Category Archives for "ТЭМДЭГЛЭЛ"

Jan 02

“ЯАГААД?” ТВ НЭВТРҮҮЛЭГТ ТӨСЛИЙН ТУХАЙ

By gala-admin | ТЭМДЭГЛЭЛ

…АНУ-д бараг 10 орчим жил ажиллаж амьдрахдаа , энэ орны төрийн зүгээс иргэддээ хандсан нийгмийн халамж үйлчилгээний стандартуудыг өөрийн биеэр үзэж мэдрэх бүрдээ “МОНГОЛ ОРОНД МИНЬ ЯАГААД ИЙМ БАЙЖ БОЛДОГГҮЙ ЮМ БОЛ?” хэмээн заавал боддог. Ганц би ч биш гадаадын улс орнуудад ажиллаж амьдарч байгаа ихэнхи монголчууд ингэж боддог юм. Эндээс л “ЯАГААД?” нэртэй энэ нэвтрүүлгийг хийх санаа төрсөн. Нилээд хэдэн жилийн өмнө өөрийн боломжоороо ийм нэвтрүүлгийг бэлтгэж Монголдоо гаргах гэж оролдсон боловч амжилт олж чадаагүй. Гэвч энэ санаа миний сэтгэлийн мухраас огт салахгүй байлаа. Жилийн өмнө Т.Нарантунгалаг Монголоос над руу утасдан энэ төслийг хамтран ажил хэрэг болгох санал тавилаа. Монголд хэрэгжүүлэх энэ төслийн хамтрагчтай болсон болохоор энэ төслөө ажил хэрэг болохоор санаа шулуудав. Гэвч олон асуудал бидний өмнө хариу тулгарч байлаа.
Монголоос ТВ-ийн баг Америкт ирээд олон дугаарын зураг авалт хийж,  Монголд үргэлжлүүлэн зураг авч харьцуулан, олон нийтэд үзүүлэхэд санхүүгийн боломж хамгийн чухал байв. Бидэнд ийм боломж байгаагүй ч, “бүтэхгүй” гэх шалтгааны оронд өөрсөддөө байгаа боломжоо тооцож үзэв.  Mиний хувьд зориг гарган нэг өрөө байр хөлсөлж Монголоос ирэх багийн байр хоолны асуудлыг шийдэх, ойр зуур болон бусад хотуудаар явж зураг авахын тулд 7 хүний суудалтай гэр бүлийн зориулалттай машин зээлээр авах асуудлыг шийдлээ. Т.Нарантунгалаг маань Монгол дахь “Turkish Air” компаныг ятгаж энэ нэвтрүүлэг бэлтгэхээр Америк явж ирэх багийн онгоцны зардлын асуудлыг шийдсэн. Хэдийгээр бид энэ төслөө эхлүүлэх гэж байгаа боловч бидэнд итгэж, ивээн тэтгэгчээр оролцсон “Turkish Air” компанид чин сэтгэлээсээ талархан тэдний итгэлийг алдахгүйг хичээж байгаа. Бусад аар саар зардлуудаа бид өөрсдөө хувиасаа гарган, ойр дотны найз нөхөд минь дэмжиж тусалж байсны тусаар энэ нэвтрүүлгийн ажил эхэлсэн юм.
Эхний баг маань 2015 оны 5-р сард Америкт ирэн Вашингтон ДС, Бостон, Чикаго хотууд болон Висконсин мужийн нутгуудаар явж:
1. Тэргэнцэртэй хүн
2. Хүүхдийн аюулгүй суудал
3. Номын сан
4. Оюутны дотуур байр
5. Нийтийн эзэмшилийн чөлөөт цагаа өнгөрүүлэх зориулалттай талбайнууд
6. Амралт, аялал зугаалгын газрууд
7. Бяслагны үйлдвэр
8. Автомашины даатгал, техникийн үзлэг оношлогоо
сэдвүүдээр нэвтрүүлгийн зураг авалт хийлээ.
Дараагийн баг маань 2015 оны 8 сард Америкт ирэн Вашингтон ДС, Роанаке, Чикаго, Денвер хотуудаар явж:
1. Махны чиглэлийн ферм
2. Сүүний жижиг үйлдвэр
3. Усан парк
4. Амьтдын хүрээлэн
5. Гал команд
6. Автомашины төлбөртэй, төлбөргүй зогсоолууд
7. Жижиг дунд бизнес
8. Өндөр настныг гэрээр асрах үйлчилгээ
9. Амьдралын даатгал
10. Хуулийн хэрэгжилт
11. Их дээд сургуулиудын Сургалтын алба
12. Замын тэмдэг тэмдэглэгээ
13. Зочид буудлын менежмэнт
14. Замын хураамж болон замын хажуугийн үйлчилгээний газрууд
15. Архи согтууруулах ундааны худалдаа хяналт
сэдвүүдээр нэвтрүүлгийн зураг авалт хийлээ.
Америкт зураг авалт хийсний дараа эдгээр сэдвүүдээр Монголдоо харьцуулсан зураг авалт хийж, Монголд энэ асуудлуудыг шийдэж болох санаануудыг олон нийтэд санал болгох нь бидний гол зорилго байсан. Үндсэндээ Монголд энэ асуудлаар судалгаа хийх, харьцуулсан зураг авалт хийж нэгтгэсэн байдлаар монтажилж бэлэн болгох ажлуудыг 6 сараас хойш баг бүрдүүлэн бараг хагас жилийн турш уйгагүй ажиллаж байна. Хэдийгээр амаргүй байсан ч энэ төслийн талаар бусдад учирлан ойлгуулж, хамтран ажиллах багаа бүрдүүлж, Монгол дахь  бүх ажиллагааг удирдан зохион байгуулж нэвтрүүлгүүдийг бэлэн болгож чадсан хамтрагч маань Т.Нарантунгалаг. Би заримдаа түүнд тоглоом болгон “Хэрэв чи ингэж ажиллаагүй бол энэ нэвтрүүлгүүдийг хийж чадахгүй байжээ” гэж хэлдэг ч энэ нь бодит байдал мөн. Заримдаа ойлголцож, хааяадаа ойлголцохгүй бухимдаж сайн муу элдэв асуудлуудыг даван туулж, энэ төслийг олон нийтэд хүргэх гэж хичээн баг болон ажиллаж байгаа залуустаа чин сэтгэлээсээ талархаж байнаа. Та нар үнэхээр мундаг ажиллаж байгаа шүү.
“ЯАГААД БИД БУСДЫН АЛДААГ ДАВТАЖ БАЙХ ЁСТОЙ ЮМ БЭ?” гэдэг санаа ч энэ нэвтрүүлгийг хийх болсон дараагийн шалтгаан нь. Тухайн орондоо хуульчлагдан батлагдаж, сайн үр дүн үзүүлж байгаа ийм стандарт болон санаануудыг Монголын өнөөгийн нөхцөл байдалд таацуулан хэрэгжүүлэх нь иргэд бид болон ЗГ-ын үүрэг. “Болж бүтэхгүй байгаа зүйлүүдийнхээ бурууг өөрсдөөсөө бус бусдаас хайдаг” муу зуршил бидэнд байгаа. Маш олон хууль дүрмүүд цаасан дээр байгаа хэрнээ иргэд нь үүргээ ухамсарлан биелүүлдэггүй, эдгээр хууль дүрэм, журмуудыг хэрэгжүүлэхэд хяналт тавьж хариуцлага тооцож байх учиртай ЗГ-ын байгууллагууд ч үүргээ биелүүлэхгүй байгаа нь бидний амьдралд муу нөлөө үзүүлж байна. Энэ нэвтрүүлгийг АНУ-аас бэлтгэхдээ “Америк орныг магтан сурталчлах” санаа огт үгүй бөгөөд одоогоор бидэнд байгаа боломж маань энэ. Монгол орноо муулж халаглахгүйгээр, санаа болон стандартуудаас авч хэрэгжүүлж болох боломжуудад илүү анхаарал хандууллаа.  Одоогоор Монголд хийгдэж эхэлж буй сайн ажлуудыг ч энд үлгэр жишээ болгон оруулахыг хичээж байна.  Бид өөрсдөө хичээвэл, бидэнд “БОЛОМЖ” байна.
“ЯАГААД?” нэвтрүүлэг маань улстөр, бизнесийн ашиг сонирхол огт агуулаагүй бөгөөд Монгол Улсын ИРГЭН хүний хувьд гаргаж байгаа санаачлага. Жон Кеннедийн нэгэнтээ хэлж байсанчлан “ЭХ ОРОН ЧИНЬ ЧИНИЙ ТӨЛӨӨ ЮУ ХИЙХИЙГ ХҮЛЭЭХ БИШ, ЭХ ОРНЫХОО ТӨЛӨӨ БИД ӨӨРСДӨӨ ЮУ ХИЙЖ ЧАДАХАА ХАРУУЛАХ ЦАГ БОЛЖЭЭ” гэсэн эрхэм үг өнөөдөр бидний амьдрал дээр тусч байна. Шүүмжилж, харааж зүхэж, халаглаж харамсаж суух биш, иргэн хүн бүр эрхээ эдэлж, бас үүргээ биелүүлж, өөрдийн хийж чадах зүйлсээ дор бүрнээ чанартай сайнаар  хийж байхад л бид өөрсдөө төдийгүй улс орон минь хөгжинө.  Өнөө цагт Монголд санаачлан хийгдэж буй бүх ажлуудыг 2016 оны УИХ-ын сонгуультай холбож, хардан ойлгож байгаатай энэ нэвтрүүлэг маань огт хамаагүй гэдгийг санаачлагчдын зүгээс хариуцлагатайгаар баталж байна. Гагцхүү цаг хугацааны тохирол нь ингэж таарч байгаа. Яагаад иргэд бид өөрсдөө сайн санаачлагыг санаачилж хэрэгжүүлж болохгүй гэж?
Ийм зорилго, санаачлагаар бэлтгэсэн “ЯАГААД?” нэвтрүүлэг маань 12 сарын 21 нээс эхлэн ДАВАА гариг бүрийн 19 цагаас  “МОНГОЛ ТВ” HDТВ-ээр гарч эхлэх ба давталт нь БЯМБА гаригийн 13 цагаас  гарч байхаар боллоо. Бидний төслийг дэмжиж хамтран ажиллаж байгаа “МОНГОЛ ТВ”-д талархалаа илэрхийлж байна.  Шинэ он гарсны дараа бусад ТВ-үүдээр гарч олон нийтийн хүртээл болж эхэлнэ. Бид бусад ТВ-үүдтэй ч хамтран ажиллах сонирхолтой байгаа. Мөн сошиал сүлжээгээр ч олон нийтэд хүргэхийг зорьж бэлтгэж байна. Энэ бол “интертайнмент шоу” нэвтрүүлэг бус, “нийгэм соёл”-ын чиглэлийн нэвтрүүлэг болохоор бид аль болохоор олон хүмүүст хүргэхийг зорьж байгаа болно. Бидний зүтгэл сэтгэлээ шингээсэн анхны бүтээл болохоор алдаа оноо бишгүй байгаа. Харин цаашид энэ нэвтрүүлгийг сайжруулж, сайн үр дүнд хүргэхэд та бүхний дэмжлэг туслалцаа хэрэгтэй байна.
ЯМАР ДЭМЖЛЭГ ТУСЛАЛЦАА ХЭРЭГТЭЙ БАЙНА ГЭЭЧ!
Бид энэ нэвтрүүлгийг үргэлжлүүлэн нийтдээ 52 дугаарыг хийхээр төлөвлөсөн бөгөөд, одоогоор бэлтгэсэн байгаа 23 дугаар дээр нэмж 29 дугаар бэлтгэхээр зорьж байгаа юм. Жилд 52 долоо хоног байдгийг бодолцон бүтэн жилийн хугацаанд тасралтгүй үргэлжлэх, сэдвүүд нь хуучрахгүйгээр давтан үзүүлж болох боломжуудыг тооцсон хэрэг. Урьдчилсан байдлаар бид дараах сэдвүүдийг сонгож байгаа юм:
1. Музей
2. Өрхийн эмнэлэг
3. Их дээд сургуулиудын дэргэдэх судалгааны хүрээлэн
4. Эмийн хэрэглээ
5. Мэргэжил олгох сургалт
6. Хаягжилт, шуудангийн үйлчилгээ
7. Хогийн сав, хог ачих, боловсруулах үйлчилгээ
8. Хот төлөвлөлт, хот тохижилт
9. Гэрээр хүргэх үйлчилгээ
10. Хүүхдийн цэцэрлэг
11. Хүүхэд асрах үйлчилгээ
12. Өндөр настны асрамжийн газар
13. Татварын тогтолцоо
14. Төр, олон нийтийн харилцаа
15. Нийгмийн халамжийн дугаар
16. Америкийн цагдаа
17. Зээлийн кредит, зээлийн үйлчилгээ
18. Дархан цаазтай газар, үндэсний хүрээлэн
19. Эрүүл мэндийн даатгал
20. Уул уурхайн стандарт, нөхөн сэргээлт
21. Барилга барих стандарт, аюулгүй байдал
22. Хүнсний бүтээгдэхүүний боловсруулалт, савлалт, хадгалалт, тээвэрлэлт, хяналт
23. Оюутны хотхон
24. Цас арилгах, зам цэвэрлэх үйлчилгээ
25. Үерийн ус зайлуулах суваг шуудууны байгууламж
26. Банкны тогтолцоо, үйлчилгээ
27. Сургуулийн автобус, хичээлийн  дараах сургалтууд
28. Орон сууцны цогцолбор, түүний үйлчилгээ
29. Улсын мэдлийн агуулахууд
2016 оны 1-2 сард болон 5-6 саруудад эдгээр нэвтрүүлгийн зураг авалтууд Америкт хийгдэхээр төлөвлөж байна. Биднийг дэмжих, хамтран ажиллахыг хүсч байгаа байгууллага, иргэдтэй бид нээлттэй хамтран ажиллах болно. Дээрх сэдвүүд болон өөр шаардлагатай сэдвүүдийн талаар санал, дэмжлэгийг хүлээж авна.  Бид хэдийгээр энэ төслийг санаачилсан боловч олон иргэд, байгууллагын оролцоо дэмжлэг бидэнд хэрэгтэй байна. Энэ төсөл бидний хамтын бүтээл байх болно, тийм ч байгаасай хэмээн манай багийнхан хүсч байгаа юм. Дараагийн зураг авалтуудыг Вашингтон ДС, Чикаго, Нью-Йорк, Денвер, Лос-Анжелес, Сан-Франциско, Сиэтл, Лас-Вегас хотуудаар явж хийх саналтай байгаа учраас эдгээр хотуудад ажиллаж амьдардаг монголчуудын санал, тус дэм бидэнд хэрэгтэй байгаа.
Бидэнтэй энэ асуудлаар холбогдохыг хүсвэл,
Монголд:    Т.Нарантунгалаг  утас нь: 9905 0410  Narantungalag04@gmail.com
Америкт:    Г.Галбадрах   утас нь: 703 403 8556    gala_mn@ yahoo.com
Бидний дараагийн хүсэлт нь санхүүгийн дэмжлэг юм. Бид өөрсдийн боломжоороо эхний 23 дугаарын зардлыг шийдэж байгаа ч, санхүүжилтын хувьд “хүнд” байгаа гэдгээ нуух юун. Эхлээд бусдаас санхүүгийн дэмжлэг хүсэхийн оронд өөрсдийн хийж чадах зүйлээ хийж, үр дүнгээ харуулж нотолж байж бусдаас дэмжлэг хүсэх нь бидний зорилго байлаа. Энэ төслүүд дээр ажиллаж байгаа хүмүүсээ цалинжуулах, техник төхөөрөмж хөлслөх, байр түрээслэх, хоол хүнс, унааны зардал гээд Монголд ч асуудлууд их тулгарч байгаа. Өмнөх зураг авалтын зардал дээр тусалсан Сиэтлийн Ж.Гантөмөр, Вашингтон ДС-ийн М.Дэлгэрцогт, Чикаго, Денвер хотуудаар явахад байр хоол, бензины зардалд тусалсан олон найзууддаа чин сэтгэлээсээ талархаж байгаа шүү. Сэтгэлийн дэмжлэг дээр үүссэн тус хэзээ ч багаддаггүй. Дугаар болгон дээр та нарт талархлын үгээ оруулж байгаа. Та нарын дэмжлэггүйгээр бид энэ бүхнийг хийж чадна гэж үү?
*Хэрэв биднийг дэмжиж санхүүгийн туслалцаа үзүүлэхийг хүсвэл,
Монголд: Худалдаа хөгжлийн банк  499 233 124 \төгрөгийн\  499 233 125 \валютийн\
Америкт:   Bank of America  4350 2848 0251  Galbadrakh Gombosuren
Биднийг дэмжиж туслахыг хүссэн хүн болгонтой бид хамтран ажиллахдаа баяртай байх болно. Та нарын илгээх ширхэг пиццаны үнэ ч бидний төсөлд тус дэм болох юм. Бид та нарын дэмжлэг, санхүүжилтын зарцуулалтыг та нарт тайлагнаж байх болно.
*Монгол Улсаас АНУ-д суугаа ЭСЯ-ны албан бичгийн дэмжлэгээр, Чикагогийн “Ану маркетинг” компани \Т.Сэргэлэн, Цогтмаа\, Вашингтон ДС-ийн Цогоо, Виржина мужийн “Human Prosperity” ТББ \Т.Болормаа, Хишгээ, Ананд\, Денверийн Ш.Байгалмаа нарын тус дэмээр Америкийн байгууллагуудад хандаж зураг авах, мэргэжилтнүүдээс яриа авах зөвшөөрөл авч ажлаа гүйцэлдүүлсэн юм. Бас олон дотно нөхөд минь энэ санааг дэмжин нэвтрүүлэгт бэлтгэж оролцлоо.  Цаашид ч бидэнд ийм дэмжлэг хэрэгтэй байгаа. Хууль журмыг чандлан сахидаг Америк оронд бид бүх зүйлийг хуулийн хүрээнд хийхийг хичээж байгаа. Мөн Монголын ийм чиглэлийн байгууллагуудад хандаж тэдний дэмжлэгийг авч байгаа нь бидний ажилд сайнаар нөлөөлж байгаа гэдгийг талархан дурдахад таатай байна. Бүх зүйл амаргүй байсан ч “Эх орныхоо хөгжлийн төлөө” гэсэн эрхэм зорилго л энэ бүхнийг даван туулахад бидэнд тусалж байлаа. Энэ зорилгыг мэдэрч ойлгосон хүн бүхэн биднийг дэмжиж байсны тусаар бид хийх ажлынхаа тал хэсгийг амжуулж чадсандаа баяртай байна.
“МОНГОЛЧУУД БИД ЭВТЭЙ БАЙХДАА ХҮЧТЭЙ” байдаг билээ. “МЯНГА СОНСОХООР НЭГ ҮЗ” -эж “ӨӨРСДИЙН МОНГОЛ ОРНОО ХӨГЖҮҮЛЭХЭД ХҮН БҮР ЧАДАХ ЗҮЙЛЭЭ ХИЙХ” цаг ирлээ. “ЯАГААД?” нэвтрүүлгийг минь анхаарч үзээрэй. “ЯАГААД  БҮХНИЙГ САЙНААР ӨӨРЧИЛЖ ЧАДАХГҮЙ ГЭЖ?”
“ЯАГААД?” нэвтрүүлэгт төслийг санаачлагч:
Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах

Dec 16

“АВЬЯАСЛАГ МОНГОЛЧУУД” ба ЖАМЬЯНХОРОЛ БАГШ

By gala-admin | ТЭМДЭГЛЭЛ

Тэр жилийн “Халтар царайт” нэртэй Венесуэлийн олон ангит кино Монгол орон даяар үзэгчдийг телевизийн дэлгэцийн өмнө “аргамжиж” байсан дурсамжийг сэдрээж, “Монгол ТВ” дэлхийн хэмжээний шоуг “Авьяаслаг Монголчууд” нэрээр зохион байгуулж үзэгчдийг цэнгүүллээ. Мөнөөх л монгол араншингаараа оролцогсодын төлөөх санал “талцаж”, үзэгчид өөр хоорондоо маргалдаж мэтгэлцэн “шүүцгээв”. Сүүлийн шатанд тунаж үлдсэн “Эгшиглэнт чимээ” хүүхдийн хөгжмийн хамтлаг, ёочин лимбэний хослол тоглолтын талаарх магтаал шүүмж дунд монголчууд маань хэдэн өдөр амьсгаа өндөртэй өнжицгөөв. Магтаал, шүүмж болгондоо “дэлхийн хэмжээ” нд гэх тодотголтой үнэлгээ монголчуудын сэтгэлгээний цараа сайнаар ч муугаар ч харьцуулсан “дэвжээ том”той болсон нь анзаарагдав. Хэдийгээр жалгандаа “арцалдаж” байвч, дэлхийн дэвжээг мэдэрч хэмжиж байгаа нь энэ шоуг зохион байгуулсан багийн гавьяа. Оролцогсодын хувьд санал зөрөн талцаж байвч, зохион байгуулагчдыг нэгэн дуугаар “магтан сайшааж” байсан нь үзэгчдийн хувьд маргахын аргагүй бодит үнэлгээ. Олон үзэгчдийн бичиж үнэлж байснаар энэ маргаанд цорын ганц ялагч байсан нь “Монгол ТВ” өөрөө юм.
“Монгол ТВ” хатан зориг, өндөр зардал гарган  “Авьяаслаг Монголчууд” шоуг дэлхийн хэмжээний үнэлэмж, шаардлагаар зохион байгуулж чадсан нь Монголын ТВ-үүдийн бэлтгэдэг энэ төрлийн нэвтрүүлгүүдийн хувьд өндөр үнэлэмжийг тогтоож чадлаа. Интертайнмент шоуг энэ шоунаас муугаар зохион байгуулбал “тоож үзэхгүй” үзэгчдийн сэтгэлгээний хэмжүүрийг ч тэд бий болголоо. Юу юунаас илүүтэй “дэлхийн хэмжээний шоу” г монголчууд бид өөрсдөө зохион байгуулж чадах юм байна гэдэг урам итгэлийг бидэнд авчирсан нь, Н.Түвшинбаяр Бээжингийн Олимпаас анхны “алтан медаль”-ийг авчирсан хэмжээний гавьяа. Үүний төлөө “Гацуурт” компаны эзэн ноён Чинбат, түүний охин Номин нар болон тэдний удирдсан багт мэхийн талархах учиртай. Энэ нэвтрүүлгийн тайз засалт, дизайн, гэрэлтүүлэг, компьютер график, найруулга, хөгжим, хөтлөгчид, шүүгчид гээд бүх зүйл төгс төгөлдөр байлаа. Оролцогсодын ур чадвар, тэдний мэдрэмж, авьяас чадварын өсөлт бүгд л гайхалтай байв. Хэрвээ хэн нэгэн авьяастанд урам дэмжлэг, боломж олговол маш богино хугацаанд хэрхэн хөгжиж өөрчлөгдөж чадаж байгааг бид нүд, чих, сэтгэлээрээ мэдэрсэн. Зүгээр л боломж гэдэг цаг хугацааны хязгаарыг ямар хурдан давж чаддагийг бид харж байлаа.
Шүүгчдийг өөрсийнх нь дэмжиж байгаа авьяастанг дэмжсэнгүй хэмээн гоморхож, хэтэрхий уяхан байлаа хэмээн шоолцгоож, өөрийнх нь санаанд нийцэхээр учиргүй баярлан магтаж, заримдаа чин сэтгэлээсээ хөгжилдөж байсан ч шүүгч Рокит Бэйн эрс шулуухан сэтгэлийн үнэлгээ, Дээгийгийн ил тод сэтгэл хөдлөл, Чимгээгийн  инээмсэглэл дагуулсан урмын сайхан үгс, Чукагийн мэргэжлийн зангараг бүхэн энэ шоуг шударгаар ил тод удирдлаа. Заавал хүн болгонд таалагдах албагүй ч тэдний шийдвэр олон авьяастны сэтгэлд өөртөө болон ирээдүйдээ итгэх итгэлийг нь бадрааж өгсөн. Яг үүн шиг зохион байгуулагчид нь үзэгч бидэнд сэтгэлийн их цэнгэл эдлүүлж, гуниг үргээсэн сайхан ирээдүйн бодлыг сэтгэлд сэргээв. “Эгшиглэнт чимээ” хамтлагийн багшийг “Гавьяат” болгох тухай санал, лимбэчин ёочинчин 2 залууг Лас-Вегаст тоглуулах тухай мөрөөдөл бүхэн нь урам дагуулсан гэгээлэг сэтгэлийн илрэл. Цахим орон зайд заримдаа “би, чи” дээ тулан маргалдаж байсан ч энэ бүхний цаана атаа хорсол, өс хонзон байгаагүй ээ. Бие биенээ давах гэж урсгаж байсан муу муухай үгнүүдээ хэрэв арилгаад харах юм бол бидний сэтгэлд баяр бахархал буцалж байгааг л анзаарч болно. Монголчууд бидний сэтгэл итгэлийн галыг сэргээсэн та бүхэнд чин сэтгэлээсээ талархан бахархаж байнаа. Сайхан байсан хэдий ч хөшиг хаагдахад жаахан гуниглав. Гэхдээ л энэ хөшиг дахин  нээгдэнэ гэдэг итгэл сэтгэлийг тайтгаруулна.
…”Авьяаслаг Монголчууд” энэ удаагийн шоунд түрүүлсэн “Эгшиглэнт чимээ” хөгжмийн хамтлагийн удирдагч Жамьянхорол багшийг би сайн мэднэ. 1980 аад оноос Завханы Тосонцэнгэлийн 8, 10 жилийн дунд сургуулиудад дуу хөгжмийн багшаар ажиллаж байхдаа л чулуу, төмөр, шил зэргээр  хөг оруулан хөгжим тоглуулдаг багш байсан. Тэр үед нь бид ч одоогийнх шиг учиргүй магтаж биширч байгаагүй л дээ. Гэхдээ “ардын язгуур” урлагийн төрөлд оруулан зөндөө тоглолтонд оролцож байсныг санаж байна. 30 гаруй жилийн турш өөрийн мэргэжилдээ үнэнч, уйгагүй, тууштай хөдөлмөрлөн зүтгэж өнөөдөр ийм амжилтанд хүрч байгааг харж суухдаа түүгээр үнэхээр бахархаж байлаа. Тосонцэнгэлээс Дарханд шилжиж ирэн мөн л энэ чиглэлээрээ багшилж байгааг сонсож мэдэж байсан ч тухтай уулзаж учирч явсангүй. Бүх насны 34 хүүхдүүдээр тийм олон хөгжмийн зэмсгээр нэгэн зэрэг ардын болон сонгодог аялгуунуудыг тоглуулна гэдэг үнэхээр л авьяас чадвар.
Жамьянхорол багшийн эхнэр Оюунгэрэл бид Тосонцэнгэлийн 10 жилийн дунд сургуульд хамтдаа багшилж, хамтдаа олон жил ажилласан. Оюунгэрэл математикийн сайн багш. Жамьянхорол багш дуугуйхэн даруухан төрхтэй, элдэв ярианы өөдөөс төлөвхөн инээмсэглэж суудаг нь хэвээрээ. Өөрийн ажил мэргэжилдээ “үнэнч” байж, түүндээ сэтгэлээ шингээн, өөртөө байгаа боломж бүхнээ зориулж чаддаг багш нар тийм ч олон бил үү? Би энэ бүхнийг анзаарч суухдаа юу гэж бодсон гээч! Заримдаа бид өөрсдийгөө “мундаг багш” гэж боддог хэдий ч, ийм уйгагүй үнэнч сэтгэлийн дэргэд өөрсдийгөө чамламаар. Жамьянхорол багшийн 30 гаруй жилийн уйгагүй хичээл зүтгэлийг олон түмэнд нотлон үзүүлж, үнэлүүлж чадсан “Авьяаслаг Монголчууд” шоунд баярлалаа. Танай гэр бүлд сайн сайхан бүхнийг ерөөе, Жамьянхорол багш аа. Олон олон монголчуудын авьяас билэг дэлгэрч байх болтугай.

Dec 15

ЧИКАГОГИЙН “МОНГОЛ МЭДЛЭГ” СУРГУУЛЬ

By gala-admin | ТЭМДЭГЛЭЛ

Миний фейсбуукийн танил У.Сувданцэцэг тэр өдөр надтай холбогдож “11-сарын 14 нд зохион байгуулагдах Чикаго хотын “Монгол мэдлэг” сургуулийн 5 жилийн ойн арга хэмжээнд ирж оролцож чадах уу?” гэж лавласан юм. Монголын боловсролын салбарт адилхан ажиллаж байсан, алс холын Америкт адилхан санаа өвөрлөж яваа болохоор түүний саналаас татгалзаагүй юм. Хүмүүнлэгийн Их Сургуулийн Эрдмийн сургуулийн англи хэлний орчуулагчийн бакалаврын эрчимжүүлсэн сургалтын ахлах менежерээр ажиллаж байсан тэрээр 2011 онд АНУ-д ирээд Чикаго хотод байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж байсан “Монгол мэдлэг” сургуульд багшаар мөн “ORT” институтад туслах багшаар ажиллаж эхэлсэн аж. 2010 онд “Монгол улсын англи хэлний бодлого, түүний хэрэгжилтийг судалсан нь” бүтээлээрээ хэл шинжлэлийн докторын зэрэг хамгаалсан тэрээр “Монгол мэдлэг” сургуульд ажиллахдаа гадаадад төрж, өсч буй хүүхдүүдэд монгол хэл зааж сургах арга зүй, стандарт, сурах бичиг зохион боловсруулах талаар ч багагүй санаа тавин ажиллаж байгаа аж. Сан-Францискогийн “Гэр төв”-ийн Эс-Олдох нарын багш нартай хамтран гадаадад сурч буй монгол сурагчдад зориулсан “Миний монгол хэл” сурах бичгийг зохион хэвлүүлэхэд оролцжээ. Богинохон хугацаанд уулзаж ярилцсан бид 2-ын яриа, гадаадад сурч буй хүүхдүүдийн сургалтын арга зүй чиглэлийн талаар, мөн АНУын хот хотуудад байгуулагдан тус тусдаа үйл ажиллагаа явуулж буй “Монгол сургууль”-иудын хамтын ажиллагаа, хамтын боломж руу чиглэж байв. Энэ нь зүгээр л бидний сэтгэлийн мухарт оршиж байгаа адил төст “зовинол”-ын илэрхийлэл байлаа. Хааяадаа боловсролын салбарын хүмүүстэй уулзаж, ингэж ярилцахад сайхан байдаг юм.

“МОНГОЛ МЭДЛЭГ” СУРГУУЛЬ

2011 онд Чикаго хотноо байгуулагдан 5 дахь жилдээ 60 гаруй сурагч, 11 багш ажилтантай үйл ажиллагаагаа явуулж буй “Монгол мэдлэг” сургууль, энэ хугацаанд нийтдээ 300 гаруй хүүхдүүдийг сургалтдаа хамруулжээ. “Эрүүл мэндийн тэргүүний ажилтан”, хүний их эмчийн мэргэжилтэй Ц.Энхтуяа, Чикаго хот дахь “Монголчуудын Холбоо”-ны тэргүүн, бизнесмен Д.Баясгалан нар санаа нэгдэн энэ сургуулийг санаачилж байгуулсан төдийгүй өдгөө хүртэл удирдан авч яваа аж. Америкийн хот хотуудад байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж буй бусад монгол сургуулиудын адил монгол хүүхдүүдэд монгол хэл, соёл урлаг, дуу хөгжмийн хичээлүүдээр дамжуулан “монгол хүн” хэвээр нь үлдээхийн төлөө хичээж ажиллаж байна. Бусад “Монгол Сургууль”-иудын адил түрээсийн байр, санхүүжилт, сургалтын төлбөр болон зохион байгуулж байгаа арга хэмжээний зардлууд гээд асуудлууд мундахгүй. Миний очиж  үзсэн хичээлийн байр нь “тун давгүй” байсан. Д.Баясгалан “Азаар бид овоо боломжийн хичээлийн байрууд олж дөнгөөд байгаа шүү” хэмээн хуучилсан юм.  Боловсролын салбарын хүмүүс биш хэдий ч “сэтгэл байвал зууханд гал олдоно” гэдэгчлэн ойр зуурын санхүүжилтээ боломжоороо  “шийдэж” дөнгөөд байгаа нь тэдний хамтын ажиллагааны сайн үр дүн юм. Бусад хотуудын монгол сургуулиудаас “Монгол мэдлэг” сургуулийн ялгарч байгаа нэг онцлог нь, сургалтын үйл ажиллагаанаасаа гадна Чикаго хотод амьдарч буй бүх хүүхдүүдийг хамруулан олон үйл ажиллагааг уламжлал болгон зохион байгуулж байгаа хэлбэр юм. Эдгээрээс дурьдвал:
-“Спорт өдөрлөг” \Насанд хүрэгчид болон хүүхдүүдийн дунд цомын төлөөх олон төрөлтийн тэмцээн\
-“Монголын багш нарын баяр” \Чикаго хот орчимд ажиллаж амьдарч буй бүх багш нарыг оролцуулдаг\
– “Монгол Улс тунхагласны баяр”
-“Шинэ жил” \Чикаго хот орчимд амьдарч буй бүх хүүхдүүдийг оролцуулна\
-“Цагаан сар”
– “Шатарчин хүү”
-“Гар зургийн уралдаан”

2 жилийн өмнө Чикаго хотод үйл ажиллагаа явуулдаг “Ану маркетинг” компанитай хамтран зураач Д.Лхамдидармаа багшийн шавь нарын уран бүтээлийн “Өнгөт салхи” нэртэй үзэсгэлэнг Монголд гаргаж байсныг би мэдэх юм. Энэ бүх үйл ажиллагаанууд нь монгол хүүхдүүдийн  хөгжил, сэтгэлгээнд сайн нөлөө үзүүлж байгаа.

ТАВАН ЖИЛИЙН  ОЙН АРГА ХЭМЖЭЭ

Миний зорьж  очсон “Монгол мэдлэг” сургуулийн 5 жилийн ойн арга хэмжээ сурагчдын урлагийн тоглолтоор эхлэв. Монголд “Хараацай” чуулгын багшаар ажиллаж байсан, боловсролын салбарт 35 жил ажилласан дуу хөгжмийн багш З.Батаа, бүжгийн багш Г.Батчулуун, Батцэнгэл, төгөлдөр хуурын багш Д.Маралгуа, морин хуурын багш Отгонбаатар нарын шавь нарын урлагийн тоглолтууд, монгол хэлний багш М.Шинэбилэг, У.Сувданцэцэг, жүжиг хэл ярианы багш Б.Энхдулам, С.Хандмаа нарын шавь нарын уран уншлага, “Манжин” үлгэрийн тоглолтууд өхөөрдөм хөөрхөн, үзүүштэй сонирхолтой болсон. Энэ бүх тоглолтын хувцсыг гар урлалын багш Ц.Даваацэрэн урласан гэсэн.  “Тайзны сахилга бат”-гүй,  дур дураараа “авирлах” тэдний ур чадвар, “монгол авьяас”-ыг шүтэн бишрэгчид нь хүүхдүүдийн эцэг эхчүүд байлаа. Монгол хэл, соёлын тусаар “монгол зүрх сэтгэл” харь энэ оронд бадамлаж байгааг мэдрэх сайхан байсан шүү. Ийм л орчинд “Монголын тусгаар тогтнол” батжиж байдаг юм даа.
Оройн арга хэмжээ сайхан болсон. “Монгол мэдлэг” сургуулийн багш нарын тоглолтууд үнэхээр гайхалтай сайхан байлаа. “Багш хүнд мэдэхгүй, чадахгүй зүйл гэж байхгүй” хэмээн их найрагчдын шүлэглэсэн мөрүүд энд биелэлээ олж байв. Төгөлдөр хуурч  Д.Маралгуа, бүжигчин Батцэнгэл, морин хуурч Отгонбаатар нарын “мэргэжлийн” түвшний тоглолтууд “шавийн эрдэм багшаасаа” гэдэг хэллэгийг дуурсуулж, олон сайхан залуусын ирээдүйг төсөөлүүлж байв. Америк дахь монголчуудын “Уран үгсийн 4 дэх удаагийн чуулган”-ы аварга Б.Энхдуламын уран уншлага эх болсон монгол хэлний гайхамшигт аялгууг дуурсгав. Энэ арга хэмжээнд Чикаго хотод үйл ажиллагаагаа явуулдаг бизнесийн болон олон нийтийн үүсгэл санаачлагын олон байгуулагууд зочноор оролцон талархал илэрхийлж байсан нь гадаадад байгаа монголчуудын хамтын ажиллагааны үлгэр жишээ. Цаг хугацааны нэгэн хэмнэлийг анзаарч ажих ахул монголчуудын “Эв нэгдэл”-ийн сайхан эхлэлүүд мэдрэгдэж байнаа. Бусдын төлөө бөхийн ажиллаж байсан “нуруу тэнийж” ойр орчноо “өөр нүдээр” харж, өөртөө байгаа боломжуудаа мэдэрч эхэлсний илрэл.

Зөвхөн АНУ-д төдийгүй гадаадын олон улс орнуудад байгуулагдан монгол хүүхдүүддээ монгол хэл, ахуй соёл, дуу бүжиг, уран зураг, хөгжим зэргийг зааж сургаж байгаа монгол сургуулиуд тэдний ирээдүйд асар их оюуны хөрөнгө оруулалт хийж байгааг олон эцэг эхчүүд ойлгон дэмжиж байгаа боловч, хамруулах боломжтой нийт хүүхдүүдийн тоотой харьцуулбал бага үзүүлэлт харагдаж байгаа юм. 2014 оны хүн амын тооллогоор АНУ-д 7500 орчим сургуулийн насны хүүхдүүд байна гэсэн статистик үзүүлэлт гарсан хэдий ч эдгээр хүүхдүүдээс ердөө 500 орчим хүүхдүүд “Монгол сургууль”д хамрагдаж байгаа аж. Ийм сургуулиуд бизнесийн ашиг сонирхлоор биш “эх оронч” сайхан сэтгэлээр ажиллаж байгааг хаа хаанаа ойлгож, эцэг эхчүүд төдийгүй Монгол Улсын Засгийн Газар ч анхаарлаа хандуулж дэмжих цаг болжээ. Учир нь “Монгол Улс тусгаар оршин тогтнох”-ын нэгэн баталгаа нь эдгээр “Монгол сургууль”-иудын хөгжил дэвшил болох цаг айсуй. Монгол хүн хэрнээ монголчуудтайгаа орчуулагчтай ярилцдаг болчихвол хэрхэн монголоороо үлдэж чадах билээ.

…Чикагод ердөө ганцхан өдөр өнжөөд маргааш нь гэр рүүгээ буцаж  нислээ. Ийм уулзалтуудад оролцох бүрдээ би сэтгэлдээ баяр бахдал, бас их итгэл найдвар тээж буцдаг юм. Юу ч гэмээр юм бэ? сэтгэлд нэг тийм гоё мэдрэмж урсаад л… Хэдийгээр харь оронд ажиллаж амьдарч байгаа ч, энэ орон зайд “монгол бахархал”, “монгол үнэ цэнэ”, “монгол омогшил” улам ихээр мэдрэгдэх болж байна. Хэзээ ч “Би Монголдоо хайртай” гэж цээжээ дэлдэхгүй ч, сэтгэлийнхээ тэртээд “монгол хүн болж төрсөндөө бахархах бахархал” дандаа агуулж явдаг. Тэр тээж яваа бахархал, омогшилоо үр хүүхдүүддээ шингээж үлдээх хүслийг нь монгол сургуулиуд биелүүлж байдаг. Тэдний өмнө зөндөө саад бэрхшээлүүд байгаа хэдий ч жилээс жилд өргөжин хөгжсөөр л байна. Тэнд л “монгол зүрх сэтгэл” лугшиж байдаг юм. Бахархмаар хүмүүс. Намайг урьсанд та нартаа маш их баярлалаа. Багш хүний сэтгэл зүрх, тархи мэдрэл хэзээ ч хүүхдүүдийн дуу чимээнээс төвөгшөөдөггүй юм даа. Та нартаа амжилт ерөөе.

Nov 28

АМЬДРАЛЫН ТҮШИГ \Энэ бичлэгийг Саяннямбуугийн Юндэндоржийн гэгээн дурсгалд зориулав\

By gala-admin | ТЭМДЭГЛЭЛ

…1987 онд энэ бүхэн эхэлсэн юм. Завханы Тосонцэнгэлийн 10 жилийн дунд сургуульд багшилж байлаа. 1983 онд энэ сургуульд шилжиж ирэн багшилсаар 5 жилийн нүүрийг үзэж буй үе. Намайг энэ сургуульд багшаар ирэх үед надад даалгасан 5-р ангийн сурагчид маань 10-р ангиа төгсөх дөхөж байлаа. Би тийм их мундаг багш байгаагүй ч, сэтгэл зүрхэн дэх багтаамж юугаа өөрийн хэрээр шавь нартаа зориулдаг байсан болохоор багш шавь нар сэтгэлийн дотно холбоосоор холбогдсон байсан гэдгийг би мэдэрдэг. Хэдийгээр социализмын үзэл суртал хүчтэй ноёрхож байсан хэдий ч шавь нартаа зориулсан сэтгэлийн их өглөг талаар болоогүйд би одоо хэр нь баярлаж явдаг юм. Хичээл эхлэхээс өмнөх хэдхэн хоромд Оросын их сурган хүмүүжүүлэгч Макаренко болон Сухомлинскийн өгүүллэгүүд, Дагестаны их яруу найрагч Р.Гамзатовын “Миний Дагестан”, бас Оросын сонгодог номнуудаас өөрт таалагдсан хэсгүүдийг шавь нартаа уншиж өгнө. Ялаа ниссэн ч сонсогдохоор тийм л чимээгүй орчилд шавь нарынхаа амьсгаа даран чагнаж, төгсгөлд нь бүдэгхэн төдий санаа алдах чимээг сонсох нь миний хувьд жаргал байв. Зүгээр л би өөрийн сэтгэлд оршиж буй мэдрэмжээ тэдэнтэй л хуваалцахыг хүссэн байх. Хожим нь энэ бүхэн шавь нарын минь сэтгэлд дурсамж хэвээрээ үлдсэн байгааг мэдрэхэд таатай байсан шүү.
Тэр хавар би, эхнэрийг минь дарамталж, 5-р ангиас нь даасан 10-р ангийг нь түүнээс салгаж авсанд бухимдаж шаралхсандаа сургуулийнхаа удирдлагуудтай “муудалцсан” юм. Тэр л шарандаа тэр үеийн УАХШХ \Улсын Ардын Хянан Шалгах Хороо\-нд тэдний тухай “матаас” бичсэнээр миний амьдралын адал явдал үүсэв. МАХН-ын үзэл суртал, ёс суртахууны хэм хэмжээнд захирагдаагүй учраас би буруутан болж тэр сургуулиас хөөгдлөө. Миний дотны бүх найз нар надаас “нүүр бууруулж”, сургуулийн хаалгаар алхаж орсон мөчүүдэд намайг үзэн ядаж, шоолж тохуурхсан багш нарын харцан дор би 3 сарыг тэсч өнгөрөөсөн. Надад ангийг нь даасан хэдэн шавь нар л сэтгэлийн өмөг түшиг болж байсан юм шүү. Хаврын элсэлтийн шалгалтанд миний 28 шавь нараас 7 нь гадаадын \ОХУ, Чехословак, Унгар, Герман\ дээд сургуульд, 4 нь дотоодын дээд сургуулиудад, бусад нь технникумд тэнцэж элссэн боловч тэр жил миний ажлын үзүүлэлтээр хамгийн сүүлийн байранд оруулсан байсныг хожим нь тэр сургуульд захирлаар очиж ажиллахдаа олж үзэж байв. Сургуулийн удирдах зөвлөлийн хурлаар намайг тэр сургуулиас “хөөснөөр” миний амьдралд шинэ сонголт үүслээ. Би өөр сургуульд очиж ажиллах “цөллөг”-ийн хуваарь авсан юм.
Тэр сонголт нь Завхан аймгийн Сонгино сумын 8 жилийн дунд сургууль байлаа. Увс аймгийн Зүүнхангай, Завханы Сантмаргац, Түдэвтэй, Цэцэн-Уул сумуудтай хил залгаа оршдог БНМАУ-ын хөдөлмөрийн баатар хоньчин Ц.Намхайнямбуугийн унаган нутаг. Хэд хэдэн “Хөдөлмөрийн баатар” төрсөн Мангина хайрхан уулаа нутгийн ардууд ихэд сүслэн дээдэлнэ. Урд даваагаа даваад л хязгаарлагддаг “Хар адууныхан”, “Алаг адууныхан” овгууд өөр хоорондоо ил цагаахан өрсөлддөг болохоор Сонгиныхон бусад нутгуудаас арай өөдрөг. Нутгийн ард нь ил цагаахан, бас өөдрөг дэврүүн хүсэлтэй болохоор, тэр л амаргүй хүнд үед намайг түшиж дэмжиж байсанд нь би одоо хэр энэ нутгийханд талархаж явдаг юм. Олон он жилүүдийн урсгал дунд зөндөө хүмүүсийн нэрийг мартаж орхижээ, өршөө. “Шуудангийн Баяраа”, “Холбооны Бадрал”, “Нэгдлийн жолооч Жамсранжав”, “Хөтгөр багшийн гэр бүлийнхэн”, олон сайхан хүүхдүүдтэй “Төмөр гуайнх”  гээд зөндөө хүмүүс миний амьдралд гэгээн дурсамж үлдээсэн. Их гэгээн нутаг. Одоо хэр нь би фейсбуукээс энэ нутгийн хөгжил дэвшлийн өөдрөг сайхан мэдээллүүдийг унших бүрдээ тэдэнд баярлаж талархдаг юм.
Сургуулийн захирал С.Юндэндорж, хичээлийн эрхлэгч Цогт-Очир нартай уулзсан цагаасаа л би сэтгэл дэх өөрийн үнэнээ уудалж учирласан. Би чин үнэнээсээ ойлголцож, тэдний сэтгэлд хургасан элдэв хардлага, таамаглалыг арилгахыг л хүссэн юм. Тэгэхгүйгээр тэр үед амжилттай ажиллах боломж үгүй байсан юм шүү дээ. Багш нарын хамт олонд ч өөрийн сэтгэл дэх “үнэн” -ээ илчилж тэдний сэтгэлд ойртохыг л хичээсэн. Энэ бүхэн талаар болоогүй ээ. Бид ойлголцож хамтдаа сайн ажиллацгааж байв. 1988 онд Улсын хэмжээнд 2 дахь удаагаа зохион байгуулагдсан “Багш нарын ур чадварын уралдаан”д сургуулиасаа шалгарлаа. Аймгийн төвд очиж сургууль бүрээс шалгарсан багш нартай өрсөлдөхдөө өөрийн илт давуугаа мэдэрч байсан ч шалгаруулсан комиссын шийдвэрээр 2-р байр эзэлсэн. Энэ шалгаруулалт миний “эсрэг” байсныг ойлгохдоо сэтгэл дотроо “Би хэзээ ч хэн нэгэнтэй ойрхон байж болохгүй юм байна. Эсвэл бүр хол тасрах хэрэгтэй. Жаахан ойр байх юм бол би ялагдах магадлал өндөр” гэдгийг л  ухаарсан юм. Сум руугаа буцаж ниссэн “Ан-2” хэмээх ногоон онгоцны цонхонд духаа наан энэ тухай бодож байхдаа л дараа жилийн уралдаанд хичээлээ хэрхэн зааж “тасрах” боломжийг олж авсан. Энэ миний хувьд ололт байлаа.
Аймагтаа 2-р эзэлсэн нь “тийм ч муу үзүүлэлт биш юм” гэдгийг сургуульд дээрээ очоод ойлгосон хэдий ч “Ан-2” онгоцонд сэтгэлдээ мэдэрсэн мэдрэмжээ алдахыг л хүсэхгүй байв. Мал төлөлтийн үеэр сумдын сургуулиуд бараг сар хагас “амардаг” үеийг ашиглаад Юндэндорж захирал дээр орж Увс аймгийн физикийн багш Гомбожавын хичээл дээр сууж үзэх хүслээ хэллээ. Захирал зөвшөөрсөн болохоор бензин зөөдөг цистерн хэмээх машинд дайгдан Увс аймгийн Улаангом хотод очиж 2-р 10 жилийн сургуулийн багш Гомбожав \Одоо МУГ Багш болсон\ багшийн хичээлд сууж, тэр үедээ алдаршаад байсан “Асуудал дэвшүүлэн шийдвэрлэх арга” тай нь танилцав. Би тэр багшаас “хичээл гэдэг чинь хүүхдийг дарамтлах биш, мэдэхгүй зүйлийг нь зааж өгөх боломж юм” гэдгийг л ухаарч ойлгосон юм. Сургууль дээрээ буцаж ирээд энэ санаагаа багш нартай хуваалцаж заах аргын хувьд боломжууд байгааг учирлалаа. Харин намар нь Юндэндорж захирал намайг дуудаад “Чи хэдэн багш нар аваад Хөвсгөл аймаг руу явж Нямжав багшийн хичээлийг сонирхоод ирэх үү?” гэж санал болгов. Энэ нь миний хүсч байсан боломж болохоор нэгдлийн даргын “УАЗ-469” машинаар хэдэн багш нарын хамтаар Мөрөн хотыг зорилоо. Хожим нь МУГ Багш болсон Нямжав багшийн хичээлээс “Хичээл гэдэг бол албадлага биш, хүүхдийн дуртай цаг мөч байж болох юм” гэдгийг л маш сайн ойлгов. Үндсэндээ энэ аялалуудаар би өөрийн гэсэн заах аргаа л бий болгож байсан юм. Тэр үеийн заах аргуудаас огт өөр заах арга миний сэтгэлд боловсрогдсон.
1989 оны хичээлийн жилийн ээлжит “Багш нарын ур чадварын уралдаан” сургууль дээр зохион байгуулагдлаа. Өөрийн гэсэн шинэ заах аргаа боловсруулсан байсан болохоор би огт санаа зовоогүй. Уралдааны дүн гарахад багш нарын саналаар би 2-р байрт орж физикийн багш Б.Цэнд \одоо нас барсан\ түрүүлдэг юм. Б.Цэнд бид 2 залуухан бас найзууд байсан болохоор би барьцсангүй. Харин захирал маань дүнгийн хурал дээр багш нарт учирлаж “Галбадрахын заах арга бол цоо шинэ үзэгдэл. Энэ удаад Галбадрах аймагт түрүүлээд зогсохгүй, улсад ч түрүүлэх болно” гэж хэллээ. Захирал болоод багш багш нарын хооронд маргаан өрнөсөн боловч багш нарын санал ялсан юм. Миний хувьд багш нарын саналыг хүндэтгээд, Б.Цэндэд туслахыг хичээлээ. Өөрийн боловсруулсан заах аргаа Б.Цэндийн заах физикийн хичээл дээр хэрхэн ашиглаж болох талаар бид хамтдаа ярилцаж бэлтгэв. Цэндийг аймаг руу нисэх өглөө би хичээлгүй учраас гэртээ унтаж байлаа. Гэнэт жижүүр сурагч  гэрийн хаалгыг тогшиж захирал дуудаж байгаа мэдэгдэв. Хувцсаа өмсөөд захирлын өрөөнд очиход захирал ширээнээсээ онгоцны тийз гарган надад харуулаад “Галаа чи аймаг руу нис. Би боловсролын хэлтэс рүү ярьчихсан байгаа. Би эрх мэдлээ ашиглаад чамайг энэ уралдаанд оруулахаар шийдлээ” гэдэг юм байна. Гайхаж цочирдсон би “Захирлаа Цэнд нисч байгаа шүү дээ” гэсэн чинь. “Онгоц 30 минутын дараа бууна. Би Цэндэд ч хэлсэн байгаа. Та 2 ярилцаад энэ уралдаанд хамт ороод ир. Энэ бол чамд олдож байгаа боломж, чи энэ удаад заавал түрүүлэх ёстой шүү” гэж хэлсэн. “Хэрэв та надад итгэж байгаа бол би заавал түрүүлэх болноо” гэж амалсан.
Улиастай хотод Цэнд бид 2 буугаад шууд л Боловсролын хэлтэс дээр очлоо. Боловсролын хэлтсийн мэргэжилтнүүд бидэнтэй уулзаад “Юндэндорж захирал бидэнд хандаад Галбадрахыг энэ уралдаанд албан ёсоор оролцуулж, Цэндийг албан бусаар оролцуулахыг санал болгосон” гэж тайлбарлав. Хариуд нь би “Цэнд энэ уралдаанд албан ёсоор түрүүлсэн юм аа, харин захирал маань надад санал болгосон учраас би ирлээ, тэгэхээр би албан бусаар оролцох хүсэлтэй байна” гэдгээ учирлав. Үдээс хойш зохион байгуулалтын талаар хэлэлцсэн хурал дээр би босч “Захирал минь надад санал болгосон учраас би энэ уралдаанд ирлээ. Та нар зөвшөөрвөл Цэнд энэ уралдаанд албан ёсоор оролцог. Харин би хамгийн сүүлд хичээл заая. Хэрэв би түрүүлэхгүй л бол уралдааны жагсаалтаас өөрийн саналаар гарна. Хэрэв би түрүүлбэл улсад явах болно, учир нь би энэ уралдаанд оролцох гэж бус зөвхөн түрүүлэх л гэж ирсэн” гэж тайлбарлав. Уралдаанд оролцогчид энэ саналыг зөвшөөрсөн л дөө. Энэ бол Юндэндорж захирлын хэлснээр “надад олдож байгаа хамгийн том боломж” гэдгийг сайн ойлгож байв. Энэ бол миний хувьд босч ирэх боломж. Хэрэв би энэ уралдаанд түрүүлж чадахгүй л бол “эсэргүү” хэвээрээ үлдэж, дахин өндийж босч ирэх боломж улам хязгаарлагдана гэдгийг тогтолцооны систем дээр маш сайн ойлгож байлаа.
Уралдааны сүүлийн өдөр миний хичээл дээр аймгийн төвийн бараг бүх багш нар ирж суусан. Яагаад ч юм бэ? “Сонгины Галбадрах энэ уралдаанд түрүүлнэ гэж ам гарсан гэнэ” гэдэг яриа тархаж, хүн болгон сонирхож байсан. Би огтхон ч тэвдээгүй, тайван байлаа. Учир нь энэ бол өмнөх жилийн уралдааны дараа Сонгино сум руу “Ан-2” онгоцоор буцаж нисэхдээ сэтгэлдээ боловсруулж Увсын Улаангом, Хөвсгөлийн Мөрөн хотууд руу зорьж очин итгэлээ баталгаажуулсан заах арга минь байсан юм. Хичээл гэдгийг дарамт бус “чөлөөтэй сонголт” гэдгийг хүүхдүүдэд ойлгуулж, 45 минутыг зөв ашиглавал маш олон мэдээллүүдийг багцлан авч задлан ойлгож болно гэдгийг хүүхдүүдэд мэдрүүлсэн заах арга байлаа. Бас багш бол хичээлийг заагч биш, хүүхдүүд мэдлэг олгоход туслан чиглүүлэгч байж болох юм гэдэг санааг ч энэ заах аргадаа тусгасан. Намайг хичээлээ зааж дуусахад бүх багш нар босч алга ташин талархал илэрхийлсэн төдийгүй, энэ заах аргаараа тухайн үеийн шалгаруулалтын хамгийн өндөр оноог авсан юм. Тэр үед би нэг л хүнд, Юндэндорж захиралд л сэтгэлдээ талархаж байлаа. Тэр хүн намайг системийн балчигт шигдэж байхад энэ дэмжлэгээрээ намайг тэр балчгаас суга татан гаргасан хүн. Тэр хүн надад итгэсэндээ, бас намайг хайрласандаа энэ алхмыг хийсэн хүн.
Тэр жил би улсад шалгарч заах аргын уралдаанд 2-р байр эзэлсэн. “Арга зүйч багш” тэмдэг гараад удаагүй байхад тэр тэмдгийг улсын уралдаанд амжилттай оролцсоныхоо төлөө энгэртээ зүүж байсан болохоор энэ шагнал миний амьдралын үнэ цэнийг надад сануулдаг юм. Зөвхөн заах аргаараа ч биш, сургуульдаа бас Сонгино сумын хэмжээнд олон сайхан зүйлсийг санаачилж хийж байсныхаа төлөө “1989 оны аймгийн аварга сэхээтэн” гэдэг улаан тууз зүүж ч байв.  Юндэндорж захирал, тэр нэгэн өдөр өрөөнд нь орж суугаад сэтгэлийн тэртээд хургасан гомдол, зовлон жаргалаа чин үнэнээр нь уудалж байхад, надад итгэж намайг ойлгож дэмжин өөрийн чадах зүйлээ бүгдийг хийсэн ачтай хүн, миний хувьд. Сайн муу бүхнийг л туулж байдаг удирдагч хүнийхээ хувьд тэр өөрийн гэсэн мэдрэмжтэй, ухааралтай, юуг хийх ёстойгоо сайн мэддэг, түүнийхээ төлөө тууштай байж чаддаг тийм л хүн. Зөвхөн надад ингэж хандаж , дэмжиж тусалж байсан болохоор надаас өөр хичнээн хүнд ч ингэж тус дэм болж явсныг би мэдэхгүй. Гэхдээ л тэр хүнд өнөө хэр ч талархаж явдаг юм. Би өөрөөр яаж явах байснаа төсөөлдөггүй л дээ. Гэхдээ сайн хүмүүс, аргаа олохгүй тэвдэж яваа олон хүмүүст сэтгэл гаргаж, боломжоороо тус дэм болж, амьдралыг нь сайнаар өөрчлөхөд тусалж байдгийг би мэднэ. Харин тэд өөрсдөө тэгж бодож дурсдаг эсэхийг би мэдэхгүй. Магадгүй тэд энэ тухай санахгүй ч байж болно. Саналаа гээд ач бодохгүй л болов уу?
С.Юндэндорж захирлын удирдаж байсан “Улсын тэргүүний” Сонгино сумын 8 жилийн дунд сургуульд би 4 жил ажилласан. Амьдралын уналтын хэмээс өрсөж босох чадал энэ л сургуульд надад бий болсон. 4 жилийн дараа би Завханы Тосонцэнгэлийн 10 жилийн дунд сургуульд захирлаар очиж 8 жил ажилласан. Миний сэтгэлдээ алдуурч байсан итгэлийг Юндэндорж захирал надад эргүүлж тогтоож өгсөн болохоор би алдуурсан итгэлээ өөрийн сэтгэлдээ зангидаж чадсан байх. Амьдралд итгэлээ алдан уруудаж яваа нэгэнд сэтгэлийн дэм өгч, алдагдсан итгэлийг нь гарт нь буцааж атгуулах олон боломжийг тэрээр надад өгсөн байх. Хичнээн амаргүй байлаа ч уртаар амьсгаа авч, эргэн тойрноо огт өөр нүдээр харж тэнгэрт дүүлж буй шувуудыг харан тайтгарах уужралыг тэрээр надад сургасан байх. Хүн өөрөө ч анзаарахгүй хэрнээ, хэн нэгэнд өгсөн тус дэм амьдралд ямархан үнэ цэнэ болдог гээч. Америкт ирсэн хойноо Сонгино сумын ойгоор Юндэндорж захиралд би өөрийн сэтгэлээ шингээн байж гарын бэлгээ илгээсэн, баярлуулж чадсан эсэхийг би мэдэхгүй. Ажил амьдралын буулганд зүтгэж яваад Юндэндорж захирлыг бурханы оронд одсоныг охиноос нь дуулав. Тэр өдөржингөө сэтгэл харанхуйлаад, “ямар сайхан хүмүүсийг бурхан бидэнд илгээж, бас буцаагаад авч одсон”-ыг эргэцүүлэв. Амьдад нь халуун дулаан талархал хэлж амжсангүй дээ.
Айраг хэмээх нуурын бараа алсрах тэртээд нэгэн их дэвсгийн хонхор дунд Сонгино сум оршдог юм. Хаанаас нь ч харсан асгасан шагай шиг сумын төвд миний амьдралын 4 жил өнгөрсөн. Зөндөө олон сайхан хүмүүстэй нөхөрлөж, зөндөө олон сайхан залуусаар “багшаа” гэж дуудуулах хувь тавиланг энэ л нутаг надад заяасан юм. Сэтгэлдээ гуниг тээж очоод итгэл өвөрлөн өндийж ирэх боломжийг энэ нутаг надад өгсөн. Сургуулийн лагерьт Юндэндорж багшийнх, Цогт-Очир багшийнх, Хөтгөр багшийнх, Чулуунбаатар багшийнх, миний дотны анд асан Цэндийнх гээд бидний гэр бүлээрээ зорьж очдог айлууд зөндөө. Айл болгон амжиргааны хэдэн малтай болохоор амьдрал ахуй нь дутмаг биш. Тэр нутгаас олон сайхан залуус төв суурин газрыг “бараадсан ” ч төрж өссөн нутаг усаа марталгүй эргэж тойрж анхаарч байдаг. Миний сэтгэлийн тэртээд энэ нутаг оршиж л буй. Нэгэн цагт зорьж очин саатах биз. Тэр үедээ амьд сэрүүн байгаа, гэгээн алсад одсон олон хүмүүст талархал илэрхийлэн дурсах болноо. Алс холын тивээс амьдад тань хэлж амжаагүй талархалаа дурсамж болгон тэрлэв, Юндэндорж багш аа. Таны амьдралын тасаршгүй хэлхээс үр хүүхдүүд тань байгаа болохоор таны тухай гэгээн дурсамжаа тэдэнд сануулан бичив. Та минь бурханы оронд амгалан нойрс доо. Та олон хүмүүсийн сэтгэлд оршиж байгаа шүү. Сайхан сэтгэлийн сайн үйлс хэзээ ч балардаггүй юм даа.

Nov 16

“САЙН ДУРЫН САЙХАН СЭТГЭЛ” \Калифорнийн тэмдэглэл\

By gala-admin | ТЭМДЭГЛЭЛ

11724980_10204518666788017_356609475_o

Нэг. Бэй-Ариа орчмын Монголчуудын Холбоо
Америкийн хот хотуудад  үйл ажиллагаа явуулдаг “Монголчуудын Холбоо”-дуудад зовлон жаргал адил буй. Хүмүүс тэднийг янз янзаар ойлгож хүлээж авдаг. “Бидний нэрийг ашиглаж бизнес хийж байна” гэх хардлагаас “Бидний төлөө юу ч хийсэнгүй” гэх гомдол хүртэл олон янзын араншин, үзэл бодлууд сөргөлдөж байдаг. Нэг л зүйлийг: тэр хүмүүс албан томилолтоор бус “сайн дураар”, албан тушаалаар бус амжиргаагаа залгуулж буй “ажлынхаа хажуугаар”, үүрэг хариуцлагаар бус “өөрсдийн санаачлагаар”,  үүнийг хийсний төлөө цалин авч бус өөрсдөө “мөнгө босгож “, ашиг олох гэж бус бусдад тус болох гэсэн “сайхан сэтгэлээр” энэ бүхнийг хийдэг гэдгийг л бид анзаарч ойлгодоггүй. Энэ байгуулагуудыг санаачлагаараа босгож “сайн муу” нэр дуулж яваа хүмүүс ч өөрсдөө янз бүр. Зарим нь ийм боломжийг өөртөө “ашигтай болгох” гэж, арга хэмжээнээс жаахан “мөнгө унагах” гэж, үгүйдээ л “Алтангадас” одон аваад энгэртээ зүүчих гэсэн хүслээр ашигладаг л байх. Дийлэнх олонхи нь “сайн дурын сайхан сэтгэл”-ээр хийж байгаа гэдэгт би итгэдэг.
…2004 онд Сан-Франциско хот орчмын монголчуудын сайн дурын үүсгэл санаачлагаар байгуулагдсан Бэи Ариагийн Монголчуудын Холбоо олон жил давгүй сайн ажиллаж байгаа нь анзаарагддаг. Наадам, цагаан сар, шинэ жилийг тэмдэглэж байгаа тэдний зургуудыг харсан хүмүүс “Аяа яа эднийх мөн ч мундаг, сүрлэг тэмдэглэх юм аа” хэмээн дуу алдана. Лувсанжамбаа, Цэрэндорж, Ш.Баатар, Хишгээ \ одоо Монголдоо байгаа\ гээд “хуучны” хэдэн хөх харчууд энэ “сүрлэг” арга хэмжээнүүдийн зохиогч, найруулагчид нь юм шүү дээ. Энэ жил ГХЯ-аас гадаадад үйл ажиллагаа явуулж байгаа Монголчуудын Холбоодын дунд зарласан “шилдэг, сүрлэг” наадмын уралдаанд тэднийх тэргүүн байр эзэлсэн юм билээ. “Танай ДС-ийнхэн энэ жил их гоё наадам хийсэн байна билээ, манайхтай барьцаагүй биз дээ? ” хэмээн МХ-ны тэргүүн Батсоёмбо бүсгүй надаас сонжингүй асуухад нь “Угаасаа танайх олон жилийн “тасархай” уламжлалтай болохоор барьцах газар олдоно гэж үү?” гэж л хариулсан. БАМХ нь Сан-Франциско дахь Ерөнхий Консулын Газар, хүүхдийн “Гэр төв”, Калифорни дахь “Залуучуудын нэгдэл”, Бурханы шашны “Занабазар төв”, Оаклонд болон Сан-Франциско дахь Христийн сүм, спортын олон холбоодуудтай хамтарч ажилладаг нь “Дэм дэмэндээ, дээс эрчиндээ” гийн үлгэр жишээ болдог ажгуу.
-“Ер нь тэгээд ийм ажлыг хийхэд амаргүй шүү дээ. Байнга сайн муу хэл ам дагалдаж байдаг болохоор заримдаа халгамаар. Гэхдээ л энэ хэдэн муусайн монголчуудынхаа арга эвийг олж байгаад л ажиллахаас өөр аргагүй шүү дээ. Хажууд хятад, солонгосуудын мундаг мундаг холбоодууд байж байхад монголчууд бид яагаад тэднээс дутах гэж? Ядаж монгол үндэснийхээ уламжлалт баяраа аятайхан тэмдэглэчих, ядарч зовсон хүмүүст тус болчих, дор бүрнээ “юм хийчих” гээд зүтгээд байгаа энэ хэдээ дэмжчих хэрэгтэй байна шүү дээ. Өнөөдөр сайн муу хэлэгдэж байгаад ч болов ийм холбоодыг босгочихвол бидний ард үлдэж байгаа энэ хэдэн хүүхэд залууст минь хэрэгтэй шүү дээ. Бид эндээс гарлаа гээд энэ холбоог үүрээд явчих биш. Одоо тэгээд бид хэд ч хөгширч, хуучирч байгаа болохоор залуусаа энэ холбоог авч явахад сургаж байгаа. Бид хэд ард нь “амьд ат айлгадаг үхсэн буурны толгой” шиг байж л байх юм. Ийм холбоог авч явахад  хүмүүсийн аргыг олох нь гол нь юм даа. Уурлаж уцаарлаж байгааг нь эвтэйхэн аргадна, зарим болохгүйг нь загнана, хүн хүнд хийх гэж байгаа юмаа аятайхан ойлгуулна, мөнгө төгрөг авсан, хүнээр туслуулсан юм бол дараа нь заавал ч үгүй талархаж, тайлагнаж байх хэрэгтэй”. Намайг энд ирэх бүрд тосож авч үйлчилдэг Лувсанжамбаа анд маань ийн хуучилсан юм.

12046908_716784458427866_9067700411698190448_n
Хоёр. Хүүхдийн “ГЭР ТӨВ”
Гадаадын улс орнуудад байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаа “Монгол сургууль”-иуд мөн л сайн дурын сайхан сэтгэл дээр үндэслэгдсэн байгууллагууд. 7 хоногийн нэг өдөр “монгол хэл” ээ мартаж байгаа монгол хүүхдүүдэд монгол хэл, соёлоо зааж сургах гэж хичээж байгаа тэдний сэтгэлд нь “Монгол Улсын Тусгаар Тогтнол, Үндэсний Аюулгүй Байдал” тэр чигээрээ багтаж байдаг юм. Эцэг эхчүүд тэдэнд талархан ханддаг хэдий ч ойлголцохгүй зүйл, амаргүй бэрхшээлүүд багагүй тохиолдоно. Сурах бичиг, хичээллэх байр, сургалтын төлбөр, багш нарын цалин, зарим санхүүжилтүүд гээд “бор зүрхээрээ” зүтгэж яваа тэдэнд асуудал мундахгүй гардаг боловч даван туулж, жилээс жилд арга эвээ олсоор л яваа. Харьд өсөж өндийж байгаа хүүхдүүд, харь нутагт мэргэжлээсээ өөр ажил хийж яваа ч сэтгэлд нь хүүхдүүдийн дуу шуугиан эгшиглэж байдаг багш нарын сэтгэлийн холбоос энд л зангиддаг юм. Тэдэнтэй хамтад монгол хэл, монгол дуу бүжиг, монгол уран зураг, монгол уламжлалт зан заншил хөгжиж л байгаа.
-” 2009 оны 4 сарын 27 нд анх сургуулиа байгуулахдаа монгол уламжлалаа бэлэгдээд “Гэр төв” гэж нэрлэсэн юм. Жилээс жилд өргөжсөөр байгаад одоо 6-7 багштай бага, дунд ангидаа 50 гаруй хүүхэдтэй хичээллэж байгаа” гэж Т.Эс-Олдох хуучилсан. Т.Эс-Олдох багш нартайгаа хамтраад гадаадад сурч буй монгол сурагчдад зориулж “Миний монгол хэл” сурах бичгийг зохиож хэвлүүлжээ. Гадаадад сурч байгаа хүүхдүүдэд үсгээ таниулахдаа тэдний сайн мэдэх зургуудаар чимж, авиа болон гийгүүлэгч үсгүүдийг өөр өнгөөр ялгасан нь онцлог юм. Америкт ажиллаж байгаа сургуулиудад багшилж байгаа багш нар энэ талаар зөндөө ярилцаж санаачлага гаргаж байсан хэдий ч Т.Эс-Олдох багш нартайгаа хамтран бүтээл болгож амжжээ. БСШУЯ-д санал болгосон боловч “Манай стандартаар хийгдээгүй байна” гэдэг шалтгаанаар зардал гаргахаас татгалзсан юм билээ. Гэхдээ тэд боломж гарган өөрсдийн зардлаар хэвлүүлэн Америкт авчирчээ. Энэ бол сайн эхлэл. Үүний араас бусад олон сурах бичгүүд зохиогдон хэвлэгдэх байх. Сэтгэл дотор нь үерлэсэн санаачлагыг хэн яаж хорьж чадах гэж? Маргааш нь “Гэр төв” дээр зочилж очиход Д. Долгорсүрэн надад сургуулиа үзүүлж танилцуулсан юм.
Оакланд дахь “Азийн Соёлын Төв” дээр “Гэр төв”-ийнхэн 7 хоногийн пүрэв, ням гаригуудад хичээллэдэг аж. Эцэг эхчүүд нь энэ өдрүүдэд хүүхдүүдээ сургуульд нь хүргэж өгч, хичээл тарахад нь хүлээж авдаг хэмнэлтэй. Хэдийгээр харь оронд ажиллаж амьдарч байгаа ч үр хүүхдүүдээ монголоор нь үлдээх, урлаг соёлоор нь дамжуулан Монголоо сурталчлах, тэдний сэтгэл зүрхэнд бяцхан ч болов монгол бахархлын “гал асаах” хүсэл тэдэнд бий. Зураг, дүрслэх урлагийн багш М.Гансүх, монгол хэлний багш Ч.Оюун, бүжгийн багш Д.Батзориг нартай хичээл дээр нь уулзаж, санал бодлоо солилцсон. Эдгээрээс гадна морин хуурын багш Ц.Төмөрчөдөр, шанз хөгжмийн багш П.Туул, шатрын багш Б.Уянга нар ажилладаг гэсэн. Бүхэлд нь харахад “Гэр төв” -ийнхэн монголын үндэсний бүжиг, хөгжим дээр тулгуурладаг юм байна. Урд өдөр нь Беркелейн Их Сургууль дээр зохион байгуулагдсан арга хэмжээний хандивын хүлээн авалт дээр “Гэр төв”-ийн хүүхдүүдийн бүжиг, уран нугаралтын тоглолтууд хүмүүсийн сонирхол, өхөөрдлийг зэрэг бадраав. “Жура гэнээ, жура гэнээ” нэртэй дууны аялгуунд Д.Батзоригийн дэлгэсэн бүжиг миний ч сонирхлыг татсан. Энэ бүжиг өөр хаана ч дэлгэгдээгүй, Д.Батзоригийн  үндсэн бүтээл юм билээ. Бүжгийн хүүхдүүдийн өмсч буй үндэсний хувцас өмсгөлүүдийг Д.Батзориг багшийн эхнэр нь урладаг гэсэн. Калифорни мужийн нутагт ханаа шийрлэсэн “Гэр төв”-ийнхэн энэ их гүрэнд “монгол соёлын үр”-ийг үндэслүүлж байна. Улам ихээр урган цэцэглэх буйз.

10527332_532711683501812_5097603722323010978_n
Гурав.  “САРАН ХӨНДИЙ”-н аялал
Амтат дарсаараа дэлхийд алдартай Калифорнийхан Жек Лондоны “Саран хөндий” гээрээ ихэд бахархан басхүү гайхуулдаг. Набийн болон Саран хөндий тэр чигээрээ усан үзмийн талбайнуудтай болохоор машины цонх онгойлгох төдийд дарсны эсгэлэн үнэр хамар цоргино. Уудаг дарсыг “урлагийн бүтээл” гэж сэтгэх хүртэл үйлчилдэг газрууд зам дагуу шил шилээ даран байрлах. Калифорнийн зочломтгой монголчууд зочид болон найз нөхдөө энэ хөндийгээр дагуулж аялангаа амтат дарс шимж, сэтгэлийн алжаалаа тайлдаг аж. Беркелейн Их Сургууль дээр зохион байгуулагдсан арга хэмжээний дараа Лувсанжамбаа анд, Ш. Баатар эхнэр Алтаагийн хамт, Монголоос ирсэн түүхч, археологич эрдэмтэн Д.Эрдэнэбаатар бид “ганзага нийлэн” энэ хөндийд өглөөний мандах нарыг угтаж, үдшийн жаргах нарыг хамтдаа үдсэн юм. Дарсны ресторануудын чамин сүүдрэвч, Калифорнийн амтат дарс, нүд баясгасан байгалийн үзэсгэлэн дунд юу эсийг хуучлах билээ. Монголын Киданы үе болон Хүннү гүрний үеийн түүх хийгээд сүүлийн жилүүдэд Монголд олдсон археологийн үнэт олдворууд энэ өдрийн бидний ярианы гол сэдэв байв.
Улаанбаатарын Их Сургуулийн Археологийн тэнхимийн эрхлэгч, археологич профессор Д.Эрдэнэбаатарын удирдсан баг Архангай аймгийн Өндөр-улаан сумын Хануй багийн нутагХануй голын хөндий дэх “Балгасын тал” нэртэй газар илэрсэн “Гол мод-2” хэмээх Хүннүгийн их хаадын оршуулгын газарт 2001-2011 он хүртэл археологийн малталт хийж ховор, үнэ цэнэтэй олдворуудыг илрүүлсэн юм билээ. 2001 онд анх энэ газрыг олж илрүүлэн нарийвчилсан хайгуул судалгаа хийж нийт 188 булш тоолж тэмдэглэсэн бөгөөд үүний 98 нь үүдэвч бүхий дөрвөлжин хашлагатай, 9 нь үүдэвч бүхий дугуй хашлагатай, 81 нь голдоо хонхортой дугуй тогоо хэлбрийн гаднаа ил мэдэгдэх чулуун дараасгүй булш байжээ. Үүдэвч бүхий том булшнууд нь зүүн баруун талдаа дугуй чулуун далантай жижиг хэмжээтэй харилцан адилгүй1-30 дагуул булштай байсан гэнэ. Булшнуудаас олдсон эд өлгийн үнэт олдворууд дотор Ромын үеийн шаазан эдлэл, алтан зооснууд, том хэмжээний хаш чулуу зэрэг өнөөгийн цаасан мөнгөөр ч хэмжихийн аргагүй буурал түүхийн соёл, зан заншлын гайхамшигт гэрчүүд багтаж байгаа аж.
-“Археологийн малталтууд хийх зардал төсвөө хэрхэн олж байгаа тухай?” Д.Эрдэнэбаатараас лавлаж асуухад, “Ер нь амаргүй шүү дээ. Археологийн малталтууд маш чимхлүүр, хугацаа их шаардсан ажил болохоор зардал ч их гардаг. Төсөвлөсөн зардлууд хүрэхгүй нөхцөлд бусдаас л тусламж хүснэ. “Женко” Х.Баттулга энэ малталтад зардал гаргаж бидэнд тусалсанд бид их баяртай байгаа. Энэ бүхэн зөвхөн биднийх биш, бүх Монголчуудын өмч юм шүү дээ?” хэмээн тэрээр хуучилсан.   Нэгэн цагт дэлхийн хагасыг захирч байсан нүүдэлчин монголчуудын төр төвхнүүлэх зарчим, худалдааны эргэлтийн “Торгоны зам”, соёл урлагийн гайхамшигт бүтээлүүд, улс гүрнүүдийн харилцан хамтын ажиллагааны бэлэгдэл “гэрэгэ”, нийтээр дагаж сахих “Их засаг” хууль зэргээрээ дэлхийн түүхийг бичиж байсан олон гэрч баримтууд Монгол нутагт бий. Монголын түүх дэлхийн түүхийг гэрчилж байсан цаг үеийн улбаа энд л буй. Харин бид энэ тухай ор тас мартацгааж, уул уурхайн тэсэлгээ тоосноос мөнгөөр бороо оруулах тухай л мөрөөдөж сууцгаана. Тэсэлж дэлбэлж, ухаж төнхөж байгаа газар шороон дунд эргээд хэзээ ч олдохгүй түүхийн баримтуудаа устгаж болох тухай бид бодох ч сөхөө алга. Монголын археологичид мөнгөөр хэмжишгүй энэхүү үнэ цэнийн төлөө сэтгэлээ чилээж явна. Бид түүхээ мартаж, бас арилжиж болно гэж үү?

12039469_716769795095999_4311441680942770739_n
Тав. ТӨГСГӨЛИЙН ҮГ
Олон хотуудаар явж олон арга хэмжээнд оролцож байхдаа сайн дурын сайхан сэтгэлийн олон үлгэр жишээг мэдэрдэг. “Хийхгүй бол болохгүй байнаа” гэж хэлж байгаа олон хүмүүсийн сэтгэлд “Монгол эх орон” нь багтдаг юм шүү дээ. Тийм мундаг түүхтэй, ийм хүчирхэг өвөг дээдсийн үр сад болохоороо судсанд нь омог бардам, омголон хөөрүү цус урсаж байдаг байх. Заримдаа буруу муугаар илэрхийлж байвч “Монголчууд бид муу явах ёсгүй” гэсэн бардамнал мэдрэгдээд байдаг юм. Хааяадаа бие биедээ дургүйцэн муулж байвч “муу явж байгаад нь бухимдаж” уурлаад байдаг ч байж болох. Өдгөө сайн хүмүүс олширч байнаа. Зүгээр л мэдрэмжээ дагаад зөнгөөрөө чадах зүйлээ хийгээд явж байдаг хүмүүс зөндөө бий. Сайн муу хэлүүлээд ч болов “юм хийгээд” байна гэдэг чинь хөгжил дэвшлийн эхлэл. Алдаа оноо бүхэн ухаарал, учирлалын үндэс. Сайн дураар хийж байгаа бүхэн тань сайхан сэтгэлийн үндэс болон цэцэглэдэг.

Nov 01

“Монгол судлал Беркелейн Их Сургуульд” \эхлэл\

By gala-admin | ТЭМДЭГЛЭЛ

“МОНГОЛ СУДЛАЛ” БЕРКЕЛЕЙН ИХ СУРГУУЛЬД

\эхлэл хэсэг\

Сан-Франциско хотын дэргэдэх Беркелейд байрлах Америктаа төдийгүй дэлхийд нэр хүндтэй -д тооцогдох Калифорнийн Их Сургууль нь “улсын санхүүжилттэй сургууль” гэдгээрээ онцлогтой. Энэ сургууль нь  1868 онд байгуулагдсан бөгөөд одоогийн байдлаар 37581 оюутан сургадгаас бакалаврын зэргээр 27126, мастер, докторын зэргээр 10455 оюутан сурдаг. Сургууль төгсөгчид нь 350 орчим мэргэжлийн зэрэг цол хүртдгээс гадна тус сургуулийн судлаачид багш нараас 72 эрдэмтэд “Нобелийн шагнал” хүртсэн байна.   “US News &  World Report”  сэтгүүлийн 2015 оны судалгаагаар
Беркелей дэх Калифорнийн Их Сургууль нь чансаа болон сургалтын чанараараа дэлхийд 3-т эрэмблэгдсэн төдийгүй “улсын санхүүжилттэй” сургуулиудын  шалгуураар 1-т эрэмблэгдсэн байна. Америкт төдийгүй дэлхийд нэр хүндтэй энэ сургуульд Монгол хэл зааж байсан түүх нь эдүгээ сэргэн “Монгол” хөтөлбөр болон өргөжиж, цаашдаа “Монгол судлалын төв” болон хөгжих төлөвлөгөө боловсруулж байгаа.

* БЕРКЕЛЕЙН ИХ СУРГУУЛЬД Монгол хэл зааж байсан ТҮҮХИЙН ТАЛААР \Эрдэмтэн судлаач Ширчингийн Баатарын яриа\

… Дилав гэгээн нас барахаасаа өмнө Сөнөдийн хошууны “Зараа хийд”-ийн да лам Намжилдоржийг дуудсан байдаг юм. Да лам Намжилдорж нь Дилав гэгээнтэнтэй ихэд дотно байсан төдийгүй Төвдөөр дамжин Энэтхэгт ирж хэвлэлийн жижиг үйлдвэр ажиллуулж байсан юм билээ. Дилав гэгээний оршуулга дээр Беркелейн Их Сургуулийн Монгол хэлний багш Жеймс Боссон, да лам Намжилдоржтой уулзаад Беркелейн Их Сургуульд ажиллахыг санал болгожээ. 1966 оноос да лам Намжилдорж энд ажиллаж байхдаа өөрийн шавь Лувсанхайдав гуайг \өдгөө амьд сэрүүн байгаа\
туслуулахаар авчирчээ. Да лам Намжилдорж гуай энд ажиллаж байхдаа Монгол Улсын Ерөнхий сайд асан А.Амарын бичсэн “Монголын хураангуй түүх” номыг гараар бичиж сэргээсэн юм шүү дээ. Тэр номыг Беркелейн Их сургуульд хэвлэснээр нь олон орны их дээд сургуулиудад судлаж байгаа. 1969 онд да лам Намжилдоржийг нас барснаас хойш Ж.Боссон гуай энэ бүх ажлыг хариуцаж үлдсэн. Ж.Боссон гуай манж төвд, монгол хятад хэл зэрэг Алтайн язгуурын бүх хэлийг зааж 1996 он хүртэл энэ тэнхимийг авч явсан
байдаг юм. Тэр үеэс хойш үндсэндээ оюутангүй болсон гэдэг. 1989 он хүртэл Монголын бүх хэвлэлийг захиалж авч байсан байдаг юм, харамсалтай нь 1989 оноос хойш тасалдсан. 2002 онд намайг энд ирэхэд Ц.Уранчимэг энд аспирантурт суралцахаар ирсэн байсан. Урнаа маань энд суралцаж Ph.D хамгаалснаасаа хойш л Беркелейн Их Сургуульд “Монгол судлалын төв” байгуулахаар хөөцөлдөж, уйгагүй зүтгэсэн дээ.

*БЕРКЕЛЕЙН ИХ СУРГУУЛЬД “МОНГОЛ СУДЛАЛЫН ТӨВ”-ИЙГ БАЙГУУЛАХ ТӨЛӨВЛӨГӨӨ  ба “МОНГОЛ” ХӨТӨЛБӨР \Эрдэмтэн судлаач, урлаг судлалын ухааны доктор Цүлтэмийн Уранчимэгийн яриа\

Беркелейн Их Сургуульд 1935 онд монгол хэл зааж байснаараа Америктаа анхдагч нь. Герман гаралтай Лессинг \Ferdinand Diedrich Lessing\ гэдэг эрдэмтэн монгол хэл зааж байсан юм билээ. 1950 иад оноос монгол номын цуглуулгатай болсон. Лессингээс хойш монгол судлалыг үндсэндээ Жеймс Боссон \James E. Bosson\ гуай авч явсан байдаг. Тэр үедээ хийсэн хэд хэдэн том бүтээлүүд нь “Монгол хэлний толь бичиг” зохиож, А.Амар гуайн “Монголын хураангүй түүх” номыг хэвлүүлсэн зэрэг нь юм. Түүнээс гадна “Монголын эзэнт гүрний түүх”-ийн хичээл заадаг байсан гэдэг. 1996 онд
Жеймс Боссон багшийг тэтгэвэртээ гарахад монгол хэлний сургалт судалгаа үндсэндээ зогссон. Намайг 2002 онд энд сурахаар ирэхэд Монгол сэдэвтэй хичээлүүд бүгд зогсож Монголтой холбоотой юу ч байгаагүй. Тэр үед Калифорнийн Их Сургуульд “Хятад судлал” хүчээ авч “Төвд судлал” албан ёсоор бий болон өргөжиж байлаа. Нэгэнт Монголтой холбоотой шижим тасарсан байсан болохоор би энд оюутан байхаасаа Монголын эрдэмтэд судлаачид, элчин сайдуудыг урьж Монгол руу анхаарал хандуулахыг хичээж байв.

Эхлээд археологич Түмэн гуайг, дараа нь Баяр гуайг урьж авчран лекц уншуулж байсан. Монголын Төрийг төлөөлж, АНУ-д Монгол Улсаас сууж буй элчин сайд Равдангийн Болд гуай энэ сургуульд анхдагч болж 2006 онд ирж байв. Калифорнийн Их Сургуулийн “Зүүн Ази Судлалын Хүрээлэн” -г үүсгэн байгуулсан \Institute of East Asian Studies University of California. Berkeley\ эрдэмтэн улс төр судлаач Роберт Скалапино (1919-2011) 1990-ээд онуудад Монголд очиж, Монголоос улс төр судлаач Сандаг хэмээх эрдэмтэнг урьж авчирсан байдаг юм. Р. Болд гуайн энэ уулзалт Монголын Төрийн зүгээс
Калифорнийн Их Сургуультай “Монгол судлал”-ын талаар хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх “шав”ыг тавьсан юм. Энэ үеэр бас МУИС-ийн захирлаар ажиллаж байсан Ганцог манай сургууль дээр ирж олон салбараар Беркелей-тэй хамтран ажлах уулзалт хийв.

2006 оны Р.Болд гуайн уулзалтын дараа 2007 онд Беркелейн Их Сургуулийн нилээд том бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид  орчин цагийн нөхцөл байдлыг судлахаар Монголд очиж байсан юм.  Р.Болд гуайн дараа элчин сайдаар ажиллаж байсан Х.Бэхбат гуай ч энэ сургуульд дээр ирж хамтын ажиллагааны талаар нилээд санаа тавьж байсан. Түүнээс хойш Сан-Францискод нээгдсэн Консулын Газрын консул Н.Анхбаяр, Д.Баярхүү нар ч энэ асуудал дээр анхаарлаа хандуулж олон удаа уулзалт хийж байлаа. Энэ бүх оролдлогууд нь өнөөдөр Беркелейн Их Сургууль дээр “Монгол
судлалын төв”-ийг байгуулах зорилготой “Монгол Хөтөлбөр” (Mongolia Initiative) эхэлсэн суурийг тавьсан юм. Беркелейн Их Сургуулийн судлаачид Монголд багаараа очиж ажиллахдаа “Монгол оронд ардчилал ялсны дараа улстөр, нийгэм, эдийн засгийн хувьд ихэд өөрчлөгдөж дэлхий дахинд нээлттэй болжээ. Ийм учраас Монголыг судлах хэрэгтэй юм” гэсэн шийдвэр гаргасан. Шийдвэр гарсан боловч санхүүжилтийн асуудал нь шийдэгдээгүй. Калифорнийн Их Сургууль нь улсын санхүүжилттэй болохоор санхүүгийн эх үүсвэрийн хувьд хязгаарлалттай байдаг. Тийм
болохоор тэд энэ судалгаанд Монголоос санхүүжилт орж ирэхийг хүлээж байсан гэсэн үг.

2008 онд Беркелейн Их Сургууль дээр АНУ-аас Монголд суугаа элчин сайдаар тухайн үед ажиллаж байсан Жонатан Адлтон гуай ирж уулзалт хийж Монголын талаар судалж бичсэн номоо танилцуулсан юм. Мөн Монголын “Нью-Ком” компани Беркелейн Их Сургуулийн бизнесийн чиглэлийн багш нараас урьж Монголд хичээл заалгаж байв. Энэ бүхэн нь Беркелейд Монголыг сонирхох сонирхлыг бий болгож байгаа хэрэг шүү дээ. 2011 оны 6 сард Монгол Улсын Ерөнхийлэгч Ц.Элбэгдорж -ийг манай сургуулийн захирлууд хүлээн авч уулзалт зохион байгуулсан. Монголын
ардчиллыг 1990-ээд оноос эхлэн судалж ирсэн Беркелейн улс төр судлаач эрдэмтэн доктор Стивэн Фиш зэрэг эрдэмтэд тэр уулзалтанд оролцлоо.
Ерөнхийлэгч Ц.Элбэгдорж энэ уулзалт дээр  “Монгол судлал”-ыг хөгжүүлэх бодлого, чиглэлийн талаар Ерөнхийлэгчийн зарлиг гарсан байгаа гэдгийг тайлбарлаад, “Монгол судлал”-ыг төрөөс дэмжинэ” гэдгээ хэлсэн. Энэ уулзалт бас их нөлөөлсөн.

2013 оны 3 сард “Монгол” гэсэн нэртэй судалгааны хөтөлбөр боловсрогдож үйл ажиллагааны шатлалаа гаргасан юм. Энэ хөтөлбрөө Консул Н.Анхбаяраар дамжуулан Монголын БСШУЯ руу илгээсэн боловч ямар ч хариу ирээгүй. Тэр хавар 5 сард нь Беркелейн Гадаад Харилцаа хамтын ажиллагааг хариуцсан захирал Давид Жэү бид 2 хамтдаа Монголд очиж БСШУ ны сайдтай уулзах гэж хичээсэн боловч амжилт олоогүй. Дэд сайд Ургамалцэцэг биднийг хүлээж авч “Та нар яг цагаа олж ирлээ. “Монгол судлалыг дэмжих сан” байгуулагдаж үйл ажиллагаагаа эхлүүлэх гэж
байхад та нар маш хэрэгтэй төсөл санал болголоо” хэмээн талархаж байв. УИХ-ын Байнгын Хороо, БСШУЯ, ГХЯ зэрэг олон газруудтай уулзалт хийж өөрсдийн төсөл саналаа танилцуулж байсан. Харамсалтай нь зарим хүмүүс Беркелейн Их Сургуулийн талаар ямар ч ойлголтгүй байв. Дор бүрнээ “дэмжинэ” гэж амлах авч буцаад ирсэн хойно ямар ч хариу ирдэггүй. Тэгээд тэр жилийн 7 сард Давид Жэү захирал, миний бие, Беркелейн Түвд судлал, урлаг судлалын хэд хэдэн ахмад багш нар хамтран Монголд очиж энэ асуудлаар бас хүмүүстэй уулзсан юм. Монголд
суугаа АНУ-ын Элчин Сайд хатагтай Пайпэр Кэмбэл бидний уйл ажиллагааг маш их дэмжиж Беркелейн Их Сургуулиас хэрэгжүүлэхээр БСШУЯ -д илгээсэн “Монгол” Хөтөлбөрийг дэмжих Элчин Сайдын хүлээн авалт зохион байгуулж олон хүмүүсийг урьсан боловч БСШУЯ-аас ганц ч хүн ирээгүй тул үндсэндээ бид итгэл алдарч цөхөрч байлаа.

2014 оны 4 сард УИХ-ын гишүүн M.Батчимэг Станфордын Их Сургуульд дээр ажлаар ирсэн байхад нь бид уулзаж энэ төслийн талаар танилцуулсан. М.Батчимэг гишүүн “За би энэ асуудлыг анхааралдаа авлаа” гэж л хэлсэн. 2014 оны 12 сард М.Батчимэг гишүүн энэ асуудлыг “шийдэж”, эхний жилийн санхүүжилтийн төсөв батлагдсан талаар надад мэдэгдлээ. Санхүүжилт нь шийдэгдэж эхэлсэн учраас л Беркелей дэх Калифорнийн Их Сургуулийн Монгол судлалын үйл ажиллагаа эхэлж, цаашдаа “Монгол судлалын төв”-тэй болох зорилгоо үргэлжлүүлэх боломжтой болж байгаа
хэрэг. Өнөөдөр Беркелейн Их Сургууль дээр “Монгол судлалын Төв” байгуулах зорилготой Монгол хөтөлбөр (Mongolia Initiative) үйл ажиллагаагаа эхлэхэд УИХ-ын гишүүн М.Батчимэгийн дэмжлэг, туслалцаа маш их үүрэг гүйцэтгэсэнд бид чин сэтгэлээсээ талархаж байна.

\үргэлжлэл бий\

Sep 21

“САВАЛГААТАЙ” СЭТГЭЛГЭЭ \цөөхөн жишээ\

By gala-admin | ТЭМДЭГЛЭЛ

Сайн муу үйлдлүүд, сайхан муухай төрх холилдож байдаг энэ амьдралд тохиолдож байгаа үзэгдлүүдийг заавал харьцуулж “голч”-ийг нь олж ойлгож байх хэрэгтэй байдаг. Алив юмс үзэгдлийн сайн хийгээд муу тал нь юу болохыг харьцуулж, олон талаас харж дүгнэж байх нь хүмүүсийн оюун сэтгэлгээг задалж, алив зүйлд бодитой бас уужуу, ууч сэтгэлээр хандахад сургана. Нөгөө талаасаа хувь хүний амьдрал хийгээд ертөнцийг үзэх үзэх хандлага болоод төлөвшилд ч сайнаар нөлөөлдөг. Ер нь байна шүү дээ! Туйлын сайн, хязгааргүй муу зүйл гэж
байдаггүй. Сайн нь давамгай, эсвэл муу давамгай байна уу? гэдгээс л бид сайн муугийн хэмжүүрээр дэнсэлдэг юм шүү дээ. Үл нуршин өгүүлэх нь:
“ҮНЭГҮЙ ЮМАНД НУГАСГҮЙ ДУРТАЙ БИД”
Өнгөрсөн 7 хоногт оёдлын чиглэлээр Монголдоо үйл ажиллагаа явуулдаг Exclusive брендийн дэлгүүрийн эзэн Г.Майцэцэгийн 150 гаруй сая төгрөгийн бүтээгдэхүүн ээ “үнэгүй” тараах гэсэн оролдлого бөөн шуугиан дэгдээв. Би Г.Майцэцэгийн “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцож байсан дугаарыг сонирхож үзсэн төдийгүй, энэ талаар санал солилцож 2 удаа утсаар ярьж байсан юм. Буруу зөрүү ч байж магадгүй, миний авсан ойлголт гэвэл:
-Хан -Уул дуургийн татварын байцаагч Exclusive компани дээр шалгалт хийж 150 сая орчим төгрөгийн торгууль тавьжээ. \Эхлээд 350 сая орчим төгрөг байсан юм билээ\ Мэдээж энэ нь Монголд мөрдөгдөж байгаа одоогийн хууль дүрэм журмаар тодорхой үндэслэлтэй байх. Гэхдээ энэ төлбрийг төлөх эсэх талаарх маргаан нь даамжирч, хоорондоо “зохицох” боломжгүй байдалд хүрсэн учраас Exclusive компаны дансыг татварын байцаагчийн шаардлагаар хаажээ. Данс хаагдсан тохиолдолд энэ компаны үйл ажиллагаа зогсч, гадаад дотоод түншүүд, харилцагчидийн хувьд
“найдваргүй” үнэлэлтэд хүрнэ. Энэ бол шууд утгаараа бизнесийг “хорлож” буй үйлдэл.
-Татварын байцаагчид аж ахуйн нэгж, албан байгууллагуудад шалгалт хийж зөрчил илрүүлж торгууль тавьж, торгуулийг нь төлүүлсэн нөхцөлд уг орлогын мөнгөн дүнгийн 10 %-иар урамшуулал хүртдэг “заншилтай” юм уу даа. Хэрэв тийм дүрэм журамтай бол татварын байцаагчид үндсэн цалингаасаа гадна “нэмэлт” олж болох орлогондоо илүү анхаарал тавих болно. Хууль дүрэм журмаа ухамсартайгаар ягштал биелүүлж сураагүй монголчуудын хувьд “хайгаад байвал буруутгах шалтаг заавал олддог”. Дүрэм журмаа дагаж мөрддөггүй “аргалж” болдог бизнесийн
орчин нь татварын байцаагчдаа дүрэм журмаас гадуур хоорондоо зохицоод “авилгал” авч өгөх үйлдлэл рүү түлхэж байгаа хэрэг юм. Ийм тохиолдолд татварын байцаагчийг буруутгах хэцүү, зөвтгөх ч бас хэцүү.  Тогтолцоо нь ийм болохоор.
Одоо асуудлын сайн муу талуудыг харьцуулж үзье. Сайн тал нь гэвэл:
-Г.Майцэцэг энэ асуудалд шударгаар хандахыг хүссэн байж болох. Польшид сурч бас бизнес хийж байсны хувьд тэрээр энэ тогтолцооны эсрэг байсан хэрэг. Тэрээр авилгалд боломж олгож байгаа татварын тогтолцооны эсрэг дуугарч эхэлсэн анхны бизнесмэн эмэгтэй. “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцож энэ талаар зоригтой хэлж эхэлснээр нь би түүнийг үнэлж байгаа юм. \Жич: “Цензургүй яриа” нэвтрүүлгийг хөтөлдөг Мөнхбаясгаланг энэ асуудлаар байцаасан гэсэн, аймшигтай байгаа биз\ Татварын дарангуйлал, олон нийтийн “хэл амнаас” айгаад “За
яршиг” хэмээн төвөгшөөж, татварын байцаагчтайгаа хувиараа тохироод, “аргалаад” явж байгаа олон бизнесмэнүүд байгаа, нууцгүй дээ. Энэ нь авилгалын “аалзны тор” ыг бид өөрсдөө хамтдаа сүлжиж байгаагийн жишээ.
-Татварын байцаагч нь түүний эсрэг “харж байгаарай, хэн нь чадахаа үзнээ” гэж шүүхэд хандан “эрүүгийн хэрэг” үүсгэснээр байдал улам хурцадсан. 9 сарын 5 нд Польшид салбар дэлгүүрээ нээх гэж байсан түүнд “гэмт хэргийн шинжтэй эрүүгийн хэрэг” үүсгэснээр гадагшаа явах эрхийг нь хязгаарлаж, түүний бизнест 2 дахь удаагаа саад тавьжээ. Харин Г.Майцэцэг өөрийн тэмцлээ үргэлжлүүлэн, компанид нь тавьсан 150 сая төгрөгийн хэмжээний барааг олон нийтэд “үнэгүй” тараахаар зарлаж эсэргүүцлээ илэрхийлсэн байж болох. Магадгүй тэрээр энэ
хэрийн үнэлгээтэй бүтээгдэхүүнээ олон нийтэд “тарааж”, татварын ийм дарамтын эсрэг хамтдаа эсэргүүцэхийг уриална гэж тооцоолжээ. Олон нийтийн анхаарлыг энэ асуудалд хандуулах гэсэн түүний оролдлогыг би зөв гэж харж байгаа юм.
-Хэдийгээр олон нийт өнөөдөр түүнийг буруутгаж байгаа ч, Монголд ийм компани үйл ажиллагаагаа явуулдаг гэдгийг, татварын асуудлаас болж “дампуурах” байдалд хүрээд байгааг,  үндэсний үйлдвэрлэл жижиг дунд бизнесийн хөгжилд бэрхшээл саад учирч байгаа талаар бага сага мэдээлэл авч байна. Энэ бол бага зүйл биш. Зарим нь “Сүртэй ш дээ. Хаа сайгүй ийм л байгаа юм чинь татварын байцаагчдаа хэдэн төгрөг өгөөд явахгүй, арчаагүй гэдэг нь” гэж бодож ярьж л байгаа. Нөгөө нэг хэсэг нь “Нээрээ тийм л муухай тогтолцоо байгаа нь үнэн л дээ.
Гэхдээ яалтай ч билээ, энэ хүүхэн ч сүйрч дуусах байх даа” хэмээн өрөвдөнгүй бодож ярьж байгаа. Төрийн зүгээс “Жижиг дунд бизнесийг дэмжинэ” гэж тунхагладаг атлаа, байдал нь бодитоор ийм байгааг анзаарсан Ерөнхий сайд түүнийг хүлээж авч уулзсан байна. Энэ оролдлогоороо Г.Майцэцэг санаа бодлоо төрд хүргэж чадлаа, бас олон хүмүүсийн анхаарлыг энэ зүгт хандуулж чадлаа. Би лав түүнд талархаж байна.
Харин муу тал нь гэвэл:
-Монголд бизнес эрхлэгчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчид өөрсдийн сайн дураар татвараа  төлдөггүй, заавал албадлага, дарамтын дор татвараа төлдөг, бас “зувчуулдаг” үйлдэлд ууссан Exclusive компаныхан татвар төлөлтийн зөрчил гаргасан  байна. Тогтолцооны буруу байсан ч анхнаасаа ухамсартайгаар “үлгэр жишээ” байхыг хичээсэн бол ийм их төлбөр тавигдах байсан уу? Нөгөө талаасаа Монголд бизнес хийж байгаа бол Польшид хийж байгаагаасаа ялгаагүй хууль дүрмийг сайн судлах хэрэгтэй л байх. Одоо үүсээд байгаа энэ асуудлаа нилээд эртнээс
тавих боломж байсан байх.  Гадаадад олон жил ажиллаж амьдарч байгаад Монголдоо очсон монголчууд, монголдоо ажиллаж амьдарч байгаа монголчуудын хооронд гардаг сэтгэлгээний зөрүү нөлөөлсөн байж болох.
-150 сая төгрөгийн барааг яагаад олон нийтэд үнэгүй тараах болсон тухайгаа хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр олон нийтэд тайлбарлаж, тэдний саналыг сонсох гэж оролдсон бол эерэг байж болох байсан болов уу? “Үнэгүй” юм гэдгийн цаана ямар “хор уршиг” оршиж байдгийг тэрээр тооцоогүй байж болох юм. Олон мянган хүмүүс цуглаад түрээслэж байсан дэлгүүрийнх нь хаалгыг эвдэж, эмх замбараагүй байдал үүсгэхэд хэн ч энэ шийдвэрээсээ татгалзах болно. Урьдчилж сайн тооцоолоогүйгээс үүссэн замбараагүй байдлын талаар дараа нь мянгантаа
учирлавч, бухимдсан олон нийт огт сонсдоггүй, бас хүлээж авдаггүйг тэрээр тооцож чадсангүй. Одоо олон нийт түүнийг харааж зүхэж, энэ ертөнцийн хамгийн адгийн хүнээр тодруулан шүүмжилж байгаа нь монголчууд бидний савалгаатай сэтгэлийн илрэл юм.
Миний хувийн дүгнэлт:
-Хэдийгээр гадаадад амьдарч ажиллаж бизнесийн зах зээл дээр амжилт гаргаж эхэлж байгаа монголчуудаа Монголын төр “Монголдоо ирж ажиллаач” хэмээн урьж санал болгож байгаа ч, бизнес эрхлэх олон улсын жишиг болсон тогтолцоо Монголд бий болж чадаагүй байна. Яг үнэндээ ийм оролдлогууд дээр “мөнгө хийх” гэсэн Монголын төрийн албан хаагчдын бүхэл бүтэн систем бий болжээ. Тэдний ийм боломжуудыг хууль дүрэм хурмаар баталгаажуулсан болохоор тэднийг буруутгах, зөвтгөх амаргүй.
-Жижиг дунд бизнес хөгжүүлэхийг уриалж байгаа Монголын төрд:
1. Жижиг дунд бизнес эрхлэхийг хүсч байгаа хүнд зөвшөөрөл олгохдоо ямар ч “хүнд суртал” үгүйгээр хандах.
2. Жижиг дунд бизнес эрхэлж байгаа хүмүүс өөрсдийн үйлчлүүлэгчээ олохдоо -харилцаа, -үйлчилгээний чанар” дээр тулгуурлах зарчмыг анзаарч тэдэнд боломж олгох. Төр зээл олгодог биш, төслүүдийг нь судалж банкууд өөрсдөө эрсдлээ хариуцан зээл олгодог тогтолцоог бий болгох.
3. Жижиг дунд бизнес эрхэлж байгаа бизнесмэнүүд болон хувь хүмүүс албадлагаар бус өөрсдийн ухамсраар татвараа төлдөг эрүүл саруул тогтолцоог бий болгох хэрэгтэй байнаа. Татвар төлөх нь өөрт нь болоод бусад хүмүүс, цаашлаад энэ нийгэмд ямар ач тустай болох талаар олон нийтэд ойлгуулж ухамсарлуулах шаардлагатай. Ийм байдлаар татвар, даатгалын тогтолцоогоо өөрчлөх цаг болжээ.
-Exclusive компаны их хэмжээний бүтээгдэхүүнээ “үнэгүй” тараах гэсэн оролдлого амжилтгүй болсны уршгаар олон нийтийн дунд үүссэн сэтгэлзүйн бухимдал нь, 2016 оны сонгуулийн үеэр хүмүүст хэдийчинээн “үнэгүй” юм тараах тусам төдийчинээн дэмжлэг авах боломжийг улстөрчдэд мэдрүүллээ, харамсалтай. Бид материаллаг зүйлийн шуналаасаа болж оюун санааны ямар их ядууралд орж байгааг энэ үйлдэл харууллаа. Бид алив зүйлийн цаад мөн чанарыг олон талаас нь эргэцүүлж дүгнэхийн оронд энэ нийгэмд бухимдал үүсгэн сайн ч бай, муу ч бай, өөрт нь
үнэгүй юм өгөөгүйн төлөө өрөөл бусдыг харааж зүхэх хандлагатай болжээ. Үүнийг далдаас “өдөөн турхирч” байгаа улстөрийн, бизнесийн бүлэглэлүүд ч бий болжээ.
УЧИРЛАЛ:
…Н.Энхбаярыг буруутгаж “ял” авахад харааж байсан олон хүмүүс, “уучлуулаад”, өнөөдөр хүмүүстэй уулзаж ярилцаж явахад нь гутлыг нь долоох шахан зусардаж байна. Бараг л “Монголын минь аврал, Чингис хааны залгамж халаа” шахуу магтан дуулах болж. “Өршөөлийн хууль”-ийн хоригоос шалтгаалан “өршөөгдөхгүй” аваас араас нь “шороо цацах” биз. “Нүүрс” хөтөлбөрийн хэрэгжилтээс болж буруутгагдан шүүгдэж байгаа Л.Гансүх нарын шүүх хурлыг “Eagle” ТВ олон нийтэд шууд дамжуулснаас үүдэлтэй нийгэм даяараа “хэлмэгдүүлэлт”-ийн тухай ярьж, өрөвдөн
хайрлахын их давалгаа үүслээ. Энэ бүхний ард Монголын хуулийг хэрэгжүүлж байдаг шүүх, прокурор, АТГ-ын арчаагүй төрх харагдаж байна. Энэ бол Монголын өнөөгийн улстөрчдийн бий болгосон, хэзээ мөдгүй нурж унах “цаасан тогтолцоо”. Харин бид үзэн ядахаараа харааж зүхээд, өрөвдөхөөрөө уйлж хайлаад байж болохгүй биз дээ?
Үзэн ядаж хараахаас өрөвдөж хайрлан уйлах хүртэл их орон зай бий. Энэ орон зайд харьцуулалт ухаарал, сайн муугийн тэнцүүлэлт, ойлгохыг хичээх оролдлого, өөрийнхөөрөө дүгнэж бусадтай мэтгэлцэх, өөрөө ухаарч төлөвших гээд их үйлдлүүд бий. Цагаанаас хар хүртэл бусад олон өнгө энэ ертөнцөд байдаг нь тохиолдол биш. Бидний мэлмийг бас оюуныг баясгаж байдаг олон өнгөнүүд. Дайны тухай Америкийн “Марин”ы армийн ахлагч Р.Хосбаяртай ярилцаж суухад “Дайн бол хар ч биш, цагаан ч биш саарал өнгөтэй тухай, дайнд эрчүүд эх орон
ерөнхийлэгчийнхөө төлөө бус, хажуудаа хамт буудалцаж байгаа нөхөртэйгээ хамтдаа амьд гэртээ очих тухай боддог” гэж ярьсан нь миний санаанаас ердөө ч гардаггүй юм. Магадгүй бид энэ ертөнцийг “хар” ба “цагаан” өнгөнд л хуваах аваас гайхамшигтай түм, буман өнгүүдийг хэрхэн мэдрэх билээ. Тэр өнгүүдийг мэдрээгүй бидний сэтгэл баяр баясгаланг  яаж мэдрэх? Амьдралын олон учралуудыг олон талаас нь харж цэгнэх гэдэг байгалын олон өнгүүдийг харж баясахаас ялгаа юун.
Монголчууд бид сайн муу, сайхан муухай, хар цагаан өнгөнүүдийн ялгаан дунд хэрчиж амьдарч байгаа нь харамсалтай. Хайр үзэн ядалтын дунд ойлголцол оршиж, баяр баясгалан уйтгар гунигийн дунд санаашрал оршиж, гомдол тайтгарлын дунд уучлал оршиж, бодол тэнэглэлийн дунд ухаарал оршиж,  унших ярихын дунд гэгээрэл оршиж байдаг энэ хорвоо. Уучлал гэдэг олон өнцгүүдийн огтлолцол. Ухаарал гэдэг олон учирлуудын зангилаа. Сайн үйлдэлд ч муу санаа буй. Муу үйлдэлд ч сайны тусгал буй. Бид өөрсдөө хүссэн ч эс хүссэн ч энэ орчилд бие
сэтгэлээрээ сүлэлдэж байдаг. Монголчууд бидний “төв шударгуу” гэдэг нь өндөр уулсын оройд хараачилдгийнх буйз, өргөн талд саравчилдгийнх буйз, говийн зэрэглээнд хууртдаггүйнх буйз. Бид сэтгэлгээ савалгаалгүйгээр голчийг олж мэдрэх сэн. Хэн нэгнийг үзэн ядахаас илүү ойлгохсон, хэн нэгнийг магтан дуулахаас илүү ухаарахсан. Монголчууд бидний өдий хүртэл оршин тогтносон нь  “голч” ухааных юм шүү дээ. Тэгээд ч монголчууд бид л бие биенээ хайрлаж ойлгож дэмжихгүй юм  бол, өөр хэн биднийг хайрлаж, өрөвдөж тусалж дэмжинэ гэж?

Sep 20

АМЕРИК ДАХЬ МОНГОЛЧУУДЫН ХӨДӨЛМӨРИЙН ЯАРМАГ-2015 \АНУ-ын нийслэл Вашингтон ДС хотноо\

By gala-admin | ТЭМДЭГЛЭЛ

…Гадаадын их дээд сургуулиудыг төрийн сангийн зээл болон хувиараа зардлаа төлөөд төгсч байгаа олон монгол залуучууд нь Монголын хөгжилд нэмэртэй боловсон хүчин. Хэдийгээр янз бүрийн сургуулиудыг сонгон суралцаж төгсч байгаа хэдий ч нийтлэг талаас нь харах юм бол эдгээр залуус дэлхийн хөгжлийн чиг хандлагад тодорхой хэмжээгээр суралцаж байгаа гэсэн үг. Бидний нэрлэдэгээр “цагаачлалын 2-р үе” буюу гадаадын өндөр хөгжилтэй орнуудад суралцаж өндөр мэдлэг чадвар эзэмшихээр зорьж ирж байгаа залуусын хувьд “харлаж” ажил хийх
зорилго огт үгүй бөгөөд сайн боловсрол эзэмшээд Монголдоо очиж ажиллах сонирхол илүү байгаа нь бидэнд таатай сэтгэл төрүүлдэг юм. Гадаад оронд “хар ажил “хийж мөнгө олох бус, өөрсдийн оюун санаагаа хөгжүүлж “толгойгоороо” амьдралаа авч явах хүсэл ухамсар нь давамгайлж байгаа гэсэн үг. Энэ бол анзаарахгүй, хайхрахгүй орхиж боломгүй үзэгдэл. Тэдэнд бодлогын дэмжлэг хэрэгтэй байгаа. Харин тэд энэ талаар мэдээлэл солилцож өөрсдийгөө хөгжүүлэх, Монголдоо очиж ажиллах боломж арга замыг эрэлхийлж байна.
Өнгөрсөн жилийн 10-р сард АНУ-д суралцаж байгаа болон сургууль төгссөн залуус нэгдэн Чикаго хотноо “Хөдөлмөрийн Яармаг-2014” арга хэмжээг анх удаа санаачлан зохион байгуулсан юм. Монголын болон Америкийн компаниудаас урьж харилцан мэдээлэл солилцож, санаа бодол туршлагаа хуваалцсан энэ арга хэмжээнд 200 гаруй оюутнууд, 25 орчим аж ахуйн нэгж, албан байгууллагууд оролцсон. Мэдээж хоорондоо уулзаж “бужигнах”-аас,  Монголдоо очиж ажиллах боломжийг илүүтэй сонирхож байлаа.  Эхний арга хэмжээ болохоор алдаа оноо байсан хэдий ч
залуус зорилгодоо хүрэх боломжоо мэдэрсэн нь сайн үр дүн байв. Монголын компаниудад харилцан санал болгож мэдээлэл солилцсон энэ арга хэмжээний бодит үр дүнг хараахан мэдрээгүй боловч, энэ арга хэмжээг тасалдуулалгүйгээр байнга зохион байгуулж байх нь олон залуусыг Монгол руу хөтлөхөд нэмэр болох юм байна гэдэг урамшил одоо ч миний санаанд байгаа.
Хэдийгээр Монголд эдийн засгийн хямралаас үүдэн аж ахуйн нэгж компаниудын санхүүгийн байдал сайнгүй байгаа ч залуус маань “Хөдөлмөрийн Яармаг-2015” арга хэмжээг ирэх 10-р сарын 09-11 ний өдрүүдэд АНУ-ын нийслэл Вашингтон ДС хотноо зохион байгуулах гэж байна. Тэдний хувьд нэгэнт эхэлсэн энэ санаачлагаа тасалдуулахгүй байх, нөгөө талаас ийм үйл ажиллагааны сайн үр дүн нь уйгагүй, тасралтгүй оролдлогуудын ачаар бий болно хэмээн үзэж байгаатай холбоотой. Энэ жилийн арга хэмжээг АНУ-д суугаа Монгол Улсын Элчин Сайдын Яам,
Сан-Франциско дахь Консулын Газар, Монгол Улсын Хөдөлмөрийн Яам, Хөдөлмөрийн Төв Бирж, Америкийн хот хотуудын оюутан залуусын байгууллага болох MASA, MYUC, AMSA, “Human Prosperity”  зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулж байгаа. “Гадаад улс орнуудад алдаж буй Монголын үнэ цэнэтэй баялаг бол өндөр мэдлэг, ур чадвартай боловсон хүчин юм. “Гадагшилал” буюу “Brain Drain” урсгалыг зогсоох, чиглэлийг нь дотогш эргүүлэхэд энэ төрлийн “Хөдөлмөрийн Яармаг” ууд маш чухал үүрэг гүйцэтгэх ба энэ нь “Америк дахь Монголчуудын Хөдөлмөрийн Яармаг”-ийг
зохион байгуулах гол шалтгаан, үндэслэл юм” хэмээн зохион байгуулагчид тайлбарлаж байна.
3 өдөр үргэлжлэх энэ арга хэмжээний ЭХНИЙ ӨДӨР нь: Зохион байгуулагч багийнхан энэ өдрийг “албан бус” өдөр болгон зарласан ба оюутан залуусаа Монголын болон Америкийн байгууллагын төлөөлөгчидтэй танилцуулан “нүүр хагалах” зорилготойгоор үйл ажиллагаа нь явагдана. ХОЁР ДАХЬ ӨДӨР нь: “Америк дахь Монголчуудын Хөдөлмөрийн Яармаг-2015” арга хэмжээний албан ёсны нээлтийн өдөр.Энэ өдөр оюутан залуус маань:
-Монгол ХН төлөөлөгчдийн яриа
-Мэргэжлийн танилын хүрээ
-Төгс CV+ Aмжилттай ярилцлага
-Мөрөөдлийн ажил
зэрэг богино сургалтуудад хамрагдаж, улмаар өөрсдийн CV- гээ хянуулан, ярилцлагын ур чадвараа дээшлүүлэх сургалтын өдөр болно. ГУРАВ ДАХЬ ӨДӨР нь: Оролцогч оюутнууд урьд өдрийн олж авсан мэдлэг зөвлөлгөөгөө бодитоор хэрэгжүүлэн Яармагт оролцоно \энэ нь Монголын болон Америкийн компаниудтай мэдээлэл солилцох арга хэмжээ юм\. Яармагийн дараа:
-Хичээлээс гадуурх клуб-Нийгмийн идэвхи
-Нэгийн хөгжил нийгэмд
зэрэг урт хугацааны, явцын дунд ач холбогдол бүхий арга хэмжээ, сургалтууд хаалтын үйл ажиллагааны өмнө үргэлжилнэ.
…Энэ Яармагийг зохион байгуулагчдийн урьдчилж хийсэн судалгаагаар АНУ-д суралцаж төгссөн оюутнуудын хувьд 2016 оны төсөөллөөр, Монголд ажиллаж байгаа 10%, АНУ-д ажиллаж байгаа 38%, сургуульдаа сурч байгаа 52% байгаа бол, ийм “Хөдөлмөрийн Яармаг”-ийг тасралтгүй зохион байгуулснаар 2024 он гэхэд Монголд ажиллаж байгаа 64%, АНУ-д ажиллаж байгаа 25%, сургуульд суралцаж байгаа 2%, бусад үзүүлэлтээр 10% болно хэмээн үзэж байгаа аж. Яг одоогийн байдлаар бакалавр болон түүнээс дээш зэрэг эзэмшсэн оюутнууд 54% -ийг эзэлж байгаа бөгөөд оюутнуудын
ажиллахыг хүсч байгаа салбрууд нь: нягтлан бодох, хууль, эрүүл мэнд, бизнес, инженер, мэдээллийн технологи, улстөр, санхүү, судалгааны чиглэлүүд, компьютерийн ШУ, уул уурхай, үйлдвэрлэл, төрийн захиргаа зэрэг салбрууд голчилж байгаа гэнэ.
Аливаа арга хэмжээг зохион байгуулна гэдэг амаргүй. Арга хэмжээг зохион байгуулах байр танхим, оролцогчдыг угтаж үдэх, байрлуулах зочид буудал, хоол,  бичиг хэргийн зардал, зарим зочдыг урих, зохион байгуулахад гарах олон зардлууд бий. Энэ бүх зардлыг босгох амаргүй ч залуус минь бүх л боломжоороо хичээж байгаа. Тийм болохоор энэ арга хэмжээнд “ач холбогдол” өгч оролцох байгууллага компаниуд, оролцож амжихгүй байлаа ч ийм үүсгэл санаачлагыг дэмжих байгууллага, компани, хувь хүмүүс jobfair@oyutan.org  хаягаар холбогдох, арга
хэмжээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг www.CareerFair.Oyutan.org  сайт руу орж авч болно. Энэ арга хэмжээний зохион байгуулалтын зардлаас илүүгээр гадаадад суралцаж ажиллаж байгаа залуус өөрсдөө чадвартай боловсон хучний гадагшаа чиглэсэн урсгалыг тогтоож Монгол руугаа чиглүүлэх гэж  хичээж байгаа нь хамгийн чухал санаачлага юм. Бид яагаад энэ санаачлагыг дэмжиж болохгүй гэж? Хүссэн ч эс хүссэн ч энэ ажлыг бид хэзээ нэгэн цагт хийх л болно, өөр сонголт бий гэж үү? Харин яг одоо энэ арга хэмжээнд оролцох оюутан залуус, энэ арга
хэмжээг дэмжих аж ахуйн нэгж, албан байгууллага, компаниуд хэрэгтэй байна. Эндээс л бидний хүсээд байгаа эрдэм мэдлэг, авьяас чадвартай Монголын хойч үе бий болно доо. Цөөн биш жил энэ залуустай хамтран ажиллаж, тэднийг боломжоороо дэмжиж ирсний хувьд би энэ залууст итгэж байгаа.

Jun 22

АМЕРИК ДАХЬ МОНГОЛЧУУДЫН “ТУЛГА” УРАН ҮГСИЙН 5 ДАХЬ НААДАМ ДЕНВЕР ХОТНОО

By gala-admin | ТЭМДЭГЛЭЛ

…Денвер бол Америкийн төв хэсгийн уулархаг бүсэд оршдог залуухан хот. Энэ хотод Монголчуудын бэлэгдэл “Тулга” хөшөө сүндэрлэж байдаг нь зураач М.Цогтсайханы санаачилсан бүтээл. Денвер хот нь Улаанбаатар хоттой “эгч дүүс” хот болсон болохоор Монгол Америкийн харилцаанд бага боловч нөлөөлөл болж байдаг. Америк дахь монголчуудын төвлөрөл анхандаа энэ хотод өргөжиж байсан боловч бичиг баримтгүй хүмүүст “халгаатай” хууль батлагдсаны улмаас олон ч монгол иргэд бусад хотууд руу “дүрвэж”, хууль ёсоор амьдарч байгаа цөөн монголчууд “буурь сахиж” үлдсэн юм билээ. 5 жилийн тэртээх намар энэ хотод уран уншлагын анхны наадам зохион байгуулагдаж байсан нь санаачлагч Х.Лхамжав, түүний сэтгэл нэгт андуудын хамтын зүтгэлийн эхлэл. Яруу найраг, богино өгүүллэгийг уран яруу унших энэхүү наадам нь харь оронд эх нутгаа санагалзан сүүгаа олон ч монголчуудын сэтгэлийн тэртээд бүдэгхэн эгшиглэж байсан аялгууг хөглөж орхисон хэрэг. Монголын их яруу, найраг үргэлжилсэн үгийн уран уншлага эндээс эх авч, тулганд асаасан гал мэт монголчууд олноор суурьшсан Денвер, Чикаго, Вашингтон ДС, Лос-Анжелес хотуудад бадамласан юм. Монголд жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг яруу найргийн “Болор цом”, үргэлжилсэн үгийн “Утгын чимэг” наадмуудыг нэгтгэсэн маягаар жилдээ ганц удаа зохион байгуулагддаг энэ арга хэмжээ Америк дахь монголчуудын сайн мэддэг, бас сонирхдог наадам болсоор 5 жилийг үджээ.

Уран үгсийн наадам

Америк дахь монголчуудын “Тулга” уран үгсийн 5 дахь наадам анхны галаа асаасан Денвер хотдоо өнгөрсөн 5 сарын 22-24 ний өдрүүдэд болж өнгөрлөө. Энэ наадамд 16 уран уншигч оролцож, яруу найраг, үргэлжилсэн үгсийн дээжисээс уншиж өрсөлдөв. Энэ наадмыг МУГЖ уран уншигч Жагдаг, МЗЭ-ийн шагналт яруу найрагч Саруулдалай, Эмүжин нар шүүсэн юм.

1-р даваанд:

  1. С.Сугар \Чикаго\ Р.Чойном “Монгол бүсгүй”
  2. Б.Энхдулам \Чикаго\ Б.Лхагвасүрэн “Үр могой”
  3. Э.Эрдэнэ \Вашингтон ДС\ Ш.Гүрбазар “Хоршоо Дэрэм”
  4. Ч.Нарангэрэл \Сиэтл\ Д.Пүрэвдорж ” Хөх даалимбан тэрлэг”
  5. Ц.Нарангэрэл \Денвер\ Ц.Чимэддорж “Майга”
  6. Б.Баярмаа \Денвер\ Р.Чойном “Зүүд”
  7. Д.Болормаа \Денвер\ О.Дашбалбар “Залуус дүү нартаа өргөх шүлэг”
  8. С.Мөнх-Оюун \Денвер\ И.Цэрэнжамц “Эргэлт”
  9. Ч.Өнөрцэцэг \Денвер\ Д.Нямсүрэн “Амитаба”
  10. Б.Амгаланбаяр \Денвер\ Б.Кана “Би гомддоггүй юм”
  11. Энхбүрэн \Денвер\ Б.Ренчин “Монгол хэл”
  12. С.Хандмаа \Чикаго\ Б.Баттөр “Үзэсгэлэн гоо”
  13. П.Энхээ \Денвер\ Г.Мөнхцэцэг “Ээждээ”
  14. Ц.Энхболд \Денвер\ Б. Лхагвасүрэн “Аниргүй”
  15. Б.Баттулга \Денвер\ М.Билэгсайхан “Гэгээн Монгол”
  16. Б. Намуунбайгаль \Денвер\ Б.Энхтуяа “Охин үрээ хайрла”

2-р даваанд:

  1. Б.Амгаланбаяр \Денвер\ Г.Жамьян “Цасангаа”
  2. Б.Баярмаа \Денвер\ “Эцэг хүү хоёрын яриа”
  3. Б.Энхдуламн \Чикаго\ Х.Тэргэл “Ногоон карт”
  4. Ч.Нарангэрэл \Сиэтл\ Ө.Пүрэвсүрэн “Хөмсгөө шивүүлсэн ээжий”
  5. Э.Эрдэнэ \Вашингтон ДС\ Д.Намсрай “Жамухын өчил\
  6. Б.Намуунбайгаль \Денвер\ Дариймаа “Шар хондын намаржаа”
  7. С.Сугар \Чикаго\ Д.Энхболд “Цавтай чулуу”
  8. Ц.Нарангэрэл \Денвер\ Ц.Доржготов “Хуруун чинээ лаа”
  9. С.Мөнх-Оюун \Денвер\ “Хойд эх”

Шүүгчдийн дүн гарахад Ч.Нарангэрэл \Сиэтл\ Ц.Нарангэрэл \Денвер\ нарын оноо тэнцэж тэдний нэмэлт уншилтаар тэргүүн байрны эзэд тодорлоо.

  • 1-р байр Ч.Нарангэрэл \Сиэтл\
  • 2-р байр Ц.Нарангэрэл \Денвер\
  • 3-р байр Б.Амгаланбаяр \Денвер\
  • 4-р байр Б.Намуунбайгаль \Денвер\
  • 5-р байр С.Мөнх-Оюун \Денвер\ нар тус тус эзэлж
  • Э.Эрдэнэ \Вашингтон ДС\ Денверийн “Тулга” клубын нэрэмжит тусгай шагнал
  • Б.Энхдулам \Чикаго\ Лос-Анжелесийн “Монгол номын сан”-гийн тусгай шагналаар шагнагдлаа.

Энэ таван жилд яруу найраг, утга зохиол сонирхдог олон хүмүүсийн нөхөрлөл бий болсон. Хот хотуудаас зорьж ирэн оролцдог олон уран уншигчид дотносон нөхөрлөж, тэдний араас шинэ залуус гарч ирж байгаа. Чухам энд л энэ арга хэмжээний үнэ цэнэ оршдог юм даа. Жил жилийн энэ наадмын өмнө эгээ л монгол наадамчид шиг энэ жил “хэн өнгөтэй байгаа”, “хэн хурдлан давхиж” болох тухай таамаглан хууч хөөрдөг. Заримдаа айрагт давхиж байгаа “битүү” морьдыг сонжиж хөөрөлдөх нь бий. “Түрүү” “бай” гэхээсээ, ийм хүмүүс энд учран бие биенээ баярлан тэврэцгээж, найргийн сайханд хамтдаа баясаж, уянга яруу тансаг хэллэгт нь уярч, сэмхэндээ санаа алдан нулимсаа арчиж, цээжний тэртээд санасан сэтгэлээ дэвтээж, эх хэлнийхээ найргийн дэвжээг энэ нутагт засан нааддаг юм. Жилийн эргэх 365 хоногт энэ өдрүүдийг сэтгэлээ чилээн хүлээдэг хүмүүс олон. Зүгээр л алжааж ядарсан, ганцаардаж гунисан, санаж шаналсан, бухимдаж багтарсан сэтгэлээ энэ дэвжээндээ асгаж тайтгардаг хүмүүс бишгүй бий. Энд л энэ наадмын суран аргамжаа чивчирч байдаг юм.

“Тулга” клубийн 5 жилийн ой

Энэ сайхан найргийн наадмыг анхлан санаачилсан Денверийн “Тулга” клубын 5 жилийн ой энэ өдрүүдэд тохиов. Маргааш өглөөнөөс нь эхэлсэн Денвер хоттой танилцах аялал, шар айрагны үйлдвэр дэх амталгаа, уулан дээрх монгол хорхог, зуун граммаар даруулсан дуу хуур, инээд наргиан бүхэн энэ арга хэмжээний уламжлалт үргэлжлэл. Албархуу дипломат бус, албан бус дотно харилцаа энд бэхэждэг. Өчигдөр цагт баригдаад амжаагүй, өнөөдөр сэтгэлд нь багтаж ядан байгаа найргаа энд л урсгана. Чин сэтгэлийн инээд наргиан, “Хүүш чимээгүй бай л даа, энд хүн үг хэлэх гэж байна” хэмээх дуудлага дор монголчууд бидний халгиж цалгисан сэтгэлийн давалгаа үерлэнэ. Хүн болгон бие биедээ баярлаж талархсан сэтгэлээ илэрхийлэх гэж бие биенээ тэвэрнэ. Хөөрч баярласан сэтгэл хүний нутгийн өндөр уулнаас жирэлзэн мяралзаж, хад чулуун дундуур давалгаалж урсана. Өндрөөс хөөсөрч агсамнан урсана, хөлд торох юуг ч хамаагүй хамаж урсана. Харин бэлдээ буугаад намуухан урсана. Их найраг, их онгод ингэж л урсдаг байх.

Орой нь Монголоос ирсэн найрагчид Саруулдалай, Эмүжин, Галсансүх, Америкт аж төрж байгаа Ө.Пүрэвсүрэн, Дашмөнх, Х.Лхамжав, эмч Өлзийбаяр нар уран бүтээлээсээ толилууллаа. Их авьяас онгодод хил хязгаар үгүй ажээ. Саруулдалайн намбалагхан найраг, Эмүжингийн эрхэмсэгхэн хэрнээ бардам шүлгүүд, Галсансүхийн этгээд хэрнээ хэгжүүхэн бадгууд энэ оройн зочдын сонорыг мялааж сэтгэлийг хөглөв. Энэ наадмын дараа удаагийн ээлжийг Сиэтлийн Х.Ширчин анд минь хүлээж авсан. Лос-Анжелесийн найзуудын маань үүсгэсэн “Даян” хамтлаг яруу тансаг найраг дээр уянга аялгууг хөг нэмэн эгшиглүүллээ. Сайхан байсан шүү. Яруу найраг, дуу хуур, бүжиг үгүйгээр монголчууд бид хэрхэн цэнгэх билээ. Денверийнхэн “Тулга” хэмээн бэлэгшээн нэрлэсэн клубийнхэн энэ наадам дээрээ өөрсдийн авьяас чадвар бүхнээ л үзүүлсэн. 5 жил гэдэг бага биш хугацаа. Санаачлага болгон ажил хэрэг болж үр нөлөөгөө үзүүлэх амаргүй ч, үүнийг чин сэтгэлийн хичээл зүтгэл л амжилтад хүргэдэг. Бид олон зүйл дээр үүнийг анзаарч мэдэрдэг л дээ. Тэдний хүн болгоныг баярлуулж, ая тухтай байлгах гэж хүсч, хичээж байгаа бүхэн чинь надад лав сайхан мэдрэмж төрүүлсэн. Та нартаа их баярлалаа.

… Денвер өндөр уулсын нутаг. Би энд ирэх болгондоо уул руу гарах гэж тэмүүлдэг. Яагаад ч юм бэ? Монголыг минь санагдуулаад байдаг юм. Нэг их цастай өдөр найз минь намайг дагуулаад энэ уулсын өндөрлөг руу аваачсан сан. Машинаасаа буугаад нэг их өндөрлөг дээрээс “чанга хашгир” гэж билээ. Чадлаараа хашгирсан миний дуу уулнаас уул руу дамжин цуурайтаж, тэртээ хол руу уусан ууссаар холдсон. Тэр цуурай Алтай, Хангай, Хэнтийн их уулс дунд хүрч цуурайтаад байх шиг л надад санагдсан. Магадгүй тийм болоод энэ хотоос Монголын их яруу найраг, үргэлжилсэн үгсийн наадам эхлэх байсан байх. Бас Тулга хөшөөг ч энд сүндэрлүүлсэн байх. Тулганд бадарсан найраг, уянгын их гал Монголд минь мэдрэгдэж байгаа. Монголын минь их амар амгаланд чихнээ чимэг болсон аялгуу сайхан монгол хэл минь мөнхийн мөнхөд дуурссаар байх болноо.

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах

tulga2015-1

tulga2015-2

tulga2015-3

tulga2015-4

tulga2015-5

Mar 05

ДЭМЖМЭЭР ЗАЛУУС

By gala-admin | ТЭМДЭГЛЭЛ

АНУ-д ажиллаж амьдарч байгаа монголчуудыг зорьж урлагийнхан, хошин шогийнхон нилээд ирдэг. Харин одоо “Хамтдаа гүйцгээе” хэмээн уриалж О.Саранчулуун маань өөрийн баг найз нөхдөө дагуулан ирж байна. Хөгжлийн бэрхшээлтэй гэж бид нэрлэж заншсан хэдий ч, эрүүл хүнээс ч дутахгүй дайчин шургуу, өмнөө тавьсан зорилготой, түүнийхээ төлөө өөрөөсөө хамаарах бүхнээ дайчлан зүтгэж чаддаг залуусын нэг нь О.Саранчулуун. Би түүнтэй өнгөрсөн намар Нью-Йорк хотод зохион байгуулагдсан марафон гүйлтэд ирж оролцоход нь уулзаж танилцсан юм. Яагаав? 300 орчим унага авч ирж борлуулаад мөнгийг нь ээж нарт нь хүлээлгэж өгсөн бүсгүй. Бид хоёр түүнээс хойш холбоотой байж, хийх гэж байгаа ажлуудынхаа талаар санал солилцож байсан л даа. Одоо зорин ирэх гэж байгаа энэ арга хэмжээний талаар ч бид хоорондоо зөвлөлдөж байв. Би түүнд итгэдэг, учир нь тэрээр яриад л мөрөөдөөд суудаг хүн биш, хөгжлийн бэрхшээлтэй залууст тусалж тэднийг дэмжих хүсэл нь түүнийг хурцалж, бодит ажил хэрэг рүү түүнийг хөтөлдөг. Тэрээр санаж санаачилж, сэдэж хэрэгжүүлж байгаа ажил бүхнээсээ ашиг болгож мөнгө, алдар болгож шагнал хардаггүй. Зүгээр л сэтгэл зүрхнээсээ “Үүнийг би л хийх ёстой, би хийж чадна” гэж өөртөө итгүүлж, өөрийгөө зоригжуулж бас хийж чаддаг бүсгүй. Бас тэрээр Монголдоо залуусыг уриалан зөндөө олон ажлуудыг зохион байгуулдаг. Хэлж ярьж байгаагаар нь бус хийж бүтээснээр нь хэмжих юм бол тэр маш сайн бүсгүй.

О.Саранчулуун маань “Ахиллис Монгол” нэртэй ТББ байгуулан, хөгжлийн бэрхшээлтэй залуусыг спорт руу бас идэвхтэй амьдрал рүү уриалан чиглүүлэх гэж байгаа юм. Түүнтэй хамт Нью-Йоркийн марафонд оролцож байсан Энхманлайтай уулзаж ярилцахдаа л, тэднийг ямар сайхан үйлс рүү хөтөлж байгааг нь анзаарсан. “Би энэ спортоор дэлхийд монгол хүний нэрийг гаргах хүсэлтэй, тийм болохоор түүнийхээ төлөө чадах бүхнээ зориулах болноо” гэж ярьсан түүний яриа, бас үлгэрлэл нь гэртээ гуниглаж хувь заяандаа гомдож суугаа хичнээн залуусын итгэл урмыг сэргээж, амьдралыг нь зорилготой болгохыг төсөөлж байна уу? Түүнээс гадна хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрх хийгээд боломжийн төлөө хийх гэж байгаа олон ажлуудад нь бид дэмжиж оролцох хүсэлтэй байгаа. Хувь хүний зүгээс бус, “Ахиллис Монгол” ТББ -ын шугамаараа АНУ-ын төдийгүй бусад орнуудын адил зорилгот байгууллагуудтай хамтран ажиллах эхлэлээ тавьж байгаа юм билээ. Харин тэд, тэднийг шууд дэмжихээсээ илүүтэй, монголчууд өөрсдөө эднийг хэрхэн дэмжиж байгааг анхааралтай ажигладаг. Тэгэхээр зориг гаргаж, зорилгоо өвөрлөн биднийг зорин ирж байгаа тэднийг дэмжих нь бидний зүгээс тэдэнд хүргэж байгаа том тус юм шүү дээ.

Тэдний багт миний фейсбуукийн дотно танил сэтгүүлч Г.Солонго, “Ахиллис Монгол” ТББ-ыг үүсгэн байгуулж дэмжиж байгаа Очбаяр, “Хөгжлийн шийдэл” ТББ, “Залуу бизнесийн дэмжих хөтөлбөр”-ийн ерөнхий зохицуулагч Орших нар оролцож байгаа юм байна. Миний зээ дүү Ч.Ганжавхлан маань эднийг Вашингтон ДС -д ирэхээс нь хамтарч, тэднийг дэмжиж үлдсэн хотуудаар хамтдаа явна. Тэд “Хамтдаа гүйцгээе” гүйлтийн арга хэмжээг зохион байгуулж, монголчуудтайгаа уулзан лекц уншицгааж, санал бодлоо солилцох юм. Энэ арга хэмжээний ерөнхий нэр нь “ИТГЭЛ НАЙДВАР ба БОЛОМЖ”. Содон сонсогдож байгаа биз. Тэдний АНУ-д аялах хуваарь:

  1. 3 сарын 6 наас 3 сарын 9 нд Денвер хотод. Тэнд “Эмэгтэйчүүдийн хөгжил” чуулга уулзалтад оролцох юм.
  2. 3 сарын 10 наас 3 сарын 11 нд Нью-Йорк хотод.
  3. 3 сарын 12 ноос 3 сарын 13 нд Вашингтон ДС хотод
  4. 3 сарын 14 нөөс 3 сарын 16 нд Санта Луис хотод. Тэнд монгол оюутан залуусын “Надад хэлэх үг байна-5” арга хэмжээнд оролцох юм.
  5. 3 сарын 16 наас 3 сарын 17 нд Чикаго хотод
  6. 3 сарын 19 нөөс 3 сарын 21 нд Лос-Анжелес хотод
  7. 3 сарын 22 ноос 3 сарын 23 нд Сан-Франциско хотод тус тус ажиллах юм.

Мэдээж аялалын цаг хугацаа давчуу болохоор хотуудад ажиллахад амралтын өдрүүд тэгтлээ таарахгүй байгаа. Гэвч “Сэтгэлд гал байхад зууханд гал олдоно” гэдэгчлэн сэтгэлээ чагнан, зориод очиход боломжгүй шалтаг гэж үгүй. Хот болгонд эднийг дэмжиж олон залуус зохион байгуулах ажилд нь тусалж байгаа.

Монгол залуус минь бодит боломж руу тэмүүлж, хийхэд амаргүй ажлуудыг хийж бүтээх гэж зориглож, бас бие биенээ дэмжин нэгдэж байна. Энэ бол сайхан үзэгдэл, сайн үлгэр дуурайлал. Заавал Засгийн Газрыг харж, “хийхгүй байна” хэмээн халаглаж суухын оронд, боломжоо дайчлаад өөрсдийн хийж чадах ажлаа хийж эхлэж байгаа энэ залууст бидний дэмжлэг хэрэгтэй. Тийм болохоор тэдэн дээр зорьж очоод сэтгэлээсээ өгч байгаа мөнгө тань, “Та нар чаднаа” гэж хэлэх урмын үг тань тэднийг баярлуулах болно. Тэд бидэн рүү дуу хуур биш, сэтгэл оюуны их гал, итгэл найдвар, оюун санааны баялгаа хуваалцах гэж ирж яваа. Тэдэнд бидний сэтгэлээсээ дэмжиж өгсөн мөнгө тань, хүсэл мөрөөдлөө дэлхийн хэмжээнд биелүүлэхэд нэмэр болно. Тэд итгэж болох залуус. ТЭДНИЙГ ДЭМЖИЦГЭЭЕ монголчууд аа.

>