Menu
Assign a 'primary' menu

Category Archives for "ЗАЛУУ НАС – ХАЙР"

Aug 08

“ОРИГ” БҮСГҮЙЧҮҮДИЙН ЭРЭЛД

By gala-admin | ЗАЛУУ НАС - ХАЙР

17, 18 р зууны “Сонгодог уран зурaг”-ууд дээр дүрслэгдэж асан махлаг, булбарай бүсгүйчүүд “моод”- ноос гарч хэрзгэр туранхай, хэвлийдээ ѳѳхгүй бүсгүйчүүд “моод”- онд орох цагаар бүсгүй хүн болгон турах давалгаанд нэгдэж, турж чадахгүй байгаа нь сэтгэлийн дарамт дор шаналж байна. Жаахан махлаг бүсгүйчүүд “аминдаа арчаагүй” гэдэг үнэлгээнд багтаж, бусадтай адил турахын тулд хоолоо сойж, хѳлсѳѳ урсгаж, “турахад сайн” гэж цуурсан болгоныг хэрэглэн “махаа барах” аж. Олон нийтийн энэ давалгаанд хамагдахын тулд хувь хүний хүсэл бодол, сонгох эрх чѳлѳѳ, боломж бололцоо огтоос хамаагүй гэнэ. Зүгээр л бусдыг дуурайж, хэн нэгэнд таалагдах адбиш хүслийнхээ боол нь болон тарчилцгаана.

Туранхай биед тэр болгон таарахгүй хѳх, ѳгзѳгѳѳ томруулах дараагийн давалгаа бүсгүйчүүдийг хамарч эхлэв. Бүсгүй хүний хѳх ѳгзгийг томруулан чангалах үй олон дасгал аргуудаас гадна элдэв бодис шахуулах арга хэрэгслэлүүд ч энэ тѳрлийн бизнес эрхлэгчдийг ч “баяжуулна”.  За тэгээд тачаангүй харагдахын тулд уруулаа дорвойлгож, эрлийз харагдахын тулд хамраа ѳндѳрсгѳж, торомгор харагдахын тулд давхраа хийлгэж тѳрүүлсэн эцэг эх нь бүү хэл, ѳѳрѳѳ ч ѳѳрийгѳѳ танихгүй болтлоо ѳѳрчлѳгдѳх хүсэлтэй. Ѳѳрийн биеийн бүтэц дотроо гадны биет байршуулан бусдад гоё сайхан харагдах гэдэг ямар болохыг мэдэхгүй ч, цагийн аясаар хѳгширч царай болон биений тѳрх ѳѳрчлѳгдѳхѳд илүүдэл гажиг бүхэн нь “зовлон” болох нь харин үнэн.

Бүсгүйчүүдийн нүүр будалт, алдарт “Жоконда”- г зурсан Леонарда Да Винчи ч атаархмаар сонгодог түвшинд хѳгжиж байна. Ѳнгѳ будгийн хослол, гэрэл сүүдрийн зохицолдоо, алслалтын ѳнцѳг гээд бүх л будалт тѳгс болсны гайгаар эрчүүд бид “жинхэнэ” царайлаг, “будмал” царайлаг зэргийг ялгахаа больтол самуурч байна даа. Орой нь бааранд танилцсан “сахиусан тэнгэр”  шиг харагдах гоо бүсгүй, ѳглѳѳ нь “шүүр унасан шулам” шиг аймшигтай харагдах итгэж боломгүй, санаанд багтамгүй, гэнэт цочирдом дүр зургуудын дунд амьдрах болж байна даа. Уг нь энэ үзэгдлүүдийг хуулийн талаас нь аваад үзэх ахул “залилангийн шинжтэй” үйлдэл юм шүү дээ. Гэхдээ тэгж сонгосон эрчүүдийг ѳрѳвдѳх хэцүү, тавлах ч бүр хэцүү. За тэгээд “хүний эрх” гэдэг сонгодог хэлц үгээр бүхнийг хааж болох л доо.

Бусдад хѳѳрхѳн харагдах хүслээр бүсгүй хүн бүхэн гадна тѳрхѳндѳѳ анхаарч, гоёдог л доо. Мэдээж хүн болгон заавал хѳѳрхѳн харагдах боломжгүй ч, бусдын нүдэнд дулаахан харагдуулдаг хамгийн гол зүйл болох дотоод сэтгэлийн сайхнаа бид мартаад байнаа. Ямар ч бүсгүй хүний дотоод сэтгэлд шингэсэн гоо сайхан нь үргэлжид гадаад тѳрхѳнд нь гэрэлтэн харагдаж байдаг. Сайхан сэтгэл, сайхан хайр, сайхан инээмсэглэл гээд. Гоёмсог чихрийн цаас шиг гадаад үзэмж бол түр зуурынх шүү дээ. Магадгүй 10, 15, 20 жил… Цагийн аясаар хѳгширч доройтоод ирэхэд түр зуурын гоо сайхнаас тань унжсан үрчлээ, ядарсан арьс, гуньж харууссан харц л үлдэнэ. Гаднах гоо сайханд тань шунаж тачаадаж явсан харчууд тань “үүдээ нээгээд ѳгсѳн ч үзэж харалгүй” арилаад одно. Амьдралын гашуун үнэн нь энэ.

Мэдээж гоёлгүй яахав бүсгүйчүүд минь. Цэцэг шиг залуу насандаа эрвээхэй шиг дэрвэлзэхийг хүсэхгүй хэн байх билээ. Чиний дэргэдүүр ѳнгѳрсѳн хэн боловч “эргэж хараасай”, бас “ѳѳдѳѳс тань инээмсэглээсэй” гэж хүсдэг залуу нас тань ѳѳрѳѳ л гоёл юм шүү дээ. Гэхдээ нэг л зүйлийг… дотоод сэтгэлийн гоо сайхнаа бүү мартаж бай. Бүх зүйлийг гутрангаар бус ѳѳдрѳгѳѳр хар, бусдын ѳмнѳѳс уурлаж бус инээмсэглэж харьц, бусадтай сонссон хов живээ бус уншсан номоо ярьж бай, мѳнгѳ зүгээр ѳгсѳнд нь биш чин сэтгэлээсээ тусалсан хүнд талархаж бай, чамд дурласан хэн нэгнийг бүү доромжил, харин хүндэтгэж эелдгээр татгалзаж сур, амьдралаа хэн нэгнээс хамааралгүйгээр ѳѳрѳѳ авч явах гэж хичээ. Энэ бүхэн чамайг бусдад дулаахан сайхан харагдуулдаг юм даа.

Дэлхий даяаршиж хүмүүсийн хэрэгцээг хангаж дийлэхээ болихоороо органик ба органик бус хэмээн бүтээгдэхүүнүүдээ ангилдаг боллоо. Хүмүүст сонголт хийх боломж олгож байгаа хэрэг. Удахгүй бүсгүйчүүд та нарыг ч ингэж ангилж сонгодог болох вий дээ. Тэр сонголт руу  та нар ѳѳрсдѳѳ л яваад байна даа. Ѳѳрсдѳѳ сонгож болдоггүй Монгол эх оронд, ѳѳрѳѳ сонгоогүй эцэг эхээсээ тѳрсѳн аугаа их хувь заяандаа сүслэн ѳѳрийнхѳѳрѳѳ амьдрах боломж бидэнд бий. Эрчүүд бид монгол бүсгүй та нарыгаа ориг, эсвэл жинхэнэ гэж ялгалгүйгээр хайрлаж баймаар байна. Хүнсэнд сонгох гэж байгаа биш тарган туранхай гэж ялгаад яахав, хѳѳргѳж нисгэх гэж байгаа биш элдэв нэмэлт хачраар яахав, хѳрѳг болгон харах гэж байгаа биш будагтай будаггүй гэж хараад яахав байгаагаар тань хайрлая. Жинхэнэ монгол бүсгүйн тѳрхѳѳр тань хайрлая. Дотоод сэтгэлийн халуун дулаан илчээр тань хайрлая.

Apr 04

“ХАЙРТАЙ ХОСУУД ѲѲРСДИЙГѲѲ “БҮТЭЭДЭГ”

By gala-admin | ЗАЛУУ НАС - ХАЙР

Миний нэг танил ярьж сууснаа ханиа хараад “Энэ хүн миний хайраараа бүтээсэн олон жилийн “бүтээл” минь юм шүү дээ” хайр шингэсэн харцаар харж, сэтгэл дүүрэн бахархалтайгаа ѳгүүлж билээ. Миний мэдэх олон гэр бүлүүдээс “Ёстой сайхан гэр бүл шүү” гэж сэтгэлдээ бахархан дуу алддаг цѳѳн гэр бүлүүд бие биенээ ѳѳрчилж, гэр бүлээ ѳѳрсдѳѳ босгосны сайн жишээ нь байдаг. Анх танилцахдаа хийсвэрээр тѳсѳѳлѳгдѳж байсан олон сайхан чанарууд нь бодсоноос нь ѳѳр мэт санагдахад залуус сэтгэл дотроо гайхан эргэлзэнэ. Дурласан харц олон зүйлийг хэт романтик мѳрѳѳдлѳѳр томруулан харагдуулдаг боловч, яг амьдрал дээрээ тэд эв энгийн зүйл гэдгийг бид анзаардаггүй юм л даа. Хэрвээ энэ мѳчид хэт романтик мѳрѳѳдлѳѳсѳѳ салж, бүх зүйлийг энгийнээр мэдэрч амжихгүй бол, бүх зүйл хов хоосон, хэт хуурамч мэт санагдаж эхлэх нь бий. Тэгээд л урам нь хугарч уурлаж бухимдана, гомдож муудалцана, ойлголцохгүй бол салж холдоно. Ѳѳрийгѳѳ угаасаа тѳгс тѳгѳлдѳр бус гэдгээ анзаарахгүй, хэт тѳгс тѳгѳлдѳр хүний эрэлд “хатаж”, зѳвхѳн ѳѳрийн хүсэл бодол, болзлоо бусдад тулгаж шаарддагаас л бид энэ амьдралд алддаг юм даа.

Зѳвхѳн л хайртай болсноор бүх зүйл үлгэрийн мэт сайхан болдоггүй энэ амьдралд, хайртай хосууд бие биенээ бүтээх гэж маш их ухаан, тэвчээрийг гаргах хэрэгтэй болно. Гомдсондоо чангаар хашгирч хамгийн муу муухай үгсээр тургилмаар байвч, дургүйцсэндээ хаалгаа савж хаагаад гараад алхмаар байвч, “харж л байгаарай чамайг заавал чадна даа” хэмээн шаралхаж ямар нэгэн тэнэг зүйл хиймээр байвч, энэ бүхнийг чин сэтгэлийн хайр л зогсоодог. Яг тэр мѳчид зүрхний угт ёгхийтэл хатгуулан, гомдлын нулимсаа сад тавин асгаруулж байхад сэтгэл дотор нь “Арай үгүй байлгүй дээ” гэх эргэлзээ, “Хѳѳрхийгѳѳ арай ч хэтрүүлчих вүү дээ” гэсэн харуусалтай сүлэлдэн шуурч байдаг аж. Энэ шуургыг хайраараа аргамжиж тогтоон, багтарсан сэтгэлийг нь цээжиндээ наан тайвшруулж, мэгшсэн нулимсыг хуруугаараа арчин аргадаж, тэвдсэндээ чичрэх биеийг нь зѳѳлѳн илбэж тайтгаруулах үедээ тэд бие биенээ хамгийн сайнаар бүтээж байдаг.

Тэд ханийнхаа оймсыг нь угаан, хувцсыг нь индүүдэж, хоолыг нь амттайгаар бэлтгэж байхдаа мѳрѳѳдлийн ханхүүгээ, дэлгүүр хамтдаа хэсэн гоо сайхны бараа, гоёлын хувцсыг нь цуглуулж байхдаа үзэсгэлэнт гүнжээ бүтээж байдаг. “Хайрт минь намайг хар даа” гэж эрхлэх дуунд, “За ямар байна даа” гэж бардамнан хэлэх айзамд тэд бие биенээ сайхнаар урлаж байдаг. Урд урдаасаа харж суугаад учрыг хэлэлцэх, учирлан аргадах, ухааруулж ойлголцох бүрдээ бие биенийхээ сэтгэлд уусан шингэж байдаг. Ѳѳрийн хайртай хүнээ бусдын нүдээр бус зѳвхѳн ѳѳрийн нүдээр л хардаг, түүнийхээ зүрх сэтгэлийн шаналлыг зѳвхѳн чи л сонсож чаддаг, юу ч дуугарахгүй байлаа ч хэлэх үг, хийх үйлдлийг нь урьдчилаад мэдэрч байхдаа та нар бие биенээ бүтээснээ мэдэрдэг. Холдоод жаахан удахдаа бие биенээ санан уйтгарлаж, энэ амьдралд түүний орон зай ямар их болохыг мэдэрч байна гэдэг ямар гайхамшигтай гээч. Уулзахад сэтгэл нь дүүрээд л түүндээ баясан инээх гэдэг ямар сайхан гээч. Хамтдаа байхдаа аз жаргалыг жинхэнээр нь мэдэрч байна гэдэг ямар их завшаан гээч.

Mar 25

“ ХАЙР” ГЭЖ ЮУ ЮМ БЭ ?

By gala-admin | ЗАЛУУ НАС - ХАЙР

Яг нарийн жор байдаггүй боловч, хүн болгон ѳѳр ѳѳрийнхѳѳрѳѳ ойлгож тайлбарладаг зүйл нь ХАЙР юм.  Нийтлэгдээ бол нэг тийм гэгээлэг сайхан зүйлээр тѳсѳѳлѳгдѳнѳ.  Эсрэг хүйстэнгүүд бие биедээ татагдан, дур хүсэл нь бадран, сэтгэлийн таашаал авах үйлдлээ хайр гэж ойлгодог. Яг үнэндээ дурлал, хайр хоёр ямар ялгаатай болох тухай ч бид эргэцүүлдэггүй. Дурлал эзнийхээ сэтгэхүйд зѳвшѳѳрѳлгүйгээр нэвтэрч байдаг бол хайрыг бид ѳѳрсдѳѳ бүтээдэг. Үлгэрт гардаг “цагаан морьтой ханхүү”, эсвэл “үзэсгэлэнт гүнж”-ийг бид мѳрѳѳдѳн хүлээдэг боловч, түүнийгээ ѳѳрсдѳѳ бүтээх ёстойгоо мэддэггүй. Тѳгс тѳгѳлдѳр хүнийг хүлээх нь боломжгүй атал, ѳѳрсдийн сэтгэл дэх тѳгс тѳгѳлдѳр хүнийг хамтдаа бүтээх нь харин ч боломжтой байж магадгүй юм.

 

САЙХАН ХАЙРЫГ БИД ѲѲРСДѲѲ БҮТЭЭДЭГ

 

Хосууд сонголтоо хийж гэр бүл болсон цагаасаа л элдэв зѳрчлүүдтэй тулгарч эхэлнэ. Хүн болгоны ѳссѳн орчин, тѳлѳвшсѳн хүмүүжил, үнэт зүйл хийгээд алив зүйлийг харах ѳнцѳг нь ѳѳр ѳѳр болохоор энэ бол гайхаад байх гаж үзэгдэл биш л дээ. Зүгээр л гадаад сайхан тѳрхѳнд нь дурлаад, дотоод сэтгэлийг нь тѳдийлэн анзаараагүй бол мѳрѳѳдлийн ханхүү нь “новш”, үзэсгэлэнт гүнж нь “шулам” мэт санагдах тѳдийд тэд эвлэрэл ойлголцлыг бус дургүйцэл салалтыг л сонгоно. “Дурлал бол сохор”, “сайхан хайр гэж байдаггүй юм”, “мѳнгѳ байхад бүх зүйлийг шийдэж болно” гэхчилэн бусдад зарлан сурталчилж явдаг хүмүүс бол хайрыг ѳѳрѳѳ бүтээх дургүй бэлэн тѳгс тѳгѳлдрийг мѳрѳѳдѳж явдаг хүмүүсийн жишээ. Ѳѳрийгѳѳ тѳгс тѳгѳлдѳр гэж бодоод бусдыг ѳѳчлѳн голж байдаг хүмүүс болон амьдралынхаа зорилгыг мѳнгѳ, хэрэглээгээ материаллаг зүйлсийн цуглуулга гэж үздэг хүмүүст амьдралын ҮНЭТ ЗҮЙЛ гэж байдаггүй. Тийм хүмүүсээс сайхан хайр хүлээгээд ч нэмэргүй. Харин бохир нийгэм ийм хүмүүсийг үйл олноор нь бий болгодог.

 

Хамтдаа байхад нэг л түшигтэй халамжтай, асуудал ярихад илүү сайн ойлголцоод байдаг, ѳѳртѳѳ итгэлтэй мѳртлѳѳ тэр итгэлээ бусдад түгээж чаддаг хүмүүс хайрыг хамтдаа бүтээдэг юм. Ѳдѳр болгон “Чамдаа хайртай шүү” гэдэг үгийг “Гадаа хүйтэн байна шүү, дулаахан хувцаслаарай”, “Ѳлсѳвзэй, хоолоо сайн идээрэй”, “Ядарч магадгүй шүү, битгий удаан суугаарай”, “Бүх юм сайхан болноо бүү бухимдаарай” гэхчилэн халамжийн сайхан үгсээр орлуулна. Гарцаагүй маргалдаж бухимдах тохиолдол болгонд шаралхсандаа гомдоох муу үгийг хэлэлгүй тэвчиж, хаалга саван гаралгүй сэтгэлдээ эвлэрэх зай үлдээж тэвчээртэй хүлээнэ. Ѳѳрийнх нь зѳв байсан ч маргаашийн сайхан ѳдрийн тѳлѳѳ уучлал гуйж аргадна. Харин эвлэрсэн хойноо хошигноод ч болов ѳѳрийн зѳв, түүний буруу байсныг эвтэйхэн ойлгуулан зѳвшѳѳрүүлнэ.  “Зѳѳлѳн нь хатуугаа элээдэг” сургааль хайрыг бүтээхэд тусалдаг.

 

Яаж ч бодсон ѳнѳѳдрѳѳс маргааш илүү чухал гэдэг санаа гэр бүлийн үнэт зүйлсийг бүтээж байдаг аж.  “Хичнээн хэцүү мэт санагдавч яаж ийгээд ойлголцон уучилж байх”, “яаж ч маргалдаж муудалцсан ч сэтгэлдээ эвлэрэх зайг заавал үлдээж байх”, “бидний гэр бүлийн дотоод асуудал зѳвхѳн бидний асуудал учраас гадны хэн нэгнийг оролцуулахгүйгээр ѳѳрсдѳѳ шийдэж байх” гэхчилэн гэр бүл болгон ѳѳрийн үнэт зүйлс болон дурэмтэй. Энэ бүхний углуурга нь бие биенгүйгээр байхад хэцүү, хамтдаа байхад илүү амар амгалан, баяр баясгалантай байх мэдрэмж юм шүү дээ. Бие биенээ чин сэтгэлээсээ хайрлан хүндэлж, нэгэн үнэт зүйлс дээр нэгдэж чадах л юм бол бид сайхан хайрыг хамтдаа бүтээж чадах болно. Бие биенээ ойлгон уучилж, бие биедээ чин сэтгэлээсээ санаа тавьж, ѳѳрсѳддѳѳ байгаа үнэт зүйлсээ хүлээн зѳвшѳѳрч бие биедээ уусган шингээж байх нь тийм ч хэцүү үйлдэл биш ээ. Тэвчээр бас ухаан хэрэгтэй.

 

ХАЙР БОЛ САЙХАН МЭДРЭМЖ ЮМ

 

Хайр бол үнэхээр сайхан мэдрэмж. Дэргэд нь байхад дутуу зүйлгүй сэтгэл дүүрээд, хамтдаа байхад айдас түгшүүргүй бардам, түүндээ болон ѳѳртѳѳ итгэдгээс бүх л зүйл хэцүү биш амархан мэт санагдах мэдрэмжийг хайр ѳгдѳг. Хол байхдаа санаад л, хаа нэгтээ ѳмѳг түшиг хайр халамж минь байгаа шүү гэдэг бодол сэтгэлд ѳег, ѳдѳр хоногийн урсгалд нэг тийм сайхан учралыг хүлээж догдлох мэдрэмжийг хайр ѳгдѳг. Заримдаа хүнд хэцүү байдалд орж сэтгэлээр унах мѳчдѳѳ “намайг гэх хүн байгаа шүү, би үүнийг давж гарах ёстой” гэх хүчийг, ѳвдѳж шаналах үедээ хайртай хүнтэйгээ цуг байхын тулд тэсч тэвчих тэвчээрийг, жил сар хоногууд урсан ѳнгѳрѳх тусам энэ амьдралын хамгийн гайхалтай ид шид нь зѳвхѳн хайр юм байна гэсэн ухаарлыг хайр ѳгдѳг. Хайр бол хүний зүрх сэтгэлээс урсах хав халуун урсгал, аньсаганаас сормуусанд тогтон бѳнжигнѳх сувдан дусал, уруулыг тань хайн тэмтчих бүлээхэн амьсгал юм. Хайр бол үнэхээр гайхалтай мэдрэмж…

Mar 06

ЭРЧҮҮД БИДНИЙ УУЖ БАРААГҮЙ АМТАТ ДАРС “БҮСГҮЙЧҮҮД”… \ “Эрээнцавын” Д.Нямсүрэн найрагчийн ишлэлээс\

By gala-admin | ЗАЛУУ НАС - ХАЙР

Элдэв маяг, ааш аараншинг тань ойлгох ухаан хүрэхгүйдээ уцаарлаж бухимддаг юм шүү дээ, эрчүүд бид чинь. Гэхдээ та наргүйгээр энэ ертѳнцийн наран жаргаж, ээвэр дулаан нѳмѳрт ч жавар хургаж, элсэн цѳлд ургасан сарнай цэцэг ч хийсч оддогийг бид мэднээ. Эрхлэх уцаарлахын тэрхэн хязгаарт хайр оршиж байдгийг мэдрээгүйдээ та нарыг гомдоодог байж магадгүй ээ.  Гэхдээ чиний уруулгүйгээр миний сэтгэл хатаж, чиний илбэлтгүйгээр миний бие хѳрж, чиний тэврэлтгүйгээр миний сэтгэл давчиддагийг мэднээ. Хайр халамжийн хязгаарыг тань давж сагахдаа ѳрѳѳл бусад руу очиж та нарыг цѳхрѳѳдѳг байж магадгүй ээ, бид.  Гэхдээ сэтгэлээ шингээсэн хоолны амтыг тань, хайраар сүлсэн цайны дээжийг тань, санаж хүлээхдээ мѳрѳѳдлѳѳрѳѳ халаасан халууныг тань хэзээ ч гүйцдэггүй юм даа.

 

Эрчүүд бид хатан зоригтон байх гэвч, хурц илдийг та нарын хайраар ирлэдгийг заримдаа мартдаг. Эрчүүд бид энэхэн орчлонг цээжиндээ тэврэх гэвч, олон үйлийг та нарын урнаар сүвлэдгийг мэдэрдэггүй. Эрчүүд бид уудам орчлонд хэрэн тэнэхийг хүсэвч, залуурын нэгэн хѳдѳлгѳгч нь та нар байсныг ойлгодоггүй. Эрчүүд бид чонын хийморьтой байх гэж мѳрѳѳдѳх авч, бэлтрэг байхад нь та нарын хѳхний сүү амлуулсныг мэдээгүй. Эрчүүд бид уулын бүргэд шиг ѳндѳрт дүүлэхийг хүсэвч, тэр л даль жигүүрийн ѳд болгоныг та нар урласныг хараагүй. Эрчүүд бид сархадад халамцаж  барс болон архирахыг хүсэвч, хундаганы ёроолд та нарын нулимс тунаж байхыг анзаардаггүй.  Эрчүүд бид ур, ухааны далай байх гэж хичээвч, урсгалын эх булаг нь та нар болохыг ухаараагүй. Эрчүүд бид уурын мунхагтаа дийлдэж тэнэгрэх мѳчид уянгат дуугаараа аргадаж тайвшруулдаг нь та нар байсныг харин сонсдог.

 

Эрчүүд бидний энэ амьдралдаа ууж баралгүй үлдээдэг цорын ганц амтат дарс болох бүсгүйчүүд минь ээ.  Та наргүйгээр эрчүүд бидний ертѳнцѳд нар хиртэж, цэцэгс гандаж, уянгалаг хоолой сѳѳнгѳтдѳг юм даа. Та нарын хайргүйгээр эрчүүд зэрлэгшиж, та нарын халамжгүйгээр эрчүүд доройтож, та нарын гоо үзэсгэлэнгүйгээр энэ дэлхий мѳхдѳг юм даа. Та нар энэ дэлхий ертѳнц дээр эрчүүд бидний дутууг нѳхѳж, дундуурыг нь дүүргэх гэж ирсэн дагинасууд. Та нарын гоо үзэсгэлэн хатан ухаанаас тань дэлхий ертѳнц эвлэлдэн нэгдэж, та нарын атгаг санаа хар хороос тань дэлхий ертѳнц дайтан алалдаж байсан түүх буй. Та нар гайхалтай гүнж, хорон шуламс байхаас тань шалтгаалж хувь хүн тѳдийгүй энэ дэлхий ертѳнцийн хувь заяа савлаж байдаг. Та нартаа баярын мэнд хүргэх ялдамдаа та нараасаа хичээнгүйлэн гуйх гуйлт байнаа. Монголын минь “хатан заяа” болох бүсгүйчүүд ээ!

 

-Монголын их хувь заяанд яг одоо та нарын “хатан ухаан” хэрэгтэй болж байнаа

-Хоромхон жаргалын тѳлѳѳ мѳнгѳѳр ѳѳрийгѳѳ бүү арилжиж, хуураад одох богинохон хоромд ѳнгѳѳр биднийгээ бүү хуураач

-Монголын залгамж угсаа, их үргэлжлэлийг хэвлийдээ тээж явдаг аугаа хувь заяагаа шуналаар бүү бохирдуулаач

-Баяр болгоноор бүү уун согтуураач. Халамцуу хашгирсан дуу тань тэнгэр хилэгнүүлж, хазгай гишгэсэн алхам бүр тань хѳрстийг бохирдуулж, хэвлий дахь үр тань гомдож уурссандаа хүйг тань чангааж байна.

-Хайр даагаагүй эрийг хатан ухаанаар аргадаж, халамж даагаагүй эрийг ухааны учгаар зангидаж, гагц Монголын оршихуйн тѳлѳѳ тэвчээр гаргаач.

 

Сайхан бүсгүйчүүд та наргүйгээр эрчүүд бид бүү хэл, энэ дэлхий ч оршиж үл чаднам билээ. Ѳдгѳѳ хүртэл миний ууж бараагүй, ууж барах ч үгүй амтат дарс бол монгол бүсгүйчүүд та нар минь билээ.  Та нартаа баярлаж, бас талархаж явдаг шүү.

Feb 08

ТААЛАМЖГҮЙ МЭДРЭМЖ

By gala-admin | ЗАЛУУ НАС - ХАЙР

…Тэр явдлаас болж түүнд бас ѳѳртѳѳ гомдсон сэтгэлд минь наран жаргах шиг харанхуйлж, орчлон ертѳнцийн бүх л зүйлс ѳнгѳѳ алдан гандаж, зүрхэнд минь харууслын хар шуурга тэртээд чоно улих шиг исгэрэн гаслана. Тѳдийгѳѳс ѳдий хүртэл сайн муутай нь хамтад туулж ирсэн амьдрал минь утгаа алдаж, эргэн тойронд минь байгаа бүх хүмүүс намайг үзэн ядацгаах шиг санагдаж, нэгэн цагт айж асан үхэлтэй хамтад хаашаа ч хамаагүй дүрвэж одмоор. Болдог бол цаг хугацааг буцааж саяын болж ѳнгѳрсѳн муу муухай бүхнийг баллуурдан арилгах хүсэл гэвч, болдоггүйн гасланд сэтгэл минь тарчилсандаа орь дуу тавьж, нүднээс минь бус зүрхнээс минь хар хүрэн цус дусалж, ѳвдсѳндѳѳ ёолно. Цаг хугацааны урсгал зогссон мэт санагдаж, сэтгэл зүрх минь юуг хайн бэдэрч тэнүүчилж буйг шаналалдаа ѳѳрѳѳ ч үл мэдэх.

 

Амьдралд тохиолдсон муу зүйлсээс шалтгаалж хүний сэтгэл дотор таагүй мэдрэмж тѳрдѳг. Хийсэн алдаанаасаа болж ичиж шаналах, хэн нэгэнтэй муудалцаад гомдож ширвээтэх, санаанд ороогүй тохиолдлуудаас болж айн балмагдах бүрдээ бид тааламжгүй мэдрэмжинд хүлэгдэнэ. Тэр мэдрэмж хэр удаан үргэлжлэх нь хүн бүрийн араншингийн хязгаараас шалтгаалах аж. Бид дотор сэтгэл дэх бараан мэдрэмжиндээ гадаад ертѳнц хийгээд бусад хүмүүс яг л ѳѳртэй минь адилхан байх юм шиг хурааж багтраадаг.

 

Гэвч яг үнэндээ бидний сэтгэл доторхи таагүй муу мэдрэмжинд гадаад ертѳнц хийгээд байгаль дэлхий, бусад хүмүүс огт хамааралгүйгээр ангид оршиж буйг бид анзаардаггүй. Алтан нар шаргал туяагаараа энэ дэлхийг гэрэлтүүлж, зүсэр бороо бохирдсон ертѳнцийг угаан цэвэрлэж, хуй салхи хамаг л хог хаягдлыг хийсгэн арилгаж, шувууд нов ногоон модны мѳчир дамжин жиргэн хѳгжилдѳж, араатан жигүүртэн бүхэн ѳѳрсдийн хувь заяандаа автан амьдарна. Хүмүүс гэрээсээ гарч ажил руугаа яаран алхаж, бие бие руугаа гараараа даллан мэндэлж, нѳхѳрсѳг дотно сэтгэлээ илчлэн дал мѳрѳн дээр нь алгадан инээх аж. Ѳѳр ѳѳрийн амьдралын хэмнэлдээ автан амьдрах тэдний хэний нь ч сэтгэл доторхи сайн муу мэдрэмжийг чи мэдэх боломжгүйтэй адил, тэд ч чиний сэтгэл доторхи тааламжгүй мэдрэмжийг анзаарахгүй.

 

Тэгэхээр яах хэрэгтэй гээч! Зүгээр л сэтгэл доторхи таагүй мэдрэмжээ сэтгэл дотроосоо хүчээр авч хаяад, нуруугаа цэхлэн эрхэмсэг бардмаар инээмсэглэ. Сэтгэл дотроо нар шиг гэрэлтүүл, бүх зүйлсийг ѳнгѳлѳг ѳѳдрѳгѳѳр хар, салхи шуургаа зогсоо. Урд тань угтах амьдрал “ѳѳдрѳг сайхан байх болно” гэдэг бодлоор ѳѳрийгѳѳ ч бас бусдыг ч уучил, ѳѳрийгѳѳ аргадаж тайвшруул. Нэгэнт цаг хугацааг эргүүлж ѳнгѳрсѳн алдааг буцааж залруулж чадахгүй, тийм боломжгүйгээс хойш зүгээр л мартаж орхи. Алдаандаа хүлэгдэж, таагүй мэдрэмжиндээ автаж амьдрах юм бол урсан урссаар буй цаг хугацааны эргүүлэгт чи ѳѳрѳѳ живж, элэгдэж үгүй болно. Хэн ч чамайг аврахгүй, болохоор ѳѳрѳѳ л ѳѳрийгѳѳ аврах хэрэгтэй болдог. Чи гадаа гараад гайхамшигтай энэ ертѳнцийг, бас эргэн тойрондоо байгаа хүмүүсийг хар даа. Энэ бол хүн болж тѳрсний хүвьд чамд оногдсон бэлэг. Ийм гайхамшигуудын дэргэд жижигхэн зовлон юу юм бэ? Уртаар амьсгаа аваад сайхан инээмсэглэ. Чи ямар үзэсгэлэнтэй сайхан харагдаж байна гээч! Амьд байх гэдэг сайхаан.

Jan 09

ГАРЫН ДУЛААХАН АЛГА

By gala-admin | ЗАЛУУ НАС - ХАЙР

Зориг муутайхан түүний гарт нь хүрч алгыг нь алгандаа атгаваас хав халуухан байлаа. Хав халуухан тэр алганаас яг л судасны цохилт шиг лугших хайр мэдрэгдэнэ. Нүүр минь ичингүйрсэндээ улайх авч тавьж зүрхлэхгүй. Гарыг нь тавьж зүрхлэхгүйдээ нэг чангалж, нэг зѳѳллѳх атлаа харцаа буруулах нь зүрхний цохилтын хэмнэлийг чагнах мэт. Тэр гарнаас хѳтлѳѳд л ертѳнцийн хязгаар хүртэл алхахад огтоос ажрахгүй бас цуцахгүй мэт мэдрэмж тѳрнѳ. Хэрэв тэр гарыг тавьж орхивоос дахиад хэзээ ч атгаж чадахгүй мэт айдсанд хүлэгдэнэ. Айдсандаа гарыг нь улам чангаар атгахад тэрээр бас л минийх шиг мэдрэмжиндээ хѳтлѳгдѳн миний гарыг чангаар атгана. Тэр хэмнэлээр миний зүрхнээс зүрхэнд хайр урсана. Магадгүй түүний зүрхэнд ч бас хайр урсаж байгааг би зѳнгѳѳрѳѳ мэдэрдэг. Тэр хайр гарын алгаар л урсдаг юм.

Тэр миний гарыг дэрлэн тайван унтана. Би түүний атганаас гараа сугалж үл зүрхэлнэ. Хэрэв гараа сугалах л юм бол түүний аз жаргалтай зүүдний ертѳнцѳѳс гомдлын шувуухай нисэн одох юм шиг надад санагдах. Түүний аз жаргалтай мишээх царайнаас хайр гэрэлтэж байгаа болохоор мѳрѳѳдлийн шувуухайг нь үргээж ерѳѳсѳѳ ч түвдэхгүй. Болгоомжтойёо ѳндийн түүний жаргалтайгаар мишээх уруулнаас нь үнсэх ахул тэр огтоос мэдрээгүй юм шиг атлаа баяртайгаар инээмсэглэнэ. Түүний гайхалтай сайхан мэдрэмжийг алдуулах вий гэж болгоомжилсондоо би хѳдлѳх ч үгүй. Гэхдээ хэзээ ч би ингэж гараа сугалж зүрхлэхгүй, чилсэндээ чинэрэх хуруугаа ч хѳдѳлгѳхгүй удаж байсангүй. Дэлгэсэн алган дээр минь хайрын шувуухай үүрээ засч байна хэмээн хэзээ ч мѳрѳѳдѳж байсангүй. Гэхдээ л би ѳѳрѳѳ аз жаргалтай байсаан. Алганаас алганд хайр лугшиж байгааг тэгэхэд л би мэдэрсэн сэн.

Одоо бол тэр минь хүссэн цагтаа л миний гарыг атгадаг болсон. Зүрхэндээ бялхаж байгаа хайраа цалгилуулан байж “Сонсооч хайрт минь, би чамдаа ямар их хайртай гээч” хэмээн алгаараа л шивнэдэг. Заримдаа миний ѳмнѳ сѳхѳрч суугаад гарыг минь чангаар атгахдаа “Чи минь намайгаа ойлгож уучлаач” хэмээн гаслан шивнэнэ. Айж түгшсэндээ гарыг минь чангаар атгахдаа “Би чамтайгаа хамт л байгаа шүү” хэмээн аргаддаг. Aргаа барж гарыг минь зѳѳлхѳн үнсэхдээ ч “Хайрт минь дээ, чи миний хэлж зүрхлэхгүй байгаа их хайрыг мэдрээч дээ” хэмээн учирлана. Хайртай хосууд яагаад хѳтлѳлцѳн алхдаг гээч. Тэд зүрхэндээ урсаж буй их хайраа зѳвхѳн алгаараа л бие биендээ дамжуулдаг. Хэлж чадахгүй, хэлж амжихгүй зовлон жаргал, баяр гунигаа зѳвхѳн алгаараа л бие биедээ учирладаг. Тэд гар гараа атгалцсан атлаа юу ч ярихгүйгээр бие биенийхээ нүд рүү харан инээмсэглэдгийн тайлал тэр. Хайранд шатсан гарын алга үргэлж дулаахан байдаг.

May 01

АРГА НЬ ОЛДДОГГҮЙ БҮСГҮЙ ААШ

By gala-admin | ЗАЛУУ НАС - ХАЙР

Эрчүүд бидэнд адил нэгэн зовлон байнаа. Хайрлан дурлаж хань ижлээрээ сонгосон бүсгүйнхээ ааш авирын учрыг олох гэж зовцгооно. Өнөөдөр цэв цэлмэг, тув тунгалаг байсан тэнгэрт гэнэтхэн бараан хар үүл хуралдаж, цахилгаан цахилж аянга нижигнэн, аадар асгаран хамаг бүхнийг арчин өнгөрөхүйеэ даарч норсон сэтгэлдээ дагжин чичэрч, гэнэтхэн “юу болоод өнгөрөв өө” гэж гайхан бодох. Гэрэлт наран сацрагаа түгээн хамаг бүхнийг дулаацуулан норсон бүхнийг ээн хатааж, сэтгэл хийгээд биеийг дулаацуулах ахул тайвширч нэгэнтээ мушилзан инээх. Тэртээд нүүгэлтээд холдсон бараан үүлсийг харангаа “сүртэй юм бэ?” хэмээн инээмсэглэнэ. Юу болоогүй юм шиг нарны ээвэр дулаахан илчинд мансууран нойрмоглох аж. Гэхдээ л тэрхүү нарны дулаахан илчинд тайвширч жаргана.

Заримдаа шиврэн орох бороонд нэвтэртлээ норсон хувцсаа хатаах гэж галын илчинд хичнээн наавч хатаж өгөхгүйн зовлон буй. Ээгээд байгаа хэрнээ норсон хувцаснаас дуслах хүйтэн дуслууд бөнжигнөн урсаж, бие болоод сэтгэлийг жиндүүлнэ. Хөгжилтэйеэ асчих галын дөлийг хичнээн ихээр гөлрөн ширтэвч, хувцас хийгээд сэтгэл хатан дулаацаж өгөхгүй сэтгэлийг минь дагжин чичрүүлэх аж. Яг энэ үед норсон сэтгэлээ зуун граммаар даруулж хатаамаар ч юм шиг санагдах үе бий. Хувцас болоод биеийг минь хатааж амжихгүй байгаа галын дөл рүү гөлрөн ширтэх харцанд, бороонд нороод даарсан болжморынх шиг арчаагүй төрх тодорно. Яагаад ч юм бэ? асгарсан борооны дуслууд ууршиж амжаагүй байхад сэтгэлээ хатаах гэж чармайх бидний горьдлого.

Их гоёмсог цэцэгсийн дунд хөгжилтэйеэ хөөцөлдөн гүйлдэх тэр мөчид гэнэтхэн чулуу таарч хөлийг нь зүсэн цус асгаруулах мөч. Би өвдөг дээрээ борхирон сууж чиний хөлнөөс асгарах цусыг долоох гэвч чи янгуулчлан чангаар орилон хашгирахад миний сэтгэл тарчилж, гэнэт зогтусдаг. Зүгээр л балмагдсандаа тэвдэж байгаа нь тэр. Чиний гар миний хүзүүгээр чанга гэгч тэврэн, би чамайгаа өргөн тэртээх уулс рүү гүйх мөчдөө сэтгэл дотроо “дахиад хэзээ ч чамтайгаа цэцэгсийн дундуур хөөцөлдөн гүйхгүй” гэж өөртөө амлан, миний хөлийг зөөлхнөөр ороон гижигдүүлэх цэцэгт талыг үзэн ядаж орхин одно. Гэхдээ л хэзээ нэгэн цагт сэтгэлийг минь гижигдэн дуудах цэцэгт нуга руу хараа билчээн сэтгэлээ аргаддаг. Тэр нугаар хичнээн баяртайгаар хөөцөлдөн гүйхийг хүсэх авч, тэр л  орчинд хөл зүсэх чулуу буй хэмээн айн ширвээтэнэ.

Хав халуун цөлд бороо нэгэнтээ асгарч хамаг бүхэн тэр дуслуудаас шим тэжээл аван дэлгэрэх шиг гайхамшигтай, аз жаргалтай мөчүүдэд хамтдаа л баймаар. Зүгээр л тэр бороон дунд чамайгаа цээжиндээ тэврэн нэвт норж зогсмоор ч юм шиг. Чамайгаа чангаар тэврэн ангасан хөрсийг дэвтээн амилуулах тэр л газар дээгүүр чанга чангаар инээлдэн гүймээр, чамайгаа газарт буулган араас нь хөөж гүйцэх гэж хамаг чадлаараа хашгиран гүймээр. Халтирч унасан зөөлхөн газар дээр чамайгаа шавартай хутган орилуулмаар, дараа нь дээрээс асгарах зөөлхөн бороон дунд хоёулаа угаагдан, чиний зөөлхөн уруулыг уруулаараа тэмтчин байж үнсмээр. Бороонд норсон сэтгэлээ аргадан байж хатаамаар. Энэ зөөлхөн борооны уянгалаг дуслууд чамд намайг, надад чамайг уусган буйг бүх бие сэтгэлээрээ мэдрэн амталмаар. Тэгээд л чамтайгаа хөтлөлцөн тэртээх алсад нумрах солонго руу гүймээр. Тэнд л бидний аз жаргал буй гэдгийг мэдэрч бие бие рүүгээ харан хамаг сайхнаар инээмсэглэмээр. Бие биедээ уусч тэртээх хол руу хамтдаа шувууд болон нисмээр. Тэнгэрийн уудам орчилд хамтдаа л байж, чиний муухай араншинг мартмаар.

Aug 01

БОРОО

By gala-admin | ЗАЛУУ НАС - ХАЙР

…Тэнгэрт хуралдсан бараан үүлсээс газарт гэнэтхэн аадар асгарах нь миний ганцаардсан сэтгэлийн нулимс шиг. Тэртээх холоос сүүмэлзэх бараа аадрын дараа тодрон харагдах нь миний сэтгэлийн тайвшрал шиг. Тэнүүн талд гэнэт солонго нумран хөвчилж хүүхдүүдийн сэтгэлийг гижигдэж хөөцөлдүүлэн тоглох нь миний тайтгарсан сэтгэлийн нулимстай инээмсэглэл шиг. Тэнд ч энд ч бүжинхэн бор туулай дэгдэн харайх нь миний тогтож ядсан сэтгэлийн сарниан шиг. Уулын голын хүчит давалгаа хамгийг урсан одох нь миний сэтгэлийн долгилсон давалгаан шиг. Уужирч нэгэнтээ амьсгаа авч ертөнцийн зовлон жаргалын харгалдааныг сэтгэлдээ эргэлдүүлэн бодлогоширох нь миний амьд яваагийн утга учир шиг. Ухаарлын учигт бодлын зүү сүвлэн амьдралын эрээн барааныг жаргалын гэрэл гэгээтэй сүлэлдүүлэн зангидах нь миний амьдралын зовлон жаргалын дэнс шиг.
Бороон дундуур бүгээн морьтой зочин уяан дээр бууж үүд сөхөн орж ирэхэд богширсон гаансны соруулдаа амьдралын утааг нэрэн суух өвгөний харц ухаарал мэт. Борооны дараа өрхөө даялан татсан бүсгүй гал дээр буцалсан цайг өндөрт өргөн сүүгээр сүлж самрах нь миний сэтгэлийн мөрөөдлийг тэнгэрт сацалж ерөөх мэт. Бодол дунд минь бөн бөн дуслах дарсных шиг чимээ бүүр холын мөрөөдөлд намайг согтоон халамцуулах мэт. “Бороо намдлаа шүү” гэж цээл хоолойгоор бүсгүй хүн уянгалуулан хэлэх нь бодлын манан дунд “Уяхан замба тивийн наран” г найран дунд эгшиглүүлэх мэт. Айлын бүсгүй аргал хормойлон орж ирж дөрвөлж дээр асган хормойгоо гүвэх нь миний сэтгэлийн дэвсэг мэт. Алагхан нүдээрээ аалигүйтэн талимаарч зүүн хатавчинд сөгдөн суух нь миний мөрөөдлийн дагина мэт. Алдарсан зүрхний цохилоонд бүсгүй заяа ганхан бүжиглэх нь амьдралын жаргалтай аялгуунд хөг нэмэн дуурсах мэт.
Цонхны шилэнд духаа нааж борооны үсчих дуслуудыг харан зогсох нь миний сэтгэлийн шаналалын илэрхийлэл лугаа. Цохлоод ирсэн үйлийн үрийг эр зоригоороо туулж давах нь миний л сонгосон тавилан лугаа. Цохилох зүрхнийхээ чанадад бүсгүй чамайг аргадан сөхөрч гарыг тань зөөлхөн илбэх нь миний л дурлалын  илчлэл лугаа. Цовоо цойлгон инээдэн дунд тань сэтгэлдээ уярч хайрлан өхөөрдөх нь миний хайрын асч бадамласан хайрын гэрэл лугаа. “Би чамд чин зүрхнээсээ хайртай” гэж хэлэхийг хүсч түмэн зовлон, мянган бэрхшээлийг даван байж чиний өмнө сөгдөн хуруунд тань хуримын бөгж зүүлгэхийг хүсэх лугаа. “Бидний амьдрал болно доо болно” гэж өөрийн чинээндээ хүртэл  хийж чадах бүхнээ хийх эрмэлзлэл лугаа. Бид бие биенээ чин зүрхнээсээ хайрлавал энэ тэнгэрт бараан үүлс хуралдаж , тэндээс аадар асгарч, тэрний дараа наран мандаж солонго татаж байвч “бидэн хоёр огтоос ажрахгүй” гэх итгэл лугаа.
БОРОО ЗӨӨЛХӨН ДУСАЛНА,БОДЛЫН МИНЬ ХИРИЙГ УРСГАЛДАА ХАМАН УРСАНА.  ЗҮГЭЭР Л БИД БИЕ БИЕНДЭЭ ЧИН СЭТГЭЛЭЭСЭЭ ДУРЛАЖ, ЗҮРХ СЭТГЭЛЭЭСЭЭ ХАЙРЛАЖ  БАЙВАЛ БУСАД НЬ ЯМАР ХАМАА БАЙНА ГЭЖ?
Jul 20

ХАЙРЫН АРГАМЖАА

By gala-admin | ЗАЛУУ НАС - ХАЙР

Хүмүүс дурласан цэцгээ газраас тасдан авч үнэрлэдэг бол, хайрласан цэцгээ тасдаж авч зүрхлэлгүй газар сөгдөн суугаад гараараа зөөлхөн илбэн тонгойж, сэтгэлийнхээ гүнээс таашаан байж үнэрлэдэг юм гэнэ билээ. Сэтгэлд тэмтрэгдэх хайр, хүний бүх л эрхтэнүүдийн үйлдлийг өөрт нь мэдрүүлэлгүйгээр удирдан захирдаг юм гэдэг.  Харц тулгарах төдийд өөр тийшээ гэнэгүйхэн харах хэрнээ, эргээд харахад мөргөлдөх хайр шингэсэн харц, салхины аясаар намирах үсийг нь шанхан тус газар тогтоон зөөлхөн илбэх гар, халуун юманд хүрэх гэж буй мэт болгоомжтойхноор биед нь шүргэх төдийд ичиж улайх царай,  юуг ч юм бэ ярих гэж хичээн будилахдаа энхрий ялдамханаар инээмсэглэх төрх бүхэн хайрын хүлэг. Холдоод явсан хэрнээ эргэж харан хоргодох сэтгэл, зүрх сэтгэлд минь эргэцэн үүрсэх хүлэг морь шиг хайр, дууг тань сэтгэлдээ аялгуу болгон бүүвэйлж түүндээ уяран инээмсэглэх баясал, өөрийнхөө хайрыг чиний хайртай хамтад сүлэн дээш өргөж самрах дэвэрсэн мөрөөдөл, газарт ургасан гоёмсог цэцэгсийг ганцхан чамд баглаа болгон өргөх хүсэл бүхэн хайрын амьсгал.
 Хайрын хүлгийг мөч болгонд хайраар аргамжиж чадахгүй юм бол аргамжаа нь алдуурч тэртээ холд хулжиж оддог юм гэнэ билээ. Хулжиж холын холд одсон хайрын хүлгийг эргүүлж тогтооход амаргүй гэдэг. Хүнийх болсон хойно нь мянгантаа арилжаа яриад ч наймаа тохирдоггүй юм гэсэн. Хайрын гоёмсог цэцэгсийг өдөр болгон хайрын үгсээр услахгүй юм бол гандаж гунддаг юм гэнэ билээ. Гундсан цэцэгсийг нулимсаараа хичнээн услаад ч сайхан дэлбээ нь дахин гоёмсгоороо дэлгэрдэггүй гэдэг. Хөрсийг нь сольж дахин дэлбээлүүлснийх нь дараа харамслаараа бордоод ч чамайг баярлуулдаггүй юм гэсэн. Хайрын сайхан аялгууг өдөр болгон эгшиглүүлэн дуулахгүй юм бол хуучирч мартагддаг юм гэнэ билээ. Нэгэнт мартагдсан аялгууг дахин эгшиглүүлж  дуурсган түүний сэтгэлийг уяраах  амаргүй гэдэг. Сөөнгө хоолойгоор хичнээн бархиравч түүний сэтгэл дэх хайрын утсыг дахин хөглөж чаддаггүй гэсэн.
Чин зүрхний хайр гэдэг энэ амьдралд олддог гайхамшигт бэлэг. Олдохгүй ч байж болох гаслан. Түүнийг олбол алдаж болдоггүй хувь заяа. Мөнгөөр биш мөн чанараараа, өнгөөр биш зүрх сэтгэлээрээ, ашгаар биш мэдрэмжээрээ бусдад дурлаж хайрлах гэдэг юутай сайхан. Амьдралын хамгийн хэцүү мөчид зүрх сэтгэлээрээ холбогдон хамтдаа зүтгэх гэдэг, амьдралын хамгийн зовлонтой мөчид бие биенийхээ нулимсыг гараараа арчин цээжиндээ тэврэх гэдэг, амьдралын хамгийн аз жаргалтай мөчид бие биенийхээ мөрийг түшин аз жаргалтайгаар инээлдэх гэдэг ямар сайхан гээч. Ганцаардаж шаналах мөч бүхэнд “хайрлах хүнтэй байна” гэдэг сэтгэлийн ямархан их түшиг байдгийг мэдрэх ямар сайхан гээч. Зүгээр л энэ богинохон амьдралд хэн нэгнийг зүрх сэтгэлээсээ хайрлаж  хайрын нууранд хамтдаа хөвж, хайрын тэнгэрт хамтдаа нисч, хайрын ертөнцөд хамтдаа үүр цайлгаж, гар гараасаа хөтлөлцөн нүүр нүүр рүүгээ харан инээмсэглэж, хар хор атаархал муу бүхнийг итгэлээрээ давж, авсанд орсон нэгнийхээ шарил дээр хайраа шингээсэн цэцэгсийн баглааг зөөлхөн тавьж, харууслын нулимстай гэвч бардамхан инээмсэглэх мөч ямархан сайхан гээч. ХАЙРЫН ОМГОЛОН ХҮЛГИЙГ ГАГЦ ХАЙРААР АРГАМЖИН ТОГТООДОГ ГЭНЭ БИЛЭЭ. САЙХАН ХАЙРЫГ ОЛБОЛ АЛДАЖ БОЛДОГГҮЙ ГЭНЭ БИЛЭЭ.
                                          Хайрын аргамжаа
Сэтгэлийн минь уяаг тасчин хулжих
Хайрыг тань хайраараа аргамжья
Сэхүүн бардам омголон занг тань
Хайрын дуугаараа уяраан аргадья
                          Амраг чамдаа хайртай гэдгээ
                          Атгахан зүрхэндээ аргамжин байж хэлье
Цэцэгсийн гоёмсог дэлбээ шиг
Хайрыг тань хайраараа услая
Цэвэрхэн гоо үзэсгэлэнг тань
Хайрын орчлонд магтан дуулья
                           Амраг чамдаа хайртай гэдгээ
                           Атгахан зүрхэндээ аргамжин байж хэлье
Сайхан хайр гэдэг ховорхон заяа
Гар гараасаа хөтлөлцөн хамтдаа туулья
Сар нарны сүлэлдэх орчлонд
Ганцхан чамдаа хайртай гэдгээ хэлье
                              Амраг чамдаа хайртай гэдгээ
                              Атгахан зүрхэндээ аргамжин байж хэлье
Jan 10

АМЬДРАЛ ГЭДЭГ ЧИНЬ ИХ ЭНГИЙН ЗҮЙЛ

By gala-admin | ЗАЛУУ НАС - ХАЙР

Хүмүүс заримдаа яг одоо байгаа амьдралдаа сэтгэл дундуур байдаг. Тэр үедээ “Амьдрал гэдэг чинь шал утгагүй зүйл байна”, “Амьдрал шал новшийн байна”, “Амьдралаас уйдаж залхаж байна” гэхчилэн эгээ л бусдад туниж гомдож байгаа мэт аашлах. Өөрийнхөө төлөө санаа тавьж, өөрийн хувь заяа, элдэв асуудлаа өөрөө шийдэж байж учиртай зарим хүмүүс бусдын төлөө амьдарч байгаа мэтээр гомдоллох нь бий. Өөрийнх нь амьдралд хааяадаа тулгарах бэрхшээлтэй асуудлыг өөрөө шийдэж чадахгүй болохоороо бусдаас бурууг нь хайж, “илчилж олж” бусдад гомдон, бас хонзогнож явдаг хүмүүс бишгүй л бий.

АЗ ЖАРГАЛЫН ТУХАЙ ЕРИЙН Л ОЙЛГОЛТ

Хүмүүс бид амьдралын сайн сайхны тухай ойлголтоо АЗ ЖАРГАЛ хэмээх хэллэгээр илэрхийлдэг. Тийм болохоороо баяр болгоноор бие биедээ “аз жаргал”-ыг ерөөнө. Гэхдээ аз жаргалын тухай хүн болгоны ойлголт, хэмжүүр нь өөр өөр.

-Зарим хүмүүс их мөнгөтэй байхыгаа аз жаргал хэмээн төсөөлдөг. Мэдээж бидний амьдрахуйн хэрэгцээгээ хангахад мөнгө хэрэгтэй л дээ. Гэхдээ өдөр болгон, цаг мөч тутам зөвхөн мөнгөний тухай л бодож, сайн муу ямар ч аргаар хамаагүй их мөнгө олох тухай эргэцүүлж байгаа хүнийг аз жаргалтай байна гэж би л лав бодохгүй. Их мөнгөтэй болсон хэрнээ түүнийгээ хэрэгтэй зүйлд биш, бусдад гайхуулж атаа хорслыг нь дэврээх гэж утга учиргүй зарцуулж байгаа хүмүүс аз жаргалтай харагддаггүй.

-Зарим хүмүүс эрх мэдэлтэй “том дарга” байхыгаа аз жаргал хэмээн төсөөлдөг. Эрх мэдэл хүнд шийдвэр гаргах боломж олгодог хэдий ч, ард нь “хариуцлага” хэмээх том хилэнц буй. Шийдвэр гаргахдаа зөвхөн өөрийн болон тойрон хүрээлэгчдийнхээ эрх ашигт таацуулан, олон нийтийн эрх ашгийг хохироож байх аваас хэзээ нэгэн цагт хилэнцээ үүрэх л болно. Өчүүхэн, цаг зуурын эрх мэдэлдээ хүлэгдэн, зусардагсадаа мөнхийн юм шиг санаж, өөрийгөө аугаа ихэд өргөмжилсөн яравгар царайнаас аз жаргал гэрэлтдэггүй.

-Зарим хүмүүс олон хүүхэдтэй болж, сайхан гэр бүлтэй байхыгаа аз жаргал хэмээн төсөөлдөг. “Орон дээр гараад эцэг болох амархан ч, орноосоо буугаад аав болох хэцүү” хэмээх хошин хэллэгээр хүүхдүүддээ анхаарал тавьж тэднийг зөв хүмүүжүүлж чадахгүй бол хожим нь үр хүүхдүүдийнхээ сайн ач тусыг хүртэж чадахгүй. Ямагт ханиа ойлгож, чин сэтгэлээсээ хайрлаж, халамжилж чадахгүй бол, бусдын өмнө хичнээн хичээж үнсэлцэж, сугадалцаад ч аз жаргалтай мэт харагдахгүй.

-Тэгээд аз жаргал гэдэг чинь юу юм бэ? гэж үү? Маш энгийн бөгөөд товчоор илэрхийлбэл АЗ ЖАРГАЛ гэдэг бол СЭТГЭЛ ХАНАМЖ юм. Хүн болгон эхээс төрөхдөө нэгэн хэвээр цутгагдаж төрдөггүйн адил тэр хүний хувь тавилан нь огт өөр өөр. Харин өөрт оногдсон тавилангаа хэрхэн авч явах нь таны ухаан, хичээл зүтгэлээс л хамаардаг. Хэн нэгнээс, өрөөл бусдаас биш шүү дээ. Хэрвээ та өөрөө хичээж зүтгээд тэр хэмжээндээ хийж бүтээж, бий болгож байгаа бүхэндээ сэтгэл хангалуун байж чадах аваас аз жаргал өөрөө тан дээр хүрч ирнэ. Түүнээс биш хүн болгон энэ дэлхийн хамгийн баян хүн болох гэж мөрөөдөөд, бүгдээрээ хаан эсвэл Ерөнхийлэгч болох гэж хүсээд, нөгөө бол зөвхөн мисс бүсгүйтэй гэрлээд олны газар гунхалзтал дагуулж бусдын харцыг “Соронз” мэт татаж явах гэж хичээгээд, “санасан болгоноо бүтээж, сарвайсан болгоноо авах” гэж зүтгээд байх ахул жаргал биш зовлон болж хувирдаг. Түүнийг л манай ухаант өвөг дээдсүүд “Даахгүй нохой булуу хураана” хэмээн зүйрлэсэн байдаг юм.

ЗОВЛОНГ ХҮМҮҮС БИД Л ӨӨРИЙН СЭТГЭЛДЭЭ БИЙ БОЛГОДОГ

Амьдралдаа арчаагүй байж бусдаас дорд орох тусмаа, өрөөл бусдыг “өөр шигээ байгаасай” гэж хүсэх тэнэг мунхаглалаас өөрийн зовлонгоо үүсгэдэг. Тэр зовлонгууд сэтгэлд таны хуралдах хэрээр таны царай аз жаргалгүй болж ямагт бухимдан цухалдаж, амьдралыг хар бараан өнгөөр харж эхэлнэ. Бас ядарч туйлддаг. Бид өөрсдийн сэтгэлдээ хураадаг зөндөө олон ЗОВЛОН бий.

-ХЯЗГААРГҮЙ ШУНАЛ:
“Шунал ихэдвэл шулам болно” гэдэг хэллэгээр өнөө цагт зөвхөн мөнгөний төлөө улайрч, юу ч хийхээс буцахгүй болсон олон танил хүмүүсийн царай нь шулам мэт харагдаж байгааг анзаарсан уу? Хүн эрдэм чадал, авьяас билэг, хичээл зүтгэлгүйгээр их мөнгө олох боломжгүй. Өөрийгөө зовоохгүй их мөнгө олох арга нь хулгай хийх, луйвардах, биеэ үнэлэх зам л байдаг. Өдгөө Монголд минь маш олон хүмүүс өөрийн шударга хөдөлмөрөөр бус биеэ үнэлж, бусдыг луйвардаж, улстөрийн эрх мэдлийг ашиглан олон нийтийн баялгийг хулгайлж, завшин баяжиж байгаа. Тийм хүмүүс гадна өнгөндөө мунхаглан баярхавч дотор сэтгэлдээ ямагт айдастай явдаг. “Бусдад баригдчих вий, бусдад мэдэгдчих вий” хэмээх сэтгэлийн их айдас тэднийг шөнө өдөргүй зовлонд автуулж байдаг. Завшиж олсон мөнгөө “бусдад алдахгүй юм сан” гэх зовлон нь тэднийг шөнө ч амар тайван унтуулахгүй. Өөрийгөө зовоохгүй их мөнгө олох хүсэл болгон нь хүмүүсийг хязгааргүй зовлонд унагасаар л байх болно.

-МУНХАГ ТАЧААЛ:
Бүсгүй хүний гоо сайхныг бахдан харахдаа “ямар сайхан бүсгүй вэ?” гэж бахдан бодохын оронд “үүнтэй нэг унтаж үзэх юм сан” гэж бодох дор зовлонгийн эхлэл ирнэ. Хүний дотоод сэтгэлийг мэдэрч хайрлахаас илүүтай адгууслаг хүсэл тачаалаа гүйцэлдүүлэх мунхаг хүсэл болгон нь гэр бүлийн болоод албан тушаалын, бас гудамжны хүчирхийллийг бий болгож байгаа. Хэн нэгэнд мөнгө өгөөд, хэн нэгнээс мөнгө аваад үйлдэж байгаа бэлгийн харьцаа болгон нь хүмүүст таашаал өгдөггүй. Мөнгөөр бүх зүйлийг худалдаж авч, бас шийдэж болдог гэж сэтгэдэг хүмүүст чин сэтгэлийн хайр гэж огт үгүй. Өөрийн сэтгэлгээгээ ингэж гаргуунд гаргасан хүмүүст хайраар сүлсэн сэтгэлийн таашаал хэзээ ч эргэж ирэхгүй. Дур хүслээ барьж дийлэхгүй мунхаг тачаал болгон нь хүмүүсийн сэтгэлийг ямагт зовлонд унагаж байдаг. Зовлон нь дуусахгүйгээр барахгүй ямагт үргэлжилсээр байх болно.

-УУР ХИЛЭН:
Гудамжинд түгжирч зогсоо машиныхаа цонхоор мянгантаа харааж хашгичаад ч түгжрэлээс гарахгүй. Чамаас хамаараагүй түгжрэл нь чиний уур бухимдлын ачаар арилахгүй. Нэгэнт машинаа хаяад явганаар явж зорьсон газраа хүрэхгүйгээс хойш санаа бодлоо тайвшруулж, дараа дараагийнхаа ажлыг зохицуулахаас өөр сонголт үгүй. Нударгаар, хүчирхийллээр, дарамтаар хэзээ ч асуудлыг сайнаар шийдэж байгаагүй. Амьдралд бидэнд учрах ийм жишээнүүд зөндөө. Заримдаа бусдаас хамааралтайгаас болоод шийдэгдэхээс хойшилж байгаа асуудлын төлөө хичнээн бухимдаад ч нэмэргүй, хүлээх хэрэгтэй болдог. Ямар нэгэн асуудлаас болж хоорондоо муудалцаж байгаа хоёр хүний хэн нэг нь хэзээ ч ялагч болдоггүй. Хэн чанга хашгирсан нь илүү зовж зүдэрнэ. Уур хилэн биеийг зовоох төдийгүй сэтгэлийн их зовлонг авч ирдэг. Заримдаа ингэж уурлаж бухимдсаныхаа төлөө дараа нь хичнээн харамсаад ч тэр болгоныг эргүүлж авахаас өнгөрсөн байдаг. Уур хилэн, уцаар бухимдал болгон хүмүүсийн сэтгэлд хуримтлагддаг зовлон шаналал. Хичнээн их бухимдах тусам чиний сэтгэлд хуримтлагдах зовлон төдийчинээн ихэснэ.

-АТААРХАЛ:
Өөрөөс нь илүү мундаг сайн яваа дотно нэгний тухай сонсохдоо “За даа тэр ч багадаа олиггүй хүүхэд байсан юм даа” гэж хэлж байгаа нь зовлонгийн эхлэл. Өнөө цагийн хөгжил дэвшлийг өнгөрсөн цагийн муу дурсамжиндаа “хүлж” байхдаа л хүмүүс сэтгэлдээ атаархлын зовлонг бий болгодог. Өөрөө хичээхгүй атлаа өрөөл бусдын хичээж зүтгээд бий болгосон амжилтыг нулимж, бусдад муулж суухдаа, элдэв өө шалтгийг нь олж хов жив хутгаж байхдаа л хүмүүс хүн чанараа алдаж эхэлнэ. Хэн нэгний өмсөж зүүсэн, эдэлж хэрэглэж байгаа бүхнийг харахдаа “Яанаа, би ийм болох сон” гэж хорсохдоо өөрийгөө төдийгүй өрөөл бусдыг зовоож эхэлдэг цөөн бус хүмүүс ч бий. Ханилж байгаа ханиа “урагшгүй муу” гаар нь дуудна, үр хүүхдүүдийнхээ “арчаагүй дорой” г сануулна, найз нөхдийнхөө “хүн чанаргүй, итгэлгүй” г гайхна. Атаархлаас үүдэлтэй зовлон зөвхөн өөртөө биш өрөөл бусдад давхар зовлон авчирдагт л хамаг гай нь байгаа юм. Тийм зовлон олон хүмүүсийг хамарч тэднийг бухимдуулан ядраадаг.

-ХОРСОЛ ХОНЗОН:
Хүмүүсийн харилцаанд элдэв асуудлууд учирдаг. Алба болон амины асуудлаас болж өөр хоорондоо муудалцах тохиолдол зөндөө. Муудалцахдаа бие биенээ давж гарах гэсэндээ хашгирч байгаа хорон муу үгс нөгөөгийнхөө сэтгэлийг шархлуулдаг. Ихэвчлэн “чи муу … тийм ш дээ” гэсэн тодотгол нь нэгэн цагт бие биедээ итгэж ярьсан яриа байх нь олонтой. Хэрүүл маргаанд хэзээ ч ялагч байдаггүй, учирлаж ярьсан ярианд л ойлголцол байдаг. Уурандаа хашгирч хэлсэн үгэндээ ойлголцохоосоо илүүтэй хонзон санаж явах хүмүүс цөөнгүй. “За яахав, чиний сайн явахыг чинь үзнээ” хэмээн хонзогоносон хорсол сэтгэлийн их зовлонг авчирдаг. Тэр хүнийхээ үйлдэл алхаа гишгээ бүрийг мөрдөж, алдаа гаргахыг нь отон хүлээнэ. Алдсан алдаагаар нь тавлан доромжилно.Таньдаг дотно найз нөхдөд нь элдвээр муучилж ярина. Дотно байсан хүнээсээ мууг нь олж илрүүлэх гэсэн зовлон нь эргээд өөрийг нь мунхаг мэт харагдуулж байгааг ч анзаарахгүй. Ийм зовлон хүний сэтгэлийн багтаамж нь бага байх тусмаа олон жил үргэлжилдэг.Ийм хорсол хонзон хичнээн олон жил сэтгэлд нь орших тусам, тэр хүн өөрөө төдийчинээн зовлонг сэтгэлдээ хураасаар байх болно.

-ИТГЭЛ АЛДАХ:
Маш олон хүмүүсийн харилцаа итгэл дээр тогтдог. Хамгийн дотно найз нь хамаг зовлонгоо тоочиж ирээд зээлж авсан мөнгөө буцааж өгөхгүй удах дор зовлон эхэлнэ. Амалсан хугацаандаа авчраад өгчих болов уу? гэсэн итгэл цаг хугацааны урсгалд бүдгэрэх тусам хайрлаж итгэж байсан итгэлийн орон зайг зовлон эзэлдэг. Эцэст нь өөрөө түүнээс мөнгө зээлсэн юм шиг арчаагүй байдалд орох үед нь “Чи яасан сүртэй юм бэ? өгч л таараа шүү дээ” гэж ширэв татах дор сэтгэлийн нандин холбоос нь ор мөргүй тасарч, итгэлийн гал бөхдөг. “Дахиад хүнд мөнгө зээлэх юм уу, туслахгүй юм шүү” гэх хорсолтой бодол сэтгэлд зовлон болон хургана. Хайр, нөхөрлөл, ажил хэргийн холбоо, хамтын ажиллагаанд ийм жишээ зөндөө.” Дахиад хэзээ ч уухгүй дээ” гэж амалчихаад маргааш нь согтуу ирэх дор амьдрал нь зовлон болон хувирч, бусдад ч итгэх итгэлээ алдаж гээнэ. Тэр болгон нь бусдад итгэхгүй байх, туслахгүй байхын зовлонд учруулж ганцаардмал, дорой болгох нь бий. Амьдралыг зовлон болгон хувиргадаг нийтлэг тохиолдол нь итгэл алдалт юм. Итгэлээ алдсан хүний нуруу нь бөхийж, нүднийх нь гал бүүдгэрэх дор зовлон нуруун дээр нь дарсан юм шиг харагдах.

-МУНХАГЛАЛ:
Сүүлийн үед ном унших хүмүүс цөөрчээ. Тэр байтугай “ном унших дургүй” гэдгээ олон нийтийн өмнө бахархалтай мэдэгдэх хүмүүс ч бишгүй бий болж. Хүн эрдэм мэдлэгээс эрч хүч, ухаарал авдаг. Харин эрдэм мэдлэгийг бас ухаарлыг номноос авдаг. Эрдэм мэдлэггүй хүмүүс олшрох хэрээр энгийн хүмүүсийн хувьд мунхаглалыг тэвчих зовлон учирдаг. Мэдлэг чадвараар биш мөнгөөр бүхнийг шийдэж болдог гэдгийг, заавал авьяасаар биш хөөцөлдлөгөөр “од” болж болдог гэдгийг, хичээл зүтгэлээр бус арга залиар баяжиж болдог гэдгийг мунхагчууд бидэнд тулгаж байна. Эрээ цээрээгээ алдсан, бүдүүлэг мунхаг хүмүүсийн дэргэд байх гэдэг зовлон. Хүн мунхаг байх тусмаа бусдад баярхаж гайхуулах, өөрийгөө магтан дөвийлгэх нь ихэсдэг. Огт ичдэггүй хүмүүсийн өмнөөс ичих гэдэг зовлон. Юм мэддэгүйгээсээ ичдэг хүн байхад, юм мэддэггүйгээрээ гайхуулдаг хүмүүс олон болох нь зовлон. Заримдаа ийм байдлын өмнөөс юу чхийж чадахгүй байх гэдэг л хамгийн хэцүү зовлон. Энэ зовлонд л монголчууд бид нийтээрээ орох гээд байна даа. Жаахан эрүүл ухаанаар эргэцүүлэхгүй бол?

*АМЬДРАЛ ГЭДЭГ ЧИНЬ ИХ ЭНГИЙН ЮМ ШҮҮ ДЭЭ
Казакстаны нэгэн найруулагчийн бүтээсэн кинонд “Хүн болгоны толгой дээр нэг аяга байдаг юм. Хүн муу зүйл хийх тоолонд тэр аяганд дусал дуслаар хор орж байдаг. Тэр аяга дүүрэх цагт хүний амьдрал төгсдөг юм даа” гэж хэлсэн байсан. Хүн болгон өөр өөрийн хувь тавилантай. Заавал бусадтай адилхан байх албагүй. Бидэнд нийтлэг адил зүйл байгаа нь:

-Бид хүн болж төрснийхээ хувьд эсрэг хүйстэндээ дурлаж, хамтдаа гэр бүл болж, өөрсдийн удам болох үр хүүхдээ төрүүлж, сайнаар өсгөж хүмүүжүүлэх үүрэг юм.
-Бид нэгэнт өөрсдийн амьдралын хэрэгцээгээ хангахын тулд ямар нэгэн хөдөлмөр хийж, түүний хөлс болох мөнгөөр хэрэгтэй зүйлсээ худалдан авдаг.
-Бидний амьдралд сайн муу элдэв зүйлс тохиолдоно. Таны өмнө тулгарсан тэр асуудлаа буруу ч бай, зөв ч бай шийдвэр гарган шийдэж, уг шийдвэрийнхээ сайн муу үр дагаврыг өөрөө л үүрч байх тавилан.

Тэгэхээр, ХҮН ӨӨРИЙН ДУРТАЙ АЖЛАА ХИЙЖ, ТЭР АЖЛЫНХАА ХӨЛСӨӨР АМЬДРАЛАА АВЧ ЯВЖ, АЖЛАА ТАРААД ГЭР РҮҮ ГЭЭ ЯАРАН ЯВДАГ болоход л АЗ ЖАРГАЛ мэдрэгддэг. Заавал өөрөөсөө хэтийдсэн зүйлээ олох гэж, хийх гэж зовж шаналж яана. Амьдралд өмнөө тавьсан зорилгодоо хүрэхийн тулд уйгагүй зүтгэж, шаналж, зовж байж олж авсан бүхэн амттай төдийгүй бахархал болон үлддэг. Сайтар бодож тунгааж, хийж бүтээж байгаа бүхэндээ сэтгэл хангалуун байх аваас амьдрал чамд “дэндүү сайхан” санагдах болно. Өнөөдрийн танд байгаа бүхэн маргааш илүү сайхан болно гэдэг итгэл хүмүүсийг урагш хөтөлж явдаг. Бас өөртөө итгэлтэй болгодог. Тийм болохоор л дэлхий 365 хоногт тэнхлэгээ эргэх дор нэг нас нэмж, шинэ жилээ тэмдэглэдэг юм даа. Нэгэн эргэлтэд “өөрийнхөө тухай эргэцүүлэн бодож бай” хэмээн сануулдаг юм. АМЬДРАЛ САЙХАН ШҮҮ ДЭЭ. Тэр тусмаа өөрийнхөөрөө амьдрах гэдэг бүр ч сайхан. Яг л өвлийн хүйтэн орчинд сэнгэнэх цэвэр агаар шиг.

1 2 3 6