Menu
Assign a 'primary' menu

Category Archives for "БОЛОВСРОЛ"

Dec 04

БОЛОВСРОЛЫН САЛБРААРАА БИТГИЙ ТОГЛООД БАЙ, ЭРХ МЭДЭЛТНҮҮД ЭЭ.

By gala-admin | БОЛОВСРОЛ

Энэ зургийг миний нэг шавь Монголоос над руу явуулсан юм. Шинээр зохиогдсон 11 р ангийн “Монгол хэл”-ний сурах бичиг дээр миний нэг бичвэрийн хэсгийг оруулсан байгааг шавь минь бахархалтайгаар мэдэгдлээ. Харин надад баярлах юу ч байсангүй. Сурах бичгийг ямар ч шалгуургүйгээр энд тэнд байгаа эрээвэр хураавар бичвэрүүдээс түүж зохиодог юм бол, эрдэмтэд гэж байгаад ямар хэрэг байгаа юм бол? ШУБСЯ ны хувьд сүрах бичиг зохиох, түүнийг хэвлүүлэх эрхийн тѳлѳѳ маш их ѳрсѳлдѳѳн бий болж энэ нь аажим аажимдаа бизнес болж, эрх мэдэлтнүүдийн авилгалын сүлжээг үүсгэдэг тухай баттай бус мэдээлэл сонсож байсан. Гэхдээ ийм байдалд хүрсэн гэж тѳсѳѳлѳѳ ч үгүй явлаа. Ямар ч тѳсѳл тѳсѳѳлѳлгүйгээр энэ салбрыг удирдах гэж “томилогдоод”, юу ч хийж чадалгүй “огцроод”, дараагийнх нь хүрч ирээд ѳмнѳхѳѳ үгүйсгэн “дураараа дургин дунд чѳмгѳѳрѳѳ жиргэдэг” улстѳрийн хий үзэгдэл болох “Сайд” нэртэй тэнэгүүдээс шалтгаалж, Монголын боловсролын салбар одоо “элгээрээ хэвтэх” дээрээ тулж байна.

Тасралтгүй үргэлжлэх алсын хараатай бодлогын үр дүн нь хамгийн багадаа 12 жилийн дараа мэдрэгдэж эхэлдэг Боловсролын салбраараа ингэж тоглож, тоглуулж болохгүй ээ, хүмүүс ээ. Тѳгсѳгчид нь иргэншиж чаддаггүй, багш нар нь энэ системдээ хоцрогдон хүүхдүүддээ гологдож байгаа, хүүхдүүд нь хүүхдүүдээ материаллаг хэрэглээгээрээ дарамталдаг, дотоод ардчилал үгүй сургуулийн удирдлагуудтай, сургалтын арга зүй мэдээллийн суурь тогтолцоо нь хуучирсан энэ байдлаараа бид хичнээн жил явах вэ? Хэрэв энэ системийг хурдан ѳѳрчлѳхгүй бол бид хүүхдүүдийнхээ ирээдүйг бас Монголынхоо ирээдүйг хорлож буй гэмт үйлдэл мѳн. Хэзээ ч улстѳржиж болохгүй, сайн судалгааны, мэргэжлийн баг удирдаж явах учиртай энэ салбрыг зоригтойгоор ѳѳрчлѳх цаг нь боллоо. Алийн болгон улстѳрч нэртэй мунхагуудын “мѳнгѳ хийх”, “хѳрѳнгѳ завших” боломжийг хангахын тѳлѳѳ ѳѳрсдийн ирээдүйгээ золиослох билээ.

ТЭГЭЭД ЮУ ХИЙХ ЮМ БЭ? гэж үү

1. Суурь боловсролыг хүүхдийг зѳвхѳн сургах биш, Монголын шинэ нийгэмд амьдарч чадах “Бие хүнийг тѳлѳвшүүлэх” зорилгод хѳтлѳгдѳн ѳѳрчлѳх хэрэгтэй байна
2. Багш нарын мэргэжил ур чадварыг дахин сайжруулан шалгуурыг нь ѳндѳрсгѳн, тэдний нийгмийн асуудлыг хэнээс ч хараат бус байхаар шийдэж, Тѳр хамгаалалтдаа авах хэрэгтэй болно
3. Монголын боловсролын салбрын хѳгжлийн чиглэл, хандлагыг 25 жилээр тѳлѳвлѳж, үндсэн суурийг огт ѳѳрчлѳхгүйгээр шаардлагатай үед нэмэлт оруулах боломжоор хуульчлан батлах
4. Үүний тулд судлаач эрдэмтдийн баг ажиллуулж, энэ салбарт тэдний оролцоог үнэлэн энэ санаачлага нь байнгын үргэлжилж байхаар тогтолцоог баталгаажуулах
5. Энэ салбрын удирдлагыг мэргэжлийн, туршлагатай, шинэчлэгч багаар бүрдүүлэн бодлогын тасралтгүй үргэлжлэх боломжийг хангах

Монголын боловсролын салбарт хамааралгүй иргэн гэж байхгүй. Таны хүүхэд зѳв сайн хүн болж тѳлѳвших нь зѳвхѳн танаас бус сургуулийн орчноос ч хамаарна. Та сургуультай хамтран ажиллах, тэдэнд хяналт тавих нь ѳѳрийнхѳѳ хүүхдийн ирээдүйд санаа тавьж байгаа үүрэг тань байх болно. Та эргэн тойрноо сайн хар даа. Ил задгай бие засч, хог хаягдлаа хаа сайгүй цацаж, элдэв хараалын үгс урсгаж, халамцуухан таныг айлгаж ичээж байгаа үйлдэл бүхэн ѳнѳѳгийн Монголын боловсролын салбрын бүтээгдэхүүн. Тэгэхээр танд хамаагүй байж яахин болох билээ.

Миний мэдэж байгаагаар “Сант”, “Шинэ Монгол” зэрэг хувийн сургуулиуд дэлхийн жишиг рүү чиглэж яваа. Харин манай салбрын Яам нь тэр чигээрээ хоцрогдоод байна даа.

Sep 04

ИХ ДЭЭД СУРГУУЛИУДЫН ТѲЛБРИЙГ НЭМЬЕ

By gala-admin | БОЛОВСРОЛ

…Хэрэв та зах дээрээс хямдыг нь харж 20 000 тѳгрѳгийн үнэтэй гутал худалдаж авбал хэсэгхэн хугацаанд хэрэгцээг тань хангах боловч чанар муутайгаас болж удаан хэрэглэхгүй. Хэрэв та мѳнгѳѳ цуглуулж байгаад 200 000 тѳгрѳгѳѳр чанартай гутал худалдаж авбал сэтгэлд тань таатай байх тѳдийгүй удаан хугацаанд ѳмсѳх болно. Ер нь дэлхийн зах зээл дээр чанартай бүтээгдэхүүн ѳндѳр үнэтэй байж, чанар муутай бүтээгдэхүүн хямд үнэтэй байдаг жишиг бий. Мэдээж материалын чанар хийгээд үйлдвэрлэлийн чанар ѳндѳр ѳртгийг бий болгодог.

ХЯМД ҮНЭЭР ЧАНАРТАЙ МЭДЛЭГ ОЛГОХ УУ?

Өнгөрсөн онд салбарын сайд байсан Г.Чулуунбаатар 2017-2018 оны хичээлийн жилд бакалаврын сургалтын төлбөрийг нэмэгдүүлэхгүй байхаар шийдвэрлэсэн. Хэрэв энэ шийдвэр хүчин төгөлдөр байгаа бол МУИС-ийн жилийн төлбөр 1.6-3.93 сая төгрөг. Нэг кредитийн төлбөр нь 53-103 мянган төгрөг байна. Оюутнууд жилд 30-42 кредит судлах ёстой. ШУТИС-ийн жилийн төлбөр 30 кредит судалсан тохиолдолд 1.521-1.987 сая төгрөг байна. Харин АШУҮИС 1.6-3.1 сая төгрөг. Нэг кредит нь 75-90 мянган төгрөг. Оюутан жилд 30-36 кредит судлах ёстой юм байна. ХААИС жилийн төлбөр нь хоёр сая төгрөг. Оюутан жилд 30-36 кредит судлах ёстой аж. СУИС-ийн жилийн төлбөр 1.5-2.8 сая төгрөг бол кредит нь 50-92 мянган төгрөг юм байна. Харин ганцаарчилсан ангийн кредит нь 123 мянган төгрөг ажээ. БХИС жилийн төлбөр 30 кредит судалсан тохиолдолд 1.8 сая төгрөг. Оюутан 30-32 кредит судлах ёстой. Худалдаа үйлдвэрлэлийн их сургууль жилийн төлбөр 30 кредит судалсан бол 2.6 сая төгрөг аж. Оюутнууд нь 30-36 кредит судлах ёстой байдаг гэлээ.


Зууны мэдээ
Ч.Гантулга

Энэ мэдээлэл болон бусад мэдээллээс дүгнэхэд Монголын Их Дээд Сургуулиудын сургалтын нэг жилийн тѳлбѳр 2 саяас  8  сая тѳгрѳгийн хооронд хэлбэлздэг бололтой. Оюутан суралцагсдаас авсан сургалтын тѳлбѳр нь багш нарын цалин хангамж, хичээлийн байрны урсгал зардал, сургалтын хэрэглэгдэхүүний зардалд зарцуулах учиртай гээд бодохоор дэндүү бага мѳнгѳ. Энэ нь доорхи муу үзэгдлүүдийг бий болгож байна:

1.    Их Дээд Сургуулийн багш нар ѳндѳр цалин хѳлс авдаггүйгээс шалтгаалан чадвартай сайн багш нар ажилладаггүй, олон жил архагшсан ахмад багш нар ихэвчлэн ажилладаг тѳлѳвтэй. Энэ нь сургалтын чанарын шинэчлэлд саад болж байгаа.

2.    Сургалтын тѳлбѳр бага байгаа нь жинхнээсээ сайн мэдлэг эзэмших гэж хүссэн залуусын хажуугаар зүгээр суухаар сургуульд суусан болж цаг нѳхцѳѳдѳг хүмүүст боломж болон хувирч байна. Энэ нь сургалтын чанарыг бус дипломыг үнэлэх үнэлэмжийг нийгэмд бий болгоход нѳлѳѳлж байгаа.

3.    Сургалтын тѳлбрѳѳ тѳлсѳн оюутнуудад уг мѳнгѳ юунд хэрхэн зарцуулагдаж байгааг тайлбарлан ойлгуулдаггүйгээс, тэдний сэтгэхүйд байнга “хардалгa” үүсч, хэн нэгний турхиралтаар “Тѳлбрѳѳ багасга” гэсэн шаардлагыг тавьж “тэмцэхэд” хүргэж байна. Үүний цаана улстѳрийн “шантаажчид” тоглолт хийгээд байж ч магадгүй.

4.    Их Дээд сургуулиуд дэргэдээ судалгаа шинжилгээний хүрээлэн байгуулан ажиллуулж чаддаггүйгээс сургалт нь амьдралтай холбогдож чадахгүй, “номлол” тѳдий байгаа нь тѳгсѳгчид нь мэргэжлээрээ ажиллаж чадахгүй байгаа шалтгаан мѳн.

ТЭГЭЭД ЯАХ ЁСТОЙ ЮМ БЭ, ГЭЖ ҮҮ?

1.    Монгол улсад Их Дээд сургууль байгуулан ажиллуулах шалгуур үзүүлэлтүүдийг олон улсын стандартад нийцүүлэн ѳѳрчилж, одоогийн Их Дээд сургуулиудыг зохих түвшингээр нь аттестатчилах хэрэгтэй байна. Шаардлагад тэнцээгүй сургуулиудыг хааж, татан буулгах шаардлагатай байна.

2.    Монголын Их Дээд сугуулиудад элсэн суралцах оюутан суралцагсадын шалгуурыг ѳндѳрсгѳж, сургалтын тѳлбрийг нь олон улсын жишигт ойртуулан ѳндѳѳр тогтоох шаардлагатай байна.

3.    Цаашид сайн мэргэжил эзэмшин үр дүнтэй ажиллах хүсэлтэй оюутан суралцагсдад тѳлбрѳѳ тѳлѳх олон боломжуудыг бий болгож, “Сургалтын тѳлбрийн зээл” ийн тогтолцоог шинээр бий болгох хэрэгтэй байна. Зарим суралцагсад сургууль тѳгсѳж ажлын байртай болсноор сургалтын тѳлбрѳѳ тѳлѳх боломж руу ч чиглэж болно.

4.    Дэлхийн хэмжээний бренд сургуулиудын салбар сургуулийг Монголдоо байгуулан тэднийг дэмжиж, дэлхийн хэмжээний мэргэжилтэн бэлтгэх бодлогыг салбар Яам нь боловсруулан хэрэгжүүлэх хэрэгтэй байна

5.    Одоо Монголд ажиллаж байгаа Шинжлэх Ухааны Хүрээлэнгүүдийг Их Дээд сургуулиудын болон музейнуудын дэргэдэх Судалгааны Хүрээлэн болгон ѳргѳжүүлж,оюутан суралцагсдад судалгаа хийх бодит боломжийг бий болгох хэрэгтэй байна. Энэ нь Их Дээд сургуулиудыг зѳвхѳн оюутнуудын тѳлбрѳѳр бус, судалгааны бүтээлүүдийн үр дүнгээр санхүүжилтаа бүрдүүлэх боломж нь болох учиртай

6.    Их Дээд сургуулиудын ажлын үр дүнг “хэдэн суралцагсдад диплом олгосон бэ?” гэдгээр нь бус “хэдэн тѳгсѳгчид ажлын байртай болж хэрхэн үр дүнтэй ажиллаж байгаа”-гаар нь тооцох шаардлага бий боллоо. Ийм тохиолдолд уг сургуулийн тѳгсѳгчид тѳгссѳн сургуулиа дэмжих боломж болон хувирна.

Миний мэдэх олон залуус АНУ ын Виржина мужид ажил хийнгээ сургалтын тѳлбрѳѳ тѳлж байгаа жишээг мэднэ. Ѳѳрѳѳ зовж зүдэрч байж олсон мѳнгѳѳ хэн ч дэмий зүйлд зарах хүсэлгүй болгодог ухамсар нь сайн сургуульд суралцах хүсэл, тэр сургуулийн сургалтын ѳндѳр тѳлбрѳѳс шалтгаалдаг. Ийм мѳнгѳний харилцаан дээр ХАРИУЦЛАГА оршиж байдаг юм даа. Ѳѳрѳѳ ухамсартайгаар хѳдѳлмѳрлѳж мѳнгѳ олдоггүй залуус, аав ээжийнхээ, ах эгчийнхээ хѳдѳлмѳрлѳж олсон мѳнгѳѳр суралцахдаа ердѳѳ ч хичээхгүй байх нь элбэг. Залуусын ийм ядмагхан сэтгэлгээн дээр Монголын урлаг соёлынхон, баар цэнгээний газрууд, элдэв шоу менежэрүүд 8 сарын сүүлчээс 9 сарын эхний энэ ѳдрүүдэд “мѳнгѳ хийцгээдэг” юм даа.

Сургалтын тѳлбрѳѳ тѳлѳх гэж ядаж байхад нэмэх санал гаргалаа хэмээн надад эгдүүцэн зэвүүцэж байгааг ойлгож байнаа. Гэхдээ бид энэ “ууртай”, “ямаан омгондоо” ѳѳр олон бодит боломжуудыг олж харахыг бас сонсохыг ч хүсдэггүй нь харамсалтай. Жишээ нь:

–       8 сараас эхлэн олон олон Сангийн аж ахуйнууд дээр ургац хураах, хүнсний ногоо хураах , ѳвс хадлан бэлтгэх ажлууд дээр оюутан суралцагсдыг гэрээгээр ажиллуулж, ажлын хѳлсѳнд авах мѳнгийг нь тухайн сургуулиуд руу “Сургалтын тѳлбѳр” болгон шилжүүлж болно. Социализмын үед хэрэглэж байсан энэ бодлого нь оюутан залуусыг ажил хѳдѳлмѳрт сургахын зэрэгцээгээр, энэ талбар дээр цаашдаа хамт суралцах залуус бие биенийхээ мѳн чанарыг мэдэж бие биедээ туслах сайхан сэтгэлийг бадрааж байсан юм шүү. Харин Их Дээд сургуулиудын хичээлийг 10 сарын 1 нээс эхлүүлж болно.

–       Улс орны хѳгжилд хэрэгтэй олон бүтээн байгуулалтууд дээр Монголын Тѳр засаг оюутан залуусыг бодлогоор дэмжин, гэрээгээр ажиллуулж болно. Барилга байгууламж, х.а.а н салбрын ажлууд, тѳмѳр зам болон авто замын байгууламж гэх мэт. Харин тэдний ажлын хѳлсийг Тѳр дотроо зохицуулалт хийн Их Дээд сургуулиуд руу шууд шилжүүлж болно.

–       Олон судалгааны хүрээлэнгүүд эрдэмтдийн судалгааны ажлууд дээрээ тухайн мэргэжлээр ажиллаж буй оюутан залуусыг гэрээгээр ажиллуулан чадавхижуулж, тэдний ажлын хѳлсийг “Сургалтын тѳлбѳр”т тооцож болно.

–       Ийм олон тѳрлийн санаачлагуудыг орон нутгууд дотроо маш сайнаар зохион байгуулж болно. “Хийхийг хүссэн хүнд арга нь олдож, хийх дургуй хүнд шалтаг олдонo” гэдэг дээ.

Бид Монголын залуусыг чѳлѳѳт цагаараа наргиж цэнгэх биш, найз нѳхдѳѳрѳѳ, хамт олноороо хамтдаа хѳдѳлмѳрлѳж бүтээхэд сургах хэрэгтэй байнаа. Оюутан залуус гэхээр архидаж заваардаг эсвэл биеэ үнэлдэг гэх бохир үнэлэмжээс салгамаар байна. Бид, ХЯМД ТѲЛБРѲѲР ЧАНАРТАЙ МЭДЛЭГ ОЛГОЖ ЧАДАХГҮЙ гэдгийг хүлээн зѳвшѳѳрч Боловсролын салбрын бүтэц хийгээд ѳѳрсдийн буруу сэтгэлгээгээ ѳѳрчлѳхѳѳс шинэчлэлийг эхлэх хэрэгтэй байна. Эс тэгвэл бид мунгинасаар бас мунхарсаар байх болноо.

Oct 20

МОНГОЛ ТӨРХТЭЙ “ГАДААД” ХҮҮХЭД ЗАЛУУС

By gala-admin | БОЛОВСРОЛ

-Би ер нь монголчуудтай уулзаж ярилцах дургүй
-Би монгол хэлээр бичсэн юм унших дургүй л дээ
-Би аль болохоор монголчуудаас хол байхыг хичээдэг
Хэдийгээр цөөхөн боловч гадаадад байгаа зарим монголчууд ингэж ярьж байхыг сонссон. Сонголт бол тухайн хүний эрх боловч ингэж бодож, ингэж хандаж байгаа хүмүүс нь өөрийн сонголтоороо “гадаад” болсон хүмүүс. Энэ тухай уншиж, сонсож байгаа хэт “эх оронч” хүмүүс уурлан бухимдаж, хараан зүхэж тэднийг “цаазлах” санал дэвшүүлдэг хэдий ч, аажим ажимдаа уусах маягаар монголчууд бид өөрсдөө ийм сонголт руу явж байгааг анзаардаггүй.
Нэг. ГАДААД ХЭЛЭЭР “ЧАМИРХАГСАД”
Аль социализмын үед орос мэргэжилтнүүдийг дээдэлж, шүтэн бишрэх үзлээс бий болсон “гадаад хэлээр ярьж байгаа бол мундаг хүн” гэдэг санаа бодол өнөө хэр арилаагүй л байна. Тийм болоод сошиал ертөнцийн орон зай дотор ярьж бичиж байгаа бичлэгүүддээ монгол хэлээ гадаад хэлтэй холилдуулж чамирхаж байгаа нь  “Сайн уу?” гэж бус “Hi” гэж мэндчилж байгаагаас л мэдрэгдэх ажгуу. “Төрсөн өдрийн баяр хүргэе” гэж бичихээс “HBD” гэж бичих нь илүү амар байж болох ч нөгөө хүндээ хандаж байгаа хандлага нь тийм ч таатай биш л болов уу? Компьютерийн
цаана сууж байгаа хүн нь гадаад хэлийг төгс ба төгс бус мэддэгийг бид шалгаж чадахгүй ч “гадаад хэлээр бичиж байгаа болохоор өндөр боловсролтой байж магадгүй” гэдэг таамаглалд найддаг байж ч болох. Гэхдээ л гадаад хэлээр чамирхаж маяглагсад хэтэрхий олон болж байгаа нь “монгол хэлээ аварья” нэртэй бүлэг нүүрномд үүсэх шалтгаан нь болж байгаа байж ч магад.
Монголд олноор байгуулагдан хятад, англи, солонгос зэрэг хэлүүдээр сургалт явуулж байгаа дунд сургуулиудад хүүхдүүдээ сургах нь бараг “моод” болсон юм уу даа. Өөрөө сайн мэдэхгүй ч хүүхэд нь гадаад хэлээр “шулганаад” байхаар сэтгэл нь ихэд ханаж, басхүү бусдад “өндөр боловсрол мэдлэгтэй” хүүхдээрээ бардамнан гайхуулах араншинг хөдөлгөдөг байж ч болох. Эх орондоо хэрнээ хаана л бол хаана монголоор бус гадаад хэлээр ярих тэдгээр залуус ч өөрсдөөрөө гайхуулан онгирдог байж ч болох. Ийм хэлүүдээр Монголд сургалт явуулдаг
сургуулийн багш нар ч өөрсдийн “өндөр зиндаа” гаа харьцангүй өндөр цалин, хүүхдээ ийм сургуульд оруулах гэсэн эцэг эхчүүдийн гуйлт дор мэдэрдэг байж ч болох. Гэхдээ бид гол зүйл дээрээ анхаарлаа огт хандуулахгүй байнаа. Юу гээч! Хятад, солонгос, англи хэлээр сурч байгаа хүүхдүүд Монголын хэл соёл, ёс заншлыг бус тухайн орныхоо хэл соёл, ёс заншилд суралцаж зарчим нь,  монгол угсаа гарвалтай хүүхдүүдийг Монголоос нь холдуулан “харьшуулж” байгаа нь цөөхөн монголчууд бидний хувьд том эмгэнэл. Энэ сайхан үзэгдэл гэж үү?
Хоёр. ГАДААД ДАХЬ “МОНГОЛ” ХҮҮХДҮҮД
Гадаадын олон оронд ажиллаж амьдарч байгаа монголчууд “яаж ийж” байгаад хүүхдүүдээ дэргэдээ авчирч, бас тэнд олон монгол хүүхдүүд төрж өсч байна. Миний таамаглаж байгаагаар \яг тодорхой статистик гаргах амаргүй\ гадаадад байгаа монголчуудын 10 % орчимтой тэнцэх тооны хүүхдүүд гадаадад төрж өсч байгаа. “Усыг нь уувал ёсыг нь дагана” гэдэг хэллэгээр бид хүссэн ч эс хүссэн ч тэр хүүхдүүд тухайн орныхоо хэлээр “хэлд орж”, тэр хэлээрээ суралцан боловсрол эзэмшиж байгаа. Гэртээ монголоороо ярьж байх гэж хичээгээд ч гаднах орчны
нөлөөгөөр төдийлэн амжилт олж чадахгүй байгаа тухай цөөн биш эцэг эхчүүд учирлаж байсан. Зарим “боломжтой” нь жаахан том болгож байгаад зуны амралтаараа Монголдоо аваачиж “монгол хэлтэй” болгох гэж оролдоно. Жаахан ч атугай хазгай мурий боловч монголоороо ярих гэж оролдоход нь тэд “үхэтлээ” баярлах авч мөнөөх л орчиндоо ороод л монгол хэлээ мартаж эхэлдэг. Орчин гэдэг яалт ч үгүй хүүхдийн хөгжил, хэл ярианд нөлөөлдөг нь үнэн.
Хөөрхий монгол өвөө эмээ нь, монгол хэлээ мэдэхгүй өхөөрдөм хөөрхөн монгол ач зээтэйгээ “хэл нэвтрэлцэх” гэж “тата тунгаа” маягаар дохиж зангаж байгаа нь өнөөгийн бидний хувьд өхөөрдөл гэхээсээ харамсал гэлтэй. За тэгээд “хар ажил” хийж өөрсдөө хэлийг нь сайн сураагүй болохоороо хүүхдийнхээ тэр хэлээрээ юу ярьж байгааг нь сайн ойлгохгүй, бас өөрөөс нь “ичиж” байгааг ч мэдрэхгүй, юу сурч яаж будилж явааг нь мэдэхгүй байх тохиолдол цөөн биш. Зарим эцэг эхчүүд хүүхдүүддээ анхаарал сайн тавьж хянаж, чиглүүлж чадаж байгаа ч, олон
эцэг эхчүүд өөрийнх нь хүүхэд “буруу замаар будаа тээж” байгааг ч мэдэхгүй өөрт нь найдаж, мөнгө санхүүгээр хангах үүрэгтээ “үүртэж” байгаа нь нууц биш. Энэ асуудалд тэд санаа нь зовж байгаа юу? гэвэл, санаа нь зовж байгаа. Тийм болохоор хотуудад байгуулагдсан монгол сургуулиудад хүүхдүүдээ сургах гэж хичээгээд л байна. Олон он жилийн урсгалд “аргаа олох” гэж, монголоороо үлдэх гэж хичээгээд л байна. Гэхдээ ийм олон монгол залуус тухайн орондоо өндөр боловсрол ухамсар эзэмшиж, амжилттай сайн явааг дурдах ёстой. Харин “Монгол
орон?” гэж заримдаа боддог юм шүү.
Гурав. “АЙМШИГТАЙ” гэхдээ “АВЬЯАСЛАГ” МОНГОЛ ОРОН
Монголчууд бидний амьдрал улстөрийн хандлагаас шууд хамаардаг болохоор хүн болгон Монголын улстөрийн өнөөгийн байдлын тухай харамсаж, бухимдаж өөр хоорондоо ярилцдаг нь түгээмэл үзэгдэл. Гадаадад байгаа монголчууд Монголын тухай хар бараан мэдээ үзээд халаглаж харамсаж их ярилцдаг. Тэр болгоныг нь сонсож ойлгож байгаа хүүхдүүдийн сэтгэхүйд “Монгол орон бол аймшгийн орон” гэдэг түгшүүртэй ойлголт үлдэнэ. Ядаж байхад манай хэвлэл мэдээллийнхэн аллага хүчирхийллийн тухай баяр бахдалтай мэдээлэхийг яана. Бүр
дүрстэйгээр шүү дээ. За тэгээд мөнгөний ханшийн уналт, ядуурал, бухимдал тэмцлийн тухай сөрөг мэдээллүүд нь биднээр дамжин гадаадад байгаа хүүхэд залууст хүрч байна. Тэр болгон нь Монголын тухай айдас түгшүүр болон тэдний сэтгэлд оршдог. Монгол хэлний эрдэмтэн Саруул-Эрдэнэ, Нараа хоёр  энэ тухай дурсаад “Бид үүнээс хойш хүүхдүүдийнхээ дэргэд Монголын тухай хар бараан биш, дандаа гэгээлэг талаас нь ярьдаг болсон” гэж ярьж билээ. Энэ бас л бодох бодол.
Монголд байгаа олон залуус “яаж ийгээд гадаадад гарч суралцах тухай” бодож, арга замыг хайх болсон нь Монголын нийгмийн бухимдалтай улстөр, боловсролын чанаргүй тогтолцоо, залуучуудын талаарх зөв бодлого үгүй байгаатай шууд холбоотой.  Тэд өөрсдийгөө бус Монголын өнөөгийн нийгмийн тогтолцоог голж байгаа. Тэд сайн сайхан зүйл рүү бас дэлхий рүү тэмүүлж байгаа. Гэхдээ олон зүйлс сайнаар өөрчлөгдөж байнаа. “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэг, “Авьяаслаг Монголчууд” шоу зэрэг нь Монголын залуусыг “байлдан дагуулж” байна.
“Эдгээр нэвтрүүлгийн дэргэд Монголын тэнэгтэж байгаа улстөрчид юу юм бэ?”. Бид эндээс “даравч дардайж, булавч бултайж” байгаа Монголын залуу үеийг мэдэрдэг. Энэ бүхэн нь Монголын залууст их итгэл найдвар, “монголоороо бахархаж” монголоороо байх хүсэл рүү хөтөлж байгаа.  1990 ээд оны залуус Монголдоо төдийгүй Америк оронд ч ямар их өндөрлөг рүү тэмүүлж байгааг мэдрэхдээ би тэднээр бахархдаг. Цоо шинэ үе. Тэд дэлхийд ч “МОНГОЛ ХҮН” гэдгээрээ гайхуулж бардамнахыг хүсч байна. Гоё байгаа биз. Тэд дандаа Монголын хөгжлийн тухай
ярьдаг.
Дөрөв. “ТЭГЭЭД ЯАХ ЁСТОЙ ВЭ?” гэж үү?
1. Бид өөрсдөө гадаад хэлтэй холилгүйгээр монголоороо ярьж, бичиж үлгэрлэцгээе. Үүний тулд монгол хэлээрээ зөндөө олон номуудыг уншиж байя. Ядаж нүүрном, жиргээндээ “Hi” гэж бус “Сайн байна уу?” гэж бичиж эхэлье. Тийм ч хэцүү биш шүү дээ.
2. Саяхан “Аз хур” гээд номын дэлгүүр нээгдэж 72 цагийн хямдралд хүмүүс “их хошуурлаа”, сайхан л санагдаж байв. Миний нүүрномын найз Сувд-Эрдэнэ гэдэг бүсгүй хичээж зүтгэсээр байгаад л Улаанбаатар хотын төв талбайд “Номын өдөрлөг” арга хэмжээг уламжлал болголоо. Сайхан үйлс шүү дээ, үүнийг олон хүмүүс дэмжиж байна.
3. Одоо нэг их гоё номын сангуудтай болчихвол… Бидний Америкаас бэлтгэж байгаа “Яагаад?” нэвтрүүлэгт энэ санаа орсон байгаа. Зөвхөн ном унших гэж биш найзуудаараа уран бүтээлийн талаар ярилцах гэж, сурагчид оюутнууд хичээлээ давтах гэж, хүүхдүүд зурагтай ном үзэх гэж зорьж очдог тийм сайхан орчинтой болчихвол их зүйл сайнаар өөрчлөгдөхөд нөлөөлөнө.
4. Монголд үйл ажиллагаа явуулж байгаа албан газрууд болон үйлчилгээний байгууллагуудын хаягуудыг монгол крилл, монгол бичгээр сольчихвол. Монгол бичгийг төрийн бичиг болгочихвол, Ерөнхийлэгч Ц.Элбэгдорж НҮБ-ийн чуулганд хазгай англиар биш төгс төгөлдөр монгол хэлээрээ илтгэл тавьдаг болчихвол сайн сан. Мунхаг би монгол бичгээ сайн сураагүй ч харахад нэг л гоё монгол бичгээ сурах сан гэж мөрөөддөг.”Тийм шүү” гэж толгой дохиж байгаа юм шиг дээрээсээ доош нь уран гоёор таталган бичдэг болчихвол гадаад хүмүүст хэрэндээ л
“онгирно” доо.
5. Гадаадын улс орнуудад иргэдийн санаачлагаар байгуулагдан ажиллаж байгаа “Монгол сургуулиуд”-ыг Монголын төр бодлогоор дэмждэг болчихвол:
-Тэнд багшилж байгаа багш нарыг “Нийгмийн даатгал” д хамруулан ажилласан хугацааг нь албан ёсоор тооцдог болчихвол
-Монголын “Боловсролын хууль” д зааснаар нэг сурагчид ноогдох зардлыг нь тэдэнд тооцож олгодог болчихвол
-Тэдний өөрсдийнх зохиосон сурах бичгүүдийг хэвлэх зардлыг нь төрөөс гаргаж суралцагсдад хүргэж өгдөг болчихвол
-Арай ядан олж түрээслэж байгаа хичээлийн байрных нь зардлыг төрөөс “даадаг” болчихвол. Бүгдийг нь эс гэхэд тодорхой хувийг нь ч болов.
Энэ олон “болчихвол” биелэлээ олох тийм ч хэцүү биш. Даанч дээрх түшмэдүүдийн мэдлэг, сэтгэлгээ, ухаан дутаад л байгаа юм даа.
6. Монголчууд олноороо суурьшиж байгаа гадаадын орнуудад “Монгол Соёлын Төв” байгуулах санаачлагыг Монголын төрөөс дэмжиж гэрээ хэлэлцээр болон хамтын ажиллагааны зарчимдаа тусгадаг болчихвол. Тэнд төрж өсч байгаа монгол хүүхдүүдийг “монголоор нь хөгжүүлэх”-эд их л тус дэм болох сон. Тэгээд ч Монгол бол “тусгаар улс” гэдгийн нэгэн баталгаа нь энэ төв болох юм шүү дээ. Тэнд монголчууд уулзаж учран одоо үүсгэж байгаа “монгол” олон төрлүүдийн үйл ажиллагаагаа дэмжих болно. Хоол иднэ, хөгжим тоглоно, бүжиглэнэ, тэмцээн зохион
байгуулна.
Тав. МОНГОЛ ХЭЛ СОЁЛ БОЛ ТУСГААР ТОГТНОЛЫН БАТАЛГАА
Аливаа улс үндэстнүүдийн тусгаар тогтнолын баталгаа нь хэл соёл нь байдаг. Тэр тусмаа монгол хэл соёл нь дэлхийн хэмжээнд үндсэн хэл соёлын нэгэнд багтдаг. Бид эрдэмтдийн энэ талын судлагаа нотолгоон дээр хий хоосон цэцэрхэж маргалдахын оронд өөрсдийн дотоод сэтгэл зүрхээ чагна даа. “Муусайн хужаа нар”, “тэнэг Иванууд” гэдэг онгироодуу хэллэгүүд нь өөрсдийгөө тэднээс дээрд үзэж байгаагийн нэгэн нотолгоо. Тэгсэн мөртлөө бид тусгаар тогтнолын баталгаа болсон хэл соёлдоо яагаад ийм хайнга хандаж байгаа юм бэ? Энэ их
тэнэглэлүүдийнхээ эцэст бид өөрсдөө “муусайн хужаа”, “тэнэг Иван” уудаасаа ялгарахаа больчих юм бол яах юм бэ? Бидний л “хохь” болно, биднээс өөр хэн харамсах гэж?
Монгол хэл соёл, нүүдэлчин зан заншлаас үүдэлтэй монгол хүн бол Монгол Улсын  Үндэсний Аюулгүй Байдлын чиглүүлэгч нь. Бид энэ үнэ цэнээ алдах юм бол “Чингисийн Монгол” гэж цээжээ мянгантаа дэлдээд яах ч юм билээ. Бид дэлхийн хэдэн зуун үндэстэнгүүдээс “монгол” гэдгээрээ яаж ялгарах юм бэ? Энэ дэлхий ертөнц нь үндэстэн хийгээд ястангуудын орших, эс оршихын төлөөх их өрсөлдөөн тэмцлийн талбар. Монголчууд бид энэ өрсөлдөөнд ялагдах уу? ялж гарах уу? гэдэг бол бидний л сонголт. Олон зууны тэртээд монголчууд бид дэлхийн хөгжлийг
тодорхойлж байсан шиг 21-р зуунд оюун санааны их хөгжлөөрөө дахиад л дэлхийн хөгжилд тодорхойлогч болж чадах уу? гэдэг сонголт нь өөр хэнийх ч биш бидний л сонголт. “ЯАГААД БИД ЧАДАХГҮЙ ГЭЖ?”
Америкт амжилттай ажиллаж амьдарч яваа олон олон монгол залуустай уулзаж ярилцах бүрдээ Монгол орны сайн сайхан ирээдүйд итгэдэг. Өндөр хөгжилтэй том гүрнүүдийн болон дэлхийн хэмжээнд сэтгэж, өөрсдийн орон зайгаа эзэлж яваа ийм залуус Монголын ирээдүй. Өнөөдөр Монголын төрийн эх мэдэлд суучихаад “жалгын” хэмжээнд сэтгэж, Монголын төрийн эрх мэдлээр бизнес хийж суугаа улстөрчдөөс огт өөр хүмүүс тэд. Нэгэн цагт Монгол улс хөгжлөөрөө дэлхийд дахиад л тэргүүлж эхэлнэ. Тэр цагт мөн ч олон хүмүүс монгол хэл соёл, зан заншилд
суралцах гэж хичээх болно. Монгол төрхтэй “гадаад” залуус ч эргээд монгол хэлээ сурах гэж зовохдоо ээж аавдаа гомдоллох болно. Гэхдээ тэд бусдаас амархан сурнаа, “монгол хүн” гэдэг элэг бас гарвал нь хаачих билээ. Гэхдээ танд өнөөдөр ч гэсэн сонголт байгаа. ЯАГААД ҮГҮЙ ГЭЖ?

Aug 28

БОЛОВСРОЛТОЙ ХҮН

By gala-admin | БОЛОВСРОЛ

…Боловсролын талаар  монголчууд бид жаахан “хазгай” ойлголттой. Дээр үеийн “Боловсролтойгоороо битгий гайхуулаад байгаарай” хэмээсэн шазруудуухан хэллэгээс өнөө үеийн “Хоёр гурван ч дээд сургууль төгссөн мундаг боловсролтой хүн юм гэнэ билээ” хэмээх атаархуу төрхөөр шивнэж ярих хүртэл хугацаа нь боловсролын хөгжлийн үе шат нь. Сургуульд сурах хүсэл байвч “мал дээр” хөөгдөж гарахаас, мөнгөө төлж сургуульд нь бүртгүүлээд дипломыг нь бие хийгээд толгойгоо зовоолгүй “худалдаж” авах хүртэлх хэмнэл нь боловсролын үнэ цэнийн
хэмжүүр. Дээд сургууль төгссөн залуус нь “томилолтоор” улс орны хэрэгцээтэй газар нь очиж ажилладаг байсан үе өнгөрч, дээд сургууль төгссөн залуус нь дэлгүүрт худалдагч, боссын бие хамгаалагчаар ажилладаг болсон үе ирсэн нь боловсролын чанарын ялгаа. “Улаан шугам” давж, элсэлтийн шалгалтад өндөр оноо авч бусад шалгууруудыг хангаж байж их дээд сургуульд суралцаж “шилдэг боловсон хүчин” болдог байснаас өнөө үе шал өөрчлөгдөж, чанартай чанаргүй олон сонголтоос сонгож, өөрөө хичээж эсвэл огт хичээхгүй байсан ч ДИПЛОМ авч
болдог үед бид амьдарч байна.
Дээд сургууль төгссөн дипломтой хүнийг “боловсролтой хүн” гэж үнэлдэг бидний сэтгэлгээ тэгтлээ өөрчлөгдөөгүй. Тийм болохоор ямааны самнасан ноолуур, төхөөрсөн үхэр хонины мах, “тэтгэврийн”, “цалингийн зээл”, гадаадад ажиллаж байгаа монголчуудын илгээсэн маш их мөнгө боловсролын салбрын санхүүжилтыг бүрдүүлж байгаа. Дээр нь засгаас сар бүр өгч байгаа 70 000 төгрөгийн “халамж”, автобусаар үнэгүй зорчих эрхийн тасалбар бүхэн нь монголын оюутнуудын тоог өсгөх шалтгаан болж буй. Амьдрал мэдэхгүй, өөрөө хөдөлмөрлөж сургалтын
төлбрөө олдоггүй, чөлөөт цагаараа баар цэнгээний газар элдэв зохиомол баяруудыг тэмдэглэж өнгөрүүлдэг, сар бүрийн 70 000 төгрөгөө хугацаандаа өгөхгүй бол бухимдаж уурлан төр засгийг харааж зүхдэг, буруугаар “эрхэлсэн” олон оюутнууд  байгаа болохоор бие хүн төлөвшиж өөрийгөө хөгжүүлэн боловсруулах чадваргүй болгож байна. Дээд сургууль төгссөн атлаа “боловсролгүй” бүдүүлэг залуус олон байдгийн шалтгаан нь энэ. Төр, боловсролын тогтолцоо, хувь хүн аль аль нь үүнд буруутай. Ядаж байхад чанартай сургуулиудын төлбөр нь олон
улсын хэмжээний сургуулиудаас “хэт доогуур”. ЧАНАРГҮЙ БҮТЭЭГДЭХҮҮН ХЯМД, ЧАНАРТАЙ БҮТЭЭГДЭХҮҮН ҮНЭТЭЙ байдгийг бид үзэж мэдрэхээрээ нэг болсон доо.
Гадаадад сар бүр 1000 орчим ам доллар сургалтандаа төлж үүнийхээ төлөө хичээлийн бус цагаар ажиллаж, хөлсний байрандаа шөнийн цагаар хичээлдээ бэлтгэж бие, оюун сэтгэхүй нь амрах чөлөөгүй зүтгэж байгаа монгол залуус олширч байна. Залуу хүн өөрийнхөө өмнө тулгарч байгаа саад бэрхшээл болгоыг хэнд ч найдалгүй өөрөө давж гарч байх нь тэдний хөгжил боловсролын эхлэл юм. Тэд амаргүй хүнд ажил хийж байхдаа дотор сэтгэлдээ “Энэ ажлыг би насан туршдаа хийхгүй шүү дээ, миний ирээдүй бол огт өөр. Би маш сайн мэргэжилтэн болох ёстой ”
гэж өөртөө ямагт хэлж байдаг юм. Ажил амьдралын шаардлагаар олон хүмүүстэй сайдалцаж муудалцаж байхдаа арга эвийг нь олж, ирээдүйд тэднийг удирдах чадварыг өөртөө шингээж байдаг. Сургалтын төлбрөө төлөх гэж цуглуулсан мөнгөө хөлөрсөн атгандаа атгаж байхдаа мөнгөний үнэ цэнэ, утга учрыг ухаарч байдаг юм. Өөдрөг оюун санаа, залуу насны гоо үзэсгэлэн, хүчирхэг бие бялдраараа гайхуулж байх ховорхон цаг үедээ өөртөө зорилго тавьж, түүнийхээ төлөө шантралгүй, уйгагүй зүтгэж бүхнийг өөрийн итгэл урмаар давж гарч байхдаа тэд
боловсрогдож чаддаг. Тэд өөрийгөө дайчлан бүх талаар хөгжиж байхдаа жинхэнэ БОЛОВСРОЛТОЙ ЗАЛУУС болон төлөвшинө.
ЗАЛУУСАА ХӨГЖҮҮЛЭХИЙН ТУЛД ЯАХ ЁСТОЙ ВЭ?
-Ерөнхий боловсролын сургуулиудын хөтөлбрөө 2 ангилж, суурь боловсролоо “Хүүхдийг зөв иргэн хүн болгон төлөвшуулэхэд”, сонгох боловсролоо “Хүүхдийн авьяас чадварыг нь хөгжүүлэхэд” чиглүүлэх хэрэгтэй байна. Суурь боловсрол нь төлбөргүй байхыг хуульчилж, сонгох боловсрол нь төлбөртэй байж болохоор тогтоож болно.
-Их дээд сургуулиудаа олон улсын жишигт ойртуулж чанартай мэдлэг олгож байгаа сургуулиудынхаа төлбрийг өндөр тогтоож, чанаргүй мэдлэг олгож байгаа сургуулиудын төлбрийг хямд тогтоон хянаж байх хэрэгтэй байна. Оюутнуудын ирц, дүнг хянаж байдаг “сургалтын алба”-ыг оюутнуудад зөвлөж тусалдаг чиглэлээр өргөжүүлэн өөрчлөх хэрэгтэй байна. Их дээд сургуулиуд дэргэдээ судалгааны том хүрээлэнгүүдтэй байх нь тэдний санхүүжилтэд сайнаар нөлөөлөх төдийгүй оюутнуудыг мэргэжлээрээ хөгжихэд ч том тус болно.
-Оюутнуудад Засгийн Газраас “халамж” өгдгийг зогсоож, тэднийг хичээлийн бус цагаар ажиллаж болох ажлын байруудыг бий болгож, сургалтын төлбрөө зээлээр төлж болох олон боломжуудыг бий болгож, үнэхээр сайн оюутнууддаа сургууль нь өөрөө тэтгэлэг олгодог тогтолцоог дэмжих хэрэгтэй байна. Оюутны хотхон, оюутны дотуур байрууд оюутнуудыг зөвхөн хичээлээ хийх боломжоор бүрэн хангах учиртай.
-Заавал оюутнууд гэлтгүй эгэл жирийн залууст ч өөрсдийгөө хөгжүүлэх боломж болгож номын сан, мэргэжил олгох сургалт, сонирхолтой хөтөлбрүүд, сайн дурын клубууд байгуулж ажиллуулахыг дэмжвэл сайн сан. Заавал дээд боловсрол эзэмшихгүйгээр өөрийгөө хөгжүүлэх боломжуудыг бий болгох нь Монголын ЗГ-ын үүрэг юм шүү дээ.
…ДИПЛОМ бол БОЛОВСРОЛ юм гэдэг нийтлэг ойлголтоосоо салах цаг болжээ. Диплом бол тухайн хүн сургуульд юу судалсныг гэрчилж байгаа цаасан баримт болохоос боловсролын баталгаа биш. Миний ойлгож мэдэрч байгаагаар БОЛОВСРОЛ гэдэг нь ХУВЬ ХҮНИЙ САЙН ТӨЛӨВШИЛ юм. Хогоо хээв нэг газар хаячихаад алгаж яваа дээд сургууль төгссөн залуугаас хогоо хогийн саванд хийж байгаа ахлах сургууль төгссөн залуу илүү боловсролтой хүн. Ном унших дургүй гоо бүсгүйгээс ном унших дуртай жирийн бүсгүй илүү боловсролтой. Ном гэдэг чинь цаг ямагт
хүмүүсийн мэдлэг оюуныг тэлж ухааруулж байдаг шидтэн. Дээд сургуулийн сурах бичгээс илүүтэй хүмүүст мэдлэг ухаарал олгож байдаг олон номууд бий. Интернетээс хов хэрүүл, сайрхал жүжиглэл дүүрэн хэрэгтэй, хэрэггүй мэдээлэл уншиж үзэж байдаг эрхмээс өөртөө хэрэгтэй мэдээллээ олж амьдралдаа ашигладаг хүмүүс хамаагүй илүү боловсролтой. Интернет ертөнц бол буруу ашиглавал “хогийн сав”, зөв ашиглавал “мэдлэгийн далай”. “Буруу өссөн хүүхэд бухын хүзүүнээс ч хатуу” гэдэг хэллэг бий. Залуу насанд нь буруу эрхлүүлэх аваас засарч
сайжрах нь юу л бол.
Намрын зөөлөн салхи сэвэлзсэн энэ өдрүүдэд Улаанбаатар хот хүн машины хөлд дарагдан “бөхийж” байгаа. Хичээл эхлэх гэж сурагчид, оюутан залуус цуглаж байна. Бужигнана даа бужигнана. “Хээрийн галуу нисэн үл хүрэх газраас…” бус хот орж диплом олж ирэхээр зоригсод цөөнгүй. Их дээд сургуулиудаас гадна зочид буудлууд, баар цэнгээний газруудын эзэд баярлаж байгаа. Мөнгө хүчтэй ч сайн боловсрол түүнээс ч хүчтэй. ЧАНАРТАЙ МЭДЛЭГ ЭЗЭМШИЖ, САЙН БОЛОВСРОЛТОЙ БОЛООРОЙ залуус аа. “Пивоо бага ууж номоо их уншаарай” гэж ерөөе дөө.

Feb 03

БАГШ БҮСГҮЙН БҮТЭЭСЭН НОМ (хуучнаар Монголын багш нарын баярын өдөрт зориулав)

By gala-admin | БОЛОВСРОЛ

Од чи тэнгэрт яаж очсон юм бэ?

Од чи тэнгэрт
Яаж очсон юм бэ?
Одоо би чамтай
Ямар аргаар уулзах вэ?
Онгоцонд суугаад нисэх үү?
Од болон хувирах уу?
Хөлгөнд суугаад хөөрөх үү?
Хөхрөгчөөс чи минь ирэх үү?
Чамтай уулзаад би
Чихрээ хуваамаар байна
Зөөлөн бамбаруушаа өгөөд
Зөндөө удаан тогломоор байна

Хүний сэтгэлд шүлэг төрөхдөө олон ч учир шалтгааныг дагуулдаг байх. Бид хайрын тухай зөндөө л олон янзаар тэрлэдэг хэрнээ, хүүхдүүдийн дотоод сэтгэлийнх нь илрэл болж чадах мөрүүдийг амархан бичиж чаддаггүй. Бага насны хүүхдүүдтэй чи сэтгэлээсээ ярилцаж, ойлголцож чаддаг хүмүүс л ингэж бичиж чадна. Өдгөө АНУ-ын нийслэл Вашингтон ДС хот дахь “Монгол сургууль”-д багшилдаг Б.Хандмаа “Од чи тэнгэрт яаж очсон юм бэ?” нэртэй хүүхдэд зориулсан шүлгийн номоо шавь нартаа зориулан гаргажээ. Шүлгийн номоо өнгөтөөр хэвлүүлж, доторх зураг чимэглэлийг нь өөрийн гараар зурсан гэнэ. Зураг чимэглэл болон шүлгүүд нь хүүхдүүдийн сэтгэлгээнд таацсан энэ ном миний сонирхлыг татлаа.

Мэтро

Маш хурдан давхидаг
Мэтро гэсэн нэртэй
Газар доогуур хурдалдаг
Галт тэргэнд суулаа би
Гүүрэн дээгуур түжигнэнэ
Гүүрэн доогуур тажигнана
Түнээл доогуур ч мурилзана
Түргэн гэгч нь торолзоно
Ил газраар ирэлзүүлнэ
Ирмэхийн зуур жирэлзүүлнэ
Нээрээ энэ галт тэрэг
Нэрэндээ таарсан сонин унаа юм
Гадаад оронд төрж, өсч байгаа монгол хүүхдүүдийн хувьд эх болсон монгол хэл, ёс заншлаа сурч мэднэ гэдэг амаргүй хэдий ч, тэдэнд “монгол” гэдэг дархлааг нь суулгахын тулд олон улс хотуудад монгол сургуулиуд байгуулагдан ажиллаж байгаа. Тэр орны хэлээр ярьж, тэр орчиндоо дасан зохицож байгаа монгол хүүхдүүдэд монгол сэтгэлгээг бий болгох амар биш. Пицца, метро гэхчилэн түгээмэл хэрэглэгддэг гадаад хэллэгүүдийг монгол хэмнэлтэй шүлгэндээ оруулсан нь хэл ч бас даяаршиж байгаа өнөө цагт бага насны хүүхдүүийн ойлголтод хэрэг болох мэт. Нөгөө талаасаа хэлний хэт маяглал, чамирхалд ч эерэг нөлөөлөл өгч чадахаар мэт.

Тагтаа

Манай байрны гадаа
Маш олон тагтаа ирдэг
Наашаа цаашаа гүйлдээд
Наадаж тоглоод эхэлдэг
Өд сөдөө хөдөлгөөд
Өөр хоорондоо тоглодог доо
Үр будаагаа хуваалцаад
Үргэлж эвтэй байдаг даа
Манай байрны гадаа
Маш олон тагтаатай
Өдөр шөнө яалгалгүй тэд
Өд сөдөө цэвэрлэдэг

handmaa2…Нэг удаа Б.Хандмаа Монголоос хүүхдүүдэд зориулж хэвлүүлсэн ДВД бүхий үлгэрийн ном авчирч хүүхдүүддээ уншиж өгч л дээ. Уг үлгэрт өгүүлснээр нэгэн баатар хөвүүн нум сумаа онилон байж тэнгэрт нисч буй шувууг харважээ. Суманд оногдсон шувуу газарт үхэдхийн унаж… гэхчилэн үргэлжилнэ. Тэнгэрт нисч байсан шувуу баатар хүүгийн харвасан суманд оногдож газарт үхэдхийн унахыг үзсэн хүүхдүүд нь гайхаж, айн ширвээтэж “яанаа, ийм хөөрхөн шувууг алчихлаа шүү дээ” гэж дуу алдсан гэдэг. Тэр өхөөрдөм хөөрхөн шувуу үхчихсэн болохоор үлгэрийн цаашхи үргэлжлэл харамсаж гашуудсан хүүхдүүдэд огт сонирхолгүй болсон гэнэ. Нээрээ ч “арван таван толгойтой атгаалжин хар мангас” тай тулалдаж ялдаг баатар хөвгүүдийн тухай үлгэр, байгаль дэлхий, ан амьтныг хайрлан хамгаалах үзлээр хүмүүжиж байгаа өнөөгийн хүүхдүүдэд нэг л зохимжгүй.

Б.Хандмаа багш нэгэн цагт Дорнод аймгийн Эрээнцавын цэцэрлэгт багшаар ажиллаж байсан бол, өдгөө Вашингтон ДС хотноо цэцэрлэгийн багшийн мэргэжлээрээ суралцаж, америк хүүхдүүдийн цэцэрлэгт багшаар ажилладаг. Бас хажуугаар нь Вашингтон ДС хотын “монгол сургууль” д багшилна. Хүүхдийн томоогүй гэнэн сэтгэл, цав цагаан цаас шиг ариухан итгэл, энэ ертөнцийг таньж мэдэх гэсэн их хүсэл эрмэлзлэлийг мэдэрч тэдэнд чин сэтгэлээсээ туслах гэсэн хүсэл, сэтгэл зүрхэнд нь шингэсэн болохоор тэрээр багшийн ажилдаа дуртай. Багшийн ажилдаа дуртай сэтгэл нь энэ номыг бүтээхэд хөтөлсөн буйз. Монголдоо байгаа болон гадаадад байгаа хүүхдүүдийн сэтгэлзүйн ялгаа, сургах арга барилын онцлогийг мэдэрч байгаа болохоор энэ шүлгийн номоо бүтээсэн буйз. “Од чи тэнгэрт яаж очсон юм бэ?” нэртэй анхны номоо өөрөө бүх зардлаа гарган Монголдоо хэвлүүлсэн бол, “Хэрэмний сүүл” нэртэй удаах номоо үргэлжлүүлээд хэвлүүлэх гэж буй.

Хайртай ном

Нэг өдөр би ээжтэйгээ
Номын дэлгүүр явлаа
Зөндөө олон ном байхыг
Зүүд юм шиг л гайхлаа
Хайртай номоо бариад
Харин ч нэг баяслаа
Дэгдэн дэгдэн үсрээд
Дэндүү их баярлалаа

“Ном бол ертөнцийг харах цонх мөн” гэж Оросын алдарт зохиолч М.Горький хэлсэн нь бидний сэтгэлд хоногшиж үлджээ. Ертөнцийг таних гэж хичээх балчирхан оюун ухаанд ном бол хэзээд цонх мэт гэрэлтэй байдаг. Тэр тусмаа балчирхан оюүн сэтгэлгээнд таацуулж бүтээсэн ном гэдэг эрдэнэс мэт үнэтэй. Хүүхдэд хайртай, хүүхдийг ойлгодог хүмүүс л ийм эрдэнэсийг урлаж чаддаг. Б.Хандмаа багш тийм хүмүүсийн нэг нь. Энэ ном тэр эрдэнэсийн эхлэл нь. Харин бид түүний номыг худалдаж авч хүүхдүүддээ уншуулан, боломжоороо дэмжин урамшуулж байвал болох нь тэр. Миний анзаарснаар гадаадад байгаа төдийгүй монголдоо өсч өндийж өөрийн хэрээрээ энэ ертөнцийг таньж мэдэхийг хүсч тэмүүлж байгаа хүүхдүүдэд энэ ном хэрэг болох буйз. Б.Хандмаа багштай khandmaa78@yahoo.com цахим хаягаар холбогдож санал бодлоо солилцох боломжтой.

НОМЫН ЦАГААН БУЯН ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ.

Jan 31

Оюуны баялгийг бүтээгсэд

By gala-admin | БОЛОВСРОЛ

\Монголын багш нарын өдөрт зориулав\

…Монголын  нийгмийн баялгийн тухай бид олонтаа дурддаг.  Эхэндээ  бид улсын мэдлийн  өмч хөрөнгө, хүмүүсийн хөдөлмөрлөж бүтээсэн бүхнийг “баялаг” гэж боддог байсан бол, сүүлийн жилүүдэд  “уул уурхайн баялаг” бас “баялгийн хараал” гэх мэт хэллэгүүд нилээд хүч түрэн орж ирж байна.  “Уулын буганд эврээ алдаж, өдөр болгон түүнээ харуулдан санаашрах тэмээ”ний үлгэрээр монголчууд бид  уул уурхайн баялаг тойрон “цэц булаалдаж”, хамаг анхаарлаа түүнд хандуулан “хүлээж” байна.  Монгол орныг хөгжүүлэн, монгол хүн болгоныг “лусын хаан мэт баяжуулах” их эрдэнэсийн төлөө хүн болгон сэтгэлээ чилээн хүлээж байгаа. Уул уурхайн баялаг өгөөжөө өгч эхлэх цаг дор ” хутга тавилгүй мах зооглож, хундага тавилгүй дарс хөнтрөх” юм шиг гэнэн мөрөөдөл, өнгө мөнгийг “шүтээн” болгосон олон хүмүүсийн  сэтгэлд  “хонгилын үзүүр дэх гэрэл” шиг л сүүмэлзэж буй.
Харин бид хамгийн эрхэм баялаг болох “хүн” -ээ мартаж орхиж.  Их баялгийн галыг манаж, монголчуудын сэтгэл дэх сүүг нь ээдүүлж гашилгачихгүйн тулд багш нар өөрсдийн чадах бүхнээ хийж, сэтгэлээ чилээж буй.

“Ардын багш”, “авралт ачлалт”, “оюуны мэлмий”, “оньсыг тайлагч” , “нандин эрдэнэ” гэхчилэн хоосон магтаалын эрин үе аль хэдийн өнгөрчээ. “Цаг цагаар нэг цадаж, цагаан сараар нэг цаддаг” гэдэгчлэн жил жилийн “Монголын багш нарын өдөр” -өөр багш нараа  гэнэт санаж, магтаал ерөөлийг сархадтай хольж, шагнал тэмдгийг  бахархалтай хутган байж тэмдэглэдэг заншил хэвээрээ. Харин сар жил, өдөр хоногоор “үнэ хүнд” нь буурсаар байгаа багш нарын тухай, гунигтай боловч бодит үнэнийг хэн анзаарч байгаа юм бол? “Хүн болгон адилгүй, хүлэг болгон жороогүй” гэдэг шиг сайн ч багш нар олон бий, саар муу нь ч бишгүй бий. Гэхдээ сайн муу үнэлгээний шалтгаан нь хүндээ бус тогтолцоондоо байгаа гэдгийг бид мартах шахаж байна. Өнгө мөнгөний төлөөх улайрлын манан дунд  мартан  будилж байгаа.
Ардчилал Монгол оронд ялснаас хойш олон зүйл өөрчлөгдөн шинэчлэгдлээ.  Ахуйн ядууралд байсан бид, баяжихийн тулд мөнгөнд улайрч байхдаа сэтгэлгээний ядууралд орж байгаагаа анзаараагүй.  “Мөнгө бүхнээс хүчтэй, мөнгөөр л бүх зүйлийг худалдаж авч болох юм” гэж “эндүүрч” байхдаа бид, өөрсдийн үнэ цэнэтэй зүйлээ алдаж эхэлцгээсэн.  Хүмүүсийн мөн чанар мөнгөний сүүдэрт “хиртэж”, боловсрол мэдлэг, авьяас чадвар мөнгөний сүүдэрт “үнэгүйдэж”, шударга ёс мөнгөний сүүдэрт  “алдагдаж” байхад ч бид тоогоогүй.  Сургуулиуд “эзгүйрч”,  дээд боловсролын диплом “арилжигдаж”, багш нар  “ядуурч” аргаа барж байхад ч бид тоогоогүй. Цээж өвчтэй “шинэ баячууд”  номны оронд архи “уншин” хөлчүүрч, ямбатай тэнэг авгай нарын булган шубаны дотроос  дээд сургууль төгссөнийг нотлох ромбо хэд гурваараа гялалзаж, баян айлын  “эрхийн тэнэг” хүүхэд,  ангийн багшаа “шоолон тохуурхаж” байхад ч бид тоогоогүй.
Сэтгэлгээний  “хүлээстэй”  БАГШ нар
Ардчиллын манарсан тоосон дунд булагдан үлдсэн боловсролын салбар өдгөө болтол дорвитой шинэчлэгдсэнгүй. Салбрын сайдууд нь солигдох бүртээ албатай юм шиг л “шинэчлэлийн” нэгэн загварыг “сэтгэдэг”.  Зүйрлэх аваас, хуучирч муудсан  барилгын шавар ханан дээр  ямар нэгэн гоёмсог өнгийн  будаг “нялах” мэт. Хэн ч барилгаа шинэчлэх тухай бодсонгүй. Шинэчлэлийн бодит үр дүн нь дор хаяж 10-12 жилийн дараа мэдрэгддэг болохоор, “өнөөдрийн өөхнөөс маргаашийн уушиг” гэж  хэн ч сэтгэхгүй. Харин бууриа сахиж үлдсэн багш нар хичнээн хичээвч, сэтгэлгээний  хүлээс нь тэднийг “алхуулахгүй. Харин энэ хүлээсийг тайлахыг хэн ч хүсэхгүй. Ямар хүлээс вэ? гэж үү?
-Ажлын ачаалал. Сургалт нь богино хугацаанд  үргэлжилдэг багшийн ажилд анги дүүргэлт буюу сурагчдын тоо ихэд нөлөөөлдөг. Хичээлийн 40 минутад 10-15 сурагчтай ажиллах, 25-30 сурагчтай ажиллах гэдэг дэндүү ялгаатай.
-Хяналт буюу дарамт шахалт. Багшийн ажлыг хүүхдийг хэрхэн хөгжүүлж, хэрхэн хүндлэгдэж байгаагаар  нь бус,  бичиг цаасан дээрх үзүүлэлтээр нь дүгнэдэг тогтолцоо хэвээрээ байгаа. Хичээлийн төлөвлөгөө конспектоос эхлээд  уламжлалт, “нэрэмжит” шалгалтууд , түүний үнэлэх аргачлалууд нь багш нарыг хүссэн хүсээгүй “чанараас илүүтэй тооны үзүүлэлт” -эд  анхаарахад сургадаг.
-Багш нарын эрх чөлөө. Багш болгон өөрийн арга барилаар ажиллахаас илүүтэй, дээрээс гаргаж буй удирдамж чиглэлд зохицон ажиллах болдог. Энэ чиглэл нь хүүхэд бүрийг  боломжит хэмжээнд нь бус тэгшитгэн сургахад чиглэдэг болохоор байнгын зөрчил дагуулна.
-Сонголтгүй байдал. Багш суралцагчаа сонгох, суралцагч өөрийн багшаа сонгох, багш өөрийн ажиллах сургуулиа сонгох, сургуулиуд өөрийн ажиллах багшаа сонгох сонголт гэж үгүй. Албадлагын шинжтэй томилгоо, албадан удирдах ба албадан ажиллуулах тогтолцоо нь шударга өрсөлдөөнийг үгүй болгодог. Шударг өрсөлдөөн үгүй энэ орчин, багш нар болон суралцагчийн сэтгэлзүй болон үнэлгээнд ч сайнаар нөлөөлж чаддаггүй.
-Амьдралын ядуу байдал. Авч буй цалин нь амьдралд нь хүрэлцэхгүй болохоор багш нар элдэв муу зүйлийг сэтгэж эхэлдэг. Сурах бичиг болон хэвлэмэл номоо “шахах”, ямар нэгэн арга хэмжээний төлөө суралцагчаас “мөнгө татах” зэрэг маргаантай асуудлууд зөвхөн үүнтэй л холбоотой. Нийгмийн тодорхой халамж болон хамгаалалт үгүй бол суралцагчаасаа ядуу багш суралцагсдад хэрхэн сайнаар нөлөөлж чадах билээ.
Ийм л хүлээсэн дунд “авьяас чадвартай хүн” л хийх ёстой багшийн ажлыг “аргаа барсан” зарим хүмүүс  хийж “өөх ч биш, булчирхай ч биш” байдлаар сургалт явуулж байгаа нь нууц биш. Боловсролын салбарт  “ардчилал” үгүйгээс удирдлагадаа таацан зусардах, өөр хоорондоо хуйвалдан зохицох, бие биетэйгээ авьяас чадвараар бус “арга заль”-иар өрсөлдөх нь хэвийн үзэгдэл хэвээр байсаар байна.
                                                Яаж шинэчлэгдэх ёстой юм бэ? гэж үү?
Өнөөөдрийн Монгол оронд амьдралд ашиглагддаггүй “хоосон мэдлэг” -тэй биш, энэ нийгэмд  зөв сайнаар амьдарч чадах иргэд л хэрэгтэй байна. Мэдээж бусдаас илүү авьяас чадвартай бас авьяас сонирхлоо хөгжүүлэх хүсэлтэй залууст энэ боломжийг нь олгох ёстой. Тэгэхээр сургуулиудын зорилго нь:
1. Суралцагсдыг амьдралд бэлтгэх
2. Суралцагсдын авьяас чадвар болон сонирхлыг нь хөгжүүлэх
чиглэлд хандаж байвал зохилтой.  Тийм болохоор  ЕБС-иудад суралцагсдад олгох суурь боловсролыг  суралцагсдыг “амьдралд бэлтгэх” чиглэлээр  стандарт тогтоон хэрэгжүүлэх хэрэгтэй болох нь. Үүнд:
-Хууль эрхзүйн боловсрол
-Гоозүйн боловсрол
-Байгаль экологийн боловсрол
-Хэл харилцааны боловсрол
-Математик, эдийн засгийн боловсрол
-Техник, технологийн боловсрол
-Мэдээлэл зүйн боловсрол
-Бие бялдар болон эрүүл мэндийн боловсрол
-Гадаад хэлний боловсрол
-Түүх, ёс заншлын боловсрол
-Гэр бүл, бэлгийн боловсрол
гэж байж болох юм.  Харин хүүхдүүдийн авьяас чадвар болон сонирхлыг хөгжүүлэх чиглэлээр бол нилээд гүнзгийрүүлэн, шинжлэх ухааны нарийн чиглэлээр хөгжүүлэн сургаж болох юм.
Хэрвээ бид суралцагсдыг  “амьдралд бэлтгэх” чиглэлээр маш сайн сургаж чадвал ядаж л хууль дүрэм журмыг сайн сахиж мөрдөж чаддаг, хол замд явахдаа овоо босгосон өндөрлөг газар “бие засаад” байхгүй, ямар нэгэн урлагийн тоглолт болон уран зургийн үзэсгэлэнг сонирхож, ойлгож үздэг, гэр ахуйн цахилгаан хэрэгслэл болон ахуйн хэрэглээний олон бараа хэрэглэгдэхүүний зааврыг уншиж ойлгодог, эх орон түүхээрээ бахархдаг, шаардлагатай өргөдөл болон бусад баримт бичгийг хэн нэгнийг гуйж царайчлахгүйгээр өөрөө боловсруулан бичиж чаддаг, интернетийн хэрэглээнээс өөрт хэрэгтэй мэдээллээ сонгон ашиглаж чаддаг, эрүүл мэнддээ анхаарч зөв хооллон, аятай сайнаар хувцаслаж чаддаг, гэр бүлийн өмнө өөрийн хүлээсэн үүргээ биелүүлдэг хүмүүс бий болно гэсэн үг юм.
     Монголын багш нарт эрх чөлөө, боломж олгоё
Багш нар бол боловсролын салбрыг өөрчилж шинэчлэх, хөгжүүлэх гол хүч юм. Хэрэв тэд  ямар ч албадлагагүйгээр өөрсдөө өөрсдийгөө хөгжүүлэхийг  хүсвэл тэднийг дэмжих хэрэгтэй байна.  Учир нь тэднээр л дамжуулж Монголын ирээдүй үеийг бид зөв сайнаар хөгжүүлнэ. Цэцэрлэгийн насны хүүхэд зам хөндлөн гарахдаа гарцаар, ногоон гэрэл асч байхад гарахыг багш нар дадуулж чадна. Бас нэгэн анги дотроо эвтэй найртайгаар тоглож, хамтарч, бие биенээ  ойлгож хүндлэх заншилд багш нар тэднийг сургана. Үгүйдээ л ахмад хүнд суудал тавьж өгч, өөрт нь тусалсан хэн нэгэнд “баярлалаа” гэж заавал хэлж хэвшихэд багш нар тэдэнд нөлөөлөх болно. Багш нар, эцэг эхчүүдийн хамтын ажиллагаанд жижиг зүйл гэж үгүй.
Монголын багш нар өөрсдөө хөгжихийг хүсч байгаа, Тэдэнд сонголт болон боломжийг олгох хэрэгтэй байна. Цалингаа чамлан “ажил хаяхад” биш, нийгмийн халамж үйлчилгээндээ талархан, Монголын ирээдүй хойч болсон залуус хүүхдүүдийн зөв сайн төлөвшилийн төлөө чин сэтгэлээсээ ажилладаг болохыг дэмжих  хэрэгтэй байна. Харин “Яаж?” гэсэн асуултад бид биш, төр илүү оновчтой хариулж чадна. Учир нь тэдэнд эрх мэдэл болон боломж нь байгаа.
Багш нарын мэргэжил дээшлүүлэх тогтолцоо ч мөн адил хуучирчээ.  Багш нарт зориулан явуулж байгаа олон сургалтууд нь тэднийг хөгжүүлэхээс илүүтэй, зэрэг дэв болон цалингаа нэмүүлэх кредитэд нөлөөлөх зохицолдоотой бол  бодит үр дүнд хүрч чадахгүй. Харин өөрийн арга барил болон сэтгэлгээгээ “хоцрогдож” байгааг шударгаар хүлээн зөвшөөрч, орчин үеийн шаардлагад нийцүүлэн хөгжихийг хүсвэл, суралцагсад болон эцэг эхчүүдэд таалагдах биш, тэдэнд хэрэгтэй зүйлийг сургахыг хүсвэл, адил сэтгэлтэй олон олон залуу багш нар хамтдаа хөгжихийг хүсвэл боломжууд нь байж байгаа. “Ажил хийхийг хүсвэл арга нь олдоно, хийхийг хүсэхгүй бол шалтаг нь олдоно” гэдэг хэллэгээр.
Америкийн олон хотуудаар явж олон олон мундаг залуустай уулзаж ярилцаж байхад энэ сэдвийг хөндөж, өөрийн сурч мэдсэн мэдлэг болон туршлагаа Монголын багш нартай хуваалцан, хамтарч ажиллах хүсэлтэй залуус  цөөнгүй байв. Тэдний сэтгэлийн зовинол, Монголын боловсролын шинэчлэлийн төлөөх  санаачлага нь бидэнтэй адил байгаа. Хэрэв тэднийг ойлгож дэмжвэл тэд, Монголын багш нарт өөрсдийн боломжоороо сургалт явуулж, санал бодлоо солилцон, багш нарыг мэдээлэл болон  гарын авлагаар ханган, урт хугацаанд хамтран ажиллахыг хүсч байна.  Гадаад орнуудын мэргэжилтэн “мундаг” гэхээсээ Монголын боловсролын салбарт ажиллаж байгаад, энэ чиглэлээрээ  өндөр хөгжилтэй орнуудад  суралцсан, мэргэжил дээшлүүлсэн, эрдмийн зэрэг цол хамгаалсан  монгол залуус илүү бодитой, Монголын хөрсөнд  соёолж чадах аргачлалыг санал болгож чадна.  Тэд үүнийг хүсч байна.
Өдгөө Монголын Боловсролын сайдаар ажиллаж байгаа Л.Гантөмөрийн хэвлэлд өгсөн ярилцлагыг уншсан.  Дотроо зорилготойгоор энэ салбрыг хариуцаж авсан залуу сайдын санаа бодолд боловсролын салбрын шинэчлэлд зайлшгүй хэрэгтэй олон асуудлууд “эргэлдэж” байгаа  юм билээ. Багагүй цаг хугацаа шаардагдах “Монголын боловсролын салбрын шинэчлэл”-д багш бүрийн хичээл зүтгэл хэрэгтэй байгаа. “Ганц мод гал болдоггүй, ганц хүн айл болдоггүй” гэдэг хэллэгээр сургууль, багш нар, эцэг эхчүүдийн хамтын ажиллагаа бүр ч хэрэгтэй болж байна. Тэр тусмаа монголчууд бидэнд  үгүйлэгдээд байгаа “багийн болон хамтын ажиллагаа”-г дэлхий нийтээрээ  дэмжиж, үнэлж байгаа өнөө цагт.
            Төгсгөлийн оронд
Бид мунгинаад, төр нь будилуулаад байгаа болохоос үнэн хэрэгтээ Монгол орныг уул уурхайн баялаг биш, монголчууд бидний оюуны баялаг л хөгжүүлнэ. Хөрсөн дор оршиж байгаа эрдэнэс баялаг дуусах дор бид юутай үлдэх вэ? Сүйтгэгдсэн газар нутаг, согтуурч манарсан ухаан,  идэж завшихын төлөөх улайрсан шунал, илүү дутуу хэрэглээгээрээ өрсөлдсөн солиорол, эрх ямбаны төлөөх мунхаглал, бэлэн мөнгөнд чөдөрлөгдсөн залхуурал,  аугаа ихийн дэмийрэлтэй  үлдэх гэж үү? Биднийг өглөө босоод  гэрээсээ явахад үнсүүлж үлдэж, үдэш буцаад гэртээ ирэхэд хүзүүдэн тосдог үр хүүхдүүд минь цаг ямагт биднийг харж дуурайж байгаа.  Аргалж завшихийн төлөөх аав ээжийн шивнээ, сархадад хөлчүүрэхдээ  саган  баярхах агсамнаан,  нүүрэн дээр нь зусардан магтаж,  нүүрнээс далдуур нулимж хараах увайгүй араншин,  шажигнан тоолох мөнгөний  дэвсгэрт дээр бужигнах эхүүн үнэрт тоосыг  анзаарч л байгаа.
Зуу зуун жил урсах буурал түүхийн саарал тоосон дунд бүдгэрээ нь үгүй үлдсэн Монгол бахархал, аугаа өвгөдийн минь монгол ухаан.  Зуу зуун жилийн орших эс оршихуйн тулаанд  эмтрээ нь үгүй үлдсэн  Монгол нутаг, аугаа өвөг дээдсийн минь халуун цус. Зуу зуун жил илчээ алдаагүй нарны гэрэлд  уусч арилаагүй монголчууд бид, аугаа их тавилан. Энэ бүхэн нийлээд  Монголын баялаг. Энэ бүхний дэргэд “мөнгө” , “шунал” юу юм бэ?
Монголчууд бидний оюуны их галыг манаж байгаа багш нартаа талархаж байна. Өдрөөс өдөрт бидний нүдэн дээр өсч өндийж байгаа ирээдүй үеийнхний оюун сэтгэлгээг Монголын баялаг болгон хувиргах аугаа хувь тавилан та нарт буй.  “Биеийн чадлаар ганцыг дийлнэ, оюуны чадлаар олныг дийлнэ” хэмээн бидний өвөг дээдэс сургаж асан. Тиймдээ ч тэд “Эдээр биеэ чимэхээр эрдмээр биеэ чим” , “Эрдмийг хичээлээр сурдаг, эрлийг сургаар олдог”, “Эрдэмд орой үгүй” гэж захиж үлдээжээ.  Эрдэм оюун, ухаан далайн хөтөч нь багш та буюу.
Уламжлалт нэгэн баяр болох “Монголын багш нарын өдөрт” Монголын бүх багш нартаа баяр хүргэе. Монгол орныг хөгжүүлэх ОЮУНЫ ИХ БАЯЛАГ-ийг бүтээгсэд нь та нар билээ. “ЭРДЭМ УХААН ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ”

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
2013-01-31

Nov 18

Тэргүүн туршлага ба Кембрикийн хөтөлбөр

By gala-admin | БОЛОВСРОЛ

…1980-аад оноос Монголын Боловсролын салбарт  багш нар болон сургуулиудын дунд  “Тэргүүн туршлага эзэмших”  хөдөлгөөн эрчимтэй өрнөв.  Олон олон мундаг “заах аргач” багш нар бий болж, тэд сургалтын технологид шинэчлэл хийхийг оролдож байлаа. Хэтэрхий “номлосон” сургалтаас  сурагчдыг “бие даан шийдвэрлэх” чиглэл рүү хандаж байсан аргууд  үр дүнгээ өгч байв.   Өөрийн биеэр очиж хичээлд нь суун мэдэрч байсны хувьд,  тухайн үед нэрд гарч байсан Увс аймгийн физикийн багш Гомбожав, Хөвсгөл аймгийн математикийн багш Нямжав нарын заах арга барилаас үүнийг мэдэрч ойлгож байсан.
Багшийн  хичээлээ заах арга барил нь  тухайн багшийн хувийн зан араншин, өөртөө бий болгосон итгэл үнэмшил, мэдрэмж дээр тулгуурлан бий болдог.

Тэгэхээр түүний заах аргын санааг нь авч хэрэглэж болохоос тэр хүнийг яг хуулбарлан дуурайх аргагүй.  Гэтэл тухайн үеийн “тэргүүн туршлага эзэмших” хөдөлгөөн нь  нийтийг хамарсан, албадлагын шинжтэй байсан болохоор, төсөөлж байсан бодит үр дүн нь бага байлаа. Мэдээж үүн дээр тулгуурлан санааг нь голлон авч өөрийн арга барилтайгаа хослуулан амжилтад хүрсэн олон багш нар байсан хэдий ч энэ муйхардалтын улмаас маш олон багш нар өөрийн гэсэн арга барилаасаа салж, учраа ч олохоо больсон.  Баруун аймгийн  физикийн багш Гомбожавын  “Асуудал дэвшүүлэн шийдвэрлэх” арга барилыг зүүн, аймгийн монгол хэлний багш хичээлдээ яг хуулбарлан хэрэглэсний баталгаа болох “Тэргүүн туршлага эзэмшигчийн гэрчилгээ”-г гардан авч ханандаа баяр бахдалтайгаар хадах хэдий ч бодит үр дүн нь түүнтэй огт адилгүй байв.

Аливаа шинэ санаа болон хэрэгтэй туршлагын санааг нь  судалж, өөрийн боломж чадвар дээрээ тулгуурлан эзэмших нь  амжилтад хүргэдэг. Мэдээж сургууль болгоны, багш бүрийн боломж нь харилцан өөр.   Хэрэв өөрийн боломжиндоо хослуулахгүйгээр хуулбарлан дуурайх юм бол  энэ нь хэлбэрдэлт болон хувирдаг.  Үлгэрлэвээс:  Дөнгөж машин барьж сурч байгаа хүнд, дүүрэн хүүхэд суулгасан автобус бариулаад  уулын бартаат замаар давиулахтай  адил.  “Хэрээ галууг дуурайн хөлөө хөлдөөв” гэдэг хэллэгээр боловсролын салбарт хэлбэрдэлт маягаар явагдсан энэ албадлагын бодит үр дүн нь  “байнд ч үгүй, банзанд ч үгүй” гэдэг болсон.  Үүний уршгаар олон ч багш нар өөрийн гэсэн онцлогтой заах аргаа олж чадаагүй. Ажлаа сайнаар дүгнүүлэхийн тулд , ямар ч хамаагүй тэргүүн туршлага эзэмшсэн гэрчилгээ авахын тулд  багш нар мунгинаж байв. Суурийг нь сайтар цутгахгүйгээр дээр нь хичнээн сайхан барилга бариад  хэзээ ч бат бөх болж чадахгүй.
КЕМБРИЖИЙН ХӨТӨЛБӨР
Мэдээлэл техонологийн үсрэнгүй хөгжлийн энэ цаг үед хувь хүний өмнө ч, боловсролын салбрын өмнө ч дэлхий ертөнц нээлттэй болжээ.  Монголын боловсролд  гадны хөрөнгө оруулалтай хувийн хэвшлийн сургуулиуд олширч, гадны технологи, заах арга барилыг оруулж байгаа нь тийм ч муу үзэгдэл биш. “Чанартай юм үнэтэй” байдаг гэсэн зарчмаар  тэд сургалтын төлбрөө хичнээн өндөр тогтоосон ч анги сургууль дүүргэлт огт ч багассангүй. Нэг талдаа гадныхан Монголын боловсролын салбарт “ашигтай бизнес” хийх боломж, “орон зай” байгааг сайтар мэдэрсэн хэрэг. Мөн байгуулагдаад амжилттай ажиллаж, аажим аажмаар хөгжиж байгаа монгол эзэдтэй хувийн сургуулиуд зөндөө бий.  Харин тэдний хувьд монгол хүүхдийн сэтгэлгээ болон биеийн онцлогт нь тохируулсан заах арга, шинэ барилыг эрж хайж, сонгож, түүнийгээ дэлхийн хэмжээний боловсролын стандартад нийцүүлэх гэж хичээж байгаа нь анзаарагддаг. “Сант” хувийн хэвшлийн сургуулийг удирдагчийн нэг болох З.Энхмөнхтэй ярилцлага хийхдээ үүнийг мэдэрч байв.

Өнөө цаг үед үр хүүхдүүддээ ” их мөнгө өвлүүлснээс, эрдэм мэдлэг өвлүүлсэн нь дээр” гэдгийг ухаарсан эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ ирээдүйн төлөө “гар татах” -аа больжээ.  Хожим  амьдралд нь хэрэг болох мөнгө хурааж байснаас, сайн боловсролтой болгож чадвал өөрсдөө мөнгөө олж чадах юм гэдгийг ойлгосон нь бас л бахархууштай.  “Танай хүүхэд ямар сургуульд сурч байгаа вэ?”,  “Яагаав нөгөө Зайсанд байдаг үнэтэй сургуульд сурч байгаа. Төлбөр нь өндөр л дөө, гэхдээ яахав төлж дөнгөөд л байна” гэж баярхангуй хэрнээ гайхуулангуй  хариулангаа цаадах хүний царай нь атаархсандаа яаж ягаарахыг битүүхэндээ ажиж, “сэтгэлийн таашаал” авдаг эцэг эхчүүд ч зөндөө олширч. Хувцасны “бренд”-ээр өвчилсөн олон эцэг эхчүүд, боловсролын “бренд” -ээр өвчлөх нь ердийн үзэгдэл.  Хүүхдийнхээ сургуульд их мөнгө төлж байгаагаараа бусдад гайхуулавч, хүүхэд нь сургуульд юу сурч байгааг тэгтлээ сонирхохгүй. Өндөр төлбөртэй сургуульд өөрөө мөнгөө төлдөггүй олон хүүхдүүд, өмссөн зүүснээрээ, эдэлж хэрэглэж байгаагаараа зиндаархаж,  идэж ууж наргихаараа  бие биедээ гайхуулан  өрсөлдөх шинэ төрлийн “Нялхасын өвчин” Монголд дэлгэрч байгаа.   Ийм “Нялхасын өвчин”-өөр өвчлөгсөд  сурах гэж мэрийж байгаа нэгэндээ “гай”, “саад” болж байгаа тохиолдлууд зөндөө.  Харин үүнийг анзаарч байгаа нь хэн бол?

Сонгууль болгоны дараагаар ёс юм шиг солигддог  Боловсролын сайд нар, өөрийнхөө ээлжин дээр  “өөртөө ашигтай” ямар нэгэн шинэ санаа сэддэг. “Үлдэх хүнээр ачаа бүү татуул” гэдэг хэллэгээр дараагийн сонгуулийн дараа шинэ сайд ирж, “шинэ санаа” сэдэх бүрийд сургууль багш нар л хохирч үлдэнэ. Өдийг хүртэл Монголын боловсрол, монгол хүүхдийн хөгжил, сэтгэлгээ, давтагдашгүй онцлогт нь тохируулсан өөрийн гэсэн бодлоготой болж амжсангүй.  Муулаад байгаа өмнөх нийгмийн хөгжлөөс үлдсэн сайн ололтоо ч анзаарч харахгүй.  “Бид лавтайяа муу, гадны юм болгон сайхан мундаг, илүү хөгжилтэй” гэсэн ядмагхан сэтгэлгээнээсээ салж чадахгүй. Хүүхдийн хөгжил гэхээсээ “Үдийн цай” хөтөлбөр, сурах бичгийн тендер, Гадны зээл тусламжийн зориулалтаас завших  боломж, алба хаших хугацаандаа боловсролын “бизнест” хувь хүртэх зэрэгт л “анхаарлаа хандуулж” байдаг бололтой.

Өнгөрсөн 4 жил Монголын боловсролыг удирдсан  Ё.Отгонбаяр сайдын  хийж хэрэгжүүлсэн гол ажил, бахархал нь Кембрижийн хөтөлбөр.  Уг хөтөлбрийг хэрэгжүүлэхээр сонгож авсан сургуулиуд болон сурагчид нь тэдний нэрлэдэгээр “элит”. ” Кембрижийн хөтөлбөр” гэдэг  сайхан нэршил.  Харин ямар хөрсөн дээр яаж буулгаж, ямар үр дүнд хүрч байгааг огт тайлбарлаж тайлагнасангүй. Тэр ч бүү хэл уг хөтөлбрийг сонирхож үзэх гэсэн хэнд болов үзүүлдэггүй, “нууц” шахам. Аливаа зүйл ил тод биш нууцлаг байх тусмаа хардлага дагуулдаг. Миний ойлгож байгаагаар энэ хөтөлбөр мөнгөтэй боломжтой айлын хүүхдүүдэд зориулагдсан бололтой.  Энэ хөтөлбрийн тухай мэдээлэл авах боломж олдохгүй байх тусам миний сэтгэлд мөнөөх л “Тэргүүн туршлага”,  “Элит сургууль”, “Нялхасын өвчин” буугаад байдаг юм.  Мэдээж сайн үр дүн байлгүй л яахав.  Гэхдээ сайн муу үр дагавар нь олон нийтэд нээлттэй байж гэмээ нь Монголын Боловсролын салбарт нөлөөлнө.  Бусад олон сургууль багш нарт үр дүнтэй санаа болгон нь “туршлага” болон ашиглагдана. Кембрижийн хөтөлбрөөс  гадна байгаа бусад сургуулиуд  ямар  шинэчлэлт, ямар  үр дүнтэй  байгаа нь бас Ё.Отгонбаяр сайдын хариуцах ажил.
БАРИМТ ба “F” ҮНЭЛГЭЭ
Олон Улсын Боловсролын үнэлгээний нийгэмлэг, Германы өгөгдөл дата боловсруулах төв, АНУ-ын Бостон Коллеж, Канадын Статистикийн Газар хамтран хийсэн  “ТИМСС  ба ПИРЛС 2011” судалгааны дүнгээр Монголын ЕБС-ийн  сурагчдын сурлагын чанарын дүгнэлт нь Олон Улс дахь хамгийн доод түвшиний буюу “F” үнэлгээ авчээ. Тус судалгааны байгууллагад  Ё.Отгонбаярын удирдаж байсан БСШУЯ-ны зүгээс  1,5 сая ам доллар төлсөн байна.

Олон Улсад боловсролын чанарын баталгаа болдог дээрх судалгааны ПИРЛС-аар 4-р ангийн сурагчдын унших чадварын түвшинг судалсан бол,  ТИМСС нь 4 болон 8-р ангийн сурагчдын математик, байгалийн ухааны мэдлэгийн түвшинг тогтоосон юм билээ.  Ийм судалгаанд 80 гаруй орон хамрагдсанаас манай орон анх удаа хамрагдаж байгаа аж.
Судалгаанд хотын 12, хөдөө орон нутгийн 28 сургуулийн 4-р ангийн 43 бүлгийн 1313 сурагч, 8-р ангийн 40 бүлгийн 1297 сурагч, тэдний эцэг эх хамрагджээ.  “Сурагчдын унших, ойлгох чадвар муу байгаа нь тестийн шалгалтын үеэр хариуг таамгаар сонгох,  хариултыг багцаалан хайж байгаагаас тод харагдсан” гэж судалгааг гардан хийсэн мэргэжилтнүүд дүгнэлтдээ тайлбарлажээ.  “Тестийн шалгалтын ерөнхий үзүүлэлтээс харвал 4-р ангийн сурагчдын хувьд  бичгийн хэв муухай, алдаатай бичдэг, уншаад ойлгох чадвар сул байна” гэж мөн дурджээ.
Эх сурвалж:  “Өдрийн сонин”   2012 оны 10 сарын 12-ны өдрийн  дугаар  244
   ХАЯЖ БОЛОХГҮЙ АМЖИЛТ
Гадаадын ямар ч оронд хүүхдүүдээ дагуулаад ирсэн эцэг эхчүүдийн гайхаж бахархдаг зүйл нь хүүхдийнх нь ерөнхий мэдлэг.  Тэр тусмаа математик, физик, хими, түүх, газарзүйн хичээлээр тэр хүүхдүүд, орж байгаа сургуулийн нэг ангийнхнаасаа илүү. Дээр нь хэл сурах авьяасыг дурдвал.  “Хэ ийм амархан байсан юм уу? миний хүү ч гялалзаад байх юм байна даа” гэж бахархал  гайхашрал сүлэлдсэн тайвшралд автана.  “Хичээл болгон нь амархан” санагдах тайвшрал нь хэрэгцээнд түшиглэсэн сургалтын явцад аажим аажмаар хоцорч байгаагаа анзаарахгүй.  Эхэндээ бардам, “мундаг ” байсан хүүхэд эцэстээ  бусдаас илт хоцорч эхлэх нь бий. Гэхдээ миний анзаарч байгаагаар Америкт суралцаж байгаа маш олон монгол хүүхдүүд ангийнхаа сургуулийнхаа “бахархал” нь болж яваа.  Тэдний ерөнхий мэдлэгийн түвшин нь бусдаас илүү, гэхдээ сургуулийнх нь сургалтын арга барил нь хэрэгцээнд холбоод ирэхээр тэд илт илүүрхэж эхэлдэг.

Нөгөө талаар Америкийн сургуулиуд сурагчдынхаа хувь заяа хөгжлийг дангаараа хариуцдаггүй, эцэг эхтэй нь хамтдаа хариуцдаг.  “Юуг яаж сурч байгаа болон цаашид яаж сурах” талаар байнга мэдээлэл солилцон, тэдэнд үүрэг хариуцлагыг нь байнга сануулдаг. Зүй бус харьцааны төлөө тэр сурагчийн гэрт нь  багш нь сургуулийн захиралтайгаа хамт очих нь ердийн үзэгдэл.  Учир нь сургууль эцэг эх хамтдаа үүрэг хүлээдэг.

Өнгөрсөн зуунд  бүх иргэдээ бичиг үсэгтэй болгож чадсанаараа дэлхийд гайхагдаж байсан Монголын боловсролд  алдаа онооны аль аль нь бий.  Хэдийгээр хэт ШУ-нжсан мэдлэгийг  хүчээр олгож байсан ч, тэр мэдлэгийг амьдралд нь хэрэгцээ болгож чадахгүй байсан. Гэхдээ дунд сургууль төгссөн монгол хүүхдүүд маш олон орны түүхийг мэддэг, бүх тивүүдийг улс орны хамтаар газрын зураг дээр зааж нэрлэж чаддаг, үгүйдээ л Австралид имж, Африкт анааш амьдардагт огтхон ч эргэлздэггүй.  Геометрийн дүрсүүд болон шугам зургийн  байгууламжуудыг уншиж чаддаг. Хэдийгээр хэцүү хичээл гэж халгадаг байсан ч математик, тригинометрийн үйлдэл томьёог мэднэ.  Химийн урвалжууд болон бидний уудаг ус нь H2O гэж шууд хэлж чадна. Физикийн таталцалын болон чөлөөт уналт болон хурдны хуулийг гадарлана.  Солгой хоолойтой ч бай дуулж дөнгөнө. Энэ дэлхийд  Шекспир, Шопен. Леонарда да Винчи, Чайковский, Ньютон, Эйнштен нар амьдарч байсан гэж “танина”.  Хаана ч очсон хэнтэй ч ямар ч сэдвээр ярьсан дөнгөнө.  Улстөрөөр бол “халуурч” чадна.

Хувь хүний ерөнхий мэдлэг гэдэг сайн зүйл.  “Мэддэг гэхээр мэдэхгүй, мэдэхгүй гэхээр мэддэг юм шиг” гэж хааяадаа бид өөрсдийгөө шооловч, энэ л ерөнхий ойлголтууд нь тухайн хүнийг цаашид өөрийн сонголтоороо хөгжихөд суурь болно.  Хэрвээ энэ мэдлэгүүдээ амьдралд хэрэглэж чаддаг бол бүр ч гайхамшигтай байх сан. Тэгэхээр бидний ололт энэ юм. Бас монголчуудын бусдаас илүүрхдэг, хаа ч очсон дасан зохицох чадвар болон, ямагт илүү өндөрлөг рүү тэмүүлдэг араншин болгон нь бидний онцлог.  Тийм болохоор бид гаднаас хэрэгтэй зүйлээ авахдаа, өөрсдийн энэ онцлогоо хадгалж үлдэх хэрэгтэй мэт.  Хэрвээ бид өөрсдийн энэ давуу талаа үгүйсгэж, зөвхөн гадны сургалтыг сохроор аваад байх аваас хэн болох бол? “Уулын буга ч үгүй, унасан бух ч үгүй” гэдэг үг бий.
Заавал “Кембрижийн”, “Харвардын” гэж сүржигнэлгүйгээр өөрсдийн онцлог хөрсөн дээр дэлхийн хэмжээний боловсролын стандартыг зөв сайнаар суулгавал…  Зүгээр л сурагчид өглөө хичээлдээ орохоос өмнө Монголын төрийн далбааны өмнө гараа цээжиндээ авч байгаад “Төрийн дуулал” аа дуулдаг болчихвол, анги танхим дахь гадаад үзэмжээрээ бусдын дотоод сэтгэлийг “дарамталдаг” хийрхүү үзэгдлийг зогсоож чадвал, хүүхдээрээ гайхуулдаг эцэг эхчүүд нь сургуультай хамтран ажилладаг болчихвол, сурагчид нэгэн анги танхим дотроо бие биенээ хүндэлж, чин сэтгэлээсээ найзалж нөхөрлөн хамтран ажиллаж сурвал, хичээлдээ явахдаа чин сэтгэлээсээ баярлан яарч, хичээлээсээ харихдаа сургууль дээр сурсан зүйлээ хэрэглэж үзэх гэж догдолдог  болчихвол  бид хурдан өөрчлөгдөж хөгжинөө.
ТӨГСГӨЛ
Хөгжиж байгаа монголчууд бидэнд авах гээх зүйл их байна. Үр дүн нь удаан илэрдэг боловсролын салбрын хувьд шинэчлэх зүйл зөндөө байна. Ядаж л “элит”, “эгэл”  сурагчдын ялгаагаа арилгамаар.  Сургууль бүрд хөгц мэт дэлгэрч байгаа ялгаварлан гадуурхалтаа зогсоомоор. Багш нараа шинэчилж өөрчлөн тэдэнд боломж олгомоор.  Яг үнэндээ боловсролын салбарт нэвтэрч байгаа шинэчлэл болгон” түгшүүр” төрүүлж байна.  Хүүхдүүдээ сургах хөгжүүлэхээс илүүтэй “Үдийн цай”-нд хордуулмааргүй, хичээлээсээ тараад харих замдаа дээрээд унах  ямар нэгэн төмөрт өртмөөргүй, “нийллэг” нэрээр цэнгээний газарт ууж согтуурмааргүй, хэн нэгэн мөнгөтэй айлын хүүхдүүдэд дээрэлхүүлмээргүй.  Боловсролын “бизнест” шунагсадын золиос болмооргүй.
Шинэ санаа, туршлага, шинэ хөтөлбөр болгон өөрийн гэсэн хөрсөн дээр буудаг. Тэр хөрсөө цэвэрлэхийн тулд хийх ажил их байна даа.  Хэрвээ бид энэ хөрсийг цэвэрлэж, зөв бордож чадвал бидний хүссэн бүхэн гайхамшигтай сайхнаар ургах болно.  Бохир заваан хөрсөн дээр юу ч тариад ургаж амжилгүй хог өвсөнд дарагдаж орхидгийг бид мэднэ. Харин энд хамаагүй хүн гэж үгүй.  Заавал төрийг харалгүйгээр бид ч өөрсдөө хийж чадах зүйл олон байна. Тэр бол бидний өөрсдийн үр хүүхдийнхээ төлөө тавих анхаарал халамж, бас сургууль багш нараас шаардах шаардлага. Бас сонголт.  ХҮҮХЭД бол ЦЭЦЭГС юм.

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
2012-11-18

Aug 31

Хөөрхий бидний оюутан сурагчид, хүмүүжихийн замыг дагацгаая

By gala-admin | БОЛОВСРОЛ

…Намар намрын яг өдий цагт сургуулиудын хичээл эхлэх цаг ойртож, бүх нийтээрээ л хөдөлгөөнд орцгооно. Хичээлийн хэрэглэлээ базаах, гоёлын хувцсаа зэхэх, сургалтын төлбрөө олох гээд зөндөө олон асуудал дээр “уулзалгуй удсан ангийн найз нөхөд”өө санаж хүлээсэн сэтгэлийн догдлол нэмэгдэх аж. Сурагч бас оюутан байх сайхан. Олуулаа нийлж дарвисан он жилүүд дунд энэ л насанд үл мартагдах гэгээн сайхан, хөгжилтэй дурсамжууд амилж, сэтгэлд шингэн үлддэг.
Хичээл эхэлж, хөөрсөн сэтгэл намдаж, гагц эрдмийн их оргил өөд тэмүүлэх мөчид өөрийн ирээдүйн сайхны төлөө зорилго тавьсан зүтгэл, зүгээр л “диплом” хэмээх хавтасны төлөөх хэнэггүй зугаацал, учраа сайн олохгүй хэрнээ хэн нэгнийг дагаж хөөрсөн хөөрцөглөл бүхэн ялгарч эхлэх аж. Өөртөө шингээсэн мэдлэг чадвар, бусдад үзүүлэн гайхуулах өнгөцxөн “диплом” хоёрын хооронд их ялгаа бий. Өдөр шөнийг үл алгасан урсах он цагийн урсгал энэ л залуу насны гоо үзэсгэлэн, сурч мэдэх  их боломжийг хамтад нь урсган оддог гэдгийг харин тэд
тэгтлээ анзаарахгүй.

БОЛОВСРОЛ

Монголчууд бид БОЛОВСРОЛ гэдгийг “ДИПЛОМ’ гэж ойлгосоор удаж буй. Хэдийгээр нийгэм өөрчлөгдсөн хэдий ч өнөө хэр нь энэ ойлголтоосоо салаагүй явна. Ямар сайндаа манай ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн Х.Тэмүүжинтэй маргалдахдаа “чамайг бодвол би Ленинградад сургууль төгссөн хүн шүү” гэж “илүүрхэж” байхав. Монголын боловсролын салбрын бодлого, хөгжлийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх учиртай эрхмүүдийн “мэдлэг чадвар” нэг иймэрхүү…
Яг л энэ “боловсрол бол диплом мөн” гэдэг ядмагхан ойлголтын нөлөөгөөр монголчууд бид, Улсын болон Хувийн хэвшлийн их дээд сургуулийн тооны хүн амд харьцуулан үзүүлэлтээрээ дэлхийд тэргүүлж яваа. Харин чанарын хувьд ямар түвшинд байгааг баталж чадахгүй ч ” боловсрол бол ашигтай бизнес” болон хувирч байгааг анзаарч байна. Бидний эргэн тойронд байгаа “дээд боловсролын дипломтой” худалдагч, үйлчлэгч, хамгаалалтын ажилтан, массажчин, бас биеэ үнэлэгчид, наймаачидыг харахдаа өнөөгийн “боловсролын үнэ цэнэ болон чанар”-ыг
мэдрэх мэт.
Харин өнөөгийн Монголын нийгэмд залуусыг ажилд авахдаа “гуравдагч оронд мастераас дээш боловсролтой” хэмээн цохон нэрлэх болсон нь АНУ болон бусад өндөр хөгжилтэй орнуудад “мастер”-т суралцах их хөдөлгөөнийг өрнүүлж байгаа сайн талтай хэдий ч өөрийн орны боловсролын чанарыг хэрхэн үнэлж буйн нэгэн илэрхийлэл мэт. Харин эдгээр орнуудад сургууль төгсөгчид ажилд орохдоо “мэргэжлийн ур чадвараас гадна багаар ажиллах чадвар, хувь хүний хүмүүжил төлөвшлөө” илэрхийлэн нотолж байж тэнцдэг гэдгийг бид бас л мартаж боломгуй.
Диплом гэдэг нь тэдний юу судалж, хэрхэн мэдэж байгааг тодорхойлсон баримт бичиг төдий болохоос ажилд орох шалгуур ч бас биш юм.

Сургуулиас гадна юу сурах ёстой вэ?

Саяхан феисбуук дээр ийм асуулт тавьсан байсан. Энэ бол шинэ үеийн залуусын эрэл хайлт, бас цаг үеийн шаардлагын мэдрэмж байж болох. ДИПЛОМ бол тухайн хүний энэ сургуульд суралцахдаа юу судалж, ямар чадвар эзэмшсэнийг нотлох баримт бичиг. Харин БОЛОВСРОЛ бол тухайн хүний энэ нийгэмд өөрийгөө зөв сайнаар авч явах чадвар, өөрийгөө илэрхийлэх илэрхийлэл юм. Биднийг бага ахуйд “ХҮН БҮХ НАСААРАА Л СУРАЛЦАХ УЧИРТАЙ” хэмээн сургадаг байж. Энэ бол сургууль төгсөөд л өөрийгөө “төгс төгөлдөр болчихлоо” хэмээн эндүүрдэгээс огт өөр
зүйл юм. Хүн болж төрсөнийхөө хувьд энэ нийгэмд зөв сайнаар амьдрах чадварт суралцана гэдэг байнга тасралтгүй үйлдэл юм.

ЮУ СУРАХ ЁСТОЙ ГЭЖ?
1.Хэл харилцааны соёл:
Ямар ч хүн зөв сайнаар ярьж өөрийн бодол санаагаа илэрхийлж байх учиртай. Ядаж хараалын бүдүүлэг үгс, Монголчууд бидний амны уншлага болсон “п..да”, “танд их баярлалаа” “тантай танилцсандаа таатай байна” гэх хэллэгийн ялгааг салгаж ойлгож байх хэрэгтэй мэт. Үг бол тухайн хүний ухаан санааны илэрхийлэл. Хэн нэгэнтэй ярилцахдаа үгээ олохгүй ээрч мууран гацаж байх нь сайн зүйл гэж үү?
Tүүнээс гадна зөв сайн, утга төгс бичиж сурах нь хэрэгтэй. Дурласан бүсгүйдээ өгөх хайрын захиагаа бусдаар бичүүлж байсан нэгэн, хэзээ нэгэн цагт эхнэртээ чин сэтгэлийн хайрын үг хэлж чадах болов уу? Ядаж л хаа нэгтээ өгөх өргөдөл, баримт бичгийг хэн нэгнээр бичүүлэх нь сайн зүйл, бас тус гэж үү? Бид өөрсдөө ямагт уншиж байхгүйгээр энэ чадварыг эзэмшихэд амаргүй.
2.Түүх-Хууль эрх зүйн боловсрол:

Бид өөрсдийн бахархалгүйгээр бусдыг хайрлан хүндэтгэж чадахгүй. Бидний бахархал бол бидний түүх. Бид хэрхэн үүсэж, хэрхэн нэгдэж, хэрхэн өдий хүртэл оршин тогтнож ирсэнийг түүх л бидэнд өгүүлнэ. “Түүхээ мэдэхгүй хүн ойд төөрсөн сармагчин лугаа адил” хэмээн сургасан үг ч бас бий. Монгол хүн бүхэн ядаж л “Монголын нууц товчоо” хөлгөн судраа заавал мэдэж байх хэрэгтэй
“Бид тэнгэрийн дор төрж хуулийн дор амьдардаг” хэмээн бидний өвөг дээдэс зарлигласан. Хууль бол хувь хүн, нийгмийн харилцааны зохицуулалт болон хэм хэмжээ. Бусдын юмыг зөвшөөрөлгүй авахгүй байхыг, дургүй хүрсэн нэгнийхээ намалдагийг нээгээд байж болохгүйг, олон нийтийн газар бусдаас илүү “атаман” зан гаргаж болохгүйг, өөрөө зөвшөөрөөгүй байхад нь бусдыг хүчирхийлэн дарамталж болохгүйг, согтчихоод хаа дуртай газраа бие засаад байж болохгүйг хууль бидэнд сануулдаг.
Бас хууль биднийг хэрхэн хамгаалж байх ёстойг ч бид өөрсдөө мэдэж байх учиртай. Шударга бус үйлдлийн эсрэг үгээ хэлэх, хууль бус үйлдлийн эсрэг  тэмцэх, бүдүүлэг хэрцгий байдлын эсрэг гомдол гаргах эрхээ ч мэдэж, хэрэгжүүлж байх үүрэг бий.
3.Байгаль экологийн боловсрол:
Бид өөрсдийн эргэн тойронд байгаа байгаль орчин болон амьтан ургамлын зүй тогтлын талаар мэдэж байх учиртай. Ядаж л урсгал усны эхний модыг огтолбол ширгэдэг тухай, ургамал цэцэгсийг үндсээр нь тасалбал эргэж ургадаггүй тухай, амьтай бүхэн өөрийн үр төлөө хайрлан хамгаалдаг тухай, байгалийн гайхамшигт тэнцвэрийн тухай, хамгаалж арчлах нь бидний амьдрах орчинд сайнаар нөлөөлөх талаар мэдэж байвал зохилтой.
Өндөрлөг газар босгосон овоон дээр архи ууж, давсгаа суллах бус чулуу өргөдөг заншлын талаар, энд тэндгүй ухсан нүхээ булж дарахгүй бол хүн амьтан унаж бэртэх аюулын талаар, цагийн аяс болон байгалыг шинжин байж малаа хариулан, нүүдэллэн амьдардаг монгол ухааны талаар ч мэдэж байвал сайн.
4.Эдийн засгийн боловсрол:
Ажиллаж олсон мөнгөө хэрхэн үр ашигтай зарцуулж, амьдрал ахуйдаа хүргэх, зөв тооцоолох талаар мэдэж байх учиртай. Орлогоос зарлагыг хасч байж ашгийг тооцоолдог болохоос олсон бүх мөнгөө ашиг гэж тооцон будилахгүй байхыг, хэрэгцээнээс давсан зарлага өрийн дарамт болон хувирдаг тухай, хэмжээнээс давсан өр зээл амьдралыг нурааж, хүмүүсийг ядуу болгодог талаар мэдэж байвал зохилтой.
Орлого хэрэгцээ хоёрын зөв зохицолдоон гэр бүлийн алсын төлөвлөлт, зохицуулалтыг бий болгодог талаар, мөнгө бол хэрэгцээ болохоос амьдралын туйлын зорилго бус гэдгийг, хүн болгон заавал учиргүй их баян байх албагүйг,  хууль бус орлого хэзээ нэгэн цагт гэмд унагаах халтайг мэдэж байх нь хэрэгтэй.
5. Эрүүл мэнд, бие бялдрын боловсрол:
Энэхэн биеийг олж төрсөн өөрийнхөө бүтцийн тухай, эрүүл явах нь амьдралын баяр баясгалан болох тухай, бусдад гайхуулах гэж бус өөртөө таацуулан сайхан хувцаслах соёлын тухай мэдэж байх учиртай. Өвдөхгүй байхын тулд хэрхэх хэрэгтэйг, өвдсөн үедээ хэрхэн эмчлэх ёстойг, өөрийн бие махбодийн онцлогоо мэдэж байгууштай.
Тэгвэл ядаж л энэхэн биеэ бусдад даатгаж, элдэв барьц өргөлөөр өвчнийг дарна гэж будилахгүй, “ийм ч тийм ч юманд сайн гэнэ” хэмээн юуг ч мэдэхгүй зүйлийг ууж идэхгүй, хувь заяа болон амьд явах хугацаагаа бусдаар мэргэлүүлэн сэтгэлээ хямруулахгүйгээр өөрөө өөртөө итгэж явахад хэрэг болох биз. Зохисон зохиогүй хамаагүй үнэтэй болгоныг өмсөж бас зүүж, хэн нэгний атаархал шуналыг хөдөлгөхдөө сэтгэлийн цэнгэлийг эдлэх тэнэглэлд автахгүй буйз.
6.Гоо сайхны боловсрол:
Энэ ертөнцөд бусад аугаа авьяастан ухаантнуудын бүтээсэн урлаг соёлын гайхамшигийг мэдэж байх  хэрэгтэй. Уран зураг, дуу хөгжим гэдэг ямагт хүмүүний сэтгэлийг баясуулан цэнгүүлнэ. Тэдгээрийг үзэж, сонсож байхдаа хүмүүс “энэ амьдрал ямар гайхамшигтай сайхан зүйлээр дүүрэн” байдгийг мэдэрч баярлан бахдаж байдаг. Ямар ч хүн гоо сайхны дэргэдүүр шагшин магтахгүйгээр өнгөрдөггүй.
Гайхамшигт уран зургууд айл гэрийн ханыг чимж байхдаа тэр л орчинд сэтгэлийн халуун дулаан илч гэрлийг түгээж байдаг. Сайхан аялгуу хөгжим эгшиглэж байхад хүн ядарч алжааснаа умартаж, түүнд уусан тайтгарна. Айлд байгаа олон номуудтай номын сан ямар ч үнэтэй тавилгаас илүү гоё харагддаг. Энэ бүхэн тэр айлыг илүү гэгээлэг, аз жаргалтай бас ирээдүйдээ итгэлтэй байгааг илэрхийлнэ. Учир нь ийм сайхан зүйлийг ямагт өөртөө мэдрүүлж байдаг хүмүүс хэзээ ч муу үйлд автддаггүй аж.
7.Техник технологийн боловсрол:
Өдгөө ШУ -ны ололт айл гэрт бүрэн нэвтэрчээ. Цахилгаан хэрэгслэлүүдээс эхлээд угаалгын нунтаг хүртэл бүгд л өнөөгийн техник технологийн ололт. Тийм болохоор эдэлж хэрэглэж байгаа бүх л техник технологийн үндсийг мэдэх байх хэрэгтэй. Хөргөгч, угаалгын машин, шарах шүүгээ, цахилгаан гал тогоо, телевизор, хөгжим тоглуулагч, компьютер зэрэг бүх л хэрэгслэлүүдийн бүтэц болон үндсэн зарчмуудыг мэдэж байх нь өнөөгийн шаардлага болжээ.
Мөн хүнсний бүтээгдэхүүнийг хадгалах, угаалга цэвэрлэгээний олон химийн урвалж бодисуудын талаар ч мэдэж байх  шаардлагатай. Энэ нь эрүүл байх, гэмтэхгүй байх нэгэн боломж.
Ядаж л хүнсний болон химийн гаралтай бүтээгдэхүүний код болон ашиглалтын хугацааг мэдэж байх нь эрүүл мэндэд хэрэг болно.


8.Гэр бүл болон бэлгийн боловсрол:

Хүмүүс энэ ертөнц дээр гэр бүл болцгоон хамтдаа амьдарч, өөрийн үр удмаа үлдээдэг. Зарим тохиолдолд адгуусны зөн давамгайлдаг хэдий ч энэ талаар маш их зүйлийг судалж мэдэж байх нь хэрэгтэй. Жинхэнэ хайр сэтгэл, сонирхол шохоорхлын ялгаа, сексийн боловсрол, гэр бүлийн эдийн засаг, хүүхэд төрүүлэх, арчилж өсгөх эрдэм, амьдралыг авч явах ухаан болон бие биенээ чин сэтгэлээсээ хайрлан, хүндэлж, итгэж байхын утга учрыг ойлгож мэдэж байгууштай.
Яг үнэндээ монголчууд бид залуустаа энэ талаар хэлж ярьж сургаж байгаагүйгээс тэд амьдралд “бор зүрхээрээ” л орж үүнийхээ уршгаар учраа олохгүй салж холдох нь зөндөө байгаа. Тэдэнд чин сэтгэлээсээ хэлж сургахын оронд өөрийн хүүхдээ өмөөрч, бусдыг буруутгадаг муу зуршлаар олон ч залуусын урмыг хугалж, итгэлийг цөхрөөсөн. Өдгөө залуусын эхлээд мэдэж судалж байх зүйл нь энэ байх болно.
9.Мэдээллийн технологийн боловсрол:
Өдгөө мэдээллийн технологи асар хурдацтай хөгжиж байна. Энэ хурдацын ачаар даяарчлал улам хүчтэй явагдаж, орон зай хил хязгаарын ялгаа арилж буй. Тэгэхээр хүн болгон мэдээллийн энэ технологийн ололтыг ашиглаж сурах хэрэгтэй болж байна. Сургуульд суралцах, бас өөртөө хэрэгтэй зүйлд суралцахад, бизнес худалдаа хийх, адил төст сонирхолтой найз нөхөдтэй болох, тэдэнтэй санаа бодлоо хуваалцах, хүссэн мэдээллээ хайж олон ашиглах боломжийг мэдээллийн технологи олгож байна.
Энэ бол хүмүүсийн бие дааж өөрийгөө хөгжүүлэх асар том боломж, өөрийн сонирхлоор болон сонголтоор хэний ч албадлагагүйгээр суралцах боломж. Яг энд өгүүлж байгаа бие хүний төлөвшил болон нийгэмд өөрийгөө зөв сайнаар авч явах болон илэрхийлэхэд хэрэг болох боловсролыг бие даан эзэмшихэд мэдээллийн технологийн хөгжил тус болно. Та үүнийг ашиглагтун.

Бие хүний зөв төлөвшилд хэрэгтэй мэдлэг боловсролуудаас өөрийн бодлоо санал болгон бичлээ. Эдгээр мэдлэгийг “суурь” болгон Монголын ЕБС-иудад заавал судлуулж сургаж эхэлвээс Монголын нийгэмд зөв сайнаар амьдарч чадах бие хүмүүсийг бэлтгэж чадна. Энэ талаар миний бие олон жил санал болгож байгаа. Заавал ЕБС гэлтгүй өнөөгийн залуус бие даан суралцахад бүх л боломж нь нээлттэй байгаа. Ердөө л ” эзэн хичээвэл заяа хичээх” болно. Энэ бол БОЛОВСРОЛ юм.

Төгсгөлийн оронд

…9 сарын 1 эрдмийн их баяр. “Эрдмийн алтан босгыг мөнгөн хонхны жингэнсэн дуугаар алхаж оров” хэмээн сүр жавхлантайгаар зарладаг сан. Одоо ч хэвээрээ байгаа байх. Хүүхдүүдийн инээд хөөр цалгиласан дуу чимээ, хөгжил баясал. Эд бол Монголын ирээдүй. Хүүхдүүдээ сургуульд оруулсан л бол бүх л хувь заяаг нь даатгадаг асан тэр л цаг үеэс өнөө үе ихэд өөрчлөгдөж буй. Эцэг эхчүүд маань өнөө цагт “эд хөрөнгөтэй бус эрдэм мэдлэгтэй хүүхдүүд баялаг болно” гэдгийг мэддэг болжээ. Энэ ч цагийн аяс, амьдралын туршлага.
Өнөөгийн монголын хүүхэд залуус маань хөгжиж байна. Мэдээж сайн муу олон ч зүйл байгаа хэдий ч ирээдүйн төлөөх хөгжилд нь бүгд л санаа тавьж байгаа. Энэ бол нэгэн дэвшил.
Би гадаадад суралцаж байгаа Монгол залуусыг харахдаа бахархдаг. Тэд сургалтын төлбөрөө өөрөө олох гэж, аав ээжийгээ зовоохгүй гэсэндээ зав чөлөөгөөр ажил хийж, үлдсэн цагтаа хичээн суралцаж байна. Тэд мөнгөний, цагийн үнэ цэнийг сайтар мэдэрч, эрдэм мэдлэгтэй байхын ач тусыг хэнээр ч хэлүүлэлгүй маш сайн ойлгож байна. Тэд амьдралдаа хэрэг болох бүх л зүйлд суралцаж байна. Тэд өнөөдөр ядарч, зовж байвч энэ бүхнийг давсаны дараа тэд илүү хүчтэй болж санасандаа хүрч чадна гэдэгт итгэж байна.

ХАРИН:

-Монголын оюутнуудын сургалтын төлбрийн тодорхой хэсгийг төрөөс дааж, энэ оны 12 сараас эхлэн оюутнуудад сар бүр 50 000 төгрөгийн тэтгэлэг олгохоор болж байгаа гэнэ. “21000 төгрөг”-ийн хор уршгийн талаар халаглаж дуусаагүй байхад дахиад л халамж тэтгэлэг. Мэдээж энэ бүхнийг оюутнууд янз бүрээр ашиглах хэдий ч зөвхөн дипломны хойноос зүтгэж байгаа нэгэн хэсэгт нь муу нөлөө үзүүлэх л болно. 21 000+ 50 000 төгрөг Монголын оюутнуудыг хөгжүүлэх болов уу?
-Монголын Их Дээд сургуулиудын төлбөр нь байгуулагдсан жил болон сургалтын бааз, туршлагаасаа үл хамааран адил хэмжээнд тогтоогдож байгаа бололтой. Нийтлэлч Цэнддоогийн бичсэнээр 70 жилийн түүхтэй МУИС, дөрвөн жилийн өмнө байгуулагдсан хувийн их дээд сургуулиуд яг адил төлбөртэй байгаа нь шударга явдал мөн үү? “Эх орны хишиг сан”-гаас оюутнуудын сургалтын төлбрийн зарим хэсгийг шийдэх болсон, суралцаж байгаа оюутнуудад тэтгэлэг олгох болсон шийдвэрүүд нь, хувьдаа Их, Дээд Сургуулиудтай улстөрч эрхмүүдийн эрх ашгийн төлөө үйлчилж байгаа юм биш үү?
Тийм болохоор Монголд үйл ажиллагаа явуулж байгаа хувийн хэвшлийн Их, Дээд Сургуулиудын эздийн нэрийг  зарлах цаг болжээ.
-Оюутнуудад туслах, тэднийг дэмжих учиртай “Төрийн сангийн зээл”-ийн талаар өдгөө их л бүдэг бадаг мэдээлэл гарах болж. Өмнө нь хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр мэдээлэгдэж байснаар энэ сангийн зээлийн зарцуулалт маш замбараагүй болж, өмнө олгосон олон сая $ -ын зээл эргэн төлөгдөхгүй байгаа тухай гарч байсан. Мөн л улстөрч эрхмүүд энэ сангийн зээлээр өөрийн болон ах дүү хамаатан садангуудынхаа хүүхдүүдийг гадаадад сургаж байгаа тухай яригдах болсон.
“Төрийн сангийн зээл”-ээр суралцаж байгаа оюутнуудын талаарх мэдээллийг ил тод болгож, зээлийн эргэн төлөлтийг тайлагнах цаг болсон бишүү?

Монголын боловсролын салбар Монголын ирээдүй үеийг сурган хүмүүжүүлэх үүргийнхээ хувьд шинэчлэх, хийх зүйл их байнаа.

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах

2011-08-31

May 17

Монгол дахь “оюутны ардчилал” ба “оюутан солилцоо”

By gala-admin | БОЛОВСРОЛ

…Монголд хавар хаврын уламжлалт “Хонхны баяр” болох гэж байгаа. Хамаг мөнгөө шавхан байж хийлгэсэн  гоёлоо өмссөн оюутнууд, хэдэн өдөр нийслэл хотыг өнгийн цэцэгс мэт чимэглэн, өнгө өнгийн автобус тансаг тансаг машинуудаар хотын захын амралтын газруудыг зорьж очин, дүүргэн дүүргэн найрлана. Зовлон гунигаа дарсаар даруулан байж үдэх, ирэх ирээдүйгээ хөлчүүрхэн байж угтах тэд, Монгол орны минь ирээдүй. Энэ л өдрүүдэд “нохой гурав харагдтал ууж”, сэтгэл зүрхээ мартан байж “нийлэлдэж” сургуулиа төгссөн баяраа “цэнгүүлнэ”. Аяа! Хавар цагийн уламжлалт “эрдмийн” бас “сүүлчийн хонхны баяр”, Монгол залуусыг ийнхүү ажил амьдралын алтан, мөнгөн, зэсэн, нүүрсэн хаалгаар хөтлөн оруулах нь юутай бахархалтай, бас юутай гунигтай.
…Өнгөрсөн зун Монголын 1200 шахам оюутан залуусыг АНУ-д “Оюутан солилцооны хөтөлбөр” гэдэг сайхан нэрээр, хэд хэдэн компаниуд Америкийн хилийг давуулан “хаяж”, Aтлантик хотод тэрэг түрүүлж, зочид буудалд угаалга хийлгэж, хулгай хийлгэж, биеийг нь үнэлүүлж “юм юм үзүүлж, нүдийг нь тайлуулсан” даа. Монгол оюутнуудыг ” юм юм үзүүлж, нүд тайлуулсан”ыхаа төлөө Монголын 4-5 компани “хагартлаа” баяжив. Үүнийг нь эсэргүүцэн илчилсэн бидний хэдэн нөхдийг аргадаж нэг, найрч нэг үзээд тусыг эс олсон тэд, оюутнуудыг Монголд очсон хойно нь “монгол арга”-аар зохицуулж чадсанаар, бидний өөдөөс хээв нэг хэлээ гаргаж, нулимж чадсан.
Америкт ухамсар нь сэргэж, эрх үүргээ мэдэрч буцсан хэдэн оюутнууд аав ээжээ үзээд эрхэлж нэг, арав таван цаас үзээд уярч нэг явсаар асуудал төгсөв дөө. Санаа сууж, аргаа нарийсгасан мөнөөх компаниуд энэ жил дахиад л Монгол оюутнуудыг Америкт “оюутан солилцуулж” нааш илгээж буй гэнэ. Энэ жил хэрхэхийг “тэр өдрийн тэнгэр мэдэх” буйз. Аяа! Өнгө мөнгөний золиос болсон Монгол оюутнууд минь.

Оюутны АРДЧИЛАЛ
…Лос-Анжелосийн “2010 оны шилдэг оюутан”-аар шалгарч байсан Ж.Өнөрбаяр яг энэ сэдвээр илтгэл тавьж, ном бичсэн байсантай би танилцсан юм. Тэрээр Монголд оюутны ардчилал алга байна гэж дүгнэсэнтэй би ч санал нийлж байна.
-1.Монголын оюутнуудад “СОНГОХ ЭРХ” алга. Сургуульд элсэж орсон түүнд, сургуулийн захиргаа ямар ангид, хэдэн өдөр, хэдэн цагт, ямар хичээл судлах, хэн гэдэг багшаар заалгахыг ч шууд “тулгана”. Тулгаад ч зогсохгүй үүнд нь хатуу хяналт тавьж багагүй “дарамтална’.
-Оюутнуудад багшаа сонгох эрх алга. Үүний уршгаар дургүй ч байсан багшдаа “зусардах” олон олон шалтгууд бий болдог. Багшийг “голох”, “сонгох” эрхгүй энэ байдал нь албадан сургалтын нэгэн хэлбэр болж хувирах төдийгүй, багш нарын өрсөлдөөн, өөрийгөө хөгжүүлж сурталчлах хүсэл боломжийг ч хааж орхино. Багшийн дарангуйллын энэ тогтолцоо нь багш нараа архидуулах, зусардан бэлэг сэлт өгөх, зарим тохиолдолд “биеэ үнэлэх” муу зуршлуудыг бий болгож байгаа нь ердөө ч нууц биш. Энэ нь ердөө л дүнгийн төлөөх хийрхлийг өгдөөж байгаа хэрэг юм.

-Оюутнуудад хичээлээ сонгох эрх алга. Дээрээс тулгасан хөтөлбөрийг хатуу мөрдөж, хатуу  шаардаж байгаа нь оюутнуудад “хуарангийн сургалт”-ыг тулгаж байгаа нэгэн хэлбэр юм. Оюутнуудад өөрийн сонгож авсан мэргэжлийнхээ дагуу өөрийгөө хөгжүүлэх боломжийг олгох ёстой. “Дургүй ламд дарж байж сахил хүртээдэг” энэ арга нь “сахил хүртээд шал дордов” гэдгийн үлгэр болох нь олонтой. Дургүй сонирхолгүй хичээлээ албадан үзэх гэж тэд мэргэжлээ сонгодоггүй. Мэдээж заавал судлах ёстой хичээлүүд байдаг хэдий ч, цаашид сайн мэргэжилтэн болоход өөртөө хэрэг болно гэж үзсэн хичээлээ оюутнууд өөрөө сонгож судлах боломжийг заавал олгож байх учиртай мэт.
-Оюутнуудад хичээллэх цаг болон сурах боломжоо өөрөө сонгох эрх алга. Шалгалт бол социализмын үед ч “хадны мангаа” буюу оюутнуудыг айлган дарамтлах “зэвсэг” байсаар ирсэн,
өдгөө ч байсаар байгаа аж. Шалгалт буюу дүн гэдэг дарамт л оюутнуудын өөртөө зорилго тавин, өөрөө хөгжих боломжийг хаасаар байна. Зорилгын төлөө бус дүнгийн төлөө сурдаг, мэргэжлийн төлөө бус дипломын төлөө сургууль сонгодог энэ байдал хэр удаан үргэлжлэхийг бид таашгүй. Их Дээд Сургууль бол оюутнуудаас өөрийгөө сорьж үзэх талбар, өөрийгөө хөгжүүлж болох боломж, бусадтай харьцуулан дүгнэж хэрээ мэдэх газар юм шүү дээ. Үнэхээр сурч чадахгүй л юм бол заавал ингэж өөрсдийгөө “тамлан”, хайран цагаа гарздах хэрэг юун. “Хорвоо дэлхий уудам хийх ажил зөндөө” л байна.

-2. Сургуулиудын хөгжилд ОЮУТНЫ ОРОЛЦОО алга. Сургалтын төлбөр гэж сургуульдаа төлсөн мөнгөө юунд зарцуулагддагийг захирлаасаа “хэрэгт дурлан” асуусан оюутан “энэ бол улсын нууц” гэсэн хариулт сонсоод өрөөнөөс нь хөөгдөн гарсан тухай сонссон. Сургалтын төлбөр нь юунд зарцуулагддагийг бүү хэл, яагаад жил болгон нэмэгдээд байгааг ч мэдэхийн аргагүйгээр “улсын нууц” болгон хувиргасан Боловсролын тогтолцоо өөр хаана байдаг бол?. Бэлнээр хурааж авч байгаа энэ их мөнгө, оюутнуудын сурах таатай нөхцөл болон номын сангийн фондод зарцуулагдахгүйгээр энд тэндхийн барилгын засвар, сургуулийн удирдлагуудын хувийн асуудалд зарцуулагдана гэдэг ариун явдал уу?
-Хэзээ мөдгүй Налайх хавьд баригдах гэж байгаа Оюутны хотхоны талаар шийдвэр гаргасан Засгийн Газар, Монголын оюутнуудаас санал асуусан юм болов уу? Энэ оюутны хотхон ямар байх, ямар өртгөөр босох, хичээллэх байр, суралцах нөхцөл, зорчих унааны асуудал бас Монголын оюутнуудад огт хамаагүйгээр “Улсын нууц”ын зэрэглэлд байдаг юм болов уу? Хэрэв тэгж үзвэл энэ хотхоныг Оюутнуудад бус Цэргийн зориулалтаар байгуулах юм байна хэмээн үзэж болох талтай.
Яг энэчлэнгээр оюутнуудын хүсэл сонирхлыг харгалзахгүйгээр өмнөөс нь асуудлыг шийдсээр байх ахул тэд хэзээ ч үзэл бодлоо илэрхийлж чаддаггүй, “эрх”-ийнхээ төлөө тэмцдэггүй, бухимдлаа дотроо нуусан, аялдан дагалдагчид болж хувирах болно. Ингэх нь хэнд ашигтай вэ?

-3.Улс орны амьдралд ОЮУТНЫ ДУУ ХООЛОЙ алга. Монголын оюутнуудыг улстөрийн элдэв жагсаал цуглаанд “мөнгөөр хөлсөлж” оролцүүлдаг байсан жишиг Н.Энхбаярын хаанчлалын үед бий болсон юм. Энэ ажиллагааг зохион байгуулдаг байсан хэсэг залуус өдгөө нилээд боломжийн албан тушаалд очсон байгаа. Монголын оюутнуудыг “оюуны өлсгөлөнд” орүүлчихаад “ходоодны өлсгөлөн”-гөөр нь тохуурхдаг нийгмийн бүдүүлэг хандлагыг тэд бий болгосон. Аль ч улс орны Төрийн удирдлагад хамгийн хүчтэй цочроо өгдөг байгууллага нь Оюутны эрх ашгийг төлөөлдөг, хамгаалдаг байгууллагууд бас оюутнууд өөрсдөө байдаг.
-“Монголын Оюутны Холбоо” гэдэг байгууллага өдгөө оюутнуудын нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчих унааны билетээр бизнес хийж суудаг, удирдах зөвлөл нь улс төрийн аль нэгэн бүлэглэлийн ашиг сонирхлын илэрхийлж, албан тушаал горьдож суудаг байгууллага болон хувирчээ. Оюутнуудын эрх ашиг зөрчигдсөн асуудлууд болон тэдний зөв сайн хөгжлийн төлөө дуу хоолой болохын оронд мөнгөөр жагсаал цуглаанд оролцуулах ажлыг зохион байгуулж байгаа тэднийг, оюутнуудыг “доромжилж байна” гэж үзэхээс өөрөөр юу гэж үзэх гэж?
-Өнгөрсөн жилийн “оюутан солилцооны” хөтөлбөрийг бизнес болгон хувиргасан үйлдлийн ард олон ч эрх мэдэлтэн, улстөрчид байгааг бид баримтаар нотолж, бичиг баримт бүрдүүлэн ТВ нэвтрүүлэг хүртэл хийж, засч сайжруулах санал өгсөн боловч огт тоогоогүй нь энэ байдлын нэгэн жишээ.

Яг энэчлэнгээр Монгол оюутнуудыг СОНГОХ ЭРХГҮЙ, ОЮУТНЫ ОРОЛЦООГҮЙ, ДУУ ХООЛОЙГҮЙ байдлаар АРДЧИЛАЛГҮЙ байлгаж, өнгө мөнгөний золиос болгон арилжиж, хүсэл сонирхлыг нь хайхрахгүйгээр  улстөрийн жагсаал цуглаанд мөнгөөр оролцуулан тохуурхдаг байдлаа зогсоох цаг иржээ. Энэ өөрчлөлтийг Монгол оюутнууд ч өөрсдөө нэгдэж эхлүүлэх хэрэгтэй байнаа.

Оюутнуудыг ХӨГЖҮҮЛьЕ
…Оюутны ардчиллыг гадаадын өндөр хөгжилтэй оронд суралцаж байгаа Монгол оюутнууд маш сайн ойлгох болжээ. Тэд энэ боломжийг ашиглан маш сайнаар хөгжиж байгаа. Үүнийг гадаадын өндөр хөгжилтэй орнуудад амжилттай суралцаж, өндөр үнэлэгдэж байгаа олон монгол оюутнууд нотолж байгаа. Тэд  энэ байдлыг бусдадаа ойлгуулж, санаа бодол туршлагаа хуваалцан, санаа бодлоо нэгтгэхийг хүсч байна. Энэ бол том дэвшил, бас сайн эхлэл. Үүнийг дэмжих хэрэгтэй байна.
…Чилид зэсийн маш том орд нээгдэж, гадаадын хөрөнгө оруулалтыг ашиглах болсон үедээ энэхүү баялгийн ашиг болж улсад орж ирсэн мөнгөнөөс залуусаа гадаадын өндөр хөгжилтэй орнуудад сургаж эхэлсэн гэдэг. Тэд уул уурхайн баялагаас орж ирж байгаа мөнгийг Чили орны хөгжлийн ирээдүй болсон залуусыг оюун санааны хувьд бэлтгэх санаачлага гарган хэрэгжүүлсэн нь их ч ухаалаг алхам болсон аж. Энд ухаалаг бодлогоос гадна маш их итгэл найдвар, урам зориг хамтад явж байгаа.

НАДАД САНАЛ БАЙНА.
– Өнөөгийн Монголын уул уурхайн баялгаас орж ирэх мөнгөнөөс Монголын залуусыг гадаадын өндөр хөгжилтэй орнуудын дэлхийд нэрд гарсан сургуулиудад сургаж бэлтгэх бодлого гаргаж хэрэгжүүлэхийг Монголын төрөөс шаардъя. Ингэхдээ маш нарийн бодлого баримтлах ёстой.
1. Монгол орны улстөр, эдийн засаг, боловсрол, анагаах ухаан, мэдээлэл гэхчилэн салбар болгоныг нарийн тооцож ямар мэргэжлээр хэдэн оюутныг ямар сургуульд суралцуулахыг төлөвлөнө.
2. Суралцах оюутнуудыг сонгохдоо маш нарийн шалгуураар олон нийтийн өмнө нээлттэй байдлаар сонгох хэрэгтэй. Энд хэн нэгний эрх ашиг гэхээсээ улс орны ирээдүй болон эрх ашгийг онцгой анхаарах ёстой.
3. Суралцахаар сонгогдсон оюутнуудтай Монголын ЗГ хатуу гэрээ хийж, бүх зардлыг нь 100% дааж /гэхдээ санхүүжилтыг зөвхөн уул уурхайн орлого, ашгаас хийх/, гэрээний хариуцлагыг хатуу шаардан хянаж байх боломж бий. Гэхдээ энд дарамт гэхээсээ харилцан ойлголцсон хариуцлагыг тулгуур болговол зүгээр.
4. Адил мэргэжлээр суралцаж байгаа оюутнууд хоорондоо танилцан нэгэн баг болж бие биенээ дэмжин хамтран амжилттай суралцах боломжийг олгох нь үр дүнд хүргэх байх. Тэд энэ чиглэлээрээ амжилттай суралцсанаар Монголын нийгэмд бодлого боловсруулах чиглэлийг илүүтэй баримтлах юм.

5. Жилд 100-аас доошгүй оюутнуудыг энэчлэнгээр сонгохдоо 50%-ыг нь одоо гадаадад суралцаж байгаа оюутнуудаас сонгох, үлдсэн 50%-ыг нь сонгон шалгаруулах замаар сонгох нь илүү оновчтой байж болох.
6. Нэгэнт ЗГ-ын тэтгэлгээр хийгдэх ч гэсэн, энэ бол Монголын ирээдүйн том хөрөнгө оруулалт учраас ямар оюутнууд сонгогдсон болон хэрхэн суралцаж байгаа мэдээлэл олон нийтэд ил тод байх нь хаа хаанаа хариуцлагаа ухамсарлахад их ч хэрэг болох юм.
…Өдгөө Монголд минь уул уурхайн халуурал дэгдэж, хэн нь илүү завших вэ? гэсэн далд уралдаан явагдаж байна. Түрүүлж завшсан зарим нь мөнгөө барьж ядан морь уралдуулан зугаацаж, нүглээ нууж ядан суварга босгон “буян хийж” , ламаар араа даалгаж буй. “Дэмбэрэл юм үзээгүй юм болохоор” баярласандаа зарим нь бархирч, бас ТӨРД орж мөнгөө эргэлдүүлэн арвижуулахыг хүсч байна. Энэ бүхэн олны нүдэнд дээр “даравч дардайж, булавч бултайж” байгаа болохоор л олон нийтийн бухимдлыг төрүүлэх шалтаг нь болж байгаа.
Харин бид энэ халуурлын МАНАН дунд арай ухаалаг алхмуудыг хийж л байх хэрэгтэй байна. Ядаж л дуугарч, дуу хоолойгоо нэгтгэж байх хэрэгтэй байна. Тэр тусмаа Монголын ирээдүй болсон оюутан залуусын төлөө. Өнөөдөр бид газрын баялгаа уралдан уралдан “идэж” дуусах дор “бидэнд  юу үлдэх бол?” гэж бодож байх нь хэрэгтэй сэн.

Төгсгөл
…Сургууль төгсөх шалгалтууд, Их Дээд Сургуулийн элсэлтийн шалгалтууд бас олон олон “хонхны баяр”-ууд айсуй. Хавар цагийн их нийллэг. Харин энэ бүхний дараа амьдрал үргэлжилдэгээрээ л үргэлжилнэ. Дараагийн шатны сургууль эсвэл шинэ ажил гээд асуудлууд ар араасаа ундарна.
Энэ их баярын ачаар албан газрынхаа ямар нэгэн арга хэмжээнд “найранд 3 дугараатай бас дуутай” давгүй мэргэжилтэн болохоо нотлох завшаан зөндөө л олддог. Тэгж байгаад хуучирна даа. Хааяадаа даргадаа тал засахаа ч мэддэг болно. Нэг л мэдэх дор Оюутны амьдрал дурсамж болон бүдгэрч, хааяадаа “сайхан ч байж дээ?” гэж бодох дор өөрөө ч мэдэхгүй санаа алдаж орхих аж.
…Энэ жил “Оюутан солилцооны хөтөлбөр” -өөр зөндөө л олон оюутнууд Америкт ирж байгаа гэсэн. Саяхан нэгэн арга хэмжээн дээр Монголоос ирсэн “албаны  бололтой хүн”, Монголын залуусын хүсэл мөрөөдлийн дээд хязгаар нь Америкт ирэх хүсэл бoлжээ гэж ярьж байна билээ. Хүсэл мөрөөдлөөрөө жигүүрлэн далавчилсан олон Монгол залуус хамаг мөнгөө барьцаалан байж, Америк оронд модны навчис мэт ихээр хөглөрөх мөнгийг түүхээр айсуй. Сайхан амлалт, сайрхуу сурталчилгаагаар тэдний мөнгийг авч баяжиж байгаа зуучлагчид нь энэ жил арай хүн чанартай байгаасай гэж л найдахаас. Тэдний зарим нь энд үлдэнэ. Зарим нь буцна. Уг нь толгойдоо ухаарал авч байвал бага ч гэсэн ололт юм уу даа гэж бид сэтгэлээ тайтгаруулна.
Аяа! ардчилалын сүүмгэр МАНАН дундаас сүүмэлзэн харагдах Монгол оюутнууд минь!
Уг нь Монголын ирээдүйн  хөгжил та нарын гарт л байгаа юм шүү дээ.

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
2011-05-17
Oct 24

Хариуцлагын төлөө

By gala-admin | БОЛОВСРОЛ

Америкт оюутан солилцооны хөтөлбөрөөр буюу бидний нэрлэж байснаар Ж-1 визээр ирсэн оюутнуудын олонхи хэсэг нь монголдоо буцаж очоод тодорхой зохион байгуулалтад орж зуучлагч компаниуддаа зохих шаардлага тавьжээ.
Тэд энэ шаардлагадаа:

1. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ өөрсдийн гаргасан алдаагаа хүлээн зөвшөөрөх
2. Гаргасан алдааныхаа төлөө эцэг эх болон оюутнуудаас уучлал гуйх
3. Энэ хөтөлбөрт хамрагдснаар тодорхой хэмжээгээр хохирсон оюутнуудын хохирлыг барагдуулах
Тэд энэ шаардлагаа, бидний бэлтгэж Монголын НТВ-ээр гаргасан ” Монгол оюутнууд Америкт”баримтат нэвтрүүлэгт голлон үзүүлсэн “Open World”, ” Prince World”, ” Global leadership”байгууллагуудад хүргүүлж, хариуг тодорхой хугацааны дараа авч бас тодорхой хэмжээгээр шийдвэрт хүрсэн гэнэ. Ямартай ч тодорхой хугацааны дараа тэд тохиролцоонд хүрч компаниуд их бага хэмжээгээр асуудлыг шийдэж байгаа юм байна.
-“Open World” компани Атлантик хотод тэрэг түрж байсан оютнуудад ихэвчлэн 185$ буцаан олгож үүнийгээ 100$ нь ажилд зуучилсны, 85$ нь тэрэг түрэх зөвшөөрөл авсны төлбөр гэж тайлбарласан гэнэ. Харин тэд энэ асуудлыг зохион байгуулахад оролцсон оюутнуудад 600$ олгож “тайвшруулсан” гэнэ.
-“Global leadership” оюутнуудын хувьд сайн судалж гэрээгээ дүгнэж байж 300$ хүртэлх хэмжээний мөнгийг буцаан олгож байгаа гэнэ.
-“Prince World” зарим оюутнуудын хохирлыг барагдуулна гэж амалсан боловч яг одоогоор бидэнд тодорхой мэдээлэл ирээгүй байна. Харин тэд ирэх жил энэ хөтөлбөрт өөрийнх нь компанид бүртгүүлэн зуучлуулбал 700$-1000$ хөнгөлөлт үзүүлнэ гэж амалж байгаа бололтой.
Ямартай ч хууль дүрэм журмыг зөрчиж, хувийн ашиг завшаан хайж, оюутан залуусыг их бага хэмжээгээр хохироосон дээрхи компаниудад хариуцлага тооцуулж, шударга байдлын эхлэлийг тавих гэж хичээсэн бидний оролдлогын төгсгөл иймэрхүү.
Монгол орны ирээдүй болсон оюутан залуус өөрсдийн эрх ашгаа хамгаалж, асуудлыг гаргаж тодорхой шаардлага тавьж, бага боловч үр дүнд хүрч байгаа нь муу биш эхлэл. Аль ч улс оронд төрийн муу үйл ажиллагааг эсэргүүцэж, чин сэтгэлээсээ шаардлага тавьж тэмцэл хийн үр дүнд хүрдэг хамгийн хүчтэй хэсэг нь оюутан залуус байдаг. Энэ удаад эдгээр оюутнуудыг төлөөлж, хуулийн мэргэжлээр суралцаж байгаа болон нилээд идэвхтэй оюутнууд энэ ажиллагааг зохион байгуулсан юм. Тэдэнд талархахаас өөр яах билээ. Яг үнэндээ ихэнх оюутнууд гэртээ очоод л энэ тухай “мартаж”, асуудлыг гаргаж тавихаас “төвөгшөөж”, ямар нэгэн байдлаар өөрийн нэр төрөө “сэвтээхээс айж” байсан нь манай өнөөгийн оюунлаг залуусын харамсалтай жишээ байв.

Энэ хөтөлбөрт зуучилж, бага бус ашиг олж, асуудалд “монгол арга”аар хайнга хандсан дээрх компаниуд, гарцаагүй байдалд орсны улмаас, хариуцлага хүлээх шаардлагыг их эвтэйхэн байдлаар “аргалж” өнгөрөөж чадлаа. Тэд буруугаа хүлээж уучлал хүсэх шаардлагыг олон нийтийн өмнө биш, оюутнуудын өмнө “шивнэж”, асуудлыг зохион байгуулсан оюутнуудтай эхэндээ басамжилсан, эцэстээ зохицсон байдлаар харилцаж байв. Хохирлын мөнгийг барагдуулахын оронд “ирэх жил бидэнд хандвал…” гэхчилэн аргалах хандлага давамгайлж байв. Яг үнэндээ энэ жил хөтөлбөрт хамрагдсан оюутнуудын 10%-иас илүүгүй нь ирэх жилийн хөтөлбөрт хамрагдах дүрэм журамтайг ч хэлж өгсөнгүй. Бусдын итгэл эвдэж, ашиг завшаан эрэлхийлсэн атлаа ирэх жил дахиад хийнэ гэж амалж байгааг бодохоор “тэнэгийн дотор уужим” гэдэг үг санаанд орно. Тэдний зарим нь ирэх жилийн сурталчилгаагаа эхэлсэн бололтой. Яг үнэндээ эдгээр компаниудыг энэ хөтөлбөрт дахин оролцуулахгүй байхыг бид хүсч байгаа.
Хариуцлагын тухай бидний ойлголт болон хариуцлага хүлээдэг тогтолцоо иймэрхүү дүр зурагтай байна. Монголчууд бид хохирол гэхээр мөнгө л санаанд нь ордог. Яг үнэндээ худал амлалт, ятгалга бодит байдлын зөрүүгээс болж сэтгэл санааны шоконд орж, хүнд нөхцөл байдлын улмаас айж ичиж, зовж шаналж явсан сэтгэл санааны хохирлын тухай  нэг ч үг дуугарсангүй. Хүний сэтгэл санааны хохирлыг барагдуулж, үүний төлөө хариуцлага хүлээнэ гэдэг ойлголт хэзээ бий болох юм бол?
Дээрхи компаны захирлууд энэ асуудалд өөрсдийгөө өмөөрсөн, оюутнуудыг буруутгасан байдлаар хандаж ” за яахав нэг удаад та нарыг өрөвдөн харж үзлээ шүү”
гэх маягаар харьцаж байснаас бус оюутнуудтай чин сэтгэлээсээ ярилцан ойлголцож, энэ хөтөлбөрийг сайжруулах талаар бодол санаагаа солилцсонгүй. Тэд буруу зүйл хийсэн ч “бие тоосон” хэвээрээ байгаа нь ихэд “эрэмгий” шинжтэй.

Бид нэвтрүүлэгтээ “Open World” компанитай эрхэм хатагтай Оюунгэрэл ямар хамаатайг асуусан. Харин тэдний вэб хуудсанд байсан өөрсдийн зургаа татаж авсан нь энэ асуултын хариу юм болов уу? гэж ойлгогдохоор…

Ажил хийвэл дуустал
Бид анх энэ асуудлыг хөндсөндөө асуудлыг шуугиан болгоод орхих бус эцэст нь хүртэл бүрэн шийдэхийг зорьсон. Нийтдээ 5 орчим нийтлэл зөвлөлгөө бичиж вэб хуудсуудад болон монголын зарим хэвлэлд тавьж олон нийтийн анхаарлыг хандууллаа. Харин энэ бүх үйл ажиллагааг баримтжуулан “Монгол оюутнууд Америкт” нэртэй баримтат нэвтрүүлэг бэлтгэн монголын НТВ-ээр болон нилээд хэдэн цахим хуудсуудаар гаргаж асуудлыг тавилаа. Харин НТВ биднийг дэмжиж, үргэжлэл нэвтрүүлэгийг өөрсдөө санаачлан бэлтгэж гаргасан.
Энэ хөтөлбөрт хамрагдсан 200 орчим хүүхдүүдээс судалгаа авч бусад олон хүмүүстэй харилцаж, өөрсдийн нүдээр харж, уулзаж ярилцаж нилээд баримтуудыг цуглуулсан. Ж.Дарь эдгээр баримтуудыг нэгтгэж, өөрийн ажлынхаа зав чөлөөгөөр нилээд их цаг гарган байж, энэ хөтөлбөрийн дүгнэлт болон санал зөвлөмж болох 140 орчим хуудас баримт бичиг бэлтгэлээ. Бид АНУ-д байгаа монголын ЭСЯ-д эдгээр баримтаа хүргүүлэн тэдэнтэй хамтран энэ хөтөлбөрийг монгол оюутнуудад үр дүнтэй сайн байдлаар сайжруулах санал зөвлөмж болгон АНУ-ын төрийн Департмент болон спонсор байгууллагуудад, Монголын УИХ, ГХЯ, БСШУЯ болон бусад холбогдох газруудад хүргүүлэх гэж байна.
Бидний гол зорилго нь алив асуудлыг шүүмжлэн буруутгах бус, сайжруулах арга зам болон боломжийг хамтдаа ирж хайж, ажил хэрэг болгох явдал байлаа. Мэдээж их цаг хугацаа багагүй мөнгө зарцуулсан энэ ажиллагаагаа бид, гадаадад ажиллаж амьдарч байгаа монголчуудын зүгээс Монгол руу хандсан бодит ажлуудын хэсэг нь гэж үзэж байгаа. Асуудалд нилээд гүн оролцож, олон баримтууд цуглуулсаны хувьд энэ хөтөлбөрийг цаашид сайжруулах олон боломжууд болон зарчмуудыг нэрлэж байна. Товчхондоо:

-Энэ хөтөлбөрийн зорилгыг анхнаасаа зөв тодорхойлж, хаа хаанаа асуудалд бодитой хандаж байх хэрэгтэй байна. Энэ бол мөнгө олох хөтөлбөр биш, Америкт ажиллаж, амарч, аялах, энэ хугацаандаа Америкийн нийгмийн тогтолцоо, хөгжил, боловсролын хандлага зэрэг олон зүйлийг харж мэдрэх боломж олгоно гэсэн үг.
-Энэ бол ашиг олох хөтөлбөр бус нийгмийн чиглэлийн хөтөлбөр учраас оролцогч байгууллагууд нь ашгийн бус байх шаардлагатай. Ийм ч учраас энэ хөтөлбөрийн үндсэн зардал нь  2000$-2500$-оос илүүгүй байх боломжтой гэж бид үзэж байгаа юм. Түүнчлэн амьдралын боломж муутай айлын хүүхдүүдийг хамруулах зорилгоор зээлийн асуудлыг шийдэж болно.
-Гэрээ хийж байгаа талууд анхнаасаа эрх тэгш байж, асуудлыг зөвөөр ойлголцож байх хэрэгтэй байна. Ямарваа гэрээг зөвхөн цаас гэж үздэг, үүнд тэгтлээ ач холбогдол өгдөггүй бидний муу зуршил, энэ жил их тод мэдрэгдсэн. Өнөө цагийн аливаа харилцаа гэрээгээр зохицуулагддаг гэдгийг бид ойлгох цаг болжээ. Тийм болохоор гэрээ байгуулагч тал болон оюутнууд, эцэг эхчүүд ч энэ гэрээнд гол анхаарлаа хандуулах шаардлагатай.
-Аль болохоор энэ хөтөлбөрийн зорилго, үйл ажиллагааг олон нийтэд ойлгомжтой байлгах зорилгоор мэдээллийг хамгийн ил тод байлгах төдийгүй үйлчлүүлэгч өөрийн хүссэн мэдээллээ авч байх боломжийг олгоно гэсэн үг. Хэрэв хүсвэл оюутан ажил олгогчоос өөрөө мэдээлэл авч тодруулах боломжийг олгох шаардлагатай.
-Оюутнуудад чиг баримжаа олгох сургалт зохион байгуулахдаа нөхцөл байдлыг маш сайн ойлгуулж, гарч болох ямарваа эрсдэлээс өөрийгөө хэрхэн хамгаалах, мөн хаана хандаж болохыг ч хэлж сургах учиртай. Тэр ч бүү хэл маш их мэдээллийг агуулсан гарын авлага материалыг ч бэлтгэж оюутнуудад өгөх боломж бий. Тэр мэдээлэлд ядаж зам харилцаа болон хоолны газар шаардлагатай үед хандаж болох утасны жагсаалт, хэрэг болох олон тэмдэглэгээг ч тусгах өгвөл сайн.
-Энэ хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавих, шаардлагатай үед оюутнуудад туслах, зөвлөлгөө өгөх тогтолцоог ч бий болгох хэрэгтэй байна. Зуучлагч компаниуд болон спонсор компаниуд бусад олон байгууллага болон хувь хүмүүс ч оролцож болох боломжийг олгоход зүгээр.
-Энэ хөтөлбөрт оролцох оюутнууд ч өөрсдийгөө бэлтгэх шаардлага тавих хэрэгтэй байна. Юуны түрүүн хэлний бэлтгэл, өөрийгөө авч явах чадвар, алив зүйлд хандах хандлага, цаашдын зорилго хүсэл тэмүүллийг ч анхаарах учиртай. Ядаж л энэ жилийнх шиг Америкт очоод “харлаж үлдэх” боломжийг ч зогсоох хэрэгтэй байна. Энэ үйлдэл нь цаашид Монголоос Америкт ирж ирээдүйн зорилго чиглэл, хүсэл мөрөөдлөө мэдрэх хүсэлтэй олон оюутнуудад муугаар нөлөөлж байгааг хаа хаанаа анхаарах цаг болжээ.
Ямартай ч  энэ ажилд зориулсан цаг хугацаа, сэтгэл зүтгэл шингэсэн бидний энэ хөдөлмөр, Монголын олон олон оюутнуудад сайн үр дүнгээ өгөөсэй гэж бид чин сэтгэлээсээ хүсч байгаа.

Бэлэгдэлийн төдий байгууллагууд
Саяхан Америкийн нэгэн их сургууль дээр оюутнууд жагсаал хийж, сургуулийн удирдлагадаа шаардлага хүргүүлжээ. Энэ шаардлага нь энэ сургууль дээр ажиллаж байгаа үйлчилгээний ажилчдын ажлын нөхцлийг сайжруулах, тэдний цалин хөлсийг нэмэгдүүлэх заалтууд байсан гэнэ. Мэдээж энэ шаардлагыг хүлээж авсан. Оюутнууд гэдэг энэ нийгмийн оюунлаг гэгээлэг давхрага. Тэдний хандлагаас л улс орны хөгжлийн ирээдүйн чиг хандлага, мөн чанар, нийгмийн хөгжлийн алдаа оноо мэдрэгддэг. Яагаад гэвэл тэд ирээдүйд улс орны хөгжилд их хувь нэмэр оруулах болно.
-Монголын 1200 орчим оюутнууд энэ жил энэ хөтөлбөрт хамрагдан, хилийн чанадад эрх ашиг нь зөрчигдөн, зарим нь сэтгэл санаа болон эдийн засгийн хувьд тодорхой хэмжээгээр хохироод байхад Монголын Оюутны Холбоо гэгч байгууллага таг чиг. МАХН-ыг дагаж далдаганан, заримдаа марзан хэлбрээр улстөржиж, мөнгөөр жагсаал цуглаан зохион байгуулж байдаг энэ байгууллага ямар зорилготой, чухам юу хийдэг нь тодорхойгүй. Оюутнуудад зориулсан нийтийн тээврийн хөнгөлөлттэй билетийн үнэн дээр “ажиллаж”, “мөнгө хийж” суудаг хэдэн нөхөд байдаг тухай оюутнуудаас сонсож байсан.
Энэ бүхнийг өөрчлөх цаг болжээ. Энэ л арчаагүй, зусар бялдуучлалын үнэр ханхлуулсан ийм байгууллага монголын олон оюутнуудын хүсэл мөрөөдөл, эрх чөлөөг боогдуулж байна. Харин өөрчлөхөд оюутнууд л өөрсдөө санаачлага гаргах хэрэгтэй болж байна. Мэдээж маш өөдрөг хүсэл мөрөөдөлтэй, өндөр мэдлэг чадвартай, үнэнч шударга олон оюутнууд байгаа. Бид монголын оюутнуудыг их өөрчлөлтийн түүчээ нь байгаасай гэж хүсч байна.

-НТВ-ийн бэлтгэсэн нэвтрүүлэгт БСШУ сайд Отгонбаяр, “энэ асуудал манай яаманд хамаагүй, зуучилсан компаниудын асуудал” хэмээн хээв нэг хариулж зогсоно билээ. Өөрийнх нь мэдэлд байгаа хонийг өөр нэгэн хариулж байгаад дутааж орхиход ” өө надад хамаагүй” гэж ханддаг малчин байхгүй. Асуудлын гол учирт бус алив хариуцлагаас зайлсxийдэг манай “удирдагчдын” төрх иймэрхүү.
Хариуцлага гэдэг хийж байгаа зүйлээ төгс төгөлдөр гүйцэтгэж, гаргасан өчүүхэн алдааныхаа төлөө сэтгэл нь зовж, үүнийгээ сайжруулахын төлөө хариуцлага хүлээх чадвар. Алдаа болгон муу муухай, бузар зүйл байдаггүй. Ямарваа алдаа өөрийн ажил хэргээ сайжруулах илүү олон боломжийг олгодог.
Энэ хөтөлбөрт “үйлчлэгч болон үйлчүүлэгч” гэдэг талаас нъ хэн ч хандсангүй. Хэрэгчлэгчийн эрх ашгийг хамгаалах тухай хэн ч ярьсангүй. Энд л бидний алдаа оршиж байна.
Компаниудын хариуцлагаа хэрхэн хүлээсэн тухай оюутнуудын сэтгэгдлийг асуухад “Оргүйд орвол охинтой үлдлээ” гэж хариулж байна билээ.
Ямар уудам юм бэ? Монголын тал нутаг
Ямар уужуу юм бэ?  Монгол хүний сэтгэл

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
2010-10-24
1 2 3