Menu
Assign a 'primary' menu

Category Archives for "НИЙГЭМ – УЛС ТӨР"

Sep 03

Сэтгэлийн хөөрөл ба хэм хэмжээ

By gala-admin | НИЙГЭМ - УЛС ТӨР

-Найз нь өнөөдөр тун их баяртай явна. Түүнийгээ чамтай хуваалцмаар санагдаад чам дээр ирлээ.
-Түр хүлээж байгаарай. Би хурдхан нэг шил юм аваад ирье.
Ямар баяр, юу хуваалцах гэж байгааг ч сонирхолгүй, ямар нэгэн баярыг сархад ууж тэмдэглэдэг “монгол заншил”.
Авчирсан сархадаа задлан 2 хундаганд хувааж  хийсний дараа л “За яасан, ямар баярт явдал тохиолдов?” гэж асууна. Мэдээж сайхан баярт үйл явдлыг сонсоод сайн сайхан бэлэгтэй ерөөл хэлж тулган уух эхний 3 хундага.
…”Найрын 3 дугараа”  гэдэг эртний монгол хэллэгт яагаад ч юм бэ монголчуудын сархад уух хэм хэмжээг заасан юм шиг надад санагдаад байдаг юм. Магадгүй цэвэр сүүнээс гаралтай нэрмэл монгол архийг 3 дугараа уух нь монгол хүний сэтгэл санааг сэргээж, бие махбодид сайнаар нөлөөлдөг байж болох юм.  Түүнээс цаашихыг албадан шахдаггүй, үргэлжлүүлэн уухыг хүссэн нь бага багаар тааруулан ууж, уухыг хүсээгүй нь хэм хэмжээндээ тааруулан баяр хөөрөө хуваалцаад явдаг байсан байх.

Харин сэтгэлийн хөөрлөө дарж чадалгүй хэтрүүлэн ууж, агсам тавьсан нэгийг хөгжилтэй гэгчээр нойтон эсгийд боож унтуулаад сэргэсэн хойно баалж шоолон ичээдэг байсныг би бага зэрэг мэдэх юм. Монголчууд “тэнэг, бүдүүлэг” биш болохоор  хэм хэмжээг мөрдлөг болгож байсны үрээр одооных шиг ийм олон эрүүлжүүлэх байр байгуулж, хашраадаггүй байсан болов уу.
Өнөө үед хэм хэмжээнээс 3 дугараанаас цааш үргэлжлэх бусад дугараанууд л бүх зүйлийг хиртүүлж, утга учраа алдахад хүргэдэг. Эцэстээ баяр хөөрөө хуваалцаж байсан 2 анд бие биеэ танихаа болитлоо согтож, маргалдан муудалцаж, улмаар нэгнийхээ амь насыг хөнөөсөн гунигт тохиолдлын тухай бид олонтаа сонсож бас харж байсан. Маргааш нь шартаж, хиртсэн сэтгэлдээ ‘юу болоод өнгөрсөн”-ийг тааж ядахдаа бүх бурууг өөртөө бус уусан сархадандаа өгнө. Хааяа шаналж ичингүйрсэн сэтгэлээ “бүгд л адилхан ууцгаадаг шүү дээ” гэж аргадна.
Монголчууд бид алив баярыг заавал сархад ууж тэмдэглэдэг, сэтгэлийн хөөрлөө сархадаар даруулж, омог бардам, эр зоригтой болдог зуршлаасаа салах цаг болжээ.
Сэтгэлийн хөөрөл-сархад
Нэгэн зүйл: Саяын Бээжингийн олимпоос анхны алтан медалийг Н.Түвшинбаяр хүртсэн их баярыг Монгол орон даяар хэрхэн баярлан бахдаж тэмдэглэж байгааг интернетээр үзлээ. Мэдээж гадаад оронд байгаа бид ч баярлаж тэмдэглэсэн. Энэ бол туйлын их баяр бахдал, сайхан гавьяа, мундаг амжилт. Ард олны ихэнхи нь хөөрч догдолсон сэтгэлээ халамцуухан илэрхийлж байсныг ойлгож байнаа. Ердийн үед ярилцлага авах микрофоноос зугатах шахам байдаг тэд энэ өдөр харагдсан микрофон бүрийг шүүрч аван сэтгэлийн үгээ баяр талархлаа хэлж байсныг ойлгож байнаа. Энд тэндгүй Монголын алтан соёмбот далбаа намирч, баярлаж хөөрсөн хүмүүс “уухай” хашгирч, гар гараасаа барилцан “Халуун элгэн нутаг”-ийг дуулалдаж таних танихгүй хэн боловч бие биеэ тэвэрч байгааг харахад сэтгэл огшиж нүд чийгтэж байсан. Үнэхээр сайхан байлаа.
Харин төрийн 3 өндөрлөг маань ард олныхоо өмнө халамцуухан гарч ирж, хөөрч баярласан сэтгэлээ “илэн далангүй”  илэрхийлж байгаа байдлыг нэг л ойлгосонгүй. Одоо хүртэл хүмүүс талцаж, “Хөөрхий минь, хүн л юм чинь ингэж баярлалгүй яахав”,  “Нэг их сүртэй юм биш, харин ч ард олныхоо дунд, бидэнтэйгээ адилхан сайхан л байна шүү дээ”, “Ийм их баярын үед яагаад ингэж болохгүй гэж” хэмээн өмөөрч байна. Үүнийг уншиж байхдаа та ч гэсэн ингэж бодож байгааг гадарлаж байна. Монголчууд бид хоорондоо юу ч гэж  өмөөрч магтан, өөчилж муучилж болноо. Харин “төрийн “гэх тодотголтой энэ эрхмүүд энэ албан тушаалууддаа байгаа цагтаа  Энхбаяр, Баяр, Лундээжанцан биш “Монголын төр” гэж харагддаг юм даа. ” Ёс ёмбогор, төр төмбөгөр” гэж манай өвөг дээдсүүд санамсаргүй хэлээгүй байх. Тийм учраас л “монголын төр” энэ өдөр ард олныхоо өмнө халамцуухан тультраатаж, монголын далбааг булаацалдан савчуулах нь үнэхээр муухай харагдаж байлаа. Зөвхөн би ч биш гадаад ертөнц ч тэднийг “Монголын төр”  гэж хардаг юм. Ямар ч их баяр хөөрөө монголын ард түмэн төртэйгээ хамтдаа сархад ууж халамцуухан тэмдэглэдэг юм гэж тэд ойлговол яах вэ?  Хэн нэгэн “согтуу монгол” гэж биднийг доромжилбол уурандаа цохиод унагаж арай болохгүй байх.
Үүний төлөө энэ эрхмүүд ард түмнээсээ уучлал гуйвал ёс суртахуунд  ч нэр төрд ч цаашдын монгол төрийн хэм хэмжээнд ч зөв алхам болох санж.

Нэгэн зүйл: Олимпоос хос алтан медаль, хос мөнгөн медаль хүртсэн тамирчдын маань сэтгэлийн хөөрөл өнөө хир дарагдаагүй л байгаа байх. Ард иргэд тэдэнд үнэхээр баярлаж бахадсан сэтгэлээ “албархалгүй” илэрхийлж, төр засаг бусад байгууллагууд шагнал урамшуулал, бэлэг, дэмжлэгээ харамлалгүй хайрлалаа. Одоо тэднийг шагшин магтаж, алдаршуулан алдрын титэм өмсгөх “сарын аян’ таньдаг болон шинээр танилцаж байгаа хүмүүсийн дунд өрнөж байгааг гадарлаж байна.
-“Чи бол монголын төдийгүй энэ ертөнцийн од сар нар”, ‘Чи бол дахин давтагдашгүй гайхамшиг”, “Аугаа суу билэгтэн” гэхчилэн толгой эргэм магтаалд бүү үнэмшээрэй. Та нартай адилхан хэдэн сая хүмүүс энэ ертөнц дээр байгаа. Та нар тэдний л адил авьяаслаг хөдөлмөрч хүмүүс.
-Аль нэгэн компаний болон намын бэлэг тэмдэг болж УИХ болон ерөнхийлөгчийн сонгуульд бүү нэр дэвшээрэй. Та нарын хамгийн сайн хийж их амжилт гаргаж чадах зүйл чинь зөвхөн их спорт шүү. Тэд та нарыг улаан туг мэт урдаа дэврүүлж өөрсдийн нэрийн хуудас болгон ашиглахыг хүсч байгаа.
-Хөөрсөн сэтгэлээ сархадаар бүү даруулаарай. Сэтгэл болон хувь заяа тань ‘хиртдэг” юм шүү. “Урьд бид ямар байлаа, Уучих” гэсэн хундаганы тулгалтад ‘Одоо бид шинэ монголын эхлэл болсон” гэж хариулаарай.  Аав ээжийн чинь сэтгэл шаналж, ‘эвдрэх бий”  гэж айж байгаа. Түүнийг анзаараарай. Бүү эвдрэгтүн. Та нар бол монгол хүний үнэлэмжийн эхлэл, хэм хэмжээний илэрхийлэл юм шүү.
Тийм ээ! Монголчууд бид сэтгэлийн хөөрлөө илэрхийлж чаддаг болсон нь сайн хэрэг. Харин сэтгэлийн хөөрлөө сархадаар даруулан дэвэргэдгээ больчихвол бидэнд тун хэрэгтэй сэн. Өнгөрсөн 7 сарын 1-ний үймээн үүний тод илрэл. Заавал уух хэрэгтэй бол бидний хэм хэмжээ 3 дугараа. Үүнээс цааших нь бидэнд зохих ч үгүй. Хэрэв уухыг хүсээд байгаа бол ядаж л тааруулж ууж сурвал өөрт тань төдийгүй монгол орны ирээдүй хойч үед хэрэг болно доо.
Сэтгэлийн хөөрөл-хэм хэмжээ

Хүн өөрийн гэр орондоо ганцаараа байгаа үедээ юу дуртайгаа хийж болно. Бусдын өмнө бол өөр хэрэг. Бусдын ашиг сонирхолд саад болохгүй, тэдэнд төвөгтэй байдал учруулахгүйн тулд ямарч хүн тодорхой хэм хэмжээнд захирагддаг. Иргэд төдийгүй, төрийн өндөр албан тушаалтнууд болон төрийн үйлчилгээний ажилтнууд ч ялгаагүй. Эрх чөлөөгөө эдэлж байна гээд гудамжаар бусдын өмнө чармаа нүцгэн явдаггүйтэй адил, бусдын өмнө биеэ авч явах байдал болон өөрийн бодол санаагаа илэрхийлэхдээ ч тодорхой хэм хэмжээг баримталдаг.
Нэгэн зүйл: Саяын Бээжингийн олимпийн наадмын явцыг Монголын хэвлэл мэдээллийн албаныхан үнэхээр сайхан үзүүллээ. Одоо нийтийн дунд түгээд байгаа “илүү, илүү” гэдэг онигоо маягийн хэллэгээс үүдээд монголд өнөөдөр мэргэжлийн түвшинд ажиллах спортын сэтгүүлчид үгүйлэгдэж байна. Үйтүмэн үнэхээр сайн тамирчин, сайн ч зохион байгуулагч. Тэмцээн тайлбарлаж байх явцдаа өөрийн сэтгэлийн хөөрлөө барьж чадалгүй тайлбарлахаа умартаж байсан нь бусдад “өхөөрдөм” харагдаж байсан ч нөгөө л хэм хэмжээгээ алдагдуулж орхисон.  Америкийн спортын сувгуудаар олимпийн наадмыг тайлбарлаж байсан нэвтрүүлэгчид ямар ч үед сэтгэл хөөрсөн үзэгч болон тамирчдын хооронд сэтгэхүйн гүүр болж өөрийн ажлаа чадварлаг гүйцэтгэж байсан нь миний бахархлыг төрүүлсэн. Монгол орны эв нэгдэл мандан бадралд их түлхэц өгсөн спортын төрлүүдэд мэргэшсэн сэтгүүлч бэлтгэх нь цаашид тамирчдын амжилтад сайнаар нөлөөлөх болноо.
Нэгэн зүйл: Саяхан Улаанбаатар хотод болж өнгөрсөн Японы сумо бөхийн үзүүлэх тоглолтод манай төрийн 3 өндөрлөг оролцож, ерөнхийлөгч маань сүүлийн өдөр цом гардуулах гэж арай гэж эхлэж байгаа УИХ-ын чуулганд оролцогсдыг хүлээлгэсэн тухай мэдээлэл бас л нэгийг бодогдуулж байлаа. Сүүлийн жилүүдэд арлын Японы үндэсний спорт болох сумо бөхийн төрөлд Монголын гайхамшигт олон хөвүүд ид хаваа гайхуулах болсон нь монголчуудад ойртуулж, сонирхлыг татах болсон. Харин энэхүү спортыг монгол төрийн хэмжээнд ингэтлээ анхаарал хандуулж хүндэтгэл үзүүлж байх нь хэр зохимжтой юм бол. Тэр тусмаа манай гайхамшигт үндэсний бөхөд талцаан үүсэж хөгжил нь зогсонги байдалд ороод байгаа энэ үед.
Ер нь сүүлийн үед алив арга хэмжээнд төрийн 3 өндөрлөг маань 3-уулаа хөтлөлцөж очиж оролцоод байх нь элбэг болжээ. Одоо хошин шогийн тоглолтыг төрийн 3 өндөрлөг  3-уул үзэж ард түмнээ баярлуулав гэвэл би нэг их гайхахгүй болох нээ. Ямар ч арга хэмжээнд тухайн орны төрийн тэргүүнүүд хамтдаа оролцохыг зөвшөөрдөггүй нь болзошгүй муу тохиолдолд улс орны удирдлага эзэнгүйдэхээс сэргийлсэн байдаг гэж сонссон. Энэ л монгол төрийн хэм хэмжээ алдагдаад байх шиг.
Тийм ээ! Монголчууд бид урагшлан хөгжихийн тулд ард иргэд нь ч төр засаг нь ч хэм хэмжээгээ баримтлах цаг болжээ. Нэгэн зохиолчийн хэлснээр энэ цаг дор ‘шувуу нь хүртэл буруу дэвээд ” байх шиг.

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
2008-09-03

Jul 08

Бухимдал ба чулуу

By gala-admin | НИЙГЭМ - УЛС ТӨР

  Эхлэл
  Одоогоос яг 18 жилийн өмнө Монгол оронд тайван замаар ардчилсан хувьсгал ялж, ард иргэдийн нүд нээгдэж, эрх чөлөө гэдгийг жинхэнэ ёсоор мэдэрч, ирээдүйгээ сайн сайхнаар төсөөлж асан тэр цагт хорвоод мэндэлж асан хувь заяат хүү, хэдхэн хоногийн өмнө болж өнгөрсөн үймээний үеэр МАХН-ын байр руу чулуу шидсэн хэргээр баривчлагдан хоригджээ. Дэнжийн 1000 хэмээн нэрт газар байрлах Албадан Саатуулах байрны гадаа 18 настай хүүгээ эрж хайн тэвдсэн эх “Би өөрийн хүүгээ амьд мэнд, эрүүл саруул олж авна гэсэн баталгаа хаана байна. Арай ч дээ? ” гэж уйлан бухимдана. Ардчилалын ач тусаар хүчирхийлэл, луйвар залилан, шударга бус үйлдэл гэдгийг төсөөлөх ч үгүй байх учиртай 18 настай хүү хүчирхийллийн дуулган дор, төрийн төмөр нүүрний өмнө, хорих газар хоёр гараа ар шилэндээ авч, газар тонгойн сууна.
Энэ эх үүнийг хүсээ гэж үү? Та бид ч үүнийг хүссэн гэж үү? Үүний төлөө Ардчилсан хувьсгал Монгол оронд ялсан юм гэж үү? Монгол оронд Ардчилсан хувьсгал ялж ахуй тэр цагт төрж, эхийнхээ хайр халамж, энхрийлэл дор үнэгчлэн инээж асан тэр хүү өнөөдрийн жагсаал цуглаанд чулуу барин оролцох хүртэл бүтэн 18 жил өнгөрчээ. Энэ бага хугацаа гэж үү? Саяын үймээний үеэр харамсалтайгаар амь үрэгдсэн залуучууд 24-26 настай байсан гэнэ. 18 жилийн өмнө 6-8 настай байсан балчирхан хүүхдүүд өнөөдөр байхгүй болсон гээд бодохоор бидний хүсэн хүлээж байсан ардчилал хаана байна. Ардчилал маань юу болон хувирч байнаа?

Эрдэнэт хүмүүний амь, эд хөрөнгө сүйдсэн энэ үймээнийг “онц байдал”-ын зарлигаар дарж, МАХН-ын байр руу чулуу шидсэн, далимдуулан хулгай дээрэм хийсэн хүмүүсийг хайн мөшгиж байна.
Хувьсгалт намын түүхийн алтан үеийг харуулсан “Өглөө” кинон дээр их жанжин Д.Сүхбаатар сэлэм Тогмидыг буудсан хүнийг олсон уу? гэж асуугаад, “олсон” гэх хариуг сонсонгуутаа бүр ихээр уурлаж ” Биш ээ! Цаад эзнийг нь ол” гэж тушааж байгаа хэсэг байдгийг санаж байгаа байх.
Тийм ээ! яг энэчлэн чулуу шидсэн хүмүүсийг бус цаад эздийг нь олох цаг болжээ.
Нэг дэх чулуу буюу “Сонгуулийн будлиан”
 Монгол оронд ардчилсан хэмээх нэртэй 4 сонгууль энэ 18 жилийн дотор болж өнгөрчээ. 1992, 2000 онд МАХН, 1996 онд  Ардчилсан холбоо эвсэл олонхи болж, 2004 онд энэ 2 нам адил тэнцүү суудал авч хариуцлагаа хуваасан. Сонгууль бүрийн дараа ёс юм шиг л сонгууль будлиантай болсон гэх маргаан дэгдэх авч, энэ хугацаанд хэн ч нотлогдож, хариуцлага хүлээж  үзсэнгүй. Эцэс сүүлдээ “чоно үүрэндээ өлзийтэй” гэдэгчлэн 2 нам хоорондоо тохиролцон шударга ёсыг уландаа гишгэлэн, ард олны сонголтыг тохуурхан, арилжих болсон. Ердөө л ил цагаан. 2004 оны сонгуулиар Баянзүрх дүүрэгт Лу. Гантөмөрийн оронд Ж. Гүррагчааг гаргаж, Өвөрхангайн тойрогт З. Энхболдыг гаргаж өрслдөгч Сугарыг нь Төрийн өмчийн хороон даргаар томилж байв. Үүнийг ард түмний сонголт гэх үү?
2005 оны ерөнхийлөгчийн сонгуулийн дараа болсон нөхөн сонгуульд МАХН-ын дарга байсан М. Энхболдыг гаргахын тулд Ц. Элбэгдорж нэрээ татан өрсөлдөгчгүй шахам УИХ -д сонгуулсан нь бас ард түмний сонголт байсан уу?
Мөнгө, хуйвалдаанаар сонгууль явуулж амташсан эрхмүүд сая 2008 оны сонгуульд бүгд л хууль зөрчиж, будлиан тарьсан нь нууц биш. Сонгуулийн өмнө сонгууль будлиантай болно гэж таамаглаад ч, сонгуулийн үеэр будлиантай болж байна гэж заргалдаад ч, сонгуулийн дараа будлиантай болсноо зөвшөөрөн зөвшилцөөд сууж байгаагаа юу гэж тайлбарлах вэ? Шударга сонгууль шударга өрсөлдөөн хаачаа вэ?
Арай илүү мөнгө хаяж, илүү луйвар хийсэн нь дийлэнхи гарсан байх. Адаг сүүлд нь хулгайч нь хулгайчийг бариарай гэж хашгирдаг үлгэртэй төстэй юм болж байна даа.
Саяхан Даяар Монгол цахим хуудсан дээр хэн нэгэн энэ сонгуулийг хэрхэн луйвардаж явуулсан тухай баримт дэлгэснийг уншлаа. Хэрэв энэ үнэн бол ард түмний сонголтыг будлиантуулах арга нь сонгуулиас сонгуульд бараг ш/у-ны хэмжээнд хүртлээ хөгжсөн юм биш үү? Сонгуульд ялж ялагдаж сурахдаа биш сонгуулиа жинхэнэ шударгаар явуулж, ард олны сонголтыг хүндэтгэж сурах нь юу юунаас чухал болжээ.
Ард түмний сонголт гэж худлаа хошгируулаад хэрэггүй. Сонгуулийг жинхэнэ ёсоор шударга явуулж чадаагүй нөхцөлд энэ чулуу шидэгдсээр байх болно.
Бидэнд өөрийн хүссэн сонголтоо хийх боломжийг нь элдэв заль луйваргүйгээр олгоод өгчих. Өөр юу ч хэрэггүй.
Хоёр дахь чулуу буюу “Ам ажлын зөрөө”
 2000 оны сонгуулиас эхлээд амлалтын хөтөлбөр бий болсон. Энэ үеэс л нийгмийн өмнө тулгарч байгаа элдэв асуудал бэрхшээлийг шийдэх, шударга ёсыг тогтооно гэхээсээ илүүтэй “Хэрэв ч намайг сонговол би чамд мөнгө өгнө” гэсэн тоглоомын дүрэм бий болж мөрдөгдөж эхэллээ. Энэ тоглоомын дүрмээр 2004 оны 10.000 төгрөг 2008 онд 1.500.000 төгрөг болтлоо ханш нь өслөө. Улс төрийг дуудлага худалдаа болгодог сонгодог жишээ үүнээс өөр хаана байх бол. Хэний мөнгийг хэнд өгөх гээд байгаа нь бас л сонин. Улс төрийн намууд иргэддээ зүгээр л мөнгө тарааж байдаг  буяны байгууллага болж харагдах гээд өрсөлдөөд байх ямар хэрэг байгаа юм бол. Иргэн бүртээ зүгээр тараах гээд байгаа 1.5 сая төгрөгийг дагаад бүх юмны үнэ солиортлоо өсч, ширхэг талхаа 2500 төгрөгөөр худалдан авч, хүүхдийнхээ сургалтын төлбөрт 2-3 сая төгрөг төлөхгүй гэх баталгаа хаана байна? Бензиний үнэ хэдэн зуун төгрөгөөр нэмэгдэх төдийд бүх юмны үнэ хэд дахин өсдөг өнөөгийн нөхцөлд иргэдийн орлого нь 1.5 сая төгрөгөөр нэмэгдэхэд бусад юмны үнэ нэмэгдэхгүй гэх баталгааг хэн ч гаргаж өгөхгүй бас хэн ч сонирхохгүй байгаа нь үнэхээр гайхалтай.
Хүн болгонд өгөх гээд байгаа 1.5 сая төгрөгөөр шийдэж болох олон асуудлууд шилээ даран хүлээж байна. Наад зах нь бүх сургуулиа орчин үеийн жишигт хүргэж,  Америкийнх шиг сурагчид зөөдөг тусгай автобустай болгож, хамгийн сүүлийн үеийн тоноглолтой эмчилгээ оношлогооны төв байгуулж, гэр хорооллын тохижилт ариун цэврийн асуудлуудыг шийдэхэд зарцуулья гэхэд дургүйцэх хүн хэр олон гарах бол.
Өнөөгийн УИХ-д олонхи болох улайрсан өрсөлдөөний үндэс нь Монгол орон дахь ашигт малтмалын ордын ашиглалтын ашгийг хуваарлах эрх мэдлийн төлөөх тэмцэл байж болзошгүй гэсэн нэгэн иргэний хардлагатай миний бие санал нийлж байна.
Тийм ч болоод ийм эрээ цээргүй амлалтаар ард түмний тархийг угааж байж болох юм. Уг нь ард түмний сайн сайхны төлөө хийх шаардлагатай олон олон ажлууд байсаар байна.
Гурав дахь чулуу буюу “хуваарилалт нь шог байна”
Социализмын материал техникийн баазыг барьж байгуулах явцдаа МАХН иргэдийг баян чинээлэг амьдрахыг эрс эсэргүүцэн хатуу хяналт тавьж байлаа, “Иргэн баян бол улс баян ” гэсэн үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө МАХН-ыг үүсгэн байгуулагч С. Данзан буудуулсан юм даа. Энэ тохиргоогоор 1990 он хүртэл Монгол оронд үе залгамжилсан, удам дамжсан баян хүн байгаагүй. 1990 оноос хойш өмч хувьчлал, э/з-ийн бусад олон нааштай арга хэмжээний үр дүнд бага сага баяжиж эхэлсэн. Гэтэл нэг хэсэг нь 18 жилийн дотор асар ихээр баяжиж, хэдэн тэрбүмын хөрөнгөтэй болж, гадаадын казинод хэдэн тэрбүмаар тоглож, бас тансаглаж эхэллээ. Ийм богино хугацааны дотор ингэж баяжсан үзүүлэлтээрээ зарим эрхмүүд  Гиннесийн номонд  ч орохоор болж буй. Дээр хэлсэнчлэн өв залгамжилж, удам дамжсан хөрөнгө чинээ байхгүй байсан болохоор эдгээр эрхмүүд социалист Монгол орны хөрөнгийг өвлөж авсан байж таарч байна.
2,6-хан сая хүн ам, ийм том орны баялгийг ингэж хуваасныг харахдаа л “хуваарилалт нь шог байна”  хэмээн ундууцаж байгаа хэрэг шүү дээ. Нэг хэсгийнхээ туйлын ядуу зүдүү байдлыг харахдаа тэд санаа зовдоггүй л юм байх даа. Үгүй ядахнаа Монгол орондоо дуртай ажлаа хийж хүссэн цалингаа авч тайван амьдрах боломжгүйдээ нилээд хэсэг нь гадаадад гарч хар ажил хийн амьдарч буй.
Энэ 18 жилд ард иргэдээ ажилд сургаж, ажил хөдөлмөрийн амтыг мэдрүүлж, оюуны чадвар, авьяас билгийг нь үнэлж, Монгол хүний үнэлэмжийг бий болгох боломж байж л байсан шүү дээ. Эхнээс нь хүн рүүгээ хандсан бодлого боловсруулж, тэдэндээ боломж олгоогүй мөртлөө Монголчууд бол туйлын залхуу хүмүүс гэж сурталчлаад сууж байгаа нь юуных вэ?
Гадаадад ажиллаж үзсэн хүн бүр л 2.6-хан сая хүнээ ингэж амьдруулж байх ч гэж дээ гэж төр баригчдад  “хорсож” биш “гомдож” халагладаг. 2.6 сая хүн жилдээ хэдэн тн мах, гурил, будаа, хүнсний ногоо, бусад бүтээгдэхүүн хэрэглэж, хэдэн тн шатахуун зарцуулдгийг тооцож гаргаад, үүнийг яаж шийдэж болохыг ард түмэнтэйгээ хамтдаа эрж олох ухаантан өнөө хэр төрөөгүй л байна.
Хувалз биш дээ хагартлаа баяжиж яах гэсэн юм бол тэд.
Дөрөв дэх чулуу буюу  ” шударга бай л даа”
Монголд өнөөдөр иргэдийг хамгийн ихээр бухимдуулж байгаа зүйл нь хуулийн ялгавартай үйлчилгээ. Уг нь тэнгэрийн дор төрж, хуулийн дор амьдар гэсэн лүндэнтэй их хаадын удам угсаа энэ цаг дор хуулийг уландаа гишгэж бас өөрсдийн эрх ашигтаа нийцүүлэн өөрчилж байгаад хүмүүс хамгаас ихээр бухимдаж буй. Улсын болон ард түмний хэдэн тэрбүм төгрөгийг үрэн таран хийсэн эрхэм, амьдрахын эрхээр хэдэн төгрөг хулгайлсан этгээд 2-ыг адилтгаж болно гэж үү?
Хууль зөрчиж, улсын хөрөнгө мөнгийг завшсан хэмээн буруутгагдаж байсан олон ч эрхмийн асуудал чимээ шуугиангүй замхарч зарим нэг нь өнөөдөр УИХ-ын гишүүнээр сонгогдоод явж байхад олон нийт баярлаж талархан хүлээж авч байна гэж бодоод байгаа юм биш байгаа. Өөрсдийн хариуцлагагүйгээс  хичнээн олон эрдэнэт хүний амь насыг сүйтгэчихээд хэн нь хариуцлага хүлээхгүйгээр барахгүй өнөө л эрх мэдэл албан тушаалын хойноос явж байгааг эх орныхоо төлөөх эрхэм сэтгэл гэж тайлбарлаж арай болохгүй байх. Гэсэн атлаа алдаа онооны дэнсэн дээр яваа жирийн иргэддээ төрийн төмөр нүүрийг хар харамгүй үзүүлж байх.
Чи хэн байхаас хамаарахгүй хуулийн өмнө бүгд тэгш байхыг л энэ олон иргэд хүсч буй. Чи мөнгөтэй бас царайлаг хөөрхөн байхаас хамаарахгүй буруу зүйл хийсэн, хууль зөрчсөн л бол зохих шийтгэлээ авдаг түүнээс нь ард иргэд болох болохгүйн ухаарал авдаг байх учиртай. Хэрэв чи хууль бус аргаар луйвраар баяжсан бол хэзээ хойно ч энэ бүхэн нотлогдох аваас энэ бүхнийг шууд хурааж авч чи буруу үйлээ өөрөө үүрч байх тэр л шударга хуулийг хүмүүс хүсч байна.
Та нар ядаж хүн чанарынхаа хувьд ч тэр ” шударга бай л даа”.
Өнөөдөр Монголын иргэн бүрийн туйлын хүслэн нь  мөнгө биш зөвхөн шударга ёс юм шүү. Энэ бол мөнгөнөөс үнэтэй зүйл. Ардчилалын хамгийн үнэт зүйл. Хүн бүр өөрийн боломж хүсэл бас чадлаараа тайван амьдрахыг хүсч байна. Бас өөрийн эх орондоо элэг бүтэн амьдрахыг хүсч байна.
 

Тав дахь чулуу буюу “сайн удирдагчийн эрэлд”
Саяын маргаантай гэгдээд байгаа сонгуулийн дүнг миний хувьд МАХН гэхээсээ илүү С.Баяртай холбож ойлгож байна. Нийгэм даяараа энэ олон жилийн хошгируулалтаас үнэхээр залхаж байгаа. Тэд жаахан ч атугай шударга өөрчлөлт хийгдээсэй гэж хүсч, хийж магадгүй гэж горьдсон хүнийхээ төлөө саналаа өгсөн байх. С. Баяр болон МАХН-ын хувьд энэ бол эцсийн боломж. Орших эс оршихуйн төлөөх сонголт. Би ч энэ хүнийг мэдэхгүй. Гэхдээ юу юунаас илүү шударга байдлыг тогтоогоод өгөөсэй гэж туйлаас хүсч байна. Бусад лидер гэгдээд байгаа хүмүүсийн хувьд энэ олон жил нүдээ чилтэл харуулдаад хүссэн үр дүнгээ олж харсангүй. Зарим нь бараг 16 жил парламентэд суулаа. Олон нийтийн хүсэн хүлээж байсан шударга ёсны төлөө хэн ч тэмцсэнгүй. Зарим нь хэдэнтээ төр барьж үзлээ. Сайн сайхан юу ч авчирсангүй. Эцсийн эцэст Монгол орон тодорхой хэсэг бүлэглэлүүдийн ашиг сонирхлын золиос болох аюулын ирмэг дээр ирж байна. Тэд цөмөөрөө хоцрогджээ. Гэсэн атлаа шинэ чадалтай залуучуудад боломж олгон тэднийг гаргаж ирэхгүй бас хүсэхгүй байна. Монгол орны хөгжилд өндөр боловсрол ухамсартай  зөв сэтгэлтэй залуучууд үгүйлэгдэж байна.
Монголын парламент үнэхээр цус ойртож, тэнхэл нь барагдаж эхэлжээ. Ард түмэн шинэ хүчтэй удирдагчдыг хүсч байна.
Төгсгөл
Энэ бичлэгээрээ би хэн нэгнийг харааж зүхэж буруутгах гэсэнгүй. Монголчууд бид хангалттай талцаж бие биеэ харааж зүхлээ. Хүмүүс асар ихээр бухимдаж түүнийгээ янз бүрээр илэрхийлж байна. Өөрийн өчүүхэн бодлоор үндсийг нь гаргах гэж хичээлээ. Энэ үймээнд хэн нэгэн эсвэл аль нэгэн нам эвсэл хэрхэн зохион байгуулсан нь хараахан нотлогдоогүй байна. Энэ асуудлууд хууль журмаараа шийдэгдэнэ байх.
Олон олон жил хуримтлагдаж асан ард иргэдийн бухимдал юу юунаас илүү нөлөөлсөн гэдэгт би итгэж байна. Харин Ардчилсан хувьсгал ялж байсан тэр сайхан цаг мөчүүдэд төрж байсан тэр сайхан залуучуудыг бүү буруутгаж бүү шийтгээсэй гэж би хүсч байна. Ардчилалын жинхэнэ үнэ цэнийг амсч чадаагүй тэдний өмнө бид буруутай. 18 жил аялдан дагалдаж тэвчин хүлээж, хуурамчаар инээмсэглэн зусардаж байсан бид өөрсдөө буруутай. Ам амандаа шивнэж, нууцxан шүүмжилж, түүнийгээ ил гарган хэлж бас тэмцэж чаддаггүй байсан бид буруутай. Хэсэг бүлэг хүмүүсийн буруу муу үйлийг үнэн зөв болтол нь зусардаж тэдэнд ийм боломж олгосон бид буруутай.
Энэ талаар өөрийн бодлоо гаргаж бичсэн хичнээн хүнийг харааж зүхэж доромжилж байгааг бид уншиж байна. Үнэнийг хэлэхэд бидний хүсч байсан ардчиллаас өнөөг хүртэл хэрэгжиж байгаа цорын ганц үнэ цэнэтэй зүйл нь Монгол улсын иргэн хүн өөрийн бодол санаагаа илэрхийлж хэвлэн нийтлүүлэх эрх юм шүү. Үүнийг хуулиар ч хэл амаар ч бас чулуугаар ч хориглож болдоггүй юм.
Олон олон эрүүл саруулаар сэтгэж байгаа Монголчууд “ЭВТЭЙ БАЙХДАА ХҮЧТЭЙ” гэж сануулж байна. Энхбаярын, Баярын, Элбэгдоржийн тал гэж байхгүй. Монгол орны эрх ашиг, хувь заяа бас ирээдүй гэж бий. Эвтэй байна гэдэг нь шударга бус явдлыг тэвчээд эсвэл зохицоод байна гэсэн үг хараахан бишээ. Бид цөөхүүлээ  Дэлхийн талыг эзэлж явахдаа их эзэн Чингис хаан Монгол цэргийн амь үрэгдэхэд туйлаас уурсан хилэгнэдэг байсан гэдэг. Мөнх тэнгэрийн хөх толботой Монгол хүний амь бүү хэл дусал цус нь ч үнэтэй.
Дээрээс их холоос шидэгдэж байгаа чулууг болиулах цаг болжээ.
Монгол төрийн сүлд өршөөг!

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах

Jun 14

“Эх оронсог” хүмүүс

By gala-admin | НИЙГЭМ - УЛС ТӨР

Гэсэн атлаа харах нүдэнд нь харагдсаар ширгэж бохирдож  байгаа хатан Туул болон олон гол ус, огтлоод зүсээд, шатаж бас хөгшрөөд дуусч буй ой модод, өдрөөс өдөрт хуурайшин цөлжиж, хүн амьдрах аргагүй болж байгаа хөрс, ургамал, ховордож устаж үгүй болж байгаа тарвага, хэрэмнээс өгсүүлээд олон амьтдын тухайд тэд үл дуугарна.
Эх орон гэдэг уул ус, ургамал амьтан, хөрс шороо, түүний ил далд орших олон баялгаас бүрддэг. Хөвхөн алт, зэс гэж тэмцээд байгаа “эх орончдын” нэг гарт нь улаан туг дэрвэлзэж, нөгөө гараараа “мөнгө” хайн тэмтчинэ. Цогт эх оронч дүрний ард, түмэн олны дэмжлэгийн ачаар бусдыг дарамтлан их мөнгө салган баяжих гэсэн шунал мэдрэгддэг. Тэд үгүй ядахнаа тохилог сууц, унах машин, хүүхдийн сургалтын төлбөр мөрөөднө. Тэдний нүдэнд ширгэж буй гол ус, дуусч буй ой мод, ховордож буй амьтан ургамал өртөхгүй байхыг бодоход эх оронч сэтгэлд бас ялгаа зааг байдал бололтой. Алив хүнд ашигтай байдаг болохоор нь “ашигт малтмал” гэж нэрлэгдсэн уул уурхайн салбарт тэмцэл хийх нь илүү ашигтай байдаг юм болов уу?
-Тэд Монгол орныг хөгжихгүй байна хэмээн шүүмжлэн, “хэрэв надад боломж олговол, бүхнийг өөрчилж чадна” гэж бусдын тэнэг сэтгэлгүйг гайхан, өөрийгөө “үндэсний баатар”, ард түмний заяагаар төрсөн “үлгэрийн баатар” мэтээр сурталчилна.

Энэ 6-р сарын 29 нд Монголд сонгууль болно. Бараг бүх ажил зогсож, хүмүүс гагцхүү сонгуулиар амьсгална. Цагийн механизм шиг явагдаж байх учиртай төрийн болон албаны бүх ажил “гацаж, бүгд л ажлаа хойш тавин “сонгуулийн дараа” гэж амандаа шивнэн юуг ч юм сэтгэл догдлон хүлээнэ. Юу хүлээгээд байгаагаа өөрөө ч мэдэхгүй хирнээ сонгуулийн сурталчилгаанд сэтгэл нь хөвсөлзөж, хөөрч догдолно.Сонгуулийн маргаашнаас бүх юм өөрчлөгдөж, бүх зүйл сайн сайхан болох юм шиг санагдан хөөрцөглөх. Нэр дэвшигч хэн гуайн хэлж ярьж байгаа бүхэн худлаа гэдгийг хичнээн сонгууль үзэж өнгөрүүлсний хувьд мэдэхийн дээдээр мэдэж байгаа хирнээ итгэж, дэмжиж байгаа дүр үзүүлнэ. Харин харц нь чихэр горьдсон жаахан хүүхэд шиг гарыг ньдагуулан харж, нүд рүү нь инээмсэглэнэ. Сурталчилгааны дараа өгсөн жаахан зүйлийг нь өвөртлөн гэрийн зүг алхлах аж.
Талцаж хийрхсэн, театрчилсан жүжиг шиг болтлоо хөгжсөн ийм сонгууль монголоос миньөөр хаана болдог юм бол. Нэр дэвшигч хэн нэгэн эгээ л улсын наадмын 5-ын даваанд найраагаар начин хийчихээд наадамчин олон руу хишгийн боорцог цацлан таахалзтал алхах бөх шиг ид хаваа гайхуулах аж.
Монгол орны хөгжлийн түлхүүрийг гартаа атгасан, цогт хувьсгалч, эх оронч тэднийг түмэн олон хайрлаж биширсэн, итгэж найдсан харцаар ширтэцгээнэ. Өөр юуны ч төлөө биш гагцхүү “эх орны” төлөө цохилох, тэдний эх оронч гал халуун, час улаан зүрхний цохилт хурсан олонд тодоос тод сонсогдов.

      “Эх оронч” хүн
  Энэ үгийг сонсохоор яагаад ч юм бэ, харь дайсны гарт алтан амиа алдсан цогт хувьсгалч бүсгүй, ид шидтэн гэмээр 5 жилд 10 жилийн ажил хийдэг, зураг нь хүндэт самбраас салдаггүй тэргүүний ажилчин залуу, хурлын индрээс цогт дайчин үгс цуурайтуулж, эх орондоо хайртайгаа илэрхийлэн хэнхдэг цээжээ балбах хэн нэгний дүр санаанд буугаад байдаг юм. Хэдэн зуун хүнийг аюулт өвчнөөс салгасан ачит эмчид бус, нэгдлийн хэдэн зуун хонийг шуурганаас аварсан малчинд хөшөө босгон алдаршуулдаг “үзэл суртал” гэгч иргэн хүнийг эх орноос ньсалгаж, “эх оронч” сэтгэлийг өөрөөсөө бус өрөөл бусдаас олж харан, тэдэнд талархан бахархаж байдаг сэтгэцэд сургажээ. “Эх оронч” хүн гэж хэн бэ?
-Тэд Монгол орны баялаг нийт ард түмнийх байх ёстой гэж тунхаглан, гадаадын хөрөнгө оруулалттай уул уурхайн компаниудтай тэмцэнэ. Хуулийн дагуу гэрээ хийж хөрөнгөө оруулан, уурхай байгуулан, эрсдэлээ давж, олборлолтоо явуулаад эхэлмэгц алт зэсийг нь булаалцалдаад эхэлнэ. Эх орныг минь сүйрүүлж, ард биднийг шулан мөлжиж байна гэж цээжээ дэлдэн, матрын нулимс унаган ард иргэдийг тэмцэлд уриулан дуудна. Чухамдаа буруу нь тэдэнд бус хуулийн цоорхойд байгааг олж харахыг ч хүсэхгүй.
Гэсэн атлаа харах нүдэнд нь харагдсаар ширгэж бохирдож  байгаа хатан Туул болон олон гол ус, огтлоод зүсээд, шатаж бас хөгшрөөд дуусч буй ой модод, өдрөөс өдөрт хуурайшин цөлжиж, хүн амьдрах аргагүй болж байгаа хөрс, ургамал, ховордож устаж үгүй болж байгаа тарвага, хэрэмнээс өгсүүлээд олон амьтдын тухайд тэд үл дуугарна.
Эх орон гэдэг уул ус, ургамал амьтан, хөрс шороо, түүний ил далд орших олон баялгаас бүрддэг. Хөвхөн алт, зэс гэж тэмцээд байгаа “эх орончдын” нэг гарт нь улаан туг дэрвэлзэж, нөгөө гараараа “мөнгө” хайн тэмтчинэ. Цогт эх оронч дүрний ард, түмэн олны дэмжлэгийн ачаар бусдыг дарамтлан их мөнгө салган баяжих гэсэн шунал мэдрэгддэг. Тэд үгүй ядахнаа тохилог сууц, унах машин, хүүхдийн сургалтын төлбөр мөрөөднө. Тэдний нүдэнд ширгэж буй гол ус, дуусч буй ой мод, ховордож буй амьтан ургамал өртөхгүй байхыг бодоход эх оронч сэтгэлд бас ялгаа зааг байдал бололтой. Алив хүнд ашигтай байдаг болохоор нь “ашигт малтмал” гэж нэрлэгдсэн уул уурхайн салбарт тэмцэл хийх нь илүү ашигтай байдаг юм болов уу?
-Тэд Монгол орныг хөгжихгүй байна хэмээн шүүмжлэн, “хэрэв надад боломж олговол, бүхнийг өөрчилж чадна” гэж бусдын тэнэг сэтгэлгүйг гайхан, өөрийгөө “үндэсний баатар”, ард түмний заяагаар төрсөн “үлгэрийн баатар” мэтээр сурталчилна.

Тэд их хурлын гишүүн, засгийн газрын болмогцоо шал өөр дүрд хувирч бүхнийг ор тас мартан, олдсон боломжийг ашиглан баяжихийн төлөө ичгүүр сонжуургүйгээр авирлацгаах аж. Тэд зүтгэж байж салбар хариуцсан сайд болмогцоо, ард түмний эрүүл мэнд, үр хүүхдийн боловсрол, эрчим хүч дэд бүтэц, уул уурхай, хууль зүйг сайжруулах үүргээ умартан, ах дүү, амраг садан, анд нөхдийн хамт ашиглаж болох боломж, завшиж болох хөрөнгө, мөнгөний төлөө бусдыг дарамтлан эрээ цээргүй авирлана. Юм үзээгүй аятай эрх мэдэл, мөнгө,хүүль журмын цоорхойг ашиглахын төлөө, “эх оронч” өмсгөлөө тайлж хаячихаад, хагас нүцгэн, уранхай цоорхой, бохир муухай бүхнээ харуулан ичгүүр сонжуургүй дайрна.
Эцэс сүүлд нь шүүх, авлгалтай тэмцэх газарт харилцан заргалдаж, өрөөл бусадтай барьцан өөрийгөө өмгөөлөх. Хуурай хуулийн цоорхойгоор ял зэмгүй өнгөрчихөөд яг л үнэг шиг өөр газарт олз хайн, сайхан сүүлээ шарвалзуулан шогшино.
-Тэд нам эвсэл, хөдөлгөөн байгуулж, хөтөлбөр хэмээх, уран цэцэн үгтэй үлгэрээр ард иргэдийн тархийг угаана. Алаагүй баавгайн арьсыг хуваах гэж өөр хоорондоо цэцэрхэн маргах. Эгээ л бор авдраасаа гаргаад өгчих аятай мөнгө тараах гэж уралдана. Өөрсдөө гартаа хүрз барьж , атга шороо хөндөж үзээгүй атлаа, бусдын хөдөлмөрлөж, зовж шаналж, зүдэрч олсон мөнгөн дээр “эх орны хишиг”, “байгалийн хишиг” гэсэн гоё нэртэй дардас  даран бусдад зүгээр түгээхийг уриална.
Та нар минь юу ч бүү хий, зүгээр л амаа ангайгаад сууж бай, бид бүгдийг ам руу чинь хииж өгнө гэж ухуулна. Монгол орны бүх иргэдийг арчаагүй залхуу, сэтгэх чадваргүй болгочихоод, “дураараа дургиж дун чөмгөөрөө жиргэж” болно гэж бодоод байгаа юм биш байгаадаа энэ “эх орончид”.
Хогжил бол хөдөлгөөн. Зогсоо зайгүй, зав чөлөөгүй хөдөлмөрлөж, хөдөлж байж л хувь хүн төдийгүй улс орон хөгждөг бичигдээгүй хуультай.
Өөрсдөө хөдөлмөрлөхгүй зальт аргаар баяжичихаад, өрөөл бусдыг хөдөлмөрлүүлэхгүй хоосруулчихаад адаг сүүлд нь “арчаагүй чиний хохь” гэж хэлэх гээ юм болов уу манай “эх орончид”.

“Эх оронсог” хүн
-Өсөж төрсөн нутгаа бусдаар хөндүүлэхгүй гэж, онгон байгалаа гоёмсог хэвээр байлгах гэж шанална. Энд чинь өвөг дээдсийн минь шарил, “их цаазтайгаа” байгаа, амар амгалан байх учиртай гэж тэмцэнэ. Мөнгө яах вэ? цаас, энэ сайхан нутаг минь үгүй болчихвол үр хойчдоо бид юу үлдээх вэ? гэж уцаарлана.
Өсөх насандаа шумбаж цэнгэж, наадаж асан гол ус, дэгдэж догонцон харайж асан дов сондуул, цэцэгс жимсийг нь хараад л дуу алдах ой хөвч, хөлийн дороос жигнэн эрвэгнүүлэх элс, хааяа хатгаж өвтгөх өргөс чулуу, өглөө бүр нойрноос сэрээж баяр баясгалан авчрах шувуудын жиргээ, энгэр бэлээр хөөцөлдөн тоглох тарвага зурамгүйгээр Монгол орон Монгол хүнийг төсөөлж болно гэж үү.
Өндөр өндөр орон сууцны барилгууд, цардмал зам, цэцгийн мандал, чамин тансаг машинуудын сүлжилдэх чимээ, өнгө өнгөөр анивчих гэрлэн цацрагуудыг зүлгэн дээр барьж, хаяаг нь шууж хаалгыг нь дэлгэсэн монгол гэрийн тэртээд багшрах мал сүрэг, адуу янцгаах чимээ, айрагны эсгэлэн үнэр, борооны дараа тэнгэрт нумран харагдах солонготой зүйрлүүлж болно гэж үү.
Тиймд ч уул ус онгон байгаль, мал сүрэг, ургамал амьтдынхаа төлөө, хэн нэгнээс шан харамж горьдолгүйгээр зүрх сэтгэлээсээ тэмцэж байгаа тэд “эх оронсог” хүн. Ил гаргаж сурталчлаад байхгүй атлаа нутаг гэж юу байдгийг, хүн байгалийн хүйн холбоо, амьтан ургамлын зохист шүтэлцээг тэд дэндүү сайн мэддэг.  Мөнгөө аваад зайлцгаа, нутгийг миньхэвээр байлга, өөр юу ч бидэнд хэрэггүй гэж “эх оронсог” хүмүүс уцаарладаг юм даа. Монгол Монголоороо байх л сайхан.
-Харь орны хилийн шалган дээр алтан соёмбо бүхий Монгол паспортаа нүүр бардам үзүүлнэ.Хэрэв ямар нэгэн юм болж гэмээ нь өмөөрч хамгаалах эх оронтой хүн шүү гэж монгол гадаад паспорт хилийн ажилтанд сануулдаг.
Амьдралаа, мэдлэг боловсролоо дээшлүүлэх гэж харьоронд ажиллаж байгаа олон олон монголчууд эх орон гэж юу болох, тэр нь ямар их өмөг түшиг, ямар их үнэ цэнэтэй болохыг дэндүү сайн ойлгож мэдэрдэг. Хэцүү ажлаас ядарч ирээд унтаж амрах нойрондоо аав ээж, ахан дүүс, хань ижил үр хүүхэдтэйгээ эх орноо л хамтад нь зүүдэлнэ.

Хааяа нэг уулзаж ярилцахдаа эх орноо л ярина, харь газар асгарах усан бороог эх орондоо л оруулж мөрөөднө. Хатуу гандуу, бас утаатай, юмны үнэ өсч хүмүүс ядарч бухимдаж байгааг өөр хоорондоо ярилцаж шаналлаа хуваалцана. Хоёр гаран сая хүнээ ингэж зутрааж байх ч гэж эрх баригчдад гомдоно. Харь орны хөгжил цэцэглэлтийг харж мэдрэх бүрдээ “хэзээ нэгэн цагт Монгол орон минь ийм болноо гэж сэтгэлээ аргадна. Хамтдаа наадам цагаан сараа тэмдэглэхдээ “халуун элгэн нутаг” аа төрийн дуулалтайгаа хамтдаа дуулж, санаж бэтгэрсэн сэтгэлээ нулимстайгаа хамт залгилна. Төрийн соёмбот далбаагаа өрөөнийхөө хойморт дээдлэн залж, “түвшин амгалан байгаасай” гэж зүрх сэтгэдээ залбирдаг тэд “эх оронсог” хүмүүс. Тэд хэнхдэг цээжээ дэлдэн, дайчин цогт үг хэлэхгүй ч цохилох зүрхэндээ эх орноо л хайрлаж, хөгжил ирээдүйнх ньтөлөө тархи толгойдоо шалдаг юм даа.
-Шударгаар хөдөлмөрлөж, мэдлэг оюунаараа өөрийгөө төдийгүй өрөөл бусдыг ч сайн сайнаар авч яваа олон монголчууд бий. Тэд өөртөө итгэлтэй, бусдад түшигтэй, зөөлөнд зөв. бурууд хатуу хандаж чаддаг. Тэд хэзээ ч  цээжээ дэлдэж, эх оронч дүр эсгэж чаддаггүй. Хэн нэгэнд зусардаж, хэн нэгнээс авахыг хүсдэггүй. Тэдэнд хоосон магтаал. хорон шүүмжлэл ч хэрэггүй. Тэд хэнээс ч хараат бус бие даасан өөрийн зорилготой хүмүүс. Хэрэгтэй цагт хэн нэгэнд тусалж, шаардлагатай үед буяны гараа сунгаж чаддаг тэд “эх оронсог’ хүмүүс. Шударга хөдөлмөрийн үнэ цэнэ,  үнэлэмж, зовлон жаргалыг тэд дэндүү сайн мэднэ.

Төгсгөл
 Дэлхийн 2 том гүрний хооронд дэлгэсэн тэрлэг шиг харагдах энэ л газар нутаг, Монгол орныг авч үлдэх гэж аугаа их өвөг дээдсүүд минь цээжээ дэлдэж уриа хашгиралгүйгээр цусаа юүлж, ухаанаа шавхаж, алд бие ахуй амьдралаа ч золиослон байж зүтгэсэн. Монголыг Монголоор ньбайлгах гэж, байгаль дэлхий хууль цааз, ёс заншил нинжин сэтгэл., амар тайван амьдралыг хэвээр байлгах гэж тэмцэж зүтгэж байсан тэд жинхэнэ “эх оронсог” хүмүүсээ.
Эх оронч хүмүүсээ сонгох гэж Монгол орон даяараа бүхнийг умартан хийрхэж байна. Юуг ч юм сэтгэл догдлон хүлээнэ. Юуг хүлээгээд байгаагаа сайн ойлгохгүй хирнээ нэр дэвсгигчдийн цог жавхлант дүр төрх, малигар царайг бахдалтайяа ширтэж өгсөн жаахан хишгийг нь өвөртлөн гэр рүүгээ гэлдэрнэ.
Сонгуулийн маргааш нар манддагаараа мандаж, амьдрал үргэлжилдгээрээ үргэлжилнэ. Юу ч өөрчлөгдөхгүй. Сонгууль гэж хөөрч догдолсон амьсгалаа дарж, гурил будаа, шатахууны үнийн өсөлтийг мэдэрч аанай л бухимдаж эхэлнэ. Харин бухимдлыг нь наадам бага зэрэг тайтгаруулна.
Эх орончид бас зальтай хүмүүс. Тэд сонгуулийг хэзээ явуулахаа тун сайн тооцоолох юм. Сонгогч сонгогдогчид бүгд соёолон морьд шиг дүүхэлзэнэ. Морьд хурдан байх болтугай.
Харин наадмын маргааш намар жинхэнээрээ болно.

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
2008-06-14
Apr 13

Улстөр бизнес мөн үү? \үргэлжлэл\

By gala-admin | НИЙГЭМ - УЛС ТӨР

Дөрөв: Сонгууль ба хийрхэл.
Удахгүй сонгууль болох гэж байна. Улс орон даяараа зүрх нь хөөрсөх агсам морь шиг л бүх зүйлээ умартан гагцхүү сонгуулиар амьсгалан дүүхэлзэж байна. МАХН, МАН болон бусад намууд гэсэн ангиллаар Монгол улсын бүх иргэд талцан хийрхэж байна. Цөөхөн хүн амтай Монгол оронд жинхэнэ хийрхлийн сонгодог жишээ нь намын гишүүнчлэл. Аль нэгэн нам нь заавал гишүүнтэй байж, намынхаа батлахыг, сонгуульд өөрөө болон өрөөл бусдыг энэ намын төлөө саналаа өгөх хатуу даалгаврын хамтаар баяр ёслолын байдалтай гардуулан алга ташиж баярын марш эгшиглүүлнэ. Иргэн хүн ямар нэгэн төрийн бус байгууллагын гишүүн байж, батлах өвөртлөн хурал зөвлөлгөөнд нь сууж, цог жавхлантайяа алга ташиж суух хэвшлийг социализм бидэнд сургажээ. Өнөөдөр засгийн эрхийг ээлжлэн барьж байгаа МАХН болон МАН үзэл бодлын ямар ялгаатай, яг ямар үзэл санаа зорилгыг нь дэмжиж байгаа вэ? гэдэг асуултыг та өөртөө тавиад үзээрэй. Нэг нь МАХН-ын нөгөө нь МАН-ын гишүүн байж, сонгуулын саналын асуудлаас болж маргалдаж байгаа нэгэн гэр бүлийн хосуудаас, “энэ намууд танай гэр бүлийн амьдралд сайн сайхан юу өгөө вэ?” гэж асууя. Яг үнэндээ миний бие одоо ч МАХН болон МАН-ын хоорондын эрс тэрс ялгааг олж хардаггүйгээр барахгүй аль алинд нь сайн муу тал байгааг хүлээн зөвшөөрдөг. Алив асуудлын сайн муу талыг нь харьцуулахгүйгээр зөвхөн нэг талыг нь барьж туйлширдаг базаахгүй зан Монголчууд бидэнд бий.

Эхлэл…

  Гурав. УИХ-ын гишүүн болохын ашиг
Монгол улс парламентын засаглалтай болоод хилээд хэдэн жил боллоо. УИХ нь Монгол улс дахь хууль тогтоох дээд байгууллага. Тэдний гол хийх ажил нь, дээр дурьдсан үйлчлэгч болон үйлчлүүлэгчийн хоорондын харилцааг зохицуулах хууль тогтоомжийг санаачлан батлуулж, түүнийг мөрдүүлэх явдал юм. Ингээд бодохоор УИХ-ын гишүүн гэдэг, учиргүй их дурлаад, хийх гэж зүтгээд байх ажил биш байлтай. Гэтэл Монгол оронд УИХ-ын гишүүн болохын тулд, бараг л ерөнхийлөгч болохын дайтай ач холбогдол өгч, хайр харамгүй мөнгө зарцуулж, бүх л аргаа сүвэгчилж, ичгүүр сонжуургүйгээр улайран зүтгэх боллоо. Гол төлөв хуульчид, янз бүрийн салбрын бодлого боловсруулах чадвар бүхий хүмүүс сууж байвал зохилтой энэ суудалд мөнгөтэй, амбицтай хүмүүс зүтгээд байх нь, “энд нээрээ бизнесийн ашигтай нөхцөл байгаа юм болов уу?’ гэх хардлагыг төрүүлэх боллоо. Нэг нэсэг хүмүүс өөрийн амьдрал болон хувийн бизнесээ өргөжүүлэн сайжруулах гэсэн зорилгоор энэ суудлын төлөө зүтгэдэг юм биш байгаа. УИХ-ын гишүүн болох нь ямар ашигтай байж болох талаар би ингэж бодож байна.

– Тэд бусдад нөлөөтэй байхыг хүсч байна. Зүй нь тэд Монгол оронд зайлшгүй шаардагдаж байгаа хууль тогтоомжийг санаачлан батлуулж, уг хуулийн хэрэгжилтэд хяналт тавих үүрэгтэй баймаар. Гэтэл манай УИХ-ын гишүүд  өөрт хамаагүй болон дурын асуудлаар ямар нэгэн яамны сайд болон бүх шатны засаг дарга нарын дотоод ажилд эрээ цээргүй оролцох, тэдэнд өөрийн хүсэл бодол сонирхлоо тулгах үзэгдэл түгээмэл. Хэрэв та ажигласан бол, танай аймгаас сонгогдсон УИХ -ын эрхэм гишүүн, орон нутгийн сонгуулиар сонгогдох аймаг болон сумдын засаг дарга, ИТХ-ын сонгуульд шууд хутгалдан, зохион байгуулахаар барахгүй бүх л албан тушаалд “өөрийн”хүнээ тавихыг эрмэлздэг. Энэ бол тэдний оролцох ажил мөн үү. Үүнийгээ тэд өөрийн багаа бүрдүүлж байгаа мэтээр тайлбарлах байх. Чухамдаа бол тэд тухайн тойрогтоо өөрийн нөлөөллөө тогтоохыг эрмэлзэж байгаа нэг хэлбэр. Нэг ёсондоо тэд өөрсдийн ноёрхлоо тухайн бүс нутагт тогтоох, ингэснээр дураар дургих боломжоо бий болгох оролдлого.

Тэд аливаа мэдээллийг хамгийн түрүүнд авч үүнийг өөрийн ашиг сонирхолдоо ашиглахыг хичээдэг. УИХ-ын гишүүд бүрэн эрхийнхээ хугацаанд гадаадын олон оронд зочилж, олон хүмүүстэй ажил хэргийн шугамаар уулзацгаадаг. Улс орны эрх ашгаас илүүтэй, гадаад орнууд болон олон улсын байгууллагуудаас Монгол орны хөгжилд зориулан олгож байгаа урт хугацааны зээл болон, буцалтгүй тусламжууд тэдний сонирхлыг татдаг. Айлчлал болон уулзалтын явцад олж авсан ийм төрлийн мэдээллүүдээ өөртөө болон өөрийн ойр дотны хүрээнд хэрхэн оновчтой ашиглах, уг тусламж болон зээлээс тендер нэрээр хэнийг оролцуулж ямар ашиг унагаахаа тооцоолно. Ийм учраас УИХ-ын гишүүд болон засгийн газрын гишүүдийн нэртэй холбогдсон тендерийн будлиан тасардаггүй. Үүнийг хүн болгон мэдэж бас сонсож байгаа. Үгүй дээ л энэ олон жил Монголын ардчилал болон хөгжлийг дэмжиж, олон улсын байгууллага болон өндөр хөгжилтэй орнуудаас өгсөн зээл тусламжууд хаачаа вэ? гэж асуумаар байна. Авсан зээл тусламжийн тоо Монгол орныг хөгжүүлээд бараг илүү гарахаар байгаа бус уу. Яг энэ асуудлыг дагалдаад “зөөлөн чихрийн цуглуулга болон вино”-ноос эхэлсэн авилга хэдэн сая $-т эргэлдэж байгаа гэдгийг миний бие нотолж чадахгүй ч “сэжиглэж” байна гэдгээ дээр өгүүлсэн.
-Тэд алив асуудалд улсын бус өөрийн болон эсвэл тодорхой бүлэглэлийн ашиг сонирхлын үүднээс лобби хийж, үүнийгээ бизнес болгон хөгжүүлж байна. Ямар нэгэн хуулийн заалт болон ххулийн төсөлд тодорхой бүлэглэлийн эрх ашигт нийцсэн “өгүүлэхүүн” оруулахын тулд тэд лобби хийцгээдэг. Үүний тод илрэл нь ямар нэгэн хуулийн заалт алга болсон, эсвэл засагдсан, хуулийн хэлэцүүлэгт санаатайгаар саад болж байгаа үйлдлүүд биш гэж үү. Ихэнх УЙХ-ын гишүүний ард бизнэсийн болон магадгүй гадаадын ямар нэгэн бүлэглэлийн ашиг сонирхол байж, тэднээр дамжуулан ирээдүйн асиг сонирхлынхоо төлөө монгол улсын хууль тогтоомжид нөлөөлөх оролдлого байг болохыг үгүйсгэх аргагүй. Тэд цаг хугацааны явцад өөрсддөө ашигтай үйл ажилагааг хуулиар баталгаажуулахыг хүсч байгаагаараа арай л алсыг харж байгаа хэрэг шүү дээ. Хэрэв үүнийг үгүйсгэвэл, УИХ-ын зрим эрхэм гишүүдийн бүрэн эрхийнхээ хугацаандаа бариулсан болон худалдаж авсан харш болон унаж байгаа үнэтэй машинуудыг цалингаараа авч чадах уу? гэж асууя. Тэдний далд орлгыг тооцохгүйгээр шүү.
– Тэд дур зоргоороо авирлахыг хүсч байна. УИХ-ын эрхэм гишүүд хэлсэн үг болон гаргасан алив үйлдлийнхээ төлөө хариуцлага хүлээхгүй гэсэн хуулийн заалт миний эгдүүцлийг үнэхээр хүргэдэг. Түүнийгээ тэд улс эх орныхоо хувь заяаны төлөө санаа зовж шаналсаар ядаргаанд орж хагас солиорлын байдалд ордог гэж тайлбарлаж магадгүй. Тиймдээ ч тэд УИХ-ын хуралдааны танхимд бие биеэ дур зоргоороо доромжилж, эгээ л гудамжны атаманууд шиг авирлах болж. Харамсалтай нь тэдний маргаан нь “Би чиний элдэв луйврыг мэднэ шүү. Дургүй хүргээд байвал гаргаж тавина, дургүй хүргэхгүй бол гаргаж тавихгүй” гэсэн утгатай. Өндөр боловсрол мэдлэг, ёс суртахуунтай, шударга үнэнч, алив зүйлд хүндэтгэлтэй ханддаг, ухаалаг, даруу хүн суух ёстой өндөр суудалд ямар гээч балмад этгээд сууж байнаа гэж гайхахад хүргэдэг. УИХ-ын гишүүнийг сонгочдын итгэл найдварыг алдсаны төлөө буцаан татаж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх хуулийн заалт байдаггүйгээс, сонгосон гишүүн нь нисдэг тэргээр ан хийж унагаж сүйрүүлсэнийхээ төлөө хариуцлага хүлээхгүйгээр барахгүй УИХ-ын чуулгандаа ч суудаггүй түүхийхээ төлөө баатар мэт авирлахыг харан, 4 жил санаа алдан суугаа сонгочдыг “хохь нь” гэх үү, “чадаж байгаа юманд арга байхгүй” гэж тавлах уу.

Үндсэн ажлаа умартаж, хувийн ажлаа амжуулж яваа эрхэм гишүүдийг УИХ-ын чуулганд нь суулгах гэж гуйж царайчилж аргаа барж суугаа УИХ-ын даргыг өрөвдөх үү, эсвэл хүндэтгэх үү. Ангийнх нь хүүхдүүдийн тал нь хичээлээ таслаад багш нараа шоолж инээлдээд байвал, тэр хүүхдүүдэд хэн  хичээл зааж, зөв иргэн болгон төлөвшүүлэх билээ. Үүн лугаа адил энэ 76 эрхэм ийм бүдүүлэг арчаагүй бас сэтгэлгүй байхад Монгол орны ирээдүй ямар байх билээ.
Тийм ээ! Хүмүүс яагаад УИХ-ын гүшүүн болох гэж улайраад байна вэ? гэсэн асуултад би өөрийн “хардсан” сэтгэлээр хариуллаа. Ямартай ч Монгол оронд ямар нэгэн үйлдвэрлэл үйлчилгээнээс илүүтэй улс төрийн албан тушаал нь шат шатандаа ашигтай бизнес болон хувирчээ. Энэ ашигтай бизнесийн төлөө хүмүүс, хурааж хуримтлуулсан мөнгө болон баялгаа хайр гамгүй зарцуулж байна.  Хожим хойно энэ мөнгөө хэд нугалан олж авахын төлөө шүү. Харин Монгол орон тэгтлээ хөгжихгүй л байна даа.
Дөрөв: Сонгууль ба хийрхэл
  Удахгүй сонгууль болох гэж байна. Улс орон даяараа зүрх нь хөөрсөх агсам морь шиг л бүх зүйлээ умартан гагцхүү сонгуулиар амьсгалан дүүхэлзэж байна. МАХН, МАН болон бусад намууд гэсэн ангиллаар Монгол улсын бүх иргэд талцан хийрхэж байна. Цөөхөн хүн амтай Монгол оронд жинхэнэ хийрхлийн сонгодог жишээ нь намын гишүүнчлэл. Аль нэгэн нам нь заавал гишүүнтэй байж, намынхаа батлахыг, сонгуульд өөрөө болон өрөөл бусдыг энэ намын төлөө саналаа өгөх хатуу даалгаврын хамтаар баяр ёслолын байдалтай гардуулан алга ташиж баярын марш эгшиглүүлнэ. Иргэн хүн ямар нэгэн төрийн бус байгууллагын гишүүн байж, батлах өвөртлөн хурал зөвлөлгөөнд нь сууж, цог жавхлантайяа алга ташиж суух хэвшлийг социализм бидэнд сургажээ. Өнөөдөр засгийн эрхийг ээлжлэн барьж байгаа МАХН болон МАН үзэл бодлын ямар ялгаатай, яг ямар ызэл санаа зорилгыг нь дэмжиж байгаа вэ? гэдэг асуултыг та өөртөө тавиад үзээрэй. Нэг нь МАХН-ын нөгөө нь МАН-ын гишүүн байж, сонгуулын саналын асуудлаас болж маргалдаж байгаа нэгэн гэр бүлийн хосуудаас, “энэ намууд танай гэр бүлийн амьдралд сайн сайхан юу өгөө вэ?” гэж асууя. Яг үнэндээ миний бие одоо ч МАХН болон МАН-ын хоорондын эрс тэрс ялгааг олж хардаггүйгээр барахгүй аль алинд нь сайн муу тал байгааг хүлээн зөвшөөрдөг. Алив асуудлын сайн муу талыг нь харьцуулахгүйгээр зөвхөн нэг талыг ньбарьж туйлширдаг базаахгүй зан Монголчууд бидэнд бий. Чухам үүнийг л улс төрийн намууд овжиноор ашиглаад байгаа юм шүү дээ. МАХН, МАН болон бусад намуудыг чин сэтгэлээсээ дэмжиж, тэдний төлөө санал өгүүлэх гэж үр хүүхдээ ч албадан зэмлэдэг олон буурлууд дэмжсэн нам нь ялж засгийн эрх барьсан ч өнөө л ядуу зүдүү, өлөн зэлмүүр хэвээрээ. Харин намын удирдлагууд нь өдрөөс өдөрт өнгө засан малилзаж амьдрал нь сайжирсаар, та бүхний дээгүүр ихэмсэг нь аргагүй өнгөрнө. Миний бодоход улс төрийн намууд бизнесийн байгууллага биш байлтай. Намуудын сонгуулын саналыг санхүүгийн дэмжлэгийн хамт гишүүдээсээ шаарддаг энэхүү тогтолцоо нь нам доторхи эрх мэдэл, албан тушаалын төлөө буюу мөнөөх бизнесийн ашгийн төлөө өрсөлдөөний үндэс нь болдог.
Сум аймаг улс даяараа, ажил амьдралаа хаян, сонгуулиар хийрхдэг энэ гаж үзэгдэл таныг залхаахгүй байна гэж үү? Сонгуулын маргаашнаас мартагдаж, дараагийн сонгуулын өмнө сэргэдэг улс төрийн намуудын гишүүнчлэлийн тогтолцоог өөрчилбөл яасан юм бэ? Дэлхий даяар 4 жил бэлтгэж сэтгэл догдлон хүлээдэг олимпийн наадам шиг, сонгууль нь Монгол оронд олимпийн наадам шиг болтлоо хөгжжээ. Олимпид  тухайн орны шилдэг тамирчид нь 4 жил уйгагүй бэлтгэж оролцдог. Шилдэг тамирчныхаа олимпод үзүүлсэн шударга ялалтыг хүн бүр л баярлан бахдаж талархан, хүлээн зөвшөөрдөг. Харин Монгол орны сонгууль хэмээх “олимп”-д үзэгчид нь тамирчидтайгаа хамт оролцож холион бантан болдгоос хэн ямар амжилт үзүүлж тодорч байгаа нь ч тодорхойгүй, зарим тохиолдолд 2-р байр эзэлсэн тамирчин нь ч түрүүлж медаль зүүж байх жишээтэй.
Арай л замбараагүй бас инээдтэй биш гэж үү. Улс төрийн намууд албадан маягийн гишүүнчлэлээсээ татгалзаж, үзэл бодол нэгтэй,хамтран баг болж чадах хүмүүсээ нэгтгэж институт маягаар ажиллавал яасан юм бэ? Тэд 4 жилийн хугацаанд Монгол орны хөгжлийн чиг хандлагад судалгаа хийж өөрчлөн сайжруулах төслөө зохиож ард иргэдэд сурталчилдаг, ард иргэд нь уг төсөл болон мөрийн хөтөлбрөөс өөртөө аль таалагдсаныг нь сонгож саналаа өгдөг тогтолцоо нь хийрхэлээс гарах нэгэн зам байж болох. Мэдээж ард түмний дийлэнхийн санал авч сонгодсон төслөө уг нам өөрийн багаар хэрэгжүүлэх нь илүү бодитой байж болох юм. Сайн, илүү бодитой төсөл хийхийн тулд тухайн намын институт илүү чадварлаг боловсон хүчнүүдэд санал тавьж хантран ажиллах боломж байгаа. Түүнчлэн улс төрд орохыг хүссэн хэн боловч тухайн намын институтад санал тавьж, өөрийн хүч боломжоо харуулан хамтран ажиллаж бас болох шүү дээ. Харин жирийн иргэдийн хувьд аливаа хийрхлээс ангид, сэтгэл тайван, ажил амьдралдаа илүү анхаарлаа хандуулан, намуудын мөрийн хөтөлбөрт анхаарлаа хандуулан, улс төрийн соёлд ч суралцах болно. Ядаж л гэр бүлийн доторхи улс төрөөс хамааралтай элдэв маргаан зөрчил үгүй болж эвтэй найртай, тайван амьдрах боломж бүрдэнэ.
Энэ сонгууль хамгийн сүүлийн хийрхэл байх болтугай.
Төгсгөл буюу “шударга ёс”
Олон олон жил парламентэд улиран сууж, “туршлагатай”, “шударга” гэж өөрсдийгөө үнэлж байгаа эрхэм гишүүдээс, “та яагаад ийм бусармаг асуудлуудад анхаарал тавихгүй байна вэ? та яагаад Монгол оронд жинхэнэ “шударга ёс”-ыг бий болгохын төлөө санаачлага гаргахгүй байна вэ?”гэж асууя. Өдрөөс өдөрт цөөхөн эрхмүүд улстөрийг бизнесийн зорилгоор ашиглан баяжицгааж, цөөхөн зарим нь гадаад оронд ажиллацгааж, дийлэнх олонхи нь Монголдоо ядуу зүдүү, бухимдалтай амьдарч байна. 1990 онд манай улсын дундаж иргэн хэдэн төгрөгийн цалин гар дээрээ авч. ширхэг талхыг хэдэн төгрөгөөр худалдан авдаг байсан, одоо 2008 онд дундаж иргэн хэдэн төгрөгийн цалин гар дээрээ авч , ширхэг талхыг хэдэн төгрөгөөр худалдан авч байгааг тооцоод үзээрэй. Амьдрал сайжирсан эсэхээ үүгээр хэмжээд үз дээ. Бусад олон зовлонг нэрлэхгүйгээр шүү.
Өнөөдөр Монгол иргэн юу хүсч байна вэ?
-Төрөөс иргэддээ хандсан, хүнд сурталгүй, хүндэтгэлтэй хайрсаг үйлчилгээг хүсч байна.
-Хүн бүр, өөр өөрийн боловсрол мэдлэг, авъяас чадвар, боломжиндоо түшиглэн хийж чадах ажил хөдөлмөр эрхлэн шударгаар амьдрахыг хүсч байна.
-Алив хийрхэл талцаангүйгээр, бие биеэ хүндэтгэн эв найртай амьдрахыг хүсч байна
-Ямар нэгэн дарамт айдасгүйгээр шударга хуулийн дор тайван амьдрахыг хүсч байна
-Төр болон иргэдийн хооронд хардлага сэрдлэггүйгээр, харилцан итгэлцэж амьдрахыг хүсч байна.
Энэ бүгдийг нэгтгэн харвал гагцхүү “шударга ёс” гэсэн үг харагдаж байна.
“Тулах цэгийг нь олоод өгчихвөл дэлхийг эргүүлж болно” гэж нэрт эрдэмтний хэлсэнчлэн, Монгол оронд “шударга ёс”-ыг тогтоогоод өгчих, тэгвэл хөгжихөд амархан болно гэж хэлэх цаг болжээ. Үүний төлөө хүн бүр өөрсдөөсөө хамаарах бүхнийг хийх, бас шаардах цаг бас болжээ.
-Гарч буй хууль тогтоомж, дүрэм журмыг уншиж судлан, татвараа төлсний төлөө, эрхээ эдлэн аливаа хүнд сурталгүй, шуурхай, шударгаар үйлчилэхийг төрөөс шаардах хэрэгтэй.
-Улс төрийн болон төрийн албан тушаал, эрх мэдлийг бизнес болгон хувиргаж, өөртөө ашиг олж байгаа үйлдэл бүрийг эсэргүүцэх хэрэгтэй.
-Алив хийрхлээс ангижирч өөрийн хүссэнээрээ тайван амьдрахын тулд та өөрөө юу хийж чадахаа бас эргэцүүлж бодоорой.
Монгол орны хөгжлийн ирээдүйн сайн сайхны төлөө хүн бүрийн хүчин зүтгэл хэрэгтэй. Та бид байг гэхэд бидний үр хүүхдүүд маань энэ Монгол орондоо хүссэнээрээ тайван амьдраг дээ.
Монгол төрийн сүлд ивээг

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
Apr 12

Улстөр бизнес мөн үү? \цуврал нийтлэл\

By gala-admin | НИЙГЭМ - УЛС ТӨР

Та эмчид очиж биеэ үзүүлэх, хүүхдүүдийнхээ сургуулийг сонгох, банкнаас зээл авах болон бичиг баримтаа сунгуулахаар аль ч газар орсон, таныг төвөгшөөсөн, үл ойшоосон төрхтэй албан хаагчид хямсгардуухан харцаар угтана. Үзүүлж буй үйлчилгээ, хандаж буй хандлага нь нэг л хайнга тоомжиргүй байх шиг танд санагдаж эхэлнэ. Зарим нь 2-3 цаг хүлээлгэнэ, зарим нь дараагийн 7 хоногт ир гэнэ. Ийм хайхрамжгүй хүнд сурталд таны урам зориг хугарч, бухимдан ядарч, итгэл алдарна.
Нэг талаас энэ асуудлыг хэрхэн шийдэх талаар хууль болон дүрэм журмын талаар ямар ч мэдлэггүй, нөгөө талаар ингэж хэн нэгнийг царайчилж, ядарч зүдэрч байхаар өөр хялбар арга хайхад хүрнэ. Ингээд уг асуудлыг шийдэх эрх мэдэл бүхий хүнийг таньдаг хүний эрэлд гарна. Мэдээж танд туслах хүн олдоно. Нөгөө хүн нь танд “санхүүгийн асуудлаа зохицуулах”-ыг эелдгээр сануулна. Ингээд л та уг хүний тусламжтайгаар бүх асуудлыг маш богино хугацаанд амжилттайгаар шийдвэрлэж чадна. Таны өгсөн зөөлөн чихрийн цуглуулга болон виноны тусламжтайгаар эмч таны өвдсөн болон өвдөөгүй аль ч эрхтнийг үйлчлэхэд бэлэн байгаагаа илэрхийлнэ. Банкнаас авах зээлийнхээ 5-10% -ийг бэлэн мөнгөөр өгснийхээ шанд зээлийн асуудал хурдан шуурхай бүтнэ. Хоолонд оруулж дайлуулсан сургуулийн эрх мэдэлтэн таны хүүхдийн хичээл сурлагад анхаарлаа хандуулахаар амална. Харин дугтуйтай мөнгө авсан байцаагч таны бичиг баримтыг өдөрт нь сунгаад өгнө. Эцэст нь нөгөө зуучлагчаа дайлж бас “гар цайлгана”.

Эхлэл…

1996 оны УИХ-ийн сонгуулийн өмнө, миний сайн танил нэгэн нэр дэвшиж, сонгуулийн сурталчилгаа хийж явахдаа надтай уулзаж, бид хоёр нилээд удаан ярилцсан юм. Тэгэхэд тэрээр надад хандаж, “Улс төр бол бизнес юм шүү дээ. Үүний тулд УИХ-ийн гишүүн болон бусад албан тушаалууд дээр дэвшиж алба хаших нь ашигтай байх болно” гэж хэлж билээ.
Тухайн үедээ би үүнийг сайн ойлгоогүй юм. Худалдаа үйлдвэрлэл, үйлчилгээ болон оюун санааны чиглэлээр тодорхой үйл ажиллагаа явуулж, олсон ашгаасаа улсад татвар төлөн төсвийг бүрдүүлдэг, үлдсэн хэсгийг өөрөө мэдэн зарцуулдаг хүмүүсийг бизнес хийж байгаа бизнесмен гэж ойлгодог. Тэд мэдээжээр тодорхой ашгийн төлөө үйл ажиллагаа явуулдаг, ашгийн тодорхой хэсэг нь өөрт нь болон улсад зарцуулагдаж байдаг, “шударга” хөдөлмөр юм.
Харин улстөрчид гэж өөрсдийгөө нэрлэгсэд болон улсын гэх тодотголтой янз бүрийн байгууллагын албан хаагчид нь төрөөс иргэдэд хандаж байгаа үйлчилгээний байгууллагын ажиллагсад. Тэд төрийн бий болгосон албан тушаалууд дээр ажиллаж, төрийн өмнөөс зохих үүргийг гүйцэтгэдэг учраас, тэднийг төр мөнөөх бизнесмэнүүд болон ард иргэдийн бүрдүүлсэн татварын мөнгөөр цалинжуулдаг. Тэд хууль боловсруулж, хуулийг дагаж мөрдөхөд нь иргэдэд тусалж, хэн нэг нь хуулийг зөрчиж байгаа эсэхийг хянах үүрэгтэй. Тийм болохоор “Тэнгэрийн дор төрж, хуулийн дор амьдардаг” гэсэн үг гарсан байх. Татвар төлөгчдийн мөнгөөр үйл ажиллагаа явуулж бас цалинждаг болохоор тэд хэрхэн ашгийн төлөө явах билээ.

Ерөнхийдөө ийм ойлголттой байсан миний бие, улс төр яаж бизнес болон хувирч, хэрхэн ашиг олж болохыг төсөөлөөгүй юм. Улс төр болон бизнес гэдэг өдөр шөнө шиг ялгаатай, зорилго чиглэл нь ч өөр, энэ хоёр ойлголт Монгол оронд хоорондоо холилдон сүлэлдэж, холион бантан болж, үүнийг ашиглан хүмүүс хэрхэн баяжиж байгааг харсаар өдий хүрлээ.
Мөнөөх танил маань ч УИХ-ийн гишүүн болж. биднээс “тасран”одож, амьдрал нь эрс дээшилж, тарган цатгалан малигар царайтай болж, үгээ зөөн хоолойгоо засч ярьдаг, харц нь хүртэл бидний толгой дээгүүр алсын чигтэй, нилээд ихэмсэгдүү төрхтэй болон “төрөл арилжсан” мэт болжээ. Одоо хир нь нэгэн яаманд алба хашиж байгаа тэр танилдаа би харин огтхон ч атаархдаггүй юм. “Төөрсөөр төрөлдөө” киноны Балтын араас нутгийн нэгэн өвгөн өрөвдөнгүйгээр харж “Бахархмаар ч юм шиг, баярламаар ч юм шиг. Баригдана даа, баригдана” гэсэн үгээр Баабар саяхан бичсэн нийтлэлээ төгсгөсөн байсантай би ч санаа нэг байна.
Улс төрийн болон төрийн албаны албан тушаалыг бизнес болгон хувиргаж, бусдын нүдэн дээр ил цагаан ашиг олж баяжиж байгаа бусармаг үйлдлийг бид мэдсээр атлаа хэдий болтол дуугүй явах юм бэ?
Монгол улсад шударга хууль тогтоон ард иргэддээ мөрдүүлэх үүрэгтэй УИХ -ийн гишүүн болох гэж, мөнгөтэй бизнесменүүд яагаад ингэтлээ улайран шунаад байна вэ? Тэд сонгуулыг хүртэл өгөө авааны дэнсэн дээр арилжааны хэрэгслэл болгон хувиргаж байна бус уу?
Дутуу дундуурхан улсын төсвөөс цөөхөн хэдэн төгрөгөөр цалинжиж, өөрсдийн ядуу зүдүү, хүнд нөхцөлтэйгээ гайхан өрөвдүүлээд байгаа төрийн албан хаагчид яагаад сандал ширээтэйгээ зууралдаад байна вэ? Тэд үнэхээр Монгол улс болон түүний ард иргэдэд зүрх сэтгэлээсээ хайртайдаа өөрсдийгөө золиослоод байна гэж үү?
Энэ талаар өөр өнцгөөс харах гээд оролдоод үзье.
Нэг. Таних хүний эрэл ба авилга
Таны өдөр тутмын амьдралд аар саар олон асуудлууд тулгардаг. Бие тань өвдөөд эмнэлэгт эмчлүүлэх, хүүхэд тань дунд сургууль төгсөөд дараагийн шатны сургуульд суралцах, амьдралын нөхцлөө сайжруулахын тулд банкнаас зээл авах, хугацаа нь дууссан ямар нэгэн бичиг баримтаа сунгуулах гээд юу эс байх билээ.
Эдгээр асуудлууд тань төрөөс иргэддээ үзүүлэх үйлчилгээний ердийн хэлбэрүүд. Тэд таныг хандсан тохиолдолд үйлчлүүлэгчээ гэж үзэн маш хурдан шуурхай, эелдэг боловсноор үйлчлэх учиртай. Яагаад гэвэл та улсад татвараа төлж , тэд таны төлсөн татварын мөнгөөр цалинжиж байгаа учраас… Харин Монголд эсрэгээрээ.
Бид төрийн ямар нэгэн үйлчилгээ авахыгаа “ажил хөөцөлдөх” гэж нэрлэнэ. Үйлчлүүлэх бус ямар нэгэн зүйлийн араас нь явах буюу хөөцөлдөж тоглох гэсэн утга илэрч байгаа биз. Эндээс л бүх зүйл эхэлнэ дээ.
Та эмчид очиж биеэ үзүүлэх, хүүхдүүдийнхээ сургуулийг сонгох, банкнаас зээл авах болон бичиг баримтаа сунгуулахаар аль ч газар орсон, таныг төвөгшөөсөн, үл ойшоосон төрхтэй албан хаагчид хямсгардуухан харцаар угтана. Үзүүлж буй үйлчилгээ, хандаж буй хандлага нь нэг л хайнга тоомжиргүй байх шиг танд санагдаж эхэлнэ. Зарим нь 2-3 цаг хүлээлгэнэ, зарим нь дараагийн 7 хоногт ир гэнэ. Ийм хайхрамжгүй хүнд сурталд таны урам зориг хугарч, бухимдан ядарч, итгэл алдарна.
Нэг талаас энэ асуудлыг хэрхэн шийдэх талаар хууль болон дүрэм журмын талаар ямар ч мэдлэггүй, нөгөө талаар ингэж хэн нэгнийг царайчилж, ядарч зүдэрч байхаар өөр хялбар арга хайхад хүрнэ. Ингээд уг асуудлыг шийдэх эрх мэдэл бүхий хүнийг таньдаг хүний эрэлд гарна. Мэдээж танд туслах хүн олдоно. Нөгөө хүн нь танд “санхүүгийн асуудлаа зохицуулах”-ыг эелдгээр сануулна. Ингээд л та уг хүний тусламжтайгаар бүх асуудлыг маш богино хугацаанд амжилттайгаар шийдвэрлэж чадна. Таны өгсөн зөөлөн чихрийн цуглуулга болон виноны тусламжтайгаар эмч таны өвдсөн болон өвдөөгүй аль ч эрхтнийг үйлчлэхэд бэлэн байгаагаа илэрхийлнэ. Банкнаас авах зээлийнхээ 5-10% -ийг бэлэн мөнгөөр өгснийхээ шанд зээлийн асуудал хурдан шуурхай бүтнэ. Хоолонд оруулж дайлуулсан сургуулийн эрх мэдэлтэн таны хүүхдийн хичээл сурлагад анхаарлаа хандуулахаар амална. Харин дугтуйтай мөнгө авсан байцаагч таны бичиг баримтыг өдөрт нь сунгаад өгнө. Эцэст нь нөгөө зуучлагчаа дайлж бас “гар цайлгана”.
Энэ бүхний эцэст алив асуудлыг хууль, дүрэм журмаар биш, таньдаг хүн болон санхүүгийн тусламжтайгаар шийдэж, төрийн үйлчилгээг хурдан шуурхай авч болдгийг “яс махандаа “хүртэл ойлгож мэдэрнэ. Түүгээр ч барахгүй “ажил хөөцөлдөж бүтээх” арвин туршлагаасаа бусадтай сэтгэл харамгүй хуваалцана. Хэрэв ийм боломж танд үгүй бол та төрийн үйлчилгээг хүртэх хувьгүй хүний тоонд орно доо. Асуудлуудын цар хүрээ томрох тусмаа таньдаг хүний нөлөө, санхүүгийн хэмжээ шууд пропорционалаар өснө гэсэн үг. Ийм сүлжээ өчүүхэн жижгээс эхлэн асар том хэмжээгээр Монгол орныг аалзны тор мэт сүлжиж орхижээ. Төрийн албан хаагчид ч энэ бүхэндээ дасч, байх зүйл мэтээр хүлээн авч, 2-догч орлогоороо муугүй амьдарна. Тэгээд ч хашиж буй албаны нэр нөлөө нь зуучлагчийн ажилд бас тохиромжтой.
Гаргаж буй хууль тогтоомж, дүрэм жирмыг тоодоггүй “хэнэггүй зан”, хууль тогтоомж дүрэм журмаа иргэдэд сурталчлан ойлгуулахыг хичээдэггүй ”зальжин зан” энэ бүхний үндэс юм шүү дээ. Бараг бүх хүн, бүх газар аалзны тор мэт бүрхсэн энэхүү авилгалын сүлжээг мэддэг, үүнд оролцдог хирнээ, бүгд дуугаа хураацгааж, хэн нэгэн авилгалын “акул’ баригдан “шонд дүүжлэгдэн’, ‘шоронд хатаагдах”-ыг хүлээцгээсээр…
Авилга нь Монгол орныг бүрхсэн гэдгийг хүлээн зөвшөөрч “Авилгатай Тэмцэх Газар” нэртэй төрийн байгууллага байгуулж, бага сага зүйл хийх гэж оролдсоор байна.
Гэсэн хэрнээ авилга авч хууль бусаар баяжсан, төрийн албан тушаалыг ашиглан бизнес хийж ашиг олсон зарим үйлдлүүдийг сөхөж гаргаад, дараа нь нотлогдсонгүй гэж зарлаж байгаа нь ердөө л улс төрийн шоу бас жүжиг. Энэхүү жүжгээр хүмүүс бие биеэсээ “өш хонзон” авч бие биеэ сүрдүүлж бас сэтгэл зүйгээр тоглож байна.
Энэ шоу болон сэтгэл зүйн тоглоом нь жирийн иргэдэд улам ч их айдас төрүүлж итгэл найдварыг нь унтрааж байна. “Ээдээ энэ байдал ч өөрчлөгдөхгүй байхаа даа. Зүгээр л мөрөөрөө хал балгүй явъя” гэсэн бодлоор, таньдаг хүнээ хайн, санхүүгийн асуудлаа зохицуулан, “ажлаа хөөцөлдөж” явна.
Монгол улсын иргэд худалдаа, үйлдвэрлэл , үйлчилгээ болон оюуны чадвараараа бизнес хийж, Монгол улсын хөгжилд хувь нэмрээ оруулан, улсад татвараа төлөн, улсын төсвийг бүрдүүлж байгаа. Тэдний төлсөн татвараар санхүүжин үйл ажиллагаа явуулж байгаа Монгол улсын төрийн байгууллагууд нь Монгол улсын иргэддээ хууль болон дүрэм журмын дагуу үйлчлэх ёстой төрийн үйлчилгээний байгууллагууд. Тэд иргэдэд хууль тогтоомж болон дүрэм журмыг сурталчлан ойлгуулж, ямар нэгэн танил хүн болон санхүүгийн авилгагүйгээр, чин сэтгэлээсээ, шударгаар бас эелдэг найрсгаар үйлчлэх ёстой. “Үйлчлүүлэгч бол хаан”гэдэг хоосон уриагаар биш жинхэнэ хаанд үйлчилж байгаа юм шиг үйлчлэх ёстой. Үүний тулд иргэд улсад татвар төлдөг юм даа. Дарамтлуулахын тулд бус үйлчлүүлэхийн тулд шүү. Үйлчлэгч болон үйлчлүүлэгчийн хооронд аливаа маргаан, үл ойлголцох байдал гаргахгүйн тулд л хууль , дүрэм журмыг зохиодог юм. Аливаа зөрчилдөөн маргаантай асуудлуудыг шударгаар шийдвэрлэхийн тулд хуулийг хэрэгжүүлэгч байгууллага ажиллана. Тэгэхээр таньд таньдаг хүн, авилгалын мөнгө бус  хууль дүрэм журам туслах ёстой. тийм цаг хэзээ ирэх нь та биднээс өөрсдөөс минь хамаарах болно.
Хоёр.Дарга болох хүсэл ба хоосон толгой
1970-1980-аад оны орчим Завхан аймгийн Тосонцэнгэлийн МБК-д даргаар ажиллаж байсан Л. Цэнд гуай /МАХН-ын хэлмэгдүүлэлтэд өртөгсдийн нэг/ өөрийн удирдлага дор ажиллах боловсон хүчнүүддээ их л хатуу шаардлага тавьж, дэвшүүлдэг байсан гэдэг. Дөнгөж ТИС төгсөж, ромбо зүүн, диплом өвөртөлж ирсэн тэднийг эхлээд 1 сар ачигчаар ажиллуулна. Дараа нь тодорхой хугацаагаар цехийн ажилчин, мастер, ээлжийн ахлагч гэхчилэнгээр үйлдвэрлэлийн бүх л дамжлагуудад дараалан “дэвшүүлэн” ажиллуулна. Бүх дамжлагыг амжилттай даван туулсан хүн л инженерийн ажлаа хийнэ. Ийм инженер үйлдвэрлэлийн бүх дамжлагыг биеэр үзэж мэдэрсэн учраас хаана ямар ажил ямар хугацаанд яаж хийгдэхийг маш сайн мэднэ. Бас ажилчдаа ч сайн мэдэх учраас тэд худал хийх хуурах ямар ч аргагүй болдог.
Одоо ямрыг нь мэдэхгүй. Социализмын материал техникийн бааз байгуулж байх үедээ МАХН боловсон хүчний бодлогодоо анхаарч иймэрхүү барилаар бэлтгэж сонгон шалгаруулж байсан. Тэр нь ч энэ намыг өдий зэрэгтэй оршин тогтноход сайнаар нөлөөлж байж магад.
Аливаа удирдах ажилтанд тавигдах шалгуур үзүүлэлтүүд заавал байдаг. Тэд өндөр мэдлэг, чадвартай байхаас гадна харилцааны өндөр соёлтой, шударга, нөхцөл байдлыг зөв үнэлж зөв шийдвэр гаргах чадвар, мэдээлэл болон бичиг баримт боловсруулан төсөл зохиох. байгууллагынхаа ойрын болон хэтийн төлвийг зөв тооцон төсөөлж бас төлөвлөх чадвар гээд багагүй зыилийг эзэмшсэн байх шаардлагатай.
Гэтэл өнөөдөр алив албан тушаал, эрх мэдэл нь бас л наймаа арилжааны хэлбэрт орсон тухай яригдах боллоо. Мэдээж чиний ажиллаж байгаа газарт, чамаас мэдлэг чадвараар хол дутуу, хувийн чанараар базаахгүй нөхөр дэвшээд удирдаад эхэлбэл юу болох вэ? Буруу тэнэг үйлдлийг нь хараад зөвшөөрч, даган баясаад байх нэг хэцүү, эсэргүүцэж дургүйцлээ илэрхийлээд байх бүр ч хэцүү. Тэр тусмаа тухайн албан тушаалын үнэлэмж нь унаад чи ч хийж чадах ажил мэт санагдаад ирнэ.
Сүүлийн үед сонгуульд ялалт байгуулсан нам нь өөрийн бодлогоо хэрэгжүүлэх гэдэг нэрийн дор Монгол улс дахь төрийн бүх албан тушаалтнуудыг сольдог гаж тогтолцоо бий боллоо. Сайн удирдагч хэрэгжүүлж болохгүй тухайн намын бодлого гэхээр тун ойлгомжгүй зүйл сэтгэлд буугаад байх юм. Өөрийн нь томилсон хүн нь, өөрөө сэтгэхгүйгээр зөвхөн дээрээс гаргасан шийдвэрийг гүйцэтгэгч болох нээ. Бодохыг нь бид бодож, шийдвэрийг нь бид гаргана, чи зөвхөн хий гэснийг л үг дуугүй хий гэсэн зарчим нь төрийн албаны үнэ цэнийг унагаж, зөвхөн гүйцэтгэгч, “морь унасан толгойгүй хүн”-ийг бий болгож байна биш үү. Дээр нь тухайн албан тушаалыг дагалдаж байгаа зохих эрх мэдлийг тухайн хүн өөрийн ашиг сонирхолдоо ашиглах боломж олгож байгаа нь нууц биш. Үүнийг дагалдаж зусарч матаач бас хор найруулагч зэрэг бусармаг үйлдлийн үр хөврөл хөгждөг юм даа. Хаана шударга байдал алдагдана, тэр газар атаа жөтөө, хов жив тасардаггүй юм. Монгол төрийн байгууллагуудын энх замбараагүй, хариуцлага хүлээдэггүй, “эзэнгүй’ хүнд суртал авилгын үүр уурхай чухам эндээс үүдэлтэй. Миний сайн мэдэх нэгэн яаманд, нэгэн хувийн дээд сургууль эчнээгээр төгссөн нөхөр, “төрийн нарийн бичгийн даргын” албыг хашиж, англи, орос франц хэлтэй тухайн ШУ-ны доктор цолтой эрдэмтдийг удирдаж байсан.
Энэ бүхний цаана, томоохон албан тушаалын наймаа болон хууль бус хамтын ажиллагаа явагдаад байна хэмээн миний бие нотолж чадахгүй ч “сэжиглээд” байгаа юм. Сүүлдээ аль нэгэн эмнэлгийн дарга, сургуулийн захирал ч улс төрийн албан тушаал болох янзтай.
Энэхүү улстөржсөн талцаан, албан тушаал эрх мэдлийн шударга бус хуваарилалт нь монголын ард иргэдийг ч талцуулж, хооронд нь муудалцуулж, бухимдуулж, итгэл урмыг нь хугалж бас туйлдуулан ядрааж байна. Сонгууль бүрийн дараа “ноосоо тушааж”, “лааз өшиглөсөн” гэх хошин хэллэгүүд моодонд орж, эрч хүчтэй, өөртөө итгэлтэй, авъяас чадвартай олон сайхан хүмүүс хийх ажилгүй бусдыг шүүмжлэн суух болжээ. Цөөхөн Монголчууд бид арай л дэндүү хийрхэх юм даа.
“Нөгөө хэн дарга болж гэнээ. Түүний оронд уг нь дээр хийнэ л дээ. Одоо яахав дээгүүрээ болж л байгаа юм байлгүй” гэж ярилцах. Нөгөө амлаад байсан ард түмний сонголт хаана нь явна вэ? Энэ бүхний эцэст аймаг сумын зaсаг дарга тэр ч байтугай сайдын ажлыг та ч би ч хийж чадах юм чиг санагдах вий. Хамгийн хүндэтгэлтэй төрийн албан тушаалын үнэлэмж ингэтлээ доош унасаны буруутан нь сонголт хийгээд аялдан дагалдаж амьдраад байгаа та бид шүү дээ.
Өнөөдөр дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн боловсрол эзэмшиж юм үзэж нүд тайлсан залуучууд гарч ирж байна. Тэд дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлагыг мэдэрч монголын өнөөгийн байдалтай харьцуулан нэгийг бодож байгаа. Тэдний эрдэм мэдлэг, хүч чадал. хүсэл эрмэлзлэлийг Монголын төрд ашиглах цаг нэгэнт иржээ. Төрийн албан тушаалын үнэ цэнийг бий болгож монгол орны хөгжлийн төлөө, Монголчуудын сайн сайхан амьдралын төлөө ихийг хийж чадах залуучуудыг сонгон шалгаруулж бас баг болгон ажиллуулах хэрэгцээ нэгэнт бий болжээ.
Төрийн албан тушаалыг бизнэс болгон хувирган түүгээрээ ашиг олж, хувийн ашиг сонирхолдоо ашиглаж байгаа бүх л үйлдлийг таслан зогсоож, тэдэнд хатуу цээрлэл үзүүлж байх нь монголын эрүүл саруул нийгмийн эхлэл байх болно.
Ингэсэн цагт хүн бүр дарга болох хоосон мөрөөдлөөсөө татгалзаж, төр нь иргэддээ жинхэнэ ёсоор үйлчилдэг болох цаг ирнээ. Тэр цагт шавар бус шилэн хананы цаана өөр өөрийн ажлаа ёс журмаар нь хийж суугаа дарга болон ажилтнууд нь бие биедээ сэтгэл хангалуун байж, үйлчлүүлж буй иргэд нь “хаан” шиг сэтгэл хангалуун баяртай байх цаг ирнэ.
/үргэлжлэл бий/

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах

Aug 22

1990 оны “Ардчилсан хувьсгал” буюу хүсэн хүлээсэн “Нуган үр”

By gala-admin | НИЙГЭМ - УЛС ТӨР

mongolian_school_jan_feb_07_151.jpg1990 онд ардчилсан хувьсгал ”тайван зам”-аар ялж нийгмийн харилцаа бүхэлдээ өөрчлөгдөн, хүмүүсийн сэтгэлгээ, амьдрал хөдөлгөөнд орж хувьсч өөрчлөгдсөөр даруй 17 жил өнгөрлөө. Энэ бол бага хугацаа биш. Хүний амьдралаар бол эхийн хэвлийгээс унаснаас хойш унтаж, идэж, уйлж, дуулж баясч хөөрч, хэлд бас хөлд орж, эрдэм сурч, амьдралыг ухаарч, улмаар ”бие хүн” болсноо баталгаажуулан иргэний үнэмлэх гардаж авах хүртэлх хугацаа.

Гэтэл Ардчилсан хувьсгал маань тогтворжиж, иргэний үнэмлэх авах болзлоо ч хангадаггүй. Ухаан сууж томоождоггүй, хүний хэлж сургасаныг хүлээж авч ухаарахын оронд зөрүүдэлж, ярдаглаад дураараа аашлан, бас болоогүй архи дарс уун, хэрэг төвөг тариад, хамаг юмаа ч зарж үрээд зовоож яваа үрээ харан цөхөрч суугаа эцэг эх шиг л тогтворжиж, цэгцэрдэггүй төр засгаа харан ард түмэн маань ”цөхөрч” сууна.
Хэдий зовоож шаналгаж байвч төрсөн үр нь болохоор хаяж орхиод явчихаж, эсвэл хөөгөөд явуулчихаж зүрхлэхгүй, дэмий л ”ухаан сууж, томоожих”-ыг хүлээж суугаа зовлонт эцэг эхийн адил, элэг зүрхнээс уяатай, төрж өссөн Монгол орноо хаяж явж зүрхлэхгүй, ”төр төвхнөж”, амьдрал сайжрахыг ард түмэн хүлээж л сууна.
Хүүхэд төрүүлсэн л бол түүнээ багаас нь зөв өсгөж, хүмүүжүүлж, хөгжүүлж, өөрсдийг нь ачилж өргөж, асардаггүй юм гэхэд ядаж өөрийгөө ”гай” болголгүй аваад явчих ухаантай болгох нь эцэг эхийн үүрэг.

Зөв өсгөхөд их учир бий. Хэт эрхлүүлж энхрийлж, дураар нь тавиад хүссэн бүхнийг нь өгөөд байх, эсвэл хэт харааж загнаад, дарамтлаад, хоосон ядуу явуулаад байхын аль нь ч сайн үр дүнд хүргэдэггүй. Бүгдийг нь тэнцвэржүүлж, амьдралын сайн сайхан, муухай, зовлон жаргал, саад бэрхшээл, тэсвэр тэвчээр бүхнийг ой тойнд нь шингэтэл ойлгуулж, бас ухааруулж байж л хүүхэд чинь зөв бие хүн болж төлөвших боломжтой. Тийм ч болохоор хүүхэд төрүүлж, өсгөж, хүмүүжүүлж, хөгжүүлэхэд эцэг эхээс бас л их ухаан, тэвчээр хөдөлмөр шаардагдана.
1990 оны ардчилсан хувьсгал бидний хувьд их л хүсэж, хүлээж, зовж шаналж байж мэндэлсэн хүүхэд минь. Энэ бол ард түмний хүсэн хүлээсэн ”нуган үр” нь байлаа. Өдгөө 17 нас хүрч буй ”нуган үр” минь эрийн цээнд хүрч томоождоггүй, эцэг эх нь болсон ”ард түмнээ” зовоосоор өдий хүрлээ. ”Нуган үр” минь худлаа ярьж, хоосон амалж, бас архи ууж, мөнгө төгрөгөө хайр гамгүй цацаж, хөгшид хүүхдийг хүндэлж, хайрлахаа болин зөвхөн хар амиа бодон, хэрүүл хийн биеэ өмөөрч, бусдад онгирч сагсуурах боллоо.
”Буруу өссөн хүүхэд бухын хүзүүнээс хатуу” гэж ард түмэн маань хэлэлцдэгсэн. Бас ”Сайн явна гэдэг санааных, муу явна гэдэг заяаных” гэж ч ярьдаг. ”Нуган үрээ” засч хүмүүжүүлж, ухааруулж, сайн хүн болгон хөгжүүлэх боломж, цаг хугацаа бидэнд байнаа. Бид одоо л алдсан алдаагаа олж харж, хурдан засч залруулахгүй бол цаг хугацаа биднийг өршөөхгүй.
Хэнд ч гэсэн үр хүүхэд нь сайн, сайхан хүн болж өсч өндийн, эцэг эхдээ өмөг түшиг болж явбал түүнээс илүү жаргал гэж үгүй билээ.

Эрүүл биe эрхэм баян
Эд хөрөнгө дунд баян
Эрдэм мэдлэг дээд баян

Улс гүрэн ард түмнээс, ард түмэн иргэн хүнээс бүрддэг. Иргэн хүн улс орныхоо төлөө хөдөлмөрлөж, улс орон нь иргэн хүнийхээ төлөө үйлчилдэг бичигдээгүй хууль дээр л амьдрал тогтдог.
”Иргэн баян бол улс орон баян” гэж хэлсэн үгийнх нь төлөө 1921 оны ардын хувьсгалын нэрт зүтгэлтэн Данзан агсныг биширнэм. Иргэн хүн нь эрдэм мэдлэгээрээ, эд хөрөнгөөрөө, эрүүл биеэрээ баян байж улс орон нь баян болж өөдлөн хөгждөгийг, өндөр хөгжилтэй орнууд батлан харуулж байна.
”Чамд бүх боломжийг чинь олгоё. Чи энэ боломжийг ашиглаад ”хуулийн дор” хүссэнээрээ сайхан амьдар, эс тэгвэл гуйлгачин болж үлд” гэсэн бичигдээгүй хуулиараа Америк орнон иргэдээ хүмүүжүүлдэг. Ямар ч эцэг эхээс төрсөн хүүхэд Америк орны баялаг. Америк орон хүүхдийг төрсөн мөчөөс хүндэлж хайрлаж, халамжилдаг. Тийм хүндэтгэл хайр халамж дор өссөн хүүхэд эцэг эх улмаар эх орноо хайрлан хүндэлдэг болж өснө. Мөнгөнөөс илүү үнэт зүйл чухам энд л байгаа юм биш үү. ”Алтан гадас” сэтгүүлийн 2006 оны 12 сарын дугаарт О. Жаргалсайханы бичсэн ” Дэлхийд тэргүүлэгч Финляндын боловсролын нууцаас” тэмдэглэлд тухайн орны хамгийн үнэ цэнэтэй хүнд ”багш хүн”-ийг тооцож, тэднийг хэрхэн сонгон шалгаруулж, бэлтгэж, ажиллуулдаг тухай бичжээ. Чухамдаа бидний хамгийн том алдаа энд л байгаа биш үү.
Тийм ээ! Бидний бүх алдааны үндэс нь манай улсын боловсролын тогтолцооны алдаанд л байгаа юм. Бид яaгаад мөнгө, уул уурхай, зам яриад үүнийг ярихгүй байна вэ?

Үргэлжлэл бий.
Нийтлэлийг бичсэн Гомбосүрэнгийн Галбадрах (энэхүү нийтлэлийн эх сурвалж зөвхөн orloo.com -д харьяалагдана)

Энэ сэдэв нь цаашид улам өргөжин тэлж гүнзгийрэн бичигдэх юм. Шинэчилж өөрчлөх олон асуудлууд байгаа тул эдгээр сэдвүүдэд зориулан Шинэчлүүштэй гэсэн булан нээж байгаа болно.

1 14 15 16