Menu
Assign a 'primary' menu

Category Archives for "ТЭМДЭГЛЭЛ"

Jan 25

Америк орон монголчуудын хувьд диваажин уу? \эргэцүүлэл-01\

By gala-admin | ТЭМДЭГЛЭЛ

Одоогийн байдлаар Америк оронд 300 орчим сая хүн амынх  нь 10 хувьтай тэнцэх хэмжээний ЦАГААЧИД байдаг гэдэг. Эдгээр цагаачид энэ орны эдийн засагт тодорхой хэмжээний нөлөөлөл үзүүлдэг хэдий ч бага бус хэмжээний балаг болдог. Дэлхийн маш олон орноос хүмүүс Америк орныг мөрөөдөж, энэ орон руу тэмүүлнэ. Хүний эрх нь зөрчигдсөн болон хөгжил дорой буурай орны иргэдийн хувьд Америк орон  газар дээрх ДИВААЖИН. Тэд өөрсдийн боломжоо ашиглан энэ оронд хөл тавьсан л бол энэ орон тэдний хувьд ЭХ ОРОН нь болж тэд хэзээ ч төрөлх орон руугаа буцах тухай бодохгүй.  Тийм болохоор өдгөөгийн АНУ-д цагаачдын асуудал нь “шүдний өвчин” болон хувираад буй.

Монголчуудын хувьд ардчилал ялсан 1999 оноос хойш энэ орныг зорих боломж нээгдэж, аажим өсөлтөөр 2000 оноос хойш суурьшил нь эрс нэмэгдэж, одоогоор бараг 25 000 орчим монголчууд бий гэж баримжаалан үздэг юм билээ.  Бусад орны иргэдийн адил ажил хийж мөнгө олох гэж, өөрийгөө хөгжүүлэх гэж, үр хүүхдээ өндөр боловсролтой болгох гэхчилэн хүн бүр тодорхой зорилготойгоор энэ орныг зорино.  Хүн болгон өөр өөр байдаг болохоор зорилгоо биелүүлж бас эс биелүүлж байгаа нь янз бүр. Монголдоо ажиллаж амьдарч байгаа олон монголчууд  одоо ч Америк явахыг мөрөөддөг.

Тэдний хувьд Америк оронд оччих л юм бол “бүх зүйл сайн сайхан болчих” мэтээр төсөөлнө. Харин боломж нь олдоод энэ оронд ирж, хөлөө олох гэж зүтгэхдээ “Хаана байгаа юм бэ? Тэр диваажин чинь” гэж өөрийн эрхгүй дуу алддаг.
“Америкт л очвол жаргаж, мөнгийг “модны мөчрөөс унах навчис мэт түүж болдог” гэх гэнэхэн бодол, энэ мэтчилэн ухуулах “ам дамжсан ” ярианд хариу болгож энэ тухай бичихийг бодсон юм. Гэхдээ би энэ талаар судлаач биш, бусдын л адил жишгээр “хар ажил” хийн амьдралаа залгуулж, ажлын зав чөлөөгөөрөө  олон хүмүүстэй уулзаж ярилцаж, санал бодлоо хуваалцаж байсны хувьд, өөрийн мэдрэмжээ л голчилсон гэдгийг та бүхэн ойлгох биз. Энэ талаар өнөөгийн монголчууддаа ойлгуулах цаг болж байгааг, 20 жилийн дараах төрж өссөн нутгаа зорих “нүүдлийн
шүвүүд” шиг, харь нутгаас эх нутгаа эргэцэн хангинатал үүрсэн янцгааж нутаг юугаа тэмүүлэх “хүлэг морьд” шиг, МОНГОЛ орон руугаа буцах “нүүдэлчин монголчууд”-ын нүүдлийн түрүүч сануулж байна.

Америк орон ДИВААЖИН уу?
*Америк оронд хүмүүсийг татах олон сайхан зүйл бий.
– Нэг. Америк оронд хууль ёсыг нийтээрээ сайн дагаж мөрддөг. Хууль дүрэм журам нь маш тодорхой, үүнийгээ ч маш сайн хэрэгжүүлж хяналтаа ч сайн тавина. Америкт ирээд удаагүй нэг монгол залуу машин барьж явтал цагдаа зогсоож л дээ. Мань залуу сандрахдаа “Today sorri, next team no sorry” гэж хэлж л дээ. Цагдаа үүнийг сонсоод жаахан инээж байснаа торголгүй явуулсан тухай яриаг сонсож байсан.  Машин барьж явахад цагдаа зогсоосон бол “ямар учраас зогсоосон” гэдгээ тайлбарлаад буруутай үйлдэлд нь зохих торгуулийн хуудсыг нь бичиж өгөөд л явна.
Харин торгуультай холбоотой гомдол болон саналыг зөвхөн шүүхээр л шийдвэрлэдэг. Цагдаа нарын хувьд тухайн хүний учирлалыг сонсож “уярах” тохиолдол бараг байхгүйгээс “найраа” бол үндсэндээ гарахгүй. Тэдний хувьд гол зарчим нь “хууль”. Тэд хуулийг л баримталдаг.
Америк даяар “Үндсэн хууль”-ийг тулгуур болгон, муж болгон өөр өөрийн хуулиа  гарган , зөвхөн өөрийн мэдлийн нутаг дэвсгэр дээрээ л мөрдүүлнэ. Виржина мужид автомашины хурд хэтрүүлснээс хамааран аваар осол нэмэгдэхэд, хуулиндаа өөрчлөлт оруулан хурд хэтрүүлсэн тохиолдолд торгох торгуулийн хэмжээг 1500 доллар хүртэл байхаар хуульчлах жишээтэй. Ийм тохиолдолд хэн ч ажил хийж олсон мөнгөө хурд хэтрүүлсний улмаас торгуульд өгөхийг хүсэх билээ. Иргэд нь хуулиа тийм сайн мэдэхгүй байж болох боловч, хууль нь яг л хүмүүсийн амьдрал дээр очиж хэрэгждэг болохоор хүссэн ч хүсээгүй ч “мэдэж байх” -аас өөр аргагүй. Ийм байдлаас АНУ-д байгаа монголчууд бие биедээ “жаахан болгоомжтой байгаарай, ийм хуулийн заалт нь шинэчлэгдэн чангарсан байна шүү” гэхчилэн сайхан сэтгэлээр сануулна.

Монголчууд ажиллаж амьдардаг гадаадын бусад орнуудаас ялгаатай нь ямар ч хүнийг гэнэт зогсоогоод бичиг баримтыг нь шалгадаггүй. Хэрэв чи ямар нэгэн гэмт хэрэгт сэжиглэгдээгүй, гэмт буруу үйлдэл хийгээгүй л бол “хардлага” маягаар шалгахгүй. Энэ бол хүний эрхийг ихэд дээдэлдэгтэй холбоотой юм билээ. Нөгөө талаасаа энэ нь энэ оронд хүмүүсийг хууль дүрмийг л сайн сахиж сургах шаардлага нь болдог. Ихэнх хүмүүс “мөрөөрөө л ажлаа хийгээд явж байх”-ыг л илүүд үзнэ.  Хэн ч гэлээ хэн нэгний ямар нэгэн зүйлийг хулгайлаад. эсвэл архи
ууж согтууран “намба алдаж”, эсвэл хурд хэтрүүлэн давхиж “түүгээр явсан гайг өөр дээрээ дуудах”-ыг хүсэх билээ. Хичнээн  “харласан” байлаа ч өөрөө л хичээгээд хууль дүрмийг нь зөрчихгүй л бол хэдэн жил болсон ч “хуулийн дарамт” -нд оролгүй ажиллаж амьдраад байж болдог боломжинд нь хүмүүс Америк оронд талархдаг бас дуртай байдаг аж.
– Хоёр. Америк оронд нийгмийн хамгаалал нь үнэхээр сайн. Америкт заавал баячууд болон танил талтай, “дээрээ татаатай” хүмүүс сайхан амьдардаг ч биш. Амьдралын баталгаажих түвшингээс доогуур амьдралтай хүмүүст үзүүлдэг нийгмийн халамж үйлчилгээ нь тусдаа.

Зарим эмнэлгүүд нь “ядуу хүмүүс”-ийг  хямд өртгөөр, тэр ч байтугай “сугалаа”гаар ч сонгож эмчилдэг. Хэрэв жирэмсэн бол эхнээс нь хяналтдаа авч, төрөх зардлыг нь төлөх чадваргүй гэдгийг нь нотолсоны үндсэн дээр төрөхөд нь тусгай даатгалд хамруулна. Тэгээд ч зогсохгүй
төрсөний дараа ч хүүхдийг нь өсөж том болтол сүү болон хүнсний хангамжинд хамруулдаг тогтолцоотой. Хэрэв эрүүл мэндийн даатгалд хамрагдсан бол маш олон төрлийн эмчилгээ болон оношлогоог хямд үнээр хийлгүүлэх боломжтой. Ийм боломжуудыг АНУ-д хүүхдээ төрүүлсэн олон ч монгол эхчүүд ашиглан хүртдэг, Гэхдээ ийм халамжийн олонх нь энэ төлбрийг зээл маягаар цувуулж төлөх боломжийг ч олгодог аж.
Ийм маягийн нийгмийн хамгааллын тогтолцоог бий болгоход  Америкийн татварын болон даатгалын тогтолцоо нь сайнаар нөлөөлдөг аж. Татвар болон даатгалын тогтолцоо нь мөн л хуулийнхаа адил хүмүүсийн амьдрал дээр “наалддаг” -т ид шид нь байдаг. Хэрэв та автомашин унадаг бол даатгалаа нэг талдаа юу? эсвэл хоёр талдаа юу гэдгээ өөрөө сонгоно. Хэрэв санамсар болгоомжгүй байдлаар өөр машинтай мөргөлдөж орхивол заавал жолоочтой нь барьцалдаж, зодолдоод байх хэрэггүй. Цагдаа буруу зөвийг нь тогтоогоод өгнө. Даатгалын газар 1 ба 2 талдаа даатгалтай гэдгээс хамааран бүх хохирлыг барагдуулна. Машиныг засварлах хугацаанд даатгалын газар таны унах машиныг гаргаж өгнө. Хэрэв дээрх осол таны буруугаас болсон бол дараагийн сараас таны даатгалын хураамж өсөх болно. Маш энгийн хэрнээ даатгуулахгүй байхын аргагүй тогтолцоо. Цагдаа нар замын хөдөлгөөнд оролцож байгаа машинуудын даатгал, татвар, техникийн үзлэгийн баталгаат хугацааг л хянадаг.

Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн нийгмийн хамгаалал нь бүр ч мундаг. Сонсголын бэрхшээлтэй хүмүүс хаана ч орсон тэдэнд туслах “дохионы орчуулагч” заавал байхаас гадна тэдэнд зориулсан сургууль болон утсан харилцаа нь ч тусдаа. Тэргэнцэртэй хүмүүст зориулсан зам, автомашины зогсоол, шат, бие засах газар, үзвэр болон үйлчилгээний газруудын суудал, автобусны үйлчилгээ гээд бүх л зүйлийг маш нарийн тооцсон байдаг. Тийм болохоор хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс ийм байдалдаа санаа зовж шаналахгүйгээр эрүүл хүмүүсийн адилаар
ажиллаж амьдрах боломж нь бүрэн байдаг аж. Түүнчлэн өндөр настангуудад зориулсан маш сайн үйлчилгээтэй. Чикаго хотод ажиллаж амьдардаг олон монголчууд өндөр настанд үйлчлэх ажил хийж байгаа. Энд тэтгэвэр гэдгийг “хүний тооноос хасагдах” биш, залуу насандаа үзэж амжаагүй болон биелүүлж амжаагүй хүсэл мөрөөдлөө биелүүлэх боломж болгож чадсан байна. Түүнчлэн бидний “гуйлгачин” гэж нэрлэдэг хүмүүст зориулсан “үнэгүй хүнсний дэлгүүр”, очиж хонох газар, бас тэдэнд зориулсан “хяналт” ч бий. Ийм тогтолцооноос нь “хүний эрх”-ийг
дээдэлсэн гэж үздэг байх.

-Гурав. Иргэдийн дундаж түвшиний амьдрал. Америкийн иргэд тэгтлээ улстөрждөггүй.  Хүн амынх нь дийлэнх хувь нь дундаж түвшиний амьдралтай болохоор, бас тэдний амьдрал нь улстөрөөс хамааран  тэр болгон “савладаггүй” болохоор тэд улстөрд нэг их ач холбогдол өгдөггүй. Гэхдээ энэ нь тэднийг улстөрийн идэвх муутай гэсэн үг биш л дээ. Сонгууль болон ЗГ-аас гаргасан ямар нэгэн алхам болон шийдвэр өөрсдийнх нь амьдралд муугаар нөлөөлөх ахул “иргэний үүрэг”-ээ ч сайн биелүүлж чаддаг. Америкт баян хүмүүс олон бий. Гэхдээ энгийн
иргэд нь тэгтлээ тэдэнд атаархаж хорсдоггүй. Тэд хууль ёс шударга байгаад хүн болгонд тэгш үйлчилдэг, бас  хүн болгон өөрийн боломж чадлаараа амьдрах ёстой гэж үздэг. Хүн болгонд боломж нь байгаа учраас тэд өөрсдөдөө байгаа боломжоо л зөв сайнаар ашиглахыг илүүд үзэх аж.

Америкт дундаж түвшиний амьдрал гэдэг нь өөрийн байртай, унах машинтай, бас хэрэгтэй үед өөртөө зарцуулж чадах мөнгөтэй байх боломж. Гэхдээ тэд заавал бусдад гайхуулах гэж бус өөрийн хүсэл боломжоороо энэ бүхнийг сонгон бий болгодог. Тэд хүссэн байр, машин болон бусад зүйлсээ худалдан авахад нь улсаас зээл олгодог. Зээл нь бага хүүтэй, олон жилээр олгогддог болохоор хүссэн хүн болгон энэ боломжийг ашигладаг. Энд ганцхан болзол бий. Энэ бол байнгын ажилтай байх шаардлага. Тийм болохоор америкийн иргэд ажилтай, орлоготой
байхыг хамгийн чухалд үзнэ. Байнгын ажилтай байхын тулд маш сайн суралцаж, өөрийгөө хөгжүүлэх хэрэгтэй. Энэ нь албадлагаар бус хэрэгцээ шаардлагаар боловсрол эзэмших тогтолцоог бий болгож байгаа хэрэг.
Америкийн хамгийн гайхалтай ололтын нэг нь “иргэдийн бүртгэл болон хяналт”-ын тогтолцоо. SSN буюу “Нийгмийн хамгааллын дугаар” нь энэ орны иргэдийн талаарх мэдээллийг багтааж байдаг төдийгүй хяналт тавих бүх боломжийг олгож байдаг. Тухайн иргэн одоо хаана ажиллаж амьдарч байгаа болон ямар машин унадаг, хэдэн удаа зөрчил гаргасан, татвар, даатгал түүнчлэн эмнэлгийн ямар үйлчилгээ авсан болон зээлийн тухай бүх л мэдээлэл энд багтаж байдаг.  АНУ-д хүүхэд төрсөн цагаас нь олгодог энэхүү SSN-ы тусламжтайгаар 300 сая орчим
иргэдээ хянаж, зохицуулж чаддаг аж.

Дөрөв. Амгалан тайван амьдралын баталгаа. Америкт хүмүүсийг баян болон ядуу, хар болон шар, шашин шүтлэг, боловсрол мэдлэгээр нь ялгаварлан гадуурхдаггүй. Ямар нэгэн хүрээнд заримдаа ийм илрэл ажиглагдах хэдий ч бүх нийтийг хамардаггүй. Энэ талаарх хуулийн заалт болон хамгаалалт нь “чанга” байдаг болохоор хэн нэгэн энэ талаар “алдаа” гаргахыг хүсдэггүй аж. Ийм учраас хүн болгон бие биетэйгээ инээмсэглэн тааламжтай харилцаж, өөрийн боломжоороо туслахаас татгалздаггүй. Хэн нэгэнд хэзээ нэгэн цагт бусдын дэмжлэг
туслалцаа хэрэг болдог болохоор ийм харилцааны хариу заавал эргэж ирнэ.
Нэг монгол залуу согтуудаа эхнэртээ гар хүрч гомдоожээ. Уурлаж гомдсон эхнэр нь цагдаа дуудаж орхиж. Нөхрийнх нь буруутай үйлдэл нотлогдсон болохоор шүүхийн шийдвэр гарч 2 жилийн хугацаанд нөхрийг нь эхнэртээ 2 м-ээс  илүү зайнд ойртож болохгүй гэж заасан байна. Хэдийгээр эхнэр нөхөр 2 учраа олж эвлэрсэн ч шүүхийн шийдвэр нэгэнт гарсан болохоор бусдаас нуугдан байж хааяа уулзахаас өөр арга үгүй. Тэгэхээр энд бусдад дарамтлуулан зовохгүй байх бүх л боломж нь бий. Энэ бол иргэдээ хамгаалсан маш сайн хуулийн хамгаалалт. Нөгөө
талаас бусдын дарамт дор айж ичин амьдрах байдлаас нийгэм нь иргэдээ найдвартай хамгаалж байгаа хэрэг.
Нийгмийн ийм тогтоц нь иргэн хүн өөрийгөө хөгжүүлж, байнгын ажилтай, орлоготой байж, хууль дүрмийг чанд сахиж чадвал өөрийнхөө боломжоороо сэтгэл амар, хангалуун амьдрах боломжийг олгож байдаг. Нөгөө талаар нийгмийн халамж үйлчилгээ нь “хүний төлөө” байдаг болохоор ямар нэгэн албан газарт очиж хүнд сурталд бухимдахгүй. Иргэдийн төлсөн татварын мөнгөөр санхүүжиж байдаг ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБА нь иргэдийг ялгаварлан гадуурхахгүйгээр шударга сайнаар үйлчлэх ёстой гэдгийг тэд маш сайн мэддэг. Тийм болохоор төрийн
албаны үйлчилгээ нь ямар ч хүнд сурталгүйгээр маш шуурхай, зөв тогтолцоотой үйлчилдэг аж.

Тав. Өөрийгөө хөгжүүлэх боломж.  АНУ-д төрсөн хүүхдийг төрсөн цагаас нь “АНУ-ын иргэн” гэж үзэж, тэдний ямар орчинд өсөж хүмүүжих, эрүүл саруул байх бүх боломжийг хуульчлан заасан байдаг. Бага насны хүүхдийг автомашинд тусгай суудалд авч явахаас гадна, хүүхэд  тусдаа нэг өрөөнд амьдрах ёстой. Хэрэв хүүхдээ зодсон бол эцэг эхийг нь баривчлан хуулийн хариуцлага хүлээлгэхээс гадна “эцэг эх байх эрх”-ийн асуудалд ч анхаарал хандуулдаг. Хүүхдүүдэд зориулсан тоглоомын газар болон үзвэр үйлчилгээ бусад бүх үйлчилгээ нь тэдний
сайн сайхны төлөө л байдгаас гадна “Америкийн иргэн” гэдгээрээ бахархах  бахархлыг заавал төлөвшүүлнэ.
Дунд сургуулийн хөтөлбөр нь энгийн хялбраас эхлээд анги ахих тусам нь хүндрүүлж, үнэхээр мэдлэг авьяас чадвараар нь ялгаж чаддаг. Бас өөрийгөө нээж хөгжүүлэх маш олон боломжийг санал болгоно. АНУ-д сургууль төгссөн дипломыг тухайн сургуульд ямар мэдлэгийг хэрхэн судалсан гэдгийг илтгэх баримт бичиг гэж үзэхээс чадвар гэж үздэггүй. Тийм болохоор их дээд сургууль төгссөн залуус өөрсдөө л ажлаа хайж олно. Харин тэднийг ажилд авах гол шалгуур нь тухайн хүний өөрийгөө илэрхийлэх чадвар болон багаар ажиллах чадвар байдаг аж.

Тэр хүнд цаашаа хөгжих ямар боломж чадвар байгааг л тэд олж харахыг хичээдэг. Мөн ийм боломжийг ч маш сайн олгох аж.
АНУ-д хүн болгон дээд боловсролтой байх албагүй. Ямар ч ажилд туршлагыг ихэд үнэлдэг. Хичнээн “хар ажил” хийж байгаа ч тухайн хүний  чин сэтгэлээсээ ажиллах чадвар болон ажлын туршлагыг ихэд үнэлдэг. Мөн ажлын хөлс нь цаг болон бүтээмжээр үнэлэгддэг болохоор хүмүүс аль болох бүтээмж өндөртэй байхыг л хичээнэ. Бас үйлчлүүлэгчидтэй харьцах харилцаа их чухал болохоор  тэр хүн чамд таалагдсан болон таалагдаагүйгээс үл хамааран эелдэг боловсон харилцаж түүний хүссэнээр л үйлчлэх ёстой. Учир нь чи тэр хүний төлсөн мөнгөөр
цалинжиж байгаа болохоор. Ийм нөхцөлд үйлчилгээ болон ажлын чанар их чухал байдаг. Энэ бол тухайн хүнийг хөгжүүлэх боломж болон шаардлага нь юм.
*Америк оронд монголчуудад  таалагддагүй олон зүйл бий.

Нэг. Амсхийх чөлөөөгүй амьдралын урсгал. Америкт ажиллаж амьдрахаар ирсэн монголчууд эхэндээ мөнгө олохын тулд олдсон ажлаа гололгүйгээр маш их ажилладаг. Зарим нь илүү ихийг олохын тулд 2-3 ажил зэрэг хийх нь бий. Амаргүй хэдий ч авч буй мөнгөндөө урам орж ядрах зүдрэхээ ч умартан зүтгэнэ. Амьдралын хэмнэл нь ажил-гэр, гэр ажил гэсэн урсгалд орж амсхийх нэгэн өдөртөө алжаалаа тайлан унтаж өнжинө. Урсаж бүй цаг хугацааг ч үл анзааран олж буй мөнгө нь хүсэж байсан байр машин бас олон хэрэгцээг хангаж байвч хамаг л залуу нас
баяр баясгалан нь урсаж буй цаг хугацаанд хамтдаа урсан бүдгэрч буйг үл анзаарах.
Мөнгийг олох тусмаа хэрэгцээгээ нэмэгдүүлж нэг л мэдэх дор “амьдрахын тулд ажиллаад байгаа, ажиллахын тулд амьдраад буй”гаа ч ялгаж үл чадах болтлоо л зүтгэнэ. Ажлын өдөр, амралтын өдөр хэмээх хэмнэлээсээ анзаарч нэгэнтээ салах дор хамаг л залуу нас, хүсэл мөрөөдөл нь “өвгөрч” эхэлснийг мэдрэх. Энэ л мөчдөө олон олон залуус “ юуны төлөө би ажлын мал мэт зүтгээ вэ?” хэмээн гайхна. Бас “ энэ мөнгө гээч миний амьдралын утга учир бил үү?” хэмээн эргэцүүлнэ. Яг л энэ хэмнэлээр сая сая хүмүүс зүтгэж байг анзаарахдаа “амьдрал
ийм л богинохон , бас ийм өчүүхэн гэж үү?” хэмээн бодлогоширно. Ажил хөдөлмөрийг сайн хийж, хөдөлмөрийн хөлс хэмээх мөнгийг гартаа атгаж байхдаа, “мөнгө олохын төлөөх улайрал энэ амьдралын туйл биш” гэдгийг ухаардаг. Зөвхөн  их мөнгө олохын төлөөх улайрч, цаг хугацааны урсгалд өөрийгөө элээх энэ амьдрал нь монголчуудад таалагддагүй.

Хоёр. Өрнөөс өрний хоорон дахь амьдрал. Америкийн нийгмийн хамгаалал болон тогтолцоо нь сайн байдаг хэдий ч энэ нь зээлийн тогтолцоо буюу кредит картны үйлчилгээн дээр тогтдог. Ажил хөдөлмөр эрхэлж байгаа хэн боловч, бусдаас дутахгүй сайхан амьдрахыг хүсч байгаа хэн боловч, ирээдүйгээ төлөвлөн алсаа өөдрөгөөр харж байгаа хэн боловч зээл авах бүрэн боломжтой. Амьдарч буй байраа 20-30 Жилийн хугацаанд төлөхөөр, унаж буй авто машинаа 5-10 жилийн дотор төлөхөөр, сурч буй сургуулийн төлбрөө 5-10 жилийн дотор төлөхөөр  зээл авах нь
энэ л амьдралын ердийн хэмнэл нь. Зээл авахыг уриалсан сурталчилгаа, байнгын зарлагдаж байдаг хямдрал, шуудангаар ирж буй зээлиййн карт  бүхэн хүнд “амар” мэт санагдавч нэг л мэдэх дор ажиллаад олж бүй мөнгийг тань “эргүүлэн татаж авах” бизнесийн ухаан. Яг үнэндээ зээлийн картны энэ л тогтолцооны “гажиг” –аас өнөөгийн эдийн засгийн хямрал үүдсэн гэж нэг биш судлаачид нотолдог.
Ажиглах ахул зээлийн энэ тогтолцоо нь олон олон жилээр тасралтгүй урсах урсгалаараа хүмүүсийн амьдралын хэмнэлийг удирдаж, ажиллаад олсон мөнгийг нь “яг л мангас “ мэт ховдоглон залгих мэт. Эхэндээ анзаарахгүй хэрнээ цалингаа авч тооцоогоо хийх дор “олж буй их мөнгө нь хаашаа урсан одоо вэ?”хэмээн гайхишран харуусах харамсал болон хувирна. Олж буй хэрээрээ хэрэглээгээ нэмэгдүүлэх тусам кредит картанд “удирдуулж” эцэстээ энэ л тавилантайгаа эвлэрдэг. Худалдаж авсан үнэтэй тансаг хаусныхаа үнийг бүх л насаараа төлж
дуусаад “баярлаж” байгаа өндөр настныг бахархах, бас өрөвдөх хэцүү. Унаж яваа машиныхаа зээлийг төлж “өөрийн” болгох дор машин нь хуучирч загвар нь гологдох болсон тохиолдол зөндөө. Бусад хүмүүст ийм амьдрал нь таалагддаг бол “Өргүй бол баян, өвчингүй бол жаргал”, “Хөнжлийнхөө хэрээр хөлөө жий” хэмээн сургадаг монголчуудын үр сад бидэнд өрнөөс өрний хооронд урсах ийм амьдрал таалагддаггүй. Өртэй байхыг тэгтлээ хүсдэггүй болохоор монголчууд өрөө л хурдан төлөхийг хичээдэг.

Гурав. Инээмсэглэлээр хучсан шаналгаа. Хэдийгээр хүн болгон инээмсэглэх авч үүний цаана хүн болгоны сэтгэлийн шаналгаа “нуугдаж” байдаг. “Яанаа маргааш ажилгүй болчих вий”, “Энэ сарын цалин минь өрөө төлж хүрэлцэхгүй болчих вий”, “Эдийн засгийн хямрал миний амьдралд муугаар нөлөөлөх бий” гэхчилэн. Ажлын төлөөх цаг наргүй зүтгэл, мөнгөгүй болж өрөө төлж чадахгүй болох вий гэх айдас америкт ажиллаж амьдарч байгаа ихэнх хүмүүсийн сэтгэлд  байнга оршиж байдаг. Мөн ажлын цагийн замын түгжрэл,авто машин доторхи амьдрал,
их хотын өндөр барилгууд, түүний дуу чимээ, шуугиан, тасралтгүй урсах элдэв олон мэдээллүүд хүмүүст маш их стресс \оюун санааны ядрал\-ыг авчирдаг. Гэхдээ суурин амьдралдаа бага наснаасаа дассан хүмүүс энэ байдалтайгаа эвлэрнэ. Харин нүүдэлчин удмын монголчуудад энэ байдалд дасах тэгтлээ амар биш.
Америкт хүмүүсийн маш ихээр авч хэрэглэдэг элдэв төрлийн  витаминуудын талаар би нэг танилтайгаа ярьж суусан юм. Гэтэл тэрээр “Аргагүй шүү дээ. Энэ их стрессээс хүмүүсийг тайвшруулахын тулд л энэ их витаминыг зохиож гаргаж байгаа юм шүү дээ. Тэд чинь энэ их витаминыг уугаад л өөрийн эрхгүй инээмсэглээд байдаг байх” гэж хошигнон хэлж билээ. Хэдийгээр хошигносон боловч энэ тайлбарт бас үнэний хувь байж болох юм гэж дараа нь надад бодогдсон.  Энэ витаминуудыг их хэмжээгээр байнга хэрэглэж байгаа монголчуудад хэрэг болж
байгаа эсэхийг бид мэдэхгүй л дээ. Харин өргөн уудам нутагтаа тааваар эрх чөлөөтэй амьдарч сурсан монголчуудад энэ их стресс нэг их таалагддаггүй гэдгийг гадарлаж байна. Ховорхон олдох амралтын өдрүүддээ монголчууд аль болохоор хөдөө алсад гарч дуу чимээнээс хол, бас өөрийн тааваар, зоргоор байхыг хүсдэг. Зам дагуу тааралдах адуу, үхэр, хонийг  харахдаа өөрийн эрхгүй дуу алдан дотношино.

Дөрөв. Өрөвдөх сэтгэлгүй хатуу тавилан. Америкт олон сая хүмүүс  суурин амьдардаг болохоор хүн болгон л өөрийн оршин тогтнохын төлөө дор бүрнээ тэмцэнэ. Хэдийгээр хүний эрхийг дээдэлдэг боловч хэрэв өөрийн арчаагүй байдлаасаа болж мөнгөгүй болчихвол хэн ч чамайг өрөвдөхгүй. Гэрээгээ биелүүлж чадаагүй бол чамайг шууд л байрнаас тань хөөгөөд л гаргана. Хэрэв чи хурд хэтрүүлсэн бол хичнээн учирлаж тайлбарлаад ч цагдаа шууд л торгуулиа бичнэ. Хэрэв чи муу ажилласан бол эзэн нь чамаас олон зүйл шалгаалгүйгээр ажлаасаа халж
орхино. Тэд энэ талаар цагаан цаасан дээр хараар бичсэн хууль дүрмийг л мөрдлөг болгодог. Монголчууд бидний сэтгэл зүйд баттай оршсон хэн нэгэн ямар нэгэн учир шалтгааныг сонсож ойлгон өрөвдөнө гэсэн ойлголт байхгүй. Суурин амьдралд дассан олон сая хүний зэрэгцэн оршиж, хамтран амьдрах хууль  нь энэ.Хэрэв чи өөртөө арчаагүй бол Америкт хэн ч чамайг өрөвдөхгүй. Ийм байдалд орсон бол чи хэн ч биш. Чи хэрэв хүчтэй бол чамайг хүн болгон хүндлэнэ. Хэрэв чи дорой бол хэн ч чамайг тоохгүй. Цаасан дээр биш амьдрал дээр байдаг хууль
нь ийм. Тийм болохоор л хүн болгон энэ оронд өөрт олдох боломжоо хүссэн ч хүсээгүй ч бүрэн ашиглахаас өөр сонголт  үгүй.

Монголчууд биднийг хамгийн ихээр гайхашруулдаг зүйл нь үр хүүхдээ өвөртөлж унтахгүй хэрнээ насанд хүрэхээр нь гэрээсээ гаргаж биеийг нь даалгадаг, харин аав ээжээ өтөл насанд нь асрамжийн газарт хүргэж өгдөг нийтлэг тогтолцоо. Хүмүүс энэ талаар янз бүрийн санаа бодолтой байдаг хэдий ч хэт” элгэмсүү”, бие биетэйгээ “зууралддаг” монголчуудын олонхид нь энэ байдал ойлгогддоггүй. Өнгөн талаас нь харахад бие биенээсээ төдийлэн хамааралгүй байж “үүргээ биелүүлж байгаа” мэт боловч монголчуудын эрхэмлэдэг “хүн чанар”-ын
хувьд дэндүү “харгис” мэт. Эхийн сүүгээр урсах их хайр, эцэст нь үүнийг халамжаар хариулдаг эртний уламжлалтай монголчуудад энэ байдал нь таалагддаггүй. Дотоод сэтгэлийн мөн чанар нь “хуурайшдаг” юм болов уу? Хэдийгээр монголчууд шинэ ирсэн нэгнийхээ тухай “өөрөө л бүхнийг үзэж аргаа олог” гэж хатуурхавч, нэгэн зовлонд чин сэтгэлээсээ туслахаас татгалздаггүй.
Тав. Яг л робот шиг сэтгэлгээ. Хууль  болон дүрэм журмыг ягштал мөрддөг америкчууд заримдаа яг л робот шиг санагддаг юм. Гэрээсээ ажилдаа нэг л замаар явдаг бол өөр дөт замын тухай огт бодохгүй. Зарим цагаачид хайж хайж нэг ажил олсон бол, тэгээд түүнээ сайн хийж сурсан бол өөр ажил хайх тухай нэг их санахгүй. Яг л дадал болсон амьдралын хэвшлээсээ салж өөр нэгэн зоримог алхам хийхээс ихэвчлэн татгалзана. Гэрийнхээ шалыг өөрөө сольж болох боловч үүнийг өөрөө бус заавал мэргэжлийн хүн хийх ёстой гэж бодно. Шатсан гэрлээ солихдоо ч, эвдэрсэн крантаа засахдаа ч заавал мэргэжлийн хүнийг дуудна. Сайн мэдэхгүй өөр газар руу явахдаа JPS хэрэглэдэг бол хэзээ ч замаа тогтоохгүй. Хэрэв JPS гүй бол өдөржингөө л төөрч мунгинаж мэдэх. Мөнгөө хэмнэж болох олон боломж байвч дүрэм зөрчсөнөөс мөнгөө төлж байхыг илүүд үзнэ. Хариуцлагаас аль болохоос зайлсхийнэ.  Хариуцлага алдсанаас шалтгаалан өөрийн амьдралын хэмнэлд өөрчлөлт орохоос маш их болгоомжилно.

Харин монголчууд хаа ч очсон дасан зохицох чадвар дэндүү сайн. Нүүдэлчин амьдралын нэгэн онцлог мэт. Ямар нэгэн ажилд орсон бол хэсэг хугацааны дараа илүү ирээдүйтэй, илүү орлого олж болох ажлыг заавал олж дөнгөнө. Өнөөгийн байгаа байдлаа амьдралын нэгэн гишгүүр гэж үзэн заавал дараагийн гишгүүр дээр гишгэхийг хичээдэг. Мөнгө ахиу олох хэрээрээ  унаж яваа машин, амьдарч буй байр сууцаа заавал сайжруулна. Амьдралд ямар нэгэн эрсдэлтэй алхам хийхээсээ нэг  зүрхшээхгүй. Харин өөрийн үр хүүхдийнхээ төлөө юугаа ч харамлахгүй.
Бусдад захирагдан ажиллахдаа тийм ч дуртай биш. Боломж олдвол өөрөө л өөрийнхөө хүсэл тааваар ажиллахыг хичээцгээдэг. Яагаад ч юм бэ? тэд “ямагт бусдаас дээр амьдрах ёстой” гэдэгтээ итгэдэг. Тийм болохоороо монголчууд бусад орны цагаачид болон иргэдээс нэг л илүүрхэж харагдаад байдаг юм. Тэдэнд баригдмал юм шиг хэрнээ бусдад хэт найдсан сэтгэлгээ таалагддаггүй.
Монголчууд ЮУ ХҮСЧ БАЙНА гэж?

Монголчууд гадаадын олон орныг зорин ирж ажиллаж амьдрах болсноос даруй 20 жил улирчээ. Бидэнд их хугацаа мэт санагдавч түүхэнд  бага хугацаа. Энэ л хугацаанд монголчууд үзэх зүйлээ үзэж, мэдрэх зүйлээ мэдэрч байгаа. Анхандаа мөнгө олж амьдралаа дээшлүүлэх гэж зорьсон бол аажимдаа амгалан тайван амьдралд нь тухалж, харин одоо үр хүүхдийнхээ болон өөрийнхөө ирээдүйн тухай эргэцүүлэх болж. Энэ оронд төрсөн хүүхдүүд нь “эрийн цээнд хүрэх” дээ эх болсон монгол хэлээрээ ярьж чадахгүй байгаад шаналахдаа, нэгэн цагт их
хөдөлмөрлөж олсон мөнгө нь аз жаргалыг авчирч чадахгүйг мэдрэхдээ, олон жил “нутагшсан” орон нь төрж өссөн МОНГОЛ орныг нь орлож чадахгүйг ухаарахдаа, нүүдэлчин удмаас өвлөгдөж үлдсэн бардамнал нь сэтгэлийн  гүнээс  арилахгүйг сэхээрэхдээ монголчууд өөрийгөө ТАНЬЖ байна. Энд иргэншиж суурьшиж байгаа монголчууд бага бус бий. Гэхдээ дийлэнх нь энэ олон жилийн урсгалд өөрийгөө таньж, нээж, бас хөгжүүллээ. Юу юунаас илүү Монголдоо л “эзэн хүн шиг эрвэлзэж, эмээлт морь шиг дэрвэлзэн” жаргаж чадна гэдгээ ойлгож байна.

Тэд МОНГОЛ эх орон руугаа буцахыг хүсч байгаа. Гэхдээ Америк оронд байгаа давуу сайхан бүхнийг Монголдоо бий болгохыг хүсч байна. Энэ нь:
-Хууль ёсыг нийтээрээ дагаж мөрддөг ШУДАРГА тогтолцоо
-Иргэдэд тэгш хүртэх нийгмийн хамгаалал
-Дийлэнх байж болох иргэдийн дундаж түвшиний амьдрал
-Амгалан тайван амьдралын баталгаа
-Монгол хүн бүрийн өөрийгөө хөгжүүлэх бололцоо
Яг л Америк шиг ийм тогтолцоог Монголд бий болгож ЯАГААД болохгүй гэж. Бидэнд мөнгө олдож байна, туршлага хуримтлагдаж байна, итгэл үнэмшил бүрдэж байна. Харин СЭТГЭЛ дутаад л байна.
Тэд харь оронд сурч мэдсэнээ Монголдоо зориулж, ажиллаж урсах хөлсөө Монголынхоо хөрсөнд шингээж, хөдөлмөрлөж олсон мөнгөө Монголынхоо хөгжилд нэмэрлэхийг хүсч байна. Тэд хатуу ширүүн амьсгалтай ч Монголынхоо наранд “шарагдаж”, жаварт нь “хайрагдаж” өөрийн эрхээр “дураар” байхыг хүсч байгаа. Тэд аав ээж, амраг садантайгаа хамтдаа л байж зовлон жаргалын дэнсэн дээр “хүн чанар”-аараа бие биенээ “дулаацуулж” байхыг хүсч байна.

Америк орныг ДИВААЖИН мэтээр төсөөлж байгаа залууст хэлэхэд “Америк орон бол өөрийгөө хөгжүүлэх, бас бусдыг ойлгож мэдрэх, олон зүйлийг харьцуулан мэдрэх том боломж. Эндээс бидэнд сурах маш их зүйл байгаа. Гэхдээ:
Ээж нь хүүхдээ элгэндээ наан өвөртөлж унтаагүй хоног өдрүүдэд ХАЙР урсах болов уу. Ээжий аавыгаа асрамжийн газарт хүргэж өгсөн тэр л мөчид ХАЛАМЖ төгсөх болов уу. Бие биенээ харан инээмсэглэх төрхөнд ЧИН СЭТГЭЛ илрэх болов уу. Мөнгөний төлөөх зогсолтгүй өрсөлдөөнд ХҮН ЧАНАР нь харагдах болов уу.
Харин ДИВААЖИН гэдэг МОНГОЛ д л байгаа. Энэ диваажинг бид л өөрсдөө бий болгох ёстой. Өөр хэн ч биш.  Харин гааададын өндөр хөгжилтэй оронд ажил хиийж мөнгө олох гэж бус өөрийгөө хөгжүүлэх гэж, “юм үзэн нүд тайлах” гэж зорьдог болох цаг ойрхон байнаа.

МОНГОЛ ЭХ ОРОН БАЙХАД БИДЭНД ДИВААЖИН ХЭРЭГГҮЙ.

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
\Үргэлжлэл бий, Дараагийн эргэцүүлэл “Америк дахь Монголчууд”\
2012-01-25

Dec 21

“Зовох цагт нөхрийн чанар танигдана” \Б.Гүнбилгүүн\

By gala-admin | ТЭМДЭГЛЭЛ

Миний бие энэ оны 10 сарын эхээр Миннесота мужийн Миннеполис хотноо цусны хорт хавдар өвчнийн улмаас эмчлүүлж байгаа Б.Гүнбилгүүн болон түүний ээж Б.Оюундалай нартай уулзан ярилцаж, Ажаа гэгээнтний илгээсэн хандив болон дэмжлэгийг гардуулан өгсөн тухайгаа “Зовох цагт нөхрийн чанар танигдана” гэсэн нэртэйгээр бичиж олон нийтэд хүргэсэн билээ. Тэр цагаас тэдэнтэй холбоотой байж тэдний талаарх мэдээллийг авч байсан юм. Харин яг одоо тэдэнд монголчууд бидний дэмжлэг зайлшгүй хэрэгтэй болж байна.

Б.Гүнбилгүүний цусны хорт хавдрын эсрэг хийх зайлшгүй эмчилгээ нь “чөмөг шилжүүлэн суулгах” мэс засал байсан. Энэ мэс засалд донор олох асуудал хамгийн чухал нь байв. Донор олох талаар өнгөрсөн 2 сарын хугацаанд нилээд найдвар тавьсан боловч таарах донор олдсонгүй.

Энэ дашрамд энэ талаар санаа тавьж өөрийн биеэр донорын шинжилгээ өгсөн монголчууддаа талархсанаа илэрхийлье.

Нэгэнт чөмөг шилжүүлэн суулгахад хэрэгтэй донор олдоогүй учраас эмчилгээний дараагийн хувилбарт шилжиж байгаа юм байна. Энэ нь “эхэсийн эмчилгээ” юм. Донорыг бодвол “эхэс” нь байгаа болохоор эмчилгээ хийх боломжтой гэсэн үг юм. Харин “эхэс”-ийн лаборатори нь төлбрөө хийсэн нөхцөлд зөвшөөрөл өгдөг журамтай. Харин эмнэлэг нь энэ талаар санаа тавьсаны үр дүнд энэ сарын 28 наас Б.Гүнбилгүүн “эхэс”-ийн эмчилгээ хийлгэхээр эмнэлэгт хэвтэхээр болсон байна. Мэдээж төлбрийн тодорхой хувийг өөрсдөө төлөх ёстой болж байгаа юм байна.
Б.Гүнбилгүүний эмчилгээний зардал нийтдээ 500 000 ам долларт багтаж байгаа бөгөөд Миннесота мужийн хуульд өөрчлөлт орсоноор 2012 оны эхнээс  АНУ-ын албан ёсны бичиг баримтгүй хүнд эмнэлгийн даатгалын үйлчилгээ хамаарахгүй болох аж. Гэхдээ энэ өвчний талаар анхнаасаа санаа тавьж байгаа олон байгууллагууд боломжит замыг хайсаар байна. Ямар ч тохиолдолд ээж хүү 2 эмчилгээний зардлын тодорхой хувийг өөрсдөө гаргах шаардлагатай болж байна. Энэ талаар санаа тавьсан анд нөхөд нь http:/www.gofundme.com/Fundraising-for-Gunbee ийм цахим хуудас нээж хандив цуглуулж эхэлжээ. Хандивыг шууд интернетээр авах боломжийг бүрдүүлсэн байна.

“Зовох цагт нөхрийн чанар танигдана” гэдэг хэллэгээр та бидний чин сэтгэлийн дэмжлэг өглөг, харь энэ газарт хүнд өвчинтэйгээ тэмцэж байгаа 21 настай Б.Гүнбилгүүн болон хүүгийнхээ төлөө чадах бүхнээ л хийж байгаа ээж Б.Оюундалай нарт хэрэг болж байна. Нэгэн ширхэг пиццаны үнэ ч, нэгэн лааз пивоны үнэ ч, нэгэн савтай сүүний үнэ ч тэдэнд багадахгүй. “Олны олон таван цэн” гэдэгчлэн монгол хүн бүрийн сэтгэлийн өглөг Б.Гүнбилгүүнд эрүүл энхийг авчрах болтугай. Энэ  их хугацаанд тэдний төлөө сэтгэлээ чилээж, байнга тусалж дэмжиж
байгаа олон олон монголчууддаа чин сэтгэлээсээ талархаж байгаа эх хүү 2-ын талархлыг уламжилья.

Б.Гүнбилгүүн хүүд чин сэтгэлийн тусламж дэмжлэгээ илгээж, өөрсдөө ч бас эрүүл энх байхыг монголчууд та нараасаа хүсье!

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах

2011-12-21

Dec 21

“ЗОВОХ ЦАГТ НӨХДИЙН ЧАНАР ТАНИГДАНА”-2

By gala-admin | ТЭМДЭГЛЭЛ

Миний бие энэ оны 10 сарын эхээр Миннесота мужийн Миннеполис хотноо цусны хорт хавдар өвчнийн улмаас эмчлүүлж байгаа Б.Гүнбилгүүн болон түүний ээж Б.Оюундалай нартай уулзан ярилцаж, Ажаа гэгээнтний илгээсэн хандив болон дэмжлэгийг гардуулан өгсөн тухайгаа “Зовох цагт нөхрийн чанар танигдана” гэсэн нэртэйгээр бичиж олон нийтэд хүргэсэн билээ. Тэр цагаас тэдэнтэй холбоотой байж тэдний талаарх мэдээллийг авч байсан юм. Харин яг одоо тэдэнд монголчууд бидний дэмжлэг зайлшгүй хэрэгтэй болж байна.

Б.Гүнбилгүүний цусны хорт хавдрын эсрэг хийх зайлшгүй эмчилгээ нь “чөмөг шилжүүлэн суулгах” мэс засал байсан. Энэ мэс засалд донор олох асуудал хамгийн чухал нь байв. Донор олох талаар өнгөрсөн 2 сарын хугацаанд нилээд найдвар тавьсан боловч таарах донор олдсонгүй.

Энэ дашрамд энэ талаар санаа тавьж өөрийн биеэр донорын шинжилгээ өгсөн монголчууддаа талархсанаа илэрхийлье.

Нэгэнт чөмөг шилжүүлэн суулгахад хэрэгтэй донор олдоогүй учраас эмчилгээний дараагийн хувилбарт шилжиж байгаа юм байна. Энэ нь “эхэсийн эмчилгээ” юм. Донорыг бодвол “эхэс” нь байгаа болохоор эмчилгээ хийх боломжтой гэсэн үг юм. Харин “эхэс”-ийн лаборатори нь төлбрөө хийсэн нөхцөлд зөвшөөрөл өгдөг журамтай. Харин эмнэлэг нь энэ талаар санаа тавьсаны үр дүнд энэ сарын 28 наас Б.Гүнбилгүүн “эхэс”-ийн эмчилгээ хийлгэхээр эмнэлэгт хэвтэхээр болсон байна. Мэдээж төлбрийн тодорхой хувийг өөрсдөө төлөх ёстой болж байгаа юм байна.
Б.Гүнбилгүүний эмчилгээний зардал нийтдээ 500 000 ам долларт багтаж байгаа бөгөөд Миннесота мужийн хуульд өөрчлөлт орсоноор 2012 оны эхнээс  АНУ-ын албан ёсны бичиг баримтгүй хүнд эмнэлгийн даатгалын үйлчилгээ хамаарахгүй болох аж. Гэхдээ энэ өвчний талаар анхнаасаа санаа тавьж байгаа олон байгууллагууд боломжит замыг хайсаар байна. Ямар ч тохиолдолд ээж хүү 2 эмчилгээний зардлын тодорхой хувийг өөрсдөө гаргах шаардлагатай болж байна. Энэ талаар санаа тавьсан анд нөхөд нь http:/www.gofundme.com/Fundraising-for-Gunbee ийм цахим хуудас нээж хандив цуглуулж эхэлжээ. Хандивыг шууд интернетээр авах боломжийг бүрдүүлсэн байна.

“Зовох цагт нөхрийн чанар танигдана” гэдэг хэллэгээр та бидний чин сэтгэлийн дэмжлэг өглөг, харь энэ газарт хүнд өвчинтэйгээ тэмцэж байгаа 21 настай Б.Гүнбилгүүн болон хүүгийнхээ төлөө чадах бүхнээ л хийж байгаа ээж Б.Оюундалай нарт хэрэг болж байна. Нэгэн ширхэг пиццаны үнэ ч, нэгэн лааз пивоны үнэ ч, нэгэн савтай сүүний үнэ ч тэдэнд багадахгүй. “Олны олон таван цэн” гэдэгчлэн монгол хүн бүрийн сэтгэлийн өглөг Б.Гүнбилгүүнд эрүүл энхийг авчрах болтугай. Энэ  их хугацаанд тэдний төлөө сэтгэлээ чилээж, байнга тусалж дэмжиж
байгаа олон олон монголчууддаа чин сэтгэлээсээ талархаж байгаа эх хүү 2-ын талархлыг уламжилья.

Б.Гүнбилгүүн хүүд чин сэтгэлийн тусламж дэмжлэгээ илгээж, өөрсдөө ч бас эрүүл энх байхыг монголчууд та нараасаа хүсье!

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
http://www.gofundme.com/Fundraising-for-Gunbee Та заавал орж үзээрэй.

Sep 20

“Монголын уул уурхайн тоос” documentary film by Ed Net

By gala-admin | ТЭМДЭГЛЭЛ

Screen Shot 2015-06-03 at 9.07.34 PM

…Moнголын Өмнөгөвь аймгийн нутгаас Хятад улс руу нүүрс зөөж байгаа хүнд даацын машинуудын цуваа. Хүнд даацын автомашинуудын дугуйны ормоор гүн ховил үүсч, орчны агаар машины тоосонд шороон манан дунд бүүдгэр харагдана. Урд талдаа ханз үсгэн бичигтэй тэр машинуудыг жолоодож яваа монгол залуус “Уг нь гэрээ ёсоороо бол энд ажиллах ажилчдын бараг 90 орчим хувь нь орон нутгийн монголчууд байх ёстой гэж заасан юм билээ. Гэтэл яг бодит байдал дээр энэ тоо яг эсрэгээрээ байгаа. Бид өөрсдийн амьдралаа дээшлүүлэхийн тулд л ингэж зүтгэж яваа хэрэг шүү дээ” гэж өгүүлнэ.

…Хөвсгөлийн тайгын гүн дэх цаатан омгийнхон. Тэд цаагаа унаж уралдана. Тэртээд босгосон урцан гэртээ тэд өөрсдийн боломжоороо л амь зуух аж. Гэрийн эзэн залуу, алтны уурхайнуудын  олборлолт хийгээд, нөхөн сэргээлгүй сэглэж орхисон эфелээс гар аргаар алт олборлодог нинжа аж. Ар нуруундаа алт угаах зориулалттай түмпэнгээ үүрсэн нь хүүхэлдэйн кинон дээр гардаг “мэлхий нинжа”-г санагдуулам. “Алтыг нь аваад, авдрыг нь сэглээд орхисон” тэр л газруудад нинжа нар очиж азаа туршицгаана.

“Бурзай бурзай, бандгар сайхан жип бол, бурзай бурзай болж өгвөл бор ногоон 69 бол, бурзай бурзай болохгүй бол буцах зардлыг минь өгч хайрла” хэмээн амандаа шившин шившиж азаа үзэх тэдний ихэнхийг нь “азын тэнгэр” мартаж орхих мэт. Тэд энэ л амьдралын сонголтоо “Амьдралаа дээшлүүлэх гэсэн юм” хэмээн учирлан тайлбарлана билээ.

…Улаанбаатарын гэр хороололд амьдрах бүсгүй бас л “авьяаслаг охиныхоо ирээдүйг бодож, түүнийг хөгжүүлэхийн тулд” Хөвсгөл аймгаас нүүж ирсэн тухайгаа ярьж байсан. Түүний охин нь сайн нугараач болох ирээдүйтэй юм билээ. Эхнэр охиноо хот бараадуулж, тэдний мөрөөдлийг биелүүлэхийн тулд нинжа-гийн амьдралыг сонгосон эр нөхөр нь эргэж ирээгүй гэсэн. Яг л харх мэт газрыг сэндийлэн ухаж, нурж магад шороон ханан дундуур хэдхэн цэн алтны төлөө мөлхөн явахдаа “даруулан” тэндээ нойрссон хичнээн залуусын төлөө өдгөө болтол хэн ч
дуугарахгүй байгаа.

Энэ бол зохиол биш. Энэ сарын 19 ны орой Вашингтон ДС-ийн 800 Connecticut Ave NW -ийн 11 давхарт байрлах уудам танхимд ноён Ed Nef Монголын уул уурхайн өнөөгийн байдлыг харуулсан “Mining Challenges a Civilization of Mongolia” нэртэй баримтат киноныхоо нээлтийг хийлээ. Уригдаж ирсэн үзэгчдийн ихэнх нь амеикчууд цөөхөн нь монголчууд байсан.
Ноён Ed Nef Вашингтон орчмын монголчуудын сайн мэдэх Инлингуа хэлний төвийн үүсгэн байгуулагч төдийгүй Монгол дахь “Сантис” сургуулийн үүсгэн байгуулагч гэдгээр нь хүмүүс таних байх. Харин тэрээр одоо энэ бүхнээ өөр хүмүүст шилжүүлэн өгч, өөрийн сонирхлоороо энэ киног өөрөө санаачлан хийсэн юм билээ. Монголын боловсролын салбарт хөрөнгө оруулалт хийж Монголтой дотно танилцсан энэ хүний сонирхлыг өдгөө дэлхий нийтийн анхаарлыг татаж байгаа Монголын уул уурхайн хөгжил болон хандлага нилээд татсан бололтой.

Гэхдээ ноён Ed монголын уул уурхайн өнөөгийн төрхийг магтаж биш, муучилж биш, энэ хөгжил эгэл жирийн хүмүүст хэрхэн нөлөөлж байна вэ? гэдэг талаас нь харуулж байгаа нь сонирхолтой санагдсан. Энэ бол тэр хүний л бодол. Түүгээр ч үл барам ноён Эд энэ киног хийхдээ танилцсан нилээд олон гэр бүлд сайхан сэтгэлээр тусалж, өвчинд шаналсан нэгэн охиныг нь Америкт авчирч мэс засал хийлгэн эдгээсэн аж. Үүний төлөө ноён Ed Nef танд чин сэтгэлээсээ талархаж байнаа. Харин энэ киноны орчуулга болон дуу оруулах ажлыг Ч. Аюушсүрэн хийсэн юм билээ.

Харин биднийг гадны хүмүүс ийм нүдээр харж, өөр өнцгөөс мэдэрч байгааг анзаарахдаа бид ч бас “их зүйлийг анзаарах хэрэгтэй юм байна даа” гэж санагдаж байлаа. Дандаа л эгц урдаас нь харж, томоотой зогсож байгаад зургаа авахуулж заншсан бид, хажуу тийшээ харсан зургаа харахдаа арай л өөр мэдрэмжийг мэдэрч байлаа. Гэхдээ бас дажгүй шүү.

Энэ их тоосон дундаас гарч, өөрсдөөрөө бахархаж бас гайхуулах цаг ирнээ.

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
2011-09-20

Aug 06

Дээрхийн гэгээн Далай ламтны Вашингтон ДС хотноо хийсэн айлчлал, арга хэмжээ, айлдвар

By gala-admin | ТЭМДЭГЛЭЛ

…Өнгөрсөн 7 сарын 6 наас 16 ны өдрүүдэд АНУ-ын нийслэл Вашингтон ДС хотноо Дээрхийн гэгээн  14-р Далай лам морилж сүсэгтэн олноо Калачакра буюу Цогт -Очир хөлгөний дэлгэрэнгүй авшигийг 31 дэх удаагаа айлдлаа. Дэлхийд нэр хүндтэй Далай лам урьд өмнө нь АНУ- д хэдэнтээ морилж байсан авч энэ удаагийнх шиг ийм өргөн дэлгэр үйл ажиллагаа болон дэлгэрэнгүй айлдвар айлдаж байгаагүй болохоор энэ удаагийн арга хэмжээнд олон орноос төдийгүй Монголоос олон ч хүмүүс зорин ирж, АНУ-ын өөр муж болон хотуудад оршин суудаг олон монголчууд зориуд ирж оролцсон юм. Вашингтон ДС-ийн төв хэсэгт байрлах Verizon төвийн том танхимд бараг 10 өдөр үргэлжилсэн энэхүү арга хэмжээ болон айлдварт маш олон хүн оролцсон хийгээд энэ арга хэмжээнд оролцох хүсэлтэй хүмүүст боломж тэр болгон олдоогүй бөгөөд харин зориуд зорин ирж оролцсон хүмүүс их сэтгэл хангалуун байгаа нь мэдрэгдэж байлаа.
Калачакра-Дүйнхэрийн хот мандал-Цогт цагийн хүрдэн
-Санскритээр Калачакра, түвдээр Дүйнхэрийн хот мандал, монголоор Цогт цагийн хүрдэн гэж нэрлэгддэг Буддын шашны энэхүү том ёслолын гол зорилго нь Даян дэлхийн энхтайван, амар амгалангийн төлөө олон бүгдээр нэгдэн, нэгэн сэтгэл үзүүр дор хамтдаа бясалган, гэгээрэхийн зам мөр дор үйлдэх ёсон аж.

-Калачакра буюу Цогт цагийн хүрдэний утга нь: 1.гадна цагийн хүрд болох сав шим ертөнц, нар сар одон гарих тэргүүтний эргэлдэх ёсон болон  2. дотор цагийн хүрдэн болох хүний биеийн хий судас, дусал тэргүүтэн махбодь  3.бусад цагийн хүрдэн болох бурханы орон хийгээд Ядам бурхан тэргүүтэн бүгдийг хослуулан барилдуулж үйлдсэнээр нууц тарнийн зам мөрийг бясалгах ёс, номлол аж.
-Дээрхийн гэгээн Далай ламыг Жанрайсэг бурханы хувилгаан гэж үздэг агаад энэхүү ёслолын үед өөрийн дүрдээ хувилан ёслолыг үйлддэг аж. Тэрээр энэ тухай айлдахдаа:
” Хүмүүс энэ үйлд оролцсоноор ирээдүйн болон хойчид бүх сэтгэл зүрхээ зориулан бясалгал нэгэн зүгт чиглэнэ. Үндсэндээ 4 өдөр үүнд зориулна. Энэ сургааль ном нь маш их үр өгөөжтэй. Эхний 4 өдөр анхан шатны мэдэгдэхүүн болох Буддын  шашны гол баримтлал, чиглэл, итгэл үнэмшил нь юу болох тухай айлдана. Буддын сургаалийн гол нь хүмүүс энгийн буюу дотоод сэтгэлээ олох нь чухал суурь юм. Эндээс урган гарч Wisdom confecion хэмжээнд туслах болоод хор хүргэхгүй үндэслэл болдог.  Энэ үзэгдэл бодол юунд аваачих вэ? гэвэл сэтгэлийн амар жаргалыг
авчрах зэрэг болно. Энэ сургааль номын дараа гэгээрэл эхлээд дотоод болон гадаад түвшингээр өөр түвшинд хүрнэ. Эдгээр бүгд нь дэлхийн хүн бүгдийн амьдралын хүч чадлыг өөр тийш хүргэх юм. Mиний хувьд эхний 4 өдрийн сургаальд хамрагдах та бүхэнд талархаж байна. Яг үнэндээ бол энэ сургааль ном нь хамгийн их үзэж судлах ойлгох хэрэгтэй зүйл юм. Калачакра маш их түгээмэл. Уул нь эхний сургааль хичээл нь юмны үнэнийг олох гэгээрэхэд хэрэгтэй байдаг ч ихэнх хүмүүс зөвхөн Калачакра хийх ёслолд ирдэгийг би сайн ойлгодоггүй” хэмээн
өгүүлжээ.Мөн тэрээр цааш өгүүлэхдээ ” Калачакра бол нилээн их хэсэг хүмүүс хуран цуглаж нэгэн зүйлд төвлөрдөг нь хүнд үзэгдэхгүй маш их зөв сайн энергийг бүрдүүлдэг юм. Энэ нь оролцож буй хүмүүст эрүүл мэнд, сэтгэл санаагаа тайван байлгах зэрэг зөв сайн мэрдэмжийг төрүүлнэ” хэмээн айлджээ.
-7 сарын 6 наас 11 нийг хүртэл Калачакра буюу Цогт цагийн хүрдэний хот мандлыг бүтээх их ёслол хийгдлээ. Энэ завсар сүсэгтэн олонд сургааль ном айлдан, утга учрыг тайлбарлаж, бясалгал үйлдсэн аж.
Бурхан багш 29 насандаа гэрээс гарч 6 жил хатуужил хийгээд 35 насандаа төгс гэгээрэн бурханы хутгийг олж, олон дэлгэр ном айлдсаны дотор Дүйнхорын үндэс уншлагыг Шамбалын хаан Даваасамбуу тэргүүтэнд айлдсан гэдэг.
Цогт цагийн хүрдэний гол цэгийг Далай лам тавьж бүтээдэг аж. Харин үүний зүрхэн тарни нь УМАА ХУМ ХО ХАМ ЧА aж.
-7 сарын 12-14 ний өдрүүдэд Калачакра буюу Цогт цагийн хүрдэнийг бүтээсний дараа номын авшиг хүртээх их ёслол болжээ. Авшиг авсаны тус хэрэг нь энэ насанд үл зохилдох муу шалтгаан барцад зэтгэр нь амирлан арилах бөгөөд зохилдох шалтгаан санасан хэрэг бүгд сэтгэлчлэн бүтнэ. Басxүү хойд насандаа Шамбалын оронд төрөх болно. Бас зуд турхан, ган гачиг арилах болно. Даян дэлхийд энх амгалан болох юм. Товчдоо Далай лам өөрийн сэтгэлээ хэрхэн боловсруулж засах ёс ямар мэт болохыг үзүүлсэнчлэн хамаг амьтныг асархуй, нигүүлсэхүйгээр
өдөөгдөж бурхан болохын тусад сэтгэлээ бодох хэрэгтэй.
Энэ тухайд Далай лам айлдахдаа ” Энэ номыг авах гэж байгаа хүн ажил төрөл бүтээх, алт мөнгө цуглуулах гэж бодож байгаа бол эндүүрэл шүү”хэмээн сануулан айлдсан байна. Мөн тэрээр цаг үргэлж, ном айлдвар бүртээ түмэн олонд “өөрийн сэтгэл хийгээд явдлаас засаж залруулж сайн нэгийг үйлдэх хэрэгтэй” хэмээн дахин дахин сануулан айлдлаа.
Энэхүү ёслолын үеэр амин мод орхидог нь: 1.амирлуулах 2.дэлгэрүүлэх 3.эрхэд хурах 4.хатуу үйл, шид олноор бүтээхийг шинждэг гэнэ. Алганы хонхор ус нь: дэмий үг хараал, худал тэргүүтэн хэлэх гэмийг ариусгахын тухайд . Сахиус зүүлт нь: гадна дотны тотгорыг сахих тухайд  үйлдэх аж.
Өдгөө дээдсийн номын рашааныг хүртэгч бидэн нугууд  урьдын хураасан сайн үйлийн үр цагтаа боловсорсоны хувь тохироо мөн тул үүнийг сайтар санаад буяны үйлд хучээх дуршлыг хатуу төрүүлэх хэрэгтэй.
Авшиг хүртэнэ гэдэг аугаа их хувь заяа гэж үздэг. Хүн бүр өөр өөрийн савны хэмжээгээр хүртдэг. Зарим хүмүүс сураг сонссоны, харсаны, хүссэний, даган баяссаны хэрээр буян ерөөл хурдаг гэнэ.
-7 сарын 15, 16 ны өдрүүдэд Насны авшиг хүртээх Далай ламд даншиг өргөх ёслол боллоо.
Энэ нь урт удаан наслах, бурханы оронд удаан оршихын ерөөл тавих утгатай аж.
Түүнчлэн Буддын шашинд багшийг хүндэтгэх их ёсон буй. Багшийг хүндэтгэж байж түүнээс ном эрдэм авах учиртай. Сүүлийн өдөр энэ үйлээр Далай ламд хүндэтгэл үзүүлэн, түүнийг урт удаан наслахын ерөөл айлдсан аж.
Харин хамгийн сүүлд Калачакра буюу Цогт цагийн хүрдэнийг хураах их ёслол боллоо. Бурханы орныг хураахдаа маш их дэг ёсны дагуу хурааж алтан бумбанд савлана. Энэхүү савласан орноо тухайн газрын лусын орон буюу голын усанд өргөх аж. Буддын шашинд байгаль дэлхийн уул ус бүхэн өөрийн эзэнтэй гэж үздэг. Уул хангайн эзэн нь “савдаг” гэж үздэг бол ус мөрний эзэн нь “лус” гэж үздэг. Яг энэ заншлаар монголчууд эрт дээр үеэс уул усаа ямагт аргадан тахиж ирсэн уламжлалтай. Ус бол дэлхийг тэтгэдэг. Лусын орноо, хураасан бурханы орноо
өргөх дор лус хэмжээгүй ихээр баярлан тайтгардаг гэнэ. Энэ нь даян дэлхийн энх тайван, амар амгалан байлгах нэгэн үндэс болох ажгуу.

Энэхүү ёслолын эргэн тойронд

-7 сарын 6 ны өдөр буюу Дээрхийн гэгээн 14-р Далай ламын 76 насны сүүдэр тохиосон өдрөөр түүнд хүндэтгэл үзүүлэх ёслол болон Калачакрагийн нээлт болжээ. Энэ ёслолд дэлхийн 40 гаруй орноос 20 000 орчим хүн цугласан байна. Далай ламын төрсөн өдөр болон нээлтийн ажиллагааны хүндэт зочноор Америкийн хар арьст хүмүүсийн эрх чөлөөний төлөө тэмцэгч Maртин Лютэр Кинг-ийн хүү Мартин Лютэр Кинг -3 болон Энэтхэгийн алдарт удирдагч Гандийн зээ хүү Арум Ганди нар хүрэлцэн ирсэн байв. Нээлтийн эхэнд гэгээнтэн айлдахдаа:
“Дэлхий нийтээр хүчирхийллийн эсрэг тэмцэх хэрэгтэй гээд түмэн олонд төрсөн өдрийг нь сануулан тэмдэглэж байгаад” талархал илэрхийллээ. “Одоо цагт бурханы шашин дэлхий нийтэд ихэд түгээмэл болсон бөгөөд ном үүний дотор их бага хөлгөн болон тарнийн нууц ёсон гээд бүгд байгаа. Тиймээс үүнийг сэтгэлдээ сайтар санаад энэ олдсон насаа үр бүтээлтэй, өдөр шөнийг урт гэж хойш тавилгүй, үр дүнгүй өнгөрөөлгүй, өнөөдрөөс эхлэн амьтны амь таслах, хулгай хийх, буруу хурьцал үйлдэх, худал хэлэх, дэмий чалчих хэрүүл үг, бусдад хорлох
сэтгэл тэргүүтэн хилэнцийн үйлийг тэвчих”-ийг уриалан сануулав. Түүнчлэн “эцэст хэлэхэд бусдад тус хүргэж чадахгүй бол хорлол хэзээ ч хүргэхгүй сэтгэлийг сайн сана” хэмээн айлдлаа.
Үүний дараа Мартин Лютер Кинг-3 болон Арума Ганди нар Далай ламд төрсөн өдрийн мэнд хүргэн хүндэтгэл үзүүлэхдээ, Далай ламыг “олон сая хүнд их амгалан жаргалыг бүтээгч, төрүүлэгч ” хэмээн хэмээн үнэлсэн байна.
Далайн  ламд төрсөн өдрөөр нь хүндэтгэн, олон орны хүмүүс бэлэг гардуулсны дотор Вашингтон ДС-д бизнесийн үйл ажиллагаа явуулдаг “Пирамид” чулууны үйлдвэрийн эзэн М.Дэлгэрцогт Монголчуудынхаа өмнөөс “Отгон тэнгэр” хайрханы зураг бүхий бэлэг гардуулан өгчээ.
-Энэхүү арга хэмжээг Вашингтон ДС дэхь Түвдийн Холбоо голчлон зохион байгуулжээ. Тэд энэ тухайгаа ” Далай ламын маш их хайр энэрэл, нигүүлслэл нь хүмүүст хүртээмжтэй чухал ач холбогдолтой” гэдгийг мэдсэний үндсэн дээр энэ арга хэмжээг зохион байгуулж байгаа юм  гэж тайлбарласан байна. Нөгөө талаар тэд Түвдийн их соёл уламжлалыг дэлхийн бусад хүмүүст ойлгуулан мэдрүүлэх тухай ч бас бодолцсон нь лавтай. Тийм болохоор нээлтийн айлтгал дээр Далай лам, түвдийн өнөөгийн залуусын тухай, тэднийг эх хэл, ёс заншлаасаа холдохгүй
байж зөв сайнаар нөлөөлж байх тухай нилээд уртаар айлдсан байдаг.
-Энэхүү үйл ажиллагаа нь олон сарын өмнөөс зарлагдан бэлтгэгдсэн бөгөөд нийтдээ 200 орчим хувь хүмүүс байгууллага ивээн тэтгэсэн байна. Мөн нэр алдартай олон ч хүмүүс зохион байгуулахад болон үйл ажиллагаанд оролцлаа. Cardinal Donald Wues, Archbisor of DC, Robert Thurman, Richard Gir гэх мэт.
Энэхүү үйл ажиллагаанд нийтдээ 5.6 сая $ цугласнаас 4.1 сая $-ыг нь ёслолын үйл ажиллагаа /байрны түрээс ажилчид болон хамгаалалтын зардал, лам нарын хоол унд, хэвлэл мэдээллийн гэх мэт/-нд зарцуулж, үлдсэн 1.5 сая $-оос 500 000$ -ыг нь энэ жил цунамигийн гамшигт нэрвэгдсэн Японы хохирогчдод, 500 000 $-ыг нь Африкт болж буй их өлсгөлөнд нэрвэгдэн ядарч байгаа хүмүүст, 500 000$ -ыг нь Түвдийн хүүхэд залуусын боловсрол хөгжлийн асуудалд хандив болгон өгсөн гэнэ. Энэ тухай хамгийн сүүлийн өдөр олон нийтэд албан ёсоор тайлагнажээ.
-Энэ жилийн энэ үйл ажиллагаа болон ёслолд Буддын шашны маш олон ренбүүчи нар оролцон өөрсдийн сургааль номоо айлдаж, нэгэн дор бүх үйл ажиллагаанд оролцсон нь  энд цугларсан  хүмүүст ховор олдох том боломж болсон байна. Үүн дотор монголчуудын сайн мэдэх Jado renbuchi, Samdong renbuchi, 17-r Garmaba renbuchi нар болон Ажаа гэгээнтэн оролцжээ.
-Монголоос Гандан хийдийн дэд хамба тэргүүтэй 50 орчим лам нар ирж оролцжээ. Бас монголоос зөвхөн энэ арга хэмжээнд оролцох гэж аав ээж, ах дүү болон хамаатан саднаараа олон ч хүмүүс ирж оролцсон байна. Энд оролцсон монголчууд энэ үйл ажиллагаанд чин сэтгэлээрээ даган баясч, Бурханы шашны утга учир, дэг жаяг болон номлолтой гүнзгий танилцан өөрсдөө сэтгэлийн ариусал болон ухаарлыг авсан тухайгаа өгүүлж байсан.
-Далай лам энэ дэлхийн аль ч шашинд хүндэтгэлтэй ханддаг тухайгаа өгүүлж байсан төдийгүй, энэ арга хэмжээний үеэр Далай ламд хүндэтгэл үзүүлэхээр Ромын пап ламын Америк дахь төлөөлөгч ирж уулзжээ. Далай ламд төлөөлөгчид чин сэтгэлээсээ хариу талархал илэрхийлж өөрийн гарын бэлэг гардуулж өгсөн байна.
-Далай багш олон айлдвар дундаа өнөөгийн хүн төрөлхтөний амьдрал дунд ихээр мэдрэгдэх болсон өнгө мөнгөний төлөөх шунал болон байгаль дэлхийг сүйтгэж байгаа тухайг олонтаа буруушаан дурдаж, гол нь хүний дотоод сэтгэлийн ариуслыг чухалчлан дурдаж байлаа. Энэ тухайгаа “Хүн хичнээн баян боллоо ч нэг л орон дээр унтдаг” хэмээн айлдсан байна.
-Энэ бүх ёслол арга хэмжээний дараа Дээрхийн гэгээн 14-р Далай ламыг АНУ-ын ерөнхийлэгч Б.Обама хүлээн авч уулзан чин сэтгэлээсээ ярилцжээ.

Учирлал:

Үүнийг бичигч би бээр ямар ч шашныг тэгтлээ гүнзгийрэн шүтддэггүй бөгөөд аль ч шашинд хүндэтгэлтэй ханддаг. Харин АНУ-д ажиллаж амьдарч байгаагийн хувьд яг бидний дэргэд ийм хүндтэй ёслол, үйл ажиллагаа болж байгааг анзаарч, бурханы шашинд хүндэтгэлтэй хандаж сүсэлж дээдэлж байдаг монголчууддаа мэдээлэл болгон хүргэхийг хичээсэн болно.
Ажил ихтэй байсан болохоор ямар ч үйл ажиллагаанд оролцож амжаагүй боловч 7 сарын 16 ны өдөр М.Дэлгэрцогт анд минь надад тусалснаар сүүлийн арга хэмжээг нүдээр үзэн сэтгэлээр мэдрэх завшаан тохиолдсон. Тэр өдөр тэнд хуран цугласан олон хүмүүсийн сэтгэлийн их сүсэг бишрэл, Далай ламд хүндэтгэлтэй хандах хандлага болон бие биедээ чин сэтгэлээсээ талархан хандах хүндэтгэлийг мэдэрч байхдаа шашин гэгч хүмүүсийн итгэл үнэмшил, сүсэг бишрэлийг нэгтгэн нэгэн зүгт хандуулан, зөв сайнаар нөлөөлөх чадвар болон хүчийг бахархаж
байлаа.
Энэ тухай мэдээлэл бичихээр зориглосон надад энэ талаар дэлгэрүүлэн хүүрнэж, бас олон ч мэдээлэл бэлтгэж өгсөн Отгоо болон Пүүжээ нартаа талархал  илэрхийлье. Мэдээж би гүнзгий шүтэгч, бас шашин номын хүн биш болохоор үг хэллэг болон утга авцалдааны хувьд алдаа байваас өршөөгтүн. Гол нь “Вашингтон ДС-д их гоё юм болсон гэнээ” гэх хэлцээнд тань бага ч атугай бодит мэдээлэл өгөхийг хичээсэн хэрэг.
Нөгөө талаас монголчууд бидний дийлэнх нь бурханы шашныг хэлбрийн төдийд авч үзэн, хаа нэгтээ хол явахдаа “хийморийн сан”тавиулж, баяжихыг хүсэн алт мөнгө цулгуулахыг хичээхдээ “баян Намсрай” тахиулж, амьдралаа өөд нь татах гэж “Алтангэрэлийн даллага” авахуулж, ажил үйлс бүтээх, сургуульд орох болохоороо элдэв тарни уншиж, элс шороо цацаж байгааг харах бүрдээ эмзэглэж явдагаа нуух юун. Хүний дотоод сэтгэлийн ариуслыг голчлон номлодог бурханы шашныг бид яг л хичээж мэдрэх нь хэрэгтэй мэт. Бузрыг үйлдчихээд бурханаар
“аргалуулан, араа даалгах”, буян санаж элдэв мууг үйлдэхгүйг хичээж явах хоёрын хооронд дэндүү зайтай мэт. Үгүйдээ л “сүжиглэхгүй ч сэжиглэхгүй яв” гэдэг үгийг хааяа ч болов санаж байвал хэрэгтэй мэт.
Монголчууд бидний сэтгэл санаа ариун байж буян заяа нь өөдлөн дэвжих болтугай.

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
2011-08-06

Jul 16

АНУ-ын нийслэл дэх монголчуудын наадам \бэсрэг тэмдэглэл\

By gala-admin | ТЭМДЭГЛЭЛ

_MG_7451

Суусрын гүйдэл салхи
шанхаар наадан сэвэлзэж
Суурь хөлгөн асрын
шашир цацаг дэрвээ юу
Сумын наадмын дэвжээг
өдөржин тойрох морьдоос
Суран жолоо атгасан
өнгийн цэцэг ургаа юу
…Гадаадад ажиллаж амьдардаг монголчууд жилээс жилд оршин байгаа газар нутагтаа Монголын үндэсний их баяр наадмаа өргөн дэлгэр тэмдэглэх болжээ. Орон орны тэнгэрт тэр өдөр мандах монголын далбаа, агаарт цуурайтах монгол дуу хуур, аялгуу эгшиг, тэр л хүрээнд цэцэгс мэт алаглах монгол гоёл, наадам наргиан бүхэн Монголын бахархал болон түгдэг. Энэ л наадмыг ажих ахул сумын наадам мэт өргөн дэлгэр.
АНУ-ын нийслэл Вашингтон ДС хотын монголчууд уламжлал ёсоороо Арлингтоны Barcroft Park-д энэ 7 сарын 10-ны өдөр Хүннү гүрэн байгуулагдсаны 2220 жил, их Монгол улс байгуулагдсаны 805 жил, Монголын үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жил, Ардын хувьсгалын 90 жилийн олон бэлэгдэл давхацсан /хэл ээдэрмээр/ ойн баяр наадмаа тэмдэглэн өнгөрүүллээ. Харь оронд ч гэлээ Монгол наадмын өнгө төрх, сүр жавхаа жилээс жилд өргөжин тэлсээр байгаа нь мэдрэгдэж байлаа.

Наадмын сониноос…
-Наадам болох газраа хүрээлэн буусан олон янзын хэлбэр хийцтэй сүүдрэвч дунд монгол гэр, монгол хээ угалз бүхий монгол асар барьсан нь их л содон харагдаж байлаа. Гэрийн модыг нь үндэсний хээ угалзаар чимэглэсэн, монгол тавилга бүхий энэ гэр Охойяа мужаас нүүж ирсэн аж. Гэрийн эзэн болох бахим биетэй монгол залуу, энэ гэрийг бараг 7 жилийн өмнө Монголын  хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр зүтгэлийг дэмжиж худалдан авсан гэнэ. Өнөөдөр гэрт байрлуулсан ширээ сандлаас гадна иж бүрэн тавилга, давхар бүрээстэй аж.
Монгол гэрийг ихэд сонирхон орж гарах наадамчдын нүдийг гэрт байрлуулсан Монголын түүхийн холбогдолтой фото зургийн үзэсгэлэн хужирлаж байв. Энэ сайхан фото үзэсгэлэн нь Вашингтон дахь Монгол-Соёлын төвийн өмч юм.

-Наадмын нээлтэнд Монгол үндэсний хувцсаараа гоёсон олон залуус тал талаас нь өргөж, наадмын  талбайг нар зөв тойруулан хүндэтгэл үзүүлсэн маш том хэмжээтэй Монголын Төрийн далбааг нэгэн цагт УИХ-ын гишүүн байж, өдгөө АНУ-д суралцаж байгаа Б.Эрдэнэбүрэн захиалж хийлгэн, Вашингтон орчмын Монголчуудын Холбоонд бэлэглэжээ. Энэ далбааг АНУ-д ажиллаж байгаа дизайнер Туяа урласан аж. Монгол Улсын Ерөнхийлэгч Ц.Элбэгдоржийн зарлигаар 7 сарын 10 ны өдрийг Монголын Төрийн далбааны өдөр болгон хүндэтгэл үзүүлж байх болсонтой
холбоотойгоор бүтээгдсэн энэ том төрийн далбааны ижил нь Улаанбаатар хотод намирч буй.
Ямартай ч Вашингтоны Монголчуудын Холбоо Америктаа хамгийн том төрийн далбаатай болж, хийморь сүлдээ өргөж байх боломжтой боллоо.

-Энэ жилийн Вашингтоны наадмын үндсэн хандивлагч нь Монголын хамгийн олон хэрэглэгчтэй үүрэн телефоны оператор Мобиком корпораци байлаа. Мобиком корпораци сүүлийн үед Монголын боловсролын салбрын шинэчлэл болон монгол залуусын оюуны чадамжийг дээшлүүлэхэд  нилээд анхааран дэмжиж байгаа аж. Лав л www.gogo.mn -ээр дамжуулан цахим номын худалдааг эрхэлж байгааг мэдэх юм. Сүүлийн үед Монголын төрийн, төрийн бус олон ч байгууллага болон аж ахуйн нэгжүүд гадаадад ажиллаж амьдарч байгаа Монголчуудыг дэмжих, тэдэнтэй хамтран ажиллах сонирхолтой болсон нь мэдрэгдэж байгаа. Энэ ч сайн эхлэл төдийгүй өнөөгийн Монголчуудын эв нэгдэл болон хамтын ажиллагаанд их л нэмэр болох буйз. Ямартай ч ирэх жилийн Вашингтоны наадам болон бусад олон ч үйл ажиллагаанд Монголын байгууллага болон аж ахуйн нэгжүүд дэмжиж, хамтран оролцох бол нэг их гайхан цочирдохгүй байж болох нээ.

-Харин наадмын уламжлалт хандивлагчдаас гадна Вашингтон ДС-д байгуулагдсан сайн дурын сонирхлын нэгдлүүд дэмжиж хамтран ажилласан нь талархууштай үйлдэл байлаа. Вашингтон ДС-ийн монголчуудын тулгуур  бизнес болох “чулууныхан”-аас Гарваа, Намхай, Мэндээ, Наранбат, Чойжоо, Оргил, Бумбаяр нар болон сагсан бөмбөгийн ДС баг, Марилэндийн сагсчдын баг, волеиволын 5 багийн тамирчид наадмын үйл ажиллагааг дэмжин хандив өргөжээ. Мөн Цагаанаа эгч наадмын хүндэт ширээний идээ, заслыг бүрэн бэлтгэж хандивласан аж. “Сэтгэлд гал байвал зууханд гал олдоно” гэдэгчлэн алив үйл ажиллагааг дэмжих дэмжлэг багаддаггүй аж. Түүнчлэн United Dental Corp Чинбат, Flover and Dollar store Оюунчимэг, Sara Katering, Poyalty Consalting Өнөрөө, Пяльжи Гямчо, Чингэлтү Боржигэд , Ariel Wyckoff Хандмаа нарын хандив дэмжлэгүүд ч энэ наадмыг илүү тухлаг сайхан болоход нэмэр болжээ.

_MG_7505

-Энэ жилийн наадамд шаардлага шахалтгүйгээр 32 залуу бөхчүүд зодоглолоо. Чикаго хотын наадмын үзүүр түрүүний бөхчүүд болох улсын начин Эрхэмбаяр, аймгийн заан Бат-Эрдэнэ нарыг цувуулан хаяж түрүүлсэн сумын заан Одбаярыг таних хүмүүс цөөхөн байв. Учир нь тэрээр Монголоос ирээд төдийлэн удаагүй байгаа бөгөөд Вашингтоны наадамд анх удаа барилдан түрүүлж, сумын цол дээрээ “Aрлингтоны” цол хүртэв бололтой. Харин үзүүрлэсэн аймгийн заан Бат-Эрдэнэ, Вашингтоныхны “олимпийн найдлага” болох Д.Сүлдбаярыг нилээд дээр өргөж гаргаад хаяхад нь харамссан хүн олон. Харин Одбаярыг түрүүлэхэд Вашингтоныхны баярлаж хөөрсөн сэтгэлд “сумын наадмаа гадны бөхөд алдалгүй, дошин дээрээ авч үлдсэн”-ий бахархал хамтдаа оршиж байсан байх. Монгол заншлаар түрүүлсэн бөхийн хөлснөөс адис авах хөдөлгөөн багагүй бужигнааны үндэс нь болж харагдав.
Дараагийн өдрүүдэд Монголд болсон үндэсний баяр наадмын их шөвөгт болон үзүүр түрүүнд хэн ч тааварлаагүй шинэхэн залуус гарч ирэн , наадамчин олонд сэтгэлийн их цэнгэлийг эдлүүлсэн нь Монголын шинэ үеийн залуус хүч чадал, нөр их зүтгэлээрээ тодрон гарч ирж байгаагийн баталгаа байв. Одбаяр ч тэдний нэгэн байж, магадгүй энэ эхлэлийг нь мэдрүүлсэн байж болох юм.
Энэ жилийн түрүү бөхийг Самми авто сервисийн эзэн Сандагаа 5 дахь жилдээ байллаа. Нууцыг задлахад энэ жилийн түрүү бөхийн бай нь 1000$ байсан гэсэн шүү. Үзүүрлэсэн болон шөвгөрсөн бөхийн байг “Сакура” үйлчилгээний төв, Top Master Granite & Marble нар олгож AMEX Cargo өсөх ирээдүйтэй бөхийн шагналыг гардууллаа. Энэ нь бас л уламжлал болох юм гэсэн. Түрүүлдэггүй юм гэхэд аятай сайнаар, идэвхтэй нь аргагүй ноцолдоод байвал авч болох шагнал аж.

_MG_7394

-Гадаадад байгаа монголчууд нас насны хурдан морины уралдаанаа хүүхдүүдээрээ орлуулдаг болсоор энэ нь жишиг болж буй. Хэдийгээр УИХ-ын болон ЗГ-ын гишүүд, улстөрчид бизнесменүүд шиг өөрийнхөө нэр дээр бусдаар морио уюулан, алдар хүндийг нь өөрсдөө хүртдэг муу зуршилгүй ч, хүүхдүүдээ жилээс жилд “хурдлуулан” гаршиж, улмаар туршлагажиж байгаа эцэг эхчүүд олон бий. Хүүхэд нь төдийлэн хурдлахгүй ч ядаж л “баян ходоод” болгож, боломжийн бай шагналаар хүүхдээ баярлуулахыг хүсэхгүй хэн байх ч билээ.
Харин энэ жилийн хурдан хүлгүүдийн нэр усыг авч амжаагүйдээ хүлцэл өчье. Ямартай ч нас хүйсээр ялган уралдуулсан хүүхдүүдийн уралдаан, жил жилийн наадмын хамгийн үзүүштэй уралдаан болдог. Ер нь уралдсан хүүхдүүдийн авхаалж самбаа, уяж сойсон эцэг эхчүүдийн хөдөлмөр зүтгэлийг үнэлэн “Арлингтоны ……….. уяач” цол олгох талаар Монголчуудын Холбоо бодож байгаа байхаа.
Мөн зарим хотууд “Эрийн 3 наадам”-ыг иж бүрнээр нь орлуулахын тулд сурын харвааны оронд шагайн харвааг оруулах болсон гайхамшигтай туршлагаас манай залуус суралцан, санаа авах биз дээ.

-Наадмын нээлтийн ёслол болон хүндэтгэлийн ажиллагаа сайхан болсон. Бөөгийн бүжиг, цамын болон хүүхэлдэйн бүжиг, монгол үндэсний бүжиг, лимбэ, морин хуурын болон Америк хөөмийчийн хөөмийн эгшиг энэ өдрийн Вашингтоны тэнгэрт монгол аялгуугаар дуурсаж байв. Америкт байгуулагдсан “Хөх тэнгэр “хамтлаг, Монголын “Люмино” хамтлагийн мэндчилгээ болон дуучин Жавхлангийн Америк дахь “копи” Ганаа нарын дуулсан дуу ч олны сэтгэлийг хөвсөлзүүллээ.
Дуучин Ж.Болормаагийн дуулсан “Монголын Төрийн дуулал” олон ч хүний сэтгэл зүрхэнд Монгол эх орны дуудлага болон эгшиглэв.

-Америкийн монголчууд жилээс жилд үндэсний баяр наадмаа ихэд хүндлэн монгол дээл хувцсаараа гоёх болсон нь зүлэг ногоон дээр алаглан найгах үзэмжит цэцэгсийн хүрээлэн мэт. Хэдийгээр америкт төрж өсч байгаа ч энэ л өдөр монгол хувцсаараа гоёж, монгол наадмын ногоон дэвсэг дээр өөрийн тааваар эрхлэн жаргах бяцxан хүүхдүүд хамгаас хөөрхөн бас өхөөрдөм байлаа. Монголын эртний ноёд, хатадын тэр ч бүү хэл бөхийн бүрэн өмсгөлөөр гангарсан хүүхдүүд энэ л өдөр монголоороо гоёж, монголоороо наадаж байх нь юутай сайхан.
Бүтэн жил догдлон хүлээдэг энэ л өдөр гадаадад байгаа монголчууд минь , монголдоо байгаа юм шиг л тухлагхан нааддаг болжээ. Айрагтай хуушууртай, чанасан махтай, нийслэл саладтай, аагтай цай бас боорцогтой монгол наадам сайхан боллоо.

-Өөрсдийн зав чөлөөгүй нөр их ажил хөдөлмөрийнхөө хажуугаар, америкт ажиллаж амьдарч байгаа монголчуудаа сайхан наадуулж цэнгүүлэх гэж хичээл зүтгэл гаргаж, сайн муу нэрийг хослуулан дуулавч шантрах нь үгүй Вашингтон ДС орчмын Монголчуудын Холбооныхонд гүн талархал илэрхийлье. Тэд энэ жилийн наадамд зориулан “монгол наадам” энгэрийн тэмдэг хийлгэсэн байсан. Өвөрмөц шийдэлтэй энэ тэмдэгийн загварыг вэбдизайнер Г.Дариа урласан юм билээ. Бид бага гэлгүй бие биенээ дэмжин, чадах зүйлээрээ ч бие биедээ тусалж байхын муу гэж
үгүй. Ядахнаа л наадам дуусгаад ойр орчмын хог хаягдлаа саванд хийгээд гарахад л тус дэм болох сон.

Төгсгөл
…Энэ л насанд үзэж өнгөрүүлсэн олон ч наадам дундаас сумын наадам л мартагдахын аргагүйгээр сэтгэлд хоногшин үлджээ. Зүлэг ногоон дээр Монголын төрийн далбаатай хамтад  хормой нь дэрвэлзэн хийсэх асар майхнууд тэр л өдөр тэнгэрээс буусан үлгэрийн ертөнц мэт.
Хаяаг нь шуусан монгол гэрийн хаалгаар оочирлон байж худалдан авсан хуушуурын амт, амттан амттаны дээд л байж. Хөхүүрээс хулаар аягалан залгилах айрагны амт, ундаа ундааны дээж байж. Агентын худалдаанаас аав ээжийн өгсөн мөнгөөр худалдаж авсан амттан, хүсэл хүслийн оргил нь байж.
Хажуугаар тургилах морьдын чимээ, халамцуухан хэрнээ агсам морин дээр дүүхэлзэн аархах монгол эр, хараа булаан нүд хужирлах гоёлоо өмссөн бүсгүйчүүд энэ л өдрийн жавхаа.
Өдөржин цуурайтах хэрнээ алжааж цуцахгүй цагаан хоолой, бөхийн өмсгөлтэй хүдэр чийрэг залуус, тэднийг даган хөөрөлхөх бяцxан хүүхдүүд наадмын өдрийн хийморь. Шандас сорих холд цуцаа нь үгүй хурдан хүлгүүд, барианы газарт бусдыг цочоон анирлах гийнгоо, баярласан сэтгэлийн гүнээс нудэнд хурах нулимс энэ л өдрийн  уярал.
Барилдаж байгаа бөхчүүд нь ч, уралдаж байгаа хүлгүүд, унасан хүүхдүүд ч, харваж байгаа харваачид, уухайлан дэмжих хүмүс ч цөмөөрөө манай сумынх болохоор бүгд л танина. Наадмын тэр өдрүүдэд тэдэн шиг хүндтэй, тэдэн шиг мундаг, тэдэн шиг сайхан хүмүүс хаа ч үгүй. Битүүхэндээ наадмын түрүүгээ гадны хэн нэгэнд алдчихгүй гэж хөөрхөн “жалгархана”. Tүрүүгээ нутагтаа аваад үлдчихсэн тэр л хүн, тэр жилдээ нутаг усны хүндлэлийг дааж явах. Тэр жилийн наадмын сонин сайхан, жилдээ яригдах хууч ярианы сэдэв.
Харьд ажиллаж амьдарч байгаа монголчуудын дор бүрнээ хийж байгаа монгол наадам яг л сумын наадам шиг. Аяа монгол сайхан наадам мину зээ. Жил жилийн хийморь лундааг тань тэгшилж байг. Дараа жилийн наадам хол байна даа хол байна.

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
2011-07-16

Jun 05

Утгын чимэг-2011″ уран уншлагын наадам ба бас бус арга хэмжээнүүд

By gala-admin | ТЭМДЭГЛЭЛ

…Лос-Анжелос хотноо зохион байгуулагдсан “Монгол Соёлын өдөрлөг”-ийн хүрээнд богино өгүүллэгийг уран сайхнаар унших “Утгын чимэг” наадам болж өнгөрлөө. 3 дахь жилдээ болж буй энэ арга хэмжээг Лос-Анжелос хотноо ажиллаж амьдардаг Алтанхуягийн гэр бүл санаачлан явуулдаг аж. Тэд гэр бүлээрээ спортоор хичээллэн амжилт гаргаж байсан төдийгүй, монголчуудынхаа оюуны хэрэгцээг хангахын тулд номын сан байгуулжээ. Номын сан байгуулан ажиллахын зэрэгцээ Лос-Анжелос хотын монголчуудын оюуны алжаалыг тайлан уран уншлагын уралдаан зохион байгуулж байгаа нь өдгөө уламжлал болон хэвшиж буй аж.

Энэ жилийн “Утгын чимэг” наадамд нийт 9 бүтээлийг 8 уран уншигч уншиж оролцлоо.
-Мөнхдэлгэрийн бичсэн “Уртын дуу” өгүүллэгийг Уранчимэг
-Вандангийн бичсэн “Өвгөд” өгүүллэгийг зохиогч нь өөрөө
-Шүүдэрцэцэгийн бичсэн “Тал гамбир” өгүүллэгийг Ганчимэг
-Жа.Пүрэвийн бичсэн “Өдөр шөнө” өгүүллэгийг Батсүх
-Болор-Эрдэнийн бичсэн “Уучлаарай аав аа” өгүүллэгийг Энхжаргал
-Хатанбаатарын бичсэн “Ээждээ захидал бичээрэй” өгүүллэгийг Хандсүрэн
-Шүүдэрцэцэгийн бичсэн “Архичны эхнэрийн хүүрнэл” өгүүллэгийг Ц.Хандсүрэн
-Түмэндэмбэрэлийн бичсэн “Ганцаардал” өгүүллэгийг Сосорбарам
-Бум-Эрдэнийн бичсэн “Юу ч бодож болдог орчлон” өгүүллэгийг Уранчимэг тус тус уран сайхнаар уншив.
Үзэгчдийг уйлуулж, сэм сэмхэн санаа алдуулж, сэтгэл зүрхэнд нь санаашрал, ухаарал өгсөн энэ бүтээлүүдийг тэд чин сэтгэлээсээ үнэхээр сайхан уншсан.
Уралдаан л болсон хойно эцсийн дүн гарахад  “Уртын дуу”, “Юу ч бодож болдог орчлон” өгүүллэгүүдийг уншсан Уранчимэг тэргүүн байр эзлэв. Тэрээр өмнөх жилд мөн л Бум-Эрдэнийн “Товч” өгүүллэгийг уншиж түрүүлж байсан аж. Тэрээр Равдан, Жагдаг нар шиг уран уншлагын шилдэг мастеруудын хэмжээнд нилээд ойртож байгаа нь илүү бахархалтай байлаа. “Ганцаардал” өгүүллэгийг уншсан Сосорбарам 2-р байр эзлэн шагнагдав. Тэрээр Лос-Анжелос хотноо кино урлагийн чиглэлээр суралцаж буй юм билээ.

Харин 3-р байрыг “Архичны эхнэрийн хүүрнэл”
өгүүллэгийг уншсан Ц.Хандсүрэн эзэллээ. Тэрээр жүжигчний мэргэжлээр сургууль төгсөж СУИС-д тайзны урлагийн багшаар ажиллаж байсан юм. 3 жил дараалан энэ уралдаанд оролцож байгаа Батсүхийг тусгай шагналаар шагналаа. Тэрээр энэ наадмын төгсгөлд “Нүүдэл” нэртэй шүлгээ уншиж хүмүүсийн сэтгэл зүрхийг хөвсөлзүүлж орхив.
Энэ жил Монголын өвгөдийн хүүрнэлийн тухай өөрийн өгүүллэгээ уншсан Вандан гуай ирэх жил Америкт байгаа өвгөдийн хүрнэлийг бичиж дахин оролцохоо амалсан.
Нэрт зохион бүтээгч, Монголын үндсэний тоглоом наадгайг дэлхийн хэмжээнд сурталчилж байгаа З.Түмэн-Өлзий гуай “Лос-Анжелосийн монголчууд үнэхээр авьяаслаг, монгол зангаараа байж, монголоороо гоёж байгаад бахархаж, талархаж” байсантай санал нэг байна.
Энэ арга хэмжээ айрагтай, ааруултай, шинэхэн зөөхийтэй, бас боорцогтой, цуйвантай, буузтай байсан нь дээрх магтаалыг баталж байлаа.
Номын хурим
5 жилийн тэртээд Лос-Анжелосийн Монголчуудын Холбоог санаачлан байгуулж байсан Х.Ширчин ” Б.Инжинаш “Нэгэн анги Бөгтөр”ийг шүлэглэсэн нь” нэртэй номыг бичиж хэвлүүлжээ. Өдгөө Сиэтл хотод ажиллаж амьдарч байгаа Х.Ширчин Монголын түүхтэй холбоотой олон ч бүтээлүүд бичиж олон нийтэд хүргэж байсныг мэдэх юм.
Лос-Анжелосийн Монголчуудын Холбоог байгуулахаас эхлээд идэвхтэй дэмжин оролцож байсан Д.Бишүүгарам “Лос-Анжелосийн тэмдэглэл” нэртэй ном бичиж хэвлүүлжээ. Өдгөө Чикаго хотноо ажиллаж амьдарч байгаа Д.Бишүүгарамыг олон ч нийтлэл, тэмдэглэл, ярилцлагаар нь уншигчид сайн мэднэ.
Лос-Анжелос хотын Номын сан энэ өдөр Х.Ширчин, Д.Бишүүгарам нарын энэхүү номын  нээлтийг хийж, урам талархлын сайхан үгсийг, хадган дээр тавьсан мөнгөн аягатай сүүний амтанд хачирлан байж мялаалаа. Ажил амьдралын амаргүй нугачаанд алд биеэ алжаан байж, сэтгэл оюунаа чилээн байж бүтээсэн энэ оюуны өргөл нь олон ч монголчуудын оюун ухаанд цацал болон шингэх буйз.

Зургийн үзэсгэлэн
Лос-Анжелос хотноо ажиллаж амьдардаг зураач Лувсанжамбаагийн Мөнхтөр, Сан-Франциско хотод ажиллаж амьдардаг уран хайчилбарч Сандагдоржийн Төрбүрам нарын уран бүтээлийн болон фото зурагчин Чулуунбатын Бобби, Audrey Stein нарын зургуудын үзэсгэлэн энэ өдрүүдэд Лос-Анжелос хотноо нээгджээ.
Зураач Л.Мөнхтөрийн бүтээлүүд дотор монгол бичгийн дүрслэлээр хийсэн олон ч сайхан бүтээлүүд байлаа. Харин харандаагаар зурсан зургууд нь яг л хуучны цагийн фото зураг мэт өвөрмөц харагдах аж. Тосон будгийн зургууд нь зураачийн сэтгэлийн элдэв өнгийг илэрхийлж байлаа.
Хайчилбарч С.Төрбүрамыг гайхамшигтай хэрнээ өвөрмөц бүтээлүүдээр нь хүмүүс сайн мэднэ. “Монголын нууц товчоо” номын чимэглэлийг уран хайчилбраар хийсэн нь өдгөө ч гайхамшигт бүтээлд тооцогддог. Орой нь бид хамтдаа яриа өрнүүлж суух завсар хар өнгийн цаас, жижиг хайч гарган шууд л бүтээлүүд хайчилж бидэнд дурсгасан нь үнэхээр бахархалтай санагдаж байсан шүү.
Х.Ширчингийн  шинээр хэвлүүлсэн “Б.Инжинаш “Нэгэн анги Бөгтөр”-ийг шүлэглэсэн нь” номын хавтасны зургийг Л.Мөнхтөр зураач урлаж, номын зураг чимэглэлийг С.Төрбүрам хийсэн юм билээ. Харь газар ч монголчууд бие биенээ дэмжиж, андын нөхөрлөлийн ариун журмыг сахиж, бүтээл туурвиж буйн сайхан жишээ энэ байлаа.
Лос-Анжелосийн монголчуудын аж төрөхүй, амьдралын олон хэмнэлийг харуулсан фото зургууд энэ үзэсгэлэнд тавигджээ. Ч.Бобби-г ТВ бүтээлүүд болон нэвтрүүлэгүүдээр нь Америкт байгаа монголчуудын нилээд нь сайн мэднэ. Олон ч арга хэмжээнүүд болон өнгөрсөн оны эцсээр болсон З.Хангал агсаны дурсгалд зориулсан “Аяны шувуу” тоглолтыг зохион байгуулахад голлох үүрэгтэй оролцсон. Харин түүний авсан фото зургууд нь зохиомж болон донжийн хувьд нилээд өвөрмөц байлаа. Гэрэл зурагчин Audrey Stein ийг, Лос-Анжелост болсон монгол оюутнуудын
уулзалтад оролцож бүтээлээ танилцуулж байсныг санаж байна. Ямартай ч тэрээр Монголчуудыг нилээд сонирхон судалж, уран бүтээлийнхээ үндэс болгож байгаа юм билээ.
Монголын түүхт их ойн жилүүдийн хүрээнд алс холын Америк гүрэнд “Монголын урлаг соёлыг
сурталчилсан өдөрлөг” зохион байгуулж, монголоороо гоёж, бахархаж, бусдад гайхуулан бишрүүлж чадсан, өдгөө 5 нас хүрч буй Лос-Анжелос хотын Монголчуудын Холбоонд талархал илэрхийлье. Алив ажлыг ярих амархан хийх хэцүү. Амаргүй бүхнийг даван туулж, ажил хэрэг болохыг бусдад үлгэрлэн харуулсан энэхүү арга хэмжээ жил жилд уламжлал болон явагдваас юутай сайн. Энэ хэрээр Монголын тухай Америкчууд эерэг сайнаар ойлгож, монголчууд бидний эв нэгдэл, бие биенээ сайнаар дэмжих боломж болон хувирах буйз.
САЙН ҮЙЛС ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ!

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах

2011-06-05

May 08

Орчин цагийн Монгол- нэгэн зууны товчоон” Олон улсын ЭШ-ний 5-р бага хурал

By gala-admin | ТЭМДЭГЛЭЛ

bagahural
5 сарын 6, 7-ны өдрүүдэд Монгол Улсаас АНУ-д суугаа ЭСЯ-ны байранд, АНУ-дахь Монгол Улсын Элчин Сайдын Яам, Монгол Соёлын Төв хамтран зохион байгуулж, жил бүр уламжлал болгон явагддаг “Мoнгол Судлалын 5-р бага хурал” болж өнгөрлөө. Энэхүү арга хэмжээ санаачлагдан зохион байгуулагдаж эхэлснээс хойш жил бүр өргөжин, улам улмаар хүрээгээ тэлсээр өдгөө “олон улсын” хэмжээнд хүрч байгаа нь энэ. Энэ жилийн бага хуралд нийтдээ 18 илтгэлийг монгол, америк, өвөрмонгол, буриадын эрдэмтэд болон оролцогчид тавьж хэлэлцүүлсэн нь нилээд сонирхолтойгоор барахгүй үр дүнтэй боллоо. Аливаа ажлыг эхлээд, уйгагүй зүтгэж, зөв арга замыг олж ажил хэрэг болгохыг хичээх нь ямар сайн үр дүнд хүргэж болдогийг энэ бага хурлыг санаачлан зохион байгуулж байгаа 2 байгууллага нотлов.
Бага хурлын энэ жилийн илтгэлүүд нь Монголчууд өөрсдийн тусгаар тогтнолоо олсон 1911 оны хувьсгалаас өдгөө хүртэлх хугацааны Монголын тусгаар тогтнолтой холбоотой олон асуудлыг хөндөж хэлэлцүүлсэн нь, өөр хоорондоо уялдаа холбоотой, нэгэн цогц асуудал болж хувирсан нь илүү анхаарал татаж байв. Миний хувьд ажилтай байсан болохоор эхний өдрийн хуралдаанд сууж амжаагүй болохоор 2 дахь өдрийн хуралдааны талаар арай дэлгэрэнгүй мэдээллийг өгч байна.
Эхний өдрийн хуралдаанд
1. Гомбын Гэрэлмаа /Улаанбаатар Дээд Сургуулийн Монгол Судлалын Тэнхимийн багш. докторант/     “Таван хошуу малтай холбоотой зүйр сэцэн үгэн дэх “хүнчлэх” монгол сэтгэлгээний онцлог”  нэртэй илтгэл тавьж хэлэлцүүлжээ.
Tэрээр илтгэлдээ Монголын зүйр сэцэн үгүүдийг
-АДУУ-ХҮН гэсэн харьцаанд
-ТЭМЭЭ-ХҮН  гэсэн харьцаанд
-ҮХЭР-ХҮН гэсэн харьцаанд
-ХОНъ-ХҮН гэсэн харьцаанд
-ЯМАА-ХҮН гэсэн харьцаанд гэж ангилан өөрийн ажиглалт дээр тулгуурлан, жишиж тайлбарласан нь их ч сонирхолтой байв.
2. Сун Мин /University of Mariland, Ph.D/
“Мusical Style, Lircal Meaning and Categorization: A Study  of Classfiers in Urtyn Duu”
Mонголын уртын дууг олон жил судалж, саяхан энэ сэдвээрээ Ph.D хамгаалсан тэрээр Монголын уртын дууны талаар илтгэл тавьжээ.
3. Баасанжавын Эрдэнэбат /Гэвш лам, Гандантэгчилэн хийд/
“Хийморийн санг шашин, хэл утгын талаас нь задлан шинжлэх нь”
Монголчууд алс газар одохдоо, алив үйлсээ бүтээхдээ ихэвчлэн уншуулдаг “хийморийн сан” хэмээх уншлагыг үг бүрээр нь задлан тайлбарлаж ярьсан нь их ч сонирхолтой байв.
4. Susan Meinheit  /mongolian and Tibetan Specialist, Library of Cngress/
” William Woodville Rockhill and the 13 th Dalai Lama
Жил бүрийн монгол судлалын хуралд оролцогчид Конгрессийн номын санд зочилж Азийн номын хэсгийн монгол номын тасгаар зочилдог. Хадагтай Сусан энэ салбрыг хариуцдаг болохоор монголчуудын нилээд сайн танил, бас дотны нь хүн. Тэрээр энэ жил илтгэл тавьж энэ бага хуралд оролцжээ.
.Харин үдээс хойшхи хуралдаанд Монгол Соёлын төвийн тэргүүн доктор М.Саруул-Эрдэнэ “Монгол бичиг 21-р зуунд” нэртэй илтгэл тавьж хэлэлцүүлсний дараа, уламжлал ёсоороо Конгрессийн номын санд зочилж, Азийн танхим болон монгол номын цуглуулгатай танилцсан байна..
bagahural
Хоёр дахь өдрийн хуралдаан
1. Пүрэвсүрэнгийн Дэлгэржаргал /МУИС-ийн түүхийн  тэнхимийн эрхлэгч, доктор/
“Хятад сурвалж бичиг дахь эртний нүүдэлчид: ойлголт, төсөөлөл”
-Эртний Хятадын сурвалж бичгүүдэд нүүдэлчдийн тухай өгүүлсэн олон баримтуудыг дурдаад Монголчуудыг УЛС гэж үздэггүй байсан тухай өгүүлнэ билээ. Хэдхэн шавар барилгатай суурин амьдралын хэмнэл, байнга нүүдэллэн амьдардаг байсан монголчуудын тухай ойлголт төсөөллийн талаар сонирхолтой илтгэл тавьж хэлэлцүүллээ.
2. Юндэнбатын Болдбаатар “ШУТИС-ийн профессорын багийн ахлагч, доктор/
“Монголын эртний нүүдэлчдийн бэлэгдэл зүй 21-р зуунд: Улаан өнгөний семантик/
-Бага насандаа “Бүхий олон багачууд”-ыг дуулж, хувьсгалын гал улаан бүч зүүж өссөн тэрээр “ариун улаан цусандаа ардын хувьсгалыг шингээж” байсан цаг үеийн тухай нилээд хөгжилтэйгээр өгүүлсэн. Улаан өнгө хувьсгалыг бэлэгддэг хэдий ч нүүдэлчин Монголчуудын хувьд дайн тулааны ялалт болон гоо үзэсгэлэн, эр зориг, өөдрөг тэмүүллийг бэлэгддэг байсан тухай өгүүлээд, улаан өнгө амьдралын бэлэгдэл байсан гэж нотолно билээ.
3. Дамдинсүрэнгийн Энхжаргал /МУИС-ийн Худалдаа Үйлдвэрлэлийн Дээд Сургуулийн багш/
“1911 оны хувьсгал” -нэр томьёоны тухай
-1911 оны монголчуудын тусгаар тогтнолоо эргүүлж авч тунхагласан тухай өгүүлэхдээ “үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн”, “хувьсгал” гэдэг нэр томьёоны тухай сонирхолтой гаргалгаа гаргажээ. Энэ явцдаа тэрээр хувьсгалын тухай, түүний бодит үр дагаврын тухай олон улсын жишиг дээр өөрийн судалгаагаа тайлбарласан. 1911 оны үйл явцыг, эрх чөлөө тугаар тогтнолоо эргүүлж авч тунхагласан “элит”-үүдийн хөдөлгөөн нь, хувьсгалт үр дүнд хүрсэн байх магадлалтай хэмээн өөрийн бодлоо илэрхийллээ. Ямартай ч “хувьсгал” гэдэг нэршилд тэрээр эргэлзэж буй юм билээ.
4. Цэвэгжавын Дагиймаа /Улаанбаатар ИС-ийн англи хэлний тэнхимийн эрхлэгч. доктор/
Аюурзаны Самбуу /Угсаатны зүйч/
“Шинэ монгол Улсыг тусгаар тогтнуулах, үндсийг тавихад эрдэмтэн Жамсрангийн Цэвээний оруулсан хувь нэмэр”
-Монгол Улсыг тусгаар тогтносон 1911 оноос Монголын төрд зүтгэж байсан их бичгийн хүн, нэрт эрдэмтэн Ж.Цэвээний тухай олон сонирхолтой баримтуудыг бидэнд үзүүлж тайлбарлалаа. Агийн буриад гаралтай тэрээр Монголын анхны ШУ-ны хүрээлэнг байгуулсан, Монгол Улсын Үндсэн хуулийн гар нооргийг хийж байсан, 1913 оны 3 сарын 6 нд “шинэ толь” нэртэй анхны сонинг гаргаж байсан төдийгүй МАХН-ын мөрийн хөтөлбөрийг ч зохиож байсан аж. Монгол Улсын гадаад харилцааны хүрээнд болсон олон ч гэрээ хэлэлцээрт орчуулагчаар ажиллаж байсан энэ нэрт эрдэмтний 130 жилийн ой энэ жил тохиох гэж буй гэнэ.
5. Бугатын Алтангэрэл /Монгол Улсын Элчин Сайдын Яам/
“Mонголын дипломат албаны түүх”
-Moнголын дипломат алба буюу Гадаад Яам нь1911 оны 12 сарын 29 нд байгуулагдсан тухай өгүүлээд энэ 100 жилийн хугацаанд энэ албанд ажилласан 3 үеийнхний тухай сонирхолтой баримтыг гаргаж тавилаа.  -Эрдэнэ жонон ван  Ширнэндамдин    1921 онд
-СнЗ-ийн 1-р орлогч дарга С.Лувсан     1961 онд
-ГХЯны сайд байсан Эрдэнэчүлүүн      2001 онд  тус тус Монголын дипломат албыг удирдаж байжээ. Гэхдээ энэ хүмүүсийн алба хашсан хугацаань 40 жилийн давтамжтай байсан тухай өөрийн ажиглалтаа бусадтай хуваалцлаа.
6. Цэндийн Гантулга /МУБИС-ийн түүхийн тэнхимийн эрхлэгч, доктор, профессор/
“Шинэ эргэлтийн бодлогын үед дэх Монголын тусгаар тогтнолын олз, гарз”
-Аливаа улс орны хөгжилд алдаа оноо байдагтай адил, олз гарз байдаг тухай өгүүлээд Монголын түүхэн дэх 1930-1940 оны хооронд болсон “шинэ эргэлт”-ийн тухай нилээд нухацтай авч тайлбарлав. Хэлмэгдүүлэлт, дүрвэлт, бичиг үсгийн компанит ажил, Халхын голын дайн, ЗХУ-ын болон Хятадын гадаад бодлогын золиос болж байсан тухай олон ч баримт дурдаад, ямар ч муу зүйл тохиолдож байсан ч байдал эцэстээ монголчуудад ашигтайгаар эргэж байсан тухай ярилаа. Энэ бол Монгол Улсын тусгаар тогтнол юм гэж тэрээр нотолсон.
7. Чунтын Болдбаатар /МУБИС-ийн түүхийн ухааны профессор/
Доржжүгдэрийн Мөнх- Очир /Монголын Үндэсний Аюулгүй Байдлын зөвлөл/
“Дэлхийн дайны тухай, Mонголын оролцоо”
-Шударга дайн” гэж байдаг тухай тэрээр дурдаад  Дэлхийн 1, 2 -р дайны тухай өгүүлсэн юм. Дэлхийн дайны түүхэнд Монгол Улсын оролцсон тухай дурдаад өөрийн үзэл бодлоо хуваалцлаа. Дэлхийн 2-р дайн 1939 оны Халхын голын байлдаанаас эхлээд 1945 оны чөлөөлөх дайнаар дууссан гэж үзэж болох тухай сонирхолтой гаргалгааг хэлнэ билээ. Түүнчлэн хүйтэн дайн болон терроризмын эсрэг дайны тухай өөрийн бодлоо тайлбарласан.
8. Нямхүүгийн Одхүү /МУБИС-ийн докторант/
Баатарын Эрдэнэцэцэг /Үндэсний Түүхийн музеи/
“20-р зууны Монголын нийгэм соёлын өөрчлөлт, бичиг үсгийн реформын үр дүн, зөрчил”
-Үндэсний монгол бичигтэй байсан монголчуудыг албадан хэлбрээр латин болон крилл бичигт шилжүүлсэн явцын тухай яриад үүний сайн муу үр дагаврын тухай өөрсдийн бодлоо хуваалцлаа. Худам монгол бичгийг төрийн албан бичиг болгох хэд хэдэн оролдлогын тухай ч ярьсан.
9. Сосорбарамын Энхцэцэг /МУИС-ийн ОУХ-ны сургуулийн багш/
“Нөөц баялгийн хараал ба Монгол Улсын хөгжил”
-Өдгөө дээр дооргүй уул уурхайгаар амьсгалан, амьсгаадан тэвдэж байгаа Монголын тухай, нөөц баялгийг хэрхэн зөв ооновчтой ашиглаж болох тухай маш дэлгэрэнгүй судалгаан дээр илтгэлээ тавьсан.   -Эдийн засгийн тогтворгүй байдал  /Голланд өвчин/
– Авилгал хээл хахуулын талаар
-Хөрөнгө оруулалтын бодлого
-Хүн амын боловсролын өсөлт гэж ангилан тухай бүрд нь тайлбарлан ярилаа. Эцэст нь тэрээр баялгийг зөв үр дүнтэй ашиглах Төрийн бодлого буюу зөв менежментийн талаар онцлон дурдсан юм. Тэрээр энэ талаарх бусад орнуудын алдаа оноо болон сургамжаас ч өгүүлсэн.
10. Alicia Campi  /President of Mongolia Society, Ph.D/
” Establishing New Trade and Economic Pattern in Democritic Era -the Implications for Mongolia
-Монголчуудад хамгийн элэгсэг ойр дотно хандаж, дэмжиж байдаг тэрээр Ардчиллын үеийн Монголын худалдаа эдийн засгийн шинэ хандлагын талаар өөрийн бодлоо илэрхийллээ.
11. Andrew Colwell /M.A Wesleyen University/
“Creating Musical Encounter in mongolia: Hov Cultural Producers are Introducing Mongol Urlag to the World”
-Ховд аймгийн Чандмань сумаас гаралтай өдгөө Герман улсад амьдарч уран бүтээлээ хийж байгаа хөөмийч Хосоогийн тухай тэрээр нилээд олон зургууд болон баримттайгаар ярилаа.
12. Хотал овогт Лодойгийн Дугаржав /ИнтерМонгол Networк-ийг үүсгэн байгуулагч/
“Гадаадын харьяан дахь Монголчууд ба Монгол улсын хөгжил”
-Өвөр Монгол гаралтай тэрээр үндсэн Монголчуудаас гадна гадаадын Монголчуудын талаарх өөрийн бодлоо хуваалцлаа. Барагцаа тоогоор 9 сая орчим гадаад Монголчууд байдаг тухай дурдаад тэдний талаар Монголын төрийн бодлого байх ёстой гэж үзэж байгаагаа илэрхийлсэн. Улс орноо өргөжин хөгжих хэрээр гадаадад байгаа Монголчуудаа эх орондоо нэгтгэх бодлогыг боловсруулж амжилттай хэрэгжүүлж байгаа Изриаль болон Казахстанаар жишээ авч ярив. Өнөөгийн Монгол орон бусад Монголчуудынхаа хувь заяаг золиослон байж тусгаар тогтнолоо авч үлдсэнийг тэрээр шулуухан бидэнд санууллаа.
13. Буриад Улсаас ирсэн илтгэгч 1913 онд ОХУ-ын Санкт-Петрбург хотод хийд байгуулан амьдарч байгаад Буриадын Ивэлгийн хийдэд суурьшсан Итгэлт хамбын тухай сонирхолтой илтгэл тавилаа. Өдгөө дэлхий нийтийн анхаарлыг татаад байгаа Итгэлт хамбын шарилын тухай, түүний амьдралаас сэдэвлэн гаргасан үзэсгэлэнгүүдийнхээ тухай ярьж бидэнд баримтат кино үзүүлсэн юм.
Энэ удаагийн бага хурлын тухай зохион байгуулагч доктор М.Саруул-Эрдэнэ “Бүх илтгэлүүдийг нэгтгэн авч үзвэл Монголын тусгаар тогтнолын тухай сэдвүүд нь өөр хоорондоо уаялдан холбогдсоор, уул уурхайн баялгийн асуудалд дээр анхааруулга болон тогтлоо” хэмээн дүгнэсэн юм. Бага хурлын төгсгөлд Элчин сайд Х.Бэхбат  “энэхүү хуралд сэтгэл хангалуун байгаа тухай”-гаа яриад ирэх жилийн бага хурал бүр ч илүү өргөн хүрээтэй сэдвийг хамарч илүү олон хүмүүс оролцоно гэдэгт итгэж байгаагаа илэрхийллээ.
Энэ бага хуралд Монголоос зорьж ирж оролцсон эрдэмтэдийн 3 нь МУИС, МУБИС, ШУТИС-ийн тэнхимийн эрхлэгч доктор цолтой хүмүүс байгаа нь хурлын чанар чансааг илтгэх аж. Цаг агаарын таагүй байдлаас болж онгоц саатсан хэдий ч 3 хоногийн бэрхшээлийг шүд зуун давж, онгоцноос буунгуутаа шууд ирж хуралд илтгэл тавьсан Ю. Болдбаатар, Д.Мөнх- Очир нарын эр зориг, хичээл зүтгэлийг үнэлэхгүй байхын аргагүй.
Энэ бага хурлыг зохион байгуулж, хамаг л арын ажлыг амжуулдаг Монгол Соёлын Төвийн хэдэн бүсгүйчүүдийн бэлтгэсэн хоол унд жилээс жилд улам ч амтлаг болж байгаа төдийгүй жилд нэгэн удаа энэ завшаанд эдний гарын хоолыг амталдаг хүмүүсийн тоо олширсоор буй гэнэ. Энэ жилийн хурлыг эртнээс төлөвлөн нэгэн баг болж ажилласан М.Саруул-Эрдэнэ, Б.Алтангэрэл, Д.Мөнх- Очир нарт хуралд оролцогсод талархал илэрхийллээ.
Мэдээж хуралд оролцогсод бие биетэйгээ танилцан, найз нөхөд болцгоож, санал бодлоо чөлөөтэй солилцож байсан төдийгүй бяцxан дуу хуур ч хөгжөөгөөд амжсан. Монгол сургуулийн багш Жаргал шүлэг уншиж олны цөсийг хөөргөөд өгсөн.  Дуучин Саран болон Улаанбаатар Дээд Сургуулийн багш Д.Энхжаргал,  Г.Гэрэлмаа нарын дуулсан дуунууд хүмүүст ихэд таалагдаж, уаяхан заримынх нь нүдийг ч чийглэсэн дээ. Зарим хүмүүс “Улаанбаатар Дээд Сургууль” багш нараа сонгож авахдаа урлагийн үзлэг явуулж байж сонгож авдаг юм болов уу? ” гэлцэн сонирхож байна билээ.
Улсын наадам шиг жил жилдээ олон хүний хүсэн хүлээдэг арга хэмжээ болж буй “Монгол судлалын бага хурал” олон ч залуус болон эрдэмтдийн оюуны чадлаа сорьж, нэгэн зорилгын төлөө дуу хоолойгоо нэгтгэх сайхан боломж болон өргөжиж байна. Үүний төлөө АНУ-д суугаа Монгол Улсын ЭСЯ, Монгол Соёлын Төвийн хамт олонд гүн талархал илэрхийлье.
МОНГОЛ ЗАЛУУСЫН ОЮУНЫ МЭЛМИЙ ТУНГАЛАГ БАЙГ!
Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
2011-05-08
Apr 29

Надад хэлэх үг байна-1″ \Лос-Анжелос\

By gala-admin | ТЭМДЭГЛЭЛ

helehug

ХЭЛЭЛЦСЭН ИЛТГЭЛҮҮД
Энэ өдөрлөгт “НАДАД ХЭЛЭХ ҮГ БАЙНА” гэсэн хаягны дор 6 илтгэл тавигдан хэлэлцэгдлээ.
1. Б.Номинтана  /California International University/
“Боловсролтой монгол иргэн хөгжлийн гарц”

-1 жилийн дараахыг харья гэвэл тариа тарь
10 жилийн дараахыг харья гэвэл мод тарь
100 жилийн дараахыг харья гэвэл боловсрол мэдлэгтэй бол гэсэн зүйрлэлээр илтгэлээ эхэлсэн тэрээр энэ дэлхийн хүмүүсийг боловсролтой ба боловсролгүй гэж ангилдаг тухай өгүүлсэн.
-Одоо монголд сар бүр иргэддээ тарааж байгаа 21 000 төгрөгийн тухайд тэрээр өөрийн бодлоо илэрхийлэхдээ “энэ бол гэмт үйлдэл” гэж шулуухан тодорхойлсон.

Эхлэл…

Лос-Анжелос хотноо болсон монгол оюутнуудын өдөрлөг
…Эрх чөлөөний орон гэгдэх Америк гүрэнд монголчууд зорчих болсоор 20 орчим жил, идэвхтэй суурьшил бий болж эхэлснээс бараг 10 гаран жилийг үджээ. Ажил амьдралын амаргүй нугачаанд арга эвээ олох гэж, өөрсдийн орон зайгаа бий болгох гэж зүтгэсэн мөчүүд ард хоцорч, өдгөө олон ч зүйлд анхаарлаа хандуулан идэвхтэй үйл ажиллагаа явуулах хандлага нилээд сэргэж байгаа нь ажиглагдах болсон. Хүссэн ч хүсээгүй ч энэ хандлага идэвхжил нь гадаадад байгаа монголчуудын томоохон нэгдлийн эхлэл болж буй. Тэд өөрийн ухаарч мэдсэн мэдлэгээ, ойлгож мэдэрсэн туршлагаа, хөгжин дэвжих бодол санаа болон боломжоо бусадтайгаа хуваалцаж, бие биедээ тус дэм болохыг хичээх болж. Энэ бол маш сайн үзэгдэл төдийгүй дэмжин дэлгэрүүлэх сайн үйлс мөн.
4 сарын 23 ны өдөр Лос-Анжелос хотын “Мyako”  зочид буудалд Лос-Анжелос хотын монгол оюутны Холбооноос зохион байгуулсан “Надад хэлэх үг байна” нэртэй өдөрлөг болж өнгөрлөө. Энэхүү өдөрлөгт Лос-Анжелос хотын оюутнуудаас гадна Сан-Франциско, Индиана, Денвер хотоос оюутнууд ирж оролцлоо. Уг арга хэмжээг  АНУ-д суугаа Монгол Улсын ЭСЯ, “Иргэний танхим АНУ”, Лос-Анжелосийн Монголчуудын Холбоо, Америк дахь Монголчуудын Худалдааны танхим, Монгол Улсын ЗГ-ын дэргэдэх “Зөгийн үүр” хөтөлбөр зэрэг байгууллагууд дэмжин оролцжээ.
Хамгийн гол нь Америкт суралцаж байгаа монгол оюутнуудаас гарч байгаа энэхүү санаачлагыг бодит ажил хэрэг болгон дэмжих нь чухал байгаагаас бид очиж оролцсон юм. Үйл ажиллагааг сайн муу гэж дүгнэхээс илүүтэй зөв эхлэлд нь талархаж байлаа.
helehug_4

ХЭЛЭЛЦСЭН ИЛТГЭЛҮҮД
Энэ өдөрлөгт “НАДАД ХЭЛЭХ ҮГ БАЙНА” гэсэн хаягны дор 6 илтгэл тавигдан хэлэлцэгдлээ.

1. Б.Номинтана  /California International University/
“Боловсролтой монгол иргэн хөгжлийн гарц”

-1 жилийн дараахыг харья гэвэл тариа тарь
10 жилийн дараахыг харья гэвэл мод тарь
100 жилийн дараахыг харья гэвэл боловсрол мэдлэгтэй бол гэсэн зүйрлэлээр илтгэлээ эхэлсэн тэрээр энэ дэлхийн хүмүүсийг боловсролтой ба боловсролгүй гэж ангилдаг тухай өгүүлсэн.
-Одоо монголд сар бүр иргэддээ тарааж байгаа 21 000 төгрөгийн тухайд тэрээр өөрийн бодлоо илэрхийлэхдээ “энэ бол гэмт үйлдэл” гэж шулуухан тодорхойлсон. 21 000 төгрөгийг бэлнээр тарааснаас
1.Юмны үнэ нэмэгдэж, инфляци 7% хүртэл өссөн
2.Мөнгөний урсгал гадагшаа буюу Эрээн хот болон АПУ компани руу урсаж байна.
3. Дотоодын нийт бүтээгдэхүүн болон хөгжлийн индексийг бууруулж байна.
Мөн АНУ-д гэхэд индиан хүмүүст сар бүр 1200$, хар хүмүүст 400$ тарааж байгаагаас тэднийг арчаагүй залхуу, бүдүүлэг замбараагүй байдлаасаа болж мөхөх байдалд хүрээд буй хэмээн санууллаа.
-Нэг хүнд сард 21 000 төгрөг өгөхөд жилдээ 252 000 төгрөг болно. 2.7 сая хүнээр тооцох юм бол 680 тэрбүм 450 000 төгрөг болж байна. Энэ мөнгөөр 640 хүүхдийн багтаамжтай 680 сургууль барьж болно, Санта Монико шиг коллежид 1700 оюутныг сургаж болно гэж нотлов.
-Төрөөс ингэж ард иргэддээ бэлэн мөнгө тарааж байснаас ард иргэдийн амьдралаа өөрсдөөр нь босгуулах бодлого баримтлах хэрэгтэй. Багш төвтэй сургалтын тогтолцоог шавь төвтэй сургалтын тогтолцоогоор солих хэрэгтэй байна. “Загас барьж өгөх бус загас барих” аргыг нь зааж сургадаг боловсролын тогтолцоотой байж бид хөгжих болно гэж тэрээр итгэл төгс өгүүлнэ билээ.

helehug_2

2.Д.Жанцанноров  /Diablo Yalley College/
“Уул уурхайн баялгийг иргэддээ зөв хүртээе”

-Монголын хөгжлийн ирээдүй хөдөө нутгаас эхэлнэ. Зун нь ган, өвөл нь зуд болдогоос бас дэд бүтцийн хөгжил муу байгаагаас хүмүүс хөдөөнөөс хот руу нүүдэллэж,  Улаанбаатарын утааг нэмэгдүүлэхэд их ч нэмэр болж байгаа. Улаанбаатарт амьдарч байгаа залууст чөлөөт цагаа зөв сайнаар өнгөрүүлэх боломж нь компьютер тоглоомын газар, баар цэнгээний газрууд л байх болж. Тэдэнд тоглоомын талбай, мэдээллийн төвүүд олноор байгуулж ашиглуулбал сайн гэж тэрээр эхний санаагаа илэрхийллээ.
-Одоо Монголын төрд мөнгө хангалттай орж ирж байгаа. Ядаж эхлээд л хогийн асуудалд анхаарлаа хандуулж хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр байгуулах хэрэгтэй байна. Шил болон цаасны хаягдлыг дахин боловсруулж ашиглах боломж байгаа тухай тэрээр ярьсан юм. Хэрэв энэ асуудалд анхаарч эхэлбэл хүмүүс хог хаягдлаа хаа хамаагүй хаях байдал багасах болно. Энэ нь хүмүүсийг соёлд сургахад ч нөлөөлөх болно.

-Газар тариалан, мал аж ахуйгаа хөгжүүлэх нь монголчуудад хамгийн тохиромжтой болох тухай тэрээр жишээ дурдан өгүүллээ. Энэ нь дэлхийд гайхагдаж байгаа нүүдэлчин соёлоо авч үлдэхээс гадна хөдөөнөөс хот руу суурьших хөдөлгөөнийг ч бий болгоно гэдэгт тэрээр итгэлтэй байв. Аливаа улс орон үндсэний үйлдвэрлэлээ дэмжиж байж хөгждөг тухай тэрээр сануулаад G-Mobile-ээр жишээ татна билээ.
-Хог шатаагаад цахилгаан гаргадаг эвсээрхэн машин байдаг тухай дурдаад хөдөө сумдад үүнийг ашиглавал зүгээр гэж өгүүлсэн. Бас үүнийг судлах тухай ч санаагаа цухалзууллаа.
-Санхүүгийн чиглэлээр суралцаж байгаа тэрээр нилээд хугацааны дараа өөрийн төрсөн нутаг болох Завхан аймгийн Түдэвтэй суманд очиж ажиллан хөгжилд нь нэмэр болох тухай мөрөөдлөө ч ярьсан. Бас Монголын хөдөөгийн бүх замыг МАP-жуулах алсын мөрөөдлийн тухай ч бас өгүүлнэ билээ.

helehug

3. Ж.Өнөрбаяр  /Santa Monica College/
“Боловсролын шинэчлэлд оюутны оролцоо”

-Moнголын сургуульд бидний өмнөөс сонголт хийдэг. Ямар хичээл судлах, тэр хичээлийг хэн гэдэг багш заах, хэдийд хичээллэх хуваарь, ямар өрөө тасалгаанд хичээллэхийг хүртэл сургуулийн захиргаа бидний өмнөөс сонгон шийддэг. Энд тухайн оюутны ямар ч сонголт байдаггүй болохоор оюутнууд яг л утсан хүүхэлдэй мэт болдог. Энэ бол оюутны ардчилал байхгүй байгаагийн тод илрэл хэмээн тэрээр итгэлтэй нотлов.

-Америкийн сургуулиуд оюутнууддаа ямар сонголт өгдөг тухай тэрээр маш олон жишээн дээр сонирхолтой байдлаар өгүүллээ.
1. Оюутнууд судлах хичээлээ хэрхэн сонгох
2. Хичээллээх цаг хугацаагаа хэрхэн сонгох
3. Хичээл заах багшаа хэрхэн сонгох
Сонголтууд чөлөөтэй байдаг болохоор багш нар өөрсдийгөө сурталчлах, өөрийн чадвар боломжоо бусдад санал болгох, өөрийнхөө тухай мэдээллийг байршуулах зэргээр ил тод өрсөлдөөн явагддаг тухай түүний яриа нилээд сонирхолтой байсан.
-Америкт суралцаж байгаа оюутнууд зөвхөн хичээллэх бус өөрсдийгөө хөгжүүлэх маш олон боломжууд байдаг тухай тэрээр өгүүлээд “Оюутны хөгжлийн цаг”-ийн тухай дэлгэрүүлэн ярьсан юм. “Оюутны хөгжлийн цаг”-нь оюутнуудад өөрсдийгөө илэрхийлэх, адил үзэл бодолтой найз нөхөдтэй болж хамтдаа хөгжих, нийгэмд хэрэгтэй олон үйл ажиллагааг өөрсдөө санаачлан зохион байгуулах боломж олгодгоороо маш их ач холбогдолтой зүйл аж. Энэ нь бас оюутнуудыг багаар ажиллаж сурахад их ч түлхэц өгдөг аж. Ер нь өндөр хөгжилтэй орнуудад тухайн мэргэжилтний багаар ажиллах чадварт ихээхэн ач холбогдол өгдөг нь тохиолдлын зүйл биш ажээ.

-“Оюутны Засгийн Газар”-ын тухай өгүүлэхдээ сонгох, сонгогдох эрх болон сургуулийн үйл ажиллагаанд оюутнууд хяналт тавих, өөрсдийн зөв сайн үйл ажиллагаагаа дэмжүүлэх боломжуудын талаар олон ч жишээ өгүүлнэ билээ. Сургуулийн төлбөрийн асуудал энд нээлттэй байдаг бол Монголд “улсын нууц” шахуу боллдог тухай дурдаад, төлбөрийнхээ 1%-ийг номын сангийн фондод зарцуулж байх шаардлагааар жишээ авсан юм. 3000 оюутантай МУИС- жилийн 800 000 төгрөгийн төлбөртэй байна гэхэд түүний 1% болох 2 400 000 төгрөг номын санд зарцуулах боломжтой болно. Төлбөрийн зарцуулалт нь тодорхой, ойлгомжтой байгаа нөхцөлд оюутнуудаас ямар ч сайхан санаачлага гарч болох тухай тэрээр санал болгон ярьсан юм.
-Эцэст нь тэрээр монголд ч сайн багш бас муу багш байдгийн адилаар Америкт ч сайн бас муу багш нар байдаг тухай дурдаад хамгийн гол алхам нь “оюутны ардчилал” юм гэдгийг санал болгож байв. Тэрээр  “Оюутны ардчилал ба Америкт суралцсан тэмдэглэл” номоо бичиж дуусгаад удахгүй хэвлэлд шилжүүлэн оюутнуудад хүргэх гэж байгаа аж. Яг энэчлэнгээр бусад орнуудад суралцаж байгаа найз нөхөддөө санал болгож ийм төрлийн олон ч ном болгон мэдээлэл гаргаж байвал Монголын боловсролын тогтолцоог сайжруулахад их хувь нэмэр болно гэдэгт итгэлтэй байлаа.

helehug_3

4. Э.Дөлгөөн   /University of California/
“Америк vs Монгол оюутнууд”
-Moнголоос ирээд Америкийн дунд сургуульд суралцаж байсан тэрээр Америк ба монголын сургуулиудыг харьцуулсан байдлаар ярьж байлаа. Дунд сургуулийн хичээлийн цаг Америкт 1 цаг байдаг бол монголд 40 минут байдаг. Яг үнэндээ 40 минутад юу ч хийж амжихгүй шүү дээ.
Түүнчлэн сурагчид болон оюутнуудыг сургууль дээр байх цагийг нь ихэсгэх талаар ч анхаарах хэрэгтэй юм гэж жишээ авсан.

Монголд  өглөөний 8 цагаас өдрийн 1 цаг хүртэл
Америкт өглөөний 8 цагаас өдрийн 3 цаг хүртэл
Хятадад өглөөний 7 цагаас  оройн 5 цаг хүртэл  сургууль дээрээ хичээллэдэг гэнэ. Мэдээж сургууль дээр байх цаг бол цаг нөхцөөх бус бага ч гэлтгүй зүйлийг сурч мэдэн, дадлагажих боломжийг өгүүлж байгаа хэрэг.
-Монголд сурагчдад сонголт өгдөг байгаасай гэж тэрээр өгүүлээд Америкт байдаг ийм боломжийн талаар нэмэлт жишээ авсан юм. Албадах байдлаар сургалт явуулах нь сурагчдад өөрийгөө хөгжүүлэх боломж олгодоггүй төдийгүй, бусдыг аялдан дагалддаг муу зуршилд сургаж байгаа аж. Ер нь хүүхдүүд өөрийн авьяас сонирхлыг багаасаа мэдэрч өөрийгөө хөгжүүлэх олон сайн дурын үйл ажиллагаа явуулах нь хувь хүний хөгжилд сайн үр нөлөөтэйг дурдана билээ.
-Дунд сургуульд ч сонирхлын олон бүлгүүд бий болж олон сайн зүйлийг санаачлан хэрэгжүүлэх нь сайн үйл болдог тухай жишээ авч ярилаа. АНУ-д далайн эргийн хогийг цэвэрлэдэг клуб байдаг гэнэ. Тэд хичээлээс гадуур цуглан далайн эрэг хавийн газруудын хогийг цэвэрлэдэг гэнэ. Уламжлал болосн энэ үйл ажиллагаа нь нэр хүндийн баталгаа болж олон ч хүүхдүүд энэ клубт элсэн үйл ажиллагаанд нь оролцохыг хүсэх болж. Ийм санаачлагын клубууд нь цагаа төлөвлөж, зөв сайнаар ашиглаж сурахад хүүхдүүдэд сайнаар нөлөөлдөг аж.
-Мөн АНУ-д IP class /гүнзгийрүүлсэн сургалт/ байдаг тухай дурдаад Монголд ийм сургалтыг жинхэнэ боломжоор нь хөгжүүлбэл маш сайн үр дүнд хүрнэ гэж нотоллоо.

5. Д.Жанцанхорол   /Diablo Yalley College/
“Америк дахь Монголчуудын 2-р үе ба Монгол нийгэм”

-Moнголчуудын гадаад руу нүүх нүүдэл бараг 20 жилийн өмнөөс эхэлж идэвхтэй суурьшил бий болоод 10 гаруй жил болж байна. Энд хүүхдүүд нь төрж, бага наснаасаа ирсэн зарим нь нас биед хүрч үндсэндээ 2-р үе эхэлж байна гэж тэрээр тэмдэглэлээ. Тэдний хийсэн судалгаа, санал асуулгаас харахад Монголдоо буцна гэсэн хандлага 15-аас дээш насныханд байхад 15-аас доош насныхан Монголд буцахгүй гэж хариулдаг гэнэ.
-Тийм болохоор Монгол соёлын төв болон нийгэмлэг олноор байгуулагдан тэдэнд монгол хэл соёл, зан заншлаа зааж сургах нь их чухал болохыг дурдсан юм. Бас Монголыг сурталчлах монгол хүн гэдгээрээ бахархах бахархлыг төрүүлэхэд ч их анхаарах цаг болсныг хэлж байсан юм. Энэ талаар Америкт ажиллаж байгаа эрдэмтэн Ш.Баатарын гаргаж байгаа монгол хүүхдүүдэд монголын түүх соёлыг судлуулах стандарт их сайн зүйл мөн гэж онцлон тэмдэглэв.
-Америкт суралцаж байгаа монгол оюутнуудад хамгийн гол тулгамдаж байгаа асуудал нь сургалтын төлбөрийн асуудал гэдгийг тэмдэглээд энэ талаар нэг биш зүйл хийх гэж оролдсон тухайгаа ярьсан юм. Чанартай боловсрол өндөр үнэтэй байдаг гэдэгчлэн сайн сурахын тулд бас их цаг зав зарцуулах тухай ч сануулж амжив.
-Америкт ирж суралцах хүсэлтэй байгаа оютнуудад зориулан зөвлөмж бэлтгэж, ТВ шоу нэвтрүүлэг бэлтгэж байгаа тухайгаа ч ярилаа. Тэдний гол хүсэл нь өндөр боловсрол мэдлэг эзэмшихийг хүсч байгаа монгол залуустаа “бусдын алдааг давталгүйгээр, өмнөө зорилготойоор хамтдаа урагшлах”-ыг уриалан, туслах явдал юм байна. Тийм ч учраас Америк дахь Монголчуудын 2-р үе илүү оюунлаг байж илүү боломжинд хүрээсэй гэж тэд хүсч бас боломжоороо чадах зүйлээ хийж байгаа аж.

6. Д.Мөнхтүвшин  /California state University-Northridge/
“Модны үндэс”

-Oдоо үед залуусыг байртай, машинтай, ажилтай болгоё гэж асуудлыг тавиад байдаг. Энэ бол зөвхөн хэрэглээ. Тухайн нийгэмд ажиллаж амьдарч чадах хувь хүмүүсийг бэлтгэх асуудлыг огт ярихгүй байна. Хувь хүний хүмүүжил гэдэгт
1. Хувь хүний дотоод хүмүүжил
2. Сургуулиудын олгож буй боловсрол
3. Зөв иргэн төлөвшихэд нийгмийн үзүүлж буй  нөлөө маш их үүрэгтэй гэдгийг онцлон ярьсан юм.
-Монголчууд бид ямар ч ажлыг эхлүүлж чаддаг хэрнээ дунд нь ямар ч хяналт тавьдаггүй мөртлөө шууд үр дүнг шаарддаг муу зуршилтай. Хүүхдээ сургуульд оруулаад яаж сурч байгаад нь хяналт тавьж туслахгүй атлаа “онц” сурсангүй гэж зэмлээд бараг зодох шахуу юм болдог жишээг авч хөгжилтэй ярьж байлаа. Яг үүнтэй адилаар бүх салбар болон нэгжид  тэр ч бүү хэл улстөрд ч ийм үзэгдэл давтагдаж байгааг дурдаж байсан юм.

-Аливаа мод үндэснээсээ эхэлж ургадагийн адилаар эцэг эхчүүд хүүхдийнхээ хүмүүжил төлөвшилд маш их үүрэг гүйцэтгэдэг. Гэтэл өнөөгийн эцэг эхчүүд өөрсдийгөө завгүй байна, ядарч байна гэдэг шалтгаанаар хүүхдүүддээ цаг гаргаж, хамт байхгүй байгаа тухай нилээд хурцаар шүүмжилнэ билээ. Хүүхдэдээ анхаарал тавьж, цаг гарган сайнаар нөлөөлөхгүй бол модны үндэс сайн ургахгүй, үүнээс болж буруу муу зуршилд автаж, зөв бие хүн болон төлөвшиж чадахгүй гэдгийг нилээд сайн хөндсөн.
-Хувь хүн зөв нийгэмшиж, зөв төлөвшихэд нийгмийн тогтолцоо их үүрэгтэй. Өнөөдөр Улаанбаатар хотоор дүүрэн баар цэнгээний газрууд байгаа. Тэд яагаад оршин тогтноод, ашигтай ажиллаад байна вэ? Монголчууд эрүүл байх ёстой. Гэтэл тэд мөнгөө төлөөд л өвчин худалдаж аваад байна шүү дээ. Ер нь хөгжсөн хүн гэж хэнийг хэлэх вэ? гэдгийг бид олон талаас нь харах хэрэгтэй болж байна.
-Монголчууд оюун санааны асар өндөр IQ-тэй хүмүүс. Энэ дэлхийн хаана ч суралцаж, диплом авч чадаж байна. Мундаг газруудад ажиллаж байна. Харин бидний муу тал нь ажил хийж сураагүйд байна.  Бидний муу тал нь:
шантрамтгай
архи уудаг
ажлаа тасалдаг
ёс суртахуунгүй
Тэгэхээр бид сурч чадаж байгаа шигээ ажиллаж чаддаг болох хэрэгтэй байна.
-Хувь хүнд хүмүүжил олгодог сургууль байгуулья. Залуус бид өөрсдийгөө хайж олж, хөгжүүлэх хэрэгтэй байна.  Ном уншихгүй байна. Би энэ зун монголдоо очоод 1000 оюутанг ном уншуулах хөдөлгөөн өрнүүлнэ. 1 хүнийг хүмүүс дагадаггүй, гэтэл 10 хүнийг дагаж эхэлдэг. Бид бас өнөөгийн нийгмээсээ сайн зүйлийг нь олж харж дэмжье л дээ.
Залуус өөрийгөө сонс. Өөрийнхөө төлөө санаа тавь, бас өөрийгөө хөгжүүл.

ЭНЭ БҮХЭН ЭХЛЭЛ БАЙЛАА
Юуны өмнө Америкт суралцаж байгаа монгол оюутнуудын ийм өдөрлөгийг санаачлан зохион байгуулсан Лос-Анжелосийн монгол оюутны Холбооны тэргүүн Э.Мөнх-Өргөө тэргүүтэй баг болон Лос-Анжелосийн Монголчуудын Холбооны тэргүүн Д.Мөнхзүл, түүний багт талархаж байнаа. Алив ажлын эхлэл болгон амаргүй болохоор учиргүй магтаад, тэгтлээ шүүмжлээд байх зүйл үгүй. Харин энэ бол маш их ирээдүйтэй эхлэл мөн.
Энэхүү уулзалтын дараа Америкт суралцаж байгаа Монгол оюутнуудын нэгдэл бий болгох, тэдний мэдээллийн санг бий болгож бусдад сурталчлах, өөрсдөө санаачлан олон ажил хэрэг зохион байгуулж болох тухай зөндөө л зүйл яригдлаа. Албан бус “зангиагүй” уулзалтын чин сэтгэлийн ярианаас энэхүү уулзалтад оролцогсод өөртөө хэрэгтэй маш олон сайхан санаа болон мэдээлэл, бас урам зориг олж авсан гэдэгт итгэж байна.

-Лос-Анжелос , Сан-Франциско, Денвер хотуудын Монгол Оюутны Холбооныхонтой уулзаж ярилцаж байхад, тэд Америкт суралцахаар ирж байгаа болон дунд сургууль төгсөөд Их, Дээд сургуулиудад элсэн суралцаж байгаа оюутан залуустаа өөрсдийн туршлагаа хуваалцаж, хэрэгтэй зөв мэдээллийг өгч хэрээрээ тусалж дэмжих ажлыг хийж эхэлж байгаа юм билээ. Денвэр хотод үйл ажиллагаа явуулж байгаа  Global Reach Inc- байгууллагаас Америкийн их дээд сургуулиудад монгол оюутныг бэлтгэх сургалт зохион байгуулж байгаа нь нилээд үр дүнгээ өгч байна.
-Америкт суралцаж байгаа Монгол оюутнуудад тулгарч байгаа хамгийн хүндрэлтэй асуудал нь сургалтын төлбөрийн асуудал байдаг. Тэдний зарим нь Монголын Төрийн сангийн зээлээр суралцаж байхад, нөгөө нэг хэсэг нь өөрөө ажил хийж сургалтын төлбөрөө төлдөг, харин зарим хүүхдийн эцэг эх нь ажил хийж төлбөрийг нь төлж байх жишээтэй. Гэхдээ үүнийг сайн боловсролын төлөө өмнөө зорилго тавьж өөртөө хөрөнгө оруулалт хийн, өөрийгөө хөгжүүлж байгаа маш сайн үзэгдэл гэж үзэхээс өөр яах билээ. Тэд өөрсдөө хичээж өөрсдийгөө хөгжүүлж байна. Tэд хатуу бэрхийг өөрсдөө даван туулах тусмаа өнгө орон гялалзаж байгаа.

-Харин тэдний санааг хамгийн ихээр зовоож байгаа асуудал нь сургуулиа төгсөөд ажлын байртай болох явдал. Тэдний ихэнх нь өөрийн сурч мэдсэнээ Монгол орныхоо хөгжлийн төлөө зориулах их эрмэлзлэлтэй байгаа. Энэ асуудлыг олон нийтэд зөв сайнаар гаргаж сурталчлах, зөв сайн шийдэл олохын тулд “Гадаадад суралцаж байгаа монгол оюутнуудын мэдээллийн сан”-г бий болгох явдал юм. Энэ талаар энэхүү уулзалтад оролцсон зарим хүмүүс санаа нэгдэн, бодит ажлын санаачлан хийж эхлүүлэхээр ярилцсан. Удахгүй тэдний хийж эхэлж байгаа бодит ажил хэрэг мэдрэгдэх байх.
-Өдгөө болтол тэгтлээ хөндөгдөөгүй байгаа гадаадын олон оронд суралцаж байгаа монголын оюутан залуусын талаар Монголын төрөөс анхаарч, баримталж болох бичиг баримтыг боловсруулан Монголын Төрд хүргүүлэх талаар ч бас ярилцсан. Тэд ямар нэгэн зүйл шаардах биш “Бид ийм асуудлыг өөрсдөө шийдэж чаднаа. Харин ийм асуудалд Монголын Төрийн оролцоо зайлшгүй хэрэгтэй байна” бодит санал дээр тулгуурлан тавих юм. Уулзалтад оролцогсод Монгол орныг уул уурхай биш, оюунлаг, өндөр боловсролтой залуус хөгжүүлэх болно гэдэг үзэлтэй санаа нэг байсан.
-Энэчлэнгээр зөвхөн Америкт төдийгүй гадаадын өндөр хөгжилтэй орнуудад суралцаж байгаа монгол залуус өөр хоорондоо нэгдэн олон төрлийн ийм арга хэмжээ, ажил хэрэг уулзалт зохион байгуулах биз. Өнөөгийн монголын оюунлаг залуус маань хаа нэгтээ уулзаж ууж наргих биш санаа бодлоо хуваалцаж, санаачлага зүтгэлээ нэгтгэж байваас Монгол орны хөгжлийн ирээдүй маш сайнаар гэрэлтэж харагдах болно. Яагаад гэвэл ирээдүйн монгол орны зөв сайн хөгжлийн бодлогыг эдгээр залуус тодорхойлж, удирдан чиглүүлэх болно.
Тэд энэ арга хэмжээгээ жил бүр уламжлал болгон явуулахын тулд ирэх жил Сан-Францискод зохион байгуулахаар боллоо. Мэдээж ирэх жилийн арга хэмжээ илүү боловсронгуй, илүү олон оюутнуудын оролцоотой, илүү үр дүнтэй болно гэдэгт итгэж байна.

ТӨГСГӨЛ
Өнгөрсөн зун Америк даяар шуугиан дэгдээж байсан J-1 визний талаар буюу “Оюутан солилцооны хөтөлбөр”-ийн талаар асуудал хөндөн Монголоос ирсэн оюутнуудтай уулзаж ярилцаж явахад бидэнд их ч зүйл ойлгогдсон. Тэдэнтэй ярилцаж, тэдний яриаг сонсож, тэдэнтэй ойлголцож байхад ямар сайхан урамтай байсан гээч. Хэдийгээр бидний санаачлага оролдлого тэгтлээ үр дүнд хүрээгүй ч, мөнөөх компаниуд огт халшрахгүйгээр дахиад л “уламжлалт” ажлаа хийж байгаа ч, бид одоо өсч өндийж байгаа Монголын залуусыг харахдаа баярлахгүй байхын аргагүй.
Лос-Анжелосийн энэ арга хэмжээнд оролцож байхад надад мөнөөх л итгэл найдвар дахин мэдрэгдэж байлаа. Тэд ямар ч амбицгүйгээр чин сэтгэлээсээ ярьж байлаа. Тэдэнд бусдад зусардан саймшрах, хэн нэгэнд таалагдах гэж жүжиглэх, хэн нэгнээс хооосон магтаал сонсох ямар ч хүсэл үгүй. Өөрсдийн ирээдүйдээ итгэлтэй байгаа тэдний төрх, надад хамгийн сайхан санагдсан. Аргагүй шүү дээ. Тэд дэлхийн хэмжээнд суралцаж, дэлхийн хэмжээнд сэтгэж байна.
Америкийн Бостонд саяхан монгол оюутнуудын уулзалт болж өнгөрсөн.
Энэчлэнгээр хаа сайгүй монгол оюутнууд “ХЭЛЭХ ҮГ”ээ хэлж дуу хоолойгоо нэгтгэж байна. Энэ бүхэн хүчит давалгаа болж Монголын ирээдүй болсон залуусыг сэргээн, “эх” болсон Монгол орныхоо зөв сайн хөгжлийн төлөөх оюуны дуудлага болох болно. Харин тэдэнд зөв сайн дэмжлэг л хэрэгтэй байгаа.
ЭРДЭМ УХААН ДЭЛГЭРЧ, ЭРҮҮЛ СЭТГЭЛГЭЭ БАДРАГ!

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
2011-04-29

Apr 28

Денверийн монгол сургууль

By gala-admin | ТЭМДЭГЛЭЛ

Childrens_Talent_18

Дархан манай тусгаар улс
Даяар Монголын ариун голомт
Далай их дээдсийн гэгээн үйлс
Дандаа энхжиж үүрд мөнхжинө
…Сургуулийн танхимд байрлах Монголын төрийн далбааны өмнө гараа цээжиндээ авсан хүүхдүүд багшийнхаа удирдлагаар  ямар их хүндэтгэл, бахархалтайгаар Moнголын төрийн дууллыг дуулсан гээч.  Америкийн төв хэсэгт сүрлэг уулсын дунд орших, залуухан цэмцгэр Денвер хотын монгол сургуулийн хичээл эхэлж буй нь энэ.  Өдгөө Америкт төдийгүй гадаадын олон орны, монголчууд олноор суурьшсан хотуудад монгол сургуулиуд байгуулагдан үйл ажиллагаагаа явуулдаг болсоор багагүй хугацааг үдэж буй.
Энэ бол Монголын боловсролын салбарт орж ирж буй цоо шинэ үзэгдэл. Амаргүй хэдий ч буянтай энэ үйлсэд сэтгэл зүрх болон цаг заваа зарцуулан зүтгэж буй хүмүүсийн тухай бичих бодол миний сэтгэлийн мухарт нилээдгүй хугацааг үдсэн. Гадаадад ажиллаж амьдарч байгаа монголчууд энэ үзэгдэлд янз бүрээр ханддаг хэдий ч энэ хүмүүсийн жаргал болон сэтгэлийн шаналлыг тэгтлээ анзаардаггүй.  Денвэрийн  монгол сургууль дээр нэгэн өдрийг тэдэнтэй хамт өнгөрүүлэхдээ энэ сургууль нь Америкт байгуулагдсан анхны монгол сургууль гэдгийг сонсоод ихэд бэлэгшээлээ.

Нэг. Денверийн монгол сургууль
-Энэ сургууль 2006 оны 8 сарын 12 нд нээлтээ хийж, 2007оны 6 сард анхны төгсөлтөө хийжээ. Байгуулагдаад бизнесийн зориулалттай байранд хичээллэж байгаад өнгөрсөн жилээс сургуулийн зориулалттай байранд хичээллэж байгаа. Хичээлийн зориулалттай өрөө тасалгаа, бага насны хүүхдийн тоглоомын өрөө болон гадаах тоглоомын талбайтай болохоор хүүхдүүд их л дуртай байх аж.
-Хичээлийн жил нь 8 сараас 6 сар хүртэл 37 долоо хоног үргэлжилнэ. Эхний улирал нь 16-17 долоо хоног, сүүлийн улирал нь 20 долоо хоногт багтдаг. Тийм болохоор цагаан толгойн 35 үсгийг заахдаа хүртэл өөр аргачлалаар заах хэрэгтэй болно гэсэн үг. Түүнчлэн энэ хугацаанд амжиж бүх л зүйлийг сургахын тулд Монголын сургуулиудаас огт өөр хөтөлбөр, аргачлал хэрэгтэй.  Тэд жил бүрийн 5 сарын 25 нд “Эрдмийн баяр” аа хийж жилийн ажлаа дүгнэн, дараа жилийн ажлаа төлөвлөдөг аж.
-Өөрсдийн боломж нөхцөлдөө тааруулан сургалт явуулаж анги бүлгээ сонгоно. Эдний сургууль
1. Сургуулийн өмнөх насны хүүхдийн анги
2. Цэцэрлэгийн бэлтгэл анги
3. Цагаан толгойн бага анги
4. Дунд анги
5. Ахлах анги
6. Монгол хэл эхлэн суралцагч гадаад хүмүүсийн ангиудтай юм.
Эдгээр ангиудад 6 багш хичээл зааж, оюутнууд болон ахлах ангийн зарим сурагчид туслах багшаар ажилладаг.  Сургуулийн захирал, эцэг эхийн зөвлөл, санхүү аж ахуй хариуцсан ажилтан, сургуулийн мэдээлэл болон сонинг хариуцсан ажилтнууд ч эдний багт багтдаг аж. Мэдээж энэ хүмүүс өөрийн ажил амьдралын зав боломжоороо сэтгэл зүрхээ зориулан
ажилладаг.

Childrens_Talent_06

-Хичээлээс гадуур зохион байгуулагддаг олон ажлууд нь монгол хүүхдүүдийг монгол урлаг соёл, ёс заншил, монгол сэтгэлгээнд сургахад чиглэгддэг. ” Алтан Hамар” урлагийн наадам, “Аaв ээж би”  спортын өдөрлөг, Хулууны баяр, монгол хүүхдийн шинэ жилийн баяр, уламжлалт цагаан сарын баяр, монголын соёлийг сурталчлах өдөрлөгүүд нь хүүхдүүдийн хүсэн хүлээдэг, өөрийгөө нээж бусaддаа харуулах, хамтдаа хөгжих боломж нь болдог аж. Жил бүрээр уламжлал болгон явагдах энэ арга хэмжээнүүд нь жилээс жилд өргөжин сайжирч, илүү сонирхолтой хэрэгтэй санаануудаар баяжина.  Шинэ жилээр өвлийн өвгөн, цасан охин, ан амьтад, алиалагчтай, цагаан сараар тавгийн идээгээ засаж, цагаан идээ бэлтгэж, монгол ёс заншлаа зааж сургахаас гадна монгол шагайн наадаан хүртэл бoлдог гэнэ.
Бас урд жилүүдэд жил багш нар нь хүүхдүүддээ зориулж зохиолч Д.Содномдоржийн “Норовын намтар” зохиолоор жүжиг тоглосон бол, өнгөрсөн жилд “Чоно ба долоон ишиг” үлгэрээр “эрдмийн баяр” дээрээ хүүхдүүд нь өөрсдөө жүжиг тоглосон байна. Энэ бүхэн монгол хүүхдүүддээ бага боловч монголоор сэтгэж, монгол хэлээрээ ярьж сурах,  монгол ахуйтай танилцахад тус дөхөм болдог аж.
-Сургуулиа анхнаас нь эмх цэгцтэй, албан ёсоор авч явахын тулд монголын сургуулиудад шаарддаг баримт бичгүүдийг хэрэглэж байгаа нь надад сонирхолтой санагдсан.
1. Сургуулийн дотоод дүрэм журам
2. Албан бланк, лого
3. Сурагчийн дүрэм
4. Эцэг эхчүүд болон багш нартай байгуулсан гэрээ
5. Сурагчдын болон багш нарын бүртгэл судалгаа
7. Хичээлийн журнал
8. Бүх ажлын нарийвчилсан төлөвлөгөө
9. Хичээлүүдийн хөтөлбөр
10. Хичээлийн хуваарь
11. Сургууль төгссөн үнэмлэх
12. Хариуцлагатай жижүүрийн тэмдэглэл
13. Эцэг эхийн зөвлөлийн ажил   гэхчилэн.
Childrens_Talent_10

Эдгээр бүх бичиг баримтууд өөрсдийн хавтастайн зэрэгцээ сургуулийн түүхийн альбом их сонирхолтой байлаа. Сургуулийн бүх л үйл ажиллагааг хичээлийн жил бүрээр баримтжуулан альбом хийсэн нь нэг ёсны тайлан, нөгөө талаар бол албан баримт, түүх болон үлдэх аж.
Дүүрэн захирлын гэр бүлийн хүн нь энэ альбомыг хийж тусалдаг төдийгүй “Монгол сургуулийн мэдээ” нэртэй 7 хоног тутмын хэвлэмэл сонинг нь хэвлэж гаргадаг гэсэн. Энэ сонин одоогоор 20 дугаар гарсан байлаа.
-Америкийн сургуулиудад сурагчийн дэвтэр хэрэглэдэггүй бол монгол сургуулийн хүүхдүүд анхнаасаа элементийн дэвтэр дээр бичмэлээр бичиж сурч байгаа нь их сайхан байлаа. Энэ нь хүүхдүүдийг цэвэр нямбай байх хүмүүжил олгохын зэрэгцээ, гоё сайхан бичиж сурахад их ч сайнаар нөлөөлж чаддаг гэж эцэг эхчүүдийн ярьж байсантай санал нэг байна. Монгол хэлний түргэн хэллэг, зүйр цэцэн үгсийг цээжлүүлдэг нь хүүхдүүдэд хүмүүжлийн их ач холбогдолтой байж чаддаг гэнэ. Тэд зүйр цэцэн үгийг эхлээд зүгээр л цээжилсэн байснаа аажимдаа ухаарч ойлгодог тухай хөгжилтэй жишээнүүдийг надад ярьж өгөв.
Хүнийг хайрлах, аав ээжийгээ хайрлах, эх орноо хүндэтгэн хайрлаж сургахад  орчин их нөлөөтэй байдаг тухай тэд ярьж байв. Иймд энэ сургуулийнбагш нар хичээлээ эхлэхдээ монголын төрийн дууллыг дуулж, их зохиолч Д.Нацагдоржийн “Mиний нутаг” хэмээх алдарт шүлгийн “Өсөхөөс сурсан үндэсний хэл мартаж болшгүй соёл,
Yхтэл орших төрөлх нутаг салж болшгүй орон” хэсгийг
“Сурагчийн тангараг” хэмээн нэгэн дуугаар уншиж, хичээлийн дараа монгол дуу, шүлгээ сурцгаадаг юм билээ.

Хоёр. Сургуулийн захирал Цэгмэдийн Энхдүүрэнгийн яриа
Г.Галбадрах- Таны үндсэн мэргэжил тань юу болох, хаана ажиллаж байсан тухайгаа товч ярьж өгнө үү?
Ц.Энхдүүрэн-  Би хуульч мэргэжилтэй. 1983-1988 онд МУИС-ийн хуулийн aнгийг аспирантурт шууд элсэх зөвлөмжтэй төгссөн.. “Монголын хууль цаазын түүх”-ээр судалгаа хийж хэд хэдэн бүтээлээ хэвлүүлсэн л дээ. ШУА-ийн Tөр Эрх Зүйн Хүрээлэнд ажиллаж, сүүлд нь МУИС-д багшилж,  энд ирэхээсээ өмнө ХЗДС-ийн гадаад харилцааг хариуцан ажиллаж байлаа. Монголын хууль цаазын түүхийг судлахын хажуугаар монголын хуулийн төслүүд дээр орчуулгын чиглэлээр ажиллаж байв. Энэ хугацаанд монголын хууль цаазын салбарын олон үеийн сайхан эрдэмтэд, хамгийн чадварлаг хүмүүстэй хамтран ажиллаж, тэднээс суралцаж байсандаа би одоо хэр нь бахархаж явдаг.Харин АНУ-д бол Коларадагийн Их Сургуульд Төрийн удирдлагаар мастерийн зэрэг хамгаалсны дараа MetroState College-д багшийн мжэргэжлээр суралцаж төгслөө.
Г.Галбадрах-  Денверийн Mонгол Сургуулийг байгуулах болсон тухайгаа ярьж болох уу?
Ц.Энхдүүрэн-  2006 онд Колорадагийн Монголчуудын холбооноос  “Монголын Нууц Товчоо”- бүтээлээр хүүхдүүдэд хичээл зааж өгөөч гэж надаас хүссэн юм. Үүний дараахaн л Mонгол Сургууль байгуулагдсан л даа. Үүнээс урд бид монголчуудынхаа дунд хэсэгчилсэн судалгаа хийж, энэ талаар санал асуулга явуулж байсан. Энд миний үндсэн ажил хүүхдүүдтэй холбогдоод удаж байна. Угаасаа багш хүн болохоор монгол хүүхдүүд маань бусад үндэстнүүдийн адилаар эндэхийн соёлд амархан уусч байгааг хараад сэтгэл эмзэглэхгүй байхын аргагүй. Денверийн сургуулиудад багшилсан туршлагаасаа харж байхад, бидний үр хүүхдүүд эх хэлээ мартахгүй, үргэлжлүүлээд сурах ямар нэгэн орчин байх хэрэгтэй юм байна гэж өөрийн эрхгүй бодож байлаа. Ингээд Монголчуудын Холбооны дэмжлэгээр манай сургууль анхны хичээлээ эхэлж байснаас хойш таван жил өнгөрчээ. Ер нь монгол хүүхдүүддээ монгол хэл, соёлоо зааж сургах нь Америк оронд олон жил амьдарсаны хувьд миний их хүсэл байлаа. Тэр нэгэн зун надад Америкт байгаа монгол хүүхдүүдэд монгол хэл, соёл, зан заншлаа зааж сургах хүслээ биелүүлэх тохироо бүрдсэн хэрэг. Үүнийг энгийнээр хэлбэл жирийн нэгэн монгол эх үр хүүхдийнхээ төлөө чадах зүйлээ хийж яваа гэлтэй, харин гүнзгий утгаар авч үзвэл энэ жижигхэн сургуулийн хамт олны үйл ажиллагаа нь Монгол Улсын ирээдүйн тусгаар байдлыг бэхжүүлэхэд тус нэмэр болоод зогсохгүй  дэлхийн соёлд Mонголчуудын оруулж байгаа хувь нэмэр юм даа. Дэлхийн түүхэнд мөхсөн хэл соёл мянга мянгаараа бий. Тэдний нэгэн адил, зуу зуун саяар тоологдохгүй3 сая орчим хүн амтай бидний эх хэл соёл дэлхийн бусад хэл соёлд уусан алга болоход тун амархан. Одоо бодоход Mонголд ажиллаж, Америкт ажиллаж амьдарсан он жилүүд намайг үүнд л бэлтгэж байж гэсэн бодол төрдөг юм. Нэг ёсондоо амьдрал намайг энд л хүргэж.

Г.Галбадрах – Үүнийгээ жаахан тодруулбал?
Ц.Энхдүүрэн – Манайх 12 хүүхэдтэй айл байсан. Аав минь Ленинградад криминалистикийн чиглэлээр төгссөн хуульч хүн, ээж минь насаараа л Төв шуудан, Монголын Холбооны байгууллагад ажилласан. Олон хүүхэдтэй байсан хирнээ аав ээж хоёр минь биднийг сайн хүмүүжүүлж өсгөжээ.  Биднийг эхэлсэн ажлаа заавал дуусгадаг хэвшилд сургаж, алив aсуудалд ажил хэрэгч, хариуцлагатай хандаж байхыг шаарддаг байв. Аав минь биднийг том болсон хойно ч сэмээрхэн ирж ажлыг минь шалгадаг байлаа. Бидний төлөө үргэлж санаа зовж, хаа ч явсан алзахгүй байхын төлөө зааж сургаж байсан.
Би МУИС-д 5 жил суралцахдаа жил бүр л өөртөө нэг том зорилт тавьж, түүндээ хүрэхийн төлөө их ч хичээдэг байлаа. Одоо ч энэ хэвшил минь алдагдаагүй, харин надад их хэрэг болж байгаа. Хамт суралцаж байсан найз нөхөд, оюутнуудынхаа тухай эргэн дурсахдаа “Бид ч оюутан шиг л оюутан байж, багш нар маань ч биднийг сайн сургаж, бид ч үнэхээр суралцаж чадаж дээ” гэж бодогддог юм. Манай ангийн төгсөгчдөөс өнөөдөр Монголын хуулийн салбарт их амжилттай ажиллаж байгаа нь олон шүү. “Үр соёолуулж, ургамал дэлгэрдэг”ийн адилаар миний эцэг эхийн хайр халамж, ахан дүүсийн нөмөр нөөлөг, эрдэмтэн багш нарын сургааль, сайхан хамт олны минь өмөг түшиг бүхэн намайг хүний зэрэгт хүргээд зогсохгүй энэ сургуулийг байгуулаад өдий зэрэгтэй авч явахад гол тулгуур нь болж байгаад би үргэлж баярлаж явдаг.
Г.Галбадрах – Америкт монгол сургууль байгуулаад ажиллаж байхад амаргүй л байсан байх.
Ц.Энхдүүрэн – Тийм ээ! Мэдэхгүй чадахгүй олон зүйлтэй шууд нүүр тулгарсан. Урьд нь тийм байсан гэх туршлага хэнд маань ч байгаагүй болохоор бүх зүйлийг ” байхгүй” гээс эхэлсэн дээ. Нэгэнт зориглосон болохоор “уйлах өдрөө уйлж, дуулах өдрөө дуулж”, өөрийнхөө хувьд ажил, амьдрал, эрүүл мэнд бүхнээ золиослоод л зүтгэсэн. Тэр үед энэ сургуулийн тулгын чулууг тавилцаж, сэтгэл зүрхээрээ дэмжиж байсан олон хүний гавьяа зүтгэлийг бид байнга санаж, тэднээрээ бахархаж, тэдэнд талархаж явдаг. Анхны багш Алтанцэцэг, Бямбаа, ахмад багш Наранцэцэг, Палам, Тунгаа, Цэнддoo болон манай сургуулийг “дэмжих хэсэг” байсан Алтбиш, Анхбаяр, Мөнхбаатар болон үе үеийн Монголчуудын Холбооны тэргүүн, гишүүд Наранзул, Нараа, Томпсон, Батбаяр, Хулан, Янжмаа, Цогтсайхан гээд олон сайхан  хүмүсийн тус, дэмжлэгээр энэ сургууль өнөөдрийн дүр төрхөө олсон. Нэмээд хэлэхэд, би сайн нөхөртэйдээ, сайхaн хамт олонтойдоо энэ ачааг 5 жил хамтдаа үүрч яваа. Манай гэр бүл ажлын 6 өдөртэй, зөвхөн ням гаригт амардаг болсоор 5 жил боллоо. “Дэм дэмэндээ, дээс эрчиндээ” гэдэг үг бий. Намайг ойлгож дэмждэг учраас нөхөр минь сургуулийн бүх л хэрэгтэй зүйлийг хэвлэж, байнга хамт байж, бүх л зүйлд чин сэтгэлээсээ тусалдаг юм.  Үүний төлөө би нөхрөөрөө маш их бахархдаг. Сайн багш нар, сайхан сэтгэлтэй хүмүүсийн ачаар бидний ажил өдий зэрэгтэй яваа.

Childrens_Talent_21

Тэдэнгүйгээр би хэн юм бэ?
Манай Денверчүүд эвдрээгүй монголчууд. Тэд үнэтэй брендийн бүтээгдэхүүн сонирхохоосоо илүүтэй үр хүүхдүүдийнхээ мэдлэг боловсрол, сайхан ирээдүйн төлөө ажиллаж амьдарцгаадаг. Тийм болохоор манай эцэг эхчүүд Сугармаа, Даваа, Эрдэнэбат, Мөнхбаяр, Хатантуул, Оюунаа, Бажаа бүгдээрээ л биднийг чин сэтгэлээсээ ойлгож дэмждэг юм. Зарим гэр бүлүүд Монгол руугаа буцах төлөвлөгөөтэй байгаа. Тэд өөрийнхөө хүүхдүүдийг энд эх хэлийг нь мартуулахгүй байлгахын тулд бүхнийг хийж чаддаг. Манай сургууль Колорадогийн бусад сургуулиуд, Денвер-Улаанбаатар эгч дүү хотуудын Хороо, бусад олон байгууллагуудтай байнга хамтран ажиллаж байгаа.
Ер нь амьдрал гэдэг тэмүүлэл, тэмцэлтэй байж л сайхан, бас утга учиртай болно. Сайн, муу зүйлүүд зөндөө л бий. Бас алдаа, оноо ч зөндөө бий. Aлдаанаасаа суралцаад гол нь урагшаа л явах хэрэгтэй. Тэгж байж л үр дүнд хүрнэ шүү дээ. Бидэнд хийх ажил их байгаа. Тийм болохоор би энэ сургуулийнхаа нэг өдрийн төлөө 5 өдөр завгүй бэлтгэдэг юм даа.
Г.Галбадрах- Мэдээж өөрөө хуульч хүн болохоор алив зүйлийг хууль зарчмын дагуу явуулахыг хичээдэг байх.
Ц.Энхдүүрэн. Би монгол руугаа явж ирэх бүрдээ сургуулийнхаа ажлыг л хөөцөлдөнө. БСШУЯ-нд хэд хэдэн удаа захидал бичиж, монголд очихдоо ажил хэргийн санал тавьж байсан. Үүнийхээ хүчинд энэ сургуульд ажиллаж байгаа багш нараа Монголд нийгмийн даатгалд хамруулж, ажилласан жилийг нь хөдөлмөрийн дэвтэрт нь тооцуулaх гэж байгаа. Бас зарим багш нарынхаа хөдөлмөрийг урамшуулж шагнууллаа. Энэ жил БСШУЯ-наас манай сургуульд 160 ном ирүүлж, сурах бичгийн захиалганд албан ёсоор оруулсан. Би  монголоос элемeнтийн дэвтэр, хүүхдийн ном цуглуулж ирдэг. Тэгсээр манай сургууль овоо хэдэн номтой номын сантай болж амжсан.  Энэчлэнгээр бага гэхгүйгээр ахиц гарч л байна.

Бид ер нь алив зүйлийг бага гэлтгүйгээр албан ёсоор, хуулийн дагуу тавьж шийдүүлж байх хэрэгтэй юм. Хэдийгээр гадаадад байгаа ч монгол хүүдүүд маань Монгол Улсын иргэний хувьд Монгол Улсын “Үндсэн Хууль”-аар баталгаажуулсан “үнэ төлбөргүй, сурч боловсрох эрх”-ээ эдлэх ёстой. Тэгэхээр энэ асуудалд Монгол төрийн оролцоо байх ёстой гэсэн үг. Мөн гадаад улсад мэндэлсэн, монгол гаралтай иргэдэд тэдний эцэг эхчүүд энэ хэл соёлыг өвлүүлэн үлдээх үүрэг бий. Даяаршил хүчтэй явагдаж байгаа энэ цаг үе, та биднээс үр хүүхэддээ “мoнгoл” гэдгээрээ бахархах бахархал, Монгол орноо хөгжүүлэхийн төлөөх зөв сэтгэл, хүмүүжил тэдэнд төлөвшүүлэхийг шаардаж байна.
Г.Галбадрах -Энэ ч зөв сайн эхлэл байна. Гэхдээ энэ асуудлыг гадаадад байгаа монгол сургуульд бүгдэд нь хамааруулах хэрэгтэй мэт. Нөгөө талаас нь харахад гадаадад байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж байгаа монгол сургуулиуд Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлыг хамгаалж байгаа сайн үйлдэл юм. Яг энэ өнцгөөс нь харах юм бол монголын Төрийн оролцоо дэмжлэг үүнд зайлшгүй хэрэгтэй.
Ц.Энхдүүрэн -Тийм ээ! Энэ асуудлыг гадаадад байгаа монгол сургуулиуд хамтдаа нэгтгэж тавих хэрэгтэй. АНУ-д бол бусад улс орны (Chinese, Mexican Korean & Japanese… governments), Засгийн Газрууд эдгээр сургуулиудаа санхүүжүүлдэг юм билээ. Хичээлийн тусгай хөтөлбөр боловсруулах, сурах бичиг зохиох, мэргэжлийн багш нарыг бэлтгэх, сургалт семинар зохион байгуулах, багш нарын нийгмийн хамгааллыг баталгаажуулах, сургуулийн байртай болгох гээд өөр олон асуудлууд бидэнд байгаа.  Түүний тулд гадаадад байгаа монгол сургуулиудын нэгдсэн уулзалт зохион байгуулах саналаа би 2010 оны 3 сард БСШУЯ-нд тавьсан байгаа. Ийм сургуулиуд бол мөнгө олдоггүй, ашгийн төлөө  ажилладаг байгууллага биш, зөвхөн сайн дурын үндсэн дээр, хүмүүсийн чин сэтгэлээсээ хийдэг ажил. Энэ ажилд чин сэтгэлээ зориулж чадах хүмүүстэй баг болж ажиллахдаа би дуртай байдаг. Нөгөө талаар бусдаас байнга мөнгө, хандив гуйгаад байх бус аль болохоороо өөртөө байгаа боломжоо зөв  ашиглахыг их хичээж байна. Үүний тулд сургуулийн тогтолцоогоо Монголчуудын Холбооны бүрэлдэхүүнд багтааж, их л авсаархан байлгахыг хичээж байгаа. Үүнээс том болгоод ирэхээр зардлаа төлж дийлэхгүйд хүрдэг тал бий.
Хэл, соёлоо устгаснаас улс орон мөхдөг. Би “монгол хүн” гэж өөрийгөө нэрлэх боловч монгол хэлээрээ ярьж, бичиж, уншиж чадахгүй бол, хэн түүнийг “монгол” гэх билээ. Нүүдэлчин соёлоос нь салгачих юм бол энэ дэлхийд Монголчуудыг хэн таних юм бэ? Тэгэхээр бид үүнийгээ үр хүүхдүүддээ зааж сургаж байгаа нь үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолын төлөө бидний хийж чадаж байгаа нэг зүйл.
Аав минь надад “Та нар гадаадад явахдаа  өөрийнхээ овог нэрээр бараг дуудуулахгүй,чамайг монгол хүн гэж нэрлэх тул  Mонгол Улсынхаа нэрийг сайн сайхан авч явaaрай, энэ л их эрхэм зүйл юм шүү” гэж хэлж сануулдаг байсан.

Гурав.  Миний хайртай ээж
Тэдний сургуулийн сурагчдын бүтээлүүдийг үзэж байхад нэг охины бичсэн зохион бичлэг миний сонирхлыг ихэд татсан юм. Түүнийг сийрүүлбэл:
“Миний ээжийн нэрийг Зүлэгсайхан гэдэг. Миний ээж монгол сургуульд багш хийдэг. Би ээждээ далай шиг их хайртай.  Ээж бол цас шиг цагаан сэтгэлтэй.  Би бодохдоо ээж минь хүүхэд шиг царайтай ба зан ааштай. Миний ээжийд монгол сургуулийн хүүхэд болгон хайртай байдаг. Манай ээж Хулан бид хоёрт тусалдаг. Би нэг удаа зүүдлэхдээ ээжийгээ маш их гэрэл цацарч байгаагаар зүүдэлсэн.  Ээж нарийн сайхан шингэн хоолойтой. Би ээжийгээ олон олон зүйлээр баярлуулахыг боддог. Жишээ нь, гэрээ цэвэрлэж, хичээлээ сайн хийх, төгөлдөр хуураа сайн тоглох, гоё зураг зурах, дүүгээ сайн харна гэж бодож байгаа. Би ээждээ энэ дэлхийгээс их хайртай”.
Бичмэлээр их гаргацтай, хичээнгүйлэн бичсэн энэ зохион бичлэгт Америкт суралцаж байгаа монгол хүүхдийн хичээл зүтгэл, чин сэтгэл нь шингэсэн байлаа.
photo

Дөрөв. Төгсгөл

Алдаа онооны дэнсийг туулан байж үйл ажиллагаагаа явуулж байгаа, гадаад оронд байгуулагдсан олон монгол сургуулиудын хувьд адил төстэй зүйл их бий. Ц.Энхдүүрэн захирал гадаадад байгуулагдан ажиллаж байгаа монгол сургуулиудын уулзалт хийх тухай санаагаа ярьж байхдаа ” Бид бие биенийхээ гаргаж байсан алдааг давтаад яах юм бэ? Ололт амжилт туршлагаа хуваалцан хамтдаа л урагшаа явья.” гэж хэлсэн нь надад их ч таалагдсан. Энэ санаа ажил хэрэг болбол юутай сайхан.
БСШУЯ энэхүү үйл ажиллагаа болон санаачлагыг ажил хэрэгчээр дэмжиж, сургалтын арга зүй болон хөтөлбөр, сурах бичиг болон сургалтын хэрэглэгдэхүүн, багш нарын хөдөлмөрийн үнэлгээ болон хүч хөлсийг үнэлэн тооцож, бага боловч хэмжээгээр санхүүжилт олгон дэмжих талаар анхаарах хэрэгтэй болсон мэт. “Аавын хүүхдүүдийг алаг үздэггүй” төр байж, харь оронд ч монгол сэтгэлгээ, монгол ухаан, монгол генийг хөгжүүлж байвал юутай сайхан.
Гадны улс оронд ч Монголын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлын төлөө алд биеэ алжаан байж, сэтгэл зүрхээ чилээн байж хөдөлмөрлөж байгаа бүх л хүмүүст чин сэтгэлээсээ талархая. Ариун гэгээн энэ үйлс тань улам улмаар өргөжин дэлгэрч, монголчуудын оюун санааны их дэвшилд далай мэт их хурыг буулгах болно гэж итгэж байна.
Намайг чин сэтгэлээсээ хүлээж авч, уулзаж ярилцан санаа бодлоо хуваалцсан Денверийн монгол сургуулийн захирал Дүүрэн болон түүний гэр бүлд, багш Хундагаа, Давааням, Зүлэгсайхан, Заяа, Отгонжинжээ, Байгаль нарт талархсанаа илэрхийлье. Тэдний тухай илүү ихийг мэдэхийг хүсвэл www.mongolianschoolcolo.com сайт руу нь орж үзээрэй.
Монгол хүүхдийн дуун цангинасан их өргөөд улам олширч, монгол төрийн тулга бат байж, эрдэм ухаан дэлгэрэх болтугай.

ӨСӨХӨӨС СУРСАН ҮНДЭСНИЙ ХЭЛ МАРТАЖ БОЛШГҮЙ СОЁЛ
ҮХТЭЛ ОРШИХ ТӨРӨЛХ НУТАГ САЛЖ БОЛШГҮЙ ОРОН
Д.Нацагдорж

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах

2011-04-28