Category Archives for "ЯРИЛЦЛАГУУД"

Nov 25

ЗОРИЛГОДОО ХҮРЭХ ТЭМЦЭЛ-ЯРИЛЦЛАГА-ЦУВРАЛ 2

By gala-admin | ЯРИЛЦЛАГУУД

…Батшүр бид 2 болзсон цагтаа уулзаад метрогоор Вашингтон ДС-ийн төвд байх Gallaudet University руу явсан юм. Эртний хийцийн улаан тоосгон барилгуудтай энэ сургуулийн цогцолбор 19-р зуунд байгуулагджээ. Тhomas Hopkins Gallaudet гэдэг хүн 14 настайдаа Yale-ийн Их Сургуульд элссэн, их ч хичээнгүй өндөр боловсролтой, нэр хүндтэй нэгэн байсан аж. Сургуулиа төгсөөд сүмийн Reverend хийж байхдаа 9 настай Аhce Codswell гэдэг хэлгүй, сонсголгүй охинтой тааралджээ.
Тэр охинд боловсрол олгох боломжийн талаар сонирхож, Европ руу явж хэлгүй, сонсголгүй хүмүүсийн боловсрол болон дохионы хэлний талаар мэдэж ирээд Америкт анхны ийм сургуулийг Connecticut мужид байгуулсан гэдэг. Хожим нь энэ сургуулийг 1865 онд байгуулаад 1893 онд Gallaudet-ын нэрэмжит болгожээ.
Дэлхийд цорын ганц энэ цогцолборт хэлгүй сонсголгүй хүүхдүүд болон насанд хүрэгчдэд зориулсан цэцэрлэг, дунд сургууль, их сургууль, театр, спорт цогцолбор гээд бүх л зүйл бий.
Сургуулийн цогцолбор дотор явж байхад тодорхой нэгэн хэсэг нь хэн нэгний “нэрэмжит” гэсэн хаягтай байсан нь, тухайн байгууламжийг байгуулахад чухал үүрэг гүйцэтгэсэн хүмүүсийн нэр гэнэ. Жишээ нь: Laurent Clerc Center гэхэд л Laurent гэдэг хүн, сонсголгүй хүүхдүүдийг амнаас хайрцагнаас уншиж, яриулж сургах гэж хүчээр оролдох нь хэт харгис оролдлого гэдгийг анхлан гаргаж тавьсан төдийгүй дохионы хэлийг хэлгүй хүүхдүүдийн 1-р хэл гэж хүлээн зөвшөөрүүлж чадсан учраас түүнийг мөнхжүүлсэн гэнэ.
Нилээд цэлгэр том танхимд Намираа бид гурав уулзаж, удтал ярилцав. Батшүр маань дохионы хэлээр “хэлмэрчилж”, Намираагийн хичээж ярьсаныг би буулгав.
Хоёр. Цөхөрлөөс тэмүүлэл рүү

Г.Г-Хэдийгээр харамсалтай ч хэлгүй, сонсголгүй болсон тухайгаа ярьж болох уу?
Б.Н- Би эрүүл саруул төрж өссөн л дөө. 12 настайдаа менингет өвчин тусч, өвчин нилээд хүндэрсэн. Их л олон янзаар эмчилгээ хийлгэж байсаар эцэст нь нэг л сонголт дээр очлоо. Судсанд хийдэг энэ тариа сонсголд шууд нөлөөлж сонсголгүй болгодог. Намайг ухаангүй байх тэр үед аав ээж минь ийм сонголтыг хийсэн. Мэдээж тэд хүүхдээ алдаж байхаар, сонсохгүй ч гэсэн амьд авч үлдэхийг л хүссэн байх.  Харамсалтай нь тэр үед монголд олон ч хүүхэд энэ өвчний улмаас ийм сонголт хийж байсан. Харин би хэлтэйгээ үлдсэн. Хэлтэйгээ үлдсэн ч олон жил огт сонсголгүй байсны улмаас аяндаа л хэл яриа өөрчлөгдөж, муудаж эхэлсэн. Одоо ч миний ярихыг хүмүүс сайн ойлгодоггүй. Зарим нь “чи монгол хэл сурч байгаа гадаад хүн үү?” гэж хүртэл асуудаг юм.

Г.Г-Хэцүү хэрнээ амаргүй сонголт. Гэхдээ хүн амьд үлдэнэ гэдэг бас л их боломж.
Б.Н-Анхандаа их хэцүү байсан. Жаахан хүүхэд байсан болохоор “энэ ертөнц дээр би л цор ганцаараа хэлгүй, сонсголгүй болсон” мэт санагдаж байлаа. Эрүүл байсан хүүхэд ийм хувь заяатай эвлэрэхэд хэцүү. Бүх л зүйл “өнгөрсөн”, би хэнд ч хэрэггүй болж хувирсан мэт бодогдоно. Ийм байдалтай болмогцоо шууд л сургуулиа орхисон. Сонсохгүй, ярьж чадахгүй байгаадаа бусдаас ичнэ, бас гутарна.
Аав ээж минь намайг өрөвдөвч яаж ч чадахгүй. “Миний охин гэртээ л байж бай, аав ээж хоёр нь насаар нь чамайг тэжээж чадна” гэх. Миний сэтгэл зүрхэнд “яагаад би бусадтай адил байж чадахгүй гэж?”, ” яагаад би бусдаар тэжээлгээд зүгээр сууж байх ёстой гэж?” гэсэн бодлууд салахгүй байлаа.

Г.Г- Хүн өөрт тохиолдсон хувь заяаны хүнд нөхцөлтэй эвлэрэхгүй байх гэдэг л тэмцлийн эхлэл болдог. “Яагаад?” гэдэг олон олон хариу нэхсэн бодлууд олон гарцыг хайх хүсэл рүү хөтөлдөг.
Б.Н-Яг сонсголгүй болсны дараа ертөнц тэр чигээрээ л хөмөрчихсөн юм шиг л санагдаж, ирээдүйгээ таг харанхуйгаар л төсөөлж байлаа. 2 жилийн турш эмнэлгээр явахдаа “буцаад сонсдог болчих болов уу?” гэж л найдаж байсан. Гэвч найдвар тасарч, “хэзээ ч буцаж сонсголтой болохгүй” гэдгийг хэлсэн эмч, надад 29-р тусгай сургуулийн тухай ярьж, зааж зөвлөсөн.
29-р сургуульд анх ороод л надаас гадна маш олон хэлгүй сонсголгүй хүүхдүүд байдгийг, мөн тэд өөрсдийн дохионы хэлтэй болохыг мэдсэн. Би 29-р сургуульд орж суралцсандаа, монгол дохионы хэл сурч, олон сайхан найз нөхөдтэй болсондоо маш их баяртай явдаг.

Г.Г-Монголдоо цорын ганц байдаг хэлгүй, сонсголгүй хүүхдүүдэд зориулсан тусгай сургалттай 29-р сургууль дээр би очиж үзэж байсан. Их л боломжийн байртай, багш нар нь нэмэгдэл цалин авдаг, сургалтын тусгай хөтөлбрөөр хичээллэдэг гэдгийг мэднэ.
Б.Н-Яг үнэндээ тэнд суралцсан 2,6 жил надад амаргүй байсан. Сурах хүсэлтэй очсон надад тэд яг л оюуны хомсдолтой хүүхэд шиг л хандаж байлаа. Бид сонсохгүй, ярьж чадахгүй байгаа ч оюун санаа нь эв эрүүл. Гэтэл сургалтын хөтөлбөр, агуулга, арга зүй нь эрүүл хүүхдийнхээс огт өөр.
29-р сургуульд очоод нэг юм болохгүй байгааг би шууд л ойлгосон. Ингээд сургуулийн захиралдаа өргөдөл бичиж, сургалтын чанараа сайжруулах шаардлага тавьсан. Тэр үед үнэндээ сургалтын чанар, багш нарын ёс зүй, хариуцлага гэж байгаагүй. Дөнгөж 16 настай жаахан охин тухайн үед багш нараасаа “хичээлээ заасан шиг заагаач, сурагчдад мэдэх ёстой зүйлийг нь мэдүүлээд өгөөч” гэж л шаардсан хэрэг.

Харамсалтай нь хэн ч намайг ойлгож, дэмжээгүй. Тэр ч байтугай багш нарын хурлаар оруулж, бүх багш нарын өмнө зогсоож байгаад л “чи бол хамгийн муу сурагч, ёс зүйгүй, ухаангүй тэнэг, юм ойлгодоггүй” гэх мэтээр загнахад, би гомдсондоо асгартлаа уйлж байлаа. Ийнхүү хурлаар оруулж загначихаад сэтгэл нь ханалгүй, хэдийгээр би онц сурдаг, шинэ жилээр бэлэг авах нь тодорхой байсан боловч, “сахилга батаар муу сурагчид бэлэг өгөхгүй” гэж хэлээд өөр хүүхдэд тэр бэлгийг өгч байсан. Энэ бол хүнийг дарамтлах, үг дуугүй, номхон хүлцэнгүй байлгах коммунист арга гэдгийг ойлгосон.
Тэр сургуулийг орхиж гарахдаа өөртөө “би заавал буцаж ирнээ, энэ сургуулийг өөрчилнө, хэлгүй сонсголгүй хүүхдүүд юу хийж чаддагийг харуулна” гэж амалсан. Амьдралынхаа зорилгыг ингэж л өөртөө тавьсан .Гэхдээ энэ бол өшөө хорсол бишээ. 16 хан настай жаахан охин өс хонзон, атаархал хорсол гэж мэдэхгүй шүү дээ.
Энэ бол миний хүсэл мөрөөдөл, итгэл үнэмшил минь л байсан.

222

 

 

 

 

 

 

 

 

Нэг. Намтрын товчоон:
Балжиннямын Намираа

-1980 онд Улаанбаатар хотод төрсөн
-1988 онд нийслэлийн 43-р сургуульд элсэж, дунд нь 29-р тусгай сургуульд суралцаж байсан
-1998 онд Нийслэлийн 2-р сургуулийг төгссөн
-2001-2005 онд МУЙС-ийг хэл шинжлэлийн бакалавр зэргээр
-2005-2007 онд МУБИС-ийг боловсрол судлалын магистр зэргээр төгсчээ
-2009 оноос АНУ-ын Gallaudet University-д мастерт суралцаж буй

 

Гурав. Сурах их хүсэл

Г.Г-Гэхдээ мэдээж сурах их хүслээ орхиогүй.
Б.Н-29-р сургуулиас гараад л би өөрийн зорилгоо тодорхойлсон. Эхлээд юу хийх вэ? дараа нь юу хийх вэ? гэхчилэн нэгбүрчлэн бичээд ханандаа хадчихна. 29-р сургуульд багшлахын тулд багшийн мэргэжил эзэмших хэрэгтэй, их сургуульд орохын тулд 10-р анги төгссөн байх хэрэгтэй.
10 жилийн 2-р сургуулийн дэргэдэх “Ажилчин залуусын оройн сургуульд” орохоор очиход Рэнжин захирал нилээд цааргалж, “өмнө нь нэг хэлгүй хүүхэд оруулсан чинь сурч чадаагүй гарсан, харин чи сурч чадахгүй бол шууд гарна шүү” гэж анхааруулсан л даа. Гэхдээ би сурч чадсанаар барахгүй сургууль төгсөх монгол хэлний улсын шалгалтад ганцаараа “онц” дүн авч байлаа.

Г.Г-МУИС-д элсэхэд чамд хэцүү байсан уу?
Б.Н-Хэцүү байгаагүй. Би ном маш их уншдаг байсан. Бараг л “номын цагаан солио тусчих вий” гэж аав ээжийнхээ санааг зовоох хүртлээ л уншдаг байсан. МУИС-д бүртгүүлэхдээ хэлгүй, сонсголгүй гэдгээ мэдэгдэхгүй байхыг хичээж байсан. Гэхдээ тэд мэдээд “чи ярьж, сонсож чадахгүй байж яаж сурах юм бэ?” гэж гайхаж дургүйцэж байсан ч би бүртгүүлж чадсан.
Монгол хэл, монгол бичгийн шалгалтаа маш сайн өгсөн. Харин гадаад хэлний шалгалтаа англиар бэлтгэж байсан ч сонсохгүйгээсээ болоод орос хэлний шалгалт өгөх ангид ороод унаж орхисон. Гэсэн хэдий ч миний үндсэн оноо өндөр байсан болохоор МУИС-д тэнцэж, хэл шинжлэлээр суралцсан л даа. Бас түвд хэл судалдаг байлаа.

Г.Г-Ер нь сургуульд сурч байхад чинь хэлгүй, сонсголгүй гэдгээр чинь ямар нэгэн хөнгөлөлт ч юм уу, эсвэл зөөлөн хандлага байсан уу?
Б.Н-Ер нь 2-р сургуульд ч МУИС-д ч би сонсохгүйгээрээ хэзээ ч түрий барьж байгаагүй ээ. Бүх л зүйл дээр ном журмаар нь, бусад сонсдог хүмүүстэй яг л адил хичээллэж суралцахыг хичээдэг байсан. Багш нар ч хэзээ ч намайг сонсголгүй гэж онцгойлон авч үзэж байгаагүй. Зарим багш нар “чи бусадтай адил сурвал сур, эс чадвал гар”  гэж хатуурхаж ч байсан. Энэ нь надад илүү их уншиж, шаргуу хичээллэх эрч хүч, урам зориг өгдөг байсан байх.
Гэхдээ зайлшгүй тохиолдолд зарим дэмжлэг авна л даа. Жишээ нь: жилийн эцсийн шалгалт дээр тодорхой хичээлээр аман шалгалт өгөх болоход, би сайн ярьж чадахгүйн улмаас ярих зүйлээ цаасан дээр бичээд, деканы нарийн бичиг хүүхнээр уншуулна. Мэдээж бичих нь ярихаас их цаг зарцуулдаг болохоор ийм тохиолдолд надад нэмэлт цаг гаргаж өгөх гэхчилэн.

Г.Г-МУИС-д суралцах амаргүй шүү дээ. Чамд бүр ч хэцүү байсан байх.
Б.Н-Гайгүй ээ, би аргаа олсон л доо. Бараг бүх профессор багш нар лекцийнхээ хуулбарыг надад өгөхөөс татгалздаг байсан. Оронд нь лекцдээ ашигласан номынхоо жагсаалтыг өгнө. Тэгэхээр би маш их унших хэрэгтэй болдог. Ангийнхнаасаа лекцийн тэмдэглэлийг нь гуйж хуулж авна. Энэ нь тэр олон зузаан зузаан номнуудаас чухал ба чухал бус зүйлийг нь ялгаж авахад их хэрэг болдог байсан.

Г.Г-Хамт суралцдаг оюутнуудын зүгээс сөрөг хандлага, шоолох ч юм уу, эсвэл эвгүй байдалд оруулах тохиолдол байсан уу?
Б.Н-Үгүй ээ! Надтай хамт суралцаж байсан оюутнууд надад маш сайнаар ханддаг байсан. Тэд надаар их бахархана. Тэр үед МУИС-ийг “онц” дүнтэй төгссөн 2 оюутны нэг нь би юм шүү дээ.

Г.Г-МУИС-ээ төгсөөд ажилласан уу?
Б.Н- МУИС-ийг төгсөхөд надад Төв Номын санд нэг төсөл дээр ажиллах санал ирсэн. Гэхдээ миний зорилго номын сан биш, 29-р сургууль байсан л даа. Тийм болохоор эхлээд 29-р сургуульд багшаар ажиллах сонирхолтой байгаагаа хэлсэн.
Тэд зөвшөөрөөгүй. Ингээд би Номын санд ACIP / Asian Classic Input Priject/ төсөл дээр Gallaudet-д ирэх хүртлээ ажилласан.  Энэ завсраа МУБИС-д боловсрол судлалаар магистрт суралцсан. Тэгж суралцах надад хэрэгтэй байлаа. 2 жил суралцаад бас л “онц” дүнтэй төгссөн.

Дөрөв. Gallaudet University

Г.Г-Gallaudet University-д яаж элссэн хэрэг вэ?
Б.Н-10 жилийн өмнө сониноос энэ сургуулийн тухай уншиж мэдсэн. Энэ сургууль дэлхийд цорын ганц байдаг хэлгүй, сонсголгүй иргэдэд зориулсан Их Сургууль. Энэ тухай судалж мэдээд энд суралцахыг хүсч их ч хөөцөлдсөн. Хандаж хүсэлт тавиагүй хүн, байгууллага бараг байхгүй дээ. Нийгмийн халамжийн газар, тойргоосоо сонгогдсон УИХ-ын гишүүн, БСШУЯ гээд бүгдэд л хандсан. Харамсалтай нь тэд энэ талаар ямар ч мэдээлэлгүй, бас ямар ч дэмжлэг үзүүлээгүй.
Би сургуулиа төгсөөд, хэлгүй сонсголгүй иргэдийн боловсролд зориулсан ТТБ байгуулан ажилласан. Тэгээд ТББ-ынхаа шугамаар энэ сургуульд захидал бичиж, төсөл бичиж эхэлсэн.

Г.Г-Тэд харилцаа тогтоосон хэрэг үү?
Б.Н-Сургуультай холбоо тогтоогоод тэтгэлэгт хамрагдах материалаа бүрдүүлж эхэлсэн. Хэрэв тэтгэлэгт хамрагдахгүй бол энэ сургуулийн төлбөр болон зардлыг би төлж дийлэхгүй. Зөвхөн нэг семистрт л 12000$ төлнө гээд бод доо. Өөрийнхөө тухай, хүсэл зорилгынхоо тухай маш сайнаар ойлгуулах учиртай.
“World Deaf Leadership” нэртэй энэ тэтгэлгээр энэ сургууль жилд нэг л хүнийг маш өндөр шалгуураар шалгаж байж авдаг юм. 2008 онд би энэ тэтгэлэгт тэнцсэн. Энэ нь сургалтын 100% тэтгэлэг. ЭМД байр хоол, дээр нь цалин өгнө.

Г.Г-Тийм үү, мундаг байна шүү.
Б.Н-2008 онд тэнцэж тэтгэлэгт хамрагдсан хэрнээ, суралцахаар 2009 онд ирсэн. Надад нааш явах зардлаа олох , суралцах бэлтгэлээ хангах, бас бус олон асуудлууд байсан л даа. 2009 онд ирээд ИС-д суралцах байсан боловч би шууд мастерт суралцахаар зориглосон. Надад цаг алдах хүсэл байгаагүй. Мастерт суралцахад миний англи хэлний мэдлэг,  шаардлагад хүрэхгүй байлаа. Тэгээд сургуульдаа хандаж нэг жил хэлний бэлтгэлд суралцах хүсэлт тавьсан.
Хэрэв ИС-д суралцахгүй хэлний бэлтгэлд суралцах бол миний тэтгэлэг цуцлагдах эрсдэл байв. Тэтгэлэгээ авч үлдэхийн тулд их ч учирлаж гуйсан. Эцэст нь тэд миний хүсэл сонирхлыг хүндэтгэж зөвшөөрсөн. Энэ бол надад том боломж байлаа.

Г.Г-1 жилийн дотор мастерт суралцахаар хэлний бэлтгэлд суралцана гэдэг их ч зориг, их ч эрсдэл байсан байх.
Б.Н-Би энэ нэг жил их ч гүрийсэн. Найз нөхөдтэйгээ ч уулзахгүй, гадуур ч гарахгүй, зөвхөн л хичээллэсэн. Энэ бол надад олдож буй том боломж байсан болохоор ингэхээс ч өөр арга байгаагүй.  Жилийн дараа мастерт суралцахаар орж ирэхэд олон ч хүн гайхсан. “Чи чинь ИС-д суралцахаар ирээ биз дээ?” гэж хэлэх ч хүн байсан. Надтай хамт амьдардаг америк бүсгүй ” чи яг л робот шиг ажиллах юм” гэж гайхаж байсан. Одоо ч сайн хичээж байгаа.

333

 


Тав.
Зорилгодоо хүрэх тэмүүлэл

Г.Г-Чамайг ийм дайчин шаргуу, өөдрөг тэмүүлэлтэй болохоор зөвхөн л суралцаад байгаа гэж бодохгүй байна.
Б.Н-Идэвхтэй байлгүй яах вэ? Өнгөрсөн жил Гонконгд болсон Ази тивийн хэлгүй сонсголгүй иргэдийн чуулга уулзалтад оролцоод ирсэн. Бас Япон явж ирсэн. Учир нь миний хамрагдсан тэтгэлгийн төв нь тэнд байдаг юм.
Өнгөрсөн зун баг бүрдүүлж Монголдоо очиж 3 сар ажиллаж амарсан. 1 сар нь 29-р сургуульдаа дадлага хийн багшилж, 1 сар нь хөдөөгүүр явж судалгаа хийж, 1 сар нь амарсан. Надтай хамт манай сургуулийн салбрын захирал Dr. Joseph Innes хамт явж ажилласан.

Г.Г-29-р сургуулиараа очиход тэд ямархуу хүлээж авав?
Б.Н-Тэд сайхан хүлээж авсан. “Чамайг ийм мундаг сайн явж байгаад бахархаж байна” гэж хэлж байсан. 1 сар багшлах дадлага хийсэн л дээ. Сайхан байсан.
Харамсалтай нь сургууль маань миний суралцаж байсан үеийнхээс нэг их өөрчлөгдөөгүй байлаа. Захирал нь мэргэжлийн бус, ямар ч дохио зангааны хэл мэдэхгүй. Багш нар маань 20 жилийн өмнө л ярьж байсан зүйлээ ярьсан хэвээр. Сургалтын хөтөлбөр нь огт өөрчөгдөөгүй. Ийм хүүхдүүд наад зах нь ярианы бичгийн хэл заавал сурах ёстой. Гэтэл 29-р сургууль төгсөж байгаа хүүхдүүд маань бичгийн хэл их муутай байна.
Өөрчлөх зүйл их байнаа. Ялангуяа багш нарыг чадваржуулах, мэргэшүүлэх, хариуцлагатай болгож сургах гээд. Бас сургалтын хөтөлбөр агуулгыг ч өөрчлөх цаг болжээ.

Г.Г-Хийсэн судалгааныхаа талаар?
Б.Н- Хөдөөгүүр явж судалгаа хийсэн. Монголд хэлгүй, сонсголгүй 9000 орчим хүн бий гэдэг тооцоо байдаг. Үүний 20% нь хүүхэд гээд бодохоор бараг 2000 орчим ийм хүүхэд байна гэсэн үг. Гэтэл ийм хүүхдүүд ямар ч боловсролгүй, бичиг үсэггүй байна. Бүх хүмүүс тэдэнд яг л оюуны хомсдолтой хүүхэд шиг хандаж байна. Гэтэл тэд тийм биш шүү дээ. Хэрэв байнга л тэдэнд ингэж хандаад байх юм бол тэдний сэтгэхгүй хүртэл үүнийг зөвшөөрч, энэ байдалдаа дасах болно. Дэлхийн жишигт 2000-3000 ийм хүн тутамд нэг сургууль байх ёстой гэж үздэг. Ингээд бодоход  Монголд багаар бодоход 3 сургууль  байх хэрэгтэй.
Тэр ч байтугай Монголд хэрэгжиж байгаа хуулиндаа “хэлгүй сонсголгүй хүүхдийг аав ээж нь насан туршид нь тэжээх ёстой” гэсэн агуулгатай заалт бий. Энэ чинь аав ээжийг нь шийтгэж байгаа хэрэг биш гэж үү? Тэгээд ч тийм хүүхдийг зүгээр л тэжээлгээд сууж бай гэсэн үг үү? Бодох зүйл их байнаа.

Г.Г-Энэ ч арай хэцүү сонсогдож байна шүү. АНУ-д бол мэдээж өөр байгаа байх.
Б.Н-АНУ-д энэ талаар маш олон төрлийн тэтгэлэг байдаг. Тэр болгон нь ийм хүмүүсийн өөрийгөө хөгжүүлэх боломж, сайн сайхан ирээдүйнх нь төлөө байдаг. Түүний нэг нь энэ сургууль.
Ийм боломжийн ачаар одоо АНУ-д хэлгүй сонсголгүй мөртлөө амжилт бүтээл гаргаж яваа олон олон доктор, профессорууд байгаа. Тэд ихийг бүтээж, өндөр хариуцлагатай алба хашиж байна. АНУ-д ийм хүмүүс хэрэв өөрөө хичээх юм бол эрүүл саруул хүнээс дутахгүй явах боломж нь байна.
Монголд ийм хүмүүсийн эрх нь их зөрчигддөг. Тэд ямар нэгэн эмнэлэгт очих, хэн нэгэнтэй уулзах болоход заавал хүн дагуулж явж “хэлмэрчлүүлнэ”. Гэтэл АНУ-д ийм хүн ганцаараа яваад бүх л үйлчилгээг авч чадна. Хаана ч очсон тэдэнд хэрэгтэй үед нь туслах орчуулагчид бэлэн байж байдаг. Тэднийг Засгийн Газраас бэлтгэж, цалинжуулна. Тэдэнд зориулсан тусгай сан байна. Тэнд цугларсан хөрөнгөөр хэлгүй, сонсголгүй иргэдэд шаардлагатай нийгмийн үйлчилгээг бий болгож, сайжруулан хөгжүүлж байдаг. Яагаад монголд ийм байж болохгүй гэж?

Г.Г-Тийм ээ! Би ч бас тэгж бодож байна. Хүний ямар нэгэн эрхтэн гэмтэхэд өөр нэг эрхтэн нь нөхөх маягаар илүү хөгждөг тохиолдол бий. Хэлгүй, сонсголгүй хүнд илүү хөгжил нь юу байж болох вэ?
Б.Н-Ургуулан бодох чадвар нь илүү хөгждөг. Сонсохгүй, ярихгүй байхдаа хүн илүү их сэтгэж, ургуулан бодох хэрэгтэй болдог гэсэн үг. Харин сэтгэлгээгээ илүү хөгжүүлэхийн тулд их унших хэрэгтэй. Уншихгүй байгаа хүн яаж хөгжих вэ? Тийм учраас ийм хүүхдүүдийг хамгийн гол нь маш сайн уншуулж сургах ёстой. Энэ тохиолдолд тэдэнд маш олон боломж олдоно. Өнөөдөр интернет их хөгжиж байгаа үед энэ нь бүр ч чухал төдийгүй бүр ч их боломжийг олгоно.
Нөгөө талаар тахир татуу, хөгжлийн бэрхшээлтэй хүн, хэлгүй сонсголгүй хүн гэдэг 2 өөр ойлголт. Үүнийг ялгаж ойлгох хэрэгтэй. Хэлгүй сонсголгүй хүмүүс, оюуны хомсдолтой хүмүүс гэдэг бүр ч өөр ойлголт.

Г.Г-Мэдээж олон зүйл дээр чамайг зорилго чинь хөтөлж явдаг байх.
Б.Н-Би сонсдог байхдаа жирийн л нэг сурагч байсан. Бусдаас нэг их ялгараад байх зүйлгүй. Харин сонсголгүй болоод бүх л зүйл дээр хичээж, сурлага, амжилт маань эрс дээшилсэн. Зорилго маань намайг байнга хөтөлж, удирдаж явна. Gallaudet-д хэлний бэрхшээлээс болоод даалгавраа хийж чадахгүй уйлж суухдаа “би чинь өмнөө зорилготой шүү дээ, үүнийг заавал хийх л ёстой” гэж өөртөө хэлээд л яс сууна, заавал хийнэ. Шөнөжингөө хичээлээ хийгээд өглөө шууд хичээлдээ очих нь бараг ердийн үзэгдэл. Нойргүй хонож, сөхөрч унатлаа хичээлээ хийж байхдаа би ганцxан зорилгоо л боддог.
Францын нэг үг байдаг даа. “IT is betta to be envied than pited”. ” ӨРӨВДҮҮЛЖ ЯВАХААР АТААРХУУЛЖ ЯВ.”

Би энэ үгийг л өөрийн амьдралынхаа мөрдлөг болгож явдаг. Хүн болгон “энэ хэлгүй, сонсголгүй хүүхэд яана даа” гэж өрөвдсөн харцаар харахад үнэхээр дургүй. Харин ч хэлгүй, сонсголгүй хүн ” яаж сурч, амьдарч, ажиллаж амжилт гаргаж” чаддагийг бусдад харуулах сан гэж л хичээдэг.

Г.Г- Юм болгон санаснаар болохгүй, бэрхшээл тохиолдох нь элбэг.
Б.Н-Сонсголгүй хүмүүс сэтгэх, ургуулан бодох чадвар нь маш сайн хөгждөг. Тэд дохионы хэлээр өөрийн бодол санаагаа илэрхийлж чадах боловч, түүнийгээ үгээр илэрхийлж чаддаггүй. Энэ нь тэдний зүгээс бусдад өөрийгөө ойлгуулах, юу мэдэж чаддагаа харуулах боломжийг хааж орхино. Гэтэл сонсдог жирийн хүмүүс энэ бэрхшээлийг нь ойлгохгүй.
Монголоор муу, алдаатай яриад байхаар “өө энэ чинь мэдрэл муутай юм байна” гээд бодчихно. Гэтэл нэг гадаад хүн монгол хэл дөнгөж сурч байхдаа монголоор хазгай мурий ярихаар хэн ч түүнийг ” тэнэг” гэж бодохгүй. Тэгэхээр энд ердөө мэдэхгүй, мэдээлэлгүйгээсээ болоод буруу ойлголт, итгэл үнэмшил тогтчихсон байгаа хэрэг.
Би хувьдаа сонсголтой жирийн хүмүүсийн зүгээс хэлгүй сонсголгүй хүмүүст хандах хандлага, буруу ойлголт төсөөллийг өөрчилж, хэлгүй сонсголгүй хүмүүсийн үнэн бодит байдлыг л зөвөөр ойлгуулахыг хичээж байна. Энэ нь ийм хүмүүсийн амьдрал, боловсрол олж авах үйл явцад тодорхой дэмжлэг болж чадна гэдэгт итгэж байгаа юм.

Г.Г- Сургуулиа төгсөөд цаашдын чинь зорилт?
Б.Н- Би сургуулиа төгсөөд Монголдоо очно. Эхлээд 29-р сургуульдаа очиж ажиллана. Гэхдээ тэд яаж хүлээж авахыг мэдэхгүй. Ямартай ч өөрийн сурч мэдсэн бүхнээ Монголын хэлгүй сонсголгүй хүүхдүүдийн хөгжил,  сайн сайхны төлөө зориулах л болно. Хийж чадах бүхнээ хийнэ. Үүний төлөө л би өдий хүртэл ингэж зүтгэж байгаа.
Ийм сургуулийн багш нар нь хүүхдүүддээ итгэдэгүй, буруу хуучин арга барилаар ажиллаж байгааг өөрчлөх хэрэгтэй. Тэдэнд маш их боломж ирээдүй байгааг ойлгуулах, мэдрүүлэх хэрэгтэй байна. Мэдээж сургалтын хөтөлбөр, агуулга, арга зүй, технологийг ч өөрчлөх хэрэгтэй болно. Ядаж АНУ-ын түвшинд ойртуулах оролдлого хийх хэрэгтэй. Бэлнээр авч хэрэгжүүлж болох маш олон санаанууд байгаа.

Г.Г-Хэрэв 29-р сургууль чамайг хүлээж авахгүй бол яах вэ? Муугаар бодоход.
Б.Н-Надад мэдлэг болон санаа байна. Одоо бол туршлага их хэрэгтэй байна. Туршлагатай болохын тулд эхлээд л ажиллах хэрэгтэй. Энд онол, санаа ярих нэг хэрэг. Яг ажил дээр очиход шал өөр. Хамгийн гол нь энэ холбоосыг зөв олж байж л хэрэгжүүлнэ шүү дээ. Болохгүй бол хувийн сургууль байгулаад ч болов зүтгэнээ. Гэхдээ хөрнгө мөнгө бас л хэрэгтэй болно.
Өнгөрсөн зун надтай хамт Монголд очсон манай салбар сургуулийн захирал маань 29-р сургуультай танилцаад гарахдаа “Ямар уйтгартай газар вэ? Яг л эмнэлэг шиг” гэж хэлсэн. Тэгэхээр ийм сургуулиудыг эмнэлэг шиг биш, сургууль шиг болгох хэрэгтэй байна.

Г.Г-Намираа! Яг үнэндээ би чамаар маш их бахархаж байна. чамд ямар их эрч хүч, итгэл найдвар, зориг тэмүүлэл байгаа мэдэрч байна. Хэзээ ч битгий шантраарай. Зорьсондоо заавал хүрээрэй. Чамайг дэмжих маш олон хүмүүс байгаа, чи итгээрэй.
Б.Н-Танд ч бас их баярлалаа. Зорьсондоо заавал хүрнээ. Одоо жил хагасын  дараа сургуулиа төгсөнө. Тэгээд л зорилго руугаа зүтгэнээ. Сэтгэл ханан гэж үгүй. Зорьсондоо хүрч байж л сэтгэл амарна.

Төгсгөл
Батшүр бид 2-т Намираа сургуулиа танилцуулж, бас тусгай зориулалтын утсаар орчуулагчаар дамжуулан ярилцаж үзүүлсэн юм. Бид гурвын “зугаалга” өндөрлөж тэрээр биднийг хаалган дээр үдэж өглөө. Тэр жижигхэн биед ямар их тэмүүлэл, эр зориг, том зорилго, хичээл зүтгэл багтаж буйг мэдрэхдээ бахархаж, бас хайрламаар.
2011 оны 7 сард Африк тивд болох 2 жил тутам нэг удаа болдог Дэлхийн Хэлгүй Сонсголгүй Иргэдийн Нийгэмлэгийн чуулга уулзалтад “Монголын хэлгүй, сонсголгүй иргэдийн боловсролын асуудал” сэдвээр Намираа маань илтгэл тавина.
Тэртээ нэгэн цагт гайт өвчний улмаас хэлгүй, сонсголгүй болчихоод цөхөрч суусан бяцxан охин өдгөө АНУ-д мастерт суралцаж, дэлхийд илтгэл тавьж байна. Хувь заяа гэхээсээ хичээл зүтгэл чинь чамайг ийм өндөрт авчирчээ. Үүнийг гайхамшиг гэхээс өөрөөр юу гэж нэрлэх вэ? Зорилго тань биелэх болтугай.

Oct 30

АМЕРИКИЙН АРМИЙН МОНГОЛ ДАЙЧИН-ЯРИЛЦЛАГА-ЦУВРАЛ 1

By gala-admin | ЯРИЛЦЛАГУУД

Нэг. Намтрын товчоон
Рэнцэндоржийн Хосбаяр:
-1979 онд Улаанбаатар хотноо төрсөн
-Дарханы 9, 14 Улаанбаатарын 20, 38-р сургуульд суралцаж байсан
-1997 онд АНУ-д анхны солилцооны хөтөлбрөөр ирж,1997-1998 онд Mountainburg, AR High School-д суралцсан
-2000-2002 онд University of Arkansas  Watton business School-д элсэн оржээ
-2002-2007 онд Америкийн армийн тэнгисийн явган цэрэг /US Marine/-т алба хаасан
-2007-2009 онд буцаж Арканзасын ИС-д суралцан төгсгөжээ
-2009 оноос US Marine Corps -д ахлагчаар ажиллаж, одоо офицер болохоор бэлтгэж байна. Одоо Виржина мужид эхнэр 2 хүүхдийн хамтаар амьдарч байгаа.

Хоёр. Зорилгоос зорилго руу

Г.Г-Сүүлийн үед монгол залуус гадаадад ихээр гарч, өмнөө зорилго тавин сайн суралцаж, амжилттай ажиллаж байгаа нь анзаарагдаж байна. Энэ бол их боломж.  Тэд үнэхээр хурдан хөгжиж, бас өөрчлөгдөж байна.
Р.Х- Залуу хүний амьдралын утга учир, хөгжил дэвшил, байгаа боломжоо бүрэн дүүрэн ашиглах чадвар, амжилт гаргах үндэс нь өмнөө тавьсан зорилгоос ихээхэн хамаардаг. Би анх АНУ-д суралцаж байхдаа армид явахыг хүссэн. Арми дотроо хамгийн нэр хүндтэй, мөрөөдлийн гэж хэлж болох тэнгисийн явган цэрэгт /ТЯЦ/ орохсон гэж мөрөөдсөн. Их шалгуур давж байж ТЯЦ-д тэнцээд олон олон залуустай өрсөлдөж байж өндөр чадвар эзэмшихийг, дараа нь дайнд оролцохыг, дараа нь офицер болохыг хүссэн. Энэ болгон миний амьдралын зорилго болон хувирч байлаа.
Бас хажуугаар нь сайн сургуульд суралцаж, өндөр боловсрол эзэмшин өөрийгөө хөгжүүлэхийг хүссэн. Хэдийгээр амаргүй байсан ч, зорилгодоо хүрэхийн тулд их ч хөдөлмөрлөж, их ч тэвчиж, их ч өрсөлдсөн. Одоо эргээд харахад энэ бүх мөчүүд зорилгоос зорилго руу тэмүүлсэн мөрөөдлүүд байлаа. Одоо ч зогсолтгүй л мөрөөдөж, зорьж тэмүүлж байна. Энэ л амьдралын их утга учир юм даа. Бас амьдралын хөтөч юм.

Г.Г- Мэдээж хүн болгон адилгүй. Зарим нь уйгагүй зүтгэн байж амжилтад хүрч байхад, зарим нь ямар ч зорилгогүй өдөр хоногийг өнгөрөөж л явна.
Р.Х.-Манай монголчууд аугаа ард түмэн. Гэхдээ өнөө үеийн залууст ажиглагдаж байгаа муу тал нь өөрийгөө зовоохгүйгээр амар хялбар амьдрах мөрөөдөл, залхуурал юм даа. Хүн өөрийгөө зовоохгүй амар хялбар байдлаар, хүссэн сайхан амьдралдаа хүрэх боломж үгүй. “Зовж олсон бүхэн амттай” гэдэг үг байдаг.
Хүн залуу насандаа өөрт байгаа бүх боломжоо дайчилж, өөрийгөө зовоож, тарчлааж байж өөртөө бий болгосон баялаг нь их боломж болон хувирдаг. Алив зүйлийн хүнд хэцүүг нь барьж аван, түүнийгээ тэмцэл зүтгэлээр давж байж амжилтад хүрэхийн оронд залхуурч, “яавал өөрийгөө зовоохгүйгээр их мөнгө олж, сайхан амьдарч болох вэ?” гэж бодож эхлэхэд л чи өөрт байгаа олон боломжоо алдаж эхэлнэ гэсэн үг.

Г.Г-Америк орон надад лав их боломжийг мэдрүүлсэн. Сайн муу олон талтай ч хувь хүнд эрх чөлөөг нь эдлүүлж, боломжийг нь мэдрүүлж, бололцоог нь олгож чаддаг болохоор л олон сая хүн Америк руу тэмүүлдэг байх.
Р.Х-Америк орон надад өөрийгөө хөгжүүлэх их боломжийг өгсөн. Үүний төлөө би энэ оронд талархаж, хариу тус болохыг хичээдэг. Би энэ оронд суралцаж, армид алба хааж, бас ажиллаж байхдаа өөртөө байгаа боломжоо бүрэн ашиглаж, өөрөө хөгжихийг л хүссэн. Ийм боломжийг хүн бүрт тэгш олгож чаддагтаа л Америк, цагаач нарт хамгийн ээлтэй орон.
Би энд монгол хүний мундаг гени, эр зориг, тэсвэр тэвчээр, ур ухааныг нотлохыг хүсдэг. Яагаад бид бусдаас дутуу байх ёстой гэж? Илүү, бүр их илүү байх ёстой.

Award_4bГурав: Америкийн арми эр зоригийн шалгуур

Г.Г-Арми бол эр хүний шалгуур. Армиар дамжуулж л тухайн орон эрчүүдээ сургаж, хатуужуулж, хүмүүжүүлж, хөгжүүлдэг. Харин америкийн армид алба хаана гэдэг…
Р.Х-Би 2002 онд Америкийн армид тэнцсэн. Надад олон сонголт байсан ч Америкт хамгийн шилдэг нь гэж тооцогддог тэнгисийн явган цэрэг /ТЯЦ/-т элсэж өөрийгөө сорихыг  хүссэн. ТЯЦ хамгийн өндөр шалгууртай. Учир нь тэд агаарт, газарт, усанд ер нь хаана ч тулалдах чадварыг эзэмшдэг. Тийм болохоор хамгийн эрүүл саруул, оюуны өндөр чадвартай, бие бялдрын өндөр хөгжилтэй залуусыг сонгон авна.
Залуус Америкийн армид алба хаахад их амархан гэж ярьж, төсөөлдөг бололтой. 300 сая хүн амтай энэ оронд хүн амынх нь 1 % буюу 3 сая хүн л энэ албыг хаана. Тэгэхээр энэ бол их том шалгарал, их өрсөлдөөн. Өрсөлдөөн дундаас шалгарч байж л алба хаана. Тиймдээ ч их л бахархал болдог юм.

Г.Г-Яг тэнгисийн явган цэрэг /ТЯЦ/ буюу Marine-ийн бусдаас илүү гэж сонгох үндэслэл нь юу юм бол? Бид болохоор киноноос үзсэн төсөөлөлтэй байдаг. Их л өндөр бэлтгэгдсэн. мэргэшсэн чадвартай хүмүүс байдаг бололтой.
Р.Х-ТЯЦ буюу Marine АНУ-д хамгийн өндөр түвшинд мэргэшсэн арми гэж үздэг. Бусад армиудаасаа ялгаатай нь тэд шууд АНУ-ын ерөнхийлэгчийн мэдэлд захирагддаг. АНУ-ын ерөнхийлэгч асан Р.Реиганы “Хүн энэ амьдралдаа, би юу хийж бүтээвээ гэж өөрөөсөө асуудаг бол Marine-хан хэзээ ч ингэж асуудаггүй. Учир нь зөвхөн тэд л өөрсдийгөө бүрэн дайчилж, бүх боломжоо дүүрэн ашиглаж амьдардаг” гэж хэлсэн үг л энэ бахархлын илэрхийлэл. ТЯЦ-ийнхэн энэ үгэнд дуртай, байнга иш татаж байдаг. ТЯЦ-ийнхэн энэ дэлхийн хамгийн хүнд цэгт, хамгийн хүнд даалгаврыг биелүүлдэг юм.

Г.Г-Тийм болохоор ТЯЦ-ийнхэн өөрийн гэсэн ёс зүй, өндөр шаардлагатай байдаг байх.
Р.Х-Энд сонгохдоо өндөр шаардлагатай. Гэмт хэрэгт холбогдож байсан болон цагдаад шалгагдаж байсан, түүнчлэн олон шивээстэй бол авахгүй. Тэд хувцаслалт, соёл, ёс зүй, харилцаа, биеэ авч явах байдал талаасаа хамгийн үлгэр жишээ, өө сэвгүй байхыг шаарддаг. Худлаа хэлэх, хулгай хийх, цаг барихгүй байхыг хамгийн муу зүйл гэж үздэг. ТЯЦ-ийнхэн өдөр бүр сахлаа хусч, үсээ байнга засуулж, хувцсаа байнга цэвэрхэн өмсөж, гаж ямар нэгэн үнэртэй байхыг ч цээрлдэг. Та тэгээд төсөөлөөд үз дээ.

Г.Г-Ийм онцгой армид бэлтгэнэ гэдэг их л хатуу шаардлага, дэг хэрэгтэй байдаг байх.
Р.Х-ТЯЦ-т үнэхээр чанга бэлтгэдэг. Заримдаа надад “ингэж тамлуулж байхаар…” гэж бодох үе байсан. Гэхдээ энэ дэглэлт, тамлалт ямар нэгэн дайны үед амьд үлдэх баталгаа юм гэдгийг хожим Иракийн дайнд оролцохдоо жинхэнэ утгаар нь ойлгосон. Иракт байлдаж явахад энэ бэлтгэлжилт, надад илүү амар юм шиг л санагдаж байсан шүү. Ийм бэлтгэлжилтийн ачаар усанд 3 хонож, ямар хоолгүй 2 хоног тэсч, бүх л хүнд хэцүүг давж чадаж байсан. Энэ бэлтгэлжилтийн ачаар дайнд  өөртөө итгэлтэй, гэртээ амьд харих найдвартай болдог. 10 л усаар 20 сэкүндэд амжиж усанд орох чадвар ердийн зүйл. Мэргэн буучид 500 м-т буудах, далайд 1.5 км сэлэх, 5 км-т бүх хурдаараа гүйх, турникэнд хөдөлгөөнгүйгээр 20 суниах, шөнөөр шүхрээр үсрэх байнгын дасгал л дайны үед,бидний амьд гарах баталгаа болдог.
Энэ бүх бэлтгэлжилт биднийг дээрээс өгсөн тушаалыг биелүүлэх, тухайн нөхцөл байдалд өөрийн рефлексээрээ бүхнийг гүйцэтгэхэд сургана.

Г.Г-ТЯЦ байхын гол бахархал?
Р.Х-Америк даяараа ТЯЦ-ийхнийг хамгийн итгэлтэй, найдвартай хүмүүс гэж тооцдог. Тийм болохоор тэднийг сургуульд болон ажилд авахыг илүүтэй сонирхоно. Ажилд орох болон сургуульд элсэх хүсэлт бөглөхөд, ТЯЦ -ийн алба хаасан хүнд 15 пойнт нэмж тооцдог. АНУ-ын топ 10 компаны ихэни ажиллагсад нь, АНУ-ын цагдаа болон тусгай албадын ажиллагсдын ихэнхи нь ТЯЦ-ийнхэн байдаг гээд бод доо. Надтай хамт алба хааж байсан нэг залуу, одоо нэг мужийн амбан захирагчийн сонгуульд өрсөлдөж байна.
Энэ бол тэдэнд маш их итгэдэг, тэдний ур чадварт маш их найддагийн нотолгоо.

Дөрөв. Дайн эр хүний мөн чанарын шалгуур

Г.Г-АНУ-ын арми Иракт байлдааны үйл ажиллагааг идэвхтэй явуулж байх үед чи алба хааж байсан төдийгүй, энэ дайнд АНУ-ын армиас оролцож байсан монгол хүн…
Р.Х-ТЯЦ-т алба хааж байгаад 2003 оны 1 сард Кувеитэд очсон. Харин 3 сарын 19 нд Иракийг чөлөөлөх ажиллагаанд оролцсон. Мэдээж цэргүүд үүрэг гүйцэтгэгчид учраас Америкийн төрийн бодлого болон ерөнхийлэгчийн шийдвэрийг шүүмжилж хэлэлцэн, дүгнэн ярих эрхгүй. Тийм шаардлага ч үгүй.
Манай хэсэг Америкийн армийн цувааг хамгаалж байсан. Мэдээж Иракийн тал энэ цувааг таслахыг хичээнэ. Би отоонд орно, цуваа явж байхад дайсны галыг өөр дээрээ авч, хариу өгнө.  20-30 заримдаа хэдэн зуун машин техник, бусад зүйлийг хамгаална. Их л хариуцлагатай үүрэг.

Г.Г- Дайны тухай чиний бодол?
Р.Х- Дайн бол их л бохир зүйл. Цагаан ч биш, тас хар ч биш, саарал өнгөтэй. Дуу чимээ, цус, үхэл. Энд бүх зүйл яг л зэрэгцэж явдаг. Үхэл-амьдрал, эр зориг-айдас, хүн чанар-хулчгар зан гээд. Дайны үед бүх зүйл яг л дээд цэгтээ очно. Тухайн хүний мөн чанар, зан араншин ямар ч хаалтгүй яг л бодитоор илэрнэ.
Дайны үед нөхөрлөсөн нөхөрлөл л жинхэнэ нөхөрлөл байдаг. Дайнд оролцсоноор хүн их өөрчлөгддөг. Оюун санааны стресс ердийн үеийнхээс 5 дахин их. Яг энэ утгаараа дайн бол эр хүний мөн чанарын оргил шалгуур.

Г.Г- Хэрхэн тулалдав?
Р.Х-Би мэргэн бууч байсан болохоор Хаммер дээр буудагчаар явна. Заримдаа батальоны захирагчийн бие хамгаалагч жолоочийн үүрэг гүйцэтгэнэ. Байлдааны 5 Хаммер хариуцна. Бас шуудан хариуцна. Тухайн нөхцөлд хийх ёстой ажил , гүйцэтгэх ёстой үүргээ л гүйцэтгэнэ. Бидний өөрсдийгөө хамгаалах боломж нь хурд, бас овсгоо л байсан.
Хүмүүс надаас ” дайнд яваад хэдэн хүн алав?” гэж асуудаг юм. Би энэ асуултад дургүй л дээ. Бид үүрэг гүйцэтгэж, тушаал биелүүлж яваа болохоор дайснаа л устгах үүрэгтэй.

Г.Г- Хүн болгон дайн үзээгүй. Дайны тухай гэртээ диван дээр сууж байгаад дэлгэцээр үздэг. Тухайн үйл явдлыг дэлгэцээр үзэж байхдаа сэтгэл хөдлөлөө илэрхийлнэ үү гэхээс яг бодитоор мэдэрч чадна гэж үү?
Р.Х-Яг дайнд тулалдаж явахдаа би яг юу бодсон гээч? Ердөө л маш хурдан хүүхэдтэй болохыг л хүссэн. Яг миний дэргэд үхэл амьдрал зэрэгцэж байх мөчид энэ амьдралын утга учир, амьд байхын жаргал, үр хүүхэдтэй байхын хэрэгцээг дэндүү сайн мэдэрсэн. Намайг үхэхэд миний үргэлжлэл үр удам энэ ертөнцөд үлдэнэ гэдэг зүгээр л нэг амьдрахаас огт өөр зүйл юм.
Нөгөө талаар бид тулалдахдаа өөрийнхөө төлөө, найз нөхдийнхөө төлөө л тулалддаг. Нэг их “эх орныхоо төлөө’, эсвэл “хайрт ерөнхийлэгчийнхээ төлөө” гэж боддоггүй юм. Миний хажууд надтай мөр зэрэгцээд тулалдаж байгаа найз нөхөртэйгээ цугтаа амьд харих ёстой гэдэг бодол л биднийг удирддаг. Тийм болохоор хичнээн хүнд нөхцөлд ч шархдаж, цустайгаа хутгалдсан анд нөхрөө үүрээд л дайны талбараас хамтдаа амьд гарах гэж тэмцдэг.

DSC_0160Г.Г-Яг дайныг биеэр үзэж, тулалдааны талбарт амь өрсөн тулалдаж явсаны хувьд чи их өөрчлөгджээ.
Р.Х-Одоо бол амьдралыг шал өөрөөр хардаг болсон. Амьдрал гэдэг ямар сайхан зүйл, амьд байх гэдэг ямар их боломж гэдгийг илүү ойлгосон. Түүнээс гадна дайн надад маш их боломжуудыг олгосон.

Нэг удаа манай дарга надад “Хосбаяраа! чи эр зориг чадвараараа Монгол-Америкийн цэргийн харилцаанд их түлхэц өгсөн шүү” гэж хэлсэн. Энэ үг надад их урам зориг төдийгүй их тэмүүлэл өгсөн. Би энд алба хааж байхдаа АНУ-ын ерөнхийлэгч асан Ж.Бушийн хамгаалалтад ажиллаж байлаа. Өнгөрсөн 7 сарын 4 нд АНУ-ын тусгаар тогтнолын өдөр АНУ-ын ерөнхийлэгч Б.Обама биднийг гэр бүлийн хамт Цагаан ордонд хүлээж авч уулзсан.
Ерөнхийлэгч асан Ж.Буш Монголд айлчлахдаа аав ээж 2-ыг минь хүлээж авч уулзан талархал илэрхийлсэн. Энэ жил АНУ-ын БХЯ-ны дэд сайд Монголд айлчлахдаа аав ээж 2 дээр минь зочилж очин хүндэтгэл үзүүлсэн. Ямартай ч энэ бүхэн миний Америкийн армид нэр төртэй үүргээ биелүүлж яваагийн нотолгоо. Хамгийн гол нь би энд алба хааснаар энэ ертөнцийг арай том хэмжээгээр харж чадах боллоо.

Г.Г-Америкийн арми дахь Р.Хосбаярын орон зай?
Р.Х-Би дайнаас өмнө 2002 оноос ТЯЦ-т алба хааж байхдаа том бууны “мастер буудагч”, жижиг бууны “онц буудагч” зэрэглэлтэй болсон. Мэдээж олон ур чадвараар хэнээс ч дутаагүй. Миний гол хүслэн Чингисийн монгол залуу, энэ дэлхийд хэнээс ч дутахааргүй, харин ч илүү гэдгийг нотлох хүсэл.
Иракийн Багдад Хаммер дээрээ гараа зориуд ташаан дээр авч ил сууж явахдаа, аль 12 -р зуунд, яг энэ газар нутаг дээр Монголын дайчин цэргүүд морин дээрээ жишүүхэн сууж, гараа ташаан дээрээ авч ихэмсэг нь аргагүй харж явсан шүү дээ гэж сэтгэлдээ төсөөлөн, омогшиж явлаа. Тэр үедээ Marine Монгол гэдэг үгсүүд 2-уулаа М-ээр эхэлсэн юм байна шүү гэж бэлэгшээж байсан.
Одоо бол  US Мarine Corps-t ахлагч цолтой, 30-аад цэрэг удирдаж байна. Ахлагч цол дороосоо 5 дахь зэрэглэл. Цаашдаа офицер болохоор бэлтгэж байна. Офицер болохын тулд одооныхоосоо хэд дахин илүү чадвартай баих ёстой. Хичээж зүтгэж л байна.

Тав. Хүнийг удирдана гэдэг маш өндөр чадвар

Г.Г-Хүнийг удирдана гэдэг маш өндөр чадвар шаарддаг. Мэдээж армид бол бүр ч их өндөр шаардлага тавигддаг байх.
Р.Х-Армид хүнийг араас нь биш урдаас нь удирддаг. Энэ нь, удирдаж байгаа хүн удирдлагадаа байгаа хүнээс бүх талаараа илүү байх ёстой гэсэн үг. Мэдлэг боловсрол, ур чадвар, зан харилцаа, биеэ авч явах соёл гэхчилэн бүх талаар үлгэр жишээ байх зарчим. Бэлтгэлжилт тулалдаанд хүртэл ямагт урд нь явна. Тэгж байж тэд над шиг болохыг хүсэх учиртай. Одоо миний удирдлагад байгаа 30 цэргийнхээ бүх л зүйлийг хариуцаж, санаа тавина. Эрүүл мэнд, гэр бүл, амьдралын олон асуудлууд гээд…

Г.Г-Тэгэхээр удирдлага хүнд их хариуцлага ирнэ гэсэн үг. Бас нэг том чадвар нь хариуцлага хүлээх чадвар юм даа.
Р.Х-ТЯЦ-ийнхэн ямагт АНУ-ын төлөө, ТЯЦ-ийнхээ төлөө, хажуу дахь анд нөхдийнхөө төлөө байдаг. Яагаад гэвэл энэ чинь бие биеэсээ хамааралтай нэгэн цул зүйл.
Чингисийн арми “аравтын”зохион байгуулалттай байсан нь тохиолдлын зүйл биш. Тэр 10 цэргийн нэг нь алдаа гаргахад бүгдийг нь шийтгэдэг байсан. АНУ-ын арми энэ зарчим дээр тулгуурладаг учраас амжилтад хүрдэг. Тэгэхээр удирдагч байна гэдэг, тэднийг нэгэн цул болгон зангидаж байна гэсэн үг. Үүнийг л би сайн сурч байгаа. Удирдлага хүн алдаа гаргах эрхгүй. Энэ бол олон хүний амь настай холбоотой учраас тэд хамгаас шилдэг, бас оюунлаг байх ёстой.

Г.Г-Сайн удирдагч хүн илүү оюунлаг, илүү хүнлэг, илүү чадвартай байна гэдэгтэй санал нийлж байна.
Р.Х-Хүмүүс цэрэг хүнийг зүгээр л үүрэг гүйцэтгэгч төдийгөөр төсөөлдөг. Үгүй л дээ. Илүү оюунлаг байхыг шаарддаг. Энэ шаардлагаараа ТЯЦ-ийнхэн их өндөр боловсролтой.
Би Арканзасын ИС-д суралцаж байгаад ТЯЦ-т явсан. 2007 онд цэргээс халагдаж, буцаж сургуульдаа ирээд хэдэн нөхдийн хамт “АНУ-ын цэрэгт алба хаасан оюутны холбоо” байгуулсан л даа. Арканзасын ИС нь АНУ-даа 51 -д ордог 40 000 орчим оюутнуудтай. Бидний энэ холбоо байнгын 120 гишүүд, дэмжигч 700 орчим гишүүдтэй болсон. Би анх энэ холбооныхоо санхүү хариуцсан дэд ерөнхийлэгчээр сонгогдлоо. Энэ хугацаандаа 60 000$-ын тэтгэлэг босгож чадсан.
Харин төгсөх жилээ ерөнхийлэгчээр ажиллаж, ажлаараа 2009 оны “Оюутны шилдэг удирдагч” шагналыг хүртсэн. Энэ ч бас муугүй амжилт байлаа.

Г.Г- Сургуулийн төлбөрөө яаж шийдэж байв?
Р.Х-Би эрдэм мэдлэгийг их хичээж сурдаг. Ахлах сургууль болон ИС-д суралцаж байхдаа B үнэлгээ цөөхөн авсан даа. Ямагт л тэргүүлэхийг хүсч байсан. ИС-ийн эхний 2 жилийн төлбөрөө төлөх гэж, 2 ажил бүтэн цагаар хийж их ч гүрийсэн. Харин сүүлийн 2 жилд армийн тэтгэлэгээр суралцаж төгссөн. Одоо хэсэг хугацааны дараа мастерт сурах бодол бий.
Зургаа: Би монгол эр хүний бахархал байхыг хүсч байна

Г.Г-Яг үнэндээ чамтай ярилцахаар бодож байхдаа өөрөөр төсөөлж байсан. Харин ийм их эрч хүч, бахархлыг төсөөлж байсангүй.
Р.Х-Миний бахархал шүтээн минь аав ээж 2 минь Би тэднийгээ бурхан мэт шүтдэг. Аав минь Рэнцэндорж гэдэг цахилгааны механик инженерийн мэргэжилтэй хүн бий. Монголын армид олон жил пуужингийн инженер хийж байсан. Харин ээж минь Буяндэлгэр гэдэг ня-бо-гийн мэргэжилтэй. Булганд Дарханд, сүүлд  нь ХААЯ-нд ажиллаж байсан. Бид их удам сайтай хүмүүс. Одоо харин хүмүүс хүний удам судрыг нилээд сонирхдог болжээ.
Миний бас нэгэн бахархал минь миний гэр бүл. Миний эхнэр Нямаа хуульч мэргэжилтэй. Миний мөрөөдөж байсанчлан 2 хүүхэд төрүүлж, өсгөж байна. Бид сэтгэл хангалуун аз жаргалтай амьдарч байгаа.

Г.Г-Харин би чамайг Америкийн армид нэр төртэй, орон зайтай яваа монгол хүн гэдгээр чинь бахархаж байна. Чи Монголын ирээдүй болсон олон залууст үлгэр жишээ болж чадна.
Р.Х-Би Монгол хүн гэдгээрээ маш их бахархаж ямагт омогшиж явдаг. Хаа ч явсан “би монгол хүн шүү, бусдаас илүү байх ёстой” гэж өөртөө хэлдэг. Яагаад гэвэл бид аугаа өвөг дээдсийн үр сад, Чингис хааны удам.
Би өөрт байгаа бүх авьяас чадлаа бүрэн дайчилж, хаа ч явсан Монгол гэдэг нэрийг гаргахыг хүсдэг. Хэзээ нэгэн цагт Монголынхоо төлөө өөрийн сурсан, өөртөө бий болгосон бүхнээ зориулна гэдэгтээ итгэдэг. Харин одоо бүр ч их зүйл сурч, их ч хөгжих хэрэгтэй байна.

Г.Г-Чамаас их эрч хүч, бардамнал, омогшил мэдрэгдэж байна шүү.
Р.Х-Хүмүүс заримдаа “даруу” байх хэрэгтэй гэдэг. Заримдаа би үүнийг өөрөөр боддог.
Залуус бид хийж чадаж, бүтээж чадаж, сурч чадаж байгаа зүйлдээ бахархаж, омогшиж, өөрийгөө болон бусдыг асааж, шатааж байх хэрэгтэй. Хоосон онгирч сагсуурахаас огт өөрөөр, сурч хийж бүтээж чадаж байгаа хэрээрээ өөрөөрөө бахархаж байх хэрэгтэй.
Монголчууд бидэнд нэг муу зан бий. Ихийг бүтээж сайн яваа нэгнээ хараад бахархаж, “энэ ингэж чадаж байхад, би үүнээс илүүг сурч бүтээх сэн” гэж хичээхийн оронд “энэ юун онгироо юм бэ? ямар нэгэн зүйл нь бүтэлгүйтээд над шиг болоосой” гэж арчаагүй, залхуу сэтгэлдээ уягдаж суудаг. Энэ үнэхээр муухай зан. Бидэнд шударга өрсөлдөөн хэрэгтэй байна. Бид атаа хорслоор биш шударгаар өөр хоорондоо өрсөлдөж, бие биенээ дэмжиж, эвлэлдэн нэгдэж чадвал амжилтад хүрнэ. Монгол хүний гени үнэхээр агуу шүү. Бид бүхнээс илүү байж чадна.

Г.Г-Чамд амьдралын туйлын зорилгоос гадна нэг зарчим байна даа?
Р.Х-Хүмүүс бие биенээ шүүмжилж, их зааж сургадаг. “Чи тэгэхгүй яасан юм бэ?”, ” Чи тэгэх хэрэгтэй шүү дээ” гэхчилэн. Би тийм хүмүүст “чи миний гутлыг өмсөөгүй байж, намайг яаж алхахыг мэдэхгүй шүү дээ” гэж хэлдэг. За тэгээд миний хэлдэг хэдэн үг бий. “АМъДРАЛ АУГАА САЙХАН. ГЭХДЭЭ ЗӨВ АМъДРАХ Нъ ХАМГААС ХЭЦҮҮ”.” ЧИ ӨӨРИЙНХӨӨ АМъДРАЛААР АМъДАР! ХАРИН ХЭНЭЭС Ч УУЧЛАЛ БҮҮ ГУЙ! ШҮҮГЧ Нъ ЦАГ ХУГАЦАА Л БАЙДАГ”.
Энэ бол миний амьдралын зарчим. Заавал бусдад таалагдах албагүй. Энэ миний өөрийнхөө амьдралаас олж авсан ухаарал.  ТЯЦ-ийнхэн “Нөхрийн сайн нь дайсны аймшиг” гэж ярьцгаадаг. ТЯЦ-ийнхэн “үхэхдээ хүртэл дайсандаа сайхан харагдах ёстой” гэж сургадаг. Чухам тийм болохоор дайснууд нь хүртэл ТЯЦ-ийнхэнтэй тулалдахаас зайлсxийдэг.

Г.Г-Чамтай уулзаж ярилцахад үнэхээр сайхан байлаа. Чамайг монгол залуусын гайхамшигт нэгэн бахархал, үлгэр дуурайлал нь байгаасай гэж хүсч байна. Чи мундаг байна шүү! Илүү мундаг байгаарай.
Р.Х-Танд ч бас их баярлалаа. Монголчууд бид цөөхүүлээ. Гэхдээ бүгдээрээ мундаг байх боломжтой. Залуус минь өмнөө уул шиг том зорилт тавьж, түүнийхээ төлөө цуцалтгүй зүтгэж, өөрийгөө зовоож, тамалж байгаад ч болов зорилгодоо заавал хүрч сур. Тэгвэл чи хүч чадалтай, бахархах зүйлтэй, аугаа Монгол хүн гэдгээ мэдрэх болно. Та нартаа амжилт хүсье.
Саяхан Р.Хосбаяр маань АНУ-ын нэртэй ТВ-ийн алдартай шоунд оролцоод ирсэн гэсэн. Монгол залуусийн ид хав, авьяас чадварыг харуулсан тэрхүү шоуг 2011 оны хавар бид үзэх биз ээ.

Oct 02

ЧИНИЙ АРД ХЭН БАЙГАА ЮМ БЭ? \АМАРЛИНТАЙ ХИЙСЭН ЯРИЛЦЛАГА\

By gala-admin | ЯРИЛЦЛАГУУД

…Ач охин өвөөгөөсөө асууна. -Өвөө цөмийн хаягдлыг яагаад Монголд булсан юм бол? Өвгөн ачийнхаа толгойг илж -Мэдэхгүй юм даа гэв. -Өвөө! Цөмийн хаягдлыг булаад муу юм болоогүй биз дээ? -Харин л дээ, миний охин гээд өвөө нөгөө толгойг нь илэв. \Сүүлийн үед гарсан онигооноос\

…Энэ хавраас Монголд Цөмийн аюул болон Монголын газар нутаг дээр харийн цөмийн хаягдлыг булах тухай асуудал олны анхаарлыг нилээд татаж шуугиан дэгдээсэн. Энэ сэдвийг анхлан хөндөж, маш олон судалгааны материал болон бодит баримтууд дээр түшиглэн гаргаж ирсэн хүн бол Амарлин. Асуудлыг тавих цагаас эхлэн” түүний ард хэн байгааг” таах уралдаан явагдаж, асуудлыг төрийн эрх баригчид “намжаах” дор түүнийг ” Хятад болон Оросын тагнуул”, “Санаатайгаар хоосон шуугиан дэгдээгч”, “Н. Энхбаярын хамсаатан” гэхчилэнгээр дуу дуугаа
авалцан цоллож эхэллээ. Монголчууд бидний хийрхэл туйлшралын нэгэн жишээ энэ. Би Амарлинг эчнээгээр бага зэрэг мэддэг төдийгүй түүний гаргаж тавьсан асуудлыг дэмжиж байгаа. Түүний бодол санааг олон нийтэд хүргэх зорилгоор түүнтэй нетээр ярилцсан юм.

Нэг. Амарлин яагаад ийм судалгаа хийх болсон юм бол…

-Г.Галбадрах:Амарлин гэж хэн юм бэ?

-Амарлин:  Намайг Амарлин гэдэг. Энэ бол миний жинхэнэ нэр биш, Амарлингуй гэдэг үгнээс эхний хэсгийг нь зээлдсэн зохиомол нэр л дээ. Би гадаадад боловсрол эзэмшсэн, одоо нэг судалгааны байгууллагад ажиллаж байгаа монгол хүн. Судалгаа бол миний үндсэн мэргэжил. Монголоосоо гараад удсан ч хүнийрхүү сэтгэл надад байхгүй, холдох тусам эх орныхоо улам ихээр сэтгэл зовинож, яавал монголчууддаа туслах вэ гэж бодож явдаг нэгэн. Аль нэг намын гишүүн биш, сонгуульд ч бараг санал өгч үзээгүй л дээ. Улс төрийг саяхан болтол
сонирхдоггүй байсан. Би бас мэргэжлийн сэтгүүлч ч биш. Зүгээр л хувийн www.golomt org нэртэй блогийг хөтөлж түүндээ Монгол улс, газар нутаг, үндэсний аюулгүй байдлын талаарх чухал асуудлуудыг хөндөхийг хичээдэг.

Зарим хүмүүс миний бичсэн зүйлийг үзчихээд бүхэл бүтэн судалгааны баг ажиллаж байгаа гэж ойлгодог. Тэгээд ганцаараа бичсэн гэхээр итгэхгүй, яагаад ийм их цаг зарцуулж байна вэ гээд гайхдаг. Мэдээж бусдын адил миний хоног 24 цагтай, би өөрийн гэсэн ажил амьдралтай. Гэвч эх орон минь сүйрлийн ирмэг дээр тулчихаад байхад хувиа бодож, хойшоо суухыг зүрх сэтгэл минь тэвчихгүй байна. Хүн бүрт хувийн асуудал байдаг ч, эх оронгүй болчихвол эдгээр асуудлууд нь чухал хэвээрээ байсаар байна гэж үү?

-Г. Галбадрах: Та цөмийн хаягдал болон хор хөнөөлийн асуудлыг анхлан хөндөж тавьсан. Гэхдээ  маш тодорхой баримт нотолгоотой бичиж эхэлсэн. Энэ тухайгаа тайлбарлавал?

-Амарлин: Монголд цөмийн хаягдал булшлах тухай асуудлыг Америкийн нэр бүхий эх сурвалжаас олж үзээд, Монголын олон нийт мэдэх хэрэгтэй гэсэн бодлоор орчуулаад, өөрийн блог дээр бас мэдээллийн ганц хоёр сайтад тавьсан. Тухайн үедээ энэ асуудлыг үргэлжлүүлэн судлах болно гэж огтхон ч бодож байгаагүй. Магадгүй, асуудлыг  нэг хөндчихөөр манай сэтгүүлчид дэмжээд цааш нь нягтлан судлаад, эрэн сурвалжлах байх гэж битүүхэн найдаж байсантай минь холбоотой байх л даа.

Харин мэдээллийг гаргаж тавьсаны дараах эрх мэдэлтнүүдийн хариу үйлдэл тун хачин санагдсан. Тэд асуудлыг үгүйсгэхдээ нэг тийм сонин үндэслэл, ойлгомжгүй тайлбар гаргаж, зальжин хандаж байгаа нь  мэдрэгдсэн.  Анхлан энэ талаар бичсэн  Nuclear Threat Initiative (NTI) гэдэг мэдээллийн байгууллагаас эрхлэн гаргадаг сэтгүүлийг “шар сонин” гэж нэрлээд, нэр хүндийг нь гутаахаар огт худлаа мэдээлэл зохиож бичиж байсан. Гэтэл NTI байгууллага нь нэр хүндтэй төдийгүй, удирдах зөвлөлийнх нь захирлаар АНУ-ын cенатор Сэм Нанн болон CNN хэмээх мэдээний
сувгийг үүсгэн байгуулагч  Тэд Тернер нар хамтран ажилладаг. Удирдах зөвлөлийн бусад гишүүд нь ч АНУ-ын Батлан Хамгаалах Яамны төрийн нарийн бичиг дарга асан, Йорданы ханхүү, Нобелийн шагналтай эдийн засагч, Харвардын их сургуулийн профессор, дэлхийд нэртэй цөмийн физикч, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын тусгай зөвлөх доктор Нафис Садик гээд нэр хүндтэй хүмүүс байдаг.  Тэдний зөвлөхөөр нь АНУ-ын тэрбумтан, өглөгийн эзэн Уоррен Баффет байдаг гээд бод доо. Ийм нэр хүндтэй байгууллагыг “шар сонин” гаргадаг гэж бичиж болох
уу даа.

Нөгөөтэйгүүр, олон улсын цөмийн хаягдлыг Монголд булшлах талаар анх ярьсан хүн нь Ричард Стратфорд гэдэг АНУ-ын Төрийн Департментийн хэлтсийн дарга, олон жилийн туршлагатай ахмад дипломатч хүн. АНУ-ын өндөр тушаалын түшмэл хүн ” хадуураад” мэдэх мэдэхгүй зүйлээ ” чалчина” гэж огт байхгүй. Гэтэл тухайн үед Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр Р. Стратфорд ч буруу ярьчихсан юм шиг, эсвэл монголчууд ч буруу ойлгоод байгаа юм шиг бичиж байсан нь хачирхмаар санагдсан.

-Г.Галбадрах: Харин Монголын эрх баригчид болон мэргэжилтнүүд хэрхэн хүлээж авсан бэ?

-Амарлин: Энэ асуудлыг хөндсөний дараа эрх баригчид янз бүрээр тайлбарласан. УИХ-ын гишүүн О. Чулуунбат шуудхан “Цөмийн хаягдал огт хоргүй, хүний ялгадаснаас бага хортой, ер нь ч ашигтай сайхан бизнес” гэж ярилцлагадаа дурдсан байгаа. УИХ-ын гишүүн П. Алтангэрэл, академич Б. Чадраа, тусгай үүрэг гүйцэтгэгч элчин сайд А. Ундраа нар “хоргүй” гэж баталж байсан. Сэтгүүлчид ч энэ талаар нарийвчлан судалж бичихгүй, тэгсгээд мартуулах шинжтэй болсон. Харин миний хувьд эндээс олон зүйлийг ойлгосон.

Би урьд нь монголчуудыг гадаад ертөнцийн талаар маш их мэдээ мэдээлэл авдаг гэж  боддог байсан юм. Гэтэл үнэндээ хамгийн чухал, хүн амын эрүүл мэнд, үндэсний аюулгүй байдалтай холбоотой мэдээ мэдээллээс хоцроод байсан. Тэр бүү хэл, олон нийтийн ” тархийг угаах”-ын тулд эрх мэдэлтнүүд огтхон ч ичихгүйгээр эрээ цээргүй худлаа ярьж чадаж байгаа нь миний дургүйг хамгаас илүү хүргэсэн. Хүн бүр гадаад хэл мэдэхгүй, интернет ашиглаж мэдээлэл авч чадахгүйг далимдуулан олон нийтийг элэг барин басамжлан доромжилж , дур зоргоороо
авирладаг юм байна.  21-р зуунд мэдээллийн технологи асар хөгжсөн байхад “эд нар яаж мэддэг юм” гэсэн увайгүй хандлага нь үнэхээр жигшмээр байлаа. Дээрээс нь сэтгүүлчид ч асуудлыг  ул суурьтай судлан, үндэслэлтэй мэдээлэл өгөх нь дутмаг байдаг нь энэ байдлыг улам даамжруулдаг юм байна.

-Г. Галбадрах: Тэгээд л энэ талаар гүнзгийрүүлэн судалж эхэлсэн үү?

-Амарлин: Тийм ээ, хүмүүст үнэн зөв мэдээлэл өгөх нь маш чухал юм байна гэдгийг ойлгоод л,  асуудлыг гүнзгийрүүлэн судлахаар сэтгэл шулуудсан даа. Ингээд энэ асуудалтай холбоотой хэд хэдэн хэл дээр гарсан мэдээ материалуудыг хайж судалсан. Мэдээж миний сурсан эрдэм. мэргэжил их хэрэг болсон. Судлаач хүн болохоор баримт материал хайх, баталгаажуулах, судлах тал дээр асуудал байгаагүй.  Ингэхдээ бүр эхнээс нь буюу уран гэж юу юм бэ, түүнийг хэрхэн олборлож, боловсруулдаг тухай, түлш болгох үе шат болгонд ямар хог хаягдал
гардаг, ямар хор нөлөөтэй, АЦС ашигласан цөмийн түлшний хаягдлыг дахин боловсруулдаг эсэх, бусад улс орнууд хог хаягдлаа хааш нь хаядаг вэ? гээд л судалж эхэлсэн. Ингэж судлахад 20 гаруй хоног зарцуулж, 100 гаруй хуудас материал бэлтгэсэн л дээ. Өдөр нь ажилтай болохоор шөнө дөл хүртэл сууж, бас хагас бүтэнгүй ажиллаж байсан. Хүмүүст ойлгомжтой, буцаад нягтлах эзэнтэй байхын тулд бүх эх сурвалжийг хадахыг хичээсэн. Материалаа бэлтгэчихсэн хойноо л хэт урт болсныг анзаарсан. Хүмүүс ч “наадах чинь сонины нийтлэл биш, судалгааны
ажил болжээ” гэж шүүмжилж байлаа. Гэхдээ бичсэн зүйлээ 3 хуваагаад  “Цөмийн цуврал-1,2,3” нэртэйгээр www.golomt org блогтоо тавьсан. Тэр үеэс миний блогийг хүмүүс ч арай илүү  сонирхож эхэлсэн, цувралыг сонин.мн авч нийтэлсэн. Энэ цуврал цөмийн хаягдлын асуудлаар бичсэн миний анхны томоохон ажил болсон гэж боддог.

-Г.Галбадрах: Энэ бичлэг тань олон нийтийн сонирхол анхаарлыг татаж байсан төдийгүй өөр ч эх сурвалж мэдээллүүд гарч эхэлсэн.

-Амарлин: Удалгүй Японы “Майничи” сонинд энэ тухай хэд хэдэн мэдээлэл гарч, асуудал дахин анхаарлын төвд орлоо. Гэтэл дахиад л “Майничи” сонинг “шар сонин” гэж цоллон мэдээллийг үгүйсгэсэн.  “Майничи” сонин 5,6 сая хувь хэвлэгддэг, дэлхийн 20 гаруй оронд салбартай,  Пулицерийн шагнал авсан цорын ганц Япон сонин юм шүү дээ. Энэ сонины хоёр ч удирдах ажилтан нь Японы ерөнхий сайдаар ажиллаж байсан гэдэг.  Ийм өндөр нэр хүндтэй сониныг “борлуулалттаа нэмэгдүүлэхээр худал мэдээ нийтэлсэн шар сонин” гэж ярьж байсан. Зүйрлүүлж хэлбэл
“Нобелийн шагналт” эрдэмтнийг “бичиг үсэг мэдэхгүй, харанхуй бүдүүлэг” гэж гүтгэсэнтэй адил шахуу юм уу даа.

Хүмүүст аль болох бодитой мэдээлэл өгөхийн тулд “Майничи” сонин болон бусад баталгаатай эх сурвалжууд дээр гарсан мэдээллүүдийг орчуулж www.golomt.org блог дээрээ тавьсан. Ер нь Японд суугаа монголчууд их идэвхтэй хандсан л даа, зарим нь надад орчуулсан нийтлэлээ хүртэл явуулж байсан. Удалгүй  sonin.mn, shuud.mn болон бусад сайтууд эл мэдээллүүдийг нийтэлж байсан. Энэ үед л элдэв явууллагууд гаарч эхэлсэн. Ер нь чухал эгзэгтэй асуудлууд хөндөгдөж эхэлмэгц л олон нийтийн сэтгэл зүйгээр их тоглодог юм билээ. Ихэвчлэн элдэв янзын
“сэтгэгдэлүүд” болон үгүйсгэсэн захиалгат бичлэгүүд их гарна. Нэн ялангуяа монголчуудын үндсэрхэг үзэл, Хятадаас болгоомжлох үзлийг  маш овжноор ашигладаг юм билээ. Нэг жишээ дурьдая  л даа. З. Боргилмаа гэдэг сэтгүүлч news.mn дээр “энэ цуурхалыг хэн гаргаад байна, ер нь дор нь бичсэн сэтгэгдлийн IP-аас үзэхэд дандаа Хятадаас гэхдээ монгол хэлээр бичиж байна” гэсэн огт үндэслэлгүй юм зохиож бичсэн байсан. Үнэхээр тэр бүх IP судлаад шалгасан юм бол бүгдийг нь жагсааж бичээд тэдний өдрийн тийм нийтлэлийн доор тэдэн сэтгэгдэл
бичсэнээс тэд нь Хятадаас орж ирсэн байна гээд тодорхой тоо баримттай, бас эх сурвалжтай бичих хэрэгтэй шүү дээ. Ноцтой асуудлын ач холбогдлыг алдагдуулах, олны анхаарлыг өөр зүйлд хандуулах гэсэн өрөвдөлтэй оролдлого байсан. Энэ нь хэвлэл мэдээллийн сувгууд эрх мэдэлтнүүд болон улстөрчдийн гарт орсонтой холбоотой байх л даа.

Хоёр: Цөмийн тухай үлгэр ба үнэн

-Г.Галбадрах: Олон нийтийн хувьд цөмийн энерги, АЦС, цөмийн хаягдлын талаар мэдээлэл их дутмаг, бас өрөөсгөл хандлагатай байна.

-Амарлин: Тийм шүү. Жишээ нь, цөмийн хаягдал гэхээр цөмийн зэвсэгтэй андуурдаг. Зарим хүмүүс цөмийн хаягдал авбал цөмийн зэвсэгтэй болно гэж ойлгож байна. Гэтэл манай улс “Цөмийн зэвсэггүй улс” гэдгээ аль эрт зарлан тунхаглачихсан. Дээрээс нь тэр технологи нь маш нууц, тун цөөхөн улс орны мэдэлд байдаг.Бид яаж ийгээд цөмийн зэвсэгтэй болдог юмаа гэхэд дэлхийн улс орнуудын эсэргүүцэл, хөрш 2 орны хандлага ямар байх билээ.

Бас цөмийн хаягдлыг сансарт нисгэе гэсэн бодолтой хүмүүс байдаг. Онц хөнөөлтэй түвшний хаягдал болох цөмийн түлшний хаягдал гэхэд манай гариг дээр 350 мянган тонн хуримтлагдсан байдаг байна.  Тэднийг бүгдийг сансарт нисгэхийн тулд маш олон сансрын хөлөг, хөөргөх байгууламжууд  хэрэгтэй болно. Асар их хөрөнгө шаардагдах тул хэрэгжүүлэх боломжгүй юм билээ. Тэгээд ч монголчууд бидний хэлдгээр “Өөдөө хаясан чулуу өөрийн толгой дээр” буух болбол яах билээ. Бүр өч төчнөөн их хөрөнгө зарцуулаад ийм төсөл хэрэгжүүллээ гэхэд
сансрын хөлөг хөөрөх үед болон сансрын орчинд гарах эрсдлийг ч бид мартаж болохгүй.

Мөн цөмийн хаягдлыг дахин боловсруулах боломжтой, ашигтай түүхий эд гэж ярьж байна. Манай гариг дээр хуруу дарам цөөхөн тооны дахин боловсруулах байгууламж бий, гэхдээ хүчин чадал бага, аваар осол ихтэй юм билээ. Эдийн засгийн хувьд ч ашигласан түлшийг дахин боловсруулах нь ашиггүй гэдгийг баталсан тэргүүлэгч орны эрдэмтдийн тайлан тооцоо байна. Тэнд дахин боловсрууллаа гэхэд, зарим нь шингэн хэлбэртэй, ашиглах боломжгүй хаягдал их хэмжээгээр гардаг юм байна. Энэ асуудлыг сүүлийн 50-60 жил судалж байгаа ч одоо хүртэл
дорвитой ахиц үгүй, “ойрын 50-100 жилд ч баталгаатай арга олно гэдэгт эргэлзэж байгаа” тухайгаа зарим эрдэмтэд өгүүлж байгаа.

Үнэхээр дахин боловсруулж болдог эсэхэд эргэлзээд байгаа хүмүүст зөвлөхөд монголчууд бид өөрсдийгөө “гүйлгээ ухаантай” хүмүүс гэдэг шүү дээ. Тэгвэл хар ухаанаар бодоод үзээрэй. Үнэхээр дахин боловсруулах боломжтой юм бол, яагаад Финлянд улс дотоодынхоо онц аюултай түвшний цөмийн хаягдлаа дахин хэзээ ч гаргаж авахгүйгээр булшлахаар Онкала гэдэг агуулах газрын 500 м гүнд байгуулж байна вэ? Америкчууд ч бас Невада мужийн Якка ууланд төстэй байгууламж байгуулж байсан гээд эргэцүүлээрэй. Асар ашигтай, үнэтэй түүхий эдээ
үүрд булшилна гэж байх уу?
Энд нэг зүйлийг нэмчихье. Өнөөдөр ураны үнэ дэлхийн зах зээл дээр сүүлийн хэдэн жилд байгаагүй ихээр унасан байгаа юм билээ. Тэгэхээр тэрнийг олборлож, боловсруулаад асар хямдаар зарах нь хэнд ашигтай вэ гэдэг асуултыг хүн бүр бас болгоох хэрэгтэй байхаа. АЦС байхгүй, барьсан ч ганцыг барих Монгол улсад уу эсвэл бусад орнуудад уу?

-Г.Галбадрах: Байдал ийм байсаар атал Монголд цөмийн баялгийг ашиглах тухай яриа намжихгүй л байна даа.

-Амарлин: Б.Чадраа гуай нэг ярилцлагадаа “Монголын говь цөмийн хаягдал хадгалахад таарсан сайхан газар” гэж өгүүлсэн байсан.  Гэтэл Монгол улсын газар нутгийн 90 гаруй хувь нь газар хөдлөлтийн идэвхитэй бүсэд хамаардаг гэсэн мэргэжлийн хүний судалгаа байдаг. Зөвхөн энэ он гарснаас хойш гэхэд хэд хэдэн удаа хүчтэй газар хөдөлсөн, өнгөрсөн долоо хоногт Өмнөговьд 6-7 баллын газар хөдөлсөн гэсэн мэдээ байсан.
Хүмүүс Монголд АЦС барих хэрэгтэй, энэ бол хамгийн цэвэр энерги гэж андуурдаг. АЦС байгуулаад ашиглавал заавал цөмийн хаягдал гарна. Энэ хаягдал нь асар аюултай, хүний үр удамд нөлөөлнө, хор хөнөөлөө хэдэн зуун мянган жилээр өөртөө агуулдаг. Та бидний үед ямар нэг осол гарвал түүний хор хөнөөл нь 200 мянган жилийн дараа ч яг хэвээрээ байна гэж ойлгож болно. Нөгөө талаар жирийн станцтай харьцуулахын аргагүй асар их ус хэрэглэнэ. Тэр усан санг байнга хүйтэн усаар хангаж байхгүй бол юу болдгийг бид Фукушимагийн ослоос харсан.
Тэгэхээр АЦС баривал монголчууд бид алтны хэнээрхлээс болж ширгэсэн гол нууруудаас үлдсэн жаахан усаа ууршуулах нь байна.
Анзаараад байхад цөмийн хаягдал, АЦС-ыг энгийн зүйлтэй харьцуулах, хүмүүст буруу ойлголт  төрүүлэх гэсэн оролдлого их байна. Тухайлбал: УИХ-ын гишүүн О. Чулуунбат АЦС, цөмийн хаягдлыг онгоц, машинтай, Гадаад Харилцааны Яамны тусгай үүрэг гүйцэтгэгч элчин сайд асан А. Ундраа хутгатай зүйрлэж байв. Тэгээд “Хутга ч гэсэн аюултай  гэхдээ гал тогоонд л байдаг зүйл. Онгоц аюултай гээд бид онгоцонд суухаа больдоггүй биз дээ?” гэхчилэн тайлбарлацгаан учирлана.  Хамгийн аюултай гэмт хэрэгтний гарт хутга бариуллаа гэхэд магадгүй 10-20
хүний амь нас сүйдэж болох, онгоц сүйрлээ гэхэд магадгүй 100-200 хүний амь нас сүйдэж болох юм. Харин АЦС дээр осол гарвал Улаанбаатар хот, цаашлаад Монгол Улс ч газрын хөрснөөс арчигдаж болох юм. Мөн бид эрүүл мэндээрээ хохироод зогсохгүй, бидний үр удам төрөлхийн гажигтай, амьдрах чадваргүй төрөх болно. Ялгаа нь энд л байгаа.

-Г.Галбадрах: АЦС-уудад гарсан ослын улмаас үүдсэн хор уршиг өнөө хэр дэлхий нийтийг түгшээж байна.

-Амарлин: Чернобыль, Фукушимагийн ослын үр дүнг хар л даа. Хичнээн хүн хохиров? тэр хавийг цэвэрлэх гэж хичнээн их хөрөнгө хүч зарцуулав? Тэглээ гээд тэнд хэдэн зуун жилдээ хүн амьдрах боломжгүй боллоо.  Нийт цацраг идэвхит бодисын тунадас нь Хирошимад хаясан атомын бөмбөгнөөс 25 дахин их байна, асар аюултай цезий гэхэд 160 дахин их байна гэсэн тоо баримтууд байгаа.  Эдгээр тоо нь Чернобылийн ослын үеийнхнээс хавьгүй их байна. Албан бус тоогоор Чернобылийн ослоор сая хүн нас барсан гэж бичдэг.

-Г.Галбадрах: Одоо тэгэхээр яах хэрэгтэй гэж?

-Амарлин: Яг наад асуултыг тань миний бичлэгийг уншсан олон хүн надаас асуудаг. “Бид бүгдийг удирдах нэг удирдагч гарч ирээсэй” гэж аргаа барсан зарим нь бичнэ. Миний бодлоор бол бид хэн нэгэнд найдах биш хүн бүр дор бүрнээ өөрийн чадах бүхнээ хийх хэрэгтэй байх. Ямар ч том барилга ширхэг тоосгоноос эхэлдэг биз дээ? Тэгэхээр өөрийнхөө төлөө, үр хүүхдүүдийнхээ эрүүл энх аж төрөхийн төлөө, Монгол улс, эх орныхоо төлөө бид дор бүрнээ хариуцлага хүлээх ёстой. Бид хамтдаа эсэргүүцвэл амжилтад хүрнэ. Зарим хүмүүс “Сүх далайтал үхэр
амар” гэдэгчлэн “За яахав, булна гээд ороод ирвэл эсэргүүцнэ дээ” гээд аажуу тайван монгол зангаар, хэнэггүй, олхиогүй байдлаар ханддаг. Бас “Тэр цөмийн хаягдал булшлах гэсэн Америк-Япон-Монголын нууц гэрээний нэг хувийг үзүүлчих, тэгвэл итгэе” гэсэн хүмүүс байдаг гэж сонсоод би үнэхээр харамссан. Бид хувиа хичээж, бэртэгчин царайлж суувал нэгэн цагт Монголын хөрсөнд цөмийн хаягдал булшилж л таарна.
Одоогийн байдлаар уран олборлолт, АЦС барихын эсрэг, цөмийн хаягдал булшлахын эсрэг тэмцдэг фейсбуукын хэд хэдэн бүлэг байгуулагдсан байгаа. Бид дор бүрнээ цацраг идэвхийн хор хөнөөлийн талаар ард олонд үнэн зөв мэдээ мэдээлэл хүргэх, үзэсгэлэн зохион байгуулах, кино орчуулах, жагсах, гарын үсэг цуглуулах, холбогдох хүмүүстэй уулзах гээд чадах чинээгээрээ ажиллаж байна. Энэ дашрамд хэлэхэд уран гэдэг ашигт малтмал нь байгальд байхдаа аюул багатай ч гар хүрч хөндмөгц идэвхжиж, урвал задрал явагдаж үхлийн хөнөөлтэй хор
болж хувирдаг. Ер нь уран олборлохоос эхлээд уран боловсруулах бүх үе шатанд хортой хий, тоосонцор, туяа ялгардаг. Ашигласан түлшний хаягдал бол хамгийн хортой, хамгаалалтгүй бол хажууд нь хэдхэн минут зогсоод үхэж болно. Ураны тоосонцорыг манайхан төдийлэн хортой гэж боддоггүй. Гэтэл цацраг идэвхт тоосонцорыг амьсгалах юм бол хүний дотор эрхтэнд наалдаж, цусны эргэлтэнд нэвтэрч хорт хавдар үүсгэдэг нь батлагдсан. Дээрээс нь АЦС осол аваар ихтэйг түүх бидэнд харууллаа. Түүнчлэн цөмийн хаягдлыг тээвэрлэх 300 удаагийн
тохиолдол тутамд 1 удаа зам тээврийн осол гардаг гэсэн тооцоо байдаг юм билээ. Ослын улмаас газрын хөрсөнд нэвчиж буй тэр их хорыг яах вэ? гэдэг асуудал ч байгаа. Ер нь ч тэгээд авто машинаар болон төмөр замаар тээвэрлэхэд орчны радиацийн түвшин нэмэгддэг нь үнэн.
Ийм байхад Монголчууд бид уран олборлох, АЦС барих, цөмийн хаягдал булшлах гэсэн энэ хоорондоо нарийн уялдаатай үйл ажиллагаанаас татгалзах хэрэгтэй. Үнэндээ дэлхий нийтийн чиг хандлага сэргээгдэх эрчим хүчийг илүүтэй сонирхож байна, Герман, Швейцар гээд цөмийн эрчим хүч ашиглахаас татгалзахаар шийдсэн, АНУ, Япон, Франц энэ талаар хэлэлцэх болсон. Бид хоцрогдож буй АЦС барихаас татгалзснаараа зарим нэг хүмүүсийн хэлж буйгаар “аргал түлж, хоцрогдоно” гэсэн үг биш шүү дээ. Харин орчин үеийн аюул осол багатай шинэ
технологийг нэвтрүүлж байж бид хөгжинө.

Гурав. Олон улсын цөмийн булшны асуудлаар

-Г.Галбадрах: Дэлхий нийтийн хэмжээнд хурц болж байгаа асуудал нь олон улсын цөмийн хаягдлыг хаана булшлах тухай асуудал болж байгаа бололтой.

-Амарлин: Энэ асуудал нь 1990-ээд оноос Олон Улсын Атомын Энергийн Агентлагаар (ОУАЭА) хэлэлцэгдэж байгаа нь нууц биш. Энэ талаарх баримт бичиг, тайлан судалгаанууд нь байдаг. Товчхондоо бол цөмийн хаягдал нь хор хөнөөлтэй, дээрээс нь цөмийн зэвсэг үйлдвэрлэж болох тул олон улс орнууд тус тусдаа хадгалах гэж ядарч байснаас нэг орон бусдынхаа өмнөөс хариуцлага хүлээгээд, тодорхой төлбөр авч тэр хаягдлыг өөрийнхөө газар нутагт хадгалах тухай санаа юм. Өөрөөр хэлбэл “бусдын лай ланчгийг өөртөө үүрэх”  гэсэн бодлого юм даа. Гэвч
өнөөг хүртэл бусдын цөмийн хаягдлыг нутагтаа булшлах хүсэлтэй улс орон гарч байгаагүй. Зарим нэг улс орнууд, тухайлбал Казахстан, Австрали зэрэг улсуудын эрх баригчидтай тохиролцож эхэлмэгц ард түмэн нь эсэргүүцэн болиулж байсан удаатай.

-Г.Галбадрах: Гэтэл Монгол улс энэ асуудлаар санаачлага гаргасан байж болох тухай өөрийн тань бичлэгт дурдагдсан байсан.

-Амарлин: Олон yлсын болон бүс нутгийн цөмийн хаягдлын агуулах байгууламж барихыг ОУАЭА-ийн захирал Эль Барадей дэмждэг байсан. Манай Ерөнхий сайд асан С.Баяр 2008, 2009 онуудад түүнтэй биечлэн уулзаж, С.Батболд Ерөнхий сайд болчихоод тус байгууллагын удирдлагад  2010 оны 3 сард бараалхаж, бас эл байгууллагын Ерөнхий захирал нь 2010 оны 11 сард Монголд айлчилж байжээ.

2010 оны 6 сард гарсан эрдэм шинжилгээний сэтгүүлд АНУ-ын Цөмийн зэвсгээр хөөцөлдөхийн эсрэг  Монтеррейн Судалгааны Хүрээлэнгийн судлаачдын бичсэн нийтлэлд “Монгол улс гадны цөмийн хаягдлыгөөрийн нутагтаа хадгалахыг сонирхож байна” гэж бичсэн байна. Тэгэхээр тэдгээр нэр бүхий шинжээчдээс энэ мэдээллийг хэнээс авсан болохыг судалж болох талтай.

“Монголын Цөмийн санаачлагa” (Mongolian Nuclear Initiative) гэж байгаа. Ерөнхийлөгч Ц. Элбэгдоржийг АНУ-д айлчлах үеэр АНУ-ын Ерөнхийлөгч хүртэл сайшаасан гэсэн. Гэтэл тэр төслийн тухай мэдэх хүн алга.  Үнэндээ тэр төсөл бол Монголд Цөмийн түлшний банк байгуулах төсөл. Монголчууд уранаа олборлож, түүнийгээ түлш болгож бусдад зараад, гарсан цөмийн түлшний хаягдлыг Монголдоо эргүүлж авна гэсэн үг. Тэгэхээр дахин боловсруулах баталгаат технологи байхгүй өнөө үед энэ бол Монголд цөмийн хаягдлыг  хадгалах байгууламж барина гэж ойлгож
болно.

-Г.Галбадрах: Тэгэхээр манай талын санаачлагаас гадна гадны улс орнууд энэ зорилгоор Монголыг сонирхох сонирхол байна гэсэн үг үү?

-Амарлин: Тийм.  Цөмийн хаягдал хадгалах улс орнуудад тодорхой шаардлагууд тавигддаг. Нутаг дэвсгэр нь том, хүн ам сэлүүхэн суурьшсан, дэд бүтэц хөгжсөн, мэдээж харж хянахад хялбар, шинээр цөмийн зэвсгээр хөөцөлдөх хүсэлтэй орнуудаас аль болох зайтай, цөмийн зэвсэг үйлдвэрлэх хүн хүч, технологи эзэмшээгүй бол сайн байж таарна. Энэ шаардлагад ” дэд бүтэц хөгжсөн” гэдгээс бусдаар Монгол улс таарч тохирч байгаа. Сүүлийн хэдэн жилд Дорнодоос Хятад руу гарсан төмөр зам барих төсөл яригдаж, хэрэгжих шатандаа ороод байга аюм билээ.
Тэгэхээр дэд бүтцийн асуудал ч бас шийдэгдээд байгаа бололтой.

Дөрөв: Бусад асуултууд

-Г.Галбадрах: Энэ асуудлууд олон нийтийн анхаарлыг татаж эсэргүүцэж эхлэх үед эрх баригчид олон нийтэд таалагдах үйлдлүүд хийж эхэлж байна.

-Амарлин: Ерөнхий сайд, Сэлэнгийн 11 жилийн сурагчийн хүсэлтээр цаасан дээр “Монголд Цөмийн хаягдлыг булшлахын эсрэг” гарын үсэг зуржээ. Гэвч С. Батболд сайдаас асуух зүйл байна. “Та 2011 оны 1-р сард Арабын орнуудаар айлчилж явахдаа АНЭУ-д цөмийн түлш нийлүүлэхээр гэрээ хийсэн гэж ЗГ-ын хэвлэл мэдээллийн албанаас мэдээлсэн байсан.  Айлчлалаас ирээд 1-р сарын 21- ний өдрийн УИХ-н чуулганд хандаж хэлсэн үгэндээ “Монголд Цөмийн хаягдал хадгалах байгууламж барина” гэж дурдсан байгаа. Тэгвэл АНЭУ-д түлш нийлүүлчихээд ашиглаж дууссан
хойно нь хаягдлыг нь Монгол Улс авах уу үгүй юу? Энэ талаар тодорхой хариулт сонсмоор байна.

Бас  Ерөнхийлөгч Ц. Элбэгдоржоос “Та 2009 оны 9 сард Энэтхэг явж Цөмийн түлш нийлүүлэх гэрээ хийсэн бөгөөд энэ зун Энэтхэгийн Ерөнхийлөгч ирж энэ гэрээг баталгаажуулаад явлаа.  Монгол Улс уранаа боловсруулаад гадны нэг орноор түлшээ захиалан үйлдвэрлүүллээ гэж бодоход Энэтхэгээс, ашигласан түлшнийх нь хаягдлыг эргүүлж авах уу? Ер нь Монгол улс Цөмийн түлш боловсруулан зээлдүүлэх юм уу Цөмийн түлшний банк гэгч үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөж байгаа юу? Тийм бол ОУАЭА-аас тийм үйлчилгээ үзүүлэх улс нь, Олон улсын цөмийн
хаягдлыг хадгалах байгууламжтай байх ёстой, эсвэл тийм байгууламжтай гуравдагч оронтой хамтрах ёстой гэсэн зөвлөмж байгаа шүү дээ” гэж тодруулан асуумаар байна.

Мөн монголчууд бид уранаа олборлож эхлээгүй, цөмийн түлш үйлдвэрлэээгүй мөртлөө ийм төрлийн гэрээ хэлэлцээрийг асар олноор нь байгуулчихсан. Тэр бүү хэл урьдчилгаа аваад эхэлчихсэн байгаа. Энэтхэгээс гэхэд л Ерөнхийлөгч Ц. Элбэгдорж 25 сая ам. долларын хөнгөлөлттэй зээл авахаар 2009 онд тохирсон, сая 7 сард Энэтхэгийн Ерөнхийлөгч айлчлахад  20 сая ам. долларын зээлийн асуудал бас яригдаж байсан. С. Баяр Ерөнхий сайд байхдаа ОХУ-аас 300 сая ам. долларын зээл авч, атар эзэмших төсөлд зарцуулсан гэдэг. Японы “Марубени” корпорациас
ч гуйж байсан, Хятадаас ч зээлж байсан тухай мэдээ бий. Тэгэхээр Монголын ураны урьдчилгаанд хэр зэрэг зээл аваад хэрхэн зарцуулсан бэ гэдэг асуулт бас гарч ирж байна.

-Г.Галбадрах: Саяхан Монгол Улсын Ерөнхийлөгч энэ талаар зарлиг гаргаж, олон нийтийн талархлыг хүлээж байна.

-Амарлин:Ерөнхийлөгч энэ зарлигтаа ” Цөмийн хаягдлын талаар ҮАБЗ-ийн зөвшөөрөлгүйгээр яриа хэлэлцээр хийж болохгүй” гэсэн байгаа.  Гэтэл ҮАБЗ нь Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга нараас бүрддэг. Мөн тус зарлигтаа ч, НҮБ-ийн чуулганы индэр дээрээс ч “Монголд Цөмийн хаягдал булахгүй” хэмээн мэдэгдэж байна. Гэвч 2009 оны 7 сард гарсан “Цөмийн энергийн тухай” хуулинд “цөмийн хаягдал” гэж юу болох хийгээд “гадны” болон “дотоодын цөмийн хаягдал” гэж тодорхой зааглан тайлбарлаагүй болохоор, цөмийн түлшний хаягдлыг “түүхий
эд” нэрээр Монголд оруулж ирэх, мөн  “өөрийн уранаар хийсэн түлш юм чинь бид хаягдлаа буцааж авах ёстой, тийм журамтай” гэхчилэн хүмүүсийг мэхлэж байгааг яах вэ?  Би үүнийг хүмүүсийн сэтгэлийг засах болон амрааж тайвшруулахаар хийж байгаа үйлдэл байж болзошгүй хэмээн хардаж байгаа юм.
Асуудал үүгээр дуусгавар болоогүй тул сэтгэл амарч тайвширч болохгүй. Бусад улс орнууд цөмийн хаягдлаа шийдэж дуустал Монгол улс анхаарал сэрэмжтэй байх ёстой.

-Г.Галбадрах: Тийм ээ! Би ч энэ асуудалтай санал нэг байна. Бид сонор сэрэмжтэй байхаас гадна ийм асуудал дээр эв нэгдэлтэй байх нь илүү хэрэгтэй байна.
-Амарлин: Тийм шүү. Миний бичсэн зүйлийг уншиж, улмаар нэгдэж, Монгол улсаа Цөмийн аюулаас холдуулахаар чин сэтгэлээсээ тэмцэгч хүмүүсийн нэгдэл бий болсон. Тэдэнд миний овог нэр, гурван үеийн намтар төдийлэн чухал биш. Хамгийн гол нь намайг “хэн бэ?” гэдгийг миний хэлсэн болон хийсэн зүйлээр нь дүгнэсэн байх. Нүүр тулж үзээгүй мөртлөө надад асар ихээр итгэл хүлээлгэсэнд нь талархаж, тэднийг хүндэтгэж явдаг. Цөмийн аюулыг Монголоос  зайлуулахаар цаг зав, хүч чадлаа харамгүй зарцуулж буй нөхдөөрөө би маш их бахархаж байна.
Тэдний надад өгч буй санал зөвлөлгөө, урмын халуун дотно үгс надад их эрч хүч урмыг өгдөг юм.

Бидний эгнээнд АНУ, Герман, Япон, Австри, Монгол гээд олон улс оронд сурч, ажиллаж ,амьдарч байгаа  бүх насны хүмүүс болон гадны эрдэмтэд судлаачид ч бий. Мөн бидэнд хандаж захидал, мэдээлэл ирүүлдэг хүмүүс ч цөөнгүй байгаа.  Бид энэ асуудлыг цаашид ч хянасаар байх болно.
Саяхан Цөмийн аюулыг эсэргүүцэгч хэсэг хүмүүс Монголын Цөмийн Энергийн Газрын дэд дарга Дамдинсүрэнтэй уулзаж ярилцсан байна лээ.  Гэтэл санал бодлоо солилцож, үзэл бодлоо илэрхийлсэний  эцэст тэрээр “Би Монголд АЦС барихын төлөө үхэн үхтлээ тэмцэх болно. Та нар энэ байгууллагад ажилладаг 90 гаруй хүнийг ажилгүй болгох гэлээ” хэмээн бухимдан уурлажээ. Тэгвэл бид 90 хүний эрх ашгийн төлөөсөнд 2,7 сая хүн хохирохгүйн төлөө ажиллах болно. Бид өөрсдийнхөө төлөө, ард олныхоо төлөө, шударга ёсны төлөө тэмцэж байгаа тул амгалан бас
итгэлтэй байна.

-Г.Галбадрах: Энэ бүхнийг эхлүүлэн санаачилсан Амарлин гэдэг хүнийг хүмүүс сонирхож байгаа. Яагаад нэрээ нууцлаад байгаа юм бэ? Яагаад үүний төлөө ингэж их цаг зарцуулж байгаа юм бэ? Танд ямар ашигтай юм бэ? гэж асууцгааж байгаа байх.
-Амарлин: Цөмийн хаягдлын асуудалд чин сэтгэлээсээ санаа зовиносондоо энэ бүх ажлыг ямар ч цалин хөлсгүйгээр дан ганц сэтгэлийн хүчээр хийдэг гэдэгт  эргэлзсэн хүмүүс мэр сэр байдаг. Яг үнэндээ би энэ ажилд маш их цаг зарцуулдаг. Маш хариуцлагатайгаар хэлэхэд би энэ ажлаасаа ямар ч ашиг болон нэр хүнд хүсдэггүй, бас миний ард ямар ч улстөрийн хүчин болон “захиалга” байхгүй. Өнөөдөр монгол залуус эрх баригчдаар “тархиа угаалгаж”, тэдний мулгуу үгээр “будаа идэж”, элэг бариулж хууртагдаж суухааргүй, мэдээллийг өөрсдөө олж
шинжлэн дүгнээд, худал үнэнийг ялгах, ирээдүйгээ харж төсөөлөх чадвартай болсон. Намайг болон миний нөхдийг дэмжиж, бидэнд захидал мэдээлэл илгээдэг хүмүүс улам олон болж байгаад бид маш их баярлаж явдаг.
Миний хувьд нэрээ нууцлах шалтгаан байгаа. Гэхдээ энэ бүхнийг хүн болгонд тайлбарлах шаардлагагүй. Миний хэн байх нь чухал биш, миний хийж байгаа ажил, гаргаж байгаа санаа санаачлага л хамгаас чухал. Хүн болгонд 3 үеийн намтар болон, дүр зургаа харуулснаар илүү сайн ажиллах болно гэж бодохгүй байна. Ер нь гаргаж тавьж буй асуудлыг авч хэлэлцэхийн оронд бичиж буй хувь хүн рүү нь дайрч давшлахын тулд  түүх намтраа тавиач гэж шалдаг бололтой юм билээ. Тийм хүмүүст намайг “казак үндэстэн”, “Орос Хятадын тагнуул” гэж цуурхаж
суудаг. Гэтэл цөмийн хаягдлын асуудлыг гаргаж тавьж буй эх сурвалжууд нь дандаа Америк, Японы эх сурвалжууд байгаа.

Бидний өдий хүртэл хийж бүтээсэн бүхнийг үгүйсгэж байгаа эрх баригчдад хандаж хэлэхэд, “Та нар өөрсдийн жишгээр бусдыг бүү хэмжээч. Нийтлэлд дэлгэж тавьсан баримтыг хоосон хэрүүлийн үгээр биш, бодитой баримт нотолгоогоор  нотлооч” гэж хүсч байна. Бид нэг л эх оронтой, нэг л эрх ашигтай тул бидний үйл ажиллагаа нэгэн зүгт явна гэж найдаж байна.

-Г.Галбадрах: Чин сэтгэлээсээ ярилцсанд их баярлалаа. Эрүүл энх байж , санасан бүхнээ сэтгэлчлэн бүтээгээрэй.

-Амарлин: Танд ч их баярлалаа. Бид хамтдаа Mонгол орныхоо сайн сайхны төлөө их зүйлийг хийж чаднаа.

… Монголд олон нийтийн эрх ашгийн төлөө хэн нэгэн асуудал босгож тэмцэж эхлэх мөчид уг асуудалд анхаарлаа хандуулахын оронд “энэ хүний ард хэн байна вэ?” хэмээн хардаж сэжиглэж эхэлдэг. Манай улстөрчдийн бий болгосон муу жишиг. Тэд хэн нэгэнд мөнгө, элдэв албан тушаал амалж иймэрхүү жүжгийн” гол дүрд” тоглуулна, Эцэст нь энэ бүхэн “өөх ч биш булчирхай ч биш” болон хувирч, дэмжиж байсан олон нийтийн урам дэмжлэгийг хамтад нь хугалж орхино.

“Хэлэмгий хүн сурамгай” гэдэгчлэн Амарлингийн хөндөж гаргаж ирэн, олон нийтийн дэмжлэгийг хүлээж байгаа “Цөмийн хаягдлыг монголд булшлахын эсрэг ” тэмцэлд тэд бас л ийн хандаж байна. Энэ хөдөлгөөнд  нэгдэн АНУ-ын Лос Анжелес хотод эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан Л.Мөнхтөр болон Амарлин нарыг хэн нэгэн улстөрчийн “хамаатан садан”, “захиалгат ажиллагаа”, “гадаадын тагнуул” хэмээн оношилж байгаа эрхмүүд олон болж  байна. Гадаадад байгаа монголчууд бид өөрийн эх орныхоо хувь заяа, зөв сайн хөгжлийн төлөө яагаад дуугарч,
тэмцэж болохгүй гэж?

Яг үнэндээ  Амарлин энэ асуудлыг ингэж гаргаж ирээгүй бол Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гарган, НҮБ-ын индэр дээрээс үгээ хэлж, Ерөнхий сайд С. Батболд  “Монголд Цөмийн хаягдлыг булшлахгүй байхын төлөө”  сурагчийн санаачлагыг дэмжин гарын үсэг зурах байсан гэж үү? Зөвхөн үүний төлөө бид Амарлинд талархах учиртай. Бас үүний төлөө сэтгэлээ чилээн тэмцэж байгаа олон олон залууст ч талархах ёстой.

Харин одоо бид эв нэгдлийг хичээн Монгол орны газар нутаг болон түүний ариун дагшин байдлын төлөө нэгдэцгээх цаг болж байна. Үүний тулд УРАНЫ ОЛБОРЛОЛТ ашиглалтаас татггалзаж, Монголд АЦС- барихаас түдгэлзэж, ЦӨМИЙН ХАЯГДЛЫГ  Монголд булшлуулахгүй байхын төлөө тэмцэх хэрэгтэй болж байна. Бидэнд амлалт биш ХУУЛИЙН БАТАЛГАА хэрэгтэй байна. Бид хууртаж бас тайвширч болохгүй.

“ТА НАРЫН АРД ХЭН БАЙГАА ВЭ?” гэж үү?  Бидний ард, туурга тусгаар МОНГОЛ ЭХ ОРОН минь байгаа.

Aug 28

АМЖИЛТ ДҮҮРЭН ГУРВАН ЖИЛ

By gala-admin | ЯРИЛЦЛАГУУД

Энэ сарын 21-ний  орой АНУ-д байдаг монголын ЭСЯ яруу найргаар эгшиглэж, бас баярлаж өнгөрөв. Харь нутгийн тэнгэрт монгол яруу найраг цалгилан дуурссан энэ үдэш, “Болор цом” -ын эзэн яруу найрагч Б.Ичинхорлоо, зохиолч шүлэгч Л.Батбаяр, залуу яруу найрагч Сүхээ нарын онгод хөлөглөсөн бүтээлүүд, яруу найрагч зохиолч Я.Баатарын эчнээ бүтээлүүд, бичгийн их номч М.Саруул-Эрдэнийн яруу удирдлага дор, хурсан олны сэтгэлийн чавхдасыг хөглөн байж, эгшиглэлээ. Монгол шүлэг англи хэлнээ хөрвөж, англи шүлэг монгол хэлнээ хөрвөсөн энэ л агшин, эрдэнэт хүмүүний авьяас онгод, яруу хэллэгт хил хязгаар үгүй мэт санагдах.

Хөөмийч Лувсандагва, жүжигчин Алтанбагана, Болдбаатар нар энэ л яруу үдэш дээр өөрсдийн хөг эгшигээ нэмж байсныг хэлэхгүй байж боломгүй. “Хааны алба халаатай, эзний алба ээлжтэй” гэдэгчлэн АНУ- дахь монголын ЭСЯ нд 3 жил консулын алба хашсан Г. Ганболд энэхүү үдшийг санаачилж, басхүү энэ хугацаанд хамтран ажиллаж өөрийг нь дэмжиж ажилласан хүмүүсийн төлөөлөл болгон энд цугласан бүх л эрхмүүдэд талархал болгон сэтгэлийн цацал өргөсөн нь энэ аж. Хаа нэгтээ уулзаж, сэтгэл санаагаа хуваалцаж, их дотно бус ч эгэл сайн нөхөд явсны хувьд түүнтэй ярилцсан ярилцлагаа толилуулж байна.

 

-“Яруу найргийн үдэш” ийнхээ  тухай яриагаа эхэлбэл ямар вэ?

-Харийн газарт ажиллаж амьдарч яваа хэн бүхэн  суусан газрынхаа усыг уувал ёсыг нь дагадагийн жишгээр  шинэ хэл, соёлтой танилцахын сацуу бид ямар хэл, соёлтой улс билээ гэдгээ эрэгцүүлж, түүгээрээ  өөрийн эрхгүй бахархах юм. Тэгээд ч олон үндэстний энэ улсад эх хэл, үндэсний соёл биднийг бусдаас  ялгаруулж, өөр хооронд маань нэгтгэж, эвлэбэл бүтдэгийн үлгэрээр хамтарч ажиллах сайхан боломжийг олгодог. ЭСЯ, Монгол Соёлын төв  хамтран нэлээд хэдэн төрлийн арга хэмжээг зохиож ирсэн уламжлалтай. Алба, амины ажил хөөцөлдөж цаг нартай уралдаж явдаг иргэддээ, түүний дотор Монголд олон жил ажиллаж амьдарсан, Монголыг сонирхдог судалдаг, монгол хэлтэй америк нөхөддөө улс орныхоо олон талт амьдралаас тухайлбал  Монголын яруу найргаас таниулан сурталчлах, нөхөрсөг энгүүн орчинд нэгэн үдшийг хамтдаа өнгөрүүлэхэд чиглэсэн энэхүү арга хэмжээ томилолтын хугацаанд хамтарч ажилласан, дэмжиж тусалсан, хүмүүст миний зүгээс талархлаа илэрхийлж буй хэлбэр юм

-3 жил гэдэг бага хугацаа бишээ. Тэгээд ч харь нутагт ажиллаж амьдарч байгаа монголчуудад хамгийн ойр өмөг түшигийн нэг нь ЭСЯ, түүний консулын алба байдаг. Тэгэхээр энэ талаар яриагаа эхэлбэл ямар вэ?

-Баярлалаа, тус  Элчин сайдын яаманд Зөвлөх, Консулын хэлтсийн даргаар 2006 оны 7 дугаар сараас хойш гурван жилийн  хугацаанд ажилласан болохоор таны хүсэлтийн дагуу ярилцахад бололгүй яахав.

-Алба амины шугамаар мэдээж олон хүнтэй уулзаж, ярилцаж байсан байх.

-Ажил үүргийн хуваарийн дагуу Төрийн департамент, Дотоодыг аюулаас хамгаалах яам, Хил, гаалийн алба, Иргэншил, харьяатын алба, Цагаачлалын хууль хэрэгжүүлэх алба, Вашингтон дахь консулын корпус, Монгол  улсын Өргөмжит консулууд, муж, хотууд дахь иргэдийн холбоод,  судалгааны болон төрийн бус байгууллагууд, “Даяар Монгол”, “Замдаан”, “Цахим өртөө”, Цахимнэт” сэтгүүл, “Орлоо” вэб хуудас, “Монгол телевиз”,”Томмонгол радио” зэрэг олон нийтэд мэдээ мэдээлэл түгээдэг хэвлэлүүд, Монголын нийгэмлэг, Америкийн монголчуудын худалдааны танхим, Улаанбаатар дахь АНУ-ын ЭСЯ, Америкийн Монгол судлалын төвийн ажилтнууд, нэр хүнд, нөлөө бүхий хувь хүмүүс зэрэг  олон зуун  хүнтэй ажил хэргийн холбоо тогтоож,  ойр дотно хамтарч ажиллалаа.

АНУ-д суудаг манай олон иргэнтэй биечлэн уулзсанаас гадна утсаар, цахим шуудангаар,  захидлаар байнга харьцаж байсан. Дэмжсэн, хамтарч ажилласан  бүх хүнд   халуун талархлаа илэрхийлж, сайн сайхныг хүсье.

-Энэ ажлыг аваад, хийх гэж зорьж, зүтгэж байсан олон ажил байсан байх. Санасандаа хүрнэ гэдэг амаргүй, гэхдээ…

-Хоёр орны харилцаанд тавигдсан зорилтууд, нэгэнт хийгдэж эхлэсэн ажлуудыг үргэлжлүүлэх, гэрээ хэлэлцээрүүдийн хэрэгжилтийг хангах, шинэ сэргэг зүйлийг санаачлах, консулын судалгаа, мэдээллийг сайжруулах, иргэдийн санал хүсэлтийг шуурхай хүлээн авч шийдвэрлэх, тэдэнэд консулын болон нотариатын үйлчилгээг  хүргэхэд түлхүү анхаарсан.
Улс орнууд  газар зүйн байршил, хөгжлийн чиг хандлаг, үзэл баримтлал, зэрэг ойр дөт талаараа нэгдэн хамтарч ажиллахыг зорьдог. Ардчиллыг  нийгмийн хөгжлийн чиг баримжаа болгосон орнууд НҮБ-ын хүрээнд  Ардчиллыг шинээр болон сэргээн тогтоосон орнуудын хамтын нийгэмлэгт, олон улсын хэмжээнд Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэг/АОХН/-т  нэгддэг. АОХН-ийн Зөвлөлдөх бүлгийн 20 гаруй удаагийн уулзалтад улсаа төлөөлж оролцлоо. Манай улс олон улсад нэр хүндтэй энэ хөдөлгөөнийг 2011-2013 онд тэргүүлэх зорилт тавиад буйгаа албан ёсоор мэдэгдсэн. Шилжилт хөдөлгөөний олон улсын байгууллагын төлөөлөгчдийг Монголд айлчлуулж, гадна дотногүй  нүүдэл суудал үргэлжилж байгаа үед өөрийн оронд хэрэгжих 250 мянга орчим ам.долларын өртөгтэй хоёр төслийн санхүүжилтийг Төрийн департаментээр шийдвэрлүүллээ.
Хар тамхи, мансууруулах бодис, хүний наймааны эсрэг тэмцэхэд болон Мэргэжлийн хяналтын байгууллагуудын хооронд ажил хэргийн холбоо тогтоох, хууль хяналтын байгууллагын ажилтнуудыг сургалтад хамруулах, харилцан мэдээлэл солилцох, хөтөлбөр хэрэгжүүлэх, Цацраг идэвхт бодисыг хууль бусаар хил дамжуулж тээвэрлэхээс сэргийлэх  талаар тохиролцох, муж, хотуудын хооронд шууд харилцаа тогтоох, Оакланд, Улаанбаатарын төлөөлөгчдийг харилцан айлчлуулах, дээд, өндөр  айлчлалуудын үеэр явагддаг зарим уулзалт, арга хэмжээг зохион байгуулах ажилд оролцлоо.
Төрийн департаментаас жил тутам гаргадаг Хүн наймаалах гэмт хэргийн тухай, Хөдөлмөрийн яамнаас бэлтгэдэг Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүдийн тухай илтгэлүүд, алга болсон, доромжлогдсон хүүхдийн олон улсын төвийн Хүүхдийн эрхийг хуульчилсан баримт бичгүүдийн тухай эмхэтгэлд өөрийн улсын талаарх баримт материалуудыг оруулахаар болж англи хэлэнд орчуулж хүргүүлэх ажлыг санаачилж хэрэгжүүлсэн нь дээрх асуудлаар америкийн талтай санал солилцох, хамтарч ажиллах боломжийг нэмэгдүүлсэн.

-Яг консулын чиглэлээрээ хэр ажил амжуулав?

-Хоёр орны хооронд 1990 онд гарын үсэг зурагдсан Консулын конвенцийн батламж жуухыг солилцох ажлыг хэрэгжүүлсэнээр 2007 оны 4 дүгээр сараас үйлчилж эхлэсэн бөгөөд эмхэтгэл бэлтгэн хэвлүүлж, нийтэд тараав. Вашингтонд 2008 онд, Улаанбаатарт 2009 онд болсон хоёр талын улс төрийн зөвлөлдөх уулзалтын явцад консулын асуудлаар санал солилцлоо. Иргэдээс консул, нотариатын чиглэлээр тавьдаг асуултуудад шуурхай хариулж нийтлэг хариултуудыг вэб хуудсанд байрлуулсанаас гадна нэлээд тооны өгүүлэл хэвлэлд нийтлүүлж, “Хүний газар нэрээ… ”  гэдэг 300 шахам хуудастай ном бичсэнээ хэвлэлд шилжүүлсэн.

-“Хүн болгон адилгүй” гэдэгчлэн гадаадад байгаа монголчуудаас хэрэг, асуудалд орооцолдох нь багагүй байдаг бололтой. Энэ асуудал хэр төвөг учруулдаг вэ?

-Иргэд эрүүл мэнд, мөнгө төгрөгөөр хохирох, согтуугаар автомашин жолоодох, олон нийтийн газарт танхайрах, хулгай хийх, гэр бүлээ хүчирхийлэх зэрэг гэмт хэрэг, зөрчилд холбогдох явдал багагүй гардаг л даа.,Түүнээс улбаалан Цагдаад болон цагаачлалын байгууллагад хүргэгддэг.  Анхаарал болгоомжгүй байдлаас  осолд өртөж эрүүл мэнд, амь насаа үрэх явдал гарч байгаа тул, архи согтууруулах ундаа хэрэглэсэн тохиолдолд автомашин жолоодохоос зайлсхийх, сум мэтийг хууль бусаар илгээхгүй байх, гахайн ханиад, шувууны томуу зэрэг гоц халдварт өвчин дэгдсэн үед хувийн ариун цэвэр, эрүүл ахуйдаа анхаарах, сэтгцийн эмгэг,гэр бүлийн хүчирхийллээс зайлсхийх талаар иргэдэд сэрэмжлүүлэг гаргаж яриа таниулга нилээд хийлээ..
Нас нөгчсөн, гачигдалд орсон, саатуулагдсан 60 гаруй  хүнд зөвлөгөө өгч, консулын туслалцаа үзүүлсэн нь  тус бүрдээ багагүй  цаг хугацаа,  чармайлт шаардсан ч консулын ажлын үр өгөөжийг дээшлүүлэхэд тус дөхөм үзүүлсэн. Иргэд бусдаас өр, авлага нэхэх, хувийн маргаан шүүлгэх, оршин суух, ажиллах зөвшөөрөл, садан төрлөө урихаар ЭСЯ-нд хандахад хууль, холбогдох журмаа  баримталж ажиллаа..
Эмэгтэйчүүд, бага насны хүүхэд хүчиндэх гэх мэт хүнд ноцтой хэрэг үйлдээд  шоронд  ял эдэлж буй 2-3 хүн бий. Нэрийг нь дурдаад яахав. Консулын хувьд тэдгээр иргэдийн араас санаа тавьдаг. Пүрэвийн Батсайхан гэх мэт зарим нэг хүнийг эх оронд нь буцаалаа. Цаашдаа эрүүгийн хэрэгт эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх, хэрэгтэн харилцан солилцох зорилгын үүднээс өөрийн талын төслийг бэлтгэж нөгөө талдаа гардуулсан.Яриа хэлдэлцээ үргэлжилнэ гэж найдаж байна.

-АНУ- д байгаа ЭСЯ ны зүгээс, энд үйл ажиллагаа явуулж байгаа олон байгууллагуудтай хамтран ажиллаж, олон ч үйл ажиллагаанд оролцож байгаа харагддаг.

-Иргэдийн нийгэмлэг холбоодын  санал санаачилга, зохиож байгаа ажлуудыг тал бүрээр дэмжиж ажилласнаас гадна, Монгол Соёлын төв зэрэг байгууллагатай хамтарч Монгол судлалын бага хурал (2007, 2008, 2009 он), боловсролын ажилтны чуулга (2008 он), урлаг соёлын ажилтны чуулга уулзалт (2009 он ), Элчин сайд, урлаг,соёлын зүтгэлтэнүүдтэй хийх иргэдийн уулзалт, сар бүрийн лекц, бусад арга хэмжээг  гардан зохион байгуулж оролцлоо.  Энэ нь иргэд, олон нийтийн дунд, консулын ажлын нэр хүнд дээшлүүлж, олон нийтийн идэвх, оролцоо нэмэгдүүлэхэд сайнаар нөлөөлсөн шүү.
Виржина мужийн Арлингтон дүүрэгт 2007 оны нэгдүгээр сард байгуулагдсан Монгол сургуулийн Удирдах зөвлөлийн дэд тэргүүнээр 3 жил ажилласны зэрэгцээ Чикаго, Денвер, Сан Франциско, Оакланд, Лос Анжелес, Сеаттль хот дахь монгол сургуулиудыг дэмжиж ирсэн бөгөөд иргэдийн дунд спорт, урлагийн арга хэмжээг  аль болохоор хөхиүлэн дэмжиж ажиллаа. Манай иргэдэд, ялангуяа гачигдал тохиолдсон үед нь тусалж дэмждэг христ, мормон, буддын сүмүүд, тэдэнд хөнгөлттэй үнээр үйлчилдэг буяны эмнэлэг, сургуулиудаар очиж ажилтай нь танилцаж байв. Монголчууд олон тоогоор  төвлөрч суудаг муж, хотуудад өмгөөлөгч, орчуулагчдын нэр, хаягийн бүртгэлтэй болж, АНУ-д суурьшсан монгол угсаатнууд, монголыг талархан дэмжигчид, сонирхогчидтой ажил хэргийн холбоо тогтоосон нь иргэдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн. Энэ нь иргэдэд зориулсан олон  ажлуудыг хамтарч зохиоход  дөхөмтэй болгож байгаа.. АНУ-д оршин суугаа монголчуудын талаар тодорхой санал  дэвшүүлсэн хэд хэдэн танилцуулга, хэвлэлд зориулж “Америкийн монголчууд” өгүүлэл нийтлүүлсэн. Иргэдийн үүсгэл санаачилга өрнөж олон шинэ байгууллага үүссэний дээр  тэдний зохиож буй арга хэмжээнүүд  нэр төрөл, хамрах хүрээний хувьд өргөжиж байгаа..

-Өргөмжит консулуудын  талаар?

-Өргөмжит консулуудтай ойр дотно хамтарч ажилласнаас гадна,  Калифорни, Вашингтон,Чикаго мужаар  тухайлбал, Чикаго, Солтлэйк, Ирвинг, Сан Франциско, Лос Анжелес, Блумингтон хотод томилолтоор ажиллахдаа Өргөмжит консул М. Кенни, Малан Жаксон, Р.Блам, Г.Робертс, К.Кабелл, Ж.Вагенландер нарын ажилтай танилцаж зөвлөгөө өгсөн. К.Мадиныг Өргөмжит консулаар томилуулж, өөр ажилд шилжсэн Ж.Эндикоттын оронд П.Каванугаг нэр дэвшүүлээд байгаа. Өргөмжит консулуудтай ажилласан тухай ЭСЯ-ныхаа  Дипломат ажилтны зөвлөгөөнд  хэлэлцүүлж, сайн үнэлэлт авсан.
АНУ-д зорчдог, Сан Франциско, Лос Анжелес, Сиаттл, Юта, Денвер, Вашингтон, Чикаго  хотуудад төвлөрөн суудаг манай иргэдийн тоо жилээс жилд нэмэгдэхийн хэрээр Өргөмжит консулуудтай хамтран тэдэнд  консулын үйлчилгээний үзүүлж, төрөл бүрийн арга хэмжээг зохиох шаардлагатай болж байна.. Иргэдийн дунд АНУ-ын цагаачлалын хууль журам, тэдгээрийг өөрчлөх оролдлогуудыг мэдээлэх, бичиг баримтаа цэгцлэх, цаашилбал удаан хугацаагаар оршин суух, ажиллах зөвшөөрөл  авах, бизнес эрхлэхэд нь дэмжлэг үзүүлэхийг ихэд хичээж ажиллав., Улс орны цаг үеийн амьдралын талаар  танилцуулах, тодорхой сэдвээр санал бодлыг нь сонсч, шинэ гэрлэгсэд, шинэ төрсөн хүүхдүүдэд гэрчилгээ олгох, хүүхэд  залууст монгол хэл, үндэсний соёлоо мэдүүлэх  ажлыг зохиолоо. Өргөмжит консулуудтай ажиллах арга хэлбэр жигдэрч, иргэдийн дунд  Өргөмжит консулуудын нэр хүнд  сайжирч байгаа.

-АНУ-д консулын төлөөлөл цаашид нэмэгдэх үү?

-Манай иргэд олон тоогоор төвлөрч суудаг баруун эрэгт тухайлбал Сан Франциско хотод Консулын төлөөлөгчийн газар нээхээр судалгаа хийж төвд санал тавиад байгаа. Хавай, Массчуссэтс мужид Өргөмжит консулаар ажиллуулах  боломжтой хоёр  ч хүнийг судалж байна.

-Консулын хувиар олон хотуудаар явсан байх. Сэтгэлд тань ямар хот илүү таалагдав?

Урьд өмнө  нэлээд хэдэн удаа ирсэн зэргээ хамруулбал АНУ-д ихэнх мужуудаар явж  хүмүүсийн ахуй амьдралтай танилцах боломж тохиолоо. Үзэж харсан сайхан газрууд, уулзаж  ярилцсан сонин сайхан хүмүүс олон бий. Сэтгэлээр мэдэрдэг, нэлээд хугацаагаар  дотор нь байж анзаардаг зүйлс  ч олон байх юм. Энэ удаа монголчууд олон тоогоор оршин суудаг баруун эргийн Сан Франциско, Лос Анжелес, Юта мужийн Солт Лейк, Илинойс мужийн Чикаго, Монгол судлалын уламжлалтай их сургуулиудаар нэг биш  очсон. Ажлаар явах зуурт зам дагуу таарсан зүйлийг үзэж сонирхолгүй яахав.Тэгэхдээ амарч зугаалж яваа улс шиг аажуу тайван босч суух юм бол байхгүй шүү дээ. Хот төлөвлөлт, нийтийн  тээвэр, ахуй үйлчилгээний зохион байгуулалт, эмх цэгцийн хувьд нийслэл Вашингтон хот сэтгэлд ойр санагдсан.

-Ажлынхаа хажуугаар багагүй зүйл, бичиж орчуулж туурвисан гэдэг. Энэ бүхэнд цаг бас авьяас нилээд шаардагдана даа.

-Томилолтын хугацаанд суугаа орны дотоод байдал, гадаад бодлогын асуудлаарх иргэдийг мэдээлээр хангахын тулд чөлөөт цагаа ашиглан 4 ном  орчуулж, хоёр ном бичсэн, Mongolia Society-ийн захиалгаар нэг өгүүлэл, “Вашингтон Таймс”, ”Уолл стрит журнал”, “Файнэншнэль таймс” сонинуудад өөрийн сэтгэгдлийг бичиж, судалгаа шинжилгээний 6 бага хуралд  оролцож үг хэллээ.  Монгол судлалын уламжлалтай, цаашид дэмжвэл өргөжиж болох зарим их сургууль, эрдэмтэдтэй холбоо тогтоож хамтарч ажиллах эхлэлийг тавьсан.
Суугаа орны орон нутгийн болон сургууль соёлын байгууллагуудад өөрийн орны тухай, монгол иргэдэд АНУ-ын хууль тогтоомж, өдөр тутмын амьдралд дагаж мөрдөх журам дүрмүүдийн талаар 30 шахам  удаа яриа таниулга хийж, хэвлэлд 10 гаруй ярилцлага өгч 40 гаруй материал нийтлүүллээ.

-Монголчуудын зохион байгуулж байгаа олон ажилд гадаадынхан нилээд оролцдог болсон нь ажиглагддаг.

-“Монголын анд нөхөд”, “Монголын нийгэмлэг”, “Түвд, Монголын шашин соёлын төв”, “Америкийн монгол соёлын нийгэмлэг”, “Америкийн буддын шашинтны  нийгэмлэг”, ”Умард Америк, Монголын Бизнесийн Зөвлөл” зэрэг байгууллагатай хамтран ажиллаж, тэдний үйл ажиллагааг иргэдэд таниулах зорилгоор “Хөөрөг зөрүүлэх зуурт” гэдэг ярилцлагын булан хөтөлж ажиллуулсан. Үүний дүнд иргэдийн идэвх  сонирхол, хамтарч ажиллах эрмэлзэл дээшилсэн төдийгүй,  консултай    хамтарч ажил, араг хэмжээ зохиох, байгууллага, хүмүүсийн хүрээг өргөжүүлэхэд сайнаар нөлөөлсөн.
АНУ-д суугаа монгол иргэдийн  нэгэн адил Монголд зорчиж буй АНУ-ын болон бусад орны иргэдийн эрх ашгийг хамгаалдаг, санаа бодлыг анхааралтай сонсч аливаа асуудалд хуулийн үүднээс ханддаг, үр дүн нь мэдрэгдэхүйц байдлаар шуурхай, нээлттэй ажиллахыг чармайлаа.
Иргэдийн санал  хүсэлтийг  и мэйл, вэб хуудсаар  хүлээн авч,  шуурхай хариу өгөхөөс гадна суугаа орны ТББ, хүний эрх, өмгөөлөл, нотариатын байгууллагатай холбоотой ажиллах, хувь иргэдийн болон нийгэмлэг холбоодын санал санаачилгыг  аль болох дэмжсэн дээ.

-Мэдээж халаагаа өгч байгаа болохоор цаашид хийж хэрэгжүүлэх ажлын талаар бодож, санаа зовж байгаа зүйл зөндөө байгаа биз дээ?

-Консулын судалгаа, мэдээллийг сайжруулах,  цагаачлалын, ялангуяа хууль бусаар оршин суугаа иргэдийн асуудлаар суугаа оронд мөрдөж буй хууль, журмууд, тэдгээрийг өөрчлөх оролдлого, чиг хандлагыг ажиглаж,  төвд болон иргэдэд мэдээлэх, хоёр талын хүрээнд  консулын харилцааны эрх зүйн орчинг боловсронгуй болгох, иргэдийн бүртгэлийг  боловсронгуй болгож сайжруулах нь чухал байна.

Тодорхой ажлын тухайд гэвэл  монгол судлалын уламжлалтай Индиана –ийн Их сургууль, Баруун Вашингтон мужийн Беллингтоны Их сургуульд лекц, Монгол судлалын бага хурал зохиох,  АНУ-ын муж, хотууд дахь  монголчуудын нэгдсэн холбоо байгуулах уулзалтыг Денвер хотод зохион байгуулах,  Виржина мужийн Арлингтон дүүргийн Соёлын газартай хамтарч   2010 оны 2 дугаар улиралд тус дүүрэгт Монголын өдрүүд-ийг зохион байгуулах,   мөн онд Монголд  болон АНУ-д явагдах Хүн ам, орон сууцны тооллогын ач холбогдлыг иргэддээ таниулах, АНУ-д их дээд сургууль төгсөгчид,  судалгаа шинжилгээний ажилтнууд, оюутнуудын чуулга уулзалт, Монгол судлалын 4 дүгээр бага хурлыг зохион байгуулах  эхлэл тавигдсан.Тэдгээрийг үргэлжлүүлж хийх  шаардлагатай гэж бодож байна.

-3 жилийн хугацаанд  хийж амжуулсан ажил, санаж бодож яваа зүйлээ илэн далангүй ярилцсанд их баярлалаа. Таны цаашдын ажилд тань их амжилт хүсье.

-Чамд ч бас их баярлалаа. Энэ дашрамд энэ бүх хугацаанд намайг дэмжиж, ажил хэргийн шугамаар холбогдож, хамтран ажиллаж байсан бүх хүмүүст талархсанаа илрэхийлж, ажил амьдрал тань өөдрөг сайхан яваасай гэж ерөөе дөө.

“Яруу найргийн үдэш”  д оролцсон олон хүн консул Г.Ганболдын тухай, сэтгэл хангалуун байгаагаа дурдаж, дараа дараагийн консулуудад амаргүй жишиг тогтоолоо хэмээн бяцхан “хошигнож”  билээ. Мэдээж энд тэнд болж буй бүх л арга хэмжээнд өөрийн боломжоороо оролцохыг хичээдэг, бас ажлын зав чөлөөгөөрөө орчуулга хийж, бас бичиж нийтлэх чадварыг нь онцолсон хэрэг байх л даа. Я.Баатарын нэгэн  шүлгийг нь орчуулсаныг энэ үдэш олон хүн сонссон. Яруу найраг , шүлгийг энэ л уянгалаг айзмаар нь бусдын сэтгэлд хүртэл орчуулна гэдэг амаргүй л ажил. “Даяар монгол” сайт дээр М.Саруул-Эрдэнэтэй хамтран хөтөлдөг “Хөөрөг зөрүүлэх мөч”  булан лав надад таалагддаг.
Ямартай ч төр төлөөлөн харьд ажиллаж, түмэн олны зовлон шаналлыг хуваалцаж, хоёр их гүрний холбоос нь болж, баяр жаргал, бухимдал гомдлыг тэнцүүлэх их албанаа, чигч сэтгэл, чин шударгууг эрхэмлэн ажилласан танд баярлалаа.

Таны цаашдын их ажил үйлс тань үргэлж өөдрөг байж, сэтгэл зүрх тань яруу сайхнаар байнга эгшиглэж яваг ээ.

Jul 05

УРЛАГИЙН ҮНЭЛЭМЖ

By gala-admin | ЯРИЛЦЛАГУУД

Эхлэл
Хааяадаа интернетээр монголд тоглогдож буй урлагийн тоглолт, концертийг үзэх. Манай үзэгчид их өөр болжээ.
Нэгэн зүйл: Зохиолын болон хип хоп дуучдын концертын эхэнд, хөтлөгч болон дуучин өөрөө үзэгчдэд хандан ” гараа дээш өргөөрэй, чангаар алга ташаарай” гэхчилэн командалж, хэдэнтээ дасгал хийлгэн, “бие халаасан” ы дараа тоглолтоо эхэлдэг.
Тоглолтын явцад дуучин маань, дуулах явцдаа “за хамтдаа дуулна шүү, дагаад дуулаарай” гэхчилэн удирдаж, үзэгчдээр дуулж буй дуугаа дуулуулах ба энэ завсраа өөрөө ч амсхийж амжина. Нилээд халах явцдаа “одоо хана ханаараа дуулна шүү” хэмээн зааварчилж, эцэстээ энэ концертод хэн нь дуулах учиртайг мэдэхгүй болтлоо “найр хавтгайрах”. Эцэстээ үзэгчид ч дуучид ч хамтдаа найган ганхан дуулцгааж, уяхан зарим нь дуундаа уярч, бяцхан нулимс унагааж амжина. Сайхан даа, сайхан. Яг л найр мэт.
Тоглолтын явцад байн байн “алга таших яасан бэ? Өшөө чанга алга ташаарай” гэхчилэн зааварлан удирдаж, үзэгчдийн санал хүсэлт, сэтгэгдэлээс хамаарахгүйгээр нижигнэсэн алга ташилтын дор тоглолтоо дуусгана. Мундаг менежмент.
Шагийн бус шахааны билетээр концерт үзэж, хөтлөгч дуучдын хатуу чанд шаардлагын дор алгаа хортол нь ташиж, хоолойгоо сөөтөл дуулсан үзэгчид, “хэн гуайн найр сайхан боллоо шүү” гэх сэтгэгдэлтэйгээр маадгар гэгч харьцгаадаг.
Тоглолт бүр нь нижигнэтэл алга ташилтын дор, үзэгчидтэйгээ хамтдаа найган ганхан, уяран мэлмэрэн дуулцгаах энэ үзэгдэл, монгол оронд минь урлагийн “үнэлэмж” хичнээн өндөр түвшинд хүрсэнийг яруу тод илтгэх мэт…
Нэгэн зүйл: Нэгэнтээ шог хошин зохиолч М.Цэрэнжамц гуайн, дууны үгийн талаархи өгүүлсэн хошигнол, санаанаас гарахгүйгээр үл барам, зарим дууны үгийг сонсох бүрд санаанд орж өөрийн эрхгүй инээд хүргэх. Монголчууд бид, ээж аавын элбэрэл, эх орны тухай ихэд магтан дуулцгаадаг.
Ээжийн тухай дуунд ихэвчлэн, “тэрлэг нь хүндэдсэн”, “араг шиг намхан”, гэрийнхээ гадаа, гэртээ ирдэггүй хүүгээ саравчлан саравчлан харуулдах, хөдөөний бололтой ээжийн тухай өгүүлдэг. Өнөө цагт ихэд элбэг болсон, орон сууцанд амьдардаг, өндөр нуруутай, цагаан царайтай, гоё ганган ээжийн тухай тэгтлээ дуулахгүй.
Аавын тухай дуунд ихэвчлэн, “гаансанд тамхиа нэрсэн”, ” үг дуу цөөтэй”, бодол санаа нь үргэлж дотроо л байдаг, морь их унадаг хөдөөний бололтой аавын тухай өгүүлдэг. Одоо цагийн жентельмен төрхтэй, “жееп” унадаг, энд тэнд илтгэл тавьж, гадаад дотоодоор их явж, гахай шувууны мах иддэг аавын тухай ердөө ч дуулахгүй.
Эх нутгийн тухай дуу, клипэнд ихэвчлэн, уул толгодын тэртээд, санаашран гиеүрэн алхах нэгэн, эсвэл их мал сүрэг, уул ус , овоо толгодын дэргэд, нөгөө бол монгол гэрт ууж идэн, залбирч мөргөн, наадаж наргих ах дүү, амраг садан, анд нөхдийг их харуулан дуулж, дүрслэх болж дээ. Сүүлийн үед дууг захиалах, эзэнтэй дуу гэх нүүр улайм магтаалын дуу, ихэд дэлгэрэх болсон буюу. Мөнгөтэй бол, урлагийг хүртэл худалдаж авах гэдэг хийрхэлийн тод илрэл.
Залуусын хайр сэтгэлийн илэрхийлэлийг дүрслэхдээ, ой мод эсвэл цэцэрлэгт хүрээлэнд хөөцөлдөн гүйлдэх хосууд, эцэж ядармагц нэг нь нөгөөгийнхээ нүдийг даран “таалгах”, ялдамхан агшнаар илэрхийлдэг.

Урлагийн тухай бидний бодол, үнэлэмж нэг иймэрхүү хэмжээнд, тушаатаи морь жугаа адил, эргэцэн дэвхцэнэ.
Нэгэн зүйл: Саяхан АНУ-д ажлынхаа зав чөлөөгөөр бүтээлээ туурвидаг, хөгжмийн зохиолч С.Сансаргэрэлтэхийн “Алтайн магтаал” -ыг, сүүлийн үейин техник, технологи ашиглан шинэчилж хийсэн клип, олон хүний талархлыг хүлээж, бас олон хүний эгдүүцэл, дургүйцэлийг төрүүлсэн. Бидний ягштал мөрдөж ирсэн ойлголтоор бол, “Алтайн магтаал” гэхээр, сүрлэг Алтайн уулсын өмнөд хэсэгт, үндэсний хувцастай, хуучин хөгжмийн зэмсэгтэй, нэг буюу хэсэг хүн дуулж хуурдан, бас хөөмийлж, аялгуулж байх учиртай. Гэтэл юун “нүцгэн хүүхнүүд”, “өндөр барилгууд вэ” хэмээн олон хүн эгдүүцлээ. Урлагийн бүтээл гэдэг, тухайн уран бүтээлчийн дотоод сэтгэл, авьяас, алив зүйлийг харах өөрийн үзэл, хөг аялгуу нь байдаг. Яаж илэрхийлэх нь тэр хүний авьяас билэг, тэр хүний хэзээ ч давтагдахгүй өвөрмөц сэтгэлгээний илэрхийлэл.

Түүнчлэн монгол уртын дууг бид, морин хуур, нар, адуу мал болон байгалын үзсэгэлэнт сайхантай зураглалаар л төсөөлдөг. Гадаадад гарч бусдын адил хар, бор ажил хийж, амьдралаа залгуулж буй олон авьяаслаг уран бүтээлчид, дэлхийн урлагийн чиг хандлагыг нүдээр харж, сэтгэлээр мэдэрч, тэр л хэмжээнд монголын соёл урлагийг аваачих, үгүйдээ л ойртуулах сан гэж мөрөөдөж, сэтгэл зүрхээ шаналгаж л яваа. Өнөөгийн монголын урлагийн үнэлэмж, хөгжлийн хандлагыг өөрчлөх сөн гэж хүсч л байгаа. Тэд мэргэжлээрээ ажиллаж чадахгүй байгаа ч, мэргэжилдээ дуртай, үнэнч сэтгэл нь, хэн хүнд заяагаагүй авьяас билэг нь зүрх сэтгэлийг нь шаналгаж, амраахгүй л байгаа.

Ярилцлага
Өнгөрсөн хавар Вашингтон ДС-д болсон АНУ-д байгаа монголын урлаг соёлын ажилтны чуулга уулзалтын үеэр, олон хүмүүсийн бодол санаа, хүсэл тэмүүлэлийг сонсож байхдаа, урлаг соёлд хил хязгаар үгүй, уудам энэ орчлонд, ямархан их орон зай, боломж байдгийг анзаарч байсан. Энэ чуулга уулзалтаас хойш, морин хуурч Г.Уртнасан бид 2, урлагтай холбоотой олон асуудлуудаар санал бодлоо солилцож байсан нь энэ бүхнийг бичих нэгэн шалтаг боллоо.
-АНУ-д морин хуур хөгжмийг сурталчлах талаар багагүй зүйл хийж байгааг анзаарч байгаа.
-Би АНУ-д хоёр зорилготой ирсэн. Мэдээж залуу хүн болохоор суралцаж, өөрийгөө хөгжүүлэх, нөгөө талаар АНУ-д морин хуураа сурталчилж, сургалт явуулах, тодорхой түвшинд хөгжүүлэх.

-Яагаад заавал морин хуур гэж?
-Би, Монголд төдийгүй дэлхийд алдартай морин хуурын чуулгын хөгжимчин. Би үүгээрээ маш их бахархдаг. Намайг нааш явахад, чуулгын хамт олон болон багшийн минь хэлж, сургаж захисан зүйл бас бий.
-АНУ-д морин нуурын сургалт явуулсан тухайгаа
-Морин хуурын сургалт гэдэг утгаараа, миний оролдлого бол 2 дахь удаагийнх юм. Денверт байгаа Ариунболд хуурч ийм сургалт өмнө нь явуулж байсан. Ийм сургалт явуулж эхэлснээс хойш 9 сар болж байна. Вашингтон ДС-д үйл ажиллагаагаа явуулдаг Монгол Соёлын Төв , намайг дэмжиж анхны сургалтыг явуулахад тусалсан. Эхний сургалтад 1 америк, 1солонгос, 2 монгол хүн хамрагдсан. Харин одоо Сэйтлд 1 америк оюутантай хичээллэж байгаа.
-Гадаад хүмүүс морин хуурыг хэр сурч байна?
-Эхний 2 гадаад хүн маань 6 сарын хугацаанд, хуураа өөрсдөө хөглөж, хуураа бусдад тайлбарлах хэмжээний мэдлэгтэй, тодорхой ая тоглоод байх хэмжээнд суралцсан. Нэг ёсондоо, энэ 6 сарын хуагцаанд, монголын хөгжмийн мэргэжлийн сургуульд 1 жилийн хугацаанд үзэж судлах хичээлийг ерөнхийд нь үзэж судалсан гэсэн үг. Харин сүүлийн оюунтандаа миний хувьд, барилаа олж, жаахан туршлага суусан ч гэх үү, арай хурдацтай явж байгаа.
-Сургалтанд гадаад хүн болон монгол хүний ялгаа хэр мэдрэгдэж байв?
-Монгол хүн болохоор байгалаас заяасан авьяас илүү байдаг, нөгөө талаар үндэсний гэдэг утгаараа амархан сурдаг . Харин гадаадынхны хувьд, хөгжмийн суурь боловсрол нь их сайн олгогдсон нь мэдрэгддэг. Тэд сургалтыг, суурь боловсролын дэвсгэр дээрээ их сайн хүлээж авдаг. Тэд сонирхогчдийн хэмжээнд ингэж сурч байгаа юм чинь, мэргэжлийн хэмжээнд ямар их мундаг байдаг нь бараг мэдрэгдэж байна шүү.
-Сургалтаас гадна, энд тэнд болж байгаа арга хэмжээнд их оролцож байгаа тань харагддаг.
-Морин хуураа сурталчлах хүрээнд, Монгол Соёлын Төвийн зохион байгуулсан 2 ч арга хэмжээнд оролцож, лекц уншиж, илтгэл тавилаа. АНУ-д байгаа монголчуудын дунд зохион байгуулагдаж байгаа урлаг соёлын арга хэмжээнд өөрийн боломж, чадлаараа оролцохыг хичээж байгаа.

-Ингэж оролцож явахад, чамд мэдрэгдэж байгаа сайн муу талуудын тухайд?
-АНУ-д байгаа монголчуудын дунд урлаг соёлын олон арга хэмжээ зохион байгуулагдаж, эх орноосоо алсад байгаа тэдэнд үйлчилж байгаа нь их сайн хэрэг. Гэхдээ арга хэмжээ болгон нь адилгүй. Зарим нь мэргэжлийн түвшинд сайн бэлтгэгдэж, сайтар зохион байгуулагдсан байхад, зарим нь бэлтгэлгүй, зохион байгуулалт муутай байх жишээтэй. Нилээд чухал арга хэмжээнүүдэд оролцоход, өмнө нь морин хуур сонсож байгаагүй гадаадынхан ихэд сонирхоно. Ер нь бага гэлтгүй ямар ч рага хэмжээ бэлгтгэл, зохион байгуулалтаасаа ихэд хамаардаг.
-АНУ дотроо ийм арга хэмжээнд оролцохдоо зардлаа яах вэ?
-Эхлээд өөрөө зардлаа гаргаад явах үе байсан. Тэр үед өөрийгөө таниулах л их чухал байлаа шүү дээ. Гадаадад байгаа хэдий ч, алив арга хэмжээг зохион байгуулж байгаа хүмүүс ашиг олох гэж хийдэггүй болохоор, боломжтой боломжгүй үе гэж байдаг. Харин сүүлийн үед урьж байгаа талтайгаа тодорхой тохиролцоонд хүрч, зардлын асуудлыг шийдүүлж байгаа. Бага ч атугай ахиц гарч байгаа гэсэн үг.

-Одоо хоёул урлагийн үнэлэмжийн талаар ярилцья
-Урлаг бол ард түмний оюун санаанд нөлөөлж, тэдний зүрх сэтгэлд сайнаар нөлөөлж байдгаараа их чухал зүйл. Сайхан аялгуу сонсоод уярдаггүй хүн гэж хаа байх билээ. Тийм болохоор хүмүүс урлагийг үнэлж, бүтээгчдийг нь хүндлэн биширч байдаг юм шүү дээ.
-Өнөөгийн монголын урлагийн түвшинд авч үзвэл?
-Хамгийн харамсалтай нь, мэргэжлийн урлагийн болон сонирхогчдын урлаг ялгарахаа больсон байна. Та бодоод үз дээ? ХБДС гээд мэргэжлийн сургуулиас эхлээд СИУС төгстөл, дор хаяж 11-16 жил зарцуулдаг. Энэ бол их хөдөлмөр. Гэтэл ийм хугацаанд эзэмшсэн тэдний ур чадварыг, сонирхогч болон урансайханчтай харьцуулж болохгүй шүү дээ. Харин өнөөдөр тэдний хөдөлмөр, үнэлэмжийг нэг түвшинд авч үзэж байгаа нь хамгийн харамсалтай.
-Энэ бүхний шалтгаан нь?
-Урлаг соёлын бодлого, дунд сургуулиар дамжин бие хүнд олгогдох учиртай хөгжим, урлагийн боловсролын чанартай хамаатай. Ядаж л дунд сургуулийн дуу хөгжмийн хичээлээр, соёлтой, мэдлэгтэй үзэгч бэлтгэхэд анхаарч болох шүү дээ.
-Би ч бас үүнтэй чинь санал нийлж байна. Жишээлбэл: Өнөөдөр монголд Соёлын Яам гэж байсныг татан буулгаад, одоогийн байдлаар Соёл Урлагийн Хороо хэмээх статусаар ажиллуулах гэж буй бололтой. Иим байдал дунд, олон нийтэд хүрэх ёстой соёл урлагийн бодлого, үйл ажиллагааны хэмнэл нь алдагдаж буй мэт. Харин ч өнөөдөр монголын Соёл Урлагийн бодлого нь урлагтаа үнэнч, авьяас зүтгэлтэй хүмүүсийн сэтгэл, хөдөлмөр дээр яваа мэт.

-Тийм ээ! Гадаадад байгаа бид ч, монголын урлагийн хөгжил, үнэлэмжийн талаар сэтгэл зовж яваа. Үүнийг өнгөрсөн хавар энд болсон урлгийн ажилтны чуулга уулзалт харуулсан. Бидэнд цаашид их боломж бий.
-Тухайлбал?
-Өлзийсайхан ах, бусад хэд хэдэн хүмүүс АНУ-д мэргэжлийн урлагийн ажилтны холбоо байгуулж, бодит ажил хийхээр ярилцаж байгаа. Бид АНУ-д байгаа монголчууддаа чанартай тоглолт үйлчилгээ үзүүлэхээс гадна, эвлэлдэн нэгдэж, бие биенээ дэмжиж, хамтдаа хөгжихийг хүсч байна. Нөгөө талаар дэлхийн өндөр хөгжилтэй АНУ-аас , Монголдоо хэрэгжүүлж болох олон санааг судалж, монголдоо хэрэгжүүлэхийг хүсч байгаа. Харин бидний эв нэгдэл хамгаас чухал байнаа.
-Энэ харин сайхан санаа байна. Ер нь гадаадад байгаа монголчууд бага ч гэлтгүй нэгдэж, монгол руугаа хандаж, шинэчлэл өөрчлөлт хийх нь иж чухал байнаа.

-Ямартай ч ийм зүйлийн эхлэлийг тавих санаа байнаа. Энэ талаар урлаг судлаач Б.Батжаргал ах ч ярьж байсан. Саяын чуулга уулзалтын үеэр ч ийм санаа их яригдсан. АНУ-д байгаа урлаг соёлынхон маань ч дэмжйх байх аа.
-Чи залуу хүн. Эрч хүч, сайхан эрмэлзлэлтэй байна. Цаашдын чинь мөрөөдөл?
-Их юм мөрөөдөж байнаа. Морин хуураа АНУ-д төдийгүй дэлхийд сурталчилж, хөг аялгууны гайхамшигийг мэдрүүлэх юм сан. АНУ-д морин хуурын том сургалтын төвтэй болох сон. Бидний араас олон уран бүтээлчид ирж дор бүрнээ их зүйлийг хийх болноо. Өнөөдөр Лас Вегаст 2 Монгол бүсгүй, уран нугаралтын сургалт явуулж байгаа. Бас гадаадад байгаа мэргэжлийн урлаг соёлынхон маань нэгдэж, хамтдаа хөгжиж, Монголын соёл урлагийн хөгжилд их хувь нэмэр оруулах сан.
-Сайхан мөрөөдөл байна. Яагаад биелэж болохгүй гэж? Бидний сэтгэл зүтгэл, эв нэгдлээс их хамаарна.
-Тийм шүү! Ажлаа зөв эхэлж, хүмүүст зөв сайнаар ойлгуулж, мэдрүүлж чадвал аяндаа дэмжигдэх байхаа.
-Ярилцсанд их баярлалаа. Өөдрөг сайхан хүсэл мөрөөдөл тань биелж, монголын маань соёл урлаг хөгжиг ээ!
-Танд ч бас их баярлалаа. Ерөөлөөр болог!

Төгсгөл
Нэгэн үе, АНУ-д байгаа монголчуудын дунд зохиогдож байгаа олон арга хэмжээнд, монголын хамтлаг дуучдыг урьж. тэдэнд их хэмжээний хөлс төлж байсан. Тоглолт бүрийн дараа сайн муу яриа гарч, зохион байгуулсан хүмүүсийг элдвээр хардаж, шүүмжилж асан. Харин сүүлийн үед АНУ-д байгаа урлаг соёлынхон багагүй зүйлийг санаачилж хийх болжээ. Зөндөө олон теле нэвтрүүлэг, олон тоглолт, арга хэмжээ зохиогдох болсон. Энэ бол бага зүйл бишээ.
Харь оронд хатуу хөтүү, хүсээгүй ажил хөдөлмөр хийж, бусдын адил ядарч зүдэрч, баярлаж гуниглаж яваа олон, олон авьяастнуудын зүрх сэтгэлд, мөнөөх л урлагийн төлөө гэсэн шаналал нь, зүрх сэтгэлийг нь амраадаггүй аж. Авьяас тэтгэвэрт гардаггүйн адил, авьяас гэдэг хүнд хэцүү цаг мөчид ч унтардаггүй аж.
Тэд харь энэ газар бусдын адил зовж зүдэрч явахдаа, үзэж харж, ухаарч мэдэрч байгаа бүхнээ бусдад урлагаар л дамжуулж ухааруулж хэлэх сэн гэж хүсдэг. Энэ ядмагхан орон зайд, мөнгө хийж, ашиг олохсон гэж хүсэх хүмүүс бишээ тэд.

Миний л мэдэхийн хэд хэдэн дуучид. харь энэ нутагт тоглолтоо хийж, хэд хэдэн хамтлаг үүсэн хөгжиж, мундаг уран бүтээлчид бүтээлээ туурвиж байгаа. Тэднийг мөнгө олох хүслээс илүүтэй, өөрсдийн авьяас билэгээ харь энэ нутагт авьяас унтраачихгүй юм сан гэх шаналал нь зовоодог юм даа.
Өдгөө бид тэднийгээ дэмжиж, тоглолтыг нь үзэж, урам талархлын үгээр сэтгэл юуг нь урамшуулж яагаад болохгүй гэж? Тэд биднээс мөнгөнөөс илүүтэй, сэтгэлийн урам, хэрэгтэй нэг үгийг л хүлээж байгаа.
Вашингтонд ажиллаж амьдарч буй хөгжимийн зохиолч С.Сансаргэрэлтэх, хийлч Дээгий нар дэлхийн хэмжээний гайхамшигт уран бүтээл туурвиж, энэ уудам орон зайд монголын нэрийг гаргахаар хөдөлмөрлөж буй.
Хэдхэн хоногийн дараа монголын үндэсний их баяр наадмын үеэр, Вашингтон ДС-д ажиллаж амьдардаг Алтанбагана, Болдбаатар нар, өөр хотуудад амьдран суугаа мэргэжил нэгтэй 3 бүсгүйтэй хамтран “Би хэн бэ?” нэртэй драмын жүжиг тоглох гэж буй. АНУ-д тоглогдох гэж буй анхны монгол жүжиг. Та боломж гарган заавал очиж үзээрэй. Энэ бас л нэгэн том эхлэл. Чулууны үйлдвэрт ажилладаг энэ 2 залууд, зүрх сэтгэл, хүсэл мөрөөдлөөс илүүтэй сайхан нь юу билээ. Алдаа оноотой ч бай энэ бол та бидэнд зориулсан сэтгэлийн өчил.
Урлагийн үнэлэмж гэдэг, билет худалдан авч буй мөнгөндөө бус, энэ гайхамшигийг бүтээх гэж, зовж шаналж, хөдөлмөрлөсөн сэтгэлийн угт нь байдаг юм шүү.
Хүмүүст өгөх гэсэн сэтгэлийн ухаарал, шаналал, таашаал, зүрх сэтгэлийн угаас мэлмэрэх нулимс, чин сэтгэлийн угаас талархан өргөх цэцгийн баглаанд урлагийн үнэлэмж нь оршдог юм.
Урлагийн тэнгэр, гэгээн сэтгэлийн ариусал та биднийг ивээг!.

 

May 17

БӨМБӨГ БӨӨРӨНХИЙ

By gala-admin | ЯРИЛЦЛАГУУД

…Бөв бөөрөнхий бөмбөг газраар өнхөрнө, бас тэнгэрт дүүлнэ. Бөмбөг хаана очих, юунд орохыг бөмбөг өөрөө биш, бөмбөгийг эзэмших тамирчид л мэдэх аж. Бөөрөнхий бөмбөгийг ойж бууж, очиж мөргөх, хаа нэгтээ тогтох бүрийд, үзэгчид гайхан биширч, исгэрч шүгэлдэн, дуу алдана. Бөөрөнхий бөмбөг багагүй увидастай.
Бөөрөнхий бөмбөгийн тухай, Вашибгтон ДС-д ажиллаж амьдардаг, найз нөхөддөө “Баска” нэрээр танил болсон, Шагдарын Баасансүрэнтэй ярилцлаа. Баскаг би танина. Хаа нэгтээ болох спортын тэмцээнүүдэд оролцож, зхион байгуулалцаж, Вашингтон орчмын монголчуудын холбооны гишүүнийхээ хувьд тэдний зохион байгуулж байгаа олон ажилд оролцож явдагийг мэдэх юм.
Галаа: Намайг УБДС-д суралцаж байхад, биеийн тамирын салбарт “волейволын”  гэж овогтой Шагдар гэдэг, өндөр цэх нуруутай, нилээдгүй хээнцэр багш байсан. Харин Шагдар багшийг Баасансүрэнгийн аав гэдгийг, өнгөрсөн жил аавынхаа нэрэмжит волейволын тэмцээнийг Вашингтон ДС-д зхион байгуулахад нь мэдлээ.

Баска: -Миний аав Цэндийн Шагдар, Сэлэнгэ аймгийн уугуул. Залуу байхдаа анх боксоо хичээллэж, дараа нь волейволын спорт руу орсон гэдэг. Насаараа л энэ спортын хөгжлийн төлөө чин сэтгэлээсээ зүтгэсэн дээ. Одоо ч Монголын волейволын мундагчууд, аавын минь гараар дамжиж амжилтад хүрч байснаа дурсаж, монголын волейволын “загалмайлсан эцэг”  гэж хүндлэн бахархаж байдгийг сонсоход сайхан санагддаг,
-Тэгээд энд аавынхаа нэрэмжит тэмцээнийг зхион байгуулсан хэрэг үү?
-Яг санаачлагыг манай Чулуундаваа /волейволын спортын мастер, лигийн тамирчин байсан/ гаргаж, олон тамирчид дэмжсэн юм шүү. Харин волейволын ийм тэмцээний анхных нь 2007 онд, Лос-Анжелос хотод, гавьяат дасгалжуулагч А.Доржсүрэнгийн нэрэмжит болон явагдаж байсан. Удаах нь аавын минь нэрэмжит болж, Вашингтон ДС-д болсон хэрэг.
Харин монголдоо бол аавынхаа нэрэмжит тэмцээнийг 3 удаа зохион байгуулж, уламжлал болгон хэвшүүлж байгаа. Энэ жилийн тэмцээн, Сэлэнгэ аймагт болно. Тэмцээний ихэнх зардал, санхүүжилтийг эндээс хийдэг юм. Аавынхаа төлөө миний хийж байгаа зүйл гэж бодохоор сэтгэл өег байдаг юм даа.

-Волейволын спортыг монголдоо хөгжүүлэхэд хүчин зүтгэсэн аав тань ямар шагнал авсан бэ?
-Аав минь 1957 онд Монгол улсыг дэлхийн волейволын холбоонд элсэхэд их үүрэг гүйцэтгэсэн гэдэг. Монголын волейволын холбооны анхны нарийн бичгийн дарга, анхны шигшээ багийн дасгалжуулагч, монгол улсаас волейволын олон улсын зэрэглэлтэй цорын ганц шүүгч. Волейволын олон улсын шүүгч гэдэг л хамгийн том чадвар, бас бахархал нь байсан. 1962 онд Москвад болсон волейволын дэлхийн аваргын тэмцээн, 1973 онд Болгарт болсон олон улсын оюутны спортын “Универсиад”  наадмын волейволын тэмцээний шүүгчээр ажиллаж байсан юм шүү. Хэрийн хүн, ийм боломжийг олж авч чадахггүй шүү дээ. Харин тэтгэвэртээ гарсан хойно нь “Спортын мастер” цол тэмдэг өгсөн юм.
-Чи мундаг аавтай юм аа.
-Харамсалтай нь би аавтайгаа  уулзаж чадаагүй дээ. Намайг энд байхад өнгөрсөн юм. Очих хүсэл байвч, харьд байгаа бидэнд тийм боломж яаж олдох билээ. Гадаадад байгаа олон монголчууд маань надтай адил, аав ээжтэйгээ уулзаж чадахгүй л байна шүү дээ.
-Харин чи УБДС-д орохдоо аавынхаа дэмжлэгээр орсон уу?
-Яалаа гэж. Би чинь анх, инженер болох санаатай ТИС-д конкурсийн шалгалт өгөөд, уначихсан юм. Тэгээд жил гаран ажил хийж байгаад дараа жил нь “ажиллагсадын конкурст” орж байлаа. Намайг элсэлтийн шалгалт өгөх үед, аав Ховдод элсэлтийн шалгалтын ажлаар явсан байсан. Ховдоос ирээд намайг УБДС-д тэнцсэнийг дуулаад “овоо доо, миний хүү”  гэж хэлсэн. Амьдралдаа ааваасаа сонссон хамгийн сайхан урмын үг энэ байсан юм шүү. Тэр үейин сэхээтнүүдтэй адил, шударга зарчимч, алив зүйлд чин сэтгэлээсээ ханддаг, үр хүүхдүүддээ “хайр нь дотроо, хал нь гаднаа”  хүн байсан даа.

-Чи АНУ-д хэзээ ирсэн юм бэ?
-1997 онд ирсэн
-Удаж байгаа юм байна шүү дээ
-12 жил болж байна
-Америкт ирээд спортоо орхиогүй ээ?
-Спорт гэдэг чинь хүний хүсэл мөрөөдөл, сонирхол нь болохоор яаж орхих билээ. Хүн дуртай зүйлээ яаж ч байсан хийхийг л боддог. Би Оклахомад ажиллаж байхдаа анх хэдэн найзуудтайгаа хамт, хөлбөмбөгийн тэмцээн зохиож байв.
2001 оны 5 сарын 13 нд  Арканзаст болсон энэ тэмцээнд, 2 мужийн 6 хотоос 4 баг босгож оролвож билээ. Нэг өдөр ажлынхаа заваар болсон энэ тэмцээний аваргын төлөө, Oklahoma city, Arkansas  raser багууд тоглож тэнцээд, торгуулийн цохилтоор Oklahoma sity  түрүүлж, 780$ шагнал авч байсан. Их ч өндөр шагнал байлаа. Энэ тэмцээнийг миний ажиллаж байсан “Allen woods”-ийн америк эзэн ивээн тэтгэж, баг бүр 110$ гарган оролцож байсан юм. Тэр үед энэ тэмцээнийгхамтдаа зохион байгуулж байсан найзууд маань одоо Америкийн хотуудаар таран суурьшжээ.
Тэмцээний үеэр хөгжилтэй явдал болоод. Бид талдаа 25 минут тоглохоор ярилцаад, нэг залуугаараа цаг бариулсан юм. Талдаа 25 минут байтугай бараг 50 орчим минут болж байх шиг. Асуухаар “цаг болоогүй ээ”  гэнэ. Бүр гайхаад түр зогсоож байгаад очиж цагаа үзсэн чинь, мань залуу маань хөлбөмбөгийг бохир цагаар тоглодогийг мэдэхгүй цэвэр цагаар нь тооцоод байсан хэрэг. Нилээд сунгасан шүү.

-Америкийн монголчуудын хөл бөмбөгийн албан ёсны тэмцээнийг хэзээнээс тоолдог юм бэ?
-2006 онд Денверт болсон тэмцээнээс эхэлж тоолж байгаа бололтой. Энэ тэмцээнүүд 2007 онд Чикагод, 2008 онд Вашингтон ДС-д, 2009 оных нь хэдхэн хоногийн дараа Денверт болох гэж байна.
-Миний ажигласнаар Америкийн монголчуудын дунд, спорт тоглоомын төрлүүд болох сагсан бөмбөг, волейвол, хөл бөмбөгийн төрлүүд их хурдацтай хөгжиж, өөр өөрсдийн лигийн тэмцээнтэй болж байх шиг.
-Тийм шүү. Миний дээр хэлсэн волейволын тэмцээнээс гадна, сагсан бөмбөгийн анхны тэмцээн 2001 онд Алтбишийн санаачлагаар Денверт болж эхэлснээс хойш, Вашингтон ДС, Лос-Анжелос, Чикагод хотуудад нийтдээ 8 удаа болжээ. Жил бүрийн 6 сарын сүүлийн 7 хоногт, уламжлал болгон явагддаг энэ тэмцээн, жилээс жилд улам өргөжиж, их ч чанаржиж байна. Сониноос би 2002 оны сагсан бөмбөгийн тэмцээнд Оклахомагаас нэг баг бүрдүүлж оролцож байлаа.
-Ер нь Америкийн монголчуудын дунд спортын олон төрлүүд, улам ихээр өргөн хөгжиж байгаагийн үндэс нь юу байна?
-Хүн ер нь сэтгэлийн дарамт, шаналал бага байхаар дуртай зүйлээ хийж, спортоор их хичээллэдэг юм шиг. Чи бод л доо. Өнөөдөр Америкт хүн бүр 5-6 өдөр ажиллаж байна. Сайн ажиллаж чадвал, сайн цалин авна. Нэдээж авч буй цалин нь амьдралд нь хүрэлцэж байвал хүн амралтын өдөр чөлөөт цагаа аятайхан өнгөрөөхийг бодно доо. Түүнээс гадна энд тэндгүй байгаа сагсан бөмбөг, хөл бөмбөгийн, волейволын талбайнууд их боломжийг олгож байна шүү дээ. Ийм боломж дунд байгаа хүн чинь ууж идэхээс илүүтэй, спортоор хичээллэхийг бодно. Энэ чинь тэр хүнд өөрт нь илүү хэрэгтэй. Тэгээд ч одоо манай залуус их сайхан болж байнаа.
-Дээр нь эрүүл мэнд, спортын найз нөхөд гээд…
-Америкт ихэнх хүмүүс машин унаж байна. Энэ хэрээрээ хөдөлгөөн багасна. Ядаж л амралтын өдрөөрөө спортоор хичээллэж, дутагдаж буй хөдөлгөөнөө нөхөх, хөлсөө сайхан гаргах нь их сайхан амралт болно доо. Тэгээд ч адил хүсэл сонирхлоороо нэгдсэн найз нөхөд гэдэг, ганцаардал бас элдэв муу зүйлээс аврах боломж. Ядахнаа л зовлон жаргалаа ярилцаж, хэрэгтэй үедээ бие биедээ туслах болно. Бас бие биедээ санаа тавина.

-Спорт тоглоом багийн тоглоом. Баг дотроо тоглолтын үед төдийгүй бусад цагт ч бие биенээ ойлгож, мэдэрнэ гэдэг их чухал юм шиг.
-Тийм шүү. Манай хөл бөмбөгийнхэн гэхэд, баг бүр дотроо өөр өөрийн үүрэг, сахилга бат, өөрийн гэсэн дүрэмтэй. Тоглолт бүрийн дараа, тойрч суугаад тоглолтын талаар ярилцана. Сайн муу бүхнээ, анхаарах зүйлээ илэн далангүй ярилцана. Энэ чины бие биеэ ойлгож мэдрэхэд их тус болдог.
Зарим үед элдэв арга хэмжээнд хамтдаа оролцож, бие биейинхээрээ зочилж, найз нөхдийн хүрээнд илүү дотно ярилцаж, хэрэгтэй үедээ бие биедээ тусална. Энэ бүхэн чинь монголчууд биднийг ойртуулан нөхөрлүүлж, бас эв нэгдэлтэй болоход тусалж байгаа хэрэг. Хүн л юм чинь зарим үед муудалцаж, маргах үе гаралгүй л яахав. Гэхдээ спорт гэдэг чинь ямагт эв нэгдэл, нэг бодол санаатай байхыг шаарддаг болохоор ойлголцож, нөхөрлөх нь илүү байдаг.
-Тэмцээн уралдаан, арга хэмжээгээ яаж санжүүжүүлж байна даа?
-Хүн дуртай зүйлдээ мөнгө зарцуулахдаа ердөө ч харамсдаггүй юм. Өөрсдөөл ихэвчлэн зардлаа гаргана. Одоо Денверийн тэмцээнд өөрсдөө зардлаа гаргаад л явцгаана. Харин энэ дашрамд, бүх арга хэмжээг маань ивээн тэтгэж, сэтгэл санаагаар дэмжин урамшуулж байдаг “Pramid”-ийн М.Дэлгэрцөгт, “Tristate”-ийн Г.Ганзориг, мөн Д.Оюунтүлхүүр нартаа маш их баярлаж явдаг шүү гэдгээ хэлмээр байна. Ямар нэгэн тэмцээн арга хэмжээнд , хэдэн $ бариад л чин сэтгэлээсээ амжилт хүсээд ирдэг энэ хүмүүс, энэ спортын хөгжилд их хувь нэмэр оруулж байгаа шүү.

-Вашингтон ДС-д  хөлбөмбөгийн хэдэн баг байнаа?
-Манайхан чинь 6 багтай. Байнга тэмцээн зохионо. Гадагшаа тэмцээн оролцохдоо шигшээд “монгол морьд”  багаа богочихно. Бусад үед нь багуудад хуваагдаад хоорондоо өрсөлдөнө. Манай  “Монгол морьд ” баг, Америкийн монголчуудын хөлбөмбөгийн тэмцээнээс 2 алт, 1 мөнгөн медаль аваад байгаа.
-Денвэрийн тэмцээнд хэр оролцох бол?
 Бид ч хэрээрээ сайн бэлтгэсэн. Эндээс 2 баг явна. Денвэрт нийтдээ 9 баг оролцох бололтой. Мэдээж түрүүлэх гэж л тэмцээнд оролсдог болохоор их ч хичээнэ. Гэхдээ бөмбөг бөөрөнхий болохоор, ам гарахад хэцүү. Одоо ч хаа сайгүй хөл бөмбөг их ч хөгжиж, бас залуужиж, чанаржиж байнаа. Ёстой л тэр өдрийн тэнгэр мэдэх байхаа. Гэхдээ ийм тэмцээнд оролцоно гэдэг чинь ялалтаас илүү, баяр байхгүй юу.
-Ер нь хөл бөмбөг их хөгжиж байнаа.
-Жилээс жилд улам л өргөжин хөгжиж, дэмжигчид ч их олширч байна. Америкийн монголчуудын хөл бөмбөгийн хөгжилд Сан-Францискогийн Ц.Энхтүвшин /таван цагираг/ Вашингтон ДС-гийн М.Саруул-эрдэнэ, Денвэрийн Баярсайхан, Чикагогийн Амгаа, Жагдагдорж нар их хувь нэмэр оруулсан даа. Эхний үед мэдээлэл их хомс байсан бол одоо мэдээллийн мундаг сүлжээтэй болж байна. “Орлоо”, “Даяармонгол”,  “Замдаан”  гэхчилэн, Эдний хувь нэмэр бас ихээ.
-Зөвхөн хөлбөмбөг гэлтгүй, спортын маш олон төрлүүд их хөгжиж, олон ч хүнийг хамарч байна.
-Спорт бол хүмүүст маш их эрч хүч, урам зоригийг өгдөг. Тэр тусмаа гадаадад байгаа монголчууд их өөдрөг, хүсэл тэмүүлэлтэй. эх орноосоо алсад байгаа тэдэнд энэ спортууд их сайнаар нөлөөлж байгаа. Бие биеэ ойлгож, дэмжиж тусална гэдэг их эв нэгдлийн үүд. Тийм болохоор олон олон хүмүүс спортоор хичээллэж их амжилт гаргаасай гэж хүсч байна даа.
-Цаг гаргаж сайхан ярилцсанд баярлалаа. Чамд эрүүл энх байж, спортын өндөр амжилт гаргахыг хүсье.
-Чамд ч бас баярлалаа. Нийт монголчууддаа хандаж, бүгдээрээ эрүүл энх, цог золбоотой байж, өөдрөг сайхан хүсэл тэмүүлэлтэй байж, их зүйлийг бүтээгээрэй гэж ерөөе.
Бид 2-ын яриа ийн өндөрлөлөө. Удахгүй Денвэрт болох, Америкийн монголчуудын хөлбөмбөгийн тэмцээн амжилттай болж, бөөрөнхий бөмбөг бүхэн оночтой байж, их баяр цэнгэлийг эдлэх болтугай. Та бүхэнд амжилт хүсье.

Nov 16

МИНИЙ МЭДЭХ “ОРЛОО”-ГИЙНХОН

By gala-admin | ЯРИЛЦЛАГУУД

Цахим мэдээллийн цахим хуудсыг эрхлэн гаргадаг цагаан цамц, зангиатай бас костюмтай залуус, гоёмсог албан тасалгааг төсөөлдөг байсан миний ойлголт, одоогоос жил хагасын өмнө, Тайван Ариунаа хоёртой гэрт нь уулзаж ярилцаж байсан тэр үед өөрчлөгдөж бас гайхаж бахархсанаа нуух юун.
“Орлоо ком”-ын нийтлэлүүд надад таалагддаг. Аливаа мэдээлэлд нэг талыг барьж туйлширдаггүй, бас түргэн шуурхай, хүмүүсийн сэтгэл зүрхэнд нь сайн сайхан гэгээлэг өнгө аяс хүргэх гэсэн оролдлогууд  мэдрэгддэг.
Хааяадаа тэднийд очиж ярилцаж суухад, бусадтай л адил харь нутагт амьдралаа залгуулах гэж хөдөлмөрлөх, дэрсхэн төрсөн 2 охиноо өсгөх, зав чөлөөгөөр нь сайтынхаа мэдээллийг шинэчлэх, теле нэвтрүүлгээ бэлтгэх гээд зогсолтгүй ундрах их ажлуудыг үүртэж түүртэхгүй, уцаарлаж бухимдахгүй амжуулах нь бас л гайхал төрүүлнэ. Ариунаа түргэн шаламгай, хөдөлгөөнтэй хирнээ, зэрэгцэн уйлалдаж, юуг ч юм нэхэх 2 охиныхоо дуу чимээнд уцаарлах нь үгүй. “Өө ингэж л байдаг юм” гээд инээхэд хацрынх нь хонхорхой түүнийг улам ч хөөрхөн харагдуулна.  Харин Тайван нэрэндээ таарсан тайван хүн. Хааяхандаа мушийн инээмсэглэнэ. Яарч тэвдэх нь ховор хэрнээ нэг л мэдэхэд хамаг ажлаа амжуулсан байдаг. Америкт хаана ямар арга хэмжээ болно тэр болгонд амжиж очин зураг авах түүний хамгийн нандин зүйл нь хөөрхөн эхнэр, хайртай 2 охиноос нь гадна, зургийн аппарат, видео камер  нь байдаг аж.
Их ажилтай хэрнээ хийж бүтээсэндээ, бас өөрийн амьдралдаа сэтгэл хангалуун, аз жаргалтай байж чаддаг өнөөгийн сайхан залуусын нийтлэг төрх.
3 жил гэдэг бага хугацаа биш. Охидууд шиг нь өсч өндийж, хөлд орж, бусдын хайр, өхөөрдлыг татах тэр л нас. Өдрөөс өдөрт, жилээс жилд яг л ид сайхнаараа ургаж цэцэглэж, илам ч сайхан үзэсгэлэнгээрээ бусдын хайр талархлыг татах тэдэнд бүр ч сайхан ирээдүй бий.
“Орлоо ком”-ын 3 жилийн ойн өдөрт нь чухам эдний тухай бусдад өгүүлэх нь, ойр дотно байж сэтгэлээ хуваалцаж байдаг миний үүрэг. Нэгэн орой бид 3 энэ сэдвээр жаахан ярилцаж суусан юм.
-“Орлоо” гэдэг нэрийн талаар эхлээд ярилцья.
-“Орлоо” гэдэг чинь олон үйлдлийн түгээмэл нэр л дээ. Хүмүүс Америкийн визэнд орлоо”, “Америкийн хилээр орлоо”, “Сургуульд орлоо”, “Цахим хуудас руу орлоо” гэхчилэнгээр ярилцдаг. Ажиглаад байхад энэ үг олон хүмүүсийн хүсэл тэмүүллийг илэрхийлдэг. Тэгээд бид 2 ярилцаж байгаад энэ нэрийг сонгосон юм. Харин энэ жил “Орлоо”гэдэг нэрээ  АНУ-д албан ёсны брэнд болгон худалдаж авсан. Цаашид энэ нэрийн албан ёсны эзэд нь бид байх болно. Энэ брэндээ цаашид өргөжүүлж олон зүйл дээр ашиглах санаа байгаа.

-Одоо цахим мэдээлэл хөгжиж олон вэб сайтууд гарах болсон. Та нар яг юугаараа ялгагдаж чаддаг вэ?
-Олон бэд сайтууд гарч цахим ертөнц хөгжиж байгаа. Энэ сайн хэрэг. Харин бид “Орлоо”доо мэдээллийн бүх хэлбрийг бий болгохыг хичээдэг. Хэрэв ажигласан бол манай сайтад “уншууштай”,  ‘сонсууштай”, “үзүүштэй” булангууд байдаг. Хүн ер нь мэдээллийг уншиж, харж, сонсож авдаг. Энэ боломжуудыг нь бий болгохын тулд төрөл бүрийн бичлэгүүдээс гадна, аудио видео бичлэгүүдийг ашиглана. Одоогоор зарим нь эхлэл төдий байгаа ч цаашдаа өргөжин хөгжинөө. Харин нийтлэл мэдээллийн хувьд бид аль болохоор хов жив, бүдүүлэг эрээ цээргүй мэдээллээс зайлсхийдэг. Энэ цаг үед хүмүүст аль болохоор гэгээлэг сайхан зүйл урам өгөх хэрэгтэй байна шүү дээ. Хүн болгон бухимдалтай байхад нэмж бухимдуулаад баймааргүй байна.
-Америкт ажил хийгээд, хажуугаар нь цахим хуудас ажиллуулна гэдэг амаргүй. Эдийн засгийн хувьд ашигтай байдаг болов уу гэж зарйм нь боддог байх.
-Өнөөдөр ашгийн тухай ярих нь эрт байна. Бид залуу хүмүүс. Ирээдүйнхээ төлөө, ирээдүйд өөрийн бизнестэй бас ашигтай байхын төлөө энэ бүхнийг хийдэг юм. Бидний эхний зорилт нь энэхүү цахим ертөнцөд өөрийн гэсэн орон зайгаа бий болгох явдал. Өөрийн хамтрагчтай, дэмжигчидтэй, уншигчидтай болно гэдэг мөнгө ашгаас илүү чухал. Магадгүй олон жилийн дараа ашигтай ажиллаад, бүр хожим нь охидуудын маань өв хөрөнгө болж болох шүү дээ. Өнөөдрийн хувьд Тайван ресторанд ажиллаад, би 2 охиноо асраад, хажуугаар нь бага сага бизнес хийх гэж оролдоод явж байна. Хэрэв энэ сайт минь их ашиг олдог бол бид ингэтлээ ядарч зүдрэн зүтгэх хэрэг бий билүү.

-3 жилийн дараа “Орлоо” сайтаа эргээд харахад юу бодогдож байна?
-Анх бид Америк ирж байгаа монголчууддаа хэрэг болох мэдээ мэдээлэл тавьдаг байсан. Одоо бол нилээд өргөжсөн. “Орлоо” мэдээллийн сайт гарснаар олон мэдээллийн сайтууд дагаж гарч ирсэн. “Дэм дэмэндээ” гэгчээр бүгд л зохих түвшиндээ хөгжиж байна. Бид гэхэд өнөөдөр АНУ-д албан ёсны бүртгэлтэй, хуулийн дагуу татвараа төлөөд албан ёсоор үйл ажиллагаагаа явуулж байна.
Тайван фото сурвалжлагаа өөрөө хийдэг.  Зөвхөн энэ гэхэд л асар их түүхийн баримт, цаг хугацаа өнгөрөх тусам үнэ цэнэтэй болно. Анх бид 2 теле нэвтрүүлгийн талаар төсөөлж байгаагүй. Гэтэл өөрсдийн гэсэн “Манайд ирээрэй” нэвтрүүлэгтэй боллоо. Манай сайтад өөрийн бичлэгээ тавьдаг олон сайхан дэмжигч найз нөхөдтэй боллоо. Хамгийн гол нь бид 2 өөрсдөө энэ сайтаа дагаад хөгжиж байна. 3 жилийн өмхөнөөс “Орлоо” сайт ч , Тайван, Ариунаа ч хамтдаа л хөгжиж байна даа. 2006 онд Вашингтон орчмын Монголчуудын холбооноос шилдэг вэбсайтаар шалгарч байлаа. “Ажил хийвэл ам тосдоно ” гэдэг байсан бол өнөөдөр ажил хийвэл өөрөө ч хөгждөг болж байна даа.

” Манайд ирээрэй” нэвтрүүлгийн хөтлөгч Ариунаа нэвтрүүлгээс нэвтрүүлэгт  сайжрч хөгжиж байгаа нь мэдрэгдэж байгаа шүү.
-Анх эхлээд амаргүй байсан. Хүмүүс ч багагүй шүүмжилдэг байлаа. Аргагүй шүү дээ. Теле нэвтрүүлгийн талаар ямар ч төсөөлөлгүй байсан бид 2 зориглоод л хийж эхэлсэн. Алдаж онох зүйл байлгүй яахав. Хамгийн гол нь энэ нэвтрүүлгээр АНУ-д ажиллаж амьдарч байгаа Монголчууд хэрхэн амьдарч, яаж хөгжиж, ямар үр дүнд хүрч байгааг бусдад санаа, урам зориг өгөхүйц байдлаар хүргэхийг зорьсон. Яваандаа бусад олон оронд ажиллаж амьдарч байгаа монголчуудаа энэ нэвтрүүлэгтээ хамруулах санаатай. Гадаадад ажиллаж амьдарч байгаа монголчуудын зовлон жаргалын талаар тэр болгон ийм тодорхой мэдээлэл хүмүүст хүрэхгүй байна шүү дээ.
-Өдөрт танай вэб сайтаар хичнээн хүн зочилж байна вэ?
-“Орлоо kом”,”Найзууд ком”, “Цахим нет”-д ойролцоогоор 10000 орчим хүн зочилж байгаа.
-Өмнөө тавьсан зорилгодоо хүрч чадаж байна уу?
-Манай “Орлоо ком” -ын үндсэн зорилго нь “Дэлхий даяар тархан суугаа монголчуудын мэдээ мэдээллийн нэгдсэн төв” болох.  Ази, Америк, Европ, Австрали тивүүдэд оршин суугаа олон  монголчууд бидэнд ханддаг. Өөрийн хэрэглэгчиддээ нийтлэлийн бодлого, мэдээллийн хурдац, зар мэдээллийн сүлжээгээрээ тэргүүлэгч байхыг хичээж байгаа.

-Ирээдүйгээ хэрхэн төсөөлж байна даа?
-Нэгэнт хөдөлмөрлөж бас хөгжиж байгаа болохоор сайн сайхнаар төсөөлнө шүү дээ. Компани, хувьцаа, телестуди, хэвлэлийн төв, пуб клуб гээд олон сайхан юм мөрөөднө. Мөрөөдөөд ч зогсохгүй мөрөөдлөө биелүүлэхийн төлөө зүтгэх болно Бид чинь АНУ-д ажиллаж амьдарч суралцаж  байгаа залуусын жишиг. Тиймдээ ч дандаа л өөдрөг сайхан бүхнийг хүснэ.Бид зүгээр сууж байгаа биш болохоор яагаад сайн сайхан хүсэл мөрөөдлөө бий болгож чадахгүй гэж.
-Хэцүү бэрхшээлтэй зүйл байх уу?
-Бид 2 энэ вэб сайтыг ажиллуулахын тулд өөрсдөө л бүх зардлаа гаргана. Зардал багагүй шүү дээ. “Манайд ирээрэй” нэвтрүүлгээ хийхийн тулд Чикаго, Дэнвэр,Нью Иорк хотууд руу охидоо аваад, зураглаачаа хөлслөөд бүх зардлаа өөрсдөө гаргана. Энд тэнд болж байгаа олон арга хэмжээнд Тайван аппарат хэрэгслэлээ аваад өөрийн зардлаараа л явна. “Үзүүштэй” булангаа сарын 6$ төлбөртэй болгосны төлөө бишгүй л доромж сонсоно. Ажил хийж байгаа хүнд алдаа ч зовлон ч их.  Заримдаа хүмүүсийн “сэтгэгдэл” нэрээр бичиж байгаа доромжлолыг унших хэцүү л байдаг. Гээд яахав дээ. Одоо бол нэг их тоодоггүй. Гэхдээ л муу муухай үгс сэтгэл хиртүүлдэг шүү дээ. Бид 2 зорьсондоо хүрч яваа болохоор сэтгэл хангалуун жаргалтай байдаг шүү.

-Нэг албан ёсны ч гэх юм уу, жижүүрийн ч гэх юм уу “Уншигч хэрэглэгчиддээ хандаж юу хэлэх вэ?” гэдэг асуулт байдаг.
-“Орлоо ком” -ын 3 жилийн ойг тохиолдуулан, манай вэб сайтын бүх хэрэглэгчид, дэмжигчид, хамтран зүтгэгчид, бас найз нөхөддөө баярын мэнд хүргэж, та бүхэндээ маш их баярлаж талархаж явдаг шүү. Та бид хамтдаа сэтгэлийн амар амгалан баяр баяслыг эдэлж, Монгол орны хөгжлийн сайн сайхны төлөө их зүйл хийж чадна шүү гэж хэлье. Манай www.orloo.com  таны өмнө хэзээд нээлттэй байж, та бүхний сэтгэлийн сайн сайхан галыг бадраахын төлөө их зүйл хийх болно гэдгээ амалж байна.
-Та 2 тоо болон 2 сайхан охинд чинь эрүүл энх байж энэ хорвоогийн хамгийн сайхан баяр баяслыг эдэлж хүсэл мөрөөдлөө биелүүлж яваарай гэж ерөөе.
Хааяахандаа гэрт нь орох бүрийд бүлээн дулаахан уур амьсгал, халуун дотно хайр, эрхэлж нялхрах өхөөрдөм охидын дуунд “Орлоо ком”-шинэ мэдээллүүд төрдөг юм. Тиймд ч энэ сайтад хүний сэтгэл хиртээн бухимдуулах зүйл огт байдаггүй юм.
Бусадтай адил харь нутагт ажиллаж амьдарч, бас өөрсдөө хөгжиж, бусдад сайн сайхан сэтгэлийн илч гэрэл түгээж яваа “Орлоо ком”-ын Тайван Ариунаа 2 ирээдүйдээ итгэж сайн сайхан бүхэн рүү тэмүүлж яваа монголын сайхан залуусын нэг л төлөөлөл. Ийм залуустай байхад Монгол орны ирээдүй ч өөдрөг сайхан харагдаж байна.
Уншигч та ч боломжтой үедээ www.orloo.com  сайт руу орж энэ залуусын хүсэл мөрөөдөл сэтгэл зүрхийг чагнаарай.

 

Aug 11

БИ МОНГОЛ

By gala-admin | ЯРИЛЦЛАГУУД

Зураач, урлаг судлаач, сурталчлагч Н.Ганхуяг бид 2 “Imon”-ы ажлын өрөөнд нилээд удаан ярилцаж суусан юм. 108 цамын баг болон монгол зургийн бүтээлүүдээр нь Н. Ганхуягийг олон хүн мэднэ. Харин Монголын ардын урлагийг гадаадад сурталчлах, гадаадад монголчууд амьдарч байгаа орон бүхэнд “Mongol house”  байгуулж тэндээ монголчууд цуглан бие биеэ дэмжиж хамтдаа хөгжөөсэй гэж мөрөөдөн, үүний төлөө хөөцөлдөн хийж байгаа ажлынх нь талаар би бага сага мэдэх юм . Энэ чиглэлээр бид 2-ын яриа нилээд өрнөлөө.
Н.Ганхуяг 2002 онд Америкт ирсэн. Түүний байгуулсан “би-бид”  нэртэй компани нь Вашингтоны монголчуудын сайн мэдэх “imon” төвийг саяхан худалдан авч үйл ажиллагааг нь үргэлжлүүлэн сайжруулахын төлөө хичээн ажиллаж байгааг дашрамд дурдсуу.
      Монгол үндэсний урлаг ба гэрийн урлаг
-Таныг монголын үндэсний урлагийг гадаадад сурталчлах талаар нилээд зүйл хийж байгааг зах зухаас нь сонсож мэдэж байгаа. Манай үндэсний урлагын онцлог нь юу вэ?
-Эрт дээр үеэс монголчууд бүх юмаа өөрсдөө хийдэг байсан.Наад зах нь монгол гэр түүний тавилга, эмээл хазаараа өөрсдөө хийнэ. Дээл гутал хувцасаа оёно, сур эсгий цагаан идээ гээд бүхнийг өөрсдөө л хийнэ. Энэ чинь монгол гэрийн урлал юм шүү дээ. Цаашлаад бүүвэйн дуу, төлөө голсон эх малыг аргадаж амлуулна, айл бүр морин хууртай, найр наадам , дэмбээ, дуу хуур, тоглоом наадгай, мал бүрээ дуудах аялгуутай гээд олон юм байна. Бас ургийн бичигтэй. Хүүхдэдээ гэрээр бүх зүйлийг зааж сургадаг, нэг ёсондоо гэрийн сургалттай байлаа шүү дээ. Монголын үндэсний урлаг чинь гэрийн урлагаас үүдэлтэй. Бид л үүнийг сайн судалж, гаргаж ирэн сурталчлах хэрэгтэй байна.
-Эртний монголчуудын нүүдэлч амьдрал нь байгаль дэлхийтэйгээ их нарийн шүтэлцээтэй, бас байгальдаа сайн зохицож амьдардаг байсан болохоор гадаадынхны сонирхлыг илүү татдаг байж магадгүй.
-Тийм шүү. Бүх зүйл нь байгалаасаа гаралтай, их нарийн зохицолдоотой, нэг ёсондоо “ориг” бүтээл юм даа. Дээр нь монголчууд алив зүйлийг хийхдээ яг л сэтгэлээсээ бүр өөрийн сэтгэлээ шингээж хийдэг байсан. Дуурайлгаж хийсэн зүйл сэтгэлээ шингээж хийсэн зүйл шал өөр харагддаг. Одоо сэтгэлээ шингээж хийх нь бас л бага болж байна. Тасарчих гээд байнаа.
-Одоо ийм зүйлүүд хэр их байна?
-Даяаршлийн энэ үед, монглчууд суурин амьдралад шилжиж байгаа энэ үед Монгол ёс заншил, урлаг, урлалын бүтээлүүд тасарч алга болчих гээд байна. Одоо л бид сайтар судалж, авч үлдэхийг нь авч үлдэж, дэлхий дахинд сурталчилж, шаардлагатай заримыг нь хамгаалалтад авах хэрэгтэй байна. Миний сэтгэлээ зовоож шаналж, хийх гэж оролдож байгаа зүйлүүдийн нэг нь энэ.
-Монголын төр засаг хир анхаарч байна?
-Одоо манай төр засгийн нөхдүүд Монгол орны газрын хэвлий дэх ашигт малтмалаа л үнэ хүргэн худалдаж, түүнээс нь хувь хүртэх гэж зүтгээд байх юм. Монгол урлаг, ёс заншил, онгон байгалаараа жуулчдыг татаж үүнээс их мөнгө олох боломж байгаа. Хөрсөн дорхи баялаг хэзээд үнэ хүрнэ шүү дээ. Хойч үе маань илүү соёлтой, байгаль орчиндоо хор нөлөөгүй, илүү сайнаар ашиглах боломж үлдээвэл зүгээр юм. Өнөөдөр устаж алга болчих гээд байгаа Монголын уламжлалт ёс заншил, үндэсний урлал, урлагаа хөгжүүлэхийг хичээвэл бид алдахгүй. Ядаж л байгаль орчинд муугаар нөлөөлөхгүй шүү дээ. Үүнийг ойлгохгүй байнаа.

    108 цамын баг шашны урлагийн бүтээл
-Өнгөрсөн жил Парис-Улаанбаатар-Бээжингийн чиглэлийн авто аялалын  100 жилийн ойн арга хэмжээнд оролцож, Улаан баатар хотод 108 цамын үзүүлэх тоглолт хийсэн тухай уншсан.
-108 цамын баг бол шашны урлагийн том бүтээл. Үнэхээр гайхамшигтай бүтээл шүү. Үүнийг хийхэд нилээд хугацаа бас их сэтгэл гаргасан. Жилд дэлхийн нэг оронд үзүүлэх тоглолт, сурталчилгаа хийх санаатай. Өнгөрсөн жил Улаанбаатарт хийсэн. Америк тэгээд Европт хийхээр төлөвлөж байгаа. Ийм маягаар дэлхий тойрно гэж бодож байгаа.
– Хөрөнгө мөнгөний асуудал ямархуу байна.
-Амар зүйл гэж яаж байхав. Хэцүү. Гэхдээ үүнийг би бид хийхгүй бол хэн ч хийхгүй шүү дээ. Дэмжиж туслах хүмүүс олон улсын байгууллага олддог юм.
-Гадаадынхан хир сонирхож байна?
-Сонирхноо. 108 цамын баг бол хэзээ ч давтагдашгүй урлагийн бүтээл. Ёс заншил, дэг нь их нарийн. Хүний дотоод сэтгэл бясалгал шаарддаг. Америк Европт үүнийг сонирхож дэмждэг хувь хүмүүс байгууллагууд бий.

“Mongol house”-миний мөрөөдөл
-Гадаадад байгаа монголчууд бид бие биеэ дэмжиж эвлэлдэн нэгдэж байгаасай гэж би их хүсдэг.
-Монголчууд бид чиньаугаа Чингис хаан урлагийн гайхамшигийг бүтээгчид болох Занабазар, Данзанравжаа нарын үр сад. Бид үүгээрээ бахархаж байх учиртай. Амьдрал гэдэг тэмцэл. монголчууд бид эвтэй байхдаа хүчтэй байсаныг түүх гэрчилнэ. Харин одоохондоо нэгдэж бие бие дэмжиж төдийлэн чдахгүй байна.
-“mongol house”-ийн талаар сонирхуулаач.
-Би өнгөрсөн жил “mongol house” нэртэй төрийн бус байгууллага байгуулсан. Гол санаа нь гадаадын аль ч оронд байгаа монголчууд тухайн орондоо “mongol house” байгуулж, тэндээ үйл ажилжагаа явуулж бие биетэйгээ уулзаж учиран бас дэмжиж байх юм. Наад зах нь өнөөдөр Америкт монголчуудаа оролцуулсан том арга хэмжээ зохион байгуулахад байр сав газар олдохгүй олдсон нь чамгүй үнэтэй байна шүү дээ. Хэрэв бид “mongol house”-тай болчихвол тэндээ бүх үйл ажиллагаагаа явуулж байх боломжтой болно. Нэг ёсондоо тэр байгууламж Монгол орныг тухайн орондоо төлөөлж байх юм.
-Саяхан Германы Берлин хотод байдаг ‘Монгол- Германы соёлын төв” өөрийн гэсэн байртай болох гэж байгаа тухай миний e-mail-д бичсэн байсан.
-Тэр л шүү дээ. Би болохоор “mongol house” ямар байж болох загвар зургийг нь гаргаж, нэг ёсондоо стандартийг нь хийж байгаа юм. Байшин барилга нь ямар дизайнтай байх дотроо ямар өрөө тасалгаа байгууламжууд байх ямар үйл ажиллагаа явуулж болох гэхчилэн ерөнхий загварыг нь бэлэн болгочихсон. Одоо Монголын шинэ засгийн газарт хандах гээд хүлээж байна.
-Тэд ямар байдлаар хүлээж авах бол?
-Монголоос ямар ч хөрөнгө мөнгө гаргахгүй. Гагцхүү үүнийг дэмжиж байна гэсэн агуулгатай засгийн газрын албан бичиг л хэрэгтэй. Ийм зүйл байгуулна гэхэд тухайн орон манай засгийн газрын дэнжиж байгаа эсэхийг л сонирхоно шүү дээ. Ийм албан бичиг дэмжлэгтэй байхад үүнийг дэмжиж хөрөнгө мөнгө босгох  хувь хүмүүс байгууллагууд байгаа. Монголчууд маань ч өөрсдөө дэмжинэ байх. Өмнө нь би Монголд очиж энэ талаар зөндөө хүмүүстэй уулзаж санал бодлоо солилцож ойлголцох хэмжээнд ярилцаж байсан. Харин одоо шинэ засгийн газрыг хүлээж байна.
-Энэ үнэхээр сайхан санаа байна. Ийм байгууламжтай болчихвол гадаадад байгаа монголчууд бие биетэйгээ уулзаж учирч, бие биеэ дэнжиж хамтран ажиллах улмаар
эв нэгдэлтэй болоход сайнаар нөлөөлөх байх.
-Тийм хүслээр би үүнийг хөөцөлдөөд байгаа юм.Алийн болгон бид хувь хувиа харж явах вэ? Зөвхөн Америкт байгаа Япон Солонгос Хятадын ийм төвүүдийг хар л даа. энэ чинь тэдний эв нэгдэлд нөлөөлж байгаа юм. Монголчууд ийм байж яагаад болохгүй гэж. Ядаж л Монголоос дөнгөж ирж байгаа хүн “mongol house”-д очоод хэрэхн яаж ажиллаж амьдрах талаар зөвлөлгөө туслалцаа авдаг боломжтой болно. Энэ бага зүйл бишээ.

“Imon”- би монгол гэсэн үг
-Америкт хөдөлж байж л амьдарна шүү дээ. Ажилгүй удаан суувал юу болохыг чи мэднэ шүү дээ. Яг үнэндээ би үүнийг 2 зорилгоор авсан. 1-д. Ирээдүйд босгох “mongol house”-ийнхаа эхлэл буюу оффис болгох гэж. 2-т.Монголчууд олноороо мэддэг энэ төвийн үйл ажиллагааг хэвээр явуулах, бас олон монголчуудтайгаа уулзаж учирч ярилцаж байх гэж. Өнөөдөр ч чи бид 2 энд ярилцаж сууна. Өмнө нь гэртээ хамаг юмаа хийдэг байхад тэр болгон хүнтэй уулзаад ярилцаж суух боломж олддоггүй байсан. Одоо бол илүү боломжтой болж байна.
-Хуучин бизнесийг нь үргэлжлүүлээд явуулахад хүндрэлтэй зүйл байна уу?
– Ачаа тээвэрлэлт нь жаахан хүндрэлтэй байсан. Гэхдээ одоо учрыг нь олсон.Харин хүмүүсийн Монгол руу явуулж байгаа ачааг зориулалтын хайрцаг саванд хийж явуулахыг хичээж байгаа. Энд ингээд баахан хайрцаг бэлтгээд тавьчихсан.
-Төвийнхээ нэрийг солих уу?
-Үгүй ээ. “Imon” gedeg chin’  би монгол гэсэн үг юм шүү дээ. би энэ нэрэнд дуртай. Тэгээд ч монголчуудад танил болсон нэр. Харин гадаад болон дотоод тохижилтыг нь монгол үндэсний загвараар өөрчлөх санаатай. Зургаа гаргачихсан. Би жаахан удаан хүн л дээ. Бага багаар хийж амжинаа. Хаанаас нь ч харсан монгол гэж мэдрэгдэхээр болгоно. Уг нь манай компани “Би-бид”гэдэг нэртэй. Энэ төвөө “Imon” хэвээр байлгана.

  Төгсгөл
-Бид 2 зөндөө сайхан зүйл ярилцлаа. Таны монголын урлаг соёлыг гадаадад сурталжилах, гадаадад байгаа монголчуудын эв нэгдлийг бий болгохын төлөөх санал санаачлагууд хийж байгаа ажлууд надад сайхан санагдлаа.
-Би ч өөртөө сэтгэл хангалуун байдаг. Өдийг хүртэл хийж чадсан болон хийж байгаа зүйлдээ. Ямар ч ажлыг хийх зорилго нь тодорхой , хүрэх зам нь тодорхой байхад заавал болж бүтнээ. Хүн ер нь зөв бодол зөв сэтгэлтэй байхад бүх зүйл нь бүтэмжтэй байдаг.
-Тийм шүү. Танд их амжилт хүсье. Санасан бүхэн чинь сэтгэлчлэн бүтэг. Гол нь эрүүл байвал их зүйлийг хийж амждаг.
-Ерөөлөөр болог. Монголчууд бид эвтэй найртай сайхан амьдрах цаг ирнээ.
Хэрэв та Н. Ганхүягтай холбогдож санал бодлоо солилцохыг хүсвэл: e-mail:gooertunts@yahoo.comмөн 202-299-7534  703-243-9666 утсаар холбогдож болох юм байна.

Dec 07

МОНГОЛЫН ТАЛ НУТАГ

By gala-admin | ЯРИЛЦЛАГУУД

-Хувь заяатай бүсгүй яагаад бүхнээ орхиод Америкт ирчихдэг билээ?

-Яг үнэндээ би өөрөөрөө бахархаж байсан ч бас голдог байлаа. 2004 оны 2 сард Азийн шинэ жилийн фестивальд ирж оролцоод үлдчихсэн юм. Өөрийгөө л хөгжүүлэх, бас Америк гэдэг том гүрний сонгодог урлагийн хөгжлөөс суралцах хүсэл маань үлдээсэн юм. Бага усны акул байснаас, Их далайн жараахай болж үзэх хүсэл байсан гэх үү. Эхэндээ бүх юм хэцүү байсан. Хэл мэдэхгүй. Амьдрахын эрхээр хими цэвэрлэгээний газар ажил хийнэ. Гэхдээ дуулах хүслээ биелүүлэхийн тулд юу ч хийхэд бэлэн байсан. Өдөржингөө ажиллаад ядарч ирсэн ч, шөнөдөө тайзаа л зүүдэлнэ. Зүүд маань нэг л шаналгаатай, дуулж байснаа үгээ мартчихаж ч гэх юмуу, эсвэл хоолой минь болсонгүй ч гэх юмуу. Одоо бодоход ажилдаа ядарсан, бас сэтгэл шаналсаных аль аль нь нөлөөлж байсан юм шиг.

-Хүн бүр зовлон, шаналалаа өөр өөрийнхөөрөө мэдэрдэг. Гэвч шаналал маань явж явж ”чи яах гэж ирсэн билээ” гэж зорилгыг маань сануулдаг биш гэж үү?
-2004 оны 8 сард анх Оpera Bel Canto, Washington DC-д Maestro Sparacino-д шалгуулсан. 2 ари дуулсан, шүүгч нь 2 эрэгтэй, 2 эмэгтэй байлаа.

Эхлэл…

Энэ оны 11 сарын 28-ны орой 19:30 цагт Maryland Hall концертын танхимд АНУ-ын төгөлдөр хуурч Elan Sicroff, Монголын дуучин Эрдэнэбатын Саран нарын тоглолт боллоо. Гоёмсог засалттай бэсрэгхэн концертын танхимд, сонгодог хөгжмийн тансаг аялгуунд нэгэн үдшийг өнгөрөхөөр ирсэн 100 орчим гадаадын үзэгчдийн дотор 10 гариу Монголчууд үзэгдэнэ. Тоглолтын эхний хэсэгт дуучин Саран, манай нэрт төгөлдөр хуурч Б.Мөнхшүрийн хамт Италийн алдарт хөгжмийн зохиолч Пуччини ”Тоска”, ”Турандот”, ”Madame Butterfly” зэрэг алдарт дууриудын ари, мөн Гершвин, Дунаевский, Н. Жанцанноровын ”Тогосын цагаан овоо” зэрэг бүтээлүүдийг толилууллаа.

Тайзны ард цацрах цэнхэр гэрлэн цацраг, дуучин Cарангийн цэнхэр дааншинзтай өнгө сүлэлдэн, Монголын минь хөх тэнгэр шиг сэтгэл цэлмээж, ”Тогосын цагаан овоо” дууны уянгалаг аялгуу, дэлхийн сонгодог аястай зэрэгцэн эгшиглэхэд өөрийн эрхгүй сэтгэл омогшиж нүд чийгтэнэ. Энэ гучаад минутын хугацаанд анир чимээгүй, хүн бүр л сонгодог тансаг аялгуунд уусан шингэх мэт нэг л эрхэмсэг оршихуй мэдрэгдэнэ.
Cарангийн тоглолтыг үзэж суухдаа сэтгэл зүрхээ урлагт зориулсан түүний авьяас. сэтгэл, хөдөлмөрт хил хязгаар, хориг саад үгүй ээ гэж бодогдоно. Үзэгчдийн бахархаж хүндэтгэсэн талархал, тэвэр дүүрэн цэцгийн баглаа, дуулахын жаргалыг амссан, нулимстай инээмсэглэл бүхэн  энэ тоглолтын үнэ цэнэ байлаа. Дараа нь тоглосон Америк төгөлдөр хуурчийн тоглолтыг сонсож суухдаа манай алдарт төгөлдөр хуурч  Б.Мөнхшүрийн ур чадвар, тоглолтын мэдрэмж хаа ч гологдохгүй юм даа гэж бахархмаар…
Тоглолт сайхан болсон. Э.Саран, Б.Мөнхшүр, Ж.Болормаа,  С.Саянцэцэг гээд л сонгодогийн авьяастнууд алс холын Америкт, Монголын сонгодог урлагийн түвшинг мэдрүүлж бас сурталчилж, дэлхийн зиндаанд өрсөлдөх гэж хөдөлмөрлөж зүтгэж яваа та нараараа үнэхээр бахархаж байна шүү.

Тоглолтын маргааш Э.Саран бид хоёр бяцхан цайны газар уулзаж, нилээд буу халлаа.
– Би Монголд байхдаа чиний “Монголын Тал Нутаг” дууны клипийг чинь үзэж байсан юм байна. Харин энд ирээд оролцсон анхны шинэ жилийн цэнгүүн дээр чи мөн л “Монголын Тал Нутаг”- аа дуулж байсан.

– Энэ дууг Японы Юми гэдэг дуучин бүсгүй Шарав гуайд захиалж бүтээлгэсэн юмаа. Би энэ дууг дуулахыг их хүсч байсан. Нэг өдөр энэ дууг дуулах зөвшөөрөл авах гэж Шарав гуайнд очлоо. Шарав гуай миний хүсэлтийг сонсоод, төгөлдөр хуурынхаа ард суугаад намайг зөндөө шалгаж үзсэнээ ” За чи дуул, харин сайн дуулна шүү” гэх нь тэр. Шарав гуайн урмыг хугалахгүйн тулд үнэхээр хичээсэн. Манай нутгийн Бат-Өлзий гэдэг залуу 3 сая төгрөгөөр ивээн тэтгэж, хийлгэсэн клип маань 2001 оны 7 сарын 11-нд телевизээр цацагдаж байсан. Харин нэг их удаагүй Долгор дуучны дуулсан клип бас гарсан л даа. Би энэ дуундаа их хайртай. Энд чинь миний бүх л сэтгэл минь шингэсэн юм шүү дээ.

– Би саяхан энд тоглосон “Эмоушн”-ний тоглолтыг үзсэн. Тэр тоглолт бол үнэхээр доргио болсон. Би харин тэднээр бахархсан. Үнэхээр хөгжсөн байна билээ. Харин өчигдрийн чиний тоглолт дээр бүгд л амьсгаа даран сонсож байхад зургийн аппаратны “шархийх” чимээ ч тээртэй сонсогдож байсан шүү.

 Орлоо.ком болон 15 минут студийн хамтран хийдэг “Цахим цаг” чат нэвтрүүлэгийн 12-р сарын 09-ны 19:00 цагаас явагдах энэ удаагийн дугаараар бид ”Хүний юм, Үнэгүй юм” гэдэг сэдвээр ярилцах гэж байна. Энэ сэдвийн дор Монголчууд бид яагаад өөр орны хүний хийсэн юмыг дэмждэг атлаа бизнес хийдэг болон хийх гэж буй Монголчуудаа дэмждэггүй талаар, мөн нэгнийхээ хийсэн хөдөлмөрийг үнэлэхгүй үнэгүй хэрэглэх дуртай байдаг талаар та бүхэнтэйгээ саналаа хуваалцах болно. Өргөнөөр оролцоно уу!!!

 

– Сонгодог урлаг цөөхөн үзэгчтэй ч үнэхээр “элит” хүрээнийхний урлаг л даа. Тэд чинь дууг сонсох гэж биш мэдрэх гэж ирдэг юм. Тэгэхээр дуучин нь дууг зүгээр дуулах биш дуундаа орж, шингэж байж дуулах учиртай. Өчигдөр чи ажигласан бол Mimi-н ари дээр баярлах, гуниглах, айльгүйтэх гээд бүх сэтгэл хөдлөлийг аялгуугаар илэрхийлж байгаа юм л даа. Тэгэхээр бид чинь дууг дуулахаас өмнө маш их судална. “Би чамайг санаж байна’ гэдэг үглэлийг хичнээн олон янзаар илэрхийлж болно, гиюүрч, баярлаж, эрхэлж, айльгүйтэж гэх мэтээр. Тэгээд маш их хөдөлмөрлөх хэрэг гарна.

– Тэгсэн хэрнээ Сонгодог урлагийнхнаас илүүтэй зохиолын дуучид их нэрд гарч, шагнал авч байна шүү дээ.

-Дуурийн дуучин болно гэвэл амаргүй. Хир баргийн хүний хийгээд байх ажил бишээ. Би дуурьт дуучин байснаараа үнэхээр бахархдаг. Энэ чинь их нэр төрийн хэрэг шүү дээ. Яахав өнөөдөр залуучууд, дуурийн дуучин болох гэж өөрийгөө зовоож байснаас зохиолын дуу дуулаад амархан шиг “од” болохыг хүсдэг байх л даа. Боломж нөхцөл нь ч энэ байдлыг үүсгээд байна. Гэхдээ би лав харамсдаггүй. Өөрийгөө зовоож, хөдөлмөрлөж байж бүтээж байгаа бүтээл бүхэн минь надад аз жаргал авчирдаг. Би өөрөө ч үүнээсээ үнэхээр таашаал авдаг. Одоо ч гэсэн би сэтгэлдээ хүртэл бүтээсэн Германы Николай Отто-гийн “Виндзарын овжин авхай нар” дуурийн залуу бүсгүй Анна, Б. Шаравын ” Чингис хаан” дуурийн Хадааны дүрээрээ онгирох эрхтэй. “Виндзарын овжин авхай нар” дуурийн тоглолтын дараа уг дуурийг ивээн тэтгэсэн 2 герман тайзан  дээр гарч ирэн бүх жүжигчдийн нүдэн дээр миний өмнө өвдөг сөхрөн, гарыг минь үнссэн гээд бод доо. Үүн шиг том хүндэтгэл шагнал хаа байх юм бэ? Тэгэхээр би яагаад сэтгэл дундуур байх гэж.

-Чи шууд л дуурийн театрт дуулж эхэлсэн юм уу?
-Яалаа гэж. 1996 онд СУИС төгсөөд ЦЕГ-ын дэргэдэх ”Сүлд” хамтлаг гэж байгаад чуулга болоход нь очсон. Тэнд байхдаа ”Учиртай гурван толгой” дуурийн шилдэг дүрийн уралдаанд Нансалмаагийн дүрээр оролцон 2-р байр эзэлж байсан. Бас ”Соёлын тэргүүний ажилтан” цол тэмдгийг энд байхдаа авсан. Энэ шагналыг авахад цагдаагийн бүх бүрэлдэхүүн жагсаж байгаад хүндэтгэл үзүүлэн, би шагналаа аваад ”Монгол улсын төлөө зүтгэе!” гэж ёсолж байлаа. Ер нь сүрлэг сайхан байсан. Харин 2000 онд Дуурийн театрт ирээд жинхэнэ сонгодог урлагийн амтанд орсон доо. Урлагийн бригадаар Монголынхоо бүх аймаг сумдаар явж тоглож байхдаа их зүйл ойлгосон. Бид чинь ямар сайхан ард түмэнтэй юм бэ? гэж мэдэрсэн. Би бас их азтай хүн. 2003 онд Москвад болсон Монголын соёлын өдрүүдээр төрсөн өдрөөрөө ”Большой театр”-ын тайзан дээр дуулж байлаа. Их хувь заяа шүү. Үнэхээр л аав ээж минь, бас бурхан харж үзсэн гэж боддог.

-Хувь заяатай бүсгүй яагаад бүхнээ орхиод Америкт ирчихдэг билээ?
-Яг үнэндээ би өөрөөрөө бахархаж байсан ч бас голдог байлаа. 2004 оны 2 сард Азийн шинэ жилийн фестивальд ирж оролцоод үлдчихсэн юм. Өөрийгөө л хөгжүүлэх, бас Америк гэдэг том гүрний сонгодог урлагийн хөгжлөөс л суралцах хүсэл маань үлдээсэн юм. Бага усны акул байснаас, Их далайн жараахай болж үзэх хүсэл байсан гэх үү. Эхэндээ бүх л юм хэцүү байсан. Хэл мэдэхгүй. Амьдрахын эрхээр хими цэвэрлэгээний газар ажил хийнэ. Гэхдээ л дуулах хүслээ биелүүлэхийн тулд юу ч хийхэд бэлэн байсан. Өдөржингөө ажиллаад ядарч ирсэн ч, шөнөдөө тайзаа л зүүдэлнэ. Зүүд маань нэг л шаналгаатай, дуулж байснаа үгээ мартчихаж ч гэх юмуу, эсвэл хоолой минь болсонгүй ч гэх юмуу. Одоо бодоход ажилдаа ядарсан, бас сэтгэл шаналсаных аль аль нь нөлөөлж байсан юм шиг.

-Хүн бүр зовлон, шаналалаа өөр өөрийнхөөрөө мэдэрдэг. Гэвч шаналал маань явж явж ”чи яах гэж ирсэн билээ” гэж зорилгыг маань сануулдаг биш гэж үү?
-2004 оны 8 сард анх  Оpera Bel Canto, Washington DC-д Maestro Sparacino-д шалгуулсан. 2 ари дуулсан, шүүгч нь 2 эрэгтэй, 2 эмэгтэй байлаа. Дуулаад дуусахад 2 эмэгтэй нь шууд алга ташсан. 1 сард тоглох Гала концертонд дуулуулах боллоо. Хэл мэдэхгүй хирнээ их л хичээн бэлтгэлээ. Надад тэр үед ЭСЯ-ны Консулын ажилтан Гансүх, бас Лхагвадорж ах их тусалж дэмжсэн. Харамсалтай нь визний асуудлаас болж уг тоглолтонд оролцож чадаагүй. Шар минь их хөдөлж англи хэл сурах гэж шаргуу хичээллэсэн. Үүнд оролцож чадаагүй хэдий ч ”дуулж болох юм байна” гэдэг бодол намайг амраагаагүй. Хэл суралцахын хажуугаар визнийхээ ангилалыг ч солиуллаа. Одоо бол бас ч яахав юм овоо цэгцэрч эхэлж байна. Одоо Peabody Institute-д хичээллэж байна. Алина гэж хувийн багштай, бид 2 бие биедээ сэтгэл хангалуун. Одоо суралцаад сургуулилтаа хийж байгаа болохоор хоолой маань ч эвэндээ орж нөгөө ”тосолсон юм шиг” гэдэг л болж байна.

-Би өчигдрийн концертонд сонгодог дуу дуулах гэдэг чинь их ч хүч чадал, жүжиглэл шаардсан амаргүй хөдөлмөр юм даа гэж бодож суулаа.
-Би өмнө нь чамд ярьж байсан, дуундаа орж, итгэж, зүрх сэтгэлэ илчилж дуулахын тулд их ч тэвчээр, хөдөлмөр шаарддаг гэж. Тэгэхээр одоо маш их хөдөлмөрлөх бас суралцах хэрэгтэй болж байгаа юм. Үүнээс ухарч шантрах эрхгүй ээ.
-Хүн зорьсон зорилгодоо хүрэхийн тулд хор шар хөдлөх, атаархах хэрэгтэй юу?
-Би лав их шартай. Америкт ирээд би дуулж, сурч, хөгжиж байж буцах хэрэгтэй гэж боддог болсон. Нэг юм маань жаахан бүтэлгүй болоход ”Яагаад болдоггүй юм бэ? Болох л ёстой” гэж өөртөө хэлээд зүтгэдэг. Энэ маань намайг хурцалдаг байх. Харин атаархлын хувьд зөв, цагаан атаархал байх хэрэгтэй. Өөрөөсөө илүү явж байгаа хүнээ ”Энэ бүтэлгүй, муу болчихоосой” гэж биш, би энэ хүн шиг магадгүй бүр илүү ч болох юмсан гэж атаархах хэрэгтэй юм шиг. Миний л бодлоор атаархал нь хар буюу цагаан, эсвэл хорон юмуу цайлган гэж байдаг юм шиг. Бид илүү яваа нэгнээ дэмжиж, түүнд хүрэх гэж атаархах хэрэгтэй байхаа.

-Монголдоо буцах уу?
-Буцалгүй яах вэ? Хамгийн гол нь сурч, хөгжиж аваад буцна. Нутгаа ч их санаж байна. Би саяын тоглолтонд ”Монголын тал нутаг”-аа дуулах гэснээ уйлчих байх гэж бодогдоод дуулаагүй. Ирээд удаагүй байхдаа гайгүй байсан, одоо ер нь уйлчих гээд л байх янзтай. Гэхдээ өмнөө зорилго тавьсан болохоор түүндээ хүрэх гэж зүтгэнэ. Хүмүүс намайг сайн, муу юу ч гэж хэлэх хамаагүй. Би зорилгоо л биелүүлнэ. Тэгээд Монголдоо очноо, их ч юм хийнэ гэж төлөвлөж байна.

-Тиймээ, биелэхгүй мөрөөдөл гэж байхгүй. Ажил хийх хүнд арга нь олдоно, ажил хийхгүй хүнд шалтаг нь олдоно гэдэг. Хийе, бүтээе гэвэл болж бүтэхгүй юм гэж байхгүй ээ.
-Тийм шүү.
-Сайхан ярилцсанд баярлалаа. Дандаа хүмүүст баяр баясгалан, сэтгэлийн агуу их гэрэл гэгээ бэлэгдэж байдаг урлаг, тэр тусмаа сонгодог урлагаар өөрийгөө хөгжүүлж, улмаар Монгол орноо, урлагаа сурталчилж яваа танд их баярлалаа. Бэрхшээл бүхнийг сөрөн давж, өөдрөг байж их амжилтанд хүрээрэй гэж ерөөе!
-Их баярлалаа. Бие биенээ дэмжиж, тусалж, сэтгэл санаанд минь урам өгч байдаг Монголчууддаа гялайлаа. Бүгдээрээ аз хийморьтой, эрүүл энх байж, санасан хүслээ биелүүлээрэй. Бас тоглолтонд минь оролцож намайг хөглөж өгсөн, Б.Мөнхшүр багшдаа маш их талархсан шүү.

Sep 30

ААВЫН МИНЬ ТАЛХНЫ ҮНЭР

By gala-admin | ЯРИЛЦЛАГУУД

Урлагийн хүн болно гэдэг их л тэвчээр хөдөлмөр шаардсан зүйл байх гэж би боддог юм. Би оюутан байхдаа Идэрбат ахынд (МУГЖ, морин хуурч) амьдардаг байсан юм. Охин Наранцацралт нь ХБДС-ийн төгөлдөр хуурийн ангид суралцдаг тоглох ч эрхгүй, өдөржингөө л төгөлдөр хуурийн ард хичээлээ давтаад суух. Тэгэхээр энэ сонголтод эцэг эхийн нөлөө их байдаг байхаа?

-Аав минь сайхан дуулдаг хүн байсан. Ээж минь боловсролын салбарт 40 гаруй  жил ажилласан, Ардын Боловсролын Тэргүүний Ажилтан, монгол хэл-уран зохиолын багш хүн. Би юм юманд оролцсон, нилээд хөдөлгөөнтэй охин байлаа. 8-р анги төгсөөд багшийн хуваарь авсан маань, аав, ээж бид гуравын сонголт байсан.
-Бидний үед Багшийн сургуулийн дуу хөгжмийн багшийн анги гэж мундаг сургалттай байсныг мэдэх юм.

Мундаг сургадаг байсан. Одоогийн хөгжмийн алдартнууд Н.Жанцанноров, Б.Шарав, X.Билэгжаргал гээд цөм л энэ сургуулийг төгссөн. Би хөгжмийн боловсролын гол сууриа эндээс л авсан. Багшийн сургуульд тавьж байсан шаардлага өндөр, программ үнэхээр шахуу, нотоо ч мэдэхгүй хүүхдүүдэд их л хэцүү. Тийм ч болохоор төгсч чадсан хүүхдүүд нь үнэхээр л чадвартай байхаас аргагүй.

-Төгсөөд багш болсон уу?

-Тиймээ. 6-тайдаа сургуульд орсон болохоор 1988-онд 18-хан настай охин Сонгинохайрхан дүүргийн 82-р сургуульд дуу хөгжмийн багшаар очоод, ахлах ангийнханаас ялгарахгүй андуурагдаж байв. Тэр үед xичээлийн программ нь хүүхдүүдийг солгой хоолойтой ч бай дуулуулах хатуу шаардлага тавьдаг. Миний хувьд хүүхдэд хөгжмийн боловсрол олгох, хөгжим сонсоод ойлгодог, мэдэрдэг түүгээрээ зөв хүн болж хүмүүждэг болгох нь дуулуулахаас ч илүү гэдгийг л мэдэрсэн.

-Би багш байхдаа дүрслэх урлагийн хичээл зааж байхдаа яг л наад зовлонтой асуудалтай чинь учирсан. Чаддаг ч чаддаггүй ч бай бүх хүүхдийг ”натyрморт” зуруулаад суулгачихна. Ер нь гоо сайхны гэдэг цогц ойлголтоо хэт салгаад, дуу хөгжим, дүрслэх урлагийн хичээлийг мэргэжлийн чиглэл рүү илүү хандуулах хандлага нь энэ бэрхшээлийг үүсгэдэг байж дээ.
-Бэрхшээлээ давахын тулд хөгжмийн боловсролын 3 тулгуур болсон дуу, бүжиг, хөгжмийн ”Тулгын гурван чулуу” нэртэй кабинет байгуулсан. Хичээлийн заах аргаа ч өөрчилж, хүүхдүүдэд гол нь сонгодог хөгжмийн тансаг аялгууг сонсгож, хөгжмийн зохиолчид, хөгжмийн бүтээлүүдийг таниулж эхэлсэн дээ. Хичээл маань байнгын ”нээлттэй хичээл”-ээр шалгарч, заах аргын шинэчлэл маань үр дүнгээ өгч эхэлсэн. Гол нь хүүхдүүддээ л сонгодог хөгжмөөр хүмүүжил олгохыг илүүтэй хичээсэн.

-Удаан багшилсан уу?

”Цахим Цаг” чат нэвтрүүлэг долоо хоног бүрийн бүтэн сайн өдөр 3 цагаас явагдаж байгаа ба ирэх долоо хоногийн нэвтрүүлгээр бид Чикаго хотод суугаа Сэлэнгээ эмчийг нэвтрүүлэгтээ утсаар урьж оролцуулах болно. Бидний ярилцах сэдэв бол хүүхдүүдийн ханиадны эмийг зах зээлээс яагаад татаж авсан, ханиадны вакцин (flu shot) хэрэгтэй юу, АНУ-н зарим high school-н хүүхдүүд дунд тархаад байгаа вирусны талаар мэдээлэл өгч, таны асуултанд хариулна. Та бүхэн асуух асуултаа Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.”>service@orloo.com гэдгээр эсвэл манай ”харилцах” гэснээр бидэнд ирүүлж болно

-Удаагүй. 1989 оны Монголын багш нарын V-р их хурлын хүндэтгэлийн концертонд оролцож тоглоод, 1990 онд СУИС-д элссэн.  Сүхбаатарын нэрэмжит цалинтай оюутан байлаа. Суралцахын хажуугаар судалгааны ажил нилээд хийсэн. Анхаарал татсан нэг  зүйл бол дуулаачдын мэргэжлийн хичээлд ”хоолойн тавилт”-д гол анхаарaxаас бус ”хоолойн эрүүл ахуй” гэдгийг анхаарч  судалдаггүй байв. Дуучин хүний хамгийн үнэтэй зүйл нь хоолой. Энэ чиглэлээр судалгааны ажил хийж xэд хэдэн Эрдэм Шинжилгээний хурлуудад илтгэл тавьж байр эзэлж байлаа.

-Алив зүйлийг зүрх сэтгэлээсээ хийх гэдэг оролдлого л бэрхшээлтэй тулгарахаар ”өөрчлөх” хүсэл болон хувирдаг юм шиг. Өөрчлөхийн тулд уншиж, судалж, улмаар амтанд нь орсоор эцэс төгсгөлгүй эрж хайх аянд морддог гэлтэй.

-Дуурийн театрт ажиллахын хажуугаар магистрын хичээл гээд  СУИС руу гүйнэ. Нэг өдөр Б. Жамъяанжав багш (Зэрэг Нэмэх-ийн Долдой) СУИС-ийн үүдэн дээр дайралдчихаад ”Болормаа ! чи юу л хийгээд гүйгээд байнаа. Чиний хэрэг энд их байхад чинь” гэж асуулаа. Санаандгүй сонссон энэ үг надад их урам өгч ”Би чинь нээрээ сургуульдаа хэрэгтэй юм байна шүү дээ” гэсэн сайхан сэтгэл төрүүлж билээ. Удалгүй СУИС маань намайг үндсэн багшаар урьж “Дуулах Ур Зүй” ,” Хөгжмийн онол”, ” Хоолойн эрүүл ахуй”, “Дуурийн Урлагийн Түүх” зэрэг хичээлүүд заах болсон. Эдгээрийг заахын тулд их ч уншиж, судалсан. -”Сэтгэлд гал байвал зууханд гал олдоно” гэдэг шиг сайхан хүмүүс хүнд хэрэгтэй үед нь урам өгч сэтгэлийн галыг нь асаах юм даа. -Тиймээ! Б. Жамъяанжав багш, тайзны ярианы багш P. Уртнасан, (А.Ж. Уртнасан гуайтай андуурах вий, өөр багш) СУИС -ийн захирал Д. Цэдэв гээд сайхан хүмүүс надад урам өгч, дэмжсэн. Хүмүүсийн итгэлийг алдахгүйн тулд их хичээдэг байллаа.
-СУИС -ийн багш маань дуулахаа орхисон юм биш биз?

– Яалаа гэж. Онол, практик цуг гэдэг шиг боломж гаргаад уралдаан тэмцээнд оролцож байсан. 1999 онд ”Учиртай гурван толгой” дуурийн шилдэг дүрийн уралдаан, Б.Шаравын романс, А.Ж. Пүрэвдoрж багшийн  нэрэмжит сонгодог ари, романс дуулах уралдаанууд гээд монголд тэр үед болж байсан том тэмцээнүүдэд тус, тус амжилттай оролцож байр эзэлсэн.

– Б. Дамдинсүрэнгийн ”Учиртай гурван толгой” дуурийн шилдэг дүрийн уралдааныг би мэдэх юм байна.

Анх А.Ж. асан Пүрэвдорж багш надад Хоролмаагийн дүрийг өгсөн юм. Хөгтэй нь би хирдээ л Нансалмаа болох санаатай, багш харин ”Чи арай л хөдөлгөөнтэй сэргэлэн, чамд Хоролмаа илүү тохирно” гэсэн. Мэдээж дуулахын тулд aнх дуулж байсан ая, Хоролмаа гэдэг нэрнээс авахуулаад л судалсан. Хоролмаа тэмцэгч, хайр сэтгэлийнхээ төлөө юу ч хийхээс буцахгүй их хөдөлгөөнтэй бүсгүйн дүр л дээ. Өөрийхөө хэмжээнд давтагдашгүй Хоролмааг бүтээсэн гэж боддог.

-Мэдээж хөдөлмөрлөж олсон амжилт амттай байлгүй яах вэ?

-Амжилтыг аз дагадаг гэдэг шиг 2000 онд СУИС-ийн дуулах ур зүйн 1 багшийг Английн талын бүтэн зардлаар Лондон хотын Mountview Academy for Theatre of Arts-т мэргэжил дээшлүүлэх боломж надад оногдсон. Би үүнд одоо хүртэл маш их баярладаг. Надад итгэл хүлээлгэсэн Д. Цэдэв захирал, тэнхмийн эрхлэгч P. Уртнасан багшдаа талархаж явдаг. Англи хэл өмнө нь оролдож байсан ч, жинхэнэ англи орчинд очиход маш хангалтгүй байсан. Мэргэжил дээшлүүлэх хугацаа маань 2 сар, хэлний бэрхшээлтэй би 2 сарын хугацаанд юу сурах вэ дээ. Их Британийг үзээд, гоё курс төгссөн гээд буцалтай биш, өөрийгөө ч их чамлаж, үргэлжлүүлэн сурахаар шийдсэн. Энэ тухайгаа  СУИС-ийн захиргаа, соёлын яаманд бичиг илгээж, сургуульдаа сурч байгаа учир зовлонгоо ойлгуулсаны хүчинд цааш сурах эрхтэй болсон юм.
-Биднийг хөдөө ажиллаж байхад багш нар 5, 5 жилийн завсарлагатайгаар мэргэжил дээшлүүлэхээр УБ хот руу явдаг. Үүнийг нь багш нар тэсч ядан хүлээнэ. Гол нь мэргэжил дээшлүүлэхдээ бус улсын зардлаар УБ хот руу явж юухан хээхэн цуглуулдаг, бас жаал зугаа юм үзэж хардаг байсан даа.
-Яг үнэндээ түүнтэй чинь төстэй, хүмүүс гадаадад явж мэргэжил дээшлүүлээд ирдэг. Ирсэн хойно нь үр өгөөжийг нь хэн ч сонирхохгүй. Бараг л шагналын журмаар газар үзээд ирсэн гэж боддог байсан байх. Тэгээд ч тэр үед бидэнд хэлний бэрхшээл, хугацаа богинохон байхад сайн үр дүнгийн талаар ярихад хэцүү байв. Би Лондонд 3 жил суралцсан. Юуны өмнө хэлээ л сайжруулах чухал байсан. Сурахын хажуугаар ажил хийж, ойр зуурын мөнгөө залгуулна. Гэр бүлээ авчрана гэж саналтгүй байлаа. Бас мэргэжилдээ анхаарна. Анх Англид суугаа Монголын ЭСЯ-ндаа тоглолтоо хийсэн, тэнд байсан Орос, Болгарын ЭСЯ-yyд дараа нь намайг урьж тоглууллаа. Тэд үнэхээр гайхаж талархаж байсан. Энэ үеэс л Монголын сонгодог урлаг бол дэлхийн хэмжээнд гологдохгүй юм байна, нутгаа сурталчлахад сонгодог урлаг том нэмэр болж болох юм байна гэдгийг ойлгосон. Гадныхны үнэлгээ намайг зоригжуулсан. Хүний хүсэл мөрөөдөлд хязгаар үгүй. Их Британид сурч байхдаа европт алдартай Royal Academy of Music-т шалгалт өгч үзээд тэнцлээ. Чухам үүний дараа л Америкт явж суралцах хүсэл төрсөн дөө. Хэдэн сургуульд материалаа явууллаа. Хэд хэдэн сургуулиуд зөвшөөрсөн хариу ирүүлсэнээс The Peabody Institute of the John Hopkins Univrsity-г сонгосон.

-Шалгаруулалт нь хэцүү байсан уу?

-Шалгалт авах зааланд 10 профессор суучихсан. Сүрдэж байсан. Эхлээд заавар ёсоор Итали, Герман, Орос хэл дээр ари дууллаа. Дуулаад дууссаны дараа ”Чи хаанаас ирсэн бэ? гэж асуулаа. “Би Монголоос ирсэн” гэхэд тэд сонирхож, би Монголын сонгодог урлaгийн талаар тайлбарласан. Тэд нилээд гайхаж. чиний школ өөр байна даа, чамд монгол дуу байна уу гэлээ. Би Б. Шаравын ”Солонго” романсыг дуулж дуусахад тэд Монголын хөгжмийн урлагийн түвшинг үнэлсэн.
-Ингээд Америкт оюутан болжээ. Ямар ч гэсэн зорилгодоо алхам, алхмаар хүрч явж. Зорилгодоо хүрэхэд амаргүй, их хөдөлмөр, тэвчээр, овсгоо шаарддаг. Хийхэд хэцүү, хэлэхэд амархан шүү.

-Би 2002 онд Америкт ирсэн. Орсон сургууль маань дэлхийд нэр хүндтэй сургууль, тиймээс ч төлбөр өндөр. Би scholarship авсан. Урлагийн сургуулийн хувьд тэтгэлэг авна гэдэг хэцүү. Сургууль дээрээ дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн урлагт дуртай, басчгүй нилээд чинээлэг өндөр настай хүмүүст сонгодог урлаг заах, лекц уншиж, тоглолт үзүүлэх, хөгжим сонсгох, ярилцах зэргийг зохион байгуулдаг туслахын (assistan) ажлыг тодорхой шалгуурыг даван хийж байлаа. Энэ ажил их сонирхолтойн зэрэгцээ бас л Монголынхоо тухай хэзээ нэгэн цагт сурталчилна гээд л Монголоос CD, зураг, бусад материал авчруулав. Энэ тухайгаа эрхлэгчдээ хэлсэн боловч, бүх ажил төлөвлөгдсөн болохоор боломж үгүй гэв. Нэг удаа аз таар ч нэг өдрийн төлөвлөгдсөн лекц унших ёстой хүн маань амжихгүй болсноо надад мэдэгдлээ. Орных нь хүн ч амжихгүй гэв. Энэ бол 1 цаг 10 минутын хугацаа. Би ч эрхлэгч дээрээ орж байдлыг мэдэгдээд, оронд нь би Монголын сонгодог урлагийн тухай лекц унших хүсэлтээ ч дуулгав. Эрхлэгч над руу эргэлзэнгүй харснаа ”Boogii! Энэ үнэхээр том хариуцлага. Юу гэсэн үг болохыг чи мэдэж байна уу?  Чамд бэлэн материал байгаа юмуу? Бид урьдчилж хянах ёстой шүү дээ., хүмүүст таалагдахгүй бол юу болохыг чи төсөөлж байна уу?! гэлээ. Нэгэнт шийдсэн нөгөө талаас удаан хүлээсэн боломжийг алдахыг хүсээгүй учраас ”Надад бүх материал бэлэн байгаа.Санаа зоволтгүй, бүх юм сайхан болно гэж би амлаж байна” гэв. Эрхлэгч маань ”Окей, тэгвэл би чамд итгэлээ. Одоо 1 цаг болж байна. Орой 7 цагт бүх юм бэлэн байх ёстой, чи явж өөрийгөө бэлд, би энд бүх ажлаа зохицуулья”  гээд инээмсэглэв. Орой 7 цагт бүх зүйлээ төлөвлөснөөрөө хийлээ. Монголын тухай, урлагийн талаар ярьж, эцэст нь өөрөө дууллаа. Энэ бүхний дараа сонсогчид зөндөө зүйл асууж ярилцав. Гэтэл нэг авгай: -Чи гар утас, компьютер мэдэх үү? гэж асуув. Би нэлээд цочирдсоноо, -Уучлаарай хэрэв би тэдгээрийг мэддэггүй байсан бол энэ сургуульд сурч чадах байсан уу? гэж хариултал бүгд алга ташицгаасан.  Сүүлд нь тэр авгай надтай ирж гар бариад, би танай ”Ингэний нулимс” (найруулагч Бямбасүрэнгийн) гэдэг киног үзсэн юм. Тэгээд л чамаас тэгэж асуусан хэрэг гэж билээ.

-”Ингэн нулимс”, ”Шар нохойн там” гээд кинонууд сүүлийн үед нилээд шуугиан тарих болсон. Гэхдээ энэ нь Монголын уламжлал ахуй, амьдрал гэхээсээ илүүтэй, бүдүүлэг харанхуй байдлын сурталчилгаа болчихоод байгаа юм биш байгаа?
-Ямар хүмүүс яаж хүлээж авахаас их юм шалтгаална л даа. Ер нь Монгол гэхээр л заавал адуу, мал, хөдөөгийн амьдрал эсвэл траншейны хүүхэд гэх мэтийг үзүүлээд байхаар адал, явдалд дуртай гадныхан Африкийн ядуу зүдүү орны хэмжээнд бүдүүлэг, харанхуй байдлаар төсөөлөөд байж магадгүй. Миний хувьд хаа ч явсан Монголоо сонгодог урлагаа л сурталчлахыг хичээдэг.  “Largely Ludwig Ensemble” хамтлагтай  хамтарч тодорхой хуваарийн дагуу тоглолтонд оролцож хэд, хэдэн мужуудаар тоглолт хийж, монгол хүнийхээ хувьд эх орноо сурталчилдаг. Уртын дуу, хөөмий , морин хуур-аас гадна Монгол орон сонгодог урлаг, бүжгэн жүжиг, дуурийн урлаг өндөр хөгжсөн орон юм шүү.

-Одоо хоёулаа удахгүй болох тоглолтын чинь талаар ярилцъя.

-Аав минь саяхан бурхан болчихлоо. Заншил ёсоор буян хураах 49 хоногт нь зориулж, сонгодог концерт тоглох гэж байгаа.  Aав, ээж 2 шиг минь өндөр настангуудад бага ч атугай тус болохыг хичээж ”Болор сан” байгуулах гэж байгаа. Энэ сангийн нэг арга хэмжээ болгож энэ концертыг тоглох гэж байна. Аавыгаа эмнэлэгт сахиж байхдаа, зарим ахмадууд маань эмнэлэгийн наад захын туслалцааг авч чадахгүй, түүнчлэн эм, тарианы үнээ ч дийлэхгүй хүнд байгааг хараад сэтгэл их  өвдсөн.
-Аавынхаа тухай жаахан яривал сэтгэл тань онгойх болов уу. Хүн бүрт л аав нь уул шиг нөмөр нөөлөг, өмөг түшиг нь байдаг. Байж байхад нь мөнх юм шиг санаж байх. Өнгөрсөн хойно нь ямар их өмөг түшиг, хайр халамж байсныг үгүйлэх юм даа.
-Аавыг минь Нэрэндоогийн Жүгдэрсүрэн гэдэг. Аавын минь аав эм барьж, өвдсөн, ядарсан хүнд тусдалдаг нилээд нэртэй, номтой оточ, эмч хүн байсан гэнэ лээ.  30-аад оны xэлмэгдэлд өвөг эцэг минь өртөж, аав минь 7 настай өнчин хоцорч, xамаг хөрөнгөө хураалгаад, 4 хүүхэдтэй бэлэвсэн үлдсэн ээж нь удалгүй нас барж, эсэргүүний хүүхэд гэдэг нэрээр бүх л юманд адлагдах болсон гэдэг. Овоо барилдчихдаг байсан ч давааг нь өгдөггүй, 2-ч бүсгүйтэй ханилахад нь эсэргүүний хүүхэдтэй охиноо суулгахгүй гээд аав, ээж нар нь салгаад аваад явчихсан, хатуу хэцүү үеийг даван туулах гэж өөрийнхөө хэмжээнд их л зовлон үзсэн юм байна лээ муу аав минь. Хэнтийгээс УБ-т хоёр хөтөлгөө морьтой ганцаараа ирсэн юм гэнэ лээ. Хожим ээжтэй минь ханилж сайн сайхан амьдарсан. 10-аад насаар ах байсан ч ээжийг минь бидэнтэй хамт үнэхээр халамжилж, хайрлаxын дээдээр хайрлаж өсгөсөн. Аав минь их цэвэрч нямбай хүн байсан. Байнга костюм өмсөж зангиа зүүнэ. Өдөр бүр л хувсцаа индүүднэ. Хуруу эсгэм өмдний индүүдлэг, гялалзсан долгионтой гил хар үстэй, анхлим сайхан үнэртэй, гуниг жаргал хосолсон дүрлэгэр алаг нүдтэй, цэвэрхээн цагаан шаргал царайтай аавдаа хөтлүүлээд гүйж явсан бага нас минь ямар их аз жаргалтай байгаа вэ?! Миний аав, ээж 2  Гарын Таван Хуруу шиг бид тавыг өсгөхдөө хайр, халамжаар тутаагаагүй өсгөжээ. Дөнгөж их сургуулийн оюутан болоод гаргасан миний том охиныг харахаар гавьяаныхаа амралтыг авч надад сурч боловсрох бүрэн бололцоог минь олгож байсан аугаа ачтан юм даа миний аав.  Аав минь эрхлүүлэхдээ ч сайн эрхлүүлнэ, хатуу үедээ ч их хатуу шаардлага тавьдаг, буруу зөрүү зүйл хийвэл алганы амтыг ч хайрлахгүй өгнө шүү дээ. Миний аав гэртээ талхаа барина. Аавын минь талхны үнэр ямар гоё гээч. Одоо хир нь үнэртдэг юм. Сая Монгол яваад ирэхдээ анзаараагүй хирнээ аавынхаа талхны үнэрийг их санадаг байсныгаа мэдэрсэн дээ. Уг нь би ирэхээ хоёрхон долоо хоног хойшлуулсан бол аавыгаа өнгөрөхөд толгойг нь түшиж чадах байсан даа гэж өөртөө гомдовч, аав минь мэдсэн юм шиг л ”охин минь явж ажил төрлөө боддоо”, “аав нь охин дээрээ очин оо” гэж хэлснийг нь зөрж чадаагүй юм. Бүх юм л хувь зохиолоороо болдог юм шиг ээ. Элэг зүрхнээс минь өмөрч унасан энэ их орон зайг буян үйлдэж нөхъе юу л гэж зүтгэж явна.

-Концертоо хэдийд тоглох гэж байна? Сонгодог концерт гэхээр хүмүүс яаж хүлээж авах бол?

-11-р сарын эхээр тоглоно. Концерт маань гурван хэсэгтэй.  I-р хэсэгт ХХI-р зууны сонгодог бүтээлүүд II-р хэсэгт Ари романс III-р хэсэгт Аав, ээжийн тухай Монгол дуу байх юм.  Энэ тоглолтоо Америкийн концертын системээр явуулна. Энд зарлагч гэж байхгүй. Хөтөлбөр нь үзэгчдийн гар дээр байна. Мөн концертонд алга таших, ташихгүй хэсэг гэж байна. Энэ концертын I-р хэсэг болох сонгодог бүтээлүүд дээр ташихгүй, зөвхөн  сонсоно.
II, III-р хэсэг дээр бол алга ташиж болно. Монголчууддаа хандахад миний тоглолтыг ирж  үзээрэй гэж урьж байна. Бас цагтаа ирээрэй гэж туйлаас их хүсэж байна. Тоглолт 11 сарын 17-нд 18:45 цагт  Арлингтоны Росслиний Театрт болно. Нөгөө талаар Америкт байгаа олон, олон ээж аавдаа очиж үнсүүлж, уулзаж чадахгүй байгаа Монгол ахан дүүсдээ надтай хамт нэг оройг ээж, аавыгаа дурсаж, сайхан өнгөрөөгөөсэй гэж хүсч байна.

-Одоо хаана ямар ажил хийдэг вэ?

-Сургуулиа 2 жилийн өмнө төгссөн. International school of Music, Adult Education Center-т дуулах ур зүй, дуурийн урлагийн түүхийн хичээлүүдийг тус, тус заадаг. Мөн Арлингтон Хотын Ерөнхий Боловсролын Дунд Сургуульд багшлахын зэрэгцээ өөрийн цаг заваа гаргаж, үнэ төлбөргүйгээр, монгол сурагчдад болон тэдний эцэг эхчүүдтэй холбоотой ажиллаж мэдээлэл дамжуулах, орчуулга хийж өгч тусалж, дэмжихийг хичээж, нилээд хэдэн сургалт семинарт орчуулагчаар ажиллаж улс, эх орноо америкийн сурган хүмүүжүүлэгчдэд болон америк хүмүүст Монголын Соёл, Боловсролын   талаархи хуучин ойлголтыг өөрчилж, үнэн зөв мэдээлэлийг олгохыг хичээж явнаа.

-Уулзаж ярилцсан танд баярлалаа. Өмнөө зорилго тавьж, түүндээ хүрэхийн төлөө тэмцэж, хөдөлмөрлөж, сонгодог урлагийн өндөр оргил руу мацаж яваад тань бахархаж байна. Улам ихийг сурч Монголынхоо сонгодог урлагийг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулаарай гэж хүсч байна. Тоглолтонд тань амжилт хүсье!
-Та нарт ч их баярлалаа. Та нарын ажилд амжилт хүсье. Монголчууд бид бие биенээ дэмжиж, эвтэй найртай, бүгдээрээ л өөдрөг сайхан амьдрах болтугай.

Ярилцлагыг тэмдэглэсэн Галаа болон Ариунаа

*Ариунаа бид 2 Болормаатай бараг 4 цаг шахам ярилцаж суужээ. Гараад явахдаа нэгэнтээ H. Жанцанноров гуайн нэг ярилцлагадаа хэлсэнчлэн ”Сайхан хүнтэй ярилцаж суухад л хамгийн сайхан байдаг юм” гэсэн үгийг санаж явлаа. Харьд амьдарч  яваа цөөхөн Монголчууд бид бие биеэ дэмжиж, өөдрөг сайхан яваа нэгнээрээ бахархаж талархаж, урам өгч явбал юутай сайн.

Болормаа ажлынхаа зав чөлөөгөөр Монголчууддаа тус, буян болох гэж зөндөө л санал, санаачлага гаргадаг юм байна. Тухайлбал:. Арлингтон хотод суралцаж байгаа Монгол сурагчдад болон тэдгээрийн эцэг, эхчүүдэд америкийн сургалтын онцлогын талаар мэдээлэл өгч, семинар зохион байгуулж сонирхсон асуултанд нь хариулт өгч, Эрүүл Мэндийн Даатгалгүй нийт 60 гаруй монгол сурагчдыг Арлингтоны Педиатрик Центер-т (Арлингтоны Хүүхдийн Клиник) эмнэлгийн хяналтанд хамруулж, 20-иод  сурагчдыг үнэ төлбөргүй болон хямд үнэтэй хүүхдийн шүдний эмнэлэгт бүртгүүлж, 5 сурагчдад тохиолдсон сэхээн амьдруулах тасагт яаралтай тусламжинд болон зайлшгүй шаардлагатай мэс заслын ажиллагаанд орчуулга хийн, эмнэлгийн төлбөрийг хөнглөлттэй буюу үнэ төлбөргүй болгож өгчээ.  10 гаруй сурагчдын болчимгүйгээр үйлдсэн гэмт хэргийг шүүх ажиллагаанд орчуулга хийж, ялыг хүчингүй болгох болон хөнгөлөлттэй ял шийтгэл оногдуулах шийдвэрт тус нэмэр болсон байна. Монгол улсаас А.Н.У- ын бага, дунд, ахлах сургуульд суралцахаар ирж буй  сурагчдын мэдлэгийн түвшинг зөв зүйтэй тогтооход нь туслах зорилгоор 1-12 дугаар ангиудын математик, алгебрийн хичээлээр авдаг шалгалтын материалийг Монгол хэл дээр мөн 5-7 дугаар ангид үздэг математикийн хичээлийн чухал нэр томъёо, дүрмүүдийг Монгол хэл дээр тус тус орчуулaн Монгол сурагчдынхаа мэдлэг боловсролд бага ч атугай нэмэр тус болчих юмсан гэж зүтгэж яваа дуучин, урлаг судлаач, багш, сурган хүмүүжүүлэгч эмэгтэй юм байна.

Түүний тоглолтын дэлгэрэнгүй зарыг удахгүй ”Орлоо.ком” дээрээс та олж үзэх болно. Алс холын Америк оронд дэлхийн сонгодог урлагийн сурталчилж яваа, Болормаагийн аавдаа зориулсан концертонд морилон ирж, нэгэн оройг сэтгэлийн таашаал эдлэн хамтдаа өнгөрүүлэхийг урьж байна.

>