Menu
Assign a 'primary' menu

Category Archives for "МЭНДЧИЛГЭЭ"

Mar 07

БҮСГҮЙЧҮҮД ГЭДЭГ…

By gala-admin | МЭНДЧИЛГЭЭ

Хүн, “зүүний үзүүр дээр ширхэг будаа тогтох шиг” ховорхон тавиланд эцэг болоод эхийн хурьцалдаанаас энэ биеийг олж, энэхэн ертөнцөд төрнө гэдэг аугаа хувь тавилан. Бид энэ ертөнцөд өөрийн эцэг болоод эх болох хүнийг дураар сонгодоггүй. Үүлсийн чанадад орших хийсвэр ертөнц дээр биднээс огт хамааралгүй далдын хүчин, бидний зураг болоод төөрөг тавиланг “зурж” байдаг гэдэгт би итгэдэг, яагаад ч юм бэ? аль ч шашинд сүжирдэггүй хэрнээ. “Биеийг нь төрүүлэх хэрнээ санааг нь төрүүлдэггүй” гачлантай хорвоод эцэг эхийн шаналал хэцүү. Яаж ч өөрийг нь тарчлааж байсан ч “зууралдаад” л, өөрийгөө зовоож шаналаад л, энэхэн ертөнцөд заяасан бие сэтгэлээ “элээгээд” л байдаг амаргүй хувь заяа. Аргаа барсандаа “чи миний насан дээр ирээд л ойлгох болно” хэмээн үглэвч, түүнийг нь ухаарч ойлгохгүй тэнэглэлдээ булшных нь өмнө сөгдөж суугаад “одоо л би ойлгож байнаа” гэж бархирах мөчид, аль хэдийн биегүй болсон сүнс нь аргадах хэцүү, зэмлэх ч хэцүү.

Зарим хэн нэгэн бүсгүйчүүд, “царай муутай” төрсөндөө гутраад нүдэндээ давхраа хийлгэж, хамраа өндөрсгөж, уруулаа “дорвойлгодог” болсон гэх. Хөөрхий дөө, төрүүлж өсгөсөн аав ээжээ голоо юм биз дээ? Хөх өгзгөндөө силикон шахуулж бусдын “дурыг булаах” юм гэнэ. Арчаагүй тархиндаа тэдний ухаан болоод сэтгэлийг шингээсэнгүй дээ. Суулгасан давхраа нь сөлийж сүүмэлзэхийн цагт, өндөрсгөж томсгосон хамар нь нахиу болохын цагт, дорвойлгож шахсан уруулаас нь “шүүс гоожих”ын цагт, томсгож шахсан хөх, өгзөг нь шалчийж унжих цагт хэн чамайг хайрлаа аж? Заяасан биш “захиалсан гоо” гэдэг, өвөлдөө цасан дор дарагдаж байгаад хавартаа хайлан урсахын цагт хог ургамал шиг урсан одох хуурамчхан “зураглал”. Үлээж байхдаа гэрэлтэх шаарыг хагарч бутраад алга болохын цагт урам нь хугарах балчирхан хүүхдийн сэтгэл шиг. Тэр л мөчид тачаадан жаргавч, сэтгэлд нь огт байхгүй хуурамч бүхнийг хэн нэгэн, хэзээ нэгэн цагт мэдэрдэг. Тэгээд л урам нь, тачаадсан хайртайгаа хамтад “хугардаг”. Бид түүнийг анзаардаг бил уу? Гоо үзэсгэлэн гэдэг алгын чинээ царайнд биш, талын чинээ ухаанд шингэдэг гэнэм.

Би нэгэн бүсгүйтэй ярилцаж суугаад “царайлаг хөөрхөн бүсгүйчүүд”-ийн тухай өөрийн эсрэг бодлоо хэлсэн чинь, ” Тэр бүсгүйчүүд чинь та нарт сайхан харагдахын тулд ямар их хөдөлмөр зарцуулдгийг та анзаардаг уу?” гэж надаас асууж билээ. Нээрээ бодох ахул, бусдад сайхан биетэй, сайхан царайтай харагдахын тулд хичнээн их цаг, хөдөлмөрөө зарцуулдаг сайхан бүсгүйчүүдийн зүтгэлийг бид үнэлдэг билүү? гэж анх удаа бодож билээ. Гоо үзэсгэлэнтэй бүсгүйг хараад, эхнэрээ сугадаад явж байсан ч эргэж харахгүй эр хүн гэж хаа билээ. Царай, гадаад төрхийн гоо сайхан дээр сэтгэлийн сайхныг нь нэмж сүлэх ахул, жинхэнэ гоо сайхан цогцолдог гэнэм. Бүсгүй хүн ухаалаг байна гэдэг, гоо сайхны эрхэм үнэлэмж. Сэтгэлийн чанадаас гэрэлтэх гоо сайхан, нар мэт хүмүүний сэтгэлийг гэрэлтүүлнэ. “Гоо сайхан ертөнцийг аварна” гэдэг хэллэгээр, гоо үзэсгэлэнтэй хичнээн бүсгүйчүүдийн төлөө дэлхийн дайн дэгдэж, хичнээн их сац суваргууд, хот байгууламжууд боссон билээ.

Леонарда Да Винчи алдарт “Жоконда” гаа бүтээх гэж ямар их шаналж, Оросын зураач Брюллево “Неизвестний” гаа ихэмсэг ахуйгаар нь бүтээж, Чингис хаан Хулан хатандаа бүхэл бүтэн балгасыг босгож, Египитийн пирамид гоо бүсгүйн дурсгалд зориулагдан цогцолж байсныг бодох ахул дэлхий ертөнц тэр чигээрээ гоо үзэсгэлэнгийн өмнө сөхөрч байсны илрэл гэлтэй. Энэ ертөнцийн түүхийн олон өгүүлэмжийг гоо бүсгүйчүүд, ухаалаг хатад бүтээлцэж байсан гэвэл алдас болохгүй буйз. Халуун биеэ мэдрэлцэн тэврэлдэж байсан хөнжил дор энэ ертөнцийн хувь заяа, эгэл хүмүүний амь нас шийдэгдэж байсан гэвэл алдаа болохгүй буйз. Итгэж ядсан, эргэлзээ төрүүлсэн олон андаас, зүрх зүрхэндээ ойрхон хайр, халамж чухам үнэнийг түүнд өгүүлж байсан буйз. “Чи надад хайртай бол?” гэж өгүүлэх үгс нь төр улсын хувь тавиланд нэгэн шийдэл болж байсан буйз. Алдаа оноо буй л байх, сэтгэл зүрхний хайр, итгэлийг яалтай.

Өдгөө цагт би бусдад “хэрэг болуужин” хэмээн олон монгол бүсгүйчүүдтэйгээ уулзаж ярилцсан, зовлон жаргалаа хамтдаа хүүрнэсэн. Сэтгэлийн чанадад баяр бахдал төрүүлсэн монгол бүсгүйчүүдтэй ярилцахдаа “Та нараас минь илүү нь энэ ертөнцөд үгүй юм байнаа” хэмээн бардамнасан. Царайлаг, царайлаг бус нь хамаагүй ээ, зүгээр л “монгол бүсгүйчүүд минь ямар гайхамшигтай юм бэ? ” гэж би сэтгэлдээ мэдэрсэн. Амьдралын хүнд ачааг нуруун дээрээ үүрч, энэ ертөнцийн түмэн нугачаанд огт үүртэлгүй, харь эрчүүдэд “сэтгэлийн их бяр”-ыг мэдрүүлж, хавь ойрдоо “монгол бүсгүйчүүд огт өөр юмаа” хэмээн санаашруулсан миний Монголын бүсгүйчүүд та минь тун ч гайхамшигтай. Мянган жил улиравч гоо үзэсгэлэн, сэтгэлийн дулаанаа үл алдах, магад олон эрчүүдийн сэтгэлийг шархлуулж, гагц монгол эрийн цээжийг түшин халуун дулаанаар тэврэх монгол бүсгүйчүүд. Бидэн нэгэн хувь тавиланд сүлэгдэн, мянга мянган жилд үл мартагдах монгол үндэстэнгүүд.

ТА НАРТАА ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН БАЯРЫН МЭНДИЙГ ХҮРГЭЕ.

Dec 20

БАГА НАСНЫ ШИНЭ ЖИЛ

By gala-admin | МЭНДЧИЛГЭЭ

Аав ээж хоёр минь Завханы баруун захын сумд болох Завханмандал, Эрдэнэхайрхан, Ургамал сумдаар олон жил багшилж, аав минь бага сургуулийн захирлаар ажиллаж байв. Хөдөө өссөн бага насны үлдэцтэй дурсамжинд шинэ жил орно. Сумын ёолк гэж их гоё юм болноо. 12 сарын сүүлчээр сургуулийн бүх сурагчид ёолкны чимэглэл хийх даалгавартай. Дэвтрийн, хэрэв олдвол цагаан цааснуудыг уртаар нь өнгө өнгийн усан будгаар ялгаж будна. Өнгийн цаас олддоггүй байв. Дараа нь түүнийгээ нарийхан хайчилж байгаад жижиг хэсгээр нь цагираг болгон жонхуугаар наадаг байв. Жонхуу гэдэг нь усанд буцалгасан гурил л даа. Нэг цагирагийг нь нөгөө цагирагт нь гогцоолдуулж оруулах маягаар нэг их урт хэрнээ үргэлжилсэн цагиргууд хийх. Түүнийгээ “гинж” гэж нэрлэнэ. Бас дэвтрийн цаасыг будаад, нугалсан хэсгийг нь дундуур нь хайчилж, үзүүр хэсгээс нь дурвалжин маягаар хайчилж авахад бидний нэрлэдгээр “хил” гэгч болно. Бас тийм нугаларсан цааснууд дээр 12 жилийг дүрсэлсэн амьтдыг зурж өнгө өнгөөр нь ялгаж будна. Хүүхдүүд үүнийгээ их баяртай хийцгээнэ. Аргагүй шүү дээ, баяр болох гэж байхад.

Заал чимэх бол их л хүндтэй ажил. Ёолк болох том зааланд хөндлөнгөөр нь хананаас хананы хооронд урт урт утаснууд татдаг. Түүн дээр нь мөнөөх хайчилсан хилнүүд болон элдэв амьтдын дүрстэй нугалсан цааснуудаа тохно. Завсар зайгаар нь урт гинжнүүдээ утаснуудын дагуу татаж хананд бэхэлнэ. Мөнөөх чимэглэлүүдийн завсраар утаснууддаа хөвөн имхэрдэж наалдуулах нь цасны ширхэгийг “орлож” байгаа хэрэг. Гацуур модоо бас мөнөөх цаасан чимэглэлүүдээр гоёж, 220 вольтод залгадаг чийдэнгийн шилнүүдийг өнгө өнгийн усан будгаар будсаныгаа тойруулж тохоод асаахад их л гоё харагддаг сан. Тэгж зассан заал их л сүртэй гоё харагдана.

Сумын ёолконд тоглох концерт, ан амьтад, шинэ болоод хуучин он, өвлийн өвгөн, цасан охид, алиалагчид гээд сургуулийнхан бараг л сар шахуу бэлтгэж давтдаг байв. Үзэл суртлын ажил болохоор сумын намын хорооны товчоогоор хөтөлбрийг нь баталж, хүн бүрийн хэлэх үгсийг ягштал бэлтгэж давтуулдаг сан. Энэ арга хэмжээнд шалгарч бэлтгэл хийж байгаа сурагчдад бусад нь их хүндэтгэлтэйгээр хандаж, атаархангүйгээр харна. Шинэ жилийн бэлтгэлийг үзэл суртлын өндөр түвшинд чанартайгаар бэлтгэхийн тулд тэднийг хичээлээс чөлөөлж, зарим хичээлийн дүнг нь автоматаар “онц” гэж тооцох нь ч бий.

12 сарын 31 ний оройг сумын хүн болгон сэтгэл догдлон хүлээцгээнэ. Айл болгон гэртээ жижиг ёолкоо засч, бууз жигнэж, тавгийн идээ базаадаг. Өвлийн шөнийн тэнгэрт айл бүрийн тооноор тусах гэрэл, яндангийн утаанаас үсчих цогууд гялалзах нь шинэ жилийн сүрийг үзүүлэх мэт. Сумын клубийн үүдэнд хүмүүсийг урин дуудах бүрээний аялгуунд гоёлын дээлээ өмссөн хүмүүс клубын зүг яаравчлан алхалцгаана. Өвлийн хүйтэн жавар хацар нүүрийг хайрах авч, шинэ жилийн баяртаа яарсан хүмүүс түүнийг үл ажран, гагц царайд нь инээмсэглэл тодрон хацар нь улаа бутарч харагдах нь аз жаргал руугаа тэмүүлэх мэт. Оройноос эхлээд сумын галч өвгөний галласны ачаар сумын клубын том зуухны бөөр нь улайсч, клубт халуу дүүгэж, суудлаа эзлэн суух хүмүүсийн дүнгэр дүнгэр ярилцах чимээ тодоос тодхон сонсогдоно. Жил жилийн өвлийн энэ өдөр сум даяараа цуглаж байгаа болохоор холоос ирсэн нь бие биеээ чангаар дуудан мэндчилж, торгон дээл, саатай алчуураар гоёсон бүсгүйчүүд бие биеэ нудран сэм сэмхэн шиг хэрнээ, олны анхаарлыг татаж аалигүйтэх нь нэг л содон.

Сумын дарга, намын дарга нар албархуу нь аргагүй хоолойгоо засч, цаасан дээр бичсэн нээлтийн үгийг чанга дуугаар уншиж, хоромхон зуур үгээ таслан олон нийтийг тойруулан харах дор тэр дохиог нь анзаарсан түмэн олон алга нижигнүүлэн таших авай. Сумын клубын тод улаан хөшиг алгуурхан нээгдэхүйеэ тайзан дээр мөр мөрөө даран эгнэн зогссон хоорын дуучид алдарт “намын магтуу” дууг дуулж эхэлснээр ёолкны арга хэмжээ нээлтээ эхлэв. Тэртээ тэнгэрийн орноос цан хүүрэг савсуулсан өвгөн аав чарга тэргүүтэн хөлөлглэн ирснийг зарлахад хүмүүс үүд рүү харан өндөлзөнө. Улаан хүрэн дээлийг цагаан хөвөнгөөр эмжсэн, цав цагаан хөвөн сахалтай, монгол гуталтай улаан малгайтай өвлийн өвгөн аав, цасан охид, шинэ хуучин он, 12 жилийг дүрсэлсэн амьтад, “шовгоржав”, “навтгаржав” нэртэй 2 алиалагчаа дагуулан орж ирснээр ёолкны оргил хэсэг үргэлжилнэ. Өвлийн өвгөнийг хүндэтгэлтэй, цасан охидыг өхөөрдөлтэй, ан амьтдыг өрөвдөлтэй, алиалагчдыг инээдтэй хүлээж авах үзэгчдийн сэтгэлд юу эс эргэлдэх билээ.

Алиалагчид нь сумын дарга нарын даалгавраар ажилд муу, залхуу, малаа чононд идүүлсэн, архи ууж ажлаа тасалсан, замбараагүй явдалтай зарим хүмүүсийг нэр усаар нь дуудаж шоолоход хурсан олон нирхийтэл инээлдэж, шоолуулсан зарим нь үзэл суртлын хурц жадан доор толгой гудайх авай. “Малаа чононд идүүлсэн” гэснээс ан амьтдын үзүүлэх хөгжилтэй үзүүлбрүүдийн дунд хөөрхий чоно аргаа баран толгойгоо гудайлган ирж, өөрийг нь энэ наадамдаа оролцуулаач гэж өрөвдөлтэй нь аргагүй гуйхад хөтлөгч нэгэн, үзэгчдээс санал асууж, тэдний нэгэн дуугаар зөвшөөрсний дагуу чоныг шинэ жилдээ оруулдаг сан. Хөөрхий чоно баярласандаа улиад л. Ёолкны хамгийн гоё хэсэг нь өвлийн өвгөн ааваас бэлэг гардуулах ёслол. Сумын дарга нарын гаргаж өгсөн нэрсийн дагуу “оны шилдэг” хүмүүстээ бэлэг гардуулах бүрт хүмүүсийн алга ташилт аадар бороо мэт шаагиж, атаархангүй харцууд нь бэлгэн дээр тусна. Хамгийн том бэлэг нь хятад халуун сав, орос 45 -ын гутал, автоүзэг, за тэгээд бэлэг болгон дотор үнэр нь клуб даяар хамар цоргих хятад алим байдаг сан. Нээрээ хөдөөний монголчууд бид зөвхөн шинэ жилээр л алим амталж үздэг байсан нь санаанаас гардаггүй юм. Ховрын болоод ч тэр үү, амт нь жилдээ л аман дотор мэдрэгддэг байсан сан.

Сумын клубын эрхлэгчийн дарах “баяан” хөгжмийн аян дээр “хүмүүн төрөлхтөн”, “задгай цагаан”, “үнэгэн шогшоо”, “вальс”, “фокстрот” бүжгүүдийг ч үзүүлж өгнө дөө. Ам халж сэтгэл нь хөөрсөн зарлагч бүсгүй “Үнэгэн шогшоо гэдэг нь үнэн ч юм уу, худал ч юм уу, үзээд алдая цөмөөрөө. Нийтийн бүжиг фокстрот “гэж зарлахад, хөгжмийн ая хэлэв үү, үгүй юу хүмүүс дэрхийн босч аль хэзээний харцаараа дохиж амжсан портнёроо аваад л эргэлдэж өгнө. Сумын клубт эргэлдэх тэр л бүжгүүдийн аян дор мөн ч олон хайр сэтгэлүүд “эгшиглэсэн” дээ. Хүмүүсийн амьсгалтай давхцан улам халах клуб дотор халууцсандаа минчийж улайсан хэрнээ жаргалтайяа инээмсэглэх царай нь гэрэлд гоё харагддаг сан. Дуу бүжиг, бэлэг сэлт, инээмсэглэсэн царай, тас тас инээх жаргалтай инээд чухам энэ орой л сумын төвийг дүүргэдэг сэн. Хав харанхуй энэ л шөнө хоёр он солигдож, хүмүүний амьдралын нэгэн хүрд эргэдэг. Ёолк дуусч цахилгаан мотор унтарч, хүмүүс гэр гэртээ ирнэ. Гэртээ орж лаагаа асаан шинэ он хүрээд ирсэн тэр л мөчид, ирээдүйн сайхан амьдралынхаа тухай төсөөлөн суухдаа хүн болгоны сэтгэлд аз жаргал эргэлдэнэ. Ирж байгаа шинэ жилд бүх л юмс сайн сайхан болно гэдэгт хүн болгон чин сэтгэлээсээ итгэдэг. Лааны бүдэгхэн гэрэлд өглөөний ургах нарыг угтан суухдаа тэр гэхийн аргагүй мөрөөдөлдөө умбана. Мөрөөдөлдөө өөрөө баясан инээмсэглэнэ. Аяа хүүхэд насны минь мартагдашгүй дурсамж болон үлдсэн сумын ёолк минь дээ. Насны намрын хяруу буух цагийн сүлэлдээнд сэтгэлийн учгийг сүвлэн байж дурсамж сэдрээнэ. Дахиад тийм нэгэн шинэ жилийг үзэх сэн.

Jul 11

ДУУСААГҮЙ НААДАМ…

By gala-admin | МЭНДЧИЛГЭЭ

-Аав аа! Mиний мөнгө дуусчихлаа, наадам дуусаагүй байдаг. Яах вэ?
Наадмын өглөө “хувиарт мөнгө”-өө аваад сумын наадмын талбай рүү явсан хүү маань үд дундын хэрд ингэж хэлж гүйж ирж билээ.
Сумын наадам.
Суусрын гүйдэлт салхи
шанхаар наадан сэвэлзсэнээс
Суурь хөлгөн асрын
шашир цацаг дэрвээ юу
Сумын наадмын дэвжээг
өдөржин тойрох морьтноос
Суран жолоо атгасан
өнгийн цэцэг ургаа юу
\Дэндэвийн Пүрэвдоржийн шүлгээс\
Бага балчир насандаа сумын наадам дөхөхөөр нойр хулжчихдаг сан.

Элдэв сайхан мөрөөдлүүд толгойд эргэлдээд, хоног тоолох тусам нарыг “аргамжчихсан” юм шиг л өдөр хоногууд удаан өнгөрөхийг яана. Арай гэж наадмын өглөө болоход, эрт гэгч босоод хонио, хурга ишигтэй нь нийлүүлэхгүй гэсэндээ голын тэртээд гаргана. Хэд хоногийн өмнөөс ээжийн минь урласан цоохор даавуун өмд цамц, энэ насанд минь өмссөн хамгийн сайхан гоёл. Зунжин нүцгэн гүйсээр шир шиг хатуурчихсан хөлөндөө шинэхэн савхин гутал өмсчихөөд байн байн түүнээ бахархалтайгаар харна. Сэтгэл дотроо бол өөрийгөө “цэргийн дарга”- рхуу төрхөөр төсөөлж байгаа юм чинь.

Аль хэдийн бэлэн болчихсон бидний хэдэн “нусгай” нууд томчуудын бэлэн болохыг хүлээн, голын наадтайд салхины аясаар дэрвэх наадмын эрээн асар майхнууд руу сэм сэмхэн хараа билчээнэ. Тэр дэнж дээр морьтонгууд нэмэгдэж, хөл хөдөлгөөн ихсэх тусам, хөдөлж ядсан юм шиг удах томчуудаа дотроо “загнаж, үглэх” авч, гаднаа хэрхэн гаргаж зүрхлэх билээ. Тэгж зориглох аваас “нусаа сугартал ” алгадуулахаа муухан мэдэх хойно. Арай гэж бэлэн болсон томчуудтай хамтдаа асар майхан, туг далбаа дэрвэлзсэн наадмын сэрүүн дэнж рүү хөдлөх мөчид мөнөөх “шазруундуу” бодол салхинд хийссэн мэт хаа нэгтээ алга болж, сэтгэл минь баяр хөөрөөр дүүрч, халгиж цалгидаг сан. Томчууд л болсон хойно бидний хэдэн нусгайнуудад “За та нар гол ус руу хамаагүй гүйвээ”, “Морь малны хөлд орчихов зай, болгоомжтой томоотой байдаг юм шүү” гэж зэмлэх анхааруулахыг хослон үглэх авч, тэр болгон нь чихний хажуугаар ялаа мэт нисч холдох аж.

Наадмын талбайд сумын бүх л хүмүүс , хамаг гоёлоо өмсөж, морьдын сайнаа унаж, үнэт зүүсгэлээ зүүн цуглардаг сан. Салхины аясаар хийсэх туг далбааны дэрвээн дор сумын радио үзель, чангарч нэг, паржигнаж нэг сонсогдох. Хурдан морьд унасан хүүхдүүдийн гийнгоо, бөхчүүдийн цол дуудах уянгалаг айзам, үзелээр байн байн дуулагдах уртын дууны эгшиг, хоорондоо сугадалцан хэлхэлдэх таних танихгүй эгч нарын нудралцан аалигүйтэн инээх төрх, агсам морины нуруун дээр халамцуу маягаар хөндөлдөн охид бүсгүйчүүдийг өдөж, таахалзах эрчүүд бүгдээрээ л сумын наадмын жинхэнэ өнгө, төрх нь байдаг сан. Багачууд бид нар, хаяаг нь шуусан хуушуур зардаг гэрийн үүд хаалга, хаяа хатавч хавиар эргэлдэж 1 төгрөгийн үнэтэй томоо гэгчийн дугуй хуушуур хэдийг авч, 1 төгрөг 20 мөнгөний үнэтэй “улаан ус”аар даруулан уухдаа л энэ ертөнцийн түмэн жаргалыг эдэлж, сумын наадмын жинхэнэ “амт-ыг мэдэрдэг сэн.
Оройхон хэрд хүмүүсийн хөл хөдөлгөөн ширүүсч, энгэр заамаа ярсан халамцүү залуусын дуу энд тэндгүй л “хадаж”, эцэг эхчүүд гэнэт л хүүхэд биднийгээ дуудаж дэргэдээ авах. Тэднийхээ хажууд бээрсэн болжморууд шиг бээвийж суухдаа бөхчүүдийн хэн нь давж, хэн нь унаж байгааг ч ойлгох сөхөөгүй. Хагас дугуй зээглэн суусан олны дундуур харц минь тэнүүчилж, хааяа нэг “хөөрхөн охин”-той харц тулгарахдаа ичингүйрэн тонгойх авч, нүдний булангаараа сөөлжүү харахаа мэдэхтэйгээ. Хацар минь халуу оргиж, зүрх минь хүчтэйеэ цохилож, сэтгэлд минь нэг сонин мэдрэмж төрдөг сөн. Хэрдээ “эр хүн ” гэдгээ харуулах гэж хичээн харцаа дээшлүүлэвч, довон дунд тонгочих хурга ишиг шиг харц минь нэг мэдэх дор мөнөөх охиныг хайн бэдэрнэ. Сумын наадмын хамаг өнгө аяс, тэр охины байгаа газар дээр гэрэлтэх шиг. Нэг харах дор мөнөөх охин алга болчихсон байх. Сэтгэлд асч байсан баяр хөөр гэнэт алга болж, наадам ч тэгтлээ сонирхолгүй болох шиг. Орой нь томчуудтай гэрийн зүг одох дор, сэтгэлд минь нэг сайхан гэрэл асч үлдэх мэт.
Сумын наадам хоёрхон өдөр болдог сон. Наадмын өмнөх өдрүүдэд “аргамжигдсан” нар, наадмын хоёр өдөр аргамжаагаа алдуурсан морь шиг л хурдан өнгөрдөгсөн. Балчирхан бага насны минь сэтгэлд нар, хайр хоёрыг хамтад нь үлдээсэн сумын наадам минь. Эргээд наадмын сэрүүн дэнждээ нэг очихсон, нар шиг дугуй хуушуурыг хурууны өндгөөрөө барьж идэх сэн, аагим халуунд сэрүүн айраг залгилж, асрын тэртээд сайхан бүсгүй мишээхийг харах сан. Аяа монгол наадам мину зэ.

Одооны наадам

Одооны наадам олон өдөр болдог болж. Улсын наадмаас өмнө сумын наадмууд “салхийг нь хагалж”, гурван өдөр үргэлжилсэн Улсын наадмын дараа аймгуудын ой, залгуулаад “даншиг” наадмууд болно. Энэ жил манай, бас бусдын, хэд хэдэн аймгуудын тэгш тоотой, өндөр жилүүдийн ой тохиож байгаа болохоор бэнчинтэй нь “жип”-ээр, бинчингүй нь “69”өөр ч болов очих гэнэ. Хурдтай нь хурдан буянаа хөтөлж, цолтой бөхчүүд нь “найруулагчид” аа дагуулж, “бай шагнал өндөртэй” нутгийг сонгож зорино. Нутгийн зөвлөлийнхэн нь ,наадмыг спонсорлосон нь , нутгийн “нэрийн хуудас” болсон эрхмүүд нь, зохион байгуулдаг дарга нар нь төв асрын хүндтэй суудалд заларч. атганд багтахгүй хөөргөөр тамхилж, есөн эрдэнээр чимэглэсэн өргөн арьсан бүсээ суллан айраг залгилж, цэвэр ноолууран дээлнийхээ цул алтан товчийг мултлангаа энгэрээ задгайлж, гайгүй морины үнэтэй “марзан” малгайгаа , алмаазан шигтгээтэй алтан бөгж зүүсэн гараараа авч хөлсөө сэвнэ.

Үзэгч олон “найрааны бөх” үзэхээсээ илүүтэй, нутгаасаа гарч төрөөс баяжсан “шинэ баячууд”-ын өмсөж зүүснийг нь “үнэлж” маргалдана, унаж ирсэн машины үнэн дээр нь “бооцоо” тавин мэтгэлцэнэ, өнгөрүүлсэн амьдралынх нь “шилийн сайн эр” шиг домогт түүхийг нь , шивнэлдэн байж хууч хөөрөлдөх. Нутгийн олон танилуудаас хэний хүү “босс” болж, хэний охин “мисс” болсныг нь өмсөж зүүснээр нь , эдэлж хэрэглэж байгаа бэнчингээр нь, унаж гангарсан машинаар нь, ууж идэж байгаа ямбаар нь жишиж харьцуулан “шалгаруулах” аж. Дуу алдаж уулзсан ангийнхны нүдэнд нь баяр биш, “сонжоо” эргэлдэнэ. Дурсаж хөөрөлдөх хууч дунд нь баярхал, ихэрхэл мэдрэгдэнэ, дундхан яваа зарим нь атаархлын үгс унагана, дунд нь сугадуулсан ангийн багшийн хөл нь дэлхий онож ядна. Түрүүлж ирсэн морины хөлснөөс нь гараараа арчиж долооно, “хийморь нь сэргэдэг” гэж итгэхдээ. Түрүүлсэн бөхийнхээ биед нь хүрч “адис” авч мөргөнө, “аз тохиодог” гэж бэлэгшээхдээ.

Тэгэхдээ л сумын наадам сайхан хэвээрээ. Уулзаагүй удсан хүмүүс уулзацгааж, тэртээх багын нандин дурсамжуудаа сэргээдэг. Наадам сайхан болох тусам нутгийн уул ус баярладаг гэж итгэдэг. Хурдан морины хүүхдийн гийнгоонд сэтгэл уярч, түрүү морь барианд ороход сэтгэл огшиж, самсаа нь шархирдаг. Нутгийн бөх түрүүлэхэд чин сэтгэлээсээ баярлан түүнд талархаж, “нутгийн минь уул ус түшлээ” гэж бэлэгшээдэг. “Наадмынхаа хуушуурыг амталж, айргаа залгилахгүй юм бол наадам гэж юу байсан юм” гэж багын дурсамжаа сэргээдэг. Балчир насандаа “нүд унагаж” явсан бүсгүйгээ олж харахдаа нар, хайр хосолсон сэтгэлээ сэдрээдэг. Энэ өдрүүдэд дээлийнхээ энгэрийг задгайлж, мориныхоо цулбуурыг өвдгөндөө хавчуулж суухдаа “монгол” гэдгээ мэдэрдэг. Салхи сэвэлзэж сэрүүцүүлэх дор нутгийн уулсаа хараачилж, хааяа борооны хэдэн дусал хаялахад “хувьтай” байгаадаа баярлаж тэнгэр рүү саравчилж, сэтгэлдээ залбирна. Нутгийн наадам сайхаан. Энэ хоёр өдөр сэтгэлээ тэнгэр шиг цэлмээж, баяр бахадлаа тэнгэрийн солонго шиг илэрхийлж, ирээдүйгээ өөдрөг сайхнаар л бодож чаддаг нь зөвхөн монголчууд бид.

Дуусдаггүй наадам

Харьд байгаа бид наадмаа нэгэн өдөр ёсолж тэмдэглэдэг. Тэр өдөр харийн тэнгэрт Монголын минь далбаа намирч, монголчууд бид “монгол үндэстэн” гэдгээрээ гайхуулдаг. Бие биетэйгээ уулзаж учирч бэлэгтэй сайхан ерөөлийн үгс хэлэлцэнэ. Бөхөө барилдуулж, хүүхдүүдээ уралдуулж, хуушуураа идэж, айргаа ууж, зүлгэн дээр хөлөө амраангаа тухалж баярладаг. Харин маргааш нь бүгдээрээ л ажилдаа явцгаана. Өдөр хоног, цаг хугацааны үнэ цэнийг мэддэг болохоор хэн ч үүнийг алдахыг хүсдэггүй. Хүн болгоны ард аав ээж нь , алаг үрс нь, амраг садан нь, бас тэгээд эх орон нь байдаг болохоор алмайрч суухыг хүсдэггүй.

Харин монголчуудын минь наадам наргиан, зугаа цэнгэл арай л ихдээд байх шиг. Энэ жилийн сонгууль, залгаад наадам, наадмын дараах найрууд. Хэн тэгээд ажлаа хийх юм бэ? Цаг хугацааг хүлээлгэж болохгүй олон ажлууд бий. Гадаадынхан хүртэл монголчуудын энэ байдалд эхлээд гайхаж, эцэстээ дасан зохицож сурч байх шиг байна. 6, 7, 8 саруудад Монголд байгаа хэнтэй ч алба болон хувийн ажил ярих, шийдэх боломжгүй. Яг үнэндээ энэ их баяр цэнгэл наадам нь мөнгөтэй хүмүүст “зугаа”, мөнгөгүй хүмүүст “гай” болж байгаа ниш гэж үү? Бид зугаа цэнгэл хөөцөлдсөн хүмүүсийн “золиос” болж байгаагаа анзаарахгүй. Олон жил ужигарсан энэ байдалдаа өөрсдөө ч анзаарахгүйгээр уусч шингээд л байх шиг.

“Наадмын дараа намар болдог”. “Цаг цагаараа байдаггүй, цахилдаг хөхөөрөө байдаггүй”. Өнөөдрийн налгар өдрүүд нэг мэдэх дор сэрүүсч эхэлнэ. Бороо ордог үүлнээс цаг орж эхэлнэ. “Хөхүүрийн ам цаашилж, хүйтний ам наашлах” цагаар Улаанбаатар хотод утаа униар бүрхэж, хүүхдүүд хахаж цацан ханиалгаж, хүмүүс багтарч бухимддаг. Хөдөө нутагт хүн малгүй зутарч ядардаг. Тэр цагт “намрын налгар өдрүүдэд найрлаж суухын оронд, балга өвс авч байх минь яалаа” хэмээн сэтгэлдээ харуусна. Хүн ч мал ч адилхан л амьтад. Дарга нар “нэгийг бодох” биш, бид өөрсдөө “хоёрыг сэтгэж” байх хэрэгтэй байнаа. Алив нэгэн зүйл хэм хэмжээндээ байвал туйлаас зохилтой, хэм хэмжээгээ алдахаар л утга учраа алдаж эхэлдэг.

За тэгээд ерөөл:
Алтан нарыг бөхтэй, морьтой, суртай нь
айлсуулдаг
Алдар нэрийг улстай, устай, нутагтай нь
ижилсүүлдэг
Хурмастын хурыг мэхтэй, цэцтэй, хурдтай нь
тэгшилдэг
Хуурын царыг хөгтэй, аялгуутай, чавхдастай нь
эгшиглүүлдэг
Дэлхийд ганцхан Монгол наадамдаа
САЙХАН НААДААРАЙ
\фейсбуукээс авав\

May 29

Ээжтэй хүний ааш

By gala-admin | МЭНДЧИЛГЭЭ

mom

Нарны нэгхэн цацраганд
Хэвлий илбэж би ээждээ ирсэн
Намрын буга урамдах дуунаар
Сэтгэл аргадаж би ээждээ ирсэн
…Ээж минь байхад гэр дулаахан байдаг.

Хэдийд ч юм бэ гэртээ орж ирэхэд, ээж минь байхад гэр дулаахан байдаг. Гал түлээгүй хэрнээ үрээ өхөөрдөн угтах хайранд гэр бүлээсч байдаг. Тогоо тавиагүй хэрнээ  өлсөж ундаассан ходоод минь ээжийгээ хараад л цадаж орхидог. Гэртээ орж ирээд эргэн тойрноо эргүүлж, тойруулж харахад  бүх л юмс өнгөлөг харагддаг, ээж минь байгаа болохоор. Намайг хараад ээж минь инээх нь нар гийх мэт. Өхөөрдөн эрхлүүлж хошуугаа цорвойлгоход нь энэ орчлон тэр чигээрээ л эрхэлж нялхрах мэт .

Аягалаад тавьсан хоолноос нь хайр дандаа амтагдах мэт. Аргадаж учирлаад тэврэхэд нь хорвоо тэр чигээрээ дулаахан мэт.

Гэртээ ирэхэд ээж минь үгүй бол сэтгэл нэг л хүйтэн. Зууханд гал асч байвч сэтгэл нэг л жиндүүхэн. Өлсч ундаассан ходоод минь ээжийн эзгүйд улам л хоржигнох шиг. Гэрийнхээ бүх л зүйлсийг эргүүлж тойруулж харахад нэг л бүүдгэр, сүүмгэр, ээж минь үгүй болохоор. Санаа алдан ээжийгээ хүлээхэд ханын цаг хөдөлж ядан залхуурах шиг. Ирэхгүй удах тусам хээр хоносон сар шиг нэг уйтай. Хэнээс ч юм бэ сураглахаас нэг л айдас төрөм. Би юу ч хийж чадахгүй ээжийгээ л хүлээнэ, бас чимээ чагнана. Ирэхгүй хол явчихсан байх вий гэхээс борхон зүрх минь түгшиж чангаар цохилно. Тэгэхдээ сэтгэлдээ итгэл тээж хүлээнэ, яг л зууханд цогших цучил шиг.

Ээж байхад гэр минь дулаахан
Эргэх хорвоогийн юм бүхэн өнгөлөг
Таны эзгүйд гэр минь хүйтэн
Хээр хоносон сар шиг сэтгэл жиндүүхэн
…Ээжтэй хүн эрхэлж нялхардаг.
Хэвлийгээс тань унаж, хөхөөр тань амлахдаа л би нялхарч байсан. Үнэгчлэн унтах нойрондоо ч таныгаа л зүүдэлж байсан. Элгэндээ тэврэх болгонд  сэтгэлд тань дасч уусаж байсан. Эрхлүүлж  өхөөрдөх бүрд  зүрхний тань гүнд шингэж л байсан. Түнэр харанхуйд таныхаа хөхийг тэмтчиж, нээж чадахгүй аньсгандаа таныгаа л төсөөлж байсан би. Хар дарсан зүүдэндээ таныгаа дуудаж, хурайлж аргадах бүрд тань тайвширч унтаж байсан би.Элэг элгэндээ шингэж, зүрх зүрхэндээ уусаж байхдаа хэзээ ч мартамгүй хайрыг танаасаа л хүртэж байсан би. Ээжтэйгээ байхдаа л би ямагт амар амгалан байсан. Эрхэлж нялхрахын нэгэн жаргалыг эдэлж байсан би.
Өсөж өндийж том болохын хэрээр гагц тандаа л эрхэлж байсан. Өөрөө хааяа цухалдахдаа таныгаа л хатуу үгээр гомдоож байсан. Хэрээ мэдэхгүй тэнэгтэхдээ таныгаа “уучилна” гэдгийг мэдэрч,  тэгж аашилдаг байсан ээж ээ. Үрээ гэсэн сэтгэлд тань дэндүү бардамнахдаа, үнэндээ би мунхаг явснаа хожим нь ойлгодог ээж ээ. Хэн нэгэнд гомдсон сэтгэлээ тандаа л гаргаж байхдаа эрхэлж байсан юм шүү. Хүүгээ гэсэн сэтгэлийн шаналалд тань итгэж байсан хэрэг байх даа. Хожим нь ганцаардан уйлж суухдаа уул шиг нөмөр нурж, салхи жиндүүхэн үлээхийг мэдрэхдээ танаасаа уучлал гуйдаг шүү ээж ээ.  Эрх танхил сэтгэл гэдэг чинь ээжтэй л хүний ааш юм билээ.
Эрхэлж нялхарч байх нь
Ээжтэй хүний араншин
Сүүн сэтгэлд нь уусч байхдаа
Тандаа л итгэдэг байсан шүү ээж ээ
…Ээжтэй хүн омогшиж бардамнадаг.
Та минь дэргэд байхад уул шиг л нөмөртэй, бас дулаахан. Хааяадаа уулга алдан тэврэхэд тань нулимс чийглэн хайрладаг шүү ээж ээ. Өгөх юмаа олж ядан авдраа уудалж, өврөө тэмтрэхэд тань яг л нялх багадаа та намайг өхөөрддөг шиг л таныгаа өхөөрддөг. “Яах нь вэ? ээж ээ” гэж хэлэхдээ таныхаа өглөгөнд өөрөө мэдэлгүй гараа тосдог. Дараа нь өгсөн болгоныг тань ам руугаа хийхдээ тэртээ цагийн хөхний сүүний амтыг мэдэрдэг. “Эвий дээ ээж минь” гэж сэтгэлдээ шивнэхдээ элгэндээ тэвэрч байхад тань мэдэрсэн тэр л хайрыг мэдэрдэг.” Хүү нь сайн явна шүү” гэж ээждээ шивнэхдээ, таныгаа л баярлуулахыг хичээдэг. “Хүү минь овоо доо” гэсэн харам үгэнд би өөрөө омогшиж бардамнадаг.
Заримдаа гундаж яваа хүүдээ ээж нь үглэдэг. Замбуулин хорвоод түүн шиг үнэн, тэгээд түшиг нь үгүй. Элэг нь холдож уруул дордойж явав ч “ээж минь энэ орчлонд байгаа”гэж бодохоор сэтгэл гундах нь үгүй. Хааяадаа шаралхаж буруу аашилавч, хан хорвоод ээж минь байгаа болохоор сэтгэл түвдэхгүй.  Буруу зөрүү гишгэх тавиландаа бусдад аархан онгировч, гагц ээжийнхээ өмнө сөгддөг юм даа. Буруу зөвийн дэнс нь “хууль биш ээж минь” гэж тэд сэтгэлдээ л хэлдэг. Ээж минь байгаа болохоор энэ хорвоо зовлонгоор биш жаргалаар дүүрэн. Сайн ч муу ч явсан ээжийгээ хайрлах сэтгэл тэдэнд ав адилхан. Сартай шөнийн бүүдгэр туяан дор мөр мөрөө түшин суухдаа тэд ээжийгээ л дурсдаг. Нэгэн ээжийн хүүхдүүд гэдэг энэ л ертөнцийн нэгэн багтаамж, хэн ч зааглахгүй сэтгэлийн дулаан мэрдэмж.
Сайнтай муутай хорвоод
Ээжийн сэтгэл ганцхан
Сар нарны тэнцэл дунд
Ээжийн хайранд бид хамтдаа
…Ээжтэй хүн дүүрэн жаргалтай.
Цагаан сараар ээждээ золгохдоо дүүрэн баяртай. Барьсан хадгийг минь тавиад, хацар дээр минь үнсэхэд , хайр мэдрэгддэг. “Хүү минь дээ” гэсэн уулга алдалт тэр л золголтоос мэдрэгддэг. Хүүгээ хараад бахархах сэтгэл нь нулимстай чийглэж үзэгддэг. Бүгдийг нь тойруулж хараад санаа алддаг. Бүтэн мөртэй яваа хүүхдүүдээ хараад ханьдаа сүсэлдэг. Тэднийхээ дуулах дуунд сэтгэл нь жаргаж, эх хүн болж төрсөн заяандаа сэтгэлдээ залбирдаг. Энэ тавиландаа эх болсон хувь заяагаа биширдэг. Нэгэн цагт голоо тасартал өвдөж шаналж байснаа энэхэн зуур мартдаг. Тэр л зовлон дунд мэндэлсэн хүүхдүүдээ хараад баярладаг. Өвдөж зовж байвч жаргал авчирдаг хорвоод, өөр юугаар ч сольшгүй жаргал нь энэ хэдэн хүүхэд.
Ээж минь таныг байхад энэ хорвоо дүүрэн жаргалтай. Гомдож гомдоож байвч энэ хорвоод бидэнд танаас өөр үнэнч сэтгэл үгүй. Тэр нэгэн цагт ивэлгэж байсан сүү тань, өнөөдөр хайр болон урсаж байна. Түнэр харанхуй  шөнө элгэндээ тэвэрч байсан хайр тань, таныхаа өмнө сөхрөх нэгэн хайр болон шингэж буй. Аялж байсан бүүвэй дуу тань алсдаа бусдыг хайрлах уянга болж буй. Ээж минь та энэ хорвоогийн хамгийн аялгуут эгшиг, хан хорвоод мандсан нарны дулаахан илч, хайр сэтгэлийн ялдамхан жишээ, хүнийг хайрлан өрөвдөх гайхамшигт аялгуу. Би таны үргэлжил. энэ хорвоод тасрахгүй дуурсах аялгуу эгшиг. Тэгээд л бид үргэлжлээд л үргэлжлээд л … Бид бие минь тасравч амь минь тасрахгүй. Тэгээд л бидний хайр мөнхөд орших болно.
Хувь заяа ивээж тандаа ирсэн би ээж ээ
Хуртай зуны солонго шиг тандаа гэрэлтэж ирсэн
Та минь байгаа болохоор би дүүрэн жаргалтай
Таныхаа өмнө сөгдөн мөргөе ээж ээ

Ээж наран хоёр нэгэн тавиландаа
Илч гэрлээрээ бүхнийг тэтгэдэг
Та минь байхад ертөнц  дүүрэн
Таныг байхгүйд бүх юм хоосон

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
2013-05-29

Mar 06

Хүчирхэг бардам монгол бүсгүйчүүд

By gala-admin | МЭНДЧИЛГЭЭ

Сүүлийн 3 жил орчим хугацаанд мундаг монгол залуустай ярилцлага хийх гэж Америкийн нилээд хотуудад очиж, олон ч хүмүүстэй уулзаж ярилцав. Миний уулзаж ярилцсан хүмүүсийн дийлэнх нь бүсгүйчүүд байлаа. Бас ажил хэргийн шалтгаанаар ч эгэл жирийн олон бүсгүйчүүдтэй уулзаж байв. Монгол бүсгүйчүүд минь ийм их эрч хүчтэй, хүчирхэг дайчин, бардам эрхэмсэг байгааг мэдрэхдээ тэднээр маш их бахархсан. Харь нутагт ажил амьдралын хүнд ачааг өөр дээрээ дааж явахдаа тэд “би монгол бүсгүй учраас муу явж болохгүй”, “энэ газар нутагт намайг нэрээр минь биш зөвхөн монголоор минь нэрлэж дууддаг юм”, “би чинь аугаа түүхтэй Монгол хэмээх том гүрний нүүр царай” хэмээн сэтгэлдээ омогшиж явдаг. Тийм болохоор тэд алжаал ядралаа шөнийн уртад ширээний буланд асаасан гэрлийн бүрхүүл дор уяж, ганцаардаж шаналсан сэтгэлээ цээжний тэртээд хадгалж, бүсгүйн танхи нулимсаа бусдаас нуун инээмсэглэж, бусдын нүдэн дээр дэлбээгээ нээх цэцэгс шиг гоо үзэсгэлэнгээ гайхуулж явна.
Сэтгэл нь хааяа гундавч, цэцэгс шиг гаднаа ямагт дэлгэрч явдаг монгол бүсгүйчүүд. Та нар өдгөө дэлхий дахинд үнэлэгдэж бас магтагдаж эхэлжээ.

НҮБ, Дэлхийн банк, Азийн Хөгжлийн банк, Майкрософт, дэлхийн хэмжээнд тэргүүлсэн их сургуулиуд, сонгодог урлаг, их спорт, анагаах ухаан, эрдэм шинжилгээний лабораториуд, мэдээллийн технологи, хаа л бол хаана монгол бүсгүйчүүд. Та нараар бахархахгүй байж яаж болох юм бэ? Хэзээ ямагт хэрсүү ухаанаараа, суу залиараа, өрөвч хэрнээ хатуу чанд сэтгэлээрээ дайчин монгол баатруудыг залж чиглүүлж ирсэн монгол хатдын их ухааны үргэлжлэл өдгөө дэлхий дахинд ид шидээ, эрдэм чадлаа, “уран бэр”-ийн нүүдэл шиг холч ухаанаа гайхуулж байна. Та нарыг дэлхий таньж мэддэг болжээ. Бас бахархаж биширдэг болжээ. Зүгээр л амьдралын өртгөө залгуулах гэж хөдөлмөрлөх монгол бүсгүйн араншин, алив зүйлийн арга эвийг олох ухаан, тэсвэр тэвчээр, эршүүд хэрнээ бардам занг тань олон үндэстэнгүүд үнэлж бишрэх болжээ. Тэд та нарыг үнэлж бас хүндэлж байна. 800 зууны тэртээд дэлхийд сөхрүүлж явсан монгол домгийг өдгөө та нар дэлхийд сануулж байна. Үүнээс илүү гавьяа гэж хаана байна?
Харь эрчүүд монгол бүсгүйг мөрөөдөх болж. Хоол хийхдээ сэтгэлээрээ амталж, хувцсыг нь угаахдаа халамжаараа өнгөлж, гэрээ цэвэрлэхдээ хиймориор нь даллаж, хүүхдээ аргадахдаа итгэлээр хурайлдаг бүсгүйчүүд монголоос өөр олон бий гэж үү? Тэд хайр халамжийнхаа хариуд алмаазан бөгж нэхдэггүй, хүүхдээ энхрийлж өсгөснийхөө төлөө их мөнгө шаарддаггүй, амьдралын ачааг үүрч чадсаныхаа төлөөсөнд өв хөрөнгө хүсдэггүй. Үүрийн гэгээгээр үнээгээ сааж, өдөржингөө борви бохисхийгүй ажиллаж, үдшийн бүрийгээр сүүгээ хөөрүүлж, өтөл нялхас ч ялгаагүй хайрлан халамжилж сурсан тэдэнд хэцүү зовлонт амьдрал гэж үгүй. Тэдний сэтгэлийн чанадад нүүдэлчин монгол өвөг дээдсээс өвлүүлж үлдээсэн их ухаан буй. Эжий сэтгэлийн их тэвчээр, суу заль буй. Хар багаас хэрсүүжсэн их мэдрэмж буй. Балчир дүүгээ үүрэн алхахдаа эр хүнийг аргадах ухаанд суралцаж л байсан. Аагтай цайны дээжээ аавдаа аягалан барих мөчдөө хүндлэл бишрэлийн суу ухаанд суралцаж л байсан. Бухимдаж гомдсондоо асгаруулан нэрэх ээжийнхээ нулимсыг арчин аргадаж байхдаа хатуу зөөлний тэнцвэрийг хадгалж барих тэвчээрт суралцаж л байсан. Тэгэхээр та нар аугаа байхгүй яах юм бэ? Ямар ч эр хүний “тархийг барих”, өөрийгөө хүндлүүлэх ухаан самбаа гагц монгол бүсгүй танд л бий.
Бүсгүйчүүд минь , заримыг тань муулж харааж л байдаг юм. Эрх нь хэтэрч, ухаан нь богинодож, шунал нь ахадсан бүсгүйчүүд бий л байх. Гэхдээ л монгол бүсгүйчүүд зовлон дунд хүчгүйдэхдээ нэрээ боддог, зоолж дээрэлхсэн нэгний өмнөөс сөрж гарах аргаа олдог, хожим нь ухаарахдаа “би чинь монгол бүсгүй шүү дээ” гэж боддог. Энэ л бидний омог бардам араншин, зүрхний ховдол дунд гүйх монгол цусны илрэл. Хэзээ ч угаадас дунд нулимсаа нэмэрлэж, хиртэй хувцсыг нь үүрч бусдад бөхөлзөж, хэн нэгний харцан дор хүслийг нь хангах монгол бүсгүй байдаг гэдэгт би итгэдэггүй.
Монгол эрчүүд бид та нараар бахархаж, бас бусдаас харамладаг. Тэгээд хэлэх хэлэхгүй үгээр хараадаг байх. Хараал зүхэл дунд харамлаж хайрласан сэтгэл буй. Цөөхүүлээ болохоор, өөрөө бас гологдоод байгаа болохоор бачимддаг байлгүй дээ, өршөө биднийгээ. Учирлаж хэлбэл, улаан нүүрэн дээр нь улалзуулж зэмлэвэл, эрх биш нэгийг бодох ухаан монгол эрчүүдэд байгүй яах вэ? Ичиж нэрлэхсэндээ, “эр хүн” болж догирхсон гэхдээ, муугаа бусдад үзүүлэхгүй гэсэндээ, мунхаг араншингаар та нарыг гомдоохгүй гэсэндээ элдэв муу араншин гаргадаг л биз. Эцсийн дүндээ та нарыг харамлаад уурсаад байгаа юм шүү дээ.
Жил болгоны энэ өдрүүдэд “Мартын 8” гэж хэрдээ хөөрцөглөх юм. Эмэгтэйчүүдийн баяр гэж нийлж ууцгаах л юм. Халамцаж мансуурсан нүдэн дор бид бүртэлзэх л юм. Хамаг сайхан бүхнээ хөлчүүрэл дор хиртээх юм. Маргааш нь шартсан сэтгэлдээ санаж ядан зовиноно. Магад “бид бүгдээрээ адилхан байсан” гэж өөрийгөө өмөөрнө. Бүдүүлэг гаргасан авираа “Бүгдээрээ согтуу байсан” гэж учирлан уучилна. Эцэст нь бид бүгдээрээ бусдын доог болно. Тэвэрч ирсэн цэцэгсийн баглаа, дарсан дунд гудайдаг юм, цэцэрхэж өргөсөн хундаганы ерөөл дунд эзэн сэтгэл хиртдэг юм, тэсвэр алдаж орилсон дуун дунд бидний заяа төөрдөг юм. Тэгээд л “монголчууд архичин, бас бүдүүлэг” гэж гадныхан биднийг шүүмжилнэ. Харин бид үл тооно.
Европ Азийн “эрлийз” гэж нэрлэгддэгээрээ монгол бүсгүйчүүд алдартай. Тэднийг суналзан алхах дор цэцэгс тосдог юм. Ихэмсэг бардам харц дор үүлс бөхийдөг юм. Эрхэмсэг бардам гоо үзэсгэлэн дор эрчүүд шүүрс алддаг юм. Эзэд нь “монгол эрчүүд” гэхээр тэд санаа алддаг юм. “Уран бэр”-ийн нүүдэл шиг, Алунгоо эхийн ухаан шиг, Өүлэн эхийн тэвчээр шиг, Бөртэ үжиний уужимхан сэтгэл шиг монгол бүсгүйчүүд минь дээ. Та нартаа баярын мэнд хүргэж ёслоё. Цээжинд нь сүү ивлэж, сэтгэлд нь хайр урсаж, итгэлд нь халамж дэлгэрдэг монгол бүсгүйчүүдээс илүү гайхамшигтай, гоо үзэсгэлэнтэй нь хаана бий гэж? Энэ баярын өдрүүдээр сархадаар сэтгэлээ бүү хиртээгээрэй, итгэлээ мөнгөөр бүү арилжаарай, гуниг гомдлоо агсамналаар бүү илэрхийлээрэй. Яагаад гэвэл та нар монгол бүсгүйчүүд. Омог бардам их хатдын үргэлжлэл. Бас монгол эрчүүд бидний хайр итгэл, мөрөөдөл. Та нартаа хайртай, монгол эрчүүд.

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
2013-03-06

Jan 05

2013 онд өөртөө итгэж амьдарцгаая

By gala-admin | МЭНДЧИЛГЭЭ

…2013 он гарлаа.  2012 онд дэлхий сүйрч, бүх амьдрал төгсгөл болно хэмээн түгшиж байсан  олон олон хүмүүс баярласандаа бархирангаа алдаж буй.  Саяхан шинэ жилээ тэмдэглэж, одоо цагаан сараа ёслох гэж байгаа тэднийгээ харахад “баярламаар чюм шиг, бахархмаар ч юм шиг”.  Хүн амьд байх мөчид, амьдрал сайхан.  Өвчин зовлонгүй эрүүл саруул байх мөчид түүн шиг жаргал үгүй. Өр ширэнд баригдалгүй өөрийгөө болгоод явж байхад түүн шиг амар амгалан нь бас үгүй

Нээрээ!  Өнгөрсөн оны сүүлчээр  “Сөнөх гэж байгаа ертөнцөөс амьд үлдэх”  гэж оролдсон монголчууд бидний оролдлого, бидний сэтгэхүй ямар түвшинд ямар байдалтай оршиж байгаа “нүцгэн үнэн”-ийг, огтын нэмэр хачиргүйгээр харуулав даа. Жаахан ичгэвтэр хэдий боловч бодож эргэцүүлэх зүйл бидэнд олон байнаа. “Айсан хүн адуу хөөж, ичсэн хүн хүн ална” гэдгийн үлгэрээр дургүйцэж  уурлаад ч  яахав.  “Нэг үхрийн эвэр доргихоор мянган үхрийн эвэр доргидог” гэдэгчлэн, хэсэг бүлэг хүмүүсийн тэнэглэл нь хэрээс хэтрэхээр  “монголчууд” гэдэг нэрийг давхар нааж авч яваад л хамаг учир нь байгаа юм.
1. ЗУРХАЙН  “Эх орон”
Өнөөдөр Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслэл, телевиз, радио, интернет мэдээлэл, фейсбуукээр хүртэл  байнгын мэдээлэгдэж, сурталчлагдаж байдаг зүйл нь зурхай. Өрнийн дорны, жилийн , ордны гэхчилэн хөвөрч өгнө.  Хүн болгон л би энэ сард “юутай хэнтэй учирч, ямар баяр баясгаланг эдэлж, ямар гай барцадтай тулгарах нь вэ?” гэдгээ зурхайгаас харж сониучирхана. За тэгээд “хайр дурлалын болоод сексийн зурхай” ч тусдаа байдаг гээд бод доо. Бодвол хэн нэгэнд  дурлахдаа, нөгөө ажлаа гүйцэлдүүлэхдээ ч зурхайд заасныг л баримтлах нь байна шүү дээ.  Мөнгө их багаар олдох эсэх нь өөрийн хичээл зүтгэлээс бус зурхайд зааснаар болдог гэдэгт итгэдэг хүмүүс даанч олон. Ордны шинжсэн зурхайд өгүүлсэн шинж чанаруудыг “ёстой үнэн юм билээ” хэмээн сайн найздаа сайрхан ярих залуус ч олон. Гол нь тэнд хүнийг тэгтлээ муулсан зүйл бичигдээгүй болохоор “өөрийгөө гайгүй сайн хүн” гэж бусдад далд утгаар ойлгуулах боломж нь тэр.
Зурхай бол мундаг шинжлэх ухаан. Мэдээж их ч нарийн хэрнээ өөрийн хатуу дэг жаягтай. Зурхай зурдаг хүн , хувь хүнтэй холбоотой мэдээллүүдийг тэгтлээ олон нийтэд түгээгээд байдаггүй байх. Энэ нарийн шинжлэх ухааныг хялбаршуулж, олон нийтийн “хэрэглээний” түвшинд тавих нь байдаг л зүйл биз. Харин түүнийг нь ягштал дагаж, үгчлэн  мөрдөөд байвал шинжлэх ухаан, мэдээллийн технологи хөгжсөн энэ зуунд хэр зохимжтой юм бол? Бас хүн цаг хугацаа болон хийж гүйцэтгэх ажлаа маш нарийн тооцож төлөвлөдөг болсон цаг дор хэр тохирох юм бол?
2. БӨӨ МӨРГӨЛИЙН “Эх орон”
Өнөөдөр Монголын айл бүр “бөөтэй” болж, дээд тэнгэртэй харьцах болсноор Монгол орон хөгжинө гэж үзэж байгаа хүмүүс олон бий. Бие нь чилээрхсэн хэн нэгнийг “онгод сахиусаа авахгүй бол…” хэмээн “айлгаж”, онгод сахиусаа авах ёс үйл, өмсөх хувцас, зүүсгэлүүд нь хүртэл тус тусдаа үнэ ханштай болсон гэх. Яагаав саяхан “дэлхий сөнөх тухай” алдарт номлолоо айлдаж, олон нийтийн сэтгэхүйг “байлдан дагуулсан” Оюунгэрэл гэгчийн  “Орифлейм”-ын  сүлжээний бизнес шиг болж  өргөжиж буй бололтой. Бөөнүүд мянга мянгаараа нэгдэн бөөлж  дэлхийн сүйрлээс ганцхан Монголыг аварч үлдэх тухай, бид өөрсдөө хичээж хөдөлмөрлөхгүй байсан ч дээд тэнгэрийн ивээлээр Монгол орон хөгжин дэвжиж, мандан бадрах тухай тэдний учирлалд чин сэтгэлээсээ итгэдэг хүмүүс даанч олон. Өөрөө мэдрэмжтэй эс мэдрэмжтэй,  хүсэлтэй эс хүсэлтэй байлаа ч бусдын шахалт шаардлагаар бөө болон “онгод сахиусаа дуудагсад”  бас цөөнгүй.
Дээд ертөнц болон тэнд орших сүнсний ертөнцтэй харьцдаг  гэх “бөө мөргөл”-ийг  үгүйсгэх аргагүй.  Гэхдээ ийм чадвар нь хүн болгонд байгаа гэдэгт эргэлзмээр. Америкийн уугуул индианчуудад болон монголчуудад уламжлагдан үлдсэн “бөө мөргөл” гэдэг нь мэдээж өөрийн гэсэн зан үйл,  хатуу дэг жаягтай. Харин үүнийг “сүлжээний бизнес”-т оруулан олноороо дагаж хийрхээд байх нь хэр зохимжтой юм бол? Мэдэх мэдэхгүй, чадах чадахгүй хэн нэгний  буруутай үйлдлээр өөрсдийн эд хөрөнгө, эрүүл мэндээрээ хохироод байх нь  хэр тохиромжтой юм бол?
3. МУХАР СҮСГИЙН  “Эх орон”
Өдгөө Монголд шашны олон урсгалууд бий болжээ. “Шашин бол ард түмнийг мунхруулагч хар тамхи мөн” гэсэн марксистуудын алдарт сургааль  улиг болж,  “Шашин бол хуулийн заалтаар хэрэгжүүлж чадахгүй байгаа хувь хүний мөн чанарыг нөхөж чаддаг” хэмээх өнөө цагийн хэллэг  дэлгэрч эхэлжээ. Мэдээж хүн болгон төгс төгөлдөр бус болохоор буруу мууг хийж үйлдэх нь зөндөө. Түүнийгээ чин сэтгэлээсээ гэмшиж, засч залруулахын оронд сүмд очиж мөргөөд, эсвэл их хэмжээний өргөл барьцаар “аргалж болно” гэж бодогсод даанч олон.  Сайн ажих ахул дэргэдээ “арыг нь даадаг лам”-тай, дэнж болгон дээр буян болгож босгосон “суваргатай”,  овоо тахилгын наадмыг ивээн тэтгэж, өөрийн “бөх” өө дагуулан очиж түрүүлүүлж байгаа нөхөд л  хамгийн “явдалтай”.  Буян номын сургаалыг огоорч, шашны зан үйлийг  “бизнес” болгож чадсан энэ нөхдийн уршгаар, мөнгөнд урхилагдсан “дэргэдийн лам”,  мөнгөөр нүглийг цайруулж болдог гэсэн итгэл үнэмшилтэй “мухар сүсэгтнүүд” олширч байна.
Шашин бол хувь хүмүүсийн итгэл үнэмшил юм.  Хүмүүс нэгэн үзэл бодлын төлөө найзалж нөхөрлөж, бие биедээ чин сэтгэлээсээ тусалж дэмжиж  чадаж байгаа нь шашны ач тус. Харин  сүмийг зөвхөн нүглээ наминчлахад зориулагдсан газар гэж, өглөг барьцыг  хийсэн нүглийнхээ цайруулах “төлбөр” гэж бодож хандах нь хэр зохимжтой юм бол? Өөрийн үйлдэж буй буян, нүглээ ч ялгахгүй, сэтгэлдээ өөртэйгээ ярилцаж  гэмшиж ариусгаж чадахгүйгээр  “мухар сүсэгт” хөтлөгдөн, “мөнгөөр л бүхнийг аргалж болно”  гэж боддог хүмүүст шашин хэр тохиромжтой юм бол?
4. ЦУУ ЯРИАНЫ “Эх орон”
Монголчууд бидний олонхи нь ном уншихаа больж. Амьдралын туршлага, баримт нотолгоо, шинэ техник технологиос илүүтэй  “тэгсэн гэнэ, тэгэх гэж байгаа гэнэ” гэхчилэнгийн ам дамжсан цуу ярианд үнэн голосоо итгэгсэд, түүнийг хуй салхи мэт цааш дамжуулагсад даанч олон. Бодвол энэ нь жалга жалганд цөөн гэрээрээ амьдарцгааж, хааяа саахалт айлдаа зочилж очингоо “хол ойрын хов жив сонсох” нүүдэлчин амьдралын өнөө хэр нь балраагүй “жим” юм болов уу? За тэгээд хүн төрөлхтөн хэзээ ч итгэж үнэмшихийн аргагүй гаж сонин зүйлд бүр ч их итгэнэ.  Харь гаригийнхантай уулздаг хүн, далдыг хардаг увидастан, ямар ч өвчнийг ташуураар ороолгоод эдгээдэг  хувилгаан, дээр нь зайдлаад суухаар “хүүхэд” тэй болгодог чулуу, бараг сарын дотор л хэд хэдэн хэлд сургадаг “ид шидтэн”  эд бүгдээрээ л “тэнд тийм мундаг хүн байна гэнэ, энд ийм шидтэн байна  гэнэ”  гэхчилэн ам дамжсан ярианы баатрууд. Шинжлэх ухаанд бус цуу ярианд итгэдэг энэ л сэтгэхүй дээр мөн ч олон зальтангууд  баяжив даа. Хичнээн ч хүмүүсийн хөдөлмөрлөж олсон мөнгө тэдний халаасанд оров.
Хүн юм уншихаа болих тусмаа цуу ярианд улам итгэдэг. Шинжлэх ухааны бүтээлүүд, хүмүүсийн бүтээлүүдийг уншихад цаг хугацаа хэрэгтэй, ойлгоход амаргүй болохоор, амар хялбраар нь цуу яриа сонсдог юм болов уу? Хүмүүс оюун сэтгэхүйгээ ажиллуулахаас “залхуурах” тусам,  сэтгэлгээ нь тэр хэмжээгээр ядуурдаг. Сэтгэлгээ нь ядуу байх тусмаа баян тансаг амьдрахыг мөрөөдөх нь хэр зохицолдоотой юм бол? Өөртөө хэрэг болох зүйлээ уншиж, мэдлэг боловсролоо дээшлүүлэхгүйгээр хөгжиж дэвжинэ гэж бодож байгаа нь хэр үнэмшилтэй юм бол?
5. ХИЙРХЭЛИЙН  “Эх орон”
Би хэд хэдэн зүйлийг байнга гайхаад байдаг юм. -Утасны дугаарыг зөвхөн Монголд зардаг, тэр тусмаа 9911… тэй дугаарыг  асар өндөр үнээр зардгийг. Утас бол хүмүүсийн харилцааны ердийн хэрэглээ. Энэ дугаарууд ямар ” ид шидтэй” юм бэ? хэмээн хүн болгон зэвүүрхэх авч худалдан авагч, худалдаж зарагч нь буюу зах зээлийн эрэлт хэрэгцээ нь байгаа болохоор  наймаа явагдсаар.  -Монголд төрийн албан хаагчдьн цалин нь харьцангүй бага мөртлөө, хүнсний болон өргөн хэрэглээний барааны үнэ  нь Америкаас илүү үнэтэй байгааг. Гэтэл америкчуудын цалин нь тэднээс хэд дахин өндөр.  Яаж ч бодсон авч буй цалингаасаа хэрэглээ нь хэд дахин өндөр байгаа шалтгааныг Авилгалтай Тэмцэх Газар  \АТГ\ “бодоод бодоод олохгүй” л байгаа юм даа. -Мэдлэгтэй ч мэдлэггүй ч бай, чадвартай ч чадваргүй ч бай хүн болгон заавал “дарга” болох гээд улайран зүтгээд байгааг.  Хөдөө орон нутагт эрх мэдэл шилжиж байгаатай холбоотойгоор ах дүү хамаатан саднаараа нам болгонд хуваагдан орон нутгийн сонгуульд өрсөлдөх болсон гэсэн. Хэн нэгэн гарсан тохиолдолд тэр орон нутаг тэдний мэдэлд шилжинэ гэсэн үг юм уу даа.
Энэ бол хийрхэл. Эрх мэдэл албан тушаалаа ашиглан, зөвхөн Монголд  “төрөөс тэрбумтангууд төрдөг” болохоор, тэрбумтангууд нь зэрэг зиндаагаа илэрхийлэх гэж түмэн олноос “тасардаг” болохоор л энэ “зиндаархал”, “хийрхэл” бий болоод байгаа хэрэг.  Харин үүнийг  дэмжиж, хөгжүүлж  байгаа нь бид өөрсдөө. Харсаар мэдэрсээр хэрнээ  сонгоод гаргаад ирдэг болохоор зарааж зүхээд ч яах билээ? Энэ бүхнийг нь зогсоож чадахгүй болохоороо “их ч барьсан өмхий, бага ч барьсан өмхий” гэж бодож байгаа нь хэр тохиромжтой юм бол?
6. ХОШИН ШОГИЙН  “Эх орон”
Манай оронд хошин урлаг үнэхээр “тасархай” хөгжиж байнаа.  Урлагийн одууд, алдартнууд  нь хошин шогийнхон. “Юун улсын наадам, юун цагаан сар” гэдэгчлэн  “юун сонгодог урлаг, юун ардын урлаг, юун поп урлаг”.  Тэд кино хийж байна, нэвтрүүлэг хөтөлж байна,  бас дуулж бүжиглэж,  олон түмний өмнө хүйсээ сольж үзүүлж байна.  Хүмүүс уулзах бүрдээ “Хөөе чи тэр хошин шогийг үзэв үү? манайхан нээрээ алж байнаа. Элгийг бөөртэй нь хамтад аваад хаяж байна, цаана чинь” гэнэ.  За тэгээд залуус маань хүртэл “ном уншсанд орвол хошин шог үзэж сэтгэлээ сэргээе” гэх болж дээ. Шинэ жилийн өмнөхөн “Алтан сарнай” хэмээх алдартан шалгаруулах олон нийтийн  санал асуулгын урлагийнхны дүнгийн явцыг хальт харлаа. Өнгөрсөн жил дэлхийд дуурийн урлагаар “Гран при” авсан дуучин маань хошин шогийнхноос тэртээ ард. За тэгээд хошин шогийн хэдэн жүжигчид маань өнгөлж явах жишээтэй. Хэрэв “од” болохыг хүсвэл хошин шогийн жүжигчин л болох хэрэгтэй юм байна шүү дээ.
Хошин урлаг гэдэг бол яах аргагүй хэрэгтэй урлаг. Нийгэмд болон ард олны амьдралд, сэтгэхүйд байгаа алдаа дутагдлыг хошин маягаар үзүүлж ухааруулдаг урлаг.  Марзганалаас жүжиглэлт нь илүү байвал хүмүүсийн сэтгэлд хүрдэг. Марзганахад нь хүмүүс амаа ангайлган чанга чангаар инээдэг бол жинхэнэ жүжиглэлтэд  сэтгэлдээ санаа алдан , “нулимстай” инээдэг. Харин бид өөрөө өөрсдийгөө толинд харж байгаа мэт өдөр шөнөгүй баясах нь хэр зохимжтой юм бол? Өдөр болгон харж дадсан буруу муухай үзэгдэл болгондоо “байх л ёстой” зүйл мэт дасч орхих нь хэр тохиромжтой юм бол?
7.ХАРЬЦУУЛАЛТЫН “Эх орон”
Монголчууд бид хэн нэгэн хүнийг яг байгаагаар нь хүлээж авах тун дургүй. Заавал хэн нэгэнтэй харьцуулан үзэж “түүнээс дутуу эсвэл илүү болохыг” шинжинэ.  Ариунааг Сараатай, Нямдоржийг Тэмүүжинтэй,  Элбэгдоржийг Энхбаяртай, Баярцогтыг Ганбаатартай,  Хуланг Ичинхорлоотой, Дагвадоржийг Батбаяртай… гэх мэтээр. За тэгээд л “тэр нь түүгээрээ илүү, энэ нь энүүгээрээ дутуу” гэхчилэн өөр хоорондоо маргалдацгаана. Заримдаа маргаан нь “саваа халих” -аараа, тэдний дундах нууцхан өрсөлдөөнийг муудалцаан болгох нь бий.  Тэгэхдээ хүмүүс тэднийг муудалцаж зөрчилдөх тусам нь баярлаж, эвлэрч нэгдвэл сэтгэл дундуур болж ч магад. Учир нь ийм харьцуулалт, хүмүүсийн ярианы “мөнхийн сэдэв” нь байдаг. Одоо үүгээр далимдуулан, хамгийн орлого ихтэйд тооцогдох “Соронз” нэртэй папараци сэтгүүл гарч ирэн хүмүүсийн “шавиаг нь хангаж” байна.  Хүмүүс  тэднийг заавал адилхан байлгахыг хүсээгүй ч, адилгүй байхыг ч бас хүсдэггүй.
Хүн гэдэг бол давтагдашгүй ганц ертөнц. Хүмүүс бидэнд  адил зүйл олон  байх авч сэтгэхүй болон үйлдлээрээ ялгардаг.  Тэгэхээр бид заавал бие биетэйгээ адил байх албагүйтэй адил, заавал таалагдаж байх ч шаардлагагүй.  Хүн болгоныг байгаагаар нь хүлээж авч сурах нь тийм ч хэцүү зүйл биш. Заавал өөр хоорондоо өрсөлдөж, илүү дутуу, сайн муугаа дуудалцаж байх нь тийм ч зохимжтой зүйл биш.

…Монголчууд бидний сэтгэлгээ болон сэтгэхүйд ямар нэгэн хэмжээгээр нөлөөлөөд байгаа энэ үзэгдлүүд хаана ч байдаг л зүйл. Алив зүйл хэм хэмжээндээ байхдаа бусдад хохирол учруулдаггүй. Харин хэм хэмжээнээсээ халихаараа л бусдад муугаар нөлөөлдөг юм.  Бүх зүйл БАЙХ ЁСТОЙ ГАЗРАА, БАЙХ ЁСТОЙ ХЭМЖЭЭНДЭЭ байвал юутай сайн сан.
ӨӨРТӨӨ ИТГЭЖ АМЬДАРЬЯ
…Ирж буй шинэ он хүн болгонд хөгжил дэвшил авч ирдэг.  Чи өөрөө энэ ертөнцийн давтагдашгүй гайхамшигт бүтээл болохоор бүх боломж зөвхөн чамд  өөрт тань байгаа. Чиний амьдралд тулгараад байгаа олон асуудлыг чиний өмнөөс хэн ч шийдэж чадахгүй. Учир нь тэр хүн бол чи биш. Тийм болохоор зөвхөн өөртөө л найдаж бай.
Хүн болгоны өмнө өөрийнх нь туулах учиртай тавилан, хувь заяа гэж бий. Тэр бол өөр хэнийх ч биш зөвхөн чиний л зам. Тийм болохоор амьдралдаа тулгарсан асуудалд өөрөө гаргасан шийдвэрийнхээ, сайн муу үр дагаврыг чи өөрөө л хариуцна. Хэнд ч гомдож, хэнд ч хонзогонох хэрэггүй.
Амьдралдаа зорилгогүй явбаас чи, тас харанхуй шөнө урдаа байгаа ухсан нүхийг харахгүйгээр түүн рүү явж байгаагаас огт ялгаагүй.  Хэрэв чи өчүүхэн ч гэсэн зорилго тавьж чадвал чиний гарт лаа бий болох болно. Том зорилго тавьж чадвал хурц гэрэлтэй дэнлүү барьж яваа гэсэн үг. Гартаа ямар нэгэн гэрэлтэй байхдаа чи ангал руу хэзээ ч хөл алдан унахгүй.
Хүн хэзээ ч зовохгүйгээр жаргалд хүрдэггүй. Залуу насан дээрээ чи эрдэмд уйгагүй шамдаж, найз нөхөд тань зугаацаж байгаа бол хожим нь найз нөхөд тань эрдэм сурах гэж зовж, чи өөрийнхөө хүссэнээр байж чадах болно. Уйгагүй хичээл зүтгэл хэзээ нэгэн цагт чамайг заавал амжилтад хөтөлж очно.  Амжилт гэдэг чиний сэтгэл ханамжтай амьдралын баталгаа.
Бид энэ ертөнцөд олуулаа хамтдаа аж төрж байгаа болохоор өөрт тань байгаа боломж бүхнээрээ бусдад тусалж байвал сайн. Яагаад гэвэл зовлон жаргал гэдэг хүн болгонд ээлжилж ирдэг юм. Бусдад тус болоод мартаж орхисон сайн сэтгэлийн хариу хэзээ нэгэн цагт буян болж ирдэг. Ерөөлөөр гэх үү дээ. “Надад боломж байгаа юм чинь энэ хүнд яагаад тусалж болохгүй гэж?” хэмээн өөртөө ямагт хэлж бай.
Чи заавал бусдад таалагдах албагүй ч өөрийнхөөрөө амьдрах эрхтэй.  Чамд таалагдахгүй байгаа хүнтэй муудалцалгүйгээр зөвхөн түүнийг ойлгоход л болно.  Заавал дахин дахин учраад хэрэлдэж муудалцаад байх хэрэггүй шүү дээ. Өөрийгөө хүмүүст ойлгуулж, өрөөл бусдыг ойлгож сурна гэдэг мундаг эрдэм. Тэгээд л “энэ ертөнцөд сайн муу бүх л зүйл зэргэцэн оршиж байдаг юм шүү дээ ” гэж сэтгэлдээ хэлэхэд л чи тайвширч чадна.
…Мэдээж хэн нэгэнд хандах, зөвлөж туслах юм байлгүй л яах вэ? Элдэв хүнээс асууж тодруулах зүйл байлгүй л яах вэ? Гэхдээ бүх юманд хэм хэмжээ гэж байдаг. Харин бүх боломж зөвхөн чиний гарт л байгаа. За тэгээд 2013 онд  бусдад биш өөртөө илүү найдаж зүтгээд үз дээ?
ЧИ МУНДАГ ШҮҮ ДЭЭ, АМЖИЛТ ХҮСЬЕ.
Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
2013-01-05

Jun 01

Ээ бүүвэй, ээ бүүвэй

By gala-admin | МЭНДЧИЛГЭЭ

Хараацай шүвүуны дэгдээхэй шиг
Хайран дунд минь ганганаад байнаа  ЭЭ бүүвэй, ЭЭ бүүвэй
…Хайрын эгэлгүй эрхлэл, амрагийн  ялдамхан нялхрал дунд  хэвлийд олдсон хүүхдээ хүй орчлонд төрүүлэх гэж бүсгүй хүн хэрээс хэтэрсэн зовлонгийн далайг туулдаг.” Хоёр яс салах” гэж хамаг тэнхээгээ шавхаж, хар хөлсөө урсгаж,өөрийн мэдрэлгүй  орилж, өвдсөндөө юм бүхнийг атгаж байхдаа, бүсгүй тавиланд бурханы зурсан зургийг тэр л зөнгөөрөө эдэлж байдаг. Яг тэр л мөчид энэ хорвоод бүсгүй хүн болж төрсөн хувь заяаныхаа зовлон жаргалын дэнсийг нэгэн дор амсаж, эдэлж амждаг.

Хэвлийдээ олдсон хүүхдээ 9 сар  тээхдээ, тэр л 9 сард өөрт учирсан баяр жаргал, зовлон шаналлаа  хэвлийг нь өшигчин “дүрсгүйтэх”, хааяадаа хөлөө жийн тэвдүүлэх тэр л бяцхан “амьтанд” шивнэн учирлаж, бас аяархан илбэж  өхөөрдөж байсан. Өдөр өдрөөр өсч торних тэр л бяцхан амьтныг сэтгэлдээ төсөөлж, тэр хэрээрээ түүнийгээ сэтгэл зүрхнээсээ хайрлаж, заримдаа ялимгүй зүйлээс болж сэм сэмхэн “муудалцаж” байсан хүн нь, амьдралдаа аз жаргалын алимыг амталж байсан залуухан “ээж”.  Хэн нэгнээс эсвэл юунаас ч юм айж цочихдоо өөрийгөө бус
хэвлийдээ байгаа үрээ л аргадан хурайлах,  хэзээ ч юм нэгэн цагт өлсөхдөө өөрийгөө биш, тэр л бяцхан амьтныг хооллох гэж тэвдэх, заримдаа даарч ядрахдаа өөрийгөө бус тэр л бяцхан “амьтан”д  сэтгэл нь зовж шаналах нь  эх хүний араншин.
Зовж тарчилж, орилж хашгичиж байж үрээн төрүүлж, хэзээ ч салшгүй хүйн холбоог нь зангидаж, өөрт нь харуулан тэврүүлэх мөчид бүсгүй хүн сэтгэлдээ жаргадаг, яг л нар мандах мэт.Төрүүлсэн бяцхан амьтан нь, амаа өмөлзүүлэн хөхөө эрэн тэмтчих мөчид тэр л эхийн сэтгэлд сэтгэлд ивэлсэн хайр нь хөхөнд ивэлсэн сүүтэй хамтад урсдаг, урсгал гол мэт. Өвдөж тарчилж байх мөчдөө “ахиад хэзээ ч хүүхэдтэй болохгүй дээ” гэж бодож асан шазруухан бодол нь, хөхийг нь тэмтчин үлгэх тэр л бяцхан амьтныг хараад  уярсан сэтгэлд уусаж “дахиад хэд ч
төрсөн яах вэ? ” хэмээх омголон бардам мэдрэмжинд хөглөгдөнө, уулс мэт. Аяа бүсгүй заяа, аз жаргалын манан дунд умбасан нялхрал, бүсгүй нэгнээс өөр хэнд тохиох гэж.

 

Галуу шувууны дэгдээхэй  шиг
Гаднаа ирээд ганганаад байнаа ЭЭ бүүвэй, ЭЭ бүүвэй
…Өдөр хоногоор өсч торних үрээ харахдаа эх хүн ямагт аз жаргалтай байдаг. Хэвлийд байхад нь хооллож ундалж, бас учирлаж аргадаж, өөрийн ааш араншиндаа тэнцүүлж байсан “хүйн холбоо” нэгэнт зангидагдаж, сэтгэлд шингэх  аж. Инээхэд нь нар мандсан мэт баярлаж, өвдөж шаналахад нь үүл хуралдсан мэт харанхуйлж,  өр зүрхнээсээ яг л “өндгөө дарсан шувуу” мэт  сүүдрээс халхалдаг нь гагц эх хүн л байдаг. Үнэгчлэн нойрсоход нь хүртэл өөрөө л жаргаж, хар даран зүүдлэхэд нь хамтдаа л тэвдэн, хаалга онгойх бүрийд жавраас халхалж,  халуун
нарнаас өөрөө л сүүдэр болон бөхийж, хар хэл , цагаан атаархлаас өөрөө ч мэдэлгүй тарни уншин хамгаалдаг нь гагц эх хүний зөн совин.
Хөлөө олон тэнтэр тунтар алхахад нь өөрийн эрхгүй уулга алдаж, “ээж ээ” гэж анхлан  дуудахад нь өөрийн эрхгүй өмөлзөж, хүн бүрт үрийнхээ “ухаантай бас хосгүй”-г дуудан хуучилдаг нь  эх хүний араншин. Бурууг хийхэд нь сэтгэлдээ өмөөрч, бусдын өмнө зэмлэвч өөрийгөө л зүхэж, будилж уруудахад нь  сэтгэлдээ л ганцаар шаналдаг нь эх хүний араншин. “Өлсөх вий” гэж хоолоо халааж,  “Даарах вий” гэж хувцсыг нь бэлтгэж, “Ядрах вий” гэж өөрөө л урдуур нь гүйдэг нь эх хүний араншин. Хайраар өлгийдэж өсгөсөн хүүхдээ ханьтай болоод жаргахад нь
“хардан харамлаж”,  хааяадаа муудалцаад ирэхэд нь “дотор сэтгэлдээ өмөөрч”, хадан гэртээ халин одохдоо  хүртэл “үрдээ л сэтгэл нь хоргоддог” нь эх хүний араншин.

 

Хичнээн шөнө нойроо хугаслан байж хөхөө хөхүүлэн,  хүүхдээ хуурайлан, элгэндээ тэврэн бүүвэй аялдаг  нь эх хүнээс өөр бий гэж үү? Өмөлзөн өмөлзөн байж хүүхдээ уйлахад нь бүүвэйлдэг, уурлаж уцаарлахад нь хүртэл учирлан учирлан аргаддаг, баярлаж хөөрөхөд нь өлмий дээрээ өндийн байж үнсэн, нулимсаа бусдаас нуун байж  сэмхэн арчдаг нь эх хүнээс өөр хэн гэж? Тэр тусмаа өвлийн хүйтэнд жавар хургасан гэрийн хойморт, нар шатаасан гэрийн сүүдэрт, сэтгэл хиртээсэн зовлонгийн орчлонд гагц хүүгээ л гэх  монгол эхийн сэтгэл дэндүү
“халуун”. Элгэндээ тэвэрч хоносон шөнө болгоны жаврыг тэд л үргээдэг, эргэж ирэхдээ уйлж мөрийг нь түшсэн сэтгэлийн шаналлыг тэд л аргаддаг, элээж барах энэ л орчлонд тэд л гагц хүүхдийнхээ төлөө амьдарч чаддаг.

 

Ангир шувууны дэгдээхэй шиг
Алсаас ганганан дуудаад байна уу  Ээ бүүвэй, ЭЭ бүүвэй
…Бүсгүй хүн энэ ертөнцөд эх болж, бүүвэйн дуу аялах гэж төрдөг.  Эх хүний аялсан бүүвэйн дуунд энэ ертөнцийн бүх л амьд оршихуй уяран жаргадаг гэдэг. Саяхан фейсбуук дээр тавигдсан байсан монгол бүсгүйчүүдийн “үр хөндөлт”-ийн талаарх статистик баримтуудыг уншаад сэтгэл эмзэглэсэн. “Үзүүрийг нь дээш харуулсан зүүний үзүүр дээр  ширхэг будаа тогтох”-ын  дайны аугаа хувь тавиланг хүйтэн мэсний үзүүрээр хөнөөж болно гэж үү? Энэ ертөнцийн сая, живаа , их наяд тоосонцор дундаас эрэн эрэн олсон хувь заяаг зүгээр л “үлээж” болно гэж
үү? Тэр тусмаа “цөөхөн” гэж гомдоллодог монголчууд бидний хувьд. Эх болох хүний зөн совингоор эргэцүүлж нэг бодоод үз дээ?

Монгол бүсгүйчүүд минь үнэхээр гоо үзэсгэлэнтэй, бас эрхэмсэг бардам, юутай ч зүйрлэшгүй халамжтай. Тэр ч бүү хэл, тэд л аугаа өвөг дээдсийн минь суу алдарт ухаан сэлбэж байсан. Тэд хөл дээрээ зөөлөн зөөлөн бардам алхахуйяа цэцэгс бөхийн мэхийдэг байсан гэдэг, Тэд ухаан саруул сэтгэлээр учирлан учирлан ярихуйяа, үүлс хүртэл намсан намсан сонсдог байсан гэдэг. Тэд эр нөхрөө, энхрий хүүгээ. эх нутгаа өмгөөлөн өмгөөлөн омогшихуяа,  дайсан хүртэл уяран гайхан бахархдаг байсан гэдэг. Тэд өглөөний наранд өрхөө татан алхахуйяа,
цэцэгсийн шүүдэр хүртэл цайны амтанд шингэдэг байсан гэдэг.
Бүсгүй заяа гэдэг дан ганц эр нөхрийн өвөрт бус, энхрий хүүхдийн сэвлэгний даахинд жаргадаг гэнэ. Бүсгүй заяа гэдэг дан ганц сүрчигний үнэрт бус, хөхөнд ивэлсэн сүүний  амтанд нялхардаг гэнэ. Бүсгүй заяа гэдэг ээрэм талын зэрэглээ, энгэр газрын нөмөр, уул хадны цуурайнд бус, эх хүний бүүвэйн дуунд л уярдаг гэнэ.
Бүжин туулай хярсан  бутыг
Харахад нэг л нөмөртэй байдаг
Бүүвэй аялсан бүсгүй хүний
Харц нь дандаа зөөлөн л байдаг
Монгол бүсгүйчүүд та нартаа эх үрсийн баярын мэнд хүргэж, хамгийн сайн сайхан бүхнийг ерөөе.

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
2012-06-01

Mar 06

Хавар цаг бүсгүй хоёр

By gala-admin | МЭНДЧИЛГЭЭ

Хатуу өвөл халирах цаг дор хүн бүрийн сэтгэл гэгэлздэг. Ирж яваа цагийн өнгө, илч гэрлийн дулаанд шингэж, амьтай бүхэн сэргэж, үндэстэй бүхэн ургаж, үртэй бүхэн уяран жаргадаг цаг бол хавар. Зүрхнийхээ чанадад юу ч юм, нэг л зөөлөн дулаахан, тэр гэхийн аргагүй уярам мэдрэмжийг сэм сэмхэн хүлээдэг нь хүн.  Гэнэт ургах өглөөний нарны илчинд баясан тасралтгүй жиргэх шувуудын хөг эгшиг, сур шиг сунах өдрийн уртад гадаа тоглон инээлдэж хөгжилдөх хүүхдүүдийн дуу чимээ, уулсын тэртээд нуугдан жаргах нарны ээвэр илчинд тэртээг саравчлан суух настангуудын бүүдгэр дурсамжууд, энэ бүхэн хаврын төрх. Ургаж нахиалж, соёолж төлжиж буй бүхэн хаврын нар руу тэмүүлдэг. Төрж өсч өндийж буй нялх бүхэн хаврын нараар бүлээсгэн байж эхийнхээ сүүг амталдаг. Урсаж эхэлж буй гол урсац бүхэн, хааяа нэгэнтээ хуйлран салхилах салхи бүхэн өвлийн цасан дор нуугдан хоцорсон хуучин бүхнийг хаман авч одно. Байгаль дэлхийн хог хаягдлыг бас хүний сэтгэлийн шаналлыг хамтад нь тэртээ холд туун одох мэт.
Бүсгүй хүн болгон хаврын цагт бүр ихээр гоёдог. Хасын царайгаа “холцруутах вий” гэж, халуухан уруулаа “омголтох вий” гэж, хөөрхөн алаг нүдээ “үрчлээтэх вий” гэж хаврын хуйсгануур салхитай аалигүйтэн наадаж байж будацгаана.

Ханан дахь толиныхоо өмнө эргэлдэн байж гоёцгооно. Сэм сэмхэн өөрийгөө “хөөрхөн болжээ” гэж магтана. Гэнэ гэнэхэн бусдад магтуулах гэж  хичээнэ. Хавар цагт ургаж буй цэцэгсийн дунд “муухай цэцэг” байдаггүйтэй адил, нүүрэндээ инээмсэглэл, сэтгэлдээ баяр тээсэн бүсгүйчүүдийн дунд ” муухай бүсгүй” гэж байдаггүй. Бүсгүй хүн цэцэг хоёр яг л адилхан гэдэг. Бусдын нүдэнд гоо үзэсгэлэнгээрээ гайхуулж, хэн нэгний зүрхэнд  хайр халамжаараа шингэдэг болохоор тэд бүгдээрээ л гоё сайхан.
Нялх үрээ тэврэн өхөөрдөн хайрлах бүсгүй хүн бусдаас сайхан. Зүрхэнд нь хайр, сэтгэлд нь сүү ивлэж, харцанд нь баяр бахдал гэрэлтсэн эх хүнээс илүү сайхан нь хаана бий гэж. Тэд энэ орчлонгийн аз жаргалыг хүүхдийнхээ инээдээр хэмжиж, зовлон шаналлыг хүүхдийнхээ нулимсаар орлуулж, сэтгэлд ивэлсэн сүү шиг хайрандаа л нялхарч жаргадаг. Аминаас тасарсан амь, хайраас тасарсан хайр болохоор тэд зүрхнээс зүрхэнд урсах их хайр энхрийллээ мэдэрдэг. Эхээ гудчин хөхөх хурга ишиг, нүдээ нээж ядан ялархах нохойн гөлөг, талд дэгдэн тоглох янзагыг хүртэл харахдаа өөрийнхөө үр шиг өхөөрдөн энхрийлж хошуугаа цорвойлгон хайрлана. Цадсан сэтгэлдээ үнэгчлэн зүүрмэглэх тэдний хажууд хэн чангаар хашгирч зүрхэлнэ гэж? Хайр сүү хоёр хамтдаа ивлэсэн хавар цаг шиг  хайлган нь хаана бий гэж?
Бүсгүй хүн болгон хавар цагт бүр ихээр хайрлуулахыг хүсдэг. Нялхарч төлжсөн хаврын цагт хүн болгон л сэтгэлдээ уярч нялхардаг. Бүх л сайхан гайхам бүхэн ирж яваа, урд минь байгаа мэт санагдах тусам өөрийн эрхгүй л сэтгэл баярлана. Бас инээмсэглэнэ.  Юу г ч юм бэ хүлээнэ. Хэн нэгэнд нэг л сайхан үг хэлмээр, эсвэл хэн нэгнээс хайр, талархлын үг сонсмоор. Бас сайхан хайртай учирч, түүндээх эрхэлмээр. Хаврын анхны бороон дунд хөтлөлцөн алхмаар. Өөрөөрөө л гоёж бусдад инээмсэглэн талархах бүсгүй хүн ямагт сайхан харагддаг. Хааяадаа аалигүйтэх чинь хүртэл сайхан харагддаг. Бүх юмс үзэгдэл сэргэж, ургаж цэцэглэж, байгаль дэлхий хүртэл үзэсгэлэн гоогоороо гайхуулж байхад юундаа ч гуних билээ.  Хааяадаа хаврын хуйсгануур салхи шиг сэтгэл жиндэж байвч нэг л мэдэхэд тайвширч орхино. Нэгэнтээ муу зүйлээс болж сэтгэл хиртэж байвч хаврын намираа бороонд угаагдаж орхих.Сэтгэлд хиргүй, нүүрэнд гуниггүй хавар цаг гэгч дэндүү ариухан мэт.
Бүх л юмс сэргэн мандаж байх хавар цагаар “бүсгүйчүүдийн баяр” тэмдэглэдэг нь тохиолдлын ч хэрэг биш байх. Бүсгүй цэцэг 2 ав адилхан байдаг болохоор ингэж тохиогоо биз.  Цэцэгс дэлгэрэх цагаар бүсгүй түүндээ цэцэгсийн баглаа бэлэглэ хэмээн таацуулаа биз. Нэгэн өдөр бүсгүй чамайг ертөц даяараа магтан дуулж, бахархаг гэж ивээгээ биз.  Нэгэн өдөр хайраа халамжаар даруулан байж “хайртай шүү ганцхан чамдаа” гэж зүрхнээсээ хэлэг гэж тааруулаа биз. Бүсгүй минь гоёлоо өмсчих. Цэцэг тэвэрсэн бүсгүй, цэцэг дэлгэрсэн хавар шиг гайхам сайхан нь хаана бий гэж. Сэтгэлийн чанад дахь гунигаа мартаж орхиод ханатлаа бүжиглэ. Шаналал гэдэг нэгэн зуурынх юм. Харин сэтгэлийн баяр гунигаа сархадаар бүү даруулаарай. Сэтгэл итгэл хамтдаа хиртдэг юм. Согтож гундсан цэцэгсийг харсан бил үү бид. Гоо үзэсгэлэнгээ хиртээж орхисон цэцэгсээс муухай нь хаана бий гэж? Бүсгүй минь зөвхөн л бүжиглэ, газар баясдаг юм.  Бас хүмүүс баяарладаг юм.
Бүсгүй хүн хаврын улирал хүйн холбоотой. Цэцэг бүсгүй 2-оос гайхам сайхан үзэсгэлэнтэй нь хаа ч үгүй. Сайхан баярлацгаагаарай, монгол бүсгүйчүүд минь.
Ханрууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах

2012-03-06

Dec 28

Айсуй буй шинэ он

By gala-admin | МЭНДЧИЛГЭЭ

Хөх тэнгэрээс бүжиглэнхэн бүжих цав цагаахан цасан ширхэгүүд мөнх ногоон гацуур дээр гоёмсог чимэг болон буухуйяа хүмүүний сэтгэлийн чанадад  нуугдан нуугдсан баяр хөөр, гайхалтай тансаг мөрөөдлийг хамтад нь урин бүжиглэх мэт.  Бөглөөгөө мулт түлхэн хөх тэнгэрт хөөсрөн хөөсөрч оргилох амтат дарс, болор жүнзинд эргэлдэн  хөгжилдөн бууж амсар юуг нь халин асгарах нь энэ л мөчийн дэврэн догдлох сэтгэлийг илчлэн бусдыг баярлуулах мэт. Хөнгөн хөгжмийн цоглог аялгуунд хослон эргэлдэх гоёмсог даашинзны хормой, гялалзан гялалзах шаахайн эргэлт улирч буй цагийн хэмнэлийг ирж буй цагийн хэмнэлтэй нь хамтад товшин баясах мэт.
Амьдрал хэмээх их далайн давалгааны нэгэн түрлэг эргээ цохилон эрчлэх мөчийг бид  тэсэн ядан хүлээнэ.  Алсад цайвалзах их далайн мандлыг харахуйяа хараа эс гүйцэвч, сэтгэлийн жолоо гагц тийш л тэмүүлнэ. Тэнд чухам юу байхыг бид эс төсөөлөвч, мөрөөдлийн минь хөлөг онгоц тэр л мандалд  цаг хугацааны урсгалыг сөрөн сөрж хөвнө.
Жил жилийн 12 сарын сүүлчийн энэ өдрүүдийг бид бүгдээрээ сэтгэл догдлон хүлээдэг. Нэгэн он улиран одож нэгэн шинэ он айсаж ирэх мөчийг нас нэмж ухаан тэлсэн сэтгэлээр, намба сууж  сэтгэл тогтсон төрхөөр, жаргал зовлонгийн дэнсийг тэнцүүлж сурсан туршлагаар угтана.  Гоёмсог чимэглэлээ дааж ядан сүрлэг залрах мөнх ногоон гацуур модыг тойрон бүжиглэхдээ хамгийн дотно, хамгийн хайртай хүмүүстэйгээ хамтад байхыг л хүсдэг. Гэгээн сайхан хүсэл мөрөөдлийг минь “бэлэг” болгон алсаас авчирч надад гардуулан өгөх өвлийн өвгөнийг харахдаа баярлан инээж, ирж буй оныг ямагт өөдрөг сайхан учрал, амжилтаар төсөөлнө. Гацуур модыг тойрон бүжих гайхалтай хөөрхөн цасан охидыг өхөөрдөхдөө араас минь нэхэн яваа залуу үеийг мэдрэн, тэднийг хайрлана. Яг л залуу сайхан нас шиг.

Энэ өдөр бүх хүмүүс гайхалтай сайхнаар гоёж, таних танихгүй хэнийг ч болов харан инээмсэглэж, чин сэтгэлээсээ баярын мэнд хүргэж, бэлэгтэй сайхан ерөөл хэлэлцэх нь “ид шидийн ертөнц” гэлтэй. Үлгэрийн ханхүү, эрхэмсэг гүнжүүд энэ өдөр бие биеэ харан дурлаж, бие биенээ хайрын харцаар харж, бие бие рүүгээ тэмүүлдэг. Үлгэрийн энэ ертөнцөд хэн ч мууг хийж, мууг хэлэлцэхийг хүсдэггүй. Хөөрч догдолсон сэтгэлдээ хэн нэгнийг уучилж, бас ойлгож, бас баярлаж талархсан сэтгэлээ түүнд илгээнэ. Оны сүүлчийн энэ өдөр хүн болгон сэтгэлээ ариусгаж, “ялзарч муудсан төмс”-үүдээ сэтгэлээсээ гарган хаяж, сэтгэлийн гүнд ивлэх сүүн сэтгэлээ бусдад  дээжилдэг юм. Тиймдээ ч оны сүүлчийн энэ өдөр ид шидэт үлгэрийн ертөнцөд, хамгийн хайрлам дотно сайхан хүмүүстэйгээ хамтад цэнгэж шинэ оноо угтдаг юм даа.

Энэ л сэтгэлээр бид шинэ оноо угтахдаа маргаашийн сайханд итгэдэг. Ирж буй шинэ он бидэнд эрүүл энхийг, гайхамшигт хүсэл мөрөөдлийн биелэлийг, амьдрал дахь төсөөлөөгүй хэрнээ дуу алдам сайхан учралуудыг, гэгээн сайхан хайрыг, өөрөө болон өрөөл бусдад сэтгэл ханамжтай амьдралыг авч ирнэ гэдэгт чин сэтгэлээсээ итгэдэг. Тийм ээ! Ирж буй 2012 он монголчууд бидэнд олон сайхан учралуудыг авчрах болтугай. Харь оронд ажиллаж алжаасан сэтгэлийг тань баярлуулах болтугай. Уулзалгүй удсан олон хайр, халамжийг учруулах болтугай.
2011 онд надтай хамтад байж, уулзаж учран чин сэтгэлээсээ ярилцаж ойлголцож байсан бүх л дотно анд нартаа, нэгэн зорилгот сэтгэлээр их үйлсийн төлөө хамтран зүтгэж эхэлсэн найз нартаа, миний бичсэн бичлэгүүдийг уншиж надад урам хайрлн дэмждэг бүх дэмжигч нартаа, бас намайг үзэн ядаж муу муухай бүхнээр “цоллон” хорслоо тайлагч зарим хүмүүстээ, миний төлөө сэтгэлээ чилээж байдаг хамгийн дотно хайртай хүмүүстээ, эх орондоо байгаа болон гадаадын олон оронд сурч, ажиллаж, амьдрач байгаа монголчууддаа ирж буй шинэ оны мэндийг дэвшүүлж, эрүүл энх байж, ихийг бүтээж, хайр халамжинд умбаж, аз жаргалаар бялхаж байхын бэлэгтэй ерөөлийг дэвшүүлье. Та нар минь дэндүү сайхан хүмүүс шүү.

Сүү шиг сэтгэл бэлэгдье
Сүлд шиг итгэл бэлэгдье
Гацуур шиг мөнхийг бэлэгдье
Чимэглэл шиг үзэсгэлэнг бэлэгдье
Өвгөн шиг насыг бэлэгдье
Өөдрөг мөрөөдлийг бэлэгдье
Та нартаа хайр бэлэглэе

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
АНУ Вашингтон ДС
2011-12-28

Jul 09

Наадам сайхан

By gala-admin | МЭНДЧИЛГЭЭ

mail_final

…Наадам сайхан. Монгол хүн монгол наадамдаа монгол гэдгээ мэдрэх гэж л очдог. Дээл хувцсаар гоёсон бие биенээ харах гэж, уулзалгүй удсан нэгэнтэйгээ уулзах гэж, бас ч сонин сайхан зүйл ярих гэж, бас өөрийгөө бусдад харуулах гэж наадамд очдог. Уртын дууны шуранхайд сэтгэл уярч, монгол төрийн дуулалд цээж огшиж нулимс чийглэх гэж, талбай дүүрэн хангинах цагаан хоолойн чимээг сонсох гэж наадамд очдог. Идэр залуус барилдахыг харах гэж, хэн нэгнийг өвдөг шороодох мөчид уулга алдах гэж, сэтгэлдээ сэмхэн харуусах гэж наадамд
очдог. Хурдан хүлгүүд барианд орохыг харахдаа самсаа шархирах гэж, хүүхэдгүй морь барианд ороход нь өрөвдөн хайлах гэж, хурдтай соёолонгийн тооосонд даруулан сэтгэлээ аргадах гэж наадамд очдог. Эрхий мэргэн харваачдын оночыг харах гэж, эртэй хүмүүний цэц мэргэнийг бахдах гэж, энгүй талдаа дуурсах уухайн түрлэгийг сонсох гэж наадамд очдог.
…Наадам сайхан. Энэ тэрүүгээр холхиж, инээд баяслаар бусдыг уриалах гэж, эвлэгхэн хэрнээ намбалагхан алхаж бусдын харааг булаах гэж наадамд очдог.

Халуун хуушуураар хурууны өндөгөө хайрах гэж, ‘халхай’ гэж уулга алдан бусдын анхаарлыг татах гэж, хазлан хазалж амтыг нь баяр хөөрөөр хачирлан байж идэх гэж наадамд очдог. Айргийн амтанд согтох гэж, аалигүйтэн бусдыг өдөх гэж, учиргүй инээд алдан халамцах гэж наадамд очдог. Бие биенээ харан сэтгэл баясах гэж, бид цөмөөрөө адилхан монголчууд шүү дээ гэж  бардамнах гэж, бас бусдад монголоороо гайхуулах гэж наадамд очдог. Шинээр төрсөн хүүхдээ бусдад харуулах гэж, сэмхэн түүгээрээ гайхуулах гэж, сэтгэлдээ түүнийгээ баярлуулах гэж наадамд хөтөлж очдог. Хайртай хүнээ бусдад харуулах гэж, хөтлөлцөн алхаж бусдад гайхуулах гэж, түүнд ямар их хайртайгаа бусдад нотлох гэж дагуулж очдог. Үндэсний хувцсаараа гоёх гэж, өөрийнхөө жавхааг бахдуулах гэж, тэр л өдөр бусaдтай ижилсэх гэж наадамд гоёж очдог.
…Наадам сайхан. Харьд байлаа ч эх орноо дурсах гэж, харшиж ядарч байвч сайн яваагаа харуулах гэж, сэтгэл зүрх минь монголоороо байгаа гэдгээ нотлох гэж наадамд очдог. Салхинд хийсэх төрийн далбаандаа сүслэх гэж, сайхан монгол дуундаа уярч хайлах гэж, салхины сэвшээнд хийсэх үсээ сэтгэлтэйгээ хамтад илбэх гэж наадамд очдог. Халуун наранд урсах хөлсөө арчих гэж, хэнтэй ч хамаагүй баярласан сэтгэлээ хуваалцах гэж, хэн нэгний инээд алдсан хөөрхөн царайг харах гэж наадамд очдог. “Сайхан наадаж байна уу?” гэж тааралдсан
хүнтэйгээ мэндлэх гэж, бусдын гоёлыг сонжих гэж, монгол хувцасны донжийг мэдрэх гэж наадамд очдог. Сүүдрэвчин дор тухлах гэж, зүлэг ногоонд хөлийнхөө улыг гижигдүүлэх гэж, ам цангасан мөчид хүйтэн ундаа залгилах гэж наадамд очдог. Ханиа сугадан хүүхдээ хөтөлж, хамтдаа цэцэг шиг найгах гэж, хааяадаа бусдын өмнө эрхэлж хайрын үгээр бие биенээ өхөөрдөх гэж, халуун сэтгэлээ наранд хөлслөн байж эврээх гэж наадамд очдог.
…Наадам сайхан. Энэ л өдрүүдэд бид гагц монголоороо гоёдог. Бас монголоороо гайхуулдаг. Эв нэгдлээ энэ л өдрүүдэд илэрхийлдэг. Тал дүүрэн найгах цэцэгс шиг гоёсон монголчуудыг, талбай дүүрэн сонсогдох инээд баяслыг, тэнгэрт эгшиглэх уртын дууны аялгууг, уухайн түрлэг уулга алдах аялгуут чимээг дэлхий дахин энэ л өдөр гайхан гайхан биширдэг.
Монгол наадмаас нь салгачих юм бол монголчуудыг хэн таних юм бэ? Энэ л өдрийг бид сэтгэлээ чилээн байж жил хүлээдэг. Энэ л өдөр монголоороо гоёх гэж наадамд бид очдог.
Их л олон жилийн ой давхацсан бэлэг дэмбэрэлтэй монгол наадмын мэндийг монголчууд та нартаа дэвшүүлье.

САЙХАН НААДААРАЙ. МОНГОЛ ТӨРИЙН СҮЛД ИВЭЭГ!

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
2011-07-09