Menu
Assign a 'primary' menu

Category Archives for "ЗАЛУУ НАС – ХАЙР"

Jan 04

Өрөвдүүлж амьдрахаар атаархуулж бас бахархуулж амьдар

By gala-admin | ЗАЛУУ НАС - ХАЙР

Шинэ он гарлаа. Сэтгэл догдлон хүлээж байсан шинэ оноо гарахаар хүн болгон л нэг зүйлийг боддог. “Ирж буй шинэ онд миний амьдрал ямар байх бол?” гэж. Хэдийгээр хүн болгонд бодож санаж, төлөвлөж байгаа олон зүйл байдаг хэдий ч тухайн хүнээс өөрөөс нь шалтгаалахгүйгээр санаанд оромгүй олон учрал тохиолддог болохоор амьдрал сонирхолтой, бас оньсого мэт тааврыг дагуулна. Жилийн дараа яг өдийд улирч буй оны талаар эрэгцүүлж, ирж буй шинэ оны талаар таавар мэт олон бодлыг хэлхэх аж.

Бусдаар ӨРӨВДҮҮЛЭХ хүсэл

Балчир хүүхэд биднээр өрөвдүүлэх гэж уйлдаг. “Эвий миний хүү, яачихсан юм бэ? Ээж нь тоохгүй байна уу? Алив нааш ир” гэж хошуу цорвойн аргадах дор уйлж байсан хүүхэд тайвшран, нулимстай хэрнээ инээд алдсан төрхөөрөө бидэн рүү тэмүүлнэ.

Сэтгэлд нь сүү ивэлсэн эхийн аргадалтад тэд тайвширч эрхлэн жаргана. Аргадах аашлах, өрөвдөж энхрийлэхийг тэд андахгүй, зөнгөөрөө мэдэрдэг.

…”Чи яагаад намайг өрөвдөж хайрладаггүй юм бэ? Чамгүй бол би чинь өрөвдмөөр дорой амьтан шүү дээ?” Бие биедээ хайртай хосууд нэгэндээ гомдож тунихаараа, муудалцаж эвлэрэхээрээ ийн өгүүлдэг. Зөвхөн “хайртай” гэж нэгнээрээ хэлүүлэхийн тулд эрхлэх, зөрүүдлэхийн хязгаар дунд маргалдаж зөрчилдөх нь элбэг. Хамтдаа босгож буй амьдрал дундаа “хайр” -аа нотлохын тулд бие биенээсээ илүү их  хамааралтай болохын хэрээр, аажим аажимдаа маргалдаж муудалцах шалтаг нь олон болох. Тэр нэгэн хугацаанд зөвхөн “чи минийх болохоор би чинийх” гэх хандлага нь хожмын нэгэн цагт бүх л зүйл нь хэн нэгнээсээ хамааралтай болох дор “арчаагүй, дорой” мэт санагдах үе ирдэг. Хайрандаа мансуурах хоромд ч, хамтдаа бүхнийг босгох үед ч бие биенээсээ заавал хамаарахгүйгээр өөрөө өөрийгөө хэзээ ч хэдийд ч, хаана ч  авч явж чадах “баталгаа” нь илүү бат бөх амьдралыг бий болгодог. Харин тэд нэг л зүйлийг, “хайраас илүүтэй, бие биенээсээ хамааралгүйгээр өөрийгөө авч явах чадвар амьдралд заавал хэрэг болдог” гэдгийг анзаардаггүй.

…”Та нар намайг өрөвдөж тусалсангүй. Би чинь арчаагүй дорой хүн шүү дээ.”  Хэн нэгэн залуу, аав ээж  болон ах дүүдээ гомдоллон ийн өгүүлэх нь зөндөө. Хар бага наснаасаа л өөртөө итгэлгүй өөрийгөө “бусдаас дутуу, дорой” гэх сэтгэлгээндээ дассан олон залуус энэ байдалдаа эвлэрэн , хэн нэгний тусламж дэмжлэгээр л амьдрах учиртай гэдэгтээ хүртэл итгэдэг. Аав ээж нь , ах дүүд нь түүний тухай ”Яахав дээ хөөрхий ядарсан амьтан. Та нар л харж хандаж тусалж дэмжиж байх хэрэгтэй” хэмээн өрөвдүүлэн захина. Гэм хоргүй хэрнээ амьдралын ямарч зорилго тэмүүлэлгүй, ажил хөдөлмөр тэгтлээ хийхгүй хэрнээ өдөр хоногийг өөрийнхөөрөө л өнгөрөөх, бусдад гай болохгүй хэрнээ бусдын тусламж дэмжлэгээр л амьдардаг олон олон залуусыг бид өөрсдөө бий болгодог. Ах дүүсийг нь байнга “шахаж шаардах” аав ээжээсээ “хойш” түүний бусдад гомдох гомдол, цөхрөл нь ихэсдэг. Харин тэрээр нэг л зүйлийг, түүнийг заавал “өрөвдөн туслах” учиртай ах дүүс нь өөр өөрсдийн гэсэн “хувийн амьдралтай” , олон асуудалтай гэдгийг сайн ойлгодоггүй,

,,,”Энэ амьдралын төлөө зүтгэж байгаа намайг та нар өрөвдөж хайрласангүй. Би л ганцаараа зовж зүдэрч байна”. Архи уун согтож гэртээ ирээд “шогтож” ийн аашлах залуус зөндөө.  Үүрэх ёстой амьдралын ачаагаа үүрч даахгүйн зовлон, өрөөл бусадтай барьцан дутуу байхын зовлон, байгаа байдалдаа сэтгэл ханахгүй шаналахын зовлон олон залуусыг өөрийгөө өрөвдөн архи ууж бусдаар өрөвдүүлэхийн тулд “агсам” тавих шалтаг нь болдог. “Эрүүлийн бодол согтуудаа”, “Уух хүнд шалтаг мундахгүй”, “Даахгүй нохой булуу хураана” гэдэгчлэн  ууж согтохоороо л бусдад “зовлонгоо тоочин” өрөвдүүлэхээс, эрүүлдээ тэгтлээ тэгтлээ санаа тавьж, бодлоо хуваалцахгүй. Ядаж байхад баяр болгоныг хамтаараа бултаараа нийлэн наргиж, ууж цэнгэж байгаа өнөөгийн Монголын нийгэмд нийтээрээ бие биенээ “өрөвдөн, өхөөрдөх” их аян өрнөж буй. Халамцах тусам бүх л зүйл аятай сайнаар харагддагчлан, согтох тусам өөрийнх нь зовлон тодорч харагдах аж. Харин тэд нэг л зүйлийг, энэ бол зовлон бус өөрийнх нь үүрч даах ачаа болохоор бусдад тэгтлээ хамааралгүй гэдгийг мэдэрдэггүй.
Хэн нэгэн хүн өөрөө өөрийгөө өрөвдөн, бусдаар өрөвдүүлэхийг хичээж байгаа бол энэ нь түүний сул дорой байдлын илрэл. Амьдралд  ч, ажилд ч олон зүйл нь бусдаас хамааралтай болохын хэрээр хүн бухимдаж, аажим аажмаар өөртөө итгэх итгэлээ алддаг. Өөрөөс нь салаад хайртай хүн нь өөрийгөө авч явж чадахгүй арчаагүй байдалд орно гэж мэдрэхээрээ л хайртай хүнээ “дарамтлан зовоож” эхэлдэг муу үзэгдэл бий. Энэ ажлаасаа гараад өөр ямар ч ажил хийж чадахгүй гэж бодох дор дарга нь ажилтнаа “дарамтлан” хүссэнээрээ байлгахыг хичээдэг муу зуршил бий. Өөрт нь гомдож үглээд явавч маргааш гуйгаад л буцаад ирнэ гэдэг бодол хэн нэгний ах дүүдээ хандах хандлага нь болох нь бий. Эргэж буцах энэ л холбоос, өөрөө өөрийгөө хүссэнээрээ аваад явж чадахгүйн гачлан бүхэн, бусдаар өөрийгөө өрөвдүүлэх шалтаг нь болох нь олонтой. Бидний олон гомдол, муудалцах шалтаг, ууж уйлах шалтгаан нь бусдаар өөрийгөө өрөвдүүлэх их хүслээс л үүдэлтэй байдаг юм даа. Та үүнийг анзаарч, ухаарч байсан уу?

Бусдыг өрөвдөн хайрлаж, туслан дэмжих нэгэн цаг үе нь “хэлж ирдэггүй, хийсч ирдэг ӨВЧИН зовлон” юм. Бидний амьдралд төлөвлөөгүй болон санаандгүй учирдаг олон тохиолдлуудын нэг нь энэ.  “Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас тэвдэж явахад тэвнээр тусла”, “Зовж явахад нөхрийн чанар танигдана”, “Өргүй бол баян, өвчингүй бол жаргал” гэдэг хэллэгүүд Монголчууд бидний бие биенээ чин сэтгэлээсээ өрөвдөн хайрлаж, тусалж дэмжихийг сануулсан сургаал. Энэ бол өрөвдөж энэрэхүйн хязгаар.
АТААРХАЛ-ын тухай

Атаархлын тухай Монголчууд бид “хар” ба “цагаан” гэж ангилж байсан үе бий. Энэ цагийн өнгөнд “хар” нь ихэд сүлэлдээ юү дээ.
Хэн нэгний унаж яваа үнэтэй машин болон амьдарч буй тохилог сууцанд нь “атаархаж”, түүнээс дутахгүй гэсэндээ “өр зээл” тавиад ч болов адилхан болохыг хичээнэ. Хэн нэгэн эрдэм мэдлэгтэй болж бусдад хүндлэгдэж байгаа бол түүнээс дутахгүй гэсэндээ 2 ч дээд сургуулийн диплом “худалдаж авч” ханандаа хадан бусдад гайхуулна. Хэн нэгний хүүхэд нь чанартай сайн сургуульд суралцаж байгаа гэвэл аргалж зальдаад ч болов үнэтэй сургуульд хүүхдээ оруулж, нэрээр нь бусдад гайхуулна. Багын найз, эсвэл таньдаг нэгэн анд нь нэр төртэй сайн яваа бол баяр хүргэхийн оронд, багын сул зан, амьдралын нэгэн алдааг нь дэвэргэн бусдад муучилж хорслоо тайлна. Танил нэг нь албан тушаал эрх мэдэлтэй болсон бол түүнээс дутахгүй гэсэндээ “ар өврийн хаалга” хайж, эрх мэдэл рүү тэмүүлнэ. Адилхан болох хүсэл нь эс биелэгдэх аваас, арга заль нь мухардаж  бүтэлгүй болох аваас атаархаж байгаа нэгнээ өөртэйгээ адилхан болгохын тулд элдэв мууг хийхээс буцахгүй. Бусдад муулна,  энд тэнд элдэв муугаар бичнэ, болохгүй бол бөөлүүлнэ, ламд очиж хараал хийлгэнэ, “үйлс нь хазайж,
муу муухайтай учраасай” хэмээн “хараана”.  Монголчууд бидний цөвүүн цагийн “Тамын тогооны үлгэр” гагц “хар” атаархлаас л үүддэг. Энэ цаг дор энэ үзэгдэл нэг л биш ээ.
Харин “цагаан” атаархал гэж бий. Сайн яваа хэн нэгний тухай сонсож мэдэхдээ “Би ч бас түүнтэй адилхан хүн шүү дээ. Яагаад түүн шиг ийм мундаг болж чадахгүй гэж?” хэмээн сэтгэж, өөрийгөө ихэд хичээн зүтгэх хүмүүс олон болж байна. Тэд энэ амьдралын сайхан жишээг ямагт эрж хайдаг, бас их судалж, их уншдаг. Амьдралаас ямагт гэрэл гэгээг олж харахыг хүсдэг хүмүүс бусдад хэзээ ч муу зүйл хийдэггүй. Амжилттай сайн яваа нэгний тухай сонсох бүрдээ чин сэтгэлээсээ баярлан бахаддаг хүмүүсийн сэтгэл нь ямагт гэрэлтэж явдаг. Яг л гайхамшигтай сайхан аялгууг сонсоод уяран хайлах мэт, гайхамшигтай уран зургийг хараад бахдан дуу алдах мэт, гайхамшигтай бүтээлч хүнтэй учраад бишрэн хүндлэх мэт. Ямагт сайхан руу тэмүүлэх сэтгэл л хүнийг хөгжүүлдэг. Бусдын амжилтын тухай мэдрэхдээ өөрийн сэтгэлийн гүнд байгаа олон боломжуудыг олж нээнэ. Тэр боломжуудаа ашиглан өөрийгөө хөгжүүлж чадахдаа л өөрөөрөө бахархана. “Нээрээ би чадаж байна шүүдээ” гэж бахархахдаа өрөөл бусдыг “би чадаж байгаа юм чинь чи ч бас чадна шүү дээ” хэмээн урамшуулан дэмждэг юм. Тэр
хэрээрээ тэд хүчтэй болдог юм даа.
Хүн өөрийгөө хөгжүүлэн хүчирхэг болох боломж нь мөнгө ч биш, өнгө ч биш, эрх мэдэл ч биш, эд хөрөнгө ч биш чиний дотоод сэтгэлийн эрч хүч юм. Үүнийг их мөнгөөр бус эрдэм мэдлэг, хичээл зүтгэл, уйгагүй тэмцлээр л олж авдаг. Үүнд тань бусдын сайн үлгэр жишээнд “цагаан”-аар атаархаж, түүнтэй адил болохын тулд өөрт байгаа авьяас чадвар, сайн чанар, шавхагдашгүй боломжуудаа олж ашиглах нь илүү тус болноо. Манай алдарт тамирчин олимпийн аваргууд Түвшинбаяр, Бадар-Ууган, Гүндэгмаа, Сэрдамба  нар өнөөгийн монголын залууст “дэлхийн дэвжээ хүршгүй оргил биш, хажууд байна” гэдгийг мэдрүүлсэн. Японы сумогийн их аварга Дагвадорж, “монгол хүн ааг омог, эр зоригоороо гадаад хүмүүсээс илүү байж чадна” гэдгийг өнөөгийн Монгол залууст харуулсан. Яг одоо АНУ-ын ерөнхийлэгч Б.Обамагийн сурталчилгааны албанд ажиллаж байгаа Ч.Ганболд  болон Майкрософт, Фэйсбуук зэрэг дэлхийн алдартай компаниудад мэргэжлээрээ ажиллаж байгаа монгол залуус “монголчууд мундаг шүү” гэдгийг дэлхий нийтэд нотолж байна. Энэ бол “цагаан” атаархлаас үүдэлтэй БАХАРХАЛ юм.

Бусдаар БАХАРХУУЛЖ амьдар

Шинэ 2012 он гарлаа. Баярын хөгжил цэнгэлээсээ салж, ирээдүйн амьдралын тухай эргэцүүлж байгаа тань сайн хэрэг. Амьдрал гэдэг ямагт урагшаа хөвөрч, алтан нарны гэрэл зүүнээс мандаж баруундаа жаргадаг болохоор, хүмүүн бид жил жилээр нас нэмж ухаан тэлдэг болохоор, алгуурхан урсаж буй цаг хугацааны дунд бид харамсаж гунидаггүй болохоор дэндүү сайхан. Энэ сайхан амьдралын гэрэл гэгээг өөр өөрийнхөөрөө олж хардаг бас мэдэрдэг болохоор  хүн гэдэг гайхамшигтай. Тэгээд тэр хүн нь та өөрөө болохоор бүр ч мундаг.

Бусдаар өрөвдүүлнэ гэдэг хүч ухаан доройгийн шинж. Хэрэв та ирэх ондоо зөвхөн өнгө мөнгө болон эрх мэдлийн тухай шунахайран бодож байгаа бол хэзээ нэгэн цагт бусдаар өрөвдүүлэх цаг ирнэ. Ирэх 2012 онд Монгол Улсад минь болох улстөрийн сонгуульд одооноос улайран бэлтгэж  элдэв амлалт өгч, энд тэндхийн залуусын шоуг зохион байгуулан, элдэв арга заль сэдэж байгаа зарим нэгэн эрхмүүд нэгэн цагт биднээр өрөвдүүлэх л болно.  Дорой хүмүүс өнгө мөнгө, эрх мэдлийг эрхэм болгож, хүчтэй хүмүүс эрдэм ухаан, авьяас чадвар, хичээл зүтгэлийг  эрхэм болгодог юм.

Чиний бусдаар бахархуулж амьдрах их боломж тань таны л гарт байгаа. Хэрэв та ажил хийдэг бол чин сэтгэлээсээ илүү сайн хийгтүн. Хэрэв та сургуульд суралцдаг бол илүү ихийг сурагтун, гэхдээ жинхэнээсээ. Хэрэв та урлаг спортын авьяастай бол илүү их хичээллэгтүн. Лондоны олимп болон олон уралдаан тэмцээн өмнө чинь байгаа. Хэрэв та юу ч хийдэггүй бол ямар нэгэн юм олж хийхийг хичээ. Өөрийгөө олж нээж мэдрэх боломж тань тэнд л бий.

Хэрэв та бусдаар хайрлуулж дурлуулахыг хүсч байгаа бол бусдыг чин сэтгэлээсээ хайрла, мөнгө болон ашиг харалгүйгээр. Хэрэв бусдаар хүндлүүлэхийг хүсч байгаа бол бусдыг чин сэтгэлээсээ хүндлэ, зусардалгүйгээр. Хэрэв бусдад үнэлэгдэхийг хүсч байгаа бол маш их хөдөлмөрлө, хуурч мэхлэлгүйгээр. Хэрэв бусдын тус дэмжлэгийг авахыг хүсч байгаа бол бусдад чин сэтгэлээсээ тусла, завшаан хайлгүйгээр. Хэрэв бүгдээрээ л бага ч атугай хөгжихийг хүсч байгаа бол өөрийн бодол санаагаа бусдад ойлгуул, худал ярилгүйгээр. Ядаж л хогоо газар хаялгүйгээр, бусадтай хашгирч хэрэлдэлгүйгээр, бас харааж зүхэлгүйгээр бие биедээ үлгэрлэ. Бүх зүйл яаж өөрчлөгдөх нь бусдаас биш гагц танаас л шалтгаалдаг.

Бидний амьдралд зочлон ирсэн 2012 ондоо бусдаар ӨРӨВДҮҮЛЖ бус бусдаар АТААРХУУЛЖ бас  БАХАРХУУЛЖ амьдраарай. Монголчууд та нартаа амжилт хүсье.
Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
2012-01-04

Dec 21

Хүн хэдийд хөгширдөг вэ?

By gala-admin | ЗАЛУУ НАС - ХАЙР

-Яанаа 30 нас хүрлээ, хөгширч байна шүү?
-40 хүрлээ, хөгширсөн намайг одоо хэн ч тоох билээ?
-Үгүй ер, хөгширч үхэх гэж байж?
-Тэр нэг хөгшин царайтай юм чинь
-Хөгширч байна шүү, одоо залуу байгаа дээрээ юм юм үзэж, зугаацаж амжих хэрэгтэй

…Жил жилд төрсөн өдрийн баяраа тэмдэглэж байгаа олон хүмүүс гэнэт өөрийгөө анзаарч, сэтгэлээ зовоон шаналж эхэлнэ. Ажил амьдрал, хайр дурлал, эрх мэдэл, өнгө мөнгөний төлөөх урсгал дунд юу ч анзаарах сөхөөгүй явж байснаа, нүүрэн дэхь нэгэн үрчлээс. санчиган дахь нэгэн хярууг анзаарах дор гэнэт “хөгширч” байгаагаа анзаарна. Туулж өнгөруулсэн амьдралын нугачаанд өөртөө бий болсон сэтгэлийн их бядаа анзаарахгүй хэрнээ нүүрэнд гарч буй өөрчлөлтөө л их анзаарах аж.

Юу юунаас илүүтэй “хөгширч хэнд ч хэрэггүй” болох нь гэсэн
айдсандаа л дарагдаж эхлэх. Мөнхөд залуу явах юм шиг хөөрүү омголон насандаа, хэзээ ч “хөгшрөх” тухай бодож явсангүй болохоороо гэнэт цочирдоно. Дурлалдаа шатаж, дуу хуур, инээд баясалдаа цэнгэж явах тэр үед нь тааралдах настай хүмүүсийг мөнхөд л “хөгшин” байсан юм шиг санан “хөөрхий дөө энэ хөгшин” хэмээн өрөвдсөн хэрнээ, жаргалдаа мансууран мартаж орхисон тэр л цагийг гэнэт эргэн дурсах. Өөрсдийн өвөө эмээгээ хүртэл “төрөхөөсөө л ийм байсан” юм шиг санадаг байсан төсөөллөө эргэн нэгэн санах. Сэтгэлийн гүнд бус мухарт
хадгалагдан үлдсэн тэр л ахмад настангуудын төрх өнөө өөрт нь айсаж явааг мэдрэхдээ сэтгэлд нь айдас шаналал хургах аж.

ХҮН ХЭЗЭЭ ХӨГШИРДӨГ ЮМ БОЛ?
НАСНЫ ДОРОЙТОЛ

…Хүний бие организм маш гайхалтай бүтэц, ид шидтэй ч цаг хугацааны урсгал дор элэгдэж мууддаг. Яг л бидний унаж яваа машин, эдэлж хэрэглэж байгаа бүх юмс, өмсөж зүүж яваа хувцасны нэгэн адил. Бидний унаж яваа машин хуучрах тусмаа эвдрэл нь ихдэж, бензин тос ихээр хэрэглэж, тохь тух нь муудах хэрээр “голж” солих хэрэгтэй болдог. Туун лугаа адил хүмүүүний бие организм цаг хугацааны урсгал дунд бас элэгдэж “эмтэрнэ”. Жил жил өнгөрөх тусам нүүрэнд нь үрчлээ сууж, нүдний нь гал сүүмийж, санчиганд нь буурал хяруу бууж, шүд нь ширхэг ширхэгээр цөөрөх нь хорвоогийн жам, насны элэгдэл. Хичнээн ихээр хүсч мөрөөдөөд ч хэн ч юу ч үүнийг зогсоож үл чадна. Хурц ирмэгтэй хатуу хэрнээ үзэсгэлэнт чулуу, голын хүчит урсгал дунд аажим аажмаар элэгдэж, бөөрөнхий болон хувирдагтай агаар нэгэн адил. Энэ бол цаг хугацааны л элэгдэл. Гагц үүнийг хэн ч юу ч өөрчилж үл чадна.
Хүн болгон эхээс төрөхдөө нялхаараа байж, хүүхэд насандаа бүхний хайр өхөөрдлийг татаж, өсвөр насандаа ээж ааваа заримдаа баярлуулж, заримдаа бухимдуулж, идэр залуу насандаа өөрийгөө “тоож”, мөнхөд залуу байх юм шиг томоогүй аашилж, өтөл насандаа “ ухаан суун” томоожиж, алив зүйлд хянуур хандан, хөгшин насандаа буцаад л хүүхэд шиг “гомдомхой” хэрнээ “цагаахан” болон хувирдаг нь хорвоогийн жам гэнэм. Хүн болж төрсөн хэн боловч энэ л жамыг дагах. Баян байлаа гээд, ухаантай авьяастай байлаа гээд, бусдаас илүү гоо сайхан хөөрхөн байлаа гээд, хааяа бусдаас “зөрүүдлэн” хамаг л алдаа оноог өөр дээрээ үүрч явлаа гээд, бас “тэнэгтэж” бусдыг гомдоон цөхрөнгийг нь барж байлаа гээд ч энэ л жамыг хэн ч сөрөхгүй. Насан өндөр болсон буурай “санаа байвч сачий хүрэхгүй” тавиландаа анхандаа гутран гунивч аажим аажмаар дасч, цаг цагийн урсгал дахь хорвоогийн жамтай “эвлэрдэг”. Нэгэн цэгээс эхэлж нэгэн цэгт дуусдаг амьдрал бүхэн өөрийн тавилантай. Бас эхлэл төгсгөлтэй.
Өдгөө хажуугаар нь гарахдаа өрөвдөн хайрлах тэр өтөл буурлууд, яг л чиний залуу насан дээр чамаас ч илүү эрэмгий, тэгш сайхан мөртэй, нүүр дүүрэн баясалтай, шүд дүүрэн инээмсэглэлтэй, хажуугаар нь зөрөөд өнгөрөх хэн боловч эргэж харан шүүрс алдам сайхан залуус байсан байж болох. Тэр л үрчлээтэж нулимс гүйсэн нүүр болон харц нь залуу цагтаа ямархан булбарай энхрий арьстай нүүр, харсан бүхэн зогтусан анзаармаар тормогор хархан хэрнээ аалигүйдүү нүд байсныг хэн мэдэх. Таяг тулсан хөл нь, бөгтийж дарсан нуруу нь цагтаа ямархан гоо үзэсгэлэнгийн дээд, гунхаж сунаж алхах нь талын цэцэгсийг ханаруулам “бардам” омголон байсныг хэн үгүй гэх. Харин тэд өдгөө өөрийгөө л “тоож”, бусдыг “голон” алхах залуус та нарыг харахдаа тэртээ нэгэн цагт яг л чам шиг омголон бардам явсан залуу насаа дурсаж, алдаа онооны дэнсээ эргэн харж, чам руу өрөвдөж хайрласан харцаар хардаг юм. Ороо морь шиг омголон залуу нас, цаг хугацааны урсгал дундах их ухаан, ухаарлын өтөл насны ялгаа энд л оршдог аж.
СЭТГЭЛИЙН ДОРОЙТОЛ
…Монголчууд бид залуу насандаа суралцаж ажиллаж, хөгжиж дэвжиж, хийж бүтээж явсаар нэгэн цагт хуулийн дагуу ТЭТГЭВЭР-т гардаг. Нэг ёсондоо “та их зүйл хийжээ, одоо амарч жарган суу даа” хэмээн ТӨР нь халамжилж байгаа хэрэг юм уу даа. Харин тэр халамжинд нь хамаг учир байгаа юм. Хамаг л залуу насны ааг омог, хүч чадал, хичээл зүтгэлийнх нь хариуд, хөгширч доройтон ядрах цаг дор хоногийн хоолонд хүрэхтэй үгүйтэй “тэтгэврийн мөнгө, “эх оронч” үгтэй хөөргөн магтаал, төрийн “төмөр” шагнал болон цаасан “талархал”-аар сэтгэлийг нь аргадна. Хоосон магтаал, элдэв шагналаар ходоод болон сэтгэл  нь “цадахгүй” болохоор, залуу насны хамаг хүч хөдөлмөр зүтгэлийг нь дэндүү “хямдхан” үнэлдэг болохоор Монголын минь өндөр настангууд  нэг зутруухан бас гундуухан  аж төрцгөөнө. Залуу насандаа ДААТГАЛД төлсөн мөнгө нь  хэзээ юуны “нөхөөсөнд” шингэж одсоныг үл мэдэх болохоор өндөр хөгжилтэй орнуудын өндөр настангууд шиг “тансаглаж” үл чадна.
Юу юунаас илүү нэгэн цагт хамтдаа ажиллаж ээнэгшин дассан хамт олноос нь гэнэт хүчээр “салгаж” орхихоор нэгэн хэсэгтээ л “ хэнд ч хэрэггүй болсон” гэх бодолдоо бүдчин шаналж, энэ хэрээрээ улам л “хөгширч” орхих мэт. “Ядаж байхад яр” гэдэгчлэн үр хүүхэд ач зээ нар нь “үрчлээ суугаагүй сэтгэл”, “хөгшрөөгүй хүсэл мөрөөдөл”ийг нь мэдрэхгүй болохоор  тэдний хүссэнээр нь, хоолыг нь хийж, хүүхдийг асрахаас өөр сонголт үгүй.Өөрөө мэдээд зарцуулах мөнгөгүй, “тэтгэврийн хэд” нь “аманд ч үгүй хамарт ч үгүй” болохоор бусдын аяыг аялахаас өөр зам үгүй. Амарч “жаргах” бус хүссэнээрээ амьдрах боломжийг ойлгож дэмжих хэн ч үгүй болохоор нэг л мэдэх дор өөрийгөө “хөгшин” гэдэг нэршилтэй цагаасаа өмнө эвлэрэхээс өөр арга үгүй. Дутуу дундуур байхын зовлон, “хэнд ч хэрэггүй болсон” гэх сэтгэлийн дарамт,, хүссэнээрээ аялаж  хүсэл мөрөөдлийнхөө дутууг гүйцээж чадахгүйн шаналгаа бүхэн нэг л мэдэх дор “хөгширч үрчлээтээгүй” сэтгэлийг нь  жинхэнээр нь “хөгшрүүлж” орхих аж.
Хөөргөн ойворгон нэг биш залуус насны нар хэвийж яваа хэн нэгнийг “хөгшин төгцөг” гэж дуудаж байхыг сонсч л байсан. Насан өндөр болсон ээж аавынхаа үглэж дуулахыг төвөгшөөж, үл тоон хямсалзаж гомдоож байхыг харж л байсан. Тээж төрүүлж, тэвэрч энхрийлэн өсгөсөн ээж аавыгаа тээршаан орхиж, холын холд  нэгэн биеийн амрыг сонгон тухлахдаа “араг савраа зөрүүлэн байж, аргал чулууг андууран байж санах” сэтгэлийг мэдрэхгүй л явах нь зөндөө л байгаа. Заримдаа бид “цэл залуугаараа” сэтгэлийг нь, “үрчлээтэж амжаагүй” зүрхийг нь, “дэндүү дэврүүн” мөрөөдлийг нь анзаардаггүй. Бид биеийг нь хараад “хөгширч дээ” гэхээс сэтгэл рүү нь өнгийж ойлгож чаддаггүй, заримдаа биднээс ч “залуухан” сэтгэлийг нь мэдэрдэггүй. Зовлон мэдэхгүй “балчиртаа”, сэтгэл мэдэхгүй “томоогүйдээ”, амьдрал мэдэхгүй “тэнэгтээ” бид тэдний залуухан сэтгэлийг хөгшрөхөд нь нэмэр болж л байгаа.  “Хэрэв чи өнгөрсөн үе рүүгээ гар буугаар буудвал, ирээдүй үе чинь чам руу их буугаар буудна” гэж үг бий.  Бие хөгшрөхөөс сэтгэл хөгширдөггүй гэдгийг бид өнөө мэдэж байвал хожим бидний үр хүүхдүүд биднийг ойлгож бас мэдрэх л болно.


ЗАЛУУГААРАА ХӨГШИРӨХҮЙ

Хүний амьдралд бүх л зүйл болох ёстой цаг хугацаандаа л болно. 30 нас бол ид залуу нас. 40 нас бол амьдралд өөрийн өнгөөр цэцэглэх нас. 50 нас бол ухаан сууж тэгшрэх нас. Өндөр хөгжилтэй орны иргэд ид залуу насан дээрээ өөрийгөө хөгжүүлж, өөрийгөө таньж, бас нээж  хэнээс ч хамааралгүйгээр өөрийн амьдралаа авч явж чадах насан дээрээ гэр бүлийн амьдралаа зохиодог. Энэ нь ихэвчлэн 30-40 түүнээс ч дээш нас байх нь элбэг. Тэгэхээр монголчууд бид ийм насан дээр “тэвдэх” хэрэг юун. Бидний ийм араншинд алив зүйлийг гаднах “өнгөнөөс нь харж дүгнэдэг” базаахгүй зан нөлөөлдөг. Бид бие биенийхээ нүүрэн дээрх нэгэн үрчлээс, санчиганд буусан нэгэн хяруугаар гоочлох хэрэг юун.  Сэтгэл рүү нь өнгийж хар.
Бид бие биенийхээ сэтгэл рүү өнгийж чадахгүй хэрнээ нүүр рүү нь  харж элдвээр өөчлөн “хөгшрүүлэх” хэрэг юун. Сэтгэл гэдэг эмзэг. Ид залуугаараа “би ч хөгширч байна даа “ гэж бодох дор шууд л хөгширч эхэлнэ. Эргэн тойрноо уйтгарлаж шаналсан харцаар харж эхлэх дор нүүрэнд тань мянган үрлээс “тодорч” эхлэх болно. Үгээ зөөж, бодлоо “албадаж” эхлэх дор олон залуус таныг “ та” гэж гуйалах болно. Алхаагаа хянаж, алдаандаа шаналж гутрах дор нэг мэдэхэд” таяг тулах” хэрэгтэй болно. Өглөө болгон толины өмнө өөрийгөө сонжиж, өрөөл бусадтай харьцуулан шаналах хэрэг юун. Сэтгэлээ чагна.
Сэтгэлээ үргэлж залуугаараа байлгж чадвал чи хэзээ ч хөгшрөхгүй. Үрчлээтэх вий гэж нүүрээ шинжихээс сэтгэлдээ сууж буй “бяд” аа шинж. Ухаанаа ямагт сэлбэ. Уншиж, үзэж, амьдралын гэрэл гэгээг ямагт мэдэрч сэтгэлээ цэнэглэх аваас  чиний сэтгэл ямагт өөдрөг залуу байж чадах болно. Амьдралын сүүдрийг мэдэрч, айдас шаналгаанд автах аваас чи хурдан хөгшрөх болно. Чи толинд өөрийгөө хар даа. Ямар залуухан өнгөлөг харгадаж байна гээч. Амьдрал ямар их сайхан зүйл болохыг, нарны илч гэрэл ямар дулаахан болохыг, сайхан сэтгэл хүнд ямар их баяр баясгалан авчирдагийг мэдэрч байхдаа чи хэзээ ч хөгшрөхгүй. Амьдралд учрах зовлон шаналлыг “тавилан” гэж хүлээж авахдаа, хэн нэгэнд гомдсон сэтгэлдээ “уучилж чадна” гэж хэлж байхдаа, сайхан бүхэн өмнө минь бий гэж бодож байхдаа чи хэзээ ч хөгшрөхгүй. Хайр гэдгийг аз жаргал гэж мэдрэхдээ, хагацал гэдгийг түр зуурынх гэж ойлгохдоо, хүсэл гэдгийг зорилгогэж төсөөлөхдөө чи хэзээ ч хөгшрөхгүй. Мөнхийн мөнхөд залуугаараа байх болно.
ТЭГЭЭД ХЭЗЭЭ ХӨГШИРДӨГ ЮМ БЭ?  гэж үү? Чи өөрийгөө  “БИ Ч ХӨГШИРЧ БАЙНА ДАА” гэж бодож эхлэх тэр цагаасаа л эхэлж хөгширдөг юм даа.
Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
2011-12-21

Nov 02

Бусдыг муулахуй

By gala-admin | ЗАЛУУ НАС - ХАЙР

…Гурван найз “буу халж” сууна гэнэ. Тэд бусад хүмүүс болон найз нөхдийнхөө тухай ярихдаа “тэр ч хөгийн амьтан”, “энэ ч новшийн амьтан”, “ёстой бүтэхгүй нөхөр” гэхчилэн муулцгаана. Нилээд удаан ч ярилцаж. Нэг найз нь бие засах гээд 00-ийн өрөө руу орсон хойгуур нөгөө нөхөр нь “яс юман дээр энэ ч бас л хөгийн гар даа” гэсэн гэдэг. Онигоо ч гэмээр энэ түүхийг миний нэг танил маань бидэнд ярьж бид нилээд их инээлдсэн юм даг. Хамтдаа хэн нэгнийг муулж ярьж байгаа үед салж холдож болохгүй нь л дээ.

Найз нөхөд уулзаж учран хууч хөөрч суухдаа бишгүй л олон зүйлийг ярьцгаадаг. Ажил төрлийнхээ тухай, амьдралын олон асуудлын тухай, элдэв санаа зовоосон асуудлын тухай, бас учраа олохгүй байгаа зүйлийнхээ тухай ярина. Сэтгэлд нь хургаж, шаналал болон зовоож байсан зүйлийнхээ тухай дотно сайн найздаа ярьж, санаа бодлоо хуваалцан сэтгэлээ онгойлгох сайхан. Иймэрхүү яриан дунд хэн нэгний тухайд онцлон ярих нь олонтаа.

Харин үүнээс огт өөрөөр ойр тойронд байгаа хэн нэгний тухай, хамт ажилладаг хэн нэгний тухай, сайн таньдаг нэгний тухай, сургаар мэдэх нөгөө нэгний тухай, ханилж байгаа ханийнхаа тухай хэрэг болгон ярих нь бий. “Шиврээ бороо хувцас норгож, шивнээ яриа хов болон” хувирч, найз нөхдийн дунд “шаазгай болон шагшрах” нь зөндөө. Энэ л “шаазгай”, монголчууд бидний дунд таагүй харилцаа болон сайдаж муудах олон шалтгийг авч ирдэг. Харин хүмүүс болохоор “Овоо босгоогүй бол шаазгай юунд шагшрах билээ” хэмээн учирлана.

ӨРӨӨЛИЙГ ШИНЖИХҮЙ

…Хүмүүс бид бусдыг ихэд шинжин сонждог. Өмссөн хувцас, өөрийгөө авч явах байдал, хэлэх үг яриа, хэлэлцэх араншин, байр байдлыг ихэд ажна. “Хаанаас ирсэн хэн гэгч болох, хэн хэнтэйгээ амьдардагаас эхлээд, хэзээ хаана хэрхэн ажиллаж амьдарч байсныг хүртэл битүүдээ сонирхох. Шинэ юм болгон хүний сонирхлыг татаж, элдэв таамгийг сэтгэлд нь эргэлдүүлдэг нь ёс мэт. Хүний сэтгэлд буусан анхны таамаг тэр болгон үнэн байдаггүй хэдий ч сэтгэл зүйн “сорил” байдгаараа ихэд сонирхолтой. Хэзээ хойно тэр хүнтэйгээ дотно нөхөд болсон хойноо,
“би чамайг анх харахдаа … гэж төсөөлж, бодож байж билээ” хэмээн сэтгэлийн сорилоо “тайлна”. “Таван үгэндээ танигдана” гэдэгчлэн элдэв асуудлаас болж маргаж мэтгэлцэхдээ хүртэл “зөв буруу”, “сайн муу”-г анзаарч л байдаг. Хамтдаа ажиллаж байхдаа ажил хэрэгт хэрхэн хандаж байгаа болон хүнд хэцүү мөчид гаргаж буй араншингаар нь үнэлж л байдаг. Амарч, хамтдаа цэнгэж байх үедээ хүртэл амнаас унах үг, аалигүйтэн марзганах мөч, халамцаж мансуурах араншингаар нь сонжиж л байдаг. Хүмүүс бусадтай хамтад ажиллаж амьдарч байх мөч бүхэндээ бусдын анхаарлыг татаж, бас сонирхлыг төрүүлж, байнга шинжүүлж байдаг ажээ. Магадгүй бидний хувьд өөрийн хүссэнээсээ өөрөөр байж, бусдад таалагдахын тулд гаргадаг элдэв араншин үүнтэй холбоотой байж мэдэх. “Бусдад муу хэлэгдэхгүй байх” хүсэл зарим хүмүүсийн энэ амьдралд хандах хандлагыг өөрчилдөг байж болох.
ӨӨРТЭЙГЭЭ ЖИШИХҮЙ
…Харин хүмүүс хоорондын харилцаан дахь элдэв асуудалд хүн ихэвчлэн бусдыг өөртэйгээ жишиж үзэх нь олонтой. Мэдээж хүн болгоны ухамсар болон хүмүүжил өөр өөр байдаг болохоор гол зөрчилдөөн нь эндээс л үүсдэг. Бусдад худал ярихаа юманд боддоггүй бол бусдыг ямагт үнэн ярьж байгаад итгэдэггүй. Бусдыг мэхэлж хуурч байхдаа санаа зовдоггүй нэгэн бусдыг үнэнч байна гэдэгт огтхон ч үнэмшдэггүй. Алив зүйлд ашиг хонжоо ямагт хардаг хүмүүс, бусдын чин сэтгэлээсээ хандаж байгаа хандлагыг ердөө ч ойлгодоггүй. Ийм хүмүүс бусдын сайн үйлсэд ямагт эргэлзэж, үйдэл болгоныг  өөрийн хандлагаар жишиж, “гэнэн тэнэг”-ээр нь шоолж байдаг аж. Зарим их уншиж, ухаарал авдаг хүмүүс,  огт уншихгүйгээр таамаг төдий хоосон ярьдаг хүмүүсийг “ойлгодоггүй”.  Ажил хэрэгч, шударга хүмүүс, өөрийнхөө хийх ажлыг оромдож, хийсэн өчүүхэн ажлынхаа төлөө бусдаас шан харамж, алдар нэр горилж байдгийг “мэдэрдэггүй”.  Бусдад чин сэтгэлээсээ тус болж, дэмжиж чаддаг хүмүүс, бусдын зовлон шаналал дээр “жүжиг” тавьж, өрөвдсөн “дүр” үзүүлж чаддагийг “анзаардаггүй”. Хүн болгон өөр өөрийн
хүмүүжил төлөвшлөөрөө бүх зүйлд хандаж байдаг болохоор ямарваа үйлдэл болгоны эцэст бусдыг өөртэйгээ жишин “энэ ингэсэн л байх” хэмээн сайн муугаар өрөвдөж, өсөрхөж ханддаг аж. Харин сайнаар эсвэл муугаар жиших нь тухайн хүний араншингаас л хамаарах аж.
БУСДАД МУУЛАХУЙ
…Харин хэн нэгний тухай хэн нэгэнд муулж ярих нь ердөө л өөрт нь таалагдаагүйгээс л болдог аж. Хүн бүр өөр өөрийн араншин болон ажил амьдралд хандах хандлагатай байдаг болохоор заавал бусдад таалагдах албагүй л дээ. Мэдээж зарим зүйл дээр санаа нийлж болох авч санаа нийлэхгүй зөрөлдөх олон шалтгаан буй. Санаа нийлэхгүй зөрөлдөж байгаа зүйлийнхээ төлөө тэр хүнийг бусдад муулж ярьдаг базаахгүй зан монголчууд бидэнд байгаа юм даа. Хэн нэгнийг бусдад муулж ярьж байгаа хүний яриа нь өөрийгөө өмөөрч зөвтгөх шалтгаас үүдэлтэй байдаг болохоор зөв сайнаар харьцуулах ямарч боломж үгүй. “Тэр ёстой хөгийн амьтан байна билээ” гэж эхэлсэн яриа тэр хүний тухай муу жишээ болгоноор “хачирлагддаг” болохоор, төсөөлөх ахул энэ ертөнцөд байхгүй “бузар булай”, “муу юм болгоныг шингээсэн ад зэтгэр” мэт санагдана. Ам халсан яриандаа сэтгэл нь сэргэж, бусдыг муулах тусмаа өөрөө “өнгө орон” гялалзаж, энэ тааламжиндаа “хөлс нь чийхарч”, “бие нь тавирдаг” хүмүүс мэр сэр бий. Харин ярианы төгсгөлд “за тэгээд хүн амьтанд яриад яах вэ?” гэж “өршөөнгүй” хандаж, “нууцыг хадгалах”-ыг  битүүхэндээ “сануулна”. Бүх ярианы туршид “ам нийлэн” уулга алдаж байсан сонсогч нь, хэзээ нэгэн цагт өөрийг нь бусдад муулж ярьж болохыг төсөөлөх авч анзаарахгүй. “Маш нууцын” зэрэглэлтэй ийм яриа “ам дамжсаар” өөрт нь сонсогдох мөчид харин дараагийн “бай” нь өөрөө болж мэдэхийг мэдэрнэ. Зарим тохиолдолд  муулуулсан хүнд хэн нэгэн энэ ярианы тухай “мэдэгдэж”, өөрөө түүнд “талтай”-гаа  нотолж, “эсэргүүцэл”-ээ илэрхийлэх нь бий. Яг л гинжин хэлхээ мэт.  Энэ л гинжин хэлхээ монголчууд бидний бие биенээ хүндэтгэн харилцах, бие биенээ чин сэтгэлээсээ дэмжих, эвлэлдэн нэгдэх хандлагад саад болоод байгаа юм даа.
…Монголчууд бид даяаршлын энэ цаг дор ихэд өөрчлөгдөж буй. Монголчууд бидний ирээдүй үе болсон залуус илүү сайнаар өөрчлөгдөх ёстой. Тэдэнд сайнаар нөлөөлөхийн тулд бид бусдыг муулж ярьдаг энэ “гинжин хэлхээ” нээсээ бага багаар болов салах хэрэгтэй болж байна. Ядахнаа л бид өөрсдөө ийм ярианаас татгалзаж, хэн нэгний ийм яриаг тоож сонсохгүй байж болно шүү дээ. “Доллар биш болохоор бид хүн болгонд таалагдах албагүй” ч бидэнд сайн муу бүх л чанар цогцолж байгаа. Сайн муу чанарын аль нь тухайн хүнд илүү байгаагаараа л ялгардаг.
Яг үнэндээ бол  ӨНӨӨДӨР БУСДЫГ ЧАМД МУУЛЖ ЯРЬЖ БАЙГАА ХҮН, МАРГААШ БУСДАД ЧАМАЙГ МУУЛЖ ЯРИХ Л БОЛНО.  Бас “Хүн хэлэхээс наашгүй, цаас чичихээс цаашгүй” гэдэг дээ.
Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах

2011-11-02

 

Sep 03

Хайртай хосууд яагаад муудалцдаг вэ?

By gala-admin | ЗАЛУУ НАС - ХАЙР

-Чи ийм л өөдгүй шүү дээ! Чамайг ийм муухай хүн гэж мэдсэн бол чамтай суухгүй байсан, за юу
-Чи надтай суухаас өмнө хэн байлаа даа?
-Одоо чамайг надаас өөр хэн тоох юм бэ?
-Танай гэрийнхэн намайг хүн гэж үздэг биш? чи ч тэдэнтэйгээ адилдаа адил
-Чамтай танилцсан тэр өдөртөө би харамсаж байна

…Тун саяхан л зүү орох зайгүй бие биенээ хайрлаж , зүрх сэтгэлдээ бие биенээ бишрэн энхрийлж, энэ ертөнцөд бие биеэ “амьдралын утга учир”, “нар сар”, ” навч цэцэг” , “гэрэл гэгээ” гэж нэрлэн магтаж байсан хосууд, элдэв асуудлаас болж муудалцахдаа бухимдан цухалдаж, элдвээр хэлэх үе бий. Яг энэ мөчид учраа олохгүй тэвдэж, яахаа мэдэхгүй самгардаж, тэр л мөчид бие биенээ л давж гарах гэсэн тэнэгхэн муйхарлалаар бие биенээ гомдоох нь зөндөө. Саяхан л энэ ертөнцийн их шид, гайхамшиг болж байсан хайрын сэтгэл сэвтэж, “шулам”, “хог новш”хэмээн бие биенээ нэрлэх тэрхэн үедээ тэд, хоромхон мөчид ухааны хязгаараа алдах нь бий.

Муудалцаж ахуй тэр мөчид зүрх сэтгэлд нь агсагман цовхчиж асан хөөрөл намдах агшинд сэтгэлдээ сэмхэн харамсаж, хэлсэн шигээ хаяад явчихаж зүрхлэхгүй шаналалд, “уучлал гуйгаад аргадах болов уу?” гэсэн далд хүлээлтэд урссан нулимсаа алгаараа л арчих. Буруу харан сэмхэн уйлан мэгших сэтгэлд нь хайр дахин амилах агшинд “хөөрхий минь би арай л дэндүүлчих вүү дээ” гэж харамсавч, “аргадахаас нь нааш нүүр өгөхгүй юм шүү” гэх эрхлэлт зөрүүдийн манан дунд хөтлөх аж.
Хайр сэтгэлдээ шатаж явсан олон олон залуусын хайрын галыг, элдэв асуудлаас үүдэлтэй хэрүүл маргаан хөргөж орхидог тохиолдол зөндөө бий. Хэн нэгнээс асууж, хэрэгтэй үг сонсохыг хүсэвч, “нэр төрөө хичээх” хүсэл нь нэрэлхэн дуугай болох шалтаг нь болдог. Бид бүгдээрээ үүнийг туулах хэрнээ муу туршлагаас үүдсэн ухаарлаа хэн нэгэнд яагаад хэлж өгдөггүй юм бол? Амьдралын босгыг дөнгөж алхаж байгаа тэдэнд бусдын туршлага хэрэгтэй байдаг. Гэхдээ хуурай онолоор биш жинхэнэ амьдралд хэрэг болох нь.
Тэдэнд хэлж сануулдаггүй болохоор хэн нэг нь амьдралдаа алдаж, тасарсан аргамжаагаа залгаж чадахгүй холдож одно. Тэр тохиолдолд итгэл эргэж ирэлгүй, хорсол шаналалдаа самуурах нь бий. Өөрсдөө хичээж учраа олох нь олонтой боловч, сэтгэл хөрч хайр дундрах нь бас л зөндөө. Тасарсан аргамжаагаа эвлүүлэн зангидаж, итгэл-хүндэтгэл-хайраа хадгалж үлдэж байгаа нь ч зөндөө. Гэхдээ л амьдралын тасралтгүй урсгал дунд хайр сэтгэл, хүндэтгэл бахархал, итгэл найдвар л бөхдөггүй юм.

Муудалцдаг олон шалтгаанууд

1. Хүмүүжил, хэвшлийн ялгаа:
…Хүн болгон өөр өөр орчинд өсөж, хүмүүждэг болохоор нэг гэрт ороод хамт амьдрахдаа зөндөө олон ялгаагаа мэдэрдэг. Өглөө босоод ороо хураахгүй байх, өмссөн хувцсаа тайлаад хаа нэгтээ чулуудах, хогоо хаана ч хамаагүй хаяж орхих, хоол хийхэд нь туслахгүй зурагт үзээд суух,  хөлөө угаахгүй байх, хоолоо сорж идэх, аяга тавгаа цэвэрлэхгүй орхих, онгойлгосон хаалгаа хаахгүй байх, уйлсан хүүхдээ аргадахгүй байх, цэвэрлэсэн газрыг бохирдуулж орхих гээд зөндөө л олон зөрчил үүсгэх шалтгаанууд бий. Хүмүүс бага насандаа өөртөө олж авсан хүмүүжил хэвшлээрээ энэ л хамтын амьдралд ханддаг болохоор зөрчилдөөн үүсэх нь аргагүй.
-Харин  гэр бүл болгон өөрийн дүрмээ зохиож, нэгэн хэвшил дор санаа нэгдэх нь энэ л маргаанаас гарах эхний алхам. Мэдээж санасан болгон шууд биелдэггүй болохоор цаг хугацааны урсгал дор бие биедээ тоглоом тохуугаар ч болов сануулж, бас хайр дундаа учирлаж, хааяадаа аргадан байж л бүрдүүлэх аж.

2. Үзэл бодлын зөрөө:
…Амьдрал болон алив асуудалд хандах үзэл бодол гэдэг мөн л бага наснаас төлөвшдөг. Тэгэхээр энэ ялгааг хайр дундаа шатаж яваж үедээ мэдрэх боломж тун бага. Харин  хамтран амьдрах мөчдөө илүү гүнзгий мэдэрдэг. Зарим эрчүүд эмэгтэй хүнийг хүүхэд төрүүлэх, хүсэл хангах, хоол хийх үүрэгтэй гэж үздэг бол, зарим бүсгүйчүүд эрчүүдийг мөнгө олох, чандмань хүслийг биелүүлэгч, дутагдсан бүхнийг нөхөгч гэж үзэх нь бий. Зарим нь эрдэм мэдлэг чухал гэж үзэж байхад нөгөө зарим нь мөнгө чухал гэж үзэх нь бий. Баян тансаг амьдрал болон хэрэгцээн дундаа сэтгэл хангалуун амьдрах гэдгийн ялгаан дээр ч хосууд маргалддаг.
-Тэгэхээр эхлээд л танилцаж бас хайрлан дурлалцах мөчдөө үзэл бодлоо мэдэж ойлголцох нь тун чухал. Заавал төгс төгөлдөр байх нь албагүй хэдий ч мөнгөний төлөөх амьдрал, мэдлэгийн төлөөх амьдрал, нэр хүндийн төлөөх амьдрал, ашиг сонирхлын төлөөх амьдрал, амгалан тайвны төлөөх амьдрал гээд бүгд л ялгаатай. Үзэл бодол  болон өөрсдийн сонирхлын төлөө нэгдсэн амьдрал илүү бат бөх байдаг. Энэ бол тэнцвэр. “Тэнцээгүй ачаа тэмээ малын зовлон, тэнцвэргүй амраг сэтгэл зүрхний зовлон” гэдэг үг бий. Эсвэл эхэндээ сайн ойлголцож, яваандаа зөв сайнаа дагалдах гэдэг л энэ тэнцвэрийн жишиг болох буйз.

3. Бие биенээсээ илүү байх хүслэн:
…Манай монголчууд өөрийн хүү охиноо гэр бүл болоход нь “За тэгээд эхнэртээ толгойгоо мэдүүлэв зэй” эсвэл “За охин минь нөхөртөө толгойгоо мэдүүлээд арчаагүйтээд байв зай” гэхчилэн сануулдаг нь мөнөөх л ээж аавыгаа хүндэтгэн дээдэлдэг сэтгэлгээнд нөлөөлдөг аж. Ямар нэгэн асуудлаас улбаалан маргалдаж мэтгэлцэх тохиолдолд уг асуудалд эрүүл саруул ухаанаар хандахаас илүүтэй мөнөөх л “аминчхан захиас” толгойд нь орж ирдгээс улам зөрүүдэлдэг байж магадгүй. “Уг нь хайртынх нь хэлж байгаа зөв мэт” санагдавч, энэ л тулаанд ялагдаж орхивоос цаашид “эрх мэдэл түүний гарт шилжиж магадгүй” гэх болгоомжлол л хэрүүл маргааныг эцэс төгсгөлгүй үргэлжлүүлэх шалтаг болж болох юм.
-Уг нь гэр бүл гэдэг эрх тэгш харилцаа болон чин сэтгэлийн ойлголцол дээр тогтдог. Маргалдаж байгаа тухайн асуудал дээр “эрүүл ухаан саруул бодол”-оор хандах гэдэг л хамгаас чухал. Түүнээс хэн нэгний дарангуйлалд болгоомжлох гэдэг илүүц асуудал. Бид залуудаа “олон хүн биш хоёр хүний асуудал ойлголцоход илүү амар байх ёстой” гэсэн төсөөлөл байсан хэдий ч яг амьдрал дээр энэ нь хэцүү, Бараг зуун хүнтэй учраа учраа ололцохоос ч амаргүй байсан гэдгийг зөвшөөрөх байх. Яг үнэндээ энэ бүх маргаантай асуудлыг бие биедээ маш их хайртай та 2 -оос өөр хэн ч шийдэж чадахгүй гэдгийг л ойлгож байвал илүү амар байх болов уу?

4. Санхvvгийн дутагдал гачигдлаас:
…Энэ ертөнцийн бүх л хүмүүс өөрсдийн амьдралаа хэн нэгний амьдралтай заавал зэрэгцүүлэн жишдэг. Энэ нь ухамсар гэхээсээ илүүтэй бараг зөн шахуу зүйл. Балдангийнх ямар байшинд амьдарч, ямар машин унаж байгаа нь, Сарангийн ямар хувцас өмсөж, ямар зүүлт зүүж байгаа нь бидний нүдэнд ил байдаг болохоор л бид өөрсдийгөө харьцуулан шанална. Бид бие биенээсээ дутуу эсвэл тэднээс дооогуур явж болохгүй гэх өчүүхэн атаархал юм уу даа. Эд баялаг болон бусдад гоё сайхан харагдах байдал гэдэг уг нь өөрийн гэртээ ямар их хайр энхрийлэл аз жаргалаар бялхаж байгаатай харьцуулахад тун өчүүхэн зүйл гэдгийг мэдэхгүйн мунхаглал юм даа.
-Уг нь сэтгэлийн амар амгалан,  байгаа байдалдаа сэтгэл хангалуун байх гэдэг ямар их аз жаргал гэдгийг хүмүүс тэгтлээ анзаардаггүй. Заавал ядуу байх ёстой биш л дээ. Гэхдээ хүмүүсийн хэрэгцээ гэдэг даанч өчүүхэн зүйл. Сайхан байр сууц. сайн машин, хэрэгцээтэй цагт зарцуулж чадах мөнгөний хуримтлал. Хамгийн гол нь бие биедээ хайртай байж, өөрийн босгосон амьдралдаа сэтгэл хангалуун байх гэдэг аз жаргал. Түүн дээр дуртай ажлаа хийж, ойлголцдог найз нөхөдтэй байх гэдэг ямар сайхан гээч. Хэрэв та 2 хүсвэл энэ бүхнийг өөрсдийн хүссэнээрээ бий болгож чадна л даа. Үүний тулд ухаантай, бас боловсролтой байхад л хангалттай. Заавал луйварчин байх хэрэггүй.

5. Хардлага:
…Хүмүүс бие биентэйгээ гэрлэмэгцээ бие биенийгээ “өөрийн өмч” гэж тооцдог муу зуршилтай. Тэр л сэтгэхүйгээрээ бие биенээ уулзаж учирсан, хамт байсан хүмүүстэйгээ хардаж зовоодог. Мэдээж “сайхны өмнө харц буруугүй” гэдэгтэй бид эвлэрэх ёстой ч “энэ маань намайг хуурч гомдоохыг хүсдэггүй” гэдэг итгэл л хамгаас чухал. Итгэл гэдэг хамгаас чухал хэдий ч бид “хүний сэтгэлийг олсоор хүлж чаддаггүй” гэдэгтэйгээ эвлэрэх хэрэгтэй. Уулзаж учирсан, хамт байсан хэн нэгэнтэй эхнэр нөхрөө байнга хардаж зовооно гэдэг л эцэстээ өөрийгөө ч, хажууд байгаа хайртыгаа ч сэтгэлийн шаналал, зовлонд унагах нэгэн шалтаг болдог. Энэ нь олон ч гэр бүлийн байнгын хэрүүл маргааны шалтаг нь болох нь олонтой.Яг энэ үйлдлээр “жүжиг шиг” олон амьдрал цогцолж буй. Бусдын өмнө Ромео Жульетта шиг харагдахыг хүсдэг боловч яг үнэндээ “там шиг амьдрал”-тай хүмүүс зөндөө.
-Анх хүмүүс бие биендээ сэтгэл алдран дурласан шалтаг нь юу байсан гэдгийг тэгтлээ анзаардаггүй. Мэдээж бусдаас ялгарах нэгэн онцлог байсан гэдгийг бид мэддэг. Гэсэн хэрнээ түүнээ л өргөн хөгжүүлэхийг хүсдэггүй. Бас дахин анзаарахыг ч хүсдэггэй. Магадгүй ямар нэгэн маргаан мэтгэлцээний дунд “Чи яагаад? Яг миний юунд дурласан юм бэ?” хэмээн асуудаггүй. Анх бие биенээ харан сэтгэлээр дурлахдаа олж харж байсан тэр л эрхэм зүйлийг бид санаддаггүй дурсдаггүй байгаад алдаж байгаа байж магадгүй. “Чи миний нүдээр хар л даа” гэж найздаа хэлж байсан шиг тэр л цагийн “сэтгэлийн нүд”-ээр харах ухаан дутаж байж болох.

6. Аав, ээж, хамаатан садангуудаас:
…Монголчууд бид элгэмсэг дотно гэдгээ илэрхийлж, ямагт өөрсдийн мах цусны тасархайгаа л сэтгэлдээ өмөөрдөг. Яг үнэндээ тэдний өссөн орчин, хүмүүжил , үзэл бодол ойр байгаагаас шүү дээ. Тэд сэтгэл зүрхэндээ бие биедээ дэндүү ойрхон. Тийм болохоор өөрийн хүнээ зөвтгөх түмэн шалтаг тэдэнд бий. Гэхдээ тэд нөгөө талын хүнээ зөвтгөх шалтаг олох нь ховор. Магадгүй энэ нь өөрсдийнхөө муу талыг олж харан зөвшөөрөхөөс эмээх шалтаг байж болох юм. Зарим  хүмүүс өөрийн сул муу талыг олж харан, бусдын сайн талд нийцүүлэх гэж оролдох нь бий. Гэхдээ дэмжлэг олох магадлал тун бага даа. Харин түүний өөрийн хүндээ шивнэж хэлсэн зөвлөлгөө бусдын сэтгэл зүрхэнд дэндүү ойртож очин, эерэг шийдвэрт сайнаар нөлөөлөх тохиолдол буй.
-Залуус заримдаа бие биедээ гомдохдоо “би чамтай л гэрлэсэн болохоор танай аав ээж, хамаатан садангуудтай гэрлээгүй шүү дээ” хэмээн цөхрөлдөө дуу алдах нь бий. Энэ л үнэн. Тэд бусдын тусламж дэмжлэггүйгээр өөрсдийгөө олсон юм чинь бусдын тусламж дэмжлэггүйгээр өөрсдөө учраа олон ойлголцож байвал сайн сан. Тэд хамтдаа л амьдрах болохоор бусдад таалагдаагүй зүйлийнхээ төлөө салах хэрэггүй. Тэдэнд үнэт зүйл, бие биедээ татагдсан сайхан чанар гэж бий. Тэд түүнийгээ л ойлголцож, бусдын хэл амнаас хамгаалж байг л дээ. Тэднийг хагаралдуулж салгахын оронд эвцэлдүүлэх нэгэн хэрэгтэй үг хэлж байх хэрэгтэй байнаа. Яагаад гэвэл тэд бидэнтэй л адилхан хамтдаа жаргаж зовж байхыг хүсч байгаа.

Миний л үг

…Би энэ амьдралд 3 зүйлийг эвцэлдүүлэн ойлгодог. Яг л тулгын 3 чулуу шиг. Энэ бол ХАЙР-ХҮНДЭТГЭЛ-ИТГЭЛ. Би энэ тухай нэгэнтээ бичиж байсан. Хүмүүс бид бусдад сургаж зөвлөж байвч яг үнэндээ өөрсдөө л амьдралд алдаж онож явдаг. Насан туршдаа шүү. Өөрийнхөө алдааг бусдад сануулж байхдаа өөрийгөө л таньж чадаагүй явдаг. Гунигт үнэн энэ.
Заримдаа бидний хүүхдүүдийн хэн нэгэн  шөнө дөлөөр утасдан “ааваа! ээжээ ! би яах вэ?” гэх сэтгэл шаналгасан асуултын хариуд бид нэгэн үг хэлэн аргадавч, нойр хулжаан шаналдаг. Бидний сэтгэлийн гүн дэх шаналал нулимс болон дэрэн дээр урсавч түүнийг хэн ойлгоно гэж?
…Яг л үүн лугаа олон олон монголчууд шаналж байгаа. Өөрийн хүүхдээ өмөөрөвч, өнөд мөнхийн тавиланг бид зохицуулж үл чадах. Тэд л өөрсдийн амьдрал хувь тавилангийн эзэн байхаас түүнийг бид залж хэрхэн үл чадах. Тэдний аугаа хайрын гэрч бид өөрсдөө байж чадах ч тэдний босгосон тоонот гэрийн галыг бид хэрхэн асааж, бас хамгаалж чадах.
…Өдгөө бид “салшгүй сайн хүндээ марташгүй муу үг бүү хэл” хэмээх ишлэлийг байнга санадаг. Маргааш эвлэрэх сэтгэлийн зайд сэтгэл зүрхийг шаналаах бузар муу үгийг хэлэх хэрэг юун. Муудалцан маргалдах дор “маргааш эвлэрэх” сэтгэлийн зайг үлдээж байх юутай хэрэгтэй. Өнөө нэг нь уурлан бачимдавч өөрөө л үүний тэнцвэрийг хадгалан тэвчих юутай сайн гэж? Маргааш өглөө нь хэн нэгэн тайтгарч “намайгаа уучлаарай би мунхаглажээ, би ганцxан чамдаа л  хайртай шүү дээ” хэмээн хэлэх мөчид хайртай түүнээ тэврэн аргадах мөч гэдэг, хоёул нулимсаараа бие биенийхээ сэтгэлийг угаан цэлмээх мөчид энэ л дэлхийд наран  илчээрээ гийгүүлж, эрхэлж бие биедээ жарган тайтгарах мөч гэдэг юутай ч зүйрлэшгүй аз жаргал.
…Монгол залуус минь та нар Монгол Улсын нэгэн гал голомтын эзэд. Нэгэн гэр бүлээс Монгол орон бүрддэг. Олон олон гайхамшигт гэр бүлүүдийн нэгдлээр Монгол орон тогтдог. Гэр бүл эвтэй байваас Монгол орон эвтэй байдаг. Нэгэн гэр бүл ухаалаг байваас Монгол орон ухаалаг оршдог.Муудалцах зүйл зөндөө байвч, эвлэрэх шалтаг нь зөндөө буй.
Монголчууд бид бид бие биенгүйгээр, бид нэгэн гэр бүлийн дэмжлэггүйгээр юусан билээ.
Тэгэхээр та нар биднээс илүү ухаалаг байх хэрэгтэй байнаа. Та нарын үр хүүхэд биднээс ухаалаг байна гэдэг Монгол орон  үүрд мандан бадрахын бэлгэгдэл буюу. Нэгэн сайхан гэр бүлээс нэт ирээдүйтэй улс гүрэн оршмуй.

Монголчууд бид өөр хоорндоо эвтэүй байваас Улс гүрэн сайнаар хөгжмүй.

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
2011-09-03

Feb 11

Хайр гэж юу юм бэ?

By gala-admin | ЗАЛУУ НАС - ХАЙР

Хүмүүс бие биенээсээ болон, заримдаа өөрөөсөө ийн асуудаг. Нэг л сайхан мөрөөдөл нэгэн цагт замхран одох мөчид, нэгэн сайхан учрал санаандгүй жаргал болон амилах мөчид, халаглах харамсах, баярлан уулга алдах аль алинд энэ л асуулт дагалдах нь бий. Талаас түүсэн гоёмсог цэцгийг баглаа болгон түүнд барихтай адил, таалагдах нэгэн бэлгийг гоёмсог сайхнаар чимж өргөн барихтай адил, хундаганд мэлтэлзэх сархадыг ерөөл дагуулан дээжлэхтэй адил, хайрын нандин сэтгэлийг зүрхээ нээн харуулж үл чадах.
Хүмүүс бид бие биетэйгээ адилгүй ааш араншинтай хэдий ч, хүмүүний нэгэн заяанд бие биенээ л түшдэг болохоор хайрын гэгээн ертөнцөд төстэй учрал олон буй.

ХАЙР-гоёмсог сайхнаар нүдэнд харагдавч гарт баригддаггүй өнгийн СОЛОНГО
…Бусадтай учрах учралдаа зүв зүгээр л байдаг атлаа, гагц түүнийг харах мөчид сэтгэл минь өөрийн эрхгүй догдолж, зүрх минь хүчтэйеэ цохилж, амьсгаа нэг л дээрдэж, алга нэгэнтээ хөлөрнө. Энэ л догдлолдоо би тэвдэж, нүүр минь улайж, үг минь ээдрэн будилна. Түүнд ямар ид шид байдгийг би мэдэхгүй хэдий ч, түүнийг харах бүрдээ өөрөө өөрийгөө захирч үл чадах.
Хамт байх мөчдөө тэвдэн сандравч, холдоод явчихаж бас л зүрхлэхгүй. Салаад явчих тэр л мөчид ертөнц тэр чигээрээ харанхуйлж, дахин учрахын гэрэл гэгээг сэтгэлдээ хүсэмжлэн аргаднам. Зэрэгцээд суух мөчид гарыг нь атгаж чадахгүй, галд түлэгдэх юм шиг л сандрах. Эгцэлж хараад ярихдаа, ичиж зовон, сандарч тэвдээд гацах. Түүнд ямархан гайхамшиг цогцолсныг би мэдэхгүй ч, түүнгүй байхад юм бүхэн өнгөө алдан гундахыг мэдэрдэг.
Энэ ертөнцийн хамаг сайхан бүхэн гагц түүнтэй сүлэлдэж, ээнэгшим дулаахан сэтгэл гагц түүнээс над руу урсан, энэ биений минь цогц хэмнэлийг гагц тэр л эвдэж чадах. Яагаад түүнд дурлаж хайрлах болсноо би үл мэднэ, яг л тэнгэрт байгаа өнгийн солонго мэт. Гартаа барьж чадахгүй тэр солонгын хойноос хөөцөлдөн гүйхдээ, ганцxан түүнийг яагаад хайрлах болсноо тайлбарлаж үл чадна.  Хэн үүнийг тайлбарлаж чадах юм бол?

ХАЙР-хаа нэгтэйгээс худалдан авч хэн нэгэнд бэлэглэж болдог БАРАА БИШ

…Учиргүй дурлаж, ухаан алдах шахаж байсан догдлол, ард хоцрох агшинд “алаагүй байхад үнэг сайхан, аваагүй байхад авгай сайхан” гэж хэлдэг хүмүүс нэг биш бий. Сэтгэлд биш өнгөнд шунаж, хайранд биш мөнгөнд умбах мөчдөө, хүмүүс хүн чанараа алдаж эхэлдэг. Тэд хэн нэгнийг огтхон ч түгдрэхгүйгээр худлаа магтаж, ичиж зовохгүйгээр тэврэн шүлсдэж, ‘хайртай’ гэдэг үгийг хаа сайгүй үсчүүлдэг. Хамт байхдаа наалинхайтаж, хагацаад явахдаа шоолж, учрах бүрдээ магтаж, уулзаад салахдаа мартаж орхино.
Хамт байх мөчдөө сархадаар ичингүйрлээ даруулан хөлчүүрч, хүн чанараа мөнгөөр үнэлэн арилжиж, бутархай мөнгө шиг энэ амьдралаа бусдын нүднээс баярхлаар халхлан аагирхдаг. Тэд хайр сэтгэл, ухаангүй дурлалыг шоолж, энэ амьдралын тансаг сайхныг өнгө мөнгөөр хэмжиж байхдаа, сэтгэлд нь ус гүйж, судсанд нь дарс урсаж байгаагаа мэдэхгүй. Өнгөтэй нэгэнтэй самуурч байхдаа сэтгэл цэнгэдэггүй, мөнгөтэй нэгэнтэй наймаалцаж байхдаа амьдралд жаргадаггүй.
Энэ ертөнцийн хамаг бүхнийг өнгө мөнгөөр хэмжин арилжиж байхдаа, зүрхнийхээ гүнд уйлан харамсаж, бас гунин шаналж байдаг юм тэд. Чин сэтгэлийн хайрыг мөрөөдөвч олдох нь үгүй, нэгэн сайхан амьдралыг хүсэмжлэвч худалдагдах нь үгүй, хүн чанарыг эргүүлж авахыг хичээвч өнгө мөнгөнд хучигдаад харагдах нь үгүй.  Хайр гэдэг хаа нэгтэйгээс худалдан авч, хэн нэгэнд бэлэглэж болдог гоёмсог бараа биш.

ХАЙР-сурах бичигт байдаг ОНОЛ БИШ өвчтөнд бичиж өгдөг ЖОР БИШ

…Хайрлаж дурлаад учирсан хосуудад зөвлөгчид мундахгүй. Өмнөөс нь асуудлыг шийдэх гэж оролдогсод ч цөөддөггүй. Анхны гайхамшигт төсөөлөл газрын хөрсөн дээр бууж, алив нэгэн зөрчилдөөн даамжрах бүрийд онол ярьж, жор найруулагчид тэдэнд тус биш гай болох нь олонтаа. Нэгэнтээ Р.Хосбаяртай хийсэн ярилцлага дээр “Миний гутлыг өмсөж үзээгүй байж, намайг яаж алхахыг бусад нь яаж мэдэх юм бэ?” гэж хэлсэнчлэн, маргаан зөрчилдөөн болгонд хөндлөнгөөс оролцон зааж зааварлах, өмнөөс нь шийдвэрлэх оролдлого болгон зөрчлийг улам улмаар дэвэргэдэг.
Өөрийнхөө хүүхдэдээ, дүүдээ хайртай халамжтайгаа илэрхийлж, түүний сайн сайхны төлөөх “гундашгүй” сэтгэлээ илэрхийлэх боломж бүхэн, хоёр биенээ хайрлах сэтгэл, итгэх итгэлийг хиртээж, улам улмаар холдон холдох ан цавыг өргөсгөдөг. Тэр ч бүү хэл дуулгавартай сайн дагагчийн “ганцаардсан” амьдралд тус болж чадахгүйдээ бухимдан гомдоох нь, “нуухыг нь авах гээд нүдийг нь сохлох” үлгэр болох нь ч олонтаа. Маш олон гэр бүл салалтын гол шалтгаан нь тэд өөрсдөө биш, аав ээж, ах дүү садангууд байх нь түгээмэл.

Тэд яг л өөрсдийнхөө амьдралын амттай болон гашуун туршлагаас онол ярьж, жор найруулж байхдаа тэдний сэтгэл зүрх чухам юунд татагдан, хөглөгдсөнийг эс мэдэх. Тэд хэн болох, тэд бие биенийхээ юунд татагдан тэмүүлснийг мэдэхгүйгээр оношлож бас зөвлөж болно гэж үү?
Тэдний бие биедээ шивнэн хэлдэг чин сэтгэлийн хайрын үгс, хүсэж тэмүүлдэг мөрөөдөл, учирлаж хэлдэг аргадалт бүхэн өөр өөр. Бас хэзээ ч давтагдашгүй. Хэрвээ өнгө мөнгөөр биш, чин сэтгэлээсээ хайрлаж дурласан л бол тэд хэзээ ч бусдын тусламжгүйгээр учраа олж дөнгөдөг. Хайр бол хэн нэгний гаргасан онол, хэн нэгний найруулсан жор биш бөгөөд хүн болгонд өөр өөрийнхөөр нь үйлчилдэг.
ХАЙР-хэмжээндээ байваас ЖАРГАЛ
хэмжээнээсээ халиваас ЗОВЛОН
…Хайртай хосууд хоёрхон биедээ эрхэлж нялхрах нь, бас нялуурах нь хорвоогийн жам. Тэд энэ үедээ өөрийнхөө хүсэл мөрөөдлийг биелүүлэхийг “шаардан”, зөвхөн түүнд хайртайгаа нотлохыг “хүсч”, хэн нэгнээс хардан “харамлана”. Хүний хүсэл мөрөөдөлд хязгаар байдаггүй лугаа, эрхэлж нялуурахад ч хязгаар үгүй. Харин амьдрал, боломж бүхэн хязгаартай. Яг л ус дүүргэсэн ган сав шиг. Ус дүүрэн байвал хүн болгон сэтгэл хангалуун. Ус дундуур байваас ямагт түгшүүртэй, харин хальж асгарваас хэнд ч хэрэггүй, бас хайран.

Хэн нэгэн нь шидэт саваатай үлгэрийн ханхүү, эсвэл гайхамшигт гүнж биш болохоор хүсэл мөрөөдөл бүхэн биелэх боломж үгүй. Харин үлгэрийн ханхүү, гайхамшигт гүнж байхын тулд хоёулаа л хичээж зүтгэх учиртай. Хэн нэг нь зүтгээд, нөгөө нэг нь хөлөө унжуулаад хэлээ зажлаад суух аваас, хүсэл мөрөөдөл хэзээ ч биелэхгүй л дээ. Хүсэл мөрөөдөл биелэхгүй байх мөч бүхэн гомдол дагуулдаг. Хайр заримдаа хэн нэгнийг тэнэг болгож, аймшгийн шулам болгох нь бий. Тийм болохоор, хайр гэдэг “жаргал”, ” зовлон”-гийн дэнсийг хэмждэг аж.
Амьдрал гэдэг арга билгийн зохицолдоон. Түүн лугаа эр эм хүмүүс адил тэгшээр зохицолдон амьдрах учиртай мэт. Аль нэг нь тэнцвэр алдваас жаргал бус зовлон болон хувирдаг. Нэг нь жаргаж, нөгөөх нь зовох үйл амьдрал биш гэнэм. Жаргавал хамтдаа жаргаж, зовбол хамтдаа зовох гэдэг энэ л амьдралын тэнцвэр гэнэм. Хайртай л бол бие биедээ итгэж, сонсож, ойлгож байх нь тийм ч хэцүү биш. Хамтдаа л байхдаа жаргалтай байдагчлан, хамтдаа л ойлголцож, хамтдаа бүхнийг шийдэж,  сайн муу үр дүнг нь хамтдаа л амсаж, хамтдаа л жаргаж зовж байх нь юутай хэрэгтэй гээч.
Хайр гэдэг бүх л зүйлд хамтдаа зүтгэж, адил хэмжээнд байваас жаргаж, аль нэг нь алдагдваас хэмжээ алдаж зовлон болох нигууртай аж.

ХАЙР- хос зүрхний УЧИРЛАЛ чин сэтгэлийн МЭДРЭМЖ

… Анх бие биендээ дурлаж хайрлах байх мөчдөө мэдрэгдэж байсан мэдрэмжээ хадгалж үлдэх гэдэг амаргүй хэдий ч маш сайхан. Түүнийхээ гарыг атгахдаа халгаж байснаа, эгцэлж харахдаа ичиж байснаа, үгээ хэлэхдээ түгдэрч байснаа, холдоод явахад шаналж байснаа, уулзаад учрахдаа баярлаж байснаа ямагт санаж, сануулж байх нь юутай хэрэгтэй гээч. Ээж нь өмөөрөөд загнаж байхад гомдож байснаа, эргээд өөрийг нь аргадахад уярч байснаа, хоолгүй хонохдоо гомдоод уйлж байснаа, хорхог хийхэд дээжийг нь түүндээ хадгалж байснаа, хүүхдээ төрөхөд нь хоёулаа уйлаад тэврэлдэж байснаа, хожим хүүхдээсээ болоод муудалцаж байснаа, хардаж түүнээ гомдоож байснаа, харамласандаа болоод энгэрт нь мэгшиж байснаа хожим дурсан инээлдэж байх ямар сайхан гээч.
Хэн ч юу ч гэсэн хоёрхон биедээ л учирлан аргадаж байх ховор сайхан цаг мөч. Уурлаж хашгичиж байх цаг мөчид, учирлан аргадах надаас өөр хэн байх гэж? Уруу царайлан гуниж суухад, уруул дээр үнсэн тайтгаруулах надаас өөр хэн байх гэж? Онгирч сагсууран бардамнаж байх мөчид, онгироон байж учирлан дарах, надаас өөр хэн байх гэж? Үхэл өвчинд шаналан  нулимс унагаах мөчид, элгэндээ наан байж уяраах надаас өөр хэн байх гэж? Амьдралд надаас өөр хэн чамд чин сэтгэлийн түшиг байх гэж?

Тэр л нэгэн мөчид яагаад чамд дурласнаа өнөө би хэлж мэдэхгүй ч, энэ амьдралд ганцxан чи л миний түшиг гэдгийг би мэддэг. Тийм болохоор өнөө би чамд гомдовч, маргааш би чамайг аргадан тайтгаруулдаг. Тэгээд бид хамтдаа л жаргаж, бас зовж энэ тавилангаа хамтдаа элээх заяанд сүсэлдэг. Магадгүй хайр гэдэг биднийг холбож, хамтдаа энэ амьдралыг элээх тавиланг заяасан байж болох. Маргааш би энэ ертөнцөөс явахдаа, магад ганцxан чамайг өнчрөөн шаналгана гэдгээ би төсөөлдөг. Магад чи миний араас над дээр ирнэ гэж хүлээх л болно.
Хайр гэдэг аугаа зүйл гэдгийг хүн болгон мэдэх авч, гагц түүнийг хэн ч тайлбарлан таниулж үл чадна. Гайхамшиг гэдэг энэ буюу.
Нэгэн шөнийн цэнгэлийг
хэн нэгэнтэй эдэлж болох хэдий ч
Нэгэн насны жаргалыг
хүн бүхэнтэй элээж болно гэж үү

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
2011-02-11
Jan 04

Гэр бүлийн үнэт зүйл ба “хамтран амьдрагсад”

By gala-admin | ЗАЛУУ НАС - ХАЙР

Дан дээлтэй гарсан юм сан
Даараа болов уу, яагаа бол
Даанчиг намайгаа зовоосон юм сан
Жаргаа болов уу, яагаа бол

…Энэ ертөнцийн бүх л зүйл арга билгийн зохицолдоотой. Амьд биет бүхэн эсрэг хүйстнээ сонгож, өөрсдийн үр удмаа үлдээдэг. Мэдээж бодьгал бүхэн янз бүр хэдий ч эсрэг хүйстнээ хүсэмжлэх, түүн рүү тэмүүлэх, нөхцөлдөн зохицолдох зөн нь адил байдаг аж. Энэ бол байгалийн шалгарал, энэ ертөнцийн жам юм.
Хүмүүс бид ухамсрынхаа ачаар энэ зөнт үйлдэлдээ бусад адгуусан амьтдаас арай л өөр хандлагатай. Бид эсрэг хүйстнээ харж дурлаж, мэдэж хайрлаж, мэдэрч таашаадаг.

Өөрт таалагдсан нэгэндээ өөрийн сэтгэлээ илэрхийлж, харилцан ойлголцож, тохиролцсоныхоо үндсэн дээр гэр бүл болж хамтран амьдарцгаана.

Энэ үеэс бие биенээ өөрсдийн “өмч” гэж үзэн бусдаас харамлаж, хамтран амьдрахад хэрэгтэй бүх л боломж нөхцлийг хамтдаа бий болгон, хүсэл сонирхлоо нэгтгэдэг. Бас өөрсдийн үр удмаа төрүүлж, үүнийхээ төлөө хамтдаа чармайж, хайрлан энэрэх сэтгэлээр бие биенээ халамжилна. Аажим аажмаар гэр бүл тэднийг нэгтгэж, бие биед нь уусгаж, бие даасан бичил орчин болгон хувирна.

Гэр бүл болгон өөрийн ёс зүй, харилцааны хэм хэмжээ, эдийн засаг,  боловсрол эрүүл мэндийн асуудал, гадаад болон дотоод аюулгүй байдлын бодлоготойгоор оршин тогтнодог. Нийгмийн харилцааны бүх л тогтоц нь гэр бүлийн энэхүү бүтцийн томсгосон хэлбэр юм. Хүний нийгэм олон олон гэр бүлүүдийн харилцаан дээр бүрэлддэг. Энэ утгаараа гэр бүл бүхэн өөрсдийн бүтэц, үнэлэмж, үнэт зүйлтэй байдаг аж.

Нэг. Гэр бүлийн үнэт зүйл

…Ямар ч хүн өөрийн гэртээ л хүссэнээрээ байдаг. Заавал гоёх, бусдад зусардаж саймшрах, хэн нэгнийг захирах ба албархах шаардлага үгүй. Нийгмийн харилцаанд алжааж ядарсан, бас бухимдаж баярласан сэтгэлгээнээсээ гэртээ ирж л салж болно. Хэрэв бусдын эрх ашигт саад болохгүй л бол, хүн гэртээ юу хүссэнээ хийж болно. Энэ бол гэр бүлийн болон түүний гишүүн болох хувь хүмүүсийн эрх чөлөө юм.

Мэдээж хүн болгон өөр өөрийн араншин, үзэл бодол, хүсэл сонирхолтой байдаг лугаа гэр бүлүүд ч өөр хоорондоо ялгаатай. Үнэхээр бие биенээ чин сэтгэлээсээ хайрлан халамжилж, ойлголцон хүндэлж, хүсэл сонирхлоо нэгтгэснээр дүүрэн аз жаргалтай амьдардаг гэр бүлүүд бий. Эхэндээ бүх л зүйл нь сайн сайхан байснаа хувийн ёс зүй, элдэв муу зуршлаас болж хоорондоо зөрчилдөн, харилцаа нь сэвтсэн боловч тодорхой шалтгаан болон сонирхлын шаардлагаар “оршин тогтнож” буй гэр бүлүүд бий. Тодорхой хугацаанд ашиг сонирхлын зөрчилдөөн нь улам улмаар даамжирсаар ойлголцож чадахгүйд хүрч, бие биенээ гомдоон, салж холдсон гэр бүлүүд бий.

Гэр бүлүүд ямар байхаас үл хамааран бүх гэр бүлүүдэд адил байдаг гэр бүлийн үнэт зүйл гэж бий. Миний төсөөлж байгаагаар энэ нь:

1. Бие биенээ чин сэтгэлээсээ хайрлах хайр
Хүмүүс бие биедээ дурлаж, хайрлаж, хүсч тэмүүлж байж л гэр бүл болцгоодог. Бие биедээ соронзон мэт татагдаж, салж холдох бүрд санан бэтгэрч, үргэлж хамтдаа л байхыг хүсэх хүсэл, өөрт тохиолдсон бүхнийг зөвхөн түүндээ л ярьж баяр гомдлоо хуваалцахыг хүсэх хүсэл, өөр хэнд ч биш зөвхөн түүндээ л эрхэлж нялхарч бас жаргаж байхыг хүсэх хүсэл бүхэн энэ үнэт зүйлийг бий болгодог.
Түүнийгээ энэ ертөнцийн хамгийн “гоо сайхан”, хамгаас ухаантай, бүхнийг чадагч гэж итгэх итгэл л хүндэтгэл бишрэлийг төрүүлнэ. Цаг ямагт түүнээсээ олон олон гайхамшигийг олж мэдрэн, түүнийг нь урам бишрэлийн үгсээр тэтгэж, түүнтэйгээ хамтад байх мөчид түнэр харанхуй орчлон ч айдасгүй, гэрэлтэй орчлон мэт санагдах дор хүмүүс ямагт аз жаргалтай, баяр баясгалантай байж чаддаг.
Хэрхэн үүнийг бий болгож, нандигнан хадгалж чадах нь тэр л хосуудын ухаан, мэдрэмж, тэвчээрээс л шалтгаалдаг гэнэм.
2. Үр хүүхэд
Хайртай хосууд үр хүүхэдтэй болох мөчдөө амьдрал нь ихэд өөрчлөгддөг. Эхийн сүүтэй хамт, сэтгэлд нь гайхамшигтайгаар уянгалах хайр, үнсэхэд хүртэл мэдрэгдэх нэг л өвөрмөц анхилуун үнэр, төрхийг нь харах бүрд зүрхэнд ёврох мэт мэт ер бусын мэдрэмжийг энэ л бяцxан ‘амьтан” бидэнд өгдөг. Яг энэ мөчөөс л хүний амьдрал тодорхой зорилготой, утга учиртай болон хувирна. Харах тусам хайр өхөөрдлийг төрүүлэх үр удмынхаа төлөө их зүйлийг хийх ёстой гэдгээ ухаарцгаадаг.
Тэр л ‘муухай амьтан”-ыг хооллох хувцаслах, өөрийн дураар байх орчинг бүрдүүлэхийн тулд илүү их хөдөлмөрлөж, илүү их орлого олох хэрэгтэй болно. Хүүхэддээ тоглоом худалдан авахдаа хүртэл баярлан дуу алдаж, хүүхдийнхээ тухай ярих бүрдээ царай нь  баяр баясгалангаар гэрэлтэж, үйл хөдлөл бүрийг нь бусдад хуучлахдаа өөрөө ч мэдэлгүй гайхуулж, онгирох нь энэ л үнэт зүйлийн илрэл.
Хоёрхон биедээ өгч байсан их хайраасаа хонгор үрдээ хагаслан өгч, ярих ярианы сэдэв, маргалдаж муудалцах шалтаг нь хүүхэд нь болдог. Үр хүүхэд гэдэг гэр бүлийн хамгийн үнэт зүйл болон хувирах дор л бид их зүйлийг ойлгож, их олон зүйлийг үүндээ “зохицолдуулна”.
3.Хамтдаа бий болгосон баялаг
Гэр бүл бий болсон цагаасаа л өөрийн материаллаг хуримтлалыг бий болгодог. Амьдрах тохилог сууц, хамтдаа унтах ор, унах машин, хоолны хэрэгслэл, өмсөх хувцас, зүүх гоёл бүхэн хамтын сонголт, хүсэл сонирхлынх нь илрэл. Өөртөө бус хайртай түүндээ зориулж худалдан авч байхдаа, үүнийг үзээд тэрээр хэрхэн дуу алдан баярлахыг сэтгэлдээ төсөөлөн уруулд нь инээмсэглэл тодрон жуумалзана.
Хааяадаа маргалдаж санал зөрөх авч нэг л мэдэх дор, бие биенийхээ хүсэл сонголт, сонирхол таашаалыг мэддэг болно. Хамтдаа бий болгосон материаллаг баялаг бүхэн тэднийг улам улмаар нэгтгэж, ямагт хамтдаа байх хүсэл сонирхлыг бий болгодог.
Ханан дахь уран зургийн цуглуулга, гайхамшигт номын сан, ваартай цэцэгнүүд, амарч тухлах буйдан, үзэж харах телевизор, гоёмсог чамин хоолны хэрэгслэл, тансаг сайхан ширээ бүгд л түүнийг ажлын дараа гэр рүү нь яаруулна. Гэртээ ирж хайртай түүнээ үнсэж, хамтдаа хүүхдээ эрхлүүлж, хааяадаа бие биедээ эрхлэн жаргаж байхдаа л энэ үнэт зүйлийг бүрэн мэдэрдэг.
Гэр бүлийн ийм үнэт зүйлүүд гэр бүлийн аз жаргалыг бий болгодог. Энэ үнэт зүйлээ хамтдаа бий болгож, хайрлан хамгаалж чадваас  хүмүүс гэртээ сэтгэл хангалуун аз жаргалтай амьдарч чадна. Энэ бүхнийг төдийлэн анзаарч , хамгаалж чадаагүйгээсээ болж бид алдаа гаргадаг.
Хүмүүс янз бүр л дээ. Заавал адил байх албагүй ч гэр бүлийн үнэт зүйлд яах аргагүй адил хэмжээгээр анхаарах хэрэгтэй байдаг аж.
Хоёр. Хамтран амьдрагсад
Гадаадын олон оронд залуус бие биедээ дурлаж, бие биенээ сонгосон хэдий ч цаашдаа гэр бүл болж нэгдэн амьдарч чадах эсэхээ шалгах гэж хэсэг хугацаанд хамтран амьдарч “туршдаг” хэв маяг бий.  Тэд хэсэг хугацаанд хамтран амьдарч үзээд, боломжтой мэт санагдвал гэр бүл болцгоож, боломжгүй гэж үзвэл бие биенээсээ уучлал хүсэн, салж одоцгоодог.  Үзэл бодол болон амьдралын хэв маяг таараагүйн төлөө заавал бие биенээ хараан зүхэж, бусдад муучлан сурталчилж, эсвэл шанагаар толгой руу нь цохихгүйгээр шийдвэр гаргах нэгэн хэлбэр юм л даа.
Гэр бүлийн өөрийн гэсэн дэг жаягтай монголчууд бидэнд энэ үйлдэл нь “гажиг”, “завхарал” мэт санагдаж байсан ч, даяаршиж буй өнөө цагт монгол залуус маань энэ хэлбрийг сонгох болсон нь нууц биш. Алив зүйл сайн муу хоёр талтай байдагчлан, энэ үйлдэл  зарим залууст зөв сайн “туршилт” болж байгаа бол нөгөө нэгэн хэсэгт нь “завхайрал”, “зугаацах тоглоом” болж ч мэдэх.
…Үүнийг үл нуршин өгүүлэх нь:
Монголчууд бид амьдралаа дээшлүүлэх гэж, өөрийгөө хөгжүүлэх гэж, юм үзэж нүд тайлах гэж гадаадын олон оронд сурч ажиллаж амьдрах болсоор багагүй хугацааг элээж буй.  Яг нарийн тоо гаргаж чаддаггүй ч ойролцоогоор 300 000 орчим монголчууд гадаадад байгаа гэж үздэг. Тэдний олонх нь ганц биеэрээ, цөөнх нь гэр бүлээрээ байгаа. Тэд гадаадад ажиллаж байж олж буй мөнгөнөөсөө монголд байгаа гэр бүл болон ах дүүсийн амжиргаанд зориулж багагүй мөнгийг илгээдэг нь монголын эдийн засагт нилээд сайнаар нөлөөлж байна.
Энэ бүхнээс илүүтэй тэдний амьдралын хэв маягт шинээр орж ирсэн “хамтран амьдрах” хэлбэр нь хүмүүсийн сэтгэл зүйд янз бүрээр тусч буй. Хэдийгээр ил гаргаж зүрхлэхгүй байгаа ч, ямар нэгэн баримтыг хөндөхгүй байгаа ч энэ сэдэв нь олон монголчуудын хувьд маш “эмзэг” зүйл болон хувирч байна. Энэ тухай саяхан www.orloo.com сайт дээр нэрээ нууцалсан нэгний бичлэг болон түүний дор бичсэн сэтгэгдлүүдээс үүнийг анзаарч болно.
“Даравч дардайна, булавч бултайна” гэдэг үгээр энэ тухай хөндөж, нийгэмд болон олон нийтэд зөв талаас нь ойлгуулж, ямар нэгэн гарц олох зайлшгүй шаардлага нэгэнт бий болж байгаа нь үнэн. Хэдийгээр тодорхой баримт гаргаж чадахгүй ч энэ талаар өөрийн ажиглалт болон санаа бодлоо илэрхийлэхээр шийдлээ.
Хамтран амьдрах хэлбэр нь:
1. Олон жил гадаад оронд мөнгөний төлөө ажиллаж амьдарч байгаа зарим хүмүүст зайлшгүй шаарддагдаж буй физиологийн хэрэгцээ, ажлаас ядарч ирэхэд нь үгүйлэгдэж байгаа халамж анхаарал хэрэгтэй байгаагаас
2. Зөвхөн ажил-гэр гэсэн маршрут, мөнгө-хэрэгцээ гэсэн шаардлагаас үүдэлтэй ганцаардал, бусадтай сэтгэл санаагаа хуваалцаж, зовлон жаргалаа хуучилж чадахгүй байгаа бэтгэрлээс
3. Өртөг өндөртэй газар ажиллаж амьдрахдаа өмнөө тавьсан зорилгоо биелүүлэхийн тулд зардлаа хэмнэх шаардлагаас бий болж байгаа хэрэг.
Тэд ‘мөнгөний машин” биш ” хүн’ юм болохоор тэдэнд гэр бүлийн үнэт зүйлс болон сэтгэл санааны дэмжлэг үнэхээр үгүйлэгддэг.  “Бие нь холдохоор сэтгэл нь холддог” гэдэгчлэн олон жилээр бие биенээсээ хол байх, зөвхөн мөнгөн дээр тогтсон сонирхлын харилцаа ч энэ үйлдэл рүү түлхэж байгаа нь нууц биш. Нөгөө талаар урсан урсах он жилүүд тэдний нас, болон гоо сайхныг хамтад нь урсгаж л байгаа.
Хамтран амьдрагчид бие биедээ дутагдаж байгаа олон зүйлийг нөхөж байгаа хэдий ч, хэн хэн нь өмнө босгосон амьдралаа нураахгүйг л хичээнэ. Гэхдээ л бүх зүйл санаснаар болдоггүй. Ажлаас ядарч ирээд аяга хоолоо хамтдаа идэвч сэтгэл цадах нь үгүй. Нэгэн орон дээр шөнийг хамтдаа өнгөрөөвч бие сэтгэл тэгтлээ жаргах нь үгүй. Олж буй мөнгөнөөсөө хэрэгцээн дундаа хуваавч, баярлан баясах нь үгүй. Амьдрал мөрөөдлийн тухай өөр хооорондоо яривч сэтгэл нэг л шаналж, яриа нэг л эвлэхгүй.
Элдэв хов жив, хэл ярианы улмаас үүсэх хардлага, хэрүүл маргаан шаналж яваа сэтгэлийн шархыг хөндөж, холбож ядан буй итгэлийн холбоосыг тасалж орхих нь бий.  Ээдрээтэй энэ л орчил дунд бие биедээ дасан дассаар зарим хамтран амьдрагчид “гэр бүл” болон хувирах нь бий.
Аргагүй тавиландаа зарим хосууд ойлголцон “тохиролцовч’ сэтгэлийн гүн дэх хөндүүрийг яалтай. Олж буй мөнгөөрөө эдийн сайныг худалдан ававч, холдож алсрах хайрын сэтгэлийг яалтай. Өдөр хоногийн урсгалд өнгө мөнгөөр арилжигдах өрх гэрийн амьдралын үнэ цэнийг яалтай.
Хүссэн ч эс хүссэн ч бид үүнийг ил гаргаж, ойлгох хэрэгтэй болж байна. Хүсэл сонирхлоор бус хэрэгцээ шаардлагаар бий болж буй “хамтран амьдрах” гэр бүлийн энэ хэлбэр нь, монгол гэр бүлүүдийн үнэт зүйлийг үгүй болгож байна. Яг анзаараад үзэх ахул энэ хэлбэр нь, гэр бүлүүдийн үнэт зүйлийн материаллаг сонирхол дээр дээр л илүү тогтож байгаа.
Бид ядуу, өөрийн эх орондоо амьдарч, хүссэн хэрэгцээ шаардлагаа бий болгож чадахгүй байгаа нь нөлөөлж байгаа нь үнэн. Гэхдээ энд материаллаг сонирхол давамгайлснаас л бие биенээ чин сэтгэлээсээ хайрлах хайр халамж, үр хүүхдийнхээ төлөө гэсэн үнэт зүйл нь үнэгүйдэж байгаа.
Бид ингэтлээ ядуурцгаасан гэж үү?
Гурав.Төгсгөл
Олон олон өрх гэрийн нэгдэл дээр тогтдог төр, энэ л гэр бүлүүдийн үнэт зүйлийг хамгаалж байх учиртай. Ядахнаа л харьд явахад нь гэр бүлээрээ явах боломж олгохыг хичээж, гэрээ хэлцэл хийх нь төрийн үүрэг. Гэтэл ид залуу насны хэдэн мянган залуусыг харьд ажиллуулахаар илгээж, бас үүнийгээ бахархан сурталчилж байгаа төрийн мунхагуудыг яалтай. Ганц биеэрээ харьд ажиллахаар явж байгаа энэ олон залууст ийм л харамсалтай тавилан учирч болох. Хэн үүний төлөө хариуцлага хүлээх юм бол?.
Өөрсдөө эхнэр хүүхэдтэйгээ харьд зугаацаж, завшиж олсон мөнгөөрөө дэлгүүр хэсч, казино тоглон үрж явахдаа энэ л оронд ингэж амьдарч байгаа жирийн монголчуудаа тэдэнд атаархаж, бас баярлан бахархаж байгаа гэж тэд бодож байгаа юм биш байгаа даа. Тэд баяжиж болноо. Харин жирийн иргэд нь хагартлаа баяжихыг бус, ажил хийж хөдөлмөрлөөд олж буй мөнгөөрөө өөрийн эх орондоо, хайртай гэр бүлтэйгээ амар тайван амьдрахыг л хүсч байгаа. Ийм боломж нь байдаг бол хэн ч харьд сэтгэл болон амьдралаа золиослон амьдрахыг хүсэхгүй.
Үүнийг ойлгож төрийн бодлогоо чиглүүлэхэд хэр их ухаан, цаг хугацаа хэрэгтэй юм бол?
Өнгө мөнгөний төлөөх энэ л амьдрал дунд цөөхөн монголчууд бид, өөрсдийн хүн чанар, итгэл үнэмшил, үнэт зүйлсээ алдсаар л…Хэдийгээр өөрийг нь гомдооогоод хаяад одсон мунхаг түүний араас:
Хөвөнтэй дээлтэй гарсан юмсан
Хөрөө болов уу, яагаа бол
Хөөрхий намайгаа зовоосон юмсан
Жаргаа болов уу, яагаа бол
гэж зөвхөн монголчууд л дуулж, сэтгэлээ илчилдэг байсан юм даа.
ӨРХ ГЭР АМГАЛАН БАЙВААС, ТӨР ТҮВШИН АМГАЛАН

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
2011-01-04

Nov 13

Бусдаас хүсч байгаа зүйлээ

By gala-admin | ЗАЛУУ НАС - ХАЙР

Хүн гэртээ ганцаараа байхдаа л өөрийн хүсэл болон дур зоргоороо байдаг. Харин олон нийтийн дунд орохоороо тодорхой хэм хэмжээнд захирагдах болдог. Энэ бол харилцаа, харилцааны соёл юм. Хүн болгон адилгүй үзэл бодол, зан араншин, өөр өөр хүмүүжилтэй байдгаас бие биетэйгээ харьцах харьцаа, хандлага нь янз бүр. Тийм ч учраас хүмүүсийн хоорондын харилцаа олон янзын зөрчил үүсгэж, оюун санааны бухимдалд хүргэх нь цөөнгүй.

Бусдаас сонсохыг хүсч буй үгсээ…

-Сайн байна уу? та
-Та өнөөдөр их сайхан харагдаж байна шүү
-Та их сайхан сэтгэлтэй хүн юм аа
-Таны хэлсэн үг надад их сайхан сэтгэгдэл төрүүллээ
-Миний төлөө гаргасан сайхан сэтгэл, сайн үйлс бүхэнд тань талархаж явдаг шүү
Хүмүүс ажил дээрээ, гэртээ, үйлчилгээний газар, ер нь хаа ч явсан урам талархлын сайхан үг сонсохыг хүсдэг. Зүгээр л хараад, хүлээгээд суугаад байвал ийм үгийг хэн ч танд хэлэхгүй. Та бүх зүйлийг өөдрөг сайхнаар харж, төсөөлж, хүн болгонд ийм сайхан үгсийг хэлж байвал, хүмүүс танд өнөөдөр эс ч маргааш энэ үгсийг хэлэх л болно.
Монголчууд бид зарим тохиолдолд ийм үгсийг “манж” гэж нэрлэж. ийм үгсийг хэлж буй хүнийг “зусар”, “нялуун” гэхчилэн шоолох нь олонтой. Бид өөрсдийгөө “гүндүүгүй”, ” хээгүй”, “шулуун” гэхчилэн үнэлж, “цоллон”  ийм байхыгаа монгол зан мэтээр төсөөлөх нь ч буй.
-Юу байна хөгшөөн
-Ээ хулгайч аа, юмаа мартчихаж
-Чи ч лаг амьтан юм аа
-Тэр ч харин овоо хуцдаг гар байна лээ
-За чи битгий онигоотоод бай
Бид өдөр болгон өөрсдөө ч анзаарахгүй ийн ярилцана. Арай соёлтой нэгэн сонсох ахул бөөн бүдүүлэг, зэрлэг омгийнхон дунд орох мэт. Уг нь энэ бүхнийг бий болгон төлөвшүүлэхэд дунд сургуульд бидний 10 жил тасралтгүй эр эм эгшиг, гээгдэх болон гээгдэхгүйн дүрэм, байц тусагдахуун судалсан монгол хэлний хичээл, бас гэр бүлийн орчин гол үүрэг гүйцэтгэх учиртай юм шүү дээ. Монгол хэлний хичээлийг бүтэн 10 жил олон цагаар судлаад зөв ярих, өөрийн бодол санаагаа аятай сайнаар илэрхийлж сураагүйд манай боловсролын тогтолцооны гажуудал мэдрэгдэж байгаа хэрэг.
Бусдын дэргэд эхнэртээ “хайртай шүү, чамдаа” гэж хэлэхээс ичдэг, үр хүүхдээ магтаж урамшуулахаас цэрвэдэг, бие биедээ урам талархлын сайхан үг хэлэхээс татгалздаг энэ байдал бидний харилцааны эерэг сайхан хандлагад саад болж байна. Даяаршиж, хамтдаа соёлжиж буй энэ ертөнцөд та бид өөрсдөө л хичээж энэ бүхнийг бий болгохоос өөр аргагүй.
Та яг өнөөдрөөс эхлээд л хүн болгонд инээмсэглэж, урам талархлын сайхан үгийг хэлээд үз дээ. Та бусдаас сонсох сон гэж хүсч байгаа бүх үгээ хичээж байгаад ч болов бусдад хэлээд л бай. Хүмүүс таныг гайхан харж, шоолж мушилзаж байвч бүү тоо. Маргааш нөгөөдөр, магадгүй жилийн дараа ч юм уу та энэ үгсийг эргүүлээд сонсох л болно. Тэр цагт таны сэтгэл үүлгүй тэнгэр мэт цэлмэг, амьдрал тань ямагт шувуудын жиргээ мэт баясгалантай бас хөгжилтэй байх болно.
Өөрийн боломжоороо бусдад туслах хэцүү гэж үү?
“Нөхрийн хэрэг бүтвэл өөрийн хэрэг бүтнэ”, “Аяганы хариу өдөртөө, агтны хариу жилдээ” гэхчилэн сургааль үгсээс гадна
Баавгайтай чихэр олдвол
Хувааж идэж бай
Багыг нь нөхөртөө өгвөл
Хамтын ёс биш    гэхчилэн үзэл сурталжсан шүлгээр хүмүүжиж байсан монголчууд бид, өнөөдрийн ороо бусгаа цагт багагүй өөрчлөгдөж байна. Бусдад тус болж байгаа нэгнийг “улаан ном”д оруулах шахан гайхна.
-Чи хүнд тусаллаа гээд чамд хэрэг болох биш
-Нэг л их сайхан сэтгэлтэй, өөрөө юу ч үгүй хоосон амьтан
-Илүү зуйрган, баяжихад саад гэж мэдэх үү?
-Чи дандаа л бусдад ашиглагдаж явах юм. Тэглээ гээд баяжичихсан чинь хаана байна?
-Одоо цагт хувиа л хичээж яв. Бусдад тусаллаа гээд чамд унах унац юу ч үгүй
Хүний хүсэл, үйлдэл бүхэн “шидэт саваа”-гаар дохиод л бүтэж биелдэггүй болохоор хэзээ нэгэн цагт, ямар нэгэн нөхцөлд бусдын тус дэм хэрэгтэй болдог. Тус их байж болох авч, сэтгэл байвал багаддаггүй гэнэ. Юу юунаас илүү тухайн тохиолдолд чин сэтгэлээсээ хандаж тусалсан тус хамгаас үнэтэй, бас мартагддаггүй.
Монголчууд “тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас тэвдэж явахад тэвнээр тусла” гэж сургадаг. Өвдөж байхад санаа зовж биеийг нь асуух, өргөж чадахгүйд дэм болж туслах, өлсөж даарч явахад халуун хоол цай хийгээд өгөх, ядарч явахад сонсож сэтгэлийн урам өгөх, шаналж явахад нулимсыг нь арчиж тайтгаруулах бүгд л тус.
Түүнд хэрэгтэй зүйл нь танд байхад харамлах хэрэг юун. Түүний хайгаад олохгүй байгаа боломж нь танд байхад татгалзах хэрэг юун. Түүнд дэмжлэг болох ухаарал урмын сайхан үгс таны сэтгэлд байхад залгих  хэрэг юун.
Чин сэтгэлээсээ бусдад өгсөн таны тус, нэгэн цагт танд эргэн ирэх тавилан буй. Хорвоо ертөнц нарыг тойрон нэгэн тэнхлэгт эргэдэгтэй адил, өдөр шөнө ээлжлэн энэ ертөнцийг хар цагаанаар сүлж, гэрэл харанхуйгаар бүрхдэгтэй адил хүмүүний тавилан жаргал зовлон, баяр гуниг, сайн муу үйлээр ээлжлэн эргэдэг.  Чухам энд л хүн хүндээ туслах, хайрлах, ойлгож энэрэхийн увидас буй.
“Би түүнд тус болж чадна л даа. Гэхдээ тэр надад таалагдахгүй байгаа учраас би түүнд туслахыг хүсэхгүй байна” гэж бодох цаг дор, маргаашийн өдөр танд ирж болох олон сайхан учралууд танаас үргэн одно. Хүнд байгаа боломж бүхэн сэтгэлийн өгөөмөр сайхныг дагаж явдаг гэнэ.  Сэтгэлийн өгөөмөр сайхан үгүй болох мөчид тэр үнэт боломж бололцоо алга болно.
Өөрт байгаа бүх л боломжоороо бусдад тус болох тийм ч хэцүү биш. Харин тус болох хүсэл сэтгэл үгүй болох хамгаас хэцүү. Тийм хүмүүс сэтгэл нь ямагт жихүүцэж, ганцаардан шаналж, уцаарлан бухимдацгаана. Тэр хэрээрээ бусдаас ирэх сэтгэлийн илч гэрлийг мэдрэхээ болино. Яг л үхдэл мэт…

Бусдаас хүсч байгаа зүйлээ…
“Хүмүүс намайг сонсоосой” гэж хүсч байгаа бол бусдын ярихыг үргэлж анхааран сонс. Яриаг нь тасалж, орилж хашгирахгүйгээр, ярьсаныг нь инээн шоолж, гутаан доромжлохгүйгээр, бусдад дамжуулан хов жив болгохгүйгээр анхааран сонс. Танд таалагдахгүй байлаа ч бүдүүлгээр таслахгүйгээр аятай сайнаар илэрхийл. Энэ бүхний тань хариуд хүмүүс таны яриаг анхааран сонсох цаг ирнэ.
“Хүмүүс намайг хүндлээсэй” гэж хүсч байгаа бол бусдыг ямагт хүндлэ. Бүсгүй хүнд хаалгыг нь нээж өг, балчир хүүхдийг бүдэрч унахад нь өргөж босго, ахмад хүний тохойг нь дэмнэж суудал тавьж өг. Бүсгүй хүнийг хормойдож бүү гүй, балчир хүүхдийг бага гэж бүү бас, өтөл хөгшидийг “зөнөг” гэж бүү хэл. Танихгүй хүнээ ‘та” гэж хүндлэн харьц, таних хүнээ марзаганан бүү шоол. Энэ бүхний хариуд нэгэн цагт хүмүүс таныг хүндэлж байгааг мэдрэх болно.
“Хүмүүс намайг ойлгоосой” гэж хүсч байгаа бол бусдыг ойлгохыг хичээ. Хүний үйлдэж буй сайн муу үйл бүхэн сэтгэл зүрх, оюун санааных нь илрэл байдаг. Бурууг хийгээд шаналж яваа нэгнийг тавалж бүү шоол. Баяр хөөрөөр бялхаж, онгирч яваа нэгнийг гутааж бүү шоол. Бүсгүй хүний нулимсыг хурууны өндгөөр арчиж аргад, балчир хүүхдийн хацрыг алгадаж бус үнсэж өхөөрд. Тэр бүхний хариуд хүмүүс таныг ойлгож, чин сэтгэлээсээ эелдэг сайхнаар хандахыг анзаарах болно.
Хүн болгон гайхамшигтай сайн байдаггүй ч аймшигтай муу байдаггүй. Хүмүүс өөртөө хэрэгтэй бүхнийг бусдаас хайдаг. Гэхдээ энэ нь мөнгө биш сэтгэл. Бусдаас авахыг хүсч байгаа зүйлээ бусдад өгч чадвал, эргүүлж авч чадна. Заавал өнөөдөр биш, маргааш нөгөөдөр, магадгүй жилийн дараа, эсвэл олон жилийн дараа. Энэ нь хүн байхаын утга учир буюу.
Та ганцаараа сайн хүн байгаад яах юм бэ? Таны эргэн тойронд байгаа бүх л хүмүүс сайн сайхан байж чадвал, тэр л илч гэрэлд ямагт дулаацаж, бас гэрэлтэж чадах болно. Бүгдээрээ л хичээх аваас бүх зүйл сайн сайхан болох боломж бидэнд буй.

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
2010-11-13

Oct 10

Цаг хугацаа

By gala-admin | ЗАЛУУ НАС - ХАЙР

…Цаг хугацаа хором ч зогсолтгүй урагшилна. Яг л голын ус мэт. Тасралтгүй мяралзан урсах голын ус бүхнийг хаман одох төдийгүй ёроолдоо байх чулууг хүртэл мөлийлгөн өнгөлнө. Ус зөөлөн хэдий ч хурц ирмэгтэй хатуу чулууг бөв бөөрөнхий болгон мөлийлгөн өнгөлөх нь тасралтгүй, зогсолтгүй урсах урсгалын шуд буюу.
Хүмүүс бид энэ амьдралд цаг хугацааны урсгал дунд элэгдэж мөлийдөг. Яг л чулуу мэт. Бүхнийг мэднэ чадна, би бүхнээс илүү мундаг гэж бодох омголон бардам залуу насандаа, хүний гарыг ч зүсэх хурц ирмэгтэй чулуу мэт. Бүх л зүйлд болгоомжтой хандан гурвантаа тунгаан бодож нэгэнтээ шийдэх идэр насандаа тал нь хурц ирмэгтэй атлаа тал нь элэгдэж мөлийсөн гоёмсог  чамин чулуу мэт. Алив зүйлд уужуу ухаан, ууч сэтгэлээр хандах өтөл насандаа хаанаас нь харсан өөлөх аргагүй өөхөн чулуу мэт.
Хүмүүс бид өөрсдөө ч үл анзаарах цаг хугацааны урсгалд элэгдэж эмтэрч, өөрсдөө ч үл анзаарахаар өөрчлөгдөж хувьсана. Цаг хугацааг зогсоож үл болдогийн адил өнгөрсөн тавиланг эргүүлж үл болох.  Зогсоож  болдоггүй цаг хугацааны урсгалд эргүүлж болдоггүй тавилангаа хэрхэн дааж явах нь эрдэнэт хүмүүний ухааны цараанаас хамаардаг гэнэм.

Цаг хугацаа бүхний шалгуур
– Би ганцxан чамдаа л хайртай. Чамгүйгээр би амьдарч чадахгүй. Бүх насаараа ганцxан чамдаа л үнэнч байж чадна.
Дурлалдаа мансуурч ичимхий сарны бүүдгэр туяан дор энхрий түүнийхээ гарыг илбэн байж амалсан амлалтын үнэн худлыг өөр хэн ч биш зөвхөн цаг хугацаа л шалгаж нотолдог. Өдий хүртэл бие биенээ хайрлан халамжлах үнэнч сэтгэлийг, өөр хоорондоо муудалцан салж холдсон хэрнээ өр зүрхэндээ сэм шаналах ууч сэтгэлийг, цаг зуурын жаргалд бусдын сэтгэлийг сэмэлж, цаанаа ч шаналах зүйлгүй мартаж мартагдахын харгалдааныг цаг хугацаа л илчлэн харуулдаг.
-Аав ээжийгээ ачлан хайрлаж, халамжлан жаргаах амлалтын худал үнэнийг цаг хугацаа л шалгаж нотолдог.
Ээж аавдаа чин хайраар талархах сэтгэлийг, эрхэлж тэнэглэхийн завсар нойрыг нь хулжаан сэтгэлийг нь чилээх тамлалыг, наанаа худал хөөрхийлэвч цаанаа хөрөнгө мөнгөнд нь шунах цэвдэг мунхаглалыг, амьдрал даахгүй үйлээ аав ээждээ давхар үүрүүлэх арчаагүйдлийг, өрөөл бусдыг бус зөвхөн өөрийгөө гэх өчүүхэн тэнэглэлийг цаг хугацаа л илчлэн харуулдаг.
-Анд нөхдийн нөхөрлөл, итгэл сэтгэлийн бат бөхийг цаг хугацаа л шалган нотолдог.
Балчир бага наснаасаа хамтдаа тоглон, хамтдаа уйлж дуулж өссөн цагаахан сэтгэлийн үерхлийг, хатуу хүнд цагт чин сэтгэлээр нөхөрлөсөн нөхөрлөлийн чанарыг, эрх мэдэл албан тушаалд дулдуйдсан зусар зулгуй хандлагыг, энэхэн зуурын ашиг хайсан тооцоотой нөхөрлөлийг, атаархал хорслоо нуун байж хуурамчаар инээх хэврэгхэн үерхлийг, архи дарсанд хөлчүүрхэн байж бие биенээ хөөргөн магтах түр зуурын найзыг цаг хугацаа л илчлэн харуулдаг.
-Яг тэр мөчид өмнө минь тулгарч давж гарах аргагүй мэт санагдан мухардах бэрхшээл, хожмын нэгэн цагт алхаад гарч болох жижигхэн саад мэт санагдах нь бий. Яахын аргагүй гайхамшигтай мэт санагдан бишрүүлж асан бүхэн хожмын нэгэн цагт эгэл жирийн мэт санагдах нь бий. Гарцаагүй үнэн, өөр юутай ч зүйрлэшгүй мэт санагдаж байсан бүхэн хожмын нэгэн цагт, гаргалгаа нь өөр, бодлогын олон хариу мэт санагдах нь бий.
Бид өнөөдөр бусдад олон зүйл амалж, бусдад тустай гайтай олон үйлийг үйлдэж, бусдын нүдэнд сайхан муухай олон янзаар харагдаж, бусдын сэтгэлд сайн муу олон янзаар дурсагдавч, бидний хэн байсныг бас хэн болохыг цаг хугацааны урсгал л нотлон харуулдаг аж.

Цаг хугацаа бүхнийг элээдэг
…Хашааныхаа гадна хаврын ээвэр наранд дулаацах гэж нарлах суугаа хөгшчүүдийн хажуугаар өнгөрөх хүн бүхэн, тэдний тухай нэгийг боддог. “Хөөрхий дөө, хэцүү л байгаа байхдаа”  гэж бодох нэгэн байхад, хөөргөн ойворгон зарим нь “хөгширч үхэх гэж байж” хэмээн мөнхийн юм шиг санах залуу насны аагиа гайхуулна. Өрөвч сэтгэлтэй зарим нь “өө та чинь ануухан байна шүү” гэж урмын үг хэлнэ.
Цаг хугацааны урсгалд элэгдэж мөлийсэн тэднийг харахдаа ” бид нэгэн цагт эдэн шиг л болно шүү дээ” гэж бодож чаддаггүй. Үрчлээтэж холцруутсан нүүр нь нэгэн цагт үзэсгэлэн гоогоороо бусдыг бишрүүлж, дурлуулж л байсан, ус гүйж хаван суусан нүд нь цагтаа тормолзон ирмэж бусдыг дуудаж л байсан, бөгтийж атийсан нуруу нь цагтаа залуу хус мод шиг гуалиг сайхнаараа гунхалзаж л байсан, таяг тулж жижиг биеэ дааж ядах хөл нь цагтаа тэгш сайхнаараа гайхуулж байсан.  Харин бид энэ бүхнийг сэтгэлдээ ургуулж, нүдэндээ төсөөлөн харж чаддаггүй.
Юу юунаас илүү тэдний сэтгэлийн бөх батыг бид анзаардаггүй. Нэгэн цагийн залуу улиас өвгөн мод болтлоо ургаж, цэцэглэхдээ үндэс нь салаалж, газарт бат шигдэж, хэрийн хүчтэй салхи шуурганд булгарч унадаггүйн адил тэдний амьдралын туршлага, хурааж хуримтлуулсан ухаарал бүхэн нь юутай ч зүйрлэшгүй.
Харин бид өөрсдийгөө мөнхөд залуу байх юм шиг л санаж омогшсоор.  Харин цаг хугацаа урсан урссаар…

…Бид залуу насандаа санаатай болон санамсаргүйгэээр бусдад гомдож, бусдыг гомдоодог. Тэр л омголон үедээ юуг ч эргэцүүлж, зогтусахгүйгээр өөрийнхөөрөө л бүхнийг шийднэ. Заримдаа буруу зүйл хийж буйгаа ч анзаардаггүй, анзаарсан ч зөвшөөрч чаддаггүй.
Харин цаг хугацааны урсгалд аажим аажмаар элэгдэхдээ олон зүйлийг өөрөөр харж өөрөөр эргэцүүлнэ. “Тэр үед би тэнэг байж дээ! тэсч болох л байсан шүү дээ” гэх харамсал нь эргүүлж болдоггүй цаг хугацааны тохуурхал мэт. Болж өнгөрсөн олон зүйлийг, болж болох байсан олон тохиолдлуудтай жишихдээ, бодлого ганц хариутай биш олон гаргалгаатай байж болохыг ухаарахдаа бусдыг уучлах сэтгэлтэй болдог.
Цаг хугацааны зогсолтгүй урсгал тэр л хүмүүний сэтгэлд ухаарал болон ууч сэтгэлийг шингээж байдаг гэнэм. Өтөл хүн болгон ухаантай байж чадахгүй ч ууч сэтгэлтэй байж чаддаг нь сэтгэлийн омголонг элээх цаг хугацааны урсгалын шид. Яг л голын усанд элэгдэж мөлийсэн гоёмсог чулуу мэт.
Бид өнөөдөр эрч хүчтэй, гоо сайхан, омголон бардам явавч цаг хугацаа бүхнийг элээдэг. Бид элэгдэхдээ ухаарал, ууч сэтгэлийг өөртөө илүү шингээнэ. Бидний ирээдүй болсон өнөөгийн ахмадууд энэ л элэгдлийн жишиг. Тэднийг хайрлан халамжилж, бас үгийг нь сонсч байх сан. Бид маргааш хүссэн хүсээгүй тэдэн шиг л болно.

Цаг хугацаа бүхнийг ухааруулдаг
“Бидэнд хамгийн эрхэм зүйл амьдрал. Тэрээр ганцxан удаа олдох бөгөөд түүнийгээ үр ашиггүй өнгөрүүлсний төлөө хожим харамсахгүйгээр амьдрах хэрэгтэй.” Oросын зохиолч Н.Островскийн хэлсэн энэ үгэнд би дуртай.

Амьдралдаа хожим харамсахгүйн тулд бусдын бүх л зүйлийг дуурайх биш, өөрийнхөөрөө байх хэрэгтэй болдог. Учир нь хүн гэдэг хэзээ ч давтагдашгүй өвөрмөц ертөнц. Таны өөртөө бий болгосон эрдэм мэдлэг, авьяас чадвар, ухаарал бүхэн өөр хэний ч бус зөвхөн таны л баялаг. Танд тохиолдож байгаа бүхэн өөр бусдад заавал тохиолдох албагүй болохоор та л өөрөө шийдэх хэрэгтэй болдог. Таны шийдвэр үйлдэл бүхэн нь танд л хамаатай болохоор үүнийхээ сайн муу үр дагаврыг та л өөрөө хариуцаж үүрэх болно.
Цаг хугацааны урсгал, бидний хүссэн ч эс хүссэнээс шалтгаалахгүйгээр олон зүйлийг бидэнд ухааруулж ойлгуулж байдаг. Өрөөл бусадтай заавал муудалцаж, өс хонзон өвөрлөж өөрийгөө зовоох хэрэггүйг, өнгөрсөн алдаа бүхэндээ гуньж гутран уруу дорой явах хэрэггүйг, өрөөл бусдыг зусардан дагалдаж өөрийн үнэ цэнээ алдах хэрэггүйг бидэнд хэлж өгдөг. Бусдад сайхан сэтгэлээр туслаад буцааж хариу нэхэх хэрэггүйг, бор сархадад толгойгоо мэдүүлж цаг хугацааг алдах хэрэггүйг, бусдын дэмэнд найдаж өөрийн боломж чадлаа алдах хэрэггүйг сануулдаг. Өөртөө эдийн баялаг бус эрдмийн баялаг хураах хэрэгтэйг, элдэв бэрхшээлд сөгдөж суулгүйгээр давж гарч сурах хэрэгтэйг, энэ бүхний эцэст өөрөө өөртөө л эзэн байж, хүн чанараа хадгалж явах хэрэгтэйг бидэнд ухааруулдаг.
…Цаг хугацаа урсан урссаар. Яг л тунгалагхан голын мяралзах урсгал мэт. Харин бид өөрсдийгөө мөнхийн залуу, үргэлж бардам, бас гоо сайхан байх юм шиг л санасаар. Цаг хугацаа нэг л мэдэхэд биднийг элээж , голын чулуу мэт мөлийлгэхэд өөртөө харамсахгүй л байх сан даа.

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
2010 -10 -10
Aug 27

Хар гэртээ хаан, бор гэртээ богд

By gala-admin | ЗАЛУУ НАС - ХАЙР

…Би ажлаасаа гэртээ ирэхдээ жинхэнэ эрх чөлөөг мэдэрдэг. Миний гэр, миний хувьд өөрийнхөө эрх дураар байж болох цорын ганц орчин, бас цорын ганц боломж. Би ажлаас ядарч, гэртээ ирээд усанд орж, хоолоо хийж идээд, зурагтынхаа өмнө, эсвэл компьютерийнхээ ард сууж байхдаа л өөрийн үнэ цэнэ болон эрх чөлөөг жинхэнээр мэдэрнэ. Би гэртээ юу хүссэнээ л хийдэг.

Яагаад гэвэл энэ миний л гэр
Бид өөрийн гэртээ ямар ч өнгө будаг, зусар зулгуй үггүй өөрийнхөөрөө байдаг. Бид хэн нэгэнд таалагдах, хэн нэгэнд сайн хүн гэдгээ нотлох, хэн нэгэнд сайхан харагдах гэж хичээхгүйгээр зөвхөн өөрийнхөө үнэн төрхөөр байх боломж нь бидний гэр. Бид өөрийн гэртээ л яг эхээс төрснөөрөө, өөрийн  төрөлх араншингаараа, өөрийн хүсэл мөрөөдлөөрөө байж чаддаг. Тэгэхээр бидний гэр орон бидний эрх чөлөө.

Бид энэ ертөнцөд болон нийгэмд бусад олон хүмүүс болон бусад олон зүйлстэй хамтад ажиллаж, амьдардаг. Энэ бол нийгэмшил. Бид энэ орчинд зөвхөн өөрийнхөөрөө байх эрхгүйгээр барахгүй тодорхой хууль журамд захирагдана. Энэ бол нийгэмшилийн хэм хэмжээ. Өөрөөр хэлбэл чи өөрийн дураар байж болно, гэхдээ бусдын эрх ашигт муугаар нөлөөлөхгүйгээр шүү дээ. Хэрэв чи өөрийнхөө дураар байх этгээд хүсэл тань бусдын эрх ашигт харшилж байвал, хууль дүрмийн дагуу чи эрхээ хязгаарлуулна гэсэн үг. Яагаад гэвэл, чи энэ ертөнцөд цор ганцаар биш болохоор.
Харин гэртээ бол өөр өө. Тэр бол таны өөрийнхөөрөө байж болох цор ганц орчин.
Гэхдээ энэ орчинд миний эрх гээд эхнэрээ зодоод, хүүхдүүдээ дарамтлаад байж бас болохгүй. Хүн болгон гэр бүлийн орчиндоо өөр өөрийн эрх үүрэгтэй. Харин ч таны харилцах хүрээ арай бага орчинд та зохицуулахад арай амар гэдэг ч юм уу.
Монголчууд эрт үеэс л “Хар гэртээ хаан, бор гэртээ богд ” гэдэг хэллэгээр гэр бүлдээ байх таны байр суурь үнэлэмжийг тодорхойлж өгчээ. Та улсад хаан, бас богд байх боломжгүй хэдий ч гэртээ энэ эрх үүргийг өөртөө авч байх боломжийг тань өгүүлсэн хэрэг. Гэр бүл гэдэг бас л бичил орчин, тусгаар улс. Тэр улсад шийдвэр гаргадаг “ерөнхийлэгч”, санхүүг зохицуулж байдаг “сангийн сайд” бас гадаад бодлого, ауюлгүй байдлын зохицуулалт гээд олон асуудал байдаг тухай Монголын хошин шогийнхон нэгэнтээ үзүүлж байсныг санаж байна.

Гэр бүл тусгаар орчин
…Миний багад хөдөө суманд их найр болж, хүмүүс ч их ууцгаадаг байсан сан. Найр болгоны төгсгөлд тэр сумандаа “агсам” гэх тодотголтой хэн нэгэн айл айл хэсэж агсам тавьж гэр орныг нь түйвээдэг байж. Түүнийг нь бүгдээрээ байх л үзэгдэл мэтээр хүлээн авч гэр орноо түйвээлгэчихээд маргааш нь “баалах” төдийгээр өнгөрөөнө. Өшиглөж унагаалгасан зуухаа янзлаж, эвдэлж хэмхэлсэн авдар саваа засч, талаар нэг тарааж хаясан эдлэлээ цуглуулж байхдаа, ” хнн, энэ монш засрахгүй нээ, нутгийн нэр баастаад” хэмээн хамар доороо гуншигнан үглэх. Талаар нэг тарсан амьдралд энэ нь зугаа гаргах үзэгдэл байж болох.

…Харин өдгөө цагт хэн нэгэн гэр бүл хэмээх тусгаар орчинд нэвтэрч басxүү өөрийн дураар авирлах нь мөнөөх л “хамтын амьдрал, хамтын хөдөлмөр”-ийн үлдэгдэл гэмээр. Айлд орж ирчихээд хэрэгт дурлаж, авдар савыг нь онгичих нь холгүйгээр авирлаж,өөрийн юм шиг эдлэлийг нь үзэж бас сонжиж, зөвлөлгөө өгч, бусдад мэдээлж явдаг базаахгүй зуршил өнөө хэр ч арилаагүй байгаа. Бид ч бас адилдаа, өөрийн өрх гэр өмч хөрөнгөө “нийтийн” юм шиг сэтгэж, өрөөл бусдад сонжуулж байх юу ч билээ. Та болон танай гэр бүлийнхэн сонгож авсан л бол тэр зүйл хэнд ч хамаагүйгээр барахгүй, бас хүртээлгүй. Энэ бол танай гэр бүлийн хүсэл сонирхлын илэрхийлэл төдийгүй, өрөөл бусдад заавал таалагдаж байх ч алба үгүй.
…АНУ-д гэр бүлийг ихэд хүндэтгэн үздэг. Хэрэв гэрийн эзний зөвшөөрөлгүйгээр энэхүү дархан газарт дур зоргоор халдах аваас тэд шууд л буудах эрхтэй. Үүний төлөө тэд ямар ч хариуцлага хүлээхгүй. Учир нь энэ бол тэдний хүвийн өмч хөрөнгө төдийгүй дархан цаазат газар нь. Энд тэд дураараа байж болох бөгөөд, өрөөл бусдын халдлага сонирхлоос ангид байх боломжийг төр нь олгож, хамгаалж байдаг.
Сургуульд хамт суралцдаг гадаад найз нь америк найзаасаа шөнө болсон хойно гэрт нь очихыг хүсчээ. Гэтэл америк найзынхаа татгалзсаныг үл хайхран хашааг нь давж орсны улмаас найздаа буудуулан амь насаа алдсан хэрэг хэдэн жилийн өмнө гарсан. Хоёр орны харилцааны асуудал хөндөгдсөн боловч, ямар ч тохиолдолд өөрийн орны иргэдийн эрх ашгийг хамгаалдаг төрийн хамгаалалт, энэ хэргийг гэр бүлийн аюулгүй байдлын төлөөх ухаалаг шийдвэрийг гаргахад хүргэсэн. Энэ бол мундаг жишээ. Төр нь иргэдээ хамгаалдаг сонгодог жишээ.  Энэ дэлхийд хэн ч хүлээн зөвшөөрөх хэм хэмжээ. Гэтэл Монгол оронд минь болж байгаа сүүлийн үеийн хэрэг явдал нэг л биш ээ.

Монгол орон миний нэг гэр бүл, бас орон зай минь
Сүүлийн үед Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслэлүүдийн гол шуугиан нь Монгол улсад гэрээгээр ажиллаж байгаа хятадууд, зөрчлийн улмаас шаардлага тавьсан Монгол Улсын цагдаад халдаж тэднийг гэмтээж, хохироосон явдал. Энэ талаар Бэсүд овгийн Ж.Отгонбаатар өөрийн сэтгэлийн эмзэглэлээ бичиж интернет сайтууд дээр тавьсан байсныг санаж байгаа байх.
Хэдийгээр гадаадад ажиллаж амьдарч байгаа ч бидний нэгэн гэр орон минь Монгол орон. Монгол төдийгүй аль ч орон олон олон гэр бүлүүдээс бүрддэг. Бид хэдийгээр гадаад оронд ажиллаж амьдарч байгаа ч энэ оронд хууль дүрэм журамд хатуу захирагддаг. Энэ орнуудад бидэнд зориулсан тусдаа хууль дүрэм байдаггүй ч, бүгд л тэр орны хууль дүрмийг чанд сахих болно. Учир нь хэдийгээр хууль дүрэмд тодорхой заагаагүй ч, ямар нэгэн маргаантай асуудалд тэд өөрийн орны иргэний эрх ашгийг илүүтэй хамгаалдаг. Маргах аргагүй энэ үзэгдэл нь өөрийн гэр бүлээ хамгаалах оролдлогын нэгэн илэрхийлэл. Тиймдээ ч бид хууль дүрэм журмыг зөрчихгүй байхыг хичээнэ. Энэ бол бичигдээгүй хууль.Тэд үндсэн эзэд, харин бид “зочид” . Тэд үлдэнэ, бид явна.
Гэтэл Монгол оронд минь энэ нь эсрэгээрээ харагдаад байна. Нэг биш удаагийн ийм үйлдлүүд Монголд замхраад л байх юм. Өнгөрсөн хавар Дорноговийн Айраг суманд болсон хууль бус үйлдлийн төлөө хэсэг шуугиж байгаад чимээгүй болсон. Хэн ямар хариуцлага хүлээсэн тухай ямар ч мэдээлэл үгүй. Шуугиан дэгдээж олны анхаарлыг хандуулсан хүмүүс ч чимээгүй. Бидний энэ хөөргөн байдал дээр л гадныхан “ажиллаад” л байнаа. Хэсэг шуугиж байгаад чимээгүй болдог энэ үйлдлийн цаана мөнгөний наймаа яваад байгаа юм шиг санагдаад байх.

“Монголчууд яах вэ? хэсэг шуугиж байгаад, их мөнгө өгөхөөр чимээгүй болж орхино” гэж үйлдэлдээ дадсан хятадууд инээлдэж суувал яах вэ? Хэн хэнд их мөнгө өгч энэ шуугианыг дарж байгааг бид мэдэж төсөөлөх ч үгүй. Зэрэглээ мэт замхарч байгаа олон олон шуугианууд нэгийг өгүүлж, үүнийг батлах мэт. Энэ удаад бид энэчлэнгээр худалдаж орхивол дараагийн удаад үүнээс ч ноцтой зүйл гарахгүй гэх баталгаа үгүй мэт. Энэ удаад хүрз заазуураар зэвсэглэсэн хятадууд дараагийн удаад автомат, пулематаар зэвсэглэн халдвал яах вэ?
Хөрш орны харилцаа гэдгээр Монголын төр засаг чимээгүй өнгөрвөл, энэ байдал илүү ноцтой болноо. Хэрэв үүний төлөө юу ч болоогүй мэт өнгөрөөх ахул Монгол Улсын ерөнхийлэгч Ц. Элбэгдорж, УЙХ-ын дарга Дэмбэрэл, Ерөнхий сайд С.Батболд, өөрийгөө шударга гэж өөрөө тодорхойлдог ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж нар ажлаа өгвөл таарна. Монгол орны тусгаар тогтнол, монгол хүний үнэ цэнийг ийм байдлаар хамгаалахгүй ээ. Өндөр хөгжилтэй аль ч оронд гадаадын  халдлагад өртсөн иргэнийх нь амь нас юутай ч зүйрлэшгүй үнэтэй байдаг юм. Энэ бол гэр бүлийн болон тусгаар тогтнолын баталгаа байдаг. Төр өөрийн цагдаагаа бусдаас илүү хамгааөлах учиртай.
Бидэнд их мөнгө өгч тусалж байгаа ч Хятадын засгийн газар биднээс заавал уучлал хүсч алдаагаа засах ёстой. Энэ бол олон Улсын мөрддөг хэм хэмжээ. Яагаад бид ийм дорой арчаагүй байх ёстой гэж?
Бид чинь Монгол гэдэг нэгэн тусгаар Улс, Монголчууд хэмээх олон олон гэр бүлээс бүрдсэн монгол гэр бүлүүд билээ. Бид дэлхийн  олон Улс гүрнүүдээс ялгаа нь үгүй билээ. Би ч та ч яг л адил монгол аугаа өвөг дээдсийн удам угсаа билээ.
Монголчууд бид бүгдээрээ хар гэртээ хаан, бор гэртээ богд байх эрхтэй билээ. Гагцxүү үүнийг хэн ч өнгө мөнгөөр арилжих эрхгүй. Яагаад гэвэл бид туурга тусгаар монгол орны эзэд билээ.

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах

2010-08-27

May 11

Хүн чин сэтгэлийн хайраар дутдаг

By gala-admin | ЗАЛУУ НАС - ХАЙР

Олон өнгө сүлэлдсэн орчлон ертөнцийн аяг аашинд хүний сэтгэл хайраар л дутаж явдаг.Хатуу зөөлөн хосолсон амьдралын нугачаанд халгаж бүдэрч, босож сэхэж явахдаа хүний сэтгэл хайраар л дутаж явдаг. Хааяадаа ганцаардаж, хэн нэгэнд гомдож бас гомдоож явсан сэтгэлийн үрчлээсэнд гагц хайраар л дутаж явдаг.

…Хаврын, зөөлөн хэрнээ ялдамхан үнэр шингэсэн бороон дунд чамтайгаа хамт алхах сайхан. Удаан хүлээсэн сэтгэлийг минь аргадаж зөөллөх мэт борооны дуслууд бид хоёр дээр асгарна. Үсийг минь норгож, нүд рүү урсах борооны дуслууд ус болон урсахдаа сэтгэлийн ган тайлах мэт. Тэнгэрийн үүлнээс унжин дуслах сувдан дуслууд, тэр чигээрээ хэлхээс болон бүх л биеийг норгоно.
Харин бид хоёр чив чимээгүй хөтлөлцөн алхална. Хааяадаа бие бие рүүгээ инээмсэглэн харах харцанд, борооны дуслууд нулимс болон бөнжигнөнө. Хөл доор минь борооны дуслууд хөгжилтэйеэ үсчиж, хаана гишгэхийг минь тааж ядан, тохуурхан бүжих мэт.
Бусад цагт борооны дуслуудаас зугатан харайх атал, гагц өнөөдөр л энэ борооноос зугатаж үл чадна. Ирж яваа цагийн үнэр шингэсэн бороог ингэтлээ хүлээснийх, ингээд чамайгаа ирнэ гэж санаагүйнх, энэ өдрийн бороо хүлээсэн хайрыг минь дэвтээх мэт. Бидэн хоёр чив чимээгүй, хайрлаж итгэсэн , бас санасан сэтгэлээ харцаараа л бие биедээ шивнэнэ. Дутаж байсан хайрыг минь хаврын анхны бороо надад авчирчээ. Одоо өөр юу хэрэгтэй гэж…

…Анир чимээгүй харанхуйн дунд чинийхээ гарыг атган чамтайгаа хамтад суух сайхан. Тэр тусмаа газар дээр. Мөр мөрөө түшин, гар гараа атгалцан чив чимээгүй суух тэр агшинд, зүрхнээс зүрхэнд хайр урсан шингэхийг анзаардаг. Чив чимээгүй энэ орчинд чи юу ч ярихгүй байхад би бүгдийг мэдэрнэ. Чиний надад хэлэхийг хүссэн, хайр энхрийлэл дүүрэн үгсийг чиний зүрх миний зүрхэнд дамжуулан шивнэдэг юм.
Мөрөн дээр минь асгарсан чиний зөөлөн үс, хөдлөх тоолонд минь биед минь хүрч ирвэгнүүлэн, бас гижигдэж, тохуурхах мэт. Гарыг минь алгандаа атгасан чиний гарын илбээ, хайраа илчлэн шивнэх зүрхийг минь илбэх мэт. Хүсэл тачаал бүхнийг умартан, зөвхөн хайр энхрийллээр бие биенээ аргадан аргадах энэ мөчүүд хэдий болтол үргэжлэхийг чи бид хоёроос хэн ч үл мэднэ.
Яг энэ хоромд, бид хоёр бие биедээ ямар их хайртайгаа үгээр бус, зүрхээр мэдэрнэ.
Хааяа ч гэлээ ингэж суухад, сэтгэл минь хайраар дүүрч, энэ хорвоод хайрлах хайрлуулахын жаргалыг мэдэрдэг. Чамайгаа санаж үгүйлсэн мөч бүхэнд шаналж байсан сэтгэлийг энэ л мөч дэвтээнэ. Хүн бие биеэ чин сэтгэлээсээ хайрлаж байхад ямар их аз жаргалтай байдаг гээч.

…Харь нутагт монгол аргамжаа эвхэх мэт жил, сар, өдрийн урсгалд хааяадаа амсxийж, бодол хөглөх мөчид ” нэг сайхан хайрлаж, хайрлуулах сан” гэж сэтгэлдээ сэмхэн хүснэ. Ганцаардлаар хучуулж, дэрээ жиндээн, нойр хулжих олон олон шөнийн уртад хайр энхрийллээр дутаж, мөрөөдөж, зүүдэлж “жаргана”. Харин өглөө босоод ажилдаа явах мөчид, сэтгэл бяцxан гуниж, ханаагүй нойр, амсаагүй жаргалдаа харамсан байж жаахан мушилзана.
Алжааж ядартлаа зүтгэсэн хөлс минь мөнгө болж алган дээр минь асгаравч, чин сэтгэлийн хайр үгүй. Алмаазан бөгж эвэршсэн хуруундаа зүүж, бусдад гайхуулавч сайхан харагдах нь үгүй. Бусадтай инээж ярьж, ууж наргивч жаргалтай  сайхнаар харагдах нь үгүй. Өнгө мөнгө, үнэт эдлэл, үнэтэй брендийн хувцсаар өөрийгөө хичнээн хучивч, чин сэтгэлийн хайр үгүй бол гэрэлтэж үл чадна бид.
Үүлэн чөлөөний наран шиг энэхэн тавиланд, үдлээд л буцдаг энэ орчлонд, өнгө мөнгө, өөр юуны ч төлөө өдөр шөнөгүй зүтгэхдээ юуг олж, юуг алдаж орхино вэ ? бид.
Хайр хайж энэ орчлонд нүцгэн ирээд, хайраа аваад нүцгэн буцахдаа л хүн жаргаснаа мэдэрдэг.  Хүмүүсээ бие биенээ чин сэтгэлээсээ хайрла.

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
2010-05-11