Menu
Assign a 'primary' menu

Category Archives for "ТЭМДЭГЛЭЛ"

Aug 02

Та америкт гэрээсээ бизнес хийж үзмээр байна уу? \Г.Хишигжаргал\

By gala-admin | ТЭМДЭГЛЭЛ

Монголчууд бид өнөөдөр боловсрол эзэмших, мөнгө олж амьдралаа дээшлүүлэх гэж, бас “юм үзэж нүд тайлах” гэж гадаадад гарцгаадаг. Гадаадад байгаа Монголчуудын тухайд хүссэн орондоо очоод л ‘амар сайхандаа жаргаж”  газраар нэг хөглөрөх модны навч шиг ” мөнгийг түүж байдаг”  мэт ойлголттой хүмүүс олон байдаг бололтой. Виз хэмээх амаргүй давааг даваад тэр орондоо очоод ” ажил олох”  амаргүй даваатай учирна. Зарим нь хэл мэдэхгүй, өөр ч олон шалтгаанаар ажил олдохгүй сар заримдаа түүнээс ч илүү хугацаагаар “зутрах” нь олонтой.

Ажил олоод ч эзэнтэй нь учраа ололцох, хийж сураагүй ажилдаа хурдан дадлагажих, хэл мэдэхгүйгээс ойлголцохгүй байх гээд олон ч бэрхшээлийг даван туулдаг. Овоо зүг чигээ олоод ирэхээрээ хүссэн хүсээгүй тухайн орны амьжиргааны өндөр өртөгт захирагдаж эхэлнэ. Байр машин хоол хүнс гээд бусад олон зардлуудыг дааж амьдрах тийм ч амар биш.  Гэр бүлээрээ ирсэн эсвэл найз бүсгүйтэй болж хамтдаа амьдрах гээд “өргөжих” хэрээр амьжиргааны зардал өснө.
Зарим нь энд төрж, хүүхдээ өсгөж асран гэртээ суух болдог. Тэр хирээр зардал ачаалал нэг хүний нуруун дээр тохогдох нь бий. Өсч буй зардлаа дааж гарахын тулд “одоо яах билээ?” гэдэг асуудлууд тулгардаг.
Саяхан Америкийн Оакланд хотод болж өнгөрсөн “Америкт бизнэс эрэхлж буй Монголчуудын чуулга уулзалт” амжилттай болж өнгөрсөн тухай “орлоо ком”, “даяар монгол”цахим хуудсууд дээр гарсан мэдээллийг уншиж суухад, Аламеда-ийн Г. Хишигжаргалын гэрээсээ аялал жуулчлалын бизнес эрэхлдэг туршлага илтгэл миний сонирхлыг татсан юм. Энэ талаар Г.Хишигжаргалтай утсаар болон e-mail-аар холбогдож солилцсон мэдээлэл үнэхээр хэрэгтэй санагдсан тул бусдад хэрэг болж магадгүй гэдэг бодлоор энэ тухай бичихээр шийдлээ.

        1.Бизнесийн үндэс
– Аялал жуулчлал дэлхий даяар хөгжиж, энэ салбар нь жилдээ дэлхийн хэмжээнд 7 триллион$, зөвхөн Америкт 1.3 триллион $-ийн зах зээл эзэлж байна. Ойрын 10 жилд энэ хэмжээ өсч 14 триллион $ -т хүрч энэ нь дэлхийн нийт худалдан авагчийн 11%-д хүрнэ гэсэн тооцоог гаргажээ. Одоогийн байдлаар зөвхөн аялал жуулчлалд зориулсан зардал цагт 59 сая$, өдөрт 1.4 тэрбүм $-т эргэлдэж байгаа аж.
-1946-1964 оны хооронд төрсөн ахмад үейинхэн аялал жуулчлалын зах зээлд их нөлөө үзүүлсээр байна. Бараг 1 тэрбүм орчим энэ үейинхний түрүүч нь 60 нас хүрч тэтгэвэртээ гарч байна. Дараагийн 20 жилийн турш 8 сэк тутамд 1 хүн тэтгэвэрт гарах төлөвтэй байна. Залуу насандаа хийдгээ хийж , тэтгэвэртээ гарч байгаа тэд аялал жуулчлалын бизнесийн гол хэрэглэгчид байх магадлалтай.
-3 сэкүнд тутамд 1 хүн интернэтэд зочилж байгаа гэдэг тооцоо бас байгаа. 5 жилийн өмнө бага хэмжээний мөнгийг интернэтэд зарцуулж байсан бол интернэт худалдаа хурдацтай хөгжиж өнөөдөр сая саяыг зарцуулж байна. Интернэт ньтэдний цаг мөнгийг хэмнэж байгаагаас гадна мэдээлэл сайн түгээж байгаагаараа давуу талтай. Интернэтээр билет захиалах үйлчилгээ хөгжсөнөөр жилдээ 80 сая Америкчууд  ийм үйлчилгээг сонгож байна.
-Америкийн эдийн засагт улам хүчтэй түрж орж ирж байгаа салбар нь жижиг болоод гэрээсээ эрхэлдэг бизнес болж байна. Статистикийн мэдээгээр ийм төрлийн бизнес эрхлэгчдийн 74% нь нилээд том ашгийг олж байгаа нь нотлогдож байна. Судалгаанд оролцогч 25-44 насны хүмүүсийн 96% нь ийм чиглэлийн бизнес эрхлэх сонирхолтой байгаа боловч,хэрхэн бизнес эрхлэх аргаа мэдэхгүй байгаагаа илэрхийлжээ. Өнөөдөр хэт том болон дунд үйлдвэрүүд ажиллагсадын тоогоо багасгаж, гаднаас гэрээгээр ажлаа хийлгэх сонирхол их болж байгаа нь ажлын байрны баталгааг хангахад багагүй төвөгтэй байдлыг бий болгож байна. Ийм нөхцөлд хүмүүс хувиараа бизнес эрхлэх нь илүү ирээдүйтэйгээр барахгүй их баялгийг олохын зэрэгцээ татварын болон бусад хөнгөлөлтөд хамрагдах таатай боломжийг олгоно.

Г. Хишигжаргалын ажиладаг компани
 Энэ компани нь “YTB” гэдэг нэртэй. Анх 2001 онд байгуулагдсан. Америкийн интернэтээр бизнес эрхэлдэг шилдэг 40 компаны тоонд ордог, олон нийтэд нилээд танигдсан, өөрийн гэсэн үнэт цаастай. Аялал жуулчлал болон маркетингийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг
Та ийм бизнесийг эрхэлснээр:
-Өөрийн гэсэн web site-тай болно. Үүнд 400 авиа компаний нислэг, 27 усан онгоцны чиглэл, 55000 дээд зэрэглэлийн зөчид буудлууд , Европ болон Хавай, Лас-Вегас, мөн олон улсын нислэг болон концерт, шоу, бусад хэрэгцээтэй үзвэрүүд, аялал жуулчлалын билет багтдаг.
– Хэрэв таны web site-аас хэн нэгэн билет авбал цэвэр ашгийн 60% нь танд ноогдоно
-Та Америк дотроо аялах тохиолдолд  бүх хөнгөлөлтийг эдэлнэ.
– Гэрээсээ хийж буй бизнес болохоор та бүх зардлуудаа tax-аар бодуулаад эргүүлж авч болно.
-Маркетингийн site бол та сайн ажилласан тохиолдолд 1000$, 10000$, 100000$ хүртэл урамшуулал авах боломжтой.

Ашигтай сайн талууд нь
-Ийм бизнес хийхэд та өөрөө өөртөө л эзэн. Яаж ажиллах нь зөвхөн танаас л хамаарна. Харин танд их хариуцлага бас овсгоо шардагдана гэдгийг бодолцох хэрэгтэй.
-Интернэт дотроо бэлэн сургалтын материал, гарын авлага, зааврууд байдаг болохоор та сайн хичээвэл хэл сайжирч, бас аялал жуулчлалын сайн мэргэжилтэн зуучлагч болох боломжтой.
– Интернэтээр олон сайн найз нөхөдтэй бас хамтран ажиллагчтай болно.
-Хамгийн гол нь энэ бизнесийг эрхлэхэд танаас мэргэжлийн диплом болон бусад олон баримт шаардахгүй. Та tax ID-тай байх хэрэгтэй.
-Ажилд орохдоо та нэг удаад 449$ төлнө.
Хэрэв танд энэ бизнес сонирхолтой санагдвал: www.bestflamingotravel.com-руу заавал орж үзээрэй. Мөн Г. Хишигжаргалын e-mail: утсаар ярьж санал бодлоо солилцмоор бол 510-749-4872.
Гадаадад байгаа Монголчууд бид бие биенээсээ суралцаж бие биеэ дэмжиж байх нь юу юунаас чухал байна. Магадгүй энэ бизнес гэртээ сууж байгаа болон ажил хайж байгаа олон Монголчуудад хэрэг болж болох юм. Зарим нь зүгээр л сонирхоод web site-аар нь ороод үз. Монголоос Солонгосоос Японоос Европоос Америкаас хаа нэгтэй аялах гэж байгаа бол Г. Хишигжаргалын web site-аар зочилоод үзэхэд тийм ч төвөгтэй биш.
Танд ч гэсэн бусад олон Монголчуудтайгаа хуваалцах бас хамтрах сонирхолтой олон санаа байж болох шүү дээ. Яагаад бусаддаа санал болгож болохгүй гэж.
Бид хамтдаа хөгжиж бас баяжиж болно шүү дээ.
Г.Хишигжаргалдаа болон бусад монголчууддаа амжилт хүсье. Та нарын үйлс өөдрөг байг.
muddo421@yahoo.com

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах.

Jul 25

Олимп ба медалийн мөрөөдөл

By gala-admin | ТЭМДЭГЛЭЛ

Тун удахгүй манай өмнөд хөршийн нийслэлд хүн төрөлхтөний 4 жил тэсэн ядан хүлээдэг, спортын хамгийн том баяр болох Онаадам болно. Монголчууд маань олон олон олимпод амжилттай оролцож багагүй амжилт үзүүлсэн. Нилээд хэдэн ч медаль хүртэж, Монголын алтан соёмбот далбааг олимпийн тэнгэрт мандуулж, олон ч Монголчуудын “хамрын самсааг шархируулсан”. Монгол гэдэг гүрэн дэлхийд байдаг гэдгийг бусдад мэдрүүлсэн тэр агуу тамирчдаараа бид байнга бахархаж байх учиртай.
2008 оны Бээжингийн зуны олимпийн 29-р наадамд Монголын 29 тамирчин буудлага, жу-до,бокс, чөлөөт бөх, хөнгөн атлетик, хүндийг өргөлт, усанд сэлэлтийн төрлүүдээр оролцоно. Олимпийн наадмын босго өндөрсөж, хэр баргийн аавын хүү, охин оролцохын аргагүй болсон энэ цаг үед ийм эрхийг авсаных нь төлөө тэдэнд талархахгүй байхын аргагүй. Энэ бол үнэлэх ёстой хөдөлмөр зүтгэл.
Сүүлийн жилүүдэд Монголын тамирчид олимпод амжилт гаргасангүй, медаль авсангүй гэж зөндөө шүүмжилж, олон янзаар тайлбарлаж, таамаг дэвшүүлж байна. Тэр ч байтугай өнгөрсөн 2004 оны олимпод амжилт муутай оролцсон тамирчдаа муудсан ногоо, өндөгөөр шидэх уриалга, сүрдүүлэг ч гарч байсныг санаж байна.

Хэлэх амархан хийхэд хэцүү гэдэгчлэн хажуунаас нь хараад ялахад амархан харагдавч цаана нь ямархан хүнд хэцүү байсныг бид мэдэрч чадна гэж үү? Энэ жил ямар байхыг бид мэдэхгүй. Гэхдээ энэ талаар арай өөр талаас нь хараад үзвэл яасан юм бэ.
  Хөгжиж буй “их спорт”
 Дэлхийн талцсан системийн задрал, хүйтэн дайны төгсгөлөөс хойш улс гүрнүүдийн тэмцэл их спорт руу шилжсэн. Үүний үрээр их спорт хөгжлийн өндөр түвшинд гарч эхэллээ. Ялангуяа олимпийн медаль нь тухайн орны нэр хүндийг өргөж, бас сайн сурталчилгаа болдог. Тийм шалтгаанаар хөгжиж буй орнууд олмипийн хөтөлбөрт ордог спортын төрлүүд болон сайн тамирчиддаа онцгой анхаарч, тэдний хөгжилд их ч хөрөнгө зарцуулж байна. Өнгөрсөн зуунд бид Хятадын тамирчид чөлөөт бөхөөр дэлхийд мундаг болно гэж төсөөлж байсан гэж үү.
Олимпод бэлтгэж байгаа Хятадын тамирчны цорын ганц хүсэл нь “гэртээ нэг очоод ирэх юм сан’ гэсэн үг байлаа гэж нэгэн хэвлэл дээрээс уншсанаа санаж байна.
Олон ч орнууд тамирчдаа ингэж бэлтгэж, ингэж хөдөлмөрлүүлж, бүх боломж нөхцлийг нь хангаж, амжилт гаргасан хойно нь үлдсэн амьдралын баталгааг нь хангаж байна. Улс орныхоо нэр төрийг дэлхийд гаргасны нь төлөө одон медаль биш санаа зовохгүйгээр амьдрах боломжийг нь бүрдүүлж байна. Үнэхээр амжилт гаргах найдвартай тамирчны ар талд нь бүхэл бүтэн институт ажилладаг аж.
Авьяас чадвартай, мундаг тамирчид ямар өндөр ханштай байдаг талаар бид одоо л ойлгож мэддэг боллоо. Спорын төрөл бүр нь мэргэжлийн түвшинд хүрч, тамирчин бүр нь үүний төлөө тууштай хөгжиж, өөрийн үнэ цэнээ бий болгож байгааг бид харж сонсож үзэж байгаа.
Монголын боксын холбооны ерөнхийлөгч Ш. Сайхансамбуу нэгэн ярилцлагадаа том гүрнүүд олимпийн алтан медальд ихээхэн ач холбогдол өгч, багагүй лобби хийдэг тухай цухас дурдсан байсан. Их спорт хөгжихийн хирээр багагүй луйвар булхай гарч байгаа нь нууц биш. Иймэрхүү муу үр дүнг манай боксын тамирчид багагүй амссан.
Тийм ээ! Их спорт хөгжиж байна. Их хөгжлийнх нь тогоонд амжилт луйвар хамтдаа буцалж байдаг ажээ.

Эр зоригтой Монгол тамирчид
Наадмаар барилдах бөх, уралдах морьдоо хатуу дэг жаягт оруулж олон хорио цээр тогтоодог эртний ёс заншилтай Монголчууд бид дэлхийн наадамд оролцох тамирчиддаа арай л хайхрамжгүй хандаад байна уу даа? Энэ олимпод ихээхэн найдвар төрүүлж байгаа 2 ч тамирчны хувийн амьдрал болон асуудалд нь ихээхэн “анхаарал халамж”  тавьсан зарим хэвлэлүүд энэ өвөлжингөө  шуугиан дэгдээлээ. Ингэж болно гэж үү? Наадмын бөх морио олны хэл амнаас хол байлгадаг монгол заншил энд хамаагүй юм болов уу?
Тэр ч байтугай тамирчдаа сонжиж, шүүмжилж,  үзүүлж болзошгүй амжилтыг нь урьдчилан таамаглаж тэдний зүрхний цохилт даралтыг нь ихэсгэдэг базаахгүй зуршил өнөө хүртэл байсаар байна. Олимпод оролцох тамирчдаа анхаарах нь бүү хэл, өөрсдийнхөө учраа ч олж чадахгүй төр засагтай, Монгол тамирчид маань олимпод оролцох эрхээ “бор зүрхээрээ” зүтгээд олж авч байгаа нь бага хэрэг биш ээ.
Тэд 2 тэрбүм хүнээс сонгож бэлтгэгдсэн Хятадын, 300-аад сая хүнээс сонгож бэлтгэгдсэн Орос, Америкийн тамирчидтай өрсөлдөнө. Гэтэл тэд маань 20 ч биш 2 сая гаран хүнээс шилэгдэж байгаа хэрэг. Германд мэргэжлийн өндөр түвшинд, дээд зэрэглэлийн хангамжтай клубт бэлтгэл хийж байгаа Д. Мөнхбаяр шиг олон тамирчидтай Монголдоо даржин клубт бэлтгэл хийж байгаа О. Гүндэгмаа өрсөлдөнө. Энэчлэн бүх л тамирчдад бэрхшээл байгаа.
Гэхдээ тэд маань эр зоригтой бэрхшээлээс үл шантрах дайчин чанартай. Аугаа их өвөг дээдсийн минь цус тэдний судсаар гүйж байгаа болохоор тэд ялалт амжилтын төлөө чадах бүхнээ хийх болно.

    Медалийн мөрөөдөл
 Би ч гэсэн Монголын тамирчид маань энэ олимпоос медаль авч, алтан соёмбот далбаа минь Бээжингийн тэнгэрт мандаж, бусдыг бишрүүлээсэй гэж хүсч байна. Харин тэднийг социалист уралдаанд үүрэг авахуулдаг муу зуршлаараа хандаж, бас хүндэт даалгавар бүү өгөөсэй. Тэд дарамт, сэтгэл догдлолгүй тайван оролцог.
Монголдоо байгаа төдийгүй дэлхийн өнцөг булан бүрт байгаа Монголчууд  бүгдээрээ тэднийг сэтгэл зүрхээрээ дэмжээрэй. Та нар минь өөртөө итгэлтэй, өөдрөг байж, бүх чадал болмжоо дайчлаарай. Чадвал медаль авч эс чадвал амжилтаа ахиулаарай.
Монголын минь далбаа олимпийн тэнгэрт намирч, Монгол тамирчид минь тэнд өрсөлдөж ид хаваа гайхуулж байна гэдэг юутай сайхан. Харь газар байгаа бид ч харах дэмжих өөрийн тамирчидтай байна гэдэг бас л сайхан хэрэг.
Юмыг яаж мэдэхэв, олимпийн аваргатай болчих ч юм билүү. Монгол хүний сүлд хийморь өөдөө байг.
Тэр өдрийн тэнгэр та нарыг минь ивээг.

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах.

Jul 12

Айрагтай, хуушууртай Вашингтон ДС-ийн сонгодог наадам

By gala-admin | ТЭМДЭГЛЭЛ

dcnaadam2009

Бага насны минь хамгийн содон наадам, сумын наадам байсан. Тэр л бяцхан хүүхдүүдэд наадам гэхээр, зүлгэн дээр дэрвэлзэн хийсэх асар майхан, янцгаалдан тургилах гоёмсог зассан дэлтэй морьд, хаа нэгтээ паржигнан шуугйн тасалдах цагаан хоолой, урт үс гоёлоо гайхуулан, сугадалцан алхах царайлаг эгч нарын аалигүй инээд, өмсгөлөө бүсэндээ шуун, хэрдээ таахалзан алхах бөхчүүд, халуу дүүгсэн гэрийн хормойгоор ханх тавих хуушуурын үнэр, хамгийн гайхалтай үлгэрийн ертөнц байдаг сан. Тэр хоёр өдөр дэнж хотолзон, магнай тэнийн, инээд баяр хөөр хөх тэнгэрт цалгилж асан диваажин байдаг асан. Балчир насанд минь амталсан хуушуур, айрагны амт, тэр л жилдээ аманд амтагдан, сэтгэлд хадагдан, дараа жилийн наадмыг тэсэн ядан хүлээдэг сэн. Аяа, сумын наадам, нар хур тэгширсэн тэр л хоёр өдөр, миний амьдралын гэгээн дурсамж. Холын хол харь оронд, энэ л өдөр тэртээх сумын наадмыг санагдуулам нэгэн өдөр. ( Зургууд орсон. Дэлгэрэнгүй дээр дарж үзнэ үү.)

Монгол хүн бүр энэ л өдөр, өөрийн эрхгүй сэтгэл хөвсөлзөж, гэртээ ч тогтож сууж яахин чадна. АНУ-ын нийслэл Вашингтон ДС-ийн нэгээхэн талбайд, салхинаа монгол төрийн далбаа намирч, энд тэндгүй асар сүүдрэвч дэрвэлзэж, бас айраг ууж , хуушууранд дугаарлаж, 32 бөхийн барилдаан, нас насны “хурдан морьд” хэмээн нэрийдсэн бяцхан хүүхдүүд уралдаж, харин харвааны оронд, АНУ-д алдартай сагсан бөмбөгийн мэргэн оночоор наадан наргив бид…Яг л сумын наадам мэт. Хөгжлийн эрэмбэ дагасан алхаанд олон юм өөрчлөгджээ.
nominjin-turiin-suld-duu

Ёслол төгөлдөр нээлтээ хийсэн энэ наадмын хойморт, залуу дуучин Номинжин монгол төрийн дууллыг зүрхэн тушаа гараа тавин байж дуулав. Энэ л мөчид харь хол оронд алжааж ядран ажиллаж амьдрах олон монголчууд, сэтгэл зүрхэндээ эх нутгаа санагалзан байж даган түрэв. Алсын салхинд дэрвэлзэн хийсэх, алтан соёмбот далбаагаа харан харан, нүдэндээ нулимстай түрлэг өргөв тэд…
behbat-said

Харин сумын ёсорхуу даргын оронд, Монгол Улсаас АНУ-д төлөөлөн суугаа элчин сайд Б.Бэхбат энгийн хэрнээ, даруухан үг хэлж наадмыг нээв. Харин дараа нь Элчин сайд , энгийн иргэдийнхээ майхан сүүдрэвч бүрээр очиж, иргэддээ мэнд дэвшүүлэн, ерөөл айлтгах нь, тэртээ нэгэн цагт голын асар майхнаас алхам ч холдолгүй, хоолой засан, намжирдах даргаас тэс өөр санагдав.

Энэ наадмын ёслолыг, нэгэн цагт Монголын яруу найргийн ертөнцөд хаалгыг нь тогшилгүй, зүгээр л дэлгээд орж ирж асан, нэрт яруу найрагч Б.Ичинхорлоо хөтөлж, чөлөөт бөхийн ертөнцөд , “цахиур хагалан” шуугиулж асан Сэргэлэн баатар бөхийн оноолт хийж, хэдэн бөхчүүдээ сөхөртөл захирч байхыг харахуйяа, бас ч бахархах сэтгэл төрнө. Монгол найр наадам, дуу хуургүйгээр тэнгэрт хэрхэн цалгилах билээ. Монголын урлагийн ертөнцөд од болон гийж байсан дуучин Саран, Амараа нарын “Учиртай гурван толгой” дуурийн хэсэг, Монгол сургуулийн бүжигчин сурагчдын үндэсний бүжиг, уран нугаралт, дуучин Жавхлангийн ориг дүр, дуучин Ганаагийн дуунууд Америкийн тэнгэрт монголын салхийг сэвэлзүүлэв.
uzuu-turuu

Ямар ч найраагүй 32 бөхийн барилдаанд, залуус хүчийг үзэж, уран мэхийг уралдуулан барилдаж, Арлингтоны арслан цолтой, таримал бус төрмөл бөх Д. Сүлдбаяр, хамаг монголчуудын тааврыг будлилуулж, шинээр цоорон гарч ирсэн Зулхүү нар үзүүр түрүү булаалдан, арай туршлага заан Д. Сүлдбаяр түрүүллээ. Харин Зулхүүг дэмжиж асан нөхөд нь хар цагаан хэл ам хүрч магадгүй, энэ жилийн үзүүр болноо хэмээн урамшуулснаар наадам өндөрлөж авай.
Харин нас насны “морьдын уралдаанд” уяа сойлго нь таарсан олон хүүхдүүд уралдаж, айргийн таваар мялаалга хүртэх нь даанч өхөөрдөлтэй. Зарим “морьд” гараанаасаа аав ээж рүүгээ “хадуурч” бяцхан будилаан болсныг эс тооцвол, элдэв будлиан гарсангүй сайхан наадлаа.
Оноч мэргэн харвааны оронд , эдүгээ АНУ-ын сагсан бөмөбгийн ертөнцөд “цахиур хагалахаар” зэхэж буй, монгол залуусын сагсан бөмбөгийн тэмцээн, гайхамшигийг үзүүлэв. Хэдхэн хоногийн өмнө АНУ-ын монголчуудын сагсан бөмбөгийн, Чикагод болсон тэмцээнд аваргалсан “Пирамид” багийн тамирчид, “Орлоо” багийнхантай “аварга”ын төлөөх өрсөлдөөнд хожиж ,залуу насны ид хаваа гайхуулав даа. Холын зайнаас шидсэн бөмбөг нь онч мэргэн байсан тэд, сурын харваанаас дутахгүй уухайн дор энэ тэмцээнийг өндөрлөлөө.
Харин энэ жилийн наадамд, нэгэн залуугийн найруулж эсгэсэн “айраг” их эрэлт хэрэгцээтэй байсан төдийгүй, амсаж үзсэн миний бие хүртэл ориг айраг хэмээн оношилж амжсан. Өмнөх жилүүдийг бодоход гадаад, хүмүүс олноор үзэгдэж байсан нь, нэг л содон. Ямартай ч Арлингтон дүүргийнхэн монгол наадмыг ихэд эрхэмлэн сонирхох болсны нэгэн илрэл гэлтэй.

Айргаа ууж. хуушуураа идэж, үзүүр түрүүний бөхөө үзэж, хурдан хүүхдүүдийнхээ тоосыг харж, онч мэргэн сагсны тэмцээнээ үзэж баяссан монголчууд, ойр орчмын талбайгаа цэвэрлэн, хог хаягдлаа цэгцэлснээр энэ жилийн наадам өндөрлөв өө.

tamirchid
Гадаадад байгаа монголчуудынхаа энэ л баярыг тэмдэглэх гэж, хэрдээ сэтгэл оюунаа чилээн, хөдөлмөр зүтгэлээ зориулах ВашингтонДС орчмын монголчуудын холбооныхондоо их баярлалаа.

guilt
Хүүхдээ хөтөлж, сэтгэл дүүрэн баяртай одох монголчууд “дараа жилийн наадам даанч хол байна даа” хэмээн өгүүлэлдэнэ. Нээрээ ч жилээс жилд өргөжин тэлж, бас сонгодог хэлбэртээ орж буй “сумын наадам” шиг, Вашингтоны наадам маань ийнхүү өндөрлөвөө. Дараа жилийн наадам даанч хол байна даа. Ажил амьдралын олон нугачаанд алжааж түүртэж явсаар нэгэн өдөр наадамтайгаа золгоно доо.
Ай даа! Монгол сайхан наадам минуу зээ.

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах

2008-07-12

Зургийг авсан Лхажийдаа баярлалаа.

Jan 30

“МОНГОЛ УРТЫН ДУУ БА СОЛОНГОС БҮСГҮЙ”

By gala-admin | ТЭМДЭГЛЭЛ

Энэ сарын 26-ны өдөр Монгол Соёлын Төвөөс зохион байгуулж буй ээлжит цуврал лекцээр урлаг судлаач Солонгос бүсгүй Сун Мин “Монгол Уртын Дууны Тухай” илтгэл тавилаа. Бэсрэг зааланд лекц сонсохоор ирсэн Америк Монгол бараг тэнцүү тооны хүмүүс илтгэлийг талархан сонсч, бас халуун дулаан яриа өрнүүллээ. Монголын ард түмний эрхэм нандин өмч болох уртын дууг хаа холын Солонгос бүсгүй  судалж алс холын Америкт лекц уншиж байгаа нь надад сонин санагдав.

Сун Мин уртын дууг судлахаар Төв, Сүхбаатар, Дундговь аймгуудаар явж бас ч чамгүй хөдөлмөр зарцуулж, багагүй материал цуглуулжээ. Урлагийн онолын гэхээс бараг аян замын дурсамж гэхээр уг илтгэл, ярилцлагыг сонсч суухдаа манай ардын урлагийг гадны хүмүүс өөрсдийн нүдээр харж, өөрсдийн үнэлэмжээр үнэлж, дүгнэж  байгаа нь гадны хүмүүст илүү ойлгомжтой байгаа юм болов уу? гэж бодогдсоныг нуух юун.

Харин хорвоогоос тасарч, наранд хүртэл эгшиглэдэг, зөвхөн монгол тамгатай уртын дуугаа манай Монголын урлаг судлаач, эрдэмтэн шинжээчид, сэтгэл зүрхээрээ аялан дуулж, судалж, дэлхийн чихийг дэлдийтэл лекц уншиж гайхуулж яагаад чадахгүй байгаа юм бол?! Хар бага наснаасаа л найр, нааадам бүрт гайхамшигт аялгууг нь сонсож, сэтгэл зүрхэндээ уярч, омогшиж өссөн Монголчуудаас илүү хэн үүнийг хийж чадах билээ гэсэн “хармын” сэтгэл төрж л суулаа. Монголчууд бидний хийж, сэтгэж чадаагүйг сэтгэн хийж байгаа гадныханыг хараад  бид ч бас нэгийг бодох хэрэгтэй байгааг анзаарч л суулаа. Энэчлэн Америкт амьдарч буй  Монголчуудынхаа оюун санаанд бага ч атугай шим тэжээл өгчих гэж мэрийж зүтгэж байгаа Монгол Соёлын Төвийнхөндөө баярлaлаа.  Та бүхнийг сэтгэл зүрхээрээ дэмжнээ. Үйлс тань өөдрөг байг.

 

Харнууд овогт Гомбосүрэнгийн Галбадрах 1-р сарын 29 2008 он.

Sep 30

АМЕРИК БА МОНГОЛ

By gala-admin | ТЭМДЭГЛЭЛ

…Америкт ирээд 2 жил боллоо. Анхнаасаа л миний сонирхлыг татаж байсан ”Хүмүүс яагаад ингэтлээ Америк руу тэмүүлдэг юм бол? Америк юугаараа хүмүүсийг ингэтлээ татна вэ?” гэсэн асуултын хариуг би өнөөдөр бодож сууна. Мэдээж хууль бусаар амьдарч байгаа болохоор олон олон зүйлийг лавшруулан мэдэх, мэдрэх боломжгүй л дээ.  Гаднаас өнгөц  харахад л мэдрэгдэж байгаа сайн муу, сайхан муухай олон зүйлийг л төрж өсөж, амьдарч байсан Монгол оронтойгоо харьцуулахад их л олон зүйл бодогдоно.

mgl

Нэг. Байгаль ба хот

Далласын онгоцны буудалд буугаад Вашингтоны төв орох замд анх түрүүн ажиглагдсан зүйл нь замын хажуугаар жирэлзэх модод зүлэг, байгалийн онгон төрх байлаа. Хожим Нью-Иорк, Чикаго, Лас Вегас хот болон хот орчмоор явж байхдаа Америкчууд хот төлөвлөлтийг, байгалийн унаган төрхтэй нь уялдуулан гайхамшигтайгаар төлөвлөдгийг нь мэдэрсэн. Тэдний зам гүүр, барилга барих нь аль эртнээс төлөвлөгдсөн өөрчлөгдөхийн аргагүй цогц байдагт л ид шид нь байдаг гэлтэй. Ямар ч орон сууц, байгууламжийг барихдаа,
байгалийн төрхийг нь алдагдуулахгүйгээр зөвхөн сонгож авсан талбайдаа бариад буцаагаад, эргэн тойрныг нь нөхөн сэргэж, хуучин байдалд нь оруулдаг нь ажиглагддаг. Манай Улаанбаатарт барилга барихдаа, орчны модыг нь огтолж, баахан нүх шуудуу ухаж орчныг нь сэглээд л орхидогтой зүйрлэх аргагүй. Манай алтны уурхайнууд газрыг нь сэндийлгэж, хиймэл нуур тогтоож, алтыг нь авчихаад баахан намаг шалбааг, шороон овоолго үлдээгээд оддог, араас нь БОЯ-ныхан нөхөн сэргээлт хийгээч гэж гуйж шаардаж явдагтай бүр ч адилтгах аргагүй. Орон сууцны барилгуудаа барьчихаад худалдаж авах хүмүүстээ санал болгодог. Тэнд өөлөх юмгүй, орчин тойрондоо зүлэг ногоо нь халиурч, модод цэцэглэж шувууд жиргэж байхад тэгээд ч хаус нь граж, зам талбай, нарлагааны талбай гээд бүх л юмс нь байхад хүмүүсийн зүгээс гомдол гаргаж, голж шилээд байх ч зүйл үгүй. Ялангуяа орон сууцны хороолол, бусад байгууламжуудад хамгийн гол шийддэг асуудал нь автомашины зогсоол, хүүхдийн тоглоомын талбай, оршин суугчдын амарч тухлах газар байдаг.
Өнөөдөр УБ хотод хуучин баригдсан барилгын хүүхдийн тоглоомын талбай, автомашины зогсоолд зориулагдсан бүх л газруудыг хүмүүс авч, чигжээс маягаар барилга барьсаар машин байтугай худалч хүнд ”бөгс эргэх” зайгүй болчихсон. Энэ газруудад барилга барих зөвшөөрөл авахын тулд УБ хотын өмнө, одоогийн удирдлага, ерөнхий менежерүүд нь хахууль авсан, авагүй гэж өнөө хүртэл маргаан болсоор… Хэрүүл яах вэ?

Нэг л зүйл маш тодорхой. Хот төлөвлөлт байхгүй болгож, зориулалтын бус газруудад барилга баригдаж, орчны байгаль бүү хэл, хүмүст ч ая тухтай амьдрах боломж үгүй болсон, нөгөө талаас хотын ерөнхий менежер агсан Бадамжунай УИХ-ын гишүүн, хотын захирагч агсан М. Энхболд ерөнхий сайд болсон нь үнэн. Энэ уудам газар нутагтай, цөөхөн хүн амтай Монгол оронд тэр тусмаа сая гаран хүн амтай УБ хотод ингэж шахцалдаж, замбараа болон алиагаа алдаж байх шаардлага юу байсан юм бол. Бүхнийг мөнгөтэй холбож тайлбарлахын оронд богино ухаан, харалган бодол, мөнгөний төлөө улайрсан цэвдэг сэтгэлээс болж байгааг зөвшөөрөх цаг болоогүй юу.

Хоёр. Инээмсэглэл ба бухимдал

Миний ажигласан хоёр дахь зүйл нь хүмүүсийн инээмсэглэл ба найрсаг зан. Америкийн хаана ч явсан уурлаж, бухимдаж байгаа хүн ер нь тааралдахгүй талдаа. Автомашинтай явж байгаад туслах замаас төв зам руу шилжих гээд зогсож байхад, аль эсвэл та явганаар явж байгаад гарцаар гарахад ямар ч жолооч, таныг зогсож байгаад боломж олгоно. Дэлгүүрт орсон ч урдаас чинь инээмсэглэж тосоод, танд юугаар тус болж болохыг лавлана. Гэрт нь ажил угсрах гээд очиход гэрийн эзэн таныг инээмсэглэж тосоод л ажил хийх боломж олгоод өгнө. Худал хуурмаг бус зүгээр л хүнийх нь хувьд таныг хүндэтгэж байгаа л хэлбэр юм. Та, мал адгуус эсвэл хорхой шавьж бус хүн болоод төрчихсөн учраас хүндлэгдэх ёстой юм гэж ойлгоход болно л доо. Хуурамч ч бай инээмсэглэл, хүнийг бүдүүлэг зан гаргахаас урьдчилан сэргийлдэг гэсэн үг юм.

Мэдээж энд атаман, эсвэл дарамтлагч байх нөхцөл үгүй. Таны баян ядуу, эсвэл хар, шар арьстан, эсвэл хотын хөдөөний байх ямар ч ялгаагүй. Гагцхүү та ”хүн” учраас л хүмүүс инээмсэглэнэ. Монголд байгаа шиг жаахан юм уучихаад хэн нэгнийг өдөөд үзвэл, тэр хүн тантай хэрэлдэж зодолдох ч үгүй шууд л цагдаа дуудчихна. Цагдаа ирээд таныг аваачиж тусгаарлаад шал дэмий юм хийжээ гэж боддог болохоор чинь торгоод хариулчихна. Та өөрийн ”дэмий юмандаа” нэлээд доллар төлөөд гарна. Энд цуг ажиллаж байсан 2 залуу муудалцаж  л дээ. Нөгөөх нь хэд хоногийн дараа жаахан юм уучихаад ”атаман” зан нь хөдөлж, нөгөө найз руугаа утасдаад ”Би удахгүй очоод чамайг алаад хядаад өгнө, зодолдоход бэлтгэж бай! гэх маягийн юм хэлж дээ. Нөгөөх нь ”Хүрээд ирвэл ирээ. Би чамтай зодолдож чадахгүй, харин цагдаа дуудчихаад хүлээж байя” гэж. Атаман залуу маань харьж унтахаас өөр яах вэ дээ. Зүгээр л нийгмийн тогтолцоо нь  хүмүүжилчихэж байгаа юм даа. Хууль нь чамайг хамгаалж байгаад чи үнэн голоосоо итгэж байгаа болохоор айх аюул дарамтгүй учраас инээмсэглэх боломжтой болно.

Гудамжаар явахаар тоос шороо нь тургиад, хүмүүс дайрч унагачих гээд, гарцаар гарахаар машинууд сигналдаж цочоогоод, дэлгүүрт ороод хүссэн юмаа авах гэхээр мөнгө хүрдэггүй, гэртэ харихаар хоол унд муутай, тохь тухгүй, хүүхдүүд нь үргэлж гачигдаастай, телевиз үзэхээр авилга, хахууль, жагсаал цуглаан, алаан хядаан, хэрүүл хараал. Улаанбаатарт хүмүүс ихэвчлэн бухимдалтай, ширүүн харцтай, хэн яачих бол гэсэн хардлага айдастай яваа нь харагддаг. Жаахан юманд л уурлаж бухимдаад, энд тэндгүй л хэрүүл хараал. Ядахнаа гудамжаар явж байгаад шаардлага гарвал бие засчих ч газаргүй, барьж яваа цаасаа хийчих хогийн сав үгүй, ядарч яваад суугаад амарчих сандал үгүй, бухимдахаас ч аргагүй болдог.

Монгол хүн инээмсэглэх дургүй дээ албаар хөмсөг зангидаад байдаг юм биш шүү дээ. Инээмсэглэх боломжийг нь ядаж бүрдүүлээд өгчих л дөө. Гудамж талбайгаа цэвэрлээд, хаяг нэршлийг нь тодорхой болгоод, хогийн сав хаа сайгүй байршуулж, бие засах газруудаа олшруулж, зам гарцаа тодорхой болгоод өгвөл инээмсэглэдэггүй юмаа гэхэд ядаж хөмсгөө зангидахаа болиод л эхэлнэ. Ядаж эндээс эхэлбэл цаашаа улам л сайжраад явчихна даа. Хэдэн жилийн дараа хүн бүр л инээмсэглээд л эхэлбэл аяндаа баяр хөөртэй алхдаг болох цаг ирнээ.

police

Гурав. Цагдаа ба иргэн

Америкт цагдаа бол үнэхээр нэр хүндтэй, нөгөө талаас үйлчилгээний гэдэг утгаар ажилладаг юм билээ. Тийм ч учраас хүмүүсээ сайтар шилж, сургаж бас төр засаг нь ивээлдээ байлгадаг болохоор манайтай адил цагдаатай ”найрна” гэсэн ойлголт огт байхгүй. Тэдэнд ганчан зүйл бий. Хуулинд тэгээд заасан. Гүйцээ. Америкт автомашин ихтэй болохоор цагдаа нар машинтай замын хөдөлгөөнд оролцоод явж байхдаа бүгдийг хянана. Ямар нэгэн машин сэжигтэй санагдвал машин доторх компьютерээсээ лавлаж шалгаад л зогсоох эсэхээ шийднэ. Компьютерт нь уг машины талаарх бүх мэдээлэл бий. (Эзэн нь, хаяг нь, татвар төлсөн эсэх г.м)

Хууль дүрэм зөрчөөгүй л бол машин зогсоохгүй. Машинууд ихэвчлэн хурд хэтрүүлсэн зөрчил гаргадаг болохоор одоо Виржиниа мужид хурд хэтрүүлбэл шууд л 1000-1500$-оор торгох шийдвэр гарсан. Хуулиа чангалаад л асуудлыг шийдчихнэ. Тиймээс энд жолооч нар хурд хэтрүүлэхээс л болгоомжилдог. Машинаа буруу зогсоолд тавиад эзэнгүй орхисон эсвэл зогсох хугацааныхаа мөнгийг дутуу төлсөн, бүр төлөөгүй бол торгуулийн хуудсыг машиных нь шилэнд наагаад орхичихно. Хэрэв та хугацаандаа торгуулиа төлөхгүй бол таны торгууль хоёр дахин нугараад л гэрийн чинь хаягаар нэхэмжлэх ирчинэ. Цагдаа байхгүй гээд улаан гэрлээр орчихсон бол таны машинтайгаа улаан гэрлээр гарч буй малилзсан зурагтай чинь хамт, торгуулийн хуудас, өдөр цаг минут секунд заасан бичлэгтэй хамт хүрээд ирнэ. Та удаа дараа зөрчил гаргаад явсан бол нэг л өдөр ”Уучлаарай, таны жолооны үнэмлэх чинь хүчингүй боллоо” гэсэн мэдэгдэл хүрээд ирнэ. Та ямар ч таньдаг, таньдаггүй цагдаатай найрах аргагүй хууль нь өөрөө цагийн механизм шиг л яг таг ажиллана.

Нэг Монгол залуу жаахан юм уучихсан, хурд хэтрүүлж яваад цагдаад саатуулагджээ. Цагдаа согтууруулах зэрэг хэмжигч үлээлгэх гэсэн боловч ”би үлээхгүй” гэж яаж ийж гүрийсээр байгаад үлээлгүй үлдчихэж л дээ. Дараа нь шүүх хурал дээр нөгөө цагдаа согтуу байсныг нь нотлох баримт бүрдүүлж чадаагүй тул шүүх түүнийг согтуу байсан гэдгийг нь авч хэлэлцэлгүйгээр зөвхөн хурд хэтрүүлсэн гэдгээр л шийдвэр гаргасан байна. Тэгэхээр нотлогдоогүй л бол гэм буруутай гэж үзэхгүй гэдэг хууль яаж хэрэгждэгийг эндээс харж болно.

Монголд бид нар яриад хөхрөлддөг байсан нэг онигоо бий. ”Нэг залуу амьдралаа дээшлүүлэх гээд хөөцөлдсөөр байж, замын цагдаа болжээ. Ажилд ороод 1 сар өнгөрч, 2 сар болоход нь нягтлан дуудаад ”Чи яагаад  цалингаа авахгүй байгаа юм бэ? гэж асууж. Мань эр гайхсанаа ”Бас цалин авдаг юм уу” гэж дуу алдсан гэдэг. Миний мэдэхийн УИХ, гааль, замын цагдаа гурав лав хүмүүсийн амьдралаа дээшлүүлэх гэж ажилд ордог газар гэсэн ёгт ойлголт нийтэд түгээмэл байдаг.

Ямар нэгэн баяр ёслол ойртохоор нэмэлт орлого олохын тулд үйл ажиллагаа нь идэвхждэг, эргүүлийн болон замын цагдаа, ямар ч хүнтэй бүдүүлэг, дээрэнгүй харьцдаг, тийм талаараа түшиглэж асуудлыг хуулийн бус шийддэг олон үйлдлүүдийг энд дахин нуршаад яах вэ? Тэртэй тэрэнгүй улиг болчихсон асуудал.
Хамгийн гол нь энэ асуудлыг яаралтай шийдэж, заримыг нь өөрчлөхгүй бол улс орны хөгжлийг буруу тийш нь хөтөлж мэдэх нь ээ.

1. Цагдаа бол хүчний байгууллага биш үйлчилгээний байгууллага. Иргэдийг хуулийн хүрээнд, тайван амьдрах боломжийг хангахад үйлчлэх ёстой. Алив хүн, бусдын эрх ашигт хохирол учруулахгүйгээр л өөрийнхөө эрхийг эдлэх ёстой гэдэг л үйл ажиллагааных нь үндэс байх ёстой юм биш үү.
2. Цагдаагийн боловсон хүчний асуудлыг бүхэлд нь өөрчлөх цаг болсон биш үү. Бие бялдар, мэдлэг боловсрол, харилцааны соёл, ур чадвар, ёс суртахуун гэсэн 5 үзүүлэлтээр хүмүүсээ сонгон шалгаруулж, сургаж, бэлтгэж ажиллуулах
3. Цагдаа төрийн бүрэн ивээлд байх ёстой. Тэдний хувцас, хангалт, унаа, цалин дээд зэргийн байж хуулийг сахиж мөрдүүлэх үүрэг нь биелэх боломжтой. Хүмүүс юу юунаас илүү хуулийн дор амьдрахыг хүсэж байна. Айдасгүй, дарамтгүй, тайван амьдарч байж л хүмүүс ”эрх чөлөөг” жинхэнэ утгаар нь мэдэрдэг юмаа.

Дөрөв. Боловсрол ба ажил хөдөлмөр

Америкт ажиллаж байгаа Монголчууд ихэвчлэн хар ажил хийдэг. Монголд. Орост их дээд сургууль төгссөн олон ч инженер, эмч, багш, хуульч, эдийн засагчид чулууны үйлдвэр, модны болон барилгын засвар, хими цэвэрлэгээ, зочид буудал, ресторан, автомашины засварын газар, дэливери, хүн асрах гэх мэт янз бүрийн ажил хийцгээдэг. Нэгэнтээ Элбэрдөржийг Америкт аяга таваг угааж байсан гэж доромж маягаар бичсэнийг уншиж байснаа санаж байан. Өнөөдөр Монголд төрийн боломжийн алба хашаад 200-300 долларын цалин сард авах, Америкт аяга, таваг угаагаад 1200$-ын цалин авах хоёрын мөнгөн дүн, хөдөлмөрийн үнэлгээний талаар бодож үзүүштэй л болох байх. Ямар ч гэсэн энд ирсэн Монголчууд Монгол байхдаа боломжийн алба хашаад 200$ авч сэтгэлийн дарамттай амьдрахаас, Америкт хар ажил хийгээд 2000$ сард авч сэтгэл тайван амьдрахыг илүүд үзсэн байх. Инженер хүн чулууны үйлдвэрт хар ажил хийгээд өөрийгөө доош нь хийж гутрахыг үзүүгүй.

Харин Монголчууд боловсролын түвшингээрээ ч тэр аль ч үйлдвэрт ажиллаад, эзэддээ бусдаас арай илүү үнэлэгдэж, илүү итгэгдгийг мэдэрч байна. Америкт чи ямар сургууль төрссөн бэ? Ямар мэргэжилтэй вэ? гэдгийг төдийлэн сонирхохгүй (цагаачдын хувьд) чи энэ ажлыг яг таг хийж чадах уу? гэдгийг л сонирхоно. Хийх ёстой ажлаа хийгээд, авах ёстой цалингаа л авна. Түүнээс биш Монголд байдаг шиг байгууллагынхаа ашиг орлогыг сонирхоод, дарга удирдлагаа шүүмжлээд, хэрхэн яаж удирдахыг зааж зааварлана гэсэн ойлголт байхгүй. Бүх л зүйл хууль дүрмээрээ л явна. Өөрөөр хэлбэл чи энэ байгууллагын төлөө бус өөрийнхөө төлөө л ажиллах ёстой. Өөрийнхөө төлөө гэдэг нь, чи хийх ёстой ажлаа л сайн хийж авах ёстой цалингаа ав, чадахгүй бол яв. Байгууллага болон компанийн бусад асуудал чамд ер хамаагүй. Энэ л зарчмаар ажилладаг учраас өөрөө цалинтай байж өөрийгөө тэжээхийн тулд өөрт оногдсон ажлаа сайн хийхээс өөр арга үгүй. Ажлаа хийж чадахгүй ажлаасаа халагдвал чи цалингүй, чамд хэн ч туслаж чадахгүй.

Хэн нэгэн найз чинь чам дээр шил юмтай ирж, хувааж уугаад ажлаас халсан дарга болон байгууллагыг нь муулан шүүмжилж, дээш нь матаас бичиж хонзонгоо авах шаардлага ч гарахгүй.  Энэ бол асуудлын нэг тал. Асуудлын нөгөө тал нь Монголд, Орост, чиний суралцаж олж авсан диплом энд ямар ч үнэ цэнэгүй. Чи дипломоо, 3-н үейин намтар, ажил байдлын тодорхойлолт, гавъяа шагналаа бариад ч энд ямар ч ажил олдохгүй. Харин чиний хэлний мэдлэг, өндөр хөгжилтэй орны диплом, чиний ажил хэрэгч, ур чадвар хэрэгтэй. Тэгэхдээ диплом ч гол бус. Энэ нь чиний үзэж судалсан зүйлийг чинь тодорхойлж байгаа хэрэг. Харин өөрийнхөө байгууллагад тэнцэж ажиллах чадварыг чинь туршиж үзнэ. Энд бол чиний ажил хэрэгч чанар, хувийн ёс суртахуун, хүнтэй харилцах, бусдад өөрийгөө ойлгуулах чадварыг чинь илүүтэй сонирхоно. Тэгэхээр манай боловсролын тогтолцоог өөрчлөх, их дээд сургуулийн сургалтыг дэлхийн тувшинд ойртуулах гэдэг л хамгаас чухал болох нээ. Хамгийн гол нь суралцахаас гадна өөрийгөө гэдэг л боловсролын бас нэг чухал хэмжүүр болжээ. Энэ бол бие хүн бэлтгэх гэдэг л ойлголтод очно.

Бусадтай зөв харилцах, өөрийгөө бусдад ойлгуулах, бусдыг анхаарч ойлгох чадвар гээд багаар ажиллахад суралцах, өөрийгөө бэлтгэх гэсэн л үг. Их мундаг сурдаг хирнээ архи уугаад, бусдыг доромжлод шүүмжлээд, өөрийгөө хоосон магтаад суудаг оюутан ийм газар яагаад ч ажилд орж чадахгүй. Хүний боловсролын түвшин, хүмүүжил хоёр шууд  хамааралтай учраас манай өвөг дээдэс эртнээс ”Их мөрөн дөлгөөн, эрдэмт хүн даруу” гэж сургасаар иржээ.
Тэгэхээр энд хар ажил хийж байгаа дээд боловсролтонгуудаа шоолох хэрэг ердөө ч байхгүй. ”Суусан цэцнээс явсан тэнэг дээр” гэдэг  үгээр энд эд л ажил хөдөлмөр, бизнесийн жинхэнэ хуулийг биеэрээ мэдэрч, хатуужиж, ухаан сууж, Монголдоо эрсдэл багатай бизнес хийхэд өөрсдийгөө бэлтгэж байна.
Харин бодууштай нь Америкт суурьшиж ажиллаж байгаа олон Монголчуудаас Америкийн нэр хүндтэй их дээд сургуулиудыг төгсч Америкийн том том нэр хүндтэй байгууллагуудад ажиллаж байгаа олон залуучууд гарч ирж байна. Тэд загварын агентлаг, банк, эмнэлэг, томоохон компаниудад ажиллаж зарим нь нэр хүндтэй сургуулиадад багшилж байна. Өөрөөр хэлбэл дэлхийд зөвшөөрөгдсөн Монгол мэргэжилтнүүд төрөн гарч ирж байна. Эрхбиш Монголын төр засаг, эрхэм дээдсүүд нэгийг бодох биз. Эд Монголын засгийн газраас нэг ч төгрөг авалгүй эцэх эх, өөрсдийн боломжоор зардлаа төлж өндөр боловсрол эзэмшлээ. Эдний зүрх сэтгэлд Монгол орон нь бий. Эрдэмд оройгүй гэдэг билээ.

Тав. Улс төр ба бид

Америкт зөндөө л хүмүүстэй тааралдах авч, Америкийн ардчилсан болон бүгд найрамдах намын гишүүн эсвэл улс төр ярьж, жагсаал хийж, өлсгөлөн зарлаж байгаа хүмүүстэй тааралдсангүй. Хүмүүст улс төр нь чухал биш. Хувийн амьдрал, ажил хөдөлмөр нь чухал. Америкийн ерөнхийлөгч хэн байхаас хамарахгүй, Америкт конгресст аль нам хүчтэй байхаас хамаарахгүйгээр хүмүүсийн амьдрал өөрөөс нь хамаарч байдаг тогтолцоог бий болгочихсон болохоор элдэв хийрхэл бараг л үгүй болж дээ. Бүх зүйл нь хуулинд захирагдана, гаргасан хууль нь яс хэрэгждэг болохоор ”Тэнгэрийн дор төрж, хуулийн дор амьдарна” гэдэг үг хаа холын Америкт биелэлээ олжээ гэж бодогдном. Энд ердийн найз нөхөд гэж байхаас ашигтай ба ашиггүй найз нөхөр гэж байхгүй. Ямарваа бэрхшээлтэй асуудлаар хуулийн дагуу өмгөөлөгчид хандаж мөнгөө төлөөд зөвөлгөө авахаас бус уг асуудлаа хуулиас гадуур шийдүүлэх гэж гэж таньдаг хүнээ хайж, сураглаж давхих, ямар нэгэн зөвшөөрөл авахын тулд зохих баримтаа бүрдүүлж өгөхөөс бус хэн нэгэн түшмэлд авилгал өгөх шаардлага байхгүй.

Иймдээ ч Америкчууд хуулийн дор дарамтгүй өөрийн хүч чадлаа дайчлан сайхан амьдарч чадаж байна шүү дээ. Америкт гарч байгаа Монгол телевизүүдийн мэдээг үзэж, Оюу толгой, Таван толгой, сонгуулийн будлиан, онгоцны осол, хохирогчдын гомдлыг сонсож суухдаа, Монгол Улсын Ерөнхийлөгч, ерөнхий сайд, УЙХ-ын 76 гишүүдэд гомдож, ”Энэ чинь гол асуудал биш ээ! Та нар хуулиа л чанартай гаргаад, түүнийгээ хэрэгжүүлж мөрдөхөд л ард түмнээ сургаад өгчихөөч. Энэ л та нарын гол ажил шүү дээ” гэж хашгирмаар санагдах юм. Тэр бөхийн цол олгох, гадаадын уул уурхайн компаниудтай гэрээ хийж хувь авах, ХЗХ-ны хохирлыг төлөх нь та нарын асуудал биш. Асуудлыг шийдэх хуулиа гаргаад л өгчих бусад нь түүнийг хэрэгжүүлэг. Хэрэв хэрэгжүүлэхгүй бол яаж хариуцлага тооцохоо бас хуульчлаад өгчих. Тэгээд л горимдоо орох цаг ирнэ. Монголын төрөөр тоглох тоглоомоо дуусгаад, ард иргэдээ тайван амьдрах, ажил хөдөлмөр хийж түүгээрээ хангалуун амьдрах боломжийг нь олгож өгөх цаг болжээ. олон юмыг өөрчлөхөд цаг хугацаа хэрэгтэй. Ядаж үр хүүхдүүд минь хуулийн дор тайван ажиллаж амьдраг л дээ.

Төгсгөл

Уг нь үүнийг бичиж эхлэхдээ ”Улс төр” л бичихгүй юм шүү гэж бодсон боловч нэг л мэдэхэд ”улс төр” лүү хальтраад орчихлоо. Яж ч бодсон өнөөдөр Монголчууд бидний амьдрал улс төрөөс л хамааралтай хэвээр байсаар байна. Хуучнаар ”Капитализмын” өлгий нутаг Америкийг магтаж, ”социализмын” дагавар орон Монголоо муулах гэсэнгүй. Нүдээр үзэж, биеэр мэдэрч байгаа энэ ялгааг л арилгадаггүй юм гэхэд жаахан ч атугай ойртуулдаг болоосой гэж мөрөөднө. Хүссэн ч эс хүссэн ч эрх чөлөөний эх орон Америкаас Монгол орон минь дуурайн авах юмаа авах л болно. Өөр гарц үгүй. Жил жилийн 7-р сард амьдарч байгаа хот бүрдээ Монголчуудын холбооны санаачлагаар үндэсний баяр наадмаа хийхдээ, төрийнхөө алтан соёмбот далбаагаа өргөж, төрийн дууллаа гараа цээжиндээ авч дуулцгааж, наадмын хаалтаа хийхдээ ”Халуун Элгэн Нутаг”-аа нулимс цийлэгнүүлэн дуулах Америкийн Монголчуудын сэтгэл зүрхэнд нь хатуу ширүүн ч ээлжлэх 4 улиралтай, хангай, говь, тал, хээр нутагтай, адуу янцгааж, айраг сэнгэнэсэн Монгол нутаг минь оршсоор л байдаг юм. Эх орноо , ижий аав, хань ижил, үр хүүхэдтэйгээ зүүдлэн сэрдэг Монголчууд маань нутгаа санан бэтгэрч, харих цагаа хүлээж л сууна.

Америкт байгаа Монголчууд маань, тус тусын оршин суугаа хотдоо ”Монголчуудын холбоо”-той, тэдний санаачилгаар Америкийн Монголчуудын хөл бөмбөг, сагсан бөмбөг, гар бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн, Урлагийн наадам зохиогдож, Америкт бизнес эрхлэгч Монголчуудын уулзалт, Вашингтоны ”Хар Хорин” клуб Монголоос ирсэн алдартнууд, улс төрчидтэй уулзалт хийж, ”Орлоо.ком” вэб сайт  Монголчуудаа хооронд нь харилцуулж холбох үүргийг гүйцэтгэн зар сурталчилгаа явуулж,, ”Даяар Монгол” сонин хэрэгтэй мэдээллийг Монголчууддаа цацах зэргээр тэдний үйл ажиллага жилээс жилд өргөжин хөгжөөд байна. Эдний ард Америкт төрж, сургуульд суралцаж мэргэжил эзэмшиж байгаа бүхэл бүтэн үе өсч өндийж байна. Монгол орны хөгжил дэлхийн жишигт хүрэхэд эдний хувь нэмэр асар ихээ.

Иймд ч эдний тухай, төр засгийн анхаарлыг хандуулахын тулд Тайван, Ариунтуяа хоёрын санаачилсан ”www.orloo.com” вэб сайттай миний бие хамтран ”Америкийн Монголчууд” нэртэй цуврал нийтлэлүүд бичиж эхлээд бaйна. Уншигч та бүхэн service@orloo.com гэсэн хаягаар бидэнд саналаа ирүүлж, сэтгэгдэлээ Орлоо цахим хуудсанд үлдээгээрэй. 10-р сарын сүүлчээр АНУ-д айлчлал хийх МУ-н Ерөнхийлөгч Н. Энхбаяр та, Америкийн Монголчуудын хүсэлт сэтгэгдлийг нь сонсож, төр засгийн анхааралд авч хамтран ажиллаж олон асуудлыг шийдэх байх гэж найдаж байна.

Төрийн сүлд ивээг.
Нийтлэлийг бичсэн Харнууд овогтой Гомбосүрэнгийн Галбадрах

2007-9-30

 

Jul 28

Алдар нэрийн төлөөх хийрхэл ба “Төрийн хүн”

By gala-admin | ТЭМДЭГЛЭЛ

2007 оны 07 сарын 14-ний орой АНУ-ын нийслэл Вашингтон хотын орчим Монголчууд олноороо суурьшдаг Rosslyn-ы ”River Place”-н нэг байрны уулзалтын өрөөнд Монгол Улсын хөдөлмөрийн баатар төрийн шагналт хөгжмийн нэрт зохиолч Дагвын Лувсаншарав гуайтай хийсэн Монголчуудын уулзалт даруухан болж өнгөрөв. Цөөхөн хүн цугласан хэдий ч уулзалт яриа элэгсэг дотно, чин сэтгэлээсээ , бас хөгжилтэй сэтгэлд дулаахан болов. Уулзалтын дундуур Лувшаншарав гуайн нэр цохон Монголын хөгжмийн ирээдүйн ”од’оор тодорхиолоод байсан хөгжмийн залуу зохиолч Сансаргэрэлтэх тэвдүүхэн орж ирээд, уулзалтын төгсгөлд их зохиолчтой очиж золгоход Лувсаншарав гуай өөрийн эрхгүй уулга алдаж үнсэх нь их урлагийн төлөө л сэтгэл нь чилж явдаг зүрхний нь хөг аялгуу эгшиглэв гэлтэй.

Mонгол нутгаас алдар нэртэй хүндэтгэлтэй хүн ирсэн сургаар л урьж залаад харь газар амьдарч буй хэдэн монголчуудтайгаа уулзуулж, сэтгэлийг нь дэвтээчих гээд л зохион байгуулаад л гүйдэг Д. Энхбөлдын өхөөрдөн ”хэнхэг” хэмээн нэрлэсэн Вашингтон орчмын Монголчуудын холбооны Ивээлт, Дэлгэрцөгт, Ганзориг, Саруул-Эрдэнэ нар л Д. Лувсаншарав гуайг хүндэтгэн үйлчилж бас ч юм юмыг нь зохицуулж, сэтгэлд н^ жаахан ч атугай урам, гэгээ хайрлах гэж мэрийнэ.
Монгол Улсын хөдөлмөрийн баатар төрийн шагналт хөгжмийн нэрт зохиолч Дагвын Лувсаншарав гуай АНУ-д ирж байхад Монгол төрийг АНУ-д төлөөлж багаа ЭСЯ ньмэдэж байгаа ч юмуу үгүй ч юмуу таг чиг.
Энэ бүхнийг харж зогсохдоо хэдий харь газар байгаа ч Монголын төрдөө гомдох сэтгэл төрнө.
Нэгэн зүйл: Жил бүр л Монгол улсын Ерөнхийлөгчийин зарлигаар хичнээн хүнд ”гавьяат”, ”ардын” цол олгож ”төрийн шагнал” олгоно.

Тэр ч байтугай бөхийн цол, морины уяачийн цол, харваачийн цолыг бас л Ерөнхийлөгчийн зарлигаар олгоно. Шагналыг дагалдсан сайн муу хэл яриа тасрахгүй. Албатай юм шиг жил бүр ямар нэгэн ой, баяр ёслолоор олгодог шагнал нь хавьтгайрсаар бараг л Монголын 4 хүний нэг нь ямар нэгэн цол гуншин хүртсээр энэхүү төрийн нэрээр олгодог шагналын нэр хүнд үнэхээр унаж гүйцжээ. Сүүлдээ бүр элэг доог болмоор ”тэр дуучин гавьяат цолыг 30 сая төгрөгөөр авч гэнээ” гэх яриа…
Даян аварга цол өгөөгүй учраас зодог тайллаа гэх гоморхол.. Энэ бүхэн юу болж байнаа. Салбарын шагнал бол бүр доромжлол мэт боллоо.
1970-аад оны үед аав минь ”Боловсролын тэргүүний ажилтан” цолыг сургуулиа ”Улсын тэргүүний сургууль”-ийн болзол хангуулсаныхаа дараа л хүртэж байсан бол өдгөө энэ цолыг хэт хавтгайруулснаас олон жил ажилласан багш нар жинтүүн дээрээ хадахын тулд гуйж авдаг болсон нь нууц биш.

Тэр ч бүү хэл ”Боловсролын тэргүүний ажилтан” гэх мэт тэмдгүүдийг Зоос гоёлын зүйлийн дэлгүүрт худалдаалж байгааг ю гэж хэлэх вэ?
Социализмын үед бий болгосон энэ шагналын систем энэ цаг үед тохирохгүйгээр барахгүй хүмүүсийн хоорондын таагүй харьцаа, атаа жөтөө, барьцах, гоморхох зэрэг муу муухай үр дагавраас гадна төрийн нэр хүндийг унагасаар байхнээ.
Чухам энэ утга учиргүй цол хэргэм шагналаас болж ард түмэн тань хийрхэлд автаж төр, төрийн тэргүүн таны нэр хүнд унаж гүйцлээ. Үүнийг зоригтойгоор өөрчилж, хуульчилж, төр хишгээ жинхэнэ ёсоор хүртээх цаг болжээ.
Нэгэн зүйл: Монгол улсын ”гавьяат”, ”ардын”, ”хөдөлмөрийн баатар” цолуудыг хүчингүй болгож, Монгол Улсын ерөнхийлөгчийн зарлигаар Монголын төрд гавьяа байгуулсных нь төлөө ”Монгол төрийн …(хөгжмийн зохиолч, их зохиолч г.м) өргөмжлөл олгож, ”Чингис хааны” одон, ”Чингис хааны” алтан гэрэгэ гардуулж байя. Үүнийг хүртсэн гавьяатан Монгол төрийн ”хүн” болж төр ивээлдээ авна гэсэн үг. ”Төрийн хүн”-ий амьдрах орон сууц, унах машин, хамгаалалт г.м бүх асуудлыг төр хариуцаж, харин уг хүн зөвхөн бүтээлээ хийх боломжийг хангана гэсэн үг. Чингис хааны алтан гэрэгэ авсан учраас гадаад оронд зорчих, дипломат паспорт олгож, алба амины ямар ч ажлаар гадаадын аль ч оронд очсон тус улсад суугаа Монголын ЭСЯ хүлээн авч үйлчилдэг байх ёстой. Ингэж гэмээ нь төрийн хүндэтгэл, халамж, иргэндээ хүрч, иргэн нь төрийн төлөө авьяас билэг хөдөлмөрөө зориулна гэсэн үг. 2 тэрбүм хүнтэй Хятад орон 2 тэрбүм хүнээсээ сонгож авсан тамирчин урлагийн авьяастнаа төрийн ивээлд авч, Хятад улсын нэрийг дэлхийд гаргахын төлөө авьяас хөдөлмөрийг нь ашигладаг. 2 сая хүнтэй Монгол оронд үнэхээр авьяас чадвартай хүүхэд залуусаа төр нь сонгож ивээлдээ авч, Монгол орныхоо хөгжлийн төлөө бодлогоо чиглүүлэх цаг болсон бишүү.

Одоо байгаагаас хөгжмийн зохиолч Д.Лувсаншарав гуай, Жанцанноров, яруу найрагч, зохиолч Д. Пүрэвдөрж, Б.Лхагвасүрэн нарт төр хишгээ хайрлавал араас нь авьяас билгээ чилээж яваа олон авьяастанд урам, бас амьдрал уран бүтээлийн чиг баримжаа болох бизээ. Ямар ч гэсэн энэ 4 хүнийг дипломат паспорт өвөртлөөд тамхины наймаа хийнэ гэж би л лав итгэхгүй. Лувсаншарав гуай Сансаргэрэлтэх дуурийн театруудад хэрэглэдэг зөөврийн, угсардаг төхөөрөмжийг хэрэглэвэл шинэ театр барихаас 100 дахин хямд тусах тухай ярилцахыг сонсоод эдний зүрх сэтгэлд зөвхөн хөгжим л эгшиглэхээс бус ямар ч наймаа, бизнесийн сэтгэлгээ байдаггүйг мэдэрсэн. Лувсаншарав гуайн уулзалтанд ач юмуу зээ нь бололтой залуу хос сонирхогчийн камераар бичлэг хийж харагдсан.
Японы сумо-гийн их аваргууд цүнхийг нь бариад явдаг үйлчлэгч нар олонтой байдаг юм гэсэн. ”Төрийн хүн”-д үйлчлэгч хэрэгтэй юм байна гэж бодогдсон. Цүнхийг нь бариад бүх уулзалт, санал сэтгэгдлийг нь бичиж тэмдэглээд, видео бичлэг, фото зургийг нь авч баримтжуулаад явдаг бол хожим хойно гэр музей байгуулах гэж айл амьтнаас, ах дүүгээс нь үнэн худал нь мэдэгдэхгүй хувцас малгай, сандал ширээ цуглуулж явахгүй амар гэж бодогдлоо.
Нэгэн зүйл: Төрийн энэ шагналаас бусдыг нь хуучнаа байгаа бол Засгийн газар, Ям, агентлаг эсвэл академи ч юмуу лгож болно шүү дээ. Гавьяат цолтонтой дүйцэх шагнал, 100 сая төгрөг, салбарын тэргүүнтэй дүйцэх шагнал 50 сая төгрөг дагалдаж байвал, бас хөөрхөн халамж ноогдож байвал нилээд бодитой болно шүү дээ.

Урлаг, спортынхны хувьд бол өөрсдийн акадэми маягийн байгууллага шалгаруулж, өвөрмөгц байдлаар цол шагналаа өгдөг бөйвал илү шударга, хэл ам багатай болно. Лав л кино урлагийн ”Оскар”-ын шагнал гардуулах ёслолд Ерөнхийлөгч Буш очиж, ”АНУ-ын гавьяат жүжигчин” цол гардуулахыг хүн төрөлхтөн үзсэнгүй. Харин 1024 бөх барилдсан өнгөрсөн жилийн наадамд гарьд Сумьяабазар түрүүлэхэд хуучин ”арслан цол” олгож байсан журмаа өөрчилж ард түмний хүсэлтээр ”аварга”цол олгож байгаа Монгол Улсын Ерөнхийлөгчийг бид үзсэн. Үүний барьцаа болгож, ноднин гоморхож ”зодог тайлсан” далай аварга А.Сүхбатад энэ жилийн наадмын өмнөхөн ”даян аварга” цол нөхөж өгч байх жишээтэй. Энэ тоглоом уу шоглоом уу? Бөхийн цолонд хүртэлх энэ шог үзэгдэлд Монгол Улсын Ерөнхийлөгч хутгалдаж байх ямар хэрэг байнаа. УЙХ хуулийг нь батлаад өгчихөд цолыг нь Бөхийн холбоо ч юмыы байгууллага нь олгочихож болно биз дээ. Сумогийн их аварга цолыг Эзэн хааны нэрийн өмнөөс гардуулж хүндэтгэл үзүүлдэг. Бид алийн болгон үндэсний юм гэж хуучинтайгаа ингэтлээ зууралдах юм бэ? Энэ байдлаар бид ”гавьяат”, ”тэргүүний” тэмдэг зүүсэн ядруухан амьдралтай авьяастангуудтай, цолны найраа хийж хувийн бизнесээ хөгжүүлсэн бөхчүүдтэй, шинэ зуунд ард түмнээ талцуулж муудалцуулж хийрхүүлсээр хөгжих гэж үү. Энэ шог үзэгдлүүдийг зогсоох, зөв чиглэлд оруулах цаг болжээ.
Та үнэхээр авьяастай, ард олондоо хайрлагдан хүндлэгддэг, тэгээд ухаалаг хөдөлмөрч болбусдаас сайхан амьдрах эрхтэй. Энэ эрхийг тань Монголын төр баталгаажуулах ёстой.
Лувсаншарав гуай таныг дараагийн удаад АНУ-д ирэхэд тань онгоцны буудалд Монголын ЭСЯ, туслахын хамтаар тосч авч тусгай буудалд байрлуулж, буудалд тань Вашингтон дахь Монголчуудын Холбооны ”хэнхэгүүд” тсэтсэг бариж очи золгох болтугай. Монгол Төрийн Сүлд ивээг.

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах

1 9 10 11