Menu
Assign a 'primary' menu

Category Archives for "НИЙГЭМ – УЛС ТӨР"

May 26

Эхлэл

By gala-admin | НИЙГЭМ - УЛС ТӨР

Төгсгөл хирдээ алингаа алдаж, хоёр өрсөлдөгчийн хувийн асуудал, эхнэр, удам угсаа, бие эрхтэний зөрүүг хүртэл хөндөн муучилж асан, Монгол улсын ерөнхийлөгчийн сонгууль өндөрлөж, МАН-аас нэр дэвшигч Ц.Элбэгдoрж ялалт байгууллаа.
Ард иргэд, айдас дагуулсан дарангуйлал, авилгал дагуулсан хүнд суртал, шунал дагуулсан эрээ цээргүй байдлын эсрэг сонголтоо хийж, ардчилалын үнэт зүйлс, шударга өөрчлөлтийн төлөө саналаа өгчээ. Ц.Элбэгдoрж гэдэг хувь хүний төлөө бус, ардчилал, шударга үнэний төлөө саналаа өглөө. Энэ бол том итгэл найдвар, бас том боломж.
Хүн бүрийн нүүр царайнаас айдас, түгшүүртэй байдал арилж, бага ч болов итгэл найдвар гэрэлтэж, инээмсэглэж байна. Хүмүүсийн зүрх сэтгэлд, Монгол оронд минь шударга үнэн тогтож, монгол хүн бүр эх орондоо, айх айдас, элдэв дарамтгүй, тайван ажиллаж амьдрах боломж ирж буй хэмээх горьдлого төрж буй. Хүмүүс уур уцаартай, бие биеэ хардаж, харааж зүхэж, бухимдсан байдлаасаа салахыг хүсч байгаа. Тэд бие биедээ инээмсэглэж, чин сэтгэлээсээ баяр хүргэж, баярлаж байна.
Тийм ээ! Энэ бол эхлэл.

Том өөрчлөлтийг, шийдвэр гаргах түвшний эрх мэдэл, мэргэн ухаан, өөрчлөлт хийх чин хүсэл, аугаа зориг, үнэнч дэмжигчидгүйгээр хийхэд амаргүй. Мэдээж, Ц.Элбэгдoрж Монгол Улсын ерөнхийлөгчөөр сонгогдож, тангараг өргөснөөр бүх зүйл сайн сайхан болж эхлэхгүй. Их ч ухаан, тэвчээр, тэмцэл, цаг хугацаа шаардагдах болно.Өнөөдөр сэтгэл нь хөөрч, баярлаж бахдаж байгаа нэг хэсэг нь , маргаашнаас шүүмжлээд, харааж зүхээд эхлэхэд гайхах зүйл огтхон ч үгүй. Сонгуульд ялахад нь дэмжиж тусалсан нэг хэсэг нь, маргаашнаас “аяганы хариу” нэхэж, албан тушаал, эрх мэдэл шаардан дарамталж эхлэхэд гайхах зүйл огтхон ч үгүй.
Бид өнөөдөр Улсын ерөнхийлөгчөө сольж байгаа болохоос, тогтолцоог өөрчилж шинэчлэхэд, хичнээн цаг хугацаа, ажиллагаа шаардахыг хэлж мэдэхгүй. Гэхдээ Ц.Элбэгдорж болон түүний дэмжигчдэд ийм боломж олгож чадсан, монголчуудын уужуу ухаан, онч сонголтыг бишрэхгүй байхын арга үгүй. Хэрэв тэд, энэ итгэл найдварыг алдах аваас, ард иргэд хариуцлага тооцож чадна гэдгийг энэ сонгууль бас харууллаа.
Яг энэ мөчид, Харумафужи Бямбадорж, Японы мэргэжлийн сумод гайхамшигт ялалт байгуулан түрүүлж, БНСУ-ын ерөнхийлэгч асан Roh Mou-hyun авилгал авсан нь тогтоогдсоны улмаас амиа хорлосон давхцал, нэг л зүйлийг сануулах мэт. Өнөө цагт хичнээн хүнд хэцүүг ч ухаан, эр зоригоор ялж болдог, ямар ч үед, үүрэг хариуцлага, хүн чанар байх ёстойг мартаж боломгүй.

Тийм ээ! Энэ бол эхлэл
Ард иргэд, хүссэн эрх мэдэл, боломжийг Ц.Элбэгдоржид өглөө. Хэрэв хүссэн бүхнийг нь амалсан ёсоор хийж эхлэх аваас, уухайлан дэмжих хүсэл зоригоо нотоллоо. Ардчилал, шударга ёс, өөрчлөлт гэдэг үгүүдийг хэлэх амархан, хийж хэрэгжүүлэхэд амаргүй.
-Ард олны эв нэгдлийн баталгаа болохын хувьд, аль нэгэн нам эвслийн эрх ашгийн төлөө бус, ард олны эрх ашгийн төлөө байх болно гэж, Ц.Элбэгдорж амална билээ.
Монголын ард иргэдийг намчирхан талцуулж, өөр хооронд нь хагаралдуулан мэтгэлцүүлж, солиорол, хийрхэлд хүргэж буй үзэгдэл, энэ сонгуулиар эцэс болоосой гэж олон хүн хүсч буй. Энэ үзэгдэл, ард иргэдийг үнэхээр залхаан зовоож байгаа. Өнөөдрийн сонгуульд түүнийг дэмжин ялалт байгуулахад их үүрэг гүйцэтгэсэн МАН болон, тодорхой бүлэглэлүүдийн эрх ашгийн төлөө, эрх мэдлээ ашиглан, хийж буй буруу үйлдэл бүхний төлөө, сонгогчдын урам хугарч, итгэл алдарна гэдгийг мартах эрхгүй.
-Ард иргэдийн бухимдал, талцаа, маргаан, замбараагүй байдал бүхэн, шударга бус тогтолцооноос үүдэлтэй. Батлагдаж буй, мөрдөгдөж буй, хууль тогтоомжийг судалж мэдэн, сахиж мөрдөхгүйгээр, аливаа асуудлыг танил талаар дамжуулан, заавал авилгал , хээл хахууль өгч байж шийдүүлж сургасан энэ тогтолцоо энгийн иргэдийн тэвчээр, цөхрөлийг үнэхээр барж буй. Буруу муу зүйл хийсэн бол, хэн нэгний өмнө бус зөвхөн хуулийн өмнө, бүх хүн, адил тэгш хариуцлага хүлээдэг ухамсар, хариуцлагын тогтолцоо л ард иргэдийн айдас дарамтгүй, тайван амьдралын баталгаа болно. Үүнийг шийдэхэд бас л амаргүй. Хууль гэдэг хэвлэгдэхийн тулд бус хэрэгжүүлэхийн тулд батлагддаг.
-Энэ олон жилд, монгол төрийн албан тушаалыг бизнес болгон хувиргаж, авилгал, хээл хахууль, заль луйвраар ард иргэдийн өмч хөрөнгийг завшин баяжсан эрхмүүдийн, хууль бусаар олж хураасан хөрөнгийг хурааж, тэдэнд хуулийн хариуцлага хүлээлгэхийг олон нийт хүсч буй. Үүнийг шийдэх оролдлого, маш их эсэргүүцэл, дарамттай учрах болно. Учир нь ийм хүмүүс, МАХН д төдийгүй АН болон бусад намуудад ч байгаа. Гэвч үүнийг шийдэхгүйгээр монгол оронд шударга бус байдлыг тогтоох боломжгүй. “Идсэн эрүү хувхайрч, идүүлсэн бут ногоордог” гэдэгчлэн, буруу муу үйл хэзээ ямагт цээрлэл хүлээдэг гэдгийг, өнөөгийн бид төдийгүй үр хүүхдүүд минь ойлгож, мэдэрч байх учиртай.

-Буруу ч бай, зөв ч бай Монгол улсын иргэн хүн, өөрийн үзэл бодлоо илэрхийлсэний төлөө хэн нэгэнд дармтлуулж, шоронд орж, айдаст автаж, дуугаа хураан, шивнэж ярих учиргүй. Ардчилалын хамгийн үнэт зүйлийн нэг, энэ билээ. Ард иргэдийн ийм эрх чөлөөг хянан хязгаарлаж, дарамтлан эсэргүүцэж, айлган сүрдүүлдэг тогтолцооны уршгаар, олон нийт айдаст автаж, үнэнийг шивнэн ярьж, өөр хоорондоо хэрэлдэж, өрөөл бусдад зусардаж, бие биесийг эрээ цээргүй доромжлон гутаах нь хэрээс хэтэрч буй. Улс орны эрүүл саруул хөгжлийн төлөө, чин сэтгэлээсээ хэлж буй үг, санал, санаачлага ус агаар мэт дутагдаж байгаа. Иргэдээ сонсож, хүсэл санаачлагыг нь мэдэрч, зөв сайн бүхнийг дэмжиж байх нь, “шагнал” нэрээр, алдар цол, одон тэмдэг тарааж, “амыг нь үдэж” байхаас илүүтэй чухал байна.
Сонгосон сонголтынхоо төлөө, Монгол Улсын шинэ ерөнхийлөгчөөс, ард олны тодорхой хэсэг нь үүнийг хүсч, хүлээж байгаа. Энэ бүхэн, ерөнхийлөгчийн эрх мэдлийн салшгүй хэсэг төдийгүй, хийх, санаа тавих учиртай асуудлууд билээ.

Тийм ээ! Энэ бол эхлэл
Сонгуулийн сурталчилгаа хийж, сонгуульд ялалт байгуулахаас, сонгогдож, амалснаа биелүүлэх амаргүй. Сонгууль бол баяр биш, их хариуцлага. Одоо Ц.Элбэгдорж, Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдож, тангаргаа өргөснөөр бүх зүйл эхлэх болно. Бүх зүйл, энэ хүний мэргэн ухаан, тэсвэр тэвчээр, хүсэл эрмэлзлэл, эр зоригоос хамаарах болно.
Түүнд энэ боломжийг олгосныхоо төлөө, ард иргэд зөв шударга үйлс бүхнийг нь талархан дэмжиж, буруу муу үйлс бүхнийг нь дургүйцэн эсэргүүцнэ.
Энэ амаргүй бүхнийг хийж амжихгүй байлаа ч, зөв сайн эхлэлийг тавьсаны төлөө , Монгол улс түүний гавьяаг үнэлэх болно.
Одоо түүнийг шагшин магтаж, муучлан тавлахаас илүүтэй, баяр хүргэж, амжилт ерөөцгөөе. Төр түвшин түмэн амгалан байг.

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах

2009-05-26

May 16

Сонголт

By gala-admin | НИЙГЭМ - УЛС ТӨР

Монгол Улсын ерөнхийлөгчийг сонгох сонгууль болоход 7 хоног л үлдэж буй. Сонгуулийн сурталчилгаа эхлэх цагаас л, “Шударга, соёлтой өрсөлдөнө шүү”  гэцгээсэн тэд, өнөөдөр улам ихээр улайрцгааж байна. Өөрсдийгөө “ард түмний”, “ардчилсан”  хэмээн зарлацгаасан тэд, энэ л хугацаанд, ард түмэндээ ямар их хайртайгаа, ямар их “эх оронч” гал халуун зүрхтэйгээ, эх орон, ард түмнийхээ төлөө ямар их гавьяат үйлс бүтээх боломжтойгоо нотлох гэж хичээцгээж буй. Сонгуулийн явцад, зохион байгуулагчид нь өрсөлдөгчдийнхээ, гишгэсэн газар бүрийг “мөшгиж”, хэлсэн үг, хийж буй үйлдэл бүрийг “задлан өөчилж”  байгаа.
Сонгуулийн сурталчилгааны явцыг ажихуйд, их далайн давалгаа оволзон түрхэрч, эргээ цохилон хөөсөрч, эргэн одох мэт. Бие биесийн элдэв луйвар, муу зүйлийг мэднэ шүү, гэхдээ шүүхэд гомдол гаргавал л баримтыг дэлгэхээс татгалзахгүй гэх “сүрдүүлэг” маягийн бичлэгүүд нэг л ойлгомжгүй.
Нэгэнтээ “Орлоо”  сайтад Японоос байнга сониролтой бичлэг тавьдаг С.Бат-Эрдэнэ /Баагий/-н хариуцлагын тухай, баримтат, дүрстэйгээр илгээсэн бичлэг надад их л зүйлийг бодогдуулсан. Улс төрд орж, олон нийтийн өмнөөс шийдвэр гаргах эрх мэдэл олж авна гэдэг их л том “хариуцлага”  мэт. Зөвхөн үүний төлөө, хувийн олон ашиг сонирхлоосоо татгалзаж, тэр хэрээрээ илүү их үүрэг хариуцлагыг өөртөө үүрэх хэрэгтэй болно. Байнга нэр алдартай болж, олон нийтийн анхаарлын төвд орж буй тэд, ямагт биеэ зөв авч явах болдог төдийгүй, хэлэх үг, хийх үйлдлийнхээ төлөө бүр ч их хариуцлага хүлээнэ гэсэн үг. Ядаж л олны өмнө халамцуу байх, юу дуртайгаа хамаа намаагүй чалчих, эсэн бусын бүсгүйчүүдтэй нэр холбогдох, тодорхой бүлэглэл болон бизнесийн хүмүүстэй хууль бусаар холбогдох, танил болон найз нөхөд, хамаатан садандаа эрх мэдэл, боломжоо ашиглан туслах эрхгүй гэхчилэн, ердийн иргэн хүнд байж болох олон зүйлээс татгалзах болдог.
Ийм хэм хэмжээг зөрчсөн, өчүүхэн үйлдлийнхээ төлөө, асар том хариуцлага хүлээж, улстөрийн тавцангаас тодорхой хугацаагаар, эсвэл бүрмөсөн зайлуулагдаж, хууль бусаар олсон ашиг болон хөрөнгөө хураалгах болно. Үүнийг л хариуцлага гэдэг юм.

Энэ хариуцлага бодитой хэрэгжих тохиолдолд, хувийн ашиг сонирхол нь давамгайлсан, ёс суртахуунгүй, бүдүүлэг муу зуршилтай, ухамсар, эр зориг муутай хүмүүс, улстөрийн хаалгыг тогших эрхгүй болох санж.
Монгол Улсын Ерөнхийлэгчийн энэ удаагийн сонгуульд, МАХН-аас нэр дэвшигч Н.Энхбаяр, МАН-аас нэр дэвшигч Ц.Элбэгдөрж нарын талаар, бусдын бичиж тодорхоилж, илчилж нотолж буйгаас илүү ихийг мэдэхгүй болохоор, бусдын бичсэнийг давтаж, тэдний сайн мууг тодорхойлж, зөв бурууг шүүн шүүмжлэх эрх надад үгүй.  Харин МАХН-аас нэр дэвшигч Н.Энхбаяр, Монгол Улсын Соёлын сайд, УЙХ-ын гишүүн, Монгол Улсын ерөнхий сайд, УЙХ-ын дарга, Монгол Улсын ерөнхийлэгч хүртэл албан рушаал. эрх мэдлийг атгаж үзсэн, бараг Гиннессийн номонд орохуйц цорын ганц монгол хүн.  Харин МАН-аас нэр дэвшигч Ц.Элбэгдөрж, УЙХ-ын гишүүн, Монгол Улсын ерөнхий сайдаар тус бүр 2 удаа сонгогдон ажиллаж үзсэн нэгэн. Нэр дэвшигч 2 хүн хоёул, Монгол Улсын шийдвэр гаргах түвшингийн албан тушаал, эрх мэдлийг атгаж үзжээ.
1996 оноос хойшхи 13 жилд, та нар энэ эрх мэдлийн хүрээндээ, монгол орны хөгжлийн төлөө, монгол хүний хөгжил, хамгааллын төлөө, юу хийж чадсан юм бэ? гэж асуумаар байна. Яагаад өнөөгийн монголчууд ийм хэцүү байдлаасаа гарч чадаагүй юм бэ? гэж та нараас асуумаар байна.
Тухайн үедээ өөрсдөдөө байсан эрх мэдэл, боломжийн хүрээндээ шийдэж чадаагүй олон асуудлуудаа, одоо ерөнхийлэгчээр сонгогдвол,  шийдэж чадна гэж амалж байгаад тань эргэлзэж байна. Чин зүрхнээсээ, Монгол орны хүнд хэцүү, ороо бусгаа цагийг цэгцэлж чаднаа гэж та нар амалж байна. Тэр эрх мэдэлтэй цагтаа, энэ асуудлын төлөө эр зориг гаргаж чадаагүй шалтгаанаа, янз бүрээр тайлбарлаж буй. Гэхдээ энэ бүхэн нэг л үнэмшил муутай. Харамсалтай нь, монголчууд хүссэн хүсээгүй та 2 оос нэгийг нь л сонгох болж дээ.

Шинэ ерөнхийлөгчээс юу хүсч байна вэ?
 Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын үндсэн хуульд зааснаар, эрх мэдэл, эрхлэх ажлын хүрээ хязгаарлагдмал. Гэхдээ хийе гэвэл их боломж бий.
 1.Эв нэгдэл
Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар, монгол Улсын ерөнхийлөгч нь Монголын ард түмний эв нэгдлийн бэлэгдэл байх учиртай. Тийм ч учраас тэд нэр дэвшсэн хэдий ч намын харьяаллаасаа татгалздаг.
-Өдгөө монгол орны ард иргэдийг, намчирхан талцуулж, хагаралдуулан мэтгэлцүүлж буй энэ үзэгдлийг зогсоогоосой гэж хүсч байна. Ард иргэд, зуршил болж буй ийм хийрхэл, хий үзэгдлээс үнэхээр залхаж буй. Намуудыг гишүүнчлэлээс татгалзуулж, хөгжлийн төлөө бодлогоо боловсруулах хүрээлэн маягаар ажиллуулж, дэмжигчдээ түшиглэн, үйл ажиллагаагаа явуулдаг, ард иргэд өөртөө таалагдсан бодлогыг дэмждэг тогтолцоонд шилжүүлэх нь илүү чухал байна. Тэгэхгүй бол намчирхсан энэ л талцаанаас, эцэг хүү, эхнэр нөхөр, энгийн иргэдийн талцаа арилахгүй нээ. Энэ гишүүнчлэл нь, хүмүүсийн үзэл бодол, итгэл үнэмшлийг албадан өмчилж, туйлшрал, хийрхэлийг дэвэргэж буй.
-Ард иргэдээ ийм талцаан, хийрхэл, туйлшралаас ангижруулж, хэн нэгний дарамт шахалтгүйгээр өөрийн үзэл бодол, хүсэл сонирхлоо илэрхийлэх боломжийг олгох нь их чухал байна. Ард иргэд бие биеэ хүндэлж, үзэл бодлыг сонсож, хайрлан энэрэх ухааныг эрхэм ерөнхийлөгч та өөрийн биеэр үлгэрлэн, бусдаас шаардаж , хэрэгжүүлэх нь зохилтой. Үүнийг хэн нь хийж чадах вэ?
 

2.Шударга ёс
-Нэн тэргүүнд шийдэх асуудал тань, монгол орныг аалзны тор мэт бүрхсэн, авилгал, хүнд суртлын тогтолцоог устгах явдал юм. Хичнээн их эсэргүүцэл, дарамт шахалттай учрах хэдий ч, монголын шүүх засаглалыг томилж, хянах эрх мэдэл бүхий ерөнхийлэгчийн хийж чадах ажил энэ. Харин эр зориг тань хүрэх эсэхийг өөр хэн ч бус зөвхөн та л мэдэх болноо. Нийгэмд бугшсан энэ бусармаг үзэгдэл, улс төрийн албан тушаалыг бизнес болгон хувиргаж, монгол орны өмч хөрөнгөөр баяжин, ард иргэдийг тэнэг мэт үзэн, дураар авирлах эрхмүүдийг шударга хуулиар шүүж, хууль бус аргаар олсон хөрөнгийг нь хурааж, үейин үед жигшээн цээрлүүлэх ажлыг хэн хийж чадах вэ?
-Монгол хүн бүр өөрийн эх орондоо, өөрийн хийж чадах ажлаа хийж, өөрийн хүссэнээрээ, боломжоороо, шударгаар ажиллаж амьдрахыг хүсч буй. Үүнд гагцхүү одоо монголд байгаа, хүнд суртал, авилгал саад болж байнаа. Өөрийгөө золиослоод ч болов хэн тань үүнийг хийж чадах вэ?
 3.Монгол хүний үнэ цэнэ
-Уул уурхай, ашигт малтмалаас илүүтэй, монгол хүний нэр хүнд, үнэ цэнийг өргөж, тэдний эрдэм мэдлэг, оюун ухаан, авьяас чадвар, хүч хөдөлмөрийг зөв зохистой ашиглах бодлого хэрэгтэй байна. Үүний ач тусаар л монгол хүн бүр өөртөө итгэж, өөрийгөө хөгжүүлж, өөдрөг сайхан хүсэл мөрөөдлөөр амьдарч чадах болно.
-Монгол иргэдийнхээ эрүүл мэнд, боловсрол, нийгмийн халамжийн цогц бодлогыг Монгол Улсын ерөнхийлэгч л санаачилж, УЙХ, Засгийн газраас хэрэгжүүлэх ажлыг шаардаж чадах болно. Ядахнаа л дэлхийн жишигт хүрсэн эмчилгээ оношлогооны төв, сургууль, татвар, даатгалын тогтолцоог хийх нь хэрэгтэй байнаа. Шагнал тарааж, үнэ цэнийг нь алдагдуулахаас илүүтэй, монгол хүний үнэлэмжийг бий болгох хэрэгтэй байна. Хэн тань үүнийг хийж чадах вэ?
4.Хариуцлагын тогтолцоо
-Монгол төрийн албыг цэвэршүүлж, үнэхээр мэдлэг чадвартай, ухамсар ёс суртахуунтай, ажил хэрэгч, үнэнч шударга залуусаар, одоогийн амиа аргацаасан, хоцрогдсон, ёс суртахуунгүй, зальхай, зусар, хувийн ашиг сонирхлоо дээдэлсэн эртхмүүдийг солих хэрэгтэй байна.
-Төрийн албан тушаалын ёс зүй хариуцлагыг өндөржүүлж, иргэддээ “хаан”  мэтээр үйлчилдэг төрийн үйлчилгээг бий болгож, алдаа гарагсан тохиолдолд төрийн албанаас зайлуулж, хатуу цээрлэл үзүүлж, үейин үед жигшүүлдэг болгох хэрэгтэй байна. Хэн тань үүнийг хийж чадах вэ?
 5.Үндэсний эрх ашиг
Өдгөө цагт, Монгол орны эрх ашиг, монгол хүний эрх ашиг гэж байхаас, Хятад Оросын, эсвэл гуравдагч орны эрх ашиг гэж үгүй.
-Үлэг гүрвэлийн мөрийг өдий болтол хадгалсан, үнэхээрийн баян, бас уужим энэ газар нутаг зөвхөн монголчууд бидний л өмч. Эзэн нь бид бүгдээр болохоор, ашиг шимийг нь хэсэг бүлэг олигархууд бус нийт ард иргэд бүгдээр тэгш хүртэх учиртай.
Харийнхныг шүтэж, тэдний хүч чадал, тусламжинд бус, монгол хэндээ итгэж, монгол хүнийхээ хүч чадал, тусламжинд түшиглэн хөгжих цаг болжээ.
-Монгол газар нутгийн бүрэн бүтэн байдал, Монгол хэмээх нэр хүндийн бахархал, монгол улсын хөгжлийн бодлого, гадаад улс орнуудтай төрөө төлөөлөн харьцдаг, гадаадын улс орнуудад элчин сайдаа томилдог ерөнхийлэгчийн эрх мэдэлд багтдаг.
Тиймээс холч ухаанаар хөршүүддээ хандаж, монгол иргэдээ харь нутагт ч хамгаалж, ширхэг амь. ширхэг чулууны төлөө нэхэл хатуутай байдаг ерөнхийлөгч бидэнд хэрэгтэй байна. Хэн тань үүнийг хийж чадах вэ?
Төгсгөл
 Санаатай, санамсаргүйг ч бүү мэд. Техник технологийн, мэдээлийн их хөгжлийн энэ зуунд, Монгол улсынхаа ерөнхийлэгчийн сонгуульд саналаа өгөх эрхгүй “шоовдорлогдсон”  200.000 орчим монголчууд харь нутгаас энэ сонгуулийг гунигтайгаар “ажиглаж”  буй. Тэдний дотор сэтгэлд, “монгол орон минь түвшинмагалан байж, шударга ёс тогтож, монголчууд бид эв нэгдэлтэй байж, бид харь оронд сурч мэдсэнээ монголдоо зориулж, элэг бүтэн амьдрах сан”  гэдэг ерөөл бий.
Өнөөдөр ерөнхийлэгч болохоор өрсөлдөж буй та 2 олон зүйлийг амалж байгаа. Энэ бол хүсэл биш, ажил хэрэг болох учиртай. Олон жил, олон сонгуульд элдэв амлалтад хууртагдсан, монголчуудын тэвчээр алдагдахад тун ойрхон буй. Тэгэхээр өчүүхэн эрх ашгийн төлөө, их худлаа амлах эрх та нарт үгүй.
Ерөнхийлэгчийн сонгуулийг шударга болоосой гэж хэн хүнгүй хүсч байгаа. Сонгогч бүрийн санал, үндсэн хуулинд заасан төр барих эрх нь мөн. Үүнийг луйвардах эрх хэнд тань ч үгүй.
Хүн бүр өөрийн итгэл үнэмшлээрээ л саналаа өгнө. Харин сүүлд нь харамсах, баярлахын алин болохыг өнөө хэн ч таашгүй. Их хүлээлт, их тэвчээр.
Харин энэ сонгуульд би болон гадаадад байгаа олон монголчууд саналаа өгөх эрхгүй. Хэрэв надад боломж олдсон бол би хэдийгээр сайн танихгүй ч энэ 2 сонголтоос Ц.Элбэгдоржийн төлөө саналаа өгөх байсан. Их юм хийж чадахгүй ч ядахнаа миний хүссэн өөрчлөлтийг эхлүүлэх болов уу? гэж горьдож буй хэрэг л дээ.
Харин хэнд саналаа өгөх нь таны хэрэг.
Сонголт тань мэргэн байх болтугай. Монгол орон минь мандан бадраг.
Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
2009-05-16

Apr 13

Сонгууль ба МАХН гэдэг бренд

By gala-admin | НИЙГЭМ - УЛС ТӨР

“Брэнд”  гэдэг үг монголчууд бидэнд аль хэдийн танил болжээ. Авто машины дэлхийн зах зээл дахь “Mersedes Benz”, “Toyota”, ” Nissan”, “BMW”, “Audi”, “Lexus” зэрэг алдартай брэндүүд болон, цахилгаан, электрөник, цахим ертөнцийн “Sony”, “Sharp”, “Hitachy”, “Dell”, “Apple” зэрэг брэндүүдийг өдөр тутмын амьдралдаа хэрэглэх болсоор удаж буй. Олонд танигдсан ийм брэндүүд нь ” чанартай”, ” найдвартай” гэсэн баталгааг шууд орлож, үнэ нь тэр хэрээрээ бусдаас өндөр байхыг хэн хүнгүй хүлээн зөвшөөрдөг.
Ийм итгэл найдварыг уг компаниуд бүрэн хангаж, үргэлж “шилдэг”  нь байхын төлөө бүх анхааралаа хандуулж, байнга хөгжин дээшилж байдаг бүлгээ. Брэндийн гол үзүүлэлтүүд нь:
-чанартай, бат бөх, удаан эдэлгээтэй
-хэрэглэхэд тааламжтай, хялбархан
-баталгаатай, бас найдвартай
-үзэмжтэй, гоёмсог, тансаг
-хэрэглэгчид өөрийн хүссэнээрээ сонголт хийх боломжтойд байдаг аж.

Ийм брэндүүд хэрэглэгчдийн хүсэл, сонирхолд бүрэн нийцэж, тэдэнд бүрэн итгэгдэн, байнга хэрэгцээ шаардлага нь болж байдагт ид шид нь оршдог гэнэ.
Тэгэхээр “брэнд”  гэдэг нь олонд танигдаж, үнэлэгдсэн, байнга хэрэгцээ шаардлага нь болж байдаг зүйл ажээ.

Улс төрийн намууд ба сонгууль
 Аливаа улс төрийн намуудын туйлын зорилго нь сонгууль байдаг бөгөөд, тэд сонгуульд ялалт байгуулан, улс орны шийдвэр гаргах эрх мэдлийг авч, өөрийн дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх боломжийг олж авах явдал гэнэ.
-Тэгэхээр уг намуудыг илэрхийлэх, хооронд нь ялгаж салгах, сонголт хийхэд туслах гол зүйл нь, намуудын үзэл бодол болон мөрийн хөтөлбөр нь байдаг аж. Ардчилсан хувьсгал монгол оронд ялж, олон намын тогтолцоо бий болсноос хойш 20 шахам жил монголчууд бид олон ч сонгуулийг үзэж өнгөрөөв дөө.
Сонгууль бүрээр намууд, өөрийн мөрийн хөтөлбөр гэж гаргах боловч, тэр нь ихэвчлэн ерөнхий, тунхаглалын шинжтэй, уриа лоозон төдий зүйл байх нь элбэг.
Жишээ нь: Нэгэн цагт МАХН-аас дэвшүүлж, ялалтад хүргэж байсан “Төрөө хямралаас гаргаж, түмэн олноо ядуурлаас гаргая”  гэдэг уриаг аваад үзье л дээ.
Үүний тулд:        -Төр яаж хямарсан
-Түмэн олон хэрхэн ядуурсаныг тодорхой судалгаа, баримт дээр тулгуурлан нотолж, энэ асуудлыг шийдэхэд бид , ийм ийм ажлуудыг ингэж хийх боломжтой гэдгийг тодорхой нэрлэж, тайлбарлаж байж дэмжлэг авмаар.
Ийм хөтөлбөрийг боловсруулахын тулд бүхэл бүтэн судалгааны институци ажиллан, судалж нотлон, хэрэгжүүлэх аргачлалаа боловсруулсан баймаар.
Гэтэл манай намуудын мөрийн хөтөлбөр нь хэдэн хүний сэтгэлийн хөөрлөөр тодорхойлсон ерөнхий санаанууд байх жишээтэй. Ийм уриа сурталчилгаагаар сонгуульд ялсан хэрнээ, дараагийн сонгуульд төр нь хямарсан, түмэн олон нь улам ядуурсан байхад л, өөр марзан уриа бодож олоод, тунхаглан зарлаад, ялаад л байх жишээтэй.
Харин сүүлийн үед амар хялбараар нь мөнгө амалж сонгуульд ялдаг, моод дэлгэрэв дээ. Хүнд хамгийн ойлгоход дөхөмтэй зүйл нь “мөнгө” байдаг аж. Ажил эсвэл наймаа хийж мөнгө олдог бөгөөд, олсон мөнгөөрөө өөрт хэрэгтэй зүйл худалдан авдаг гэдгийг захын хүн, нэг их боловсрол мэдлэг шаардахгүйгээр ойлгож мэднэ. Гэтэл, чи манай намын төлөө саналаа өгөөд, манай нам ялбал чамд ийм мөнгө зүгээр өгнө. Чи ажил хийж, эсвэл наймаа хийж зовох хэрэггүй гэхчилэн ухуулаад, саналаа сайхан өгөөрэй гэж ерөөгөөд, бас бэлэн мөнгө өгөхөөр, “хүний юм, үнэгүй юманд нугасгүй”  иргэд саналаа өгөхөөс өөр яах билээ.
Сонгуулийн сурталчилгааг хялбарчилж, бас саналыг худалдан авч болдог энэ тогтолцоог манай улс төрийн намууд бодож олсон нь энэ. Амар байгаа биз.
Сонгуулийн дараа амалсан мөнгөө нэхвэл, “одоо боломжгүй байнаа, алсдаа өгч магадгүй, өгөхгүй ч байж ч магадгүй”  гэх. Их бухимдан эсэргүүцвэл, барьж аваад шоронд хийчэхээд “төр төмөр нүүртэй” гэж сүрдүүлэн айлгана.  Ямар жаахан хүүхдүүд сонгууль хийж тоглож байгаа биш. “Тоглоом тоотой нь дээр’  гэдэг үг бий.

-Улс төрийн намууд байгуулагдахдаа гишүүд цуглуулан, баяр ёслолын байдалтайгаар ” батлах” гардуулан, “ариун цагаан буяны замаар орсон”  болохыг зарлан урамшуулан, өхөөрдөнө. Анкет бөглөж, батлах гардан авсан бүх хүнээ өөрийн намын “гишүүн” гэж тоолж, өмчирхөнө. “Манай нам ийм үзэл баримтлалтай”  гэдэг ойлголт, итгэл үнэмшилгүй, зөнгөөрөө, эсвэл найз нөхөд , хэн нэгний ятгалгаар “гишүүний батлах”  өвөртөлсөн ийм хүмүүс, сонгуулийн үеэр хамаг “хар ажил” -ыг нь хийж хөөрцөглөн, хэрдээ “туйлширна”. Харин зарим нэгнийх нь сэтгэлийн мухарт “Михиалд нэг бодол бий”  гэдэгчлэн, сонгуульд нам нь ялбал, бялууны хэлтэрхий хүртчих далд бодол нуугдаж буй.
Эхлээд намууд “баруунтан” ” зүүнтэн”  болж талцаж байснаа, учраа ч олохоо больж, заримдаа нэгдэн, заримдаа талцан салах. Эцсийн эцэст нам гэдэг, үүсгэн байгуулагчид болон удирдах зөвлөлийн хэдэн хүнийхээ шиг сонирхлын илэрхийлэл болохдоо тулж байна даа. Хэдий болтол энэ олигархууд “нам” нэрээр, ард иргэдийн сэтгэл зүйгээр тоглож,  хувийн ашиг сонирхлын төлөө, улс орны хувь заяагаар тоглох билээ. “Нүгэл нүдээрээ гарна”  гэдэгсэн.
-Худал амалж, худалдаж, луйвардаж, хоорондоо хэрэлдэж, тэмцэлдэж хийсэн энэ олон сонгуульд 1996-2000 оныг эс тооцвол, ихэнхид нь МАХН “ялалт”  байгуулжээ.
1990 онд тайван замаар монгол оронд ялсан ардчилсан хувьсгал, монгол орныг 70 жил удирдаж асан МАХН-ын дарангуйлал, хүнд суртлын эсрэг тэмцэл байсан. Энэ тэмцэл, өргөн олны дэмжлэгтэйгээр ялалтад хүрсэн атлаа, өнөө цагт мөнөөх л МАХН даа ялагдаад байдаг нь хамгаас сонин. “Ялагдсан’ залуу нам, “нусаа татан”  гонгинож байхад, “ялсан” МАХН “ялагдаж сураa, дүү минь”  хэмээн толгойг нь илж буй.
Ардчилсан хувьсгалын хамгийн том алдаа нь: олон намын тогтолцоог бий болгон зарлахдаа, улс орны бүх эрх мэдлийг гартаа атган, хөрөнгөжин хүчирхэгжсэн МАХН-ыг татан буулгаж, бүх хөрөнгийг нь улсад хураан аваагүй явдал юм. Хэрэв ингэж чадсан бол, бүх шинэ намууд адил гараанаас эхлэх, МАХН-ын хөрсөн дээр 2-оос доошгүй  шинэ хүчтэй нам бий болох боломж нь байсан. Энэ тохиолдолд өрсөлдөөн ч шударга болох, өнөөгийн нам дагасан, элдэв заваан үзэгдэл бага гарах магадлал илүү байлаа. Түүнчлэн МАХН-ын олон шударга гишүүд, өөрийн хүсэл сонирхлоороо сонголт хийх боломж илүү нээлттэй байх байсан. Ядаж өнөөгийнх шиг “намаа шинэчлэх” , “дарангуйллаас ангижрах”  хөдөлгөөний хэрэг тэгтлээ байхгүй байсан байх. Бодоод үз дээ. Дөнгөж сургууль төгссөн, онол, хүсэл мөрөөдлөөс өөр зүйлгүй залуу, өчнөөн жил ажиллаж, сайн муу бүхнийг үзэж мэдэрсэн, заль туршлага бүхнийг хуримтлуулсан, бага ч үгүй мөнгө хөрөнгөтэй ня-бо той зиндаархаж чадах байсан уу?
Өдий олон жилийн сонгуулиудад МАХН-ын буянтай сайнд биш, “брэнд”  эд ялагдаад байгаагаа ухаарч ойлгохгүи байна гэж үү? ардчилагчид. “Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй”  гэдэг. Эрийн цээнд хүрч,  элдвийг ухаарч яваа залуус, эрхбиш нэгийг бодож, хоёрыг тунгааж буй хэмээн найдна.

МАХН гэдэг “брэнд”
 МАХН “өөрчлөгдсөн”  гэж өгүүлж байвч, өдий болтол хадгалагдаж үлдсэн, удирдлагын тогтолцоо, ажлын барил, гишүүнчлэлийн хандлага, хөрөнгө санхүү нь “өөрчлөгдөөгүй” болохоор “үхсэн буурын толгойноос амьд ат айна”  гэдэг хэллэгээр өргөн олны саналыг илүүтэй авах магадлал нь өндөр.
-Өргөн тархсан сүлжээ. МАХН-ын анхан шатны нэгж, тухайн үедээ монгол орны засаг захиргааны бүх нэгжид төдийгүй, томоохон албан байгуулалгуудад ч нэвтэрсэн байсан. Энэ нэгжүүдийн ажиллах ажиллагааны тогтолцоо, мэдээлэл авах, дамжуулах бүх тогтолцооны үлдэгдэл одоо ч бий. Дээр нь анхан шатны нэгжид ажиллах боловсон хүчнээр дутагдаж байсангүй. Энэ бол хүмүүсийн хувьд нэр төрийн хэрэг байлаа.
-Гишүүнчлэл. Социализмын үед МАХН-ын батлах, татвар төлөлт гэдэг, бүх зүйлээс, бараг ажил амьдралаас, илүү байлаа. Бүх гишүүдийнх нь айдас болгоомжлол үүн дээр тогтдог байсан юм. Гишүүддээ үүрэг даалгавар өгөх,  биелэлтийг хатуу шалгаж, хариуцлага тооцдог байсан тогтолцоо. Энэ бүхэн бүрэн арилаагүйгээр барахгүй, өдгөө ч олон залуусыг эцэг эх нь зааж зааварчилж, сонгуульд санал өгүүлэх үзэгдэлд нөлөөлж буй.

-Мэдээлэгчдийн сүлжээ. Социализмын үед ч МАХН-ын мэдээлэгчид бүх шат, бүх байгууллагуудад байж, хамт олны доторхи элдэв бодол санааг мэдээлж, МАХН-ын найдвартай “нүд” ” чих”  болж байсан нь нууц биш. Ийм мэдээлэгчдийн тусламжтайгаар, МАХН өөрсдийн эсрэг элдэв мэдээллийг цаг тухайд нь авч, сөрөг арга хэмжээг яаралтай хэрэгжүүлэн, үйл явдлын эрчийг бууруулдаг үзэгдэл нь өнөө ч хэвээрээ.  Харин одоо цагт илүү боловсронгуй болгон хөгжүүлж байгаа нь ил.
-Үзэл суртал. Тухайн цаг үед болж байсан, сайн сайхан бүхнийг МАХН-тай холбож, ” МАХН-ын ач буян”  гэдэг ойлголтыг үзэл суртлын хэлбэрээр, нийтэд түгээж байсны илрэл өнөө ч арилаагүй. МАХН-ын төлөө хүч зүтгэж байгаа хэн боловч, МАХН-аас нэр дэвшиж ялсан ерөнхийлэгчээс алдар цол, одон тэмдэг гардан авч, дотор сэтгэлдээ “нам засгийн минь буян’  хэмээн сүсэглэнэ. Монгол орны хөгжил дэвшил, өөдрөг сайхан бүхэн гагцхүү МАХН-ын мэргэн бодлого, суут удирдлагаар бий болж буй хэмээн урьдын адил ухуулсаар. МАХН дотроо эсэргүүцсэн хэн боловч шагнал, дарамтын аль нэгээр “амаа үдүүлнэ”.
-Удирдлагын дарангуйлал. Нэгэн цагт МАХН-ыг МАХН-ын Төв Хороо, түүний улс төрийн товчоо удирдаж байсан бол, өдгөө цагт МАХН-ын бага хурал, түүний удирдах зөвлөл удирдаж буй. Шийдвэр гаргах төвшиндөө, цөөнхөөр шийдэж олонхи нь батална. Харин энэ шийдвэрийг шүүмжлэх эрх хэнд ч үгүй. Эс тэгвэл намын дотоод сахилга бат, эв нэгдэлийг ноцтой сөрчсөний төлөө намын арга хэмжээ авах болно.

Намын удирдлагууд бусдаас баян, бусдаас илүү мэдэлтэй, бас илүү хангамжтай байх бичигдээгүй хууль бий. Ийм нөхцөлд олон ургальч үзэл, зөв бодол санаа нэвтрэх нь үгүй. Гагцхүү намын сахилга бат, эв нэгдэл хамгаас чухал.
-МАХН бусдаас илүү хөрөнгө, санхүүгийн боломжтой. Хэд хэдэн барилга обьект, хэвлэлийн газраа авч үлдсэн. МАХН-аас өндөр албан тушаалд томилогдсон эрхмүүд, үүнийхээ төлөө МАХН-аа санхүүжүүлэх үүрэгтэй. Ийм жишээг Гаалийн ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Баатар болон бусад олон хэргүүд нотолж буй. Өнгөрсөн жилийн 7-сарын 1 ний үймээнээр Намын байраа шатаалгасан хэдий ч одоо илүү өндөр, илүү тансаг сайхныг барйулж хүч, хөрөнгөө гайхуулах гэж буй. Энэ бүхэн мөнөөх хандив, тусламжаар бүрдэнэ гэнэ.
Монгол оронд олон жил засаг төрийг барьж байсан МАХН, өдгөө ч өөрийн “брэнд”  ээ алдаагүй байна. Тэр үед хүмүүсийн сэтгэл, зүрхэнд сайн муугаар нөлөөлж байсан тэр үзэгдэл, өнөө хэр бүрэн арилаагүйгээр барахгүй, бүрэн арилтал нилээд хугацааг элээх бололтой. Монголчууд алив зүйлийн учрыг, сайн ялгаж салгаж ойлгохгүй үедээ “яршиг цаашаа, сайн мэддэгээрээ МАХН-д л саналаа өгчихье”  гэх нь бий. Тэгэхээр энэ нь, “брэнд”  ээ л сонгож буй хэрэг аж.

Ерөнхийлөгчийн сонгууль
 Одоо монгол оронд минь ерөхийлэгчээ сонгох 5 дахь удаагийн сонгууль болох гэж байна. Энэ сонгуульд шинэ зүйл нэг их ажиглагдахгүй л байна.
Харин ард иргэд, олон зүйлээс залхаж, бас тэвчээр алдаж байнаа. Худал амлалт, хүнд суртал, хээл хахууль, ядуурал, элдэв луйвар, хувийн ашиг сонирхлын төлөөх эрээ цээргүй үйлдэл, энгийн иргэдийг залхааж байна. Шударга байдал тогтохгүй, ард иргэд тайван, өөрийн боломжоороо амьдрах боломж бий болгохгүй бол тэвчээр нь алдрахаар байна.
Энэ сонгууль ерөнхийлэгчийн гэхээсээ, МАХН ба ардчилсан хүчний хоорондын, шинэ ба хуучин үзэл бодлын төлөөх, ардчилал ба хүнд суртлын, авилгал ба шударга ёсны төлөөх сонгууль юм.  Гэхдээ хүч тэнцвэргүй. Ард олон энэ сонгуулиар аугаа өөрчлөлт бус аугаа өөрчлөлтийн эхлэлийг тавиасай гэж хүсч байгаа.
“Ард түмний”, ” Ардчилсан”  гэдэг элдэв тодотголтой ч бус, монголчуудын эв нэгдлийн төлөө, шударга ёс тогтоохын төлөө, ард иргэдийн хээ амар амгалан амьдралын төлөө, хоёргүй сэтгэлээр “алд биеэ алжаалган, ахуй төрөө төвхнүүлэх, бүтэн биеэ алжаалган, бүрэн улсаа хөгжүүлэх”   ерөнхийлэгчтэй болохыг л хүсэмжилж буй. Хэрхэхийг сонгогч таны мэргэн ухаан мэдтүгэй.
Мөнгөөр бус, эрүүл ухаанаар сонголт хийцгээе.
Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
2009-04-13

Apr 04

Сэтгэлгээний хямрал

By gala-admin | НИЙГЭМ - УЛС ТӨР

Өдгөө Монгол оронд минь төдийгүй, дэлхий даяар эдийн засгийн хямралд өртөж буй. Олон хүмүүс ажилгүй болж, олон бизнес зогсонги байдалд орж, мөнгөний эргэлт удааширч, хүмүүс төдийгүй улс орнууд ч өөрийн үр ашиггүи хэрэглээгээ багасгаж, аль болохоор бага алдагдалтайгаар давахыг хичээж байна. Зарим хүмүүст нууцхан айдас төрж, яахаа ч сайн мэдэхгүй хэрнээ бас ч сэтгэлдээ бухимдалтай.
Монголд юмны үнэ нэмэгдэж, бас олон бизнесүүд зогсож байгаа ч баяр болгоноо сүр жавхлантай тэмдэглэсээр…
Одоо ерөнхийлэгчийн сонгууль эхлэх гэж байна. Алив үйлдлийн төгсгөл бүрийн дараа ёс юм шиг бөөн маргаан, бухимдал. Бид анзаарахгүй байгаа боловч Монгол оронд минь “сэтгэлгээний хямрал”  аль эрт нүүрэлжээ. Харин бид “Оюу толгой”, “Таван толгой”,  “эрдэнийн хишиг”, “сонгууль бас дахин сонгууль” гээд юуг ч анзаарах сөхөө алга.
Бидэнд эдийн засгийн хямралаас илүүтэй, сэтгэлгээний хямрал нүүрлэж, биднийг ядрааж бухимдуулсаар байна.
Мэдээллийн хямрал


 Монголчууд биднийг сэтгэлгээний хямралд оруулж бухимдуулахад, хэвлэл мэдээллин хэрэгслэлүүд их үүрэг гүйцэтгэж буй.
…УБТВ цагаан сарын өмнөхөн УЙХ-ын гишүүд болон зарим алдартнууд оролцсон “Урилга” нэвтрүүлэг гаргалаа. Их л гоёмсог зассан ширээний ард УЙХ-ын эрхэм гишүүд, бас ч үгүй зарим одонцор эрхмүүд их баяр баясгалантай, бас халамцуухан хөгжилдөж, дуулж, найрлаж байх юм. Улс орныхоо хөгжилд эвлэлдэн нэгдэж чадахгүй, талцах хэрнээ ууж идэх, наргиж наадахдаа найрсаг дотно. “Цагаан сараа яажшуухан тэмдэглэнэ дээ”  хэмээн цалингаа тоолон хүргэж ядаж яваа иргэд ийм нэвтрүүлэг үзээд баярлаж бахдана гэж бодмооргүйсэн.
…Мартын баярын өмнө хэвлэл мэдээллийн хэрэгслэлүүдээр, УЙХ-ын эрхэм гишүүдийн эхнэрүүд төрийн ордонд чуулж, танилцан, жаргал зовлонгоо хуваалцаж, нөхрүүдийнхээ улс орныхоо төлөө зовж зүдэрч явааг гайхан “өрөвдөцгөөж”  байгаа тухай дуу дуугаа авалцан мэдээлэв. “Эхнэр хүүхнүүд нь төрийн хэрэгт оролцох нь дутаж гэнэ, илүүдээ гарсан зардал вэ?” гэж энгийн иргэд эгдүүцэн, цухалдана.
…Телевизээр гарч, хэвлэлд ярилцлага өгч байгаа нь нөгөө л УЙХ-ын гишүүд, бас зарим “алдартнууд”. Ёолоод ч байгаа юм шиг ёжлоод ч байгаа юм шиг ийм ярилцлагуудад авууштай санаа, сонсууштай сонин даан ч үгүй. Өөрийгөө магтаж, өрөөлийг муулсан, бас догирхсон ийм ярилцлагууд бас л иргэдийг бухимдуулна. “Амалж, амалж сонгодчихоод, адаг сүүлд нь юу ч хийхгүй юм” гэж сонгосон хойноо гомдох.
…Энд тэнд гарсан элдэв гэмт хэрэг, ёс бус үйлдлийг ихэд бахдалтайгаар сурталчилна. “Толгойгүй цогцос олдсон тухай, хэн нэгнийг хүчирхийлсэн тухай, хэн хэнээс салж хэнтэй сүүлэрсэн тухай” гэхчилэн элдэв бараан мэдээлэл тасрахгүй. Эгцэлж харах аргагүй дүрс, зургаар бас чимнэ. Ажлаас ядарч ирэх нэгэнд, алжаал тайлах бус айлгаж ичээх ийм мэдээллүүдэд “бодлого”  гэж үгүй болж дээ.
…Элдэв хов жив, эмс охидын нүцгэн бие, эрээ цээргүй “үүлэн борооны явдал” үзүүлж харуулахгүй л бол интернет дахь хуудас, элдэв кино, жүжгийг хүмүүс үздэггүй гэх. Ийм болохоор их урлаг, интернетийн хуудсууд ийм үзүүлбэрүүдийг голчлон сонгоно. Ингэтлээ “хормойгоо өшигчин”  эрээ цээрээ алдах боллоо гэж үү? бидний монголчууд.
Харин  зарим сайтууд дээр тавигдсан сэтгүүлч Г.Золжаргалын эгэл хэрнээ, зүрхэнд хүрсэн, “Гарын таван хуруу”, ” Дотуур байр”, “Хичээл дуусах болоогүй”  нэртэй баримтат кинонууд шиг бүтээлүүд дэндүү их үгүйлэгдэж байна даа. Их хурлын гишүүд, элдэв дуучид, хэн нэгний хоосон сайрхлаас илүүтэй, эгэл атлаа сайхан сэтгэлтэй, илүү дутуугүй амьдралаа авч яваа, өрөөл бусад сайхан сэтгэлээр хандаж тусалдаг хүмүүсийн тухай яагаад сурталчилж, үзүүлэхгүй байна вэ? Эгэл жирийн амьдарч яваа хүмүүст,  эгэл жирийн хүмүүсийн амьдрал, сэтгэл илүү ойр тусдаг гэдгийг эрх биш мэдмээр юм даа, энэ сэтгүүлчид.
Өдгөө эдийн засгийн хямрал, гэдгийг урьдчилан муугаар сүрдүүлэн сурталчилж, өөрийн хүч, тэвчээр, хөдөлмөрөөр бус, өрөөл бусдын тусламж дэмжлэгээр л давна гэж өдөр бүр сурталчилж буй мэдээллийн энэ болхи тогтолцоог яалтай.
“Айлаас эрэхээр авдраа уудал”  гэдэг члэн дотоод нөөц боломжоо шавхан, ард иргэдийнхээ “бүсийг чанга бүслүүлэх”-ийн оронд, айлаас мөнгө гуйн бадарчлах төрийн тэргүүнүүдээ яалтай.
Өөрсдийгөө “од”-од өргөмжилсөн, өчүүхэн дүрдээ өөрөө итгэсэн, эрхмүүдийг сурталчилж, өнгө, мөнгөөр өөрийгөө үнэлэх сэтгүүлчдийг яалтай.
Мэдээллийн сувгуудыг мэдэлдээ авч, социализмын үейинх шиг хяналт тогтоон, өөрсдийн эрх ашиг, өчүүхэн сонирхлын төлөө өргөн олны тархийг угаах “баячуудыг”, бас “мэдэлтэн”-үүдийг яалтай.
Итгэл-сэтгэлийн алдрал


  Алив бусармаг муу зүйлийг өөрчилж чадахгүйдээ итгэл алдарч, “байж болох зүйл” мэт сэтгэл алдарч, урам зориг, өөдрөг сэтгэлээ алдах нь сэтгэлгээний хямралын бодит илрэл юм.
…Өөрийн амьдрал, ажил, үр хүүхдийнхээ төлөө олон зүйлийг хөөцөлдөхдөө дүрэм журам, ном ёсоор бүтнэ гэдэгт байнга эргэлзэх. Ямар материал яаж бүрдүүлэн, ямар хугацаанд хэрхэн шийдвэрлэхийг ёслон заасан журам дүрэм байгаа хэдий ч үүнийг дагаж мөрдөх нь даан ч үгүй. Заавал хүнд суртлын өмнө бөхөлзөж, хэн нэгний халаасанд авилгал шургуулж байдаг энэ тогтолцоо, үүндээ дасан, эвлэрч буй үзэгдэл нь хямрал биш гэж үү?
…4 жил тутамд болдог олон сонгуулийн үеэр:
“Энэ ч заваан юм болно доо” гэж бодсоор
“Эд ч мөн будлиан хутгаж байна даа”  гэж харсаар
“Эцэст нь шударга бус боллоо” гэж бухимдсаар энэ байдалдаа дасан зохицох дөхөж байна даа. Өөрийн эрхээ эдэлж, энэ эрх нь худалдагдсаар, бас жуйвардуулсаар атал, “иймл байх ёстой юм байлгүй”  гэж гутрах энэ үзэгдэл хямрал биш гэж үү?
…”Удахгүй бензиний үнэ нэмэгдэнэ”  гэсэн шуугианаар “одоо  бүх юмны үнэ дагаад өснөө” гэдэг бодлоор өөрт байгаа хэдэн төгрөгөөр амжиж хүнсээ худалдан авч нөөцөлнө. “Та бүхэн тайван амгалан байцгаа. Тийм муу зүйл болохгүй ээ. Цуурхлын учрыг магадлая” ноёдууд айлдавч “ёртой юм ёроороо”  болж, үнэ нэмсэн бензиний үнийг дагаад бүх зүйлийн үнэ нэмэгдэж орхино. Төрдөө биш цуурхалд итгэдэг болсон энэ үзэгдэл хямрал биш гэж үү?
… Тал дүүрэн нутагтай, таван хошуу малтай энэ л орондоо шударгаар хөдөлмөрлөж, амар сайхан амьдрахыг хүсэвч бас болж өгөхгүй. Үнэнээр ажиллаж байгаа нь ядуурч, үнэгэн залиар шогшиж байгаа нь баяжина. Баян ядуугийн ийм ялгаа, худал үнэний их зөрөө, эгэл иргэдийн итгэл сэтгэлийг а;даруулж буй. Үнэнийг худал нь ялж, хөдөлмөрийг жуйвар нь давж, итгэлийг гутрал орлож буй энэ үзэгдэл хямрал биш гэж үү?
… Өөрийн хөдөлмөр, хичээл зүтгэлээр амжилтад хүрч буй хэн нэгнийг “Өө, энэ бас л луйвардаа биз”  хэмээн өөчилнө. “Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино”  гэдэгчлэн, улстөрч л бол “луйварчин”, урлагийн хүн л бол “завхай”, өнгө зүс сайтай бол “хоосон толгойтой”, мөнгө хөрөнгө ихтэй бол “хулгайч”  хэмээн нийтээр цоллох энэ үзэгдэл хямрал биш гэж үү?
Итгэл сэтгэлийн ийм алдрал, үнэнийг харах билгийн нүдийг хааж, үйлсийн сайныг дэмжих урмыг хугалж, ирээдүйн сайханд итгэх итгэлийг алдагдуулж байна. Эдийн засгийн гэхээсээ “сэтгэлгээний” хямрал, монгол оронд минь илүү нүүрэлжээ.
Хүнээс үнэтэй ашигт малтмал, хүнээс үнэтэй мөнгө, хүнээс үнэтэй алдар гэж бий бил үү?
Сэтгэгдэл үү? доромжлол уу?


 Нэгэн цагт “Үнэн”, ” Залуучуудын үнэн”, “Хөдөлмөр”  нэртэй, үзэл сурталжсан цөөхөн сонин албаар уншдаг байсан монголчууд, “мэдээллийн эрин үе”  гэгддэг энэ зуунд үй олон цахим болон хэвлэмэл мэдээллүүдийг уншиж буй. Үүнийг дагаад сэтгүүлч мэргэжилтэй, бас ийм мэргэжилгүй хэрнээ өөрийн бодол санаа, зовинол, өрөөл бусдад хэрэгтэй санаануудыг бичигчид олширч байгаа. Тэд монгол улсын үндсэн хуульд зааснаар “…Хүн бүр өөрийн үзэл бодлоо илэрхийлэх, …үг хэлэх, …бичих, …хэвлэн нийтлэх”  эрхээ эдэлж буй. Тэд зөвхөн өөрийн бодол санаагаа илэрхийлж буй болохоор заавал “туйлын үнэн”  байх, бусдад заавал “таалагдаж байх”  байх алба үгүй. Хэн нэгний сэтгэл оюун, зав цагаа зарцуулан бичиж буй зүйлүүд нь сайн ч муу ч тэр хүний оюуны бүтээл.
Харин монгол оронд минь өдрөөс өдөрт өргөжиж буй “сэтгэлгээний хямрал” -ын бодит жишээг, ийм бичлэгүүдийн дор бичигдэж буй “сэтгэгдэл”  гэгчээс уншиж болно.
Бичиж буй зүйлийн талаархи, өрөөл бусдын санаа бодол, шүүмж, дэмжлэгийг уншиж “бүгдээрээ хэлэлцвэл буруугүй”  гэдгээр олон сайхан санааг бие биедээ дамжуулах нь үнэхээр хэрэгтэй.
Харин энэ боломжийг муугаар ашиглаж, бичсэн зүйлийн талаар бус, бичиж буй эзнийх нь талаар элдэв зүйл бичиж, үүндээ бусдыг татан оролцуулахыг хичээх, эсрэг бичсэн хэн нэгнийг элдвээр харааж, хэрүүл өдөх нь нэн элбэг боллоо. Тэд бичсэн хүний хувийн амьдрал, асуудал, бие эрхтэний согог, үндэс угсаа, болж өнгөрсөн алдаа дутагдлыг нь илчлэн, нийтэд зарлаж, өөрийн атаа хорсол, үзэн ядах сэтгэлдээ бусдыг нэгдэн нийлэхийг уриална. Ингэж болно гэж үү? Энэ бол сэтгэгдэл биш доромжлол юм.
Бичиж буй зүйлийн санаа, агуулга нь чухал болохоос бичиж буй хүний хэн байх нь уншигчдад сонин бишээ.  “Хүн хэдий ухаантай ч хэлэхээс нааш санадаггүй, цаас хэдий нимгэн ч чичэхээс нааш цоордоггүй”  гэдэг үг бий. Хүн болгон төгс төгөлдөр бус болохоор энэ амьдралд алдаа оноотой.
Алив зүйлд авах гээхийн ухаанаар биш, атаа хорсол, өш хонзонгийн тэчьяадалаар хандаж, өөрөө төдийгүй өрөөл бусдыг ийм үзэгдэлд уриалан дуудаж байгаа энэ бусармаг үзэгдлийг зогсоох цаг болсон. Энэ бол монголчуудад эвлэрэлийн эсрэг, эвдрэлд уриалж байгаа, хорон санаа гэхээс өөрөөр үзэх арга үгүй.
Өрсөлдөгч нэгнээ гутаан доромжлохын тулд, зохион байгуулалттайгаар, зарим хүмүүсийг цалинжуулан ийм зүйлийг бичүүлдэг улстөрийн хүчин байгаа тухай таамаг байгаа. Үүнийг илчлэн нотолж чадваас, зөвхөн үүнийх нь төлөө, монголын ард түмний эв нэгдлийн эсрэг хийсэн муу үйлсийнх нь төлөө, уг улс төрийн хүчнийг татан буулгах үндэслэл болно.
Хүн мөнгөөр тоглож болно, харин хүний сэтгэл зүйгээр тоглож болно гэж үү?
Төгсгөл


 Хямрал гэдэг муу зүйл мэт боловч заримдаа сайн үр дагавар авч ирэх нь бий.  Хямрал хүндрэлийг авч ирэх боловч, энэ бүхэн юунаас болов, хэрхэн яаж үүнээс гарах вэ гэж эргэцүүлэн бодох, ухаарлыг авч ирдэг. “Яагаад?”, ” Юунаас болов?”, “Яах хэрэгтэй вэ?” гэхчилэн олон асуултууд бидний толгойд эргэлдэж буй.
Алдаа заримдаа ашигтай байж, хуучнаасаа илүү сайн боломж, сайн үр дүнд хүргэх нь бий. Эдийн засаг аяндаа цэгцэрнээ. Харин монголчууд бид “сэтгэлгээний хаямрал”аасаа салахын тулд дор бүрнээ хичээхсэн.
-Алив зүйлд байнга гутранги, хар бараан өнгөөр харж, хандахаас илүүтэй, өмнөө байгаа гэрэл гэгээ. өөдрөг сайхныг олж харж сурахсан даа. Амьдралд хар цагаан ээлжилдэг ч цагаан нь хараасаа арай илүү. Тиймдээ ч харанхуй шөнөөс гэрэлтэй өдөр нь урт байдаг гэнэм.
-Хэвлэл мэдээллин хэргслэлүүд ч, сэтгүүлчид ч, бичиж нийтлэгчид ч хоосон магтаал, сенсаац, дуулиан. сүржин мэдээллээс илүүтэй, хүмүүст гэрэл гэгээ, ухаарал, илүү бодитой боломжуудыг санал болгож байхсан. Энэ ертөнцөд сайн хүн нь муугаасаа олон, сайхан үйлс үзэгдэл, муу муухай үзэгдлээсээ олон.  Тиймдээ ч амьдрал агуу. бас сайхан байдаг гэнэм.
-Цөөхөн монголчууд бид энэ цаг дор бие биеэ ойлгож, хүндэлж, илүү найрсаг хандаж байхсан. Цөөхөн монголчууд бид “эвтэй байхдаа хүчтэй байж, эв нэгдэлгүй тархай байхдаа бусдын идэш болж байсан”-ыг түүх гэрчилдэг. Эв нэгдэл гэдэг том зүйлээс бус, өнөөдөр бие биедээ илгээж буй сайхан инээмсэглэл, урмын сайхан үгнээс эхэлдэг гэнэм.
Хүн бүр мөнгөөр бус сайхан сэтгэл, урмын үгээр дутаж байдаг ажээ.
Монголчууд бид дор бүрдээ өөдрөг урам зоригтой байж, бие биедээ тусалж, сэтгэлгээний хямралаасаа гарцгаая.

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах.
2009-04-04

Jan 23

Улаанбаатарын утаанаас Хархорум хүртэл

By gala-admin | НИЙГЭМ - УЛС ТӨР

Улаанбаатарын үдэш бараантан бараантана
Учрахын болзоонд залуус төөрөнхөн будилна
Сүүлийн жилүүдэд өвөл болж хүйтрэх цагаас л Улаанбаатарын утааны талаар таагүй зүйл олонтаа яригдах авч гамшигийн байдалд хүрсэн гэдэгтэй нэг л эвлэрч өгөхгүй байлаа. Өөрөөр хэлбэл санаанд минь сайн буухгүй байсан хэрэг. Саяхан Монголоос ирсэн танилуудын яриа болон интернет мэдээллээс сонсож үзэж, бага зэрэг төсөөлөх боллоо. Хотын дээгүүр нүүгэлтэх хар утаа орчныг бохирдуулаад зогсохгүй, энэ хотод амьдран суугаа, монгол орны бараг тал нь шахам иргэдийн эрүүл мэндэд муугаар нөлөөлж байгаа гэнэ.

Сүүлийн үед Улаанбаатар хотын утаа болон агаарын бохирдлыг багасгах төслийн хүрээнд нилээд их мөнгө зарцуулах, гадны зээл тусламжийг энэ зорилгод ашиглах талаар багагүй бичигдэж яригдах болжээ. Ямарваа зүйлийг хувийн болон тодорхой бүлэглэлийн ашиг сонирхлых төлөө бодлого, төлөвлөлт, хяналтгүй хийчихээд үүнийхээ муу үр дагаварыг, их мөнгөөр залруулан засч шийддэг муу зуршил тогтох болж дээ Монгол оронд минь.Харин үүний төлөө хэн ч хариуцлага хүлээдэггүй нь хамгийн хачирхмаар үзэгдэл. Хэн ч хариуцлага хүлээдэггүй энэ шударга бус тогтолцоо л монгол оронд шийдвэр гаргах мэдэл бүхий улстөрийн албан тушаалыг бизнес, авилгал хээл хахуулын уурхай болгож байна бус уу?
Улаанбаатарын утааг ийм хэмжээнд хүргэж байгаа олон шалтагуудыг би мэдэхгүй л дээ. Гэхдээ босгосон багагүй овоог гадарлаж байна. Хот төлөвлөлтийн бодлого алдагдаж, эмх цэгц, замбараагүй олгосон газрын зөвшөөрөл, утаа тортог ихтэй хуучирсан авто машинууд, ядуурлаас үүдэлтэй, түлшний оронд түлж буй хог хаягдлууд энэ бүхэнд багагүй нөлөөлж байгаа гэдэг нь харах нүднээ ил. Ийм байдалд хүргэсний төлөө хэн буруутай хүмүүст хариуцлага хүлээлгэх тухай юунд эс ярилцана вэ?
Улаанбаатар хотыг олон жил удирдаж байхдаа, газрын зөвшөөрлийг бизнес болгон хувиргаж, авилгал хээл хахуулын сүлжээгээр баяжсан хэмээн яригддаг одоогийн засгийн газрын шадар сайд М.Энхбөлд, засгийн газрын гишүүн  ХХААҮ-ийн сайд Бадамжунай нарын нүд нь энэ утаанд хорсож, цээж нь давчдахгүй байгаа юм байхдаа. Энэ л нүүгэлтсэн утаан дундаа ард иргэд ч таднийг олж харахгүй байгаа юм байхдаа. Утаанаас үүдэлтэй, эмх замбараагүй, муу үр дагавартай олон зүйлд хариуцлага тооцож эхлэхийн наад захын жишээ энэ.  С.Баярын тэргүүлсэн эв нэгдлийн засгийн газраас бид үүнийг хүсээд байгаа юм шүү дээ.

Зөвхөн утаа гэж үү?
 Өдгөө Монгол улсын нийслэл Улаанбаатар хот бодлого төлөвлөлт , хяналт, хариуцлагын тогтолцоо алдагдсаны улмаас хөгжих нь бүү хэл өөрийн ачааллаа даахаа больж байна. Яг л хуучирч муудсан барилга мэт.
-Өнөө цагийн хөгжлийн цар хүрээ, хурдцыг урьдчилан тооцоогүйгээр тавигдсан авто замууд ачааллаа даахгүйд хүрч, хааш хаашаа 50 км талбайд оршиж буй Улаанбаатар хотод авто замын түгжрэл, аваар осол хэрээс хэтэрч ард иргэдийг бухимдуулах болжээ.
-Хуучнаар төлөвлөж барьж байсан газруудын сул зайнд хууль бусаар олгогдсон газарт баригдсан барилгуудын уршгаар хот төлөвлөлт, эмх цэгц нь алдагдаж замбараагүй овоолго мэт болжээ. Энд орон сууцны цогцолбор хэмээх ойлголт огт үгүй болж хүмүүс 4 хананы дунд  амьдрах болсон нь иргэдийн бухимдлын нэгэн шалтгаан болж байна.
-Дэд бүтэц бүхий суурин газрыг бараадах гэсэн их нүүдлийн зохицуулалт үгүйгээс, хөдөөнөөс нүүж ирэгсэд, дуртай газраа буух болсноос эрчим хүч болон ус,нийтийн тээврийн хангамж нь алдагдаж, зохицуул;ах арага үгүй болжээ. Тэр ч бүү хэл зарим айлууд шарилын газар хашаа хатгаж, хүндлэх цээрлэх ёс заншил ч үгүй болох нээ.

-Ийм эмх замбараагүй, бодлого зохицуулалт үгүй тархмал байдлын уршгаар өнөөгийн улаанбаатар хотыг эрчим хүчээр хангаж байгаа ТЭЦ-үүд ачааллаа дийлэхгүйд хүрч байна. Аль социализмын үейин байгууламжууд болох газар дээрх болон газар доорх хуучирсан шугамуудын гэмтэл, түүнийг засах гэж зам талбайгаа эвдэлж бутаргах нь  ард иргэдийн бухимдлын нэг шалтгаан болно.
-Монгол улсын нийт хүн амын тал хувь нь бөөгнөрөн, эмх замбараагүй суурьшсан энэ хотод сургууль. эмнэлэг, цагдаагийн гэх төрийн олон байгууллагууд тэр болгон хүрч чадахгүй бас ачааллаа даахгүйд хүрч энэ нь иргэдийн бухимдлын нэгэн шалтаг болсоор.
Өдрөөс өдөрт, жилээс жилд хуучирч хоцрогдсон барилга, зам, талбайгаа өнгөлөн далдалсан төдий засвар хийж, шинээр баригдаж байгаа барилгууд нь тэр болгон шаардлага хангахгүй байгаагаас нийслэл хотын минь ирээдүй нэг л бүрхэг янзтай.
Нэгэн цагт “Азийн цагаан дагина”  гэж өхөөрдүүлж, өдгөө цагт дорно дахины эрээн мяраан маягийн хот болж байгаа Улаанбаатар хот зундаа шороотой, өвөлдөө утаатай, иргэд нь ямагт бухимдалтай ийм хэвээр байгаад байж болно гэж үү?
Ийм л дөр төрхтэй улсын нийслэл Улаанбаатар хотод их хэмжээний мөнгө зарцуулж өөрчлөн сайжруулах гэж оролдох нь “нүглийн нүдийг гурилаар хуурах” төдийгүй их л үрлэг зарлагын үүд болох янзтай.
Монгол улсын нийслэлийг Хархорумд шилжүүлье
Эзэн Чингис хааны их түүхээс улбаатай, эртний Монголын нийслэл Хархорумын тухай дэлхий нийтийн түүх мэднэ. Энэ л хотод тэр цагийн дэлхийн гайхамшигт урчууд бүтээлээ хийж, дэлхийн хэмжээний бдолго яригдаж, дэлхийн бүх шашин , сүм хийдүүд зэрэгцэн оршиж, дэлхийн хэмжээнд худалдаа арилжаа, элч солилцоо, их аян дайны бэлтгэл хийгдэж байсныг түүх нотолдог. Тийм болохоор тэр л цагт Хархорум Монголын төдийгүй дэлхийн нийслэл байсан гэж үздэг ажээ.
Энэ шинэ зуунд хөгжингүй Монголын шинэ нийслэл Хархорумыг цогцлоох түүхэн боломж бүрдэж буй мэт.
-Хархорум хот дэлхийд танигдсан брэнд. Хүчирхэг Монголын нийслэл, нэгэн цагт дэлхийн харилцааны том төв байсан гэдгээр нь дэлхий нийт сонирхоно.
-Монгол орны газар нутгийн одоогийн байршлаас нь үзэхэд Монгол орны төв цэгийг Өвөрхангай аймгийн Сант сумын нутаг гэж үздэг. Эн байршлаас баримжаалахад Хархорум хот монгол улсын бүх хязгаараас рөв цэгт байрлалтай байх боломжтой.
-Хархорумын одоогийн нутаг нь төдийлэн хавчигдмал бус зөв цогцлоож, сайн төлөвлөвөөс хааш хаашаа тэлэх уудам талбайтай.
Хуучирч, ачааллаа даахаа больсон одоогийн нийслэл Улаанбаатар хотод асуудлаа шийдэх гэж их мөнгө зарцуулж, өнгөлөн далдлалт төдий өөрчлөлт хийснээс зоримог шийдвэр гарган монгол улсын нийслэлийг Хархорум хотод шилжүүлвээс ирээдүй рүү гээ харсан зөв алхам болноо. Ийм алхам хийх тухай нэгэн цагт АН-аас хөндөж, Ц.Элбэгдөрж нар өөрийн амьдрах байрны шав тавьж байсан нь шоу биш байлтай.
Зоримогоор хиисэн ийм алхамын нөлөөгөөр өнөөгийн Улаанбаатар хотын олон асуудлууд түүнчлэн утаа, агаарын бохирдол аяндаа шийдэгдэж, монголын хүн амын тархалт, дэд бүтцийн хөгжил зөв гольдрилдоо орох боломж бүрдэнэ. Мэдээж хөрөнгө мөнгө болон өөр олон шалтаг байж болох хэдий ч нэгэн цагт зоримог шийдвэр гарган улсын нийслэлээ Алма-Атагаас Астанад шилжүүлэн, богино хугацаанд ухаалаг төвхнөж чадсан Казакстаны туршлага байж байгаа.
-Ойрын үед баригдахаар төлөвлөгдөж байгаа Монголын парламентийн ордон, олон улсын нисэх онгоцны буудал, ТЭЦ-5 зэрэг томоохон байгууламжуудыг Улаанбаатар хотын  хаана баривал зохимжтой талаар маргалдаж мэтгэлцэхийн оронд шууд Хархорум хотод барьж эхлэвээс их зөв шийдэл болох бизээ.
-Түүнчлэн Хархорумын хот байсан түүх , зураглалыг сайтар судлан сэргээж, үүн дээр тулгуурлан хот байгуулалтаа төлөвлөж дэлхий дахинд зарлаваас, өдгөө Улаанбаатар хот орчимд газар горилж буй Япон, Солонгос, Хятад, Орос, Герман, Америк загварын хотхонууд өөр өөрсдийн сонголтоор, өөр өөрсдийн хөрөнгөөр сүндэрлэн босох боломж бий.
-Монгол улсын хүн ам Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Ховд, Өмнөгөвь, Хархорум зэрэг томоохон хотуудад тархам суурьшиж энэ хэмжээгээр бөсчилсэн хөгжлийн бодлого бодитой хэрэгжих боломж бүрдэнэ.
-АНУ-аас үзүүлж буй мянганы сорилын сангийн төсөл шиг ийм төслийн хүрээнд Улаанбаатар хотоос Хархорум хот хүртэл түүнээс цаашлаад баруун чиглэлийн төмөр зам тавигдаж дэд бүтэц хөгжвөөс Монгол орны хөгжил дэх нэгэн том алхам хурдан хугацаанд шийдэгдэх болно.
-Үсрэнгүй хөгжил шинэчлэлийн хүрээндээ Хархорум нийслэлийг анхнаас нь ирээдүйн их хөгжлийг баримжаалж, алсыг харсан, холч ухаанаар бий болгож хөгжүүлэх нь Монгол орны энэ зууны хөгжлийн бодит алхам болно. Ядахнаа л улсынхаа нийслэлийг үйлдвэржилтээс зайтай, жинхэнэ улстөр, соёл , шинжлэх ухааны төв болгон цогцлоох нь хэрэгтэй байна даа.
Алив хийх зүйлд “хүсэл байвал арга нь олддог, хүсэлгүй бол шалтаг нь олддог”  үлгэрээр Монгол орны шинэчлэлд хэрэгтэй хийж болох олон боломжууд бидэнд байнаа. Алийн болгон улс орны ирээдүйн сайн сайхны төлөө хийж болох ажлуудаа хувийн болон тодорхой бүлэглэлийн ашиг сонирхолтой хутган завааруулах билээ. Бид өнөөдөр үүнийг хийхийг хүсэхгүй байвч маргааш үүнийг Монгол орны төлөө заавал хийх цаг үе ирнээ.    Монгол орны голомт мандан бадраг.

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
2009-01-23

Jan 04

Төрийн албан хаагч уу? үйлчилгээний ажилтан уу?

By gala-admin | НИЙГЭМ - УЛС ТӨР

Энэ оны эхний өдрөөс эхлэн Монгол улс дахь төрийн албан хаагчид намын харьяаллаасаа татгалзах гэнэ. Баабар нийтлэлчийн удаа дараа нотолсноор, ард иргэд болон аж ахуйн нэгжүүдийн татвараар санхүүжиж, ард иргэддээ төрийн өмнөөс үйлчилгээ үзүүлэх учиртай төр, муу удирдагчидтай бол хамгийн муу менежмент хийдэг, алив зүйлд төрийн оролцоо ихсэх тусам үр дагавар нь төдийчинээн муу байдаг гэнэ. Нээрээ л энэ олон жил, бид үүнийг сайн мэдэрч байна даа.
Ардчилсан хувьсгал ялсан 20 орчим жилд, ард иргэдийн хүсч хүлээсэн өөрчлөлтүүдийг хийхдээ, уг үндсээр нь бус, өнгөлөн далдлалт төдий хийгдсэн өөрчлөлтүүд нь тэр болгон хүссэн үр дүнг авч ирсэн нь тийм ч олон бус. Ийм үр дүнгүй, хэлбэр төдий өөрчлөлтүүд нь ард иргэдийн итгэлийг алдаж, алив зүйлд итгэл муутай, хайхрамжгүй хандах үндэс нь болж байна.
Монголын төрд өнөө болтол МАХН, АН-уудын тайзан дээрх “тэмцэл”, тайзны ар дахь “хуйвалдаан”-аар төрийн албан хаагч нэртэй авилгалч, хүнд сурталч түшмэд нам намаар талцаж, дээрээс зангах дохиогоор “тонголзож’, доороос илгээх шаардлагад “гэдэлзэж’ байдаг болсон нь нууц биш. Ийм арчаагүй байдал нь монгол орны хөгжилд чөдөр, саад болж байна.
Өнөөгийн хамтарсан засгийн газраас Монголын төрийн албан хаагчдыг намын харьяаллаас түдгэлзүүлсэн төдийгөөр, төрийн албыг цэвэршүүлж. шударга байдлыг тогтоож болно гэж эрхэм дээдэс төсөөлж буй бололтой. “Бушуу туулай борвиндоо баастай” гэдэг үлгэрээр ямар ч бэлтгэл, судалгаагүй, яаран сандран хийж буй ийм алхамууд сайн сайхан өөрчлөлт авчирна гэдэг итгэлийг төдийлэн төрүүлэхгүй байна.
Гэгээн багшийн дүр үзүүлж ном айлдчихаад, хамгийн сүүлд гарч буй хулганыг барьж иддэг “муур багшийн үлгэр’ шиг…
Нэг. ТӨРИЙН АЛБАН ХААГЧ.
Төрийн албан хаагч гэдэг нэрийг сонсохоор, “албаны бололтой хүн” гэдэг хэллэг санаанд ороод байдаг юм. Нэгэн цагт Монгол төрийн албыг үнэнч шударгаар, хоёргүй сэтгэлээр залгуулж асан, офицер хүрэн цүнх мөрөндөө зүүж, өмссөн дээлээ гандаж, унасан морио цуцтал, хөдөө хөхөрч, гадаа гандаж,ард иргэдээ ухуулж учирлан, албадан зандарч явсан тэр л хүмүүс өдгөөгийн албан хаагчдын эхлэл нь байсан. Нэрнээс нь ч аваад үзсэн ямар нэгэн албадлагын шинж мэдрэгдэж, албархуу төрхтэй, ихэмсэгдүү харцтай, бусдыг зандарч захирч явдаг хүний төрх толгойд бууна. Анхнаасаа ийм л хэв төрхөөр үүссэн төрийн албан хаагчид өдгөө , улам боловсронгуй болон хөгжжээ. Цагаан цамц зангиа. эсвэл гоёмсог мөртлөө албархуу хувцаслаж нүүрэндээ хуурамч инээмсэглэл тодруулсан, монголын төрийн өнөөгийн албан хаагчдын нийтлэг төрхийг авч үзье.
Хүнд суртлын болхи тогтолцоо.
Монгол оронд социализм хөгжсөн 70 орчим жилд төрийн алба болон түүний ажиллагсдын ажиллах барил, зарчим, тогтолцоог энэ хугацаанд улс орныг удирдаж байсан МАХН бий болгосон юм. Бүх албан газар болон үйлдвэрлэлийн нэгжид хүмүүс хэрхэн ажиллаж, хүмүүс хэрхэн амьдарч байгааг, тэр л нэгжид байгуулагдан ажиллаж байсан МАХН-ын анхан шатны нэгж нь зааварчилж бас хянаж байлаа. Тэдэнд оролцохгүй ажил гэж үгүй. Ажиллагсадын шагнал урамшил, шийтгэл арга хэмжээ тэр ч бүү хэл концерт яаж тоглох, иргэд ямар сонин захиалж яаж уншихыг хүртэл хянаж зааварчилж байсан. Хүмүүсийн хувийн амьдрал болон хувийн асуудалд нь хүртэл эрээ цээргүй оролцож байснаас “нам байж байхад энэ муу надаас салаад хаачих вэ? ” гэдэг хошин хэллэг хүртэл дэлгэрч байв даа.
Үнэн хэрэгтээ намаас асуухгүйгээр өөрийн хариуцсан ажил болон түүнтэй холбоотой асуудлаар бие даан шийдвэр гаргах зоригтой албан хаагч байгаагүй юм шүү. Энэ нь өөрийн хариуцсан ажилдаа эзэн сэтгэлээр хандаж, зоримог шийдвэр гарган өөрчлөн сайжруулах, үүнийхээ төлөөх алдаа, онооны хариуцлагаа өөрөө хүлээн хөгжих боломжийг хааж байсан хэрэг. Алив ажил хэргийг өөрийн толгойгоор бус дээрээс өгсөн заавар зөвлөлгөөгөөр гүйцэтгэж, хариуцлагаас зайлшийдэг энэ болхи тогтолцоо, чадалтай сайн нь бус , зусар бялдууч хүмүүс төрийн албыг хаших үүд хаалгыг нээсэн юм. Бие даан алив асуудлыг шийдэх бус зөвхөн шийдвэр гүйцэтгэгч төрийн албан хаагчид “дээдэст зусар, доодост дээрэлхүү” гэгддэг хүнд суртлын болхи тогтолцоог хөгжүүлсэн.
Нэгэнт чадваргүй зусар хүмүүс, төрийн албыг олноор хаших болсон тул тэдний хийж чадахгүй ажлыг давхардуулан хийж бас дуулгавартай, идэвхтэй гүйцэтгэгчдээ давхар хянаж байхын тулд төрийн албаны нүсэр, данхгар тогтолцоо бий боллоо. Энэ нь нэг ёсондоо үл итгэлцлээс үүдэлтэй давхар хяналтын тогтолцоо юм. Гэсэн атлаа ажил сайжирсан нь үгүй. Монголчуудын “зуун ямаанд жаран ухна” гэдэг хэлц ч үүнээс үүдэлтэй. Харамсалтай нь өнөө хүртэл энэ л тогтолцоо өөрчлөгдсөнгүй, ажлын хариуцлага нь бие даасан хэлбрээр биш өнөө л дээрээс зангидан удирдагдсан хэвээр, Иймд ч Монголчууд намчирхан талцаж, “нууц ноёдод’ зусардан долигонож, “бялуу’ нэртэй төрийн алба, түүний эрх мэдлийн төлөө эрээ цээргүй, улайран зүтгэх болсон нь нүднээ ил.
Өвдөж зовох үедээ эмнэлэгт үзүүлж, эмчлүүлэх, хүүхдээ аль нэгэн сургуульд оруулж суралцуулах, ямар нэгэн хууль бус зүйлийн талаар цагдаа болон хуулийн байгууллагад хандах, хуулинд заасны дагуу өмчлөх эрхтэй газрынхаа зөвшөөрлийг авах, шаардлагатай бичиг баримт болон зөвшөөрөл авахын тулд аль нэгэн захиргааны байгууллагад хандах, өөрийн хийж буй бизнесийн асуудлаар хил гааль болон татварын газартай харьцах гэхчилэн олон асуудлаар “ажил хөөцөлдөж” үзсэн бүх монголчууд ямархуу хүнд суртал бас дарамттай учирдагийг амсаж мэдрээгүй хүн бий гэж үү? Төрийн үйлчилгээ хүртэх учиртай монголчууд хэн нэгнийг царайчлах, таньдаг хүнээрээ яриулах, олон хоногоор хүлээх, учир битүүлэг, ойлгомжгүй шаардлагыг сонсох гэхчилэн хүнд суртлын хана хэрмийг мөргөн цөхөрнө.
Ихэмсэгдүү яравгар харцаар таныг хальт харж, хүсэлтийг тань хааш яайш сонсохчоо аядаж, өөр хэн нэг руу ямар нэгэн шалтгаанаар явуулах, эсвэл ямар нэгэн шалтаг хэлж хоишлуулах, нэг бол ямар нэгэн ойлгомжгүй зүйл амандаа бувтнан, өөдөөс тань дүрлийтэл ширтэх хүнд суртлын энэ сонгодог бэлэг тэмдгүүд таныг залхаахгүй байна гэж үү?
Юуг ч юм амандаа бувтнан, өөдөөс тань дүрлийтэл ширтэх энэ эрхмийн юу хүсээд байгааг одоо та төвөггүй ойлгодог болжээ. Тийм ээ! Энэ бол авилгал хээл хахууль.
Авилгал хээл хахуулын уурхай.
-Машин жолоодож яваад ялимтай ялимгүй зөрчил гаргасныхаа төлөө хуулийн дагуу торгууль бус замын цагдаад амьжиргааны мөнгийг нь төлнө.
-Өвдөж зовсон хэн нэгнээ эмнэлэгт үзүүлж онош тогтоох, эсвэл хэвтүүлж эмчлүүлэхийн тулд эмч сувилагч бас шинжээчид дор хаяж зөөлөн чихрийн цуглуулга, эсвэл сарын цалинтай тэнцэх мөнгөөр “гар цайлгана”. Харин хийсэн хагалгаа нь амжилттай болсны төлөө уг хагалгаанд оролцсон бүх хүмүүсийг дайлж бяцхан найр үүсгэн талархлын бэлэг сэлт гардуулна.
-Хүүхдээ аль нэгэн сургуульд оруулахын тулд дүүргийн боловсрол хариуцсан түшмэдээс эхлээд сургуулийн захирал. хичээлийн эрхлэгчдийн “гарыг нь цайлгана”.
Ядахнаа л үнэтэй зоогийн газар оруулж өлөн ходоодыг нь дүүргэх ба өлөн сэтгэлийг нь дугтуйнд хийсэн мөнгөөр цатгана. Харин анги удирдсан багшийн санаачлагаар ямар нэгэн таалагдсан таалагдаагүй арга хэмжээний зардалд хувиасаа мөнгө хандивлана.
-Ихэмсэг яравгар зантай, гахай шиг “таргалсан” газрын зөвшөөрөл олгодог түшмэдийн хэрийн юм тоохоо больсон их шуналыг дарахын тулд хамаг байдгаа шавхаж “царай алдана.
– Амьдралаа залгуулахын тулд арай ядан хийх бизнесийнхээ төлөө сар бүрийн эцэст татварын албанд, хаа нэгтэй хил гаалийн албанд ажиллагсадын хаврын тэнгэр шиг олон аашийнх нь аягийг аялж, аашийг нь засах гэж хуульд заасан татварт болон гаальд төлөх мөнгөө хувьд нь зарцуулж “зусардана”.
Энд зөвхөн дурдах төдий ийм л жишээг амсаж мэдэрч үзээгүй монгол хүн бий гэж үү? Гэсэн атлаа Монгол улсад саяхан сүр дуулиан болгож шинээр байгуулагдсан Авилгалтай Тэмцэх Газар нь Монгол орон даяар тархан түгсэн энэхүү авилгалыг эрж хайн бэдэрч ‘жүжиглэнэ’. Хааяа хэн нэгний захиалгаар хэн нэгнийг “сэжиглэн” шалгахдаа удаж удаж “гэм буруугүйг” нь зарлан жүжиглэнэ. Авилгалтай тэмцэх бус “айлган сүрдүүлэх’ үйл ажиллагааг хэн нэгний захиалгаар явуулаад байгаа юм биш байгаа.
Айдас, авилгал дунд амьдарч байгаа монголчууд энэ байдлыг амьсгаа даран ажиглаж, азгүй нэгэн илчлэгдэж “шоронд хатаж”, ” шонд дүүжлэгдэх’-ийг битүүхэндээ хүлээсээр. Гаднаас нь харахад бүх зүйл болж бүтэж, амьдрал сайхан, амгалан тайван мэт харагдуулж, дотроо болохоор өтөж муудсан тос шиг болж дээ монгол орон минь. Энэ л айдастай, түгшүүртэй сэтгэхүй дээр “эрхэм дээдэс” хэмээн өөрсдийгөө нэрлүүлж, үүндээ өөрсдөө үнэмсэн авилгалд цадаж, хагартлаа баяжиж байгаа эрхмүүд эрээ цээргүй тоглож байна даа.
Морь унасан толгойгүй хүмүүс.
Монголд өнөөдөр төрийн албан хаагчид нь ихэвчлэн намын харьяаллаар “бялуу хүртэгсэд” байгаа болохоор ихэнх нь дээрээ ” нууц ноён’ той. Тэд асуудлыг шийдэхдээ “нууц ноёнтон”- ы хүсэл сонирхолд таацуулж, үүнийхээ төлөө авч буй авилгалаа тодорхой хувиар хувааж авч байгаа нь огтхон ч нууц биш. Албан тушаал ахиж тодорхой эрх мэдэлд хүрч байгаа хэн нэгийг “дээрээ татаатай хүн’ гэж тодорхойлдог, ажил хэрэгч шударга нэгнийг дээрээ татаагүй бол “ямаа туйлж янгиа эвдэх биш, тэмээ туйлаад тэнгэрт гарах биш” хэмээн тохуурхана.
Яг өнөөдөр монгол төрийн албанд өндөр мэдлэг чадвартай, бие даан шийдвэр гаргаж хариуцлагаа зоригтой үүрч чаддаг шинэ үейин залуус үгүйлэгдэж байнаа.
Өнөөдөр монгол төрийн албанд албанд мэдлэг чадваргүй, өөртөө итгэлгүй, зусар бялдуучид олноор шургалж, яг л морь унасан толгойгүй хүн шиг асуудлыг шийдэх биш дамжуулагчид, авилгалыг дундаас нь завшигчид болж хувирч байнаа. Өнгө мөнгөөр бүхнийг хэмжиж буй энэ цаг дор төрийн албаны сонгон шалгаруулалт “шударга” явагддаг хэмээн хэн нотолж хэн түүнд итгэх билээ. Төрийн албан тушаалыг бизнес болгон хувиргаж, үүгээр ашиг олж баяжин, төрийн хэргийг хувийн сонирхолд таацуулдаг болсон эрхмүүд өнөөдрийн МАХН, АН болон монгол төрийн өндөрлөгт байсаар байна. Тэд эртх мэдэл бас мөнгөөр дарангуйлан, ард иргэдийг айдсаар хучиж, хүссэн бүхнээ хийцгээж байна.
Ард иргэд айдсандаа хоолой нь сааралтаж, “шалдан яваа хаан”-ыг хармагцаа “манай хаан ямар гоё өмсгөлтэй юм бэ?” хэмээн сөөнгө хоолойгоор шивнэж байна. Харин морь унасан толгойгүй зусарчид “гоё өмсгөлтэй манай хаан түм насалтугай” гэж бархиралдаж байна.
Бодит байдал ийм байхад төрийн албан хаагчдыг намын харьяаллаас түдгэлзүүлж, монгол төрийг цэвэршүүлж, шударга ёсыг тогтооно гэж буй нь ердөө өнгөлөн далдалсан хуурамч үйлдэл хэмээн миний бие сэжиглэж байна. Төрийн албаны тогтолцоо, ажиллагсдын ур чадвар, сэтгэлгээг өөрчлөхгүй юм бол энэ нь ердөө өнгөлөн далдлалт болж хувирна. Ил байсан гишүүнчлэл далд байдалд орж “тос дотроосоо өтөх’-ийн үлгэрийг үзүүлэх вий.
Хоёр. ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЖИЛТАН.
Дэлхийнөндөр хөгжилтэй орнуудад төрийн үйлчилгээ жинхэнэ утгаараа хөгжиж, өндөр түвшинд хүрсэн байдаг. Ийм орны иргэд нь тэгтлээ бухимдаж, улстөрждөггүй. Тэдний хувьд ажлаа хийж төлөх ёстой татвараа төрд төлсөн болохоор төр өөрийн хууль журмын дагуу иргэддээ яг л “хаан” шиг үйлчлэх үүрэгтэйг сайн мэднэ. Харин төрийн үйлчилгээний ажилтнууд нь ард иргэдийн татвараар цалинжиж, санхүүждэг болохоор, үйлчлүүлэгч ямар хүн байхаас үл хамааран байнга инээмсэглэж, тэдэнд яг л “хаанд” үйлчилж буй мэт хүндэтгэлтэйгээр үйлчлэх учиртайг сайн мэднэ.
Ийм л тогтолцоонд үйлчлэгч, үйлчлүүлэгч аль аль нь бие биедээ сэтгэл хангалуун байдаг болохоор, тэд сэтгэлийн дарамт, айдасгүй, амар тайван энэ амьдралдаа дуртай байдаг ажээ.
-Цагдаа бол дарамтлагч биш ердөө үйлчилгээний ажилтан. Тэд дүрэм зөрчөөгүй, таагүй байдлаар анхаарлыг нь тааагүй бол ямар ч машиныг зогсоож өөрийн дураар шалгахгүй. Алив нэгэн зөрчлийн талаархи тодорхой нотолгоог бүрдүүлээд шүүхэд явуулахаас бус хоорондоо зохицож мөнгө авна гэдэг ойлголт үгүй. Машин эвдэрсэн, эсвэл ямар нэгэн хүндрэлтэй асуудлын улмаас иргэд цагдаад хандахад тэд туслэхээс огтхон ч татгалзахгүй. Тэдний хувьд ажлын бүх л удирдамж нь гагцхүү хууль байдаг ажээ.
– Ямар ч эмнэлгийн газар өөрт нь хандсан хүнд үзэж оношлох цагаа урьдчилан тохиролцож, тэр л цагтаа үзэж оношлоно. Бүх л үйлчилгээ тодорхой төлбөртэй байх бөгөөд үнэхээр төлбөрийг нь рөлж чадахгүй бол түүнд зуучилж, бас шалгаж төлбөрийн асуудлыг нь шийддэг халамжийн байгууллагууд бий. Харин та ямар ч тохиолдолд эрүүл мэндийн даатгалаа заавал төлж байх учиртай. Харин эмнэлгийн үйлчилгээ нь дээд зэргийн чанартай. Хэрэв та хүсвэл гаднаас эргэлт авахгүйгээр зөвхөн эмнэлэг дотроо бүх үйлчилгээг авах боломжтой.
-Таны хүүхдийг сургаж буй сургууль нь таны хүүхдийн талаар байнга анхааруулж, санал тавьж байдаг. Хүүхдийг тань сургуулийн тусгай автобус ззөж, хүүхдүүд тань сургууль дээрээ хооллож, ямар нэгэн таагүй байдлын улмаас хүүхдийн тань багш, сургуулийн удирдлагатигаа хамтад танай гэрт ирж уучлал хүсэх нь ердийн үзэгдэл.
Хүүхдийн тань авьяас сонирхол, чадварын талаар танд байнга мэдээлж, үүнтэй холбоотой олон зүйлийг танд санал болгоно. Хамгийн гайхалтай нь хүүхэд тань хичээл таслах нь бүү хэл сургуульдаа чин сэтгэлээсээ дуртай явдаг юм даа.
-Даатгалын байгууллагууд нь үнэхээр сайн ажилладаг. Та санамсар болгоомжгүйгээс авто машины осолд өртөхөд, та бухимдаж шаналах зүйлгүй. Уг ослын зөв буруу, учир шалтгааныг нь тогтоогоод даатгалын байгууллага бүх хохирлыг барагдуулна. Харин энэ тожиолдолд хэн буруутай хүний даатгалын хураамж нь тодорхой хугацаагаар өснө. Аль ч даатгалын байгууллагууд нь хүнд суртал гаргахгүй шуурхай сайн үйлчилдэг болохоор, иргэд нь даатгалын ач тусыг мэдэрч, даатгалд хамрагдаж хураамж төлөхөө өөрийн үүрэг гэж үздэг.
-Та ямар нэгэн асуудлаар банкинд ороход, инээмсэглэсэн нэгэн таныг угтан тосч, хүсэлтийг тань анхааран сонсож хэдэн хормын дотор шийдэж өгнө. Хэрэв шийдэх боломжгүй асуудал байвал шаардлагатай зөвлөлгөөг танд илэн далангүй сайн хэлж өгнө.
Энэчлэнгээр төрийн маш олон үйлчилгээний наад захын ийм жишээнүүд л “Монгол оронд минь ийм байж яагаад болохгүй гэж” заавал бодогдуулдаг. Ийм байгууллагын ажилтнууд нь өөрсдийгөө төрийн өмнөөс ард иргэдэд үйлчилж байгаа гэж үздэг учраас л төрийн өмнөөс инээмсэглэж, төрийн өмнөөс найрсаг шуурхай үйлчилдэг юм. Ийм төртэй байгаа иргэд төрөө хүндэлж дээлэх нь аргагүй .
Америкийн зарим мужуудад төрийн байгууллагуудын зарим ажилтнуудын авч буй цалинг сонин хэвлэлээр мэдээлдэг аж. Тэр мужид тухайн онд гэмт хэргийн тоо өссөн бол одоо ажиллаж буй цагдаагийн дарга нь ийм цалин хангамж авах эрхтэй юу гэдэгт иргэд нь эргэлзэж эхлэх жишээтэй. Энэ нь нэг талаар иргэд өөрийн үйлчлэгчээ өөрсдөө сонгох боломж олгож буй хэрэг. Нөгөө талаар иргэд өөрсдөө хяналт тавих боломжийг ч олгож буй хэрэг.
Харин төрөөсөө авч цалингаасаа 2-3 дахин өртгөөр амьдарч буй манай төрийн албаныхныг авилгал авч байна гэхээс өөрөөр яаж ойлгох билээ. Ингээд бодохоор монгол орны минь төрийн албан хаагчид болон өндөр хөгжилтэй орнуудын төрийн үйлчилгээний ажилтнуудын ялгаа их тод мэдрэгдэж байна даа. Бид өндөр хөгжилтэй орнуудаас эн тэргүүнд авч хэрэгжүүлэх зүйл нь энэ байлтай. Ядахнаа л намын харьяаллаас нь түдэглзүүлж байгаа төрийн албан хаагчдаа төрийн үйлчилгээний ажилтан гэсэн нэрээр соливол үйлчлэгч үйлчлүүлэгч хэн хэндээ арай л эерэгүү сонсдох юм даа.
ТӨГСГӨЛ.
Монгол оронд минь хувалз шиг шигсэн, төрийн албаны хүнд суртал, авилгал хээл хахууль, хариуцлага хүлээдэггүй болхи тогтолцоогоо сольж, өөрчлөх цаг нэгэнт болжээ. Намын харьяалал бол зөвхөн өмсгөл юм. Наанаа намын харьяаллаас түдгэлзүүлж буй мөртлөө цаанаа намын нэрээр дарамт үзүүлээд байвал үүнийг өнгөлөн далдлалт гэхээс өөрөөр ойлгох арга үгүй. Өдгөө С.Баярын толгойлж буй хамтарсан засгийн газрын хийж буй алхмуудыг гутаах гэсэнгүй. Анхаарах зүйл их байнаа.
-Одоо төрийн албанд шалгаран үлдэж байгаа эрхмүүдээ ядаж л хүний өөдөөс инээмсэглэж, хүнтэй зөв боловсон эелдэг харьцаж сургах хэрэгтэй байна даа.
-Аль болохоор өндөр хөгжилтэй оронд боловсрол эзэмшиж, үзэж харж, бас сурсан ойлгосон нь илүү, өөртөө итгэлтэй залуусыг төрийн албанд урьж
ажиллуулбал их нааштай алхам болноо.
-Төрийн үйлчилгээний ажилтнууддаа итгэл өгч, биейиг нь даалгаж, алив асуудлаар зөв шийдвэр гаргаж үүнийхээ төлөө хариуцлага урамшууллаа зоригтой хүлээж чаддаг тогтолцоог бий болговол зөв алхам болноо.
-Олон нууц ноёнтнуудаа халж, бүх нийтээрээ зөвхөн хууль журмыг л мөрдлөг болгон ажиллавал хаа хаанаа их ачаа хөнгөлөх сөн.
Монголчууд бид 9-ийн тоог ихэд бэлэгшээдэг. 2009 оны босгон дээр ийм алхам хийж байгаа нь өлзийтэй хэрэг. Харин зорилго нь, ажил нь, үр дүн нь ил тод байж ард иргэдээ баярлуулаарай. Энэ бол та нарын хэлж байгаа их үсрэлтийн гараа. Гараа сайн бол бариа сайн гэдэг дээ.
МОНГОЛ ТӨРИЙН СҮЛД ИВЭЭГ!
Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах.
2009-01-04.

Dec 04

Миний хүсч хүлээж асан ардчилал

By gala-admin | НИЙГЭМ - УЛС ТӨР

Монгол оронд минь хагас жил шахам үргэлжилсэн будлиантай, чулуутай, түймэртэй, хэрүүлтэй УИХ-ын болон орон нутгийн сонгууль дуусч байх шиг. Зөвхөн сонгуулийн дүнг тоолох гэж бүтэн өдөр бүү хэл хэдэн ч сараар будилж цэгцэрч чаддагүй энэ сонгуулийн паян, Итгэлт баяны өгүүлсэнчлэн “ичмээр ч дамшиг” юм даа. Цахим хөгжлийн энэ эринд цаасаар өгсөн саналыг тоолж, үнэн дүнг гаргах гэж ингэтлээ будилж будилуулах нь хэнд сонирхолтой байгаа юм бол.
1990 оны цагаан морин жил түгшүүртэй хэрнээ тайван замаар ялсан ардчилсан хувьсгал, социализмын хөмөрсөн тогоон дотор хуаран маягаар амьдарч асан бидэнд чухам юуг нь мэдэхгүй, нэг л гэгээлэг сайхан итгэл найдварыг авчирч байсан юм. Ямартай ч айдас дарамт шахалтгүй, бас өөрийн боломж чадлаараа сайхан амьдрах тухай бүдэг бадаг ойлголт төрж, хэрдээ эргэлзэж тээнэглэзэж, болгоомжилж байсан сан.

Буцаад хуучин байдалдаа орчих вий гэдэг айдас юу юунаас илүү болгоомжлол төрүүлж байсан.
Шилжилт нэртэй үргэлжилсэн энэ 18 жил Монгол оронд минь бидний хүсч мөрөөдөж асан олон зүйлийг өгсөн хэдий ч бас олон зүйлийг өгч чадсангүй. Эцэс сүүлдээ учраа олохгүй талцан бужигналдаж, мэтгэлцэж, эргэж буцсаар их л хугацааг элээж байна даа. Хаашаа л харна, МАХН, АН хэмээх ханан хаднууд ардчилалын хамгийн үнэт зүйлсүүдийг халхлан, бараан сүүдэр тусгана. Эцэстээ энэ 2 нам холилдон нэгдэж, улаан хөх өнгийг холихоор хиртэй саарал өнгө гардаг шиг бүх л зүйлсийг хиртүүлж орхих янзтай.
Энэхүү ардчилалаас монголчууд бид юуг хүсч, юуг олж авах учиртайг хилийн дээс алхан харь оронд ажиллаж амьдарч байгаа монголчууд сайн ойлгож, бас хүсч шаардаж эхэлж байна. Үүн дотор, хүн төрөлхтөнд “ардчилалын өлгий” гэж нэрлэгдэн үй олон цагаачдыг соронзон мэт татдаг Америк оронд суралцаж, ажиллаж амьдарч байгаа олон монголчуудын үзэж харж, мэдэрч байгаа зүйл олон.
Бид энэхүү ардчилалаас чухам юуг хүсч, олж авах учиртай вэ?

Нэг. Ардчилалын үр шим
Энэ 18 жилд айдас түгшүүр, өлсгөлөн, цуглаан тэмцлээр олж авсан “ардчилал” монголчууд бидэнд олон эерэг нааштай зүйл авчирч өгсөн. Өмч хувьчлалын үрээр хүн бүр өөрийн гэсэн хөдлөх болон үл хөдлөх өмч хөрөнгөтэй болж, өрнө дорнын гайхамшигт хөгжлийн илрэл гар утас, гоёмсог тухлаг автомашин хэрэглэж, гадаад паспорттой болж хүссэн орныхоо хилийн дээсийг алхалж хөгжлийг нь мэдэрч, цахим ертөнцийн хөгжлийн үр шимийг хүртэж, хөл нийлүүлэн алхах боллоо.  Энэ бага зүйл бишээ. Өөрсдийгөө өрөөл бусад олонтой жишиж, хүрч болох оргил, унаж болох ангалаа ч олж харан оюуны мэлмий нь нээгдэж байна. Эх орон тусгаар тогтнолын үнэ цэнэ, газар нутаг түүний баялгийн үнэ цэнийг уриа лоозонгоор бус зүрх сэтгэлээрээ мэдэрч, баярлан бахдах, гуниж бухимдах сэтгэлийн хөдөлгөөний хэн нэгний албадлагагүйгээр илэрхийлж сурч байна.
Харин ардчилалын хамгийн үнэ цэнэтэй зүйл болох сонгох сонгодох эрх, үг хэлж үзэл бодлоо илэрхийлэх, нийт олны нийтлэг эрх ашиг болох шударга ёсны төлөөх дуу хоолой алхам алхмаар хумигдсаар байх шиг. Өнгөн дээрээ ардчилсан мэт атлаа дотор сэтгэлдээ айдас болгоомжлолд автах болсон нь мэдрэгдсээр. Саяхан болж өнгөрсөн 7-сарын гэх үймээнээс хойш, барьж хорьсон, яллаж шийтгэсэн үйлдлийн балгаар олон хүмүүсийн хоолой нь сааралтаж, нүдний харц нь бүүдгэрч, сэтгэл зүрхэнд нь айдас хургаж орхилоо.
Дарангуйлалаар далдлагдсан, баг өмсөж хуурамчаар инээмсэглэсэн ардчилал байж болно гэж үү?

Хоёр. Ардчилалаас бид юуг хүснэ вэ?
-Шударга ёс
Энэ бол хамгийн энгийнээр Монгол улсад өнөө хэр мөрдөгдөж буй алив хууль журмын өмнө баян ядуу, хөөрхөн муухай, хөгшин залуу, халх казак хэн ч бай ялгалгүй адил тэгш байх зарчим юм. Монголын ард иргэдийн өмч болох Хадгаламжийн нэртэй банкны 14 тэрбүм төгрөгөөр хаа холын Солонгос орны казинод тоглоод үрсэн гэх Чимэдцэрэн, амьдрахын эрхээр арчаагүйдээ бусдын 100000 төгрөгийг завшаад ав адилхан ял эдлэх нь тэгш эрх гэж үү? Монгол улсын гааль хэмээх байгууллагыг удирдаж байхдаа МАХН д 100 орчим сая төгрөгөөр хандив өргөснийхөө төлөө цөөхөн жилийн ял эдэлсэн болоод сая суллагдсан Баатар гэгчийг амьдралын зовлон шаналлаа архиар даруулан болчимгүй хийсэн үйлдлийнхээ төлөө өдгөө хорих газар шаналан суугаа бүсгүйн нулимстай адилтгаж болно гэж үү? Наад захын нүдээр харж чихээр сонсож байгаа ийм жишээнүүдээс л “үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ’, ” уулын чинээ харыг туулайн чинээ цагаан гүйцнэ’  хэмээх монголын уламжлалт хэллэгүүдийн хариу олж ядацгааж байна. Эцэс сүүлдээ бүгдээрээ л адил хууль зөрчих барьцаалсан сэтгэхүйг бий болгож байна бус уу.

Саяхан АНУ-ын нийслэл Вашингтон хотод Монгол улсын ерөнхий сайд С.Баярын Америкийн монголчуудтай хийсэн уулзалт дээр нэрт нийтлэлч Баабар “Монголоор сонин юу байн вэ? гэвэл хулгай л их байх шив дээ. Бүгд л хулгайлцгааж байна даа” хэмээн ёжилж байсан. Эцэс сүүлдээ эх орон минь хөгжиж байвал их бага хулгайлах ч яамай байна гэх хэллэг сэтгэц дэлгэрч мэдэх нь. Ингэж болно гэж үү?
Хувь хүнээс хулгай хийсэн нь зохих ялаа эдэлж, нийт олноос хулгай хийсэн нь бүх хөрөнгөө хураалгаж, бүх насаараа ялаа эдэлж байх нь хуулийн өмнө эрх тэгш шударга байх зарчмын эхлэл. Хэн ямар санаагаар үүнд саад болж байна вэ?

-Шударга хөдөлмөр
Дэлхийн олон оронд монголчууд гарч, хаа ч хэнд ч гологдохгүй ажил хийж сурцгааж байна. Тэд өөрсдөдөө байгаа боломж авьяасаа мэдэрч, ажил хөдөлмөрийн утга учир, арга барилыг ойлгож байна. Харин Монголд байгаа монголчуудаа ажилгүй залхуу, архичин заваанаар нь дуудаж, хаа холын хужаа хангүг эрсийг урьж залан ажиллуулж, ажилтай дуулгавартайг нь магтан бахдана. Том монголын жижгхэн зах зээлд ноёлон суусан цөөхөн хэдэн олигархи бүлэглэлүүд, өөрийн зардлаар сурч хөгжиж, эх орондоо шударга хөдөлмөрөөр амьдрахаар ирж буй олон монголчуудын хүсэл эрмэлзлэл, даль жигүүрийг эрээ цээргүй  хугачин унагаж байна. Өнөөдөр Монголын зах зээл дахь нефть бүтээгдэхүүний, барилгын болон барилгын материалын, хүнсний болон спирт түүний дагалдах архи пивоны, бөс бараа болон бөөний худалдааны зах зээлийг ямар хүн атгаж, тэд хэрхэн УЙХ, засгийн газарт шургалж, эрх мэдлээрээ энэхүү зах зээлээ хамгаалж байгааг хүн болгон нэрлэж чадах байх. Ийм нөхцөлд шударга хөдөлмөр, шударга өрсөлдөөний талаар ярихад ч хэцүү. Үгүйдээ тэд дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын сүүлийн үейин техник технологийг ч төдийлэн сонирхохгүй байна. Өнөөдөр монголд үлгэр жишээ болж хөгжсөн фэрмэрийн аж ахуй ч бий болохгүй байгаа нь өөний жишээ.

Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад суралцаж ажиллаж, мэдсэнээрээ монгол орондоо өөрийн бизнесээ хийж амьдрах гэсэн залуус, өөдрөг сэтгэлээр зорьж очоод үгээ хилж буцаж ирж байгаа нь цөөнгүй.
Монгол дотроо эс гэхэд энэ дэлхий ертөнцийн хамгийн том зах зээлд тооцогддог Орос, Хятад гүрний дунд оршин байдгийнхаа хувьд эвтэй байж, бие биеэ өөдрөгөөр дэмжвэл их боломж бидэнд бий. Хамгийн гол нь монголдоо болон харьд хийж сурсан ажил хөдөлмөрөө өөрийн монгол орондоо шударгаар хийж, хийснийхээ хэрээр хөлсөө авч, олсныхоо хэрээр тайван, сайхан амьдрах хүсэл монгол хүн бүрт бий. Гагцхүү хэн үүнд саад болж байна вэ?

-Төрийн найрсаг үйлчилгээ
Ард иргэдийнхээ татварт төлж буй мөнгөөр санхүүжиж, иргэддээ төрийн нэрээр үйлчилгээ үзүүлж байх учиртай “төрийн’ гэх нэртэй олон байгууллагууд өдгөө хүнд суртал, авилгал хээл хахуулын уурхай болон өргөжсөөр байна. Монгол оронд аалзны тор мэт сүлжсэн хүнд суртал, авилгалтай тэмцэх зорилгоор байгуулагдсан Авилгалтай Тэмцэх Газар /АТГ/ өнөөдөр монгол орон дахь авилгалыг эрж хайн бэдэрч, хаа нэг, хэн нэгний өш хонзонгийн захиалга мэт хэн нэгнийг илрүүлж бас цагаатган “жүжиглэнэ”. УЙХ-ын гишүүн асан Хүрэлсүх, Гүндалай, Бадамжунай нартай холбоотой хэмээн сөхөгдсөн авилгалын хэрэг тэгсгээд л замхарсан.
Өдгөө монгол оронд төрөх газрын орон дээр төрөхөөс эхлээд, цэцэрлэгт орох, сургуульд суралцах, ажил хөдөлмөр эрхлэх, тэтгэвэр халамжийн үйлчилгээг хүртэх бүх л шатанд хүнд суртал авилгалд боомилуулж байгааг хүн бүхэн мэдэрч л байгаа.
Нэгэн цагт Улаанбаатар хотын захирагч, ерөнхий менежер асан өдгөө Монгол улсын шадар сайд, ХХААҮ-ийн сайд М.Энхбөлд, Бадамжунай нарын газрын наймаатай холбоотой олон баримт домог мэт яригдаж байсан. Үнэн худлыг хэн ч нотлоогүй атал, Улаанбаатар хотын төлөвлөлтийн бодлого алдагдаж, хүүхдийн тоглоомын талбай, хөгшдийн нарлах газар үгүй замбараагүй барилгажилт энэ бүхний тод жишээ баримт болон байсаар байна.
Ард иргэдийн татварын мөнгөөр санхүүжин ажиллаж буй төрийн хэмээх тодотголтой олон байгууллагуудын хүнд суртал авилгал үгүй, жинхэнэ иргэдийн төлөөх найрсаг үйлчилгээг хүмүүс хүлээсээр л байгаа. Үүнийг төрөөс өөр хэн хийж чадах билээ. Энэ бол төрийн үүрэг юм.

-Тайван амьдрал
Өнгөрсөн жил Улаанбаатар хотын хүнсний 1-р дэлгүүрийн зүүн талд тааралдаад уулзан хуучилж зогссон 2 оюутан залуусыг, ухаанаа алдтал ууж согтуурсан нэгэн эрхэм “Жээп” машинаар дайрч амь насыг нь хөнөөсөн аймшигт хэргийн дуулиан өнөө хэр бараг мартагджээ. “Тэнгэрийн дор төрж, хуулийн дор амьдар” хэмээн лүндэгнэсэн дээдсийн хатуу цааз өнөө цагт үнэ цэнэгүй боломгүйсэн. Архи хүчирхийлэл, балмад байдлын уршгаар хичнээн олон монгол иргэдийн амь нас сүйдэж, хичнээн олон хүн тахир татуу болж, өвчин зовлондоо шанална вэ?
Өглөөхөн инээгээд гарсан хэн нэгний шарилыг орой нь олж,нулимс унагаан гашуудах энэ л тавилан монголчуудынх гэж үү? Иргэдийнхээ амь нас амгалан байдлыг хамгаалах учиртай Монголын цагдаа, хүчний байгууллагынхан өөрсдийн бэлтгэл ур чадвараа өнгөрсөн 7 сарын 1 ний үймээнээр даан ч өрөвдөм, дорой байдлаар шалгуулав шив дээ. Айдас, дарамт шахалтгүй, амгалан итгэлтэй амьдрал хүн бүрийн туйлын хүслэн. Хүн өөрөө ч хүч мөхөсдөх энэ энэ баталгаа гагцхүү төрийн нэгэн үүрэг билээ.

-Ирээдүйдээ итгэх итгэл
Монголчуудын хүсэл мөрөөдөл, ирээдүйн сайхан амьдралын баталгаа нь үр хүүхдүүдийнх нь эрүүл мэнд, сайн боловсрол, зөв зохйстой даатгалын тогтолцоо билээ. “Хуарангийн сургалт’ бүхий  чанаргүй сургуулиуд, “худал онош” бүхий хүний гар харсан эмнэлгийн үйлчилгээ, хэзээ өгөөж нь ирдэггүй даатгалын тогтолцооноос залхсан монголчууд, ирээдүй болсон хүүхдүүдийнхээ эрүүл мэнд, сайн боловсролын төлөө харь газрыг зорьж хамаг мөнгөө зориулж байна. Ирээдүйн сайн сайхны төлөөх итгэл нь эх орондоо бус харь орон руу зүглэсэн ийм гаж урсгал монголоос минь өөр хаана байдаг бол. Гадагшаа урсах энэ л мөнгөний урсгалыг тогтоож ганц сайн оношлогооны төв, гайгүй чанартай сургууль байгуулах санаачлагаг үгүй төр, түшээдийг яалтай. Монголын гэсэн бүхэн чанаргүй муу, харийн гэсэн болгон сайны дээд хэмээх харалган энэ л үзэгдлийн улмаас олон олон монголчууд өөртөө төдийгүй ирээдүйдээ итгэх итгэлээ алдаж байна даа.

Төгсгөлийн оронд
Монголчууд бид аль нэгэн нам, улс төрийн хүчнийг даган талцах биш өнөө бидэнд ус агаар лугаа хэрэгтэй ардчилалын хамгийн үнэт зүйлсийг бий болгохын төлөө дуу хоолойгоо, санаа бодлоо нэгтгэх хэрэгтэй байнаа. Бид эрхээ эдэлж сонгож, бий болгож байгаа УЙХ, Засгийн газраас эн түрүүн шаардаж, хийлгэх алхмууд энэ билээ.
Хэн нэгний төлөө бус зөвхөн өөрсдийнхөө төлөө хийх зүйл маань энэ билээ.
Өнөөдөр сэтгэлийг минь харлуулж, бухимдлыг минь төрүүлж байгаа энэ л гаж үзэгдлүүдийг энэ 18 жил ээлжлэн төр барьж, талцан мэтгэлцэж байгаа МАХН, АН хоюул бий болгосон. Өнөөдөр их үсрэлт, их хувь заяа, их хөгжлийн гараан дээр бид хамтдаа монгол орныг зөв зохистой хөгжүүлнэ хэмээн амалж буй эвслийн засгийн газар эн түрүүнд энэ зохисгүй үзэгдлээ хамтдаа арлгахын төлөө ажиллах учиртай.
Энд жинхэнэ”эр зориг”, “эх оронч”, ‘алсын хараа”, “холч ухаан” шаардагдаж байна.
“Авилгалын загалмайлсан эцэг” хэмээн цоллуулж, Монгол орон дахь улс төрийг бизнес болгон хувиргасан хэмээн тодорхой баримтаар, удаа дараа нотлон бичсэн нийтлэлч Баабар, Цэнддөө, улс төр судлаач Ганхуяг нарын бичсэн үнэн байх аваас Монгол улсын одоогийн ерөнхийлэгч Н.Энхбаяр та энэ бүхнийхээ төлөө хариуцлага хүлээх цаг болжээ.  Энэ Монгол орон та биднээс гадна бидний үр ач, хойч үе маань амьдрах өлгий нутаг. Энд хэн нэгний хувийн эрх ашиг сонирхол гэж байх ёсгүй зөвхөн монгол улсын эрх ашиг гэж байх учиртай билээ.

Даян дэлхий даяар хүлээн зөвшөөрөгдсөн энэхүү ардчилалын үнэт зүйлсүүд Монгол оронд минь зүй зохисоороо хэрэгжиж байх учиртайг зөвхөн миний бие төдийгүй олон монголчууд хүсч бас шаардаж байна даа.
Эрт үеэс монголчууд бид “үнэн” гэдгийг яагаад туулайгаар төлөөлүүлэн ярьдаг байсныг би мэдэхгүй ч “бүжин туулай хярсан бутыг харахад нэг л нөмөртэй байдаг”  хэмээн дуулдгийг мэднэ. Олон олон монголчууд ил гаргаж хэлэхгүй ч сэтгэл зүрхэндээ бухимдаж байгааг бид мэдэрч байна.
Миний мөрөөдөж хүсч, хүлээж байсан “ардчилал”  энэ л юм. Харин таных…

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
2008-12-04

Oct 23

Талцаа ба хорсол

By gala-admin | НИЙГЭМ - УЛС ТӨР

Монголчууд бид “Эвтэй байхдаа хүчтэй байдаг”  хэмээн алс тэртээ цагийн омогшил,  хүчирхэг асан цаг үеэ дурсан жишээ татах дуртай. Цөөхөн хүн амтай хирнээ өргөн уудам газар нутагтай Монголчууд бид битүүхэндээ, дотор сэтгэлдээ, эв нэгдэлтэй, хүчтэй байхыг хүсч мөрөөдөх авч мөрөөдөл маань нэг л биелж өгдөгггүй. Манж чин гүрний дарлал дор оршиж асан 200 жил, социализмын туршилт дор хөгжиж асан 70 гаран жил, ардчилсан хувьсгалын шилжилтийн хэмээх 20 орчим жил дор ч төдийлэн эвлэлдэн нэгдэж, хүчирхэгжиж чадсангүй. Эвлэлдэн нэгдэж, хүчтэй болж, өөдлөн хөгжих гэсэн олон монголчуудын хүсэл эрмэлзлэл нь хуваагдаж талцсан хоосон хийрхэл, бие биедээ атаархаж хорсох өчүүхэн хий үзэгдлийн хадан ханыг мөргөн бут үсэрч байна. Эвлэлдэн нэгдэхийг хүсч уриалсан сэтгэлийг, “энэ чинь бүтэхгүй ээ’  гэж хашгиралдах харь сэтгэл, хорссондоо бие биеэ харааж зүхэх бүдүүлэг хорон үгс хиртээн гутааж байна.

Цөөхөн монголчууд бид энэ цаг дор зөв эерэгүү санаа бодлоо нэгтгэж, бие биеэ хайрлан хүндэлж, шударга бус, бусармаг муу бүхний эсрэг эвлэлдэж, сайн сайхан хөгжлийн төлөө зүтгэхийг эсэргүүцэн, элдэв муу үгээр доромжлон гутаах нь хэнд ашигтай байж болох вэ? Лав л надад, танд, бидэнд болон бидний үр хүүхдүүдэд ашигтай бусаар барахгүй туйлын хортой.
Атгасан гар мэт эв нэгдэлтэй,  хүчирхэг, хөгжингүй монгол орны эсрэг харь дайсныг бус “харь сэтгэл”-ийг өөрсдөөсөө хайх цаг болжээ. Үүнийг биднээс өөр хэн хийх билээ.

Талцаа
Өдгөө бид нэгэн үзүүрт, нэгдмэл сэтгэлийн оронд тарж талцсан ямар олон, өчүүхэн сэтгэлд хуваагднам бэ?

-Улс төрийн намуудын төлөөх талцаан
2.6 сая орчим хүн амтай монгол оронд 30 орчим улс төрийн намууд оршин тогтож, “гишүүнчлэл” нэрээр ард олныг хуваан талцуулж, өөр хооронд нь тэмцэлдүүлж байна. Эцэс сүүлдээ хүчтэй нь хүчгүйгээ залгиж, өдгөө улс төрийн тавцанд МАХН, АН хэмээн хуваагдаж, элдэв булхай, зальхай луйвар, эрээ цээргүй хууль бус үйлдлээрээ өрсөлдөн гайхуулах болов. Гишүүнчлэл хэмээх нэрийн дор ард иргэдийг талцуулж, эгээ л хотны ноход шиг архиралдуулан хэрэлдүүлж, харин намуудыг удирдаж буй цөөхөн бүлэг эрхмүүд, уулын орой дээр суун 2 барын ноцолдооныг харан баясах сармагчингийн үлгэр лугаа адил. Хатуу чанга үзэл бодол итгэл үнэмшлээрээ бус эрх мэдэл, хууль бус ашиг олзын төлөөх хэсэг бүлэг эрхмүүдийг даган хийрхэх талцааны сонгодог жишээ нь энэ жилийн УЙХ -ын сонгуулийн дараа болсон 7 сарын 1-ний үймээн, ирц хүрээгүй хэдий ч ор нэр хэмээсэн саяын орон нутгийн сонгууль байлаа.
Энэ бүхний эцэст бүгдийн хүсэн хүлээж байгаа “шударга ёс’  бий болсонгүй ээ.

-Жалгархаг үзэл ба нутгийн зөвлөл

Монгол улс 21 аймаг бас нийслэл хотод хуваагддаг.Нийслэл Улаанбаатар хотод 21 аймгийн нутгийн зөвлөлтэй. Хэрэв та анзаарсан бол энэхүү нутгийн зөвлөл гээчийг тэр нутгаас төрсөн УЙХ гишүүн эсвэл мөнгөтэй эрх мэдэлтэй хэн нэгэн эрхэм удирдаж  бусдыг үлгэрлэн дагуулж байдаг. Тэд тэр л нутгаасаа төрсөн жаахан боломжтой иргэдээсээ мөнгө цуглуулж, хэн нэгэн эрхэм эсвэл одонцрыг алдаршуулан мандуулахын тулд бөх барилдуулан, дуу хуур дэглэж, сая саяар нь мөнгө өгч,  байр машин бэлэглэж бусдын атаархлыг төрүүлж хорыг малтана. Гэсэн атлаа тэр нутгаасаа гарч, өвдөж зовж, ядарч зүдэрч яваа хэн нэгэнд туслан буян үйлдэж багаа талаар би лав сонссонгүй. Тэд улс төрийн намуудын талцаагаа ч умартан, өөр хоорондоо нам эвлэлдэж, сэм хуйвалдан улс төрийн наймаа арилжаа хийнэ. Улс төрийн жалгархаг бүлгүүдийн сонгодог жишээ тэртээ нэгэн цагт Увс аймгаас гарч, Завхан аймгийг дамжин, өдгөө Архангай аймагт ирээд буй.
Саяхан Бээжингийн олимпоос анхны алтан медаль хүртсэн Н.Түвшинбаярын амжилтын төлөө монгол орон даяараа бахдан баярлаж байхад “Монгол орны бүх зүйлийн анхдагчид нь зөвхөн Булган аймгийнхан байдаг” хэмээн ярилцлага өгөх хөөрүү нэгэн, нутгаасаа төрсөн аваргадаа бие биесээсээ өрсөн гайхуулан өргөх бэлэг сэлт, найр наадам энэ бүхний сонгодог жишээ байлаа.  Бие биетэйгээ өрсөлдөн тэмцэлдэх нутгийн зөвлөл гээчийн ач тусаар ‘тасартлаа” хөгжчихсөн нэг ч аймаг өнөө хэр алга л байна даа.

-Хот хөдөөгийн талцаa
Нийслэл Улаанбаатар хотод Монгол орны нийт иргэдийн тал хувь нь буюу 1.3 сая хүн суурьшиж, 21 аймгийн нутгийн зөвлөл байгуулагдаж, найр наадам зохиож наргиан цэнгээн үүсгэхээр,  нийслэл хотод төрж өссөн нэг хэсгийнх нь эгдүү хүрч “улаан хацартай’, “найр наадамд дуртай”, ” бүдүүлэг’ гэхчилэн шоолон тохуурхана. Ямар Улаанбаатар хотдоо Улаанбаатарын нутгийн зөвлөл байгуулалтай биш.  Хариуд нь хотод суурьшсан хөдөөнийхэн ‘их зантай”, ‘амьдрал мэдэхгүй’, “цамаан зантай, ямаан омогтой” хэмээн цоллож хариу барина. Энэ эгдүүцэл зохиолын болон бусад дуучдын тоглолтын үеэр багагүй илэрнэ. Ядахнаа л өргөн уудам газар нутагтаа эзний ёсоор тархан суух боломжийг нь олгох санаачлага өнөө хир үгүйлэгдсээр л байна.

-Эх орондоо байгаа болон гадаадад байгаа монголчуудын талцаа
Цахим мэдээллийн үсрэнгүй хөгжлийн өнөө цагт олон төлийн цахим хуудас болон блогуудийн бичлэгүүдийн дорхи сэтгэгдэлүүдээс үүнийг мэдэрч болно. Монголын хөгжлийн төлөө олон янзын санаа бодол,  хэлэлцүүлэг болон бичлэгүүдийн доор “эх орноосоо урвагч’ “хувиа бодогч’,”ажилгүй залхуу’ “эх орноо худалдагч ‘  хэмээх олон цол нэрнүүд болон элдэв хараал зүхэл занал, бүдүүлэг үг хэллэгүүдийн гайхамшигт цуглуулгыг уншиж болно. Энэ бүхний сонгодог жишээ нь саяхан Р.Эмүжингийн бичсэн “Америк хээнцэрлэл”  бичлэгийг тойрсон бухимдал байлаа.
Ердийн нэгэн сэтгүүлч өөрийн санаа бодлоо илэрхийлсэний төлөө Монгол улсын засгийн газрын тогтоол гарсан мэт ингэтлээ ач холбогдол өгч тэвдэцгээх хэрэг юусан билээ. Эцэс сүүлдээ “эх орондоо хэн нь илүү хайртай вэ?’ гэдэг уралдаанд оролцож буй мэт маргалдаж, бие биеэ гутаан доромжлох нь хэнд хэрэгтэй вэ?
Өдгөө цаг дор Монгол орон дахь шударга бус байдал, авилгал, хүнд суртал, хээл хахууль, элдэв бүлэглэлүүдийн хууль бус үйлдлийн эсрэг эвлэлдэн, дуу хоолойгоо нэгтгэж тэмцэх цаг болжээ. Яаж өөрчлөхийг би мэдэхгүй ч ‘бүгдээрээ хэлэлцвэл буруугүй, бүлээн усаар угаавал хиргүй” болдгийг мэднэ. “Олны хүч оломгүй далай” гэдэгчлэн хэн нэгийгээ шүүмжилж доромжлох бус зөв сайн санаа бодлоо дэмжиж , санаа бодлоо уралдуулбаас зөв сайн гарц олдоно гэдэгт итгэж байна.

Хорсол
МАХН, Монгол орныг 70 гаран жил удирдахдаа олон нийтийн санаа бодлыг тандаж, өөрсдөд нь ховлон мэдээлж байдаг мэдээлэгчдийн нууц сүлжээг бий болгосон юм. Тэд бусдын санаа бодлыг мэдээлээд зогсохгүй, бусдын дунд яс хаяж, хутган үймүүлж, хэн нэгнийг дарамталж, бусдаар үзэн ядуулж, сэтгэл зүйг нь сэглэн зовоож байсан нь одоо улам бүр ил болсоор байна. Ийм хүмүүсийг тэр цаг үед “бууны ноход” гэж жигшин нэрлэж байсан юм даа. Эдний ач тусаар “сэхээтний төөрөгдөл”  нэрээр олон эх оронч, ухаантан мэргэд түүний дотор Б.Ренчин, Ц.Дамдинсүрэн, Төмөр-Өчир, Р.Чойном нар амьд ахуй цагтаа ч үзэн ядалтын хар дарамтан дор сэтгэл зүрхээрээ “ял эдэлж” байсан. Хүнийг ил далд дарамтлан доромжилж, үзэн ядахыг олон нийтэд уриалж, элдэв алдаа оноо, хувийн амьдрал болон асуудлуудыг нь олон нийтэд дэлгэж, гутаан доромжлох нь хамгийн хүнд гэмт хэрэг юм. Ийм үйлдэл нь хүнд ил биш сэтгэл зүрхийг нь шархлуулж, зовоон тарчлаадагаараа, үүнийхээ төлөө ял шийтгэл хүлээдэггүйгээрээ хамгийн хорлонтой.
Цахим мэдээлэл хөгжиж байгаа өнөө үед, олон төрлийн цахим хуудас болон энэ төрлийн мэдээллийн хэрэгслэлүүд дээр гарсан бичлэгүүдийн доорхи сэтгэгдэл гэгчүүдийг уншиж байхад тэртээ нэгэн цагт МАХН -ын бий болгон хөгжүүлж байсан “бууны ноход” өнөө цагт дахин сэргэж байна уу даа гэж бодоход хүргэж, харамсал төрүүлж байна. Энэ сэтгэгдэл гэгчийн цаад зорилго нь уг бичсэн зүйлийн талаар олон хүмүүс өөрийн санаа бодлоо дэлгэж, дээр хэлсэнчлэн “бүгдээрээ хэлэлцвэл буруугүй’ гэдгийг харуулах гэсэн болов уу гэж бодном. Гэтэл энд сэтгэгдэл бичигч өөрийн нэр хаягаа тавьдаггүйг далимдуулан бичсэн зүйлийнх нь тухай биш бичиж байгаа хүнийх нь талаар даанч эрээ цээргүй бүдүүлэг үг хэллэгээр дайрч доромжлон чухам ингэхийг бусдад уриална. Саяын УЙХ-ын сонгуулийн үеэр ийм байдал бүр ихээр даамжирч, тэр л хийрхэл хөөрөл нь өнөө хэр дарагдахгүй байна.
Улс төрийн зорилгоор аль нэгэн намууд ийм хүмүүсийг бэлтгэж бас цалинжуулж ажиллуулсан хэмээн нотлогдоогүй атлаа хардлага төдий яриа гараад замхарсан. Хэрэв энэ бүхэн үнэн байгаад нотлогдох аваас тэр улстөрийн намыг татан буулгахыг шаардах ёстой. Энэ үйлдэл нь Монголчуудын эв нэгдлийн эсрэг, хагалан бутаргах зорилготой маш хүнд гэмт хэрэг мөн.
Ийм зүйл бичигчид хүний гарал үүсэл, удам угсаа, нүүр царай бие эрхтэний согог, хувийн амьдрал болон хувийн асуудлуудыг нь эрээ цээргүй дэлгэж, монгол орос англи хараалыг гайхамшигтайгаар урсгаж, шоолж үзэн ядахыг бусдад уриална. Тэр ч байтугай эх орноос нь хөөж, эсвэл эх оронд нь дуудаж, алж хядах бас юуг ч юм үзүүлж өгөхөө амална. Ингэж болно гэж үү? Хэн нэгний тухай ийм зүйл бичигч нь уг хүний хамгийн дотно байсан , эсвэл сайн танил магадгүй сайн найз нь ч байгаа нь бичиж буй мэдээллээс нь харагддаг. Тэд юуны тулд ийн хорсож, хорслоо ингэж илэрхийлнэ вэ?
“Цөөхөн Монголчууд бид эв нэгдэлтэй байж ,бие биеэ хүндэлж, сайн сайхны төлөө хамтдаа тэмцэе” гэж бичвэл хариуд нь “Үхэр Монголчууд яг нэгдэж харагдаач” гэж бичнэ. Харин үхэр биш тэр Монголын нэр хаяг нь байдаггүй. Хэрэв тэд хэн нэгний бууны нохой биш юм бол, Монголчуудын эв нэгдлээс тэгтлээ хорсож татгалзаж байгаа бол “үхэр оготно” шиг л амьтан байж болох юм даа.

Бүх хэвлэл мэдээлллийн хэрэгслэлүүд , цахим мэдээлллийн хэрэгслэлүүд нь бүх Монголчуудын санаа бодлоо солилцож, мэдээлэл авч, бие биеэ таньж бас дэмжиж болох цорын ганц боломж. Энэ боломжийг ингэж эвдэлж гутааж бас буруугаар ашиглаж ашиглуулж хэрхэвч болохгүй. Ийм байдлыг цааш удаан үргэлжлүүлбэл цөөхөн Монглочуудыг улам хагаралдуулж, сэтгэлийг нь хиртээж, бие биеэ үзэн ядахад хүргэж болзошгүй. Энэ байдлыг таслан зогсоохын тулд:
-Бүх цахим мэдээлэл ажиллуулдаг хүмүүс бичигдэж буй сэтгэгдэлүүдэд хяналт тавьж, бүдүүлэг доромж бүхий бичлэгүүдийг устгаж, “вирус”-ээс хамгаалж байх хэрэгтэй.
-Заавал ийм зүйл бичихийг шаардаад байвал, үнэн зөв нэр хаягтай нь тавьж байх хэрэгтэй.
Хэдий болтол бид ийм бохир заваан бүдүүлэг доромж зүйлсийг уншиж байх вэ?
Харин бичлэгтэй хамаатай шүүмж, сануулгыг энд хэлээгүй шүү. Ийм үзэгдлүүдийг байдаг л зүйл гэж үзвэл бидний үр хүүхэд хойч үе маань яах вэ? Тэд өнөөгийн бид шиг “за яахав жингийн цуваа явж л байдаг жингэрийн ноход хуцаж л байдаг” гэсэн үгээр өөрсдийгөө тайвшруулаад зогсож байх уу? Дэлхий даяараа үсрэнгүй хөгжиж байгаа өнөө цаг дор жингийн цуваа ч жингэрийн ноход ч бас үгүй болж байгааг бид мартаж боломгүй.

Төгсгөл
Хэдий муу муухай зүйл олон байгаа ч Монгол орон минь өдрөөс өдөрт хөгжиж л байна. Жижиг гэлтгүй гаднаас тусламж авалгүйгээр өөрчилж болох олон боломжууд бидэнд бий. Бие биеэ ойлгохоос эхлээд бие биеэ хүндлэх, зөв аятай бас бэлэг дэмбэрэлтэй сайхан үгс хэлэлцэх, зөв санаа бодлоо дэмжиж олон талаас нь хэлэлцэж өөрсдөө үлгэрлэх гээд л. Заавал засгийн газрын тогтоол хүлээлгүйгээр өөр хоорондоо эелдэг найрсаг харьцаа бий болгох гээд оролдоод үзэхэд юу нь болохгүй гэж. Монголчууд бид хувиа бодсон, атаархуу, арчаа муутай хүмүүс гээд өөрсдийн зохиосон үлгэртээ итгээд суувал хэн нэгэн сайхан сэтгэл хөрөнгө мөнгө гаргаад, зээл тусламж олгоод биднийг өөрчлөхгүй шүү дээ.
Бүх зүйл өөр хэнээс ч биш Монголчууд биднээс өөрсдөөс шалтгаална. Өөрийнхөө төлөө эс гэхэд үр хүүхэд хойч үейинхнийхээ төлөө хийх, өөрчлөх зүйл олон байнаа.
Эвлэлдэн нэгдэж хүчирхэг болохын эхлэл эндээс л тавигдана. Хэлэхэд амархан хийхэд хэцүү ч “Монголчууд бид эвтэй байхдаа хүчтэй” гэдгээ хэзээ ч бүү мартагтун!

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах.
2008-10-23

Oct 18

“Эзэнгүй айл” шиг эх орон минь

By gala-admin | НИЙГЭМ - УЛС ТӨР

Алба амины ажлаар урт богино хугацаагаар монголчууд бид гадаадын олон оронд олонтаа зорчдог. Баримт бичгээ шалгуулаад хилийн дээс алхсанаас хойш гадаа хэдий нартай ч сэтгэл нэг л жиндүүхэн. “Усыг нь уувал ёсыг нь дагана” гэдэгчлэн хүссэн ч эс хүссэн ч очсон орныхоо хууль дүрмийг нь дагаж  алхах газар, хийх үйлдэл маань ч ‘ хашигдана”. Хичнээн сайхан харагдаж хөгжил соёлыг нь шагшин бахдаж байвч хүний нутаг бол хүний нутаг л байдаг. Гоёмсог тавилгатай, гял цял болсон айлд зочилж буй мэт биеэ бариад нэг л хүнийрхүү. Ядахнаа халууцаж ахуйд өмссөн хувцсаа нимгэлээд гадаа зүлгэн дээр тарвалзах хүсэл байвч эрх нь үгүй. ‘Бор гэртээ богд хар гэртээ хаан” гэдэгчлэн буцаад очих эх оронтой болохоор бачуурсан сэтгэлд минь бүлээхэн салхи сэвэлзэнэ. “За яахав нэг л өдөр гэртээ харьж өөрийн дураар тарвалзана даа” хэмээн бачуурсан сэтгэлээ сэмхэн аргадна. Эзэн нь байж эрвэлзэж дэрвэлзэх эх оронтой байна гэдэг юутай сайхан. Харийн нутаг давчдаад байвч буугаад мордох биш буцаад очих эх оронтой болохоор сэтгэл цаанаа л өег бас бардам.

Харийнхан Монголд
Монгол оронд минь бидэнтэй зөрөөд очсон гадныхан монгол хүмүүсийн найрсаг зочломтгой, гэнэн цайлган сэтгэлтэй, тэнүүн уудам газар нутагтайг нь атаархаад байгаа ч юм шиг ёжилж шоолоод ч байгаа юм шиг үл ойлгогдох өнгөөр ярьж бичиж сурталчилна. Өөрийн орондоо эдэлж үзээгүй эрх чөлөө, хүндлэл, идэж үзээгүй хоол унд, амсаж чадаагүй жаргалыг амсан ‘тамшаална”. Эгээ л эзэнгүй айлын хойморт энгэр задгай налайн хэвтэж, эрх дураараа тарвалзах мэт.
-Тэд Монгол оронд баар, ресторан ажиллуулж, ард иргэдийг нь архи согтууруулах ундаагаар хордуулж, ажиллаж олсон мөнгийг нь халааснаас нь хулгайлна.
-Тэд Монгол оронд минь зочид буудал саун барьж, хацар гоо охидыг нь бузарлаж, худалдаж халаасаа түнтийлгэнэ.
-Тэд Монгол орны минь хөрс шороог харх аятай ухаж сэндийчэн, баялгийг нь шороотой нь хамт зөөн байгаль дэлхийг сүйтгэнэ.
-Тэд Монгол орны минь ан амьтан ургамлыг нь өөрсдөөр нь устгуулан нутаг руугаа зөөнө.
-Тэд Монгол орны минь чандмань эрдэнэ гэж дуулагдаж асан таван хошуу малын минь арьс үс, мах, амьсгалаас бусад эрхтнийг нь арилжиж наймаалан баяжина.
Хэн тэдэнд ийм боломжийг олгож байна вэ? Монгол орны хуулийг нь гууль болгож бүх л зүйлийг нь мөнгөөр үнэлэн, дур зоргоороо авирлах эрхийг хэн тэдэнд өгч байна вэ? Харьд ажиллаж амьдарч байгаа монголчууд тэр л орондоо ингэж чадна гэж үү? Харь орны нутагт цэцгийн ганц дэлбээг таслах ч эрхгүй, хуулийн дор ажиллаж амьдарч яваа монголчуудын эзгүйд, хавар цагт нэгэнтээ цэцэглэх яргуй цэцгийг нь ямаанаас нь урьтан уут уутаар нь түүж одох харийнханд ийм боломжийг хэн олгож байна вэ?
Уут уут мөнгөөр улсаа худалдсан сайдууд гуай
Лан лан мөнгөөр манийгаа худалдсан сайдууд гуай хэмээн аль өмнө зууны өдийд дуулагдаж асан дууны үг санаанд орж байна. Бүтэн зууны дараа давтагдаж асан энэ л үйлдэл хэн бүхний санааг зовоохгүй байна гэж үү?
20-р зуунд 70 жил улс орныг минь удирдсан МАХН, адгийн тэнэг архичин орос ч арай дөнгүүр монгол хүнээс ч илүү хэмээн тархийг минь угаасан. Ардчилал ялсан 1990 оноос адгийн муу Флин ч, алс холын Холландын Жаргалтхаан ч, Африк тивийн Камеруны луйварчин харууд ч биднээс баян, бас илүү гэж тархийг минь угаасан.
Улс орон даяараа, төрийн тэргүүнүүд нь ч, төрмөл сайхан биетэнгүүд ч хөл алдаж, түмэн олон монголчуудаа нүүр хийх газаргүй болгож асан хөгийн түүх ч мартагдаагүй байна. Энэ бүхний буруутан нь тэр үед төр барьж асан, өдгөө ч төр барьж байгаа эрхмүүд биш гэж үү?
Харь газар ажиллаж амьдарч байгаа монголчууд хууль дүрэм сахин хөдөлмөрлөж, хөгжиж байхад, харь орноос ирсэн ядуу бүдүүлэг иргэд хууль дүрмийг нь зөрчиж “хойноос ирээд хот минийх, хотонд ороод хонь минийх” гэж дураараа авирлаж байх гэж үү? Харь газрын мөнгөтэй нэгний гар хөл, зарц нь болсон өчүүхэн барлагууд л Эмээлт, Налайхад эдлэн газар, бизнестэй эзэн хүний дүр эсгэн ихэмсэг нь аргагүй ярвалзаж байна. Хууль дүрмээ мөрдөж чаддаггүй, хүнд суртал, авилгалдаа хүлэгдсэн монголын түшмэдийн сул тал дээр тэд л тоглож, доромжилж байна. Монголын сайхан оронд минь тэр нэгэн жил Далай ламын айлчлалыг дагалдаж чимээгүйхэн ирээд буцсан Ричард Гир, Төв аймгийн алдарт малчныд баримтат кино хийхээр чимээгүйхэн ирээд буцсан Жулия Роберт нараас өөр Холливиудын одод очоогүй байна.
Тэртээ нэгэн цагт “тэнгэрийн зарлиг’-аар дэлхийн талыг эзэгнэж асан түүхт Монгол орон минь өнөө цагт “эзэнгүй айл”шиг болчихоо юу даа.

Худалдагдсан бүсгүй заяа
-Солонгос эртэй гэр бүл болоход зуучилна.
-Хонг Конг, Сингапур, Бээжин, Хөх хотод царайлаг гоё биетэй охидыг өндөр цалинтай ажилд зуучилна.
-Германд царайлаг залуухан охидыг хүүхэд харах ажилд зуучилна.
Хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр тасралтгүй залхатлаа цацагдах ийм төрлийн заруудтай зэрэгцэн, Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод “Хүн худалдах гэмт хэрэгтэй тэмцэх” олон улсын хурал болж, зангиатай зангиагүй эрхмүүд илтгэл тавьж ,хэлэлцэн шүүмжилнэ. Өдгөө монголд хүчирхийллийн эсрэг үндэсний төв, хүний эрхийн төв, хүйсийн тэгш эрхийн төв гэхчилэн гадаадын санхүүжилттэй олон байгууллагууд ажилладаг. Яг эдэнтэй зэрэгцээд гадаадын иргэдтэй гэр бүл болоход зуучлах олон хувийн байгууллагууд ажиллаж байна. Яг л хошин шог жүжиг шиг. Харин хэн нь сайн ажиллаж байгааг Цагдаагийн газрын мэдээллүүд нотлоод өгнө.
“Мөнгө цагаан нүд улаан” гэдэгчлэн энэ төрлийн бизнесийг сурталчлан, дэмжиж байгаа хэвлэл мэдээллийн хэрэгслэлд ёс зүй, эх оронч сэтгэл, хүн чанар гэж байна уу? Ичих ч үгүй энэ төрлийн бизнесийн муу үр дагавар болох биеэ үнэлэгчдийн талаар ид бах болгон мэдээлсээр. Өөрсдийгөө 4 дэх засаглал гэж хөөрөгдөг хэвлэл мэдээллийнхэн эх оронч сэтгэлээ илэрхийлж энэ бүхний эсрэг нэгдэн тэмцэж байх ёстой биш гэж үү? Тэртээ нэгэн цагт “халуун хөнжил” сониныг хааж, садар самуунтай эрэлхэг цогтой тэмцэж асан нэгэн цагт УЙХ -ыг даргалж байсан, өдгөө ХЗДХЯ ны сайд Ц.Нямдорж энэ бүхнийг олж харахгүй баймааргүй сэн.
Гадаад эртэй гэр бүл болоход найдвартай зуучилж, аз жаргалыг тань худалдан авч өгнө гэж сурталчлах зарын дагуу, хацар гоо монгол охид, харь орны хөгшин залуу, арчаатай арчаагүй, тахир татуу, тэр орны бүсгүйчүүдэд тоогддогүй эрсийн хурааж хуримтлуулсан мөнгөний төлөөс болон ‘худалдагдана”. Хэл мэдэхгүй, заншил мэдрэхгүй, буцья мөнгөгүй, амьдарья сэтгэл хүсэл үгүй, хэн нэгэн гадаад эрийн хөрөнгө болон хувь заяатайгаа эвлэрч суугаа олон монгол бүсгүйчүүд байгаа.
Тэгтлээ охид бүсгүйчүүдээ гадаадад худалдаад байх олуулаа билүү бид. Ядахнаа зүгээр тараана гэж амлаад байгаа мөнгөнөөсөө төрсөн эхчүүдэд хүүхдийнхээ мөнгөөр амьдраад байх боломж олгохын төлөө санаа тавьж болмоор.
Хамгийн сүүлийн мэдээгээр 18 настай жаахан охин, өөрсдийгөө гоо гэж боддог 20 орчин монгол бүсгүйчүүдийг Өвөрмoнгoлын Цэцгээ гэдэг бүсгүйтэй хамтран урагш гарагж биейиг нь үнэлүүлэхээр завдаж байгаад баригдсан тухай “бахархмаар ч юм шиг’, ‘ аймаар ч юм шиг” мэдээ дэлгэжээ. 18 нас хүрч яваа жаахан охинд хууртагдаж байдаг нас биед хүрсэн тэр бүсгүйчүүд, мэдээлж байгаа мэдээллийн хэрэгслэлүүд, шалгаж байгаа цагдаагийнхан хөөрхий. Янхан болж гадаадад худалдагдаж байгаа хацар гоо охидоо харааж ерөөж байгаа бид ч бас хөөрхий. “Эцэггүй хүүхдийн толгой том, эхгүй хүүхдийн бөгс том” гэдэгчлэн алт зэс, нүүрс ураны хойноос бүхнийг умартан хөөцөлдөж яваа өрхийн тэргүүн маань бүр ч хөөрхий. Хөөрхий бид хүн чанар, нэр хүнд, оюун ухаанаа хэдий болтол мөнгөөр арилжих юм бол.

Газар нутгийн наймаа
Монгол дахь уул уурхай кадастрын албаныхан олгосон хайгуулын болон ашиглалтын лицензүүдээ эх оронч сэтгэлээр очоод шалгадаг бол, Улаанбаатар хотын газрын албаныхан зөвшөөрөл өгсөн газрынхаа ашиглалтыг эх оронч зориг гаргаад очоод шалгадаг бол энэ бүхний ард хэн нэгэн хангүг, эсвэл хужаа байгааг төвөггүй мэдэх болно. Хэн нэгэн монгол иргэний нэр дээр авсан ийм арилжааны газрууд ихэвчлэн авилгал дагуулдаг учраас тэд шалгаж илрүүлэхийг хүсдэггүй. Тийм учраас Хятад Солонгосын баячуудын гар хөл болсон босс дүртэй барлагууд монголын хууль дүрмийг, авилгалч түшмэдтэй нь хамтад нь нулимчихаад хээв нэг давхиж одно. Чин үнэнээр шалгаж үзвэл монгол орны газар нутгийн багагүй хувь нь гадныхны мэдэлд байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Хэн эдэнд ийм боломж олгож байна вэ? Газрын зөвшөөрлийг ашигтай бизнес болгон хувиргасан хэмээн нэрлэгдээд байгаа эрхмүүд өнөөдөр УЙХ, засгийн газарт алба хашиж эх орондоо хэр хайртайгаа нотлох гэж байна. Газрын хэвлийн баялгийг ашиглах гэж байгаа гадаадын хөрөнгө оруулалттай компаний ард заавал хэн нэгэн эрх мэдэлтэн, авилгалч түшмэд байдаг нь ердийн үзэгдэл болон хувирчээ. Харин ийм бусармаг үйлдлийг таслан зогсоох бүү хэл,  илрүүлэн хариуцлага тооцох төр байхгүй цагт шударга ёсны талаар ярих ч зүйлгүй болж энэ нь эцэстээ ард иргэдийн бухимдлын нэгэн шалтгаан болж байна даа. Харсаар үзсээр байтал харах нүдэн дээр нь харь орны нэгэн, газар нутгийг нь эзэмшиж, эздийг нь хөөж, доромжилж байхад өмгөөлж хамгаалах эзэн үгүй байна гэдгийг хэн ч төсөөлөөд бодоход ч харамсмаар.
Эгээ л айлын уяан дээрх морийг нь хөтлөн, алсад бэлчих мал сүргийг нь туун, хээв нэг одох харь эрхмүүдийн араас халаглан харамсан уйлалдан үлдэх, эзэн нь үгүй айлын хүүхэд хөгшид мэт.

Гадагшаа урсах мөнгөний урсгал
Эмчилгээ хийлгэх шаардлагатай хэмээн, төрийн бүх хангамжтайгаа АНУ-д албан бусаар ирээд буцсан Монгол улсын одоогийн ерөнхийлөгч Н.Энхбаярын зардлын 80000$ шуугиан тэгсгээд замхарсан. Монгол улсын ерөнхийлөгч байхдаа Н.Багабанди БНСУ-д хийсэн айлчлалынхаа үеэр охиныхоо суралцдаг сургуульд зочилж Монгол төрийн өмнөөс бэлэг гардуулсан гэдэг. Харин тэр сургуульд суралцаж байсан нэгэн монгол охиныг хамт суралцаж байсан Ветьнам охин нь: ‘танай улс их баян юмаа, одоо танай аав ээж ирээд манай сургуульд шинэ барилга бэлэглэчих юм биш биз’ хэмээн ёжилсон тухай надад хуучилж байсан.
“Дээдэх нь суудлаа олохгүй бол доодох нь гүйдлээ олохгүй”  гэдгийн үлгэрээр төрийн тэргүүнүүдийн энэ жишгээр ихэнхи одонцорууд , эрхэм улстөрчид бас бизнесменүүд Хөх хот, Бээжин, Сөүлийг зорин зэрэг зиндаагаа гайхуулах болж дээ.
Энэ бүхэнд зарцуулж байгаа мөнгөөр эх оронч сэтгэл гаргаад эмчилгээ оношлогооны орчин үейин төв, дэлхийн жишигт хүрсэн ганц сургууль байгуулах санаачлага өдий болтол гарахгүй байгаа нь илүү гайхал төрүүлнэ. Ийм л маягаар гадаадад ажиллаж байгаа монголчуудын эх орондоо илгээсэн мөнгө буцаад гадагшаа л урсаж байна шүү дээ. Гадагшаа урсах энэ их мөнгөний урсгалыг эх орондоо тогтоон барихад тийм их ухаан, тэвчээр хэрэгтэй байдаг юм болов уу?
Эрхэм УЙХ -ын гишүүн бас одонцор хэн нэгэн гадаадад эмчлүүлэхээр явж байгаа тухай сүр жавхлант сүржин мэдээнүүдээрээ хэвлэл мэдээлллийн хэрэгслэлүүд юуг сурталчлаад байгааг таахад төвөгтэй биш. “Ялихгүй зусар баяжихад саад” гэдэг үг байдаг даа.

Төгсгөл
Энэ бүхнийг бичиж байхдаа би “эх оронч’  сэтгэл гэж юу болох тухай бодож байлаа.
Хөрс шороот газар нутгаа, хацар гоо охидоо харьд худалдагдаж байгааг харах бүрдээ сэтгэл зүрх чинь шаналахгүй байгаа бол чи эх оронч хүн биш ээ. Эх орондоо хайртай хэмээн хэнхдэг цээжээ дэлдэж,  хэл амаа билүүдэж байгаа эрхэм улстөрчид та бүхэнд энэ бүхнийг зориглож хийхгүй байгаагийн төлөө итгэхгүй байна.
…Эцэг өвгөд, аугаа өвөг дээдсийн минь үлдээж өгсөн энэ л газар нутаг, монгол заншил, монгол үнэт чанараа алдах эрх бидэнд байхгүй. Тэд цусаараа, ухаанаараа энэ л монгол орныг бидэнд үлдээсэн. Өдгөө л харин эзэнгүй мэт хоймор нь эзгүйрч, эмс охид нь хормойгоо задгайлж,  газар нутаг нь гундаж, эд баялаг нь хомсдож байна даа.
…Бид Буянт-Ухаад газардахдаа, Улаанбаатар өртөөнд буухдаа нэг л цээж тэнүүн амьсгалдаг. Эргэн тойрноо омог бардам харж, өөрийгөө энэ нутгийн эзэн нь гэж мэдэрдэг. Бид энэ л агаарт ичиж зоволгүйгээр чанга хашгирч, энэ л хөрсөн дээр тааваараа хөрвөөнө. Үүний төлөө хэн ч намайг дарамталж шийтгэдэггүй. Яагаад гэвэл бид л энэ сайхан нутгийн эзэн нь. Харин эзэн шиг л эзэн байх сан даа.

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
2008-10-18

Sep 20

Монгол орны “үсрэнгүй хөгжилд” хэрэгтэй “үнэ цэнэтэй” хүмүүс

By gala-admin | НИЙГЭМ - УЛС ТӨР

Бусад орны хүмүүс яадгийг би сайн мэдэхгүй. Харин гадаадад байгаа монголчууд яг л “гүйгүүл морь” шиг эх нутаг руугаа тэмүүлдэг.
-Монгол руугаа буцах уу?
-Буцмаар л байна. Очоод яаж амьдрaх вэ? гэдэг хүнд асуудал байнаа.
-Буцмаар санагдаад монголд байгаа ар гэрийнхэнтэйгээ ярихаар “Ирж яах юм бэ? Энд бүр л хэцүү байна шүү дээ” гэх юм
Ийм л байдлаар эргэлзэж тээнэгэлзсэн олон монголчууд. Монгол руугаа буцна гэж ярьсан хэн нэгнийхээ “тэнэг”-ийг гайхах найз нөхөд.
Харь газар олон жил ажиллаж амьдарч, амьдралын хэв жаягт нь дассан олон монголчуудын Монголдоо очиж, бэтгэрч санасан сэтгэлээ дэвтээж, хазайж хагасалсан амьдралаа тэгшлэх хүслийг нь “очоод би энд байдаг шигээ ажиллаж амьдарч чадахгүй шүү дээ”гэх болгоомжлол эргэлзээнд оруулж, мухардуулна.
Түр хугацааны визтэй гадаад оронд гараад буцаж ирээгүй олон монголчуудын хувьд, ажил хийж олох мөнгөнөөс илүү үнэтэй олон зүйл байдгийг тэр болгон хүмүүс анзаардаггүй. Энэ бол тухайн орондоо айх айдасгүй, дарамтгүй тайван амьдрал, хууль болон түүний бодит хэрэгжилт, хүмүүс хоорондын эелдэг найрсаг харьцаа, нийгмийн зүгээс иргэддээ үзүүлж байгаа сэтгэлд таатай халамж үйлчилгээ юм. Ийм орчинд хүмүүс өөрийн үнэ цэнээ мэдэрч, өөрт байгаа боломжоо сайтар ашиглан сайхан амьдрах боломжинд талархдаг. Ийм амьдралын хэмнэлд тэд өөрсдийгөө хөгжүүлж, өөрийгөө ‘үнэт баялаг” болгон хувиргаж чаддаг юм даа.

Гадаадад байгаа монголчуудын үнэ цэнэ
1. Тэд ажил хөдөлмөр хийж сурцгаасан.
-Ажил хийнэ гэдэг нь цагаа бүртгүүлээд ажил дээрээ сонин уншиж, улс төр хов жив ярьж, компьютер тоглон цаг нөхцөөж суух хэлбэр биш, хийх ёстой ажлаа цаг хугацаандаа хийж амжихын тулд зогсолтгүй хөдөлмөрлөн, цаг хугацаатай уралдан ажиллах ёстой гэдгийг сайн мэднэ. “Зогсвол зоос, хөдөлбөл хөлс” гэдэгчлэн хөдөлмөрийн хөлс зөвхөн цагаар үнэлэгддэг учраас цаг хугацаа тэдний хувь “мөнгө” бас “алт’. Би бага цаг ажиллавал бага мөнгө авна, их цаг ажиллавал их мөнгө авна гэдгийг мэддэг болохоор тэд цаг хугацааг шүтэж, үр бүтээл болгоноо мөнгө болгон хувиргахыг хичээдэг.
-Чанаргүй хийсэн ажил, үйлчилгээ нь захиалгчдад таалагдахгүй бол тэд мөнгө төлөх, үйлчлүүлэхээс татгалздаг учраас өчүүхэн ч алдаа гаргах, чанаргүй зүйл хийхээс бас татгалздаг. Чанаргүй хийсэн ажил цаг хугацаа. хөдөлмөр, мөнгийг үргүй зардал болгон хохирол авчирдаг учраас ажилдаа хамгийн хариуцлагатай хандахаас өөр гарц үгүй. Захиалагч үйлчлүүлэгч тэдэнд мөнгө төлж, ажлаар хангаж байгаа учраас тэд бол тэдний хувьд “хаан” төдийгүй бүх зүйл тэдний хүсэл сонирхолд яг таарч байх учиртай. Хэн ч дэмий зүйлд мөнгөө үрэхийг хүсдэггүй.
-Удирдлага болон эзнээ шүүмжилж, тэдний ажлыг сонжиж, ажиллаж буй газрынхаа дотоод бусад ажлыг сонирхоод байх хэрэг огт үгүй. Тэр хүн анх чамайг ажилд авахдаа ямар ажил хийлгэхийг хүссэн, түүнийг нь тун сайн хийж, тэдэнд таалагдаж байх учиртай. Шалтгаан нь тэр хүн энэ ажлыг хийсний төлөө танд мөнгө төлж байгаад байгаа юм. Бүх ажил бие биесээ хамааралтай байдаг болохоор та өөр зүйл сонирхоод шүүмжилж заагаад байх цаг ч боломж ч үгүй.
-Тогтмол цалин гэж үгүй, бүх ажлын хөлс цагаар хэмжигддэг учраас тэд мөнгөний үнэ цэнийг сайн мэднэ. Шаардлагатай үед өөрт хэрэгтэй мөнгөө олохын тулд, 2 ажил хийж, үүний төлөө өглөө 4 цагт босч, дамжин шөнийн 24 цаг хүртэл ажиллах тохиолдол ч бий. “Хүссэн хэмжээгээрээ ажиллаж, хийснийхээ хэрээр авдаг” энэ нийгэмд “Эзэн хичээвэл заяа хичээнэ” гэдэг үгийн утгыг жинхэнэ ойлгож мэдэрдэг.

2.Тэд боловсрол, мэдлэгийн үнэ цэнийг ойлгож мэдэрцгээсэн.
-Суралцаж, сайн боловсрол эзэмшихийн тулд их мөнгө төлдөг болохоор өөртөө хэрэг болох зайлшгүй мэргэжлээ сонгох хэрэгтэй болдог. Аав ээж нь малаа нядалж, эсвэл ямаагаа самнаж ноолуураа заран сургалтын төлбөр төлөх аргагүй болохоор тэд сонголтдоо бодитой хандан илүү анхаарал тавина. Сургууль чанартай тусмаа өндөр үнэтэй, бас шалгуур нь хатуу болдог болохоор хэн ч зовж олсон мөнгөө алт шиг цаг хугацаатай “дэмий үрэх”-ийг хүсэх билээ.
-Зөвхөн хүнд үзүүлэх “диплом”-ын төлөө бус цаашдын ирээдүй, амьдралын сайн баталгаагаа хангахын тулд суралцах учиртайг тэд сайн мэднэ. “Диплом” бол тэр сургуульд юу судалсныг тодорхойлж буй баримт. Харин таныг мэргэжлээрээ ажиллахыг хүсвэл, ажилд авах гэж байгууллага тань таны мэргэжлийн мэдлэг чадвар, ажил гүйцэтгэх чадвар, хамт олноор буюу багаар ажиллах чадварыг илүүтэй сонирхоно. Тийм болохоор та дүн авахын тулд бус чадвар эзэмшихийн тулд сурах ёстой болдог. Тэгээд ч өндөр боловсрол мэргэжилтэй хүнд цаашид хөгжих, илүү амжилтад хүрэх боломж олдоно.
-Өөрийн боломжоо тооцон, мөнгөө төлж, ирээдүйгээ сонгосон болохоор та зав гарахаар ангийнхантайгаа “шоудаж”, хэн нэгний төрсөн өдөр бүрийг тэмдэглэж бэлэг сэлт өгч, наргиж цэнгээд байх хэрэг төдий л байхгүй. Та сонголтоо хийж, мөнгөө төлсөн, хариуд нь танд хүссэнээ сурах бүх боломжийг олголоо, одоо бүх зүйл гагцхүү танаас шалтгаална гэдэг зарчимтай боловсролын тогтолцоо. Харин сургуулиуд нь танд бүх боломжийг олгосон байдагт “ид шид” нь оршино. Та хуульчийн диплом олж авчихаад аль нэгэн хорооллын дэлгүүрт худалдагч хийж суухыг хүсэхгүй биз дээ?
-Хэрэв та үнэхээр сурч чадахгүй бол бусдыг дуурайж, хэн нэгэнд гайхуулах гэж суралцах хэрэггүй биз дээ? Түүнд орвол эртхэн ажил хийж сурч их мөнгө олж амьдралаа бодсон нь дээр гэдгийг тэд сайн ойлгодог. Тийм болохоор тэд сургалтын төлбөрөө төлөхийн тулд ажил хийж, бас олон арга замыг эрж хайн олж сонгодог.
Хүн болгон заавал дээд боловсролтой байх албагүй. Харин өөртөө итгэлтэй, бас чадвартай бол ийм замыг сонгодог.

3. Тэд амьдрах арга ухаанд сайн суралцсан.
-Мэдээж амьдралын өртөг өндөртэй оронд амьдарч байгаа болохоор, хөдөлмөрлөж олсон мөнгөө бодитой тооцож зөв зарцуулж сурцгаадаг. Мөнгөгүй болмогцоо ах дүү, анд нөхдөөсөө эсвэл ломбард болон ХЗХ -оос мөнгө зээлэх боломж үгүй болохоор өөртөө байгаа боломжоо зөв тооцоолон мөнгөө зарцуулна.
-Бусдын амьдралын хэв маягаас санаа авч, ямар байранд амьдрах, ямар машин унах, ямар хоол хүнс хэрэглэхээ өөрсдийн боломжиндоо тааруулан шийдэж, “хөнжлийн хэрээр хөлөө жийнэ”. Алив зүйлийг худалдан авахдаа хөршдөө болон найз нөхөддөө “гайхуулах”гэж бус “хэрэгцээ” гээ бодолцон сонгоно.
-Их мөнгө олж сайхан амьдархын үндэс нь эрүүл байх явдал гэдгийг сайтар ойлгосон тэд өөрийн болон гэр бүлийн эрүүл мэнддээ сайн анхаарал тавина. Тийм болохоор ажил амралтаа зөв зохцуулж сурцгаадаг. Амралтын өдрүүдээр хэн нэгэнтэй “тасартлаа уух”-ыг тэр болгон хүсдэггүй. Ядахнаа өглөө эрт босч ажилдаа явах хэрэгтэй. Үүний тулд эрт унтаж сайхан амрахыг хүснэ.

4.Тэд хууль дүрмийг сахин биелүүлж, олон нийттэй харилцаж сурцгаасан.
-Машин бариад дүрэм зөрчих, ямар нэгэн төлбөрөө хугацаанд нь төлөөгүйн төлөө хэн нэгэнтэй “найрах” шаардлага үгүй. Үүнийх нь төлөө “хориг арга хэмжээ” авдаг мэдээллийн өрчин үейин маш сайн сүлжээний тогтолцоо байдаг болохоор хүссэн хүсээгүй хууль дүрмээ сахих хэрэгтэй болно. Энэчлэнгээр тэд хууль гэж юу болох , түүнийг хэрхэн дагаж мөрдөх учиртай талаар маш сайн мэддэг.
-Даатгалын зөв тогтолцоонд хамрагдаж байж, алив нэгэн болзошгүй тохиолдлын улмаас өөрт ирж болох дарамт, шаналалаас бага ч атугай ангижирч болдог. Санамсар болгоомжгүйгээс хүний машинтай мөргөлдсөний төлөө бие биеэ хараан зүхэж заамдалцаад байх шаардлага үгүй. Хэн буруутай нэгний даатгалын ханш өсч, хохирлыг даатгалын газар хүнд сурталгүйгээр барагдийлж өгнө. Харин таны даатгалын хэмжээ өсөх бүрд та “найдвар муутай” этгээдийн тоонд бүртгэгдэнэ.
-Алив нэгэн асуудлаар төрийн аль ч байгууллагад хандахад, үйлчилгээний ажилтан нь тантай эелдгээр инээмсэглэн харьцаж, асуудлыг аль болох хурдан шуурхай шийдвэрлэж өгөх буюу хэрэв боломжгүй бол яах хэрэгтэй тухай шаардлагатай мэдээлэл буюу зөвлөлгөө хэлж өгч тусална. Энэ бол таны төлсөн татвараар цалинжиж буй тэдний хийх ёстой үндсэн ажил нь. Тийм болохоор та хэн нэгнийг гуйж царайчлах, удаан хүлээж залхах, эсвэл “гарыг нь цайлгах” хэрэг огт үгүй. Урдаас тань инээмсэглэж эелдэг харьцаж байгаа тэдний өөдөөс хөмсгөө зангидан, уур бухимдлаа илэрхийлэх хэрэг бүр ч үгүй. Ядахнаа тайвширсан сэтгэлээ инээмсэглэлээр илэрхийлж талархалаа илэрхийлэх хэрэгтэй болно доо.
-Таны ажил амьдрал өөр хэнээс ч биш зөвхөн танаас хамаардаг болоод ирэхээр аль нэгэн нам эвслийн гишүүн болж, цуглаанд оролцон “чулуу шидэх”, эсвэл хэн нэгэн рүү “нулимах’ хэрэг үгүй. Ийм оронд сонгуулиар бодлогын чанартай бага сага асуудал өөрчлөгдөхөөс биш төрийн тогтолцоо ганхдаггүй болохоор сонгуульд тэгтлээ ач холбогдол өгч нэр дэвшигчийн “сүр жавхланг” биширч магтан дуулах шаардлага бас үгүй. Харин та өөрийн амьдралдаа илүү санаа тавих боломжтой болноо.

5. Тэд юм үзэж нүд тайлж, өөрийгөө хөгжүүлсэн.
-Амьдарч байгаа орныхоо ярьдаг хэлээр нь их бага хэмжээгээр ярьж ойлгож сурцгаадаг. “Хэлтэй бол хөлтэй” гэдэгчлэн хэлний дамжаанд мөнгө төлөхгүй , бас албадлагагүйгээр амьдрал дээр хэл сурдаг тэдэнд энэ нь их боломжийг нээж өгдөг.
-Тэд хааяa олдох амралтын үеэрээ тэр л оронд жуулчдыг татдаг олон гайхамшигийг үзэж сэтгэлийн таашаал авна. Тэрчлэн урлагийн тоглолт, спортын тэмцээн, музей, үзэсгэлэн, зоопарк үзэж “нүд тайлцгаана”.
-Тэд чөлөөт цагаараа интенетээр аялан өөрт хэрэгтэй олон мэдээллүүдийг авч өөрийгөө хөгжүүлнэ. Тэд энэ хэрээр олон зүйлийг харьцуулж, оюун дүгнэлтээ хийж бодол санаагаа илэрхийлж сурна.
Гадаадад байгаа монголчууд ийм боломжийг ашиглан өөрсдийн үнэ цэнээ бий болгож, өөрийгөө ‘үнэт баялаг” болгон хувирлаж байна. Очсон орон бүхнийхээ хөгжил дэвшил ийм олон боломжуудыг харж эдэлж, мэдрэх бүрдээ “Монгол оронд минь ийм байж яагаад болохгүй гэж?” хэмээн заавал боддог. Тийм ээ! Монгол орон минь ийм болж яагаад болохгүй гэж? Үүнийг хийх тийм хэцүү гэж үү?
Бид юу хүсч байна вэ?
Саяхан Монгол улсын ерөнхий сайдаар улиран сонгогдсон С.Баярын гадаадад байгаа монголчуудад илгээсэн захидлыг уншлаа. Энэ захидлыг уншаад уярч уйлж, уурлаж басамжлаад яах вэ? Түүхэндээ анх удаа Монголын түр гадаадад байгаа монголчуудад хандсаны төлөө бид талархах учиртай. Бид үүнийг хүсэхгүй байсан гэж үү? Хүн болгон сэтгэл зүрхэндээ хүсч байсан. Харин одоо “Хүссэн юм хүзүүгээр татсан”-ы төлөө “Баярласан хэрээ бархираад ” байж бас боломгүй.
Бид юу хүсч байна вэ?
-Гадаад оронд ажил хийж хөдөлмөрийн амт, цаг хугацааны үнэ цэнэ, чанар гэж юу болохыг мэдэж сурсан энэ л чадвараараа ийм л орчинд ажиллаж, амьдралдаа хөрэлцэхүйц цалин авахыг хөсч байна. Өнөөдөр монгол оронд дүүрээд байгаа хятад, солонгос болон бусад орны “хар ажилчдаас” гадаадад ажиллаж сурсан монголчууд хол илүү. Ядахнаа тогтмол цалингаа халж ажлын бүх хөлсийг цаг болон чанараар тооцдог болохоос эхлэх хэрэгтэй байна даа.
-Айх аюул элдэв дарамт үгүйгээр Монгол орондоо элэг бүтэн, тайван амьдрахыг хүсч байна.Үүний тулд төр төрийн албан хаагч хэмээх албархуу хүнд сурталтнуудаа төрийн үйлчилгээний ажилтан хэмээх найрсаг үйлчлэгчдээр солих цаг болжээ. Ядахнаа төрийн үйлчилгээний албанд царайлаг , өндөр нуруутай, гоё биетэй бус сайхан инээмсэглэдэг, найрсаг харилцаатай хүмүүсээ бэлтгэн ажиллуулахаас эх;эх хэрэгтэй байна даа.
-Хуулийг төгс төгөлдөр болгож, хуулийг сахин мөрдөж биелүүлдэг тогтолцоо нь өндөр хөгжилтэй орнуудынх шиг байгаасай гэж хүсч байна. Иргэдээ цахим бүртгэлээр бүртгэж, нийгмийн аюулгүй дугаар бий болгож, үүгээр дамжуулан үйл хөдлөлийн түүхийг нь бүрдүүлж хяналт тавих боломж бэлэн байж байна. Хамгийн гол нь Монгол улсын хуулийн өмнө монгол иргэн бүхэн тэгш эрхтэй байх шударга ёсыг юу юунаас илүү хүсч байна даа.
-Мал, газрын баялгаас илүүтэй монгол хүний үнэлэмжийг бий болгон хүнээ хөгжүүлэхийг хүсч байна. Баялгийг хуваарилж бус баялгийг бүтээж байж хөгжинөө.
Олон авьяаслаг залуусыг гадаадын өндөр хөгжилтэй оронд төр засгийн дэмжлэгээр суралцуулан мэргэшүүлж, тэдний оюуны бүтээмжийг өндрөөр үнэлж хөгжүүлэх цаг нэгэнт болжээ. Түүнчлэн урлаг спортын олон гайхамшигт авьяастнууд өөр өөрийн “Холливиуд” бий болгон хөгжих боломж бий болж байна.
-Монгол хүн өөрийн эх орондоо, хайртай газар нутагтаа хүссэнээрээ амьдарч баялгийг бүтээж, гадаад оронд “хар ажил хийж мөнгө олох ” гэж бус аялаж , юм үзэх гэж явдаг болохыг хүсч байна.
” Хийхийг хүсвэл арга нь олдоно, хийхийг хүсэхгүй бол шалтаг нь олдоно” гэдэг.
Монголын төр засгийн шинэ удирдлагуудын нэрлэж байгаа “Их үсрэлт”-ийн гараанд “Их боломж” бас харагдаж байна.

Төгсгөл
Олон жил гадаадад амьдарсан Монголчуудын түрүүч нь Монголдоо амьдрахаар очиж байна. Өөрийн зардал өөрийн боломжоор өөрийгөө хөгжүүлж чадсан тэд өнөөдөр хүнд суртал, авилга, хээл хахуулын хадан ханатай учирч байгаа. Шинэ санаа шинэ ажил сэдсэн тэднийг, гоёмсог костюм цамц зангиатай эрхэм хүнд сурталтан нэг гараараа дохиж занган “болохгүй”, “бүтэхгүй”-г тоочиж , нөгөө гараараа авилгын мөнгө нэхэн сарвайж байгаа. Энэ л хадан ханыг бут цохих хэрэгтэй байнаа. Өөрийгөө “суут хүн”, “ард түмний итгэл найдвар’ гэж хошин дүрдээ итгэсэн, цус ойртон доройтож яваа парламентийн гишүүд, албан тасалгааны цонхоор “амьдрал сайхан байгаа”, өөрийн дүрээ харан баясаж суугаа хүнд сурталд баглагдсан түшмэдүүдийг, өндөр хөгжилтэй оронд дэлхийн жишигтэй боловсрол мэдлэг эзэмшсэн, өөрийгөө хөгжүүлж, өөртөө итгэлтэй болсон залуусаар солих цаг болжээ. Чухам эндээс л “их үсрэлт” “их хөгжил’ эхэлнээ.
Байшин руу чулуу шидэхийн тулд бус шударга бус явдал, хүнд сурталын хадан ханыг нураахын тулд эвлэлдэн нэгдэх хэрэгтэй байна. Энэ захидлыг үнэн сэтгэлээсээ бичсэн бол бид ерөнхий сайд С.Баяр таныг талархан дэмжихэд бэлэн байна. Бүх зүйлийн шалгуур гагцхүү цаг хугацаа байдаг билээ.

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
2008-09-20