийж эхэлсэн.
-2003 онд Алдарт Битлзийн дуучин Пол Маккартнийн “Back to the World” аялан тоглолтод оролцсон.
-2004 онд Холливуудын алдарт кино жүжигчин Элизабет Тайлорын Лос-Анжелос дахь гэрт нь очиж уран нугаралтаа сонирхуулж байсан гэнэ.
Аав Ч.Түмэндэлгэр сэтгүүлч мэргэжилтэй, МАХН-ын ТХ -д ажиллаж байсан.
Ээж Ө.Оюун  сэтгүүлч мэргэжилтэй

5. Төрбатын Төрчимэг
-1984 онд Улаанбаатар хотод төрсөн
-1991 онд Улсын Циркэд орж Бадарч багшийн удирдлага дор Алтанчимэгтэй хамтран “Хос акробат” үзүүлбэр бэлтгэж, ” Хэцэн дээрх тэнцвэр” үзүүлбэрээрээ жинхэнэ жүжигчнээр ажиллаж эхэлсэн аж.

-1997 оноос  Норовсамбуу багшийн удирдлагаар “Толгой дээрх ваартай цэцэг”, “Бурхан” нэртэй ганцаарчилсан үзүүлбэрүүд, “Хос бурхан” нугаралт, “Солонгын 6 хос нугаралт”, “Уран сэтгэмжийн 4 хос нугаралт” үзүүлбэрүүдийг тоглож байжээ.
-2003 оноос Канадын “Нарны Цирк”-ийн “O” шоунд тоглож байна
Аав Б.Төрбат Архангай аймгийн уугуул,  1997 онд нас барсан.
Ээж Т.Оюунчимэг Увс аймгийн уугуул, 97 -р цэцэрлэгт багшаар ажилладаг
6. Баярцогтын Одмаа
-1986 онд Эрдэнэт хотод төрсөн
-1995 онд Улсын Циркэд Мажигсүрэн багшийн удирдлагад хичээллэж эхэлсэн.
-1997 онд Итали улсад болсон “Bravo Bravisimo” нэртэй олон улсын авьяаслаг хүүхдийн тэмцээнээс 6 хосын нугаралтаар тусгай байрын шагнал авчээ.
-1998 онд Шведэд болсон олон улсын циркчдийн тэмцээнээс 4 хосын нугаралтаар тэргүүн байр эзэлж байв.
-1999 онд Японы “Какinuma circus” нүүдлийн цирктэй 1 жилийн гэрээгээр Японд аялан тоглолт хийсэн.
-2001 онд Хятадад болсон олон улсын циркчдийн тэмцээнээс Амаржаргал ахлагчтай хүнд жингийн үзүүлбэртэй хамтарч тоглон 2-р байр эзэлсэн.

-2002 онд Итали улсад болсон “Golden Circus” олон улсын циркчдийн тэмцээнээс Халиунтай хамтарсан хос нугаралтын үзүүлбэрээр 2-р байр эзэлж байв
-2005 он хүртэл Хятад, Орос, Солонгос, Тайван, Герман, Япон, Итали зэрэг улс орнуудаар аялан тоглолт хийж байсан аж.
-2005 оноос Канадын “Нарны Цирк”-ийн “O’ шоунд тоглож байна. 2008 АНУ-ын ” The View” Телевизийн шоунд оroлцжээ.
Аав Д.Баярцогт Булган аймгийн уугуул. Эрдэнэт хотын УБҮ-т ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан. Ээж Л.Отгончимэг Булган аймгийн уугуул.  Эрдэнэт хотын УБҮ-т ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан.
7. Дуламсурэнгийн Нарангуа
-1987 онд Улаанаатар хотод төрсөн
-6 настайдаа Цэнд-Аюуш багшийн шавь болж уран нугаралтаар хичээллэж эхэлсэн.
-1997 онд Италийн Gremano хотод болсон олон улсын хүүхдийн урлагийн наадамд оролцож тусгай шагнал хүртэж байв
-2001, 2003 онуудад Хятад улсын Хэбэй хотод болсон олон улсын циркчдийн тэмцээнээс “хүрэл”медаль, 2003 онд ОХУ-д зохиогдсон олон улсын циркчдийн тэмцээнээс “мөнгөн” медаль, 2006 онд Итали улсад болсон “City of Latina” олон улсын циркчдийн тэмцээнээс “мөнгөн” медаль тус тус хүртсэн аж.
-2001 -2005 онуудад Хятад улсын Бээжин, Шанхай, Гуанжоу, Хаунгжоу зэрэх хотуудаар аялан тоглолтод оролцож, 2002 онд Хятад улсад,  2003 онд ОХУ-д зохиогдсон “Mонголын соёлын өдрүүд”эд оролцож, 2006 онд Японы Токио, Тайваны Тэбэй хотод зохиогдсон олон улсын EXPO үзэсгэлэнгүүдийн арга хэмжээнд оролцож байжээ.
-2007 оноос Канадын “Нарны цирк”-ийн “O” шоунд оролцож байна.

…Тэр оройн тоглолтын дараа бид хамтдаа нилээд удаан ярилцаж сууцгаасан юм. Тэдний түрүүч нь бараг 30 нас хүрч зарим нь гэр бүлтэй болж амжсан гэсэн. 7 хоног бүрийн 5 өдөрт 10 тоглолтыг тасралтгүй 13 жил тоглож байгаа тэд ямар ч зав чөлөөгүй энэ хугацааг үдсэндээ харамсдаггүй боловч ирээдүйнхээ төлөө, бас өөрсдийн боловсролын төлөө санаа тавьж зав чөлөөгөөрөө суралцаж байгаа гэсэн.
Монголчуудтай цөөхөн тааралддаг тухайгаа ярьж, нэг удаагийн тоглолт дээр нь хэсэг залуус тэднийг үзүүлбэрээ үзүүлэх үед нь “Чингисийн Монгол” гэж дуудаж байхыг сонссон тухайгаа, дараа нь бусад жүжигчид тэднээс энэ тухай асуухад нь гайхуулж байсан тухайгаа дурсан ярьж байв. Хааяа монголчуудтайгаа тоглолтон дээр тааралдах нь сайхан байдаг шүү гэж тэд өгүүлнэ билээ.
Их л бага наснаасаа Монголын Циркэд уран нугаралтаар хичээллэж, дэлхий дахинаа Монголын нэрийг дуурсгаж явсан тэд өнөөдөр дэлхийн шоу бизнесийн оргил нь болох Канадын “Нарны цирк”-ийн “O’ шоунд Лас-Вегас хотноо Монголоороо овоглож, Монголын нэрийг, Монголын Төрийн далбаатай хамтад нь мандуулж явна. Тэднээр бахархахгүй байхын аргагүй. Яг энэчлэнгээр Монголын Циркийн маш олон жүжигчид, нугараачид энэ дэлхийн хаа нэгтээ Монголынхоо нэрийг дуурсгаж, гайхамшигаар нь сурталчилж л яваа. Тэдний зарим нь гэрээгээр, зарим нь “бор зүрхээрээ” яваа хэдий ч тэд үргэлж л Монголоороо овоглож, сэтгэл зүрхэндээ ямагт Монголоо тээж, бахархал омогшилоороо гайхуулж л яваа.

Төгсгөл
Энэ бичлэгүүдийг удахгүй болох Монголын Цирк байгуулагдсаны 70 жилийн ойд зориулах санаа төрсөн. Аугаа түүхтэй Монголын Цирк өдгөө зориулалтын  ганц барилгаа ч алдаж, нүүдэлчин мэт гадаад орнуудаар аялж явна. Хэрэв энэ бүхнийг нэгтгээд, нэгэн сайхан боломжийг олгох аваас Монголын гайхамшиг цогцлон босох ирээдүй бий. Магадгүй Монголчуудыг уул уурхайгаар биш, урлаг соёлын гайхамшигаар нь дэлхий бахархан бишрэх сайн цагийн эхлэл байж болох.
Эдгээр охидуудтай ярилцаж суухад Монголын төрөөс тэдний авьяас билэг, хөдөлмөр зүтгэлийг үнэлсэн хэмжүүр нь даан ч ичмээр. Арлын Япон оронд мэргэжлийн сумо бөхөөр амжилт гаргаж байгаа залуусаа бахархан магтаж, өргөмжлөн мандуулж байх цаг дор, дэлхийн шоуны ертөнцөд өөрийн орон зайгаа бий болгон гайхуулж яваа тэд, тэднээс дутуу гэж үү?
Баруун солгойгүй тарааж байдгаас үнэ хүндээ алдсан “Соёлын тэргүүний ажилтан” цол тэмдэг ч эдэнд байхгүй. Гэхдээ тэд энэхүү мундаг ертөнцдөө өндрөөр үнэлэгдэж л яваа.
Ямар нэгэн ойн арга хэмжээ болохоор л хүн бүр шагналын тухай боддог байх. Монголд минь тогтсон энэхүү жишгээр эдгээр хүмүүсээ Монголын төр нэгэн удаад чин шударгаар үнэлж, чин сэтгэлийн урам өгөөсэй гэж хүсч байна. Тэднийг хэн нэгнээс илүү мундаг нугардагийнх нь төлөө бус, дэлхийн шоуны ертөнцөд монгол орноо сурталчилж, гайхуулж яваагийнх нь төлөө шүү. Эх орных нь үнэлгээ гэдэг, гадаадад ажиллаж бүтээж байгаа монголчуудад их урам, сэтгэлд нь гийсэн наран, илүү ихийг хийх тэмүүлэл болж өгдөг.
Монголын бахархал улам ихээр бадрах болтугай.

 

Feb 28

СУРАХАД НАСНЫ ХЯЗГААР ҮГҮЙ, СЭТГЭЛИЙН ХЯЗГААР БУЙ

By gala-admin | ЯРИЛЦЛАГУУД

…Ш.Баатарын түүхийн сэдвээр бичсэн олон сонирхолтой бичлэгүүдийг би нет-ээс уншиж байсан л даа. Тэр бичлэгт нэлээд ул суурьтай судалгааны, ул үндэстэй онолын өгүүлэмжүүд байдаг болохоор түүнийг түүхч хүн гэж бодож байлаа. Харин дараа нь компьютерын мэргэжилтэй хүн гэхээр нь бага зэрэг гайхаад өнгөрсөн. 2 жилийн өмнө би Сан-Францискод очиход бид танилцаж, нэлээд удаан яриа өрнүүлсэн юм.

Xарин энэ цуврал ярилцлагыг эхэлж байхдаа түүнийг заавал оролцуулах хэрэгтэй гэж бодож байв. Саяхан түүнийг зорьж очиж, бид хамтдаа нэгэн оройг ярилцаж өнгөрүүллээ. Түүний тухай нэг биш ярилцлага болон нэвтрүүлэг гарч байсан хэдий ч энэ удаад би түүнээс хос мэргэжлийнх нь тухай болон олон жил Америкт амжилттай ажиллаж, их зүйл бүтээж яваа чин сэтгэлийн үгийг л сонсохыг хүслээ.

Ширчингийн Баатар

Нэг. Намтрын товчоон

Төгссөн сургууль

1983 онд Өвөрхангай аймгийн Арвайхээр хотын 1 дүгээр 10 жил

1988 онд Зөвлөлт Холбоот Улсын Новосибирск хотын цахилгаан техникийн дээд сургууль

1991 онд Япон улсын Айчи мужийн Нагоя хотын их сургуулийн Япон хэлний сургууль

1997 онд Япон улсын Шизүока мужийн Хамамацугийн Анагаах ухааны дээд сургуулийн докторантур

1998 онд АНУ-ын Бостон хотын Харвардын Анагаах ухааны их сургууль, Кэймбриж хотын Массачусеттсийн технологийн дээд сургуулийн хамтарсан Анагаах ухаан, технолoгийн тэнхимд докторын дараагийн сургалт /пост-док/

Ажилласан газар

1988-1989 онуудад Эрүүлийг хамгаалах яамны харъяа Эрүүл мэндийн удирдлагын эрдэм шинжилгээний үндэсний төвд комьпютерын мэргэжилтэн, эрдэм шинжилгээний ажилтан

1989-1990 онуудад ШУА-ын харъяа Анагаах ухааны хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан

1997 онд Хамамацугийн Анагаах ухааны дээд сургуульд, Фүжицү компанийн эрдэм шинжилгээний ажилтaн

1999 онд Оракл компанийн харъяа КийTекс компанид програм хамгамжийн инженер

2000-2002 онуудад ТенФолд компанид програм хамгамжийн инженер, ахлах мэргэжилтэн

2003 оноос өнөө хүртэл Оолстэйт даатгалын програм хамгамжийн компанид зөвлөх мэргэжилтэн

Ажлын бус цагаар

2006-2009 онуудад Станфордын их сургуулийн Түүхийн танхимд Марк Манкл профессорын туслах (хагас цагаар)

2010-2011 онуудад Станфордын их сургуулийн Зүүн өмнөд Азийн хэл соёл судлалын танхимд Альберт Дийн профессорын туслах (хагас цагаар)

2007-2011 онуудад Бөркелей дэх Калифорнын их сургуулийн Зүүн өмнөд Ази судлалын хүрээлэнд зочин эрдэмтэн

 

Хоёр. Хөдөө өсөхөд амьдралын хар ухаанд суралцдаг

BaatarZurag1Г.Г- Уугуул нутаг хаана билээ?

Ш.Б- Би Өвөрхангай аймгийн Уянга суманд төрсөн. Аав ээж хоер маань Улаанбаатарт оюутан байсан болохоор би хөдөө эмээ, нагац ах нартайгаа өссөн л дөө. 1966 оны Улаанбаатарын үерээс хойш аав ээж хоер минь болгоомжлоод эмээ дээр аваачиж өгсөн гэдэг. Хөдөөний хүүхдүүдийн адил морь унаж, адуу үхэртэй хөөцөлдөж, хонь хариулж, малчин хүний өдөр тутмын хар бор ажил хийж өслөө.

Г.Г – Хөдөөний хүүхдүүд их ч ажилсаг хэрнээ их ч хэрсүүдүү болж өсдөг.

Ш.Б- Хөдөөний амьдрал “Сонин сайхан юутай байна?” гэдэг мэндчилгээнээс эхэлдэг. Мэдээллээс алсxан байдаг хэдий ч хөдөөнийхэн юм болгоныг л сонирхоно. Би хонь хариулж явахдаа ном сонин их уншдаг байлаа. Өвлийн цэнхэр тэнгэрийн доогуур онгоц нисэхийг харах бүрдээ “онгоцонд сууж үзэх юмсан” гэж мөрөөднө. Нэг өдөр эмээдээ энэ мөрөөдлөө хэлсэн чинь “-Чи нас залуу байна. Онгоцонд суух битгий хэл, суухаас ч айх цаг ирнэ.” гэж хэлж билээ. Өнөө хэр тэр үг миний санаанаас гардаггүй юм.

Г.Г-Миний мэдэхийн тэр үеийн хөдөөний хөгшчүүд их л гүйлгээ ухаантай, их ч зүйл захиж сургадаг байсан санагддаг юм. Магадгүй нүүдэлчин амьдрал, хүн байгалийн шүтэлцээ нь танин мэдэх, ухаарах их сургууль болдог байсан байх.

Ш.Б- Монголчууд малдаа төдийгүй, байгальдаа зохицож амьдардаг. Хүн бол байгалийн өмнө өчүүхэн гэдгийг маш сайн мэдэрдэг. Нэгэнт байгальдаа зохицож амьдрах амьдрал нь хүссэн хүсээгүй их ухаан шаардана. Хэзээ нүүж, хаана нутаглах, малаа хааш нь билчээж, хэдийд нь хариулах гээд ямагт л хүнээс гүйлгээ ухаан, зөв шийдвэр шаардаж байдаг. Энэ бол асар их ухаан, зан заншил, соёл явж байгаа юм. Малтайгаа харьцаж сурна гэдэг их том соёл. Морь нохой эзнийхээ занг сайн мэдэрдэг ухаантай амьтад. За тэгээд гэрийн соёл гэж их нандин зүйл байна. Ах захаа хүндэлж, тэдний үгийг сонсож, амьдралд суралцдаг. Нүүдэлчдийн ахуй нь амьдралын өдөр тутмын үйл бүхэнд тохирсон өөр өөрийн арга домтой байдаг. Мал хээр хонолоо гэхэд хайчны амыг ямар нэг юмаар боогоод тотгондоо уячихна. Хээр хоносон малаа хангайн амьтнаас хамгаалж байна гэсэн үг. Монголчууд биднийг нүүдэлчин амьдралаас нь салгачихвал бид хэн болж орхих вэ?

Г.Г- Тийм шүү. Хөдөөний их ажлын хажуугаар багадаа хэр бичиг сурав?

Ш.Б- Манай нутгийн Онгийн хүрээг тараагаад артель болгосон байсан. Залуу лам нар хар болж артельд гэрийн мод хийнэ. Тэр үед “Уянгын цоохор гэрийн мод” гэж их алдартай байлаа шүү дээ. Нутгийн 60, 70 настай өвгөчүүд гэдэг чинь тэр чигээрээ “амьд судар”. Тэр үед би түвд хэл унших төдий болтлоо заалгасан юм. Худам монгол бичгээ заалгасан. Өвөгчүүл хөгшчүүлийн дэргэд өссөн нь хожим миний амьдралд их нөлөөлсөн дөө.

Г.Г – Түвд хэл сурах амаргүй юу?

Ш.Б – Түвд хэл сурсан юм юу байхав. Га, ха, га, на бол заалгаж байлаа. Mонголчууд түвд хэл сурах их нарийн аргатай байсан юм билээ. Өвөгчүүлийн хэлж байснаар эхлээд номоo цээжилнэ. Цээжилснийхээ дараа бадаг бадгаар нь тархиндаа утгачилaн задалж ойлгоно. Үүнийгээ утгыг цохих буюу бясалгах гэнэ. Эхлээд цөөхөн бадгаар номоо цээжилж утгыг ойлгож байсан бол аажмаар тоог нь ахиулсаар том номыг бүтнээр цээжилж, утгыг нь тайлдаг байж. Номоо сурсны дараа сурснаа шүүж хоорондоо ном хаялцдаг гэсэн. Ийм аргаар шавь нарынхаа чадварыг ялгаж, зиндаа тогтоон цааш сургадаг байжээ. Ер нь Дорнын соёл, сургалт хүнийг нэг талаас их хөдөлмөрч, нөгөө талаас өөрийн зиндааг мэддэг болгодог. Ном судалж буй шавь болгон таван ухааны ном үздэг байж. Харамсалтай нь энэ бүхэн өдгөө үгүй болж байна даа.

Г.Г -Нэг хэсэг манай сургалтад хүүхдийг цээжлүүлж сургадаг арга байсан л даа.

Сайн муу үр дагавраас нь болоод больсон гэдэг.

Ш.Б- Хүн ер нь аливаа юмыг эхэлж сурахдаа “энэ хүнд хэцүү” гээд бодчихоор

шантраад сурдаггүй. Харин эсрэгээр нь “энэ их амархан” гэж бодвол мэрийгээд сайн сурч чаддаг. Сурна гэдэг сэтгэлийн л юм шүү дээ. Нөгөө талаас дорнын бичгийн соёл гэж их айхтар юм байна. Жишээлбэл хятад хэлэнд “үүр цайх” гэсэн утгатай олон янзын ханз үсгийг хүн болгон өөрийн тогтоосон мэдлэгээрээ л тайлж ойлгоно. Өөрөөр хэлбэл ямар ч ойлголтыг тухайн хүн яаж сурснаараа л хүлээж авдаг. Яг үүн дээр нэмж хэлэхэд монгол бичиг, соёл уламжлалыг судлах тутам монгол хэл бол их нарийн бүтэц зохион байгуулалттай хэл гэж хэл шинжээч эрдэмтэд үздэг юм билээ. Хүн өөрийн үндсэн хэлээ хичнээн өндөр түвшинд яаж сурнав, гадaaд хэлийг яг л тэгж сурч чаддаг гэсэн.

Г.Г -Үүнтэй би ч санал нэг байна. 1 дүгээр ангидаа хаана суралцав даа?

Ш.Б -1 дүгээр ангидаа Уянга сумын төвийн бага сургуульд орсон. Намайг дунд сургуульд аймгийн төвд ороход эмээ минь дагаж, аймгийн төвийн ойролцоо хэдэн малтайгаа нүүж ирсэн л дээ. Намайг 10 дугаар анги төгстөл ирэн очин байсан. Аав ээж маань сургуулиа төгсөөд аймагт ажиллах болсoн хэрэг. Харин 1983 онд 10 дугаар ангиа төгсөөд уралдаант шалгалтад орж, 60-aac 59 оноо авч тэргүүлж байлаа. Уг нь түүхч болох сонирхолтой байсан чинь, хүн болгон л ирээдүйтэй чухал мэргэжил гэсээр ЭВМ буюу Тооцоолон бодох электрoн машины инженер гэдэг хуваарь авсан даа.

Гурав: Гадаадад суралцсан он жилүүд

Г.Г- Тэр үед энэ хуваарийг хамгийн сайн хүүхдүүд шилж авч, ихэвчлэн гадаадад

суралцаж байсан даа.

Ш.Б- Энэ хуваарийнхаа дагуу ОХУ-ын Новосибирск хотод НЭТИ-д очиж суралцсан.

Манай курсийнхэн жигд сайн хүүхдүүд байлаа. Дөрвөн монгол оюутан улаан дипломтой төгссөний нэг нь би. 1988 онд сургуулиа төгсөөд Эрүүлийг хамгаалах яамны нэр дээр суралцсан болохоор ЭХЯ-ны харъяа Эрүүл мэндийн удирдлагын эрдэм шинжилгээний үндэсний төвд комьпютерын мэргэжилтнээр ажиллав. Тэндээсээ манай төв ШУА-ын харъяа Анагаах ухааны хүрээлэнд нэгдлээ. Тэр үед АУХ-д 300-гаад эрдэмтэн ажиллаж байсны 200-гаад нь дандаа залуучууд байсан. Oдоо миний мэдэхийн 50-иад нь гадаадад ажиллаж байгаа.

Г.Г -АУХ-ийн талаар өмнө нь Б. Гансувдтай хийсэн ярилцлага дээр маш сайнаар дурдагдаж байсан. Тэр үед боловсон хүчний бодлого нь үнэхээр сайн байсан юм шиг билээ.

Ш.Б -1988 онд Сайн нарын Зөвлөлийн тогтоолоор гуравдагч оронд мэргэжилтэн бэлтгэх шийдвэр гарсан юм. Үүний тулд салбар бүрээс 2-3 хүн сонгож, нийт 80-уулаа МУИС дээр англи хэлний түргэвчилсэн сургалтанд хамрaxaд би багтлаа. Тэдний дунд олны танил Политехникийн их сургуулийн ректор байсан Бадарч багш, Байгаль орчны яамны сайд болсон Барсболд, хүний гавъяат эмч нэрт дуун хөрвүүлэгч М.Шагдарсүрэн зэрэг хүмүүс байлаа. 1989 онд Америкийн ЭСЯ-аар дамжуулан Станфордын их cургуульд суралцах хүсэлтээ явууллаа. Тэр үед бүх материалаа шуудангаар л явуулаад xариу нь гурван сар болоод ирсэн. Сургалтын төлбөрөөс чөлөөлөөд, амьдрах зардлаа өөрөө даахаар зөвшөөрсөн байв. Тэр үед амьдрах зардлаа өөрөө төлөх боломж, бас тийм ойлголт ч байсангүй. Тэгээд Боловсролын яамны зөвлөснөөр Японы ЭСЯ-нд материалаа өглөө. Харин Япон улсын Cоёл боловсролын яамнаас миний зардлыг дааж, нэг жил Японд сурахыг зөвшөөрсөн хариу ирсэн.

Г.Г -Тэр үед сонголт хийх боломж нь харьцангүй байж дээ?

Ш.Б -Гуравдагч оронд Mонголоос сургах эхлэлийн үе байсан. Энэ бол манайд ардчилал эхлэхээс өмнө барьж байсан төрийн бодлого л доо. Японд суралцахыг зөвшөөрөх үед би Итали улсын Ром хотноо Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын /ДЭМБ/ зохиоx нэгэн хуралд явахaaр бэлтгэж байсан. Xамт ажиллаж байсан Г.Бүрэндэйгээ oрондоо явуулах болоод, Төв банкaнд албан ёсоор зөвшөөрөгдсөн 15$-oo солиулав. Г.Бүрэндэйгийн зардлын мөнгө 500$-оос 100$ нь зээлж авaaд Япон явж байлаа. Бээжинд буусан чинь намайг гаалийн шалганаар гаргаад эргүүлж оруулахдаа нисэх буудлын татварт 25$ авчихав. Хэрэв 15$-тойгоо гарсан бол тэгээд л тэнд гацах байсан байх. Өмнө нь ДЭМБ-ын шугамаар Энэтхэг явж байсан тул арай хашир хандсан юм.

Г.Г -Тэр үед гадаад валют дээр нэлээд хатуу хяналттай байсан. Картын бараатай байлаа шүү дээ. Харин ч сайн зохицуулжээ.

Ш.Б -Наритaд буухад нэг япон хүн тосч аваад Токиод хүргэлээ. Тэндээсээ “шинкансэн” хурдан галт тэргээр Нагоя-д очив. Япон орон гэж миний төсөөлж байснааc огт өөр, дан тутаргын талбай харагдаж билээ. Өмнө нь Дорно дахины хүрээлэнгийн Дүнгэрячил багшийн хичээлд сууж бага зэрэг япон хэл үзэж байсан ч энд хагас жил хэлний курст суралцсан. Тэгээд 1991 оны 4 сард сургуульдаа очлоо. Нэг жил судлаач-оюутнаар суралцсан. Тэр хугацаандаа аспирантурт шалгалт өгч тэнцээд 5 жил үргэлжлүүлэн суралцав. Энэ хугацаандаа “Хүний тархины цус алдалтыг мониторинг хийх” чиглэлээр эмнэлгийн компьютерийн ухаанаар докторын зэрэг /PhD/ хамгаалав. Америк, Канадад болсон олон улсын хурлуудад илтгэл тавьж, гэр бүлээрээ аялал хийж, хүүхдүүд өсч торниж байсан болохоор Японд амьдралынхаа 7 жилийг тун зав чөлөө муутай өнгөрүүлсэн дээ.

Г.Г -Сургуулиа PhD-тэй төгсөөд?

Ш.Б -Барууныхныг бурханчлан шүтдэг орос сургалтаар /школаар/ явсан надад Японд сурсан нь үзэл санааны асар том ертөнцийг нээж өгсөн юм. Нэг ёсондоо миний ертөнцийг үзэх үзэл, өөрийгөө үнэлэх үнэлгээ япон хүмүүсийн хэмжээнд очсон байв. Сургуулиа төгсөөд япончуудаас суралцсан ёсоор өөртөө шууд л өндөр зорилт тавилаа. Хэрэв үргэлжлүүлэн сурвал зөвхөн АНУ-ын Харвардад л очино гэж өөртөө зорилго тавьсан. Харвардын их cургууль жилд 300 орчим гадаад оюутнуудаас ярилцлага авдаг бөгөөд түүнд тэнцсэн 50 пост-док оюутны тоонд би багтсан юм. Харвардын их cургууль намайг 18 сарын хугацаатай пост-докт сургах зардлыг даах, харин амьдрах зардлаа өөрөө олох болзол тавив. Би суралцаж байхдаа Япон удирдах багшдаа судалгааны ажилд нь их тусалж, нэлээд дотно харилцаатай явж ирсэн учир тэрээр надад хандаж “-Харвардад хүссэн болгон ороод байдаггүй юм. Чамд туслах нь миний нэр төрийн хэрэг. Хэрвээ чиний ажиллаж буй Фүжицү компаниас сургалтын тэтгэлэг олж өгч чадахгүй юм бол би чамд сар бүр 3000$ өгнө” гэж ам гарсан. Харин багшийн хүсэлт гаргасан ёсоор Фүжицү компани надад тэтгэлэг олгохоор болов.

Г.Г -Үүнийг багшийн тань сайхан сэтгэлээс илүүтэй таны ирээдүйд, танд итгэсэн итгэл юм гэж ойлгож байна.

Ш.Б -Харин тийм. Япон профессор маань надад үнэхээр итгэж байсан хэрэг. Япончууд хэрвээ ам гарвал заавал биелүүлдэг, хүнтэй насан туршдаа нөхөрлөдөг тууштай хүмүүс. Япончууд алив зүйлд маш нарийн тооцоотой, бүх зүйлийг урьдчилж яг таг болгож байж хөдөлдөг. Гэтэл би “очоод аргаа олно доо” гэж монголоороо бодcоор 1997 оны 8 сарын 31-нд Бостон хотын Лооган ниcэх буудалд буулаа. Эхнэр бид хоёр, бага насны хоёр хүүхэдтэй учир байр олох амаргүй ч аз таарч бидэнд нэг Сингапур хүн тусалж байр хөлслүүлсэн.

Г.Г -Харвардад сурна гэдэг их л нэр төрийн хэрэг. Мэдээж хичээж байсан байх?

Ш.Б –Харвардад сурна гэж юу байх вэ, сурсан зүйлээ баталгаажуулж эрдэм шинжилгээний ажил хийхээр ирсэн хэрэг. Харвардын визээр АНУ-д орж ирсэн ч миний пост-док программ нь Харвардын их сургуулийн Анагаах ухааны их сургууль /Harvard University School of Medicine/, Массачусеттсын технологийн дээд сургуулийн /Massachusetts Institute of Technology/ хамтарсан Анагаах ухаан, технологийн тэнхимд /Department of Health Sciences and Technology/ харьяалагдаж байв. АНУ-д алдар нэр нь түгсэн Бостонгийн таван том эмнэлгийн /Mass General Hospital, New England Medical Center, Brigham and Women’s Hospital, Beth Israel Deaconess Medical Center, Children’s Hospital Boston/ хооронд мэдээллийг чөлөөтэй хөрвүүлэх Database Virtual Repository төслийн хүрээнд “Тархины цус харвалтын дараах цусны бүлэгнэлийн хэвийг алдагдуулахгүй барих эмчилгээнд мониторинг хийхийг фази-ложигийн /fuzzy-logic/ аргаар зохицуулах” сэдэвт эрдэм шинжилгээний сорилтын ажлыг би хийж эхэллээ. Японд тархин дахь цус алдалтын эзлэхүүн, цусны тархалт, тархины мэдрэлийн системд учруулах хохирлыг Fluid Dynamics аргаар супер-комьпютер дээр бодож байсан надад, орчин өөрчлөгдөж энгийн PС дээр MySQL, Java ашиглаад прототайп программ бичиx болсон нь технологийн хувьд ухралт хийсэн мэт байсан боловч, дэлхийн сор болсон оюуны өндөр потенциалтай хүмүүстэй уулзaж тэдний яриа хөөрөөг сонсох нь үнэхээр гайхалтай байлаа.    Судалгааны дээд шатны зарим сэдвээр МИТ дээр хичээл авах шаардлага гардаг байв.     Хичээлийн танхимд нохойтойгоо орж ирээд хичээлээ заадаг профессорыг МИТ-д анх хараад ихэд гайхаж билээ.

Тэгэхэд би Америкийг үнэхээр чөлөөт ертөнц юм байна гэж ойлгож авсан даа. Пост-док дүүргэхийн алдад Монголдоо буцаж салбартаа ажиллах, Америкт мэргэжлээрээ ажиллах, тун болохгүй бол Японд очиж Фүжицү компанид өмнө хийж байсан ажлаа хийх гурван сонголтын зөрлөг дээр ирж, аль алийг нь сайтар тандаад үзсэн. Харамсалтай нь харих гэхээр зах зээлийн нугачаанд бүдэрч манай хүрээлэн бараг тарчихсан байв. Японд очихоор нэгэн хэвийн амьдралын загварт орох байлаа. Тэгээд хоёр хүүхдийнхээ ирээдүйг бодож АНУ-д мэргэжлээрээ ажиллаад хүчээ сорихooр шийдсэн.

МИТ дээр ирээд оюутнуудаас ажилд авах сурталчилгаа хийдэг олон компаниудын уулзалтанд байхад эхлээд нэлээд боломжийн нөхцөл амласан, Mission-Critcal Software хийдэг, Оракл корпорациас тасарч буй КийТекс компанид ажилд орох боллоо. Энэ тухайгаа удирдагч профессортоо хэлэхэд тэрээр миний ирээдүйн кареерын төлөө санаа зовж байсан болохоор их баяртай хүлээж авсан. Ер нь пост-докийн зорилго бол тэр хугацаандаа ажил олох асуудал юм. Миний ажиллах компани Рэдвүүд хотод байдаг учир бид 1998 оны 10 сард Сан-Франциско нүүсэн.

Дөрөв: Сурахад насны хязгаар үгүй

Г.Г -Энэ компанид компьютерийн программчиллын чиглэлээр ажилласан уу?

Ш.Б -Компьютерийн программ хангамж зохиох бол миний үндсэн мэргэжил. Би ОХУ, Япон, Америкт энэ мэргэжлээр суралцсaн. Жилийн дараа КийТекc маань Ораклын хяналтаас гарч Тэнфолд хэмээн нэрээ өөрчилсөн ба ТэнФолд компанидaa би бараг 4 жил ажилласан. Ныю-Йорк дахь Олон улсын худалдааны төвийн хоёр өндрийг лалын алан хядагчид онгоцоор мөргөсний дараа Америк оронд эдийн засгийн хямрал эхэлж, Мэдээлэл технологийн салбар маш их нэрвэгдсэн. Би энэ компанидаа 172 дахь ажилтнаар орж байсан бол манай компани хамгийн их томрохдоо 1300 орчим ажилтантай болж үзсэн. Хямралын жилүүдэд нэг удаа 200 хүнээр 6 удаа цомхотгол хийж, сүүлийн 80 хүний дотор би үлдэж байлаа.

Надад МИТ-гийн нэр хүнд, докторын зэрэг хоёр маш их тус болсон доо. Компани маань хаалгаа барих үед үлдсэн хүмүүс манай компанийн бүтээсэн программ хангамжийг хэрэглэдэг бусад компаниудaд тарж ажилд орсон юм. Надад Нью-Йорк нүүвэл Чэйс Манхатн банкинд, Лос Анжелес нүүвэл Беверлий Хийлзийн Седар Шинай эмнэлэгт орох боломж бас байв. Гэтэл аз болж Чикагод төвтэй Оолстэйт даатгалын компани Цахиурын хөндийд салбараа нээж, манай компанийн бүтээсэн программ хангамжийг тасалдуулахгүй авч явахын тулд бидний 20-иод хүнийг ажилд авсан юм. Америкт хөдөлшгүй хөрөнгийн даатгалаар эхний 3-т ордог Оолстэйт компани нь намайг 2003 онд ажилд ороход 65 мянган ажилтантай байлаа. Эдийн засгийн хямралын жилүүдэд цомхотгол явагдсаар одоо 30 мянган ажилтантай болтол буурсан ч даатгалын салбартаа хамгийн нөлөө бүхий компaнийн нэг хэвээр байна. Энэ компаний Mэдээлэл технологийн салбарт нийт 2000 орчим хүн байдгийн өчүүхэн хэсэг нь энэ Цахиурын хөндийд ажиллаж байна.

Энэ олон жил Mэдээлэл технологиор ажиллаад мэдэж авсан гол зүйл бол, бусадтай найрсаг байх, аливаад хүлээцтэй бодож байж сэтгэлээ илэрхийлэх, хавь ойрын юм асуусан хүн болгонд боломжоороо туслах, хийж байгаа зүйлдээ үнэн эксперт болох хэрэгтэй юм байна гэдгийг гүн мэдэрсэн. Дарга болох амбицтай, хэт их цалинд шунасан хүмүүс амархан дэвшиж амархан унахыг нүдээр харлаа. Тушаал дэвшихээр эхлээд нарийн мэргэжлээсээ хөндийрч зэвэрдэг, хоёрт хэт том дарга нартай ойртож хэн нэгэнд нь таалагдахгүй болох магадлал өндөр болдог. Яг мэдэх ёстой юмаа яс мэддэг хүнийг тийм амархан аваад хаячихдаггүй юм шүү. Үүнийг л профешнализм гээд байгаа юм.

Г.Г -Америкт хүн өөртөө байгаа боломжоороо өөрийгөө хөгжүүлэх боломж нь их юм даа?

Ш.Б -Өөрөө сонгож өөрийгөө хөгжүүлэх боломж нь үнэхээр сайн. Энд 60 нас хүрсэн хүн ч их дээд сургуульд суралцаад л явж байдаг, тэдэнтэй номын санд хичээлийн зааланд их тааралддаг юм. Тэдний ихэнх нь залуу насандаа мэргэжлээрээ ажиллачихаад, тэтгэвэртээ гараад сонирхсон зүйлээ судалж, энэ чиглэлээрээ суралцаж эхлэх нь ердийн л үзэгдэл. Залуудаа ямар нэгэн шалтгаанаар биелүүлээгүй хүсэл мөрөөдлөө биелүүлж байгаа хэрэг.

Хүн ер нь аливаа зүйлийг сурахад насны хязгаар гэж огт байхгүй, сэтгэлийн хязгаар л харин бий. Өөрөө сурах дургүй бол хичнээн залуу байгаад ч нэмэргүй. Харин сурах дуртай бол хичнээн хөгшин байгаад ч амжилтад хүрч болно. Ялангуяа хүмүүс өнөө цагт зөвхөн нэг мэргэжилдээ баригдалгүй 2,3 дахь мэргэжлийг сонгодог болж. Үүнийг Америкт “double major” гэж нэрлэдэг. Энэ нь нэг талаас хувь хүний сонирхол, нөгөө талаас мэргэжлээрээ хөрвөх боломж бий болгодог. Бас амьдралын давхар баталгаа болж өгнө.

Г.Г -Танаас үүнийг асуух гээд байлаа. Таныг компьютерийн мэргэжилтэй гэдгийг мэднэ. Гэтэл сүүлийн үед түүхээр, тэр тусмаа Хятаны түүхээр их ч судалгаа хийж байна. Заримдаа компьютерийн мэргэжилтэй юм уу? Түүхийн мэргэжилтэй юм уу? гэж гайхахад хүрдэг байсан.

Ш.Б -Түүхийн талаар бол 2005 онд Монгол явж түүх археологийнхонтой уулзаж ирээд, 2006 оноос судалгааны ажилд албан ёсooр орсон. Дэлхийд алдартай Станфордын, Бөркелей дэх Калифорны их сургуулиудын номын сангууд саахалтын зайтай дэргэд байхад ийм боломжийг алдаж болно гэж үү? Энэ номын сангууд бол судлаачдын хувьд жинхэнэ мөрөөдөл нь байдаг. 2006 оноос Марк Манкл гэдэг Станфордын их сургуулийн профессорын туслахаар ажиллаж эхэлсэн. Түүний багш нь Монголын нууц товчоог англи хэлэнд аль 60-аад онд орчуулсан Харвардын их сургуулийн профессор Францис Вүүдман Клийвз гэдэг хүн байжээ. Манкл багш Клийвз профессорooр Харвардад  монгол хэл анх заалгасан юм байж. Энэ профессорт монгол хэл дээр материал хайх, орчуулж өгөх, заримдаа монгол хэл заах зэрэг туслахаар ажиллаж байхдаа Станфордын номын сангуудыг бүрэн ашиглах эрхтэй карт нээлгэв. Бид 2009 он хүртэл хамт ажиллаад тэрээр 2009 онд Бутаны эзэн хааны зөвлөхөөр ажиллахаар цаст Хималайн орныг зорьсон.

Дараа нь Альберт Дийн гэдэг Станфордын их сургуулийн профессор, xятад судлаач эрдэмтэнтэй хамтран ажиллав. Тэрээр 50-иад онд Бөркелей дэх Калифорны их сургуульд сурч байхдаа Хэйсингийн Монгол-Англи толь дээр ажиллаж Хинган Гомбожав гуайн авч ирсэн монгол үсгийн бичгийн машинaaр толийн эхийг цохиж оруулсан юм билээ. Дийн профессор торгоны зам, нүүдэлчдийн соёл иргэншил, хятаджсан нүүдэлчин аймгууд болох Зургаан төрийн түүхийг судалдаг, 80 орчим настай хүн. Бид хоёр өмнө нь олон хурал дээр тааралдаж яриа өрнүүлж байсан тул намайг сайн мэддэг байв. Эртний өвөг монголчуудын угсаатны зүйн талаар би өвгөн эрдэмтэнд тусалдаг. Жишээлбэл, Умарт Вэй улсын оршуулгын ханын зурган дээрээс монгол гэрийн үүдэнд хонь өрцлөн төхөөрч буй хоёр хүний зургийг анзааран олж түүнд хэлж өгөх, эмээлийн дөрөөний талаарх эртний булшнуудын материал хайж өгөх, одооны монгол заншлаас аль аль нь нэн эртнийх болохыг тодорхойлох зэргийг дурдаж болно.

2007 оноос Бөркелей дахь Калифорны их cургуулийн Зүүн өмнөд Ази судлалын xүрээлэнд Хятан судлалын зочин судлаачаар ажиллаж байгаа. Харвардaд манж, монгол хэл зааж байсан Жэймз Боссон багштай анх би Харвардын Ази судлалын Енчин номын сангийн монгол номын тасагт танилцсан юм. “Мял Богдын намтар” гэдэг номыг эргүүлж зогстол нэг цагаан толгойтой америк хүн хажуунаас “-Наадах чинь миний хэвлүүлсэн ном” гэж сайхан монгол хэлээр хэллээ. “-Таны нэрийг хэн гэдэг вэ” гэтэл “-Миний нэрийг монголоор Мэргэнбат гэдэг юм аа, Далив хутагт багш маань надад хайрласан нэр” гээд инээж байсан юм даа. Боссон багш маань чөлөөнд гараад Бөркелейд буцаж ирсэн. Тэрээр одоо миний супервайзор хийдэг юм.   Ер нь монгол xүн урьдын өвөг дээдсийн тавьсан сайн ерөөлөөр эрхэм сайн хүмүүстэй учирдаг гэдэгт би итгэдэг. Би Америкт ирээд Ажаа гэгээн хэмээх нэгэн эрхэм хүнтэй танилцаж нөхөрлөсөндөө их баяртай явдаг юм. Тэрээр намайг Далай ламтай олон удаа уулзуулсан даа. Мөн сайн ерөөлөөр учирсан Монголчуудын холбооны олон сайxан нөхөд бий.

Г.Г -Энэ үнэхээр сайхан санагдаж байна. Гэхдээ энэ бүхнийг яаж амжуулж хийж чадаж байна аa?

Ш.Б -Амралтын хагас, бүтэн сайн хоёр өдрөө судалгааны ажилдаа зориулдаг юм. Түүхийг ул үндэстэй сайн судлахад хятад хэл маш их үүрэгтэй. Тэгээд хятад хэл бие даан суралцаж байна. Дургуйд хүчгүй гэгчээр нэг их сайн явахгүй юм. Гэхдээ дундад эртний хятад хэлээр мэргэжлийн ном зохиол хэрэглэх хэмжээнд хүрсэн. Монголын эрдэмтэн судлаачид маань эртний хятад хэлээр бичсэн археологийн олдворуудыг заримдаа уншуулдаг, түүнд нь их урам ордог доо. Орос, япон, англи, хятад, бага зэрэг манж хэлээр эх сурвалжуудыг үзэж судална. Олон хэлээр уншина гэдэг oлон хүний сэтгэхүйгээр асуудалд хандах боломж олгодог. Амьдралын эрхээр англи, орос, япон хэлийг үзсэн, ашиг сонирхолын үүднээс хятад манж хэлийг үзэж байгаа. Монголын эртний түүхийг судлaя гэвэл заавал хятад хэл үзэх хэрэгтэй, тэгэхгүй бол гацаанд орно. Хэлийг хүн нэг барьж аваад сурчих эд биш, билүүдэх маягаар хөдөлмөрлөж зугуухан сураx зүйл. Ер нь насаараа л суралцаж судална гэсэн үг.

Тав: Түүх судлалын гайхамшиг

BaatarZurag4Г.Г -Маш сонирхолтой санагдаж байна. 10 дугаар анги төгсөхдөө түүхч болох сонирхолтой байсан гэсэн. Тэгэхээр түүхийг хэзээнээс сонирхож эхэлсэн юм бэ?

Ш.Б -Дунд сургуулийн 5 дугаар ангид суралцаж байхдаа түүхийг сонирхож эхэлсэн. Намайг бага байхад бидний Бандихай Сандаг өвөөгийнд нэг зиндаанд лам явсан Ц.Дамдинсүрэн гуай хааяа ирж, түүх хуучилдаг байсан юм. Тэдний яриаг их сонирхож сонсоно. Бас Б.Ренчин гуайн, Ц.Дамдинсүрэн гуайн бичсэн номнуудыг цээжлэх шахам их уншдаг байлаа.

Орост хэдэн жил суралцахдаа түүхийн ном нэлээд цуглуулсан. Оросын Дорно дахины xүрээлэн, Казанийн их сургууль монгол судлалын арвин түүхтэй, сурвалж материал ихтэй. Японд байхдаа ч энэ сонирхлоо орхиогүй. Япончууд дорнын их соёлтой, их хөдөлмөрч, тун нямбай ард түмэн. Ер нь Монголын эртний түүхийг судлахад түлхүүр нь хятад хэл гэдгийг дахин онцлон хэлье. Монголчууд нүүдэлчид, хятадууд суурин иргэншилтэй байснаас Хятадад хадгалагдаж үлдсэн эх сурвалжууд олон бий. Мэдээж баримт сурвалжууд нь янз бүр л дээ. Харин түүнийг ямар өнцгөөс харахаас их зүйл шалтгаалдаг.

Г.Г-Мэдээж түүхийн судалгаа маш нарийн. Хэсэгхэн цаг хугацаа ч маш их түүхийг агуулж байдаг. Яг аль хэсгийг нь голлон судалж байна?

Ш.Б- Би Юань гүрний түүхийг судалдаг байлаа. Үүнээс өмнөх 300 жил гэхээр Хятаныг судлах хэрэгтэй. Хятаны түүхтэй холбоотой 1600 орчим оршуулга, 10 гаруй хаад ихэс дээдсийн бунхан Өвөр Монголын болоод умарт Хятадын нутагт илэрсэн байдаг. Хятаны мал аж ахуй, соёл зан үйлтэй холбоотой маш олон түүх дурсгалын зүйл Монгол нутаг дээр байгаа. Монгол улсаас олдсон 10-aaд хотын туурийн ихэнх нь Хятаных. Тэгэхээр Хятаны түүхийг судлахад Ар Монгол, Өвөр Монгол гэж ялгах ямар ч аргагүй, нэгэн цогцоор авч үзэх хэрэгтэй. Гэтэл одоо Хятадууд зөвхөн Хятаны түүхээр жилд 20 орчим ном, эрдэм шинжилгээний эмхтгэл гаргаж байна шүү дээ. Энэ байдлаар бид түүхийн маш үнэтэй зүйлээ Хятадад алдаж байна гэсэн үг.

Г.Г-Энэ талаар Монголд өмнө нь судалж байсан юм болов уу?

Ш.Б- 1950-иад оны үеэр Х.Пэрлээ гуай маш сайн судалж байсан юм билээ. Гэтэл энэ ажлыг улс төрийн шалтгаанаар зогсоосон гэдэг. Хятанаас урагш судлах тутам монголчуудын гарал үүсэл их тодорхой болно. Хүннү гүрнээс Их Монгол Улс байгуулагдах хүртэл хугацааны 1000 жилийн түүх бүдэг байдаг. Үүнийг их нарийн судлах хэрэгтэй байгаа юм даа. Би судалгааныхаа ажил дээр үндэслэн Хятаны түүхээр ном гаргах санаатай 4 жил нухаж байгаа. Эхлээд яарч байсан, гэтэл Дийн профессор “-Би номоо 18 жил бичсэн, хүлээцтэй судалгаа хийх нь чанартай бүтээл болдог” гэж хэлснээс болоод овоо тайвшираад байгаа. Түүнээс биш уулзсан монгол хүмүүс номоо хэзээ гаргах гэж байна гэхээр сандрах юм байна шүү дээ. Түүх бичих гэдэг их нарийн зүйл болохоор их судалгаа, их ч хөдөлмөр шаардагддаг юм байна. Tүүхийг сурвалжуудад юу гэж бичсэн нь гол биш, археологи, антропологийн талын баталгаа, дүгнэлтүүд нь хамгийн чухал гэж би боддог.

Г.Г -Манай Монголын одоогийн судлаачид ямар түвшинд ажиллаж байгаа юм бол?

Ш.Б -Монголын эрдэмтэд, судлаачид их сайн байна. Ер нь нэлээд залуужиж байна. Даанч тэднийг төр засгаас анхаарч, төдийлөн үнэлэхгүй байна. Тэр сайхан залуусыг сургаж боловсруулах асуудал дээр мөнгө зарахгүй байна. Монголын археологийн xүрээлэн одоо их сайн ажиллаж байгаа. Түүх, aрхеологийн xүрээлэнгүүд, их дээд сургуулиуд нэгдэж, хамтарч бүр сайн ажиллах хэрэгтэй. Хэрвээ талцаад байвал монголчууд бид хохирч, гадаадынхан л завсраас нь хожиx байна. Нөгөө талаас ийм үнэтэй чухал зүйлийг Монголын төрөөс ойлгож, дэмжихгүй байна гэдэг бол муу үзэгдэл.

Монголын түүх, археологийн хувьд бүх монгол угсаатныг хамруулан үзэх шаардлагатай. Улс төрийн хувьд хилийн дээсний ялгаа байж болох боловч, нэг үндэстний түүхийн хувьд ялгаа байх аргагүй. Ер нь түүхийг судлахад яс үндсээс огт хамаарахгүй, хэн сэтгэл цаг гаргасан нь сайн судлаач болдог. Өөрөөр хэлбэл хятад хүн монголын сайн түүхч, монгол хүн хятадын сайн түүхч болох бололцоо бий гэсэн үг.

Г.Г -Тийм шүү! Түүх гэдэг түхайн үндэстний бахархал байдаг. Тэр тусмаа аугаа өвөг дээдэс, гайхамшигт түүхтэй Монголчууд бидний хувьд үндэсний бахархал нь бидний түүх байх учиртай. Бид бүгдээрээ түүхээ сайн мэдэж байж л бахархал омогшилд зөв сайнаар нөлөөлж байх ёстой мэт.

Ш.Б -“Mэлхий ертөнцийг худгийн амсараар хардаг” гэсэн эртний Күнзийн сургааль бий. Бид ямар ч асуудалд өргөн хүрээгээр хандах учиртай. Одоо миний энд хийж байгаа судалгаа бол Монголдоо хийж байгаа “оюуны хөрөнгө оруулалт” болно. Бид эх орондоо байхгүй байгаа ч орон зайгаа ингэж л нөхөх хэрэгтэй. Оюун санааны хөрөнгө оруулалт гэдэг их чухал зүйл. Гадаадад ажиллаж амьдарч байгаа олон монголчууд Монголдоо миний адил оюуны хөрөнгө оруулалт хийж байна.

Г.Г -Зарим хүмүүс энэ талаар нэлээд эмзэг ханддаг нь ажиглагддаг. Гэхдээ хийж бүтээж байгаа зүйл олон бий.

Ш.Б -Өнөөдөр хүний эзэгнэх орон зайд хязгаар үгүй болжээ. Анх харьд амьдарч буй бидний хэдэн залуус нийлээд “Цахим Өртөө”-г байгуулсан. Өөрсдөө улаач нь болж, цахим өртөөгөөр Монголд оюуны хөрөнгө оруулалт хийх зорилттой анх эхэлсэн олон нийтийн байгууллага юм. Гэтэл өнөөдөр дэлхий даяар Монгол туургатны “Цахим Өртөө” хичнээн өргөжин хөгжиж, Монголд буй залуустай гүүр болон холбогдож, Mонголдоо дуу хоолойгоо гаргаж чаддаг өнөр айл болсон байна. Би гадаадад олон жил амьдарч, ажиллаж байна. Монголоо хөгжүүлэхэд заавал биеэр бус оюуны хөрөнгө оруулалт хийгээд, дэмжээд явах боломж бий гэж үздэг.

Г.Г -Танаар их бахархаж байна aа. Өнөөдөр гадаадад ажиллаж байгаа монголчуудаас ч ийнхүү хоёр салбарт амжилттай ажиллаж, бүтээж байгаа нь ховор. Таны үлгэр дуурайлал, бидний ирээдүй болсон залууст их ч боломжийг мэдрүүлэх байх.

Ш.Б -Хүн ер нь ямар ч зүйлийг чадна гэж бодоод л зүтгэх хэрэгтэй. Маш сайн мэддэг, сонирхдог зүйл рүүгээ л зүтгэ. Хүнд зорилго, тэвчээр, зүтгэл байхад заавал амжилтанд хүрдэг. Нэг зүйлдээ сэтгэл бүү хана. Өнөөдөр дэлхий нийтээр хос мэргэжил, хөрвөх чадвар руу чиглэж байна. Ямар ч мэргэжлээр сурсан, тэр салбартаа, хийж байгаа ажилдаа лидер байхын төлөө зүтгэх хэрэгтэй. Тэгвэл та энэ амьдралдаа сэтгэл хангалуун байж чадна.

BaatarZurag3Г.Г -Маш сайхан зөвлөлгөө байна aа. Гэр бүлийнхээ тухай танилцуулж болох уу?

Ш.Б – Эхнэр Алтантуяа, багшийн мэргэжилтэй, намайг дагаад 20 гаруй жил гадаадад амьдарч байна. Одоо Японы нэгэн олон нийтийн байгууллагад программ ассистантаар ажилладаг. Том хүү Балдандорж Санта Круз дахь Калифорнын их сургуульд сурдаг. Бага хүү Билэгт Ловелл ахлаx сургуульд сурдаг.

Г.Г -Чин сэтгэлээсээ ярилцсанд баярлалаа. Зорьж хийж буй судалгааны ажил тань амжилттай болж, Mонгол орны хөгжилд, монгол хүний үндэсний бахархалд их хувь нэмэр болох болтугай.

Ш.Б -Танд ч бас их баярлалаа. Өнөөдөр монголчууд бид өөрсдөдөө итгэж, өөрсдийгөө үнэлж, үнэлүүлж чаддаг байх цаг ирсэн. Монголчууд бид өнө эртнээс улбаатай ухаанлаг, авьяаслаг, хөдөлмөрч үндэстэн. Бидний монголчууд дээшлэн дэгжиж, хөгжин бадрах болно.

Г.Г -Ерөөлөөр болог.

…Түүнтэй уулзаж ярилцаж байхдаа түүний өргөн мэдлэг, уйгагүй зүтгэл, шаргуу

хөдөлмөрийг мэдэрч байлаа. Тэрээр ердөө л эрдэм номын хүн. Түүнээс гадна тэрээр

Бэй-Аэриа хавийн монголчуудын Холбооны ажилд идэвхтэй оролцдог, Цахиурын хөндийн

залуусаа маш сайнаар дэмждэг юм билээ. Ямартай ч өөрийн эрдэм мэдлэг, хичээл

зүтгэлээрээ өнөөгийн залууст үлгэр болох хүн гэж түүнийг зорин очиж

ярилцлаа. Таны эрдмийн оргил саруул байж, ихийг бүтээж, бусдад дуурайлал болж

яваарай. Танд эрүүл энх сайн сайхан бүхнийг ерөөе.

 

Feb 24

“ААВЫНХАА ХҮСЛИЙГ ГҮЙЦЭЭНЭ”

By gala-admin | ЯРИЛЦЛАГУУД

…Түүнтэй уулзахаар би Сан-Францискогийн Беркелеи дахь Harding ахлах сургууль дээр очсон юм. Хэлгүй сонсголгүй хүүхдүүдэд зориулсан онцгой боловсролын программтай энэхүү ердийн ахлах сургуульд Т. Гунгаа туслах багшаар ажилладаг аж. Намайг ихэд сонирхсон түүний шавь нар надтай “nice to meet you” гэж америк дохиогоор мэндчилж, бас энэ дохиогоо надад зааж өгцгөөлөө. Энэ сургуулийн үндсэн багш Англи гаралтай Rachel Zemach  надад Т.Гунгаагийн тухай ихэд бахархалтайгаар магтан ярьж, түүнд маш их ирээдүй байгаа, түүнтэй хамт ажиллаж байгаадаа маш их баяртай байгаа тухайгаа ярьсан.
Хэлгүй сонсголгүй хэрнээ энэхүү өвөрмөц ертөнцдөө хийж бүтээсэн, бахархах зүйл ихтэй энэ бүсгүйтэй энэ ертөнцөд нь нэгэн өдөр хамтдаа байж, ярилцлаа.
Түвшинбатын Гунгаа
Нэг. Намтрын товчоон
-Завхан аймагт төрсөн
-1991 онд Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн дунд сургууль төгссөн
-1998 онд Улаанбаатар хотод ДУДэС-ийг бакалавр зэрэгтэй төгссөн
-1992-2000 онуудад   Хүүхдийн мульт медиа хүрээлэнд хүүхэлдэйн киноны зураач
“Цөлийн гэгээ” кино компанид туслах зураачаар тус тус ажилласан
-2009 онд Berkeley City College-d  суралцаж төгссөн
Apple” худалдааны төвд компьютер мэдээллийн системийн мэргэжилтэн
-2010 оноос  Academy Art of University -д “kино найруулагчийн  мэргэжлээр суралцаж
Harding дунд сургуульд туслах багшаар ажиллаж байна
 
Хоёр: Бага насны он жилүүд
Г.Г-Уучлаарай хэлгүй сонсголгүй болсон харамсалтай тавилангийнхаа тухай ярьж болох уу?
Т.Г-Би айлын том хүүхэд болж төрсөн. 5 настай байхдаа хүндээр өвдөж, амь насаа авч үлдэх сонголт дээр хийлгэсэн тарианы улмаас хэлгүй, сонсголгүй болсон. Өвдөж шаналж байхдаа “Тэнгэрээс цагаан морьтой, цав цагаан дээлтэй, цав цагаан сахалтай өвгөн намайг дуудаад байна. Aаваа намайг битгий өгөөрэй ” гээд аавыгаа тэврээд уйлаад байсан гэдэг. Мэдээж намайг амьд үлдээх гэж, бас эдгээх гэж аав ээж 2 минь бүх л боломжийг хайж, аргаа л барцгаасан. Эцэстээ бүгдээрээ л энэ хувь тавилантайгаа эвлэрцгээсэн дээ.
 
Г.Г-Сургуульд орохдоо 29-р сургуульд орсон уу?
Т.Г-6 настайдаа 29-р сургуулийн 1-р ангид орсон. Байнга л “Буратино” зурж, “Буратино”-гоор тоглодог байсан гэдэг. 29-р сургуульд ороод миний анхны хэл болох монгол дохионы хэл сурч, амны хайрцгаар уншиж сурлаа. Ээж минь бага ангийн багш байсан болохоор намайг хичээлээс ирэхэд өөрөө яс сууж миний хичээлийг давтуулдаг. Ээж бид 2-ыг хичээлээ давтах үед дүү нар минь тойрч суугаад сонирхоно. Тэгсээр тэд ч бас дохионы хэл сурцгаасан. Тухайн үед тэд маань надаас дутахгүй сурсан байсан.
Ээж минь охиныхоо төлөө санаа зовсон сэтгэлээрээ 29-р сургуулийн багш нараас ч илүү зүтгэл гаргаж намайг сургасан даа.
Г.Г-Эх хүн л үр хүүхдийнхээ төлөө бусдаас илүү шаналж, бусдаас илүүг хийж чаддаг.
Т.Г- Миний ээжийг Амаржаргал гэдэг. Одоо ч миний хамгийн сайн найз, бас хамгийн сайн зөвлөж туслагч хэвээрээ. Ээж минь надтай хичээллэж байхдаа, намайг өөрөө илүү сайн сургаж чадах юм байна гэдгээ мэдээд, 29-р сургуулиас гаргаж өөрийнхөө ангид авсан. Үүний тулд заах ангиа надад тааруулан өөрчилж байсан гэдэг.
Ердийн хүүхдүүдийн хичээлд би эрүүл хүүхдүүдийн адил л сурсан. Хичээлийн үед хүүхдийн хажууд суугаад хичээлээ хуулж бичнэ. Тэр явцдаа уншиж ойлгоно. Ер нь боломжийн сурсан шүү.
Би ер нь их ч хөдөлгөөнтэй, дүрсгүй талдаа байсан болохоор анги ахих тусмаа ангидаа “атаман” болж эхэллээ. Сургууль дотроо нилээд эрх дураараа, харин гэртээ бол ээжийн хяналт дор томоотой. Нилээд хугацааны дараа миний дураараа, сахилгагүй, дээрэлхүү байдал ээжид мэдэгдэж, ээж минь намайг нилээд зэмлэж “номхруулсан” даа.
Г.Г- Дунд сургуулиа төгсөөд ямар сонголт хийв?
Т.Г-Би багадаа их зурах дуртай, бас бага зэрэг авьяастай байсан байх. Дунд сургуульд сурч байхдаа хэд хэдэн удаа зургийн уралдаанд оролцож шагнал авч байлаа. Мэдээж хэлгүй сонсголгүй болохоор өөрийн бодол санаа, хүсэл мөрөөдлөө зургаар илэрхийлэх боломж нь илүү байсан байх. 8-р ангиа төгсөөд СУИС-ийн харьяа Дүрслэх Урлагийн Дунд Сургуульд шалгалт өгч тэнцээд Төмөрбаатар багшийн шавь болсон. Дараа нь ДУДэС- гээд нийтдээ 6 жил суралцаж, амжилттай төгссөн.
…Түүний зурсан зургуудыг үзэж байхад өвөрмөц дүрслэлтэй, өнгө будгийн сонин зохицолдоотой, ихэвчлэн үндэсний агуулга өгүүлэмжтэй байлаа. Монгол бүсгүй болон байгаль, амьтны сэдэвтэй зургууд нь илүү сонирхолтой санагдсан. Харин сүүлийн үеийн зургууддаа монгол гэрийн дүрслэлийг бэлэгдлийн шинжтэйгээр ихэд хослуулсан нь нилээд өвөрмөц байв.
 
Гурав: Хөдөлмөрлөж зүтгэсэн он жилүүд
Shooting_in_LA_1_of_1Г.Г-Чиний зургууд нилээд өвөрмөц зохиомжтой юм. Сургуулиа төгсөөд мэргэжлээрээ ажилласан уу?
Т.Г- Сургуулиа төгсөөд аавтайгаа хамт ажиллах гэж кино үйлдвэрт очсон. Аавыгаа дагаж кино зурганд их явна. Миний аавыг Түвшинбат гэдэг. Кино зураглаач хүн л дээ. Их ч олон сайхан бүтээл хийж, өөрийн бүтээлээрээ ” ГОО МАРАЛ ” наадмын тэргүүн шагнал авч байсан юм.
Би аавынхаа эрх охин нь. Аав минь энэ амьдралд намайг гоо сайхан, уран бүтээл хэмээх агуу тогоо рүү гараас минь хөтөлж оруулсан. Их ч зүйл зааж, их ч зүйл ойлгуулж, их ч зүйлд сургажээ. Алив зүйлд бууж өгдөггүй шазруун, бас өөрийнхөөрөө зүтгэдэг занг би ааваасаа л өвлөж авсан байх.
Аав минь миний бахархал. Харамсалтай нь аав минь саяхан бурхан болсон доо.
Г.Г-Харамсалтай байна. Аавыг тань би мэдэх юм. Сайн ч уран бүтээлч байсан. Мэдээж чамд нилээд сайнаар нөлөөсөн байх л даа.
Т.Г-Миний аав охиндоо урмын үг барагтай л бол хэлэхгүй их чанга хүн. Тэр хэрээр би өөрийгөө улам ч ирлэж, ааваасаа сайхан үг сонсох гэсэн хор шараар буцалж л явсан. Хүнд зөв хор шар байх хэрэгтэй гэж аав минь ярьдаг байсан.
Ээж aавынхаа итгэлийг алдахгүй гэсэндээ би өөрийгөө улам л ирлэж амьдардаг. Ингэж хичээснийхээ хүчинд өөрийн хүссэн олон алхмуудыг хийж, олон ч бэрхшээлийг даван туулж байлаа. Гол нь би ямар нэгэн бэрхшээлд бууж өгөх дургүй хүн юм шиг байгаа юм. Харин аав минь болохоор зөөлөн байх юмандаа зөөлөн байж, хатуу байх зүйлдээ хатуу байж чаддаг эгэл жирийн монгол эр хүн байсан даа.
Г.Г- Мэдээж чи уран бүтээлээ хийж байсан байх?
OrlooТ.Г-Тийм ээ! Мэргэжилдээ дуртай болохоороо зурж байсан л даа.  Намайг ДУДэС-д суралцаж байхад танилцсан америк багш, надад америк дохионы хэл зааж өгч, бас олон зүйл дээр намайг дэмжиж тусалж байв. Ингээд л гадаад дохионы хэл сурсан миний хувьд, 2001 оны өвөл анх удаа Хонг-Конгд 29-р сургуулийн зургийн багш Дашдэндэв, өөр нэг багш нарын хамт Азийн Сонсголын бэрхшээлтэй улсуудын Asian Pacific Conference уулзалтад оролцож, дэлхийгээр тойрч болох анхны гараагаа эхэлсэн дээ.
Харин 2002 онд АНУ-д болсон “Deaf Way 2” нэртэй урлагийн томоохон наадамд Монголоос 10 бүтээлчдийг оролцуулах урилга ирлээ. Энэ наадамд оролцох уран бүтээлчдээс, би уран зургаар оролцсон л доо. Энэ болгонд би “юм үзэж, нүд тайлж”, их олон боломжуудыг мэдэрч байлаа.
2002 оны өвөл Gallaudet-д уран зургийн чиглэлээр сурахаар ирээд 3 сар суралцаад сургуулиасаа гарсан.
Г.Г- Яагаад Gallaudet-эд суралцахаас татгалзсан гэж?
Т.Г-Нэг талаас Gallaudet-д суралцахад надад тэтгэлэг олдоогүй. Жилийн 26000$-ын төлбөрийг би төлж дийлэхгүй байсан. Нөгөө талаас Монголд ДУДэС-д суралцаад төгсчихсөн байсан надад энэ сургуулийн уран зургийн хөтөлбөр нь таалагдаагүй. Энд уран зургийг анхан шатнаас нь зааж эхэлдэг бол, би энэ чиглэлээр сургууль төгсчихсөн байдаг. Яг үнэндээ Монголын ДУДэС-ийн сургалт нь их ч сайн шүү дээ.
 
Г.Г- Сургуулиа орхиод?…
ZuuZuuТ.Г- Сургуулиа орхиод монголдоо буцаж ирээд зургаа зурж эхэллээ. Худалдаа Хөгжлийн Банк, ХААН банк болон хувь хүмүүс намайг дэмжиж, миний зурсан зургуудаас худалдаж авдаг байсан л даа. Надад АНУ-д зорчих 10 жилийн виз байсан болохоор хэд хэдэн удаа Америкт ирээд буцаж байв. Нью-Йоркд намайг тусалж дэмждэг “хуурай” аав ээжтэй ч болсон. Миний зурсан зургуудыг тэдний найз нар сонирхож, заримдаа худалдаж авцгаадаг, заримдаа захиалж зуруулдаг ч байсан.
Нэг удаа намайг Нью- Йоркд тусгай сургуульд лекц уншиж байхад Америкийн Үндэсний Музеид ажилладаг дохионы орчуулагч, намайг энд хааяа болдог зургийн дуудлага худалдаанд оролцохыг зөвлөлөө. Тэнд зөндөө олон мөнгөтэй хүмүүс цуглаад, яг тэр газраа зураачдын нэг цагийн дотор зурсан зургуудыг үнэ хаялцан худалдаж авдаг юм билээ. Би бүртгүүлчихээд яг зурах цаг эхэлсэн чинь “юу зурах вэ?” гэдгээ санаандаа оруулж чаддаггүй ээ.
Нилээд тэвдэж сандарсан хэдий ч, сүүлийн мөчид тайвширсан хойноо зурсан зураг минь нилээд үнэ хүрч зарагдлаа. Энэ тохиолдол надад их урам, эрч хүчийг өгсөн. Эндээс багагүй мөнгөтэй болоод гэртээ харьсан.
Г.Г-Энэ их сонин тохиолдол болжээ. Тэгэхээр энэ чиглэлээр цаашдаа хөгжих бодол байсан уу?
Т.Г- Миний гол мөрөөдөл бол кино л байсан. Аав минь сайн уран бүтээлч байсан хэдий ч хийж амжаагүй, хийхийг мөрөөдөж байсан олон зүйл түүнд байсан. Олон жилийн өмнө Казахстантай хамтран хийсэн ” Хүмүчи мэргэн” кино нь одоо хэр нь Монголын  дэлгэцнээ гараагүй юм шүү дээ. Аавд минь авьяас чадвар, алдар хүнд байсан ч зовлон шаналал ч багагүй байсан. Аавынхаа хайртай охин нь байсны хувьд, аавынхаа хүсэл мөрөөдлийг би л үргэжлүүлэн биелүүлэх ёстой.
Энэ зорилгоор 2008 онд Berkeley City College-д элсэн орж, 2 жил компьютерийн график программд суралцаад “Video production” мэргэжлээр төгссөн. 2010 оноос багшийнхаа саналаар мэргэжлийн түвшинд заадаг kиноны техникээр маш сайнд тооцогддог  Academy of Art University.d “кино найруулагч”-ийн мэргэжлээр мастер-т суралцаж байгаа.
gungaa
Г.Г-Мэдээж ердийн Их, Дээд Сургууль болон Berkeley city College хэлгүй сонсголгүй хүүхдүүдийн сургууль биш болохоор, энд суралцахад чамд амаргүй байдаг уу?
Т.Г- Berkeley City College анх байгуулагдахдаа эмзэг бүлгийхэнд зориулсан программтай үүссэн коллеж болохоор, мэргэжлийн дохионы хэлмэрч орчуулагч бэлтгэх арга зүйн системээрээ Сан Францискодоо дээгүүрт ордог. Хэл яриа cонсголын бэрхшээлтэй хүмүүст үйлчлэх, хаа ч орсон тэдэнд орчуулга хийх боломжоороо Сан-Франциско их ч мундаг. АНУ-ын 50 мужаас дохионы хэлмэрчид энд ирж ажиллахыг хүсдэг ч  орон тоо байдаггүй. Тэд мэргэжлийн өндөр түвшинд ажилладаг болохоор цалин хөлс нь ч өндөр байдаг.
Энд ийм хүмүүсийг маш их хүндлэн, тэдэнд бүх л боломжийг олгож чаддагаараа үнэхээр гайхалтай. Тэгээд ч бид энд амьдарч, ажиллаж, суралцахдаа маш дуртай байдаг гээч. Энд эхлээд англи хэл, америк дохиог зэрэг сурах хэрэгтэй болдог. Америк дохио байтугай Монгол дохио ч бас хэл. Хэл сурна гэдэг бас авьяас шүү дээ.
Намайг энэ сургуульд суралцахад хичээл дээр 2 орчуулагч үйлчилдэг. Тэд маш их ажилладаг болохоор 20 минут тутамд сэлгэгдэнэ. Ердийн оюутнууд багшийн лекцийг сонсоод, үзэх юмаа үздэг бол, миний хувьд 5 зүйл дээр зогсолтгүй анхаарах хэрэгтэй болдог. Багшийн яриа хөдөлгөөн, дэлгэц самбар дээрх тэмдэглэгээ, орчуулагчийн дохио, компьютер, өөрөө бичиж тэмдэглэж амжих гээд маш их ачаалалтай. Эхлээд юу ч ойлгож амжихгүй, нүд ядраад их л хэцүү байдаг байсан. Одоо бол гайгүй ээ. Гол нь оюун ухаанаа л их хурдан, сайн ажиллуулах хэрэгтэй. Энгийн хүнээс дутахгүй л сурч байна даа.
 
Г.Г-Чиний хичээл зүтгэл мундаг байнаа. Татгалзахгүй бол намайг онгоцноос тосч аваад, өдөржингөө бидэнтэй хамт байгаа найз залуугийнхаа тухай ярьж болох уу?
Т.Г- Миний найз залууг Норман гэдэг. Tэр маань надтай адил хэл ярианы бэрхшээлтэй нэгэн. Аав нь япон, ээж нь Хонг-Kонг гаралтай хүмүүс. Норман Сан-Францискод төрөөд, эндээ дунд сургууль, дээд сургуулийг компьютерийн мэргэжлээр төгсөж , одоо нэг компанид мэргэжлийн дагуу инженерээр ажиллаж байгаа. Бид танилцаад 7 жил болж байна. 2006 онд Сан-Францискод National Asian Deaf Congress чуулган болоход Норман намайг урьж оролцуулсан юм. Түүнээс өмнө бид нэт-ийн найзууд байсан л даа. Найз залуугийнхаа хүсэлтээр 2007 оноос Сан-Францискод ирж хамтран амьдарч байна.
Миний өмнөх амьдрал ойлголцдоггүйгээс болоод хоёр тийш болсон л доо. Одоо бол Норман бид 2 илүү сайн ойлголцож, хамтдаа л мөрөөдөж, сайхан амьдрал руу тэмүүлж байгаа. Манай хүн монголд их элэгтэй, монгол хоолонд дуртай, монгол хүмүүст туслах их дуртай. Энд миний хүсэлтээр ирсэн монголчуудад дуртайяа тусалж, тэдэнд үйлчлэхдээ баяртай байдаг юм.  Миний аавын, манай гэр бүлийн хамгийн дотны нь хүн болсон. Ийм сайн хүнтэй учирсан болохоор би их азтай бүсгүй.
Г.Г-Тийм ээ! Та 2-ыг хамтад байгааг харахаар надад ч бас сайхан санагдаж байна. Сайхан гэр бүл гэдэг их ч боломж төдийгүй сайхан ирээдүйг бий болгодог.
Т.Г-Тийм болохоор би ч бас их хичээж байгаа.  Berkeley City College-д сурахын хажуугаар 2009 онд “Apple”-ийн худалдааны төвд ажилд орсон. Манай ажлынхан надад их ч сайнаар хандаж, их ч тусалдаг. Дарга маань ажилчиддаа дохионы хэл сурахыг шаардаж байгаа. Манай ажилчид надтай хэрдээ л  хөөрхөн дохиогоор ярьдаг юм шүү дээ.
2010 оноос Harding дунд сургуульд туслах багшаар давхар ажиллаж байна. Одоогоор монголд минь хэлгүй сонсголгүй хүүхдүүд амжилттай сайнаар суралцаж боломж тааруу байгаа. Би алсдаа монголдоо эргэн тойрон хамгаалалтай, саадгүй алхах боломжтой, хотын төвөөс холгүй хэлгүй сонсголгүй хүүхдэд зориулсан сургууль нээж, америкийн сургалтын системээр ажиллахыг хүсч байна. Үүний тулд надад зөндөө их туршлага хэрэгтэй.
Ийм сургуулийн багш болохын тулд дохионоос гадна нүүрний хөдөлгөөн, илэрхийлэл их чухал. Үүнийг сурахад  Rachel багш чин сэтгэлээсээ тусалж байгаа. Энэ сургуульд ажиллахдаа би их юм сурч их ч хөгжиж, бас үргэлж хөгжилтэй, баяр баясгалантай байж чаддаг юм.
Г.Г-Сурах ажиллах, хажуугаар нь олон нийтийн ажил хийх гээд энэ бүхнийг яаж амжуулж байнаа?
Т.Г-Нэгэнт өмнөө зорилго тавьсан болохоор зүтгэхээс өөр аргагүй. Нөгөө талаар бид өөрсдөө хүний гар харалгүй, бие дааж амьдарч сурах хэрэгтэй байна. Амьдралд юу эс дутагдах вэ? Сургалтын төлбөр, байр машины төлбөр, хоол унд гээд. Бид хэлгүй сонсголгүй гээд зүгээр суугаад байж бүр ч болохгүй. Бид хүнээр өрөвдүүлэх үнэхээр дургүй. Бид ав адилхан л хүмүүс шүү дээ.
Г.Г-Энэ бүхний хажуугаар чамайг хэлгүй, сонсголгүй хүмүүсийн дэлхийн мисс-ийн тэмцээнд Монголоо төлөөлөн оролцсон тухай мэдээлэл үзэж байсан?
gungaa2Т.Г-2010 онд Лас-Вегас хотод болсон “Miss Deaf International”  тэмцээнд Монголоо төлөөлөн оролцлоо. Харин 2010 оны 3 сард Улаанбаатар хотноо “Miss DeafMongolia” тэмцээнийг зохион байгуулсан.  Үүний дараагаар Монголоос 5 хүнийг авчирч Лас-Вегас хотод болсон дээрх тэмцээн болон энэ үеэр болсон Deaf Nation World Expo томоохон үзэсгэлэн болон бусад арга хэмжээнд оролцуулав.
Энэ бүхэн Дэлхийн хэлгүй сонсголгүй хүмүүсийн ертөнцөд Монголыг сурталчилж, Монголын хэлгүй сонсголгүй хүмүүсийг ийм олон арга хэмжээнд оролцуулах боломжийг нээх зорилготой юм. Монголынхоо хэлгүй, сонсголгүй цөөхөн ч болов залуус, энэхүү гадаад ертөнц болон олон боломжуудтай танилцаж, өөрсдийгөө хөгжүүлээсэй гэж хүсч байна даа.
Г.Г-Бас өөр олон арга хэмжээнд оролцож байгаа тухайгаа?
Т.Г-Энэ оны 1-р сард Сан-Францискод болсон Deaf World Art Festival  үзэсгэлэн, дуудлага худалдаанд монголын зураач Түвшинжаргалын бүтээлүүд / surrealism урсгал/ энэ наадмын гол бүтээл болж, үзэгчдэд өндрөөр үнэлэгдлээ. Харамсалтай нь Түвшинжаргал маань өөрөө ирж чадаагүй, бүтээлүүдээ явуулсан юм.
Ирэх зун Монголоос мисс, зураач  оролцсон урлагийн бүрэлдэхүүнийг  Америкт болох томоохон фестивальд оролцуулах бодолтой байгаа.
Энэ оны 3 сард Калифорны Их Сургуульд болох  “Youth Filmmaker”  наадам, 9 сард Европт болох олон улсын deaf зураачдын наадамд шүүгчээр оролцох урилга авсан. Надад олон оронд хамтран ажиллаж, бие биенээ дэмждэг найзууд бий. Энэ бол бас нилээд боломжийг бидэнд олгодог юм.
Г.Г-Энэ бүхэн чамд төдийгүй Монголын хэлгүй сонсголгүй олон залуус болон иргэдэд сайхан боломжуудыг авчрах байх гэж найдаж байна. Бас Монгол дахь “Сэтгэлийн дэм” нэртэй ТББ байгуулан үйл ажиллагаа явуулж байгаа тухай цахим хуудаснаас тань үзсэн.
Т.Г- “Сэтгэлийн дэм” ТББ-аа 2002 оны 4 сарын 29 нд байгуулсан. Монголынхоо соёлыг дэлхийд таниулах, олон улсын хэмжээнд зохион байгуулагдаж буй төрөл бүрийн сургалт, уулзалт, семинаруудад сонсголын бэрхшээлтэй иргэдээ оролцуулж, гадаадад суралцах боломжийг нээж, мэдээ мэдээлэлээр хангах зорилготой. Мөн олон улсуудын хооронд соёлын солилцоо бий болгон, гадаадын сонсголын бэрхшээлтэй иргэдийг Монголын хээр нутагтаа аялуулах гэх мэтийн олон чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг юм.
 
Дөрөв: Мөрөөдөлд хязгаар үгүй
Г.Г-Чи ер нь их ч хөдөлгөөнтэй, алив зүйлд их авхаалжтай болохоор бага гэлтгүй хугацаанд их зүйл хийж амжуулжээ. Мэдээж энэ бүхэн эхлэл байх гэж бодож байна.
Т.Г- Хүсч мөрөөдөж байгаа зүйл их байнаа. Монголд хэлгүй, сонсголгүй хүүхдүүдийг их багаас нь бүх зүйлд маш сайн сургах хэрэгтэй байна. Тэдэнд энэ байдалдаа гуньж гутарч суулгүйгээр, энэ дэлхий ертөнцөд байгаа их боломжуудыг мэдрүүлэн ойлгуулах хэрэгтэй байна. Үүний тулд тэдэнд англи хэл, америк дохионы хэлийг сургавал бүр ч сайн. Монгол дохионы хэл бол зөвхөн Монголдоо л ашиглагдана. Гэтэл англи хэл, америк дохионы хэлтэй бол дэлхий ертөнцтэй харилцах боломж нээгдэнэ гэсэн үг. Тэгэхээр монголын ийм сургуулийн сургалтын хөтөлбөр агуулгыг ч өөрчлөх хэрэгтэй. Магадгүй ийм төрлийн хувийн олон ч сургуулиуд байгуулагдвал зүгээр байх.
Г.Г-Яг энэ тухай өмнө нь Б.Намираатай хийсэн ярилцлага дээр дурдагдаж байсан. Тэгэхээр та нарын хүсэл сонирхолд адил зүйл олон байх шиг…
Т.Г- Б.Намираа бид сайн танилууд. Би нэг удаа Вашингтонд Gallaudet дээр зохион байгуулагдсан, Дэлхийн Сонсголын бэрхшээлтэй кино бүтээгчдийн томоохон наадамд оролцохдоо түүнтэй уулзаж ярилцаж байсан. Бидний зовлон жаргал адил болохоор хүсэл мөрөөдөл минь ч адил байдаг. Бид бие биенээ дэмжиж хамтран ажиллах цаг ирэх байхаа.
Г.Г- Би ч бас та нарыг нэгэн зорилгын төлөө бие биенээ дэмжиж хамтран ажиллаасай гэж хүсч байна. Эрүүл хүмүүс болон сонсголгүй хүмүүсийн харилцааны талаар чиний бодлыг сонсвол?
Т.Г- Хэлгүй, сонсголгүй хүмүүсийг өрөвдөх биш, ойлгож дэмжих нь хамгийн чухал. Эрүүл хүмүүс, сонсголгүй хүмүүс хоорондоо ойлголцдог байхад их зүйл өөрчлөгдөнө. Манай Монголд хэлгүй сонсголгүй хүмүүсийг “оюуны хомсдолтой” мэт ойлгож, харьцдаг харилцааг өөрчлөхөөс л бүх зүйл эхлэх хэрэгтэй мэт. Хэдийгээр бид сонсдоггүй, ярьж чаддаггүй ч бидний оюун санаа эв эрүүл. Харин ч энэ байдлаасаа болж оюун ухаан, мэдрэмж нь илүү хөгжсөн байж болох. Тийм болохоор DEAF PEOPLE IS NOT AN ISSUE!
Өнөөдөр дэлхий нийтэд дохионы хэл их хөгжиж, эрүүл хүмүүс, хэлгүй сонсголгүй хүмүүс ойлголцох боломж бүр ч ихээр нэмэгдэж байна. Ядахнаа л зурагтын нэвтрүүлгүүдэд дохионы хэл болон үсгээр гарах бичлэг оруулахад л хүмүүст ямар их нөлөөлж чадна гээч.
gungaa3Г.Г-Тийм шүү! Энэ асуудалд чин сэтгэл, хүн чанар, санаачлага дутагдаад байгаа мэт.
Т.Г- Би энд байгаа 2 монгол охиныг дохионы хэлний чиглэлээр сургуульд суралцаач гэж санал тавьж байгаа. Тэд эхлээд англи хэл, америк дохионы хэл сурцгаана. Дараа нь хэлгүй, сонсголгүй хүмүүст хэлмэрчилж байхдаа өөрсдөө маш их хөгжих боломжтой. Дэлгүүрт, эмнэлэгт, сургуульд, үйлчилгээний газарт хүмүүст орчуулга хийж байхдаа давхар ямар олон зүйлд суралцаж болно гээч. Дахиад л хэд хэдэн мэргэжил эзэмших шахуу болно доо.
Монгол залуус минь Америкт байхдаа энэ чиглэлээр суралцаж мэргэжвэл, монголдоо ч үүнийг хөгжүүлэх боломж бүрдэнэ гэсэн үг.
Г.Г-Тийм ээ! Энэ бас сайхан санаа, хэрэгтэй боломж байна. Бас гол мөрөөдөл тань кино болохоор хийх зүйл их байгаа байх?
Т.Г- Аав минь хорт хавдраар өвчилсөн байсан. Намайг Монголдоо “Deaf miss Mongolia” тэмцээнийг зохион байгуулж байхад бие нь маш хүнд муу байсан ч “миний охин хийх ажлаа л заавал хийж дуусга” гэсэн. Энэ тэмцээний дараахан аав минь нас барсан. Аавыгаа амьсгал хураах мөчид тэвэрч байгаад ” Aав минь та одоо амар даа. Охин чинь бүхнийг хийх болноо” гэж чихэнд нь шивнэсэн. Хэзээ нэгэн цагт Холливуудад Монголын жинхэнэ бүтээлийг авч очиж амалснаа биелүүлэх л болно.
Одоогоор ажиллаж сурахын хажуугаар Лос-Анжелост байгаа нэр хүндтэй, сонсголын бэрхшээлтэй уран бүтээлчидтэй хамтран ажиллаж байгаа. Эд хүчирхийлэлийн эсрэг, хүүхэд эмэгтэйчүүдийн эрх ашгийг хөндсөн баримтат кино хийсэн юм. Саяхан тэдний хийж байгаа нэгэн баримтат кинон дээр Julie Smario гэдэг найруулагчийн туслахаар ажилласан. Удахгүй дэлгэцээр гарна.
 
Тав. Сан-Франциско бидэнд хамгийн таатай орчин
…Тэр өдөр Т.Гунгаа Норман 2 намайг дагуулж Berkeley City College сургуулиа танилцуулж, Fremon-д орших хэлгүй сонсголгүй хүүхдүүдэд зориулсан дунд сургуулийн цогцолбор, коллежийг үзүүллээ. Орой нь дунд сургуулийн цогцолборт болсон хэлгүй сонсголгүй хүмүүстэй Америкийн түүх судлаач, зохиолч Edwin Black-ийн хийсэн уулзалтад оролцов. Энд намайг хамгийн ихээр гайхашруулсан зүйл нь “орчуулга” байлаа. Тайзан дээрээс ярьж байгаа хүний яриаг дэргэдээс нь дохионы хэлээр орчуулж байхад, танхимаас англи хэлээрэ шууд орчуулж байв. Уулзалтад оролцогсод асуулт асууж хариу авах үед тайзнаас болон танхимаас яг зэрэг орчуулга хийгдэж байсан нь ямар ч саад бэрхшээл үгүйгээр, хэл нэвтрэлцэн ойлголцож байх боломжийг олгож байх аж.
Уулзалтын төгсгөлд California school for the Deaf-ийн захирал ноён Henry Klopping  бидэнтэй уулзахдаа ” Гунгаа надад Монголын тухай ярьж байсан болоод би монголыг маш их сонирхдог. Хэрэв Монголын хэлгүй сонсголгүй хүүхдүүдээс манай сургуульд суралцахыг хүсвэл, ийм сургуулийн багш нар мэргэжил дээшлүүлэхийг хүсвэл би боломжоороо туслахад бэлэн байна” гэж өгүүлсэн.
 
Г.Г-Сан-Францискод ажиллаж амьдрахад та нарт үнэхээр тааламжтай байдаг нь мэдрэгдэж байна шүү?
Т.Г- Би дэлхийн нилээд олон орноор явж үзсэн. Би сонсголын бэрхшээлтэй хүний хувьд, эдлэх эрхээ хангалттай эдэлж чаддаг xамгийн их таалагдсан Сан-Франциског сонгосон л доо. Энд дохионы орчуулга болон үйлчилгээ нь үнэхээр мундаг. Түүнээс гадна энд ийм сургуулийн бүтэн цогцолбор байдаг болохоор хэлгүй, сонсголгүй хүмүүст зориулсан олон арга хэмжээ зохион байгуулагддаг. Ийм арга хэмжээнд оролцох болгондоо их ч олон хүнтэй танилцаж, ойлголцож, энэ хэрээрээ бие биенээ дэмжиж, хамтран ажиллах боломж олддог юм. Бас сэтгэл санаагаа ч сайн нээж ярилцана гээч.
Г.Г-Өнөөдрийнх шиг ийм уулзалтууд олон болох уу?
Т.Г- Сард нэг удаа ийм арга хэмжээ заавал зохиогдоно. Тэр болгонд хэлгүй сонсголгүй хэрнээ их мундаг яваа олон ч хүмүүс ирж оролцдог юм. Эдэн дотор төрийн өндөр албан тушаалтан, мундаг эрдэмтэн профессорууд, хуульчид, том компаны захирлууд, Оскарын алдарт жүжигчин, тэр байтугай тэрбүмтан хүн ч байдаг шүү. Тэдэнд ийм уулзалт маш их хэрэг болдог.
 
Г.Г-Өөрийн ертөнцдөө зогсолтгүй тэмцэж, хөдөлмөрлөж, өөдрөг сайхан яваа та нараар бахархаж байнаа. Надтай цаг гаргаж, чин сэтгэлээсээ ярилцсанд их баярлалаа. Та нарын ажил амьдрал өөдрөг байж, мөрөөдөл тань биелэг ээ!
Т.Г- Танд ч бас их баярлалаа. Биднийг зорин ирж цаг заваа зарцуулан байж, уулзаж ярилцсанд сайхан байлаа. Монголчууд та бүхэндээ болон хэлгүй сонсголгүй хэдий ч ажил амьдралын сайн сайхан бүхэн рүү тэмүүлж яваа залуус та бүхэндээ сайн сайхныг ерөөж, амжилт бүтээлийн дээдийг хүсье.
…Сан-Францискод тэдэнтэй хамт өнгөрүүлсэн нэгэн өдөр надад сайхан байлаа. Эрүүл саруул бидэн тэгтлээ анзаарч мэдэрдэггүй олон зүйлийг энэ өдөр анзаарсан. Энэ бол их өвөрмөц ертөнц байв. Амьдралын элдэв тохиолдлоос хэлгүй сонсголгүй болсон тэр хүмүүс бидэнтэй яг адилхан ажиллаж, амьдрахыг хичээж л явдаг. Тэд биднээр өрөвдүүлэх биш, ойлголцохыг л илүүтэй хүсдэг.  Тэд бидэнтэй л адил хайрлаж дурлаж, хийж бүтээж, бусдад илч гэрлээрээ, сайхан сэтгэлээрээ хандаж байхыг хүсэцгээдэг.
Хэдийгээр тэд бидэнтэй адил сонсож, ярьж чадахгүй ч бидэнтэй адил, тэр ч бүү хэл биднээс ч илүү сэтгэж, хөдөлмөрлөж, хүсч мөрөөдөж амжилт гаргаж чаддаг аж. Энэ өвөрмөц ертөнцөд өөрийн авьяас билэг, хөдөлмөр зүтгэлээрээ Т.Гунгаа гэдэг монгол бүсгүй амжилт гаргаж өөрийн хүсэл мөрөөдлөө биелүүлэх гэж хичээж яваа нь бүр ч бахархууштай.
Энэ бол Монголчууд бидэнд олдож болох нэгэн боломж, хүрч болох орон зай, биелэж болох хүсэл мөрөөдлийнх нь нэгэн жигүүр болох буйз.
Т.Гунгаагийн тухай илүү ихийг мэдэхийг хүсвэл:
сайтуудаар нь зочлоорой.
Та нарын ажил үйлс ямагт өөдрөг байж, хүсэл мөрөөдөл тань биелэх болтугай.
Feb 16

АЖИЛДАА ДУРТАЙ БАЙХ ГЭДЭГ АЗ ЖАРГАЛ

By gala-admin | ЯРИЛЦЛАГУУД

Нэг. Намтрын товчоон

Жамьянгийн Эрдэнэчимэг
-1957 онд  Улаанбаатар хотноо төрсөн
-1975 онд Нийслэлийн 7 -р сургуулийн10-р анги төгссөн
-1980 онд МУИС-ийг орос хэл-үтга зохиолын мэргэжлээр төгссөн.
-1968-1990 онд Монголын циркийн жүжигчин
-1990-1997 онд Францад “гэрээт жүжигчин”
-1997-2010 онд Канадын “Нарны цирк”-ийн багшаар ажиллаж байна.

…Маш гоёмсог сайхнаар зассан том танхимд, алдарт Битлзийн гайхамшигт дуу хөгжим дор циркийн жүжигчдийн бүтэн хамтлаг дуулж, бүжиглэж, жүжиглэж циркийн хүнд хэцүү үзүүлбэрүүдийг үзүүлнэ. Битлзийн дуулсан дуу болгоны утга агуулга, тэрхүү алдарт дөрвөлийн амьдрал, амжилт, шаналал, өсч өндийн мандан бадрах бүх л түүхийг өгүүлсэн “LOVE” шоу Лас-Вегасын “Mirage Hotel” тaетрт тоглож буй буй нь энэ.
Ханан дахь асар том 2 дэлгэцнээ Битлзийн түүх болон тоглолтын зургууд гарч, тэр танхимд үзэгчдийн сэтгэлийг доргиох Битлзийн дуунуудын аянд агаарын гимнастик, үсрэлттэй акробат, тэнцвэр, илбэ, алиалагчид, жонглёр, дугуйт тэнцвэр бүхий үзүүлбэрүүдийг жүжигчилсэн хэлбрээр рок болон сонгодог бүжгүүдтэй хослуулан үзүүлэх жүжигчдийг үнэхээр гайхан биширмээр.

 

Хөгжим чимэглэл, гэрэлтүүлэг тайз засалт болон солигдолт, гайхамшигт найруулгыг бишрэхгүй байхын аргагүй. Энэ бол аргагүй л дэлхийд гайхагдах шоу байлаа. Канадын “Нарны цирк” эзэн нь өдгөө “Bellagio Hotel”, Лас-Вегас, Лос-Анжелос, Нью-Иорк, Орланда хотуудад нийтдээ 19 шоу тоглолтыг үзүүлдэгийн нэг нь энэ гэнэ. ” Гудамжны, нүүдлийн гэж нэрлэгддэг байсан циркийн урлагийг бүжиглэлт, жүжиглэлттэй хослуулан гайхамшигт шоу урлаг болгон хөгжүүлж чадсан түүнийг би үнэхээр биширдэг. Тэгээд ч “Bellagio Hotel”-ийн “O”  шоунд 13 жил ажиллаж байгаадаа би маш их бахархаж, сэтгэл хангалуун, аз жаргалтай байдаг” гэж Ж.Эрдэнэчимэг надад өгүүлсэн юм.

Өдгөө дэлхийн хэмжээнд ч нэрд гаран, гайхамшигаараа үзэгчдийг бишрүүлэн дагуулж буй “Bellagio Hotel” -ийн “O” шоунд нугардаг 5 монгол охины багшаар 13 жил ажиллаж, бас энэ хотод өөрийн уран нугаралтын студи ажиллуулж байгаа Ж.Эрдэнэчимэгтэй би Лас-Вегас хотноо уулзаж ярилцсан юм.

CCE00005


Хоёр. Уран нугараач болсон эхлэл


Г.Г- Уран нугарах  гэдэг хүн болгонд заяадаг авьяас биш байх.

Ж.Э – Би 7 настайдаа сургуульд орох гээд чадаагүй юм. 8 настайдаа нийслэлийн 11-р сургуулийн 1-р ангид орж байв. Дуулж бүжиглэж, шүлэг унших дуртай. Их л уян налархай байсан юм шиг байгаа юм. 1-р ангийн үсэглэлийн баяраар анх нугарсан гэдэг. Хүүхдүүд миний ард мандолин хөгжмөөр ая тоглож, би багшийн ширээн дээр нугарсан юм. Тэгж л анх авьяасаа нээв. Анги удирдсан Бямбаа багш, аав ээж 2 т минь миний нугарах авьяастайг хэлж, циркэд шалгуулж, хөгжүүлэх хэрэгтэйг зөвлөсөн юм билээ.
Тэр үед би цирк гэдгийг ч огт үзээгүй байсан. Багшийн зөвлөснөөр ээж минь манай хамаатан болох Нацаг ахад /Монголын циркийг анх үндэслэсэн/ хэлж. Нацаг ах намайг Цэнд-Аюуш багшид үзүүлж шалгуулья гэж л дээ.

Г.Г-Шалгуулаад хэрхэн үнэлэгдэв дээ?
CCE00002Ж.Э-Би анх 1966 онд цирк үзээд “нугардаг хүн харсангүй” гэсээр ирсэн гэдэг. Харин цирк үзсэнээсээ хойш T. Цэнд-Аюуш гэдэг хүнийг нэг л их гоёмсог цав цагаан копронон платьетэй байх юм шигээр төсөөлнө. Яг л балетчин шиг.
Цирк дээр анх шалгуулахаар очоод учиргүй сэтгэл догдлон хүлээж байтал, миний сэтгэлдээ ургуулан төсөөлж байснаас огт өөр, хүрэм өмссөн өндөрдүү бор хүн ирсэн чинь дотор сэтгэлдээ “голж” байгаа юм аа. Т. Цэнд-Аюуш багш хүрч ирсэнээ ” За чи юу чаддагаа үзүүл дээ”  гэлээ. Олон жилийн дараа эргээд бодож байхад, би тэр жаахан мөртлөө их дажгүй үзүүлбэр үзүүлсэн юм шиг билээ. Миний үзүүлбэрүүдийг үзсэний дараа Т. Цэнд-Аюуш багш “их уян, бас гоё өлмийтэй юм, би авья” гэсэн. Тэгж л 8 настай бяцxан охин уран нугараач болох замаа сонгосон юм даг.

Г.Г-Сургуульдаа сурахын зэрэгцээ уран нугаралтаар хичээллэх нь амаргүй байсан уу?

Ж.Э – Би өөрөө их дуртай байсан. Өдөр бүр хичээлээ тараад баруун 4 замаас хуучин цирк хүртэл автобусаар явна. Тэр үеийн автобус байнга л чихэлдээстэй. Өдөр бүр 1 цагаас нугаралтын бэлтгэлтэй.
Гэхдээ хичээлдээ онц сурдаг, хажуугаар нь нийгмийн идэвхи их сайтай байсан. Байнга урлагийн үзлэг болон олон нийтийн янз бүрийн арга хэмжээнд оролцдог. Нэг удаа хичээлдээ “дунд” дүн авчихаад аавдаа үзүүлэхгүй гэхдээ тэр хуудсыг нь урж орхив. Аав миний дэвтрийг үзэж байснаа “энэ нэг хуудас нь хаачсан юм бэ?” гэж асуугаад баригдаж байв.

Г.Г- Чиний уран нугараач болох сонголтод аав ээж тань нилээд нөлөөлсөн байх. Аав ээжийнхээ тухай ярьж болох уу?

Ж.Э- Ээж минь Цэндсүрэн гэдэг. Жүжигчин хүн л дээ. Хүмүүс “Хүргэн хүү” киноны Жамц баяны эхнэрийн дүрээр нь андахгүй. Их ч олон кино, жүжигт гайхалтай дүрүүд бүтээсэн дээ. 2 жилийн өмнө “гавьяат жүжигчин” цол хүртсэн. Бүх насаараа л урлагийн төлөө зүтгэж, сэтгэл зүрх амьдралаа урлагт зориулсан хүн дээ.
Аав минь Жамьян гэж НАХЯ ны хурандаа цолтой хүн. Цагдаа, армид олон жил ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан. Ээж минь байнга л хөдөө урлагийн бригадаар явдаг болохоор аав минь л ажлынхаа хажуугаар биднийг өсгөж, амьдралын ачааны хүндийг үүрнэ. Хоол хийж, юмаа угааж, бидний хичээлийг давтуулж шалгадаг байлаа. Тэр үед анзаараагүй хэрнээ, өөрөө амьдралд нухлуулсан олон жилийн дараа л “ямар сайн аав” байсныг ойлгох юм даа.
Тэр үеийн дундаж сэхээтний жишгээр л аав ээж 2 минь биднийг “хэнхэгдүү”, алив ажлын төлөө чин сэтгэлээсээ л хандаж, үнэнчээр зүтгэхэд сургасан. Хийх ёстой зүйлээ яг л номоор нь хийж, шударга бус байдалтай эвлэрэлгүй, өөрийн гэсэн зарчмаар бүх зүйлд ханддаг болоход тэд л бидэнд нөлөөлжээ.

Г.Г- Хэр удаан хичээллэж байж циркийн манежэд гарав даа?

CCE00001-1Ж.Э – 1968 оны жинэ жилээр “шинэ он” болж, анх циркийн тоглолтод оролцсон. Их л гоё байсан санагддаг юм. Урдаа улаан тууз зүүгээд, шүлэг уншиж тэр тоглолтыг эхлүүлж байв. Тэгээд бас нугарсан.
Харин 1969 оноос сард 300 төгрөгийн цалинтай дагалдан жүжигчин болж байв. Одоо ч би гэрийнхэндээ тоглоомоор ” би их бага байхаасаа л та нарыг тэжээсэн шүү” гэж хэлдэг юм. 1969 оны хавар анх удаа хөдөө бригадаар явлаа. Юу ч мэдэхгүй жаахан охин ” хөдөө явна” гэж баярлаад нойр ч хүрэхгүй. “Зил-130” машины задгай тэвшин дээр суугаад Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгуудаар явж тоглосон. Хамгийн анхны тоглолт минь Хэнтий аймгийн Биндэр суманд болж байсныг өнөө хэр ч мартдаггүй юм. Тэр үеийн циркийн “алтан үеийнхэн” болох Данзан гуай, Содном гуай, Цэнд-Аюуш багш нартай хамт ажиллаж, хамт аялж явсан би их азтай хүн.

Г.Г- Их л бага наснаасаа нугарч, циркийн дагалдан  жүжигчнээр ажиллаж байсан болохоор ур чадвар чинь сайжирч байсан байх.

Ж.Э – Тэгэлгүй яахав. 1971 онд МАХН-ын 16-р их хурлын хүндэтгэлийн концертод Норовсамбуу эгч бид 2 нугарсан юм. Норовсамбуу эгчийг нугарахад бүх л хөдөлгөөнийг нь дагаж, “сүүдэр” нь юм шиг харагддаг үзүүлбэр. Энэ үзүүлбэр их амжилт авчирсан. 1971 онд Монгол-Зөвлөлтийн найрамдлын сарын ажлын хүрээнд ОХУ-ын Эрхүү, Братск, Улаан-Үдээр явж тоглов. Энэ бол миний анхны гадаад аялан тоглолт байлаа.

Г.Г- Байнга бэлтгэл, аялан тоглолт гээд явахаар хичээл сурлагад чинь нөлөөлж байсан уу?

Ж.Э – Гайгүй ээ. Би өөрөө их хичээдэг байсан. Өглөө хичээлдээ яваад , орой 5 цагаас ажилдаа явна. Монгол хэл-үранзохиолын хичээлд их дуртай. Шүлэг их уншдаг. Бас юм юм сонирхоноо.
Циркийнхээ багшаас нуугаад гимнастикаар хичээллэв. Бас муугүй 3-р зэрэг авч байсан шүү.
Даанч Т.Цэнд-Аюуш багш минь энэ тухай мэдчихээд ” чи цирк, гимнастик 2-ынхоо аль нэгийг л сонго” гэж хатуухан хэлэхэд нь гимнастикаа орхисон доо.
Тэр үед миний мөрөөдлийн “загвар” нь Норовсамбуу эгч байлаа шүү дээ. Уран нугаралтаар 18 хан насандаа “гавьяат жүжигчин” цол авчихсан, МУИС-ийг англи хэлний мэргэжлээр “онц” төгсчихсөн ид л мандаж байсан үе. Тэр бага наснаасаа уран нугаралтаар хичээллэж, жүжигчин болсон байсан надад “Норовсамбуу эгч шиг л болох ёстой” гэдэг хүсэл байсан хэрэг. Тиймдээ ч 1975 онд 10-р ангиа төгсөөд МУИС-ийн оросxэлний ангис элссэн нь энэ л мөрөөдлийн нөлөө. Шинэ цирк 1972 онд ашиглалтад орж, Норовсамбуу эгч бид 2-ыг нэг өрөөнд оруулахад учиргүй баярлаж билээ.

Г.Г- Чамайг монголын циркэд анхны “хос нугаралт”-ыг эхлүүлж байсан гэж сонссон.

Ж.Э- Уран нугаралт 2 төрөл байдаг. Урагшаа нугаралт, арагшаа нугаралт. Өнгөц харахад адил юм шиг хэрнээ их ялгаатай.  Тэр үед нугарч байсан Оюунчимэг эгч урагшаа нугарахдаа сайн байхад, би арагшаа нугарахдаа илүү байх жишээтэй. Яг үүн дээрээс л Т.Цэнд-Аюуш багш, Л.Наранцэцэг бид 2-ыг хос нугаралтад бэлтгэсэн.  1973 онд анхны хос нугаралтын үзүүлбэр үзүүлж, үнэхээр шуугиан дэгдээсэн дээ. Энэ бол багшийн минь анхны том бүтээл, цаашид Монголын уран нугараачид дэлхийн тавцанд үнэлэгдэх эхлэл нь болсон юм шүү.

Г.Г- Ганцаарчилсан нугаралтаас хос нугаралт руу шилжсэн нь үнэхээр том дэвшил болсон байх. Энэ нь чамд амжилт, хариуцлагын аль алиныг нь авчирсан болов уу?
CCE00004Ж.Э- Тийм ээ! Хос нугаралт тэр цагаас Монголын циркийн хамгийн үнэтэй үзүүлбэр болсон. Мэдээж амжилт, алдар хүнд аль аль нь ирж байсан. Тэр үед би МУИС-д суралцаж байлаа. Хэдийгээр олон тоглолттой байсан ч надад ямар нэгэн хөнгөлөлт байгаагүй. Тэр үед, бүх л зүйл яг л ном журмаараа байх ёстой гэдэг зарчим байлаа.
Улсын төлөвлөгөө биелүүлэх гээд 18 аймгийн бүх сумдаар явж тоглосон. Эхлээд “Зил-130” машинаар, дараа нь “ПАЗ” автобусаар, сүүлд нь галт тэрэг, онгоцоор хүртэл явж байв. Хаа ч тоглолтоор очсон эхлээд л билетээ зарна.  “Хүүхэд 3 төгрөг, том хүн 5 төгрөг билетээ аваарай” гээд л хашгирч өгнө. Тэгээд үзвэр эхлэхийн өмнө билетээ тасална. Хүн бүр л эрвийх дэрвийхээрээ хийх ёстой ажлаа хийцгээдэг байлаа.
Бага байсан болоод нуруугаа хайрлах, хамгаалах ч гэж мэдэхгүй. Хэзээ ч өөрийгөө “зовж байна, зүдэрч байна” гэж бодож байсангүй. Хүн ер нь дуртай ажлаа хийж байхдаа л аз жаргалтай байдаг.
Тэр үед намайг МАХН-д орлогч гишүүнээр элсүүлсэн юм. Тэр үеийн зарчмаар уран бүтээлч хүнийг зөвхөн уран бүтээлээр нь биш, улстөрийн идэвхээр нь их дүгнэнэ. Лекц, сонсголын ирц, намын их бүгд хурлуудын товчлол, за тэгээд элдэв хяналт шалгалт мундахгүй. МАХН-д орлогчоор элсүүлсний дараа намайг циркийн урансайхны зөвлөлийн нарийн бичгийн дарга болголоо. Ажлынхаа хажуугаар байнга л бичиг цаастай зууралдаж, элдэв орчуулга хийнэ. Гэвч алив зүйлийг яг л ном журмаар нь хийх ёстой гэсэн хүмүүжил минь намайг энэ бүхэнд төвөгшөөлгөж байсангүй.

Гурав. Урмыг нь хугалахаар…

Г.Г-Мэдээж хүн дуртай ажлаа хийж байхдаа бага сага бэрхшээлийг тоодоггүй. Түүгээр ч зогсохгүй олон зүйлийг хүсч мөрөөдөж, түүн рүүгээ тэмүүлж байдаг.
Ж.Э – Тийм шүү. 1979 онд МУИС-ийн оросxэлний ангийн оюутнууд ОХУ-д дадлага хийдэг байсан жишгээр намайг Свердловскт суралцаж байхад, Москвад болох тоглолтод дуудлаа. Шалгалтуудаа урьдчилж өгчихөөд Москвагийн тоглолтод очиж оролцсон. Энэ тоглолтыг үзсэн Латин-Америкийн төлөөлөгч, зөвхөн хос нугаралтыг Латин-Америкт тоглох олон улсын циркийн тоглолтод урьсан байв. Харин энэ урилга бөөн асуудал үүсгэлээ. Социалист монголын уран нугараачид анх удаа хөрөнгөтөн, империалист гүрэнд худалдааны шугамаар олон сар  тоглох болсон учраас…

Г.Г-Тэр үед ийм асуудал МАХН-ын ТХ-ны үзэл суртлын хэлтэс, НАХЯ-ны хяналт доор шийдэгддэг байсан байх шүү.

Ж.Э – Тийм ээ! Бөөн л юм болсон. Бид 2-ын үзүүлбэрийг Соёлын Яамны уран сайхны зөвлөл, МАХН-ын ТХ-ны үзэл суртлын хэлтсээр хэлэлцээд л, хөрөнгөтөн оронд социалист орны жүжигчин биеэ хэрхэн авч явах тухай, бусадтай хэрхэн харилцах тухай бөөн л зааварчлага. Тэр ч байтугай НАХЯ-ны төлөөлөгч, надтай ганцаарчлан уулзахдаа “Чи найз залуутай юу?Хэрэв хөрөнгөтөн орны залуу чамайг сонирхвол чи яах вэ?”  гэхчилэн асуусан.
Нилээд асуудал болж байж, бид 2-той хамт испани хэлний орчуулагчаар Эрдэнэчимэг гэдэг бүсгүйг хамт явууллаа.

Г.Г-Энэ тоглолт ямар орнуудад болсон юм бэ?

Ж.Э- 1981 оны хавар Уругвай, Аргентин, Бразилд нийтдээ 6 сар аялан тоглосон. Бид 2 -т өдрийн 20$-ын цалин өгнө. Харин улс болохоор бид 2-ын нэг тоглолтоос 200$-ын гэрээ хийсэн байсан юм билээ. Гэтэл өдөрт 2-3 удаа тоглох ёстой.
20$ оороо өдрийн хоол авах төдий. Анх удаа гадаадад тоглож, $ авч үзэж байгаа хүн чинь хоолоо хэмнэж, хэмнэсэн мөнгөөрөө гэрийнхэндээ бэлэг авахыг л бодно. Их ч юм үзсэн, бас их ч гүрийсэн. Харин бид 2-ын нугаралтыг их сонирхож, маш өндрөөр үнэлж, шуугиж, бахархаж байлаа. Тэр үед Латин-Америкийн үзэгчдийн хувьд монголын уран нугаралт үнэхээр л “гайхамшиг “тай үзүүлбэр байсан.
Бид 2 залуу байсан болохоор тоглолт дуусгаад орчуулагч “хянагч”-ийн хурц хараанд дор, шууд л өрөөндөө ордог. Хүмүүстэй бараг л харьцахгүй. Одоо бодоход их л өрөвдөлтэй, инээдтэй санагддаг юм.

Г.Г-Мэдээж хөрөнгөтөн орны үзэгчдэд үнэлэгдсэн болохоор Монголдоо буцаж ирээд магтагдав уу?

Ж.Э -Бид 2-ыг Латин-Америкаас буцаж ирэхэд хүмүүс янз бүрээр л үнэлж, ярьж байсан. Харин шагналын хувьд ямар ч чимээгүй өнгөрсөн л дөө.
Нэг өдөр циркийн дарга өрөөндөө дуудлаа. Яваад орсон чинь костюмтай 2 хүн сууж байна. Арай ахмад нь над руу хандаж “Чи Латин-Америкт тоглолтоор явж байхдаа Монгол Улсын нэр хүндтэй байгууллагын нэр хаягийг хөрөнгөтөн орны хүнд өгсөн байна” гэж буруутгадаг юм. Би үнэхээр гайхсан. Тэр үед ч, олон жилийн дараа, одоог хүртэл энэ гүтгэлэгийн учрыг олоогүй. Хожим сонсоход, тэр тоглолтыг үзсэн хөрөнгөтөн орны хэн нэгэн Монгол Улсын циркийн хаягаар ил захидал явуулсан юм шиг л ойлгомжгүй яриа сонсогдож байсан.
Би тэр хүнд ” Бид тэр тоглолтод оролцохдоо Монгол Улсын циркийн жүжигчид гэж албан ёсны нэрээр явж, энэ л нэрээр зарлуулж байсан шүү дээ” гэж учирлаад ч тусыг эс олов. Хариуд нь баахан загнуулаад тэр өрөөнөөс уйлаад л гарч билээ.

Г.Г-Миний мэдэхийн тэр үед “социализмын үзэл суртал”, ” хөрөнгөтний үзэл суртал” хэмээх харгалдаан байж, энэ чиглэлээр НАХЯ их ч сайн ажиллаж, өө сэв бүхнийг “хувьсгалт лантуу”-гаар хайр найргүй цохиж байсан үе бий.

Ж.Э – Үнэхээр гомдолтой байсан. Тэгээд намайг буруутган зэмлэж, гадаадад тоглох эрхийг нь 3 жилээр хасах шийдвэр гаргасан даа. Яг үнэндээ ямар буруу хэрэг хийгээд, яагаад ийн шийтгэгдэх болсноо ч ойлгоогүй. Дотор бачуурч, гомдсондоо уйлахаас өөр яаж ч чадахгүй, “дарамт”-ын дор байлаа шүү дээ. Хамгийн аймшигтай нь энэ мөчөөс хойш би циркдээ “гадны хүн” болж хувирсан явдал. Хүн болгон л зай барьж холдоно. Дотно сэтгэлийн харилцаа, найз нөхдийн нөхөрлөл үгүй болсон. “НАХЯ-нд асуудалтай хүн” гэдэг ойлголтоор шүү дээ.
Нэг ёсондоо миний хичээл зүтгэл, хүсэл мөрөөдлийг энэ үе л жинхэнээр хугалсан даа. Надад таагүй хандаж, шинэ юм хийх хүсэл боломжийг хааж, өчүүхэн шалтаг бүхэнд буруутгах нь ямар аймшигтай гээч.  Энэ хандлага нь хүсэл мөрөөдөлдөө нисч явсан намайг, аймхай хулчгар хүн болгон хувиргасан юм.

Г.Г-Энэ үед аав чинь НАХЯ-ны чиглэлээр ажилаж байсан гэсэн. Энэ асуудалд аав тань яаж хандсан бэ?

Ж.Э – Эхлээд айгаад аавдаа энэ тухай юу ч яриагүй. Нилээд хэд хоногийн дараа аргагүйн эрхэнд аавдаа энэ тухайгаа ярилаа. Аав минь гайхан бухимдаж, учрыг нь тодруулахаар нилээд олон хүнтэй, тэр дотроо НАХЯ-ны сайд байсан Б.Дэжид гуайтай хүртэл уулзсан гэсэн. Яг учрыг хэлэхийн оронд “Ямар нэгэн асуудал байх нь байгаа” гэх хариултаас өөр юу ч олж мэдээгүй. Аргаа барсандаа аав минь “Миний охин яг юу болсныг нуулгүй үнэнээр ярьчих” гэж хүртэл хэлж байсан гээд бод доо.
Энэ бүхнээс би нэг л зүйлийг маш сайн ойлгосон. ” Элдэв зүйлд анхааралгүй, уран бүтээлээ л маш сайн хийж байж, нэрээ гаргах хэрэгтэй” гэдгийг.

Г.Г-Ямар нэгэн дарамт, үл ойлголцолд гомдож цөхөрч суулгүй, өөрийгөө сайнаар нотлон харуулах боломж нь энэ юм даа.

Ж.Э – Тэгээд л би улам ч хичээж эхэллээ. 1983 онд  Кубийн олон улсын уралдаанд оролцож, тэргүүн байрын шагналыг авчирсан. Энэ амжилтын минь талаар хэн ч юу ч дуугарсангүй. Энэ үед би нөхөрт гарч хүүхдээ төрүүллээ.
Энэ үед Улаанбаатар хотын 50 жилийн ойн концертын бэлтгэл явагдаж байсан болохоор төрснөөсөө 14 хоногийн дараа би шууд л сургуулилтдаа орсон. 1985 онд Москвад болсон Дэлхийн Залуучууд Оюутны 12-р наадамд оролцов. Энэ наадмын дараа Германд 3 сарын тоглолтод явж, тэндээсээ шууд Монте-Карлогийн наадамд явсан.
Яг үнэндээ хүүхэд гаргасан нь үнэн болохоос би муу ээж байсан. Хүүхдээ нялхаар нь орхиод олон сар жилээр тоглолтоор явж байхдаа хүү минь хэзээ хэлд орж, яаж алхаж эхэлснийг ч мэдэхгүй. Тэр үед Улсын ажил, Улсын нэр хүндийн төлөө хувийн амьдралаа ч золиосолж байсан юм даа.

Г.Г-Тэр үед нийтлэг тийм хандлагатай байсан. Тэр хэрээрээ зөвхөн амжилт шаарддаг байсан байх. Миний ойлгож байгаагаар Монте-Карлогийн наадам тэр үед ч, одоо хэр нь ч дэлхийн циркийн урлагийн хамгийн шилдгүүдийн цугларалт байдаг. Энэ хэрээрээ ч их нэр хүндтэй байх.

Ж.Э – Тийм ээ! Энэ бол дэлхийн циркийн жүжигчдийн мөрөөдөл. Биднийг оролцож байх тэр үед Монакагийн хаан тоглолтыг үзэж байсан юм. Монте-Карлогийн тэмцээнд Монголын циркийн жүжигчид анх удаа оролцож байгаа нь хамгийн том нэр хүндийн асуудал байв. Л.Наранцэцэг бид 2 энэ тэмцээнээс тусгай шагнал хүртлээ. Энэ шагналыг маш том гоёмсог цом, казиногийн шоунд 6 сар тоглох эрх дагалдаж байсан.
Москвагийн циркийн дарга бид 2 т чин сэтгэлээсээ баяр хүргэж байв. Анх удаа ийм том тэмцээнд оролцож тусгай шагнал хүртсэн нь Монголын циркийн нэр хүнд төдийгүй, цаашдын хөгжилд нь их ч нөлөө үзүүлсэн юм шүү.
Харин Монголдоо ирээд магтагдах нь бүү хэл Соёлын Яамны уран сайхны зөвлөлийн хурлаар орж “Яагаад алт мөнгөн шагнал авч чадаагүи юм бэ? Юу нь болоогүй юм бэ?” гэхчилэн зэмлүүлдэг юм. Бидний авчирсан тусгай шагналыг ч тэгтлээ тоогоогүй.

Г.Г- Энэ ч арай дэндэнээ. Монте-Карлогоос авсан анхны тусгай шагнал нь Монголын циркийн нэр хүнд, хөгжилд их боломжийг авчирсан гэдэгтэй санал нийлж байна.

Ж.Э – Нийгмийн тогтолцоо нь тийм байсан хэрэг. Магтах нэгний өчүүхэн амжилтыг ч тэнгэрт гаргаж, дарах нэгний ямар ч амжилтыг үгүйсгэж чаддаг байсан. Загнуулсандаа урам хугарсан надад, илүү хүчтэй техниктэй шинэ трюк бэлтгэж тоглох санаа төрсөн. Үүний тулд хамтран тоглогчоо ч солих шаардлагатай боллоо.
Тэгээд л би шинэ трюк бодож олж, шинээр хийхээр шийдэн, нууцаар бэлтгэж эхэлсэн дээ.

Г.Г-Яагаад нууцаар бэлтгэх гэж?

Ж.Э – Яг үнэндээ циркийн уран нугаралтад өрсөлдөөн бий болсон байлаа. Цэнд-Аюуш, Мажигсүрэн, Норовсамбуу багш нар өөрсдийн шавь нараа бэлтгэж байв. Нөгөө талаас миний нас ч явж байлаа. Олон жил нугарсан туршлага дээрээ өөрийн гэсэн шинэ үзүүлбэртэй болох нь хэрэгтэй байсан. Шинэ трюкээ циркийн урансайхны зөвлөлөөр нилээд явдал болж байж батлуулж амжлаа. Хамтрагчаа ч сольж, шинээр Н.Тунгалагтай хамтран бэлтгэж эхэлсэн.

Г.Г-Шинэ трюкээ анх үзүүлсэн тухайгаа дурсвал?

Ж.Э – Шинэ трюкээ Н. Тунгалагтай хамтран бэлтгэж байтал Киргизстан, Новосибирск, Москвад болох аялан тоглолтод Тунгалагийг оруулсан байв. Хэрэв би үлдвэл, бид 2-ын бэлтгэл тасалдах байсан тул, аргагүйн эрхэнд циркийн даргадаа учраа хэлэн гуйж байж, би энэ тоглолтод туслах байдлаар явах болсон. Үнэндээ надад ичгэвтэр байсан хэдий ч, шинэ үзүүлбэрийнхээ төлөө ингэхээс өөр арга байгаагүй.
Аялан тоглолтын завсар чөлөөгөөр бид 2 бэлтгэлээ хийнэ,  хүн гуйж тоглолтын хэрэгслэл болон ширээгээ бэлтгэх гээд ажил мундахгүй. Ингээд Москвад анх энэ үзүүлбэрээ үзүүллээ. Анхны тоглолт дээр жаахан алдаа гаргасаныхаа төлөө бид 2, Соёлын Яамны төлөөлөгчид зөндөө л загнуулав. Харин Москвагийн үзэгчид энэ үзүүлбэрийг маш сайнаар хүлээн авсан.  1978 оны “Советская цирк и эстрада” сэтгүүлийн 5 -р дугаарт “Монголын циркийн хөтөлбөрт тоглогдсон Ж.Эрдэнэчимэг, НТунгалаг нарын хос нугаралтын үзүүлбрийн төгсгөлийн техник трюк ньсанаанд багтамгүй, давтагдашгүй үзүүлбэр байлаа…Энэ нь олон улсын циркийн урлагт хийгдээгүйгээс гадна, дэлхийн циркийн урлагийн түүхэнд гайхагдах, юутай ч зүйрлэшгүй хосгүй бүтээл болжээ” гэж бичиж байсан юм.

Г.Г-Тийм ээ! Энэ үнэхээр гайхалтай үзүүлбэр болсон юм байна. /энэ үзүүлбэртэй холбоотой зургууд болон хэвлэлийн мэдээллүүдийг би,өөрийнх нь зөвшөөрснөөр үзсэн юм/. Их сайнаар үнэлэгджээ.

Ж.Э – Москвагийн тоглолтын дараа биднийг Польшид уриад, тэндээс Германы дэлхийд алдартай Roncarl-ын цирк зөвхөн бидний үзүүлбэрийг 1 жилийн хугацаатай худалдааны гэрээгээр авсан юм. Бид нэг жил нугарсаны дараа, тэд гэрээгээ 2 жилээр сунгасан. Тэд намайг циркдээ үлдэхийг хүссэн боловч би зөвшөөрөөгүй л дээ. Харин миний хамтрагч Н.Тунгалаг тэнд үлдсэн юм.
Яг энэ үед Данид тоглох гэрээ хийгдэж, бид тэнд тоглох ёстой боллоо. Гэтэл надад хамтрагч байдаггүй. Монгол руу учраа ярьж байж, Швеицарт тоглож байсан нугараач охиныг Дани руу явуулж, бид тэндээ богино хугацаанд бэлтгэл хийгээд л шууд тоглосон.

Г.Г-Чамайг Германы Roncarl-н цирк үлдэх санал тавьж байхад, чи үнэхээр үлдье гэж бодоогүй юу?

Ж.Э – Яг үнэндээ би тэр үед Монголын талын хийсэн гэрээг дуусгах хариуцлагын тухай л бодож байсан. Хоёр Улсын хооронд байгуулсан гэрээ гэдэг их ч хариуцлага. Хэдийгээр бид, 2 -хон хүн байлаа ч бидний ард “Монгол” гэдэг бүрэн улсын нэр дагалдаж байгаа. Алив зүйлд хариуцлагатай байх ёстой гэсэн миний хүмүүжил л үүнд нөлөөлсөн. Данийн 3 сарын гэрээнд ч би бас л ингэж хандсан. Нөгөө талаар би өөрийнхөө ирээдүйд итгэж байлаа.

Г.Г- Олон жил гадаадад гэрээгээр тоглож байгаад эх орондоо буцаж ирэхэд ямархуу байв даа?

Ж.Э – Намайг буцаж ирэх үед 1990 оны ардчилсан хувьсгал ялж, бүх зүйл өөрчлөгдөж бужигнаж байсан л даа. Урлагийг хүмүүс тэгтлээ тоохоо больж, уран бүтээлчид ажлаасаа гарцгааж,  урлагийн байгууллагууд хүнд байдалд орж байв.
Циркийн удирдлагууд надад “20 жил ажилласан болохоор тэтгэвэртээ гарах тухай” битүүхэн сануулцгааж байв. Надад үнэхээр гомдолтой, хэцүүхэн санагдаж байсан.

Г.Г-Нээрээ! Урлагийнханд 20 жил ажиллаад тэтгэвэрт гарах жишиг байсан байх шүү. Их залуугаасаа урлагт орсон хүн 40 нас хүрэлгүй тэтгэвэрт гарна гэдэг амаргүй. Нас залуу, ажилдаа туршлагажсан, бас хийж бүтээх хүсэл нь байдаг.

Ж.Э – Тийм шүү! Энэ бол амаргүй асуудал болдог. Юу юунаас илүү, ид хийж бүтээх насан дээрээ “гологдоно” гэдэг даан ч гомдолтой. Яах ч учраа олохгүй байсан энэ үед Лондонгоос ирсэн гэрээнд зориуд нэр зааж “Ж.Эрдэнэчимэгийг хамтрагчтай нь авах” хүсэлт гаргасан байв. Надад Монголд ямар ч орон зай байхгүй юм байна гэдгийг мэдэрсэн учраас ямар ч эргэлзээгүйгээр явахаар шийдэж, “Лондонгоос буцаж ирэхгүй, гадаадад үлдэнэ” гэдгээ шууд л хэлсэн. Харин тэд үүнийг зөвшөөрсөн дөө.


Дөрөв. Өндийх гэж тэмцсэн он жилүүд

Г.Г- Тэгээд л Европт үлдсэн хэрэг үү?
Ж.Э – Би Лондонд үлдэж, хамтрагч маань Монгол руу буцсан. Яг үнэндээ би сохроор л аз туршсан хэрэг. Хууль дүрэм хатуу сахидаг оронд, албан ёсны бичиг баримтгүй, тоглолтын гэрээгүй би “хэн ч биш” байсан. “Хос нугаралт”-аар үнэлэгдэж, худалдагдаж байсан миний хувьд, энэ үзүүлбэрийн хэмжээнд хүрч үнэлэгдэх, ганцаарчилсан үзүүлбэрийг цоо шинээр бүрээж, урьд нь авч байсан эзэд болон агетлагуудад таалагдах амаргүй сорилт хүлээж байсан юм. Нэг таньдаг жүжигчнийхээ байранд бэлтгэлээ хийж, энэ хооронд өөрийнхөө видео бичлэгийг хийж, циркууд руу явуулсан. Тэгсээр ямартай ч Германд тоглохоор боллоо.

Г.Г-Энэ бол амаргүй сонголт. Хүмүүс ийм эрсдэлийг тэгтлээ тооцдоггүй. Авьяас чадвар байлаа ч хууль бус л бол бүх зүйл хаалттай.

Ж.Э -Германаас Малайзад тоглолтод оролцоод буцах гэтэл миний виз асуудалтай болж орхисон. Бүх арга боломжоо шавхан байж, Малайзаас Францад очсон доо. Францад очоод циркэд орж, нугарч эхэлсэн. 1990-1997 оны сүүл хүртэл Францад гэрээт жүжигчнээр ажиллаж байхдаа Европ Ази Латин -Америкийн орнуудаар циркийн, телевизийн, cabaret, тусгай тоглолтуудада оролцон тоглолоо.

Г.Г-Францад олон жил болжээ. Энд ажил амьдралдаа сэтгэл хангалуун байсан уу?

Ж.Э – Яг үнэндээ энэ үе бол өөрөө л өндийж босох гэж тэмцсэн он жилүүд байлаа. Алдаа оноо, жаргал зовлон бүгд л байсан. Францад байх үедээ би Канадын “Нарны цирк”-д багшаар ажиллах хүсэлтээ байнга явуулж байв. Нас минь нилээд явж байлаа.
Харин 1997 оны сүүлээр надад Америкаас хариу ирсэн. Канадын “Нарны цирк” Лас-Вегас хотноо нээх гэж байгаа байнгын шоундаа 4 монгол охинтой нугаралтын үзүүлбэр оруулах болсон тул, багш хэрэгтэй болжээ. Tэд саналыг зөвшөөрвөл, намайг Канадын Монреальд ирэхийг урьсан байлаа.

Тав. Лас-Вегасын шоуны ертөнцөд

Г.Г-Энэ харин маш сайхан тохиолдол болжээ
Ж.Э – Би энэ саналыг зөвшөөрөөд л шууд Монреаль руу ниссэн. Надаас 2 цагийн дараа Монреальд онгоцоор буусан 4 нугараачдаа би Монголоос ирж байгаа гэдгийг ч мэдээгүй. Д.Энхжаргал, Д.Намчинханд, Г.Сараанаа, Т.Энхээ нартайгаа ингэж л уулзсан. Тэд 14-16 насны охидууд Монголоос шалгагдан “Нарны цирк”-д ирж байв. Тэр цагаас хойш 13 жил өнгөрчээ.

Г.Г- Маш сайхан учрал юм. Монголоос Францаас , Канадад багш шавийн барилдлагаар учирна гэдэг их л азтай тохиолдол.

Ж.Э – Тийм шүү! Их ч аз завшаан. Тэгээд л бид ажиллаж эхэлсэн. “Нарны цирк”-ийн “O” шоу усан дээр тоглодог болохоор эхлээд бүгдээрээ усанд сэлж сурцгаав. Мэдээж эд нар минь хүүхдүүд учраас миний хувьд багш нь байх төдийгүй, ээж нь байх үүргийг давхар хүлээсэн. Урьд нь хосоороо нугардаг байсан тэднийг нэгтгэж дөрвөлсөн нугаралт шинээр бүтээх болов. Хамтдаа хөдөлмөрлөж, бэлтгэж 6 сарын дотор үзүүлбэрээ бэлэн болголоо. Бид анх 1998 оны 1-р сард уулзацгааж байсан бол үүнээс 6 сарын дараа тоглолтод оролцож эхэлсэн.

Г.Г- Мундаг байнаа. Чи өөрөө нугараач байсан хэдий ч багшилна гэдэг амаргүй.

Ж.Э – Нэг талаас өөрөө нугарч байсан болохоор нугаралтын техник, ур чадварыг зааж сургах боломж байсан. Нөгөө талаас өөрийнхөө туулж өнгөрүүлсэн замаа бодоод эхний зорилго нь эв нэгдэлтэй, яг адил тэгш байлгаж сургахыг хичээсэн. Аль нэгэнд нь илүү боломж олговол, өөр хоорондоо зөрчилдөх нөхцлийг үүсгэдэг. Тоглолтод хүртэл яг л адилхан оролцуулна. Ямарч  тохиолдолд бие биедээ чин сэтгэлээсээ хандаж, ойлголцож байх нь хамгийн чухал. Бид яг ийм зарчмаар хамтдаа 13 жил явцгаалаа. Тийм болохоор бид хамтдаа л амжилтад хүрч байгаа.

Г.Г- 13 жил гэдэг бага хугацаа биш. Мэдээж энэ хооронд өөрчлөгдсөн зүйл байгаа байх.

Ж.Э – Одоо бидний Лас-Вегаст тоглож байгаа “O” шоуг 13 жилийн өмнө бэлтгэж тоглуулж эхэлсэн. 7 хоногийн 5 өдөрт 10 шоуг яг 13 жил тасралтгүй тоглож байгаа гээд бод доо. Энэ хугацаанд үзэгчдийн суудал дүүрээгүй нэг ч тохиолдол байхгүй. Зарим жүжигчид нь өөрчлөгдөж байснаас хөтөлбөр нь үндсэндээ өөрчлөгдөөгүй.

Анх тоглож эхэлж байснаас Т.Энхээ гарч, Т.Төрчимэг /7 жил/, Б.Одмаа /5 жил/, Д. Нарангуа /2 жил/ нар орж ирсэн. Харин Д.Энхжаргал, Д.Намчинханд, Г.Сараанаа 3 яг 13 жил нугарч байна.
Одоо бол энэ шоун дээр 5-уулаа нугарч байгаа.

Г.Г- Чамайг өнгөрсөн жилийн сүүлчээр болсон З.Хангалын уран бүтээлийн тоглолт дээр өөрөө нугарч байхыг хараад үнэхээр гайхсан шүү. Одоогоос бараг 20-иод жилийн өмнө тэтгэвэртээ гарч байсан хүн…

Ж.Э – Би энэ охидуудынхаа өмнө ямагт үлгэр жишээ үзүүлэхийг хүсдэг. Багш хүн бүх талаар л үлгэр жишээч байх ёстой. Тийм учраас би одоо ч хүүхдүүдтэйгээ хамтад дасгалаа хийдэг. Энэ тоглолтод Б.Ундармаа, Т.Төгсчимэг 2 той хамтдаа нугарсан л даа. Нэг талаас өөрийгөө шалгах шалгуур, нөгөө талаас “хэн ер нь хэдэн нас хүртлээ нугарч болох вэ?” гэдэг асуултын хариу, бас залуу нугараачдадаа, хичээж зүтгэвэл тэдэнд ямар их боломж байгааг мэдрүүлэх гэсэн хэрэг.
Ямар ч хүнд хүсэл зорилго байвал бүх зүйл болноо. Бид энэ циркэд анх тоглож байсан техникээ хэзээ ч алдаж болохгүй. Үүний тулд өдөр бүр дасгал хийж, уйгагүй хөдөлмөрлөж байх учиртай.  Би охидууддаа ” Та нар үзэгчдэд л бүхнээ зориулах ёстой. Тэдний өмнө тоглож байгаа тэр хугацаандаа юу чаддагаа дээд зэргээр харуулах ёстой” гэж хэлж, шаарддаг.

Г.Г – Өөрийнхөө ажиллуулж байгаа уран нугаралтын  студийнхээ талаар ярьж өгөөч.

Ж.Э – Одоогоос 10 жилийн өмнө 2 хүүхдийг аавынх нь хүссэнээр гэртээ уран нугаралтаар бэлтгэж эхэлсэн юм. Аажим аажмаар нэмэгдсээр 2005 онд энэ студээ албан ёсоор нээсэн. Одоогоор 17 хүүхэд хичээллэж байгаа. Үүнээс 2 юм уу 3 нь жинхэнэ шоуны жүжигчин болж чадна. Бусдынх нь хувьд өөрийгөө хөгжүүлэх боломж нь юм даа. Ядаж л хөдөлгөөний эвсэлтэй, уян хатан болж чадна.

Г.Г-Студийнхээ амжилтын талаар ярьж болох уу?

Ж.Э – Манай студээс 2 охин одоогоор нилээд том шоунд оролцож яваа. 3 хүүхэд нилээд сайн бэлтгэгдэж, гэрээ хийгдэхийг хүлээж байна. Манай студид зөвхөн нугараачид төдийгүй мэргэжлийн жүжигчид ирж мэргэжлээ дээшлүүлнэ, өөр бусад циркийн сургуулиудаас хүүхдүүд ирж зөвлөлгөө авна. Өөрийнхөө студи дээр 3 ч удаа уулзалт зөвлөлгөөн зохион байгуулж байлаа.
2007 онд Америкийн залуу циркчдийн фестивальд оролцож, манай хүүхдүүдээс 1. 2-р байр эзэлсэн. 2009 онд Олон Улсын уран нугараачдны тэмцээн Лас-Вегас хотноо зохион байгуулагдахад мөн л манай сурагчид 1,2 -р байрыг эзэллээ. Хэдийгээр ажлынхаа хажуугаар энэ бүхнийг амжуулж хийх амаргүй байлаа ч, монголын уран нугаралтыг дэлхийд таниулж, бас боломжоороо сурталчилж, хөгжүүлж байгаа нь миний хийх ёстой ажил юм шүү дээ.

Г.Г-Уучлаарай! Би нэг зүйлийг илэн далангүй асууя. Монголын уран нугараачид өөрийн авьяас болон хөдөлмөрөөрөө их л залуу насандаа “гавьяат” цолыг авцгаасан. Энэ нь бараг жишиг шахуу зүйл л дээ.  Норовсамбуу 18 насандаа, Энхцэцэг 19 насандаа, Оюунчимэг, Эрдэнэтүяа нар бас л залуу байхдаа энэ алдрыг хүртэж байсан. Гэтэл чи Монголын циркэд бараг 20 гаран жил өөрийн авьяас, сэтгэл зүтгэлээ зориулж, одоо хэр нь дэлхийн хамгийн том шоунд ч монголын уран нугаралтын гайхамшигийг мэдрүүлэн хөдөлмөрлөж явна. Харин чамайг одоо болтол “гавьяат” цолыг аваагүйд гайхаж байна.
Ж.Э – Монголын циркийн уран нугаралтад тийм жишиг байсан. Нэг удаа намайг “Гавьяат жүжигчин” -д тодорхойлоод “Хөдөлмөрийн хүндэт медаль” өгсөн юм. Хүмүүсийн өрсөлдөөн, элдэв асуудал нөлөөлдөг л байх. Нөгөө НАХЯ-ны хамаатай асуудал гээд яригддаг л байх. Гэтэл би өнөөг хүртэл тэр нэгэн жил намайг буруутгаж байсан НАХЯ-ны бодит шалтгааныг олж мэдээгүй. Яг ямар шалтгаан байдгийг би мэдэхгүй. Одоо үүнийг мэдэхийг ч хүсддэггүй.
Гэхдээ би нэг л зүйлд бардам байдаг. Намайг тэр л балчирхан 8 настай байхад минь өргөж авч, өдий зэрэгтэй явахад нөлөөлсөн, уран нугаралтын урлагтаа би өдий хүртэл үнэнч яваа. Үүний баталгаа нь өнөөдөр бидний тоглож байгаа “Нарны цирк”-ийн “O” шоу. Энэ шоуг мэдэхгүй, үнэлдэггүй хүн ховор. Гэтэл энэ шоунд 13 жил Монголын уран нугараачид, үнэ хүндтэйд тооцогддог үзүүлбэрийг үзүүлсээр яваа. Энэ л надад хангалттай.

Г.Г- Тийм ээ! Өөрийн зорилго, хөдөлмөр зүтгэл, зүрх сэтгэлдээ үнэнч байна гэдэг мундаг чанар. Өдгөө ч дэлхийн циркийн урлагийн оргилд нь яваа чамаар бас шавь нараар чинь бахархаж байна. Чин сэтгэлээсээ ярилцсанд баярлалаа. Та нарт эрүүл энх, амжилт, аз жаргалыг ерөөе.
Ж.Э -Танд ч бас их баярлалаа. Энэ онд 70 жилийн ойгоо тэмдэглэх гэж байгаа Монголын циркийн хамт олондоо баяр хүргээд, энэ үүрнээс ниссэн шувууд, дэлхийн хэмжээний циркийн урлагт нэр хүндтэй яваа шүү гэдгийг ч хэлмээр байна. Энэ бол монголын циркийн урлагийн хөгжлийн нэгэн гайхамшиг. Бид төдийгүй биднээс ч мундаг яваа олон авьяастнууд бий. Бид хаа ч явсан “Монгол” гэдэг нэр дагалдаж, бидний ард Монголын далбаа намирч байдаг юм.
…Лас-Вегасын “Bellagio Hotel”- д болдог, тэдний тоглосон “О”  шоуг үзээд би үнэхээр бахархсан. Усан дээрх гайхамшигт үзүүлбэрүүдийн дунд, Монголын 5 нугараач охид нугарах мөчид өөрийн эрхгүй цээж огшиж, аньсага чийглэсэн. Харин тоглолтын дараа тэдний өрөөгөөр зочилж, хананд өлгөсөн Монголын Төрийн далбааны өмнө хамтдаа зургаа авахуулцгаалаа. Тэдгээр охидтой ч нэгэн орой хамтдаа зөндөө ярилцаж суухад, Монгол бахархал, монгол омогшил мэдрэгдэж байсан. Өнгөрсөн онд Америкийн нэрт кино найруулагч Жеимс Камерон зураг авалтаар тэдэнтэй уулзахдаа маш ихээр хүндэтгэж “live art”  гэж дуу алдан хүндэтгэж байсан тухай тэд хуучилж байв. Шоуны өргөн чөлөөнд монгол охины нугарч байгаа уран баримлыг мөн л Америкийн хамгийн алдартай уран барималч хийсэн гэсэн. Ямартай Ж.Эрдэнэчимэг болон түүний шавь нугараач монгол охид, дэлхийд алдартай Лас-Вегасын шоунд өөрийн орон зай, нэр хүнд, хүндэтгэлтэй явж байгааг, би өөрийн нүдээр харж, сэтгэлээр мэдэрлээ.
Энэ бол Монголын нэгэн бахархал юм даа гэж надад бодогдсон. Та нарын ажил амьдрал өөдрөг сайхан байг ээ.

Jan 27

БАЛЕТИЙН ТӨГӨЛДӨР ХУУРЧ

By gala-admin | ЯРИЛЦЛАГУУД

… Би анх Мөнгөнчимэгийг 2010 оны сүүлээр Вашингтон ДС-д тоглосон З.Хангал агсны уран бүтээлийн “Аяны шувуу” тоглолт дээр харсан юм. Тэгэхэд түүнийг Чикагогийн Joffrey Ballet-д хөгжимчинөөр ажилладаг, АНУ-ын Цагаачдын Албаны шагнал хүртсэн гэдгийг сонсож мэдээд, уулзаж ярилцахыг хүссэн л дээ. Шинэ жилийн өмнөхөн Мөнгөнчимэг бид хоёр Чикагогийн нэгэн хоолны газар сууж, оройжин ярилцлаа. Тэрээр их завгүй байсан ч миний хүссэнээр цаг гаргаж, энэ ярилцлагыг бэлтгэх боломж олдсон хэрэг.
Буриадын Мөнгөнчимэг

Нэг. Намтрын товчоон
1978-1986 Хөгжим Бүжгийн Дунд Сургууль
1986-1990 ОХУ-ын Москва хотын Gnesinii нэрэмжит Хөгжмийн Дунд Сургууль

1990-1998 Дуурь Бүжгийн Академик Театрын балетийн төгөлдөр  хуурч

1992-1993 Болгарын Софи хотын Дуурь Бүжгийн Театрын балетийн төгөлдөр хуурч
1998-2009 АНУын Чикаго хотын Балетийн Сургууль
2001- одоо хүртэл Joffrey Ballet  Компаны-ы төгөлдөр хуурч

Хоёр. Нот судлахад хүний тархи хөгждөг

Г.Г-Ихэнх урлагийн хүмүүс багаасаа л авъяас нь тодорч, түүнийгөө хөгжүүлсэн байдаг.
Б.М- Би цэцэрлэгт байхдаа л мандолин хөгжим тоглодог байсан. Намайг дуртай болохоор нь аав мандолин хөгжим авч өгчээ. Нэг өдөр эмээ минь намайг дагуулаад автобусанд сууж л дээ. Автобус дүүрэн хүн. Би ч мандолинаа энгэртээ тэврээд л зүтгээд байж. Эмээ нэг суудал олж суугаад амсxийж байтал,  гэнэт автобусанд хөгжим дуугараад л хүмүүс инээлдээд байсан гэнэ. Эмээ гайхаж байснаа хүмүүсийн дундуур зүтгэж очоод харсан чинь, би автобусны хойшоо харсан суудалд  суучихсан нөгөө мандолиндаа ‘Жалам хар”-ыг тоглож байсан гэдэг.
Хүмүүс өхөөрдөж, эмээ минь ичсэндээ намайг бушуухан л аваад буужээ. Тэгээд “миний охин, олон хүмүүсийн дэргэд ингэж болдоггүй юм” гэж захисан сан. Одоо бодоход нэг их ичих зүйлгүй л байсан санагддаг юм. Би ер нь урлагийн хүн болох учиртай л байсан юм шиг билээ.

Г.Г-Тэр үед урлагийн авьяастай хүүхдүүд ихэвчлэн Хөгжим Бүжгийн Коллеж /ХБК/-д суралцдаг, тэр үеийн сургалт нь их сайн байсан санагддаг юм.
Б.М-Би ХБК-д яаж орсоноо тэгтлээ санадаггүй юм. Ямартай ч шалгалт өгч л орсон.
Тэнцэж орсон хойноо хөгжим сонгох болов. Надад хийл, виоленчел санал болгоод байдаг. Миний нүд тэртээх буланд байгаа төгөлдөр хуур руу ширтээстэй. Нилээд зайдуу зогсож байсан орос багш, бусдын нүдийг хариулж байгаад, надад төгөлдөр хуур руу дохидог юм. Ингэж л төгөлдөр хуурыг анх сонгож, Муравский багшийн шавь болсон доо.
Би багаасаа л аавынхаа ажил дээр очих дуртай. Аав минь Монгол телевизийн хөгжмийн редакцид ажиллаж байсан. Гол шалтгаан нь аавын ажил дээр байгаа төгөлдөр хуур. Их ч сайхан, сүрлэг харагддаг байж билээ.
ХБК-д тэгээд л хичээллэж эхэлсэн дээ. Анх нот сурч  байхдаа зүүн гарын “соль” нотыг   хэлж чадаагүй гээд муу дүн авчихаад уйлаад л гарч байсан. Гэртээ төгөлдөр хуур байхгүй байсан болохоор нотоо л цээжилнэ. Нот судалж байгаа хүний тархи их хөгждөг юм шүү. Нотны тэмдэглэгээ аялгуу болж, хүний тархинд буудаг болохоор аргагүй шүү дээ.

Г.Г-Нотоо цээжлэхээс гадна заавал сонсож, тоглож байх хэрэгтэй биз дээ. Ялангуяа гарын болон хөдөлгөөний эвсэл маш чухал байдаг байх.
Б.М-Нэг өдөр хичээлээ тараад гэртээ ирсэн чинь манайх цоо шинэ төгөлдөр хуур худалдаж авчихсан байлаа. Гайхаж, бас баярласандаа дуу алдаж орхив. Аав минь намайг хичээлээ давтаж чадахгүй байна гэж санаа нь зовсондоо зөндөө л юмаа зарж байгаад 3000 төгрөгөөр худалдаж авсан байсан. Тэр үеийн 3000 төгрөг гэдэг ямар их мөнгө байсан гээч.
Тэгээд л шөнө өдөргүй тоглож гарсан. Төгөлдөр хуурынхаа хаалтыг авч байгаад, яг тоглож байхад даруулууд нь яаж хөдөлж байгааг харах дуртай. Хаалтыг нь авчихсан болохоор улам л чанга дуугарна.
Нэг өдөр манай хөрш Сүрэн гуай, манайд орж ирэнгүүтээ шууд алхаж очоод миний төгөлдөр хуурыг нэг их хүч гарган түлхэж хананаас холдуулж, нөгөө талын хананд байрлуулж орхиод гарч одож билээ. Хөөрхий минь унтаж амрах боломж өгөхгүй их л хэцүү байсан байх.

Г.Г- Миний мэдэхийн хөгжимд суралцаж байгаа хүүхдүүд, тоглох ч завгүй хичээллэдэг, бас тодорхой дэгэнд сурсан байдаг.
Б.М-Би их мэриймтгий хүүхэд байсан л даа. Бас нийгмийн  идэвхи сайтай. Бүх ажлаа амжуулахын тулд хичээлээсээ орж ирэнгүүтээ даалгавраа шууд хийнэ. Дараа нь гэрийн ажлаа хийдэг.Буцаад л сургууль руугаа явна.  Өөртөө тоглох цаг гаргахын тулд заавал бүх ажлаа хурдан хийж амжих хэрэгтэй. Эндээс л дэгэнд сурдаг юм.
Ямар ч их ажилтай байсан бүх ажлаа заавал амжуулдаг хэвшил, миний амьдралд өдий хүртэл их ч хэрэг болж байгаа. Бүх хичээлдээ яс онц сурдаг байсан.

Г.Г-ХБК тэр үед 8-р ангиас хуваарь өгдөг байсан уу?
Б.М-ХБК-д 8-р ангиа онц төгслөө. . Тэр үед 8-р ангиас Орост Хөгжмийн сургуулийн хуваарь ирдэг байсан юм.
Манай ангийн багш Энхтүяа намайг их дэмждэг байсан л даа. Энхтүяа багш санаа тавьж хөөцөлдөөгүй бол, би тэр сургуульд орж чадахгүй л байсан байх. Багш тэгээд  “Ядаж байхад аав чинь санаа тавихгүй юм” гэнэ.
Аав болохоор “Өөрийнхөө чадлаараа орвол ор, чадахгүй бол боль” гээд нэг их тоохгүй. Хүүхдүүд шалгалт өгөх гээд эцэг эхээ дагуулаад л ирнэ. Би болохоор ганцаараа ирээд шалгалтаа өгчихнө. Гэхдээ бүх шалгалтаа 15 өгсөн шүү.

Г.Г-Хуваарь өгөхдөө онц сурахаас гадна, мэргэжлийн ур чадварыг, цаашид илүү сайн хөгжих боломжийг нь онцлон харгалздаг байсан байх.
Б.М-Тэр жил 3 хүүхдэд Орост сурах хуваарь өгсөн юм. Томилолтоо авах гээд Ардын Боловсролын Яам /АБЯ тэр үеийн нэрээр/ дээр очлоо. Материал шүүгээд нөгөө 2 маань Ереваны Хөгжмийн Сургуулийн хуваариа авчихлаа. Минийх байдаггүй ээ. Эхлээд гайхаж байснаа сүүлд нь гомдоод уйллаа. Гэтэл тэд дахиад л шүүж үзсэнээ миний томилолт Москвагийн Хөгжмийн Сургуульд гэж байсныг олсон. Анхнаасаа л Ереван гэж бодож байснаас Москва гэж төсөөлөөгүй л дээ. Moсквагийн  хуваарь нь ховор ирдэг, босго өндөртэй сургууль байлаа.
Баярлах гайхах зэрэгцээд сургууль дээрээ очиж мэргэжлийн  багш Ганчимэгтээ томилолтоо үзүүлсэн чинь “Москва ч чанга даа. Чи ч бараг шалгалтанд нь тэнцэхгүй байхаа даа. Хэрэв шалгалтанд нь тэнцэхгүй бол нөгөө хоёр дээрээ Ереванд очоорой” гэж захилаа. Багшийн үгнээс гардаггүй хүн чинь шууд л дотроо ” Би ч Москвагийн сургуульд нь тэнцэхгүй юм байна” гээд л бодчихсон.

Гурав. Москвад

Г.Г-Москва гэдэг Орост суралцаж байгаа оюутнуудын мөрөөдөл байлаа. Ямар сайндаа “алтан Москва” гэнэ. Ер нь нилээд гайгүй хүүхдүүд нь Москвад очиж сурдаг байсан.
Б.М-Москвад очлоо. Вагоноос буугаад хэсэг хүүхдүүдийг дагаад л ЭСЯ дээр очдог юм. Тэндээс нэр дуудаад л оюутнуудыг ийш тийш нь хуваарилаад явуулаад байдаг.  Миний нэр байдаггүй. Ганцаар үлдчихээд, хуваарилж байсан хүн дээр нь очоод асуутал “Үгүй чи чинь энд ирэх биш, шууд сургууль руугаа явах ёстой юм байна шүү дээ. Одоо яах билээ” гэж дуу алдав. ‘Би орос хэл мэднэ” гэсэн чинь таксинд суулгаж өгөөд сургууль руу явуулав.
Шууд дотуур байранд нь очоод “би хаана орох вэ?” гэж асуусан чинь, “охин минь эхлээд сургууль дээр бүртгүүлдэг юм шүү” гэж тэнд байсан орос авгай хэлж өгөв. Шөнө орой болчихсон, дээр нь өлссөн ядарсандаа болоод тэнд байсан диван дээр шууд л унтаад өгсөн. Өглөө босоод сургууль дотроо төөрч мунгинасаар яваад, шууд захирал дээр нь очлоо. Тэд надад хэлж өгч, декан дээр дагуулж очин бүртгүүлж билээ. Нилээд хөгөлж будилж байж л байрандаа оров.

Г.Г-Шууд сургуульдаа орсон юм уу?
Б.М- Үгүй ээ, шалгалт өгөх байсан. Анхнаасаа л “шалгалтандаа тэнцэхгүй байх” гэсэн бодолтой ирсэн хүн чинь “явахаасаа өмнө Москваг сайн үзэж авья” гэж бодоод л шалгалтандаа бэлтгэхийн оронд хотоор тэнэнэ. Бусад орноос ирсэн хүүхдүүд шалгалтандаа бэлтгээд завгүй.
5 хоногийн дараа шалгалтаа өгөх боллоо. Урд хаалганы орос охиноос индүүг нь гуйж авч юбкээ индүүдэж өмсөөд л шалгалтандаа орсон. Эхлээд сүрдэж тэвдэж байснаа өөрийнхөө ээлж болохоод тайвширчихсан. Улсын шалгалтын бүх программыг тоглууллаа. Сүүлд нь Гончигсумлаа гуайн 1-р prelude  -ыг тоглосон. Гэтэл шалгалт авч байсан хүмүүс “Гончигсумлаагаа дахиад нэг тогло доо” гэв. Намайг дахиад тоглож байх хооронд тэд хоорондоо шивнээд л яриад байсан.
Дүн гарах боллсон чинь хүүхдүүдийг нэр дуудаад л урагш нь гаргаад байх юм. Тэгж тэгж 4, 5 хүүхэдтэй би үлддэг юм.  Урагшаа гарсан хүүхдүүдийг “та нар тэнцсэнгүй, дараа ирж шалгалт өгөөрэй, уучлаарай” гээд гаргачихав. Тэр хүртэл өөрийгөө тэнцэнэ гэж бодоогүй байсан би гайхсандаа, “би нээрээ тэнцчихсэн юм уу?”  гэж асуусан чинь тэд инээлдээд л.
Тэр үед л өөрөөрөө бахархаж “би тэнцчихлээ шүү дээ” гэж бардамнасан даа. Эндээс л өөртөө итгэх итгэл минь асч эхэлсэн юм. Яг үнэндээ багш минь намайг эхнээсээ л айж сүрдээд тэвдчих вий гэж бодсондоо л “чи тэнцэхгүй байх” гэж хэлсэн юм билээ.

Г.Г- Олон жил хүүхэдтэй ажилласан туршлагатай багш нар хүүхдийнхээ зан араншинг маш сайн мэддэг болохоор, хэдийд юу гэж хэлж, яаж нөлөөлөхөө сайн мэддэг.
Б.М- Миний гар нилээд хөлөрдөг. Их тэвдсэн үед гар хөлрөх юм бол алдах магадлал өндөр. Анхнаасаа тайван байсан болохоор яг тоглох үедээ сандраагүй. Ер нь төгөлдөр хуурын ард суухдаа, эхлээд сэтгэл догдолдог. Харин  даруул дээрээ гар хүрч тэнд эгшиглэж байгаа аялгууг сонсохдоо л гэнэт тайвширч, өөртөө итгэлтэй болно. Одоо ч тийм хэвээрээ.
Сургуульдаа тэнцчихээд хэнтэй баяраа хуваалцахаа мэддэггүй. 60 копеикны үнэтэй хар чавга 2 кг-ыг авчихаад өдөржингөө л ганцаараа идэж билээ. Дуртай зүйлээрээ өөрийгөө баярлуулж байгаа хэрэг.
Тэгээд л хичээллэж эхэлсэн. Москвагийн Хөгжмийн Дээд Сургуульд 2 монгол оюутан суралцаж байсан. Тэр 2 тоо хааяа их эрхэлнэ. Хичээлийн бус цагаар ном л их уншина. Ном их уншихаар хэл хурдан сайжирсан. Хэл сайжрахаар зөндөө л олон боломжууд нээгддэг. Би их ч сониуч хүүхэд байсан.

Г.Г- Хэдэн жил сурав даа?
Б.М-4 жил их ч сайн сурсан. Дунд сургуулиа төгсөөд, Хөгжмийн Дээд Сургуульд шалгалт өгөөд тэнцсэн байсан. Амралтаараа Монголдоо ирчихээд намар нь сургуульдаа явах гэсэн чинь явуулаагүй. АБЯ зөвшөөрөөгүй. Заавал 2 жил ажиллаж байж, сургуульд сурсан өрөө улсад төлөх ёстой гэсэн л дээ.
Хэрэв тэр үед боломж олдоод буцаад явсан бол “би балетийн төгөлдөр хурч болохгүй байсан байх”  гэж одоо хэр нь бодогддог юм.

Дөрөв. Балетийн төгөлдөр хуурч

Г.Г- Сургуулиа төгсөөд Орост буцаж явж чадаагүй болохоор шууд ажилласан уу?
Б.М- Би өөрөө сонгож, Дуурь Бүжгийн Эрдмийн Театр /ДБЭТ/-т хөгжимчнөөр орсон. Ихэвчлэн дууны хөгжим тоглоно. Ерөнхийдөө ажил багатай. Ажил багатай үедээ гэртээ л өнжинө. Харин балетийнхан болохоор ямар ч завгүй, байнга сургуулилттай.
Нэг өдөр аав хэлж байнаа. “Чи яагаад зүгээр байгаад байнаа. Хэрэв ажил багатай байгаа юм бол Эрдэнэбyлганд хэлээд бүжигт оч!’. Би дотроо дургүй л байлаа.  Маргааш нь ажил дээрээ байж байтал, Эрдэнэбүлган гуай дуудаад Жамьяндагва гуай руу очуулсан.
Тэр үед балетийн хөгжмийг дандаа орос мэргэжилтнүүд тоглодог байсан юм. Монголчуудыг нэг их тоохгүй. Жамьяандагва гуай намайг тоомжиргүйхэн харснаа “чи чадах юм уу?” гэлээ. Энэ үг л миний шарыг хөдөлгөсөн. Дотроо болохоор “чадаж байгаад харуулнаа” гэж л өөртөө амалсан.

Г.Г- Төгөлдөр хуурч, балетийн төгөлдөр хурч ер нь ямар ялгаатай юм бэ?
Б.М- Tөгөлдөр хуурч дуучин,  эсвэл хамтран тоглож буй хөгжимчнөө сонсож, тааруулж тоглодог. Балетийн төгөлдөр хуурч аялгуу эгшиг сонсохгүйгээр бүжиглэж байгаа хөдөлгөөнийг харж, уг хөдөлгөөндөө тохируулж тоглоно.Тийм болохоор нилээд ялгаатай. Мөн хөгжмийн асар их баярлаг сантай байх хэрэгтэй. Яагаад гэвэл, дасгалын явцад ямар ч хөгжим хэрэг болж магадгүй. Багш болгон өөр, дасгал болгон өөр өөр. Нэг дасгал 1цаг 30 минут байдаг, нэг хөдөлгөөнд дунджаар 5 минут зарцуулна гэж бодоход хичнээн хөгжим хэрэгтэй болох вэ? Тийм болохоор бэлэн мэдэж байгаа хөгжимнөөс гадна, шууд зохиож тоглох шаардлага гардаг.  Бодох хугацаа их байхгүй, багш хөдөлгөөнөө үзүүлж байх хугацаанд л, хөгжмөө бодож олсон байх ёстой. Их л хурдан сэтгэх хэрэгтэй гэсэн үг.
Ийм мэтчилэн нарийн ялгаа их бий. Хөгжмийн сургуулиудад, дуучинтай болон хөгжимчинтэй яаж хамтарч тоглох вэ? гэдгийг заадаг тусгай хөтөлбөр бий. Гэтэл бүжигт яаж тоглох тухай хаана ч заадаггүй. Энэ болгоныг ажил дээр гарч байж л сурч байлаа. Тийм болохоор би, одооны залуу хөгжимчдөд энэ бүхнийг зааж, хэлж өгөх юмсан гэж их боддог юм.

Г.Г-Мэдээж ”чадна” гэж дотроо амалсан болохоор хичээж эхэлсэн байх.
Б.М-Эхлээд амаргүй байсан. Орос мэргэжилтэн маань намайг тэгтлээ тоохгүй. Тэр үед манай бүжгийн заал модон шалтай байсан болохоор бүжигчид зааланд  дасгал хийхээр  тоос их босдог. Түүнийг дарахын тулд усаар шүршинэ, алчуур норгож тавина. Надаар дандаа л алчуур норгуулна. Дотроо болохоор “би хөгжим тоглох гэж ирсэн болохоос, алчуур норгох гэж ирсэн юм уу?” гэж бухимдалдаа л үглэх.
Нэг өдөр тэсэлгүй орос багшдаа ” Би Москвад сургууль төгссөн ш дээ”  гэж хэллээ. Эхлээд анзааргагүй байснаа гэнэтхэн “Чи Москвад ямар сургууль төгссөн юм бэ?” гэж асуув. Тэр цагаас хойш бидний харьцаа шал өөр болж, намайг “тоож”, бас чангалж эхэлсэн.

Г.Г- Тэр үед Оросын мэргэжилтнүүд бүхнээс мундаг, биднээс илүү гэсэн нийтлэг ойлголт, хандлага байсан л даа. Гэхдээ тэдний бидэнд тусалсан тус, ачийг үгүйсгэх аргагүй.
Б.М- Миний багш казах эмэгтэй байсан. Заuреша гээд. Их чадварлаг хэрнээ эршүүд талдаа. Ажлын дараа надад бүх нотоо тэврүүлээд, гэртээ дагуулж ирнэ. Өөрөө хоолоо хийх завсраа миний тоглохыг сонсож, алдааг хэлж өгч зааварчилдаг. Намайг сургахдаа хамгийн хэцүүгээс нь шууд эхэлсэн. “Нойрссон гүнж”-ээс. Энэ нь надад их хэрэг болсон шүү.
Дуу дагаж аялаад, дуусахаар нь шууд төгөлдөр хуур дээр тоглуулдаг. Нотгүйгээр. Энэ бас их хэрэгтэй сайн дасгал байв.
Нэг удаа “Бөртэ чоно”-ын нэг үзэгдлийг бие дааж тоглолоо. Тоглоод дууссан чинь Жамьяндагва гуай “Энэ чинь харин овоо доо” гэж хэлсэн шүү.

Г.Г-Зөв хор шар байх хэрэгтэй юм шиг. Сэтгэл дотроо “энэ муу!” гэж бодохоосоо, “би үүнийг илүү сайн хийж чадна ” гэж бодоод зүтгэхэд, заавал сайн үр дүнд хүрнэ. Хожим хойно ч тэр хүндээ талархах сэтгэл төрдөг.
Б.М-Яг үнэндээ Жамьяндагва гуай миний хор шарыг малтаж байж гаргаж ирсэн юм шүү. Өөрөө ч их хичээж, их ч хөгжсөн. Тэр цагаас хойш байнга хичээж, ажилдаа дуртай, аз жаргалтай байх болов. Монголдоо цорын ганц балетийн төгөлдөр хуурч гэдэг бодлоор ямагт л хичээж байсан.
Нэг удаа Орост очоод багштайгаа уулзсан. Тэрээр миний тоглохыг үзээд ” Би чамд 4 жил техник заасан боловч чамайг задалж чадаагүй. Харин чи 2 жилийн дотор задарч чаджээ” гэж хэлсэн юм даг. Намайг балетийн хөгжим задалж хөгжүүлсэн.
Түүнээс хойш 20 жил өнгөрчээ. Энэ бол миний 20 жилийн турш өөртөө бий болгож чадсан, миний үнэт баялаг.

Г.Г-Мэдээж хөгжиж, үнэ цэнээ бий болгож байсан болохоор дандаа л ДБЭТ-т тоглоод байгаагүй байх.
Б.М-1992 онд Болгарт Наранханд, Бат-Эрдэнэ, Дашлхагва бид хэд конкурст явлаа. .Тэд нарын зардлын талыг нь улс гаргаж, талыг нь өөрсдөө гаргах байсан.  Би болохоор өөрөө зардлаа даах ёстой байлаа. Tэд онгоцоор нисч, би араас нь вагоноор хэдэн хоног гүрийж байж Болгарт очлоо. Очоод надад байр олдохгүй, нуугдан байж нөгөө хэдтэйгээ амьдардаг. Эхний даваанд би Дашлхагваагийн бүжгийн хөгжмийг тоглосон. Бат-Эрдэнэ Наранханд 2-ын эхний бүжиглэлтэд бичлэг нь тасалдаад, сүүлийн шалгаруулалтад би хөгжмийг нь тоглолоо.
Гэтэл Солонгосоос ирсэн бүжигчин намайг тоглож өгөөч гэж гуйлаа. Нот байдаггүй. Тэгэхэд л нөгөө сонсон хөгжмөө тоглуулаад байсан казак багшийн сургасан эрдэм хэрэг болсон доо. Дараа нь Оросын бүжигчин бас гуйдаг юм. Бас л тоглосон. Гайхалтай юм болж бүжгийн хөгжим тоглосон гэж надад 200 левийн цалин өгөв. Гэнэт баяжиж орхиод, их ч баярлаж байж билээ.Сайхан ч байж дээ.

Г.Г-Тэр уралдаанд та хэд ямар амжилт үзүүлэв дээ?
Б.М-Бид Бат-Эрдэнийг байр эзэлнэ гэж найдаж байлаа. Харин тэр шагналт байранд орсон л доо. Конкурсийн хүлээн авалт дээр нэг болгар хүн бидэнтэй ирж уулзаад, Болгарын театрт шалгалт өгч үзээч гэж хүссэн юм. Бид ярилцаад шалгалт өгөхийн тулд, театрын улирал эхлэхийг хүлээхээр шийдлээ. Наранханд буцаад Бат-Эрдэнэ бид 2 үлдсэн. Мөнгө байхгүй, амьдрах гэж их ч хөгөлсөн дөө.
Энэ конкурсын финалд үлдэж, би хөгмжийг нь тоглосон солонгос залуу талархлаа илэрхийлж надад 100$ бэлэг болгож өгсөн юм. Тухайн үед бидний авч байсан цалинтай харьцуулахад 100$ гэдэг чинь их мөнгө байлаа шүү дээ. Театрын улирал эхлэхэд  шалгалт өгч,  тэнцээд, намар буцаж ирэхээр болж Монгол руугаа буцлаа.

Г.Г-Тэгээд Болгарт буцаж ирж ажилласан уу?
Б.М-Болгарт 1992 онд ирээд 1 жил ажилласан.    Жилийн дараа Грект ажилах санал ирсэн. Их халуун байдаг гэж сонсоод тийшээ яваагүй. Ер нь тэр үеэс л “гадагшаа гарья” гэдэг бодол төрж эхэлсэн дээ.
Манай балетчин, “Ардын жүжигчин” Ганбаатaр  ах нэг удаа надад хандаж ” Mөнгөнөө! Балетийн төгөлдөр хуурчид дэлхийд ч ховор байгаа. Чи хаана ч очсон тоглож чадна” гэлээ. Хариуд нь би тоглоомоор “Америкт ч гэсэн үү?” гэсэн чинь “Tийм ээ! Америкт ч, ер нь хаана ч чи хоолтой шүү” гэж хэлж билээ.

Тав. Америкт

Г.Г-Америкт хэзээ яаж ирсэн юм бэ?
Б.М-Нөхөр минь 1996 онд Америкт ирсэн юм. Хэрдээ л охин бид 2-ыг авах гэж хөөцөлдөж, бас нилээд судалж, хэд хэдэн балетийн театртай уулзсан юм билээ. Тэд бага зэрэг сонирхоод “бичлэгийг нь үзье” гэж л дээ. Тэр үед би Соёл Урлагийн Их Сургуульд 1-р курст суралцаж байлаа. Угтаа бол Цолмон багшийн сурагчдын төгөлдөр хуурын концертыг үзээд л “шинэ бүтээл хийе, өөрийгөө сайн цэнэглэж авья” гэж бодсон юм.
Тэгээд нөхрийнхээ шаардсанаар бичлэгээ хийж явууллаа. Бараг жилийн дараа л тэд зөвшөөрсөн. Миний бичлэгийг Их Сургуулийн багш нар үзэж зөвшөөрөөд, албан ёсны бичиг баримтыг нь бүрдүүлэх гэж нилээд удсан юм билээ. Тэгээд 1998 онд цагаачлалын албаны бичиг баримтаар Н-1 визээр орж ирсэн.

Г.Г-Ирээд шууд төгөлдөр хуурчаар ажилласан уу?
Б.М-Үгүй ээ! Эхлээд ” Балет Чикаго” гэдэг сургуульд ажиллав. Хэдийгээр Монголд байхдаа өөрийгөө мундаг гэж бодож байсан ч, энд ирээд би хэн ч биш байлаа. Энэ сургуулийн сургалт нь Balanchine гэдэг хэлбрээр явагддаг сургууль байсан. Бүх зүйлийг яг л эхнээс нь эхэлсэн. Дотроо их дургүй байсан ч өөр яах ч билээ.   Англи хэл мэдэхгүй. Хурдан удаан, баруун зүүн гэдэг үгнүүдээс л эхэлсэн. Амаргүй үед зөндөө л байсан.
Хааяа “Joffrey ballet” -ийн  хажуугаар өнгөрөхдөө “энд орж тоглодог болчихвол сайхнаа…” гэж мөрөөдөж байсан үе бий.
Нэг өдөр захирал намайг дуудаад “чи Joffrey-т очоод  нэг дасгал тоглоод өгөөч ” гэж хүссэн. Яваад очсон чинь “чи нот мэдэх үү?” гэж асууж байна. ” Нот мэднээ” гэлээ.   Маргааш нь ажилдаа очтол захирал “өнөөдөр дахиад л Joffrey дээр очих хэрэгтэй байна гэв. Дахиад л очлоо. Тэгээд маргааш үргэлжилсээр, зөвхөн дасгал тоглох байсан хүн чинь  “Шелкунчик”-ийг бүгдийг нь тоглосон доо.

Г.Г-“Нот мэдэх үү?” гэж асууж байсныг бодоход чамайг тэгтлээ үнэлж мэдэхгүй л байж дээ.
Б.М-Манай ажлынхан хүртэл эхэндээ намайг монгол гэж мэдэхгүй байсан. Дараа нь намайг монгол гэж мэдчихээд ихэд гайхаж “танайхан тэмээгээр шуудангаа зөөдөг үү?” гэж асууж байсан гээд бод доо. Харин одоо бол монгол гэдгээрээ гайхуулах дуртай.

Г.Г-Тэгээд Joffrey-т ажиллах болсон уу?
Б.М-Joffrey-d  ажиллахын тулд визний ангилалаа солих хэрэгтэй болсон. Визний ангилал сольтол, 2001 оноос хойш сургуульдаа болон Joffrey-d зэрэг ажиллаж байв. Харин Joffrey-аас хариуцаж миний визний ангиллыг солисноос хойш Joffrey-тоо дангаар ажиллаж байгаа.

Г.Г-Хүсч мөрөөдөж байсан Joffrey-dоо ажиллаад хэр өөрчлөгдөн хөгжив дөө?
Б.М-Хөгжилгүй яахав. Joffrey их ч өндөр шалгуур, өндөр шаардлагатай. Байнга шинэ балет тоглоно. Тэр болгоныг сурах гэж үргэлж л давтаж суудаг юм шүү дээ.Янз бүрийн хэлбрийн балетууд орж ирнэ, зөвхөн сонгодог ч биш.  Хөдөлгөөний маш мундаг мэдрэмжтэй байх хэрэгтэй. Энэ мэдрэмж бараг л рефлекс болно гэсэн үг. Ер нь байнга тоглож байх ёстой. 2.3 өдрөөр тоглохгүй байхад л хэмнэл алдагддаг.
Би энэ мэдрэмжээрээ машин барихдаа хүртэл их амархан сурсан. Төгөлдөр хуурын педаль гишгэх, машины хааз гишгэх, бүжгийн хэмнэлд тохируулах, машины хурд тохируулах гээд адилхан мэдрэмж шаарддаг.

Г.Г-Америкт бие даасан уран бүтээлийн тоглолт хийж байв уу?
Б.М-2006 онд бие даасан тоглолт, 2002 онд Хадбаатар, Энхтөр 2-той хамтарсан тоглолт хийсэн. 2007 онд Америкийн зүүн эргээс баруун эрэг хүртэлх нилээд том аялан тоглолтод оролцлоо. Энэ үед л өөрийгөө хөгжимчин гэдгээ мэдэрсэн дээ. Төгөлдөр хуурчид зөвхөн нотоо л авч явна. Бусад бүх зүйлийг нь тусгай хүмүүс бэлэн байлгадаг. Бид зөвхөн л тоглоно. Ямар үнэ хүндтэй, эрхэмсэг байдгийг тэнд л мэдэрсэн. Сайхан байсан.
Энэ оны 5 сарын эхээр Оросын бүжиг дэглээч Юрий Посохов,  Чикагод нилээд том балет тавина. Энэ балетийн хөгжим нь Рахманниновын бүтээлүүд. Энэ тоглолтод тоглох санал надад тавьсан. Энэ бол нэр төр төдийгүй ур чадварын том үзүүлэлт болно. Үүнд бэлтгэж байгаа.

Г.Г-Чамайг бас Америкийн Цагаачлалын байгууллагын нилээд том шагнал авсан гэж сонссон.
Б.М- Америкийн Цагаачлалын Байгууллага жилд хэд хэдэн хүнд өөрийн шагналаа өгдөг юм билээ. Америкт цагаачилж ирээд их амжилт гаргасан, нээлт хийсэн, өөрөөр хэлбэл Америкийн хөгжилд тодорхой хувь нэмэр оруулсан хүмүүст өгдөг шагнал. 2004 онд Чикагод 4 хүнд энэ шагналыг олгосны нэгд нь би багтсан. Энэ үнэхээр санаандгүй зүйл болсон.
Яг шагнал гардуулах арга хэмжээнд оролцохдоо багагүй сандарсан. Гэвч хөтлөгчийн хүсэлтээр, тэр арга хэмжээнд оролцсон бүх хүмүүст зориулж “Шопены 7-р вальс”-ийг тоглосон . Энэ бол их хүндэтгэл байлаа.

Г.Г-Баяр хүргэе! Энэ бол үнэхээр том хүндэтгэл. Олон орны цагаачид дундаас монгол бүсгүй ийм шагнал хүртэнэ гэдэг мундаг үзүүлэлт. Энэ бол олон олон монголчуудад боломж болон урам зоригийг өгч байгаа хэрэг.
Б.М- Баярлалаа. Тийм шүү. Яг үнэндээ тухайн үед балмагдаад нэг их ойлгоогүй. Сүүлд нь энэ шагналын тухай уншиж танилцаад багагүй баярласан, бас өөрөөрөө бахархсан шүү. Надаас ч мундаг явж байгаа зөндөө олон монголчууд байгаа.

015Г.Г-Гэр бүлийнхээ тухай товч танилцуулж болох уу?
Б.М-Миний хань Ганхуяг балетчин. Бид 2 Дуурийн Театрт ажиллаж байхдаа танилцсан. 2 охин 1 хүүтэй. Toм охин маань Чикагогийн Балетийн Сургуульд 11 жил сурч байна. Бүжигчин болохгүй ч гэсэнгөө сайхны мэдрэмж, хувийн дэглэмд сураг гэж бодож анх энд оруулсан. Одоо бол өөрөө их дуртай, сургуулийнхаа бүх тоглолтод оролцдог. Өнгөрсөн 12 сард болсон З.Хангалын “Аяны шувуу” концертод анх удаа монгол балет бүжиглэсэн. Тэр үед охиноороо их бахархаж байлаа.
2 бага маань 7 настай, 3  настай. Ар гэр, хүүхдүүдийнхээ асуудлыг нөхөр минь зохицуулж байна. Би чинь үргэлж завгүй, цаг нартай уралдаж ажилладаг болохоор… Аав минь намайг өдий зэрэгтэй явах замыг минь тэр эрт зааж өгөөд, одоо болтол бүх талаар дэмжиж явдаг. Ээж минь хатуу ч гэсэн үнэн үгтэй сурган хүмүүжүүлэгч хүн бий. Эцэг эхийнхээ үгийг л үргэлж сонсож, түүнийг дээдэлж явдаг. Энэ бол монгол хүний нэг сайхан чанар нь юм шүү дээ.

Г.Г-Монголоос гараад удаж байгаа ч ДБЭТ-ынхантайгаа холбоотой байгаа юу?
Б.М-Холбоотой байгаа. Би саяхан монгол явж ирсэн. Цөөхөн хоног ч гэсэн ДБЭТ, СУИС, ХБК-ийн төгөлдөр хуурын хөгжимчид болон оюутнуудтай уулзаж ярилцсан. Яг өнөөдөр Монголд балетийн  төгөлдөр хуурчид бэлтгэж байгаа сургалт гэж алга. Одоо л бэлтгэж эхлэх хэрэгтэй байна. Өөрийн санал бодлоо солилцож зөндөө л ярилцсан.
Яг энэ асуудал дээр очихоор нөгөө л зардал мөнгөгүйн зовлон хэвээрээ. Намайг монголдоо ажиллаж байхад яригдаж байсан зовлон бэрхшээлүүд, сая очиход бараг хэвээрээ байгаа нь сэтгэл их зовоосон.
Хэрэв зардал мөнгөний асуудлыг шийдэж чадвал, Монголдоо очоод балетийн төгөлдөр хуурын чиглэлээр ядаж л 7-21 хоног сургалт явуулах хүсэл байна. Ядаж л арга зам, боломжийг нь зааж өгөх хэрэгтэй байдаг. Balanchine хэлбрээр яаж тоглох, ялгаа нь юу болох зэрэг шинэ соргог зүйл монголд минь их хэрэгтэй байна шүү дээ. Мөн нот их хэрэгтэй байгаа юм шиг санагдсан. Төгөлдөр хуурчид харж тоглоод урын сангаа баяжуулах хүсэл байвч, шинэ нот хангалттай биш байна.
Мэдээж ямар нэгэн алхам хийх хэрэгтэй байна. Надад боломж л олдвол өөрийн мэдэж чадаж байгаа зүйлээсээ монголын залууст зааж сургавал хичнээн сайхан.  Гэхдээ нэг үеийг бодвол монголд сонгодог урлаг хөгжиж эхэлж байна. Энэ дээр л залуусыг бэлтгэж амжих хэрэгтэй.

Г.Г-Би ярилцлага хийж байгаа хүмүүстээ өөрийн эрхгүй л ”чи үнэхээр мундаг байнаа” гэж хэлдэг. Ярилцаад дуусахад хүртэл сэтгэлд нэг сайхан гэрэл гэгээ, урам зоригтой болдог гээч. Чи үнэхээр мундаг байнаа, чамаар бахархаж байна. Урд чинь зөндөө их боломж, амжилт, хөгжил байгаа. Чамд чин сэтгэлээсээ амжилт хүсье!
Б.М-Танд ч бас их баярлалаа. Ярилцаж суухад сайхан байлаа. . Одоо ч гэсэн гадаадад мэргэжлээрээ хичнээн мундаг түвшинд яваа олон монгол залуус байгаа. Бид өөрсдөө хичээх юм бол бүгдээрээ л амжилтад хүрэх боломжтой. Та нартаа эрүүл энх, саруул ухаан, авьяас билэг тань ундарч байхыг ерөөе.
Б.Мөнгөнчимэг найз нөхөд, уран бүтээлчдийнхээ хамтаар, хийл болон төгөлдөр хуурын хамтлаг байгуулж, сонгодог хөгжим болон гайхамшигт олон аялгууг тоглох болсон нь, Америкт байгаа монголчуудын оюун санаа болон сэтгэл зүрхэнд хүрч байгаа. Америкт байгаа монголчуудын эв нэгдэл, үр дүнтэй хамтын ажиллагаанд тэд өөрсдийн гэсэн орон зайтай болж байгаа нь хамгаас сайхан зүйл. Өөрсдийн мэргэжил болон ур чадвараараа бусаддаа гэрэл гэгээ, сэтгэлийн урам зориг өгнө гэдэг их ч буянтай үйлс.
Та бүхний гэр бүл болон уран бүтээлд тань хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Монголчуудын сэтгэл зүрх оюун санаа, ямагт гайхамшигтай сайхан хөг аялгуунд, хичээл зүтгэлд, чин сэтгэлийн дэмжлэгт уяран, талархаж байх болтугай.

 

Jan 16

МЭДЛЭГ ЧАДВАРЫН ХОСЛОЛ

By gala-admin | ЯРИЛЦЛАГУУД

Би Жагаа, Сувдаа хоёртой North Carolina-д анх Kerr.Lake нуурын эрэг дээр танилцсан юм. Харин өнгөрсөн зун, биднийг Америкт J-1 визээр ирсэн оюутнуудын асуудлыг хөндөж явахад тэд санаа нь зовж, Virginia Beach-д ажиллаж байсан 2 оюутныг гэртээ авчирч байлган, тусалсан юм даг. Нэг оюутныг авчрах гэж, Гансувд ганцаараа машинаар давхиж шөнө очиж байсан гээд бод доо. Оны өмнө, тэд манайд ирж, бид нэгэн өдрийг хамтдаа ярилцаж өнгөрөөсөн юм.

Нэг. Намтрын товчоон: Балгансүрэнгийн Гансувд

1985: Анагаах Ухааны Дээд Сургуульд хүний их эмчийн мэргэжлээр суралцсан.  Улаанбаатар хот.
1985 -1988: Хавдар Судлалын төвд иммунологич эмч, эмчилгээ эрхэлсэн орлогч захирал
1988 -1996: Aнагаах Ухааны Хүрээлэнгийн Эрдэм Шинжилгээний Төв Лабораторид эрдэм шинжилгээний ажилтан
1996 -2001: Токai Их Сургуулийн Анагаах Ухааны Факультетэд судлаач оюутан, Ph.D оюутан. Isehara хот, Kanagwa муж, Япон.

2001-2008:  University of Alabama at Birmingham (UAB), Мэс Заслалын тасаг. Эрхтэн шилжүүлэн суулгах дархлал судлалын лабораторид эрдэм шинжилгээний ажилтан, зааварлагч; UAB, Эдийн тохироо шинжлэх клиникийн лабораторид захирлын туслах, Birmingham хот, Alabama муж, АНУ.

2008 оны 6 сараас: DUKE Их Сургуулийн Pathology тасагт туслах профессор, DUKE Их Сургуулийн Эрхтэн шилжүүлэн суулгах дархлаа судлалын клиникийн лабораторид орлогч захирал, Durham хот, North Carolina муж, АНУ.

Хоёр. Цаг бол үнэт зүйл

Г.Г-Дунд сургуульд сурч байсан үеэ дурсвал?

Б.Г- Би 21-р сургуульд сурч байсан. Манай ангийнхан нилээд хөдөлгөөнтэй, сахилгагүй л дээ. Би бүлгийн дарга байсан юм. Хичээлд нэг л  хүүхэд  дутуу байвал зарим багш нар намайг “тэр хүүхдээ олж ир” гээд л хичээлээс гаргачихна. Хайсаар явж нөгөө хэдийгээ олж ирж хичээлд суулгадаг.

Гэхдээ манай ангийнхан их эв нэгдэлтэй, их идэвхтэй хүүхдүүд байсан л даа. Нилээд олуулаа, тэр үеийн Пионерийн ордонд хичээллэж байсан одон орон судлалын дугуйланд явна. Замдаа цасаар байлдаж тоглодог. Театрт ангиараа юм үзээд түүнийгээ дуурайж их тоглоно. Бүлгийн ажлаа хийх гэж их ч жүжиг, бүжиг найруулж тоглодог. Бага ангийн баатарчуудаа дааж авч, тэдэнд их юм зааж сургана. Одоо эргээд санахад их сайхан байдаг юм. Энэ бүхэн намайг нийгмийн идэвхтэй байхад нилээд нөлөөлсөн дөө.

Г.Г-Тэр үед ангийн дарга, бүлгийн даргад “онц” сурлагатан болон идэвхи зүтгэлтэй хүүхдүүдийг ихэвчлэн сонгодог, тэд нар багшийн ажилд гол туслагчид нь байсан даа. Тэр хэрээрээ тэд ч бас нийгмийн идэвхид сайн суралцдаг байсан байх.

Б.Г-Тийм шүү! Улирлын дүн гаргах, дүнгийн хүснэгт бэлтгэх, тэр ч байтугай жилийн эцсээр хүүхдүүдийн хувийн хэргийн тодорхойлолтыг бичихэд хүртэл багшдаа  тусалдаг байсан гээч.

Би уг нь ”онц” сурдаг байснаа 7-р ангидаа хоолойны махаа авахуулаад, хичээлээс нилээд хоцров. Ангийнхантайгаа их тоглож, хичээлээ нөхөж чадахгүй байсаар алгебрийн хичээл дээр “сайн” гарлаа. Бусад хичээл дээрээ ч нилээд суларсан. Тэгсэн нэг өдөр, Өнөр гэдэг газарзүйн багш маань, намайг самбрын өмнө гаргаж зогсоож байгаад бүх хүүхдүүдийн өмнө ” хүүхдүүд анги ахих тусмаа сурлага нь сайжирдаг байхад, чи л анги ахих тусмаа сурлага нь муудаж байна” гэхчилэн загнадаг юм. Бодвол “биеэ тоогоод ч” гэсэн үү. Би тэр үед айж ичсэндээ их зүйлийг бодсон. ” Нээрээ би ингэж болохгүй шүү дээ, онц бол онц л сурах ёстой” гэж бодсондоо их л хичээж, 8-р ангиа “онц” төгслөө. Хичээлдээ мэрийж, найзуудтайгаа уулзах цагаа цөөлж хичээсэн ч, найзууд хэвээрээ л үлдсэн.

Г.Г-Одоо бодоход хүүхдүүдэд багш нар болон аав ээж нь багагүй нөлөөлж чаддаг байсан юм шүү.

Б.Г-Их нөлөөтэй байсан. Тэр тусмаа би ээжийнхээ үгийг сайн сонсдог хүүхэд байлаа. 8-р анги төгсөх үед ээж минь надад “Миний охин Их Сургуульд сураад хэрэггүй дээ. Эртхэн л мэргэжилтэй болсон нь дээр байх. Багшийн сургуульд орвол зүгээр” гэж зөвлөлөө.

8-р ангийг “онц” төгссөн 5 хүүхэд байсан юм. Биднийг хуваарийн эхэнд оруулаад ” За! цөмөөрөө 9-р ангид орно биз дээ?” гэж асуув. Гэтэл би ганцаараа “үгүй би техниккумд орно” гэдэг юм. Бүгдээрээ гайхаад л ямар хуваарь авахыг асууцгаасан. Би болохоор яагаад ч юм бэ “Анагаахын дунд’-д орно гэлээ. Гэтэл тэр хуваарь байхгүй болохоор Багшийн сургуулийн хуваарь авдаг юм. Хуваариа аваад гарч ирсэнээ, жагсаад зогсож байгаа олон хүүхдийг хараад гэнэт л уйлж орхисон.

Г.Г-Өөрийнхөө сонголтоос илүү ээжийнхээ үгэнд орсон хэрэг байж.

Б.Г-Уг нь 9-р ангидаа ормоор байдаг. Гэтэл ээж тэгж хэлсэн байдаг. Уйлсаар гэртээ очсон чинь аав, эгч 2 ээжийг зэмлээд л…Ээж минь эцэст нь бууж өгч “Яанаа миний охин хуваариа сольж болох болов уу?” гэж сэмээрхэн асуулаа. ” Бололгүй яах вэ?” гээд би гэрээсээ ухасxийн гарсан. Аз болж хуваариа хурдан солиулж амжсан. Хожим миний хуваарийг авсан охин надтай тааралдаад “Чамд ёстой их баярласан шүү. Би Багшийн Сургуульд орох  гэж л Говь-алтайгаас шилжиж ирсэн юм шүү дээ” гэж хэлж билээ.

Г.Г-Тэр үед ахлах ангийн хүүхдүүдииг нилээд шилж сонгож байж авдаг байсан үе л дээ.

Б.Г-9-р ангидаа ороход хуучин ангиас минь 10 хүүхэд л өөр өөр ангиудад хуваагдаж орсон. Тэгээд л би хичээлдээ бүх анхаарлаа хандуулсан даа. Номын санд очиж ном их уншдаг, “Залуучуудын Үнэн” сонин их уншина. Эдгээрээс сурган хүмүүжүүлэгч Бор гуай, Лувсанвандан гуай нарын хэлсэн үг ишлэлийг их цуглуулдаг, бас амьдралдаа мөрдлөг болгодог байлаа. “Найз нөхөд бол цагийн дайсан” гэдэг үгийг олж уншаад нэг хэсэгтээ түүнийг мөрдлөг болгов.

Г.Г- 10-р ангиа төгсөөд дахиад л сонголттой тулгарсан уу? эсвэл өөрт чинь чиглэл байсан уу?

Б.Г- 10-р ангийг төгсөхөд надад их л олон сонголт байсан. Гадаадын хуваарь ч байсан. Гэхдээ би шууд л АУДС-ийг сонгосон юм. Ер нь надад багаасаа л эмч эсвэл сэтгүүлч болно гэсэн нууцxан мөрөөдөл байсан л даа.

Гурав. Өөртэйгээ болон өвчинтэйгээ тэмцсэн жилүүд

Г.Г- Элсэлтийн шалгалтаа их сайн өгсөн үү?

Б.Г- Үгүй ээ! Физикийн шалгалт дээр унаж орхисон. Тохиолдлоор ч юм уу, миний анги удирдсан багш нар ихэвчлэн, физикийн багш нар байж таарсан. Тэд хичээлийн цаг дээр ангийн ажлаа их хийлгэнэ. Дүнг маань өргөж тавина. Би бүх хичээлдээ жигд сайн байсан ч физикийн хичээлд тиим ч сайн биш байсан нь элсэлтийн шалгалт дээр нөлөөлсөн хэрэг. Физикийн шалгалт дээр уначихаад, аав ээж 2-тоо л их санаа зовж, ичиж байлаа. “Тэд охиноо их л мундаг гэж бодож байхад миний байж байгааг” гэж бодохоор их санаа зовж байв. Тэр үед яг ИС-д элсэх оноог 22. 98-аар таслахад 23 оноотой байсан би арай гэж л тэнцсэн юм даг. Гэхдээ л баяртай байлаа.

Г.Г-Тэр үед элсэлтийн шалгалтад авсан нийлбэр оноогоор жагсааж байж, ИС-д тэнцүүлдэг байсан юм байна.

Б.Г-Арай гэж тэнцэж АУДС-д орохдоо ” Би хамгийн муу нь юм чинь, хичээхгүй бол хамгийн түрүүнд хасагдах юм байна” гэдэг бодлоор эхнээсээ л хичээсэн. Байнга номын санд сууж, лабораторид өнжинө. Их олон яс цүнхэндээ авч явж, гэртээ авчраад л нэрийг нь цээжилнэ. Өдөржингөө л уншиж, автобусанд ер нь хаа ч явсан мартсан зүйлээ заавал сэргээдэг. Бадарч гуайн “Хүжийн гал” зохиолыг санаад л шөнө унтахдаа гар чийдэн дэргэдээ авч унтах. Хэдийд ч санаж сэргээхэд бэлэн. Ингэж байгаад би аавыгаа 2 ч удаа цочоосон юм даг.  Нэг шөнө, авчирсан ясаа гэрийнхнээсээ нууж, гал тогооны өрөөнд гаргаад цээжилж байхад аав минь орж ирээд нэг их цочсон. Бас нэг  шөнө хөнжилдөө гар чийдэнгээ асаачихсан номоо уншиж байхад аавын орж ирэхийг анзаараагүй. “Хэдэн хүүхдийнхээ нэгийг нь ч болов Их Сургуульд оруулчих юм сан” гэж боддог байсан болохоор аав минь намайг АУДС-д элсэж ороход маш их баярласан. Аав минь тэр үед бие муутай байсан юм. Намайг АУДС-д суралцаж эхэлснээс хойш удалгүй өөд болсон доо.

Г.Г-Бид сэтгэл хөдлөл, шаналлаа байнга ил гаргадагүй болохоор аавыгаа тэгтлээ анзаардаггүй юм шиг.

Б.Г- Тийм ээ! Өнгөрсөн хойно нь л ойлгох юм даа. Би тэр цагаас хойш ямагт аавыгаа сэтгэлдээ тээж, үе үе зүүдэндээ учирч яваа.  Ааваас минь хоцорч үлдсэн ээжийгээ баярлуулж чадвал, аавынхаа нэгэн хүслийг ч болов биелүүлж байна даа гэж боддог.

Г.Г-Өөрийгөө голох сэтгэл заримдаа хүнд их хүч тэмүүлэл өгдөг. Зарим талаар энэ нь хичээл зүтгэлийн хөшүүрэг болох нь ч бий.

Б.Г- Tийм шүү! Анагаахад орсноос хойш гайгүй сайн сурч, илүү их мэдлэг чадвартай байх ёстойг сайн ойлгосон. Зүгээр л ” онц” сурах биш, алив зүйлийг чин сэтгэлээсээ маш сайн сурч, эзэмших ёстойг ухаарсан..

АУДС-д эхлээд л бүх зүйлийг маш сайн цээжлэх ёстой. Анатомын хичээл дээр эхний  улирлын эхний зачётод намайг 3 удаа буцаалаа. Хэдийгээр би сайн цээжилсэн байсан ч нэмэлт асуултууд асуугаад нэг л удаа түгдрэхэд л буцаадаг байлаа. Надаас цөөхөн асуултад хариулсан хүүхдүүдийг тооцоод байгаа мөртлөө шүү. Эхэндээ миний уур хүрч, бусад хичээл давтах цаг өгсөнгүй гэж бүхимдсан. Шүүлгээ давахгүй бол цаашаа шалгалтанд орохгүй болохоор уншиж, уншиж багшийнхаа асуусан болгоныг хариулахтай болж  байж зачётоо тооцуулсан. Амгаланбаатар багш эхнээсээ л намайг яг таг сургахын төлөө “чангалж” байсныг би хожим ойлгосон л доо. Хоёрдугаар курст Улсын шалгалт өгөхөд энэ давталт маш их хэрэг болсон.

Г.Г-Дунд сургуулийн ширээнээс ИС-д суралцах мөчид хүүхдүүдэд сайн муу боломжийн аль аль нь ирдэг. Хэт шахалт үгүй нөхцөлд хүүхдүүд тэгтлээ хичээхгүй байх нь бий. Анхнаасаа аргалаад л сурчихвал байнга л аргалах гэж боддог болдог.

Б.Г- Их сургуулийн сургалт 10 жилийнхээс их ондоо. Өдөр болгон даалгавар шалгаад, асуугаад байхгүй ч гэсэн уншиж судлах материал ихтэй учраас бие дааж, цагаа зөв зохицуулж сурах хэрэгтэй болдог. Сургуулиасаа хасагдахгүйн тулд анхнаасаа мэрийсний хүчинд 1-р улиралд онц сурсан. Тэр үедээ “Одоо ч арай хасагдахгүй байхаа. Гэхдээ л юмыг яаж мэдэх вэ?” гэж дотроо бодож байлаа. Зөвхөн онц сурах гэж биш, өмнөө байгаа зүйлээ яс хийхийг л хичээж байсан.  Энэ бүхэнд мөнөөх ишлэлүүд маань л хэрэг болно.

”Залхууг сууж барахгүй, явж барна. Нойрыг унтаж барахгүй сэрж барна”. Tэрч байтугай ” хүн өдөрт 6 цаг унтахад л хангалттай” гэж уншсанаас хойш яг л 6 цаг унтаад босдог болсон гээч. Зарим өглөө үнэхээр босмооргүй санагдана. Тэр үедээ “Ленин багш сэрэнгүүтээ босдог хүүхэд байсан” гэж дунд сургуульд заадаг байсныг бодохоор л хүч ороод босчихдог байсан сан. Учир нь уншиж цээжлэх зүйл маш их байлаа.

Г.Г-Ингэж хичээж суралцахаар ар гэрийнхэн их санаа нь зовно. Мэдээж тэдний тусламждэмжлэг ч их хэрэг болдог.

2_eejБ.Г- Миний ээж, ах эгч, дүү нар надад маш их тусалдаг байж. АУДС-ийн оюутнууд байнга цагаан халад өмсдөг. Намайг шөнө гэртээ ирээд л хичээлээ давтах гээд суухад, унтаж байсан дүү минь сэрээд л албатай юм шиг миний халадыг угааж индүүднэ. Гантуул минь мөн ч олон шөнө боссон доо. Хоолыг минь халуун байлгах, тэр ч байтугай номын санд хүртэл хоол аваачаад л өгдөг байсан. Би их азтай хүн. Тэдний надад чин сэтгэлээсээ хандаж тусалж байсан бүхэн, намайг амжилттай суралцахад нөлөөлж байсан юм шүү. Яг үнэндээ тэдэнгүйгээр би ингэж сурч чадахгүй байсан. Учир нь би бие муутай байсан юм.

Г.Г-Тийм үү! Энэ чинь харин чамд амаргүй байснаас, бусдын анхааралд байх шалтаг болдог байсан байх.

Б.Г-Магадгүй. Би уушигны бронхийн өргөсөлттэй байсан юм. Байнга бүгшүүлж ханиалгана.. Амралт болохоор л эмнэлэгт хэвтэж эмчлүүлнэ. Өвлийн шалгалтуудаа заримдаа эмнэлгээс өгнө.

Жил өнгөрөх тусам л өвчин минь хүндрээд байгаа нь мэдрэгдэж байсан л даа.

Г.Г-Ийм хүнд нөхцөлд хичээж сайн сурна гэдэг их л амаргүй, тэвчээр шалгасан хэрэг.

Б.Г-Тухайн үед би өөрийгөө их хүнд нөхцөлд байна гэж ердөө ч боддоггүй байлаа. Их тэвчээр гаргаад байна ч гэж санадаггүй. Ээж минь тэр үед надад “Хангалттай дунд сураад сургуулиа төгсчихвөл л болох нь тэр, миний охин биеэ л сайн бод” гэж хэлдэг байсан юм. Ер нь тэгээд төрөлхийн зан минь ч нөлөөлсөн байх, зүгээр л өмнөө байгаа юмыг яг таг хийгээд явья гэж боддог байсан. Нэг мэдсэн чинь олон жил дараалаад онц сурсан байсан. 3-р курст Сүхбаатарын нэрэмжит цалинд намайг тодорхойлсон боловч САА-д явдаггүй, олон нийтийн ажилд оролцдоггүй гэсэн шалтгаанаар авч чадаагүй юм.

Г.Г-Ийм хүнд нөхцөлд хичээж сайн сурна гэдэг их л амаргүй, тэвчээр шалгасан хэрэг.

Б.Г-Тухайн үед би өөрийгөө их хүнд нөхцөлд байна гэж ердөө ч боддоггүй байлаа. Их тэвчээр гаргаад байна ч гэж санадаггүй. Ээж минь тэр үед надад “Хангалттай дунд сураад сургуулиа төгсчихвөл л болох нь тэр, миний охин биеэ л сайн бод” гэж хэлдэг байсан юм. Ер нь тэгээд төрөлхийн зан минь ч нөлөөлсөн байх, зүгээр л өмнөө байгаа юмыг яг таг хийгээд явья гэж боддог байсан. Нэг мэдсэн чинь олон жил дараалаад онц сурсан байсан. 3-р курст Сүхбаатарын нэрэмжит цалинд намайг тодорхойлсон боловч САА-д явдаггүй, олон нийтийн ажилд оролцдоггүй гэсэн шалтгаанаар авч чадаагүй юм.

Г.Г-Тэр үед сурлага дээр, идэвхи гэдэг үнэлгээгээр САА-д болон хаврын ажилд хэрхэн оролцож байсныг нэмж дүгнэдэг байсан байх шүү.

Б.Г-4-р курстээ Улаантолгойн САА-д дайчилгаанд явлаа. Багш нар маань намайг бие муутай гэж мэддэг болохоор “хөнгөн” гэж тооцон падан бичдэг ажил дээр тавьсан. Оюутны намар сайхан шүү. Бүгд л тус болохыг хичээж санаа тавина.

Харамсалтай нь дайчилгаанаас ирээд л бие минь муудаж эмнэлэгт хэвтсэн. Гэхдээ би өвчнөөсөө гутардаггүй, сэтгэлээр унадаггүй, сэтгэлийн тэнхээтэй байжээ. Эхлээд 1-р эмнэлэгт хэвтээд, дараа нь хагалгаа хийлгэх шаардлагатай болсноос уушигны эмнэлэгт шилжсэн юм. 1-р эмнэлгийн эмч нар намайг хичээл хийхийг хориглож “жилийн чөлөө” авахыг шаардаж байсан ч би нууцаар бэлтгэж байгаад шалгалтуудaa өгсөн дөө. Жилийн чөлөө аваад, буцаад орж ирэхэд маань харин надад Сүхбаатарын нэрэмжит цалин өгсөн шүү. Тэр үед баярлахаасаа илүүтэй хариуцлага нэмэгдэж байгааг ойлгож, хичээж байсан. Бас 1-р эмнэлэгт хэвтэж байхдаа нөхөртэйгээ тааралдсан

Г.Г-Нөхрийнхөө тухай ярьж болох уу?

Б.Г- Миний нөхрийг Жаргал гэдэг. Тэр үед ХААДС-д суралцаж байсан юм. Бид 2 өмнө нь Сталины номын санд их тааралддаг байсан. Би сүүлд нь МҮЭСТ-ийн номын санд очдог болсноос хойш тааралдаагүй байж байгаад 2 жилийн дараа, 1-р эмнэлэгт дахиад тааралдсан юм. Жагаа маань намайг хагалгаа хийлгэх болоод, уулын аман дахь уушигны эмнэлэгт хэвтэж байхад өдөр болгон л эргэж ирнэ. Миний өвчин сүрьеэ биш л дээ. Гэхдээ л халдвар авахгүйн тулд 20 давхар маск зүүдэг. Хүмүүс янз бүрээр л хандана шүү дээ.

4 сарын 1нд намайг хагалгаанд ороход анхны шөнө нь Жагаа намайг сахиж, хүлээлгийн өрөөний сандал дээр хоносон байсан. Яг үнэндээ хүнд өвчтэй, хэцүү цагт чин сэтгэлээсээ хандаж, хайрлаж халамжилж байхад сайхан л санагддаг юм билээ. Хагалгааны дараа би жилийн чөлөө авч, бид хамтдаа амьдарцгаасан. Тэр цагаас өдий хүртэл миний ажил амьдралын гол түшиг тулгуур минь болж яваа. 5-р курсээ төгсгөөд анхны хүүхдээ гаргасан.

Г.Г-Хүний амьдралд ханийн хайр халамж, түшиг үнэхээр чухал. Хүн ямагт бусдын чин сэтгэлийн дэмжлэгээс л урам зориг авч байдаг.

Ger_bulБ.Г-Ийм сайхан гэр бүлтэй, хань нөхөртэйдээ би баярлаж, бахархаж явдаг. Жагаатайгаа нийлээд 30-аад жил болжээ. Энэ олон жил Жагаа маань өөрийнхөө сонирхлыг хойш нь тавьж, нүүдэлчин амьдралыг минь дагаж, өрх гэрийнхээ хөдөлшгүй бөх багана нь, үр хүүхэд, хань бүлийнхээ халамжит түшиг нь болж яваа юм даа.   2 хүүхэд минь хар багаасаа бие даагаад сурчихсан, ялангуяа Японд сурч байхад надад маш их тус болдог байсан.

Миний эгч, дуучин  Оюунтүлхүүрийн ээж л дээ. Одоо ч гэсэн өнгөтэй өөдтэй бүхнээ дүү нартаа л зориулж, тэднийгээ баярлуулж байхдаа л жаргаж явдаг. Миний бүх л амьдралын аз жаргал, ажлын амжилтын тал хувь нь эдний л дэмжлэгийн ач. Тэдний өмнө үнэхээр сайн хүн, сайн эмч болж л тусыг нь хариулахыг хичээдэг.

Хүн ер нь ямар ч юманд чин сэтгэлээсээ хандахыг хүсвэл, энэ нь их хүч болдог. Хичнээн ядарсан байсан ч хэн нэгнийг баярлуулахыг хүсэхэд л ядаргаа арилж хүссэнээ хийж чадна. Ажлаасаа ядарч, гэртээ ирээд л “өнөөдөр нөхөртөө сайхан хоол хийж баярлуулья” гэж бодоход л ядаргаа ор мөргүй арилж, хичнээн баяртайгаар хоол хийдэг гээ.

 

Дөрөв. Иммунологи- миний амьдралын зорилго болсон

Г.Г-АУДС-төгсөөд хаана хуваарилагдав даа?

Б.Г-. Tэр үед хотод үлдэнэ гэдэг амаргүй байсан юм. Хувиараа сонсоход намайг Хавдар Судлалын Tөвд  хуваарилсан байлаа. Хавдар Судлалын Tөвд /ХСT/ яваад очтол Эрчимт эмчилгээнд хуваариллаа. Тэр үед би өөртөө итгэлтэй, санаж бодсоноо шуудхан л хэлчихдэг байсан. “Би эрчимт эмчилгээнд очихгүй ээ” гэлээ. “Тэгвэл Tуяаны тасагт оч” гэлээ, бас л ” үгүй ээ, би иммунологийн лабораторийн эмчээр ажиллая” гэв. Намайг ингэж хэлэхэд бүгдээрээ л гайхацгаасан.

АУДС-ийг онц төгссөн хүмүүс ихэвчлэн мэс засал, нойрсуулагч, клиникийн эмчээр ажилладаг байсан. Харин лабораторийн эмчийг тэгтлээ тоохгүй. Яг тэр үед иммунологи монголд дөнгөж л орж ирж байсан үе. Аз болоход надад дандаа л сайн хүмүүс таардаг байж. XCТ-ийн захирал Нямдаваа эмч, oрлогч захирал Оюунбат эмч нар намайг өөрсдөө сургуулиас минь сонгож авсан юм билээ. Тэгээд ч анхнаасаа намайг маш их дэмжиж байсан.

Г.Г-Яагаад заавал иммунологийг сонирхсон хэрэг вэ?

Б.Г-Иммунологи бол хүний дархлалын тогтолцоог судалдаг шинжлэх ухаан. Өөрөөр хэлбэл хүний биеийн эсэргүүцэл хэр зэрэг байгаагаас хамаараад, янз бүрийн өвчинд өртөгдөх, түүнийг эсэргүүцэх чадвар хүн бүрт харилцан адилгүй байдаг. Tиймээс өвчнийг оношлох, эмчилгээний зөв аргуудыг сонгоход иммунологи үзүүлэлтүүд маш чухал. Зарим өвчний шалтгааныг зөвхөн иммунологоор тайлбарлаж оношлоно, эмчилнэ. Миний хувьд иммунологи мэдэхгүйгээр цаашдаа сайн эмч болж чадахгүй гэдгийг төсөөлж байсан л даа.

Г.Г-Тэгээд ХСT-д лабораторийн эмчээр ажилласан уу?

Б.Г-Эхлээд надад ажлын 50% нь лабораторид, 50% нь клиникт эмчээр ажиллахыг зөвшөөрсөн. Энэ нь надад их ч хэрэг болсон доо.  “Онц” төгсөнө гэдэг миний хөдөлмөрийн л үнэлгээ болохоос, миний чадварын үнэлгээ биш. Ажил дээр гараад л мэдэхгүй маш олон зүйлтэй учирсан. Ажиллаж байхдаа байнга л ном уншсаар. Яг үнэндээ уншсан зүйл маань ч хангалттай биш байв.

Маш олон “Яагаад?”  гэдэг асуултын хариу нь, намайг иммунологи гэдэг үг дээр л аваачиж байв.

Г.Г-Тийм шүү! “Онц” дүн хөдөлмөр зүтгэлийн үнэлгээ болохоос ур чадварын үнэлгээ биш” гэдэг үгтэй чинь санал нийлж байна. Хүн яг амьдрал дээр очиж байж л маш олон хэрэгтэй зүйлийг сурдаг.

Б.Г-Ажиллаж байхдаа би “Илүү их зүйл сурах хэрэгтэй юм байна. Тэр тусмаа иммунологийн чиглэлээр гадаадад заавал сурах хэрэгтэй юм байна” гэдэг ойлголттой бас зорилготой болж байлаа. Тэр үед, дөнгөж сургууль төгссөн хүн гадаадад сургалтад явна гэсэн ойлголт бараг л байхгүй байлаа. Ажилласан жил, танил тал гээд олигтойхон дэмжлэггүй хүн хөдлөхөд хэцүү л үе байсан. Тэр үед иммунологи сонирхож байсaн хүмүүс цөөхөн, энэ чиглэлээр өрсөлдөгчид бага байсан явдал намайг гадагшаа явж суралцахад их түлхэц болсон байх.

ХСT-д би их ч шударга, сайн ажиллаж байлаа. Жилийн дараа МАХН-д орлогчоор элссэн. Үүний дараагаар удалгүй намайг ХСT-ийн эмчилгээ эрхэлсэн орлогч захирлаар томиллоо.

Г.Г-Хурдан дэвшсэн байна шүү. Тэр үед МАХН-д сэхээтнүүдийг тэгтлээ элсүүлдэггүй, мэргэжлээрээ дэвшүүлэх хүнээ заавал МАХН-д элсүүлдэг тогтолцоо байсан шүү. Тэр хэрээрээ нилээд ч шалгуур давдаг байсан. Нэг талдаа боловсон хүчний бодлого байсан байх.

Б.Г-Tийм юм болов уу даа. ХСT-ийн орлогч захирал, 26 настай, юу ч мэдэхгүй залуухан бүсгүй. Даваа гариг бүр эмч нарын хурал болно. Тэдний зарим нь намайг дэмжинэ, архагууд нь тэгтлээ тоохгүй. “Туршлагагүй, энэ юу мэдэх вэ?” гэсэн байдлаар миний янзыг үзэж, олон зүйл асууна. Би ч хэрдээ л үзэлцээд байлаа. Нэг удаа ийм хурлын дараа индэр дээр ганцаараа сууж үлдэхдээ тэсэлгүй уйлчихсан. Бас ч шаралхсан хэрэг байх.

Г.Г-Дарга болж бусдыг удирдана гэдэг амаргүй. Өөрөөсөө илүү мэдлэг туршлагатай хүмүүсийг удирдаж, хийх ёстой ажлыг нь сайн хийлгэнэ гэдэг их ч тэвчээр, ур чадвар шаарддаг зүйл.

Б.Г-Tэгэлгүй яахав. Надад хагалгаа хийж, амьдралыг минь бэлэглэсэн мэс засалч Aюурзана эмч, нойрсуулагч эмч Баттулга гээд олон туршлагатай мундаг эмч нарыг, дөнгөж оюутны ширээнээс гарсан шинэ хүн удирдана гэж юу байхав. Хамгийн гол нь захирлууд маань намайг анхнаас нь дэмжиж туслаад хөгжүүлбэл, алсдаа төвдөө хэрэгтэй зүйл хийж чадна гэж итгэж байсан болоод л энэ ажилд томилсон байх.

Г.Г-Ингэхэд яаж яваад эрдэм шинжилгээний ажилтан болчихсон юм бэ?

Б.Г-ХСТ-д 2 жил гаруй болсны дараа намайг Чехэд 3 сарын курст явуулах боллоо.. Энэ курсийг төгсөж ирээд ХСT-д биш, шинээр байгуулагдаж буй Анагаах Ухааны Хүрээлэнгийн Эрдэм Шинжилгээний Төв Лабораторид Мөнхтүвшин багшийн удирлагад ажиллaх хуваарь байж. Энэ учрыг хожуу мэдсэн захирал маань, надaaс энэ удаадаа курст явахаа болихыг ятгасан. Үнэндээ миний сонирхож байсан чиглэл болохоор захиралдаа би үнэнээ хэлж гуйлаа. Их л дурамжхан зөвшөөрсний дараа Нямдаваа захирлыгaa ” гомдоочихов уу” даа гэж харамсан бодсон доо. Гэхдээ энэ бол надад олдож байгаа том боломж байсан болохоор миний хувьд алдаж болохгүй байв.

Г.Г-Нэг ёсондоо хүсч тэмүүлж байсан иммунологийн салбартаа очих боломж олдсон хэрэг юм даа.

Б.Г-Тийм ээ! 1988 онд курсээ төгсөж ирээд АУХ-д Мөнхтүвшин багшийн лабораторид ажиллаа. Мөнх түвшин багш их ч хатуу шаардлагатай, бид ч их эмээнэ. Их зузаан англи ном өгөөд “үүнийг заавал унш” гэнэ.

Чехэд сурч байхдаа би англи хэл маш сайн сурах хэрэгтэйг хатуу ойлгосон. Чех профессор маань “Оросууд биднээс 30 жилээр хоцорч байгаа. Гэтэл та нар Оросуудаас 50 жилээр хоцорч байна. Тэгэхээр та нар дэлхийн хөгжлөөс хэдэн жилээр хоцорч байгаагаа бодоорой” гэж сануулсан.  Тэр үед Мөнхтүвшин багш англи хэлний курс хичээллүүлэхэд орж суралцлаа. Тэр курст суралцагсдаас уншиж чадахгүй, дуудлага мэдэхгүй би, хамгийн муу нь байсан даа. Автобусанд үгээ цээжилж, гэртээ кассет сонсож, даалгавраа яс хийдэг. Хэлний хурсээ төгсөхдөө, гайгүй ойр зуурын мэдлэгтэй боллоо. Энэ курс надад их ч зүйл өгсөн.

Тэр үед АУХ-д үнэхээр шижигнэсэн сайхан залуус ажиллаж байв. Их ч сайхан байсан. Нийгэм зах зээлд шилжиж, олон сайхан залуучууд маань тарж эхэллээ. Гэхдээ би их өөдрөг бодолтой байв. “Энэ хямрал удаан үргэжлэхгүй, бүхэл бүтэн улс байгаа болохоор, оюуныхаа энэ их өмчийг хайхрахгүй орхихгүй” гэж боддог байсан юм. Энэ бүх хугацаанд би хэдэн жилийн дараа ямар түвшинд хүрч, юу хийж bolohoo үндсэндээ төлөвлөж, бэлтгэж байсан.

Г.Г-Өөрийнхөө боломжийг мэдэрч, ирээдүйгээ төсөөлж чадна гэдэг л их амжилтын үндэс нь. Ийм нөхцөлд хүн өөрийгөө дайчилж, зав чөлөөгүй болдог.

Б.Г- Би их хичээж байлаа. Их сайн багштай, сайн ч хамт олонтой байсан. Иммунологийн номын эхний ботийг Мөнхтүвшин багш орчуулсан байсан. Харин 2 дахь ботийг Mөнхбат бид 2-ийг  орчуул гэж өглөө. Чадахгүй ч гэсэн оролдоод суудаг байсан нь надад хожим их хэрэг болсон.

Багш Англи явж ирээд ” Англид мастераар сурах боломж байгаа юм байна, чи өргөдлөө өг” гэлээ. Өргөдлөө өгөөд хүлээж байв. Багш бас Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага /ДЭМБ/-ын шугамаар ирсэн хүмүүст орчуулга хийдэг байсан юм. Нэг удаа ДЭМБ-ын семинарт орчуулга хийж байснаа гэнэт ажил гармагц , намайг “орчуулга хий” гээд л орхичихсон. Их л тэвдэж сандарч байж орчуулга хийсэн нь надад бас их боломж, урам зоригийг мэдрүүлсэн.

Шалгалт өгч тэнцээд, Швеицарт болсон ДЭМБ-ийн 45 хоногийн семинарт оролцсон нь намайг их ч зүйлд сургасан даа. Энэ семинараас би АУДС-д унших лекцээ бүрэн бэлтгэж ирсэн.  Энэ бүхэн надад өөрийгөө хөгжүүлэх их боломж, зорилгодоо хүрэх алхам болж байлаа.

Тав. Өөрөө хөгжинө гэдэг өрөөл бусдад туслах боломж

Г.Г-Өмнө нь А. Болормаатай хийсэн ярилцлага дээр “зорилго болгон боломж авч ирдэг” гэж хэлж байсныг санаж байна.

Б.Г-Mанай Эрдэм Шинжилгээний Төв Лабораторийнхан багшаасаа эхлээд лаборантаа хүртэл бүгд эрч хүчтэй, санаачлагатай, хөдөлмөрч, шижигнэсэн залуус байлаа. Бие биенээ их дэмжинэ, байнга тусална. Багш, хамт олныхоо ачаар энэ лабораторид ажиллаж байхдаа өөрийгөө нилээд цэнэглэж, хөгжүүлж чадсан гэж боддог.

Тэр үед Тэрбиш эмч, Цогоо эмч, Түмэнбаяр эмч нар хамтдаа Монголд бөөр шилжүүлэн суулгах мэс засал хийхээр бэлтгэж, Японы Жайкагийн төсөл хэрэгжүүлэхээр хүлээж байсан юм. Тэд энэ төсөлд хамт оролцохыг надад санал болголоо. Тэр үед би Англиас л хариу хүлээж байсан. Гэтэл Японы төсөл нь түрүүлж бүтээд, бид 1993 оны 10 сарын 25 нд Япон явцгаалаа. Японд бид нар эрхтэн шилжүүлэн суулгах тасгууд дээр хуваарилагдан ажиллацгаав. Тэрбиш эмч үзлэгийн, Цогоо эмч мэс заслын, Түмэнбаяр эмч нойрсуулагч, би иммунологич чиглэлээр.

Японд байхдаа бид их ч зүйл үзэж, их ч зүйл сурсан даа. Лабораторийн бодисууд нь их үнэтэй. Тэд биднийг дэмжиж нилээд бодис, урвалжууд үнэгүй өглөө. Тэр бодисуудыг тусгай савалгаанд хөлдүүгээр нь авч явах ёстой. Тэрбиш эмч маань Японд суугаа Монголын ЭСЯ болон МИАТын төлөөлөгчидтэй уулзаж, тэд бидэнд их ч тусалсан. Япончууд маань хэд хэдэн чухал багажийг ч бидэнд үнэгүй өгсөн шүү. Тэр бүгдийг Монголдоо авчирч лабораторидоо байрлуулсан.

Г.Г-Үндсэндээ нилээд боломжийн лабораторитой болж амжиж дээ?

Б.Г-Нэг хэсэгтээ ажиллах боломжоор хангагдсан байсан л даа. Харамсалтай нь биднийг буцаж ирсэний дараа Тэрбиш эмчийн бие нь муудаж, удалгүй нас барлаа. Тэр хүн маань энэ төслийн санаачлагч, гол удирдагч нь байсан болохоор энэ төслийн ажил ерөнхийдээ зогссон.

Миний хувьд aвчирсан урвалж бодисоо хугацааг нь дуусахаас өмнө ашигтайгаар хэрэглэх асуудал нэн тэргүүний зорилт байв. Авчирсан бодисууд маань маш их үнэтэй, тээвэрлэх хадгалах тусгай нөхцөлүүдтэй учир, ажил жигдрэх үед, хэрхэн тасралтгүй ажиллах боломжоо хангах вэ? гэдэгт бас санаа их зовж байлаа. Гол хүндрэл нь ядуу, санаа тавих, ойлгож дэмжих хүн цөөхөн. Наад зах нь ямар нэгэн багаж олоод ирэхэд, гаалийн татвар нэхээд суучихна. Эдийн засгийн чадавхаас хамаараад, байдал улам л хүнд болж байлаа.

Г.Г-Ийм хүнд нөхцөлд лабораториа хэр удаан ажиллуулж чадав?

Б.Г-Mөнхтүвшин багш болон лабораторийнхаа хамт олны хүчээр, авчирсан урвалж бодисоо 3 жил судалгаанд хэрэглэсэн дээ. Лаборатори дээрээ сургалт явуулж, мэргэжилтэн бэлтгэлээ. Бас судалгааны ажил хийж, оношлогооны урвалж бэлтгэх гэж туршиж байв. Үндсэндээ бидний Японоос авчирсан урвалж бодисууд дууссан. Лабораторийг үргэлжлүүлээд авч явахад их ч ажиллагаа бас санхүү шаардагдаж байв. Эрхтэн шилжүүлэн суулгахад гол цөм нь болдог, эдийн тохиргооны сайн лабораторитой болоход өөр илүү их зүйл сурах хэрэгтэй байлаа.  Ингээд Японы ЗГ-ын тэтгэлэгээр суралцах шалгалтанд орж тэнцээд судлаач-оюутанаар 1 жил Японд ажиллаа. Дараа нь тэндээ Ph.D-ээр үргэлжлүүлэн суралцах боломж олдсон юм.

Г.Г-Японд Ph.D-д ямар чиглэлээр суралцсан юм бэ?

Б.Г-Клиникийн иммунологийн чиглэлээр. Иммунологи бүх өвчтөнд хамаарна. Биеийн дархлааг бүрдүүлдэг эсийг судалдаг гэдгээрээ эрхтэн шилжүүлж суулгах үед бүр ч чухал. Эрхтэн шилжүүлж суулгах үед хамгийн гол нь өвчтөн донор 2-ийн эдийн тохиргоог үзнэ. Эрхтэн шилжүүлэн суулгасны дараа суулгасан эрхтэнийг ховхруулахгүйгээр, бас өвчтөнийг халдварт өвчинд өртүүлэхгүйгээр дархлааны тэнцвэрийг хадгалах эмчилгээ хийхэд энэ лабораторийн шинжилгээ хамгийн чухал. Өөрөөр хэлбэл, өвчтөний эсэргүүцэл их сайн бол донорын эрхтэнийг ховхлох аюултай, дэндүү сул бол халдварт өвчинд нэрвэгдээд байх аюултай.

Г.Г-Америкт хэдийд яаж ирсэн юм бэ?

Б.Г-2000 онд АНУ-д хуралд ирсэн л дээ. Энэ үед миний судалгааг гадныхан ихэд сонирхож, хамтран ажиллах санал ч ирж байсан.  Харин Алабамагийн багш маань намайг Японд байхад л холбоо тогтоож, харилцаатай байв. Энэ хурлын дараа намайг Алабамад урьж ярилцлаа. Tэдний санал надад таалагдсан болохоор, би шууд л зөвшөөрсөн юм. Тэгээд л 2001 онд сургуулиа төгсөөд л Америкт ирсэн.

Г.Г-Америкт хийсэн судалгааныхаа ажлын талаар ярьж болох уу?

Б.Г-2001-2008 онд Алабама мужийн University of Alabama at Birmingham-д (UAB) эрдэм шинжилгээний ажилтaн, зааварлагчаар ажилласан. Эрхтэн шилжүүлж суулгасны дараа, дархлааг бууруулах эмгүйгээр, дасан зохицох явцыг амьтан дээр судалж байв. Энэ нь дархлааг бууруулах эм өгөхгүйгээр физиологийн жамаар дасан зохицох орчныг бий болгонo гэсэн үг.

Баланс /тэнцвэр/ барьж байх зориуллалттай эс байна гэдгийг судлаачид хулгана дээр, мөн ижил чадвартай эс хүнд ч бас байдгийг нээсэн байлаа. Бүх lymphocyte эсийн дотор дөнгөж 0.5-5%-ийг эзэлдэг, зохицуулагч T эсүүдийг хуруу шилэнд өсгөж үржүүлээд, дараа нь өвчтөнд буцааж тарих замаар эмчлэх асуудал судалаачид болон эмч нарын анхаарлыг ихээр татаж байгаа юм. Миний ажил бол, эдгээр эсийн эмчилгээний шинж чанарыг алдагдуулахгүйгээр, хуруу шилэнд үржүүлэх боломжийг сармагчин дээр судлахад төвлөрч байсан.

Eр нь судалгааны ажил олон жил хийлээ. Одоо харин үүнийгээ клиниктэй холбож ажиллах сонирхолтой байсан тул 2008 oны 6 сараас эхлэн DUKE Их Сургуулийн, Эрхтэн шилжүүлэн суулгах клиникийн лабораторид орлогч захирлаар ажиллаж байна.

Г.Г-Үнэхээр мундаг байнаа. Уйгагүй зүтгэл, зорилгодоо хүрэх тэмүүлэл чамайг их хөгжүүлжээ.

Ganas_family_2006_MGL

Б.Г-Хүн бүхэнд бoлoмж бий. Хүний амжилтын 99% нь хөдөлмөр, 1%  нь авьяас гэдэг үгэнд би итгэдэг. Хүн ер нь урдаа байгаа зүйлийг л яг таг хийгээд, зөв сэтгэлтэй явахад л болдог юм шиг байгаа юм. Ийм хэмжээний  боловсрол эзэмшихдээ би Монгол Улсынхаа зардлаар л сурсан. Тийм болохоор Монголдоо энэ мэргэжлээрээ ямар нэгэн хэмжээгээр туслахсан гэж мөрөөддөг. Ингэхдээ ганц онолоор биш, амьдралд шууд хүртээлтэй, бодитой зүйлээр туслахсан гэж л боддог. Үүний тулд клиникт илүү ойртох хэрэгтэй байна.

Г.Г-Монголд одоо ийм лаборатори байгаа юу?

Б.Г-Монголд лаборатори байгаа. Харин нилээд өргөжүүлэх л хэрэгтэй байгаа байх. Одоо бас Монголд бөөр шилжүүлэн суулгах мэс засал хийж байгаа.

Дэлхийн олон орнууд эрхтэн шилжүүлж суулгах АНУ-ын систем, чанарын хяналтын системд холбогдохыг хүсч байгаа. АНУ бол энэ талаар иж бүрэн системтэй, мэргэжлийн өндөр түвшинд байнга шалгаж хянаж байдаг маш сайн тогтолцоотой.

Манай лабораторийн захирал хятад хүн л дээ. Тэгэхэд Хятадын Засгийн Газар хүнээ санхүүжүүлээд энд ирүүлж сургаж байна. Сүүлийн үед Хятадад Эдийн тохироог шинжлэх лабораториуд нь олширч байгаа тул, энд байгаа мэргэжсэн хүмүүстэйгээ олон хэлбрээр хамтран ажиллаж байна. Хэрэв монголоос зардлаа олоод хүрээд ирвэл, би ч гэсэн хүн сургах сан гэж бодолгүй яахав.

Г.Г-Сувдаа! Чамайг энэ оронд , ийм орон зайд хүртэл хөгжиж яваад чинь үнэхээр их бахархаж байнаа. Ярилцлага өгсөнд их баярлалаа. Цаашдаа улам ихийг бүтээж, хязгааргүй хүсэл мөрөөдлийнхөө оргилд хүрээрэй.

Б.Г-Танд ч бас баярлалаа. Гарч буй 2011 он бүх монголчуудад минь эрүүл энх, аз хийморь, өөдрөг сайхан бүхнийг авчрах болтугай.

Тэднийд хааяа очиход их сайхан. Нөхөр Самдангийн Жаргал ХААДС-ийг механик инженерийн мэргэжлээр төгссөн. Одоо автосервисийн газарт механикаар ажилладаг. Хүү Ж.Ууганбаяр нь бага сургуулиа Монголд, дунд сургуулиa Японд, ахлах сургуулиa Америкт төгссөн. UAB-д биологийн мэргэжлээр бакалавр, харин одоо PCOM-GA-д эмч мэргэжилтэй болохоор суралцаж буй. Охин Ж.Ундармаа нь бага сургуулиа Японд, дунд ахлах сургуулиа Америкт төгссөн. Одоо BSC-д суралцаж байгаа. Жагаа, Сувдаа 2-ын нэг зорилго нь хүүхдүүдээ өндөр боловсролтой, хаа ч голoгдохгүй мэдлэг чадвартай болгох явдал. Тиймдээ ч тэдэндээ санаа тавьж, анхаарч байдаг. Үр хүүхдүүдийнхээ төлөө бүхнийг зориулж, тэднийхээ сайн сайхан ирээдүйн төлөө чадах бүхнээ хийж байгаа, гадаадад амьдарч байгаа олон монгол гэр бүлүүдийн адил, тэд өөрсдийн боломж чадлаа дайчлан ажиллаж амьдарч явна.  Та нарын ажил амьдрал ямагт өөдрөг байж, хүсэл мөрөөдөлдөө хүрэх болтугай.

Dec 28

ҮГ ГАШУУН ТУСМАА ҮНЭНД ОЙРХОН БАЙДАГ

By gala-admin | ЯРИЛЦЛАГУУД

…Ч.Батмагнайн тухай бичих санаа надад нилээд эрт төрсөн л дөө. Харин ” Америкийн өнгө” нэвтрүүлэгээр гарсаных нь дараа л түүнтэй холбогдож, уулзаж ярилцах боломж олдсон юм. Нэвсийтэл дарсан цас, Монголыг минь санагдуулсан хүйтэн цэнгэг агаартай Чикаго хотын нэгэн өглөө, Ч.Батмагнай намайг тосч, бид тэдний гэрт тухлан сууж ярилцлаа.

Чогсомын Батмагнай

Нэг.Намтрын товчоон

-1968 онд Говь-Алтай аймагт төрсөн
-1986 онд Говь-Алтай аймгийн 10 жилийн 2-р сургуулийг төгссөн
-1994 онд Улаанбаатар хотод ГХДС-ийг орос хэл-англи хэлний багшийн мэргэжлээр төгссөн
-1994-1997 онд “Монтос-Эрдэнэт” ХХК-ны захирал
-1997-2001 онд “Жаргалант Треид” ХХК-ны захирлаар тус тус ажиллаж
-2001 онд  АНУ-д ирсэн
-2005 оноос ‘MGL trans” кампаны захирлаар ажиллаж байгаа

Хоёр. Америкт аргаа олох гэж зүтгэсэн жилүүд

 

Г.Г-ГХДС төгсөөд л шууд бизнест ажиллаж эхэлсэн юм аа даа?
Ч.Б-Багшийн мэргэжлээр төгссөн хэрнээ шууд л бизнес хийж эхэлсэн. Эрдэнэтэд л анхны бизнесээ эрхэлж, олон л зүйл хийж, заримд нь анхдагч ч болж байлаа. Хувийн шатахуун түгээгүүрийн газар, сэндвичин барилга, цахилгаан барааны дэлгүүр, үйлчилгээний төв гээд нилээд зүйл хийж байсан. Сүүлд нь бас ч гэж орчин үеийн, тохилог үйлчилгээний газар байгуулах зорилгоор Эрдэнэтийн хүнсний захын урд талд нилээд газрыг зөвшөөрлөөр авч, хашаа хатгаж, байгууламжийн ажлаа эхлэхээр бэлтгэж байлаа.
Харамсалтай нь 2000 оны сонгуулийн дараа шинээр томилогдсон засаг дарга нь захирамж гарган миний хийж эхэлж байсан ажлыг зогсоосон л доо.

Г.Г-Сонгууль бүрийн дараа эрх мэдэл авсан хүмүүс, өмнө нь хийж бүтээж байсан ажлуудыг үгүйсгэж, өөрчлөх нь ердийн л үзэгдэл болж байсан.
Ч.Б-Үндсэндээ тэр газрыг зохих зөвшөөрлөөр нь авсан байсан ч түүнийг үл тоож, миний эхлүүлж байсан ажлыг зогсоосон. Эрдэнэт хотын шинэ даргад, хийх гэж буй ажлаа тайлбарлаж, их л учирлаж байсан боловч амжилт олоогүй. Энэ хугацаанд барьсан хашаа минь тоногдож, эхэлж байсан байгууламж минь бараг балгас болсон хойно, жил шахмын дараа дуртай дургүй ажиллах зөвшөөрөл өгсөн. Яг үнэндээ миний урам их хугарсан. Уг нь орчин үеийн бие засах газартай, бас ч боломжийн зүйл хийх санаа байсан л даа.
Тэр үед ерөөсөө л ” Америк явж суралцья, өөрийгөө ч жаахан хөгжүүлье, бас ч юм үзэж нүд тайлья” гэсэн бодлоор АНУ- явахаар шийдсэн. Виз минь гарч 2001 онд Америкт ирсэн дээ.
Г.Г-Монголд бизнес хийж байсан хүмүүс Америкт ирээд, яг л бусдын адил бүх зүйлийг шинээр эхлэх хэрэгтэй болдог.
Ч.Б-Америкт ирээд сургуульд орох гэж шийдсэн боловч визээ сунгуулж чадахгүй байсаар бүтэхгүй болсон. Тэгээд амьдрахын эрхэнд янз бүрийн л ажил хийж эхэлсэн. Бүгдээрээ л тийм байсан даа. Ер нь Америкт ирсэн ямар ч хүн хүссэн ч хүсээгүй ч амьдрахын эрхээр ямар ч ажлыг сонголтгүйгээр, голохгүйгээр хийх хэрэгтэй болдог. Энэ шаардлага нь хүмүүст их ч зүйлийг ойлгуулж, их ч зүйлд сургадаг.
Ер нь хүн өөрөө л зүтгээд явж байхад болохгүй, бүтэхгүй зүйл гэж байхгүй л дээ.

Г.Г-” Хүн ажлыг голдоггүй, ажил хүнийг голдог” гэдэг үгийн жинхэнэ утгыг гадаадад ажиллаж амьдарч байгаа монголчууд их сайн ойлгож мэдэрдэг.
Ч.Б-Тийм шүү! Энд зөндөө л ажил хийсэн дээ. Хойд Каролинад ахтайгаа хамт очоод, айлуудын хаалганд сурталчилгааны цаас наадаг ажил хийлээ. Эзэн нь америк хүн. Цагийн 7 $ -ын хөлстэй, бас ч гэж боломжийн ажил л даа.
Би ажилд гарахынхаа өмнө заавал интернетэд сууж мэдээлэл үздэг байсан юм. Нэг өдөр тарааж байсан цаасныхаа төгсгөлд байгаа э-майл хаягаар нь ороод хийж байгаа ажлынхаа талаар мэдээлэл үзсэн чинь, өөрөө бие даагаад хийж болмоор санагдлаа. Тэгээд тэнд сурч байсан нэг монгол охиныг ятгаад, түүний нэр дээр нөгөө бизнесийн ажлыг хийж эхэллээ. Гэхдээ нууцаар л даа. Нөгөө охины нэр дээр хэсэг сурталчилгаа нааж, эзнийхээ ажлыг ч давхар хийж нэг хэсэг явлаа.
Мэдээж Америкт мэдээллийн сүлжээ сайн болохоор, нэг л өдөр эзэн бүхнийг мэдэж бөөн асуудал үүссэн. Яг үнэндээ эзнийхээ бизнесийг л хулгайлсан юм шүү дээ. Эцэст нь ажлаасаа халагдахдаа “ер нь Америкт бие дааж бизнес хийж болох байна” гэсэн бага зэргийн итгэлтэй болж амжсан.

Г.Г– Дахиад л ажил хайх хэрэгтэй болсон уу?
Ч.Б-Нөгөө монгол охин маань бид хоёрт тусалж, хятад эзэнтэй хоолны газар ажилд орууллаа. Би тогоочоор, ах минь туслахаар. “Хоол хийж чадах уу?” гэхэд нь “чаднаа” л гэнэ. Яг үнэндээ анх удаа хийж үзэх гэж байгаа ч ингэж хэлэхээс өөр арга үгүй.
’14 хоногийн дотор бүхнийг хийж сурахгүй бол, ажлаас шууд халагдана” гэсэн болзолтойгоор энэ ажилд орлоо. Халуун тогоонд гараа 2-3 удаа түлсэн ч 14 хоногийн хугацаанд сайн хийж сурсан даа. Халуун тогоонд эхлээд 4 хүний хоол хийдэг байсан бол сүүлдээ 8 хүний хоол хийж сурсан.
Нэг удаа хоолны газрын маань цахилгаан тогоо шатаж орхив. Эзэн маань сэтгэлээр унаад хариугүй. Би цахилгааны талаар гадарладаг болохоор үзэж байснаа “та шинэ тогоогоо захиалчих, би өнөөдөртөө аргалаад ажиллуулчихья” гэсэн чинь эзэн маань нилээд гайхаж байна. “Moнголчилж” байгаад ажиллуулсан чинь эзэн их л баярлаж, тэр цагаас хойш надад нилээд дотно хандах болсон.
Ер нь хүн, хийж байгаа ажилдаа сэтгэл хангалуун байж чадвал цаг хугацаа ч хурдан өнгөрч, ажилдаа ч хурдан даддаг. Хэрэв ажилдаа дургүй байвал, цаг хугацаа ч өнгөрч өгөхгүй, ажилдаа ч сайн дасаж сурдаггүй. Эндээ нилээд хэдэн сар ажилласны дараа бичиг баримттай болох зорилгоор Лос-Анжелос явсан даа. Лос-Анжелост очоод тансаг тансаг зочид буудлуудын гантиг шалыг цэвэрлэдэг ажил хийлээ. Өндөр зэрэглэлийн зочид буудлууд байсан болохоор тавих шаардлага нь өндөр. Гантиг шалан дээр дуссан үнэртэй усны болон бусад толбыг арилгах гэж хуруугаа “хуурай” болтол зүлгэнэ.
Ер нь тэгээд ажил болгоныг хийж эхлэхдээ амаргүй байдаг боловч хэсэг хугацааны дараа их сайн сурч туршлагажина. Энэ л монголчуудын нэг сайн чанар нь юм шүү дээ.

Г.Г-Мэдээж хар ажил хийж байсан ч ямар нэгэн боломжоор илүү сайн ажил олж хийх гэж зүтгэдэг нь олонх монголчуудын зан. Түүгээрээ бусад орнуудын цагаачдаас эрс ялгардаг.
Ч.Б-Лос-Анжелост ингэж ажиллаж байхдаа бичиг баримттай болж амжсан. Нэгэнт бичиг баримттай болсон болохоор хууль ёсоор бизнес хийх, ажиллах боломжтой болж байгаа хэрэг. Нэг өдөр мэдээлэл уншиж байгаад ‘тракны жолоочоор сургаж, ажилд авна”  гэсэн зар олж үзлээ. Ямар эргэлзээгүйгээр энд хандахаар шийдсэн.

Гурав. Тракны жолоочийн ажлыг Америкт ” мэргэжил” гэж тооцдог

Г.Г-Америкт ердийн автомашин жолоодох эрхийг авахад, тухайн хүн өөрийгөө тодорхой түвшинд бэлтгэсэн байх ёстой. Гэтэл тракны жолоочийг заавал сургалтад хамруулж, нилээд өндөр түвшинд бэлтгэдэг бололтой.
Ч.Б-Тийм ээ! Америкт ердийн автомашин жолоодохыг хүн бүрийн хэрэгцээ, шаардлага гэж үздэг бол тракны жолоочийг өндөр түвшний мэргэжил гэж үзэн, тусгай сургалтаар бэлтгэдэг. Учир нь энэ машин аваар осол хийхэд гарах муу үр дагавар нь хэт өндөр. Тийм болохоор их ч сайн бэлтгэж, их ч сайн хянадаг.

Г.Г-Сургалтынх нь төлбөр өндөр үү?
Ч.Б– Намайг анх сурахаар очиж байхад сургалтынх нь төлбөр 3500$, байрны хөлс 500$ нийтдээ 4000$ ын тооцоо гарч байсан. Гэхдээ төлбөрөө шууд төлөх боломжгүй бол зээлээр сургаад, дараа нь ажиллах явцад нь суутгах хэлбрээр барагдуулдаг байсан. Үүний түлд сургалтаа төгсөөд тэр компанидаа заавал 1 жил ажиллаж байж төлбөрөө барагдуулна гэсэн үг.

Г.Г-Тракны жолооч нар ямар нэгэн шатлал ахих уу?
Ч.Б– Тракны жолооч болоод ажиллаж эхэлснээсээ 6 сарын дараа owner operator буюу хувьдаа машин түрээсэлж авах эрхтэй болно.
Хэрэв хувьдаа машин авч, хувиараа тээвэр хийхийг хүсвэл уг компанидаа дахин сургалтад сууж , зөвшөөрөл авна. Харин өөрөө машинаараа тээвэр хийх явцдаа бусдад зааж сургахыг хүсвэл, нилээд өндөр шатны сургалтад сууж багшлах эрх авна.
Өөрөөр хэлбэл өөрийн машинаараа тээвэр хийх явцдаа бусдад зааж сурган дадлагажуулах эрхтэй болно гэсэн үг. Энэ сургалт нилээд хатуу шаардлагатай.
Бүх зүйл нь маш нарийн зааварчлагдсан. Уг хүн анхнаасаа л бүх зүйлийг яг л дүрэм шаардлагаар нь сурчихвал алсдаа өөрт нь илүү амар, бас амь нас нь ч баталгаатай байна гэсэн үг.
Би тракны жолооч болсноос 6 сарын дараа оwner operator болсон. 2003 оны 8 сард шатлал ахисан. Харин жилийн дараа багшлах эрхээ авсан даа.

Г.Г-Багшлах эрхээ аваад хэдэн хүн сургав даа?
Ч.Б-Багшлах эрхээ аваад хүмүүсийг сургасаан. Анхны шавь маань Баярсайхан гэдэг монгол залуу бий. Дараа нь солонгос, вьетнам, бас нэг хар залууг сургасан. Тэд сурахаар ирэхдээ 1 хавтастай орж ирнэ. Тэр хавтсанд нь хэдийд юуг, яаж сурах ёстойг нарийвчлан заасан байдаг. Харин компаны зүгээс хувь хүний талаарх мэдээллийг өгнө. Энэ хүн тийм онцлогтой, тийм зуршилтай гэхчилэн. Жишээ нь тамхи татдаг гэдэг ч юм уу? Тэгээд л хоёр талаасаа хамтран ажиллана даа.
Би ер нь нийтдээ бараг 100-аад хүнийг сургасан юм байна. Одоо ч трак барьж байгаа монголчууддаа чадах ядахаараа л хэлж зөвлөж, туслахыг хичээдэг.

Г.Г-Хааяа хурдны замаар явж байхдаа тракнуудад зориулсан тусгай хяналтын бүс байхыг анзаардаг. Тэгэхээр ямар нэгэн байдлаар нилээд сайн хяналт тавьдаг юм байна гэж бодсон.
Ч.Б-Тракны тээвэрлэлтийн явцад тавих хяналт нь үнэхээр сайн. Явах дүрэм журам нь ч хатуу. Ажлын 8 өдөрт 70 цаг ажиллах ёстой. Өдөрт тасралтгүй10 цаг заавал амрах, үүний 8 цагт нь заавал унтах ёстой. 10 цаг амарсны дараа 11 цаг машин барих ёстой гэхчилэн. Гол нь хурдны заалтыг хатуу баримтлана. Муж мужуудын хурдны хязгаар өөр өөр ч, тухайн нутаг дэвсгэрт яг л түүнийгээ баримтлах ёстой.  Хэдэн цагт хаанаас хөдөлж, хэдэн майл яваад хаана хэдэн цагт очихыг Log book-д хатуу тэмдэглэнэ. Энэ бүхнийг цагдаа нар маш сайн хянаж байдаг. Ямар ч тохиолдолд худлаа хэлэх, хуурч мэхлэх аргагүйгээр бүх зүйл нь хянагдаж, зохицуулагдаж байдаг.
Хэрэв дүрэм журмыг зөрчиж 3 удаа алдаа гаргавал, хичээлд суулгаж, дахин шалгалт авна. Алдаа гаргахад халж шийтгэхээс илүүтэй, давтан сургаж, илүү их боломж олгодоог гэсэн үг. Америкт зөвхөн тракны үйл ажиллагааг судалж, дүрэм зааврыг боловсруулж, шинэчлэн сайжруулж, сургаж байдаг 3 том Институт байдаг гээд бод доо.

ger-bul

Дөрөв. Унаж боссон он жилүүд

Г.Г-Тракны компани байгуулсан тухайгаа…
Ч.Б-2005 онд 4 монгол залуус санаа нэгдэж “MGL trans” нэртэй тракны компани байгуулсан. Бүх бичиг баримтаа бүрдүүлж, машинаа лизингээр авч, хууль ёсоор ажлаа эхэлсэн. Тэр үеэс л тракны жолооч хийгээд санаа зовох зүйлгүй өөрийгөө болгоод явах, өөр дээрээ бүх хариуцлагыг авч, бусдын өмнө үүрэг хүлээхийн амаргүйг ойлгож мэдэрсэн дээ. Бүх зүйл амар байгаагүй. Яг ажил эхлээд л нэг машин маань осолд орсноор бэрхшээлтэй тулгарч байсан. Гэхдээ энэ бүхнийг даваад зүтгээд л байлаа.

Г.Г-Мэдээж алив ажлын эхлэл амаргүй. Хүмүүс бусдын удирдлага дор ажиллаж байснаа, яг өөр дээрээ бүх хариуцлагыг авч, бусдыг удирдан ажиллахын амаргүйг тэгтлээ ойлгож мэдэрдэггүй.
Ч.Б-Компани маань овоо өргөжиж, хөл дээрээ босч эхлэх үед гэнэт хүнд цохилт ирсэн. Түүнийг би мартдаггүй юм. Тодорхойгүй шалтгааны улмаас манайд трак барьж байсан 10-аад залуус нэг л өдөр ажлаа хаяад явцгаасан. Тэр үед татвар даатгалыг оролцуулаад  сард нэг машинд 2800$ төлж байсан. Гэтэл жолоочгүй болж, үйлчилгээнд явахгүй байгаа бүх машинуудын ийм төлбөрүүд над дээр унасан.
Ядаж байхад тэр үед дансанд байсан 23000$-ыг нэг өдөр харилцагч компани маань “гэрээгээ биелүүлээгүй” гэдэг шалтгаанаар татаж авсан байлаа. Дансандаа ямар ч мөнгөгүй, жолоочгүй хэдэн машинтай үлдсэн тэр л үе надад ‘дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу” байсан даа. Энэ хүнд байдлаас би нэг л зүйлийг маш сайн ойлгосон. Гэрээ гэдэг ямар чухал зүйл болохыг.
Харилцагч газруудтай гэрээ хийж, гарын үсэг зурж байхдаа би тэгтлээ ач холбогдол өгч, анзаарч байгаагүй. Татаж авсан 23000$-ынхоо төлөө зарга хийх болоход “гэрээнд гарын үсэг зурсан” гэдэг шалтгаанаар, хэлэлцэх ямар ч үндэслэл байгаагүй.
Гэрээний заалтуудын нилээд доор, жижиг үсгээр анзаарагдахгүй шахам бичигдсэн заалтууд л энэ мөнгийг хууль ёсоор авах шалтгаан  болсон байсан. Тэр цагаас хойш  би, гэрээнд маш их ач холбогдол өгч, их ч хянуур хандах болсон доо.

Г.Г-Яг ийм хүнд үедээ л хүн заавал гарц олж, хүнд байдлаас гарснаар өөртөө ухаарал, бас туршлага олж авдаг. Магадгүй энэ алдаа дараагийн илүү хүнд алдаанаас сэргийлж, илүү их амжилтанд хүрэх боломжийг өгдөг тал бий.
Ч.Б-Яг энэ үед хэлж, зааж зөвлөх хүн байгаагүй ч хүнд байдлаас гарсан. Анх би трак барьж байхдаа Nick гэдэг болгар эзэнтэй компанид ажиллаж байсан юм. Бид бие биенээ сайн мэддэг, бас итгэдэг байсан болоохоор нилээд дотно байлаа. Ер нь бизнест итгэлцэл хамгаас чухал.
Би Nick дээр очиж ярилцаад “MGL trans” компаниа тэдний компанитай нэгтгээд “ARU trans” нэртэй компани болгон өргөтгөсөн. Гэхдээ дотроо 2 салбар  тусдаа байхаар тохиролцсон. Одоо манай компаны нэр дээр 30-аад трак, АНУ-ын хуурай газар дээрх 48 мужид ачаа тээвэрлэж байгаа. Үүний нэг нь миний хувийнх л даа.Заримдаа би өөрөө тээвэрт явдаг.  Бүх захиалга үйлчилгээ маань интернетээр хийгдэнэ. Нэг үеийг бодвол овоо жигдрэх янзтай л явж байна даа.

Г.Г-Чи ч мундаг байнаа. Одоо ингээд хөл дээрээ тогтож байхад хүмүүсийн хандлага хэр өөрчлөгдөж байна?
Ч.Б-Нэг хэсэг ажил жигдрээд овоо болж байхад хүмүүс их хөөргөж, хүндэлнэ. Энд тэнд уригдаж, ихэвчлэн дайлуулж хүндлүүлж байхдаа хэрдээ л маадгар болж байсан. Гэхдээ энэ бол цаг хугацааны л асуудал. Хүмүүсийн зарим нь намайг янз бүрээр ойлгож, янз бүрээр л ярьдаг байх. Алдаагүй мундаг хүн гэж хаа байхав.
Хүний хэлж байгаа үг гашуун байх тусмаа л үнэнд ойрхон байдаг.
Одоо бол хүмүүстэй энгийн харьцаж, үнэхээр хэрэгтэй цагт нь туслахыг хичээдэг. Гэхдээ хандсан хүн болгонд тусалж чадна гэж яаж байхав. Гол нь хүний чин сэтгэл л юм шүү дээ. Монголчууд бид тус болсон нэгэндээ чин сэтгэлээсээ баярлаж талархаж сурах нь их хэрэгтэй юм даа. Энэ чинь ядаж л хүний сэтгэлд урам, баяр өгдөг зүйл.
Бид бие биедээ чин сэтгэлээсээ хандаж, ойлголцож, дэмжиж байвал хичнээн сайхан. Хүнд тустай, эх орондоо хэрэгтэй зүйл хийх юмсан гэж л хичээж явна.

Тав. Монголдоо хийх зүйл их байнаа

Г.Г-Чамайг Монголдоо багагүй зүйл хийж байгаа гэж сонссон.
Ч.Б-Монгол руу бараг 20-иод трак оруулсан. Тракны толгойг задалж 40 тн контеинерт багтааж сурсан. Энэ нь тээврийн зардлаа хэмнэх боломж олгож байгаа. Задалж ачуулсан тракны толгойг Монголд байгаа залуус минь яг л номоор нь угсарч чаддаг болсон. Энэ их мундаг чадвар шүү.
Монголдоо яг Америкийнх шиг тракны үйлчилгээ бий болгох юм сан гэж хичээж байна.  Миний оруулсан тракнаас заримыг нь хүмүүс худалдаж авсан. Харин хөргүүртэй 2 трак нь Оюу толгойд хүнс зөөж, 2 трак нь Тавантолгойд нүүрс зөөж байгаа.

Г.Г-Монголд маань хамгийн хүнд асуудал нь хүнсний тээвэрлэлт, түүнээс шалтгаалсан хүнсний аюулгүй байдал. Хятадаас хүнсний ногоог оруулахдаа ачааны вагонд эсгийгээр хучаад л ачиж байна. Энэ бүхэн монголчуудын өнөөдөр хэрэглэж байгаа хүнсний аюулгүй байдалд муугаар нөлөөлж байгаа.
Ч.Б-Миний бодож яваа гол зүйлийн нэг нь энэ.  Хөргүүртэй тракнууд оруулж, хүнсний зүйлийг аюулгүй байдалд тээвэрлэдэг болох хэрэгтэй байна. Яг л Америкийнх шиг. Тэгвэл ядаж л муудаж, чанараа алдсан хүнсний зүйл хэрэглэх нь багасна.
Монголын тээвэрт, орчин үеийн шинэ үйлчилгээг нэвтрүүлэх хэрэгтэй байна. Сайн машинтай, хувиараа тээвэр хийдэг зүмүүс заавал Тэхийн зогсоол дээр зогсож, даарч, халж зутарч байх ямар хэрэгтэй гэж?. Тэдэнд тээвэр зуучилдаг байгууллага бий болгоод бүх захиалгыг нь интернетээр, гар утсаар хийдэг болгож болж байна.

Г.Г– Энэ ч харин сайхан  санаа байна шүү.
Ч.Б– Бид хүний нутагт ингээд л явж байдаг. Энэ хойгуур гадныхан л монголд бүх төрлийн бизнесийг хийж байна. Гэтэл тэдний хийж чадаад байгаа бизнесийг монголчууд бид яагаад өөрсдөө хийж чадахгүй гэж? Чадна шүү дээ.
Тэгээд бид одооноос Чикагод төвтэй “нэг цэгийн үйлчилгээ” нээх гэж хичээж байна. Энэ бол худалдаа-тээвэр-зүүчлалын чиглэлтэй юм. Өөрөөр хэлбэл Монголоос Америкт ирж худалдан авч байгаа бүх төрлийн бараа болон бүтээгдэхүүнийг нэг цэгээс захиалга авч хийнэ гэсэн үг юм. Жишээ нь: Америкаас Монгол руу машин эсвэл ямар нэгэн бараа худалдан авч ачуулахыг хүсч байгаа бол, бидэнд захиалгаа өгөөд , бид яг  л захиалсанаар нь эндээс худалдан авч Монгол руу ачуулж явуулах юм. Ганц нэгээрээ зардал гаргаж энд ирээд, бас хүн гуйж нэмэлт зардал гаргаж байхаар хэн хэндээ ашигтай байдлаар хийж болно. Интернет хөгжсөн энэ үед энэ нь тийм ч хэцүү зүйл биш.  Энд хамгийн гол нь итгэлцэл хариуцлага л хамгаас чухал. Бид АНУ-д бизнес хийхдээ үүнийг л сурсан.

Г.Г-Батмагнай! Чи бизнесмен хүн. Гэтэл Америкт ч энэ чадвар чинь чамайг амжилтад хүргэж, илүү боломжийг олж харан, их зүйл хийх тэмүүлэлд  сургажээ. Энэ бол их чухал зүйл.
Ч.Б– Би багаасаа л их хөдөлгөөнтэй, элдэв юм сэдэж явдаг араншинтай хүн л дээ. Зөвхөн би ч биш, олон монголчууд дандаа л илүү сайн юм руу тэмүүлж байдаг. Бас сэтгэлгээ нь их сайн. Алив зүйлийг “монголчилж”  байхдаа ч мундаг. Гол нь энэ чадвараараа бага ч гэсэн нэгдэх хэрэгтэй байна. “Эвт шаазгай буга барьдаг”, “Цувж явсан барсаас цуглаж суусан шаазгай дээр” гэдэг үг бий.
Энэ санаагаараа саяхан Чикагод ” тракны жолооч нарын уулзалт” зохион байгуулж, Монголдоо бага ч гэсэн зүйл хандивласан. Ийм уулзалтыг жил бүр зохион байгуулж байх бодолтой байгаа. Монгол руу 2 хүн биш, 20 хүн нийлээд контеинер ачуул л даа. Энэ чинь бага зүйл биш.
Тэгээд би тракны жолооч нартаа “бид өрсөлдөгчид бишээ” гэж хэлсэн. Хүн болгон өөрсдийн боломжоороо хийж чадах зүйлээ хийгээд л яваг. Харин хэрэгтэй үедээ бие биедээ чин сэтгэлээсээ хандаж, тусалж зөвлөдөг байх хэрэгтэй. Энэ оронд хийж л чадах юм бол зах зээл нь хангалттай бий шүү дээ. Монголчууд бид өөр хоорондоо биш, хоорондоо нэгдээд бусадтай өрсөлдье л дөө.
Ядаж л бид , бидний араас явж байгаа залуустаа хэлж, зөвлөж туслан, тэдэнд илүү их боломжийг олгоё л доо. Тэд заавал бидний үзэж туулсан бүхнийг амсаж байх албатай биш. Тэд биднээс ч илүү хөгжиг л дээ. Тийм үү?

Г.Г– Тийм ээ! Бидэнд эв нэгдэл, бага ч гэсэн хамтын ажиллагаа их чухал байна. Үүний төлөө монгол хүн бүр дор бүрнээ хичээж, өөрийн чадах зүйлээ хийж байхад, бага багаар ч болов өөрчлөгдөн хөгжиж чадна. Чин сэтгэлээсээ ярилцсан чамд их баярлалаа. Чиний сэдэж зорьж байгаа бүхэн биелэлээ олох болтугай.
Ч.Б-Танд ч бас их баярлалаа. Энэ дашрамд, намайг өдий зэрэгтэй явахад чин сэтгэлээсээ дэмжиж, урам зориг өгч, бүх талаар тусалж байсан Монголд болон Америкт байгаа бүх найз нөхөд, хамтран ажиллагсад, ах дүү нартаа чин сэтгэлээсээ баярлалаа. Монголчууд бид ер нь өөдрөг сэтгэлтэй, их урам зоригтой хүмүүс. Бидний араас явж байгаа залуус минь их зөв ухаарал, ойлголт авч байгаасай. Та бүхэнд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
….Тэднийх Америкт байгаа хэрнээ яг л монгол айл. Өрөөнүүдийн ханан дахь монголын байгалийн уран зургууд, Чингис хааны хөрөг бүхий хивс, Монгол бэлэгдлийн зүйлүүд, том мөнгөн аяга, сүүтэй цай, бууз, чанасан мах гээд яг л Монголдоо байгаа мэт…Эхнэр Х.Должинсүрэн нь ажил хийдэг, охин Б. Бямбадэлгэр нь ИС-ийн оюутан, хүү Б. Нямцолмон нь ахлах сургуулийн сурагч, харин тэдний бяцxан хүү Б. Содномбаяр нь энэ гэрийн “хаан”.
Тэднийд өнжсөн нэг өдөр яг л монголдоо байгаа мэт сайхан байсан. Танай гэр бүлд эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

zaluuchuud

 

Dec 14

ЗОРИЛГО БҮХЭН БОЛОМЖ АВЧ ИРДЭГ

By gala-admin | ЯРИЛЦЛАГУУД

… АНУ-ын нийслэл Вашингтон ДС хотод байрладаг Дэлхийн Банкны Төвд нилээд хэдэн Монголчууд ажилладаг. Тэд бүгдээрээ л уйгагүй зүтгэл, нөр их хичээл зүтгэлийнхээ ачаар энд ажиллахаар шалгарч ирцгээсэн. Энэ бол хүн болгонд амар олдоод байдаг ч ажил биш. Хүссэн хүн болгон орж ажиллаад байдаг газар биш.  Нэр хүндтэйд тооцогддог энэ газар ажилладаг А.Болормаатай уулзаж  ажил, амьдралынх нь талаар ярилцсан юм.

Нэг. Намтрын товчоон

Амгаабазарын Болормаа
-1987 онд Улаанбаатар хотын 23-р тусгай дунд сургуулийг төгссөн
-1987-1991 онд Украйн улсын Львов хотод “Худалдааны эдийн засгийн дээд сургууль”-д суралцаж төгссөн
-1992-1994 онд Хятадын Бээжин хотод мэргэжил дээшлүүлэх дамжааг дүүргэсэн
-1997-1998 онд Холланд улсад Maastrict-ын менежмэнтийн сургуульд мастерийн зэрэг хамгаалсан
-1991-1992, 1994-1995 онд Зах Зээлийн Коллежид эдийн засгийн багш
-1995-1996 онд Монголын Бизнесийн Хөгжлийн Агентлагт зөвлөх
-1996-1997 онд ХААН банкин дээрх GTZ  /Герман улсын?/ төслийн мэргэжилтэн
-2000-2004 онд Индонезийн TMI компаны ахлах мэргэжилтэн
-2004-2006 онд Дэлхийн Банкны Индонезийн салбарт мэргэжилтэн
-2007-2009 онд Дэлхийн Банкны Вашингтон ДС дахь төвд Индонезийг хариуцсан мэргэжилтэн
-2010 оноос Дэлхийн Банкны Африкийн бүс нутгийн салбарт ахлах мэргэжилтэнээр ажиллаж байгаа

Bolor

Хоёр. Зөвхөн урагш тэмүүлсэн он жилүүд

Г.Г-1990 оны ардчилсан хувьсгал Монголчууд бидэнд их боломжийг авчирсан.
А.Б- Тийм ээ! Тэр тухай бодохоор “бид их азтай залуус” гэж санагддаг. Социализмын хаалт задран унаж, дэлхий ертөнц бидний өмнө нээгдсэн. Энэ хэрээрээ бидэнд их том боломжуудыг авчирсан шүү.

Г.Г- Яг энэ үед чи ОХУ-д сургууль төгсөж ирж байсан. Чи бас сурч байсан бүх л сургуулиуддаа “онц” сурч байсан гэсэн.

А.Б- Би 1987 онд 23-р сургуулийг “алтан медаль” тай төгсөж, Украйны Львов хотод “худалдааны эдийн засагч” мэргэжлээр суралцаж улаан дипломтой төгсөж байсан.  Тэр үедээ “оюутны зөвлөлийн дарга”, “Сүхбаатарын нэрэмжит” 90 рублийн цалинтай оюутан байлаа.

Г.Г- Би дунд сургууль болон мэргэжлийн сургуулиудад “онц” суралцдаг хүүхдүүдийн тухай 2 янзын төсөөлөлтэй байдаг. Нэг нь анхнаасаа сурах аргаа зөв олж, өөртөө шингээгээд “би бүх зүйлийг заавал маш сайн сурах ёстой” гэсэн өөрийн итгэл үнэмшилтэй, хэрэгцээтэй болсон. Нөгөө нь зөвхөн багш нарын зааж буй зүйлийг л сайн сураад, үгнээс нь гардаггүй, дуулгавартай гүйцэтгэгчид болдог.

А.Б- Надад ингэж сайн суралцахад аав ээж, ном 3 их нөлөөлсөн. Аав ээж 2 минь цалингийнхаа 10%-ийг заавал номонд зарцуулна. Манайх маш сайхан номын сантай. Тэр үед орчуулгаар ямар сайхан номнуудыг хэвлэдэг байсан гээч!
Тийм нөхцөлд би ном маш их уншдаг байсан. Хичээлдээ явтлаа ном л уншина, Тэндээс их зүйлийг ойлгож, өөртөө тусгаж авдаг.
Миний суралцаж байсан 23-р сургууль ер нь их ч сайн сургалттай байсан л даа. Ялангуяа гадаад хэлний сургалтаар мундаг байсан. Одоо ч хэвээрээ байгааг сонсоход надад сайхан санагддаг юм.
7-р ангид сурч байхдаа Москва хотод болсон орос хэлний олон улсын олимпиадад оролцож алтан медаль авч байлаа. Биднийг буцаж ирэхэд Цэдэнбал-Филатова хүлээн авч уулзаж байсан нь санаанд одоо ч илхэн.
Нөгөө талаар аав ээж 2 минь намайг багаасаа л биеэ даасан хүүхэд болгон хүмүүжүүлсэн. Юм болгонд үгэлж, зааж зааварчлаад байх биш, алив зүйлд өөрийнхөөрөө хандах хандлагыг чиглүүлж, дэмждэг байсан хэрэг. Хүүхдэд ингэж хандахаар өөртөө итгэлтэй, бүх зүйлийг яг таг хийхийг хичээдэг зуршилтай болно. Өдөр болгоны ажлаа болон өөрийн ирээдүйгээ, олдож байгаа боломжиндоо тулгуурлан төлөвлөн төсөөлж, түүнээ хэрэгжүүлэхийн тулд бүх хүчээ дайчилж, түүнээ хянаж сурсан нь одоо ч миний амьдралд хэрэг болж байгаа.

Г.Г- Чамайг сургуулиа төгсөж ирэх үед бүх зүйл өөрчлөгдөж байлаа. Систем задарч, хүмүүс арга эвээ олохгүй сандарч, зарим нь аз туршин наймаа хийж, амьдралын хэмнэлээ олох гэж бүх л боломжуудыг эрж хайж байсан цаг.

А.Б- 1991 онд Львовт сургуулиа төгсөж ирж байхад энэ бүхэн дөнгөж л эхэлж байлаа. Би ирэнгүүтээ Улсын Их Дэлгүүрт /УИД/ мэргэжлээрээ ажиллах боломж байсан л даа. Тэр үед УИД биеэ дааж, бас ч боломжийн ажиллаж байсан. Найзууд маань жагсаал цуглаанд оролцож, зарим нь “ганзага”-ын наймаанд явцгаана.
Би болохоор багшийн ажил хийх их сонирхолтой. Тэгээд нэг өдөр Санхүү Эдийн Засгийн Коллеж /СЭЗК/-ийн захирал Амаржаргал дээр очиж, өөрийгөө танилцуулан, багшлах хүсэлтэй байгаагаа хэлтэл тэрээр шууд л зөвшөөрсөн. Сургууль төгссөн дипломоо авахаар Худалдааны Яам /ХЯ/ дээр очтол, миний дипломыг Зах Зээлийн Коллеж /ЗЗК/-ийн захирал Сүхбаатар аваад явчихсан байв. Баахан гайхаж араас нь яваад очтол “Чи улсын зардлаар сурчихаад юугаа яриад байгаа юм бэ? Нэгэнт манай яамны нэр дээр зардлаар нь сурсан болохоор манай сургуульд багшлах ёстой” гэж зэмлэдэг юм. Бага зэрэг маргалдсан боловч, аргагүйн эрхэнд 21 настай залуу бүсгүй ЗЗК-д эдийн засгийн багшаар очлоо. Анхны хичээлээ заахдаа сандарч, өвдөг чичирч байсан шүү.
Гэхдээ энэ ажил надад олон сайхан боломжуудыг өгсөн. ЗЗК-ын эдийн засгийн тэнхим 7,8 шижигнэсэн залуустай. Бид хамтдаа үнэхээр сэтгэл нийлж ажилласан даа. ЗЗК-ийн тэнхимийн эрхлэгч байсан Цэцэгмаа биднийг үнэхээр сайн ч удирдаж, сайн ч сургасан.  Би одоо ч тэдэнтэйгээ найз нөхөд хэвээрээ. Тэднээрээ их ч бахархдаг.

Г.Г-Мэдээж багшлах сайхан байлгүй яахав. Ядаж л олон оюутан залуустай үргэлж хамт байх нь хүний сэтгэл санаанд ямагт өөдрөг сайхнаар нөлөөлдөг.

А.Б- Багшлах сайхан байсан ч цалин бага, амьдралд хүрэлцэхгүй. Сарын 30$ орчим байсан байх. Би дүүтэйгээ байр хөлслөөд тусдаа амьдарч байсан л даа. Коллежийн багш мөртлөө, амьдралдаа хүргэхийн тулд, анх удаа ээжээсээ мөнгө зээлсэн. Яг тэр үед “ингэж амьдарч болохгүй ээ” гэдэг бодол сэтгэлд эргэлдэж байв. Багшлах ажлынхаа хажуугаар ажиллаж мөнгө олох амаргүй. Гэхдээ би боломжуудыг хайж л байсан.
Улс орон даяар өмч хувьчлал явагдаж байсан тэр үед Европын Холбооны хөтөлбөрөөр манай оронд маркетингийн сургалт семинар зохион байгуулагдлаа. Би тэр семинарт оролцсон л доо. Тэр семинарыг итали багш нар англи хэлээр удирдаж байсан юм. Нэг удаа орчуулагч нь семинарт ирч чадаагүйд намайг орчуулга хийх санал тавьсан. Тэр үед би англи хэлийг дөнгөж л сурч эхэлж байсан юм. Аргагүйн эрхэнд их л будилуу хэдий ч, орчуулагч хийсэн. Зарим нь намайг шүүмжилж, зарим нь урамшуулж байсан хэдий ч энэ үйлдэл намайг англи хэлийг шургуу судлахад их түлхэц болсон доо.

Г.Г-Мэдээж хэрэгцээ шаардлагаа мэдэрч, хичээж сурсан англи хэл чамд илүү их боломжийг авчирсан байх.
А.Б-Тийм шүү! Тэр семинар нилээд том хөтөлбөрийн анхны хэсэг нь байсан. Харин жилийн дараа “Бизнесийн Хөгжлийн Агентлаг” -аас энэ хөтөлбөрийн 2 дахь хэсгийг үргэлжлүүлэхдээ уг хөтөлбөрт мэргэжилтнээр ажиллах саналыг надад тавьсан юм.
Сарын 30$ цалинтай багш надад, 150$ цалинтай ажил эдийн засгийн хувьд ч, цааш хөгжих боломжийн хувьд ч алдаж болохгүй зүйл байлаа.
Гэхдээ миний оронд ажиллах багш олдоогүй байсан болохоор би хичээлийн жилийг дуустал багшийн ажлаа давхар хийсэн. Хичээлээ заагаад, төслийн ажил дээрээ ажиллаж их л завгүй энэ хугацааг үдсэн.

Г.Г-ЗЗК-д нийтдээ хэдэн жил ажилласан юм бэ?
А.Б- ЗЗК-д нийтдээ 4 жил ажилласан. Энэ хугацаандаа Хятадын ЗГ-ын тэтгэлэгээр Бээжинд 2 жил “мэргэжил дээшлүүлэх” зорилгоор суралцаж, амьдарсан даа. Хятад хэлийг тэнд нилээд сайн сурч,  2 дахь жилдээ Бээжингийн Ардын Их Сургуульд суралцлаа. Энд нилээд их зүйлийг ойлгож мэдэрсэн.

Г.Г- Хятадын эдийн засгийн хөгжлийг өнөөдөр дэлхий даяар анхааран ажиглаж байна. Эдийн засагч хүний хувьд чамд анзаарагдсан зүйл нь юу байна?
А.Б-Тэд хурдацтай хөгжиж байна. Намайг Бээжинд суралцаж байсан 2 жилд гэхэд л миний нүдэнд дээр Бээжин хот мэдэгдэхүйц хурдацтай өөрчлөгдөн хөгжиж байсан.
Хэдийгээр коммунист засаглалтай ч тэд маш алсын хараатай, бодлоготойгоор зах зээлд шилжиж байна. Эдийн засгийн бодлогоо 20, 50 түүнээс ч дээш жилээр төлөвлөж, маш холыг харж байгаа. Хатуу гараар барьж байгаа ч тэр олон хүмүүсийн амжиргааг бага багаар ч болов дээшлүүлж чадаж байна.

Г.Г-Европын Холбооны хөтөлбөрийн талаар эргээд ярилцья.
А.Б- Tөсөлд 1 жил ажиллаад энэ шат дууссан. Энэ үед өмнө нь  Зах Зээлийн коллеж-д хамт багшилж байсан Занданшатар, ХААН банкинд зээлийн хэлтсийн даргаар ажиллаж байхдаа, уг банкин дээр хэрэгжиж байсан Германы төсөл дээр ажиллах санал тавьсан л даа. Энэ төсөл дээр 1 жил ажиллаж байтал Европын Холбооны хөтөлбөрийн 3-р шат эхэллээ. Энэ хөтөлбөрийн хүрээнд хүмүүсийг шалгаруулж Европын орнуудад сургах ажиллагаа байсан. Би шалгалт өгч тэнцсэн болохоор Европын 3 орноос сонгож суралцах сонголт олдлоо. Би нилээд бодож, судалж байж Холландыг сонгосон.
Maаstricht School of Management сургуульд 1 жил суралцаад мастерийн зэрэг хамгаалсан. Том том номнуудыг уншиж судлах шаардлагатай болохоор өглөөнөөс шөнийн 1. 2 цаг хүртэл сууна. Их л хичээж суралцсан даа.

Г.Г-Барууны сургалтын, манай сургалтаас ялгагдах онцлог нь юунд байна?
А.Б-Манай сургалтын тогтолцоо Оросын сургалтын тогтолцоотой адил. Орос сургалт ерөнхий зүйлээсээ нарийн руу шилжиж “задрах” маягаар явагддаг бол, барууны сургалт нарийн зүйлээсээ ерөнхий зүйл рүүгээ “эмхтгэж, нэгтгэх” маягаар явагддаг. Үндсэндээ эсрэг хэлбэртэй. Анхандаа амаргүй байсан. Гэхдээ монгол хүний алив зүйлд хурдан дасан зохицох чадварын ачаар хурдан учраа олсон. Энэ дасан зохицох чадвар бидний нүүдэлчин “цусанд” шингэж байдаг мэт.

Гурав. Миний гэр бүл миний бахархал

Г.Г-Хэрэв дургүйцэхгүй бол гэр бүлийнхээ талаар ярьж болох уу?

А.Б- Би Холландад суралцаж байхдаа нөхөртэйгээ танилцсан. Тэр индонез хүн л дээ. Бид хамт суралцаж байсан юм. Их хөгжилтэй, гитар их сайхан тоглодог, тусч сайхан сэтгэлтэй. Индонезийн  Maluku арлын хүн. Анх миний төсөөлж байсан индонез хүмүүсээс огт өөр байсан л даа. Мэдээж танилцаж, найзалж нөхөрлөн, бие биедээ хайртай болцгоосон.
Сургуулиа төгсөөд, нутаг нутаг руугаа явцгааж, ар гэрийнхэнтэйгээ ярилцья, бас бие биедээ хэр хайртайгаа, цаашид хамт амьдарч чадах эсэхээ мэдэрье гэж тохиролцсон л доо. Бид хэдийгээр бие биедээ хайртай ч, бидний өсөж хүмүүжсэн орчин өөр өөр, зан заншил, хэл соёлоос эхлээд ялгаатай зүйл олон байгаа болохоор амархан шийдэх аргагүй.
Би сургуулиа төгсөөд Монголдоо ирж, Азийн Хөгжлийн Банкнаас хэрэгжүүлж байсан төсөл дээр ажиллахаар бэлтгэж байсан юм. ЗЗК-ийн захирал байсан Сүхбаатар АНУ-д Ph.D хамгаалаад ирсэн байсан. Тэр надад энэ ажлыг санал болгосон л доо.
Бид байнга харилцаатай байсан ч нөхөр минь удаан хүлээж тэвчээгүй, араас минь Монголд ирсэн. Тэр хүртэл, би өөрийн амьдралын бүх зүйлээ төлөвлөж, хэрэгжүүлдэг байсан дадлыг минь нөхөр минь ирснээр өөрчилсөн. Мэдээж тэр хүн ч өөрийн амьдралаа босгохыг хүсч байсан болохоор, бид бие биедээ хайртай байсан болохоор би татгалзаагүй. Бид Улаанбаатарт гэрлэлтээ батлуулаад, хамтдаа Индонезэд ирж амьдарцгаасан.

Г.Г-Нөхрөө дагаад харь оронд “бэр” болж ирээд амьдрахад амаргүй байсан байх?
А.Б- Индонезэд амьдарсан эхний 2 жил амаргүй байсан. Тэд бүх ах дүүсээрээ хамтдаа амьдарцгаана. Зан заншил нь өөр. Тэдний бодлоор, би хүүхэд гаргаад гэртээ сууж байх учиртай. Нөхөр минь намайг тэжээнэ.
Гэтэл би шал өөр бодолтой байдаг. ” Гэртээ зүгээр суух, бусдаар тэжээлгэх” гэдэг ойлголт миний сэтгэлд үнэхээр багтахгүй байлаа. Би тэдэнд нэг л зүйлийг хатуу хэлсэн. “Би өөрөө ажил хийж, биеэ дааж амьдрах хүртлээ хүүхэд гаргахгүй” гэдгээ ойлгуулсан. Тэд намайг хүүхэд гаргахыг 3 жил хүлээсэн.
Яг үнэндээ би муу санаатай байсан л даа. “Юмыг яаж мэдэх вэ? Бүр болохгүй бол Монгол руугаа буцна даа”  гэсэн бодлоор паспортоо үргэлж өөр дээрээ байлгана.  Хэзээ ч буцахад бэлэн.

Г.Г- Би яг үнэндээ ихэнх монгол бүсгүйчүүдийн энэ чанараар ихэд бахархдаг. Ямар ч хүнд хэцүү нөхцөлд бусдын гар харахгүй, гуниж гутаж суулгүй, амьдралаа өөрөө л авч явах гэж зүтгэдэг энэ чанар, тэр болгон бусад үндэстнүүдэд байдаггүй.
А.Б- Тийм ээ! Бүсгүй хүн бусдаар тэжээлгээд, юу ч хийхгүй гэртээ суугаад байвал хэн болох вэ? Хэдийгээр бие биедээ хайртай ч нэг л мэдэхэд үнэ хүндгүй, арчаагүй нэгэн болж хувирна. Тэгээд эцэстээ энэ амьдрал юу болж хувирах, бид хэн болж хувирах вэ? Би тэр хүртэл, юуны тулд тэр олон сургуульд суралцаж, бас ажиллаж өөрийгөө хөгжүүлсэн хэрэг вэ?гэж бодож байсан.
Намайг ойлгосон хадам аав минь надад 3000$ өгч,  хамгийн сайн сургалттайд тооцогддог Индонезийн Их Сургуулийн индонез хэлний сургалтад суралцуулсан. Энэ бол надад олдож байгаа том боломж учраас би ихэд хичээлээ. Энэ сургалтад “онц” төгсөж, сурлагаараа 1-р байранд ороход, 2.3 -р байранд орсон Индонезид Ph.D-т бэлтгэж байгаа 2 япон залуу ихэд дургүйцэж бас барьцсан л даа. Сайн суралцсан урамшууллаа аваад, хамтдаа зургаа авахуулахдаа хүртэл тэр 2 над руу эгц харахгүй байсан гээд бод доо. Нэр төрөө ихэд хичээдэг япон залуусын хувьд, монгол эмэгтэй хүний дараа орно гэдэг их л хүнд цохилт байсан байх л даа.

Г.Г- Нэгэнт индонез хэлийг сайн сурсан болохоор цаашдаа ажилд орох боломжтой болсон хэрэг, тийм үү?
А.Б- Сургалтаа төгсөөд америк эзэнтэй, төсөл хэрэгжүүлдэг, хувийн консальтинг компанид ажилд орсон. Сонирхолтой нь, миний амьдралд надад олдож байсан бүх ажил болон боломжууд ямагт төсөлтэй холбогдож байсан явдал. Нэг ёсондоо төсөл бол миний хамгийн сонирхолтой, хийж чадах ажил минь болон хувирч байлаа.
Ажилд ороод хадмууддаа амалсан ёсоор хүүгээ төрүүлсэн. Тохиолдлоор ч юм уу компаны захирлын эхнэр бид 2 хамт төрсөн юм даг. Би ажилдаа дуртай, бид хамтдаа сайн ажиллацгааж байсан. Тодорхой шалтгааны улмаас америк эзэн минь Америк руугаа буцах болохдоо компаниа надад үлдээхээр санал болгосон. Энэ бас л том сонголт байлаа. Гол учир нь эзэн буцахад, компаниас хэрэгжүүлж дуусгаагүй хэдэ хэдэн том төслүүд байсан. Бизнесийн итгэлцэл, нэр хүндээ бодсон ч энэ төслүүдийг дутуу орхиж болохгүй. Нөхөртэйгээ ярилцаж, түүнд ойлгуулж байж, нөхөртэйгээ хамт энэ компанийг нь авч үлдсэн.

Г.Г-Ер нь хүмүүсийн хамгийн сайн харилцаа итгэлцэл дээр л тогтдог. Хичнээн өөрт амаргүй байлаа ч бусдад амалснаа биелүүлэх, үүний төлөө өөрийн чадах бүхнээ хийнэ гэдэг л хүний ‘мөн чанар” юм даа.
А.Б- Бид энэ компанийг аваад төслүүдээ л хэрэгжүүлж дуусгасан. Их ч явж, их ч хөдөлмөрлөсөн. Нэг том төсөл нь Зүүн Тиморт хэрэгжиж байлаа. Зүүн Тиморт явж байхдаа Дэлхийн банкныхантай тааралдаж, уулзаж ярилцаж байв. Тэдэнтэй уулзаж ярилцахдаа би шууд л “биширсэн”. Тэд ямар мундаг мэдлэгтэй, туршлагатай, ажил хэрэгч, ямар сайхан харьцаатай байсан гээч! Тэдний нэг нь надаас ” Чи Дэлхийн Банкинд ажиллаж үзэхгүй юм уу?” гэж асуусан.
Бидний хэрэгжүүлэх төслийн ажил үндсэндээ дуусч байсан болохоор Зүүн Тимороос буцаж ирэнгүүтээ Дэлхийн Банкны цахим хуудас руу орж, ажилд орох хүсэлтээ бөглөөд явуулчихлаа. Барагцаагаар 4 сарын дараа, миний горьдлого тасарч байх үед, тэд надтай холбогдож, ярилцлагад орохыг урьсан. Тэд хэд хэдэн шаталсан ярилцлагад оруулж намайг шалгасан. Эцсийн шатанд тэд шууд Дэлхийн банкны Индонезийн салбарт ажиллахыг санал болголоо.

Г.Г-Индонезэд ажиллаж амьдарч байгаа монгол бүсгүй, Дэлхийн Банкны Индонезийн салбарт ажиллахаар шалгарна гэдэг үнэхээр мундаг байна шүү?
А.Б-Яг үнэндээ миний нөхөр маш их гайхсан. Гайхсандаа, “230 сая хүнээс Дэлхийн Банкинд ажиллах индонез хүн олдохгүй байна гэж үү? Чи чинь энд бол гадны хүн шүү дээ?” гэж дуу алдсан. Яг энэ үед түүний үндсэрхэг үзэл нь мэдрэгдэж байсан шүү. Хариуд нь би тоглоом шоглоомоор “Чи яасан өөдгүй хүн бэ? Эхнэр чинь Дэлхийн Банкинд ажиллах гэж байхад” гэж хэлээд л өнгөрөөсөн.

Дөрөв. Би хэнээс ч хараат бус байхыг л хүсдэг.

Г.Г- Дэлхийн Банкны үйл ажиллагааг бид төдийлэн сайн мэддэггүй.
А.Б- Дэлхийн Банк бол Улс орнуудын ЗГ-т янз бүрийн чиглэлээр зээл олгодог. Энэ зээлийнхээ хэрэгжилт, үр дүнд хяналт тавина.
Би энд ажилд орохдоо Индонезид бүс нутгийг хөгжүүлэх төсөл дээр ажиллаж байсан. Энэ нь Индонезийн Засгийн Газраас хэрэгжүүлж байгаа, жилдээ тэрбүм $-ын санхүүжилттэй, нилээд томд тооцогдох төсөл л дөө. Дэлхийн Банкнаас техникийн дэмжлэг авах журмаар, тэр төсөлдөө зээл авдаг.

Г.Г- Гэхдээ энэ бол зөвхөн Индонезийн бүх нутагт хэрэгжиж байгаа төсөл үү?
А.Б- Тийм ээ!  Индонезийн бүх нутагт хэрэгжүүлж байгаа төсөл. Би энэ төсөлд орсноор Индонезийн бүх нутгаар явж, их ч олон хүмүүстэй уулзсан. Их ч завгүй. Нэгэн удаагийн томилолтоор миний нөхөр, бас хадам аав минь надтай хамт төрсөн нутгаараа явсан гээд бод доо. Тэд хааяа л нэг зав гаргаж тийшээ явдаг байхад, би ажлын томилолтоор хэд хэдэн удаа ч авж амжсан.

bolor2

Г.Г-Гэрийн эзэгтэй ийм ажил хэрэгч, зав чөлөөгүй байхад нөхөр тань хэрхэн хандах вэ?
А.Б-Нөхөр минь хувийн бизнестэй.  Намайг Дэлхийн Банкинд ажилд орж зав чөлөө муутай болоход нөхөр минь ойлгож, зөвшөөрсөн. Нөхөр минь хүүдээ илүү анхаарал тавина. Нэг ёсондоо би кареер хөөж, нөхөр минь кареерээ орхихоос аргагүй болсон гэсэн үг. Нэг гэр бүлийн 2 хүн хоёулаа кареер хөөх боломжгүй, амьдралынхаа төлөө нэг нь татгалзахаас аргагүй болдог олон тохиолдлууд амьдрал дээр мэдрэгддэг.

Г.Г- Америкт яагаад ирсэн юм бэ?
А.Б-Намайг Дэлхийн Банкны Индонезийн салбарт ажиллаж байхад аав минь Монголд өвчний улмаас өөд болсон. Ээж минь ганцаардаж, би монголдоо буцахаар шийдлээ. Тэгээд  Дэлхийн Банкны Монгол дахь салбарт ажиллахаар хүссэн боловч, монгол хүн монголдоо очихоороо “local staff” буюу дотоодын ажилтан болох ёстой. Гэтэл би үүнийг хүсээгүй.  Mиний дүү тэр үед Нью-Иорк дахь Columbia Их Сургуульд мастерийн зэрэг хамгаалаад монголдоо буцан ирж, ээжид ханьтай байх болсон нь ч миний энэ шийдвэрт нөлөөлсөн. .Tэгээд би АНУ- д байдаг Дэлхийн Банкны төвд ажиллах хүсэлтээ гаргаж, тэнцсэнээр энд ирсэн дээ.

Г.Г-Чи яагаад заавал Африкийг сонирхох болсон юм бэ?
А.Б- Дэлхийн Банкны анхаарлын төв нь Африк л даа. Тэнд маш олон төслүүд хэрэгждэг. Би энд анх ажилд орохдоо л Африкийг сонирхож байгаагаа даргадаа  хэлсэн. Төв оффист 2 жил Индонезийг хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байгаад, сая 10 сард Африкийн бүс нутгийн чанарын хэлтэст ажиллах болсон.  Африкт очиж ажиллахын тулд одооноос бэлтгэлээ хийж франц хэл сурч байна. Африкчууд ихэвчлэн англи, францаар ярьдаг болохоор ажил хэргийн шаардлагаар ч гэх юм уу даа.

Г.Г- Чи ер нь хэл сурах авьяастай юм шиг. Одоогоор орос. хятад, англи, индонез, францаар ярьдаг гэж бодохоор?
А.Б-Үгүй ээ! Ажил хэргийн шаардлагаар сурах хэрэгтэй болдог. Би хэлийг сонсоод сайн сурч чаддаггүй юм. Харин танхимд суугаад академик сургалтаар бол гайгүй сураад байдаг. Тэгэхээр хэлний авьяас сайн биш хэрнээ, хичээлээр их сайн сурч дадсаных байх. Одоо энд  Community College-д  оройгоор франц хэл сурч, нөхөр минь  өдөр нь өндөр түвшний англи хэлний хичээлд сурч байна.

Г.Г-Дэлхийн банкинд өөр чиглэлээр ажилладаг ч, Монголд хэрэгжүүлж байгаа төслүүдийг сонирхдог уу?
А.Б- Ажил хэргийн шугамаар биш ч, монгол хүн болохоор хувиараа хааяа сонирхоно. Гэхдээ мэдээж санал болгох, нөлөөлөх боломжгүй. Сүүлийн үед малын даатгалтай холбоотой төсөл нилээд гайгүй үр дүнтэй хэрэгжиж байгаа.
Авилгалтай холбоотой асуудлууд дээр Дэлхийн банк сүүлийн үед нилээд анхаарлаа хандуулж байгаа. Мөн хэрэгжүүлж байгаа төслүүдийнхээ бодит үр дүнд ч их анхаардаг болсон.

Тав. Би нүүдэлчин удмын монгол бүсгүй гэдгээрээ их бахархдаг.

Г.Г- Өнгөц харахаар чамайг “ямар азтай бүсгүй вэ? бүх л юм нь шууд л бүтээд байгаа” мэт бодохоор. Нөгөө талаас харахаар өмнөө зорилго тавиад, олон боломжуудаас уйгагүй сонголт хийж ямагт урагшаа тэмүүлж яваа нь мэдрэгдэж байнаа. Мэдээж мөнгөөр бус оюун ухаан, мэдлэг чадвар, уйгагүй зүтгэлээр л энэ бүхнийг бий болгож байгаа нь хамгаас сайхан санагдаж байна.
А.Б-Аав ээж 2 минь намайг болон миний дүүг багаасаа л бие дааж шийдвэр гаргах, бие дааж амьдралаа авч явахад сургасан. Тэд биднийг учиргүй эрхлүүлж, юм болгон дээр өмөөрөөд байдаггүй ч сэтгэлдээ ямагт хайрлаж дэмждэг.
Нөгөө талаас 23-р сургууль надад их нөлөөлсөн. Алив зүйлийг маш сайнаар сурах арга барилыг, бас нийгмийн идэвхийг тэнд л өөртөө шингээсэн. Би бүх л ажлаа төлөвлөж, зорилгоо тодорхойлж, түүндээ хүрэхийн тулд бүх л боломжийг дайчилж чаддаг чадварыг эднээс л олж авсан. Хичнээн зав чөлөөгүй, амралтгүйгээр зорилго руугаа тэмүүлж байхдаа, зорилгодоо хүрч чадаж байхдаа  л өөртөө сэтгэл хангалуун, аз жаргалтай байдаг.

Г.Г-Сургуульд “онц” сурна гэдгээсээ илүүтэй нийгмийн идэвхтэй байлгах нь хүүхдийг хөгжүүлэх нэг боломж нь болдог юм шиг.
А.Б- Би 23 -р сургуульд сурч байхаасаа л нийгмийн идэвхтэй байсан. Янз бүрийн “дарга” хийж, олон янзын ажил зохион байгуулна. Львовт суралцаж байхдаа хүртэл “оюутны зөвлөлийн дарга” байсан. Энэ болгон намайг ямар нэгэн хэмжээгээр хөгжүүлж л байсан.
Сүүлд Индонезэд амьдарч байхдаа хаа нэгтээ монгол хүн ирэх сургаар уулзах гээд хүлээгээд  зогсчихно. “Сайн байна уу? Би монгол хүн байнаа” гээд очихоор зарим нь ойлгоно, зарим нь гайхна. Зүүн Тиморт явж байхдаа энхийг сахиулах ажлын хэрэгжилттэй танилцах гэж ирсэн Монголын УЙХ-ын гишүүдтэй уулзахад “энэ ч ёстой монгол хүн хөл тавиагүй газар байна даа  гэж байсан чинь монгол хүн бас байнаа” гэж гайхан, хошигноцгоож байсан.. Монголоо их санана. Харьд монгол хүнтэй тааралдахаараа учиргүй баярлана.
Вашингтонд манай гэрийн ойролцоо монгол сургууль байгааг мэдээд ихэд баярлаж, өөрөө ирж уулзсан. Хүүхдээ ч энэ сургуульд бүртгүүлж, өөрөө эцэг эхийн зөвлөлд нь ороод янз бүрийн ажилд дэм болох санаатай явдаг. Нөхөр минь хүртэл монгол сургууль дээр ирэх дуртай. Ирээд өөрийн чадах бүхнээрээ эдэнд туслахыг хичээнэ.
Миний нийгмийн идэвх, төсөл дээр ажиллахад маш их хэрэг болдог. Төсөл хэрэгжүүлэхээр олон газраар явж, олон хүмүүстэй уулзаж ярилцаж байхдаа би үнэхээр дуртай.

Г.Г- Зорилго тань олон сайхан боломжуудыг чамд өгч байжээ. Одоо дараагийн зорилго тань?

А.Б-Африкт явж ажиллана. Хэзээ гэдгийг мэдэхгүй. Одоо энд бол би дарга маягаар ажилладаг. Шийдвэр гаргаж, хэн нэгэнд үүрэг өгөх. Харин би яг “халуун тогоонд” буцалж байх дуртай. Нөхөр минь намайг “нүүдэлчин цустай” гэдэг. Нөхөр минь суурин тухлаг амьдралд дуртай.
Гэтэл намайг “нүүдэлчин цус” минь хатгаж,  хэрэгтэй газраа очиж, чадах зүйлээ хийхийг ” шаарддаг”. Яагаад гэвэл би монгол бүсгүй. Би хаа ч явсан монголоороо овоглож, монгол гэдгээрээ бахархаж явдаг.

Г.Г- Би чамаар үнэхээр бахархаж байнаа. Монголчууд бид гадаад хүнтэй суусан монгол бүсгүйчүүдийн талаар янз бүрээр ярьж, янз бүрээр төсөөлдөг. Гэтэл чи надад шал өөр ойлголт, шал өөр төсөөлөл мэдрүүллээ.

А.Б-Хүн болгон адилгүй. Монголчуудын дунд ч сайн муу хүмүүс байдагтай адил, гадаад хүмүүсийн дунд ч бас сайн муу хүмүүс бий. Хамгийн гол нь сэтгэл зүрхний хайр, бие биеэ ойлгох, бие биеэ хүндлэх хүндлэл л чухал.
Ер нь би эмэгтэй хүнийг хэнээс ч хараат бус биеэ даасан байгаасай гэж хүсдэг. Яагаад чи заавал бусдаар тэжээлгэж, бусдын халаасыг харж суух ёстой гэж? Чи бусадтай л адилхан хүн. Хэрэв чи өөртөө зорилго тавиад, хичээж зүтгэх юм бол чамд олон олон боломжууд олдох л болно.

Г.Г- Чамтай ярилцахад маш сайхан байлаа. Чамайг зорилго руугаа тэмүүлж байгаа олон олон залууст сайн үлгэр дуурайлал байгаасай гэж хүсч байна. Зорилго тань биелж, амьдрал тань аз жаргалтай байх болтугай.

А.Б- Танд ч бас баярлалаа. Би мундаг нь биш ээ. Жирийн л монгол бүсгүй. Олон олон мундаг монгол залуус энэ дэлхийн олон оронд, бас Монголдоо ажиллаж амьдарч яваа. Бид чинь өөдрөг заяатай монголчууд шүү дээ. Бид бие биенээ ойлгож, сайн сайхан бүхнээ дэмжиж чадвал хамтдаа л хөгжиж чадна. Та нарт ч бас амжилт хүсье.
… Болормаа бид 2 зөндөө удаан ярилцаж суулаа. Хайр сэтгэлээрээ гадаад хүнтэй суугаад, харь оронд амьдарч байхдаа өөрийн зорилго, хүсэл мөрөөдлөө орхилгүй, түүнийхээ төлөө зүтгэж, бусдад ойлгуулж, түүндээ хүрч чадаж байгаа нь надад хамгаас бахархалтай санагдаж байсан. Өдгөө монголчууд бид энэ асуудалд хэт туйлшрамтгай, бас хэт өнгөц ханддаг тал бий. Гэхдээ олон олон монгол бүсгүйчүүдэд “цусанд нь шингэсэн” омгорхол, бардамнал өөдрөг сайханд хөтөлж явааг бид мэдэрч байна. Бид 2-ыг ярилцаад дуусч байхад нөхөр Pierre Jacobs, хүү Сэргэлэн 2 нь ирж,  бид танилцсан юм.  Тэд хамтдаа үнэхээр сайхан харагдаж байлаа.

 

Dec 03

ДЭЛХИЙД ҮНЭЛЭГДСЭН МОНГОЛ ДИЗАЙНЕРҮҮД – ЯРИЛЦЛАГА – ЦУВРАЛ 3

By gala-admin | ЯРИЛЦЛАГУУД

…Тэднийд хааяа очиход надад их сайхан санагддаг. Өрөөний голд залсан томоос том Монголын төрийн далбаа,  хананууд дээр өлгөсөн уран зургууд, иж бүрэн тоноглосон уран бүтээлийн өрөө, тавиур дээр байрлуулсан монголын гар урлалын болон бэлэг дурсгалын бүтээлүүд, тэднийхийг бүтээлч залуус болохыг илтгэдэг.

Сонгодог барилаар, ихэвчлэн түүхэн сэдвээр зурсан Ч.Ганболдын зургууд, Монголын уламжлалт барилаар, тэг жаягаар зурсан Г.Дарийн зургууд яг л арга билгийн зохицолдоо мэт.
Ажлын гэхээсээ “уран бүтээлийн” гэж нэрлэгдэх өрөөнд нь цахим ертөнцийн хамгийн сүүлийн үеийн компьютерүүдээр тоноглосон байлаа. Түүнийг үзсэн миний нэгэн танил өөрийн эрхгүй “пөөх” гэж гайхан дуу алдсан сан. Түүн дундаас цахим радио болон уран зураг зурах электрон самбар (wacom cintiq) намайг бишрүүлсэн. Энэ өрөөнд л Ч.Ганболд бид хоёрын яриа өрнөсөн юм.

Эхлэл:  Намтрын товчоон:
Чулуунбатын ГАНБОЛД
Монголын Дүрслэх урлагийн дунд сургуульд график дизайнер, СУИС-д хувцас дизайнерээр тус тус суралцаж төгсөөд АНУ-ын “Cuyahoga falls”-ийн урлаг, дизайны сургуулийг дүүргэж, улмаар “Kent State”-ийн их сургуульд компьютер график дизайн болон 3D animation инженерээр сурч амжилттай төгссөн.

ganbold at work1

Гомбожавын ДАРИА
Монголд Соёл Урлагийн Дээд Сургуулийн Харъяа Дүрслэх Урлагийн Дээд Сургуульд Уран Зураг, БНХАУ-д Уран Зургийн Төв Академийг “Гуа-Хуа” Хятад Уран Зургийн мэргэжлээр, АНУ-д “Kent State”-ийн их сургуульд компьютер график дизайн болон 3D animation инженерийн мэргэжлээр тус тус суралцаж төгссөн.

daria at work
Нэг: Сахилгагүй хүүхэд, Монголын боловсролын салбрын загварчлагдсан тогтолцооны эсэргүүцэл байлаа

Г.Г-Хүүхэд болгон багадаа зураг зурах дуртай байдаг ч яг зураачийн мэргэжлийг маш цөөхөн хүүхэд сонгодог.
Ч.Г-  Багаасаа л зурах сонирхолтой хүүхэд байсан, Аав маань шугам зүраг болон план зүраг гэх мэт техникийн тѳрѳлд зохион бүтээх сонирхолтой хүн байснаар надад их нѳлѳѳлсѳн байх.

(Зураг дээр: Ганболдын аав Чулуунбат хүүгээ 4н настайд нь хийж огсон мотортой машин )

ganbold 01

(Зураг дээр: Ганболдын аав Чулуунбат хүүгээ 7н настайд нь хийж огсон мотоцикл)

ganbold 021

Г.Г-Дүрслэх Урлагийн Дунд Сургууль /ДУДС/-д элссэн түүх чинь?

Ч.Г-Би дунд сургуульд сурч байхдаа их ч хөдөлгөөнтэй, нилээд сахилгагүй хүүхэд байлаа. Юм л бол ямар нэгэн асуудалд орооцолдоно. Сургууль багш нар маань аргаа барсан байх л даа. 8-р ангиасаа сургуулиасаа хасагдлаа.

Сургуулиасаа хасагдсанаа ээждээ мэдэгдэхгүй гэж, өөрөө гүйж байгаад ДУДуС-д шалгалт өгөөд тэнцсэн. Өглөө босоод дунд сургуульдаа явж байгаа мэт гэрээсээ гараад ДУДуС-д хичээллэнэ. 2 жилийн дараа л ээж минь мэдсэн гээд бод доо. Гайхаж, дуу алдсан ээж минь эхлээд уурлах аядсанаа эцэстээ эвлэрч “за за миний хүү өөрөө л болно гэж бодож байгаа бол яахав” гэж хэлсэн. Энэ л миний зүгээс амьдралдаа бие дааж гаргасан анхны шийдвэр байсан.

Г.Г-Ер нь олон жилийн дараа эргээд харж байхад, дунд сургуульд сахилгагүйтэж, хэл ам таталж, “зовоож” байсан хүүхдүүд энэ амьдралд хөлөө олж , гайгүй сайн яваа нь зөндөө байгаа. Багш нарын үгнээс гардаггүй, дуулгавартай, идэвхтэй “онц сурлагатан” хүүхдүүдээс энэ амьдралд арга эвээ олж чадахгүй яваа нь ч бас цөөнгүй байдаг.

Ч.Г-Сахилгагүйтэнэ гэдэг олон янз л даа. Гэхдээ нэг хэсэг нь боловсролын загварчлагдсан тогтолцоог эсэргүүцэж байсны илэрхийлэл байх. Ѳѳр, өөрийн сонирхолтой хүүхдүүд, заавал сургууль багшийн хатуу чанд заавар дүрмээр явахыг хүсдэггүй байсан байх. Тэд өөрийнхөөрөө байхыг хүсээд, энэ хүслээ янз бүрээр л илэрхийлнэ. Эндээс ойлголцохгүй, төвөгтэй байдал их үүсдэг. Гэхдээ эргээд бодоход Монголын боловсролын тогтолцоо бидэнд хэрэгтэй ч, бас хэрэг болохгүй ч олон зүйлийг бидэнд өгчээ.

Г.Г-Одоо л Монголын боловсролын тогтолцоонд, хүүхдийн оюун ухааныг шинжлэх ухаанжсан мэдлэгээр хэт дүүргээд, хэрэглээ болгож сургахгүй байна гэдгийг ойлгож, хүлээн зөвшөөрч, өөрчилж эхэлж байгаа. Гол нь мэдлэгээ амьдралд хэрэглэж чаддаг байх, яг л өөрийн хэрэгцээ болгох нь илүү чухал байгаа хэрэг.

Ч,Г-Хэдийгээр хэрэглэж чадахгүй ч оюун санааг олон тѳрлийн мэдлэгээр дүүргэсэн нь надад лав багагүй хэрэг болж байгаа байх гэж боддог. Миний мэргэжил болох компьютер график дизайны ажилд санаа их чухал.  Олон салбруудын захиалгат ажил дээр ажиллаж байхдаа өөртөө хэрэгтэй санааг олоход дэмжлэг болдог болов уу.

Нэг ёсондоо бид төгс мэдэх зүйл бага хэрнээ бас мэдэхгүй зүйл ч үгүй. Яг ийм байдлаас л өөрт хэрэгтэй санаагаа олох, түүнийгээ баяжуулан хөгжүүлэх боломж олддогт надад хэрэг болж байгаа байх. Тэгэхээр би л лав тэгтлээ харамсдаггүй. Урлагийн сургуульд бол өөр л дөө. Тэнд өөрийн мэдлэг чадвараа шууд л цаасан дээр буулгах, эсвэл тодорхой материал дээр буулгаж түүнийгээ байнга харж, өөрчлөн сайжруулж болох олон боломжуудыг эрж хайснаар,  илүү хөгжих боломжтой мэт.

Хоёр: Зураач ба компьютер

Г.Г-Чухам тийм учраас л зураач, уран бүтээлч хүн илүү оюунлаг, бусдаас илүү сэтгэлгээтэй байх хэрэгтэй болдог. Сэтгэлдээ эргэлдэж байгаа олон гайхамшигт санаануудыг бодитоор буулгахад их л авьяас, хөдөлмөр, шаналал шаардагддаг байх.

Ч.Г-Бүтээл хийхийн тулд их бодож судлах хэрэгтэй байдаг. Хоромхон мөчид гялсxийгээд орж ирсэн санаа сэтгэл хүрсэн бүтээл болох нь бий. Заримдаа хийж буй бүтээлээ явуулж чадахаа болиод түр орхих нь, нилээд хугацааны дараах бодлоос эргээд ѳѳр байх жишээтэй. Ер нь уран бүтээл хүний сэтгэл зүрх, оюун санаанаас гардаг болохоор яг таг хугацаа, дэг журам, жор гэж байдаггүй байх гэж боддог.

Г.Г-Чиний зурсан зургуудыг харж байхад сонгодог хэрнээ, монгол зургийн барилтай хосолмол юм шиг. Харин Дариагийн зургуудыг харахад монгол зураг, зураасан зургийн хосолмол юм шиг.

Ч.Г-Монголд Европ болон Ази дорнийн арга барилаар зааж сургадаг. Гэхдээ хувь хүн өөрийнхөө барилыг өөрөө л сонгодог. Минийх таны ажигласан шиг байж магадгүй. Би түүхийн сэдвээр ихэвчлэн зурах дуртай. Өгүүлэмж нь тийм болохоор өнгө будаг нь сонгодог тал руугаа байж болно. Яг Европ барил ч биш, монгол зургийн барилууд ч бий.

Г.Д-Би Бээжингийн Уран Зургийн Академид суралцсан болохоор Ази барил илүүтэй байх. Хятадын уран зургийн онцлог нь зураасан зургаар, өнгө будгийн зохицолдоогоо их зөөлөн хэлбрээр илэрхийлдэг. Манай Монгол зургийн барилтай төстэй шүү.

Г.Г- Та 2 Монголдоо зураач дизайнераар суралцаж төгссөн. Харин АНУ-д зургийн чиглэлийн зах зээлийг судалж, сонирхож үзсэн үү? Миний мэдэхийн АНУ-д хэд хэдэн мэргэжлийн монгол зураачид ажиллаж амьдарч байгаа.

Ч.Г-АНУ-д зургийн хөгжил, зах зээл нь том л доо. Миний бодоход уран зургийг үнэлж, худалдан авах талаараа Европыг арай гүйцэхгүй байх. АНУ-ын том хотуудад их сонирхох хандлага нь илүү байхад жижиг хотууддаа арай л бага байх жишээтэй. Тэд зураачдын эх бүтээлийг нь үнэ хүргэн худалдан авахаасаа, дэлгүүрээс хуулбрыг нь худалдан авч гэртээ тавих сонирхол нь илүүтэй мэт санагдсан. Харин Америкийн мэргэжлийн зураачид нь бол их мундаг шүү дээ.

Би АНУ-д 2 удаа зургийн үзэсгэлэн гаргаж үзсэн. Энд миний мэдэхээр зураач Д.Цолмон болон М. Цогтсайхан ах нар мэргэжлээрээ  амжилттай сайн ажиллаж байгаа.

Г.Г-Та хоёр өнөөгийн хөгжлийн хурдацад хүрэх гэж зураач мэргэжлээ компьютертэй холбохоор шийдсэн байх.

Ч.Г-Өнөөгийн компьютер болон мэдээллийн IT технологийн хурдацтай хөгжилд дизайнер хүний хэрэгцээ зайлшгүй хэрэг болж байгаа. Тэр утгаараа хүмүүст хүргэх реклам сурталчилгаа их үүрэг гүйцэтгэж, ямар их хурдацтай ѳрсѳлдѳѳнтэй хөгжиж байгааг хэлэх хэрэгтэй байх. Тэгэхээр мэдээллийн технологи өнөө цагт хамгийн ихээр даяарчлагдаж, ямар ч хил хязгаар үгүй болжээ.

Тийм болохоор бид энэ чиглэлээр өөрсдийгөө хөгжүүлэхээр АНУ-н Охойяа мужын Кэнт стейтийн их сургуульд (Kent State University) “Kомпьютер график болон 3D анимейшн инженер” мэргэжлээр суралцаж төгссөн. Охойяад сурч ажиллаж, амьдарсан жилүүд  бид 2-ын хувьд өөрсдийгөө хөгжүүлэх, олны дунд болон бусад мэргэжил нэгтнүүдээсээ дадлага туршлага сурч, суралцахад ихээр нѳлѳѳлсѳн юм.

Гурав: Амжилт бол их шаналлын үр дүн

Г.Г-Саяхан Монголын сонин хэвлэлээр “Дэлхийд гайхуулж яваа Монгол залуус” гэдэг нэртэй бичлэг дээр та 2-ын нэр бичигдсэн байсан.
Ч.Г-Бид 2 бусдын л адил жирийн монгол залуучууд. Мэргэжилдээ дуртай, хийж бүтээх хүсэлтэй, бас өөдрөг мөрөөдөлтэй. Бид Монголдоо дараа нь АНУ-д суралцаж төгсөөд их ч зүйл сурч, их ч зүйл ойлгосон. Шаналж, хөдөлмөрлөж байж хийсэн бүхэн маань бидэнд амжилт авчрахад бид баярлаж, илүү урамтай болдог. Энэ урам дахиад бүр илүүг хийх хүсэл тэмүүллийг өгдөг. Тэгээд хөдөлмөрлөнө, хичээнэ. Ямартай ч өмнөхөөсөө муу зүйл хийж болохгүй гэдэг бодол биднийг урагш хөтөлж явдаг.

Г.Г-2009 онд авсан шагналынхаа тухай яриач. Мѳн оюутан байхдаа сургуулийнхаа нэрэмжит тэмцээнд хоёр ч удаа тvрvvлсэн гэж дуулсан…?

Компьтерийн график дизайны ихэнх программ хангамж Адобе (Adobe) хэмээх компанийн нэр логотой байдаг. Тус компанийн бүтээгдхүүнээс хамгийн нэрд гарсан программ бол Фотошоп (Photоshop) гэдгийг манайхан андахгүй болов уу. Жил бүр Адобе компани Фотошоп хэрэглэгчдийнхээ дунд компютер график дизайны бүх төрлөөр уран бүтээлийн олон улсын уралдаан зарладаг юм байна лээ. Ѳнгѳрсѳн жил 15 дахь удаагийн уулзалт чуулган Лас Вегас хотын “Мандалай Бэй Ресорт” -д болж ѳнгѳрсѳн.

Би урьд нь Охойяад сургуульд байхдаа оюутнууд болон сургуулиудын дунд зохиогддог хэд хэдэн тэмцээнд орж түрүүлж байснаар, миний нэр энд тэнд дизайнеруудын жагсаалтад орсон юм шиг байгаа юм. Тэрний дагуу тэмцээнд оролцох урилга ирсэнээр энэхүү тэмцээнд байгаль орчин, дэлхийн цөлжилттэй холбоотой бүтээлээрээ оролцон тэргүүн байрын шагналыг авсан.
(Зураг дээр: “Adobe World Guru Awards” уралдаанд түрүүлсэн Ганболдын бүтээл )

medee43 1

montage

(Зураг дээр: “Adobe World Guru Awards” уралдаанд шалгарсан Дариагийн бүтээл )

medee43

darias adobe

Г.Г-Мѳн тэр уед үргэлжлэн явгадсан iStokcphoto компанийн нэрэмжит “iStock Munny Doll” тэмцээнд авъяаслаг дизайнер бүсгүй Гомбожавын Дариа бас тун амжилттай оролцож 200 гаруй мэргэжилтнүүдээс шалгаран тэргүүн байр эзэлж, дэлхийн дизайны урлагийн дэвжээнд Монголынхоо нэрийг гаргасан байна.

Г.Д-Энэ тэмцээнд миний бүтээл 1-р байр эзэлж, Ганболдын бүтээл 2-р байр эзэлсэн юм шүү дээ.

winner ganbold-middle
Зураг дээр: (“iStock Munny Doll” уралдаанд түрүүлсэн Дариагийн бүтээл)

daria doll

Г.Г-Та хоёр маань үнэхээр мундаг байнаа. Энэ бүхэн эхлэл байгаасай гэж хүсч байна. Тэгээд ч та нар их залуу байна.

Ч.Г-Тийм ээ бид залуу байна. Хамгийн гол нь бид өөрсдийн дуртай мэргэжлээрээ дуртай ажлаа хийж байна. Амжилт,алдаа болгон урам өгдөг хэдий ч бид цаашдаа өөрсдийн хийж чадах бүхнээ л хийх болноо. “Хүн ѳѳрийн дуртай мэргэжлээ сонгож, түүгээрээ ажиллавал,  насан туршдаа хэзээ ч ажил хийдэггүй” гэж Күнз-ийн хэлсэн үг байдаг.
Ер нь Монголчууд маань чадвартай шvv. Аль ч салбарт, хэнээс ч дутахгvй ѳрсѳлдѳж, амьдарч байна. Нэг vеэ бодвол Америкт байгаа манайхны ахуй амьдрал ч их ѳѳр болсон. Тэнд бизнес хийдэг монголчуудаас хамтарч ажиллах, реклам сурталчилгаа, вэб дизайн, график хийлгэх ажлын санал их ирдэг. Ер нь бид хаана ч явсан юманд хурдан дасан зохицож чаддаг юм шиг байгаа юм. Амжилт гаргаад эх орныхоо нэрийг хvний зэрэгтэй авч яваа залуучууддаа их баярлаж, тэднээрээ бахархдаг.

Г.Г-Та 2 Охойяагаас Вашингтон ДС-д нүүж ирээд удаагүй байгаа. Ганболд сая АНУ-д болж өнгөрсөн конгрессийн сонгуулийн сурталчилгаан дээр ажиллаа. АНУ-ын сонгуулийн талаар юу бодож байв?

Ч.Г-Сонгууль бол улс төрийн тавцан дээрх өрсөлдөөн. Мэдээж сурталчилгааны явцад янз бүрийн л асуудал гардаг. Бие биенээ буруутгах гутаах маргалдах зүйл байдаг. Гэхдээ энэ нь хэмжээнээсээ халиад олон нийтийг хамраад, нийгэмд бухимдал үүсгэх байдалд хүргэдэггүй. Харин сонгуулийн дараа бүгдээрээ олон нийтийн сонголтыг хүндэтгэн зөвшөөрнө. Өрсөлдөөн нь шударга, үр дүнд нь хаа хаанаа хүндэтгэлтэй хандаж чаддаг нь эдний онцлог юм болов уу гэж бодож байна.

Г.Г-Чамайг бас АНУ-ын ерөнхийлэгч Б.Обамагийн вэб хуудас дээр ажиллаж байгаа гэж сонссон?

Ч.Г- Тиймээ, Би энэхүү ажилд ороод удаагуй байгаа. Анх манай ажлаас энэхүү том үүрэг ѳгѳхѳд нь их сандарч байсан, Нилээн хэдэн хоног бусад улс орны тэргүүнүүдийн вэб болон суртачилгаа, дизайн арга барилийг судалснаар конгрессийн сонгуульд зориулсан хувилбарын дизайн дээр ажилласан.

Г.Г-Ийм мэргэжилтэй хүн болгонд том улстөрчид, том компани, байгууллагууд санал тавина гэж үгүй. Тэд мэдээж ур чадвар болон ажил хэрэгч чадварыг илүүтэй харгалзан сонгодог байх. Товчхондоо хаана ажиллаж байсан одоо ажиллаж байгаа газрын талаар.

Ч.Г-Зураач болгон компьютер дээр ажилладаггүй, компьютер дээр ажилладаг хүн болгон зураач байдаггүй байх л даа. Магадгүй бид хоёрын зургийн сургуульд сурч мэдсэн зүйл маань,ѳнгѳ будаг , арга барил зохиомжлоход нѳлѳѳлдѳг байх. Бас аливаа ажлыг чин сэтгэлээсээ хандаж хугацаанд нь хийдэг, заримдаа санаанд оромгүй хувилбар сонгодог нь бас хэрэг болдог байх л даа.

Бид энэ хугацаанд Америкийн болон Монголын зохиолчдын номын чимэглэл, график болон вэб дизайн гэх мэт хувь хүн албан байгууллагын зар сурталчилгаа, суртачилгааны албанд ажиллаж байсан. Үүнд нэр хүндтэй гэж хэлж болох Forest City, Northrop Grumman, Yahoo!, American Greetings, Smucker’s, JIF, Pillsbury гэх мэт.

Таны хэлсэнчлэн бид Вашингтон ДС хотод нүүж ирээд, ажилдаа ороод удаагүй байгаа, Би одоo эндэхийн (Presidential campaign – Obama for America) ерѳнхийлѳгч болон засгийн газрын мэдээллийг олон нийтэд хүргэх суртачилгааны албанд ажиллаж байгаа.

Дөрөв: “Эх орон байхад диваажин надад хэрэггүй

Г.Г-Чиний www.ganbold.com вэб хуудас руу ороход эхлээд хөх тэнгэр, тэр тэнгэрт элин халин дүүлэх шонхор шувуу, тэгснээ уртын дуу эгшиглэж аажим аажмаар газраас тэнгэрт хүрч, тасран одох мэт сэтгэгдэл төрсөн. Үнэхээр гайхамшигтай байлаа . Олон олон цахим хуудаснаас огт өөр мэдрэмж төрж байсан шүү.

Ч.Г-Олон олон вэб хуудасны дизайн чимэглэлийг хийхэд өвөрмөц дүрслэлүүд дээр монгол аялгуу, уртын дуу их л наалдацтай холбогддог. Ер нь монгол аялгуу, монгол ахуй их өвөрмөц. Тэрхүү дүрслэлээр тэнгэр-шонхор шувуу-уртын дуу гэсэн холбоосоор би эх орноо төсөөлдөг.

Г.Г-Надад бас тийм бодол төрдөг. Гэхдээ өнөө цагт бид өнгө мөнгөнд хэт улайраад эргэж олдохгүй, давтагдахгүй гайхамшигтай зүйлүүдээсээ холдож салаад байна уу даа гэж харамсах сэтгэл төрдөг.

Ч.Г-Монголын түүх, нүүдэлчин ахуй, үндэсний урлаг соёл, ёс заншил, уртын дуу үнэхээр гайхамшигтай төдийгүй хэзээ ч давтагдахгүй.  Өнөөдөр дэлхийн хөгжлийн хурдацад хүмүүс төөрч, эргээд монголчууд бидний орхиод байгаа зүйл рүү тэмүүлж байна. Хүмүүс “робот” шиг амьдралаас залхаж, амар амгалан амьдрал, онгон байгальдаа зохицож амьдрах, хүн хүндээ чин сэтгэлээсээ хайрлан хандах сэтгэлгээ рүү тэмүүлж байгаа. Харин монголчууд бид үүний эсрэг л яваад байх шиг.

Г.Г-Бид өнөөдөр Монголын хөгжлийн тухай их шүүмжилж, бас их л бухимдацгааж байна.

Ч.Г-Монголд минь өнөөдөр сайн муу олон зүйл байгаа хэдий ч бид урагшаа л хөгжил рүү явж байна. Ялангуяа залуус их өндөр боловсрол мэдлэгтэй, их хүсэл тэмүүлэлтэй, их хөгжил дэвшилтэй болж байна. Энэ нь интернет IT орон зайд илүү мэдрэгдэж байгаа. Тэд эх орныхоо хөгжилд санаа зовж, өөрсдийн чадах бүхнээ хийж эхэлж байна. Энэ бол бага зүйл биш.
Би л хувьдаа Монгол орны хөгжил дэвшил, өөдрөг сайхан ирээдүйд итгэдэг.

Г.Г-Ч.Ганболд нилээн хэдэн жилийн ѳмнѳѳс интэрнэт Цахим Радиог нээж ажиллуулсан. Тэр радио  “ЭХ ОРОН БАЙХАД ДИВААЖИН НАДАД ХЭРЭГГҮЙ” гэх  уянгалаг хэрнээ сүрлэг үгсээр эхэлдэг. Түүнийг сонсохоор өөрийн эрхгүй омогших сэтгэл төрмөөр.

Ч.Г-Цахим радиог анх найзтайгаа 2004онд нээж байхдаа энэ үгээр шторк хийж АНУ болон Герман улсаас 4н суваг явүүлж эхэлж байсан, Ер нь хүн эх оронтой байна гэдэг ямар аугаа их хувь заяа гэдгийг харьд байхдаа монголчууд бид илүү ойлгож мэдэрдэг.  Бид энэ радиог ашгийн бус байдлаар, эх ороноосоо хол байгаа Монголчууддаа зориулж явуулсаар ирсэн.
Эх орон гэдэг хүний өлгий бас бахархал, омогшил. Өөрийн гэсэн хил хязгаартай, өөрийн гэсэн тусгаар тогтнолтой, өөрийн гэсэн хөгжил, эрх чөлөөтэй Монгол оронд төрснөөрөө монголчууд бид омог бардам явдаг. Бид энэ дэлхийн хаана ч явсан, сайн муу бүх л үйлдлийн өмнө “МОНГОЛ” гэдэг нэр дуурсагдаж явдаг. Тэгэхээр эх орон биднээс л эхэлдэг гэж би боддог.

Г.Г-Чин сэтгэлээсээ ярилцсан та хоёртоо баярлалаа. Хүсэл мөрөөдөл, хичээл зүтгэл тань та хоёрыг улам өндөрт өргөж, тэр хэрээрээ “МОНГОЛ” хэмээх нэрийг дэлхий дахинаа дуурсгаж яваарай.

Ч.Г-Танд ч бас их баярлалаа. Өдгөө залхуурал дэлхийг хөгжүүлж байгаа ч , монголчууд бид залхууралгүй хичээж зүтгэж байж Монгол орноо хөгжүүлж чадна. Залуус бидэнд их боломж их ирээдүи бий. Монголчууд бид бүгдээрээ хичээхэд бүгдээрээ л аугаа болж чадна.

Тэднийхээс гарч явахад сэтгэл нэг л сайхан. Тэдний “Лайка” хэмээх хөөрхөн эгдүүтэй нохой нь үсэрч цовхчин, гэрийн гадаа байх арын шилэн дээрээ томоос том “МОНГОЛ” гэсэн бичигтэй “Хаммер” машин дэргэд тэд намайг үдсэн. Хаа ч явсан содноос содон энэ л машинд дэлхийд үнэлэгдэж байгаа монгол залуус сэтгэл зүрхэндээ эх орноо тээж, эх орноороо овоглож явдаг юм. Тэд өнөөдөр дэлхийн дэвжээнд авьяас чадвар, хөдөлмөр зүтгэлээрээ тодрон гарч буй өнөөгийн монгол залуусын хэсэг нь. Амьдралын зам нь үргэлж дардан байх болтугай.